Category: media-content

  • Бид хорвоо ертөнцийг тохинуулахаар ирлээ

    1970 оноос эхлээд өөрийнхөө сонгосон зорилгодоо хүрээд зогсохгүй гайхалтай амжилтад хүрдэг ер бусын зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг булан бүрт төрж эхэлсэн бөгөөд 1990-ээд оноос олноороо мэндэлж эхэлжээ. Харин өнөөдөр 100 нялхсын 70 нь индиго хүүхэд байгаа учир айл бүр индиго хүүхэдтэй болсон гэж эрдэмтэд үзэж байна. Америкийн нэрт сэтгэл судлаач Ли Кэрролл тэдний аура нь нил ягаан өнгөтэй байгааг судлаж Индиго хүүхдүүд хэмээн нэрлэсэн бол харин монголчууд “Гасан” хүүхдүүд гэж нэрлэдэг. Та ч бас хүүхдээ анхааралтай ажиглаарай. Таны хүүхэд хачин жигтэй зүүд зүүдлэж, таныг гэнэтийн ноцтой асуултаар гайхшируулж мөн ургамалтай ярьж байна уу? Хэрвээ таны хүүхэд нууцлагдмал, дуу цөөтэй, бусад хүүхдүүдтэй ярилцах дургүй бол Индиго хүүхэд гэсэн үг.

    ГОЦ ЧАДВАР
    Шинэ эрин зууны индиго хүүхдүүд гэсэн тодотголтой энэ багачууд эхээс төрсөн даруйдаа л ухаалаг, дөлгөөн харцаар орчноо харж эмч нарыг гайхшруулдаг. Найман сартайгаасаа ярьж эхлэн, нэг ой таван сартайгаасаа сонин хэвлэл уншиж, гурван настайгаасаа шинжлэх ухааны нарийн нууцын талаар санаанд оромгүй зүйл ярихыг ч үгүйсгэхгүй. Тэд цэвэр ариун сэтгэлтэй, энерги ихтэй учраас бараг өвддөггүй. Өвчин туслаач өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эдгээж чадаж байна. ДОХ-ын халдвартай эцэг, эхээс төрсөн Индиго хүүхэд төрснөөсөө хэсэг хугацааны дараа цоо эрүүл болж чадсан тохиолдол ч бий. Мөн урьд насныхаа амьдралыг мэдрэхээс гадна ирээдүйд болох явдлыг урьдчилан харж чаддаг гоц чадвартай байна.

    ШИНЭ ЭРИН ҮЕ
    Индиго хүүхдүүдийн төрөлтөөр дэлхий давалгаалж байгаа нь тохиолдлын хэрэг биш ээ. Түүхийн хамгийн түгшүүртэй цаг мөч ойртож манай гаригийн оршин тогтнох чадвар, нөөц боломж өдрөөс өдөрт хомсдож байгаа цаг үеийн захиалгаар дэлхий дээр шинэ соёл иргэншлийг цогцлуулж хүн төрөлхтний шинэ онол, шинэ шашныг дэлгэрүүлэх оюуны асар өндөр чадавхтай хүүхдүүд мэндэлж байна. 2000 оноос Бумбын эрин эхэлсэн. Бумбын эрин бол оюун ухаан, суут ухаантнуудын эрин. Тийм учраас энэ үеэс хойш төрсөн хүүхдүүд гариг дэлхийгээ сүйрлээс аврах хувь тавилантай, дайчин, шударга шийдэмгий хурц зантай, сод ухаантай, аливааг засч залруулах ер бусын чадвартай хүүхдүүд юм. Индиго хүүхдүүд дэлхийн хүн амыг эзлэх болсон үед бидний нийгмийн бүх муу муухайг арилган энэ дэлхий маш цэвэр ариун сайн сайхан болно.

    АСУУДАЛ
    Индиго хүүхдүүд нь гоц содон авьяастайн дээр хурц хэрсүү, эрх чөлөөт сэтгэлгээтэй учраас тэдний арга эвийг олоход хүндрэлтэй байдаг. Тэд хараат биш бөгөөд бидний уламжлалт аргаар хүмүүжүүлэхэд хүндрэлтэй. Тэдэнд одооны боловсролын сургалтын систем тохирохгүй байгаа учраас сахилгагүй дэггүй гэхчлэн цоллуулж зарим нь сурлага муу хүүхэд гэж дүгнүүлж ч яваа. Тэднийг загнаж зодож хатуу гараар барих гэж оролдох нь хорлож байгаагаас ялгаагүй бөгөөд тэдэнд сахилгын шийтгэл ердөө ч тохирохгүй.
    Ихэнхи эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийнхээ этгээд хачин ааш авирыг ойлгохгүй, яаж харьцах аргаа мэдэхгүй байгаагаас тэдний авьяас чадвар, хүсэл тэмүүллийг нь мөхөөж байна. Зан аашыг нь хүчээр дарах гэж оролдвол яваандаа индиго гэрлэн бүрхүүл нь энгийн хүмүүсийнхтэй адил болж, өөртөө итгэлгүй, сул дорой болдог. Өөрийнх нь мөн чанарыг ойлгохгүй хуучин арга барилаар хүмүүжүүлэх гэж хүчлээд байгаа энэ нийгмийн хоцрогдсон үзлийг үзэн ядаж харгис зан авир гаргаж хүчирхийлэл, аллага үйлдсэн тохиолдлууд гарч байгаа нь харамсалтай. 10 нас хүртэл эцэг эх анхаарахгүй байснаас төрөлхийн билиг чанараа гээж буруу замаар явж байгаа хүүхэд ч байна.

    ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?
    Хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийн нэг нь орчин, мэдээ мэдээлэл юм. Хүүхэд өөртөө ямарч хэрэггүй мэдээлэлийн золиос болж байна. Ер нь хүүхдэдээ тухайн насанд нь тохирсон танин мэдэхүйн чанартай мэдээ мэдээллийг үзүүлж байх хэрэгтэй бөгөөд хүүхэлдэйн кино үзүүлэхдээ хүртэл сонголт хийх нь зөв. Аль болох сайн зан чанарыг нь сайшааж магтаж байх хэрэгтэй, тэгсэнээр индиго хүүхэд өөртөө улам итгэлтэй, гоц ухаан нь улам л хурц болдог. Тэднийг хайрлаж энхрийлж, тэвэрч, байнга хайртай гэдгээ мэдүүлж буруу юм хийвэл зүгээр л тайлбарлан ойлгуулж зөв талруу нь залж хөгжүүлсээр гоц чадвар нь нээгдэж хорвоо дээр ирсэн зорилгоо биелүүлж чаддаг байна. Ер нь бол “Аав ээжийнхээ үгэнд ор” гэдэг бол буруу үг. Ингэж сургавал хүүхэд сэтгэхгүй номхон морь шиг болж хувирна. Өөрөөр нь яриулж, өөрөөр нь бодуулж, өөртэй нь ярилцаж өөрөөр нь зөв бурууг ялгуулж сонголтыг нь хийлгэх хэрэгтэй. Залуу эцэг эхчүүд хүүхэддээ хэт их анхаарал хандуулаад нийгэмд зохицох чадварыг нь төлөвшүүлэхгүйгээр өөрсдийн зүгээс зохицуулах гээд байх нь буруу. Нийгэмд өөрөө өөрийгөө л авч явах болохоос бид насан туршид нь дагаад асуудлыг нь шийдээд явахгүй шүү дээ. Бид зөвхөн тэднийг амьдрал практикдаа тулгуурлан чиглүүлж, зөв сонголт хийхэд нь туслах үүрэгтэй.
    Индиго хүүхдүүдтэй маш зөв харьцахыг дэлхий нийтээр онцлон анхааруулж байгаа бөгөөд хөгжилтэй улс орнуудад тусгай хөтөлбөртэй сургууль, цэцэрлэгүүд байгуулан гоц чадварыг хөгжүүлж сургаж байна. Харин Монголд индиго хүүхдийг судалдаг, хөгжүүлдэг, эцэг эхчүүдэд нь зөвлөгөө өгдөг ИНДИГО шинэ зууны хүүхдийн хөгжлийн төв үүдээ нээсэн нь цагаа олсон хэрэг боллоо.

    Монголын ГАСАН үрс маш олон болж МОНГОЛ УЛС мандан бадрана!

  • Би сул дорой залуу

    Өвчнийг хэдий чинээ эрт оншилж чадвал төдий чинээ эдгэрэхэд хялбар байна.

    Нэг удаа би “Миний амьдралын утга учир юу вэ?” гэж өөрөөсөө асууж, тольны өмнө суугаад өөрийнхөө зөвхөн нүүр царайг биш дотоод мөн чанараа тольдон харвал,

    Би бол залхуу, зорилгогүй, аймхай хулчгар, арчаагүй, сул дорой, өөртөө итгэлгүй..

    Би хог хаядаг, гудамжинд нусаа нийдэг, би хүмүүст тусалдаггүй,

    Би тархины тураалтан, оюуны гуйланчлагч…

    Би бол архичин: Би ядарсан оюутан нэрээр өөрийгөө халхавчилдагч хамгийн их мөнгөө номонд биш архинд зориулдаг баян оюутан.  Миний энэ архидалтаас болж зодоон цохион, хулгай дээрэм, хүчин, танхайн гэмт хэрэг Улаанбаатарт цэцэглэсээр.

    Би бол хүйтэн сэтгэлтэн: Хүн хүнээ дээдэлсэн үерхэл нөхөрлөл мартагдаж хүмүүс бид бие биенээсээ айж, халуун нүүрээ харсан чин сэтгэлийн яриа үгүй болж мессежээр танилцаж, чатаар ярилцаж, мессенжерээр үерхэж, би хүн биш робот болон хувирч байна. Би Сэтгэл гэж ямар үг байдгийг ч мартах юм шиг байна. 

    Би бол мөнгөний төлөө биеэ худалдагч: 2007 онд гадаадад худалдагдаж хохирсон 124 хүний нэг нь би. Би тэнд зөвхөн хэдэн төгрөгний төлөө өөрийнхөө хүн гэсэн ариун нэрээ бузарлуулж, өөрийгөө хүчирхийлэхийг зөвшөөрч, ганц олдох амьдралаа гутамшигтайгаар доромжилсон хүн бол би. Тэнд гоё сайхан хувцас, тансаг сайхан өрөө, бидний хөгжил гэж нэрлэдэг бүх зүйл байсан ч тэнд араатан мэт хүчирхийлэл бас байсан.    

    Би бол алуурчин: 4 сарын 16-нд Америкийн Виржиниа Тек Их сургуульд 32 хүнийг буудан алсан Чо-Сэүнг-Хүй бол би. Манай Америкт өндөр сайхан байшин, гял цал гудамж, бидний хөгжил гэж нэрлэдэг бүх зүйл байсан ч би хүн алчихлаа. Хөгжил байсан ч би хүн алчихлаа. 

    Би өөрийгөө сул дорой, арчаагүй өвчтөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин одоо өөрийгөө эмчлэхийг хүсэж байна.

    Би өөрийн муу зуршил, өвчин эмгэг бүхнээ эрт оншилж үүнийгээ эмчилж чадвал улсынхаа хөгжилд оруулах хувь нэмэр минь энэ.

    Би жинхэнэ хүн байж хүмүүст туслаж, хайрлаж, шудрага хөдөлмөрлөж, хүн хэмээх эрхэм нэрээ өндөрт өргөж чадвал улсынхаа хөгжилд оруулах хувь нэмэр минь энэ.

    Би архичин биш, алуурчин биш, дарга биш, уран донгодогч биш, ерөнхийлөгч биш.. би жинхэнэ хүн байхыг л хүсэж байна.

  • Хүчилтөрөгч тээвэрлэгч олон машинтай байя гэвэл

    Нэг лекцэн дээр “Намайг цус багадалттай гэсэн. Цус хийлгэе гэж бодож байгаа. Хаана хандвал дээр вэ?” гэж надаас асууж билээ. Цус багадалт гэхээр цусны нь хэмжээ бага болчихсон гэж ойлгосон хэрэг. Машины радиаторт ус дундрахад нь нэмээд хийчихдэг шиг л сэтгэх хүн өөр зөндөө олон гээд мөрийцсөн ч болно. Би ч өөрөө зургаахан жилийн өмнө иймэрхүү байснаа одоо бодоход ичмээр байдаг.

    Гэтэл цус багадна гэдэг нь цусны бүтэц хэвийн байхаа больсон гэсэн үг юм байна. Цус багадалтын хэд хэдэн хэлбэр байдаг бөгөөд энэ удаа төмөр дутлаас хамааралтайг нь авч үзье.

    Биед төмөр бага болоход улаан бөөмийн тоо цөөрдөг. Ингэснээр эдүүдэд хүчилтөрөгч хүргэх цусны чадвар муудна. Цонхийж цайгаад, бие сульдан амархан ядардаг болсон бол төмөр дутлын цус багадалт үүссэн байж магадгүй.

    Төмөр дутлын цус багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Цус багадалт хүчтэй илэрсэн үед л хүмүүс эмчид ханддаг. Ийм өвчтөн амархан ядарч, бие сульддаг, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт муудсан, царай цонхийсон, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчиддаг, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэссэн гэх зэрэг зовиур хэлдэг.

    Ийм эмгэгээс сэргийлэх, түүнээс салахын тулд цусны тухай төсөөлөлтэй байх хэрэг гарна.

    Цус бол зүгээр л нэг улаан шингэн биш. Цус нь сийвэн хэмээх шингэн бодис дотор орших эсүүдээс тогтсон нарийн бүтэцтэй холимог юм. Цусны найрлагын 55% нь цагаан шаргал өнгөтэй сийвэн бөгөөд үлдэх 45%-ийг цусны улаан, цагаан бөөмүүд эзэлнэ.

    Цусны эсүүд дотор хамгийн олон нь улаан бөөм учир цус улаан өнгөтэй. Цусанд 25 гаруй триллион улаан бөөм байдаг. Тэдгээрийг чөмөг секунд тутамд 3 саяыг боловсруулна. Улаан бөөм дөрвөн сар орчим амьдарна. Тэдний тусламжтайгаар цус өөрийн гол үүрэг болох- уушигнаас хүчилтөрөгч авч бүх эсүүдэд хүргэх ажлаа гүйцэтгэнэ. Хүчилтөрөгч дутвал ямар ч эс ажлаа хийж чадахгүй болно. Эс ажилгүй болоход эзэн өнгөрөх нь мэдээж. Буцахдаа улаан бөөм нүүрсхүчлийн хийг эсүүдээс зайлуулна.

    Насанд хүрсэн эмэгтэй хүний биед 4-5л,эрэгтэй хүний биед 5-6л цус эргэлдэж байдаг.

    Цусны улаан бөөм нь дундаа хонхортой зээрэнцэг хэлбэртэй бөгөөд цөм байхгүй. Улаан бөөмийг гемоглобин хэмээх төмөр агуулсан улбар шар бодис дүүргэдэг. Гемоглобин нь уушигнаас хүчилтөрөгчийг шингээж аваад эд эсүүдэд хүргэж өгнө.

    Чөмөг, дэлүү, тунгалагийн булчирхайнуудыг цус төлжүүлэх эрхтнүүд гэнэ. Хавтгай яснууд болон хөндий ясны булуунд байдаг улаан чөмөг, түүнчлэн шар тосон чөмөг, дэлүүнд улаан бөөм боловсорно.

    Яагаад төмөр дутлын цус багадалт үүсдэг вэ?

    1.Хоолонд нь төмөр хэтэрхий бага байх /төмөр агуулсан хүнс бараг иддэггүй/

    2.Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед

    3.Төмрийн шимэгдэлт муудсан /байнга гүйлгэх,ходоодны хагалгаа, буруу хооллолт, зарим эм бэлдмэл хэрэглэх үед г.м./

    4.Цус алдалт /сарын тэмдэг их ирэх, ходоод гэдэсний шарх, аспирин  зэрэг эм хэрэглэх үеийн ходоодны цус алдалт, гэмтлийн үед г.м./

    5.Жирэмсэн эмэгтэйд

    Төмөр дутлын цус багадалтаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн мал, загасны мах, элэг, гүзээ, сархинаг, цус, өндөг, бүтэн үр тариа, хивэг, үр хөврөл, шар будаа, хушга, фундук зэрэг самар, шош, вандуй, үзэм, чавга, бууцай, халгай гэх мэт төмрийн агууламж өндөртэй хүнсийг С амин дэм ихтэй хүнстэй хамт идэх хэрэгтэй.

    Түүнчлэн хоёр хүртэл насны хүүхдэд төмрөөр баяжуулсан хоол өгвөл сайн.

    Жирэмсэн эмэгтэй эмчийнхээ зөвлөсөн төмрийн бэлдмэл хэрэглэх нь төмөр дутлын цус багадалтаас хамгаална.

    Нойр булчирхайн фермент агуулсан бэлдмэл болон Е амин дэм төмрийн шимэгдэлтэд сөргөөр нөлөөлдөг тул та тэдгээрийг хэрэглэх шаардлагатай болсон бол төмрийн ямар бэлдмэл хамт хэрэглэхийг эмчээсээ асуугаарай.

    Аспирин мэт зарим эм удаан уухад ходоодны цус алдалт болзошгүй тул тэдгээрийг хоолон дээрээ буюу сүүтэй хамт уухыг зөвлөдөг.

    Олон хүнсэнд төмөр их хэмжээгээр агуулагддагч хүний махбодод ялихгүй хэсэг нь л үлдэж чаддаг. Бүтэн будаа, үр тариа, ногоонд байгаа төмөр махны төмрийг бодвол муу шимэгдэнэ. Харин тэдгээрийг хамт идвэл төмрийн шимэгдэлт сайжирдаг байна. Түүнчлэн С амин дэм төмрийн шимэгдэлтэд тустай байдаг тул төмөр ихтэй хүнсийг апельсин, лимон зэрэг бэрсүүт жимс, помидор, хальстай төмстэй хамт идвэл сайн гэж зөвлөдөг.

    Гэхдээ ингэж хооллоод араас нь цай, кофе уучихвал төмөр авах ажил бүтэл муутай болно. Сүү мөн төмрийн шимэгдэлтэд саад болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Цайгаа, ялангуяа сүүтэй цайг хооллохоос дор хаяж 30 минутын өмнө эсвэл махтай хоолноос 2 цагийн дараа уух нь зөв юм байна.

    Хоол идэж байхдаа цай уух ашиггүй гэж хэлэхэд шууд л “өө тийм юмуу, энэ зуршлаа засах хэрэгтэй юм байна” гэх цайсаг монгол хүн бараг байдаггүй. Гэхдээ нарийн учрыг нь ойлгочихвол чадахгүй цайсаг хүн бас байдаггүй. Үүнийг би баталгаатай хэлнэ. Учир нь цус багадалтаас үүсэх үр дүн тийм ч хүсмээр биш.

    Төмрийн шимэгдэлтэд зэс шийдвэрлэх үүрэгтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байсан бөгөөд сүү цагаан идээнд зэс байхгүй, зэс агуулсан хүнс бараг иддэггүй учир гал тогоондоо зэс сав суулга хэрэглэснээр цусаа төлжүүлэх чухал асуудлыг хүндрэлгүйгээр шийдэж чаддаг байжээ.

    Хоол иднэ гэдэг нь зугаа цэнгэл биш гэдгийг ойлгосон хүн юуг яагаад идэж байгаагаа сайн мэддэг.

    Үхрийн гүзээ буюу сархинагийг зөв боловсруулан жигнээд, хонины сүүл, тараг,  ногоон сонгино, халгай, жан, карри, ногоон сонгиноор амталж, шар будаа, помидороор хачирлан үдэд идвэл төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх, түүнээс салахад туслах нэг хувилбар болно. Ясны тунгалаг шөл цус төлжүүлэхэд тустай.

  • Мотороо сайн байлгая гэвэл…

    Зүрх нь ямар нэгэн байдлаар өвддөггүй хүн олъё гэвэл одоо цагт нилээд их хайх хэрэг гарна.Зүрхний шигдээс маш их залуужиж байна гэх.

    Зүрхээ хэвийн ажиллагаатай байлгахыг хүсвэл түүний тухай наад захын мэдлэгтэй байлгүй болохгүй.

    Биеийн эс бүхэнд нэг бүрчлэн хүрч үйлчилдэг тээврийн систем болох цусан хангамжийн судаснуудын торон сүлжээний төв нь зүрх юм. Ядрахыг мэдэхгүй насос болох зүрх нь цусыг уушиг руу шахаж хүчилтөрөгчөөр баяжуулаад цааш нь бүх биеэр тарааж,эсүүдийг хэрэгтэй бүхнээр хангаж тэжээдэг.

    Зүрх нь зүрхний булчингаас бүтдэг. Энэ булчин насос нь минутат 75 орчим, өдөрт 100 мянга орчим удаа агшиж цусыг шахна.

    Зүрх нь босоо битүү таславчаар 2 хэсэгт хуваагдана. Энэ 2 хэсэг тус бүр нь хоорондоо холбогдсон хоёр тасалгаанд дахин хуваагдах бөгөөд дээд тасалгааг тосгуур, доод тасалгааг ховдол гэдэг.Тосгууруудын хана нимгэн,ховдлуудын хана зузаан. Зүүн ховдлын хана нь баруун ховдлынхоос зузаан байдаг. Учир нь зүүн ховдол цусыг биеийн бүх эрхтэн, бүх хэсгүүд дундуур шахдаг байхад баруун ховдол нь богинохон зайнд уушиг руу шахна. Зүрх агшихад цусыг буцаахгүй хавхлаг тосгуур ховдол хоёрын дунд байна. Түүнчлэн цус баруун ховдлоос гарах хэсгийн уушигны артерт, зүүн ховдлоос гарах хэсгийн гол судасны эхэнд хавхлагууд байдаг.

    Цус шахах ажиллагаа 2 үе шаттайгаар явагдана. Эхний шатанд хоёр ховдлын булчин суларна. Баруун тосгуурт эрхтнүүдээс ирж байгаа хүчилтөрөгчөөр ядуу цус, зүүн тосгуурт уушигнаас ирж буй хүчилтөрөгчөөр баяжсан цус орж, улмаар ховдлууд руу шилжинэ. Үүний дараа хоёр ховдол агшина. Ховдол, тосгууруудын хоорондох хавхлагууд хаагдаж, баруун ховдлоос цус уушигны артериар дамжин уушиг руу, зүүн ховдлоос гол судас /аорт/- аар дамжин биеийн бүх хэсгүүд рүү шахагдана.

    Хурдан алхахад юмуу биеийн ачаалал бага зэрэг нэмэгдэхэд, эсвэл сэтгэл догдлоход, хүйтэн агаар амьсгалахад, цадатлаа идсэний дараа цээж өвчүүний араар хүчтэй хорсож, зүрх тань хавчигдан шахагдсан мэт өвдөж, энэ өвдөлт нь зүүн гар, хүзүү, эрүү эсвэл зүүн дал руу  шархиран дамжих болсон бол та зүрхний бах/стенокарди/-тай болсон гэсэн үг. Энэ нь зүрхний цус хомсдолтын үндсэн шинж тэмдэг болдог.

    Зүрхний бахтай хүн өвчнийхөө тухай ярихдаа гараа цээжиндээ наах буюу зүүн эгмээ илдэг. Өвдөлт өгч байгаа үед дотор муухайрах, огих, ухаан алдах, гар хөл хөрөх шинж тэмдэг илэрч магадгүй.

    Зүрхний тараагуур судсаар цусны урсгал багассаны улмаас зүрхний булчингууд хүчилтөрөгч болон шимт бодисоор гачигдахыг зүрхний цус хомсрол /ишемическая болезнь сердца/ гэдэг байна.

    Тосны болон ширхэглэг эдийн товруунууд зүрхний судасны хөндийг нарийсгаж судасны хатуурал /атеросклероз/ болсон нь дээрх эмгэг үүсэх үндсэн шалтгаан болдог. Судасны хатуурлын үед тараагуур судасны цус нэвтрүүлэх чадвар муудсанаас зүрх өөрөө хэлмэгддэг. Товруунууд үүссэнээр цус бүлэнтэн, судас нөжөөр бөглөрөх эрсдэл эрс нэмэгдэж, зүрхний хүчтэй өвдөлт болох аюултай.

    Судас хатуурах эрсдэлт хүчин зүйлд удамшил, цусны өндөр даралт, илүү жин, архидалт, тамхи их татах, чихрийн шижин, стресс, хөдөлгөөний дутагдал, цусан дахь холестерин, триглицеридын өндөр агууламж зэрэг хамаарна.

    Судас цүлхэнтэх, халдвараас шалтгаалсан судасны үрэвсэл, тэмбүү, зүрхний тараагуур судасны төрөлхийн гажиг зэрэг нь зүрхний тараагуур судсаар урсах цус хомсдоход нөлөөлдөг. Түүнчлэн зүрхний тараагуур судасны агшилтаас цус хомсдож болно.

    Зүрхний булчингийн тэжээлийн дутагдлаас сэргийлэх, ийм эмгэгийг эдгээхэд амьдралын зөв дадал зуршлууд шийдвэрлэх нөлөөтэй.

    Хэт цэвэршүүлсэн /хогон хоол/ хүнсийг буруу найрлагаар байнга идэх, амьтны гаралтай царцанги хатуу өөх тос, давс их хэрэглэх, хоолыг ашиггүй технологоор бэлдэх,үйлдвэрт савласан удаан хадгалах буюу элдэв хүнсний нэмэгдлүүдтэй хүнс, түргэн хоол зэрэг нь зүрх судасны эмгэг үүсэх үндсэн шалтгаануудад хамаарна.

    Зүрхний өвчтэй хүн татгалзвал зохих хүнсний тоонд цагаан гурил, өндөг ихтэй гурилан бүтээгдэхүүн, тос чихэр ихтэй нарийн боов, хоёроос дээш хувийн тослогтой өтгөн сүү, цөцгий, зөөхий, цөцгийн тос, өтгөн сүүний цагаан идээ, мөхөөлдөс, чихэрлэг түрхлэгүүд, щоколад, өндөгний шар, уураг тархи, өөхтэй тарган мах, борц, шууз, хорхог, боодог, хиам, консерв, өтгөн хар шөл, загасны түрс, шош, вандуй, давсалсан даршилсан хүнс, өтгөн цай, кофе ордгийг бараг бүгд мэднэ.

    Зүрх муутай хүнд нэн зохимжтой үдийн хоолноос нэгийг жишээ болгоход:

    Нэг стакан шар буурцгийн сүүнд Геркулес гэж нэрлэгддэг хошуу тарианы нэвс 2 хоолны халбага, нимбэгний шүүс 1 хоолны халбага, уургийн бал 1 хоолны халбага хийж уугаад, улаан манжинг нарийхан савхан хэрчиж, оливын тос, жан-юугаар амталсан зуушийг бүдүүн гурилын мантуутай идвэл өег бөгөөд өгөөжтэй, хөнгөхөн атлаа маш чанартай хооллолт болно.  

    Эрүүл мэндээрээ гоёцгооё

  • Цусны даралт ихсдэг үндсэн шалтгаанууд

    Даралт ихсэх их хэцүү. Хүзүү хөшиж, толгой манарч өвдөөд, нүд бүрэлзэн хөл хүндрээд… Эмээ уучихад дотор онгойгоод арай дээрдэнэ. Гэхдээ л бүр сав саруулхан болохгүй.

    Хэсэг хугацааны дараа хүнд байдал дахиад л давтагдана.

    Нас ахихад зайлшгүй ийм болдог жам ёсны үзэгдэл мэтээр энэ байдалдаа хандаж, даралт ихсэхгүй бол бараг л худлаа юм шиг гайхах жишээтэй. Харин залуухан атлаа даралт нь ихэсдэг хүн олширсныг “амьдрал хэцүүдсэнийх” гээд л тайлбарлаж орхино.

    Гозойн өндийж, дээшээ зүтгэж байх дуртай даралт гэдэг нэг зүйлийг байн байн доош нь дарж байранд нь буулгаж байдаг юм шиг бодохоос биш даралт нь ихэсдгийн шалтгааныг сонирхдоггүй.

    Тэгвэл цусны даралт гэж юу вэ?

    Цус судасны ханыг дарж буй хүч буюу даралтыг цусны даралт гэдэг. Цусны даралт нь 2 үзүүлэлтээр хэмжигддэг байна. Дээд даралт гэж бидний нэрлэдэг систол даралт нь зүрх агших үеийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 140-өөс хэтрэхгүй байх ёстой. Харин доод буюу диастол даралт нь зүрхний булчин сулрах үеийн хамгийн бага даралт бөгөөд 90-ээс хэтрэхгүй байх ёстой ажээ.

    Хэрэв энэ хоёр үзүүлэлт дээд хэмжээнээсээ хэтэрвэл даралт ихэссэнд тооцогдоно.

    Даралт ихсэхэд цус артерийн судасны ханыг хэт их хүчээр дарж, ийм байдал удаан үргэлжилбэл цусны судаснууд гэмтэж, эрхтнүүдийн цусан хангамж мууддаг.

    Цусны даралт ихэссэнээс зүрх судсанд эмгэг үүссэн бол зүрхний дутагдал, зүрхний шигдээс, цус харвалт гэх зэрэг аминд халтай хүндрэл үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

    Цусны даралт эрс өсөхөд уураг тархи гэмтэх, тэр ч байтугай үхэх аюултай.

    Дараах шалтгаануудын улмаас цусны даралт ихэснэ. Үүнд:

    1.Зүрх судсыг удирддаг мэдрэлийн хэвийн ажиллагаа алдагдсан /амьдралд тохиолдож буй нөхцөл байдлуудыг зохицон хүлээж авч чадахгүй хямрах, шаналах, түүнчлэн тархины гэмтэл г.м/

    2.Буруу хооллолт /өөх тос, давс, элсэн чихэр, цагаан гурилан бүтээгдэхүүн байнга хэтрүүлэн идэх, орой их идэх г.м./

    3.Архийг удаан хугацаанд хэтрүүлэн уусан

    4.Тамхи их татсан

    5.Хөдөлгөөний дутагдал

    6.Дотоод шүүрлийн системийн хямрал /бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн эмгэг г.м/

    7.Бөөрний эмгэг

    8.Жирэмслэлт

    9.Жирэмслэлтээс хамгаалах болон тураах бэлдмэл замбараагүй хэрэглэсэн зэрэг.

    Цусны даралт ихсэх нэг шалтгаан нь судасны хатуурал бөгөөд энэ нь өөхтэй тарган мах, өөхөн тосонд чанасан цагаан гурилан боов боорцог, өтгөн сүү, өрөм, цөцгий, шар тос, шарсан, тосонд чанасан  хүнс, давс, элсэн чихэр зэргийг байнга хэтрүүлэн идэх гэх мэт буруу хооллолтоос үүдэлтэй.

    Цусны судаснуудыг замын сүлжээтэй зүйрлэж болно. Гол өргөн чөлөө нь- зүрхнээс эрхтнүүдрүү, эрхтнүүдээс зүрхрүү цусыг хүргэдэг артери, венийн гол судаснууд. Хоёрдугаар зэргийн замууд нь эдүүдийг нэвт өнгөрдөг артери, венийн жижиг судаснууд. Хорооллын доторх замууд нь хялгасан судаснууд.

    Ганцхан улаан бөөмийг дагаж аялвал энэ систем яаж ажилладгийг мэдэж болно. Өөртэй нь адилхан сая сая улаан бөөмүүдийн хамт  зүрхний зүүн хэсгээс шахагдан гарсан улаан бөөм маань аорт хэмээх гол судсаар явж, олон салаалсан артерийн жижиг судасны нэг рүү орно. Эдгээр салаанууд нь бүх эрхтэн рүү цусыг хүргэдэг.

    Эрхтэн дотор ороод улам олон салаалах артериар улаан бөөм маань явсаар хамгийн алслагдсан захын эсэд хүргэх өөрөөс нь үл ялим өргөн хялгасан судсаар аялж, нэг эсэд хүчилтөрөгчөө өгөөд, оронд нь нүүрсхүчлийн хий тээж аваад хялгасан судаснуудаар шургаж явсаар венийн жижиг судас руу орж, цаашаа венийн гол судсаар дамжин зүрхний баруун хэсэгт хүрнэ.

    Хүчилтөрөгч авахаар уушгинд ормогц, холоос тээж авчирсан ачаа-нүүрсхүчлийн хийнээс салж, дараачийн рейсэндээ өөрийнхөө маршрутаар дахин гарна. Энэ улаан бөөм маань ийм ажлаа 4 сар орчим тасралтгүй хийгээд жагсаалаас гардаг.

    Хүний артер, венийн судаснуудыг нэг шугамаар сунгаж тавибал урт нь 100 орчим мянган километр болно. Энэ нь Дэлхийгээс Сар хүрэх зайны дөрөвний нэг юм.

    Цус нь хялгасан судсаар биеийн эдүүдийн дундуур дайрч урсахдаа эсүүдэд шимт бодис, хүчилтөрөгч хүргэж өгөөд, тэндээс бодисын солилцооных нь бүх хаягдал илүүдлийг татан авч тээвэрлэн одно.

    Судаснууд ийм хүнд чухал ажил хийхээс гадна өөрсдөө амьд эрхтэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Энд тэнд нь цорго байхгүй бөгөөд өгөх, авах бүхий л ажиллагаа судасны ханаар нэвчиж явагддагийг гүнзгий ухамсарлаж, энэ амьд эрхтнийхээ ханыг уян хатан бөгөөд нэвчих чадвартай байлгахыг үргэлж, цаг ямагт эрхэмлүүштэй.

    Зүрх агших бүртээ артерийн судсаар цус шахдаг. Артерийн судаснууд уян хатан учир сунаж, цусны энэ давалгааг өнгөрүүлээд дараа нь агшдаг. Энэ хөдөлгөөнийг судасны цохилт гэнэ. Тайван үед судасны цохилт нэг минутад 60- 80 байх ёстой.

    Судасны хатуурал /атеросклероз/ гэдэг нь артерийн судасны /заримдаа венийн судасны/ дотор бүрхүүлд холестерин наалдаж, түүн дээр холбогч эдүүд урган, интим гэж нэрлэгддэг эмзэг гадаргуу /судасны дотор бүрхүүлийн/ холбогч эдээр зузааран хатуурч, шохойтой чанасан будаа маягийн өөхлөг товруутай болсноос үүссэн эмгэг юм /Атероклероз гэдэг нь atheros- чанасан будаа гэсэн грек үгнээс гаралтай/.

    Судасны хатуурлаас шалтгаалсан цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх, түүнийг илааршуулахад зохистой хооллолт тэргүүн зэргийн ач холбогдолтой.

    Орой хөнгөхөн хооллох гэдэг монгол хүний хувьд сэтгэлд нь багтдаггүй хэцүү ажил. Нэгэн компанийн захирал залуу миний шавь болсон бөгөөд тэрээр тун тарган, цусны даралт ихтэй байсан. Анх уулзахдаа “за багшаа, махнаас гарахгүйгээр, оройн хоолоо хасахгүйгээр даралт ихэсдэггүй, хэвийн жинтэй хүн болох арга байна уу?” гэж  асууж билээ.

    “Болно” гэсэн хариу сонсоод хичээлд суусан бөгөөд одоо цусны даралт нь хэвийн болж, өөртөө таарсан мариатай, чийрэг бадриун залуу эрч хүчтэйгээр ажлаа хийж явааг хараад би их баярладаг. Түүнд зааж өгсөн оройн хоолны нэг хувилбарыг Танд бас санал болгоё.

    Бурхдын зоог гэдэг нэртэйгээр худалдаанд гарч буй шар буурцгийн уургийг дэвтээж, жигнэсэн монгол шар лууван, шар манжин, улаан манжинтай хамт машиндаад, ногоон сонгино, навчит ургамал, сармис, цагаан гаа, шанц, лиш цэцгийн нунтаг үр, жан, цуу,оливын тосоор амтлан шанз бэлдэж, улаан буудайн гуравдугаар гурил,хүнсний хивэг, халтар арвайн гурил, овёсны гурил холин зуурч бууз хийгээд 19 цагаас оройтолгүй идэж болно. Шанзандаа хонины сүүл бага зэрэг нэмж болох юм.

    Өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, байцаа, луувангаар 2-3 зууш бэлдэн буузтайгаа хамт идвэл хоол тань түвэггүй шингэнэ.

    Бүх биеийн 100 триллион эс бүрийн дэргэдүүр хэрэн нэвтэрч, материал, түүхий эд, түлшийг түгээж байдаг судас хэмээх замын сүлжээг түгжрэл бөглөрөлгүй байлгах боломжтой.

    Эрүүл мэндээрээ гоёцгооё!

  • Өмссөн хувцсандаа биш өөртөө итгэ

    Бүсгүй минь нуруугаа цэх болгож нулимсаа нуу

    Өмссөн хувцсандаа биш өөртөө итгэ

    Хиргүй бол цэцэг ертөнцөд чимэг болдог шиг

    Хумстай саврын сүүдэр чамд бүү хүрэг

    Гуйлгачин гэдэг өвдөг сөхрөхийн нэр бол

    Ганцхан хайр дурлалын төлөө өвдөгөөн бүү хайрла

    Цэврүү үсэрсэн тэр л бяцхан цэг дээр

    Чин үнэнч сэтгэл чинь

    Чиний өмнөөс үхэг

  • Хатан байхыг хүсвэл

    Хүүхнүүд нь эр хүнд цай аягалах, эрчүүд нь бүсгүйчүүддээ хаалга нээж, өмнөө оруулах хоёр дүндээ дүн, зүгээр л соёл. Тэрнээс чамайг чи эм хүйстэн учраас хамгийн сүүлд идэж уу гээгүй. Юм болгонтой арцалдснаар чи ааштай нохой шиг өөрөө өөрийгөө гинжлэнэ. Гэтэл хүмүүс эрх муурыг хэзээ л уядаг байлаа. Хатан байхыг хүсвэл уян хатан бай.

  • Юу хийх, яах учираа олохгүй яваа хэн нэгэнд зориулав!

    (YM- ээр хуучны танил нэг ах орж ирлээ. Тэгээд доорх яриа болж өнгөрлөө. Богинохон ч гэсэн энэ яриа тэр ахад хэрэг болох эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ миний хувьд тэр ахыгаа сайн яваасай гэсэндээ л өөрийн мэдлэгийн хэмжээнд хэдэн үгээ өчлөө. Яг энэ ахтай адилхан яваа өөр хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү гээд оруулчихлаа.)
     

    Нэг зүйлдээ маш сайн төвлөрч, чармайж чадсан хүмүүс л салбартаа цойлж чадаж байна гэж би ойлгодог. Нэг зүйлдээ сайн төвлөрвөл бид төгсрүү дөхөж болох юм. Тэрнээс биш бид бүх талаар төгс байж чадахгүй.

     

    Залуу: hi

    : ajil sain uu

    : uur ajild ortson um u

    Лувсандорж Жамсранжав: Сайн. Найзуудын байгуулсан компанид хүч нийлүүлэн ажиллаж байна. Бидний компани.

    Лувсандорж Жамсранжав: http://newmediamarketingagency.com/hr/

    Залуу: yamar kompani we. chiglel n

    Лувсандорж Жамсранжав: наадах сайт дээрээ байгаа

    Залуу: aaaaaaaaaan

    : aaan za

    : unshlaa

    : mergejiliin bh heregtei um uu

    Лувсандорж Жамсранжав: tiim

    Залуу: ugn minii sonirhdog um l bn

    : bi neetees

    : ajil haigaad

    : logo zohiodog ajil olood odoonoos logo zuraj surah geedl oroldoj bn

    Лувсандорж Жамсранжав: chi nugoo kompania bolison uu?

    Залуу: bolitson

    Лувсандорж Жамсранжав: aan

    Залуу: hiih um aa olohguil bn

    Лувсандорж Жамсранжав: neg yum aa dagnaad sain chadvarjih heregtei

    Лувсандорж Жамсранжав: ter salbartaa TASARHAI BOLOH heregtei

    Залуу: harin tiimee

    : orchin ueiin zaluuchuud yu hiij bn

    Лувсандорж Жамсранжав: Одоо юм юм хөөсөн хүмүүс гологдож байна

    Лувсандорж Жамсранжав: Нэг зүйлээрээ тасархай мэргэшсэн хүмүүс үнэд орж байна

    Залуу: yugaar yaj mergejih we

    : tanaih mergejil umuu anhan shatni medleg ch um u

    : chiglel olgohgui biz

    Лувсандорж Жамсранжав: Би чамд гэж зөвлөхөд, юм болгонд сураад хэрэггүй, бид бүхнийг сурч амжихгүй. Мөнгө олох юм байна гээд хошуурах ч хэрэггүй. Энэ бол түр зуурын л зүйл

    Лувсандорж Жамсранжав: Тиймээс эхлээд сайн юм уншиж, өөрийгөө сайн мэдэж авч, мөн нийгмээ сайн ойлгож мэдрэх хэрэгтэй.

    Лувсандорж Жамсранжав: Яг тэр үед энэ нийгэмд юу хамгаас чухал вэ? Би энэ юуг нь хамгаас сайн хийж чадах вэ? гэдэг чинь чамд тодорхой харагдаж эхлэнэ

    Лувсандорж Жамсранжав: Тэр харсан зорьсон зүйлийнхээ төлөөл л үхэн хатан зүтгэх хэрэгтэй. Тэрнээс биш мөнгө олох гээд л гүйсээр байтал амьдрал дуусна.

    Лувсандорж Жамсранжав: Хамгийн чухал өөрийнхөө хүсэж мөрөөдсөн, хийхэд жаргалтай байх, сайн хийж чадах тэр зүйлээ л хийх хэрэгтэй

    Лувсандорж Жамсранжав: Уг нь чи, миний блогийг бүгдийг нь уншвал нилээн юм ойлгоно дээ

    Лувсандорж Жамсранжав: Дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж, тэр өөрчлөлт дунд бид хэрхэн хөгжих ёстойг би бичих гэж оролддог санаатай

    Залуу: aan

    : odoo unshinaa

    : bi uuriiguu yu hiih, yah uchiraa sain oldoggui ee

    Лувсандорж Жамсранжав: Харин тийм учраас, сайн уншиж мэдлэгээ тэлэх хэрэгтэй

    Лувсандорж Жамсранжав: Зүгээр хар толгойгоороо үймэрч бодоод юуг ч шийдэхгүй

    Лувсандорж Жамсранжав: Тиймээс нийгмийн талаар болон хувь хүний хөгжлийн талаар сайн унших тусам, чи өөрийгөө хэн бэ гэдгийг харна даа

    Залуу: za ih bayarlalaa

    Лувсандорж Жамсранжав: Зүгээр дээ. Та өөрийнхөө хийх ёстой тэр зүйлээ олж аваад үхэн хатан зүтгэхийн сайхныг мэдрэх тэр үедээ л надад бүүр их баярлах байх даа

    Залуу: okay

    Лувсандорж Жамсранжав: Та ЧАДНА АА

    Лувсандорж Жамсранжав: Гэхдээ сайн унших л хэрэгтэй

    Залуу: neereen yag uuriin hussen um aa oloogui tsagt

    Лувсандорж Жамсранжав: Олоогүй цагт та аргалж, аргацааж амьдарсаар л байх болно. Та цаг хугацааг өнгөрөөж мөнгө олдог хүн байсаар л байх болно.

    Залуу: hiij bgaa umandaa uhen hatan zutgej chadahgui um aa

    Лувсандорж Жамсранжав: Бидний амьдрал зүгээр л мөнгө олох зорилготой болчихвол хэцүү шүү дээ

    Лувсандорж Жамсранжав: Та энэ хорвоод ирэхдээ, заавал нэг УТГА УЧИР, ЗОРИУЛАЛТТАЙ ирсэн л байгаа.

  • Хүн л бол хүн байдаг

    Утгагүй амьдрал гэж үгүй, түүнийг хүмүүс л утгагүй болгодог, амьдрал бол хамгийн шударга. / О.Булганхангай /

    … Бүгчим гэж жигтэйхэн халуун өдөр хайсан газраа олох санаатай Да хүрээ захаар нэлээн явлаа. Дэргэдээ байгаа хүмүүсээс мэдэж магадгүй гээд асуутал хүссэн хариулт өгөх хүн алга. Уг нь энэ хавьдаа л суугаа наймаачид шүү дээ. Тийм хэнэггүй болчихсон юм уу, заагаад өгөхөөс залхуу нь хүрээд байгаа ч юм уу тодорхойлоход хэцүү юм.

    Гэтэл тэр гэхийн аргагүй тамтаг болсон хувцастай, өрөөсөн хөл нь доголсон хүн “Хүүе, хүү минь ээ. Тэнд харагдаж байгаа самбарыг харж байна уу? Чиний асуугаад байгаа газар тэнд байгаа” гээд сууж байсан газраасаа босоод зааж өглөө. Доголон байж, халуунд ангасан уруулаа шилэмдэн хайсан газрыг минь зааж өгсөн түүнийг хараад би их зүйл бодсон.

    Машины сэлбэг хайгаад тэрүүхэндээ ядарч явсан миний бодол нэг хэсэгтээ л тэр хүний тухай бодолд автсан. Хүн гэдэг их нээлттэй сайхан юм. Бас хүн гэдэг их хувиа хичээмтгий юм байна гэдгийг нэг дор олж харсан. Тамтаггүй хувцасны цаанаас ил цагаахан сэтгэл харагдаж болдог юм байна. Тансаг эдлэлийн цаанаас дуугарч ядсан араншин илэрдэг юм байна гэдгийг ч нэг дор анзаарсан. 

    Ядарч яваа хэн нэгнийг харахдаа учиргүй ярвайж, үргэдэггүй ч гэсэн дээ тэр хүмүүсээс хэзээ ч тус хүртэнэ гэж бодож үзээгүй. Гэтэл би өнөөдөр хувцас нь уранхай ноорхой, ядарч яваа гэж өөрөө дүгнэсэн энэ хүнээс хайсан зүйлээ оллоо шүү дээ. Бодлоосоо ичлээ.

    Хүн харагдаж байгаа шигээ биш гэдэг үгийг энэ мөчид л сайн ухаарлаа. Муу хүн гэж байдаггүй, муухай хүн л гэж байдаг гэдгийг одоо л ялгаж байна. Дорой амьдарч байгаагийнх нь төлөө сэтгэлээ чилээж суухгүй ч гэлээ, өр зөөлөн амьдраасай гэж чин сэтгэлээсээ бодлоо. Хувь заяагаа өөрийнхөөрөө зурж яваа олон хүмүүсийн нэг нь болсон тэр л уранхай хувцастай, хатсан уруултай хүн миний сэтгэлд ухааны чулуу ивсэнээ ердөө ч мэдэхгүй яваа. Хүн байх сайхан юм даа…

  • БҮГД СОНС!!! ӨӨРЧЛӨЛТ ЭРЧЭЭ АВЛАА… !!!

    Улс орны хөгжлийн үндэс нь Хүний хөгжил. Хүн нь хөгжсөн улс орон л хөгждөг. Хүн нь хөгжөөгүй бол хичнээн нь их алт эрдэнэс байгаад нэмэргүй. Жишээ нь Зимбабе орон алт, алмазын ордоороо дэлхийд тэргүүлдэг ч, хүн амынх нь 95% нь ядуурал гуйланчлал дунд амьдарч байна. Ямар ард түмэн байна тийм төр байна гэдэг. Тиймээс бүх зүйлд төр – адгийн шаар гэж орилж байгаа бол өөрсдийгөө л доромжилж байгаагаас ялгаагүй.

    Хөгжлийн шийдэл, гарц оллоо, нээлт хийлээ энэ, тэр гэж… олон юм яримааргүй байна аа. Зүгээр хүнээ л хөгжүүлье. Тэгээд хүн нь хөгжсөн байхад тэр асаад байгаа гал унтарч, бид утаа дагаж орилолдохгүй амар сайхан аж төрцгөөх болно.

    Хүнээ хөгжүүлээгүй байж… гудамжин дахь хог цэвэрлэж, мод тарилаа гэхэд үр дүн нь ямар бол? Толгойдоо хогтой, зэрэмдэг сэтгэлгээтэй хүмүүс бидний цэвэрлэснийг бохирдуулж, тарисаныг минь сүйтгэхгүй гэж үү? Бид, түймэр гарч байхад утааг нь дагаж хошууран гүйлдэх мунхаг хүмүүстэй адилхан биш байна гэж үү?! Энэ юун утаа вэ? Ямар хар утаа вэ? Яасан муухай утаа вэ? гээд л… Яагаад архидалт их байна аа? Хогоо цэвэрлэцгээе! Архи бага ууцгаая! Модоо тарьцгаая! Архи бүү заръя, Гэмт хэрэг яагаад их байна аа?, Би нөхрөөсөө салмаар байна. Манай нөхөр аймаар, Би амьдралдаа гутраад байна… Яана аа, энэ улс орон новш юм аа, үхэх юм сан… утаа, хог, биеэ үнэлэх, энэ бүхэн үнэхээр хэцүү байна. Жагсацгаая, урагшаа нөхдөө. Би эндээс явмаар байна. Хаа нэгтээ очиж жорлон угаасан нь дээр юм байна. Ёо ёо ёо, ямар аймаар юм бэ… Энэ Төрөөс л боллоо. 76-с л боллоо. Багш лам минь намайг дааж хайрла.. ирээдүйг минь мэргэлээд өгөөч… Ард түмэн минь юм хайрла… хүүг минь эмчлүүлэхгүй бол гажигтай болох гээд байна… данс 245…3000. Ээ эзэн минь амьдралыг минь… Надаас болоогүй. Би шудрага хүн. Би эмчид набор өгдөггүй, би хог огт хаядаггүй шүү дээ. Би архи амсдаг ч үгүй. Би гэр бүлийнхэнтэйгээ хэрэлддэггүй. Манай хүүхэд л гайтай хүүхэд… Үгүй үгүй, би тэгээгүй, би цэвэр ариун хүн. Би чадварлаг хүн, би бүхнийг хийж чадах байсан. Даанч ажил олддоггүй ээ.. Төр л бүхэнд буруутай, багш л буруутай.

    … Бид ингэж нэгнээ зүхэж суулаа гээд ашиг нь хэнд вэ? Бид авилгачтайгаа, хулгайчтайгаа, худалчтайгаа, муутайгаа, сайнтайгаа бүгд нийлээд Монгол гэсэн нэг нэрээр овоглоно. Нэгнээ муулж цагаа үрэхийн оронд урдаа байгаа ажлаа хий л дээ. Шийдэж чадахгүй зүйлдээ орилж цамнахын оронд ном унш л даа. Өөрийгөө хөгжүүл л дээ. Өөрийнхөө амьдралыг аятайхан аваад явчих л даа. Ямар ард түмэн байна тийм Төр байгаа биз дээ. Бид мунхаг байгаа учраас л мунхаг хүмүүсээ сонгосон юм биш үү. Ходоодоороо сонголт хийж мунхаг, хулгайч нэгнээ сонгочихоод дараа нь үглэж суух. Тэрний оронд өөрийгөө боловсруул л даа. Та ухаантай байж чадвал Ухаантай төрийг бий болгож чадна биз дээ. Бусдыг муулж үглэж суухын оронд өөрийгөө муу л даа. Өөрийгөө шүүмжил л дээ. Та бусдыг өөрчилж чадахгүй ч өөрийгөө хөгжүүлж чадах юм байгаа биз дээ.

    Өөрчлөлтийг өөрөөсөө юу?… эсвэл чөтгөрөөс үү?

    Утаа дагаж хошуурахгүй ээ… Эхлээд галаа унтраацгаая. Гал хаана асаж байна вэ? Хувь хүнийхээ хувьд хөгжиж чадаагүй, өөрийгөө олоогүй байгаа хүмүүсийн толгой дотор гал асаж байна.

    Хүний хөгжлийн хувьд хаягдсан шалтгаан юу вэ?. Манжид 200 гаруй жил дарлагдаж хүний хөгжил битгий хэл юмгүй болж… Үндэсний оюун санаа…үнэт зүйлүүд алдагдсан. 30-аад онд нийгмийн оюун санааны манлайлагчидаа бүгдий нь хядууллаа. Оросын оюуны боолчлолд 70 жил талхиуллаа… Монголчуудыг оюун санаагүй болгох гэсэн бодлого…
    Төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засаг.. Энхрий хайрт намынхаа төлөө… Ах нарынхаа өгсөн хар, хүрэн хоёрхон өнгийн пальтогоор гангараа хийгээд урагшаа… Зарим нь сайхан үе байж дээ гэж дурсах… Ухаандаа бол туулайг торонд дотор хорьж бүх зүйлээр хангаад байвал, мунхаг туулайны хувьд аз мэт санагдаж болох юм. Хөрөнгийг нийгэмчилж байсан нь өвөөгийн хэлдэг үлгэрийн далай байсан юм билээ. Ухаандаа бол миний хөлс хүчээ шавхаж, нойр хоолоо хасаж байж олсон хөрөнгийг идэх унтахаас өөр юм хийдэггүй ядуу гуйлгачинд тэгшитгэж өгдөг байсан. За, бараг л ухаантай хүн байж болдоггүй, ухааныг хүртэл тэгшитгэнэ гэсэн бодлоготой байсан юм уу даа. Их өөрчлөлт… эх захгүй байдал… том нүсэр аппарат…. араа шүдэн дунд золиослогдсон ах, эгч нар минь, аав ээжүүд минь… Тэдэндээ мэхийн ёсолъё!!!

    Залуус аа, болоод байгаа бүхнийг системийн том хүрээгээр бодоод нэг үзээрэй… Энэ болж буй бүхэн сүүлийн 300 жилийн турш болсон үйл явдлуудын… тогтолцооны, СИСТЕМИЙН ШИНЖТЭЙ АЛДАГДСАН ҮЕ харагдах вий… Тиймээс алдаагаа нэг нэгэн хүнрүү. чихэж, хэн нэгэн дарга түшмэлрүү довтлох нь өрөөсгөл юм даа…

    Сүүлийн 20-иод жилийн хугацаанд нийгмийн оюун санаа, нийгмийн сэтгэлзүйд гарсан томоохон өөрчлөлтүүд… 90-ээд оны өөрчлөлт шинэчлэл, зад тавьсан мэдээллийн асар их урсгал, дэлхий нийтийн өөрчлөлтүүд, технологийн хөгжил, даяарчлал. Энэ бүхэн нийгмийн оюун санаанд огцом нөлөөлж залуучуудын оюун санаа, сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж, зарим залуус барьц алдах, өөрийн гэсэн үнэт зүйлгүй болох, учраа олохгүй байх, дотоод сэдэл тэмүүлэл нь тодорхой биш болох гэх мэтээр сөрөг үр дагаварууд илэрч байгаа. Тиймээс хүнээ хөгжүүлэх, залуучуудаа чадваржуулах нь хамгийн ГОЛ АСУУДАЛ.

    Асуудал дундах шийдэл нь ЗАЛУУС
    40- өөд оны ахмадуудын нарын маань үг бидэнд сургаал болно
    50- аад оны аав нарын маань бүтээл бидэнд үлгэрлэл болно
    60- аад оны ах нарын ухаарал бидэнд сургууль болно
    70- аад оны анд нарын минь алдаа бидэнд хичээл болно. Тийм ээ, энэ бүхэн биднийг эрчилж өгөх болно оо.
    80-аад оныхон, Хүүхэд насандаа нийгмийн томоохон өөрчлөлтүүдийг бяцхан оюундаа гайхаж явсан 80-аад оныхонд би итгэдэг ээ. 80-аад оны бүсгүйчүүд, залуучууд нийгэмд нэгэн шинэ үе болж гарч ирж байгаа гэдэгт итгэдэг.

    ТЭД ШИНЭ ҮЕИЙН ДАВАЛГАА гэдэгт итгэдэг.
    Тэд МАНАЙ ҮЕИЙН БААТРУУД БАЙХ БОЛНО, БАЙХ Ч ЁСТОЙ
    ТЭД ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭХЛЭЛИЙГ ХИЙНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ.
    Тэд үнэт зүйлээ хайж байна. Түүнийгээ бүтээж байна.
    Тэд МОНГОЛ МӨРӨӨДЛИЙГ БҮТЭЭЖ БАЙНА.
    Тиймдээ ч тэд өөрсдийгөө илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй.
    Тиймдээ ч тэднээс илүү их ур чадвар шаардана.
    Тиймдээ ч тэднээс илүү их ухаан шаардана.
    Тиймдээ ч тэдэнд илүү хариуцлага ноогдоно.
    Тиймдээ ч хөгжсөн чадварлаг, бүтээлч хүн л улс орны хамгийн том баялаг гэдгийг бүгд ойлгох болно.

    ХҮН НЬ ХӨГЖСӨН БАЙХАД БУСАД БҮХИЙ Л АСУУДЛУУД дагаад шийдвэрлэгдэх болно.
    ХӨГЖСӨН ХҮН- хамгийн их бүтээмжтэй ажиллаж чадна
    ХӨГЖСӨН ХҮН- гэр бүлээ хайрлаж чадна
    ХӨГЖСӨН ХҮН- архинд донтохгүй байж чадна
    ХӨГЖСӨН ХҮН- сэтгэл хангалуун амьдарч чадна
    ХӨГЖСӨН ХҮН- зөв сэтгэнэ
    ХӨГЖСӨН ХҮН- хүн алж, хулгай хийхгүй
    ХӨГЖСӨН ХҮН- өөрийгөө удирдаж чадна
    ХӨГЖСӨН ХҮН- амьдралаа аваад явчихна.
    ХӨГЖСӨН ХҮН- нэгдэж ажиллаж чадна.
    ХӨГЖСӨН ХҮН- эрүүлээр сэтгэнэ
    ХӨГЖСӨН ХҮН- Утаа харж орилох биш, галаа харах нүдтэй, унтраах ухаантай…

    Улсын хөгжлийн үндэс нь ХҮНИЙ ХӨГЖИЛ гэдэгт бид итгэдэг…

    ИХ ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИЙГ ЗҮСЭХ ЗАЛУУ ХҮН ТА ӨӨРИЙГӨӨ НЭЭ, ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ, ӨӨРИЙГӨӨ ЧАДВАРЖУУЛ.

    БҮГД СОНС!!! ӨӨРЧЛӨЛТ ЭРЧЭЭ АВЛАА……. !!!

    (Бид жагсаал хийж, үймээн үүсгэхгүй… Өөрчлөлт толгой дотор минь эрчилж байна)