Category: media-content

  • Н.Энэбиш: Монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч төв болох боломжтой

    Өнөөдөр Улаанбаатар хотод Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг танилцуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Элизабет Барсак, Дэлхийн Салхины эрчим хүчний зөвлөл (GWEC)-ийн Хятад дахь салбар хариуцсан захирал Лимин Чиао, ЭХЯ-ны Стратеги, Бодлого Төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддорж тэргүүтэй гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Тус форумын илтгэгчдийн нэг, 2017 онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн сэргээгдэх эрчим хүчний нэгэн томоохон төсөл Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагч доктор Н.Энэбишээс дараах зүйлийг тодруулав.   


    Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллаж, станцаа амжилттай ашиглалтад оруулсанд баяр хүргэе. Цахилгаан станцын үйл ажиллагаа хэр явж байна вэ? Төвийн эрчим хүчний системд ямар хэмжээний хувь нэмэр оруулж байна?  

    -Төсөл хэрэгжиж дууссан. Манай улсын нийт хэрэглээ ойролцоогоор 1ГВ. Үүний бараг 90 хувь нь төвийн эрчим хүчний системээр хангагдаж байгаа. Тэгэхээр 800-900 МВ гэсэн үг. Ийм их хэрэглээний хажууд Дарханы нарны цахилгаан станцын гаргаж буй эрчим хүч нь 10МВ буюу маш бага хувийг үйлдвэрлэж байгаа. 

    -Сэргээгдэх эрчим хүчний гурван гол эх үүсвэр болох нар, салхи, усны эрчим хүчний үйлдвэрлэлийн аль нь Монголд хамгийн ирээдүйтэй, хурдацтай хөгжих боломжтой вэ? 

    -Гурвуулаа. Бид зөв болоод амбицтай бодлого явуулах ёстой. Монгол улс газрын дорх ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тавд жагсах боломжтой бол сэргээгдэх эрчим хүч ашиглах таатай нөхцлөөрөө дэлхийд шууд нэгдүгээрт бичигдэх боломжтой. Сахарын юмуу Аризонагийн гэх мэт бусад цөлүүдээс манай Монголын Говь хавьгүй илүү судлагдсан гэдгээрээ давуу талтай. Бид олон улсын эрдэмтдийн багтай хамтраад 1999 оноос хойш судалгаа хийж Монгол Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад зохистой юу, ямар аргаар ашиглаж болох вэ гэдгийг судлаад техникийн шийдлүүдээ ч гаргасан. Говийн бүсэд л гэхэд Монголын одоогийн хэрэглээнээс 10-100 дахин өндөр эрчим хүч үйлдвэрлэж чадах мега станцууд барьж байгуулах боломжтой нь судалгаагаар нотлогдсон. Түүнийг байгуулахад Монголд алдах зүйл байхгүй. Учир нь эдгээр цахилгаан станцууд нь хааш хаашаа ердөө 5-10 км талбай эзлэх юм. Тэр талбайг ухаж уул уурхай явуулах биш, зүгээр л тэнд тусч буй нарны туяа, түүгээр өнгөрч байгаа салхины эрчмийг л ашиглах болохоор манай Говийн зэлүүд газарт ямар ч хөнөөл учрахгүй. Энийг дагаад монголд өндөр технологи орж ирэх, тухайн илүүдэл эрчим хүчийг экспортлох боломж бүрдэнэ. Тухайн эрчим хүчийг экспортлоод олох татварын орлого л гэхэд Монгол Улсыг баян чинээлэг орны зиндаанд хүргэхэд хангалттай хүрэлцэх юм. 

    -Ийм том хэмжээний станцыг байгуулахын тулд мэдээж уснаас авахуулаад олон нөөц баялгийг ашиглах хэрэгтэй болох байх? 

    -Нүүрс түлдэг дулааны цахилгаан станцууд шиг тийм олон сая шоо метр ус ашиглахгүй. Усны хувьд тухайн цахилгаан станцуудыг үйл ажиллагаагаар хангах ажилчдын ахуйн хэрэглээний ус, багаж төхөөрөмжөө жилд нэг хоёр удаа угааж цэвэрлэх ус байхад л хангалттай. Салхины станцад ус хэрэггүй шүү дээ. Түүгээр үл барам Монгол Улсад гадаргын усныхаа нөөцийг үр ашигтай ашиглах асар том боломж бий. Хэдэн зуун мянган жилийн туршид хуримтлагдаж байгаа “алтнаас үнэтэй” гүний усаа дулааны цахилгаан станцын хөргөлтийн системд ашиглаад хэдхэн жилийн дотор ууршуулж байна гэхээр харамсалтай байгаа биз? Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд маш цэвэр, маш үнэтэй газрын дорх усаа хайрлан гамнаж, гадаргын усаа ашиглан хөгжиж байна. Гадаргын ус, газрын доорх усны ашиглалт ихэнх өндөр хөгжилтэй орнуудад 90:10 гэсэн харьцаатай байдаг бол манайд бараг эсрэгээрээ байна. 

    -Та усан цахилгаан станцын асуудлыг дэмжиж байгаа юу? 

    УЦС бол усны урсгалын хүчийг л ашигладаг. Зөв стандарт, технологиор барих нь чухал. 

    -Орхон-Говь төслийн тухайд? 

    -Говийн бүс нутгийг ногоон бүс болгох, Говийн усан хангамжийг сайжруулах тал дээр маш өндөр ач холбогдолтой зөв төсөл гэж боддог. Тийм технологитой төслүүд дэлхийд маш их бий. Улсын газар нутгаар урсан өнгөрч байгаа гадаргын усыг ашиглах их олон хувилбарууд байдгийн нэг оновчтой хувилбар нь Орхон-Говь төсөл. Тийм учраас үүнийг би Монгол улс усны хангамжаа гадаргын усаараа шийдэх гэсэн шилдэг төсөл гэж үздэг. Орхон-Говь төслийг хэрэгжүүлэхгүй бол Говьд байгаа том уурхайн төслүүд болох Оюу Толгой, Цагаансуварга газрын гүний уснаас л ашиглана. Гүний ус бол миний дээр хэлсэнчлэн “зэс, алтнаас ч үнэтэй”. Бага үнэтэй зүйлийг их үнээр хийнэ гэдэг учир дутагдалтай. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар Монгол Улсад алдах зүйл огтхон ч байхгүй. Үүнд шаардагдах газар нутгийн хэмжээ нь Монголын нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад өчүүхэн буюу 0,1 хувьд нь хүрэхгүй хэрнээ улсын ДНБ-ийг одоо байгаагаас нь хэдэн арав дахин нэмэгдүүлэхэд тустай. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний баялаг нь хөндөгдөөгүй байгаа алтны уурхай л гэсэн үг. 

    -Энэ хэмжээний мега төслүүдийг хөдөлгөх боловсон хүчний нөөц Монголд байгаа юу?  

    -Боловсон хүчний нөөц тодорхой хэмжээнд бий.Үүнийг төрийн бодлогоор ч анхаарч байна. Жишээлбэл Япон улсын Засгийн газартай хийсэн “1000 Инженер” хөтөлбөрийн хэлэлцээр байна. Энэ хөтөлбөрөөр сэргээгдэх эрчим хүч болон электроникийн чиглэлээр инженер бэлдэхийг түлхүү анхаарч байна. ШУТИС-д сэргээгдэх эрчим хүчний анги нээж, жил бүр 20-30 оюутан төгсч байна. Би өөрөө МУИС-д багшилдаг. Манай сургуулиас гэхэд 10 оюутан магистр, докторын зэрэг хамгаалахаар Япон улсад сурч байна. Нэмж хэлэхэд, нар салхины цахилгаан станцыг ажиллуулахад маш цөөн тооны маш өндөр мэдлэгтэй инженерүүд хэрэгтэй. Сая ашиглалтанд оруулсан 10 МВ чадалтай Дарханы нарны цахилгаан станцыг 2-хон инженер ажиллуулж байна. Ингээд 3 харуул хамгаалалтын ажилтан, 3 диспетчер, захирал, жолоочтойгоо нийлээд нийт 11 хүн ажиллуулж байхад яг ижил хүчин чадалтай Дулааны хоёрдугаар цахилгаан станцад 300-400 хүн ажиллаж байна.  

    -Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлогч орон болж болох уу? 

    -Экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулна гэж зорилго тавиад, яриад байгаагийн хамгийн тод биелэл нь энэ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байх боломжтой. Ялангуяа нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх нь манай улсын хөгжлийн гарц мөн. Уул уурхайг одоохондоо эдийн засаг, санхүүгийнхээ эх үүсвэр болгон ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ алс хэтдээ Монгол Улс энэ бүс нутгийнхаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн том тулгуур төв болох боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохын тулд Засгийн Газраас хоёр хөрштэйгөө болоод Зүүн хойд азийн бүсийн улс орнуудтай өндөр түвшинд гэрээ хэлэлцээрийг тууштай хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Ярилцсанд баярлалаа. 

    Б.Амарсайхан
    Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Cheese Republic Mongolia- Цэвэр агаар, цэнгэг усны Монгол бяслаг

    Монгол орны аймаг, орон нутгийн онцлогоос урган төрүүлж буй бяслаг.

    Cheese Republic Mongolia хөдөлгөөнийг Ядамсүрэнгийн Энхээ санаачилан өрнүүлж байна. Монгол бяслагуудын нэгдсэн брэндингийн бодлогоор хөгжүүлнэ.

    Бяслаг багадаа 3 сар өдөр болгон адууны сүүлэн шоткоор жамц давстай хандаар норгож эргүүлэн тогтмол температурт арчилсанаар идэхэд бэлэн болно. Зарим нь удах тусам улам амттай болно. Өндөр газрын ховор ургамал, цэвэр рашаан булаг, цэнгэг сийрэг агаар нь Тува яки бяслагийн бойжиж өссөн өлгий нутаг юм. Зуны 2 сард сарлаг 3000 м бэлчиж ховор ургамлаар хооллодог бас өдөрт 1 -хэн литр сүү өгөөд сүүний 10% нь бяслаг болдог тул бид энэ 2 сард бяслаг хийж амжин та бүхэнд хүргэхийг хичээж байна. Нутгийн нүүдэлчний бүтээгдэхүүнээ дэмжээрэй, баярлалаа та бүхэнд урам хайрласанд.

    https://www.facebook.com/cheeserep.mn/

    Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан, Уянга сумдуудын нутагт сэрүүн Хангайн ууланд бэлчдэг сарлагийн сүүгээр хийсэн энэ бяслагийн амт чанарыг нэр нь өөрөө илэрхийлнэ. Сарлагийн сүүний уураг тосны өндөр агууламж нь гайхшруулах боловч сонгодог аргуудаар бяслаг хийхэд тийм ч амар биш юм.
    Тослогт бяслаг нь зөөлөн чедар (mild cheddar) хийгээд морбье (morbier) мэтийн бяслагтай төстөй санагдах боловч чийгийн агууламж, бага зэргийн шинэ шар тосны амтны өнгө нь түүнийг давтагдашгүй ховор бяслаг болгодог. Бяслагийн ертөнцөд Монголыг төлөөлөх өвөрмөц бүтээгдэхүүн болж чадна гэдэгт
    итгэлтэй байна. Халуун хайрсан талх, хатаасан жимс, самар зөгийн балтай хослуулж үзээрэй.

  • Монгол Улсын Шинэ үеийн шилдэг хуульчид

    2020 ОНЫ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ӨӨРИЙГ ТАНЬ УРЬЖ БАЙНА.

    “Шинэ хуульчдын Орчлон клуб”-ээс хэрэгжүүлэх залуу хуульч болон хуулийн сургуулийн ахлах дамжааны оюутнуудыг дадлагажуулах, мэргэшүүлэх зорилготой “Менторшип хөтөлбөр” эхэллээ.

    Энэхүү хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн өндөр боловсрол эзэмшсэн, ажил мэргэжлийн оргилд өөрийн шударга, ариун цагаан хөдөлмөрөөр хүрсэн, нийгэмд танигдсан, туршлагатай, хуульчдын хүрээлэл дунд нэр хүндтэй хуульч, эсхүл олон улсын эрх зүй, хүний эрх болон түүнтэй адилтгах бусад чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг залуу хуульч/эрх зүйч (35 хүртэлх насны) болон хуулийн сургуулийн (3 ба түүнээс дээш дамжааны) оюутнуудтай холбон өгч, дадлага туршлагаа хуваалцах, тэдэнд боловсрол мэргэжлийн зөвлөгөө, чиглэл өгөх боломжийг бий болгоход оршино. Энэхүү хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.

    “Менторшип хөтөлбөр”-т хамрагдах хүсэлт гаргагч нь дараахь материалыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний дотор багтаан orchlon.club@gmail.com хаягаар ирүүлнэ. Үүнд: 1. Өөрийн дэлгэрэнгүй CV /цээж зурагтай байх/; 2. Өөрийнхөө талаар дор дурдсан асуултын хүрээнд бэлтгэсэн 5 минутын дүрс бичлэг;
    – Та яагаад хуульч мэргэжлийг сонгосон бэ?
    – Та ажил мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажилладаг вэ?
    – Та өөрийнхөө ажил мэргэжлийн карьерыг 10 жилийн дараа хаана хүрсэн байгаагаар төсөөлдөг вэ?
    – “Менторшип хөтөлбөр”-т хамрагдсанаар таны ажил мэргэжилд ямар өөрчлөлт гарна гэж төсөөлж байна вэ?

    Дээр дурдсан материалыг ирүүлэхдээ холбогдох файлынхаа нэрд өөрийн овог, нэрээ оруулсан байх ёстойг анхаарна уу. Эхний шатанд шалгарсан хүсэлт гаргагчтай “Шинэ хуульчдын Орчлон клуб”-ын Админ 2019 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ярилцлага хийх бөгөөд ярилцлагын шатанд тэнцсэн хүсэлт гаргагчийг энэхүү хөтөлбөрт хамруулна.

    Хөтөлбөрт тэнцсэн Ментий нарыг өөрсдийнх нь сонирхол, мэргэшлийн чиглэлийг харгалзан Ментортой тааруулах ба хамтдаа төлөвлөгөө гарган хамтран ажиллана. Амжилт хүсье!

    2019 ОНЫ МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

    Хатагтай Мандах-Аюушийн Алтантулга

    Одоогоор “И Эл Би Партнерс” хуулийн фирмд партнер, хуульч, “Аригу”, “Непко” зэрэг хэвлэлийн компаиудын гэрээт орчуулагч, “И Эл Си” хуулийн фирмд хуульч, АНУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ийгл ТВ-д орчуулагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд магистр, Японы Хирошима хотын Их Сургуульд олон улсын харилцааны магистр зэрэг хамгаалсан. Мөн Хүмүүнлэгийн ухааны Их Сургуульд англи, орос хэлний багш мэргэжлээр суралцсан. Уран зохиол болон манлайллын чиглэлээр хэд хэдэн ном орчуулсан. Орос, англи, япон хэлтэй.

    Хатагтай Батдоржийн Алтантуяа

    Монгол судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнл байгууллагад хэвлэл мэдээллийн ажилтан, кампанит ажлын зохицуулагчаар ажиллаж байгаад 2000 оноос өнөөг хүртэл захирлаар нь ажиллаж байна. Эмнести Интернэшнлийн олон улсын нарийн бичгийн дарга нарын газарт Даяар менежментийн багийн гишүүн, кампанит ажлын менежментийн багийн гишүүнээр тус тус уригдан ажилласан, Эмнести Интернэшнлийн захирлуудын зөвлөлийн гишүүн, хэлний зөвлөлийн гишүүн, Цаазаар авах ялын эсрэг Ази Номхон далайн бүсийн сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн болон дотоодын олон хүний эрхийн төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан. Англи, орос хэлтэй.

    Хатагтай Цэвэлрагчаагийн Арилдийпүрэв

    Одоогоор Эркари Интэрнэйшнл ХХК захирал. Өмнө нь олон yлсын байгууллагад зөвлөх ажиглагч, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга, Монголын Хуульчдын Холбооны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, “Чоно” группийн ерөнхийлөгчийн зөвлөх, АНУ-д “Ванг Леонард ба Кондон” хуулийн фирмд хүний эрхийн хуульч судлаач, Сайнт Томас Их Сургуульд зочин профессор, судлаач мөн Билиг Дээд Сургуульд профессор, клиник сургалтын албаны захирлаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд АНУ-ын Сайнт Томас Их Сургуулийн Удирдлагын ухааны сургуулийн Удирдлага ухааны доктор (Ed. D), мөн сургуулийн Хуулийн сургуулийн хүний эрхийн магистр (LLM), Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын хувийн эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. АНУ, Филиппин, Украин улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Орос, англи хэлтэй.

    Хатагтай Хүрэлбаатарын Ариунгоо

    Одоогоор Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилттэй “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-т сургагч багш, Азийн Бизнесийн Холбоо ба Эдүкэйтэд Энтерпрайз байгууллагуудад консалтантаар тус тус ажиллаж байна. Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төрийн албаны шинэчлэл” төсөлд эрх зүйн эксперт, Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБХХ-ийн төслүүдэд судлаач, сургагчаар ажилласан. “Хоган Ловеллз”, “Минтер Эллисон” олон улсын хуулийн фирмын Улаанбаатар дахь салбаруудад хуульч, “Очир Ундраа” компанид бизнес хөгжлийн захирал, менежерээр тус тус ажиллаж байсан. Мөн олон улсын болон дотоодын хүний эрхийн, хүмүүнлэгийн чиглэлийн байгууллагуудад гишүүн, сайн дурын ажилтнаар ажиллаж ирсэн. Мэргэжлийн боловсролын хувьд Японы Нагояагийн Их Сургуульд харьцуулсан эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй. Орос болон япон хэлний мэдлэгтэй.

    Хатагтай Биегарисийн Арна

    Турк Улсын Истанбул хотноо “Эй Ви Кэй” хуулийн фирмд 2009 оноос хойш бизнесийн эрх зүйн чиглэлийн хуульчаар ажиллаж байна. Мэргэжлийн боловсролын хувьд Туркийн Анкарагийн Их Сургуульд эрх зүйн баклавр, магистр, мөн Туркийн Анадолу Их Сургуулийн бизнесийн бакалаврын зэрэг тус тус хамгаалсан. Турк, англи хэлтэй.

    Хатагтай Цэрэнхүүгийн Баттуяа

    Одоогоор бие даасан стратегийн өмгөөлөл болон олон улсын хуулийн байгууллага болон Монголын Харвард инишиатив байгууллагад гэрээт хуульчаар ажиллаж байна. Өмнө нь Улсын Их Хуралд хуулийн зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлд референт, НҮБ-д төслийн менежер, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Цагдаагийн ерөнхий газарт мэргэжилтэн, “Халх журам” хууль зүйн сургууль болон бусад сургуульд багшаар ажиллаж байсан туршлагатай. Мөн хэд хэдэн хүмүүнлэг болон хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагад хуулийн зөвлөх, идэвхтэн гишүүнээр ажилладаг. Түүчлэн Польш Улсын Парламентад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн судалгааны болон хуулийн төслийн багт ажилласан туршлагатай. Мэргэжлийн боловсролын хувьд Польшийн Лодзийн Их Сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор МУИС-ын ХЗС-д докторант. Англи, орос, польш хэлтэй.

    Эрхэм Аюушийн Бат-Эрдэнэ

    Одоогоор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын Хөгжлийн Эрх хариуцсан хэлтсийн даргаар ажилладаг. Энэ байгууллагад 25 жил орчим ажиллаж НҮБ-н Хүний Эрхийн Зөвлөл, түүний тусгай хороод болон илтгэгчид, ажлын ба мэргэжилтний хэсэг, олон улсын болон улс орнуудын хүний эрхийн асуудал зэрэг төрөл бүрийн салбарт ажиллаж ирсэн. Мөн НҮБ-ын Зэвсэг Хураах Албанд улс төрийн ажилтан, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Олон Улсын Байгууллагын Газарт дипломат ажилтан, Англи ба АНУ – ын Элчин Сайдын Яамдад туслах ажилтан зэргээр ажиллаж байсан. Боловсролын хувьд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн улс төр, олон улсын харилцаа ухааны магистр цолтой. Мөн олон улсын хүний эрхийн хуулийн чиглэлээр АНУ, Швейцарь ба Финланд улсуудад мэргэшил дээшлүүлэх сургалтууд дүүргэсэн. Орос, Англи ба Франц хэлтэй.

    Хатагтай Энх-Амгалангийн Байгал

    Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимд дэд профессороор ажиллаж байна. Өмнө нь тус сургуульд ахлах багш, “Хүний эрхийн төв” Төрийн бус байгууллагын судлаачаар тус тус ажиллаж байсан. Мөн Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын арбитрч. Мэргэжлийн боловсролын хувьд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хууль зүйн доктор (PhD), ХБНГУ-ын Байройтын Их Сургуулийн магистр, МУИС-ийн ХЗС-ийн хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Түүнчлэн МУИС-ийн ОУХНУС-д герман хэлний хэлмэрч мэргэжлээр суралцаж төгссөн. Мэргэжлийн хүрээнд нилээд судалгааны төсөлд оролцож, олон тооны эрх зүйн ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүллэг хэвлүүлж, илтгэл хэлэлцүүлж байсан. Англи, герман хэлтэй.

    Эрхэм Маналжавын Баярманал

    Одоогоор “Гоби Консолидэтэд” компанид Байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилт хангах газрын захирлаар ажиллаж байна. Өмнө нь МАК компанид Эрх зүйн газрын орлогч захирал, “Хасвуу Групп” компанид хуулийн зөвлөх, “Жи Ти Эс Адвокатс” (Хоган Лавэллз Олон Улсын Хуулийн Фирмийн Монгол дахь түнш) ХХН-д хуульчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Дандигийн Их Сургуулийн Эрчим хүч, газрын тос, эрдэс баялгийн бодлого, эрх зүйн төвд зочин судлаачаар ажиллаж, Лондонгийн Сити Их Сургуульд олон улсын банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Английн Вестминстрийн Их Сургуулийн олон улсын худалдааны эрх зүйн магистр, МУИС-ийн ХЗС-ийн олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй.

    Хатагтай Сарантуяагийн Мойлтмаа

    Одоогоор Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн санд хамтын ажиллагаа хариуцсан консалтантаар ажиллаж байна. Өмнө нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн “Ошми” компанид гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хараат бус судалгааны институтэд үйл ажиллагаа хариуцсан захирал, төслийн менежер ба судлаач, Дэлхийн банк болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлсэн “Төрийн удирдлагын хүний нөөцийн стандартчилалын төсөл”-д туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Сассэксийн Их Сургуульд олон улсын хүний эрхийн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. Англи, Унгар улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи хэлтэй.

    Хатагтай Галсанжамцын Мөнхжаргал

    Одоогоор “Эм Си Эс Интерэшнл” компанид хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Өмнө нь “Ананд Адвокатс” хуулийн фирмд хуульч, “Саут Гоби Сандс” компанид гэрээний хуульч, “Нээлттэй академи” байгууллагад эрх зүйн судлаачаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Австралийн Мельбурнийн Их Сургуульд бизнесийн эрх зүйн магистр (LLM) зэрэг хамгаалсан. Голландын Гааг хотноо Олон Улсын Эрх Зүйн Академийн зуны хөтөлбөр дүүргэсэн. Англи хэлтэй.

    Эрхэм Тэрбишийн Мөнх-Эрдэнэ

    Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багш, ХБНГУ-ын Шпайерын Захиргааны шинжлэх ухааны их сургууль, Германы нийтийн захиргааны судалгааны хүрээлэнгийн зочин судлаач, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Өмнө нь Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газарт хуульчаар ажиллаж байсан. Мэргэжлийн хүрээнд олон тооны судалгааны ажлын багт судлаачаар ажилласан бөгөөд хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүллэгийг монгол болон англи хэлээр нийтлүүлсэн. Мэргэлийн боловсролын хувьд Австри Улсын Вена хотын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын болон европын бизнесийн эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Түүнчлэн мөн улсын Зальцбург хотын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй ба эдийн засаг” хөтөлбөрт хамрагдсан. МУИС-ийн ХЗС-ийн докторантурт суралцаж байна. Англи, герман, орос хэлтэй.

    Хатагтай Цэвэлийн Отгонтунгалаг

    Одоогоор Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Дэд ерөнхийлөгч, Эрх зүйн бодлого, мониторингийн газрын даргаар ажиллаж байна. Өмнө нь тус байгууллагад Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга, Хөгжлийн бодлогын газрын дарга, Төлөвлөлтийн газрын дарга, хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Хөдөлмөрийн Их Сургуульд эдийн засгийн ухааны магистр, Итали Улсын Турины Их Сургуульд эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Англи хэлтэй.

    Хатагтай Дугарын Сүнжид

    Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Өмнө нь ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, “Юстиция” хуулийн фирмд хуульч, “Эм Си Эс Проперти” компанид хуулийн зөвлөх, Монгол Улс дахь Швейцарын Консулын газарт богино хугацааны хуулийн зөвлөх, “Жи Ти Зи” байгууллагаас хэрэгжүүлсэн “Газрын менежмент-санхүүгийн кадастр” төслийн дотоодын зөвлөх, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвд судлаачаар тус тус ажиллаж байсан. Мөн Удирдлагын академид эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байсан. Бие даасан болон хамтарсан олон тооны эрдэм шинжилгээний бүтээл монгол, англи, герман хэлээр нийтлүүлж, илтгэл хэлэлцүүлж байсан. Түүнчлэн олон тооны судалгааны төсөлд багийн ахлагч, судлаачаар ажилласан туршлагатай. Эдгээрийн хажуугаар Монголын Хуульчдын Холбооны Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхлэх хорооны тэргүүн зэрэг сонгуульт ажил эрхэлжээ. Мэргэжлийн боловсролын хувьд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуульд хууль зүйн доктор (Dr.jur), олон улсын харьцуулсан эрх зүйн магистр (LL.M), Монгол Улсын Их Сургуулийн Хууль зуйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мөн Швейцарь Улсын Базелийн Их Сургуулийн олон улсын эрх зүйн чиглэгээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Түүнчлэн МУИС-ийн ОУХНУС-д герман хэлний хэлмэрч мэргэжлээр суралцаж төгссөн. Англи, герман хэлтэй. Орос хэлний мэдлэгтэй.

    Хатагтай Дэлгэрийн Уянга

    Одоогоор “Дэлгэр Ай Пи” хуулийн фирмийг үүсгэн байгуулсан бөгөөд хуульчаар ажиллаж байна. Өмнө нь оюуны өмч, патентийн эрх зүйн чиглэлээр хэд хэдэн хуулийн фирмд хуульчаар ажиллаж байсан. Оюуны өмч, патентийн эрх зүйн сэдвээр англи, герман хэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээс гадна улс төр, хууль зүйн чиглэлээр нийтлэл бичиж, эрхлэн гаргадаг. Мөн ХБНГУ-ын Оюуны Өмчийн Хамгаалах Холбооны гишүүн. Мэргэжлийн боловсролын хувьд Герман Улсын Фрейбургийн Их Сургуульд оюуны өмчийн эрх зүйн доктор (PhD), Лейпцигийн Их Сургуульд магистрын (LLM) зэрэг тус тус хамгаалсан. Герман, англи хэлтэй.

    Хатагтай Гүндсамбуугийн Халиун

    Одоогоор бие даасан хуульчаар ажиллаж байна. Өмнө нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хуулийн мэргэжилтэн, “Айзиа Коал Лимитед” компанийн суурин төлөөлөгч, Чингис Хаан банкинд гэрээний хуульч, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрт төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Вестминстрийн Их Сургуульд олон улсын бизнесийн эрх зүйн магистр (LLM), Австралийн Ла Троб Их Сургуульд бизнесийн удирдлагын магистр, Польшийн Лодц Их Сургуульд захиргааны эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. АНУ, Англи ба Хонгконгод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи, орос, польш хэлтэй. Франц хэлний мэдлэгтэй.

    Эрхэм Жаргалсайханы Хунан

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, мөн холбоонд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь төслийн зөвлөх, Партнерс форевер компанид хуульч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” ба “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч,
    ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн зэргээр ажиллаж байсан. Мөн хэд хэдэн төрийн бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажилласан туршлагатай. Улс төр хууль эрх зүйн чиглэлээр нийтлэл, орчуулга, судалгааны ажил эрхлэн гаргадаг. Боловсролын хувьд Унгарын Ёотвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүйн сургуулийн төр, эрх зүйн ухааны магистр. Орос, Англи, Унгар хэлтэй.

    Эрхэм Мөнхжаргалын Энх-Од

    Одоогоор “Аспайр Майнинг” компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Өмнө нь МАК компанид хуулийн ахлах зөвлөх, “Монцемэнт” компанид хуулийн зөвлөх, “Баян Айраг” компанид гэрээний хуульчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Нидерландын Маастрихтын Их Сургуулийн олон улсын эдийн засгийн эрх зүйн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хувийн эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мөн АНУ-ын Пенсильванийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи хэлтэй.

    Эрхэм Наранцэцэгийн Орчлон

    Голландын Гааг хот дахь Олон Улсын Эрүүгийн Шүүхэд 2006 оноос хойш ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмнө Монголд олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөх, өмгөөлөгч, АНУ-д өмгөөлөгчийн туслах, Монгол Улсын цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд АНУ-ын Миннесотагийн Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Мөн олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Швейцарь, Шинэ Зеланд зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдсан. Мөн Австрийн Зальцбургийн Их Сургууль, Ирландын Гальвэйн Их Сургууль, Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн Их Сургуульд олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр тус тус лекц уншиж байсан болно. Англи, франц хэлтэй.

    Эх сурвалж:  Шинэ Хуульчдын “Орчлон” Клуб

    https://www.facebook.com/groups/1060904903940694/

  • “​ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ” ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СОНСДОГ НОМ

    Өнөөдрүүд нийлж амьдралыг бүтээдэг. Өнөөдөр та юунд тэмүүлж байна вэ? Өдөр бүр өөрийгөө зөв зүгт чиглүүлэн хөгжүүлж, сэдэлжүүлэн урагшлахыг хүсэгчидэд зориулж “Өнөөдрийн тэмүүлэл” хувь хүний хөгжлийн 40 цуврал зөвлөгөөг бүтээлээ.

    Залуус бид өөрийгөө хөгжүүлэхийн тулд хүний хөгжлийн ном уншиж, мэдлэг хуримтлуулдаг ч мэдлэгээ өөртөө тусгаж амьдралдаа хэвшил болгож чаддаггүй. Өөрийгөө хөгжүүлэхийг, илүү их амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх аргачлалын тухай цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар зөвхөн уриалах төдий бус өөртэйгээ ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тодорхой аргачлалуудыг та бүхэнд хүргэх болно.

    Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд эхлээд өөрийгөө судлах, өөртэйгээ танилцах хэрэгтэй. Өөрийгөө таних түлхүүрийг алсаас бус дэргэдээсээ олох хэрэгтэй. Бид яаж амжилтанд хүрэх вэ, яаж их мөнгө олох вэ, ямар салбарт амжилт олох вэ гэх мэтчилэн гадаад нөхцөл байдлыг маш их судалдаг хэдийч өөрийгөө судлах нь ховор. Тэгвэл бүхий л асуулт болон амжилтын хариулт нь танд бий.

    СОНСДОГ НОМЫН АГУУЛГА

    1-р бүлэг ӨӨРИЙГӨӨ ТАНИХУЙ

    1. Удмаа судлах аргаар өөрийгөө таних тухайд
    2. Өдрийн тэмдэглэж хөтлөх аргаар өөрийгөө таних тухайд
    3. Өөртэйгээ ярилцах аргаар өөрийгөө таних тухайд
    4. Өөрийн намтарыг судлах аргаар өөрийгөө таних тухайд
    5. Ур чадвараа судлах аргаар өөрийгөө таних тухайд
    6. Орчноо судлах аргаар өөрийгөө таних тухайд
    7. Өөрийгөө сорих аргаар өөрийгөө таних тухайд

    2-р бүлэг ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХҮЙ

    1. Суралцахад суралцах тухайд
    2. Бүтээлчээр суралцах тухайд
    3. Төвлөрөхөд суралцах тухайд
    4. Бусдаас суралцах тухайд
    5. Урлагаас суралцах тухайд
    6. Байгалаас суралцах тухайд
    7. Мэдээллийн сувгийг удирдах тухайд
    8. Сошиал мэдээллийг удирдах тухайд
    9. Мэдээллийг удирдах тухайд
    10. Ном унших тухайд

    3-р бүлэг ӨӨРТӨӨ НЭВТРЭХҮЙ

    1. Эерэг сэтгэлгээний тухайд
    2. Чин сэтгэлийн тухайд
    3. Өөрийгөө чөлөөлөх тухайд
    4. Урам зоригын тухайд
    5. Тууштай зан чанарын тухайд
    6. Хатуужлын тухайд
    7. Сэтгэлээ хөглөх тухайд

    4-р бүлэг ӨӨРИЙГӨӨ УДИРДАХУЙ

    1. Өглөөний бүтээлч дадлын тухайд
    2. Өдрийн бүтээлч дадлын тухайд
    3. Оройны бүтээлч дадлын тухайд
    4. Хөдөлгөөний тухайд
    5. Амьсгалын тухайд
    6. Усны тухайд
    7. Хоолны тухайд
    8. Үгийн тухайд
    9. Цаг хугацааг удирдах тухайд
    10. Хэрэгцээний тухайд
    11. Амьдралын тэнцвэрийн тухайд

    5- р бүлэг ӨӨРӨӨ ДЭЛГЭРЭХҮЙ

    1. Харилцааны тухайд
    2. Багийн тоглолтын тухайд
    3. Багийн сэтгэлгээний тухайд
    4. Төсөл хөгжүүлэх тухайд
    5. Сайн дурын оролцоог удирдах тухайд
    6. Багаа сургаж хөгжүүлэх тухайд
    7. Хүүхдээ зөв хөгжүүлэх тухайд

    Товч сонсох http://mixcloud.com/luvsandorj

    Өнөөдрийн тэмүүлэл #1: Удам судраа судлах нь by Luvsandorj on Mixcloud

    Өнөөдрийн тэмүүлэл #2: Өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө таних нэг арга болох тухайд by Luvsandorj on Mixcloud

    Өнөөдрийн тэмүүлэл #3: Өөртэйгээ ярилцах аргаар өөрийгөө судлах тухайд by Luvsandorj on Mixcloud

  • Н.ОРЧЛОН: АНГЛИ ХЭЛ СУРААГҮЙ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч ОУ-ЫН ШҮҮХЭД ӨМГӨӨЛӨГЧ ХИЙХ АНХНЫ МОНГОЛ ХҮН БОЛОХГҮЙ БАЙХ БАЙСАН БОЛОВ УУ

    Н.Орчлон: Англи хэл сураагүй байсан бол хэзээ ч ОУ-ын шүүхэд өмгөөлөгч хийх анхны Монгол хүн болохгүй байх байсан болов уу

    Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонтой ярилцлаа. Тэрбээр тус улсад 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд олон улсын шүүхэд ажиллаж байгаа Монголын анхны хүн юм. 

    Түүний хувьд их ажил амжуулахаар эх орондоо ирээд байгаа бөгөөд тун завгүй явна. Тэртээ 1990-ээд оны үед хамт англи хэл заалгаж байсан ангийнхнаа болон үеийнхнээ олж уулзах,мөн  энэ сарын 27нд “Зорилготой амьдарцгаая” сэдэвт чөлөөт ярилцлагыг залуусын дунд өрнүүлэхээр болжээ.
    Та эх орондоо ямар ажилтай ирэв. Ажлаа амжуулж байна уу?  

    -Намайг Наранцэцэгийн Орчлон гэдэг. Би Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгчөөр 13 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Монголдоо хууль сахиулах байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Бас Америкт өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан. Тухайн үед мэргэжлийн ажлаа хийхэд англи хэл зайлшгүй чухал хэл байлаа. Олон улсын түвшинд ажиллах гол хэрэглүүр байсан учир сурах шаардлагатай байсан. Эх орондоо хоёр ажил амжуулах зорилготой ирсэн. Нэг нь ЛГБТ төвийн урилгаар залууст “Зорилготой амьдарцгаая” лекц уншина. Нөгөө нь 1990-2000 оны үед хамт англи хэлний хичээл заалгаж байсан оюутнуудаа олж уулзаж том ажил төлөвлөхөөр ирлээ. Бид хамтдаа хүнд цаг үед англи хэл сурч байлаа шүү дээ.

    Анх англи хэлийг яаж сурсан бэ. 1990-ээд оны үед англи хэлний дамжаа гэж бараг байдаггүй. Гадаад хүмүүс ч манайд ховор харагддаг байсан үе? 

    -Намайг сургуулийн сурагч байх үед англи хэл заадаггүй байлаа.  Орос хэл заадаг үе надаар дууссан. Тухайн үед Монголд анхны англи хэлний хувийн дамжаанууд дөнгөж байгуулагдаж байлаа. 1990-ээд оны үед сурах бичиг ч байхгүй хомс байсан үе. Энэ үед англи хэл сурах туйлын хэцүү байсан. Харин яаж хэл сурсан бэ гэхээр Англи хэлний институт гээд олон улсын төвтэй сайн дурын багш нар дэлхий даяар англи хэлийг үнэ төлбөргүй заадаг болов.

    Энэ байгууллага манайд 1994 онд анх орж ирсэн. Байгууллагын үйл ажиллагаа нь хот хөдөөгүй явагдаж байсан бөгөөд Канад, Америк багш нарыг олноор явуулж хүүхдүүдэд англи хэл заалгаж байсан. Зун нь англи хэлний олимпиад зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь би тасралтгүй оролцдог байв. Өөр мэргэжлээр сурч байсан оюутнуудыг мөн их, дээд сургуульд суралцаж байсан шилдэг оюутнуудыг оролцуулан англи хэл зааж, өргөн хүрээг хамардаг байсан. Гурван жил тасралтгүй зун нь англи хэлний хичээлд сууж байсан ба хэл сурах нь миний гол зорилго байлаа. Хэрвээ энэ институтын багш нар англи хэл заагаагүй бол надад хэл сурах ямар ч боломж байхгүй байв. Надтай адилхан хэдэн зуун Монгол оюутнуудад англи хэл заасан гавьяатай Америк, Канад олон багш нар байгаа. Энэ байгууллага манайд 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд одоогоор түр завсарласан. Миний мэдэхээр энэ олимпиадад дунджаар 3000-4000 оюутан оролцсон. Тэдний ихэнх нь гадаадад мэргэжлээрээ ажиллаж амьдарч явна. Шилдэг явж байгаа бүхэн нь дээрх институтын багш нараар англи хэл заалгасан хүмүүс байгаа юм. Монголын бүхэл бүтэн сэхээтний үеийг төрүүлж өгсөн байгууллага болохоор их баярладаг.

    Энэ байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулсны 25 жилийн ой ирэх жил тохионо. Сайн дураараар бидэнд англи хэлний хичээл заасан Америк, Канад багш нарынхаа ач буянаар амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүн би. Тиймээс энэ багш нараар хичээл заалгаж байсан Монголд байгаа тухайн үед оюутнууд байсан хүмүүс ярилцаж байгаад 25 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж өгье гэсэн бодолтой байна. Ийм төлөвлөгөөг эртнээс ярьж хэлж, бэлтгэж, хэрэгжүүлэхээр Монголдоо түр хугацаагаар ирсэн байгаа минь энэ. Жилийн өмнөөс бэлтгэж байгаа юм. Дараа жилийн өдийд энд багшилж байсан гадаад багш нараа Монголдоо урьж авчрах гэсэн юм.  

    Яагаад одоо үүнийг ярьж байгаа юм бэ гэхээр Америк, Канад хүмүүс жилийн өмнөөс аяллын төлөвлөгөөгөө гаргадаг хүмүүс. Тэгэхээр одооноос хүмүүстээ зар түгээх шаардлагатай байгаа. Зарим багш нартайгаа холбоо тогтоож чадсан. Олон багш нар ирэх сонирхолтой байгаагаа уламжилсан. 20 жилийн дараа Монгол Улс хэрхэн хөгжиж цэцэглэж, дээшилж дэвжсэнийг харах гэж хүсч байгаа байх тэд.

    Тухайн үед олон настай багш нар ирж байлаа. Тэднээс маань нас барсан багш нар ч цөөнгүй байна. Тэгэхээр яг одоо цуглуулахгүй бол дахиад 10 жилийн дараа гэхээр амьд хүн бараг байхгүй болчих вий. Тухайлбал, 1990-2000-аад оны оюутануудад үнэ төлбөргүй англи хэл заасан сайн дурын Америк, Канад багш нарын уулзалт ирэх зун Монголд болох тухай мэдээ түгээх зорилготой ирсэн дээ.  

    Тухайн үед нийт хэдэн багш ирж англи хэлний хичээл зааж байсан юм бэ?

    -Нэг зун гэхэд ойролцоогоор 30-40 багш ирж байлаа. Ганц нийслэлд биш орон нутгаар ч явж хэл заадаг байсан. 10 гаруй жил үргэлжилсэн сургалт бөгөөд нэг зуны олимпиадад 300 гаруй оюутан ордог байв. Одоо бол яг миний насны хийж бүтээх насан дээрээ яваа хүмүүс юм. Тэднийгээ цуглуулахын тулд Зуны англи хэлний олимп гэсэн фэйсбүүк групп нээсэн. Одоогоор 160 гаруй гишүүнтэй болж. Тэд бүгд англи хэл заалгаж байсан оюутнууд юм. Миний бодож байгаагаар хамгийн багадаа 2000 гаруй хүн байх ёстой гэсэн тооцоолол бий. Тэр хүмүүс ямар нэгэн аргаар яаж ийж байгаад холбоо бариарай. Хуучныхаа найзуудтайгаа, багш нартайгаа холбогдоорой.  Анх англи хэл заалгаж байсан Америк Канад багш нараа баярлуулж, 25 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж, нэгэн гоё дурсамжийг бүтээе гэж бодож байгаа юм шүү.

    Тиймээс эртнээс ойн төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай байгаа юмаа. Хамгийн гол нь хүмүүсээ цуглуулъя. Дээр хэлсэндээ 2000 гаруй оюутан байсан гэж. Ядаж тэдний 10 хувь нь цуглаж багш нараа хүлээж авах, арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг амжилттай хийж, тухайн үед суралцаж байсан дурсамжтай үеэ эргэн дурсъя. Англи хэл заалгаад гадагшаа гарч яваад тэндээ ажиллаж амьдарч байгаа оюутнууд ч ирнэ. Тэдний дундаас олон гэр бүл, найзууд төрөн гарсан гэж бодохоор их сайхан санагддаг юм.

    Сайн дурын үнэ төлбөргүй англи хэл заадаг байсан байгууллага байсан гэсэн үү?

    -Тийм ээ. Сайн дурынх бөгөөд тэр багш нар өөрсдөө зардал мөнгөө гаргаж Монголд ирээд хүүхдүүдэд англи хэл заадаг байсан. Хөгжингүй орнуудад англи хэл заалгах зорилготой явуулдаг байсан юм билээ. 1990-ээд оны үед нийгмийн хүнд үе байлаа. Энэ үед хэл устай болно гэдэг маш том боломж. Сургалтын чанар сайн, маш сайн заадаг байсан. Тэр үед англи хэл сурсан хүүхдүүдийн ирээдүйн карьер ажил амьдралд нь нөлөөлсөн гэдэгт би итгэдэг.

    Хэрвээ би тэр үед англи хэл сураагүй бол хэзээ ч олон улсын шүүхэд өмгөөлөгч хийсэн анхны Монгол хүн болохгүй байх байсан болов уу. Тиймээс багш нартаа дахин баярлалаа талархлаа, олон хүний амь амьдралд том өөрчлөлт оруулсан шүү гэдгийг хэлж талархах зорилготой. Энэ улс орны хөгжилд цэцэглэлт өөрчлөлт оруулж чадсан шүү гэдгийг л хэлж яримаар санагддаг юм. Миний хамгийн гоё залуу насны дурсамж бол энэ багш нартай яах аргагүй холбоотой доо.

    Холбоо барьсан хүүхдүүдийн хувьд таны энэ санаачлагыг хэр дэмжиж байна?

    -1998 онд хамтдаа сурч, төгсч байсан ангийнхантайгаа холбоо барьж хэлсэн. Намайг дэмжиж байна билээ. Харин бусад төгсөлтийн ангийнхантайгаа холбоо барих гээд л групп нээсэн нь тэр юм. Америкт байгаа төвтэйгээ холбоо барьсан их сайхан найрсагаар дэмжиж хүлээж авсан. Гадаадаас бол багш нартайгаа нийлээд олон хүн ирэх төлөвлөгөөтэй байна. Дараа жилийн зун наадмаа тааруулж байгаад ирье гэж бодож байна. Би ганцаараа биш бид хамтдаа хийвэл гоё байх болов уу. Дахин хэлэхэд, Зуны англи хэлний олимп гэсэн фэйсбүүк групп рүү хандаж зочлохыг хүсье.

    Монголд ажлын гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу. Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэсэн үү?

    -Цагдаагийн академийг 1999 онд эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1999-2001 онуудад цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2001-2002 онд АНУ-ын Миннесотагийн их сургуулийн хуульзүйн магистрын зэрэг хүртсэн. 2002 онд АНУ-д өмгөөлөгчийн туслахаар ажилласан. 2003-2013 он хүртэл Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Шинэ Зеланд зэрэг улсуудад олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн хуулийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. 2006 оноос хойш өдгөөг хүртэл Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байна даа.

    Олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг хүний ажлын онцлогийг сонирхоё. Монголынхоо хуулийн байгууллагуудтай харьцуулж ярьвал ямар байна вэ? 

    -Маш олон талаар ялгаатай. Ялангуяа олон улсын шүүхэд мэтгэлцэх зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, тооцогдох хүртэл хэнийг ч гэм буруутан гэж үзэхгүй гэсэн том зарчимтай. Хуулийн хэллэгээр бол гэм буруутайг нь нотлох хүртлээ хэнийг ч гэм буруутан гэж тооцохгүй. Миний хувьд дайны болон хүн төрөлхтөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч нарыг шүүхийн өмнө төлөөлөн ажилладаг.

    Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч гэхээр онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг өмгөөлнө гэсэн үг үү?
     -Манай эрүүгийн шүүх, шүүх дотроо байдаг бөгөөд хэргийн хохирогчийг өмгөөлнө. Ялангуяа иргэний дайнтай улсууд болон хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс олон ирдэг. Яг одоо миний ажиллаж байгаа хэрэг дээр 1500 хохирогч байна. Гэм буруутай этгээдийг олж ял шийтгэл оногдуулах, үнэн мөнийг олтол, хохирогчдод учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажилд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ дээ.

     Олон улсын шүүх хэр шударга ажиллаж чаддаг вэ?

    -Ямар ч улсын шүүх шударга биш шүү дээ. Харин тэр шүүхийг шударга болгодог хүмүүс нь хуульчид өөрсдөө байх ёстой. Хуулийн байгууллага гэрээ хэлэлцээрийн байгууллага болчихоор шударга байна гэж хэзээ ч байхгүй дээ. Хамгийн гол нь ажиллуулж байгаа хүмүүс нь шударга зарчимч байх. Чингис хаан Хятадын цагаан хэрэмийг “Ямар ч хана хэрэм манаж байгаа хүнтэйгээ адилхан хүчтэй” гэж хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр нь манаж байгаа хүн нь аймхай сул дорой байвал ямар ч хана хэрэм хэрэггүй дээ. Шүүхэд ажиллаж байгаа өмгөөлөгч, прокурорын ёсзүй, мэдлэг чадвараас бүх зүйл шалтгаална. Олон улсын шүүхэд маш олон асуудал гарна. Яагаад гэвэл хүн байгаа газар асуудал гарч л таараа. Гэхдээ хуулийнхаа дагуу асуудлыг шийдээд, шийдвэрлээд явна.

    Олон улсад хэрэг шалгалтын явц, хэргийн шийдвэрлэлтэд хэр цаг хугацаа ордог вэ?

    -Маш удна, цаг хугацаа орно шүү. Би нэг хэрэг дээр гурван жил оролцож байна. Хоёр жил хагас нь прокурор нотлох баримтаа танилцуулсан. Ганцхан яллах тал шүү дээ. Тэгээд цаашдаа хэргийг үргэлжлүүлэх боломжгүй гээд яллагч талын танилцуулсан нотлох баримт хангалтгүй байна гэж үзээд шүүх хурал хэргийг хаасан байгаа юм. Зөвхөн нэг талын нотлох баримт танилцуулахаар 3 жил авна гэдэг их хугацаа биз. Энд нөгөө л мэтгэлзэх зарчим харагдана. Харин Монголд бол энэ бодит байдлаараа хэрэгждэггүй. Олон улсад мэтгэлзэх зарчим өндөр хөгжсөн орнуудад яг яллах тал буюу прокурор ямар нотлох баримт цуглуулж мэтгэлзэж байна, өмгөөлөх талд нь яг ийм боломжийг яг адилхан олгодог.

    Уганда хотод болсон зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хэргийн шүүх хурал. Прокуророос 80 гаруй гэрч дуудсан. Одоо өмгөөлөгч талаас бас өдий тооны гэрч дуудах хүсэлтээ гаргасан байгаа. Шүүх бол яг л хоёр талын дуудахыг хүссэн гэрчүүдийг дуудна. Тэнд шүүгч хөндлөнгөөс оролцохгүй. Нэг хүний гэм буруутай эсэхийг нотлохын тулд дахиад олон гэрч дуудаж байна. Тэднийг дуудаж шүүх дээр байцаагаад нотлох баримтыг нь гаргах боломжийг нь шүүх бүрдүүлдэг юм. Хэчнээн их цаг хугацаа орж, зардал мөнгө гарсан ч бай хамгийн гол нь хэргийн үнэн мөнийг олох, гэм буруутай этгээдийг шийтгэх, гэм буруугүй хэнийг ч хилсдүүлэхгүй байх зарчмыг алдагдуулахгүй ажилладаг онцлогтой. Энэ бол цаг хугацаа мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнэ юм.

    Монголд бол гэм буруугүй этгээдийг хилсээр барьж хорих, хүчээр яллах, ял тулгах зэрэг шударга бус зүйл их гарч байгаа. Шүүх, прокурор нь шударга ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл ч газар авсан. Өөрөөр хэлбэл, шударга шүүхийн үнэн гэж алга гэх. Үүнд та ямар бодолтой байна вэ?

    -Шударга шүүхтэй болтол Монгол хол байна. Үүнд их зүйлийг ярьж болно. Хуульчдын ёсзүй маш доогуур байна. Хуулийн өндөр албан тушаалд томилогдож байгаа алба хаагчдын ур  чадвар, мэдлэг туршлага нь муу. Тавьж байгаа шалгуур гэж алга. Ямар ч өндөр албан тушаалтны сэнтийд мөнгөтэй эрх мэдэлтэй бол хэн ч очиж болдог юм байна гэдгийг харуулж байна. Улс төрийн шалгуураар албан тушаалд томилогдож байна. Энэ бол байж боломгүй зүйл. Ийм байгаа цагт шүүх нь хэзээ ч хараат бусаар ажиллаж чадахгүй. Шүүхийн байгууллага нь өндөр ур чадвар, мэдлэгтэй байхгүй. Яагаад гэвэл улс төрийн хүрээнд танил талаараа томилогдож байна. Хуульчдад тавих шаардлага нь ч муу. Шүүгч гэхэд 25 нас хүрсэн хуульч мэргэжилтэй хүнийг хуульч гэнэ гээд заачихсан. Нас бол шалгуур биш. Үүнийг л хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Өндөр настай хүн мэдлэг чадваргүй байж болно, нас бага хүүхэд мэдлэгтэй боловсролтой байж болно. Хуулийн сургууль төгссөн гэдэг чинь сургууль төгссөн л гэсэн үг юм. Гэтэл олон улсад энэ сургууль төгссөн үзүүлэлт бол анхан шатны нэг л шалгуур болдог юм. Насны шалгуур байхгүй яагаад гэвэл бодит шалгуур болдоггүй гэж үздэг. Хамгийн чухал нь мэдлэгийн шалгуур, чадварын, хэлний шалгуур тавьдаг. Дээр нь ажилласан байдлын шалгуур шаарддаг.

    Хэл хэрэглээ болсон. Хэлгүй бол хөлгүй ээ ч гэж ярьдаг болжээ. Гадаад хэлийг амархан сурах арга барил гэж байдаг уу?

    -Амархан сурах арга барил гэж байдаггүй юм. Хүмүүс ингэж хууртагддаг байхгүй юу. Хэлний курсүүд ч ингэж өөрсдийгөө рекламддаг болжээ. Хэлийг хүн ярьж, сонсч, бичиж ойлгож сурдаг. Амархан сурдаг эд биш, гэхдээ сурсан хойноо их үр дүнтэй шүү. Хэдхэн сар сураад төгс эзэмшихгүй. Би бол насаараа сурч байна. Хүн эх хэлээ ч насан туршдаа сурдаг биз дээ. Яг түүнтэй адилхан. Мөн нөгөөтэйгүүр англи хэлийг гадаад хэл биш гэж ойлгох хэрэгтэй залуус. Гадаад хэлийг хүн хоббигоо болгож сурдаг. Өнөөдөр англи хэл бол орчин үеийн хүний хоёр дахь хэл юм. Орчин үеийн хүн та бол англи хэлгүй байж болохгүй ээ.

    Таны гол зорилго бол монгол залуусыг олон улсын түвшинд гаргах. Ер нь манай залуус олон улсад хэр амжилт арвин бүтээл ихтэй явдаг вэ?

    -Манай залууст авьяас бий. Гэхдээ жаахан залхуу туушгүй байна. Хэрэглээ болох  хэлийг гэхэд сурч байгаад хаячихдаг. Уг нь гадаад хэлийг тултал нь сурах хэрэгтэй. Суръя гэсэн л бол сурдаг л байх хэрэгтэй. Орчин үед хэл сурах олон арга хангалттай нээлттэй байна. Бүх юм нь бэлэн болохоор бэлэн юмны дунд байгаа болохоор биеэ дайчлахгүй байх шиг. Бид нарын үед гадаад багш байдаггүй, барууны жуулчид цөөхөн ирж байсан үе. Бид нарын үед интернет, гар утас нь байдаггүй байсныг мэднэ биз дээ. Гэтэл одоо үед бүх юм нь бэлэн сайхан болчихжээ. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж зорилго бүтээлтэй амьдрах нь чухал шүү.
     Таны хобби үнэртэн цуглуулах юм байна. Энэ талаараа сонирхуулаач?

    -Би үнэртэн цуглуулах дуртай. Монголд анх удаа Үнэртэй усанд дурлагчдын клубыг байгуулсан хүн. Клубээ дөрвөн жил хагас авч яваад өнгөрсөн жил орхиж явсан. Сая ирээд буцаад энэ группдээ орсон байна. Үнэртэний соёл түгээдэг хүн гэж ойлгож болно. Найзуудынхаа дунд эхэлсэн энэ групп маань одоо бол 126 мянган гишүүнтэй болжээ. Чөлөөт цагаа зарцуулдаг хүн. Үнэртэний соёлын тухай их бичсэн дээ. Үнэртэний мэргэжилтэй хүн биш зүгээр хоббитой хүн. Орчин үед байх ёстой урлаг, соёл гэж ойлгож болно.

    Эх сурвалж:

    О.Сайхан
    Оллоо.mn olloo.mn

    2018-07-25 

  • Чинбаатарын АНАР- Мэдээллийн технологийн салбарын эксперт, бизнес эрхлэгч

    Системийн инженер мэргэжилтэй

    “ЛэндМН” төслийг санаачлагч, үүсгэн байгуулагч, “Анд Глобал”, “Анд Системс”, M Lab-ийн компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

    Монгол улсын үүрэн холбооны 4 дэхь оператор G-Mobile компанийг үүсгэн байгуулж байсан.

    ЯРИЛЦЛАГЫГ УНШИХ

    Энэ удаагийн зочин бол манай Unplug 2018 арга хэмжээний тайзнаа 800 залууст онц сонирхолтой, урам зориг бадраах түүхээ хуваалцсан, Анд Глобал, MLab компаниудын үүсгэн байгуулагч Чинбаатарын Анар юм. Түүнийг зарим хүмүүс Анд Глобалын харьяа компани LendMN-ээр мэдэх бол зарим нь 24 насандаа гар утасны оператор GMobile үүсгэн байгуулж явсан чадварлаг энтрепренер гэдгээр нь мэдэх байх. Анд Глобал компани л гэхэд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас 15 сая долларыг татан, өдгөө 80 сая долларын үнэлгээтэй болоод байгаа юм. Уламжлалт бус сэтгэлгээтэй, өндөр эрсдэл үүрэх чадамжтай Ч.Анарыг илэрхийлэх нэг том баримт бол, тэрээр дэлхийн авто, мото спортын хамгийн нэр хүндтэй, хамгийн хүнд хэцүү “Дакар Ралли” тэмцээнд оролцон, мэргэжлийн тамирчидтай 14 хоног 10,000 км газар уралдаж байсан түүхтэй билээ. Ингээд чадварлаг монгол залуучуудыг нэгтгэн, оюун бүтээлээр дэлхийг “дайлах” аянд мордоод буй түүнтэй хөөрөлдсөн яриагаа хүргэе.

    Байршил: Монгол, Сингапур, Малайз
    Эрхэлдэг ажил, албан тушаал: Анд Глобал компанийн үүсгэн байгуулагч, захирал; MLab-ийн үүсгэн байгуулагч, захирал; Математикийн Олимпиадын Холбооны Ерөнхийлөгч
    Хэрэглэдэг гар утас: iPhone
    Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
    Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Багаар, нэгэн зэрэг
    Сошиал хуудсууд: TwitterFacebook

    ЮУНЫ ӨМНӨ ТА БИДЭНД ИХ СУРГУУЛЬД СУРСАН ҮЕ, БИЗНЕСИЙН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН ҮЕЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ? 

    Би 10 жилээ Өвөрхангайд төгсөөд 1998 онд МУИС-д орж байлаа. Намайг албан ёсоор их сургууль төгсөн диплом аваагүй болохоор зарим хүмүүс зарим алдартай энтрепренертэй зүйрлэх нь бий. Гэвч би их сургуульд сураагүй гэж хэлүүлэх дургүй. Их сургуульд хүн заавал сурах ёстой. Эндээс хүн төлөвшил хүмүүжлийг, олон мянган хүний хувь нэмрээ оруулсан нэгдмэл мэдлэгийг багцалж авдаг. Диплом аваагүй л болохоос ТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, Берлинд Техникийн их сургууль, Орост бас нэг сургууль гээд 3 их сургуулийн бүх кредитийг тус тус нэг жилийн дотор үзэж дуусгаж байсан юм. Зүгээр л дипломыг чухалчилдаггүй байсантай холбоотой гэж болно. Би сурч байх үедээ цаг алдахгүй гэж өдөр шөнөгүй хичээлээ хийдэг байсан. Эргээд бодоход оюутан цагийн амьдралаа дэндүү дурсамжгүй өнгөрөөж дээ гэж харамсдаг юм. МУИС-ийн ангийнхан маань “Анар ТИС-ийн оюутнуудын физикийн бодлогыг 200 төгрөгөөр боддог байсан гэж” одоо хэлдэг. Энэ мэтчилэн хичээлийн хэнээтэй оюутан байлаа.

    Суралцсаныхаа дараа Монголын Цахилгаан Холбооны дэргэдэх “Миком” компанид орж байлаа. Захирлууд нь авахгүй гэхэд заавал ормоор байна гэж зүтгэсээр ороод, сайн инженерүүдийнх нь нэг болсон. 2001 онд одоо хүмүүсийн Никел Ганбаа нэрээр таньдаг болсон Дашнямтай хамтран “Нетсофт” хэмээх компанийг байгуулсан нь сүлжээний хамгаалалтын төхөөрөмж нийлүүлдэг Монелийн дараах монгол хардвер төхөөрөмжийн компани болж байв. Бид төхөөрөмжөө бага ашигтайгаар зарж байсан ч зуучилж буй компани маань маш их ашиг нэмж байгааг олж мэдээд би тухайн үед их бухимдсан. Энэ үед нэг захирал маань “Та нар төхөөрөмж зарж байна, нөгөөдүүл чинь шийдэл зарж байна шүү дээ” гэсэн. Яаж шийдэл хийдэг болох вэ гэж асуутал гар утасны гуравдагч оператор болох хэрэгтэй гэж хариулсан юм. Тухайн үед Мобиком, Скайтел хоёр л үйл ажиллагаа явуулж байв.
    Ингээд гуравдагч операторыг байгуулахаар, 2 сая доллар босгохоор зориглосон. Олон компани, хөрөнгө оруулагчтай уулзан дэмжлэг аваад тендерт орсон ч туршлага дутаж ялагдсан юм. Гэхдээ шантралгүй явсаар 24 настай хөдөөнөөс ирсэн инженер залуу дөрөвдөгч оператор буюу G Mobile-ийг байгуулж байлаа.

    ТАНЫ АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ? АЖЛЫН ДУНДАЖ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

    Би олон төслийг зэрэг явуулдаг арга барилтай. Олон юманд зэрэг анхаарал хандуулж чаддаг, мультитаск хийхдээ дажгүй сайн шиг байгаа юм. Одоогоор том жижиг 14 төсөл байна. Үүнээс Анд ГлобалMLab гэсэн хоёр компани дээрээ голлон ажиллаж байна. Мөн саяхан Математикийн Олимпиадын Холбооны ерөнхийлөгч гэдэг албатай болсон. Би багаасаа математик, физик, мэдээлэл зүйгээр явсан хүн л дээ. Аав маань бас математикч. Анд Глобал компаниа математикч найзуудтайгаа байгуулсан, бас шилдэг математикчдыг багтаа урьсан.
    Олон төслийг зэрэг явуулж байгаа нь авууштай мэт боловч их ядардаг. Би бусад бизнесмэн, энтрепренерүүдийг бодвол маш нарийн цагийн хуваарь хөтөлдөггүй. Гаднаас нь харахад ер нь замбараагүй, эмх цэгцгүй харагддаг байх. Олон хүнтэй уулзаж, санаа оноогоо ярилцаж байж ажлаа хийдэг. Ер нь уулзалтууд хийсээр л өдөр өнгөрнө дөө.

    Ажлын маань 50 хувь нь ажлаар гадаадад өнгөрч байна. Монголд, бас Малайзад гэр маань байдаг. Тэгэхээр Монголд байгаа нь томилолт ч юм шиг. Гэхдээ сүүлийн үед хүүхдүүдийнхээ сургуулийг тогтвортой байлгах үүднээс гэрийнхэн маань Монголдоо түлхүү байна.

    ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

    Би өөрөө технологийн хүн ч гэсэн тийм ч их технологи хэрэглэдэггүй. Гар утасны апп гэвэл тун цөөхөн. Имэйл хэрэглэдэггүй буюу имэйлийг маань туслах маань шалгаж надад Viber-аар тайлан өгдөг. Би өөртөө зориулан мэдээ авах дата майнингийн X Data нэртэй нэг програм бичсэн юм. Түүгээрээ интернэтээс өөрт хэрэгцээт мэдээллүүдийг шүүн авч уншдаг даа.

    ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

    Зарим ажлыг чаддаг хүнээр нь хийлгэх гэж хэлж болно. Миний 2 цаг хийх ажлыг 5 минутанд хийх хүмүүс байгаа. Хүн бүр өөр өөрийн давуу талтай, чаддаг юмтай байдаг шүү дээ. Тэгэхээр ажлын үр дүнтэй хуваарилалт хийх нь чухал.

    За зарим талаар нэг зэрэг олон ажил явуулдаг маань цаг хождог гэж найдаж байна.

    ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

    Гар утасны Note апп-ийг сайн ашигладаг. Мөн Google Sheet дээр тэмдэглэх зүйлсээ оруулдаг. Календарь дээр бас уулзалтуудаа тэмдэглэдэг.

    ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

    Багаар ажиллахдаа гэж өөрийгөө сайн гэж итгэдэг. Гадаад, дотоодын, өөр өөр санаа зорилготой олон арван хүмүүсийг нэгтгэж, нэг зорилгын төлөө зангидаж чаддаг. Багаар ажиллах бол бүх л карьерынхаа турш хийсэн ажил маань шүү дээ. Багаар ажиллана гэдэг хэцүү мөртлөө сайхан зүйл.

    Зарим хүмүүс танай баг үнэхээр сайн, чадварлаг залуусыг элсүүлжээ гэдэг. Анд Глобалын хувьд мөнгөн ашиг олох нь бидний гол зорилго биш. Монгол залуучууд нэгдээд олон улсад өрсөлдөж чадна шүү, том зорилго тавиад түүндээ хүрч чадна гэдгийг харуулах хэтийн зорилготой. Энэ зорилгыг маань ч чадварлаг, авьяаслаг залуучууд дэмжин хүлээж авдаг, нэг баг болдог.

    ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

    Бодит өөрчлөлтийг хийх, шинийг санаачлахын төлөө зорьж буй ажил, төслүүдээсээ, ажлынхаа үр дүнгээс их урамшдаг. Монгол гарааны компаниудаас анхлан гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө татаж, том зорилго тавин ажиллаж байгаа болохоор ч тэр үү, хүмүүс их дэмжиж байгаад баярладаг.

    Гадны хөрөнгө оруулалт татсанаас хойш харин өөртөө болон гэр бүлдээ гаргах цаг багасаад ирсэн. Миний нүүр царай, цаг хоёр бүтээж буй төслийнхөө өмч болчихоод байгаа учраас дуу хоолой болох ёстой байх. Уг нь би тайзан дээр гарч барих дургүй хүн юм шүү дээ.

    AND GLOBAL КОМПАНИ ДЭЭРЭЭ ОДОО ЮУНД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

    Би олон улсад ажиллаж байсан найзуудтайгаа улс төрд орохгүйгээр эх орноо яаж өөрчлөх вэ гэж их ярилцдаг байлаа. Мэдээж бизнес хийж таарна. Монголд бизнес хийнэ гэдэг амаргүй шүү дээ. Гэхдээ бид зөвхөн Монголыг зорилгоо болголгүй, олон улсад монгол залуучуудад юу хийж чаддагийг харуулъя гэж зорьсон. Олон улсад гарна гэдэг дааж давшгүй хүнд даалгавар биш шүү дээ. Олон улсын зах зээлд амжилттай компани байгуулж залуучуудынхаа сэтгэхүйг өөрчилье, энэ бүхэн боломжтой гэдгийг харуулъя гэж хүссэн. Өмнө нь бол биднийг хиймэл оюун, математик гээд ярихаар гадаадууд байтугай монголчууд маань итгэдэггүй байлаа шүү дээ.

    Бид бүгд математикийн чиглэлийн хүмүүс байсан учраас санхүүгийн технологийг сонгон авч финтек компани байгуулсан. Одоо Анд Глобал маань одоо 8 охин компанитай, 150, 160 орчим ажилтантай болсон байна. Эдгээрийн нэг нь хүмүүсийн сайн мэддэг болоод буй апп-аар зээл олгодог, мөнгө шилжүүлдэг LendMN юм.

    Анд Глобал 2020 онд 20 улсад нэвтрэхээр ажиллаж байна. Сингапурт компани байгуулагдсан манай компани тус улсын амжилттай яваа 8 дахь финтек компани гэгддэг. Сингапур, Филиппин, Мьянмар зэрэг хэд хэдэн улсад үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Зарим улсад бүтэлгүйтсэн жишээ ч байгаа. Хэдийгээр компани нэг талаар амжилттай яваа харагдаж буй боловч бид нөр их хөдөлмөрлөж, маш их бэрхшээлийг туулж байгаа. Мэдээж энэ бүхэн амар биш. Дотоод, гадаадын том компаниудаас манайхыг худалдаж авъя гэсэн санал олон ирдэг. Харин бид том компанид залгиулалгүй, өөрсдөө шинэ юм бүтээхийг, өөрсдийн гараар бүтээсэн технологио дэлхийн тавцанд гаргахыг хүсэж байгаа.

    MLAB-ИЙН ТУХАЙ ДЭЛГЭРҮҮЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

    Өнгөрсөн хугацаанд би 16 стартап байгуулсан юм билээ. Компаниуддаа нийт 80 сая долларын хөрөнгө оруулалт татсан тооцоо гарсан. Банкир хүмүүсийн хувьд их тоо биш байж магадгүй ч санаанаас өөр зүйлгүй стартапд хөрөнгө татна гэдэг амаргүй. Тэгэхээр энэ хэмжээний хөрөнгө оруулалт босгосноо бага гэж боддоггүй. Одоогоор Анд Глобал 15 сая доллар босгосон, үнэлгээ нь 80 сая доллар гэж тооцогдож байгаа.

    Хийж чадахаа батлан харуулаад, зөв хандлагатай, хичээл зүтгэлтэй гэдгээ харуулбал хөрөнгө оруулалт татах тийм ч хэцүү биш. Олон компани байгуулж, олон төсөл хэрэгжүүлж алдаж онож явсны хувьд MLab төслийг эхлүүлсэн. Санааны хувьд дэлхийд анхдагч болох MLab-д хөрөнгө оруулах сонирхлоо компаниуд ирүүлж байна. Товчхондоо блокчейнд суурилсан гарааны бизнесийн цахим экосистемийг бий болгох төсөл юм. Стартап компаниудыг элсүүлээд, хөрөнгө оруулалт, менежмент, байр оффис, хүний нөөц, тоног төхөөрөмж зэрэг бүх л шаардлагатай нөөцөөр хангах зорилготой. Төсөл, стартап болгонтой тулж ажиллан, шаардлагатай бол бүр бодлогыг нь гаргаж, захирлыг нь томилох зэргээр зөвхөн өрсөлдөх гол давуу талдаа анхаарах нөхцөлийг бүрдүүлж өгөх юм. Инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүд байдаг боловч эдгээр асуудлыг бүрэн цогцоор нь шийдэж байгаа нь ховор. Ингэж дэмжихгүй болохоор ирээдүйтэй стартапууд ямар нэг зүйл дээрээ заавал алдах гээд байдаг. МLab төслийн гүйцэтгэлийг Gravity Lab хэмээх, мөн Сингапурт байгуулагдсан компани хариуцан явж байгаа. Бид MLab-ийг анхнаасаа нөхөрлөл хэлбэртэйгээр, 10 гаруй партнертай байгуулсан. Уламжлалт компанийн бүтцийг эвдэн бүх л зүйл дээр цоо шинэ хэлбэрээр ажиллахыг эрмэлзэж байгаа. Би MLab-ийг 10 жил бодож, сүүлийн 2 жил блокчейн технологийн хөгжил дээр суурилан хэрэгжүүлж байна. Төслөө эхлүүлэх консалтинг дээр л гэхэд маш их анхаарч, дэлхийн менежментийн томоохон компаниудтай хамтран 500 мянган долларын зардал гаргасан. Удахгүй ирэх хоёрдугаар сард маш том мэдээг дуулгахаар бэлдэж байна.

    Саяхан Central Tower-д нээгдсэн M Space бол MLab хөрөнгө оруулалтаар нээгдэх газруудын эхнийх нь юм.

    ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

    Түрүүнд дурдсан өөртөө зориулж хийсэн аппаараа л юм уншдаг даа. Баталгаат эх үүсвэрээс миний сонирхдог сэдэв, түлхүүр үгүүдээр мэдээллийг шүүн багцалж хүргэдэг. Өдөрт 2, 3 цаг зарцуулах нь энгийн үзэгдэл. Бүтэн ном унших нь сүүлийн үед ховор болоод байна. Уншъя гэвэл заавал унтах цагаасаа хомсолж таарах гээд байдаг юм.

    ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

    Хөгжим огт мэдэхгүй шүү. Саяхан караокед бараг л 3 дахь удаагаа орсон байх. Дуу мэдэхгүй хүнд зүгээр суугаад хэцүү юм билээ. Lost on You, Despacito зэрэг мэддэг сүүлийн үеийн 3, 4-хэн дуутай.

    Харин кино үзэх дуртай. Дараагийн анги нь тодорхой хугацааны дараа хийгддэг хит кинонуудыг үзэхийн тулд заавал өмнөх ангиудыг нь үздэг заншилтай. Нэг кино үзээд хэсэг хугацааны дараа тэр чигт нь мартчихсан байдаг болохоор яг л шинэ кино үзэх шиг болдог. Тэрэн шиг хүнийг царайгаар нь биш, орчноор нь цээжилдэг. Өмнө нь уулзаж байсан зарим хүн таарчихаад танихгүй болохоор намайг пээдгэр, их зантай гэх нь бий. Уг нь санаатай биш юм.

    ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

    Хүнтэй харилцахдаа би маш нээлттэй хүн. Зорилго, бодлого, стратеги гээд бүх л юмаа хуваалцдаг. Энэ бүгдийг нууцлаад байх нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг туршлагаасаа мэдсэн учраас хурдтай ажиллахын тулд бусдад нээлттэй байдаг.

    ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

    Сүүлийн үед дунджаар 4 цаг унтаж байна. 2 цагийн нойртой, 2-3 өдөр нойргүй явах өдөр ч бий. Ер нь нойр гэдэг тансаг хэрэглээ болоод байгаа. Хэдэн жилийн өмнө 4, 5-хан цаг унтдаг гэх хүмүүсийг панаалтай юм гэж боддог байсан бол өөрөө ийм болчихдог юм байна. Дунджаар шөнө 01 цагт унтаад 05 цаг гээд босож байна. Сүүлийн үед жаахан эрт унтаад эрт сэрдэг болохыг хичээж л байна.

    Гэхдээ бага унтах нь мэдээж буруу л даа. Цагаа сайн зохицуулж чадахгүй байгаагийн шинж байх. Олон жил нойрны асуудалтай явсаар байгаад нүд маань хөхөрчихсөн. Ямар сайндаа найзуудаасаа панда гэсэн хоч авч байхав (инээв).

    ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

    Сүүлийн үед үнэндээ чөлөөт цаг байхгүй болоод байгаа. Би чинь авто спортын мэргэжлийн тамирчин, мото спортын сонирхогч хүн. Хөрөнгө оруулагчид маань намайг уралдахыг хориглосон. Амрахаараа буруу юм хийгээд байгаа шиг мэдрэмж төрөөд байдаг. Харин Окогийн “Амарч чаддаггүй хүн амжилттай яваа хүн биш” гэсэн хичээлийг сонссоноос хойш ажиллахдаа ч гэмшээд зовлонтой байна шүү (инээв).

    ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

    Экстрим юм хийж эрч хүч авдаг төрлийн хүн. Адреналинд донтогч гэж ярьдаг. Мэргэжлийн бус хүн байж Дакар Раллид уралдана гэхээр ойлгомжтой байх. Ер нь авто, мото уралдаанд хүн донтдог л доо. Эрсдэлтэй юм хийх тусмаа илүү кайф авдаг. Өөрөө нэг өмдөө 3, 4 жил өмсөж байж машиндаа 500 долларын сэлбэгийг хямдхан юм байна гээд аваад тавьчихдаг. Харин одоо энэ хобби маань хориглогдчихоод байгаа гэж сая хэлсэн дээ (инээв).

    Аль нэг хүнийг, алдартай хүмүүсийг шүтээд сүйд болдоггүй. Харин өглөөдөө Youtube дээр энгийн хүмүүсийн урам зориг өгөх түүхүүдүүдийг тавьчихдаг юм. Тэргэнцэр суудаг хүн хичээгээд хөл дээрээ боссон тухай, асар тарган хүн маш олон кг хаяж турсан тухай гэх мэт фантази маягийн түүхүүдийг сонсохоор зүгээр байдаг юм. Заримдаа яг бодит түүх эсэхийг нь нягтлахаар Wikipedia ухаад суучихна.

    ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

    Дакар Раллид оролцож өөрийгөө олсон түүхээ хуваалцъя. Тухайн үед миний санхүүгийн байдал маш хүнд байсан л даа. Олон төсөл бүтэлгүйтээд, их өртэй болсон байсан. Яаж ч доройтлоо гэсэн, хуушуур хийгээд л босоод ирнэ гэж өөртөө хэлдэг байсан хүнд хүссэн юм хүзүүгээр татах нь тэр. Хуушуур хийх процессийг автоматчилсан франчайз бизнес эхлүүлэх талаар судалж байснаа “За Анар аа, арай ч дээ, хуушуур хийх гэж үү дээ” гээд сэтгэлийн тэнхээ хүрээгүй. Хуушуур хийхгүй байгааг бодоход би бүр туйлдаа хүртэл уначихаагүй байгаа юм байна, унавал унасан шиг унана биз гээд найзуудаасаа мөнгө зээлээд багын мөрөөдлөө биелүүлэхээр Дакар Раллид уралдахаар явсан.

    Би автоспортын тамирчин ч уг уралдаанд машинаар оролцохын тулд баг бүрдүүлэх, 1 сая долларын зардал гаргах ёстой байсан тул мотоциклоор орохоор шийдсэн. Мотоциклоор ороход 100 мянган долларын зардалтай байсан юм. Ингээд 32 насандаа мотоцикл дээр, тэр дундаа уралдааны мотоцикл дээр анх мордож, нэг уралдаанд ороод шууд түрүүлсэн нь итгэл нэмж, бүр хөөргөж орхисон.

    Ингээд энгийн нэг сонирхогч мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн, зүгээр барианд барианд орох нь л асар өндөр амжилт гэгддэг Дакар Раллийн замд хөл тавьсан. Элсэн цөлд 40, 50 градусын халуунд 14 хоног 10 мянган км замыг туулаад барианд ороход гурван хавирга хугарч, 11 кг турсан байлаа. Энэ хугацаанд байнга өвчин намдаах эм хэрэглэн зомби шиг л хүн явсан даа. Хамт гарсан зарим тамирчид замын дундаас буцаж байв. Бие дийлэхгүй, болиход бэлэн болоод байсан үедээ 2 ч удаа сэргэлт авсан минь азтай хэрэг байлаа. Эхний хүч өгсөн зүйл нь эхнэрийн маань үг байсан юм. Богд уул шиг элсэн манхан байдаг гэдэгт итгэхгүй байсан хүн 30 км үргэлжилсэн тийм манхдыг туулах болж, дунд нь гацаад байх үедээ эхнэр уруугаа хиймэл дагуулын утсаар ярьдаг юм. Үнэндээ “одоо болно доо, амьд л хүрээд ир” гэсэн үг дуулах гэж хүлээж байтал манай хүн “За яваарай, хүүхдүүд чинь чамайг харж байгаа шүү” гэсэн. Уйлдаггүй хүн чинь нулимс зангираад л явчихсан. Ингэж нэг сэргэж аваад, яван явсаар 13 дахь хоног дээр Андын нуруун дээр эрүү зуураад, амнаас хөөс сахраад, ямар ч тэнхэлгүй болчихсон байлаа. Энэ үед намайг мотоцикл дээр өргөж мордуулсан 2 голландын нэг нь нуруун дээр алгадаад “Mongolians never stop” (Монголчууд хэзээ ч зогсдоггүй юм) гэсэн үг хэлсэн. Магадгүй өөрөөр яагаад ч сэхэхгүй болсон бие маань цэнэглэгдсэн батерей аятай болж, эрээлжилж байсан нүд нээгдээд л ирсэн дээ. Ингээд үлдсэн 189 км-ийг туулж бариандаа орж чадсан.

    Энэ туршлагаасаа би бидний зовлон зүдгүүр гэж боддог зүйлс зөвхөн тархинд л байдгийг ойлгосон. Уралдаанаас ирсний дараа тавьсан өр шир маань үнэхээр жижиг асуудал шиг санагдаж байлаа. Түүнээс өмнө би машин, утасны дугаартаа ач холбогдол өгдөг, хамгийн сүүлийн загварын машин унадаг, ер нь их онгироо нөхөр байсан. Дакар Раллид явснаар би энэ байдлаа өөрчилж, өөрийгөө сорьж, өөрийгөө олсон гэж боддог.

    ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

    Өнөөгийн залуучуудын асар их боломж байна. Хямд, хурдтай интернэтийн ачаар юу хүссэнээ хийх боломж гарч ирсэн байна. Оюутан байхдаа би үнэгүй интернэтэд суух гэж хамаг юмаа золиосолдог байв. Одоо менторууд ч их болж. Нэг ментортой байгаад, нэг хэрэгтэй зөвлөгөө сонсоход л олон юмыг товчилж болж байна. Хүсэл зорилго байхад л өргөн мэдлэгийг хавтгай дэлхийн хаанаас ч авах боломж бүрдсэн цаг үед бид амьдарч байна.

    Залуучууд том мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд зорилго тавьж, түүндээ шат шатаар дөх. Өөрийн хүсэж мөрөөдсөн зүйлийг хий. Эцэг эх, нийгмийн хүлээлтийг дагах албагүй. Манай үеийнхнээс нийгмийн хүлээлтийг даган өөрийгөө золиосолсон хүн олон байдаг. Материаллаг хэрэглээнд ач холбогдол өгөхөөс илүүтэй эрдэм мэдлэг, авьяас чадвартаа хөрөнгө оруулахыг эрмэлзээрэй.

    Эцэст нь, хоббитой бай, хобби бол аз жаргалын үндэс шүү гэж хэлье.

    Эх сурвалж: https://unread.today/

  • А.Алтанбилэг: Зохион бүтээсэн компьютероо ‘Тоёота’-гаас гадна Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхэлсэн

    Үйлдвэр автоматжуулах зориулалттай хоёр дахь компьютероо зохион бүтээж өдгөө Тоёото компанид нийлүүлэхээр болсон монгол залуу А.Алтанбилэгийг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Тэрээр Тоёото компаниас гадна зохион бүтээсэн комьютероо Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхлээд байгаа ажээ. Учир нь түүний зохион бүтээсэн EtherCAT системийн  компьютер шиг үйлдэлтэй ийм компьютер дэлхийн зах зээлд цөөхөн байгаа гэнэ. Түүнчлэн А.Алтанбилэг 2013 онд  байгууллагын дулааны системийг удирдах зориулалтаар компьютер зохион бүтээж, өдгөө түүнийгээ Японы хэд хэдэн компанид нийлүүлж буй юм. Ингээд Японы технологийн  KSJ компанид инженерээр ажиллаж буй монгол залуу А.Алтанбилэгтэй ярилцсанаа хүргэж байна.  


    Сайн байна уу. Ярилцлагын маань саналыг хүлээж авсан танд баярлалаа. Монгол хүн компьютер зохион бүтээж, түүнийгээ олон улсын зах зээлд борлуулж, Японы “Toyota Industries” компани худалдан авахаар болсон гэсэн.  Монгол залуусын оюуны чадамж дэлхийн зах зээлд үнэлэгдэж байгаад баярлаж, мөн бахархаж байна. Хоёулаа таны зохион бүтээсэн үйлдвэрлэл автоматжуулах компьютерийн талаар яриагаа эхлүүлье?

    -Сайн байна уу. Дэлхийн Монгол хүн буландаа зочноор урьж оролцуулж байгаад юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Миний хувьд 2013 онд дулааны системийг удирдах зориулалттай Lic-Z компьютер зохион бүтээж байсан. 2016 онд үйлдвэр, тоног төхөөрөмж, роботыг автоматжуулж удирдах зориулалттай EtherCAT системд суурилуулсан LZ200 компьютероо бүтээсэн байгаа. 2017 онд Lic-Z компьютерийн дараагийн хувилбар болох Lic-Z2 компьютер болон “LZ200”-ийн дараагийн хувилбар болох LZ201 компьютерийг тус тус зохион бүтээсэн байгаа.  Lic-Z2 компьютер нь Японы “Tonetsu” компанид дулааны системийг удирдах чиглэлээр ашиглагдаж байгаагаас гадна Токио хотын Shinjuku” дүүргийн газар доогуурх хурдны замын агаар цэвэрлэх системийг удирдах компьютер хэлбэрээр мөн хэрэглэгдэж байгаа.

     LZ200 нь EtherCAT системийг удирдах зориулаллтай, овор багатай, хямд, өндөр хурдтай компьютер бөгөөд Германы KPA компани, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран дэлхийн зах зээл дээр зарж эхлээд байна. Xilinx компани Zynq FPGA-г үндсэн тооцоолох процессор болгон ашиглаж байгаагаараа онцлогтой.  

    LZ201 компьютер нь  LZ200 компьютерийг EU-ийн CE стандартад зохицохоор сайжруулсан хувилбар бөгөөд Европын стандартыг хэрэглэдэг улсууд руу экспорлох боломжтой болсон байгаа.  

    LZ200 компьютерт хэрэглэгддэг компьютерийн дизайныг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр шийдсэн байгаа.   

    Интернет, EtherCAT-д зориулсан ийм системтэй компьютер дэлхийн зах зээл дээр цөөхөн

    -Зохион бүтээсэн компьютерийг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр болсон гэж байна. Үйлдвэрлэл, технологийн өндөр хөгжсөн газар асар өрсөлдөөнтэй зах зээлд өрсөлдөж, дэлхийд алдартай Toyota компани таны компьютерийг нийлүүлэхээр болсонд юу нөлөөлсөн бэ. Яг ямар зориулалтаар ашиглах вэ?

    -Манай компьютер дэлхийн зах зээлд дээр байгаа ижил төстэй системүүдтэй харьцуулахад хамгийн хурдтай ангилалд орохын дээр үнийн хувьд хямд гэдэг шалтгаанаар манай компьютерийн дизайныг хэрэглэхээр болсон байгаа. Тодорхой хэлбэл, EtherCAT  системийг 8 микросекунд хурдтайгаар тогтвортой ажиллуулах боломжтой компьютер систем нь дэлхийн зах зээл дээр өөр байхгүй. Миний ажилдаг KSJ компани нь дэлхийд анх удаа 2017 оны арваннэгдүгээр сард Токиод болсон “System Control Fair 2017” дээр FPGA дээр ажилдаг hardware хэлбэрийн EtherCAT системээ танилцуулсан. Энэ үеэр Toyota Industries компанид манай компьютерийг нийлүүлэхээр тохиролцсон. Бидний сайн мэдэх Toyota Motor компани нь Toyota Industries компаниас үүссэн компани байгаа. Toyota Industries компани нь анх байгуулагдсанаасаа хойш дэлхийн зах зээл дээр нэхмэлийн машины технологиор тэргүүлж ирсэн компани байгаа. Хамгийн орчин үеийн Air JET810 нь дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний дараагийн хувилбарын үндсэн компьютерийг манай компанийн технологи дээр үндэслэж хийхээр болсон байгаа. Ижил төстэй компьютерууд дэлхийн зах зээл дээр цөөхөн байгаа бөгөөд өндөр хурд, хямд үнээрээ энэ чиглэлд манай компани тэргүүлж байгаа.

    -Toyota Industries компаниас гадна олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

     -Германы KPA, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран Европ, Ази, Америкийн зах зээл дээр компьютерээ зарж эхлээд байна. Одоогоор Америк, Энэтхэг, Хятад Солонгосын зах зээл дээр хэдэн компани манай компьютерийг ашиглаж өөрсдийн системээ туршиж ажиллуулж эхэлсэн.

    Японы зэх зээл дээр бол “Maeda” корпораци, “Fukuda” компаниудын бүтээгдэхүүнийг удирдах компьютер хэлбэрээр зах зээл дээр гаргаад байгаа бол, “Yamaha FineTechnologies”, “Liferobotics” компаниудын бүтээгдэхүүнд хэрэглэхээр хөгжүүлэлтийн шатанд явж байна. “Sinfonia Technology”, “Keyence”, “Liferobotics”, “Tsuji Denshi” гээд компаниуд дээр туршилтын журмаар хэрэглэж байна.

    -Газар хөдлөлтийн давтамжийг нэмэгдүүлэх төхөөрөмж хийсэн гэсэн. Японы хэр олон компанид нийлүүлсэн бэ. Төхөөрөмжийнхээ ач холбогдол давуу талыг танилцуулахгүй юу?  2017 онд хиисэн ажлууд?

    -2017 онд маш үр бүтээлтэй жил байлаа. Энэ жилийн хамгийн эхний ажил бол өмнө жилээс хөгжүүлж ирсэн газар хөдлөлтийн давтамжийг ашиглаж байшингийн аюулгүй байдлыг хянах “Maeda” корпорацийн бүтээгдэхүүнийг LZ200 компьютерийг ашиглаж хийсэн. “Maeda” корпораци нь Японы томоохон барилгын компаниудын нэг. Урьд нь газар хөдлөлт ихтэй Японд гар аргаар байшингийн бүтцэд орсон ямар нэг өөрчлөлт, эвдрэлийг шалгадаг байсан бол энэ системийг ашигласнаар байнга автоматаар хянах боломжтой болж байгаа юм. Японы нэлээн олон газар бүтээгдэхүүнээ байрлуулаад эхэлсэн.

    “Aircon star” компани айркондэшн системийн удирдах программийг мөн энэ хавар хийсэн байгаа.  “Aircon star” компани нь маш олон жил манай компанийн температур, агаарын урсгалын хурдыг хэмжих сенсорыг хэрэглэж байгаа компани юм.  

    Мөн FUKUDA компанийн шинэ бүтээгдэхүүн болох эмийн package-ийг шалгах бүтээгдэхүүнийн компьютер системийг мөн LZ200 дээр үндэслэж хийсэн байгаа. 2018 оноос бүтээгдэхүүн болж зах зээл дээр гарах байх.

    Японы Liferobotics роботын компанийн роботыг мөн LZ200 компьютер ашиглан амжилттай удирдаж System Control Fair 2017 үзэсгэлэн дээр танилцуулсан байгаа. Дараа жилээс Liferobotics компанийн дараагийн бүтээгдэхүүн дээр хамтран ажиллахаар ярьж байна.

    Tsuji Denshi компанитиай хамтран дэлхийн томоохондоо орох рентген цацрагийн хурдасгуур байгууламж болох Spring8-д мотор удирдах бүтээгдэхүүнийг хамтран хийж нийлүүлсэн байгаа. 2018 ond японы Riken судалгааны төвийн хүнд ионы хурдасгуурт LZ201-ийг хэрэглэхээр захиалга авсан байгаа.

    Робот үйлдвэрийн автоматжуулалтаас гадна туршилтын шинжлэх ухаанд бүтээгдэхүүн маань хэрэглэгдэж хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарыг тэлэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

    -Томоохон компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд юу хамгийн чухал вэ, хөрөнгө оруулагчид юун дээр голчлон анхаарал хандуулдаг вэ. Энэ талаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

    -Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг бол маш хүнд ажил юм байна гэдгийг сүүлийн 5 жил бүтээгдэхүүн дээр ажиллааад биеэрээ мэдэрч байна. 4 жил хагасын өмнөөс EtherCAT гэдэг технологийн талаар анх удаа сонсоод суралцаж эхлээд, бүтээгдэхүүний консепт гаргахаас эхлээд, зохион бүтээх үйлдвэрлэх, маркетингийн үйл ажиллагаанд оролцож тогтвортой бизнес болтол нь хийж ирлээ. Хамгийн анх маш олон зүйлд ашиглаж болох боломжтой боловч үнэтэй бүтээгдэхүүн хийгээд зарж чадахгүй үе байсан. Олон ч компани олон ч хүнтэй ярилцаж үзлээ. Эцэст нь хямдхан мөртлөө зөвхөн EtherCAT системд зориулсан LZ200 гэдэг компьютерийг хийсэн байгаа.

    Том, жижиг ямар ч компани байсан бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд мэдээж тухайн компанийн бүтээгдэхүүнийг хийхэд хэрэгтэй зүйлийг компьютер маань хийж чаддаг байх нь эхний шаардлага байгаа. Мөн тогтвортойгоор бүтээгдэхүүнээ нийлүүлж чадах, ямар нэгэн асуудал гарахад шийдэж чадах чадвартай байх хэрэгтэй. Энэ тал дээр бол дэлхийн том компаниуд олонд танигдсан брэнд болсон компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болохоор үнэхээр шууд нүүр тулан өрсөлдөх бол маш хүнд асуудал. Тийм болохоор манай компани бүтээгдэхүүний үнийн тал дээр тэр том компаниудаас хямдханаар бүтээгдэхүүнээ санал болгодог. Хямдхан бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэнэ гэдэг нь олон жилийн мэдлэг чадвар, технологи шаардсан ажил гэдгийг мэдэрсэн. Бүтээгдэхүүн хийгээд тогтвортой бизнес болгохын тулд нэлээн их хөрөнгө оруулалт шаардлагатайг ойлгож авсан. Шинээр бизнес эхлээд тухайн бизнес тогтвортой орлого ашигтайгаар ажиллах хүртэл 3-5 жил шаардлагатай болдог юм байна. Энэ хугацаанд бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай зардал, хүмүүсийн цалин, маркетингийн зардлууд их гарна. Бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулалт, урсгал зардлаа нөхөхөөр хангалттай үнээр зарж чадахгүй бол хөрөнгө оруулсан мөнгө алдагдалтай болж хувирна.

    Том компаниуд ихэвчлэн жижиг компаниудаар бүтээгдэхүүнээ хийгээд нэг удаа мөнгө төлөөд дуусгахыг боддог. Манай компанийн хувьд нэг удаа мөнгө аваад салахаар бизнес хийдэггүй. Тухайн компанийн бүтээгдэхүүнийг хийхэд манай компаниас бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх шаардлагатайгаар хамтран ажилладаг. Ингэснээр компанийн тогтвортой үйл ажиллагаа хангагдаж байдаг гэж хэлж болно.

    -Энэ хүртэл бүтээгдэхүүнийх нь талаар нэлээд ярилцлаа. Таны хувьд  Токиогийн их сургуулийг төгссөн юм билээ. Мэргэжлийн академик мэдлэгээс гадна хувь хүн талаасаа сурч мэдсэн зүйл олон байдаг байх?

    -Токиогийн их сургуульд сураад мэргэжлээс гадна хувь хүний хувьд олон зүйл сурсан гэж боддог. Хамгийн гол нь япон болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуустай хамтран сурсан явдал гэж боддог. Шинийг сурахын төлөө тууштай зүтгэдэг, аливааг сурсан шиг сурдаг, хийсэн шиг хийдэг хүмүүс эргэн тойронд байхаар амьдралд ингэж хандаж байгаа нь энгийн зүйл гэж боддог болсон. Одоо ч гэсэн тэр хэвшил алдагдахгүйгээр үргэлж шинийг сурч мэдэж, шинийг хийхийн төлөө тууштай зүтгэж байгаа. Өмнө нь бол жаахан шинэ юм сурахаараа бусдаас илүү зүйл хийчихлээ, чадчихлаа гэж боддог байсан.

    Мөн Токиогийн их сургуулиас маш олон чиглэлийн өргөн мэдлэгийг олж авсандаа баяртай байдаг. Би Токиогийн их сургуулийг электроникийн чиглэлээр төгссөн ч математик, физикээс гадна, хими , биологи, түүх нийгмийн ухаан гээд маш өргөн мэдлэгийг сургуулиас болон хамт суралцсан хүмүүсээс олж авч чадсан нь амьдралд  маань одоо ч өдөр тутамд хэрэг болдог гэж боддог.

    Японы нийгэмд олон жил амьдарч, олон мундаг хүмүүстэй хамтарч ажиллаж үзлээ. Ерөнхийдөө япон хүмүүс нэлээн өвөрмөц хүмүүс. Нэлээн дотогшоогоо, хүнтэй зай барьж харьцдаг, эрсдэлтэй зүйл хийх дургүй, дүрэм журам цагийг нарийн баримталдаг хүмүүс. Дүрэм журам цагийг нарийн барьдагаас гадна шинжлэх ухаан ч логик сэтгэлгээ энгийн хүмүүст нэлээн сайн суусан байдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд суурилсан ерөнхий боловсролыг өндөр хөгжилтэй бусад орны хүмүүстэй адилаар маш сайн эзэмшиж чадсан харагддаг.  

    Шинжлэх ухаанд суурилсан ерөнхий боловсролыг олон нийтэд эзэмшүүлэх нь хөгжилд хүрэх хамгийн дөт зам юм болов уу гэж би хувьдаа боддог.  

    Шинжлэх ухааныг сурна ойлгоно гэдэг нь зүгээр нэг ном уншаад цээжлэх бус, ургуулан бодох туршилт хийх, мэдрэх, өөртэйгээ зөрчилдөх, тэвчээртэй суух, тууштай суралцах гээд маш олон чадварыг эзэмшихэд тусалдаг гэж боддог.   

    -Залуу хүнд үлгэр дууриалал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?  

    -Яг энэ хүн гээд хэлчих үлгэр дууриал болсон хүн байдаггүй. Гэхдээ салбар бүрийн маш олон хүнийг хүндэлдэг. Алберт Эйнштэйнээс эхлээд шинжлэх ухаанд тууштай амьдралаа зориулсан эрдэмтэн хүмүүсийг хүндэлдэг. Бизнес тал дээр бол Амазонын Jeff Bezos, Elon Musk гэх зэрэг хүмүүс шиг ажиллаж чаддаг болох юмсан гэж боддог.

    -21-р зуунд залуу хүний өрсөлдөх чадвар юу байна. Та ямар чиглэлд өөрийгөө хөгжүүлж байна?

    -21-р зууны залуу хүний үндсэн өрсөлдөх чадвар бол хүн төрөлхтний өдий хүртэл олж авсан эрдэм мэдлэгийг эзэмших, шинжлэх ухаанаачаар сэтгэн бодох, түүн дээр үндэслэсэн холыг харах чадвар гэж боддог. Ялангуяа өөрийн толгойгоороо амьдралын зорилго, зүг чигээ бодож тунгаах чадвар хамгийн түрүүнд хэрэгтэй гэж боддог. Амьдралын зорилго, зүг чигээ нэг олчихсон байхад тухайн зорилгод хүрэхэд тэр зүг рүү удаан байсан ч заавал хүрч чадна гэж боддог. Харин бусадтай адилхан урсгалаар амьдарвал нэг урагшаа, нэг хойшоо явсаар амьдралаа дуусгах болов уу гэж боддог. Миний хувьд электроник, робот, компьютерийн технологийн чиглэлд голчлон өөрийгөө хөгжүүлж байна. Түүний хажуугаар түүх болон, физик биологийн шинжлэх ухааны чиглэлээр ном уншиж шинэ мэдээлэл авч байдаг.

    Дэлхийн монгол хүн А.Алтанбилэг

    -Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?

    -Би ямар нэгэн онцлох арга барил бариад ажиллаад байдаггүй. Ер нь бол аль болох дүрэм журам цаг хугацаанд баригдахгүйгээр ажиллахыг хүсдэг. Аливаа зүйлийг эцсийг нь үзэж, учрыг нь олохыг хүсдэг, ажлаа хойш тавихыг хүсдэггүй гэх мэтийн сургуульд байхаас олж авсан хэмнэлээс гадна, худлаа хэлэхгүй байх, амласандаа хүрэх, ажлыг дуустал нь чанартай хийх гээд япон хүмүүсийн ажиллах барилаас ч нэлээд суралцсан гэж боддог.  

    -Таны алсын хараа, ойрын таван жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

    -Ойрын хэдэн жил роботын технологиор ажиллана гэж бодож байгаа. Роботыг удирдах компьютер дээрээ нэмж роботын нүд болох камер, дүрс боловсруулалт дээр компанийнхантай хамтарч ажиллаад эхэлсэн байгаа. Роботын мотор удирдах, сенсоруудаас мэдээлэл авах хэлхээ, программ дээр ойрын хугацаанд ажиллана байх.

     Орчин үеийн роботын систем нь маш олон технологийн нэгдсэн бүтээгдэхүүн болохоор сурах, хийх зүйл маш их байгаа гэж бодож байна. Зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гартал 3-5 жил зүтгэх хэрэгтэй. Мэдээж одоогийнхоо EtherCAT-ийн бизнесээ ч  цаашдаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дараа жилээс Малайз, Зүүн өмнөд Азийн зах зээлд EtherCAT технологийн чиглэлээр бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй  байна.

    2018 оноос албан ёсоор компанийнхаа хувьцаа эзэмшигч болж, удирдлагад ороод явах болохоор энгийн ажилтан биш болно. Одоогийн ажил дээр нэмэгдээд компани удирдах, компанийн ирээдүйг тодорхойлох хариуцлагатай ажлууд хийх шаардлагатай болох тул илүү хурдтай, илүү хариуцлагатай, илүү холыг харж ажиллах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Алсдаа компаниа дэлхийн зах зээл дээр тогтвортой өрсөлдөж чадахуйц компани болгохын төлөө ажиллана гэж бодож байна.

    -Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?

    -Хэдэн жилийн өмнө бол Монголд ийм, тийм зүйл хийвэл гээд янз бүрээр боддог байсан. Одоо бол өөрөө яг гар бие оролцоод хийж чадахгүйгээс хойш гаднаас хий дэмий ингэсэн нь, тэгсэн нь дээр гэж ярих нь хариуцлагагүй санагддаг болсон болохоор ихэвчлэн өөрийнхөө амьдралд анхаарч, өөрийгөө эхлээд хөгжүүлэх тал дээр анхаардаг болсон. Өөрчилж чадахгүй зүйлдээ санаа зовж суухын оронд өөрчилж чадах зүйлээ хийх нь илүү зөв санагдсан.  

    Эх сурвалж: С.Цэрэндэжид 

    http://itoim.mn/ 2018 оны 1 сарын 8

  • Лхагвасүрэнгийн ЭНХМӨНХ (Desimoogn)- График дизайнер, брэнд хөгжүүлэлт


    Дизайнер, урлаач, бүтээгдэхүүний дизайнер

    Энхмөнх буюу Desimoogn нь үе дамжсан уран дархан, уран бүтээлч бөгөөд график дизайн тэр дундаа брэнд, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн томоохон төслүүдэд ажилласан туршлагатай. Мөн үе дамжсан урлалаа хөгжүүлэн орчин үеийн хэрэгцээ шаардлагат нийцүүлэн ган сийлбэртэй хөөмөл арслантай авдар, цутгамал шатар зэрэг бүтээгдэхүүнийг урлан бүтээсэн юм.

    1984 оны 4 сарын 24-нд төрсөн. Нийслэлийн 48-р сургууль, 1997- 1999 онд Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуулийг График дизайнер, 2000- 2004 онд СУИС, Дүрслэх урлагийн сургуулийг Чимэглэх зураач мэргэжлээр төгссөн.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2016 оноос Marshall entertainment Зураач, дизайнер

    2015- 2016 Mongol ID LLC Дизайнер

    2008- 2012 Grafx design studio Дизайнер

    2005- 2008 Gem international LLC Дизайнер

    2004- 2005 Dazzle design studio Дизайнер

    2003- 2004 Cordinat LLC Дизайнер

    АЖИЛЛАСАН ТӨСЛҮҮД

    2016 Steppe Cashmere брэндинг хөгжүүлэлт

    2016 Гацуурт брэндинг хөгжүүлэлт

    2015 он Монгол хатгамал бүтээгдэхүүний эх загварын зураач

    2015 он Эльмар Гасанов Монголд төслийн цогц дизайн

    2014 он KAWAI МОНГОЛ төслийн цогц дизайн

    БҮТЭЭЛҮҮД

    Moog Design by CREATIVE MONGOLIA on Scribd

  • Доржийн Золбаяр- Нэрт кино найруулагч

    “Ээждээ л үнсүүлэхсэн”, “Үхэж үл болно- Чингис хаан”, “Аравт” , “Чингисийн хүүхдүүд” зэрэг монгол ахуй, зан заншил, өв соёл, монгол дархлаа, үнэт зүйлээ чиг шугам болгож уран бүтээлээ туурвидаг нэрт найруулагч. Монгол кино урлагийг олон улсын тавцанд хөгжүүлэн гаргахад үнэт хувь нэмэр оруулж яваа Монголын кино урлагийн энэ үеийн зүтгэлтэн.

    1972 оны 7 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1990-1994 он Цагдаагийн Дээд Сургууль. /Хуульч, Командын офицер/

    1994-1998 он Кино Урлагийн Дээд Сургууль. /Кино найруулагч/

    УРАН БҮТЭЭЛ

    1996 он. “Амур” уран сайхны кино. Найруулагч.

    1998 он. “Нэгэн шөнийн явдал” уран сайхны кино. Найруулагч.

    1999 он. “Алуурчин бэлтгэх дамжаа” уран сайхны кино. Продюссер.

    2001 он. “Янаг дурлалын дууль” уран сайхны кино. Найруулагч, эвлүүлэгч.

    2001 он. “Шар хэвлэл, нөхөд ба дайсан” баримтат кино. Оператор.

    2002 он. “Ээждээ л үнсүүлэхсэн” уран сайхны кино. Найруулагч, оператор, эвлүүлэгч.

    2002 он. “Шөнө шөнөөсөө ялгаатай юу” уран сайхны кино. Оператор.

    2002 он. “Сэргээш-1” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.

    2003 он. “Сэргээш-2” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.

    2003 он. “Мөргөлийн замд” Монгол-Германы хамтарсан баримтат кино. Оператор.

    2005 он. “Сэргээш-3” хошин кино мюзикл. Оператор. Эвлүүлэгч.

    2005 он. “Усны үнэр” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, оператор.

    2006 он. “Ийм нэгэн дурлал” уран сайхны кино. Оператор.

    2007 он. “Надтай гэрлээч” уран сайхны кино. Оператор.

    2008 он. “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны 1-р найруулагч.

    2011 он. “Учиртай гурав” уран сайхны кино. Найруулагч.

    2012 он. “Аравт” БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан уран сайхны кино. Найруулагч. Продюссер  (англи, франц, герман хэлээр орчуулагдсан)
    2016 он. “Хайрын клуб” уран сайхны кино. Зөвлөх найруулагч.

    2017 он. “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино. Зохиолч, найруулагч, продюссерээр  тус тус ажилласан.

    АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1997 онд найруулагч Р.Батсайханы хамт “Nirun film studio” үүсгэн байгуулж найруулагчаар ажиллаж байсан.

    2002 онд “Mongol film studio” үүсгэн байгуулж захирал, найруулагч.

    2009 онд “Mongol film group” ХХК-ийн захирал, найруулагч.

    2009 онд Монголын Урлагийн Ажилчдын Холбооны Киноны нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдсон.

    2012-1016  он. СУИС-ийн ТДУС-ийн кино найруулагчийн ангийн багш.

    2012 онд Монголын Кино Урлагийн Зөвлөлийг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн.

    2012 онд “Mongol film group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга.

    2016 он. “Монгол фильм хөгжлийн сан хөмрөг” ТББ-ын ТУЗ-ын дарга

    ШАГНАЛ

    2005 он. “Усны үнэр” кино зохиолоор “Шинэ алхам” кино зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

    2007 он. “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр шагнуулсан.

    2013 он. “Аcademy avards 2013” наадмын “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино” шагналыг хүртсэн.

    НОМ

    2006 он. “Шоу бизнесийн хаан- КИНО” шүүмж, нийтлэлийн номыг бичиж хэвлүүлсэн.

    2008 он. “Үхэж үл болно- Чингис хаан” уран сайхны киноны “Түүхэн кино- кино түүх” номын редактор.

    2017 он. “Кино яръя” нийтлэл, кино боловсролын номыг бичин хэвлэлтэнд өгөхөөр бэлтгэж байна. Энэхүү номныхоо агуулга мэдээлэлээс цувралаар цахим орчинд түгээж олон нийтэд хүргэдэг.

    Ярилцлага унших

    https://www.facebook.com/dzolb…
    https://www.facebook.com/Child…

  • “САЙН МУУГ ЯЛГАЯ” ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ НОМ (2014 он)

    Шинэ үеийн хүүхдийн зан байдлын судлаач Хар үхэрт Жамсранжавын ХОРЛОО нь 4 жил гаруй хугацаанд 6 дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг хамруулсан судалгаандаа үндэслэн шинэ үеийн хүүхдэд багаас зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд туслах САЙН МУУЯ ЯЛГАЯ хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал номоо эрхлэн хэвлүүллээ. Уг номын бүтээлийн багт Найман шарга Вандангийн Ундраа зураачаар, Бүтээлч Монгол нэгдлийг үүсгэн байгуулагч Хар үхэрт Жамсранжавын Лувсандорж, 39-р цэцэрлэгийн аргазүйч Олгонууд Санжаадоржийн Дашмаа, 143-р цэцэрлэгийн багш Олхонууд Хубаагийн Цэцэгсүрэн, 179-р цэцэрлэгийн багш Боржигон Намжилын Сэржмядаг нар зөвлөхөөр тус тус ажиллаа.

    Зохиогч Жамсранжавын Хорлоо нь 2007 оноос сургуулийн өмнөх боловсролд шинэчлэлт хийх зорилгоор өөрийн судалгааны ажлаа эхлүүлж 2011 онд “4 настай хүүхдийн зан төлөв дэх хандлага” сэдвээр боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан юм. Тэрээр 2010 онд “Яруу сэтгэлгээний эрин” ТББ-н дэргэдэх “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийг үүсгэн байгуулж 100 орчим хүүхэдтэй биечлэн ажиллаж судалгаагаа эрчимжүүлсэн юм. Мөн цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил болон багш нарын тулгамдсан асуудал, эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барилыг судалсаар байна. Бага насны хүүхдэд зориулсан “Сайн мууг ялгая!”, “Цэцэн хүү”, “Би чадна”, “Цэгээр наадъя” зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг санаачлан, туршилт судалгааны ажлыг зохион байгуулж байна.

    Уг бүтээл нь хүүхдэд багаас нь өөрийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, эерэг зан чанар, зөв дадал хэвшлийг олгох зорилготой бөгөөд өгөгдсөн зураг, асуултын дагуу хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, аливаа асуудлыг олон талаас нь харах чадвартай болгож, тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зан төлөвшилд нь хэрэгцээтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж улмаар хүүхэд багачуудын өдөр тутмын үйлдээ мөрдвөл зохих дүрмийг өөрсдөөр нь гаргуулж, дагаж мөрдүүлж, хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.

    Зохиогч нь энэхүү гарын авлага бүтээл, судалгаандаа үндэслэн ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРГА цуврал лекцийг эхлүүлээд байгаа бөгөөд та бүхэн албан байгууллага, хамт олондоо энэхүү лекцийг зохион байгуулж Монголын ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна.

    ЗОХИОГЧТОЙ ХОЛБОГДОХ

    Утас: 99158825
    horloo_j@yahoo.com
    http://twitter.com/JHorloo
    http://facebook.com/JHorloo

    “САЙН МУУГ ЯЛГАЯ” ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛОХОД ТУСЛАХ 60 ДАДАЛ by ЯРУУ СЭТГЭГЧ хүний хөгжлийн нэгдэл