Category: mongolian-national-identity

  • Г.ОЮУНБАЯР: Монгол инженерүүд 1984 онд компьютер, 2006 онд кластер угсарч байлаа

    Монголд угсарсан анхны компьютерийг 1989 онд үйлдвэрлэсэн Монел брэнд гэж үзэх хүн олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ 1984 онд угсарч ажиллуулсан “Оч” микрокомпьютер бол яах аргагүй анхных юм. “Оч”-ийн эд анги, эрэг боолт бүрийг нь ширхэгчлэн цуглууж, оюуны эд эс бүхнээ зориулан бүтээсэн багийнхан хожмоо бүгд энэ салбартаа үнэлэгдсэн эрхмүүд болсон бөгөөд тэдний нэг Г. Оюунбаяр (компьютерийн инженер, бакалавр)-ын дурсамжаас хуваалцаж байна. “Очоос гал өрнөдөг, одоохондоо бүтээл маань оч төдий байгаа ч дүрэлзэн асах цаг нь ирнэ” хэмээн монголын анхны компьютерийг “Оч” хэмээн нэрлэж байснаа ийнхүү дурслаа.

    “ОЧ” МИКРОКОМПЬЮТЕР

    och computer

    1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Altair, IBM PC, Apple, Sinclair, Commodore зэрэг хувь хүнд зориулсан микрокомпьютерүүдийн тухай мэдээллийг олж үзээд маш их цочирддог байв. Энэ бол Монголд транзисторт суурилсан “Минск-32”, тэрбайтугай релей-механик табулятор машинуудтай байсан үе. Аз болоход 1983 онд Польшоос авсан МЕРА-100 мини компьютер, дисплей зэрэгт нөгөө Altair зэрэг микро-компьютерийн суурь болсон Intel 8080/85, Z80, 6502 байдаг байсан нь тэдний ажиллагааг мэдэхэд их нэмэр болов. Төхөөрөмжүүдийг дагалдаад микропроцессор, санах ой зэрэг цөөн чип сэлбэг маягаар ирсэн нь авч туршилт хийх хорхой хүргэдэг байлаа. Ингээд тухайн үеийн Тооцоолон бодох төвийн инженерүүд Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя, Д.Дашцэрэн, Гантөмөр нар хэн нэгний даалгавар, заавраар бус өөрсдийн сонирхлоор компьютер бүтээхээр ажиллаж эхэлсэн юм.

    Хилийн дээс алхах, гадаад улсаас ирсэн инженерүүдтэй хамтран ажиллах завшаан тохиох бүрт компьютер бүтээхэд хэрэг болох материал, хэрэгсэл цуглуулдаг байлаа. Ингэсээр овоо их сэлбэг цуглуулж чадсан юм. Ингээд ил, далд цуглуулсан сэлбэг хэрэгслээрээ “Оч”-оо угсарч, тухайн үеийнхээ ШБОС-84 үзэсгэлэнд оролцож, Хүрэл медаль хүртсэн юм.

    Энэ бол 1984 он буюу Цахиурын хөндийд Стив Жобс хэрэглээний компьютерын шинэ загвар болох “Macintosh”-оо танилцуулж байсан үе юм.

    1984 оны намар “Оч”-ийг Болгарын Правец хотод зохиогдсон ОУ-ын үзэсгэлэнд явуулсан ба тэндээс тусгай шагнал хүртэв. Гэвч ирэх замдаа гэмтсэнээс болж “Оч” тухайн үеийн хэлбэрээрээ дахин ажилласангүй.

    “ОЧ-2” МИКРОКОМПЬЮТЕР

    “Оч”-ийн үлдэгдлийг бүрэн задалж Г.Оюунбаяр, О.Батсүх нар хуваан авав. Г.Оюунбаяр тэдгээр элемент, мөн 3 жил орчим цуглуулсан эд ангиудаа нэмж ашиглан “Оч-2” микрокомпьютерийг 1988 онд угсарч дуусгав. “Оч-2” хэдий найдвартай сайн ажилладаг байсан ч, магнитофоны лент дээр гадаад санах ойг хийснээс уян дисктэй персональ компьютертэй өрсөлдөх аргагүй байснаар амбаарт хураагдсан юм.

    “ОЧ”-УУД ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БЭ?

    • Сэлбэг хэрэгсэл нь байвал компьютер үйлдвэрлэх боломж, боловсон хүчин Монголд байгааг нотлон харуулав.

    • Моралийн элэгдэлд орсон Минск-22/32, М-222 мэйнфрэймүүдээс дутахгүй хүчин чадалтай компьютерийг хямд зардлаар үйлдвэрлэх боломжтойг харуулав.

    • “Оч”-г бүтээсэн явдал зарим мэргэжилтнийг зоригжуулж, идэвхижүүлсэн, нэлээдийн эргэлзээ, тээнэгэлзээг арилгасан байх.

    Бидний цуглуулсан микрокомпьютер, програмчлалын талаар цуглуулсан ном, сэтгүүл, схемүүд, ассемблер, basic дээрх программууд, мөн деталиудын эрэлт ихэсч, манайхныг асуултаар булах болов. Эдгээрийг ашиглаж инженер-электроникч А.Батмөнх программатор, ТБТ-ийн инженер-электронч Ч.Сэмжидмаагийн баг i8080-д суурилсан цаг, 1986 онд ТБТ-ын инженер П.Төмөрбаатарын баг (ТБТ-ийн О. Батсүх, Ж. Пүрэв нар бүтээлцсэн) 6502 бүхий Пионер компьютер, Хэнтийн статистикч Дорждэрэм (ердөө 7-р ангийн боловсролтой) микрокомпьютер, ТБТ-ийн инженер-электронч Т.Алагсай програматор, Цаг уурын инженер-электронч С. Ганбаатар тусгай зориулалтын компьютер, Эрдэнэтийн ГОК-ийн инженер Ч.Давааням (одоо Петровис ХХК-ийн ТУЗ-ын дарга), Филармонийн Энхбаяр нар микрокомпьютер хийж байсан зэрэг нь оч бадарч эхэлсэн, дараа нь хэдэн зуун Монел PC үйлдвэрлэгдсэн, өнөө үед IT Zone компани хэдэн мянгаар PC угсарч байгаа зэрэг нь гал дүрэлзэж эхэлсний илэрхийлэл бизээ. Микрокомпьютер, PC, нөүтбүүк, таблет, смартфон хэдий хэрэгтэй ч, судлаачид, бизнес, төрийн бодлогуудын хүчин чадлын шаардлагын хязгаар их хол, хамгийн хүчтэй PCийнхээс 100-1000 ба дээш дахин илүү гэж тооцож болно.

    1980-аад онд ТБТ-ийн мэйнфрэймүүдэд хүн амын, загварчлалын, түүвэр судалгааны тооцоонууд орж ирэхэд процессор таг болж зөвхөн пультийн гэрлүүд нь анивчаад байдаг байв. 2000 онд ХАОСТ-ын 2 сая гаруй хүний мэдээллийг өөр формат руу шилжүүлэхэд их хүчтэй сервер хэдэн цаг “дүлийрдэг” байлаа. Цаг уурын, геологи, уул уурхайн, ШУ-ны судалгаа шинжилгээ, гар утасны операторын үйлчилгээний гэх мэтээр бэрх бодлогуудыг үргэлжлүүлж болно. 1994 онд Азийн Суперкомпьютерийн төв байгуулах, 2003 онд GRID computing төслүүдэд оролцож байсны хувьд Г.Оюунбаяр 2006 онд Бит ТНН-ийн захирал Л.Доржтой хамт 2 node бүхий туршилтын кластер (зураг 2), Бит Сервис ХХК-ийн захирал Д.Толятай хамт 5 node бүхий Bit HPC (зураг 3, одоо ШУА-ийн музейд байгаа), хүү Энхбаттайгаа хамт 4 node бүхий G8 (зураг 4) кластерууд угсарч туршив. Суперкомпьютерийн төсөл боловсруулж хэд хэдэн байгууллагад өргөн барьсан ч “эдийн засгийн хямрал”, “хууль эрх зүйн орчин бүрдээгүй”, “хүлээж бай” гэх мэт хариу өгч байлаа. Одоо цагт суперкомпьютер, серверүүд, тэрбайтугай switch, бүр datacenter cloud дээрх үйлчилгээ (IaaS) болчихож байгааг харгалзан туршилтаар 2011 онд Google-ийн Appspot нэртэй Cloud дээр application байршуулж болохоор сайт бий болгосныг ict-expo. appspot.com-оос үзэж болох юм.

