Category: media-content

  • Эцсийн “үнэгүй” хүн

    Би,-

    Эцсийн,

    “Үнэгүй” хүн!

    Элэг хөшим инээдэмтэй

    Эцсийн ганц,

    Бүхнээ зүгээр “алдагч”!

    Алдах, хохирохын хохь

    Хоолойд тугалга мэт бөглөрдөг ч

    Хонсимбодисадын тунгалаг нулимс

                                        хайлуулж      

    Цээжний минь хөндүүрийг

    Хумхи мэт хөнгөлж,

    Орчлонгийн оргилоор

    Нар мэт хөөргөдөг!…

     

    Өглөг намайг

    Үргэлж нүцгэлдэг!…

    Нүцгэрэх минь

    Ичгүүр нимгэлж

    Сэтгэлийн минь тортогыг

    Загасны хайрс мэт зулгалдаг!…

     

    Аргадангуй хорвоогийн

    Алаг жамын тэнцэтгэл,-

    Авлага, Өглөгийн зөрүүнээс

    Үнэн үндэсээ нэмдэг!…

     

    Би,-

    Бүтэн нойртой шөнө ганц ч үгүй

                                        амьдралаараа,

    Хөлдүү голын ёроолд ч

    Халуунаараа … хуурайгаараа улалзах

                                        хайраараа,

    Зуурдын амьсгаа холбоотой амьтан

                                        бүгдэд

     

    Зул, тахил өргөөд,

    Хүнийг хайрлахуйн эмгэнэл лүгээ нэг,

    Хүч, сэтгэлээ газарт шороодохуйн ялагдал

                                        лугаа хоёр  

    Үл ойлгогдохуйн шарх лугаа гурав,

    Үзэн ядагдахуйн баатарлаг лугаа дөрөв,

    Эмзэг сэтгэлийн тосгуур руу

    Элэг доогоор нулимагдахуйн гуниг лугаа тав,-

    Нулимаст дурьдатгал л тэврэн үлддэг!…

     

    Би,-

    Цэг!

    Битүү хар хананд

    Шигүү үсгээр шавсан

    Зайгүй хар өгүүлбэрийн эцэст

    Занантайгаар,

    Үргэлжлэл дуусган “цовдолсон”

    Цав цагаан цэг!

    Надаас хойш,

                                        энэ Цэгээс цааш

    Нарт ертөнцийн энгээр

    Хахь өөр өгүүлбэр

    Сохор номин ч уншихаар

                                        гэрэлтэн,

    Цоо шинээр дурайна!…

     

    Би,-

    Эцсийн,

    “Амьд” үлэг гүрвэл!

    Эргэх цагийн гольдрол

    Намайг яаж хэрчлээ ч

    Эргэндээ хэзээ ч “чацуулахгүй”!

    Алиа салбадай – өнөө цагийн

    Янхан үнэний “үер”-ийг би

    Аав, ээжийнхээ “бэлэг” –

    Ариун биедээ байтугай

                                        хүүрэндээ ч хавьтуулахгүй!…

     

    Би,-

    Хүн төрөлхтөний

                                        Эцсийн хүн!

    Би,-

    Хүслэнт цагийн

                                        Эхний “хүүр”!…

     

    1997.12.11      Хүн чулууны хонхор

    1998.08.12      Мэдээллийн төв

    1998.12.22      Мэдээллийн төв

    2006.10.2-3   Алтан тэвшийн хөндий

     

  • МИНИЙ ЛЭЭ ИЖИЙ

    Хан хурмастад гэгээ тусуут

    Хас нүдээ хуулан босоод,

    өдөржин босоо  миний лээ ижий,

    Харанхуй шөнийн одод тоонондоо хотолтол

    Ханцуй тайлалгүй түлгээд,

    өнжин зогсоо  миний лээ ижий.

    Хацар сайртай үрээ уйлуут

    Харцгайн далиар дэвэн ирээд,

    үргэлж дэргэд миний лээ ижий,

    Хаан бууралын алдарт эн зэрэгцтэл

    Хайраа дуугаралгүй сахиад,

    үүрд дэргэд миний лээ ижий.

    Жил үнэрлээгүй хүүгээ  зүүдлүүт

    Жиндүү дэрээ тэврэн сэрээд,

    даамай уйлсан миний лээ ижий,

    Жин буяны аянд Шигээмунид золготлоо

    Жижиг харагдалгүй танигдаад,

    дандаа цугтаа миний лээ ижий.

  • ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД Хөтөлбөрийн

    Нэг. Зорилго

    Эрүүл  мэнд дээд эрүүл  мэндийн ялгааг хүн  бүрт ойлгуулж дээд эрүүл  мэндэд тэмүүлэн түүнд хүрэх мэдлэг арга дадлагыг олгоход оршино. Дээд эрүүл мэнд гэдэг нь:

    –     Бие эрүүл – Гоо сайхан ,

    –       Ухаан саруул – Цэцэн мэргэн,

    –       Сэтгэл ариун – Өршөөнгүй уужуу,   

    –       Дотоод хийн эргэлт тэгш – Амар амгалан,

    –       Амин орон цэвэр – Гэрэлтэнгүй тунгалаг байхыг хэлнэ” гэж бид томъёолж байна.

    Дэлхийн аль нэг гэгээрэнгүй улс орноос хэзээ мөдгүй дээд-эрүүл мэндийн төлөө уриа дуудлага хөдөлгөөн  эхлэнэ.  Үүнийг л  монголоос эхлүүлье  гэж бид зорьж байгаа юм

    Хоёр. Онолын үндэслэл                                 

    • Монголын  уламжлалт арга  бэлэг ухааны хүнийг үзэх үзлийн  бүрэн  цогт сургаал  монголын  ба дорно дахины уламжлалт тэжээхүй  ухааны  гурав таван махбодийн онол баримтлал харилцан барилдлага шүтэлцээний хууль номнол
    • Монгол зурхайн ухааны од гариг,  нар сар дэлхий байгаль хүний биеийн хэмгүй хэмнэлийн давтамжийн үзэл баримтлал
    • Монгол Түвд, Энэтхэгийн тарины гүн ухааны туулж таньсан сургаал онол
    • Орчин үеийн квантын анагаах ухааны үзэл нээлт баталгаа
    • Элементарны физикийн хамгийн шинэ ололт амжилт нээлт
    • Орчин үеийн анагаах ухааны онол пратикийн ололтыг дээрхи суурь онолуудтай харьцуулан эс молекул эгэл бөөмсийн түвшинээс цаашхи хэт нарийн түвшиний  онол сургаал үйл ажилллагааны пратик үр дүнд үндсэлсэн болно.

    Гурав. Практик үндэслэл:

    • Зурхайгаар эрүүл мэндийг төлөгчлөх ба урьдчилан сэргийлсэн үр дүн
    • Жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх, одны орд давхцах, час өдөр зэрэг давтамжуудад эрүүл  мэнд доройтох эмгэгших өвчлөх осол эндэлд өртөх зэрэг учир шалтгааны нууц бодит үнэн
    • Зүү төөнүүр бариа засал эмчилгээний үр дүн
    • Монгол, Япон Хятад зэрэг улс  орны ардын уламжлалт   урьдчилан сэргийлэх, эмчлэх, эзотерк арга туршлагын үр дүн
    • Амьд бие махбодын өөрөө шинэчлэгдэн эрүүлждэг өвөрмөц чанар зэрэгт тулгууласан болно.

    Дөрөв. Агуулга:

    • Хүнийг бие оюун ухаан сэтгэл амин орон сүнс зэрэг бүрэлдхүүний таван цогцсын аль нэгийг хэтрүүлэлгүй дутаалгүй адил тэгш авч үзэх
    • Од гариг, нар , сар, дэлхий байгаль хүний өөрийн хэмт лугшилтын мөн чанар харилцан шүтэлцээг таньж, эрүүл мэнддээ таатай нөлөөлөхөөр хувиргахад суралцах
    • Усаар гар нүүр биеэ угаадаг шиг сансар огторгуй газрын эрчимт урсгалаар таван цул зургаан сав эрхтэн цусан, усан, хийн, галан дотоод нарийн хийн эргэлтийн хүрдүүдийг цэвэршүүлэх аргыг хүн бүрт эзэмшүүлнэ.
    • Өөрийгөө жолоодох, сулраах хоослох дасгалаар сэтгэлийн зовиур шаналгааг арилгаж стрессээс гаргах аргыг хүн бүрт заах.
    • Өөрийгөө ухамсартайгаар эмчлэх амар амгалан,   инээмсэглэлээр дотоод эрхтэний эс эдийн оронг цэвэршүүлэх
    • Эмчилгээнд: Мэдээлэл, цэвэрлэх, ариусгах, төвлөрөх, бясалгах, тарни зэргээр,   эмчлэх, урьдчилан   сэргийлэх  үйл  ажиллагаанд  хүн   ардыг  өргөн оролцуулах
    • Өөртөө хоолоо тохируулах хянах аргад суралцах
    • Ухааныг хөгжүүлэх, сэтгэлийг хир хороос ариусгах амин оронг цэвэршүүлэх дасгал зааж дадал хэвшил эзэмшүүлэх
    • Агуулгыг товчоор тодорхойлвол  ард түмнийг дээд эрүүл  мэндэд сургах явдал болно.

    Тав.  Шинэ  шинэлэг өгөөж:

    Энд дурдагдаж байгаа эмнэлзүйн шинэ шинэлэг арга   хэлбэрүүдийг бид бүгдийг таньж олсон юм бишээ. Хүн төрөлхтөний  их далайгаас түүж цуглуулснаа өчье. Энэ дотор таны таньж олсон нээлт бүтээл мартагдсан уламжлалт   арга хэлбэр дахин дурдагдсан байгааг зориуд ил тодоор хэлье. Ийм зүйл байвал  хүн  төрөлхтөний сайн   сайхны тулд   та ч гэсэн бидэнтэй хамтран бүтээлцсэндээ баярлаарай.

    1. Мэдээлэл эмчилгээ
    2. Цэвэрлэх эмчилгээ

    – Цусан Усан

    – Хийн Галан

    – Дотоод хийн эргэлтүүдийг цэвэрлэх

    – Таван цул зургаан сав эрхтэнийг цэвэрлэх

    – Үе ясны тогтолцоог цэвэрлэх

    1. Ариусгах эмчилгээ :

    – Оюун ухааны оронг ариусгах

    – Сэтгэлийг оронг ариусгах

    – Эгэл орон, молекулын эсийн эдйин эрхтэний амин

            оронг ариусгах

    –       Үйл үрийн оронг ариусгах

    1. Ухамсарлаж,  эдгэрүүлэх, сэргийлэх хөгжүүлэх:

    – Инээмсэглэлээр таатай орчинг бүрдүүлэх

    – Сансарын эрчимт урсгалаар цэвэрлэх

    – Газар байгалийн цэнгэг урсгалаар цэвэрлэх

    – Дотоод төвлөрөл, залбирал, мөргөл

    – Дуу авиа,  гэрлийн урсгалаар  цэвэрлэх /тарни/

    1. Өөрийгөө жолоодохуй:

    –     Сулраах

    –    Хоослох

    –    Халаах

    –    Гэрэлтүүлэх

    1. Бясалгал   эмчилгээ:
    2.  Үйл үрийн орныг ариусган үлдээх бурханлаг дээд зорилгыг гэр бүлд ухамсарлуулж ойлголгуулах

    –  Хоёр чиглэлийн шинжлэх ухаанд аль эрт нээгдсэн ч

    гэсэн анагаах ухааны үйл ажиллагаанд бараг бүгд     цоо шинээр нэвтрүүлвэл зохих   зургаан бүлэг, хорь гаруй , эрүүлжүүлэх , цэвэршүүлэх , ариусгах, амар амгаланг хийгээд дээд гэгээрлээд, дөхүүлэх арга, зам мөрийг оруулсан юмаа.

    Зургаа. Хөтөлбөрийн давуу тал

    Өрнө дорны анагаах ухааны  онол пратикийн дээд    ололтуудыг барилдуулан шүтэлцүүлж хүний бүтэцийн бодьлог хийсвэр хоёр талыг тэгш авч үзэж байгаа юм. Урьдчилан  сэргийлэх өвчингүй амьдрах эмчлэхэд хамгийн хямд хамгийн хялбар хамгийн үр дүнтэй аргуудыг нэвтрүүлнэ.

    Айл өрх, ард иргэд, албан ба хувийн хэвшлийн хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд нэвтрүүлэх хэвшүүлэх боломж ихтэй.

    Хөтөлбөрийн үр дүн нь зөвхөн биеийг эрүүлжүүлэхээр хязгааарлагдахгүй оюун ухаан сэтгэл ухамсарын хүрээг ч цэвэр ариун болгодог. Мэдээлэл, цэвэрлэх, ариусгах, ухамсарлаж эмчлэх, орон зайн эмгэгийг арилгах зэрэг олон шинэлэг арга зүйг нэвтрүүлж байна.

     

     

    Долоо : Хөтөлбөрийг ажил  үйл  болгох

    Эмч   эрдэмтэн   мэргэдийн   санаа бодлыг сонсож дахин  дахин  тунгааж төгөлдөржүүлнэ. Эрүүл  мэндийн яам төрийн байгууллагын удирдах хүмүүст танилцуулж ойрын     үед хийж бүх нийтэд хүргэх үйл ажиллагаа болгоход төрийн   байгууллагын тусламж дэмжлэг авах. Бүх ард түмэнд ТВ   хичээл зааж сургах, СD бичлэг хийж бх  шатны эмнэлэг айл өрх, хүмүүст хүргэх.

    Биеэ эрүүлжүүлж, ухаанаа саруул тунгалаг болгон сэтгэлээ ариусгаж амин орноо цэвэршүүлж, дээд эрүүл мэндийн төлөө хүн бүр хичээн суралцах хөдөлгөөн  өрнүүлэх

    үлгэр дууриал , жишиг болохуйц ,  эмнэлэг сургалтын төв нь Одь эмнэлэг байна. Эмнэлгийн үйл ажиллагааны зарчим нь байгалийн /mini max/ хууль байх болно.

    Найм: Хөтөлбөрийг бүх нийтэд дэлгэрүүлэхэд тулгарах бэрхшээл :

     Эмч эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн удирдах ажилтнуудын хэвшмэл сэтгэлгээг даван туулахад цаг хугацаа алдах магадлалтай. Дээд эрүүл мэнд, сургалт хийж биеэр үлгэрлэх бэлтгэгдсэн мэргэжилтэн ховор байна.

    Ес : Үр дүн

    Хүн ардын хичнээн хувь сургалтанд хамрагдан төчнөөн хувь нь архаг хууч өвчнөөсөө бүрэн сална.Хүмүүсийн   харилцаа уян зөөлөн бурханлаг өгөөмөр болж нийгмийн стресс эрс буурна.

    Өвчингүй  ажилллаж амьдрах бие ухаан  сэтгэл  гурвын  нэгдмэл  аргад суралцах мэдлэг дадлага хүн бүрт эзэмшүүлж хэвшүүлнэ. Хөдөлмөрт хандах  сэтгэл  зүйд  эргэлт  гарна.  Цалин  авхын  тулд  бус халагдахгүй байхын тулд ч бус энэ ажил бол хүмүүсийн өмнө бурханы өмнө миний хүлээсэн үүрэг гэж ажилладаг болно.

    Дээд эрүүл мэндийг эзэмдэхийн тулд тэмүүлэн   байнга   хичээллэж гэгээрэлд хүрч хүн заяанд төрсний туйлын зорилгоо биелүүлэх болно. Үйл үрийн орон ариусан  цэвэршиж хойд үедээ  гэгээрэнгүй  орон  зай үлдээх болно .

    Манал бурхан хийгээд Жанцан, Одь, Сахалт багш  нарынхаа лүндэн сургаалыг даган сонсож …

     

     

     

  • ТҮҮХ ОН ЦАГИЙН ХУРААНГУЙ

    Сүмбэ хамба их Балжир монголын түүх соёлын 1 сая зуу гаруй жилийн уламжлалтай гэж “Галбарваасан мод” гэдэг судартаа тэмдэглэжээ. 70000 орчим жилийн хүн амьдарч байсан гэх Гурван цэнхэрийн агуйн хананд ХАСтэмдгийн хураангуйлал байгааг Ч.Эрдэнэ анх олж нээн тайлж зарласан. Хас тэмдэг нь монголын арга билэг, гурав, таван махбодийн билэгдэл хураангуйлал юм. Монголын арга-билэгийн гүн ухаан тэжээхүй ухааны таван махбодийн сургааль нь ихээ эрт боловсорсон нь ил байгаа биз. Энэ тухай дараагийн бүлэгт арай дэлгэрэнгүй өгүүлье.

    •  Одоогоос 2000 гаруй жилийн өмнө барлагдсан Хятадын “Уул усны” сударт, Хас тэмдэг хойт нүүдэлчдээс хятад оронд нэвтэрч ирсэн. Түүнийг “Фүсий” гэж нэрлэв хэмээн тэмдэглэжээ.
    • Манай  эриний  өмнөх   IX- VII  зууны  буган  хөшөөнд дөрвөн   морины  толгойны хэлбэрээр Юндэн булан арга Хас сийлэн үлдээжээ.
    • Манай эриний өмнөх II – III зуунд барлагдсан “Неи -Үзин” хувьсахын номд “Төөнө засал” умараас ирэв. Тэнд газар өндөр, цаг агаар хүйтэн, хээрээр мал адуулан амьдардгаас хүйтний өвчин элбэг байдаг гэж дурьджээ.

    ОДЬ багшийн дурсамж ярианаас: Миний багш гэрийн сургалттай 8 дахь үеийн их маарамба Дорж буюу олноо алдаршсан нэр нь ОДЬ юм. Миний дээд үеийн их багш нар бол ижилгүй төгс мэргэд байлаа. Бүгд Жингэр тэмээтийн агуйд урт богино бясалгал хийж гэгээрсэн бурхад. Анхны их багш Жамъян-Яндаг 7 жил нямба даянд сууж гэгээрсэн хүн. Тэр их багшийн зүрх тарниас ам дамжсан үнэнийг би чамд ярьж үлдээе. 1261 онд Хубилай цэцэн хаан монгол оточийн сургууль байгуулсан юм гэнэ. Тэр нь хэдхэн зуун жилийн дараа хятад эмчийн сургууль болчихож л дээ. Тэгээд нэг монгол маарамба багш  өөрийн шавьд Лүндэн буулгаж нааш явуулсан нь миний багш нарын хамгийн их гэгээрсэн оточ маарамба Жамъян-Яндаг юм. Одь багшийн айлдсаныг өөртэй нь ярилцан он цагийн баримжааг төсөөлбөл:

    Жамъян-Яндаг    1519-1609

    Сономринчин       1579 – 1669

    Шаравдэмид       1629-1707

    Дэндэвчойдог     1679 – 1767

    Гэндэнжамц        1742 – 1837

    Чойням                1807-1901

    Дамчаасүрэн       1852-1936

    Ийм их долоон оточ энэ хавьд бясалгал хийж урт богино нямбанд сууж гэгээрсэн гэж миний багш Дамчаасүрэн бидэнд үүх түүх болгон ярьсан юм. Багш минь нэг юмны тухай нэг л удаа ярьдаг. Дахиад асуухад их дургүй хүн байлаа. Цаана нь сонсох, унших, үзэх, хийх юмгүй юм шиг, нэг л юмаа давтаад дуусах уу? гэдэгсэн. Би ч гэсэн багшийнхаа тэр занг авсан хүн. Баатар та нарыг дахин лавлахад ер нэг их таатай сонсогдохгүй гээд инээмсэглэж суудагсан.

    Монголын тэжээхүй ухааны түүхийг хадан болон цаасан бичигт тэмдэглэгдсэн, амьд сэрүүндээ багшийн айлдсаныг баримтаас сөхөөд орхилоо. Тэжээхүй ухааны түүхийг онол сургааль нь боловсроод хаданд зурагдаад үлдсэн 7000 жилийн урьдаас тоолох уу, цаасанд бичигдсэн 5000 жилээс эхлэх үү? Амраар нь 1921 оноос хойш тооцох үү? гэх мэт асуултыг таны мэдэлд даатгая.

     

     

  • ЗАЛБИРЛЫН ҮГ

    Эмнэлгийн дээд найман бурхандаа мөргөн залбиръя. Миний бичсэн энэ ном Шагж тува-Манал, Чойжамц, Чойдогжамц, Няманмичиг, Ринчиндаваа, Сэрсэндэмид, Цанлаг яндаг дээд найман бурхадын минь лүндэн юм. Над нэг үсэг зааж гэгээрэхүйн зүг нэг алхуулсан багш нартаа мөргөн залибаръя.

    Миний эмхлэн гаргаж буй судар Жамцан, Одь хийгээд бүх багш нарын минь сургаал юм. Энэ номын доторхи нууц далдаас тодрон товойж илэрсэн үнэн болгон миний бус багшийн, багшийн, багш нарын минь гэгээн оюуны гэрэл гэдгийг өчсүү.

    Мөнхүү эмнэлгийн дээд найман бурхадаас багш нарт минь бас над илгээсэн гэрэлт лүндэн юм. Эндүү ташаа бүхэн нь цөм минийх. Мөхөс мөлүү оюунт болхи бичээч би буруу ухаарсан, буруу мэдэрч, буруу буулгасных. Оюун ухаан гүн тунгалаг, мэдэрхүй, мэдрэмж нарийн торгон, олон арван эрдэмт уншигч нар үүнийг болгоон засч залруулна гэдэгт өвгөн бичээч би найднам.       

    Багшаас минь эрдмийн далд увидасыг нь надаас илүү сурч өвлөсөн гэгээрлийн мөрд орж яваа шавь П.Баатар-Александр хоёр минь эл номыг надтай хамт бүтээлцсэн юм. Үүгээр эдний буянт үйлс өндөрлөж байгаа юм биш. Харин ч эх монголын газар шороо, хүн ард, тэжээхүй ухааны ирээдүйн залгамж эмч мэргэд, арван үеийнхээ багш нарын зүрхнээс зүрхэнд тархинаас тархинд өвлүүлж ирсэн эрдмийн гайхамшгийг үлдээх үйлсийнх нь үүр гийж байгаа юм. Тэгэхээр “Нууцын маш гайхамшигт хураангуй” хэмээх энэ судар улам улам илүү ухаант мэргэдийн тайллаар дэлгэрэн бадрахаар эхэлж бәйгаа юм. Миний ном дуусч байгаа бус. Жинхэнээр эхэлж байна. Хүмүүнийг “Арга- билэг” талаас нь судалсаныхаа адилаар билэг- арга, оюунлаг, бурханлаг, сүнслэг талаас нь судлахуйн тасрал залгагдах гэгээн мөчид дээрх найман бурхандаа мөргөн залбирсан учир ийм буюу. Басхүү түүхийн тоосыг сэгсэрч хүмүүний ариун гэгээн мөнхжингүйн учрыг тайлах шавь нартаа итгэн залбирсан юм.     

    Билэг оршихуйн ухаан эхлэтүгэй        

    Ум сайн амгалан болтугай

     

    Шаргачин могой жилийн үхэр сар

    2001 – оны 01- р сарын 28

    Далай Сайншанд

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос


     

     

  • ЭМНЭЛ ЗҮЙН ХУРААНГУЙ-ЭМЧИЛГЭЭНИЙ АРГЫН ДАРААЛАЛ

    1. Мэдээлэл эмчилгээ нь: “Нөхцөл шалтгаан бүрэлдэн бүтсэн бүхэн мөн нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно” гэсэн Монголын уламжлалт гүн ухааны номлолд тулгуурлана. Эгэл бөөмс, молекул, эс, эд, эрхтэн, бие мах бод өөр өөрийн түвшиндээ мэдээллийн сантай байдаг. Тэр санг эдгэрэх эс эдгэрэх ямар мэдээллээр дүүргэх нь эрхэнд байдаг. Мэдээлэл эмчилгээ бусад бүх эмчилгээтэй наад зах нь тэнцүү. Мэдээлэл эмчилгээ хийдэггүй бол ерөөсөө эмчилгээ хийдэггүй эмч юм. Бие мах бод молекулаас цааших нарийн түвшиндээ илч энергээ мэдээллээс л авдаг. Мэдээлэл  нь эмчийн сэтгэл зүрхний урсгал долгион, үг яриа, нүдний харц, бодлоор нь өвчтөний мөн тийм нарийн түвшинд нөлөөлдөг. Одоохондоо бидний мэдлэгийн хил хязгаараас хэт хол өнөөгийн багаж төхөөрөмжөөр барих боломжгүй мэдээлэл эмчилгээний бүтцийн тухай хүн төрөлхтөний хуримтлуулсан мэдлэг туршлага их юм. Тэр бүхнийг өнөөгийн анагаах ухаан авч хэрэглэсэнээр алдах юм юу ч байхгүй. Залбирал, мөргөл, төвлөрөл, бясалгал дияаныг би мэдээлэл эмчилгээний үндсэн бүтэц гэж үздэг. Энэ эмчилгээ нь өвчний бодол санааны, сэтгэлийн, эс, эд, эрхтний, биеийн, гэрлэн цэнэгийн орчныг эрүүлжүүлдэг.
    2. Цэвэрлэх эмчилгээ нь: Бараг л бүх өвчин бохирдлоос үүссэн байдаг. Гэтэл бид шарханд анхны цэвэрлэгээ хийхээс цааш хол тавих байтугай хараа шилжүүлээгүй байдаг нь гунигтай. Цэвэрлэх эмчилгээ нь орчлонгийн бүхий юмсын өөрөө цэвэршиж ариусдаг чанарт түшиглэнэ. Хүн амьсгал авч гаргах, хоол хүнс хэрэглэж ялгаруулах, хөлрөх сарын хир зэрэг нь бие махбодийн цэвэршиж буй арга хэлбэр юм. Бас буруу зөрүү бодол санаа хэлсэн хатуу ширүүн үг хийсэн муу үйл явдалдаа гэмших нь оюун ухаан сэтгэлийн оронг цэвэршүүлж байгаа нь тэр. Хүмүүн оршихуй нь өөрөө цэвэрших бүхэл цогц явцтай. Цэвэрлэх эмчилгээ нь үүнд л түшиглэх хэрэгтэй. Бие мах бодийн цэвэрлэхдээ хоолыг эм мэт хэрэглэх өөрөө цэвэрших боломжийг нөхцөлдүүлж бүтэн хагас олон цөөн хоногийн мацаг барих мэт. Бие мах бодийг цэвэрлэх үндсэн арга.
    3. Ариусах эмчилгээ нь: Оюун ухааны оронг бодол, санаа, дүгнэлт, төлөгчлөлөөр ариусгана. Муу бодол санаа нь эмгэгшүүлэх орон зайг үүсгэж, сэлбэн нэмэгдүүлж бэхжүүлдэг. Хүн төрөлхтөний хурааж хуримтлуулсан оюуны сангаас тунгаагдсан, цэвэр ариуныг сонгон авах эсэх нь таны бас ойр дотны чинь хүмүүс үр удмын чинь эрүүл мэндэд шууд нөлөөтэй. Сэтгэлийн оронг гэгээн тэмүүлэл мөргөл, залбирал, төвлөрөл, бясалгал, диян тарниар ариусгана. Хүний сэтгэлийн аясаар хүний эрүүл мэндэд таатай таагүй эмгэгшүүлэгч өнгө гэрэл долгион цацагдаад өөрийн амин орны орчинд хадгалагдан үлддэг. Сэтгэлийн оронг ариусгах нь нэн чухал төдийгүй шийдвэрлэх ач тустай эмчилгээний төрөл болой. /таван цул/ зургаан сав, бие махбодийн цэвэршил оюун ухааны гэгээрэл сэтгэлийн ариусал дээд тэмүүллийн шууд үргэлжлэл болж явагддаг. Урьдах гурван шатыг дамжихгүй хийгдэх боломжгүй.
    4. Мөргөл залбирал тарни эмчилгээ нь:  Энэ нь их эртнээс хэрэглэж ирсэн эмчилгээ төгс төгөлдөржсөн хэлбэр юм. Мөргөх залбирал нь дотоод төвлөрлөөр бие, хэл, сэтгэл, оюун ухаан амин орны салангад урсгалуудыг нэгэн чигт нийтийн /когрений болгон/ залж байгаа юм. Увидасын хураангуйг үз.
    5. Орчин үеийн АУ-ны эмчилгээний 3 арга: Эмийн, эмийн бус мэсийн сонгодог гурван аргыг бид хэрэглэж овоо гаршжээ. Эмийн эмчилгээнээс дэлхий нийтээр татгалзаж, эмийн бус эмчилгээ байгалийн эмт бодисыг хэрэглэхийг эрхэмлэх боллоо. Энэ дэвшингүй үзэл үйл явдлын архан талд нь бид явж байна. Уул нь манлайд нь байх боломж ихээ.                       

      Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос


     

  • ЭЛЭГ

    Модон махбодьтой зүүн зүг эзэгнэсэн арга давамгайлсан эрхтэн. Үр хөврөлийн үед элэг нь цус төлжүүлдэг байснаа аажимдаа цус цэвэршүүлж хоргүйжүүлэх ажиллагаанд шилждэг. Элэг цус, саахарыг өөртөө хурааж агуулах эрмэлзлэлтэй. Элэгний агуулах цусны хэмжээ багасвал биед хүйтний шинж илэрдэг. Агуулах цусны хэмжээ хэтэрвэл халууны шинж гардаг. Элэг нь цөс боловсруулж оронд нь илгээдэг болохоор өөрөө шарын орон. Хумс бол элэгний толь юм. Элэгний цөс ялгаралт саатахад хумс шарлана. Хумс хөөнгөтөх, хуурайших зэрэг нь элэгний эмгэгшлийн илэрэл. Нүд бол элэг рүү харах цонх гэдэг. Элэгний үйл ажиллагаа хямрахад хараа муудах зэрэг өөрчлөлт гардаг.

    Элэгзүрх                          

    Зүрх гал махбодьтой учир модон махбодь галыг төрүүлэх билэг чанартай. Ингэхээр элэг нь билэг чанараараа зүрхэнд эхийн харьцаатай. Зүрх нь элэгний цэвэршүүлсэн цусыг уушиг руу шахаж дахин цэвэршүүлэлтэнд оруулж хөнгөрүүлдэг болохоор элэгний арга чанарын үйлийг дэмжиж үргэлжлүүлэх байдлаараа хүүгийн харьцааг үүсгэдэг.

    Элэг – дэлүү

    Дэлүү шороон махбодьтой. Арга билэг тэгш чанартай. Шороон махбодь бүхий талаар  шимжүүлэн  тэтгэдэг учир  билэг чанараар дэлүү нь элгэнд нөхрийн харилцаа үүсгэнэ. Дэлүү мөн л цусыг цэвэршүүлдэг болохоор арга – талын үйлдлээр ч ялгаагүй нөхрийн харилцаатай юм.

    Элэг уушиг

    Уушигны билэг чанар нь нилээд тогтвортой эрчимтэй байдгаараа элэгний арга талыг  дарангуйлдаг.  Энэ   чанараар   элгэнд дайсагнах харилцаатай. Төмөр махбодь модон махбодинд зэргээсээ үүдэгджээ.

    Элэг- бөөр

    Бөөрний цэвэршүүлсэн цусыг элэг дахин шүүж тунгалагшуулдаг. Тэгээд өөртөө нэг хэсгийг нь авч нөөцлөөд цааш илгээдэг. Элгэнд агуулагдан үлдэх цус нь бөөрний төрөлх хий илчээр тэтгэгдэж байдаг учир бөөр элэгний эх болой. Бас усан мах бодь модны ургаж төлжих үндэс болдог билэг чанараар ч эхийн харилцаатай байна. Цул сав эрхтэний харилцааг таван махбодийн хуулинд түшиглэн тойм төдий авч үзэхэд ийм байна. Хэрэв цэнэгт орон зайн хийн гүйдлийн элч энергийн түвшинд нарийвчлан авч үзвэл үнэнд илүү ойртох болно. Оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх төлөгчлөхөд судалын байдлыг таван махбодийн харилцааны дагуу тодотгох нь илүү оновчтой.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

     

     

     

     

     

  • БӨӨРБӨӨР

    Бөөр усан махбодьтой билэг чанартай усны орон хойт зүгийг эзэмдсэн эрхтэн. Эхэд усан бие ээдэгнэхийн үес төрөлх хий дэврэн бөөрийг үүсгэж өөрөө бөөрөндөө оршдог. Энэ үеэс бөөр нь эх доторхи өсөлтийг зохицуулна. Төрсний дараа бөөрөн дэх төрөлх хий амьдралыг тэтгэнэ. Төрөлх хий дуусвал амьдрал зогсоно. Төрөлх илч хий ихтэй хүн хурц түргэн хөдөлгөөнтэй омог бардам эрэмгий зоримог бэрхшээлээс шантардаггүй.

    Хүүхэд насандаа бол дуу чанга хараа хурц цовоо цолгин чих сонор байдаг. Ийм хүүхдийг төрхгүй зүггүй хүүхэд гэх ч бий. Ийм хүүхдийг “бөөрийг чинь авна” гэж айлгадаг. Яагаад заавал бөөр байдаг билээ? Өвөг дээдэс бөөрөнд агуулагдсан төрөлх хийн нөөц ихтэйг мэдэрч тэрнээсээ болоод байгааг мэддэг байжээ. Хүний төрөлхийн нөөц нь 300 жилд хүрэлцэнэ. Гэтэл хн 70-80 л насалдаг. Энэ бол төрөлх хий дууссаных бус бохирдсон эсвэл орон нь гэмтсэнээс болдог ажээ. Хүний эрүүл байдал илаарших явц бөөрний төрөлх хийнээс хараат байдаг. МУАУ-ны ёсонд ямарч өвчнийг эмчлэхдээ бөөрийг машид анхаарч үндсэн суурь засал эмчилгээ болгон авдгийн учир ийм буюу.

    Бөөрэлэг

    Үр хөврөлийн үеэс элэг нь бөөрний төрөлх хийг түшиж үүсч хөгждөг. Бөөр элэг хоёр ижил цусыг төрөл бүрийн хортой бодисоос цэвэрлэх үйл ажиллагааг дараалан гүйцэтгэдэг. Бас бөөр нь усан махбодьтой элэгний модон мах бодийг дэлгэрүүлэх билэг чанартай зэргээс бөөр элгэнд эхийн харилцаатай. Элэг бөөрний арга үйлийг залгамжлан цусыг хоргүйжүүлж цэвэршүүлдэг болохоор бөөрөнд хүүгийн харьцаатай.

    Бөөр-зүрх

    Зүрх нь судсаар цусыг эрчимтэй зөөн бөөрний шүүрүүлэн ялгаруулах үйлийг нөхцөлдүүлдэг болохоор бөөрөнд нөхрийн харилцаатай.

    Бөөрдэлүү

    Дэлүү арга- билэг тэгш чанартай ч гэсэн шингэнийг хадгалах хураах үйлтэй болохоор бөөрний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Дэлүү нь бөөрөнхий төрөлх хийг хувирган эд эрхтэнд илгээдэг. Чухамдаа бөөрний төрөлх хийн нөөцийг шавхаж туйлдуулах үйлийн болохоор дэлүү бөөрөнд дайсагнах харилцаатай. Бас шороо махбодь усыг шингээж ширгээх чанартай.

    Бөөр -уушиг

    Уушигны хоёр дахь үйл нь биеэс усыг ялгаруулдаг энэ чанар нь бөөрний арга чанарын үйл ажиллагааг дэмжиж тэтгэдгээрээ эхийн харилцааг үүсгэнэ.

     

  • УУШИГ

    Бүтцийн хувьд цул төмөр махбодьтой баруун зүгийг эзэгнэсэн хос эрхтэн. Уушиг сансар байгалийн илч энерги хийг гаднаас сорон авч цусыг сэлбээд бохир хийг гадагшлуулдаг. Уушиг агших тэлэх хөдөлгөөнөөрөө дотоод бүх эрхтэний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Энэ нь уушигны арга чанарын үйл ажиллагаа юм. Уушиг нь гадаад хийг татах, хөөхийн хамтдаа дотоод хийн гүйдлийг зохицуулдаг билэг талын үйлтэй.

    Уушиг зөвхөн хийн солилцоо хийдэггүй. Арьс мах ясны хийн сүвийг нэвтрүүлж илч, хийн тэгш тархах нөхцлийг бүрэлдүүлнэ. Ингэснээр яс бэхжиж үс арьс өнгөлөг байдаг.

    Уушиг нь хийн солилцоо хийснээр молекул жин ихтэй нүүрс хүчлийн хийг биеэс их хэмжээгээр ялгаруулж жин бага хүчилтөрөгчөөр цусыг баяжуулж хөнгөрүүлдэг. Энэ чанараараа цусны эргэлдэх хурдыг нэмэгдүүлж зүрхний шахах үйлийг хөнгөвчилдөг байна.

    Уушиг – бөөр

    Бөөр цусны шингэнийг ялгаруулж уушигны арга үйлийг тэтгэн дэмждэг. Бас бөөр уушиг хоёул  билэг чанартай төмөр, ус мэт урсамхай учир эх хүүгийн харилцаатай.

    Уушиг элэг                                                 

    Элэг   нь   шарын   чанартай   эрхтэн   болохоор   уушигны   бадган   чанартай зохицолдон орших боломж их. Бас цусыг цэвэршүүлдгээс уушигны арга талын үйл ажиллагаанд дэм болдгоос элэг уушгинд нөхрийн харилцааг үүсгэнэ.

    Уушиг – зүрх

    Зүрх гал  махбодьтой арга чанартай учраас уушигны билэг чанарыг ямагт дайрч эвдэх хандлагатай. Бас хэт бохирдож өтгөрсөн хүндэрсэн цусыг уушиг руу илгээх зэргээр зүрх уушгинд дайсагнах харилцаатай байдаг.

    Уушиг – дэлүү

    Дэлүү нь цусыг тунгалагшуулж цэвэрлэдэг болохоор уушигны арга чанарын үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлдгээс эхийн харилцаатай. Бас шороо нь төмрийг агуулдаг. Билэг чанар нь мөн эхийн харилцааг илтгэнэ.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • ДЭЛҮҮ

    Шороон махбодьтой дөрвөн завсрын зүгийг эзэлсэн арга-билэг чанар харьцангуй тэгш эрхтэн юм. Дэлүү цус төлжүүлж эргэлдэх цуснаас өтөлсөн, мөхсөн эсийг шүүн авч тунгалагжуулна. Дэлүү нь таван цул дотроо командлах үүрэгтэй эрхтэн юм.

    Аль нэг эрхтэний дэлгэрэл харьж сулрангуут дэлүүн судал дэлгэрч удаах эрхтэний билэг чанарын дэлгэрэл эхлэнгүүт дэлүүн дэлгэрэл харьдаг. Энэ мэт дэлүүн судал өнгөрч буй улирлын сүүл сарын сүүлчийн ес хоногоос дэлгэрч эхэлж буй улирлын эхний сарын ес хоногт буюу 18 хоног буюу дөрвөн завсарын 72 хоног дэлгэрнэ. Дэлүү цул эрхтэний судлын дэлгэрлийг хаах нээх үйлдэлтэй эрхтэн юм.

    Дэлүү – уушиг               

    Уушиг бол хоёр дахь бөөр юм. Бие дэх шингэнийг ууршуулан гаргахдаа бие дэх бохир хийг гаргана. Энэ үйл ажиллагаа нь дэлүүний шингэн зохицуулах арга талын үйлийг тэтгэдэг учир уушиг нь дэлүүнд хүү мэт тустай.

    Уушиг төмөр махбодьтой. Төмөр нь дэлүүний шороо махбодийн дотор агуулагдаж түүний бүрэлдэхүүн болж байдаг. Энэ байдлаараа эх хүүгийн билэг шинжтэй юм.

    Дэлүү – бөөр

    Бөөр цуснаас илүүдэл усыг шүүн ялгаруулдаг. Дэлүүний шингэн зохицуулах ажиллагаанд туслагч болдог. Бас цусыг цэвэршүүлэн дэлүүн цусархаг чанарыг ариусгахад тустай. Эдгээр шинжүүд дэлүүнд нөхрийн харьцааг үүсгэнэ. Дэлүү усыг өөртөө татан шингээх чанартай болохоор усан махбодьтой бөөрөнд дайсан болдог.

    Дэлүү -элэг

    Элэг модон махбодьтой учир шороон махбодийн шим тэжээлийг сөрөн өөрөө оршдог. Энэ нь цаад билэг чанараараа дэлүүнд хорших харьцааг үүсгэдэг. Элэг нь цусыг шүүж цэвэрлэдэг эрхтэн боловч үхсэн ба өтөл эсийг тунгаадаггүй учир энэ арга чанар нь мөн л дэлүүнд дайсагнах харилцааг үүсгэнэ.

    Дэлүү зүрх

    Зүрхний   гал   махбодь   шороог төрүүлдэг.   Ийм   билэг  чанараараа   зүрх   нь дэлүүний эх болдог. Зүрх дэлүүнд элч-хий, шим тэжээл тэгш цус өгч тэтгэдэг нь мөн л дэлүүнд эхийн харилцааг үүсгэнэ.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос