Category: media-content

  • НОГООН-999 АЯН

    Байгаль эх дэлхийнхээ хөрсөнд мод тарьж баярлуулах, Нийслэл Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тэр дундаа ХҮҮХДИЙН Эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэгийн гадаа талбайг моджуулан, тохижуулж, иргэдийг мод тарьж, ургуулах ажилд идэвхитэй оролцуулах, өсвөр үе, залуусыг нийгмийн сайн үйлсэд нэгтгэх зорилготой “НОГООН-999” аяныг зохион байгуулж байна.

    Уг аяны хүрээнд Баянгол, СонгиноХайрхан дүүргийн бүх хүүхдийг хүлээн авч эмчилдэг, хүүхдийн хэмээх тодотголтой Сонгино Хайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлэгийн гадаа талбайд 500 ш Хайлаас, тус дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдийн хүсэлтийг харгалзан мөн тооны Хайлаасыг нийтдээ 999 ш Хайлаас тарьж ургуулахаар төлөвлөлөө.

    “НОГООН-999” аян нь хамгийн сүүлийн үеийн технологиор бортогонд үрээр тарьж ургуулсан 100% ургах чадвартай Хайлаас модыг цаг хугацаа харгалзалгүйгээр шилжүүлэн суулгаж байгаа төдийгүй залуусын сайн дурын идэвхитэй оролцоотой, тэдний хамтын хүчээр тарьж суулгаж буйгаараа онцлог юм.

    Бидний санаачлан хэрэгжүүлж буй “НОГООН-999” аянд та бүхнийг дэмжин оролцож өөрийнхөө зүгээс бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

    Хугацаа: 2011.08.20-2011.10.20

    ХҮН БҮР МОД ТАРЪЯ
    ХҮҮХЭД БҮР МОДОО УСАЛЪЯ

    Ерөнхий зохион байгуулагч:
    Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо
    http://socialnet.mn/ олон нийтийн сайт

    Санхүүжүүлэгч:
    Монголын Мянганы Сорилтын Сан,
    Хамтран зохион байгуулагч:
    “BFB GROUP” ХХК,

    Холбоо барих:
    Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
    7р хороо “БАТХААН” төв №201
    Цахим шуудан greenzone.mn@gmail.com
    Утас: 96500250

  • Ном унших миний арга барил

    Р.АМАРЖАРГАЛ : Ном унших миний арга барил

    Уншмаар ном зохиол олон байдаг ч бололцоо хязгаарлагдмал юм. Тиймээс энэ их мэдээллийн урсгалыг үр ашигтай зохицуулж байхын тулд надад нэг систем хэрэгтэй болдог. Би өөрийн гэсэн системтэй бөгөөд түүнийгээ та бүхэнтэй хуваалцъюу гэсэн юм. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд, миний ном унших арга барил бүрэн төлөвшсөн гэвэл үгүй л дээ, тодорхой нөхцөл байдлаас хамааран би үе үе өөрчлөлт оруулдаг. 

    Миний хувьд ном хэрхэн унших арга барилын асуудал бараг 20-иод жилийн өмнөөс босож ирсэн. Тухайн үед зөвлөлтийн бараг бүх хэвлэлийг захиалан уншдаг, номын дэлгүүрт гарч байгаа, сонирхол татсан бараг бүх номыг худалдан авдаг байлаа. Ном ч хямд байж дээ. Оюутан байхдаа цуглуулсан номын тоо бараг 3 мянга хүрч байлаах. Харин Г.Поповын хувийн зохион байгуулалтын тухай номыг уншаад номтой харьцаж байгаа арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм гэдгийг ухамсарласан юм. Дараа нь амьдрал өөрөө ч шахаж эхэлсэн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор тэр болгон харагдсан номоо авах санхүүгийн чадвар ч хомсдож, цаг зав ч багасаж, өөрийн эрхгүй сонголт хийх хэрэтэй болсон. Тэгээд л хамгийн гол асуудал болох ҮР АШИГТАЙ УНШИХ асуудал босч ирсэн дээ.

    Хамгийн түрүүнд  уншиж байгаа номоо ангилж эхэлсэн. УНШИХЫГ ХҮСЭЖ БАЙГАА номнууд, УНШИХ ЁСТОЙ номнууд гэж. Энд би нэг зүйлийг тодотгомоор байна. Ном гэж бичээд байгаа зүйлдээ бас сэтгүүл, сонинуудыг багтааж байгаа юм шүү. Хүсдэг зүйл дотор хэд хэдэн сэтгүүл, номнууд багтдаг байсан бөгөөд захиална, эсвэл худалдан авна. Харин одоо тэр болгон захиалж, худалдаж авах шаардлага багассан. Учир нь миний тогтмол сонсдог 103.1 FM-ээс BBC-г сонсоход, мөн кабелийн телевиз, CNN, BBC, Bloomberg зэрэг сувгуудыг үзэхэд л хангалттай болж. Шаардлагатай мэдээллээ ер нь авчихдаг. Хэрэв дахин давтаж, тодруулж  харах шаардлагатай бол интернэтээс харчихна. Энэ хамгийн үр ашигтай бөгөөд ачаалал багатай арга барил гэж боддог. 
    Нөгөө талаас миний унших ХҮСЭЛТЭЙ болон ЁСТОЙ номнууд голдуу давхарддаг учраас бас ч гэж амар. Гэхдээ энэ хоёрыг унших арга техникийн хувьд бол ялгаатай. Уран зохиолын номонд илүү амралт талаас нь ханддаг учир хэвтэж байгаад шимтэн унших бололцоотой. Мөн түүхийн болон баримтат, адал явдалт зохиолуудыг ч иймэрхүү байдлаар уншина. Би нэг онцлогтой. Шинэ болон хуучин уран зохиолын номнуудыг зэрэг зэрэг уншдаг. Голдуу тухайн үеийн настроение ямар байгаагаас хамаараад чухам алийг нь барьж авах вэ гэдгээ шийднэ. 

    Харин унших ёстой номнуудаа маш сайн бодож байж сонгодог. Голдуу мэргэжлийн шинжтэй номнууд байдаг л даа. Сонголт хийхдээ хамгийн түрүүнд номны гарчиг, хэвлэгдсэн он, зохиогч зэргийг нь харна. Хуучин оны бөгөөд зохиогч нь тухайн салбартаа ямар нэгэн байдлаар нэр нь гараагүй номыг бараг уншихгүй дээ. Тухайн салбарт миний мэдэхгүй, сонсоогүй зүйлийг хэлээд байх хүн ховор л доо. Номны гарчигаас харахад ерөнхий логик гарч ирнэ. Тэнд анхаарал татсан ямар нэгэн зүйл байвал номныхоо аннотацийг харна. Мөн сүүлийн үеийн номнуудын өвөр талд нь бусад хүмүүс санал, бодлоо илэрхийлсэн байдаг тул түүнийг нэг гүйлгэхэд зүгээр. Бас хавчуулсан ном зүйг ч харна.

    Би сүүлийн үед бас нэг арга хэрэглэдэг болсон. Тухайн номыг унших ёстой хүмүүстэй холбоо барин тухайн номны үндсэн санаа, дэвшүүлж буй үзэл зэргийг асуудаг болсон. Энэ маш их цаг хэмнэдэг юм л даа. Ер нь хүнээс юм асуухад буруу юм байдаггүй шүү дээ. Нэрэлхээд байх огт хэрэггүй юм билээ. 

    Тэгээд уншмаар бол харин ч нэг сууна даа. Болж өгвөл хэн нэг нь саад болохгүй цаг, орон зайг сонгох нь зүйтэй. Би голдуу л орой үдэш суудаг. Тухайн номыг уншихдаа заавал үзэг, харандаа, дэвтэр дэргэдээ тавина. Ууг нь өөрөө худалдаад авсан ном бол энд тэнд нь хамаагүй санаа бодлоо тэмдэглээд байж болно. Би нэг хэсэг тэгдэг байсан. Харин социализмын үед нэг удаа номон дээр хийсэн тэмдэглэлийг маань нэг нөхөр үзээд, хувьсгалын эсэргүү зүйл бичсэн байна, энээ тэрээ гэж матаад зөндөө юм болсноос хойш тэр болгон тэмдэглэл хийхээ больсон.

    Зарим хүмүүс номноос тэмдэглэл хийхдээ нэр, гарчиг, хаяг зэргийг сүрхий тэмдэглэдэг юм билээ. Би харин үүнд нэг их ач холбогдол өгдөггүй зантай. Учир нь ном нь голдуу минийх байдаг, тэгээд ч ерөнхий логик, үндэслэл зэрэг нь илүү чухал байдаг учраас тэр болгон номынхоо данныйг хөтлөөд байх албагүй. Харин судалгаа шинжилгээний ажил хийж байгаа үедээ номынхоо данныг зайлшгүй хөтлөх хэрэгтэй л дээ.

    Эхлээд маш хурдан, “шүүрдэж” байгаа мэт номоо харна. Дараа нь тэндээс тэмдэглэсэн хэсгүүдээ эргэж хараад, зурж эхэлнэ дээ. Тэгээд ойлгохгүй байгаа зүйлээ дэвтэр дээрээ бичээд, тэмдэглэж эхэлнэ. Дэвтэрт тэмдэглэл хөтлөхдөө голдуу схем хэлбэрт оруулах гэж оролддог. Юу хаанаас урган гарч, хаана хүрч байгаа зэргийг схемд оруулах нь дараа харахад надад тун амар байдаг юм. Ер нь бидний үеийнхэн оюутан байхдаа конспект их хийдэг байлаа (одоо нэлээд боловсронгуй болсон байх л даа). Унших, тэмдэглэх, схем хөтлөх явцад янз бүрийн санаа орж ирнэ, түүнийгээ дор нь тэмдэглэж авах хэрэгтэй. Гэхдээ өөрийн санаа гэдгээ бусдаас ялгарах хэлбэр оруулах нь зүйтэй юм шүү. Би бол голдуу цаасныхаа баруун талын 1/3-д өөрийн санаагаа тэмдэглээд сурчихсан юм. 

    Уншиж байгаа зүйлээ сайтар ойлгоход тус болдог нэг зүйл бол асуулт юм. Ойлгогдоогүй зүйлдээ заавал асуулт тавьж байх хэрэгтэй. Ойлгогдож байгаа ч дараа нь эргээд харна, ямар нэгэн байдлаар үргэлжлүүлнэ гэж бодож байвал бас асуулт хэрэглэж болно л доо. Дараа эргээд үзэхэд асуултаа өөрчлөх, шинээр томьёлох зэрэг шаардлага үүсдэг бөгөөд тэр хэмжээгээр материал шингэж, өөрийн болж байдаг юм. Энэ явцад бас ШИНЭ САНАА ихээр төрдөг.
    –    Зарим нэгэн чухал хэсгийг бараг өгүүлбэрийн зохион байгуулалт талаас нь задлах хүртэл уншдаг бөгөөд заримдаа чангаар дуудаж уншдаг. Харах, сонсох сенсороо давхар ажиллуулж байгаа санаа юм л даа.
    –    Тэмдэглэл хөтлөж байхад хамгийн гол нь цаасаа дугаарлах хэрэгтэй бөгөөд цаасныхаа нэг талд л бичих хэрэгтэй. Дараа нь зэрэгцүүлээд харах зэрэгт үзэг харандаагаар хэд хэдэн хуудас дээрх зүйлийг холбох зэрэгт тустай байдаг юм.
    –    Тэмдэглэл хөтлөж дуусаад нэг хэсэгтээ орхидог. Дараа нь хэд хоногийн дараа, гэхдээ хоёр долоо хоногоос хэтрүүлэлгүй, эргээд нэг харахад арай ондоо шинээр харагддаг бөгөөд тодруулах зүйл байвал эргээд номондоо хандаж тэр хэсгийг үздэг. Тэгээд анхны тэмдэглэлийнхээ конспектийг хийнэ дээ. Болж өгвөл хамгийн ихдээ гурван нүүрэнд багтаахыг хичээнэ. Үүний дараа материал “минийх болсон” гэж үздэг. 

    Сүүлийн үед хамгийн эцсийн конспектоо компьютерт хийдэг болсон. Хадгалахад амар юм билээ. Харин хадгалахдаа түлхүүр үг оруулах, аль хавтаст хийх зэргээ анхаарах ёстой байдаг. Цаг хожно. Анхнаасаа компьютерт оруулах гэж нэг хэсэг оролдсон л доо. Гэхдээ миний  бичгийн хурд нэг их өндөр биш, тэгээд ч механик шинжтэй болоод байхаар нь гараараа эхлээд биччихдэг. Бас арай ойр, дөт байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд ч компьютерт схем, зураг оруулах нь цаг аваад байдаг л даа. 
    Харин сүүлийн үед mind manager програм надаад нэлээд таалагдсан учраас түүнийг хэрэглэж эхлээд байгаа. Хагас жилийн дараа хэр үр дүнтэйг хэлнэ. 

    Зарим нэгэн сэдвээр яриа лекц хийх, статья бичих, илтгэл тавих гэх мэт хэрэгцээ надад байнга гарна. Энэ нөхцөлд тухайн сэдвээр нэлээд хэдэн материал унших ёстой болно. Ингэхдээ хамгийн гол нь уншиж байгаа зорилго тодорхой байх ёстой. Би яах гэж уншиж байгаа билээ, юу хийж байгаа билээ гэдгээ мартаж болохгүй. Мартвал хамаг цагаа алдана л гэсэн үг.

    Хүн бүрт л иймэрхүү лекц, илтгэл, презентаци хийх шаардлага гардаг байх. Хамгийн эхний ажил нь мэдээж хэрэг МАТЕРИАЛ ЦУГЛУУЛАХ. Би хамгийн түрүүнд интернэтээс тухайн сэдвээр юу байгааг хайдаг. Тэндээс GOOGLE зэрэг хайлтын системд шилжиж, арай тодруулсан хайлт хийнэ. Түүний дараа EBSCO, JSTOR зэрэг хайлтын систем ашиглан хайлтаа үргэлжлүүлж, хэрэгцээт материалаа олдог л доо. Судалгаа шинжилгээний ажил хийх гэж байгаа хүн бүр энэ системийг төгс мэддэг байх хэрэгтэй болов уу. Ажил маш их хөнгөлдөг юм.

    Тэгээд болж өгвөл 5-7 хэтрэхгүй материал сонгож аваад уншиж эхэлнэ. Бас л харандаа, үзэг, цаас хэрэгтэй. Уншиж байхдаа би юуг хайгаад билээ гэсэн шалгуураар уншина. Илүү дутуу зүйлд цаг зараг эрхгүй уншдаг. Дээр өгүүлсэн шиг тэмдэглэл хөтөлнө. Их хялбархан явдаг юм.

    Эцэст нь хэлэхэд ном гэдэг агуу зүйл. Түүнийг хүндэтгэж, өөрийгөө хүндэтгэж байж л толгойнд юм орно. Тэгээд уншигч танд амжилт хүсье. 

    (Дугаар №36) Алтангадас сэтгүүл

  • Couchsurfer болж дэлхийтэй нөхөрлөж аялцгаая

    Эрхэм та гадаадын аль нэг улсад алба, амины шугамаар аялах боллоо. Аялах гэж байгаа улс, хотод найз нөхөд, хамаатан садан чинь байдаг бол хичнээн амар, санаа зовох зүйлгүй байдгыг бид мэднэ.

    Онгоц, галт тэрэгний буудлаас зөв автобус унаандаа сууж, байрлах айл уруугаа очиж цүнх саваа тавьж, авч очсон бэлгээ өгч, цай хоол идэж уун, хууч хөөрч, зорьж очсон хэргээ бүтээж, Монголд очихдоо манайд очоорой гэж хэлээд төрсөн нутагруугаа эргэнэ.

    Би дэлхийн аль ч улс, хотод аялах үедээ яг дээрх шиг санаа зовох зүйлгүй, интернэтээр эчнээ танилцсан найзынхаа зөвшөөрснөөр гэрт нь очиж үнэгүй хэд хонож, боломжтой үедээ гэр орны ажилд нь туслаж, найзынхаа гэр бүлийн амьдралд нь саад бололгүй харин ч гэр бүлийн гишүүдтэй нь харилцан ойлголцож, эелдэг найрсаг, тусч сэтгэлээр хандан, мөн гадаад хэл сурч өөрийн зорьж очсон хэргээ бүтээх боломжтой болсон.

    Надад ийм боломжийг олгосон Интернэт дэхь вэб хуудсыг “Яруу сэтгэгч” сонины эрхэм уншигч танд танилцуулж байгаадаа би баяртай байна.
    Вэб хаяг: www.couchsurfing.com

    Аялагч болон сонирхсон хүн бүр энэхүү вэбд гишүүнээр бүртгүүлж, хувийн мэдээллээ оруулна. Гишүүнээр бүртгүүлсэн иргэнийг Kөүчсойрпер гэдэг.

