Category: mongolian-national-identity

  • ӨРГӨЛ ГЭЖ ЮУ ВЭ, Өргөлийг хэрхэн зөв өргөх вэ?

    ӨРГӨЛөө зөв өргөөд сурчихвал маш том БОЛОВСРОЛ бөгөөд ҮР ШИМ НЬ бүрэн бүтэн болох юм.

    Монголчууд байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотойн учиг нь өргөл өргөх ёсоос тод харагддаг. Наран, саран, уул ус, лусын эзэд, төрсөн нутгийн уул усыг хүндэтгэн дээдлэх өргөл, үрсийнхээ үйлсийг дэмнэж, өршөөл энэрэл хүсч, баяр талархлаа илэрхийлэх, төрөө төвшин сайхан байлгах гээд өргөл бүхэн өөр өөр зорилготой, онцлогтой байдаг. Өргөлийг цайны дээж, сүү, шимийн нэрмэлийн охь, архи, арвай будаа, цагаан идээ, таван тансаг хүндэтгэлийн идээ, арц, ганга үнэртэн, шар тос, таван өнгийн хоргой торго, ангийн үс, арьс зэрэг эдээр өргөдөг. Өргөл өргөлийн дээд нь сэтгэлээсээ өргөх өргөл, “Монголыг Мөнх ТНГР Ивээг” хэмээх даатгал билээ.Өргөлийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал Таны өргөж байгаа үг, өргөл, өчил бүхэн Торсион оронд таталцал эрчмийн холболтоор шууд хүрч, үгээр бүхнийг бүтээж буй арга ухаан юм. Байгаль дэлхийд байгаа бүхэн уялдаа холбоотой, эрчмийн холболттой байгааг монголчууд таньж, юуг юугаар холбож, үгээ дайхыг танин мэдсэн нь байгаа бүхэнтэй зөрчилгүй нэгдмэл амьдран оршин бүрэн дүүрэн харилцааны төгс танин мэдэхүй бол Өргөл, мөргөл билээ. Мөргөл гэдэг нь өөрөөс дээд бүхнийг хүндлэн дээдлэх хамгийн чухал ёс бөгөөд Танд амийг өгсөн, амьдрыг тэтгэж буй өвөг дээдэс, уул ус, ТНГР, дээд бүхэнд даатган мөргөж байгаа билээ. Мөргөхдөө алга хавсрахгүй харин 2 гараа алдлан, өр зүрхээ дэлгэн, өвчүү юугаа дэвсэн мөргөдөг учиртай.

    Өргөл өргөхдөө юунд хэн ямар учигаар юу өргөж байгаагаа өчиж өргөнө. Үүнд:

    1.Юунд өргөх байна түүнийгээ дуудна

    2.Хэн өргөж юу өргөж байна өөрийгөө болон өргөлөө таниулна

    3.Хүсэл зорилгоо даатгана гэсэн дарааллаар өргөдөг. 

    Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө:-Хан гурвал их Алтай минь, Шилийн богд уул минь ээ-Туулай жилтэй, урт жолоотой (эр хүн), богино жолоотой (эм хүн) Баяр би идээ цайныхаа дээжийг өргөн байна аа-Ураг удамын олон сайхан үрсийг нь ачлал ивээлдээ авч, эрүүл энх, эрдэм номтой, элбэг хангалуун байлгаж хайрлана уу, Монголыг Мөнх ТНГР ивээг гэх мэт.Өргөлөөр байгаль дэлхийтэй, харсан даасан ТНГР бүхэнтэй харилцаж байгаа тул хөрст дэлхийнхээ хөрс шороон дээр зогсож байгаад өргөнө. Бүрэн бүтэн төр ёсоор хувцасласан байх шаардлагатай, Аяга, тагшинд хийж өргөнө. Сүү, цайны дээжийг цацлаар өргөнө. Цонхоор өргөвөл өргөл биш нохойнд яс хаяж өгөхтэй адил болно.

    Юунд ямар зорилгоор хэн өргөж байгаагаас хамаараад өргөл бүр өөр байна. ТНГР, Байгаль ээж- орны тнгр, угийн их гарвал удмын дээд шүтээнүүддээ Шимт малын шингэн сүүгээ өргөнө. Мөн охь буюу архиа өргөнө. Уул, ханхайн эзэд, орны ТНГР-т арвай буудай, цагаан идээгээ өргөнө. Лусын өргөл архи эсвэл рашаан булаг, тахисан галын түгээл, сарны өргөл рашаан булаг буюу ус байна. Галын өргөл шар тос, өвчүү, охь буюу архи, үнэртэн танартан, таван өнгийн хоргой торго, дал 4 өндөр, сүүл байна. Галд өргөх мах, сүүлийг болгож борлуулсан байна. Уул усны эздийн авдаг өргөлүүд өөр өөр байдаг тул тухайн уул усанд юм бүхнийг өргөх биш мэддэг хүмүүсээс нь заавал асууж, таньж байж өргөдөг учиртай. Дураараа уул бүхний орой дээр гишгэх, учир мэдэхгүй өргөх учиг үгүй! 

    Ноён болоод хатан хүмүүний өргөл зорилгоороо ялгаатай. Хатан хүмүүн ургахын улаан наран, урсах цагийн эзэд, дөрвөн зүг найман зовхисийн хүчтэнгүүддээ хандан сүүтэй цайныхаа дээжийг өргөж, тэр өдрийн өргөлийг эхэлдэг. Ээжүүд өргөө гэр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ирээдүй хойчдоо өргөлөө зориулдаг. Өргөө гэрээ элбэг баян, амар амгалан тайван сайхан байгээ хэмээн ургахын улаан нарандаа өргөлөө өргөдөг. Ургахын улаан нарандаа ийнхүү сүсэглэн залбиррсан эх хүмүүний сайхан сэтгэлийн хүчээр, зөв энерги эрчмээр энэ хорвоо дэлхий ариусдаг. Тухайн өдрийн наран өөрт нь зориулж өргөлөө өргөсөн хүмүүний сайн сайхан хүсэл сэтгэлийн зөв эерэг эрчим энергээр хорвоо дэлхийг бүхэлд нь гийгүүлэн гэрэлтүүлдэг. Өөрөөр хэлбэл Монголчууд өргөлөөрөө тухайн зүйлсийн эрчим энергийг засч чаддаг байж. Ноён хүмүүн буюу эрчүүд улс гүрэн, төр түмнийхээ төлөө, алаг нартын төвшин сайхны төлөө өргөдөг. Эр хүмүүн болон эм хүмүүний өргөл нэгдэж, нэгнээ нөхөж, өргөө гэрийн ахуй амгалан, төр улс төвшин сайхан болж ирдэг. Энэ 2 хүмүүний өргөлийн хүч өргөө гэрээ сүншиглэж, залбирч өргөө гэрээ ариусгаж, хамгаалж, ивээж, ерөөж, тэтгэж байдаг. Ийм 5 үйлсийг эр, эм хүмүүс өргөлийн хүчээрээ дүүргэж, нэгтгэдэг. Ноён хүмүүний өргөл бол төрийн цагаан сүлд, улс гүрний амар жимэр байдал, төрийн их үйлсэд зоригдон буй дайчин баатар эрсийг зоригжуулах, улсын гүрний аян замын үйлс, ан гөрөөний жим татуулах, өргөө гэрийн буурь сэлгэн буух, үрсээ аян замд үдэх гээд олон зорилгоор өргөгддөг. Ноён хүмүүний өргөл бол хатууг дарж, хорвоо дэлхийг засан өнгөлөхөд чиглэгддэг. Харин хатан хүмүүний ухаанаар сүлэлдэн бий болсон өргөл нарт хорвоо дэлхийн үрс хийгээд өргөө гэр, бүхий л оршихуйдын амин чанарт хүрдэг. Удмын галдаа гариг бүртээ биш юмаа гэхэд сард тохиох Удмын буулттай нарандаа ноён хүмүүн ямар нэгэн өөх, ангийн арьс үс, аль нэгэн олз, хишгийнхээ дээжийг өргөвөл зохилтой. Учир нь өргөө гэрийн олз хийморь, орлогын үүдийг өргөө гэрийн ноён хүмүүн түшдэг. Эцэг хүмүүн орлогынхоо дээжээс үрсдээ идээ ундаа, амттан бурам, хувцас, хоргой дурданг хүртээх учиртай. Харин хатан хүмүүн хишиг орлогынхоо дээжээр өргөө гэртээ тагш, тогоо, дээш харсан сав, авдар гэх мэт хишиг буян тогтоох эд эдлэл байгууштай. Үрс балчрууд олсон орлогынхоо дээжийг (ялангуяа эхний цалингаараа) эжий аавдаа, өндөр настнууддаа, нагацууддаа мөн хамгийн нялх балчруудад хүртээвэл зохилтой. Ингэж олз хишиг, ашиг орлогоо бусаддаа хүртээвэл дараа дараагийн олз хийморийг дагуулан далладаг юм. Мөн өргөө гэртээ олз хишгийн уут богц, авдрыг байлгах хэрэгтэй. Энэ нь үр удам хийгээд эцэг өвгөдээс бууж ирсэн хишиг буяныг тогтоон барж, ураг удамд өртөөлдөг. Гол түшиглэн амьдардаг айл өргөө бол лусын эдлэл, зүйлээр бүрдсэн авдарт олз, хишгийнхээ дээжийг хадгалдаг. Харин гөрөөчин удамт үрс бол ангийн арьсаар богц авдрыг хийвэл зохилтой. Дорлиг буюу Дархадын удамт үрс бол сийлбэртэй, урлалтай авдар, бичиг номын айл гэрт бол ном, бичиг, цаас, бийр багтахуйц эрдмийн авдар байвал зохилтой. Яагаад ээжийн бор авдар, эжийн бор тагш гээд дуулдаг гэхээр тэр л авдар дотор эжий аав, эцэг өвгөдийн хишиг буян олз хийморийг хадгалдаг түүнээсээ үрс балчрууддаа бага багаар хүртээдэг. Үүнийхээ хүчээр л ирээдүй хойчис нь идэх, өмсөхөөр дутахгүй, элбэг дэлбэг явцгаадаг. Үүнээс гадна мөн улс гэртээ хишиг буянаа хүртээдэг байсан. Ямар нэгэн ангийн хишгээсээ, харь гүрнээс авчирсэн барааныхаа дээжээс, ямар нэгэн наймааны ашиг, идээ ундааныхаа дээжийг улсдаа өргөл болгон барьж, улсын чуэн сан хөмрөгөө бүрдүүлж байсан. Энэ цагийнхаар бол хандив өргөдөг байсан. Идээ ундаа өргөвөл гадны элчийг тосох найр, аян замын хүнсэд хэрэглэдэг. Зоосыг нь бусад улс оронд зорчигсдод хэрэглүүлдэг байсан. Өдгөө энэ нь алба гувчуур, татвар болсон байна. 

    ЯАГААД УРГАХЫН УЛААН НАРАН ЧУХАЛ БАЙДАГ ВЭ? 

    Ургахын улаан наран нь дээр хөөрсөн нарнаасаа илүү олон өнгийн гэрэл, илүү хурц тод эрчим туяа цацруулдаг учраас хүмүүн эртлэн босч өөртөө эрчмийг тосон авах нь чухал. Энэ нь хүмүүний махан биед сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой. Дээр хөөрсөн нар нь дэлхийн агаар мандалд зарим элч туяагаа сарниулан задруулдаг учраас ургахын улаан наран шиг олон өнгөөр туяаран гийгүүлдэггүй ихэвчлэн цагаан туяа цацруулдаг. Ургахын улаан нарны эрчим бага намуун боловч олон өнгийн эрчим, туяа, цацрагийг өөрөөсөө цацруулдаг тул ургахын улаан хэмээдэг. Ургахын улаан нарыг тосон хүлээвэл олон өнгөний гайхамшиг, олон цацраг эрчим туяадыг мэдрэх болно. Нарны яг төвийн цагаан, шар туяа хүмүүний зүрхэн болон наран сүлжээ хүрдийн амин гол цэгт тусан идэвхжүүлдэг. Нарны хүрээний эрчим хүмүүний цээжин биеийг тэтгэдэг. Нарны хүрээнээс гадагшаа ялгарах цацрагууд хүмүүний гэрлэн биеийг тэтгэдэг учраас хүмүүний гэрлэн бие шиг ийм олон өнгөтэй байдаг. Нарны гэгээ гэдэг нь нарны гаднах цацрагаас гадна талд байгаа сүүмийн цайруулан байгаа эрчим туяа цацрагууд гэх бөгөөд хүмүүний оройн хүрдүүдэд, толгойноос дээших хүрдүүдэд хүрдэг. Нарны зах цацрагууд бол хамгийн гадна буюу харуй бүрийгээ түрэн гарч ирж, гэгээ оруулж байгаа хэсгүүд юм. Ийм учраас толгой сэргэгт нь эрдэм заах гэж хүүхдүүдийг нарнаас өмнө өглөө эртлэн босгодог. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ургахын улаан нарыг үзэх гэдэг нь өвлийн хахир хатууг даван туулсны дараа хүч чадлаа сорин ирж буй жилдээ хүч тэнхээгээ ямар байхыг шинжих гэдэг бас нэгэн шинжээ, шалгуур юм. Эрт цагт бол хамгийн өндөр орой руу явган алхуулан ургахын улаан нарыг үзвэл шилийн сайн эр болно хэмээдэг байсан. Ингэж бас бяр чадлаа сорьдог нь баатар эрсийн нэгэн ухаан юм. Ийнхүү мацахдаа уулын хормойгоос чулуу авч орой дээр нь өргөдөг. Уулын бэлийн чулууг оройд нь гаргах гэдэг маш том чухал үйл гэж үздэг. Гэхдээ ганцхан жилийн эхний нарыг л хараад өнгөрөх биш өдөр бүрийн ургах нартай харилцахыг зорих нь чухал. Нар, сар, од бол бидний амин эрчмээр хангаж, бидний хүчтэй, эрүүл чийрэг байхыг шийдэж байгаа хамгийн хүчирхэг эрчимийн эх үүсвэрүүд юм. Үүрийн цолмон од ургахын улаан нарнаас өмнө амжиж хүчирхэг эрчмээрээ дэлхийд буудаг учраас маш тодордог. Бусад бүхий л оддын хүчийг өөртөө нэгтгэн маш олон одон гэрүүдээс гарах хаалга болдог. Үүрийн цолмон нарны өмнө хүчирхэгжиж, үдшийн гялаан нарны дараа хүчирхэгждэг. Үдшийн гялаан од нь бусад оддын хүчийг нэмэн нэмсээр одон гэрүүдийн орох хаалга болон хүчирхэгжин дэлхийд буудаг.

    АЯН ЗАМЫН ДААТГАЛ

    Аян замын өргөлийн зорилго нь аян замаа даатган, буусан нутаг газартаа өөрсдийгөө таниулан эздээс нь зөвшөөрөл хүсч байгаа явдал. Хэн нэгэн биднийг унтаж байхад гэрийн хаалгыг цөм цохиод гэрт орж ирээд эсвэл цонхоор гараад явчихвал бид баярлахгүй нь лавтай. Яг л үүнтэй адил бид уул усны эздийн гэр орноор дамжин заримдаа тэдний гэрт нь хоноглодог ч зөвшөөрөл огт хүсдэггүй. Ийм учраас бид аян замд гарахдаа зорих газраа, буусан газар орныхоо бүх уул, ус, амьд бүхэнд зориулаад овог нэрсээ өргөлдөө шившээд сүүн өргөлүүдийг сайхан дээшээ өргөх нь зохилтой. Тэгж байж бидний аян зам цагаан саад бартаагүй болдог. Сүү бол ариун хайрын биелэл, будаа нь арвижин дэлгэрэхийн бэлгэдэл. Сүүг аягаар болон цацлаар өргөж болно. Өргөл өргөхдөө задгай газар сайн. Олон нийтийн газар бусдын эд зүйлийг бохирдуулахгүй байхад анхаарах нь чухал. Бусдад сөрөг үр дагавар үүсгэж байвал өргөл болохгүй шүү дээ.Өргөл хэмээн элдэв зүйлээр байгаль дэлхий, дурсгал, шүтээнийг бохирлож байгаа нь буруу. Эдийн дээд хадгийг эрхэм дээд хүмүүндээ өгдөг байтал хээр гадаа хаях, уул, мод, хаданд зүүж байгаль орчныг бохирдуулбал харин ч хувь хишиг чинь дутдаг гэдгийг Тэнгэр сануулсан болно. Байгальд шингэхгүй зүйлсийг өргөхийг цээрлэнэ. Хаа сайгүй босгосон овоо чулуу, хогийн цэг мэт болсон нь мөн л хар эрчим цуглах нөхцөл болдог тул та холуур явах нь зүйтэй. Монгол хүн хэзээ ч хаа хамаагүй чулуу, шороо хөндөж, овоолж явдаггүй. Ариун дагшин уул, усны эзэд тэрхүү хог, сэгэн дээр тухалж залраад байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Алгыг нь хавсруулж, сугыг нь хавчуулж залбируулдаг нь буруу аж. Учир нь хүн хоёр алга, хоёр хөлийн ул, хоёр суга, зулайгаараа газар, Тэнгэрээс эрчим авдаг. Мөргөхдөө малгайгаа авч мөргөнө.Сүүлийн хэдэн зун хур бороо бага нилээн гантай байлаа. Үүнийг учир шалтгааныг судлаад үзвэл ахиад л бидний буруугаас байх юм. Олон шалтгаан байгаа ч гол шалтгаан нь онгон дагшнаараа байх учиртай хайрхад, уул ус олны хөлд талхигдсан, хог буртагт дарагдсан, уул уурхай хэрээс хэтэрсэн учраас уул усны эзэд хилэгнэн догширсон шалтгаан голлож буй гэнэ. 

    Мөн уул овоог дахин нэрийдлээр шар нөмрөгтнүүд цемент, шороо овоолж суварга босгож буй байгаль эрчмийн гүйдэл, зулайг битүүлж, уул усны эздийг чөдөрлөж ган гачиг болох үндэс болж байна. Энэ бүхнийг нурааж буулгавал зохино. Байгаа бүхнийг БАЙгаагаар нь байлгахыг л байгаль гэнэ. Үнэхээр төрийн тахилга хийгээд сайн сайхан болсон уу? Яаж ч бодсон хэдэн зуун машинаар хэдэн мянган хүмүүс очиж идэж ууж, хог тарьж, буртаглаж тахих ёсгүй. Уул, ус бүхний тахих цаг хугацаа ёс төр нь өөр байдаг. Жишээ нь Алтан овоо буюу Луут толгой бол дүн өвлөөр тахилгаа авдаг бөгөөд сүүлийн олон зуун жилд зун тахиж байгаа нь ганга нуур ширгэж ган гачиг болохын үндэс юм. Мөн Алтан овооны орой дээр овоолсон цемент бол маш буруу үйл бөгөөд та өөрийнхөө толгойг цементлээд амьдраад үзээрэй. Бас хүүхдийнхээ памперсыг хээр хаяж лус, савдагийн хорлолд өртөхөө болих хэрэгтэй.3 сая аав, ээжүүд өглөө бүх зөвхөн сайн сайхныг бодож, хүсэж, зорьж даатган өргөхөд муу муухай орших зай үлдэх болов уу!!

    МОНГОЛЫГ МӨНХ ТНГР ИВЭЭГ
    ИХ ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨХ БОЛТУГАЙ
    ӨВӨГ ДЭЭДСИЙН ХИШИГ БҮРЭН ХУРЛАН БУУЖ
    САНАА БҮХЭН ГҮЙЦЭЖ
    САВ БҮХЭН ДҮҮРЭХ БОЛТУГАЙ
    ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

    #МонголУхаан #ТНГРэрдэм #ХөхӨвгөд #ӨргөлМөргөл #ӨргөлӨргөхЁс

  • NOMADIC CULTURE- Mongolian culture | Нүүдлийн соёл

    NOMADIC CULTURE
    The culture of nomadic is in harmony with nature eco-friendly organic lifestyle. For Mongolians, nomadic herders live in animal husbandry and migration live their animals. The animals follow the nature of the animals and feed them up and maintain the characteristics of the factory, nature is an independent culture based on the three-ring tone of people, animals, and nature that retains its state of being and maintains its natural state of resilience. Nomads have contributed greatly to the development of humanity, such as bow, drum, home, and epic poetry, while overcoming extreme harsh conditions in Central Asia.

    НҮҮДЛИЙН СОЁЛ
    Нүүдлийн соёл ингэншил нь байгальтайгаа шүтэлцэн зохицон амьдарсаар ирсэн байгальд ээлтэй органик амьдралын хэв маяг юм.
    Монголчуудын хувьд нүүдэл нь малчин хүн малынхаа ашиг шимд шүтэн, малынхаа аяыг даган нүүж амьдардаг. Мал нь байгалынхаа аяыг даган түүнд идээшиж дагаж, үйлдвэр угсааны онцлог шинжээ хадгалан өсөж үрждэг, байгаль нь нүүдэл иргэншлийнхээ ачаар унаган төрхөө хадгалан, иргэншлийнхээ уг хэв маяг тогтвортой оршиж тогтнох нөхцөлийг бүрдүүлдэг хүн, мал, байгаль гурван битүү цагирган холбоонд тулгуурласан соёл иргэншлийн бие даасан хэв маяг юм.
    Нүүдэлчид Төв азийн өндөртөгт, байгалийн эрс тэс хатуу ширүүн нөхцлийг даван туулах явцдаа нум сум, хүрдэт дугуй, гэр, туульсийн зохиол гэх мэт бүтээлээрээ хүн төрөлхтний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм.

    Эх сурвалж: www.creativemongolia.com Creative Mongolia channel

  • МОНГОЛ ХҮН БҮТЭЭЖ БАЙНА | МОНГОЛ МӨРӨӨДӨЛ

    Хэрэглэгч биш БҮТЭЭГЧ УЛС болох цаг ирлээ. Хийж чадах бүхнээ өөрсдөө. Түүхий эдийн нөөц, хүний нөөц нь байвал үйлдвэрлэж бүтээж болно.

    ENTERTAINMENT & CONTENT

    1. Ханс Зиммерийн “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжмийг Монголын дуучин Б.Уянга шуранхай симфони оркестртой хослон хүний сэтгэлийг гэгэлзүүлсэн гайхамшигт аялгуу одоог хүртэл хөгжмийн ертөнцийнхний анхаарлыг татсаар байна.
    2. Монгол залуус “ажил олдохгүй байна” гээд Солонгост ХАР АЖИЛ хийхээр дугаарлаж байхад Солонгосын Ханъ Иөн Хый Монголын Нууц Товчоогоор Чингис Хаан комик ном зохиож Монгол хүүхдүүдийг хүмүүжүүлэх БИЗНЕС ХИЙХЭЭР Монголын нислэгт зөрж суулаа
    3. Баянхонгорын хүүхдүүдийн Түйн голын хар чулуугаар хийсэн байгалийн хөгжмийн зэмсэг жуулчдын сонирхолыг маш ихээр татаж байна
    4. Ж.Сэнгэдоржийн найруулсан “Бодлын Хулгайч” МУСК анх удаагаа Лос Анжелос хотод зохион байгуулагдсан “Asian World Film Festival”-аас “Үзэгчдийн таашаал хүртсэн кино шагнал”-ын эзнээр тодорсон байна.
    5. Star Wars киноны продюсерийн бүтээсэн бүргэдчин Н.Айшолпан охины тухай “The Eagle Huntress” баримтат кино Холливүүдэд шуугиан тарьж ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИМТАТ КИНОны 3-р байрт жагслаа. Удахгүй баримтат киноноос сэдэвлэсэн хүүхэлдэйн кино хийнэ гэнэ. Дэлхийн кино урлаг сэдэвгүй болж Монголруу эргэж байгаагийн тод жишээ энэ. “Ингэн тэмээний нулимс”, “Нохойн орон” кинонууд яаж шуугиан тарьж байлаа даа.  Бүргэдчин охин шиг сэдэв Монголд түм бумаараа бий. НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ ОНЬСОГО, СЭДЭВ. Гагцхүү монгол уран бүтээлчид түүнийгээ олж мэдэрч бүтээх л үлдээд байна.
    6. https://www.facebook.com/noohonfelt
    7. ARIUNAA SURI ХИЛЭН НЭХИЙ ГАДАГШАА ГАРЧ ЭХЭЛЛЭЭ. Дархан нэхий компанитай хамтарсан загварууд Монголчууд төдийгүй гадаадынхны сонирхолыг татаж чаджээ. Монголчууд бид ноолуураас гадна нэхийгээр гадаад заах зээлд танигдах боломжтой гэдгийг нотоллоо.
    8. Эх дэлхийн мисс тэмцээний шилдэг Үдшийн гоёлын даашинзаар Монгол улс маань тэргүүлж дизайнер Отгонжаргалын урласан тансаг даашинз тодорлоо.
    9. Энд тэндэхийн ёр, утга учиргүй юмаар хүзүүгээ оосорлохын оронд Өвөг дээдсийн андгай шингэсэн билэг ерөөлт монгол сахиус, зүүсгэлээ эрхэмлэцгээе! Монгол хүн Монголоо дэмжинэ!
    10. МАА-н орон, бойтогийг зохиосон МОНГОЛЧУУД БИД Автралийн UGG бойтогтой өрсөлдөх МОНГОЛ БОЙТОГ бүтээж чадна. Монгол хүн нэгнээ дэмжвэл бүтэхгүй зүйл үгүй!
    11. Монголын Үндэсний Циркийн жүжигчид олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдээс 5 цом хүртлээ. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом; Монголын циркчид Нарны цирк, Лас Вегасын усан дээрх шоу, Солонгосын Чэжү арлын нүүрийг тахалж байна. Цагтаа Монголын цирк дэлхийн шилдэг 5 циркийн тоонд орж байлаа.

    ORGANIC FOOD & PRODUCT

    1. НООЛУУР Дэлхийн ноолуурын бизнес $6 тэрбүм орчим доллар бдгаас Монгол $200 сая, Хятад $1 тбм хүртдэг. Үлдсэн $4.8 тэрбмыг ченж, оёж зардаг ко авдаг
    2. Элдэв янзийн гоё чамин нэртэй, будагч бодис, сахар ихээр агуулсан ундаа нэрт хороор өлгийтэй хүүхдээ хүртэл угжих юм!!! Өөрийнхөө сайхан сайн бүхнийг бид мэдэхээ байж элдэв со, хятад эрээн мяраан хогонд хууртахаа хэзээ болих вэ? Ядаж зуны дэлгэр цагт айраг таргаа ууж гэдэс дотроо цэвэрлэхсэн дээ. Бидний идээ ундаа бол дэлхийд хамгийн сайн чанартай юм. Одоо тараг уудаг хүүхэд ховор болсон байгааг нэг анзаараарай!!!
    3. Монгол Улсад жилд 1,000,000 гаруй гүүний эхэс хаягддаг байсан бол одоо Япон улсад гаргаж эхэсээр гоо сайхан, цус төлжилтийн бүтээгдэхүүн, спортын үе мөчний супламент үйлдвэрлэж эхэллээ. Японууд уг үйлдвэрлэлийг Монголд явуулах талаар судалж байна.
    4. Өөрсдийнхөө юмыг хуучин баба хоцрогдсон муухай гэж муулж суухын оронд арчилж тордоод дэлхийд гаргаж зарж чадаж байгаа тод жишээ бол Солонгосын дарсан байцаа- КИМЧИ. КИМЧИгээ дэлхийн хоол болгож, айл бүрийн ширээн дээр авчирж чадлаа. Их сургууль бүрийнхээ хажууд КИМЧИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ГЭЭД Л БОДЧИХ. Зөвхөн КИМЧИ хэдэн арван хүн ДОКТОРоо хамгаалж байна. Гэтэл бид сургууль бүрийнхээ хажууд байтугай ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД Цагаан идээ судлалын хүрээлэнгүй байгаадаа ИЧИЦГЭЭЕ!! Бидний ингэж дэлхийд таниулах зүйл бол таргалалт, зүрх судасны өвчиндөө дарлагдаж, цатгалдаж, калциар дутагдаж үхэж буй ДЭЛХИЙГ АВРАХ- МОНГОЛ ЦАГААН ИДЭЭ ЮМ. Сүүгээр 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг үндэстэн дэлхийн өөр хаана ч байхгүй.
    5. Хаан жимс чацарганы эрүүл мэнд гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийн 12 зах зээлд амжилттай нэвтэрч салбараа нээгээд байна. Монгол чацарганы байгалийн гайхалтай чанарт дэлхийн олон орон анхаарч эхэллээ.  #ОРГАНИК МОНГОЛ
    6. “Грийн пинус” ХХК нь тусгай зориулалтын машинаар цөмж ариутган савласан самар худалдаанд гаргажээ. Доорх дэрнүүдийг үйлдвэрийн самар цөмөх процессоос сайн чанарын 1-р сортын зөвхөн 2 хуваагдалтай самарны яс болон шар хальсыг ялгаж авч хийсэн ба өөр бусад гадны зүйл ороогүй гэнэ.
    7. Хонины ноос нь эрүүл эко амьдралийг эрхэмлэгч улсуудад хамгийн үнэтэй дулаалгын материал болоод байна.
    8. Ноос, ноолуурынхаа үнийг Хятадуудаар тогтоолгож, тэдний түүхий эдийг нь хангагч улс байсаар байх уу?! Дэлхийд трэнд болж буй органик эко бүрэн Монголд байна.
    9. Англи дизайнер Nancy Johnston Монгол сарлагийн хөөврөөр TENGRI брэнд бүтээх санаагаа www.kickstarter.com хуудаст танилцуулан олон нийтээс санхүүжилт босгосноор Английн зах зээлд амжилттай танилцуулаад байна.
    10. Өвөр Монголын эрдэмтэн Гэрэлт айргийг боловсруулж хуурай айраг гарган авч иддэг таблет болгон үйлдвэрлэжээ. Мөн монгол хунчир- монгол эмийг судалж холистрин бууруулж элэг хамгаалдаг ЭМ БҮТЭЭСЭН нь дэлхийд АНХДАГЧ НЭЭЛТ болжээ. МОНГОЛ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН ДЭЛХИЙД ЯМАР ТҮВШИНД ГАРЧ ИРЖ БАЙГААГ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРЛАЖЭЭ. Монгол юм гэхээр л паа, пүү, муухай, хуучин, элэрсэн, баларсан ГЭДЭГ ХҮМҮҮС ҮЗЭЭРЭЙ! Тэгээд паа, пүү гээд байгаа ЮМАН ДОТОР ЮУ БАЙГААГ ХАРААРАЙ

    INNOVATION & HiTECH & IT

    1. БИД өөрсдөө бүтээх биш зөвхөн ухсан баялагаа л зарж байна. Харин ТЭД биднээс авсан түүхий эддээ мэдлэг, технологи, шинжлэх ухаан, соёлоо шингээгээд бидэнд 10,000 дахин  өндөр үнэтэй зарж байна. 1:10,000 харьцаатай наймаа хийж байхад байгалийн баялагаар ашигтай наймаа хийнэ гэсэн ойлголт байх уу? Бид хөгжих үү? Гэтэл МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД зэсээрээ микроэлетроник БҮТЭЭХ ЧАДВАРТАЙ, үйлдвэрлэх БОЛОМЖтой! 1кг зэс 3$ 1кг автомашин 30$ 1кг онгоц 3,000$ 1кг микроэлектроник 30,000$
    2. 1тн зэсийн хүдэр 4000$. Зарж болох бүх түүхий эдээ зараад дууслаа. Бугын эврээс эхлээд, үнэт чулуу, ноос, ноолуур, арьс, шир, нүүр, зэс. Зарж болох бүхнээ зараад юу хожсон бэ!!! 1тн зэсээр РСВ үйлдвэрлэвэл 18сая$. Зэсээ боловсруулж электроникийн түүхий эд хийж экспорлох боломж байна.
    3. #МонЧиргүүлийн залуус адуу, ATV мотоцикл тээвэрлэх болон аялалын бүх төрлийн чиргүүл, эвхдэг зөөврийн тайзийг БАХАРХАЛТАЙГААР МОНГОЛДОО БҮТЭЭВ
    4. Д.ЭНХ-АМГАЛАН APPLE-Д IPAD-НЫ ДЭЛГЭЦИЙН БАТАРЕЙ ИДДЭГ ХУВИЙГ БАГАСГАСАН Цахиурын хөндийд арваад монгол инженер байна. Фэйсбүүкт гурав, Гүүглд гурван инженер байна. Бид эх орондоо хэрэгтэй зүйл хийх юмсан гэж боддог. Монголынхоо авьяаслаг залуучуудад туслах, тэдэнтэй шинэ технологийн талаар санал бодлоо хуваалцахад бэлэн байна.
    5. Электроникийн инженер Д.Содномжамц автомашины холын гэрлийг 100м-т мэдэрч автоматаар өөрийн машины гэрлийг ойр дээр шилжүүлэгч төхөөрөмж бүтээлээ
    6. Монгол залуус ухаалаг зар сурталчилгаа, судалгааны Dream Rewards APP бүтээж Энэтхэгийн тэрбумтан Паван Бакеригаас 1,9 ТЭРБУМ ₮ хөрөнгө оруулалт босгож чадлаа. Энэхүү APP- аа Монголын маш олон бизнесменүүдэд үзүүлсэн боловч нэг ч хүн дэмжээгүй ажээ.
    7. ХҮНГҮЙ ОНГОЦНЫ ҮЙЛДВЭР СССР ХХК нь хүнгүй онгоц үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн. Судалгаа, шинжилгээний ажлыг дууссан бөгөөд удахгүй үйлдвэрлэл эхэлнэ. 70 кг ачаа тээвэрлэх хүчин чадалтай хүнгүй автомат онгоц үйлдэрлэх юм.
    8. Цахилгаан халаалт https://www.facebook.com/%D0%A6%D0%B0%D1%85%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82-1521009198119076/timeline
    9. Монгол залуусын бүтээсэн “Ухаалаг гэрэл”. Тэдний хийсэн бүтээлээр интернэт, “Wi-Fi”, bluetooth ашиглаж гар утаснаасаа гэрлээ асааж, унтраах, хүссэнгээ өнгөөр өөрчлөх, сэрүүлгээ гэрэлтэй холбох боломжтой юм. Японруу экспортлоод байна Бидний хийсэн гол төхөөрөмж бол гэрэл доторх удирдлагын төхөөрөмжийг зохион бүтээсэн. Интэрнэт ашиглаад удирдаж болж байгаа тохиолдолд үүнтэй ижилхэн төхөөрөмжийг нийлүүлвэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж гарч байгаа юм.
    10. Эрдэнэт үйлдвэрийн электроникийн инженерүүд Монголд анхны LED гэрлийн үйлдвэр байгууллаа. LED гэрэл нь улайсдаг гэрлээс цахилгаан зарцуулалт найм дахин бага, байгальд ээлтэй, хог хаягдалгүй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээний зардал бага, галын аюулгүй
    11. “Эрдмин” ХХК-ний хамт олонд Монголдоо уртасгагч залгуур үйлдвэрлэж байна
    12. Монголдоо үйлдвэрлэж байгаа резинэн хавтанг та бүхэнд танилцуулж байна. Хүүхдийн тоглоомын талбай болон гаднах тохижилтондоо ашиглаж болох энэхүү бүтээгдэхүүн нь импортыг 100 хувь орлоно. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе! Инахис ХХК, Холбоо барих: 99115097
    13. https://www.facebook.com/Xphone.Mongolia/
    14. Экологбус компани Монгол Улсад машин үйлдвэрлэлийн шинэ салбар үүсгэн хөгжүүлж, импортыг орлох, өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн багц бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болгох зорилгоор 2013 онд байгуулагджээ. Энэ үйлдвэр нь 2000м2 ашигтай талбай бүхий өөрийн үйлдвэрийн байртай, жилд 120 автобус угсарч үйлдвэрлэх хүчин чадалтай. Дизель автобусны утааны хамгийн хортой нэгдэл болох азотын ислийг хоргүй, агаарын ихэнхийг бүрдүүлдэг азот N2 ба ус H2O болгох сонгомол үйлчилгээтэй катализатор бүхий экологийн Евро IV стандартын дизель хөдөлгүүртэй, одоо манай нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа DAEWOO BS-106 маркын автобустай харьцуулахад 2.3-18 дахин бага хорт бодис ялгаруулах тул “ЭКО АВТОБУС” гэж нэрлэсэн. “Эколог бус” ХХК-ийн үйлдвэрлэж буй 41 хүний суудалтай “Экобус-800” автобус нь Монгол орны уур амьсгалын онцлогт тохирсон, агаарын бохирдлыг бууруулах, Евро-4 стандартын, хэрэглээнд бүрэн нийцсэн, тохилог, Солонгосын “Дайвүү” автобуснаас давуу талтай.
    15. “Цахилгаан тээвэр” компанийн инженерүүдийн бүтээсэн 12 хүний суудалтай цахилгаан машин Yндэсний цэцэрлэгт хүрээлэн болон задгай талбайн олон нийтийн үйлчилгээнд ашиглаж байна. Цаашлаад Гольфийн талбай болон жуулчидад хотыг танилцуулах үйл ажиллагаанд ашиглах боломжтой.
    16. Монголын үйлдвэрлэгч Канад руу оймсоо экспортлохоор 3000 долларын гэрээ байгуулжээ. Үйлдвэрлэгч бүр баруунд тэр тусмаа АНУ,Канад руу бүтээгдэхүүнээ экспортлохыг мөрөөддөг. Харин энэ бол эхлэл. Монгол ямаа, тэмээний ноосоор урласан чанартай, хөлд эвтэйхэн дулаахан оймс алс холын Канадад худалдаалагдах нь.
    17. Green 3D” гэх хаягтай жижигхэн байшинд том үйлийн эхлэл тавигджээ. Энд бүх төрлийн автомашины гупер, кузов гэхчлэн хуванцар эд ангийг хамгийн сүүлийн үеийн 3d төхөөрөмжөөр үйлдвэрлэж байна гэвэл та лав итгэхгүй байх. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хэлтэс өнгөрсөн онд жижиг дунд бизнесийн зээлд олгохоор батлагдсан 500 сая төгрөгөөр 12 төсөл дэмжсэний нэг нь эднийх аж. Б.Алтансүх гэх залуу “BBCEO” ХХК-ийг байгуулж, үйлдвэрлэл нь байгальд хоргүй тул байшингийнхаа гадна “Green3D” гэх хаяг хаджээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. Авто машины гупер, хормой болон бусад хуванцар эд ангийг хийнэ. Утас: 88803100, 99215227 altansukh_0106@yahoo.com
    18. 99 хувь эрдэмтэй гэгддэг БАЙГАЛИЙН ХУЖИР нь даралт бууруулж, цус харвахаас сэргийлнэ, ходоод, дотор эрхтнийг цэвэрлэнэ, хордлого тайлна, цөс хөөнө, ядаргаа тайлна
    19. Ханиадны зэхмэл Уушиг, гуурсан хоолойн үрэвсэл, амьсгалын дээд замын бусад өвчнүүдийн үед цэр ховхлох, нян устгах, уушиг, цээжин биеийн халуун болон хоолойн халуун бууруулах, хордлого тайлах, ханиалга намдаах үйлчилгээтэй.
    20. Монголчууд чацарганы навчны маск үйлдвэрлэжээ. Хөгшрөлтөөс хамгаалах, нөсөө толбо, сэвх арилгах, арсыг нөхөн төлжүүлэх, Стресс тайлж арьсыг тайвшруулна. Чацарганы навч нь А, С, Е, К, Р витаминуудаар баялаг тул бүх төрлийн арьсанд тохиромжтой
    21. Монгол инженерүүд 70кг ачаа тээвэрлэх алсын удирдлагатай, нисгэгчгүй онгоц зохион бүтээж үйлдвэрлэхээр ажиллаж байна.
    22. Монгол инженерүүдийн бүтээсэн DOBU гэрийн автоматжуулалтын ухаалаг систем АНУ-ын зах зээлд гарч эхэллээ. Уг системийн утасгүй мэдрэгчүүд нэг ширхэг энгийн хуруу зайгаар 2 жил ажилладаг.

    CREATIVE  ART INDUSTRY

    1. Т.Эрдэнэбаяр ноолуур, ноосоор байгальд шингэх хүндэтгэлийн хадаг бүтээлээ. Хятадаас 2 тэрбум төгрөгөөр авдаг хадаг мододыг боомилж байгальд хог болдог асуудлыг хамтдаа шийдэж Монгол уламжлалаа дээдэлье!
    2. МОНГОЛын урчууд НЭГДЭЖ Монголын нууц товчоог 100 метр урт эсгий ширмэлээр бүтээж байна. Монголын өв соёл эсгий ширмэлийг зээг, ширэх оёдлоор урлаж хойч үедээ өвлүүлж дэлхийд таниулах зорилготой эхлүүлсэн ажлыг дэмжиж нутаг нутгийн урчууд очиж үйл нэмэрлэж байна. Энэхүү эсгий ширмэлээ 24 ханатай гэртээ татаад жуулчдад Монголын түүх, өв соёл гар урлалаа таниулан сурталчлах юм.
    3. Монгол залуус монгол өв соёлоо шингээсэн аргалын үнэртэй хүүхэлдэй урлаж олон улсад таниулахаар ажиллаж байна. Улс, үндэстэн бүхэн өөрийн үндэсний хэв шинжийг агуулсан брэнд хүүхэлдэйтэй байдаг. Нүүдэлчин ахуйн соёлоо хүүхэлдэйгээр илэрхийлж бусад оронд сурталчлах зорилгоор энэ брэндийг бүтээжээ. Монголчуудын хүүхэлдэй урлах соёл нэн эртнээс улбаатай бөгөөд Хүннүгийн үеийн булшнаас 100 гаруй модон хүүхэлдэй олдож байжээ.
    4. Тоохуу гутал нь ноосыг гараар боловсруулан эсгийрүүлж, үхрийн ширээр уллаж, сураар баглаж хийдэг монголчуудын нэгэн өв соёл юм. Тоохуу нь хөнгөн дулаан, хальтрахгүй, норсон ч хурдан хатдаг учир ямар ч уулын гуталнаас хавь илүү төдийгүй гоёлын зориулалтаар өмсөх боломжтой.
    5. Баянхонгор аймгийн сийлбэрч Давгадоржийн Мөнхбат чулуун сийлбэрт шатар бүтээлээ. Сарлагийн нуруун дээр дүрсэлсэн энэхүү шатрыг мод, чулуу, сарлагийн эврээр бүтээжээ.
    6. Хятадад хэдэн саяар нь үйлдвэрлэж буй шавар гахай, монгол урчууд гар, сэтгэлийн ухаанаараа урлан бүтээж буй гар урлалын бүтээл болох адвар 2-ийн хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа шүү дээ. Хятад шаазан нэг унаад л хагарна. Тэгээд хог болно. Монгол авдар тос даан хуучирч, хуучирах тусмаа өвөг дээдсийнхээ ухаан, дурсамжийг шингээн үеийн үед өвлөгдөнө. Цор ганц хувь бүтээгддэг гар урлалын бүтээгдэхүүн хэдэн сая ширхэгээр нь үйлдвэрлэж буй масс үйлдвэрлэл 2-оо сайн ялгаж салгаарай, Монголчуудаа. МОНГОЛ МОНГОЛОО ДЭМЖИХ ЦАГ ИРЭЭД БАЙНА!!!
    7. Цаашид хүнд үзүүлэх юмтай байя гэвэл Монгол архитектурыг бүтээх хэрэгтэй. Одоо манай хотын архитектур ч гэж Солонгос, Дубай, Хятадын 1 хот шиг л холион бантан болсон доо!!!!
    8. Өвөр Монголд урлагийн бүтээлүүдээ МОНГОЛ УРЧУУДыг хямдаар хөлслөн хийлгэж, аялал жуулчлалаа хөгжүүлж байна. Баримал, байшин, хөөмий, морин хуур, дээл оёхийг хүртэл Монгол урчуудаар заалгаж Монгол соёлыг сайн арилжиж чадаж байна.

    МОНГОЛДОО БҮТЭЭВ

    1. Шорлогны нүүрс буюу модны нүүрсыг солонгос технологоор МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ.  MCPT ХХК. 
    2. Лес металл ХХК хадаас үйлдвэрлэж байна
    3. Монгол наклад

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

  • Сэргэлэн интернашионал экспидишин- ХҮННҮ БИЧИГ, ХҮННҮ ХЭЛ, ӨВ МОНГОЛ ХЭЛЭЭ СУДЛАН СЭРГЭЭЖ, ЧУЛУУНЫ БИЧИГ ДУРСГАЛЫГ БҮРЭН ТАЙЛАВ

    ХҮННҮ БИЧИГ, ХҮННҮ ХЭЛ, ӨВ МОНГОЛ ХЭЛЭЭ СУДЛАН СЭРГЭЭЖ, ЧУЛУУНЫ БИЧИГ ДУРСГАЛЫГ БҮРЭН ТАЙЛАВ.

    Хүннү бичээс тайлан түгээгч “Сэргэлэн интернашионал экспидишин” төрийн бус байгууллага 2015 онд байгуулагдав. Энэ төрийн бус байгуулагыг түүх, археологи, гадаад хэл, орон нутаг судлал, мал ахуй судлал, контент найруулаг, олон нийтийн харилцаа гэх мэт олон салбарт мэргэжилээрээ тэргүүлэгч, олон улсын монголчууд бид баг болон байгуулав. Үндэснийхээ ой санамжийг сэргээн өнөөгийн гэр бүлийн ой санамжтай гүрхийг ( залгахийг) зорино ажиллаж байна.

    https://www.facebook.com/Sergelen.international.expedition/posts/384310885376237

    1. Бид Хүннү бичээсээ тайлсаар мянган жил төөрөгдсөнөө ойлгов
    2. Хүннү бичиг
    3. Хадны бичээс тайлал, өнөөгийн байдал манайд судлаач байна уу?
    4. Мөнгөн савны ёроол дахь Хүннү үсгээс бүрдсэн бичээсийн тухай
    5. Хүннү бичгийнхээ өгүүлбэрийг эвдэхгүй биширье!
    6. Үндсэн ой санамж ба гэр бүлийн ой санамж
    7. Төр тасарснаар үндсэн ой санамж тасрав
    8. Хүннү – Монгол хэлний мөн чанар
    9. ҮНДСЭН ХЭЛЭЭ СЭРГЭЭЕ!
    10. Өөрсдөө түүхэндээ эзэн эс болвоос өрөөлийн идэш болохын үлгэр
    11. Хүннү-Монгол хадны бичээсийн үгийн тайлбар
    12. Хүннү-Монгол хэлний өвөг толь бичгийн тухай
    13. Диван Лугат бол Хүннү-Монгол хэлний дэлгэр толь
    14. Туркман болон одоогийн түркүүдийн гарал үүсэл
    15. Монголын нууц товчоо
    16. Монголын нууц товчоо
    17. ЗААГУЧ-ТОНУЙКУКИЙН БИЧЭЭС БА МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
    18. “Монголын Нууц Товчоо”-ны агуулгын залруулга
    19. Монгол тоо ба Кидан тоо
    20. Эх хэл ба манай үр хойчис
    21. Монголчуудын гарал үүсэл
    22. Мал ахуй-дэлхий нийтийн ухаараагүй соёл
    23. БИДНИЙ МОНГОЛЧУУД ХААНААС Ч НҮҮЖ ИРЭЭГҮЙ
    24. Цагаан сар бол мал ахуйтны баяр
    25. Мал ахуйтны хүн амын тоо сүүлийн 3500 жилд
    26. Овог, Айл, Аймаг, Улс, Ил
    27. Айл
    28. Улс
    29. Аймаг
    30. Монголынхоо эх түүх, эх хэл шинжлэлийн талаар хамтран ажиллах тухай ил захидал
    31. Диван Лугат монголчуудын толь бичиг
    32. Диван Лугат Хүннү-Монгол хэлний эх толь
    33. Билгэ хааны бичиг
    34. Билгэ хаан
    35. Билгэ хааны бичиг орчин цагийн монгол хэлээр
    36. Хуучин Тан Илийн бичиг ба Билгэ хааны бичиг
    37. Билгэ хааны бичиг.
    38. ШУА –ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, шинжээчийн багийн ахлагч Ц.Батдорж танаа:
    39. Умард төрийн түүх Түрг Тэ лэ
    40. Умард төрийн түүх Түрэг Тэ лэ
    41. Тэлэ-Хүннүгийн хойчис
    42. Хуучин Тан төрийн бичиг
    43. Билгэ хаан, гол тэгин ойрдын дээдс
    44. Баруун Түрг Стамбулын туркууд биш
    45. Уйгур-Хүннүгийн хойчис
    46. Есөн угс – хүннүгийн хойчис
    47. Уйгур 740-759 онууд
    48. Орд балаг-Уйгур нийслэл
    49. Уйгур 759-822 онууд
    50. Уйгур IX–XIII зуун
    51. Кидан
    52. Шивэй Хамаг Монголын дээдэс
    53. Кидан ба Шивэй
    54. Монголын нууц товчоо түүхэн эх сурвалж мөн
    55. XIII зуун
    56. Их монгол улсын соёл
    57. Соргогтон бэг
    58. Академи
    59. Оршуулгын зан үйлийн хувьсал өөрчлөлт
    60. Цаг он сарын баяр
    61. Зурхай
    62. Түрэг овогтоны тухай шинэ судалгаа
    63. Сэлджүк овогтон Түрэг овогтон биш
    64. Ашна Түрэг овогтон ба Хамаг Монгол овогтон
    65. Өтүгэн дэх халхын эхсийг зүүн овогтон Хамаг Монгол болгосоны гор (хор)
    66. Түүхгүй үр хойчис
    67. Хүн хэл
    68. Хүн хэлний үндэс
    69. Янаглан хорлогч

    70. Хүн битиг, Уйгур битиг манай үндсэн хоёр битиг71. Арван хоёр жил72. Түүх соёл түрэмгийллийг зогсооё!73. Эх бичгээ таниагүй Хэл зохиолын хүрээлэнгийнхэн74. Үндэсний ой санамжын тухай Н.Алтанхуягт!75. Төрийн түшээ ба Улс төрч

    https://www.facebook.com/Sergelen.international.expedition/

  • Цэдэнгийн ШИНЭН- Монгол анхны мянгат тэмээчин, Тэрбумтан

    Монголын анхны мянгат тэмээчин, анхны алдарт тэмээний уяач. Бас Монголын тэрбумтан малчин хэмээх өргөмжлөлийг мянгат тэмээчин Цэдэнгийн Шинэнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хүртээгээд удаагүй байна. Нэг тэмээнээс гарах ашиг шимийг мөнгөөр тооцож үзвэл нэг сая орчим төгрөг болдог. Мянга гаруй тэмээний зах зээлийн үнэлгээг нь тооцож үзэхэд л нэг сая гаруй ам.доллар болж буй учир малчин хүний нөр их хөдөлмөрийг магтахгүй байхын аргагүй. Цаг уурын хүнд хэцүү нөхцөлд таван хошуу малаа маллаж, өөрийн гэлтгүй өрөөлийн ахуй амьдралыг өөд нь татаж яваа тэрбумтан малчин бол Ц.Шинэн гуай.

    Баянхонгор аймгийн Баянлиг сум нийтдээ 14300 орчим тэмээтэйгээс, хамгийн олон тэмээтэй баг нь 6000-ыг тоолуулжээ. Эртнээс энэ нутагт Ламын гэгээний сүргийг маллаж ирсэн учир улаан тэмээгээрээ алдартай.

    “Сүү сааль ихтэй, ноос нь ноолуурлаг чанартай, махны гарц сайтай гээд тэмээ ашиг шим нь өндөртэй сайхан мал” гэж Монгол Улсын гавь­яат малчин Ц.Шинэн гуай ярьж сууна. Торомны ноос ноо­луурлаг чанар нь өндөр учир тэмээний тоо толгой өсө­хөд ч нөлөөлнө. Тэмээнээс ноос биш ноолуур авдаг бол­бол тоо толгой нь өснө гэж тэ­рээр тооцоолж, цусыг нь сэл­­бэж, эрлийзжүүлдэг гэлээ. Гэх­­дээ тэрээр тооны араас хөөцөлдөж биш чанарыг нь анхаарч иржээ. Ханын хэ­цээс гурван буур, Галбын го­­­­­­­­­­виос хоёр буур, Говь-Алтай аймгийн Дөхөм тунгалагийн хос зогдортой буур хоёрыг авч сү­рэгтээ цус сэлбэсэн байна. Түүний тэмээн сүрэгт хавтгайн үр төл ч нэлээн хэд бий гэсэн юм. 

    Тэрээр 1975 онд илгээлтээр мал дээр гарч, түүнээс хойш таван хошуу малаа 2000-д хүргэж, өсгөж яваа. Гэхдээ энэ хугацаанд хоёр жил цэргийн алба хааж, Худалдаа бэлтгэлийн ангид хэдэн жил ажиллаад эргээд мал дагажээ. 1990-ээд оноос хойш тасралтгүй мал маллаж, тэр дундаа тэмээн сүргийг мянга давуулан өсгөөд байна. Өдгөө Ц.Шинэн гуайн тэмээний тоо 1119 болжээ. Ингэ жил бүр ботголдоггүй ч тэмээн сүргийнх нь тоо жил бүр өсөн үржиж, үр шимийг нь үзэх сайхан байгаагаа тэрээр хуучилсан. Жилдээ 100 гаруй ингэ төллөдөг байсан бол сүүлийн жилүүдэд 200 орчим болж, улам л арвижин, өсч буй гэнэ. Түүний ганц хүү Хөдөө аж ахуйн сургууль төгсөөд аавынхаа дэргэд малч ухааныг нь өвлөн үлдэхээр болжээ. Бусад хүүхдүүд, дүү нар, тэдгээрийн хүүхдүүд гээд Ц.Шинэн гуайнх өнөр өтгөн, туслах хүмүүс ч мундахгүй. Тэднийхээ ажил хөдөлмөрийг үнэлж, цалин өгч урамшуулахаас гадна өсгөж, бойжуулсан төлийнхөө 40 хувиар малчдаа малжуулдаг гэнэ.   

    Ц.Шинэн гуай тэмээний анхны алдарт уяач цолтой. Тэмээн поло сүүлийн жилүүдэд хөгжиж, бүс, улсын чанартай тэмцээнүүд ч олон зохиогдох болсон. Эдгээр тэмцээнд гаргасан амжилтыг нь үнэлж, тэмээний алдарт уяач цолыг анх түүнд хүртээжээ. “Миний тэмээ сайн давхидаг. Тиймдээ ч хурдны чиглэлийн тэмээ өсгөж байгаа. Ер нь, тэмээний уяачдыг алдаршуулах зорилгоор уралдаанууд ч тогтмол зохион байгуулж байна. Тэмээн поло аялал жуулчлалын холбооноос надад тэмээний алдарт уяач цол олгосон. Цаашдаа төр засгийн хэмжээнд тэмээний уяачдыг алдаршуулах ажилд анхаарна гэж найддаг” хэмээн алдарт уяас маань итгэл төгс хэлэв.

    Тэмээ олонтой Баянлиг сумынхан аймгийнхаа хэмжээнд харьцангуй өндөр насалдаг нууц нь ингэний сүү, цагаан идээтэй холбоотой гэдэг. Жилийн дөрвөн улиралдаа сүү саалиа өгдөг, ашиг шимтэй тэмээн сүргийн тоог өсгөхөд Ц.Шинэн гуайн гавьяаг дурдахгүй өнгөрч боломгүй.

    Ц.Шинэн: Аав ээж минь анх гурван тэмээ тасалж өгсөн, мянган тэмээтэй болох гараа маань энэ байв

    Тэгэхээр Монголд байтугай дэлхийд ганцхан Ц.Шинэн гэж ойлгож болно. Удахгүй “Улаан ном”-онд бичигдэж мэдэхээр болтлоо тоо толгой нь цөөрсөн хоёр бөхт тэмээг өсгөхийн төлөө нойр хоолоо умартаж, эр биеэ элээж яваа түүний зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малчин цолоор шагнажээ.  

    Нутгийнхан түүнийг Шинэн гэхэсээ илүүтэй гавьяат хэмээн дуудах юм билээ.  Ц.Шинэн гавьяаттай  саяхан нутагт нь уулзаж, хөөрөлдснөө хүргэж байна. 

    -Өөрийг чинь харахаар барилдаж явсан болов уу гэж санагдаад байх юм. Барилддаг уу? 

    -Эр хүн болохоор эрх биш зүгээр байгаагүй. Сумын заан цолтой. 

    -Хол явж барилдаагүй сумын заан, Хот орж зодоглоогүй сумын заан юм байна… 

    -Тийм л болох байх даа. /инээв/ 

    -Мал маллаад удаж байна уу? 

    -Ер нь бол мал аж ахуй дээр төрсөн, өссөн.  Анхны илгээлтийн эздийн нэг юм уу даа. 1975 онд  улс даяар 75 мянган залуучуудыг МХЗЭ-ийн илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэл дээр гаргах уриа дуудлага улс даяар түгж байсан юм. Тэр 75 мянгын нэг нь болж сурагчийн үзгээ шилбүүрээр сольсон залуучуудын нэг нь би байлаа. 

    Дунд нь хэдэн жил завсардсан. Гурван жил цэргийн алба хааж халагдаж ирээд сумын худалдаа бэлтгэлийн ангид 10 шахам жил ажилласан. Бусад хугацаанд нь мал маллаж байна.  Бараг 30 шахам жил болох байх.  

    Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Ц.Шинэн

    -Танайх хэдэн хошуу малтай вэ? 

    -Манайх таван хошуу малтай. 

    -Хамгийн олон нь тэмээ юу? 

    -Тэмээ. Одоо мянга нэлээд гарчихаад байна. Энэ жилийн төлөөр бас тоо толгой нь нэмэгдэнэ. 

    -Энэ жил хичнээн ингэ ботголж байгаа вэ? 

    -Хоёр зуу гаруй ингэ ботголно оо. Өвөл хавар сайхан  байсан болохоор мал төл сайн л байна. Харин ойрдоо нэлээд гандуу байна. Тэмээ зуднаас илүү ганд хэврэг амьтан. Хэрэв тэнгэр хангай энэ янзаараа байвал бэлчээр  ус дагаж нүүж суух л болох байх даа. Малчин хүн гэдэг малынхаа аясаар шүү дээ. 

    -Хаашаа нүүх вэ? 

    -Хаана ногоо байна, тийшээ л явна даа.  Хол гэж хойргошихгүй. Уг нь манай энэ Баянлиг жинхэнэ тэмээний нутаг байгаа юм. Гэхдээ сүүлийн хоёр жил газрын гарц тийм ч сайн байсангүй. 

    -Бог хэр өсч байна? 

    -Өсгөе гэвэл өсөөд л байна. Одоо мянга гаруй бог мал байгаа. Гэхдээ мал маллана гэдэг бол амар хялбар ажил биш. Байгаль цаг агаар, тэнгэр хангайн араншингаас их хамааралтай. Үнэхээр сэтгэл зүтгэл гаргаж  байж л өсдөг. 

    -Мянган тэмээ  гэхээр бүгд хамтдаа нэг суурь уу, эсвэл хэсэг хэсгээр нь суурилж маллаж байна уу? 

    – Тэмээ мянга хүрээд ирэхээр учрыг нь олоход бэрх болдог юм байна. Тиймээс хэсэг хэсгээр нь суурилж байна.  Ботголсон ингээ бүгдийг нь нийлүүлье гэхээр эх ботгоо олох гэж хөл толгойгоо алдсан юм болно, тус тусад нь салгах гэхээр эх үрс нь салж төл нь үрэгдчих гээд асуудал бий.

    Тэгэхээр тэднийг чинь цөөн цөөнөөр маллаж, тал тал тийш нь бэлчээрлүүлж байна. Эрсдэлгүй талыг нь бодохоор ингэж маллахаас өөр аргагүй.

    Бууранд гарсан ингэнүүд тус тусдаа байна шүү дээ. Зарим буур нь гарсан байдаг зарим нь гараагүй байдаг, эр сувай тэмээнээс тусад нь байлгаж хээлийг нь хамгаална.

    Тэмээ олон болоод ирэхээр ерөнхийдөө нутгаар нь шахаж л маллаж байна. Тэгснээс орой болгон хотлуулаад, маллаад хариулаад байгаа юм бол бага байна.   

    -Туслах малчин байдаг биз дээ? 

    -Байгаа. Бог  дээр хоёр малчин байна. Бод мал дээр  манай нэг хүүгийнх өөр хоёр гурван ч хүн байна. Ерөнхийдөө бол гурван айл, өөр гурав дөрвөн хүн туслах малчнаар ажиллаж байна. 

    -Малчдаа хэдэн төгрөгөөр  цалинжуулж байна вэ?
     
    -Бог мал дээр ажиллаж байгаа хүмүүстээ тодорхой хэмжээний үндсэн цалин өгнө. Үүн дээр гарсан төлийнхөө 40 хувийг өгч байгаа. Гол нь малжуулах зорилготой. Жилдээ хэдэн зуун төл авна шүү дээ. Ингэхээр туслах малчдын хувьд ганц хоёрхон жилийн дотор малжих бүрэн боломжтой.  Бод малын тухайд голдуу өөрийн талын хүмүүс байгаа. Тэдэндээ бас л амьжиргаагаа аваад явахад хүрэлцэхүйц хэмжээний юм өгөлгүй яахав. 

    -Тэмээнээсээ жилд хэдэн тонн ноос авах вэ? 

    -Өнгөрсөн жил таван тонн ноос  авсан. Энэ жилийн тухайд ч бас үүнээсээ ахина уу гэхээс буурахгүй. Таван тонн нэлээд  гарах байх. 

    -Сүү сааль хэдийг авах вэ. Багцаалах боломж бий юу? 

    -Сүү саалийн тухайд багцаалах боломжгүй. Ингэ дөрвөн улирлын саальтай амьтан. Сүү саалийг нь өөрсдөө хэрэглэнэ. Нэг хэсгийг нь хүн амьтанд өгнө, заримыг нь борлуулна. Мөн уламжлалт аргаараа ааруул хурууд гэхчлэн цагаан идээгээ хийнэ. 

    -Анх хэдэн тэмээтэй байж байгаад ингэж  мянгат тэмээчин болов? 

    -Нэгдэл тарахад би хувьчлал гэж мал авсангүй. Миний өөрийн их гэр маань надад анх гурван тэмээ тасалж өгч байсан. Ингэж л би өөрийн гэсэн гурван тэмээтэй болж, түүнээсээ мянга хүрлээ. 

    -Мал, тэр дундаа тэмээ өсөх үндэс юу вэ? 

    -Би улсын байгууллагад ажиллаж байгаад ерээд оны эхээр малчин болсон хүн.  Жижиг сажиг ишиг борлон цуглуулж байгаад л мал дээр гарсан. Хүмүүс намайг ажлаа хийж байхгүй мал дээр гарч яадаг байнаа гэж зэмлэх сануулахын хооронд хэлж л байсан.    

    Мал эзэн хүнийхээ сэтгэлээр өсдөг гэж үг буй. Би энэ сумынхаа анхны мянгат малчны нэг шүү дээ. Тэгээд дараа нь тэмээгээ түлхүү өсгөе гэж зорьсон. Ингээд өөрийн хэдэн тэмээн дээрээ энд тэндээс тором ботго худалдаж авч нэмэрлэсээр гайгүй хэдэн ингэтэй болсон. Түүнийгээ өсгөсөөр  л мянган тэмээтэй болсон доо. 
      
    -Ингэж тэмээг түлхүү өсгөх шалтгаан юу байв. Ядахад л хариулж маллахаас эхлээд урт хөлийн амьтан хэцүү биш үү? 

    -Ер нь яахав, нэгэнт хүн болж төрснийх эх орондоо, нутаг нугадаа, аав ээждээ тустай амьдрах ёстой. Амьдралд зорилго гэж бас байх учиртай.  Нөгөө талаар дэлхийд хоёр бөхтэй тэмээ ховордож байна. Нэгэнт тэмээний нутагт төрж өссөнийх ховордож байгаа энэ буянаа  өсгөе л гэж зорьсон. Би ганцаараа тэмээ өсгөөд хоёр бөхт тэмээний тоо толгойн хорогдлыг зогсоож чадахгүй ч хамгийн гол нь хүмүүсийн тэмээгээ хайрладаг, өсгөж үржүүлэх гэсэн сонирхол хүслийг өдөөх болов уу гэж бодсон. 

    Намайг тэмээгүй шахам байхад  гаднаа 100 гаруй тэмээ хотлуулчихсан айл байж л байсан. Нэгдэл тарахад өөрийнхөө гарын малыг  аваад үлдчихсэн олон хүн байсан. Гэтэл өчнөөн жил өнгөрсөн ч тэд одоо хүртэл тэр хэмжээндээ л байна. Над шиг ингээд өсгөчихсөн хүн бол цөөхөн байх. Тэгэхээр би тэмээгээ ингэж өссөнийг өмнөө тавьсан зорилго, шаргуу хөдөлмөрийн үр дүн л гэж хардаг. Зүгээр байхад өөрөө аяндаа өсдөг мал гэж байхгүй шүү дээ. Бойжуулсан ботго бүрийн ард хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. 

    -Мал мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэх үг бий. Тэмээ мянга хүрэхээр бас тийм үү? 

    -Ер нь бол хөгшин хөвөө, онд орохгүй тэмээгээ заазлалгүй яахав. Энэ ингэ төд ботголчихлоо, одоо дахиад төл өгч чадахгүй гэдэг ч юм уу эсвэл энэ жил онд ороход төвөгтэй гэхчлэн тухайн малчин хүний ажиглалт сонголтоор малаа үлдээхийг нь үлдээж, хэрэглэхийг нь хэрэглэж байхаас аргагүй.   

    Тэмээ бусад мал шиг жил бүр төллөөд байдаггүй, олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд тоо толгой нь өсдөг амьтан учраас  тэр бүр дээс хутга барьж мал руугаа дайрахыг  боддоггүй.   

    -Би өөрөө говьд  төрж өссөн тэмээтэй газрын хүн. Тэмээ маллана гэдэг амар ажил биш шиг санагддаг. 

    -Амар  хялбар ажил гэж юу байхав. Мал өсөх сайхан л юм. Гэхдээ ний нуугүй хэлэхэд  сүүлдээ өөрөө дийлэхээргүй юм болж байна. Өөрөө үр хүүхэдтэйгээ зүтгээд,  бүр малчин авч ажиллаад  ч хүч хүрэхгүй үе олон тохиолдох юм. Малчин авч ажиллуулж байна гээд бас найдах итгэх юм бага шүү дээ. Хүний мал маллаж байгаа хүн чинь эзэн нь чимээгүй байвал чимээгүй л байна.  Тэгснээс тэмээндээ явъя гээд малынхаа захад явж байдаг хүн ховорхон болжээ. 

    -Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 

    -Манайх таван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд л их дээд сургууль төгслөө. Нэг нь  одоо сурч байна. Хүүгийнх маань манайхтай  хамт байна. Бусад  нь эзэмшсэн мэргэжлээрээ багш, Банкны салбарын эрхлэгч  гэхчлэн төв суурин газар  төвхнөсөн.  Гэхдээ энд байгаа хүүхдүүд өглөө оройдоо ингэ саалцаж, тором ботго уялцана  гэхчлэн малын ажилд бол байнга оролцоно. Ач зээ нар түрүүчээсээ тусад орж байна.   

    -Танайх ер нь хаагуур нутагладаг айл вэ? 

    -Өвөлдөө сумандаа ойртож өвөлждөг. Нэг буурны ингээ аваад төв суурин газраа бараадаж ирдэг.  Гол, устай идэштэй болохоор сумын ойролцоо өвөлжихэд хүндрэл гардаггүй.  Малаа төвөөсөө яваад эргүүлж  тойруулчихна. Ингэ ботголох болохоор хөдөөгөө гараад малаа төллүүлнэ. Залгуулаад ингэ ботгоо саалинд оруулж, ногоолуулж  тарга тэвээргийг нь авахуулж байгаад  өвөл болохоор сумандаа орж ирнэ дээ. Малын тухайд бол бэлчээр ногоо хаана байна, тэнд л нутаглана даа. 

    -Тэмээнийхээ тоо толгойг цаашид 2000 болгох бодол байна уу? 

    -Хоёр мянга болгох боломж байхгүй юм байна. Тэр битгий хэл мянга болгох боломж ч бараг бага. Няцалгүй, зоригтой байж л мянга болгоно шүү дээ.  Ер нь малын ажил, тэр дундаа тэмээний арчилгаа маллагаа гэдэг гарын үзүүрээр хийдэг ажил биш. Заавал биеийн хүчний хөдөлмөр ордог, хүч бяр шаарддаг. Бог малтай зүйрлэхийн аргагүй.  Тиймээс цаашид нэг хэсгийг нь эргэлтэнд оруулъя, үржлийн тодорхой сүргээ авч үлдэнэ гэсэн бодолтой байгаа. Цаашид тоо толгойг нь төд хүргэнэ гэж амлахад хэцүү. Тэгээд ч хүний нас хэд билээ, миний хувьд идэр нас маань эргэчихлээ. Тус тусдаа ажил албатай хүүхдүүдээ хэдий болтол малын ажилд  зүтгүүлэх билээ гэхчлэн асуудал байна. 

    -Санхүүгийн ямар нэг асуудал үүсдэг үү? 

    -Төгрөг мөнгө дутаад өр зээлэнд ороод явах юм юу байхав. Гэхдээ амьдрал юм болохоор асуудал үүсэх үе байлгүй яах вэ. Хэчнээн олон малтай байлаа гээд баячуудын зиндаа зэрэгт  очтолоо хаана ч юм. Малтай хүн байнга л зарлага гаргаж байдаг. Өвс тэжээл, арчилгаа маллагаа, ус хужир гээд  тэр бүгдэд мөнгө зарна.  Хэрэв олноор нь нядлаад борлуулбал орлогоо чамгүй нэмэгдүүлэх боломж байлгүй яахав. Гэхдээ өдөр шөнөгүй зүтгэж, хүмүүсийн хэлдгээр чөмгөө дундартал  хөдөлмөрлөж  байж  өсгөснийгөө зөвхөн ашиг орлогын нүдээр харж  үрж барж  болохгүй байна ш дээ. 

    -Тэмээ ер нь яавал өсөөд байх шиг байна? 

    -Зөв маллаж байж л өснө. Зөв маллана гэхээр нутгийг нь зөв сонгож, зөөлөн гараар  оролдох хэрэгтэй гэсэн үг. 

    -Танай тэмээ ямар омог угшилынх вэ? 

    -Би малынхаа тоо толгой гэхээс  илүүтэй  чанарт нь түлхүү анхаардаг.  Монголд тэмээний гурван ч омог угшил байна. Тэр бүгдээс нь буур авчирч тавилаа. Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Төхөмтунгалагийн хос зогдорт  гэхчлэн. Мөн нутгийнхаа шилмэл омгийн хээлтүүлэгчийг тавьж байна.  Би таван хошуу малаа бүгдийг нь тус тусад нь сайжруулж, энд тэндээс шилдэг омгийн хээлтүүлэгч авчирч тавьсан. 

    -Танай үүгээр хавтгайн угшилтай тэмээ хэр олон байна вэ? 

    -Манай  нутагт  бол цөөхөн дөө. Гэхдээ ганц хоёр бий. Шинэжинст, Баян-Өндөр талдаа хавтгайн төл цөөн бөр байдаг юм. Сонирхоод хавтгайн тайлаг гунж авчирч цус сэлбэж л байна. 

    -Тэмээ аль хэр үнэ хүрч байна? 

    -Дээд тал нь 10 сая төгрөг хүрчихлээ.
     
    -Ямар тэмээ тийм үнэ хүрэх вэ? 

    -Гол нь хурдан тэмээ л тийм үнэ хүрч байна. 

    -Танайд хурдан тэмээ хэр олон байгаа вэ? 

    -Хэд хэдэн тэмээ байна аа. Би чинь  улсдаа хурдан тэмээний анхны алдарт уяач  шүү дээ.  Улсын чанартай  тэмээний уралдаануудад удаа дараа оролцож олон айраг түрүү авч байсан. Ноднингоос эхэлж тэмээний уяачдад “Алдарт уяач” гэдэг цолыг өгч эхлэхэд анхныхыг нь надад өгсөн. 

    -Тэмээний уяа сойлго гэж байна биз? 

    -Байлгүй яахав. Тэмээний уяа морины уяа хоёр өдөр шөнө шиг өөр зүйл. Гэхдээ  мал сойж уралдуулах гэж байгаа болохоор тодорхой хэмжээний уяа сойлго байдаг. 

    -Танай тэмээ дээд тал нь хэдэн кг ноос өгч байсан бэ?
     
    -Хэдэн кг ноос өгч байна гэж ганцаарчлан үзэх боломж гарахгүй юм. Харин хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд  нэг сувай ингэний ноосыг тусад нь хэмжиж үзэхэд найман кг илүүтэй байсан. Хэрэв тэр ингэ боос ингэ /ботголох ингэ/  байсан бол бүр илүүг л өгөх байсан гэсэн үг. 

    -Мянган тэмээг ноослоно гэдэг хэцүү дээ? 

    -Хэцүү хэцүү. Ёстой л олны хүч оломгүй далай гэдэг шиг олны дэм тусаар бүтдэг ажил. 

    -Ярилцсанд баярлалаа.

    П.ЯДАМДОРЖ, ӨДРИЙН ШУУДАН

  • Н.Энэбиш: Монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч төв болох боломжтой

    Өнөөдөр Улаанбаатар хотод Сэргээгдэх эрчим хүчний үндэсний VIII форум болж байна. Жил бүр зохион байгуулдаг энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг танилцуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Элизабет Барсак, Дэлхийн Салхины эрчим хүчний зөвлөл (GWEC)-ийн Хятад дахь салбар хариуцсан захирал Лимин Чиао, ЭХЯ-ны Стратеги, Бодлого Төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддорж тэргүүтэй гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна. Тус форумын илтгэгчдийн нэг, 2017 онд ашиглалтанд орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн сэргээгдэх эрчим хүчний нэгэн томоохон төсөл Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагч доктор Н.Энэбишээс дараах зүйлийг тодруулав.   


    Дарханы нарны цахилгаан станцын төслийн удирдагчаар ажиллаж, станцаа амжилттай ашиглалтад оруулсанд баяр хүргэе. Цахилгаан станцын үйл ажиллагаа хэр явж байна вэ? Төвийн эрчим хүчний системд ямар хэмжээний хувь нэмэр оруулж байна?  

    -Төсөл хэрэгжиж дууссан. Манай улсын нийт хэрэглээ ойролцоогоор 1ГВ. Үүний бараг 90 хувь нь төвийн эрчим хүчний системээр хангагдаж байгаа. Тэгэхээр 800-900 МВ гэсэн үг. Ийм их хэрэглээний хажууд Дарханы нарны цахилгаан станцын гаргаж буй эрчим хүч нь 10МВ буюу маш бага хувийг үйлдвэрлэж байгаа. 

    -Сэргээгдэх эрчим хүчний гурван гол эх үүсвэр болох нар, салхи, усны эрчим хүчний үйлдвэрлэлийн аль нь Монголд хамгийн ирээдүйтэй, хурдацтай хөгжих боломжтой вэ? 

    -Гурвуулаа. Бид зөв болоод амбицтай бодлого явуулах ёстой. Монгол улс газрын дорх ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тавд жагсах боломжтой бол сэргээгдэх эрчим хүч ашиглах таатай нөхцлөөрөө дэлхийд шууд нэгдүгээрт бичигдэх боломжтой. Сахарын юмуу Аризонагийн гэх мэт бусад цөлүүдээс манай Монголын Говь хавьгүй илүү судлагдсан гэдгээрээ давуу талтай. Бид олон улсын эрдэмтдийн багтай хамтраад 1999 оноос хойш судалгаа хийж Монгол Говийн бүс нутагт сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад зохистой юу, ямар аргаар ашиглаж болох вэ гэдгийг судлаад техникийн шийдлүүдээ ч гаргасан. Говийн бүсэд л гэхэд Монголын одоогийн хэрэглээнээс 10-100 дахин өндөр эрчим хүч үйлдвэрлэж чадах мега станцууд барьж байгуулах боломжтой нь судалгаагаар нотлогдсон. Түүнийг байгуулахад Монголд алдах зүйл байхгүй. Учир нь эдгээр цахилгаан станцууд нь хааш хаашаа ердөө 5-10 км талбай эзлэх юм. Тэр талбайг ухаж уул уурхай явуулах биш, зүгээр л тэнд тусч буй нарны туяа, түүгээр өнгөрч байгаа салхины эрчмийг л ашиглах болохоор манай Говийн зэлүүд газарт ямар ч хөнөөл учрахгүй. Энийг дагаад монголд өндөр технологи орж ирэх, тухайн илүүдэл эрчим хүчийг экспортлох боломж бүрдэнэ. Тухайн эрчим хүчийг экспортлоод олох татварын орлого л гэхэд Монгол Улсыг баян чинээлэг орны зиндаанд хүргэхэд хангалттай хүрэлцэх юм. 

    -Ийм том хэмжээний станцыг байгуулахын тулд мэдээж уснаас авахуулаад олон нөөц баялгийг ашиглах хэрэгтэй болох байх? 

    -Нүүрс түлдэг дулааны цахилгаан станцууд шиг тийм олон сая шоо метр ус ашиглахгүй. Усны хувьд тухайн цахилгаан станцуудыг үйл ажиллагаагаар хангах ажилчдын ахуйн хэрэглээний ус, багаж төхөөрөмжөө жилд нэг хоёр удаа угааж цэвэрлэх ус байхад л хангалттай. Салхины станцад ус хэрэггүй шүү дээ. Түүгээр үл барам Монгол Улсад гадаргын усныхаа нөөцийг үр ашигтай ашиглах асар том боломж бий. Хэдэн зуун мянган жилийн туршид хуримтлагдаж байгаа “алтнаас үнэтэй” гүний усаа дулааны цахилгаан станцын хөргөлтийн системд ашиглаад хэдхэн жилийн дотор ууршуулж байна гэхээр харамсалтай байгаа биз? Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд маш цэвэр, маш үнэтэй газрын дорх усаа хайрлан гамнаж, гадаргын усаа ашиглан хөгжиж байна. Гадаргын ус, газрын доорх усны ашиглалт ихэнх өндөр хөгжилтэй орнуудад 90:10 гэсэн харьцаатай байдаг бол манайд бараг эсрэгээрээ байна. 

    -Та усан цахилгаан станцын асуудлыг дэмжиж байгаа юу? 

    УЦС бол усны урсгалын хүчийг л ашигладаг. Зөв стандарт, технологиор барих нь чухал. 

    -Орхон-Говь төслийн тухайд? 

    -Говийн бүс нутгийг ногоон бүс болгох, Говийн усан хангамжийг сайжруулах тал дээр маш өндөр ач холбогдолтой зөв төсөл гэж боддог. Тийм технологитой төслүүд дэлхийд маш их бий. Улсын газар нутгаар урсан өнгөрч байгаа гадаргын усыг ашиглах их олон хувилбарууд байдгийн нэг оновчтой хувилбар нь Орхон-Говь төсөл. Тийм учраас үүнийг би Монгол улс усны хангамжаа гадаргын усаараа шийдэх гэсэн шилдэг төсөл гэж үздэг. Орхон-Говь төслийг хэрэгжүүлэхгүй бол Говьд байгаа том уурхайн төслүүд болох Оюу Толгой, Цагаансуварга газрын гүний уснаас л ашиглана. Гүний ус бол миний дээр хэлсэнчлэн “зэс, алтнаас ч үнэтэй”. Бага үнэтэй зүйлийг их үнээр хийнэ гэдэг учир дутагдалтай. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар Монгол Улсад алдах зүйл огтхон ч байхгүй. Үүнд шаардагдах газар нутгийн хэмжээ нь Монголын нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад өчүүхэн буюу 0,1 хувьд нь хүрэхгүй хэрнээ улсын ДНБ-ийг одоо байгаагаас нь хэдэн арав дахин нэмэгдүүлэхэд тустай. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний баялаг нь хөндөгдөөгүй байгаа алтны уурхай л гэсэн үг. 

    -Энэ хэмжээний мега төслүүдийг хөдөлгөх боловсон хүчний нөөц Монголд байгаа юу?  

    -Боловсон хүчний нөөц тодорхой хэмжээнд бий.Үүнийг төрийн бодлогоор ч анхаарч байна. Жишээлбэл Япон улсын Засгийн газартай хийсэн “1000 Инженер” хөтөлбөрийн хэлэлцээр байна. Энэ хөтөлбөрөөр сэргээгдэх эрчим хүч болон электроникийн чиглэлээр инженер бэлдэхийг түлхүү анхаарч байна. ШУТИС-д сэргээгдэх эрчим хүчний анги нээж, жил бүр 20-30 оюутан төгсч байна. Би өөрөө МУИС-д багшилдаг. Манай сургуулиас гэхэд 10 оюутан магистр, докторын зэрэг хамгаалахаар Япон улсад сурч байна. Нэмж хэлэхэд, нар салхины цахилгаан станцыг ажиллуулахад маш цөөн тооны маш өндөр мэдлэгтэй инженерүүд хэрэгтэй. Сая ашиглалтанд оруулсан 10 МВ чадалтай Дарханы нарны цахилгаан станцыг 2-хон инженер ажиллуулж байна. Ингээд 3 харуул хамгаалалтын ажилтан, 3 диспетчер, захирал, жолоочтойгоо нийлээд нийт 11 хүн ажиллуулж байхад яг ижил хүчин чадалтай Дулааны хоёрдугаар цахилгаан станцад 300-400 хүн ажиллаж байна.  

    -Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортлогч орон болж болох уу? 

    -Экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулна гэж зорилго тавиад, яриад байгаагийн хамгийн тод биелэл нь энэ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл байх боломжтой. Ялангуяа нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх нь манай улсын хөгжлийн гарц мөн. Уул уурхайг одоохондоо эдийн засаг, санхүүгийнхээ эх үүсвэр болгон ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ алс хэтдээ Монгол Улс энэ бүс нутгийнхаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн том тулгуур төв болох боломжтой. Үүнийг ажил хэрэг болгохын тулд Засгийн Газраас хоёр хөрштэйгөө болоод Зүүн хойд азийн бүсийн улс орнуудтай өндөр түвшинд гэрээ хэлэлцээрийг тууштай хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Ярилцсанд баярлалаа. 

    Б.Амарсайхан
    Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • Н.ОРЧЛОН: АНГЛИ ХЭЛ СУРААГҮЙ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч ОУ-ЫН ШҮҮХЭД ӨМГӨӨЛӨГЧ ХИЙХ АНХНЫ МОНГОЛ ХҮН БОЛОХГҮЙ БАЙХ БАЙСАН БОЛОВ УУ

    Н.Орчлон: Англи хэл сураагүй байсан бол хэзээ ч ОУ-ын шүүхэд өмгөөлөгч хийх анхны Монгол хүн болохгүй байх байсан болов уу

    Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонтой ярилцлаа. Тэрбээр тус улсад 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд олон улсын шүүхэд ажиллаж байгаа Монголын анхны хүн юм. 

    Түүний хувьд их ажил амжуулахаар эх орондоо ирээд байгаа бөгөөд тун завгүй явна. Тэртээ 1990-ээд оны үед хамт англи хэл заалгаж байсан ангийнхнаа болон үеийнхнээ олж уулзах,мөн  энэ сарын 27нд “Зорилготой амьдарцгаая” сэдэвт чөлөөт ярилцлагыг залуусын дунд өрнүүлэхээр болжээ.
    Та эх орондоо ямар ажилтай ирэв. Ажлаа амжуулж байна уу?  

    -Намайг Наранцэцэгийн Орчлон гэдэг. Би Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгчөөр 13 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Монголдоо хууль сахиулах байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Бас Америкт өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан. Тухайн үед мэргэжлийн ажлаа хийхэд англи хэл зайлшгүй чухал хэл байлаа. Олон улсын түвшинд ажиллах гол хэрэглүүр байсан учир сурах шаардлагатай байсан. Эх орондоо хоёр ажил амжуулах зорилготой ирсэн. Нэг нь ЛГБТ төвийн урилгаар залууст “Зорилготой амьдарцгаая” лекц уншина. Нөгөө нь 1990-2000 оны үед хамт англи хэлний хичээл заалгаж байсан оюутнуудаа олж уулзаж том ажил төлөвлөхөөр ирлээ. Бид хамтдаа хүнд цаг үед англи хэл сурч байлаа шүү дээ.

    Анх англи хэлийг яаж сурсан бэ. 1990-ээд оны үед англи хэлний дамжаа гэж бараг байдаггүй. Гадаад хүмүүс ч манайд ховор харагддаг байсан үе? 

    -Намайг сургуулийн сурагч байх үед англи хэл заадаггүй байлаа.  Орос хэл заадаг үе надаар дууссан. Тухайн үед Монголд анхны англи хэлний хувийн дамжаанууд дөнгөж байгуулагдаж байлаа. 1990-ээд оны үед сурах бичиг ч байхгүй хомс байсан үе. Энэ үед англи хэл сурах туйлын хэцүү байсан. Харин яаж хэл сурсан бэ гэхээр Англи хэлний институт гээд олон улсын төвтэй сайн дурын багш нар дэлхий даяар англи хэлийг үнэ төлбөргүй заадаг болов.

    Энэ байгууллага манайд 1994 онд анх орж ирсэн. Байгууллагын үйл ажиллагаа нь хот хөдөөгүй явагдаж байсан бөгөөд Канад, Америк багш нарыг олноор явуулж хүүхдүүдэд англи хэл заалгаж байсан. Зун нь англи хэлний олимпиад зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь би тасралтгүй оролцдог байв. Өөр мэргэжлээр сурч байсан оюутнуудыг мөн их, дээд сургуульд суралцаж байсан шилдэг оюутнуудыг оролцуулан англи хэл зааж, өргөн хүрээг хамардаг байсан. Гурван жил тасралтгүй зун нь англи хэлний хичээлд сууж байсан ба хэл сурах нь миний гол зорилго байлаа. Хэрвээ энэ институтын багш нар англи хэл заагаагүй бол надад хэл сурах ямар ч боломж байхгүй байв. Надтай адилхан хэдэн зуун Монгол оюутнуудад англи хэл заасан гавьяатай Америк, Канад олон багш нар байгаа. Энэ байгууллага манайд 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд одоогоор түр завсарласан. Миний мэдэхээр энэ олимпиадад дунджаар 3000-4000 оюутан оролцсон. Тэдний ихэнх нь гадаадад мэргэжлээрээ ажиллаж амьдарч явна. Шилдэг явж байгаа бүхэн нь дээрх институтын багш нараар англи хэл заалгасан хүмүүс байгаа юм. Монголын бүхэл бүтэн сэхээтний үеийг төрүүлж өгсөн байгууллага болохоор их баярладаг.

    Энэ байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулсны 25 жилийн ой ирэх жил тохионо. Сайн дураараар бидэнд англи хэлний хичээл заасан Америк, Канад багш нарынхаа ач буянаар амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүн би. Тиймээс энэ багш нараар хичээл заалгаж байсан Монголд байгаа тухайн үед оюутнууд байсан хүмүүс ярилцаж байгаад 25 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж өгье гэсэн бодолтой байна. Ийм төлөвлөгөөг эртнээс ярьж хэлж, бэлтгэж, хэрэгжүүлэхээр Монголдоо түр хугацаагаар ирсэн байгаа минь энэ. Жилийн өмнөөс бэлтгэж байгаа юм. Дараа жилийн өдийд энд багшилж байсан гадаад багш нараа Монголдоо урьж авчрах гэсэн юм.  

    Яагаад одоо үүнийг ярьж байгаа юм бэ гэхээр Америк, Канад хүмүүс жилийн өмнөөс аяллын төлөвлөгөөгөө гаргадаг хүмүүс. Тэгэхээр одооноос хүмүүстээ зар түгээх шаардлагатай байгаа. Зарим багш нартайгаа холбоо тогтоож чадсан. Олон багш нар ирэх сонирхолтой байгаагаа уламжилсан. 20 жилийн дараа Монгол Улс хэрхэн хөгжиж цэцэглэж, дээшилж дэвжсэнийг харах гэж хүсч байгаа байх тэд.

    Тухайн үед олон настай багш нар ирж байлаа. Тэднээс маань нас барсан багш нар ч цөөнгүй байна. Тэгэхээр яг одоо цуглуулахгүй бол дахиад 10 жилийн дараа гэхээр амьд хүн бараг байхгүй болчих вий. Тухайлбал, 1990-2000-аад оны оюутануудад үнэ төлбөргүй англи хэл заасан сайн дурын Америк, Канад багш нарын уулзалт ирэх зун Монголд болох тухай мэдээ түгээх зорилготой ирсэн дээ.  

    Тухайн үед нийт хэдэн багш ирж англи хэлний хичээл зааж байсан юм бэ?

    -Нэг зун гэхэд ойролцоогоор 30-40 багш ирж байлаа. Ганц нийслэлд биш орон нутгаар ч явж хэл заадаг байсан. 10 гаруй жил үргэлжилсэн сургалт бөгөөд нэг зуны олимпиадад 300 гаруй оюутан ордог байв. Одоо бол яг миний насны хийж бүтээх насан дээрээ яваа хүмүүс юм. Тэднийгээ цуглуулахын тулд Зуны англи хэлний олимп гэсэн фэйсбүүк групп нээсэн. Одоогоор 160 гаруй гишүүнтэй болж. Тэд бүгд англи хэл заалгаж байсан оюутнууд юм. Миний бодож байгаагаар хамгийн багадаа 2000 гаруй хүн байх ёстой гэсэн тооцоолол бий. Тэр хүмүүс ямар нэгэн аргаар яаж ийж байгаад холбоо бариарай. Хуучныхаа найзуудтайгаа, багш нартайгаа холбогдоорой.  Анх англи хэл заалгаж байсан Америк Канад багш нараа баярлуулж, 25 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж, нэгэн гоё дурсамжийг бүтээе гэж бодож байгаа юм шүү.

    Тиймээс эртнээс ойн төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай байгаа юмаа. Хамгийн гол нь хүмүүсээ цуглуулъя. Дээр хэлсэндээ 2000 гаруй оюутан байсан гэж. Ядаж тэдний 10 хувь нь цуглаж багш нараа хүлээж авах, арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг амжилттай хийж, тухайн үед суралцаж байсан дурсамжтай үеэ эргэн дурсъя. Англи хэл заалгаад гадагшаа гарч яваад тэндээ ажиллаж амьдарч байгаа оюутнууд ч ирнэ. Тэдний дундаас олон гэр бүл, найзууд төрөн гарсан гэж бодохоор их сайхан санагддаг юм.

    Сайн дурын үнэ төлбөргүй англи хэл заадаг байсан байгууллага байсан гэсэн үү?

    -Тийм ээ. Сайн дурынх бөгөөд тэр багш нар өөрсдөө зардал мөнгөө гаргаж Монголд ирээд хүүхдүүдэд англи хэл заадаг байсан. Хөгжингүй орнуудад англи хэл заалгах зорилготой явуулдаг байсан юм билээ. 1990-ээд оны үед нийгмийн хүнд үе байлаа. Энэ үед хэл устай болно гэдэг маш том боломж. Сургалтын чанар сайн, маш сайн заадаг байсан. Тэр үед англи хэл сурсан хүүхдүүдийн ирээдүйн карьер ажил амьдралд нь нөлөөлсөн гэдэгт би итгэдэг.

    Хэрвээ би тэр үед англи хэл сураагүй бол хэзээ ч олон улсын шүүхэд өмгөөлөгч хийсэн анхны Монгол хүн болохгүй байх байсан болов уу. Тиймээс багш нартаа дахин баярлалаа талархлаа, олон хүний амь амьдралд том өөрчлөлт оруулсан шүү гэдгийг хэлж талархах зорилготой. Энэ улс орны хөгжилд цэцэглэлт өөрчлөлт оруулж чадсан шүү гэдгийг л хэлж яримаар санагддаг юм. Миний хамгийн гоё залуу насны дурсамж бол энэ багш нартай яах аргагүй холбоотой доо.

    Холбоо барьсан хүүхдүүдийн хувьд таны энэ санаачлагыг хэр дэмжиж байна?

    -1998 онд хамтдаа сурч, төгсч байсан ангийнхантайгаа холбоо барьж хэлсэн. Намайг дэмжиж байна билээ. Харин бусад төгсөлтийн ангийнхантайгаа холбоо барих гээд л групп нээсэн нь тэр юм. Америкт байгаа төвтэйгээ холбоо барьсан их сайхан найрсагаар дэмжиж хүлээж авсан. Гадаадаас бол багш нартайгаа нийлээд олон хүн ирэх төлөвлөгөөтэй байна. Дараа жилийн зун наадмаа тааруулж байгаад ирье гэж бодож байна. Би ганцаараа биш бид хамтдаа хийвэл гоё байх болов уу. Дахин хэлэхэд, Зуны англи хэлний олимп гэсэн фэйсбүүк групп рүү хандаж зочлохыг хүсье.

    Монголд ажлын гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу. Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэсэн үү?

    -Цагдаагийн академийг 1999 онд эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1999-2001 онуудад цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2001-2002 онд АНУ-ын Миннесотагийн их сургуулийн хуульзүйн магистрын зэрэг хүртсэн. 2002 онд АНУ-д өмгөөлөгчийн туслахаар ажилласан. 2003-2013 он хүртэл Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Шинэ Зеланд зэрэг улсуудад олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн хуулийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. 2006 оноос хойш өдгөөг хүртэл Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байна даа.

    Олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг хүний ажлын онцлогийг сонирхоё. Монголынхоо хуулийн байгууллагуудтай харьцуулж ярьвал ямар байна вэ? 

    -Маш олон талаар ялгаатай. Ялангуяа олон улсын шүүхэд мэтгэлцэх зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, тооцогдох хүртэл хэнийг ч гэм буруутан гэж үзэхгүй гэсэн том зарчимтай. Хуулийн хэллэгээр бол гэм буруутайг нь нотлох хүртлээ хэнийг ч гэм буруутан гэж тооцохгүй. Миний хувьд дайны болон хүн төрөлхтөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч нарыг шүүхийн өмнө төлөөлөн ажилладаг.

    Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч гэхээр онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг өмгөөлнө гэсэн үг үү?
     -Манай эрүүгийн шүүх, шүүх дотроо байдаг бөгөөд хэргийн хохирогчийг өмгөөлнө. Ялангуяа иргэний дайнтай улсууд болон хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс олон ирдэг. Яг одоо миний ажиллаж байгаа хэрэг дээр 1500 хохирогч байна. Гэм буруутай этгээдийг олж ял шийтгэл оногдуулах, үнэн мөнийг олтол, хохирогчдод учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажилд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ дээ.

     Олон улсын шүүх хэр шударга ажиллаж чаддаг вэ?

    -Ямар ч улсын шүүх шударга биш шүү дээ. Харин тэр шүүхийг шударга болгодог хүмүүс нь хуульчид өөрсдөө байх ёстой. Хуулийн байгууллага гэрээ хэлэлцээрийн байгууллага болчихоор шударга байна гэж хэзээ ч байхгүй дээ. Хамгийн гол нь ажиллуулж байгаа хүмүүс нь шударга зарчимч байх. Чингис хаан Хятадын цагаан хэрэмийг “Ямар ч хана хэрэм манаж байгаа хүнтэйгээ адилхан хүчтэй” гэж хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр нь манаж байгаа хүн нь аймхай сул дорой байвал ямар ч хана хэрэм хэрэггүй дээ. Шүүхэд ажиллаж байгаа өмгөөлөгч, прокурорын ёсзүй, мэдлэг чадвараас бүх зүйл шалтгаална. Олон улсын шүүхэд маш олон асуудал гарна. Яагаад гэвэл хүн байгаа газар асуудал гарч л таараа. Гэхдээ хуулийнхаа дагуу асуудлыг шийдээд, шийдвэрлээд явна.

    Олон улсад хэрэг шалгалтын явц, хэргийн шийдвэрлэлтэд хэр цаг хугацаа ордог вэ?

    -Маш удна, цаг хугацаа орно шүү. Би нэг хэрэг дээр гурван жил оролцож байна. Хоёр жил хагас нь прокурор нотлох баримтаа танилцуулсан. Ганцхан яллах тал шүү дээ. Тэгээд цаашдаа хэргийг үргэлжлүүлэх боломжгүй гээд яллагч талын танилцуулсан нотлох баримт хангалтгүй байна гэж үзээд шүүх хурал хэргийг хаасан байгаа юм. Зөвхөн нэг талын нотлох баримт танилцуулахаар 3 жил авна гэдэг их хугацаа биз. Энд нөгөө л мэтгэлзэх зарчим харагдана. Харин Монголд бол энэ бодит байдлаараа хэрэгждэггүй. Олон улсад мэтгэлзэх зарчим өндөр хөгжсөн орнуудад яг яллах тал буюу прокурор ямар нотлох баримт цуглуулж мэтгэлзэж байна, өмгөөлөх талд нь яг ийм боломжийг яг адилхан олгодог.

    Уганда хотод болсон зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хэргийн шүүх хурал. Прокуророос 80 гаруй гэрч дуудсан. Одоо өмгөөлөгч талаас бас өдий тооны гэрч дуудах хүсэлтээ гаргасан байгаа. Шүүх бол яг л хоёр талын дуудахыг хүссэн гэрчүүдийг дуудна. Тэнд шүүгч хөндлөнгөөс оролцохгүй. Нэг хүний гэм буруутай эсэхийг нотлохын тулд дахиад олон гэрч дуудаж байна. Тэднийг дуудаж шүүх дээр байцаагаад нотлох баримтыг нь гаргах боломжийг нь шүүх бүрдүүлдэг юм. Хэчнээн их цаг хугацаа орж, зардал мөнгө гарсан ч бай хамгийн гол нь хэргийн үнэн мөнийг олох, гэм буруутай этгээдийг шийтгэх, гэм буруугүй хэнийг ч хилсдүүлэхгүй байх зарчмыг алдагдуулахгүй ажилладаг онцлогтой. Энэ бол цаг хугацаа мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнэ юм.

    Монголд бол гэм буруугүй этгээдийг хилсээр барьж хорих, хүчээр яллах, ял тулгах зэрэг шударга бус зүйл их гарч байгаа. Шүүх, прокурор нь шударга ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл ч газар авсан. Өөрөөр хэлбэл, шударга шүүхийн үнэн гэж алга гэх. Үүнд та ямар бодолтой байна вэ?

    -Шударга шүүхтэй болтол Монгол хол байна. Үүнд их зүйлийг ярьж болно. Хуульчдын ёсзүй маш доогуур байна. Хуулийн өндөр албан тушаалд томилогдож байгаа алба хаагчдын ур  чадвар, мэдлэг туршлага нь муу. Тавьж байгаа шалгуур гэж алга. Ямар ч өндөр албан тушаалтны сэнтийд мөнгөтэй эрх мэдэлтэй бол хэн ч очиж болдог юм байна гэдгийг харуулж байна. Улс төрийн шалгуураар албан тушаалд томилогдож байна. Энэ бол байж боломгүй зүйл. Ийм байгаа цагт шүүх нь хэзээ ч хараат бусаар ажиллаж чадахгүй. Шүүхийн байгууллага нь өндөр ур чадвар, мэдлэгтэй байхгүй. Яагаад гэвэл улс төрийн хүрээнд танил талаараа томилогдож байна. Хуульчдад тавих шаардлага нь ч муу. Шүүгч гэхэд 25 нас хүрсэн хуульч мэргэжилтэй хүнийг хуульч гэнэ гээд заачихсан. Нас бол шалгуур биш. Үүнийг л хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Өндөр настай хүн мэдлэг чадваргүй байж болно, нас бага хүүхэд мэдлэгтэй боловсролтой байж болно. Хуулийн сургууль төгссөн гэдэг чинь сургууль төгссөн л гэсэн үг юм. Гэтэл олон улсад энэ сургууль төгссөн үзүүлэлт бол анхан шатны нэг л шалгуур болдог юм. Насны шалгуур байхгүй яагаад гэвэл бодит шалгуур болдоггүй гэж үздэг. Хамгийн чухал нь мэдлэгийн шалгуур, чадварын, хэлний шалгуур тавьдаг. Дээр нь ажилласан байдлын шалгуур шаарддаг.

    Хэл хэрэглээ болсон. Хэлгүй бол хөлгүй ээ ч гэж ярьдаг болжээ. Гадаад хэлийг амархан сурах арга барил гэж байдаг уу?

    -Амархан сурах арга барил гэж байдаггүй юм. Хүмүүс ингэж хууртагддаг байхгүй юу. Хэлний курсүүд ч ингэж өөрсдийгөө рекламддаг болжээ. Хэлийг хүн ярьж, сонсч, бичиж ойлгож сурдаг. Амархан сурдаг эд биш, гэхдээ сурсан хойноо их үр дүнтэй шүү. Хэдхэн сар сураад төгс эзэмшихгүй. Би бол насаараа сурч байна. Хүн эх хэлээ ч насан туршдаа сурдаг биз дээ. Яг түүнтэй адилхан. Мөн нөгөөтэйгүүр англи хэлийг гадаад хэл биш гэж ойлгох хэрэгтэй залуус. Гадаад хэлийг хүн хоббигоо болгож сурдаг. Өнөөдөр англи хэл бол орчин үеийн хүний хоёр дахь хэл юм. Орчин үеийн хүн та бол англи хэлгүй байж болохгүй ээ.

    Таны гол зорилго бол монгол залуусыг олон улсын түвшинд гаргах. Ер нь манай залуус олон улсад хэр амжилт арвин бүтээл ихтэй явдаг вэ?

    -Манай залууст авьяас бий. Гэхдээ жаахан залхуу туушгүй байна. Хэрэглээ болох  хэлийг гэхэд сурч байгаад хаячихдаг. Уг нь гадаад хэлийг тултал нь сурах хэрэгтэй. Суръя гэсэн л бол сурдаг л байх хэрэгтэй. Орчин үед хэл сурах олон арга хангалттай нээлттэй байна. Бүх юм нь бэлэн болохоор бэлэн юмны дунд байгаа болохоор биеэ дайчлахгүй байх шиг. Бид нарын үед гадаад багш байдаггүй, барууны жуулчид цөөхөн ирж байсан үе. Бид нарын үед интернет, гар утас нь байдаггүй байсныг мэднэ биз дээ. Гэтэл одоо үед бүх юм нь бэлэн сайхан болчихжээ. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж зорилго бүтээлтэй амьдрах нь чухал шүү.
     Таны хобби үнэртэн цуглуулах юм байна. Энэ талаараа сонирхуулаач?

    -Би үнэртэн цуглуулах дуртай. Монголд анх удаа Үнэртэй усанд дурлагчдын клубыг байгуулсан хүн. Клубээ дөрвөн жил хагас авч яваад өнгөрсөн жил орхиж явсан. Сая ирээд буцаад энэ группдээ орсон байна. Үнэртэний соёл түгээдэг хүн гэж ойлгож болно. Найзуудынхаа дунд эхэлсэн энэ групп маань одоо бол 126 мянган гишүүнтэй болжээ. Чөлөөт цагаа зарцуулдаг хүн. Үнэртэний соёлын тухай их бичсэн дээ. Үнэртэний мэргэжилтэй хүн биш зүгээр хоббитой хүн. Орчин үед байх ёстой урлаг, соёл гэж ойлгож болно.

    Эх сурвалж:

    О.Сайхан
    Оллоо.mn olloo.mn

    2018-07-25 

  • А.Алтанбилэг: Зохион бүтээсэн компьютероо ‘Тоёота’-гаас гадна Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхэлсэн

    Үйлдвэр автоматжуулах зориулалттай хоёр дахь компьютероо зохион бүтээж өдгөө Тоёото компанид нийлүүлэхээр болсон монгол залуу А.Алтанбилэгийг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Тэрээр Тоёото компаниас гадна зохион бүтээсэн комьютероо Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхлээд байгаа ажээ. Учир нь түүний зохион бүтээсэн EtherCAT системийн  компьютер шиг үйлдэлтэй ийм компьютер дэлхийн зах зээлд цөөхөн байгаа гэнэ. Түүнчлэн А.Алтанбилэг 2013 онд  байгууллагын дулааны системийг удирдах зориулалтаар компьютер зохион бүтээж, өдгөө түүнийгээ Японы хэд хэдэн компанид нийлүүлж буй юм. Ингээд Японы технологийн  KSJ компанид инженерээр ажиллаж буй монгол залуу А.Алтанбилэгтэй ярилцсанаа хүргэж байна.  


    Сайн байна уу. Ярилцлагын маань саналыг хүлээж авсан танд баярлалаа. Монгол хүн компьютер зохион бүтээж, түүнийгээ олон улсын зах зээлд борлуулж, Японы “Toyota Industries” компани худалдан авахаар болсон гэсэн.  Монгол залуусын оюуны чадамж дэлхийн зах зээлд үнэлэгдэж байгаад баярлаж, мөн бахархаж байна. Хоёулаа таны зохион бүтээсэн үйлдвэрлэл автоматжуулах компьютерийн талаар яриагаа эхлүүлье?

    -Сайн байна уу. Дэлхийн Монгол хүн буландаа зочноор урьж оролцуулж байгаад юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Миний хувьд 2013 онд дулааны системийг удирдах зориулалттай Lic-Z компьютер зохион бүтээж байсан. 2016 онд үйлдвэр, тоног төхөөрөмж, роботыг автоматжуулж удирдах зориулалттай EtherCAT системд суурилуулсан LZ200 компьютероо бүтээсэн байгаа. 2017 онд Lic-Z компьютерийн дараагийн хувилбар болох Lic-Z2 компьютер болон “LZ200”-ийн дараагийн хувилбар болох LZ201 компьютерийг тус тус зохион бүтээсэн байгаа.  Lic-Z2 компьютер нь Японы “Tonetsu” компанид дулааны системийг удирдах чиглэлээр ашиглагдаж байгаагаас гадна Токио хотын Shinjuku” дүүргийн газар доогуурх хурдны замын агаар цэвэрлэх системийг удирдах компьютер хэлбэрээр мөн хэрэглэгдэж байгаа.

     LZ200 нь EtherCAT системийг удирдах зориулаллтай, овор багатай, хямд, өндөр хурдтай компьютер бөгөөд Германы KPA компани, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран дэлхийн зах зээл дээр зарж эхлээд байна. Xilinx компани Zynq FPGA-г үндсэн тооцоолох процессор болгон ашиглаж байгаагаараа онцлогтой.  

    LZ201 компьютер нь  LZ200 компьютерийг EU-ийн CE стандартад зохицохоор сайжруулсан хувилбар бөгөөд Европын стандартыг хэрэглэдэг улсууд руу экспорлох боломжтой болсон байгаа.  

    LZ200 компьютерт хэрэглэгддэг компьютерийн дизайныг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр шийдсэн байгаа.   

    Интернет, EtherCAT-д зориулсан ийм системтэй компьютер дэлхийн зах зээл дээр цөөхөн

    -Зохион бүтээсэн компьютерийг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр болсон гэж байна. Үйлдвэрлэл, технологийн өндөр хөгжсөн газар асар өрсөлдөөнтэй зах зээлд өрсөлдөж, дэлхийд алдартай Toyota компани таны компьютерийг нийлүүлэхээр болсонд юу нөлөөлсөн бэ. Яг ямар зориулалтаар ашиглах вэ?

    -Манай компьютер дэлхийн зах зээлд дээр байгаа ижил төстэй системүүдтэй харьцуулахад хамгийн хурдтай ангилалд орохын дээр үнийн хувьд хямд гэдэг шалтгаанаар манай компьютерийн дизайныг хэрэглэхээр болсон байгаа. Тодорхой хэлбэл, EtherCAT  системийг 8 микросекунд хурдтайгаар тогтвортой ажиллуулах боломжтой компьютер систем нь дэлхийн зах зээл дээр өөр байхгүй. Миний ажилдаг KSJ компани нь дэлхийд анх удаа 2017 оны арваннэгдүгээр сард Токиод болсон “System Control Fair 2017” дээр FPGA дээр ажилдаг hardware хэлбэрийн EtherCAT системээ танилцуулсан. Энэ үеэр Toyota Industries компанид манай компьютерийг нийлүүлэхээр тохиролцсон. Бидний сайн мэдэх Toyota Motor компани нь Toyota Industries компаниас үүссэн компани байгаа. Toyota Industries компани нь анх байгуулагдсанаасаа хойш дэлхийн зах зээл дээр нэхмэлийн машины технологиор тэргүүлж ирсэн компани байгаа. Хамгийн орчин үеийн Air JET810 нь дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний дараагийн хувилбарын үндсэн компьютерийг манай компанийн технологи дээр үндэслэж хийхээр болсон байгаа. Ижил төстэй компьютерууд дэлхийн зах зээл дээр цөөхөн байгаа бөгөөд өндөр хурд, хямд үнээрээ энэ чиглэлд манай компани тэргүүлж байгаа.

    -Toyota Industries компаниас гадна олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

     -Германы KPA, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран Европ, Ази, Америкийн зах зээл дээр компьютерээ зарж эхлээд байна. Одоогоор Америк, Энэтхэг, Хятад Солонгосын зах зээл дээр хэдэн компани манай компьютерийг ашиглаж өөрсдийн системээ туршиж ажиллуулж эхэлсэн.

    Японы зэх зээл дээр бол “Maeda” корпораци, “Fukuda” компаниудын бүтээгдэхүүнийг удирдах компьютер хэлбэрээр зах зээл дээр гаргаад байгаа бол, “Yamaha FineTechnologies”, “Liferobotics” компаниудын бүтээгдэхүүнд хэрэглэхээр хөгжүүлэлтийн шатанд явж байна. “Sinfonia Technology”, “Keyence”, “Liferobotics”, “Tsuji Denshi” гээд компаниуд дээр туршилтын журмаар хэрэглэж байна.

    -Газар хөдлөлтийн давтамжийг нэмэгдүүлэх төхөөрөмж хийсэн гэсэн. Японы хэр олон компанид нийлүүлсэн бэ. Төхөөрөмжийнхээ ач холбогдол давуу талыг танилцуулахгүй юу?  2017 онд хиисэн ажлууд?

    -2017 онд маш үр бүтээлтэй жил байлаа. Энэ жилийн хамгийн эхний ажил бол өмнө жилээс хөгжүүлж ирсэн газар хөдлөлтийн давтамжийг ашиглаж байшингийн аюулгүй байдлыг хянах “Maeda” корпорацийн бүтээгдэхүүнийг LZ200 компьютерийг ашиглаж хийсэн. “Maeda” корпораци нь Японы томоохон барилгын компаниудын нэг. Урьд нь газар хөдлөлт ихтэй Японд гар аргаар байшингийн бүтцэд орсон ямар нэг өөрчлөлт, эвдрэлийг шалгадаг байсан бол энэ системийг ашигласнаар байнга автоматаар хянах боломжтой болж байгаа юм. Японы нэлээн олон газар бүтээгдэхүүнээ байрлуулаад эхэлсэн.

    “Aircon star” компани айркондэшн системийн удирдах программийг мөн энэ хавар хийсэн байгаа.  “Aircon star” компани нь маш олон жил манай компанийн температур, агаарын урсгалын хурдыг хэмжих сенсорыг хэрэглэж байгаа компани юм.  

    Мөн FUKUDA компанийн шинэ бүтээгдэхүүн болох эмийн package-ийг шалгах бүтээгдэхүүнийн компьютер системийг мөн LZ200 дээр үндэслэж хийсэн байгаа. 2018 оноос бүтээгдэхүүн болж зах зээл дээр гарах байх.

    Японы Liferobotics роботын компанийн роботыг мөн LZ200 компьютер ашиглан амжилттай удирдаж System Control Fair 2017 үзэсгэлэн дээр танилцуулсан байгаа. Дараа жилээс Liferobotics компанийн дараагийн бүтээгдэхүүн дээр хамтран ажиллахаар ярьж байна.

    Tsuji Denshi компанитиай хамтран дэлхийн томоохондоо орох рентген цацрагийн хурдасгуур байгууламж болох Spring8-д мотор удирдах бүтээгдэхүүнийг хамтран хийж нийлүүлсэн байгаа. 2018 ond японы Riken судалгааны төвийн хүнд ионы хурдасгуурт LZ201-ийг хэрэглэхээр захиалга авсан байгаа.

    Робот үйлдвэрийн автоматжуулалтаас гадна туршилтын шинжлэх ухаанд бүтээгдэхүүн маань хэрэглэгдэж хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарыг тэлэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

    -Томоохон компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд юу хамгийн чухал вэ, хөрөнгө оруулагчид юун дээр голчлон анхаарал хандуулдаг вэ. Энэ талаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

    -Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг бол маш хүнд ажил юм байна гэдгийг сүүлийн 5 жил бүтээгдэхүүн дээр ажиллааад биеэрээ мэдэрч байна. 4 жил хагасын өмнөөс EtherCAT гэдэг технологийн талаар анх удаа сонсоод суралцаж эхлээд, бүтээгдэхүүний консепт гаргахаас эхлээд, зохион бүтээх үйлдвэрлэх, маркетингийн үйл ажиллагаанд оролцож тогтвортой бизнес болтол нь хийж ирлээ. Хамгийн анх маш олон зүйлд ашиглаж болох боломжтой боловч үнэтэй бүтээгдэхүүн хийгээд зарж чадахгүй үе байсан. Олон ч компани олон ч хүнтэй ярилцаж үзлээ. Эцэст нь хямдхан мөртлөө зөвхөн EtherCAT системд зориулсан LZ200 гэдэг компьютерийг хийсэн байгаа.

    Том, жижиг ямар ч компани байсан бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд мэдээж тухайн компанийн бүтээгдэхүүнийг хийхэд хэрэгтэй зүйлийг компьютер маань хийж чаддаг байх нь эхний шаардлага байгаа. Мөн тогтвортойгоор бүтээгдэхүүнээ нийлүүлж чадах, ямар нэгэн асуудал гарахад шийдэж чадах чадвартай байх хэрэгтэй. Энэ тал дээр бол дэлхийн том компаниуд олонд танигдсан брэнд болсон компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болохоор үнэхээр шууд нүүр тулан өрсөлдөх бол маш хүнд асуудал. Тийм болохоор манай компани бүтээгдэхүүний үнийн тал дээр тэр том компаниудаас хямдханаар бүтээгдэхүүнээ санал болгодог. Хямдхан бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэнэ гэдэг нь олон жилийн мэдлэг чадвар, технологи шаардсан ажил гэдгийг мэдэрсэн. Бүтээгдэхүүн хийгээд тогтвортой бизнес болгохын тулд нэлээн их хөрөнгө оруулалт шаардлагатайг ойлгож авсан. Шинээр бизнес эхлээд тухайн бизнес тогтвортой орлого ашигтайгаар ажиллах хүртэл 3-5 жил шаардлагатай болдог юм байна. Энэ хугацаанд бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай зардал, хүмүүсийн цалин, маркетингийн зардлууд их гарна. Бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулалт, урсгал зардлаа нөхөхөөр хангалттай үнээр зарж чадахгүй бол хөрөнгө оруулсан мөнгө алдагдалтай болж хувирна.

    Том компаниуд ихэвчлэн жижиг компаниудаар бүтээгдэхүүнээ хийгээд нэг удаа мөнгө төлөөд дуусгахыг боддог. Манай компанийн хувьд нэг удаа мөнгө аваад салахаар бизнес хийдэггүй. Тухайн компанийн бүтээгдэхүүнийг хийхэд манай компаниас бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх шаардлагатайгаар хамтран ажилладаг. Ингэснээр компанийн тогтвортой үйл ажиллагаа хангагдаж байдаг гэж хэлж болно.

    -Энэ хүртэл бүтээгдэхүүнийх нь талаар нэлээд ярилцлаа. Таны хувьд  Токиогийн их сургуулийг төгссөн юм билээ. Мэргэжлийн академик мэдлэгээс гадна хувь хүн талаасаа сурч мэдсэн зүйл олон байдаг байх?

    -Токиогийн их сургуульд сураад мэргэжлээс гадна хувь хүний хувьд олон зүйл сурсан гэж боддог. Хамгийн гол нь япон болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуустай хамтран сурсан явдал гэж боддог. Шинийг сурахын төлөө тууштай зүтгэдэг, аливааг сурсан шиг сурдаг, хийсэн шиг хийдэг хүмүүс эргэн тойронд байхаар амьдралд ингэж хандаж байгаа нь энгийн зүйл гэж боддог болсон. Одоо ч гэсэн тэр хэвшил алдагдахгүйгээр үргэлж шинийг сурч мэдэж, шинийг хийхийн төлөө тууштай зүтгэж байгаа. Өмнө нь бол жаахан шинэ юм сурахаараа бусдаас илүү зүйл хийчихлээ, чадчихлаа гэж боддог байсан.

    Мөн Токиогийн их сургуулиас маш олон чиглэлийн өргөн мэдлэгийг олж авсандаа баяртай байдаг. Би Токиогийн их сургуулийг электроникийн чиглэлээр төгссөн ч математик, физикээс гадна, хими , биологи, түүх нийгмийн ухаан гээд маш өргөн мэдлэгийг сургуулиас болон хамт суралцсан хүмүүсээс олж авч чадсан нь амьдралд  маань одоо ч өдөр тутамд хэрэг болдог гэж боддог.

    Японы нийгэмд олон жил амьдарч, олон мундаг хүмүүстэй хамтарч ажиллаж үзлээ. Ерөнхийдөө япон хүмүүс нэлээн өвөрмөц хүмүүс. Нэлээн дотогшоогоо, хүнтэй зай барьж харьцдаг, эрсдэлтэй зүйл хийх дургүй, дүрэм журам цагийг нарийн баримталдаг хүмүүс. Дүрэм журам цагийг нарийн барьдагаас гадна шинжлэх ухаан ч логик сэтгэлгээ энгийн хүмүүст нэлээн сайн суусан байдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд суурилсан ерөнхий боловсролыг өндөр хөгжилтэй бусад орны хүмүүстэй адилаар маш сайн эзэмшиж чадсан харагддаг.  

    Шинжлэх ухаанд суурилсан ерөнхий боловсролыг олон нийтэд эзэмшүүлэх нь хөгжилд хүрэх хамгийн дөт зам юм болов уу гэж би хувьдаа боддог.  

    Шинжлэх ухааныг сурна ойлгоно гэдэг нь зүгээр нэг ном уншаад цээжлэх бус, ургуулан бодох туршилт хийх, мэдрэх, өөртэйгээ зөрчилдөх, тэвчээртэй суух, тууштай суралцах гээд маш олон чадварыг эзэмшихэд тусалдаг гэж боддог.   

    -Залуу хүнд үлгэр дууриалал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?  

    -Яг энэ хүн гээд хэлчих үлгэр дууриал болсон хүн байдаггүй. Гэхдээ салбар бүрийн маш олон хүнийг хүндэлдэг. Алберт Эйнштэйнээс эхлээд шинжлэх ухаанд тууштай амьдралаа зориулсан эрдэмтэн хүмүүсийг хүндэлдэг. Бизнес тал дээр бол Амазонын Jeff Bezos, Elon Musk гэх зэрэг хүмүүс шиг ажиллаж чаддаг болох юмсан гэж боддог.

    -21-р зуунд залуу хүний өрсөлдөх чадвар юу байна. Та ямар чиглэлд өөрийгөө хөгжүүлж байна?

    -21-р зууны залуу хүний үндсэн өрсөлдөх чадвар бол хүн төрөлхтний өдий хүртэл олж авсан эрдэм мэдлэгийг эзэмших, шинжлэх ухаанаачаар сэтгэн бодох, түүн дээр үндэслэсэн холыг харах чадвар гэж боддог. Ялангуяа өөрийн толгойгоороо амьдралын зорилго, зүг чигээ бодож тунгаах чадвар хамгийн түрүүнд хэрэгтэй гэж боддог. Амьдралын зорилго, зүг чигээ нэг олчихсон байхад тухайн зорилгод хүрэхэд тэр зүг рүү удаан байсан ч заавал хүрч чадна гэж боддог. Харин бусадтай адилхан урсгалаар амьдарвал нэг урагшаа, нэг хойшоо явсаар амьдралаа дуусгах болов уу гэж боддог. Миний хувьд электроник, робот, компьютерийн технологийн чиглэлд голчлон өөрийгөө хөгжүүлж байна. Түүний хажуугаар түүх болон, физик биологийн шинжлэх ухааны чиглэлээр ном уншиж шинэ мэдээлэл авч байдаг.

    Дэлхийн монгол хүн А.Алтанбилэг

    -Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?

    -Би ямар нэгэн онцлох арга барил бариад ажиллаад байдаггүй. Ер нь бол аль болох дүрэм журам цаг хугацаанд баригдахгүйгээр ажиллахыг хүсдэг. Аливаа зүйлийг эцсийг нь үзэж, учрыг нь олохыг хүсдэг, ажлаа хойш тавихыг хүсдэггүй гэх мэтийн сургуульд байхаас олж авсан хэмнэлээс гадна, худлаа хэлэхгүй байх, амласандаа хүрэх, ажлыг дуустал нь чанартай хийх гээд япон хүмүүсийн ажиллах барилаас ч нэлээд суралцсан гэж боддог.  

    -Таны алсын хараа, ойрын таван жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

    -Ойрын хэдэн жил роботын технологиор ажиллана гэж бодож байгаа. Роботыг удирдах компьютер дээрээ нэмж роботын нүд болох камер, дүрс боловсруулалт дээр компанийнхантай хамтарч ажиллаад эхэлсэн байгаа. Роботын мотор удирдах, сенсоруудаас мэдээлэл авах хэлхээ, программ дээр ойрын хугацаанд ажиллана байх.

     Орчин үеийн роботын систем нь маш олон технологийн нэгдсэн бүтээгдэхүүн болохоор сурах, хийх зүйл маш их байгаа гэж бодож байна. Зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гартал 3-5 жил зүтгэх хэрэгтэй. Мэдээж одоогийнхоо EtherCAT-ийн бизнесээ ч  цаашдаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дараа жилээс Малайз, Зүүн өмнөд Азийн зах зээлд EtherCAT технологийн чиглэлээр бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй  байна.

    2018 оноос албан ёсоор компанийнхаа хувьцаа эзэмшигч болж, удирдлагад ороод явах болохоор энгийн ажилтан биш болно. Одоогийн ажил дээр нэмэгдээд компани удирдах, компанийн ирээдүйг тодорхойлох хариуцлагатай ажлууд хийх шаардлагатай болох тул илүү хурдтай, илүү хариуцлагатай, илүү холыг харж ажиллах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Алсдаа компаниа дэлхийн зах зээл дээр тогтвортой өрсөлдөж чадахуйц компани болгохын төлөө ажиллана гэж бодож байна.

    -Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?

    -Хэдэн жилийн өмнө бол Монголд ийм, тийм зүйл хийвэл гээд янз бүрээр боддог байсан. Одоо бол өөрөө яг гар бие оролцоод хийж чадахгүйгээс хойш гаднаас хий дэмий ингэсэн нь, тэгсэн нь дээр гэж ярих нь хариуцлагагүй санагддаг болсон болохоор ихэвчлэн өөрийнхөө амьдралд анхаарч, өөрийгөө эхлээд хөгжүүлэх тал дээр анхаардаг болсон. Өөрчилж чадахгүй зүйлдээ санаа зовж суухын оронд өөрчилж чадах зүйлээ хийх нь илүү зөв санагдсан.  

    Эх сурвалж: С.Цэрэндэжид 

    http://itoim.mn/ 2018 оны 1 сарын 8

  • МОНГОЛ ХООЛ ХҮНС СУДЛАЛ: Монголчуудын хоолын соёл, Монгол туургатны мартагдаж буй зарим хоол

    ХООЛНЫ СОЁЛ

    Монголчууд хүнс хоол ундаа тухайн цаг улиралд нь тохируулан зохицуулж ирсэн уламжлалтай ард түмэн. Жилийн 4 улирал, өдрийн цаг, тухайн хүний хүйс, нас, бие махбодийн онцлог, бодисын солилцоо, энергийн хуримтлал зэргээс хамааран хоол ундныхаа төрөл зүйл, тэдгээрийн хэмжээг тохируулсаар иржээ. 

    Намар. Намаршиж, үрт болон үндэст ургамал жигдрэн боловсрох цагт ногоон идээ болох жимснүүд тухайлбал гүзээлзгэнэ, нэрс, мойл, хад, үхрийн нүд, тошлой, бөөрөлзгөнө, мөөг, самар, сонгино, мангир, цулхир боловсорч нүйцдэг. Эдгээрийг цагаан идээтэй хослуулан хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд ач тустай.

    Өвөл. Өвлийн хатуу хахирган цагт тамир тэнхээг сэргээх, дотоод энергийг халуун дулаан байлгах үүднээс уураг, тэжээл ихтэй өөх тос бүхий нөөшилсөн махны төрлийн хүнсийг өргөн хэрэглэнэ. Өвөл цагт улаан буюу махан, шар буюу тослог идээт ааруул, аарц, ээзгий, арвай, буудай, хөц будаа зэрэг цагаан, ногоон олон төрлийн идээтэй хослуулан чанар шим тэжээлийг нь тэгшитгэн, бие махбодод шимэгдэх зохицолдоог нь тохируулан хэрэглэсээр иржээ. Тухайлбал: адууны мах чанар, илч ихтэй, шингэхдээ хялбар учир идэр есийн хүйтний үед, хонины мах шим тэжээл илч чанар жигд тул намрын адаг, өвлийн эхэн, адаг саруудад түлхүү хэрэглэдэг байна. 

    Хавар. Хаврын улиралд хүний бадгана их арвиддаг, хүйтэн чанартай зүйл хөдөлдөг тул түүний эсрэг үйлчилгээтэй шар идээ болох шар тос, уураг, будаатай цай мэтийн хоол ундааг зорицуулан хэрэглэж, ялангуяа хаврын тарчиг цагт мах, өөх, тослогийн зүйл, өрөм, ааруул зэргийг арай түлхүү хэрэглэн аарцтай хар шөл, шар тосоор зуурсан арвайн гурил, мармистай хоол, хийцэлсэн цай, зөгийн бал тэргүүтнээр хооллон аажуу тайван явганаар явах, агаар салхинд зугаалахыг эрхэмлэн чухалд үзэж байжээ. Харин хаврын хавсарган цагт мал төхөөрөхийг цээрлэж, борц хярамцаг, үүц, шууз, зэргийг хүнсэндээ хэрэглэж халуун зуны хөнгөн хоол хүнсэнд биеэ бэлтгэдэг. Монголчууд ямааны махыг сэрүүн чанартай гэж үздэг учир дулааны улиралд, эсвэл өвөл борцлон хатааж, хавар, зун зохистойгоор хэрэглэсээр ирсэн байна.

    Зун. Зуны улиралд махан хүнснээс бүрэн татгалзаж, цагаан идээг голдуу хэрэглэнэ. Зун сүү, цагаан идээ, угдааны дэглэмд шилжиж, тараг, айраг, хоормог, цийдмээр хооллож ундаална. Гэхдээ арвай буудай зэрэгтэй хослуулдаг. Цагаан идээний энэхүү дэглэм нь зуны улирлын  турш үргэлжилнэ. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу махан, шар идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрүүлэн хооллох аваас бие махбодид энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог байна. 

    Дашрамд тэмдэглэхэд монголчууд голоос сүү хийж байсан саваар хутгахыг цээрлэх, хар цайгаа чанасны дараа сүүлэх зан үйл нь өнгөөр илэрхийлбэл хар усан дээр цагаан сүү хийхээс сүүн дээр ус хийдэггүй нь гүн ухааны гүн агуулгатайг: өнгийг эр эм хүйсээр ялгавал цайвар зүсийг эр, барааныг эм гэдгээс эм нь эрийгээ хүндэтгэж буйг илэрхийлж, хүүхэд залуучуудаа ямарч юманд эрэмбэ дараалал байдгийг ухааруулдаг байна.

    Засааг идэхдээ хотоороо, саахалтаараа хүүхэд шуухадгүй бүгд идэх учир сүү нэмж, шар будаагаар арвижуулж, давсгүй чанаж идцэгээнэ.

    Энэ зан үйл ямар их учир утгатай тухай өөрийн бодлыг нэмэрлэвэл: ТХМ-ын засааг усанд чанаад идэхэд суурингийнхний өт хорхой, загас жарайхай, таримал ногоо жимснээс доргүй нь хэн бүхэнд ойлгомжтой. Зориуд сүүнд чанаж нэг удаа идэж дуусгадаг нь Монголчуудын хоолны ямар агуу соёлтойн ганцхан жишээ энэ юм. Сүүнд чанадаг нь өнгөрсөн жилийн махан хоолны төгсгөл болгон хааж, шинэ оны хоолны улирал уураг сүүгээр эхэлснийг зарлан тунхаглаж байгаа зан үйл бөлгөө.

    Бод, бог малын засаанд уургийн агууламж ямар их байдгийг мэдэрсэн монголчууд хойлог шувууны мах идсэн хүүхдэд насан туршид шарх нь түргэн эдгэрдэг дархлаатай болдогтой адилхан эр эмийн үр хөврөл нь чанаржиж, тавь гарсан эмэгтэй төрөх, дал гарсан эрчүүд хүүхэд “олгох” чадвартай байдаг. Гэтэл өнөөгийн хотынхонд ийм чадвар байна гэдэгт эргэлзэж болох мэт. Давсгүй иддэг нь засааны найрлаганд давсыг орлох бодис хангалттай агуулагдаж байдгийг мэддэгийнх биз. Зассан өдөрт нь идэж дуусгадаг нь удаан хадгалах боломжгүй буюу амархан мууддах учраас хоол болохоос хор болох нь илүүтэй гэсэн үг. Энэ нь хонины махаар борц хийдэггүй, хонины мах шинэ дээр эм, хоонины тараг бам чийгтсэн хүн их ууж болдоггүйн учир энэ. Туранхай малын мах эсвэл үхсэн малын махыг зэс хийж чанаж иддэг нь зэс нь элдэв хорыг шингээдгийг мэддэг байна.

    Эрчүүд мөнгөн аяганд идэж, уудаг нь элдэв хортой архи, хоол идэж уухаас цаг үргэлж сэргийлдэг хэмээн цэцэрхэхээс илүүтэй бусад соёл их байна. Мөнгөн аягыг битүү мөнгөдөхгүй, заавал чээж бөгсөөр ялгаж дунд нь завсар гаргаж хийдэг нь дотор талд мод, шаазан алин болохыг харуулахыг хичээсэн мэт сэтгэгдэл төрүүлэх боловч цаана нь физикийн хуулийг амьдралдаа ашигласныг гайхаж үл барна. Тухайлбал халуун хоол цай хиймэгц мөнгө дулааныг маш түргэн дамжуулдаг учир гараа халахаас болгоомжлож дунд нь зай гаргасан, түр удалгүй халуун хоол цайны уур дарагдаж, зөөгсөж идэж уухад тохирсон хэмтэй болдог. Халуун хоол цай нь ходоодны амсарыг түлж удаандаа хоолой, ходоодны архаг үрэвсэл, нарийнтах эх үндэс болдогыг ухаарч түүнээс болгоомжилсон байна.

    Монголчуудын хооллох соёлын нэг үзүүлэлт улирлын байдалтай зохицож хооллоно. Хаврын хахир улиралд хонь, ямаа, үхрийн уурагаар голчлон борцоор хооллоно. Товчоор уураг, сүүний улирал хааяа ганц нэг эр хонь эсвэл сувай эм хонь идэх, зуны улирлыг сүү цагаан идээ, айраг, тараг, борц, хааяа төлөг сүүллэсэн үед төлөг иднэ. Намарт айраг, хоормог, хааяа эр эсвэл сувай эм ямаа, борлон идэх, тарвага, гөрөөс мэтийн ангийн мах аль болох боломжоор хэрэглэхийг хичээнэ. Ангийн махыг айл хотоороо хувааж идхийг эрхэмлэдэг нь “олзыг олноороо”гэж хүүхэддээ мал хувийн өмч, ан нийтийн өмч буюу байгаль хишгээ хүртэж байгаа учраас хувааж идэх ёстой гэсэн ёс суртахууны хүмүүжил олгодог байна. 12-р сарын эхээр идэшээ идэж, махан хоолондоо залгаж ичээндээ орно. Цагаан сараар ичээнээс гарч хавартай золгоно.

    Нууц товчоонд:

    “Алаг сайхан хоньдыг, ар дүүрэн бэлчээж

    Хонин олон сүргийг, хот дүүрэн өсгөж

    . . .

    Шилдэг иргийг алж, шимтэй шөлийг бэлтгэе”

    гэсэн нь хонийг өсдөг л юм бол өсгө, тоо хязгаарлахгүй, хонины шөлөөр асрамжлах нь хонь ТХМ-ын цөм буюу дайн байлдааны үед ч хонийг хоолны төдийгүй эмчилгээний зориулалтаар хэрэглэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдсанаас, Монгол улс хонин сүрэгтэйгээ хамт ертөнцөд мөнхрөх тавилантай бөлгөө. Гэтэл ямаа гэрийн бүрээс зулгаах, бараа тэрэгэн дээгүүр авирч харайх, халуунд халж чадахгүй гэр, тэрэгний сүүдэр бараадна, хүйтэнд хөрч чадахгүй гэр бараа хашаааны нөмөр бараадна, авиргүй, ялархуу, эзэн эрхлүүлбэл гэрт орж, тогоо, сав суулгатай сүү, юу байгаа ууна асгана, ор дэвсгэр дээгүүр гүйж, эрхлүүлсэн хүний, хүүхдийн өвөр дээр хэвтэж унтана, ямбатай, бэлчээрт хонь дагуулаад гүйгээд хонь тогтвортой идүүлэхгүй, хотон дотор хонийг сэлмэн эврээрээ сэжээд тайван хэвтүүлэхгүй, хажигч, хот хөлдөөнө гэтэл хонинд ийм шинжийн алинч байхгүй, харьцангуйгаар ямарч өөгүй учраас хундан цагаан зүстэй, том дугуй сүүлтэй, эв найрамдлын үлгэр жишээ үзүүлж бие биеэ хажиглахгүй, хэвтэр булаалцахгүй, мөргөхгүй, хүйтэнд шагай бөөн хэвтэнэ, халуунд тойрог үүсгэн тээрч(хорж) бие биенийхээ сүүдэрч сэрүүцнэ, бэлчээрт дөрвөн зүг найман зовхист задарч тойрог үүсгэн идэшлэж, өшдөггүй, өвөл өөрийгөө төдийгүй “эхнэр” ямаагаа өвөрлөж унтана, үхэр тэмээг дулаан хэвтэрээр хангана, эзний дөрвөн улирлын хоол, гэрийн буйр, түлээг хангана, цагаан сараар хонины толгой, ууц, дал дөрвөн өндөрийг бүхлээр буюу хэсэгчлэн чанаж улаан идээ засаж тансаглана, сүүлий нь хүүхдээ хөхүүлж өсгөдөг, сүүл өөхийг нь хайлж бурхандаа зул барьдаг, гүндүүгүй зэргээс монголчууд тэнэг мангар хүнийг ч хоньтой зүйрлэдэггүй.

    Шинжлэх ухааны хэлээр эв нэгдэлтэй, хамтран ажиллаж амьдрахын үлгэр жишээг үзүүлнэ. Гэтэл охидыг ямаа шиг гэдэн годон гээд юу гэж авиргүйтаад байгаа юм бэ? гэж зэмлэх, ямаа шиг битгий яатагнаад бай гэж загнах, хэнийг ч хүйс ялгахгүй ямаа гэхэд тэмээ гэлээ гэх нь тэмээ ямааны зан авир төстэй байх нь биеийн том жижиг, хүнд хөнгөнөөс үл хамаарна гэдгийг батлаж байна. Ямааны эвэр биеэ хамгаалах зориулалттай учраас ухна сэлмэн, удамшдаг бол хуцны эвэр биеэ хамгаалах зорилгогүй, зөвхөн орооны үед үр удмаа үлдээхийн тулд хэн нь хүчтэйгээ үзэлцэхийн тулд эвэртэй заяасан, бусдыг мөргөж айлгахгүйн тулд нүдээ хамгаалж, зөв тал нь зөв, буруу тал нь буруу угалзан тогтолцоотой байгаа нь эзнийхээ төөргийг эврээрээ тодорхойлдог гэлтэй, удамшихгүй. Эр хонины эвэр хуцных шиг ургадаггүй, гэтэл эр ямааны эвэр ухныхтай адил том ургадаг. Зурхайн онолоор эр хүний төөргийг нар зөв эргүүлж тоолдог бол эмэгтэй хүнийхийг нар буруу тоолдог учраас хонины зөв талын эвэр эзний, буруу талын эвэр эзэгтэйн хувь тавиланг тодорхойлдог гэсэн таамаглал дэвшүүлье. Тийм учраас бог малыг ар бөгснөөс нь саадаг байна. Гэтэл үхрийг буруу талаас сөгдөж сууж саадаг, ингэ, гүүг зөв талаас нь гуяы нь тэвэрч босоогоор өрөөсөн хөл дээрээ зогсож, нөгөө хөлийн өвдгөөр хувингаа тулж саадаг нь санамсаргүй биш шинжлэх ухааны нарийн үндэслэлтэй байна. Үүний учрыг нарийвчлан тайлахыг уншигчдад үлдээе. Энэ мал саах технологийг эмэгтэйчүүд илүүтэй эрхлэдэг. Энэ технологи бог бод малын биологын онцлог, зан авир, сүүний гарц зэргээс хамаардаг байх. Азрага, буур гүү, ингээ өмчлөж хураадаг шиг хуц, ухна, бух эмийгээ өмчилж хураахгүй.

    Иргэл баян 1956 оны малын тооллогоор 11784 толгой, үүнээс тэмээ 242, адуу 131, үхэр 28, хонь 10478, ямаа 905 толгой байжээ. Баяны ТХМ-ын бүтцийг хувиар авч үзвэл тэмээ 2 %, адуу 1,1%, үхэр 0,23%, хонь 88,9%, ямаа 7,6% байгаа нь бод мал 3,33% бог 96,67%, үүнээс ямаа 8,63% байгаа нь ТХМ-ын цөм нь хонин сүрэг гэдгийг нотлоно. Мөн нэг өрх айлд байх таван эрдэнэ малын толгойн тоог хувиар илэрхийлвэл онолын хувьд ч хамгийн тохиромжтой харьцаа мөн болохыг бусад бүтээлдээ батласан билээ.

    Хонинд муу юм алга, ямаанд сайн юм алга тэгээд яагаад ямаагүй хонин сүрэг байдаггүй вэ? гэсэн асуулт аяндаа урган гарна. Хариулт: 1.Ямаа хонийг дагуулж алсын бэлчээрт гаргана. Хонь нь олон учраас дагаад гүйгээд байхгүй бэлчээрт очоод тайван идэшлэнэ, ямаа ч хаяад явахгүй учир тогтвортой идэшлэнэ биз. 2. Өвлийн хүйтэнд ямаа бээрэг амьтан тул нар жаргахаас өмнө хот руугаа эргэнэ. 3. Зуны халуунд хонь тээрээд идэхгүй байхад жаахан сэрүү оронгуут ямаа идээд эхлэх учир тээрэг задарч хонь бэлчинэ. 4. Ямаа хотонд хээрийн нохой эргэх эсэх, хүйтэн бороонд хонь уруудсан эсэх, сартай шөнө хонь бэлчсэн эсэх, ялаа шумуулд хөөгдсөн эсэх, тэнгэр муудаж цас бороо орох эсэх тэр ч байтугай газар хөдлөхийг урьдчилан мэдэж сүргээрээ байн байн газар цавчлан, тургих зэргийн бүх мэдээг эзэндээ өргөх учраас “амьд холбоочны үүрэг гүйцэтгэж эзэндээ энхрийлэгдэнэ. Ийнхүү “сайн муу нийлж хүүдий дүүрдэг” монгол ухаан энэ буйзаа. Ямарч юманд зохистой хэмжээ, тоон харьцаа байдаг учраас хонь ямааны тоо толгойн харьцаа 10:1 байх ёстой. Дашрамд тэмдэглэхэд монголчууд бог малыг дагаж малладаг учраас хөдөлмөрөө хөнгөвчлөхийн тулд ямаагаар дамжуулж хонио маллаж, дэлхийд анх удаа гэрийн холбоог үүсгэжээ. Үүнээс санаа авч морин өртөөгөөр холбоо барьж улс хооронд мэдээ дамжуулан хөгжсөөр нүүдэлчдээс суурингийнханд шилжиж, орчин үеийн холбооны суурийг тавьжээ хэмээн цэцэрхэе.

    “Уран, баян хоёр” гэдэг хонины мах хий өвчнийг дарах, бадган өвчнийг ангаах идээ, хонины тойг, борви, далны ясны шөлийг гурван шимтийн, охор сүүл нэмж дөрвөн шимтийн шөл гэж нэрлэн, ядарсан, өвдөж шаналсан хүнийг сувилан тэнхрүүлдэг, зарим тангийн даруулга болгон хэрэглэдэг. Уламжлалт ангаах ухааны онолоор бие махбодын элдэв хямрал болон аливаа өвчин шунан үгдэрч ширүүдэхийн үндэс, шалтгаан нь “хий” гэж үздэг учраас түүнийг эхлэн номхотгох аваас цаашид өвчнийг илааршуулах гол нөхцөл бүрдүүлнэ гэж үздэг. Монгол хонины махны шим тэжээллэг нь нас, хүйсээс хамаарна. Хонь, ямааны элэгээр цус багадах, элэгний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Гүзээ, сархинагаар дагнан хийсэн хоолоор өтгөн хатах, шамбарам өвчнийг илааршуулна.

    Ямааны мах сэрүүн чанартай, “гуяараа гутааж, сэмжээрээ сэргээдэг”, “ямааны мах халуун дээрээ” гэсэн үг нь халуун, дулаан улиралд хэрэглэ гэсэн үг бизээ.

    Хонины сүүний тараг “элэг” шиг нягт ширхэг гүй бүрэлддэг учир хусуураар шоо дөрвөлжин зүсч таваглаж зочилдог идээ, унтахын өмнө тогтмол уухад нойр хулжих шаналгаанаас салж, цусны даралт хэвийн болж зүрх, судасны хямралыг номхотгон, сэтгэл санааг уужуу тогтуун болгож, урт наслуулдаг.

    Ямааны сүү хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, шарын халуунд хэрэглэнэ. . . .

    Энэ бүхнийг нэгтгэн дүгнэвэл:

    “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг шиг ухна ухнан-ишигний зовлон мэддэггүй, Харин хуц хуцан-хурганы зовлон мэддэг” гэж цэцлэх нь малчлахуйн монгол ухааны тайлалын нэг гэлтэй.

    МОНГОЛЧУУДЫН ХООЛ УНДНЫ ТОГТОЛЦОО

    Аливаа ард түмэн-угсаатны хоол, унд нь тухайн орныхоо байгаль, газар зүй, цаг уур, эрхлэх аж ахуйн үндсэн хэлбэртэй ихээхэн шүтэлцсэн байдаг. Монголчуудын хоол ундны үндсэн төрөл нь Төв Азийн тал нутагт  эрт үеэс бүрэлдэн тогтсон нүүдлийн мал аж ахуй-соёлын  түүхэн хэв маягтай уялдан үүссэн, энэхүү тогтолцоо нь  тухайн хэв маягийн нэг гол хэсэг нь гэж судлаачид санал нэгтэй тайлбарладаг.

    Хоол ундны тогтолцоо хэмээх ойлголтонд юуны өмнө хоол унд хийх гол бүтээгдэхүүн, хоол ундны үндсэн төрөл, тэдгээрийг хийж бэлтгэх арга, хоол унд идэж уухтай холбоотой ёс заншил хамаардаг. Монголчуудын  уламжлалт хоол, ундны тогтолцоог судлаачид доорхи хэдэн төрөлд ангилан үзсэн буй. Үүнд:
    ·    Цагаан идээн хоол
    ·    Махан хоол
    ·    Холимог хоолны төрлүүд
    ·    Хоолны хольц буюу ааг амттан
    ·    Цай ундаа
    ·    Өдөр тутмын хоол ундны дэг
    ·    Ёслолын хоол унд

    Эдгээр нь нийтлэг тогтолцоо бөгөөд энэхүү тогтолцооны төрөлд нутаг нутгийн  онцлог, ялангуяа мал сүргийн газар зүйн байршилт ихээхэн нөлөөтэй юм. 

    Монголчууд неолитийн үе буюу МЭӨ IY-III мянган жилийн үед мал аж ахуйг эрхлэх болсон ба тэр үеэс аргаль, янгир, хавтгай, хулан, тахийг гэрийн болгосноор монголчуудын уламжлалт махан хоол хүнс, сүү цагаан идээ бий болсон гэж үздэг. Манай орны хувьд таван хошуу малаас хамгийн их тархацтай нь хонь, адуун сүрэг боловч мах, сүү, цагаан идээний гол бүтээгдэхүүн өгдөг нь хонь, дараа нь үхрийн аж ахуй байна. Талын монголчуудын гол хүнс нь эхэндээ сүү, цагаан идээ байсан бөгөөд  малын сүүгээр нийтдээ 150-иад нэр төрлийн цагаан идээний зүйлийг өрхийн үйлдвэрлэлийн хэмжээнд хийж чаддаг байна.

     Малчин ардууд аль малын сүүгээр ямар төрлийн идээ, ундаа хийвэл илүү тохиромжтойг өөрсдийн амьдралын туршлагаараа мэдэж авсан бөгөөд нутаг орныхоо өвөрмөц уур амьсгал, нүүдэлчдийн ахуй нөхцөлд зохицсон цагаан идээ хийх өвөрмөц баялаг туршлага хуримтлуулжээ. Монголчуудын цагаан идээ боловсруулдаг арга ажиллагаа нь ерөнхийдөө ижил боловч говь, тал, хангай нутаг бүрт бас өөрийн онцлогтой.

    Эртнээс нүүдэлчин амьдралтай монголчуудын хувьд махан хүнснийхээ хэрэгцээний зонхилох хэсгийг ан аваар хангаж байжээ. Гэхдээ монголчуудын хувьд эртнээс ан ав хийх ёс журам  нарийн байсан байна.

      Харин Эзэнт гүрний үеийн монголчуудын хоол хүнс нь амьд байгалийн анхдагч бүтээгдэхүүн мах, цагаан идээ гэсэн хоёр үндсэн зүйлээс зонхилон бүрэлдэж байсан бөгөөд хүнсний зарим зэрлэг ургамлыг туслах чанартай хэрэглэж байжээ. Тариалангийн ажил нь мал аж ахуйг бодвол нэлээд нүсэр хүнд, биеийн хөдөлмөрийг шаарддаг тул тариалангийн ажил үйлсийг монголчууд өндөр үнэлэн хүндэтгэдэг байжээ. Ардын ярианд “үрээ идэхээр үнээгээ ид” гэдэг үг байдаг нь үр тарианы өгөөж бол үнэт хөдөлмөрийн үр шим гэснийг тодорхойлсон хэрэг юм.
    Монголын эзэнт гүрний үед нуур, гол мөрний сав газар, хөндийд олзны хятад, түрэг иргэдээр тариа тариулж, өөрсдөө зарим зүйлийг тарьж хэрэглэдэг байжээ.  Монгол хаад ноёд өөрсдийн болон цэргийн хэрэгцээнд зориулан Хятад, Хорезм зэрэг олзны хүмүүсээр нутагтаа тариа тариулах ажил хийлгэж, Хэрлэн, Онон, Туул, Завхан гол зэрэг гол мөрний савд тарианы газар, тосгон суурин ч бий болж байжээ. Үүний нэг бодит жишээ нь Чингис хааны шадар, хэрэйд угсааны Чингай ноён Алтайн зүүн бэлчир Завханы хөндий, Ховдын орчим тариалангийн томоохон тосгон байгуулж тэдгээрт Хятад, Хорезмын олзлогдсон 10 мянга орчим тариачид, нэхмэлчид боол шивэгчин байдалтай ажиллаж байсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ.  Түүнээс гадна зарим ноёд, жанжин нарын өргөө гэрийн ойр хавьд олзны иргэдээр тариа тариулж тосгоны маягийн бэсрэг суурин үүсгэх явдал бас байжээ. Тэдгээр тариалангийн газарт гол төлөв гурил хийх улаан буудай, шар будаа, хүнсний ногоо тариалж байсан бөгөөд ургацын дийлэнх нь хаад ноёд болоод цэргийн хэрэгцээнд зориулагдаж харин энгийн ардууд тариа будааны зүйлийг мал, арьс, үс, сүү, цагаан идээ, ангийн зүйлээр арилжиж авдаг байсан байна. Аж ахуйн шинэ хэлбэрийг хөхүүлэн урамшуулах бодлого ч байсан тухай зарим эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Өгөдэй хаан, лууван сайн тарьж ургуулсан нэг тариачинг их хэмжээний мөнгөөр шагнаснаас гадна хотын захад олон гүйлс, бургас тарьсан өөр нэг хүнд мод бүрийнх нь тоогоор мөнгөн зоос шагнаж байсан баримт бий. Эндээс үзэхэд монголчууд саяхан болтол зөвхөн мах, сүүгээр хооллож байсан гэсэн дүгнэлттэй санал нийлэх боломжгүй юм.  XIX зууны үеийн монголын аж ахуй, эдийн засагт шинэтгэл хийх оролдлогыг гаргаж байсан То ван буюу Тогтохтөр  нутгийн ард олноор буудай, шар будаа зэргийг туслах аж ахуйн журмаар тариалуулж гурил, чангаамал хийлгэж сургасан нь саяхан хүртэл уламжлал болон үргэлжилж иржээ. Үүнээс гадна мах, сүү, цагаан идээг гурил, ургамлын бүрэлдэхүүнтэй хольж хийдэг холимог хоолны төрөл Алтай, Хангайн уулархаг мужийн зарим газар, Орхон, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний сав дагуух  нутагт нэлээд түгээмэл байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг. Энэ нь дээрх бүс нутагт суурьшмал амьдралтай хөрш орны иргэд ирж олон цөөнөөр суурьшсан болон зарим ардууд өөрсдөө тариалан эрхэлдэг  байсан зэрэгтэй холбоотой гэж үзэх үндэстэй юм.

         Монголчуудын бүр Хүннү улсын үеэс, магадгүй түүнээс ч өмнөөс тариалж ирсэн амуу будаа нь буудай, арвай, бог, хошуу, гурвалжин будаа гэсэн таван зүйл болох бөгөөд эдгээрээс бог будааг анх Ази тивд, тэр тусмаа Монгол нутагт тариалж байжээ гэсэн таамаглалыг эрдэмтэн судлаачид дэвшүүлдэг бөгөөд арвайг тарималжуулсан хоёр дахь эх орон бол Монгол гэж үздэг. Түүнчлэн “Улаан буудай” гэдэг нэр ч улаан түрүүтэй жижиг үртэй монголын буудайнаас гаралтай гэсэн таамаглал ч байдаг. Харин цагаан будааг гаднаас авч хэрэглэдэг байсан бөгөөд өмнөд Хятадаас эзэнт гүрний нийслэлд хүртэл тээвэрлэх сувгийг Хубилай хаан барьж байгуулсан байна.     Монголчууд эрт дээр үеэс арвайн цэвэрлэсэн үрийг хуурч тээрэмдэн шигшиж арвайн гурил хийхийн сацуу арвайн хөц будаа хийж хоол хүнсэндээ өргөн хэрэглэж иржээ. Түүнчлэн хөх тарианы гурилаар талхан бүтээгдэхүүн, бог будаагаар чангаамал хийж өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг байна.

    Буудайн гурил нь монголчуудын хоол хүнсний хэрэглээнд зонхилох байр суурь эзэлнэ. Буудайн гурилыг мах, сүүн хоолны хольц болгон хэрэглэхээс гадна олон төрөл зүйл боов, боорцог, талх, гурилан бүтээгдэхүүн хийдэг. Монгол боов боорцгийг сайтар нухаж, нягтруулж их хэмжээний шар тос, эсвэл өөхөн тосонд чанаж хийдэг тул өлтэй, аяны хүнс, аяганы хийц байдлаар хэрэглэхэд тохиромжтойн дээр удаан хадгалагдах чанартайгаараа онцлог хүнс юм.

    Монголчууд нэлээд дээр үеэс  хүнсний ногоо тариалж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн зарим баримт бий. Монголчуудын хүнсний ногоо тариалж байсан гол нутаг нь одоогийн Завхан аймгийн Улиастай хотын ногоон хашаа орчим, Ховд аймгийн Буянт, Булган голын сав нутаг бөгөөд бүр 1700-гаад оны дунд үе, түүнээс ч өмнө шар манжин зэргийг тариалж байжээ. Түүнчлэн XIX зууны сүүлч үеэс эхлэн манай оронд шар луувангийн тариалалт нэлээд хэмжээнд явагдах болсон байна. Өөр нэг сонин баримт бол одоогоос 200 гаруй жилийн тэртээ одоогийн Баянхонгор аймгийн нутагт орших Түйн голын хөвөөнд хэмх тариалж байсан тухай баримт бий.  Монголд лоолийг 1940 оны үеэс эхлэн тариалсан түүхтэй бөгөөд гуаны төрлийн ногооны төрөл болох шийгуа, амтат гуа нь  Хятад, Бага Азийн орнуудаар дамжиж дэлгэрсэн ба  хожим нь амтат гуа, шийгуаг эхлээд  Ховд, дараа нь Увс аймаг,  Говь-Алтайн Шарга, Дорнодын Халх гол, Дорноговийн Сайншанд, Мандах сум, Баянхонгорын Эхийн гол, Сэлэнгийн Шаамар зэрэг нутгуудад их хэмжээгээр тариалах болжээ. Хүнсний ногооны хамгийн түгээмэл төрөл болох төмс, байцаа, лууван, манжин, сонгино зэргийг 1950-иад оны сүүлч, 1960-аад оноос эхлэн хаа сайгүй өргөн тариалж ургуулах болсноор монголчуудын  хоол хүнсний хэрэглээг төмс, хүнсний ногоогүйгээр төсөөлөх аргагүй болсон билээ.

    Монголчууд эрт дээр үеэс гурил, будааг орлуулан мойл, мэхээр, цагаан төмс, ямаахай, гоёо зэрэг ургамлыг сүүнд чанаж, өрөм шар тостой холих буюу мойл, мэхээртэй цагаан тос, ааруул, сүү, цагаан идээ бэлтгэж, өвөл хаврын жимс ногоо ховордсон бэрх улирлыг өвчин эмгэггүй, эрүүл энх давдаг байжээ.

    Монголчууд улаагана, долоогоно, үрэл, мойл, үхрийн нүд, самар, чацаргана, мөөг, гогод, хүмүүл зэрэг байгалийн жимс ногоог  аль эртнээс түүн цуглуулж идээ ундааны нөхвөрөөр ашиглаж ирсэн боловч жимс, ургамлыг үндсээр нь ухаж малтахгүй, салаа мөчрийг нь хугалахгүй, боловсроогүй үед нь түүхгүй, бүгдийг нь дуустал авахгүй, мөөгний хүрээ эвдэхгүй зэрэг хатуу цээртэй байжээ.
     Монголчууд хоол ундаанд амт оруулдаг хольцыг халуун, ааглаг, эсгэлэн, аагтай эсгэлэн, чихэрлэг гэх мэтээр бүлэглэн авч үзэж хүнсний зэрлэг ургамлын тархац, боловсрох хугацаа, түүх, гэрийн нөхцөлд боловсруулах арга ухааныг сайн мэддэг байсан нь өдгөө бидэнд уламжлагдан үлджээ. Нөгөөтэйгүүр монгол орны хүнсний зэрлэг ургамлын дотор мах, таримал үр тариа, хүнсний ногоог орлуулах, химийн зарим найрлагаараа хүний биед үл орлогдох амин хүчил, ханаагүй тосон хүчлүүдээрээ давуу илч, тэжээллэг чанартай арвай, цулхир, суль гэх мэт шинжлэх ухаанд гүйцэт судлагдаагүй ургамал олон байгаа явдал гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.

    Монголчуудын хоол ундны тогтолцоонд цай ундаа чухал байр суурь эзэлнэ. Энэ төрөл зүйлд цай, хярам, цийдэм, цэнгэг болон рашаан булгийн ус, гүүний айраг, шимийн архи зэрэг ордог. Эдгээрийн дотроос монголчуудын жилийн дөрвөн улиралд өдөр тутам хамгийн нийтлэг уудаг ундаа бол цай юм. Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс байгальд ургадаг зуу гаруй ургамлыг таньж  цай орлуулан  хэрэглэж ирсний дээр. Богд хаант Монгол улсын үед монголчууд цайны навч түүж боловсруулан зузаан, нимгэн шахмал цай үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж байсан баримт бий. Өөр нэг сонин баримт бол 1638 онд Монголоос буцаж харьсан Москвагийн элч Василий Старковт Монголын хаанаас 200 боодол буюу 64 кг цай бэлэглэж энэ нь хааны ордныхонд ихэд таалагдсан тул Орос оронд цай дэлгэрч улмаар түүнийг Хятадаас Өргөө, Сибириэр дамжуулан авдаг болсон явдал юм.

    Монголчууд цайг ихэвчлэн малын сүүгээр сүлж зарим нутагт шар тос, хужир, давс нэмж,  аль болох тосорхог, тэжээллэг хийдгээрээ бусад үндэстний хэрэглэдэг цайны төрлөөс өвөрмөц ялгаатай, бөгөөд ингэж чанасан цай зөвхөн ундааны төдийгүй хоолны үүрэг гүйцэтгэх тал ч бий. Монголчуудын аяганы хийц гэж нэрлэдэг хоолны зүйл ч цайтай холбоотой.

     Монголчууд газрын гүний болон гүн биш ордтой цэнгэг ус буюу рашаан төст усыг <<охь сайн ус>>хэмээн үзэж, олон арван жил шүтэн биширч, элдэв эмгэг хуучаа илааршуулж иржээ. Эдүгээ манай оронд янз бүрийн бүтэц, найрлага бүхий 400 шахам рашаан, рашаан төст цэнгэг ус байдаг ажээ.

    Дээрхээс үзэхэд бидний өвөг дээдэс цаг ямагт эх байгальтайгаа хүйн холбоотой аж төрж амьд байгалийн анхдагч бүтээгдэхүүнээр хүнс хоолныхоо хэрэгцээг бүхэлд нь хангадаг байсан, нөгөөтэйгүүр экологийн хүчин зүйл буюу эх газрын эрс тэс цаг уурын нөхцөлд хоол хүнсээ танин мэдэхүйн нарийн үндэстэй зохицуулж зун, намрын дэлгэр цагт цагаан идээ, өвөл, хаврын хахир цагт их илчлэг бүхий махан хүнс хэрэглэдэг байсан уламжлал өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн билээ.

    Дээр үеийн монголчуудын  хоолны дэг ч өвөрмөц онцлогтой байжээ. Энэ талаар үүний дараа уншигч танаа толилуулах “Хоол ундаа зохицуулан хэрэглэх монгол ухаан”  нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлэх болно.

    ГАЙХАМШИГТ МОНГОЛ ХООЛ

    Гурван шимтийн шөл
    Шүдлэн хонины далны бариул яс, борвины яс, толгойны ясыг махнаас нь шулж аваад тогоонд хийж давсаар амт тохируулж шөлийг нь нэлээд ширгэтэл буцалгаж болгосон шөл

    Дөрвөн шимтийн шөл
    Төлгөн эм хонины далны бариул яс, борви тойгны яс, хар сээр зэргийг махнаас шулж аваад тогоонд хийж давсаар амт тохируулж шөлийг нь нэлээд ширгэтэл буцалгаж болгосон шөл

    Битүү шөл
    Татсан буюу нимгэн хярж хөшиглөсөн маханд өөх, давс, сонгино, халуун ногоо нэмж амт тохируулаад усаар шүүслэн шаазан аяганд хийж таглах буюу гүзээ, олгой, нимгэн элдсэн гурилын аль нэгээр битүүлэн таглаж ууранд чанаж болгосон хоол.

    Хоол судлаач Агьнууд овогт Жанчивын Октябрь


    МОНГОЛ ТУУРГАТНЫ МАРТАГДАЖ БУЙ ЗАРИМ ХООЛ

    Аливаа улс үндэстний хоол хүнсний зүйлээ бэлтгэж боловсруулах арга ухаан нь тухайн үндэстэн, ястны соёл, аж төрөх ёс, зан заншил, байгаль, цаг агаар, мал, газрын баялаг, эдийн засаг зэрэгтэй салшгүй холбоотой бөгөөд түүхийн он жилүүдийн туршид нийгмийн хөгжил, хүмүүсийн хэрэглээг даган шинээр бүрэлдэхийн сацуу өмнөх үеэсээ хойч үедээ уламжлагдан үлдэж цаашид боловсронгуй болж хөгждөг зүй тогтолтой билээ.

    Эртний түүх, соёлтой монгол үндэстний хувьд хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоолзүйн соёл, хооллох дэг олон жилийн түүх, уламжлалтай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой юм. Монгол үндэстний хоол, хүнсний талаар зарим судлаачид, эрдэмтэд тодорхой хүрээнд судалж, зарим нэгэн ном, бүтээл гаргасан боловч уламжлалт монгол хоол бэлтгэх арга барил, нүүдэлчдийн хооллох соёлын онцлогийг орчин үетэй холбон авч үзсэн бүтээл туурвил хомс байгаа билээ.

    Нөгөө талаас монгол туургатны уламжлалт хоол, хүнсний зүйл, хоол хүнсийг монгол аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи зарим талаар мартагдах хандлагатай байгаа өнөө үед түүнийг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд сургаж өвлүүлэх, Монгол орны экологийн цэвэр хүнсийг дэлхий дахинд бодит үнэнээр нь сурталчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
    Үүнтэй холбогдуулж монгол туургатны зарим нэгэн мартагдаж буй хоолны тайлбарыг бичиж залуу үеийнхэндээ толилуулж байна.

    Түнтэг
    Татаж амт тохируулсан махыг банш мэт чимхээд тасалсан гурилтай шөлөнд чанаж иддэг хоол

    Тэгмэн
    Адууны хөшиглөсөн элэг, гол, мах, харвин зэргийг давс, мангираар амт тохируулан нарийн гэдсэнд нь хийж усанд чанаж болгодог хамниган буриад зоны хоол

    Уралдуур
    Хонь малын сээрний хоёр талын зураа махыг авч давс, сонгино, саримс зэргээр амт тохируулан улаан хоолойг эргүүлэн дотор нь чихэж хөвгүүдэд <<хүлэг хурдан, хүч эрдүү яв>>, охидод <<үйлэнд уран, үзэсгэлэн гоо яв>> хэмээн хишиг болгон чанаж өгдөг монгол үндэстний хоол.

    Жэнт
    Казах ардын хүндтэй идээний нэг. Адууны тос, нунтагласан ээзгий, арвайн гурил, хатсан боов, боорцгийн үйрмэг, цасан чихрийг сайтар хольж багсарч хийдэг. Ээзгий нь ахиухан байна.

    Найрц
    Сайтар угаасан шар юм уу цагаан будаан дээр мах, өөх хөшиглөж хийгээд мөн үзэм, чавга, шүүрмэг зэргийг хийж чанаад, ус нь ширгэхэд дээрээс нь улаан чихэр буюу цагаан чихэр, давсны нунтгийг хэр тохируулж нэмэн халбага, шанаганы духаар сайтар нухаж найруулсан идээг Өвөр Монголын Ордос, Алшаад голдуу хийдэг.Үүнийг сарын тэмдэг ирсэн эмэгтэй хүн идэж болохгүй.

    Нанчимаг
    Арвайн гурил, хонины сүүлийг нийлүүлж ууранд нүдэж багсарсан аяны хүнсний төрөл. Нэг кг арвайн гурилд 50-80 г сүүл орохоор бодно. Ууранд нүдэх үед сүүлний тос гурилд шингэж тос даасан гурил бий болно. Хэрэв сүүл, арвай хоёрын харьцаа тохирсон бол багсаргыг гараар барьж үзэхэд бутарна. Наалдаж байвал будаа нэмэх, хуурай байвал сүүл нэмэх зэргээр харьцааг тохируулна. Нанчимагийн анхилуун сайхан үнэр, амтыг алдагдуулахгүйн тулд ямааны илгэн тулманд хадгална

    Сагсай
    Үхрийн хөшиглөсөн өөхтэй махыг усанд үйж давсыг тааруулаад буцалмагц жижиг шүүрмэг хийж зөөлөн галаар шөлшүүлнэ. Үүн дээрээ угаасан цагаан будаа хийж таглан зөөлөн галаар шөлийг ширгэтэл чанана. Гаргахын өмнө хөмөлийн сорс юм уу жижиглэсэн сонгино нэмж хэсэг байлгаад нухаж аягалдаг хоолны нэр. Ордос, Алшаад голдуу хийдэг энэ хоолыг бас шар, цагаан будаа хольж хийдэг.

    Төөлэй
    Зочдод хүндэтгэн барих хонины чанасан толгойг буриадад ингэж нэрлэдэг

    Тугну
    Бог, бодын дотор махыг дутуу чанаж хөшиглөн давс, мангир, гоньд зэргээр амт тохируулж гурилд өнхрүүлэн битүү жигнэж болгодог хамниганы зоог

    Тухлай
    Тасалсан гурилыг өрөм болон сүүнд чанасан нэгэн зүйл хоол

    Түкүва
    Үхэр, хонины махыг хөшиглөж цагаан будаа, монгол амуу, хоног будаа орхиж агшааж улаан чавга, чихэр мэтээр амт тохируулан хийдэг Ордос, Алшаа нутгийн агшаамал

    Шаа бэрээс

    Цагаан будааг давстай усанд чанаж шүүгээд цог нурман дээр хэсэг агшааж дээр нь хөшиглөж сайтар хуурсан тарган мах хийж холиод шар тос, сонгино, хуажуу зэргээр амт тохируулсан хоолыг Өвөр монголчууд “Махан бэрээс” буюу шаа бэрээс гэж нэрлэдэг.

    МОНГОЛЧУУДЫН МАХАН ХООЛ

    Монголын таван хошуу мал шим тэжээлийн бодисоор баялаг 600 гаруй төрлийн дээд ургамал бүхий бэлчээрийн ургамлаар хооллодог. Эдгээр ургамал нь намрын улиралд хатаж хагдран эрдэсийн элементүүдийг их хэмжээгээр хуримтлуулдаг учраас монгол мал жилийн дөрвөн улиралд физиологийн шаардлагатай элементүүдийг хангалттай хэмжээгээр авч хуримтлуулдаг байна. Мах нь усанд уусдаг В бүлгийн болон РР амин дэмийн эх үүсвэр юм. Монгол малын маханд хүнд металл тухайлбал, хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, кадми зэрэг металлууд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс олон дахин доогуур байдаг тул түүнийг экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж үздэг. Монголчууд махыг чанараар нь халуун, бүлээн, сэрүүн гэж ангилаад хүний бие махбодын хий, шар, бадганы тэнцвэрийг хоол хүнсээр зохицуулж иржээ. Тухайлбал, халуун чанартай махны төрөлд адуу, тарвага, буга, загасны махыг, бүлээн чанарын маханд хонины мах, харин сэрүүн чанартайд үхэр, ямаа, тэмээ, гахайн махыг тооцдог байжээ. Монголчууд малын тарга тэвээрэг гүйцсэн ид хүйтний улиралд мал нядлан хүнс тэжээлд хэрэглэх махаа бэлтгэх бөгөөд үүнийг идэш хийх гэж нэрлэдэг. Шинэ нойтон махыг хэсэг зуур загсаасны дараа цавчиж тас цохихгүй, үе мөчөөр нь эвдэж салгаад өөх махаар нь тэнцүү хуваана.

    Хонины мах амт чанар сайтай байдаг нь булчин махны ширхэг нь нарийн байдагтай холбоотой юм. Яс, өөх махны хамгийн зохистой харьцаа нь 1:5 бөгөөд энэ нь шүдлэн хонинд тохиодог байна. Хонины дотор махыг хүнсэнд бүрэн ашиглаж заншсан нь тэдгээрийн уургийн агууламжтай холбоотой юм. Монгол хонины махны уургийн үл орлогдох амин хүчлийн эзлэх хувь нь 41.64 байхад Киргизийн нарийн ноост хонины мах 29.28 хувь, Шинэ Зеландын хонины мах 39.09 хувь байдаг ажээ.

    Үхрийн мах сэрүүн чанартай байдаг бол сарлагийн мах бүлээн чанартай байдаг. Үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг бөгөөд борцолсон махны зөвхөн 50 граммд оногдох уураг хүний бие махбодын хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чадах ажээ. Тосонд уусдаг амин дэмүүд үхрийн маханд давуу байдаг байна.

    Адууны мах нь уургаар баялаг бөгөөд валин, фенилаланин, метеонин хүчил, цистин, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил зэрэг нь үхрийн маханд байдаг хэмжээнээс илүү байдгийг судалгаагаар нотолжээ. Адууны мах маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогдоно. Мөн глютамины хүчил, альбумин, глобулин, миогены бүлэг уураг их байдаг учраас махны шимт чанар, шингэц сайн байдаг байна. Иймээс адууны мах шувуу, загасны махтай их ойролцоо түргэн шингэдэг тэжээллэг чанартай учраас түүнийг дүн өвлийн хүйтэнд хэрэглэдэг уламжлалтай байжээ.

    Ямааны мах сэрүүн чанартай, төлгөн хонины мах шингэц, зохимж сайтай гэж үздэг байсан тул дулааны улиралд өөр төрлийн малын махыг бараг хэрэглэдэггүй байжээ. Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодоос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй, өөх нь өндөр молекулт, ханасан хүчлүүдээс бүрддэг, царцамтгай учраас түүнийг зөвхөн дулааны улиралд хэрэглэх нь илүү тохиромжтой юм. Ямаа зуны эхэн сард цэцэг дэлгэрсэн үед түүгээр хооллож дээд ургамлын биологийн идэвхт бүх бодисыг биедээ шингээдэг тул эмчилгээ сувилгааны чанартай байдаг. Монголчууд “яргуй идсэн ямааны шөл” хэмээн ярьдаг нь ийм учиртай билээ.

    Тэмээний мах үхрийн махыг бодвол цайвардуу бүдүүвтэр ширхэгтэй,  өөх нь шаргалдуу цагаан, гаж үнэр амтгүй, ялангуяа дотор өөх нь түргэн царцдаг. Химийн найрлагын хувьд тэмээний мах үхрийн махтай төстэй боловч нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй, бас гликоген элбэг учир ходоодонд шингэх нь сайн, сэрүүн чанартай байдаг. Тэмээний махыг манай орны  говь нутгийн ардууд үхрийн махны нэгэн адил борцолж хэрэглэж ирсэн бөгөөд чанарын хувьд өндөрт тооцогддог. Махны чанарын гол үзүүлэлтүүдийн нэг нь эрдэс бодис юм. Эрдсийн хувьд тэмээ, ямааны мах бусад малынхаас илүү байдаг. Говийн хонь, үхрийн мах цайр зэс, төмөр ихтэй. Адууны мах натри зэс ихтэй, тэмээ натри, кали, никелээр баялаг байдаг байна.

    Монголчуудын гол хоол бол яах аргагүй мах, мах оролцсон хоол бөгөөд үндэсний гэгдэх 200 гаруй нэр төрлийн хоол байдаг. Зөвхөн малын дотор гэдсээр хийдэг хоол гэхэд 70 гаруй төрөл байна. Махыг бүтнээр нь чанаж болгох, шарж болгох, утаж болгох, булж болгох гэх мэт аргуудаар боловсруулж иржээ. Монголчуудын хамгийн хүндтэй зочиддоо барьдаг хоол бол боодог, хорхог, шарсан хонины шүүс, чанаж шарсан шүүс гэх мэт хоолнууд байдаг. Монголчуудын шөлөн хоол гэдэг нь махыг бусад хольцтой найруулан хийсэн хоол юм. Буузтай, банштай, төмстэй, халгайтай, мэхээртэй, хавиргатай, ногоотой, өндөгтэй, гурилтай зэрэг олон төрөл шөлөн хоол бий. Дотор мах гэдэг нь зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс, олгой, өлөн, хос, хошного, гүзээ, сархинаг, сэмж, цус зэргийг нэрлэнэ. Бод малын амьдын жингийн 13 хувь, бог малын 12 хувийг дотор эрхтэн эзэлдэг. Дотор махан хоолноос хамгийн түгээмэл нь гэдсийг бүхлээр нь чанах, таван цулын шөл хийх, элэгний сорос хийх, хярамцаг гаргаж авах, адууны умс чанах зэрэг болно. Мөн олон төрлийн халуун хүйтэн зууш хийж иржээ. 

    Бантан: Бор хоолонд дөнгөж орсон нялхсаас эхлээд өтгөс буурлууд хүртэл амтархан иддэг, ямар ч зутан шөлнөөс илүү давуу чанартай хоол. Гурилын багсралтын байдлаар нь бүдүүвтэрхэн багсарсан бол үхэр бантан, жижгэвтэр багсарсныг хонин бантан, нарийн сайн багсарсныг хурган бантан гэж ялгана. Багсарсан гурилын хэмжээнээс шалтгаалан амт нь өөр байх тохиолдол бий. Монголчуудын дунд “алтан медальтай хоол” гэж алдаршсан.

    Битүү хоол: Хуушуур, бууз, банш зэрэг нь монгол үндэсний хоолны нэг төрөл юм. Хэдийгээр Хятадаас Монголд нэвтэрсэн хоол боловч монголчууд үндэсний хоол болгон хөгжүүлжээ. Гуриланд амталсан мах боож гурилны захыг чимхэж хийдэг бөгөөд чимхэлтийн арга нь олон янз байдаг. Цагаан сарын баяр болон бусад үед айл гэрт зочлох хүндтэй зочдоо дайлдаг гол хоолнуудын нэг юм.

    Битүү шөл: Таглаа сайтай сав, эсвэл гүзээ, олгой зэрэгт хийж амсрыг нь сайтар битүүлэх буюу элдсэн гурилаар битүүлэн таглаж усанд юмуу ууранд чанаж болгодог шөл бөгөөд орц нь зөвхөн хонины мах байна. Давс, сонгино, сармисаар амтална.  

    Боодог: Ус хэрэглэхгүйгээр махыг өөрийнх нь шүүсэнд улайсгаж халаасан чулуугаар хайрч жигнэн арьсанд нь битүүлэн болгосон хоолыг хэлнэ. Боодгийг ямаа, тарваганы махаар хийнэ. Ямааг өрлөлгүйгээр багалзуураар нь амийг таслаад гэдсийг нь гаргаж авна. Ясыг нь битүү шулаад махыг нь арьсанд үлдээн туламлана. Шулж авсан ясаа улайтгасан бөөрөнхий чулуунуудтай хамт салаавчилсан маягтайгаар тулман дотроо хийнэ. Давс, сонгино, хөмөл зэргийг хийж амтлаад бага зэрэг ус хийж шөллөнө. Дараа нь амсрыг нь битүүлээд адууны сүүлний хялгасаар сайтар боодог. Хэвтүүлээд гараараа зөөлөн алгадаж нилээд хэдэн удаа өнхрүүлдэг. Үсийг нь зулгаахад үс нь аяндаа өөрөө зулгарч унана. Чулуу нь хэрвээ хүйтэдвэл үс нь зулгарахгүй, боодог гадна дотроо шүүрхий болдог. Шарахдаа аргал, түлээ модны цогон дээр тавьж эргүүлэн жигд жигнэн халаадаг. Ялангуяа зоо, эгэм, гуя, суга зэрэг хэсгийн зузаан махан дээр нь томоохон цог тавихгүй бол шүүрхий болох талтай. Шарж байхдаа амны уяаг бага зэрэг суллаж хийг нь гаргаж байхгүй бол буудах аюултай. Болсны дараа цогон дээрээс гаргаж гадна талыг нь сайтар хусаад усаар мөлчийтөл нь угаана. Мах шүүсийг арьстай нь хамт царан дээр тавьж зоог барих ба шөлийг нь ууж, халуун чулуугаар нь алгаа жигнэвэл ядаргаа, хий өвчинд сайн гэдэг.

    Борц: Малын махыг хамгийн удаан хадгалах арга нь борцлох юм. Борцыг хонь, үхэр, тэмээ, ямааны махаар хийнэ. 10 хэмээс буурахгүй  сэрүүн орсон үед ихэвчлэн 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр хийдэг. Махыг 2-4 сантиметр зузаан, 15-30 сантиметр урттайгаар салаалан зүсэж хэцэнд өлгөх ба хооронд нь 2 сантиметр зайтай тохно. Үхэр, тэмээний махан борц илүү сайн чанартай. Монгол аргаар бэлтгэсэн борцыг 1-3 жил хадгалж хэрэглэхэд чанараа алддаггүй. Ястай махнаас 4 дахин хөнгөн, бага зай эзлэх тул тээвэрлэх, хадгалахад ашигтай, мал сүргийн өсөлтөнд тустай, эдийн засгийн төдийгүй, эрүүл ахуйн ихээхэн ач холбогдолтой юм. Борцолсон махны 80 орчим хувь нь уураг байдаг учир амьдралд хэрэгцээтэй олон тооны амин хүчлээр элбэг болохыг эрдэмтдийн хийсэн судалгаа нотолжээ.

    Булмаг: Бэлдэж амталсан цул махаа хуйлаад хусны үйсэнд ороогоод аргал, мод түлээний халуун нурман дотор хийж булдаг. Мөн элсэрхэг газар ухаж хонхойлоод, хонхорт нь гал түлээд нурман дээр нь гүзээтэй махаа тавиад дээрээс нь элсээр булаад, гал түлдэг. Гүзээтэй бүхий л махыг ийнхүү халуун элс, нурманд агаар оруулалгүй жигнэн шүүсэнд нь болгодог. Энэ бол монголчуудын өнө эртний уламжлалт зоогуудын нэг юм.

    Бүхэл махан зоог: Зөвхөн давстай усанд чанаж болгосон ястай мах юм. Монголчууд ястай махан хоолноос гадна хуйхтай өвчүү, өвчүүний үдмэг, хар шөл, махан хуурга, битүү шөл, шарсан мах, хайрсан мах, тосон чанамал зэрэг дан махаар хийсэн хоолыг өдөр тутамдаа хэрэглэж ирсэн. Усанд чанаж болгосон махандаа хачир болгон төмс, лууван, байцаа, манжин зэргийг бүхлээр нь болгон хэрэглэдэг.

    Гурван шимтийн шөл: Шүдлэн хонины далны бариул яс, борвины яс, толгойны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд хийж жигнэж хийсэн шөлийг хэлнэ.

    Загасны махан зоог: Монголчууд Сяньбигийн үеэс загасыг хүнсэндээ хэрэглэж иржээ. Монголын нууц товчоо болон бусад сурвалж бичиг болох Рашид Ад дин, Плано Карпини, В.Рубрук, Чан чун бумба нарын тэмдэглэлд монголчууд загасыг өргөнөөр хэрэглэдэг байсан тухай бичсэн байдаг. Загасны махыг чанах, шарах, жигнэх, хайрах, нурамлах, бууз, хуушуур хийх гэх мэт олон янзын аргаар зоог болгодог. Мөн давслах, борцлох, хөлдөөх аргаар нөөцөлж хадгалахаас гадна түрсийг нь авч бага зэргийн шар тос, гурилтай холиод бин хайрч иддэг байв.

    Их бүхэл: Монгол үндэсний хүндэтгэлийн идээнээс хамгийн хүндтэй зоог нь их бүхэл бөгөөд энэ нь хонины махны зөвхөн гэдсийг нь аваад үлдсэн махыг тэр чигээр нь эвдэлгүйгээр бүхлээр нь чанаж, үсийг зумлан шар тосоор өнгөлж их цар дээр бүхлээр нь тавьдаг.

    Их ёсны ууц: Их бүхлийн дараах хүндэтгэлийн шүүс нь их ёсны ууц юм. Энэ нь эр хонины ууц, дал дөрвөн өндөр, хонт шаант болон бусад мах, толгой шийр бүгдийг оролцуулан чанаж, уураар жигнэж болгосон хоол юм.  

    Каз: Казакууд адууны махыг утаж боловсруулан удаан хугацаагаар хадгалан хэрэглэдэг билээ. Адууны өлөн гэдсэн дотор давс, ногоогоор амт тохируулсан хавиргыг цоройтой нь хамтатган чихэж, өлөн гэдэсний хоёр үзүүрийг боогоод хээрийн нөхцөлд хомоолоор утаж, улмаар чанаж болгосон бүтээгдэхүүнийг каз гэж нэрлэдэг.

    Монгол цай: Монголчууд цайг янз бүрийн аргаар чанаж эртнээс нааш өвчин эмгэгийг илааршуулах, ядаргааг арилгах, биеийн тамир тэнхээг сайжруулахад хэрэглэж иржээ. Өдөр тутам уух цай нь нутаг нутгийн онцлогоос шалтгаалж өөр өөр байх ба тус тусдаа нэртэй байдаг. Тухайлбал: Дорнод аймгийн Матад сумынхан хатаасан гагуудайг нунтаглан цайны идээг орлуулж улаан шаргал өнгөтэй сайхан цай хийдэг. Үүнийг “матад цай” гэнэ. Харин Архангайнхан цайгаа чанаж бэлэн болгоод тосонд хуурсан мэхээрээр хийцэлж амт тохируулан уудаг. Үүнийг “мэхээртэй цай” гэнэ. Дорнодын хээр талд амьдардаг ардууд ердийн сүүтэй цай чанаж шүүгээд дотор нь хэрчсэн мах, сүүл хийж дахин буцалгаж уудаг ба үүнийг “хэрлэн цай” хэмээнэ. Монголчууд давс, хужир, цай, сүү, шар тосоор амт жор тохируулан хийсэн цайгаа “таван тансагтай цай” хэмээдэг. Хужирыг тохируулахдаа 5 литр цайнд хоолны нэг халбага байхаар бодож хийнэ. Монголд цоргисон цай, халхын борцтой цай, дөрвөд цай, хургастай цай, казак цай, захчин цай, торгууд цай, урианхай цай, дарьгангын будаатай цай, цаатан цай, сэлэнгийн бор цай, говь гурван сайхан цай, говийн цай, авга цай, борц будаатай цай, борви тойгны ястай цай, будаа сүүлтэй цай, дом болсон долоон банштай цай, хонины сүүлтэй цай, чөмөг толгойны ястай цай, битүү цай, хорхог цай гэх мэт олон янзын цай буй.

    Өрөм самарсан цай: Том шанаганд шинэ өрмийг бага зэрэг давстай хольж халуун цайгаар шингэлээд сайтар хутгаад ердийн хар цайн дээр хийж сүлээд сайн самарч зөөлөн галаар буцалгаж ууна.

    Сүүлтэй цай: Хонины сүүлийг хөшиглөөд хуурай цайтай хамт ууранд хийж нүднэ. Тогоотой халуун усандаа сүүлтэй нүдсэн хуурай цайгаа хийгээд давс сүү хийж 30-35 минут буцалгаж сайтар самарна.

    Халгайтай цай: 5-6 дугаар сард 5-6 салаатай нялх байх үед нь түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийгээд самарч буцалгадаг. Гурван литр цайнд гурван халбага халгай хийнэ. Даралт ихтэй хүн энэ цайг уухад нэн сайн.

    Хийцтэй цай: Тогоонд шар тос хийж хайлуулаад гурил цацаж тасралтгүй хутган  шаргалттал нь хуурна. Гурилаа бөөнтүүлэхгүйгээр жигд сайн хуурах нь хийцэлсэн цайны гол нууц юм. Шар тос ихэдвэл гурил бөөнтөж сайхан шаргал өнгө үүсэхгүй болно. Хуурсан гурил дээрээ идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд сайтар самарч буцалгана.

    Ястай цай: Цайг сүлэхийн өмнө атгаал чөмөгний яс хийж 1 цаг орчим буцалгаж чанана. Бага зэрэг мах үйж чанасан ч болно. Ингэж буцалгасан цайны амт чанар сайны дээр маш тэжээллэг болно. Энэ цай хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул уусны дараа салхи авч даарч болдоггүй. Мөн хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй цайнд хийгээд чанадаг. Ийм цайг ядаргаа болон цус багатай хүн, тархи толгой өвдөлттэй хүн уувал нэн сайн.

    Нарийн тулам: Чанасан галуу, шарсан нугасны зоог бэлтгэхээс гадна нарийн тулам хэмээх хоол хийдэг байсан. Энэ нь өд сөднөөс нь салгасан галуу, нугасны хүзүүний арьсыг битүү шувтлан аваад нэг үзүүрийг нь битүүлж боогоод дотор нь махыг нь жижиглэн татаж давс, сонгиноор амтлаад хамт чихэж хийнэ. Дараа нь амыг боож усанд чанах юмуу, эсвэл шарж болгоно.

    Олгой шөл: Хонь ямааны олгойг угааж, дотор нь жижгээр хэрчиж амталсан мах хийгээд, дээрээс нь шөл болгож ус хийгээд  амсрыг нь утас буюу хялгасаар боон чанаж болгосон шөлийг олгой шөл хэмээнэ.

    Таван түрүү шүүс: Их бүхлийг төлөөлүүлэн тавьдаг таван мөчийг таван түрүү шүүс гэж нэрлэдэг. Үүнд шүүсний хүзүү, сээр, өвчүүг төлөөлүүлж толгой, ууц, нурууг төлөөлүүлж уураг сүүл, урд хоёр хаа, хоёр гуяыг төлөөлүүлж шаант чөмөг, дотор эрхтнийг төлөөлүүлж гургалдай тавьдаг.

    Тарваганы махан зоог: Тарваганы мах нь өөхлөг, амтлаг, шингэц сайтай, адууны мах шиг биенд илчлэгийг сэлбэдэг. Монгол тарваганы махны уургийн найрлагад 16 амин хүчил байдгийн 8 нь үл орлогдох амин хүчил бөгөөд махны нийт найрлагын 35.7 хувийг эзэлнэ. Чанахаас гадна хорхог боодог хийхэд маш зохимжтой. Тарваганы мах, өөх, гавлын яс, шүд, зүрх, элэг, давсаг, цөс, хүн мах зэргийг нь ардын уламжлалт эмэнд хэрэглэдэг.

    Толгой, шийр: Бог малын толгой шийрийг арьстай нь авч хуйхлаад халуун усаар угааж чанаж болгох юмуу, хуйхлахгүйгээр өвчиж цэвэрлээд чанаж болгох аргууд байдаг. Толгой шийрийг зөөлөртөл чанаж идэж болох зүйлийг аваад нарийн хэрчиж, бусад зүйлүүдтэй холин хүйтэн зууш хийж болно. Хуйх, хэл, тагнай, тархи, самалдаг зэргийг хэрчиж дангаар нь зууш бэлтгэнэ. Бод малын толгойноос ахиухан мах гардаг учир төрөл бүрийн хоол, зууш, бууз хуушуур хийдэг. Сүүлийн үед дотор махыг боловсруулж дангаар нь бусад зүйлтэй холин янз бүрийн хиам, нөөш хийн худалдаалж байна.

    Ууцан шүүс: Ердийн ууцан шүүс гэж бий. Сүвээний хоёр хавиргыг оролцуулан нугалам нурууны нугаламаас өөхөн сүүл хүртэлх хэсэг юм. Ууц маш хүндэтгэлтэй идээ учраас түүнийг хөндөх ёс нарийн журамтай. Найр наадмын үед найрын тэргүүн, цайллагын үед хүндэт зочдын тэргүүн, өрх гэр дотор гэрийн эзэн буюу хамгийн ахмад хүн хөндөнө. Монгол уламжлалт ёсонд ууц, дал, толгойг эмэгтэй хүн хөнддөггүй.

    Үнхэлцэг: Малын зүрхний бүрхүүл хальсанд цөвдөл мах хийж, давс, сонгино зэргээр амтлаад амсрыг нь утсаар боох буюу модоор сүлбээрлэн чанаж хийсэн хоолыг хэлдэг. Нэг богоос 1.5-2.1 литр цэвэр цус гарах бөгөөд түүгээр зайдас, хос, ходоод, шавай гэх мэт хоолыг хийдэг.

    Үүц: Махыг удаан хугацаагаар хадгалах өөр нэг арга нь үүцлэх юм. Үхэр, хонины махаар үүц хийхэд тохиромжтой. 11 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 15-ны дотор хийнэ. Махыг нядалсны дараа 5-7 хоног цэвэр агаарт, жаварт байлгана. Хонины махыг үүцлэхдээ эхлээд өвчүүг салгаж авч,  хавиргуудыг хадан цээжийг дэлгээд аарцгийг салган дэлгэж, ууцнаас дээш 2 дахь нугалам нурууг салган авч, булчин махыг огтлохгүйгээр нугалан, өвчүү гургалдай, үнхэлцэг, толгой, зүрх, элэг, бөөр зэргийг сэмжинд нь ороож хавсран махны завсар хийнэ. Үүцийг нойтон шир арьсанд нь боож хөлдөөгөөд хүйтэн сэрүүн сүүдэр бүхий орчинд бүтээж хадгална. Хонь, үхрийн махан үүцийг 5 дугаар сар хүртэл хадгалж хүнсэнд хэрэглэнэ.

    Хавчуурга: Ясгүй зузаан махыг хутгаар жигд хавтгай зүсээд давс, сонгино, хөмөл зэргийг тарааж үрээд хавсраад улайстал нь халаасан хоёр хавтгай чулууны хооронд хавчуулаад халуун нурман дээр тавьж дээр нь гал түлэн жигнэж болгодог. Мах нь халуун чулуунд наалдахаас сэргийлж хиаг, хялгана мэтийн өвс, гишүүний далбан навчаар хооронд нь жийрэг хийдэг. Ингэхдээ хавчих чулууг хэтэрхий халааж улайсгавал махыг түлж, шүүсгүй болгодгийг анхаарах хэрэгтэй. Аян замын хамгийн түргэн болох тохиромжтой хоолны нэг юм.

    Хорхог: Мөн боодогтой төстэй боловч хавхаг таг сайтай саванд ястайгаар томхон шулсан мах хийж болгодог хоол. Эрт үед ихэвчлэн богийн гүзээн дотор хийдэг байжээ. Гүзээг хэд дахин угааж цэвэрлээд дотор нь хэсэглэсэн махыг давс, сонгино, хөмөл зэргээр амтлаад усаар бага зэрэг шөллөөд улайтгасан чулуутай хамт салаавчлуулан хийж амсрыг нь хялгасаар боон аргал түлээний цогон дээр эргүүлж тойруулж шардаг. Амны боолтыг нь суллаж хийг үе үе гаргахгүй бол буудаж мэднэ. Хорхогийг ямар ч малын махаар хийж болдог. Халуун чулуутай хамт байгаа хэсэглэсэн махыг сайн болгохын тулд гүзээтэй нь хамт бага зэрэг сэгсрэх өнхрүүлэх зэргээр хөдөлгөнө.

    Хуйлмал: Зоо нурууны махыг яснаас нь салгаж аваад давс, сонгиноор амтлан хуйлаад давстай усанд хийж чанаж дутуу болгон гаргаж хонины сэмжээр ороогоод халуун нурам юмуу цогон дээр шарж болгодог. Сэрээний үзүүрээр хатгаж үзээд тунгалаг шүүс гарч байвал болсонд тооцно.

    Хярамцаг: Малын цус оролцуулан бэлтгэдэг хоол бол хярамцаг юм. Үүнд таван цул гэж нэрлэгдэх нарийн гэдэс, элэг, бөөр, зүрх, уушиг зэргийг тэнцүүлэн хийж цустай нь холиод гүзээнд нь хийн хөлдөөж  бэлтгэдэг. Хярамцагтай хоол өөх тостой, өег илчлэг байдаг тул өвлийн дүн хүйтэнд оройн хоолонд маш өргөн хэрэглэдэг байжээ. Хярамцагаар бууз, хуушуур хийж идэх ба гурил будаа хольж шөлөн хоол хийнэ.

    Шарсан хонины шүүс: Ямар ч малын махаар хийж болдог боловч хонины өвч махан шармал нь хамгийн хүндтэй зочинд барьдаг дээд зэргийн зоогонд тооцогддог. Гаргасан хонины өвчүүг хадан авч дөрвөн мөч, 36 үеийг дотор талаас нь салгалгүй хөндөж дэлгэмэл болгоод дотор талд нь гадагш нэвтлэлгүй үе үеээр хэрчлээс гарган 900 грамм орчим давс, 150 грамм сонгино, сармис хамтад нь нүдэж няцлаад шүүсний дотуур цацаж, дотор талаар нь хавсраад сэрүүн газар 12 цаг байлгаад шарж болгоно. Шарж болгохдоо зуухан дотор төмөр сараалж бэлтгээд шүүсээ дээш нь харуулж тавиад зуухаа таглаад модны гүйцэд шатсан цогийг овоолон шардаг. 2-3 удаа эргүүлж, 2-3 цаг шарж болгоно.  

    Шахалдаг: Тарваганы махыг зөөлөн галаар тосонд нь чанаад шалз болгодог. Ахиухан давс хийнэ. Боошиг саванд тостой нь битүүмжлэн олон сараар хадгалж болдог. Өөрөөр хэлбэл “тарваган шпрот” гэж хэлж болно. Монголчуудын эртний уламжлалт зоог юм.

    Шорлог: Чингис хаан болон түүний дайчид олон хоногоор аян дайнд алслан явахдаа ан гөрөө хийж, хоол хүнсээ залгуулж байжээ. Ангийн махыг шарахдаа задгай гал дээр бамбайгаа тавьж, сэлмээ эсвэл нумынхаа сумаар хутгах, шорлох, хуурах аргаар шарж иддэг байсан нь хожим дэлхийд “барбекью” нэрээр алдаршиж, шарсан махны өвөг болжээ. Үүнийг “шорлог” хэмээн нэрийдэж, бүгдээрээ хуваан иддэг заншил тогтжээ. Монголчуудын ойлголтоор ан гөрөөний амьтан бол тэнгэр эзний өмч тул тэнгэрийн хишгийг хүн бүхэн тэгш хүртэх хувьтай хэмээн үзэж ирсэн бөгөөд ангийн махыг харамлах, өмчирхөхийг цээрлэн айл хотлоороо хуваан хүртдэг байжээ.

    Шууз: Махыг дулааны улиралд удаан хадгалах нэг арга нь шуузлах юм. Энэ нь махыг нойтноор нь жижиглэн хэрчиж давсалж хэрэглэх арга бөгөөд сайн хийсэн шуузыг зуны улиралд сар илүү хугацаагаар хадгалан хэрэглэнэ.

    Ялбаг: Тарваганы чанаж болгосон дотор өөх, элэг, зүрх, бөөр, ходоодыг нь жижиглэн хөшиглөж давс, сонгино, хөмөл зэргийг хольж амтлаад базаж шанзалсныг ялбаг гэх бөгөөд ихээхэн тослог, илчлэг зөөлөн хоол болно.

    Эх сурвалж: Монгол орны лавлах

    МОНГОЛЧУУДЫН ХООЛНЫ СОЁЛ

  • НОЁН УУЛЫГ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛГОХ ЁСТОЙ

    Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий. Өнөөгөөс 200 илүү жилийн өмнө уг уулыг мөн л Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэж дархлан хамгаалж байсан нь нутгийн монголчууд тэнд эртний хаад язгууртны булш оршуулга байсныг лавтай мэддэг, тэдгээрийг дээдсийнхээ дурсгал хэмээн үзэж хөндөн сандаахыг цээрлэж байсны гэрч болно.

    Ноён уулын дурсгалууд, тэдгээрийн эрдэм шинжилгээний ач холбогдол

    Ноён уулын булшийг 1924 онд анх нээн малтсанаас хойших 90 жилийн хугацаанд тус бүр нь ихдээ 300 орчим, нийтдээ 1500 шахам булш бүхий, Хүннүгийн язгууртны оршуулгын 7 газрыг Монгол улсын нутгаас олж судалсан байна.

    Хүннүгийн язгууртны булш нь хэмжээний хувьд үлэмж том, гадаад дотоод зохион байгуулалт нарийн, оршуулсан хүнд зориулан дагуулсан олон төрлийн эд өлгийн зүйл нь үнэтэй тансаг байдаг зэргээрээ жирийн иргэдийн хэмээх ердийн жижиг булшнаас эрс ялгардаг ажээ.

    Ноён ууланд өнөөг хүртэл язгууртны булш 13-ыг малтсанаас эхэн үеийн малтлагаар илэрсэн үнэт чухаг олдворууд нь одоо ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байна.

    Монголын түүх, археологи, угсаа гарвал зүй, хүн судлал зэрэг ухаануудад өнөөг хүртэл бүрхэг, маргаантай хэвээр буй, хариу тулгуу нэхсэн, Хүннүгийн тухайт дараах 9 гол асуудалд хариулахад Ноён уулын дурсгал онцгой ач холбогдолтой юм. Тэдгээр нь: 1. Хүннүгийн угсаа гарлын хамаадал; 2. Нийгмийн бүтэц, зохион байгуулалт; 3. Төрийн үүсэл; 4. Хүннүгийн дурсгалын он дараалал; 5. Хүннүгийн суурин амьдрал; 6. Аж ахуй; 7. Газарзүйн байрлал; 8. Угсаатны орчин (угсаатны бүрэлдэхүүн); 9. Ази Европын харилцаанд Хүннүгийн гүйцэтгэсэн үүрэг зэрэг болно.

    Эдгээрийн заримынх нь тухайд Ноён уулын оршуулгын дурсгал чухам ямар ач холбогдолтойг энд цухас тайлбарлая.

    Хүннүгийн угсаа гарлын хамаадал. Хүннүг хожмын Түрэг, Монголын алиных нь өвөг дээдэс вэ гэдэг дээр судлаачид өнөөг хүртэл маргасаар байгаа ба зарим тохиолдолд энэ нь илүү улс төр, үзэл суртлын шинжтэй болдог. Гадны цөөн тооны эрдэмтдийг (тэдний ихэнх нь өнгөрсөн 2 зууны хүмүүс болно) эс тооцвол үндсэндээ манай судлаачид дангаараа Хүннүг монголчууд хэмээн батлахыг оролддог. БН Түрк улс, хуучин Зөвлөлтөөс тусгаарласан Түрэг хэлт улсуудын хувьд эрдмийн хүрээнд төдийгүй албан ёсны боловсролын бүх шатанд Хүннүг Түрэг мөн хэмээн зааж үүнийгээ олон нийтэд сурталчилдаг байна.

    Өнөөгийн байдлаар Хүннүгийн нийт 7000 орчим булш олдсоны ихэнх нь манай улсын нутагт байгаа нь газарзүйн хувьд Монгол орон Хүннүгийн үндсэн нутаг мөнийг харуулж буйн дээр манай судлаач эрдэмтэд Хүннү, Монголын угсаа гарлын холбоог олон зүйл баримтаар баталсаар ирсэн билээ. Тухайлбал Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүний толгойн яс, талийгаачид дагалдуулан тавьсан 120 орчим гэзэг зэрэг хүн судлалын хэрэглэгдэхүүн, (бөөгийн?) малгай, дээл, хувцас зэрэг угсаатны зүйн эд хэрэглэл, нас барсан хүнээ оршуулсан зан үйлийн онцлог зэрэг нь Хүннү ба монголчуудыг угсаа гарвалын шууд холбоотой гэж үзэх баримт болж байна.

    Хүннүгийн дурсгалын он дараалал. Археологийн дурсгалын он цагийг тогтооход хэлбэрийн харьцууллыг гол болгодог боловч үнэмлэхүй он цагийг, өөрөөр хэлбэл яг тодорхой он цагийг тогтооход өөр салбар ухааны аргыг зэрэгцүүлэн хэрэглэх шаардлага гардаг. Сүүлийн үед, он цаг тогтоох байгалийн ухааны олон арга хэрэглээнд нэвтэрсэн боловч тэдгээр нь өртөг ихтэй, манай улсад лаборатори, мэргэжилтэн үгүй зэрэг шалтгаанаар дурсгал бүрийн үнэмлэхүй он цагийг тогтооход бэрхшээлтэй байдаг. Ноён уулын булшнуудаас ширдсэн (лакадсан) аяга, торгон өмд, торгоны тасархай гэх мэтийн бичээс бүхий эдлэл, бас хятад хүрэл толины хэлтэрхий зэрэг, тэр бүр булш болгоноос гараад байдаггүй чухал баримтууд илэрсэн нь Ноён уулын оршуулгын газрын он цаг, цаашилбал Хүннүгийн дурсгалын он цагийн ерөнхий хэлхээг тодорхойлох найдвартай хэрэглэгдэхүүн болсон юм.

    Аж ахуй. Нүүдэлчид зэрлэг бүдүүлэг учир эрхэлсэн тодорхой аж ахуйгүй, тэд нэгнийгээ буюу хөрш суурин орныг дайран довтолж дээрэмдэн тонож амь зуудаг гэсэн үзэл одоо ч амь бөхтэй байна. Хүннү нар бэлчээрийн сонгодог мал аж ахуйтай байсны баталгаа болох малын яс Ноён уулын булшнуудаас асар ихээр илэрчээ. Түүгээр ч үл барам, газар тариалан эрхэлж амуу будаа хүнсэндээ хэрэглэж байсны гэрч – ёроолынхоо дээхнэ нүхтэй, үр тариа агуулах аварга том, бүтэн ваар сав, амуу будааны үр зэрэг олджээ. Тэр мэт ваар савыг Ноён уулаас холгүй орших Бороогийн сууринд урлан үйлдвэрлэж байсныг манай археологичид нарийн шинжилгээгээр баталсан билээ.

    Газарзүйн байрлал. Ноён уул хавийн нутаг нь Хэнтийн нурууны зүүн үзүүр дэх уул ус тэгш, үзэмжит сайхан нутаг тул Хүннүгийн хаад ихэс хойд насны орд өргөөгөө чухам энд байлгахаар сонгосон бололтой. Энэ нь, Хүннүгийн язгууртны булш оршуулгын нягтрал бүхий хэсгийг судлаачид бүлэглэн байрлуулснаар бол төвийн хэсэгт орох ба малтсан булшны хэмжээ, гарсан эд өлөг зэрэг нь эрхбиш ихээхэн эрх мэдэл бүхий хүмүүст зориулсан шинжтэй. Хүннүгээс улбаалан хожмын, 13-р зууны үеийн монголчуудад уламжлагдсан засаг захиргааны хуваарь ёсоор хаан нь улсаа 3 хэсэгт хуваан зүүн баруун гарыг зохих эрхтэн нарт захируулж өөрөө гол хэсгийг мэддэг байжээ. Тийм хуваариар бол Ноён уулын газар ус нь Хүннүгийн шаньюйн шууд харьяанд байсан байж болох таамгийг судлаачид дэвшүүлсэн бий.

    Ази Европын харилцаанд Хүннүгийн гүйцэтгэсэн үүрэг. Ноён уулын нэгэн булшнаас Грек-Ромын домгийн бурхдын дүрст мөнгөн чимэг, Өрнөд Азийн урлагийн бүтээл болох хүний дүрслэл бүхий ширдэг зэрэг Хүннү ба өрнө зүгийн орнуудын соёлын харилцааны гэрч болсон, урьд өмнө олдож байгаагүй чухаг олдворууд илэрснийг Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт өвийн бүртгэлд оруулсан юм.

    Ноён уулыг байгаль-түүхийн дархан газар болгохын учир

    Дээр дурдсан бүхэн Ноён уул бол төрийн хамгаалалд байх учиртайг дахин давтан сануулж буй боловч харамсалтай нь өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдал үүний эсрэг байна. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд, Монгол улсын нутаг дахь соёлын өв дурсгал асар ихээр сүйдэн устах буюу сэвтэн гэмтэж байгаа нь хэний ч нүдний өмнөх илхэн зүйл болоод байна.

    Монголын, одоогоор мэдэгдэж буй анхны төрт улсын хаад ихсийн онгон дархан уул болох Ноён уулыг ч цагийн ороо бусгаа байдлыг далимдуулан гагцхүү эд ашгийн үүднээс ухаж сүйтгэсэн нь зөвхөн өнөөдрийн хэрэг биш билээ.

    Эдийн засгийн хямрал бэрхшээл хэзээ ч болж болох боловч түүгээр далимдуулан хаа дуртай газраа ямар ч баялгийг ухаж эрх хүслээ хангана гэдэг бол “боохой борооноор” гэдэг үгийг санагдуулж байна. Аливаа хямрал доройтол хэзээ болох нь болзоогүй, тэгээд ч “хямрал”-ын үед дан ганц уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлснээр сайжралыг олохгүй бөгөөд харин ч улсын эдийн засгийг аль болох төрөлжүүлж аж ахуйн олон зүйлийг салбарлуулбал “хямрал”-ыг давна, цаашилбал улсаа улсын дайтай хөгжүүлж болно гэдгийг дотоод, гадаадын судлаачид, зөвлөх мэргэжилтнүүд хэлсээр байна.

    Үнэхээр их баялаг байгаад түүний хуваарилалт шударга бус бол нийт ард түмэнд ямар ч унац ашиг байдаггүй бөгөөд байгаль дэлхий, өв соёлоо сүйтгүүлэн сүйтгүүлэн ядуураад байх ямар ч шаардлага алга гэдгийг манай туршлага хангалттай харуулсан биш үү?

    Үүнийгээ эрх мэдэлтнүүд, тухайн орон нутаг болоод нийт улс орны аж амьдралыг дээшлүүлэхээр хийж байна гэх боловч бодот хэрэг дээрээ эсрэгээр болдгийг бид харсаар, энэ үйлийн үрийг бие сэтгэлээрээ мэдэрсээр байна. Хэрэв уул уурхай үнэхээр хөгжлийн ганц гарц юм бол өнөөдрийнх шиг улсын өр таазандаа тулж ардын амьжиргаа шалнаас доош орохгүй байхсан. Нийт улс оронд ийм байдаг байж, ядаж анх алтны олборлолт эрхэлсэн орон нутагт нь өөр байдаг байлгүй гэтэл санаснаас хол доор байдалтай болчихоод байгааг аймгуудаас Баянхонгор, Төв, сумуудаас Заамар, Хонгор, Шарынгол, Борнуурын жишээ бидэнд тун тодорхой харуулж байна. Гэтэл одоо, ашиг нэр хөөсөн этгээдүүд цаг зуурын энэ бэрхшээлийг завшаан болгож зөвхөн олз хөөж улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн яг тэр аргаараа буцаан босгоно гэж Ноён уул мэтийн усны ундарга, дурсгалын охийг агуулсан газар руу улайран дайрч байна.

    Соёлын үл хөдлөх өвийг тойруулан бүс татан хашаалж хажууд нь бичигтэй самбар зоогоод улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан нэр зүүдэг байсныг орчин үеийн олон улсын жишигтэй зүйрлэвэл газар гэрийг орд харш гэсэнтэй агаар нэг юм.

    Соёлын өвийг онгон тансаг байгаль орчинтой нь, цогцоор нь, өргөн талбайгаар дархалдаг ёс олон улс дахинаа хэдийнээ хэвшсэнийг хаа холын хөгжингүй орнууд гэлгүй хажуугийн Казахстанаар жишээлэн харж болно. Тэнд байгалийн баялаг их, түүнийгээ бас гадныхантай хамтран олборлодог, хүн ам харьцангуй цөөн, газар нутаг уудам гээд манайхтай ижил олон зүйл бийг бүгд мэднэ.

    Гэтэл Казахстанаас наанадаж 70-аад жилийн өмнө тусгаар улс болсон, төрийн 2200 илүү жилийн түүхэн уламжлалтай гэх манай улсад ёс юм шиг аль баян тансаг уул устай, өвөг дээдсийн өв дурсгалтай газарт нь хүнд техник, өрөм, шанага зоолттой, өдөр шөнөгүй ухаж тэсэлж байдаг шүү дээ.

    Соёлын өв дурсгалдаа ингэж ханддаг орон энэ дэлхийд байх нь ч байна. Арваад жилийн өмнө талибууд Афганистаны засгийн эрхэнд байхдаа Бамианы хадан уулан дахь, манай Ноён уулын хаадын булштай насаар бараг чацуу Бурхан багшийн хөрөг дүрийг буудаж дэлбэлснийг дэлхий нийтээр мэдэх билээ. Гэвч талибуудад өөрсдийгөө зөвтгөх шалтгаан бий. Наад зах нь тэд бол мусульман, чулуун хөрөг бол Бурханы шашных, тэдний өвөг дээдэс тэр дурсгалыг бүтээгээгүй. Тэгээд ч тэд үзэл суртлын зорилгоор үүнийг хийсэн.

    Харин бид юуны төлөө Ноён уулыг ухаж (ухуулж) байна вэ?

    Хэрэв бид өнөөдөр “супер нинжа” нар (тэд өөрсдийгөө ингэж нэрлэж байхыг зохиогч сонсож билээ)-ын даварсан үйлдлийг дэмжих буюу дуугүй өнгөрөөвөл маргааш тэд бас өөр нэгэн “хямрал” гэгчээр далимдуулан “Бурхан Халдун уулын доор 50 мянган тонн алт байна. Гэхдээ энэ нь уулын ар тал юм аа. Уулын өврийг ерөөсөө хөндөхгүй. Үүнийг л гаргаад ирвэл бид хөгжлийн манлайд хүрнэ” гээд даян дэлхийн эсгий туургатны шүтээн уулын талыг тасдаж тэгшлэхээр улайран зүтгэх болно.

    Цаг зуурын бэрхшээлээр түрий барин үеэс үед дээдлэн шүтсэн газрыг ашгийн төлөө уудлан самарч өвөг дээдсийн ясыг өндөлзүүлвээс өв уламжлалаа дэвслэн эд ашгийн төлөө хомхойрохыг үр хойчдоо биеэр үлгэрлэх, эртний уг язгуураа доромжлон гутааж тэртээ тэргүй Хүннү дээдсийг “булаацалдан” буй олон улсад нэрээ барахын үүд нээгдэнэ.

    Тиймээс байгаль түүхийн дархан газар гэдгийг байгуулахын гол зорилго бол хэдхэн хүний хангалуун амьдралын төлөө чирч ирсэн тэдгээр өрөм, шанага, хүрз, зээтүү, хүнд машиныг хаад ихсийн онгоноос “долоон уулын цаагуур” далд оруулан холдуулж өвөг дээдсийнхээ өвийг орчин үеийн түвшинд хадгалан хамгаалах, судлан шинжлэх, ард иргэддээ сурталчлан таниулах амар тайван, ариун цэвэр орчныг бий болгох явдал юм.

    Эс тэгвэл буурал дээдсийн мөнх хүүрийг агуулсан, эх түүхийг маань сануулах энхжингийн ариун орны дэргэд арван алд там, алив хор хог зэрэгцсээр, тэдгээр нь ард иргэдийн амар тайван, эрүүл энх, тэгш дүүрэн амьдралын үндэс болсон цэнгэг ус, цэвэр агаар, ариун шороо, атар хөрсийг бузарласаар байх болно.

    Одоогоос 200 орчим жилийн өмнө, монголчууд өөрийн төр улсыг дахин сэргээхээс аль урьд, Манж Чин гүрний эрхшээлд байхдаа Ноён уулыг дархан газар болгож байсныг, 1910-аад онд яг өнөөдрийнх шиг “шинэ тулгар улсын санг арвижуулах зорилгоор” Ноён уулыг “Монголоор” хэмээх гадаадын компаниар ухуулж байсныг, үүнээс болж ард түмний дунд “Дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдсан сайдууд гуай” гэсэн үгтэй дуу түгж байсныг сануулъя.

    2000 гаруй жилийн өмнө Монголын өвөг хаад алс баруун зүгийн хүчирхэг Ром гүрэн, Өрнөд Азийн Парфийн улс зэрэг хүн төрөлхтөний эртний соёлын голомтуудтай өргөн дэлгэр харилцаатай байсныг илтгэн харуулах үнэт их баримтыг агуулсан, зөвхөн өнөө бидэнд мэдэгдэж байгаагаар 250 илүү булштай Ноён уулыг байгаль-түүхийн дархан газар болгож төрийн хамгаалалтад авсан шиг авах шаардлагатай байна.

    Үүнд Монгол улс, Монголын ард түмнийхээ соёлын өв, байгаль орчныг хайрлан хамгаалж үр хойчдоо үлдээхийг эрмэлзэгч хэн бүхэн, ялангуяа соёлын өвтэй холбоотой судалгаа, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа явуулдаг, төрийн болоод төрийн бус байгууллагууд эе хүчээ нэгтгэхийг уриалж байна.

    ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга