Category: media-content

  • Дашдондогийн ЭРДЭНЭБААТАР- Сансарын инженер, ТЭМҮҮЛЭЛ хиймэл дагуулын төслийн удирдагч

    Сансарын инженер, Монгол инженерүүдийн оролцсон Мазаалай хиймэл дагуулын багийн инженер, Монгол инженерүүдийн анхны бие даасан ТЭМҮҮЛЭЛ хиймэл дагуулын төслийн удирдагч Монголын сансрын технологийн холбооны Ерөнхийлөгч.

    “Монголын Сансрын Технологийн Холбоо” нь Сансрын технологийг Монгол Улсад нутагшуулах, эзэмшүүлэх, хөгжүүлэх, тус салбарт тэргүүлэх орон болоход хувь нэмрээ оруулах зорилготой нийгэмд үйлчилдэг ТББ бөгөөд Монгол улсад сансрын технологийг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй салбарын ахмад, дунд, залуу үеийн эрдэмтэн, судлаач, дэмжигчдийн нэгдэл юм.

    Монгол Улсын эрчимтэй хөгжилд Сансарын технологийн ололтоор хувь нэмэр оруулж, Сансарын технологийн бизнесийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

    https://mosta.mn/

    Ажлын туршлага:   

    Дэд профессор

        Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч

        Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим

     2017.10.02-2019.6.20

            Ахлах багш, багш

                            Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Физикийн тэнхим

    2017.09.05- Одоог хүртэл

    Удирдах зөвлөлийн дарга

                Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ

    2014.10.01- 2017.09.25

                Докторант

                Сансрын системийн инженерчлэл, тэжээлийн систем чиглэлээр

                Япон, Кюүшүгийн Технологийн Институт

    2012.09.01- 2014.09.30

    Багш               

    МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, Монгол Улс, Сүхбаатар Дүүрэг, Бага тойруу, Их Сургуулийн гудамж-1  web:www.num.edu.mn

    2009.09.01-2012.06.25

    Сургалтын инженер

    МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль, Монгол Улс, Сүхбаатар Дүүрэг, Бага тойруу, Их Сургуулийн гудамж-1  web:www.num.edu.mn

    Боловсрол ба сургалт:

    2017.09.23

                Доктор

    Сансрын системийн инженерчлэл, тэжээлийн систем, хагас дамжуулагч төхөөрөмж чиглэлээр.

                Япон, Кюүшүгийн Технологийн Институт

    2015.06.06

    Хиймэл дагуулын оператор

    Сонирхогчдын радио холбооны олон улсын лиценз.

                Япон, Китакюүшү

    2013.12.09-2013.09.10

    Сэргээгдэх эрчим хүчний технологи

    Салхины болон Нарны эрчим хүчний технологийн цаашдын хөгжил

    RENAC-Германы Сэргээгдэх эрчим хүчний академийн богино хугацааны сургалт.

    2009.10.09-2011.06.11

    Физик Электроникийн магистрын зэрэг.

    МУИС- Физик Электроникийн Сургууль

    2005.09.05-2009.06.09

    Физик Электроникийн бакалаврын зэрэг.

    МУИС- Физик Электроникийн Сургууль

    Төсөлт ажлын туршлага:

    • 2017 – онуудад. “SPATIUM” хиймэл дагуул. Тэжээлийн системийн инженер.     
    • 2015-2017 онуудад. “ШУВУУД” кубсат хиймэл дагуулын төсөл. “Мазаалай” хиймэл дагуул. Тэжээлийн системийн инженер мөн дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно. Үүнд
    • – Хиймэл дагуулын даалгавар тодорхойлох,
    • – Хиймэл дагуулын дизайн гаргах,

    – Тэжээлийн систем, баттерей, нарны дэлгэц угсалт

    – Тэжээлийн үүсгүүрийн симуляци, зохиомол нар бүхий туршилтууд

    • – Хиймэл дагуулын инженерийн болон хөөргөх хувилбарын угсралт
    • – Хиймэл дагуулын инженерийн болон хөөргөх хувилбарын сансарын орчны тестүүд,
    • – Хиймэл дагуулын газрын станцын төхөөрөмжийн импорт,
    • – Хиймэл дагуулын газрын станцын тохируулга хийх, удирдах
    • – Интерфэйс менежер
    • 2014-2016 онуудад. HORYU-4 нано хиймэл дагуулын төсөл. Тэжээлийн системийн инженер, Оператор
    • 2010-2013 онуудад.Улсын Электроникийн олимпиадад багийн удирдагч багш.
    • 2007-2012 онуудад. ABU Robocon тэмцээнд МУИС-ийн ФЭС-ийн багийн гишүүн болон багийн удирдагч багш.
    • 2013, 2014 онуудад МУИС-ийн бичил хиймэл дагуулын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогч багийн удирдагч багш

    Дипломын ажлууд:

    • Device control through SMS, Баклаврын дипломын ажлын сэдэв 2009 он.
    • Automation of a physics experiment, Магистрын дипломын ажлын сэдэв 2011 он.
    • Failure Rate Calculation Method for High Voltage Semiconductor Devices under Space Radiation Environments, Докторын дипломын ажлын сэдэв 2017 он.

    Хэвлэгдсэн эрдэм шинжилгээний ажлууд:

    • Screening Process And In-Orbit Performance Of Horyu-IV Battery Proceeding The 35th Space Energy Symposium, 2016,3, Mohamed Yahia Edries, Erdenebaatar Dashdondog,  Ichiro Omura, Mengu Cho;
    • Soil Moisture Analysis Using Multispectral Data in North Central Part of Mongolia, Enkhjargal Natsagdorj, T. Renchin, Philippe De Maeyer, Erdenebaatar Dashdondog, May 2019, isprs-annals-IV-2-W5-485-2019
    • A Machine Learning Classication Example On Data Taken By Liquid Crystal Tunable Filter For Microsatellite Mission, Garid Zorigoo, Begzsuren Tumendemberel, Erdenebaatar Dashdondog, 2019, FICASE, Ulaanbaatar, Mongolia, Ulaanbaatar, Mongolia, April 5-6, 2019
    • Машин сургалтын аргаар “Шингэн Кристал Тохируулгат Фильтер” бүхий камерын зургийг ангилсан жишээ, Хүрэлтогоот 2018, З.Гарьд, Т.Бэгзсүрэн, Д.Эрдэнэбаатар
    • Microsatellite Technology Development Status In Mongolia Based On Its Needs, Erdenebaatar Dashdondog, Turtogtokh Tumenjargal, Begzsuren Tumendemberel, October 2018, Conference: International Astronautical Congress 69th,
    • The Implementation and Simulation of Software Defined Radio with Forward Error Correction for Small Satellites, March 2019, Conference: 1st China Microsatellite SymposiumAt: Xi’an, China
    • Failure Rate Calculation Method For High Power Devices in Space Applications at Low Earth Orbit, Microelectronics Reliability 64 pp. 502–506,20169, Erdenebaatar Dashdondog, Shohei Harada, Yuji Shiba, Ichiro Omura;
    • Formulation of Single Event Burnout Failure Rate for High Voltage Devices in Satellite Electrical Power System, Proceedings of ISPSD 29th,2017,6, Yuji Shiba, Erdenebaatar Dashdondog, Masaki Sudo, Ichiro Omura;
    • The Failure Rate Calculation Method for High Power Devices in Low Earth Orbit, Proceedings of ISTS 31st, 2017,6, Erdenebaatar Dashdondog, Shohei Harada, Yuji Shiba,Masaki Sudo, Ichiro Omura;
    • Method for the synthesis of semiconductor structures n-InSb1-xBix-i-GaAs, n-InSb1-xBix-i-GaAs/Te, looking for the manufacture of highly element hall.  “Physics”, 2011, National University of Mongolia;
    • Electrical properties of semiconductor structures n-InSb1-xBix-i-GaAs, and n-InSb1-xBix-i-GaAs/Te. Published in “Physics”, 2011, National University of Mongolia;
    • Features para magnetism samples of brown coal in their thermal degradation, “Physics” , 2012, National University of Mongolia;
    • Effect of neutron irradiation on para magnetism coals, “Physics” , 2012, National University of Mongolia;

    Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүд:

    • Mongolian Ground Station Development and Current Situation, BIRDS 3rd international workshop, Ulaanbaatar, Mongolia, 2018
    • Mongolian Second Cubesat’s Missions and Concept, BIRDS 3rd international workshop, Ulaanbaatar, Mongolia, 2018
    • Screening process of mazaalai satellite’s nimh battery, Aug 2018, AFORE, Ulaanbaatar, Mongolia,
    • Possible Plan of Space Technology Development in Mongolia Corresponding the Country’s Features, IAC69, Bremen, Germany, 2018
    • “Монгол Улсын Анхны Хиймэл Дагуул, Монгол Улсад Сансрын Технологийг Хөгжүүлэх Боломж” Япон дахь Монгол эрдэмтдийн Эрдэм Шинжилгээний хурал, 05/2017, Япон улс, Токио хот.
    • “The Failure Rate Calculation Method for High Power Devices in Low Earth Orbit”, ISTS 31st, 2017,6, Олон улсын Эрдэм Шинжилгээний хурал, Япон улс, Мацуяма хот.
    • “Failure Rate Calculation Method for High Power Devices and its usage at Low Earth Orbit environment”12/18/2016,  SAES2016, Олон улсын Эрдэм Шинжилгээний хурал, Япон улс, Китакюүшү хот.
    • “Failure Rate Calculation Method For High Power Devices in Space Applications at Low Earth Orbit”  09/23/2016, ESREF2016 Олон улсын Эрдэм Шинжилгээний хурал, Герман улс, Халлэ хот.
    • Screening Process And In-Orbit Performance Of Horyu-IV Battery Proceeding The 35th Space Energy Symposium, 2016,3, Япон улс, Токио хот.
    • Rental Satellite for Space Education Development, Pre-MIC4 Workshop, the 3rd UNISEC-Global meeting , 7/2015, Олон улсын  хурал , Япон улс, Токио хот.

    Төсөлт ажлууд

    • ARC-ийн судалгааны төсөл, Өндөр чадлын хагас дамжуулагч төхөөрөмжийн сансрын орчин дахь найдвартай байдлын судалгаа, Удирдагч
    • MJEED олон улсын төсөл, Сансрын инженерчлэл ба хэрэглээ, Удирдагч
    • BIRDS олон улсын төсөл, Мазаалай хиймэл дагуулын инженер, Оролцогч
    • APSCO олон улсын төсөл, Student Small Satellite, Оролцогч
    • Ухаалаг хөдөө аж ахуйн технологи ШУТС-ын захиалгат төсөл, Оролцогч
    • Дидактикийн шийдэл бүхий физикийн хичээлийн контент МУИС-ийн төсөл, Оролцогч

    Тэмцээн уралдааны шагнал:

    • МУИС-ийн ФЭС-ийн Магистр, Докторын эрдэм шинжилгээний хурлын 1-р байр, Улаанбаатар хот, 2011 он .
    • 2011-2012 оны хичээлийн жилийн МУИС-ийн ФЭС-ийн шилдэг залуу багшаар шалгарсан

    Сонгуульт ажил:

    • МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүн 2012-2014
    • Америкийн Оптикийн Нийгэмлэгийн МУИС салбарын тэргүүлэгч гишүүн 2012-2014
  • Г.ТЭГШБҮРЭН: Байгууллагын удирдах ажилтан бэлтгэх ба хөгжүүлэх ХН бодлого

  • Жутаагийн ХУМБАА- Икэлч, бийч

    Жутаагийн Хумбаа нь 1943 онд төрсөн, 78 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Ж.Хумбаа нь 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан.

    Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм

    Тэрбээр Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга” ардын урлагийн их наадам /1980, 1981/, Ардын язгуур урлагийн улсын 1, 2-р үзлэг /1983, 1988/, Олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам /2016/, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд тус тус оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдаж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийсэн. 

    Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай”  төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв. 

    Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна.

    Монгол түмний үндэсний уламжлалт өв соёл-бий биелгээ, ихэл хөгжмийн урлагийг өвлөж, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлст түүний оруулсан хөдөлмөр, зүтгэл, гавьяаг үнэлж  Ж.Хумбааг 2012 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын Билэг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэж “Батламж” олгожээ. Мөн түүний хөдөлмөрийг үнэлж 2007 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдэг, 2008 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2009 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль зэрэг шагналаар шагнаж байжээ.

    Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

  • Цэвээн-Очирын САНЖЖАВ

    БльюМон группын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч. Монгол Улсад зочилох үйлчилгээний салбарт шинэ жишиг тогтоох, монгол менежментийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

    http://bluemon.mn/

    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Ц.Санжжав: Бид эх орноороо овоглочихоод муу явж болохгүй

    Хөх монголын нэгэн үр сад өнөөдөр үл үзэгдэгч гараар зохицуулагдаж байдаг уудам Монголын уужим зах зээлд өөрийн бизнесийн орон зайгаа хэдийнэ олчихжээ. Энэ бол  миний л ойлголт шүү. “BlueMon” группийн захирал, 1000 орчим ажилтантай олон салбар компанийг удирдаж буй захирал Ц.Санжжавын амьдралын хүрдэнд зочиллоо. Түүний хэвлэлд өгсөн ярилцлага, мэдээллийг ойрмогхон лав би олж үзээгүй. Нууцлаг хүн мэт санагдавч нүүр тулж уулзаад илэн, далангүй яриатай монгол эрчүүдийн нэг шиг санагдлаа. Улаанбаатар хотын зүрхэнд сүндэрлэсэн “BlueMon” шилэн урлангаар өдөртөө олон хүн орж, гардаг байх. Энэ бүтээл, бүтээгдэхүүний эзний бизнесээ босгосон түүх заримд нь хичээл, заримд нь шинэ санаа, хүүхэд, багачуудад ирээдүйгээ төсөөлөх жишээ ч болохыг үгүйсгэхгүй болов уу. Монголчууд аливаад авч гээхийн ухаанаар хандаж, юм үзсэн хүнээс үг дуулж, ном үзсэн хүнээс үнэн мөнийг лавлаж, өөрийн хийгээд өрөөлийн аж байдлаас аятай сайхныг нь амьдрал ахуйдаа шингээж биеэ засч суралцдаг. Ц.Санжжавын “Амьдралын тойрог”-т та бүхэн морилон саатна уу.  

     -Сайн байна уу та. Сар шинэ сайхан болов уу? 

    -Сайхан даа. Дэлгэр Монголын маань Цагаан сар айл бүрийн хойморт баяр, жаргалыг дуудаж, хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэдэг, энх мэндийн хадгаар мэндчилж золгодог сайхан уламжлалтай. Сар шинэ өргөн дэлгэр сайхан боллоо. 

    -Таныг нэг л нууцлаг эрхэм шиг санадаг, би. Учир нь би тэгсэн, манай бизнес ингэж боссон гэх мэтээр ярьж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  нэг их гарч байсныг санахгүй байна. Тиймээс нууцаасаа жаахан дэлгээч, болох уу? 

    -Би өөрийгөө нууцлаг хүн гэж бодохгүй байна. Би хэнээс ч нуугдаагүй. Байдгаараа л байгаа. 

    -Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины урилгыг хүлээн авсанд  баярлалаа. Ажаад байхад, Монголоор овоглосон компаниуд салбартаа одтой яваад байх шиг ээ. Нэрэнд учир байна уу, эсвэл ямар нэг шалтгаан бий юу, таны хувьд? 

    -Өвөг, дээдэс маань Монгол гэсэн нэрийг санамсаргүйгээр бидэнд үлдээгээгүй байх. Монголоор овоглосон бол компани сайн явах учиртай. Нэрийн үнэ цэнэ, ач холбогдлыг бодохоор өндөр хариуцлага үүрэх учиртай. Хэнийг ч гэсэн хүсэл тэмүүлэл нь өндөр хариуцлагад хөтөлдөг байх. Монголчууд маань эртнээс нааш хөх тэнгэрийг шүтдэг. Хөх монгол, тэнгэрийн монгол, далай шиг монгол гэх мэтээр өргөн утгаар нь ойлгож болно. Мон гэдэг нь монгол хэл бүрддэг эхний үе. Үгийн язгуурын агуулга нь эв нэгдэл, нягтрал гэсэн утгатай тул товчлоод тэгж нэрлэсэн  хэрэг. Бид эх орноороо овоглочихоод муу явж болохгүй, сайн, сайхны төлөө тэмүүлэх ёстой. Эх орныхоо төрийн далбааг Монголын маань алдартнууд тэнгэрт мандуулдагтай ижил их хүндлэл гэж ойлгодог. 

    -Бүжигчин хүн бизнес эрхлээд өнөөдрийн энэ өндөрлөгт яаж, хэрхэн хүрэв. Таны бизнесийн зам дардан байгаагүй байх. Бүгд л унаж босч, зовж, жаргаж байж хүссэн зүйлийнхээ үзүүрээс атгадаг байх? 

    – Хөгжим бүжгийн дунд сургуульд суралцаж монгол ардын бүжгийн ангийг дүүргээд Ардын дуу бүжгийн чуулгад бүжигчнээр орж амьдралын гараагаа эхлэж байлаа.Миний амьдралын мөч бүр биеээ таньсан түүх байх гэж би боддог. Биеэ танивал хүн, бэлчээрээ мэдвэл мал гэж монголчууд ярьдаг. “Өөрийгөө таньсан хүнд амьдрал юуны даваа вэ. Өдөн дэвлэгээт шувуунд өндөр нь юуны даваа вэ” гэж үг бий. Надад урлагийн айхтар авьяас, байгалиас заяасан онцгой өгөгдөл байгаагүй. Бүжигчний цалингаар амьдрал маань босохгүй, би гэр бүлээ тэжээж чадахгүй байхад хэчнээн алт, мөнгөн тайзан дээр бүжээд хэрэг байна уу. Хагас сарынхаа цалинг хүүхдийнхээ долоо хоногийн сүүнд өгчихдөг байлаа. Цагаан сараар гурван шил архи аваад л дуусдаг цалинтай. Дан ганц надад ч бус тухайн үеийн зах зээлийн нийгэм маань олон хүний аж амьдралыг өгсүүлж, уруудуулж сануулга өгч байсан биз ээ. Хажуугаар нь манай мэргэжлийн онцлог эрт, ёстой л цэл залуугаараа тэтгэвэрт гардаг. Тэр үед намайг ямархуу ирээдүй хүлээж байгаа вэ гэж бодогдсон. Насандаа суулаа гэхэд үсрээд л нэг газрын жижүүр, манаачийн ажил олдоно. Их сайн явлаа гэхэд нэг газрын дуу, хөгжмийн багш болох ирээдүй хүлээж байсан. Урлагт хайртай хэдий ч “баяртай” гэж хэлээд явсан хүн тэр үед мөн ч олон байх шүү. Би ажилдаа очихоо больсон. Аав маань намайг огт загнаагүй. Юу ч дуугараагүй. Би айлын том хүүхэд шүү дээ. 

    -Дурлаж сонгосон ажил, мэргэжил эсвэл зүйлээ хүн тийм хялбар орхихгүй байх. Урлагийнхан өвөрмөц сэтгэлгээтэй, их л дэврүүн улс. Та “Баяртай тайз минь” гэж хэлээд шууд явчихаж чадсан уу? 

    -Яалаа гэж. Хоёр жил хэртэй шаналж, дотор хүнтэйгээ нэлээн тэмцэлдсэн, ухаан бодлоосоо урлагаа арчиж хаяж чадахгүй явсан. Ажилдаа алаг цоог ирэн, очин явсаар түр мартагнасан байх. 

    -Та ажилгүй болчихлоо. Юу хийе гэж бодов? -Удаан бодлоо. Хүмүүс наймаа хийгээд байна. Найз нөхөд, ах, дүү нараасаа гайгүй наймаа хийдгийг нь хайж, дагалдаж сурахаар явсан. 

    -Тэр үед бүгд Эрээн рүү явж гахай үүрдэг байсан. Та хаашаа явж наймаа хийв? -Хятад-Оросын хооронд бараа зөөсөн. Наймаа хийж Орост явж байхдаа буудуулж үзлээ. Гааздуулж, дээрэмдүүлж явлаа. Тэр үед хоёр хөрш маань зах зээлийн нийгэмтэй тулгараад бас л хөл, толгой нь олдохгүй явсан. Наймаанд явахаар их юм болно. Нэг удаа галт тэргэнд гэнэт том, том биетэй залуус орж ирээд хажуугийн купейг нь дээрэмдээд эхэлсэн. Дөрвөн хархүү дээр хэн орж ирэх вэ гэж бодсон. Тэгсэн хэрнээ юмыг яаж мэдэх вэ гээд хаалганы бариулыг боогоод сэрээгээр хөшиж эргүүлээд байтал гэнэт тас гээд л биеэр сум нэвт гарчих шиг болсон. Буудуулаад ойчих гэтэл сум биеэр ороогүй ч юм шиг. Тэрхэн зуурт амьсгаа авч болохгүй хоолой боогдоод л. Цонх онгойлгоод толгойгоо гаргатал агаарт улам цохиулдаг юм байна. Газан буугаар буудуулаад үхэх гэж байгаа хэрнээ бас хэдэн төгрөгөө хөнжил дотроо нуугаад  байгаа шүү. /Хөхрөв/ Хүнтэй ч харилцах чадваргүй болчихсон хэвтэж байтал азаар дээрэмчид яваад өгсөн. Хоёр жил орчим ингэж явсны эцэст хоёр мянган ам.доллартай болчихжээ. Тэр үеийнхээр гурван өрөө байрны мөнгө гэсэн үг. Дахин наймаагаа хийсээр таван мянган ам.доллартай болоод “би энэ замаар явах хэрэггүй юм байна” гэж шийдээд өнөөдрийн эрхэлж байгаа бизнесийнхээ эх суурийг тавьсан. 

    -Таны эрхэлж буй бизнесийг харж байхад нийтийн хоол үйлдвэрлэлээр түлхүү ажиллаж байна. Танай сүлжээ ресторанууд энэ зах зээлд нэлээн амжилттай ажиллаж байх шиг. “Шөлөндө” гэхэд л ямар ч зар сурталчилгаа цацахгүй хэрнээ үйлчлүүлэгчээ татсан хэвээр байна. Хүмүүсийн дуртай тэр шөлний амтыг гаргаж ирэх санааг яаж ургуулав? -Шөлөөр цадаж, төлөөр баяждаг гэж монголчууд маань хэлэлцдэг. Би өөрөө шөлөнд дуртай. Будаатай, гурилтай шөл идчихмээр байдаг. Гэтэл тийм хоол гуанз, ресторанд алга. Манайх тэр үед “The Bull”-ийг нээчихсэн байсан. Дунджаас дээш орлоготой хүмүүс нэлээн ордог. Хүн бүр үйлчлүүлээд байдаггүй нь анзаарагдсан. 2008 онд байхаа, бяцхан хямрал гэгч болсон юм. Хүмүүс гуанзны хоол авах чадваргүй нь харагдаж, хоол ер нь үнэтэйдээд байсан. Тухайн үед хүмүүсийг хараад би нэг зүйлийг мэдэрсэн. Амттай хэрнээ гэдэс нь цадчихдаг, бас хямдхан шөлтэй хоол байвал болох юм байна гэж бодогдсон. Дээр нь монгол хүмүүс ер нь л шөлтэй хоолонд, тухайлбал гурилтай, будаатай шөлөнд илүү дуртай. Монголд хүйтний улирал удаан үргэлжилдэг. Тиймээс хүмүүст шөлтэй хоол санал болгоё. 4-5 төрлийн шөл байна. Түүнийг дагалдсан хэдэн төрлийн хоол, хачир байлгая. Тухайн үеийн гуанзнуудаас үнэ нь хямд байх зарчмыг барьсан. 

    -Таны энэ төсөл хэр амжилтанд хүрэв. Төсөөллөө биелүүлж чадсан уу? -Анх төсөөлж байсан амжилтаас илүү гарсан. Одоо байгаа боломжийг 100 хувь гэж үзвэл бид 20 орчим хувийг нь ашиглаж байсан. Бид өөр олон төсөл хэрэгжүүлж түүндээ сатаараад боломжийг жаахан орхигдуулсан тал бий. 

    -Сүлжээ хоолны ресторан, бусад охин компани гэх мэтээр танайх олон айл, олон өрхийн аж амьдралд их, бага гэлтгүй нэмэр болдог. Ажлын байраа цаашдаа нэмэгдүүлэх тооцоо, санаа байна уу? -Манайх 850 гаруй ажилтантай. Манай ажилтнуудын цэцэрлэгээс сургуулийн насны 400 гаруй хүүхэд бий. 850 айл, гэр бүлийн ирээдүйд манай компани бага ч болов эерэг нөлөө үзүүлж ирлээ. Энэ тоо бага хэдий ч цаашдаа улам өсөх байх. Ирээдүйн Монголын иргэнийг бий болгоход бид өөрийнхөө зохих хувь нэмрийг оруулж байгаа гэж санаж, дотроо бяцхан өег явдаг. Гэргий маань намайг бизнес хийхэд хурцалж өгсөн. 

    ГЭРГИЙ МААНЬ НАМАЙГ БИЗНЕС ХИЙХЭД ХУРЦАЛЖ ӨГСӨН

      -Бизнес нь амжилттай яваа, хүчирхэг эрчүүдийн цаана түүнээс ч илүү хатан ухаантай бүсгүй байдаг гэж хүмүүс ярьдаг. Таны бизнесийг цэцэглэхэд услаж, тордон хөгжүүлэхэд гэр бүлийнхэн тань багагүй хувь нэмэр оруулсан байх. Тэднийг танилцуулахгүй юу? -Манай гэр бүлийн хүнийг Н.Оюундарь гэдэг. Гэргий маань намайг бизнес хийхэд хурцалж өгсөн хүний нэг дээ. Бид арван жилийн сурагч байхдаа анх танилцаж, үерхэж байгаад гэрлэсэн. Бид эрт амьдрал зохиож, залуухан аав, ээж болж байлаа. 

    -Залуухан аав, ээжид алдаа, оноотой зүйл бий биз. Амьдралд бэлэн биш. Дээр нь зах зээлийн нийгэм эхэлчихсэн. Дутагдах, гачигдах зүйл гардаг байв уу? -Манай хүн угийн элдэв маяггүй, амар хүн шүү дээ. Будаг шунх, хувцас хунарт сэтгэл алдарч түүртэж яваагүй. Амьдралд бөхийхгүйг хичээж, бусадтай адилхан хөдөлмөрлөж, заримдаа үеийнхнээсээ илүү чөлөө, завгүй ажиллаж энэ амьдралыг босгосон. Энэ чанар  нь ар гэрээ арай ядан авч яваа надад зөндөө тус нэмэр болсон шүү. Дөнгөж бизнес эрхлээд хэдэн төгрөгтэй болж байхад ч мөнгө нэхэж, элдвийг надаас хүсдэггүй байсан, хөөрхий. Эргээд харж байхад эмэгтэй хүн, эхнэр хүн ямархуу байх ёстойг өөрийнхөө амьдралаас олж харж байх жишээтэй. Тийм даруухан байсан ч юмуу эсвэл тэр нь гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой ч байж мэднэ. Ийм түшигтэй, ухаантай, хүлээцтэй эхнэртэй байхад би мөнгийг босголгүй яахав дээ. Зарим хүнийг харж байхад олсноосоо илүү ихийг зарах гэдэг. Энэ хорвоо дээр есөн шидийн зан ааш, үйлдэлтэй хүн байдаг ч бие биедээ хэрэгтэй цагт түшиг тулгуур болж, харц, ухаан, амьдралын үнэн мөнөөрөө нэгнийгээ нөхдөг болов уу. Адгийн тэнэг эхнэрээ магтдаг гэдэг үг өнөө цагт тохиромжгүй болсон юм шиг. Биеэ даасан ертөнцийг үзэх үзэлтэй, амьдралын аливаа ажилд туршлагатай, чадалтай Монгол эмэгтэйчүүдийг магтаж, урамшуулж, зүлгэж өнгө оруулж байх ёстой.  

    -Мөнгийг олсноороо үрэх биш хэмнэж, гамнаж, үржүүлж, хуримтлуулж байж  хөрөнгөтэй болдог гэдэг. Таны хувьд мөнгөн хуримтлалаа хэрхэн өсөгсөн бэ?   -Бид нэг удаа урд хөршид явж байлаа. Тэр үед Бээжинд 1-2 юанийн үнэтэй автобус явдаг байв. Хоёр юанийн автобус ирэхээр нь би суух гээд ухасхийтэл манай эхнэр намайг сугадан хойш татаад “Хоёулаа нэг юанийнхад сууя л даа” гэсэн. Сонсоход жижигхэн жишээ боловч айл, гэр бүлд өдөр бүр тохиолддог, байдаг л зүйл. Нэг юанийн автобус хүлээгээд зогсоход нь тухайн үед би дургүйцэж л байсан. Мөнгөө ингэж хэмнэсэн хэрнээ өөртөө юу ч авахгүй. Тэр нь хань, ижлээ дэмжиж байгаа нэг хэлбэр юм. Оюундарь тав тухыг сонгоогүй ч эргээд бидэнд жижиг гэлтгүй хуримтлалын үндсийг ингэж тавьсан байх.  Өөрийнхөө  ухаан, өвгөдийнхөө сургаалиар зөв чиглэж яваа гэргийгээ би хүслээр нь л байлгадаг. Тэр л бидний жаргал юм даа. Гэр бүлийн хоёр хэчнээн их хайр сэтгэлд шатаж байлаа ч нэгнийхээ орон зайг мэдэрч, “Би” гэсэн ертөнцийг нь ойлгож, үзэл бодлыг нь хүндэтгэдэг байгаасай. Би санаснаа сэтгүүрдэж ажил хэрэг болгож, эхнэр маань хүслээрээ ажиллаж, өмнөө том зорилго тавин ажиллаж, амьдарч байна. Хүссэнээрээ байж, дуртай зүйлээ саадгүй хийхээс өөр жаргал, эрх чөлөө хүнд байгаа гэж үү. 

    -Ер нь эмэгтэйчүүд нөхрөөсөө хайр халамж нэхэж, тэгсэнгүй ингэсэнгүй гэж урваганах амьдралд байдаг л зүйл. Таны хувьд яаж хандаж байсан бэ? – Чи тэгэх ёстой, намайг ингэх хэрэгтэй, чи тэгсэнгүй, тэр тэгчихлээ гэж манай хань гомдоллодоггүй. Ар гэрийн амьдралыг нуруундаа түүртэлгүй чимээгүй үүрчихнэ. 

    ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ 

    -Эрхэлж байгаа ажил чинь амжилттай болж, бизнес санаанууд чинь хүссэн үр дүндээ хүрчээ. Хүсч байсан өндөрлөг, оргилдоо хүрсэн үү? -Энэ бол өндөрлөг биш. Зөвхөн эхлэл. Томоохон бизнесмэнүүдэд миний одоогийн нөхцөл байдал “хөөрхий дөө дөнгөж эхэлж байна” гэж харагдана. Харин дөнгөж гарааны бизнесээ эхлүүлж байгаа улсад өндөрлөг мэт харагдаж мэднэ. Амьдрал өдөр бүр шинээр эхэлдэг, бизнест хүрэх оргил гэж байхгүй. Хүний, ялангуяа их хотын хэрэгцээ гэдэг хязгааргүй. Түм түжигнэж бум бужигнасан зах зээлийн нийгэмд олон хүний өмнө хариуцлага хүлээж байгаа гэж бодохоор өндөрлөг өөд биш, харин урагшаа тэмүүлж явах учиртай. 

    -Бизнес санааг баяжуулж, биежүүлж бүтээгдэхүүн болгоход “сайн монгол толгой” хэрэгтэй байх. Та толгойтой залуусыг компанидаа хэр уруу татдаг вэ? -Аль алинаас нь шалтгаална. Ялангуяа би өөрөө номер нэг байхын тулд толгойгоо цэнэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр залууст гологдоно. Нийгэм маань ямар хурдтай хөгжиж байгаа билээ. Удирдагч хүн л мундаг залуусыг ойлгож эргэж хариу урвал үзүүлж нэгдэн ажиллах байх шүү. 

    – Өөрийгөө бизнесийн ухаанд яаж сургав. Зарим хүн их мундаг сургуулийн нэр хэлсэн, олон диплом цуглуулсан хэрнээ шальтай ажил хийдэггүй. Таны хувьд ? -Амьдрал намайг сургаж байна. Янз бүрийн чадалтай хүмүүсийн байр суурь, гүйцэтгэх үүрэг бүгд өөр л дөө. Эрхий хурууны үүргийг чигчий хуруу хийж чаддаггүйтэй адилхан. Долоовор хурууны үүргийг эрхий хуруу гүйцэтгэж чадахгүй байна гээд тайраад хаяж болохгүй биз дээ. Хаана ч харилцан биенийхээ ажил, үүргийг нөхдөг механизм хэрэгтэй. Манай ажилтнууд тэр нь мундаг, энэ нь муу гэхээс илүүтэй бүгдээрээ чухал. Дарга, захирал нь манлайлагч, сайн байж гэмээ нь ажилчид нь ч дутахааргүй гялалзаж, сайжрах ёстой. Хэн нэгнийхээ чаддаггүй зүйлийг нөгөөх нь нөхөөд хийчихдэг байя. Чиний, миний чадахгүйг тэр чаддаг байвал, өө болж байна, энэ л өнөөдрийн ажлын бүтэмж шүү. 

    -Хүн бүрт ажлын хийгээд бизнесийн өөрийн гэсэн жор, зарчим бий. Таны хувьд бизнесийн алтан зарчим юу бол? -Эрдмийн дээд нь эв. Эрхмийн дээд нь эх гэж нэг үг бий. Яагаад эрдмийн дээд нь эв юм бэ гэхээр таны, миний, тэр хүний чаддаг зүйл эвлээд ирэхээр эрдмийн дээд болдог. Дан ганц нэг талын мэдлэгт суурилж явбал өрөөсгөл, дутуу ажил болно биз. 

    -Та урлагт хайртай гэдэг нь “Bluemoon art” уран зургийн галлерейгаас харагддаг. “BlueMon” шилтгээнд тун аятайхнаар галлерейг шигтгэсэн. Үүдээр ороод ирэхээр цаанаа нэг л өөр. Эрхэмсэг, тухтай, содон аялгуутай. Амсхиймээр, гайхалтай зургуудад уусмаар аятайхан орчин цогцолсон байдаг. Урлагийн мэдрэмж энд яваад байх шиг? -Урлаг миний амьдралд тохиолдсон, таарсан, хийсэн бүх ажилд хэрэг болж улам өөр өнгө аясаар хөглөдөг. Энэ чинь л хүмүүний амьдралын туулаад өнгөрсөн эерэг зүйл эргээд, бидний аж амьдралд сайн сайхнаар хэрэгжүүлж, хэлбэржүүлж болдгийн илрэл. Энэ галлерейг 2012 оны арванхоёрдугаар сард анх байгуулсан. Өнгөрсөн хугацаанд уран зургийн үзэсгэлэн хийгээд урлагийн чанартай 170 гаруй арга хэмжээг манай галлерей зохион байгуулсан. Хэдийгээр өөрийнхөө таашаалын дагуу хийсэн ажил хэдий ч бусдын хүндлэл, сонирхолд нийцэж олон түмэнд тоогдож байвал сайн хэрэг. 

    -Таны өрөөнд хүндтэй байр эзэлсэн морин хуур, төгөлдөр хуур зэргийг хараад урлагаас бүр мөсөн явчихаагүй нь анзаарагдаж байна. Эдгээрийг та өөрөө тоглодог уу? -Ажлын зав, чөлөө­гөөр багшаараа морин хуур заалгадаг юм. Бас төгөлдөр хуур заалгадаг.   

    -Аав тань таны хүсэл мөрөөдөл, амьдралын сонголтыг тань хүндэтгэсэн харагддаг.  Та харин хэр аав бэ. Хүүгээ ямар хүн болох, ямар мэргэжил эзэмших талаар сургааль айлддаг уу? -Миний хүү бусдын адил аав, ээжийн амьдралын үргэлжлэл, бидний хайртай үр удам. Бид хүүдээ тэг, ингэ гэж зааж, бодлоо тулгадаггүй. Би өөрийнхөө аав шиг хүүдээ хандсан. Сонголт хийх боломжийг нь өөрт нь үлдээсэн. Чиний удам ямархуу юм бэ. Ямар чадвартай хүмүүс байна сайтар бод. Тэр олж авсан бодлоосоо чи өөрийн дуртай зүйлээ хий гэсэн. Би хүүгээ заавал тийм хүн бол гэж албадахгүй. Өөрийн чадвараа мэдэхгүй хэрнээ хүсэлдээ хөтлөгдөөд буруу тийш хазайгаад явчих тохиолдол байдаг. Хүслээ нэгдүгээр тавьж болохгүй. Чи өөрөө ямар удам угсаатай хүн бэ гэдгээ бодож үзээд сонголтоо  сайн торд гэдэг. Өөрийн дуртай, зөв гэж бодсон зүйлээ хий. Энэ бизнесийг чи заавал авч явах албагүй гэдэг. Би бол миний хүү амьдралаас сургуулиа ол гэдэг. Би өөрөө тэр замыг туулаад ирсэн учраас хүүдээ амарчилж, дөтлөх ухаан зааж байгаа нь тэр. Харин ээж нь өндөр боловсрол олгодог сургуульд явуулмаар байна гэдэг юм. -Хүү тань ямар сонголт хийв? -Энэ бизнесийг цааш нь авч явахаар шийдэж байх шиг байна. Бизнесийн эдийн засаг, менежмэнтээр их сургууль төгссөн. Хүү маань миний замаар явах сонирхолтой харагддаг. 

    -Бизнесийн чиглэлээр мэргэшсэн хүүгээ хэр тоож байгаа вэ? -Залуу хүн учраас надаас давуу тал олон бий. Ажил, амьдралын туршлага бага учраас  зарим дутагдалтай зүйл бий. -Таныг хараад байхад ажлаас ховхордоггүй хүн шиг. Гэр бүлийхэндээ хэр цаг гаргадаг вэ? -Би Оюундарьд нэг их цаг гаргаад байдаггүй юм байна. Хоёр биенээ ойлгодог учраас хаа сайгүй, утга учиргүй хэлхэлдээд явдаг ч нас өнгөрчихөж. Би хамаг байдгаа Оюундарьд зо­риулж ирсэн. Гэр бүлээ тэжээх, бизнесээ өргөжүүлэх гэдэг маань нэг талаараа түүний төлөө хийж байгаа ажил юм. Би биеэ засаад гэрээ засчихлаа. Одоо Монгол Улсынхаа хөгжлийн төлөө өөрийгөө зориулах ёстой. Эргээд харж байхад сүүлийн жилүүдэд улсынхаа бүтээн байгуулалтын төлөө ар амьдралаа зориулчихсан л явна. Иймээс л надад эхнэр маань гомдол хэлдэггүй байх. Энэ бүхэн эцэстээ эхнэр, гэр бүлээ дэмжсэн ажил болж байгаа учраас толинд харж байгаа мэт нэгнийгээ ширтээд суух цаг, зөв алга. Би юу хүсч мөрөөддийг хань маань мэдэж байгаа. Намайг ямар мөрөөдөлтэйг Оюундарь мэдэж байгаа. 

    БИЕ БИЕНИЙХЭЭ ЕРТӨНЦИЙГ ХҮНДЭТГЭДЭГ

    1989 он  -Хамтын амьдралын тухай хүмүүсийн ойлголт их өөр.  Өнгө, мөнгө, элдэв арга, саамаар амьдралын нэг өдрийг худал чамирхлаар дүүргээд байх шиг. Таны хувьд хамтын амьдралыг юу гэж тодорхойлох вэ? -Хамтын амьдрал миний хувьд өөр зүйл байдаг. Өөрийн хүслээ нөхөртөө тулгадаггүй. Та нөхөртөө хайртай бол хүслээр нь байлга. Би эхнэртээ хайртай учраас үзэл, бодлыг нь хүндэт­гэдэг. Түүнээс би ингэх гээд байна, чи тийм байх ёстой гээд байвал тэс хоёр өөр бие яаж нэгдэн уусах билээ. Минийхээр бол, гэр бүлийн хоёр нийлж байгаа ертөнцөөрөө нийлээд, ангид санаагаа өөртөө хадгалж, сонир­хол, хүслээрээ байх ёстой. Оюундарийнхаа хүслийг би дэмжих ёстой.  Миний хүслийг тэр ойлгож, дэмжээд ирсэн. Ойлголцлын нэг суваг байхад тусгаарлах олон сэжим, санаа байж болно. Бид ямар нэг хэв­энд цутгасан дүрс биш шүү дээ. Бие биенийхээ ертөнцийг хүндлээд амьдрах учиртай. 

    -Дээр асууя гэж байгаад таны яриаг таслаад яахав гээд өнгөрөөчихлөө. Би Санжжавтай ярилцах гэж иртэл хүмүүс таныг Чингис захирал гэж дуудах юм. Хоёр нэртэй хүн үү? -Хоёулаа миний нэр мөн. Зарим хүн энэ одоо өөрийгөө Чингис гэж төсөөлж, тэгж дуудуулдаг гэсэн яриа сонсогдож байлаа. Аав минь намайг энэ хорвоод мэндлэхэд өгсөн нэр нь Чингис. Юу бодож ингэж нэрлэснийг ааваасаа асуух ухаан байсангүй. Урлагийн сургуульд ороход Хөгжим бүжгийн сургуулийн захирал, багш нар маань аавд зөвлөсөн юм гэнэ лээ. Чингис гэдэг цуст яргачин, харгис хүний нэрээр танай хүүхэд тайзан дээр бүжиглэнэ гэдэг болохгүй. Манай сургуульд суралцуулмаар байвал нэрийг нь соль гэж шууд тулгасан. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш. Тухайн цаг үе, нийгмийн байдлаас болсон хэрэг л дээ. Манай ээжийн нэг лам ах надад Санжжав гэдэг нэр хайрласан юм билээ. Өнөөдрийг хүртэл би шинэ нэрэндээ дасаагүй. Чингэс гэж дуудуулж явна. Тэр үед нэр солих нь асуудалгүй шууд бүтсэн гэнэ лээ. Сургуульд Санжжав гэж нэрээр дуудаад бүрт­гэхээр “юу билээ гээд хэзээ хойно, өө энэ чинь нээрээ би шүү дээ” гэдэг байсан. Одоо хүртэл би Санжжав нэрэндээ дасаагүй шүү. Бичиг барим­тан дээр Санжжав нэрийг хэрэглэдэг. Агуу хүний цолыг би яаж дахин авч зүрхлэх билээ. Надад ахдах байх. Зүгээр л Чингисээ гэж дуудсан нь дээр байх. 

    -Ер нь монгол эмэгтэйчүүд гадаа гарч эр болж, гэрт орж эм болсоор айлын амьдралын ихээхэн хэсгийг үүрдэг. Танай гэргий хэр ачаа үүрэлцдэг вэ? -Бодит байдлыг ярихаар эхнэрээ магтсан болох байх. Би эхнэрээ муухан 10 эртэй тэнцэхээр дайны эмэгтэй гэж үнэлдэг. Амьдралд хандах хандлага нь өөр. Ажилч хичээнгүй, хүнд тусархуу. 

    -Яагаад заавал мундаг эмэгтэй муухан 10 эртэй эн тэнцэх ёстой гэж. Энэ арай дэндэнэ ээ. Эмэгтэйчүүдээ өмөөрч байгаа ч юм биш? -Монголчууд угаасаа буруу ярьж зөв ойлгодог гэдгээ мэддэг хүмүүс. Арван ердийн эртэй тэнцэхүйц хүч, ухаантай гэж хэлэх гээд л тэр. Би тэр хоёр чемоданыг өргөе гэж бодоод сажилж байтал манай хүн хэдийнэ очоод сэв хийтэл өргөөд явчих жишээний. Ачааллыг өөр дээрээ авдаг төрөлхийн зантай хүн. Манайх гэдэг айл аз жаргалтай, сайхан байгаа нь миний эхнэрийг гавъяа их шүү. Миний хийж чадаагүй ажлыг хэдийнэ олж хараад өөрөө сэтгээд хийчихсэн л байдаг. 

    -Гэр бүл ер нь хувь заяаны бэлэг юм уу, эсвэл хувь хүний аз, од уу. Та хоёр залуудаа гэр бүл болсон гэдэг. Өнөөдөр танайхаас бусад хүн үлгэр авмаар, зарим нь бахархмаар бат бөх гэр бүл болсныг харж байна. Гэр бүл болж байсан дурсамжаа хуваалцаач?   -Унаган багын дурсамж юм даа. Тэр үед бид хүүхэд байж, ахмад хүмүүсийн үгнээс гардаггүй, хууль мэт дагадаг байсан. “Энэ хүү их зүгээр хүн. Чи энэ хүүтэй заавал найзал” гэж шахдаг байсан гэсэн. Эмээ маань их хөөрхөн. Бидний урдуур, хойгуур орж гүйгээд. Янз бүрийн ажил сэдээд намайг дуудна. Тусгай уулздаг өрөө хүртэл гаргаж өгөөд, хоол, цайгаар дайлна. Надад хувцас оёж өгнө. Манай хүн чинь эмээгийнхээ үгэнд ордог нь надтай суухад нөлөөлсөн байх. Тухайн үед үе тэнгийн олон хөвгүүн Оюундарийг эргүүлж, үерхэе гээд л гуйдаг байсан. Би азтай л байхгүй юу. 

    -Та Оюундарийн эмээд яаж яваад таалагдчихав. Танайх аль нутгийнх билээ? -Таалагдаад л намайг сонгосон биз. Би хотод төрж өссөн ч урианхай гэдгээ саяхан олж мэдлээ. Одоогийн нутаг усаар бол Ховд аймгийн Мөст сумынх. Аав Мөстийнх, Ээж Цэцэг сумынх. Өвөг дээдэс маань Сутай хайрханы баруун бийд аж төрж байсан юм билээ. Миний өвөг дээдэс хэдэн үеэрээ тэнд нутаглаж ирсэн юм байна. 

    -Хүн өөрөө, гэр бүлээ сайхан аваад явахаар дараа нь нутгаа гэсэн сэтгэл гардаг байх. Таны хувьд нутаг руугаа гүйгээд байх юм уу, эсвэл хөгжүүлэх гээд олон ажил сэдэж сууна уу? -Сүүлийн үед удам судраа нэлээн судлаж, нутаг усаа гэдэг болсон. Боломжийнхоо хэрээр орон нутгаа хөгжүүлэх санаа, ажлыг дэмжээд явж байгаа. Мөст сумын дуу, клипийг хийх ажлыг дэмжсэн. Монголд хамгийн анхны ган хөшөөг Мөстөд хийж өгөх жишээтэй. Нутгархаж байгаа юм биш. Миний өвөг дээдэс хэдэн үеэр тэндхийн усаар ундаалж, байгаль дэлхийд нь мөрөө гаргаж, ан амьтан, мал ахуйгаар нь хүнс хийж агаараар нь амьсгалж өнөөдөр биднийг төрүүлж өсөгжээ. Тиймээс тэдний үргэлжлэл болсон бид нутаг орноо хөгжүүлж, хүн зоных нь аж амьдралд хэрэгтэй зүйл хийе гэж хүн бүр л боддог байх. Би тэдний л нэг.   

    …Бидний яриа цааш үргэлжилсээр. Олон сайхан санааг бичигч надад өгсөн юм. Хүн байхын утга учир, сайн хань, сайхан гэр бүлийн мөн чанар юу байх. Хийж буй ажилдаа дор, дор нь дүгнэлт хийж, чадах зүйлээ амжилттай болтол нь зүтгэх. Болохоос нь эхлээд болохгүй хүртэл нь махруу ажиллах, аливаа ажил, бизнесийн тунг тааруулах, мэдрэмжийг хэрэгтэй цагт нь гаргаж байх зэргээр түүний энгийн яриаг нэмэр, хачиргүй хүргэлээ.  

    Эх сурвалж:  Д.Мягмар “Зууны мэдээ” сонин 2016.2.22

  • Цэнгэл ӨНӨРЖАРГАЛ: “УДИРДАХУЙН УХААН”- МОНГОЛ ХҮН МОНГОЛ УХААНААР МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ НЬ ИРЛЭЭ


    Менежментийн үндэсний зөвлөх

    Стратеги, төсөл, эрсдлийн удирдлагын чиглэлээр судалгаа хийдэг.

    БОЛОВСРОЛ
    Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Төрийн байгууллагын гүйцэтгэл, компанийн засаглал, худалдан авах ажиллагаа, хүний нөөц, манлайлал, өрсөлдөх чадвар зэрэг чиглэлүүдээр АНУ, БНСУ, БНХАУ, Макаод мэргэжил дээшлүүлсэн.

    АЖЛЫН ТУРШЛАГА
    Удирдлагын академийн ахлах багшийн албан тушаал дээр ажиллаж байгаа бөгөөд “Төслийн Удирдлага, Хөгжлийн хүрээлэн” ТББ-ын захирлын сонгуульт ажил эрхэлдэг. 2013 онд Ерөнхий сайдын дэргэдэх “Монгол Улсад төслийн удирдлагын стандарт нэвтрүүлэх” ажлын хэсгийн гишүүн, санаачлагч, “Эм Ай Ю” ОУДС-д төслийн удирдагч, төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байсан. 2010 оноос Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн мэргэжлийн гишүүн, 1999 – 2008 МЗАЖХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

    АЖЛЫН АМЖИЛТ
    Монгол улсын төслийн удирдлагын тогтолцоог шинэчлэх чиглэлээр идэвхтэй судалгаа шинжилгээ хийж байгаа. Тус чиглэлээр 2013 онд засгийн газарт санал, зөвлөмж оруулснаар Монгол улс үндэсний стандарт мөрдөхөөр болсон. 2008 оноос менежментийн сэтгэлгээний шинэ хандлага болох бодит чадварын үндэсний судалгааг амжилттай гүйцэтгэж энэ чиглэлээр ном сурах бичиг хэвлүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Монгол улсын хөгжилд онцгой нөлөө үзүүлэх Эрдэнэтийн 100 000 тонны гангийн үйлдвэрийн төслийн багийг удирдаж эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлж амжилттай батлуулсан. Нийт 100 орчим төслийн үйл ажиллагааг чиглүүлж, туршлага, сургамж хуримтлуулсан. “Эм Си Эс” групп, “Бодь” групп, ”Нью Прогресс” групп, “ТЕСО” корпораци, “Очир Ундраа” групп, “Говь” ХХК, “Макс” групп зэрэг 20 орчим бизнесийн байгууллагуудад урт болон богино хугацааны зөвлөх үйлчилгээ үзүүлж туршлага хуримтлуулсан. Ерөнхий сайдын ажлын алба, Хөгжлийн банк,Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Замын үүдийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Татварын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Улсын Дуу бүжгийн эрдмийн чуулга, Багануур ХК, Улаанбаатар төмөр зам зэрэг 30 орчим төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан.

    БҮТЭЭЛ

    УДИРДАХУЙН УХААН

    * Менежментийн 80 гаруй төрлөөс сонголт хийж, өнөөгийн манай нийгэмд хамгийн чухал гэсэн 50 гаруй төрлийн менежментийн чиглэлд төвлөрч ажилласан. Эдгээр 50 орчим төрлийн менежментийг судлах явцад “менежмент” гэж юу юм бэ гэдэг асуултанд бодитой ойлголт иргэдэд өгөх боломжийг эрэлхийлсэн болно.

    *Энэ номыг бичихийн тулд 100 орчим төр, хувийн хэвшлийн төсөлт үйл ажилагаанд оролцон менежментийн хэрэгцээ, шаардлагын талаар гүнзгийрүүлж ойлгож авсан. 10 гаруй жилийн судалгаа, зөвлөгөө, хэлэлцүүлэг зохион байгуулж байж энэхүү ном маань бий болсон. Бид сайн зэвсэг үйлдвэрлэсэн. Гагцхүү энэхүү зэвсгийг хэрхэн ашиглах, сэтгэл нь уншигч олны хандлагатай холбоотой байх.

    https://www.facebook.com/monhero2004

  • ​ХҮЛЭМЖИЙН АГРО ПАРК БАЙГУУЛАХ ТӨСӨЛ​ ТАНИЛЦУУЛАХ НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ

    Мөнх ногоон амьдрал ТББ, Чандмань парк ХХК-иас санаачилсан ХҮЛЭМЖИЙН АГРО ПАРК БАЙГУУЛАХ ТӨСӨЛийг хамтран хэрэгжүүлж Монгол Улсдаа хүнсний аюулгүй байдлийг бий болгож 4 улирлын хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилготой хүн бүрийг урьж байна.Төслийн танилцуулга, хамтын ажиллагааны нээлттэй анхны уулзалт 2-р сарын 4-ны 14:00 цагт Монгол Японы соёлын төвд болно.

    Төслийн хүрээнд 20 га талбайд 60 хүлэмж барина.

  • Дангаа ХОСБАЯР- Нэрт хөөмийч


    Хөөмийч, урлаг судлаач

    Герман Улсын “Super talent- 2009” уралдааны тусгай байр; Испани Улсын Хатан хааны нэрэмжит шагналт.

    1971 оны 1-р сарын 12-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Үе дамжсан нэрт хөөмийч. Олон мянган жил үе дамжин ирсэн хөөмий болон язгуур урлагаа даян дэлхийд алдаршуулан тунхаглаж, Герман, Франц, Австри, Швецарь, Итали, Испани, Финланд, Швед, Дани, Норвеги, Чех, Голланд, Белги, Сингапур, Бразил зэрэг дэлхийн 42 оронд 700 гаруй удаагийн бие даасан live тоглолтоо сая гаруй хүнд хүргэснээс гадна олон арван сая үзэгчтэй ТВ шоунуудад оролцож Монгол урлагаа дэлхий дахин хүргэсэн.

    Бие даасан “Дангаа Алтай” 1998, “Хөөмийн домог” 2001, “Transmongolia” 2002 цомог, “Тэнгэрийн орон” DVD 2003 онд, “Hosoo& Transmongolia” хамтлагаараа “Тэнгэрийн дуу” 2004, “Нутгаа дурслаа” 2007 альбом болон Герман, Итали, Израилийн хамтлагуудтай хамтарч нийт 13 CD бүтээсэн.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1991- 1996 он Улсын ардын дуу бүжгийн чуулга, Төв аймгийн хөгжимт драмын театр, ардын дуу бүжгийн Мандухай чуулга, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгат тус тус хөөмийч, хөгжимчин;

    1996 оноос Хосоо ТрансМонголиа хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч, хөөмийч, хөгжимчин;

    Монгол Хөөмийчдийн Нэгдсэн Холбооны тэргүүн;

    Монголын хөөмийн хөгжлийн ассоциацийн хүндэт гишүүн;

    Европын орнуудын дээд өнгөний (overtone) дуучдын холбооны тэргүүлэгч гишүүн;

    Дэлхийн нүүдэлчдийн язгуур өв соёлын төвийн тэргүүлэгч гишүүн;

    https://www.facebook.com/hosoo.khosbayar1
    http://www.hosoo.de/