Category: media-content

  • Өгөх авахын ухаан

    Ирээдүйн саятан хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд түүнийг өгөөмөр занд сургах нь эн тэргүүний асуудал байдаг. Хүнд бэлэглэж чадах юм бол эргүүлж авч чадна гэсэн сургаал байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Та юу ч өглөө гэсэн тэр өгсөн зүйл эргээд өсч үржиж ирдэг гэсэн үг. Хэн нэгэнд эрч хүчээ зориулбал тэр эргээд танд зориулна. Хайраа өгвөл илүү хайрыг авна.

                Бид ямар нэг юм авах гэж тэмүүлэхдээ эхлээд энэ хүсээд байгаа зүйлээ бусдад бэлэглэвэл зохино. Бидний бэлэглэсэн бүхэн үржиж ирдэг.

                Одооноос эхлээд хүүхэддээ амьдралын үнэнийг тайлбарлаж өгөөрэй. Хэрэв тэр найздаа чихрээ өгвөл удалгүй хоёр чихэртэй болно. Энэ бол хууль. Хууль бол заавал биелдэг.

                Хүн бусдад бэлэг өгөхөө больчихвол бас юм авахаа ч больдог. Хүүхдийг багаас нь бусдад баяртайгаар юм бэлэглэдэг болгож сурга. Энэ нь зөвхөн эд байх албагүй. Цаг, анхаарал, нөхөрлөл гээд юу ч байж болно. Хэрэв хичээлдээ сайн бол муу хүүхдэд туслах ёстой. Хүүхэд бусдад хичээл заах үедээ нэр нүүрээ бодож энэ хичээлийг гайхалтай сайн сурдаг.

                Хүү чинь баяжихыг хүсч байна уу? өгөөмөр сэтгэлтэй болгож, өөдрөг үзэл суулгаж чадвал тэр тансаг баян амьдрах болно.

                Хүүхдийг өөрийг нь ид шидтэн мэт төсөөлдөг болгох талаар бүхнийг хийж байгаарай. Тэр өөрийн амьдралыг өөрөө зохиох чадвартай гэсэн тийм үзэлтэй болгох ёстой. Жишээ нь танай хүүхэд гар утастай болохыг хүсч байсан бол гар утас авч өгөх үедээ “Харж байна уу чиний хүсэл биеллээ. Хэрэв хүсвэл биелэхгүй юм гэж үгүй” гэж хэлээрэй. Энэ сургаал хүүхдийн тархинд насан туршид нь эгшиглэх болно.

                Бусдыг бодох өгөөмөр сэтгэл суулгахгүй бол хүүхэд том болоод сахар багатай, амт султай зайрмаг үйлдвэрлэнэ. Ийм зайрмагийг хүмүүс тогтмол хэзээ ч худалдаж авахгүй. Байнгын их орлоготой хүнийг л саятан гэдэг. Тэгэхээр бусдад сайн сайхныг хүсэх өгөөмөр сэтгэлтэй хүн л зах зээлд тэнцэх зүйл бүтээж чадна.

                Хүүхдийг өгөөмөр хүн болоход эцэг эх өөрийн биеэрээ үлгэрлэвэл маш хурдан энэрэнгүй нэгэн болж төлөвшиж чаддаг. Жишээ нь “Өнөөдөр чиний найзын төрсөн өдөр хоёулаа маш гоё бэлэг хамтдаа худалдаж авъя, чи сонгоод өг, эсвэл хоёулаа хамтраад маш гоё мэндчилгээ зурж наагаад бэлтгэе” “одоо эмээ нь ирнэ, хоёулаа маш гоё хоол бэлдэе” “маргааш баярын өдөр, гэрийн бүх хүн баярлахаар маш гоё ширээ хоёулаа засья” гэх мэт.

                Энэ үед хүүхэд бусдын талархсан царайг харж тун ихээр баярладаг. Хүмүүс ч түүнтэй хүндэтгэлтэй харьцахад хүүхэд сайн сайхан амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн болж ирдэг. Эргээд бусдын тусламж ч хүүхдэд заавал ирдэг.  Ингэж хүмүүс бие биеэ түшиж, аз жаргалыг бий болгож амьдардаг гэдгийг харуулахын хэрээр том болоод их олон хүний төлөө бүтээн босголтыг хийж чаддаг хүн болдог. Түүнийг нь өндрөөр үнэлдэг нь зах зээлийн хууль юм.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Санасандаа хүрэх чадвар

    Хэрэв эцэг эх хүүхдийн амжилтыг хэт өндөр үнэлж магтаж гарвал энэ хүүхэд манлайлагч болох замаа алдана. Ер нь хүүхдийг чи чадна гэсэн үзлээр хүмүүжүүлэх ёстой болохоос биш чи хамгийн мундаг, хамгийн илүү, хамгийн сайн гэх мэтээр ярьж огт болохгүй. Зөвхөн тухайн үеийн ялалтыг л сайшаах ёстой. Учир нь хэзээ нэгэн цагт нас биеэр илүү ч юмуу хүүхэд түүнээс хурдан гүйж таарах ба тэр үед үндэслэлгүй магтуулж байсан хүүхэд бодит амьдралтай эвлэрч чадалгүй янз бүрийн байдалд ордог байна.

                Зарим эцэг эхчүүд хүүхдээ манлайлагч биш юм байна гээд яах вэ? гэж асуудаг. Тэдэнд зөвлөе.

    -Юуны өмнө өөрийн хүсэл сонирхолыг түүнд тулгаж болохгүй.

    -Хэрэв танай хүүхэд ичимхий ноомой болж ажиглах, сэтгэх, мөрөөдөх дуртай нэгэн байж мэднэ.

    -Жинхэнэ манлайлагч гэдэг нь бүхний өмнө гүйх биш харин өөрийн замаар хатуу явдаг хүнийг л хэлдэг гэдгийг та бас ойлгох ёстой.

    -Хүн бүрийн хувьд амьдралын үнэ цэнийн тухай ойлголт тэс ондоо байдаг. Таны хувьд баян юмуу алдартай болох нь амьдралын үнэ цэнэт зүйл байж мэднэ. Гэтэл бусдад туслах, тайван амгалан байх, ном унших, байгальд ганцаар аялах гээд амьдралын үнэт зүйлийг шал өөрөөр төсөөлдөг хүүхэдтэй байж мэдэх юм. Үүнийг нь та буруугаар үнэлж явсан уу?

                Жинхэнэ манлайлагч хүүхэд ямар байдаг тухай сэтгэл судлаачид ингэж дурьджээ.

                -Өөрийн хүчтэй талыг идэвхитэй хөгжүүлдэг. Үеийнхэн болон томчуудын өмнө авъяасаа гайхуулах дуртай.

                -Өөрийн сул талыг шоглож наргидаг ба сул талаасаа их ашиг гаргаж чаддаг. Бусдын шүүмжлэлийг хүндээр тусгаж авдаггүй.

                -Үе тэнгийнхний араасаа дагуулж чаддаг.

                -Томчуудтай харьцахдаа итгэлтэй байж чаддаг.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

                                                               

  • Эрч хүч, эр зориг

    Алдааг засах, дахин зүтгэх тэр чанаруудыг л эцэг эх сайн суулгах учиртай. Хүүхэд бүдэрч унавал босоод дахин явахад л тусал. Өргөж босгох, цашаа тэвэрч явах, хөтлөх хэрэггүй.

                Харин үг хэлээрээ зоригжуулж, дэмжиж өгөөрэй. Бас яг одоо босоод цааш яв гэж тулган шаардаж, дуугаа өндөрсгөж бас болохгүй. Хэрэв хүүхэд нэг бүдэрчихээд дахин давтахаас хулчийх юм бол зөвхөн үгээр зоригжуулж ятгах ёстой.

                Манлайлагч хүүхдийн гол чанар болох өөртөө итгэх итгэл ба өөрийгөө хүндлэх чанар нь эцэг эхээс л хамаардаг. Та буруу алхам хийвэл сэтгэлийн энэ тэнхээнүүд үгүй болно.

                Зарим хүмүүс тэмцээн уралдаан манлайлагчийг бий болгодог гэж үздэг. Хэн нь хоолоо түрүүлж идэх вэ? Хэн нь аяга тавгаа илүү угаах вэ? гэх мэт уралдаан явуулдаг. Үе тэнгийн хүүхдүүдийн дунд байж болох зүйл. Харин нэг гэрийн болон хамаатан садан, ах эгч нарын дунд ийм уралдаан зохиож огт болохгүй. Нөгөө талаар хэрэв танай хүүхэд ямар нэг уралдаанд хожигдох аваас шоолох юмуу загнаж огт болохгүй. Бас түрүүллээ гэж шагнаж болохгүй. Зөвхөн магтаад өнгөрөх ёстой.

                Хүүхдийг хар багаас нь өөртөө итгэлтэй болгоод хүмүүжүүлчихвэл хүүхдүүд түүн рүү тэмүүлж эхэлдэг. Өөртөө итгэлтэй хүүхэд маш идэвхитэй, хөдөлгөөнтэй, баяр баясгалантай байдаг.

                Тэр хөдөлгөөнт тоглоомд нэн дуртай. Голдуу шинэ тоглоомоор наадах дуртай бөгөөд ямар ч тоглоомын үед хамгийн хүндтэй дүрийг авдаг. Багш сурган хүмүүжүүлэгчид түүнд хайртай бөгөөд хоолны ширээ бэлдэх зэрэг аливаа ажилдаа түүгээр туслуулах дуртай. Манлайлагч үргэлж өмнө нь гялалздаг. Тэр дандаа инээмсэглэх ба бусдыг татах увидастай гэдгээ өдөр ирэх тутам мэдэрдэг. Ийм хүүхэд бусдыг удирдан залдаг. Зөвхөн үе тэнгийнхэн биш томчуудыг ч удирдана. Өнөөдөр яаж тоглох, хэнтэй тоглох, хэнтэй үл тоглох зэргийг тэр шийднэ. Тэр зорилгодоо хүрэхийн тулд бусад хүүхдийг залж эхэлдэг. Гэхдээ эцэг эх маш их анхаарч манлайлагч хүүхдийг зөв замд залахгүй бол тэд буруу замаар орж сахилгагүй, хулигаан хүүхдүүдийн багийг ахлах нь элбэг. Манлайлагч удирдагч байна гэдэг нь бусад хүүхдийн өмнөөс хариуцлага хүлээх гэсэн үг гэдгийг түүнд сайтар ойлгуулах ёстой.

                Манлайлагч хүүхдэд ямар ч шүүмжлэлийг сэтгэлийн донсголгүй хүлээж авах чадвар суулгах нь эцэг эхийн үүрэг. Хүүхдийг шүүмжлэхдээ ухаалаг, бодитой, алдааг нь засах чиглэлтэй байх ёстой. Харин доромжилсон өнгө аяс гаргаж болохгүй. “Чи хүүхдүүдтэй их сайн найзалж тусалдаг юм байна. Гэхдээ чи заримдаа хүүхдүүд рүү хашгирах юм. Хашгирахаа больчихвол хүүхдүүд улам л чамтай тоглох дуртай болно доо” гэж ээж нь хоёулхнаа байхдаа тайван хэлбэл тэр сайн хүлээж авдаг.

               

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 18

    Манлайлах хүсэл тэмүүлэл нь өөрийн үнэ цэнийг өргөх үзэлтэй нягт холбоотой байдаг. Хүүхэд бие махбодь болоод сэтгэцийн хувьд эрүүл саруул бол өөрийн онцгой чадвараа бусдад харуулж чадна. Коммунизмын үзэл суртал нэвт шингэсэн бидний үе өөрийгөө дөвийлгөх явдлыг хамгийн муу чанарт тооцож итгэж ирэв. Бид өөрийгөө дарж, ах дүү, найз нөхөд, хажуу айлын Дорж, хороо хорин, улс орны ард иргэдийн төлөө хичээх болсноор бидний дундаас нэг ч манлайлагч төрсөнгүй. Энэ гашуун түүхийн хуудсыг хурдхан хааж, одоо өөрийн алдааг хүүхэд дээрээ гаргахгүй байхыг хичээе. Өөрийгөө өндөр үнэлэх, үнэлэмж, өөрийгөө хүндлэх мэдрэмж зэрийг нь хааж боож огт болохгүй. Жинхэнэ манлайлагч л саятан болж чаддаг.

                Хүүхдийг манлайлагч болгохын тулд хар багаас нь амжилт бүрийг нь магтаж өгөх хэрэгтэй.

    Саад учрах болгонд зоригжуулж, бүтэлгүйтвэл дэмнэж, үргэлж итгэл үзүүлж байгаарай. Хүүхдийн анхны ялалтууд гэр бүл дотроос эхэлдэг. Будсыг итгүүлэн дагуулах, бусдаар бишрүүлэх зэрэг тэмүүллийг эцэг эх нь амжилт бүрийг магтах замаар суулгаж өгнө. Хүүхэд бүдэрч уналаа гэхэд эцэг эх сүйд болж болохгүй. Харин ч босгоод, цаашаа үргэлжлүүлэхийг тайвнаар зөвлөх учиртай. Хэрэв хүүхэд унасны төлөө эцэг эх сандарч тэвдэн, айж түгшиж, хэн нэгнийг буруутгаж эхэлбэл тэр хүүхэд манлайлагч болж чадахгүй. Аливаа саад бэрхшээлийг тайван хүлээж авах, бага зэргийн ялагдлыг огт тоолгүй урагшлах чадвар яг энэ үед л сууж байдаг. Хүүхэд бүдэрч унах, юман дээрээс унах үед ялангуяа аав нар огт тоолгүй “зүгээр, зүгээр” хэмээн хандах нь яг энэ чанаруудыг суулгаж өгдөг. Хэрэв зөвхөн ээж эгч нар хүмүүжүүлэх аваас тухайн хүүхэд ялагдлыг даалгүй гашуудаж, гутардаг, ичмээр үйл боллоо хэмээн эмзэглэдэг нэгэн болно.

                Ерөөсөө эмэгтэй хүмүүс өр нимгэн учир хүүхэд бүдэрч унахад хүртэл орь дуу тавьж, тэвэрч үнсэж, нус нулимсыг нь арчиж, дүүгээ харсангүй хэмээн ах эгчийг нь загнах зэргээр авирладаг. Ингэх юм бол тэр хүүхэд өөртөө ямар ч итгэлгүй, айж түгшдэг нэгэн болно. Тиймээс хүүхдийг манлайлагч болгоход эрчүүдийн ааш авир хамгийн чухал үүрэгтэй байдаг. Хүүхэд унахад эрэгтэй хүн тоож харах ч үгүй байх аваас хүүхэд өөрөө босон цааш явах ба хожим ямар ч саад бэрхшээл тохиолдоход хөл дээрээ босч ирдэг чадвар суудаг. Өөртөө итгэлгүй, түгшүүртэй нэгэн болох бол улс төрч юмуу бизнесмен лав болохгүй гэдэг нь баталгаатай.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 17

    Бизнест амжилт олох гол үндсийн нэг нь эрүүл саруул байх явдал юм. Эцэг эхчүүд өөрсдөө эрүүл саруул байж хүүхдээ үүнд сургах ёстой.

    Хүүхдээ бүр багаас нь өдөр бүр дасгал хийж, өөрийн биед анхаарахад сургах хэрэгтэй.

                Өнөөдөр компьютер айл гэр бүрт нэвтэрч, хүүхдүүд компьютер тоглох явдал өргөн дэлгэрч байна. Харин ирээдүйн саятан хүүхэд хүмүүжүүлж байгаа бол компьютерийн ертөнцөд байх түүний цагийг аль болох хязгаарлах ёстой.

    -Компьютерийг өдөрт дээд тал нь нэг цаг тоглохыг л зөвшөөр.

    -Компьютер тоглоомд хожих явдал нь бодит амьдралд ялалт байгуулахтай ямар ч холбоогүй гэдгийг заавал ойлгуул.

    -Хүүхэдтэйгээ аль болох хамт дасгал хийж бай.

    -Нэг цаг хичээл хийх юмуу компьютер тоглосны дараа заавал завсарлага авхуулж байгаарай.

    Хүүхдээ биеийн тамирын хичээл огт тасалдаггүй, байнга идэвхитэй оролцдог болгож сургавал зохино. Ирээдүйн саятан минь ээ таны дотор байгаа асар их эрч хүч, ид шид гадагшлахын тулд түүний бүрхүүл буюу бие махбодь өөрөө эрүүл саруул байх учиртай.

                Хүн бүр хүүхдээ манлайлагч болно гэж хатуу итгэдэг.

                Хүн бүр л өөрийн хүүхдийг дахин давтагдашгүй цорын ганц хамгийн шилдэг нь болно гэсэн мөрөөдлөөр амьдардаг.

    Хүүхэд маань манай удмын бахархал байгаасай гэж хүснэ. Харин хүүхдийг хэрхэн манлайлагч болгон хүмүүжүүлэх талаар манай эцэг эхчүүд тун бага мэдлэгтэй. Тэгвэл хүүхдээ яаж манлайлагч болгох вэ?

                Үнэнийг хэлэхэд бид коммунизмын бүтээгдэхүүн билээ. Бидний аль болох даруу төлөв байж доогуур харахыг шаарддаг байсан. Ерөөсөө доогуур харцтай дорой дуутай байх тусам хүмүүжилтэй хүүхэд гэсэн сайшаалын үг сонсдог байлаа. Гэвч улс төр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөв. Чөлөөт зах зээл, өрсөлдөөн тэмцэл, шинэ нөхцөлд тэсч үлдэх чадвар гээд олон шинэ ойлголт түрэн орж ирлээ. Одоо хүүхдийн хүмүүжлийн тухай ойлголт үндсээрээ өөрчлөгдөж байна. Өнөө цагт хүүхдийг аль болох өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө өндөр үнэлдэг болгож хөгжүүлэх аваас манлайлагч болно гэдгийг дөнгөж ойлгож эхэллээ. Чөлөөт эдийн засгийн нөхцөлд зөвхөн өөртөө итгэх итгэл, өөрийгөө өндөр үнэлэх чадвар зэрэг нь амжилт авчирна гэдгийг эцэг эхчүүд бүдэг бадаг төсөөлж эхлэв. Тэгээд хүүхэддээ ийм чанарууд суулгахыг хүсэх боловч яаж суулгахаа мэдэхгүй л байна.

                Олонхи эцэг эхчүүд хүүхдээ том болох үед энэ тухай бодож эхэлдэг нь бүтэшгүй мөрөөдөл ажээ. Тиймээс аль болох багаас нь зөв төлөвшүүлэхийн хэрээр агуу удирдагч, саятан, тэрбумтнууд төрдөг байна.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

               

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 16

    Яагаад нэртэй цуутай хүмүүс дандаа инээмсэглэж байдаг вэ? Тэд нэртэй цуутай болсон хойноо л инээмсэглэж сурсан хэрэг огт биш юм. Тэд инээмсэглэлийг ашиглан нар алдарын оргилд гарсан. Бизнесийн уулан дээр гарна гэж таны найдаж байгаа тэр хүүхэд одооноос инээмсэглэж сурах ёстой. Аль болох их олон инээмсэглэх тусмаа сайн. Дээр дурьдсан гомдол, атаа хорсол гээд муу муухай бүхнийг шүүрдэн хаяж байдаг гол зэвсэг нь инээмсэглэл билээ. Та ч хүүхэддээ үргэлж инээмсэглэл бэлэглэж бай. Та өөрөө инээмсэглэсэн царайгаар хүүхдийн нүд рүү нь итгэл дүүрэн ширтэхээс гадна хүүхэддээ өдөр бүр инээмсэглэл авчрах үйлдэл хийхийг хичээх хэрэгтэй. Ирээдүйн бизнесийн оргилд хүрэх хүүхдийг төлөвшүүлэхийн тулд эцэг эхчүүд доорх зүйлсийг анхаар.

    -Хүүхдийг юугаар баярлуулахыг дандаа бодож, мэрийж бай.

    -Инээдмийн кино, хошин тоглолт байнга үзүүл.

    -Хүүхэддээ хүүхдийн ном зохиол чангаар уншиж өг.

    -Хүүхэдтэйгээ байнга тоглож, түүнийг арчилж, түүний төлөө санаа зовж байвал хүүхэд танаас суралцаж, ирээдүйд олон олон хүнийг араасаа дагуулах чадвартай болно.

                Ер нь эцэг эхчүүд хүүхдээ байнга эрхлүүлж байвал сайн. Та эрхлүүлэхгүй юм бол хэн эрхлүүлэх юм бэ? Та баярлуулахгүй юм бол хэн баярлуулах вэ?

    Эмэгтэй хүний хувьд хамгийн их баяр баясгалан авчирдаг зүйлс нь дэлгүүрээр явж худалдаа хийх байдаг. Том жижиг нь огт хамаагүй ямар нэг зүйл авах явдал. Та охин хүүхэдтэй бол энэ дүрмийг дандаа санаж яваарай.

                Баян чинээлэг хүн л хүүхдийг баярлуулах үйлдэл хийж чадна гэж зарим нэг эцэг эхчүүд ойлгодог нь тун харамсалтай хэрэг юм. Нэг ширхэг модтой чихэр ч хүүхдийг маш их баярлуулдаг. Заавал хувцас хунар, идэх уух зүйл, тоглоом наадмаар хүүхдийн баярыг төсөөлж болохгүй. Ууланд авирах, голд сэлэх, элсээр тоглох, уралдах, цасаар байлдах, айл гэр болж тоглох, уралдах, цасаар байлдах, айл гэр болж тоглох, хамтран хүүхэлдэйн кино үзэх, үлгэр ярьж өгөх, дуртай хоолыг нь хийж өгөх, нуугдаж тоглох, таавар таалцах, гудамжаар зугаалах, хөл бөмбөг тоглох, тэвэрч эрхлүүлэх, гараас нь барьж эргүүлж тоглох зэрэгт хүүхэд маш ихээр баярлаж баясдаг. Тэгээд ч эдгээрт нэг ч төгрөгний хэрэггүй, сэтгэл зүтгэл л байхад болчихно.

                Хүүхэд энэ үед инээж баясахаас гадна сэтгэл санаагаа өөдрөгөөр авч явах ухаанд давхар суралцаж байдаг. Үүний зэрэгцээ тоглоом наадам, хөөрөх баяслын үед хүүхдийн бие бялдар, оюун ухааны хөгжил хурдацтай явагддаг сайн талтай. Ер нь байнгын ийм идэвхтэй амьдрал нь хүүхдийн авхаалж самбаа, хөдөлгөөний хурд, сэтгэн бодох чадварыг маш сайн хөгжүүлдэг.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

               

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 15

    “Хагас сүүтэй шилэн аяганы хууль” гэж байдаг. Талд нь хүртэл сүү хийсэн шилэн аягыг хүмүүст харуулахад олонхи нь “тал нь хоосон” гэж хүлээж авдаг байна. Харин тун цөөхөн хүн “тал нь сүүтэй” гэсэн өнцөгөөс харж ойлгодог. Юмны сайн талыг олж харах энэ авъяас ирээдүйн саятан хүүхдэд тун чухал. Өөртөө байгаа юманд баярлахаас биш байхгүй юманд гуниглах үзэл суух ёсгүй. Ингэж сурвал хүүхэд яагаад амжилт олохгүй байгаагийн тухай биш харин яаж амжилтанд хүрэх тухайгаа бодож эхэлдэг. Тэр ялагдлыг биш ялалтыг л боддог хүүхэд болно.

                Нэгэн гүн ухаантан хэлэхдээ “Аз жаргалын нэг хаалга хаагдахад өөр нэг хаалга заавал нээгдэж байдаг. Гэтэл хүмүүсийн олонхи нь өнөөх хаагдсан хаалганы дэргэд зогсож, дахин нээхийг оролдож, гуйж, заналхийлж, царай алдаж эхэлдэг. Харин цөөхөн хүнд хаагдсан хаалгыг шууд хаяад хөгжилтэй цааш алхсанаар шинээр нээгдсэн хаалган дээр хүрдэг юм. Энэ цөөхөн хүн л баян байдаг” гэж бичжээ.

                Жишээ нь хүүхэд хугарчихсан тоглоомоо скочдоод өг гээд өөрийнхөө болон томчуудын “мах идээд” зогсоод байдаг. Байнга хөдөлгөөнтэй байдаг тоглоом скочоор тогтох ч үгүй. Тиймээс та өөр тоглоом руу анхаарлыг нь хандуулж сургах хэрэгтэй. Болж өгвөл шинэ, өөрийг аваад өгөх, боломжгүй бол үлгэр уншиж өгөх, хамт хүүхэлдэйн кино үзэх, гадаа зугаалах гэх мэтээр анхаарлыг нь тоглоомоос сарниул.

                Ингэж өөрт аль ашигтай зүйл рүү анхаарлаа хандуулдаг болгоод дадуулах маш чухал. Ингэхгүй бол хүүхэд зах зээлд олигтой ашиг орлого авчрахгүй байгаа эсвэл олигтой цалин пүнлүү авахгүй байгаа ажилтайгаа зууралдаад байдаг.

                Аливаа зуршлуудыг хүүхдэд суулгана, хэвшүүлнэ гэхээр та насаараа хүүхэдтэйгээ зууралдах юм байна гэж сэтгэлээр унах хэрэггүй. Хүүхдийн толгой маш сэргэг. Ганц хоёрхон сарын дотор туслаад дэмжээд өгвөл зуршил болоод тогтчихдог сайн талтай. Тэгээд ч хүүхдийг зах зээлд тэнцэх хүн болж төлөвшүүлэхийн тулд өдөржин түүнтэй ажиллаад байх шаардлага ч байхгүй. Өдөр бүр ганц цаг ажиллахад л хангалттай. Харин өдөр бүр ажиллаж чадвал мэдээж амжилтанд хүрнэ гэдгийг мартаж болохгүй. Гагцхүү хүүхэдтэйгээ амарч, хичээллэж, хооллож, зугаалт, тоглож байх үедээ томчууд хэлж байгаа үг, хөдөлж байгаа үйлдэл бүрээ хянах л хэрэгтэй байгаа юм.

                Бидний болгоомжгүй үг хэл, үйлдлүүд хүүхдийн тархинд буруу үзэл, буруу төлөвшлийг суулгаж байдаг учир яг дэргэд чинь толь байгааг огт мартаж болохгүй. Тэгээд ч судлаачид хүүхэд өсвөр нас хүртлээ ухамсар нь хөгжөөгүй зөвхөн төрөлхийн болон дууриах рефлекс нь хөгжсөн байдаг гэж тогтоосон байдаг.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

               

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 14

    Бүхний түрүүнд үг байсан” гэж мэргэдийн сургаал байдаг. Тиймээ үг бол юм бүхний эхлэл байдаг. Үгийн хүч хязгааргүй. Сайн ярьж чаддаг хүний боломж мөн хязгааргүй болж ирдэг.

                Болохгүй, чадахгүй, итгэхгүй, бүтэхгүй гэх мэт үгс нь хүүхдийг хар багаас нь хулчгар арчаагүй болгож байдаг. Харин та хүүхэддээ хялбар арга зааж өгөөрэй. Хүүхдийн хувьд “ёстой” гэсэн үг эхлээд харахад гэмгүй санагдавч асар хортой байдаг. Тэгэхээр хүүхэд “ёстой” гэсэн үгийг “хүсч байна” гэсэн үгээр сольж сурах хэрэгтэй. Жишээ нь эцэг эх нь “өглөөний цай заавал уух ёстой” гэж зүтгэдэг бол харин хүүхэд “би өглөөний цай уух ёстой биш харин уухыг хүсч байна” гэж өглөө өөртөө хэлдэг болгон сургаарай.

                Ирээдүйн саятан хүүхдийн зан араншин дотор айдас, гомдол, уур хилэн ба атгаг санаа байх ёсгүй. Энэ бүхнийг хог новш шиг гялгар хүүдийнд хийгээд гаргаж хая.

                Дорнын их сэтгэгч Ошо “Хэнээс ч бүү ай, Хорвоогоос ч бүү ай” гэж сургасан байдаг. Орчин цагийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аймшигт аллага болоод, яс хавтаймаар бусад хэргүүдийн тухай хээвнэг бичих болжээ. Хүнд айх зовж шаналах гэх мэт зүйлс байж огт болохгүй. Мөн гомдол хэмээх тэр мэдрэмж огт төрөх ёсгүй. Зарим хүүхдүүд хар багаасаа тун гомдомтгой байдаг. “Би чамд гомдлоо, Чи муу хүүхэд” гэж тэд ярьдаг. Хүүхдийг хар багаас нь бусдын яриа ба үйлдэлд гомдохгүй байхад сургах ёстой. Энэ талаар нэгэн нэрт зохиолч доорхи зүйлсийг бичжээ. “Хэрэв чамд дэргэд байгаа хүний үнэр таалагдахгүй бол өөрөө л холдчих хэрэгтэй, тэгээд л үнэр алга болно” гэж сургасан байдаг. Үнэндээ хэн нэгэн хүн таалагдахгүй бол түүнтэй харьцахгүй байх хэрэгтэй. Саятан хүнд дутагдал доголдлоор дүүрэн хүмүүсийг засч янзлах цаг зав огт байхгүй. Тэгээд ч ер нь засрах ч үгүй. Хүмүүс ер нь ямар тэнэг үйлдэл хийсэн байлаа ч гомдохгүй байж сурах ёстой. Тэд санаатай үйлдэл хийсэн ч гомдохгүй л байх ёстой.

                Ер нь хэн нэгэнд гомдох үед хүн өөрийгөө л шийтгэж байдаг. Тэр хүний хувьд таны байдалд байгаа нь огт хамаа байхгүй. Гэтэл та гомдож зовж гүйцдэг. Баяжихын хүсвэл гомдолыг орхи. Хэрэв гомддог бол бушуухан уучлах аргыг хэрэглээрэй. Эцэг эхээ хүүхдүүдээ ойр дотны хүмүүсээ, зүгээр таньдаг хүмүүсийг ч шууд уучилж сурвал хүний өөрийн сэтгэл зовж шаналахгүй болох ба тэр хэрээр ихийг сэтгэх, ихийг бүтээх орон зай үүсч байдаг. Хүүхдээ багаас нь бусдыг маш түргэн уучилж, өршөөдөг зантай болгох ёстой. Хэн нэгэн түүнийг гомдоолоо гэхэд тэр дороо уучилж гар барьдаг. Хуруугаа зөрүүлдэг болгож сургаарай. Тэгээд л тэр хүүхэд цааш инээн одно. Яг энэ зуршлаараа том болоод гомдлоо бодон өөрийгөө тарчлаан суух биш шууд мартаж  хийхээ сэтгэж эхэлдэг.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 13

    Харамсалтай нь олонхи эцэг эхчүүд хүүхдээ загнаж зэмлэж, шийтгэж байдаг. Энэ бүхэн хүүхэд хүсэлдээ итгэх явдалд хүчтэй саад хийж, өөрөө өөртөө үргэлж “үгүй” гэж хэлдэг тийм хүүхдийг төрүүлж байдаг. Энэ бүхний гайгаар хүүхдүүдийн ихэнхи нь хүсэл нь гүйцэлдэнэ, аз жаргал ирнэ гэдэгт эргэлздэг болдог. Ингэсэн хүн өөртөө аз жаргалтай амьдрах зөвшөөрөл өгч чаддаггүй. Улмаар амьдрал нь хэзээ ч сайн тал руу өөрчлөхгүй.

                Гэвч бид уншигч таныг буруутгаж байгаа юм биш. Учир нь биднийг ээж аав маань ингэж л хүмүүжүүлсэн. Ээж аавыг эмээ өвөө нар нь гэх мэтээр тасралтгүй үргэлжилнэ.

                Гэвч энэ удам тасралтгүй үргэлжилнэ гэж та бүү бодоорой. Та л энэ хэлхээг яг одоо тасдах хүн мөн. Ийм үйлдэл хийх үед танд итгэл ба сайхан сэтгэл хоёр хангалттай бий.

                Та хүүхдүүдийнхээ амьдралыг өөрчлөх хүсэлтэй бол яг одоо “Би хүүхэддээ аз жаргалыг сонголоо” гэж хариулах ёстой.

                Мэдээж бүх ээж аав нар л хүүхдээ аз жаргалтай байлгахыг хүсдэг. Эцэг эхчүүдийн хүчтэй нөлөөн дор хүүхэд гутранга муу санаа бодлуудыг сая орхиж чадна. Хэрэв эцэг эхчүүд өөрсдөө аз жаргалтай байвал хүүхдүүд тэднийг харсаар мөн л аз жаргалтай болдог. Гэтэл эцэг эх нь байнга хэрэлддэг айлын хүүхэд аз жаргалгүй байж сурдаг ажээ.

                Эцэг эх нь хүүхэддээ хайр халамжийг их мэдрүүлж өсгөхийн хэрээр хүүхэд эцэг эх, эх орон, хүн ардаа хайрладаг хүн болж төлөвшдөг. Энэ хайраараа хүн бусдад хэрэгтэй үйл бүтээдэг. Сэтгэл шингэсэн зүйлийг нь хүмүүс талархан худалдаж авах нь мэдээж. Ингэж хүнд өөрт нь хангалуун сайхан амьдрах мөнгө ирдэг учиртай.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.

     

  • Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 12

    Атаач зан гэж байдаг. Яагаад ч юм хүмүүс заримдаа өөрийнхөө тухай ярихдаа би хоргүй цагаан атаач зантай гэх нь элбэг. Иймэрхүү яриа хэрэггүй юм. Ирээдүйн саятан хүүхдэд атаач зан байх ёсгүй.

                Олонхи хүмүүс гараа зүрхэн дээрээ тавьж ирээд л атаа хорсолын тухай мэдэхгүй, болор шиг тунгалаг гэж тангарагладаг. Гаднаас харахад тийм байж болно. Гэвч олонхи хүний сэтгэлийн гүнд атаа хорсол байж л байдаг. Бидний таньдаг мэддэг хүмүүсийн амьдрал аз жаргал, баяр хөөртэй өөрчлөлт гарах тоолонд хүмүүсийн дотор ямар нэг юм арзаганаад явчихдаг.

                Жишээ нь: Хоёр найз бүсгүй байна гэж бодъё. Нэг нь нөхөртэйгөө байнга хэрэлдэж, хүүхэд нь муу сурч зовно. Гэтэл нөгөө найз нь тэднийд ирээд мөрөөдлийн залуугаа олсон тухайгаа ярьж эхэллээ гэж бодъё. Энхрий зөөлөн, тун сайхан секс, өгөөмөр, залуухан, хамгийн гол нь баян нөхөр гэнэ. Танай найзад машин авч өгсөн юм байх. Найз нь ийнхүү ярих тоолонд бүтэлгүй амьдралтай бүсгүйн сэтгэлд атаа хорсол төрнө. Энэ эмэгтэйгээс хүртэл танд атаач зан бий юу гэж асуувал үгүй л гэж хариулна.

                Бусад хүмүүс тэгж ингэж амьдарч байхад би ямар байна гэсээр атаач зан эхэлдэг.

                Хүн өөрийн өчүүхэн жижиг, хэнд ч хэрэгггүй, ядуу даржинг мэдэхийн хэрээр нэр цуутай баян тарган хүмүүстэй харьцуулах ба ингэж атаа хорсол эхэлнэ. Атаа хорсол хүний сэтгэлийг хямруулахаас өөр юу ч хийдэггүй.

                Атаа хорсол хүний баяжихад хамгийн том саад тээг болж байдаг.

    Энэ бүхний эцэст атаа хорслын цаад гүнзгий утга учрыг та ойлгож эхэлж байгаа. Хүүхдээ ирээдүйн саятан болохыг хүсч байгаа хүн бүхэн үүнийг ойлгох ёстой. Эцэг эхчүүд өөрсдөө атаа хорсолоос салж гэмээнэ хүүхэд атаач зангүй өснө.

                Хүүхдийг бүр багаас нь доорх байдалд сургана. Хэрэв хэн нэгний амьдралд баяртай өөрчлөлт гарсан бол танай хүүхэд “Тэр тийм баян болсон гэдэг чинь удахгүй надад хүртэхийн шинж” хэмээн баярлах ёстой. Бид их баяртай байна. Одоо бид хүүхдээ атаач зангүй өсгөж чадах боллоо. Ойр дотно найз нөхөд хүмүүстэй учирч байгаа баяр хөөр бүхэн мөн таны баяр болох тэр үед атаач зан арилна.

                Ирээдүйн саятан хүүхдийг атаач биш, уужуу тайван хүн болгохын тулд хоол идэх үеэр нь намуухан симфони сонсгож, амралт, баяр ёслолын үеэр уртын дуу сайн сонсгох хэрэгтэй.

                Мөн мэдээж эцэг эх хүүхдийн буруу үйлдэлд хэр тэвчээр гаргаж хандахын хэрээр хүүхэд уужуу тайван ухаалаг болдог. Гэхдээ дутагдлыг хараагүй юм шиг өнгөрөө гэж байгаа юм биш. Хашгичин загнаж уурлахгүйгээр дахин давтуулахгүй байх талаар тайван учирлан ойлгуулж. Ер нь өршөөл, хайр л хүүхдийг агуу уужим сэтгэлтэй болгодог.

                Та тэвчээр муутай, уур бухимдлаа барьж чаддаггүй бол хүүхэд ч мөн адил том болоод хатуу үг хэлэнгүүт гэрийнхээ болон ажлынхаа хаалга саван гарч оддог ухвар мөчид нэгэн болох аюултай.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

    Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.