Манай Индиго төвийн хамт олон монгол гэр бүлийн аз жаргалтай амьдрахуйд зориулсан өдөр бүрийн санамжийг боловсруулж гаргалаа. Өдөр бүр гэр бүлээрээ сонсвол өдөр бүр жаргалтай байх болно оо.
Category: media-content
-
МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ буюу ИРЭЭДҮЙТЭЙ МЭРГЭЖЛҮҮД
Star телевизийн мэдээнд зочноор оролцож, мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд болон мэргэжил сонголтод нөлөөлж буй эцэг эхчүүд, багш нарт зориулж “Ямар мэргэжлүүд ирээдүйтэй вэ, мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр шууд ярилцлага өглөө.
-
Тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л, амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”
Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай… Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзлэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг нь шүүрдэн авч уншигчиддаа яг байгаа байдлаар нь буюу өнгө будагтай нь хамт хүргэхийг зорилоо. Тэрбээр “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөний үзлээр Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ. Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог. Сэтгүүлч миний энэ бүтээлийг Д. Урианхай гуай “Сэтгүүлзүйн хөрөг ярилцлагын эхлэл тавигдлаа” гэж магтсанд баярлаж байгаагаа нуух юун. Д.Урианхай гуайн дүгнэснээр ярилцлагаас түүний хөрөг бүрэн дүүрэн харагдана гэсэн. Ингээд уран бүтээлийнхээ үргэлжлэлээр бодь сэтгэлгээ зорчдог номын их хүн Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Урианхайтай хийсэн ярилцпагынхаа эхний хэсгийг толилуулъя.
-Таны уран бүтээлийн олз омог их үү. Ямар уран бүтээл туурвиж сууна даа?-Релятив түүхэн сэтгэмжит дөрвөн дэвтэр, диалоги роман жонхууруулаад сууж байна. Би болхидуу болохоор бараг таван жил зууралдаж байна. 2012 онд дуусчих санаатай. “Монголын нийгмийн хөгжлийн философи сэдвүүд” гэдэг нийгэм философийн сэтгэмжит ном, “Огтолцохуй-ll буюу Монголоосоо Монгол уруугаа” яруу найргийн түүвэр бэлтгэж байна.
-Та завгүй байх дуртай юу?
-Чамайг асуухаар сая бодох нь ээ, дуртай дургүйгээ ер бодож ч байсангүй, өөрөөсөө асууж ч байсангүй өтөлчихсөн байна шүү. Дандаа завгүй өнжсөөр “завгүй амьдрал”-д дасчихжээ. Бүр заншил болчихдог юм байна.
-Дандаа алхдаг. Тэр үед юу бодож явдаг вэ. Хажуугаараа өнгөрсөн хүнээ хардаг уу?
-Бодох үе ч зөндөө, бодохгүй үе ч зөндөө л дөө. Ерөнхийдөө бол, гудамжаар явахдаа голдуу доошоо хараад, амандаа тарни уншиж явдаг. Эрдмийн шар Манзушир, эгшигт охин тэнгэр Янжинлхамын зүрхэн тарни. Бас мэнгэний Бурханыхаа тарнийг уншдаг. Миний мэнгэний Бурхан Оточ Манала. Хажуугаараа өнгөрсөн хүнийг харах ч тохиолдол бий, харахгүй ч тохиол бий. Хэрэв таньдаг хүнтэй тааралдвал заавал мэндэлдэг. Хэдийгээр ариун цэвэрт таарахгүй, буруу ч гэсэн дандаа гар барьдаг. Ярьж дуустал үгийг нь заавал сонсож зогсож байгаад салж явдаг.
-Та найргийн онгодоо үргэлж халаасалж явдаг уу?
-Үгүй. Халаас минь үргэлж хоосон явдаг. Найргийн онгод үргэмтгий, хулжимтгай юм шиг санагддаг. Надтай цуг байдаг, намайг тоож нөхөрлөдөг хугацаа нь маш охор, хэдэн хором, мөчөөр л хязгаарлагдана. Гэхдээ тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”. Хэдийгээр сэтгэл буруулаад хаяад явчихдаггүй ч би заримдаа гологддог байх аа.
-Үс, сахлаа ургуулаад олон жил болж байна. Хэн нэгнийг дууриасан тал бий юу?
-Аав, ээжээс төрүүлснээрээ л байгаа нь энэ юм. Гадаад төрхөөрөө дуурайгаад байж болдогсон бол дуураймаар улс ч зендөө байна л даа. К.Маркс, Л.Толстой, Будда, Есүс, Чингис хаан гээд үс, сахалтай улсууд олон.
-Социализмын үед хэн нэгэнд тал засч бялдуучлан, гарыг нь хүндрүүлж байсан удаа бий юу?-Социалист төр бол жинхэнэ ард түмний төр шүү дээ. Захиргааддаг, хүнийг хүчтэй шахаж шаарддаг, хянаж шалгадаг хатуу зарчимтай ч /диктатуртай ч гэж ойлгож болно/ ард түмнээ өлсгөдөггүй, өвдөхөд халаасыг нь хоосолж дарамталдаггүй, авлига, хахууль авалгүйгээр үйлчилдэг, амыг нь “хазаарладаг” ч гудамжинд эзэнгүй хаяж “золбин нохойн эрх чөлөө”-гөөр хуурдаггүй, ард түмнийхээ жинхэнэ “Эцэг төр” байсан. Социалист төр бол өөрөө өөртөе хяналт шалгалттай, “Өөрийн шүүмжлэл”-тэй, ингэхээр чанд өндөр хариуцла-гатай, ард түмнээсээ айдаг төр. Өнөөгийн бохир, хувийн өмчит харилцааны төр, засаг шиг хувийн өмч, хуримтлалт цөөнхийг л зөвхөн хүн гэж үздэг биш, ард түмнээ алаг балаггүй “Хүн” гэж үздэг, хайрладаг, тийм ардчилсан төр шүү дээ. Социалист харилцаанд хэн нэгэн хэн нэгнийг бялдуучлах, гарыг нь хүндрүүлэх тухай сэтгэлгээ хүмүүст үүсэх нийгмийн болоод хувийн амьдралын орчин нөхцөл угаас байхгүй юм. Социализм бол жинхэнэ ариун, хүнлэг, эдийн засгийн агуулга, чиглэлээрээ хамгийн зөв, дээд ардчиллын нийгэм. Далимд залуустаа, хойч үеийнхэндээ баттай хэлэхэд, хүн төрөлхтний нийгэмшил, иргэншлийн ирээ-дүй хийгээд ирээдүйн загвар бол зөвхөн социализм шүү.
-Тө өөрийнхөө хүчинд хэр итгэдэг вэ?
-Зарим өдөр үнэхээр итгэдэг, зарим өдөр үнэхээр эргэлздэг. Тогтвор муухантай л байгаад байдаг юм.
-Орчлонг өөрийнхөөрөө харж амжихын тулд далавчтай байсан бол гэж бодож үзсэн үү?
-”Шувууд шиг далавчтай байсан бол ямар гоё байх бол?” гэж бүр жаахан байхдаа боддог байсан шүү. Хүүхдийн толгойд сонин, гэнэн, өхөөрдмөөр тэнэг бодол их төрдөг шүү дээ. “Энэ хадны цаана юу байгаа бол, харахсан. Тэр, тэртээх хөх уулын оройд авираад гарвал тэнгэрт байгаа юмс сайн харагдах болов уу, яадаг бол. Эс байг гэхэд, миний ойр тойронд дандаа харагддаг уйтгартай юмсаас өөр сонирхолтой, гоё гоё юм тэр оргилоос харагдах ч юм бил үү, тийм юм үзэх юмсан” гэж, гэрийнхээ хаяанд суугаад, эсвэл, хурга, ишигнийхээ пүнзийг налж зогсоод тэнгэрээр нисч яваа шувуу хараад бодлогоширч ажлаа хийхээ мартаж алмайраад, аав, ээждээ аашлуулдаг л байлаа. “Далавчтай болоосой” гэсэн бодол одоо ч хааяа төрөх л юм. Хүний амьдрал, ертөнцийн ахуй явдал, бидний аж төрөл дэх үнэн худлын давтамж, үхэх төрөхөөс эхлээд үүсэх устахын завсархи үйл явц их сонирхолгүй, заримдаа ямар ч утгагүй, үр дүнгүй, уйтгар төрж уйлмаар санагдах, бас үе үе тэгж харагдах өдөр өдий насанд олон л тохиолдох юм байна шүү дээ.
Гэхдээ энд би нэг үнэнийг /миний хувьд л үнэн шүү дээ/ хэлэх ёстой болчихлоо. Юу гэвэл, хүний амьдрал хаана ч ерөнхийдөө адил. Монголд ч, Америкт ч, Швейцарт ч нар ижил, cap ижил, чулуу ижил, ус ижил, цас ижил, салхи, шуурга, шороо, тоос ижил. Хаа ч адилхан л өнөө манай дэлхий шүү дээ. Хаа ч адилхан өнөөх л “хоёр хөлтэй, хохимой толгой”-той хүн хэмээгч тэнэг бүрэлгэгчид л ямар нэг юм хийгээд л, хаа нэг тийш яараад л, хуралдаад л, хэрэлдээд л, Бурханы бүтээл газар дэлхийгээ өрөмдөөд л, хоослоод, ухсан сүйтгэснээ хаа нэг тийш зөөгөөд л, над шиг нэг тэнэг нь энэ бүгдийг хөхиүлж ном зохиол эрээчээд л, хаа нэгтээ нэг нь хэн нэгнээ алаад л, шоронд ороод л, хар тамхи татаад л, үнсэлцээд л, архидаад л, загас наадуулаад л, барилга байшин овоолоод л, хог новш хуримтлуулаад л, зам гүүр бариад л, онгоц, машин, гар утас, компьютер, талх, хувцас үйлдвэрлээд л, дайтаад л, төрөөд л, үхээд л… цөм адил. Нэг нь нөгөөгөөсөө илүү юм, сонин юм, илүү тийм гоо сайхан, аугаа юм ер байхгүй шүү дээ.
Товчдоо, юу хэлэхийг хүсээд байна гэвэл далавчтай болоод нислээ гэхэд сая ярьснаас илүү сайхныг, илүү сониныг, илүү гүн гүнзгий, утга агуулгатай бодит ахуйг олж харахгүй гэж бодоод байна. Дэлхийн ахуй амьдрал, бодит материаллаг хөгжил надад сонин биш болчихжээ. Харин ертөнцийн үл үзэгдэх тал, сүнслэг ахуй оршил, “далавчгүй нисэх”-д юу билгийн мэлмийгээр толилох, юу бодох, юу танин мэдэхийг хураавал, тэгээд нөр гүн бясалгаж чадваас ёстой ертөнцийг “өөрийнхөөрөө харах” байх гэж бодож суудаг. Даанч би тийм бясалгал хийдэггүй. Амьдралын ёроолд шавар дотор нь, гал, усны нь завсар “явгалж” явдаг. Тэнд надтай цуг аргаа барж, эсвэл аагаа багтаан ядаж, эсвэл намайг уурлуулж, эсвэл баярлуулж, бухимдуулж, тайвшруулж байдаг өнөө уйтай юмсаа л бясалгаж ном зохиол бичдэг.
Уншигчид минь бүү зэвүүцээсэй билээ, энд нэг бодлоо нэмээд хэлэхэд, хүмүүсийн усан болоод махан нүдэнд сайхан харагдаад, жигтэйхэн хэрэгтэй санагдаад байгаа элдэв бусын бараа таваарыг үйлдвэрлээд байгаа үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” чинь үнэндээ, ачир дээрээ бол сүйтгэл л шүү дээ. Хүмүүс ер бүтээгээд байгаа юм байхгүй. Байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг л /бид “үйлдвэрийн түүхий эд” гэж нэрлэдэг эрдэс бодис бол байгаль бүтээсэн “бүтээгдэхүүн” шүү дээ/ хэлбэр дүрсийг нь өөрчлөн хувиргаад ахуй хэрэгцээндээ ашиглаж буй хэрэг. Хүн ч өөрөө байгалийн “бүтээгдэхүүн” болохоор нэг “бүтээгдэхүүн” нөгөө “бүтээгдэхүүн”-тэйгээ шүтэлцэн оршиж байгаа үйл ажиллагааны л тогтолцоо юм. Хүмүүс бидэнд гайхуулаад байх юм юу ч байхгүй. Бид ойлгохдоо, “Хүний ухаан, хүний ухаан” гээд сүйд болоод байдаг, гэтэл ухаан маань ч чухам-даа хүний юм биш, аанай л “байгалийн юм” байгаа юм шүү дээ. Тал нь биет байгалийн бүтээгдэхүүн, тал нь хийбодь байгалийн өгөгдөхүүн. Тэр хоёрын л үржвэр.
-Ингэхэд яруу найрагч Урианхай хэр зоригтой хүн бэ?
-Урианхай гэдэг хүн нь их хүлцэнгүй хүн. Аймхай гэж хэлсэн ч би зөвшөөрнө. Гэхдээ хулчгар хүн яавч биш. Харин тэр Урианхай гэгч яруу найрагч нь бол сүрхий зоригтой баатарлаг хүн байх шүү. Айлгая гэвэл зовно доо.
-Уран бүтээлийнхээ онцлогийг өөрийнхөөрөө тайлбарлана уу?
-Хэцүү байх даа. Би ч өөрөө чадахгүй. Цагийг хүлээх нь дээр байх.
-Таны IQ хэд бол?
-Мэдэхгүй ээ.
-Нэр алдарт дуртай юу?
-Дуртай байсан юм шиг байна лээ. Одоо бол тэр “дур”-аа бараг гээчихсэн юм шиг байна аа.
-Нийгэмд олон төрлийн хайр байна. Эр, эмийн хайраас гадна нэр тер, мөнгө, албан тушаалын төлөөх гээд хайрууд их болжээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Хажуунаас нь харахын аргагүй хүйт даасан хуурамч энэ хайр яагаад бий болчихов оо. Үүнээс яавал салах вэ?
-Хүн төрөлхтөнд хамгийн ойлгомжгүй, тэд түүхэн туршдаа огт зөвөөр ойлгож чадалгүй өнөөг хүрсэн хоёр юм бий. Нэг нь:-Хайр нөгөө нь:-Ариун чанар хоёр. Хүн терөлхтөн өнөөдөр сэтгэлгээ, гэгээрлийн асар дорд шатанд байгаагийн үндсэн шалтгаан энэ юм. Энэ шалтгаан бол өнөөгийн хүн төрөлхтний замнаж буй нийгэм эдийн хөгжлийн бүрэлгэгч чанарын гол буруутан нь, бас бидний хөгжилгүй “хоцрогдсон арга”-аар хөдөлж хувьсаж буйн ч буруутан нь. Хүн төрөлхтөн “хөгжил” гэдгээ буруу ойлгож, тэр буруу ойлголтоосоо болоод буруу замаар довтлоод байгаа-гийн шалтгааныг эндээс л хайх хэрэгтэй. Хайр бол хүний далдад байгаа Бурхан чанар байх. Хүмүүс энэ чанарыг олдоггүй, ойлгодоггүй, зохих ёсоор нь хөгжүүлж бодит амьдралдаа ашиглаж чаддаггүй, хүч нөлөөг нь үр дүнтэй хэрэглэж мэддэггүйгээс хайрын тусыг авч чаддаггүй өнгөрчихөөд байдаг шиг санагддаг. Хэмжих багаж хэрэгсэл байхгүй, рентген туяагаар илрүүлж болохгүй, “Энэ байна” гээд харуулж ч, үгээр тодорхойлох байтугай математик томъёогоор ч илэрхийлж ч чадахгүй тийм чанарын энергийн дээд төлөв бол хүний сэтгэлээс гардаг хайр байх.
Хүн зөвхөн хүн ч биш, бүх юм болж чадах, манай дэлхийн бүх юмсын хүч, гоо сайхан, увидас, чадвар, өөртөө өөрөөсөө гаргаж бусдад үйлчилж, үзүүлж чадах хувилгаан чадлын эх үүсвэр гэж би бодоод явдаг юм. Хүнд бүхнийг орлож чадах юм нь гагцхүү хайр байхад хүн түүнийг мэдрэхгүй, ухаарахгүй, хаа хамаагүй гадуур нь тэнээд төөрчихжээ. Тэгээд өчүүхэн юмс уруу жишээ нь, cap жилийн төдий настай алдар нэр, албан тушаал, үхэхдээ хаяад хагацахаас биш аваад хэрэглээд явахгүй өмч агуурсад улайран шунаад өөрийгеө хүн биш адгуус, бирд, чөтгөр болгоод хувиргачихаж байна шүү дээ, хөөрхий.
Дахиад хэлэхэд, хайр бол хүнд бурхнаас заяасан бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны үнэмлэхүй нөөц хүч бүгд нэг дор нийлж төвлөрөөд “хором”-оос “мөнх” хүртэлх хугацааг нэгтгэсэн аугаа нэгдмэл хугацааг багтаан оршиж хүнээр гэгээн сайн үйлийг бүтээлгэх орь дээд боломж юм. Харамсалтай нь, хүмүүс бид хайрын энэ шидийг гаргаж чадахгүй хайран юмаа яйран болгоод, тээр холуур л зөрөөд дуусах амьтад юм л даа. Яаж бид хамаг бодлоо, хүсэл мөрөөдлөө, үйл ажлаа, ижий, ааваас төрүүлсэн бие махбодио хайраар дүүргэх вэ, тэр гэгээн, аугаа их хүч уруу яаж нэвтэрч эзэмших вэ, яавал бид юу хийлээ ч тэр хийх юмны маань анхдагч сэдэл нь ч, тэгээд, эцсийн үр дүн нь ч зөвхөн бусдыг энэрч нигүүлссэн, тэдэнд амар амгаланг шагнасан, ач буян болсон ариун үйл байдаг байх вэ, яаж бүх хүн тийм болох вэ гэдэг асуулт л хүн терөлхтний өмнө тавигдах хамгийн гол асуулт байх болно.
Энэ асуултын зөв хариултад л хүн төрөлхтний ирээдүйн зөв хөгжил, аз жаргалтай амьдралын үндэс орших болно. Би хэдэн жилийн өмнө хайрын тухай жижигхэн өгүүлэл бичиж сонинд нийтлүүлж байсан. Тэр өгүүлэлдээ хайрыг дотор нь гурав хуваасан. Нэгдүгээрт, амраг хайр, хоёрдугаарт, нинж хайр, гуравдугаарт, бодь хайр гэж. Эр, эм амьтад бие биеэ энхрийлэх, хүсэх, янаглалын хайр нь амраг хайр юм. Нинж хайр бол хүн хийгээд амьтад бие биеэ энэрэх, нигүүлсэх, тус буян хүргэх ачлалын ухамсарт хайр. Бодь хайр бол хамгийн нигүүлсэгч, хүн төрөлхтнийг гаслан, зовлонгоос ангижруулах гэгээн, хүчирхэг Бурханы хайр юм. Энэ бол газар, дэлхийн амьтад тэнцэшгүй аугаа дээд, үнэлэхүй төгс хайр. Гол онцлог мөн чанар нь юунд орших вэ гэвэл, эх болсон зур-гаан зүйл хамаг амьтныг бүгдийг нь энэрэн нигүүлсэнэ. Зовлонгийн хүлээснээс ангижруулж өгнв. Хүмүүс бид зөвхөн өерийгөө болоод өөрийнхөө ойр дотно хүмүүсийг, зөвхөн өөртөө сайн, өөрийг нь хайрласан хүмүүсийг л хайрладаг. Өөрсдийг маань үзэн яддаг хүмүүсийг болохоор хариу үзэн ядаж дайсагнадаг. Тэгвэл бодь хайранд хүрч ариусан гэгээрэх шатанд бүгдийг алаглахгүй тэгш хайрлах сэтгэлийг олно. Дайснаа ч хайрладаг сэтгэлээр өөрийгөө шүншиглэнэ.
-Таны хувьд мөнгө чухал уу?
-Мөнгөний хэрэг ч их л байх юм. Залууд минь ч их байлаа, одоо өтлөөд хамаг эд эрхтэн муудаад, доройтоод ирэхээр мөнгөний хэрэг улам нэмэгдчихлээ. Юунаас болов гэхээр Монголд эм, тарианы болоод эмчилгээний үнэ өртөг тэнгэрт хадчихсан, эм, тарианы наймаачид нь хүний өвчин зовлонгоор иь хяхаж хавчин хамаг мөнгийг нь хуурайлж баяждаг нүгэлтнүүд болчихсон нийгэмд амьдарч байна. Эм, тарианы бизнес ашиг орлогоороо хар тамхины наймааны дараа ордог гэсэн. Хүн мөнгөний хэрэгцээ, хэрэглээний “дарангуй-лал”-д дөрлөгдөөд байвал амархаан гэгч мөнгөний боол болчих юм шиг байгаа юм. Мөнгөний боол биш эзэн, ноён байхын тулд идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Тэмцлийн нэг сайн аргыг надад нэг бодисадва багш зааж өгсөн. Сурахад маш амархан арга. Ямар арга гэвэл, хүн өөрийгөө, “Хүсэлгүй бодисадва” болгон төсөөлөх арга. Би энэ аргыг хэрэглэж байгаа. Өөрийгөө “Хүсэлгүй бодисадва Урианхай” гэж өргөмжлөн бодоод, тэр бодлоороо амьдраад ирэхээр уран бүтээл мөнгөний дээр гарчихаж байгаа юм. Тэгээд би уран бүтээлээ мөнгөний түрүүнд тавьж чухалчилдаг.
Яагаад гэвэл, уран бүтээл минь надад хэрэгтэйгээсээ илүү хүмүүст хэрэгтэй болоод байх шиг байна. Яаж мэдэв гэхээр, уулзсан хүмүүсийн ихэнх нь нэхээд, шаардаад суулгахгүй болчихжээ. Хүнийг хүнд ойлгуулахад уран бүтээл л бусад оюуны бүтээлээс илүү дөт юм шиг санагддаг юм. Уг нь хүн бол бурханд их ойрхон төрөлхтөн юм. Эхээс төрөхдөө, хүний муу санаанд эзлэгдэх хүртлээ Бурханы л чанар, төрхөөр амьдардаг. Сүүлдээ л энэ чанар төрхөө алдчихдаг. Үндсэн шалтгаан нь хувийн өмчит нийгмийн харил-цааны мөн чанарын хүчирхий-лэл юм. Нийгмийн орчин нөхцөл буюу хүмүүс хоорондын харилцааны нөлөө бол хувь хү-ний амьдралд ямагт хүчирхийлэл болж үйлчилдэг. Энэ “хүчирхийлэл” эерэг болоод сөрөг шинж чанарыг агуулна. Мөнгө, өмч хөрөнгөнд шунасан, түүнийг амьдралынхаа баталгаа, аз жаргал, хүн болж төрсөн хувь заяаныхаа утга, зорилгыг болгон ажилласан, хүмүүс бол өнөө хүчирхийллийн сөрөг хүчинд автаад Бурханы авралт мутраас алдуурчихсан хөөрхий иэгэн болчихож байгаа юм. Тэднийг үргэлж өрөвдөж, зөвлөж, гэгээрүүлж, аз жаргалын зөв, ариун замыг олоход нь чин сэтгэлээр тусалж байх хэрэгтэй юм шүү.
-Дэлгүүрийн худалдагч Танаас мөнгөө дутуу авбал нөхөж өгөх үү?
-Өгөхгүй бол нүгэл хураана шүү дээ. Миний хамгийн их айдаг юм: Нүгэл.
-Хамгийн сүүлд дэлгүүрээс юу худалдаж авсан бэ?
-”Ариусахуй, бясалгахуй” сонин, Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний “Дэлхийн шилдэг кинонууд” ном, УГЖ дуучин Т.Баясгалангийн дуулсан монгол ардын дууны цомог авсан. Би хаа нэг л номын дэлгүүрээр орж ном харахаас биш бусад дэлгүүрээр бараг ордоггүй дээ. Ойр зуурын хүнс, хувцас, аахар шаахар юмстаа муу хөгшин маань л явдаг.
-Нэг шүлгийг нэг давхар байшин гэвэл одоогоор Та хэдэн давхар байшин босгоод байна. Олон давхар байшинтай тэнцэхээр шүлэг хэд байна вэ?
-Нэг давхар байшин нэг шүлэгтэй яаж тэнцэх вэ дээ, хүүхээ. Нэг давхар байшин байтугай зуун давхар байшин ч нэг шүлгийн дэргэд намхан харагдана. Дэлхийн хамгийн өндөр байшин Малайзийн Куала-Лумпурт байдаг гэж сонссон. 210 давхар, хоёр зэрэгцээ өндөр, гоё харш байдаг гэсэн. Миний аль ч шүлэг тэр хоёр өндрөөс жаахан жаахан өндөр. Би яруу найргийн 12 ном босгосон.
-Та гэрийнхээ крантны резинийг өөрөө сольж чадах уу?
-Тэр цоргоны хаана нь юу байдаг талаар ямар ч төсөөлөлгүй өтөлчихлөө. Их муухай / ичмээр/ үнэн юм.
-Таны яруу найрагт гүн ухаан шингэсэн байдаг. Гүн ухааныг шинжлэх ухаанаас үүдэлтэй гэж боддог уу. Эсвэл зөн совин юм уу?
-Яруу найргийн сэтгэлгээ, шинжлэх ухааны сэтгэлгээ хоёрын ялгааг тодруулах гэсэн утгатай асуулт байна гэж ойлголоо. Зөв үү. Тэгэхээр, эхлээд, энэ хоёрын ялгааг шинжлэх ухаанаар юу гэж тогтоосныг түрүүлээд хэлье. Шинжлэх ухаан бол юмс, үзэгдлийн ажиглалт, туршилт, тооцоолол, дүгнэлт зэрэг судалгаа шинжилгээний аргаар үнэнийг таньж нотолдог логик сэтгэлгээ юм. Хүний тархины зүүн хагасын үйлчлэл, функц давамгайлсан ухамсарт үйл ажиллагаа. Энд мэдээлэл, мэдлэг, боловсрол ихээр оролцож зо-хион байгуулагдсан оюун сэтгэхүйн нэгдмэл тогтолцооны үр дүн илэрхийлэгддэг. Харин яруу найраг, урлаг гээд уран сайхны сэтгэлгээ бол сэрэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл, уран санаа, ургуулан бодохуй, зөн билэг, далд ухамсар, ёр билэг, бэлгэдэл, бясалгал, онгод, өөр ертөнцийн хэл мэдээлэл, совин, зүүд, гэгээрэл, рид, мэдрэхүй, цээжний ухаан гээд хүний дотоод гүн ертөнцийн гялбаа гилбэлгээн мэт үйл явцын тусгал юм. Энд хүний сэтгэл, оюуны ариусал, эсвэл, бүүр байгаллаг, амьтанлаг язгуур чанарын нь дэлбэрэлт, хүсэл ганирхлын халуурал, магадгүй, солиорол мэтийн нарийн нийлмэл сэтгэцийн үзэгдлүүд сүлэлдсэн уран дүрийн сэтгэлгээ гололдог. Зөвхөн уран, содон, шинэ санаа, дүр, дүрслэлээр л уран бүтээл цагийн цагт шинэ, сонин, үл хуучрах амьдралын орь үнэнийг хадгалж үлдээж чадах жинхэнэ “амьд” гүн ухаан болж чадна. Энэ утга, чанараа-раа яруу найраг, урлаг, уран бүтээл бол хамгийн гүн “гүн ухаан” юм. Орчин цагийн байд-лаар, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан сонгодог хэлбэр, аргазүй, судлал, үр дүнгээрээ мухардалд орж уран сайхны сэтгэлгээний “Гүн ухаан”-аар тэжээгдэх, “цус сэлбэх”, далд ухамсар, сэрэл сэрэхүйн тэмтрүүлээр тэмтэрч мэдэрсэн үзэгдлүүдийг ашиглах хандлага уруу орж байна. Шинжлэх ухаан бол тодорхой орчин нөхцөлд, орон зайд, тодорхой цаг хугацааны хязгаар дотор маш олон дахин давтагддаг тогтмол давтамжтай үзэгдлийг л үнэн гэж үзнэ. Яагаад гэвэл, энэ нь туршлагаар нотлогдоно. Учир шалтгаан, зүй тогтол нь нээгдчихсэн байгаа. Харин зөн совин, билэг билгүүн, боди сэтгэлийн урсгал, бясалгал, далд нууцгай хэл дохио мэт сэтгэц, сэтгэлийн чинад мужийн үйл ажиллагаа оролцдог уран дүрийн сэтгэлгээний тусгалын үнэн ихэнхдээ туршлагаар нотлогдохгүй, бодит амьдралд бодитойгоор ашиглах боломжгүй болохоор нийгэм даяараа “билгийн мэлмий” нээгдэх цагийг горьдон хүлээхээс өөр гарцгүй.
Миний төгссөн сургууль, мэргэжлийн хувьд гэвэл, би 1959 онд Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургууль төгсөөд ЗХУ-ын Москва хотод Эдийн засгийн дээд сургуульд 1959-1964 онд суралцаж, эдийн засагч төлөвлөгчийн мэргэжил эзэмшсэн. Монголынхоо эдийн засгийг социализмын онолоор, төвлөрсөн төлөвлөгөөтэйгээр удирдах, хямрал зөрчилгүй, аль ч салбарт ажилгүйдэл, ядууралгүй, жигд тогтмол өсөлттэй, хяналт шалгалттай, авлига, хахууль, мафи, олигархи, дампуурал зэрэг өнөөгийн үл бүтэх олиггүй үр дагав-раас ангид хөгжүүлэх маш ха-риуцлагатай албанд арав гаруй жил нойр хоолоо хасан ажил-лаад, уран бүтээлийн мөр хөө-хөөр Москва хот дахь М.Горь-кийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд дамжаанд хоёр жил суралцаж төгссөн.
-Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?
-Бичих. Би тааруухан эцэг, тааруухан хань шүү.
-Та хэр тусч бөгөөд өглөгч хүн бэ?
-Их тусч, өглөгч хүн. Харамсалтай нь, тус хүргэж чадах юм минь зөвхөн ном, зохиол бичих л юм. Бас хүмүүст өгч чадах юм минь ч зөвхөн, ядарч зүдэрч бичсэн ном, зохиол минь л байх юм. Өөр юм юу ч байхгүй.
-Таны үзэх дуртай спортын төрөл юу вэ?
-Жороо морьдын уралдаан. Гэхдээ жороо морьдын уралдаан спортын төрөл мөн эсэхийг мэдэхгүй.
–Та өөхөнд дуртай юу?
-Дуртай. Хоёр, нэг огтлоод үмхчихнэ. Илүү чадахгүй.
-Улстөрчдийн хэлдэг үгний хэдэн хувь нь үнэн байдаг бол. Та энэ талаар бодож байсан уу?
-Судлах хэрэгтэй. Би судлаагүй.
-Та машин жолооддог уу?
-Үгүй. Жолоодох нь байтугай хүний машинд сууж явахдаа ч их айж явдаг.
-Зурхайн талаар Таны бодлыг сонсмоор байна. Өдөр бүр зурхайг дагах нь зөв үү?
-Зурхай агуу шинжлэх ухаан. Астрофизик, механик, квант физик, геометр, тригонометр, дээд тоо, интеграл, дифферин-циал бодолтууд шаардах олон олон үл мэдэгчидтэй бодолтууд шаардах тэгшитгэлд хариу олох гээд асар өндөр математик сэтгэлгээний үр дүнг боловсруулж тооцоолдог байх. Би зүгээр хар ухаанаар л тэгж бодож байна. Зурхайн ухааны “цагаан толгой” ч надад алга. Миний хувьд, монгол зурхайн цаг тооны товхимолуудаас өөрийн төрсөн жилийн сүлд гариг, амин гариг, час /үхэх/ гаригуудыг мэдэж авсан. Миний сүлд гариг ням, амин гариг лхагва, час үхэх /гариг/ пүрэв. Бас саран өдөр бүр хэрдэг 28 оддоос өөрийнхөө сүлд од, тотгор од, үхэх одуудыг мэдэж авсан. Миний сүлд од зургаан эхтэй хүү, амин од тооно, тотгор од чөдөр, үхэх од бага морь од юм. Би үнэнээ хэлэхэд, их сүсэгтэй, бас жаахан жаахан мухар сүсэгтэй шүү. Тийм боло-хоор учрыг нь сайн мэдэхгүй ч зурхайн зурлагад бичигдсэн мөрдлөгүүдийг болж л гэмээнэ дагах нь зөв гэж хувьдаа боддог.
–Та шүлэг хэлж зүүдэлдэг үү?
-Залуу байхад шүлэг зүүдэлж байсан ганц хоёр тохиол бий шүү. Одоо өтлөөд өөдтэй зүүд зүүдлэхээ больчихжээ. Шал балай балар зүүд, булш бунхан, ил жорлон, дайн байлдаан, дэлгүүр, үүд хаалга нь олдохгүй хашаа байшин ч зүүдэлж байх шиг. Ерөнхийдөө тийм л болсон байна лээ. Залуудаа өндөр өндөр уулс, том том нуур, далай дээгүүр нисдэг, заримдаа олон шувуудтай цуг зэрэгцээд нисдэг, аль нэг шувуу нь унахаар айж хашгираад сэрдэг байснаа мартдаггүй. Харин саяхан би нэг сонин зүүд зүүдэлнэ лээ. Миний одоо бичиж байгаа романд XIII зууны дэлхийн нийслэл Хархоруны номын сангийн тухай цухас үгүүлэгдэх юм. Тэр багахан үйл явдалтай хэсгийг яаж бичих вэ, ямар янзаар дүрслэн гаргах вэ гэж олон өдөр бодож шанал-сан юм. Тэгсэн чинь нэг шөнө зүүдэнд минь Хархоруны номын санд өрөөстэй байгаа зөндөө олон номын нэр харагдаад жигтэй тод зүүдлэгддэг юм. Хүн үнэмшихийн аргагүй. Хэдэн номын нэрийг би “манаад” үлдсэн. “Эр-хэсийн хөлгөн”, “Эс төгссөн чухаг”-ийн найман ороолт, “Нум, сумаар зорчигдох эш”, “Язгуур үгүйд барихуй”, “Могой, мэлхийн хээрлэхэд эс тэгэх…”, “Нууц түүхийн дармал” гээд олон ном зүүдэлсэн шүү.
-Монгол бичгээ төрийн бичиг болгох тал дээр Таны байр суурь ямар байдаг вэ. Дэлхийн соёлын өвджин дарах үнэт соёлоо манайхан нэг л тоохгүй байх шиг. Аль нэг улс хөөмий шиг маань өөрийн нэр дээр бүртгүүлчих вий дээ?
-Ах чинь Та нараасаа ичиж үхмээр хүн шүү дээ. Монгол бичгээр нэрээ ч бичиж чаддаггүй. Гаргацтай сайхан бийрийн бичиг, гаргацтай тод барласан хорголжин барын ном, судар муухан уншчихдаг л хүн. Ингэхлээр энэ асуултад товтой хариулт өгч чадах хүн биш юм. Харин яахав Монгол үндэстнийхээ соёл, өв сангаа амин голоосоо хайрладаг эх оронч үзэлтэй сэхээтний хувьд хуучин монгол бичгээ төрийн бичиг болговол тун ч их баярлана. Тийм зарлиг, шийдвэрийг биелүүлэхэд чин үнэнчээр зүтгэнэ. Монгол бичгээрээ сайн бичиж сурахын тулд өөрөө ч мэрийж чармайна. Өөрөө би сайн сурч эзэмшээгүй ч хуучин монгол бичгийнхээ зурлага, хэлбэр, дүрсийг ажаад, харц дотогшоо төвлөрөөд суухаар юм юм бодогддог. Монгол бичиг чинь тэнгэрээс газар уруу тун урт, олон ончроо хятруутай шатаар бууж ирсэн нэг “амьтан”-ы мөр юм шиг санагддаг юм. Тэнгэрт Бурханы асаасан гал-нарны эрчим, газарт асаасан гал хүний гэгээрэл хоёрын хооронд тасралтгүй, хором завсаргүй дамжин үйлчлэлцэж буй нүдэнд үл үзэгдэх нууцлаг хэл дохионы урсгалын дүрслэл байж болох юм гэж би дотроо боддог юм. Миний энэ бодлыг уншигчид маань шоолохгүй байх гэж най-даад ярьж байна шүү.
-Та Монголын зохиолчдын эвлэлийн дарга болбол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
-Асар баян номын сантай болгоно. Бүх зохиолчдын IQ-г тогтоолгох санал тавина.
-Монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө нэн даруй хийх ажлын талаар Таны бодол юу вэ?
-Зах зээлийн харилцаанаас социализм, коммунизмд шилжих “ариун хувьсгал” хийх, нийгмийн сэтгэлгээг хувийн өмчийн сэтгэлгээнээс ангижруулах “оюуны хувьсгал” хийх, хүмүүст хүний жинхэнэ хөгжлийг ойлгуулах “онолын хувьсгал” хийх, хүнийг бурханлаг болгох “үйл хэргийн хувьсгал” хийх.
-Таны ээлтэй од тэнгэрийн аль хэсэгт байдаг вэ?
-Монголчууд долоон бурхан одыг шүтдэг уламжлал, заншилтай. Үдэш орой долоон бурхан түгэхээр од одондоо тарнийг нь уншаад дээж өргөдөг. Миний од долоон бурханы “Тэнгэрийн бариа” гэдэг тавдугаар од. Тэнгэрийн бариа Будда Шигимуни бурхан эрхшээдэг. Тарни нь, Ум саманда Будда ном, Ум сарваа санъяа суухаа.
Үргэлжлэл бий.
Б.Даариймаа /Үнэн сонин/
-
Өвчингүй эрүүл чийрэг амьдралыг бий болгосон 7 арга
ЭРҮҮЛ ЧИЙРЭГ АМЬДРАЛ. Ихэнхи ажил хэрэгч залуус маань суугаа талдаа ажил хийдэг. Бас согтууруулах ундаа хэрэглэнэ, ихэвчлэн таксидна, бэлэн гоймон иднэ, толгой нүцгэн явна. Хүн эхээс эрүүл чийрэг бие бялдартай төрдөг атлаа өөрийнхөө биеийг хорлон сүйтгэх ажиллагаагаа өөрөө хийж явдаг сонин амьтан шүү. Тэгээд бүүр үхэхээ тулахаас нааш хүний хэлсэн үгийг тоохгүй.
Миний хувьд нээх айхтар өвдөж хавдаад, ханиад хатгалгаа хүрээд, эмнэлэгт хэвтэж байсан тохиодол бараг байхгүй. Тэр бүр би толгой өвдлөө, ханиад хүрлээ, би өнөөдөр өвдөөд очиж чадахгүй нь гэж хэлж байсан тохиодол ховор.
Тэгээд өөрийн зарим нэг туршлагаас залуустайгаа хуваалцъя гэж бодлоо:
1. ХӨДӨЛГӨӨН. Би ихэвчлэн алхана, гүйнэ. Гэрээсээ ажилруу гүйнэ. Ажлаасаа гэррүүгээ гүйнэ. Өглөө бүр 5-15 минут орчим дасгал хөдөлгөөн хийнэ. Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдэг. Хөшиж хуримталсан шар усыг тарааж байхад дасгал хэрэгтэй.
2. ИОГ. Бүтэн сайн бүрд гэртээ иогийн дасгал хийнэ. Иог бол дэндүү гайхалтай л даа. Хүн төрөлхтний 10000 жилийн ажиглалт, туршилтаар хөгжсөн төгс дасгал. Монголчуудын тэнгэрт мөргөх, залбирах, бие биелэгээ зэрэг нь иогийн дасгалын мөн чанарыг агуулсан байдаг юм байна гэж би боддог. Иог нь хуян шар усыг тараахаас гадна гараар хүрэх боломжгүй дотор эрхтэн, зарим онцгой булчирхайнуудад даралт, иллэг болдог гэж тодорхойлдог. Ямартай ядаргааг гайхалтай тайлдаг.
3. ИЛЛЭГ БАРИА. Өглөө босоод өөрөө өөрийгөө энхрийлнэ дээ. Толгой, нүүрнээс эхлээд хөлийн ул хүртлээ бариа иллэг хийнэ. Унтаа, нойрмог бие, мэдрэмжийг ингэж сэрээнэ. Бас өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр гэж хэлж болно. Хүн өөрийгөө хайрлахгүй бол шоовдорлогдсон эсүүд нь хавдар үүсгэдэг гэж үздэг. Урианхай гуай бас өглөө бүр өөртөө 30- 40 минут өөртөө иллэг хийдэг гэж хэлж байсан. Толгойгоо 100 удаа илэхэд 1 насаар уртасдаг гэж монголчууд хэлэлцдэг. Ямар ч байсан хайртай дотны хүмүүсийнхээ гаранд нь ч болтугай иллэг хийж өгвөл сая төгрөг өгсөнөөс ч их баярладаг юм билээ.
4. ТАВАН ХОР. Хэт чихэрлэг, хэт давслаг, хэт тослог хүнс мөн архи тамхинаас хол байхыг хичээдэг. Тамхийг бол хийх ажилгүй хүний ажил гэж хэлдэг юм билээ. Сэтгэл зүйн үүднээсээ бол тамхи татаж байгаа хүн өөрийгөө юм хийж байна гэж боддог гэсэн. Хэ хэ.
5. СЭТГЭЛ САНАА. Хүүхэд байхдаа, “Ямар ч байсан өвдөхгүй амьдарч байгаад үхнэ” гэж өөртөө амлаж байсансан. Ямартай үнэхээр сайн эм гэж итгээд чихэр идсэн хүмүүс эдгэсэн туршилт олон байдаг юм билээ. Тэгэхээр хүний сэтгэлд асар их энерги нуугдаад тэр нь хүнд асар их нөлөөлөөд байх шиг байна. Өвчиндөө хэт төвлөрөхөд илүү их өвдөөд байдаг атлаа, аз жаргал, эрүүл энхрүүгээ төвлөрөхөд эдгэрэл хурдасдаг. Хагалгаанд орж буй өвчтөнд бат итгэлийг өгөхөд мөн л эдгэрэл хурдасч байдаг. Миний хувьд бол ер нь өөртөө өвчин тусахгүй, би өвчин тусахаар өөрийгөө хорлоогүй гэж байнга бодож итгэж найдаж явдаг.
6. ХООЛОЛТ. Ихийг биш чанартайг. Хоол бол ганган чаминдаа гол нь биш харин хүний алдсан амин дэмийг нөхөж хүчил, шүлт, өөх тосыг нь тэнцвэржүүлж байх үүрэгтэй. Эрүүл зөв хоололтыг багагүй судлаж өөртөө хэрэгжүүлэхийг хичээдэг. Үр дүнг нь мэдэрдэг. Хүн энэ талаар маш их мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Хүн төрөлхтөн хоололтоосоо болж үхэж байна. Дэлхий дээр өлсгөлөнгөөр үхэж байгаа хүнээсээ илүү ЦАТГАЛДАЖ /буруу хоололт/ үхэж байгаа хүн нь илүү байна гэсэн судалгаа бий. Энэ тал дээр хоололт судлаач Б.Гэрэлмаа багшийн сургалт маш их зүйлийг ойлгуулна. Б.Гэрэлмаа багш өөрөө зохистой хоололтоор 1 сарын насаа 10 жил болгож чадсан хүн. Хэн нь ч билээ “Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх болно” гэж хараасан гэдэг.
7. БИОЛОГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хоол хүнсний чанарлаг, цэвэр байдал улам бүр асуудал үүсгэж байна. Улмаар хоол хүнс нь хүний авах ёстой амин дэм, эрдэс бодисыг нөхөх чадвар нь багассаар. Энэ тохиолдолд эрдэмтэд идэвхит чанар агууламж өндөртэй байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгож байна. Жишээ нь жижиг капсул нь 5 кг жимс идсэнтэй тэнцэхүйц агууламжтай бүтээгдэхүүн гэх мэт. Шинэ тутам бүтээгдэхүүн нь амьдралын салшгүй чухал хэсэг болж зарим оронд ажилтан авах анкетад “Ямар биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ” гэсэн асуулга заавал ордог болж байна. Харин би хэрэглэж байгаа.
Эрүүл байвал Улсын наадмаар Алтан аяганаас ус ууна!
Дараа биш яг одоо эрүүл мэнддээ анхаарцгаая!
Эрүүл амьдралын хэв маягийг бий болгоцгооё!
-
Ээждээ бичсэн 1000 захидал – МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ “ХҮН” БОЛОХ БОЛТУГАЙ
Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!
Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
“Энэ дэлхийн дайн бүхэн чинь
Ээжийнхээ үгэнд ороогүй
Хүүхдүүдээс болсон юм шүү дээ…” гэсэн мөрүүд байдаг юм.Ээж … Чиний дэргэд бөртөлзөн, дээрээс тонгойж бүүвэйлсэн тэр ачтан бол Ээж… Эгэл, хаа ч байдаг, хэнд ч байдаг Ээж… Тэгсэн хэрнээ дэлхийн хувь заяаг ээж нар шийддэг юм. Үүнийг л яруу найрагч хэлжээ.
“Ээждээ бичсэн 1000 захидал” ном бол манай дэг замбараагүй ч гэмээр болсон нийгэмд оюун сэтгэхүйн үрийг тарьж яваа “Яруу сэтгэгч“ сониныхны бүтээл юм. Сониноос хүүхэд, залуус төдийгүй энэ л үедээ хүн болж, хүмүүжиж чадаагүй том хүн болж чадаагүй хүн өөрийгөө тольдон харж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Ийм хэрэгтэй, цаг үеэ, ирээдүйгээ гэгээрүүлсэн сониныг бүтээгчид нэгэн зүйлийг гярхай олж харжээ. Энэ нь, хүн бүр Ээждээ чин сэтгэлийн үгээ хэлэх… Хэлж сурах, хэлэх боломжийг нь олгох. Хүүхэд бүр зөв хүн болох үүд хаалга бол ээждээ худал хэлсэндээ гэмшиж, ил тод үнэнээ ярьж, ээждээ хайртайгаа цагт нь хэлж амжих! Яг зүйтэй!
Эх орны маань ЕБС-ийн олон анги танхимд энэ ном бүтсэн. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” хэмээх гайхамшигт уяралт аялгууг чагнан, үзгээ мэрж, нулимсаа тусааж, бодол болон тонгойж, ерөөс маш хичээн тунгаан буулгасан мянга мянган хүүхдийн зүрхний үг энэ ном юм. Мянган хүүхэд бичиж мянга мянган ээжийн магнай тэнийн унших тийм нэг ном гараас гарчээ. Энэ чинь бага юм гэж үү?
Энэхүү ном, эх үр хоёрын ариун холбоогоор бүтсэн учир, уншигч та бүхнийгээ олон зүйлийг олж тунгааж, эх үр хоёрын мөнхийн хайрын ертөнцөөр аялж, амьдралын ухаарал, эх хүмүүний хайрын далайгаар аялахыг хүснэм.
Мянган үрсийн зүрхний үг таны өмнө дурайтал гэрэлтэж байна. Ижийдээ барих тэдний хамгийн үнэтэй бэлэг бол зүрхний үг. Зүрхнээс зүрхэнд очих аз жаргалын шувуу ниссээр л… Үг амьтай, үг гэгээтэй, үг тарнийн гэрэлт увьдастай. Тийм учраас энэхүү чин сэтгэлийн үгс хайрын халуун амь оршсон, гэгээ гэрэл хургасан яруусалтай билээ. Ээж… Энэхүү ганцхан үг хэн хүний өмнө авралын бурхан, ачлалын сахиус болж тодрон тодрон мишээдэг юм. Энэ орчлонгийн хамгийн сайхан зам ижийдээ очих зам байдаг юм.
Хүүхэд бүрийн зүрхэнд л ээжийнхээ ачийг хариулахын хүсэл ундарч буй.
Энэ ямар агуу, гэгээн хүсэл вэ?
Энэ ном ээжийн бүүвэйгээр сэтгэлийг тань гэгээрүүлсэн үнэн зүрхний халуун ном болсон гэдэгт би итгэлтэй байна.
Ижийдээ үнсүүлэх юутай сайхан бэ?
Энэ бол үнэхээр сайхан. Ижийдээ үнсүүлэхийн өмнө догдлох бүр сайхан юм аа.
Эгэл даруухан ижийнхээ өлмийд ямар ч агуу хүн сөхөрдөг. Ижийдээ сүслэн мөргөе!————————————————————————————————————————————————-
999 + 1 = 1000 дахь захидалыг та өөрийн сэтгэлээс бүтээж
Ижийнхээ сэтгэлийг 1000 үрсийн зүрхний шүүдрээр ундаалаарай.————————————————————————————————————————————————-
Номын санаачлагч “Яруу сэтгэгч” нийгэмлэгийн гишүүн О.Булганхангай, Амгай үг болон жаргаах үг бичсэн Яруу найрагч Ц.Хулан, А.Эрдэнэ-Очир, захидал бичсэн 1000 хүүхэд болон хамтран бүтээсэн “Монгол травел сервес” компанийн хамт олонд баярлалаа.
-
Хайр бол орчлонг оршоон тогтнуулж буй дөрвөн хүчний “их нэгдэл”-ийн хам хүч юм
– Огторгуй хэмжээстэй байж болох уу?
-Огторгуй хэмжээстэй хэмжээсгүйн тухайд тодорхой хариулж чадах мэдлэг надад байхгүй. Хэлний зарим мэргэд огторгуйг “огт оргүй” гэсэн утгатай нийлмэл үг гэж тайлбарладаг. Тэгж үзвэл, хоосон буюу хоосон чанартай зүйл, физик вакум гэж төсөөлж болохоор юм уу, сайн мэдэхгүй. Огторгуй “огт оргүй , хязгааргүй зүйл юм бол түүнийг ойлгож, төсөөлж болох тодорхой хэмжээс нэгжийг шинжлэх ухаан олж чадаагүй гэсэн үг. Бас Бурхан багш мэт дээд гэгээрэлд хүрч бясалгалын хувилгаан ид шидийг олсон хүн л билэг оюуны үнэмлэхүй чадвараар онож танин мэдэхээс биш жирийн судалгаа шинжилгээний арга, туршлагаар танин мэдэх аргагүй гэсэн үг.
Харин огторгуйг хоосон чанартай бус, орчлон ертөнцийн эгэл хэсэг, атом, молекулуудаас бүтсэн, “Их тэсрэлт” мэт байгалийн хувьсал, хүчнүүдийн харилцан үйлчлэлээр үүссэн биет болон хийбод зүйл гэж үзвэл шинжлэх ухаан ямар нэг хэмжээс олж огторгуйн орон зайн тодорхой хэсгийг хэмжиж ойлгож болно. Эрдэмтэд огторгуй ертөнцийн хэмжээний талаар сонин тоонууд дурдсан байдаг. Жишээ нь, академич Х.Намсрай “Хорвоо ертөнцийн хөгжил, амьдралын зүй зохицолдооны зарим асуудал” товхимолдоо, бидний огторгуй гэж ойлгож буй орон зайн доторхи одот ертөнцийн нэгээхэн хэсэг манай дэлхийн болон манай нарны аймгийн цөм гэгддэг “Тэнгэрийн заадас” галактикт зуун тэрбум одод хуйлран бөөгнөрдөг, энэ орон зай 15 тэрбум гэрлийн жилийн багтаамжтай гэж мэдээлсэн байна лээ. Хоёулаа энд нэг асуултыг софи сэтгэлгээний тойрогт оруулж эргэлдүүлье. “Хэмжээс гэж юу вэ?”. Математикийн “цагаан толгой” ч үгүй над шиг хүний хар ухаанаар бодоход, юмыг төсөөлж болох, амьдралд хэрэглэж болох хэм-жигдэхүүн-нэгж, нэгж-хязгаар байх. Энэ хязгаарын “п” тоот нийлбэрүүдээс цааш давмагц “хязгааргүй”, хэмжээлшгүй “их”-ийн ойлголт уруу л орно.
Тэгэхээр “хэмжээс” гэдэг юмс, үзэгдлийн төсөөлөгдөж буй “Эхэн” хийгээд “Төгсгөл” хоёрын хооронд урт богино, өндөр хийгээд нам, их хийгээд бага, өргөн хийгээд нарийн, цаашлаад, орон зай, эзлэхүүн, цаг хугацаа, хөдөлгөөн шилжилтийн чиглэл,, өнцөг, хурд гээд огторгуйлаг үзүүлэлт, тодорхойлолтуудын нэгжийн ойлголт болох байх. Бүхлийг ч юм уу бутархайг ойлгох, төсөөлөхийн тулд дотор нь хийсвэрээр хуваасан ч юм уу хэсэглэсэн байгалийн шинжлэх ухааны хэмжилт гэж ойлгохуйцаар байна. Тэгээд хоёр хэмжээстэй, гурван хэмжээст, олон хэмжээст бүүр арвын “п” зэрэгт хэмжээст гээд элдэв квант үзэгдлүүдийг тодорхойлох ойлголт болдог шиг байна. Шинжлэх ухаан огторгуйг чухам юу гэдгийг нь эхлээд томъёолоод, дараа нь хэмжээст оруулъя гэвэл, юмны хэмжээ, хязгаарын шинэ нэгж ойлголт гаргаж ирж таарна байх даа. Тийм нэгж ойлголт аль хэдийнэ боловсруулчихсан, судалгаа шинжилгээндээ ашиглаж байдаг ч юм бил үү, ахад нь мэдэх юм алга, хө.
-Мөнхийн хөдөлгүүр байх боломжтой юу?-Физикт энтропийн хууль гэж байдаг гэсэн. Термодинамикийн гуравдугаар хууль гэсэн үг юм гэнэ лээ. Бодит юмсын хөдөлгөөн, үйл явц зайлшгүй удаашран өөрчлөгдөх, эцэстээ дотоод эрчим, хүчээ алдах байгалийн зүй тоггол бодитойгоор үйлчилдэг юм байна. Энэ хуулийг үндэслээд тодорхой шинжлэх ухааны эрдэмтэд мөнхийн хөдөлгүүр зохиох боломжгүй гэж үздэг. Харин устаж үгүй болдоггүй ганц юм бол энерги байх. Үүгээр бодохоор, Энергийн эх сурвалж болсон бодис юмс нь устаж мөхлөө ч энерги нь үлдээд, үйлчлэл нь үргэлжлээд байх юм байна. Жишээ нь, нар өөрийн цөмийн энергиэ бараад унтарлаа гэхэд найман минутын турш нарны аймаг даяараа найман минутын өмнө сөнөсөн нар одны гэрлийн үйлчлэлд оршиж асан орон зай гэрэлтэй хэвээрээ л байх юм гэсэн.
Нарны төвд болж буй “цөмийн урвал”-аар задарсан электрон, протон, эгэл хэсгүүдийн энерги нь манай галактикийн болон цааших мега галактикуудын хил хязгаарын таяг тойрог уруу нэвтэрч очсоор үлдэх юм шиг байна лээ. Ингэхээр миний хувьд, “мөнхийн хөдөлгүүр” бүтээх, “мөнхийн хөдөлгүүр” байж болох боломжгүй гэхэд “мөнхийн юм” орчлонд бий гэж бодож болохоор байна. Чиний асуултад софи сэтгэлгээний үүднээс хандвал, априор сэтгэмж, бясалгалын шинж чанартай хариулт гарч болох юм. Буддын шашны гүн ухаанд үзэхдээ, юмс хоосон чанартай, хоорондоо нягт шүтэн барилдаж бие биеэ нөхцөлдүүлж учир шалтгааны харилцан хамааралд оршдог, тэд бүтэхдээ бүтэж, эвдрэхдээ эвдэрч, хувьсал, хөгжилд орчих тул мөнх ч бус, тасархай ч бус, буй ч бус, үгүй ч бус, үгүй нь ч бас бус, ирэх одох аль нь ч үгүй, зөвхөн нэр дүрсээр ойлгогдох ч нэр, дүрс хоосон, хоосон өөрөө нэр, дүрс гэж үздэг.
Энэ нэг юм нь тэр нэг юмны бүтэх шалтгаант нөхцел болохын сацуу үгүйсгэлийн шалтгаан нөхцөлийг хамт агуулдаг болохоор юмсын орчил хийгээд шалтгаан чанар нь мөнх гэсэн дүгнэлт хийж болмоор санагддаг юм. Ер нь тэгээд юмс, бодис мөнх биш ч бай, хязгааргүй огторгуй, орчлонгийн орон ахуйд хөдөлгөөн, хувьсал явагдах үзэгдэл мөнх юм шиг байна. Квант физикийн онолчдын нотолдгоор орчлон физикийн дөрвөн хүчний үйлчлэлийн үрээр оршин тогтнодог юм байна. Таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн эгэл хэсгүүдийн хүчтэй үйлчлэлийн хүч, сул үйлчлэлийн хүч гэсэн дөрвөн хүч байгаа аж. Эрдэмтэд энэ дөрвөн хүчийг нэгтгэсэн нэгдмэл “их нэгдэл”-ийн хам хүч байх ёстой гэж үзээд түүнийг нээх судалгааны эрэл хийж байгаа юм гэсэн. Тэр их “хам хүч”-ийг Монголын эрдэмтэн Ч.Эрдэнэ геометр хэмжигдэхүүнд байгуулсан гэж мэдэгдэж асар том бүтээл нийтлүүлсэн ч нийгэм дуугүй л гайхаад байх шиг байна. Хэрэв тэр хүчийг нээж чадвал тэр “супер нэгдэл”-ийн хүчээр “мөнхийн хөдөлгүүр” бүтээх физик зарчим олдож болохыг ч урьдчилан үгүйсгэх аргагүй. Танай сонины (“Үнэн”) саяхны нэг дугаараас маш сонирхолтой мэдээлэл олж уншлаа. “Мөнх амьтан илрүүл-жээ” гэсэн товч мэдээ байсан. 4-5 мм-ийн голчтой, мөнх наст далайн мөгөөрс халуун орны уснаас илрүүлжээ. Энэ “мөгөөрс” бол бяцхан амьтан юм байна.
Мөнх настай гэдгийн нууц учир нь эдгээр амьтдад хөгшрөх үйл явц хэвийн өрнөдөг хэрнээ эргээд залуужих хувьслыг өөрөө өөртөө явуулж чаддаг дотоод зохион байгуулалттай юм байна. Тэгээд хөгшрөх, эргээд залуужих үечлэл нь байнгын тасралтгүй давтамжтай байдаг тул “биологийн үхэлгүй” амьтан гэж оношилж байгаа юм байна. Ийнхүү философи утгаар үйл явц мөнх төдийгүй харьцангуй мөнх “биологийн биет” бий гэж үзэхэд баталгаа шинжлэх ухаанд олджээ. Тэгэхээр орчил, хөдөлгөөн, хувьсал мэт үзэгдэл буюу товчдоо, юмс хийгээд “юм бишис”-ийн үйл явц мөнх гэж үзэж болох юм шиг санагдана. Энд чиний асуулттай холбоогүйгээр өөрөө би өөртөө боддог нэг бодлоо сонирхуулахад, онолын физикчдийн эрээд, нээхийг хичээгээд байгаа “супер нэгдэл”-ийн хүч физик орчинд бус хүний дотоод ертөнцөд байгаа юм. Юу гэвэл, хүний “сэтгэлийн таталцал” гэдэг хүч! “Сэтгэлийн таталцал” бол физик биетийн гравитац таталцал биш, квант таталцал! “Хүний сэтгэлийн татах хүч” буюу хайр бол орчлонг оршоон тогтнуулж буй дөрвөн хүчний “их нэгдэл”-ийн хам хүч мөн.
-Хүний үүслийн талаар ямар ойлголттой байдаг вэ. Хүний өвөг сармагчин гэх онолыг Та зөвшөөрөх үү?
-Дарвины эволюцийн онол бол зарим биологи биетийн үүсэл, хувьсал, хөгжлийн ойлголтод том нээлт хийсэн онол мөн нь гарцаагүй. Амьтны аймгийн олон төрөл, зүйлийн өөрчлөлт, хөгжлийн үйл явцын зүй тогтлыг нээж чадсан нь ч батлагддаг гэдэт. Харин хүний үүсэл хөгжлийн үр дүнгийн тухай бол эргэлздэг эрдэмтэд, судлаачид, сүсэгтнүүд олон байдаг. Тэр эргэлздэг сүсэгтний нэг нь би. Өнөөдөр шинжлэх ухаанд эволюцийн онол, бүтээлийн онол /креционизм/ хоёр хүчтэй өрсөлдөж байна. Би креционизмын онолыг илүү баримталдаг. Өөрөөр хэлбэл, хүн бол байгалийн хувьсал, хөгжлийн явцаар бий болсон биологийн амьтан гэж бодохоосоо илүү Бурханы хайр, хүсэл зорилгын бүтээл, Бүтээгч тэнгэрийн мутрын үйл ажиллагааны үр гэж боддог. Өнөөдрийн хүн төрөлхтний амьдарч буй арга загвар, үг яриа, бодол санаа, явдал мөрийг хараад байхад хүн сармагчингаас үүссэн гэхэд итгэхээсээ түрүүнд хүн эцэстээ сармагчин болж хувирна гэж итгэхэд илүү хялбар байхаар харагдаж байна.
-Та захиалгаар шүлэг бичдэг үү. Захиалгаар бүтээл туурвих нь зөв үү?
-Миний толгой маш дуулгаваргүй, ухамсар муу, муухай зөрүүд толгой шүү дээ. Захиалгаар шүлгийн ганц ч мөр бодож өгөхгүй. Тэгэхээр чинь захирагдахаас л биш яах вэ дээ. Яаж ч аргадаад наашаа харна гэж байхгүй. Миний хувьд гэвэл ийм л гачлантайгаар социалист үзэл суртлаа өнгөрөөгөөд капиталист үзэл сурталтай нүүр тулаад бай-на. Ээжээсээ төрөхийн ийм адруу, буруу хойшоо араншинтай толгойны маань мөн чанар капитализмд ч өөрчлөгдөхгүй гөжсөөр байгаад хувхайрч дуусах байх даа, хүү минь. Харин захиалгаар бүтээл туурвих нь зөв үү, буруу юу гэдэг асуултын тухайд бол хэн нэгэн сайн бүтээл туурвиж чадсан тохиолдолд зөв. Муу бүтээлэнцэр оромцоглож ашиг хонжоо олж оодорсон тохиолдолд буруу.
-Уран бүтээлч хүнтэй уулзах болгондоо үүнийг асуудаг юм. Зохиолч, яуу найрагчид яавал баян болох вэ?
-За даа, тийм баяр, тийм тохиол түүхэнд бараг л байдаггүй л талдаа юм шиг байсан шүү. Угаасаа дээрээс /тэнгэрээс/ зөвшөөрдөггүй юм шиг байгаа юм. Ихэнх суутнууд өлмөн зэлмүүн, өвчин зовлонд дарлагдаж, амьтанд ад шоо үзэгдэн шоовдорлогдож, шорон гянданд хоригдон хатаж, амиа хорлох нь хорлож, галзуурч солиорох нь солиорч, нийгэмд салаавч тавьсаар үхэж үрэгдсэн л байдаг юм. Харин идэх өөдтэй хоол, өмсөх олигтой хувцас худалдан авч чадахгүй байлаа ч омог бардам тэргүүнээ хэзээ ч, юуны ч өмнө гудайлгалгүй үхэн үхтлээ хэний ч боол бололгүй амьдарч, бүтээн туурвиж чадсан намтартай байдаг. Тэнгэр бурхан айхтар шударга шүү дээ. Шударга байна гэдэг бол дээд зэргээр энэрэнгүй байхыг хэлнэ.
Бурхан тийм алаггүй, энэрэнгүйгээ энд гаргадаг. Яагаад гэвэл, нэгэнд нь аугаа оюун, билэг билгүүн соёрхчихсон болохоор нөгөөд нь юу соёрхох вэ, эд хөрөнгө, мөнгө, өмч хуримтлал л соёрхоно. Ингэхээр бүтээл туурвилын сод суу билгийн хишигтэн нь ядуу хоосон, эсрэгээр, оюуны бүтээл туурвилын авъяас билэггүй нь эд юмсаар баян байхаар бурхан тэнгэр өглөг хишгээ хоёр хуваасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд агуу ариун авъяас билэг заяагдсан бол. тэр эд хөрөнгөөр ядуу хоосон, эсрэгээр, эд хөрөнгөөр баян чинээлэг, хахаж цацаж амьдарч байгаа хүмүүс байгаа бол тэдэнд аугаа тэнгэрлэг, ариун гэгээн авъяас билэг заяагдаагүй гэсэн үг. Ийм далд, нууцгай зүй тогтол өнөөдөр Монголын маань шилдэг зохиолч, яруу найрагчдад үйлчлээд байдаг байх. Тэд яавал баян болох зам миний хувьд “оньсого”. Энэ “оньсого”-ыг таах гэж би оролддог ч үгүй. Эцэст нь заавал хэлэх ёстой нэг үнэн байна.
Юу гэвэл, ард түмэн маань зохиолч, яруу найрагчдаа бусдаас хавьгүй илүү хайрладаг, тэднийгээ, тэр хэдэн “муусайн навсгарууд”-аа хүн хүнээс илүү хүндэлдэг шүү.
-Та зохиолч, яруу найрагчдын хэн нэгэнд хайртай болж байсан удаа бий юу? /мэдээж эмэгтэй/
-Эргүүлж байгаагүй л болохоос бүгдэд нь л нүд унагаж явсан шүү. Одоо ч хэвээрээ.
-Дуу дуулж, хөгжим тоглодог уу?
-Хөгжим тоглодоггүй. Ардын богино дуу хааяа нэг аялчихдаг. Харамсалтай нь, эрүүлдээ бус хөлчүүдээ! Бас хүмүүс дунд бус, тайзан дээр бус, ганцаараа байхдаа л! Бага нас, адуу мал, нутаг усаа үгүйлж гиюүрч байгаа нь тэр! Найз, нөхөд цуглаж аяга тагш хатуу, зөөлөн идээ балгаж согтох үедээ их дуулна. Тэгэхдээ хатуу идээ сархад зохидог-гүй болохоор нүүр хагарч дуулах хэмжээнд хүртлээ балгачихаараа маргааш нь шартаад босч чадахгүй болчихдог зовлонтой. Манай нутаг ус Булган аймгийн хуучин Сэлэнгэ /Уньт/ сумын харъяанд байсан Харгана, Цачирт. Миний төрсөн газар Чачиртын шар ширэнгэ, Уул-Алтаад, Уньт, Шанд, Ханжаргалант Их хайрханы өвөр бэлийн галуут, Бөөрөлжүүт, Уран тогоо уул, Өрмийн цагаан нуур, Асга түрүү, Зад барт гэдэг газрууд бол халх монголын тев нутаг, мал ихтэй, өвс бэлчээр сайтай, найр наадам тасардаггүй, дуу хуурын орон юм.
Ижий минь уран сайхан хоолойтой, ардын богино дуу гоц сайхан дуулдаг, эрчүүл дунд томорхон эргэлддэг хүүхэн байжээ. Аав маань ч архи сархадаас буцдаггүй, баргийн хүнд гар тахааргүй хурц хэл амтай, жороо моринд дуртай, “Эр бор харцага”, “Хүрэнгийн жороо”, “Хоёр бор”, “Ар хөвчийн унага” гэдэг уртын дууг найранд голдуу дуулдаг, “Найр хөгжиж байхад уртын дуу эхэлсэн хүнийг үнсээд авмаар санагддаг” гэж ярьдаг хүн байсан. Манай нутаг голынхныг 1950-аад оны “Үнэн” сонинд “Шалтаг мунддаггүй шанд, шартаж хаширдаггүй шандынхан” гэсэн гарчигтай өгүүлэл хэвлэгдэж, тэр шүүмжлэлийн мөрөөр Булган аймгийн МАХН-ын хорооны бүгд хурал хуралдаж ажил зохиож байлаа. Тийм түүх, паянтай нутаг устай, удам судартай ижий, аавын үр л дээ, ах нь.
-Танд хэчнээн дээл байдаг вэ. Тусгай оёдолчинтой юу?
-Өвлийн турш бас хаврын эх, намрын сүүлээр богино хүрэмний дотуур өдөр бүр солиогүй өмсдөг нэг ногоон даавуу дээл, хаврын сүүл, намрын эхээр өмсдөг нэг нимгэн саарал тэрлэг бий. Сая “Ц.Хулангийн үдэш”-ээр “Монгол костюмс” оёдлын үйлдвэрээс үнэ төлбөргүй оёж дурсгасан нэг сайхан тэрлэг нэмэгдлээ. Харамсалтай нь, хэмжээ авахдаа алдаад арай богино дээл болчихлоо. Надад юуных нь тусгай оёдолчин байх вэ дээ. Хөгшин минь л гуйж явж байгаад оёулаад ирдэг юм.
-Үс, сахлаа үсчин орж засуулдаг уу?
-Хөгшин маань л гэртээ гар хүрчихдэг.
-Хань, үр хүүхдийнхээ тухай яриач. Яруу найрагч болсон болон болох хүүхэд байна уу?
-Монгол ардын үгэнд “эрхэм тэнэг морио магтдаг, дунд тэнэг эхнэрээ магтдаг, адгийн тэнэг өөрийгөө магтдаг” гэдэг. Би “эрхэм тэнэг”-ийн ухаан гаргаж чадахгүй нь. Яагаад гэвэл, морь мал байхгүй. Магтах морь байтугай өнчин ишиг ч байхгүй. Харин ханилж ирсэн, одоо ханилж суугаа хоёр сайхан ханиараа гайхуулсан шиг гайхуулна. Монголын анхны загвар өмсөгч, анхны “мисс” Самдангийн Чанцал, Чойживын Цэнд гэдэг гадаад, дотоодын харчуул, залуусын нүд бүлтэгнүүлсэн Монголын хоёр сайхан охин, хорвоогийн хоёр гоо бүсгүйгээр ханиа хийж, цайгаа чануулж, цамцаа угаалгаж, амьдралаа удирдуулж, үр хүүхдүүдээрээ Монголынхоо “үрсийг маш олон болгож” буяны буурал насанд хүрлээ. Түрүүчийн хань С.Чанцал надад биш Бурханд туслахаар тэнгэрт дэвшсэн. Одоогийн хань Ч.Цэнд минь намайг 16 жил халамжилж, уран бүтээл дээрээ суухад минь дутуу юмгүй гүйцээж, зах зээлийн энэ явцаг, хяргамхай цагт хүний дайтай хүн гэж харагдахаар амьдралыг минь аваад л явж байна даа. Би их баярлаж суудаг. Хоёр ханийнхаа ачийг уран бү-тээлээрээ хариулахын тулд бие сэтгэлээ өчүүхэн ч харамладаггүй. Цаг заваа л их харамладаг. Хүүхдүүдээс минь яруу найрагч болсон хүн байхгүй. Ач, гуч нараас минь яадаг юм байгаа юм, мэдэхгүй. Горьдож л суудаг.
-Манайхан урмын гэнд их харам болжээ. Та залуусыг магтаж урам хайрлахдаа хэр вэ?-Урмын үгэнд их өгөөмөр шүү. Гэхдээ худлаа магтаж дэвэргэдэггүй. Зориуд хатуурхах ч дургүй. Үнэнийг нь олж хэлэхийг л чухалчилдаг. /Өөрөө л үнэн гэж бодсон үнэнээ шүү дээ/ Залуус уран бүтээлдээ зөвлөгөө авахыг хүссэн тохиолдолд үргэлж тусалдаг. Туршлагаа харамладаггүй.
-Та улстөрд дуртай юу?
-Дургүй. Уран бүтээлч иргэнийхээ үүргээр л идэвхтэй оролцдог. Мэдэгдэл гаргадаг, “ил захидал” бичдэг, урт урт ярилцлага хийдэг, өдөр тутмын сонинуудын хэд хэдэн нүүр дүүрэн онолын өгүүлэл бичдэг.
-Яагаад “Ганц хүний хөдөлгөөн” байгуулав?
-Ард түмэндээ, цаашлаад хүн төрөлхтөнд хайртай болоод “Бодь сэтгэл, эв хамт ёс”. Ганцаарчилсан хөдөлгөөн байгуулсан. Миний хайртай хүн төрөлхтний ахуй амьдрал жилээс жилд л буруудаад, буруу гэхээсээ илүүтэй аюултай “эргүүлэг” уруу сорогдоод байна шүү дээ. Хүн төрөлхтөн надад хөөрхийлөлтэй байна. Яагаад гэвэл, хүн төрөлхтөн бид мунхагийн эрхээр нүгэл чивэлийн харилцааны сонголт хийсээр тэнгэрийн гэсгээлийн цааз тулгуулах өдөр нүүрлэчихлээ.
Хүн төрөлхтөн хөдөлмөрөө хөнгөвчлөх, ахуй амьдралдаа аль болох ая тухыг хичээх, хэцүү бэрхийг хялбар бэлэн болгохыг сэтгэж эдийн засаг, техник технологийг галзуу хурдтай хөгжүүлснээр байгалаас заяагдсан ихэнх чадвар, боломж, бие мах бодийнхоо эс эдийн төвшин дэх үйл ажиллагааныхаа хүчирхэг зохицолдоог ажиллуулахгүй, ашиглахгүй болсноор хүн гэгч амьтан биологи бүтцийнхээ хувьд хамгийн сул дорой амьтан болж өөрчлөгдлөө. Өөрөөр хэлбэл, бүтээгч бус зөвхен хэрэглэгч “амьд бүтэц”, Бурханаас өгөгдсөн экологи тогтолцоогоо зөвхөн сүйтгэгч “сээр нуруутан” болж “хөгжлөө. “Одоо хүн төрөлхтөнд өмч хөрөнгийн хуримтлал бус Аврал хэрэгтэй тийм цаг хугацаа ирчихлээ.
Бас, хөгжил бус зогсолт хэрэгтэй! Шулуухан хэлэхэд, ухралт, хөгжлөө хурдасгах бус зогсоох, өнөөгийн “хөгжил”-өөс татгалзах нь л жинхэнэ хөгжил болно. Эдийн засаг, техник технологио, байгалийн өгөгдөхүүн буюу газрын эрдэс баялгыг ашиглах үйл явцаа өнөөдрийнхөө хурдцаар цаашид үргэлжлүүлвэл, хүн биологи бүтцийнхээ хувьд ч мөдхөн мөхөн өөрчлөгдөж өөр бүтэц үүсгэнэ. Энэ бүтцийг дүрсжүүлээд, хэлбэржүүлээд төсөөлж ч болно. Үүнд, огт гаргүй /гар нь хатна/, өмгөрхөн, хорчийсон тахиан тархитай, эхээс төрөхдөө байгаль ертөнцийн гэрэл харанхуйн ялгааг үл ухамсарлах мэдрэхүйтэй, ихэнх эрхтэн эдүүд нь /ялангуяа сэтгэх, бүтээх даавар ялгаруулах булчирхайнууд нь/ хатингаржсан, тэгсэн хэрнээ маш чалчаа хэлтэй бүтэц буй болох өндөр магадлалтай. Үүнийг хүн төрөлхтөн сэрэхгүй, мэдэхгүй байна. Хүн төрөлхтний нийгмийн сэтгэлгээ асар ядуурчээ. Үүнийг засах хэрэгтэй байна. Хүн төрелхтнийг аврах хэрэгтэй. Аврал бол зөв амьдрал, зөв замнал. Энэ аугаа, жинхэнэ бурханлаг үйлийг бүтээх ариун хүсэл зорилгоор “Ганцаарчилсан хөдөлгөөн” байгуулаад, онолын сэтгэлгээний төвшинд “тэмцэж” байна.
-Таны хэлэх дуртай үг?
-”Ганга нь мухар болохоос газар нь мухар биш”.
-Танаас шалгалт авч байгаа юм биш шүү. Та яг одоо хүний хамгийн сайн найзын тухай шүлэг зохиож өгөөч?
-Харамсалтай нь, захиалгаар юу ч бичиж чадахгүй. Харин, хүний сайн анд нөхөд, хань ижил, хүний үнэнч чанарыг бясалгаж бодсон олон сайн шүлэг /инээв/ миний яруу найргийн арав гаруй түүврүүдэд бий шүү.
-Бусдын болон өөрийн бүтээлээс ямар шүлэг Танд таалагддаг вэ. Хэлж өгнө үү?
-Хэлэхэд муухай, ичмээр л юм, гэвч яг үнэнээ хэлэхэд, өөрийн минь бичсэн бүх шүлэг таалагддаг. Муу шүлэг ганц ч байхгүй. Адаглаад, өнөөгийн зарим уншигчид гайхаж, хөхрөлдөж мэдэхээр “Буурал аав Октябрь” гэж большевикуудын Октябрийн хувьсгалыг сайшаасан бэсрэг найраглал бий. Тэр найраглал ч ур чадвар, сэтгэлгээний төвшний хувьд гэхэд л Монголд надаас өөр найрагч бичиж чадахгүй найраглал. Би шүлэг, найраглалуудаа их зовж, олон өнцгөөс бодож гараас гаргадаг. Олон дахин засаж боловсруулсан “зовлонт бэлэг” байдаг болохоор өөрт минь таалагддаг юм. Тэд намайг зовоосныхоо хэрээр жаргаадаг. Бусдын ийм “зовлонт үрс” надад бүгд таалагддаг. Жинхэнэ бүтээл уншигчиддаа хүргэхийн зовлон биднийг жаргалд дууддаг. Онолын ном уншсанаас хамаагүй давуугаар уран бүтээлийн нууцыг ухааруулдаг.
-Та хааны клипэнд тоглосон байсан. Нууц биш бол хэдэн төгрөг авсан бэ?
-Тэр рекламд тоглосон юм байхгүй юмаа. “Неrо”-гийн залуучууд таны дүрсийг клипэнд заавал оруул гээд байна гэж утасдсан. Би татгалзсан. Маргааш үдэш нь нь яруу найрагч Ц.Хулан утасдаад, “Чингис хааны түмэн төмөр цэрэг тэнгэрээс бууж ирнэ. Дэлхий дахиныг шинээр төвхнүүлнэ” гэдэг домог яриа байдаг юм. Тэр домгоор эх оронч үзлийг сурталчлах телевизийн бичлэг хийх гэж байгаа юм. Та юунд нь татгалзаад байгаа юм. Битгий “шизотоод” бай. Өнөө айхтар эх оронч зүрх сэтгэлтэй найрагч юм шиг ойлгогддог “имиж” чинь яачихав. Таны наад тэнэг толгойг чинь хэрэглэх гээгүй, уруул аманд чинь ургасан сахал, зөрүүд бөндгөрт чинь сэнсийсэн үсийг чинь ашиглах гэсэн юм. Яасан их үнэтэй хялгас уруул аманд чинь наалдчихсан юм” гэж тачигнаад утсаа чулуудчихсан. Тэгэхээр нь би үг дуугүй бууж өгсөн.
Маргааш өглөө нь “Женко” Баттулга сайдын урт, гоё хар тэрэг ирээд намайг сайдын суудалд “залаад” Төв аймгийн Эрдэнэ сумын Ёл хайрханд хүргэсэн. Надад нэг уран хээнцэр мөшгөөртэй нэхий дээл, үстэй цэгдэг өмсгөөд л зургийг минь авсан. Тэгээд л миний “тоглолт” болох нь тэр. Насыг минь онцгойлж хүндэлсэн байх, сүүлд нь, хэдэн өдрийн дараа тусгай улс 500 мянган төгрөг авчирч өгсөн.
Тэр мөнгөний хагасаар би гэртээ CD сонсдог, DVD үздэг хэрэгсэл авсан. Маш баяртай суудаг.
-Та жүжгээ хэдээр үнэлдэг вэ?
-Өгсөн мөнгийг нь л баярлаад авдаг. Харин өөртөө бол би өндөр үнэлдэг. Зарим жүжгээ дэлхийн сонгодогт тооцдог.
-Би Таны гарын шавь болъё гэвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Дуртай зөвшөөрнө. Харин дагуулах үг байна. Надтай шавь болж барилдлага барьсан хүний уран бүтээлд би маш хатуу ханддаг. Шаардлага чангатай. Харин өөрт нь бол уян зөөлөн ханддаг.
-Хэн нэгэн Таны тухай дуу зохиож дуулъя гэвэл зөвшөөрөх үү?
-Их баярлана.
-Бурхан Таны гурван хүслийг биелүүлж өгье гэвэл юу гэх вэ?
-Гурван хүсэл гэв үү. Тэгвэл нэгдүгээрт;-Нарыг минь мөнх байлгаж өгөөч гэж хүснэ. Хоёр-дугаарт;-Дэлхийг маань мөнх, тэгээд бас, үргэлж сайхан байлгаж өгөөч гэж хүснэ. Гуравдугаарт;-Сав шим ертөнцийг, түүн дотроо, хүн төрөлхтнийг, түүн дотроо монголчуудыг минь мөнх, тэгээд бас, үргэлж бурханлаг байлгаж өгөөч гэж хүснэ.
-Их аварга Д.Дагвадорж спортыг бүрэн орхивол Та харамсах уу?
-Сумогийн их аварга болохоосоо илүү чухал хэрэгтэй юм эх орондоо хийж болно шүү дээ. Хэрэв чадахгүй бол чаддаг байсан ажлаа орхих нь харамсалтай байлгүй яахав.
-Та хэр зэрэг зөн совинтой хүн бэ. Озэки Бямбадорж сумогийн их аварга болж чадах болов уу?
-Зөн совингийн хувьд хүнд итгүүлэх байтугай өөрөө ч итгэчихээр шинж тэмдэг илэрдэггүй. Озэки Бямбадоржийн хувьд бол, одоо барилдаж байгаагаасаа тун их сайн барилдвал аварга болж чадна, одоо барилдаж байгаа шигээ сайн барилдаад байвал чадахгүй.
-Интернэтээр аялдаг уу?
-Үгүй. Интернэтээр аялах байтугай компьютер гэдгийн товчинд ч гар хүргэж үздэггүй. Энэ талаар хол хоцрогдсон хүн шүү.
-Гэр бүл аз жаргалтай байх нууцын хамгийн гол зүйл юу вэ?
-Зорилго нэгдмэл байх. Тэр зорилго нь заавал аугаа, ариун байх. Эхнэр, нөхөр хоёулаа бүтээлч, хөдөлмөрч байх.
-Та хэзээ тэсэртлээ уурласан бэ?
-Мартжээ. Магадгүй, тэгж тэсэртлээ уурлаж үзээгүй ч байж мэднэ. Ямар ч гэсэн огт санахгүй байна.
-Залуу гэр бүлд юу захимаар байна?
-Юуны өмнө, байнга ашигладаг номын сантай байх хэрэгтэй. Насан туршийн аугаа, ариун зорилготой амьдар. Зорилгоо биелүүлэх боловсрол, мэргэжил, бусадтай өрсөлдөх төгс чадвартай байх хэрэгтэй. Эдгээр шинж чанарууд заавал байх ёстой. Тэгээд дээр нь, болж гэмээнэ, шүтлэгтэй, бас маш романтик дотоод ертөнцийг өөртөө бүтээвээс их сайн.
-”Нарантуул” зах ордог уу?
-Орж үзээгүй л байна. Ганц удаа ч бол орж үзье гэж бодоод л байна. Зав болж өгөхгүй юм.
-Таныг заримдаа харахаар бөө ч гэмээр санагддаг. Танайд бөөгийн удам бий юу?
-Бөө биш л дээ, гэхдээ миний яс, цусан удам төрлүүд олон үеэрээ бөө, удганууд байжээ. Миний өвөг эцэг Цэрэндаш мээрин Хатанбаатар Магсаржавын цэрэгт дайчлагдаж хятадын хар цэрэгтэй байлдаж гавъяа байгуулж явсан хүн. Нутаг гол-доо алдартай чойжин байгаад их баривчилгааны үеэр баригдаж Улаанбаатар уруу ачигдаад буцаж ирээгүй юм билээ. Сүүлд дуулах нь ээ, шоронд арван жил гаруй жил ял эдлээд суллагдсан ч нутагтаа очиж чадалгүй, зам зууртаа, хүний нутагт нас барсан юм билээ. Ясан төрлийн минь сүүлчийн бөө, миний авга ах Цэрэндашийн Ринчендорж 1965 онд Улаанбаатар хотод бие элсэн. Бөөгийн хэц хэнгэрэг, сэлэм, майхавч, өмсгөлийг нь Самбалхүндэвийн энгэрийн ха-данд залсан. Өтгөс дээдэс бөө, удгадын маань онгод, сахиус намайг үе үе эргэдэг байх аа.
–Таны нэрийг хэн өгсөн бэ. Ямар учиртай вэ?
-Нэр минь хоч нэр юм. Ижий, аавд минь хүүхэд тогтдоггүй байж. Ээж минь намайг олоод, хэвлийдээ торниж байхад нэг шөнө зүүдэлжээ. Урт цагаан сахалтай явган өвгөн манайд ирээд, ээжид хадаг барьж Чи хүү төрүүлнэ. Урианхай гэж нэр өгөөрэй гэсэн гэж хуучилдаг байсан. Ээж маань тэр зүүдээ манасаар байгаад намайг төрүүлж өнөө зүүдний нэрээ хайрласан юм гэнэ лээ.
–Эзотерик үзэгдэл, далд ухамсарын талаар бодлоо хэлнэ үү?
-Миний багад аав, ээж маань хоорондоо ч юм уу, манайхаар бууж мордсон нутаг голын улсуудтай хүүхдийн ухаанд аймаар санагдах юм их ярьдаг байлаа. Аймаар юм дандаа сонин байдаг. “Дорлигийг уулнаас гишүү ачаад харьж явахад нь жалгаас цагаан морьтой хүн давхиж ирээд нэрээр нь дуудаж гэнэ. Огт танихгүй хүн байхаар нь гайхаад амаа ангайтал өнөө хүн гэнэт алга болчихож гэнэ” гэх ч юм уу, “Умбаа гуайг давааны хөл уруу бууж явтал морь нь гэнэт явахаа болиод, хөх мах нь чичрэн шээс алдаад зогсчихож гэнэ.
Чөтгөр морийг нь тушчихаад урагш алхуулахгүй байхаар нь ташуурынхаа сагалдрагаар мориныхоо хөлний хоорондуур савж Ямандагийн тарни уншсан чинь морь нь унагалдаж гэнэ”, “Бургасны цаанаас чармай нүцгэн, өрөөсөн хөх нь жигтэйхэн сунжгар, мөрөн дээгүүрээ даваад унжчихсан эм чанга чанга хөхрөөд гараад ирж, тэгээд ноцолдож байснаа өлөгчин чоно болоод улиж гэнэ”, “Тэргэн толгой”-н араар шөнө хөх гэрэл гүйгээд, тэрэнтэй тааралдсан хүн гараг саа тусчихдаг”, “Эзгүй хээр замд хүүхэд уйлаад, нохой хуцаад, ишиг, хурга майлж дуулдаад ганц нэгээрээ яваа хүнийг ямар нэг “хий юм” гараас нь чангаагаад мориноос нь унагачихдаг гэнэ” гэх мэтийн үнэн ч юм уу, цуурхал ч юм уу бүу мэд, сонсоод баймаар, гэтэл сонсохоор зүрх цохилохоо больчих дөхдөг сонин юм зөндөө ярина. Манай ээжийн холын хамаатан, залуудаа хошууныхаа хийдэд гэлэн сахилтай хурж байгаад сүүлд хар болж гэргийлсэн өвгөн манайхтай дандаа айл буудаг байлаа. Их номтой, гэгээн хүн.
Хэдэн хар хөвхөнд нь шоголтой, баринтагтай түвд ном, судар чигжээстэй байдаг, үдэш, шөнөөр, хүний хөл татарсан хойно зул өргөөд, нүднийхээ шилийг хийгээд судраа дэлгээд ганцаараа яриад байгаа юм шиг амандаа юм яриад, доошоо хараад суучихдагсан. Хэдийд унтдаг байсан юм бүү мэд, нүд нь голдуу улайчихсан, зовхи нь үргэлж унжчихсан, нулимс нь гоожчихсон л сууж харагдана. Гэлэн өвөө “хий юм”-ны тухай ярианд орол-цохоороо, “Хүнд сүнс гэж айхтар “амьд” юм байдаг юмаа, хүүхээд. Хүнийг биеэ элээхээр нь зулайгаар нь гараад тэнгэрт дэгдчихдэг юм. Өд шиг хөнгөхөн, халуун, уулын цас шиг цагаан өнгөтэй “амьд юм” байгаа юм. Хүний нүдэнд үзэгдэх биегүй, гарт баригдах, торох чанаргүй “хий юм” тэнгэрийн цахилгаан шиг хурдан хөдөлж байдаг гэж эртний сударт бичсэн байдаг юм. Хүний сүнс төрөл олж чадахгүй төөрөхөөрөө элдэв “хий юм” болоод тэнэдэг. Зарим хүний сүнс хээр гадаа хаа сайгүй тэнэнэ. Тэр бол чөтгөр гэдэг нь юм. Зарим хүний сүнс гэр бараа, эд хогшил, хашаа хороо, адуу мал-даа хоргодоод тонилж чадахгүй үлдчихнэ.
Тэрнийг буг гэдэг. Харин өөр нэг сүнс үхдэл эзнийхээ шарил оршсон газрыг сахиад, тэндээс холдохгүй, өдөр, шөнөгүй эргэлдээд хаашаа ч явахгүй. Тэр бол “Дэрээ” гэдэг амьтан байгаа юм” гэж хэлдэг байсан. Одоо сүнс гэдэг юм байдгийг шинжлэх ухаан олон туршилт, баримтаар нотолжээ. Монгол хэлэнд “хий юм” гэдэг үг хэллэг, ойлголт хэвшмэл. “Хий юм” үздэг, үхсэн хүний сүнс дуудаж ярилццаг улсууд Монголд зөндөө. Усан нүдтэй, цусан зүрхтэй эгэл жирийн хүмүүсээс гадна номын нүдтэй, Бурханы нүдтэй, рид хувилгааны увидас оршсон хүмүүс гэж бий. Эгэл жирийн бидэн шиг нь үзмэрчийн нүдтэй, ил далдыг нэвт үзэх гоц чадварт дэвшээд, рид хувилгааны хөгжилд хүрэхээрээ, өөрөөр хэлбэл, далд ухамсар нь төгс-жиж билгийн хутаг нээгдэхээрээ “хийбод”-оор оршигчидтой харилцдаг, агаарт хөөрдөг, эсвэл, махан биеэ байранд нь орхиод сүнсээрээ “сүнсний аялал” хий-дэг, сансарын оюунлаг орнуудаас мэдээлэл авдаг, өнгөрсөнд болсон үйл явдлыг ч юм уу, ирээдүйд болох явдлыг мэддэг, биет юмсын хоосон чанар уруу нэвтэрч нэгдэх увидас чадварыг олдог. Жишээ, баримт Монголоор ч дүүрэн, дэлхийгээр ч дүүрэн. Тэгэхээр бидний амьдарч буй ахуйгаас өөр ахуй, өөр зүй тогтолтой оршихуй, өөр чанар, хэлбэрийн амьдрал, магадгүй, дэлхийн амьдралаас илүү боловсронгуй, илүү хөгжилтэй, илүү дээд ухамсартай, гоо сайхан амьдрал, шинжлэх ухаанд “антимир” гэж нэрлээд байгаа “урвуулган ертөнц” хаа нэгтээ байгаа нь лав. Үүнд би эргэлздэггүй. Хаа нэгтээ, хэзээ нэг “Харь гаригийн хүмүүс”-тэй уулзахсан, эзотерик ухааныг нэвтэрхий судлахсан, цаг хугацааны урсгалыг эргүүлдэг, орон зайг товчилдог, далдыг хардаг хувилгаан ид шидийн хүчийг танин мэдэж эзэмшихсэн гэж их хүсдэг. Даанч би физик биетийн хэмжээс дотор л оршигч “биет” юм.
-Та багадаа тэмээ унадаг байсан уу. Тэнгэрийн хаяаг ширтэх энэ амьтны тухай шүлэг бий юу?
-Бага байхдаа тэмээ унаж байгаагүй. Манай нутаг ганц ч тэмээгүй нутаг. Том болсон хойноо ч гэмээр юм уу даа, залуу байхдаа ч гэмээр юм уу даа, 1970 оны дундуур байх, Дундговь аймгийн Өлзийт сумын Тарагт багын тэмээчин мухар хуруу Цэрэндоржийнх гэдэг айлд туслах малчнаар очиж 45 хоног тэмээ хариулсан. Тэр сэтгэгдэлдээ тулгуурлан, тэмээний тухай, тэмээчний хөдөлмөрийн тухай “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий…” гэдэг баримтат тууж бичиж “Цог” сэтгүүлд нийтлүүлж байсан.
–Та ан хийдэг үү. Танд буу өгөөд дайсны цэргийг бууд гэвэл чадах уу?
-Ан хийдэггүй. Би өрөвдөмтгий, тэгээд сүсэгтэй хүн. Гэвч эх орон, үр хүүхдэд минь дайсан халдвал устгахыг л яарна. Онож буудаж чадах эсэхээ сайн мэдэхгүй, өөртөө тийм ч итгэлтэй бус байна.
-
УРЛАГТАЙ АМЬДРАЛ ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хүнд байгалиас гоо сайxны мэдрэмжийг заяасан хэдий ч түүнийгээ нээхгүй байсаар хорвоог бардаг. Өөрийн дотор байх мэдрэмжийг хөглөсөнөөр шинэ сэдэл санаа, урам зоригоор өөрийгөө дүүргэж чаддаг. Та өөрийн сэрэхүй мэдрэмжийг нээхийн тулд уран зургийн гайхамшит ертөнцөд түр ч болтугай саатаж, уран зургийн яруу тансаг өнгө зохисоор нүд баясгаж сэтгэлээ хөглөөрэй.
БОЛОМЖ: Уран бүтээлчидтэй нээлттэй уулзаж урлагийн тухай яриа өрнүүлж, сүүлийн үеийн уран бүтээлүүдтэй нь танилцаж хүссэн бүтээлээ өөрийн болгох боломж.
ХЭЗЭЭ: 7 сарын 7-ны 15 цагаас – 7 сарын 14 /Өдөр бүр 10- 18 цаг хүртэл/
ХААНА: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейдУРАН ЗУРАГ УРЛААЧИД
В.Ундраа \Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, “Яруу сэтгэгч” сэтгэлгээний урлангийн зураач\
Л.Энхбат \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн\
Н.Амарсайхан \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн\
Р.Чинзориг \Чөлөөт уран бүтээлч\ -
Блогч таны зориулсан 3 минутаар ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БҮТЭЭН БОСГОНО
The New Media Marketing Agency;хамт олон бизнес шийдэл боловсруулахаас гадна шинэ тутам хөгжиж буй мэдээлэл харилцааны хэрэгцээ шаардлагыг хангахуйц өөрсдийн бүтээлүүдээ танилцуулахаар бэлтгэж байна. Бидний хамгийн түрүүнд олон нийтэд хүргэж байгаа бүтээл бол ЗАРЛИГ- ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨН билээ.
Яагаад ЗАРЛИГ хөдөлгөөнийг ЭХлүүлсэн бэ?
1. Монголд өдөр бүр л ямар нэг хүүхэд монголдоо эмчлэх боломжгүй өвчин тусаад хандив тусламж гуйсан өрөвдөлтэй дүр зураг харагддаг.
2. Судалгаагаар манай улсаас жилд 130-200 тэрбум төгрөг гадаадад эмчлүүлэх зорилгоор гадагшаа урсдаг гэсэн тооцоо байдаг. Голдуу Бээжин, Хөх хот, Америк, Солонгос, арай боломжтой нь Япон руу явж эмчлүүлдэг.
3. Би нэг хүүхдэд хандив өргөнө, 2 удаа өргөнө. Гэхдээ өдөр бүр хандив өргөж чадахгүй. Тэгээд ч бидний өргөсөн хандив асуудлыг шийдэж чадахгүй, 10 жилийн дараа ч эмчилэгдэх боломжгүй хүүхдүүд хандив гуйсаар байх болно. Хогийн ургамалын ишийг мянгантаа таславч дахин ургахын адил асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд бид яах ёстой вэ. Би тэр хүүхдүүдийг эмчлэх эмнэлэгийг барих ёстой.ЗАРЛИГт хэрхэн НЭГДЭХ вэ?
3 минут л хангалттай, Зарлиг хөдөлгөөний баннерийг өөрийн блогтоо нэг удаа л хуулж тавьна. Эхлээд http://launchpad.newmediamarketingagency.com/-д бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа доорх зааврыг (видео 2) ашиглана.Яагаад ЗАРЛИГ гэж НЭРлэсэн бэ?
Монголчууд бид нэгдэж нягтарч, ойлголцсон үедээ илүү хүчирхэг байдаг. Манжийн үед “Гурван монгол нийлвэл цэрэг болно” гэсэн хэлц үг үүсэж монголчуудыг аль болох хагалан бутаргах бодлого барьж олон аймаг хошуудад хувааж, албан тушаал, отго жинс, тогосны өдний ялгаагаар хооронд алалцуулж байв. Тэгвэл өнөөдөр бид цахим орон зайд өөрсдийн эв нэгдлийг илэрхийлж монгол хүнийхээ санаачилгыг дэмжиж чадсанаар нэг ч болтугай асуудлыг шийдвэрлэж чадах юм. Энэ бол бидэнд ирж буй эв нэгдлийн ЗАРЛИГ юм.ЗАРЛИГийн нэгдэл ямар ҮР дүнд хүрэх вэ?
Хөдөлгөөнд нэгдсэн блогч таны блог дахь баннер захиалагчийн хүсэлтээр тодорхой хугацаанд шинэчлэгдэнэ. Шинэчлэгдэх бүрт Зарлиг хөдөлгөөний санд мөнгөн хуримтлал бий болох юм. Бидний төлөвлөгөөгөөр 2015 он гэхэд монголд эмчлэгддэггүй өвчнийг эмчлэх боломжтой хүүхдийн эмнэлэг байгуулах хэмжээний хуримтлал бий болох юм. Тухайн хуримтлалаар Хүүхдийн эмнэлэг байгуулж, хүндэтгэлийн хананд хөдөлгөөнд нэгдсэн блогч бүрийн нэр бичигдэх юм.Ингээд монгол хүүхдүүдийн тодорхой хэсэг нь эх орондоо эмчлэгдэх юм. Магадгүй таны хүүхэд ч байж магадгүй шүү дээ.
-
ХҮНИЙ НЭРИЙГ БҮТЭН ХУГАЛСАН ХҮН, ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ХАГАС ХУГАЛДАГ ЮМ ШҮҮ!
ХҮНИЙ НЭРИЙГ БҮТЭН ХУГАЛСАН ХҮН, ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ХАГАС ХУГАЛДАГ ЮМ ШҮҮ!
/ Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж/Оюутан байхад харьцааны хичээл зааж байсан нэг багш бидэнд хаана ч явсан өөрийнхөө нэрийг овогтойгоо хамт чанга, тод хэлж байгаарай! гэж билээ. Тэр үед энэ үгийн жинхэнэ ид шидийг тэгтлээ их анзаараагүй юм даг.
Хожим нь нэг олны цуглаан дээр өөрийгөө танилцуулахдаа “Намайг Болдын Болормаа гэдэг” гэж хэлэхэд үнэхээр сайхан санагдсан. Тэр үед аавынхаа нэрийг өөрийнхөө нэртэй хамт хэлэхэд бяцхан бардамнал, бас сэтгэлд итгэл дүүрээд л ирэх шиг болсон. Энэ мөчид л багшийн хэлсэн үг ухааны орой руу орсон доо…“Эцгийнхээ нэрийг сэвтээсэн золиг!” гэж нутгийн нэгэн буурлаа ярьж байсныг санаж байна. Хүүгээ буруу явахад өөрөө хэрэг тарьчихсан юм шиг аавын сэтгэл энэлдэг гэдгийг тэгэхэд л анзаарч билээ. Тэр үед анзаарсан энэ зүйлээ тэгсхийгээд мартчихсан байсан.
Харин хэзээ хойно аавыгаа халаглуулж байгаа танил залууг хараад бодол жихүүцсэн. Тэрхэн мөчид зэмлэж хэлсэн буурлын үгийг ухааны сүвэгчээрээ сүвлэн сүвлэн саналаа. Энэ хоромд л эцгийнхээ нэрийг өндөрт өргөхөд хүний нэр сэвгүй явахын учиртайг ойлгосон доо…
“Тэр дандаа худлаа ярьдаг” гэж найзынхаа цөхрөлийн үгийг зөндөө сонсч байлаа. Хүний итгэлийг олон алдвал алдаагаа засах амаргүйг энэхэн үед мэдэрч билээ. Харин энэ мэдрэмжээ өнөө хэр нь мартаагүй явна.
Яагаад гэвэл бусдын итгэлийг алдах хичнээн дэмийг мэдэх болохоор л тэр! Өнөөдөр хэн нэгнийг хуурч, нэрээр нь түрий барьж өмнөөс нь ярих амархан боловч эргээд энэ үгэндээ ороогдох тийм хүсмээр зүйл биш. Иймээс л хүний итгэлийг бүрмөсөн алдсан хүн өөрийнхөө нэрийг гутлын уланд гишгүүлсэнтэй адил хөсөрдүүлдэг санж. Тэгээд ч нэр хугарахаар яс хугар гэдэг дээ.
Үдэш салхилж явахад жихүүн болсон хорвоо намрын сэрүүн болсныг илтгэн, тэнгэр бараалсан үүлс бороошиж нэг нүүнэ.
Нэрээ хичээж яваарай! гэх Өвөөгийн жинтэй үг зүрхэн цохилоонд санагдаж, нээрээ би чинь “сайн” охин шүү! гэж өөртөө хэлмээр л…
Сайн аавынхаа чихийг халууцуулахгүй явахыг хичээж, Сайхан ээжийнхээ сэтгэлийг сэвтээхгүй амьдрахыг зорьж, Саруул хүмүүний итгэлийг алдахгүй юм шүү гэж санаж, Санааг минь зөөллөдөг нэрээ дандаа чангаар хэлдэг би.
Залуус аа! Хүмүн гэх төрийг хүндэтгэж яваарай, Бусдаас чамайг л гэж онцлох өөрийнхөө нэрийг хайрлаж яваарай!
-
УРЛАГТАЙ АМЬДРАЛ ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Яруу сэтгэгчдийн нэгдэл байгууллага “Шинэ Үе Урлаг” нийгэмлэгээс УРЛАГТАЙ АМЬДРАЛ үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Хүнд байгалиас гоо сайxны мэдрэмжийг заяасан хэдий ч түүнийгээ нээхгүй байсаар хорвоог бардаг. Өөрийн дотор байх мэдрэмжийг хөглөсөнөөр шинэ сэдэл санаа, урам зоригоор өөрийгөө дүүргэж чаддаг. Та өөрийн сэрэхүй мэдрэмжийг нээхийн тулд уран зургийн гайхамшит ертөнцөд түр ч болтугай саатаж, уран зургийн яруу тансаг өнгө зохисоор нүд баясгаж сэтгэлээ хөглөөрэй.
БОЛОМЖ: Уран бүтээлчидтэй нээлттэй уулзаж урлагийн тухай яриа өрнүүлж, сүүлийн үеийн уран бүтээлүүдтэй нь танилцаж хүссэн бүтээлээ өөрийн болгох боломж.
ХЭЗЭЭ: 7 сарын 7-ны 15 цагаас – 7 сарын 14 /Өдөр бүр 10- 18 цаг хүртэл/
ХААНА: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейдУРАН ЗУРАГ УРЛААЧИД
В.Ундраа \Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, “Яруу сэтгэгч” сэтгэлгээний урлангийн зураач\
Л.Энхбат \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн тэргүүн\
Н.Амарсайхан \”Шинэ Үе Урлаг” нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн\
Р.Чинзориг \Чөлөөт уран бүтээлч\Tax: FREE
УТАС: 99278174