Category: media-content

  • ХҮН НАС БАРАХЫНХАА ӨМНӨ ЮУНД ХАМГИЙН ИХЭЭР ХАРАМСДАГ ВЭ?

    Хүмүүс нас барахын өмнө нь юунд хамгийн их харамсдаг талаар нэгэн сувилагчийн ярьсан түүхээс:
    “Би олон жил энэ эмнэлэгт ажилласан. Эцсийн мөчөө хүлээж буй өвчтөнүүд л миний хариуцсан тасагт ирдэг. Тэдний амьдралын хамгийн сүүлийн мөчийн гэрч болохдоо бид олон ч сонирхолтой түүх сонссон доо. Тэд бүгдээрээ л хайр, үзэн ядалт, айдас, догдлол, уур хилэн гэх мэтийг мэдэрсэн байсан. Гэхдээ эцсийн мөч тулахад өвчтөнүүд бүгдийг мартаж, уучилдаг. Би өвчтөн бүртэйгээ ярилцахдаа нэг зүйлийг заавал асуудаг байлаа. “Та энэ амьдралдаа юунд хамгийн ихээр харамсаж байна вэ?”. Тэд өвчин зовлон, царай зүс, ааш зангаараа тэс өөр ч дээрх асуултын хариулт “ижил” байсан юм.

    1. Хэн нэгний хүсэлт, хүлээлтээр биш өөрийн хүссэнээр амьдарсан ч болоосой

    Хүн бүрийн хамгийн түрүүнд хэлдэг хариулт нь энэ байлаа. Амьдрал нь дуусах тэр мөчид эргээд харахад “Тэр үед ганц удаа ч болов өөрийнхөөрөө шийдэх минь яав даа” гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирдэг. Учир нь бусдын хэлсэн анхааруулга сануулгаас шалтгаалан мөрөөдлөө биелүүлэх олон боломжийг алддаг аж. Эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдийнхээ хүлээлтэд эзэн болохын тулд өөрийнхөө хүслээр байж чадаагүй нь хамгийн харамсмаар зүйл байжээ.

    2. Юуны төлөө ингэтэл их ажиллав?

    Энэ бол эрэгтэй өвчтнүүдийн хамгийн том харамсал. Тэд гэр бүлийнхээ ирээдүйн төлөө зүтгэсээр үр хүүхдүүдийнхээ өсөж буйг ч анзаараагүй өнгөрсөн. Мөн хайртай гэргийгээ ганц бие ээж шиг амьдруулсан байдаг ба эцэст нь багагүй амжилтанд хүрчихээд хүүхдүүдээ эргэн харах цагт тэд хэдийн холдон одсон байдаг аж. Хэтрүүлж ажилласандаа харамсаж, үхэх цагт өөр дээр нь хэзээ ч ирэхгүй гэмэдэгдсэн үр хүүхдээ хүлээх өвчтөнүүд… Гэвч тэд энэ бүгдийг ирэхгүй гэдгээ мэдэгдсэн тэр хүмүүсийн төлөө л хийсэн шүү дээ.

    3. Өөрийн бодол, мэдрэмжээ ил хэлэх зориг байсансан бол ч…

    Олон хүмүүс бусадтай “энх тайван” харилцаатай байхын тулд шүдээ зуугаад өнгөрдөг. Түүнээсээ болоод бусдад бүү хэл өөртөө ч үнэнч байж чаддаггүй. Энэ байдал даамжирсаар “Би юу хүсч байна вэ?” биш “Би юу хийвэл ямар нэгэн асуудал үүсэхгүй байх вэ?”, “Юу гэж хэлвэл намайг ухаалаг юм аа гэж бодох бол?” гэсэн нөхцөл байдалд тааруулдаг болчихсон байдаг. Харин хөгшрөх тусам өөрийгөө бүрэн илэрхийлж, уурлаж бухимдах үедээ уурлаж, гомдох үедээ гомдож байх минь яавдаа хэмээн харамсдаг байна. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлснээр тухайн үед хэд хэдэн хүнийг бухимдуулж болно. Гэхдээ өөрийн зангаа нуугаагүй учраас тэр хүмүүст хэзээд үнэн төрхөөрөө байдаг гэдгээрээ үнэлэгддэг. Хүмүүс ч чамтай яаж харилцахаа мэддэг болно. Хамгийн гол нь чиний амьдралд худал харилцаа гэж үгүй болох юм.

    4. Найзуудаасаа харьцаагаа таслах хэрэггүй байсан юм

    Эмэгтэйчүүдийн хамгийн их сонгосон хариулт энэ байлаа. Үр хүүхэд, гэр бүл, ажил гэсээр найз нөхдөө орхиж, уулзахаа больж, нэг л мэдэхэд харилцаа нь холдсон байдаг. Харин хамаг бүхнээ зориулсан үр хүүхэд нь том болж, тусдаа гарахын цагт ганцаардлыг хамгийн ихээр мэдэрч, биеэ чагнасаар байгаад өвдөх үе бишгүй. Эцсийн мөчөө хүлээж буй хүмүүс нэгэн цагт үргэлж хамтдаа байсан найзтайгаа уулзах хүсэлтийг ихээр тавьдаг ч уулзаж амжихгүй өнгөрдөг байлаа.

    5. Би өөрийгөө аз жаргалтай амьдрахыг зөвшөөрсөн ч болоосой

    Ийм хариулт авна гэж би огт бодоогүй байлаа. Тэд өнгөрсөндөө зууралдаж, өнгөрсөндөө хүлэгдэж, өнгөрсөндөө харамссанаас болоод одоогийнхоороо амьдрах боломжоо алддаг байж. Хэн нэгнийг аз жаргалтай байлгахын тулд гэхээсээ илүү өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд юу ч хийхгүй байсаар, энэ насыг барах үедээ харамсах нь хичнээн харамсалтай вэ?

    Хүн хэзээ өөрийнх нь эцсийн мөч ирэхийг мэдэж байх үедээ бусдын бодол, санааг жинхэнээсээ хамаарахаа больдог. Үнэндээ маргааш ч биднийг үхэл хүлээж байгаа ч юм билүү, хэн ч мэдэхгүй шүү дээ. Муу амлах гээгүй юм шүү. Гэхдээ л хэзээ юу болохыг хэн ч мэдэхгүй байхад аль хэдийнэ болоод дуусчихсан өнгөрсөнд, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй ирээдүйн хайр дурлалд, амьдралд чинь тэгтлээ нөлөөлж чадахгүй, хамгийн амархан өөрчлөгддөг зүйлсийн нэг болох бусдын бодолд бүх сэтгэл, эрч хүч, энергээ зарцуулах нь яг юуны төлөө юм бэ?
    Харин түүний оронд маргааш ч бүх зүйл дуусчихаж мэдэх юм шиг зоригтой шийдвэр гаргаж, өөртөө үнэнч байж, энэ ертөнцийг орхихдоо сэтгэл хангалуун, харамсах зүйлгүй байсан нь хамаагүй жаргалтай биш гэж үү? Хэрвээ чи ч гэсэн өнгөрсөндөө харамсахыг хүсэхгүй байгаа бол одоогоороо л амьдар. Харамсал гэдэг зүйлийг амьдралдаа байлгахгүйн тулд зүгээр л хий, яг одоо яамаар байна түүнийгээ л хий. Ихэвчлэн өнгөрсөнд болсон тэр зүйлдээ харамсаад л байдгаас биш чамд юу авчирсныг нь бодож ч үзээгүй байдаг. Тэр үйл явдал болсон учраас л чи илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү туршлагатай “өнөөдрийн чи” бий болсон шүү дээ. Тийм болохоор чамд тусласан, “харамсмаар” өнгөрсөнд ч талархаад байх ёстой газарт нь үлдээ.

  • “АЛТАЙ” ХАМТЛАГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЯЗГУУР УРЛАГТ ТОД ГЭГЧИЙН ТАМГА ДАРЖ, ӨӨРСДИЙГӨӨ ЗАРЛАН ТУНХАГЛАЛАА

    Монгол хүн болж төрснөөрөө бахархан баярлах, монгол урлагаа дээдлэн хүндлэх сэтгэл танхим дүүрэн үнэртсэн эрхэм, эгэл сайхан оройг бэлэглэсэн “АЛТАЙ” хамтлагийнхандаа баярлалаа. Баярлалаа гэдэг үг ч багадана.

    Алтай” хамтлагийн 5 жилийн ойдоо зориулсан “Золгоё доо” тоглолт үнэхээр халуун дулаан уур амьсгал, хамтдаа дуулж бүжиглэсэн эерэг сайхан орчинд болж өнгөрлөө. Монгол урлагийн, тэр тусмаа язгуур урлагийн жинхэнэ мөн чанар, монгол хүний мах цусанд шингэсэн тэр гайхалтай авъяас чадвар, хэдэн зуунаар хичнээн үеэрээ өвлөн тээж ирсэн тэр агуу өв уламжлалыг утгаар нь харуулж, монгол хүний ур ухаанаар бүтсэн жинхэнэ монгол хөгжмийн дуу эгшгийн уран тансагийг мэдрүүлэн ойлгуулсан сайхан үдэш сайхан тоглолт. “Алтай” хамтлаг 5 нас хүрлээ. Хүүхдээр бол хэл, хөлд бүрэн орж, орчлонг таньж мэдэх сониучхан насан дээрээ яваа тэд анхны бие даасан тоглолтоо нүүр бардам, нэр бүтэн хийж чадлаа. Энэ бол том амжилт, том гараа. Хийж бүтээх ид насандаа яваа уран бүтээлч дүү нартаа сэтгэлийн дэм, урам өгөх нь хамгаас үнэтэй бэлэг болох бизээ. Тийм ч учраас та нарыгаа бурмаар биш урмаар шагная. Та нар мундаг байсан. Та нар жинхэнэ мах цусаараа, оюун сэтгэлгээгээрээ, зүрхээрээ, тархиараа тэр агуу их өв соёлыг тээж яваа, тэгээд түүнийгээ мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжүүлэн яваа өсөх ирээдүйтэй залуус. Та бүхнээс их ирээдүйг, их амжилтыг олж харсан шүү. Ёстой л нөгөө “Түрүүнд төрсөн чихнээс, сүүлд ургасан эвэр дээр” гэдэг үгийн үнэн мөнийг та нар харуулж байна. Монголын урлагийн ертөнцөд, тэр тусмаа этно хэмээн нэрлэгддэг язгуур урлагийн энэ төрөлд та нар цахиур хагалж чадлаа.

    Яагаад гэвэл та нарт 1-рт хэдэн үеэрээ дамжин ирсэн эцэг эхийн, өвөө эмээгийн, элэнц хуланцын үнэлж боломгүй агуу гени байна. 2-рт тийм үнэ цэнтэй өвийг тээж яваагаа олж мэдсэн, түүнийгээ хөгжүүлэх хөдөлмөрч чанар, үнэнч сэтгэл байна. 3-рт энэ бүхнийг чинь гаднын соёлтой хольж хутган саармагжуулахгүйгээр язгуураар нь хөгжүүлэх чадвартай сэтгэлтэй агуу продюсер Ганпүрэв байна. 4-рт энэ бүхнийг чинь мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадах авьяаслаг хөгжимчин Мөнх-Эрдэнэ байна. Ингээд л бүх юм яг сайхан, утгаараа, цогцоороо хөгжих ховорхон боломж та бүхэнд тохиожээ. Хэн бүхэнд тохиогоод байдаггүй энэ бүх тохиолыг та бүхэн чадлынхаа хирээр, бүх боломжоороо ашиглан хичээх юм бол ирээдүй чинь тодоос тод гэрэлтэж байна. Боломжийг бүү алд, урагшаа улам ихийг хийгээрэй залуусаа.

    “Алтай” хамтлагийн тоглолтыг үзсэн хүн бүхэн ам сайтай байж, сэтгэл өег гарцгаасан. Танхим дүүрэн үзэгч тэр чигтээ бүжиглэж, тэнд лав мөрөө ч хөдөлгөхгүй үлдсэн хүн байхгүй байхаа. Тайз, хувцас, хөгжим, хамтлагийн авьяаслаг залуус, тэдний дуу хоолой, хөгжмийн дуугаралт, бий бийлгээ. Энэ бүхэн ёстой л “монгол” хэмээх зургаахан үсэгтэй үгний жинхэнэ мөн чанарыг харуулсан. Хамтлагийн гишүүн бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой, өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй, тэр ч бүү хэл нэг хүн 3-4 хүний үүргийг гүйцэтгэж байгаа нь үнэхээр талархууштай. Тэд хуурдана, цуурдана, хөөмэйлнө, бийлнэ, товшино, дуулна, бөмбөрдөнө, ятга тоглоно. Яг л заяанаасаа, байгалиасаа төрсөн юм шиг аашилна. Энэ нь бүр ч бахархалтай. Ах дүү хоёр бийлээч Ганзориг, Гүрбазар хоёрыг бийлэхэд үзэгчид маш талархалтайгаар хүлээн авч баяр хүргэж байсан. Тэд цаанаасаа л нэг донжтой, хөдөлж байгаа биеэрээ нүүрээрээ нүдээрээ илэрхийлж байгаа бүхэн нь утга учиртай, учир жанцантай. Аргагүй л 12 дахь үеийн өв тээгч, өвлөн бийлээчид шүү. Хамтлагийн гишүүн Даваадалай. Нүдээрээ инээсэн энэ хөөрхөн хүүд их юм бий. Тэр дуулна, хөөмэйлнө, исгэрнэ, бөмбөрдөнө, бас бийлнэ. Ер нь хамтлагийнхан бүгд бийлнэ. Ингэж нэг хүн олон төрлийг чадна гэдэг тийм ч амар биш л дээ. Далай тоглолтын дундуур өөрөө ярьж хөтлөн, тоглох бүтээл бүрээ тайлбарлан залж явсан нь бас ч чамгүй хэл яриа сайтайнх биз. Тэр 3 дахь үеийн хээмэйч. Харин хамтлагийн ахлагч, хөөрхөн инээдэг Санчир охин бол 4 дэх үеийн хуурч. Санчир хуурдана, бас хөөрхөн эвлэгхэн дуулна, бийлнэ. Эмэгтэй хуурч цөөхөн болоод ч тэрүү түүнийг хуурдахад үзэгчид талархалтай хүлээн авч байсан. Тун чадварлаг хуурдаж, тэгээд зэрэгцүүлэн дуулах энэ охиныг магтахаас аргагүй, бүх онцгойлон баяр хүргэмээр санагдсан. Хамтлагийн дуу хоолой болж аргил сайхан хоолойгоор дуулж хөөмэйлж хуурдаж суух бүдүүн боргил төрхтэй Арванд тусгайлан бас баяр хүргэе. Засагт хааны Цахиур Төмөрийг санагдуулам ханхар сайхан бор эрийг хачин сайхан хоолойгоор дуулахад танхим нүргэлэх шиг болж байсан. Хамтлагт яруухан дуутай ятга хөгжмөөр өнгө нэмдэг даруухан охин Баасанжаргал. Дуу цөөтэй, даруухан энэ охин ирээдүйд багшийнхаа шийрийг хатаах нэрт ятгачин болох бизээ. Мөнх-Эрдэнийн шавь гэдгээрээ бахархан багшаасаа ихийг сурч яваа энэ охин Алтай ятга, аху ятгаар уран сайхан тоглож хамтлагтаа өөрийн үүргээ сайн гүйцэтгэдэг. Ингээд хамтлагийн 6 залуу бүгд онцогтой, олж харах магтаж сайшаах зүйл ихтэй.

    “Алтай” хамтлагийн өдий зэрэгтэй явж, өөрийн гэсэн байр сууриа олсон байгаагийн гол утга учир болж, ноён нуруу хангай шиг түшиг нь болсон хүн бол хамтлагийн продюсер, Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны дэд тэргүүн, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Д.Ганпүрэв юм. Ганпүрэв өөрийн олон жилийн хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл болсон Алтай ятгыг түгээн дэлгэрүүлэх, нутагшуулан хөгжүүлэх зорилготой төслийнхөө хүрээнд энэ хамтлагийг лабратори хамтлаг болгон байгуулсан бөгөөд тэр үнэхээр нүдтэй, холч ухаантай хөгжмийн төлөө, язгуур урлагийн төлөө сэтгэлтэй хүн гэдэг нь олон олон зүйл дээр ажиглагддаг. Тэр энэ хамтлагийн залууст эцгийн хайраар, ахын сэтгэлээр, продюсерын ухаанаар, уран бүтээлчийн онгодоор хандаж, тэдний хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэсэн. Тэр арай дэндүү эгэл энгийн хүн. Тэр өнгө мөнгө, нэр төр, сандал суудал хэзээ ч хөөцөлддөггүй. Түүний зүрх сэтгэл жинхэнэ урлагийн төлөө л цохилдог байх. Тэд бие биенээ олсноороо азтай. Жинхэнэ унаган авьяасаараа төрмөл төрхөөрөө ийм хүүхдүүдийг олсон нь Ганпүрэвийн хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэх, монголыг монголоор нь үлдээх язгуур урлагийг язгуураар нь байлгаж дэлхийд монголын нэрийг тод гэгч тамгалах хамгийн зөв сонголт. Хамтлагийн залуус энэ л хүний дэг сургаалиар хүмүүжин боловсорч багаар ажиллах, хамтаараа амжилтанд хүрэх гэдгийн ухааныг олйгож хамтлагийнхаа үнэ цэнийг бий болгож олж харж чадсан. Тэдний хувьд бол ийм сэтгэлтэй, урлагийг, авьяасыг мөнгө болгож хардаггүй тун цөөхөн уран бүтээлчдийн нэгд тоогдсонороо азтай. Ингэж нийлсэн хойно тэд амжилтад хүрэх нь дамжиггүй.

    Атраараа байсан талбайд үр тарьж соёолуулан, тэр үрээ цэвэр цусны монгол ногоо болгон ургуулахаар мэргэжлийн талаас нь харж хандаж хэлж ярьж, сургаж яваа хүн бол нэрт хөгжимчин, ятгач Мөнх-Эрдэнэ. Тэр өөрөө урлагт үнэн сэтгэлээсээ дурласан, хөгжмийн төлөө амьдарч яваа бүсгүй. Ханийнхаа зүрхний цохилт бүрийг мэдэрч хамтдаа 20 гаруй жил зүтгэн халуунд халж хүйтэнд нь хөрнө гэдэг шиг жаргал зовлон, хэцүү хүнд бүхнийг нь хамтдаа үүрэлцэн нэгэн биеийн нөгөө тал нь болон зүтгэж яваа эмэгтэй. Тэр монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн тод гэгчийн тамгыг дарж, хэн ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй тийм л мөрийг зурайтал гаргаж яваа ховорхон авьяастай, дэндүү цоглог чадварлаг ятгачин. Ингээд “Алтай” хамтлагийн бүрэлдэхүүн энэ дээ. Тоглолтын хувьд яах аргагүй мэргэжлийн хэмжээний, монголоо ханхлуулсан гайхалтай сайхан тоглолт. Тэнд тоглогдсон бүтээл бүхэн сонирхолтой, онцлогтой, давтагдашгүй байж танхим үзэгчээр дүүрэн, үзэгчид бахархалаар дүүрэн байсан. Тоглолтын найруулга сайхан байж алтай ятга, алтай их ятга, аху ятга, аху их ятга өнгө эгшиг нэмэн чимсэн. Мэдээж нэрт ятгач Мөнх-Эрдэнэ ур чадвар, авьяас онгодоороо, цоглог жавхаалаг тэр төрхөөрөө тоглолтын бас нэгэн шигтгээ байж үзэгчдийн талархалыг хүлээсэн. Тоглолтын төгсгөлд танхим дүүрэн үзэгч босох нь босож, суудал дээрээ бүжих нь бүжиж, тайз зрителийн ялгаа гаралгүй хамтдаа тойрон бүжиг хийсэн нь хамгийн халуун дулаан, хамгийн оргил үе байлаа. Ганпүрэвийн хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг болсон тойрон бүжиг гэдэг үнэхээр тархай монгол түмний, энэ хатуу харгис бохир муухай нийгмийн золиосонд стресс бухимдалд дарлагдсан ард түмний сэтгэлд итгэлийн гэгээ баяр баясал авч ирэх эхлэл болж чадлаа. Ингэж олон олон зүйлийн эхлэлийг тавьж, онгод авьяасаараа хүн бүхний сэтгэлд гэгээ өгсөн “Алтай” хамтлагийнхандаа монгол түмний өмнөөс баярлалаа гэж хэлье. Тоглолтын дараах VIP өрөөний уулзалт, талархал илэрхийлэх мөч, бяцхан хөөрхөн хүлээн авалтууд ч бас маш эгэл энгийн сайхан болсон. Ний нуугүй хэлэхэд ихэнх тоглолт уран бүтээлийн дараах ийм арга хэмжээ ихэвчлэндээ сайд дарга нарыг урьсан, бие биедээ худал тал зассан нэг тиймэрхүү л болдог. Ганпүрэв өөрөө эгэл энгийн хүн тэр ч утгаараа хийж байгаа хандаж байгаа бүхэн нь яг тийм л энгийн бөгөөд амьдралд ойр сайхан болдог. Энэ удаа ч бас эгэл байж тэнд сайд дарга нар биш сайхан сэтгэлээ илэрхийлэх гэсэн хүмүүс, эрдэмтэн мэргэд судлаач нар цуглаж, тэдний хийж бүтээж байгаад судалгаа шинжилгээтэй үнэлэлт дүгнэлт өгсөн халуун дулаан уур амьсгалтай байсан нь ихэд дотно мэдрэмж төрүүлсэн. Хамтлагийн 6 гишүүн нэг хүн шиг нэгдэж чаддаг, зовлон жаргал бүхнээ хуваалцаж чаддаг шиг тэдний аав ээж нар ч бас хоорондоо холбоотой байж, болох болохгүйгээ ярилцан, жаргал зовлонгоо хуваалцдаг хэмээн ярьсан нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Аав ээж нар нь хүүхдүүддээ өөр өөрт нь зориулсан хөгжмийг бэлэглэж, аавын оронд аав ээжийн оронд ээж болсон Ганпүрэв, Мөнх-Эрдэнэ хоёрт алд цэнхэр хадаг мөнгөн аяга барин сэтгэлийн үгээ хэлэн мэхийн ёслож байгаа нь бахархамаар. Дөнгөж хорь гаруйхан насандаа яваа, ёстой л нөгөө галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй насандаа яваа залуус маань өргүүлсэн ээж аав хоёртоо талархал илэрхийлэн, сэтгэлийн үгээ хэлэхдээ хоолой зангируулан нулимсаа арчиж тэнд байсан хүмүүсийг ч бас огшоогоод авсан. Хоолны дараа чин сэтгэлийн үгс ундарч, аав нар нь хуурдаж хамтдаа бийлэж тэр орчин тэр чигтээ халуун дулаан уур амьсгалд умбасан сайхан үдэш байлаа. Алтай хамтлаг түүний продюсер Ганпүрэв, Мөнх-Эрдэнэ нартаа чин сэтгэлийн хамгийн том баярыг хүргэе. Та бүхэн санасан зорьсон бүхнийхээ эхлэлийг маш амжилттай тавьлаа. Цаашид та бүхний зам дардан байж монгол түмнийг монголоороо бахархах тэр бахархалд нь умбуулан баясуулан цэнгүүлж бас ухааруулан ойлгуулж улам ихийг хийж бүтээгээрэй. Та бүхний ирээдүй гэрэлтэй бас дардан байна. Урагшаа…

    Сэтгүүлч Ё.Мөнхзаяа
    Эх сурвалж: https://www.facebook.com/yondon.zaya/posts/9503890…

  • ЦЭГЭЭР НААДЪЯ хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл Чингэлтэй дүүрэгт

    “ЦЭГЭЭР НААДЪЯ- Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл” Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж ҮР ДҮНГИЙН БАЯР-аа хийлээ.

    Хамтран ажилласан Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн хамт олонд талархал илэрхийлье.

    Чингэлтэй дүүргээс шалгарсан ОНЦЛОХ 9 БАГШ-даа онцгойлон талархал илэрхийлье!

    “ЦЭГЭЭР НААДЪЯ-Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл”-д амжилттай оролцож хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжин, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, шинэ шинэлэг хэрэглэгдэхүүн санаачлан хийж, ажиглалт тэмдэглэл хөтлөн, бичвэрийн дэвтрээр хүүхдийг цогц байдлаар хөгжүүлэхээс гадна ахисан түвшний үнэлгээнд хүртэл ашиглаж санаачилгатай ажилласан
    ОНЦЛОХ БАГШ-Р.Мягмарсүрэн /39-р Ц/,
    ШИЛДЭГ БАГШ-Н.Оргилсайхан /108-р Ц/,
    ОЮУНЛАГ БАГШ-Д.Энхбилэг /33-р Ц/,
    СУДЛААЧ БАГШ-Д.Энхээ /102-р Ц/,
    ЧАДВАРЛАГ БАГШ-Г.Өлзийжаргал /9-р Ц/,
    ХҮМҮҮНЛЭГ БАГШ-Б.Нямсайхан /173-р Ц/,
    ХӨДӨЛМӨРЧ БАГШ-Ц.Цогзолмаа /173-р Ц/,
    АВЬЯАСЛАГ БАГШ-Д.Жаргал /33-р Ц/,
    БҮТЭЭЛЧ БАГШ-Б.Зулаа /70-р Ц/ нартаа талархал илэрхийлье!

    Түүнчлэн бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ЧД-н Боловсролын Хэлтэсийн дарга Т.Ням-Очир танд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

    Баярын үйл ажиллагаанд:
    -Хүүхдийн 1000 бүтээлийн үзэсгэлэн;
    -Онцлох 9 багшийн “Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн туршлага”;
    -Төслийн тайлан, үр дүн;
    -9 багш, 9 хүүхдэд шагнал гардуулах.

    “ЦЭГЭЭР НААДЪЯ” төслийн баг хам олон

    Чингэлтэй дүүрэгт хэрэгжсэн 8 том төсөлт ажлын нэг “Цэгээр наадъя-Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төсөл”-ийн багт тус дүүргийн
    4-р цэцэрлэгийн арга зүйч Байгалмаа,
    39-р цэцэрлэгийн арга зүйч Ариунзаяа,
    70-р цэцэрлэгийн арга зүйч Энхтунгалаг,
    173-р цэцэрлэгийн арга зүйч Ариунжаргал,
    “СӨБ-ын шинэчлэл” ТББ-ын УЗ, ахмад багш Дашмаа нар ажиллалаа.

    2016.05.18
    23-р сургуулийн “Урлаг заал”

    “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ

    https://www.facebook.com/SUBSHNGO/

  • ​“ААВТАЙГАА ХАМТ” ОХИДЫН ҮДЭШЛЭГ

    Та, амьдралынхаа утга учир, эрхэм зүйл болсон гэр бүл үр хүүхэддээ хэр их цаг гаргаж, анхаарал хандуулдаг вэ? Технологийн хөгжил, мэдээллийн шуурга, нийгмийн стресс бухимдал дунд туучин явахдаа амьдралынхаа хамгийн гол хүмүүсийг орхигдуулах нь элбэг. Тэр дундаа танд бурхнаас бэлэг болон ирсэн охин үр тань ирээдүйн сайхан бүсгүй, сайн эмэгтэй, халамжит эхнэр, ухаант эх болох учиртай. Үүний тулд бага балчраас нь анхаарах нь эцэг эхчүүд та бидний үүрэг билээ. Энэ л эрхэм чухал үүргээ биелүүлэхэд тань тус нэмэр болох зорилгоор “Аавтайгаа хамт” охидын үдэшлэгийг зохион байгуулж байна.

    Та энэхүү үдэшлэгт охинтойгоо хамт ирснээр:

    • Бяцхан гүнжийнхээ дотоод ертөнцөөр хамт аялна.
    • Охинтойгоо хамт дуулж, бүжиглэнэ.
    • Тэмцээн уралдаанд хамт оролцоно.
    • Охиныхоо нууц авьяасыг нээнэ
    • Хонжворт сугалаанд азаа үзнэ.
    • Дусгалын зураг татуулна.
    • Амттангаар дайлуулна.
    • Гарын бэлэг гардан авна.
    • Гэнэтийн бэлэг …

    Хамгийн гол нь бяцхан үр чинь тантай хамт байхдаа өөрийгөө илүү эрх чөлөөтэй, хүчтэй зоригтой бас аюулгүй гэдгээ мэдэрч, танаар бахархах тэр сайхан мэдрэмжийг сэтгэлдээ хэзээ ч мартагдашгүйгээр хадгалан үлдээнэ. Үүнээс илүү аз жаргал бий гэж үү? Энгэрт тань эрхлэх бяцхан сахиусан тэнгэртэйгээ хамт хамгийн дурсамжит, гэгээн мөчөө мөнхлөөрэй.

    Хаана: Улаанбаатар чуулгын байр

    Хэзээ: Удахгүй товлоно

    Зохион байгуулагч: Уран бүтээлийн Язгуур нэгдэл

    Холбоо барих: 98983134, 99152511

    https://www.facebook.com/YAZGUURgroup/

  • БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУР ХҮҮХДИЙН ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨР ЭГШИГЛЭЛЭЭ

    90 жилийн турш дэлхийн төгөлдөр хуурын чиг хандлагыг тодорхойлж буй KAWAI компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургууль, тус компаний нэрийн хуудас болсон БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУР-ыг Монголдоо авчирлаа.

    Хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийн нэгэн оргил болон эгшиглэх Болор төгөлдөр хуур нь нэрт мастеруудын ур ухаанаар жилдээ 2-3 ширхэг үйлдвэрлэгддэг нэн үнэ цэнтэй тансаг зэрэглэлийн төгөлдөр хуур юм.
    Эгшиглэн” төгөлдөр хуурын сургуулийн захирал, дуучин Б.Бат-Өлзий энэхүү гайхамшигт Болор төгөлдөр хуурт зориулж “БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУРЫН ДОМОГ” номоо бүтээж, номын зургийг Японы манга зургийн сонгодог стилээр “Stallion” студийн уран бүтээлч залуус зурж хамтдаа бүтээсэн юм.
    Дэлхийн төгөлдөр хуурч хүүхэд бүрийн мөрөөдөл болсон “Болор төгөлдөр хуур”-ын танилцуулга болон “Болор төгөлдөр хуурын домог” номын нээлтийн ёслол 2016 оны 5-р сарын 13-нд The Corporate Hotel & Convention Centre –т ийнхүү боллоо.

    Ёслолын ажиллагаанд “Эгшиглэн” сургуулийн захирал, KAWAI компаний Монгол дахь төлөөлөгч Б.Бат-Өлзий, “The Corporate Hotel & Convention Centre”-ийн захирал Б.Алтантуяа, “Stallion” студийн үүсгэн байгуулагч, зураач Ц.Оргил, Манга урлагийг хөгжүүлэгч “MOST” сэтгүүлийн эрхлэгч Г.Мөнхбаатар, “Азмон”, “Монгол Японы төв”, “Шинэ Монгол сургууль”, “Эверидэй фарм” компаний төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон бол Дуурь бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, төгөлдөр хуурч Б.Алунгоо, Японы нэрт дуурийн дуучин Юми, түүний шавь дуурийн дуучин Э.Уянга, “Эгшиглэн” сургуулийн 7 настай бяцхан сурагч С.Өнө-Эрдэнэ, төгөлдөр хуурч Э.Бат-Эрдэнэ нар болор төгөлдөр хуурыг эгшиглүүллээ. Үйл ажиллагааны зохион байгуулалтанд “Бүтээлч Монгол нэгдэл” болон МУИС-ийн Япон хэлний ангийн оюутнууд дэмжиж ажиллаа.
    Нээлтийн үеэр хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж хүүхэд бүр Болор төгөлдөр хуур дээр тоглох боломжийг олгосон нь хүн бүрийг сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болсон юм.

    Болор төгөлдөр хуурыг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж Монгол авъяасыг дэмжигч “Корпорейт хотел энд Конвейшн центр” болон “Алтан Дорнод Монгол” компаний ерөнхий захирал ноён Т.Ганболд худалдан авч өөрийн охин Ариунжаргалд бэлэглэсэн бөгөөд энэхүү төгөлдөр хуурыг зөвхөн охиндоо зориулж биш Монгол авъяасыг дэлхийд гаргахын төлөө худалдан авч байгаагаа илэрхийлж, авъяас чадалтай Монгол хүүхдүүдийг Болор төгөлдөр хуур дээр тоглуулж хүсэл мөрөөдлийг нь хязгааргүй тийш хөтөлж байхаа илэрхийлсэн нь сонгодог урлагийг дэмжсэн тэмдэглэлт үйл явдал боллоо.