    Ийнхүү аялагч нь очих гэж байгаа улс, хотынхоо иргэнийг вэб дэхь бүртгэлээс хайж олж, аялалынхаа тухай болон үнэгүй хонуулах боломжтой эсэхийг асууж имэйл илгээнэ. Тухайн иргэн нь таны хүсэлтийн дагуу аялалын болон хувийн мэдээлэлтэй танилцаад, зөвшөөрсөн эсэхээ хариу имэйлээр мэдэгдэнэ.

    Өнөөдрийн байдлаар дэлхийн 231 улсын 50248 хотын 804205 иргэн Көүчсойрперээр бүртгүүлсэн байна. Би 2008 оны 7 сарын 8 өдөр энэхүү вэбд бүртгүүлж гишүүн болсоноосоо хойш Португал, Шотланд, Франц, Швейцарь, Израйл, Герман, Канад, Дани, Англи, Испани, Ирландын 22 иргэнийг гэртээ үнэгүй хонуулж, Монгол ёс заншил, шагайн тоглоом наадгайгаа зааж өгч, хоол ундаа хамтран бэлтгэж, англи хэлээ сайжруулж, Улаанбаатар хот дахь түүх дурсгалт газрууд, музей, захыг зааж өгч, улмаар найзууд болцгоосон байна.

    Та www.couchsurfing.com/blackcow_jbegz хаягаар орж, миний мэдээлэл болон найзуудын маань бичиж үлдээсэн сэтгэгдэлүүдийг уншиж болно.
    Энэхүү үр дүнгээс харахад Көүчсойрпинг гэдэг нь аялагчид болон орон нутгийн иргэдийн хооронд холбоо үүсгэсэн дэлхий даяарх сүлжээ юм байна гэдгийг түвэггүй ойлгож, та ч гэсэн энэхүү сүлжээнд нэгдэн орж дэлхийн найрсаг, нөхөрсөг, үнэнч, тусч иргэн гэдгээ харуулаарай.

    Францын зочин Давид, Өөдсөтэй хийсэн ярилцлагаа мөн танд хүргэе.

    – Өөрсдийгөө танилцуулна уу?
    – Bonjour. Бид нар 27 настай франц хүмүүс. Францын баруун бүс нутаг, далайн эргийн хотод амьдардаг. Монголд анх удаагаа зочилж байна. Миний нэр Давид. Би 6 жил номын дэлгүүрт ажилласан. Сүүлийн 1 жилд модоор байшин барихад суралцсан. Би энэхүү мэргэжлийн сургалтаа 2008 оны 6 сард төгссөн ба 11 сард шинэ ажилд орно. Би өөрийн гараар бодит зүйлийг бүтээхийг хүссэн тул ажлаа өөрчлөхөөр шийдсэн. Байгаль орчинд ээлтэй амьдралаар амьдрахыг зорьдог.
    Миний нэр Өөдсө. Би хувцасны загвар зохион бүтээгч. Би гэртээ ажлын байраа бэлтгэсэн ба төрөл бүрийн хувцас оёдог. Цирк, театр гэх мэт урлагийн байгуулагуудын жүжигчин, бүжигчдын хувцасыг оёх дуртай. Мөн би оёж сурахыг хүссэн хүн бүрт хэрхэн эсгэх, оёхыг зааж өгдөг. Би 5 жил урлагийн сургуульд суралцсан тул урлагийн бүхий л төрлийг маш их сонирхдог.

    – Францдаа та хоёр монгол гэрт амьдардаг гэсэн. Энэ тухай?
    – Бид өөрсдийн гараар хамтарч бүтээсэн гэртээ 1 жил орчим амьдарч байна. Давид модон хэсгүүдийг харин би даавуун хэсгүүдийг бүтээсэн. Бидний ур чадвар гайхамшигтайгаар нэгдсэн нь монгол гэрийг өөрсдийн гараар бүтээж, амьдрах нөхцөл болсон. Бид эхлээд зурган дээрээс монгол гэрийг харж, хэрхэн бүтээхээ зурж, төлөвлөсөн. Манай франц улсад цаг агаар их хүйтэн биш боловч далайн эргийн хотод бороо орох нь элбэг байдаг учраас ус нэвтэрдэггүй материалаар цагаан бүрээс хийж, тооноо гялгар уутаар битүү бүтээсэн.

    – Яагаад гэр хийж амьдрах болов?
    – Гэр бүтээж амьдрах болсон гол шалтгаан бол бидэнд өөрийн байшингаа барих газар худалдаж авах мөнгө байгаагүй. Монгол гэрийг гарын доорх материал ашиглан барихад хямдхан байсан. Мөн гэр нь байгальтайгаа ойр амьдрах боломжийг олгож байгаа нь бид нар шиг хүсэл мөрөөдөлтэй хүмүүст таалагдсан. Францад ихэнх хүмүүс байшинд амьдардаг. Тэгээд тэд байгальтайгаа харьцаа тасарч, байгалийн тухай санаа тавих боломжгүй болдог. Ж.бэл, бидний гэрт усны нэгдсэн систем байхгүй учир борооны усыг цуглуулж угаалганд ашигладаг. Мөн бид модны үртэс хэрэглэсэн хуурай жорлонг хэрэглэдэг. Хуурай жорлондоо ус хэрэглэдэггүй нь усаа хэмнэж улмаар мөнгөө хэмнэх боломжийг олгохоос гадна ялгадас, модны үртэсний холимогоо цэцэрлэгт хүрээлэнгийн ургамалдаа бордоо болгон ашигладаг нь байгалиа хайрлаж, тэтгэж байгаа бидний тус билээ. Бид гэрээ монгол гэр шиг биш харин гал тогоо, унтлагын өрөө, салон, хоол идэх өрөөтэй Францын нэг өрөө байр шиг тохижуулсан. Бид ширээгээ өндөрлөж, доор нь ном, хувцасны тавиураа байрлуулсан. Гэрт маань ус байхгүй тул цэцэрлэгтээ жижигхэн амбаар барьж дотор нь усны сав, ариун цэврийн өрөөгөө байрлуулсан. Бас нэг зүйл бол бид гэртээ зурагт хэрэглэдэггүй, яагаад гэвэл зурагтны өмнө суух чөлөөт цаг байдаггүй учраас ямар нэвтрүүлгүүд гардгыг ч мэдэхгүй. Харин зурагт үзэхийн оронд ном унших, тоглоом тоглохыг илүүд үздэг.

    – Яагаад Монголд аялахаар шийдсэн бэ?
    – Бид өөрийн гэрээ барьж амьдарч эхэлсэн цагаасаа эхлэн Монголд ирж жинхэнэ монгол гэр ямар байдгыг харах хүсэлтэй болсон. Мөн монголчууд гэртээ хэрхэн амьдардагыг мэдэж авах нь чухал байсан. Ингээд бид нэг сар хагасын хугацаатай Монгол уруу аялаж монгол хүмүүстэй уулзах, монгол гэрээ яаж барьдгыг нь мэдэж авах, эсгийг яаж монгол аргаар хийдгийг сурч авахаар шийдсэн.

    – Аялалын мөнгө яаж олсон вэ
    – Цалин маань их биш ч гэсэн бид мөнгөө цуглуулсан. Мөнгө цуглуулж чадсан нууц нь гэвэл орон сууцанд амьдарч түрээсийн мөнгө төлөлгүй гэртээ амьдарч байсантай холбоотой. Хэрвээ бид өрөө түрээслэн амьдарсан бол сарын цалингийнхаа ихэнхийг зарцуулах байсан. Давидын ажиллаж байсан номын дэлгүүрийн эзэн нь өөрийн цэцэрлэгт хүрээлэндээ биднийг гэрээ барьж амьдрахыг зөвшөөрсөн нь аз болсон хэрэг. Ийнхүү бид аялалын мөнгөө цуглуулж чадсан.
    Монгол уруу явахаа шийдсэний дараахан бид Монголын Хархоринд хөгжмийн наадам зохион байгуулах гэж байгаа франц хүнтэй тааралдсан. Тэр франц хүн бидэнд монгол хөгжимчид, франц хөгжимчид оролцсон, уламжлалт хөгжмийг орчин үеийн хөгжимтэй найруулсан тоглолт хийх тухайгаа, тоглолтын бэлтгэл, жүжигчдийн хоол хүнсийг бэлтгэхэд туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлсэн. Энэ ажилд нь туслах болсон нь бидний санхүүгийн асуудлаа шийдэхэд тус болсон.

