Category: media-content

  • Imagination vs Reality

    Энд ирэхээс өмнө энэ орны тухай киноноос, нэвтрүүлгээс, хүмүүсийн зурагнаас гээд их л олон төрлийн мэдээллийн хэрэгсэл дээрээс харж байлаа. Анх ирэхдээ яг л тэр төсөөллөөрөө (өндөр өндөр барилгууд, цэвэрхэн сайхан гудамж талбай, үргэлж инээсэн мишээсэн хүмүүс, үйлчилгээний өндөр соёл гэх мэтчилэн бичээд байвал зөндөө) байв. Харин анх буугаад л нисч явсанаа газардах шиг болсон доо. Нисэх онгоцны буудлаас буугаад амьдрах газар хүртлээ эргэн тойрноо ажиглан явбал хоорондоо ялгаатай тэс өөр өөр орчинг хэдхэн метрийн зайнд (хоорондын зай) л харж байлаа.

    Ер нь бол Америк орон бол сайн сайхан, муу муухайгийн бүх л туйлууд холилдон оршдог асар том гүрэн юм билээ. Тэр чинээгээрээ энд юм юм л байна. Гэхдээ би мууг нь дурдах гэсэнгүй ээ. Зүгээр л зарим хүмүүсийн ярьж байхыг (манай эх орон л заваан муухай хогтой, амьдрахад тохиромжгүй байна, гадаадад л очиж амьдарвал болчих гээд байна гэх мэтчилэн. Бид л өөрсдийнхөө амьдарч байгаа орчиноо бүрэлдүүлж, гэрэлтүүлж, бүтээж байдаг шүү дээ. Та ямар байна таны байгаа орчин тийм л байна. ) зөндөө сонсож байсан болохоор аль ч газар, аль ч соёлтой оронд ч бас адилхан л сайн, муу бүгд байдаг гэж хэлэхийг хүссэн юм.

    За олон юм нурших яахав. Энэ орон 308,745,538 хүн амтай (2010 оны тооллогоор), 9,826,675 km2 газар нутагтай, July 4 (Independence Day, энэ өдөр зөвшөөрөгдсөн бүх л газар ёслолын буудлага хийж баяраа тэмдэглэдэг. Талархлын баяр, Кристмасын баяр, Тусгаар тогтнолын баярууд бол хамгийн их SALE зарлагддаг том баярууд юм. Хүмүүс хар өглөөнөөс эхлээд хонон өнжин дэлгүүрүүдийн гадаа дугаарлаж зогссон харагддаг юм билээ. Хямдрал ч жинхэнэ утгаараа байдаг даа. ), 1776- нд Их Британий Хаант улсаас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласан, Барак Обама ерөнхийлөгчтэй, Вашингтон ДС нийслэлтэй, Номхон далай, Атлантын далайгаар хүрээлүүлэн оршдог. Хоёр дахь албан ёсны хэл нь Спайн. Ер нь бүх л газарт нь Англи болон Спайнаар тайлбар хийсэн байдаг. Мексиктэй хил залгаа оршдог болохоор Мексикүүд их амьдарна. За тэгээд ер нь шар, хар (хар хүмүүс гэснээс бидний сайн мэдэх Мартин Лютер Кинг хар хүмүүсийн эрхийн төлөө жагсаал хийж, “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэлээ тавьж байсан. Тэр үеэс хойш хар хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх нь багассан ч гэсэн бас л арьс өнгөний үзэл, ялгаварлан гадуурхах асуудал байсаар л байдаг юм байна лээ. Би хэдэн цэвэр Америк хүмүүсээс асууж үзсэн. Түүхтэйгээ холбож тайлбарладаг юм билээ. Анхнаасаа л хар хүмүүс боол байсан болохоор шар хүмүүс тэднийг бүрэн хүлээн зөвшөөрөхөд илүү их хугацаа шаардана гэсэн. Одоо бол хар, шар хүмүүс хамтдаа ажиллаж сурсан, харин хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөж, найз байж чаддаггүй гэсэн. Хар хүмүүс бол бас их сонин сэтгэхүйтэй, өвөрмөц хүмүүс юм билээ. Бүх л талаараа. Эдний талаар тусд нь бичих болно.), улаан гээд л төрөл төрлийн хүмүүс аж төрөн сууна даа. Тэдний нэг нь би өөрөө. Ази хүн. Гадаад оронд удаан хугацаагаар амьдарч сурна гэдэг хүний амьдралын бас нэг гоё туршлага юм билээ. Их олон олон асуудлууд, ололтууд, боломжуудтай би өдөр бүр нүүр тулсаар… давсаар… ашигласаар… амьдарсаар. Одоо харин ажигласнаа бичиж эхэлсээн.

    Нэмэлт: Америкийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авангаа хэлээ сайжруулахыг хүсвэл зочлоорой. 

    http://en.wikipedia.org/wiki/The_united_states_of_america

    Зам зурайсаар би алхсаар.

  • Амжилтанд хүрсэн эрэгтэй хүн бүрийн ард гайхалтай бүсгүй хүн байдаг

    Хүн бүхэн сайхан гэр бүлийг хүсэж мөрөөддөг боловч сүүлийн үед гэр бүл маш их ганхаж, эрчүүд маань гэр бүлдээ анхаарал хандуулах нь багасаж байна. 

    Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь асар их хүчин чармайлт, ур чадвар шаарддаг зүйл. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү ур ухаан шаардах болно. Сайхан гэр бүлтэй болохын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.

    Иймд та бүхэн доорх зүйлийг гэр бүлдээ мөрдлөгө болговол танай гэр бүл дэх уур амьсгал жаахан ч гэсэн халуун дулаан болох болов уу гэж бодлоо. 

    1.      Гэр бүлийг чинь юу ч орлохгүй 

    Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдалдаа анхаарч өөрийн бүсгүй хүн гэсэн дүр төрхөө дээд зэргээр хайрлах хэрэгтэй.

    2.      Санал зөрөлдөх, маргаан гарахад эхнэр хүн бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайх хэрэгтэй

    Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийдэг байх нь зөв. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Эхнэр хүн урьтаж баахан тайлбар тавихаасаа өмнө нөхрийнхөө яриаг гүйцэт сайн сонсож бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайдаг байх хэрэгтэй. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг нөхөртөө бүгдийг нь  гаргах гэж яарах хэрэггүй эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал, дараа нь зохих арга хэмжээг авч болно шүү дээ.

    3.      Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ

    Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг боломж олдох бүрд  хэлж байгаарай. Эр хүний ханьдаа хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүчтэй болдог.

    4.      Бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай

    Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.

    5.      Нөхөртөө итгэл найдвар өгч бай

    Эр хүн аав ээжээсээ биш эхнэрээсээ урам зориг авахыг хүсдэг. Нөхөртөө итгэл найдвар өгөх хүч чадал эмэгтэй хүнд бий. Эхнэр нөхөр хоёрын зүрхэнд сайхан амьдрана гэсэн итгэл найдвар байх ёстой. 

    6.      Нөхрөө өөрийн бие мэт хайрла

    Чи  ямар ч буруу зүйл хийсэн өөрийгөө өө чи одоо гээд ялладаггүй шүү дээ үүнтэй ижил нөхрөө өөрийн бие мэт хайрлаж ямар ч тохиолдолд түүний талд байх хэрэгтэй. Бие биенээ яллахгүйгээр байгаагаар нь хүлээн авч хайрла. Уулыг нүүлгэх хүч чадал, чадвар байгаад энэ дэлхийг эзэгнэж авлаач хайр байхгүй бол юу ч бишээ. Зүрхнээсээ хайрла. Зүрхэнд өөрчлөлт  ирэхэд амьдралд өөрчлөлт ирдэг.

    7.       Хүүхдүүдээ зөв сурга

    Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй эелдэг даруу, дөлгөөхөн,  байх хэрэгтэй. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Боловсрол гэр бүлээс эхэлдэг учираас үр хүүхэддээ муу муухайг бүү харуул. Тэвчээртэй байцгаагаарай.

    8. Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ 

    Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр /эхнэр/ тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. “Аман хуур” киног та санаж байгаа биз дээ?

    9. Хардлагаа битгий хэтрүүл

    Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.

    10. Бүх юм хэмжээтэй

    Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдлөгө болголоо гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой юм шүү. 

  • Аз жаргалыг алсад хайх хэрэггүй

    Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгоны аз жаргалын хэмжээс нь янз бүр.  Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байхад  дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж яваагаа аз жаргал гэж бодох хүн байна. Зарим нь элэг бүтэн яваа нь хамгийн дээд жаргал бодно.  Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. “Олон түмэндээ аз жаргалаа өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй”. Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө  зориулсан хүн илүү их аз жаргалтай байдаг. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ. 

    Гэвч хэн нь чухам аз жаргалтай вэ?
    “ Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр хүн аз жаргалтай”.
    * Сонсгол чинь муудвал хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана. Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ мэдрэнэ. Хөл чинь муудвал хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүдээ бодно. Иймд таныг эрхтэн бүтэн төрүүлсэн нь эцэг эхийн тань гавьяа учираас ижий аавдаа хэмжээ хязгааргүй баярла. Чадах чинээгээрээ ачийг нь хариулахыг хичээ.
    * Сэтгэл санааны амирлангуйг сэглэн сүйтгэх дайсан нь архи. Архи ахиухан хүртвэл биеийн тэнцвэрийг алдагдуулна, гэрийн тэнцвэрийг ч алдагдуулна. Ариунхан дулаахан гэр бүлийн атаатан хорлогч нь архи. Архинаас ангид гэр бүл аз жаргалтай  амьдарна.
    * Авир ааш тогтуун гэрт аз жаргал тогтоно. Гэрт гадаа, хээр хөдөө хаана ч нэг л аашаараа байхыг бод.
    * Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн. Өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж, хөгжиж  чадаж байгаа бол тэр чиний жинхэнэ аз жаргал.             

    “ Тэнэг хүн аз жаргалыг алсад хайдаг бол мэргэн хүн түүнийг өөрийнхөө дэргэд ургуулдаг”                                            

  • Энэ миний ажил

    Юу хамгаас сайн үйл вэ?

    Хийж байгаа ажлаа сайн хийх.         / Питтак /

    Буудал дээрээ удаан зогслоо гэсэн зорчигчийн үгэнд эгдүүцсэн жолооч хурд аван хөдлөхдөө замын хажуу руу шарван давхилаа. Хүмүүс шуугилдан, жолоочийг тэнэг мангараар нь дуудахад,

    –       Тээр та нар хурдан явахаар ингэдэг байхгүй юу гэж хээвнэг танчигнатал инээлээ.

    –       Хүлээж чадахгүй бол буух л үгүй гэж кондуктор нь ч том дуугарна.

    Болиоч ээ, хүмүүс ямар тоглоом юм уу гэж настайвтар хүн чанга дуугархад, энд тэнд хүмүүс шуугилдан ам амандаа жолоочийг буруутгана. Хэнд ч харсан эрүүл сэтгэхүй биш ээ. Би тэрхэн хооронд “Энэ жолоочийг сонгож байдаг ямар дарга байдаг юм бол…” гэж бодлоо.

    Автобусанд суух болгондоо би жолоочийн тухай, кондукторын тухай, бүр автобусны тухай хүртэл дандаа бодох юм. Гэхдээ сайн бодол биш шүү. Би хэрвээ оронд нь байсан бол гэж бодохоор бүр ч аазгай хөдөлнө. Олон хүмүүсийг очих газарт нь дөхүүлж өгдөг, хүмүүстэй чин сэтгэлээсээ мэндэлж болно, дандаа явдаг чиглэлдээ бол олон хүнийг таньдаг болно, тэднийг харахдаа дандаа инээмсэглэнэ… гээд жолооч, кондукторын хийж байгаа ажлыг бодохоор их л сайхан. Үнэндээ хүмүүст талархаж үйлчилнэ гэдэг сайхан ажил шүү дээ. Гэтэл тэд энэ ажлаа миний ажил гэж “өмчилж” болдоггүй юм байх даа.

    Хэрвээ автобусны жолооч зөвхөн өөрийн төрөл садныг бүгдийг нь суулгаад явж байгаа бол хэзээ ч бухимдах зүйл гаргахгүй дээ. Тачигнатал инээж, замын хашлага мөргөх шахан давхих байсан гэж үү? Тэр минь хордох вий гээд тамхи бол бүр ч татахгүй биз? Инээгээд л, урамтай явах байсан даа.

    Автобусны кондуктор гэртээ тоос шороо, хогондоо дарагдаад суудаггүй л байлтай. Кондуктор хийдэг хүмүүсийн гэрээр нь орж үзэх хүсэл төрчихлөө. Ихэнх нь л бүсгүй хүн, ялангуяа ээж л баймаар хүмүүс харагддаг. Гэтэл тэдний үйлчилж байгаа автобус дүүрэн хогтой, хоггүй зарим нь суудал нь цагаан хувцастай суухын аргагүй тоос. Цонх бол бүр ч ярилтгүй, шил шиг тунгалаг гэдэг үг бол автобусны цонхонд л лав тохирохгүй зүйрлэл.

    Зөвхөн мөнгө хураахын төлөө л үйлчилж байгаа юм шиг ааш гаргаад байхаар хүмүүс хүртэл нэг л хайхрамжгүй. Зарим нь бүр нэхүүлэн барин мөнгөө өгөхдөө кондуктортой хэрэлдэнэ. Хүн хүнээ хүндлэх соёл аль алинд нь байхгүй болохоор өдөр бүхэн энэ дүр зураг давтагдана.

    Олон нийтийн ажил эрхэлдэг хүмүүс, тэр дундаа автобусны жолооч, кондукторууд “Энэ миний ажил” гэж өөрийнхөө хийж байгаа ажлаар бахархдаг байгаасай. Хогтой, тоостой автобусанд хүмүүс суулгахаасаа ичдэг байгаасай. Автобусанд нь хог хаядаг хүмүүст “Хогоо аваарай” гэж шаардлага тавьдаг байгаасай. Хамгийн чухал нь ажилдаа сэтгэл гаргадаг байгаасай.

  • Зөвлөгөө No2 Цаг хугацааны үнэ цэнийг нялх балчираас нь баримтлуулж, хэвшүүлдэг юм шүү

    Томчууд бид өөрийн амьдралаас гадна хүүхдүүдийнхээ амьдралыг зохиож яваа. Үүнийг ухамсарлах хэрэгтэй. Хэрэв ухамсарлаж чадвал танд үүрэг хариуцлага бий болно. Харин үүрэг хариуцлагатай хүн хүч чадалтай байдаг. Хүч чадалтай болсон тохиолдолд мөрөөдөл биелдэг юм.

                Хүний амьдралын цаг мөч бүхэн өндөр үнэтэй. Энэ хорвоод амьдрах цагийг бурхан хэмжиж өгчээ. Бид бүх юмны төлбөрт цаг хугацааг эн түрүүнд барьж байдаг. Хүн цагийг янз бүрээр ашиглана. Хэрхэн ашигласнаас хамааралд эд баялгийн хэмжээ нь өөр өөр. Зарим хүн зогсоо чөлөөгүй зурагтын суваг солино. Гэтэл цөөн хүн ном уншиж өөрийгөө цэнэглэнэ. Энэ хоёр хүн явсаар шал өөр өөр газарт очих нь тодорхой.

                Эхний замаар явсан хүн амьдралдаа юу ч сурч чадаагүй залхуу хойрго ядуу хүн болдог. Харин хоёрдугаар замаар явсан хүмүүс тэс ондоо. Ер нь цагийн үнэ цэнийг ухамсарласан хэнбугай ч ирээдүйн амьдрал нь асар гэгээтэй болж ирдэг. Хүн амьдралын цаг мөч бүртээ ирээдүйгээ сийлж байдаг. Тиймээс хүүхдийг цагийн хуваариар ажлаа амжуулдаг болгож сургах хэрэгтэй. Цаг тэр бүү хэл минутын үнэ цэнийг ойлгодог болсон тэр цагт л мөнгө түүн рүү урсна. Өөрөөр хэлбэл их үйлсийг их мөнгө дагадаг. Их үйлс бүтээхэд их цаг хэрэгтэй. Бид аливаа ажлыг үдээс өмнө, үдээс хойш гэж бүдүүн баараг баримжаалан ярьдаг. Цагийн үнэ цэнийг ойлгоогүй өсч амьдарч буйн шагнал бол манай орны буурай хөгжил юм. Тиймээс үр хүүхдээ хөгжлийг бүтээх иргэн болгохын тулд аливааг төлөвлөсөн цагтаа амжуулдаг болгож зуршуулах хэрэгтэй байна.

                Даалгавраа нэг цагт багтааж хийнэ, гадаа яг гучин минут тоглоод орж ирнэ, зурагтаа хоёр цаг үзээд унтраана гэж төлөвлөсөн бол түүндээ хүрэх гэж тэмүүлэхэд нь эцэг эх туслаад өгөх хэрэгтэй. Томчууд тусалж дэмжээд байвал хүүхэд маш хурдан, цагтаа бүхнийг амжуулдаг хэвшил зуршилтай болдог. Төлөвлөснөө цагтаа амжуулах гэж зүтгэдэг яг энэ зуршлаараа том болоод их үйлс бүтээж чаддаг. Тэгээд ч ар гэрийн болоод албан ажлаа ч цаг тухайд нь амжуулж чаддаг хүн болчихвол зөвхөн мөнгө биш сэтгэл санааны өөдрөг байдал ч хүнд давхар үүсдэг учиртай.

    “Хүүхэд- гэр бүл” номноос

  • Зөвлөгөө No1 Хүүхэд бүр өөрийн хувьд өвөрмөц бөгөөд хүчирхэг ертөнц юм шүү…

    Өмнөх үг

            Хүний хөгжлийн тайлагдашгүй нууцыг өөртөө шингээсэн хүүхэд гэдэг аугаа ертөнцийн тухай ээж хүний хувьд  мэддэг зүйлээ  бусадтай хуваалцах завшаан олдлоо.

            Хүн төрөлхтөн мөнхийн амьдралыг зөвхөн үр хүүхэд төрүүлж өсгөснөөр эдэлдэг. Хорвоогийн гурван их буяны нэг нь хүүхэд төрүүлж өсгөх, хоёр дахь нь ном бүтээх, гурав дахь нь байгаль дэлхийгээ хайрлаж мод тарих явдал билээ.

          Хүний мөнхийн хүслийг гүйцэлдүүлэгч ирээдүй хойч үеийнхээ өмнө насанд хүрэгчид үүрд хоцрогдсоор ирсэн түүхтэй. Иймээс ч хүүхдээр хүн хийх мэргэжил хамгийн хүнд мэргэжилд тооцогдож, тэднийг хүмүүжүүлсэн  хүний хөлс төлөгддөггүй ажлыг НҮБ тооцож үнэлсэн байдаг. Дэлхийд жилд 22 их наяд ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэгээс 11 их наяд үйлдвэрлэлийг эмэгтэй хүний, эх хүний хөлс нь төлөгдөөгүй ажил үйлчилгээ эзэлж байна гэжээ. Мэдээж үр хүүхэд төрүүлж, хүн хийх нь гайхалтай сайхан ажил үйлчилгээ билээ. Хүн үргэлж залуу чадалтай байх шигээр амьдарч байна. Тэд маш хурдан хөгширч үр хүүхэд, залуу үеээрээ тэтгүүлэх хэрэгцээ гарч ирдэг гэдгийг  ч үргэлж мартаж ирсэн түүхтэй. 

        Шинэ зуунд саятан хүүхэд төрүүлж, хүмүүжүүлэхэд саятан болсон хүний амьдралын зарчмаас суралцах шаардлага урган гарч ирнэ. Эцэг эх өөрийн мэдэхгүй зүйлээр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй. Иймээс чаддаг байж ирээдүй хойч үедээ оюуны хөрөнгө оруулалт хийхийн тулд бид энэхүү товхимлыг гаргалаа. Уншсан бүхнээ бүтээлчээр амьдралдаа хийж, туршаад өөрсдийн гэр бүлийн  мэдлэг болгоорой.

