Category: media-content

  • Матери, “сөрөг матери”, тэдний харилцан шүтэлцээ

    “Вед”-ийн багш Свами Прабхупад “Харь гараг дээр хөнгөн аялахуй” номондоо ертөнц хийгээд “сараг ертөнц”-ийн мөн чанар, харилцан хамааралын талаар нилээд мэдээлэл, ойлголт өгчээ.Үүнд:

                -Материаллаг ертөнцийг бүхдүүлэгч материйн хөдөлгөөн, эрчим нь өөрийн дээд хэлбэртээ “Сөрөг матери”-ийн ертөнцийг буй  болгоно.  “Сөрөг матери”-ийн бүтцэд үүсэх эрчим, хөдөлгөөн материйнхаас асар өндөр хүчин чадалтай бөгөөд мөхөж санашгүй мөнх чанартай, яагаад гэвэл, бүтээгдээгүй! Тэд материйг хөдөлгөөнд оруулж, матүид өөрийнхөө үйлчлэлийг тархаагч “амин хүч”, “амин орон” орон болж өгдөг. “Сөрөг матери”-ийн үйлчлэлээр материйн ертөнцөд амьдрал үүсдэг.

                -Мөнхийн хирнээ үргэлж шинэ сэргэг, материаллаг биетийн мөн чанарын эсрэг урвуу шинж чанартай учраас материйн хөдөлгөөн, хувьсалын зүй тогтолд ухвуу трансцендент хууль зүйд захирагддаг. Байнгын идэвхижилт үнэмлэхүй дээд, төгс боловсронгуй бөөмс, эсүүдээс тогтох тул материйн ертөнцийг далдуур удирдан жолоодож, эвдэж, бүтээж, харилцан шүтэлцээгээрээ зохицуулж байдаг.

                -Материйн болон “Сөрөг матери”-ийн ертөнц сөргөлдөн зөрчилдөхөд бие биеэ харилцан устгалцах трансцендент нөхцөл үүсч, материйн ертөнц сөнөхөд хүрдэг.

               

  • БИ РАДИКАЛ ЗҮҮНИЙ ҮЗЭЛТЭЙ ХҮН УЧРААС БАРУУНЫ ҮЗЭЛ, ОНОЛД НОЦТОЙ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ /”Тэргүүн” сонины сурвалжлагч М.Мөнхчимэгтэй хийсэн ярилцлага/

    Та улс төрийн өнөөгийн бүхий л үйл явцад их бичгийн хүнийхээ хувьд ямар дүгнэлт өгч сууна даа?

    -Эхнээсээ  шулуухан хэлэхэд, негатив үнэлгээтэй суугаа!.. Нийгмийн үйл явцад хөгжил, дэвшил гарсан эсэх нь эцсийн дүндээ хоёрхон үзүүлэлтээр л тодорхойлогдоно. Нэгдүгээрт гэвэл, шудрага хөдөлмөрийн үр ашигаар буй болсон бүтээн байгуулалт, нийгмийн баялагийн өсөлт; хоёрдугаарт, хүний жинхэнэ хөгжил! Яагаад энд “шудрага хөдөлмөрийн үр” гэж онцолж цохож хэлж байна? гэвэл 1990 оноос эхлээд Монголд явагдсан “Хувьчлал” нэртэй луйвар, хуйвалдаан, тонуулаар буй болсон “хувийн өмч” гэгдэх баар, ресторан, зочид буудал, элдэв өнгийн дэлгүүр, гражууд, “Sega”тоглоом, караоке наргианы газрууд, гадаадын хулхи барааны захууд, монгол үндэстнийг сөнөөгч архины үйлдвэрүүд зэрэг мянга түмээр тоологдох “нүгэлт” байшин барилгууд, цаашилбал, цэвэр мөлжлөгийн үр дүнгээр хөрөнгөжигч, эх орныхоо байгаль, хөрс шороог цөлмөгч уурхай, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааны эсрэг утгаар хэлж байна. Яагаад гэвэл, эднээс өнөөдөндөө гарч буй “тустай” үр дүн ирээдүйдээ ард түмэнд маань хор болж эргэнэ.

    Хоёрдугаар асуудал! “Хүний жинхэнэ хөгжил” гэж би юуг ойлгож байгаа вэ? гэвэл , юуны түрүүнд, хүний мэдлэг боловсрол, оюун сэтгэхүйн өндөр хөгжил, гэгээрэл гэж ойлгож байна.Үүн дээр, хүний хүн чанарын гүнзгийрэл, сэтгэл санааны ариусалыг заавал нэмж ойлгох хэрэгтэй.Үүнийг, жинхэнэ хүнлэг ёс суртахуун ч гэж нэрлэж болно.Энэ бүгд нийлээд хүн бурханших /Бурхан болж хөгжих/ үйл явц Монголын нийгмийн үйл явцад дээрхи 2 ойлголтоор буюу жинхэнэ шинжлэх ухаанч хандлагаар дүгнэлт хийхээр негатив чиглэлтэй үр дүн л харагдаж байна.Энэ негатив чиглэлийн шалтгаанд улс төр-эдийн засгийн шинжлэлийн үүднээс ухвал, олон дүгнэлт тоочиж болно.Би, зүгээр, ганц хоёрхон л юм хэлье.

    Нэгдүгээрт, Монголын улс төрийн сэтгэлгээнд үндэсний философи, бие даасан бүтээлч онол, аргачлал алга! Зөвхөн гадаадын л онол, туршлагын ажиглалтыг “импортолсон” сэтгэлгээгээр амь зууж, “хиймэл амьсгал”-аар цээж нь хөдөлж байна. Эдийн засаг, үндэсний үйлдвэрлэл, үндсэндээ тусгаар тогтнолоо бүрэн алдсан. Монголчуудын материаллаг ахуйн гол үндэс, судаснууд бүхэлдээ гадаад орчиноос хараат, импортын буюу тэхдээ, маш их үнийн хөөрөгдөлттэй наймаа, шулааны бараа товараар “амь тариа” хийж дөнгөн данган оршин тогтнож байна.

     

    Улс төр бол “байлдаантай кино” гэдэгтэй та санал нийлдэг үү? Нийлдэг бол яагаад?

    -Улс төр гэдэг сонгодог утгаараа “эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл!” Энэ бол В.И.Лениний тодорхойлолт! үнэнхээр л, улс төр бол эдийн засгийн харилцааны далд мөн чанар, утга агуулгыг амьдралд хүчирхийлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ сөрөг хандлага, харилцаанаас хүчирхийлэн хамгаалагч “хүчирхийллийн машин” буюу хууль эрхзүйн тогтолцоо юм. өнөөгийн Монголын эдийн засгийн тогтолцоог “хувийн өмч”-ийн харилцаа бүрдүүлж байна. Ингэхлээр, Монголын улс төр бол хувийн өмч, хөлсний хөдөлмөрийн “чөлөөт” мөлжлөгийн харилцаа, хүн амын цөөнхөд нийгмийн баялгийн шудрага бус хуримтлал үүсэх, нөгөө талаас, олонхи нь ядууран хоосрох үйл явцыг гүнзгийрүүлэгч зах зээлийн ноёрхолыг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тогтолцоо юм. Үүнийг би зөвшөөрдөггүй үзэл бодолтой учраас эсэргүүцэж, “Иргэний үл эвлэрэл” ганцаараа зарласан.Зах зээлийн харилцааг хэрэгжүүлэгч монголын улс төрийн бодлогыг бодот үр дүн болж нийгэмд нүүрлээд буй эмгэнэл,-ард түмний олонхийн үгүйрэл, ядуурал, нийгмийн оюуны хоосрол, зэрлэгшил, анархизм, аймшигт гэмт хэрэгүүд, эх орноосоо дүрвэх сэтгэлзүй зэрэг сэтгэл эмзэглүүлсэн үзэгдлүүд бол Монголын улс төрийн шинж чанар, ил далд нүүр царайг хуулан илэрхийлж буй бодот үр дүн гарцаагүй мөн. Энэ үйл явцын гүнд өнөөгөөр урьдчилан харах боломжгүй нийгмийн гүн хямрал, хурц зөрчил, магадгүй, ухамсартай ухамсаргүй “дайн”-ы нөхцөл агуулагдаж байгааг хэлэхгүй байж болохгүй. Дайн байлдаан бол хүн төрлөгтний түүхийн хамгийн гамшигтай, эмгэнэлт үйл явдал! Буруу эдийн засгийн бодлогод үйлчлэгч улс төр нь улс орныг асар гамшигтай хямрал, хоосролд хүргэдэг үр дүнтэйгээрээ “байлдаантай кино”-той адилтгаж болохуйц шинж чанартай үйл ажиллагаагаар дүүрэн байдаг.

     

    “Их зөвшилцлийн“ талаар ард түмнийг дөжиртөл л ярьцгаалаа.Энэ нь жинхэнэ утгаараа манай улсад хэрэгжиж чадаж байна уу?

                -“Зөвшилцөл”-ийн үр дүн хараахан харагдахгүй байна. Харин ч 2000-2004 онд бүрэлдсэн улс төрийн тогтвортой байдлаас нам, улс төрийн бүлэглэлүүдийн хямрал, тасралтгүй хэрүүлд шилжүүлж, төр засгийн зохион байгуулалтын зөвд хийгээд удирдах чадварт ард түмнийг эргэлзүүлэх, төрдөө найдах найдварыг нь ихэд хөсөрдүүлж эхэллээ. Төрийн институцүүд илт санал зөрөлдөөнтэй, үзэл бодлын зөрчилтэй, хувь хувийн явцуу эрх ашиг, далд хүсэл сонирхолын тэмцэлтэй нь илэрч “нүцгэрч” байна.

     

    Мөн хамгийн ихээр яригдаж байгаа нөшөө нэг асуудал бол “авлига”! Энэ үнэнхээр газар аваад болохоо байх шатандаа ирчихсэн юм болов уу? Та юу гэж бодож байна?

                -Авилгыг ард түмэн бус, Төр л авч байгаа шүү дээ! Хэн өгч байгаа вэ? гэвэл,харин ард түмэн! Юунд, чухам, өгөөд байна? гэвэл, Төрийн үйлчилгээнд! Төр гэдэг хийсвэр юм биш, хүмүүс! Өөрөөр хэлбэл, төрийн “тэрэг” –нд хөллөгдөж буй албан хаагчид! Тоо нь ердөө 120 мянга! Тэднийг ихэнхи нь буюу 100 орчим мянга нь;-эмч, багш нар! Эмч, багш нар ямар нэг “хоргүй“ хэлбэрээр мөнгө авдаг нь үнэн! Энэ тун муухай! Гэхдээ тэдний энэ нүгэл буяныхаа тал хувьтай тэнцэнэ.Цаана нь үлдэж буй 20 мянган хүний нилээд нь хамаг гоохойн эзэд! Ялангуяа, “улс төрийн алба” гэдэг хуулийн категорит байдаг 3мянга орчим тооны “ноёд”, “төрийн жинхэнэ албан хаагчид” гэдэг категорит ордог “түшмэд”-үүд л төрөөр үйлчлүүлэгчидээ буюу элдэв гачигдал зовлонд хөөгдөж боогддог ард түмнээ авилгаар дарамталж, монголын дамын наймаачидтай хамсан хоосолж байна!гэж би бодож байна. Өнөөдөр авилгын талаар манай “шар” “хар” хэвлэл мэдээлэлээр урсаж буй хуулийн нотолгоогүй тоо баримт, шуугиан цуугианы “дажин”-ыг эргэцүүлж суухдаа, “хулгайчийг бариарай!гэж хулгайч нь өөрөө хамгийн түрүүнд хашгирдаг!” үг бийг ч дотроо санаж л суух юм.

     

    Монгол орон “Ардчилал”-д шилжээд даруй 15 жилийг үджээ. Та анх энэ хувьсгал гарч байхад хэрхэн хандаж байсан бэ?

                -Нэлээд хэдэн өгүүлбэр хэлэх хэрэгтэй болох нь дээ…

     

     

     

    За яах вэ, нэгэнт асуусных сонсъё!

                -Тухайн үйл явцыг би эхлээд сонирхож байсан шүү! Тэгэхэд би Чингэлтэй ханы өвөрт, Салхитын аманд, мэргэжлийн зохиолчийн ажилтай, хөгшин эхтэйгээ сууж байлаа. “Учрахуй, Хагацахуй” романаа бичиж байсан цаг юм… эдийн засгийн либеральчлал, зах зээлийн чиг баримжаа, улс төрийн “ил тод байдал”-ын үзэл санааны дулаарал, олон ургалч сэтгэлгээний нернг уур амьсгалын салхи Уралын нуруу даваад Монгол руу сэвшиж эхлээд байлаа. МАХН-ын Төв хэвлэл ”Үнэн”сонин, Б.Баабарын товхимолууд, О.Дашбалбар, Н.Энхбаяр, Ц.Балдорж, Ж.Бямбаа, Р.Зардыхан зэрэг эрин үеийн нэрт сэхээтэнүүдийн нийтлэлүүд, Сонголын зураачид, хөгжмийн зохиолчид, зохиолчидын их хурлууд, ялангуяа “Залуу уран бүтээлчидийн улсын II зөвлөгөөн”-ий дуулиант нөлөө монголчуудын оюун сэтгэлгээнд урьд байгаагүй хүчтэй “дэлбэрэлт” гаргах сэтгэхүйн ч, сэтгэлзүйн ч бэлтгэлийг хангачихаад байлаа. Иймд би нийгмийг ардчилах, сэтгэлгээний эрх чөлөөг хангах үйл явцыг дэмжиж, хэсэг хугацаанд өөрөө ч идэвхитэй оролцож, дуу хоолойгоо нэгэтгэж байсан юм.Монголын нийгмийн сэтгэлгээнд олон эшт үзэл нэвтрэх нь, дан ганц Марксист- Ленинист үзэл онолын тулгалтаас ангижирах нь оюуны бүтээлчид нийгэм, амьдралыг өөр өөрийнхөөрөө ойлгож бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж болох замд шилжих нь мэдээжийн том дэвшил байлаа.Эдийн засаг ч хаалттай тогтолцоогоо халж, нээлттэй гадаад худалдаа, олон улсын хүрээний идэвхитэй хамтын ажиллагаанд интеграцлагдах нь ашигтай, түргэн хурдацтай хөгжлийн замыг нээх нь эргэлзээгүй байсан. Иймд би эдийн засгийн зохистой шинэчлэл, чөлөөт сэтгэлгээний төлөөх тэмцлийн эхэн үеийн үйл явцыг дэмжсэн үзэл бодолтой явсан юм.Харин Д.Сүхбаатарын талбайд зарласан “өлсгөлөн”, суулт, эмх замбараагүй жагсаал, үймээний нь үе шатнаас эхлээд дэмжих бодол эрс хувирсан.Би ард олны үг худлаа байдаггүй гэж итгэдэг. Тэр үед ард олны дунд тарсан ярианд одоо ч итгэдэг. Ард олны яриагаар бол, тэр өдрүүдийн “өлсгөлөн”, “суулт” гэдэг, ер, жинхэнэ улс төрийн тэмцлийн цэвэр өлсгөлөн, суулт  байгаагүй гэлцдэг. Зүгээр л, тухайн цагийн монголын “хипи” маягийн хэдэн өрөвгөр юмнууд, хэн хэн ч байсан бэ дээ, энэ чинь, С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, М.Энхсайхан, Р.Гончигдорж, за тэгээд, гадаад “ромбо”-той, дамын наймааны “жийнс”-тэй хэсэг холчиргон, цолгио залуус нийлээд, үстэй дээл, эсгий гутал өмсөөд, шөнө майханд хоноцгоосон. Тэр “шоу” нь нидэртээ, огт өлсгөлөн байгаагүй, шөнө нь амьтны хөл татрахаар тарган үхрийн хавирга халуун цайнд хөшиглөөд л, мөрийтэй хөзөр тоглоод л, “нууц амраг”-уудаа сэм авчирч өвөртлөөд л…, их жанжины маань хөшөөг тойрч “давсагаа суллаад” л, тэнд “нуурласан” “рашаан”-ыг хотын үнээ мал өдөр нь ирж шоржигнотол сороод л байсан нь гэрчүүдийн мэдэх түүх юм. Бас, тэр үеийн кино бичлэгт “хувьсгал” нэрээр үлдэж, сүржин сурталчлагддаг жагсаал, гудамжны үймээн, учир зорилгоо ч товтой ухаараагүй бөөн бөөн сониуч хүмүүсийн багшран байна. Тэд “улс төрийн товчоо огцор” гэдэг “өөхөн толгой”-той байгууллага нь ард түмнээсээ яахаа асуудаг ч үгүй, улс төрийн тийм онцгой нөхцөлд заавал явуулах ёстой хууль ёсны арга хэмжээ, -референдум ч зарладаггүй, шинэ нөхцөлд шал хуучнаараа, өнөө л дур мэддэгээрээ дур мэдээд огцорчихсон. Өөрөөр хэлбэл, монголын төр, засгийн эрхийг хэнд ч өгч байгаагаа ч мэдэхгүй, олон талаар огт тооцсон юмгүй, монголын төрд “хүний тэмээнд” хандаж байгаа юм шиг хүнийрхүү хандан “бурантаг”-ийг нь эвхээд тавьчихсан!…Тэгээд, “Шинэ үндсэн хууль” гэдэг дууриамал, хуулмал, монгол хэлээр тааруухан найруулсан орчуулгын “бүтээл”-ийн “хаанчлал”! 1992 оны  “Шинэ үндсэн хууль” гэдэг бол өнөөгийн хүн төрлөгтний материаллаг ахуйг ирээдүйгүй болгон мухардалд оруулж буй, хүний дотоод чанар, шүншигийн эсрэг чиглэсэн үйлдвэрлэл худалдаа, илүүц хэрэглээний өрсөлдөөнөөрөө хүнийг Бурханы замаас улам бүр хордуулж харин гэсгээл шийтгэлд нь улам бүр ойртуулж буй капиталист мөлжлөгийн үйл явцыг даамжруулж буй, бас, дэлхийн байгалийг бүрэлгэгч, сүйтгэгч шинж чанартай үйл ажиллагаагаараа хүн төрлөгтний Оршихуйг утгагүйдүүлж буй бусармаг, буруу харилцаанд ионголчуудыг хонь мэт хашиж өгсөн “төмөр шилбүүр”-ийн чанартай баримт бичиг юм.Энэ “орчуулга”-баримт бичгээр бамбай хийсэн эдийн засгийн буруу реформууд хийгээд эхэлмэгц нь би албан ёсны эсэргүүцлээ зарласан.Яагаад гэвэл, ард түмний аж амьдралыг эрс доройтуулсан тэнэг тэнэг арга хэмжээнүүд шил шилээ даран цуварсан. Жишээ нь, үндэсний валютын ханшийг санаатайгаар унагаж, ард түмний хараал идсэн 20 дугаар тогтоол, алт дилерийн алдагдал, цэвэр луйвар хуйвалдааны хувьчлал, үндэсний үйлдвэрүүдийн устгалт, банк санхүүгийн тогтолцооны дампуурал гэх мэтээр эх орны эдийн засаг, үндэсний оршин тогтнох үндэс суурийг ганхуулсан аймшигт алдаанууд хавтгайрсан. Үр дүн нь,-монголын өнөөгийн амьдрал! Эдийн засаг маань өөрийгөө тэтгэх чадвараа бүрэн алдсан! Улс төрийн тогтолцоо гүнзгий хямрал, тэмцэлд идэгдсэн! Хүн амын 70 гаруй хувь нь үгүйрэл, ядууралд сөхөрсөн!…Энэ бол манай нийгмийн оршихуйг эдийн засгийн талаас нь, өөрөөр хэлбэл, материаллаг бааз суурь талаас нь дүгнэхэд гарч буй дүгнэлт. Одоо нийгмийнхээ амьдралыг хүний дотоод ертөнц буюу оюун сэтгэлгээ, сэтгэлзүйн талаас нь хандаж дүгнээд хэдэн үг хэлье:

                Монголчуудад хэрэглээний сэтгэлгээ л хүчтэй хөгжлөө.“Хийх”бус,“хэрэглэх” сэтгэлгээ! “Хийх”-ийг нь чадахгүй, мэдэхгүй хэвтэж “хэрэглэх”-ийг нь чаддаг, мэддэг болсон энэ сэтгэлгээ бол маш хортой дадал заншилыг төлөвшүүлдэгээрээ маш “чөтгөрлөг” үзэгдэл! Энэ сэтгэлгээний хор, ховсонд монголчууд “машин унасан толгойгүй хүмүүс” л болж гүйцлээ. Дээр нь, “өөрөө нүцгэн байж өвдөг цоорхойг шоолов” гэдэг сэтгэлзүйд бүрэн ховсдуулав. Ажил, бүтээлд болохоор толгой хоосон, гар “мухар” хэрнээ тансаглах, гангалах, зугаацах “эрдэм”-д болохоор цоорхой баахан алманцарууд, будагтай үс, “мэс засал”-тай хамар, зовхитой, энгэсэг оотой нүүр, илбэ жилбийн хувцастай “сармагчингууд”-аар монгол дүүрлээ. Ийм “ноёд”, “хатагтай” нарыг европчуудын хэлэнд “сибарит” гэж хочилдог юм гэсэн!

    Ардчилагчидын хийсэн бүтээсэн бүхэнд Та ийм л дүн тавьж байгаа юм уу?

    Жинхэнэ ардчилалыг манай “ардчилагчид” огт ойлгоогүй шүү дээ! Тэд ардчилалыг яаж ойлгож байна? гэвэл, “баригдаагүй л бол хулгайч биш” гэдэг логикоор ойлгож байна. Өөрөөр хэлбэл, монголын “ардчилагчид” бол ардчилалын багтай “эрүүгийн этгээдүүд”! Эдний “бүтээсэн юм” гэвэл, хувьдаа л хөрөнгөжсөн! Монголын ард түмний олон арван жилийн бүтээн байгуулалтыг дур мэдэн сүйтгэж, нийгмийн баялгийг нь хуваан идэж ард түмнийг минь “элгээр нь мөлхүүлсэн”! Бидний монголчууд гадаа гудамжинд цуглаж хашгиралдах “эрх чөлөө”-нд л хий баясан хөөрцөглөсөн, гадаад чөлөөтэй нэвтэрч хүний хөлсний зарц болох хохь “эрх”-ээ л ардчилал гэж ойлгон алга ташсан хөөрхий боолууд байна шүү дээ!Энэ бол жинхэнэ чанартаа ардчилал ч биш, эрх чөлөө ч биш, хүний амьдралд голлох “үнэт зүйлч” ч биш юм. Ÿмар их хуурамч, өнгөц юманд ямар гүндүүгүй хууртаж байна даа, хөөрхий ард түмэн минь!..Хүний амьдрал, оршихуйн жинхэнэ үнэт зүйлс, гүн гүнзгий утга зорилгыг олон нийт ойлгохгүй, тэс буруу үйл ажиллагаанд амьдралынхаа үнэт хугацааг зарцуулж XXI зууны монголын түүхийн хамгийн том эмгэнэл, гуниг байх болно.Би барууны үзлийг эсэргүүцдэг.Монголын өнөөгийн “ардчилагчид” нэртэй жижиг хөрөнгөтнүүд цөм хэт барууны үзэлтнүүд! Тэд ардчилал гэдэг ханштай үгээр, хүний амьдралын энэ үнэт хэрэгцээгээр далд мөлжлөгийн тогтолцоогоо халхалдаг, ардчилал, хувь хүний эрх чөлөөний төлөө тэмцэж буй мэт үйл ажиллагааныхаа хэлбэрт “мөнгөний тоталитаризм”-аа нууцалдаг. Ний нуугүй хэлэхэд монголд тогтоод буй ардчилал бол зөвхөн “Мөнгөний ардчилал”! Мөнгөнд захирагдаж буй ахуй орчинд хэрэгжиж буй үйл явцыг ардчилал гэж нэрлэж буй хүмүүс бол хүний биетэй хэрнээ шувууны тархитай “гибридүүд” д юм! “Ардчилсан хувьсгал” гэсэн шороон будган “реклам”-тайгаар монголд өнгөрч буй сүүлийн 15 жилийн нийгмийн амьдралын уналт, ухралтаас гарах гарц ойрын 15-20 жилд байхгүй! Миний энэ дүгнэлт таавар биш, практик амьдралд батлагдах шинжлэх ухаанч үнэн!

     

    Зарим төрийн түшээд маань ч, “Монгол Улс өнөөдөр нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд амьдарч байна!” гэж мэдэгдэх боллоо. Та энэ бүх сонгуулиудын талаарх өөрийнхөө үзэл бодлоос хуваалцахгүй юу?

    -Ихэнхи нэр дэвшигчид буруу зөрүү үйлд гаршсан аминцар үзэл бодолтой, төр түших мэдлэг боловсролгүй хэрнээ л сонгогдчих юм.Ганц л аргаар буюу ердөө л мөнгөөр молигодоод сонгогдчих юм. “Эр хүн шартаж хаширдаггүй, эм хүн төрж хаширдаггүй!” гэгчээр ард түмэн минь ч хууртагдаж хашрахгүй улс юм, хөөрхий! Амьдрал нь ядуу, үргэлж мөнгөний гачигдал, эрхшээл, боолчлолд муугаа үзэж бор хоногоо өнгөрөөдөг болохоор “хулхи” амлалт, хуурамчхан бэлэг сэлт…товчдоо, мөнгөнд л хууртагдчих юм л даа! Тэгээд л, аахар шаахар наймаачин-бизнесмэнүүд, пүүс, компанийн эзэд, амьдралдаа таван ном ч гүйцэд уншаагүй оюуны хомсдолтонгууд төрийн толгойд гарч хууль “боловсруулаад” л, төрийн эрх дархаар хөрөнгө хэтэвчээ зузаалаад л, эсрэг туйлд нь болохоор ард олон улам ядуураад… улам хоосроод…өлсгөлөнгийн “комбинат” руу бөөн бөөнөөрөө туугдаад дуусч байна. Энэ байдал монголын эдийн засаг биеэ даасан, өөрөө өөрийгөө “бүтээгч” тогтвортой, дотоод чадавхитай тогтолцоо болж хөгжих хүртэл үргэлжилнэ.Юун нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хоорондох хугацаагаар бүү хэл, нэг үеийн амьдралаас нөгөө үеийн амьдралын хоорондох хугацаагаар ч үргэлжлэх магадлалтай харагдаж байна. Монголын төрийн алба хүмүүст эрх мэдэл өгч, өмч хөрөнгөө нэмэх боломж болж хувирсан учраас түүний төлөө улангасан өрсөлдөх, үг хэлээр уралцах, гүтгэлэг, цуурхал, хэлмэгдүүлэлтээс өгсүүлээд хараал, жатга гүйлгэх, амь насыг нь хөнөөх муу арга замын тэмцэл хийх нь ч цагаандаа гарчээ.Энэ муухай, буруу гажууд өрсөлдөөний сэтгэлгээ, сэтгэлзүйгээс болоод зарим улс төрийн нам хүчин, зарим нэртэй зүстэй хувь зүтгэлтнүүд нь ч сонгуулийн мөн чанар, утга учрыг тун буруугаар ойлгохдоо хүрсэн юм шиг байна.Тухайлбал, би Ардчилсан Намыг хэлж байгаа юм. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайханы урианд “Сонгуульд ард түмэн ялаасай!” гэсэн хачирхалтай, инээдтэй өгүүлбэр харагдаж байна.Сонгууль дайн биш шүү дээ! Ард түмэн хэнтэй ч, юутай ч дайтаагүй! Сонгууль гэдэг улс төрийн үйл явдалд ямар ч ялагч, ялагдагч байхгүй. Энд сонгуулийн утга агуулгын логикийг буруу ойлгосон, бас, монгол хэлний Ялагч, Ялагдагч гэдэг үгсийн гарваль утгыг хальт ухсан сэтгэлгээний логикийн алдаа, сэтгэлийн хөөрөл, яаралд дарамтлуулсан “стресс” ил! Сонгууль бол ямар нэгэн Ялагч, Ялагдагчийг үлдээж буй дайн дажин биш, тиймэрхүү сүйдтэй өрсөлдөөн, тэмцэл ч биш, харин сонгуульд оролцож байгаа хүмүүсээс хэнийг нь илүү хүн гэж шилснийгээ сонгогчид өөр өөрсдийн улс төрийн ойлгоц, ухамсарын хэмжээгээр илэрхийлж буй шилэлт, сонголтын л үйл явц! Энэ бол, зөвхөн шалгалт! Нэг талаас, нэр дэвшигч сонгогч олондоо өгч буй, нөгөө талаас, сонгогч нь сонгосон хүнийхээ үйл ажиллагааны үр дүнгээр сонгуулийн хугацааны эцэст өөртөө өгөх шалгалт юм!

     

    Эрт нэгэн цагт Монгол төрийн хар хайрцагны бодлого гэж айхтар шилэгдмэл арга байж! Одоо үед түүнийг хэрэглэвэл тохирох болов уу?

    -Техник технологийн хөгжлийн үрээр бие биеэсээ нуугдах мэхгүй болсон өнөө үед гараг дэлхий маань, XIY Далай багшийн хэлснээр, өчүүхэн жижиг орон зай болжээ. Энэ хомсхон орон зайд оршин тогтнох эрх, нөхцөл боломжийг олохын тулд алив үндэстний улс төр-эдийн засаг “нээлттэй” харилцаанд “дагаар орох”-оос биш, эсэргүүцэх болоцоогүй болжээ. Зүйрлэж хэлбэл, “цоожгүй хайрцаг”-тай л адил байхаас аргагүйд тулж! Харин энэ “цоожгүй хайрцаг” дотор, ёроолд нь ч юм уу, аль нэг өнцагт нь ч юм уу, хаанаасаа ч харагдахгүй, эзнээсээ бусад хүнд юугаар ч онгойхгүй жижигхэн, далд “очир алмаасан” хайрцаг заавал байх ёстой нь тэр үндэстний оршин тогтнох, цаашдаа хөгжих гол эх сурвалж байсаар үлдэнэ гэж боддог.Тэр “очир алмаасан” хайрцаг дотор юу юу нуугдаж хадгалагдах ёстой вэ? гэвэл, тухайн ард түмний байгальтайгаа зохис нэгдсэн сэтгэлгээний онцлог чанар, генийн нууц, сэтгэлзүй, хэл, соёл, ёс заншил, үл хуучрах уламжлал, -товчдоо, амьдрах арга ухааны бие даасан тогтолцооны тусгаар тогтнол, улс орны одоо, хэтийн эрх ашгийн “дархлаа”-ны бодлого хадгалагдах байх даа, хүүхээ!

    Монгол Данжуур дахь “Билгийн гол мод нэрт төрийн шашдир оршвой” гэдэг төр ёсны сударт, “өөрийн нууцыг өөрийн хайрт хөвүүн мэт сахиваас “газар оронд тэгш болоод хүмүүст эрхэм сайн” гэсэн байна лээ.

     

    Эцэст нь, Таны санааг хамгийн ихээр “хөндүүрлүүлж” байгаа ямар асуудал байна вэ?

                -Монгол маань ном уншдаггүй ард түмний эх орон болчихлоо.Энэ бол аймшиг! Иддэгээрээ хэнээс ч дутахгүй, хэнтэй ч зэрэгцэх “чадвар”-тай хэрнээ ном уншдаггүй “эрх чөлөө”-гөөрөө бусдын дээр байх, үүнээсээ болоод сэтгэх чадвараараа, ажил бүтээлд өрсөлдөх чадамжаараа хүний хошногонд байх нь юутай шившиг! Сэтгэл оюуны энэ “шог” байдал, аймшигт хоосрол юунаас үүдэж байна гэвэл, бид ном-эрдэнэдээ сүсэглэдэггүй, цаг заваа шавхан шамддаггүй, дотоод ертөнцөө гэгээрүүлдэггүй, зөвхөн биеэ гоёх, ходоодоо баярлуулах өмч хөрөнгийн дажинд амьдралаа сүйдэлж байгаатай холбоотой! Идэх, унтах, хүсэх нь хүнтэй адил, сэтгэх хийх нь хүнтэй адилгүй хүмүүсийг дэлхийн соёл –иргэншлийн ойлголтоор “амьд үхдэлүүд” гэж ойлгодог хандлагатай нь аймаар хандлага шүү дээ. Мэдлэг, мэдээлэл, оюуны амьдралын эрин гэгдэж байгаа энэ зуунд дэлхийн улс үндэстнүүд монголчууд бидэнд энэ ойлголтоороо хандах болно гэж бодохоос сэтгэл туйлаас хөндүүрлэж байна даа!

     

    “Тэргүүн” сонины 2005 оны 05 сарын ¹05/33-т хэвлэгджээ.

     

  • Улс төр дэх нийгмийн “шийдмэг алхам”-ын өвчинийг шүүмжлэх нь:

    Хүн төрлөгтний хөгжлийн нийтлэг чиг хандлаг гэдэг ерөнхий ойлголт, төсөөлөлтэй халхавч хийдэг манай улс төрийн хувийн өмч төвт сэтгэлгээ, хөрөнгө мөнгөний бооцоот бодлогын яаруу, хуудуу, “буухиа” шийдвэрүүд ард түмний олонхийн эрх ашиг, оюун санаанд нийцэхгүй байна. Өнөөдөр Монголын улс төрд ихэнхидээ зөвхөн хөрөнгөлөг “эзэд” ажиллаж, уламжлалаас илүү шинэчлэл рүү хошуурч, шинжлэх ухааны суурь судалгаа, нотолгоогүй яаруу, давчуу өөрчлөлтийн шийдвэрээр улс төрийн амьдралыг дарамталж буйгаас төрийн бодлого, практик үйл ажиллагаа хоёуланг үндэсний хөрснөөс салган “хийдүүлэх” туршлагагүйдүүлэх занганд унагаж байна. Төр урьд нь “Монголын ард түмэн” гэдэг эцсийн задгай /нээлттэй/ “зогсоол” руу төрийн үүргийн “ачаа”-г хүргэн Монголын уул, талын хад асган дундуур нүргэлэн туулдаг хүнд даацын “ачааны тэрэг” байсныг тэд өнөөдөр зөвхөн “өмчтөн”, “амьдрах чадвартан” гэдэг цөөхөн, бүлсэг “баг”-ийн хаалттай “зочид буудал” руу зөөдөг хөнгөхөн, хэврэгхэн, дизайнлаг, “пластмассан тэргэнцэр”,болгож хувиргав. “Эзэд”-ийн сэтгэц, сэтгэл бодлын онцлог болсон хөрөнгөжих, даяарчлагдах, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэртэй түншлэх, компьютер-мэдээлэлийн “импорт”-оор толгойгоо дүүргэх психоз Монголын нийгмийн сэтгэлгээний удирдлага болов.

    Үйл явцын үр дүн эерэг, сөрөг гарахыг урьдаас шинжлэх ухаанчаар тооцох, судлах, үндэсний оршихуйн бааз суурь болдог параметруудаар шинжлэж магадлах арга, бодлого төрийн шийдвэр, үйл ажиллагааны удирдлага болох ёстой атал зөвхөн өөрчлөхийн тулд өөрчлөх психозоор удирдуулдаг нь шинэчлэлийг бусниулалт, өөрчлөлтийг ухралт болгосон гашуун түүх болж үлдэхээр болголоо. Энэ бол улс төр дахь “шийдмэг алхам”-ын өвчиний уршиг!

    Төр засгийн шийдвэр, практик үйл ажиллагаа дээрхи уршигт “өвчин”-өөс ангид, эрүүл байхын үндэс нь цагаа олсон байхад буюу нийгмийн дийлэнхи олонхын тухайн үе дэх амьдралын үнэмлэхүй хэрэгцээ хийгээд эрх ашигийн нийтлэгийг илэрхийлж чадсан байх зарчимыг хангахад оршдог. Гэтэл нийгэм бодот суурь бүрдээгүй, нийгмийн ухамсар ч, сэтгэлзүй ч “хувьчлал”, “үнэ чөлөөлөлт”, “зах зээлийн механизм” зэрэг “импортын сэтгэлгээ”-ний огцом, цагаа олоогүй, өөрчлөлтийг шаардаагүй, тийм нийтлэг хэрэгцээ ч нийгэмд тулгараагүй байсан нөхцөлд зах зээлийн бусармаг харилцаа руу шуурсан “зоригтой” шийдвэрийн “зоригтой” алхам нь нийгмийн гажуудалын вирус тээсэн муйхарлалын “томуу” байсныг одоо ард түмний 80 хувийн ядуу хөсөр амьдрал нотлон харуулж байна.

    Зоригтой шийдвэр, шийдмэг алхам зөв боловч муйхарлал, хувийн эрх ашигийн “тоглолт” байж болохгүй! Эсрэг тохиолд яг л Монголын “ардчилал” шиг ард түмнийхээ олонхийн амьдралыг цөлмөсөн сөрөг үр дүнд хортой байх болно.

    Олонхигүй цөөнхийн амьдрал хэзээ ч нийгмийн бодот үнэний илэрхийлэл болж чадахгүй! Амьдралын шалгуур нь амьдрал өөрөө! Ард түмний олонхийн бодот амьдрал, ядуурал Монгол дахь зах зээлийн бодлогын зөвийг улам бүр үгүйсгэж байна. Амьдралын үнэний үгүйсгэл бол эцсийн үр дүнгийн үгүйсгэл, хамгийн аймшигтай үгүйсгэл! Өнөөдөр нийгмийн амьдрал өдрөөс өдөрт доройтоод, хөгжлийн гэх тайлбартай үйл явц хүний жинхэнэ хөгжлийн эсрэг үйлчлээд байгаа нь ноцтой үнэнийг, -цаг зуурын ихэнхи ялалт, амсхийлт, амжилтын “толгой эргэлт” амьдралд үргэлж ялагддаг үнэнийг үргэлж сануулж байна.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуулууд” номоос

  • Намууд дахь “алга”…

    Нам гэдэг хийсвэр ухагдахуун бодот утгаараа бол, юуны өмнө, нийгмийг хэрхэн хөгжүүлэх арга замаа шинжлэх ухаанчаар тодорхойлж маш цэгцтэй боловсруулсан онол бөгөөд тухайн онол баримтлалаа амьдралд бодтой хэрэгжүүлэх эдийн засаг-улс төрийн нэгдмэл үйл ажиллагааны удирдлага юм. Намыг нам болгодог гол юм нь, -уг намын мөн чанар, оюун сэтгэлгээний нь чадамжийг тодорхойлогч өөрийн биеэ даасан нийгмийн хөгжлийн онол, үнэмлэхүй хүмүүнлэг зорилго бүхий үйл ажиллагаа хоёрын нь нэгдэл байдаг. Намын үйл ажиллагаа нь нийгмийн амьдралын түвшинг дээшлүүлэх материаллаг баазыг цогцлуулах, тогтворжуулах, улмаар хөгжлийн биеэ даасан динамик бүтцэд оруулахад чиглэгддэг “үндсэн хууль”-тайгаараа нийгэмд байр суурь эзэлдэг. Түүнээс биш нам нь зөвхөн засаглалын эрх мэдэл булаалдан тэмцэлддэг бизнес ашиг сонирхолын нэгдэл бус бөгөөд аль нэг даргаар, эсвэл олон даргаар, эсвэл бүүр “Удирдах зөвлөл”, “Үндэсний зөвлөлдөх хороо” нэртэй өмч хөрөнгө эзэмшлийн сонирхол бүхий бүлэг цүлэг хүмүүсийн үйл ажиллагааг хуулиар зөвшөөрүүлэх “байгууллага” биш юм. Нам нийгмийн хөгжлийг хурдасгах, эрчимжүүлэх улс төрийн хүчин зүйл, нийгмийн хөгжлийн онол-практикийн удирдлаганд идэвхитэй нөлөөлөл бүхий субъектийн хувьд нийгмийн онол-сэтгэлгээний хөгжилийг болоод ард түмний бодот амьдралын түвшинг далайцтай дээшлүүлэх арга ажиллагааны бүрэн чадамжит институц байх ёстой гэдэг шалгуураар шүүн хэмжвээс, Монголын улс төрийн намууд нь ердөө л Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж гэрчилгээ авсан “Нам” нэртэй, бизнес үйл ажиллагаа эрхлэгчидийн “цугларалтын клуб” -үүд юм. Эдгээр “клуб”-үүд бол мөн чанараараа Монголын төрд өндөр эрх мэдэл, албан тушаал горьлооч, “лидер”-үүдийнхээ ашиг сонирхолыг хэрэгжүүлэгч “лоббий”, “авлига”, ил далд “тохиролцоо”-ны эрчимтэй үйл ажиллагаа явагддаг “нууц үнсэлдээ”-ний газрууд!

                Намуудын “идеолог”-ууд маягтай үзэл сурталчид нь гэхээр, -өргөж хэлэхэд, “бага овор”-ын сэтгэгчид, нийтлэлчид буюу их л сайндаа компьютер, интернет сүлжээ ашигладаг, тэндээс өөрсөн шигээ “бага овор”-ын сэтгэгчид, нийтлэлчидийн бичвэрээс өөртөө ашигтай ааван сааван мэдээлэл ухаж “олзворлодог”, дээр нь гадаад томилолтынхоо туршлага, мэдлэгээр “цэнэглэгддэг”, техникшилт, даяаршилтын ид шидийг хавархдаг XXI зууны неондартальчууд байдаг. Тэд “алив үзэл суртлыг үл зөвшөөрнө”, “алив асуудлыг улстөржүүлэхийг эсэргүүцнэ” гэж байнга рекдамдах боловч үнэн хэрэг дээрээ хувийн өмч, хөрөнгө мөнгөний үзлээр нэвт шувт үзэл сурталжсан, улс төрөөр монголын өдөр тутмын сонин, үндэсний хэвлэл мэдээлэлийн зайг дүүргэнэ. Бас, хүүхдийн хошного загатнуулдаг хялгасан хорхой шиг хорон “хатгуур”-тай, хорошгүй амбийцаараа бие биеэ тасралтгүй мэрнэ. Энэ бодот үнэнээс дүгнэхэд, монголын улс төрийн амьдралд Нам хэмээх хүчин жинхэнэ сонгодог утгаараа алга!Ингэхлээр, олон намын тогтолцоо ч үндсэндээ алга!

                Нийгэмд өрнөж буй үйл явцын жинхэнэ удирдагч нь орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх салбаруудын ололт, нээлтийн мэдлэг, нийгэм-хүний хөгжлийн философи байж гэмээ нь л сая тэр үйл явц үнэнхээр хөгжлийн үйл явц болж чадна. Шинэ онол, шинэ философи л шинэ нийгмийг бүтээнэ, удирдана. Гэтэл Монголын нийгэмд сүүлийн 15-16 жилд өрнөсөн үйл явц нь түүнд уралдан оролцсон, өрсөлдөн удирдсан намуудад нь үндэсний биеэ даасан нэгдмэл онол, философи байгаагүйн улмаас үндсэндээ сөрөг үр дагавартай, урсгал чанартай, эмх цэгц, тогтворжилт муутай, нийгмийн хөгжлийн үйл явц гэж томъёологдохоосоо илүү шинж чанартай өрнөв. Монголын нийгмийн сэтгэлгээнд хөгжлийн нэгдмэл гүн ухаан үндэсний эндомик ахуй, уламжлалаас үүдсэн шинжлэх ухааны аргачлал, үндэслэл бүхий удирдлагын ухааны түвшинд боловсрогдоогүйгээс шалтгаалаад ианай нийгмийн амьдрал барууны энэ тэр орны туулсан замын замхарч буй тоосоор л чиг баримжаа хийн үймж байна. Ямар ч онол философигүй /Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Хүн хөгжлийн хэмжүүр! гэсэн үзэл баримтлалыг эс тооцвол/ Намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой улс төрийн амьдрал бүүр ч хөлөө алдав. Шалтгаан нь, -Намуудад “мөрийн хөтөлбөр” гэгч, сонгуульд ашигладаг, тэгэхдээ засгийн эрх мэдлийн төлөө намуудын хооронд явагддаг материаллаг ашиг сонирхолын тэмцлийн мөн чанарыг халхавчилдаг ялигүй баримт бичгээс өөр             удирдлага тэдэнд алга! Эдгээр “Мөрийн хөтөлбөр”-ийн тухайд хоёр үнэнийг баттай хэлж болно:

    Нэгд, “хөтөлбөрүүд” үндэсний ахуйн нөхцөлөөс үүлэж буй зарим орь хэрэгцээ, тухайн бодот доминантад үнэхээр тулгамдаж буй гоц асуудал, хүн амын олонхийн амьдралын өдөр тутмын гачигдал зовлонгоос хол хөндийн дээр шинжлэх ухаанч, онол-аргачлалын тооцоо, судалгаанд үндэслэсэн нарийвчлалгүй, зохиогч эзэд нь ч онол-практикийн синтез мэдлэг, чадваргүйгээс, бас, хүн амын тодорхой тодорхой бүтэц, латент /далд/ хүсэл сонирхолын гүнд нэвтэрч ажилласан арга туршлагагүйгээс ихэнхидээ их ерөнхий, бүдүүвч тоймлол маягтай, үл биелэгч цаг зуурын “бүтээл” байдаг;

                Хоёрт, нэг улс төрийн намын “хөтөлбөр” нөгөө нам, улс төрийн хүчиндээ үл тоогддог, бас түүнийг амаар л хэрэгжүүлэхээс биш ажил үйлсээрээ хэрэгжүүлж чадалгүй орхидогийн улмаас нийгмийн зүгээс ч, сөрөг нам, хүчнийхээ зүгээс ч сархинаг болтлоо, бүтэн үлдэх ганц ч үг өгүүлбэр, бүрэн зөвшөөрөгдөх ганц ч тоо баримт амьдрахгүй болтлоо шүүмжлэгддэг;

                Товч дүгнэхэд, Намуудад нийгмийн хөгжлийн дорвитой онол, үзэл хийгээд хүн амын олонхийн бодот амьдралыг зах зээлийн урсгал, шинжлэх ухааны жолоодлогогүй харилцааны нөхцөлд өөдтэй дээшлүүлж чадах үйл ажиллагааны чадвар ч алга, туршлага ч алга, тийм шаардлага, хэрэгцээг хангаж чадахуйцаар нийгмийг удирдчих байх гэх найдвар төрүүлэх оюуны потенциал ч алга!

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • Парламент дахь “алга”…

    Ихэнх намуудын оюуны чадавхи, сэтгэлгээний түвшин дорой, үйл ажиллагааны нь зорилго, чиглэл, хувийн бизнес-эдийн засгийн ашиг сонирхолд идэгдсэний дээр улс төрийн арга ажиллагаа нь явган хэрүүл маргаан голлосон “гудамжны” шинж чанартайгаас шалтгаалаад Монголд парламент ёс ч сонгодог агуулгаараа аанай л алга!