    – Аялалдаа көүчсойрпингийг хэрхэн ашиглав?
    – Бид нар хэдэн өдөр үнэгүй хонохыг зөвшөөрөх эсэхийг асууж Бэгзсүрэнгийн гэр бүлд имэйл илгээсэн. Энэ гэр бүл ч зөвшөөрч, Улаанбаатарт ирээд бид Бэгзсүрэнгийнд очиж, эхнэр Мөнгөнсоёмбо, хүү Төгөлдөр, охидууд Манужин, Гаадмаа, Мөнгөлөн нартай танилцсан. Ингээд бид Улаанбаатарын гэр хороололд Бэгзсүрэнгийнд хамтдаа амьдарч, хүүхдүүдтэй нь тоглож, рашаан руу усанд явж, Сэлбэ голын эргээр аргал түүж, Оюунухааны музейг хамтдаа үзэж, ууган охин Манужинтай нь хамт сургуульдаа үүрч явах цүнхыг нь оёж, Франц хоол хийж нэг долоо хоногийг харавсан сум шиг өнгөрүүлсэн.

    – Монголчууд ба Францчуудын амьдралын ялгаа?
    – Францад ихэнх хүүхдүүд эцэг эхээсээ маш их хамаардаг бол бидний уулзсан Монгол хүүхдүүд бие даасан, илэн далангүй байсан. Гэр бүлээрээ нэг өрөөнд буюу гэрт цугтаа амьдардаг тул гэртээ ирсэн хүнд бүгд л зочломтгой зангаа харуулж чаддаг байхад Францад гэр бүлийн хүмүүс өөр өөрийн өрөөндөө амьдардаг нь зочломтгой занг бараг алга болгосон байдаг юм байна. Монголд аливаа зүйл нь цаг их үрдэг. Жишээлбэл, Улаанбаатараас өөр хотод очиход Монгол улс үнэхээр өргөн уудам гэдэг мэдэгдэж, цаг их зарцуулдаг. Харин Франц улс жижиг тул нэг өдрийн дотор хөндлөн туулж чадна.
    Монголд ирэхээсээ өмнө бид Монгол орныг том газар нутагтай, цэнхэр тэнгэр, зэрлэг адуу бэлчсэн ногоон уулстай гэж бодож байсан. Энэ ч үнэн байсан. Харин хотдоо ийм олон хүн гэрт амьдардаг гэж бодоогүй. Эцэст нь монгол гэр нь монголчуудын амьдралд их зохицсон сууц болохыг ойлгосон. Хөдөө талд байгаа айлын гэрт зурагт асаж, гаднаа жийп машин, морьдоо сойж, үндэсний хувцас, орчин үеийн хувцас аль алиныг нь өмсөж, ер нь уламжлалт амьдралийн хэв маягаа орчин үетэйгээ хослуулан авч яваа нь гайхалтай байсан. Харин хөдөө, хот хаа сайгүй хаясан хог хаягдал нь байгаль, ан амьтандаа сөргөөр нөлөөлж байгаа нь хамгийн харамсалтай санагдсан. Бас гялгар уут, хуванцарыг их шатаадаг нь хүмүүсийн ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд маш муу. Магадгүй одоо л хог хаягдлаа дахин ашиглах асуудлаа шийдвэрлэхгүй бол болохгүй болжээ.
    Аа нээрээ, ихэнх монголчууд байнга дуу аялж явдаг нь “өөр ертөнцөд очсон мэт” сэтгэгдэл төрүүлж гайхалтай санагддагыг хэлэхээ мартсан байна. Өдөр бүр бид Монгол орон гайхамшигтайг харж байна.
    – Маш их баярлалаа.

    Ж.Бэгзсүрэн http://creativemongolia.com/begzsuren/

  • Сэтгэл сэргээж, эрч хүчийг мэдрүүлсэн нэг цаг

    Саяхан найз Пүрэвсүрэн, Мөнгөө эгч хоёртойгоо уулзаж теннис тоглохоор тохиров. Уулзах цаг болж болзсон газраа тохирсон цагтаа уулзаж бие биенийхээ мэндийг мэдэн, тэврэлдэж их л таатай байлаа. Гурвуулаа тоглоомын газар орж 1500 төгрөг төлөөд нэг цаг теннис тоглох зуураа ажил төрөл, ойр зуурын сонин хачин ярьж хөгжилтэй сайхан байв. Хоёр найз маань надад хожигдож, Пүрэвсүрэн маань Мөнгөө эгч бид хоёрт хожигдсоор байв. Тоглох цаг дуусч, орой болсон тул найзууд маань намайг автобусны буудал руу дөхүүлж өгөхөөр алхах зуураа гурвуулаа 1500 төгрөгөөр нэг цагийг зугаатай өнгөрөөж бас эрүүл мэнддээ  үнэтэй хувь нэмэр орууллаа шүү гэлцэв. 

    Мөнгөө эгч: Хоёр дүүтэйгээ долоо хоногт нэг цаг тоглож байна аа гэхэд,

    Би: Хоёр шавьтайгаа долоо хоногт нэг цаг тоглож байна аа гэв.

    Пүрэвсүрэн найз маань: Хоёр багштайгаа долоо хоногт нэг цаг тоглож байна аа гээд бөөн инээдэм болов.

    Хоёр найтайгаа уулзаж нэг цаг теннис тоглох санаачлага гаргасны үр дүнд далай багшийн гурван сургаалийг биелүүлж, сэтгэлээ сэргээж, эрч хүчийг мэдэрсэн юм.

    Далай багш “Бэлгийн нүд нээхүй айлдвараас….”

    Бага залуу харагдах тул

    Тоглож наадахад цаг гарга

    Ариун хишиг нөхөрлөлийнх тул

    Найз нөхөддөө цаг гарга

    Зүрх сэтгэлийн дуулал тул

    Инээж баясахад цаг гарга…..

    Орой гэртээ ирээд найзуудтайгаа сайхан харьцаж, уулзахгүй удвал биесээ үгүйлдэг, уулзахаараа баярлаж цагийг хөгжилтэй  өнгөрүүлдэг ийм дотно сайхан харьцаатай байгаадаа баярлаж байлаа.

  • Хүмүүсийн төлөө анхаарал тавих маш сайхан

    Ширээнийхээ ард ажлаа гялалзуулж суухдаа сэтгэл урьд урьдынхаас илүү хангалуун байхыг анзаарлаа. Үдийн хоолны цаг аль хэдийн өнгөрсөн хэрнээ л юм идэж хараахан амжаагүй байгаа надад өлсөх мэдрэмж төрөхгүй юм. Яагаад гэдгийг би мэдэж байна.

    …Хийж байгаа ажилдаа болоод мессеж ирэхийг мэдсэнгүй. Гэнэт л утсаа харсан чинь шалгалтаа өгч байгаа дүүгээс мессеж ирсэн байлаа. Хэлний шалгалт өгч байгаа дүүгийнхээ гуйлтыг би тийм амар мэдэж биелүүлж чадсангүй. Тэгээд Англи хэл мэддэг таньж мэддэг хүн рүүгээ залгалаа. Хэн нь ч утсаа авсангүй. Заримынх нь утас салгаастай. Тэгэхээр нь мессенжер хаягт байгаа хүмүүсээс тусламж хүслээ.

    Жаахан хүлээж суухдаа хэл сурах минь яалаа ч гэж бодох шиг, мэдэхгүйдээ бантан дүүгээсээ ичмээр ч юм шиг. Удаж, удаж мессенжерээс нэг хариу ирлээ. Яаран байж нөгөө орчуулгыг мессежээр явуулсан чинь дүү шалгалтаа өгөөд дуусчихсан байлаа.

    Өөрийн эрхгүй “Өө!” гэж дуу алдсан шүү. Гэхдээ тэрхэн хоромд маш том урам мэдэрсэн. Бараг 10 минутын хооронд хичнээн хүнээс тусламж хүсвээ. Тэр тоолондоо дүүгийнхээ шалгалтанд туслах хүсэл оргилж байлаа. Хэдийгээр миний тус хожимдсон ч гэлээ сэтгэл дүүрэн оргиод л. Аливаа зүйлд тэгтлээ анхаарал тавих ийм гоё байдаг гэж яагаад мэдсэнгүй вэ, би? Хааяа биш дандаа ийм мэдрэмж мэдрэхсэн…

    Утас дуугарлаа. Хэрлэн эгч залгаж байна. Чамд ном авчирсаан, өрөөнд ирээд авчих гэлээ. Хэд хоногийн өмнөөс л “Аугаа их хүмүүсийн хайрын 100 түүх” унших гээд захиалчихсан байсан юм. Амьдрал ямар сайхан юм бэ?

    Би хэн нэгний төлөө анхаарал тавьж, хэн нэгэн ч бас миний төлөө анхаарал тавьж юм бүхэн сүүн замтай байх юм даа. Энэ зам хаа хүрэхийг мэдэхгүй ч гэсэн энэ замаар сэтгэл амгалан алхана гэдгээ л сайн мэдэж байна.

  • Та дэлхий дахинд энх тайваныг тогтооё гэвэл яг одоо гэр гэрлүүгээ очоод гэр бүлээ хайрла

    Хайртай хүнийхээ эхнэр, нөхөр болж гэр бүлийн амьдрал зохиох үнэхээр сайхан л даа. Гэхдээ амьдрал баялаг, ээдрээт замтай болохоор хайртай хүмүүсийн хооронд ч асуудал гардаг. Ялангуяа шинээр гэр бүл болж, аав ээжийн асрамжнаас гарч бие дааж хамтын амьдралд хөл тавьж буй залуу хүмүүст энэ илүү чухал асуудал юм. Гэр бүл болоход эрх хоёр дахин багасаж үүрэг хоёр дахин нэмэгддэг. Учир нь нөхөртөө хоол хийж өгөх үүрэгнээс болоод эхнэр гадагшаа гарч чадахгүй болдог.

    Эхнэр авч, нөхөрт гарч гэр бүлд амьдрана гэдэг бие биендээ ямагт л таавар мэт сонирхолтой байж нэг нэгнийхээ залхууг хүргэхгүй байхыг хэлнэ. Нэгэн хэмнэл, уйтгартай байдал гэр бүлийг аажимдаа “иднэ”. Ямар ч гоо сайхан гадаад үзэмж харилцааны аугаа сайхныг орлож чадахгүй. Гэр бүлийн амьдралд эхнэрийн гоолиг бие үзэсгэлэн төгс царай нь гэр бүл бат бэх байхын баталгаа биш ээ. “Хүн муухай зүйлд сайхан зүйлийг биширдэг шигээ амархан дасна”. Заримдаа төгс сайхныг ажиглахаа больчихдог. Хос хоёр бие биенээ залхааж, нэг нэгэндээ ярих зүйл нь нэгэн зорилгод тэмүүлэх эрмэлзэлгүй болчихвол ямар ч гоо сайхан нэмэргүй. Чухамдаа тийм шалтгаанаар хүйтрэл ганцаардал эхэлнэ. Сэтгэл санааны зөрөлдөөн дургүйцэл нь өчүүхэн төдий анхаарал халамж дутсанаас эхэлнэ. Ингэснээр хос хоёр яваандаа ярилцаж харилцахаа, хоорондоо  үг солилцлоо ч болино. Урьдын дотно өнгө аяс алга болж буруушаан зэмлэсэн өнгөтэй болно. Энэ бүх эвдрэл, зөрөлдөөнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? Гэр бүл дотор хүнлэг харилцааг яаж сэргээх вэ?Нөхөр эхнэрийн хоорондын тунирхал холдолтоос урьдчилан сэргийлэхийн тулд хор уршиг тарьж мэдэх шалтгаануудыг арилгах хэрэгтэй юм. Иймийн тулд гэр бүл гэдэг нь: 

    1.  Хүнд хэцүү үед хорогдох, тайвшрах нөмөр нөөлөг болдог газар юм. Ажил төрөл дээр байдаг ааш зан бол өөр, гэртээ орж ирээд үнэн нүүр царайгаа гаргаж, ядарсан зүдэрсэн, уурласан бухимдсан бүхий л бухимдалаа гаргаж тайвширдаг газар юм.

    2. Өнгөрсөн амьдралын маш гайхамшигтай дурсамжийн уул уурхай. Тиймээс эхнэр, нөхөрөө бага насны дурсамжаа дахин дахин давтан дурсаж ярихад нь битгий төвөгшөөгөөрэй.

    3. Гэр бүлээсээ хүн чанарыг олж авдаг. Гэр бүлээсээ хэрхэн биеэ авч явахыг сурдаг. Гэр бүлд сурсан зүйл нь нийгэмд ямар хүн болохыг нь тодорхойлдог.

    4. Гэр бүл бол харилцааны сургууль юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Хүн гэрлэсний дараа материаллаг зорилгыг бүхнээс илүүд үзэж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцааны сайхныг үл ойшоох явдал гаргадаг. Мөнгөнд толгойгоо мэдүүлсэн зарим хүмүүс амьдралын үнэт зүйл болох хайр дурлал, эелдэг дотно харилцааг зэрэглээ мэт үзэж, харин мөнгө гэдэг чинь тоолж болох бодит зүйл гэцгээдэг. Ийнхүү материаллаг тооцоо улам лавширсаар  хамгийн үнэт зүйлс болох хүнлэг дотно харилцаа, бие биентэйгээ харьцах хүсэл алсад одно. Хүн амьд байгаа цагтаа дурлал, итгэл, харилцан ойлголцол, чин сэтгэлийн яриа, сэтгэл санааны халуун дотно харилцаа гэх зэрэг юугаар ч сольшгүй үнэт зүйлс байдгийг заримдаа эрэгцүүлэн бодож байх ёстой.

    Гэр бүл доторх дотно харилцаанд заналхийлж болох хоёр дахь аюул нь эрс шууд зан юм. Гэр бүлийн амьдралаа төвхнүүлж байх үед харилцааг сурах амархан юм шиг бодогдоно. Гэвч тодорхой хугацаа өнгөрөхөд тийм биш  болох нь ойлгогдоно. Харилцааны соёлыг эзэмшиж, хэрэгтэй үед шаардлагатай үгийг хэлж хүний сэтгэлийн хөгийг хөндсөн хэдхэн үгийг шигтгэж илүү дутуу үг хэлж хүнийг гомдоохгүй байх нь насан турш суралцаад баршгүй урлаг билээ. Иймд  тас түс зан нь гэр бүл дэх харилцааг эвдэж  болзошгүй юм. Зарим хүмүүс тас түс зангаараа бахархдаг нь зөв ч тухайн үедээ давж гарч байгаа юм шиг боловч хожим нь харамсаж  болзошгүй. Иймэрхүү байдлаар  гэр бүл дэх харилцааг хурцатгах аюултай. Шууд муйхарлан зүтгэх  биш, харилцааг улам уян хатан чиглүүлж залснаар тэмүүлэн буй дотно харилцаанд хүрэхэд амархан болно. Хүсэж байгаа зүйлээ  албадан хийлгэхэд хэцүү, иймд хүсэж байгаа зүйлээ хийлгэх хүслийг төрүүлэх шаардлагатай. Бие биедээ хайртай нөхөр, эхнэр бол хэдхэн үг солилцож нүдний харц, царайны хувирал, дохио зангаараа нэг нэгнээ ойлголцоно. Энэ нь бүдүүлэг эрс тэс зангаас хамаагүй дээр.

    Гэр бүлийн амьдралд маргаантай асуудлыг тойрч, хүсэл бодлоо гүйцэлдүүлэхэд жижиг заль гаргахад буруудахгүй. Гэр бүлийн гишүүн нөгөөгийнхөө илэрхийлж чадахгүй байгаа бодол санааг томьёолох зохих дүгнэлт хийх бололцоог олгосноор маргаан зөрөлдөөнөөс сэргийлж чадна. Зарим үед таг дуугүй байж заримдаа баашлан нэг хэвийн байдлыг эвдэж хоорондоо харилцаагаа шинэ холбоосоор чимнэ.

    Гэр бүл дэх харилцааны бас нэг гол “дайсан” нь “нэр нүүрээ олж авах” гэсэн зуршил юм. Уурлаж хэрэлдэхээрээ бие биендээ илүү дутуу үг хэлж байгаа нь буруу биш, чухамдаа тийм байдалд нэг нэгнээ хүргэдэг нь хамгийн буруу. Нэр нүүрээ олж авах гэсэн утга учиргүй оролдлогын улмаас гэр бүл сарнидаг ч явдал  бий. Иймд гэр бүл болсон анхны өдрөөс бие биендээ эелдэг зөөлөн соргог хандаж байх нь зүйтэй.

    Хос хоёр дотно харилцаатай бол ямар ч хэцүү нөхцөлд бие биенээ үггүй ойлголцоно. Эелдэг зан ааштай байх нь эхнэр хүн нөхрийнхөө байдлыг таах, бие биендээ  ямагт туслах сэтгэл байгааг гэрчилнэ. Хүнийг сайтар ойлгож мэдрэхийн тулд түүнд ойртон дотнос. Тухайлбал нөхөр нь ажлаасаа ямар нэгэн зүйлд сэтгэл төвдсөн ирэхэд түүнийг нарийн ойлгодог эхнэр тэр даруй учрыг лавлах гэж шалгааж зовоохгүй, харин адилхан сэтгэл зовж байгаад тойруугаар учрыг ойлгохыг хичээнэ.

    Аз жаргалтай гэр бүлийн дотно харилцаа нь ямар ч зовлон, гай тотгорыг давж гарах асар их хүч юм. Гэр бүлийн үндэс нь хайр дурлал,бие биендээ соронзон мэт татагдах увидас гэдгийг хүн бүхэн ойлгоно. Гэхдээ тэр бүхэн нөхөрсөг дотно үерхэлтэй хосолсон цагт жинхэнэ аз жаргал болно.

    Дэлхийн олон оронд сүй тавих ёслол хийж сүйт хархүү, сүйт бүсгүй болсноо гэр бүлийнхэн, хамаатан садан, анд нөхөддөө зарлаж сорилтын хугацааг дамжиж зан ааш, сонирхлоо харилцан мэдэлцэж таарч тохирох эсэхээ үзнэ. Энэ хугацаанд аль аль нь муу талаа нууж сайн талаа харуулахыг хичээдэг учир бие биенээ билгийн нүдээр харж таарч тохирох эсэхээ чөлөөтэй шийднэ. Эхнэр нөхөр хоёр дотны анд найзууд байх нь гэр бүл жаргалтай байх маш чухал нөхцөл болохыг амьдрал бэлхнээ нотолж байна.

    Гэр бүл болохын өмнө сонгосон хүн нь амьдралын ямар ч үед найдвартай анд нөхөд болж чадах эсэхийг мэдэх хэрэгтэй. Сонгосон хүнийхээ сонирхдог зүйл, дотны найзуудтай танилцах нь маш чухал ялангуяа найзуудтайгаа хэрхэн харилцаж байгааг нь гярхай ажиглаж зохих дүгнэлтийг хий. Тэр харилцаа өөрт чинь тусна гэдгийн хатуу ойлгох хэрэгтэй. Сүйт хүний чинь найзууд нухацтай, сонирхолтой, ажил төрөл нь өөдрөг хүмүүс байвал сүйт хүний сайн талуудын нэгэн илрэл болно. Сүйт хүний чинь анд нөхөдүүд өөрийн чинь сонирхдог зүйлүүдийг эс таашаадаг дургүйцэж байвал энэ нь ирээдүйд сэтгэл санаа, гэр бүл дэх харилцаанд тодорхой хэмжээгээр тусна гэдгийг ойлгох ёстой.

    Дотно үерхэл нөхөрлөл нь нэг нэгэндээ хүлээцтэй нигүүлсэнгүй хандахыг хэлнэ. Ямар ч өө сэвгүй, арван хуруу тэгш хүн хорвоод байхгүй, иймд гэр бүлээ бат бэх байлгахын тулд нөгөө гишүүнийхээ дутагдалтай талыг зөв ойлгож бодит шудрага ёсны байр сууринаас хандах нь зүйтэй. Хамгийн ойр дотны хүнээ шүүмжлэх нь буруу гэдгийг үргэлж санаж яв. Эртний грекийн гүн ухаантан “ Өө сэвгүй анд нөхөдтэй болохыг эрмэлздэг хүн анд нөхөдгүй хоцорно” гэж  хэлсэн байдаг.

    Гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийн тулд сайн анд нөхөддөө хандах нийтийн соёлыг дага. Тухайлбал анд нөхөддөө тэмдэглэлт үйл явдалыг тохиолдуулан бэлэг өгдөг шигээ гэр бүлийн гишүүндээ бэлэг гардуулж баярлуулж байх хэрэгтэй. Гэр бүлд эхнэр гэдэг хамгийн хайртай хүн төдийгүй хамгийн дотны анд гэдгийг нөхөр нь мартаж болохгүй.

    Эмэгтэй хүнийг өдөр бүр дор хаяж нэг удаа баярлуулж байвал зохилтой. Цэцэг, чихэр, сүрчиг, ном, зэрэг  нь  сүйт бүсгүйг төдийгүй гэргийн сэтгэлийг хөглөнө. Бэлгийг зүгээр өгөх биш төгс төгөлдөр гардуулж чин сэтгэлийн үг хэлнэ. Сайхан үгийг эхнэртээ харамгүй хэл. Францчууд “эмэгтэйчүүд чихээрээ дурладаг” гэж ярьдаг нь оргүй зүйл биш ээ.

    Анд найзуудын хоорондын харилцаанд байдаг гэр бүлд гаргаж боломгүй 3 шинж чанар:

    1. Анд найз маргалдаж заримдаа хэрэлддэг ч бие биендээ гомдож туньдаггүй. Гэр бүлд бол ам мурийж хэрхэвч болохгүй. Өөрийн санал бодлоо улайран хамгаалж зөв бурууг нотлох гэж оролдох нь буруу, үүнээс болж гоморхол харилцааны хүйтрэл гарна.
    2. Анд нөхөр зан чанарын хувьд таарч тохирдог байж болно. Гэр бүлд бол зан аашнаас илүү харилцан хүндэтгэх зарчимыг баримтлана.
    3. Анд нөхөд нэг нэгнээ эрс тэс шүүмжилж, сургамжилж, засаж, залруулна. Гэр бүлд тэгж хэрхэвч болохгүй. Гэр бүлд харилцан шүүмжлэлээс ямагт зайлсхийнэ. Бие биендээ нөлөөлөх шаардлага гарвал шүүмжлэх биш, тойруу замаар санаа бодлоо ойлгуулвал тохиромжтой.
  • Монгол хүн танд мөрөөдөл өгье

    Болливуудын нэгэн нэрт кино найруулагчаас “Та яаж ингэж баяжиж чадав аа?” гэж асуухад, “Би Энэтхэгийн ард түмэнд мөрөөдлийг нь өгсөн юм чинь, хэнээс ч илүү аз жаргалтай, баян тансаг амьдрахаас яахав” гэж хариулжээ. Тэрээр, би Энэтхэгийн ард түмэнд дуу, хуур, хөгжил цэнгэл, хүсэл тэмүүлэл, амьдрах итгэл өгч чадсан. Тиймээс тэд аз жаргалтай амьдарч чадаж байгаа юм гэжээ.
    Тэгвэл Монгол хүн бидний урагш хөдөлгөх итгэл үнэмшил, сэдэл тэмүүлэл юу билээ? Бидэнд мөрөөдөл байгаа юу? Бидний харах чиг, зорих газар, бишрэх үзэл санаа юу билээ? Монгол хүнд хэн мөрөөдөл, итгэл үнэмшил өгөх ёстой вэ?
    Бид л Монгол хүндээ сэдэл тэмүүлэл, итгэл үнэмшил өгөх ёстой. Зөвхөн кино гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш. Бүхийл салбарт, бүхийл үйл ажиллагаандаа энэ зарчмыг баримталъя.
    Та ч бас өөртөө мөрөөдлийг бий болго. Бидэнд итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл хэрэгтэй.

    Өнөөдөр Монгол хүн танд мөрөөдөл өгье.

  • Ажил дээр гарахаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх ёстой вэ

    Амьдралаас ажиглаж байхад залуус өндөр цалин хангамжтай ажил дээр гараад ирэхээрээ өөрийгөө хөгжүүлэх нь багасаж өөрийн жаахан авъяас чадвартаа эрдэж, за ингээд л болоод байгаа юм чинь гэсэн сэтгэгдэлтэй болдог юм шиг санагддаг. Ихэнхи залуус ажил дээр гарахаараа хөгжих нь зогсож, өдөр хоногийг аргацаасан байдалтай болж, компанид ажил хийж өгч байгаа юм чинь яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандсанаараа, өөрөө ч сэтгэлгээний хувьд хөгширч, чадварын хувьд доройтоод байгаа нь амьдралаас харагддаг. Хүн үргэлж хөгжиж, чадваржиж байхын тулд яах ёстой вэ?
    Үглэхээс үлгэрлэ гэхчээр, өөрийнхөө амьдралд барьдаг зарчимаас залуустайгаа хуваалций. Хүн сайн яваасай гэсэн хүндээ л үг хэлдэг гэдгийг ойлгож, авах гээхийн ухаанаар хандаарай.

     

    1. ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙ. ҮГҮЙ БОЛ ЮУ Ч БИТГИЙ ХИЙ. Би өөрийн хийж буй зүйлийг хүний, өөрийн, хувийнх, ажлынх гэж ялгаж гадуурхаж, халтуурдахыг хэзээ ч хүсдэггүй. Яагаад гэвэл ажил дээр ч бай, хаана ч бай өнгөрөөж байгаа цаг мөч бүр миний амьдралын цаг хугацаа өнгөрч байгаа нь тэр шүү дээ. Ажил дээр өнгөрч байгаа цаг гээд миний амьдралаас өөр цаг гэсэн үг биш. Жишээ нь хүн ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байгаа цаг хугацаа нь өөрийнхөө л амьдралыг үрж байгаа цаг хугацаа гэсэн үг. Мөн нөгөө талаас ажлаас сурч мэдсэн, өөрийгөө дайчилж олж авсан чадварууд миний л өмч болно.

    Нэг жишээ татъя. Намайг “Эх орон” ТВ-д ажиллаж байхад сэтгүүлчид ингэж ярьдаг байсан. “За энэ муу нэвтрүүлгийг яаж ч хийсэн яадаг юм. Аргалаад л нэг юм гаргаж л байвал болоо” гэж. Ингэж хандсанаараа тэр хүн өөрийгөө л хуурч байгаагаас ялгаагүй. Өөрөө ч чадварждаггүй. Би эсрэгээрээ ханддаг байсан. Би үнэхээр энэ нэвтрүүлгийг сайн найруулаад, сайн хөтлөөд, эрж хайж сонирхолтой хүмүүстэй танилцаад, хэрэгтэй яриа өрнүүлж чадвал, тэр танил гэдэг миний л нөөц баялаг болно. Сайн нэвтрүүлэг хийгээд нийгэмд оюуны хөрөнгө оруулж чадвал энэ миний нийгэмд оруулж буй иргэний үүрэг гэж боддог байсан. Тэгснээрээ би их зүйлийг сурч авсан. Өөрөө ч хөгжсөн. Танилын хүрээ ч нэмэгдсэн.

    NMMATeam-ийн хувьд ч гэсэн би маш их зүйлийг сурч мэдэж хөгжиж байна. Би анх орж ирэхдээ интернэт маркетинг гэдгийг ойлгодог ч үгүй сэтгүүлч л байсан. Харин одоо би 6 сарын хугацаанд компаний захиралд зөвлөгөө өгдөг болтлоо хөгжсөн байна. Гэтэл надтай хамт ажил эхлүүлж байсан зарим хүмүүс интернэт маркетингаа ч сайн ойлгоогүй, зүгээр л хүний хэлсэн ажлыг хийгээд яваад байсан хүн ч байна. Тэр хүн өөрөө ч нээх сайн хөгжөөгүй.

    2. ӨДӨР БҮР ШИНИЙГ МЭДЭЖ, НЭГ УР ЧАДВАР НЭМЖ, БУСДЫН ДАВУУ ТАЛААС СУРАЛЦ. Хүн үхэн үхтлээ суралцдаг. Хүн сурахаа больвол уруудаж байна гэсэн. Тиймээс бид зөвхөн ажлаасаа гадна хувь хүн талаасаа өөрийгөө тогтмол хөгжүүлэх ёстой гэж би боддог. Ажил дээр нэг мэдэхгүй зүйл гарахад хүнээр хийлгэхээсээ илүүтэйгээр өөрөө сураад авъя гэж боддог. Нэг зав гарвал нэг ч гэсэн ухаантай хүний нийтлэл уншъя, нэг зөв хүний яриа сонсоё гэж боддог. Хүн өдөр бүр шинэ зүйлд суралцаж, эрэлхийлж, мэргэжлийн талаасаа ч нэг чадвар нэмж, нэг чадахгүй байсан зүйлээ чадддаг болох ёстой гэж боддог.

    Ажилдаа сайн, мэргэжилдээ чадварлаг байхаас гадна хүний амьдралд олон төрлийн боловсрол хэрэгтэй болдог. Эрүүл мэндийн, гэр бүлийн, харилцааны, хууль эрх зүйн, санхүүгийн гэх мэт наад захын боловсрол хэрэг болдог. Манай боловсролын тогтолцоонд энэ агуулга нь орхигдсон байдаг учраас залуусд дээр дурьдсан боловсрол маш дутмаг байгаа нь мэдрэгддэг. Хаа сайгүй нь өвдсөн зовсон залуус, салсан сарнисан гэр бүл байгаа нь энэ бүхний илрэл юм. Тиймээс залуус бид чөлөөт цагаа дээрх боловсролуудыг олоход зориулж, МОНГОЛЫН ЧАДВАРЛАГ ЗАЛУУ, АМЖИЛТТАЙ ХАМТ ОЛОН, АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ТООГ нэгээр нэмээсэй гэж хүсэж байна.

  • Цахим нийгэм дэхь бидний орон зай (лекц)

    Монголын Оюутны Холбоо, The New Media Marketing Agency компанитай хамтран оюутан залуучуудад интернэт хэрэглээний соёлыг төлөвшүүлж, сошиаль медиаг ашиглан хурдтай өргөжин тэлж буй цахим нийгэмд өөрийн байр суурийг бий болгож, өөрийн боломжийг тэлэх талаарх мэдлэгийг олгох зорилгоор “ОНЛАЙН НИЙГЭМ ДЭХЬ ОРОН ЗАЙ буюу ДЭЛХИЙД ГАРАХ ГАРЦ” лекцийг зохион байгуулсан билээ. Ямартай ч залуус лекцийг анхааралтай сонсож, 2.000.000.000 гишүүнтэй цахим улс гүрэнд өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдлийг тунхаглах аянд мордоцгоолоо.

  • Зэрэмдэг үгс ба бидний амьдрал (Хүн хэлж буй үг шигээ амьдардаг уу?)

    Үгээр бид бодол санаагаа солилцож, мэдээлэлээ өгч авдаг билээ. Үг гэдэг маань угтаа хэл судлалын ухагдахуун ч, физик чанараараа хэлбэлзэлтэй дуу авиа. Энэ дуу авиа бидний сэтгэл гэж харагдахгүй, тэмтрэгдэхгүй эрхтний минь илэрхийлэл болон хэрэглэгддэг. Сэтгэлийн илэхийрлэл бодол санаа болон хувирахуй доор дуу авиагаар дамжуулан нөгөө хүнийхээ сонороор дамжин сэтгэлд хүрнэ. Үг гэж дуу авианы физик шинжтэй үзэгдлийн хүчтэй чанар нь эндээс эхлэнэ.

    Эгээ л усны байгаль дахь эргэлт лугаа адил, жишээлэхэд ус, мөс “шатдаг”= ууршин агаар мандалд дэгдэн гарч молекулиуд нь өндөр дэхь хүйтэн агаарын даралтын сийрэгжилт, хөргөлтнөөс хамаарч усны молекулуудын бөөгнөрөл нь бидний хараанд өртөхүйц болж манан, уур болон хувирч агаарын даралт, хэмийн зөрүүгээс үүсэх агаарын шилжилт хөдөлгөөнөөр буюу бидний нэрлэдэгээр салхиар туугдан хөвөхийг нь үүл хэмээнэ.Ууршсан усны молекулиуд маань салхинд туугдан явахдаа манан, үүл болон хүмүүн биднээс өөвөн цөөвөн, сэмжин, хурган, хонин гэх зэргийн зүйрлэл нэрийг аван нэгдэх явцдаа хуралдан нэгдэж, агаарын даралт, эх газрын татах хүч, ээн гэрэлтүүлэх наран зэрэг олон хүчин зүйлийн нэгдсэн нөлөөллөөр хувийн жин нь ихэсч эргэн газар дэлхийдээ эргэн буухуйг бороо хур хэмээнэ. Бороо хур нь горхи голыг сэлбэн нуур тэнгис далайд хүрэх зууртаа улирлын нөлөөгөөр цас мөс болохдоо ч дээрх үзэгдлийг хором ч алдалгүй давтан давтсаар байгаль дэлхийг амилуулан ургамал цэцэг амьтай бүхнийг төлжүүлэн энэ ертөнцийн амьдарлын амийг авч явах бөлгөө.

    Энэ лүгээ адил Үг сэтгэлээс сэтгэлд өртөөлөн бууж, эрчим хүч агуулан явдгийг та бидний эмээ өвөө нар өвөг дээдсээсээ сурч мэдэн болчимгүй үг хэрэглэхийг цээрлэж, МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭР, Манж хүн бэлээрээ гэдэг хэлц үгээр томьёолон биднийг сургамжилдаг билээ. Иймдээ ч манай монголчууд алив зүйлийг нэрлэх, хэлэлцэхдээ ҮГний эрчим хүчийг ойлгосон учраас бодолтой хандаж үгийг зөв хэрэглэхийг хичээдэг байлаа. Байлаа гэдэг нь бид өнөөдөр хэрэглэж чадахгүй болж гэдгийг танд ойлгуулж байгаа байх. Багадаа /одоо ч гэсэн би хэрэглэж дадаагүй байгаа/ энэ их ёсыг мэддэг өвгөчүүл, буурай нарын дэргэд ёсгүй үг хэрэглэн, нударгаар нь ороолгуулж өссөн билээ.

    Хорьдугаар зууны гучаад оны хэлмэгдүүлэлт,их хядлагын өмнөх жилүүдэд тэр үеийн монголчууд цус гэж үг орсон хараал, хэллэгийг эр эм, эх захгүй хэлдэг байж. Удаа ч үгүй түүхэндээ дайнд ч хядуулаагүй тийм олон хүний амийг егүүтгүүлсэн. Саяхны жишээ: 90 оны эхээр ганзагын наймааны их урсгалд нийгмээрээ татагдан орох үед шатах гэдэг үгийг орос хэлнээс махчилан орчуулж хэрэглэснээс хойшхи арван жилд ой хээрийн түймэр тоогоо алдаж, зарим үед нар хиртсэн мэт, түнэр утаа хөшиглөн хоолой ам хатааж байсныг мартсан ч сануулахаар мэдэх хүн та бидний дунд цөөнгүй байгаа байх. Сүүлийн арван жил бид мэнд мэдэхдээ, -Юу байна?-Юмгүй гэдэг үг хэллэгийг нийтээр их хэрэглэв.ҮГ биелэлээ олов.Нийгмийн олонхи дундаж давхаргынхан эмзэг давхаргын тоог нэмэгдүүлэв. Чөлөөт зах зээлд шилжээд 20 жил болох гэж байна. Өнөөх муу хэлдэг социализмийн үеэсээ дээрдсэнгүй, харин доордов. Либерализм, чөлөөт зах зээлийг буруу гэсэнгүй, алив зүйлд зөв хандлагаар хандаж, зөв ойлгосныхоо дараа ЗӨВ ҮГ хэрэглэцгээхгүй бол юу болоод байгааг түүх, цаг хугацаа бидэнд сануулаад байгаа биш үү?

    Өвөөгийн маань анд Монгол хэл, бичгийн гавьяат багш Чойжилсүрэн гуай надад алив зүйлд нэрний учир шалтгаан их буй. Эртний мэргэд судар ном зохиолоо сонсохуй сонорт чимэгтэй, санахуй санаанд тод үлдэхээр нэршээдэг байсан Зүрхэн тольт, Зуун найман билэг оршвой гэх зэрэг, Харин та нар азгүй хүүхдүүд байна Орос хэлний сурах бичгийг чинь Солонго /Радуга/ гэж нэрлэчихжээ. Зүй нь хүний сурсан эрдэм ном хаданд сийлсэн мэт үлдэх ёстой, Та нар маань соёл, шинжлэх ухааны уурхай болсон энэ их үндэстний хэлийг солонго шиг замхаруулчихгүй сураарай гэсэн нь ёжлож хэлсэн ч үнэний их хувьтай байж гэдгийг орос хэлийг сурсан гэх хэцүү бас сураагүй гэх хэцүү болсон над мэтийн манай үеийнхэн ойлгоно биз.

    Өнөөдөр залуус хүүхдүүд илүү зан гаргаж лайтай /ланчиг лай=зовлон бэрхшээл/, бас юу гэв майр гэнэ үү = энэ үгийг эх хэлний үгийн сангаас би олсонгүй, /охиноосоо асуувал тоймгүй баримжаагүй буюу тоолж багцалж чадахгүй гэсэн санааг, төсөөлвөл англи хэлний “much” тай ойролцоог хэлдэг бололтой юм/ зэрэг мууг дуудсан үг хэрэглэцгээж байгаа бололтой юм. Дээр нь интернэтийн ихэнх блогуудын хэрэглэх үг хэллэг авах юм алга, гэжийгаа, боджийнэ, гэжүүл яахуу, ицсийцэст явжээвэл сайхан байдын байшд, бичлиг хийдиймүү гээл. Суужаагаан, хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын г.м
    Ийм хэллэгтэй хүний сэтгэлгээ, сэтгэл хоёр нь ч ийм байгаа. Сэтгэл нь ийм бол үйлийн үр нь ч тийм л байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өвгөдийн ХҮН болоогүй хүнд эрдэм бүү заа, Галзуу солиотод харвах зэвсгийг зааж, бариулсантай адил гэдэг үг чинь бид болоод байгаа юм байна. /Хүүхэд залууст ойлгомжтойгоор хэлэхэд, сармагчинд гранат бариулна гэсэн үг/ Үүнд бидний буруу бий. Эх хэлээрээ зөв хэлэлцэж сурахыг шаардан намайг ам руу нь алгадмаар гэж айлган харцаараа шавхуурдаж зэмлэдэг байсан тэр өвөгчүүлийн сэтгэл, сэтгэлгээ бидэнд дутаснаас залуус дүү нар маань арван хэд, хорь хүрсэн насандаа ч эх хэлээ сураагүй, элий халгай болж эр нь эр шиг, эм нь ч эм шиг байж чадахгүй болжээ.
    Үгийн буруу сонголт ажил хэрэг дээр нөлөөлсөн талаар жишээ хэлье.
    Одоо нэг үеэ бодвол нийгмийн олон идэвхтэнгүүд болон хүмүүс мод тарья гэдэг болж, Энэ сайшаалтай. Харамсалтай нь гурван настай балчир мод бутыг ойгоос нь авчирч тариад л орхидог. Миний мэдэхийн хаврын хаварт 7 жил мод тарьцгаасан хүмүүс, газар байдаг. Очиж үзлээ, хатсан модны ёдор хугархай гол. Бидэн дундаа л байгалиа гэж бодож явдаг хүмүүсийн маань ажил ийм л байна. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш, бид зэрэмдэг үг хэрэглэж ярисаар байтал сэтгэлгээ маань зэрэмдэг болж, ажил үйлсээ дутуу гучуу зэрэмдэглэдэг болсоных ажээ. Зүй нь мод тарих гэдгийг мод ургуулах гэж бүтэн бодож, гүйцээн хийх нь бүтээн байгуулалтаар зогсохгүй эх хэлэндээ анхаарч сэтгэлгээгээ шинэчлэн өөрчилж хөгжүүлэх цаг болсныг дохиолж байна.
    Үг яриандаа болон блогт дараах байдлаар хэлэлцдэг хүүхэд залуус, дүү нартаа
    хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын
    – Тиймээ хүний жишгээр сэтгэж явахгүй бол болохгүй болчихжээ та нар минь.
    Эх хэлээ зөв хэрэглэж зөв сэтгэж баймааж та нар ХҮН шиг амьдрана гэж ерөөе дөө ах нь.
    Энэ нийтлэлийг бичиж дуусаагүй байхад Хүн хэлж буй Үг шигээ амьдардаг гэж номын нэг дүү минь хэллээ.

    Тиймээ, Яг л байгаль эхийн усны тогтолцоо хэрхэн бие биесээ нөхөж, амьдрал гэдэг гайхамшгийг нөхцөлдүүлэн бий болгодог шиг сэтгэлийн хур бороо болсон ҮГЭЭ зөв сэтгэж, зөв хэрэглэж сурцгаая даа Монголчууд минь ээ.