Category: media-content

  • ХАЙРЫН УРГАМАЛ…

    Хотын баруун захад буйдхан орших нэгэн асрамжийн газар очихоор зорьсон газраа хүрлээ. Бэлэг авч үзмээр байгаа хүүхдүүдийн чин сэтгэлийг олж харсан сэтгүүлчийн үзэгний бэх хатаж амжаагүй байхад зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн бэлэг эдгээр хүүхдэд очих болсноор дахин асрамжийн газрын хаалгаар ороход хүргэсэн нь энэ.

    Будаг нь халцарсан шал өмнөөс угтсан ч, хөл хөнгөн хүүхдүүдийн шуугиан юм бодуулах чөлөө өгсөнгүй ээ. “Хэрвээ чи бусдын зовлонд хайхрамжгүй хандаж байгаа бол Хүн хэмээх нэрийг даах эрхгүй” гэсэн мэргэн үг ханан дээр нь дурайна. Цаашлан хэсэг явлаа. Эндхийн хүүхдүүд өөрсдийн зурсан зургаа ханандаа хадсан харагдана.

    Нэг зураг нүдэнд илүү содон туслаа. Тэр зурганд уул, мод, машин, хүүхэд зурсан байна. Хамгийн соинрхолтой нь газраар ургасан өвс ногоог зурахдаа бүгдийг нь хүний хэлээр бол зүрхээр, хөзрийн дүрсээр бол бундангаар зуржээ. Хөл гишгэх зайгүй зүрх…, бас бундан…

    Эндээс улбаалаад л сэтгэлд “Хайрын ургамал” гэсэн нэр үлдчихсэн юм. Хэдэн өдөр бодолд бундан өвс ургаад зүгээр суулгасангүй. Буруутгахын аргагүй тэр олон жаахан зүрхний өмнөөс хэнтэй ч юм ярилцмаар санагдаад байх юм. Тормойтол харах нүд нь бэлэг хараад баярласан хэрнээ томоогүй зан нь хаашаа холдоо вэ гэмээр дэндүү дуугай хүүхдүүд хэлэх ярихаа хүртэл цэгнээд нэг л хэрсүү. Хэнийгээ дуурайсан юм бол гэж бодмоор. Аавыгаа юу, ээжийгээ юу, эсвэл ах, эгчийгээ юу?

    Асуултанд хариулах аргаүй их олон амьдрал байх юм аа. Гэхдээ, хөрсөө үндэслүүлж ургадаг газрын ургамал шиг хүний сэтгэлийг хөндөөж хүй холбож бүрэлдсэн алаг үр хорвоод мэндлэхдээ элэг бүтэн өснө өө гэж уйлж төрдгийг та мэдэх үү? Тэнтэр тунтар гишгэлэн тэнцэж ядах унага шиг тэвэрт нь эрхлэх гэж нялх хүүхэд зүрх нь хайраар цохилдгийг мэдэх үү?

    Асуултаар төгсгөмөөр байгаа ч, анхааруулах тэмдэг тавих хүсэл илүү төрөөд байна. Асрамжийн газар олж харсан бундан өвсийг хайр дүүрэн ургаасай гэж залбирмаар байна. Тийм болохоор, Аав аа! Ээж ээ! намайг битгий орхиорой гэж нүд нь бүлтгэнэдэг жаахан үрсийн дүр зургийг амьдралдаа битгий зураарай! Дэргэд минь л байгаарай гэж зүрх нь цохилдог хэрсүүхэн хүүхдүүдийнхээ дулаахан гарыг битгий дааруулаарай!

  • Yргэлж нарийхан бэлхүүстэй байя гэвэл

    Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учир ийм хүн яаж нарийхан бэлхүүстэй байх билээ дээ.

    Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс үрэвсэтлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг хэсэг, шархлаад нэг хэсэг л тэсэх юм даа. Овоолгыг жилээс жилд нэмж, муу орчныг нь улам дордуулах ажлыг л идэвхтэй хийхээс биш цэвэрлэх ажил хийдэггүй хүн нэг л өдөр гэдэсний хорт хавдартай болсон тухайгаа мэддэг. Тэр үед юун нарийхан бэлхүүс манатай.

    Yргэлж өтгөн нь хатдаг хүн гэдсэндээ хавдар ургуулж байна гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай.

    Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ?

    Хооллох хөтөлбөр хийлгэж байгаа хүн бүрээс би ингэж асуудаг. Ихэнх нь “Өдөрт хэд нь ч юу юм бэ, нэгээс хоёр хоног өнжөөд л нэг удаа” гэж, их олон хүн “тав зургаа хонож байж арайхийж нэг хүндэрдэг” гэж хариулдаг. Өтгөн хатаад арваад хонодог гэх хүн ч олон.

    Ийм хүмүүс ихэвчлэн том гэдэстэй бүдүүн байдаг. Тэд бэлхүүс нь мэдэгдэхээ больсонд өтгөн хатахаас илүү шанална. Туранхай хүн ч бас байна. Ихэнх нь амархан өлсдөг,идэмхий хүмүүс. Зарим нь хоолонд дургүй, дотор нь муухайрч, огьж бөөлждөг байдаг.

    Гэтэл жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Ургамлын гаралтай хүнс иддэг бол шүү дээ. Жишээ нь талх, боов, төмс, ногоо гэх мэт. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол гаргах ёстой.

    Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, Үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг. Бие, сэтгэл нь эрүүл учир.

    Өнгөрсөн дугаарт бид ходоодтойгоо өнгөцхөн танилцсан. Одоо нарийн, бүдүүн гэдэстэйгээ товч танилцъя.

    Нарийн болон бүдүүн гэдэс нь хоол боловсруулах тогтолцооны хамгийн сүүлийн бөгөөд хамгийн урт хэсэг юм. Хоолноос авч болох хэрэгтэй бүхэн энэ хэсэгт шимэгдэнэ. Гэдэсний гадуур байдаг гөлгөр булчингууд нь удаан боловч хэмнэлтэйгээр агшиж,дотор нь байгаа задарч боловсрон шимэгдэж буй хоолны холимгийг түлхэн цааш явуулна.

    Ходоодонд хайлж химус хэмээх нэртэй болсон холимог нарийн гэдэсний эхний хэсэг-12 хуруу/дээд/ гэдсэнд орж ирэнгүүтээ нойр булчирхайн шүүс болон элэгнээс ирсэн цөстэй холилдоно.

    Эдгээр нэмэгдлүүдийн ачаар химус хүчиллэг исгэлэн биш болно. Хоолны холимог нарийн гэдсэнд байх хугацаанд нь түүнийг боловсруулах ферментүүд нойр булчирхайн шүүсэнд байдаг. Нарийн гэдэс ч өөрөө бас ферментүүдийг боловсруулна. Хоолны холимог нь нарийн гэдсийг 20 орчим цагийн турш туулж өнгөрөхдөө ферментүүдийн нөлөөгөөр улам жижгэрэн задарч, нарийн гэдэсний ханаар цус руу шимэгдэнэ.

    Хооллосноос хойш 24 цаг өнгөрөхөд идсэн зүйлээс маань ердөө л боловсрох боломжгүй хэсэг нь Үлдэнэ. Түүнчлэн гэдэсний өнгөр/микрофлор/-ийн бактериуд, гэдэсний дотор бүрхэвчийн үхсэн эсүүд ч байна. Эдгээр хаягдлууд бүдүүн гэдсээр өнгөрөхдөө чийгнээсээ салж, шулуун гэдсэнд хуримтлагдан хошногоор тҮлхэгдэн гадагшилна. Цөсний будагч бодис/пигмент/-ууд өтгөнийг хүрэн өнгөтэй болгодог.

    Нарийн, бүдүүн гэдэсний урт нийлээд 8,5метр орчим, үүнээс нарийн гэдэс 7метр, бүдүүн гэдэс 1,5метр урттай. Ийм урт гэдэс хэвлийн жижигхэн хөндийд багтахын тулд чацархайнд бэхлэгдэн мушгиран эвхэгдсэн байдаг.

    Гэдэсний дотор бүрхэвч нь хуниас мэт нугалаатай. Хуниас тус бүр нь “сормуус” гэж нэрлэгддэг хэдэн зуун өчүүхэн хөхлөгүүдтэй. Тиймээс гэдэсний дотор тал нь сахлаг хивс шиг. Хивсний утас шиг энэ ургацгуудын тоогоор гэдэсний дотор тал эцсийн хэмжээндээ хүртэл томорч өргөссөн гэсэн үг. Эдгээр хуниас, хөхлөгүүд нь шимэгдэх талбайг их болгох төдийгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Хэрэв бүх хуниасыг тэнийлгэж болдогсон бол гэдэсний доторх гадаргуу нь нэг айлын 2 давхар орон сууцны шалны талбайтай тэнцэнэ.

    Бүдүүн гэдэс нарийн гэдэстэй нийлдэг уулзварын мухар хэсгийн үзүүрт ургасан өт хэлбэрийн унжлага байдаг. Түүнийг аппендикс гэж нэрлэдэг. Түүнийг ямар ч үүрэггүй гэж үзэж байсан боловч сүүлийн үед эрдэмтэд аппендиксыг дархлааны чухал эрхтэн гэж нотолж байна. Аппендикс үрэвсэж, хагалгаа хийлгэн авахуулах хэрэг гардаг. Yүнийг бид мухар олгойгоо авхууллаа гэж буруу ярьдаг.

    Яагаад өтгөн хатдаг болж, гэдсэндээ олон хувин ялзарч өмхийрсөн зүйл тээж явна вэ, олон хүн?

    Цавуулаг ихтэй учир урсдаггүй /ус даадаг/, хивэг гэж нэрлэдэг уусамхай бус эслэгээс нь тусгаарласан учир цагаан өнгөтэй болсон дээд зэргийн гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамтгай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд өнөөх хивс шиг гадаргуу маань цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана. Хөхлөгүүд намирч хөдлөх манатай юм болж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн маш их муудах нь тэр. Тээвэрлэлтэд саад учирсан юм чинь ачаа тэндээ л хэвтэж байхаас биш яахав. Зүгээр хэвтэхгүй халуун бие дотор муу дээрээ улам муу болоод л гадагшлах цагаа хүлээгээд л байж байхаас өөр юу хийх билээ дээ. Өтгөн хатахын учир энэ.

    Хэрэгтэй материал,түүхий эдийг салгаж цус руу дамжуулах замыг нь бөглөөд бөөн хаягдал овоороод наалдчихсан учир хоол идсэний хэрэг гарахгүй. Эсүүд “өлсөнө”. Өтгөн хатдаг зарим хүн амархан өлсдөг, их иддэгийн учир энэ. Их идэхийн хэрээр улам их хаягдал овоорч, байдал улам дорддог. Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдгийг эндээс ойлгож болно.

    Байн байн толгой нь өвдөж, дотор нь муухайрч,хоолны дуршил муудсаны нэг шалтгаан нь гэдсэндээ хорны үйлдвэртэй болсных.

    Гэдэсний хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, элсэн чихэртэй хүнс байнга их хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна.

    Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг.

    Өтгөн хатдаг бол амьд, өөрөөр хэлбэл  зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух хэрэгтэй.

    Улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овёс, арвай, сагадын  аль нэг гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу жигнэж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлдэн, ногоон навчит ургамал болон зөөхийгөөр амтлаад, Үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл маш өег /материал түүхий эд ихийг өгдөг/, зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Өтгөн л лав хатахгүй. Харин ус юмуу цайгаа хоолноосоо дор хаяж 30 минутын өмнө уугаарай.

  • Ходоод хөөрхий

    Хүн ер нь ходоод,гэдэс, тархи, зүрхээ зовж хэцүүдсэн үеийнх нь зовиураар мэдрэх биш ажиллах горимтой нь танилцсан мэдлэгээрээ л мэдэх ёстой ажээ.

    Ашиглалтын заавар”-ыг нь ойлгосон учир түүнийг зөрчих сонирхолгүй байх учиртай.

    Эрүүл,гоо сайхан хэвээрээ чанартай амьдрахыг хүсдэг бол шүү дээ. Та энэ мөрүүдийг уншиж байгаа нь их учиртай. Та зөвхөн хүсдэг төдийгүй хүссэндээ хүрэх боломжтой хүн юм байна. Зөв дадал зуршилтайгаар амьдарч чадвал,түүний дотор зохистой хоолловол ямар их ашигтай болохыг олж харах чадвартай гэсэн үг.Эрүүл биш болохоос урьдчилан сэргийлэх төдийгүй өөрт мэдрэгддэг болон мэдрэгдэж эхлээгүй байгаа бүх өвчин хуучаасаа ээлж дараалан бүрмөсөн салж,цагаасаа эрт хөгширч эхэлсэн бол эргэн залуужиж,эрч хүчтэй, аливаад зөв хандлагатай хүн болдог нь зохистой хооллохын ашиг юм.

                Зөв бодох чадвартай хүн л төөрөгдлөө төөрөгдөл гэж хүлээн зөвшөөрснөөр буруугаа засаж чаддаг тул эрүүл зохистой хооллогч болж чаддаг.

                Манай курс төгссөн нилээн алиа зантай нэгэн хижээл эр надтай уулзаад, “Багшаа,би гэдэг хүн ходоодондоо долигонох гэж жигтэйхэн болсоон. Жишээ нь өглөөгүүр”Та сайхан амрав уу? Миний унтаж байх хооронд шинэ өдрийн ажилдаа бэлдэж амжив уу даа? Хоёулаа одоо ажлаа эхлэх үү? Би овёсны нэвс дэвтээчихээд Тань руу илгээх гээд л сууж байна. Ээ дээ Та минь хичээж л үзээрэй. Өнөөдөр миний амжуулах ажил хачин их шүү” гэх мэтээр ая тал засаад л намирч өгдөг болсон шүү дээ. Өдөртөө ч бас адилхан. Тайлан тавьж, зөвшөөрөл аваад л.

                Хоолны дараа биеэ сонсож,үг хэлийг нь ойлгодог болох шинжтэй.

    Хоносон хоол халааж идэхээ бүр больсон.

    Хааяа ч бас ходоодноосоо банга хүртэх л юмаа. Гэхдээ алдаагаа дор нь засаж байгаа. Ном сонссоны ачаар элгээ энхрийлж, бөөрнөөсөө айж, зүрхээ хүндэлдэг болдог юм байна! Энэ хэдийг зарж амьдарч байгаагаа одоо л нэг ухаарахтай болж байна. Оройтох шахсан ч, огт мэдэхгүй өнгөрснөөс хол дээр гэж бодож баярлаж байгаа. Бие хөнгөрөөд сайхан байнаа!Ходоод цөс өвдөхөө больсон. Би мөн ч их дээрэлхэж байж дээ, эднийгээ. Эзэн маань овоо шүү гэж эрхтнүүд минь боддог болсон шигээ” гэж билээ.

    Марзан л болохоос биш энэ хүний үг яг үнэн. Иймэрхүүгээр төсөөлдөг болсон хүн л зохистой хооллож үр дүнд хүрдэг.

    “Хүчирхэг хүн хүчирхэг эрүүл мэнддтэй байх ёстой” гэдэг үнэнийг хүлээн зөвшөөдөг хүн дээрх хүнтэй адил ходоодондоо долигонохоос өөр аргагүй.

     

    Ходоод гэж юу вэ?

    Хоол боловсруулах урт хоолойн цүлхийсэн өргөн хэсгийг ходоод гэж нэрлэдэг. Ходоодны булчинлаг хана сунах чадвартай. Ходоодны үүрэг нь хоолыг шимэгдэхэд бэлтгэх явдал юм. Өөрөөр хэлбэл хайлуулж холих цех гэсэн үг.

    Бид залгихын өмнө хоолоо зажилдаг ч хоол бүрэн сайн жижигрэлгүй ходоодонд ирдэг. /Бутлах төхөөрөмжүүд нь муудсан, эсвэл амаараа дүүрэн чихэж хурдан хурдан идвэл сэтгэл нь ханадаг, эсвэл өөрийгөө завгүй гэдэг хүн зажлахгүй шахуу л залгиураа давуулдаг нь бүр хэцүү/

    4-6 цагийн дараа ходоодноос өтгөвтөр хурган бантантай төстэй холимог 12 хуруу/дээд/ гэдэс рүү шилждэг. Хоолны ийм холимгийг химус гэнэ.

     

    Энэ 4-6 цагийн туршид ямар ажил өрнөдөг вэ?

    Ходоодны хана 3 үе булчингийн эдээс тогтдог. Орж ирсэн хоолыг энэ булчингууд ходоодны шүүстэй /шүүсээ хэвийн ялгаруулах хэрэгтэй!/ хольж, улам жижиглэнэ. Үүний зэрэгцээ хоолны холимгийг ходоодны доод хаалт руу түлхэнэ. Жигд найрлагатай болсон химус бага зэрэг суларсан хаалтны нээлхийгээр гэдэс рүү шахагдан орж, хоолны бөөн хэсгүүд нь бүрэн гүйцэд жижиглэгдэхээр үлдэж, дараагийн мөчлөгт оролцохоор хоцорно. Идсэн хоол бүгд химус болж хувиран, гэдэс рүү шилжсэний дараа ходоод агшин жижгэрч эхэлнэ /дахин юм идээгүй бол/.

    Ходоодны ажиллаж чадах хэд хэдэн горимын нэгэнд нь бүгд зэрэг хайлж чадамгүй олон төрлийн юм холиод явуулснаас эсвэл муудсан юмуу муу энергитэй хоол идсэн гэх мэтээс үүссэн буруу холимгийг бөөлжис гэх бөгөөд түүнээс салахын тулд ойрхон гарцаар буцаан гаргадаг.Хүний биеийн дасан зохицох чадвар агуу учир ийм холимогийг хүртэл тэвчихийг ходоод дээд зэргээр хичээж ажилладаг болдог.Тиймээс хольж хайлуулах биш бөөлжисний цех болж хувирсан ходоод тэр их хортой нөхцөлд хэр удаан тэсэх вэ гэдэг нь зөвхөн цаг хугацааны л асуудал.

    Ходоодны дотор бүрхэвчинд хэдэн сая бичил булчирхайнууд ажиллаж салс, давсны хүчил, ферментүүдийг ялгаруулна. Ходоодны дотор ханыг хучсан зузаан салст бүрхэвч нь ходоодны ханыг хүчилд түлэгдэхээс хамгаална. Ходоодны ханыг байнга цочроож, хүчил ихээр ялгаруулснаас ходоодны хана түлэгдээд шарх үүсэх нэг шалтгаан болдог.

    Давсны хүчил нь ферментүүдэд хэрэгтэй орчинг бүрдүүлнэ. Ферментүүд буюу урвал хурдасгуурууд нь хоолыг боловсруулдаг. Ферментүүд нь нарийн нийлмэл бүтэцтэй молекулуудыг цус руу шимэгдэж чадах энгийн молекул болгон хувиргадаг. Ходоод пепсин, реннин гэдэг хоёр фермент боловсруулна. Пепсин нь уургийг арай илүү энгийн полипептид болгон задална. Реннин нь зөвхөн бага насны хүүхдийн ходоодонд л боловсорч, сүүг ээдүүлдэг. Ингэснээр сүү зөв боловсордог байна.

    Эрүүл, эрүүл биш ямар ч ходоодноос өглөө сайн үнэлгээ авах хоолны нэг нь хошуу тариа /овёс/-ны нэвсний каша юм. Геркулес гэж нэрлэгддэг энэ хагас боловсруулж хавтгай болгосон будааг буцалсан ус буюу сүүнд гурван минут орчим дэвтээж,бага зэрэг давс, оливын тос, үзэм эсвэл чавга ч юмуу чангаанз нэмж идвэл ходоодноосоо сайшаал заавал хүртэнэ.

    Баярласан ходоодны ажил бүтэлтэй байлгүй яахав дээ!

    Туршлагатай жолоочид хандан “машинаа асаагаад нэгдүгээр араандаа хийгээд хөдөлвөл машинд чинь сайн” гэх мэт зөвлөгөө өгвөл жолооч хэний мэдээжийн юм ярилаа гэх нь ойлгомжтой.

    Хооллолтын тухайд иймэрхүү л утгатай зөвлөгөө яригддаг ч мэдээжийн юм гэх хүн тун ховор бөгөөд шөнөжин асаалттай хоносон, бензинээр явдаг тэргэндээ дизель түлш хийнгүүтээ шууд дөрөвдүгээр араанд нь залгаад ухасхийх жолоочтой адил ажил хийдгээ буруу гэж огт хүлээн зөвшөөрөхгүйг яана!

  • Хорвоогийн атаархал

    Акбар хаан Бийрбалаас:

    -Алганд минь ширхэг ч үсгүй байдаг нь хачирхалтай юм. Биеийн минь хаана ч шар үсний сүв байдаг байхад гарын минь алга яагаад огт үсгүй байдаг юм бэ? гэж асуусанд Бийрбал тэр даруй ингэж хариулав:

    -Хаантан минь, та үргэлж арвин их зоос атгаж буян хишиг болгон хүртээдэг. Тэгээд л тэр их зоосонд таны алга үрэгдэж элэгдээд, үс нь халцарч унажээ.

    -Тэгвэл чиний алганд ч бас огт үсгүй байна шүү дээ.

    -Хаантан минь, хайр хишгийг тань цаг үргэлж алга тосон хүртсээр байгаад алга минь элэгдэж үсгүй болсон нь энэ билээ. Хаан та цаг үргэлж хишиг буянаа хайрлаж, түүнийг тань би хүртдэг шүү дээ.

    -Тэгвэл чи бид хоёр шиг цаг үргэлж өгөлцөж, авалцаад байдаггүй хүмүүсийг хар л даа. Тэдний алганд ч бас ширхэг ч шар үсгүй байгааг чи юу гэх вэ?

    -Ай хаантан минь, атаархуу улс гэвэл тэднийг л хэлэх байх даа. Таны өглөг болгон хүртээж, миний хишиг болгон хүртдэг тэр их мөнгө зоосны тухай тэд цаг үргэлж тархиа гашилтал бодож, атаа шуналдаа шатаж явдаг юм. Алган дээр минь арав таван юм тавьдаггүй л байхдаа гэж атаархал шуналдаа улайсан шатаж гараа үрсээр байгаад алгандаа үсгүй болсон хэрэг л дээ.

    Бийрбалын энэ үгэнд Акбар сэтгэл ихэд тааламжтай суулаа. Харин дэргэд суусан бусад нь дайруулж ёгтолсон энэ үгэнд ичиж сандарсандаа дэмий л толгой гудайн доош ширтэцгээв

  • Гэдсээ цайлгах цаг

    Урин дулаан цагт цагаан идээ идэхийгээ монголчууд гэдсээ цайлгах гэдэг байсан нь гүн гүнзгий агуулгатай бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны хэллэгээр бол бие доторх микрофлорыг сэргээх гэсэн утгатай юм байна.

    Өвлийн 3 сард л улаан идээ буюу махаар дагнан хооллохдоо ходоод гэдсэнд төдийгүй бусад эрхтэнд нутагшин амьдардаг бичил биетнүүдийнхээ тэнцвэрт харьцааг алдагдуулснаар өөртөө учруулсан гэм хорыг мал төллөж эхэлмэгц даруй засаж эхлээд 9 сарын турш гэдэснийхээ өнгөрийг тууштай сэргээдэг байжээ.

    Гэтэл одоо жилийн 4 улиралд өглөө үдэшгүй мах идэж,зүгээр ч идэхгүй хиам, консерв болгох, утах, шуузлах, борцлох зэргээр хүндрүүлж, үхмэл чанартай цагаан гурил, хальсалж өнгөлсөн цагаан будаа, шарсан төмс, пүнтүүз мэт хүнстэй байнга хольж иддэг хүний доторх амьд орчин авах юмгүй болсон байхад гэдэс цайлгах тухай бодох ч үгүй амьдрах болж.

     

    Тэгвэл гэдэсний өнгөр гэж юу вэ?

    Бие биедээ харилцан ашигтайгаар энх тайвнаар зэрэгцэн оршиж,эзэндээ төдийгүй амьд байгальд тустай байх чухал үүрэгтэй нэг эст бүдүүлэг биет амьтад болох бактери /ашигтай,болзолт/, дрожж, мөөгөнцөрүүд хүний арьс, амьсгалын зам, ам, ходоод,  гэдэс, үтрээнд өөр өөрийн бүсэд зохицон амьдардаг.

    Эдгээр нь олон төрлийн нэн чухал чиг үүрэгтэй бөгөөд заримаас нь нэрлэвэл:

    1.Биеийн ерөнхий дархлааг хэвийн байлгах

    2.Фермент үйлдвэрлэхэд оролцож, эслэг болон химус хэмээх хоолны холимогийн үлдэгдлийг задлах, гэдсэн доторх хийн бүтэц, хүчиллэгийн түвшинг хэвийн байлгах /фермент гэдэг нь нийлмэл бүтэцтэй хүнсийг энгийн хэсэгт задалж, тэдгээр энгийн хэсгүүдээр нарийн нийлмэл бүтэцтэй өөрийн бодис, бүтээгдэхүүнүүдийг шинээр бүтээх бодисын солилцоон дахь биохимийн урвалууд цаг алдахгүй шуурхай явагдахад тусалж, урвалуудыг хурдасгагч шүүрлүүд бөгөөд хүн өөрөө ялгаруулдаг/

    3.Гэдэсний хоол боловсруулах болон хоргүйжүүлэх ажиллагаанд оролцох

    4.Болзолт бактериудын зохист харьцааг тохируулан барих /хэвийн хэмжээнд байхдаа тун чухал үүрэгтэй болзолт бактериуд илүү олон болчихвол хөнөөл учруулдаг нь үлийн цагаан оготнын амьдралтай адил/

    5.Уураг нийлэгжүүлэхэд оролцох

    6.Д амин дэм, кальци шимэгдэх, бүдүүн гэдсэнд В-гийн бүлэг, К амин дэм нийлэгжихэд оролцох

    7.Нарийн гэдсэнд боловсруулагдаж чадаагүй хүнсний бодисуудыг задалж, аминууд, фенол, органик хүчлүүдийг үүсгэх

    8.Хорт хавдар үүсгэх чанартай хорт бодисууд уургийн задралын явцад үүсэхийг дарангуйлах

    9.Холестерины түвшинг бууруулах

    10.Эстроген даавар нийлэгжихэд оролцох

    11.Бүдүүн гэдсэнд дулаан үйлдвэрлэх

    Эрүүл хүний биед байх ёстой бичил биетний нийт биомасс /гэдэсний өнгөр/ 2,5-3 кг болдог. Бүдүүн гэдэсний микрофлорыг жишээ болгон авч үзвэл тэнд 17 аймаг, 45 бүлэг, 500 төрлийн 2 биллион амьтад хоорондоо маш нарийн тэнцвэрт харьцаатайгаар зэрэгцэн амьдарч идэвхтэй ажиллаж байвал тухайн хүн эрүүл гэсэн үг.

    Тэдгээрийн 90 орчим хувийг бифидобактери, бактероидууд эзэлж, 8-9 хувь нь лактобактери, энтерококк, гэдэсний савханцрууд байвал сайн ажээ.

    Бие махбодод тасралтгүй явагдаж байдаг үйл ажиллагаа,сайн муу хувирал өөрчлөлтийн нөлөө, өөрсдийн нь амьдрах хугацаа зэргээс шалтгаалан байнга шинэчлэгдэн сэлбэгдэж, зохистой харьцаагаа тогтмол хадгалж байх ёстой гэдэснийхээ өнгөрт эзэн хүн санаа тавьж чадвал эрүүл, гоо сайхан урт наслах нэг баталгаа нь болдог байна.

     

    Өнгөрийн энэ тэнцвэр яагаад алдагддаг вэ?

    1.Антибиотикийн хэт хэрэглээ. Өвчин үүсгэгч бактериуд ба байх хэмжээнээсээ хэт олширсон болзолт бактериудыг устгах чадалтай энэ хүчирхэг зэвсэг нь байг сонгож онох чадваргүй тул сайнтай муутай нь хамт сөнөөж, байгалын тэнцвэрийг бүрэн алдагдуулдаг төдийгүй, сайнуудын үлдээсэн орон зайг муунууд нь маш хурдан эзэлж, тухайн антибиотикт тэсвэртэй хэлбэрт хувилан дураар дургих үр дагаварыг үүсгэдэг. Антибиотикийн сөрөг нөлөө үүгээр зогсдоггүй.

    2.Буруу хооллолт. Түр зуур үргэлжлэх таашаалын төлөө идэх зорилгоо умартсан хоолонцор хүмүүсийн өдөр тутам хийдэг ажлын үр дагавараас бид өмнөх дугаарт бичсэнийг та уншсан байх. Залгиур даваад ямар ажил эхэлж байгааг төсөөлдөггүй хүний бие хэрхэн бохирдож, гэмтэж байдгийг ойлгохыг хичээвэл ашигтай.

    3.Архидалт

    4.Орчны бохирдолт /ус,агаар,хөрсний бохирдолт, химийн бордоо, үсний будаг, хүнд металл агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн г.м./

    5.Шимэгчид

    6.Гэдэсний хурц халдварт өвчин,хордлого

    7.Клизм байнга тавих, туулга байнга уух

    Эсэг цагаан идээгээ жинхэнэ монгол хүн шиг идвэл энэ асуудлыг бүрэн шийднэ. Ашигтай бактериудаар сүүг задлуулан боловсруулж, гэдэсний өнгөрт том байр эзэлдэг тэдгээр бактерийг сүүгээрээ тэжээн олшруулж аваад дотогш нь явуулна гэсэн үг юм байна, гэдсээ цайлгана гэдэг нь.

    Тиймдээ ч монголчууд ялангуяа насанд хүрэгсэд сүүг дангаар нь уудаггүй, тараг, айраг, хоормог, ээдэм, бяслаг, аарц, ааруул болгон идэж хэрэглэдэг байжээ.

    Хүн хоолоороо авах ёстой бичил биетнүүдийг пробиотик гэж нэрлэдэг бөгөөд тэдгээрийг агуулсан цагаан идээ нь пробиотик бүтээгдэхүүн юм.

    Тараг дөнгөж бүрэлдээд элгэн байхдаа, зөөлөн исэж байгаа хөхүүрийн айраг, шинэ хоормог, монгол бяслаг нь пробиотик хүнс юм.

    Жинхэнэ номоор нь гэдсээ цайлгаж чадвал ходоод, гэдэсний шарх эдгэж, хоол сайн шингэдэг болж, тамир тэнхээ сайжирч, ханиад томуу тусахаа больж, арьс үс сайхан болдог.

    Том амьтад, түүний дотор хүн бактери тээгч /гэдэсний өнгөртэй/ болсноороо вирустэй шууд харьцахгүй байхаар хувьсал хөгжлийн явцад тогтсоныг зугаа цэнгэл хөөцөлдсөөр эвджээ гэдгийг амьдрал нотолж, эрдэмтэд тогтоогоод байна. Гэдэсний өнгөр хэвийн сайн байхад хүн элдэв вируст дээрэлхүүлэхгүй бөгөөд даварсан вирусуудыг устгахад нь биедээ туслах боломжтой.

    Мах их идэхэд бичил биетнүүдийн нарийн тогтолцоо эвдэрдэг учир үр дагавар нь биед нь шууд мэдрэгдэж, эсэг цагаан идээгээ идэхэд нь байдал хэрхэн сайжрахыг мөн л биеэрээ мэдэрдэг байсан учир гэдсээ цайлгах ажлыг монголчууд их таашаалтайгаар хийдэг байж. Түүнээс биш харамч хатуу, харанхуй бүдүүлэгтээ зун, намар цагаан идээгээр дагнаж, биеэ зовоон гүрийдэг байгаагүй юм байна.

    Тиймээс монголчууд өнөөдрийн үр сад шигээ идэхийн тулд амьдардаг хоолонцор идэмхий хүмүүс биш, улиралдаа тохируулан маш бага иддэг, оюунаар /энергээр/ хооллодог хүмүүс байжээ.

    Эрүүл хүний гэдэсний өнгөр буюу бие доторх микрофлор нь хоногт 82 грамм уураг нийлэгжүүлж байхад 70 орчим кг жинтэй эрүүл хүний хоногийн хэрэгцээт 90 грамм уургаас үлдэх 8 граммыг юухнаас ч авчих боломжтой тул их идэхгүйгээр тараг, хоормог, бяслаг идээд, өвдөх өвчингүй, хүч тамир сайтай, цовоо сэргэлэн байхгүй гээд яах билээ?

    Орой тараг уугаад унт гэвэл хоосон хонуулах гэлээ гэж цухалдах одоо цагийн монгол олон. Та тэдний тоонд орох уу?

    Дөнгөж бүрэлдсэн элгэн тараг уухын тулд тарагны сайн эхтэй байх хэрэгтэй.Сайн эх гэдэг нь ашигтай бактериудын нь зохистой тэнцвэрт харьцаа алдагдаагүй тараг эсвэл тийм өсгөвөр гэсэн үг юм. Ацидофилус /acidophilus/, бифидобактери /bifidobacterium/, болгар савханцар /L.bulgaricus/  гэх мэт бичил биетнүүдийн цэвэр өсгөврөөр бүрсэн биотараг, бифидо таргийг ГУМ компани үйлдвэрлэж байгаад баярлаад баршгүй.

    Ийм таргийг төрөл бүрийн шинэ болон хатсан жимс, түүхий болон жигнэсэн ногоо, мөн ногоон навчнуудтай хольж уувал оройн онцсайн хоол болно.Та ходоод,гэдэснээсээ сайн үнэлгээ авах тул өглөө хөнгөхөн босно.

    Тараг нь пробиотик буюу ашигтай бичил биетний өсгөврөөр сүүг хөрөнгөлөн бэлдсэн эсэг цагаан идээний нэг юм.

    Орой бүр нэг аяга элгэн тараг уувал урт насална гэж анагаах сударт тэмдэглэсэн байдаг.

    Ашигтай бичил биетнээр баяжуулсан бүтээгдэхүүн нь бие махбодыг сэргээн төлжүүлж, хөгшрөлтөөс сэргийлэх ач холбогдолтойг эрдэмтэд 100 гаруй жилийн өмнө нээсэн юм. Илт зүйлийг шинжлэх ухаанаар нотолсон гэсэн үг.

    Эсэг цагаан идээний уураг, нүүрс ус, тослог нь бичил биетний тусламжтайгаар бүтцийн энгийн хэсгүүдэд задарч, биологийн идэвхт олон бодисуудаар нэмж баяжсан учир сүүний зохицуулах үйлчилгээ, эмчилгээ сувиллын ач холбогдлыг олон хувиар нэмэгдүүлдэг.

    Айраг, хоормогоор эмчлэн сувилахын үр дүнг монголчууд сайн мэднэ.

    Халуун чанартай, гал махбодтой зуны улиралд сэрүүн чанартай цагаан идээгээ иддэг нь байгалийн зохицол юм. Халуун чанартай махыг хүйтэн сэрүүн улиралд иддэг нь аливаа юмны нарийн учрыг мэддэг оюунлаг ард түмний соёл байжээ.

    Бяслагийг дээд боловсролтой ээдэм гэж нэрлэдэг нь учиртай.

    Сүүнхүчлийн, пропионхүчлийн бактери, дрожж зэрэг бичил биетний үйлчлэлээр бяслагт төрөл бүрийн биологийн идэвхт бодис /аминхүчил, аминдэм гэх мэт/ нийлэгжинэ. Бяслагийн бичил биетнүүд сүүний уураг, тос, нүүрс усыг задлаж, хүний бие махбодод шингэхэд хялбар энгийн нэгдэлд хувиргана.

    Бяслаг нь үл орлох аминхүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм.

    Бяслагийг өнө эртнээс сувиллын зориулалтаар түгээмэл ашиглаж иржээ. Гиппократын тэмдэглэлд бяслагийн үнэт чанарыг дурьдсан байдаг бөгөөд тухайн үед Олимпийн тэмцээнд оролцох хүмүүсийн хүч тамирыг нэмэгдүүлэх зорилгоор бяслагийг ихээр идүүлдэг байжээ. 

    Одоо цагт бяслагийг ээдмийн нэг адил чихрийн шижин, элэг, ясны үрэвсэл, цус багадах, цөсний өвчний үед түгээмэл хэрэглэж байна. Түүнчлэн цагаан хоолтон хүмүүсийн уургийн нэг эх үүсвэр нь бяслаг болдог.

    Судлаачид бяслагийг хатуу төлөвтэй пробиотик бүтээгдэхүүн гэж үздэг. Пробиотик гэдэг нь ашигтай бичил биетний өсгөврөөр сүүг хөрөнгөлж бэлдсэн эсэг цагаан идээ юм. Бяслаг нь үнэхээр хүний бие махбодод эерэг нөлөөтэй олон төрөл, омгийн бичил биетнийг агуулдаг учир хүнс тэжээлийн төдийгүй сувиллын ач холбогдолтой. Ялангуяа монгол бяслаг. “Соёолж” зохимжит хоолны газрын цэсэнд сүү, биотараг, ээдэм, монгол бяслаг, үнээний сүүгээр исгэсэн эмчилгээний хоормог зэрэг сувиллын хүнс ордог.

    Эсэг цагаан идээгээ жинхэнэ монгол хүн шиг идвэл энэ асуудлыг бүрэн шийднэ. Ашигтай бактериудаар сүүг задлуулан боловсруулж, гэдэсний өнгөрт том байр эзэлдэг тэдгээр бактерийг сүүгээрээ тэжээн олшруулж аваад дотогш нь явуулна гэсэн үг юм байна, гэдсээ цайлгана гэдэг нь.

    Тиймдээ ч монголчууд ялангуяа насанд хүрэгсэд сүүг дангаар нь уудаггүй, тараг, айраг, хоормог, ээдэм, бяслаг, аарц, ааруул болгон идэж хэрэглэдэг байжээ.

    Хүн хоолоороо авах ёстой бичил биетнүүдийг пробиотик гэж нэрлэдэг бөгөөд тэдгээрийг агуулсан цагаан идээ нь пробиотик бүтээгдэхүүн юм.

    Тараг дөнгөж бүрэлдээд элгэн байхдаа, зөөлөн исэж байгаа хөхүүрийн айраг, шинэ хоормог, монгол бяслаг нь пробиотик хүнс юм.

    Жинхэнэ номоор нь гэдсээ цайлгаж чадвал ходоод, гэдэсний шарх эдгэж, хоол сайн шингэдэг болж, тамир тэнхээ сайжирч, ханиад томуу тусахаа больж, арьс үс сайхан болдог.

    Том амьтад, түүний дотор хүн бактери тээгч /гэдэсний өнгөртэй/ болсноороо вирустэй шууд харьцахгүй байхаар хувьсал хөгжлийн явцад тогтсоныг зугаа цэнгэл хөөцөлдсөөр эвджээ гэдгийг амьдрал нотолж, эрдэмтэд тогтоогоод байна. Гэдэсний өнгөр хэвийн сайн байхад хүн элдэв вируст дээрэлхүүлэхгүй бөгөөд даварсан вирусуудыг устгахад нь биедээ туслах боломжтой.

    Мах их идэхэд бичил биетнүүдийн нарийн тогтолцоо эвдэрдэг учир үр дагавар нь биед нь шууд мэдрэгдэж, эсэг цагаан идээгээ идэхэд нь байдал хэрхэн сайжрахыг мөн л биеэрээ мэдэрдэг байсан учир гэдсээ цайлгах ажлыг монголчууд их таашаалтайгаар хийдэг байж. Түүнээс биш харамч хатуу, харанхуй бүдүүлэгтээ зун, намар цагаан идээгээр дагнаж, биеэ зовоон гүрийдэг байгаагүй юм байна.

    Тиймээс монголчууд өнөөдрийн үр сад шигээ идэхийн тулд амьдардаг хоолонцор идэмхий хүмүүс биш, улиралдаа тохируулан маш бага иддэг, оюунаар /энергээр/ хооллодог хүмүүс байжээ.

    Эрүүл хүний гэдэсний өнгөр буюу бие доторх микрофлор нь хоногт 82 грамм уураг нийлэгжүүлж байхад 70 орчим кг жинтэй эрүүл хүний хоногийн хэрэгцээт 90 грамм уургаас үлдэх 8 граммыг юухнаас ч авчих боломжтой тул их идэхгүйгээр тараг, хоормог, бяслаг идээд, өвдөх өвчингүй, хүч тамир сайтай, цовоо сэргэлэн байхгүй гээд яах билээ?

    Орой тараг уугаад унт гэвэл хоосон хонуулах гэлээ гэж цухалдах одоо цагийн монгол олон. Та тэдний тоонд орох уу?

    Дөнгөж бүрэлдсэн элгэн тараг уухын тулд тарагны сайн эхтэй байх хэрэгтэй.Сайн эх гэдэг нь ашигтай бактериудын нь зохистой тэнцвэрт харьцаа алдагдаагүй тараг эсвэл тийм өсгөвөр гэсэн үг юм. Ацидофилус /acidophilus/, бифидобактери /bifidobacterium/, болгар савханцар /L.bulgaricus/  гэх мэт бичил биетнүүдийн цэвэр өсгөврөөр бүрсэн биотараг, бифидо таргийг ГУМ компани үйлдвэрлэж байгаад баярлаад баршгүй.

    Ийм таргийг төрөл бүрийн шинэ болон хатсан жимс, түүхий болон жигнэсэн ногоо, мөн ногоон навчнуудтай хольж уувал оройн онцсайн хоол болно.Та ходоод,гэдэснээсээ сайн үнэлгээ авах тул өглөө хөнгөхөн босно.

    Тараг нь пробиотик буюу ашигтай бичил биетний өсгөврөөр сүүг хөрөнгөлөн бэлдсэн эсэг цагаан идээний нэг юм.

    Орой бүр нэг аяга элгэн тараг уувал урт насална гэж анагаах сударт тэмдэглэсэн байдаг.

    Ашигтай бичил биетнээр баяжуулсан бүтээгдэхүүн нь бие махбодыг сэргээн төлжүүлж, хөгшрөлтөөс сэргийлэх ач холбогдолтойг эрдэмтэд 100 гаруй жилийн өмнө нээсэн юм. Илт зүйлийг шинжлэх ухаанаар нотолсон гэсэн үг.

    Эсэг цагаан идээний уураг, нүүрс ус, тослог нь бичил биетний тусламжтайгаар бүтцийн энгийн хэсгүүдэд задарч, биологийн идэвхт олон бодисуудаар нэмж баяжсан учир сүүний зохицуулах үйлчилгээ, эмчилгээ сувиллын ач холбогдлыг олон хувиар нэмэгдүүлдэг.

    Айраг, хоормогоор эмчлэн сувилахын үр дүнг монголчууд сайн мэднэ.

    Халуун чанартай, гал махбодтой зуны улиралд сэрүүн чанартай цагаан идээгээ иддэг нь байгалийн зохицол юм. Халуун чанартай махыг хүйтэн сэрүүн улиралд иддэг нь аливаа юмны нарийн учрыг мэддэг оюунлаг ард түмний соёл байжээ.

    Бяслагийг дээд боловсролтой ээдэм гэж нэрлэдэг нь учиртай.

    Сүүнхүчлийн, пропионхүчлийн бактери, дрожж зэрэг бичил биетний үйлчлэлээр бяслагт төрөл бүрийн биологийн идэвхт бодис /аминхүчил, аминдэм гэх мэт/ нийлэгжинэ. Бяслагийн бичил биетнүүд сүүний уураг, тос, нүүрс усыг задлаж, хүний бие махбодод шингэхэд хялбар энгийн нэгдэлд хувиргана.

    Бяслаг нь үл орлох аминхүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм.

    Бяслагийг өнө эртнээс сувиллын зориулалтаар түгээмэл ашиглаж иржээ. Гиппократын тэмдэглэлд бяслагийн үнэт чанарыг дурьдсан байдаг бөгөөд тухайн үед Олимпийн тэмцээнд оролцох хүмүүсийн хүч тамирыг нэмэгдүүлэх зорилгоор бяслагийг ихээр идүүлдэг байжээ. 

    Одоо цагт бяслагийг ээдмийн нэг адил чихрийн шижин, элэг, ясны үрэвсэл, цус багадах, цөсний өвчний үед түгээмэл хэрэглэж байна. Түүнчлэн цагаан хоолтон хүмүүсийн уургийн нэг эх үүсвэр нь бяслаг болдог.

    Судлаачид бяслагийг хатуу төлөвтэй пробиотик бүтээгдэхүүн гэж үздэг. Пробиотик гэдэг нь ашигтай бичил биетний өсгөврөөр сүүг хөрөнгөлж бэлдсэн эсэг цагаан идээ юм. Бяслаг нь үнэхээр хүний бие махбодод эерэг нөлөөтэй олон төрөл, омгийн бичил биетнийг агуулдаг учир хүнс тэжээлийн төдийгүй сувиллын ач холбогдолтой. Ялангуяа монгол бяслаг.

    “Соёолж” зохимжит хоолны газрын цэсэнд сүү, биотараг, ээдэм, монгол бяслаг, үнээний сүүгээр исгэсэн эмчилгээний хоормог зэрэг сувиллын хүнс ордог.

     

     Эрүүл мэндээрээ гоёцгооё

  • Монгол хүний үнэлэмж

    Монголын боловсролын салбарын шинэчлэлд зориулсан цуврал нийтлэл-1

    … Монголчууд бид жил бүр малаа тоолж, төрөл тус бүрээр нь тоо толгойг нь нарийвчлан гаргаж, нийтэд зарлан, баярхаж бахархана. 30 сая малын багтаамжтай гэж нэгэн эрдэмтний нотолсон Монголын газар нутаг дээр өнгөрсөн жил 40 орчим сая мал тоологджээ. Нэгэн цагт нийгмийн мал сүргээ хүнээсээ илүү дээдэлж, “чандмань эрдэнэ”  гэж өхөөрдөн нэрлэж, мал сүрэгтээ хадлан билчээр, хашаа саравч, худаг усбэлтгэн нийгмийн хайр халамжийг харамгүй үзүүлж байв. Малаа муу маллаж, алдаж үрэгдүүлсэн малчинд арга хэмжээ авч, хариуцлага тооцож, сайн малчдыг алдаршуулан магтаж, бас мандуулж байв даа. Олон хүнийг өвчнөөс аварч, амьдрал бэлэглэсэн эмчдээ бус, шуурганд уруудсан нийгмийн мал сүргийг аварсан хэн нэгэнд хөшөө хүртэл босгож алдаршуулж асан өнгөрсөн үе, нийгмийн мал сүрэг монгол хүнээс илүү үнэ цэнэтэй хэмээн нийт олны тархийг угааж байв. Өнгөрсөн онд УЙХ-аас гаргасан ямаанд олгох болсон 20 тэрбүм төгрөгийн дуулиан, гэр хороололдоо ус түлшгүй, эрчим хүч, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа олон иргэдийг бухимдууллаа. Монгол хүн малаасаа дор болоо юу даа.
    … Монгол орны хөрсөн доор байгаа алт, зэс, нүүрс, ураны баялаг , нөөцүүд нь монгол орны хөгжлийг хурдасган, үсрэн дэвхцүүлж, ард иргэдийг баян чинээлэг болгож, сайхан амьдруулна хэмээн үнэнээсээ хэлээд байгаа, эсвэл тоглож тохуурхаад байгаа алин болоход эргэлзмээр. Улс орны хөгжлийг ухаантай, мэдлэг чадвартай иргэд нь хурдасгадаг болохоос уул уурхай. мал сүрэг тэгтлээ хөгжүүлдэггүй гэдгийг эрхэм төр баригчид гадарламаар юм. Өдөр шөнө, өглөө үдэшгүй уул уурхай, ашигт малтмал гэж маань мэгзэм шиг унших төрийн түшээд, тэдний үгэнд итгэн, өөрсдийгөө ч умартан, өмнө зүг рүү нүдээ чилтэл харуулдах ард иргэд эгээл уулын буга үзэсгэлэнт сайхан эврийг минь авчирч өгөхгүй юм болов уу  хэмээн санаашран тэмээний үлгэр адил. Энэ л хугацаанд эрүүл биегүй, эрдэм номгүй, идэх хоолгүй, өмсөх гоёлгүй олон монголчууд уур хилэн, бухимдал гутралдаа “шатаж”  байна даа. Монгол хүн хөрсөн доорхи баялгаасаа хямдхан болоо юу даа.
    …Энэ л их хүлээлт дунд тэвчээр нь барагдсан нэг хэсэг нь харь оронд гарч хатуу хөдөлмөрт нухлагдан, тэнхэл нь хүрэхгүй заримыг нь улс орон нь гадагш худалдаж. цэвэрхэн гоо бүсгүйчүүд нь харьд худалдагдаж, “орох орон оочих аягагүй”  мэт тэнүүчлэнэ. Тэр бүхний цаана монгол сэтгэлд хүйтэн жавар хургаж, монгол гэр бүлүүд хагацлын манан дунд жиндэж, монгол хүмүүс харь газар зүдэрч л явна.
    Эх орондоо байгаа зарим нь эгээ л айлын тогоо өнгийн суух хоноц шиг царай алдан амь зууна.Эрхэмсэг зарим нь эрх мэдэл, өнгө мөнгөөр хагартлаа баяжиж, шунал тачаалдаа шулам болох дөхнө. Монгол хүн ингэтлээ үнэ хүндгүй болоо юу даа.

    Хүн хэрэв байхгүй бол мал сүрэг эд баялаг гэж юу байхсан билээ. Хууль дүрмээ сахиж, хөдөлмөрлөж баялгийг бүтээж, бүтээсэн баялгаараа өөрийгөө болон өрөөл бусдыг хөгжүүлж байдаг хүн л улс орны хөгжлийн үндэс нь байдаг билээ. Иргэд нь мунхаг болвоос эд баялаг, мал сүрэг дорхноо үрэгдэж дуусна. Иргэд нь ухаантай болвоос эд баялаг, мал сүрэг нь улам улмаар өсөн үржинэ. Өдгөө цаг дор монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж арай л хэт унаад байна уу даа. Хийх болон хийж болох олон ажил байнаа. Ядахнаа л:
    -Өдгөө Монгол оронд данстай хичнээн хүн байгааг цахим тооцоолуураар үнэн зөв тоолж, нас хүйс, эрдэм чадал, хаана оршин суугааг тодорхой гаргаж нийтэд зарламаар. Сонгууль бүрийн өмнө санал өгөх хүнийхээ тоог гаргах гэж будилж, сонгууль бүрийн дараа илүү дутуу гарсан хүнийхээ тоонд эргэлдэж, мунгинана. Хэлгүй малаа зүс насаар нь тоолж чаддаг атлаа, хэл сэтгэхүйтэй хүн амаа тоолох гэж ингэтлээ мунгинах төрийг тлгоод байгаа үнэхээр будилаад байгааг ялгаж салгахад бэрхтэй. Өдгөө монголын хүн ам 2.7 саяд хүрч үүний 1.2 сая нь нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа гэх мэдээлэл хэр үнэмшилтэй гэдгийг хэн ч баталж үл чадна.
    -“Төл бүрийг мал болгоё”  гэж уриалдаг шигээ “хүүхэд бүрийг хүн болгоход” анхаарч, төрсөн даруйд нь  “төрсний гэрчилгээ”  бус монгол улсын иргэншил олгож, иргэн хүнийх нь хув;д анхаарал халамж тавьж баймаар. Хүүхэд төрүүлсэн эхчүүдээ урамшуулан халамжилж, төрсөн хүүхэд бүрийг асран хамгаалж, ариглан хөгжүүлэх төрийн бодлого үнэхээр үгүйлэгдэж байнаа. Хүүхдэд зориулсан тоглоомын талбай, асрах газар, халамжийн төв, эмнэлэг, үзвэр үйлчилгээний төв гэхчилэн хэрэгтэй бүхнийг цогцлоож, үйлчилгээг сайжруулах нь үнэхээр хэрэгтэй байна.
    – Монгол оронд төрсөн, иргэн бүртээ  “нийгмийн халамжийн дугаар” олгож. хаана яаж амьдарч явааг нь төр нь өөрөө хянаж чддаг тогтолцоотой болмоор. Энэ л “нийгмийн халамжийн дугаар”-aaр хүний амьдралын түүх бичигдэж, гавьяа байгуулсан, гай тарьсан  бүрийг ялгаж салгаж, төр нь иргэддээ иргэддээ үзүүлэх халамж, хишгээ алагчиллалгүй адил тэгш үйлчлэх боломж бүрдэнэ. Эх орондоо байгааг ч , эх орноосоо алсад явааг ч төр түмэн нүдээрээ тольдож, эрх ашиг нь зөрчигдөх аваас, төр нь төмөр нударгаараа хамгаалан өмгөөлөх цаг болжээ.                       

    Монгол хүний үнэ цэнэ
     Монголчууд бид бие биеэ сайн муугаар хэлж, “тамын тогооны үлгэр’  байн байн дурсаж байвч бусад олон үндэстэнүүдтэй адил сайн муу чанаруудтай. Хөмөрсөн тогоон дороос гарч, дэлхийн улс гүрнүүдэд зорчиж, “юм үзэж, нүд тайлж” яваа “хуучин Монгол хүү” дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэн алхах “шинэ Монгол хүү” болох цаг ойрхон байна. Монголчууд бид өдгөө хүртэл цусанд минь үлдэж, өрөөл бусдаас ялгарч харагдах олон сайхан чанаруудаа бүгдээрээ хэлэцэж, бие биеэ дэмжиж, үүнийгээ хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээх цаг болжээ. Энэ л үейин үед  бусдаас ялгарах бидний үнэ цэнэ юм шүү дээ.
    -Монгол хүн авьяастай. Өдий болтол хөгжиж ирсэн Монголын боловсролын салбар, иргэддээ хэрэглээ болгож чадаагүй ч шинжлэх ухаанжсан мэдлэгийг сайн олгосон байдаг. Гадаадын аль ч орны жирийн иргэдтэй харьцуулахад монгол хүний ерөнхий мэдлэгийн түвшин арай илүү мэдрэгдэнэ.  Харин мэддэг ч юм шиг , мэддэггүй ч юм шиг энэ байдлаа жаахан эмхтгэж, хэрэглээ болгон сайжруулж чадвал монголчууд хаа ч гологдохгүй мэдлэгтэй бас авьяастай хүмүүс.

    -Монгол хүн хаа ч дасан зохицох чадвартай. Өнө эртний цагаас, өвсний соргог, усны тунгалагийг шилэн нүүдэллэж, ээлжлэх 4 улиралдаа зохицон амьдардаг , нүүдэлчин удмын цусны сайн чанар мэдрэгддэг. Халуун хүйтэн аль ч оронд очсон амархан дасан зохицож, хатуу хэцүү ямар ч ажлыг хэнээс ч дутахгүй хийж чаддаг энэ чанар монголчуудад илүү бий. Тэд халуунд халж, хүйтэнд хөрчхатүү бэрхээс ч шантралгүй хөдөлмөрлөж, бүтээж чаддагаараа бусдад үнэлэгдэнэ.
    -Монголчууд арга билэгтэй. Тэд хийх гэж буй алив ажлын аргыг амархан олдог. Нүүдэллэн амьдрахдаа, өөрийн амьдрах орон гэрээ буулган ачааллаж,  буусан газраа хурдан барьж босгодог арга билгээрээ бусдыг гайхуулдаг байсан. Монголчууд ямар ч ажлыг хийхдээ бусадтай адил зөвхөн хий гэснийг хийхээс илүүтэй энэ ажлыг яаж илүү амархан хийж болох вэ? гэдгийг заавал боддог. Нэг л мэдэхэд тэр ажлыг өөртөө амар хирнээ хурдан хугацаанд хийх аргаа олж сонгосон байдгаараа бусдаас ялгарна.
    -Монголчууд их элгэмсэг. Монголчууд хэзээнээс аав ээждээ ачлалтай, ах дүүстээ найрсаг, ахмад хүний үгийг сонсож, хүндэлдэг уламжлал, харилцаатай. Ажил хийж олсон мөнгөө амин хувьдаа зарцуулахаас илүү, аав ээж, ар гэр үр хүүхэддээ зарцуулдаггүй монгол хүн гэж бий билүү. Аль болохоор тэднийгээ ачлаж бас баярлуулахыг хичээдэг.Тэдний зүрх сэтгэлд нь энэ л ачлал, хайр , халамж хаанахын хэнээс ч илүү шингэсэн байдаг юм даа.
    -Монголчууд их тэмүүлэлтэй. Монголчууд өнөөдрийн байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Улам илүү өөдрөг ажил амьдрал, тансаг хэрэглээ, илүү боломж руу тэмүүлнэ. Өрөөл бусадтай барьцаж, атаархаад байгаа ч юм шиг энэ үйлдлийг зөв чиглүүлбэл монголчууд зөв өөдрөг амьдрах боломжтой. Өнөөдөр гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд бусдаас дутахгүй тохилог байранд амьдарч, сайн машин хөлөглөж, чанартай зүйл хэрэглэдгээрээ бусдаас ялгардаг.
                                            
    Шинэ монгол хүний үнэлэмж
     Аль ч улс орон ирээдүйдээ яаж хөгжих нь иргэдийнх нь хөгжлөөс ихээхэн хамаарна.
    Тийм учраас ирээдүйн иргэдийг нь бэлтгэдэг боловсролын салбартаа ихээхэн анхаарал тавьдаг.  Тухайн оронд төрсөн хүүхдийг ямар бие хүн болгон хөгжүүлэхийг төр бодлогоороо зохицуулна. Ийм нөхцөлд төр “захиалагч”,  боловсролын салбарын бүх шатны сургуулиуд “гүйцэтгэгч”  байх учиртай.
     Өнөөгийн шинэ монгол орон, ямар иргэдийг “захиалах”  боломжтой вэ?
    1. Түүх-хүүль эрх зүйн боловсрол:
         -Эх орныхоо болон дэлхий дахины хөгжлийн түүхийг судалж мэдсэн, тэдгээрийг бахархан хүндэлдэг байх.
         -Үндсэн хууль болон салбар хуулиудыг судалж мэдсэн, түүнийг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх чадвартай байх.
    2. Гоо-сайхны боловсрол:
         -Сонгодог хөгжим, уран зураг, уран зохиолыг сонсож, харж уншиж ойлгодог байх төдийгүй урлагийн бусад төрлүүдийг судалж мэдсэн байх.
         -Сайн муу, сайхан муухайн тухай өөрсдийн ойлголт, бахархал, таашаал, мэдрэмжтэй болох.
    3. Хэл-харилцааны боловсрол:
        -Монгол хэлээрээ утга төгс, зөв боловсон ярьж чаддаг, өөрийн бодол санаагаа бусдад зөв илэрхийлэн ойлгуулж чаддаг байх.
        -бичгийн хэлийг сайтар эзэмшин, аливаа бичиг баримт боловсруулан ашиглах чадвар эзэмших.
         -Хүмүүсийг хүндэтгэн, эелдэг боловсон харьцах, харилцааны зөв соёл эзэмших.
    4.Эдийн засаг-мэдээллийн боловсрол:
         -Алив зүйлд логик дараалал, аргачлалаар ханддаг, асуудлыг олон талаас нь харж зөв шийдвэрлэх чадвар эзэмших.
         -Эдийн засгийн анхан шатны мэдлэг болох орлого, зарлага, ашиг, өртөг, төсөв төслийн тухай ойлголтуудыг мэддэг байх.
          -Компьютерийн программууд болон интернет ашиглах чадвар.
          -Алив мэдээллийг хүлээж авах, боловсруулах, задлан шинжлэх, ашиглах чадвартай байх.
    5.Техник-технологийн боловсрол:
        -Техник технологийн үндсэн зарчмууд, гол хуулиуд, бүтцийн талаар мэдлэгтэй болох.
       -Ахуйн цахилгаан хэрэгслэлүүдийг ашиглаж чаддаг түүний ажиллагааны зарчмыг мэддэг байх. /хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, аяга таваг угааж хатаагч, шарах шүүгээ, индүү, будаа агшаагч, цахилгаан зуух гэх мэт./
       -Техникийн болон барилгын зураглал, бараа болон хүнсний зүйлийн тэмдэгт зааврыг уншиж ойлгож, ашиглах чадвартай байх.
       -Элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, бодис, эм болон бусад эдлэхүүнийг мэддэг, түүнийг зөв ашиглах чадварт суралцах.
    6. Эрүүл мэнд- бие бялдрын боловсрол:
        -Хүний биеийн бүтэц, эрүүл мэнд, эрүүл байхын ач холбогдол, түүнтэй холбоотой дасгал, өвчлөлийн талаархи ойлголт.
        -Биеэ зөв авч явах, хувцсаа тохируулан өмсөх, хөдөлгөөний эвсэлд суралцах.
    7. Байгаль-экологийн боловсрол:
        -Хүн байгалийн шүтэлцээ, амьтан ургамлын бүтэц, тэдгээрийг хайрлан хамгаалахын учир.
        -Газарзүйн тогтоц, цаг агаарын хувирал, байгалийн тэнцвэрийн талаархи мэдлэг.
       -Байгальтай холбоотой ёс заншил, түүний утга учир, байгальтай харьцах, амьтан ургамлыг хайрлан өсгөх, ургуулах зэрэг ойлголтууд болон чадварууд.
    8. Гадаад хэлний боловсрол:
        -Орос, англи, франц, герман, хятад, япон, солонгос зэрэг хэлнүүдээс аль нэгийг сонгож, уг хэлээр ярьж, ойлгож, бичиж сурах.
        -Уг хэлээр ярьдаг орнуудын түүх, хөгжил, төр болон хууль, газарзүй, соёл урлагийн талаар судалж мэдсэн байх.
    9.Гэр бүл-бэлгийн боловсрол:
        -Гэр бүл, түүний нийгэм дэх үүрэг, өрх гэрийн төсөв, гэр бүлтэй холбоотой хууль тогтоомжуудыг судлах.
        -Хайр сэтгэл, гэр бүлийн ёс зүйн тухай, гэр бүлийн гишүүдийн харилцааны тухай судалж ойлголттой болох.
       -Бэлгийн харьцаа, хүмүүжил, хүүхэд төрүүлэх, өсгөх, хүмүүжүүлэх тухай ойлголтууд болон үүнтэй холбоотой чадвар дадлыг эзэмших.
     Одоогийн ерөнхий боловсролын сургуулиудад судалж байгаа хичээлүүдийн агуулгыг нэгтгэж, цогц байдлаар боловсруулан хэрэгжүүлэх боломж буй. Хамгийн гол нь бүх шатны сургуулиудад суралцан төгсөгчид нь аль ч нийгэмд бие даан амьдрах чадвартай, зөв бие хүн болон төлөвших учиртай. Бүх хүүхдүүд эрдэмтэн бас мундаг хэн нэгэн болох албагүй, харин бүгд гэр бүл болж энэ нийгэмд бие даан амьдрах учиртай гэдгийг л бид мартах учиргүй. Харин хүүхдүүд өөрийн авьяас сонирхлоо хөгжүүлэхийн тулд хүссэн чиглэлээрээ сонголт хийн өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох нь илүү оновчтой байх болно.
     Үүний тулд монголын ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдийг “сургаж-хүмүүжүүлэх” гэдэг зорилтыг  “хүүхдийг зөв бие хүн болгон төлөвшүүлэх” гэдэг ойлголтоор солих болж байна даа. Ингэж байж л бид өөрийн үнэлэмжтэй монгол иргэдийг бий болгож монгол орны ирээдүй өөдрөгөөр харах боломжтой болно.
                                     
     Төгсгөлийн оронд
     Монгол орныг зөв төлөвшсөн монгол иргэд хөгжүүлнэ. Мал болон ашигт малтмал бусад олон боломжууд хүний хэрэгцээ, хөгжилд зориулсан зүйл. Үүнийг хэрхэн зөв ашиглаж, улс орноо хэрхэн хөгжүүлэх нь өөр хэнээс ч биш монголчууд биднээс л хамаарна.
     Өдгөө бид өнгө, мөнгөтэй хөөцөлдсөөр хүний үнэ цэнээ хөсөр хаяжээ. Ингэж болно гэж үү? Монгол орны ирээдүй болон хөгжлийн түлхүүр нь боловсролын салбар юм. Энэ салбарт хийж буй өөрчлөлтийн үр дүн нь урт удаан хугацаанд мэдрэгддэг. Хамгийн багадаа 12 жил. Цаг алдалгүй монголын боловсролын салбарт үр дүнтэй, зоримог өөрчлөлт, шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй байна. Алийн болгон бид энэ салбарын хөгжилд хойрго хандаж, самбар шохой, цаас будагтай зууралдуулах вэ?
     Энэ бол миний, таны бидний хүүхдүүдийн хувь заяа бас монгол орны ирээдүйн хувь заяа. Зөвхөн монголдоо төдийгүй дэлхийн аль ч улс оронд суралцаж, ажиллаж амьдрах чадвартай  Монгол залуусыг Монгол орондоо бэлтгэхэд анхаарах цаг болжээ. Энэ бол монгол хүний үнэ цэнийг сэргээж, үнэлэмжийг бий болгохын эхлэл.
    Алдагдсаар байгаа цаг хугацаа, түүх биднийг хүлээхгүйн адил биднийг уучлахгүй.
    /үргэлжлэл бий/

  • Нүүрний баяслыг дагаж аз жаргал ирдэг

    Хүн энэ сайхан дэлхий дээр ирээд л буцдаг. Мэлхий, хулгана зурам, араатан жигүүртэн, хорхой шавьж бус гагцхүү хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Цэнхэр уужим, тансаг гоёмсог энэ дэлхий дээр мөнх амьдрах юм шиг санаж, багталцаж ядан, бачимдан бухимдаж амьдрах нь хүн гэгч бодьгалын бас л нэг муу зуршил. Ирээд буцах энэ хугацаандаа утга учиртай, ууч сэтгэлтэй, баяр баясал, өөдрөг сайхан амьдрах нь ухаант хүмүүний шинж буюу.
      Сүүлийн үед Монголчууд бид арай л их бухимдаж уцаарлаж амьдраад байх шиг. Саяхан болж өнгөрсөн 7-сарын 1-ний өймээнээс хойш иргэд 2 талцаж бүдүүлэг муухай доромж үгсийг бие бие рүүгээ чулуудаж байгаа нь үнэхээр харамсал төрүүлж байна. Бид хичнээн ихээр бухимдаж, дотор сэтгэлдээ шаналж хорсовч, энэ бүхнээс үл хамааран алтан нар манддагаараа мандаж, шувууд жиргэдгээрээ жиргэж байгаль дэлхий үзэсгэлэнт сайхнаараа гайхуулна. Бидний уур бухимдлаас болж галав юулж, дэлхий өөрчлөгддөггүй болохоор бид ердөө л өчүүхэн.
      Харин та тэртээд харагдах уул руу алхаж очин орой дээр нь гарч тэртээх алсын барааг нэг ажаарай. Таны эргэн тойронд харагдах байгалийн үзэсгэлэн, уянгалаг хөг ялгуу, салхины зөөлөн илбээ юутай сайхан. Та хүн болж төрснийхээ хувьд энэ бүхнийг мэдэрнэ гэдэг их хувь заяа, аз жаргал бус уу. Уур уцаар зовлон шаналалаа тэртээд орхиод уртаар амьсгаа авч сайхан инээмсэглэ.

    Тэнгэрт хуралдсан бараан үүлсийг зөөлөн салхи аядуухан хөөж, тэртээ чанад нар гарч ирэн, нарны бүлээн дулаахан цацраг бүхэн нь таныг илбэн аргадах мэт. Та бүхнийг умартаж, нарны цацрагаар бүх биед тань сүлэгдэн орж ирэх тэр л бүлээхэн, энхрийхэн илчинд сэтгэл тань уяран бүлээсч, хэн нэгнийг хайрламаар, уучилмаар бас баярлуулмаар санагдах вий. Энэ бүхний дэргэд таны сэтгэлийн бухимдал зовлон шаналал юу ч биш. Гагцхүү та хүн гэдэг агуу хувь заягагаа мэдрэх болно.

                                  Бидний анзаардаггүй дарамт
     Монголчууд бид яагаад ингэтлээ уцаарлан бухимдаж, бие биедээ эелдэг харилцаж, баярлуулахаас татгалздаг юм бол?
    -Монголчууд бид хүүхдүүдээ багаас нь их төлөв зэмлэж зандарч хүмүүжүүлдэг. Алив зүйлийг бага гэлтгүй тайлбарлаж ойлгуулахын оронд “болохгүй ” гэдэг ганцхан үгээр хориг тавина. Чанга дуугаар зандарч зэмлээд, өөрөөсөө айн эмээх хүүхдээ харахдаа өөрийн “сүр хүчээ”  мэдэрч , үр хүүхдүүдийнхээ дуулгавартай хүмүүжилтэйд ” сэтгэл ханана”. Харин өтөлж хөгширсөн хойноо өөрийг нь зандран зэмлэх үр хүүхдийнхээ араншинг ” байдаг л зүйл” мэтээр хандаж, өөрийг нь анхааран халамжилж байгаагийн нэг хэлбэр мэтээр хүлээн авна.
    -Сургуульд орсон цагаасаа сургууль болон багш нарын олон хориг дарамттай учирна. Хүүхдийн сурч мэдэх оргилуун хүслийг нь ” дүн” гээр ялгаж, хязгаарлана. Алив зүйлийг өөрийнхөө төлөө сурч мэдэхээс илүүтэй, багшдаа шалгуулж дүн авдаг энэ гаж тогтолцоо идэр насны олон хүсэл тэмүүллииг унтрааж байгаа нь нууц биш.

    Манай ангийн “онц сурлагатан”  сурагч бол бүхнээс онцгой мундаг хүүхэд, “дунд сурлагатан”  миний бие түүний хэмжээнд хэзээ ч хүрч чадахгүй, дундаж хувь заяатай гэсэн ангилсан ойлголт нь маш олон хүүхдийн өөртөө итгэх итгэл, урам зориг, авьяас чадварыг үгүй хийж байна.
    -Өөрийн иргэн бүртээ сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл тайван амьдрах тэгш боломжийг хангаж дэмжих учиртай төр засгийн шударга бус, арчаагүй байдал ард иргэдийг үнэхээр бухимдуулж байна. Ялангуяа хуулийн тэгш бус үйлчилгээ, нийгмийн баялгийн  тэгш бус хуваарилалт, жирийн иргэдийг ялгаварлан гадуурхаж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээ тэдэнд өөртөө итгэх итгэлгүй, гутрал, бусдыг хардах, үзэн ядах олон шалтгийг бий болгож байна.
     Монголчууд бидний бие биедээ үл итгэх, үзэн ядах олон шалтгуудын нэг хэсэг нь энэ.
    Бид өөрсдөөсөө эхлээд олон юмыг өөрчлөх хэрэгтэй болж байна. Дэлгэсэн тэрлэг шиг тэр л сайхан газар нутагт та ганцаараа биш бид бүгдээрээ хамтдаа амьдрах болохоор хүссэн ч эс хүссэн ч бид бие биеээсээ хамааралтай болдог. Ядахнаа л бид гэр бүлдээ үр хүүдүүддээ хандахаас эхлээд боловсролын тогтолцоог шинэчлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох хүртэл олон зүйл та бидэнд адилхан хамаатай.

                                    Хүн бүр сайхан үг урмаар дутаж байдаг
    -Чи сайхан харагдаж байна шүү
    -Битгий доромжлоод байгаарай, муухайгаа мэдэж байна
    -Чамд их баярласан шүү
    – За за юун сүртэй юм бэ
    – Би чамдаа хайртай шүү
    -Чи чинь юу болоод нялуураад унав? Ямар нэгэн юм болоо юу?
    Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дүүлэн нисэх хүсэл тэмүүлллиг өгдөг. ААв ээждээ магтуулж, сайхан үг сонссон бяцхан хүүхдийн нүд нь очтон гялалзаж, өөрөө ч мэдэлгүй хөөрч онгирох нь үнэхээр өхөөрдмөөр хөөрхөн харагддаг.
     Бусдад урмын сайхан үг хэлж, бусдыг баярлаж байхыг харахдаа өөрөө ч баярлаж баясдаг хүмүүс ямагт өөрөөсөө гэрэл гэгээ цацруулж өнгөлөг сайхан харагдана.
     

    Монголчууд бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун.
      Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа.
    -Хайрт минь, би чамдаа маш их хайртай шүү
    -Хүү минь чамаг сайн хүн болж байгаад би үнэхээр баяртай байгаа шүү
    -Миний төлөө гаргасан сэтгэл, хийж чадсан бүхэнд тань аав ээж та 2-тоо үнэхээр баярлан биширч явдаг шүү
    -Найз минь чиний халуун сэтгэлийн илчийг мэдэрч байгаадаа би үнэхээр баяртай байна
    -Таны дэмжлэг надад их хэрэг боллоо. Танд их баярлалаа гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан үгс бидэнд үнэхээр дутагдаж байнаа,
     Тэрчлэн гадаадад байгаа Монголчуудад маань ийм үгс , сэтгэл бүр ч их дутагдаж байгаа. Эцэж цуцатлаа ажиллаж ар гэр алив бүхнээ санан бэтгэрч байгаа тэдэнд илгээсэн мөнгөний нь хариуд: ” Та биднийхээ төлөө ингэж зүтгэж байгаад чинь баярлаж байна. Та минь биеэ бодож байгаарай. Бид хамтдаа удахгүй сайхан амьдарцгаах болно. Үүний төлөө бид ч бас хичээнээ” гэж үнэн сэтгэлээсээ заавал хэлж байгаарай. Зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам талархлын сайхан үгс л хүний зүрх сэтгэлд хүрдэг. Юу ч болоогүй хэрнээ урсгаад байдаг зусар зулгуй үгс цаад хүнээ ч ядрааж өөрийгөө ч эвгүй байдалд оруулах нь бас бий.
      Хэрэгтэй үед нь дутаж байгаа ганц сайхан үгийг нь олж хэлэх юутай сайхан.
    Хүний сэтгэлийн далд утсыг онож хэлсэн ганц сайхан үг хөглөж, тэр хүнээс ундран гарах гайхамшигт аялгуу олон олон хүний зүрх сэтгэлд хүрч баясгадаг юм даа.
                                   Нүүрний баяслыг дагаж аз жаргал ирдэг
     -Өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийг татдаг хамгийн сайхан зүйл нь, хүний төлөөх үйлчилгээ түүнийг дагасан үйлчлэгчийн сайхан инээмсэглэл. Банк дэлгүүр , ямар ч үйлчилгээний газар ороход, сайхан хувцасласан залуус таныг угтан тосч, ” тавтай морил, танд юугаар тус болох вэ?” гэж сэтгэл татам инээмсэглэхэд л та өөрийн үнэ цэнээ жинхэнэ мэдэрнэ. Тэд алив асуудлыг тань шийдэхдээ ямар ч хүнд суртал, ихэмсэг төрх үзүүлэхгүй. Та баян ядуу хөөрхөн муухай алин байхаас хамаарахгүй тэгш үйлчилнэ. Тэр газрын хананд нь ”  Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”, ” Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон” гэхчилэн бичигтэй шар цацагтай хөх дарцаг болон жаазтай өргөмжлөл байхгүй хэдий ч тэд танд яг л ” хаан” -д үйлчилж буй мэт хүндэлж үйлчилнэ.
     Гадаадад явах гэж хүсээд байгаа Монголчуудын эдэлж үзэхийг хүсээд байгаа эрхийн нэг нь энэ. Харин одоо Монголд ажилд авах заранд бичигддэг “Залуу царайлаг, гоолиг сайхан биетэй” гэдэг үгээ ” Сайхан инээмсэглэдэг, эелдэг сайхан харьцаатай” гэсэн үгээр солих цаг болжээ. Үйлчилгээнд сайхан инээмсэглэл хамгаас чухал байдаг ажээ.

    -Монголчууд бид харилцаж байгаа хүн рүүгээ хөмсгөө зангидан, нүдээ хурцалж харах нь “эрэлхэг дайчин” эсвэл “эрх мэдэл”-ийн илэрхийлэл мэтээр төсөөлдөг үзэгдлээсээ салах цаг болжээ. Өөрт хичнээн хэцүү байсан ч бусад руу эелдгээр инээмсэглэж байх нь бусдаас хариу инээмсэглэл авч тэр хэрээрээ эерэг сайхан энергийг өөртөө шингээдэг. Талархал урмын сайхан үг сонссон хүний нүүрэнд инээмсэглэл тодорч жаргалтай сайхан харагддаг.
     Өглөө ажил, хичээлдээ ирэхдээ тэр өдрийг хамтдаа өнгөрөөх хүмүүстээ сайхан инээмсэглэн мэндчилж, урам талархлын сайхан үгс хэлэлцэх нь тэр өдрийн ажил бүтэмжтэй сайхан болохын эхлэл болно.
     Өглөө ажилд явах, орой ажлаасаа ирэхдээ сайхан хань, хайртай хүүхдүүдээ байнга үнсэж , баяртай сайхан үгс хэлэлцэж байх нь ” нялуурч” байгаа хэрэг огтхон ч биш. Сэтгэлийн сайхан энергийг харилцан бие биедээ өгч байгаа хэрэг. Тэр л энергийн хүчээр та бүтэн өдөржингөө баяр хөөртэй, цоглог, эрч хүчтэй, хөгжилтэй байж чадах болно.
    -Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Үхэл хагацал, өвчин зовлон, сэтгэлийн шаналал, азтай учрал, баяр хөөр, аз жаргал ээлжлэн ирдэг энэ хорвоод хэн ч юуг ч урьдчилан таах аргагүй. “Хазгар”, “сохор”, “хэлгүй” “балай” гэхчилэн хүний ямар нэгэн золгүй гажигаар нь нэрлэн дуудах, шоолж тохуурхдаг базаахгүй зуршил Монголчууд бидэнд бий. Ийм золгүй тохиолдол бидний хэн нэгэнд учирч болох байсан төдийгүй тэдний өнөөдөр амьдарч яваад нь бид талархан урамшуулж баярлуулж байх учиртай. Золгүй тохиолдлоор өвдөж зовсон, тахир татуу болсон хэн нэгнийг сэтгэлээсээ хүндэтгэн, хэсэгхэн хоромд ч урмын сайхан үг инээмсэглэл бэлэглэж, баярлуулж чадвал тэр сайхан сэтгэлийн хариуд баярласан сэтгэлийн энерги нь танд очиж, тэр чигээрээ баяр баясал, гэрэл гэгээ өгч байдаг.
     Өвдөж ядарсан хүнийг баярлуулж, тэдний баярлаж талархан инээмсэглэж байгааг харах нь хүнд их аз жаргал авчирдаг. Хүн өөрийгөө мөнх орших юм шиг санаж, хэзээ ч өвдөж зовохгүй юм шиг төсөөлж байдаг өчүүхэн бодлоо өөрөөсөө зайлуулж, энэ хорвоод хүн ирээд буцдаг гэдгийг жинхэнээр ойлгож чадсан хүн л хүнийг жинхэнээр хайрлаж бас баярлуулж чадддаг.
     Тийм ээ! Бид хүн болж төрцгөөн нэг л орчлонд хамтдаа амьдарч байгаагийнхаа хувьд бие биеэ хүндэлж, урмын сайхан үг хэлж, баярлуулж байх нь тун чухал байна.

                                                Төгсгөл
    Монголчууд бидний эвтэй байхын гол үндэс нь бие биедээ урмын сайхан үг хэлж, сайхан инээмсэглэж, баярлуулж, хүндэлж байх явдал шүү. Та бусдыг хүндэлж баярлуулж байвал хариуд нь бусдаас хүндлэл баяр хөөр авна.
     Цаг ямагт алив зүйлийг өөдрөг сайхнаар төсөөлж, бусадтай ийм байдлаараа харьцаж чадвалта ч өөрөө өөдрөг сайхан , жаргалтай амьдарч чадна. Хүнд сайхан сэтгэлийн энерги бэлэглэвэл хариуд нь сайхан энерги авч харилцан бие биеэ гэрэлтүүлж байх болно.
     Чулууг чулуу хагалж харин голын ус мөлийлгөдөг билээ.
    Уншигч та ч гэсэн энэ бүхнийг эргэцүүлж нэг бодоод өнөөдрөөс олон зүйлийг өөрчлөх гээд үз. Таны гэр орноос улс гүрэн эхэлдэг. Таны гэр бүлээс энэ ертөнц эхэлдэг.
      Гадаа нар мандаж, шувууд жиргэн, модод найгаж, орчлон дэлхий үнэхээр үзэсгэлэн төгс харагдаж байна. Инээмсэглэхгүй байхын аргагүй. Та өнөөдрөөс эхлэн бусдад урмын сайхан үг хэлж чин сэтгэлээсээ инээмсэглэж, бусдыг баярлуулж байхыг хичээгээрэй. Та үнэхээр аз жаргалтай сайхан харагдаж байна шүү.
                    НҮҮРНИЙ БАЯСЛЫГ ДАГАЖ АЗ ЖАРГАЛ ИРНЭЭ.

  • Гэр бүл яагаад салдаг вэ?

    …Залуус бие биедээ дурлаж байхдаа энэ ертөнцийг хамгийн гэгээлэг сайхнаар харж, мэдэрдэг. Тэдний эргэн тойронд байгаа бүхэн өнгөлөг сайхнаар харагдаж, зүрх сэтгэл нь гагцхүү баяр баясгалангаар бялхана. Өдөр бүр хайртай түүнээсээ олон гайхамшгийг олж харан, гайхан биширч, түүнгүй бол энэ хорвоо ертөнц хөндий хоосон байх юм шиг л санагдах аж. Өөрсдийг нь гайхан шоолох хэн нэгнийг “миний нүдээр хардаг ч болоосой” хэмээн өөдөөс нь гайхна. Бие биетэйгээ уулзахгүй өнгөрөх нэгэн өдөр сар, жил шиг удаан, дууг нь сонсохгүй өнгөрөх нэгэн мөчид энэ ертөнцийн гайхамшигт хөг аялгуу тасалдах мэт. Түүнийхээ дэргэд байхдаа л амьдралын утга учир, гэрэл гэгээг мэдэрч, баяр баясгалангаар бялхаж, жинхэнэ аз жаргалыг амсана.
    …Баяр хөөр, наргиан цэнгээн дүүрэн хуримын өдөр

    Энэ баярт хүрэлцэн ирсэн бүх зочдын анхаарлын төвд байж, тэдний өхөөрдсөн, талархсан, бяцхан атаархсан харцан дор халуун гараа атгалцан, бие биеэ халуун хайраар талимааран ширтэж, ”насан туршдаа бие биедээ хайртай байж, хэзээ ч салж хагацахгүй, аз жаргалтай сайхан амьдарна” гэж зүрх сэтгэлдээ андгайлах хосууд. Хаа нэгтээ болзон уулзаж, хагацаж ядан асан залуус хүсэл мөрөөдөлдөө хүрч, гар гараасаа чанга атгалцаж, амьдралын хаалгаар, хайр энхрийлэл дүүрэн алхаж орохдоо энэ л амьдралаа мөнхөд ийм сайхан байх юм шиг төсөөлнө. Хүн бүрийн амьдралд энэ л мөчүүд хорвоогийн жаргал, халуун хайрын амтыг ийнхүү нэгэн дор мэдрүүлдэг.

    …Шинэхэн хосууд өдөр бүрийг аз жаргалтай угтаж, үднэ. Хааяахандаа зөрөлдөж маргалдавч халуун хайрын илчээрээ зөөллөж, наргиан наадам болгон өнгөрөөх нь бий. Хүүхэдтэй болцгоож, хөөрч баясаж, амьдрал нь илүү утга учиртай, бас хүсэл тэмүүлэлтэй болдог. Ийм үедээ тэд аав ээж байхын жаргал зовлонг амсаж, аав ээжийн ачлал хайр, халамжийг ухаарах аж. Өөрт нь өхөөрдөж хайрлам тэр л бяцхан амьтныг, уярал, ухаарал, хайртай нь хамтад авчирч өгсөн ханиа улам ихээр хайрлан биширнэ. Амьдрал гэгч хичнээн сайхан бас гайхамшигтай болохыг тэд ойлгож, тэр хэрээрээ амьдралыг ч бас хайрлана.
    …Цаг хугацаа улиран улирах тусам хоёр биендээ ээнэгшин дасч, ижилдэж, хайраа хүсэл бодлоо харцнаасаа л ойлгох аж. Аяга хоолоо ч ганцаар идэж чадахгүй түүнээ хүлээнэ. Ажил ихтэй үед ч нойр хулжааж, дэр чилээн хүлээнэ. Юунд баярлаж юунд шаналдагийг нь, юунд дурлаж юунд дургүйцдэгийг нь, юуг хүсэн мөрөөдөж тэмүүлдэг, юунд хилэгнэн бухимддагийг нь өөрөөс нь илүү мэдэрч, энэ л мэдрэмжээрээ баярлах гунихийг нь тэнцүүлж, санаа сэтгэлийг нь зална. Нас ахих тусмаа хоёр биендээ аав ээж болж, асран халамжилдаг. Амьдралын цаг хугацааны урсгал дунд адил хамтдаа элээх аж.
    Олон гэр бүлүүд сайн сайхнаар цаг хугацааг элээж, үр хүүхдүүд, ойр тойрныхондоо үлгэр жишээ болж, баяр бахархалыг төрүүлнэ. Олон гэр бүлүүд цаг цагийн урсгалд салж сарнин бие биеэсээ холдоно. Ийм сайхнаар эхэлсэн амьдрал минь өнөөдөр яагаад байхгүй болчихвоо гэж гайхах. Нэгэн цагт бялхаж цалгиж асан тэр их хайр энхрийлэл хэдийд хаана асгарч, дундарсаар үгүй болсныг гайхан шаналах.
    Өнөөдөр Монгол оронд минь хямраад өөдөлдөггүй төртэй, ядуураад баяждаггүй иргэд, яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж тэвдсэн энэ амьдралд хичнээн гэр бүл салж, хичнээн амьдрал зэрэмдэг болж байна даа? Хүн бүр энэ сэдвийг хөндөхөөс, энэ сэдвээр ярилцахаас зайлсхийнэ. Гэхдээ хүн бүрийн зүрх сэтгэл шаналдаг. Хойч үе минь болсон залууст хэн үүнийг хэлж анхааруулах билээ.

    Гэр бүл яагаад салдаг вэ?
    Гэр бүл болж буй хайртай хосууд, хоёр өөр орчинд төрж, өсөж хүмүүжсэн хоёр өөр ертөнц юм. Тэдний өөр өөр амьдралаас олж авсан хүмүүжил, үзэл бодлын зөрүү нь олон маргааны үндэс нь болж байдаг. Ийм л маргаанд хайртай хосууд яаж хандахаас гэр бүлийн бат бөх байдал ихээхэн хамаарна.

    Нэг. Үл хүндлэл-үл ойлголцол
    -Чи хувцсаа эвхээд тавьж бай л даа
    -Би тэгж сураагүй юм аа
    -Хаалгаа аяархан хааж бай л даа
    – За юун сүртэй юм бэ?
    -Чи энэ угаах юмыг угааж тусалбал сайн байна
    -Би амжихгүй ээ
    Аядуухан учирлалаар эхэлсэн ийм зөрчлүүд, өдөр хоногоор, сар жилээр, аажим аажмаар өсч “ялаа заан болдог”-ийн үлгэр мэт болдог. Анхандаа “за яахав, жижигхэн юм, алсдаа учир нь олдох биз” хэмээн өнгөрөөх бүрд үл ажиглагдам ан цав, харайж гарахын аргагүй ангал болон хувирах нь бий. Эхлээд танилцахдаа эмэгтэй нь “нар сар, навч цэцэг” мэтээр хүндлүүлж гуйлгаж, бишрүүлж байсан бол гэрлэсэнээс хэсэг хугацааны дараа байдал эсрэгээрээ эргэж, эрэгтэй нь гуйлгаж, хүндлүүлэх болсон байх нь олонтой. Алив зөрчилдөж буй асуудлуудад анхнаасаа хоёул тэгш эрхтэйгээр илэн далангүй ярилцаж, зөв шийд гаргаж сурахгүй бол хэсэг хугацааны дараа хэн нэг нь зөвхөн өөрийн хүсэл сонирхлоороо байх давуу эрхийг олж авсан байдаг. Эрхэлж эрхлүүлэхийн зааг дээр нэг нь нөгөөгийнхээ хүсэл сонирхлыг сохроор аялдан дагалдах нь үл хүндлэл-үл ойлголцлыг бий болгож орхидог. Ийм байдал удаан үргэлжилбэл, хэсэг хугацааны дараа, анх танилцаж дурлаж байхдаа олж харан биширч байсан сайхан чанарууд нүдний өмнө алга болж, ердөө хувиа хичээсэн өчүүхэн амьтан болж хувирахыг харна. Энэ л гэр бүл салахын нэгэн шалтаг болдог. Анх дурлалцаж байхдаа бие биенээсээ олж харан, бишрэн бахархаж байсан тэр сайхан чанаруудаа цаг ямагт хайр урмын үгээр байнга услан ургуулж нөxжүүлж байх нь гэр бүл тань бат бөх байхын үндэс нь болно. Үүний тулд жижиг гэхгүйгээр алив асуудлыг илэн далангүй ярилцаж харилцан ойлголцож, байнга анхаарч сануулж , өөрсдийн хүндлэлээ алдахгүй байх нь хэрэгтэй байдаг.

    Хоёр. Үл итгэлцэл
    Анхны харц, анхны хайр бүхэн бүтэхгүй байх нь олонтой гэж ярилцдаг. Та хоёр бие биедээ дурлалцахаас өмнө хэн нэгэнд сэтгэл алдарч, сонирхож бас дурлалцаж үзсэн байх нь тийм ч “бузар муухай” зүйл бишээ. Хүн болгонд ийм асуудал тохиолдох нь ердийн үзэгдэл шүү дээ. Харин та хоёр бие биенийхээ олон сайхан чанаруудыг олж харан, хүндлэн биширч, бас татагдсан учраас л бие биеэ сонгосон хэрэг. Нэгэнт хамт амьдрaхаар шийдээд гэрлэсэн л бол өмнөх дурсамжаар бус ирээдүй рүүгээ харж амьдрах хэрэгтэй болдог. Хайртай хосууд бие биеэ хуурч мэхлэхгүй, бие биедээ хайр жаргалыг эдлүүлж байхын тулд бүх зүйлээ илэн далангүй ярьж ойлголцох хэрэгтэй болдог. Тэд бие биенийхээ хийж буй үйлдэл, явж буй алхам бүрийг мэдэхгүй ч “би хайртай хүнээ гомдоохыг хүсэхгүй, хайрт минь ч намайг гомдоохыг хүсэхгүй” гэдэг итгэл л тэднийг бардам, бас аз жаргалтай харагдуулна. Зарим хосууд гэрлэснээсээ хойш бие биенээсээ уйдан өөр нэгэнтэй холбогдон бие биеэ хуурах нь бий. Тохиолдлын маягаар сексийн амьдралд эрт орж, үүндээ татагдсан хүмүүс ийм араншин гаргах нь элбэг. Тийм хүмүүст амьдралын зорилго, утга учир төдийлэн чухал бус харин цэцэг цэцгэнд дамжин бал цуглуулах эрвээхэй лугаа амьдрах нь сонирхолтой байдаг ажээ. Тэд ихэвчлэн залуу насыг цэцэгтэй зүйрлэн, бал түүж амьдрах боловч хожмын амьдрал нь цэцэггүй болдог юм.

    Хайртай хосууд бие биенээ байнга хардаж сэрдээд, хаа яваа, юу хийж буйг нь цаг хугацаатай нь бүртгэж хянаад, найз нөхөд, хамт олных нь өмнө элэг доог болгоод байх нь энэ амьдралыг “там” болгох эхлэл болно. Ийм хосуудын нүд нь хүртэл “айсан туулай шиг” дүрлэгнэж, бусад руу ч эгц харахаас зүрхшээж, айж цочин тэвдэх нь их болдог. Бие биенээсээ хол байхдаа санаж уйтгарлах биш, эрх чөлөөгөө мэдрэн, “боломжийг ашиглах” хариугаа авахыг хичээх энэ үзэгдэл гэр бүл салах нэгэн шалтаг болдог. Ийм үедээ л хүн хувийн болон оюуны эрх чөлөөг үгүйлнэ.
    Бие биедээ байнга итгэж, итгэлээ дааж, алдсан алдаагаа чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцаж, бие биеэ уучилж, дахин алдахгүй байх боломжийг хамтдаа олж харж бий болгох нь гэр бүл бат бөх байхын үндэс нь болно.

    Гурав. Ялалтын ялагдал
    Гэрлэхээсээ өмнө маргалдах бүү хэл бие бие рүүгээ муухай ч харж үзээгүй хосууд, гэрлэснээсээ хойш алив асуудлаар зөрөлдөж, маргалдаж эхэлдэг. Аргагүй шүү дээ. Хоёр өөр хүмүүжил хоёр өөр үзэл бодлын зөрөлдөөн илэрч буй хэрэг. Энэхүү маргаанд өөрийн зөвийг батлан, ялалт байгуулах, бие биеэ давж гарах гэсэн оролдлогууд маш олон муу үр дагаварын эхлэлийг авчирдаг. Энэ тухай миний бие өмнө нь “Маргаанд ялагч байдаг уу?” бичлэгтээ дэлгэрэнгүй дурдсан билээ.
    Ялалт байгуулан өөрийн зөвийг батлах гэж муу муухай үгээр бие биеэ гомдоож, элдэв муу ааш гаргах ийм маргаанд ялагч байдаггүй юм даа. Ялалт байгуулахын тулд нэг нь хүүхдээ тэврээд төрхөм рүүгээ гүйх, нөгөө нь аль нэгэн цэнгээний газар орон давчидсан амьсгаагаа “галзуу ус”-аар даруулах, эсвэл аль нэгэн найз нөхөддөө очицгоон “тайлангаа тавьж” өөрийн зөв гэдгээ нотлон хамгаалуулах оролдлого хийх нь олонтаа. Уурaндаа савж гарсан тэр л хаалганы савчаа болон хяхтнах муухай дуу таны амьдралд хүйтэн салхи оруулж, та нарын амьдралыг бусдын өмнө дэлгэж, заримдаа эргэж хаагдах аргагүйгээр “гажих” нь бий. Энэ л гажсан хаалга, хайртай хосуудын сэтгэлд “хяхтнаж”, ойлголцож засч чадахгүй бол, хэн нэг нь нөгөөгийнхээ дарамтан дор амьдрах эсвэл салж өөрийн замаар явахын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Бүдүүлэг үг хэллэг, хараал зүхэлтэй хэрүүл маргааны дараа эвлэрч, бие биеэ уучлавч уур омгондоо гаргасан муу муухай бүхэн сэтгэлээс гарч өгөхгүй зовоогоод байдаг юм.
    Тийм болохоор яаж ч маргалдсан хаалгаа чанга хааж байгаад, тэврэлдэж суугаад ч болов чин сэтгэлээс ярилцаж, бие биеэ уучилж сэтгэл санаагаа цэвэрлэн ариусгаж байх нь хамгаас чухал байдаг. Өнөөдөр таны уур омог, бардам бүдүүлэг үйлдлээр байгуулсан ялалт тань маргааш ялагдал болон хувирч, гэр бүл тань салахад ойрхон байдгийг бүү мартагтун.

    Дөрөв. Хадам ээжийн онигоо болон бусдын оролцоо
    Оросууд болон монголчуудын дунд яригддаг их олон онигоонд “хадам ээж” өөрийн ёгт дүртэй. Суудлын тэрэгний урд талын суудлыг хадам ээжид хуваарилж, хадам ээждээ хэрхэн “хортой алим” идүүлэх зөвлөлгөө гэхчилэн олон зүйл ярилцдаг. Хадам ээж болгон муу хүн байдаггүй. Өөрийн хүүхэдээ ямагт зөвтгөн өмөөрч, өрөөл бусдаас хамгаалж, амьдралд нь хэт оролцон зааж зааварладаг эхчүүд зөндөө бий.
    Хамаг учир хадам ээжид бус, хайртай хосууд өөрсдийн амьдралдаа гадны хэн нэгнийг оролцуулж, алив тааламжтай бас тааламжгүй шийдвэр гаргуулахгүй байх гэсэн хүсэл байж болох шүү дээ. Тэд амьдралдаа гаргасан аливаа зөв буруу үйлдэл болон шийдвэрийнхээ сайн муу үр дагаварыг өөрсдөө үүрч, бас ухаажиж байх нь илүү хэрэгтэй. Харин алив асуудлаар маргалдах бүрдээ хоорондоо ойлголцож чадахгүйгээс өөрийн зөв гэдгээ нотлон баталгаажуулах гэж бас өөрийгөө зөвт сайн хүн хэмээн гэрчлүүлэх гэж аав ээж, ах дүү, найз нөхөддөө хандаж, өөрсдийн амьдралаа дэлгэж, тэднийг оролцуулах нь гэр бүл салалтын нэгэн шалтаг болдог.
    Мэдээж гадны оролцогч нэгэн, шударга үнэний шүүгч биш учраас, өөрт нь хандсан хүнээ өмөөрөн дэмжиж, хамтын хүчээр ялалт байгуулах нь бий. Олон дахин үргэлжилсэн ийм байдлаас уг хосын амьдрал, өөрсдийн хяналтаас гарч өрөөл бусдын хяналтад орох нь цөөнгүй. Өөрсдөө шийдэж чадаагүй амьдралын асуудлыг өрөөл бусад шийднэ гэж хэзээ ч байдаггүй. Эцэстээ нөгөө нэг нь “би хайртай хүнтэйгээ гэрлэсэн билүү, хадмуудтайгаа гэрлэсэн билүү” гэдгээ ялгаж салгаж чадахаа болитлоо будилна. Хоёр хүний өөрсдөө бий болгосон амьдралд гадны оролцоо ихсэх тусам тэдний амьдрал, итгэл, хайрыг төдийчинээ бутаргана. Эцэс сүүлдээ хайр халамжийн ачаар салгасан хэн нэгийгээ өөрсдийн дэргэдээ амьдруулахдаа л ямархан “ухаалаг шийдвэр” гаргаснаа “яс махандаа ” мэдэрч ойлгох. Гэр бүл гэдэг хоёр хүний хамтын амьдрал. Энэ амьдралаас урган гарч буй олон асуудлууд тэр хоёр хүнд л хамаатай учраас хамтдаа л шийдэж байх учиртай.

    Гэр бүл бол бие даасан вант улс юм
    Гэр бүл бол өрхийн тэргүүнтэй, өөрийн өмч хөрөнгө, эдийн засагтай, аюулгүй байдал болон гадаад дотоод харилцаатай, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн олон асуудлуудтай биеэ даасан вант улс юм. Тэд алив асуудлаар хамтдаа шийдвэр гаргах бөгөөд ардчилсан зарчим үйлчилдэг, гагцхүү төрийн өмнө хариуцлага хүлээдэг. Ийм хариуцлага болон харилцааны хэм хэмжээг бүх улс орнууд даяар “Гэр бүлийн хууль”-иар зохицуулна. Харин тэр гэр бүлийн дотоод асуудал болон аюулгүй байдалд хэн нэгэн дураар оролцон, нөлөөлөөд байх шаардлага болон эрх үгүй.
    Өндөр хөгжилтэй орнуудад гэр бүлийг өндөр хэмжээнд хүндэтгэн үздэг бөгөөд, гэр бүлийн гишүүд зөвхөн өөрийн гэр орондоо бусдад саад болохгүйгээр дур зоргоороо байх эрхтэй гэж үздэг. Гэр бүлийг гадны халдлагаас хамгаалах бүх арга хэмжээг авах бөгөөд эхнэр нөхөр болон хүүхдүүд хэн нэгэнд дарамтлуулахгүйгээр, хянаж цагдуулахгүйгээр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй.
    Төр маш олон гэр бүлүүдээс бүрддэг болохоор хууль эрх зүйн үүднээс энэ гэр бүлүүдийг хамгаалж байх учиртай. Тийм болоод “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг үг гарсан байх. Ямар ч хүн гэр бүл болно гэдэг өөрийн эрхээ багасгаж, үүргээ нэмэгдүүлж, хариуцлагаа хүлээх чадвартай болно гэсэн үг ажээ.

    Хариуцлага гэдэг өөртөө маш олон чадварыг агуулж байдаг. Тийм болохоор гэр бүл болохын тулд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй болдог ажээ.
    Өдгөө монголчууд бид гэр бүлийн талаархи олон ойлголтуудаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Ядахнаа л хэн нэгэн хамтдаа архи уух гэж шил архи гэрт нь бариад ирж л байдаг, ууж согтсон хойноо агсам тавьж хамаг зүйлийг нь эвдэлж байхад “байдаг л зүйл” мэтээр ханддаг сэтгэлгээнээс салах болж байна. Өөрийгөө ч авч явах чадваргүй атлаа гэрлэнэ гээд хэн нэгийг дагуулаад аав ээж дээрээ ирж л байдаг, удаж төдөлгүй саллаа гээд хөөгөөд явуулж л байдаг. Алив нэгэн гэр бүлийн маргаан асуудалд аав ээж, ах дүүсээрээ эрээ цээргүй оролцож, өөрсдийн үзэмжээр зохицуулж байдаг. Арай гэж амьдралаа босгох гэж зүтгэж яваа хосуудыг элдвээр өөчлөн муулж хов живэнд хутгаж, хайр сэтгэл юуг нь хиртээн гундааж байдаг. Энэ олон байдаг зүйлдээ арай өөр үнэлэмжээр хандах цаг болж байнаа.
    Гэр бүл болохын тулд өөрсдийгөө бэлтгэж, гэр бүл болсон хойноо гэр бүлээ туурга тусгаар гэдгийг ойлгон, хайрлан хамгаалж, хариуцлагаа хамтдаа үүрч сурах нь чухал байна.

    Төгсгөл
    Залуус минь хоёр биенээ хайрлаж, хүндлэн биширч, итгэж өөрсдийн амьдралаа цаг ямагт өнгөлөг сайхнаар авч явах боломж, гагцхүү та хоёрт л байдаг юм шүү. Хайрлаж дурлаж байхдаа дүүрч бялхаж асан тэр л хайр халамж, баяр баясгалан асгарч дундрахгүй дүүрэн байх эсэх нь өөр хэнээс ч биш зөвхөн та хоёроос л хамаардаг юм шүү.
    Амьдрал баян. Миний таны бидний мэдэхгүй, мэдэх ч аргагүй олон асуудлууд байж л байгаа. Залуус амьдралын сайхныг, аз жаргалыг амтлах гэж ухаанаа зарж бас олон асуултын хариуг эрж хайна. Тэд хариугаа амьдралаас бас биднээс хайдаг.
    Монгол орны минь ирээдүй болсон олон залуусын амьдрал нь тэгш, гэр бүл нь бат байг. Тэд гэр бүлээ хайрлаж, бас хариуцаж, өөрсдийн амьдралаа хоёр баганаараа тэгш тулан тооноо өргөг. Монгол гэрийн багана нь тэгш, тооно нь гэрэлтэй, бүрээс нь цагаан, бүслүүр нь гоёмсог, тулга нь үргэлж галтай, аз жаргалаар бялхаж байх болтугай.

  • Хүн хэний төлөө юуны тулд амьдардаг вэ?

    Шинэ он гарлаа. Улирч буй он бүхэн нэгэн насыг минь, сайн муу дурсамжуудтай минь хамтад нь аван оддог болохоор, угтан ирж буй өдөр бүхнийг, учрал тохиолдол бүрийг ямагт сайн сайхнаар төсөөлж, байнга ийм байгаасай гэж хүсдэг.
    Хүн энэ л амьдралд он оныг үдэж угтах бүрдээ ухаажиж, өөртөө тулгарсан олон олон асуултуудад хариулж, өөрийн оюуны ертөнцөө тэлнэ. Залуу, омголон хөөрүү насандаа анзааралгүй өнгөрөөсөн олон зүйлийн талаар эргэцүүлэн бодно.
    Энэ гайхамшигт ертөнцөд хүн болж төрнө гэдэг дээш харуулж зоосон зүүний үзүүр дээр ширхэг будаа дэнжигнэн тогтох лугаа аугаа хувь заяа хэмээн бурханы сургаальд өгүүлдэг. Харин хүн болж төрчихөөд, энэ амьдралыг элээхдээ хэний төлөө, юуны тулд амьдарч буйгаа төдийлэн анзаардаггүй. Олон олон он жилийн дараа “би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?” хэмээх асуултад өөрийн эрхгүй хариулах болдог. Заримдаа энэ амьдралын хатуу бэрхийн өмнө туйлдахдаа, өвдөж, ядарч зүдрэх тэр цагт ийн уулга алдах нь ч бий.
    Бусдын төлөөх амьдрал гэж үү?

    Өдөр бүр 3 ширхэг талх худалдан авдаг нэгэн, энэ тухайгаа “нэгийг нь би өрөндөө өгдөг юм, нөгөөг нь би өөрөө иднэ, харин нөгөөхийг нь зээлдүүлдэг юм’ гэж тайлбарласан гэдэг. 3 ширхэг талхны тухай энэ түгээмэл яриа олон олон оронд дэлгэрсэн байдаг нь бас нэгийг бодогдуулна. Эцэг эх-би-үр хүүхэд гэсэн тулгын чулуу шиг энэ холбоос хүн төрөлхтөн даяар хүлээн зөвшөөрөгдсөн зүйл.
    Гэхдээ монголчууд бид арай л элгэмсэг, садансаг, эх үрийн хүйн холбоог ихэд дээдэлж, үүгээрээ бахархдаг ард түмэн. Ээж аавын элбэрэлт ачлал, хайр халамжийн тухай, нэгэнтээ М.Саруул-Эрдэнийн бичсэнчлэн нэгэн хэв шинжит дуу шүлэг, бусад олон бүтээлүүдээс үүнийг мэдэрч болно. Харамсалтай нь монголчууд бидний ачлал, элбэрэлт хүмүүс болох гол төлөв хөдөөний, “тэрлэг нь хүндэдсэн”, “араг шиг намхан”, алсад суугаа хүүгээ “саравчлан, харуулдаж хүлээх” ‘үс нь буурал” ээж, “тамхиа нэрээд” санааширч суух, дуу цөөтэй, “үггүй зэмлэсэн харцтай” ихэвчлэн морь унадаг аав байх хэв шинжтэй. Суурин амьдралтай, боловсрол мэдлэгтэй, өндөр гуалиг, хүүхдүүддээ анхаарал халамж тавидаг, хамтдаа байж зөвлөж тусалдаг аав ээжийн тухай дуулж шүлэглэсэн бүтээл өнөө хэр алга л байна. Төрүүлж өсгөн “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ээж аавын ач буяныг нь хариулахын тулд “шүүдрийн мөнгөн дуслыг цуглуулан цай чанаж өгөх”, ” ингэн хавтгайн сүүгээр цай сүлж өгөх” нь ихэд чухал гэсэн санаа зөвлөлгөө бүхий дуунууд ч бас бий. Эцэст нь ер нь ээж аавын ачийг хариулж чадахгүй юм байна хэмээн санааширсан, бас харууссан байдлаар төгсөх жишээтэй. Олуул цугласан найр наадам дээр аягатай сархад гартаа барьж, найган ганхан, нулимс мэлмэрүүлэн дуулах дуу, магтаал маань нэг иймэрхүү. Эндээс бид их ухаарал авч ээж ааваа хайрладаг гэж хэлэхэд бас хэцүү.
    Үр хүүхэд -залуу нас- эцэг эх гэдэг амьдралын энэ л гурвалсан холбоос, урвуу давтамжаараа эцэг эх-залүү нас-үр хүүхэд гэх ороомог хөгжлөөрөө хэдий үед хэнд илүү анхаарал тавих учиртайг илэрхийлнэ. Бид өсч нас биед хүрэх цагт ээж аав минь өтөлж, тэдэнд анхаарал халамж тавих хэрэгтэй болдог. Харин гэрлэж , өөрийн үр хүүхэдтэй болох тэр цагт үр хүүдүүддээ их анхаарал тавих хэрэгтэй болдог.

    Амьдрал энэ л давтамжаар тасралтгүй үргэлжилнэ
    Гэхдээ бодох зүйл бидэнд бас байнаа.
    -Монголчууд бид өөрсдийн үр хүүхдээ хайрлаж халамжилж байна хэмээн ажил амьдралд нь хэт хутгалдаж, бүх зүйлийг зааж зэмлэж байдгаас энэ нь яваандаа дарамт болон хувирч өөрийгөө ч үр хүүхдээ ч зовоох нь олонтаа. Үр хүүхдээ багаас нь хэт эрхлүүлж, буруу өсгөснөөс, өөртөө итгэлгүй, эсвэл дураар нэгэн болгож орхиод, өсөх насанд нь итгэл өгч биейиг нь даалгаж чадалгүй эцэстээ цөхөрсөндөө “би хэний төлөө амьдарч байн вэ? ” хэмээн халаглан дуу алдах нь бий.
    -Бага наснаасаа эцэг эхийн үгнээс гардаггүй, дуулгавартай нэгэн болж, өсөх насандаа ч эцэг эхийн дэргэдээс холдож чадахгүй, бүх зүйлийг асууж, амаар нь шийдсээр эцэст нь өөртөө итгэлгүй, өөрөө шийдвэр гаргах эрхгүй нэгэн болж хувирна. Эцэг эхийн дуулгавартай сайн хүүхэд, алив асуудлаар эцэг эхтэйгээ санал зөрөлдөх бүртээ бухимдал цухлаа уураг тархи, уушиг зүрхэндээ нуун багтарч “би хэний төлөө амьдарч байгаа юм бэ?” хэмээн цөхрөн дуу алдах нь бий.
    -Урсаж буй цаг хугацаа бүхэн өөрийн давтамжаар олон зүйлийг өөрчилдөг болохоор тэр л урсгалд эцэг эх, үр хүүхдүүдийн зөрчил, үл ойлголцох байдал нь хэн хэндээ дарамт, зовлон шаналал болж хувирах нь багагүй. Энэ л үедээ хүмүүс өөрийн бухимдлаа “би ер нь хэний төлөө амьдарч байгаа юм бэ? би тайван амгалан амьдрал үзсэнгүй” гэсэн үгээр илэрхийлнэ.
    Ийм л байдлын уршгаар өнөө хэр гэрлэсэн мөртлөө, ээж ааваасаа ч холдож чадахгүй, тэдэнтэй хамтдаа бухимдал шаналгаатай амьдарч байгаа залуус олширч байна даа. Ажил олж хийн, амьдралаа өөд татахын оронд аав ээжийн тэтэгэвэрийн мөнгөөр амьдарч энэ л гундуухан сэтгэлээ сархадаар даруулж, өдөр хоног өнгөрөөж, энэ л буруугаа өөрөөсөө бус өрөөл бусдаас хайн бэдрэх залуус бас олширч байна даа. Эд бол Монгол орны иргэд бас ирээдүй нь шүү дээ. Энэ үедээ тэд “би ер нь хэний төлөө, юуны тулд амьдрах ёстой юм бэ?” хэмээн өөрөөсөө асуудаг. Өдгөө бид тэдэнд хатуу боловч үнэнийг хэлж ойлгуулах хэрэгтэй байна.

    Хамгийн чухал нь ойлголцол бас итгэлцэл
    Өндөр хадан халилд үүрээ засч, өндгөө төрүүлсэн бүргэд шувуу, өөрийн үрээ өсч өндийж даль жигүүр нь ургаж гүйцэх тэр үед өндөр хавцлаас түлхэн унагаадаг гэнэм. Даль жигүүр нь ургаж гүйцсэн тэр л бяцхан амьтан өндөр хаднаас унахдаа өөрийн зөнгөөр даль жигүүрээ дэлгэж, уудам энэ огторгуйд халин нисэхийн амт, хүч чадлыг олж авна. Бүргэд шувуу үргэлж өндөрт халин нисч, хязгааргүй энэ огторгүйг эзэгнэнхэн, омог бардам, хүч чадлаа бусдад мэдрүүлнэ. Хүмүүн бид энэ бүргэдээс дутуу гэж үү?
    Өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь өөрийн боломжтой үедээ гэрлэж, хүссэн үедээ л үр хүүхэдтэй болж тэднийгээ сайн сайхнаар өсгөж хүмүүжүүлж, харин нас биед хүрэх үед нь аль болохоор биейиг нь даалгахыг хичээдэг. Тэд үр хүүдүүддээ, энэ амьдралд хэрхэн биеэ дааж тэнцрэх боломжийг нь өөрт нь олгоно. Тэд бүх зүйлд оролцож зааж, зэмлээд байхгүй хэдий ч хэрэгтэй үед нь зөвлөж тусалдаг ажээ.
    “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэгчлэн хүн өөрийнх нь өмнө бүх зүйл тулгараад ирэх тэр цагт толгойгоо ажиллуулж, өөртөө байгаа бодит боломжоо сайн ашиглахыг хичээнэ. Энэ бол анхны алхам.
    Харин цаашдаа урам орж, өөртөө аажим аажмаар итгэлтэй болж, өөрт хэрэгтэй илүү олон боломжууд, бас сайхан ирээдүйг төсөөлж, мэдэрч эхэлнэ. Олон зүйлд мөрөөдлөөр бус бодитой хандаж эхэлнэ. Үгүйдээ л өөрийн орон сууцгүй байж эхнэр авч аав ээжийн гэрт амьдарч өөрсдийгөө болон өөрөөлийг зовоох хэрэггүйг ойлгоно. Мөнгөгүй болмогцоо аав ээжийн өмч болох адуу малыг нь, ямааных нь ноолуурыг зарж , үүгээрээ наргиж болохгүйг ухаарна. Бусдыг дуурайж, бусдад гайхуулахын тулд бус өөрийн авьяас сонирхол, чадвар боломжиндоо тааруулан сурч ажиллах хэрэгтэйг мэдэрнэ. Энэ бол дараагийн алхам.
    Өөрийн хичээл зүтгэлээр, өөрийн амьдралаа босгож, амьдралд хөлөө олж, даль жигүүрээ дэлгэж чадсан тэр залууст энэ амьдрал утга учиртай болж, тэд аав ээж болон өөрийн үр хүүхэддээ илүү анхаарал халамж үзүүлэх боломжтой болно. Ттим залуус улам өөдрөг сайхан руу тэмүүлж, өөртөө төдийгүй өрөөл бусдад ч сайн сайхнаар нөлөөлж бас тусалж чадах болдог юм даа. Энэ бол дараа дараагийн алхмууд.
    Ийм болохын тулд:
    -Монголчууд бид үр хүүхдүүдтэйгээ бүр багаас нь илэн далангүй ярилцаж, ойлголцож байх нь тун чухал байна. Насанд хүрсэн хойно нь ч амьдралын нарийн ширийн бүхнийг, хүсэл мөрөөдөл, ирээдүйн тухай, өөрт нь байгаа бодит боломжийн талаар илэн далангүй ярилцаж, анхааран сонсож, хэн хэнийгээ чин сэтгэлээсээ ойлгож дэмжиж байх нь хэрэгтэй байна. Монголчууд бид алийн болгон үр хүүхэдтэйгээ ноён зангаар зайнаас харьцаж, болох болохгүйн олон хоригоор боолын сэтгэлгээнд сургах билээ. Эцэг эхээ хүндэлж бас зовоохгүй гэсэндээ хамаг бүхнээ нууж, амьдрал сайхан байгаа жүжгийн гол дүрд тоглож, адаг сүүлд нь хөшигний ард дахь зовлон шаналлаараа тэдний сэтгэлийг чилээж, элгийг нь эмтлэнэ. Хичээж тэсч байгаад ч болов сонсож ярилцаж ойлголцох нь энэ зовлон шаналлаас хэцүү гэж үү?
    -Бага наснаас нь хэт эрхлүүлж дураар нь байлгаснаас бий болсон муу үр дагаварыг нь мэдрэхдээ өөрөөсөө ч холдуулахгүй, хатуу хяналтдаа байлгаж, хөдлөх хийх бүрийг нь зааж зэмлэн, өөртөө итгэх итгэлийг нь үгүй болгоно. “Чи үүнийг хийж чадна, яагаад чадахгүй гэж” хэмээн үр хүүхэддээ итгэл урам хайрлан зоригжуулж байх нь тун чухал байнаа. Энэ амьдралд хөлөө олон тэнцрэх даль жигүүрийн нэг нь өөртөө итгэх итгэл, өөдрөг сайхан тэмүүлэл юм шүү дээ. Таны баглаж хүлсэн их хайрын хариуд хожим таны хүүхэд амьдралд хөл алдахдаа, танд талархахаас илүү гомдож харамсах болдгийг бүү март. Хүүхэд залууст “чи бүхнийг чадна” гэж итгэл өгч зоригжуулан, алдаж буй алдаан дээр нь халаглаж зэмлэх бус, хайрлаж итгэх нь хэрэгтэй байна даа.
    Өдгөө энэ цагт үр хүүхэд, эцэг эхтэйгээ төдийгүй өөр хоорондоо ч ойлголцож бас итгэлцэж сурах нь бидэнд их хэрэгтэй байна.

    Хүн өөрийнхөө төлөө амьдардаг
    Хүн өөрийг нь төрүүлж өсгөсөн эцэг эхийн ач буянаар өсч өндийж, өсөх насандаа гэр бүл үүсгэж өөрийн амьдралаа бий болгон, үр хүүхэд төрүүлж тэднийгээ үлдээдэгт л хүн болж төрсний утга учир оршино. Чамтай хүйн холбоотой эцэг эх, үр хүүхдүүд тань амьдралд тань тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэдий ч эцсийн эцэст чи энэ етөнцөд өөрийнхөө төлөө л амьдардаг юм. Амьдрал тань сайн муу алин байх нь өөр хэнээс ч биш гагцхүү өөрөөс тань л хамаарна. Харин монголчууд бид арай л шаналгаатай амьдраад байх шиг.
    -Цаг ямагт бусдад таалагдахыг хичээнэ. “Би ингээд хэлчихвэл бусад хүмүүс шоолох болов уу?” гэж үгээ цэнэнэ. “Би энэ хувцсыг өмсчихвөл бусдад таалагдах болов уу?’ гэж бие барина. “Би үүнийг ингээд хийчихвэл буруудах болов уу?” гэж үйлдлээ хянана. Энэ ертөнцөд та өөртөө л таалагдаж амьдрах учиртай.
    -Цаг ямагт бусадтай барьцаж, бас атаархана. “Тэднийх шинэ машин авчихаж, бид хуучин машинтай ичгэвтэр байна” хэмээн шанална. “Тэдний эхнэр богино булган дээл авсан байна, би уртыг нь олж өмсөнө” хэмээн тэвдэнэ. “Тэр Бээжин яваад ирж. би Сөүл явж ирнэ” хэмээн барьцана. Хүн болгон адилхан байх албагүй, харин хүн болгон өөрийн бодит боломжиндоо л тааруулан амьдарч байх учиртай.
    Амар тайван, сэтгэл хангалуун амьдрахын үндэс нь таны эргэн тойронд байгаа эцэг эх ах дүүс, амраг хань алаг үрс, найз нөхөд , хамтран ажилладаг хүмүүстэйгээ харьцах найрсаг харьцаа, ойлголцол, тэдний хайр халамж, бүлээн дулаахан уур амьсгал билээ. Энэ бүхнийг бий болгохын тулд таны өөртөө итгэх итгэл, бусадтай ойлголцох чадвар, бусдад итгэж бусдын итгэлийг даах чанар хамгаас чухал. Өдөр тутам таны ойр байж, тантай санаа бодол , зовлон жаргалаа хуваалцдаг тэр хүмүүс тантай яаж харьцаж яаж хандах нь танаас их хамаарна.
    Энэ гайхамшигт ертөнцөд хүн болж ирсэнийхээ хувьд та өөрийн хүсэл, боломжиндоо тулгуурлан өөрийнхөө төлөө, өөрийнхөөрөө амьдрах учиртай ажээ.

    Төгсгөл
    Шинэ юм болгон, өмнө минь намайг тосч буй нууцлаг бүхэн, надад гэгээн сайхан мэдрэмж, нэг л сайхан хүлээлтийг өгдөг. Монголчууд бид 9 тоог ихэд бэлэгддэг. Энэ он монголчууд бидэнд их ухаарал, их мөрөөдөл, гэгээн хүслийн сайхан биелэлийг авчрах болтугай. Урсан өнгөрч буй цаг хугацаа бүхэн бидэнд анзаарагдахгүй хэрнээ их ухаарал, эв нэгдлийг аажим аажмаар авчирч байгаа. Уншигч танд ч гэсэн эрүүл энх, саруул ухаан, амьдралын сайхан баяр баясгалан, санаанд оромгүй азтай учралуудыг бэлэглэх болтугай. Амьдралын сайн муу бүхнийг амтлах гэж ухаарч тэмцэх гэж хүн амьд явдаг. Амьдрал сайхан.

  • Би хэн бэ?

    Хүн бүх амьдралынхаа туршид өөрийгөө танихыг хичээдэг. Хэзээ ч давтагдашгүй цорын ганц бодьгал их нууцлагдмал, танигдашгүй хэрнээ санаанд оромгүй үйлдэл, шийдвэрүүд нь гайхал төрүүлэх нь олонтой. Тийм болохоор “би яагаад ингэж шийдчих вэ?”, “би яагаад ийм байдалд орчих воо?” гэхчилэн байнга л “яагаад?” гэсэн асуултуудыг өөртөө тавина.
    “Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61-тэйдээ нас бардаг” гэдэг ёгт хэллэгийг санаж байна. Хэд наслах нь чухал биш, ухаан сууна гэдэг нь өөрийгөө бага ч атугай таньж байгааг хэлсэн болов уу гэж би ойлгодог. Тийм ч учраас “Буурлаас үг сонс”, “Ахмадын үг алт ” гэхчилэн монголчууд эрт үеэс хэлэлцэж, ахмад хүнийг хүндэлж үг сургаалийг нь сонсож ухаарал авч байхыг хичээнгүйлэн захиж байжээ.
    Амьдралыг, бас өөрийгөө таньж мэдсэн буурлууд маань хэнд юу хэлэхээ сайн мэднэ.

    Хэлж сургаж зааж зөвлөсөөр атал өөрөөс нь зөрж өөр замаар яван алдаж онох өр хүүхдээ хараад “хүний биейиг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй” гэж юутай үнэн үг вэ хэмээн гайхширна. Яг л өөрийн үзэж өнгөрүүлсэн амьдралын загвараа “өвлүүлж” үлдээх гэсэн эцэг эхийн оролдлого, өөрийн хүсэл сэтгэлээ дагаж амьдрах гэсэн үр хүүхдүүдийн оролдлоготой зөрчилдөж багагүй зөрчил үүсгэх тохиолдол зөндөө гарна.
    Үлгэр дуурайлал
    Бидний үзэж өнгөрүүлсэн социализмын үед, амжилт гаргасан нэгэн хэсэг алдартан, авьяастанг улс орон даяар алдаршуулан сурталчилж, тэднийг даган дуурайхыг уриалан албаддаг байж билээ. Тийм их өрнүүн хөдөлгөөний үрээр хаа байсан Увс аймгийн физикийн багш Гомбожавын “асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтын арга”-ыг Дорнод аймгийн нэгэн сургуулийн монгол хэлний багш нэгэн бүсгүй заавал даган дуурайсныхаа төлөө “тэргүүн туршлага эзэмшигчийн гэрчилгээ” гардан авч өрөөнийхөө ханандаа өлгөх хувь заяатай байсан сан. Угтаа Гомбожав багш өөрийн авьяас чадвар, хувь хүмүүжил, итгэл үнэмшил, үзэл бодолдоо тулгуурлан бий болгосон арга юм шүү дээ. Алив зүйлийн уг үндэс санааг иш болгохын оронд, зөвхөн үйлдлийг нь даган дуурайх оролдлого, өөрийн авьяас чадвар, боломжоо нээн олж харахын оронд бусдыг сохроор даган дуурайж, эх орон, энхрий хайрт нам засагтаа таалагддаг “хий үзэгдлийг” бий болгосон юм даа. Ийм “хий үзэгдэл”-ийн нөлөөгөөр монголчууд бидний нэг хэсэг нь бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийдэг болж хувирсан. Энэ “хий үзэгдэл”-ийн ул мөр өнөө хэр арилаагүйгээр барахгүй, итгэлцлийг үгүй болгож, жүжиглэлийг бий болгон хөгжсөөр байгаа нь бидний нүдний өмнө ил харагдсаар.

    “Олны жишиг” гэж нийтэд түгээмэл нэгэн хэллэг байдаг. “Амьдрал ямар байна даа?” гэсэн асуултад “Өө яахав, олны жишгээр болж л байна” хэмээн хариулна. Олны жишгийг дагаж, өөрөө хичнээн дургүй байвч, хүүхдийнхээ ангийн хамт олны зугаалганд зориулж талхныхаа мөнгөнөөс багшид нь хураалгана. “Ийм балчирхан хүүхдүүд хонон өнжин ууж идэн зугаацаж болохгүй шүү дээ. Хожим ямар муу үр дагаварт хүргэж болох шүү дээ?” гэж хэлэхийг хүссэн үг нь олны жишигт захирагдан хоолой давж чадалгүй шүлстэй нь хамтад залгигдана. Олны жишиг хичнээн буруу зуршилтай байна, төдий хэмжээгээр хүмүүс буруу зуршилд автан дасах нь бий. Зарим тохиолдолд хэсэг хүмүүс ”олны жишиг”-ийг өөрийн ашиг сонирхолдоо эвтэйхэн ашиглах нь ч бий. “Олны жишиг”-ийн буруу үйлдлээс татгалзан эсэргүүцсэн зарим нэг нь буруутан болж доромжлуулах нь элбэг. Эгээ л цэвэр булгаас ундрах рашаан мэт тунгалаг усыг борооны дараах үерийн шар ус хаман одох адил.
    Өнөө ч монголчууд бидний талцан маргалдаж бие биесээ муу муухай үгсээр гутаан доромжилж, хийсэн сайн үйлсийг нь гутаан нулимах үйлдэл нь бусдыг сохроор аялдан дагалдах, олны буруу жишгийг даган баясах “хий үзэгдэл”ээс үүдэлтэй юм даа.

    Хүн $ биш болохоор бусдад таалагдах албагүй
    Амьдралд ”туйлын үнэн” гэж байдаггүйтэй адил, “төгс төгөлдөр хүн”гэж бас байдаггүй. Хорвоо ертөнцөд өдөр шөнө ээлжилдэгтэй адил амьдралд хар цагаан өнгө ээлжлэн тусдаг. Тийм болохоор “өнөө чи уйлж бусад нь инээж байвч, маргааш чи инээж бусад нь уйлдаг” хорвоогийн тухай манай нэгэн шүлэгч яруу тодоор өгүүлсэн билээ. Хэзээ ч давтагдашгүй гайхамшигт бие хүнд сайн муу чанар, сайхан муухай үзэгдэл хамтдаа л цогцолж байдаг ажээ. Тэр л бие хүн өөртөө байгаа сайн муу чанараас алийг нь илүү мэдэрч хөгжүүлснээс амьдралын алдаа оноо хамаарна. Сайн муу чанартай, сайхан муухай амьдарч байдаг болохоороо л та хүн бүрд таалагдах албагүй. Харин өөртөө таалагдаж байх албатай.
    -Алив тохиолдол, амьдралын ээдрээтэй асуудлаар шийдвэр гаргахдаа, өөртөө итгэж, өөрөө шийдвэр гаргаж байх нь танд өөрийгөө таньж хөгжүүлэх өөрийн үнэ цэнээ бий болгоход ихээхэн нэмэр болдог. Бусдыг дуурайж, бусдын амыг дагаж гаргасан шийдвэрийн муу үр дүнг мэдрэхдээ өөртөө бус бусдад гомдох болно. Харин өөрийн бодлоор гаргасан шийдвэрийн муу үр дүнг мэдрэхдээ, зөвхөн өөртөө гомдож , “би өөрөөр яаж шийдэж болох байж вэ?” хэмээн үргэлжлүүлэн бодож эхэлнэ. Ийм олон бодол, бусдын амьдрал, шийдвэрийг анхааран ажиглаж, өөртөө хэрэг болох олон зөв гарцыг олж харах хүслийг төрүүлдэг. Үгүй дээ л ном унших бүрдээ өөртөө хэрэгтэй санааг хайн олж өөртөө шингээхийг хичээнэ. Тийм ч учраас “Өөрийн бодол өөртөө зөв” гэдэг хэллэг гарсан юм.

    -“Би үүнийг ингээд хийчихвэл бусад хүмүүст таалагдахгүй болов уу?”хэмээн бусдын амьдралын төлөө биш, өөрийн амьдралын төлөө шийдвэр гаргaхдаа эргэлзэж тээнэглэзнэ. “Би ингээд хэлчихвэл хүмүүс муу хэлэх болов уу?” хэмээн өөрийн бодлоо өөрөөсөө ч өрөөл бусдаас ч нууна. ‘Миний алдааг мэдчихээд хүмүүс шоолон доромжлох болов уу?” хэмээн сайн сайхан дүр бүтээн жүжиглэнэ. Хүн энэ хорвоод өөрийнхөөрөө байх эрхтэй. Таны хувийн асуудал болон гаргаж буй шийдвэр тань “төрийн эргэлт” гаргах хэмжээнд болон бусдад “ноцтой хохирол” учруулахаар биш бол хэнд ч хамаагүй. Учир нь үүнийхээ сайн муу үр дагаварыг өөр хэн ч биш зөвхөн та л хүлээж хариуцах учиртай.
    -Бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийнэ гэдэг л хүний амьдралын утга учрыг алдагдуулж орхидог. Амьдралд тусгайлан найруулсан “жор” байдаггүй, хүмүүс бие биетэйгээ огт адилгүй учраас хүн бүр алдаа гаргадаг, алдаа гаргaх эрхтэй ч байдаг. Алдаа гаргaсан хүн үүнийхээ төлөө өөрөө л “үйл лай”-гаа үүрэхээс биш бусдад шүүмжлүүлэн доромжлуулж, Прометей шиг цовдлуулах учиргүй. Түүнчлэн бусдын муу тал болон алдааг олж харсныхаа төлөө доромжилж, бусдад сурталчлаад байх хэрэг бүр байхгүй. Харин алдаа бүрээсээ ухаарал авч аль болох бага алдахыг хичээх нь хувь хүний өөрийнх нь хэрэг юм.

    Нэгэн сайхан зургийг харж, гайхан биширч , дуу алдан баясаж байхдаа энэ зургийг зурсан зураач “эхнэрээсээ салсан” гэдгийг сонсмогцоо уг зураг руу нулимчихаад явж болдоггүйтэй адил, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч баяр бахадлыг төрүүлсэн олон сайхан бүтээлийн эздийг хувийн алдааных нь төлөө шоолон тохуурхаж бас нулимж боломгүй.
    Зөвхөн хэрэгтэй зүйлээ худалдан авахад зориулагдсан $ хэмээх цаас хүн бүрт таалагддаг байхад хэрэгтэй зүйлийг нь бүтээж бий болгодог хүн гэгч бодьгалууд сайн муу чанар алдаа онооныхоо төлөө хүн бүрт таалагдах албагүй. Тийм болохоор магтагдлаа гэж “тэнгэрт нисч” , муулагдлаа гэж “газарт хөрвөөх” хэрэг үгүй ажээ.
    Дахин давтагдашгүй гайхамшигт хүн та хар цагаан хосолсон гайхамшигт ертөнцөд алдаа гаргaх эрхтэй бас өөрийнхөө хүсэл чадлаар амьдрах эрхтэй. Харин бага алдаж, их онохын тулд өөрийн “үнэ цэнээ” бий болгож, түүгээрээ дамжуулан бусдад сайхан гэрэл гэгээ, зүрх сэтгэлийн халуун илчийг илгээж байх учиртай.
    Хүний үнэ цэнэ
    Хүн бүр энэ ертөнцөд ирэхдээ өөр өөрийн авьяасаа авч ирдэг. Зарим нь авьяасаа нээн илрүүлж, хөгжүүлэн гайхамшигийг бүтээж бусдад үнэлэгдэн бахархал болон мөнхөрнө. Авьяасаа олж нээсэн зарим нь алдар хүндийн титмийг дааж чадалгүй, архи магтаалд живж зэврүүлнэ. Амьдралын нугачаанд үүртэн авьяасаа нээж амжилгүй зарим нь өөртэйгээ аваад буцна.
    Хүн амьдарх явцдаа өөртөө хэрэгтэй зүйлээ үнэлж, авч ашигладаг. Түүн лугаа адил хүний “үнэ цэнэ” нь хэнд хэрэгтэй байх явдал юм. Хүмүүс чамайг анхааран сонсож, ойлгож бас хүндэлж, чамаас ухаарал авч байгаа бол энэ чиний “үнэ цэнэ”. Өөртөө цуглуулж бий болгосон авьяас чадвар, оюун санааны итгэл үнэмшлүүд л чиний үнэ цэнийг бүрдүүлдэг юм даа.
    -Ямар ч хүнийг ойлгох өөрийгөө ойлгуулах чадвар хамгаас чухал. Хүнийг ойлгох, болж буй үйлдлийг ойлгоход тухайн нөхцөл байдлыг бодитоор харж мэдрэх чадвар их тус болдог. Хүнийг буруутган муулахаас илүүтэй “энэ хүн ийм байдалд ороход юу нөлөөлөв өө?”, “би энэ хүний оронд байсан бол яаж чадах байваа?” гэж өөртөө тавьсан асуултууд зөв хариуг олоход танд тусална. Хүнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл буруугаа эхлээд өөрөөсөө хайдаг зуршил хүнийг амархан тайвшруулж бодит байдлыг мэдрэх боломжийг олгодог.

    -Аугаа ууч сэтгэл. Ямар ч хүнийг гаргасан алдааных нь төлөө хогийн саванд хийгээд гаргаад хаяж болдоггүйтэй адил уучлах хэрэгтэй болдог. Аль ч шашны сургаалиудад аугаа ууч сэтгэлийн тухай олонтаа өгүүлсэн байдаг. Алдаа гаргасан хүнийг харааж зүхэх тусам дараах алдаа руу түлхэж, харин уучлал гэмшил рүү хөтөлдөг. Эгээ л чулууг чулуу хагалж харин голын ус мөлийлгэдэгтэй адил.
    Өөрийгөө таньж, өөрийн үнэ цэнээ бий болгосон хүмүүс л бусдын сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, ухаарал, баяр баяслыг өгдөг юм. Тиимийн тулд хүмүүс их уншиж, их зүйлийг суралцах хэрэгтэй болдог. Бас их тэвчиж их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
    Орчлон дэлхийн гэрэл гэгээ болсон алтан нарны илч хүмүүсийн биейиг дулаацуулж, цацраг нь бүх л зүйлийг өнгөлөг сайхан харагдуулна. Үүнд нь баярлаж талархсан шувууд жиргэж, араатан амьтад ч тааламжтайяа суниаж, ургамал модод цэцэглэн дэлгэрч, далайн давалгаа хүртэл үзэсгэлэнтэйеэ цацран бүжиж, алсын уулс хүртэл сүр жавхлантайяа цэнхэртэнэ. Үүн лугаа адил хүмүүсийн бие биедээ өгч байгаа сэтгэлийн илч, зүрх сэтгэлийг дулаацуулж, уураг тархинд нь аялгуу сайхан хөгжим эгшиглүүлж, бүх судсаар нь баяр баясгалан урсаж, харцаараа хамгийн өнгөлөг сайхан бүхнийг олж харан, хоёр хөл нь өөрийн эрхгүй товшин бүжиглэнэ.
    Хүн энэ сайхан хорвоо дээр ирээд буцахдаа, өөрийгөө олж танин өөрийн үнэ цэнээ бий болгож, өөрийн мөрөө үлдээн, бусдын сэтгэл зүрхэнд хадгалагдана гэдэг сайхан хэрэг шүү.

    Төгсгөл
    Хүний амьдралд сайн муу хосолж, сайхан муухай ээлжилж байвч залуус та нар эхлээд өөрийгөө олж танихыг хичээгээрэй. “Би хэн бэ?”, “Би юу хийж чадах вэ?”, “Надад ямар боломж байна вэ?” хэмээн ямагт өөрөөсөө асууж хариулт олохыг хичээгээрэй. Үүний тулд их уншиж бусдыг сонсож, олон зүйлийг харьцуулан ажиглаж, өөрт хэрэг болох бүхнээ шингээхийг хичээгээрэй.
    Хэзээ ч бусдыг дуурайж, тэдэнд бүү атаархаж бай. Дахин давтагдашгүй бие хүн танд ч бас их боломж, авьяас чадвар бий. Харин та их тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөж, их зүйл сурах хэрэгтэй болноо. Хэзээ ч ямар ч бэрхшээл тохиолдсон өөртөө итгэж, өөрийн итгэл үнэмшил боломжиндоо найд. Гарц заавал олддог юм.
    Хүмүүс бид алдаж онож байвч амьдарч байгаа нь юу юунаас илүү чухал. Утга учиртай зорилготой амьдрах сайхан. Амьдрал баян, сонирхолтой, гэхдээ сайхан.
    Дээд тэнгэрээс заяатай гэж хөх тамгатай төрдөг цөөхөн монголчууд бид бүгдээрээ л “үнэ цэнэ”- тэй байж утга учиртай сайхан амьдрах боломжтой. Энэ нь өөр хэнээс ч биш зөвхөн танаас л хамаарна. Хөх тэнгэр ивээг.