                Монголын УИХ бол өнөөгийн бодот шинж чанараараа гадаадын хуулиудыг монгол хэлээр орчуулан монголоор муухан найруулсан “Орчуулгбн товчоо”, иэдгээр орчуудгын хуулиудыг хэлэлцэх аман “редакцийн газар”, тэгээд эцсийн шатандаа “Монгол улсын хууль” нэрээр батлах эрх эдлэгч “албан байгууллага” л юм. УИХ-ын “эрхэм гишүүд” нь мөнөө гадаадын “эх хууль”-уудыг үгчлэн орчуулах, нөгөөдүүлээрээ хэлэлцүүлэх, “орчуулга”-аа батлуулах, эцэст нь, монголд үйлчлэх хуулийн тоог нэмэх /тэр нь мөнгөгүй ард олонд л үйлчлэхээс бус мөнгөтэй хүнд үл үйлчилнэ!/ ажлыг л санаачилагчид /энэ тодорхойлолтын гадна цөөхөн гишүүн үлдэнэ!/ юм. Тэдний ихэнхи нь нийгмийн сэтгэлгээний болосролтой мэргэжлийн улстөрч ч биш, онол ч биш, судлаач ч биш, зүгээр л мөнгөөр сонгогчидынхоо саналыг худалдан авсан /Манай сонгуулийг бохир сонгууль, бохир улс төрийн босго гэдгийг бүх улстөрчид ярьдаг!/ улстөрийн дамчид, их л сайндаа популист чалчигчид байдаг. Тэд сонгуулийн сурталчилгааны хэд хоногт л “ард түмэн” гэдэг “хүмүүс”-ийг олж хардаг, нээрэн л амьдралд ийм амьтад байдаг гэдэгт үнэмшдэг, бусад цагт нь ор тас мартдаг. Харин парламентын танхимд өөр өөрсдийн хувийн эрх ашиг, “далд хэрэгцээ”-гээ хамгаалан улс төрийн явган хэрүүл хийх үед өөр өөрсдийн “нууцлагдмал” санааг хаацайлах аргумент болгон ашигладаг үг нь л “Ард түмэн” гэдэг үг болдог. Бусад цагтаа үргэлж боддог юм нь,- хувьдаа завших барилга объект, орд уурхай, төсөл, нууцлан ханцуйлах авлига, хөрөнгө мөнгө! Эдгээр учир шалтгаанаар УИХ хувийн эрх ашгийн зөрчлийн парламент, гудамжны хэрүүлийн парламент болов. Яагаад “гудамжны хэрүүлийн парламент” гэж цохож байна? гэвэл, энд нийгмийн шинжлэх ухаан, гүн ухаан, онол эшийн томъёолол, мэдээ, мэдээлэлд үндэслэгдсэн тооцоо судалгаа, нотолгоо дуулддаггүй, дан гудамжны хэрүүлийн үгс л дуулддаг. Зүй нь, хүний хөгжлийн диалектик, нийгэм-түүхийн философи утга агуулга, улстөр-эдийн засгийн шинжлэх ухааны ололт, дутагдалын асуудлаар “хэрэлддэг”, дэлхийн шинжлэх ухаан, утга соёлын онол эш, үзэл ойлголтыг улс орныхоо нийгмийн сэтгэлгээнд нэвтрүүлэх, амьдралд хэрэгжүүлэх оновчтой арга зам, үр ашигтай хувилбаруудын талаар мэдлэг, мэргэжлийн өндөр түвшинд санал солилцдог, ажил хэрэг болгодог, ард түмний ахуй амьжиргаанд практик ач тустай сэтгэлгээ уралдуулдаг байх ёстой бөгөөд тийм яриа мэтгэлцээнийг жинхэнэ маргаан буюу “үгийн үйл ажил” гэж нэрлэдэг.

                Үзэл, онолын зөрчлийн түвшиний санал зөрөлдөөн, өөр өөр философи томъёолол, жинхэнэ “үгийн ажил” бол ардчилсан нийгмийн улс төрийн сэтгэлгээнд байх нь зүй ёсны үзэгдэл, эерэг үр дүнд хүргэдэг талархууштай үзэгдэл!Нэг талаас, шинжлэх ухааны онол, баримтлал, нөгөө талаас, амьдралын гүнзгий мэдлэг, мэдээлэлд суурилсан сэтгэлгээний маргаанаас жинхэнэ зөв, цагаа олсон шийд, бодот үнэний плюрал дүгнэлт гарна. Гарсан шийдвэр ч нийгмийн эдийн засгийн өсөлтийг мэдэгдэхүйц хангаж, ард түмний, өрх гэрийн амьдралыг эрс дээшлүүлнэ. Харамсалтай нь, Монголын парламентад тийм өндөр үр дүнтэй маргаан явуулах, интенсив “үгийн ажил” гүйцэтгэх нэгдсэн үзэл, эш онол, эрх ашгийн цул нэгдэл алга! Парламент дотроо хурц зөрчилтэй, үнэнхээр эвлэршгүй эрх ашгийн хагаралтай нь юунаас харагдана? гэвэл, УИХ-ын эрхэмсэг гишүүд аман дээрээ “Ардчилал”, “Ард түмний амьдрал” гэж нэгэн амаар бие биеэсээ чанга хашгичив ч өмч хөрөнгө, ашиг завшааны боломж олгогч төр-бизнесийн олигархи дотор эрх мэдлийн нүдийг ухах нь холгүй хуруугаараа чичиж, эхнэрээ ч юм уу “нууц эм”-ээ ч юм уу харамлалцаж буйгаас ялгаагүй хэрэлдэж зодолдоцгоодогоос нь илт харагдана. Харин нэг нууц “нэгдэл”, үнэн “зөвшилцөл” далдуур оршиж буй нь илэрдэг. Юу гэвэл, парламентын танхимд хичнээн ширүүн тэмцэл өрнөлөө гэсэн “Авлига” гэдэг үгэнд хүрээд, цаашаа “Эзэн” гэдэг, бараг бүгдэд нь айдас, чичрүүдэс төрүүлэгч үгэнд очмогцоо, “Авлигын эзэн”-ий нэрийг цохох, нийтэд батлах эгзэгт хязгаар тулмагцаа бүгд дуугаа хурааж, хэлээ хазаж, бүгдийн нь ам ямар нэг үл үзэгдэх гараар үдэгдэж, бүгдээрээ ямар нэг үл харагдах “бэрээ”-гээр гөвшүүлэх мэт нүдээ бүлтэгнүүлж эхэлдэг. Энэ ончид л УИХ үнэнхээр “нэгдмэл” бодол, зөрчилгүй “зөвшилцөл”, эвдэршгүй цул үйл ажиллагаатай “ажилладаг”.

    “Авлигын эзэн”-ийг тодруулах, нийгэмд зарлах шаардлагын “чимээгүй цэг” дээр л УИХ нэг инстинкт, нийтлэг ойлголт нь ижил сэрэхүйд жолоодуулж, Парламентын ч, Засгийн газрын ч гишүүдийн “харилцан ойлголцол” илэрч, “Тэгж болохгүй шүү!” гэх “Болохгүй”-н хар мэдрэмж нь авиоматаар ажиллаж эхэлдэг нь ч ард түмэнд ил болов.

    Ард түмэн дараах дүгнэлтийг хийж байна:

    • Монголын Парламент болон Гүйцэтгэх засаглал дахь эрх мэдэл, албан тушаалын хүрээлэл нь Монголын хууль үл үйлчлэх том том бизнесийн хаалттай орчин: Төр Бизнес хоёрын үл илрэх “далд нэгдэл”-ийн нягт сүлжээ;
    • Монголын Төр, Бизнесийн сүлжээн доторхи том өмчийн эзэд, эрх мэдэлтнүүд л бие биедээ авлига өгөгчид бөгөөд авагчид;
    • Хоногийн хоолтой үгүйтэй амь зууж буй ард иргэд /ард түмэн/-эд авлига өгөх ч, авах ч хөрөнгө мөнгө, нөхцөл бололцоо өчүүхэн ч байхгүй;

    PS:

                Өгүүлсэн үзэл бодол, сэтгэмж, зарим дүгнэлтүүдтэй санаа зөрөх, маргах, үл зөвшөөрөх уншигчид, мэргэд олон байж болох ч эл бодол, эргэцүүлэл нь Монголын цорын ганц шинжлэх ухаанч онолтой, ариун гэгээн, ард түмэнч үйл ажиллагаатай хөдөлгөөн болох “Бодь сэтгэл, Эв хамт ёс”-Ганцаарчилсан Хөдөлгөөний үзэл бодлын товчлол гэдгийг сануулахыг хүснэм. “Амьдрал бол нүгэлтнүүдийн диваажин!” гэдэг үгийг дуулаагүй, дуулсан ч итгэдэггүй хүн дэлхийд бий бол АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш шиг, Монголд дөрөвхөн цаг саатаад Монголын нийгмийн амьдралыг зэрвэсхэн ажиглахад л Монгол дахь “Ардчилал”, “Хүний эрх”, “Чөлөөт зах зээл” гэгч зөвхөн нүгэлтнүүдийн л диваажин, харин жинхэнэ хөдөлмөрч, ариун шудрага, дээд оюунлаг, бүтээлч ард иргэдийн нь хувьд бол “үзүүртээ гэрэлгүй хүйтэн хонгил” байгааг төвөггүй мэдэх болно. Тэгээд нүдэндээ ил үнэнд үнэмшихгүйгээс аргагүйд тулаад, “Монголын ард түмээн! Монгол дахь “Мөнгөний ардчилал”-ын цаасан малгайн “Шоу гядбаа”-нд хууртаж өвлийн тэнгэр мэт бүү дуугай үүлшигтүн! Харин нийгмийнхээ баялгийг хүн бүрт адил жигд хуваарилан хүртээгч, хүний оюун сэтгэлийн хөгжлийг хүн бүрт адил тэгш хангагч жинхэнэ ардчилсан, хүмүүнлэг нийгмийн харилцааны ялалтын төлөө ухамсарт хүчин зүтгэлийнхээ аугаа, далд цэнэгийн аянга цахилгааныг зуны зузаан бараан үүлт тэнгэр мэт гилбүүлэн нижигнүүлэгтүн!” хэмээн захих нь лав буй за!

     

    2006 нэгдүгээр, хоёрдугаар сар

    Алтан тэвшийн хөндий

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ ДАХЬ ОЛОН “АЛГА” /”БАЙХГҮЙ”/ БУЮУ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ИНСТИТУЦҮҮД ХЭМЭЭХ 3АРАГ ЯС”-УУДЫГ ШҮҮМЖЛЭХ НЬ: а.”Алга”-аас үүдэлтэй эмгэнэлт байдал

    Нийгмийн амьдралд үнэн үнээ алдлаа. үнэн үг улиг болох байтугай “үхдэл” боллоо. Шудрага ёс, үнэн, үүрэг хариуцлагын зарчим амьдралын бүх давхрагад устав. Сэтгэлгээний вектор зөвхөн бизнест чиглэж, өмч хөрөнгийн хуримтлал, ашиг хонжоонд “соронздуулж” өөр зүг хөдлөх хөдөлгөөн зогсоод тэндээ эвдэрсэн луужингийн зүү мэт хадагджээ. Шудрага үнэний “шүүх”-ээс хахууль-“өөш”-өөр чөлөөлөгдөж, шинжлэх ухаанч шүүмжлэлээс “вакуум орчин”-оор хамгаалагдаж буйгаас Төр-бизнесийн “нууц амраглал”-ын бохир үйл ажиллагаа нийгмийн тогтолцоог асар зэрэмдэглэж, “хөгжлийн хомсдол”-д орууллаа. Төр-бизнесийн олигархийн эрээ цээргүй үйлдлүүд, үндсэндээ хууль бус ажиллагаа байдаг ч түүнийг эдийн засгийн эрх сонирхолын “булагнаа”-наар боловсруулж баталсан “хуулиуд” нь зөвтгөн даамжруулсаар эцэстээ эдийн засгийн нэх нь байтугай эрүүгийн шинжтэй үйл ажиллагаа нь ч “цагаандаа гарлаа”. Уг нь ард түмний амьдралыг ядуурлын ангал руу хөмрөх эдийн засгийн үйл явцыг зөвшөөрсөн, төр-бизнесийн олигархийн харилцааг үүсгэсэн, хүн амын 80 хувийн хүэ шиг амьдрах аргыг нь мөнгөөр боймолсон, үр дагавартай эрх зүйн орчиныг бүрдүүлсэн алив “хууль”-уудыг шинж чанараар нь буруу хуулиуд байсан гэж үзэх ёстой! Буруу хууль бол логикоор хууль бус хууль! Эдгээр “хууль бус хууль”-уудыг санаачилсан, бас баталсан төр-бизнесийн субъектууд өнөөдөр Монголын нийгэмд нүүрлээд буй системийн хямрал, эдийн засгийн “мөхөлт”, улс төрийн дампууралын төлөө  “хууль бус хууль” –уудын хариуцлагыг ард түмний “шүүх”-эд хүлээх ёстой!

                Энэ “шүүх”-ийн яллагч нь, -амьдрах нөхцөлөө ард түмэнгүй “ардчилал”-тай зах зээлийн харилцаанд булаагдсан үгээгүй 80 хувь! Ард түмний 80 хувийг өмч хөрөнгийн илт ялгаралд хүргэж тэднийг эдийн засгийн хувьд амьд явах, эрүүл байх, боловсрол гэгээрэл эзэмших материаллаг бололцоог хаасан “хууль”-уудын сөрөг үр дагавар зөвхөн хэн нэгний үгээр ч нотлогдох бус  монголчуудын бодот амьдралын эмгэнэлээр бэлхэнээ нотлогдсоор байх тул ийм гажуудалт нийгмийн харилцааны уршигийг нийгмийн сэтгэлгээний мэргэжилтэй хэн ч дуугай ажиглаад суух эрхгүй болжээ. Энэ эмгэнэлт үнэний шалтгаан нь дорхи “алга”-д байгаа юм.

    • Монголд үндэсний биеэ даасан, тусгаар тогтносон эдийн засаг алга. Үйлдвэрлэл нь ч, үйлчилгээ нь ч, нийгмийн баялгийн хуваарилалт, банк-санхүүгийн үйл ажиллагаа нь ч бусдын хараат, “сүүдрийн эдийн засаг”-ийн сүүдэр шинж чанартай. Монголын эдийн засгийг, товчоор, Хятадын Эрээн хотоос зөөгддөг линсүү барааны хилийн чинад дахь “борлуулалтын цэг” гэж нэрлэж болно. Сонгол орны үнэн төрхийг хуурамч багийг нь хуулаад харвал, энд тэндэхийн хоцрогдолын элэгдэлт бараа бүтээгдэхүүний үнэ хаялцааны хаос зах зээл, а, хүн ам нь тэрхүү “чөлөөт”, “ардчилсан” зах зээл дээрх “адил тэгш эрх”-тэй гуйлгачин боолууд харагдана. Зүйрлэвэл, монголын эдийн засгийн бодот үнэн нь “далд эдийн засаг” хэмээх “муур”-ын хумсан дахь “хулгана” юм. Энэ хөөрхий “хулгана”-ын “аваарлаг”, эрсдэлт шинж чанар дээр нэмэгдэх нэг парадокс чанартай юм юу вэ? гэвэл жил бүр зохион байгуулагддаг “Үзэсгэлэн-худалдаа”, “дуудлага-худалдаа” нэртэй “шоу” үзүүлбэрүүд буюу инээдэмтэй “өнгөлөн далдлалт” юм. үйлдвэрлэл үйлчилгээний эдгээр “шоу”-наас халаас хоосон ард түмний олонхид наалдах, нялзах, баясгах юм юу ч байхгүй, хий л санаа алдах, өөртөө гутрах, хувь заяагаа хараах сэтгэл төрүүлэх, уур бухимдалыг нь буцалгах  “сайхан амьдрал”-ын даажингаас өөр юу ч эс үлдэнэ. Энэ бол монголын нийгмийн амьдралын нэгдүгээр эмгэнэлт төрх буюу эдийн засгийн маань “шоу” төрх; а, хоёрдугаар эмгэнэлт төрх, хоёрдугаар “шоу” төрх нь, -улс төрийн амьдрал!
    • Өнөөдрийн монголын нийгэм-улс төрийн үйл явцаас дүгнэхэд, төрийн бодлого, менежментэд жинхэнэ ард түмэнч сэтгэлгээ, элэг сэтгэл алга! “Зах зээлийн хууль” өөрөө нийгмийг зохицуулна гэх “субботникийн бодлого”-оор нийгмийг хавтгайд нь захиргаадах тоталитарчлал, эсвэл эсрэгээр, бодлогынхоо гадна ард түмнээ орхиж, “гудамжинд гаргах” бодлогогүйдэл, хариуцлагагүйдэл монголын төрийг “өвчлүүллээ”. Мөн, төр өвчилснөөр ч зогсохгүй, түүнийг бүр хэвтэрт оруулахад хүргэж буй нэг оёг эмгэг болох сэтгэлгээний ядуурал, залхуурал нь мөнөөх өвчлөлийг улам хүндрүүлж, эмчлэх ч эмчгүй өвчин болгож орхив. Одоогийн энэ “өвчин”-д ямар нэг эмчилгээ ч өнөөдөр алга, “эмч” ч алга. Уг нь “эмч” буй бөгөөд хэн бэ?, юу вэ? гэвэл шинжлэх ухаанч, филочофич, эрэлч, залхуугүй бүтээлч, ард түмэнч эрүүл сэтгэлгээ юм. Гэтэл тийм интеграл, ард түмнээ бүхэлд нь бодох нийтэч сэтгэлгээ “амин хувьч” үзэл, сэтгэлгээнд боолчлогдсоноор Монголын түүхэн ахуй, монголчуудын гарваль оюун сэтгэхүйд харш гадаад ахуй нөхцөлөөс хуулмал, орчуулмал “интернет мэдээлэл”-ийн сэтгэлгээний үерт живлээ.Төрийн зах зээлийн бодлогод сэтгэлгээний дифференцац огт алга үогэлжилсээр ирэв. Хөгжлийн биеэ даасан үндэс, боломжтой эдийн засгийн салбар, хүн амын давхрага, нийтлэг бус, өвөрмөц, тухайлсан онцлог бүхий нутаг бүсүүдээр тооцсон, хэсэгчилсэн ялгавартай, тэхдээ, хүнийг ядгаварласан бус, эдийн засгийн материаллаг орчин нөхцөл, үйлдвэрлэх хүчний чадамжтай харьцангуйгаар зах зээлийн харилцааг хэвшүүлэх, турших, амьдрал дээр сөрөг үзүүлэлттэй үр дүнд хүргэж буй үйл явцыг хязгаарлах, залруулах, өөрчлөх уян хатан зарчимт либеральчлалын боломжийг төрийн нүд олж харсангүй.

    Өнөөдөр төр удирдлага, менежментийн бодлогодоо ганцхан гарц олдог. Ганцхан түүнийгээ ашигладаг. Тэр нь бараг юм бүгдийг, түүн дотроо, ард түмэнд хэрэгцээт үйлчилгээ бүгдийг төлбөртэй болгодог гайтай гарц! Энэ ард түмний ядуу зүдүү олонхийн амьдралыг ойлгосон, бодот нөхцөлийг нь тусгасан, тэднийг хайрласан сэтгэлгээ, элэг сэтгэл алга! Хүн амын жилийн дундач орлого 30-40 сянган ам.долларт хүрдэг “бар”, “арслан” эдийн засагтай орнуудад энэ гарцыг зөвшөөрч болох байх. Монгол шиг, жилдээ 400-700 ам.долларын орлоготой 600-700 мянган өрхтэй оронд ийм менежмент бол фашист менежмент. Монголын ард түмний бодот амьдралын нөхцөлд Төрийн эдийн засгийн бодлогын төвд ард иргэдийн эрүүл мэнд, бүх шатны боловсрол үнэ төлбөргүй байх, тэгээд эрүүл чийрэг бие бялдартай, өндөр мэдлэг боловсролтой, дээд ёс суртахуунтай, өв тэгш хөгжсөн иргэдтэй нийгмийг цогцлоох л зорилго тавигдсан байх ёстой!

    Энэ зорилгыг хангах зардалыг төр хариуцаж чадах эдийн засгийн чадавхийг бүрдүүлж ажиллах нь төрийн үндсэн үүрэг бөгөөд үйл ажиллагааны нь үнэмлэхүй шалгуур үзүүлэлт байх ёстой! Энэ бол төрийн үйл ажиллагаа эхлэх гарааны цэг! Гарааг тогтвортой, хурд эрчимтэй байлгаж, цаг хугацааны урт богино ямар ч интервалд найдвартай баталгаажуулж чадсаны үндсэн дээр л төрийн менежментийн бодлого дараагийнхаа шатанд шилжих ёстой! Өвч тэгш хөгжилтэй, бүтээгч ухамсар, ёс зүйтэй ард иргэд л нийгмийн хамгийн үнэт капитал тул энэ капиталыг буй болгох, туйлаар хөгжүүлэх шаардлага л нийгмийн хөгжлийн “үндсэн хууль” юм. Энэ хуулийг амьдралд хэрэгжүүлж чадаж буй төрийг л ард түмэн шүтэж болно, тийм төрд хүчирхийлүүлж ч болно! Тийм төр хэн нэгнийг цаазлах ч эрх эдэлж болно. Тийм төрийн ардчилалыг бүү хэл “дарангуйлал”-ыг ч хамгаалан тэмцэнэ.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • . “Шинэ үндсэн хууль” дахь “Үндсэн буруу”-г шүүмжлэх нь:

    Монголын нийгмийн интеграл харилцааг төрөөс өөрийн шийдвэрээр зах зээл рүү албадан шахаж оруулах /хүчээр тулган шаардаж оруулах!/ эрх зүйн орчин болж өгсөн “Шинэ үндсэн хууль” нь нийт ард түмнийхээ амьдралын тухайн үе дэх амин хэрэгцээ, хүсэл зорилгыг нэгэтгэн тусгаж чадаагүй юм.

    “Шинэ үндсэн хууль”-ийн үзэл санаа нийгмийн амьдралд болоод сэтгэлгээнд либераль өөрчлөлт оруулсан шийдмэг эхлэл болсон нь үнэн ч Төрөөс гаргаж буй шинэ, “зоригтой” шийдвэрт заавал байвал зохих шинж чанар, үндсэн шаардлагыг хангаж чадаагүй.

                Төр, засгаас гаргаж буй “зоригтой” шийдвэр, “шийдмэг” алхам тухайн түүхэн нөхцөл дэх бодот байдал, ард түмний амьдралын хэрэгцээ, шаардлагатай нийцэж эерэг үр дүнд баттай хүрэхүйц  зөв байх гуравхан нөхцөл бий;

    1.Цагаа олсон байх; /Нийгмийн бодот бүтэц, материаллаг баазын үйлдвэрлэх, бүтээх чадамжтай нягт уялдан тооцоологдсон байхыг хэлж байна./

    2.Ард түмний амьдралын уламжлалт тогтолцоо, аж төрөх арга, ухааны онцлогтой нийцсэн байх; /Энэ нь, шийдвэрлэж буй алив асуудал нийгмийн олонхийн амьдралын хэрэгцээнээс зайлшгүй үүссэн байхын дээр нийгмийн хөгжлийн бодот хүчин зүйлсээс эсэргүүцэл үл үзүүлэх, тэдний эрх ашигт үл харшлах үр дүнг хангасан байхыг хэлж байна!/

    3.Үр дүн нь цаг хугацааны аль ч мөчлөгт /интервалд/ үргэлж эерэг, ард түмний амьдралын түвшинг хөгжлийн бүх үзүүлэлтээр дээшлүүлж байх;

                Энэ гурван нөхцөл нь нийгмийн олонхийн /цөөнхийн бус!/ тухайн үе дэх үнэмлэхүй хүсэл, амьдралын бодот хэрэгцээ, ойр, хэтийн зорилгын нийтлэг үнэнийг нэгэтгэн илэрхийлж чадсан үйл ажиллагаагаар хангагдана.  Эл нөхцөл хангагдаж чадсан эсэхийн шалгуур нь амьдрал өөрөө, нарийвчилбал, нийт ард түмний бодот амьдралын үнэн эерэг үнэн байвал төрийн бодлого шийдвэр зөв байсныг гэрчилнэ, эсрэгээр сөрөг үнэн байвал /нийгмийн ёс суртахуун хийгээд хүн чанарын эрс доройтол, сэтгэлгээнтй алхайрал, сэтгэлзүйн зэрлэгшил, хүн амын олонхийн ядуурал, ажилгүйдэл, авлига, гэмт хэргийн гаарал, архидалт, янхандалт, үл эдгэрэх өвчин хийгээд үхэлийн хориггүй эрхшээл, өмч хөрөнгийн мөлжлөг, хүчирхийлэлээр нийгмийн үйлдвэрлэх хүчийг хувьдаа завших гажуудал зэрэг/ эрс бурууг нь батална.

    “Шинэ үндсэн хууль”-ийн үзэл санаа, эрхзүйн орчины хэрэгжилтийг бодот амьдрал дээр харуулж буй сүүлийн 15-16 жилийн нийгмийн үйл явцыг бодот үр дүнгийн шалгуураар тодорхойлбол, нийгэм бүхий л хүрээндээ өмч хөрөнгөнд шунах, хүний биемахбодын биологи хэрэгцээний хангалтанд улайрах, ёс суртахуунлаг идэвхийг үгүйсгэх, хүний физиологи инстинктэнд захирагдан задгайрах, хүнээ алдах зэргээр дорогш унаж, нийгэм хүний амьдралын дотоод хэрэгцээнээс гадаад хэрэгцээ рүү тэмүүлэх “төвөөс зугатаах” үйл явцад эргэлт буцалтгүй хамагдлаа.

                Нийгэмд “үүрэггүй эрх”, ард олонхигүй “ардчилал” ноёрхсоноор гагц өнгө мөнгөний дарангуйлал тогтож, зөвхөн өмчжих, хөрөнгөжихийг амьдралын утга болгосон “хэрэглээний сэтгэлзүй” хүмүүсийн үйл ажиллагааг удирдаж, оюун сэтгэлгээний нь хөгжлийн далайц, дотоод хүчдэл, эрчимжилтийн шим хөрсийг цөлжүүлэв. Энэ бол нийгмийн хөгжилд том уналт! Хүний дотоод хөгжлийн гол хүчин зүйлсийн эрчимжилт, идэвхижилтийн уналт, “цөлжилт” бол үндсэндээ нийгмийн хөгжлийн эмгэнэлт ухралт мөн!

                Өнөөдөр хүмүүн Оршихуйн амин үндэс-оюун, гэгээрлийн “дотоод гэгээ”, “дотоод цөм”-ийн хүчирхэг тэсрэлт нийгэмд явагдахгүй, иргэд бодгалуудын сэтгэл санаа, оюун сэтгэлгээний “өндөр хүчдэл”-ийн шугам огт цэнэглэгдэхгүй байна. Ийм үлбэгэр, “дотоод хүчдэл”-гүй, амин зуулгын явган сэтгэлгээний прагматик үйл ажиллагааны үл тасрах “гинжин хэлхээ” нь нийгмийн хөгжлийн хурд, хүмүүнлэг бүтээн байгуулалтын далайцыг эрс сааруулж буйгаас шинжлэх ухаанч, бүтээлч, оюун сэтгэлгээний орон зайг ч амьдралын гүнээс шахав. Ингэснээр, нийгмийн хүчирхэг хөгжил араасаа дагуулах онол баримтлал, эцсийн эерэг үр дүнгээрээ зөвтгөгдөх сэтгэлгээний зөнч эрэл амьдралд туршигдахгүй удсанаар манай нийгэм-улс төрийн сэтгэлгээ ч харамсалтайгаар өгөршиж эхэлжээ…

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

                                                                                              

  • . “. “Шинэ үндсэн хууль”дахь “Байхгүй”-г шүүмжлэх нь:Шинэ үндсэн хууль”дахь “Байхгүй”-г шүүмжлэх нь:

    Ном сударт ятгах нь, “Хүнд гурван өлгий байдаг. Эхийн хэвлийгээс сугарахад нэхий өлгий тосдог. Нэхий өлгийнөөс сугарахад журамын  /ёс зарчимын/ өлгий тосдог. Хүн журамын өлгийд бойжоод, бие гээгдэхийн цагт нь газрын хэвлий өлгийдөж авдаг. Хүмүүнд нэхий өлгий багадавч хүн хэнбээр ч газрын өлгийдөө томдох нь үгүй, гагц, журамын  өлгийдөө эс багтвал            дэлхий өлгий ч эс багтаана!хэмээн өгүүлдэг.“Журамын өлгий” гэдэг бол хүний амьдралыг зөв, гэгээн болгох ёс суртлын хамжаарга юм.

                Хүн төрлөгтөнд хамгийн нийтлэг үнэт зүйл бол ёс суртахуун гэдгийг дэлхийн хүмүүнлэгийн шинжлэх ухаан, түүн дотроо, нийгмийн философи, тэр байтугай, эдийн засгийн ухааны прагматист сэтгэлгээ ч хүлээн зөвшөөрөх боллоо. Нийгэм зөв зохион байгуулагдаж урт удаан хугацаанд оршин тогтнох зөв хөгжлийн бааз суурийг бэхжүүлэхийн үндэс нь, ингэхлээр, нийгмийн хямрал, регресс, магадгүй мөхлөөс баттай хамгаалагдахын үндэс нь эцсийн бөлөгт хүний ёс суртахуун байгааг нийгмийн сэтгэлгээний хийсвэрлэлт түвшинд ч төдийгүй дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурьтай, хөгжлийн өндөр түвшинд аж үйлдвэржсэн хүчирхэг орнуудын зах зээл, ашиг-бизнесийн сэтгэлгээний хүрээнд ч сайтар ойлгож үйл ажиллагаандаа харгалзах болж эхэлсэн нь XXI зууны нийгмийн сэтгэлгээний нэг том ололттой чиглэл гэж үзэхэд хүргэж байна.

                Хүний гол хөдөлгөгч хүч, бараг инстинкт чанарын нууцлаг “удирдлага” нь хүний хүн чанар, ёс суртахуун байдаг аж. Энэ хоёр эдийн засгийн бодот зүйл болох эд агуурс, хөрөнгө мөнгө шиг хүний ахуй оршилын яг тийм материаллаг, бодот зүйлд тооцогддог аж. Гэгээрсэн ёс суртахуунтай, дотоод ертөнцийн өндөр хөгжилтэй хүн ард л жинхэнэ хүмүүнлэг, шудрага, энэрэнгүй, ариун дээд нийгмийг байгуулна гэдэг нь үнэмлэхүй үнэн тул нийгмийн хөгжлийн хувьд ч бас ялгаагүй, жинхэнэ хүмүүнлэг, иргэнлэг, энэрэнгүй шатандаа хүрэх хамгийн найдвартай, баттай суурь нөхцөл нь ардчилалаас илүүтэй хувь хүмүүсийн ёс суртахуун, сэтгэл оюуны гэгээрэл байдаг байна.

                Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам, “Ёс суртахуунлаг, энэрэнгүй, эелдэг, ухаалаг байх нь бүхий л соёл иргэншлийн суурь болж ирсэн. Ийм хүмүүжлийг нийгмийн таатай орчинд ёс зүйн системтэй боловсролтой олгох замаар төлөвшүүлбэл зохих бөгөөд, чингэснээр, илүү хүнлэг ертөнц үүсэн бүрэлдэж чадах юм!” гэж сануулжээ. /Дээрхийн гэгээнтэний айлдварын охь дээжис”. 2004 он. Ж.Гөлгөөгийн орчуулга. УБ/

                Ёс суртахуунгүй бодгалийн сэтгэхүй нийгэмд хамрагдахаараа зөвхөн өөрийнхөө эрхийг, өөрийнхөө хэрэгцээг л ухамсарлахаас “бусдын эрх”, “бусдын хэрэгцээ”-г ойшоохгүй, бусадтай эвийг орох, бусдын өмнө журамыг сахих үүргээ ухамсарлахгүй, “Би” төвт эго сэигэхүйн “боол”- “махан робот”-ын л үйл ажиллагааныхаа зарчимтай хамрагдана. Ингэхлээр,янз янзын эрх ашгийн сонирхолтой, хувь хувийнхаа “Эго” төв рүү хүчтэй тэмүүлсэн бодгалууд нэгдмэл нэг зорилтот үйл ажиллагаанд захирагдан зохион байгуулагдахад хамгийн анхдагч шаардлага, “анхдагч хэрэгцээ” нь бүгддээ нийтлэг байж чадах эрх ашигт захирагдах явдал юм. Энэ бол хувь араншин төрхөт “Би”-гээ дор бүрдээ товойлгодог зарчимтай бодгалууд юуны өмнө хамтач, нэгдмэл, үндэсний глобаль зорилго, хэрэгцээнд ухамсартайгаар захирагдан нийгэм болж зохион байгуулагдана гэсэн үг бөгөөд ингэж нийгэмших үйл явц зөв, оновчтой хэрэгжихэд анхдагч нөхцөл, суурь боломжийг бүрдүүлдэг юм нь бодгалуудын ёс суртахуун буюу хувь хүмүүс хоорондын харилцааны хамгийн зохист хэм хэмжээний “дарангуйлал” байдаг.

                Ёс суртахуун нь хамгийн хүчирхэг зохион байгуулагч хэрнээ ямар ч хэлмэгдүүлэлгүй, хамгийн ардчилсан, хамгийн хүмүүнлэг, хүмүүс хоорондын тэгш эрхийг шудрага хангагч “дарангуйлал” юм. Энэ шинж чанараараа ёс суртахууны “дарангуйлал” нь хүчирхийлэл огт биш, харин, нийгмийг аминцар бэртэгчин ашиг сонирхолын тэмцэл, анархи задгайрал, зэрлэгшил, хүн чанарын үхширлээс аврагч, нийгмийг эрүүлжүүлэгч хамгийн цэвэр, бодот хүч болно. Ингэхлээр, ёс суртахуун нь “хүлцэл”-ийн агуулгатай бөгөөд нийгмийн харилцаанд эс хүсирхийлэгч чанартай хамгийн “сайн засаглал”, хамгийн зөв захиргааны ёс юм. Эндээс силологик дүгнэлт хийвэл, ёс суртахуун л нийгмийн оршихуйн суурь хууль, нийгмийн харилцааны үндсэн зохицуулагч хямрал, зөрчилөө арилгаж чадах аж. Харамсалтай нь, манай нийгмийн харилцааны хөтөч болж буй “Шинэ үндсэн хууль”-д голлон тусгах ёстой байсан үнэмлэхүй ач холбогдолтой үзэл санаа-ёс зүй, ёс суртахууны үнэ цэн, үүргийг ойлгох сэтгэлгээ “Үндсэн хууль”-д хаягджээ.

                Ёс суртахуун нь хэдийгээр шугаман бус үзэгдэл, Ахуу, Чанар хоёрын синергетик хам үйлчлэлийн илрэц үзэгдэл боловч гайхалтай консерватив, стандарт шинж чанар ч хадгалагддагаараа нийгмийг ч, хувь хүмүүсийг ч хооронд нь нягт шүтэн барилдуулагч гол хүч болдог.

                Ер нь нийгмийг үндсэнд нь хүмүүнлэг ёс суртахууны оршин тогтнох арга, хэлбэр ч гэж үзэж болох юм. Нөгөөтэйгүүр, ёс суртахууны “дарангуйлал”-ын хийгээд “хүлцэл”-ийн оршин тогтнохуй гэж үзэж болно. Дарангуйлал бүхэн хүчирхийлэлийн шинжтэй байх ч юм уу, эсвэл, дарангуйлал бүглийн агуулга, хэлбэр ч тохиол бүхэнд харгис чанартай байх нь үгүй. Хүний хүсэх үнэт зүйлсийн дотор эерэг чанартай “дарангуйлал” багтаж ч болно. Дарангуйлалд сөрөг дарангуйлал байх логикийг амьдрал өөрөө зөвшөөрдөг. Яагаад гэвэл, Амьдрал хэмээх аугаа сайханы хөгжих, мөнх оршихын хэрэгцээ өөрөө мөн чанартаа эерэг утгатай аугаа “дарангуйлал” юм…

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • Шинэ үндсэн хууль”дахь Үүрэг, Эрхийн харьцааны гажуудалыг шүүмжлэх нь:

    “Шинэ үндсэн хууль”-д хуульчлагдсанаар Монгол Улсын иргэний биелүүлэх үүрэг тав/5/, баталгаатай эдлэх эрх арван найм/18/. Үүрэг, Эрхийн харьцаа 5:18 буюу үүрэг нь Эрхээсээ бараг дөрөв /4/ дахин бага!

                Монголын нийгмийг тогтолцооны хямралд оруулж, магадгүй, трагедийн чанарын зөрчилтэй нийгмийн ахуй болгож буй гол субъектив, объектив хүчин зүйл бол “Шинэ үндсэн хууль”-иар нөхцөлдөж буй иргэний Үүрэг, Эрхийн энэхүү буруу харьцаа буюу гажуудал юм.

                Үүргээсээ хол давсан хэт задгай, анархи эрхтэй, тэр эрх нь өндөр соёлтой, оюунлаг, жинхэнэ ардчилсан нийгэмд амьдрагч хүмүүсийн гол шинжийг тодорхойлогч ухамсар, хариуцлагын зохис түвшиний “өөрийн шүүмжлэл”, “өөрийн хяналт”-ын хатуу зарчимгүйн харгайгаар манай нийгмийн амьдрал үүрэггүй эрхийн “зах зээл” болж хувирав. Нийгэмд сөрөг үр дагавартай үйлдэл, үйл ажиллагааны хориг цээрийн цоожийг мөнгөөр онгойлгож болдогоос “хориглох хүч”-ээ алддаг хууль, эрхээсээ хэд дахин бага байхаар хуульчлагдсан үүрэг, хувь хувийн дур зорго, шунал хүсэл  “дотоод захиргаадалт”, “дотоод зохион байгуулалт”-ыг ч устгав.

                Өөр тогтолцооны харилцаанд төлөвшсөн бодгалууд өмнөхийнхөө эсрэг, урвуу зүй тогтолт, хувийн өмчит, бизнес–арилжааны бохир харилцаанд хүчээр тулгагдсанаар түрүүчийнхээсээ хахь өөр харилцаанд нийгэмжиж эс чадсаны дээр өөрт нь харь шинэ харилцааны нөхцөлд хүний эрх, эрх чөлөө, “бурханлаг цензургүй” дур зоргын психозыг үүргээс нь чөлөөлсөн инстинктлэг “Ардчилал” хавтгайрсан нь нийгэмд байсан нэгдмэл зорилго, иргэншсэн бүтцийг задаллаа. Энэ үйл явцын үр дагавараар Монголын нийгмийн “Ардчилал” жинхэнэ ардчилал бус, харин, хүн толгойтой, хөрөнгө мөнгөтнй бүгдийн анархи үйлдэл, инстинкт таашаалын зөвшөөрөл, бүүр хуулиар баталгаажсан амьдрах арга, орчин нөхцөлийг бүрдүүллээ. Зүй нь, иргэний ардчилсан, эрх тэгш харилцаат нийгэмд хүний эрх нь үүргэндээ суурилж, үүргээсээ хамааралтайгаар үүсэх буюу үүрэг хүлээсэн эрх нь удирдуулагч агаад үүргийнхээ “захиргаа”-г дагаж биелүүлэгч байх харьцаа нийгмийн ухамсарыг тодорхойлж байх нөхцөлд л нийгэм сая иргэний эрүүл, шудрага, жинхэнэ хүмүүнлэг орчин ахуй болж хөгжинө. Эсрэг тохиолд үүргээ мартаад эрх нэхэгч л иргэдийн “нээлттэй” харилцаа тогтоно.Ийм “нээлттэй” харилцаанд идэгдсэн нийгэм, яг манайх шиг, айдас хүйдэсийн эрхшээлийн нийгэм болж задгайрна.Төр, эрх зүй, хууль цааз нь ч нийгмийг тохинуулагч, зохицуулагч хүч бус, амьдралын мухардлаас айх айдас, эргэлзэл гутрал, ирээдүйдээ итгэл алдах эмгэнэл л нийгмийг захирч, “зохицуулна”.

                Эрхэндээ түрэгдсэн үүрэгтэй “нээлттэй” харилцаа ч дорхноо аймшигт өрсөлдөөн, зөрчил, антигонист тэмцэл, эцэстээ, ард түмний олонхийн хувьд амьдрах аргаа, ингэхлээр, “амьд явах эрх”-ээ ч алдах айдасаар л зохицуулагдах “хаалттай” тогтолцоонд шилжиж, нийгмийн оршихуйн бүх сүлжээг эрхэндээ хумина.

                Нийгмийг эрхшээгч айдасын бүтцийг шинж хэлбэрээр нь доорхи ангилалаар задалж томъёолж болох юм:

                -Түүхэн шинж чанартай “нийгмийн зэрлэгшил”-ийн айдас; Энэ нь хүмүүс нийгмийн хуулинд, өөрөөр хэлбэл, хүчний хуулинд захирагдахын айдас;

                -Хөдөлмөрийн бус орлогоор хуримтлагдсан хөрөнгө, мөнгөний хүчирхийлэл, дарамтын дор амьдрах орчингүй болох, нийгмийн нэн эмзэг бүлэгт хэзээ хэзээгүй шилжих гарцгүй нөхцөлийн айдас; Энэ нь хүн амын олонхид ноцтойгоор заналхийлж буй нийгмийн асар хурдацтай ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн бодот уналтаас үүсч буй гэмт хэргүүдийн тархалтын айдас юм.

                -Нийгмийн хөгжлийн болоод түүхийн дэвшилтэт эерэг үйл явцын утга агуулга үгүйсгэгдэх, хүний оюунлаг, бүтээлч амьдралын зорилго, идэвхи цуцлагдах сэтгэхүйн хийгээд сэтгэлзүйн хоосролын айдас; Энэ нь амьдрал утгагүйдэхийн эмгэнэл, депресс, хүний хүн чанарын “үхэл” мөхлийн айдас юм.

                -Хүний оршихуй, бүтээх хүчний хөгжил мухардалд хүрэх, тэнгэрийн гэсгээл, гадаад Макро ертөнцийн хүчний сөрөг эрчим нөлөөг өөр дээрээ дуудахын айдас;

                Бид нийгмийн болоод хувь хүмүүсийн амьдралыг олон жилээр сүүдэрлэж мэдэх энэ айдас хүйдсийн торноос хүний эрхийг үүргээс нь шууд хамааралт харьцаанд ойлгох нийгмийн ухамсарын хүчээр л ангижирч чадна. Хүний амьдрал бол, чухамдаа, хүн хүнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх л хугацаа юм. Хүн амьдралынхаа үүргийг биелүүлэхийн тулд түүний зайлшгүй нөхцөл болсон эрхтэй байх хэрэгтэй ч эрхийг үүргээсээ үүсч хүний амьдралд шаардагдаж буй нөхцөл гэж ойлговоос зохино. Энэ нөхцөлийг төр хуулиар хамгаалахаар сая Эрх гэдэг бодот үнэт зүйл болдог ч хүний амьдралын харилцаанд Үүрэг нь анхдагч, Эрх нь хоёрдогч чанартай, Үүргээсээ функционал хамааралт хэмжигдэхүүн байх тохиолд л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдарч, ингэснээр сая нийгэмд жинхэнэ ардчилал хөгжинө.

                Ардчилал бол бусдын эрхийг ёсчлон ойлгох ухамсарын үүрэг, бусдын эрхийг өөрийнхөө эрхтэй адилаар хүндэтгэх хүмүүжлийн үүрэг, хүний далд ухамсарт болоод ёс суртахуунд гүн гүнзгий ахуйжсан “дотоод цензур”-ын үүрэг зэрэг дээд, гэгээн ухамсарт олон үүргийн төлөвшилт юм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • .”ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ” ДАХЬ БУРУУ

    Монголын нийгмийг системийн дотоод хямралд оруулсан нөхцөл, шалтгаан угтаа 1992 оны “Шинэ үндсэн хууль”-иар тавигджээ. “Шинэ үндсэн хууль”-ийн нөхцөл нийгмийг бүрдүүлэгч хувь иргэд, давхрагуудыг өмчийн гүнзгий ялгарал, задрал, хуваагдлын зөрчилд хүргэж, нийгмийг дотроос нь ганхууллаа.

                “Шинэ үндсэн хууль” нь хүний /Homo sapiens/  амьдралын имманент шинж чанар, дотоод утга зорилгыг нийгмийн философи сэтгэлгээний түвшинээс танин мэдээгүй, ойлгон боловсруулж чадаагүй, монгол үндэстний оршихуйн арга билэг, монголчуудын уламжлалт ёс зүй, сэтгэл санааны ертөнцийн экзистенциал үндсүүдээс ургаагүй, гадаад орчноос хуулмал, өчнөөн төчнөөн засвар хийх шаардлагатай “түүхий” хууль юм. Гэтэл энэ “Хууль”-иас айдаг, нэг нэгнээ худлаа айлгадаг хуурамч психоз Монголын улс төрд угшлаа.Ард түмний наян /80%/ хувийг амьжиргааны эх үүсвэргүй, өөртөө хүний хөгжлийн анхдагч орчин нөхцөлийг хангахуйц бодот өмч хөрөнгөгүй, ухамсарт хөдөлмөрийнхөө цэвэр үр ашгаар нийгмийн “цөөнх”-тэй адил тэгш амьдрах, гэгээрэх, хамгийн гол нь –сэтгэл бурханлаг хөгжилд хүрэх ямар ч бололцоогүй болгож буй “хар толбо”-той “зах зээл”-ийг /Үнэн чанартаа, зарим эрдэмтдийн нэрлэснээр, “зэрлэг капитализм”-ыг / нийгмийн харилцаанд зөвшөөрөн хуульчилсан “үндсэн хууль” дахь бурууг, сэтгэлгээний алдааг засах зайлшгүй шаардлага нийгмийн философи сэтгэлгээнд тулгарч байна. Харамсалтай нь, “Үндсэн хууль”-иа Бурханы зарлиг хадгалсан эрдэнийн бумба мэтээр, эсвэл, хавьтаж үл болох “Радны мангаа” мэтээр үзэж төрийн плюрал сэтгэлгээнээс айх, “ард олонч сэтгэлгээ”-ний логикоос зугтах хандлагаар манай улстөрчид өвчилжээ.

                Ертөнцөд Бурханаас өөр төгс юм үгүй гэдэг. Тэгэхлээр юмс, үзэгдэл цөм non-finito чанартай гэсэн үг. Гэтэл төгс “бүтээл” мэт цалигчлаад, өөрчлөхөөсөө айдаг “Үндсэн хууль” гэдэг үг, өөд нар үздэггүй “Ард түмэн” гэдэг үг хоёр манай хоёр амтай, дөрвөн уушигтай юм шиг уухилдаг улстөрчдийн амнаас өдөр бүр шүлстэй нь үсчисээр байгаад энэ хоёр үгийн фетишизм Монголын улс төрчид хэмээх ихэнхидээ эрүүгийн болоод эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг “бамбай” үг болж хувирав. “Ард түмэн” гэж амаараа дүрэмддэг ч амьдрал дээрээ тэд ард түмнээ талхидаг, нимгэн халаасны нь хэдээр зузаан халаасаа язалдаг, Төр-бизнесийн олигархи бүлэглэлийг улстөрөөс цэвэрлэх, эрхзүйн механизм  “үндсэн хууль” –д байхгүй байгаа бурууг засах, манай нийгмийн харилцаан дахь гажуудалын гол буруутан –энэ “цоорхой”-г цойлдох /нөхөх/, хүний хөгжлийн философид нийцүүлэн “Үндсэн хууль”-д том өөрчлөлт, засвар оруулах нь өнөөгийн нийгмийн сэтгэлгээний тулгамдсан асуудал болов.

                Ард түмний дийлэнхийг /80%/ үгээгүйрүүлж, бүтээлч хөдөлмөрөөрөө өөрийгөө өв тэгш хөгжилтэй иргэд болох материаллаг нөхцөлийг устгасан нийгмийн харилцааг эрүүлжүүлэх, нийт ард түмний амьдралыг жигд бийлэгжүүлж чадах эдийн засгийн биеэ даасан хөгжлийг хангахын тулд “Үндсэн хууль”-д сэтгэлгээний 3 том  “урсгал” оруулах шаардлагатай.

                Нэгдүгээрт, нийгмийн үйлдвэрлэлд зөвхөн хувийн өмчийн хэлбэрийг онцлох бус, нийгмийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх ач холбогдолыг гагц хувийн өмчинд өгч үүрүүлэх бус, өмчийн олон хэлбэрийн хөгжлийн тэнцвэрийг хадгалах; өөрөөр хэлбэл, улсын өмчит, улсын төсөв-санхүүгийн эх үүсвэрээр баталгааждаг төвлөрсөн төлөвлөгөөт, бүтээгдэхүүний өртөг зардлыг шинжлэх ухаанчаар тооцсон зохист хатуу үнэ тогтоолттой, орчин үеийн тэргүүний техник-технологид суурилсан үйлдвэрлэлийн процесстой, мэргэжлийн өндөр ур чадвар, дэлхийн стандарт түвшинд өрсөлдөх туршлага дадлага эзэмшсэн бөгөөд эх оронч ухамсар сэтгэл хүчтэй хөгжсөн ажилчид, мэргэжилтнүүдтэй, үйлдвэрлэлийн дээд үр ашигтай улсын үйлдвэрийн газруудыг олноор ажиллуулах, төрөөс дэмжих “шинэ харилцаа”-нд эрхзүйн орчиныг чиглүүлэх;

                Хоёрдугаарт, “Шинэ үндсэн хууль” дахь хүний эрх, үүргийн харьцааны гажуудалыг засах;

                Гуравдугаарт, “Шинэ үндсэн хууль” дахь “Байхгүй”-г  бий болгох; Өөрөөр хэлбэл, хүний амьдралын дотоод “удирдлага”-ёс суртахуун л нийгмийн хөгжлийн гол эх сурвалж байдагийг ойлгох ухамсарыг нийгмийн сэтгэлгээнд хэвшүүлэх; Яагаад гэвэл, энэ ойлголт манай “Шинэ үндсэн хууль”-ийн сэтгэлгээнд дутагдсан “цоорхой” буюу хоцрогдол юм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос