Category: media-content

  • Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал

    Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү? Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ.

    Ханхар том мөрийг нь налаад, хажууд нь эрхлэнхэн суугаа чи хүссэн бүхнийг чинь гүйцээх ийм нэгэн залуу дэргэд чинь мөнх амьдарна гэж итгэдэг үү? Итгэж болно оо. Гэхдээ тийм удаанаар хайрлуулж чадах ухааныг ганцхан бүсгүй хүн л олж чаддаг юм шүү. Наад мөрийг чинь ийм том болсныг, чи хүртэл бүтнээрээ багтчих шахам тийм ханхар болсныг харин ганц л хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тэр бол ээж би. Тэр том мөр төө хүрэхгүй жижигхэн байхад, энэ том эр тохой хүрэмгүй бяцхан байхад ээж нь ургийн сүүгээрээ нүүрийг нь арчиж, уртын дуугаар бүүвэйлэн хурайлсан юм.

    Үр минь нэгэн цагт өсөж том болно. Өөр нэгэн бүсгүйг ижийгээсээ илүү хайрлана гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Гэвч чамаас харамлаж байсан удаа нэгээхэн ч үгүй. Надаас авсан тэр их хайраар чамайг л гагц бүтэн хайрлаасай гэж, надтай өнгөрүүлсэнээс илүү жаргалтай цаг хугацааг чамтай л гагц элээгээсэй гэж хоног өдрийн уртад зальбиран зальбиран хурайлсан юм. Хол ойрын зайд санан санан ерөөсөн юм.

    Хүү минь хүний бүсгүй үрийг хожим нэг гомдоох вий гэхдээ ээж нь өдөр бүр заан сургаж, эндэгдэл бүрт нь эмнэж өгдөг байлаа. Хүзүүнийх нь хонхорхойд хэлээ дүрэн гижигдэж, хөлийнх нь улыг өхөөрдөн илж суухдаа бүсгүй чамайг нэг бус удаа санаж л суусан юм. Үр минь өлсөж чадна, бас өвдөж ч мэднэ. Хад чулуугаар хийгээгүй юм шүү гэж хайртай ээж нь чамд сануулъя. Хат суух яагаа ч үгүй байна. Хааяа ч гэсэн аргадаж байгаарай. Бүсгүй хүн омголон доо омголон. Би өөрөө ч тийм л байсан. Уурлаж тунирхаж бололгүй яахав, эрчүүд гэдэг мартамхай улс даа. Уулзах цагаасаа хоцорч, ууж наргиж ганц нэгхэн явж мэднэ. Уучилж нэг л удаа өнгөрүүлээрэй. Урьдчилж заавал тэрнийгээ сануулаарай.

    Ход ход инээн үнэгчилж, хоёрхон сартайдаа ижийгээ нэг их баярлуулж билээ. Тэр өдрийг хүртэл хүү минь нүдээ ч бүтэн нээлгүй, өсөж хурдхан том болох гэж өдөр шөнийн уртыг унтаж бардаг байсан юм. Ганганаж ганц нэгхэн үг хэлдэг байхдаа гараа өхөөрдмөөр тосож ирээд “Надаа” гэж гуйж байсныг нь мартаж яаж ч чадах билээ. Энэ орчлонгоос, бас ээжээсээ амьдрал гуйж тийнхүү алгаа тосож байхад нь би хожмын гэрэлт өдөр учрах бүсгүй чамайг бас л санаж билээ. Алгаа тосон хайр гуйж байгаа хүүд минь хэн нэг нь хатуурхаж бүү хараагаасай гэж, шоолж битгий элэглээсэй гэж ээж нь тэгэхэд зальбирч байсан юм. Ирээдүйг нь гэрэлтэй сайхнаар төсөөлж суусан юм. Харин чи тэгж чадаж байна уу?

    Хүү минь хэрвээ алгаа тийнхүү тосож байвал хүүхэн үр минь чи гараа бүү харамлаарай. Хайраа бүү нуугаарай. Ганцхан л удаа гуйдаг юм шүү, эр хүн чинь. Ганц л бүсгүйг мартахгүй санаж явдаг юм шүү. Тэр нь чи байгаасай. Чамайг би гэрэл гэж нэрлэе. Миний л хүү чамайг хайрласан юм чинь чи энэ орчлонгийн хамгийн сайхан нь байж таарна. Миний л хүү чамайг сонгосон юм чинь чи надаас ч илүү үнэтэй байж таарна. Тийм үнэт эрдэнэ хүүд минь олдож, тийм сайхан гэрэл хүүг минь гэрэлтүүлж байвал би ч бас жаргалтай явах болно.

    Харин тэр их гэрэл үргэлж асан дүрэлзсээр байвал түймэр болон дэгдэнэ. Тэр түймэрт хажууд чинь хамгийн ойрхон суугаа хүүгий минь зүрх ч бас хорсож түлэгдэх нь гарцаагүй. Нэг л удаа түлэгдэж орхивол зүрхэнд нь үрчлээ суучихна шүү. Үрчлээтэж, нэгэнт түлэгдсэн зүрх дахин чамайг урьдынх шигээ хайрлаж чадна гэж би бодохгүй байна. Тиймээс өргөс шиг үгээр дандаа бүү шив, өрвөлзөж өөлсөн нүдээр үргэлж бүү ширвээрэй. Тэвчиж бүр болмооргүй шиг байвал эхлэл дээр нь орхиорой. Эргэж битгий хараарай. Эмзэг залуу зүрх нэг л удаа дурлана биз, яадаг юм. Энэ яваа насандаа чамайг л ганц бодно биз, яахав дээ.

    Хүүгээ би уул гэж нэрлэе. Хамгийн өндөр ууланд ч сүүдэртэй тал байдаг юм даа. Хаана нь удаан зогсохоо чи өөрөө л шийднэ. Даараад байвал нар туссан энгэр дээр нь оч. Цэцэгс найгаж, эрвээхэй хөөцөлдсөн тийм сайхан нугыг хүү минь чамд үзүүлнэ. Ширхэг үндэс бүрийг нь ээж нь тарьж өгсөн юм шүү. Шинэхнээрээ байгаа дээр нь амжиж эрхэлж ав. Үүнийг чамд л зөвшөөрч чадна.

    Халууцаж бахардаад байвал сүүдэрт нь түрхэн зогс. Хааяа нэгхэн үлээсэн сэрүүхэн салхийг мэдэр. Тэр салхи заримдаа их ухаарлыг үлдээдэг юм. Тэгж бас үзсэн болоод л би бүсгүй хүнийхээ хувьд чамд үүнийг тэрлэж сууна. Онголж тахисан тэр нарлаг уулын орой нь дэндүү өндөр дөө, дээр нь бүү зайдла. Бүсгүй хүн уулыг зайдалдаггүй юм. Арга билгийн орчлонд аядуухан л байсан хожино доо. Аальхан хонгор зан аль л хатууг зөөллөнө дөө.

    Хүүгий минь тэргүүнд чи гараа хүргэж болно. Хөмсөг нүдийг нь үнсээд эрхлэн жаргаж болно. Хүзүүн дээр нь л бүү зайдлаарай, нүгэл гэлцдэг юм билээ. Хийморь юуг нь гамнаарай, хожим чамд л хэрэг болно. Өрх гэрийнхээ тоонон дээр нохой ч гаргахыг цээрлэдэг өвгөд минь тэгж захисан юм шүү, учир байж л таарна.

    Энэ бүхний эцэст би уул шиг том болсон хүүгээ чамд өгье. Ээжийгээ санан бэтгэрч, энгэрт минь нүүрээ нуудаг байсан жаахан хүү минь одоо бүхлээрээ чинийх боллоо. Үзэсгэлэнт нугад нь өөр шигээ олон олон цэцэгсийг ургуулаарай. Сүүдэрт нь суугаад өөрийнхөө их гэрлээс жаахныг ч болсон тусгаж бүлээцүүлээрэй. Тэр гэрэлд чинь би ч бас бүлээцэн жаргая. Тэмүүлэл мөрөөдөл бүхнийг чинь хүүтэйгээ хамт биелүүлье.

    /”Охины минь дурлах залууд илгээх захидал” өгүүллэгийн уншигч эрчүүдийн хүсэлтээр…/

    2011.10.11

  • Хүний амьдралын хоёр зам

    Олон хүн юуны төлөө амьдарч байгаа ухаарах завгүй, хаашаа явж, хаана хүрэхээ төсөөлөхгүйгээр урд хойноо орон, манарч харанхуйлсан тоосон дунд зүг чиггүй  эргэж хуйлран, пижигнэлдэн давхих хүн сүргийн дунд бусдын ард орохгүй санаатай, заримд нь дэгээдүүлж, заримыг нь дэгээдэлцэж, шургаж унаж, зуурч босож байгаад л,  олсон юмаа голж чамлан үүрч тэврээд, дүүрэхээ үздэггүй том, баахан хүүдий сав чирэн, амь тэмцэн цухалдаж, олсноо алдчихвий, дурласнаа авахгүй өнгөрөхвий гэсэн айдас түгшүүртэй, уралдан тэмцэлдсээр явтал нэг өдөр өмнө нь гүнзгий ангал гэнэт гарч ирж, биеэ татаж авах гээд ч амжилгүйгээр унахдаа ганцхан удаа л уралдах боломж олдсон юмсан, бариа хаана байсныг ч мэдэж амжсангүй, тэрнээс энэнээс л боллоо, тэгдэг ч ингэдэг ч байж гэх мэтээр хэмжээлшгүй ихээр харамсан хоргодсоор сэтгэл дундуур одох юм даа.

    Гэтэл эргэн тойрноо тайван ажиглаж, цэцэгсийн анхилуун үнэр, байгалийн сайхныг мэдрэн, тааралдсан болгонд талархан баярлаж яваа аялагч шиг илүүд шунахгүй, хэрэгтэйгээ дутаахгүй, үүрсэн ачаандаа түүртэхгүй, өөрийн болон хүний мөр дээр саад овоолохгүй, таарсан жалга, даваа, ус, гал, шуурга, мөндөр бүрийг тэнцвэр алдахгүйгээр туулан гарч, аргад суралцан, тэр бүгдийг араас яваадаа гэтлэх аргатай нь зааж үзүүлж, хэрэггүй тээшээ хог дээр орхиж, хүрэх оргилоо нүдэндээ харж, замын зургаа барин, өртөө буудлаа төлөвлөж, тэрхүү гэрэлт оргил руу няцалтгүй шударгаар, адгаж яаралгүй урагшлан өгсөж яваа аз жаргалтай аянчид ч байдаг юм байна.

    Энэ хоёр замын хөдөлгөөн нэг чигт биш эсрэг урсгалтай учир огтлолцдоггүй.

    Зовлонд унах замыг орхин, жинхэнэ жаргалд хүргэх замд орж болдог атал зүүсэн нөлөөтэй шилээ аваагүйд нь тэр сайн зам  харагдахгүй. Харин жаргалын замаар замнагчид зовлонгийн замыг тод хардаг тул тийшээ очихыг хэн нь ч хүсдэггүй. Зарим нь тэр замаас ирсэн байдаг. Тэд зовлонгийн замаар зорчигчдыг хайрлаж, зөв зам руу гаргасан мөрөө зааж үзүүлсээр байдаг учир цөөн ч гэсэн зарим нь тэдэн рүү ирж нийлдэг. Зовлонгийн замаас гарахыг оролддог хүн тасардаггүй.

    Асуудал хоолойд тулаад ирэхэд хоолоо хасах, дургүйгээ идэх, тураах төвд хичээллэх гэх мэт салаа замд ордог ч, тэр нь хол явалгүй эргээд зовлонгийн дардан замдаа нийлчихнэ. Энэ замыг орхиж яваад эргэж ирээгүй хүмүүсийн мөр тодоос тод гарсныг харсан ч “төөрөөд бүр муу зам руу орсон гэсэн” гээд дагахгүй.

    Эцсийн буудал дээр хүлээж байдаг жаргал, зовлон байхгүй. Эсвэл өнгөрсөн буудал дээр тэднийг анзааралгүй дэргэдүүр нь өнгөрөх ч гэж байхгүй. Харин хүн амьсгалж байгаа агшин бүрдээ жаргал зовлонгийн аль нэгийг нь үүсгэх үр тарьж, өмнө нь тарьсныхаа жимсийг одоо цагт л хүртдэг.

    Иймээс хүний зам жаргал, зовлонгийнх бөгөөд аль аль нь үүсээд устдаг нь жам учир араас нь алийг нь шинээр үүсгэхээ ч одоо цагт л сонгодог ажээ.

  • Эрүүлийн шалгуур

    Тэгш оршихуйд байгаа номхорсон сэтгэл эрүүл мэндийг сэргээхэд шийдвэрлэх үүрэгтэйг ойлгосон байхад жинхэнээсээ эрүүл болох боломжид аяндаа итгэдэг учир эдгэх эсэхдээ эргэлзэж явсан сэтгэлийн дарамт арилчихдаг гэж манай курсэд суух үедээ бие муутай байсан олон хүн хэлдэг. Гарааны байдлаа сайн тодорхойлоод их засварыг эхэлбэл сайжирч байгаагаа хянахад хялбар байдаг.  

    Эрүүл төлөв

    Эрүүл биш төлөв

    1.зовиургүй /шаналгаатай, хүнд мэдрэмжүүд үүсдэггүй/

    1.төрөл бүрийн өвчний зовиуртай /янгинах, шархирах, хатгах, чинэрэх, хорсох, халуун, хүйтэн оргих, унжих, загатнах, дүйрэх, дүүрэх, цанхайх гэх мэт/

    2.сульдахгүй /хуурай хөвөн мэт хөнгөхөн мэдрэмж/

    2.ядарч сульддаг /устай хөвөн мэт хүнд, “ядаргаа ясандаа тулсан” мэдрэмж/

    3.нойр чанартай /эрүүл хүүхэд мэт нам унтаж, сайн амраад, бие хөнгөхөн сэрнэ/

    3.нойргүйдэл, амарч унтдаггүй, байнга хар дарж зүүдэлдэг, шөнө сэрээд эргэж унтдаггүй, нойр ханахгүй, өглөө босоход хүнд гэх мэт

    4.оюуны чадавхи хэвийн

    4.мартамтгай, сэтгэх хурд удааширсан, бүтээлч сэтгэлгээ муудсан гэх мэт

    5.эрүүл гоо сайхантай

    5.арьс хуурайшсан, үрчлээс байх хэмжээнээс их, нөсөө сэвхтэй, батга, тууралттай, үрэвсэлтэй, үс салаалж хугарсан, өнгө муутай, хагтдаг, эрт цайсан, хумс үелж хуурдаг, хэт нимгэн буюу эвэрлэг зузаан болсон, мах сөрдөг, толботой, нүдний цэцгий шарласан, судас өргөсөж улайсан, өөх ургасан, шүд шарлаж, толбо үүссэн, паалан муудсан, цоорсон, жин илүү буюу дутуу, уян хатан биш болсон, дуу царгиа хахир сөөнгө, үнэр муухай гэх мэт

    6.сэтгэл амар амгалан /өөдрөг эерэг, айдас түгшүүргүй, гомддоггүй, тэгш оршихуйд/

    6.сэтгэл санааны байдал гутранги сөрөг, байнгын айдас түгшүүртэй, юм бүхэнд гомдомтгой, уур цухал их гэх мэт

     

                   Зураг 20. Эрүүл мэндийн түвшингээ үнэлэх үзүүлэлтүүд

    Бодит байдлаа өөрчлөлгүй фото зураг авах, видео бичлэг хийх, хэмжсэн үзүүлэлтүүдийг бичих зэргээр баримтжуулж, хэмжиж болохгүй хийсвэр мэдрэмжүүдийнхээ талаар тэмдэглэл хөтлөх зэргээр сар бүр хянаад явахад үнэхээр гайхалтай сайжирсан өөрчлөлтүүдийг харьцуулан хардаг учир энэ ажил тун чухал. Лабораторын шинжилгээ хийлгэж, элдэв аппарат төхөөрөмжөөр оношлуулж, үзүүлэлтүүдийг харьцуулбал бүр сайн. Ганцхан элэг өвчтэй, бусад юм зүв зүгээр гэж боддог байсан хүн өөрийгөө иж бүрнээр авч үздэг болно.

    Ийнхүү эрүүл мэндийн тухай ойлголт цэгцрэх нь сэтгэл номхроход маш их тус болдог.

    Өвчтэй гэдэг хязгаарлагдмал ойлголт эрүүл биш гэдэг хүрээнд тэлснээр өөрийгөө гамтай эдэлдэг болоход дөхөмтэй.

    Эх сурвалж: Б.Гэрэлмаа  “Хоол ба сэтгэл” номоос

  • Оюун ухаан

    З.Бат-Отгоны “Хүн болохуй, хүн байхуй” номонд “ Ухамсар гэдэг бол ухаарах чадвар. Өөрөөр хэлбэл, ухаарах чадвараараа л хүн амьтнаас ялгарна. Ухамсар буюу ухаарах чадварыг гадаад, дотоод гэж хоёр ангилж болмоор.

    Гадаад ухамсар бол оюун ухаан. Энэ нь гадаад орчноо таньж мэдэх, ухаарах чадвар. Харин дотоод ухамсар гэдэг бол сэтгэл бөгөөд энэ нь хүнээс гадаад, дотоод ертөнцөө болон өөрийгөө таньж, ухаарах чадвар.

    Гадаад орчин гэдэгт хүнээс бусад бүх зүйл болон хүний бие махбод ч орно.

    Харин дотоод ертөнц гэдэгт хүний оюун, сэтгэл орно.

    Хүний бие махбод бол гарт баригдаж, нүдэнд үзэгддэгээрээ бодит ойлголт. Харин оюун, сэтгэл нь нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч мөн л бодит зүйл. Нүдэнд үзэгдэхгүй боловч тэдгээр нь хүний үйл, үйлдэл, үйл ажиллагаанд тусгалаа, биелэлээ олж байдаг…

    Орчлонгийн янз бүрийн юмсын тухай мэдээ, мэдээллийг хүлээн авч, өөртөө нэгтгэн боловсруулсны үндсэн дээр оюун дүгнэлтийн замаар түүнийг тусгаж таних, мэдэх, ухаарах, түүнчлэн тийнхүү таньж ухаарснаа илэрхийлэх чадварыг оюун ухаан гэнэ. Иймээс оюун ухаан нь хүнээс гадаад орчноо таних, мэдэх, ухаарах чадвар юм.” гэжээ.                                                                

    Махбод, хийбод, оюун өөрөөр хэлбэл бие, сэтгэл, ухаан гурав нь зөвхөн хүн хэмээх амьтанд л заяагдсан учир хүний төрлийг олох нь их буяны үр гэж үздэг. Тамын, бирдийн төрөлтөн зөвхөн бие, адгуусан төрөлтөн бие болон сэтгэл, асури, тэнгэр төрөлтөн сэтгэл, оюунтай гэдэг. Оюун ухаант хүний биед л төрсөн сүнс төрөл дээшлэх боломжтой ажээ. Даалгавар, томилолтынхоо дасгалуудыг сайн давтаж хийж сурвал шүү дээ.

     

  • Шинэ хүү

    Хотын байдал бухимдалтай бөөгнөрөлтэй, цагийн улирал утаатай шороотой. Түгжрэлтэй зам, хогтой гудамжийг дагаад ядарсан зовсон янз бүрийн хүмүүс явах бөгөөд дөрвөн зүг байшин барилгаар дүүрч, явах зам харагдах орчингүй хар утаа тунана. Өвлийн тэсгим хүйтэн гэрийг жихүүцүүлж, ажилчин хүний сэтгэлийг бухимдуулна. Гудамж тайлбайд халтиргаа үүссэнээс машинтай, явган хүмүүс арай ядан явах агаад, үүгээр түүгээр микроны кандукторууд Сансар, Зуун айл, Баянбүрд, Гандан, Хороолол…. гэх мэтээр эцэс төгсгөлгүй орилолдон давхина.

    Хөлд орохоос авахуулаад  нэг замаар өгсөж уруудан явж, нэг хонхорт дүүрэг дамжин нүүж, замын түгжрэл, үйлчилгээний оочир, хүнд суртал, хариуцлагагүй байдал зэрэгт саатсаар энэхүү ертөнцийг эцэслэнэ. Телевизийн сувгуудаар савангийн дуурь,  үнэн худал нь мэдэгдэхгүй захиалгат мэдээ, нэвтрүүлгүүдийг үзэж төр болохгүй байна, хууль хэрэгжихгүй байна гэж худал баахан улс төржинө. Хахууль өгөхгүй бол ажилд орж чадахгүй хэмээн сэтгэж, авилга өгч, их мөнгөөр реклам сурталчилгаа хийлгэж  сонин телевизээр цацахгүй  бол бизнес эрхлэх боломжгүй хэмээн бодож, түмэн боломжоос хоцорч цахим ертөнцөөс гээгдэнэ. Өглөө гараад амьдрал хэцүү байгааг гайхаж, өдөр нь мөнгө бодож, орой нь ажил хэцүү байгааг гайхсаар энэ насыг барна.

    Шинэ хүү автобусанд чихэлдэн байж арай ядан багтаад түгжирч түгжирч хайран цагаа үрэн байж найз Батындаа ирэв. Бат интернет  орохоор гарсан гэх бөгөөд тэднийхээс “ажил хэцүү байна, цалин бага байна, ажил олдохгүй байна, яаж баян болох уу? Түгжрэл аймаар байна, утаа ихтэй байна, банкны оочир дийлдэхгүйнээ, 21 хэзээ буух бол?, тэр тийм юм өмсөж зүүсэн байна, энэ ийм байшинд амьдарч тийм машин унадаг гэнэ, тэр тэгсэн гэнэ, энэ ингэсэн гэнэ” гэсэн ярианаас өөр мэдээлэл авч чадсангүй. Шинэхүү Баттай уулзаж хамт интернетэд сууж  мэйлээ шалгах, чатлах, тоглох, ганц нэг дуу сонсож, кино клип үзэхээс хэтэрсэнгүй. Шинэхүү хэдийгээр ухаан сэргэлэн боловч сонсож, мэдэж, үзэж харж, уулзаж байгаа хүмүүс нь дээрхээр хязгаарлагдах тул шинэ соргог юуг үзэж мэдэж, сонсох билээ.

    Өөрөөсөө өөр итгэх хүнгүй, үхэх төрөхөөс өөр үнэн зүйлгүй, цахим ертөнцөд мэйл шалгах, бусадтай чатлах, тоглох, энэ тэр бичлэг үзэхээс өөр оролцох боломжгүй хэмээн сэтгэнэ. Юутай гомдолтой идэвхигүй амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ.

     Амьдрал нь ийм гунихралтай байгааг Шинэ хүү өөрөө яахан мэднэ. Хүний хөгжлийн 21000 ба идэвхи оролцоогүйн гайг бас хэрхэн танина. Дэмий л байдалд автаж, дэмий яриа, бүдүүлэг үгс, бүдүүлэг үйлдлүүд нь амьдрын хэв маяг нь болж, хийхээсээ хэлэхийг урьтал болгож, оролцохоосоо хойш суун хөндлөнгөөс ажиглаж шүүмжлэхийг урьтал болгож, аливаа зүйлд эзний ёсоор бус зочны ёсоор хандсаар нэгэн улс аймгийн ихэнхи хэсэг шинэ хүүгийн адил нүдээ анин, чихээ бөглөн цахим ертөнц гэж чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй дов довоо шарлуулан довны цаана уул байгааг харалгүй, утаатай хонхорт хоосон хоцроход тулжээ. Хайран цаг хайран амьдрал. Хөөрхий.

             Гэтэл шинэ хүүгийн нэгэн нөхөр цахим ертөнцийн талаар түүнд мэдээлэл өгөв. Шинэ хүү “Цахим ертөнцөд бүх хүмүүс адил тэгш эрхтэй, хэн нь хэн бэ? Хэн юу хэлдэг вэ? Хэн юу хийдэг вэ? Хэнтэй хэрхэн холбогдох вэ? Хэрхэн хамтран ажиллаж болох вэ? гэдэг нь бүгд тухайн хувь хүн, албан байгууллагын фэйсбүүк, твиттэр, блог, цахим хуудсанд нь ил тод байдаг. Тэр битгий хэл уулзахыг хүссэн хүмүүстэйгээ ямар ч оочир дараалалгүйгээр интернеттэй газраас хүнд сурталгүйгээр хормын дотор холбогдож, харилцан ярилцаж, үгээ хэлж, цаг хугацаа орон зайн хязгаарлалтгүй хамтран ажиллаж болдог. Бас тэнд замын түгжрэл, оочир, хүнд суртал, хээл хахууль, авилгагүй. Хүн бүр өөрийгөө хэн болохыг, юу хийж чаддагийг цахим ертөнцөд байгаа дэлхийн бүх хүмүүст маш бага мөнгө, цаг хугацаа зарцуулж, хүнд суртал, зардал чирэгдэлгүйгээр сурталчлан таниулах боломжтой байдаг. Зорилго, үзэл бодол нэгтэй хамтран ажиллах хүнээ олох боломжтой. Англи хэлээр зэвсэг хийж хүн төрөлхтөний өдийг хүртэл бүтээсэн мэдлэг мэдээллийн өв их сангаас чадлын хэмжээгээр хүртэх боломжтой гэдгийг мэдэж авлаа.

