Category: media-content

  • Цэрэнбатын АЛТАНГЭРЭЛ- Гидрогеологич

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    Цэрэнбатын Алтангэрэл нь ШУТИС-ийн Геологи, Газрын тосны сургуулийг Гидрогеологич  мэргэжлээр 2003 онд бакалавр, 2005 онд магистрийн зэрэгтэйгээр төгссөн. 2015 онд  гидрогеологийн чиглэлээр Монгол Улсын зөвлөх инженерийн цол хамгаалсан.  

    Англи, орос хэлтэй

    АЖЛЫН ТУРШЛАГА

    2019 оноос ICEM -д зөвлөх гидрогеологич /Уст давхаргын тэжээгдлийг  нэмэгдүүлэх төсөл/  

    2015- 2019 онд УУДБХОДТөслийн Газрын доорх усны менежмент, мэдээллийн нэгжийн  ахлагч  

    2012- 2015 онд Сантгидро Консалтинг ХХК-д төслийн гидрогеологич  

    2011- 2012 онд Ар Пи Эс Акватерра ХХК-д төслийн гидрогеологич  

    2009- 2011 онд Акватерра ХХК-д гидрогеологич  

    2008- 2009 онд Коже говь ХХК-д ахлах гидрогеологич  

    2006- 2008 онд МУИС-ийн ФЭС, Ус цаг уурын тэнхимд багш  

    2005- 2006 онд Шинжлэх Ухааны Акедемийн Геоэкологийн хүрээлэнд ЭШ дэд ажилтан

    2003- 2005 онд Шинжлэх Ухааны Акедемийн Геоэкологийн хүрээлэнд ЭШ туслах ажилтан  

    2002- 2003 онд Таван-Үндэс ХХК-д талбайн инженер  

    Хийж гүйцэтгэсэн ажлын туршлага:

    2019-одоог хүртэл Азийн хөгжлийн банкы санхүүжилтээр Олон улсын байгал орчны  судалгааны төв (https://icem.com.au/portfolio-… water-governance/) -ийн хэрэгжүүлж буй “Усны засаглалыг бэхжүүлэх” төслийн хүрээнд  “Газрын доорх уст давхаргын тэжээгдлийг зохиомлоор нэмэгдүүлэх” төслийн гидрогеолоич.  

    2015-2019 УУДБХОДТ-өөс хэрэгжүүлсэн “Говийн бүсийн газрын доорх усны хяналт шинжилгээний сүлжээ байгуулах ажил”, “Говийн бүсийн сумдын төвийн хүн амын унд ахуйн  усны чанарын судалгаа”, “Гидрогеологийн зураглал”, “Газрын доорх усны хайгуулын ажил”  -уудын төлөвлөгөөг боловсруулсан.  

    2014 онд “Шинь-Шинь” ХХК-ийн захиалгаар Улааны холимог теталын ордын ус хангамжийн  зориулалттай Сэвсүүлийн голын хөндийн газрын доорх усны хайгуулын удирдагч  

    2013-2014 онд Сайншандын аж үйлдвэр байгуулах ажлын хүрээнд Борхөөвөр, Сайн-Усны  говьд явуулсан газрын доорх усны нарийвчилсан хайгуулын ажлын төслийн гидрогеологич,  тайлангийн 2-р зохиогч  

    2013 онд Хадат гүний ордын гидрогеологийн судалгааны ажилд төслийн удирдагч  

    2012-2013 “Сентерра Гоулд”-ын захиалгаар Давхарын Арын хөндийд гүйцэтгэсэн газрын  доорх усны хайгуулын ажлын завсрын тайлангийн хяналт 

    2012-2013 онд Тооройн шандын газрын доорх усны нөөцийн хайгуулын тайлангийн хяналт  

    2012 онд Наймдайн хөндийн газрын доорх усны хайгуулын ажлын нөөцийн хамгаалалтыг  амжилттай гүйцэтгэсэн  

    2012 онд Сентерра Гоулд ХХК-ийн Алтан Цагаан Овоогийн Алт холимог металын ордын  усан хангамжийн хайгуулын ажилд хяналтын болон боловсруулалт хариуцсан  гидрогеологич  

    2011 онд Тефис Майнинг, Зүүн далангийн нүүрсний ордын гидрогеологийн судалгаа  

    2010-2011 онд Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайн шүүрүүлэлтийн  судалгаа, уурхайн усны менежментийн судалгаа  

    2010 онд Оюу Толгой- гашуун сухайт хатуу хучилттай замын барилгажилтад зориулагдсан  усан хангамжийн хайгуул  

    2009 онд Наймдайн хөндийн газрын доорх усны хайгуулын ажлын албайн гидрогеологич  2009 онд Сүмбэрийн нүүрсний ордын гидрогеологийн судалгааны талбайн гидрогеологич  2008- 2009 онд Ураны ролл фронтын хайгуулын гидрогеологийн судалгааны багийн ахлагч

    2003 онд Орос- Монголын хамтарсан Газрын доорх шүлтгүйжүүлэх аргаар алт ялгах  технологийн туршилтын судалгааны багт гидрогеологичоор, Ар Наймганы алтны шороон  орд

  • “Индиго” хүүхдийн цогц хөгжлийн төв нь Баасан, Бямба гарагийг “Шатар, даам сонирхогч хүүхдүүдийн өдөр” болгон зарлалаа

    Бямба гараг бүр СБД-ийн 12 жилийн Юнескогийн нэрэмжит 31-р сургуулийн 5б ангийн сурагч, тус сургуулийн хоёр удаагийн шатрын аварга /хоёр, гуравдугаар ангидаа сургуулийнхаа зургаа, долдугаар ангийн сурагчдыг хожиж аварга болж байсан/ , Монголын хүүхдийн ордны шатрын дугуйлангийн сурагчдын дунд болсон тэмцээний хоёрдугаар байрын эзэн Б.Төгөлдөр “Индиго” төв дээр хүрэлцэн ирж шатар сонирхогч хүүхдүүдэд шатар, даам зааж өгч байхаар боллоо.  Тус өдөр шатар, даам тоглож оюун ухаанаа хурцлахыг хүссэн 5-13 насны хүүхдүүд өглөөний 10  цагаас өдрийн 1 цаг хүртэл найзуудтайгаа тоглож, өөрийгөө хөгжүүлэх боломжтой боллоо. Сонирхсон хүүхдүүд 8817-7575 дугаарын утсаар бүртгүүлээрэй.

  • “LOVE LOCKS” хайрын тангарагуудыг цоожиллоо Happy Valentine’s Day

    “Мандухай хатан” компани, “Мандухай хатан ээжүүд” гэр бүлийн боловсролыг дэмжих аяны хүрээнд дэлхийн олон орнуудад хосууд сэтгэлийн үгээ хэлж хайр сэтгэлдээ үнэнч байхаа тангарагладаг “LOVE LOCKS” үйл ажиллагааг “Яруу сэтгэгч” клубтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Хосууд төвлөрсөн газарт тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаяад “Энэ цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бэх байж насан туршдаа нэгэндээ үнэнч байна” гэж тангарагладаг ажээ. 

    LOVE LOCKS нээлтийн үйл ажиллагаанд 300 гаруй хосууд оролцож,“Индиго” төвийн багш нарын бэлтгэсэн хайрын тангарагыг уншиж, цоожоо өлгөөд, билэгдэлийн зүрхэн дотор зурагаа авахууллаа. Гинжин хэлхээнд 50 гаруй цоож хайрын баталгаа болон өлгөгдсөн бөгөөд уг гинжин хэлхээг нийтийн эзэмшлийн газар байрлуулж цаашид хосууд өөрсдийн сайн дураар очиж цоожоо өлгөх боломжийг олгох юм.
    Мөн аяны хүрээнд бүтээсэн Аз жаргалтай гэр  бүлийг бүтээн босгох арга ухаан лекц- DVD- ийг татаж авч үзээрэй. Харин LOVE LOCKS үйл ажиллагааны зургуудийг www.facebook.com/mandukhaikhatanхуудаснаас үзэж татаж авах боломжтой.
    “LOVE LOCKS” үйл ажиллагааны дараа “Нэгэн зүгт” хамтлаг БИ ЧАМД ХАЙРТАЙ тоглолтоороо хайртай хосууддаа бэлэг барьлаа. 
    Уг үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан“Paragon13” клуб,“Индиго”  хүүхдийн хөгжлийн төв, “Нэгэн зүгт” хамтлагийн хамт олонд маш их баярлалаа. 

    Монголчууд хайр сэтгэлийг салшгүй мөнхийн бэлэгдэл хаан бугуйвч хатан сүйхээр баталгаажуулж ирсэн билээ. Мөн дэлхийн ихэнхи орнуудад хайртай хосууд хайр сэтгэлдээ үнэнч байхаа илэрхийлж төвлөрсөн газарт сэтгэлийн тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаяад “Энэ цоож хэзээ ч нээгдэхгүйн адил бидний хайр дурлал мөнхөд сэвгүй бат бэх байж насан туршдаа нэгэндээ үнэнч байна” гэж тангарагладаг ажээ.

    Тиймээс хайртай хосууддаа хайр сэтгэлээ “LOVE LOCKS”- р баталгаажуулах боломж олгож Гэгээн Валентины өдөр буюу 2-р сарын 14-ны 18:00 цагаас UB PALACE анх удаа “LOVE LOCKS-н нээлтийг хийлээ.

    Та хайрттайгаа, хайрын баталгаагаа цоожилж баталгаажуулах цоожтойгоо хамт хүрэлцэн ирж “LOVE LOCKS”-оо түгжиж хайр сэтгэлдээ үнэнч байхаа тангараглана уу. Ёслолын дараа уг хайрын цоожнуудын гинжин хэлхээг Эхтайвны гүүрэн дээр байрлуулсан юм.

    Монголын гэр бүлүүд аз жаргалаар дүүрэн байг.
  • Соёлын Гавъяат Зүтгэлтэн цол хүртсэн нагац ах Г.Цогт, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн эгч В.Уянга нартаа баяр хүргье

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаар, Монгол Улсын түүх, соёл, газар зүйн өргөн мэдээллийг хүн төрөлхтний оюун санааны их өв мэдлэгийг мэдээлэл хэлбэрээр түгээн дэлгэрүүлэгч дэлхийн хамгийн нэр хүндтэй “Британника” ширээний нэвтэрхий толийн танин мэдэхүйн санд анх удаа нэгтгэж, уг толийг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлэж, монгол түмний оюун санааны хөгжилд шинэ хуудас нээсэн “Британника ширээний нэвтэрхий толь” бүтээлд 2010 оны “Үндэсний бүтээмжийн дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г олголоо.

     

    Төслийн ерөнхий редактораар ажиллаж Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн цол хүртсэн нагац ах Гомбосүрэнгий Цогт, техник редактороор ажиллаж Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн эгч Вандангийн Уянга нарынхаа цаашдын уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөж, дүү нартаа өөрсдийн авъяас чадвараар үлгэрлэж байдагт тань бахархаж байна шүү.

    Та хоёртоо болон ээж аавдаа, дүүдээ, бүх хамаатан садандаа бүгдэнд нь хайртай шүү. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж Туулай жилдээ аз жаргалаар дүүрэн байх болтугай.

  • ЦАГААН САРЫГ ИНГЭЖ ХИЙВЭЛ ЁСТОЙ ГОЁ ЮМ БАЙНА! (Иргэншсэн цагаан сар!!!)

    Цагаан сар ба хар нулимс

    За 13 хоногийн дараа алдарт Цагаан сар боллоо. Нэг нас нэмсний, өвөлдөө өнтэй сайхан орж шинэ жилдээ элбэг хангалуун аз жаргалаар дүүрэн амьдрахыг бэлэгшээн ураг төрлөөрөө уулзан золголдож, ахас ихэсээ хүндэтгэж, садан төрлөө танин мэдэж авдаг сайхан баяр билээ. Баярын хэлбэр нь анх үүсэхдээ нүүдэлчдийн соёлтой зохицож нийцсэн байж. Морио унаж давхилдаад, айл хотлоороо уулзан золгож, мал ахуй, сонин сайхнаа хөөрөлдөж, тоглож нааддаг байж.

    Харин одоогоор энэ баяр садан төрлөөрөө аз жаргалтай уулзан золголдох аз жаргалын баяр гэхээсээ садан төрлөөрөө уур бухимдалд автдаг баяр болоо юу даа. Айл бүр ууц, бууз, бэлгээ яах вэ гэсэн хийрхэлд автаж, стрессдэж, баян харагдах гэж өр тавьж, умгар хотынхоо түгжээ бухимдал дунд хэсүүчилэн өдрийг барж, эрээний бараа бэлэглэсэн болж, садан төрөлтэйгээ уулзаж золголдсон ч зүйлгүй, ярьж хөөрч тоглож наадсан ч юмгүй, босоогоороо хэсэж, давчуу өрөөндөө багталцахгүй, ёс төдий тохой өргөж, идэж уухаар шахуулж, баярын дараа хоол боловсруулах эрхтний хямралд орж 103-ийг сахиж за нэг иймэрхүү маягаар баярлана гэдэг бол үнэхээр хэний ч хүсэх зүйл биш байлтай. Хамаатан садантайгаа уулзана золгоно гэдэг боловч, яг үнэндээ уулзаж золголдож чаддаггүй. Зөрөлдөөд хэсэлдээд байдаг. Ингээд ураг төрлөө мэдсэн ч юмгүй өнгөрөөд байдаг. Бас тав тухтай хамаатан садантай танилцаж, юу хийж, сэтгэж бүтээж байгаагаа ярилцаж ч амждаггүй. Иймэрхүү л баяр гэхэд хэцүү л бантан болоод байна.

     

    Тэгвэл Цагаан сараа хэрхэн тэмдэглэвэл зүгээр вэ?

    Бүх хамаатан садандаа зар тарааж, нэг томоохон заалыг түрээсэлж, нэг дороо цуглаж “Ургийн баяр” хэлбэрээр тэмдэглэнэ. Нэг дороо цуглаж тэмдэглэсэнээр ямар ач холбогдолтой байхыг овгийн ахлагч нарт сайн ухуулан ойлгуулах хэрэгтэй. 

    За тэгээд тэндээ овог овгоороо идээ, цагаагаа нэгдсэн байдлаар засаж, нэг доороо бүх ахмад буурлуудтайгаа золгож, ууж идэж, садан төрлийнхээ хүмүүсийн хийдэг ажил төрөлтэй нь танилцаж, хивсээ дэвсээд шагай няслаж, алаг мэлхий өрж тоглож наадаад, дуулж хуурдаад, ахмад буурлуудынхаа сургаалийг сонсоод, Ургийн бичгээ хамтдаа хөтөлж, эрээний хог биш үндэсний бүтээгдэхүүнээ бэлэглээд тэмдэглэвэл ямар гоё вэ? Ядаж л залуу хүүхдүүд нь хоорондоо танилцаж авна. Ингэж танилцахгүй бол хамаатан садантайгаа үерхээд хүүхэдтэй болчихоод байгаа шүү дээ. Ерөөсөө л Цагаан сараа жилдээ нэг ураг саданаараа цугладаг “Ургийн баяр” болгочихъё.

     

    Үр дүн нь юу вэ?

     Хамаатан садан, ураг төрлөө сайн мэдэж авна.
     Ургийн бичгээ хамтдаа хөтөлж, өвөг дээдсийнхээ талаар ихийг мэдэж авч, бахархаж нэр төрөө эрхэмлэх сэтгэл төрнө.
     Ийш, тийшээ хэсэлдэж, хөшилдөж цаг заваа барах шаардлагагүй.
     Айл бүр том ууц, бууз, бэлэгэндээ бухимдаж өр тавих шаардлагагүй.
     Хамаатан садны хүмүүсийн гайхам авъяас чадварыг мэдэж авна.
    – Хүн бүрт бэлэг өгөх гэж 1000, 500-ын цоорхой оймс биш харин тухайн гэр бүлд нийтэд хэрэгтэй нэг том бэлэг өгдөг байвал зүгээр ч юм уу
     Бэлэгээ нэг дороо солилцчихно.
     Бүгд нэг доороо цугласан учраас, ажил амьдралаа ярилцаж, хэн нь юу сэтгэж яваагаа тухтайхан хөөрөлдөж, нэгнээ дэмжих хамтран ажиллах сэдэл бий болно.
     Тоглож наадаж, жинхэнэ утгаар нь хөөрч баясах боломж бий болно.
     Айл бүрд давхардаж идэж уугаад явдаг, салат, буузаа гүзээлж сар шинийн дараа хордлогод орж биеэ өвтгөх шаардлагагүй.
    Ууц, бууз, унаа тэрэг гээд маш их үргүй зардал гаргахгүйгээр садан төрлөөрөө хэмнэлттэй атлаа аз жаргалтайгаар тоглож наадаад жинхэнэ утгаар нь баярлаж цэнгэнэ гэдэг чинь энэ дээ.

    Иргэншсэн цагаан сараа гэж!!! 
    Бодож цэгнээд, аав ээждээ ойлгуулаад, хамаатан садангаа сэнхрүүлэх л үлдлээ.

  • The New Media Marketing Agency Chief Technology Office Батсайханы Батзаяад мэндэлсэн өдрийн мэнд хүргье

    The New Media Marketing Agency-н Chief Technology Officer Батсайханы Батзаяадаа мэндэлсэн өдрийн мэнд хүргье.

     

    Нас нь залуу, цус нь шингэн залуу хүн хэдий ч хийсэн бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх тэмүүлэлтэй шилдэг тэргүүний залуучуудын нэг гэж чамайг үнэлдэг шүү. “Шилдэг залуу” медаль аваагүй ч гэсэн чиний хандлага чинь шилдэг байж чадсан. Угаасаа тэр медалийг авсан хүн шилдэг нь болчихдог юм биш. Гавъяат жүжигчин хүн гудамжинд амьдарч байхтай таарч байлаа. Өндөр цалин мөнгө, алдар нэр, магтаал сайшаал, ханаар нэг өргөмжлөл, хавтасд гялалзах дипломууд, энгэрээр дүүрэн төмөр тэмдэг бидний үнэлэмж байж чадахгүй ээ. Арван жил онц сураад, их сургуулиа алтан медальтай төгссөн гэх атлаа хүн алаад шоронд орсон нэг нь байхад, үзүүлчих дипломгүй атлаа авъяасаа чадвараа олж чадсан нэгэн байх. Шилдгийн шилдэг гэх өргөмжлөл цуглуулсан атлаа найзийгаа хулхидаж, араас хутга шааж, эхнэрээ зоддог нэгэн байхад, шилдэг нь болоогүй ч хүнийг хайрласан шиг хайрлаж, хийвэл хийсэн шиг хийдэг, хүн шиг амьдарч яваа эгэл нэгэн бас байх. Хоосон алдар нэр, хуурамч дүр эсгэж биш харин хийж бүтээснээрээ бахархаж амьдрах сайхаан. 

    Тэгвэл манай компанийн Батзаяа оюутан байхаасаа вэб програмчлалыг бие даан судлаж эдүгээ 8 жил болжээ. Бас компани хүртэл байгуулж унаж, босож явсан үе ч бий. Тиймээс тэр компани гэж юу байдаг, хамтын хүчээр хэрхэн ажилладагийг хэнээр ч заалгахгүй мэднэ. Хамтын зорилгоо хувийн амбицийнхаа дээр тавьж байж хамт олон амжилтанд хүрдэг гэдгийг ч бас мэднэ. Тиймдээ ч хамгийн олон хүнтэй IT албыг хамгийн сайн удирдаж байгаа гэж боддог. Танай албаны үйл ажиллагаа жигдэрч, дотоод уур амьсгалыг маш сайхан бүрдүүлж байгаад бахархдаг. “Програмист хүмүүст нийтлэг байдаг “дуугүй мөрөөрөө байх” гэсэн хэв маягийг би бага ч гэсэн эвдэж хүмүүсээ илүү нээлттэй, чөлөөтэй байлгахыг хүсдэг, өөрөө ч тэгж үлгэрлэхийг хичээдэг” гэж нэг удаа хэлж байсан чинь амьдрал дээр үргэлж хэрэгжиж байгааг хараад дотроо их баярладаг шүү. Цалингаа буухаар нийт хамт олондоо чихэр ч болтугай авч өгдөг хүн нь ганцхан чи шүү, мэндэлсэнийг чинь анзаараагүй дуугарахгүй өнгөрөхөд мэндэлсэнгүй гэж гомддог хүн нь бас л чи, CD дээр ковер нааж тус болох хүн байна уу? гэхэд хэдий их ажилтай байсан ч гэсэн “би наая” гэж саналаараа дуугарсан хүн чи л байсан, бусадтайгаа ойр байхын тулд тоглоом хүртэл тоглож сурсан нь бас л чи байсан. Чи ийм л энгийн хүн. Хүн бүртэй нээлттэй дотно харилцаж, баг хамт олноо үргэлж гоё байгаасай гэж санаа зовдог чи ийм л эрхэм хүн. Ийм л энгийн хүмүүс NMMATeam-ийг улам хүчирхэг, илүү хурдтай, илүү нягт болгож байдаг юм. 

    Цаашид IT албаа илүү гоё удирдаж, өөрсдийн мөрөөдлийн компаниа хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Чи бидэнтэй хамт байгаа нь нэр төрийн хэрэг юм шүү. 

    Ээжид тань төрсөн өдрийн мэнд, харин чамд Мэндэлсэн өдрийн мэнд хүргье.

    Нэмэлт: Аа бас дашрамд нэг зүйлд уучлалт хүсэх гэсэн юм. Дээр нэг удаа маргахад би “Би ч дарга, чи ч дарга” гэж хэлэхэд чи буруу утгаар нь ойлгох шиг болсон. Би энэ үгийг хэлэхдээ “Би ч дарга, чи ч дарга” гэсэн барьцсан утгаар биш, харин “Би ч дарга, чи ч дарга гээд хэн хэндээ дарганцархаад, нэгэндээ хүндрээд яваад байвал бид ойлголцож чадахгүй” гэсэн утгаар хэлсэн юм шүү. Ялихгүй зүйлээс үл ойлголцох байдал үүсгэсэнд уучлаарай.

    Ж.Лувсандорж
     2011 оны 1 сарын 31

  • “МОНГОЛ БЭЛЭГ” АЯН

    #МонголБэлэг уриалгыг 2011 оноос хойш жил бүр олон нийтэд хүргэж үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ дэмжих сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.


    ЦАГААН САРААР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ

    Монгол хүн Цагаан сараа элбэг дэлбэг гаргавал тэр жилдээ баян явна гэж үздэг учраас өр шир тавиад ч хамаагүй 2’000’000- 10’000’000₮ зарцуулна. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа байдаг. Энэ цагаан сараар ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжье. Чихэр боов, жигнэмэг, ундаа, махан бүтээгдэхүүн, ногоо, сүү, цагаан идээ, бээлий, гутал, оймс, энгэсэг, тос, саван, тоглоом, утасны нэгж, ном, СД гээд л Монголчуудын хийж байгаа болон хийж чадах маш олон зүйл байна. Цагаан сарын үеэр эргэлтэнд ордог олон тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрээ дэмжихэд зориулъя гэсэн санаачлагыг гаргаж та бүхэнд хүргэж байна.

    МОНГОЛ ХҮНИЙ бүтээл, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэмжээд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя. Үндэсний үйлдвэрлэлээ МОНГОЛ ХҮН л дэмжиж хөгжүүлэхгүй бол шар шүдтэн толгойтнууд дэмжээд хөгжүүлжихнэ гэж худлаа. Эх оронч гэж хашгиралгүйгээр, зүгээр л МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖИХ СЭТГЭЛГЭЭтэй байя. Эрээнд Монголын шилдэг оёдолчдыг хөлслөөд Монгол дээлийг олноороо үйлдвэрлэж байгаа гэнэ. Бид монгол дээл, монгол гэрээ арай ч Эрээнээс худалдах авах дээрээ тулаагүй байлтай.

    БЭЛЭГНИЙ ХУВИЛБАРУУД:

    1. Цагаан сараар хүн бүрт үнэтэй юм авч чаддагүй. Хямд юм өгөх гээд Эрээний оймс, цамцхан өгөхийн оронд мөнгийг нь шууд өгчихөж болно. Хүүхдүүд цуглуулж байгаад өөртөө хэрэгтэй юмаа аваг.
    2. Бэлгийн карт, хадгаламжийн карт, утасны нэгж, ном гэх мэт гоё соёлтой бэлэгүүд байж болох юм.
    3. Эрээний цоорхой оймс 500₮. Янмалын монгол оймс 1000₮. Эрээний таавчиг 3000₮, монгол эсгий углааш 5000₮. 5, 10₮-ий зөрөөг биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа монголчууд нь олон монголыг тэжээж байгааг тооцох хэрэгтэй.
    4. Цагаан сараар хүн бүрт үнэтэй юм бэлэглэх гэхээр хэцүү. Гэр бүлийг гишүүн бүрт хямдхан чанаргүй юм өгөхийн оронд гэр бүлд нь хэрэгтэй 1 том бэлэг өгдөг байж бас болох юм.

    ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ

    ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛҮҮД: Цагаан сар өнгөрсөн хойно Эрээнийг бид хөгжүүллээ гээд л халаглах биш харин өмнө нь иргэдэд Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг төлөвшүүлэх мэдээ, нэвтрүүлгийг хүргэх, Цагаан сараар бэлэглэж болох монгол бүтээгдэхүүнүүдийн талаар “Монгол бэлэг” цуврал нэвтрүүлэг хийж хүргэх.

    ИРГЭД: Үндэсний үйлдвэрлэлийн талаар мэдлэг, мэдээлэлээ хуваалцаж, гэр бүлээрээ ярилцаж Цагаан сараараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шийдвэр гаргах.

    БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД: Ажилчид тэдгээрийн гэр бүл, ахмад настануудад бэлэг сонгохдоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих.

    ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД: Цагаан сард зориулсан бэлэгэнд өгч болохоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сайн хүргэж мэдээлэх, Цагаан сард зориулсан шинэ өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олноор нь гаргах. Нэгдсэн, задгай худалдааг олон нийтийн газруудад тогтмол зохион байгуулах.

  • “Өнөөдөр” сонины УРЛАНд зочиллоо

    “Өнөөдөр” сонины Урлан буланд зочилж ярилцлага өглөө. Та бүхэн сонирхоорой. Уран бүтээлч биднийг дэмжиж урлагийн мэдлэг мэдээллийг түгээж байдаг “Өнөөдөр” сонины хамт олон болон сэтгүүлч Б.Эгшиглэн-д баярлалаа.

    Б.Эгшиглэн

    Гэнэн томоогүй хүүхдүүд, хацартаа улаа улаа бутруулсан хатан, үүлэн дээгүүр нисэн яваа хүү, энгийн хэрнээ цаанаа л онцгой, баяр баясгалантай өдрүүд. Зураач В.Ундраагийн бүтээлүүдээс энэ бүхэн харагддаг. Өөрөө ч зургуудтайгаа төстэй юм шиг. Яг л хүүхэд адил. “Хүн бүрийн дотор хүүхдийн төрх, зан араншин нь үргэлж байсаар л байдаг гэж би боддог. Амьдралын явцад бид нар хашир сууж, муу санаатай болдог нь тойрох аргагүй үнэн. Гэхдээ тэр дунд хүүхдийн ариун сэтгэл, нандин чанараа хэвээр нь үлдээхийг хүсдэг” хэмээн тэрбээр ярьсан юм.

    _______________________________________________________________________

    -Яагаад зураач болох замыг сонгосон бэ?

    -Зургийн авьяас ааваас удамшсан гэж хэлж болно. Аав С.Вандан маань урлагийн сургуульд сураагүй  чулуун, модон сийлбэр, хайчилбар, уран зураг, монгол зураг, хар зураг, хөрөг зэрэг төрлийг бие даан судалж, уран бүтээл туурвиж байсан. 30 гаруй насандаа зургийн сургуульд орох гэсэн боловч нас нь оройтсон гээд тэнцээгүй гэдэг. Аав маань төрөлхийн урлагийн хүн байсан ч тэр үед тусалж дэмжээд, зааж зөвлөх хүн байгаагүйгээс өөр салбар руу урвасан байх гэж одоо боддог юм. Румын улсад цаасны технологийн чиглэлээр сурж, Монголд лаа, ариун цэврийн цаасны технологийг анх оруулж ирсэн хүн.

     -Бүтээлүүд тань их өнгөлөг. Голдуу шар, улаан, ногоон, улбар шар өнгөөр зурсан байх юм.

    -Миний зургийг үзэж буй хүмүүс сайхан энерги аваасай гэж би хүсдэг. Гэгээлэг, тод өнгийг сонгож зурдаг маань тийм учиртай. Хурц, тод өнгө тэмүүлэлтэй, дайчин харагддаг учраас тэдгээрийг сонгох бас нэг шалтгаан болдог юм. Нэг хэсэг бүтээлүүдэд маань улаан давамгайлдаг байсан бол сүүлийн үед шар өнгийг түлхүү хэрэглэж байна. Шар бол нар шиг хурц туяатай, дулаан илчтэй өнгө.

    -Сүүлийн үед урлагийн бүх л салбарын уран бүтээлчид үндэсний уламжлалаа орчин үеийн хэв маягтай хослуулах болж. Та ч мөн тэдний нэг байх аа?

    -Тийм ээ. Даяаршиж буй энэ ертөнцөд өөрсдийгөө илэрхийлэх, хэдэн мянган үндэстнээс ялгарах цорын ганц зүйл нь бидний өв соёл шүү дээ. Уран бүтээлээрээ өөрийгөө илэрхийлэхээс гадна мөн монгол үндэснийхээ уламжлалыг үзүүлэхийг зорьдог. Монгол зураг ийм нарийн дүрслэлтэй, хээ угалзтай гэдгээс авахуулаад дээл хувцас, өдөр тутмын амьдралын дүр зураг, ёс заншлаа бүтээлдээ харуулах эрмэлзэлтэй.

    -Бүтээлд тань хэлбэр голлодог уу, эсвэл агуулга чухал уу?

    -Аль аль нь. Заримдаа хэлбэрт түлхүү анхаарахад, агуулга нь голлосон зургууд ч бий. 

    -Таны баатруудыг ажиглахад гэнэн цагаахан хэрнээ хааяа зүггүйтчихдэг сахилгагүй охин санаанд буудаг юм. Та өөрөө тэр хүүхдүүдийн нэг мөн үү. Уран бүтээлчид дотоод ертөнцөө бүтээлдээ идэрхийлдэг шүү дээ?

    -Зураачийг бүтээлээс нь уншиж болно гэдэг дээ. Ямар нэгэн үг яриа, тайлбаргүйгээр өөрийгөө илэрхийлэх, өнгө будганд шингээн харуулдаг нь тэр болов уу. Мэдээж үзэгч миний мэдэрсэн бүхнийг адилхан мэдэрч, хүлээн авна гэж байхгүй л дээ. Хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлан уншина. Тэгэхээр уран зурагт хил хязгаар үгүй байгаа биз. 

    -Тойрог эсвэл дөрвөлжин хүрээн дотор олон хүн зурсан нь ямар учиртай юм бэ?

    -Өглөө босоод хувсаа өмсөнө, нүүрээ угаана, ажилдаа явна гээд л хүний амьдралын өдөр бүр ихэнхдээ адилхан шүү дээ. Тодорхой нэг давтамжтай, тойрогт орсон байдаг. Тэрийг дүрсэлж ингэж зурсан юм. Зургийг маань ажиглах юм бол яг адилхан хоёр хүн олдохгүй. Гар, хөлийн хөдөлгөөн, нүүрний хувирал нь ч давтагдаагүй. Хэдийгээр өдөр бүхэн адил хэмээр урсдаг ч тэр дунд хүн аажим аажмаар өөрчлөгдсөөр байдаг гэсэн санааг илэрхийлсэн юм.

    -Тэрхүү тойрогтоо эргэлдээд л байх уу, эсвэл өөрчлөхийг оролдох нь дээр болов уу?

    -Тойргоо сольж байх хэрэгтэй гэж бодож байна. Нэг л амьдрах юм чинь таалагддаг зүйлсээ бүгдийг нь хийж үзэх нь зөв байх. Амьдрал гэдэг заримдаа шуурга шиг санагддаг юм. Шуурган дундуур алхахад бэрхшээл олон тохиолддог ч тэр бүхнийг давахаас өөр зам байхгүй. Амьдралаасаа жишээ аван хэлэхэд би саяхан нэг тойргоос гарч чадлаа. Өөр нэг тойрогт шилжиж, олон зүйлсийг өөртөө шинээр нээж байна. Энэ нь миний уран бүтээлд  ч нөлөөлж байгаа. Өмнө нь эмэгтэйчүүд, охидыг голлон зурдаг байсан бол одоо илүү өргөн хүрээтэй, аж байдлын чиглэлээр бүтээл туурвиж байна. 

    -Монгол дээлтэй, “сахилгагүй” охидын зураг. Хэзээнээс ингэж зурдаг болов?

    -Би 1998 онд Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуулийн монгол зургийн ангийг төгссөн юм. Дараа нь 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн. Тэрнээс хойш олон төрлөөр зурж байгаад 2008 он гэхэд одоогийн энэ хэлбэрээ олсон доо. Хүүхэлдэйн кино байнга үздэг маань ч үүнд нөлөөлдөг байх.

    -Хүүхэлдэйн кинонд тийм дуртай юм уу?

    -Охинтойгоо нийлж суугаад л хүүхэлдэйн кино үзнэ шүү дээ. Одоо бид хоёрын хүүхэлдэйн киноны цуглуулга 270-д хүрсэн байна билээ. 

    -Хамгийн дуртай киноноосоо нэрлээч?

    -“Ну погоди” мөн орос ардын үлгэрээс сэдэвлэсэн дээр үеийн хүүхэлдэйн кинонууд. Одоо бодоход багадаа үздэг байсан тэр кинонууд хүүхдэд их сургамжтай санагддаг юм. Мөн дүрслэл, өнгө зэрэг нь нэг л өөр. Яг л үлгэрийн ертөнц тийм байдаг болов уу гэмээр. Сүүлийн үеийн хүүхэлдэйн кинонууд хүүхдүүдэд буруу үлгэр дууриал үзүүлдэг юм шиг санагддаг. Жаахан замбараагүй байдал, өнгө мөнгөний шунал, бие биенээсээ давж гарах гэсэн хийрхэл зэргийг харуулдаг нь таалагддаггүй. 

    -Номын чимэг зураг зурдаг уу?

    -Нэг удаа номонд зориулж таталбар зурсан. Яваандаа хүүхдийн зохиолын номын хавтасны зураг зурах бодол бий.

    -Сүүлд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

    -Орчин үеийн байшинд нүүдэлчдийг аваад ирсэн. Компьютер, зурагт, дивантай байранд дээлтэй, монгол гуталтай хүмүүс байхаар дүрсэлж байгаа. Энэхүү санаагаа цаашид цуврал бүтээл болгохоор төлөвлөсөн. Өнөөгийн хотын хүмүүсийг гэрт байгаагаар харуулдаг ч юмуу. Амьдралыг арай өөр өнцгөөс харах, эсрэг тэсрэг зүйлсийг холбох, хүмүүсийг янз бүрийн орчин нөхцөлд аваачиж дүрслэх нь ч их сонирхолтой байдаг юм. Уран бүтээлч байхын нэг сайхан нь ч тэр байх. Бодит байдал дээр хүн нисэж чадахгүй. Тэгвэл үүнийг бид дүрсэлж чадна.

    -Та голдуу аз жаргалтай, инээсэн хүмүүсийг зурдаг. Хар бараан талын зураг зурсан тохиолдол бий болов уу?

    -Би амьдралдаа ганц л удаа сөрөг талын зураг зурсан юм. Муухай санагдсан болохоор устгачихсан. 

    -Нэгэнт дотроос мэдрэгдэж байгаа зүйлийг гаргаж ирж яагаад болохгүй гэж?

    -“Аав нь хүний төлөө төрсөн хүн. Олон зүйлээ хүмүүст зориуллаа. Тиймдээ ч амьдрал минь сайхан байгаа юм. Миний охин ч мөн бусдад аз жаргал бэлэглэх сайн зураач болж чадна” гэж аав маань хэлдэг байсан. Амьдрал хэцүү байна, нийгэм ийм тийм байна гээд л олон хүн ярьдаг. Нэгэнт бэрхшээл, зовлон их байхад би бас тэрийг зурж, үзэгчдэд сөрөг зүйлс мэдрүүлэхийг хүсдэггүй ээ. Хүнд муу зүйл өгөх муухай.

    -Ундраагийн уран бүтээлийн ундарга хаанаас оргилдог вэ?

    -Дотроос маань. Эерэг энергитэй, тайван байх үедээ зураг зурдаг. Тийм үед л сайн бүтээл төрдөг болов уу. Зарим хүн нэг зургандаа төвлөрч суусаар дуусгадаг бол би тэгж чаддаггүй юм. Олон зураг зэрэгцүүлж тавиад нэг нь болж өгөхгүй бол нөгөөд нь төвлөрдөг. 

    -Зураг зурахаас өөр юу хийж байна?

    -Бясалгалаар хичээллэж байгаа. Бясалгах үед орчноосоо тасарсан мэт мэдрэмж төрдөг юм билээ. Зарим хүн диваажинг амьдралын дараа байх зүйл гэдэг. Тэгвэл хүн амьдрал дээр ч диваажинг бий болгох боломжтой юм гэдгийг бясалгалд явдаг болсноор ойлгосон.

  • Цагаан морь унасан миний ханхүү

    Чиний ажилч хичээнгүй сэргэлэн зан

     

    Чин сэтгэлээсээ хэлдэг ухаалаг үгс чинь

    Дандаа урагшаа тэмүүлдэг чинь

    Үргэлж  урам зориг өгдөг чинь 

    Маргааш байдаг гэдэгт чинь

    Шүүмж тавьсан үгс чинь  намайг хурцлаж зоригжуулдаг

    Миний хувьд чи багш минь

    Миний хувьд чи хайрламаар эр хүн

    Миний хувьд чи миний мэдэрсэн ухаалаг нэгэн

    Миний хувьд чи хүндлэх хэрэгтэй хүн

    Гараас  чинь атгахад дулаахан байдаг 

    Сэтгэлрүү чинь өнгийхөд халуу төөнөдөг

    Халуун дулаан үгс чинь

    Намайг яг л цэцэг болгодог.

    Зүрхэнд минь цэцэг дэлбээлүүлдэг 

    Увидастай юмаа чи минь 

    Зүрхыг минь  эдгээдэг 

    Анагаагч юмаа чи минь 

     

    2011 он 1 сар
    Аз жаргалын урлан

  • Гаравсүрэнгийн ИДЭРМАА

    Эдийн засагч, “Нью майнд”, Улаанбаатар буян ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

    1965 онд төрсөн.

    БОЛОВСРОЛ: 
    1987 онд МУИС-ийн эдийн засгийн факультет,
    2000 онд Удирдлагын академи,
    2005 онд АНУ-д ICFA их сургууль дүүргэсэн.
    2008- 2012 онд НИТХ-ын төлөөлөгч.
    1997 онд “Нью майнд” менежмент, санхүүгийн зөвлөгөөний компани, 2004 онд “Улаанбаатар буян” буяны цогц үйлчилгээний компани, “Гурван борхууд” газар тариалан, мал аж ахуйн компанийг үүсгэн байгуулсан.

    ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ (Хөрөг нийтлэл)

    Олонд хүндтэй, амьдралын гүн ухааралтай Гаравсүрэн гуай, Люба гуай хоёр хайртай үрээ халтай өсгөж, хайртай морио хазаартай нь усал гэдэг ардын хүмүүжлийн гайхамшигт уламжлалын дагуу хайраа дотроо хадгалж, халаа гаднаа үзүүлэн байж найман хүүхдээ өсгөж өндийлгөжээ. Ийм болохоор хүүхдүүд нь нас биед хүрэхийн цагт бүгд хэний ч дор орохооргүй ажилсаг, бусдыг дээр, дороор алагчилдаггүй ёс жудагтай, өр нимгэн, эвсэг тахимдуу, хичээнгүй нягт, худалгүй үнэнч, хэрсүү ухаалаг хүмүүс болжээ. Чухамдаа, Гаравсүрэн гуайн хүүхдүүд төв шударга, зөв төлөвшсөн байна.
    Идэрмаа тэр хүүхдүүдийн нэг. Багын золбоолог энэ охин дунд сургуулийн шилдэг сурагч, дээд сургуулийн алт шиг оюутан явсаар эдийн засагч болсон. Тэр цагаас хойш ажил төрөлдөө түүртсэн нь ч үгүй, цөөхөн хэдэн жилийн дотор мэргэжилдээ дадлагажиж, ажилдаа туршлагажиж, байгууллагынх нь удирдлага шийдвэрээ оновчтой гаргахын тулд Идэрмаагийн амыг заавал хардаг урдаа барьдаг мэргэжилтэн хэдийнэ болсон байлаа. Товчдоо бол Гаравсүрэн гуайн охин Идэрмаа аль ч цаг үед хүний тоосонд дарагдаж явсангүй, харин ч бусдыг дагуулах увьдастай, олныг оройлох чадвартай ийм нэг эрэмгий бүсгүй байсаар өнөөг хүрч ирлээ. Даруухан үнэлэхэд, Монголын бизнесийн хүрээнийхэн өнөөдөр Идэрмааг хүчирхэг удирдагч эмэгтэй, толгой эдийн засагчдын нэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм. Идэрмааг урдаа барьдаг шинийг сэдэгч, ажил төрөл санаачлагч гэхэд маргах хүн гарахгүй. Тэрээр бусдыг идэвхгүй аялдан дагалдагч биш, мугуйдлан зүтгэгч бүр ч биш. Өөрийгөө бүтээсэн, өөртөө дардан зам гаргасан харьшгүй тэвчээртэй, бишрэм зүтгэлтэй хараат биш хүн гэж Идэрмааг тодорхойлдог. Энэ бол олны дотор Гаравсүрэнгийн Идэрмаагийн танигдсан ИМИЖ нь. Бизнест ч, улс төрд ч, хувь төрхөөрөө ч Нью Майндын Идэрмаа бусдаас тод ялгарна.
    Том улс төрд тэрээр яав ч балчирдахгүй нэгэн. Улс төрийн тэмцлийн явцуу талбарт ч, өргөн цараатай талбарт ч тэрээр дандаа ялж ирсэн. Хүмүүс Идэрмаад итгэдэг юм. Нийслэлийн парламентэд сонгосон иргэдээ Идэрмаа бүрнээ төлөөлж чадаж байгаа. Илүү маяггүй, олны дунд явдаг, зовлон жаргал ойлгодог, амьдралтай хутгалдаж чаддаг жинхэнэ монгол эмэгтэй, бид зөв хүнийг олж сонгосон гэж иргэд ам сайтай байдаг юм. Бусдыг оройлох эрдэм Идэрмаагийн унаган чанар гэж дээр нэгэнт хэлсэн дээ. Тэр бүрий хүнд тохиогоод байдаггүй ховор чанар л даа. Ийм учраас давтан хэлж байгаа билээ. Тэрээр заяаны лидер эмэгтэй. Бусдыг араасаа бишрүүлэн дагуулах ийм чадвартай хүн бас тэр бүр тааралдаад байдаггүй юм. Хүний ийм онцгой чадварыг ашиглаж чадвал нийгэмд их тус хүргэдэг нь батлагдсан зүйл. Ийм хүмүүсийн дотроос хүчтэй удирдагчид төрдөг. 
    Гаравсүрэнгийн Идэрмааг буяны үйлчилгээний ажил анх санаж сэдэж явахад нь нийслэл хотын удирдлагуудаас хуруу дарам цөөн хүн дэмжиж байсан юм. Нэг ч эр хүнд тэр үед ийм зоримог санаа төрсөнгүй.Эрчүүдээ доош нь хийж, дорд үзэх гэсэнгүй. Харин тэднийг санаж сэрэхэд түшиг болох бүсгүйчүүд дэндүү цөөдөөд байгааг л үгийн далимд хэлж байна. Тэр ч бүү хэл энэ төслийг хэрэгжүүлэхэд нь янз янзын дарамт учруулж, галзуу солиотой хүний л ухаан санаанд багтах ажил гэх нь холгүй яв зайлдаа тулж байсан байдаг юм. Өөр хүн бол сөхөрвөл сөхрөхөөр байсан, гэвч шаргуу тууштай унаган зан чанараараа Идэрмаа өөртөө ялалт, амжилт авчирсан юм. Идэрмааг “Улаанбаатар буян” компанийг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгож, санасан хэргээ бүтээгээд далан жил мартагдсан монголын эртний уламжлалт буяны зан үйлийг буцаан сэргээхэд мөнөөх хүмүүс биеэ зэмлэн өөрийн эрхгүй гэмшин харамсаж сайхан ажил болжээ, харалган бодолтой явсныг минь өршөөгөөрэй гэж хэлсэн байдаг юм. Монгол улсын Үйлчилгээний гавьяатын эрхэм алдрыг хүртээд ирэхэд нь баяр хүргэхдээ урьдын буруугаа хүлцэн уучлал гуйсан хүн ч тааралдсан. Ийнхүү буруугаа гэмших эр зоригийг ухаантайн шинж гэдэг тул тийм хүмүүст талархах ёстой билээ. Эрсдэлээс айна гэж харин ч нэг зангүй дээ, манай Идэрмаа. Алсынх нь ач тусыг гярхай мэдэж байсан тул ийм эгзэгтэй алхмыг зоригтой хийсэн юм. Идэрмаагийн санаачилгын буянаар нийсэлийнхэн л хожсон юм. Нийслэл хотын шүдний өвчин болсон бэрхшээлтэй олон асуудлын нэгийг бүрмөсөн шийдэх түлхүүрийг ийнхүү Идэрмаа олсон юм шүү дээ. Тэрээр байгаль сүйтгэж, ус бузарласангүй, архи, тамхи, хорт хүнс гаднаас оруулж, өөрөө үйлдвэрлэж олонд балаг тарьсангүй, харийнхантай үгсэн хуйвалдаж эх орныхоо эд баялгийг гадагш зөөж хөлжсөнгүй. Идэрмаагийн хийсэн зүйл үнэндээ ДЭВШИЛ байлаа. Тэрээр гавьяат үйлс дархалсан анхдагч эмэгтэй даруй мөн билээ. Үүгээрээ Гаравсүрэнгийн Идэрмаа анхдагч Булганчуудын тоог нэгээр нэмсэн юм.
    Тэрээр яриангүй санаачлагч лидер эмэгтэй. Монголын бизнесийн хүрээнийхэн дотор нэр алдартай Петровисийн хэмээх Ж.Оюунгэрэл “Идэрмаа бол бүгдийг тэгээс эхэлж өөрийнхөө хүчээр боссон хүчирхэг эмэгтэй” гэсэн байхад, сэтгүүлчид Идэрмааг өнөөгийн эмэгтэйчүүдийн түүчээ, жишиг болсон эмэгтэй гэж хэвлэлд үнэлэн бичсэн байна билээ. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, олны танил нэртэй улс төрч Н.Гэрэлсүрэн гуай “Идэрмааг ирээдүйн удирдагч байж магадгүй хэмээн миний хувьд үнэлж явдаг” гэж хэлсэн байна. Гэрэлсүрэн гуайн амнаас болчимгүй үг унадаггүй юм. Тэдний аль аль нь Идэрмааг дэгс, даваадуулж үнэлээгүй байх аа. Хир баргийг гүтгэлгийг тэрээр ажирдаггүй бүсгүй. Гүтгүүлж эс сурваас улс төрд хошуу дүрэх хэрэггүйг тэр мэднэ. Энэ бол түмэнд нүүрээ барж, түймэрт хормойгоо шатаалгачихаагүй яваа нэр цэвэр хүний шинж. Зөв шударга, яасан ч шуудхан гүдэсхэн юм бэ дээ гэж бас заримдаа бодмоор байдаг. Уйгагүй шаардлагатай, заримдаа захиргаадаад үзнэ. Буулт нь ч харин зөөлхнөөс зөөлхөн гээч. Өр зөөлөн, гар тэнэгэр бүсгүй байгаа юм. Өвгөд хөгшдөд тахимдуу, үр хүүхдэд эевэргүү нэгэн. 
    Хүнд ер нь удам судар, оноо тавилан гэж бас байх шүү дээ. Гаравсүрэн гуай гэж бурхан шиг хүн ядаж зүдсэн олноо гэсэн сэтгэлтэй өгөөмөр сайхан ажил алба залгуулж явж. Идэрмаагийн ээж Люба гуай олонд нүүртэй уран хүн. Хадам аав Орсоо гуайг нь радиогоор Монгол ардын дуу “Гарын арван хуруу”-г дуулж байхад морьтой хүн бууж, суугаа хүн босч чагнан гэгэлзэн догдолж байсан нэгэн үе бий юм. Оросоо гуайн эхнэр Хишигжаргал гуай Байтаг Богдын тулалдааны зоригт дайчин баатар Самдандоржийн Лхагвадоржийн газар дээрх ганц охин байх жишээний. Халуун эх орончдын өлгий, хатан зоригт анхдагчдын уугуул нутаг Булган хангайн зон олны хүлээлт болсон нэгэн хүний үгээр илэрхийлсэн хөрөг дүр ийн буюу. 

    Сэтгүүлч Д.Ханд