Category: media-content

  • Ч.Эрдэнэ: Шинжлэх ухааны сүүлчийн нээлтийг би хийлээ. Энэ нээлт Монгол улсыг тэжээнэ

    Ч.Эрдэнэ: Дэлхий санхүүгийн хямралын ангал руу өнгийгөөд байна

    Нийгмийн толь

    2013-04-26 13:39

    Судлаач Ч.Эрдэнийн нээсэн супер нэгдлийн онол зөвхөн байгалийн шинэчлэлийн шинэ суурь бус, шинжлэх ухааны эцсийн онол. Хүн төрөлхтөн эцсийн эцэст энд хүрч дэвшил хөгжил нь зөвхөн энэ онолын хүрээнд өрнөнө. Энэ үгийг сонсоод судлаач, Бэсүд Ч.Эрдэнэтэй хууч хөөрөв.  -Таны бичсэн “Бид ялав“ номын тухай хэлэлцсэн гэсэн? -Суурь судалгааны эцсийн үр дүнг хэлэлцсэн. Нэгд, дэлхийн соёл иргэншлийн түүх нь Монгол болох тухай үзэл баримтлалыг анх дэвшүүлж, түүнийг батлах загвар сэлтийг түүх, хэл, соёлын баримтуудад тулгуурлж бүтээсэн. Хоёрт, байгалийн шинжлэл дотор, онолын физикт шийдэгдээгүй үлдсэн ганц асуудал бол супер нэгдлийн онол юм. Үүнийг шийдсэн.  -Тэгвэл супернэгдлийн онол гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ? -1687 онд Исаак Ньютоны үндэслэсэн онолын физикийг төгсгөж супернэгдлийн онол гэх ёстой гэж физикийн ухаанд үздэг юм. Тэгээд тэр онол нь олдлоо.  -Таныг дэлхийг аврах нээлт хийсэн гэдгийг хүмүүс мэдээд байдаг. Гэхдээ яг одоо яаж аврах юм бол гэсэн асуулт гайхшрал эргэлзээ төрүүлдэг бололтой? -Дэлхий даяаршсан нь худал биш үнэн үзэгдэл, дэлхийн байдал монголынхоос дор орчихсон байна. Дэлхийн даяаршил дангаараа тусдаа биш, асуудлыг давж гарах нь нийтлэг болчихсон.  Асуудал юу вэ гэхээр орчин цагийн соёл иргэншил нь шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн өнөө хүрсэн түвшингээр цааш явах юм бол 21-р зуунд глобаль, сүйрлийг тойрч гарч чадахгүй.  Ийм тооцоо стратегийн судалгааны түвшинд хийгдээд 40 жил болж байна. Үндсэн ганц найдвар нь супернэгдлийн онол / СНО /-ыг нээж өгөх явдал. Үүнийг нь нэг муу Монгол нээлээ, оллоо.  -Үр дүн нь яаж гарах вэ? -Нэгдсэн онолоос жинхэнэ хувьсгалт шинэ технологи гаргаж үйлдвэрлэлийг байгаль орчинд аюулгүй болгон шинэчилж, эдийн засгийн огцом өсөлт хангах замаар сүйрлийг зайлуулж болно.  -Сүйрлийн эсрэг авах арга хэмжээ дуусчихсан гээд НҮБ хэлж байгаа? -Сүйрлийн эсрэг сөрөг арга хэмжээ авах асуудал урсаад дуусчихсан тухай НҮБ хэлснээс хойш хэдэн жил өнгөрсөн. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хямралын үе эргэлт буцалтгүй тал руугаа шилжсэн байна гэсэн үг.  -Аврал нь таны нээсэн нэгдсэн онол болж таарлаа тийм үү? -Цаг шахаж байна, дэлхий маань санхүүгийн хямралын ангал руу өнгийгөөд байна. Сүйрлийн эсрэг сөрөг арга хэмжээ авахын тулд ганц юм хэрэгтэй. Энэ нь нэгдсэн онол. Өөр найдах юм огт байхгүй.  -Энэ аугаа бүтээлийг нээхэд та хэдэн жил зарцуулав? -1997 оноос хойш яс сууж хийсэн ажил. Үнэн хэрэгтээ их багагүй 45 жил сурч мэдэж, бодож боловсруулсны үр дүн. Учир нь анхдагч сэжим сэтгэмж оюутан байх үеэс толгойд орж, санаанд багтсан билээ.  -Тэг зардлаар олдсон хязгааргүй үнэ цэнэтэй үндэсний баялаг болох супернэгдлийн онолыг манай төр засаг яах бол? – Яах ч үгүй бололтой.  -Нэгдсэн онолын үндэсний анхдагч эрхийг нь авья гэсэн хүсэлт гадны орнуудаас таньд ирсэн гэсэн. Тэд ямар үнэ хэлж байх юм.? -Үнэ цэнийг нь мөнгөөр сонирхож байна уу. Супернэгдлийн онолыг нээсэн үндэсний эрхийг надаас тэрбумаар биш их, нэг их наядаар биш, хэдэн их наядаар, монгол төгрөгөөр бус хатуу валютаар авья гэсэн санал ирсэн. Валютынхаа дансыг хэлээд өгөөч гэж хэд хэд шаардсан шүү. Баримтууд нь байгаа. Үгүй гэхэд урьдчилгаа нь гээд сая доллар ороод ирэх байсан биз.  -Төр нь дүлий дөмбө, гөлөөн пад оргиод байгаа юм чинь өгчихөд яадгийм, аан. Цаг яваад байна шүү дээ? -Монголоос хүлээх юм байхгүй боллоо гээд зарчихаж болох л юм. Гэтэл энэ онол чинь Монголд хязгааргүй үнэ цэнэтэй үндэсний баялаг, дэлхийд бол шинэ сэргэн мандлын үндсэн хөрөнгө болох юм. Хүн төрөлхтний туйлын зорилт нь орчлон ертөнцийн бүрэн төгс онол гэж би хэлээгүй юм. Харин тэр туйлын зорилтыг нь хэрэгжүүлчихээд сууж байна.  -Супернэгдлийн онолоос урган гарах технологийн хүрээнд үнэмлэхүй зэвсэг хийх боломж байгаа юу? -Байгаа байх. Гэхдээ Оюутолгойн ашгаараа нууц лаборатори байгуулж зэвсэг зохион бүтээгээд суучих хэрэггүй. Учир нь нэгдсэн онолын нээлт манай үндэсний аюулгүй байдлын үнэмлэхүй үндэслэл болно.  Хүн төрөлхтний туйлын зорилгыг хэрэгжүүлсэн үндэстнийг оролдох гээд үз л дээ. Миний ганц сонирхож байгаа зүйл бол жинхэнэ хувьсгалт технологи бий болгох. Хиймэл оюун бүтээх, хүн чөлөөтэй нисэх хэрэгсэл зохион бүтээх, хэт дамжуулагч материал бий болгох гэхчилэн.  -Энэ бүхэн чинь зэвсэг болох аюул учруулах юм биш үү? -Тэгнэ. Тиймээс эргээд хүн төрөлхтний сэтгэл зүй, нийгмийн бодлого асар их өөрчлөгдөх ёстой. Даяарших учиртай юм. Бие биенээсээ нууцлаад баахан нууц лаборатори байгуулаад тус тусдаа зэвсэг хийгээд байх биш.  Нэг том төвөөс шинэ хувьсгалт технологиуд гаргаж аваад түүнийг нь нийтээрээ хэрэглэх бодлого чухал болно. Тийм төвийг л би Хархоринд байгуулья гэж хэлээд байгаа юм. Жирийн иргэд үүнийг ойлгож байгаа.   -Давост жил бүр төр засгийн тэргүүнүүд, тэрбумтнууд цуглардаг гэсэн. Тэнд дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал хэлэлцдэг гэх? Манай Ерөнхийлөгч ч очсон гэж байсан. Бас Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Содбилэг эдийн засгийн чуулганд нь оролцдог гэж өөрөө хэлж байсан. Тэд таны номыг сугавчлаад очиж болдоггүй юм уу? -Би Ерөнхийлөгч байсан бол англиар бичсэн онолын номоо аваад л Давосын чуулганд оролцох байсан. Давост жил бүр төр засгийн тэргүүнүүд, баахан тэрбумтнууд цугладаг юм. Тэндээс юу гарсныг үзсэн үү, Давосын чуулганаас ямар гайхамшигтай шийдэл гараад дэлхий дахиныг бишрүүлсэн юм бий юу.  Юу ч байхгүй энэ онолоос л бүх шинэ санаа, шийдэл гарна. эхлээд дэлхийд хүргэж өгөх, өгөхдөө нийтлэг хүргэж өгөх шаардлагатай. Ийм шаардлага надаас өмнө үүссэн. Атомын зэвсэг байж болох юмаа гэж харагдаад ирсэн.  Энэ тухай Нильс Бор нууцлахаа больё гэж хэлсэн. Америкт эхлээд цөмийн зэвсгийн төв бий болгосон, асар их зардалтай эд шүү дээ. Америкийн эдийн засаг бараг эцсийн нөөцөө шавхаж байж цөмийн зэвсэг хийсэн.  Гэтэл Нильс Бор оросуудад хэлээд өгчих битгий нууцал, тэртээ тэргүй цаадуул чинь хийх чадалтай гэсэн. Америк, Орос хоёр цөмийн зэвсгээр өрсөлдөж эхлэх юм бол цөмийн дайн гарна. Тэгээд наад дэлхий чинь сөнөнө гээд байсан. Гэтэл нууцалсаар байгаад хүйтэн дайн гарсан.  Дэлхийн хоёрдугаар дайнаас 90-ээд оны сүүлч хүртэл дайны үйл явц өрнөсөн шүү дээ. Одоо тэгэхээр дахиад ийм асуудал шинэ нээлт, шинэ технологиос үүснэ. Би Нильс Бор шиг бодож байгаа юм. Дашрамд сонирхуулахад, цөмийн зэвсгийн жинхэнэ нууц нь цөмийн физикт бус, энгийн физикт байдаг юм.   -Энэ дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ээлжит хурал Улаанбаатарт болж, олон орон оролцох юм гэсэн. Та илтгэл тавьж болдоггүй юм уу? -Үүнийг чинь би хүсч байна л даа. Ардчилсан монгол орны ардын төлөөлөгч үг хэлнэ гэдэг ч юм уу ийм хүсэлтийг Ерөнхийлөгчид дуулгаад өгөөч гэж хүсч байна.  -Таны нээсэн нээлт хоёулаа асар хүндрэлтэй ноцтой асуудлууд. Товчдоо, дэлхийн соёл иргэншил, монгол болохын баталгаа нь супернэгдлийн онолын нээлт юм гэдгийг таны “Бид ялав” номоос олон түмэн ойлгосон байх. Зарим нь гуч уншлаа дөч уншлаа ойлгохгүй байна ч гэдэг? -Дэлхийн төв нь монгол байх ёстой гэхээр жирийн хүмүүс ойлгодог юм. Холбогдох нарийн ширийнийг “Бид ялав” ном хэлчихсэн байгаа. Дэлхийн шинэ өрнөлийн, Монголын шинэ сэргэн мандлын эх нь “Бид ялав” ном болох байх. Тэгж л ойлго. Тэртэй, тэргүй энэ дэлхий авралаа эрж байна.  Ийм л мөчлөг дээр үйл тохиож байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ номонд юу хэлэв гэдгийг мэдсэн хүмүүс хоорондоо хэлэлцээд юуг нь хэтрүүлэв, юуг дутаав гэх мэт мэтгэлцэх замаар Монгол үзлийн үзэл баримтлал дээр үндэсний үзэл санаа төвлөрөх ёстой. Шинжлэх ухаанд хэн юу хэлж вэ, түүнийг мэдээд ав.  Хэрэглээд үз. Шинжлэх ухаан чинь яаж үүссэн билээ. Дэлхий эргэн нар зогсож байгаа гэж хэлсэн. Гэтэл өглөө босоод хартал нар нь яваад дэлхий зогсож байгаа. Коперникийг худлаа хэлжээ гэж бодно. Гэтэл энэ хүн тийм юм хэлжээ гэдгийг мэдээд авчихсан байхад аяндаа Коперник зөв байсан нь батлагдаа биз дээ.  Би ойлгохгүй л дээ гэх нь монгол хүний бараг амны уншлага. Ойлгох хэрэггүй, ойлгох гэж хичээх ч хэрэггүй., эхлээд зүгээр мэдээд ой санамжиндаа хадгалаад ав. Ойлгох мэдэх нь огт хоёр өөр зүйл. Мэдэхийн хэрээр ойлгоц ирдэг гэдгийг юу эс андах билээ.  -Тэгвэл монгол-төвт үзэл баримтлалыг та 1997 онд “Их гурвалжин” номоороо дэвшүүлсэн. 2012 онд “Бид ялав” номоороо баталжээ гэж ойлгож болох уу? -Ингэж ойлгоход буруугүй. Миний бие араа нэг муу даах байх.  -Тэгэхээр шинжлэх ухаан гэж ер нь юу юм бэ гэдгийг нэг өгүүлбэрээр тайлбарлаж болох уу? Монголчууд дэлхий ертөнцийн төв болох өөр ямар учир шалтгаан байж болох вэ? -Ертөнцийн бүх юмс үзэгдэл дандаа байгалийн үзэгдэл байдаг. Хүний нийгмийн түүх, нийгмийн үзэгдэл байгалийн үзэгдэл. Байгаль дээр байгалийнхаас өөр юмс үзэгдэл байхгүй гэдгийг шинжлэх ухаан гэдэг. Монголын түүх байгалиас тасархай, хүн гээч юмны түүх байгалиас гадуур гэж эндүүрч болохгүй.  Үүн шиг том алдаа байхгүй. Хүн гээч ердөө байгалийн үзэгдэл бүтээгдэхүүн. Монголын болон, дэлхийн түүх нь байгалийн үзэгдэл гээд бодчих тэгэхээр байгалийн үзэгдэл ямар зүй тогтлоор явдаг, түүний гол хүчин зүйл юу байдаг гэдэг рүү тодорхой ороод явчихна.   -Байгалийг захирч байгаа нь хүн биш юм байна. Тэгвэл юу байх вэ? -Байгалийг захирч байгаа юм чинь цагийн мөчлөг. Өөр үзэгдэл байхгүй. Цагийг зогсоочихсон гэж үзвэл бид өөрсдөө байхгүй. Хүн үхэж байгаа гэдэг чинь цаг зогсчихож байгаа хэрэг. Тэр нь мөчлөгтэй. Мөчлөгтэй үзэгдлийг цаг гэж хэлдэг.  Ухаандаа Чингисийн Монголоос хойш өнөөдөр Монгол дахин сэргэх нэг мөчлөг ирчихсэн байна. Хүснэ үү үл хүснэ үү гэдэг хамаагүй. Мөчлөг эргээд үйлчилж байгаа үе. Монголын дахин сэргэлтийн мөчлөг хоёр мянганы заагт тохиох юм гэж 1997 онд би “Их гурвалжин “номынхоо анхны хэвлэлд бичсэн.  Монголчууд нэг их сайндаа юм уу, муудаа бүхнийг харсаар байтал хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаа юм биш. Цаанаасаа үйлчилж байгаа байгалийн үзэгдэл, Тухайн үндэстэн эрчимд орох тухай Гумилевын онол номлол бий.  Үндэстэн эрчимжээд, хийморь сүлд нь ороод, идэвхтэй болоод ерөөсөө юу ч хийхээс буцахгүй зоримог болоод ирж байгаа чинь байгалийн мөчлөгийн асуудал. Тийм мөчлөг өнөөдөр Монголд ирсэн байна.  -Урагшлах замд саад болоод байгаа нь юунд байна вэ? -Монгол үндэстэн сүүлийн таван зууны турш ихэд буурч доройтож, бараг удамшил нь сүйрэхдээ тултал доройтож ирсэн учраас одоо сэргэн мандлын үйл явцад ороход хүндрэлтэй байгаа юм.  Энэ хүндрэлийг давахын тулд нэг том ном буруу, зөв бичигдэх ёстой байж. Тэгээд хүмүүс алдаг оног унших ёстой. Алдаг оног уншаад ямар нэг логик ойлголт авч сэтгэл зүй нь нааштай төлөвт шилжих учиртай.  -Тэгье. Нэг зүйл асууя. Та номоо яагаад “Бид ялав” гэж өнгөрсөн цагаар нэрлэв. Энэ бүхэн чинь хэрэгжээд бид ялчихсан юм шиг сэтгэгдэл төрж байна л даа. “Бид ялна” гэж болоогүй юм уу? -Коммунизмд орно гэснээрээ бол бид коммунизмд орчих болсон. “Бид ялна” гэхээр хий мөрөөдөл байх болно. “Бид ялав” гэхийн учир нь шинжлэх ухааны эцсийн суурь онол нэгэнт нээгдэж боловсроод ном болоод хэвлэгдчихсэн байгаа. Хэл зүйн хувьд үүнийг одоо, өнгөрсөн цаг гэдэг.  Би юу ч амлаагүй, хийдгээ хийгээд монголыг дэлхийн тавцанд яллуулчихлаа. Үүнийг ойлго. Гадаа гудамжинд ямар байх нь хамаагүй. Бид ялав. Ялалтаас бүү ай. Урьдын хэдэн зууны айдсаасаа одоо салж хагац. Бизнес менежментийн нэг хууль байдаг, юу гэвэл амжилт ялалтаа сайтар ухаар гэж.  Тэр хэрээр амжилт ялалтынхаа үр шимийг хүртэхийн төлөө тэмц гэж. Ингэж ухаарахгүй тэмцэхгүй тайвширваас ялалтаас чинь дутуугүй томоохон хохирол, хожигдол ирнэ гэж.  Энэ бол түүхэн туршлагаар батлагдсан үнэн. Ялалт бол тайвшрах нөхцөл хэрхэвч биш, харин эрчимжих нөхцөл боломж, шаардлага. Монголыг сэргээн мандуулцгаая. Бодит үндэслэл нь бэлэн боллоо.  

    О.Эрдэнэжаргал (Орхон)

    Ч.Эрдэнэ: БУРХАН УУЛ, ЭЭЖ ХАЙРХАНЫ хоорондох газар нутаг бол ШАМБАЛЫН ОРОН юм

    ner.mn   /2016-12-02

     “Супернэгдлийн” гэх тодотголтой физикч, судлаач Бэсүд Ч.Эрдэнэтэй ярилцлаа.

    -Америкийн судлаачид индиануудын ген одоогийн Алтай ялангуяа Монгол Алтайгаас урагш Говь-Алтай тал руугаа сууршиж байгаа хүмүүсийн гентэй 30 хувьтай таарч байна гэсэн судалгаа хийсэн байна. Арван мянган жилийн өмнө индианууд нүүхдээ ер нь Төв Азиас, тодруулбал Говь-Алтайгаас нүүсэн гээд байгаа нь хэр үндэстэй вэ?
    -Тэр тухай бид номондоо өөр өнцгөөс нь бичсэн байгаа. Майягийн хамгийн хөгжингүй боловсронгуй овог нь Майя Киче гэдэг омог байсан. Одоо ч энэ омог байгаа. Майя гэсэн нэр умай гэсэн үгээс гарсан. Газар дэлхий дээр бүх Майя гэдэг үг Алтай хэлний умай-гаас гарсан. Иисусын эх онгон бүсгүй чинь Майя. Бурхан багшийн эх ч бас Майя. Ийнхүү өвөг алтай, өвөг монголын домог үзэл чинь дэлхийн соёлд тэртэй тэргүй даяарчлаад шингэчихсэн байна. Нөгөө Монгол Төвт үзэл чинь үүнээс л эхэлж байгаа юм шүү дээ. Майя-киче омог нь Майя угсаатан дотроо хамгийн соёл боловсролтой дайчин омог, одоо хүртэл байна. Майя утга зохиолын гол дурсгал нь Пополь вух. Нэгэн төрлийн нууц товчоон. Алтайчууд бол угтаа алтай хэлээрээ алтай-кичи хүмүүс болно. Оросын алтайчууд өнөөг хүртэл алтай-кичи нэрээрээ явдаг. Тэгэхээр Америк тивийн Майя-кичи угсаатан нь Алтай-кичи нар юм. Сорхогтани Бэхи хатнаас амаар уламжилж ирсэн гэх “Алтан аялгуу”-нд хижи гөрөөс гэж үг байнга байгаа. Өнөөдрийн хүмүүс уншаад ойлгохгүй. Энэ хижи гөрөөс нь Алтайн эртний хүн. Бөмбөрцгийн баруун хагаст алслан нүүдэллэсэн умай овгийн хижи буюу майя-киче  болжээ. Майя-киче хүний жижиг баримал эртний дурсгал байх ба  дүр нь ердөө л өнөөгийн Эрдэнэ хэмээгч. Аль аль нь фото-мистер даанч биш, гэхдээ хоорондоо ихэр юм шиг адихан.    
    -Шамбалын орон байдаг тухай та судалгааны номондоо тодорхой хэлсэн байна?
    -“Бид ялав” номын төгсгөлд өнгөт зурагтай нэг хэсэгт Шамбалын орон байдаг тухай тодорхой бий. Шамбалын орны домог үзэл  аль ч соёлд байна. 
    -Буддын соёлд Шамбал нэрээрээ байдаг. Тэгвэл Христ, Исламын соёлд байдаг гэсэн үгүү?
    -Тиймээ аль алинд нь бий.
    -Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” кинонд гардаг даа. “Шамбалын дайнд морьдох гэж байгаа бурхны олон шавь нараа” гээд л нэг тийм авралын газар мэт сэтгэмж төрүүлдэг дээ?
    -Тиймээ нэг тийм аврал айлчлан ирэх ёстой газар юм.
    -Шашин номын соёлоор бол Шамбалын орноос аврал ирэх ёстой гэдэг. Тэр аврал нь үнэхээр хаана байдаг юм бэ?
    -Буддын соёлд Шамбалын орноос аврал ирэх ёстой гэдэг. Еврейчүүд өглөө болгон Мессиа хэмээх аврал ирэхийг хүлээж залбирдаг. Аврал ирсэн тэр цагт энэ дэлхийн бүх байдал сайн сайхан болно гэсэн номлол байдаг юм. 
    -Шамбалын орон хаана байдаг вэ гээд судлаачид эртнээс  эрж хайгаад явсан тухай утга зохиолд байдаг?
    -Зөвхөн судлаачид биш. Оросууд эртнээс хайж л байсан. Адольф Гитлер хүртэл шууд Түвд рүү экспедиц явуулж л байсан байгаа юм. Шамбалын орон чухам хаана байна вэ гэдэг сонин асуудал. Утга зохиолд удаа дараа энэ тэнд бие биенээсээ хамааралгүйгээр заахдаа Энэтхэгээс хойш, бас Түвдээс хойгуур гэх нь нийтлэг. Тиймээс асуудал Монгол руу ороод ирж байгаа юм. Монголын нутагт тэгээд хаана байгаа юм гээд томоохон судлаачид онол, практикийн хувьд эрж хайсан нь зөндөө.
    -Шамбалын орон байгаа гэдгийг та нотолсон. Шамбалын орон чинь хүн төрөлхтөнд юу өгөх ёстой юм бэ?
    -Домог ёсоор Шамбалын орноос хүн төрөлхтөнд туйлын мэдлэг өгөгдөх ёстой юм. Тухайн газар орон Шамбалын орон болохын шалгуур баталгаа нь  туйлын мэдлэг өгөх. Өөр баталгаа байхгүй, байх ёсгүй нь дээрх домгоос илт.
     

    -Өнөөг хүртэл Шамбалын орон олдсонгүйн учир нь хүн төрөлхтөнд үнэмлэхүйн мэдлэг хүрэлцэн ирсэнгүй удтал хүлээлгэжээ. Тэгтэл энэ мөчид үнэмлэхүйн мэдлэг буюу таны нээсэн Супернэгдлийн онол нээгдлээ, олдлоо. Хаанаас олдов?
    -Мэдээж Шамбалын орноос шүү дээ. 
    -Тэгвэл Шамбалын орон чинь энэ байна гээд дэлхийн газрын зураг дээр уртраг, өргөргийг нь тов тодорхой өндөр нарийвчлалтай зааж өгч болох нь ээ дээ?
    -Юув гэвэл, чи бид хоёр төрсөн газар, өссөн нутагтай нэгэн байхаас өөрцгүй. Тиймээс томоор нь яривал Монгол маань Шамбалын орон юм байна. 
    -Монголдоо яг хаана вэ?
    -Монголдоо бол Бурхан буудай уул ба Ээж уул Хатан Хайрханы хооронд Сагсай, Төгрөгийн голын дагуу сунан тэлж орших байгалийн нэн ховор үзэсгэлэнт газар нутаг нь Шамбалын орон юм байна. Тэндээ бол Булштын дунд бууц гэж нэг цэг бий. Дүйхорын ван тавих гэдэг нь Калачакра буюу цагийн хүрдний номлолтой холбоотой. Калачакра нь шууд Шамбалын орны ойлголттой холбоотой. Тэгээд цагийн мөчлөгийн зүй жамаар Шамбалын орноос үнэмлэхүй мэдлэг буюу өнөөгийн хэлээр Супернэгдлийн онол чинь хүрээд иржээ. Үүнд л Шамбалын орны утга учир байгаа юм. Домог ёсоороо.
    -Та энэ домгийг зохиогоод байна уу?
    -Би тэр домгийг зохиосонгүй. Эртний мэргэдийн номлол. Одоо Шамбалын орон хаана байна гэвэл, дэлхийн соёлт бүх хүн Шамбалын орон гэдэг чинь танай Монгол юм биш үү гэнэ. 
    -Шамбалын орныг тогтоох шалгуур нь эцсийн мэдлэг гэж хэлээд байна уу, та?
    -Тиймээ. Хаанаас эцсийн мэдлэг хүрээд ирэв гэдэгт байгаа юм. 
    -Маш сонирхолтой. Та тэгвэл батлаад нотлоод дагуулаад зааж зураад явахгүй юу?
    -Дээр дурдсан хоёр уул тэр чигээрээ байгалийн гайхамшиг. Оросын хуучин сүсэгтнүүд гэх хүмүүс хэзээ ч байсан, одоо ч байна. Оросоор Староверцы гэнэ. Христийн шашны нэг урсгал юм. Гэхдээ өвөрмөц сөрөг хүч болоод явсан улс. Эртний юмыг асар их мэддэг гэж хэлдэг. Соёл иргэншлээс хол зайдуу бөглүү газар очоод суучихдаг. Эртний мэдлэг сэлтийг бодитоор өвлөж авсан учраас л хожмын соёл иргэншлийг огоорч иржээ гэж бодмоор. Одоо хүртэл тосгондоо радио, цахилгаан хэрэгсэл хэрэглэдэггүй. 
    -Яагаад Староверцын домог дотор Шамбалын орны тухай яриад байдаг юм бэ? 
    -Тэд Шамбалыг Цагаан ус буюу Беловодье гэж нэрлэсэн байдаг. Монголын цэрэг баруун тийшээ аялан байлдсан тэр мөрөөр буцаад явах юм бол Шамбалын оронд хүрэх юм гэсэн домог ярьдаг. Орос Алтайн хязгаарын хуучин сүсэгтнүүд домгийнхоо ёсоор Монголын их цэргийн замаар мөрдөн явжээ. 
    -За.
    -Ингээд явтал эхлээд баахан давстай нуур таарчээ. Тэр нь мэдээж Их нуруудын хотгор. Уул дамжаад урагшаа явж байтал том хийд таарсан нь Нарбанчин хийд байгаа юм. Урагшаа явсаар байтал Богогорш хэмээх уул таарна гэжээ. Тэр нь Бурхан уул байна шүү дээ. Бурхан ууланд хүрмэгц Шамбалын орныг оллоо гэж ойлгосон дүр зурагтай.
    -Бурхан буудай уулнаас буугаад цаашаа юу байнав гээд үзсэн болов уу?
    -Бурхан буудай уулнаас буугаад цаашаа юу байнав гээд үзэхээр нэг бол Төгрөгийн голыг уруудан Үрэлтийн хөндийгөөр Өлийн давааг даваад өнөө Их говийн дархан газрын төв Захуйн говьд хүрч Ээж уулын барааг харна. Нэг бол хойгуур Сагсайн голыг даган одоо Азид хоёрт ордог том далан барьсан амаар нэвтэрмэгц цэлийсэн их говийн дунд  зэргэлээтэх Хатан хайрханыг олж харна. Ээж уул нь нэг цул боржин чулуугаар бүтсэн дэлхийн геологи, газарзүйн гайхамшигтай сонин үзэгдэл. Оросын хуучин сүсэгтнүүд хуурай сайр дагаад явтал гэнэт дээрээс ус урсаад ирж байгаа юм. Гайхсан хуучин сүсэгтнүүд ус чухам хаанаас оргилж буйг мэдэхээр дээш авирна. Тэгээд домогт есөн тогоонд хүрнэ. Энэ чинь ёстой жинхэнэ ид шидийн газар байна гэж ойлгоно. Ёстой Цагаан ус, Шамбалын орон мөн байна гэж ойлгоно. Үнэмлэхүй мэдлэгийн эх булаг Шамбалын орны мэлмий нь энэхүү дүүрэн уст толин цэнхэр есөн тогоо байдаг юм байна гэж үзээд нутаг буцаж, үзсэн харснаа аман зохиолдоо дурдаж үлдээсэн байх юм. 
    -Бурхан багш Алтайгаар аялсан гэсэн домог байдаг нь үнэн болов уу?
    -Бурхан багш Алтайгаар аялсан гэх домог Энэтхэг, Монгол хоёр газар тухайн үедээ түгээмэл байсан гэж  их судлаач Рерих нотолдог юм. Хэрэв Бурхан багш Алтайгаар аялсан нь үнэн бол Бурхан уулын нэрийг өөрөө газар дээр нь өгсөн юм биш биз. Оросын хуучин сүсэгтнүүд яагаад Шамбалын орныг эрж хайгаад, тэгээд яаж шуудхан олов оо. Иисүс Христ Азиар аялсан тухай домог бас бий. Хуучин сүсэгтнүүд Иисүсийн аяллын замыг мэддэг учраас мөрөөр нь хөөгөөд явсан юм биш биз гэсэн таамаг тавьж болох нигууртай.   
    -Ингэхэд Иисүс Христос гэдэг чинь эцсийн дүндээ юу гэсэн үг юм бол?
    -Иисүс Христ нэрс Өрнийн аль ч хэлэнд тайлбаргүй. Христийн шашин ч, Иудейн шашин ч өвөг алтай-монгол хэлтэн дравид-бүргэдүүдийн бүтээсэн Сүмэр соёлын домгоос шууд гаралтай юмаа. 
    -Бөө мөргөлд зүг зүгийн 99 тэнгэр байна гэдэг. Энэ чинь Иисүсийг хэлээд байна уу?
    -Эрт үедээ Ес-Ес гэж хэлдэг байсан нь хэлний хөгжлийн зүй тогтлын үүднээс бараг зайлбаргүй. Ялиггүй сунжраад Иисүс болчихож байна. Олон онгод тэнгэр бөө мөргөлөөс нэг бурхан бүхий монотеист шашин үүсгэхийн тулд өөр яах юм. Ер нь дэлхийн түүх чинь жаахан хөөх дээр Монгол руу хүссэн хүсээгүй төвлөрөөд ирдэг. 
    -Тэгвэл том том эрдэмтэн судлаачид танаас өмнө яагаад төвлөрүүлээгүй юм бэ?
    -Яагаад Эрдэнээс өмнө төвлөрүүлээгүй юм гэхээр  Хүннүгийн ба Чингисийн байлдан дагууллын улмаас сөрөг хандлага үүсчихсэн. Монголыг судлах бус, муулах талаа барьсан. Нөлөө нь бидэнд туссан. Бид чинь Монголын түүх, дэлхийн түүх хоёрыг гадаадад юу гэж бичиж байна гэдэг талаас нь хараад байдаг. Өөрийнхөө толгойгоор бодоод өөрсдөө хөөж судлаад явсангүй. Одоо ингээд яваад ирэхээр тэр дэлхийн түүх чинь Монголоос цацраад байхаас биш өөр газраас цацрахгүй. 
    -Хятад дэлхийн соёл иргэншлийн түүх манайхаас цацрах ёстой гэх ухааны юм ярих гээд байдаг?
    -Ер нь Хятадын соёл иргэншил эрт үедээ их зээлдмэл. Хятадын соёл иргэншлийг агуу соёл иргэншил гэж яриад байх мөртлөө Хятадын соёл иргэншил Хятадын хөрсөн дээр үүссэн эхний мөч, мөчлөг нь байдаггүй юм. Тийм учраас түүхчид, соёл судлаачдын гайхдаг юм тэр шүү дээ. Хятадын соёл иргэншил гэв гэнэт нэлээд өндөр төвшнээс Хятад хэлбэрээр гараад ирсэн байдаг. Тэгээд уг бүдүүлэг хоцрогдмол үндэслэл нь Хятадад байна уу гэхээр байдаггүй. Хаа нэг газраас харьцангуй хөгжингүй юмыг зээлж аваад хөгжүүлчихсэн байдаг. Үүний учир шалтгаан нь миний бүтээлд дурдагдсан байгаа. Хятадаас цацарна гээд юу цацрах юм бэ. Хятадаас цацарсан бол тэр хятадууд чинь хятад бичигтэйгээ энэ тэнд явж байх ёстой биз дээ. Ерөөсөө  ганц найдвартай газар нь ерөнхий бодсон ч монголчууд л байхгүй юу. Шамбалын орон бол тогтоогдсон. Домгоороо, үлгэрээрээ, шашин, шинжлэх ухааны талаасаа, нотолгоо нь юув гэхээр тэндээс  л Супер нэгдлийн онол гарах ёстой. Үнэмлэхүй мэдлэг Шамбалын орноос ирэх ёстой. Тэгээд ирлээ өөр юу гэж хэлэх юм. 
    -Та Бурхан уулыг Шамбалын орон мөн гэж үзэж байна уу?
    -Бурхан уул, Ээж хайрханы хоорондох газар нутаг бол Шамбалын орон. Оросууд яагаад Цагаан ус гээд байв? Бурхан уулын хойд хаяанд Цагаан гол байна, тэнд хадны зураг дурсгалын  бүхэл бүтэн цогцолбор байна. Тэр чигээрээ соёлын нэг гол төв. Алтай Таван Богдоос эх авдаг бас нэг Цагаан гол байна. Хөндий нь тэр чигээрээ хадны зургийн агуу галларей. 12000 жил тасралтгүй үргэлжилсэн соёлын их төв гэж археологчид үзэж байна. Цагаан голыг оросууд орчуулахаар Беловодье болно биз дээ. Оросын хуучны сүсэгтнүүд Шамбалын орны домгийн  их мэдлэг хадгалж үлджээ. Бурхан уулын нэрийг Богогорш гэж хөрвүүлжээ.  Шамбалын орны хойд хязгаар нь Говь-Алтайн Цагаан гол гэж, юмаа сайн мэдээд зоригтой хэлж сурах хэрэгтэй. 
    -Таны ярианаас домог бол эрин цаг, ирээдүй цагийн толь юм байна гэж ойлгогдож байна. Домгийг өнөөгийн төвшинд хоосон, хий мөрөөдөл гэж ойлгоод байх шиг?
    -Домог гэдэг чинь дам үг. Түүхэн улбаатай ямар нэг мэдээллийг домог гэнэ. Өнөөдрийн өндөрлөгийн сэтгэлгээ, соёлын нэг аксиом бий. Юув гэвэл, аливаа домог заавал цаанаа ямар нэг учиг улбаатай, утга учиртай гэж хандах явдал. Жишээ нь: Грекийн Трой хот байна. Домог байлаа шүү дээ. Модон морь хийчихээд тэр дотроо баахан цэрэг суулгаад нөгөөдүүл нь гарч ирээд Трой хотыг эзэлж авлаа гээд л. Хүүхдийн үлгэр шиг юм л байгаа юм. Тэгсэн Шлиман гэдэг хүн тэр Трой хот үнэн байх гээд хүүхдийн гэнэн сэтгэлээр бодчихож. Трой хотыг үнэн гэдгийг батлахын тулд  хүн их юм мэдэж судлах хэрэгтэй болно. Нөгөө нөхөр чинь 30 гаруй хэл сурсан байгаа юм. Тэгээд л 30 гаруй насандаа Трой хотыг хайж яваад олсон байдаг. Өнөөгийн Туркийн нутагт Гэсарлик гэдэг толгой л байгаа байхгүй юу. Энэ толгой чинь Трой хотын туурь. Шороонд булагдсаар байгаад  ийм болсон юм биш биз гээд малтсанд Трой хот мөн байсан. Тэндээс жинхэнэ эртний Грекийн дурсгалууд  болох алтан титэм, эвэр хундага зэрэг эд агуурс олджээ. Домог бүр учиртай. Бодит түүхэн учиг байсан учраас хожим шинжлэх ухаанч судалгааны явцад батлагдах боломжтой. Шамбалын домог батлагдлаа гэж би хувьдаа үзэж байна. 


  • Х.Намсрай: Бид хүссэн, хүсээгүй цөмийн энергиэ шүтэж, түүнийгээ ашиглах нь зүй ёсны асуудал

    Өчигдөр Монгол Улсын төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, цөмийн физикч Х.Намсрай гуайд Цөмийн Энөргийн газрын удирдлага тус байгууллагын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм.

    -Шинжлэх ухааны салбараас Чингис хааны одонг анхлан та хүртсэн, Тэр үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

    -Энэ шагналыг урьд нь улс эх орон, төрийг удирдан жолооддог төрийн тэргуүнүүд голдуу авч байсан учраас эрдэм шинжилгээний энгийн ажилтанд яагаад өгч буй юм бол гэж гайхсан.

    Дараа нь миний ард байгаа олон авьяаслаг залуу, эрдэм шинжилгээний ажилтан, шинжлэх ухааны байгууллагад олон жил зүтгэсэн хүмүүсийн хичээл зүтгэлийг төрөөс үнэлж, хойч үед маань хүндэтгэл хийгээд урам хайрласан явдал болох юм гэж бодсон.

    -Та анхнаасаа энэ салбарыг сонирхон судалсан уу?

    -Тийм. Анхнаасаа л физик сонирхсон. Хоёрдмол санаа надад огт байгаагүй. Хэрэв сэтгэл хоёрдвол ажил цалгардана, бүтээмж ч тэр хэмжээгээр багасна. Тийм учраас аливаа зүйлийг хийж буй хүнд хоёрдогч санаа, эргэж буцах алхам хэрэггүй л дээ.

    Аав, ээж маань физикийн талаар нарийн мэдэх биш, “Хүү минь сураад байгаарай, хичээгээрэй” гэж хэлэхээс биш чи ийм мэргэжилтэй болох хэрэгтэй, энэ чиний амьдралын утга учир шүү гэж хэлж байгаагүй.

    Миний үеийнхэн л шинжлэхухаан, нарийн мэргэжлийн анхдагчууд. Түүнээс өмнө нарийн шинжлэх ухаан манайд хөгжөөгүй, бүгд малчин байлаа. Би өөрийнхөө сонирхлоороо л физикийн шинжлэх ухааныг сонгосон.

    -Ертөнцийн бүтцийгбүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулж, квант физикийн онолд шинэ чиглэл гаргасан хүн та. Маш олон жилийн хөдөлмөр шүү?

    -1940 оноос хойш эрдэмтдийн шийдэх гэсэн гол асуудал энэ байсан юм. Физикийн онол боловсруулж байтал шийдэж боломгүй нэг хүндрэл гардаг юм л даа. Түүнийг шийдэхийн тулд нэмэр болсон нэг дусал нь миний энэ онол. Энгийнээр тайлбарлавал, телевиз, гар утсаар гүйж байгаа гэрэл нь жижиг бөөмийн урсгал байдаг юм.

    Энэ бөөмийн урсгалыг эрдэмтэд бүтэцгүй гэдэг. Гэхдээ хөдөлгөөнийг нь бичих гэхээр хүндрэл үүсдэг. Миний энэ онолд гаргасан гол санаа бол бөөмсийн бүтцийг нь тодорхойлох, нэг сантиметрийг хэдэн сая, хэдэн тэрбум хуваасантай тэнцэхүйц бүтэцтэй байдаг юм бэ гэдгийг л тогтоосноор хүндрэлийг арилгаж болох арга зам нь гарч ирсэн юм.

    Өөрөөр хэлбэл, олон орны эрдэмтэд бүгдээрээ нэг л зүйлийг тал талаас нь мэрдэг. Ийм нэг шинэ юм оруулъя, үүнийг нь орхисон байна гээд л нэг л асуудлыг шийдэхийн тулд олон санаа дэвшүүлдэг. Би түүний нэг дуслыг нь л бий болгосон хэрэг.

    Түүнийг л “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гэж нэрлэсэн. Олон орны, олон мянган эрдэмтдийн гаргасан далай шиг их бүтээлийн нэг жижиг дусал нь л “Намсрайн шийдэл”. “Намсрайн онол’’, “Намсрайн дөхөлт’’-ийг 40 жилийн турш нухаж байж гараас гаргасан.

    Өнөөдөр миний гаргасан онолыг сайхан нээлт хийлээ гээд гэнэт ухаараад дэлхий даяар ашиглана гэж байхгүй шүү дээ. Шалгуур гэж маш урт хугацаа шаарддаг зүйл бий. 10-20жилийн дараа яах аргагүй “Намсрайн онол”-ын үр дүн юм байна шүү дээгэж хүлээн зөвшөөрөх жишээтэй.

    Судлаач эрдэмтэн хүн нэг шинэ юм хийчихлээ, шинэ томъёо олчихлоо гэж хэлэх эрхтэй. Гэхдээ тэр нь олны хүртээл болж, нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг нь урт удаан хугацааны үйл явц. Заримдаа тэр нь худлаа байх нь ч бий.

    -Та олон оронд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд урт, богино хугацаагаар ажиллаж байсан юм билээ. Манайд ажиллаач гэсэн санал ер нь хэр олон ирж байсан бэ?

    -Би Орос, Америк, Англи, Швейцарь, Герман, Итали зэрэг улсуудад томилолтоор ажиллаж байсан. Социалист систем задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан улсуудад бэлтгэгдсэн эрдэмтдийг авах сонирхлоо Америк илэрхийлж эхэлсэн юм.

    Аргагүй шүү дээ, нэг эрдэмтнийг бэлтгэх зардал 100 мянган ам.доллараас дээш үнээр яригдана. Магистрантур, аспирантур, докторантурт сургахад цаг хугацаа их зарцуулна. Тийм учраас Оросын болон социалист орнуудад ажиллаж байсан эрдэмтдийг татаж авахын тулд 1995 оны дундуур “Ногоон карт” гэх зүйл гаргасан.

    “Америкт ажиллаж, амьдрах виз олгоод, ажлын байр гаргаж өгье, Та ногоон карт авах уу?” гээд надаас ч асууж байсан. Эх оронтой хүн учраас би чимээгүй орхисон. Ер нь өөр байгууллагуудаас түр хугацаагаар ажиллах олон урилга ирж байсан.

    -Сүүлийн үед цөмийн энергийн салбарын талаар ташаа ойлголт их гарах болсон. Мэргэжлийн хүний хувьд таны бодлыг сонсмоор байна?

    -Миний судалгааны ажил ерөөсөө цөмтэй холбоотой. Манай салбарынхан эх орондоо цөмийн судалгааг хөгжүүлэх, бүр цаашдаа цөмийн хавсарга судалгааг цахилгаан станц болтол нь хөгжүүлэх зүй тогтлыг өвөртөлж ирсэн жилийн туршлагатай.

    Ер нь цөмийн энерги гэдэг бол шинжлэх ухааны хамгийн дээд оргил нь юм. Энэ нь техникийн болоод судалгаа, онолын хувьд гарсан дэвшил нь. Аль улс цемтэй, түүнийгээ хэрхэн ашиглаж байна гэдгээр нь дэлхийд хэмждэг болсон.

    Тийм учраас бид хүссэн, хүсээгүй цемийн энергиэ шүтэж, түүнийгээ ашиглах нь зүй ёсны асуудал. Цаг нь ирэхээр бид цөмийн цахилгаан станцтай, түүнийг судалдаг эрдэмтэдтэй болох ирээдүй харагдаж байна.

    Тэгэхээр монгол орны хөгжил дэвшлийн нэг гол зүйл бол гайхамшигтай энэ шинжлэх’ухааны хөгжил дэшлийг өөрийнхөө амьдрал ахуйд ашиглах болсон гэдгийг хэлмээр байна. Өнөөдөртөө бол зарим нэг эргэлзээ байгааг үгүйсгэхгүй. Энэ бол бидний хэлдгээр нялхасын өвчин юм.

    Ямар ч зүйл хөгжихдөө эргэлзэж буцсан тийм асуудал байж л байдаг шүү дээ. Зүй тогтлынхоо л дагуу явж байгаа хэрэг. Харин ч бид бие даасан салбар агентлагтай байгаа нь хамгийн чухал.

    Учир нь дэлхийн бүх улс орон цөмийн энергийн салбартай юу гэж асуудаг. Ялангуяа хотын утааг багасгахад хамгийн чухал салбар бол цөмийн энергийн газар юм. Тэгэхээр зайлшгүй энэ агентлаг байх хэрэгтэй

    -Дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд, “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гээд таны нэрээр нэрлэгдсэн шийдэл, томъёолол бий болох цагт танд юу мэдрэгдэж байв?

    -Тэр чинь гэнэт “Намсрайн онол” гээд нэрлэчихдэг зүйл биш. Энэ бол урт удаан цаг хугацааг туулсан учраас хэзээд нь баярлаж, хэзээд нь өөрөөрөө бахархаж байсан юм бол гэх зүйл байдаггүй юм, бүх эрдэмтний хувьд.

    Урсгалаараа хүлээн зөвшөөрдөг учраас. Зарим тохиол-долд бурхан болсны дараа бүтээлийг нь үнэлэх тохиолдол ч бий.

    -Дэлхийн академийн гишүүн өөр монгол эрдэмтэн бий юү?

    -Байдаг. Би анхных нь болоод, нэрийг нь дэвшүүлж, санал болгосоор одоо надтай нийлээд зургаан хүн Дэлхийн академид данстай. Жишээлбэл, хөдөө аж ахуйн салбараас Ж.Гарьдхүү гэж хүн байна, геологийн салбараас Д.Доржнамжаа, нийгмийн ухааныг Р.Барсболд төлөөлж байна. Бүгд миний гарын үсгээр, миний санал болгосноор гишүүн болсон.

    -Та академийн гишүүн болж байсан үеэ дурсаач гэвэл?

    -Нобелийн шагналт, Дагестаны Абдул Салам гэж гарамгай эрдэмтэн хүн бий, Байгалийн дөрвөн хүчний цахилгаан соронзон, сул харилцан үйлчлэлийн нэгдлийг боловсруулсан эрдэмтэн. Эртний танил тэр хүнтэй нэг удаа уулзахад ийм академи байгуулж байна.

    Монголоос та төлөөлж, манай гишүүн болбол ямар вэ гэж анх санал болгож байсан юм. Гэхдээ ингэж хэллээ гээд шууд гишүүн болчихгүй шүү дээ. Миний бүтээлүүдийг олон эрдэмтэн хэлэлцээд, гишүүнээр элсэхийг хүлээн зөвшөөрч байсан.

    Явсаар одоо би энэ академийн экспертийн комиссын гишүүн болчихсон. Арваад жил болж байна. Энэ академид элсэх хүсэлтэй, эсвэл шагналд нэр дэвшиж байгаа гишүүдийн бүтээлийг шүүн хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгдөг юм л даа.

    -Төр засгаас эрдэм шинжилгээний ажилтнуудыг арай л дутуу үнэлээд байна гэж бодогддог уу?

    -Одоогийн нөхцөлд залуучууд гадагшаа яваад 2000 ам.долларын цалинтай ажил хийх сонирхолтой байгаа. Тухайлбал, Герман яагаад өндөр цалин өгч байна вэ гэхээр хураасан нөр их хөрөнгө тэдэнд бий.

    Харин манайх бол дөнгөж хураах шатандаа явж байна. Тиймээс манайд 2000 ам.долларын цалин өгөх боломж байхгүй. Гэхдээ манай залуучууд эх орондоо эргэж ирж байгаа. Тэнд 2000 ам.доллар аваад болсон болоогүй ажил хийж явснаас эх орондоо ирээд хоёр, гурван авьяаслаг залуу аваад компани байгуулаад ажиллах нь хэрэгтэй гэдгийг ойлгож ирж байна.

    1990-2000 он биш, өнөөдөр нөхцөл байдал шал өөр болж байгаа. Энэ бол бүх дэлхийн хөгжлийн чиг хандлага. Солонгос мундаг хөгжчихсөн гээд ц яриад байдаг. Яг манайх шиг л байсан шүү дээ. Бүр манайхаас дор, байгалийн баялаг ч байхгүй. Гэхдээ зөв шийдлийг нь олдог төр, засаг байх хэрэгтэй.

    Энд бас нэг асуудал бий. Би бол онолын физикч учраас үзэг, цаас байхад л болдог. Туршлагын чиглэлээр мэргэшсэн хүнд бол нарийн багаж, төхөөрөмж, компьютер хэрэгтэй. Мөнгө төгрөг их шаардана. Маш хэцүү. Энэ хангамж нь муу учраас судлаач хүмүүс Монголдоо үлдэж чадахгүй байгаа байхгүй юу.

    Бусад орны эрдэмтэд маш нарийн багажаар, нарийн туршилт хийж байхад бид бүдүүлэг туршилт хийхээр тэр хүний түвшинд хүрч, үнэлүүлж чадахгүй байна шүү дээ. Ядахад, багаж төхөөрөмж таван жил болоод л хуучирчихна. Ийм багаж нарийн тооцоон дээр алдаа гаргадаг.

    Тийм учраас туршлагын физик, биологийн эрдэмтэд энд, Монголд ажиллахад хүндрэл үүсдэг. Тэгээд гадаадын эрдэмтэдтэй хамтрахаас өөр арга үлдэхгүй. Харин цаас, үзгээс өөр зүйл ашигладаггүй, онолын эрдэмтдэд энд гайхамшигтай сайхан боломж бий.

    Олон улсын янз бүрийн төсөлд хамрагдаж энэ цоорхойг нөхөх бас нэг арга бий. НҮБ-ын, Европын холбооны зэрэг олон төсөл хэрэгждэг. Энэ бол шинжлэх ухаан Монголд хөгжих нэг гарц нь. Гишүүнээр элсээд багахан мөнгө төлөөд л судалгаа хийж болох олон төв дэлхийд бий.

    Тухайлбал, Дубна хотын Цөмийн шинжилгээний хүрээлэн байна. Бид 1956 онд тэндхийн гишүүн болсон. Тэрнээс хойш хичнээн олон эрдэмтэн тэнд бэлтгэв. Тийм учраас манай өнөөгийн нөхцөлд хамгийн таатай боломж бол олон улсын хүчийг ашиглаж, тэндээ ажиллах бол маш чухал хүчин зүйл.

    О.Жаргал

    Эх сурвалж: Нийслэл таймс

  • Л.Ариунболд: Бизнесмэн хүн мөнгөнөөс давсан том зорилготой байх ёстой

    Инженерийн гараар мөрөөдлөө босгож, амжилтад хүрч болдгийг мянга, мянган залуу үед үлгэрлэн харуулсан энэ цагийн Шарк, ирж яваа цагийн бизнесмэнийг энэ удаагийн “Бизнесмэн ярьж байна” буландаа урилаа. Энэ эрхэм бол уншигч та бүхний сайн мэдэх “Монгол базальт” компанийн үүсгэн байгуулагч Л.Ариунболд.

    Түүнийг ирж яваа цагийн бизнесмэн гэж тодотгосон нь учиртай. Энгийн нэг байгалийн чулууг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрийн аргаар 1550 цельсийн халууныг тэсвэрлэх чадалтай, дулаан, дуу болон ус чийгнээс тусгаарлах өндөр хамгаалалттай чулуун хөвөнг инженер хүний ур ухаанаар Монголдоо анхлан гарган авсан  түүний мөрөөдөл бизнесээс, товчхондоо мөнгөнөөс хол давсан алсын хараа байжээ. Г.Ариунболд хэн нэгний  гишгэсэн мөр, алхсан жимээр явахыг, бусдын хийж, бүтээсэн зүйлийг дуурайхыг хүсээгүй, харин түүхийн хуудаснаа хөгжлийн шинэ жим үлдээх зорилготой шинийг эрэлхийлэгч, санаачлагч, бүтээгч ирж яваа цагийн бизнесмен.    

    Барилгын инженерээс Шарк болсон түүний амьдралын туршлага, ололт амжилт асар арвин. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна. Бидний яриа Монголын эрчим хүч, технологийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэл, утаа бууруулах шийдэл, арга зам, бизнесийн салбар дахь шинэ боломж, хөрөнгө оруулалт зэрэг сэдвийг тойрон өрнөлөө.    

    -Ярилцлагын эхний асуултаа таны Шарк болсон “дүр”-ээс эхлүүлье. Монгол HD телевизийн “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцох шийдвэрийг хэрхэн гаргав. Шарк болох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

    -“Шарк Танк” нэвтрүүлэг Монголын нийгэм, эдийн засагт, тэр дундаа гарааны бизнес эрхэлж байгаа залууст үр өгөөжөө өгсөн, бизнесийн чиглэлийн сайн контент болсон. Анх нутгийн анд Гачууртын Л.Чинбат маань “Бизнесээ өөрийн гараар хөдөлмөрлөж босгосон бидэн шиг хүмүүс оролцож, залуу үеэ дэмжих хэрэгтэй” гээд нэвтрүүлэгт хөрөнгө оруулагчаар оролцох саналыг тавьсан. Бизнес эрхлэх гэж байгаа залууст урам зориг өгсөн, нөгөө талаасаа бизнесээ эхлүүлчихсэн явж байгаа хүмүүст дэм болох нийгмийн ач холбогдлыг нь бодолцож үзээд хөрөнгө оруулах шийдвэрээ гаргасан.

    Нэвтрүүлэгт оролцоод бизнесийн салбар, жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнес хийж байгаа залуусын хандлага, бүтээлч сэтгэлгээнээс, мөн хамт оролцсон Шаркуудаасаа ч суралцсан зүйл их байлаа.   

    -Нэвтрүүлэгт оролцсоны дараа Монголын бизнесийн орчин, монгол залуусын талаарх  таны үнэлгээ нэмэгдсэн үү, буурсан уу?

    Манай залуус зах зээл орчин үетэйгээ хөл нийлүүлж, хөгжиж байгааг олж харсан. Хил хязгааргүй бизнесийн ертөнцөд сайн санаа, хэрэглээ болсон бүтээл хийж  чадах юм бол долоон тэрбум хүний зах зээл дээр ажиллах боломж байна.

    Монгол залуус техник, технологи чиглэлдээ сонирхогчоос эхлээд анхан, дунд, дээд гээд янз бүрийн төвшинд хөгжиж, хийж бүтээж байгаа нь их олзуурхууштай санагдсан. Түүнээс гадна өөрийнхөө гараар бүтээж, хөдөлмөрлөж буй залуусыг хараад их урам зориг авч, бахархаж суусан. Монголчуудад хийж бүтээх, өөрийн гэсэн патент, санаатай байх эрмэлзэл, мөн хийж байгаа зүйлдээ өөрийн гэсэн өнгө донжыг шингээх, бусдаас өөр байх хүсэл эрмэлзэл байгаа нь авууштай хэрэг. Шинэ санаа, шийдлээр бусдаас ялгарч байна гэдэг бизнес амжилттай байх том хүчин зүйл.  Энэ онцлог дийлэнх оролцогч нарт байсан. Харин бид тэр залуусыг эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц, хууль эрхзйн орчныг нь сайжруулаад дэмжээд өгөх юм бол тэд оюун санааны хувьд зах зээлийн нийгэмтэйгээ хөгжиж, бүтээж өөрсдөө санаачилах ёстой гэсэн уур амьсгал давамгайлж байна. Энэ бол маш зөв оюун санааны төлөвшил.

    -Таны хувьд хөрөнгө оруулалт хийхдээ ямар шалгуур тавьж, юуг нь голчлон харж байсан бэ?

    -Миний хувьд хөрөнгө оруулалт хийхдээ гурван зүйлийг харж байсан. Нэгдүгээрт, тухайн хүний хандлага, тууштай байдлыг гол шалгуур болгосон.  Ялагч болох үгүйг шийддэг гол хэмжүүр бол уналтад орсныхоо дараа хэр хурдан сэргэж чадах явдал гэж хэлсэн байдаг шүү дээ. Амжилтын гол үндэс бол уйгагүй чанар, тууштай байдал юм. Бизнесийг аль болох урт хугацаанд тууштай хийх нь чухал. Амжилтад хүрэх хамгийн том суурь бол тууштай байдал.

    Нөгөө хоёр зүйл нь тухайн санаа, төсөл хэр шинжлэх ухааны үндэслэлтэй, цаашаа хөгжих боломжтой байна гэдгийг гол болгож харсан.

    -Та хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?

    -Миний хувьд 650 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор хөрөнгө оруулалт хийсэн хүмүүстэйгээ уулзаад, судлаад, төслүүдтэй нь нарийн танилцаад явж байна.

    Миний хувьд хөрөнгө оруулалт хийж байна гэдэг нь тэр хүнд байгаа боломжийг өөрт байгаа туршлага, мэдлэгээр илүү хөгжүүлж, өргөжүүлэх хамтын ажиллагаа юм. Өөрийнхөө мэддэг, эсвэл дэм болох боломжтой төслүүдэд хөрөнгө оруулсан.  Тухайлбал, Амазон, Алибабагийн хэмжээнд чанар, стандартыг шингээсэн, бүс нутгийн хэмжээнд интернет худалдааг барилгын бүтээгдэхүүнээр хийх төсөл орж ирсэн. Тэр төсөлд хөрөнгө оруулж, хамтрахаар болсон.  

    Дараагийн улирлын “Шарк Танк”-д оролцох уу?    

    -Миний хувьд анхны нэвтрүүлэгт нь Шаркаар оролцож, нэгэн сайхан түүхийг бүтээсэндээ баяртай байгаа. Дараагийн улиралд “Шарк Танк”-д оролцох эсэхийг продюсерууд л шийднэ байх.

    -Та Говь-Алтайгаас төрсөн Шарк. Нутгийн брэнд, гарааны бизнесийг дэмжих тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

    -Манай ГАА-аас төрсөн “Алтай Констрашкн”, “Туушин”, “Заг”, “Макс” гээд л маш олон мундаг Шаркууд бий. Нутаг орондоо хөрөнгө оруулалт хийж, дэмжиж туслах нь бидний үүрэг, хариуцлага. Миний хувьд боловсролын системд, хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлд анхаарч, хөрөнгө оруулалт хийж байгаа. Тухайлбал, аймгийн гуравдугаар сургуулийн Болдбаатар багштай технологийн олимподод амжилт гаргасан сурагчдыг дэмжиж байна. Мөн Дэлгэр, Жаргалан, Цогт гурван сумын сургуулийн технологийн танхимыг тохижуулж өгсөн.  

    Миний хувьд дөрвөн жил нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. Энэ хугацаанд    “Баян-Алтай” клуб байгуулж, Тоосгоны үйлдвэрийг хөгжиж, өрөгжихөд нь тодорхой хэмжээний зээл олгосон.  Гэхдээ сум орон нутгийн хөгжүүлэхэд нэг хүн, нэг компани бус нийлж хамтдаа баялаг бүтээх нь чухал.

    Хамрагчдаа давуу тал олгосон бизнес амжилттай, ашигтай ажилладаг

    Шарк Л.Ариунболдын бизнесмэнүүдэд өгөх гурван зөвлөгөө   

    -Өөрийн гараар баялаг бүтээж, бизнесийн салбарт 30 гаруй жил зүтгэж хөдөлмөрлөсөн хүний хувьд хуримтуулсан туршлага, мэдлэг асар их байгаа.  Таны бизнестээ баримталдаг зарчим юу вэ?    

    -Бизнесмен хүн өөртөө, мөн хамтрагчдаа шударга байх ёстой. Бизнесийн урт хугацааны хамтрагчтай болмоор байгаа бол хамтрагчдаа илүү хожих боломжийг олгож байх хэрэгтэй.  Тэгж байж тухайн хүн удаан хамтын ажиллагаатай байж, харилцан бизнес маань амжилттай байна. Энэ бол миний бизнест баримталдаг хамгийн чухал зарчим. Хамтрагч гэдгийг өргөн утгаар ойлгож болно. Тухайлбал, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүний хувьд бол хэрэглэгч хамгийн чухал хамтрагч гэж хэлж болно. Тийм бол хэрэглэгчид очих ашиг нь илүү байх бизнесийн загварыг санал болго. “Монгол базальт” яг л ийм зарчмаар ажилладаг. Бидний хийсэн дулаалгын материал түүнийг хэрэглэж буй хүнд 40,50 жил үр өгөөжөө өгдөг, мөн эрчим хүчийг хэмнэж улсын төсвийг хэмнэж байна. Бизнес бусдаас авснаар бус өгснөөр өргөждөг. Гэхдээ ямар ч ашиг хардаггүй гэж ойлгож болохгүй шүү. Ашгийг соёлтой болгохын тулд хөгжлийн инновацийг бизнесийнхээ загвар болгон ашиглах хэрэгтэй.  Бизнесмен хүний туйлын зорилго мөнгө байх ёсгүй. Мөнгөнөөс давсан том мөрөөдөлтэй, зорилготой байх ёстой гэсэн санаа.  

    Нөгөө нэг зүйл нь сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж, зааж өгөх дадал маш  чухал. Манайд орос,япон,герман гээд олон орны инженерүүд ажилладаг. Ажиглаад байхад Ази хүмүүст сурсан зүйлээ бусадтай хуваалцах дадал бага байдаг. Харин орос инженерүүдийг харж байхад бусдад заах дадал маш сайтай байдаг. Сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж, зааж өгнө гэдэг цаг хугацаанаас хүнд өгөгдсөн маш том даалгавар гэж боддог. Тиймд өөрт хуримтлуулсан, туршлага мэдлэгээ аль болох бусадтай хуваалцахыг, зааж өгөхийг хичээдэг.   

    Мөн хийж, бүтээж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандах их чухал. Би ажилчиддаа ерөнхий инженер гэдэг хүн бол компанийн нэг охин компани гэж хэлдэг. Ерөнхий инженер гэдэг нэртэй компанийн захирал гэж өөрийгөө ойлгож, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, өөрийгөө хөгжүүлж, бүтээмжээ нэмэгдүүлэх нь чухал гэж захьдаг. Ямар ч хүн хийж буй ажилдаа чин сэтгэл гаргах юм бол амжилттай ажиллана. Мөн залууст үргэлж хэлдэг нэг зүйл нь  амжилтад хүрмээр байгаа бол хийж байгаа ажилдаа дурлах шалтаг ол гэдэг. Дурлах шалтагтай хүнээс хичээл зүтгэл гардаг.  

    -Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?

    -Асар хурдтай хөгжлийн эрин зуунд амьдарч буй бид хөл нийлүүлэн өөрсдийгөө хөгжүүлж явах учиртай. Хуучны бидний үед оюутны таван жилийн мэдлэгээр 10 жил ажилладаг байсан. Гэтэл өнөө цагт сургуулиа төгсөөд, бараг дипломоо авч байхад л олж авсан мэдлэг хуучирч, элэгдэж байна. Миний хувьд мөн тасралтгүй өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Орой гэртээ очоод хамгийн багадаа 40 орчим минутыг өөртөө зарцуулж, өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг. Технологи, бизнесийн салбарт хүч сорьж байгаа хүн өөрийгөө хөгжүүлэх дадал хамгийн чухал.  Ер нь хүний амжилт ажлаа тараад унтах хүртлээ юу хийснээс шалтгаалдаг гэдэг.  

    Утаа арилгах үүргийг “Монгол базальт”-д өгчих, бидэнд хамгийн багадаа 60 хувь бууруулах шийдэл байна 

    -Сүүлийн асуултаа Улаанбаатарт хамгийн том асуудал болж буй утааг бууруулах шийдлээр төгсгөе. Инженер хүнийхээ хувьд утаа бууруулах төгс шийдлийг нэрлэ гэвэл та ямар хариулт өгөх вэ?

    -Утааны асуудал, утаа арилгана гээд л нэг их том зүйл яриад байх юм. Угтааны асуудлыг шийдэх их амархан.

    Нэгдүгээрт, манай эрх баригчид эрчим хүчнийхээ хэмнэлтийг сайн ойлгохгүй байгаа юм. Бид үрж, зарж чадаж байна, харин хэмнэлт хийж чадахгүй байна. Бид эрчим хүч, дулааны хэмнэлтээс асар их үр ашиг хүртэх боломжтой. ОХУ бол зөвхөн дулааны шугамаа дахин шинэчлээд, дулааны алдагдлаа багасгаснаар 500 мигабайтын эрчим хүч ойрын долоон жилд хэмнэсэн байгаа юм. Энэ нь манай тавдугаар цахилгаан станцтай тэнцэх хэмжээний эрчим хүчийг зөвхөн дулаалгаа сайжруулаад олж байна гэсэн үг. Эрчим хүчний хэмнэлт гэдэг чинь шинэ зүйл бүтээхээс илүү үр дүн авчирдаг технологи. Бид дулааны алдагдлаа бууруулж, эрчим хүчээ хэмнэж чадвал утаа бууруулах шиг амархан зүйл байхгүй.    

    Дэлхийн нийт хамгийн бага эрчим хүчээр хамгийн өндөр бүтээмжтэй хөгжлийн төлөө явж байхад бид үрэлгэн технологитой явж байна. Иргэдийн өнөөдрийн цахилгаан халаалтын хэрэглээ 6-8 квт байна. Байшиндаа дулаалга хийснээр цахилгааны хэрэглээ нь 2 квт болно. Ингэснээр төрд 4 квт хэмнэлт бий болгоно. Энэ бол энгийн наад захын физикийн хичээл дээр үздэг ойлголт. Эрчим хүчний ашиглалтын үр ашгийн дээшлүүлснээр хэдэн тэрбумын хэмнэлт хийдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эдийн засагчид ч тооцож гаргасан байдаг.  

    Улс орон бүр сэргээгдэх эрчим хүчний салбараа өөрийн тактиктай хөгжүүлдэг. Гэтэл манайх нүүрсээр бий болсон эрчим хүч 9 цент байхад, нарны цахилгаар бий болсон эрчим хүч 14 цент байх жишээтэй.  

    Германы канцлер Ангела Меркель цөмийн эрчим хүчний стратегиа өөрчлөх гол шалтгаанаа барилга, эрчим хүч, дулааны үр ашгийг дээшүүлэх гэж үзэж байна. Цөмийн станцуудынхаа эрчим хүчний хэрэглээг бууруулснаар нөгөө талдаа дулааны эрчим хүчний үр ашгийг сайжруулна гэсэн балансыг барьж байна. Гэтэл энэ мэт хөгжлийн балансыг бид барьж чадахгүй байна.  Үүний хор уршгаар нь 15 жилийн хугацаанд  200 орчми тэрбум төгрөгөөр утаагаа шийдэж чадаагүй гамшиг боллоо.

    Утааг шийдэх шинжлэх ухааны том гарц байхад, түүнийг олон улс орнууд хийгээд хэрэгжүүлээд явж байхад бид ямар ч гарц алга гээд сууж байна. Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнбаярыг байх үед Ажлын хэсэг гарч Баваар мужид туршлага судалж байсан. 40, 50 онд манайхтай адил утаагаа шийдэж чадахгүй, гамшиг болж байсан хот, тосгонуудтай танилцаад, туршлага судалсан. Миний хувьд Ажлын хэсгийг нь ахлаад явсан. Тэр хотуудын утаанаас салсан арга нь дулааны алдагдлаа бууруулсан бодит жишээ. Уулзалтаас ирээд туршлага судалсан тайлангаа яаманд өгсөн. Одоог хүртэл хэрэгжиж, биелэл болсон зүйл алга.  

    Дулааны алдагдлаа бууруулахын тулд дулаалгын материал, тусгаарлагч материал байшиндаа хийлгэх хэрэгтэй. Бид шинжлэх ухаан,технологи инноваци гэхээр шинэ зүйл бүтээх гэсэн түгээмэл ойлголттой. Гэтэл одоо хэрэглэж буй бүтээгдэхүүндээ эрчим хүчний, дулаан, цаг хугацаан, чанар, материалын хэмнэлт хийхийг л инноваци гээд байгаа юм. Бүх салбарт хэмнэлтэд суурилсан асар их бизнесийн нөөц боломж байна.   

    Хоёрт, утаа буурахгүй байгаа бас нэг шалтгаан бол авилгал. Төрөөс хөтөлбөр,төсөл хэрэгжүүлэхдээ зардлын задаргаанд менежмент хийж тухайн бүтээгдэхүүнд эх орны түүхий эд, монгол хүний мэдлэг оюун, хөдөлмөрийн бүтээмж,нэмүү өртөг хэдэн хувь шингэснийг тооцож дотоодын шингээлт 60 хувь түүнээс дээш оролцоотой бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон шийддэг байх хэрэгтэй. Утааг шийдэх олон шийдэл байна. Эдгээр шийдэлд худалдан авах бүтээгдэхүүн,материал,үйлчилгээндээ дээрхи зарчмыг баримтлавал эдийн засагт өсөлт авчирч,ажлын байр,хүн амын орлого нэмэгдэнэ. Үүнийн үр дүнд үндэсний үйлдвэр өргөжинө, хөгжинө. Гэтэл авилгаас бол ямар ч үр ашиггүй хятад зуух, чанаргүй материал худалдан авч улсын төсвийг үргүй зарж байна.  

    Утаа бууруулах даалгаврыг “Монгол базальт”-д өгчих. Бид нэг хороо, нэг хэсгийг хариуцаад авах юм бол хамгийн багадаа 60 орчим хувь бууруулах боломж байна. Утааны асуудлыг Монголынхоо түүхий эдээр шийдэх боломж байна.  

    Гуравт, бид нийтээрээ сэтгэлгээний ядууралд орчихсон. Эрх баригчид нь ч тэр, иргэд нь ч тэр ялгаагүй. Бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй, чадахгүй талаас нь харж бодож сэтгэж байна. Ард түмнээ ядуу гээд л улстөрчид нь яриад байхаар иргэд ядуу гэдэгтэйгээ бүр дасан зохицоод эвлэрчихдэг. Сэтгэлгээний ядууралд орчихсон хүнээс бүтээмж гардаггүй.

    Үнэтэй гар утас барьсан, хашаандаа хамгийн багадаа нэг машинтай мөртлөө дулаалгын материал авах гэхээр мөнгөгүй, ядуу болчихдог ийм л сэтгэлгээтэй байна, бид. Сэтгэлгээний ядуурлаас гарч, хотын соёлд суралцсан цагт сая утаа арилах нэг гарц бий болно.

    Эх сурвалж: http://itoim.mn/

  • У.Төмөрхуяг- Бяслагны мастер урлаач

    Бяслаг урлаач, Монгол бяслагийг дэлхийд таниулагч

    1994 оноос Төв аймгийн Алтанбулаг суманд НҮБ-ын Голландын хөрөнгө оруулалттай Мон-94/303 төслийн шугамаар голланд мастерын заавараар бяслаг урлаж эхлэсэн. 2001 онд “Лигийн Ухаа” ХХК-иа байгуулж үйлдвэрээ байгуулсан.

    Гадаадынхан бяслагтаа нөгөө л Е-гээ хийсэн, хадгалалтын, нөгөө будгаа, мөнхийн зөөлөн, нялцгай байлгадаг бодисоо хийсэн байдаг. Харин манайх ийм юм хийдэггүй. Бэлчээрийн мал аж ахуйн сүү. Гадаадынх шиг биш. Тэр малын хэлэн дээр юу тавина түүгээр сүү нь гарч байдаг. Тиймээс нөгөө хүмүүс чинь Монголоос бяслаг авъя гэхээр манай үйлдвэр жаахан. Сард 20 тоннын захиалга орж ирнэ. Гадаадынхан бүтэн жил ажилладаг бол манайх зуны гурван сар ажиллаад буучихдаг. Тэгэхээр өмнө жил нь бяслаг авсан жуулчин хавар нь ирдэг. Тухайлбал, Германы жуулчин жуулчны визээр ирчихээд 50 тонн бяслаг аваад буцах гэсэн тохиолдол гарсан. Харин Япон хүн их сонин. Уучлаарай би таныг ойлгосонгүй, дэмий ирчихлээ гэж байсан. Манай хажууд Японы жуулчны бааз бий. Тэнд ирсэн япончууд байнга ирдэг. Тэр жуулчны баазаас визээ аваад манай бяслагыг авч явдаг хүн олон болсон. Зун хөөрхөн ам.доллар хийнэ. 2013 онд Япон руу онгоцоор авах хүнийхээ нэр дээр 50 кг бяслаг ачуулж байлаа. Тэгсэн 14 хоногийн дараа Японы гаалиас надад албан бичиг ирсэн. Танай бүтээгдэхүүн манай стандартад нийцэж байгаа тул бүтээгдэхүүнээ чөлөөтэй оруулж болно гэсэн. Энэ жилээс гарч эхэлнэ. Манай бяслагыг авахаар виз аваад орж ирсэн хүмүүс ч байдаг. Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед захиалгаа дийлэхгүй байна. Үйлдвэр маань жижигхэн учраас.

    БЯСЛАГНЫ АВСАН ШАГНАЛ
    Монгол Улсын шилдгээр таван удаа, “Гранпри” шагналыг нэг удаа. Төв аймгийн, төвийн бүсийн, Монгол Улсын брэндийг 2011 онд хүртсэн.


    Ярилцлага унших

    Видео нэвтүүлэг үзэх

  • Батбилэгийн БАТ-ЭРДЭНЭ- Нэрт төгөлдөр хуурч

    Төгөлдөр хуурч, 
    П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас “Шилдэг концертмэйстр” шагналт дэлхийн хэмжээний тоглооч.

    Батбилэгийн Бат-Эрдэнэ нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн ба 1997 онд Д.Чимгээ багшийн удирдлага дор Хөгжим бүжгийн коллежийн “Төгөлдөр хуур”-ын ангид элсэн орж амжилттай суралцан төгссөн юм.

    Б.Бат-Эрдэнэ нь 2008-2010 онд Итали улсын Дуино хот дахь Дэлхийн Нэгдсэн Коллежид суралцсан бөгөөд улмаар 2010 онд Итали улсын Триэстэ хотын У.Тартинийн нэрэмжит хөгжмийн Их сургуульд Маэстро Игор Когнолато-н удирдлага дор амжилттай суралцаж, 2013 оны 10 дугаар сард Бакалаврын зэргээ 110-с 108 оноотой төгсөж, сурлагын өндөр амжилт үзүүлсэн билээ.

    Мөн тус ондоо Итали улсын Удинэ хотын Ж.Томадинийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд Master degree specialist (Магистрын зэрэг)-т Профессор Массимиллиано Фэрратийн удирдлага дор суралцсан юм.

    Тэрбээр суралцаж байх хугацаандаа Европын томоохон хотуудын төгөлдөр хуурын олон концерт, урлагийн наадамд оролцон тоглосны зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй удирдаачид, төгөлдөр хуурчид, профессоруудын мастер хичээлүүдийг авч, туршлага хуримтлуулж чадсан билээ.

    Б.Бат-Эрдэнэ нь бага наснаасаа эхлэн өөрийн орондоо төдийгүй олон улсад зохион байгуулагдсан төгөлдөр хуурчдын уралдаан тэмцээнд амжилттай оролцон тэргүүн болон дэд байруудыг эзэлж байсан түүхтэй. Эдгээрээс доор товчхон танилцуулъя.

    – 2011 онд Францын Парис Хотод зохион байгуулагдсан Милош Магины нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

    – 2011 Монгол улсад болсон “Шопен ба Монгол 21-р зуун” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

    – 2012 онд Итали улсын Триэстэ хотын “Friuli Venezia Giulia” oлон улсын уралдаанд 3-р байрыг эзэлсэн.

    – 2013 онд Испаний Мадрид хотод зохион байгуулагдсан “Villa de Madrid” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн.

    – 2014 оны 10 дугаар сард Италийн Венеци хотод зохион байгуулагдсан “Premio Venezia” төгөлдөр хуурчдын уралдаанд 4-р байрыг нь эзэлж, улмаар тус уралдааны төгсгөлд Венец хот дахь Дэлхийн алдартай театруудын нэг болох La Fenice театрт өөрийн концертыг тоглосон юм. Энэхүү томоохон уралдаанд Итали улсад сурч буй шилдэг оюутнууд оролцдогоороо онцлог юм.

    – 2015 онд Польшийн Варшав хотноо зохион байгуулагдсан Фредерик Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны урьдчилсан шатны шалгуурт тэнцсэн амжилтыг гаргасан.

    – 2016 онд Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн уралдаанд Шилдэг Концертмейстер шагналыг тус тус хүртсэн билээ.

    – 2019 онд  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас “Шилдэг концертмэйстр” шагнал хүртсэн.

    Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ нь өөрийн бие даасан концертоо эх орондоо төдийгүй дэлхийн томоохон хотуудын урилгаар тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол улсын филармонийн танхимд дэлхийн сор болсон шилдэг бүтээлүүдээр “Precipitato” нэртэй бие даасан концертоо мөн амжилттай хийсэн.

    Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нь тоглолт, уран бүтээлийнхээ хажуугаар одоо Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багшаар ажиллаж өөрийн мэдлэг, туршлагаа сурагчид болон бусад төгөлдөр хуурчиддаа хуваалцсаар байгаа өнөө цагийн үлгэр жишээ төгөлдөр хуурчдын нэг мөн билээ.

    Танилцуулгыг бэлтгэсэн.

    Хөгжим бүжгийн коллежийн уран сайхны удирдаач, багш,

    Хөгжим судлаач С.Энхбулаг

  • Цэрэнсодномын БАЗАРРАГЧАА- микробиологич, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зохиогч

    Шүдний эмч, амны хөндийн микробиологич, АУ-ны доктор
    ”Шүд, буйлыг хамгаалах төсөл” ТББ-ын тэргүүн.

    Монголчуудын ач холбогдол өгдөггүй, ярьдаггүй, мэддэггүй байсан буйлны үрэвсэл гэдэг өвчин бол аюултай, халдвартай өвчин, амны хөндийгөө ариун, эрүүл байлгавал олон зуун өвчнөөс сэргийлж чадна гэдгийг ярьж Монголчуудад энэ өвчний хор холбогдлыг таниулж яваа эрхэм.

    Нүүр, ам судлалын салбарт мэс заслаас бусад, эмчилгээ, эрүүл ахуй, хүүхэд, согог засал, гажиг засал, микробиологи гэсэн бүх чиглэлээр үр бүтээлтэй ажилласан шүдний эмч- судлаач, эрдэмтэн төдийгүй амны хөндийн микробиологиор мэргэшсэн Монгол улсад ганц байгаа мэргэжилтэн юм.

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1993 онд АУДС-ийг Нүүр амны эмч мэргэжлээр төгсөн, Япон улсын Окаяамгийн АУИС-ийн Шүдний Их сургуульд :

    1993, 1994, 1995, 1996 онд шүдний эрүүл ахуй, шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний эмчилгээ, хүүхдийн шүдний гажиг заслын эмчилгээгээр тус тус мэргэшүүлэх сургалтад хамрагдсан.

    1998- 2001 онд мөн сургуульд шүд цоорол, амны хөндийн нян судлалын чиглэлээр “The differences of acid producing ability dextranase protein of S.Sobrinus” сэдвээр докторын зэрэг хамгаалсан

    АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

    1993-1994 онд АУИС-ийн НАС-ийн танхимд багш

    1994-1997 онд гадаадын хөрөнгө оруулалттай анхны шүдний эмнэлэгт шүдний их эмч, 2001-2003 онд Япон улсын Окаяама шүдний их сургуульд микробиологийн лабораторийн ахлах мэргэжилтэн, төслийн удирдагч,

    2004-2012 онд “Танадент” шүдний эмнэлэгт эмч, ерөнхий эмч, судалгааны багийн удирдагч,

    2009 оноос МХХЭМБНХ-ны НАСС-ын ерөнхий мэргэжилтэн,

    2016 оноос “Шүд, буйлыг хамгаалах төсөл”ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна.

    24 жил шүдний эмчээр ажиллаж 2004- 20012 онд 8939 хүнийг гардан эмчилсэн байна. Сүүлийн жилүүдэд өөрийн бүтээсэн бэлдмэл, эмчилгээний шина аргаа шүдний эмч нарт танилцуулж эзэмшүүлэхээр сургалт явуулж 600 гаруй шүдний эмч хамрагдаад байна.

    БОЛОВСРУУЛСАН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА, ИННОВАЦИЙН БҮТЭЭЛ

    Судалгааны ажлууд нь шүдний бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг сайжруулж олон улсын түвшинд ойртуулах, шүдний эмчилгээний хуучирч хоцорсон арга технологийг өөрчлөх, шүд цоорох болон шүдний тулгуур эдийн үрэвслийн хүндрэлийн эмчилгээг төгс хийх, шүд авалтыг багасгах, шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх, шүд цоорол, цоорлоос улбаатай элдэв хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь зөв оношилж төгс эмчилэх, нөхөн сэргээх, хүнийг өөрийн төрмөл шүдтэй байлгах, шүдгүйдэлд хүрэхээс сэргийлэх үндсэн зорилготой шүдний эмчилгээний нэн чухал тэргүүн зэргийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэдэг.

    Монголд төдийгүй дэлхийн шүдний эмчилгээний “толгойны өвчин” байсаар байгаа хамгийн хүнд асуудал болох буйлны үрэвсэл гэдэг өвчний нянгийн судалгааг Монгол улсад анх удаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд эмчлэх арга технологигүй байсан энэ асуудлыг шийдвэрлэж 100% ургамлын гаралтай, буйлны үрэвслийн нянгийн эсрэг өндөр үйлчлэлтэй “Жинжита” бэлдмэл гарган авсан.

    “Жинжита” бэлдмэл нь буйлны үрэвсэл үүсгэгч, шүд цооруулагч нянгийн эсрэг өндөр үйлчлэл үзүүлсэн. Үүнээс гадна шарх, үрэвслийн эсрэг болон нөхөн төлжүүлэх чадварын үйлчлэл мөн адил сайн, фармакологийн судалгаагаар хоруу чанар болон гаж нөлөөгүй гарсан нь нянгийн эсрэг бэлдмэлийн хувьд гайхалтай үзүүлэлт юм.

    Өндөр хөгжилтэй улс орнуудад хэрэглэгдэхээ больсон, дэлхийн шүдний эмчилгээнд хуучирч үеэ өнгөрөөсөн, технологи болох үрэвссэн мэдрэлийг сугалж авч хаях буюу үхүүлэх байдлаар эмчилж ирсэн аргыг халж үрэвссэн мэдрэлийг хадгалж авч үлдэн, эмчилж, нөхөн төлжүүлэх “Цус гаргахгүй эмчлэх арга” гэдэг эмчилгээний шинэ арга боловсруулсан.

    Монгол хүний гадаад хүмүүсийнхээ илүү хатуулаг чанартай шүдний сурвалжийн сувгийг богино хугацаанд зөөлрүүлж ариутгах үйлчилгээтэй, ургамлын найрлагатай ЭДТАТА-17, ЭДТАТА-19 бэлдмэлүүд гарган авч эмнэлзүйд нэвтрүүлсэн.

    СУДАЛГААНЫ АЖИЛ

    2009- 2011он Буйлны үрэвсэл үүсгэгч зарим нянгийн эсрэг хэд хэдэн антибиотекуудын идэвхийг тодорхойлох судалгааны ажил;

    2010 он Улаанбаатар хотын 12 настай 160 монгол хүүхдийн дунд шүд цоорох өвчний идэвхийг олон улсын SIC индексийн аргаар тодорхойлох судалгааны ажил;

    2011- 2013 он Буйлны үрэвсэл үүсгэгч нянгийн эсрэг зарим монгол эмийн ургамлын идэвхийг тодорхойлох судалгааны ажил;

    2009- 2013 он Буйлны үрэвслийг эмчлэх шинэ технологи гарган авах судалгааны ажил. Дээрх ажлууд дуусгавар болж 2015, 2016 онд тус тус МУ-ын стандарт болсон.

    2009- 2011он УБ хотын 6- 9 настай 1376 хүүхэд дээр шаамий зуултын тархалтын судалгаа хийж, шаамий зуулт жил бүр 1% өсөх магадлалтайг тогтоосон.Энэ ажлын дүнд бага насны хүүхдийн шаамий зуултыг эрт үед нь засах зэмсэг гарган авсан.Энэ ажил нь 1990-иэд онд Япон, Австрали улсуудад анх гарсан технологийг сайжруулсан, мэргэжлийн шүдний эмчийн судалгааны үндсэнд Монгол улсад анх удаа бүтээгдсэнээрээ онцлог, технологийн шийдлийн хувьд хэд хэдэн зүйлээр давуу болсон байна.

    https://www.facebook.com/%D0%91%D1%83%D0%B9%D0%BB%…

  • Л.Одгэрэл: Би олимпт шүүх болзлоо хангасан, харин тэд сонгоно

    Монгол Улсын хүндийг өргөлтийн холбооны анхны эмэгтэй шүүгч, дасгалжуулагч, ОУХМ Л.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөөд Улаанбаатар хотод ирж, жүдо бөхийн спортоор жил гаруй хичээллээд л залуучуудын улсын аварга болсон гэдэг.

    Гэвч жүдо бөхөөсөө урван хүндийг өргөлтийн спортод “дурлачихжээ”. Энэ спортоор хоёр жил хичээллээд БНХАУын Циньхуандаод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн АШТд огцом өргөлтөөр хүрэл, түлхэлттэйгээр мөнгө, нийлбэр өргөлтөөр хүрэл медаль хүртсэнээр Монголын хүндийг өргөлтийн холбооны эмэгтэй тамирчдаас анхны медаль авсан түүхэн амжилтын эзэн болсон юм.

    -Та жүдо бөхөөр хичээллээд удаагүй байхдаа улсын аварга болсон. Тууштай явсан бол илүү амжилт гаргах боломжтой байж.

    Хүндийг өргөлт рүү яагаад урвачихав?

    -Хүндийг өргөлт хэцүү мэт боловч гоо зүйтэй спорт. Түүнийг нь олж харсан хүн энэ спортод дурладаг. Бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгодог. Хүнийг өдөр бүр зоригжуулж, тэмүүлэлтэй байлгаж чаддагаараа хүндийг өргөлт их таалагдсан.

    Өнөөдөр 20 кг өргөж буй хүн маргааш 21-ийг өргөж, амжилтаа ахиулах эрмэлзэлтэй болдог юм. 19 настайдаа хүчний бэлтгэл хийхээр хүндийг өргөлтийн танхимд орж ирээд л энэ спортод татагдсан даа.

    Анх штангийн гол өргөхөд их л хүнд санагдаж билээ. Тухайн үед эмэгтэй тамирчдын өргөдөг гол гэж байгаагүй. С.Хөхөө багш минь надад өдөр бүр урам өгсөөр насанд хүрэгчдийн Азийн АШТ-д орох хэмжээний тамирчин болгосон.

    -Хүндийг өргөлтөөр хичээллэхэд биеийн хүчээс гадна техник, арга зүй их чухал байх?

    -Техник, биеийн хүч, сэтгэл зүй их чухал. Ухаантай, тооцоотой өөрийгөө удирдаж чадах бэлтгэлтэй байх ёстой. Чадна гэж итгэвэл л өргөнө. Ганцхан хувь эргэлзвэл өргөж чаддаггүй. Сэтгэл зүйгээс ингэж л хамаардаг спорт.

    -Тамирчнаас дасгалжуулагч, шүүгч болсон түүх тань сонирхол татаж байна. Олон улсын I зэргийн шүүгч болох нь таны зорилго байв уу?

    -Анх тамирчин болохдоо шүүгч болно гэж огт бодож байгаагүй ээ. Хүндийг өргөлтийн спорт надад таалагдсан учраас л хичээллэсэн. Тухайн үед манай клубт дасгалжуулагч хэрэгтэй байлаа.

    Ингээд 2004 онд БНХАУ-ын Бээжингийн Биеийн тамирын их сургуульд хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр сурч, төгссөн. Ирээд Биеийн тамир, спортын дунд сургуульд багшаар ажиллаж байхад 2012 онд Хүндийг өргөлтийн холбооныхон маань Улаанбаатарт болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.

    Тэр үед шалгалт өгч олон улсын хэмжээний II зэргийн шүүгчийн эрх авсан. Залуу тамирчдаа тэмцээнд оролцуулахаас гадна өөрсдөөр нь шүүлгэдэг байсан нь надад дадлага, туршлага болсон гэж боддог. 2012-2015 он хүртэл Ази тивийн долоон тэмцээнд шүүгчээр ажиллажээ.

    2005 онд АНУ-ын Хьюстон хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалт өгөөд, I зэргийн эрх авч, ДАШТ шүүх эрхтэй болсон.

    -Та төрсөн нутагтаа хүндийг өргөлтийн клуб нээсэн гэл үү?

    -2015 онд Сүхбаатар аймагт хүндийг өргөлтийн спортыг хөгжүүлье гэсэн зорилго тавьж, орон нутгийн удирдлага, Биеийн тамир спортын газрынхантай уулзаж клуб нээлээ. Тэр жилдээ Бүх ард түмний спартакиадыг аймагтаа зохион байгуулсан.

    Орон нутгийн удирдлагын дэмжлэггүйгээр энэ спорт хөгжихгүй. Байр талбай, тоног төхөөрөмж гээд чамгүй хөрөнгө мөнгө шаарддаг спорт. Олон хүний дэмжлэгээр клуб нээсний үр дүнд өсвөрийн хэдэн сайн тамирчин төрлөө.

    Тэдний зарим нь Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын дунд сургуульд сурч, шигшээ багийн зааланд бэлтгэл хийж байна. Олон улсын тэмцээн шүүхэд минь тусалж дэмждэг Сүхбаатар аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох болон хамт олон, тус аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, одоогийн удирдлага З.Энхтөр нарт талархлаа илэрхийлье.

    Олон улсын тэмцээн шүүхэд хувиасаа зардал гаргадаг учраас орон нутгийн болон Хүндийг өргөлтийн холбоо, Олимпын хороо, Монголын мастер холбооныхны тусламж дэмжлэг их байдаг. Олон улсын тэмцээн шүүнэ гэдэг тухайн улсын нэр хүндийн баталгаа болдог юм шүү дээ.

    -Олон улсын шүүгч болоход ямар болзол хангадаг юм бол?

    -Манай холбоонд олон улсын 20 гаруй шүүгч бий. Олимпын мөчлөг тохирсон үед шинэ дүрэм гардаг. Тэр дүрмүүдийг мэддэг, улсынхаа АШТ-ийг шүүсэн байх ёстой.

    Олон улсын II зэргийн шүүгч болохын тулд тестээр шалгалт өгч, Олон улсын хүндийг өргөлтийн холбоонд хүсэлт гарган, шалгалтдаа тэнцвэл эрхээ авдаг.

    Азийн АШТ-ийг 2-3 жил шүүсэн шүүгч олон улсын I зэргийн шалгалт өгч болно. Ийм шүүгч л ДАШТ болон олимпын наадам шүүх эрхтэй.

    -Тэгэхээр та олимпын наадам шүүх эрх авсан гэсэн үг үү?

    -Эрх аваагүй ч шүүгчдийн багт ажиллах боломжтой. Олимп болох жилд шүүх эрх олгодог. Олон улсын нэг тэмцээнд 35 шүүгч ажиллуулдаг юм. Азийн хүндийг өргөлтийн холбоонд бүртгэлтэй 400 гаруй шүүгчээс зөвхөн 35-ыг л сонгон ажиллуулна гэсэн үг.

    -Хаанаас, ямар шалгуураар шүүгчдийг сонгодог юм бэ?

    -Азийн АШТ-д ямар улсын хэн гэдэг шүүгч ажиллуулахаа Азийн хүндийг өргөлтийн техникийн хорооноос сонгон шалгаруулдаг. Харин ДАШТ-ийг Олон улсын хүндийг өргөлтийн холбооны техникийн хорооныхон шалгаруулна.

    Дэлхийн 200 гаруй улсын шүүгчээс зөвхөн 35-ыг сонгон ажиллуулах дүрэмтэй. Олимп ч ялгаагүй. Олимп болох жилээ 35 шүүгч л ажиллана. Олон улсын I зэргийн шүүгч олимпоос өмнө 2-3 удаа ДАШТ шүүсэн байх дүрэмтэй.

    -Олимпын наадам шүүх зорилго танд бий байх. Энэ болзлоо хангаж байна уу?

    -Миний төдийгүй манай холбооны зорилго олимпын шүүгчтэй болох. 2018 оны Аргентины Буэнос-Айрест залуучуудын олимп, 2020 оны Токиод зуны олимпын наадам шүүх зорилго тавин идэвхтэй ажиллаж байна.

    2015 оноос хойш ДАШТ-ийг дөрвөн удаа шүүсэн учраас олимп шүүх болзлоо хангасан гэсэн үг. Харин хэнээр шүүлгэхээ Олон улсын хүндийг өргөлтийн холбоо шийднэ.

    Мөн Ази болон Олон улсын хүндийг өргөлтийн холбоонд ямар нэгэн гишүүнчлэлтэй, техникийн хороонд суудалтай, олимпын медальтантай болохын төлөө Хүндийг өргөлтийн холбооноос бодлого хэрэгжүүлж байгаа.

    -Олон улсын тэмцээн шүүхэд тохиолдсон хөгжилтэй болон бэрхшээлтэй явдлаасаа сонирхуулахгүй юу?

    -2013 оны Зүүн Азийн наадмыг анх шүүсэн юм. Тэр тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Баярмаа маань оролцож, мөнгөн медаль хүртсэн. Гавьяатын жинд миний шүүлт таарч, дэвжээнд гараад ирэхэд нь алга хөлөрсөн. Тэр медаль Монгол Улсад маш үнэтэй байлаа.

    Өргөчихөөсэй гэж дотроо залбирч, сэтгэл догдолж байв. Мөн М.Анхцэцэгийг ДАШТ-д ороход би өөдөөс нь хараад шүүж суусан. М.Анхцэцэг маань дэлхийн хэмжээний тамирчин болсон учраас илүү их амжилт хүсэж, шүүхдээ хүртэл сэтгэл тайвширсан даа. Ямар ч алдаа гаргахгүй өргөдөг тамирчин шүү дээ.

    Хөгжилтэй түүх гэвэл 2016 онд Ираны Тегеранд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр уригдсан юм. Исламын шашинтай улс учраас онгоцноос буугаад толгойдоо алчуур зүүж, тэмцээнд очтол ганцаараа эмэгтэй байв. Өөр улсаас ганц ч эмэгтэй шүүгч ирээгүй.

    Тэмцээн болсон газарт нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө байгаагүй гээд бод доо. Тэнд эмэгтэй хүн ордоггүй байж. Дүрмийн дагуу эмэгтэй шүүгч байх ёстой гэж үзээд намайг урьсан юм билээ. Ингээд зохион байгуулах хорооныхон надад зориулж тусгайлан ариун цэврийн өргөө гаргаж өгсөн. Тэр тэмцээнийг шүүснээрээ олон улсад шүүгч хүн ямар байх ёстойг харуулж, өөрийгөө таниулах боломж гарсан.

    Тэр тэмцээнд юм бодолгүй очсоноор монгол хүн шашин шүтлэгээс үл хамаарч, хаана ч ажиллах боломжтойг харуулахаас гадна, дараа, дараагийн тэмцээнийг шүүхэд амжилттай сонгогдож чадсан.

    Мөн Малайзад болсон өсвөрийн ДАШТ-ий 85 кг-ын жинд дэвжээний голын шүүгчээр ажилласан юм. Оманы тамирчин туйвангаа өргөтөл трико нь урагдаж, дотуур хувцас нь гараад ирэв. Ганцаараа эмэгтэй, ядаж байхад яг өөдөөс хараад сууж байлаа. Суудлаасаа босоод явах юм уу, нүүрний янз бүрийн хувирал гаргаж болохгүй.

    Шүүгч хүнд тухайн байдалд нь санаа зовсон, өөрийг нь шоолсон царай гаргах эрх байхгүй. Тиймээс төв царай гаргаад, тамирчинд сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүйг хичээсэн. Тэр тамирчин зургаан оролт хийж, хүрэл медаль хүртсэн. Дараа нь над руу хараад инээгээд гараа даллаж билээ.

    Энэ жил болсон залуучуудын Азийн АШТ-ий үеэр нөгөө тамирчин “Миний трико асуудалгүй байгаа шүү” гээд инээмсэглэж байсан. Тэр тэмцээнийг шүүсний дараа шүүгч нарын хурлаар өнөөх асуудлыг авч хэлэлцсэн.

    Эрэгтэй тамирчдын тэмцээний үеэр эмэгтэй хүнийг дэвжээний голын шүүгчээр ажиллуулах нь зөв үү, өөрчлөх үү гэсэн санал гаргасан юм. Гэхдээ “Бид олон улсын хэмжээний шүүгч. Сэтгэлийн тэнцвэрийг хадгалснаар шилдгээ харуулах ёстой. Үүнд жендерийн ялгаа гаргаж болохгүй” гэж үзээд хэвээр үлдээсэн.

    -Бокс бол шүүгчээс шууд хамааралтай спорт. Харин хүндийг өргөлтөд шүүгчийн нөлөө хэр байдаг вэ?

    -Шүүлтийн хувьд харьцангуй цэвэр, ил тод, шударга спорт. Өөрийн талын шүүгч ажиллахаар тамирчин нь сайн байна гэж ярих өрөөсгөл.

    Дэлхийн хамгийн шилдэг генүүд өрсөлддөг. Нүдэн дээр туйвангаа алдчихсан хүнийг тооцсон гэж үзэж болохгүй шүү дээ.

    -Шилдгүүдийн өрсөлдөөний арга техникийг хараад шавь нартаа заагаад өгчих юм сан гэж бодно биз?

    -Тэгэлгүй яах вэ. Гадаадын тэмцээн уралдааныг шүүж байж тамирчдын сэтгэл зүй болон өөрсдийгөө дэлхийн хаана явааг тунгаан бодож, туршлагаждаг учраас ирээд тамирчдадаа зааж өгдөг.

    -Таны гэр бүлийнхэн бүгд спорттой холбогдсон юм билээ. Тэднийгээ танилцуулахгүй юу?

    -Миний аав Г.Лхагвасүрэн шагайн харваагаар хичээллэдэг, Монгол Улсын харьшгүй мэргэн цолтой. Аав, ээж минь хоёулаа волейбол тоглодог байсан нь бид спортод татагдахад нөлөөлсөн.

    Ээж минь одоо хүртэл волейбол тоглоод явж байна. Ах минь аймгийн начин Ганбаатар гэж сайхан хүн бий. Хоёр дүү минь Сүхбаатар аймгийнхаа сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Эмэгтэй дүү Одсайхан үндэсний сур харваагаар хичээллэдэг, аймгийн мэргэн, спортын мастер цолтой.

    Отгон дүү Ганхуяг минь сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Нөхөр минь бас спортын хүн. Олон улсын таэквондогийн хар бүстэй, тавдугаар дантай.

    -Ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ ар гэртээ сайн ээж, эхнэр байна гэдэг амаргүй. Та гэр бүлдээ хэр цаг гаргадаг вэ?

    -Ирэх сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 5-нд АНУ-ын Анахейм хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д шүүгчээр ажиллахаар болоод байна. Энэ мэт тэмцээнтэй үед ар талыг миний аав, ээж, нөхөр, ханийн минь ээж бүрэн хариуцдаг.

    Олон улсын тэмцээнд явахдаа долоо хоногийн хоол хүнсээ бэлтгэн, махаа хэрчиж үлдээгээд явдаг юм. Миний ажлыг гэр бүлийнхэн минь ойлгож, дэмждэг учраас ар гэртээ санаа зовдоггүй.

    12 настай охин минь ээжийгээ байхгүйд ажлын ихэнхийг нугална шүү дээ. Монгол дахь тэмцээн амралтын өдөр болдог учраас ихэнхдээ гэртээ байж чаддаггүй. Гэхдээ гэр бүлээрээ салхинд гарч, үзвэр үзэхийг хойш тавихгүй шүү.

    Эх сурвалж: Өнөөдөр

  • Одгэрэлийн ЦЭЦЭГЛЭН- Уран нугараач

    Одгэрэл овогтой Цэцэглэн

    Уран нугараач, МУСТА

    Одгэрэл овогтой Цэцэглэн нь 1990 оны 01 сарын 07-ны өдөр Дорно-Говь аймгийн Улаан-Уул суманд төрсөн.

    1998 онд анх уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй нугаралтаараа олон улсад Монгол улсынхаа  нэрийг гарган ажиллаж байна.

    2011 оны 11 дүгээр сард ҮУИТ-н хамт олонтойгоо НҮБ, Юнеско-н тайзнаа тоглож байсан.

    2012 оны 9 дүгээр сард МУСТА цолоор шагнагдсан.

    2013.07.09 –нд Монголын уран нугараачдын Монголжингоо холбоог байгуулсан.

    2014.7.4-нд Монгол улсдаа анх удаа Уран нугаралтын өөрийн бүрэн хэмжээний Могойн Чуулган
    тоглолтыг ҮУИТ-н тайзнаа тавьсан.

    2017 онд богино хэмжээний Уран нугаралтын Erotion тоглолтыг гурван удаа тавьсан. Энэхүү тоглолтоор  уламжлалт уран нугаралтын хэв маягыг эвдэн, уран нугаралтад өөр өнгө төрх оруулсан.

    Одоогийн байдлаар 22 жил уран нугаралтаар тасралтгүй хичээллэн Дэлхийн 30-аад орноор , Олон Улсын таван тэмцээнээс дөрвөн Хүрэл Цом, хоёр тусгай шагнал хүртээд байна.

    Олон улсын тэмцээнүүдээс авсан Шагнал урамшуулал

    2018.05   Бразил улсад зохиогддог 1st Cirque International Festival contest of Brazil Олон улсын циркийн фестивал-аас Хүрэл цом.

    2014.09                  ОХУ-д зохиогддог 2-дэх Idol  Олон улсын циркийн фестивал-аас тусгай  цом.

    2012.12-2013.01    Итали улсад зохиогддог 29-дэх Golden  Circus Festival-аас   Хүрэл цом.

    2010.10-2010.11   Хятад улсад зохиогддог 9–дэх Ухань Олон улсын циркийн фестивал-аас Хүрэл цом.

    2010.01                 Монакогын Вант улсад зохиогддог  34–дэх Monte-Carlo Олон улсын циркийн фестивал-аас Хүрэл алиалагч цом.

    https://www.facebook.com/tsets…

    Аялан тоглосон улс орнууд:

    Огноо

    Тоглосон газрууд

    Үзүүлбэр

    1

    2020.01.07

    Норвеги улсын Осло хотод Гала тоглолт

     Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    2

    2019.12.31

    ХБНГУ-н Берлин хотод шинэ жилийн Гала тоглолт

    Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    3

    2019.12.06,07

    Норвеги улсын Осло хотод Гала тоглолт

     Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    4

    2019.09.27-2019.11.17

    Спани улсын Аликантэ хотод La bouche шоу

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    5

    2019.08.17

    Норвеги улсын Осло хотод Гала тоглолт

     Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    6

    2019.07.25, 26

    Австри улсын Лиенз хотод Olala street circus festival

    Тэнцвэр болон уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    7

    2018.08-2019.07

    ХБНГУ-н Берлин хотын Friedrichstadt-Palast,

     The Vivid Grand show

    4 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    8

    2018.06

    Сингапур улсад Гала тоглолт

    2 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    9

    2018.04

    ОХУ-н Москва хотод Гала тоглолт

    4 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    10

    2017.11-2018.03

    Итали улсад American circus Togni циркэд аялан тоглолтоор

    Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    11

    2017.07

    Сингапур улсад Гала тоглолт

    Тэнцвэр уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    12

    2009-2017

    Үндэсний Урлагийн Их Театр-т

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    13

    2016.11

    Япон улсад аялан тоглолтоор

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    14

    2015.07.04

    Могойн Чуулган уран нугаралтын тайлан тоглолт

    Solo contortion

    Duo acrobat

    Handbalance

    15

    2012.11

    Хонгконг-д дэлхийн алдарт цирк Cirque du soleil-н гала тоглолт

    3 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    16

    2012.10

    Япон улсад дэлхийн алдарт цирк Cirque du soleil-н гала тоглолт

    2 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    17

    2012.08

    Индонез улсад ҮУИТ-н хамт олонтой гала тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    18

    2012.07

    Солонгос  улсад ҮУИТ-н хамт олонтой гала тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    19

    2012.06

    хонгконгд ҮУИТ-н хамт олонтой гала тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    20

    2012.04

    Хятад улсад ҮУИТ-н хамт олонтой Монголын соёлын өдрүүдийн  тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    21

    2011.10-2011.11

    Франц улсад UNESCO-д, АНУ-д НҮБ-н тайзнаа ҮУИТ-н хамт олонтой

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    22

    2010.11-2011.01

    Швейцарь улсын Цюрих хотноо Salto Natale циркэд

    Christmas show

    9 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    23

    2008.04

    Их Британийн Англи улсад гала тоглолт

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    24

    2005.11-2006.12

    Турк улсад Монголын үндэсний циркийн хамт олонтой аялан тоглолтоор

    4 хос уран нугаралтын үзүүлбэрээр

    25

    2004.09-2004.10

    Япон улсад ҮУИТ-н хамт олонтой аялан тоглолтоор

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    26

    2003.07

    Франц улсад МХО-ны урлагийн бүрэлдэхүүнтэй

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    27

    2002

    БНХАУ-н Хөх хотод   Ардын дуу бүжгийн эрдмийн театрын                               уран бүтээлчидтэй хамт /ҮУИТ/

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

    28

    2000-2002

    Ардын дуу бүжгийн эрдмийн театрт / ҮУИТ/                  

    Уран нугаралтын ганцаарчилсан үзүүлбэрээр

        

  • Дугарын ЖАРГАЛСАЙХАН- Системийн инженер

    Уул уурхайн инженер, эдийн засагч, Монгол улсын хөгжил болон байгууллагын хөгжилд системийн инженерчлэлд суурилсан судалгаа, шийдлийг ашиглах талаар доривтой судалгаануудыг удирдан чиглүүлж ажиллаж байна.

    1990 онд Монголын Улсын Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан. MIH группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

    ШУТИС-ийн хүндэт профессор, ТУС солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал, 

    “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ийн тэргүүн, “Монголын бизнесийн зөвлөл” ТББ-ийн УЗ-ийн гишүүн, Системийн инженерчлэлийн олон улсын зөвлөл (INCOSE)-ийн гишүүн.

    “ТУС солюшн” ХХК-ийн түүх.

    Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд “Майн инфо” ХХК-ийг үүсгэн байгуулж геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад бизнесийн мэдээллийн үйлчилгээг үзүүлж эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж бизнесийн төрөл бүрийн салбарын 17 охин, хараат компанийг багтаасан “Эм Ай Эйч” групп болгон өргөжүүлсэн юм. 2016 онд группыг бүтцийн өөрчлөлтөнд оруулж “Гүнд Инвестмент” хөрөнгө оруулалтын холдинг компани болгон өөрчлөн зохион байгуулсан.

    Системийн инженерчлэлийн үйлчилгээний “ТУС солюшн” ХХК-ийг 2016 онд Холдингийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулсан юм. Бид өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн болон логик сэтгэлгээний онол, арга зүйд тулгуурлан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх “ТУС шийдлийн үйлчилгээ”-г энэ компаниараа дамжуулан байгууллагуудад санал болгож байна.

    https://www.tussolution.mn/

    youngresearcher.org

  • Миеэгомбын АМБАГА- Уламжлалт ба европ анагаах ухааныг холбосон нээлт хийсэн нэрт эрдэмтэн

    Монгол улсын төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор. Уламжлалт ба европ анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх нээлт хийсэн нэрт эрдэмтэн. “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

    Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт төрсөн. 1961-1965 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын бага сургууль, 1965-1971 онд Өндөрхаан хотын төвийн 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн.

    1981-1984 онд Москва хот дахь Анагаах ухааны 1-р дээд сургуулийн аспирантурт суралцан “Туршилтын амьтдад үүсгэгдсэн зүрхний булчингийн тэжээлийн дутагдлын үед антиоксидант, бетта-блокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” сэдвээр анагаах ухааны дэд докторын, 1994 онд “Хий, шар, бадганы онол ба эсийн мембрант байгууламж” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

    2000 онд Москва хотноо төвтэй Европын Холбооны Мэдээлэл зүйн Академид “Уламжлалт анагаах ухаан судлалын сүүлийн үеийн ололтууд” сэдвээр Grand doctor-ийн зэрэг хамгаалж, Full professor цол хүртсэн.

    Анагаахын шинжлэх ухааны доктор (Монгол улс), гранд доктор, профессор (Европын холбоо), ОХУ-ын анагаахын шинжлэх ухааны доктор, профессор.

    Эм зүйн салбарт эх орны эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эдээс гарган авсан “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

    Анагаах ухааны чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах комисс, Эм судлал, уламжлалт анагаах ухаанаар дэд докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл, ASTM буюу New letter of Asian Society for Medicine /Tailand/ сэтгүүлийн редакцийн гишүүн.

    1980 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааны онолын судалгаа, уламжлалт анагаах ухаан судлал, эмт бодис, оношлогоо, эмчилгээний чиглэлээр 30 жил ажиллаж, 90 гаруй ном, сурах бичиг, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлсэн, 16 шинэ эм бэлдмэл бүтээсэн.

    Шинжлэх ухааны доктор 5, дэд доктор 20, мөн 40 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан.

    Уламжлалт анагаах ухааны эртний мэргэдүүд хүний биеийн бүтэц үйл ажиллагааны анхдагч эхлэл нэгж нь “хий”, “шар”, “бадган” гэсэн өөр хоорондоо нягт холбоотой, харилцан шилжимтгий эсрэг тэсрэг байдал бүхий 3 төлвөөс тогтдог гэж үздэг байсныг шинжлэх ухааны үүднээс гүнзгийрүүлэн судалж, эдгээр хийсвэрлэл билигдэл 3 төлвийн хүний биед оршдог жинхэнэ бодитой хэлбэр нь “мембраны α, β, γ” гэсэн 3 төлөв гэж үзсэний дээр “шар төлөв – α төлөв”, “хий төлөв – γ төлөв”, “бадган төлөв – β төлөв” гэсэн нарийн нягт тохирол нийцэл байдгийг илрүүлэн “Хий, шар, бадган-Эсийн мембрант байгууламж” онолыг үндэслэсэн бөгөөд энэ нь уламжлалт ба орчин үеийн гэсэн анагаах ухааны 2 том тогтолцооны онол, оношлогоо, эмчилгээний холбогдолтой бүх л мэдээллийг нэг субстанцийн хүрээнд мэдээлэл солилцооны цэгцэрсэн тогтолцоонд оруулах боломж олгож байгааг тогтоон “нэг субстанци – 2 анагаах ухаан” шинэ хандлага хэмээн томъёолж, энэ чиглэлээр “эрдэм шинжилгээ – үйлдвэрлэл – сургалтын гурамсан холбоо”-г бүрдүүлэх үндэслэлийг бий болгож, “х+g+s-NCM=амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн оношлогоо, эмчилгээний төгс шийдэл” гэсэн тэгшитгэлийн хүрээнд 2 анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх боломжийг нээж олсон байна.

    Хий, шар, бадган – мембрант байгууламж (1995), Дорно дахины анагаах ухааны онолын гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл (1996), Дорно дахины анагаах ухааны онолуудын харьцуулсан судалгаа (1997), Антиоксидант – өөхний хэт исэлдэлт тогтолцоо (1999), Дан ба нийлмэл уламжлалт эмийн жагсаалт, тэдгээрийн зохистой хэрэглээ (1999), Монгол туургатны уламжлалт анагаах ухааны алдарт эмч, маарамбуудын намтар, бүтээл (1999), The membrane mechanism of some theoretical problems on Traditional medicine (1999), Курс лекций по теории традиционной медицины (1999), Уламжлалт анагаах ухаан судлалын үндэс (2001), Уламжлалт анагаах ухааны онолын асуудлыг эс, мембран, молекул, рецепторын түвшинд тайлбарлах нь (2002), Түвд, Монголын уламжлалт анагаах ухааны Язгуурын үндэс, Номлолын үндэсний агуулгыг эмчийн өдөр дутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь (2002), Язгуурын үндэс бүтээлд хийх эс, мембран, молекулын түвшингийн тайлал (2002), One substance – two medicines” (2003, 28 х.х. англи хэлээр), Уламжлалт анагаах ухаан судлалын 100 асуулт хариулт (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний нэгдмэл хэлхээ боловсруулах онол арга зүйн үндэс (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны кодын шилжилт (2005) зэрэг 90 гаруй ном, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлж, Астрадин, Асваргал, Силодин, Барбадин, Нефромон, Салимон, Салсамон, Ортуузин, Салорид, Дентамон, Эллипин, Хиазасол, Тонзилмон, Гепамон зэрэг дархлал сэргээх, элэг хамгаалах, зүрх хамгаалах, бөөр хамгаалах, хорт хавдрын эсрэг үйлдэлтэй 16 шинэ эм бүтээж, 5 патентын гэрчилгээ авснаас гадна эрдэм шинжилгээний 30 орчим өгүүлэл нь Бюллетень экспериментальной биологии и медицины, Кардиология, Фармакология и токсикология, New letter of Asian Society for medicine, A materials of I congress of Tibetian medicine зэрэг гадаадын томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн ба түүний сүүлийн үед (1991 оноос хойш) хэвлүүлсэн 300 орчим ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис нь уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр нээсэн “Хий, шар, бадган – Эсийн мембрант байгууламж” онолын дагууд бичигдсэн байна. Уламжлалт анагаах ухаан судлал, эм зүйн “Монос” дээд сургуулийг 2000 онд санаачлан байгуулсан нь эдүгээ 1000 гаруй оюутан, 50 гаруй багштай, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын технологитой сургууль болсон байна. Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний аргын нийцлийг “мембран” гэсэн нэг субстанцийн түвшинд анх удаа шинжлэх ухааны үндэстэй нэгтгэн зангидаж, “нэг сургууль – хоёр хандлага, хосмол мэргэжил” гэсэн шинэ хандлагын дагууд уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны аргаар оношлогоо, эмчилгээний нэгдмэл нэг хувилбарыг нэгэн зэрэг гаргаж чадах мэдлэг дадлага, хандлага бүхий эмч, эм зүйч мэргэжилтэн бэлдэх “шавь сургууль” бий болгох, анагаахын салбарт “эрдэм шинжилгээ-сургалт – үйлдвэрлэл”-ийн гурамсан холбоо бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд уг сургуулийн сургалтын хөтөлбөрт “Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны цэгцэрсэн тогтолцоо”, “Уламжлалт анагаах ухаан судлал”, “Эмийн хоёр үйлдвэр” гэсэн хоёр хичээлийн стандарт, хөтөлбөрийг шинээр боловсруулан оруулсан нь манай улсад төдийгүй өөр аль ч улс орны сургалтад өнөөг хүртэл байгаагүй цоо шинэ агуулга бүхий хичээлүүд юм.

    http://www.ambaga.mn/
    https://www.facebook.com/%D0%9C%D0%B8%D0%B5%D1%8D%…