    Монгол авъяас дэлхийд цуурайтаж, Монгол Улс мандан бадрах болтугай.Зургийн альбом үзэх

    https://www.facebook.com/EgshiglenPianoSchool/

  • БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУРЫН ҮДЭШ | CRYSTAL PIANO NIGHT

    – KAWAI компаний домогт “Болор төгөлдөр хуур”-ын танилцуулга
    – “Болор төгөлдөр хуурын домог” номын нээлт
    – Монгол, Япон сонгодог хөгжмийн үдэш

    Дэлхийн төгөлдөр хуурын чиг хандлагыг тодорхойлогч KAWAI компанийн нэрийн хуудас болсон CRYSTAL PIANO- БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУР МОНГОЛД ирлээ.

    Болор төгөлдөр хуур болон КАWAI компаний түүхээс сэдэвлэсэн “Болор төгөлдөр хуурын домог” нэртэй Монгол, Япон хэлээр бүтээсэн номын нээлтэнд хүрэлцэн ирж Монгол Японы соёлын харилцааны нэгэн шинэ хуудсыг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Хүрэлцэн ирснээр 2 улсын соёлын харилцааны эрхэмүүдтэй биечлэн уулзаж танилцах, Монгол, Японы сонгодог хөгжмийн бүтээлүүдийг сонсох, Болор төгөлдөр хууртай зураг авхуулах, Номын зураачдаар өөрийн зурагаа Манга стилээр зуруулах, зохиогчийн гарын үсэгтэй ном худалдан авах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа таныг хүлээж байна.

    БОЛОР ТӨГӨЛДӨР ХУУРЫН ДОМОГ

    Хүний амьдралыг утга учиртай, тэмүүлэлтэй болгодог зүйл бол хүсэл мөрөөдөл гэж би боддог. Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхийн хамгийн гайхамшигтай бүтээлүүд хүмүүний хүсэл мөрөөдлөөс л эхтэй билээ. Монгол хүний оюун сэтгэлгээ, авъяас дэлхийд цойлон гарч буй энэ цаг үед хүүхэд залуусдаа урам зориг, тэмүүлэл өгөх нэгэн номоо зориулж байна.
    Энэхүү номонд төгөлдөр хуурын гайхамшигт хөг аялгуугаар сэтгэл зүрх нь хөглөгдөн, хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч буй хүүгийн тухай өгүүлэх юм. Иймээс уншигч таныг бас хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдарч, итгэл найдвараараа жигүүрлэн нисээрэй хэмээн хүсье.
    Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, Монгол авъяасыг дэлхийд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж буй “Корпорейт хотел энд Конвейшн центр” болон “Алтан Дорнод Монгол” компаний ерөнхий захирал ноён Т.Ганболд танд талархлаа илэрхийлье.

    Уншигч таныг хүндэтгэсэн,
    Бадамгаравын Бат-Өлзий
    Япон улсын “KAWAI” компаний Монгол дахь төлөөлөгч,
    “Эгшиглэн” төгөлдөр хуурын сургуулийн захирал

    https://www.facebook.com/EgshiglenPianoSchool/

  • ​Нүүдэлчдийн сэтгэлгээ, эрхэм зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэдийн үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид​ автсан

    Үндэстнийг устгахын тулд хамгийн түрүүнд түүх, өв соёлруу нь дайрдаг технологи бий бөгөөд бид ч энэхүү түүх, соёлын геноцидэд хоёронтоо өртсөн ард түмэн юм.

    Чухам бид ийнхүү түүх, соёлын устгалд өртөж, мартаж, ихээхэн элэгдэж хорогдсон нь өнөөдөр Монголчуудад нийтээр дагадаг ёсзүйн цогц үзэл баримтлал байхгүй гэсэн эргэлзээг төрүүлдэг. Өнөө байхгүй мэт байж болно, урьд өмнө байсан болохыг буурал түүх гэрчилнэ, харин хожмоо түүнээ сэргээн босгож чадах эсэхийг чухам бид мэдэх хэрэг билээ.
    Нүүдэлчид бидний сэтгэлгээ ахуй амьдралын онцлог, үнэт зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэн судлаачдын үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид хэсэгтээ л автсан. Тухайлбал, барууны түүхийн шинжлэх ухаанд нилээд түгээмэл болсон иргэншлийн онолд ард түмнүүдийг соёл иргэншлийг бүтээгчид, түүнийг эвдлэн нураагчид, хөгжиж чадалгүй иргэншлийнхээ эхэн үед зоогдон гацагсад хэмээн гурав ангилж, монголчууд биднийг болон бидний дээдэс хүннүчүүдийг тэрхүү эвдлэн нураагчид мөн хэмээн үзэж байв.
    Мөн,
    – монголчууд бол хоцрогдсон нүүдэлчид, умардын зэрлэгүүд, монголчууд бол эртний бүдүүлэг цаг үеэс тохиолдлоор гээгдэн үлдэгсэд,
    – нүүдэлчдийн соёл иргэншлийг соёл иргэншилийн ай савд хамруулахгүй, соёл иргэншил төстэй үзэгдэл гэх нь ч байна.
    Мөн цагийг эзэлсэн социалист үзэл суртлын нөлөөнд ч автаж, үндэснийхээ өв соёлоос бишгүй хөндийрсөн. Манж, хятад мэт харийн хорлонт бодлогод өртөж, үндэснийхээ онцлог шинж төрхийг ч багагүй гээжээ.
    Гадна ертөнцөд бидний ийн дооршааж үзэхийн хажуугаар “Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага хүчтэй байна.
    Энэ бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшлээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий. Биднийг сайтар мэдэхгүй гадаад судлаачид тийн хэлж, дүгнэж буй бол өөр хэрэг, харамсалтай нь бидний дотроос ийн дүгнэж итгэдэг хүмүүс цөөн биш болжээ.
    Гэсэн ч өнөөдөр бид хараахан өөрсдийн өвөрмөц онцлог шинжээ бүрэн тавьж туучихаагүй байна. Түүний илрэл нь бид өнөөдөр ард түмний сэтгэлгээний дотоодод өөрсдийн үнэ цэнэт зүйлсээ эрж хайсан, үгүйлсэн хандлага, орь дуу ихээр сонсогдох болжээ.
    Үндэстэн өөрийн шинж төрхөө алдаж эхэлбэл үндэстэн биш болж, мөхлийн сүүдэр нүүрлэж эхэллээ гэсэн үг болно. Харин бид өнөөдөр өөрсдийн шинж төрхөө үгүйлэн нэхэж байна. Түүнийг дахин сэргээж, цогцлоохыг эрмэлзэж байна.
    Монгол үндэстний эрхэм шинж алдраагүй, бидний иргэншил амьд хэвээр байгаа гэдэгт итгэнэм.
    Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.
    “Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно. Ашигч, завшаанч, зальтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг.

    Б.Номинчимэд
    https://www.facebook.com/NominchimedB

  • А.Чимэд-Очир- Monline спорт хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч

    Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-­900 сая төгрөгийн орлого олж байна. Гэхдээ энэ бол бага тоо. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм.

    Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга. Жишээ нь оёдолчин ажилд авъя гэхээр олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. 

    Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ нээлттэй байна. Тиймээс монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

    Monline компанийн захирал А.Чимэд-Очиртой спортын хувцас үйлдвэрлэлийн зах зээлийн талаар ярилцлаа. Нэг үеэ бодвол дотоодын үйлдвэрүүд энэ зах зээлд хүч түрэн орж ирсэн ч ихэнх мөнгө урд хөрш рүү урссан хэвээр байгааг тэрбээр ярилцлагадаа онцолсон. Нэг ёсондоо спорт хувцасны зах зээлд боломж нээлттэй байгааг А.Чимэд-Очир захирал хэлэхийг хүссэн юм.

    МОНГОЛЧУУД СПОРТЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 50 ХУВИЙГ Л ДӨНГӨЖ ЭЗЛЭЭД БАЙНА

    -Та энэ салбарт хөл тавиад найман жил болжээ. Тухайн үед спорт хувцасны зах зээлийн нөхцөл байдал, өрсөлдөөн ямархуу байв?

    -Би уг нь тэс өөр мэргэжлийн хүн. Өмнө нь 14 өөр салбарт бизнес хийж үзсэн. Анх намайг энэ салбарт орж ирэхэд Монгол дахь оёдлын үйлдвэрүүдийн ихэнх нь татан буугдсан, мэргэжилтнүүд нь өөр чиглэлээр ажилладаг, зарим нэг нь байрны хонгилд өмдний түрий хасах гэх мэт жижиг хэмжээнд үйл ажиллагаа явуулсан байдалтай л байлаа. Гэтэл зах зээл нь Монголд байгаад байдаг. Тиймээс энэ салбарт хүчээ сориод үзье гэж шийдсэн юм. Ер нь талх сайн барьдаг хүн талхны цехийн захирал байх албагүй. Харин талх сайн барьдаг хүнийг ажиллуулж чаддаг хүн талхны цехийн захирал байх ёстой юм. Зах зээлийн өнөөгийн хэллэгээр энтрепрёнер гэх юм уу даа. Ер нь 11 жилийн өмнөөс төлөвлөж, хоёр, гурван жилийн турш судалгаа хийж байгаад орсон. Хувцас бол хүний байнгын хэрэглээ. Гэвч энэ хэрэгцээг Монголын үйлдвэрүүд огт хангаж чаддаггүй, ихэнхийг нь Хятадын зах зээл эзэлчихсэн байна. Ингээд эхний ээлжинд спорт хувцас үйлдвэрлэж үзэхээр шийдсэн. Учир нь байгууллага бүр дотроо тэмцээн зохион байгуулдаг. Энэ бүгдэд нэгэн ижил өмсгөлөөр жигдрэх шаардлагатай. Сүүлийн үед монголчууд Эрээнээс авчирсан чанар муутай өмсгөлийг голох хандлагатай болсон шүү дээ. Тэр ч утгаараа зах зээл нь байгаа юм. Мэдээж спорт хувцас ноосон биш, дөрвөн тийшээ сунадаг байх ёстой. Тиймээс дэлхий нийтээрээ спорт хувцсыг нийлэг эдээр хийдэг юм байна гэх мэтийг судалгаа хийх явцдаа олж мэдсэн. Өмнө нь дөрвөн тийшээ сунадаг материал гаргаж аваагүй үед спортын хувцас том, хэлхгэр байж. Харин одоо материалын “ааш” зөөлөрч, үүнийгээ дагаад бие барьсан, загварлаг хувцас үйлдэрлэх боломж бүрдсэн. Нийлэг материал гэхээр манайхан элдэв хуванцар ашиглаж хийсэн, хүний биед хортой эд гэж ойлгодог. Үнэ хямд тийм материал байх нь байна. Харин Adidas, Nike-ийн ашиглаад байгаа тийм материалыг Гуанжоуд үйлдвэрлэж байна. Хүн спорт хувцас өмсөөд идэвхтэй хөдөлгөөн хийхээр хөлөрдөг. Хөлөрснөөс болоод арьсны нүхнүүд онгойно. Түүнд нь ямар нэгэн химийн бодис орчихвол маажуур загатнаа үүсэхээс эхлээд янз бүрийн сөрөг үр дагавартай. Тиймээс дэлхий нийтээрээ спортын хувцасны материалд шинжлэх ухааны үндэстэй хандаж, хүний биед сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр маш их анхаардаг болсон. Энэ мэт шат давааг туулсаар үйлдвэрээс нь /Гуанжоу/ бараагаа татаж, хувцсаа үйлдвэрлэж эхэллээ. Тухайн үед Монголд “Төмөр трейд”, “Сомо” зэрэг хэдхэн үйлдвэр ажиллаж байв. Энэ хэд нь өмнөх ажлаа барддаггүй. Тэд нийт зах зээлийнхээ тавхан хувийг л хангаж байсан. Ингээд ажиллаад эхэлтэл манайх бас ачааллаа дийлэхээ болилоо. Манайх орж ирээд бүрэн хүчин чадлаараа ажиллаад ч нийт зах зээл дэх монголчуудын эзлэх хувь 10 л болж байгаа юм. Үлдсэн 90 хувь нь бас л хятадуудад үлдсэн. 

    -21 аймагт салбар нээх санаа эндээс төрсөн үү?

    -Тийм ээ. Үйлдвэрүүд байгуу-лагдаж байгаа ч ачааллаа дийлэхгүй болохоор ийм том зах зээлийг монголчууд хуваан эзэлж, хятадуудын эзлэх хувийг багасгаж болохгүй гэж үү хэмээн бодох болсон. Ингээд 21 аймгийн төлөөллийг урьж, өөрийнхөө зардлаар долоо хоногийн сургалт зохион байгуулж, энэ үеэрээ техник тоног төхөөрөмжөө хэрхэн ажиллуулахаас авахуулаад спорт хувцас яаж үйлдвэрлэх бүх процессоо зааж өгсөн. 21 аймагт салбартай болно гэхээр “Энэ нөхөр баахан газарт салбар нээгээд уул овоо шиг ашиг олох нь” гэж хүмүүс боддог. Гэтэл би эднээс нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Зүгээр л монголчууд нийлж хятадуудад алдаад байгаа 90 хувийн зах зээлийнхээ нэг хэсгийг ч атугай эзэлж явъя гэж бодсон юм. Энэ нь манай үйлдвэрт ч ашигтай байлаа. Учир нь бараа таталтын хэмжээ бага болохоор шууд авч чадахгүй, хүнээр дамжуулдаг байв. Дунд нь ченж ороод ирнэ гэдэг төлбөр нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд 21 аймаг бүгд нийлээд материалаа татахаар ченжээр дамжуулах шаардлагагүй болсон. Нэг кг даавуунаас таван юань хэмнэнэ гэдэг асар их хэмнэлт байхгүй юу. Ингэснээр Monline нэрийн үйлдвэрүүд бүгд нэг стандартаар, нэг материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж бүрдсэн. Тэгсэн хэрнээ дөнгөж 30 хувиа л базаж эхэлж байгаа юм. “Төмөр трейд” зэрэг бусад үйлдвэртэйгээ нийлээд шүү дээ. Үлдсэн 70 хувь нь бас л хятадуудын мэдэлд хэвээрээ. Бид гаднынхнаас зах зээлээ харамлаагүй байж бие биедээ боломж олгохоос татгалзах ёсгүй биз дээ. Тиймээс бусдадаа боломж олгох үүднээс сошиал, хэвлэл мэдээллээр спорт болон чөлөөт хувцасны зах зээл, үйлдвэрлэлийн горим, арга барил бүхнээ харамгүй зааж, сурталчилж эхэлсэн. “Зах зээл нь байна, боломж байна. Та нар хүрээд ирвэл дэмжиж туслахад бэлэн байна, арга замыг нь заагаад өгье” гэх зэргээр их сурталчилсан. Нэг ёсондоо загас барих аргыг бусдадаа зааж өгөөд байна шүү дээ. Үүний үр дүнд манайхаас зөвлөгөө авч, салаалсан долоон компани бий болсон. Эндээс цааш салбарласан, өмнө байсантайгаа нийлээд зөвхөн Улаанбаатар хотод 30 шахам спортын хувцас үйлдвэрлэлийн компани бий болоод байна.

    -Ингэж салбарлаад зах зээлийнхээ хэдэн хувийг эзэлдэг болов?

    -21 аймаг, гурван хот, Улаанбаатарт 30-аад үйлдвэртэй болсон хэрнээ манай ажил багасаагүй. Бид бүгд нийлээд зах зээлийнхээ дөнгөж 50 хувийг л эзэлж аваад байна. Яахав, нэг үеэ бодвол байгууллагуудын спорт арга хэмжээний хувцсыг манайхан дотооддоо үйлдвэрлээд байна. Гэтэл үүний цаана ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны зах зээл тэр чигээрээ онгорхой байна. Миний ажлыг булаачих вий гэсэн монгол хүний хувиа бодсон, арчаагүй зангаа хойш тавьж, энэ зах зээлийг хятадуудаас булаах л ёстой байхгүй юу.

    МИНИЙ ЗОРИЛГО ТОМ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ БИШ

    -Энэ зах зээлд төчнөөн төгрөг эргэлддэг гэсэн багцаа тоо гаргах боломжтой юу?

    -Би энэ тоог гаргадаг хүн биш, зүгээр л бусдадаа боломж олгосон оёдлын үйлдвэрийн захирал. Ямар ч байсан ажлын ачааллаа дийлэхгүй болохоор зах зээл байна гэдгийг л мэдээд байгаа юм. Харин Monline брэнд 21 аймгийн салбартайгаа нийлээд сард ойролцоогоор 800-900 сая төгрөгийн орлого олж байна. Сард бараг тэрбум төгрөг гэсэн үг. Гэхдээ энэ бол бага тоо шүү. Үүний цаана илүү том зах зээл байгаа юм. Сагсны эрэгтэй, эмэгтэй баг хувцас захиалахад 12 өмсгөлөөр бодоход 660,000 төгрөг болно. Гэтэл манай нэг үйлдвэр өдөрт 4-5 багийн хувцас гаргаж байна.

    -Нэгэнт ачааллаа дийлэхгүй байгаа юм чинь үйлдвэрээ өргөжүүлье гэж боддог уу?

    -Хүн хүний мөрөөдөл, зорилго өөр байдаг байх. Миний зорилго бол том үйлдвэртэй болох биш. Хүнд мөнгөөр худалдаж авдаггүй аз жаргал зөндөө байдаг юм. Тиймээс би орлогын хязгаараа тогтоочихсон. Манай Улаанбаатар дахь салбар 15 ажилчинтай. Тэднийхээ цалинг тавьж, бусад бүх зардлаа хасаад сардаа 3-5 сая төгрөгийн ашиг олж байвал надад хангалттай. Ажлаа дарамт багатай хийж, чөлөөт цагаараа фитнесст явж, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдармаар байна шүү дээ. Зарим нэг нь “Би тэдэн хүний ажлын байр бий болголоо. Ингэж хөдөлмөрлөж байхад улсаас дэмжсэнгүй” гэж ирээд л гомдоллодог. Яг үнэндээ улсаас дэмжлэг горьдох биш, дор бүрнээ хичээгээд явахад Монголд сайхан амьдарч, бизнес хийж болж байна шүү дээ. Бизнес хийж, үйлдвэрлэл эрхлэхэд Монгол шиг сайхан газар хаа байна. Социализмын үед, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаар хүмүүжсэн хүмүүс улсаас янз бүрийн юм нэхээд байдаг. Гэтэл зах зээл чинь тэс өөр нийгэм шүү дээ. Одоо бүх бурууг төр засагт үүрүүлчихээд ажил хийхгүй, гомдсон хүмүүс олшроод байх шиг санагдах юм. Эцсийн эцэст хэн амьдрах гээд байгаа юм бэ гэдгээ бодолцох ёстой. Аль ч нийгмийн үед ажилсаг хүн л сайхан амьдардаг юм.

    -Одоо 21 аймгийн салбар бас л ачааллаа дийлэхгүй байна уу?

    -Бас л ялгаагүй. Бид дотоод сүлжээтэй, түүгээрээ долоо хоногт хоёр удаа хуралддаг юм. Гэтэл “манай ажлыг танайх хийгээд өгөөч, бид амжихгүй байна” гэсэн үгс дотоод сүлжээнд хамгийн их байдаг юм.

    -Хэн нэгэн хүн энэ зах зээл рүү зориглоод орохоор бол юунд анхаарах ёстой вэ. Үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хэдий хэр хөрөнгө шаардлагатай бол?

    -Оёдлын салбарын нэг гоё юм байдаг юм. Учир нь оёдлын үйлдвэр ямар ч стрессгүй, тоног төхөөрөмжөө нэг л удаа авна. Мэдээж машин, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж байдаг л даа. Гэхдээ оёдлын машины үндсэн үйлдэл өөрчлөгддөггүй юм. Тиймээс техник, тоног төхөөрөмж хоцрогдчихно гэж санаа зоволтгүй. Намайг компьютерийн худалдаа эрхэлдэг байхад аль болох хурдхан зарж дуусгахгүй л бол үзүүлэлтүүд нь хоцрогдож, үнэ цэн нь багасаад бүр хэнд ч хэрэггүй болох ч үе байсан. Харин оёдлын салбарт даавуугаа оруулаад ирсэн байхад 10 жил болсон ч үнэ цэнтэй хөрөнгө хэвээрээ байдаг. 15 хүнтэй спортын хувцасны үйлдвэр байгууллаа гэж бодъё. Үйлдвэрийн байрны үнэ өртгийг хэлэх боломжгүй. Тухайн хүн хотын аль хэсэгт, хэчнээн метр квадрат байр түрээслэх нь тодорхойгүй шүү дээ. Харин тоног төхөөрөмж, бараа материал авах 10 сая төгрөгтэй байхад энэ бизнес рүү орчихно. Ер нь хийе, бүтээе гэвэл эрэлт, худалдан авагч нь байна. Манайхны зарим нь сургуулийн хүүхдийн спорт хувцас руу орж эхэллээ. Зарим сургууль үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв гээд маш сайхнаар хүлээн авч байна. Гэвч зарим нь хүчээр хувцас шахах нь гэх мэтээр эсэргүүцдэг.

    -Бид зах зээлээ тэлэхийн тулд яах ёстой вэ?

    -Ажилла, хөдөлмөрлө гэж л хэлмээр байна. Ажилд хүн авъя гэхээр ирэх хүн байдаггүй. Тэгсэн хэрнээ ажилгүйчүүдийн тоо их хэвээр. Дандаа дээд сургуулийн дипломтой ажилгүй залуус. Ялангуяа монголчууд “агаарын” мэргэжил маш их эзэмшиж байна. Хуульч, орчуулагч, менежер, эдийн засагч, нягтлан бодогч, маркетингийн мэргэжилтэй хүн Монголоор дүүрэн болчихож. Тэгсэн хэрнээ юм бүтээдэг хүн алга. 15 ажилчинтай манай үйлдвэрт гэхэд би өөрөө нягтлангаа хийчихдэг. Манайд маркетингийн менежерийн хэрэг алга. Эдийн засагч, хуульч хэрэггүй. Шаардлагатай бол хуулийн зөвлөгөө өгдөг газарт хандчихаж болж байна. Тэгсэн хэрнээ оёдолчин олддоггүй. Эсгүүрчин бол бүр олдохгүй. Энэ бүхнийг улс бодлогоор зохицуулах ёстой байх. Гэхдээ улсын бодлого гээч зүйл бүх юман дээр гажчихаад байна даа. Анх оёдлын үйлдвэрээ байгуулахдаа 45-аас дээш насны хүмүүсийг ажилд авна гэж зар тавсан юм. Угаасаа хүний нөөцөө ингэж бүрдүүлнэ гэж төлөвлөж байлаа. Яагаад гэвэл бэлдсэн залуучууд алга. Харин социализмын үед бэлтгэгдсэн мундаг хүмүүс насаараа гадуурхагдаад ихэнх нь ажилгүй, зарим нь манаач, үйлчлэгч хийсэн байдалтай байна. Тиймээс 45-аас дээш насны хүнийг ажилд авна гэсэн зар тавьсны дараа маш олон хүн утасдаж, долоохон хоногийн дотор багаа бүрдүүлсэн.

    МИНИЙ МӨНГӨ ГУАНЖОУД ОЧИХ БИШ, МОНГОЛДОО ҮЛДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

    -Жижиг, дунд бизнес эрхлэхэд төрийн зүгээс зөвшөөрөл, бичиг цаас, татварын дарамт их үзүүлдэг гэж ярьдаг. Таны бизнест ийм зүйл мэдрэгдэж байна уу?

    -Хүмүүс ингэж яриад байдаг юм, ямар юмных нь дарамт байх вэ дээ. Хийх хүнд боломж их байдаг, хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэсэн үг байдаг даа. Яг үүнтэй адилхан. Мэдээж зарим нэг салбарт татвар, зөвшөөрөл, лиценз гээд янз бүрийн дарамт ирдэг л байх. Харин манай оёдлын салбарт харьцангуй гайгүй шүү. Нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтаас шалгалт орж ирэлгүй яахав. Гэхдээ харьцангуй наанатай цаанатай харьцана. “Танай энэ чинь болохгүй байна, тэд хоногийн хугацаа өгье. Шийдсэн байгаарай” гэх мэтээр уян хатан болсон байна лээ. Би өөрөө Оёдлын холбооны Удирдах зөвлөлд багтдаг юм. Энэ холбоог байгуулсан цагаас хойш ганц л зүйлийг хэлсээр ирсэн. “Манай холбоо төр засгаас ямар нэг зүйл нэхэх биш харин бүх оёдолчдод тулгараад байгаа асуудлыг төр засаг, харьяа яаман-даа гаргаж тавья, ажиллах хөр-сөө эрүүлжүүлэх боломжийг бий болгодог болмоор байна” л гэдэг. Жишээ нь мэргэжилтэн бэлдэх хүний нөөцийн асуудал байна. Мөн Хятадын зах зээлд их хэмжээгээр хийсэн ижил төрлийн бүтээгдэхүүн Монголын хилээр ямар ч татваргүй ороод ирдэг. Харин энд бараа материалаа авахаас эхлээд байрны түрээс, цахилгаан, нийгмийн даатгал, татвар гээд дагалдаж гарах зардал асар их. Гэтэл иргэн Дорж Хятадаас 1000 ширхэг хувцас ямар ч татваргүй оруулж ирээд зарахаар өрсөлдөх чадвар харилцан адилгүй болчихоод байгаа юм. Тиймээс Монголдоо үйлдвэрлэж байгаа ижил төстэй бараанаас гаалийн татвар бүрэн авдаг болооч ээ гэсэн хүсэлт тавиад байгаа юм.

    -Та нарын хийж чадахгүй зүйл байна уу?

    -Энэ салбарт материал буюу даавуугаа л хийх үйлдвэр хомс байна. Бусад бүх юмаа өөрсдөө хийнэ. Нэг үеэ бодвол сурагчийн формын ачаар даавууны үйлд-вэрүүд өндийгөөд эхэлсэн. Гэтэл дотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар формоо хийхгүй, урдаас оруулж ирээд байна. Үнэн арчаагүй байгаа биз. Уг нь тэдэнд захиалга өгч, ачаалал нь нэмэгдэх тусам ашигтай ажиллаж, үнэ нь хямдарна шүү дээ. Сурагчийн форм хийж буй бүх үйлдвэр дотоодын үйлдвэртээ даавуугаа захиалчихвал хэн хэндээ ашигтай байгаа юм. Манайх даавууны утас хийж байгаа үйлдвэрүүдэд “Надад манай энэ материалтай дүйцэхүйц материалтай даавуу хийгээд өгөөч. Тэгвэл би өөрийн үйлдвэр, 21 аймгийн бүх салбартайгаа нийлээд захиалья” гэсэн санал тавьчихаад байгаа. Хэрэв ингэвэл миний мөнгө Гуанжоуд очих шаардлагагүй болж, Монголдоо үлдэх юм. Ийм байдлаар бид нэг нэгнээ бага гэлтгүй дэмжиж байж үндэсний үйлдвэрлэл хөгжих учиртай. Хэрэв манайх бусдадаа бо-ломж олгоогүй бол спорт хув-цасны үйлдвэрлэл Монголд ингэж хөгжих байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Монголчууд энэ зах зээлийнхээ ядаж 40-50 хувийг эзэлж, энэ олон хүн ажил, орло готой болгож байна гэдэг бидний хамгийн том шагнал юм.

    http://www.monline.mn/
    https://www.facebook.com/Monline-%D1%81%D0%BF%D0%BE%D1%80%D1%82-%D1%85%D1%83%D0%B2%D1%86%D0%B0%D1%81-141091039396932/

    Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

  • Ренчингийн БАРСБОЛД

    Нэрт палентологич, академич, АНУ-ын нэрт эрдэмтэн Ромер болон Симпсон нарын нэрэмжит 23-дахь шагналт.

    Азийн үлэг гүрвэлүүдийг судлах нийгэмлэгийн тэргүүн

    Монгол академич Олон улсын сээр нуруутны палеонтологийн нийгэмлэгээс нэр хүндтэй шагнал хүртжээ. Нэрт зохиолч Бямбын Ренчингийн хүү, Шинжлэх ухааны академич Р.Барсболдод дэлхийн палентологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсных нь төлөө сээр нуруут палентологийн шинжлэх ухааны шинэ төвшинд гаргаж ирсэн АНУ-ын нэрт эрдэмтэн Ромер болон Симпсон нарын нэрэмжит шагнал олгосон байна. Энэхүү шагнал нь сээр нуруут палеонтологийн мэргэжлийн хамгийн өндөр шагнал бөгөөд 1987 оноос өнөөг хүртэл 22 эрдэмтэн хүртээд байгаа аж. Салбартаа нобелийн шагналын хэмжээнд үнэлэгддэг уг шагналын 23 дахь эзэн нь Монголоос тодорсонд шинжлэх ухааны салбарынхан баяртай байв. Шинжлэх ухааны Академийн Палентологийн төвийн захирал, академич Р.Барсболд Олон улсын сээр нуруутны палеонтологийн нийгэмлэгийн 70 жилийн ойн хурлын үеэр уг шагналыг хүртжээ. Манай улсад палеонтологийн 60 гаруй нэр төрлийн олон зуун олдвор байдаг агаад түүний тодорхой хувийг 1960 оноос хойш өдийг хүртэл энэ салбарт ажиллаж буй академич Р.Барсболдын оролцоотойгоор олны хүртээл болсон байна. Єдгөө 75 насыг зооглож яваа академич Р.Барсболд сүүлийн 20 жилд манай орныг палеонтологийн шинжлэх ухааны ач холбогдолтой олдворуудаараа дэлхийд эхний гуравдугаар байр эзэлдэг болоход ихээхэн зүтгэл гаргасан ажээ.

    2012 онд ОХУ-ын төрийн хүндэтгэлийн одонгоор шагнуулсан.

  • Жирэмсэн эхчүүдэд, БИЛЭГ УХААН ТӨГС, ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ МОНГОЛ УХААН

    «Идээ ундааны жинхэнэ товч» зохиолд тэмдэглэгдсэн жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн зан үйл, идээ ундаа

    ( Судалгааны өгүүлэл )

    Д.Оюун-Эрдэнэ1, Ш.Болд2, Г.Лхагва1

    1ШУТИС, 2ЭМЯ

    Оршил. XIV зуунд монголын уламжлалт идээ, ундааны хэрэглээ, түүнийг зохистой, зохицуулан хэрэглэх мэдлэг, ухаан улам баяжигдан хөгжихийн зэрэгцээ Араб, Хятад зэрэг орны идээ, ундаагаар эмчлэх аргын нөлөөг ихээхэн олж төрөл, зүйл нь олширч иржээ. Улмаар уламжлалт идээ, ундааны хэрэглээ нь анагаах үйлдэлтэй ерөндөг болж практикын явцад биеэ даасан салбар хэмжээнд хүрч зохиол, бүтээл бичигдсэн байна. Тухайлбал Юань улсын үеийн Монгол хаадын идээ, ундаа, шим тэжээлийг хамаарагч дотоод эмч, түшмэл Хүсэхүй “Идээ ундааны жинхэнэ товч” зохиолоо 1314-1320 оны хооронд хятад хэлээр найруулан бичиж, 1330 онд дуусгажээ [1, 4, 7].

    Хүсэхүй Хубилай сэцэн хаанаас хойшхи үе үеийн Монгол хаадын ордонд баттай хэрэглэж ирсэн эл зүйлийн гайхамшигт эрхэм нандин идээ, ундаа, эм тан, талх, ханд, зуурмаг, эмийн адис, алдарт эрдэмтэн эмч нарын туршлагат жор, нууц жоруудыг цуглуулж эмхэтгэн энэхүү “Идээ ундааны жинхэнэ товч” хэмээх номоо бүтээж Тиян ли гуравдугаар онд Юань улсын хаанд өргөн барихад хаан соёрхон үзэж түшмэл Иой жий1 хэмээгчид зарлиг буулган тус номын өмнөх оршлыг бичүүлжээ. Тиймээс уг номыг Хубилай цэцэн хааны үеэс эхлэн Заяат хааны үе хүртэлх Монгол хаадын өдөр тутмын зоогийг данслан тэмдэглэж урт хугацаагаар ажиглан шинжилж бичсэн бүтээл гэж үзнэ. Хожим нь Мин улсын үеийн эм, эмийн ургамлын судлаач Ли ши жэн2 (Li shi zhen, “Өвсөн эмийн товч” ^en цoу ганг му) зохиолдоо дээрх зохиолыг “Хубилайн идээний жинхэнэ товч” хэмээн өгүүлсэн байдаг. XIV зууны үеийн Монгол хаад хятад соёл, ёс, заншилд тодорхой хэмжээгээр автан байсан ч монгол идээ, ундааг гол болгон иддэг, монгол амьдралтай байсан нь түүхийн бичигт тэмдэглэгдэн үлджээ. Иймээс хэдэн үеийн Монгол хаадын зоог, идээ, ундааны дотор монгол идээ чухал байрыг эзэлж өдөр тутмын хэрэглээнийх нь ихэнх хувийг бүрдүүлдэг байжээ. “Идээ, ундааны жинхэнэ товч”-д Монгол үндэстний идээ, ундаа, шимжүүлэн засах аргын талаар баялаг туршлагууд орсон байна. Уг бүтээл оршил болон 3 бүлгээс бүтнэ.

    Нэгдүгээр бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Эрүүл аж төрөхөд цээрлэх зүйл, жирэмсэн эмэгтэйн идээ, ундааны цээрлэх зүйл, төрсөн эхийн цээрлэх зүйл, архи дарс уух үед цээрлэх зүйл ба эрхэм гайхамшигтай идээ ундааны зүйлүүдийг бичжээ.

    Хоёрдугаар бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Тан, талх, ханд, ширгээмэл, арш сахиусны идээ, ундаа3 дөрвөн улиралд идвэл зохих зүйл, амтны гүйдэл, идээ ундааны засал, эм уухад хэрэглэх зүйл, идээ ундааны ашигтай ба хортой тал зүйл, идээний хордлого, араатны хэвийн бус хувирал зэргийг бичжээ.

    Гуравдугаар бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Амуу будаа, таван тариа, араатан жигүүртэн, загас жараахай, ногоо жимсний амт чанар, чадлыг танилцуулж, нилээд олон зургуудийг дагалдуулан улмаар угсаа сайжруулах ухааны тухай жирэмсэн эмэгтэй юуг идэж, юуг үнэртэх, юуг үзэх, ямар аялгуу сонсох, хаана сууж сэтгэл тааламжтай байвал хүүхэд мэргэн цэцэн, хурц шаламгай, идэр чийрэг төрөхийг зураг тайлбараар илэрхийлсэн монгол үндэстний удам угсаа, яс чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой нандин материал болжээ. Ялангуяа эхний ботид жирэмсэн эмэгтэйн идээ ундааны цээрлэл, ахуй ёсны цээрлэлийг маш тодорхой бичсэн байна.

    Жирэмслэгсдийн зохистой зан үйл

    “Идээ ундааны жинхэнэ товч” зохиолын 27 дугаар хуудсанд жирэмсэн эхчүүдийн оюун санааны хооллолт “Үргэлжид наминчлан нам дуугай ахул гол тамир хорогдохгүй, барагтайхан бодолхийлвээс бадралт лав мэт хэнхдэг цээжнээ гэгээн сэргэлэн, хилэгнэн уурлахгүй болвоос хий тамир амирлангуй талбиун, эгдүүцэн бухимдахгүй болвоос элэг, зүрх тунгалаг сэргэг. Баяр баясгаланг туйлд нь бүү хүргэ, тачаангуй хүслийг дураар бүү тавь ” гэсэн байдаг. Жирэмсэн эмэгтэй сэтгэл тайван, аядуу зөөлөн байвал голын хий хямрахгүй хэвийн байж, өөдрөг бодлыг үе үе бодож байвал зүрхэнд орших түгээмэл гүйгч хий аривдаж, хорогдохгүй тэгш оршин байхыг ийнхүү хэлжээ [2, 3, 4, 6].

    • Жирэмслэгсэд нь хас, таныг (тана, сувд) сонирхвоос зохимуй.
    • Жирэмслэгсэд нь мөрөг загас ба тогос шувууг сонирхвоос зохимуй.
    • Жирэмслэгсэд нь харцага ба жороо тайгыг сонирхвоос зохимуй.

    Энэ мөрүүдэд хүүхдээ оюун ухаан тэгш болгохыг хүсвээс эх нь мөрөг загас буюу тогос шувуу зэргийг бахдан сонирхвоос сайн. Загас урт настай лусын амьтан. Замбуу тивийн 6 чимгийн нэг хутагт Нагаржунайн түвэд нэрийг Лүдэв гэх бөгөөд лү гэдэг нь лус, дүв гэдэг нь бүтээгч гэсэн үг. Хүний оюун ухааны оргил болсон Нагаржунайг лусыг бүтээгч гэж нэрлэсэн нь жирийн хэрэг бус харин лус хэмээх хүний гарт баригдаж, мэдрэгдэхгүй оюунлаг, субъектив зүйлийг бодитой орших загасаар зүйрлэн түүнийг сонирхон харж байвал хүүхэд ухаантай, сэргэлэн, оюун сайтай болж төрнө хэмээн бэлэгдсэн байна. Түүнчлэн орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй шувуу тогосыг харж гоо сайхныг сэтгэлээрээ мэдэрч байвал хэвлий дэх ураг сэтгэл сайтай, гэгээлэг болдог хэмээн үзсэн байна [3, 4].

    Хүүхдээ гоо үзэсгэлэн болж төрөөсэй хэмээн хүсвээс өнгөт тана, гойд хас эрдэнийг сонирох. Тана, хас эрдэнэ (сувд)-ийг нүдээр харан өнгийг нь шүтэн, гараараа барьж хэлбэр дүрсийг нь бишрэн байваас хүүхэд царай зүс сайтай, өнгө төгөлдөр үзэсгэлэнтэй төрдөг ажээ.

    Хүүхдээ идэр эрэмгий баатар болж төрөөсэй хэмээн хүсэгчид жигүүрээ дэлгэж халин нисэгч харцага болон жигд давхих жороо тайгыг сонирхтугай хэмээсэн байна. Ийнхүү идээ ундааны номонд жирэмсэн эхчүүд хоолноос гадна сэтгэл санаа тайван, амгалан сууж эрүүл чийрэг бие бялдартай, сэргэлэн цовоо, үзэсгэлэн төгөлдөр хүүхэдтэй болохыг хүсвэл хас, тана, тогос, загас, харцага, жороог өдөр бүр сонирхон байхыг онцгойлон өгүүлсэн нь ууж иддэг хоолноос ухааны хооллолт эн тэнцүү байдгийн сонгодог жишээ гэж үзэхээр байна [2, 3]. Үүнээс үүдээд жирэмсэн эхчүүдийн оюун санааны хооллолтыг орхигдуулахгүй байх нь чухал юм. Түүнчлэн доктор Г.Лхагвагийн өөрийн бүтээлдээ “Монголчууд оюун санаагаар хооллох ухааныг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр амьдралдаа ягштал хэрэгжүүлсэн явдал юм. Хүний ухамсрыг амтанд (хоолонд) уусгаж алга хийхээс зайлсхийх их ухааныг олж хэрэгжүүлсэн магадгүй цорын ганц ард түмэн байсан “-ыг түүхэн талаас нь баталгаажуулж өгчээ гэж үзэхээр байна [5]. Нөгөө талаар жирэмсэн эхчүүдийн оюун санааны зөв хооллолт гэдэг нь цээрлэл хийж чадсанаар зохистой болж өгч байна гэж үзэх нь зүйтэй.

    Түүнчлэн уг номонд “Эрт урдын богд эрдэмтэд жирэмслэгсдийн хэвлий дэхь хүмүүжлийн тухай дурьдсан бөлгөө. Эрт үед эхнэр хүмүүн жирэмслэвээс хавиргалан хэвтэхүй, хагас явган, мөчид тачид суухгүй, удтал хүчлэн зогсохгүй, гашилж муудсан, үнэр танар орсон эсхүл зөв хэрчиж огтлоогүй махны зүйлийг идэхгүй, ор суудал нь төв бус болвоос суухгүй, гажуу өнгө үзэмжийг харахгүй, садар самуун дуу чимээг сонсохгүй, харин шөнө, үдэш сохор мэргэдээр дуу, шүлэг сэлтийг аялгуулан уншуулдаг авай. Явдал мөр нь зүй зохисыг олсноос хөнгөрсөний хойно хүүхэд нь өнгө зүсээр төв хээнцэр, авъяас билиг нь олноос хэтийдмүй. Тиймийн тулд эртний Тай Рэн овогтны Вэн Ван төрсөнөөсөө эхлээд цэцэн сэргэлэн нэгийг сонсвоос зууг төсөөлөх нь цөм эхийн хэвлийн хүмүүжлээс болсон ажгуу. Эртний богд эрдэмтдийн олонхи нь хэвлийг эрхэмлэх тул эхнэр хэн боловч жирэмслэвээс хүмүүн үхэх, гашуудал бэлэвсрэлийн байдал хийгээд элэнхий биет эрэмдэг зэрэмдэг амьтдыг аанайхан үзэж харахыг дэмий л цээрлэж харин баяр бясгалантай сайн сайхан явдлыг ажиж харахыг эрхэмлэдэг юмсан. Энэ мэтчилэн сайн муугийн нөлөөгөөр хэвлийн хүмүүжилд хамаа бүхий атал нэг ч идээ ундааны талаар анхаарал цээрлэлийг хичээхгүй байж яахин болмуй ” хэмээн тэмдэглэжээ [4, 6, 8].

    Жирэмслэгсдийн идээний цээр

    • Туулайн махыг идвээс хүүхэд нь дуун үгүй, уруул сэтэрхий болмуй.
    • Ямааны махыг идвээс хүүхдийн өвчлөх нь үлэмж.
    • Ямааны мах, модны үр ба нугасны өндгийг идвээс хүүхэд нь тон горуу төрмүй
    • Тахианы өндөг ба хатаасан загас идвээс хүүхэд нь яр шарх үлэмж гарна.
    • Бялзуухайн мах идэж, архи ууваас хүүхдийн сэтгэл санаа садар самуун болж ичгүүр сонжуурыг мэдэхгүйд хүрнэ.
    • Тахианы мах ба тутаргын будаа идвээс хүүхэд хавтгай цагаан хорхойтой болмуй.
    • Бялзуухайн мах болон буурцгийн ээдэмцэрийг идэж ууваас хүүхдийн нүүр царай сэвхтсэн бараан өнгөтэй болмуй.
    • Яст мэлхийн мах идвээс хүүхдийн хүзүү агшиж богино болмуй.
    • Илжигний мах идвээс хөнгөрөх (амаржих) сарыг уртасгана.
    • Мөсөн чихэр идвээс ураг тогтохгүй.
    • Луусны мах идвээс хөнгөрөхүйеэ бэрх болмуй.

