Category: mongolian-national-identity

  • ​Нүүдэлчдийн сэтгэлгээ, эрхэм зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэдийн үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид​ автсан

    Үндэстнийг устгахын тулд хамгийн түрүүнд түүх, өв соёлруу нь дайрдаг технологи бий бөгөөд бид ч энэхүү түүх, соёлын геноцидэд хоёронтоо өртсөн ард түмэн юм.

    Чухам бид ийнхүү түүх, соёлын устгалд өртөж, мартаж, ихээхэн элэгдэж хорогдсон нь өнөөдөр Монголчуудад нийтээр дагадаг ёсзүйн цогц үзэл баримтлал байхгүй гэсэн эргэлзээг төрүүлдэг. Өнөө байхгүй мэт байж болно, урьд өмнө байсан болохыг буурал түүх гэрчилнэ, харин хожмоо түүнээ сэргээн босгож чадах эсэхийг чухам бид мэдэх хэрэг билээ.
    Нүүдэлчид бидний сэтгэлгээ ахуй амьдралын онцлог, үнэт зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэн судлаачдын үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид хэсэгтээ л автсан. Тухайлбал, барууны түүхийн шинжлэх ухаанд нилээд түгээмэл болсон иргэншлийн онолд ард түмнүүдийг соёл иргэншлийг бүтээгчид, түүнийг эвдлэн нураагчид, хөгжиж чадалгүй иргэншлийнхээ эхэн үед зоогдон гацагсад хэмээн гурав ангилж, монголчууд биднийг болон бидний дээдэс хүннүчүүдийг тэрхүү эвдлэн нураагчид мөн хэмээн үзэж байв.
    Мөн,
    – монголчууд бол хоцрогдсон нүүдэлчид, умардын зэрлэгүүд, монголчууд бол эртний бүдүүлэг цаг үеэс тохиолдлоор гээгдэн үлдэгсэд,
    – нүүдэлчдийн соёл иргэншлийг соёл иргэншилийн ай савд хамруулахгүй, соёл иргэншил төстэй үзэгдэл гэх нь ч байна.
    Мөн цагийг эзэлсэн социалист үзэл суртлын нөлөөнд ч автаж, үндэснийхээ өв соёлоос бишгүй хөндийрсөн. Манж, хятад мэт харийн хорлонт бодлогод өртөж, үндэснийхээ онцлог шинж төрхийг ч багагүй гээжээ.
    Гадна ертөнцөд бидний ийн дооршааж үзэхийн хажуугаар “Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага хүчтэй байна.
    Энэ бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшлээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий. Биднийг сайтар мэдэхгүй гадаад судлаачид тийн хэлж, дүгнэж буй бол өөр хэрэг, харамсалтай нь бидний дотроос ийн дүгнэж итгэдэг хүмүүс цөөн биш болжээ.
    Гэсэн ч өнөөдөр бид хараахан өөрсдийн өвөрмөц онцлог шинжээ бүрэн тавьж туучихаагүй байна. Түүний илрэл нь бид өнөөдөр ард түмний сэтгэлгээний дотоодод өөрсдийн үнэ цэнэт зүйлсээ эрж хайсан, үгүйлсэн хандлага, орь дуу ихээр сонсогдох болжээ.
    Үндэстэн өөрийн шинж төрхөө алдаж эхэлбэл үндэстэн биш болж, мөхлийн сүүдэр нүүрлэж эхэллээ гэсэн үг болно. Харин бид өнөөдөр өөрсдийн шинж төрхөө үгүйлэн нэхэж байна. Түүнийг дахин сэргээж, цогцлоохыг эрмэлзэж байна.
    Монгол үндэстний эрхэм шинж алдраагүй, бидний иргэншил амьд хэвээр байгаа гэдэгт итгэнэм.
    Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.
    “Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно. Ашигч, завшаанч, зальтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг.

    Б.Номинчимэд
    https://www.facebook.com/NominchimedB

  • Жирэмсэн эхчүүдэд, БИЛЭГ УХААН ТӨГС, ҮЗЭСГЭЛЭН ТӨГӨЛДӨР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ МОНГОЛ УХААН

    «Идээ ундааны жинхэнэ товч» зохиолд тэмдэглэгдсэн жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн зан үйл, идээ ундаа

    ( Судалгааны өгүүлэл )

    Д.Оюун-Эрдэнэ1, Ш.Болд2, Г.Лхагва1

    1ШУТИС, 2ЭМЯ

    Оршил. XIV зуунд монголын уламжлалт идээ, ундааны хэрэглээ, түүнийг зохистой, зохицуулан хэрэглэх мэдлэг, ухаан улам баяжигдан хөгжихийн зэрэгцээ Араб, Хятад зэрэг орны идээ, ундаагаар эмчлэх аргын нөлөөг ихээхэн олж төрөл, зүйл нь олширч иржээ. Улмаар уламжлалт идээ, ундааны хэрэглээ нь анагаах үйлдэлтэй ерөндөг болж практикын явцад биеэ даасан салбар хэмжээнд хүрч зохиол, бүтээл бичигдсэн байна. Тухайлбал Юань улсын үеийн Монгол хаадын идээ, ундаа, шим тэжээлийг хамаарагч дотоод эмч, түшмэл Хүсэхүй “Идээ ундааны жинхэнэ товч” зохиолоо 1314-1320 оны хооронд хятад хэлээр найруулан бичиж, 1330 онд дуусгажээ [1, 4, 7].

    Хүсэхүй Хубилай сэцэн хаанаас хойшхи үе үеийн Монгол хаадын ордонд баттай хэрэглэж ирсэн эл зүйлийн гайхамшигт эрхэм нандин идээ, ундаа, эм тан, талх, ханд, зуурмаг, эмийн адис, алдарт эрдэмтэн эмч нарын туршлагат жор, нууц жоруудыг цуглуулж эмхэтгэн энэхүү “Идээ ундааны жинхэнэ товч” хэмээх номоо бүтээж Тиян ли гуравдугаар онд Юань улсын хаанд өргөн барихад хаан соёрхон үзэж түшмэл Иой жий1 хэмээгчид зарлиг буулган тус номын өмнөх оршлыг бичүүлжээ. Тиймээс уг номыг Хубилай цэцэн хааны үеэс эхлэн Заяат хааны үе хүртэлх Монгол хаадын өдөр тутмын зоогийг данслан тэмдэглэж урт хугацаагаар ажиглан шинжилж бичсэн бүтээл гэж үзнэ. Хожим нь Мин улсын үеийн эм, эмийн ургамлын судлаач Ли ши жэн2 (Li shi zhen, “Өвсөн эмийн товч” ^en цoу ганг му) зохиолдоо дээрх зохиолыг “Хубилайн идээний жинхэнэ товч” хэмээн өгүүлсэн байдаг. XIV зууны үеийн Монгол хаад хятад соёл, ёс, заншилд тодорхой хэмжээгээр автан байсан ч монгол идээ, ундааг гол болгон иддэг, монгол амьдралтай байсан нь түүхийн бичигт тэмдэглэгдэн үлджээ. Иймээс хэдэн үеийн Монгол хаадын зоог, идээ, ундааны дотор монгол идээ чухал байрыг эзэлж өдөр тутмын хэрэглээнийх нь ихэнх хувийг бүрдүүлдэг байжээ. “Идээ, ундааны жинхэнэ товч”-д Монгол үндэстний идээ, ундаа, шимжүүлэн засах аргын талаар баялаг туршлагууд орсон байна. Уг бүтээл оршил болон 3 бүлгээс бүтнэ.

    Нэгдүгээр бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Эрүүл аж төрөхөд цээрлэх зүйл, жирэмсэн эмэгтэйн идээ, ундааны цээрлэх зүйл, төрсөн эхийн цээрлэх зүйл, архи дарс уух үед цээрлэх зүйл ба эрхэм гайхамшигтай идээ ундааны зүйлүүдийг бичжээ.

    Хоёрдугаар бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Тан, талх, ханд, ширгээмэл, арш сахиусны идээ, ундаа3 дөрвөн улиралд идвэл зохих зүйл, амтны гүйдэл, идээ ундааны засал, эм уухад хэрэглэх зүйл, идээ ундааны ашигтай ба хортой тал зүйл, идээний хордлого, араатны хэвийн бус хувирал зэргийг бичжээ.

    Гуравдугаар бүлгийг товчлон өгүүлэх нь:

    Амуу будаа, таван тариа, араатан жигүүртэн, загас жараахай, ногоо жимсний амт чанар, чадлыг танилцуулж, нилээд олон зургуудийг дагалдуулан улмаар угсаа сайжруулах ухааны тухай жирэмсэн эмэгтэй юуг идэж, юуг үнэртэх, юуг үзэх, ямар аялгуу сонсох, хаана сууж сэтгэл тааламжтай байвал хүүхэд мэргэн цэцэн, хурц шаламгай, идэр чийрэг төрөхийг зураг тайлбараар илэрхийлсэн монгол үндэстний удам угсаа, яс чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой нандин материал болжээ. Ялангуяа эхний ботид жирэмсэн эмэгтэйн идээ ундааны цээрлэл, ахуй ёсны цээрлэлийг маш тодорхой бичсэн байна.

    Жирэмслэгсдийн зохистой зан үйл

    “Идээ ундааны жинхэнэ товч” зохиолын 27 дугаар хуудсанд жирэмсэн эхчүүдийн оюун санааны хооллолт “Үргэлжид наминчлан нам дуугай ахул гол тамир хорогдохгүй, барагтайхан бодолхийлвээс бадралт лав мэт хэнхдэг цээжнээ гэгээн сэргэлэн, хилэгнэн уурлахгүй болвоос хий тамир амирлангуй талбиун, эгдүүцэн бухимдахгүй болвоос элэг, зүрх тунгалаг сэргэг. Баяр баясгаланг туйлд нь бүү хүргэ, тачаангуй хүслийг дураар бүү тавь ” гэсэн байдаг. Жирэмсэн эмэгтэй сэтгэл тайван, аядуу зөөлөн байвал голын хий хямрахгүй хэвийн байж, өөдрөг бодлыг үе үе бодож байвал зүрхэнд орших түгээмэл гүйгч хий аривдаж, хорогдохгүй тэгш оршин байхыг ийнхүү хэлжээ [2, 3, 4, 6].

    • Жирэмслэгсэд нь хас, таныг (тана, сувд) сонирхвоос зохимуй.
    • Жирэмслэгсэд нь мөрөг загас ба тогос шувууг сонирхвоос зохимуй.
    • Жирэмслэгсэд нь харцага ба жороо тайгыг сонирхвоос зохимуй.

    Энэ мөрүүдэд хүүхдээ оюун ухаан тэгш болгохыг хүсвээс эх нь мөрөг загас буюу тогос шувуу зэргийг бахдан сонирхвоос сайн. Загас урт настай лусын амьтан. Замбуу тивийн 6 чимгийн нэг хутагт Нагаржунайн түвэд нэрийг Лүдэв гэх бөгөөд лү гэдэг нь лус, дүв гэдэг нь бүтээгч гэсэн үг. Хүний оюун ухааны оргил болсон Нагаржунайг лусыг бүтээгч гэж нэрлэсэн нь жирийн хэрэг бус харин лус хэмээх хүний гарт баригдаж, мэдрэгдэхгүй оюунлаг, субъектив зүйлийг бодитой орших загасаар зүйрлэн түүнийг сонирхон харж байвал хүүхэд ухаантай, сэргэлэн, оюун сайтай болж төрнө хэмээн бэлэгдсэн байна. Түүнчлэн орчлонгийн хамгийн үзэсгэлэнтэй шувуу тогосыг харж гоо сайхныг сэтгэлээрээ мэдэрч байвал хэвлий дэх ураг сэтгэл сайтай, гэгээлэг болдог хэмээн үзсэн байна [3, 4].

    Хүүхдээ гоо үзэсгэлэн болж төрөөсэй хэмээн хүсвээс өнгөт тана, гойд хас эрдэнийг сонирох. Тана, хас эрдэнэ (сувд)-ийг нүдээр харан өнгийг нь шүтэн, гараараа барьж хэлбэр дүрсийг нь бишрэн байваас хүүхэд царай зүс сайтай, өнгө төгөлдөр үзэсгэлэнтэй төрдөг ажээ.

    Хүүхдээ идэр эрэмгий баатар болж төрөөсэй хэмээн хүсэгчид жигүүрээ дэлгэж халин нисэгч харцага болон жигд давхих жороо тайгыг сонирхтугай хэмээсэн байна. Ийнхүү идээ ундааны номонд жирэмсэн эхчүүд хоолноос гадна сэтгэл санаа тайван, амгалан сууж эрүүл чийрэг бие бялдартай, сэргэлэн цовоо, үзэсгэлэн төгөлдөр хүүхэдтэй болохыг хүсвэл хас, тана, тогос, загас, харцага, жороог өдөр бүр сонирхон байхыг онцгойлон өгүүлсэн нь ууж иддэг хоолноос ухааны хооллолт эн тэнцүү байдгийн сонгодог жишээ гэж үзэхээр байна [2, 3]. Үүнээс үүдээд жирэмсэн эхчүүдийн оюун санааны хооллолтыг орхигдуулахгүй байх нь чухал юм. Түүнчлэн доктор Г.Лхагвагийн өөрийн бүтээлдээ “Монголчууд оюун санаагаар хооллох ухааныг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр амьдралдаа ягштал хэрэгжүүлсэн явдал юм. Хүний ухамсрыг амтанд (хоолонд) уусгаж алга хийхээс зайлсхийх их ухааныг олж хэрэгжүүлсэн магадгүй цорын ганц ард түмэн байсан “-ыг түүхэн талаас нь баталгаажуулж өгчээ гэж үзэхээр байна [5]. Нөгөө талаар жирэмсэн эхчүүдийн оюун санааны зөв хооллолт гэдэг нь цээрлэл хийж чадсанаар зохистой болж өгч байна гэж үзэх нь зүйтэй.

    Түүнчлэн уг номонд “Эрт урдын богд эрдэмтэд жирэмслэгсдийн хэвлий дэхь хүмүүжлийн тухай дурьдсан бөлгөө. Эрт үед эхнэр хүмүүн жирэмслэвээс хавиргалан хэвтэхүй, хагас явган, мөчид тачид суухгүй, удтал хүчлэн зогсохгүй, гашилж муудсан, үнэр танар орсон эсхүл зөв хэрчиж огтлоогүй махны зүйлийг идэхгүй, ор суудал нь төв бус болвоос суухгүй, гажуу өнгө үзэмжийг харахгүй, садар самуун дуу чимээг сонсохгүй, харин шөнө, үдэш сохор мэргэдээр дуу, шүлэг сэлтийг аялгуулан уншуулдаг авай. Явдал мөр нь зүй зохисыг олсноос хөнгөрсөний хойно хүүхэд нь өнгө зүсээр төв хээнцэр, авъяас билиг нь олноос хэтийдмүй. Тиймийн тулд эртний Тай Рэн овогтны Вэн Ван төрсөнөөсөө эхлээд цэцэн сэргэлэн нэгийг сонсвоос зууг төсөөлөх нь цөм эхийн хэвлийн хүмүүжлээс болсон ажгуу. Эртний богд эрдэмтдийн олонхи нь хэвлийг эрхэмлэх тул эхнэр хэн боловч жирэмслэвээс хүмүүн үхэх, гашуудал бэлэвсрэлийн байдал хийгээд элэнхий биет эрэмдэг зэрэмдэг амьтдыг аанайхан үзэж харахыг дэмий л цээрлэж харин баяр бясгалантай сайн сайхан явдлыг ажиж харахыг эрхэмлэдэг юмсан. Энэ мэтчилэн сайн муугийн нөлөөгөөр хэвлийн хүмүүжилд хамаа бүхий атал нэг ч идээ ундааны талаар анхаарал цээрлэлийг хичээхгүй байж яахин болмуй ” хэмээн тэмдэглэжээ [4, 6, 8].

    Жирэмслэгсдийн идээний цээр

    • Туулайн махыг идвээс хүүхэд нь дуун үгүй, уруул сэтэрхий болмуй.
    • Ямааны махыг идвээс хүүхдийн өвчлөх нь үлэмж.
    • Ямааны мах, модны үр ба нугасны өндгийг идвээс хүүхэд нь тон горуу төрмүй
    • Тахианы өндөг ба хатаасан загас идвээс хүүхэд нь яр шарх үлэмж гарна.
    • Бялзуухайн мах идэж, архи ууваас хүүхдийн сэтгэл санаа садар самуун болж ичгүүр сонжуурыг мэдэхгүйд хүрнэ.
    • Тахианы мах ба тутаргын будаа идвээс хүүхэд хавтгай цагаан хорхойтой болмуй.
    • Бялзуухайн мах болон буурцгийн ээдэмцэрийг идэж ууваас хүүхдийн нүүр царай сэвхтсэн бараан өнгөтэй болмуй.
    • Яст мэлхийн мах идвээс хүүхдийн хүзүү агшиж богино болмуй.
    • Илжигний мах идвээс хөнгөрөх (амаржих) сарыг уртасгана.
    • Мөсөн чихэр идвээс ураг тогтохгүй.
    • Луусны мах идвээс хөнгөрөхүйеэ бэрх болмуй.

    Идээний энэхүү цээрлэл нь 14 дүгээр зуунд өргөн хэрэглэдэг байсан зарим махан хоолны үйлдэл урагт хэрхэн нөлөөлдөгийг практикт ажиглалтаар танин мэдэж жирэмсэлсэн эхчүүд хэрэглэж үл болохыг цээр болгон өгүүлсэнээрээ зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар чухал арга хэмжээ болж байжээ гэж үзэхээр байна. Мэдээж орчин цагт хүүхэд нь сэтэрхий уруултай төрнө гээд туулайн мах хэрэглэхгүй нь лавтай гэхдээ туулайн махыг хэрэглэвэл хүүхэд сэтэрхий уруултай болж магадгүй гэдгийн туулайн уруулын сэтэрхий байдгаар нь жирэмсэн эхчүүдэд анхааруулан цээрлүүлснээрээ жирэмсэн эхчүүдийн хоол, ундны хэрэглээ чухал болохыг харуулж байна.

    Жирэмсэн эхчүүдийн зан үйл түүний дотор багтах хоолны зохистой хэрэглээг зөвхөн уураг, амин дэм, төмөр зэрэг эрдэс бодис ихээр агуулсан хоол ундыг илүү хэрэглэснээр сайн байх юм гэж ойлгож болохгүй юм. Монголчуудын жирэмсэн эхчүүдийн зан үйл, идээ, ундааны талаарх ойлголт нь нилээд гүнзгий өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байжээ. Харамсалтай нь энэ талаар тусгайлан судалж чадаагүй байсаар байна. Үүнд нэг талаас 1990-ээд он хүртэл уламжлалт ёс заншилыг судлах явдал хаалттай байсан, нөгөө талаас жирэмсэн эхчүүдийн хоол, ундны хэрэглээтэй холбоотой судар, ном, сурвалж бичгүүд судалгааны эргэлтэд орж чадаагүйтэй холбоотой юм.

    Хөхүүл эхийн идээ, ундааны цээр. Хүүхэд төрүүлсэн хөхүүл эх нь өвчин хуучгүй идэр насны бөгөөд зан чанар нь энэрэнгүй уужуу талбиу, дөлгөөн дулаан, үг яриа цөөн бол дээр юм. Хүүхэд нь эхийг түшиглэж, түүний идээ, ундааны шимийг хөхний сүүгээр шингээн авч байдаг. Иймээс хүүхдийн сайн, муу өсөж торних нь эхийн сүүний тэжээлтэй нягт холбоотой гэхдээ сүүний шим болбоос эхийн хоол, ундны хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс хүүхдийн өвчлөх эсэх нь мөн хөхүүл эхийн идээ, ундааг цээрлэх ёсонтой хэр зэрэг холбоотойг өгүүлэх юун. Хэрвээ идээ, ундаанд зохисыг үзэж болгоомжлон цээрлэхгүйгээр аль амттай шимттэйг ая таваараа идэж уухад хүрвэл, хүүхдийг өвчлүүлэх нь магад болой. Энэ даруй эх бологч нь хүүхдээ өвчлүүлсэн хэрэг болно [4, 6].

    • Зуны шарам халуунаар битгий хөхүүл. Хөхүүлбээс хүүхэд нь аргын халуун арвидаж бөөлжиж огшмой.
    • Өвлийн хүйтэн жихүүнээр битгий хөхүүл. Хөхүүлбээс хүүхэд нь билгийн хүйтэн аривдаж ханиаж суулгамой.
    • Эх нь уур хилэн төрүүлэхгүйг хичээх хэрэгтэй. Хилэгнэвээс хий агсаж хүүхдийг солиоруулна.
    • Эх нь архинд согтож үл болно. Согтвоос хүүхдэд аргын халуу бадарч, бие халууран хэвлий нь цанхайна.
    • Эх нь бөөлжвөөс савны тамир хоосрох тул хөхүүлбээс хүүхдийн хүч тамирыг сул дорой, эцэнхий болгоно.
    • Хүүхэд хуучирсан халуунтай болж таталдах тахал ба яр шарх гарах өвчинд нэрвэгдвээс, эх нь бадган халуунаар хийг хөдөлгөх идээ ундааг цээрлэх хэрэгтэй.
    • Хүүхэд илд, хамуу, яр шархтай болбол эх нь яр шархыг үүсгэмээр загас, сам хорхой, тахиа, морь зэрэг амьтны махыг цээрлэх хэрэгтэй.
    • Хүүхэд нь дотор бэтгэрэн дүүрч эс шингэсэн архагтай бөгөөд туранхай байваас эх нь түүхий хаш, өргөст хэмх зэргийг цээрлэх хэрэгтэй.
    • Аливаа саяхан төрсөн хүүхэд шар үндсийн ширгээсэн танд мэргэн хэмээх хээрийн гахайн цөсийг өчүүхэн төдий холиод угааваас, хожим хэдийгээр эсэргэнүүд ба муу яр шарх гаравч эгнэгт бага шиг гарна.
    • Аливаа нялх хүүхэд бижрүү эсэргэнэ гараагүй үед, хэрвээ хар даахитай илжигийн сүүг уулгаваас өсвөр насандаа яр шарх эсэргэнэ гарах зэрэг хорт нэрвэгдэхгүй. Хэдийгээр нэрвэгдлээ гэсэн ч хөнгөнөөр өнгөрүүлж болох бөгөөд түүнчлэн бас хүүхдийн зүрхэнд халуун эзэлж, салхиар татвалзах өвчнийг засна.

    Хүсэхүйн 1330 онд бичсэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиол нь монголчуудын хоолны зохистой хэрэглээний талаарх анхны бүрэн хэмжээний бүтээл болохын зэрэгцээ жирэмсэн эхчүүдийн идээ, ундааны цээрээр дамжуулан тэдний зохистой хэрэглээг нарийн тодорхой өгүүлжээ. Түүнчлэн “Идээ, ундааны жинхэнэ товч” зохиолын доторхи жирэмсэн эхчүүдийн идээ, ундааны цээр нь зөвхөн хоол унд төдийгүй сэтгэл санааны амар түвшин байдлыг онцгойлон авч үздэг байжээ. Үүнээс үндэслээд жирэмсэн эхчүүд зөвхөн хоолны хэрэглээг зохистой эдлэхээс гадна сэтгэл санааны амар түвшин байдал, гоо үзэмж, эрэмгий зориг, сэргэлэн цовоо байдлыг өөрийн амьдран буй ахуйн эд юмс, амьтдын чанар, үйл хөдлөлөөс танин мэдэж бахдан байх нь урагт онцгой нөлөөтэйг ихэд анхааран эрхэмлэж байвал зохилтой юм.

    Хоол судлалын чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудад орчин цагийн хоол судлал, шим тэжээлийн ухааныг заахаас гадна монголчуудын бие махбодын болон цаг агаарын эрс тэс уур амьсгалын онцлогт тохирсон, олон зуун жилээр шигшигдэн, шалгарсаар ирсэн уламжлалт идээ, ундаа судлалыг хослуулан судлах, үнэ цэнтэй, онол, практикийн ач холбогдолтой гарын авлагын шинжлэх ухааны мөн чанарыг судлан тогтоох улмаар сургалт, практикт ашиглах боломжийг бий болгох нь зүйтэй юм.

    Ном зүй
    1. Болд Ш., бусад. Монгол туургатны анагаах ухааны алдарт эмч, мааранба, мэргэдийн намтар, бүтээлийн тойм (МЭӨ VII зууны өмнөөс XIX зууны сүүлч хүртэл), УБ, \”Одсар Систем \” ХГ\’, 1999, х. 22-23.
    2. Болд Ш. Өрхийн эмийн сан Таны эмч эрүүл мэндийн дотны зөвлөх. УБ, \”Мөнхийн үсэг \” ХГ, 2006, х.61-64.
    3. Болд Ш. Монголчуудын эрүүл амьдрах ухаан. УБ, \”Admon \” ХГ, 2007, х.64-66
    4. Идээ ундааны жинхэнэ товч. (крилл үсгэнд буулгасан Г.Пагма) Эрдэнэт хот, хэвлүүлсэн он байхгүй, х. 6, 17-20
    5. Лхагваа Г. Мөнхрөхүй ухаан. УБ, 1999, х. 7
    6. Хүсэхүй \”Идээ ундааны жинхэнэ товч \” (Хөхлуу монголчлов) ӨМ, АХХ, 1982, х.31-34
    7. Bold Sh, Ambaga М. History and Fundamentals of Mongolian Traditional Medicine. UB, \”Sod Press \”, 2002, /in English/ p. 23
    8. Bold Sh. Insight into the Secrets of a Mongolian Healthy Lifestyle. Ulaanbaatar, \”Munkhiin useg \” Printing House, 2007, p.32-34
    Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага

    Абстракт

    On page 27 of the «Brief Practical Guide to Healthy Diet», it was said that pregnant mothers must use «mind-food» and should have peace of mind and be soft hearted without hysteria so mental balance will be normal.

    • Pregnant women should have an interest in gems and pearls.
    • Pregnant women should be interested in carp and peacocks.
    • Pregnant women should be interested in hawks and ambling sparrows.

    These lines are saying that if a mother wishes to have a clever minded baby she should have delightful interest in carp and peacocks. Also whether she is seeing the great and beautiful while feeling the beauty in the womb, the child will be well minded and fascinated with the world. If one wishes to have a completely charming baby, jasper must be in the interest of the mother. While seeing pearls and jasper as an object of worship and taking them in their hands and to wonder at their form and shape, the baby will be born with a beautiful face and perfect color. Who wishes to have a strong and brave baby, should be interested in the rising flight of the hawk and the even racing of an ambling sparrow.
    In the book, it was quoted that «ancient holy scientists had mentioned about how to bring up a child while he or she is in the fetus stage. In the early time of a pregnant woman, she should not lie on one side, not sit on a bended foot or the heels, not stand for a long time, eat any piece of meat which is cut the wrong way or eat anything which has an unpleasant smell or has spoiled. She also shouldn’t see unattractive things or bad colors; shouldn’t sit down in uncomfortable seats and shouldn’t listen to dissimulated sounds.
    If pregnant mother eats a hen’s egg and fish jerky, the child will have many wounds and inflammations. If the mother eats the meat of a sparrow and drinks alcoholic beverages, the child will have a dissolute mind and not know any shame. If she eats chicken and rice the child will be born with white ribbon worms. If the mother eats the meat of a sparrow and drinks casein the baby’s face will have dark spots on the skin. If she eats tortoise meat, the neck of the baby will became short, but if she eats the meat of a donkey, the baby’s birth period will be prolonged. If the mother eats ice like sugar-candy, the fetus will not form.
    It is considered that these important measures of precaution for pregnant women should be emphasized about eating meat, how the meat products influence the fetus have been known since ancient times and been proven in practice, and became precautions for pregnant woman through verification.

    Key words: carp and peacocks, hawks and ambling sparrows, «mind-food», gems and pearls, pregnant women
    Pp.11-14, References 8.

    Зохиогчийн оруулсан түлхүүр үгс

    Монголын анагаах ухаан, 2008, 3(145)

    Эх сурвалж: http://www.mongolmed.mn/article/87

  • МОНГОЛ УГСААТНЫ ХӨГЖМИЙН ТОВЧОО

    ЭРХЭМ ЗОРИЛГО
    Эртний нүүдэлчдийн өв соёлыг дахин сэргээж Монголын гэсэн цорын ганц дахин давтагдашгүй өв соёлыг дэлхийд тунхаглана.

    Монголын соёл урлаг хурдацтай хөгжиж буй өнөө үед угсаатны болон язгуурын урлагт хамаарах бүхий л үнэт өвүүдийг хамгаалах, хөгжүүлэх, дэлхий дахинд таниулан сурталчилах, мэргэжлийн хамтлаг дуучид болон соёлын биет бус өв тээгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулан хамтран ажиллах, олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор, өв соёл судлаач, хөгчимчин, хөгжмийн зохиолч, продьюсер Дагваны Ганпүрэвийн санаачилгаар 2011 онд байгуулагдсан.

    Бид Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, Ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Ятгын чуулга зэрэг уран бүтээлчдийг уран бүтээл, удирдлагаар хангаж хөгжүүлэн ажиллаж байна.
    Өнгөрсөн хугацаанд Өвгөдийн захиас, Ёохор, Миний ээж тэмээчин, Ширээ нуур, Гоёлог хөөрхөн, Тэнгэр заяат, Тандаа золгоё, Алсын газрын зэрэглээ, Монгол Санта, Япи ая, Дөмөн, Жаран цагаан адуу, Алтайн магтаал, Жороо морь зэрэг 30 гаруй бүтээлийн шинэчилсэн зохиол найруулга дээр ажилласан. Алтай хамтлагийн “Өвгөдийн захиас”, Ятгачин Ч.Мөнх- Эрдэнийн “Вариац” бүтээлийн клип, Martin Jacobson & Giant jazz тоглолт, “Хатан ятга” тоглолт, 20 гаруй ТВ-ийн бүрэн хэмжээний нэвтрүүлэг, Германы найруулагч Ани Мартины “Талын цанчин”, ОХУ-ын найруулагч Сергей Бодровын “Даши Намдаковын тухай” баримтат кино, Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Үргээлэг” киноны хөгжмийн зохиол дээр тус тус ажиллаад байна.

    Мөн 2011 оноос Алтай ятгыг дахин нутагшуулах судалгаа, Хүннүгийн Аху ятгыг нутагшуулах, эртний нүүдэлчдийн язгуурын өв соёл болох Алтай ятга, Алтай их ятга, Аху ятга, Аху их ятга, Тойром бүжиг, бий биелгээ, цуур, хөөмий, икел болон язгуурын бусад биет бус өвүүдийг хөгжүүлэх, эртний өв соёлуудыг хүүхэд залуучууд болон бүхий л насны үзэгчдэд танилцуулах, үндэсний өв соёлын бахархалыг бий болгох, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход шаардагдах тогтвортой үйл ажиллагаатай ДОМОГТ НҮҮДЭЛЧИД чуулгыг байгуулахаар ажиллаж байна.

    ХОЛБОО БАРИХ
    Утас: 99167471, 99966670
    boertemusic@gmail.com
    https://www.facebook.com/Musicagencymn
    https://twitter.com/musicagencymn

  • ALIVE АНХНЫ ГЕРМАН МОНГОЛ ШҮЛГИЙН АУДИО АМЬД ЦОМОГ

    Герман Монгол хоёр хэл дээр бүтээсэн энэхүү сд нийт 5 шүлгээс бүрдэнэ. Бүх хөгжмийг үндэсний язгуур урлагийн ЖОНОН хамтлаг тоглож, 20- 30 насны нийт 10 залуус хамтран нэг баг болон ажилласан. Бидний Зорилго: Дэлхийд төдийгүй Европын улс орнуудад Нүүдэлчин ард түмний ахуй соёлыг яруу найрагаар дамжуулан ойлгуулах, Монголчууд хойч үедээ ёс заншилаа хэрхэн өвлүүлдэг, шүлэг, ардын аман зохиол, яруу найргаар хүмүүжүүлдэг, сургадаг гэх мэт олон талаас хичээнгүйлэн бодож тунгаан энэхүү бүтээлийг гаргасан билээ. Нөгөөтэйгүүр Монгол эх орноосоо хол гадаад улсад ажиллаж амьдран эх орноо сэтгэлийн гүнд санан суугаа элэг нэгт ахан дүүстээ зориулж, гадаад найз нөхөддөө таниулан эх орноороо бүр илүү бахархаасай, цаашлаад Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ туслаасай хэмээн зорисон. Энэхүү сд ний орлогыг бид Монголынхоо Хөгжлийн Бэрxшээлтэй хүүхдүүдэд зориулж байгаа билээ. Ингээд Монгол хүн бүрийн мэддэг сайхан шүлгүүдийг бид багтаахыг хичээсэн. Албан ёсны нээлтийг 2014 оны 11 сарын 7-нд Монгол Улсын Элчин Сайдын Яаманд маш амжилттай зохион байгуулсан ба Герман Монгол
    соёлын төлөөлөгч болон Германы Улс төрчдөөс өндөр үнэлж урам хайрласан. Бидний энэхүү соёлын бүтээлийг Гадаадын сониноос сурвалжлагчид ирэн ярилцлага хийж байсан.

    1. О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ
    Шүлэг: О. Дашбалбар
    Ая: Хан Хөхий- Жонон
    Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

    2. Солонго Трэмл Хэрвээ би эх хүн байсан бол
    Шүлэг: Солонго Трэмл
    Ая: Жонон
    Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

    3. Б.Энхтуяа Охин үрээ хайрла
    Шүлэг: Б.Энхтуяа
    Ая: Үлэмж тансаг- Жонон
    Уншсан: Х.Оюунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

    4. Э.Баасансүрэн Зүгээр л чамайгаа хайрлая
    Шүлэг: Э. Баасансүрэн
    Ая: Зөн- Жонон
    Уншсан: Х.Оюнунэрдэнэ (Монгол хэлээр, КУДС)

    5. О.Дашбалбар Тэнгэр шиг бай
    Шүлэг: О. Дашбалбар
    Ая: З.Хангал Тань руу нүүж явна – Жонон
    Уншсан: Б.Баярсайхан (Монгол хэлээр, КУДС)

    Герман хэлээр уншсан: Солонго Трэмл
    График: Б.Соёл
    Калиграф: Н.Найдандорж
    Гүйцэтгэл: Н.Отгонбат
    Бүх шүлгийг орчуулсан: Солонго Трэмл
    Ивээн тэтгэсэн: Э.Сүлд- Эрдэнэ
    Продюссер, санаачлагч :Солонго Трэмл

    Монгол хүн Монголоо хөгжүүлнэ. Сайн үйлс бүхэн дэлгэрч сайхан сэтгэлтэй Монгол Залуус бүр олон болох болтугай.

  • ТАНД ШИЛДЭГ САНАА БАЙГАА БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ШИЙДЭХ ТОГТОЛЦОО БИЙ БОЛЛОО START UP MONGOLIA

    Green Nation Challenge- 2016
    IDEATHON, 03 сарын 11- 13, ITPARK

    Дэлхий даяар түгсэн HACKATHON арга хэмжээнд хөгжүүлэгч, бизнесмэн, дизайнер, зохион бүтээгч, шинийг санаачлагч, цоо шинэ санаа бодож хэрэгжүүлж буй хэн бүхнийг хамрагдах боломжтой бөгөөд зорилго нь уг залуучууд тодорхой хугацаанд баг болж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ санааг хөгжүүлэн ирээдүйд хөрөнгө оруулалт авч гарааны компани үүсгэх зарчмаар ажилладаг нэгэн төрлийн уралдаан юм.

    2016 оны Green Nation Challenge төслийн хүрээнд явагдаж буй Ideathon-д 120 залуусын сонгон шалгаруулж авсан бөгөөд Монгол улсын ногоон хөгжлийн асуудлыг шийдэх Мэдээлэл харилцаа холбооны арга хэрэгслүүдийг түшиглэсэн шинэ, шилдэг санаагаараа өрсөлдлөө.

    Үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Start up Mongolia, Internews, IT PARK, Хөгжлийн шийдэл, МУШУТИС, МУИС болон төслийг санхүүжүүлэгч Дэлхийн банк, Koreo Green Growth Partnership нарт баярлалаа.

    Уралдааны үеэр Монгол залуус дэлхийд өрсөлдөхүйц олон шинэ шинэлэг санаагаар өрсөлдлөө.

  • Б.ШАРАВ: МОНГОЛ ҮНДЭСТЭН ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН САН ХӨМРӨГТ ЮУ БҮТЭЭСНИЙГ Л ИЛЭРХИЙЛЭХ ГЭЖ ТЭМҮҮЛСЭН ДЭЭ

    Төрийн шагналт, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав. “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолчТүүний бүтээл нь Дэлхийн хөлбөгийн аварга, Нобелийн ёслолыг нээж тоглогдож байсан бөгөөд ЮНЕСКО-ийн соёлын өвд орсон Монголын дуу, хөгжмийн 3 бүтээлийн 1 юм.

    Д.Т -Бид хоёр олон жил ойр явжээ. Л.Мөрдорж гуайтай ч хамт Х.Билэгжаргалтайгаа ч хамт балгаж ч наргиж ч явлаа. Гэхдээ би гэгч мунхаг хүн өөрийн чинь бичсэн “Замбуутивийн наран” магтууг анх Бельгүүдтэй хамтарч хийсэн “Талын хот ” кинонд 1992 онд ашиглах санаатай анх сонсоод л өнөөх таньдаг Шараваасаа бүтээлчыг олж хараад шүтэж эхэлсэн гэж хэлж болно?

    Б.Ш – “Замбуутивийн наран”г хөгжмийн дээд сургуульд байх үедээ бичсэн юм. Тэр үед гэнэт л юм бичиж болохоо больчихоод байсан үе байлаа. Уран бүтээлч хүн чи андахгүй дээ нэг л болж өгөхгүй зогсчихоод байдаг даа?

    Д.Т -Тийм үе байдаг яагаад ч юм гарахаа байчихдаг.

    Б.Ш -Том том багш нарын ном сонсоод, тэгээд бас хагас хугас ухаан суугаад ирсэн үе л дээ. Энэ европын сонгодогуудын хойноос бид хөөгөөд гүйцэхгүй юм байна… гэдгийг ойлгоод эхлэхгүй юу. Айлаас эрэхээр авдраа ухах тухай бодож эхэлж …Нутгаа ч их санаж байлаа. Энэ европчууд яахав хот барьж байгуулж, өөрийн гэсэн соёлоо дархлаа л биз, бид ч гэсэн бас том явсан үе бий шүү дээ эдгийг бүгдийг удирдаж байлаа гээд омог сэтгэл төрнөө дөө …Чингис хааны үе түүнээс ч өмнөх үеийн тухай, бүр тодруулбал уртын дуу хэрхэн үүсэн тухай гэх мэт юм их бодож байлаа. Тэгээд цаг нь болсон хэрэг.

    Д.Т -Уралын консерваторт байхаа?

    Б.Ш-Тийм тэгээд 4 р курс төгсөх хавар нэг өглөө босож ирээд эхний хэсгийг бичсэн юм л даа. Өнөөх нутгаа санасан сэтгэлээр авдраа ухсан хэрэг шүү дээ. Уртын дуу бол уриа дуудлагаас үүссэн гэж би боддог, таадаг хүн л дээ. Гэтэл тэр үед модерн хөгжмийн урсгалууд ид хүчээ авч байсан үе болоод тэдэнтэй хольж хутгасан гэх үү дээ. А.Шнитке, Р.Шедрин… гэх хөгжмийн зохиолчдийн арга барилыг ажиглаад шинэ юм гаргаж ирэх санаа төрсөн хэрэг. Өнөөх монгол аялгуугаар шүү дээ. Тэнд маш олон санаа орсон хожим нь бүр хөгжүүлсэн юм. Тэгээд ч энэ бүтээлдээ би их хайртай байдаг юм. Энэ бүтээлээс улбаалж дараа дараагийн симфони маань төрсөн хэрэг.

    Д.Т -Курсын ажил юм бол сургуульдаа шалгалтад сонсгоно биз дээ?

    Б.Ш -Тэгэлгүй яахав бүр үггүй дан хоёр төгөлдөр хуураар л тоглуулсан юм. Тэгсэн багш маань наадах чинь л чиний их үнэтэй санаа байна. Энэ л чиний арга барил байж мэднэ гэж хэлсэн юм. Их тоосон хэрэг л дээ. Тэгээд цаашлаад сургууль төгсөхдөө нэгдүгээр симфонио бичээд түүгээрээ диплом хамгаалж дараа нь хоёрдугаар симфони 1987 оны 10 сард тоглогдсоны маргаашнаас л Монголын хөгжмийн ерөнхий хандлага бүхлээрээ өөрчлөгдсөн гэж болно. Өөрөөр хэлбэл 1987 оноос өнөөг хүртэл монголын хөгжмийг бүхэлд нь нэг барил нэг том барил “изм” гэж үзвэл тэр “изм” нь миний нэрээр овоглож өнөөг хүрсэн гэж би боддог. Яагаад гэвэл чиг хандлагын үндсэн суурь надаас эхтэй юм. Цаашдаа ч ингэж л явна гэж бардам хэлнэ.

    Д.Т -Явж явж бүтээлч хүн ерөөсөө өөрийнхөө л тухай , өөрийн хэлэхээс өөр аргагүй болсон болоод л хэлдэг юм биш үү? Зурдаг нь зургаар, бичдэг нь уран зохиолоор хөгжмийн зохиолч бол хөг аяар бичдэг. Бүхий л алдартангуудын бүтээл өөрийнхөө л тухай ярьсан яриа ч юм шиг?

    Б.Ш -Чи яг зөв хэллээ. Би бол бүр улаан хөдөөний хүн шүү дээ. Багадаа хурдны морь унаж өссөн, бүүр жалгын мухарт төрсөн, өнөөх төгөлдөр хуур гэгч хөгжмийг 16 нас хүрч байж л анх харсан хүн . Хэрвээ би хотод төрөөд, хөгжим бүжгийн сургууль төгсөөд, консерваторид очсон бол надаас шал өөр л юм дуугарч таарна. Гэтэл миний амьдрал гэнэтийн өөрчлөлтөөр хөдөөгөөс хотод нэг буудалласан болоод шууд гадагшаа гарч нүд тайлсан хүн учир “Замбуутивийн наран”гаар миний уран бүтээлийн шинэ хаалгаа нээгдсэн байх гэж боддог. Харин чи их дээр олж сонсоод кинондоо ашигласан нь сайхан санагдлаа.

    Д.Т –Хөжмийг үгээр тайлбарлах гэдэг угаасаа утга муутай. Жишээ нь өөрийн чинь “Сэтгэлийн эгшиг”- ийг бараг л гашуудлын хөгжим мэтээр хүмүүс хүлээж авдаг. Бүр некрологт тавиад ч сурчхаж. Нээрээ ч тэрийг хүн тайван, тэгш амгалан сонсож чаддаггүй … Иймэрхүү хөг ая ер нь ямар үед гардаг юм бэ?

    Б.Ш -Дээрх бид хоёрын яриа бол энэ хэсэгт хамаагүй шахам юм. За яахав “Сэрсэн тал” “ Гэгээн алсад одох юмсан” “Манан”… зэрэгт хүмүүс их дуртай байдаг. Жишээ нь “Сэтгэлийн эгшиг”-ийг нэг л сэтгэл хачин болоод, гунигтай ганцаардсан ч юм шиг үймээд,эхнэрээ санаад байхдаа л биччихсэн эд. Хархад зүгээр л хэдхэн нот. Гэхдээ хялбархан хэдэн нот шүү. Хийлч Дээгий нэг удаа надад хэлсэн юм шүү. Энэний нот гэж одоо юу байнаа…гэж ? Тоглоод ядаад байх юмгүй амархан харагдаж л дээ. Тийм л дээ нээрээ. Гэхдээ л хүн түүнийг сонсоод шууд миний сэтгэлд болж байсан тэр гуниг тэр шаналал… одоо юу гэж нэрлэнэ сүнс, энерги, далд ухамсарт байгаа сэтгэлийн хөдлөл ч гэнэ үү …тэрийг сонссон хүн яг адилхан мэдрээд байгаад л учир байгаа юм. Хөгжим өөрөө сэтгэлийн маш хүчтэй хэл юм шүү дээ. Үгээр илэрхийлж болдоггүй юмыг л эгшигээр илэрхийлдэг. Энэ бол цэвэр мэдрэмжийн л асуудал…

    Д.Т -Гадаад ертөнц өөрийг чинь хир хүлээж авдаг юм бэ?

    Б.Ш-Гадагшаагаа тоглогдсон тал дээр бол би хөгжмийн ертөнцдөө хамгийн амжилттай яваа нь ч байж мэднэ. Миний бүтээлүүдээс гадаадад маш их тоглогдсон. “Үлэмжийн ертөнц” симфони уран сэтгэмж, “Зуурдын орон” бүжгийн жүжгийн чуулбар, Морин хуурийн концерт, “Хэрлэнгийн домог” гэх мэт олон бүтээлүүд маань АНУ ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл гэх мэт дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад бараг бүгдэд тоглогдсон юм шүү дээ. “Хэрлэнгийн домог” гэхэд л Нобелийн шагнал гардуулах ёслол дээр хүртэл тоглогдсон .

    -Гадагшаа тоглогдохоор мөнгө цаас бас орж ирэх үү?

    -Өө тэгэлгүй яахав. Амазон энэ тэрд ч зарагдаж байгаа. Одоо миний унаад яваа машин гэхэд гадны л мөнгөөр авсан юм шүү дээ. Интернетэд зах хязгаар гэж байхгүй шүү дээ. Зах зээл л юм бол манай бүтээлчид гадагшаа л хүнд хүргэх юм хийхийн төлөө, бусад нь ч энэ зүгт хандуулах, зарж борлуулах зүйлсийг хийх цаг болсон. Зөвхөн Монголдоо тэгээд урлагаар амьдрах арга бол байхгүй. Хөгжим л юм бол хаанаа ч орчуулгагүй хүрдэг болохоор нутагтаа хийгээд чадвал гадагшаа л харж явах хэрэгтэй цаг шүү дээ. Харин чиний киноны хувьд нилээд хэцүү байх. Заавал мөнгө шаардана. Нот бол олон улсын хэл тэхээр бидний хувьд бас боломжтой юм. Төгөлдөр хуур, нотны цаас, үзэг байхад юм хийгээд байж болно.

    Д.Т -Ер нь л манайх шиг 3 сая хүнтэй оронд мэдиагаар мөнгө хийнэ гэж байх уу ?

    Б.Ш –Хэцүү дээ. Маш сайн кино хийгээд хийгээд нэг сая хүн үзнэ биз дээ. Бүүр маш сайн кино бол шүү дээ. Тэгвэл энэ урд, хойд хөршид бол нэг хотод л ийм тооны хүн үзнэ шүү дээ. Тэхээр л бүх урлагийн салбар дэлхийн зах зээлд л оюуны бүтээлээ яаж гаргах вэ гэдэгт санаа зовох ёстой болов уу даа. Саяхан л нэтэд юу ч олддоггүй байлаа. Одоо ч бас ч гэж ютубэд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй юм хум байж байх болж.

    10549954_789491171134412_6867336734338376939_oД.ТЮ туб гэснээс өөрийн чинь бүтээлүүдийг маш их хүн сонсож маш олон зурвас үлдээсэн байх юм билээ. Нэг хүн “Ийм сайхан аялгууг хүн төрлөхтөнд өгсөн Шарав гуай танаар бахархая. Энэ аялгууг мэдэрч сэтгэлийн таашаал авсан хүн бүрийн өмнөөс талархая. Мянган мянган жил үл тасалдах хөг аялгуу мөнхөд хүн төрөлхтөнг сэхээрүүлэг” гэх мэтээр бичсэн байдаг хардаг уу?

    Б.Ш -Хаяа хардаг, урам ч төрдөг. Сэтгэлийн эгшиг, Гэгээн алсад одох юмсан, Манан, Бөртө хатан гэх мэт жижиг аязуудыг их сонсдог болтой юм билээ. “Сэрсэн тал”-ыг бол их хурдан бичсэн санагддаг юм. 1984 онд улс тунхагласны 60 жилээр сэрж байгаа улс орон гэсэн агуулгатай найрал хөгжмийн бүтээлийн захиалгаар хийсэн юм. Одоогоор 31 жил тоглогдоод байна. Үндэсний их найрал хөгжим хамгийн олон удаа тоглосон бүтээл юм. Эндээ олон тоглогдохоос гадна гадашаа ч олон тоглогдсон бүтээл . Москвагийн их тайзан дээр 2 удаа Юнескод ч хэд хэд тоглогдсон. Парист ч бас тоглогдсон байх жишээтэй. Ер нь манай морин хуурын чуулга очсон газар болгондоо л тоглодог. Японы дунд сургуулийн хүүхдүүд тоглосон бичлэг ч ю тубед байна билээ.

    Д.Т -Төрийн шагнал ямар бүлээрээ авсан юм бэ? Хүмүүс “Сэрсэн тал” эсвэл “Гэгээн алсад одох юмсан” бас “Сэтгэлийн эгшиг” гуравыг л төрөөс үнэлсэн байх гэж боддог?

    Б.Ш – Би “Хоёрдугаар симфони”, эхлээд чиний асуусан “Замбуутивийн наран” гэдэг хоёр бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн юм шүү дээ.“Сэрсэн тал” “Сэтгэлийн эгшиг” “Гэгээн алсад одох юмсан” гурвын аль нь ч биш. Хүмүүс тэгж андуураад байдаг.

    Д.Т -Ингэхэд Б.Шарав гэх миний таньдаг хувь хүн ер нь яаж шуу амьдарч байдаг хэрэг вэ? Цалин цавуу гэж огт байхгүй байх. Төрийн шагналын цалин гэж байх уу?

    Б.Ш -Үгүй яахав дээ. Тэтгэвэр тогтоолгох гээд үзсэн чинь ердөө л 6 жил хэдэн сар л цалин авч цаг бүртгүүлсэн хүн юм билээ би. Тэгээд тэтгэвэр тогтоож болдоггүй. Харин тэгсэн энэ УИХ гишүүн С.Эрдэнэ нэг хууль батлуулсан юм билээ л дээ түүнд нь харин хамрагдаад тэгээд 208 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дээр нь гавьяатын нэмэгдэл гэж 150 мянга тэгээд л болоо.

    Д.Т -Төрийн шагналд цалин байдаггүй хэрэг үү?

    Б.Ш -Байхгүй шүү дээ өгөхдөө хэдэн цаас дагалддаг. Гэхдээ социализмын үед арай дээр байсан шиг байгаан С.Гончигсумлаа багш төрийн шагнал дээрээ 2 мянга нэмээд гэдэг байхаа… унаад явдаг байсан улаан “Шкода” машинаа авсан байдаг юм билээ. Их дэлгүүрээс цоо шинээр нь авсан гэж байгаа шүү. Тэр үед бараг машины мөнгө өгдөг байж. Одоо хэд дагалддаг болсон юм болдоо. Миний үед 50 мянган төгрөг дагаж байсан одоо жоол нэмэгдээ биз…Билгээг авхад 350 мянга болсон байсан санагдана. Гэхдээ яахав ээ би чинь си дигээ зарна. Киноны хөгжим бичнэ. Номнууд байна. Тэгээд бас жижиг сажиг захиалга мундахгүй. Эрхбиш юм хийсэн болохоор хишгийг нь хүртэж л суух юм даа.

    Д.Т -Бусад оронд яадаг юм бэ? Холоос хайгаад яахав Оросод яг өөрийн чинь зиндааны төрийн шагналтай хүн яаж шуухан амьдардаг юм бэ дээ?
    Б.Ш – Өө шал өөр.Кобекин,Владимир Александр гэж хүн байгаа.Намайг Уралын консерваторид сурч байхад багшилж байсан төрийн шагналтай хүн. Одоо амьд байгаагаас магадгүй хамгийн нэртэй хөгжмийн зохиолч байж мэднэ.Тэр хүнтэй би олон жил хамт ажиллаж бас ойр явлаа.Якутын “Чингис хаан” киноны хөгжмийг тэр хүн бичиж би бас зөвлөх хөгжмийн зохиолч хийж байлаа. Тэр хүнээр л жишээ авахад Москвад, Санкт Петербургд байртай.Уран бүтээл хийх үедээ тэндээ очно.Уралдаа бас байр савтай, хамаг хөрөнгө нь тэнд байна. Мөнгө төгрөг энэ тэрээр огт гачигдах зүйлгүй зөвхөн л уран бүтээлээ бодно.Би Сайн мэдэх хүнээ л ярихад шүү дээ.Тийм л юм билээ.Энэ Өвөр Монголд миний шавь Цагаан гэж хүн байна.Хөх хотын хүн гэхдээ Бээжинд хувийн студитэй тэрэндээ уран бүтээлээ хийгээд сууж байх гэж мэт боломжтой улс олон байх юмаа.

    Д.Т –Одоо ч интенэстээр худалдаа хийдэг болж дээ. HI-FI on line store гэж гарч ирж. Энд мэдээж бүтээлүүд чинь зарагдаад эхэлсэн байх л даа?

    Б.Ш- Тэгэлгүй яахав. Би сая гэрээгээ шинэчилсэн. Харин интернэтэд хил хязгаар гэж байх биш. Тэхээр манай хувийн хэвшилийнхэн ийм юм эхлээд явж байгаад талархаж сууна. Эрх чөлөө байна. Дэлхий хавтгай болж, юу л бол юу олж сонсож мэдэж болно. Бид харин өөрсдөө жоохон арчаагүй байгаа ч юм шиг.

    Д.Т -Х.Билэгжаргал? Ц.Чинзориг хоёртой их дотно байсныг мэднэ. Бид хамт олон ч удаа уулзаж байлаа. Одоо үгүйлэх юм уу?

    Б.Ш -Өө хэлээд яахав. Билгээ бид хоёр нэг ангийн хоёр шүү дээ. Хар багаасаа хамт явсан. Ганцаардах үе байх ч уран бүтээлийн ганцаардал гэж их хэцүү юм байдаг юм байна. Хийсэн юмаа сонсгох хүнгүй хэцүүдэх юм. Тэр хоёртойгоо байхад их ч дэмтэй байж дээ. Билгээ маань ид бүтээдэг үедээ явчихлаа. “Ламбугайн нулимс” бол мундаг дуурь шүү дээ. Нас эцэслэх үедээ “Таж Махал” гээд дуурь хийж байгаад гүйцээсэнгүй дээ хөөрхий. Ц.Чинзоригийг дурсахын тулд “Үүлэн цэнхэр хангай”, “Зүүдний говь” гэдэг хоёр дууг нь хэлэхэд л хангалттай. Бас нэг сайн найз минь Ц.Нацагдорж байлаа. Ц.Нацагдорж бол Монголын хөгжмийн урлаг дахь хүнд төрлийн томоохон бүтээлүүдийг бүгдийг нь бичсэн.

    Саяхан Гончигоо багшийн 100 жил боллоо. Тэгсэн Зоригоо хүү нь хэлж байна л дээ. Таксинд суугаад явж байтал “Дэнжийн ногоо” радиогоор явжээ. Тэгсэн Зоригоо хөөрөөд энэ дууг хэн зохиосныг мэдэх үү гэж жолоочоос асуужээ. Өнөөх нь энэ ардын дуу биз дээ гэж хариулж. За яахав аавын минь дууг ардын дуу гэж хүмүүс ойлгодог юм байна..гээд яахав агуу хүмүүс л ардын дуу зохиодог биз гэж бодлоо … гэж байна билээ. Манай Чинжгээ ч олон ардын дуу зохиосон доо. Хангалын маань “Аяны шувууд” ч бараг л ардын дуу болж дээ.

    10865708_789490914467771_1916925509177570823_oД.Т- “Нэг монгол нөгөө монголоороо гоёдог болсон цагт л тамын тогооны үлгэр амар сайхандаа жаргана” гэж би боддог боллоо. Бид бие биенээ үнэлэхээ байчихсан л юм шиг?

    Б.Ш-Тийм тал байнаа. Цөөхөн Монголчууд бие биенээ их муулах юм даа. Хүний нас ахархан… Гэхдээ авъяас , хүний сэтгэл хөгширдөггүй юм байна. Италийн хөгжмийн зохиолч Ж.Верди ная гарсан хойноо “Отелло” дуурийг бичсэн байдаг. Яг л залуу хүнийх шиг галтай, дөлтэй, зөрчилтэй зохиол.

    Ер нь уран бүтээлчдыг цаг үе нь нэг их тоохгүй байсан тал дээр бол ерөөсөө л ийм байсан юм биш үү гэж боддог…Л.Бетховен байна. Мөн л ядруу амьдарч байгаад ганцаараа үхсэн. Тэр нас барах орой нь дуурийн театрын хоёр хүүхэн л очсон байдаг. П.Чайковскийг ч мөн адил Фон Мек гээд төмөр замын нэг эзэн авгай л насаараа уулзаагүй хирнээ байр сав цалин мөнгөөр тэтгэж байсан юм билээ. Нэг үгээр тэр авгай далдаас тэжээж байсан хэрэг. Оросууд тухай үедээ бас л ад үзээд л байсан байдаг шиг юм билээ. Өнөөдөр хөгжмийн ертөнцөд ялангуяа баруунд П. Чайковский хамгийн их тоглогдож байна.

    Ингээд бодохоор ямарч суутан цаг үедээ үнэлэгддэггүй ч байж мэднэ…

    -Танай үеийнхэн бараг бүгд ардын жижигчин болцгоожээ. Өөрийг чинь хамгийн олон бүтээлтэйг би мэднэ. Ардын жүжигчин яагаад болдоггүй юм бэ?

    Б.Ш-2006 онд би Чингис хаан одонгоор шагнагдсан. Хожим мэдэхнээ энэ шагнал төрийн хамгийн дээд шагнал юм байна билээ. Тэхээр чинь одоо Ардын жүжигчин гэдгийг надад өгөх үү дээ…

    Д.Т -За нилээд хөөрчихлөө. Хуучин андтайгаа яриа дэлгэх сайхан байлаа. Уран бүтээлч хүнд бүтээлд нь л амжилт хүсэх ёстой байх.

    Б.Ш –Баяраллаа. Хоёулаа ч хамтраад юм хийх биз. Верди шиг насалдаггүй юмаа гэхэд нэг ч өдөр зүгээр сууж чадахгүй өнөөг хүрч, чи ч бас нэг тиймэрхүү хүн шүү дээ. Тамын амьтад тамдаа жаргалтай гэдэг байхаа…жаргалтай л явна.

    НИЙТЛЭЛЧ Д.ТӨРМӨНХ
    Эх сурвалж: http://hi-fi.mn/

  • Дангаа ХОСБАЯР- Нэрт хөөмийч


    Хөөмийч, урлаг судлаач

    Герман Улсын “Super talent- 2009” уралдааны тусгай байр; Испани Улсын Хатан хааны нэрэмжит шагналт.

    1971 оны 1-р сарын 12-нд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Үе дамжсан нэрт хөөмийч. Олон мянган жил үе дамжин ирсэн хөөмий болон язгуур урлагаа даян дэлхийд алдаршуулан тунхаглаж, Герман, Франц, Австри, Швецарь, Итали, Испани, Финланд, Швед, Дани, Норвеги, Чех, Голланд, Белги, Сингапур, Бразил зэрэг дэлхийн 42 оронд 700 гаруй удаагийн бие даасан live тоглолтоо сая гаруй хүнд хүргэснээс гадна олон арван сая үзэгчтэй ТВ шоунуудад оролцож Монгол урлагаа дэлхий дахин хүргэсэн.

    Бие даасан “Дангаа Алтай” 1998, “Хөөмийн домог” 2001, “Transmongolia” 2002 цомог, “Тэнгэрийн орон” DVD 2003 онд, “Hosoo& Transmongolia” хамтлагаараа “Тэнгэрийн дуу” 2004, “Нутгаа дурслаа” 2007 альбом болон Герман, Итали, Израилийн хамтлагуудтай хамтарч нийт 13 CD бүтээсэн.

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1991- 1996 он Улсын ардын дуу бүжгийн чуулга, Төв аймгийн хөгжимт драмын театр, ардын дуу бүжгийн Мандухай чуулга, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгат тус тус хөөмийч, хөгжимчин;

    1996 оноос Хосоо ТрансМонголиа хамтлагийн үүсгэн байгуулагч, ахлагч, хөөмийч, хөгжимчин;

    Монгол Хөөмийчдийн Нэгдсэн Холбооны тэргүүн;

    Монголын хөөмийн хөгжлийн ассоциацийн хүндэт гишүүн;

    Европын орнуудын дээд өнгөний (overtone) дуучдын холбооны тэргүүлэгч гишүүн;

    Дэлхийн нүүдэлчдийн язгуур өв соёлын төвийн тэргүүлэгч гишүүн;

    https://www.facebook.com/hosoo.khosbayar1
    http://www.hosoo.de/

  • ЧИНГИС ХААНЫ МЕНЕЖМЕНТИЙН УХААН БУЮУ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНОО ХЭРХЭН БАЙЛДАН ДАГУУЛАХ ТУХАЙД


    Зураг. Зураач Р.Батцэнгэлийн Монголын Нууц Товчоо түгээмэл эх-ээс

    (Чингэс хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулав)

    Америкийн “Вашингтон Пост” сонин 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартаа өнгөрсөн мянганы хүнээр (Мянган жилийн хамгийн алдарт хүн) Чингис хааныг тодруулж “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг лүндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөлгөө… Тэр /Чингис хаан. Б. Л./ болон түүний залгамжлагчид Европ-Ази тивийг хамарсан чөлөөт худапдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, дорно-өрний соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно… Тэд Интepнeт бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр /Чингис хаан Б. Л./ хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн…” хэмээн түүнийг үнэлэн дүгнэсэн байдаг. (The Washington PostDecember 31, 1995, Joel Achenbach)Browse back issues of this publication by date

    Үнэндээ Монголчуудын нэрийг дэлхийн тавцанд ингэж гаргасан хүн бол Чингэс хаан бөгөөд түүний удирдагчийн шинж чанарууд, удирдах ур чадвар, арга барил ньудирдахуйн ухааны судалгааны зүйл болж гадаадын эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Сүүлийн үед Нэгдсэн вант улсын (Английн) Лийдс хотын Бизнесийн сургуулийн профессор Mick Yates нэг сонирхолтой судалгаа дүгнэлтийг гаргасан байдаг. Түүний Чингис хааны манлайллын 4Е хүрээ (4E’s leadership framework) онол арга зүй нь удирдахуйн ухааны хувьд шинэ зүйл болсон бөгөөд одоо энэ арга зүйгээ практикт ашиглаж, бас менежерүүдэд зөвлөгөө өгдөг байна. (www.leader-value.com)

    Миний хувьд Чингис хаанд удирдагчийн ямар гол шинж чанарууд ялгаран гарч байгаа болон эдгээр нь түүний амжилтанд хэрхэн нөлөөлсөн гэдгийг судлахыг хичээсэн юм.

    Удирдагчийн хувийн шинж чанарын талаар олон эрдэмтдийн хийсэн судалгаа, тодорхойлолтууд байдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө удирдагч хүний удирдагч бус хүнээс ялгарч түүгээрээ бусдыг дагуулах, нөлөөлөх, амжилт олоход тусалдаг хувийн онцгой шинжүүдийн цогцыг хэлдэг байна. Олон эрдэмтэд удирдагчийн хувийн шинж чанарыг төрөлхийн гаралтай ба орчин тойрны хүчин зүйлээс үүсдэг, энэ 2 нь салшгүй зүйл гэж үздэг байна (Ilies, R., Arvey, R. D., & Bouchard, T. J. (2006). Darwinism, behavioral genetics, and organizational behavior, A review and agenda for future research. Journal ofOrganizational Behavior, 27(2), pp.121-141.).

    Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн Gallup – ын судалгаагаар 282 том хэмжээний корпорацийн 782 топ менежерээс авсан “Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд (traits) юу вэ?” гэдэг судалгааны дүнгээр хамгийн чухал 3 шинжэд голч шударга чанар (integrity), ажилсаг шургуу чанар (industriousness), хүмүүстэй нийцтэй чанар (ability to get along with people) орсон байдаг. (Wall Street Journal, November 14, 1980, p. 33)

    Голч шударга чанар гэдэгт өөрийн хэлсэн үгэндээ үнэнч байх, яриа ба үйл ажиллагаандаа тууштай туйлбартай байх болон захирагдагсдаасаа хүсч байгаа сайн чанаруудыг өөрөө гаргаж харуулах чадварууд (Жишээ нь, захирагдагсадаа үнэнч шударга байлгахын тулд өөрөө үйлдэл, үйл хэргээрээ шударга байх) (Leadership skills, 2010, bookboon.com, p. 15) ордог байна. Тэгвэл Тэмүжин сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр ташуургүй байх үед ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавъяа байгуулсан нөхдөө хийсэн гавъяаг нь марталгүй, ард язгууртан гэж ялгалгүй (жишээ дурдахад Зэлмэ бол Тэмүжиний зарц байсан) мянгат, түмтийн ноёдоор томилж, зарим хүмүүст дархан цол олгож, янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь шударгаар үнэлдэг хүн байжээ.

    Тэмүжиний шударга шулуун зан багаасаа тодорч, дээрэлхүү түрэмгий занг тэвчиж чаддаггүй байсан тул нөгөө эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоёрын дээрэнхүй, дээрмийн үйлдэл дахин дахин давтагдах болмогц дүү Хасартай “Ийм бол эдэнтэй яаж хамт амьдарч чадна” гэж ярилцаад Бэгтэрийг 2 талаас нь харван алсан байдаг. Үүний дараа эдний гэр бүлд дахин хэрүүл гарсангүй, үлдсэн Бэлгүтэйг насан туршдаа өөрийн төрсөн дүү шигээ хайрлаж зовлон жаргалаа хуваалцаж ирсэн байдаг билээ.

    Ер нь Тэмүжин багаасаа өөрөө зовж ядарч явсан хүний хувьд хүмүүсийг их бага, дээд доод гэж ялгалгүй адил тэгш шударга харьцдаг байсан ба тэдний зовлон жаргалыг мэдэрч найз нөхөр мэт харьцаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг хүртэл харж хамгаалдаг байсан тул олон сайн хүлэг баатар, нөхөдтэй болж тэд нар нь үхэхээс буцахгүй дайн байлдаанд ордог байсны нэг жишээ бол Ван хан, Жамуха хоёртой байлдахад Мангудын Хуйлдар сэцэн дайсны өөдөөс бусдын манлай болж явах саналыг өөрөө гаргаж “Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг Тэмүжин анд мэдтүгэй” гэж өөрийн амийг үл хайрлан байлдаанд манлайлан орж шархадсан байдаг.

    Чингис хаан дайснуудаа хүртэл шударга үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий. Тухайлбал Тайчуудтай хийсэн байлдаанд Чингис хааны хүзүүг харваж шархдуулсан Зургаадайг үнэнч бөгөөд нөхөрлөж болох хүн гэж үзэж Зэв гэж нэр өгөн дотны ноёноо болгосон, Тайчуудын Таргудай Хирилтугийг барьж авчрах замдаа эзнээ яаж барьж өгөх вэ хэмээн тавьж суллаад өөрөө ирсэн Ширээт өвгөний хүүхдүүд Алаг, Наяа хоёрыг сүүлд мянганы ноён болгосон байдаг юм.

    Чингис хаан байлдааны дараа олсон олзыг шударгаар хувааж тараадаг байсан учир дайны цагт түүний цэргүүд олзонд шунадаггүй хамгийн сахилгатай цэргүүд байдаг байжээ. Дайсан дарагдвал олз болон бүх юм нь биднийх болно шүү дээ гэж цэргүүддээ сургадаг байв. 1211 онд Алтан улсыг дайлаар мордоод ирэхдээ манай цэргүүд эд уурсыг өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явж байсан байдаг. (МНТ х. 123)

    Чингисийн голч шударга зан чанарыг бас нэг харуулдаг зүйл бол хүмүүсийн олз ашиганд шунах, хар амиа бодох, урван тэрслэх, тогтоосон цаазыг зөрчих, худлаа ярих, хэлсэн ам, андгай тангарагаасаа буцах (Өглөө хэлснээ үдэш няцаж, үдэш хэлснээ өглөө няцаж явбал ичгүүртэй бишүү. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр биш үү МНТ х.120)зэрэг ёс зүйгүй, шударга бус үйлдлүүдийг үзэн яддаг байсан ба ийм явдлыг улс дотроо хойшид гаргуулахгүйн тулд хатуу шийтгэдэг байсан нь түүнийг ямар ёс зүйтэй шударга хүн байсныг тодруулж өгдөг билээ. Тухайлбал эзнээсээ урваж, барьж өгсөн Жамухын 5 хүнийг цаазалсан; Сэнгүмийг элсэн цөлд явган хаяад ирсэн агтач Хөхөчүг цавчин алсан;1202 оны намар татааруудтай байлдах цагт олз ашиганд шунаж байлдаанаас саатан, тогтоосон цаазыг зөрчсөн Алтан, Хучар, Даридай отчигин нарын хаан язгуур угсааг үл харгалзан олзолсон адуу ба юмыг бүрэн хураан авсан; ам тангарагаа зөрчиж ар хударгаар орж ауруг гэрт халдсан жүрхиний Сача бэхи, Тайчу нарыг байлдаж дарсан ба нэгэнтээ нөхөр болж, нөгөө удаадаа өрсөлдөгч дайсан нь болж, Хэрэйд, Найман улсуудын дунд олон жил хутган үймүүлж дайсагнаж байсан Жамухаг өөрийн хүслээр нь хороосон байдаг. Чингис хаан шударга зангийн улмаас заримдаа хатуу мэт санагдах цээрлэлийн аргууд хэрэглэдэг байсан боловч эдгээр нь “эсгий туургатан энх шударга болж”, нэгдсэн Монгол улсыг байгуулах зорилтыг биелүүлэхэд аргагүй авах ёстой, чухал арга хэмжээнүүд байжээ. Үүний хүчинд ч “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтох бололцоо бүрдэж ирсэн байна.

    Түүний гаргасан Их Засаг хуулинд өөрөө бөөгийн шашин буюу Тэнгэрийг шүтэх үзэлтэй хэдий ч “бүх шашныг ялгаварлалгүй хүндэтгэх хэрэгтэй” гэж (Ким Жон Рэ, Мянган жилийн түүхт хүн, Монгол ньюс,1999, х 182) заасан байдаг бол “байлдааны талбар дээр шархтанаа хамааралгүй орхиж болохгүй”, “харгис ба элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах хэрэгтэй”, “хүн алагсдыг алмой” (Х. Шагдарын “Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх (XIII зуун)” дэд боть, х. 618, 2000) гэсэн нь шударга энэрэнгүй зан чанарыг нь харуулдаг. Харин энэ хуулинд хулгай хийх, худлаа ярих, завхайрах гэх мэт ёс зүйгүй үйлдлүүдийг хатуу шийтгэхээр тогтоож өгсөн байдаг нь түүний аливаа ёс зүйгүй үйлдлүүдийг жигшин үздэг байсны тодорхой баримт юм. Чингис хааны шударга зан чанарын талаар ШУТИС-ын профессор Х. Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” номондоо “Чингис хаан үнэнч шударга занг хүндэлж, шударга бус, хуурамч занг үзэн яддаг байжээ” (Х. Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 69), эрдэмтэн Балжинням “Хаан харц 2 нэгэн адил үүрэг, эрхтэй болсон” гэж бичсэн байдаг нь Чингис хааны энэ шинж чанар судлаачдын анхаарлыг аргагүй татдаг болохыг харуулж байна. Италийн жуулчин Монголын түшмэл агсан Марко Поло “Аялалын тэмдэглэл”-дээ “Түүний нийтлэн захирах нь туйлын төв голч бөгөөд найрамдуу, ард иргэн түүнийг хүндлэн хайрлах нь эзэн болсоор шууд “өөрийн эцэг, эх” мэтээр санана.” гэж тэмдэглэсэн байдаг нь Чингэс хааны голч шударга занг ард түмэн хир их хүндлэн хайрлаж биширч байсныг илтгэн үзүүлдэг.

    Захирагдагсад удирдагч хүнээс хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл болшударга шагнал, шударга шийтгэл байдаг. Хүмүүс үүргээ сайн гүйцэтгэлээ гэж бодвол тохирсон шагнал хүсч байдаг хэдий ч муу гүйцэтгэсэн үедээ ямар ч хатуу шийтгэл хүлээлгэсэн гомддоггүй. Чингис хаан, хаан цол өргөмжлөгдөөд шинэ Монгол улсын зохион байгуулалтыг хийхдээ улс төрийг байгуулахад гүйцэтгэсэн гавъяагаар нь хүмүүсийг албан тушаалд шударгаар томилж урамшуулж байсан нь гарцаагүй ухаалаг удирдагчийн шинж юм. Тэр тусмаа хүн бүрийн гавъяа зүтгэлийг нэгд нэгэнгүй тоочсон байдаг нь хүний хийсэн үйл ажил, гүйцэтгэсэн үүргийг марталгүй олон жил санаж явдаг гайхалтай удирдагч болохыг нь харуулдаг. Одоо үеийн удирдагч, менежерүүдэд Чингэс хаанаас суралцах зүйл энэ мэт олон байдаг билээ.

    Энэ мэтчилэн удирдагч өөрөө ёс зүйтэй, голч шударга, тууштай байж чадвал захирагдагсад нь тэр жишгээр явахыг хичээдэг учраас орчин үеийн менежментийн шинжлэх ухаанд удирдагчийн энэ шинж чанарыг чухалчлан үздэг байна. Энэ шинж чанарын талаар АНУ-ын Ерөнхийлөгч агсан Дуайт Эйзенхауэр “Удирдагч хүний хамгийн дээд зэргийн чанар бол гарцаагүй голч шударга шинж юм” гэж үнэлсэн байдаг.(Leadership skills, 2010, bookboon.com, p. 16) Үүнийг дэлхийн II дайны цэргийн томоохон жанжин, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч, олон жилийн удирдах ажлын туршлагатай хүн хэлснээс үзэхүл томоохон хэмжээний удирдагчид зайлшгүй байх ёстой шинж чанар гарцаагүй мөн билээ.

    Эндээс үзвэл Чингис хааны голч шударга шинж чанар нь тархай бутархай, хоорондоо дайсагнасан монголчуудыг нэгдмэл төр засагтаа итгэх итгэлтэй болгож, нэгтгэж, сахилга хариуцлагатай, зорилготой болгож, “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд шударга ёс, дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтоход багагүй үүрэг гүйцэтгэсэн байна.

    Нөгөө нэг шинж чанар бол хүмүүстэй нийцтэй чанар юм. Чингис хаан бага наснаас хүнтэй нийцтэй, бусдын үзэл бодлыг сонсдог, өөрийн үзэл бодлыг хүнд хүчээр тулгадаггүй хүн байжээ. Тэмүжинийг эв эеийг эрхэмлэдэг, нийцтэй хүн болоход “Өэлүн эхийн хүмүүжил ихээхэн нөлөөлсөн бөгөөд эвтэй бол хүчтэй гэдэг гүн ухааны ойлголтыг хүүхдүүддээ суулгасан нь Өэлүн эхийн мөнхийн гавъяа билээ.” (Х. Пүрэвдагва “Чингэс хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 40)

    Анх 13 настай (МНТ х.39) байхдаа Жамухатай сайн анд нөхөр бололцож андын тангарагийг баримтлан нөхөрлөж ирсэн ба түүнийг ялагдаад баригдаад ирэхэд ч гэсэн найз нөхөр хэвээрээ байх санал тавьж байсан, огт танихгүй Боорчитой нөхөрлөсөн, зарц болгож өгсөн Зэлмэ-г өөрийн нөхөр мэт үзэж харьцдаг байсан зэргээс үзэхэд Тэмүжин багаасаа дээрэлхүү, бардам ихэмсэг зангүй бөгөөд хүнтэй нийцтэй хүн байсныг нотолж байна.

    Жамухаас салсны дараа Монголын язгууртнууд түүн дээр цуглаж Тэмүжинийг хаан өргөмжлөхөд өөрөө Алтан, Хучар, Сача бэхи, Тайчу зэрэг хаан гарлын язгууртнуудыг “Чи хаан бол” гэж тус бүрт нь санал болгож байсныг үзэхэд Монгол улсын эв нэгдлийн төлөө бусадтай эв эетэй байж, нийцэж ажиллахыг хичээж байсан байдаг.

    Түүнчлэн Чингис хаан өөрөө эхэлж дайн байлдаан сэдээд байсангүй, голдуу гадна талаас дайн өдөөж байсан харагддаг. Тухайлбал тайчууд, мэргидүүд Тэмүүжинг бага балчир байхаас нь дээрэлхэн довтолж өөрийг нь болон эхнэрийг нь олзлон аваачиж дайсагнаж байсан учраас л тэдний эсрэг тэмцэхээс өөр аргагүй болсон, Хэрэйд, Найман, Жамух нар л дайныг эхэлж өдөөсөн, мөн Сартуулын султаны эсрэг Монголын ард түмэнд дутагдаж буй бөс даавуу, үр тариа, бусад барааны төлөө буюу чөлөөт арилжаа наймааны төлөө аргагүйн эрхэнд тулалдах хэрэгтэй болсон байдаг.

    Чингис хааны үйл ажиллагаанд шударга бус үйлдэл хийсэн хүнийг л хатуу шийтгэдэг байснаас бусдаар хүнийг алаглаж үздэггүй, гадаад дотоод, нөхөр дайсан, харь болон өөрийн овог аймаг, баян ядуу гэлгүй хүн бүртэй нийцэж харьцаж чаддаг чанар ажиглагддаг.

    Хүнтэй нийцтэй байх талаар Чингис хааны өөр нэг арга бол аливаа зөрчил тэмцлийг хоёр талын эрх ашгийг бодолцож, хүчээр бус, эв зүйгээр, дипломат аргаар шийдвэрлэхийг хичээдэг байсан явдал юм. Тухайлбал, өөрөө дөнгөж хаан өргөмжлөгдөөд Тоорил ханд Тахай, Сүхэхэй хоёрыг элч болгон илгээж найрсаг харилцаа тогтоох, энх тайванч санаагаа илэрхийлж байсан байдаг. Жүрхин нартай зөрчилдөхөд хүлээцтэй байж буулт хийн Хорижин хатан, Хуурчин хатныг буцааж өгч байсан. Хэрэйд улстай дайн тулаангүй амар тайван байя гэж сэтгээд Зүчид Сэнгүмийн дүү Чаурбэхийг гуйж бас Сэнгүмийн хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг өгье гэж санал тавьж байсан юм.

    Чингис хаан судлаач профессор Б.Балжинням “Монголчууд төвшитгөсөн ард түмнүүддээ хэзээ ч ертөнцийг үзэх үзэл, ёс заншил, хэл, шашин гэх мэт амьдралын хэвшлээ тулган хүлээлгэж байсангүй. Энэ бүхэн өнөөгийн хүн төрөлхтөнд нэн чухал үлгэр мөн.” (Б.Балжинням “Монголын түүхийн товчоон х. 785) гэж дүгнэсэн байдаг нь Чингэс хааны үзэл бодлоо бусдад тулгадаггүй зан болон үүнийг нь өвлөн авсан түүний залгамжлагчдын үйл ажиллагааны талаарх чухал дүгнэлт юм.

    Түүнчлэн Чингис хаан өөрийн охид болон хүүхдүүдийнхээ охидыг гадны улс оронд бэр болгох замаар (өөрөө элсэн ирсэн Харлагийн Арслан ханд Алха бэхи охиноо, Уйгарын Идүүд ханд Алалтун бэхи охиноо, Ойрдын Худуга бэхийн хүү Иналчид Чэчэйхэн охиноо, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгч) гадаад зөрчилдөөнийг шийдвэрлэх, ялагдсан овог аймгийн охидоос өөрөө хатан болгон авч ураг барилдах зэргээр дотоодын зөрчилдөөнийг шийдвэрлэх дипломат аргыг чадварлагаар хэрэглэдэг байсан юм. Тухайлбал, татаарын ард түмнээс Есүй, Есүгэн хоёр хатныг авсан, Хэрэйдийн Жаха-Хамбугийн охин Ибагыг өөрөө, нөгөө охин Сорхогтанийг хүү Толуйд өгч, Мэргидийн Худугийн охин Дөргэнэ-г Өгэдэйд өгсөн, Мэргидээс Хулан хатан, Найманаас Таян хааны эх Гүрбэсүг авч ураг барилдсан нь тодорхой бодлоготой байсан агаад энэ нь улс дотроо ялсан ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах аливаа зөрчлүүдийг үгүй хийж Монгол гэдэг нэг л үндэстэн гэсэн үзэл санааг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

    Энэ талаар АНУ-ын эрдэмтэн Жек Ветерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо (II хэвлэл. 2005. УБ. х.38,39) “Тэр зөвхөн хүчин чадлаар улс орныг байгуулж чадахгүй гэдгийг сайн мэдэх болсон тул ялагч ялагдагч хоёр талын иргэдийг хоорондоо гэр бүл болох, хүүхэд үрчилж авах зэргийг дэмжиж, тэднийг нэгэн шинэ системд оруулан нэгтгэхийг хичээдэг болжээ” гэж тэмдэглэсэн байдаг. Үүнтэй нэг талаар санал зөрмөөр зүйл бол Чингис хаан үүнийг сүүлд ойлгосон мэтээр бичсэн явдал юм. Чингис хаан угаасаа нийцтэй хүн байсан агаад хүчирхэг Монгол улсыг байгуулахад овгорхох, аймгархах явдал ямар их гайтайг бүр залуугаасаа ухаарч, ялагдсан овог аймгийн иргэдийг гадуурхдаггүй, жигд харьцдаг, албан тушаал дэвшүүлдэг (урианханы Зэлмэ, Киданы Елүй Чу Цай, жалайрын Мухулай, баарины Хорчи г.м.), дайсныхаа өнчдийг тэтгэдэг (мэргидийн Хүчү, бэсүдийн Хөхөчү, татаарын Шихихутуг, жүрхиний Борохул, г.м ) байсан ба ялагдсан мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу, Чулууны эхнэрийг хүү Өгэдэйд өгч, Дайр-Үсүний охин Хуланг өөрөө авч хатан болгож байснаас үзэхэд нэгдсэн монгол үндэстэн байгуулах санаа, арга эртнээс төрж, түүнээ хэрэгжүүлж байсныг гэрчилж байна.

    Нийцтэй хүний гол чанар бол яс үндэс, мэдлэг чадвар, шашин шүтлэг, албан тушаал болон гарал үүслээр (тухайн үедээ харц, язгууртан) хүнийг ялгаварладаггүй харьцах чадвар бөгөөд үүнийг Чингис хаан төгс эзэмшсэн хүн байсан байна. Үүний бас нэг жишээ бол харь гаралтай олон эрдэмтэн мэргид, гар урчууд, мэргэжилтэн, түшмэдийг өөрийн ажилд татан оруулж Монголын төлөө ажиллуулж чадаж байсан явдал юм. Энэ талаар эрдэмтэн Б.Балжинням “… үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлээс Монголчууд ангид байсны баталгаа нь харийн олон алдарт хүмүүсийг өөрийн төрдөө татан ажиллуулж байсан явдал юм. Энэ бүхэн өнөөдөр ч нэн хэрэгтэй байна.”(Б.Балжинням “Монголын түүхийн товчоон х. 785) хэмээн харамсангүй өгүүлсэн нь угтаа харийн хүмүүстэй ч нийцтэй байж, тэдний мэдлэг чадварыг ашиглаж чаддаг байсан Чингисийн арга барилыг хэлж байгаа хэрэг билээ.

    Орчин үед дэлхий ертөнц даяарчлагдаж үндэстэн дамнасан корпорациуд хил хязгааргүй үйл ажиллагаа явуулж буй үед Чингис хаан маягийн удирдагчид хэрэгтэй болж байна. “Зарим том корпорацийн захирлуудын үзэж байгаагаар 21 дүгээр зууны бизнессийн лидерүүдийн нэг номерын сорилт бол даяарчлал болсон.” (R.Harborne, “Wisdom of the CEO: The Challenge to Business Leadership in the 21st Century.” Research conducted by Pricewaterhouse Coopers, presented at the New England Business Administration Association International Conference, New Haven, CT, April 28, 2000. Information taken from presenter handout.) Удирдахуйн шинжлэх ухаан хурдан хөгжиж ирээдүйн менежерүүдэд олон улс үндэстнээс бүрдсэн орчинд бусад үндэстнүүдийн ёс заншил, үзэл бодол, шашин шүтлэгийг нь хүндэтгэн үзсэн байгууллагын соёлыг хэрхэн бий болгож, удирдах талаар онол, арга зүй бий болж байна. Энэ онол арга зүйг олон зуун жилийн өмнө Чингис хаан мэдэж, хэрэгжүүлж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй юм.

    Эндээс үзвэл Чингис хааны хүмүүстэй угийн нийцтэй байдаг шинж чанар нь нэгдсэн Монгол улсын дотоод эв нэгдэл, монгол үндэстний төлөвшилд ихээхэн хувь нэмрийг оруулаад зогсоогүй гадаад дипломат үйл ажиллагааны гол чиглэл болж байсан байна.

    Удирдагчийн ажилсаг шургуу чанар (working hardness) бол шинэ сэтгэлгээ, шинэ технологи, шинэ арга барилыг бүтээлчээр хэрэглэн шургуу тэмцэж, зорилгодоо хүрэх чадвар бөгөөд энэ нь удирдагчийн хийсэн бүтээсэн зүйлээр нь илэрдэг билээ.

    Чингэс хаан хар багаас өнчирч, айлын том хүүгийн хувьд гэр бүлээ тэжээх, овог аймгаа нэгтгэн удирдах том үүрэг хариуцлагыг хүлээсэн нь түүнийг багаас нь ажилч шургуу болгож сургасан байна. Дээр дурдсан судлаач профессор Х.Пүрэвдагва үүнийг маш оновчтойгоор “Тэмүжиний хүүхэд нас ердөө есхөн жил байсан…” (“Чингис хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 27) гэж дүгнэсэн байдаг.

    Чингис хааны бүтээсэн зүйлсийг харахад л маш их хүч хөдөлмөр, тэвчээр, шургуу чармайлт шаардагдсан нь харагддаг. Тухайлбал 1189 онд буюу 27 насандаа өрсөлдөгч дайснуудтай шургуу тэмцэн, монголын ихэнх овог аймгийг нэгтгэж Чингис хаан цол өргөмжлөгдөж байв. Тэгвэл дэлхийн томоохон цэргийн түүхэн жанжны тоонд ордог Наполеон 27 насандаа дивизийн захирагч, Гитлер Дэлхийн I дайнд ахлах байлдагч цолтой байлдаж явжээ. Харин Македоны Александрын хувьд хаан эцгийн бэлэн ор залгамжилсан тул цэргүүдээ удирдан дайн байлдаанаа эхэлсэн байдаг билээ.

    Чингис хаан үеэ өнгөрөөсөн хуучныг өөрчилж, байнга шинийг эрэлхийлж, шинэ техник, технолог, гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг бүтээлчээр ашиглаж чаддаг байсныг эх сурвалжууд болон судлаачид нотолдог юм.

    1206 онд буюу 44 насандаа Нэгдсэн Монгол улсыг байгуулан, овог аймгийн хуучин тогтолцоог устган зуут мянгатын системээр эдийн засаг, цэргийн нэгдмэл цоо шинэ засаг захиргааны бүтэц зохион байгуулалт хийв. Монголын ард түмэн нэгдмэл нэг үндэстэн болон хувирч, овог аймгийн дайсагналгүй болж, энх амгалан, хууль зүй, шударга ёсыг тогтоов. Улс орноо гадаадын дайснаас найдвартай хамгаалахын тулд батлан хамгаалах хүчийг шинэчлэн зохион байгуулж чадварлаг тактик стратегитай, дэлхийд хамгийн шилдэг армийг байгуулав. Эрдэмтэн Х.Шагдарын судалгаанаас үзвэл монголын цэрэг нь хүнд, хөнгөн морин цэрэг, явган цэрэг, зэвсэг урлах урчуудын цэргээс гадна зам гүүр барих, хэрэм цайз нураах төхөөрөмжүүд, дэлбэлэх шатаах хэрэгслүүд хийдэг инженерийн цэрэгтэй, их бууны анги, ар талын ангитай орчин үеийн армиас дутахааргүй зохион байгуулалттай байсан (Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх, УБ, 2000, х. 512-515) төдийгүй цэргийн тактик стратегийн хичээл судалдаг цэргийн академи (хишигтэн цэрэг)-тай байжээ. Эдгээрээс үзэхэд Чингисийн ямар бүтээлч, үр дүнтэй удирдагч болох нь харагдана.

    Чингис хаан Монгол улсыг төвшитгөсний дараа дэлхий ертөнцийн хэмжээнд даяарчлалыг хийж улс орнуудын дунд энх амгалан тогтоох, харилцан ашигтай арилжаа худалдаа хийх, нэгдмэл зах зээлийг бүрэлдүүлэх үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө амьдралын эцэс хүртлээ тэмцэж иржээ.

    Чингис хаан аливаа улс оронд дайн байлдаан хийхдээ эхлээд энх тайванч санал заавал тавьж, эсэргүүцсэн үед л хүч хэрэглэдэг байсныг түүхчид тэмдэглэдэг. Эсэргүүцэн тэмцээд эзлэгдсэн орны ард түмнийг дарлан мөлжөөд байдаггүй, албан татвар оногдуулан удирдагчдыг нь солиод орхидог байсан олон жишээ дурдаж болох билээ. Чингис хаан аливаа нэг улс орныг хүч түрэмгийлэн булаан эзлэх, дарлан мөлжих, газар баялгийг нь шунан ашиглах, цөлмөн ядууруулах, шашин соёлыг нь устгах, бусад ард түмнийг хүйс тэмтрэх (жишээ нь Гитлер шиг) зорилго тавьж явсан баримт байдаггүйгээс үзэхэд дэлхийн ард түмний сайн сайхны тулд орчин үеийнх шиг даяарчилсан нийгэм дэлхийд тогтоохыг эрмэлзэж явсан байна.

    Чингис хаан Монгол улсыг төвшитгөсөн хэдий ч дэлхийн улс орнууд амар тайван, сайн сайхан байхын тулд дэлхий ертөнцийг нэг зах зээлтэй, үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварладаггүй нэгэн тогтолцоо болсны дараа л дэлхийн хүн амын амар амгалан амьдрах үндэс бий болно гэж үздэг байжээ. Харамсалтай нь феодалын нийгмийн үеийн жижиг хан, вангууд энэ дэвшилт санааг үл ойлгон өөрийнхөө ард түмний тусын тулд бус, өөрийнхөө эрх мэдэл, хангалуун амьдралын төлөө эсэргүүцэн тэмцэж монголын шилдэг армид ялагдаж байжээ.

    Түүнчлэн улс орнуудаас уран барилгачид, уран дархчууд, эрдэмтэд, авъяаслаг хүмүүсийг цуглуулж албан татвараас чөлөөлж, санхүүжүүлж, шинжлэх ухаан техник технологийн мэдлэгийг хөгжүүлж, үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж, дэлгэрүүлж байсан нь үнэн бодит баримт юм.

    Түүхчид Чингис хааны гүйцэтгэсэн түүхэн үүргийг сайн муу олон янзаар бичдэг боловч Америкийн эрдэмтэн Жек Ветерфорд “Чингис хаан салангид олон жижиг аймгуудын эринийг эцэслэж, тэднийг худалдаанд суурилсан дэлхийн нэгдмэл тогтолцоонд оруулан, түүхэнд урьд өмнө байгаагүй нэгдмэл гүрэн болгон нэгтгэсэн билээ” (“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингэс хаан”. II хэвлэл. 2005. УБ.х.11) гэж дүгнэсэн нь гарцаагүй үнэн билээ.

    Дашрамд дурдахад даяарчлалын тухай ойлголтонд дэлхий нийтээр 20 дугаар зууны сүүл үед л хүрсэн билээ. Гэтэл харьцангүй соёлжсон 20 дугаар зуунд хүн төрөлхтөн зөвхөн өөрийн улсын өчүүхэн эрх ашиг, бусдын байгалийн нөөц баялгийн төлөө (нөгөө л дундад зууны хан вангуудын адил) 2 удаа дайн хийж 80-аад сая хүнээ алж устгасан боловч энх тайвнаар зэрэгцэн орших, чөлөөт худалдаа хийх, дутагдмал хэрэгцээгээ тайван замаар хангах, хүн ард нь амгалан тайван, баян чинээлэг амьдрах нөхцлийг бүрдүүлж чадаагүй юм. Одоо ч гэсэн дэлхийн хэмжээнд байгалийн нөөц баялгийн төлөө том гүрнүүд ил далд байлдсаар л байна.

    Чингис хаан ингэж олон жил “Алд бие минь алдарвал алдартугай, Аху төр минь бүү алдартугай” гэсэн зарчмын үүднээс морин дэлнээс буулгүй, амь насаа хайрлалгүй, тууштай ажиллаж тэмцэж ирсний үр дүнд зуухан мянган цэргийн хүчээр (удирдахуйн ухаан талаас үзвэл маш бага нөөцөөр) “… эзэлсэн газар нутгийн хэмжээ гэхэд Наполеон, Гитлер, Македоны Александрынхыг бүгдийг нь нийлүүлснээс ч илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин километрт хүрсэн…” (Ким Жон Рэ х.26), Ази Европыг дамнасан, дэлхийд байгаагүй том гүрэн байгуулж, улс ардыг нь түвшитгэж, шударга хууль ёс тогтоож (Дэлхийн түүхэнд анх удаа … Евразийн нутгийн 80% дээр нэгдмэл хууль “Их засаг” үйлчлэв. Балжинням “Монголын түүхийн товчоон, х. 783) дэлхийн хөгжлийн дараагийн 150-350 жилийн бодлогыг тодорхойлж чадсан (мөн тэнд) байна. Энэ бол түүний хийсэн бүтээсэн зүйл буюу хөдөлмөрч шургуу шинж чанарын үр дүн мөн.

    Удирдагчийн ийм ажилсаг шургуу чанар бол өнөө үеийн компани, корпорацийн удирдагч нарт байх заавал байх ёстой шинж чанар бөгөөд үүнийг эрдэмтэн Ким Жон Рэ соргогоор ажиглаж, өнөөгийн Өмнөд солонгосын залуус, корпорацийн удирдагч нарт Чингис хааны арга барилаар ажиллахыг уриалсан байх нь чухам Чингис хааны ажилсаг шургуу чанарыг хэлсэн бөгөөд энэ нь Монголын, мөн дэлхийн хэмжээний бизнесийн удирдагч нарт хэрэгтэй амьд үлгэр дууриал юм.

    Чингис хааны удирдагчийн дээрх 3 шинж чанар дээр нэмж зайлшгүй хөндөх нэг асуудал бол хүнд ховорхон тохиолддог харизматик шинж чанарын тухай юм.

    Харизма гэдэг грек үг нь дээрээс заяатай гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд ийм хүн төрх байдал, нүүр царай, харьцаагаараа хүмүүсийг өөртөө өөрийн эрхгүй татаж чаддаг ба бусад хүмүүс түүний үгийг хүндэтгэн биширч дагадаг учир бурхнаас заяагдсан хувь хүн гэж үздэг байна. Энэ нэр томъёог анх германы социологич германы Max Weber(1864 –1920) гаргасан ба эрдэмтэн Конгер, Канунго нар судалж харизматик удирдлагын онолын үндэслэлийг 1987 онд гаргасан байдаг. (Conger, J. A., Kanungo, R. N., Menon, S. T., & Mathur, P. (1997). Measuring charisma: Dimensionality and validity of the Conger-Kanungo scale of charismatic leadership. Canadian Journal of Administrative Sciences, 14, 290-302.)

    Удирдагчийн харизматик шинж чанарыг орчин үед их сонирхон судалдаг болж байгаа бөгөөд дэлхийн нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн олсон амжилтыг түүний харизматик шинж чанараар тайлбарладаг болсон байна. Тухайлбал францууд Наполеоныг, германчууд Гитлерийг, америкчууд Билл Клинтон ба зарим нэг корпорацийн захирал, бизнесменүүдийг, англичууд Черчиль ба Диана гүнжийг, зарим нэг түүхчид Македоны Александрыг харизматик хувь хүн үздэг байна. Одоо ч гэсэн улс төрчид олон түмэнд таалагдаж татахын тулд нүүр царай, хувцас хунарыг нь тордож, хэлэх үгийг нь бэлтгэж дагаж явдаг imagemakers гэдэг баг хүмүүстэй ажилладаг нь чухамдаа харизматик шинжийг бий болгож буй хэрэг билээ.

    Тэгвэл Чингис хаанд энэ харизматик шинж (товчоор хэлбэл татах чадвар) нь бүр багаасаа мэдэгдэж эхэлсэн буюу төрөлхийн шинж чанар гэж үзэж болохоор байна. Тухайлбал “Нууц товчооны” 62 дугаар зүйлд (МНТ х. 21) Есүхэй баатар хүү Тэмүжиндээ бэр гуйхаар явах зуур Хонгирадын Дэй сэцэн таарч Тэмүжинг үзмэгц “Энэ хөвгүүн чиньнүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна… Есүхэй худ манай гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз.” гэж хэлсэн байдаг. Энэ бол 9 настай байхдаа ердийн хүүхдүүдээс илүү, том хүмүүсийн анхаарлыг хүртэл татаж чаддаг байсан болохыг нотолж байна. Нөгөө талаас монголчууд нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй гэж хир баргийн хүнийг хэлдэггүй ба тэгж хэлэгдэх хүмүүс одоо ч гэсэн маш ховор байдаг. Дэй сэцэнд Тэмүжиний нүүр царай гадаад төрх байдал, биеэ авч явах байдал нь маш их таалагдсан байх ба өөрийн хүргэн болгохыг тэр дороо л хүссэн байдаг.

    Бас нэг баримт дурдахад Тэмүжинг тайчуудад баригдаад, оргож голын харгианд нуугдан хэвтэж байхад Сорхан шар таарч “Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хүн тул тайчууд чамд атаархах ажээ…” (МНТ х. 28) гэж хэлээд барьж өгөөгүйгээр зогсохгүй сүүлд гэрт нь очиход нуун далдалж, хүнс унаа залгуулж оргуулсан билээ. Насанд хүрээгүй байхдаа том хүмүүсийн анхаарлыг ийнхүү татаж бүр атаархлыг нь хүргэж байна гэдэг бол Тэмүжин үнэхээр хүний анхаарлыг татаж чадаж байсныг гэрчилж байна.

    Түүнчлэн найман шарга морио дээрэмдүүлээд ганцаар мөр мөшгин явж байх зуур тааралдсан огт үл таних Боорчи ямар ч эргэлзээгүйгээр морийг нь юүлж, өөрөө намбух суулгаа хээр боож тавиад хамт явж харвалдан тулалдан байж морьдыг буцаан авчирч ямар ч хариу нэхэлгүй тус болсон ба сүүлд Тэмүжинийг нөхөрлөе гэж Бэлгүтэйг явуулахад эцэгтээ үл хэлэн ирж насан туршдаа үнэнчээр хүчээ өгсөн байдаг билээ. Мөн тайчууд довтлон ирэхдээ “ Бусад нь хэрэггүй. Тэмүжин ахыгаа гаргаж өг” гэж бахиралдаж байснаас үзвэл Өүлэн эхийн хүүхдүүдээс Тэмүжин хүнийг татах чадвар, хүний анхаарал татах байдлаараа илт ялгарч, монгол овог аймгуудын дунд нэр нь аргагүй яригдах болж, бусад дайсагнагч аймгийнхны атаархлыг төрүүлж байсан байна.

    Бас нэг сонирхолтой баримт бол Тайчуудын Таргудай Хирилтуг, Жадараны Жамуха нар Тэмүжинг хүчтэй өрсөлдөгч болохыг мэдсэн хир нь Тэмүүжинийг хүч дорой байх үед устгаж төвдөөгүй явдал байдаг. Таргудай Тэмүжинг барьж аваачсан хойноо алахыг үл төвдөн дөнгөлж айл хэсүүлэн шийтгэж байв. Сүүлд тайчууд бутцохигдсоны дараа Таргудай Хирилтугийг Нүцгэн баарины Ширээт өвгөн хөвгүүдийн хамт барьж аваад Чингис хаанд хүргэхээр явах зуур Хирилтугийн хөвүүд, дүү нар хөөн ирэхэд Таргудай “…Тэмүжинийг эзэнгүй нутагт орхигдоод байхад нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй, сэргэлэн авъяастай хөвүүн гэж би олж авчраад, эмнэг үрээ сургах мэт сургаж хүмүүжүүлж явсан билээ. Тэр цагт түүнийг хялбар үхүүлж чадах боловч өршөөж өсгөсөн юм… Тэмүжин намайг алахгүй. Та хөвүүд дүү нар минь үтэр харигтун” гэж хэлээд буцаасан байдаг. Монголын нууц товчоонд ингэж Тэмүжинг 3 удаа хар багаас нь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй гэж хүмүүс анзаарч, зарим нь атаархаж байснаас үзэхэд Чингисийн харизматик шинж чанар тохиолдлын зүйл биш харин бүр бага наснаасаа буюу төрөлхийн ийм шинжийг агуулсан хүн байжээ гэдэг дүгнэлтэд хүргэдэг.

    Тэгвэл Жамуха Даланбалжудад Чингис хааныг ялж Онон мөрний Зээрэн хавчилд шургуулж хүнд байдалд оруулсан ч бүрмөсөн устгахыг бодсонгүй буцсан байдаг ба түүнд Чингисийг Хэрэйдтэй ба Наймантай нийлж устгах бололцоо хоёр ч удаа байсанболовч тулалдааны талбараа хаян харин Чингист урам орох үг хэлүүлэн салж явсан байдаг зэргээс үзэхэд Чингис хаан дайснуудаа хүртэл өөртөө татаж чаддаг байсныг харуулж байна. Ер нь сайн удирдагч гэж дайснаа нөхөр болгосон хүнийг хэлнэ гэж менежментийн шинжлэх ухаанд үздэг бөгөөд дайсны талд байлдаж байсан баатар жанжингууд сайн дураар түүнд ирж нийлж байсан ийм жишээнүүд олныг дурдаж болохоор байна.

    Жамуха Гүр хаанаар өргөмжлөгдөж Чингисийн гол өрсөлдөгч болж явсан боловч Тэмүжинг өөрөөсөө илүү билэг авъяастай гэдгийг хар багаасаа ойлгож мэдэрсэн, Монгол улсыг энэ хүн нэгтгэж, улс шиг улс болгож чадна гэдгийг ойлгосон тул ингэж байлдан ядаж байсан байна. Жамуха өөрийн хүслээр үхэхдээ түүний ур чадвар, авъяас билгийг үнэлж, уужим сэтгэлт анд, ухаант царай, тэнгэр заяат, далай Чингис гэх мэтээр хувийн шинж чанаруудыг магтаж хэлсэн нь Чингис хааны хувийн шинж чанарыг бидэнд тодорхойлж өгсөн байна. Хирилтуг бас сэргэлэн авъяастай хөвүүн гэж үнэлж байсан байна. (МНТ х. 63) Түүнчлэн Жамухын үгэнд мөн тэнгэр эцгээс заяатай гэж дурдагдсан байдаг нь лав л Есүхэй баатрыг хэлээгүй, тэхээр тэнгэрээс заяасан авъяас билэг гэдгийг Жамуха төдийгүй тэр үеийн хүмүүс ойлгож байсныг илтгэж байгаа бус уу?

    Германы түүхч Райнхолд Нойман – Ходиц “Чингис хаан” (2002) номондооЧингэс хааны хүнийг татах чадварыг онцлон тэмдэглээд “Чингис хаан чухамхүү өгөөмөр сэтгэлийн хүчээр хүмүүсийг татаж чаджээ.” гэж дүгнэсэн байдаг.

    Английн профессор Mick Yates судалгааныхаа үр дүнд түүний 4 дэх Е буюуENERGIZE хүрээн дотор Чингис хаан бол харизматик хүн байжээ (He was charismatic)гэдэг дүгнэлтийг өгсөн байна. (www.leader-value.com)

    Энэ бүхнээс үзэхэд Тэмүжин хар багаасаа хүнд ховорхон тохиолдох хүнийг өөртөө татах чадвартай байсан бөгөөд цаашдаа Монголын олон овог аймаг, язгууртнууд, жирийн ард иргэд, үнэнч нөхөд, баатар жанжингууд, чадварлаг авъяаслаг хүмүүс төдийгүй өдий төдий харь улсын хаад, албатууд сайн дураараа ирж нийлж үнэнчээр зүтгэж байсан жишээнээс үзэхэд маш сайн харизматик шинж чанарыг агуулсан хүн байжээ гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Түүн дээр нэмж дурдахад монголчууд Тэмүжинг дээд дэнгэрээс заяат төрсөн гэж бичиж ирсэн нь санамсаргүй зүйл биш бөгөөд харин харизматик гэдэг ойлголтыг монголчууд дээд тэнгэр, бурхнаас заяатай гэдэг утгаар нь Чингисийн үеэс эхлэн хэрэглэж байсны баримт юм.

    Чингис хааны энэ харизматик шинж чанар нь дайн байлдаангүйгээр, гарз хохирол багатайгаар олон овог аймаг, улс, тэдгээрийн удирдагчдыг өөртөө татан нэгтгэж Европ, Азийг дамнасан гүрэн улс байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

    Дүгнэлт

    1. Эндээс үзэхэд Чингис хаан орчин үеийн удирдахуйн ухаанаар тогтоогдсон удирдагчийн гол 3 шинж болон хүнд ховор тохиолддог харизматик шинжийг төгс агуулсан, чадварлаг, ухаалаг, алсын хараатай (envision), дэлхийн хэмжээний удирдагч байсан учраас ийм амжилтанд хүрчээ.

    2. Чингис хааны амжилтын үндэс нь удирдагчийн дээрх гол шинж чанарууд болон харизматик чанарт байна. Эдгээр шинж чанарыг эзэмшиж чадвал нүүдэлчин овгийн жижиг удирдагч ч дэлхийн хэмжээний удирдагч болж болдгийг Чингис хааны түүх харуулж байна.

    3. Дэлхийн түүх болон Чингис хааны түүхээс түүний удирдагчийн шинж чанар, арга барил, ур чадвар, баялаг туршлагаас судлах, сурч мэдэх, сургамж болох зүйл бидэнд өшөө их байна.

    4. Орчин үеийн даяарчлалын нөхцөлд компани, корпорацийн удирдагч нарт Чингис хаанаас сурах, санаа авах зүйл их байгаа бөгөөд зөвхөн дотооддоо, өвөр хоорондоо өрсөлдөх биш, харин Чингис хааны хувийн шинж чанар, ур чадвар, арга барилаас суралцан дэлхийн хэмжээнд сэтгэж, шинэ технолог, дотоодын байгалийн баялаг, гадаадын мэргэжилтнүүдийг бүтээлчээр ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх өргөн боломж, арга зам нээлттэй байна.

    Олон улсын ЭШБХ-д тавьсан илтгэл

    Илтгэгч нь Чингис хаан дээд сургуулийн тэнхмийн тэргүүн, дэд профессор Ё. Батсуурь

    “Чингис хааны удирдагчийн хувийн шинж чанарын тухай”

  • ЯЗГУУР МОНГОЛ ХҮН ЯМАР БАЙДГИЙГ МЭДЭХТҮН! [МОНГОЛОО НЭХЭЖ БУЙ МОНГОЛ]

    Монгол хүний үнэлэмж, ёс зүйн цогцын талаарх эргэцүүлэл…
    1970-аад оны сүүлчээр юмдаг, манай нутгийн нэг айлд зочилсон хүн гэрийн эзэнтэй сүрхий ам зөрөөд, гарч явахдаа гэрийнх нь хошлон бүсийг тас тас огтолж орхиод явчихжээ. Үүнийг сонссон эмгээ маань “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” хэмээн халаглаж байсансан.
    Өширхөл, хонзогнолоо тайлж байж санаа амардаг зан бол, тэр тусмаа энэ мэтээр хорлонтой, ёсон бусаар тайлна гэдэг бол олиггүй өчүүхэн хүний явдал юм. Эмгээгийн “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА, АРАЙ Ч ДЭЭ” гэсэн үгний цаана Монгол хүн ийм болчимгүй, муухай, аргаа барсан юм хийх ёсгүй юм гэсэн сэтгэлгээ байна.
    Мөн тэр үед билээ. Сумын төвийн Худалдаа бэлтгэлийн ангид бараа татаж явсан ачааны машин зам зууртаа онхолдож, бараа нь газраар нэг цацагджээ. Сүрхий бэртсэн жолоочийг замын тэрэг цааш нь аймгийн төв рүү авч явсны дараа сумаас комисс томилогдож, өнөөх талын нэг тарсан бараа таваарыг нь тоолж, бүртгэх, данс бичигтэй нь тулгах ажил хийхээр явсан юм. Гэтэл тэрхэн жаахан эзгүй чөлөөнд бас нэг замын нөхөр өнөөх бараанаас нэлээдийг хусчихсан байсан гэдэг. Хулгайлсан хэрэг л дээ. “Чоно борооноор, муу хүн дүйвээнээр” гэдэг л юм болохгүй юу. Тэр комисст явсан аав маань эргэж ирээд энэ явдлыг ихэд эгдүүцэн ярьж, өнөөх завшигч нөхрийг “МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэж дамаа загнаж байсныг санаж байна.
    Бусдын зовлон, бэрхшээл, цаг зуурын үймээн сиймхийг ашиглан өөртөө ашиг завшаан авах нь зүй бус явдал. Хөгийн муу хүмүүс л ийм зүйлийг үйлддэг. Аавын “МОНГОЛОО АЛДСАН ХОГ” гэсэн үгний цаана хэн нэгний зовлон бэрхшээлийг далим болгон өөрт ашиглах нь Монгол хүнд байж болшгүй явдал гэсэн сэтгэлгээ бас харагдана.
    1990-ээд оны эхээр юмдаг. Саахалтын ах эмээгээсээ үлдсэн хуучны эхнэр хүний толгойн мөнгөн хэрэгсэлийг аймгийн төвийн нэгэн дарханд аваачиж, өөртөө найман талт усан гинжтэй, соёо цохилуур зэрэг тамхины хэрэгсэл хийлгэж билээ. Гэтэл сар ч болоогүй байтал өнөөх мөнгөн соёоных нь үзүүр гэнэт улайрч, шаргалтаад иржээ. Гайхсан ах хутганыхаа мөрөөр шудраад үзвэл гуулиар хийгээд мөнгөөр бүрчихсэн байсан гэдэг. “Гууль нь цухуйна” гэдэг жинхэнэ бодит утгаараа болсон нь тэр. Тэгээд хуурамч соёо цохилуураа аваад, ажил явдал болгон аймаг орж, өнөөх дархандаа үзүүлтэл “Би таны өгсөн мөнгийг л хайлуулж хийсэн дэг. Гуулиар хийгээгүй. Энэ миний хийсэн хэрэгсэл биш байна” гэж гүтгээд огт хавьтуулсангүй. Үүнийг сонссон нутгийн хөгшид тэр дарханыг “ЯАДАГ МУУ МОНГОЛОО АЛДМАР ВЭ?” хэмээн гайхан шогширцгоож байсансан.
    Энэ үгний цаана бусдыг хууран мэхлэх, завших, гүтгэх зэрэг муу явдал хийдэг хүн бол МОНГОЛ хүнийхээ язгуур шинжийг алдчихсан, МОНГОЛ ХҮН биш болчихсон гэсэн үзэл санаа ханхална.
    Өгөөмөрийн талд мотоциклоор бөхөн хөөж бахардуулаад, амьдаар нь эврийг нь тайрч аваад явчихсан хэрэг гарч, хөгшид “Тэр лавтай монгол хүн биш дэгээ” гэлцэн халаглаж байсансан. Булаг шандын усанд цагаан идээ оруулах, шинэхэн зүлэг ногоон дээр хөөтэй тогоо тавих, унаа морио хазаартай нь услах гэх зэргээс болж хөгшдөд “Боль чи, Монголоо алдмар минь” хэмээн зандчуулж явав. Ер тэр цагт хөгшид болчимгүй, бусцар зүйл хийсэн нэгнийг “Монгол хүн байна даа, ийм ч юм хийх гэж” хэмээн харуусан халагладаг, ёсон бус муухай явдалтай хүнийг “Монголоо алдмар” гэж загнан ширүүлдэг нь олонтаа байсансан. Энэ үг бараг хэлц үг шахуу байж…
    Өнгөрдөг цагаан сараар, цагаан хуучраагүй байхад тавгын идээнийхээ ул боовыг хог дээр гаргаад хаячихсан явдал болж, нүүр хуудаснаа хэдэн мянган хүн эгдүүцэн дургүйцэж буйгаа илэрхийлж байв. Тэгэхэд ойрд сонсогдоогүй “Монгол хүн байна даа, арай ч дээ” гэсэн өнөөх халаглал мэр сэр харагдаж билээ.
    .
    ***
    Уншигч та хөгшдийн энэ хэлцээс нэг зүйлийг тод анзаарсан байх гэж найдна. Энэ бол Монгол хүний үнэлэмж юм. Үнэхээр монгол хүн л юм бол,
    – Муу аргаар өш хонзонгоо тайлдаггүй байх нь,
    – Хэн нэгний зовлон, золгүй тохиолыг ашигладаггүй байх нь,
    – Хуурч мэхэлдэггүй, муу ов залиар хүнийг хохироож, ашиг завшаан олдоггүй байх нь.
    – Байгал дэлхийдээ өр зөөлөн сэтгэлээр ханддаг байх нь гэх мэт гаргалгаа эдгээр жижигхээн жишээнүүдээс харагдана.
    Ардын ахуй амьдрал, зан үйл, явдал суудал, хууч түүх, судар ном, хэлц ярианаас сэргээн харваас энд дурдагдаагүй өөр олон сайхан чанар монгол хүнд бас бий. Үүнд:
    – Нэг нэгэндээ ээл түшигтэй, нөмөр нөөлөгтэй, тус дэмтэй, эв найртай амьдарч ирсэн байх юм, Монголчууд бид. “Хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа хувааж” явдаг сэтгэлгээ бий.. Хатуу ширүүн байгалийн эрхшээл, гэнэтийн огцом өөрчлөлт, хувирал дор аж төрдөг нүүдэлчид тэр хатуу ширүүнийг хамтын ухамсар, тус дэмийн хүчинд даван гарахаас өөр ямар ч арга нөхцөлгүй юм. Эс бөгөөд бүгд мөхөх болно. Тиймээс Монгол хүнд тусч чанар заавал байх ёстой зүйл гэж үздэг, тусч бус хүнийг “монголоо алдсан” гэж үздэг байжээ. Самуун цаг зуурт Монголчуудын энэ язгуур шинж нь бүдгэрэн, буурайж ирэхэд өөр хоорондоо тэмцэлдэн, өрөөл бусдын эрхшээл дор ортлоо ядарч явсан түүх бий. Гэхдээ тэр нь цаг зуурынх болохоос яс язгуурынх биш юм.
    – Тусыг зөвхөн тусынх нь тулд бүтээдэг, хариу харам, барьцтай тус болохыг цээрлэдэг байж. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь цагийг нь олж тус болсон бол хэрэг бүтлээ гэж үздэг, ач тус болсоноо эргэн сануулж, энд тэнд гавьяа мэт хөөрөн явахыг муу муухай, зүй бус явдал гэж үздэг байжээ. Тус дэмийг нь хүртсэн тал нь ч “Ачийг ачаар” гэдгийг ямагт марталгүй санаж, талархан явах бөгөөд боломж, шаардлага гарваас ач тусыг нь хариулах, бүр нугалж хариулахыг эрхэмлэдэг байж. “Тусыг усаар” хариулах нь энэ насны цөв хэмээн ихэд цээрлэнэ.
    – “За бол ёогүй” гэдэг. Хэлсэн ярьсандаа хүрдэг итгэлтэй, найдвартай чанарыг ихэд эрхэмлэдэг байж. Монгол эр хүн бол хэлсэн, санасандаа заавал хүрдэг гэсэн тогтсон ойлголт бидний өвөг дээдэст гүн шингэсэн байжээ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэг үг зүгээр нэг толгой холбосон хэлц биш, зан суртхууныхаа үнэ цэнэт талыг томьёолсон нь болно.
    – Овилгогүй, ойворгон зан араншинтай хүнд таагүй ханддаг, ноён нуруутэй төлөв түвшин хүнээ хүндэтгэдэг, тэднийхээ үг зөвлөгөөг авдаг, буруу гачуу зүйл хийвэл тэднээсээ жийрхэг дөлдөг байж.
    – Зусарч, бялангач занг жигшин зэвүүцдэг, тийм хүмүүсийг ангийн адаг үнэгтэй зүйрлэдэг байжээ. Хөдөөгийн Пэрлээ абугайн бичсэнээр “Тал нутгийн эзэд үнэг шиг зусардаж явснаас баатрын ёсоор үхсэн дээр” гэдэг сэтгэлгээтэй..
    – Монголчууд бол их энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, өрөвч уяхан хүмүүс юм. Бас найрсаг тусч, өгөөмөр чанар бол монгол хүний үндсэн имидж, нэрийн хуудас нь байв. Энэ талаар Оросын алдартай судлаач Н.М.Пржевальскийгаас эхлээд XVIII, XIX зуун болон XX зууны эхэн үед Монгол орноор аялсан жуулчид, судлаачид бүхэн толгой дараалан бичиж тэмдэглэн үлдээсэн байдаг. Жишээ, баримт татвал барагдашгүй ихийг бичиж болох билээ. Хаалга үүдэндээ цүү цуургагүй байсан явдал мөн саяханых даа. Хаа холын нүүдэлчдийг цай идээгээ бариад угтдаг байсан заншил өчигдөрхөнийх дөө.
    – Аминч, бэртэгчинг зан, хувиа бодсон явцуу сэтгэлийг, Биеийн амрыг харах, бэлэнчлэх, Бусдыг хуурч мэхлэх, Авах завшихийг эрхэм болгох зэргийг жигшин цээрлэдэг, Би-гээ ихэд бодсон, бусдыг үгүйсгэн дорд үздэг хүмүүст таагүй ханддаг байж,
    – Овилгогүй дээрээ шуналтай, далд давхар санаатнаас бол ихэд жийрхэн цээрлэдэг, “дотор санаатай, дотуур тамиртай муу хүн” гэдэг, Эе эвийг эвдэгч, хов жив зөөгч, яс хаягч, ярдаг, хахир зантай хүнд таагүй ханддаг байж…
    – Монгол хүн нэгнийхээ алдаа эндэлд улай үзсэн хэрээ мэт баярлан баясах биш, харин харуусан халагладаг байж. Амжилт бүтээлд нь хорсон жөтөөрхөх биш баясан баярладаг байж…
    – Ядарсан, сул доройдоо ихэрхүү дээрэлхүү зан авир гаргах, тэр ч бүү хэл харж халамжлахгүй байхыг монгол хүний явдал биш гэж үздэг байж. “Муу муудаа, муна гадсандаа” гэж томъёолдог..
    – Эд хөрөнгөөр баярхах, хий хоосон сагсууран сагсалзахыг ч элэглэн шоолно. “Шинэ баян цээж өвчтэй”, “Адаг баян эд хөрөнгө” гэх мэт.
    – Байгал орчиндоо ухаалаг, ээлтэй хандах, эсрэгцэн эзэмших бус зэрэгцэн зүй зохистой зохицож орших арга ухаантай байх…
    – Ахуй амьжиргааны үндэс болсон эрдэнэт мал сүргээ эрхэмлэн дээдлэх бүхэл бүтэн цогц үнэлэмж, ёс уламжлалтай
    Гэх мэтчилэн ардын дунд уламжлагдаж байсан зан суртхууны хандлагуудыг шүүж үзвэл хар аяндаа хатуу бат тогтсон, ихээхэн ул суурьтай бүхэллэг цул цогц ойлголтын хэлтэрхий, үлдэгдэл болох нь харагдана. Яг л эртний маш нарийн бүтэц зохион байгуулалт бүхий хот балгадын туурийн нэгээхэн хэсэг мэт…
    Эндээс үзэхэд Монгол хүний үнэлэмж хичнээн өндөр байгаа вэ??? Бидний өвөг дээдэс өөрсдийгээ ямар эрхэм сайхнаар үнэлж, дээдэлдэг байгаа вэ??? “Монгол хүн” гэдэг ойлголт ямар их үнэ цэнэтэй байгаа вэ?
    .
    ***
    Энэ бол ямар ч үндэстэнд хэзээ ч байж л байдаг хойч үедээ сэтгэл дундуур ханддаг өвгөд хөгшидийн үглэл, гоморхол, тунирхал биш. Харин ч өнө эртнээс улбаатай Монгол түмний ёс журам, зан суртхууны цогц системийн үлдэгдэл, санамж болно.
    Монголчууд нэн эртний ард түмэн. 2200 гаруй жилийн өмнө Хүн гүрний их хаан Модун Төрт улсаа байгуулснаар нүүдэлчдийн Монгол төрийн үүсэл тавигдсан гэж үздэг тал бий. Гэвч Модун хаанаас ч өмнө нүүдэлчдийн улсад Төр байсан. Модун хааны эцэг Түмэн ч төрт улсын хаан байсан ба тэр мөн эцэг дээдсээсээ төрт улсаа өвлөн авсан байдаг. Модун хаан харин нүүдэлчдийн үндсэн хуульт анхны хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Зарим эрдэмтдийн үзэхээр Төв Азийн нүүдэлчдийн хаант төрийн түүх 2000 мянганаар зогсохгүй, манай тооллын өмнөх X зууны эхээр үүссэн хятадын Жоугийн төрт улстай нас чацуу гэх нь ч бий. Юутай ч манай өвөг дээдэс нүүдэлчид лавтайяа 3000 орчим жилийн өмнөөс төрт улсыг байгуулж ирж…
    Баруун тийш ойн гарч, хүчирхэг Ромтой зиндаархаж, европ дахинд боолын эрин үеийг халж, феодалийн дундад зууныг эхлүүлсэн Хүн гүрний хүнчүүд өөрсдийгөө Төв Азийн Их Хүн гүрний үргэлжлэл, хаадын хаан алдар цуут Аттила өөрийгөө Модун хааны залгамжлал гэдгээ сайтар мэддэг байсан гэдэг.
    Чанчун бомбын гарын туслах Ли Жичаны тэмдэглэлд өгүүлэхээр Чингис хаанаас Чанчун бомбод илгээсэн зарлигийн захидалд “…зэрэг харь этгээдийн олон улс орон надад харьяат түшмэл улс болон дагаад байнам. Сэтгэхүй, энэ нь манай Шаньюйн улсад мянган он, зуун үед эс гарсан хэрэг болвой” гэсэн мөрүүд буй юм. Модун шаньюйгаас Чингис хааны үе хоорондох зай даруй 1400 гаруй жил. Энэ урт цагийн түүхийн улбааг, Шаньюйн улс буюу Хүн улсыг өөрсдийн дээдэс гэдгийг XIII зууны үеийн монголчууд сайтар мэддэг байсны баталгаа нь энэ болно.
    XIII зуунд монголчуудын бүтээн босгосон дэлхийн эзэнт гүрний оршин тогтнохуйн үндэс нь цэрэг зэвсгийн, техник технологийн, арга стратегийн давамгайлал, хамгийн чухал ёс зүйн, үүрэг хариуцлагын давуу тал байлаа. Чухам тиймдээ л Монголын эзэнт гүрэн бүхний сэтгэлийг татсан, олон соёл, шашин, үзлийг тэгшээр хөгжүүлсэн, орчин цагийн даяарчлалын эх суурь болсон ер бусын шинж төрхтэй эзэнт гүрэн байсан хэрэг.
    Г.В.Вернадский бичихдээ “Чухамхүү эзэнт гүрний үзэл санаа л монголчуудын … ялан дийлсэн оюуны онцлог шинж байсан юм. Монголын их хаад бүх нийтийн энх амгалан, олон улсын тогтвортой байдлыг бий болгох тов тодорхой зорилготойгоор дайн тулаан хийж байсан бөгөөд эл зорилгоо биелүүлсний дараа хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх нь хүн төрөлхтний аюулгүй байдлын үнэ цэнэ болж байлаа” гэжээ.
    Энд дурдагдаж буй “.. хүн нэг бүр болон нийтээрээ төрдөө байнга хүчин зүтгэх”-ийн цаана ямар нэгэн үнэт зүйл, үзэл санааг тойрон нягтарсан итгэл үнэмшил, зарчим байсан нь нэн тодорхой. Их Эзэнт гүрний үед Монгол хүний ёс зүй гайхамшиг болж байсныг түүх гэрчилнэ.
    Өгөөдэй хааны үед хааны харуулд гарч байсан монгол цэрэг унтаж орхижээ. Харуул унтах нь шууд алах ялтай байж. Унтсаныг хэн ч харсангүй, мэдсэнгүй. Мөн түүнээс болж ямар нэгэн хэрэг зөрчил ч гарсангүй байна. Гэтэл өнөөх цэрэг өөрөө унтсанаа илчилж, цаазын ялруу сайн дураараа очжээ. Өөр газар хэзээ ч ийм зүйлийг олж харахгүй байсан тухай үйл явдлыг нүдээр үзсэн хүн бичиж үлдээсэн. Энд өнөө цагийнхан бол хичнээн оролдовч тэнэглэл гэхээс өөрөөр тайлж үл чадах үүрэг хариуцлагаа гүнзгий мэдэрсэн ухамсар, аминаас нь үнэтэй зарчим, итгэл үнэмшил байсан хэрэг.
    Монголчуудын эвсэг найрсгийн талаар Плано Карпиниас эхлээд гайхан шогширсон нь олон. Тэр бичихдээ “Монголчуудын эв найртай нь гайхалтай. Тэд нэг нэгэнтэйгээ тэмцэлдэж, тэрсэлдэх, зодолдох нь бүү хэл дуугаа ч өндөрсгөж харилцах нь үгүй. Дээрэмчин, хулгайч гэж үгүй учраас үнэт эдлэлийн хайрцаг, агуулах, гэр оронд хэзээ ч цоож цуурга үгүй” гэж бичиж үлдээсэн. Рашид-ад-Дин “Судрын чуулган”-даа, Жувейни “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”-дээ Монгол хүний ёс зүй, үнэ цэнийн талаар гайхамшигтай жишээ баримтуудыг нэг бус бичиж үлдээсэн байдаг.
    Нэгэн үе хүчирхэгжин, нэгэн үе сарнин буурч байсан ч энэ урт удаан хугацааны түүхийн туршид нүүдэлчдийн дунд бүрэлдэн бий болж, хатуу тогтсон ёсзүйн үнэлэмж, үнэт зүйлсийн бүхэл бүтэн цогц бий болсон гэдэг нь нэн тодорхой юм. Ер тохиолдлын бус хүчирхэг гүрэн улсын суурьт чухам тийм ёсзүй, үнэт зүйлсийн цогц заавал байж таардаг. Хүн гүрний үеэс бий болсон энэ цогц үзэл, хандлага дараа үеүдэд ч бүрмөсөн тасарчихсангүй, уламжлагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл 3000 орчим жилийн түүхтэй төрт улсуудыг байгуулж явсан үндэстэнд өөрийн дотоод үзэл хандлага, ёс зүйн цогц систем гарцаагүй байж таарна. Түүхч Г.Гонгоржав энэ талаар нарийн судалж, олонтаа бичсэн дээ. Сүүл үед С.Нарангэрэл гуай ч хөндөн бичиж байгаа. Гадаадын эрдэмтэд ч үүнийг анзааралгүй өнгөрсөнгүй.
    Монгол хүний эдгээр үнэлэмжид эрдэм мэдлэг, чадварын талаасаа ёсзүйн утга агуулга нь илүү түлхүү байдаг нэг онцлог бий. Байгалийн эрхшээл дор аж төрөн оршдог нүүдэлчид – байгалийн түгээмэл хуулийн дор төрт ёс, ахуй байдлаа цогцлоодог, ертөнцийг үзэх өвөрмөц үзэл, итгэл үнэмшилтэй, нүүдлийн онцгой ахуй соёлтой. Байгал бол хамгийн ёс суртхуунч мөн чанартай оршдог, ямар нэгэн засдаг хуурамч, зусарч, ашигч завшаанч, өчүүхэн дорд эрх ашгийг эрхэмлэх хандлага үгүй гэж нүүдэлчид /бид/ үздэг. Энд байгал гэдэг нь зөвхөн хүрээлэн буй байгал орчин төдийгөөр хязгаарлагддаггүй, ил болон далд орших бүхий л орчлон ертөнцийг илэрхийлж буй. Чухам бидний дээдсийн тэнгэр шүтлэгийн эхлэл энд бий. Байгал өөрөө хүний ертөнцөд байх ёс суртхууны хуулийн мөн чанар, хэм хэмжээ нь. Тиймээс байгалийн хууль бол хүний ертөнцийн бүхий л хуулийн язгуур анхдагч, суурь юм гэсэн үзэл санаа эндээс урган гарна. Монгол хүний үнэлэмжид ёсзүйн тал илүү түлхүү байдаг нь энэ суурь үзэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хүний нийгмийн оршихуйн суурь нь ёс зүй, ёс суртхуун болно гэсэн гаргалгаа, үзэл хандлага болно. Харин “Хэн хүчтэй нь сул доройгоо барьж иддэг ширэнгийн баларлаг хууль” хэмээн байгалийн хуулийг хэт өрөөсгөлөөр харьшуулан, хялбаршуулан ойлгож тайлбарладаг үзэл нь байгалийн оршихуйн дотоод зүй тогтлыг, билэг талыг нь сайтар мэдрээгүй суурин иргэншлийн зүгээс гаргасан төөрөгдөл. Говийн ганц шанд усан дээр ямар ч амьтад биеэ биеэ барьдаггүй юм.
    .
    ***
    “Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өнөөгийн бидний өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшилээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий.
    Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.
    “Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно.
    Ашигч, завшаанч, залтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг. Яах аргагүй цус холилдсон эрлийз атлаа монголчуудын эрхэмлэдэг ёсзүйн хэм хэмжээг зөрчихгүй, үнэт зүйлийг эвдэхгүйгээр барахгүй харин ч баяжуулж байдаг хүмүүс бий. Ялангуяа утга зохиол, урлаг соёлын салбарт олны хайр хүндлэлийг хүлээсэн нэр цуутай эрлийз хүмүүс цөөнгүй… Тэднийг ад шоо үзэх нь ер үгүй. Харин монголчуудын өөрсдийгөө үнэлдэг хэм хэмжээг зөрчдөг, монголчуудын хувьд ёсзүйгүй этгээдийг бол хэдий хэдэн үеэрээ монгол боловч “эрлийз”-ээр тодруулан, гадуурхдаг. Тэгэхээр эрлийзийн асуудал бол угтаа үнэхээрийн эрлийзжсэн, цус холилдсонд ч биш, Монгол хүнд байх учиртай тэрхүү язгуур шинж чанараа алдсан, эсэхэд байх шиг ээ.
    .

    ***
    Япон самурайд “Бушидогийн ёс” хэмээх ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц систем бий. Өнөөдрийн хүчирхэг Япон улсын хөгжлийн нэгэн тулгуур хүчин бол “Бушидо” мөн юм гэдгийг тэр нийгмийг нарийн ажигласан судлаачид хэлдэг. Бушидог мэдэхгүйгээр япон орны хөгжлийг тайлбарлах боломжгүй, Бушидог мэдэхгүйгээр Япон хүнийг таних боломжгүй. Бушидо бол япон хүний дээд эрхэмлэл.
    Үзэн ядалт, үл тэвчих үзлээр буцалсан Палестиний элсэн цөлд цөөхөн хэдэн Еврейчүүд төрт улсаа цоо шинээр бүтээн босгохдоо чухам Еврей хүний эрхэм дээд үнэт зүйл, үзэл санаа, эв нэгдэл дээр суурилсан байдаг.
    2000 жилийн турш эх оронгүй тэнүүчилж, хаа газраа гадуурхагдан, алуулж, хядуулж явсан еврейчүүдийг мөхүүлчихээгүй авч үлдсэн тэр их тэсвэр тэвчээрийн шавхагдашгүй эх ундрага нь өөрсдийгөө “Бурхнаас сонгогдсон цор ганц үндэстэн” гэдэгтээ бат итгэсэн итгэл, иудейн шашиндаа суурилсан ертөнцийг үзэх үзэл, өөрсдийгөө үнэлэх асар өндөр үнэлэмж, үнэ цэнэ нь юм.
    Үүн лугаа адил, Монгол хүний эрхэм дээд үнэлэмж, үнэ цэнэ нь болсон ёсзүй, ертөнцийг үзэх үзлийн цогц бидэнд бас бий билээ. Бүр хангалттай бий. Өөр хаана ч үгүй, маш өвөрмөц цогц систем болно.
    Хэдийгээр өнөөдөр бидний ёс зүй байж болох уналтынхаа доод түвшинд хүрчихээд буй ч, “Монгол хүн байна даа, энэ чинь. Арай ч дээ” гэж халаглан харамсаж, монголоо нэхэх дуу хоолой маш сул сонсогддог болсон ч нүүдлийн соёл, сэтгэлгээний төрүүлж буй болгосон энэхүү өвөрмөц ёсзүйн хэм хэмжээний цогц үзэл, систем маань бүрэн эвдэрчихээгүй, биднээс тийм ч их алсран холдчихоогүй байна. Боломж байна.
    Манай үндэстний өнөө цагийн өвгөд хөгшид маань бидний багад байсан шиг “Монгол хүн байна даа, тэгдэггүй юм” хэмээн хойч үедээ сануулж, сэрэмжлүүлж, Монголоо цаг ямагт нэхэж байгаасай.
    Манай үндэстний сэтгэн боддог, эрж хайдаг хэсэг нь энэхүү Монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийг дахин сэргээж, системчлэн бүрэн бүтэн болгоход хүч чадлаа шавхаасай.
    Манай үндэстний зохиолч, уран бүтээлчид, оюуны сан хөмрөг баяжуулагчид жинхэнэ үлгэр загвар болсон язгуурын монгол дүр олныг бүтээгээсэй.
    Манай үндэстний сэхээтнүүд нь монгол хүн гэсэн нэр төр, бахархал, үнэлэмжийг өндөрт өргөн, нийгмээ араасаа дагуулаасай.
    Монгол төр маань анхаарч, хөгжлийн бодлогодоо тусгаасай. Тухайлбал,
    – Монгол хүний үнэлэмжийг тод томруун илэрхийлэн харуулсан, яруу сайхнаар бахдан дуулсан, үндэстнийхээ зан суртхууны тайлал, үлгэр загвар болохуйц дүр бүтээсэн утга зохиол, урлаг, уран сайхныг бодлогоор дэмжих.
    – Боловсролын системд, ялангуяа дунд, бага анги, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт монгол хүний ёс зүйн хэм хэмжээ, үнэлэмжийн талаарх үр бүтээлтэй сургалт оруулах.
    – Ерөнхийлөгчийн тангаргаас эхлээд төрийн алба, эмч, цэрэг, цагдаа, тусгай албаны тангарагт монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг илэрхийлсэн, эрхэмлэсэн утга агуулга оруулах.
    – Төрийн болон хувийн байгууллагуудын боловсон хүчний бодлого, тавих шалгуурт энэхүү монгол хүний ёсзүйн цогц, үнэлэмжийн агуулга оруулах гэх мэт…
    .
    ***
    Гудамж зам дээр ч, төрийнхөө ордонд ч ялгалгүй эвлэж ойлголцоод эвтэйхэн зохицчих зүйл дээр эвдрэлцэж уралцсаар хамаг хүч чадал, нөөц боломжоо салхинд тавьж туух нь их болжээ. Нэг нэгнээ дэмжиж туслахаасаа илүүгээр тэрсэлдэж тэмцэлдэх нь их харагдах юм. Ялангуяа улс төрийн талбарт.
    Эрхэм сайхан язгууртэй Монгол хүмүүс маань нэгнээ үгийг муугаар харааж, гутаан доромжлох нь их байх юм.
    Бусдынхаа ололт амжилтад баясдаггүй атлаа алдааг хараад хар хэрээ мэт бархиран цуугилдах нь их болжээ. Монгол хүн Монгол хүндээ хамгаас эрхэм байх ёстой байтал харин ч монгол хүн монгол хүндээ хог новш шиг харагдаж, сэтгэгддэг болжээ. Эх нутагтаа бүү хэл харь оронд монгол хүн монгол хүнээсээ хальширч зугтаах нь их болжээ.
    Нэг нэгэндээ ихэрхэж, бардамнаж, цамаархах нь их харагдана. Интернэтийн ард, нэргүй сэтгэгдэл бичээд суухаараа мэдэхгүй чадахгүй юмгүйн дээр хараал зүхлээр тайвширч тайтгардаг, адгийн дорд боолчууд шиг л аашлах юм. Уг нь бид чинь сайны билэгтэй, сайныг түшиж явдаг Монгол түмэн юмсан.
    Шувуун цээжтэй, шувтан ташаатай, шоорон явдалтай, ойр зуурын ашигч, олон үгт, омог түргэн, ойворгон залуус их олон үзэгдэх болжээ. Харахад зүс царай нь монгол боловч хахь хол, танил бус сэтгэлгээтэй хүүхэд залуус их олон болжээ. Харийн соёлд хараа хяналт, бодлого сэрэмжгүйгээр хандсаны гор л байх даа.
    Монгол эр хүн хэзээ тийм байлаа. Монгол эх хүн хэзээ тийм байлаа. Монгол хүн хэзээ тийм байлаа гэх эмзэглэл харуусал, үл эвлэрэл өдрөөс өдөрт зузаарна.
    Энэ бүхэн бол өнөөх “МОНГОЛОО АЛДАЖ” гээсний л гор, гай. Монголчууд бидний ёсзүйн цогц ихээхэн задралд орж, Монгол хүний үнэ цэнэ гундан буурсны үр дагавар. Та бид Монголчуудаасаа Монголоо маш бага нэхдэг болсны хариу болно.
    Товчхондоо энэ цаг үеэсээ МОНГОЛОО нэхэл хатуутай нэхэх цаг болчихоод байна даа.

    Б.Номинчимэд
    Эх сурвалж: http://greathistory.blogspot.com/