    BIT HPC (Pentium D, Opteron), 2006. Mr. Tolya D, Oyunbayar G. MS Windows Compute Cluster Server 2003
    Compute Cluster Pack. Compiler C. MS Visual Studio 2005

    Дээрх СК-ууд, Cloud-ыг ажлын бус цагаар угсарч систем суулгадаг, тохиргоо хийдэг байлаа. 1983-1988, 1990ээд оных шиг шөнийн цагаар л амжуулжээ. Рак, түүний тоноглол, хөргөлтийн систем, нэмэлт деталиудыг мөн адил өөрөө хийж, “Оч”-уудыг хийснээс хамаагүй их материал, хөдөлмөр зарсан байдаг. Сонин байж юу магад, Microsoft-оос node бүрийн серверт Activation code авахад (би системээ олон дахин суулгасан, 4-5 node тус бүр дээр 5-6 удаа) тэд залхаад гэх юм уу нэг нь мессенжер хаягаа надад өгч хүссэн даруй минь code ирүүлдэг байв. MS CCS2003-ийн Beta 2-ыг суурилуулахад хэдий зааврын дагуу явсан ч серверт ер суудаггүй. Microsoft-той холбогдоод “US гэхэд болж байна, Монгол гэхэд суудаггүй, би Монголд байна” гэхэд минь “Өө тийм үү, наадах чинь bug байх, шалгаадхъя гээд, дараа нь “Үнэн байна, bug report хийсэнд баярлалаа, бид засна аа, одоохондоо US гэж явж болно” гэж билээ. Энэ “Оч” болон бусад олон “Оч”-оос зарим маань гал авч Нийслэл, суурин газар орчмыг гэрэлтүүлж эхэлсэн ч гал “Үүл”-нд хүрч байж Монгол улсыг хот, хөдөөгүй гийгүүлнэ. Хангалттай хүчин чадалтай МоnCloud байгуулж, түүн руу “гал”-аа шилжүүлэх үйлсэд тань амжилт хүсъе.

    Г. Оюунбаяр

  • Ш.ЯЛАЛТ: ​Тонныг нь 50$-р зарж чадахгүй бга нүүрсэнд 1кг нь хагас сая $-р үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан онгоцний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал материал байгаа

    Монголын анхны электроникийн үйлдвэр МОНЕЛ-ийг үүсгэн байгуулагч, Монелтех компанийн захирал Ш.ЯЛАЛТын инновацийн талаар бичсэн ИННОВАЦИ эсвэл СҮЙРЭЛ нийтлэлийг танд хүргэж байна.

    МОНГОЛ УЛСАД ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

    Монгол орны эдийн засгийн байдлыг сайжруулах нэг үндсэн арга зам бий. Энэ бол мэдлэг шингэсэн, материалын орц багатай, өрсөлдөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эдийн засгийг амь оруулах явдал юм. Ийм учраас инновацийн үйл ажиллагааны хөгжлийг хангаж, эрчимжүүлэх, шинжлэх ухаан технологийн өнөөгийн ололтуудыг сорчлон авч үйлдвэрлэлдээ шуурхай нутагшуулан нэвтрүүлж эдийн засгийнхаа бодит өсөлтийг хангаснаар ард түмний аж амьдрал дээшилнэ.
    Хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын ДНБ-ий өсөлтийн 70-85 хувийг мэдлэгт тулгуурласан, инновацийн технологи бүхий үйлдвэрлэлээр хангаж байна. Тухайлбал, мэдлэгт тулгуурласан иргэний нийгэм товойн гарч ирээд, тэрхүү мэдлэг нь инновацид тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна.

    Ингээд мөн нэгэн цоо шинэ соёл иргэншил үүсэн төлөвших нь. Энэ нь инновацийн соёл иргэншил гэж нэрлэгдэх боллоо. Шинэ төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэдэн арван жил, бүхэл зуунаар хэмжигдэж байсан бол сүүлийн үед бүр хэдхэн сараар хэмжигдэх болж байна. Хөгжил дэвшил, өсөлтийн хамгийн гол хэмжүүр үзүүлэлт нь инновацийг хэрхэн төрүүлж байгаа, бойжуулж байгаа, нутагшуулж байгаа болон үр шимийг нь хүртэж байгаа байдал юм. Электроникийн салбарт анх эхэлж хүчээ авсан инновацийн их давалгаа нь өнөөдөр программ хангамж, харилцаа холбоо, хими биологи, материал судлал зэрэг манай гаригийн үйлдвэрлэл, технологийн бүх салбарыг хамрах болжээ.
    Энд чухам инноваци гэж юу болох тухай ойлголтыг жаахан тодруулъя. Инновацийг хэд хэдэн талаас нь авч үздэг. Ерөнхийдөө эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон нээлт, шинэ бүтээлийг үйлдвэрлэлд бүтээгдэхүүн хэлбэрээр нэвтрүүлсэн үйл ажиллагааг хэлдэг. Инновацийн тухай ойлголт нь шинэ бүтээгдэхүүн гаргах, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг хэрэгжүүлэх арга, технологи, эрдэм шинжилгээний болон зохион бүтээх үйл ажиллагаа юм. Мөн тэдгээрийг зохион байгуулах, эдийн засгийн ашиг олохоор санхүүжүүлэх зэрэг хүрээг ч мөн хамруулна. Энэ дундаас инновацийн хоёр чухал онцлогийг тодорхойлбол:
    Нэгдүгээрт, бүтээлч үйл ажиллагаа, оюуны хөдөлмөрийн үр дүн.
    Хоёрдугаарт, шинэлэг зүйлийг нэвтрүүлэх үйл ажиллагаа юм.
    Сүүлийн үед инновацийн Олон улсын стандарт гэдэг ойлголт гарсан. Инновацийг бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинэ болон сайжруулсан бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэхэд шаардлагатай технологийн процесс хэлбэрээр илрэн гарч ирээд практикт нэвтрэн зах зээлд амжилттай борлуулж байгаа эцсийн үр дүн гэж ойлгож болох юм. Харин шинэлэг санаа, зураг схем, онолын үндэслэл зэрэг нь практикт нэвтэрч хэрэглээнд хүрээгүй л бол инноваци гэхгүй. Өөрөөр хэлбэл, сувай үнээтэй л ижил юм даа.
    Иймд инноваци нь шинжлэх ухаан, технологийн шинэлэг чанар, практикт нэвтэрсэн байдал буюу үйлдвэрлэгдэж эхэлсэн, өөрөөр хэлбэл аль нэг салбарт хэрэглэгдэж байдаг гэсэн үг.
    Тэгвэл инновацийн процесс гэдэг нь шинэлэг зүйлийг бүтээх ба дэлгэрүүлэх үйл ажиллагаа юм. Ер нь “Innovation” гэдэг англи үг нь шинэчлэл, шинийг сэдэх, шинэ санаачилга гэж ойлгогддог.
    Монгол Улсын эдийн засаг сүүлийн хэдэн жилийн дотор “Баялгийн хараал”-д ямар нэг хэмжээгээр өртөн, ганцхан хоногт олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгөө гадаадын хөрөнгө оруулагч нэртэй мөнгө хүүлэгчдэд хүү хэлбэрээр төлж байна. Энэ нь эдийн засагт ямар их дарамт үзүүлж, бүр муужруулж байгаа нь ойлгомжтой. Энгийн үгээр хэлбэл, хайртай охиноо хадамд өгөөд дараа нь өдөр болгон хурдан морио хүргэндээ барьж өгч нядлуулж байна гэсэнтэй агаар нэгэн юм.
    Манай эдийн засагт өндөр технологийн үйлдвэрлэлийн эзлэх хувь өчүүхэн байгаа нь инновацийн төвшин дэндүү доогуур байгааг бэлхнээ харуулж байгаа. Ихэвчлэн хүрзний технологи голлож, баялгийг ухаж аваад зарахыг л манай толгой бизнесмэнүүд чадаж байна. Хэсэг хугацаанд ингэж мөнгө босгож болох ч энэ нь яваандаа мөхөлд хүргэх нь дамжиггүй. Хөгжсөн орнууд нүүрснээс 500 гаруй төрлийн материал гарган авч байна. Нүүрс гэхэд 15-20 жилийн дараа хэнд ч хэрэггүй болох магадлалтай. Энэ нь эрчим хүчний цоо шинэ эх үүсвэр бий болж байгаатай холбоотой. Одоо манай улсын Шинэ технологи – Инновацийн боломж, өрсөлдөх чадварыг авч үзье.
    Саяхан эдийн засгийн өсөлт 18 хувьд хүрлээ гэж хөөрцөглөж байсансан. Савангийн хөөс мэт замхрахад манай төр засгийн газрын түшмэдүүдийн санаачлан хэрэгжүүлж ирсэн зуун ямаанд жаран ухны үлгэр болох Тахарын алба, Боомтын нэгдсэн захиргаа, Хөдөлмөр нийгэм хангамжийн хоёрын хоёр яам, төрийн албан хаагчдын тоог сүүлийн хоёрхон жилд 30000 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгаа сөхрүүлэх “инновациуд” илт нөлөөлсөн нь тодорхой.

    Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс ялангуяа сүүлийн жилүүдэд өөрийн орны оюун ухааны хүчин чадлыг эдийн засгийн, технологийн инноваци хөгжүүлэх, нутагшуулах, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлж чадсангүй. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг хангаад цаашаа дэлхийн зах зээлд гарахын ганц болзол бол инновацийн төвшин гэдэгтэй одоо маргах хүн гарахгүй байх. Өөрөөр хэлбэл, хөгжлийн тулгуур нь инновацийн эдийн засаг, мэдлэгт тулгуурласан эдийн засаг байх учиртай.
    Уул уурхайг хөгжүүлэхийн хажуугаар мэдлэгийн үйлдвэрлэлийг 100 дахин хурдан хөгжүүлж чадвал сая найдвартай түргэн хөгжлийн замд орох түлхүүрийг гартаа оруулна. Энд хамгийн гол хоёр хөшүүрэг хэрэгтэй бөгөөд энэ нь инновацид зориулах төсвийн хөрөнгө, татварын бүтэц юм.
    Хүнд суртлын данхар бүтэц тэнд зарцуулж байгаа төсвийн нүсэр хөрөнгөн дотор судалгааны ажилд зарцуулж байгаа хөрөнгө үнэндээ нуудгайгаа далдлахад ч хүрэхгүй ДНБ-ий дөнгөж 0.27 хувь байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг “харакири” хийхэд түлхэж байна. Инноваци нэвтрүүлэлтийн төвшнөөр манай улс нэлээд сүүлийн байрт найдвартай хэвтэж байгаа нь судалгаанаас харахад тодорхой байна. Тухайлбал, чадварлаг инженерүүдийн хүрэлцээ, технологийн дэвшлийг дэмжих бодлого, дэвшилт технологийн хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны дэмжлэг зэрэг үзүүлэлт дэндүү доогуур байна. Тухайлбал, Сингапур зэрэг улстай харьцуулахад 2-3 дахин доогуур байгаа бөгөөд өндөр технологийн агуулга бүхий экспортын нийт экспортод эзлэх хувь Сингапурт 45.16 хувь байхад манайд дөнгөж 0.3 хувь байна. Дээрх хүснэгтээс харахад 100000 хүнд ногдож байгаа патент мэдүүлгийн тоо Сингапурт 87 байхад манайд ердөө нэг байх жишээтэй.
    Байгалийн асар их баялагтай, 50 сая малтай, гуравхан сая хүнтэй, цунами хар салхи хэзээ ч нүүрлэхгүй Ази тивийн өндөрлөгт байрладаг орны иргэд болж төрчихөөд бид яагаад ингэж амьдрах болов оо? Яагаад хүн амын тэн хагас нь дөнгөж өл залгуулж явна вэ?
    Ганцхан шалтгаан байгаа нь биднийг удирдахаар гарч ирсэн үндэсний лидерүүд хэмээх хэсэг бүлэг хүмүүс өндөр технологи, инноваци нэвтрүүлэх ухаан, чадвар хүрэлцэхгүй, засаглалыг зөвхөн өөрсдийн халаасыг түнтийлгэх хэрэгсэл болгон ашиглаж байгаатай холбоотой. Үүний үр дүнд Монгол Улсад өнөөдөр долларын тэрбумтан хоёр, саятнууд хэдэн арваараа төрийн мөнгөөр төржээ.
    Өнгөрсөн зуунд Даймлер Бенц шинэ бүтээгдэхүүн болох автомашин үйлдвэрлэсэн бол Генри Форд технологийн инноваци нэвтрүүлсэн нь конвейрын шугам байв. Энэ нь бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх боломж олгосон шинэ инноваци байсан юм. WalМart-ын сүлжээ дэлгүүр болон ах дүү МcDonalds нарын нийтийн хоолны шинэ зохион байгуулалтын инновацийг олон жилийн өмнө нэвтрүүлсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.
    Ийм гурван төрлийн инновацид тулгуурласан эдийн засаг, нийгмийн дэвшил бүхий улс нь хөгжингүй орон гэж тооцогдож байгаа бөгөөд хөгжил дэвшил гэдэг нь товчоор инноваци нэвтрүүлж чадаж байгаагийн үзүүлэлт болжээ.
    Уг нь бидний Монгол Улс гайхамшигтай инновацийн бүтээлүүдийг түүхэндээ хэрэгжүүлж ирснийг Ил хаадын үед Персид байгуулсан өнөөгийн NASA-тай эн тэнцэх одон орны судалгааны төв, услалтын систем, дөнгөж өнөөдөр учрыг нь олж байна. Жишээ нь, композит материалаар хийгдэж байсан өндөр хурд, цохилтын хүчтэй исгэрдэг нум сум, хоорондоо өртөөний зайнд байрласан элсэн цөлийн дундахь агаараас ус ялгадаг эрчлүүрт технологийн худгууд, пуужинт технологийн эхлэл болох галт сумаар харвагч техник хэрэгслүүд, тэр үед Европ тивд ч байгаагүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа халуун усанд орж, алжаал тайлдаг газрууд, цэвэр бохир усны системүүд, олон арван мянган цэрэг дайчдыг хооллож, ундалж чадаж байсан одоогийн Макдональдсаас дутахгүй систем, орчин үеийн интернэтийн өвөг эцэг гэгдэж байгаа шуурхай морин өртөө зэргээс харж болно.
    Хүлэг хаан баруун зүг дайлаар мордохдоо их цэргийн урд талд 20000 хүнтэй инженер, техникийн бүхэл бүтэн алба хөдөлгөж шаардлагатай гүүр, хүнсний агуулах бусад байгууламж барих, цэргийн хүнд техникийг сэлбэх, засварлах зэрэг ажлыг гүйцэтгүүлж байжээ. Германы их гүн ухаантан В.Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж нэгэн алдарт бүтээлдээ хэлсэн байдаг нь монголчуудын гени ямар их агуу түүхэн уламжлал, потенциалтай гэдгийг дэлхий үнэлж байсны тод гэрч мөн билээ.
    Үндэсний инженер техникийн болон эрдэмтдийн хүчийг нэгтгэн төвлөрүүлж эдийн засгийнхаа нэн тулгамдсан асуудлуудыг шийдэх хугацаатай үүрэг даалгавар өгч, зорилго тавин, шаардлагатай санхүүжилтээр хангаж чадвал манай Монгол Улс ойрын хугацаанд сэргэн босож ирэх боломжтой. Үүний нэгээхэн баталгаа нь хэдэн жилийн өмнө МОНЭЛ фирмийн инженерүүд Монголын ориг компьютер зохион бүтээж, өнгөт телевизор үйлдвэрлэж, сансрын болон биотехнологийн зориулалттай өндөр нарийвчлалтай электрон техник хэрэгсэл үйлдвэрлэн гадаад оронд нийлүүлж байсан нь Монгол Улс 2200 жилийн түүхэндээ анх удаа өндөр технологийн бүтээгдэхүүн экспортолж байсан түүх болон үлдсэн юм. Энэ инновацийн багахан үйлдвэрийг босгоход Монгол Улс нийтдээ тав орчим сая ам.доллар зарцуулсан байдаг.
    Эдийн засгаа инновацижуулж чадахгүй бол биднийг одоо нэрвэгдээд байгаа ядуугийн зовлон дээр оюун ухааны хоосрол нэрмэж Монгол Улс маань оршин тогтнох, цаашид бидний генийг, хөх толбыг өвлөн Мөнх тэнгэрийн дор түмэн жил алтан жолоог залах ирээдүй хойч маань ямархан нүүр царайтай, хэнбугай болчихсон байхыг тааварлахад үнэхээр аймшигтай.
    Хэдхэн жилийн өмнөх тоглоомын дүрэм “Инновацийг зайлшгүй тохиолдолд л нэвтрүүл” гэж байсан бол өнөөдрийн тоглоомын дүрмийг “Инноваци эсвэл сүйрэл” гэж томьёолохоос аргагүй болж байна.
    Монгол Улс өнөөдөр ямар ч үнээр гэсэн өөртөө шатахуун үйлдвэрлэдэг болох, нүүрснээсээ хамгийн наад захын бордоо, утаа багатай түлш, карбон нийлэг материал, композит материал, нэг квт нь 50 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүч, мах, сүү, ноос, ноолуур, барилгын материал үйлдвэрлэхэд шаардлагатай уур зэргийг гарган авч өргөн ашиглах, нано технологи, супер компьютер, жолоочгүй онгоцны үйлдвэрлэл эзэмших зэрэг ихээхэн өргөн боломж байгааг инновацийн шугамаар нутагшуулан хэрэгжүүлж эхлэхэд 3-5 жилийн дотор л нэг хүнд ногдох ДНБ 10000 долларт хүрэх бодит боломж нээлттэй байгааг Шинэ Засгийн газрын тэргүүнийхээ анхааралд хандуулж, өөрт чинь “Инновацийн засаглал” хэрэгжүүлэх түүхэн хариуцлага тулж ирээд байгааг анхааруулаад эхний яриагаа дуусгая.
    Эцэст нь, бидний ганц тонныг нь 50 ам.доллараар зарж чадахгүй байгаа нүүрсэн дотор нэг кг нь хагас сая ам.доллараар үнэлэгддэг сансрын техник, дуунаас хурдан нисэх онгоц, усан онгоц, хурдан галт тэрэгний үйлдвэрлэлд онцгой шаардлагатай чухал нэгэн материал байж л байгаа юмсан даа.

    2015 оны 5 дугаар сарын 2.
    Улаанбаатар хот

  • Минжингийн БОЛОРЦЭЦЭГ- Монголын үлэг гүрвэлийг дэлхийд таниулсан нэрт палеонтологич

    Нэрт палеонтологич, Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал

    Монгол Улсын үлэг гүрвэлийн судалгааг хийж олон улсад таниулах тал дээр үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд хулгайлагдсан Батаарыг Монголдоо авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр Монголын говьд Үлэг гүрвэлийн музей, парк байгуулж жуулчдыг татах, ирээдүйн дэлхийн хэмжээний Монгол палеонтологичдыг бэлдэх зорилготой ажилладаг.

    1996 онд ШУТИС, Геологийн сургуулийг Эрэл хайгуулын инженер мэргэжлээр бакалав;
    1997 онд ШУТИС, Геологийн сургуулийг Палеонтологийн магистр зэргийг Монголын эртний шүрийг судалж хамгаалсан;
    2005 онд Нью Иорк хотын их сургуулийн философийн магистр зэрэг;
    2007 онд Америкийн Байгалийн түүхийн музейд Монголын Цэрдийн галвын хөхтөн амьтдыг судалж докторын зэрэг тус тус хамгаалсан.
    2008 онд Монтана мужийн их сургуульд судлаач;
    2009 онд Өмнөд Жеоржийн их сургуульд профессор;
    2010 оноос Шинжлэх ухааны академийн Нью Иорк хот дахь суурин төлөөлөгч;
    2009 оны Wings WorldQuest олон улсын байгууллагын Тэргүүний эмэгтэй эрдэмтэн шагнал;
    2010 оны АНУ, Үндэсний газар зүйн нийгэмлэгийн залуу эрдэмтэн шагнал;
    2007 онд Монголын динозавр судлалын хүрээлэнг байгуулж, захиралаар нь ажиллаж байна.

    Монголын динозавр судлалын хүрээлэнгийн зорилго нь палеонтологийн шинжлэх ухааныг олон нийт, хүүхэд залуучуудад танин мэдүүлж, Монголын палеонтологийн олдворыг хамгаалах, ирээдүйн палеонтологчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах, Монголдоо палеонтологийн музей байгуулахаар зорин ажиллаж байна.

    2009, 2010, 2012 онд тус хүрээлэн нь говийн хүүхдүүд, багш, Улаанбаатар хотын музейн ажилтнууд, багш, АНУ-д суугаа Монголчууддаа зориулж “Говийн динозавр”, Музейн динозаврууд” гэсэн танин мэдэхүйн сургалт, хээрийн болон музейн аялалууд зохион байгуулсан. Мөн магистрын тэтгэлэг 6 оюутанд өгч, 2 оюутныг АНУ-д сургаад байна.

    Ярилцага унших

    https://www.facebook.com/bolortsetseg.minjin

  • М.БОЛОРЦЭЦЭГ: МОНГОЛЧУУД БИД ДЭЛХИЙД ХОВОРХОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ, ПАРКИЙГ ГОВЬДОО БАЙГУУЛЖ ЖУУЛЧДЫГ ТАТАХ БОЛОМЖТОЙ

    Монголын Динозавр судлалын Хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Минжингийн Болорцэцэг

    – Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

    МБ: Сайн, сайн байна уу? Юуны өмнө emegteichuud.mn сайтын хамт олонд болон, нийт сайтын уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Минжингийн Болорцэцэг гэдэг. ШУТИС-ын геологийн инженерийн ангийг дүүргэсэн. Харин магистрын зэрэг сээр нуруугүйтэний амьтаны чиглэлээр хамгаалсан. Докторын зэрэгээ “80 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан хөхтөн амьтан” гэсэн сэдвээр хамгаалсан. Одоо Америкт багшлахынхаа хажуугаар “Монголын динозавр судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байна.

    – Хүрээлэнгээ ямар зорилгоор байгуулав?

    МБ: Монголын динозавр судлалын хүрээлэн маань …. онд байгуулагдсан, төрийн бус байгууллага. Байгуулах болсон гол шалтгаан нь Монголын палентлогийн шинжлэх ухаан, олдвор үнэхээр хэцүү байдалд байгаа. Олдворын хувьд ярихад, олдворыг хууль бусаар гадаад руу гаргаж зарах, ашиг хонжоо олох асуудал гарч байгаа. Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал, хоёрдугаарт шинжлэх ухааны хувьд боловсон хүчний асуудал, энэ нь би докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтдийн хувьд ярьж байгаа хэрэг юм. Ийм хүмүүс Монголд асар дутагдалтай байна. Шинжлэх ухаан маань удаан хөгжиж байна. Манай орны материал дээр гадныхан их давамгайлж ажиллаж байна. Энэ бүх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж зорилготойгоор энэ ТББ байгууллагаа байгуулан ажиллаж байнаа. Манай хүрээлэнгийн уриа “Монголын палентлогийн ирээдүй”. Монголынхоо материал дээр Монголчууд өөрсдөө ажилламаар байна. Бас Монголын палентлогийн ирээдүйд залуу боловсон хүчнүүдийг дэмжиж, дэлхийн хэмжээнд гаргаж, энэ чиглэлээр хөгжил нь харьцангуй дээгүүр байгаа орнуудад эрдмийн зэрэг хамгаалуулах зорилготой.

    – Палентлогичдийн хувьд ажлын байр хир олдоцтой байдаг юм бол?

    Энэ үнэхээр чухал асуулт байна. Ажлын байрны хувьд учир дутагдалтай. Улсын чанартай газруудад ажилд орох нь хэцүү, орчихлоо гэхэд цалин, хангамж, ажиллах орчин муутай. Манай ТББ-ын бас нэгэн том зорилго бол палентлогичидоо ажлын байртай болгох. Энэ нь эцэстээ музей байгуулах явдал юм. Музей байгуулчихвал сургалт, судалгаагаа аль алиныг нь хослуулаад хийж болно гэсэн. Музей байгуулах бас нэгэн том шалтгаан бол одворуудыг хадгалах, байрлуулах хэрэгтэй байна. Гадагшаа гарсан гээд байгаа олдворуудаа буцааж авчирах, авч ирлээ гэхэд агуулах газар алга. Ингэхээр бүх зүйл музейтэй холбоотой болж байгаа юм.

    – Олдворууд гадагшаа гарсан гээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Энэ тал дээр хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байна уу?

    Мэдээж зохицуулалт байгаа л байх. Гэрээ хэлэлцээр хийсний дагуу, сургалт судалгааны зорилготойгоор олдворыг гадагшаа гаргаад, тодорхой хугацааны дараа буцааж авч ирэх ёстой. Гэтэл зарагдах асуудал гардаг. Энэ бол яахын аргагүй хууль бус зүйл. Гадагшаа гаргасан олдворуудыг хэн хэзээ ямар зорилготойгоор хэдэн ширхэгийг гаргасан, цаашлаад ямар байгууллага хариуцаж гаргасан нь тодорхой байх ёстой. Харин хувийн ашиг сонирхлоор, мөнгө олох зорилготойгоор гадагшаа гарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ бол үнэхээр “аймшигтай” асуудал. Үүнийг төр засаг анхаарах цаг нь нэгэнт болсон гэж бодож байна. Манай ТББ ч бас үүний эсрэг тэмцэж ажиллах зорилготой.

    – Динозавр судлахын ач холбогдол ер нь юу юм бэ?

    Энэ бол маш том шинжлэх ухаан. Тэр дундаа Монголын хувьд маш чухал. Учир нь гэвэл манай оронд олдворууд нь ихээр олддог, бараг шинэ шинжлэх ухааны салбар гэж хэлж болно. Музейгээ байгуулаад олдворуудаа хадгалж хамгаалаад эхэлчих юм бол маш том боломжууд нээгдэх гээд байна. Музей бол гэр бүлийн, танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий орчин юм. Динозавраар дамжуулаад олон зүйлийг танин мэдэх боломжтой. Ялангуяа хүүхдүүдийн хувьд динозавр гэхээр бүх зүйл нь сонирхолтой санагддаг. Түүнийг улам илүү мэдэх юмсан, харах юмсан гэсэн тэмүүлэлтэй болж байдаг. Танин мэдэхүйн хувьд ийм ач холбогдолтой. Харийн эдийн засгийн хувьд бас л томоохон ач холбогдолтой. Сургалт судалгаагаа эх орондоо хийчихнэ.Олдворуудыг үзэх гэж жуулчид ирэх боломжтой. Жуулчидыг дагаад, орчуулагч жолооч гээд ажлын байр бий болно. Ер нь музей байгуулах нь их олон ач холбогдолтой болж байна. Ийм учраас л олдворт газруудаа хамгаалах хэрэгтэй. Орон нутагт нь музейг нь байгуулж болж байна. Монголын хилээр Эрээн рүү гарахад, замын хажуу талаар хиймэл динозавры парк байгуулсан байдаг. Үүнийг бас бодох хэрэгтэй. Гэтэл манай орон чинь хэдэн сая жилийн өмнөх амьтадын өлгий нутаг гэгддэг. Хийх ажил, бодох зүйл их байна. Эртний амьтадын ул мөр, олдвор манай орны нэлээд олон аймгаас олддог. Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэх мэт. Эдгээр аймгуудад нь яагаад музей байгуулчихаж болохгүй гэж. Үүнийг засгийн газар цогцоор нь авч үзээд, ямар нэгэн бодлого хэрэгжүүлээсэй л гэж хүсч байна. Бид ч үүнд дуу хоолойгоо хүргэх гэж чадан ядаж ажиллаж байна.

    – Танай байгууллага байгуулагдсанаасаа хойш ямар ямар ажил хийж амжуулав?

    Нилээд хэдэн ажил хийсэн. 2007 онд Өмнөговь аймагт, Динозаврын танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт хүмүүст маш их таалагдсан. Олдворуудтай нэг нутагт зэрэгцэн амьдарч байгаа, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг нь хүргэж чадсан. Ингэснээр тэд өөрсдийн нутаг орноор бахархах гээд олон талын ач холбогдолтой. Сургалтын гол зорилго нь динозаврыг танин мэдэхээсээ илүүтэйгээр хамгаалах талыг нь илүүд зааж сургах явдал байсан юм. Дараа нь музейн ажилтануудад хотод сургалт зохион байгуулсан. Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “музейн хайрцаг” хоёр ширхэгийг хийж нэгийг нь Өмнөговь аймгийн музейд, нөгөөг нь Байгалийн түүхийн музейд байрлуулан ажлуулж байгаа. Энэ нь хүүхдүүдэд танин мэдэхүйн үнэхээр их ач холбогдолтой.

    – Таны юунд санаа зовдог, бас зорилгын талаар ерөнхийдөө ойлголоо. Хоёулаа яриагаа арай өөр тийш нь хандуулаад эмэгтэй хүн палентлогич байхын сайхан бас хэцүү талуудын тухай яривал?

    Энэ мэргэжил өөрөө хэцүү хүнд мэргэжлүүдийн нэг л дээ. Ер нь олон улсын практикт энэ мэргэжил нь эрэгтэйлэг буюу эрчүүд ихээр эзэмшдэг тийм мэргэжил. Миний хувьд энэ мэргэжил рүү аав маань хөтөлсөн. Би энэ мэргэжилдээ үнэхээр дуртай. Тиймдээ ч амжилттай ажиллаж, докторын зэргээ хамгаалаад байна. Эмэгтэй хүнийхээ хувьд олон өдөр сараар гэрээсээ хол явна гэдэг асар их тэсвэр тэвчээр шаардана. Тэр бүхнийг давж туулах л болдог. Гэхдээ би эрчүүдээс дутахааргүй ажилладаг. Эмэгтэй хүн энэ мэргэжилээр ажиллахын давуу тал гэвэл олдвортой харьцахдаа маш нямбай ханддаг. Эвдэж гэмтээхгүйн тулд эмэгтэй хүнийхээ нягт нямбай зангаа гаргадаг юм болов уу?

    – Энэ мэргэжлийг сонгох гэж байгаа охидуудад хандаж зөвлөөчээ гэвэл та юу зөвлөх вэ?

    Хамгийн гол нь энэ мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Бас энэ мэргэжлийнхээ сайн сайхан, хэцүү бэрх талуудыг нь танин мэдсэн байх хэрэгтэй. Дөнгөж дунд сургуулиа төгсөж байгаа охидод, энэ мэргэжлийн талаар манай байгууллага зөвлөгөө өгдөг. Эмэгтэйчүүд бид чинь хичээвэл юуг ч хийж бүтээж, даван туулж чаддаг хүмүүс. Тэгэхээр мэргэжилдээ дур сонирхолтой байх нь чухал даа.

    – Палентлогич эмэгтэй хүний бахархалтай зүйл юу вэ?

    Миний хувьд хамгийн гоё нь шинэ олдвор олох. Бас хээр хөдөө ажиллахад маш сонирхолтой байдаг. Эрчүүдээс дутахааргүй тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, шинэ олдвор олж илрүүлэх тэр үед өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг дөө.

    -Палентлогийн шинжлэх ухааныг монголд хөгжүүлэх арга замууд юу байна вэ?

    Би түрүүнд хэлсэн. Монгол орон бол эртний амьтадын өлгий нутаг. Олдвороор маш баялаг. Төрийн бодлогондоо оруулаад, засгийн газраас жаахан сэтгэл гаргаад дэмжээд өгвөл хөгжил аяндаа ирнэ. Хийе бүтээе гэсэн чин хүсэл бидэнд байна.

    – Ярилцсанд баярлалаа.

    Эх сурвалж: http://www.emegteichuud.mn/

  • МОНГОЛЫН АВЬЯАСЛАГ УРАН БҮТЭЭЛЧИД

    ЗУРААЧ БАДАМЫН ОТГОНТҮДЭВ

    БАРИМАЛЧ А.ОЧИРБОЛД

    КУРАТОР Ц.ЦЭНДПҮРЭВ

    ЗУРААЧ Б.БОЛД Монгол кино нэгтгэлийн ерөнхий зураач

    ФОТО ЗУРАГЧИН С.ЦАЦРАЛТ

    БАЛЕТЧИН АЛТАНХУЯГ

    ЗУРААЧ ГЭРЭЛ

    АЛДАРТ ХӨӨМИЙЧ Н.СЭНГЭДОРЖ

    ЖҮЖИГЧИН Р.АНХНЯМ

    ЯТГАЧ Ч.МӨНХ-ЭРДЭНЭ

    ЗУРААЧ Р.БАТЦЭНГЭЛ

    КИНО ЗОХИОЛЧ Л.ТАВАНБАЯР

    ДУУЧИН Б.АМАРХҮҮ

    ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ШАРАВ

    БАРИМАЛЧ Л.ГАНТӨМӨР

    ЖҮЖИГЧИН Б.АМАРСАЙХАН

    НАЙРУУЛАГЧ Н.НАРАНБААТАР

    ӨВ СОЁЛ СУДЛААЧ, ПРОДЬЮСЕР Д.ГАНПҮРЭВ

    ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ ЧИНБАТ

    ИМИЖ СУДЛААЧ Ш.МАНДАЛМАА

    ЗУРААЧ Н.ОРХОН

    ДУУЧИН С.ЖАВХЛАН

    ДИЗАЙНЕР Д.АРИУНДЭЛГЭР

    ДУУЧИН, ХӨГЖИМЧИН Б.БАТ-ӨЛЗИЙ

    ЗУРААЧ Э.ОТГОНБАЯР

    УРАН БАРИМАЛЧ, ШОГ ЗУРААЧ Н.ОРГИЛ

    ЦААСАН УРЛАЛ Д.ОДГЭРЭЛ

    ЗУРААЧ ҮРЖИНХАНД, ХОНГОРЗУЛ

    ДИЗАЙНЕР Ү.ЮМЖИР

    ЗУРААЧ ВАНДАНГИЙН УНДРАА

    КЕРАМИК УРЛААЧ У.ОДМАА

    ДИЗАЙНЕР Ц.ОЮУНАА

    ХАРАНГА ХАМТЛАГ

    ЗУРААЧ ГАНБААТАР

    ЗУРААЧ А.ЧАДРААБАЛ

  • Ш.Алтанбадралт: Орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн компаниудыг Монгол руу татахын тулд Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжтой

    Өнөөдөр орчин үеийн Дэлхийн шинжлэх ухааны ололт амжилттай мөр зэрэгцэн судалгаа, шинжилгээ хийдэг, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чадвар, потенциал бүхий монгол залуучууд цөөнгүй болж. Тэдний нэг болох Саудын Арабт Абдулл хааны сургуульд ажиллаж байгаад ирсэн, генийн инженерчлэлээр мэргэшсэн Ш.Алтанбадралттай ярилцсанаа хүргэе.

    Таны хувьд Монголд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх ямар боломжуудыг харж байна вэ?

    Монголчууд хангалуун амьдрахын тулд эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг гарцыг дээр, дооргүй хайж байна. Харин орчин үеийн ертөнцөд зарим улс үсрэнгүй хөгжөөд байгаагийн гол учир нь эдийн засгийг шинжлэх ухаантай холбож өгсөн явдал. Монгол улсын хувьд хүний мэдлэг шингэсэн технологийг эдийн засагт хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгээ зөв тодорхойлчих юм бол энэ гарц амархан олдоно.

    Бид өөрсдөө бүхнийг эхнээс нь судлаад шинэ технологиуд бий болгоно гэвэл маш их цаг орно. Харин өдий болтол хүн төрөлхтний хуримтлуулсан технологиудыг манайх аваад ашиглавал Монголд маш том орон зай байна. Хөгжингүй орнуудад бий болсон санаанууд нь бүгд үйлдвэрлэлд нэвтэрсэн байдаг учраас шинэ технологи гаргахын тулд нээлт хийх хэрэгтэй болдог. Харин Монголд ямар ч нээлт хийх хэрэггүй, өөрсдийнхөө хэрэгцээнд таарсан технологиудыг эзэмшээд эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. Хятадын үсрэнгүй хөгжсөний учир нь ердөө энэ. Гэхдээ хятадууд барууны технологийг бодитоор нь хулгайлж авчраагүй, 1970-аад оноос оюутнуудаа өндөр хөгжилтэй орнуудад улсын зардлаар сургаж эхэлсэн. Ингэхдээ судалгааны бүх чиглэлийг хамруулсан. Эдгээр оюутнууд 1990-иэд оноос эх орондоо сурсан, мэдсэнийхээ үр шимийг гаргаж эхэлсэн. Барууны технологиудыг эзэмшсэн хятад залуучууд ирээд ижил төстэй компаниуд байгуулж эхэлсэн. Ингээд бодохоор 1970-аад оны бодлогын үр дүн 20 дугаар зууны сүүлээр гарч Хятад улсын эдийн засаг дэлхийд хоёрт орсон.

    Монгол улс 2000-аад оноос оюутнуудаа гадаадад олноор сургаж эхэлсэн. Тэр үед гадаад явсан залуучуудын нэг нь би. Хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн хүмүүс эх орондоо ирэх хандлагатай байдаг. Миний хувьд Монголдоо мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулъя гэсэн бодол өвөрлөж ирсэн.

    Монголд ирээд сар гаруйхан болж байгаа учраас эрх зүйн орчноо дөнгөж судлаад эхэлж байна. Шинжлэх ухаан, эдийн засаг хоёрыг холбох анхны алхмууд хийгдэж байгаа юм байна. Шинжлэх ухааны байгууллагын дэргэд гарааны компани байгуулах гэдэг санаа их зүгээр санагдсан. Мэдлэг шингэсэн үйлдвэрлэл хөгжих эрх зүйн орчин бүрдсэн байна. Гэхдээ хэтэрхий цөөхөн гарааны компани байна. Тэднийг бүх талаар нь дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

    Түүнээс гадна гарааны компаний талаар өргөн далайцтай сурталчилгаа дутагдаад байх шиг. Магадгүй энэ талаар мэдээгүй ч үйлдвэрлэлд нэвтрэх санаа боловсруулчихсан судлаачид байгаа ч юм билүү.

    Манай эрдэмтэд төсөлдөө санхүүжилт олох боломжоор маш хомс байдаг. Дэлхийн жишигт шинжлэх ухааны төслийг санхүүжүүлэх тогтолцоо ямар байдаг юм бол?

    Амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа, үйлдвэрлэлээ тэлэх сонирхолтой, мөнгөтэй компаниудыг шинжлэх ухааны байгууллагуудтай холбож өгдөг нэг хэсэг байдаг. Тэр холбоосын үүргийг гүйцэтгэдэг бүтэц, механизмыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухааны ололтыг соргогоор ашиглаж чадсан компаниуд л тэргүүлэгч байж чаддаг. Эрдэмтдийн төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой бизнесменүүд Монголд байгаа гэж би бодож байна. Миний мэдэхээр “Гацуурт” компани газар тариалангийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлчихсэн байх жишээтэй. Бизнесменүүд маш сайн сэтгэдэг. Монголд ийм гарц байна, даанч хэрэгтэй судалгааг нь хийх хүн олдохгүй байна гээд явж байгаа бизнесменүүд байхыг үгүйсгэхгүй. Баргийн судалгааг хийчих чадвартай залуу эрдэмтэд ч цөөнгүй байгаа. Судлаач ч бас өөрөө танай ийм асуудлыг шийдээд өгөх төсөл надад байна гээд санал тавибал хүлээж авах хүмүүс байгаа. Жишээ нь Монголын пивоны том компаниуд гол түүхий эд болдог нэгэн төрлийн арвайг гаднаас авдаг. Тэгвэл Монголд тийм арвайг үржүүлэх санаа гарвал дэмжих хүмүүс байгаа. Зөвхөн эрдэмтэн, бизнесмен хоёрыг холбох холбоос л дутагдаад байна.

    Дараагийн нэг арга нь гадаадаас хөрөнгө оруулж судалгаа хийлгэх. Үүний тулд гадаадын компаниудыг татах өвөрмөц нөхцлийг бий болгох ёстой. Энэ нөхцлийг голдуу “чөлөөт бүс”-ийн зарчмаар шийддэг. Монголд Халх голын чөлөөт бүс, Алтанбулагийн чөлөөт бүс гэж байгаа боловч харамсалтай нь амжилт олохгүй байна.

    Орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн гадаадын компаниудыг Монгол руу татахын тулд Шинжлэх ухааны чөлөөт бүс гэдгийг байгуулах боломжтой. Үүний тулд төрөл бүрийн татварын хөнгөлөлт байх хэрэгтэй болно.

    Тэгвэл таны ажиллаж байсан Саудын Арабын элсэн цөлд шинжлэх ухааны мэдлэгийг эдийн засагт яаж нэвтрүүлж байна вэ?

    Би Саудын Арабт Абдул хааны Их сургуульд ажиллаж байсан. Уг сургууль бие даасан шинжлэх ухааны хот байдлаар хөгждөг. Ойрын зорилго нь гадаадын өндөр технологиудыг оруулж ирэх. Хэтийн зорилго нь Дэлхийн технологиудын төв болох. Зарим жил 365 хоног бороо ордоггүй элсийн цөлийн улс ингэж сэтгэж байна. Абдул хааны их сургууль нь дээр миний хэлсэнчлэн Шинжлэх ухааны чөлөөт бүсийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл тэнд Саудын Арабын хууль дүрэм үйлчлэхгү, зөвхөн олон улсын дүрмийг дагана. Гадаадаас ирсэн судлаачид тав тухтай амьдрах орчныг нь бүрдүүлээд өгчихсөн. Өндөр хөгжилтэй оронд өгдөг цалингаас 2 дахин илүү цалин өгдөг. Түүнээс гадна тухайн судлаачийн боловсруулж буй төслийг нь санхүүжүүлдэг. Ийм аятайхан нөхцөл зарлачихаар гадаадын судлаачид баг болоод бэлэн төсөлтэйгээ, бэлэн технологитой хүрээд ирдэг. Гэхдээ тэр технологийн лицензийг Саудын Араб эзэмшинэ. Ингэснээр хамгийн сүүлийн үеийн технологиуд Саудын Арабын үйлдвэрлэлд нэвтэрдэг. Нэг том төсөл хийсэн судлаачид дараагийн судалгаагаа хийхэд мөнгөөр хангалттай.

    Энэ сургууль байгуулагдаад зургаахан жил болж байгаа. Дээр нь бид Саудын Араб бол мусульман шашинтай, хорио цээрийн маш хатуу системтэй орон гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс уг сургууль нь гадуураа 3 давхар торон хашаатай, харуул хамгаалалттай. Ямар ч татваргүй учраас гадаадын компаниуд энэ сургуульд дуртай хөрөнгө оруулдаг.

    Ер нь Саудын Араб, Катар, Кувейт, АНЭУ зэрэг Арабын орнууд энэ жишгээр явж байгаа. Эдгээр улс тус бүрдээ эдийн засаг, шинжлэх ухааны чөлөөт бүстэй. Шинжлэх ухааны олон арван жилийн бааз суурьгүй манайх шиг орнуудын хувьд Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах нь хамгийн зөв арга. Бэлэн болсон мэдлэгийг ашиглах нөхцлийг л бүрдүүлчих хэрэгтэй.

    Монголд ирээд юу хийж байна вэ?

    Их сургуулиудын хотхон байгуулах төсөл дээр ажиллаж байна. Бидний эцсийн зорилго бол Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах. Их сургуулиудын хотхон байгуулчих юм бол дэргэд нь ийм бүс байгуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Хотхоныг Багануур дүүрэгт байгуулахаар болсон. Монголд шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулчихвал оюутнууд дадлага хийх бааз суурь бий болж, гадна, дотны компаниудаас хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

    Та Саудын Арабт ямар чиглэлээр ажиллаж байсан бэ?

    Миний үндсэн чиглэл бол ургамал судлал. ХААИС-ыг агрономич мэргэжлээр төгссөн. АНУ-д мастер, докторын зэрэг хамгаалсан. Генийн инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн. Миний судалгаануудын гол зорилго бол хөдөө аж ахуйн салбарт ургамлын гарц, ургалтыг хэрхэн сайжруулж, бүтээгдэхүүний чанар, хэмжээг дээшлүүлэх.

    АНУ-д нэг жил ажилласны дараа манай төслийн баг Саудын Арабт очсон. Манай баг давсанд тэсвэртэй ургамал бий болгох төсөл дээр ажилласан. Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад хөрс нь давжсан байдаг. Давсжсан хөрсөнд ургамлын гарц буурдаг. Саудын Арабын хөрс нь угаасаа давсархаг учир манай төслийг сонирхсон юм.

    Үүнээс гадна чихрийн шижин өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар судалгаан дээр ажилласан.

    Эх сурвалж: http://vip76.mn/content/34875

  • Чинагийн ГАЛСАН- Нэрт зохиолч, ногоон зүтгэлтэн

    Нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч

    1944 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн хөвүүн болон төржээ. Бага, бүрэн дунд сургууль төгсөөд МУИС-ын монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хүмболтын их сургууль дүүргэсэн. МУИС-д герман хэлний багш болон сонин сэтгүүлийн газарт сурвалжлагч, утга зохиолын ажилтан хийж байгаад уран бүтээлээ дагнан Монгол, Герман, Европын улсуудад ном бүтээлээ туурвидаг. Ч.Галсан бол Монголоос уран бүтээлээрээ өрнө дахинтай шууд харилцаж өөрийн гэсэн уншигчидтай болсон цорын ганц зохиолч юм. Түүний зохиолыг Германы алдарт зохиолч Эрвин Штритматер, нэрт эрдэмтэн Эрика Таубе нар өндөр үнэлсэн байдаг. Одоогоор нийт 42 ном бүтээснээс 35 номоо Герман хэлээр хэвлүүлсэн. Зарим бүтээл нь 20,000 гаруй хувь борлуулагдаж байсан.

    Боруулсан номныхоо орлогоор “Чинагийн Галсан” сан байгуулж Монгол Улсдаа 1 сая мод тарих зорилго тавьж, Мод үржүүлгийн газар байгуулж одоогоор 240,000 мод тарьж ургуулаад байна. Тэрээр Арабын Сахарын цөлийг ногооруулахад том үүрэг гүйцэтгэсэн Бороо оруулагч төхөөрөмжийг Монголдоо бүтээлгэхийн тулд олон жил зүтгэсэн бөгөөд уг төхөөрөмжийг бүтээдэг Алжирын иргэн Mажид Абдул Азизтай хамтран 50 сая төгрөгний санхүүжилтээр 2012 оны 9 сард Монголдоо бүтээсэн байна.

    УРАН БҮТЭЭЛ
    Уран бүтээлээ дунд сургуульд байхаас эхэлсэн. Анхны зохиол нь Тува туужууд нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь Аянгат цагийн тууж, Арван сарын тэнгэр дор тууж болон, Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр аян замын тэмдэглэл, Эр хар сур яруу найргийн номуудаа монгол хэлээр хэвлүүлсэн.

    Англи хэлээр
    2004 All the Paths Around Your Yurt (online poetry translation from Alle Pfade um deine Jurte, 1995)
    2004 You Will Always Be Untamable (online poetry translation from Nimmer werde ich dich zähmen können, 1996)
    2004 Cloud Dogs (online poetry translation from Wolkenhunde, 1998)
    2004 Oracle Stones as Red as the Sun: Songs of the Shaman (online poetry translation from Sonnenrote Orakelsteine, 1999)
    2004 The Stone Man at Ak-Hem (online poetry translation from Der Steinmensch zu Ak-Hem, 2002)
    2006 The Blue Sky: A Novel (translation in print from Der blaue Himmel, 1994)
    2007 Beyond the Silence (online poetry translation from Jenseits des Schweigens, 2006)

    Герман хэлээр (Англи орчуулгын гарчигтай хамт)
    1981 “Eine tuwinische Geschichte und andere Erzählungen” (A Tuvan Story and other short stories)
    1993 “Das Ende des Liedes” (The End of it)
    1994 “Der blaue Himmel” (The Blue Sky)
    1995 “Zwanzig und ein Tag” (Twenty-One Days)
    1996 “Nimmer werde ich dich zähmen können” (Never Will I Tame You)
    1997 “Die Karawane” (The Caravan)
    1997 “Im Land der zornigen Winde” (In the Land of the Angry Winds, with co-author Amelie Schenk)
    1997 “Der siebzehnte Tag” (The Seventeenth Day)
    1999 “Die graue Erde” (The Grey Earth)
    1999 “Der Wolf und die Hündin” (The Wolf and the Bitch)
    2000 “Der weiße Berg” (The White Mountain)
    2001 “Dojnaa”
    2002 “Tau und Gras” (Dew and Grass)
    2004 “Das geraubte Kind” (The Robbed Child)
    2008 “Das Menschenwild”
    2008 “Die Rückkehr”

    Шагнал
    1992 Герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал. Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн арав дахь, Ази тивийн анхны зохиолч.
    1995 Жил бүр герман хэлээр гарсан уран зохиолын шилдэг номд олгодог Пуххаймын шагналыг Дуу амрах цагаар туужийн номоороо
    2001 Герман хэлт уран зохиолыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан учир Х. Додрерийн шагналыг
    2002 Улс түмний хооронд соёл түгээх ажилд гаргасан өндөр амжилтыг үнэлэн олгосон ХБНГУ-ын Холбооны Гавъяаны загалмайн одон тус тус хүртэж байсан.
    2003 Оросын Холбооны Тува Улсын Урлаг, соёлын гавъяат зүтгэлтэн
    2003 Бавар муж улсын уншигчдын нэрэмжит шагнал

    Ярилцлага унших

    https://facebook.com/Galtaikhuu
    http://galsan.info

  • БАХАРХАЛТ МОНГОЛ ХҮН- MONGOLIAN HONORS

    Өөрийнхөө хүсэл зорилгын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн зүтгэж яваа үлгэрлэл болсон эрхэм Монгол хүмүүс бидний бахархал.

    НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

    Дашийн БЯМБАСҮРЭН
    Монгол Улсын Ерөнхий сайд асан

    Дарма БАТБАЯР

    Зохиолч, соён гэгээрүүлэгч

    Дангаасүрэнгийн ЭНХБАТ
    Шинэ бодлого хүрээлэнгийн захирал

    Чинагийн ГАЛСАН
    Зохиолч, соён гэгээрүүлэгч

    Д.ЖАРГАЛСАЙХАН
    Эдийн засагч

    Р.БАРСБОЛД
    Палентлогич, доктор, профессор

    Д.БАТЖАРГАЛ
    СЭЗДС-ийн захирал, доктор

    Р.АМАРЖАРГАЛ
    УИХ-ын гишүүн

    Р.ЭНХБАТ
    Адмон ХХК-ийн захирал

    Ж.ҮНЭНБАТ
    КЗХТ-ийн гүйцэтгэх захирал

    Санжаасүрэнгийн ОЮУН
    УИХ-ын гишүүн

    Цэрэнпилийн АРИУНАА
    Монголын Урлагийн Зөвлөлийн захирал

    Чимэдцэрэнгийн ОЮУНЦЭЦЭГ
    Шилмэл загвар компанийн захирал

    Энэбишийн ЦЭРЭНДОЛГОР
    Цэрэн турс компанийн захирал

    УРАН БҮТЭЭЛЧИД

    ARIUNAA SURI
    ARIUNAA SURI брэндийг үндэслэгч, загвар зохион бүтээгч

    Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ
    Хийлч, СТА

    Сэр-Одын САРАНЦАЦРАЛТ
    Төрийн шагналт зураач

    ҮЙЛВЭРЛЭГЧИД

    Э.ТУУЛ
    Ажигана ХХК-ийн Захирал

    Л.ХҮРЭЛБААТАР
    Монос группын ерөнхийлөгч

    Б.БАТЦЭЦЭГ
    Мөнхийн үсэг группын үүсгэн байгуулагч

    Б.ТҮВДЭННЯМ
    Best shoes ХХК-ийн захирал

    Т.НАСАНХҮҮ
    Монфреш группын ерөнхийлөгч

    С.БАДРАЛ
    Болорсофт ХХК-ийн үүсгэн байгуулагч

    С.БАЙГАЛМАА
    Батбайгаль компанийн Ерөнхий захирал

    О.АМАРТҮВШИН
    UFC группын гүйцэтгэх захирал

    Ү.БАТБАЯР
    Бэст буйдан ХХК-ийн захирал

    М.ЕСӨНМӨНХ
    Номадс сүлжээ ресторануудын ерөнхийлөгч

    Ж.ОДЖАРГАЛ
    МCS группын Захирлуудын зөвлөлийн дарга

    БИЗНЕС ЭРХЛЭГЧИД

    Д.ЖАРГАЛСАЙХАН
    Эм.Ай.Эйч группын ерөнхийлөгч

    Г.БОЛД
    Юнител группын захирал

    Цолмонгийн ТҮВШИНБАЯР
    Ноён- Уул Эрдэнэ ХХК-ийн Ерөнхий захирал

    Д.ЖАРГАЛСАЙХАН
    BSB сервис ХХК-ны ерөнхий захирал

    Г.БАТХҮҮ
    УИХ-ын гишүүн

    Ж.ГАНБААТАР
    Оргил худалдааны төвийн үүсгэн байгуулагч

    Б.МӨНХУЯА
    Сүмбэр ойл ХХК-ийн захирал

    М.ЗОРИГТ
    УИХ-ын гишүүн, Бодь группын үүсгэн байгуулагчдын нэг

    Д.ГАНХУЯГ
    УИХ-ын гишүүн, Бридж группын үүсгэн байгуулагч

    В.ЭНХБААТАР
    Алтан жолоо группын ерөнхийлөгч

  • МОНГОЛЫН ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД

    Монгол ээжүүдийн хатан ухааны үргэлжлэл “МОНГОЛЫН ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД” бидний бахархан дууриах үлгэрлэл.

    УРАН БҮТЭЭЛЧИД

    Содномцэрэнгийн МӨНГӨНЦЭЦЭГ
    Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, МУГЖ

    Баасансүрэнгийн ШҮҮДЭРЦЭЦЭГ
    Шүүдэр продакшны захирал, зохиолч

    ARIUNAA SURI
    ARIUNAA SURI брэндийг үндэслэгч, загвар зохион бүтээгч

    Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ
    Хийлч, СТА

    Ренчиндоржийн ӨНӨРЖАРГАЛ
    ЦДБЭЧ-ын ССХМА-ны дарга, МУСТА

    Сэр-Одын САРАНЦАЦРАЛТ
    Төрийн шагналт зураач

    СОЁЛ, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

    Санжаасүрэнгийн ОЮУН
    УИХ-ын гишүүн

    Цэрэнпилийн АРИУНАА
    Монголын Урлагийн Зөвлөлийн захирал

    Чимэдцэрэнгийн ОЮУНЦЭЦЭГ
    Шилмэл загвар компанийн захирал

    Энэбишийн ЦЭРЭНДОЛГОР
    Цэрэн турс компанийн захирал

    Батхуягийн ЗОЛЗАЯА
    Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клубын ерөнхий зохион байгуулагч

    Дашбалбарын ИНДРА
    Соёл судлаач, Дашбалбар судлал сангийн тэргүүн

    Бээжинхүүгийн ҮҮРЦАЙХ
    Сэтгэл судлалын үндэсний төвийн ерөнхий зохицуулагч, сэтгэл судлаач

    Т.ТҮВШИН
    Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийн Ерөнхий захирал, МУГБ

    Хашхүүгийн НАРАНЖАРГАЛ
    Глоб интернейшнл ТББ-ын тэргүүн

    Цэмбэлийн БАЙГАЛМАА
    Сити дээд сургуулийн захирал, доктор, профессор

    Болдын СЭРГЭЛЭН
    Тод Арт агентлагийн захирал

    Н.ЧИНЧУЛУУН
    Монголын эмэгтэйчүүдийн сангийн үүсгэн байгуулагч

    ҮЙЛДВЭРЛЭГЧИД

    Э.ТУУЛ
    Ажигана ХХК-ийн Захирал

    Гансүхийн МАЙЦЭЦЭГ
    EXCLUSIVE компанийн захирал

    Б.БАТЦЭЦЭГ
    Мөнхийн үсэг группын үүсгэн байгуулагч

    С.БАЙГАЛМАА
    Батбайгаль компанийн Ерөнхий захирал

    СПОРТ

    Бямбасүрэнгийн БАТ-УНДРАЛ
    “Эко мото” спорт аялалын клубын тамирчин

    Бадамгаравын ГАНГААМАА
    ОУ-ын хэмжээний мастер, МУГТ

    БИЗНЕС ЭРХЛЭГЧИД

    Цолмонгийн ТҮВШИНБАЯР
    Ноён- Уул Эрдэнэ ХХК-ийн Ерөнхий захирал

    Б.МӨНХУЯА
    Сүмбэр ойл ХХК-ийн захирал

  • МОНГОЛ ХҮН- МОНГОЛЫН БАЯЛАГ НЭВТРҮҮЛЭГ

    “Торгоны зам” сан, “Insider” онлайн телевиз мэдлэг боловсрол, авьяас чадвар, оюун ухаанаараа дэлхийд үнэлэгдэж, амжилтанд хүрсэн эх орон нэгтнүүдийнхээ үйл хэрэг үзэл бодлыг илэрхийлдэг “Монгол хүн- Монголын баялаг” нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгож байна.

    Хүн бүрт заяадаггүй ховор авьяас, уран налархай бие, авьяас чадвар, уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд олон улсын циркийн урлагийн зах зээлд өндрөөр үнэлэгдэж буй Монгол авьяастан, “О” шоуны усан дээрх нугаралтын дасгалжуулагч багш Н. Эрдэнэчимэг.

    “Morgan Stanley” компанийн О.Ундрах

    Дэлхийн балетийн урлагт сор болон гялалзаж буй уран бүтээлчдийн нэг “ВNВ” компанийн балетчин Б. Болд

    Япон улсад үнэлүүлж, амжилттай ажиллаж буй “Sony electronics” компанийн маркетингийн шижээч О. Ундрал

    Залуу хүний эрч хүч, урам зориг, итгэл тэмүүллээр өөрийн амжилтаа бүтээж, хип хоп дууны ертөнцөд өвөрмөц өнгө төрхтэйгээр уран бүтээлээ туурвиж буй реппер В. Тулгат.

    “Samsung electronics” компанийн программист Н.Нандинболд оролцлоо.

    Хүний сэтгэлд хөг аялгуу, уярал ухаарлыг бэлэглэдэг хөгжмийн ид шидийг үзэгчдэд мэдрүүлж, урлагийн ертөнцтэй өөрийн амьдралаа холбосон АНУ-ын “Joffrey” балетийн театрын төгөлдөр хуурч Б. Мөнгөнчимэг

    АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульт ажлын график дизайны өнгө төрхийг тодорхойлж Монгол хүний сэтгэлгээг үнэлүүлж буй график, дизайнер Ч.Ганболд

    Д.Энх-Амгалан “Apple”

    Дэлхийн хамгийн олон хүн амтай их гүрэн болох БНХАУ-ын зах зээлд оюун ухааныхаа цар хүрээг үнэлүүлж, техник технологийн ололт амжилттанд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж буй “Microsoft China” хөтөлбөрийн ахлах менежер Л. Бат-Өлзий

    Монгол улсынхаа түүх соёлыг судалж, сурталчилж буй “Stanford”-ын их сургуулийн судлаач, программист Ш. Баатар

    Япон улсын Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч чадал уйгагүй хөдөлмөрийнхөө хүчээр од болон гялалзаж, эх орон нэгтнүүдийнхээ бахархал болсон Хакухо М. Даваажаргал

    АНУ-д өөрийн компаниа байгуулж амжилттай ажиллаж буй “Expect Labs” компанийн программист М.Сувдмаа

    Дэлхийн шоу бизнесийн зах зээлд тэргүүлэгч компаниудын нэг Японы “AVEX” группын олон улстай харилцах стратеги төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж. Билгүүн.

    Өдөр бүр өрсөлдөөн дунд өрнөдөг амьдралын хэв маяг нь түүнийг амжилт руу хөтөлж илүү ихийг хийх эрч хүчийг хайрладаг хэмээн үздэг “Google” компанийн ахлах программист Б. Баттулга