Category: бизнес-зөвлөгөө

  • В.УНДРАА: Би хүүхэлдэй зурдаг. Гэхдээ миний хүүхэлдэйнүүд бүгд амьд

    Бүгдийг өөдрөг сайхнаар харж, тэр бүхнээ бүтээлдээ тусгадаг зураач бол В.Ундраа. Ямар ч бүтээлийг нь харахад халуун дулаан хайр энхрийлэл, аз жаргал, байгалийн үзэсгэлэн мэдрэгдэнэ.

    Түүний бүтээлүүдийг гадна дотны урлаг сонирхогчид ихэд үнэлж, өдгөө европын улс орнууд, Солонгос, Япон зэрэг орнуудад айл гэр, албан тасалгааны ханыг нь чимдэг нь бахархмаар.

    “Азиуд их гэр бүлсэг, гэр бүлийн сэдэвтэй бүтээлүүдэд их дуртай. Европууд илүү зохиомжлог зурагт дуртай юм шиг санагдсан” хэмээн тэрбээр хэлсэн юм.

    Ингээд зураач В.Ундраатай ярилцсанаа хүргэе.

    -Та өөрийгөө танилцуулахгүй юу?

    -Намайг Вандангийн Ундраа гэдэг. Би 2000-2005 оны хооронд Дүрслэх урлагийн дээд сургуулийн Уран зургийн Л.Энхбат багшийн ангийг дүүргэсэн. Одоо арав дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна.

    -Таны зургуудыг ажиглахад аз жаргал, хайр, байгаль дэлхийгээ их зурдаг юм шиг санагддаг. Та дандаа ийм чиглэлээр зурдаг уу?

    -2005 онд төгсөөд 2006 онд бид ангиараа хамтарсан үзэсгэлэн гаргахад миний уран бүтээлийн чиг хандлага эхэлсэн. Тэр үедээ би дандаа үндэсний хэв маягтай хатдыг дүрсэлж зурж, их зохиомжилж олон давтамжтай ритмтэй зохиомжуудыг илүүтэй зурдаг байсан. Яваандаа амьдралын ахуй, төрж байгаа мэдрэмжүүдээсээ миний уран бүтээлийн зохиомжууд илүү өгүүлэмжтэй, өнгө тод хурц болж эхэлсэн.

    -Хөх саарал өнгөөр дагнасан нэг зураг байна. Таны бусад зургуудаас арай өөр харагдаж байна л даа.

    – “Чи” гэдэг зураг маань. 2007-2008 оны хоорондох зураг. Яг тэр үед хатдыг зохиомжлох, би өөрөө эмэгтэй хүн болохоор эмэгтэй хүнийг зурвал илүү ойлгомжтой ойр юм болов уу гэж бодсоны үндсэн дээр натураль өнгөнд дурлаж зурж байсан. Миний бүтээлүүд өөрийн өнгөөрөө, будаг хооронд нь хольж зурдаггүй. Өнгөнүүд маань илүү натураль, бодит байгалийн, даруухан байсан. Бор, улаан өнгөөр илүүтэй зурдаг байлаа. “Чи” гэдэг зураг хайртай хүнээ хүлээж байгаа эмэгтэйн сэтгэлээр зурсан бүтээл болохоор олон замтайгаар дүрсэлсэн.

    -Нэгэн алдартай хүн “Жинхэнэ зураач орондоо хүртэл цаас харандаатайгаа хэвтдэг” гэж хэлсэн байдаг юм билээ. Тэрэн шиг таны амьдралд уран зураг хэр холилдож, хэр шингэсэн байдаг вэ?

    -Би урлантай болоод нэг жил болж байна. Тэрнээс өмнө гэртээ зургаа зурдаг байсан. Ер нь гал зууханд байна уу урланд байна уу гэдгээ мэддэггүй шахуу байсан. Нэг өрөөгөө бараг бүхлээр нь би эзэмшдэг байлаа. Харин урлантай болоод гэр ажлын байр маань тусдаа болсон.

    -Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

    – Байгаль хүн хоёрыг би дандаа хослуулж гаргадаг. Сүүлийн үед модон дотор байгаа хүмүүс юм шиг, тэгсэн хэрнээ тэр хүмүүс нь байшин эсвэл гэрт байгаа юм шигээр дүрсэлсэн урт зохиомжтой бүтээл дээр ажиллаж байна. Одоо “Алтан бийр”, “Хавар” гээд урчуудын эвлэлийн хорооны оролцож болдог үзэсгэлэнгүүд үргэлжилнэ. Тэр үзэсгэлэнгүүддээ оролцохын тулд шинэ бүтээлүүд дээр түлхүү ажиллаж байна.

    –Танай урланд орж ирэнгүүт энэ зураг шууд анхаарал татсан. Маш олон үйл явдлыг нэг дор тусгасан байна. Энэ бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

    “Энд” 3 бүтээл

    -Сая 2014 оны сүүлээр зурсан “Энд” 3 гэсэн бүтээл маань. Жишээ нь, энэ хоёр дахь маань байна. Нэг дэх “Энд” 1 бүтээл маань зарагдсан. Зураач хүн болгон хоёр ертөнцтэй байдаг. Эхний хоёр бүтээл дээрээ би өөрийнхөө дотор байдаг ертөнцийг дүрслэх гэж оролдсон.

    Гурав дахь дээр нь өөрийн оршин байдаг ертөнцийг арай өөрөөр харуулж, гэр бүлийн уур амьсгалыг олон гаргаж, давтамжтай үзүүлсэн. Энд гэр бүлийнхээ гишүүдийг, аав ээжийгээ бас нэг зохиомж өгүүлэлд нь оруулсан. Тэгээд 12 жил, эвтэй дөрвөн амьтан зэрэг билгэдлийн чанартай амьтдыг багтааж өгсөн. Би өөрөө загасны орд, амьд амьтанг би загаснаас үүссэн гэж би өөрөө үздэг болохоор загас дүрсэлж зурдаг. Цулгуй зураг зурахаасаа илүү ажиллагаатай, олон детальтай зураг зурдаг.

    “Энд” 1 зураг бол үнэхээр гоё зураг байсан. Худалдаж авсан хүн маань “Чи харамсахгүй юу?” гэж асууж байсан. Манай бага хүүгийн хэдхэн сартай үеийнх нь гарын хээ байдаг юм. Юу гэж би харамсах вэ. Хүн болгонд гоё зүйл бэлэглэх гэж байгаа хүн чинь зурагныхаа хойноос харамсана гэж байхгүй шүү дээ.

    Хүүхдийг өнчрүүлэхгүй, нулимсыг нь гаргахгүй, бүрэн бүтэн, өөрсдөө аав ээж гэдэг ухамсартай, хүүхдүүддээ аз жаргалаа мэдрүүлдэг бүтэн гэр бүл байгаасай гэж их хүсдэг.

    -Таны зургуудад нүдийг үргэлж ингэж зурдаг онцлог байна. Яагаад ингэж зурдаг юм бэ?

    -Би үүнийг олон янзаар тайлбарладаг. Дээр үед жаахан байхад Оросын эмэгтэй хүний бодит нүдтэй хурц зурагнууд байдаг байсан даа. Тийм зурагнаас би өөрөө их айдаг байлаа. Бас баавгайтай аравчнаас их айдаг байсан. Тэгэхээр нүд бол хүнийг айлгах цочоох их хурц юм байна. Тийм болохоор би нүдийг зурахаас их айдаг. Битүү дүүрэн нүд гэдэг утгаар нь ингэж зурдаг. Монгол хүний нүд бас урт жартан байдаг болохоор би урт дүүрэн нүд зурдаг.

    -Мэргэжлийн хүмүүс таны бүтээлийг юу гэж дүгнэдэг вэ?

    -Шүүмж ч байна, сайшаал ч байна. Тэр болгоноос авахыгаа аваад бүтээлдээ тусгана. Гэхдээ тэр болгон хүний хэлснээр гуйвж дайваад байвал би өөрөө оршин тогтнож чадахгүй. Тийм учраас аль болох өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Гэхдээ тэр хүмүүсийн шүүмжийг сонсоод өөрт байх ёстой бол шингээх хэрэгтэй гэж боддог.

    Амьдралыг зохиомж маягаар зурсан зургаа Францад болсон олон улсын үзэсгэлэнд тавьсан. Урьд нь би эмэгтэй хүнийг ихэвчлэн дүрсэлдэг байсан учраас зураач нар “Чи яагаад эрэгтэй хүн зурдаггүй юм бэ?” гэж асууж байсан. Тэрийг би бүтээлдээ тусгаж байсан. Угаасаа л бүх юм арга билэг, хостой байж төгс бүрдэх ёстой юм байна гэж ойлгож байсан үе. Энэ бүтээлүүдийг европууд илүүтэй таашааж байсан.

    -Нийгэмд байгаа үзэгдлүүдийг зургандаа тусгадаг уу?

    -Тусгадаг. Гэхдээ өөрийн зурдаг чиглэлээр тусгаж өгдөг. 2012 онд олон улсын эмэгтэйчүүдийн үзэсгэлэнд “Мартагдсан аз жаргал” гэдэг нэртэй бүтээлээрээ оролцсон. Нийгэмд хүн болгон дотроо байгаа гоё зүйлийг олж харж чадахгүй бүгд хиймэл юмандаа дасан зохицож амьдардаг гэсэн санааг харуулсан философилог гүн ухааны зураг бий.

    Хүмүүс миний бүтээлийг давтаад зураад өгөөч гэж их хэлдэг. Нэг зураг нэг л хүнд байвал тэр чинээгээр нь хайрладаг. Тийм учраас би ахиж давтаж зурж чадахгүй, тэр мэдрэмжийг гаргаж ч чадахгүй. Тиймээс давтаж зурах дургүй.

    -Таны зургуудад үргэлж аз жаргал, сайн сайхныг дүрсэлсэн байна. Нийгмийн хар бараан талыг харуулсан зураг байдаг уу?

    -Дүрсэлсэн байгаа. 2011 онд Цөлжилтийн эсрэг төслөөр “Шинэ үе” нийгэмлэгийнхэнтэй хамтран арваад зураач урлагаар дамжуулан цөлжилтийг ямар хор нөлөөтэй вэ гэдгийг харуулж зурсан. Энэ сэдвээ барьж өөрийнхөө чиглэлээр нэлэн хэдэн зураг зурсан. Миний бүтээлүүдэд байгаль хүн хоёр дандаа хосолж явдаг. Хүн байгалийг хайрлахгүй бол байгаль хүнийг хайрлахгүй гэсэн сэдвээр бас зурсан.

    -Та нийгэмд бас ач тустай үйл хийж байсан хүн. Нэгэн охины эмчилгээнд хандив болгохоор аян өрнүүлж байсан?

    -Би уг нь үзэсгэлэн гаргаад том зургуудаа ч гэсэн бусад зургуудтайгаа нэг ижил үнээр өгье гэж бодож байлаа. Гэтэл өндөр түрээстэй заал түрээслээд, хүмүүс бас тухайн үед сайн хүлээн авч чадаагүй. Тийм болохоор тухайн үед би өөрийгөө дорвитой сайн тусалж чадаагүй гэж үздэг.

    -Бие даасан үзэсгэлэнгээ хэзээ гаргаж байсан бэ?

    -Сургууль төгсөөд долоон жилийн дараа буюу 2012 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ оны наймдугаар сард дахин үзэсгэлэнгээ гаргая гэж бодож байна. Гэр бүлд зориулсан сэдвээ бариад явах байх. Гэр бүлийн зураг хүмүүс их зуруулдаг.

    -Монгол ахуй, үндэсний хувцсыг зургууддаа их тусгасан байна?

    -Түүх соёлоо өгүүлснээр урлаг үлддэг гэдэг утгаар нь монгол дээл хувцастай, тухайн цаг үетэйгээ нийлүүлээд монгол ахуйтай мөртлөө орчин үелэг дүрслэл оролцуулаад зурж байгаа.

    -Нэг ярилцлагатаа та хүн болгоны дотор хүүхдийн сэтгэл байдаг гэж хэлсэн байсан?

    -Тийм. Би өөрийгөө ажаад үзэхэд хүүхдийн зан нь гээгдээгүй юм шиг. Би өөрөө уурлах нь амархан, баярлах нь амархан хүн. Ер нь хүн болгонд хүүхдийн чанар байдаг ч байгаагаараа байх гэхээр хүмүүс бие биенээ хаагаад байдаг. Тэгэхээр тэрийг л би урлагаараа хөглөж өгөх юмсан гэж боддог.

    -Тэгэхээр үргэлж хүний сайхан талыг хараад зураад байх уйтгартай юу? Амаргүй биш үү?

    -Амаргүй ч бас биш л дээ. Өөрөө дуртай болохоор гараад байгаа байхгүй юу. Гэхдээ би өөрөө уурладаггүй, уйлдаггүй хүн биш л дээ. Мэдээж зурж байгаа үедээ гоё юмыг мэдэрч болохоор болохоор таагүй үедээ зурдаггүй. Гэр бүл, үр хүүхдээсээ аз жаргал сайхныг мэдэрдэг. Энэ бухимдалтай нийгэмд хүн болгон л дарамттай байдаг. Миний бүтээлийг хүлээж авч байгаа хүн болгонд гоё юмыг мэдрүүлье гэж уран бүтээлээ туурвидаг.

    -Та зураг болгоноороо ямар нэг зүйлийг илэрхийлье, мессеж өгье гэж боддог уу эсвэл зүгээр л тухайн үед мэдэрсэн мэдрэмжээ буулгадаг уу?

    -Мессеж өгөхийг хүсдэг. Одоо цагт гэр бүл салалт маш их байна. Хүүхдийг өнчрүүлэхгүй, нулимсыг нь гаргахгүй, бүрэн бүтэн, өөрсдөө аав ээж гэдэг ухамсартай, хүүхдүүддээ аз жаргалаа мэдрүүлдэг бүтэн гэр бүл байгаасай гэж их хүсдэг. Тийм учраас гэр бүлийн сэдэвтэй зургуудыг аз жаргалтай, аз жаргалыг мэдэрсэн тийм гэр бүлүүд илүү сонирхоод авч байгаа болов уу гэж боддог юм. Хүмүүсийн зарим нь хүүхдээ ч гаргаж амжаагүй хэрнээ тийм юмыг зоригтойгоор хүсч чаддаг нь намайг урам оруулдаг. Би захиалагч нараасаа үргэлж урам зоригийг авдаг. Тэд намайг баяр баясгалантай, энэ бүгдийг цааш нь үргэлжлүүлэх хүч зоригийг өгдөг. Тийм болохоор би урлагтаа улам бүр шунаад, улам ихийг хиймээр санагддаг.

    -Та хүүхдэд зориулсан ном зурсан байсан. Хүүхэдтэй болохоор тэрийг зурах амар байв уу?

    -Тийм. Би зураачаар нь ажилласан. Анх удаа хүүхдэд зориулсан номны зураг зурсан юм. Миний хувьд дутагдалтай тал маш их байгаа. Би өөрийгөө голсон л доо. Өөрийнхөөрөө гаргасан. Зарим нэг хүмүүс Японы комик шиг том нүдтэй байлгахыг хүсдэг юм шиг санагдсан. Миний дотор хурдан гомдоод хурдан тайлагддаг хүн байгаа шүү дээ. Юмыг хурдан хүлээж авдаг. Тэрэнд гомдсон хэрнээ зарим хүмүүст их хүрсэн болохоор би тэрэндээ урамшсан.

    Хүүхдүүд маш зоригтой. Зураг хараад энэ нүд яагаад ийм хоосон байгаа юм бэ, эсвэл нүд нь яачихсан юм бэ гэж асуудаг

    Тэр номонд дандаа манай бага хүүгийн хөдөлгөөнүүд орсон байдаг. Зураач хүн ер нь байгаа орчноо харж зурагтаа тусгадаг. Хүн рүү их гөлрөх ч юм уу, юмыг их ажигладаг. Зураач хүний рефлекс байх л даа. Гэхдээ тэр болгоныг жирийн хүмүүс ойлгодоггүй. Энэ яагаад хүн сонжоод байгаа юм гэх мэтчилэн хүн буруугаар ойлгох явдал бий. Би одоо гэрийнхнийгээ илүү ажиглаж, сонжиж, хөдөлгөөнийг нь авч ажиллаж байгаа.

    Би охинтой байх үедээ охинтой зураг их зурсан, хүүг мэдрэхгүй. Хүн юмыг олж хардаггүй юм байна. Тэгтэл “Яагаад хүү зурдаггүй юм бэ?” гэж асуудаг байсан. Харин одоо хүүтэй болоод хүү зурдаг болсон.

    -Зураач нар бас үг цөөтэй хүмүүс юм шиг санагддаг?

    -Зургаараа ярьж байгаа болохоор их үг цөөтэй хүмүүс байдаг. Анх сургуульд ч бас биднийг ярих ёстой гэдгийг хэн нь ч ер нь заагаагүй гэж бид үздэг. Яагаад гэвэл бидэнд зургийг яаж зурахыг, дэлхийн урлагийн түүх ямар хэмжээнд байгааг зааснаас биш зургийг тайлбарлах тал дээр бидэнд юм ороогүй. Одоо яаж заадгийг сайн мэдэхгүй байна. Энэ дээр илүү их ажиллавал зүгээр юм болов уу гэж би боддог.

    Жишээ нь, бид зургаа тайлбарлах гэхээр гацдаг, энэ ертөнцөө тайлбарлах гэхээр ярьж байгаа зүйлийг нь бусад хүмүүс ойлгож байгаа болов уу, эсвэл бүр дүүгүй байсан нь дээр юм уу, хүмүүс зүгээр өөрсдөө уншчихвал дээр гэж орхидог. Гэхдээ зургийг хүнд тайлбарласнаас илүү тухайн үзэгч юу гэж хүлээж авч байна, энэ зургийг хараад юм уншиж чадаж байна уу, мэдэрч байна уу гэдгийг харах сонирхолтой байдаг.

    Зураач нь яриад өгчихөөр тэр хүний толгой нь хөгжихгүй, ингээд будчихсан юм байна, ингээд зураас татчихсан юм байна гээд л яваад өгчихдөг. Хүн өөрөө зургийг хараад тэр хүний дотор өөр мэдрэмж төрөөд өгүүлэмжийг зохиогоод, хийсвэрлээд эхэлдэг.

    -Зургуудыг тань хүмүүс хараад таны бодоогүй санаанууд хэлж байв уу?

    -Хэлдэг. Хүүхдүүд маш зоригтой хэлдэг. Хүүхдүүд хараад энэ нүд яагаад ийм хоосон байгаа юм бэ, эсвэл нүд нь яачихсан юм бэ гэж асуудаг (инээв). Зарим зураач нар намайг хүүхэлдэй зурдаг зураач гэж хэлдэг. Угаасаа би хүүхэлдэй зурдаг л даа. Гэхдээ миний хүүхэлдэйнүүд бүгд амьд. Хүүхдүүдэд илүү их ойлгомжтой байдаг гэж би боддог.

    Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын хоёр давхарт байдаг “ArtiCour” галерейд зургийн сургалт явагддаг. Хүүхдүүд зургийн сургалт хийхийн хажуугаар зураач нарын зургийг харж зурдаг. Тэнд миний зурагнууд долоо найман настай хүүхдүүд илүү их ойлгоод дуурайж зурдаг гэнэ. Маш хөөрхөн зурсан байна лээ. Тэднийг хүүхэлдэйлэг чанар нь татаж байж магадгүй.

    -Таны хамгийн хайртай бүтээл?

    -“Миний тэр зураг их гоё болсон” гээд зурагнуудаа их ангилдаг байлаа. Жишээ нь манай гэрт миний бүтээлүүдээс нэг л зураг өлгөөтэй байгаа. Би хоёр дахь хүүхдээ гаргаад хоёр сарын дараа зурсан “Үр минь” гэдэг зураг. Тэр зургаараа Монголд болсон Олон улсын эмэгтэйчүүдийн үзэсгэлэнд оролцсон. Тэр бүтээлдээ илүү их хайртай гэж боддог байсан. Гэтэл бүх л зураг маань хайраас төрж байгаа болохоор би бүх зургаа хайрлах ёстой юм байна. Эх хүн хоёр хүүхдийнхээ нэгэнд нь хайртай гэж ангилдаггүй шиг энэ бүгд надаас төрж байгаа бүтээлүүд болохоор би бүгдийг нь хайрлах ёстой гэж боддог болсон.

    -Таных шиг өнгө аясаар зурдаг зураач байдаг уу?

    Эх хүн хоёр хүүхдийнхээ нэгэнд нь хайртай гэж ангилдаггүй шиг энэ бүгд надаас төрж байгаа бүтээлүүд болохоор би бүгдийг нь хайрлах ёстой гэж боддог болсон.

    -Байгаа байгаа. Гоё энергитэй өнгө аясаар зурдаг зураач нар зөндөө байгаа. Миний маш хүндэлдэг зураач Х.Энхномин байна. Залуу зураач нараа их хүндэлж явдаг. Чадалтай барималч Одмаа байна. Маш их юм хийсэн уран бүтээлчид бий. Зураач С.Төгс-Оюун гуайтай төстэй гэж намайг ярьдаг. Харангуутаа С.Төгс-Оюуны шавь уу гэж асуудаг. Тэгээд харж байснаа “Үгүй үгүй, ялгаатай юм байна шүү” гэдэг.

    -Таны багш ямар хүн байдаг вэ?

    -Миний багшийг Л.Энхбат гэдэг. Манай ангийнхан 2000 онд хоёр дахь шавь нар нь болсон. Биднээс өмнө нэг анги төгсгөсөн юм билээ. 2000-2004 он хүртэл биднийг сургаж, миний хувьд гарааг минь зөв чиглүүлж зааж өгсөн гэж би үздэг. 2005 онд төгсөх жил багш маань Голландад сурах болоод биднийг төгсгөж чадаагүй. Тэр үед бид их азтай Амгалан багшийн гарын шавь нар болсон. Олон багш нарын шавь байсан. Гэрэл, Содномцэрэн, Лхагвасүрэн багш нарын гарын шавь нар болж төгсцгөөсөн. Энэний авууштай тал нь бид 19-үүлээ төгсөөд ихэнх нь уран бүтээлээ туурвиад явж байгаа нь бахархалтай байдаг.

    -Гадаадад үзэсгэлэнд оролцсон гэлээ. Энэ тухайгаа ярихгүй юу?

    -2012 онд хоёр жил тутамд болдог Олон улсын үзэсгэлэнд өөрийн биеэр оролцсон. 2006-2014 он хүртэл гадаад дотоодын үзэсгэлэнгүүдэд бүтээлүүдээ оролцуулсан. 2012 онд болсон Олон улсын хоёр жил тутамд болдог үзэсгэлэнд оролцоод ирсэн. Монголоос арван уран бүтээлч явсан. Тэнд мундаг уран бүтээлчидтэй танилцаж байлаа. Тэр үзэсгэлэн хоёр жилийн дараа 2014 онд Монголд бас зохион байгуулагдсан. Гадна дотны нийт 221 уран бүтээлч оролцсон томоохон хэмжээний үзэсгэлэн болсон юм. Гадны уран бүтээлчид Монголыг сэтгэл дүүрэн гоёор хүлээж авцгаасан.

    Тэд орчин үеийн инсталляци, контемпорари урлаг, хийсвэрлэх талаар илүүтэй бүтээлээ туурвисан байсан. Ихэвчлэн нас тогтсон хүмүүс байсан бол Монголоос залуу уран бүтээлч нар их оролцсон.

    -Үзэсгэлэнгээс шагнал авсан гэж сонссон?

    -2012 онд Вьетнамд болсон үзэсгэлэнгийн үеэр зураач нарыг шаазангийн үйлдвэрт хүлээж авсан. Тэнд бид тэмцээнд оролцож байгаагаа мэдээгүй л дээ. Бидэнд зориулж урт ширээн дээр хоёр таваг бэлдчихсэн байлаа. Хоёр тавган дээр зураг зуруулаад авсан. Биднийг явах дөхөхөд Вьетнамын үндэсний том музей байдаг юм билээ. Үндэсний музей нь манай Богд хааны музей шиг эртний засал чимэглэл, үзвэртэй. Тэнд шагнал гардуулах ёслол болно гэхэд бид гайхаад өнгөрсөн. Би тусгай байрны шагнал хүртэж байлаа.

    Манай Насанцэнгэл эгч гуравдугаар байранд, харин нэгт Оросын зураач орсон. Ер нь тэнд Оросын уран бүтээлч нар чадалтай байсан.

    Вьетнам уран бүтээлчид лакаар абстракт чиглэлээр чадварлаг зурдаг юм билээ. Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн хүмүүс бол орос уран бүтээлчид байсан. Америк, Австрийн зураач нар контемпорари, биет материаллаг юмаар зохиомжилж хийдэг. Солонгосын уран бүтээлчид нэлээд орчин үелэг бүтээл туурвидаг юм билээ.

    -Монгол зураачдын ямар бүтээлүүд таны сэтгэлд их хүрсэн бэ?

    -Монгол зураачдаас Нурмаа эгчийнх их гоё штээ. Насаа эгч байна бас.

    -Та өөрийнхөө хөргийг зурдаг уу?

    -Би өөрийнхөө хөргийг нэг ч удаа зурж байгаагүй юм байна. Янз бүрээр зурж үзэх санаа байгаа. Бид бодит зураг зурж л сургууль төгсч байгаа шүү дээ. Шууд төгсөөд 2006 оноос хойш би зохиомжоороо илүү их оролдоод энэ монголжуу хүүхэлдэй дүрслэлтэй төрхөөрөө илүү гаршсан байна. Одоо буцаад цэцгээ зураад, хөрөг зураг руугаа орох гээд эрэл хайгуул хийж эхлээд байна.

    Саяхан би нөхөр, хүүхдийнхээ хөргийг зурж үзсэн. Тэгсэн чинь ер нь муудсан байна лээ. Зураагүй арван жил болсон байна. Одоо сайжруулах тал дээр анхаарна даа. Арван жилд байхдаа байнга хөрөг зурдаг байсан. Жаахан хүүхэд болохоор магтуулаад улам их зурдаг байлаа.

    Ер нь зураачид ямар ч үед хувирамтгай байдаг. Би жишээ нь хар бараан юм мэдэрч, харж байгаа ч гэсэн аль болох тэрийг гүн мэдэрч, хямрахгүй байхыг хичээдэг. Миний бүтээлд тиймэрхүү юм тусахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би аймшгийн, сэтгэл сэрдхийлгэсэн юм үзэх дургүй. Харах дургүй, ер нь айдаг, аймхай талдаа хүн.

    -Зураач хүн нийгэмд юу хийх ёстой вэ?

    -Зураач хүн нийгэмд болж байгаа үйл явцыг үлдээх ёстой гэж үздэг. Зурагчингаас гадна зураачид бас тухай үйл явдлыг урлагаар шингээж түүх болгож үлдээх ёстой гэж боддог.

    -Ихэвчлэн үндэсний хувцастай их зурдаг юм байна. Та үндэсний хувцсыг судалдаж зурдаг уу?

    -Би өөрийн хэв маягийг илүүтэй тусгадаг. Гэхдээ үндсэн хэв шинж нь байгаа. Би үйлдвэр урлалын “Ганди”-гийн нэрэмжит дунд сургуулийн монгол зургийн ангийг төгссөн. Уран зурагт ороод төгсөх үед монгол хувцастай хатад зурдаг болсон юм. Дипломын ажлаа хийхдээ ч гурван эмэгтэй үндэсний хувцастайгаа, орчин үеийн хэв маяг оруулсан зураг зурсан. Ер нь би гурван эмэгтэйг их зурдаг. Эхээс гурвуулаа болохоор тийм байх.

    -Гэр бүлийн тань талаар яриагаа үргэлжлүүлье. Танай гэр бүлийн хүн урлагийг хэр ойлгодог вэ?

    -Маш сайн ойлгодог болоод уран бүтээлээ туурвиад явж байна гэж би боддог. Би жишээ нь өдөр болгон мөнгө олж чаддаггүй. Энэ болгоныг маань дэмжээд, бүх нөхцлөөр маань хангаад, дээр нь гэр бүлд байх ёстой аз жаргалыг мэдрүүлээд, энэ орчныг бүрдүүлээд, зурагт тусгаж чадаж байгааг мэдэрч чадаж байгаад нь би нөхөртөө маш их баярлаж явдаг. Жишээ нь нөхөр маань компьютерийн ард их суудаг хүн бий. “Энд” 3 бүтээлдээ нөхрийнхөө зүрхийг нь аваад дамжуулаад тавиад байгаагаар дүрсэлсэн. Нөхөр маань сахалтай учраас хууз сахалтай эрэгтэй хүн их зурдаг. Ээж маань хүртэл дандаа нөхрөө зурах юм гэдэг.

    -Ханьдаа хайраа яаж илэрхийлдэг вэ?

    -Зургаараа л илэрхийлнэ дээ. Би чинь их яриандаа маруухан хүн штэ. Би хүсч байгаа юмаа зургаараа илэрхийлдэг. Манай хүн эсрэгээрээ их яриа хүн. Ярилцъя гэдэг. Намайг бодвол илүү романтик. Манай хүн маркетергийн ажил хийдэг бөгөөд ер нь уран бүтээлч авъяаслаг хүмүүсийг дэмжиж ажиллдаг. Би нөхрөө анх зурдаг байх гэж боддог байсан. Бид хоёр нийлээд компанид нь зураг зурахаар боллоо. Манай хүн юмыг харахдаа их өвөрмөцөөр хардаг хүн.

    Хоёулаа гурвалжин раман дээр зураг зуръя гээд. Ер нь миний зурганд санаа оноо хэлж, их гоё урамтай ярилцдаг. Би хоёр дахь хүүхдээ тээгээд бие давхар байсан юм. Эхлээд хоёулаа хамтдаа хар зургаа гаргачихлаа. Хар зургандаа овоо байна аа. Тэгээд би “ядраад байна, чи будчих за юу” гээд орхиод унтлаа. Өглөө босоод харсан чинь аймшгийн юм болчихсон байсан (инээв). Ер нь будгаар ерөөсөө ажиллаж байгаагүй. Хар зургаар овоо зурдаг байхгүй юу. Будчих байх гэсэн чинь чадахгүй байсан. Маргааш нь би будгийг нь янзлах гэж нэлээн ноцолдсон, ёстой инээдтэй.

    -Таныг шүлэг бичдэг гэж уншиж байсан юм байна.

    -Ичимхий болохоор хүмүүст уншуулдаггүй. Гэхдээ нөхөр бид хоёрын бие биедээ зориулсан шүлэг байдаг. Фэйсбүүктээ тавьж байсан. Би нөхөртөө “Цагаан морь унасан миний ханхүү” гэсэн шүлэг зохиосон. Гэхдээ нэр нь жаахан “тийм” болчихсон. Нөхөр маань надад өгдөг зан чанарыг нь магтаж бичсэн юм. Манай хүн бас надад урам зориг өгөхийн тулд шүлэг бичиж байсан.

    Хоёр жилийн өмнө би аавдаа зориулж бас шүлэг зохиосон. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь яриа бичгийн дадлага болдог юм байна л даа. Энийг бас л манай нөхөр надад зааж өгсөн. Ер нь зарим нэг тал дээр багш гэж хэлж болно.

    -Таны нөхрийн бүтээл байдаг уу?

    -Зураг зурж, өөрийн гэсэн бүтээл гаргана гэдэг. Одоохондоо ажил ихтэй байна. Бид хамтын бүтээлээ гаргачихсан. Бид хоёрын гарын үсэг хоёр талд нь байдаг. Бас миний “Хөх цэргүүд” гээд зурагт нөхрийн маань санаа орсон. Тэрэн дээр нэлээн тоо бодсон. Гортигтойгоо их зууралдсан.Нуулгүй хэлэхэд би арван жилдээ тоондоо их маруухан хүүхэд байсан.

    Төгссөнөөсөө хойш би хоёр каталогтой болсон. Бас л нөхөр маань хийж өгсөн. Миний зургуудыг урлангийн фон дээр зохиомжлоод гаргасан чинь хүмүүс намайг ийм урлантай болчихож гээд “Урлан чинь хаана юм бэ? Очиж үзье” гээд. Өөрөө маркетер хүн болохоор юмыг их олж хараад байдаг. Би тэр үед гэртээ юмаа хийдэг байсан. Хоёр дахь хүүхдээ гарахад үнэндээ яах ч аргагүй болсон.

    -Хүүхэд зургийг тань баллачих гээд, будагтай ноцолдох гээд байсан уу?

    -Хамтдаа зуръя л гэнэ. Ер нь зургаа зурчихаад, будгаа хураагаад, зургаа зураад будгаа хураадаг рефлекстэй байсан. Бүх юмаа дээш нь тавьдаг, эсвэл бүх юм скочтой. Манай хана бол зургийн талбар шүү дээ. Өндрийнхөө хэмжээгээр ингээд ингээд зураад явчихсан. (гараараа үзүүлэв)

    -Таны хүүхэд хэр дуурайж зураг зурж байна?

    -Сая бас л зураг зураад будагтайгаа зууралдаад сууж байсан. Их зурж байна. Би хоёр хүүхэдтэй. Том охин маань багадаа нэлээн их уралдаан тэмцээнд ороод түрүүлж байсан. Зураг зурдаг болох байх гэж бодтол томроод спортод илүү сонирхолтой болж байна. Гэхдээ миний зурагнуудад сайн, муу үнэлгээ өгдөг, номер нэг улаан фэн маань гэж хэлж болно. “Ээж сайн байна, мундаг гоё зурсан байна” гэж надад урам өгдөг. Хүүгээсээ хүртэл гоё энерги авдаг.

    Бага нь одоохондоо гурван настай болохоор юм юмыг хольж, тойрог зурах ч юм уу, тийм юмнаас эхэлж байгаа. “Цэгээр наадъя” гээд ном байдаг. Тэрнийг яг цэгтэй нь дагуулж зурах зэргээр оролдож зурж байна.

    -Таны аав зураач байсан гэж сонссон. Аавынхаа талаар ярихгүй юу?

    -Аав маань гучин хэдэн настайдаа шалгалт өгөх гэж үзсэн юм билээ. Тэр үед аавыг маань Дүрслэх урлагийн дээд сургууль аваагүй гэсэн. Зураачаараа ажиллаж чадаагүй. Аав маань өнгөрөөд долоон жил болсон байна. Маш гарын уртай хүн байсан. Ер нь зураач гэж хэлж болно. Цаасны технологичоор Румын улсад төгсч ирээд, анх ариун цэврийн цаас, лааг Монголд оруулж ирсэн хүн.

    Би мэдээ орсон цагаасаа л аавыгаа сийлбэр хийвэл сийлбэрийг нь дуурайж хийх гэнэ. Аав маань өнгө өнгийн гоё будаг харандаагаар хүний хөрөг зурдаг байсан. Би бас дуурайгаад арван жилдээ алдартнуудын хөргүүд харж зурдаг байлаа. Ааваасаа тэр бүхнийг мэдэрч байсан болохоор урлагт илүү их дурлаж, “Би зураач л болох юм байна” гэж багаас минь тархинд суугдчихсан байсан. Анхнаасаа л зураач болно гэж бодож, одоо хүртэл зураач болох гэж эрмэлзээд явж байна.

    -Хүүхэд байхдаа тэмцээн уралдаанд ордог байсан уу?

    -Би “Солонго өргөө” гээд дугуйланд явдаг байлаа. Хүүхдийн ордны шилдэг хүүхдүүдийн сүлд модны наадамд орж, шагнуулж байсан. Наймдугаар ангид байхад багш маань намайг дэмжээд зааланд миний бүтээлээр үзэсгэлэн гаргаж байсан. Тэр өдрөө би сургуулиасаа 500 төгрөгөөр шагнууллаа. Тэгээд дугтуйтай мөнгөө бариад аав ээждээ өгөх гэтэл “миний охин өөрийн хөдөлмөрөөр олсон юм чинь өөрөө зарцуул” гэсэн. Тэгээд эгч дүү хоёртойгоо л тансагласан даа.

    -Ангийнхаа хүүхдүүдийн зургийг зурж байв уу?

    -Өгч байсан. Өөрөө математикийг нь хуулаад, зургийг нь зурдаг байсан (инээв). Одоо хүүхдийнхээ дэргэд бас тэгж ярихгүй байгаа маа.

    -Одоо хүүхдийнхээ зургийг зурахгүй юу?

    -Зурахгүй. Аав нь зуруулдаггүй юм. Аав нь өөрөө юмаа хий гэж хэлдэг. Бэлэнчлэх сэтгэлгээ битгий суулга. Энэ хүн зураач болохоор бол өөрөө зураад л явна. Зураач болохгүй бол чи мянга юмыг нь хийж өгөөд цаашаа явахгүй гэдэг.

    Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

    ‘Энд’ 2 бүтээл

    А.Наранцацралт.
    Эх сурвалж: http://news.gogo.mn/r/156027

  • А.МЭНД-ОРШИХ: НИЙГЭМД ЭЭЛТЭЙ БИЗНЕСИЙН ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА

    Бидний мэдэх уламжлалт бизнес зөвхөн орлого, ашгийг чухалчилдаг байсан бол шинэ цагт нийгэмд ээлтэй байдлыг эрхэмлэх болжээ. Нийгэмд ээлтэй бизнес эрхлэгчдийг бүтээлч, шинэлэг арга замаар нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэгчид гэж хэлж болно. Тэд нийгмийн аливаа тулгамдаж буй асуудлуудыг соргогоор олж харан, түүнийгээ илүү үнэ цэнэтэй, тогтвортой бизнес болгож чаддагаараа онцлог юм. Тэгвэл Монголд нийгэмд ээлтэй бизнес эрхлэгчдийн нэг гол төлөөлөл болсон Нью Медиа Группын Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Амартайваны Мэнд-Оршихтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Танай компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

    МЭНД- ОРШИХ: Бид маркетингийн зөвлөх компани. Харилцагч байгууллагуудынхаа зовлонг сонсож, талуудын туршлага, мэдээлэлд үндэслэн маркетингийн гол бодлогыг нь томъёолдог. Шаардлагатай бол тухайн салбарын мэргэшсэн судлаачидтай хамтран хийсэн нарийвчилсан судалгаанд үндэслэн маркетинг, брэндинг төлөвлөгөө боловсруулж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн ажлууд болох крейтив, програмчлал, ПР, медиа ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2014 онд олон улсын хэмжээний маркетинг агентлаг болох зорилготой ажиллаж байна. Мөн програмчлалд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлж зах зээл дээр гаргадаг. Компанийн дотоод удирдлагын хувьд “Хүн төвтэй бизнес”, “Үр дүнд суурилсан ажлын орчин” бодлогыг баримтлан ажилладаг.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Яагаад маркетингийн салбарыг сонгосон бэ?

    МЭНД- ОРШИХ: 2010 онд Монголд крейтив, технологи, маркетингийн том компани байхгүйн улмаас корпорациуд 20- 100 мянган долларын үнэлгээтэй програм, цахим хуудас, крейтив, маркетинг консалтингийн томоохон ажлуудаа гадаадын агентлагуудад өгдөг байсан. Жижиг компаниуд олон байсан ч гэсэн том корпорацийн түвшинд харилцах чадамжгүй байсан. Тиймээс тархай бутархай жижиг компаниуд бодлого, үйл ажиллагааны хувьд нэгдэж корпорацийн түвшинд харилцах чадамжтай болох шаардлагатай гэж бодсон. Тэгээд Америкаас буцаж ирээд салбартаа тодорхой хэмжээний туршлагатай маркетинг, крейтив, технологийн залуусаар багаа бүрдүүлж, компаниудад нэгдмэл цогц үйлчилгээг санал болгож эхлэсэн. Одоогоор бид нар Монголын 30 орчим томоохон групп компанитай цогц маркетингийн ажлаар түншлэн ажиллаж байна. Вэб сайтаас нь эхлээд корпорайт кино, корпорайт брэндбүүк болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх гэх мэт ажлуудыг хийж тодорхой хэмжээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлээд байна. Бид багаар тоглолт хийсний үр дүн гарч эхэлсэн. Ямар ч байсан зах зээлд Нью Медиа гэсэн имижийг гаргаж ирж чадсан. Өмнө нь бид том компанууд дээр очоод Нью Медиа гэж мэргэжлийн байгууллага бий. Шилдэг мэргэжлийн залуучууд танай цахим хуудсыг мэргэжлийн өндөр түвшинд хийгээд өгье гэж ажил гуйж явдаг байсан бол одоо компаниуд бидэнд ханддаг болж захиалга тогтворжиж эхэлсэн.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Зөвлөх үйлчилгээрүү хэзээнээс орсон бэ?

    МЭНД- ОРШИХ: Ер нь бол вэб хийхэд ч, лого брэндбүүк хийхэд ч тэр зөвлөх ур чадвар шаардлагатай байдаг. Борлуулалт бол ерөөсөө л аливаа шинэ технологи, хандлага, давуу талыг зөвлөж ойлгуулж байж л хийгддэг. “Цаана чинь твиттер, фэйсбүүк, инстраграм гарч ирчихээд байна. Уламжлалт болон шинэ медиаг хамтад нь хөгжүүлэхгүй бол хэрэглэгчээсээ хоцроод байна” гэх мэтчилэн үндсэндээ хүмүүсийн харж чадахгүй байгаа тренд хаашаа яваад байна гэдгийг л тогтмол зөвлөдөг.

    Гэхдээ өмнө нь хийгдэж байсан ихэнхи ажлууд захиалагчийн хүсэл шаардлагад нийцүүлсэн гүйцэтгэл талруугаа байсан. Гэтэл тухайн компанийн маркетингийн стратеги буруу эсвэл бүүр байхгүй байснаас болоод хийсэн ажлууд үр дүнгүй болоод байдаг. Захиалагчийн өгсөн стратеги, шаардлагын хүрээнд нь хийсэн атлаа бидний буруу болоод байдаг. Тиймээс байшингийн суурь болох стратеги төлөвлөлт маш чухал. Тухайн компани, бүтээгдэхүүний маркетинг, идэвхижүүлэлтийн ажлыг хийхийн тулд зах зээл, үнийн бодлого, хэрэглэгчийн онцлог, зан төлөв зэргийг тогтмол судалж мэдсэн байх шаардлагатай. Хэрэглэгчийн сонирхол нь ийм байгаа учраас ийм хүрээнд зар суртчилгаагаа хийе, ийм хүрээнд өнгө, дүр төрх, дизайнаа бүтээе гэсэн бодлогоо гаргаж ирэх ёстой. Тухайн консефт бодлогын дагуу крейтив ажлууд хийгдэж байж яг байгаа ононо. Гэвч Монголын ихэнхи компаниудад судалгаа, консефт байддаггүй. Зүгээр л өөрсдөө бодож байгаад л нэг гоё реклам хийлгэх хэрэгтэй гэдэг. Гэтэл тэр гоё гээд байгаа нь яг юугаа хэлээд байгаа нь тодорхой биш байдаг. Ёстой нүдээд өгмөөр байна гэдэг. Хэнийг юугаар нүдэх гээд байгаа нь тодорхой биш байдаг. Үүнээс үүдээд маркетингийн зардал бол элсэнд асгасан ус шиг л үр дүн багатай ууршаад алга болдог. Уг нь бол стратегиа зөв тодорхойлсон байхад бидний хамтын ажил зөв чиглэлрүүгээ явна.

    Тиймээс маркетингийн ажлыг илүү оновчтой болгох үүднээс 2014 оноос маркетинг консалтингруу анхаарч ажиллаж байна. Компаниудад консалтинг өгдөг, сургалт хийдэг ажлуудаа эхлүүлээд явж байна. Мөн салбартаа мэргэшсэн судлаачид, маркетеруудтай түншлэлээр хамтран ажиллах хэлбэрийг түлхүү дэмжиж байгаа. Тэрнээс биш манай компани бүхнийг төгс мэддэг, чаддаг байх боломжгүй шүү дээ. Харин чаддаг, мэддэг хүмүүс, компаниудтай урт хугацаанд зөв хамтран ажиллах нь бидний зарчим.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Одоогоор медиа гэдэг ойлголтонд ямар сувгууд хамаарч байна вэ? Танайх ямар медиа эзэмшдэг вэ?

    МЭНД- ОРШИХ: Ойрын төлөвлөгөөнд бид өөрсдийн медиаг хөгжүүлэхгүй. Харин бид харилцагчиддаа өөрсдөө медиа болох боломж бүрдчихээд байна гэдгийг ойлгуулж, медиа болж хөгжихөд нь дэмжиж ажилладаг.

    Медиаг уламжлалт болон дэвшилтэт гэж 2 хувааж байгаа. Уламжлалт медиад тв, радио, сонин, сэтгүүл орж байгаа. Дэвшилтэт медиад интернэт технологид суурилсан бүх төрлийн медиа хамаарна. Твиттер, Файсбүүк, Инстаграм, Форскүэр гээд л маш олон бий. Сошиал медиа нь мобайл технологитой хослоод медиад хувьсгал хийж байна л даа.

    Уламжлалт медиаг ихэвчлэн зар сурталчилгаанд ашигладаг бол дэвшилтэт медиаг зар сурталчилгаа болон хэрэглэгчийн нэгдлийг бий болгох, хэрэглэгчтэй харилцах гэх мэт олон хэлбэрээр ашиглаж байна. Уламжлалт медиа бол зөвхөн түрийвчний хэмжээнээс хамаарч байдаг бол дэвшилтэт медиаг бол бага задлаар ухаалагаар ашиглах боломжтой. Тэгэхээр уламжлалт, дэвшилтэт медиа бол түрийвч, тархи 2 шиг ялгаатай.

    Бид тухайн байгууллага, хувь хүний хэрэгтэй хүмүүсдээ оновчтой сувгаар хүрэх арга замыг л тодорхойлж өгдөг. Уламжлалт, дэвшилтэт аль альныг нь ашиглана. Мөн медиа компаниудуудтай өрсөлдөх биш харин ч шаардлагатай төслүүд дээр хамтран ажиллах бодлого барьдаг.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Нийгэмд ээлтэй бизнес гэсэн тодотголтой ямар ажлууд хийж байгаа вэ?

    МЭНД- ОРШИХ: Сүүлд erkhet.biz онлайн санхүүгийн програмаа монгол хүмүүсийн дэвшилтэт хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор төлбөргүй ашиглуулж байгаа, mazaalai.biz програмын хувьд бизнесийн соёлыг нэмэгдүүлэх зорилгоор харилцагч байгууллагууддаа төлбөргүй нэгдэх эрх олгосон.

    Маркетингийг ногоон болгох, бизнесийн зардалыг илүү оновчтой болгох, нийгмийн болон бизнесийн хөгжилд програм хангамжийн ололтуудыг нэвтрүүлэх зэрэг нь бүхэлдээ нийгэмд ээлтэй бизнес бодлогод нийцдэг. Бид жишээ нь уул уурхай, архи тамхины бизнес хийдэггүй, харин мэдлэгт суурилсан бизнес хийдэг. Мөн маркетингийн компанит ажлуудыг нийгмийн асуудлыг шийдэхтэй уялдуулж өгөх бодлого барьдаг гэх мэт. Ер нь бол нийгмийн хариуцлага гээд ганц хоёр удаагийн ажил хийхээс илүүтэй тухайн бизнес бүхэлдээ нийгэмд ээлтэй байх тийм л цаг үе ирээд байна шүү дээ.

    2014 оны 3-р сарын 3

    Эх сурвалж: www.yaruusetgegch.com

  • Ж.ХОРЛОО: Хүүхдийг хэт магтах нь сэтгэлийн хатгүй, үг сонсож чаддаггүй хүн болгодог

    “Би таван нас хүртлээ миний нэрийг “болохгүй” гэдэг л юм байх гэж боддог байлаа” гэдэг онигоо байдаг.

    Судлаачид тав хүртэлх насандаа хүний төлөвшлийн 70 хувь нь суудаг гэж үздэг. Тиймээс та энэ насны хүүхэдтэй бол тун анхааралтай байх хэрэгтэй. Бид “Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлийн талаар ядаж ганц болов ч ном унших хэрэгтэй” гэж ярьдаг 2007 оноос хүний хөгжлийн чиглэлээр ажиллаж, хүүхдийн хөгжлийг түлхүү судалсан Ж.Хорлоотой ярилцлаа.

    Ингээд тав хүртэлх насны хүүхдийн талаарх ярилцлагыг “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлийн зарим зөвлөгөөний хамтаар хүргэе.

    “Хүнтэй танилцах: Хүнтэй ёс журмын дагуу танилцах, нэр алдрыг нь зөв тогтоох, эргээд холбоотой байх зэрэг нь насан туршид нь хэрэг болно. Үүний зэрэгцээ өөрийн үзэл бодол, байр сууриа зөв илэрхийлж зөв ойлгуулж чаддаг байх нь дараа дараагийн хамт олны дунд ороход нь их тус болдог” “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлээс…

    Ж.ХОРЛОО: ХОЁР НАСТАЙДАА ХҮҮХЭД ӨӨРИЙГӨӨ БУЮУ БИ-гээ ИЛҮҮ МЭДЭРДЭГ

    -Сүүлийн үеийн хүүхдүүдийг индиго гэж нэрлэх болж. Энэ хүүхдүүд Монголд бий юу?
    -Индиго хүүхдүүдийг зөн билигтэй ч гэж ярьдаг. Гэхдээ монгол хүүхдүүдийг зөн билигтэй гэж ярихаасаа илүү яаж тэднийг зөв хүн болгох вэ гэдэг талаас нь илүү анхаарууштай. Тиймээс энэ хүүхдүүдтэй яаж харьцвал бид зөв хүн болгох вэ гэдэг талаас нь судалгаа хийсэн. Индиго гээд байгаа хүүхдийн зан төлөвийн өвөрмөц онцлогууд болох энэ хорвоод төрөх гавьяатай гэж үздэг, би-гээ мэдэрсэн, өөрөө илүү шийдвэр гаргаж, сонголт хийхийг зорьдог, дүрмийн сэтгэлгээтэй, бие даасан гэх мэт шинж чанарууд монгол хүүхдүүдэд байна. Харин тэр зөн билигтэй зэрэг нь ажиглагдаагүй.

    -Судалгаагаа хаагуур, хэдэн хүүхдийн дунд хийсэн юм бол?
    -“Индиго” төвийн 100 орчим хүүхдэд ажиглалт хийсэн. Индиго хүүхдийн арван шинж үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлтээр нийслэлийн зургаан дүүргийн 12 цэцэрлэгийн 300 гаруй хүүхдийг судалсан. Ингэхэд индиго хүүхдийн үзүүлэлтийг 70 хувиас дээш хангасан.

    -Эцэг эхчүүдийн хувьд анхаарууштай зүйл юу байсан бэ?

    -Эцэг эхчүүдийн буруу хандлагаас болж хүүхдүүдийн хүмүүжилд сөрөг зүйл багагүй илэрсэн. Жишээ нь эцэг эхдээ эрхлэх, бусдаар хайрлуулах, магтаал сайшаалын үгэнд дуртай, хаана ч байсан эргэн тойрны зүйлийг анхаарч сонирхдог, байнга асуулт асуудаг гэх мэт шинж нь 75-80 хувьд нь байна.

    -Энэ чинь угаасаа л хүүхдэд байдаг шинжүүд юм биш үү?

    -Тодорхой хугацаанд байж байгаад арилдаг шинжүүд юм. Хоёр настайдаа хүүхэд өөрийгөө буюу би-гээ илүү мэдэрдэг онцлогтой. Энэ насандаа “би л хийнэ, би чадна” гэж зөрүүдэлж, би-гээ ярьдаг хувь хүн болох суурь нь тавигддаг үе. Гэтэл энэ хүүхдүүдийн хувьд арилахгүй улам гүнзгий болсон байгаа нь ажиглагдсан. Энэ нь эцэг эхчүүдийн буруу хандлагатай холбоотой. Яагаад дөрөв таван нас хүрчихээд бусдыг хайрлаж мэдэхгүй зөвхөн өөрийгөө л хайрлуулах гэдэг, яагаад магтаал л сонсох дуртай үг сонсож чадахгүй байна. Шүүмжлэл хэлэхэд сэтгэлээр гүн гүнзгий унадаг болох нь харагдсан.

    Эцэг эхчүүдийн бас нэг буруу хандлага бол “Магтаж сайшаах” гэдэг ойлголтыг хэтэрхий туйлширч, буруу аргаар хэрэгжүүлдэг явдал. Тэд хүүхдийнхээ бүх зүйлийг учир утгагүй магтаж, хэтэрхий хоосон магтаалд умбуулж өсгөдөг. Тэр нь хүүхдийг сэтгэлийн хатгүй, хүний үг сонсож чадахгүй, бусадтай нэгдэн нийлж, ажиллах чадваргүй хүн болох үндсийг тавьдаг. Зөв магтаж сайшаана гэдэг нь хүүхдийнхээ юу нь маш сайн болсон байна, юу нь арай болоогүй байна, юу нь яг болох гээд байна гэсэн гурван шалгуураар хэмжин, аль алиныг нь хэлж, болж буй зүйл дээрээ түшиглэн болохгүй, болох гээд байгаа тэр зүйлээ улам сайжруулж хийх, улам сайн сайхан болгохын төлөө тэмүүлэх эрмэлзлэлийг төрүүлж өгөхөд оршдог.

    “Ойр дотны хүмүүсээ халамжлах : Багадаа өвөө, эмээ ахмад хүмүүсийг халамжилж байсан хүүхэд том болж эцэг эх болсон хойноо гэр бүлдээ бүхнийг зориулдаг” “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлээс…

    Ж.ХОРЛОО: АЯГА УГААЖ БАЙХАД ХАЖУУД ЧИНЬ ИРЭЭД ОРОЛЦОХ ГЭЭД БАЙВАЛ ХАГАРДАГГҮЙ АЯГА БАРИУЛЧИХ

    -Эцэг, эхчүүдийн буруу харилцаа гэдэг нь яг юуг хэлж байгаа вэ?

    -Гурван нас хүртлээ хүүхэдтэй хаан мэт харьцах ёстой гэдэг үг байдаг. Гэтэл үүнийг хүүхдийг хэмжээ хязгааргүй эрхлүүлэх ёстой мэт эцэг, эхчүүд андуурдаг. Хаан хүн бол хүссэн зүйлээ хийж чаддаг, шийдвэр гаргаж чаддаг хүн юм. Таван нас буюу тодорхой хэмжээнд биеэ даах насанд хүрчихсэн мөртлөө бусдын хайр энхрийлэлд л умбах гээд хүний үгийг сонсож чаддаггүй, аливаа зүйлийн зөв буруу, сайн мууг ялгах чадваргүй, хүн бүхэн зөвхөн намайг л хайрлах ёстой гэсэн мэт авир нь цаашид үргэлжилсээр байвал амин хувиа хичээсэн, бусдыг боддоггүй харгис үзэлтэй хүн болно. Энэ хандлага руу эцэг, эхчүүд л түлхээд байгаа юм.

    -Эцэг эхчүүд тэгвэл яах ёстой вэ?
    -Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж зүйл байдаг гэдгийг хүүхдэдээ ойлгуулах ёстой. Хайр энхрийлэлд ч хэмжээ хязгаар бий. Хүүхдийнхээ хүссэн бүх зүйлийг өгч, хязгааргүй хайрлах нь хүүхдийг амьдралд хөлөө олох чадваргүй болгох хор уршигтай. Хүүхэд аливааг барьж үзэх гэж оролдоход эцэг, эхчүүдийн 90 хувь нь хориглодог гэж бидний судалгаан дээр гарсан. “Болохгүй, бохир заваан, хол бай” гэх мэтээр. Хүүхдийн сониуч, танин мэдэх занг нь хориглох нь хүүхэд өөрөө шинэ зүйлийг сурч мэдэх хүсэл сонирхолгүй болгох, хийж бүтээх гэсэн сэтгэлгээг нь унтрааж байна гэсэн үг. Хүүхэд юу хийх гээд байгааг нь сайтар анзаарч түүнийг нь дэмжиж өсгөх хэрэгтэй. Аяга угааж байхад чинь хажууд чинь ирээд оролцох гээд байвал хагардаггүй аяга бариулчих. Хувцсаа угааж байхад чинь хажууд чинь ирээд байвал оймсыг нь усанд хийгээд бариулчих. Гэх мэтээр хүүхдийг сонирхож байгаа зүйлийг нь хийлгэхээс битгий татгалз. Гэхдээ заавал тухайн үйлдлийг нь дуустал нь хийлгэх гэж залхаах хэрэггүй. Хийж үзэх хүслийг нь л битгий унтраа гэсэн үг.

    -Арван сартай охин маань болохгүй юмсыг барьж аваад л амандаа хийж үзээд байна. Боль гэх тусам улам л авахыг хүснэ. Ийм хүүхдийг яаж хүмүүжүүлэх вэ?
    -Арван сартай хүүхэд гэдэг бол бүхнийг амталж байж мэдэрдэг үе. Гэтэл та бүхэн гэрээ яаж тохижуулснаа нэг хараарай. Хэрвээ та хүүхдэдээ зориулж гэрээ тохижуулаагүй бол хүүхэд чинь болохгүй гэсэн бүхнийг чинь л барьж авах болно. Хүүхдийн нүд харлаа л бол түүнийг барих, амтлах хүсэл сэдэл нь төрнө. Сэдэл төрсөн бол тэрийг хориглоод нэмэргүй. Хүүхдийн авах хүсэл улам бадарч, өгөхгүй бол уурлаж уйлах гэх мэтээр цаашид ууртай уцаартай, зөрүүд хүүхэд болдог. Хүүхэд аливааг хүртэж мэдэрч байж танин мэдэхүйгээ хөгжүүлдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

    -Цэцэрлэгтээ орж өгөхгүй нэг хүүхдийг мэдэх юм байна. Ээж нь гадаа тэвэрч 30-аад минут зогсож байгаад арай гэж оруулдаг. Эсвэл ямар нэгэн зүйлд дургүй нь хүрвэл шууд л ээж, аавыг цохиж зоддог хүүхэд ч байна. Зарим хүүхдийг их хорлонтой гэх нь ч бий.
    -Хүүхэд хорлонтой биш байхгүй юу уг нь. Дандаа л эцэг эхчүүдийн буруу хандлага харилцаатай л холбоотой. Хүүхдэд зөв буруу, сайн мууг ялгаж өгөлгүй хэмжээгүй хайрласнаас болж байгаа л хэрэг. Зөрүүдлэх нас бол уг нь 2-3 насны хооронд л байх ёстой.

    Ж.ХОРЛОО: ТАНАЙ ХҮҮХЭД ӨВӨЛ БОЛЧИХООД БАЙХАД Л ЗУНЫ ХУВЦАС ӨМСӨНӨ ГЭЭД ЗӨРЖ, УУРЛААД БАЙДАГ УУ

    -Их зөрүүд үед нь яаж харьцах ёстой вэ?
    -Тэр үед нь эвээр л харьцах хэрэгтэй. Сонголтгүй сонголтын аргыг жишээ нь хэрэглэж болно. Нэг л цамцыг энийг өмс гэвэл “үгүй” л гэнэ, нэг л зүйлийг идэх үү гэвэл “үгүй” л гэнэ. Харин сонголттойгоор “энийг идвэл том болно, энийг идвэл бүдүүн болно алиныг нь идэх вэ” гэвэл хүүхэд том болохыг нь л сонгоно. Бас нэг ээж “манай охин өвөл болчихоод байхад л зуны хувцас өмсөнө гээд дайраад зөрөөд байдаг” гэж хэлж байсан. Бас л ээжийн буруу. Яагаад өөрөө өвөл болчихсон байхад хүүхдийнхээ зуны хувцсыг далд хийгээгүй юм. Хэрвээ хүүхдийн нүдэнд өвлийн хувцаснууд нь сонголт хийж болохоор харагдвал тэрэн дундаас л сонгоно. Огт байхгүй далд хийчихсэн зүйлийг нэхэх нь тун ховор.

    Манай эцэг эхчүүд хүүхдийг зөрүүдэлж ууртай байгаа үед нь юмыг тайлбарлаж өгөх гэдэг. “Үзэг авна аа” гээд дайраад байгаа хүүхдэд “үзэг баривал аюултай нүд амаа сохолно” гэж мянга тайлбарлаад нэмэргүй. Харин ч өнөө үзэг үзэг гээд яриад байх нь өнөө үзгийг авах сэдлийг нь улам бүр өдөөгөөд байдаг. Түүний оронд анхаарлыг нь өөр зүйлд татах хэрэгтэй. Тэгээд анхаарал нь саринах зуурт үзгийг нь авчихдаг. Харин ууртай үед нь зүгээр л орхисон нь дээр.

    -Уур бухимдлаа янз бүрээр илэрхийлдэг хүүхдүүд байдаг. Айхтар чанга хашгирч орилох, юмыг хазах гэж дайрах гэх мэтээр?

    -Энэ бол маш түрэмгий ааш авирын нэг. Ер нь аливаа хүнээс гарч байгаа уур уцаар гэдэг бол дотоод эрчимтэй холбоотой. Тиймээс хүүхэдтэйгээ хамт тоглож, ярилцах гэх мэтээр хамтдаа аливааг хийж чадвал хүүхдийн доторх уур уцаар багасдаг. Уур уцаарын эрчмийг нь өөр зүйлд гаргах аргууд байдаг. Жишээ нь маш их энерги шаардсан барилдах, ноцолдох, гүйж харайх зэрэг тоглоомыг хамт тоглох. Гэхдээ хүүхдийг ууртай, зөрүүдэлсэн үед нь тоглоё гээд хэлбэл бас л зөрүүдэлнэ. Тэгэхээр аав, ээж нь өөрсдөө их сонирхолтой тоглож эхлэх хэрэгтэй. Тэгээд хүүхдийг тоглоё л доо гэж гуйх биш харин хүүхдээр өөрөөр нь “би тоглоё” гэж хэлүүлэх. Үүний зэрэгцээ ярина гэдэг маш их эрчмийг гадагшлуулдаг гэдгийг санаарай.

    Ж.ХОРЛОО: ТАНЫГ “ЯАГААД?”-ААР БУЛААД БАЙВАЛ…

    “Хүүхэд 4-5 насандаа зорилго тавьж чаддаг, үр дүнд хүрэхийн тулд төлөвлөдөг. “Яах юм “ гэдэг асуулт тавьдаг. Даруу , шударга , эрч хүчтэй ба зоригтой байх хүмүүжил олгох. Буруу юм хийсэн бол ичих ба бусдаас уучлалт гуйдаг. Энэ насны хүүхэд гомддог учир нийтийн дунд хүүхдийг зэмлэхгүй байх. Ойр ойрхон хүүхдийг үгээр урамшуулж сайшааж байх нь чухал” “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлээс…

    -Бүхнийг яагаад гэж асуудаг нас байдаг. Сүүлдээ ээж, аав нь хэлэх үггүй болтол нь “яагаад?”-аар булдаг. Энэ үед?

    -Зарим эцэг, эхчүүд “ юу гэж хэлэхээ мэдэхгүй дуугүй л өнгөрдөг” гэдэг. Ингэж болохгүй л дээ. Үнэхээр мэдэхгүй зүйл таарвал хүүхдээсээ өөрөөс нь асуу. “Харин яагаад ийм юм бол миний хүү юу гэж бодож байна” гэх мэтээр. Хүүхэдтэйгээ ярилцаж аливаа зүйлийн утга учрыг тайлбарлаж өгдөг, аливаа зүйлийг ойлгож мэдэхэд нь хамгийн дотны туслагч нь байх хэрэгтэй.

    Тав хүртэлх нас бол хүүхдийн маш чухал үе. Энэ үед нь бид цаг заваа зарцуулж хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадвал цаашид хүүхэд таны хүссэн сайн хүүхэд болох боломжтой. Хүүхэдтэйгээ зөв л харилцаж байх хэрэгтэй.

    -Хүүхэд компьютер, зурагтад донтох болжээ. Сүүлийн үед ээж, аавынхаа гар утсаар байнга хүүхэлдэйн кино үзэх, тоглох гэх мэтээр?

    -Хүүхэд аливаа юманд донтож байна гэдэг ямар ч дүрэм журамгүй замбараагүй өсгөсөнтэй л холбоотой. Бага насанд нь хүүхдэд цаг хугацааны үнэ цэнийг ойлгуулж, бүх зүйл цаг хугацаатай байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Зурагт үзвэл 30 минут үзнэ, компьютерийг 30 минут тоглоно гэх мэтээр сургавал том болсон хойноо ч энэ хэвшлээрээ л явна. Эцэг, эхчүүд өөрсдийнх нь чих л амар байвал бусад нь хамаагүй гээд зурагтын өмнө суулгачихдаг. Ингэхээр хүүхэд өөрийгөө татаж авах чадваргүй, аливаад донтомтгой болдог. Хожим нь нөгөө хүүхэд нь компьютерт донтоход манай хүүхэд ингэчихлээ гэдэг. Гэтэл өөрийнх нь өсгөж хүмүүжүүлж сургасан нь тэр шүү дээ. Гэтэл хүүхэд 1-3 насандаа энэ хорвоо ертөнцтэй танилцах танин мэдэхүй хөгжиж байдаг. Харин эцэг, эхчүүд энэ үед нь эрхлүүлэх хайрлах талыг нь илүү гаргасан болохоос танин мэдүүлэх ажлаа орхигдуулсан байдаг.

    Тэрээр ийнхүү ярилаа. Ярилцлагынхаа төгсгөлд “Та хүүхдэдээ сайн байна уу”, “баярлалаа”, “сайхан амраарай” гэж хэлдэг, найрсаг соёлтой харилцаанд сургавал хүүхэд тань танихгүй орчинд ч алзахгүй, хүмүүстэй харилцаа тогтоож чаддаг болно” гэсэн “Хүүхдийн нэвтэрхий толь” сэтгүүлийн зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

    О.Ариунбилэг

    Эх сурвалж: http://news.gogo.mn/mr/134231

  • Б.БАТХИШИГ: ТУРКУУД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ НУТАГТ ОЧИНО ГЭЖ МОНГОЛЫГ ЗОРЬЖ ОЧДОГ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЭГ БОЛОМЖ ЮМ

    Монгол Улсаас БНТурк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бадамдоржийн Батхишиг гуайтай Монгол Турк улсын харилцаа, хамтын ажиллагааны тухайд яриа өрнүүллээ.

    Амар байна уу. Та сайхан өвөлжиж байна уу? Таны шинэ номноос ярилцлагаа эхэлье. Та Туркын олон хотоор явж монголын түүхэн дурсгалт газруудыг үзэж судлан “Монголын Ил хаант улсын үеийн түүх соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл” хэмээх номыг хэвлүүлжээ. Номонд дурьдагдсан түүхэн дурсгалт газрууд маш их сонирхол татлаа.

    Мэндээ. Тарган сайхан өвөлжиж байна уу. Номын сайхан ерөөлөөр яриагаа эхлэж байгаадаа баяртай байна. Номын судалгааг хийж байхдаа өвөг дээдсийнхээ түүхээр үнэхээр их бахархаж явлаа. Зарим түүхэн сурвалжуудаас уншихад монголчууд бусад улсыг дайлаар мордож, эвдэж сүйтгэн хүн ардыг нь алж талж байсан гэж бичдэг. Гэвч монголчууд эзлэж авсан газартаа эмнэлэг, сургууль, гүүр, барилга барьж өгч байсан түүхэн дурсгалууд маш олон байгаа нь дээрх өрөөсгөл дүгнэлтийг няцааж байгаа юм. Тухайлбал Анкарагаас 400 км-т орших Сивас хотод 700 жилийн өмнө баригдсан гэхэд маш сайхнаараа шашны сүм байгаа. Одоо ч тэнд зах зээл өрнөж худалдаа арилжаа хийгдэж байна. Дээрхийн адил, монгол ноёдын хөрөнгө, зарлигаар босгосон сайхан барилгууд Амасиа, Акшехир, Кайсери хотуудад бий. Жишээлбэл Амасиа хотод Өлзийт хааны хатны хөрөнгөөр байгуулсан эмнэлэг байдаг. Тухайн үедээ мэс засал, сэтгэл засал гэх мэт нарийн эмчилгээ хийдэг байсан байна. Мөн эндээс 800 км-т байрлах Эрзурум хотын ойролцоо Чобан деде хэмээх Монгол ноёны бариулсан их гоё гүүр бий. Түүхэн тэр цаг үеийнхээ хувьд маш гоёмсог гүүр.

    Тухайн үед Торгоны зам Иранаас Турк, Монголоор дамжаад Шинжаан Уйгар орж байсан. Энэ торгоны замын 50 км тутамд Дэн буудал байсан байгаа юм. Монгол ноёдын бариулсан тэдгээр буудал нь жижигхэн биш асар том байшин байсан бөгөөд ачаа тэмээтэй хүмүүс ирж буудаллаад амраад явдаг их гайхалтай.

    Бид энэ түүхээ мэддэггүй байсан. Анкарагийн Их сургуульд сурч байгаа түүхч судлаач монгол залуу Анхбаяр түүхэн судалгааг хийгээд бид газар дээр нь очиж судлаад энэ номыг гаргасан.

    Монголын ил хаадын үед 1256 онд Хүлэгү хаан Иранд ирээд 100 орчим жил захирч байсан. Тэр үед Туркын нэг хэсгийг Хүлэгү хаан захирч татвар авч байгаад, сүүлдээ эзэмшилдээ оруулсан байдаг. Тэр үед Монгол ноёд маань Анкарагаар давхилдаж байсан байх юм. Тэр байтугай монгол цэргийн хуаран байсан гээд Анкарагаас 100-аад кмт байдаг Малиягийн тал гэдэг их өргөн уудам тал нутаг байдаг гээд л яриад байвал үнэхээр сонирхолтой зүйл олон бий.

    Турк хүмүүс Монгол хүнд их найрсаг дотно ханддаг гэж сонссон. Энэ талаар танд төрсөн сэтгэгдэлээ хуваалцана уу?

    Монгол хүнд үнэхээр найрсаг ханддаг. Ихэнх туркүүд бид монголоос ирсэн гэж ярьдаг. Түүхийн хуудсыг сөхвөл Монгол, Туркүүд хаяа зэрэгцэж амьдарч байгаад Туркууд нүүж явсан гэдэг. Хаад язгууртнуудын бунхан, руни бичээс бүхий гэрэлт хөшөө дурсгалууд, Архангай аймгийн Хашаат суманд байх Хөшөө цайдам дахь Культегэн жанжны гэрэлт хөшөө, Билгэ хааны дурсгал, Улаанбаатараас зүүн тийш орших Тоньюукукийн гэрэлт хөшөө зэрэг Түрэгийн үеийн түүхэн чухал дурсгалууд Монгол нутагт олон бий. Бидний өвөг дээдсийн нутгийн хүмүүс гээд Монголчуудад их сайн ханддаг. Туркууд одоогийн нутагтаа суурьшиж хүчирхэгжихэд Чингис хаан болон түүний удмын хаад, ноёд их үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг. Тийм учраас Туркэд Чингис, Бат хаан, Цагаадай гэсэн нэртэй хүмүүс их байдаг. Хоёр улсын хувьд түүхийн хувьд ч, хэл соёлын хувьд ч үнэхээр ойр дотно байх ёстой улсууд юм билээ. Бие биенээ мэдэхгүй холбоо тасарч байгаад 1990 оноос улс хооронд зорчдог болсон.

    Их сонирхолтой түүх байна. Одоогоор Монгол Улс, Турк Улсын дипломат харилцаа, хамтын ажиллагааны төлөв байвал ямар түвшинд явж байна вэ?

    Монгол улс 3 дахь хөршөөр Америк, Япон, Европын холбоо, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк гэсэн 6 улсыг зарласан. Гуравдагч хөрш гэдэг нэр томьёо төдий биш, стратегийн чухал хамтын ажиллагаа юм. Өмнө нь бид Сөүлээр дамжиж бусад улс руу зорчдог байсан бол 2012 оноос шууд Америк, Герман зэрэг улсруу Туркээр дамжиж нисч байна. Удахгүй Фосфорын хоолойн зам нээгдэнэ. Тэгэхээр Европоос төмөр зам яваад Фосфорын хоолойгоор дамжаад шууд Шинжаан Уйгар, Хятад руу ороод ирж болдог болно. Манай зам тээврийн яам энэ замд нэгдэе гээд санал тавьж байгаа. Тэгвэл төмөр замын шинэ гарц нээж байна гэсэн үг. Одоо Туркээс 7 хоногт 3 нислэг явж байна. Үүнийг 5 болгоё гэж байгаа. Бид дэмжиж байгаа. Мөн карго явуулдаг болъё гэж байгаа.

    Туркууд 2007 оноос манай улсруу 30 хоног визгүй зорчдог байсан. Тэгээд 2013 онд Туркийн ерөнхий сайд монголд айлчлах үеэр манайх танай улсыг 6 жил хүлээлээ. Танай иргэдийг манай улс визгүй зорчуулдаг. Танай улс манай иргэдийг визгүй зорчуулдаг болгооч гэсэн. Тэгээд 2014 оны 4 сарын 11- нээс Турк руу бид 30 хоног визгүй зорчдог болсон. Одоо Анкарад манай элчин сайдын яам байна. Өнгөрсөн жил Станбулд консулын газар байгуулсан.

    Бусад орны иргэд бол Монголыг ямар хэлтэй юм, ямар соёл иргэншилтэй юм гэж сонирхож очдог бол Туркууд өвөг дээдсийнхээ нутагт очино гэж зорьж очдог. Зарим Туркууд Билгэ хааныхаа хөшөөнд очоод ирэхдээ “Би хаж болсоон…” гэдэг. Мусулман шашинтнууд чинь Саудын Арабт байдаг Бурхан бунхандаа мөргөчихөөр Хаж гэдэг цолтой болчихож байгаа юм. Тийшээ очих хүн бол ховор. Бөөн очер зардал. Үүнтэй адил Монгол яваад ирэхээрээ “Би хаж болсон” гэж ярьдаг. Тоглоом шоглоомоор хэлж байгаа ч гэсэн үнэн байхгүй юу. Билгэ хааны хөшөөн дээр байдаг руни бичигнээс өөрсдийгөө Туркууд гэдгээ анх мэдэж авсан гэдэг.

    2002 онд би Туркийн ерөнхийлөгчийг дагаж тэр хөшөөн дээр очиход ерөнхийлөгч нь: “Боломжтой турк хүн бүр энд ирэх ёстой юм байна даа” гэж хэлж байсан. Сая 2014 оны 6 сард Туркын Үндэсний их хурлын дарга Билгэ хааны хөшөөнд очсон. Бэсрэг наадам хийсэн. Би 100 гаруй улсад айлчилж үзсэн. Энэ айлчлал шиг сайхан айлчлал ховор байсан гэж хэлсэн. Монгол дээл өмсгөөд Энхболд дарга өөрөө хамт суугаад барилдаан үзээд тэр үед Туркууд үнэхээр сэтгэл нь хөдөлж байсан.

    Үүн дээр тулгуурлан бид аялал жуулчлал хөгжүүлж болно. Энд юу саад болж байна гэхээр Улаанбаатар- Станбул чиглэлийн 7 хоногийн гурван нислэг нь багадаад байгаа юм. 5 юмуу 7 болгоод том онгоц нисгэе гэж байгаа. Жижиг онгоц замдаа зогсоод зардал ихтэй, алдагдалтай байна. Хэрэв том онгоц нисгэвэл замдаа зогсохгүй 6- 7 цаг нисдэг болж билетны зардал 20- 30 хувь хямдрах юм. Манай зам тээврийн яаманд энэ саналыг тавьсан. Одоо хэлэлцээрт явж байна. Манай тал ямар хариу өгөхийг мэдэхгүй байна.

    За тэгээд Монголд очлоо гэж бодоход Хархорин руу явна гэдэг том асуудал. Тэнд онгоцны буудал байхгүй. Бид энэ асуудлыг яриад байгаа. Хархорины онгоцны буудалд онгоц буудаг болчихвол, Улаанбаатарт буугаад тэндээсээ Хархорин руу нисээд тэндээсээ Хөшөө цайдамруу 45 км яваад очно. Энэ 45 км замыг Туркын тусламжаар засмал зам тавьсан. Одоо чинь Хархоринд онгоц буухгүй болохоор машин замаар олон цаг явдаг зам муутай байдаг. Турк улс 77 сая хүнтэй. Жилдээ манайд 7000 хүн очиход л том хөрөнгө оруулалт болно шүү дээ.

    Би Туркуудэд “онгоц байна, виз байхгүй” одоо яваад байж дээ гэж хошигнож хэлдэг юм.

    Элчин сайдын яамны хувьд Турк Улсаас Монгол Улсруу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар чиглэлүүдийг баримтлан ажиллаж байна вэ?

    Манай элчин сайдын яам Туркээс хөрөнгө оруулалт татах 4 чиглэлийг баримталж байна.

    1. Улаанбаатарын дахин төлөвлөлтийн шинэ орон сууцыг барих. Улаанбаатар Анкара хоёрын харилцаа сайн байгаа. Турк орон сууцыг хурдан барьдаг өөрсдийн технологитой. Тэгэхээр Улаанбаатарын дахин төлөвлөлт хурдсах боломжтой. Одоо 30 давхар байшинг 70 хоногт барьж байна. 1 давхрыг 2 өдөр барьдаг. Манайх шиг зуны улирал нь богино улсад байшин барихыг тоглоом өрж байгаа юм шиг л хурдан барина шүү дээ. Туркийн “түнель хашмал хэв” технологийг Монголруу явуулсан. Монголын барилгын мэргэжилтнүүд газар дээр нь ирж үзээд судлаад явсан. Тэр хурдан барьдаг технологийг эзэмшчихвэл бидэнд их хэрэгтэй. Ер нь Туркийн барилгын технологи, стандарт дэлхийд тэргүүлж эхэллээ шүү дээ.
    2. Арьс ширний салбарт Туркыг оруулъя гэж байгаа. Монгол чинь 52 сая малтай болчихлоо. Жилд 10 гаруй сая арьс бэлддэг. Тэрнээс 75 хувийг ямарч боловсруулалт хийхгүй гадагш гаргадаг. Арьс боловсруулдаг үйлдвэрийг Туркийн хөрөнгө оруулалт, технологиор бариулах талаар уулзаж ярилцаж байна. Ганцхан манай арьс ширний үйлдвэрийг Улаанбаатараас гаргаж нэг бүст төвлөрүүлнэ гэж ярьж байгаа. Эхлээд Дархан, дараа Багануурт гэж яригдаж байгаад одоо Улаанбаатарт ойрхон 22- ын товчооны ойролцоо төвлөрүүлэх юм гэсэн. Тэнд арьс ширний үйлдвэрийн Парк төвлөрчихвөл Туркууд орж магадгүй байна. 10 сая арьс гэхээр Туркууд их боломж байна гэж их талархалтай хүлээж авдаг.
    3. Аялал жуулчлал. Монголчууд бол Туркэд багагүй ирдэг болжээ. Монголчууд 2 жилийн өмнөх тоогоор жилд 6500 хүн Туркэд ирж байна гэсэн тоо байдаг. Одоо бол бүр нэмэгдэж байгаа байх. Харин одоо Туркуудыг Монголруу аялал жуулчлалаар татах шаардлагатай байгаа юм.
    4. Эрчим хүчний салбар. Туркын Aydiner Group Чойрт 95 сая долларын өртөгтэй салхин цахилгаан станц барьж байгаа. Бас Зэтмэн компани Баян-Өлгий аймгийн Ховд гол дээр 150-160 сая долларын өртөгтэй 56 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн. Одоо хөрөнгө мөнгөө босгох тал дээр ажиллаж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр баруун аймгуудаа бүрэн цахилгаанаар хангах боломж бүрдэнэ.

    Бусад чиглэлээр хийгдсэн ажлууд гэвэл хүнсний үйлдвэрүүд байна. Манай гол гурилын үйлдвэрүүд Турк технологиор баригдаж байгаа. Дээр нь цэвэрлэх байгууламжийг Туркууд байгуулж эхлээд байна. Одоо хоёрдохоо хийх гэж байна. Бид Туркээс зээл авч чадах юм бол аймгуудад цэвэрлэх байгууламж барих боломж байна.

    Туркээс 300 сая долларын хөнгөлттэй зээл авъя гэж тохирсон. Туркууд өгье гэж байгаа боловч манай Засгийн газраас баталгаа гаргаж өгч чадахгүй байгаа. Яагаад гэхээр зээлийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй гэсэн тэр хязгаартаа тулчихаад зээл авч болохгүй байна. Анх тэр зээлийг авчихвал барилга барина гэж байсан. Одоо бол зээлийг авчихвал арьс шир ч юмуу өөр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах ч юмуу чухал үйлдвэрт зарцуулж болно.

    Туркууд мах, сүү, тараг, бяслаг боловсруулалтаараа маш сайн. Арьс ширээ өнгө үзэмч сайтай маш сайн боловсруулдаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах нь их ирээдүйтэй. Туркууд Европын холбоонд элсэнэ гээд хэлэлцээ нь 2015 оноос эхэлж байгаа. Энэ далимдаа Туркууд европын стандартыг наашаа татаж байгаа. Зарим салбартаа европын стандартыг давсан явж байгаа.

    Соёлын салбарт 2 улсын харилцаа их сайн байгаа. Одоо туркэд монголоос нийт 800 гаруй оюутан сурч байна. Тал нь Туркын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа. Жилд 50 гаруй оюутан элсүүлж байна. Туркын ерөнхий сайд манайд айлчлахдаа 100 хүргэнэ гэж амласан. Удахгүй 100 хүрэх байх.

    Бусад салбарын харилцаа мөн хурдан хөгжиж байна. Батлан хамгаалахын салбарт 2011 оноос эхлээд жилд 1 сая гаруй долларын тусламж үзүүлж байна. Тэр тусламжаар бид голдуу цэргийн гутал хэрэгсэл авч байна. Монголын арми Турк гутал өмсөж байна. Турк НАТО-ын орнуудыг ч гутлаар хангадаг. Мөн цагдаа хууль, прокурорын байгууллагууд маш сайн харилцаатай. Зөвхөн жил хагасын дотор 76 прокурор ирж мэргэжил дээшлүүллээ. Энэ жилээс шүүгчид ирж мэргэжил дээшлүүлнэ. Сая Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж ирж гарын үсэг зураад явлаа. Эхний ээлжинд жилд 20 шүүгчийг сургая гэж ярьж байгаа.

    Мөн аудит, статистикийн байгууллагууд бүгд холбоотой байнга ирж очиж байгаа. Дандаа 5, 10, 20-иороо ирээд л мэргэжил дээшлүүлж байна. Цагдаагийн байгууллагад байнга туслалцаа үзүүлж байна. Өнгөрсөн жил 3000 метр даавуу үнэгүй бэлэглэсэн. Тэрэнгээр цагдаагийн хувцас оёж байна. Цэрэг, цагдаа, батлан хамгаалах, аюулгүй байдал гээд маш сайн харилцаатай байна. Одоо манай Цагдаагийн Академийн 26 оюутан Анкарад сурч байна. Хуучин 40 гаруй оюутан төгссөн. Монголын цагдаад Турк хэлтэй офицер нэмэгдэж байна.

    2014 оны эхээр Турк Улсын Хажэтэпэ их сургуульд анхны Монгол судлалын төв нээсэн. Уг Монгол судлалын төвд Төмөртогоо гуай ирж монгол судлалын 100 гаруй ном бэлэглэсэн.

    Турк хүн Монгол хүн хоёрын хооронд адил төстэй зүйл байна уу? Жишээ нь хүнийг угтах, мэндлэх ёс нь ижил төстэй санагдлаа. Хацар дээр үнсэх, зочломтгой зан нь адил санагдлаа.

    Адил төстэй зүйлүүд байдаг. Мэндлээд монгол хүн шиг хацар дээр үнсдэг. Айлд ороход зочломтгой. Байгаа зүйлээрээ дайлна. Хэл нь ч гэсэн их төстэй. Жишээ нь: Өгүүлбэрийн бүтэц нь эхлээд өгүүлэгдэхүүн яваад хамгийн сүүлд нь өгүүлэхүүн нь ордог. Үг үүсч байгаа хэлбэр нь ч гэсэн их төстэй. Аркадаш гэхэд туркээр найз нөхөд гэсэн утгатай. Найз нөхөд гээд олон тоо болговол монгол хэл дээр гээд нөхцөл залгадаг бол турк хэл тэрэн шиг –ла нөхцөл залгаад Аркадашла болчино. Монгол хэл дээр хамаатуулах нөхцөл залгаад найз нөхөдтэйгээ гэдэг бол турк хэлд –рли нөхцөл залгаад Аркадашларли- найз нөхөдтэйгээ гэдэг үгийг бүтээдэг. Монгол хэл нөхцөл дагавар залгаад үгээ уртасгаад байдаг шиг турк хэл мөн тэгдэг. Тийм болохоор турк хэлийг монголчууд их амархан сурч байна. Монголд Туркийн 5 дунд сургууль байдаг. Тэнд турк хэл сурсан хүүхдүүд үргэлжлүүлээд Туркын их сургуульд элсээд сурдаг.

    Туркэд хэд орчим Монгол хүн байна? Монголчуудын маань ахуй амьдрал ямар байна вэ?

    Ойролцоогоор 2000 орчим Монголчууд байна. Анкарад 150 орчим хүн. Ихэнхи нь оюутан. Бусад хотуудад 15- 20 хүн байна. Станбулд олон хүн байна. Ноднин Станбулын Монголчуудын цагаан сард очиход 500 орчим монголчууд цугларсан. Хууль бусаар амьдарч байгаа хүмүүс ч бий. Хэрэг төвөг л гаргахгүй бол Туркууд баривчлаад, цагдаад байдаггүй. Ихэнхи нь барилга, оёдол, хүүхэд асрагч хийгээд цалин ч боломжийн авчихдаг юм байна. Амьдрах орчин нөхцөл нь ч сайн болохоор Монголчууд их ирдэг бололтой. Монголчууд маань энд хэсэг хугацаанд ажиллаад юм сураад туршлага хуримтлуулаад эх орондоо очиж мэдсэн сурснаа ашиглаж бизнес эрхэлбэл их зүгээр. Сүүлийн үед ийм хандлага ажиглагдаж байгаа. Бид одоо улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. Туркуудад хийж чадахгүй юм гэж байхгүй, суралцах зүйл их. Машин техникийг гаднаас авдаггүй. Герман, Америк, Япончууд автомашины үйлдвэрээ энд байгуулаад машинаа угсарч байна. Туркууд машинаа хийж байна. Галт тэрэг, усан онгоц, бүх электрон цахилгаан бараануудаа үйлдвэрлэж байна. Европын телевизийн 50 хувийг туркууд үйлдвэрлэж байна. Батлан хамгаалах салбар их хөгжсөн. Их буу, танк, нисдэг тэргээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Одоо бөмбөгдөгч онгоц хийх гэж байна. Энд монголчууд ирж ажиллаж юм сурч авах нь зөв гэж боддог.

    Турк улс хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ?

    2000 оноос хойш их эрчимтэй хөгжсөн. 2002 оноос хойш одоо эрх барьж байгаа Шударга ёс хөгжлийн нам нь төрөө тогтвортой барьж байна. Турк улс одоо эдийн засгаараа дэлхийд 16- т орж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1 териллион долларт дөхөж байна. 2023 онд БНТурк улс байгуулагдсаны 100 жилийн ой болно. Османы эзэнт улс 1923 онд БНТурк улс болсон. 100 жилийн ойгоороо дэлхийн эхний 10 том эдийн засгийн 1 болно гэсэн зорилт тавьж байна. Тэр үед дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2 териллион орчим доллор болно гэж төлөвлөж байна.

    Ажиглаж байхад энэ зорилт хэрэгжих бололцоотой харагдаж байна. Хэдэн жишээ дурьвал. 2014 онд Хар далайн эрэгт Атомын цахилгаан станц байгуулахаар тендер зарлахад Япон Францын компани ялсан. Энэ тендер 21 миллиард доллорын өртөгтэй станц. Мөн Газар дундын тэнгисийн эрэг дээр бас Атомын цахилгаан станц барих тендер зарласан. Рос- Атом гээд оросын компани ялсан. Одоо эхлэх гэж байна. Бас 21 миллиард долларын өртөгтэй станц. Фосфорын хоолойд 3 дах замыг барьж эхэлж байна. Тэр нь 3 миллиард долларын өртөгтэй. Станбулд 3 дах онгоцны буудлыг барих гэж байна. Энэ тендерт Туркын өөрийн компани ялсан. Бас 20 гаруй миллиард долларын өртөгтэй. Эдгээр төслүүд нь миллиардаар л яригдах юм байна шүү дээ. Ийм мега төслүүд зэрэг эхэлж байна. Хотуудаа хурдны замаар холбоод дууслаа. Ямар ч жижиг хот байсан шил толь шиг гоё цэвэрхэн. Одоо хотуудаа хурдны галт тэргээр холбож байна. Сая намар Станбул Анкара хоёрыг холбосон хурдны галт тэрэгний замын нээлт хийсэн. Одоо бусад хотуудруугаа хурдны галт тэрэгний зам тавьж байна. Нийт хотуудад 100 гаруй онгоцны буудал байна. Дээр нь өөрсдөө усан онгоцоо үйлдвэрлэж байна. Жилд 1 сая гаруй автомашин үйлдвэрлэж байна. Хөдөө аж ахуй их хурдан хөгжиж байна. Туркууд анар, жимс, самар, помидор, өгөрций, сонгины ургацаар дэлхийд дандаа эхний 10-т явж байна. Хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Ингээд харахад 2023 он гэхэд эхний 10-т орох том эдийн засагтай болох бололцоотой харагдаж байна.

    Туркууд төрөө дээдлэх ёсыг их эрхэмлэдэг өдөр тутмын амьдралдаа бодитоор хэрэгжүүлдэг санагдлаа. Жижиг том гэлтгүй байгууллага бүр төрийн далбаагаа залсан байх жишээтэй. Монголчууд төрийн сүлд минь өршөө гэж залбирдаг. Энд бол төрөө дээдлэх ёс нь өдөр тутмын амьдралдаа бодит утгаар нь төрөө дээдлэж байгаа харагдаж байна. Туркчууд төрөө дээдлэх сэтгэлгээг хэрхэн бий болгодог юм бол?

    Энд баяр ёслол болохоор бүгд төрийн далбаагаа бариад төрийн дуулалаа дуулаад л эхлэнэ шүү дээ. Үгийг нь мэдэхгүй хүн байхгүй. Манай энд сурч байгаа монгол оюутнууд ч гэсэн Туркын төрийн дуулалын үгийг бүгд цээжилсэн байдаг. Сургуульд байхад нь цээжлүүлдэг юм байна. Төр нь хүчтэй ч юм. Зах зээлийн эдийн засгаа төрийн зохицуулалттай хослуулж чадсан. Төр бол компаниудаа дэмжээд юмаа сайн хийлгэж чаддаг. Өөрсдийн чадахгүй зүйлээ гадны компаниар хийлгэж, чаддаг юмаа өөрсдөө хийдэг. Атомын цахилгаан станцыг аргагүй чадахгүй учраас гадны компанийг сонгож байна. Япон бол газар хөдлөлтөд тэсвэртэй зүйл хийнэ, франц атомын цахилгаан станц өндөр хөгжсөн гэдэг утгаар энэ 2 улсын компанийг атомын станцийн төслүүдэд сонгосон байх жишээтэй.

    Туркэд үндэснийхээ компаниа дэмждэг төрийн бодлого, тогтолцоотой. Хот хөдөөгийн ялгааг их арилгаж байгаа. Хотоос алслагдсан байрлалтай газар үйлдвэрийг хөгжүүлбэл цахилгааныг 100 хувь чөлөөлнө. Татварыг тэдэн хувь гээд бүр тогтсон байдаг. Наашаа дэд бүтцэд ойр бол 50 хувь чөлөөлнө гэх мэт. Манайх бол татвар чөлөөлөх болов уу гээд хараад байдаг. Татвараас өмнө Туркэд газар нь яах юм, ус нь яах юм гээд бүгд тодорхой байдаг. Алслагдсан газар үйлдвэр хөгжүүлбэл бүгдийг нь чөлөөлдөг. Тэгэхээр чинь дуртай ажиллаж байгаа. Энэ бодлогоо ноднин манай Энхболд даргыг айлчлахад ярьсан. Дараахан нь Туркын ерөнхий сайдын ажлын албанаас надад үүнтэй холбоотой танилцуулгыг өгсөн. Яаж хөрөнгө оруулалт хийж хэрэгждэг талаар материалыг нь англи хэл дээр явуулсан. Би тэрийг бүгдийг нь УИХ, эдийн засгийн яам руу явуулсан. Татвараа бол хүн бүр байгууллага бүр төлөх ёстой юм байна. Харин ус, газар, цахилгааны төлбөрийг чөлөөлж хөнгөлдөг юм байна.

    Одоо Турк компаниудыг Монголд хөрөнгө оруулж манай улстай хамтарч ажиллаач гэхээр газар, цахилгаан, ус нь ямар үнэтэй байдаг вэ, хэдэн жилээр өгдөг вэ, яаж хөнгөлөлт үзүүлдэг вэ гээд асуудаг. Хөнгөлөлт эдлээд бүр сурсан байдаг.

    Туркын хотууд нь их цэвэрхэн. Ажил нь муу явагдаж байгаа хотын даргыг ажлаас нь халчихдаг. Монголд чинь хөдөө аймгийн дарга нар өөдөөс нь мөнгө нэхээд суугаад байдаг. Энд бол мөнгийг нь ч өгдөг байх, хариуцлага сайн тооцдог байх. Эндэхийн хөдөө нь хотоос дутахгүй сайхан байдаг.

    Төрөө дээдлэх сэтгэлгээ сургууль соёл түүхээ хүндэлж байгаагаас үүдэлтэй. 1299 оноос хойш сая 1923 он хүртэл 600 гаруй жил Отманы эзэнт гүрэн гэж их том гүрэн байсан. Баруун хил нь Австри Вени хот хүрч байсан. Тийм үе дамжсан төрийн, эзэнт гүрний уламжлал байсан байна. Тэрийгээ орчин үеийн болгосон. Одоо сонгуулийн ардчилсан системтэй. Сонгууль явагдаж төрөө сонгож байна. Төр нь их тогтвортой ажиллаж байна.

    Туркын зочид буудлаас эхлээд л компаниуд нь логогоо үндэсний хээ хуараар зохиосон байдал, төрийн далбаагаа залсан, хаалганы бариул, цайны данх гэх мэт үндэсний уламжлалаа орчин үетэй хослуулсан байгаа нь их сонирхолтой санагдлаа.

    Турк Улс ислам шашинтай орон. Хуучин уламжлалаа авч үлдэхэд нь шашин нь том үүрэг гүйцэтгэсэн. Туркууд Сүнит урсгалыг дагадаг. Туркэд хамгийн гоё барилга нь сүмийн барилга байдаг. Энд Шашны Хэрэг эрхлэх газар гэж байдаг. Шашин нь соёлоо хамт аваад явчихдаг юм байна. Айхтар бодлоготой. Тэр үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэх сэтгэлгээг шашинаар дамжуулж сургаж байгаа. Их сургуулиудын дэргэд сүмийг нь ойртуулаад байгуулаад өгсөн байдаг.

    2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд юу байна?

    Монголын эдийн засаг хүндрэлтэй байна. Тийм болохоор Туркын хөрөнгө оруулалтыг Монголруу чиглүүлэх ажилруу төвлөрч Туркын бизнесменүүдтэй их уулзаж ярилцаж байна. Түрүүн ярьсан 2 төсөл байна. Мөн зээлийн ажил дээр анхаарал хандуулна. Үүний тулд 2- 3 том айлчлал хийх төлөвлөгөөтэй байна. Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд 2- ын аль бололцоотойг Туркэд айлчлуулах, Туркын Гадаад яамны сайдыг Монголд айлчлуулах, 2 жилд нэг удаа болдог Монгол Туркын Эдийн засгийн хорооны хамтарсан 8 дах хуралдааныг Улаанбаатарт хийнэ. Энэ жил бол эдийн засаг руугаа гол хандана.

    Гадаад бодлогын нэг гол бодлого нь соёлын бодлого. Ийм учраас Иранд судалгаагаар яваад ирсэн доктор Анхбаяр бид нар Иранд байдаг Монголын хуучин нийслэлүүдээр яваад “Ираны замаар” гээд түүхчилсэн зурагтай ном хийсэн. Бид Туркэд Монголын соёлыг сурталчилна гэж бодож байгаа. Хар хоринд байгаа Түрэгийн үеийн музейны үзвэрүүдийг Туркэд авчирч үзүүлэх гээд бодсон санасан ажлууд их байна. Тэр музейд их гоё үзмэрүүд байна. Билэг хааны булшнаас гарсан үзвэрүүд бүгд байна. Тэгээд тэр том хөшөөний чинь загварыг ч болов хийгээд наашаа авчраад үзэсгэлэн үзүүлвэл жуулчдыг татах томоохон ажил болох юм.

    Хийх ажил их байна…

    Турк Улс, Анкара хот, Монгол Улсын Элчин Сайдын Яам

  • ЧУЛУУНЫ ДАРХАН БАЯРБИЛЭГ: Сум бүрд чулуу урлаачдыг бэлтгэж чулуугаа үнэт баялаг болгох хэрэгтэй

    Гурван жилийн өмнө учралаар тааралдаж чулуу урлалын тухай хөөрөлдөж байгаад дахин уулзахын ерөөл тавьж байсан чулууны дархан Г.Баярбилэг ахтай саяхан таарч урланд нь очлоо. Чулууг үнэт баялаг болгох, монгол чулуу урлалыг хөгжүүлэх, сургаж өвлүүлэх юмсан гэж бодож, санаа зовж явдаг, аймаг, сум бүрт чулуу таньдаг, чулууны дархан залуусыг бэлдэхээр төлөвлөж яваа эрхэм ахын чин сэтгэлийн яриаг сонслоо. Монголчуудын чулуу урлал, чулууны соёл, чулуун эдлэл хэрэглэлийн ид шид, эрчим энергийн тухай маш сонирхолтой яриаг дэлгэлээ. Чулууг өсдөг хүйтэн хөрөнгө гэж нэрлэдэг ажээ.

  • Г. ОТГОНБАЯР: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАРИЛГЫН БҮРЭН ЦУТГАМАЛ ТЕХНОЛОГИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЬЕ

    Монгол оронд их бүтээн байгуулалт, орчин үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой тохиож буй энэ үед констракшны гол хэрэгсэл болох хэв хашмалын үйлдэрлэлээрээ анхдагч ТАСО хэв хашмалын үйлдвэрийн захирал Т.Отгонбаяртай уулзаж үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын талаар яриа өрнүүлснээ танд хүргэж байна.


    – Сайн байна уу. Монголд барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж байгаа танай хамт олонд Барилгачдын баярын мэнд хүргье. Барилгын хэв хашмалын үйлдвэрлэлийг яагаад сонгох болсон талаар яриагаа эхэлье.

    – 2010 онд Нүхтэд баригдаж байсан 2 ижилхан хаусыг харж байсан юм л даа. Хэв хашмалаар (пум) барьж байсан хаус нь маш эмх цэгтэй шуурхай баригдаж дууссан байхад, панераар барьж байгаа нь дөнгөж эхлэх шатандаа л явж байсан атлаа ундуй сундуй харагдаж байсан. Тэр үеэс хэв хашмалын технологийг сонирхож эхлэсэн. Тэр ондоо Солонгосоос хэв хашмал импортоор оруулж ирж үзсэн. Тухайн үедээ тооцоо хийж үзээд хэв хашмалыг үйлдвэрлэж чадвал Монголын бүтээн байгуулалтанд том хувь нэмэр болох юм байна гэж шийдээд тоног төхөөрөмж, үйлдвэр зэргийг эрчимтэй судалж, солонгос инженерүүдийг авчирж технологийг нутагшуулж эхлэсэн дээ.

    – Хэв хашмалын үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж нь Солонгос улсынх уу?

    – Энэ технологи дэлхий нийтэд маш өргөн ашиглагдаж байгаа технологи бөгөөд Солонгост сүүлийн гуч гаруй жил эрчимтэй хөгжиж шалгарсан технологи юм. Зүүн өмнөд азийн улсууд, Веатнам, Тайланд, Бирм, Орос зэрэг улсын хэв хашмалын хэрэгцээг Солонгос хангаж байна.

    Манай үйлдвэр бол одоогоор төв азид байгаа ганцхан хэв хашмалын үйлдвэр. Энэ үйлдвэр Хятадад байхгүй. Яагаад гэвэл Хятадууд бол олон хүнийг ажилтай байлгах зорилготой технологийг ашигладаг. Мод тарьдаг, мод бэлтгэдэг, модоо зордог, зорголоор нь панер хийдэг, панераар байшин барьдаг гэх мэтээр дамжлага бүр дээр хэдэн сая хүн ажилтай байдаг. Зардал хэмнэсэн бүтээмж өндөртэй хэв хашмалын технологи Хятадад нэвтэрвэл олон хүн ажилгүй болох учир энэ технологийг нэвтрүүлэхгүй байна. Бид бүх төхөөрөмжийг Солонгосоос оруулж ирсэн. Энэ технологи маань цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой технологи учир манай улсад илүүтэй тохирох технологи юм.

    – Үйлдвэрийн баг хамт олноо хэрхэн бүрдүүлж, сургаж хөгжүүлж байна?

    – Солонгосын инженерүүдийг авчирж тоног төхөрөөмжөө суурилуулж, хүмүүсээ сургаж авсан. Анх 4-р цахилгаан станцийн хажууд халаалтгүй хүйтэн грашд гурвуулахнаа ажлаа эхэлж байлаа. Одоо 20 гаруй сайхан залуус ажиллаж байна. Яруу сэтгэгч нэгдэл байгууллагаас баг хамт олноо хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ аваад сургалт хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж өндөр үр дүнд хүрч байна. Манай үйлдвэр, ажлын орчинг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх 3САЙХАН зарчмыг үйлдвэртээ нэвтрүүлж тодорхой үр дүнд хүрч байна. “Хэв хашмалын технологио бүрэн эзэмшсэн монгол залуучуудыг бэлдэж авъя” гэсэн бодлого барьж технологийн инженерээр Солонгос инженер ажиллуулж байна. Цаашид ажилчидаа Солонгосын үйлдвэрүүдэд дадлага хийлгэж илүү мэргэшүүлэхээр төлөвлөж байна.

    – Хэв хашмалын ач холбогдол, давуу тал юу вэ?

    – 1-рт САНХҮҮГИЙН ХЭМНЭЛТ. Манай хэв хашмал олон дахин ашиглагддаг бөгөөд 40 удаагийн цутгалт хийх боломжтой учир зардалд хэмнэлттэй. Цаашилвал улсын эдийн засагт маш их хэмнэлттэй. Жишээ нь хэв хашмалын 1 тэрбумын борлуулалт, 4- 5 тэрбумын хятад хар панерын импортыг хааж эдийн засагт тэр хэмжээний мөнгийг үлдээдэг. Тэр хэмжээгээр Хятадруу мөнгө урсахыг багасгана.

    2-рт ӨНДӨР БҮТЭЭМЖ. БҮРЭН ЦУТГАМАЛ технологи нь 8 баллд тэсвэртэй, өнгө үзэмж сайтай, хог хаягдал багатай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр бүтээмжтэй технологи юм. Хэв хашмалыг УГСРАХАД ХЯЛБАР, ямар ч хүнийг сургаж болохуйц хялбар бөгөөд нарийн мэргэшсэн мужаан шаарддаггүй энгийн технологи. Мөн цөөхөн хүн өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой. Сайн төлөвлөж чадвал 3- 5 хоногт л 1 давхарыг цутгадаг. Бүрэн цутгамал хийцийн гадаргуу өө сэвгүй тэгш сайхан гардаг тул заслын ажлыг ихээхэн хөнгөвчилж, өртөг зардлыг бууруулдаг юм.

    3-рт ЦАГ ХУГАЦААНЫ ХЭМНЭЛТ. Хар панераар 2 жил барьдаг байшинг жилийн дотор барих бүрэн боломжтой. Жишээ нь Буянт ухаа хорооллыг манай хэв хашмалаар жилийн дотор босголоо. Монгол улс дулааны богино улиралтай тул хэв хашмал ашиглаж бүтээн байгуулалтынхаа хугацааг түргэтгэх нь Монгол улсын эрх ашигт бүрэн нийцэх юм. Сүүлийн үеийн энэ их бүтээн байгуулалтыг хэв хашмалаар л босгож байна. Цөөхөн хүнээр том бүтээн байгуулалт хийхийн тулд дэвшилттэй технологийг ашиглах хэрэгтэй байна.

    4-рт БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ. Хятадуудын хар панераар барьдаг барилга бол панер, прус мод их хэмжээгээр ашигладаг байгальд хор нөлөө ихтэй технологи юм. Хятад хар панер 2- 3 удаа ашиглагдаад хог болж шатаахаас өөр аргагүй болно. Панерт ашигладаг цавуу нь шатахдаа агаарт хорт утаа ихээр дэгдээдэг. Пруст ашиглахын тулд хууль бусаад мод бэлтгэх нь ихэсч Монгол орны ойг сүйтгэж байна. Уг нь Монголчууд бид байгальд хортой барилгын Хятад технологиос татгалцаж олон удаа ашиглагддаг бүрэн цутгамал хийцийн хэв хашмалын технологийг бүрэн нэвтрүүлж, стандарт болгож мөрдүүлвэл Монгол улсад их л хэрэгтэй байгаа юм.

    – Импортын хэв хашмалаас ялгарах онцлог бий юу?

    – Ханш өссөн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд импортоор оруулж ирж байгаа пумнаас манайх доод тал нь 5- 10 мянган төгрөгөөр хямд. Мөн импортын хэв хашмалаас чанартай гэж итгэл дүүрэн хэлнэ. Солонгос үйлдвэрүүд хэв хашмалаа хоёр гурван мянган вон хямдруулж өгөхдөө өөрийнхөө зардлыг хэмнээд хятадын хамгийн хямдхан паниарыг ашиглаж хэв хашмалаа хийх нь элбэг байдаг юм билээ. Гэтэл бид хэрэглэгчийнхээ яг дэргэд байгаа, буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэл явуулж байгаа учраас солонгосын ТЕГО брэндийн сайн чанарын панерийг ашиглаж байна. Одоогоор Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, Дельта констракшн, БҮТИ ХХК, Очир ундраа групп, SAMSUNG, Эрин интернайшнл, Жигүүр гранд, Билэгт Зам ХХК зэрэг барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч 50 гаруй компаниудтай тогтмол хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Буянт Ухаа- 1, 2 хороолол, MCS товер, Эрин хороолол, Гашуун сухайтын бүтээн байгуулалт, шинэ нисэх буудал, төмөр замын далан, зам гүүр гээд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ТАСО хэв хашмал, ханчаар хийж байна.

    Зам гүүр, далангийн ажилд голчлон ашиглагддаг тусгай Ханч панелийг 100% импортоор авдаг байсныг өөрчилж Монголдоо бүх төрлийн хэмжээсээр үйлдвэрлэж байна.

    – Хамтран ажиллаж байгаа компаниуддаа юу амлаж чадах вэ?

    – Бид наймаачин сэтгэлгээгээр хандахгүй. Хэв хашмалын эрэлт хэрэгцээ их үед ч монополдож 1 төгрөг ч нэмж үзээгүй. Өрсөлдөгчгүй гээд бид үнээр дарамталж авбал ав больвол гэсэн сэтгэлгээгээр хандахгүй. Зах зээлийн ямар ч үед харилцагчиддаа үнэ тулгаж, хааж боох сэтгэхүй байхгүй. Сайн чанарыг амлаж чадна. Импортын үнээс хавьгүй хямд үнийг амлаж чадна. Эдгээр байр сууриа хэзээ ч гээхгүй. Эцэст нь, түншлэгч компаниудынхаа ажлыг нэг өдөр ч саатуулахгүйн тулд хамаг сэтгэл зүрхээ зориулж ажиллана.

    – Монголдоо үйлдвэрлэл хөгжүүлэхэд та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

    – Технологи нутагшуулах гэдэг тун бэрхшээлтэй юм билээ. Тэрэнд маш их ухаан, цаг хугацаа, хөрөнгө зарж, өөрөө хоосон хоносон ч хамаагүй тийм их сэтгэл гаргах хэрэгтэй юм байна лээ. Үйлдвэрийн газар, үйлдвэрийн байрны асуудал маш хүнд байна. Үйлдвэрийн газар маш үнэтэй. Уг нь үйлдвэрийн бүсчилсэн газар байгаад тэнд нь хөнгөлөлтэй хэлбэрээр газар өгдөг бол дөнгөж босох гэж байгаа үйлдвэрүүдэд маш их хэрэгтэй байна.

    Монголдоо үйлдвэрлэсэн барилгын материал, технологийг илүүтэй дэмжих талаар Барилга, хот байгуулалтын яам бодлого баримталвал хэдэн үйлдвэрүүд босоод ирэхээр байгаа юм.

    Түүнчлэн засгийн бүтцэд экспортод түлхүү анхаарсан яам биш юмаа гэхэд тусгайлсан агентлаг байвал зүгээр. Яамууд дээр экспорт хариуцсан алба байгаа ч тэдгээр нь хоорондын уялдаа холбоогүй жижиг бүтцүүд байгаа болохоор дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй байна л даа.

    – Монгол улсынхаа бүтээн байгуулалтын салбарт чухал хэрэгцээтэй технологи үйлдвэрлэж байгаа танай бүтээлч хамт олонд өндөр амжилт хүсье.

    Б. Цэцэгбаяр

  • ГАНБОЛДЫН БАЯР: ӨӨРТӨӨ БАЙГАА ГЭРЭЛ ГЭГЭЭГ БУСДАД ТҮГЭЭЖ, БАЙГАЛЬ БОЛООД АЛИВАА ЗҮЙЛСИЙГ ТУЙЛЫН ГОО САЙХНААР ХАРЖ АМЬДРАЛЫГ УТГА УЧИРТАЙ ТУУЛАХЫН ТУЛ БИ ШҮЛЭГ БИЧДЭГ


    Хүний хөгжлийн Yaruusetgegch.com цахим хуудсын хамт олон МЗЭ-ийн гишүүн, Алтан өд шагналт яруу найрагч Ганболдын Баяртай уулзаж халуун яриа дэлгэснээ та бүхэнд хүргэж байна.

    _____________________________________________________

    ЯРУУ СЭТГЭГЧ: Сайн байна уу. Та өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

    БАЯР: Оны эхээр “Эх орон тусгаар тогтнолын наадам”-д орж тусгай байр, “Хайрын цагаан уул” наадамд тусгай байр эзэлж, оноо тусгай байруудаар эхлэсэн. За тэгээд О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон- Оюун санаа- Яруу найраг” наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал хүртэж тэргүүн байруудаар оноо төгсгөлөө. “Танихгүй цэцгийн үр” номоороо Алтан өд шагнал хүртлээ. Бас хамгийн сайхан үйл явдал гэвэл МЗЭ-ны 85 жилийн ойгоор МЗЭ-ны гишүүн болсондоо бэлэгшээж байгаа.

    ЯРУУ СЭТГЭГЧ: “Хайрын цагаан уул” яруу найргийн наадамд энэ жил орох уу?

    БАЯР: Оролгүй яахав. Том жижиг тарган туранхай хардаггүй сайхан наадам шүү дээ. “Хайрын цагаан уул” наадамд 3 дах жил орох гэж байна. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс А.Эрдэнэ-Очир гээд олон сайхан хүмүүс хайрын шүлгээ уншиж байсан нэр хүндтэй наадам л даа.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найргийн төрлөөр шилдэг болж “Алтан Өд” шагнал хүртсэн “Танихгүй цэцгийн үр” ном ямар онцлогтой вэ?

    БАЯР: Их эрэл хайгуул хийсэн ном. Монгол сэтгэлгээ, орчин үеийн сэтгэлгээ хоёрыг хослуулж дундаас нь саарал юм гаргах гэж их хичээсэн ном л доо. Баяр гэдэг хүн өөрөөсөө өөрийгөө хайсан эрэл хайгуулын ном гэж хэлж болно.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Өөрөөсөө өөрийгөө хайна гэхээр өөрийгөө олох замдаа явж байна гэсэн үг үү?

    БАЯР: Ер нь хүн төрсөн цагаасаа эхэлж өөрийгөө хайдаг байх л даа. Ер нь олдог ч үгүй байх. Өөрийгөө олчихвол бас онцгүй л дээ. Оньсогыг таахаас нь өмнө хариуг нь хэлчихвэл тэр оньсого биш болчихно шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хайна гэдэг сайхан Өөрийгөө хайна гэдэг нь хүсэл мөрөөдөл л гэсэн үг. Өөрийгөө хайх тусам хүн улам зорилготой тэмүүлэлтэй болно. Энэ уулын цаана юу байгаа бол. Энэ уулыг давчихлаа одоо тэр уулын цаана юу байгаа бол гээд л тэмцээд байдаг байх. Хүн гэдэг амьтан өөрийгөө хайсаар байгаад төгсдөг юм болов уу даа.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найрагч хүний эцсийн зорилго нь юу байдаг юм бол?

    БАЯР: Миний хувьд бол би бичих л мөрөөдөлтэй. Өөрөө өөрийнхөө ертөнцөд өөрийнхөө хөг аялгуугаар хөгжимдөх шиг сайхан юм байхгүй. Яруу найрагч, урлагийн хүн бүхэн яруу сайхан хийгээд үнэнийг бүтээхийн төлөө л явдаг. Би ч мөн адил үнэнийг бичихийг хичээж явна. Урлаг бол үнэн байх ёстой. Жишээ нь, хүнд дурласан бол тэр дурласнаа л бичих хэрэгтэй. Тэгэхгүй хийсвэрээр дурлаад, хийсвэр ертөнц өөрөө өөртөө бий болгоод л байвал сайн бүтээл болж чадахгүй байх. Нэг бүсгүйд дурлах юм бол тэр бүсгүйнхээ өөдөөс харж сууж байгаад харцнаас нь ямар гэрэл гарч байна, гарт нь хүрч үзэхэд ямар мэдрэмж төрж байна тэрийгээ л бичвэл сайхан санагддаг. Тэгэхгүй нэг их гоё үг хөөгөөд байхаар шүншиггүй бурхан шиг юм болох гээд байдаг юм. Урлагт үнэн л хэрэгтэй. Үнэн өөрөө гоо сайханд хүргэх шат гэж би хувьдаа боддог.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Хамгийн анхны шүлгээ хэдэн онд бичсэн билээ?

    БАЯР: 2004 онд “Миний аавын цагаан овоо” гэдэг дууны шүлгийг бичсэн. Би чинь анх дууны үг бичдэг байлаа. Өвөө эмээ хоёр маань уртын дуу сайхан дуулахыг нь их сонсдог байлаа. Өвөөгийнд маань их сонин содон хүмүүс ирдэг байсан. Дэлэг гэдэг хүн ирнэ. Тэр хүн цахлай болж гуаглана, буга болж урамдана, амаараа буу шиг дуугардаг Хажууд яваа морь үргэтэл буу шиг дуугарч чаддаг элдэвтэй хүн байсан юм даг. Чойсүрэн гэж нэг хүн ирдэг байсан. Тэр хүн эмээгийн нэрмэлээс уугаад халж аваад уртын дууг нарийн лимбэний өнгөн дээр гайхамшигтай дуулна. Энэ хүний талаар сүүлд дуулахнээ

    Чойсүрэн гээд мундаг уртын дуучин хүн байсан юм байналээ. Энэ хүний дуунууд монголын радиогийн дууны санд байдаг юм. Би гэдэг хүн чинь багаасаа уртын дуу сонсч өссөн болохоор дууны үг бичмээр санагдаад бичиж эхэлсэн. Миний уран бүтээл ардын дуутай их холбоотой. Би Адарсүрэн гуайг их дууриаж дуулдаг байсан. Өглөө босоод л дуулна, өдөржин дуулдаг байсан. Нэг хэсэг миний хоолой Адарсүрэн гуайн хоолойтой их адилхан болж эхэлсэн шүү. \Инээв\

    ЯРУУ СЭТГЭГЧ: Та дуутай их ойр өссөн юм аа даа?

    БАЯР: Дээр үед намайг бага байхад манайх сумандаа хамгийн анх магнитофон авсан юм. Тэр магнитофонд манай сумын ихэнх хүмүүс дуугаа бичүүлж хураалгасан. Тэр үед магнитофон гэдэг зүйл анх гарч ирж байсан болохоор хүмүүс их сонирхож дуугаа бичүүлдэг байсан. Ээж аавын ажлын хүмүүс, хажуу хашааны хүүхдүүд гээд бөөн хүмүүс ирж дуугаа хураалгадаг хоббитой байсан. Тэр нь их гоё санагддаг байсан шиг байгаа юм. Тэгээд би ер нь дууг хүлхэж өссөн юм байна лээ. Ардын дуунд их хайртай. Бас радио их сонсдог байсан. Монголын үндэсний радиогоор явдаг дуунууд, ардын дууны домгуудыг их сонсдог байсан. Тэр дундаас их гоё санагдаж байсан дуу гэвэл Юндэн Гөөгөө. Энэ дуу Архангай аймгийн Тариат сум буюу миний нутгаас гаралтай дуу юм билээ. Далай вангийн Юндэн Гөөгөө гээд л цэнхэртүүлнэ шүү дээ.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Таны удамд дуулдаг хүмүүс бий юу?

    БАЯР: Миний мэдэхээр байхгүй. Надад цагаан нуурын давалгаа их нөлөөлсөн л дөө. Цагаан нуур чинь намар харахад их гунигтай. Яах аргагүй юм бичмээр санагддаг юм. Шуугиад л, шувууд буцаад л… Хавар эрт Тэрхийн цагаан нуурын дэргэд ганц гэрээрээ байх бас л эвгүй шүү. Нэг л их ус. Хүн амьтан ч ирэхгүй. Ганц гэр их эвгүй шүү. Ус хараад л суугаад байна. Өөрийн эрхгүй гуниг төрнө шүү дээ. Тэгээд шүлгийн мөртүүд орж ирнэ дээ. Нэг агуу хүний хэлсэн байдаг ш тээ. Далайг хараад гуниг төрөхгүй бол чамд ямар ч найдвар алга гэж.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Хүүхэд байхдаа өөр юу хийдэг байв?

    БАЯР: Юм сийлэх гэж оролддог байсан. Хөдөө жижиг гэртэйгээ ээж, ах хоёртойгоо хамт мал маллаж байсан. Ах маань өглөө үүрлээд л малаа туугаад явна. Би ихэвчлэн гэртээ өнждөг байсан. Гэрт өдөржин байхаар уйдаад модоор янз бүрийн зүйл сийлдэг байлаа. Дараа нь радио телевизийн засварын дамжаанд 1 сар суугаад засварчин болоод нэг хэсэг гэрээрээ дүүрэн эвдэрхий зурагт овоолоод суудаг байлаа. /Инээв/ Нэг өдөр гар хальт хөдөлснөөс болж мааслаад хүний зурагт шатаагаад, тэр хүндээ баахан хараалгуулж загнуулаад, тэгээд л за ер нь засварчин надад тохирохгүй ажил байна гэж бодоод яруу найрагруу эргэлт буцалтгүй орж Гүларанс, Инжинаши, Нямсүрэн гуай, Дашбалбар гуайн шүлгүүдийг уншиж эхэлсэн.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Сургуулиа орхисон билүү?

    БАЯР: Би чинь 3-р анги л төгссөн хүн шүү дээ. Бие бага байхаас муудсан л даа. 3-р ангид байхад хөл бүр их өвдөөд доголж явдаг болсон. Доголж явдаг болсноос хойш хүүхдүүд хаа тааралдсан газраа “доголон, Баяраа, доголон Баяраа” гэж шоолоод явуулдаггүй байсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд аймаар дарамттай байсан болохоор хичээлдээ явахгүй гэж уурлаад сургуулиасаа гарсан. Хүүхдүүд юм болохоор, хөөрхий тэр үедээ надад хэцүү байгаа гэдгийг мэдэхгүй л дээ. Тэгээд бас лам болох гэж үзсэн. Манай өвөө чинь лам байсан юм. Би нутгийнхаа ганданд хоёр долоо хоног суусан. Нэг өдөр тарж явтал нутгийн хүүхдүүд таараад малгай авч гүйгээд “лам лам” гэж шоолоод толгой дээр гэр зураад. /Инээв/. Тэгээд би лам болохоо больсон. Одоо энэ бүгдийгээ эргээд бодохоор их урт насалсан юм шиг санагдаад байх юм. Ная гараад явж байгаа юм шиг. Ер нь хүн гуч гарчихаар амьдрал их богинохон санагддаг юм байна. Амьдралыг эргэцүүлж бодвол их богинохон эд юм байна. Зүгээр суух эрхгүй. Цаг минут бүртэй л уралдан сурч боловсорч хийж бүтээж аз жаргалыг амталж авахгүй бол Д.Намдаг гуайн хэлдэгээр залуудаа тархиа зулгааж идэхгүй бол хөгшрөөд махаа зулгааж иднэ гэдэг л болно.

    Хүмүүс маргааш маргааш гээд л маргааш амьдрал сайхан болно гэж ажлаа, аз жаргалаа хойш тавьдаг. Яг гашуун үнэн бол маргааш чинь үхэл шүү дээ. Бид чинь үхэл рүүгээ л яваад байгаа юм шүү дээ. Тийм болохоор өнөөдөртөө бие биенээ хайрлаж өөртөө болон бусдад аз жаргалыг харамгүй өгөх хэрэгтэй. Ажиглаад байхад хүмүүс маргаашийг бодож шаналаад их стресст орж байна. Маргааш өглөө босоод яаж ажилдаа явна, яаж автобусны мөнгө олно, замын түгжрээ яана гэж бодож шаналаад л… Тэгж бодсон бодоогүй өглөө болдогоороо л болно шүү дээ. Болоогүй байгаа зовлонг өөр дээрээ овоолох хэрэгтэй гэж үү? Ямар ачааны машин биш дээ. Тэнэгийн дотор уужуу гэгчээр би чинь их сонин хүн шүү дээ. /Инээв/

    ЯРУУ СЭТГЭГЧ: Ямар номнууд уншиж байна?

    БАЯР: Ошогийн номуудыг их уншдаг. Бас бурхан багшийн сургаал уншина. Манайд чинь бурхан багшаас дутахгүй мундаг хүмүүс их байсан юм билээ. Занабазар гуай, Данзанравжаа хутагт гээд. Бид нар үндэсний өв соёлыг сэргээж өөд нь татаж байх хэрэгтэй. Даяаршил гэж яриад үндэсний өв соёлоо урсгалд нь алдаад байна. Үндэсний өв соёлоо авч үлдэх хэрэгтэй гэж боддог. Яруу найргийн ном уншихгүй байгаа. Уншиж байгаа зохиолчийн бүтээлтэй адилхан болдог гээд байдаг талтай. Дрма Батбаяр гуайн номнуудаас уншиж байна. Дрма Батбаяр гуай бол гайхамшиг.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Та “Болор цом” наадамд орж байсан уу?

    БАЯР: “Болор цом”-д хоёр удаа орж байсан. Энэ наадамд шагнал авах гэхээсээ илүү ард түмнээ хүндэтгэж ордог. Тэр их өндөр тайз дээрээс монголын ард түмэндээ хандаж шүлгээ унших гоё байдаг. Энэ тайзан дээрээс Д.Нямсүрэн гуай, О.Дашбалбар гуай, Ж.Болд-Эрдэнэ гуай гээд олон сайхан хүмүүс шүлгээ уншиж байсан. Тэр алтан тайз дээр тэр сайхан хүмүүсийн хөлийн ором байгаа. Тэр оромтой хөлийн мөрөө нийлүүлэх гэж гардаг.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Ойрд таны сэтгэл санаа ямар байна?

    БАЯР: Их сайхан байгаа. Нэг бүсгүйд дурласан. Тэр бүсгүйдээ зориулж шүлэг бичээд л. Үүн шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Энэ дууны шүлэг юм.

    Агиймаа

    Зүүд нойронд сүүмэлзээд байх нь
    Зүүн уулын солонгоо
    Нүдний салхи нь хиртээгүй
    Нялх зүүдэн Агиймаа

    Нар унасан сормуусны чинь дэвээнд
    Намрын будан ч үргэнэ шүү дээ
    Зүүд үймүүлсэн тэрлэгнийхээ хормойгоор
    Зүрхийг минь битгий шүргээч Агиймаа

    Согоон жимээр шүхэрлэх нь
    Сэтгэл тайгийн улаалзай
    Цамцаа гэрэлтүүлэн инээхэд нь
    Цэцэг ханхалдаг Агиймаа

    Нар унасан сормуусны чинь дэвээнд
    Намрын будан ч үргэнэ шүү дээ
    Зүүд үймүүлсэн тэрлэгнийхээ хормойгоор
    Зүрхийг минь битгий шүргээч Агиймаа

    Гэхдээ би өвөл бол ичээний байдалтай амьдардаг. Намар, хаврын улиралд дуртай. Өвөлд дургүй. Өвөл бүх зүйл бүдэг саарал өнгөтэй. Сүүдэрт хургасан юм шиг санагддаг. Хавар бол сэнгэнээд л эхлэнэ шүү дээ. Зуны улирлыг амралтын байдалтай зугаалаад л өнгөрөөнө. Хэдэн сайхан найзуудынхаа буянд би чинь эрүүл юм шиг л явдагдаа . Бие гэдэг сэтгэлтэй холбоотой гэж боддог. Сэтгэл өвдвөл бие дагаж өвдөнө. Хүн биедээ согогтой байж болно. Харин хүн чанар оюун санаандаа согогтой байна гэдэг эмэгнэл.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Таны өвчин ямар оноштой гэдэг билээ?

    БАЯР: Булчингийн сулрал буюу саажилт гэсэн оноштой. Бүх булчин нь зогсоод ажиллагаагүй болсон. Мэдрэлийн систем судас шөрмөс бол зүгээр хэвийн. Булчин нь л байвал би босоод ирнэ. Хүний биед булчин их чухал эрхтэн. Хэлэнд нүдэнд хүртэл булчин байгаа. Уул нь булчин хийлгэж болмоор санагдаад байгаа. Элэг зүрхийг хүртэл сольж суулгаад байхад булчин болмоор санагдаад байгаа. Уг нь бол найдвар байгаа. Анх 5 настай байхад бие өвдөөд онош нь тодорхойгүй миненгит, коор гээд. Хэвтэрт жил гаран болоод бие арай дээрдээд босоод алхах гэтэл пүршин дээр явж байгаа юм шиг мэдрэгдэж байсан. Тэр үеэс л булчингийн сулрал эхэлсэн. Яваандаа булчин бага багаар суларсаар 16 настайдаа явж чадахгүй болоод суусан даа.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найраг сонирхдоггүй хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

    БАЯР: Тийм хүмүүс бол цонхгүй байшин л гэсэн үг. Би яруу найргаас урлаг үүсэлтэй гэж боддог юм. Хэл авиа үүссэн цагаас яруу найраг үүссэн байх.