    Цаашлаад монголчууд маань бүгдээрээ цахим ертөнцөд өөр өөрийн орон зайгаа эзлээд цахим ертөнцийн боломжийг зөвөөр ашиглавал бүгд нэгдэж дуу хоолойгоо нэгтгэх боломжтой бөгөөд Монголд төдийгүй дэлхийн хаана юу байгааг, хаана юу болж байгааг, хаана хэн байгааг, хэн юу гэж хэлж байгааг, хэн юу хийж байгааг, хэнтэй хэрхэн хамтран ажиллах боломж байгааг, алган дээрээ тавьсан юм шиг харж, шинэ холбоо харилцаа тогтоож,  боломжийг бий болгож, санаачилж дэлхий дээр байгаа бүх монголчууд хаана байгаагаас хамаарахгүйгээр цахим ертөнцөд нэгдэж боломжтойг олж харлаа.

    Хэрэгтэй мэдээллийг хормыг дотор бусадтайгаа хуваалцаж чадна. Тэнд олонд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн мэдлэгтэй боловсролтой, чадварлаг хүнээ сонгоод цахим нийгмийнхээ хууль дүрмийг тогтоолгох боломжтой. Тэнд хэн сайн зүйл хийж бүтээж байгаа нэгнээ бүгдээрээ нэгдэж цахим орчиндоо болон бодит үйлдлээрээ дэмжих боломжтойг, цахим ертөнцөд Монгол хүн бүр, төрийн хувийн гэлтгүй Монгол байгууллага бүр өөр өөрийн орон зайгаа twitter, facebook, blog,web site-р дамжуулан бий болгож идэвхитэй хамтран ажиллавал бүх зүйл ил тод болж, бүх мэдээлэл нийтэд хүртээмжтэй хурдан хугацаанд тарж, олон асуудлыг шийдвэрлэж сайхан амьдрах боломжтой зэргийг ойлгож мэдлээ.

    Өнөөгийн Монголын дүр төрх болох хөмөрсөн тогоо дотор байгаатай адил хаана юу байгааг мэдэхгүй, хаана юу болж байгааг харахгүй, хэн юу хэлж байгааг мэдэхгүй, аль нь үнэн, аль нь худал болохыг ялгаж салгах боломжгүй, нуугдмал, хаагдмал, тодорхойгүй, хариуцлагагүй, холбоо харилцаа муутай, хөлдүү царцанги, тархай бутархай хэн хэлсэн нь мэдэгдэхгүй цуурай сонсож, түүнийхээ эзнийг олох гэж бие биенээ хардан, тэмтчин бүдчин, төөрөгдөн, андууран, цаг алдан, түгжрэн, оочирлон, эрж хайн, аргаа баран амьдралд гутарч, итгэл алдран амьдарч байгааг, буруу зүйл хийж будлиан тариад байгаа эзнийг нь олсон ч холбоо харилцаа муутайгаас хүчээ нэгтгэн түүнд хариуцлага тооцож чадахгүй байгаагийн, хүмүүст мэдээлэл түгээдэг цагаан хоолой бүр эзэнтэй болохыг, эзэн зөвхөн өөрийн таалалд нийцсэн зүйлийг ярьдаг болохыг, иргэд үнэн зөв мэдээлэл авч чадаагүйгээс , нэгдэж хүчээ нэгтгэж чадаагүйгээс, телевиз радио, сонин сэтгүүлд төлөх мөнгөгүйгээс, хэлэх гэсэн үгийг нь тэр бүр хэлүүлдэггүйгээс  иргэдийн нийгмийн амьдрал, улс төрд оролцох, дуу хоолойгоо хүргэх идэвхи оролцоо нь суларч, ямар ч тэмцэлгүй дархлаагүй болж, идэвхигүй хүнд хэцүү амьдралынхаа боол болж, бүхнийг хувь заяандаа даатгаж, амьдралын эрхээр зовж зүдэрсэн үедээ үнэний тухай, үнэт зүйлийн тухай, ёс суртахуун, шударга ёсны тухай хоосон ярихаас хэтэрхээ болисон дүр төрхийг Цахим Монголыг бүтээснээр өөрчилж болно хэмээн итгэж Цахим монголыг бүтээхээр сэтгэл шулуудав.

    Шинэ хүү ЦАХИМ ХҮҮ болов.

    Хөх монгол ЦАХИМ МОНГОЛ болов.

    Юутай завшаан, юутай баяр.

    Цахим ертөнцөд шинэ монголыг бүтээхийг мөрөөдөж байна.

    Цахим хүү болохыг хүсэж байвал доорх хаягаар холбогдоно уу.

    Утас: 88641816 

    Мэйл хаяг: handaa.amjilt@gmail.com 

  • Гэр бүл гэж ямар газар вэ?

     

    Гэр бүл хөгжиж гэмээнэ нийгэм эрүүлжиж улс орон хөгжинө. Яагаад вэ? гэвэл гэр бүл нь хүнийг бүтээдэг онцгой гайхалтай үйлдвэр юм. Чадварлаг эмч, инженер мэргэжилтэн болохын төлөө хичээллэх нь сайн эхнэр, нөхөр болохын төлөө хичээллэхээс үнэхээр амархан.

    Гэр бүлийн амьдралыг хэрхэн сайн байлгах аргыг анги танхим юмуу үйлдвэр ажлын газраас сурдаггүй, харин өөрийн болон өрөөлийн гэр бүлээс, амьдрал дундаас харж, мэдэрч, хамгийн сайнаар суралцаж байдаг.

    Бага байхдаа гэр бүлээсээ сурсан зуршил нь, хожим нь хань ижилтэйгээ харилцах харилцаанд тэр чигээрээ илэрч буудаг. Сайн зуршил нь ихэвчлэн ханиа жаргаадаг бол муу сөрөг зуршил нь ханиа болон үр хүүхдээ зовоож байдаг. Тийм учраас ээж аав хоёр нь эвтэй найрсаг гэр бүлд төрж өссөн хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, хүн чанар сайтай, хүмүүстэй чөлөөтэй харилцаж, амжилттай ажиллаж  чаддаг.

    Гэвч дийлэнх гэр бүлүүд бүрэн ойлголцохгүй, зөрчилддөг, санал зөрдөг асуудлаар дүүрэн байдаг шүү дээ.  Ийм гэр бүлээс хүмүүжиж гарсан хүүхдүүд сургуульд сурсан ч, нийгмийн амьдралд орсон ч гэр бүлээсээ авсан сөрөг нөлөөллөө хамт олон нөхөддөө түгээдэг. Өөрөөр хэлбэл асуудалтай гэр бүлийн харилцаанаас  дахин асуудалтай гэр бүл  нийгэмд бий болж байдаг.

    Жишээлбэл: Хүчирхийлэлд өртөж байсан хүүхэд насанд хүрэхээрээ яах вэ? Архи уудаг хүн үр хүүхэддээ үзүүлэх муу нөлөө хир байх вэ? Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй, “бүрэн бус” гэр бүлд өсч байгаа хүүхдүүд дараа нь яаж сайн эцэг эх болох вэ? Эцэг эхээсээ хөндий эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд эцэг эхээ хэрхэн хайрлах вэ? Энэ мэт гэр бүлийн асуудал үр удамд нь асуудлыг үлдээж даамжруулсаар байдаг. Нөгөө талаар бага цалинтай мөртлөө хажуу хөршдөө туслаж амьдардаг хүн байдаг. Тэр ч бүү хэл бүр хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө өөр хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүст тусалдаг хүн ч байдаг.

    Гэр бүл гэдэг бол бие биеэ ойлгож, итгэсэн  сэтгэлийн үндсэн дээр хайрыг хүссэнээрээ амсдаг газар юм.

    Хүн бүр амар тайван, эрх чөлөөгөө мэдэрч болох цорын ганц хайрын өргөө бол орон гэр юм. Хүнээр хүн хийх дадлагын бааз, зан суртахууны төлөвшлийн сургууль, хариуцлагаа ухамсарлах, хүмүүжлийн яам юм.

    Гэр бүлд улс тэр чигээрээ багтана. Тиймээс зөвхөн гэр бүл төлөвшиж, хөгжиж байж улс орон хөгжих болж байнаа даа.

    Гэр бүлийн гол багана нь эхнэр, нөхөр хоёр ба тэд хайраар бялхаж, амар тайван аз жаргалтай байвал үр хүүхэд аз жаргалтай  хүн болж хүмүүжинэ. Эхнэр нөхөр хоёр нэг цул болж нэгдэхэд гэр бүлийн  бүх гишүүд нэгдэж чаддаг.

    Жонадон ба Симс гэх жирийн америк залуус ойролцоо хугацаанд гэрлэцгээжээ. Жонадоны гэр бүл жирийн нэгэн гэр бүл байсан хирнээ эхнэр нөхөр хоёр эв найртай, өвөг дээдсээ хүндэтгэн хайрладаг, хүнд тусархуу байж л дээ. Харин Симсийн гэр бүлээс архи, мөрийтэй тоглоом салдаггүй байж гэнэ. Эхнэр нөхөр хоёрын харилцаа хүйтэн хөндий, бие биендээ итгэлгүй байсан байна. Ярьсан болгон нь маргаан болж тайван амьдарч чадаагүй гэнэ. Ийм байдалтай байсан учраас хүүхдүүдээ сайн өсгөж чадаагүй нь мэдээж хэрэг.

    200 жил өнгөрсөн хойно энэ хоёр гэр бүлийг Америкчууд  судалжээ. Судалгааны үр дүн үнэхээр гайхалтай байлаа. Симсийн гэр бүлээс өнөөг хүртэл 109 хүн цаазаар авах ялаар шийтгүүлсэн, үр удмын гуравны нэг нь сэтгэцийн өвчтэй, мөн ихэнх нь хар тамхи архинд донтогч ба гэмт хэрэгтний замаар явсан байна. Харин Жонадоны гэр бүлээс ерөнхийлөгч 1, дээд сургуулийн захирал 3, өмгөөлөгч 149, шүүгч 48, сүмийн пастор 116, сайд 82, бизнесмен 75, зохион бүтээгч 25, эмч 68, багш 66 төрөн гарсан байна.

    Тэгвэл яагаад нэг удмынхан ийм муу амьдарч, нөгөөх нь тун сайн болсон юм бол оо? Жонадоны үр удам нь жирийн хүмүүсээс илүү толгой сайтай төрсөн учраас уу? Мэргэжилтнүүд энэ асуултанд үгүй гэж хариулж байна. Судалгаанаас харвал эсрэгээрээ Симсийн гэр бүлийнхэн бүх талын чадвар өндөртэй байсан гэнэ. Тэгвэл энэ хоёр гэр бүлийг ялгаатай болгож байгаа зүйл нь юу вэ? тэр нь тэд нарын өвлөн авсан хөрөнгөнд байсан. Гэр бүлд дамжсан сэтгэл зүйн болон сүнслэг дотоод ухамсрын эд хөрөнгө тэднийг ялгаж өгсөн.

    Жонадоны үр удам нь өвөг дээдсээсээ том “таваг” хөрөнгө болгон авсан. Тэр “таваг” нь өөрөө бий болдог зүйл бишээ. Эцэг эхээс л өвлөн авах боломжтой энэ “таваг” онцгойлон эцэг эхийн эвтэй найртай байдлыг дагаад том жижиг нь тогтоогддог гэнэ. Эхнэр нөхөр хоёрын хайр их байх тусам үр хүүхдийн сэтгэлийн доторх “таваг” томорч их хэмжээний хөрөнгө хийж болно гэсэн үг. Том тавагтай хүн нь хүмүүстэй харилцах харилцаан дээрээс олон зүйлийг сурч авч дотоод сэтгэл нь хүч чадвар ба мэргэн ухаан, эрүүл мэнд зэргийг гаргадаг. Эсрэгээр нь эхнэр нөхөр хоёр хэрэлдэж муудалцдаг гэр бүл нь үр хүүхэддээ жижигхэн таваг юмуу хагарч эмтэрсэн тавгийг эд хөрөнгө болгон өвлүүлдэг.

    Энэ хоёр гэр бүлийг судалсан судалгааны үр дүнд олж нээсэн зүйл нь эхнэр нөхөр хоёр “итгэл, найдвар, хайр” гэсэн хүрээн дотор бие биеэ хир зэрэг хүндэлж амьдарч байгаагаас хүүхдүүдийн ирээдүйн амьдрал шалтгаалдаг гэдэг нь тогтоогджээ.

    Мэргэжилтнүүд энэ хоёр гэр бүлийг судлах судалгаагаа дуусаад ийнхүү хэлсэн байдаг.

    “Эцэг эхчүүд ээ, үр хүүхдүүдээ сайн сайхан болоосой гэж хүсэж байна уу? Тэгвэл эхнэр нөхөр болсон та хоёр эв нэгдэлтэй байгаарай. Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлан хүндэтгэвэл, үр хүүхэд чинь сайн хүн болон өсөх болно” шүү.

     

    “Хүний хань” гэдэг таны өөрийн сонгосон насан туршийн сонголт байдаг тул сонголтоо буцаана гэдэг нь тэвчээргүй, амьдралд шантарч, няцагч, ялан дийлэгдэгч хүн байна гэсэн үг.

     

    За бас нэг гэр бүлийн жишээ хэлье. Энэ нь зан байдлын төлөвшилд нөлөөлөх байх гэж найдъя.   

    “Заавал хүргэх захиа”

    Ээж: -Хэн энэ захиаг өгсөн юм бэ? Хурдан хэлээтэх.

    Охин -Ийн, ийн, ийн ээжээ миний буруу

    Ээж: -Ээж нь чамайг шийтгэх гэж асууж байгаа юм биш. Хэн ийм захиа өгснийг л мэдэх гэсэн юм.

    Охин: -Шуудан зөөгч ах. Самдан ах…..

    Охин тэр хүний нэрийг хүртэл санаж байлаа. Хоёр сарын турш тэр хүн аавынх нь захиаг авчирч өгсөн гэнэ. Би бүр цочирдож балмагдаад, түүнийгээ арай хийн барьж ийнхүү хэллээ.

    -Аав чинь нэг жилийн өмнө нас барсан шүү дээ. Тэгэхээр яахаараа тэнгэрийн улсаас захидал ирдэг байна? Тэнгэрийн улс чинь захиа илгээж, авч болдоггүй газар шүү дээ.

    Есөн настай охин минь дахиад л уйлж гарлаа. Миний сэтгэл санаа хэцүү л байлаа. Тэр шуудан зөөгчийг бодохоор уур  хүрч байв.

    Энэ түүх хэзээ эхэлсэн гэхээр охиныхоо хөнжлийг угаах гэж хувцасны шүүгээг нээтэл нэг юм газар унаж орхив. Алаг цоохор цаастай хэсэг захиа байлаа. Эрэгтэй найзтай болсон юм боловуу гэж бодоод сониуч зан хөдөлж, задалж үзлээ. Сүүлийн үед цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл эрэгтэй найзтай байдаг болсон гэсэн.

    Тэгтэл явуулсан хүний нэрний хэсэгт нөхрийн минь нэр бичээстэй байлаа. Нэг жилийн өмнө гал түймрийн аюулаас болоод нас барсан нөхрөөс минь охиндоо илгээсэн захидал байлаа. Юу болох нь энэ вэ? Гайхан балмагдаж хүнд цохилтонд орсон би охиноосоо юу болж байгааг асуусан минь энэ.

    Охин минь ийнхүү ярьлаа. Охин маань сургуульд ороод захидал бичиж сурчээ. Ангийн багш нь хол газар байгаа хэн нэгэнтэйгээ сураг чимээ дамжуулж болдог гэхийг сонсоод охин маань нас барсан аавдаа тэнгэрийн улс руу илгээж болох юм байна гэж бодоод бичиж үзжээ. Ертөнцийн нөгөө тал руу хүртэл захидал илгээж болдог юм чинь тэнгэрт байгаа аавдаа захидал илгээж болно гэж боджээ.

    Тэгээд аавдаа захидал бичсэн охин минь нэг өдөр сургуульд захидал хүргэж ирдэг шуудан зөөгчийг  араас дагаж очоод асуужээ.

    Охин: -Ахаа тэнгэрийн улс руу  захиа бичиж болно биз дээ?

    Шуудан зөөгч: -Яасан?  Тэнгэрийн улсад чиний хэн байгаа юм?

    Охин: -Манай аав.

    Шуудан зөөгч: -Юу ч мэдэхгүй хүүхдийн үгийг сонсоод нөгөө хүн толгойгоо дохижээ.

    Охин: -Тэгвэл ахаа томоор хаягийг нь бичээд аавдаа явуулъя.

    Шуудан зөөгч: -Япон, Африк руу хүртэл явж байхад тэнгэрийн улс руу явалгүй яахав. Маргааш өөрийнхөө хаягийг бичээд захиагаа аваад ирээрэй.

    Шуудан зөөгч маргааш сургууль дээр ирлээ. Нөгөө охин аавдаа бичсэн захидлаа өгч түүнээс хойш хоёр долоо хоногийн дараа ааваас нь хариу захидал ирлээ гээд аавынх нь нэртэй захидлыг авчирч өгчээ.

       Түүнээс хойш охин нь харагдахгүй аавдаа захидал бичсээр л байлаа.

    Хоёр сар шахуу үргэлжилсэн захидал нь шуудан зөөгч өөрчлөгдсөнөөс болоод тасрав. Самдан ахын дараа залуухан ахын авчирч өгсөн захидалд “одоо аав нь дахиж захиа явуулж чадахгүй юм шиг байна. Энэ захиа аавынх нь сүүлчийн захиа” гэсэн байлаа.

    Кинон дээрх шиг ийм явдал охинд минь тохиолдоно гэж зүүдлээ ч үгүй байлаа.

    Би охиныхоо яриаг сонсонгуутаа шууд шуудан орлоо. Эцэггүй хүүхдийг өрөвдсөн байх, тэгээд урам өгье гэж бодсон л байх, тэрэнд баярлаж байгаа боловч нэг талаар охинд минь хий хоосон найдвар өгсөн тэр хүнд дургүй хүрч байлаа. Тэгээд яагаад тэгснийг нь асууя гэж бодлоо.

    Яаран гүйн очиж, Самдан шуудан зөөгчийг асуутал тэр аль хэдийн өөр газарт шилжсэн байлаа. Тэндхийн ажилтан надаас юу болов гэж асуухад би бүгдийг нь хэлж орхилоо. Тэгтэл:

    -Аа түүний талаар сайн мэдэх хүн байгаа түүнийг дуудаад өгье гэв. Тэгтэл тэр хүн нь манай охинд хамгийн сүүлчийн захидлыг хүргэж ирсэн залуухан шуудан зөөгч байлаа. Би түүнээс Самдан шуудан зөөгчийн талаар сонслоо.

    “Тэтгэвэрт гарах гэж байсан тэр хүн даргад намайг ганц хоёр сар ажиллуулаад өгөөч гэж гуйж байсан. Би шинээр ирээд удаагүй байсан болохоор тэр хүнийг мөнгө хэрэгтэй болоод ингэж байгаа юм байна даа гэж бодсон. Тэр үед таны охинтой уулзсан юм байна лээ. Яг юу гэдгийг нь сайн мэдэхгүй  боловч, заавал хүргэж өгөх ёстой захидал байгаа гэсэн. Дарга яг хоёр сар ажиллахыг зөвшөөрч түүний дараагаар сүүлчийн захиаг надаар хүргүүлсэн, үнэхээр сайн хүн. Өөрөө багадаа аавыгаа алдаж үзсэн болохоор аавгүй хүний уйтгар, гунигийг хүн хүнээс илүү сайн мэднэ, тэр захиаг би заавал хүргэх ёстой байсан” гэжээ.

    Амьдрал өөрөө их сургууль учраас энэ хоёр түүхийг уншаад зөв бурууг ялгаж салгах, хүний сэтгэлийг ойлгох, тайвшрал өгөхөөр хичээж байгааг мэдэж, бид зөвхөн бусад хүнд туслахын тулд төрсөн гэдгээ ухаарах болно.

  • Сэтгэл номхрохуй

    Яавал сэтгэл номхорч тэгш оршихуйд орж, эрүүл аз жаргалтай амьдрах вэ?

    Жаргалтай болчихвол номхорчихгүй юу? Их мөнгөтэй баян, өвчингүй эрүүл байвал хүн бачимдаж цухалдахгүй болж, хүссэнээ эдэлж хэрэглээд, идэж уугаад сайхан амьдарна гэж боддог.

    Хүн зовохын тулд биш, жаргахын тулд төрдөг. Юуг тэгвэл жаргал гэх вэ?

    Мөнгө, эд баялаг гэсэн материаллаг зүйлс, эрх мэдэл, албан тушаалаар аз жаргал хэмжигдэхгүй гээд байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй.

    Мөнгө бол зорилгодоо хүрэх хэрэгсэл болохоос биш зорилго өөрөө биш гэж байгаа. Тэгвэл зорилго юу вэ?

    “Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил

    Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил

    Эрүүл мэндээ алдвал бүх юмаа алдсан гэсэн үг” гэж Күнз хэлжээ.

    Энэ их сэтгэгч, гүн ухаантан бас “Эрүүл мэндээр бүх зүйлийг орлуулж болохгүй ч эрүүл мэндгүй бол орчлонгийн бүх юмс утгагүй” гэж хэлсэн байдаг. Энэ үнэнийг энэ хүн оновчтой хэлсэн болохоос биш бодож зохиогоогүй.

    Тиймээс Зураг 3-т үзүүлсэн схем дээр аз жаргал нь эрүүл мэндээр хэмжигдэхийг харуулсан байгаа. Үнэнийг таньсан Күнз гуайтай маргалдаад нэмэргүй гэдгийг амьдрал нотлох учир зүгээр л хүлээн зөвшөөрчихье.

    Түрүүчийн бүлгүүдэд сэтгэл номхрохгүй л бол бүх юм буруу тийшээ эргэсэн хэвээр байхыг ойлгосон учир одоо хоёулаа сэтгэл тэгш оршихуйд бууж ирж, номхон дөлгөөн урсгал үүсэхэд юу тустай вэ гэдгийг ярилцах гээд байна.

     

  • Сонголт хийх боломж

    Надаас хэн ч хэзээ ч “чи жаргал зовлонгийн алийг нь сонгож авах вэ?” гэж асууж байгаагүйтэй адил манай жишээний хүнээс ч асуугаагүй.

    Хүн эхийн хэвлийд биеийг олсон мөчөөс харьцангуй бие даах хүртэл нь түүний өмнөөс ээж аав, гэр бүлийнхэн нь сонголт хийчихнэ. Ойрын хүмүүсийн нь аж төрөх дадал зуршил шинэ хүний хувьд сонголтгүй сонголт болдог учир хүн бүхэн зөвхөн өөрийнхөө төлөө төдийгүй үр удмынхаа өмнө хариуцлага хүлээдгээ ухамсарлууштай.

                Эрт дээр үед хүний амьдралын хэв маяг жам ёсны зөв бөгөөд байгалтайгаа зохицож чадаж байсан үеийн хүүхэд төрсөн цагаасаа үхэх хүртлээ зөв дадал зуршлын эрүүл үр дүнгээрээ энэ буухиаг цааш өртөөлөн дамжуулдаг байсан учир сонголтууд зөв үргэлжилдэг байжээ.

    Гэтэл одоо байдал их өөр.

    Хүний оролцоогүйгээр Байгал Эхийн бүтээсэн амьд бүтэн хүнсээ эрүүл мэндэд ашиггүй үхмэл болтол  зугаа цэнгэлийн хэрэгсэл болгож чадсан нь мэдрэхүйн зургаан эрхтнээр дамжуулан мэдэрдэг “сайхан” гэгддэг таашаалд автсан түүх юм.

    Зовлонгийн нэг шалтгаан шуналд өөрийгөө бат бэхээр хүлж баглаж чадсан явдал.

    Өмнө нь болж бүтээд ирсэн зүйлээ яагаад тухайн үйлийн зорилгод нийцэхээ больтол нь аажмаар гажуудуулсныг энэ удаа авч үзэхээ больё.

    Харин өнөө цагийн бодит байдал дээрээ л ярилцъя.

    Эхийн хэвлийд байхдаа буруу сонголтод тулгагдсан хүн маань тэр л гэр бүлийн гишүүн болж мэндлэх тул өнөөх буруу зуршлын дунд буруу зөвийн тухай бодох боломжгүй өсөх нь гарцаагүй.

    Цэцэрлэг, сургуулиар дамжин өсөхдөө ч мөн л тийм дадал зуршилтай орчинд.

    Тиймээс одоо цагийн хүний хувьд ямар нэгэн байдлаар бие даан багахан ч болов шийдвэр гаргах чадвартай болсон цагаас сонголт хийх боломж, эрх чөлөө гарч ирдэг.

    Аравхан жилийн өмнө зохимжтой хооллох – эрүүл байх хоёрын хамаарлыг хайхрах хүн тун ховор байсан бол одоо байдал тун хурдан сайжирч байна. Арга ч үгүй юм. Дэлхий даяар энэ хандлага 50 гаруй жилийн өмнөөс эхлэн аажмаар хүчээ авч байгаа нь ямар буруу замаар будаа тээж явсныхаа учрыг олж эхэлсэнтэй холбоотой. Байгалдаа тэрсэлж, жам ёсны байраа мэдэхгүй дураар дургивал мөхөх юм байна гэдгийг оюун ухаантайн хүчинд ойлгосон хэрэг. Ойлгохгүй байхын аргагүй зүй бус байдал нүүрлээд, бодож сэдсэн арга бүхэн нь үгүйсгэгдээд байхад ёстой л нөгөө цаг нь болно гэгчээр орой руу нь үнэн юм орохоос биш яах билээ?

    Ертөнцийн жам ёсыг дагахгүй бол мөхөх аюул бодитойгоор нүүрлээд байхад!

    Бидний жишээ болгон аваад байгаа өвчтэй хүн маань зовлонтой байгаа учир түүнээсээ салахыг маш ихээр хүсдэг нь мэдээж.

    Тэр хүнд сонголт хийх боломж байхад, хийх юмыг нь зааж өгөөд, зөвлөөд байхад яагаад хүлээж авахгүй байна вэ?

    Үр тарих, түүний жимсийг хураах тухай тайван, ул суурьтай эргэцүүлэхгүй байна. Өөрийнх нь ажил мэргэжлээс хол юм чинь энэ тухай бодож суух завгүй, бас гүн ухаан  судлаач биш гэх мэт шалтаг олж өөрийгөө зөвтгөдөг.

    Хүүхдэд багаас нь энэ тухай сэтгэлийн боловсрол олгодоггүй, дээр нь эцэг эх нь үлгэрлэж чаддаггүйн гай.

    Буруу үйлээс зовлон үүсдгийг зөвшөөрч чадах атлаа ухаан орсон цагаас хийсэн үйл, түүний дотор иддэг ажлаа буруу гэх нь санаанд нь огт багтахгүй. Тэр ч байтугай зөв, буруугийн тухай бодож ч чадахгүй. Маш хүчтэй хамгаалалттай, нэвтрэх байтугай ойртох аргагүй бүсэд, өөрөөр хэлбэл зөв гэдэг төөрөгдөл дотор оршдог дадал зуршил юм.

    Яагаад зөв гэж боддог вэ?

     

  • Сонголтын тухай

    Аливаа юм хоёр талтай. Амьдралын тухайд – жаргал, зовлон. Эндээс хэн ч зовлонг санаатайгаар сонгодоггүй. Гэтэл яагаад зовдог вэ? Зовж байна гэж боддог вэ?

    Жаргал, зовлон хоёр нь ирээдүйд л байдаг, зүтгэж очоод авч болдог боодолтой юм биш. Үүсээд устчихдаг үр дагавар буюу жимс. Жаргалыг амтат жимс, зовлонг гашуун жимстэй зүйрлэж бодвол ямар жимсний үр суулганав, тийм л жимс боловсорно гэдгийг хэн ч мэднэ.

    Зовоод байна гэдэг нь түүний үрийг л өөрөө байнга тарьж байгааг нь нотолдог. Өөрөөр хэлбэл өдөр тутам өөрийнх нь хийж байгаа үйл зовлонгийнх нь шалтгаан болоод байгааг амьдрал өөрт нь бодитойгоор мэдрүүлээд байхад огт ухаарахгүй, буруутныг зөвхөн гаднаас хайж, гэмийг бусдад тохож, өөрийгөө хохирогчоор төсөөлдөг. Ийм байхад байдал сайжрах боломж огт байхгүй.

    Хүн өөрөө л өөрийнхөө зовлон жаргалын шалтгаан гэдгийг  оюун ухаанаараа хүлээн зөвшөөрөхөд тийм ч хэцүү биш.

    Яг амьдралын өдөр тутмын дадал зуршил дээр ирэхэд байдал өөрөөр эргэдэг.

    Судаснууд нь хатуураад, цусны даралт нь ихсэн амьсгааддаг болж, 30 кг илүү жинтэй тарган, дээр нь элэг, цөс муу, бөөр нь бас өвддөг тун их зовиуртай нэгэн хүнийг жишээ болгоё.  

    Энэ хүн толинд өөрийгөө харах тоолондоо хурдан хөгширч байгаагаа анзаарна. Цагаан үс илт олширч, нөсөө сэвх нэмэгдэж, шарангуй туяатай арьс нь улам хуурайшин үрчийх нь сэтгэлийг нь гонсойлгох.

    Тэрээр эм, эмчилгээнээс салж чаддаггүй ч байдал нэг их дээрдэхгүй. Судасны хагалгаа хийлгэхгүй бол тавилан муу гэх.

    Ийм дүр зураг одоо хаана ч маш түгээмэл.

    Энэ хүн ийм зовлонт байдлыг санаатай сонгоогүй.

    Харин олон жилийн турш юу хийж, яаж амьдарсныг нь үзвэл, санаанд нь таарах юм ховорхон учир дандаа адгаж цухалддаг, санаа тавьж түгшихгүй асуудал байхгүй, бүгдийн өмнөөс зовсон амьтан, цагаан гурилан боов боорцог, элдэв амттанд нугасгүй дуртай, өтгөн кофе, тарган махгүйгээр амьдралыг төсөөлдөггүй, кола ундаанаас салахгүй, давс, чихрийн эрлэг, өлөн хоосон ч явна, гэдийж цүндийтлээ ч чихнэ. Ганцхан олдох амьдрал, олохыг олно, хүний иддэгийг идэж, өмсдгийг өмсөнө гээд л зүтгэнэ.

    Давс, чихэр, өөх тосоо багасга, хар бор гурил, хивэг ид, хийжүүлсэн ундаа бүү уу, сайн ус уу, цагаан идээ ид, хөдөлж яв гэх мэтээр эмч нар зөвлөөд ч нэмэргүй, зурагтаар ярихыг үзэхгүй, ном хэвлэлийг бүр ч авч хэлэлцэхгүй. Эрүүл аж төрдөг гэх хүмүүсийг үнэнээсээ шоолно, өрөвдөнө, гаж юм гэнэ.

    Хүн шиг идэж байгаад үхнэ, олигтойхон эмчилж үйлчилж чадахгүй байж хүний эрх чөлөөнд халдлаа, яасан үнэтэй эм тариа, оношлогоов, хүний зовлонгоор бизнес хийгээд гэх мэтээр бачимдана. Амьсгал нь улам л боогдоно.

    Энэ зовлонт хүн яагаад ийм байдалтай байна вэ?

    Хариулт:

    Сонголт хийж чадахгүйгээс болжээ.

     

  • Б.ГЭРЭЛМАА: Нялх биетэй эхэд ямааны эрээн булчингийн шөл уулгаж, давсгүй шингэн хар цай өгч тэнхэрүүлдэг язгуур монгол ухаан бий

    Онц сонирхолтойгоор суралцах явцад минь тохиолдсон бас нэг үйл явдал бол эрүүл хоёр зээ, нэг ачтай болсон минь юм.

    Охин, бэр хоёр минь жирэмсэн байхдаа болон төрсний дараа хэрхэн хооллосон нь өвөг дээдсийн эрдмийн захаас дуулж мэдсэнээ хэрэгжүүлсэн хичээл байсан.

    Одоо цагийн эрүүл биш эмэгтэйчүүд жам ёсны хэвийн тээлт, төрөлт, эрүүл хүүхэд гэдгийг мэдэхгүй учир бие давхар болсноо мэдсэн цагаас эхлэн айдас түгшүүрт автан, тэртэй тэргүй тааруухан эрүүл мэндээ улам дордуулж, арай гэж хоёр яс салаад, өвчтэй хүүхэд өсгөхийн зовлонд унадаг тул “дахиж л хүүхэд гаргахгүй” гэсэн тангараг тавих дөхдөг.

    Цаг нь ийм болчихсон юм, яах ч аргагүй гэж бодох хэрэггүй юм байна.

    Том охин минь 2005 онд анхны хүүхдээ огт ядралгүй төрүүлж, амархан тэнхэрсэн. 2007 онд охин минь ажлаа ядрахгүй хийсээр яваад нэг ч өдөр амарч амжилгүй хоёрдахь охиноо төрүүлж, мөн л өмнөх шигээ маш хурдан тэнхрээд 41 хоноод ажилдаа орсон. 2008 онд бэр минь ч гэсэн бас ажлаа хийсээр байгаад л амаржсан, мөн л хурдан тэнхэрсэн.

    Эрүүл төрсөн манай 2 зээ охид, ач хүү маань ямар ч түвэггүйгээр өсөн торниж байгааг, эхчүүдийн нь бие галбир, зүс царай өөрчлөгдөхгүй, сүү сайтай, хөнгөхөн байхыг харж байгаа учир арваад хүүхэд төрүүлж өсгөхдөө түүртэж зовсон шинжгүй жавхаатай сайхнаараа байдаг байсан бидний эмээ нарын нууц нь тэд эрүүл байсанд нь, эрүүл байсан нь амьдралын зөв дадалд нь байжээ гэдгийг бодитойгоор ойлгож, хүлээн зөвшөөрөх жишээтэй.

    Тарган хонины махаар хар шөл уухгүйгээр тэнхрэх боломжгүй байсан бол охин, бэр хоёр минь тэнхрэхгүй л байх байсан. Ямааны эрээн булчинг 3 удаа угааж чанаад эхний шөлийг асгаж, дахин буцалгасан шөл 4-5 өдөр л уулгадаг байсан гэж ярих наяас дээш насны буурлууд одоо ч Монголд бий. Баруун аймгийнхан бол адууны эрээн булчингийн шөл гэж ярина шүү. Сургалтаар орон нутагт ажиллахдаа настан буурлуудтай уулзаж, судалгаа хийдэг бөгөөд маш сонирхолтой материал цугларч байгаа.

    Эдний үг үнэн гэдгийг амьдрал дээр харлаа.

    Ер нь сайн бодож үзвэл бид хэн болоод өвөг дээдсийнхээ үнэлж баршгүй өв соёл, эрдэм ухааныг шүүмжилж, үгүйсгэх эрхтэй юм бэ гэсэн асуулт аяндаа гарч ирж байна. Тэднийг юм мэдэхгүй харанхуй бүдүүлэг гэх мэтээр хэлэх ямар үндэслэлийг хаанаасаа гаргаж ирдэг хэрэг вэ?

    Олон зуун жилийн турш өдөр тутам зөв амьдарсан дадал зуршил, ийм амьдралын ном ёсны үр дүн болох сайн эрүүл мэнд, энэ хоёрын холбоог олж харж байсан гярхай ажиглалт, ертөнцийн жамыг таньсан гүн ухаан, үр ачдаа өртөөлөн дамжуулсан үнэт зүйлийг уландаа гишгэж, зөвөөс татгалзаж, бурууг зөв хэмээх болсон төөрөгдөлдөө өөрөө үнэнч байхаас гадна тийм байхыг бусдад тулган шаарддаг эмгэнэлт байдлаасаа салахад илүүдэхгүй юм байна.

    Амаржсан эхэд давстай, хийцтэй өтгөн цай уулгадаггүй байсан гэж цайны жинхэнэ мастерууд болох баруун аймгийн настайчуул хэлдэг. Зүүн аймгийнхан ч ялгаагүй, шингэхэн хар цай уулгадаг байсан гэдэг. Сүүтэй цайнд дуртай монголчууд эрт цагт яагаад дөнгөж төрөөд байгаа эхэд шингэн хар цайг давсгүй уулгадаг байсан юм бол? Хэрэв тэртээ дээр үед амьдарч байсан монголчуудаас одоо босгож ирээд ингэж асуувал шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хэлж чадахгүй л болов уу. Харин “тийм ёстой юмаа хүү минь” л гэх биз.

    “Шал тэнэг юм” гэлгүйгээр зүгээр л нялх биетэй эхэд угааж угаачихсан эрээн булчингийн шөл хэдхэн өдөр уулгаж, давсгүй, шингэн хар цай өгөөд, үстэй гүзээгээр шар будаатай шөл чанаж идүүлээд, эрхбиш орчин үе юм байна хөх тарианы хар талх, овёсны нэвс Геркулес, хөц будаа, шинэхэн ээдэм, хоормог, хушга мэтийн самар, навч ногоо, жимсээр тэжээгээд үзэх л хэрэгтэй юмсанж.

    “Тэр эрдэмтэн энээ тэрээ нь дуртай юм бол хулгана зурам дээр, чаддаг юм бол өөрийнхөө охин дээрээ л туршдаг юм байгаа биз, манайх яалаа гэж охиноо /бэрээ/ тэгж зовоохов , социализмын үеэс хонь төхөөрч, хар шөл ууж, шар будаа хийцэлсэн цайгаа ууж л арай гэж тэнхэрдэг байсан, хүн төрүүлнэ гэдэг амар ажил юмуу” гэх хүн одоо цагт захаас аван тааралдана даа.

    Эрүүл ач, зээ нарыг төрүүлж өгсөн бэр, охиноо хооллуулсан тухай өөрийн мэдэж байгаа баримтыг бодит жишээ, нотолгоо болгон миний бичсэний санааг Та ойлгосон байлгүй.

    Эхний гол санаа нь – хүлээн зөвшөөрч чадаж байгаа, чадахгүй байгаа сонголтын олон хувилбаруудыг тал бүрээс нь тунгаан бодоод, ганцхан хүний нэгхэн удаагийн туршилтаас бусдыг нь үр дүн гартал ном ёсоор нь даган дуурайсны дараа л дүгнэлт хийж, буруу зөвөө мэдэх нь ашигтай юмаа гэж.

    Хоёрдахь чухал санаа нь – амьдралаар нэгэнт нотлогдсон үнэнийг үгүйсгэж болох боловч түүнтэй тэрсэлдсэний горыг тойрч бултах юмуу, бусдад ацаглах боломж даанч байдаггүйг бидний өнөөдрийн бодит амьдралын дэндүү бодитой байдал хэлээд байгааг хүлээн зөвшөөрвөл дээргүй юу гэж.

    Санаанд багтахгүй гэж бид их ярьдаг. Яаж тийм байхав дээ ч гэх шиг. Хэмжээтэй юмны зах хязгаарт хүрчихсэн хүн мэтээр л өөрийгөө төсөөлдөг юмуу даа. Санаа гэдэг саваа юу ч багтах зайгүй болгочихдог юм биш үү? Болчихдог гээгүй, болгочихдог. Энэ их учиртай! Хамаг учир энд л байдгийг мөн ч олон хүн янз бүрээр бусдадаа хэлсээр ирснийг үе үедээ тун ч цөөхөн хүн ухаардаг бололтой.

    Жирэмсний хордлого, хаван, даралт, хүндрэлтэй төрөлт, тархины даралттай, диатезтэй, түнхний мултралттай хүүхэд, угж, нойргүй шөнүүд, гадаад, дотоодын эмнэлэгт хүүхдийнхээ сахиур, …

    Иймэрхүү зовлонгүйгээр бүл нэмж, олон хүүхэдтэй аз жаргалтай айл байх боломжтой юм байна гэдгийг болж өнгөрсөн үйл явдлаас ухаарч байгаа түүхээсээ сонирхуулахад нэг иймэрхүү.

    Бидний өвөг дээдсийн соёл зөвхөн жирэмсэн, хөхүүл эхийн хооллолт биш гэдэг нь ойлгомжтой. Жилийн дөрвөн улиралдаа зохицож, бага иддэг, дангаар хооллодог /олон юм нэг дор иддэггүй/, насны онцлогийг харгалздаг гэх мэт дадал зуршил нь асар их соёлын үзүүлэлт байсан учир монголчуудын үндэсний хоол гээд бусдад гайхуулах хольц найрлага бодож олоогүй юм байна. Хооллох ажлыг үзэх, үнэрлэх, амтлах урлаг болголгүйгээр олон зуун жил ном ёсоор нь хийж явна гэдэг шуналт хүсэлд автахгүй ямар өндөр дархлаатай, сэтгэлийн ямар гүнзгий боловсролтой байсныг гэрчилнэ.

    Б.Гэрэлмаа
    Зохимжит хоололт судлаач
    “Хоол ба сэтгэл”, “Идэхийн тулд амьдрах уу, амьдрахын тулд идэх үү” номын зохиогч