         Хамт олноороо, найз нөхдөөрөө гэр бүлийн хүрээнд шинэ зууны хүүхэд хөгжил мэдээллийг авах бүрэн бололцоо нээгдсэн тул хүндэт эцэг эхчүүд  манайд захиалга өгч хүүхдээ болоод гэр бүлийн гишүүдээ шинэ зууны саятан аав, ээжийн мэдлэгтэй болгоорой. 

     

    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ШИНЭ ЗУУНЫ ХҮҮХДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  34 ЗӨВЛӨГӨӨ

    Хүүхэд-гэр бүл

    Шинэ зуунд эцэг эхчүүд үр хүүхдээ хэрхэн олох, тэрээр олсноо эхийн хэвлийд байхад хэрхэн анхны мэдлэг, харилцаанд төлөвшүүлэх, нэгээс арван найман насанд нь яаж зан байдлыг нь зөв төлөвшүүлэх талаар ахмад хосуудын өгч байгаа зөвлөгөө:   

     

    Зөвлөгөө №1 Хүүхэд бүр өөрийн хувьд өвөрмөц бөгөөд хүчирхэг ертөнц юм шүү…

     

                Хүүхэд бүр юугаар ч үнэлэх аргагүй, энэ хорвоод ганцхан хувь бүтээгдсэн давтагдашгүй гайхамшиг билээ. Хүүхэд болгон өөртөө асар их нөөц бололцоо агуулж байдаг бөгөөд аливааг хүсэх л юм бол хүсэлдээ заавал хүрч чадах хүчирхэг ертөнц юм. Харин эцэг эхчүүд бидний үүрэг нь хүүхдэд байгаа гайхамшиг бүрийг хөгжүүлэхэд нь туслах, түүнийг хүндлэх, дээд зэргээр тэвчээртэй хандах явдал байдаг.

                Бидний дадал зуршил, бүр хэлсэн үг, өгүүлбэр бүхэн бяцхан хүүхдүүдийн маань ухамсарт сийлэгдэж байдаг. Улмаар тэдний ирээдүйн амьдралд маш хүчтэй нөлөөлдөг байна.

                Хэрэв та бид хүүхдийнхээ ирээдүйн амьдралыг аз жаргалтай болгох, нэр алдартай хүн болгох, бизнесийн оргилд гаргах, саятан болгохыг хүсч байгаа бол хүүхдийн дэргэд ярих үг бүхнээ хоёр дахин анхааралтай цэгнэх хэрэг гарна.

                Өөрөөр хэлбэл ирээдүйд танайхныг авч явах тэр гайхамшигт хүний бий болгохын тулд одооноос та мэрийж, юуны өмнө хэлж ярьж байгаа бүхэндээ анхааралтай хандах ёстой боллоо.

                Таны бие өвдөж байсан ч хүүхдэд энэ тухай ёолж, ёхлон хэлэх хэрэггүй. Хүнд өвчин туссан ч үргэлж “би эдгэрч байна”, “өдөр бүр сайжирч байна” гэх мэтээр ярьж сурах хэрэгтэй. Энэ бүхэн нь хүүхдэд өөдрөг сэтгэл суулгах зорилготой ба ирээдүйн саятаны хамгийн гол зэвсэг нь өөдрөг сэтгэл юм.

    “Амны билэгээс ашдын билэг” гэж монголчуудын ярьдаг нь юутай үнэн. Өөдрөг,эелдэг үг яриа сайн сайхан санаа бодлыг дагуулдаг. Харин ийм санаа бодол нь цэцэглэлт хөгжил, эд баялаг ба азыг дагуулдаг байна. Гэтэл бүтэлгүй муу үг яриа гутранги үзлийг дагуулдаг. Өөрөөр хэлбэл гутранги үгс нь хүүхдийг огт хөдлөх хүсэлгүй нэгэн болгодог аюултай.

                Та хүүхдээ өнөөдрөөс эхээд завшаан гарах бүрт далимдуулан магтаж сураарай. Байнга магтуулдаг хүүхэд өөрийгөө авъяаслаг, хүчирхэг, давтагдашгүй гэдэгт итгэж эхэлдэг. Энэ итгэл насан турш түүний зүрхэнд бадарч, өндөр оргилд хүргэх болно. Бидний тархи толгойд ээж аав нарын минь үг яриа, үзэл бодол нэвт суужээ бид яг л ээж аав нарынхаа хуулбар нь юм. Харин хүүхдээ муу хуулбар болгож хувиргахгүйн тулд та өөрийгөө эхлээд өөрчлөх ёстой болж байна. Бүдүүлэг үг хэл, хараалын үгс, бусдыг доромжлох, дайрч давшлах хэрэггүй. Учир нь энэ бүхэн танд болоод таны хүүхдийн ирээдүйд тун хортой. Ялангуяа та хүүхдийнхээ дэргэд ингэж авирлах хэрэггүй.

                Хэрэв та өөртөө хайртай л юм бол хэнтэй ч бүү хэрэлдэж маргалд. Гэтэл өөрийгөө хайрлах нь ирээдүйн саятны анхны алхам мөн билээ. Хүн бүр л сайхан гэр орон, сайн унаа унаш, сайхан хувцас хунар, хоол унд, амралтыг хүсдэг. Хэрэв та энэ бүхэнд өөрөө хүрч чадаагүй бол хүүхдээ хүргэх боломж байна. Хэрэв хүүхэд зөв хүмүүжээд энэ бүхэнд хүрч чадвал та настан болсон хойноо жаргаж суух болно.

                Энэ бүхэнд хүрэх анхны алхам нь үг ярианы жагсаалтаасаа бүдүүлэг хэллэгүүдийг бүрэн хасах явдал юм.

     

    “Хүүхэд- гэр бүл” номоос

  • Өөрийн тухай


    Одоогийн байдлаар буцаад оюутан болчихсон гүйж явна. Ялгаа нь гэвэл урд урдынхаас илүү хичээнгүйлэн суралцаж байхыг бодоход яагаад сураад байгаа, юуны тулд сураад байгаа вэ гэдгээ илүү сайн ухамсарладаг болсоных юм байлгүй.

     Би гэдэг хүн энд ирэхээс өмнө 2 жил орчим бизнесийн байгууллагад ажиллаад, тогоонд нь чанагдаад бага сага зүйлийг гадарладаг болсон. Цаашдаа ч бас сурах, мэдэх зүйл зөндөө. Энд ирэхээсээ өмнө олон улсын тээвэр зуучийн Туушин ХХК- д ажиллаж байв. Эргэн тойрноо ажиглаад байхад гадаадад төгсөж ирсэн, ямар нэг хэлийг сайн эзэмшсэн (ер нь бол заавал орчинд нь сураагүй ч гадаад хэлийг гарамгай эзэмшсэн хүмүүс зөндөө л бий л дээ. Хэдий тийм боловч гадаадад амьдарч, суралцана гэдэг бол хүний амьдралын бас нэгэн сонирхолтой туршлага. ) хүнд боломж арай илүү байгаад байсан юм. Тийм болохоор л наашаа ирэхээр тэр чигтээ зориг шулуудчихсан хэрэг.

    Энд ирсэнээс хойш соёлын шокыг амжилттай даваад, одоо нэг дасдаг хэсэг дээрээ ирчихсэн яваа хүн. Харь гаригийн зочны нүдээр энэ орныг ажиглаад байхад бусадтайгаа хуваалцчихмаар, санаа бодлоо солилцоод, зарим нэг зүйлсийг нь эх орондоо нутагшуулчихмаар зүйлс толгойд зөндөө л орж ирдэг юм. Тийм болохоор би энд амьдарч байгаа жирийн л нэг оюутан хүний нүдээр харж буй Америк орны талаар бичихээр шийдсэн юм.

     Шударга л байя. Би тийм нийтлэл бичдэг гарамгай хүн биш ээ. Өөрөө хувийн блогтой, тэр блог дээрээ өөрийн үзэл бодол, мэдрэмж зэрэг хувийн чанартай зүйлүүдээ өөртөө зориулж нийтэлдэг хүн. Харин одоо миний бичсэнийг олон хүн унших учраас хэн хэндээ үр ашигтай байх зүйлсийг бичих хэрэгтэй болж байна. Хариуцлагатай байх ажил нэгээр нэмэгдэв. Олон сонирхолтой зүйлсийг та бүхэнтэйгээ хуваалцана гэдгээ амлаж байна.

     Дашрамд дурдахад “Яруу сэтгэгч” сонины хамт олонтой учирсандаа их олзуурхдаг юм. 3 жилийн өмнө анх сонин авахаар оффис дээр нь очоод, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байсан. Олон ч сайхан оюунлаг найз нартай болсон. Одоо харин бид бүгд буцаад онлайн оффистоо нэгдэж байна. Бидний өөртөө нэвтрэх хаалга дахин нээгдлээ.

     

    Оюунлаг амьдарцгаая!

     

     

     

     


  • Монгол хүнийг жингийн туухай дээр таваглаад үзэх үү?

    Энэ талаар бичихсэн гэж удаан бодсон юм. Саяхан нэг танил бүсгүй маань сэтгэлээр унасан байдалтай утас цохилоо. Төрөлхийн хос үрийн сувгийн нарийсалтай тул Солонгост очиж үр суулгуулахаас өөр боломжгүй гэсэн оноштойгоор Солонгосын эмнэлгүүдэд хандаж л дээ. Мэдээж нэг бус эмнэлгээс үр суулгах мэс засалыг хийх боломжтой гэсэн хариу ирж. Ингээд Солонгос явж үр хүүхэдтэй болох гэсэн мөрөөдлөө гүйцээхээр баахан хөл хөөр болон хөөцөлдсөөр визэнд орох болжээ. Нөхөр нь Солонгост гэрээгээр ажиллаж байгаа тул давхар зардал гараад байхгүй тэндээ уулзаад үрээ суулгуулах боломжтой гэж бодоод бүр ч ихээр баяртай байлаа. Нөхөр нь ч тэсэж ядаж хүлээнэ. Уулзаагүй жил гаруй болсон залуус энэ завшааныг ашиглаад санасан сэтгэлийнхээ цангааг тайлах нь гэж туйлгүй ихээр догдолж байв. Гэвч Солонгосын элчингийнхэн “Нөхөр нь Солонгост ажилладаг юм чинь эргэж ирэхгүй байх магадлал өндөртэй юм байна” гэсэн шалтгаанаар визний зөвшөөрөл олгосонгүй. Ингээд залуу хосын өнийн мөрөөдөл салхинд хийсч, үр хүүхэдтэй болохсон гэхдээ ах дүү, садан төрлөөсөө цуглуулан байж хураасан хэдэн төгрөг нь ч хэрэггүй цаас болон хувирчихав. Энэ ярианы дараа миний сэтгэлд ч бас нэгэн хөндүүр зай бий болов.

    Учрыг нь сайн нягталбал энэ нь ердөө л Монголын төр иргэнийхээ үнэ цэнийг хэрхэн ойлгодогийн тод жишээ гэдэг нь энэ. Тэр бүсгүй нөхрийнхөө үрийн шингэнийг варианы шилэнд хийгээд тэврээд нисэх байсан хэрэг үү? Монгол хүн гадаадад боолын хөдөлмөр эрхэлж байхад эхнэр хүүхэд нь очоод хамт амьдардаггүй юмаа гэхэд ядаж, ганцхан сар хамт байж санасан сэтгэлийнхээ цангааг тайлчих боломжийг төр иргэндээ олгоогүйгээс л асуудлууд үүсэж байгаа хэрэг. Бие холдвол сэтгэл холдоно гэдэг. Олон гэр бүл энэ л шалтгаанаар салж, олон хүүхэд “тавиул” нэртэйгээр “толгой”, “бөгс” томтой өсөж байна.

    Эхнэр нь энд үр хүүхдийн мөрөөсөлд умбаж, алсад байгаа нөхрөө санахын эрхэнд ганцаардан шаналж сууна. Харин нөхрийнхөө байгаа газарт өөрийнхөө зардалаар явж очоод тэндээ үр суулгуулж, үр хүүхэдтэй болох гэсэн мөрөөдөл нь ийнхүү “Нөхөр нь Солонгост байдаг юм байна” гэсэн ухвар дүгнэлтээр замхарч унаж байна. Бидний сор болсон эрүүл чийрэг, хамгийн сайхан гэсэн залуусыг боолын хөдөлмөрт дуудаж, алсын алсад цөлөх хэрнээ ард нь үлдэж байгаа гэр бүл, удахгүй өсөж том болох үр хүүхдийнх нь ирээдүй, хувь тавиланг зөв чиглүүлэх бодлого манай төрд байдаг бил үү?

    Өнөөдөр таван айл тутмын гуравт нь шахам амьдын хагацал үзсэн хүүхдүүд өсөж байна. Алс хол байгаа аав, ээж нь хүүхдээ харж байгаад нь талархаж харж байгаа айлд нь сар бүр мөнгө гуйвуулах хэрнээ, төрсөн өдрөөр хажууд нь зогсоод хацар дээр нь үнсчих эрхгүй л өдөр хоногийг элээж байна. Тав, арван жилийн дараа ээж аав нь холдон салж, тавиул хүүхэд бүрмөсөн өнчрөн үлддэг. Төрийн бодлогоор иргэнийхээ үнэлэмжийг тодорхойлж, гэрээт ажиллагсдынхаа ар гэрийг нь хадгалж үлдээх хуульчилсан бодлого үнэндээ үгүйлэгдэж байна.

    Зарим улсад очсон монгол хүмүүс тухайн улсынхаа иргэнтэй гэр бүл болохын тулд дансанд нь тодорхой хэмжээний мөнгө суулгадаг хууль хүртэл байдаг юм билээ. Тэр улс өөрийн иргэнийхээ үнэлэмж, ар талыг баталгаатай болгох үүднээс л ийм бодлогыг хуулиндаа суулгадаг нь мэдээж. Харин манайд бол дурын улсын тосгоноос хэл ярины гажигтай, оюун санааны хомсдолтой, амьдрах чадвараараа өөрийн улсынхаа хүүхнүүдэд гологдсон, өтөл хөгшин хөгийн юмнууд нь хүрч ирээд хамгийн залуу, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн эрүүл чийрэг охидыг маань адуу мал шиг гишгэлж орхичихоод л ямар ч хариуцлага хүлээхгүйгээр нутаг буцаж болж байна. Бидний ад шоо үзээд байдаг Хятад иргэд хүртэл энэ хэмжээлшгүй эрхийг эдэлж чадалж байна. Яг л хариулгагүй мал руу дайрсан чонон сүрэг мэт. Эзэнгүй, үнэлэмжгүй иргэд маань Монгол нэрийн дор сэг зэм мэт бусдад адлагдаж байгаа нь нууц биш.

    Малайзад амь үрэгддэг Алтантуяагийн хувь тавилан одоог хүртэл сэтгэл зовоодог. Гэгээн цагаан өдрөөр хүний бүсгүй үрийг хээр аваачаад хумхийн тоос болгочихсон эзэн хариуцагч нь тодорхой байсаар байхад төр маань иргэнийхээ төлөө яажшуухан санаа тавьсан билээ? Би лав төрийн зүгээс гарсан дуу хоолойг нь сонсоогүй. Эх орондоо, энх цагт ажлаа тараад л гэртээ харихын зуурт буудуулчихаж байгаа монгол хүн та жингийн туухай дээр зогсвол ямархуу жин татахаа мэдэх үү? Бид арвуулаа нэг талд нь зогссон ч ганц хятад хүний хэмжээнд үнэлэгдэхгүй л болов уу. Уг нь бид тун ч цөөхүүлээ юмсан.

    Төрийн эрх барьсан хүмүүсийн хувьд бол дангаар ноёрхох гурав дөрөвхөн гэр бүлийг тэжээхийн төлөө л ард түмнээ татвар татаасаар дарамталж, эмс охидоо гадныханд арилжаалж, хамгийн эрүүл чийрэг эрчүүлээ боолын хөдөлмөрт хөөгөөд явуулчихаж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Үүний ард үлдэгсдийн ихэнх нь хүчин мөхөс, дуулгавартай, амьдралынхаа арав тавхан төгрөгний ноёрхолд толгой бөхийж л мэддэг, үгүй бол хүчтэний улыг долоож, хүчгүйгээ барьж идэх дасгал сургуульд багаасаа суралцсан тийм л нэг бүлэг болж таарч байна. Үлдсэн зарим нь хэнд ч гай болохгүйгээр зөвхөн хувиа хичээж, довоо шарлуулас гээд л амьдарна.

    Энд яг ямархуу төрийн бодлого яваад байгааг ойлгоход нэг л бэрх байна. Өчигдөрхөн чихэн дээр цэцэг ургуулж байсан хүмүүс өнөөдөр нь өлөн араатны нүдээр ард түмнээ хялайн харж чаддаг болдог. Тэд өөрийн бизнестээ ашигтай хэрэгтэй байлгахын тулд хуулийг өөрчилж, өөрийн барьсан байшингаа орлоготой байлгахын тулд хамгийн үнэ цэнэтэй газруудыг устгаж л чаддаг. Тэдэнд монгол хүний үнэ цэнийн тухай бодох цаг зав ч хомс биз.

    Миний хүүхдүүд агаарын дутагдалд орсоноос болоод тархины саажилт, даралттай төрж, харин тэдний эхнэрүүд болохоор хүйтэн улиралд гадаадын дулаан орон луу нүүдэллээд, тэндээ нярайлж, тэндээ тэнхэрч аваад хавар нь эргэж ирдэг. Бид хотынхоо утаа угаар дотор хоолой хорсон ажиллаж байхад тэдний гэр бүл хотоос зайдуу газарт, ус агаар тэгшхэн нутгийг эзэгнэн амьдардаг. Эгэл жирийн монгол хүн би эрүүл мэндийн даатгалын дэвтэр нэртэй цэнхэр дансаар амьсгалаа хэмжүүлж байхад тэдний охид хамрынхаа угалзыг илүү хээнцэр болгох гэж далайн чанадыг зорьж байдаг. Хотын захын борчууд маань үхсэн малын махаар хооллож байхад тэдний гэрийнхэн харин хилийн чанадаас дөнгөж барьсан загас захиалан идэцгээдэг.

    Нялхсадууд маань халуун зунаар галт тэргэнд ачигдаж 10 хоног тээвэрлээд, Монголын чийгтэй агуулахад хоёр сар хэвтсэн хортой иогуртоор тэжээгдэж байхад тэдний хүүхдүүд хотын утаанаас холхон байхаар программчлагдсан учраас нярай балчир цагаа гадны орнуудын үнэтэй цэцэрлэгт, гадаадын хүчирхэг хуулиар хамгаалагдан өсдөг.

    Миний ах дүүс хилийн чанадад боолын хөдөлмөр эрхэлж, эх орон, гэр бүлээ тэжээх гэж тавхан минут тамхилчих ч эрхгүй шахам толгой руугаа чичлүүлж байхад тэдний хүүхдүүд “Бензиний үнэ хурдан нэмэгдээсэй, тэгвэл Улаанбаатарын гудамжаар аав бид хоёр л давхихгүй юу” гэсэн мөрөөдлөөрөө гайхуулцгааж явдаг.

    Бидний буурайнууд гэрийнхээ буурийг хамгаалж үлдэх гэснийхээ төлөө шоронгийн хаалга татаж, дааж давшгүй төлбөр төлөөсөнд унаж байхад тэдний аав ээж нар даралт нь ихэслээ гээд Хятадаас эмч залж байдаг.

    Эгэл жирийн монгол хүүхэд ээж, аавынхаа царайг ч мартах нь халаг өсөж байхад төрийн томчуулын хүүхдүүд эрхэндээ хатаж, эцэг эхийнхээ олсон мөнгөөр хүн алж, хүүхэн хүчиндэж, мөнгөөр бөөлжиж, хар тамхи, алтны наймаанд үе тэнгийнхнээ татан оруулж хэлмэгдүүлж чаддаг.

    Миний Монголын эгэл жирийн малчин ардууд зудын өвлөөр үхсэн малынхаа сэгээр хашаа хороо босгож байхад тэдний уядаг үнэтэй адуунууд алтан зүчээнд, бие хамгаалагчтай амьдардаг.

    Ийм л нэгэн гомдолтойгоор монгол хүн би Зөвхөн Монголдоо л амьдарч байна даа. Монгол хүн миний үнэлэмж дэлхийн жишигт чухам ямархуу хэмжээнд үнэлэгдэх бол?

  • Томас Жефферсоны хүүдээ захисан үг

    АНУ-ын гуравдахь Ерөнхийлөгч Т.Жефферсоны хүүдээ “Үүнийг мөрдөж байвал чи өндөрлөгт хүрч алдар суу чинь мандаж, хүмүүс чамайг хүндлэн, дээдлэх болно” гэж захидаг байсан сургаал:

    § Өнөөдөр хийчих зүйлийг маргааш руу бүү түлх.

    § Өөрийн чадах бүхнээ бусад хүнд бүү даатга.

    § Яг өөрт чинь хамааралгүй мөнгийг бүү үрж бай.

    § Ихэмсэг зан гаргах нь өлсөж ундаасаж даарахаас илүү хор уршигтай.

    § Хоолоо тохируулж ид.

    § Алив юмыг аргацааж хүн хуурч байвал хожим харамсах болно.

    § Бүтэшгүй зүйлийг босгох гэж хүнийг ба өөрийгөө зовоохийн хэрэггүй.

    § Уур хүрсэн үедээ арав хүртэл тоолоод дараа нь ам нээ, дараа нь 100 тоол.

    § Бусадтай эелдэг зөв харьцаж, эелдэг хүмүүстэй байнга харьцаж бай.

    § Гэр бүлтэйгээ ойр дотно бай. Тэдэнтэй ярьж зөвлөгөө авч бай.

    § Олон нийтэч бай. Хүмүүстэй санаа бодлоо солилцож, найзлаж  нөхөрлөх нь өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун явахад тусална.

    § Аль болох олон сайн найз нөхөдтэй бай.

    § Дотно хүмүүстээ итгэж сур. Хүнд үл итгэх аливаад сэжигтэй хандах нь хүнд сайныг авчрахгүй, сэтгэлийг чинь зовооно.

    § Элдэв муу муухай бодлоо сэтгэлээсээ авч хая. Алив зүйлийг болж бүтэх зөв зүйтэй сайн талаас нь харахыг хичээ. Муу санаа хэрэггүй.

    § Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж бай. 7 хоногт нэг удаа найзуудтайгаа уулзаж бай.

    § Цагаа бүү дэмий бүү үр. Цагаа зөв зохицуулахын тулд өдрийнхөө ажлыг цаасан дээр буулгаж хуваарил.

    § Өөрийгөө жолоодож сур. Өдөрт 15-20 минут юу ч хийхгүй бүхнийг бодож эргэцүүлж бай. Ном унш.

    § Өөдрөг үзэлтэй бай. Өөртөө итгэлтэй, алив бэрхшээлийг туулах тэсвэртэй бай. Хийж буй ажил тань бүтэлгүйтвэл

    “Би үүнийг заавал хийх ёстой” гэж өөртөө урам зориг өг.

  • Хайрын нууц буюу хайрлуулахыг хүсэж байвал

    Хайртай. Энэ л vгийг хэлэнгvvт амьдрал тэр аяараа өөрчлөгдөнө гэвэл та vнэмших vv? Мэдээж хvvхэд шиг, тоглоомтой юм шиг санагдах ч энэ энгийн боловч алтан vгс та бидний амьдралд ямар их гайхамшгийг бvтээх чадвартай гэдгийг та лав төсөөлөхгvй байх.

    Угтаа хvн бvр л сэтгэлийнхээ гvнд хайрыг л хамгийн их хvсдэг. Гэсэн хэдий ч амьдралын эгэл өдрvvдэд бид эд хөрөнгө, албан тушаал, зугаа цэнгэлд хэт хошууран хайр гэдгийн жинхэнэ чанарыг умартдаг нь нууц биш юм. Хvн төрөлхтнийг өөрийгөө, бусдыг, амьдралыг хайрлаж явахыг олон мянган жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд сургаж байсан бөгөөд ямарч нөхцөл байдалд байсан бидний хэн нь ч хайрлах, хайрлуулах, жинхэнэ хайрын харилцааг бvтээх боломжтойг баталж байсан билээ.

    Гагцхvv vvний тулд тэрхvv мэргэдийн хvмvvст хэлж өгсөн жинхэнэ хайрын нууцуудыг мэдэж байх ёстой аж. Энэ нь зvгээр ч нэг хайрын бус, бvх л амьдралд хvрэлцэхvйц тийм элбэг дэлбэг хайрыг бий болгоход туслах сургаалиуд юм. Та хэн нэгэнд сэтгэл алдравч хариу хайрлуулж чадахгvй байгаа бол, магадгvй таны зvрх хэн нэгний зvрхний дуудлагад хариулахаас «татгалзаж» байгаа бол, эсвэл хайр бол зөвхөн шаналлаас өөрийг авчирдаггvй гэж боддог бол та зөвхөн хайрлаж л сурах хэрэгтэй юм байна. Харин ингэхийн тулд жинхэнэ хайрын 6 сургаальд анхаарлаа хандуулаад vзээрэй.

     

    1. Бодол санааныхаа хvчийг мэдэр

    Бид юун тухай бодож байна, тvvнтэйгээ адил болж хувирдаг нь маргашгvй баримт. Та муу санаа агуулбал муу муухайг мэдэрч, сайн сайхныг бодвол баяр баясгаланг мэдэрч, аз жаргалтай болдог. Бодол санаа чинь хайраар дvvрвэл та хайрыг амсана. Хэрэв та сайн сайхан бодлуудыг бий болгож чадахгvй байвал дотроо эсвэл дуулдахаар дахин дахин хэлэх замаар санаа бодол, итгэл vнэмшилээ өөрчилж болно. Жишээ нь «Би бусдыг хайрласнаар өөрийн амьдралд хайрыг бvтээнэ» эсвэл «Би хайртдаа итгэдэг, миний хардах санаа буруу» гэх мэт. Бодол санаа vйл хөдлөлийг, vйл хөдлөл нь зан vйлийг, зан vйл нь хувь заяаг бvтээдэг гэдгийг санаарай. Тиймээс агуу их хайрыг мэдэрч, мэдрvvлж сурахад эхлээд бодол санаагаа зөв болгож, бодол санааныхаа агуу хvчийг мэдрээрэй.

     

    2. Өөрийгөө аварсан хvн ертөнцийг аварна

    Хэн нэгнийг ямар нэг зvйлийг хайрлахын тулд эхлээд заавал хvндэтгэх хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд өөрийгөө хvндэлж сурах нь зvйтэй. Өөрийгөө хvндэтгэхгvй бол өөрийгөө хайрлаж чадахгvй. Өөрийгөө хайрлаж чадахгvй байгаа хvн бусдыг хайрлаж чадахгvй нь ойлгомжтой. Тэгэхээр юуны тvрvvнд «Би өөрийгөө хайрлаж, хvндэлж чадаж байна уу?» өөрөөсөө асууж, өөрийгөө хvндэтгэх сэтгэлийг бий болгох, төлөвшvvлэх аргыг байнга хэрэглэж сур. «Би өөрийнхөө юуг хvндэлдэг вэ?» гэж асуухад ухаан санаа тань хvмvvсийн танд таалагддаггvй талууд дээр биш хvндэлмээр талууд дээр нь төвлөрч эхэлнэ. Yvний дvнд хvмvvстэй агуу их хайраар хандах болно. Хvн гээч амьтан өөртөө, бусдад, амьдралд хvндэтгэлгvй хандсанаас хорвоогийн хайр энэрэлийг vгvй болгодог. Учир иймээс та эхлээд өөрийгөө ойлгож хvндэлвэл хайр аяндаа танаас ундран гарах болно.

     

    3. Эхлээд өөрөө өг

    Та хэн нэгэн рvv инээмсэглэхэд тэр хvн тан руу хариу инээмсэглэдэгийн адилаар сайхан сэтгэлийн vг, утасны яриа, захидал гэх мэт хvний төлөө анхаарал тавьж буйгаа харуулсан бvхэн таньд буцаж ирдэг. Хайр бол бумеранг л гэсэн vг, vргэлж л буцаад ирнэ. Бvр өсч vржээд буцаад ирдэг. Хэн нэгэн тvрvvлж алхам хийхийг бvv хvлээ. Хөгжимчин хvн «хvмvvс бvжиглэвэл л би хөгжимдөж эхэлнэ» гэдэггvй шvv дээ. Жинхэнэ хайр хариу нэхдэггvйг санаарай. Хэрэв та жинхэнэ хайрыг мэдрэхийг хvсвэл хайрыг ямарч болзолгvйгээр, хариуд нь юу ч шаардалгvйгээр бусдад өгөхөд бэлэн байх ёстой. Тvvнээс гадна хоёр хvний харилцаанд «Тэр миний төлөө юу хийж чадах вэ?» гэж асуухын оронд «би тvvний төлөө юу хийж чадах вэ?» гэж асууж байвал хамтын амьдралд насан туршын хайрыг бий болгодог гэдгийг санаарай.

     

    4. Хайрыг хvсч байвал нөхөрлөлийг хай

    Францын их зохиолч Антуан де Сент-Экзюпери: “Хайрлана гэдэг өөд өөдөөсөө харахын нэр биш нэгэн зvгт харахыг хэлнэ” гэж хэлсэн байдгийг санагтун.

    Нэг итгэл vнэмшил нэдмэл зорилго сонирхол харилцан хvндлэл бишрэл нь насан туршын жинхэнэ хайрын vндэс юм шvv. Олон хvмvvс бие махбодийн сонирхолоос хайр vvсдэг гэж буруу ойлгодог нь харамсалтай. Гэтэл гоо vзэмж мөнх биш, өдрөөс өдөрт гундаж байдаг зvйл харин нэгдмэл санаа зорилго сонирхол хvндлэл бvхий нөхөрлөлөөс vvссэн хайр өдрөөс өдөрт бэхжиж байдаг.

    Yvний баталгаа болох нэгэн судалгаа таньд сонин байж болох юм. 50-с дээш жил хамтдаа аз жаргалтай байсан хосуудаас энэ амжилтынх нь нууц юунд байгааг асуухад нөхөрлөл гол vvрэгтэй хэмээн хариулжээ. Асуулгад оролцсон хvн бvр ханиа өөрийн хамгийн сайн найз нөхрөө гэж хэлсэн байдгыг анхаараарай. Тэгэхлээр харилцаандаа хайр бий болгохыг хvсвэл та эхлээд нөхөрлөлийг олоорой.

     

    5.Хvрэлцэхvй бол харилцааг бэхжvvлэгч

    Хайр бол хамгийн хvчтэй эм. Аз жаргалтай гэр бvлийн гишvvд хvнд өвчнөөр өвдөх магадлал бусдаас 10 хувиар бага байдаг гэнэ. Мөн эмч сувилагч нар гарыг нь атган өөрсдийг нь хайрлаж буйгаа илэрхийлхэд өвчтэнvvд хавьгvй тvргэн эдгэрдэг гэсэн судалгаа ч байдаг аж. Энэ бvхэн хvрэлцэхvйн хvчийн гайхамшигтай ач тус юм. Хvрэлцэх ид шид нь хvмvvсийн хоорондох зааг хязгаарыг vгvй болгож тэднийг нэгтгэдгээрээ өөр юутай ч зvйрлэшгvйгээр хvмvvст нөлөөлдөг. Хvрэлцэхvйд гайхамшгыг бvтээдэг эрчим нөлөөлөл vйлчилж байдаг байна.

    Бид хэн нэгэнд энхрийлэн гар хvрэхэд бидэнд ч тэр хvнд маань ч стрессийн гармоны хэмжээ багасах, мэдрэлийн систем тайвшрах, дархлалын систем сайжрах зэрэг физилогийн өөрчлөлтvvд гархаас гадна бидний зан байдалд ч нөлөөлж сэтгэл санаа дээшилдгийг санаарай. Та хайрыг өгөх авахдаа биед нь хvрэх, тэврэх, гар барих, өөрөөр хэлбэл хvрэлцэх нь ямар их ач хобогдолтойг ухааран зориг гаргаж хvмvvс рvv гараа дэлгэн сунгаарай. Та сэтгэл зvрхээ дэлгэж байна гэж ойлгож хvрэлцэхvйн хvчээр бадарсан хайрын эрч хvчийг мэдрэх болно.

     

    6. Эрх чөлөө олго

    Тагтаа тэжээж тэд нараа бахархан хайрладаг хирнээ далавчаа ч дэлгэн нисэх боломж өгөлгvй торонд барьдаг хvнийг уншигч авхай та юу гэж дvгнэх бол. Ихэнх хvмvvс vvнийг агуу их хайр гэж ойлгодог нь харамсалтай. Хэрэв хэн нэгнийг хайрлаж байвал тvvнийгээ чөлөөтэй тавь. Буцаад ирвэл таных, ирэхгvй бол тэр хэзээ ч таных байгаагvй гэдэг vг юутай vнэн. Хэдийгээр хайртай хvндээ эрч чөлөө олгоод явуулчих амаргvй ч тvvндээ эрх чөлөөг нь өгөхгvйл бол хайргvй байна гэсэн vг. Хайрлахыг албадаж болохгvй. Эс тэгвэл дээрх тагтаа тэжээгчээс ялгарах юмгvй болно. Та хэн нэгнийг хайрлаж л байвал тvvнийг эрх чөлөөг нь нь хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тvvнийг өөрийнхөөрөө шийдвэр гаргах, таны хvссэнээр биш, өөрийнхөө хvссэнээр амьдрах боломж олгох ёстой. Учир нь хvн бvхэнд тодорхой орон зай хэрэгтэй байдаг.