Category: media-content

  • Д.Өлзийсайхан- Үе дамжсан Монгол гутал урлаач

    Архангай аймгийн Д.Өлзийсайхан 25 жилиийн 1,000 гаруй Монгол гутал урласан бүсгүй.

    32 угалзтай Монгол гутал урладаг.

    Холбоо барих: Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв
    99038896

    Нэмэлт мэдээлэл: Монгол гос монгол гутлын урлан: 
    https://www.facebook.com/mongolgutalgos/

  • Гүррагчаагийн ЛХАГВАА- Хүнс судлал

    Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын зөвлөх инженер
    Монголын Инженерийн ухааны үндэсний академи, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн.

    Архангай аймгийн Цахир сумын нутаг Хойд Тэрхийн Дээд Сэрвэнд төрсөн. 1955-1965 онд Архангай аймгийн Цахир, Тариат сумын бага, дунд сургууль, 1970 онд Украин улсын Одесса хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургууль төгссөн. 1980 онд Герман улсын Дрезден хотын Техникийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D.), 1998 онд Монгол улсын Техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор (D. Sc.)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор цол хүртсэн.

    Хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, яам зэрэг газарт инженер, мөн дипломат алба хашиж, 1990-1992 онд Монгол улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-2002 онд “Хүнсний үйлдвэр” компаний ерөнхий захирал, 2002 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажилласан.

    “Хүн ам, хүнс тэжээл”, “Хүнс тэжээл”,  “Мөнхрөхүй ухаан”, “Хүн төрөлхтний энергийн хууль”, “Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал”, “Билгүүн ухааны толь”, “Карма. Учир шалтгаан, үйл үрийн ном 1-4 боть” зэрэг шинжлэх ухааны ном, “Хайрын ханасан уусмал”, “Хөтөлгөө морьтой эцэг”, “Газрын амьсгал”, “Цэцэг тоссон бүсгүй”, “Мөнхийн цагаан уул” зэрэг яруу найргийн  ном, “Эх үрсийн дуулал”, “Дүүриймаа” зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлж, 100 орчим эрдэм судлалын хийгээд асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлсэн.

     “Хүнсний шингэн уургийг биотехнологийн аргаар холбож хатуу биед шилжүүлэх биотехнологийн арга”-ыг  олж  Герман улсын патент,  “Монголын уламжлалт хоолзүйн судалгаа хүн төрөлхтний эдүгээ ба ирээдүйд холбогдох нь” /1997/ бүтээлээр  Монгол улсын зохиогчийн гэрчилгээ, “Эсийн түвшинд хүрч үйлчлэх эрчим зохицуулалтын арга” /2000/, “Хүний эмчилгээний загварчлал” /2003/, мөн хамтын бүтээл болох “Чихрийн шижин өвчний эмчилгээний үеийн хооллолт” бүтээлүүдээр  Монгол улсын патентийн эрх эзэмшдэг.

    Хүн, хүний хөгжлийн онолын шинэ баримтлал, Хүний ангилалзүй, Хүний ерөнхий онол, Махбодийн энергийн хуулиуд болон Хүний хийгээд нийгмийн хөгжлийн тодорхойлолтуудыг томъёолж, Хүний өөрийгөө эмчлэх хийгээд бие даан хөгжүүлэх эмчилгээ – хөгжлийн шинэ технологи, Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл, Бие махбодийн дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол, Хүнсний зохицуулагч үйлчлэлийн онол зэрэг шинжлэх ухааны нээлтүүд хийсэн.

    “Хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал” бүтээл нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2010 оны шагнал хүртсэн.

    Шинжлэх ухааны доктор (D.Sc.) 1, доктор (Ph.D.) 5, магистрын 12  судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан.

    Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй илтгэл хэлэлцүүлсэн.  

    Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдсан. Хүнсний аж үйлдвэрийн болон Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. Монгол улсын зөвлөх инженер.

    Хүн, хүний хөгжлийн шинэ онол, бие махбодийн энергийн шинж чанарын зүй тогтол, хоолзүйн онолын шинэчлэлийн үндэс, анагаах ухааны салбарт эмчилгээний технологийн шинэ чиглэлүүдийг бий болгосны учир  Англи улсын Кембрижийн Намтар судлалын олон улсын төвөөс “20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” медалиар шагнаж,  ”20 дугаар зууны 2000 шилдэг сэхээтэн” ном, мөн АНУ-ын Намтар судлалын институтээс  “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд намтар нь хэвлэгдсэн.

    http://lkhagvaa.mn/

  • Бямбаагийн БУДЖАРГАЛ- Олон өдрийн хэт холын гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга

    Өмнөговь аймагт төрсөн. Олон өдрийн хэт холын гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга. ОУХМ.

    Монгол хүний тэсвэр тэвцээрийг дэлхийд тунхаглаж, олон өдрийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдэх зорилготой. Хэт холын олон өдрийн гүйлтийн тэмцээнүүд нь тасралтгүй гүйх дүрэмтэй бөгөөд өдөрт 100-180 км-ийг гүйж байж энэхүү амжилтуудыг үзүүлдэг байна. ОУХМ Б.Буджаргал одоо дэлхийн хамгийн холын зайн гүйлт болох 3100miles буюу 5000км -н тэмцээнд оролцож 40 хоногт замаа дуусгаж Дэлхийн рекорд тогтоох зорилготой бэлтгэлдээ оржээ.

    Тэрээр одоогоор бэлтгэл хангах, эмч, дасгалжуулалтын тогтмол баггүйгээр өөрийн болон найз нөхдийн дэмжлэгээр хувиараа бэлтгэлээ хийж энэ амжилтанд хүрээд байгаа нь Монгол хүний тэсвэр тэвчээр, ур чадварын өндөр илэрхийлэл болоод байна.

    2019 оны 11 сар Хятад улсын Шямин хотноо болсон Олон өдрийн гүйлтийн дэлхийн аварга. 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд 834 км гүйсэн
    2019 1 сар АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн зургаан өдрийн марафонд  787 км гүйж түрүүлсэн.
    2014 онд АНУ-ын Нью-Йорк хотод болсон Хэт холын зайн олон өдрийн гүйлтийн Аварга (6 хоногийн өдөр, шөнийн гүйлт)

    https://www.facebook.com/budjargal.byambaa

    Ярилцлага унших

  • Энхболдын БАТДОРЖ- Бодибилдингийн мэргэжлийн тамирчин, Mienus pizik мэргэжлийн аварга

    Монголын бодибилдингийн анхны мэргэжлийн тамирчин, ОУХМ, Mienus pizik төрлийн МЭРГЭЖЛИЙН АВАРГА

    2019 онд Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны шилдэг залуу тамирчин, “IFBB PRO CARD-ын эзэн Э.Батдорж нь БНХАУ-ын zunguha мужид зохион байгуулагдсан Мэргэжлийн бодибилдингийн тамирчдын тэмцээнээс анх удаа АВАРГА болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн.

    Монголоос анх удаагаа аварга болж, алтан медалийн эзэн болсон тэрбээр 2018 онд тус тэмцээнээс “Мөнгөн медаль”-ийг авч байсан бол энэ жил ийнхүү амжилтаа ахиулж мэргэжлийн аварга болсон нь олон түмний бахдалыг төрүүлэв.
    ОУХМ Энхболдын Батдорж нь Монголын хамгийн анхны бодибилдингийн мэргэжлийн тамирчин бөгөөд түүний амжилтын буухиа өсвөр наснаас нь эхэлжээ. Тэрбээр 2018, 2019 онуудад “Улсын аварга”-ын тэмцээнд түрүүлж байсан бөгөөд 2019 оны Үнэмлэхүй аварга болсон юм. Мөн 2018 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR-ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнээс Men’s Physique ангилалд түрүүлж, албан ёсны IFBB Pro league холбооны албан ёсны мэргэжлийн тамирчны үнэмлэхээ гардан авч байсан билээ. Түүнчлэн 2018, 2019 оны Бодибилдингийн шилдэг тамирчнаар тодорч байв.
    Ийнхүү мэргэжлийн бодибилдингийн аваргуудтай өрсөлдөж 30 жил хөгжиж яваа Монголын бодибилдингийн түүхийн хуудаснаа анх удаагаа mienus pizik төрөлд МЭРГЭЖЛИЙН АВАРГА болсон амжилтыг тодоос тод тамгаллаа.

  • Ширчингийн Баранчулуун- Монгол Улсын усны зөвлөх инженер

    Монгол Улсын усны зөвлөх инженер, Монголын усжуулагчдын холбооны УЗ-ын гишүүн, Доктор, профессор Ш.Баранчулуун

    Польш Улсын Прагийн техникийн их сургуульд усны барилга, гидергеологийн инженер мэргэжлээр дүүргэсэн. Үзбекстаны хөдөө аж ахуйн их сургууль аспирантураар дүүргэсэн.

    Одоогийн аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд усжуулалтын инженерээр ажиллаж байсан. Дарханы ХААИС-ын захиралаар 5 жил ажилласан.

    Хөдөө аж ахуйн яамны усалгаат газар тариалангийн секторт 2007- 2014 онд ажиллаж байгаад тэндээсээ тэтгэвэрт суусан. Одоогоор усны салбарын төслүүд дээр зөвлөхөөр ажиллаж байна.

    “Царгасны усалгааны горим норм, ус хэрэглээ” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

    Манай улсын эдийн засгийн өсөлттэй үеүд нь Усны аж ахуйн яамтай юм уу, эсвэл усны агентлагтай байх үетэй яв цав давхацдаг. Энэ бол тохиолдлын бус зүйл юм. Учир нь, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь усны салбар байдаг юм шүү. Шинээр байгуулагдах гэж байгаа агентлагийг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгавал нэн оновчтой болно. Учир нь, өнөөдөр усны асуудлыг 11 яам, 26 төрийн байгууллагад хуваан, тарамдсан байдаг. Нэгдсэн удирдлагаар хангахын тулд Ерөнхий сайдын түвшинд ажиллах ёстой. Мөн Усны тухай хуульд усны үүсгэмэл нөөц гэсэн нэр томьёог оруулах ёстой. Хүний хүчээр бий болгох усны нөөцийг зохицуулах шаардлагатай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, усны үүсгэмэл нөөц бий болгох хөшүүргийг хуульд оруулах шаардлагатай.

    Холбоо барих: Nomch_BR@yahoo.com

  • Батсайханы ТЭГШБАЯР- Дугуйн спортын мастер, дэлхийн аварга

    Монгол Улсын Дугуйн спортын анхны дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяр. Тэрээр 2016 онд 18 насандаа дэлхийн аварга болсон.
    Сүхбаатар аймгийн Шилийн богд уулын энгэрт төрж өссөн.

    Олимпын оноо цуглуулах тэмцээнүүд дуусч байгаа. Манай улс ранкаараа эхний 55-д бичигдэж байгаа. Эхний 50-д бичигдвэл нэг эрх олгодог. Тэгэхээр 2020 оны олимпод орох магадлал багасч байна.  Гэхдээ 2024 оны олимпод оролцох боломж бидэнд бий. Тиймээс том зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрөөс хичээж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэрээр налуу тойрог замын дугуйн уралдаанаар мэргэшиж байгаа. Налуу замын уралдаанд дандаа улсынхаа нэр дээр тэмцээнд оролцдог. Мөн шулуун замын төрлөөр Украины багтай гэрээ хийж, лигеонероор тоглож байна.

    https://www.facebook.com/monster.tegshe

    Ярилцлага унших

  • Дэмчигийн Бараадууз- Говийг ойжуулагч баатар

    Ойн нэрт зүтгэлтэн, Байгаль орчны гавъяат ажилтан.

    Өмнөговь аймгийн Булган сумын 9га газрыг ойжуулж говьд Хангайг бий болгож ГОВИЙГ НОГООРУУЛСАН БААТАР. Монголын говь бол цөл биш бөгөөд ҮРЖИЛ ШИМТ БАЯНБҮРД гэдгийг үйл хэргээрээ баталж чадлаа. МОНГОЛЫН ГОВЬД Олон төрлийн мод, бут, ховор эмийн ургамалыг тариалж ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОРГАНИК ХҮНСний бүс нутаг болгох боломжтой.

    Өмнөговь аймгийн Ханхонгор сумын иргэн Д.Бараадууз 1992 оноос “Ойн хишиг” төв нэртэйгээр мод үржүүлгийн газраа байгуулжээ. Өдгөө “Ойн хишиг” төв 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Улаанбаатар хот болон зүүн аймгуудад мод, суулгац бэлтгэн нийлүүлдэг төдийгүй Дундговь, Дорноговь аймгийн бүх сумдад мод тарьжээ. Ойн хишиг төвийн нийт тарьсан мод одоо 200 мянган ширхэгийг хол давжээ. Д.Бараадууз гуайн мод үржүүлгийн газар говийн мод сөөг болох хайлаас,улиас, бургас, сухай гэсэн 4 төрлийн модыг даганан тарьж ургуулдаг гэнэ.Унд ус хомсхон говь газар тэр их хэмжээний модыг арчлахад төдий хэмжээний усны эх үүсвэр шаардагдана. Говь нутагт хүндрэлтэй дээрх асуудлыг тэдний мод үржүүлгийн газар булгийн адаг бараадан байрлаж, ойролцоо нь гүний худаг өрөмдөж гаргаснаар шийджээ. Д.Бараадууз гуай 1992 оноос хойш тэтгэвэрийнхээ хөрөнгөөр мод үржүүлгийн газраа тордож иржээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд байгаль экологийн үйлсэд зарцуулсан түүний хөрөнгө оруулалт 60-70 сая төгрөгийг өлхөн давжээ.Түүнд “Говь гарден” ХХК-ны хамт олон худаг гаргаж өгөх, хашаа барих зэргээр туслалцаа үзүүлдэг гэх. Тэрбээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Багабулаг гэх газар орны 8 га газрыг бойжуулж, үзсэн хүн хангай гэж андуурахаар болтол ургамалжуулжээ. Д.Бараадууз гуайн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж 2012 онд Байгаль орчны гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнажээ. “Ойн хишиг” төв энэ онд шинээр 8 га газар хашаалж худаг гарган 10 мянган мод тарихаар ажиллаж байна. 

    Өмнөговь аймгийн төв орчмын 400 га газарт Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтээр хоорондоо 5 км зайтай 4 зурвас ой байгуулжээ. Ногоон хэрэм, зурвас ойг байгуулснаар хаврын улиралд говийн нутгуудад дэгддэг шороон шуургаас аймгийн төвийг халхалдаг болжээ. Тэр байтугай Д.Бараадууз гавъяатын хэлж буйгаар, “Сүүлийн арваад жил Өмнөговийн нутагт ган гачиг тасраагүй. Гантай жилийн өвөл зуд болдог нь ном. Тэгтэл энэ зурвас ойг бойжуулснаар ойн тойргийн хүрээлэл дунд оршиж буй аймгийн төвийн орчим хур бороо тасрахаа байсан. Үүний гаргалгаа нь хайлаас модыг бөөнд нь тарьчихаар эргэн тойрондоо сэрүүн орчинг бий болгодог. Тэгэхээр дээгүүр яваа үүлэнд конденсац үүсгэж үүлэнд хуралдаж буй шингэнийг задалж хур болгодог байгаа юм. Шигүү тарьсан хайлаасан ойн систем үүлний чигийг татаж бороо хур оруулдаг шинжлэх ухааны үндэстэй, прагтик дээр батлагдсан технологи. Говь нутгийг цөлжилтөөс хамгаалах боломж байна. Хэрэв хамгаалах хүсэл байвал энэ мэт зурвас ойг олноор бойжуулахаас өөр замгүй. Сумдууд төсөвтөө үүнийг тусгаж, суулгаж ажил хэрэг болгох шаардлагатай байгаа юм. Аймгийн цаг уур орчны шинжилгээний газрын судалгааг харвал зурвас ой байгуулсан сумдад бороо хур элбэгтэй, ой тариагүй сумд гандуу зусдаг нь илэрхий харагддаг” хэмээв.

    Ярилцлага унших
    Видео үзэх

  • Хумжаагийн Балжинням- Алим нутагшуулагч, алимны аж ахуй эрхлэгч

    Алим нутагшуулагч, алимны аж ахуй эрхлэгч, “Алим” төслийг санаачилагч. Ховд аймаг, Булгам сумын “Жимсчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд Монгол орон даяар алим жимс тариалах, дэлгэрүүлэх, цаашдаа Монгол орныг алим жимсээр хангах холын зорилготой ажиллаж байна.

    1960 онд төрсөн. Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй. 2011 оноос алим жимс тариалах ажилд эргэлт буцалтгүй орсон. 8 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. 2016 онд “Булган голын алим” ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. Тус компани нь алимны төрлийн мод үржүүлэг, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн дэмжлэг олж чадаагүй бор зүрхээрээ явж байгаа учир үржүүлсэн модныхоо нэг хэсгийг худалдаалж, нэг хэсгийг тариалж, үйлдвэрлэлээ өргөтгөх бодлого барьж ажиллаж байна.
    Миний аав Булган сумын анхны ногоочдын нэг. Хүүхэд нас маань аавын ногооны талбай дээр өнгөрсөн болохоор бүр багаасаа л газартай харьцаж ирсэн нь энэ салбар руу ороход түлхэц болсон. Нөгөө талаар Увс аймгийн “Чацаргана хөтөлбөр”-тэй 2010 онд очиж танилцсан нь орон нутгийн онцлог, давуу талыг ашиглан хөгжиж болохыг харж мэдэрч авсан. Ингээд өөрийн сумын давуу байдлыг ашиглан алим тариалж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож болох юм байна гэсэн үүднээс “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан УИХ, Засгийн газар, аймаг орон нутгаар  хөөцөлдөн ажиллаж байна. Өөрөө ч алим жимсний эдийн засгийн үр өгөөжийг тооцож үзсэнээр  төрийн ажлаа орхин, алим тариалах, үржүүлэх, шинээр сорт гаргах, БНХАУ-ын шилдэг сортын алим нутагшуулах чиглэлээр дагнан ажиллаж байна.

    Утас: 99430327. 94140327
    АЛИМ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА http://creativemongolia.com/mongoldoo-alim-tarialya/

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/baljinnyam.khumjaa
    https://www.facebook.com/%D0%91%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BD-%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BC-%D0%A5%D0%A5%D0%9A-1990572267924765/

  • Хавтгайн Намсрай- Онолын физикийн салбарт дэлхийд шинэ нээлт хийсэн эрдэмтэн

    Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн. Харин тулгар төр байгуулагдсаны 2223 жил, их эзэн Чингэс хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Хавтгайн Намсрайг Чингэс хааны одонгоор шагнасан.

    Академич Х.Намсрай шинжлэх ухааны салбараас Чингэс хааны одон авч байгаа анхны эрдэмтэн. Физикийн шинжлэх ухаантай хагас зуунаар холбогдсон тэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх. Малчин аав ээжийн хүү өдгөө хорьдугаар зууны гарамгай эрдэмтэн болжээ.

    Тэрээр 1968 онд Москвагийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш эрдэм шинжилгээний ажилд шамдан амьдралынхаа ихэнх цагийг судалгааны ажилд зориулжээ. Тэрээр ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан эрдэмтэн хүн. Эгэл бөөмс тодорхой – гэсэн уртаар илэрхийлэгддэг бүтэцтэй гэж үзсэнээр бичил буюу микро ертөнцийг зураглан бичдэг квант механик, квант орны онолд математик тооцооны хувьд тохиолддог хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг нээсэн байна. Их эрдэмтэн Х.Намсрай энэхүү бүтээлээрээ орчин үеийн физикийн шинжлэх ухааны тэргүүний салбар болох бодисын бүтцийн квант орны онолоор физикийн цоо шинэ чиглэл гаргасан төдийгүй цэгэн бус үйлчлэлтэй эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийн онолыг боловсруулж, байгалийн гайхамшигтай физик тогтмолуудын нэг болох эгэл уртын тухай ухагдахууны бөөмийн хөдөлгөөнийг бичихэд хувь нэмрээ оруулжээ. Түүний бүтээл дэлхийн олон орны ном, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний ажлын гол үнэлгээ болсон ишлэлийн 6 гэсэн өндөр рейтинг авч байсан байна. Онолын физикийн салбарт “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт”, “Намсрайн арга, схем”, “Намсрайн хязгаарлалт” гэсэн нэр томъёо гарсан нь түүний бүтээлийг дэлхийн мэргэжил нэгт эрдэмтэд, судлаачид хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.

    Тэрээр хөгжиж буй орны Дэлхийн Академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Англи улсын Кэмбридж хот дахь Шинжлэх ухааны мэдээллийн олон улсын институтийн шалгаруулалтаар XX зууны гарамгай эрдэмтнээр тодорсон. Мөн онолын бүтээлүүдийг туурвихын зэрэгцээгээр эх орныхоо боловсрол мэдлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж нийт 21 ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлж олны хүртээл болгожээ.

    Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна. Түүний эрдэм шинжилгээ, судалгаа, танин мэдэхүйн 120 гаруй бүтээл нь дэлхийн олон улсад хэвлэгджээ. Х.Намсрай судалгаа, шинжилгээний бүтээл хийхийн сацуу шавь нараа бэлтгэн залуу эрдэмтдийг сургаж буй эгэлгүй багш хүн. Тэрээр ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжлэх ухааны нэгдсэн институт, АНУ-ын Сиракусын их сургууль, Английн Лондоны их сургууль, Швейцарь улсын Женев хот дахь Европын цөмийн шинжилгээний лаборатори, Герман улсын Хайдельберг,Гамбургийн их сургууль, Италийн Триест хот дахь Олон улсын онолын физикийн төв зэрэг газруудад ажиллаж байжээ.

    Х.Намсрайн гэргийг Ж.Цэрэндулам гэдэг. МУИС-ийг төгссөн. Эднийх хоёр охинтой. Том охин Нямцэрэн нь аавынхаа мэргэжлийн өвлөсөн эрдэмтэн. Москвагийн их сургуулийн физикийн ангийг мөн төгссөн. Бага охин Цэдэвсүрэн МУИС-ийг төгссөн, хэлний мэргэжилтэн. Эрдэмтэн аавын хоёр охин өдгөө Итали улсад ажиллаж амьдарч буй ажээ.

    Ярилцлага унших

  • Ц.Лувсандорж: Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана

    Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

    “Багшийн цалин нэмүүлэх түр хороо” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа “Монголын багш нар 2017 оны наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн цалингаа нэмүүлэхээр өнөөдрийг хүртэл төр засагт дуу хоолойгоо хүргэж, тэмцэж ирлээ. Бид ололт, амжилт, алдаа, оноотой нэг жилийг ардаа үдэж байна.

    Бид энэ хугацаанд “Монголын багш нарын нэгдэл ТББ”, Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулж, Багшийн цалин нэмүүлэх түр хороогоо албан ёсны ТББ болгон үйл ажиллагаагаа явуулж байна. 

    Анх “Урвахгүй, шарвахгүй. Ухрахгүй, шантрахгүй” уриатай эхэлж байсан. Бид өнөөдөр л тэр хэвээрээ байгаа гэдгийг онцлон хэлмээр байна” гэв.

    “МҮЭХ ХӨДӨЛМӨРЧИН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ТУУШТАЙ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА”

     Гэрэл зургийг mpa.mn

    Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Багш нарын цалин нэмүүлэх хөдөлгөөн үүссэний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. 

    Боловсролын салбарыг улс орны тэргүүлэх салбар гэж үздэг. Тийм учраас энэ салбарт ажиллаж буй багш, ажилчдын цалин нь олон улсын хэмжээнд хүрсэн, амьдралд хүрэлцэхүйц хэмжээтэй байх ёстой гэсэн байр суурьтайгаар бид тэмцлээ өрнүүлж ирсэн.

    Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо одоогоор албан ёсны 1,500 гаруй гишүүнтэй, нэгдэхээ илэрхийлж буй 10,000 гаруй хүн байна. Манай байгууллага нь цалин нэмүүлэх хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажилладаг. 

    МҮЭХ сүүлийн 28 жилийн турш хөдөлмөрчин иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж чадахгүй байгаа юм. Тиймээс бид багш нарын ҮЭХ-г шинээр тусад нь байгуулсан. Энэ байгууллага нь Монголд бий болсон гурав дахь чөлөөт Үйлдвэрчний эвлэл юм” гэлээ.

    “МОНГОЛД ХҮН АЖИЛЛАЖ ЯДУУРЧ, ЯДУУРЧ АЖИЛЛААД БАЙНА”

     Гэрэл зургийг mpa.mn

    Монголын багш нарын нэгдэл ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж “Яг нэг жилийн өмнө Монголын багш нар аймаг, хотынхоо том талбайг дүүргэсэн. Ингэж дүүргэсэн гол шалтгаан нь багшийн нэг цагийн ажлын хөлс бага байгаатай холбоотой. 

    Монголд хүн ажиллаж ядуурч, ядуурч ажиллаад байна. Үүний нэг тод жишээ нь багш нар. Одоо багш нар дахин талбайг дүүргэе гэсэн санал гаргаад байгаа. Оролцоо сайн бол бүх зүйл амжилтад хүрч чадна гэдгийг багш нар харуулсан. 

    Монголын төр бол ард түмний хамгийн том, чухал өмч юм. Энэ өмчийг өнөөдөр Монголчууд хэрэглэж сурч байна. Тухайлбал, багш нар оролцооныхоо хүчээр Монголын төрд шаардлага тавьж хэрэгжүүлдэг замд суралцан нэг жил боллоо. 

    Цаашид бид дахин оролцооны хүчээр дараах зүйлсийг хийнэ. 

    1. Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана. Үүний тулд багшийг их хуралд суухыг хориглосон заалтуудыг халахын төлөө бид ажиллана.
    2. Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө оролцоогоороо ажиллана. 
    “БИД ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ХУВЬСГАЛЫГ ХИЙХ ЁСТОЙ”

     Гэрэл зургийг mpa.mn

    Улсаа аврах үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар “Өнөөдөр Монгол Улс МАНАН-гийн бүлэглэлийн хувийн компани болсон гэдэг нь тодорхой харагдаж байна. 

    Ер нь Монгол улсын багш нар төдийгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дийлэнх нь боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Учир нь дундаж цалин дөнгөж 350-450 мянган төгрөгийн хооронд байна. Энэ бол ердөө долоо хоногийн хоол хүнсний мөнгө. 

    Өнөөдөр энэ төр засагт байгаа 76 гишүүний зарим нь сайн хүн байж болох ч, дийлэнх нь улстөрийн гэмт хэрэгтнүүд. Тэд улс үндэстнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, Оюутолгойгоос болоод 9 жилийн хугацаанд 50 их наяд төгрөгийн өрөнд орчихоод байна. 

    Түүнчлэн, МҮЭХ гэсэн 100 жилийн түүхтэй байгууллага бол ялзарсан, авлигажсан. Үе үеийн засгийн газраас мөнгө авч Монголын хөдөлмөрчдийн цалинг нэмэгдүүлэх ажлыг хааж, боомилдог. Тиймээс энэхүү МҮЭХ татан буугдах хэрэгтэй. 

    Багшийн цалинг нэмүүлэх энэхүү тэмцэл бол Монгол Улсын бүхий л салбарын цалинг нэмэгдүүлэх томоохон хөдөлгөөн болж байгаа юм. Өнөөдөр бид цалингаа нэмүүлэх хувьсгалыг хийх ёстой. Монголчуудыг хувьсгал, тэмцэлд нэгдэхийг уриалж байна” гэв.

    Эх сурвалж:   https://ikon.mn/