    Идээний энэхүү цээрлэл нь 14 дүгээр зуунд өргөн хэрэглэдэг байсан зарим махан хоолны үйлдэл урагт хэрхэн нөлөөлдөгийг практикт ажиглалтаар танин мэдэж жирэмсэлсэн эхчүүд хэрэглэж үл болохыг цээр болгон өгүүлсэнээрээ зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар чухал арга хэмжээ болж байжээ гэж үзэхээр байна. Мэдээж орчин цагт хүүхэд нь сэтэрхий уруултай төрнө гээд туулайн мах хэрэглэхгүй нь лавтай гэхдээ туулайн махыг хэрэглэвэл хүүхэд сэтэрхий уруултай болж магадгүй гэдгийн туулайн уруулын сэтэрхий байдгаар нь жирэмсэн эхчүүдэд анхааруулан цээрлүүлснээрээ жирэмсэн эхчүүдийн хоол, ундны хэрэглээ чухал болохыг харуулж байна.

    Жирэмсэн эхчүүдийн зан үйл түүний дотор багтах хоолны зохистой хэрэглээг зөвхөн уураг, амин дэм, төмөр зэрэг эрдэс бодис ихээр агуулсан хоол ундыг илүү хэрэглэснээр сайн байх юм гэж ойлгож болохгүй юм. Монголчуудын жирэмсэн эхчүүдийн зан үйл, идээ, ундааны талаарх ойлголт нь нилээд гүнзгий өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байжээ. Харамсалтай нь энэ талаар тусгайлан судалж чадаагүй байсаар байна. Үүнд нэг талаас 1990-ээд он хүртэл уламжлалт ёс заншилыг судлах явдал хаалттай байсан, нөгөө талаас жирэмсэн эхчүүдийн хоол, ундны хэрэглээтэй холбоотой судар, ном, сурвалж бичгүүд судалгааны эргэлтэд орж чадаагүйтэй холбоотой юм.

    Хөхүүл эхийн идээ, ундааны цээр. Хүүхэд төрүүлсэн хөхүүл эх нь өвчин хуучгүй идэр насны бөгөөд зан чанар нь энэрэнгүй уужуу талбиу, дөлгөөн дулаан, үг яриа цөөн бол дээр юм. Хүүхэд нь эхийг түшиглэж, түүний идээ, ундааны шимийг хөхний сүүгээр шингээн авч байдаг. Иймээс хүүхдийн сайн, муу өсөж торних нь эхийн сүүний тэжээлтэй нягт холбоотой гэхдээ сүүний шим болбоос эхийн хоол, ундны хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс хүүхдийн өвчлөх эсэх нь мөн хөхүүл эхийн идээ, ундааг цээрлэх ёсонтой хэр зэрэг холбоотойг өгүүлэх юун. Хэрвээ идээ, ундаанд зохисыг үзэж болгоомжлон цээрлэхгүйгээр аль амттай шимттэйг ая таваараа идэж уухад хүрвэл, хүүхдийг өвчлүүлэх нь магад болой. Энэ даруй эх бологч нь хүүхдээ өвчлүүлсэн хэрэг болно [4, 6].

    • Зуны шарам халуунаар битгий хөхүүл. Хөхүүлбээс хүүхэд нь аргын халуун арвидаж бөөлжиж огшмой.
    • Өвлийн хүйтэн жихүүнээр битгий хөхүүл. Хөхүүлбээс хүүхэд нь билгийн хүйтэн аривдаж ханиаж суулгамой.
    • Эх нь уур хилэн төрүүлэхгүйг хичээх хэрэгтэй. Хилэгнэвээс хий агсаж хүүхдийг солиоруулна.
    • Эх нь архинд согтож үл болно. Согтвоос хүүхдэд аргын халуу бадарч, бие халууран хэвлий нь цанхайна.
    • Эх нь бөөлжвөөс савны тамир хоосрох тул хөхүүлбээс хүүхдийн хүч тамирыг сул дорой, эцэнхий болгоно.
    • Хүүхэд хуучирсан халуунтай болж таталдах тахал ба яр шарх гарах өвчинд нэрвэгдвээс, эх нь бадган халуунаар хийг хөдөлгөх идээ ундааг цээрлэх хэрэгтэй.
    • Хүүхэд илд, хамуу, яр шархтай болбол эх нь яр шархыг үүсгэмээр загас, сам хорхой, тахиа, морь зэрэг амьтны махыг цээрлэх хэрэгтэй.
    • Хүүхэд нь дотор бэтгэрэн дүүрч эс шингэсэн архагтай бөгөөд туранхай байваас эх нь түүхий хаш, өргөст хэмх зэргийг цээрлэх хэрэгтэй.
    • Аливаа саяхан төрсөн хүүхэд шар үндсийн ширгээсэн танд мэргэн хэмээх хээрийн гахайн цөсийг өчүүхэн төдий холиод угааваас, хожим хэдийгээр эсэргэнүүд ба муу яр шарх гаравч эгнэгт бага шиг гарна.
    • Аливаа нялх хүүхэд бижрүү эсэргэнэ гараагүй үед, хэрвээ хар даахитай илжигийн сүүг уулгаваас өсвөр насандаа яр шарх эсэргэнэ гарах зэрэг хорт нэрвэгдэхгүй. Хэдийгээр нэрвэгдлээ гэсэн ч хөнгөнөөр өнгөрүүлж болох бөгөөд түүнчлэн бас хүүхдийн зүрхэнд халуун эзэлж, салхиар татвалзах өвчнийг засна.

    Хүсэхүйн 1330 онд бичсэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиол нь монголчуудын хоолны зохистой хэрэглээний талаарх анхны бүрэн хэмжээний бүтээл болохын зэрэгцээ жирэмсэн эхчүүдийн идээ, ундааны цээрээр дамжуулан тэдний зохистой хэрэглээг нарийн тодорхой өгүүлжээ. Түүнчлэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиолын доторхи жирэмсэн эхчүүдийн идээ, ундааны цээр нь зөвхөн хоол унд төдийгүй сэтгэл санааны амар түвшин байдлыг онцгойлон авч үздэг байжээ. Үүнээс үндэслээд жирэмсэн эхчүүд зөвхөн хоолны хэрэглээг зохистой эдлэхээс гадна сэтгэл санааны амар түвшин байдал, гоо үзэмж, эрэмгий зориг, сэргэлэн цовоо байдлыг өөрийн амьдран буй ахуйн эд юмс, амьтдын чанар, үйл хөдлөлөөс танин мэдэж бахдан байх нь урагт онцгой нөлөөтэйг ихэд анхааран эрхэмлэж байвал зохилтой юм.

    Хоол судлалын чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудад орчин цагийн хоол судлал, шим тэжээлийн ухааныг заахаас гадна монголчуудын бие махбодын болон цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, олон зуун жилээр шигшигдэн, шалгарсаар ирсэн уламжлалт идээ, ундаа судлалыг хослуулан судлах, үнэ цэнтэй, онол, практикийн ач холбогдолтой гарын авлагын шинжлэх ухааны мөн чанарыг судлан тогтоох улмаар сургалт, практикт ашиглах боломжийг бий болгох нь зүйтэй юм.

    Ном зүй
    1. Болд Ш., бусад. Монгол туургатны анагаах ухааны алдарт эмч, мааранба, мэргэдийн намтар, бүтээлийн тойм (МЭӨ VII зууны өмнөөс XIX зууны сүүлч хүртэл), УБ, \”Одсар Систем \” ХГ\’, 1999, х. 22-23.
    2. Болд Ш. Өрхийн эмийн сан Таны эмч эрүүл мэндийн дотны зөвлөх. УБ, \”Мөнхийн үсэг \” ХГ, 2006, х.61-64.
    3. Болд Ш. Монголчуудын эрүүл амьдрах ухаан. УБ, \”Admon \” ХГ, 2007, х.64-66
    4. Идээ ундааны жинхэнэ товч. (крилл үсгэнд буулгасан Г.Пагма) Эрдэнэт хот, хэвлүүлсэн он байхгүй, х. 6, 17-20
    5. Лхагваа Г. Мөнхрөхүй ухаан. УБ, 1999, х. 7
    6. Хүсэхүй \”Идээ ундааны жинхэнэ товч \” (Хөхлуу монголчлов) ӨМ, АХХ, 1982, х.31-34
    7. Bold Sh, Ambaga М. History and Fundamentals of Mongolian Traditional Medicine. UB, \”Sod Press \”, 2002, /in English/ p. 23
    8. Bold Sh. Insight into the Secrets of a Mongolian Healthy Lifestyle. Ulaanbaatar, \”Munkhiin useg \” Printing House, 2007, p.32-34
    Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага

    Абстракт

    On page 27 of the «Brief Practical Guide to Healthy Diet», it was said that pregnant mothers must use «mind-food» and should have peace of mind and be soft hearted without hysteria so mental balance will be normal.

    • Pregnant women should have an interest in gems and pearls.
    • Pregnant women should be interested in carp and peacocks.
    • Pregnant women should be interested in hawks and ambling sparrows.

    These lines are saying that if a mother wishes to have a clever minded baby she should have delightful interest in carp and peacocks. Also whether she is seeing the great and beautiful while feeling the beauty in the womb, the child will be well minded and fascinated with the world. If one wishes to have a completely charming baby, jasper must be in the interest of the mother. While seeing pearls and jasper as an object of worship and taking them in their hands and to wonder at their form and shape, the baby will be born with a beautiful face and perfect color. Who wishes to have a strong and brave baby, should be interested in the rising flight of the hawk and the even racing of an ambling sparrow.
    In the book, it was quoted that «ancient holy scientists had mentioned about how to bring up a child while he or she is in the fetus stage. In the early time of a pregnant woman, she should not lie on one side, not sit on a bended foot or the heels, not stand for a long time, eat any piece of meat which is cut the wrong way or eat anything which has an unpleasant smell or has spoiled. She also shouldn’t see unattractive things or bad colors; shouldn’t sit down in uncomfortable seats and shouldn’t listen to dissimulated sounds.
    If pregnant mother eats a hen’s egg and fish jerky, the child will have many wounds and inflammations. If the mother eats the meat of a sparrow and drinks alcoholic beverages, the child will have a dissolute mind and not know any shame. If she eats chicken and rice the child will be born with white ribbon worms. If the mother eats the meat of a sparrow and drinks casein the baby’s face will have dark spots on the skin. If she eats tortoise meat, the neck of the baby will became short, but if she eats the meat of a donkey, the baby’s birth period will be prolonged. If the mother eats ice like sugar-candy, the fetus will not form.
    It is considered that these important measures of precaution for pregnant women should be emphasized about eating meat, how the meat products influence the fetus have been known since ancient times and been proven in practice, and became precautions for pregnant woman through verification.

    Key words: carp and peacocks, hawks and ambling sparrows, «mind-food», gems and pearls, pregnant women
    Pp.11-14, References 8.

    Зохиогчийн оруулсан түлхүүр үгс

    Монголын анагаах ухаан, 2008, 3(145)

    Эх сурвалж: http://www.mongolmed.mn/article/87