Category: media-content

  • МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО

    ЭРХЭМ ЗОРИЛГО
    Эртний нүүдэлчдийн өв соёлыг дахин сэргээж Монголын гэсэн цорын ганц дахин давтагдашгүй өв соёлыг дэлхийд тунхаглана.

    Монголын соёл урлаг хурдацтай хөгжиж буй өнөө үед угсаатны болон язгуурын урлагт хамаарах бүхий л үнэт өвүүдийг хамгаалах, хөгжүүлэх, дэлхий дахинд таниулан сурталчилах, мэргэжлийн хамтлаг дуучид болон соёлын биет бус өв тээгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан хамтран ажиллах, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор, өв соёл судлаач, хөгчимчин, хөгжмийн зохиолч, продьюсер Дагваны Ганпүрэвийн санаачилгаар 2011 онд байгуулагдсан.

    Бид Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, Ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Ятгын чуулга зэрэг уран бүтээлчдийг уран бүтээл, удирдлагаар хангаж хөгжүүлэн ажиллаж байна.
    Өнгөрсөн хугацаанд Өвгөдийн захиас, Ёохор, Миний ээж тэмээчин, Ширээ нуур, Гоёлог хөөрхөн, Тэнгэр заяат, Тандаа золгоё, Алсын газрын зэрэглээ, Монгол Санта, Япи ая, Дөмөн, Жаран цагаан адуу, Алтайн магтаал, Жороо морь зэрэг 30 гаруй бүтээлийн шинэчилсэн зохиол найруулга дээр ажилласан. Алтай хамтлагийн “Өвгөдийн захиас”, Ятгачин Ч.Мөнх- Эрдэнийн “Вариац” бүтээлийн клип, Martin Jacobson & Giant jazz тоглолт, “Хатан ятга” тоглолт, 20 гаруй ТВ-ийн бүрэн хэмжээний нэвтрүүлэг, Германы найруулагч Ани Мартины “Талын цанчин”, ОХУ-ын найруулагч Сергей Бодровын “Даши Намдаковын тухай” баримтат кино, Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Үргээлэг” киноны хөгжмийн зохиол дээр тус тус ажиллаад байна.

    Мөн 2011 оноос Алтай ятгыг дахин нутагшуулах судалгаа, Хүннүгийн Аху ятгыг нутагшуулах, эртний нүүдэлчдийн язгуурын өв соёл болох Алтай ятга, Алтай их ятга, Аху ятга, Аху их ятга, Тойром бүжиг, бий биелгээ, цуур, хөөмий, икел болон язгуурын бусад биет бус өвүүдийг хөгжүүлэх, эртний өв соёлуудыг хүүхэд залуучууд болон бүхий л насны үзэгчдэд танилцуулах, үндэсний өв соёлын бахархалыг бий болгох, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход шаардагдах тогтвортой үйл ажиллагаатай ДОМОГТ НҮҮДЭЛЧИД чуулгыг байгуулахаар ажиллаж байна.

    ХОЛБОО БАРИХ
    Утас: 99167471, 99966670
    boertemusic@gmail.com
    https://www.facebook.com/Musicagencymn
    https://twitter.com/musicagencymn

  • Хөгжлийн анатоми #2 ҮЙЛДВЭРИЙН ДИЗАЙН БА ҮЙЛИЙН ҮР

    Би жирийн л нэг зураач. 1985 онд Москва хотод Ярославский вокзал дээр Монголоос гарсанаас тав дахь хоног дээрээ буулаа. Ээжийн минь авч өгсөн Монголд үйлдвэрлэсэн маш сайн арьсан “Америк цэргийн” гэх тодотголтой түрийтэй хар гутал Москвагийн вокзал дээр ингэж гишгэлээ. Би тод санадаг юм. Буумагц хэд хэдэн хүн гутлаа зарахгүй биз, ийм гутал таньд бий юу гэж асуугаад байсан юм. Вокзал дээр хоёр найз маань тосож авсаны нэг нь сүүлд 2000 -аад онд МУ -ын ерөнхий сайд болсон Жасрай гуйн хүү Жанцан одоо МАН -ын гишүүн Батзориг нар тосч аваад метро Соколд байх оюутны байранд минь хүргэж өгөөд нэг хоёр шил юм мултлаад явж байж билээ. Жанцанг бодлогоор үйлдвэрлэлийн орчны хууль эрх зүйчээр МГУ (буюу Московский Государственний Университет)-д сургаж, Батзоригийг Чехославакд гутлын технологиор намайг Үйлдвэрлэлийн дизайнаар сургаж байгаа нь улсын бодлого байж дээ. Маргааш нь Строганов гэх нэртэй Москвагийн Үйлдвэр Урлалийн дээд сургууль дээрээ ирэв. Би бодлоо. Яах гэж ирэв? Яаж таван жил сурах юм? Юу сурах юм? Дизайн гэж юу юм бэ? Үйлдвэрлэл надад ямар хамаатай юм бэ? Үйлдвэрлэлийн урлаг гэж бас юу вэ? Хэнд хэрэгтэй юм? гэх мэт. Утгагагүй уйтгартай байлаа. Уран зургаа л өөрөөрөө зураад ууж идээд явж байх нь яг үнэндээ дээр санагдаж байлаа.

    Тэр үед залуус дээд сургуульд явах нь бол бодит мөрөөдөл байлаа. Гэхдээ тэр мөрөөдлийг нь улсаас бодлогоор зорилготойгоор шалгаруулж явуулдаг байсан юм. Уран зургийн коллежид таван жил шахам суралцаж төгссөн надад тухайн үеийн Соёлын яам бодлогоор таван жил үзэсгэлэн чимэглэлийн үйлдвэрлэлийн газар ажиллуулаад тэндээсээ дахиад таван жил Үйлдвэр Урлалийн Дээд Сургуульд сургаж байгаа нь тэр юм. Яагаад? Гэвэл 1990 оноос өмнө Монгол улс ХАА – Аж үйлдвэрийн орон гэсэн үндсэн чиглэлтэй хөгжиж байсан юм. Тэр үед Монголчууд одоогийн энэ Хятад улс шиг бүх ажлаа тав таван жилээр төлөвлөдөг байсан бөгөөд би гэхэд л таван жил ажиллахдаа таван жилийн гавшгайч залуугаар шалгарч байсан юмдаг. Тийм учраас үйлдвэрлэлийн түвшингээ шинэ шатанд гаргахын тулд анхнаасаа үйлдвэрлэлийн дизайнеруудаа бэлдэж байгаа нь тэр байж. Харин Оросууд бол тухайн үеийн социалист лагерийн орнуудынхаа хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого тодорхойлогч нь байсан юм.
    Намайг хүүхэд байхад л саяхан шүүдээ манай улс варений шилээ хийчихдэг “лимоны” ундаа “нийслэл” пивоны шилээ өөрсдөө үйлдвэрлэчихдэг байсан даа. Ноосоо түүгээд ээрмэлийн үйлдвэртээ утас хийчихдэг, утсаараа сүлжмэлийн үйлдвэртээ 70 микроны даавуу хийчихдэг, даавуугаараа сурагчдын болон ажилчидын хувцасаа оёчихдог оёдолын үйлдвэртэй л байсан даа. Шаазан ваарны гэх үйлдвэр одоо энэ циркийн зүүн талд ажиллаж шаазан аяга гүц хүртэл хийгээд бүр гадаадад экспортлож байсан санагдах юм. Эсвэл би зүүдэлсэн юм болов уу? Монголчууд 25 жил байтугай 2300 -аад жилийн тэртээд Хүннүгийн их гүрэнг байгуулж бүх дэлхийг эзэгнэж байхдаа Грек Ромын урчуудтай шил хайлуулж дарсны хундагаа хийчихдэг байсан нь археологийн олдвороор гарч ирсээр байгаа нь гайхалтай. 2300 жилийн өмнөх ган хайлуулах зуух саяхан Герман, Японы археолегчидын малтлагаар Монголын нутгаас, тодруулбал Өвөрхангай аймаг дахь Хархорин хотын доороос гарч ирлээ шүү дээ. Юу вэ тэгэхэд одоо “pig iron” ч хийж чадахгүй төмрийн хүдэрээ урагш Хятадруу шороогоор нь гаргаад сууж байна.
    Тэр олон мянган жилийн тэртээ Монголчуудын ган төмрөөр хийж байсан тэрэгний дугуй эдлэл хэрэгсэл зэр зэвсгийн ур хийцийг Эрмитаж, Луварын музейн сангаас дэлхийн ард түмэн үзэж сонирхоод дуу алдан биширч байна. Одоо ч модернистууд тийм супер уран бүтээл хийж чадахгүй байна шүү дээ. Заримдаа хөгжил гэдэг нь урвуу хамааралтай мөхөл шиг санагдах юм.
    За буцаж сэдэврүүгээ орьё. 1991 онд би Москвагийн Үйлдвэр Урлалийн дээд сургуулийг таван жил сурч төгсөөд буцаж Монголдоо Улаанбаатар хотынхоо вокзал дээр Оросын сайн чанарын Монгол арьсаар хийсэн “Руслан” хэмээх гутлаар гишгэн буулаа. Найз нөхөдтэйгээ наргиж нэг хэсэг болоод орчноо харлаа. Монголд ардчилсан хувьсгал ялж Орос цэргүүдийг говиосоо хөөн явуулаад Улаанбаатар Налайх зэрэг хотуудад байсан Оросын оффицеруудын амьдарч байсан барилгуудыг хувьчлал нэрээр тонож үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг мулт мулт татаж авч Хятадруу төмрийн хаягдал нэрээр гаргаж зарсан байлаа. Бүх юм хов хоосон лангуу ч хоосон үйлдвэрүүд ч хоосон болжээ. Ингээд “ЗАХ ЗЭЭЛ” ын гэх тодотголтой нийгэмд ямар ч бэлтгэлгүй бүхэл бүтэн нэг улс орлоо. Миний хувьд нөгөө тав таван жилийн сурсан ажилласан төлөвлөсөн бүгд нуран унасан юм. Юун үйлдвэрийн дизайн нэг ч үйлдвэр байхгүй болсон тул хүн бүхэн Хятад, Орос руу үүргэвчээ үүрээд наймаандаа явлаа. Би огт наймаа хийж чадах хүн биш тул гудамжинд нэг хэсэг лааз өшиглөв. Гэтэл Германы Берлин хотод Эстрел нэртэй “Confres hotel”- ийн хананд өлгөх зураг зурах зураачдыг шалгаруулж байна гэхээр нь тэнд материалаа өгч, шалгарч Саранцацралт гэх одоо монголын нэртэй модернист эмэгтэй бид хоёр шалгарч тэнцэв. Гэхдээ Саранцацралт тодорхой бус шалтгаанаар яваагүй тул би ганцаар Берлин явж 3 сар ажиллаад шагналын мөнгөөрөө спорт BMW машин авчирч түүгээрээ таксины жолооч хийн 2 жил гэр орноо тэжээсэн дээ.
    Нэг өдөр 3 -р хороололд такси хийцэн явж байтал 80 -аад онд миний туслах зураач байсан одоогийн “G entertiment” -ийн Ганболд сууж, “Хүүе та чинь таксины жолооч болчихсон юм уу?” гэхэд нь тиймээ өөр ажил олдохгүй гэвэл Та чинь Creative сэтгэлгээтэй биздээ манай “Боролдой” студид рекламны захиалга овоо ирдэг болж байгаа, найруулагчаар ажиллаач гэснээр би таксины жолоочоо больж дахиад таван жил “Боролдой” рекламны студид найруулагч зураачаар ажиллалаа. Үүний дараа эдийн засаг тогтворжиж би “Хаус дизайн” хувийн тв студиээ ажиллуулж таван жил дараа нь интерьер дизайнаар таван жил, дараа нь компаниа өргөжүүлж, барилгын зураг төслөөр таван жил ажиллаа. Муу ч сайн ч улс юм болохоор энэ улсад барилгын салбар хүссэн хүсээгүй хөгжиж эхэллээ. Нөгөө талдаа хувцас дизайн сулхан ажиллаж байгаа байх. Гэхдээ хувцас дизайн нь загвар зохион бүтээх гэхээсээ илүү загвар өмсөх талдаа л явж байна уу даа.
    Ингээд тав таван жилээр хүлээсээр одоо эргээд харахад би 25 жил үйлвэрлэлийн дизайны ажлаа хүлээсээр суусан байх юм. Хаана байна миний нөгөө зураач дизайнераар сурсан дадлагажсан 15 жилийн системтэй боловсрол? Ингээд бодохоор Монголд сургууль төгсөж байгаа боловсролын диплом авсан хэдэн зуун мянган хүмүүсийн хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ? Би 90% нь дээд боловсролтой баарны үйлчлэгч, шал угаагчаар ажиллаж байгаа гэдэгтээ маргах хүн гарахгүй гэж бодож байна. Миний сурч байх үеийн систем яагаад алдагдав? Ардчилсан хувьсгал хийгээд зах зээлийн нийгэмдээ бид бэлэн байсан уу? Яг тэр үед хөгжлийн гараанаасаа цуг гарсан Өмнөд Солонос, Сингапур зэрэг орнууд одоо хөгжлөөрөө тасраад алга болов. Энд миний хариулт бол одоо бэлэн болсон. Бид яагаад хоцров? Монголчууд уг цуснаасаа бүгдээрээ удирдагч буюу \дарга\ boss болох сэтгэлгээтэй ард түмэн нөгөө талаасаа зөвхөн өөрөө өөртөө дарга буюу нүүдэлч соёлтой, хэнд ч удирдагдахгүй гэх уламжлалтай улс.
    Тийм учраас 90 -ээд онд гарч ирсэн ардчилсан хөдөлгөөнийг үүсгэлцсэн бүх залуус одоо улс төрд маш хүчтэй нөлөөтэй бүлэглэлүүд болон хоорондоо жижигхэн зах зээлээ булаацалдан тэмцэж, нэгдсэн бодлогоор зангидагдахгүй байгаатай холбоотой. Хоёрдугаар үндсэн том шалтгаан бол уул уурхайн баялаг нь ид шидийн дохиур мэт шидэт лизенц гэх цаасаар хэсэг бүлгүүдийн гарт орж тэд нар нь улс төрд улаан цайм нөлөөлөх болсон. За энэ нь бараг сэтгэцийн өвчний шинжтэй хэлбэрт орж явсаар өнөөдрийг хүрлээ. Ингээд ерөнхийд нь дүгнэж хэлбэл энэ улс Баялагийн хараалд өртсөн бас бүх юмаа зүгээр л улс төржүүлсэн нь хамгийн том алдаа. Үүний тод жишээ нь дэлхийд байхгүй олон телевизийн суваг зөвхөн монголд байнаа. Хэд гээч? 220 суваг байна. Үүний ард дандаа ямар нэг монгол улс төрч бизнесмэн сууж байна. Энэ бол товчхондоо БАЯЛАГИЙН ХАРААЛ-ийн өнгөний өвчин хэлбэрээр илэрч байгаа тууралт нь.
    Харин азаар сүүлийн үед гол түүхий эд хэрэглэгч Хятад нь өөрөө Хүрэн эдийн засгаас аажим татгалзаж, Ногоон эдийн засгийн орон болохоор хөгжлийн зорилгоо шинэчилж найрууллаа. Энэ нь манай улсад туссан Баялагийн хараал гэх уул уурхайгаас хэт хамааралтай болоод байсан хүнд өвчнийг эдгээхэд нэмэр болох байх. Уул уурхайн баялагаа зөв зохистой ашиглах нийтэд тэгш хүртээмжтэй ашиглах гэсэн 2н үндсэн туршлагийг Скандиновын орнууд, Канад, Хойт Америакаас суралцмаар байна даа.

    Зөв зохистой ашиглах гэдэг нь мэдээж байгальд ээлтэй техниологоор ашиглах. Тэгш хүртээмжтэй гэдэг нь олборлолтоо хувийн хэвшлээр гэрээлж хийлгээд Баялагийн санг төрийн оролцоотой байгуулж, ашгаа буюу хүүгээ боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах зэрэг системүүд ордог. Заримдаа ийм энгийн гадны бэлэн модел жишээнүүдийг манай монгол улс төрчид зориуд мэдэхгүй царайлдаг байхаа. Над шиг жирийн зураачаар заалгамааргүй юм гэж бодогдох боллоо. Миний хувьд 25 жил сурсантайгаа бараг 35 жилийн хугацаанд зүгээр суусангүй ээ. Саяхан нэг хуучин бичиг цаасаа ухаж байгаад оюутан байхдаа зурж байсан проектийн ажлуудаа оллоо. 1987 онд гар утас зурж байсан байх юм. Тэр нь малчдад зориулсан арьсан ууттай цас шуурганаар төөрөх үедээ ашиглах юм гэнээ. Одоо харахад хэлбэр дизайн бол инээдтэй. Гэхдээ одоо малчин болгон л гар утастай болсон. Харамсалтай нь мал маллах хүн олдохгүй, ихэнх нь л хот руу нүүх болждээ. Оюутан байхад хийж байсан Говийн динозаврын парк, анхны АТМ машин, өндөр шилэн барилгын фасад угаагч машин, нэг дугуйн дээрээс худалдаа хийх, мөхөөлдөсний машин гэх мэт 25 жилийн өмнө зурж байсан концепцүүд өнөөдөр монгол биш юмаа гэхэд дэлхийн улсуудад биелэлээ олсон явж байгаа. Концепц дизайн бол дизайнер хүний ажлын салшгүй нэг хэсэг л дээ.
    Саяхан би хэсэг залуустай хамтарч 2 хүний суудалтай цахилгаан машины дизайн гаргалаа. Улаанбаатар хотын гудамжаар маш их бөглөрөлтэй, бөглөрч зогсохын хирээр маш их хий хоосон шатахуун агаарт цацагдаж, хүүхэд багачууд хордож, жолооч нар нь өөрсдөө бухимдалтай стресстэй байдаг. Ингээд ажиглаад байхаар нэг том жийпэнд нэг л хүн суусан уурлаж яваа харагдах юмаа. Эргэн тойрноо сайн харвал 5 хүний суудалтай машинд нэг л хүн. Энэ юуг хэлж байна вэ? Бөглөрөл стрессийг хүн өөрөө л үүсгээд байна. Энэ асуудлыг дизайнарууд л шийднэ гэдэг санаагаар нэгээс хоёр хүний суудалтай цахилгаан машины загвар гаргасан юмаа. Гэвч манай монголын түшээд бизнесмэнүүд ойлгож дэмжихгүй гэдгийг би 100% мэдэж байгаа. Гэхдээ концепц дизайн явж л байх хэрэгтэй. Монгол биш юмаа гэхэд өөр оронд хэрэгжих л болно. Харин концепц дизайн инновацийг амьдралд маш сайн хэрэгжүүлж байгаа хүн бол Элон Маск байна. Дашрамд хэлэхэд Элон Маскийг би монголын улс төрчдөөс асуухад 5 хүний 4 нь мэддэггүй гээд бод доо. Тэр хүнтэй холбогдох юм бол хамтарч хүний төлөө маш их юм хийж болох юмаа гэж мөрөөддөг. Элон Маскийг одоо хүн төрөлхтний хөгжлийн ертөнцийг өөрчлөгч гэж нэрлэж байна шүүдээ. Монголд энэ олон олигархи удирдагчид байснаас ганцхан Элон Маск шиг хүн байхад л хангаллтай.
    Бид Хятад Оросын зах зээлийн яг дунд нь байж байдаг эдийн засгийн маш ашигтай байрлалтай орон. Энэ боломжийг энгийн эдийн засгын анхан шатны коллежийн боловсролтой Америк хүүхэд ч ойлгоно. Манай улс төржсөн бизнесийн бүлэглэл 25 жил яг үнэндээ 2-3 цементийн үйлдвэрээс өөр ямар ч үйлдвэр барьсангүй. Гэтэл нөгөө цементийн үйлдвэр нь борлуулалт байхгүй. Яагаад гээч? Тэр цементээр барьсан барилгыг нь авах мөнгөтэй иргэд байхгүйг тооцоогүй бас л алдаа болсон. Тэр байрыг худалдаж авах иргэд чинь орлоготой байхын тулд бодит баялаг бүтээдэг салбар буюу үйлдвэрүүдэд ажиллаж, цалинтай байх хэрэгтэй. Тэр үйлвэрлэсэн бүтээгдэхүүн нь гадаадад экспортлогдож валют орж ирэх ёстой. Ингэж байж инфляци нь буунаа. Банк санхүүгийн тогтолцоо нь эрүүлжиж, эргэлт үүснээ. Эргэлт үүсснээр арилжааны биш төслийн зээлүүд хөдлөж эхэлнээ. Яагаад ийм энгийн юмыг ойлгодоггүй юм бэ? Ийм учраас үйлдвэрийн дизайнаар төгсчихөөд, үйлдвэр хүлээж 25 жил боллоо гээд байна л даа. Би ядаж хүнсний сав баглаа боодлын дизайнаар ажиллах юмсан. Гэтэл одоо та гараад монголын хүнсний дэлгүүрүүдээр ороод хар. 70% нь гадаадаас импортлосон хүнс байгаа. Саяхан би Оргил гэж супермаркетаар орлоо. Нэг шоколад авах гэсэн чинь бараг бүх шоколадны 70% нь Roshen буюу Украйны ерөнхийлөгч Porоshenko-гийн хувийн үйлдвэрийнх байх юм. Үлдсэн 30% нь Бельги, Герман,Францынх.
    Африкт болохоор шоколадны какао ургаад, Монголын говьд болохоор какао ургахгүйгээр бурхан энэ хорвоог бүтээгээгүй байлгүйдээ. Японы сумо бөхийг жишээ нь зөвхөн Япон бөхчүүдэд зориулсан бишийг сүүлийн 15 жил монгол бөхчүүд аваргалснаар тов тодорхой харуулж л байна шүү дээ. Сумо гэснээс монголчуудын гаднаас авдаг гурвалжин будааг манай сумогийн их аварга Асашерюү Дорнод аймагт тарьж ургуулаад Японд экспортлож эхэлж байгааг саяхан сонсоход таатай байлаа. Одоо японы сумод тэргүүлж байгаа монгол бөх Хакухо монголын говьд цагаан будаа, чихрийн нишингэ тариад, Японд экспортлох төсөл хийж байгаа сонсогдох юм. Тэгэхээр хүнсний үйлдвэрлэлээр өөрсдийгөө хангаад, бүр илүү гарснаар нь экспорт ч хийж болох боломж харагдаж эхэлж байна.
    Би АНУ-гийн Корнелийн их сургуулийн багш Жанеттай уулзаж байсан юм. Монголын говьд киви ч ургаж, усан үзэм ч ургаж, виноны үйлдвэр ч хөгжиж болно гэж баталж байсан юм. Хэрвээ Хакухо аваргын нишингэ төсөл бүтвэл, бид монголдоо чихэрийн нишингэ тарьж, монгол хүүхдүүд өөрийн үйлдвэрийн чихэрээ идэж Порошенкогийн үйлдвэрт олон сая доллараа үрэхгүй л байхдаа.
    Хүнсний хувьд бол миний жижигхэн мөрөөдөл монголынхоо чихрийн үйлдвэрт чихрийн цаасны дизайнер ядаж хийгээд, цалин аваад суууж байхсан даа хэхэ. Жаахан том үйлдвэр яривал арьс ширний үйлдвэр монголд хөгжих супер боломж байна. Яагаад гэвэл Гуравхан сая хүнтэй улс мөртлөө 30-50 сая малтай. Гурван том арьс шир боловсруулах үйлдвэр байхад л би өмдний тэлээний дизайнер, өсгийтэй гуталны зохион бүтээгч хийгээд өндөр цалин аваад сууж байхгүй юу.

    За бүүр томхон мөрөөдье. Хятадад Элон Маск цахилгаан машинаа борлуулах гэрээ хийж, хятадуууд ч ногоон орон болж байгаагаа дэлхийд зарлаж, иргэд нь бүгд шахуу цахилгаан машин сонирхож эхэллээ. Ер нь дэлхий тэр чигтээ цахилгаан машинаар эрт орой сүлжилдэх нь ч тодорхой. Хятадын энэ том зах зээлийг хэн ч алдахыг хүсэхгүй. Харин Монголын хувьд стратегийн ач холбогдолтой, байршилаа зөв ашиглах хэрэгтэй. Тэгэх тусмаа монголын говь бол хятадын хилийн дагуу маш таатай байршил юм. Тэгээд ч монголын хөрс шороо нь тэр чигтээ маш өндөр төмрийн хүдрийн агууламжтай нутаг гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр автомашин угсрах үйлдвэрийн тухай ч мөрөөдөж болно гэсэн үг.
    Энд ногоон эдийн засаг ярьж байснаа уул уурхай, эрдэс баялаг яриад явчихаж байгаа нь сонин санагдах байх. Газрын доорхи баялаг бол манай улсын хөгжлийн нэг л гарц. Гэхдээ уул уурхайн баялагаа шороогоор нь зөөгөөд гаргах уу? нэмэгдсэн өртөг шингээж гаргах уу? гэдэгт асуудал нь байгаа. Уул уурхайн үйлдвэрлэл нь өөрөө байгальд ээлтэй техниологоор л явж байвал бүгд л дэмжинэ. Монголын говьд энэ зууны эхэнд динозаврын яс л байдаг мэт ойлгож байсан бол, одоо газрын ховор элемэнтүүд бүгд гарч байна. Бид уул уурхайн бизнесээ ХАА-тай зөв хослоод явбал монгол улс нь дэлхийн эдийн засгийн тэргүүлэх 10 орны нэг болоход ердөөсөө 10-20 жил хангалттай. Тийм өндөр боломжтой, байршилтай газар нутагтай орон. дэлхий дээр маш ховор болсоор байна. Говьд ХАА-н маш олон боломж байна. Жишээ нь: Ингэний хоормог, ингэний ундаа ч гэнэ. Энэ ундаагаар бараг бүх хорт хавдрыг эмчилж байна гэж ярьдаг. Би мэдэхгүй гэхдээ Арабууд ингэний хоормогоо савлаад, Лондон хотын Харродсын үнэтэй дэлгүүрт зардаг гэж сонссон. Манай говьд ургаж байгаа чацарганы тосыг Япон, Сингапур, Солонгос, Америкт ч үнэтэй гоо сайхны болоод, эрүүл мэндийн чиглэлээр бага ч гэсэн гаргаж байгаа. Говьд нар салхины нөөц маш их байна. Саяхан Германчууд салхин эрчим хүчний томхон станц Сайншандад барьлаа. Одоо Монголоос Хятадын хил дагуу хичнээн л бол хичнээн сэргээгдэх эрчим хүчний станцууд барьж болохоор боллоо. Урд хөрш хятадууд цэвэр эрчим хүч авъя л гэж байгаа шүү дээ. Монголын говьд кофе тарьсан ч болно. Стейкны чиглэлийн Канад үүлдрийн үхэр ч үржүүлж болно. Хятадууд хөрөнгөжиж соёлжоод кофе уудаг болсон, стейк иддэг болсон. Говьд хэт халуун биш хэт хүйтэн биш, бас хэт чийгтэй биш учраас асар том орос, хятадын хүнсний зоорьны аж ахуйнуудын бизнес хийж болно гэх мэт Монголын говь бол зүгээр л цахиурын хөндий гэдэг шиг органик хүнсний каластржсан дэлхийн загвар байж болох нутаг юм. Биднийг дэлхийн баячууд алтан дээр суусан тэнэгүүд гэж нэрлэдэг байсныг би 25 жилийн өмнө л сонсож байсан. Одоо бол бид тэнэгүүд биш, усан тэнэгүүд болсон шиг байна даа.
    Харамсалтай нь ард түмэн агуу түүхтэй, асар их оюуны чадавхтай байсан ч “агуу” удирдагчид нь алтан морь унах хүсэлтэй арчаагүй тэнэгүүд болохоор агуу түүх ч байгаад, алт ч байгаад хэрэггүй тэр ард түмэн мөхдөг, мохдог юм байна. Уг нь уур амьсгалын өөрчлөлт бодит аюул болж улс орнууд нэгдэж, ногоон мориндоо мордсон юмаа. Манай дарга нар алтан морьноосоо буухгүй юм даа. Тэд мориноосоо буухдаа монгол арьсаар хийсэн “монгол” гуталтай буух уу, орос арьсан “Руслан” гуталтай буух уу, хятад шаахайтай буух уу, эсвэл хөл нүцгэн буух уу өөрсдөө шийдэг дээ.

    Үйлдвэр хүлээж хоёр үүд сахисан үндэстэн.
    Үйлийн үртэй үйлдвэрийн дизайнер: Д. Эрдэмбилэг
    2016 он Улаанбаатар

    http://creativemongolia.com/erdembileg/
    https://www.facebook.com/ErdembilegArt

  • Магсарын БАЗАРРАГЧАА- Ногоон уул уурхай

    Уул уурхайн инженер, ногоон хөгжлийг эрэлхийлэгч. Ногоон хонх ТББ-ийн гишүүн. Молголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн

    1986 онд төрсөн. 

    БОЛОВСРОЛ                                                                                   

    • Ø 2004-2009 он, Украйн, Донецкийн Үндэсний Техникийн Их Сургууль, ДонНТУ, “Уурхайн инженер ба ашигт малтмалын баяжуулагч инженер” Баклавр,
    • Ø 2010-2011 он, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Ашигт Малтмалын Баяжуулалтын Технологи, Магистр.
    • Ø 2017 оноос хойш Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургуульд докторант.

    СУРГАЛТ, КУРС                                                                                                       

    • Ø 2009 он, Баяжуулах үйлдвэрийн операторын сургалт, Эрдэнэт Үйлдвэр ХХК,
    • Ø 2010 он, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн зураг төсөл, Герман MBE-CMT GmbH,
    • Ø 2012 он, Олон Улсын Нүүрс Баяжуулагчдын Сургалт, семинар АНУ,
    • Ø 2013 он, Олон Улсын Нүүрс Баяжуулагчдын XVII хурал, семинар, Турк,
    • Ø 2014 он, Бүрэн механикжсан нүүрсний уурхайн технологи, Олон улсын сургалт, БНХАУ
    • Ø 2015 он, Олон улсын сүлжээг ашиглан нүүрсний салбарыг хөгжүүлэх сургалт, БНСУ
    • Ø 2014-2016 он, Аж үйлдвэрийн төслийн судалгаа, хэрэгжилт, Германы хамтын ажиллагаа.
    • Ø 2017 он, Global Commercialization Workshop, KAIST, Daejeon, Korea.

    УР ЧАДВАР                                                                                                      

    • Ø Технологийн судалгаа (уурхай, эрдэс боловсруулалт, нүүрс- хими, цахилгаан эрчим хүч)
    • Ø Төслийн удирдлага (төслийн тойм судалгаа, ТЭЗҮ боловсруулах, зураг төсөл, тендэрийн шалгаруулалт, барилга угсралт, залгалт)
    • Ø Олон нийтэй харилцах ба асуудалыг шийдвэрлэх, Багаар ажиллах ба дэмжлэг үзүүлэх, Сургалт зохион байгуулах
    • Ø AutoCad программ, MS Office, MS Project, Visio, Share point
    • Ø Төлөвлөлт болон хуваарийг боловсруулах.

    ОЛОН НИЙТИЙН АЖИЛ & ШАГНАЛ                                                                                           

    • Ø 2012 он, Монголын Залуучуудын холбооны ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ алтан медал,
    • Ø 2013 он, “Монголын Алт” (МАК) ХХК-ийн “Шилдэг Эрдэм Шинжилгээний бүтээл Тууривагч”
    • Ø 2013 он, Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбоо “ТЭРГҮҮНИЙ БАЯЖУУЛАГЧ”
    • Ø 2017 он, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны “ЖУУХ БИЧИГ”
    • Ø 2019 оноос Молголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн.

    АЖЛЫН ТУРШЛАГА                                                                                                     

    • Ø Туслах багш

    Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Уул Уурхайн Сургуульд Нүүрс баяжуулах Технологи курс хичээлийг анхлан боловсруулсан

    • Ø Төслийн хяналт, гэрээний хяналт

    Цагаансуварын зэс-молибдены баяжуулах үйлдвэр болон Хөх Цавын цементийн үйлдвэрийн багт орж ажилласан.

    • Ø Хагас коксын үйлдвэр

    Төслийн инженер, ТЭЗҮ боловсруулах, барилга угсралтын ажилд оролцож 2012 онд ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

    • Ø Нүүрс баяжуулах үйлдвэр болон 32 км урт конвейер

    Нүүрсийг хуурай болон нойтон аргаар баяжуулах харьцуулсан туршилт судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл, шалгаруулалт, гэрээний хэлэлцээрийг шатанд төслийн инженерээр ажилласан.

    • Ø Цахилгаан станц

    Нарийнсухайтын уурхайг түшиглэн барих 2×135 МВт цахилгаан станцын EPC гэрээний хэлэлцээр, зураг төслийн ажил.

    • Ø Технологийн Судалгааны Төв

    Нүүрс болон нүүрс-химийн туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж тайлан боловсруулах,

    • Ø Хүрэн нүүрсийг хатаах & брикетлэх,

    Адуунчулууны хүрэн нүүрсийг хатаах чанарыг нь дээшлүүлэх туршилт & ТЭЗҮ боловсруулах.

    • Ø Шатдаг занар

    Хөөтийн шатдаг чанарын туршилт судалгаа, боловсруулалт, ТЭЗҮ

    • Ø Нүүрсний уурхай/давхарын метан хий

    Өрөмдлөгийн төлөвлөгөө, урьдчилсан ТЭЗҮ, төслийн менежмент.

    АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГА                                                                                                       

    • Ø 2009 оноос “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Судалгаа Хөгжлийн Газарт Судлаач инженер
    • Ø 2010-2019 оноос “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Төслийн Удирдлагын Газарт Нарийнсухайтын нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн инженер.
    • Ø 2019 оноос Кей Минералс Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал. (Зөвлөх үйлчилгээ)

    МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЧЛЭЛ & ХЭВЛҮҮЛСЭН ИЛТГЭЛ                                                                                                       

    • Ø Монголын Баяжуулагчдын Холбооны гишүүн, Нүүрс баяжуулалтын – Мэргэшсэн мэргэжилтэн,

    Хэвлүүлсэн илтгэл – 18

    Зөвлөх үйлчилгээний талаар санал солилцох 
    magsarbazarragchaa@gmail.com
    https://www.facebook.com/magsar.bazarragchaa

  • #1 ХӨГЖЛИЙН АНАТОМИ

    Саяхан зам дээр хүүгээ тэвэрсэн залуу гарцгүй газраар гарах гэж байгаад зам тавьж өгөөгүй машиныг уурлаад өшиглөчихөж. Гэтэл нөгөө жолооч нь нэг лут хөдөлгөөний эх оронч гарч ирээд залууг эхнэр хүүхдийнх нь дэргэд орилуулж байгаад зодчиж. За эндээс манай монгол улс яг ямар замаар яваад байгаа нь тов тодорхой харагдана. Ер нь замыг нь хараад тэр улсын удирдагчид хэн бэ, замаар зорчих зорчигчдыг нь хараад ямар ард түмэн бэ гэдгийг тодорхойлж болно ч гэж ярьдаг.

    Миний урлан Баянмонгол хороололд байршаад 5 жил бараг болоход нэг муу замыг жил болгон 5 удаа заслаа. Яагаад нэг удаа засаж болохгүй вэ гэж? Яагаад гэвэл тэр зам хойтон эвдэрвэл замын нэг түшмэлд ашигтай. Тэгээд зам засварт төсвийн мөнгө байнга байдаг учраас чанаргүй хийх ёстой. Ноднин тэр замыг бас л бөөн юм болж техник хэрэгсэл авчирч замыг хааж иргэдийг бухимдуулж зассан. За даа нэлээн олон сая төгрөг хуссан даа. Гэтэл хэдхэн хоногийн дараа хүчтэй аадар орсон юмдаг. Нөгөө зассан зам мулт. Нөгөө түшмэл харин Бээжинд зугаалсан байх бас машинаа сайжруулсан нь тодорхой. Гэх мэт манай улсын удирдлагын менежментийг нэг их хол явахгүй зүгээр л зам дээрээс нь иж бүрэн харж тольдчихож болно. Хот ч бай улс ч бай хөгжлийн нэг төлөвлөгөө гаргаад тэрийгээ бүгдээрээ батлаад за бүр чадахгүй бол гадны хүнээс ичилгүй асуугаад явж болно доо. Хот ерөнхий төлөвлөгөөгүй хөгжиж байгаа болохоор зам нь ачааллаа дийлэхгүй, гал команд, түргэн тусламж нь иргэддээ хүрэхгүй гацчихдагтай адил улс нь хөгжлийн ерөнхий бодлого чиглэлгүй болохоор иргэд нь эзэнгүй сүрэг шиг л амьдарч байна даа. Уул уурхайн орон болох гэж богинохон сэтгээд уналаа. Одоо улстөрчдийн орон ч болох гээд байгаа юмуу даа ерөөсөө ойлгомжгүй явсаар 25 жил боллоо. Уран бүтээлийн мөр хөөсөн адгийн би хүртэл хөгжлийн ерөнхий чиг баримжааг нь харчихаад байхад л улс төрч нэртэй ухаантай царайтай нөхдүүд уралдаан зарласан юм шиг л утсан чинээ улаан амиа хоохойлох, улсын нэг муу жоохон төсөв рүү дайрцгаачих юм.
    За тэр хүн муулах яахав би ямар ямар гээч хөгжлийн төлөвлөгөө харчихаад цэцэрхээд байгаагаа нийтэлчихье гэж бодлоо.
    Нэгдүгээрт: Уул уурхай ашиглах нь бол зөвөө! Гэхдээ стратегийн орд гэх өхөөрдөм нэр өгч хувийн амьдралынхаа “стратегид” ашиглахгүй ээ найзуудаа. Үндсэн хуулиа хараач ээ. Бүх ард түмний өмч! гээд хар дээр цагаанаар өөрсдөө биччихсэн байна шүү дээ. Бусад Скандинавын болоод Канад мэт орнууд төрийн өмчдөө том ордуудаа 100% аваад олборлолтыг нь хувийн хэвшлийнхэнээрээ гэрээлж хийгээд ашгий нь өгөөд бусдыг нь хуу хамаад САН байгуулчихсан байна. Тэр баялагийн сангийнхаа мөнгөөр сургууль, боловсрол үнэгүй эмнэлэгийн салбар нь төлбөргүй иргэддээ үйлчилж байна. Сангийнхаа бас тодорхой хэсгээр гадны улсуудад хүүтэй зээл өгч бүр хүүгээр нь дахиад сангаа өсгөж томруулаад байхын. Энэ чинь бас санаанаасаа зохиогоод байгаа юм биш бэлэн жишээ улсууд нь байж байна шүү дээ очоод үзэлдээ.
    Хоёрдугаарт: Хөгжлийн урт хугацааны (ядаж 2030 он) бодлогоо тодорхойлох яам ч юмуу байгууллага үүсгээчээ. БОДЛОГОГҮЙ улс яваад байна шүү дээ. Юунд хүрэх гээд байгаа юм яаж хүрэх гээд байгаа юм бүү мэд. Нүүдэл хийх гээд байгаа юмуу, суудал хийх гээд байгаа юмуу. Уул уурхайн яамтай нүүрсчдийн бүлэглэл гэх цөөхөн хэдэн баянтай байх юм уу? Нийтээрээ үйлчилгээний л бизнестэй орон байх гээд байгаа юмуу тодорхой биш байна. Минийхээр бол ХАА-н салбараа түшиглэсэн хүнд хөнгөн үйлдвэрүүдээ урт хугацаандаа тодорхойлоод эрдэс баялагийн салбартайгаа уялдуулж явах нь зөв юм шиг хардаг хүмүүсийн нэг.
    ХАА бол манай эртнээс уламжлалтай бидний бараг соёл болсон мах цусанд минь шингэсэн аж ахуй шүү дээ. Дэлхийн хүн амын хэт хурдацтай өсөж байгаа арифметик прогрессыг хүнсээр хангах нь өдрөөс өдөрт хэтрүүлж яривал минут секундээр хэцүү болж байна. Гэтэл одоо манай улсын мал 50 сая гараад явж байна. Хүн амын тоо гуравхан сая өлгийтэй хүүхдээ оруулаад 70 кг мах мангас шиг идэхэд бидэнд 10 сая мал л хангалттай. Тэгээд илүү гарсаныг нь яах уу? Сум болгонд жижиг оврын махны үйлдвэр байхад оросууд хятадууд бараг хилийн худалдаагаар нь борлуулалт өсгөөд өгнө. Малчин болгон долларын саятан болох махны жижиг үйлдвэрийн эзэд тэрбумтан болох боломж байгаад л байна. За арьс шир гараад ирнээ. Богоо бодод шилжүүлж тооцоод 20 сая үхрийн шир гарчээ. Нэг ширнээс 20 ширхэг өмдний тэлээ гарна. Лондонд нэг Луй Виттоны суран тэлээ 100$ гээд бодоё. Нэг үхрийн шир 2000$! Махнаасаа үнэтэй арьс байж л байна. Энэ бүхнийг би яагаад яриад байна гэхээр үйлдвэрлэл яриад байнаа даа. Мал аж ахуйн бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрлэл шүү дээ. Энд би эвэр туурай яс үсийг оруулвал бүүр их тоо гарна.
    Гуравдугаар: Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд бид хүссэн ч хүсээгүй ч нэгэнт дэлхийн яриад эхэлсэн Ногоон Хөгжлийн бодлоготой хөл нийлүүлэхээс өөр арга байхгүй. Үүнд: Сэргээгдэх эрчим хүч, Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэх мэт. Энэ тал дээр бас л мэдсэн юм шиг 5 жилийн өмнөөс л Говийн Ногоон морь төсөл бариад л гүйсэн. Хэн ч тоодоггүй ээ. Эрдэмтэд тоогоод байдаг, ойлгоод байдаг мөнгөтэй улс төрчид зугтаад байдаг, гарааны мөнгө байдаггүй ээ. Мөнгөтэй баячууд маань болохоор Ногоон морь биш хурдан морийг бол сая саяар санхүүжүүлээд байдаг. Дэлхий даяараа ногоон болоод уур амьсгалын өөрчлөлтийг 2 градусаас илүүгүй барьж тогтоохгүй бол хойч үе маань усанд үйж үхэх нь тодорхой болоод байгааг Парисын саяны гэрээгээр тунхаглалаа. Урд хөрш маань “ИХ НОГООН ХЭРЭМ” гээд бараг Хятад улсынхаа талыг Монголын хилд тулгаж байгаад ногооноор будчихлаа. Нүүрсний ордуудаа хаагаад хаячихлаа. Гэтэл энд манайх нүүрсээ тойроод л алалцаад байдаг. Инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй байна. Монголын дарганцаруудаа бодлоготой байж чаддаггүй юмаа гэхэд эр хүн шиг ЕРӨНХИЙ хар л даа гэж л энэ нийтлэлийг бичиж байна.
    Намайг Москвад Үйлдвэр Урлалын Дээд Сургуульд сурч байхад хар зургийн академик школоос өөрөөр Ерөнхий харж зурахыг зааж билээ. 5 жил хар зураг ерөнхийлж зурахыг нүдүүлсэний эцэст ойлгосон юмдаг.
    Багш нар маань натурыг гоёчилж, деталчилж зурахаасаа илүү ерөнхийлж дотоод бүтцээр нь судлаж байгуулж зурахыг заасан юм. Үйлдвэрлэлийн дизайнер болох гээд байгаа хүнд тэр зуруулж байгаа хүний сормуус эхний ээлжинд хэрэгтэй биш. Тэр хүний анатомийн бүтэц тэр хүн яагаад хөдөлдөг, яаж явдаг, яс нь яаж байршиж, яаж хоорондоо харьцаж, ямар ямар булчингууд ажиллаж аль шөрмөс нь хаагуураа холбогдож байгаа нь чухал бололтой.
    Үүнтэй адил улсын хөгжлийн ерөнхий анатоми нь эхлээд чухал болохоос уул уурхай бол бүхэл хүний 10 хурууны нэг ядам хуруу. Архи тамхи зардаг баар ресторан бол нэг муу онигор нүднийх нь сормуусны нэг үс л гэсэн үг шүү дээ. Агуу удирдагчидаа битгий детал хөөгөөд сормуус харж ээмэг бөгж шүтээд байгаачээ. Анатомын араг ясныхаа ерөнхий бүтцийг гаргаачээ. Алаг эрээнээр будах бол болоогүй ээ. Зөв бүтэцтэй алдаагүй араг хийц чинь инженерчлэгдэж байж араас нь будаж чимэглэх чинь явдаг хуультай юмаа. Будаж өнгө тавихад ч учиртай. Өөрийн гэсэн хоорондоо хоршиж чаддаг өнгүүд гэж бас байнаа. Үүнийг эдийн засгийн хэлээр бол кластаржих Эрдэмбилэгийн сурсанаар бол колоритный өнгөөр илэрхийлэх гэдэг юм байнаа.
    Надаар ирж эдийн засгийн хичээл заалгахдаа тулаагүй баймаарсан. Ичээд байвал хүүхдүүдээ надад шавь оруулаарай. Дизайны урлагт хар зургаар яаж ерөнхийлдөгийг тэр нь ядаж амьдралд нь яаж хэрэг болдогыг нь заагаад өгөмз. Эцэст нь хэлэхэд үйлдвэрлэл бол хөгжлийн гарц шүү. Үйлдвэрлэлийн дизайн бол үүний салшгүй хэсэг. Хотын ерөнхий төлөвлөгөө нь өөрөө дизайн сайтай байсан бол замын голд бөглөрч бухимдаж тэр хоёр залуу сэтгэл санаа эд хөрөнгөөрөө хохирч цус нөжөө гартал зодолдохгүй л байсан байх даа.

    МУГЗ Д.Эрдэмбилэг www.facebook.com/ErdembilegArt
    2016 он, Улаанбаатар хот

  • Үндэсний имиж

    Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өрөөр хэлбэл бусдад ойлогдож байгаа үнэлэмж юм.

    Хэн нэгний тухай бид өөрийн төсөөлөлтэй байдаг. Харамч, худалч, хулгай хийж магадгүй, хэлсэндээ хүрдэг, ухаалаг, шал мангуу гээд л. Тухайн хүний талаар олон хүн ингэж бодож байвал тэр нь имиж болно. Имиж үнэн ч байж болно, худлаа ч байж болно. Гадаад төрхнөөс болж хүний зан чанарын тухай буруу имиж үүсэх нь их. Мөн урьдын хийсэн үйлдэл, хов жив, цуурхал, зарим санаандгүй алхам хүмүүсийн дунд буруу төсөөлөл ойлголт буй болгодог. Үүнээс гадна тухайн хүнд буй болсон имижийг бусдад нь нааж ойлгох явдал маш түгээмэл. Увсынхан тийм, эмэгтэйчүүд ийм, Гонгорынхон тийм, цагдаа нар ийм гэх мэт. Үнэндээ цагдаа нар ч, эмэгтэйчүүд ч хоорондоо нийтлэг гэхээсээ ялгарах юмаараа их. Нөгөө талаас нэгэнт буй болсон имиж барагтай бол арилдаггүй. Нэг л хулгай хийгээд баригдсан бол хүн болгон тэр имижээр нь харна. Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч эс олно гэдэг имижийн тухай яриа.

    Үндэстэнд өөрийн имиж байдаг. Оросууд эх оронч, америкчууд прагматик, германчууд нягт нямбай, хятадууд наймаачин, жүүд нар ухаантай, шотландууд харамч гэх мэтээр олон хүн шууд ойлгодог. Үнэндээ ийм ч байж магадгүй, үгүй ч магад, юутай ч бүх шотланд хүн харамч биш, бүх жүүд ухаантай биш нь ойлгомжтой. Гэхдээ л бид ингэж ойлгодог, яагаад гэвэл тэр үндэстний нийтэд түгсэн төсөөлөл имиж. Имиж өөрчлөгддөг. Зуун жилийн өмнө япончуудыг залхуу назгай гэж үздэг байж. 50 жилийн өмнө тэдний бүтээгдэхүүнийг хямд, чанаргүй гэж үнэлдэг байж. Одоо ямар билээ? Гэхдээ ингэж өөрчлөгдөхөд хэцүү, цаг хугацаа, нөр хөдөлмөр орно.

    Монголчууд ямар үнэлгээ имижтэй вэ? Үнэндээ ямар ч имижгүй өдий хүрсэн юм. Мэддэггүй л байхгүй юу даа. Монголын тухай 1990 онд “Мартагсан орон” нэртэй ном Англид гарч байлаа. DHL гээд дэлхийг нөмөрсөн нэгэн шуудангийн компани байх. Тэд 1987 онд дэлхийг бүрэн хучсан, Антрактидад ч хүрч чаддаг болсон хэмээн томоохон хүлээн авалт Лондонд зохиожээ. Харин дайллагад байсан нэгэн бээр DHL-ийн очоогүй газар байгааг дуулгав. Куба, Хойд Солонгос хоёрт улс төрийн шалтгаанаар очиж чадахгүй байгаадаа хүлцэл өчнө. Үүнээс өөр нэлээд том газар нутагтай бас нэг орон онгорхой үлдсэн гэж ярихад эзэн ихэд эгдүүцэж үнэхээр тийм бол 10 мянган паундаар шууд мөрийцье гэжээ. Монголд тэдний компани очоогүй байгааг мэдсэн эзэн мөрийд мөнгөө алдсандаа биш, ийм том газар нутгийг онгорхой орхисондоо ихэд ичсэн гэдэг. Дэлхийд газар нутгаараа 17-д орох том орон үнэхээр мартагдсан газар байсан юм.

    Соёл боловсролтой хэн ч Чингис хааныг мэднэ л дээ. Дэлхийн бүх сургуульд түүхийн хичээлээр заадаг. Ихэнх газарт тэрээр зэрлэг балмад, галдан шатаагч, эзлэн түрэмгийлэгч гэдэг имижтэй. Боссон юмыг нураагаад байдаг хүнийг солонгосчууд Чингис гэдэг бол, хүүхдээ айлгах гэхээрээ араб персүүд “Чингис ирнэ шүү” гэнэ. Мангас, эрлэг гэсэн санаа. Оросуудын хувьд Чингис бол ер бусын балмад эзлэн түрэмгийлэгч. Ямарсайндаа Бухарин Сталиныг “Телефонтой Чингис” гэж хочилж байхав! Чингисийн байлдан дагууллын тухай хамгийн ихээр түүхчлэн бичсэн хүмүүс нь араб персүүд, ялагдсан тэд л их хааны тухай ийм имиж анхлан тараажээ. Харин сүүлийн үед энэхүү байлдан дагуулал нь дэлхийн түүхийг өөрчилсөн тухай, үүний хүчээр өрнө дорнын соёл солилцоонд орсон тухай, Чингис хааны менежмэнт аугаа байсан тухай яригдах боллоо. Гэхдээ л сайнаасаа муу имиж нь хэвээр хадгалагдсаар байгаа.

    Монголчуудыг маш сайн мэдэх үндэстэн бол оросууд, хятадууд. Хятадууд монгол болон бусад нүүдэлчдийг бүдүүлэг, зэрлэг, дайчин, хүчирхэг, догшин гэж нэрлэдэг төдийгүй ойлгодог. Энэ имиж тэдний дунд нэн эрт бүрэлдсэн ба одоо ч амь бөхтэй хэвээр. Одоо ч тэд монголчуудаас бишүүрхдэг, “хүндэлдэг”, бүдүүлэг соёлгүй гэж басамжилдаг. Оросууд, ялангуяа тэдний язгууртнууд монголчуудтай ихээхэн цус холилдсон. Хожим Карамзин “монгол-татаарын дарлал” гэсэн нэр гаргаж имиж бүрдүүлжээ. Харин коммунизмын үед Монголд нийтдээ нэг сая орчим оросууд ирж байсан учир монголчуудыг өөрсдийн ихээхэн басамжилж үздэг чукча үндэстний зэрэгт үзэх болжээ. Оросын шогчид дорд үзэх юмныхаа жагсаалтанд юун түрүүн монголыг оруулна. Үгүйдээ л Олимпын наадмын үеэр тайлбарлагч Монголын тамирчид гараад ирүүт л доромжилж басамжилж гарна даа. Яагаа ч үгүй шүү дээ, бусад орны нэгэн адил манайхан зүгээр л жагсаад явж байхад.

    Сүүлийн хориод жилд монголчуудыг энд тэндгүй мэдэх болжээ. Монгол гэж мэдэхгүй япон, солонгос хүн лав үлдээгүй байх. Бөхчүүд, хар цагаанаар ажиллагсад юутай ч өөрсдийгөө таниулсан. Өнгөрсөн жил бидний хориод хүн Америкт очиход гаалийнхан онцгой анхааран шалгаж байна билээ. Мах болон эм тариа их оруулдаг учир андахаа больсон гэнэ. Франц, Швейцарьт манайхан их хулгай хийдэг учир тийм имижтэй болж байх шиг, юутай ч цагдаа, дэлгүүрийнхэн сайн мэддэг болжээ. Солонгост гайгүй нэртэй, ажилд сайн, ер нь элгэн садан гэдэг утгаар. Япончууд хятадаар дамжуулан биднийг бие томтой хүчирхэг, догшин ширүүн гэж ойлгодог байсан нь сумочдоор дамжин баталгаажиж байх шиг. Монгол нээлттэй болохын хэрээр гадныхан их ирэх боллоо. Бидний цамаан, ам ажлын зөрүүтэй, баярхуу, цаг баримталдаггүй, мэддэхгүй юмгүй мөртөө хийж чадах юмгүй, хулхи, хийж байгаа юмаа хэзээ ч дуусгадаггүй чигт нь хаячихдаг зэрэг муу талууд танигдаж л байгаа байх. Гэхдээ нээлттэй, комплексгүй, ямар ч шинэ нөхцөлд амархан зохицдог, тусархуу зэрэг олон сайн талуудыг ч тэд ажиглаж байгаа. Нэг хэсэг манайд ирсэн сэтгүүлчид траншейнд амьдардаг хүүхдүүдийн зургийг авч гаргасаар байгаад биднийг цөмөөрөө газар дор амьдардаг юм шигээр төсөөлөх болж билээ. Одоо ч тэгэж ойлгодог улс цөөнгүй л байх.

    Дэлхий улам даяаршиж, биенээсээ хамаарах хамаарал өсөж байна. Бид хүн төрөлхтний нэг хэсэг. Бид тэднээс, тэд биднээс хамааралтай цугтаа амьдрах болно. Дэлхийд танигдаж эхэлж буй бидэнд эхнээсээ сайн имиж хэрэгтэй. Фрэнсис Фүкүяама “Итгэл” гэсэн ном бичсэндээ дэлхийн үндэстнүүдийн имижийг судалжээ. Өнөөгийн дэлхий япон, герман хүнд хамгийн их итгэдэг юм байна. Хүнийх нь чадварт ч, бараа бүтээгдэхүүнийх нь найдварт ч. Латин, африк зэрэг үндэстнүүдийн итгэлийн итгэлцүүр тун бага. Энэ нь тухайн үндэстний ямар имиж бүрдүүлж чадсанаас болж буй хэрэг. Бид ч ялгаагүй Боливт хийсэн тариур, Жибуттид үйлдвэрлэсэн эм, Папуа Гвинэйн чихэр хэрэглэхээс татгалзах вий. Тээр жил манай Засгийн газрын зөвлөхөөр Сүхдэв алав гэсэн сонин нэртэй балба хүн ирсэн нь сонин хэвлэлийн доог тохуу болж байсан. Магадгүй Сүхдэв гуай сайн мэргэжилтэн байж болох, гэхдээ л улсынх нь имиж онцгүй байсан хэрэг. Ойрмогхон Солонгосын нэгэн компаний урилгаар францчууд мэргэжилтэн илгээжээ. Ирсэн мэргэжилтэн монгол хүн байсанд тэд гайхсан төдийгүй дургүйлхсэн гэдэг. Мундаг хүн болоод л явуулсан байж таараа, гэхдээ ийм нарийн мэргэшил имиж хоёр нь таарахгүй байгаа хэрэг.

    Бид бусадтай адил, тэднээс дутахгүй байж энэ имижийг бүрдүүлэх нь гол юм. Харин ойрын нэлээд олон жил монгол хэмээх онцгой бүтэц бүхий Субъектийн тухай бид л өөрснөө их ярих боллоо. Хүн сонсвол ичиж үхмээр. Нэлээд дажгүй боловсролтой болов уу гэхээр олон хүн надаас монголын онцгой генийн талаар асууж байсан. Солиотой улсуудын ийм яриа сонссоор байгаад сүүлдээ өөрснөө үнэмшдэг болчиж. Хэрэв бид бусад үндэстнээс өөр онцгой гентэй юм бол хомо сапенс буюу ухаант хүн хэмээх биологийн зүйлд үл хамаарах ямар нэг өөр амьтан болж хувирах нь байна. Хүнд 30 мянга орчим ген бий, түүн дотор эскимос, камбожи, монгол хүний ген гэж юм байхгүй. Хүмүүс хоорондоо соёлын л ялгаатай. Хүн сармагчин хоёрын гений бүтцийн 90 гаруй хувь нь яг адил байдаг. Гэтэл бид хомо сапенсаас өөр тэрхүү монгол ген гэгчээ ариун цэврээр нь хадгалах тухай их ярихыг нь яана! Монгол хүн тэнгэр заяатай л гэнэ. Бусад үндэстэн тэгээд ямар заяатай хэрэг вэ? Генетикчдийн үзэж байгаагаар 20 мянга гаруй жилийн өмнө хүний тодорхой популяцид хүүхдийн бөгсөн дээр цэнхэр толбо гарсан байна. Тэр үед монгол үндэстэн байтугай ерөөс хэл ч үүсээгүй байсан. Хүн анх Монголд биш Африкт үүсээд дэлхийгээр нэг тархсан гэдгийг шинжлэх ухаан хэдийнээ баталсан. Оюуны илтгэцүүр хүний амьдрах бүтээх, амжилт гаргах гол үзүүлэлт биш, гэхдээ үүнийг сонирхлын журмаар тогтоодог, зарим үндэстний дундажийг гаргасан судалгаа бий, харин судалгаанд монголчуудыг хамруулсан баримт алга. Бид бүх юмаараа бусдаас хоцрохгүй, гэхдээ онцгойрохгүй л байвал барав. Хүний зүйлээс өөр болж амьтнаараа дуудуулах л эвгүй шүү дээ.

    2008 оны 10 сар

    Нийтлэлч Б.Батбаяр

  • Имиж ба Имижмейкер


    Имиж гэж юу вэ
    Xүмүүс энэ үгийг ямар нэгэн орчуулгагүйгээр тодорхой хэмжээнд ойлгодог болжээ. Түүгээр ч барахгүй олны өмнө ил байдаг урлаг, спорт, улстөрчдийн тухай болон имижийнх нь талаар ам уралдан яриах дуртай. Чухамдаа имиж гэж юу болох, дэлхий нийтэд имиж нь хүний амьдралд хэр нөлөөлөл үзүүлдэг талаар уншигч та бүхэндээ хүргэе. “Имиж” гэдэг нь шинж төрх, нэр хүнд гэсэн утгатай англи үг. Тиймдээ ч хүний гадаад дүр төрх болон дотоод сэтгэл зүйн өвөрмөц шинж, онцлог байдлын илэрхийлэл болдог байна. Зөвхөн үс засалт, хувцаслалтаар тогтохгүй өөрийгөө илэрхийлэх чадвар болон бусдад төрүүлсэн сэтгэгдлийн нийлбэр нь имиж болдог. Нөгөө талаас имиж нь тухайн хүнд өгч байгаа бусдын үнэлэлт юм. Хэн нэгэнтэй уулзахад ердөө л эхний дөрвөн секундэд имижийн эхний сэтгэгдэл төрнө. Гэтэл энэ хугацаа хоёр хүн зөвхөн гар барих, амар мэндээ мэдэх төдийд л өнгөрнө. Тэгэхээр хүний нэр, яриа, хувцаслалт зэрэг нь эзнээ юунаас ч өмнө илэрхийлчихдэг гэсэн үг. Ер нь хүмүүсийн имижийг бүрдүүлж буй зүйлд гэр орон, ажлын байр, нийгэмтэйгээ харилцаж буй өөрийн хүрээлэл хүртэл ордог байна. Хүн бүр өөрийн имижтэй байдаг. Зөвхөн нэртэй цуутай хүмүүсийн хүрээнд ойлгож болохгүй. Нийгэмд байр суурь эзлэх, сайхан амьдрахыг хүсдэг жирийн нэгнээс улс төр, урлаг, эдийн засаг, бизнесийн салбарын хүмүүст хамаарах өргөн ойлголт.
    Cэтгэл судлаач Жерард Неренберг хэлэхдээ, “Юу ярьж байгаа нь чухал биш, яаж ярьж байгаа нь чухал. Хүмүүсээс гарах хөдөлгөөн, алхаа гишгээ, сууж буй байрлал нь ч тухайн хүний имиж болж байдаг” гэжээ.

    Эрэгтэйчүүдийн үс самналтаар дотоод сэтгэлийн имижийг тодорхойлох нь
    1. Бизнес маягийн самналт
    Энэхүү төрлийн самналт нь мэргэн цэцэн байдлыг илтгэдэг бөгөөд гельдэж гөлийлгөж, ихэд хичээнгүйлэн самнасан сайхан үнэртэй байдаг гэнэ.

    2. Хагас халзан хэлбэрийн самналт.
    Дутагдлаа нуухыг хүсдэггүй, илэн далангүй байдлыг илэрхийлдэг.

    3. Шингэхэн буржгар үс.
    Ийм төрлийн үстэй эрчүүд сайхан сэтгэлтэй ч их хийрхүү, онгироо, унтамхай байдаг. Гэвч хэрүүл шуугианд дургүй, ярилцагчаа сайн сонсч, ойлгож чаддаг аж.

    Улс төрийн имиж
    Нэгэнт имижийн тухай дурдаж байгаа болохоор улс төрийн имижийг бүрдүүлэгч буюу имижмейкерийн талаар дурдъя.
    Энэ субъектэд өөрийн имижээс гадна улс төрийн имижийг бүрдүүлэх асуудал туйлын чухал юм.
    Имижмейкер нь улс төрийн, нийгмийн зүтгэлтнүүдэд нэр хүнд олж авах, олны сэтгэлийг татахад дөхөм үзүүлэх тодорхой төрхийг бий болгох тусгай мэргэжилтэн юм. Имижмейкер гэдэг нь нэр хүнд бүтээгч гэсэн утгатай үг.
    Орчин үед улс төрийн менежмент явуулах, имиж бүтээх нь өөрийн дэг жаяг, технологи ба улс төр, зах зээлийн өвөрмөц үйл явц юм. Улс төрийн кампанит ажлыг зохион байгуулах тусгай агентлагийг 1950-иад оноос эхэлснээр дэлхий нийтэд мэдээллийн коммуникацын хэрэгсэл эрчимтэй хөгжсөн бөгөөд түүнийг дагаад дээрх байгууллагууд сонгуулийн стратеги ба тактикийг хүчтэй явуулан, сонгуульд нэр дэвшигчийг өрсөлдөх чадвартай дүр төрх, имижийг олон нийтийн санаанд нийцүүлэхийн төлөө ажиллаж эхэлжээ. Улс төрийн лидер жирийн хүнийг бодвол илүү эрх мэдэлтэй, хүчирхэг, түрэмгий байх ёстой гэдэг. Харин тэвдүү, хийрхүү үйлдэл гаргаж болохгүй. Ялангуяа хямралын нөхцөл өрнөсөн улс орны лидер хүн ард түмэн, сонгогчдод тайван, итгэлтэй шинжийг төрүүлэх хэрэгтэй. Энэ утгаар нь авч үзвэл улс төрийн лидер өнөөгийн цаг үеийнх биш, харин ирээдүйн бэлгэ тэмдэг болох ёстой юм.
    Эмэгтэй улстөрчид бусад эмэгтэйд байхгүй чанаруудыг эзэмшсэн байх нь олонтаа. Эрчүүдийн дунд ажиллахдаа тэдний эв зүйг олох, эсрэг хүйстний зөөлөн уян хатан эвлэрлийг бэлгэдсэн зан араншинг үргэлж гаргах болдог.
    Эмэгтэй улстөрчид нь эрэгтэй хүний мэргэжлийг сонгосон гэдэг утгаар гадаад үзэмжээ өөрчилж, хувцас сонгох, үс засалт зэргээ эрэгтэй хүний сонголттой адил өөрчлөх хэрэгтэй гэж имижмейкерүүд зөвлөдөг. Улстөрч эмэгтэй хатан хааны алхаатай, дарь эхийн инээмсэглэлтэй, нялх хүүхдийн харцтай, өөртөө итгэлтэй байвал өөрт нь зохицдог бөгөөд ийм эмэгтэйн дэргэд байгаа эр хүн өөрийн үнэ цэнийг мэдэрдэг байна.

    Эмэгтэйчүүдийн үс самналтаар имижийг тодорхойлох нь
    1. Урт, шулуун үсээ задгай тавьсан эмэгтэй маш сексуальный бөгөөд тэд аз турших дуртай байдаг.

    2. Yсээ сүлждэг эмэгтэй өөртөө итгэлтэй, даруухан нэгэн.

    3. Сэвсийсэн үстэй эмэгтэй.
    өөрийнхөө гадаад төрхөнд их анхаардаг, өдөр бүр дахин давтагдашгүйгээр харагдахыг хүсдэг.

    4. Богино хэлбэрийн үстэй эмэгтэй.
    Ажил хэрэгч, бүх зүйл байр байрандаа хэвийн байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг лидер бүсгүйчүүд байдаг.

  • БҮТЭЭЛЧ МОНГОЛ ЦУВРАЛ ЛЕКЦ | ОЮУНЫ УУРХАЙГАА ОЛБОРЛОЁ!

    Залуус хойч ирээдүйгээ БҮТЭЭЛЧ ҮЙЛСД чиглүүлэн, урам зориг итгэл үнэмшил өгөх, бүтээлч хүмүүс өөрийн санаачилга, хийж хэрэгжүүлж буй ажил үйлсээ танилцуулж дэмжлэг бүрдүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой соён гэгээрлийн БҮТЭЭЛЧ МОНГОЛ цуврал нээлттэй лекцийг бямба гараг бүрийн 11 цагаас МУИС-ийн 2-р байрны 308 тоотод тогтмол зохион байгуулж байна.

    Үндэсний оюун сэтгэлгээний сэргэн мандалын энэхүү эринд салбараа хөгжүүлэх таатай нөхцөл, дэмжлэг, тусламж хүлээж шалтаг тоочин суулгүйгээр салбарынхан дор бүрнээ нэгдэж бодит ажил үйлсийг эхлүүлж, оюун санааны хувьсгал хийх цаг иржээ.

    Санаачлагч: Бүтээлч Монгол нэгдэл
    Хамтран зохион байгуулагч: Mile клуб, МУИС, Монгол утга соёлын Өлзий нэгдэл
    Зохицуулагчид:
    М.Чанцалдулам (МУИС, 4-р курсын оюутан http://creativemongolia.com/chantsaldulam/),
    Т.Нямгэрэл (ШУТИС, 3-р курсын оюутан http://creativemongolia.com/nyamgerel/)

    ОЮУНЫ УУРХАЙГАА ОЛБОРЛОЁ!

  • Мөнхбадрахын МӨНГӨНЦЭЦЭГ- Монгол бүжиг судлаач, бүжиг дэглээч

    Монгол үндэсний бүжиг, бий биелгээг судалгаа, сургалтын шинэ түвшинд гаргаж ирсэн нэрт судлаач, бүжиг дэглээч. Хадны сүг зургийн судалгааг үндэсний бүжгийн хөдөлгөөний дэглэлтэнд оруулж ирсэн.

    СУИС-ийн БУС-ийн ахлах багш, бүжиг дэглээч, МУСТА, докторант
    “Натурдаанс” ХХК-ий захирал

    1971 оны 5 сарын 30- нд Улаанбаатар хотод төрсөн. 1979-1989 онд 75-р сургууль, 1989-1991 онд СГДунд сургуулийн бүжгийн багшийн анги, 1993-1997 онд СУИС-ийн бүжиг дэглээч, багшийн ангийг тус тус төгссөн. 2007 онд “Хадны зураглал дахь бүжиг дүрсэлгээ” сэдвээр урлаг судлалын ухааны Магистр зэрэг хамгаалсан. 2010 оноос СУИС-д докторантурт сурч байна. 

    АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1984-1991 онд МҮЭСТО-ы “Хараацай” чуулга, 1997-1998 онд ДБ-ийн “Эрдэнэт” чуулгад бүжиг дэглээч багшаар, 1998-2000 онд СУИС-ийн Бүжгийн тэнхимд багш, 2000-2010 онд Австри улсын Вена хотын Оттакринг дээд сургуульд Ази бүжгийн багш, 2010 оноос Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгад бүжиг дэглээч багшаар, 2010 оноос одоог хүртэл СУИС-ийн ТДУС-ийн БУНТ-д МУБ-ийн багшаар ажиллаж байна. 

    1990 онд Цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлагийг үүсгэн байгуулалцсан, 1995 онд ХААИС-ийн дэргэд Цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагийг үүсгэн байгуулсан, 2004 онд “Naturdance” мэргэжлийн бүжгийн студийг үүсгэн байгуулсан. СУИС-ийн БУС-ийн Монгол бүжиг, Монгол бүжгийн заах арга зүй, Монгол бүжгийн зохиомж хичээлүүдийг заадаг. 

    ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ 

    2011 онд Голланд улсын Амстердам хотноо зохиогдсон “Beyond India” модерн бүжгийн сургалтанд оролцож “Хад, агуйн бүжиг дүрсэлгээ” сэдвээр постер илтгэл, – 2012 онд СУИС-ийн СИС-аас зохион байгуулсан “Соёл Судлалын Их Семинар”-т “Монголын соёлын түүх, онол, пратиктийн асуудал” сэдэвт семинарт “Хад агуйн зураглалаас бүжиг дүрсэлгээ” илтгэл, – 2013 онд ТДУС-иас зохион байгуулагдсан багш нарын эрдэм шинжилгээний хуралд “Тайзны монгол бүжгийг зөв хөгжүүлэх нь” илтгэл тавьж тусгай байр эзэлсэн, – 2015 онд БУС-иас зохион байгуулагдсан багш нарын эрдэм шинжилгээний хуралд “Монгол тойрон бүжиг” илтгэл,

    – 2013 онд АНУ-ийн элчин сайды яамтай хамтран “Хамтдаа бүжиглэе” орчин үеийн бүжгийн сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон мэргэжлийн бүжигчидэд дунд явуулав. Уран бүтээл.

    УРАН БҮТЭЭЛ
    Ажиллах хугацаандаа 5 бүрэн хэмжээний бүжгэн жүжиг, 4 бэсрэг бүжгэн жүжиг,150 гаруй уран бүтээл болон концертийн бүжгүүдийг дэглэн найруулсан нь СУИС, ҮДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн Эх” чуулга, “Сүлд” чуулга болон Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Увс, Төв, Баянхонгор аймгуудын театрын урын санд орж тайзнаа тоглогдсоор байна. 
    

    ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

    2004, 2011 онд Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн Бүжиг-дэглээчдийн 3-р уралдаанд амжилттай оролцож хоёрол бүжгээр Тэргүүн байр, гурвал бүжгээр Тэргүүн байр, бүжиг дэглээч номинацид Тэргүүн байр тус тус эзэлсэн. Улаан-Үд хотод зохиогдсон Ази Номхон далайн орнуудын шилдэг бүжигчдийн “Венок дружбы” уралдаанд 2010 онд бүжигчин Номгонмаа “Нэгэн хүний явдал” гоцлол бүжгээр Тэргүүн байр, 2011 онд бүжигчин Ариунболд, “Торгууд эр”, “Тал нутаг”, бүжигчин Мөнгөнчимэг “Эх биелгээ”, “Бүсгүй” зэрэг М.Мөнгөнцэцэг багшийн дэглэсэн бүжгүүдээр Тэргүүн байр эзэлсэн. 2011 онд МУУГЗ Б.Алтанцэцэгийн нэрэмжит II уралдаанд Шилдэгийн шилдэг бүжиг дэглээч, багшаар шалгарсан. 2012 оны 2-р сард Новосибирск хотноо болсон ЮНЕСКО-оос зохион байгуулсан Бүжиг дэглээчдийн Олон Улсын уралдаанд Хүүхдийн төрөлд IV, Орчин үеийн бүжгийн төрөлд III, Ардын бүжгийн төрөлд II байр тус тус эзлэн ерөнхий оноогоор II байранд шалгарч Мөнгөн Нефертит цом авчирсан. 2012 оны 9-р сард ӨМӨЗО-ы Ордос хотноо болсон олон улсын ардын бүжгийн 3-р уралдаанд “Сугсраан донж”,”Аврага зээрд” бүжгүүд нь 3-р байр Хүрэл цом,”Домог биелгээ” бүжиг 2-р байр Мөнгөн цом, Бүжиг дэглээч Алтан цом хүртсэн. 2014 оны 6-р сард ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо болсон “Сердце Азий”олон улсын бүжгийн уралдаанд “Сугсраан донж”, “Домог биелгээ” бүжгүүдээр оролцож 2-р байр Мөнгөн цом хүртсэн. 2015 оны 3-р сард ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо олон улсын бүжиг дэглээчдийн 7-р уралдаанд “Шонхор биелгээ”, ”Домог биелгээ” бүжгүүдээр оролцож Тэргүүн байр эзэлсэн.

    https://www.facebook.com/mungu.munkh

  • Амартайван АМАРСАЙХАН- Зохиолч, шог зураач

    Сэтгүүлч, зохиолч

    Шог зохиол, зургаар оролдод 20 жил болж байна. Алтайн сүрлэг уулсын хормойд унаж, хутга шиг шовх хөх чулуудад өвдгөө шалбалж өссөн нэгэн билээ.

    Хошин зохиол сараачиж, шог зураг эрээчин сар жилийг умартан суухуйд, уугуул нутаг Есөнбулагийн рашаан арвантаа харзалж, Олон нуурын дэрснээ хун галуу хоринтоо чуулжээ.

    Энэ зуурт “Цахиур Төмөр” сонин, “Алтай” телевиз, “Тоншуул” сэтгүүл, Хэвлэлийн хүрээлэн, “Сэтгүүлч” коллеж, “Цалиг” студийн ширээг элээж үзлээ, элээсээр ч сууна. Сүүлийн үед өвөг дээдсийн шүтээн Баян Богд уул минь, онигор бор нүднээс нь ухаан уугисан хөх өвгөд минь нүдэнд харагдаж, шоглож шоолох бус уйлж хайлж уярсан юм бичьюү гэж ч бодогдоод байх шиг. Гэвч инээдэм наргиа, ёж ёргиогүй бол амьдрал гэгч харанхуй болох тул үзгээ юүлж, бийр юугаа хатааж үл түвднэм билээ.

    2005 онд шог өгүүллэг, шог зургийн “Өөхөнд хулдсан егөө” ном гаргасан. 2009 онд “Хэцүү анги” кино зохиол, 2010 онд “Тусгай салаа” кино зохиол бичсэн маань кино болон бүтээгдэж МҮОНТ- р цацагдаж олны хүртээл болсон.

    http://amarsaikhan.blogspot.com/

    https://www.facebook.com/amarsaikhan.altangerel

  • МӨНХ НОГООН АМЬДРАЛ- ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮЛЭМЖ АГРО ПАРКИЙН ТӨСӨЛ

    Бид төслийн хөгжүүлэлт олон нийтэд хүргэх, маркетинг, агуулга, хэвлэл мэдээллийн чиглэлд хамтран ажиллаа.

    АЛСЫН ХАРАА
    Хамтын оюун санаа, хүч, хөдөлмөрөө нэгтгэн жимс, хүнсний ногооны импортыг орлох экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлийн тодорхой хувийг хангаж, цаашид үндэсний бренд гарган экспортолж Монголдоо сайхан амьдарцгаая!

    ЗОРИЛГО
    Монгол оронд жилийн дөрвөн улиралд жимс, хүнсний ногоо тариалж өндөр ургац аван, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх инженерийн дэд бүтэц бүхий өвлийн хүлэмжийн технологийг нэвтрүүлнэ.

    ЗОРИЛТ

    1. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн Үйлдвэрлэлийн үзэл баримтлалыг боловсруулж сонирхолын бүлгүүдэд танилцуулна
    2. Агропаркийн хүлэмжийн нэгжүүдийг шалгаруулж гэрээ байгуулна
    3. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн бизнес төсөл боловсруулна
    4. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас хөнгөлөлттөй зээл авна
    5. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн барилгын зураг төсөв боловсруулна
    6. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн удирдлага зохион байгуулалт хийнэ
    7. Хүлэмжийн цогцолбор аж ахуйн инженер технологийн алба байгуулна
    8. Хүлэмжийн барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ байгуулна
    9. Үрсэлгээ хийнэ
    10. Технологийн ажилчдыг сургалтанд хамруулна
    11. Хүлэмжийн цогцолбор аж ахуйг ашиглалтанд оруулна
    12. Монгол нутгийн хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн зах зээлд байнга нийлүүлнэ

    ХҮЛЭМЖИЙН АГРОПАРК ТӨСӨЛ by CREATIVE MONGOLIA

    https://www.facebook.com/EvergreenLifeMongolia/