    ЯРУУ СЭТГЭГЧ: Та facebook ашиглаад байна уу? Олон найзтай болж байна уу?

    БАЯР: Ашиглаж байгаа. Овоо олон дэмжигч, уншигч, найзуудтай болсон. Зарим өдөр интернэтэд өнжинө шүү дээ. Саяхан https://facebook.com/YaruusahuinDuuch хуудас нээсэн. Дуу, уншигдсан шүлгүүдээ https://soundcloud.com/bayar-gan рүү оруулж байгаа. Миний шүлгээр бүтсэн дууны клипүүдээ http://youtube.com/emvjins руу оруулж байгаа. Та бүхэн миний уран бүтээлийг сонирхоод үзээрэй цахим хуудсууддаа урьж байна. Танай хамт олны соён гэгээрлийн зам дардан байхын ерөөл өргөе.

    2014 оны 1-р сарын 25

    Эх сурвалж: www.yaruusetgegch.com

    _____________________________________________________________

    ТОВЧ НАМТАР

    Ганболдын Баяр нь 1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 2004 оноос уран бүтээлийн гараа эхэлсэн. 3-р ангид байхдаа өвчин нь хүндэрсний булчингийн сулралтай болсны улмаас байнгийн суунга болсон хэдий ч амьдралын яруу сайхан бүхнийг дуулсан яруусахуйн дууч болж чадсан билээ. 2006 онд “Би хэмээх” шүлгийн түүвэр, 2008 онд “Дөрвөн нүдтэй дэлхий” шүлгийн түүвэр, 2010 онд “Азиза” шүлгийн түүвэр, 2013 онд “Танихгүй цэцгийн үр” яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн.

    2010, 2011 онд Хангай цом яруу найргийн наадамын тэргүүн байр, 2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр, 2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр, 2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэгүүн байр, 2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал тус тус хүртсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Мөн МУАЖ Д.Самбуу, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Ноён Бондгор, Э.Төрмандах, Эрдэнэдалай, Идэржавхлан, Буянжаргал зэрэг дуучидтай хамтран хорь гаруй дууны уран бүтээл хийсэн.

  • Б.Ганцэцэг: Йог хүний амьдралыг гэрэлтүүлж аз жаргалд хөтөлдөг

    Сэтгүүлч миний мэдэхээр манай сэтгүүлээр хичээлийнх нь талаар сурталчилгаа явсан цагаас эхлэн олны сонирхлыг ихэд татаж буй Ганаа багшийн яриаг уншигчиддаа хүргэхээр шийдлээ. Түүний жинхэнэ нэрийг Бат-Очирын Ганцэцэг гэдэг. Тэрбээр 2004 онд Америкийн Калифорни мужийн Ориндо хотын “Аманда ойга” нэртэй коллежид бариа засал, сэтгэл зүй, энерги, зөв хооллолт, йогийн чиглэлээр гурван жил амжилттай суралцаж төгсчээ. Нэг ёсондоо Монголд цөөн байдаг йогийн мэргэшсэн багш нарын нэг юм. Ялангуяа түүний сүүлийн үед зааж байгаа аарцаг нуруу болон төрсний дараах йогийн хичээл хүмүүсийн талархлыг хүлээж “Зөвхөн Ганаа багшийн хичээлд сууна” гэж зорьдог хүний тоог нэмэгдэхэд хүргээд байгаа юм. Ингээд эрүүл мэнддээ санаа тавьдаг хэн бүхэнд хэрэгтэй түүний яриаг толилуулъя.

    -Юуны өмнө ярилцлагаа төгссөн сургуулиас тань эхлэе. Суралцаж дүүргэсэн “Аманда йога” нэртэй сургууль тань байгуулагдаад хэдэн жил болж байна. Магадгүй Монголоос суралцсан анхных нь төгсч өөрөө байх, тийм үү?

    -Америкийн Калифорни мужийн Ориндо хотод байдаг “Аманда йога” коллежид бариа засал, сэтгэл зүй, энерги, зөв хооллолтоор эмчлэх гээд олон төрлийн хичээл ордог. Тус сургууль Ориндо хотод байгуулагдаад 17 жил болж байгаа. Йогийн чиглэлээр Монголоос би анхных нь төгсөгч. Манай сургуулийн онцлог гэвэл хүний сэтгэл зүйтэй их ойр байдгаараа давуу талтай. Бүхнийг хүний сэтгэл зүйтэй холбодог учраас надад их таалагддаг юм. Тэгээд ч би азаар энэ сургуульд суралцах хугацаандаа их сайн багштай таарсан. Манай багшийг Никатрина гэдэг байлаа. Индиан гаралтай, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлтэй бүсгүй бий. Одоо ч багш маань сургуульдаа багшилж байгаа. Багш маань намайг анхны Ази хүн, нэг цустай гэж элгэмсүү ханддаг байлаа. Никатрина багш монголчууд шиг хөх толботой төрсөн гэж ирээд л надад ярьдаг байсан юм. Ер нь манай сургуулийнхан Чингис гэж мэддэг хэрнээ Монгол гэж ямар орон байдгийг сайн мэддэггүй байсан. Харин намайг суралцаж төгссөнөөс хойш Чингисийн Монгол гэж ямар үндэстэн байдгийг мэдэж авсан.

    -Монголдоо хэзээнээс эхэлж багшилж эхлэв. Одоо йог сонирхдог хүн болгон Ганаа багшийн хичээлд сууна гэдэг болсон байна билээ?

    -Баярлалаа. Би 2009 оноос эхэлж багшилсан. Аманда йогийг бүжгийн хичээлтэй хослуулан хичээлээ заадаг байлаа. Одоо бол голчлон аарцаг нурууны йог, төрсний дараах үеийн йог гээд шаталсан сургалтаар хичээлээ зааж байна. Энэ нь хүмүүсийн сонирхолд нийцэж байгаад сэтгэл хангалуун явна.

    -Тэгэхээр йог гэдэг нь таны бодлоор юу гэсэн үг вэ?

    -Миний бодлоор йог гэдэг нь сэтгэлийн сайхан мэдрэмжийг хэлнэ. Ямарваа зүйлийг хүлээж аваад сайнаар төсөөлж амжилтад хүрэхийг би хувьдаа йогийн үр дүн гэж боддог. Тэгээд ч бүхий л зүйлийг сайн сайхнаар төсөөлж чадаж байгаа хүн амжилтад хүрэх нь дамжиггүй. Тиймээс йогоор хичээллэсэн хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтдэг гэдэгт итгэдэг. Ийм болоод л йогтой амьдралаа холбоод амтыг нь бүр их мэдэрч явна даа.

    -Амт гэхээр суралцагчид амжилттай суралцаж багшийгаа баярлуулж байгаа гэж ойлгож болох уу?

    -Болно оо болно. Манай суралцагчид аливааг сайнаар төсөөлж, эерэг бодолтой болж, өөртөө итгэлтэй болохоос гадна биеийн зовиураасаа бас салснаа надад хэлж, санал сэтгэгдлээ бичиж үлдээдэг юм. Энэ нь бас багш хүний жаргал биз дээ.

    -Аарцагт гажилт үүссэнээр хүнд өвчин үүсэх шалтгаан бий болдог гэдгийг өөрийн чинь ярианаас мэдэж авлаа. Ер нь аарцаг гажсан хүнд ямар зовиур илрэх вэ. Аарцаг гажих гэхээр хүмүүст магадгүй би унаж бэртээгүй байж юуных нь гажилт үүсэх вэ гэсэн бодол төрж байж болох юм. Тиймээс аарцаг нурууны йог гэж яг юуг хэлээд байгаа талаар манай уншигчдад ойлгомжтой үгээр тайлбарлана уу?

    Аарцаг нурууны йогийн хичээл яагаад заах болов гэдгээс ярих нь зүйтэй болов уу. Аарцаг нуруунд гажилт үүссэнээс болж хүн зовиурлаж эхэлдэг. Биеийн тамираар хичээллэдэггүй, буруу сууж, хэвтдэг гээд их олон зүйлээс болж нуруунд гажилт үүсдэг. Наад зах нь аарцаг нуруунд гажилт үүссэн хүн ууртай, хоол унд нь шингэхгүй байх, нойргүйтэх, гомдомхой болох зэрэг олон зовиур илэрдэг. Мөн шүдний зуулт хүртэл өөрчлөгдөх тал бий. Энгийнээр ойлгох юм бол аарцаг нуруу нь эрүүл байж л хүн өвчин зовлонгүй, эрүүл саруул амьдарна гэсэн үг. Аарцаг нурууны гажилт эрэгтэй, эмэгтэй хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Эрэгтэй хүнд энэ зовиур дээрээсээ эхэлдэг бол эмэгтэй хүнд доороосоо мэдрэгдэж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эрэгтэй хүний аарцаг нурууны гажилт уураг тархиндаа ихэвчлэн нөлөөлж уур уцаартай болдог бол, сүүлдээ энэ зовиур нь түрүү булчирхай руугаа ордог. Эмэгтэй хүнд бол хүүхэд зулбах, олохгүй байх зэрэг сөрөг тал ажиглагддаг. Иймээс эрүүл сайхан амьдаръя гэсэн хүн бол эхлээд аарцаг нуруугаа нэгдүгээрт тавих ёстой юм. Энэ дашрамд хэлэхэд бүх хүнд идэвхтэй хөдөлгөөн хамгаас чухал гэдгийг нэн түрүүнд ойлгох хэрэгтэй.

    -Уучлаарай, аарцаг нуруунд нь гажилт үүссэн байна гээд бариач нар тухайн өвчтөний биеийг өвчин ортол нь дарж нухаж байгааг харсан. Ингэхэд танайх яаж эмчилдэг юм бэ?

    -Аарцаг нурууны гажилтыг бид тухайн хүний амьсгалаар нь эмчилдэг. Хөдөлгөөнийг нь амьсгал, дотоод сэтгэлтэй нь холбон эмчилж байгаа. Тодруулбал, өөрийг нь мэдрүүлж, таньж эмчлэхээс бидний сургалт эхэлдэг юм. Тухайн хүний дотоод ухамсартай нь шууд харьцдаг болохоор сургалтын маань үр дүн их сайн байдаг л даа.

    -Аарцаг нуруу гажисныг нь тухайн хүнийг хараад шууд мэдэж болох уу. Мэргэжлийн хүний хувьд анзаарагддаг зүйл байдаг уу?

    -Байдаг. Тухайн хүний сууж, бичиж, хоолоо идэж байгаагаас шууд харагддаг. Гэхдээ харамсалтай нь тэр хүн аарцаг нуруу гэмтсэнээ огт мэдээгүй явдаг. Тэгээд ч аарцаг нурууг элэг зэрэг зарим эрхтэн шиг дүлий эрхтэн гэж хэлж болох байх. Ядрамтгай болоод л ирвэл аарцаг нуруунд бас асуудал байна гэдгийг мэдэж болох талтай.

    -Төрсөн эмэгтэйчүүдэд зориулж сургалт явуулж байгаа гэл үү. Ер нь ихэнх эмэгтэй төрснийхөө дараа таргаллаа, гэдэс суналаа гээд их гутранга үзэлтэй болчихдог. Тэдгээр эмэгтэйчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

    Төрсний өмнөх, дараах үеийн йогийн хичээл гэж байдаг. Би үүнээс дараах үеийг нь сонгож хичээлээ явуулж байна. Яагаад гэвэл манайхан төрөхийн өмнөх үеийн йогийн талаар ойлголт муутай байдаг л даа. Төрсний 45 хоногийн дараа бие эргээд хэвийн байдалдаа орж чангарна гэж ихэнх бүсгүйчүүд буруу ойлгодог. Аарцаг нуруу төрөх тоолонд өөрчлөгдөж байдаг. Тиймээс гол нь төрсөн эмэгтэйчүүд маань бие галбираа алдлаа энэ тэр гэж огт гутрах зүйл байхгүй. Гол нь сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Тэр дундаа йогийн хичээлд цаг алдалгүй хамрагдаж хэвийн байдалдаа орох бүрэн боломжтой юм.

    -Хийсвэрээр төрсөн эмэгтэйд аарцаг нурууны гажилт үүсдэг үү?

    Хийсвэрээр төрсөн, өөрөөрөө төрсөн гэсэн ойлголт энд байхгүй. Төрж хөнгөрсний дараа бүх эмэгтэйчүүдэд йогийн хичээл үгүйлэгдэж байдаг.

    -Би уншигчиддаа хандаж дахин нэг зөвлөгөө хэлээч гэж хүсэх байна. Тухайн хүн ямарч нөхцөлд биелүүлээд байх зөвлөгөө байвал сайн байна?

    -Чөлөөт цагаараа болж өгвөл хүн завилж суух хэрэгтэй. Завилж суугаад зурагтаа үзэж бас хоолоо идэж болно шүү дээ. Мөн сандлын гуравны нэг дээр цэх суух нь чухал. Бас хөлөө ачихгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хүний яриа маш чухал. Хүний яриаг дуустал нь сонсож, зөв үг ярьж, зөв сайхан зүйл бодох хэрэгтэй. Бодол хүнийг удирддаг. Түүнчлэн хүний нүд рүү цэх харж, хүний яриаг дуустал нь сонсоно гэдэг нэг ёсондоо урлаг юм уу даа. Тэгээд ч биднийг ахмад хүмүүс “Юмны түрүүнд бүү дуугарч бай” гэж сургадаг байсан нь зүгээр нэг үг биш бололтой дэг шүү.

    -Зөв хооллолтын талаар яриагаа үргэлжлүүлье. Өнөө үед хүн болгон зөв хооллолт гэж ярьж байгаа боловч тэр бүр даган мөрдөж чадахгүй байгаа нь нууц биш ээ?

    -Танай сэтгүүлийн 20 дугаарт гарсан “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч П.Баатар гуайн яриа их таалагдсан. Тэрбээр Монгол хүн идээ ундаандаа хэрхэн анхаарах талаар энгийн сайхан тайлбарласан төдийгүй монголчууд өвөлдөө мах, зундаа цагаан идээ, намар буюу өвчин хөдлөх үед ногоон идээгээ зохицуулан иддэг нарийн дэг жаягтай хүмүүс гэж ирээд л ярьсан байсан л даа. Тэгэхээр түүний хэлдгээр ногоон, цагаан хоол гэж хошуурахгүй түрүүчийн идсэн хоолоо шингэсний дараа дахин хооллох нь хамгаас чухал юм. Би ер нь танай сэтгүүлийн зочиноор уригдаж ярилцлага өгсөн П.Баатар оточийн яриаг уншаад их биширч байгаа шүү. Тэр хүний анагаах ухааны мэдлэг, багшийгаа хайрлах ухаан ямар агуу юм бэ гэж бодогдсон. Магадгүй Баатар оточ шиг багшийгаа шүтсэн, улс эх орноо бодсон, өв уламжлалаа дээдэлсэн тийм л хүн сайхан явдаг байх гэдэгт бүрэн дүүрэн итгэсэн. Бас Баатар эмч өвдөж, зовсон олон хүнийг сэтгэл зүтгэлээрээ эмчилж эдгээж байгаа талаар сонссон. Тиймээс уншигч та ч гэсэн “Оточ Одь” эмнэлгийн П.Баатар эмчийн өгсөн ярилцлагыг дахин нэг уншаад үзээрэй гэж хэлье. Энэ хүний ярилцлагыг унших тоолонд нэг шинэ юм нэмэгдэх шиг болдог юм. Тэгэхээр би энэ ярилцлагыг байнга уншдаг ширээнийхээ номын жагсаалтад оруулсан байгаа. Залуус бидэнд ийм ухаантай хүмүүсийн яриа амьдралыг туулах бас нэгэн хөтөч болно шүү дээ.

    -Би өөрөө “Оточ Одь” эмнэлгийн П.Баатар оточтой ярилцаж байлаа. Тэрбээр гэгээн буурал өвгөдийнхөө оюун ухааныг мандан бадруулъя гэж яриад өөрөөсөө дээшээ найман үеийн багшийг Манал бурхантай зүйрлэн бодож, залбирч явдаг гэсэн нь санаанаас огт гардаггүй юм. Тиймээс Ганаа багшийн хайрлан хүндэлж явдаг зүйлийн талаар асуухгүй өнгөрч боломгүй нь. Ялангуяа өөрийгөө юутай зүйрлэж боддог вэ. Бясалгал хийдэг, йогоор хичээллэдэг хүмүүст өөрийгөө ямар нэгэн зүйлтэй адилтгах нь элбэг юм шиг санагдаад байдаг л даа?

    -Харин тиймээ. Баатар эмчийн “Өвчинийг дан эмээр бус засал, гүрэм, тарни, домоор эмчилж болно” гэсэн ярилцлагыг олон дахин уншсаар байгаад бараг цээжилчихжээ. Олонд хэрэгтэй үг хэлдэг Баатар оточ шиг хүнийг сэтгүүлийнхээ зочиноор олон оруулж байгаасай гэж бодогдсоноо хэлье. Ер нь би өөрийгөө яагаад ч юм мод гэж төсөөлдөг. Мод олон салаа мөчиртэй. Эргэн тойронд байгаа юмс бүхнийг мөнхөд байлгахын тулд мод ургадаг байх гэдэгт ч итгэдэг. Хамгийн сүүлд эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг ороосон модтой адилтган зурсан. Энэ зургаараа амьдрал мөнх, үргэлж сайхан байдаг гэдгийг төсөөлсөн хэрэг л дээ.

    -Зураг зурдаг хэрэг үү?

    -Тийм ээ. Мэргэжлийн бус зураач гэх үү дээ. /инээв/ Зураг зурахаараа бас мод цэцэг их зурдаг. Зурсан зургийг маань хараад мэргэжлийн хүн модернист чиглэлийн зураг зурж байна гээд урам хайрлаж билээ.

    -Хөгжим их сонсдог уу?

    -Жаз хөгжим их сонсдог. Байгалийн дуу авиаг илтгэсэн аязууд йогийн хичээлд их хэрэгтэй байдаг юм. Мөн би нарыг их шүтэж, хайрладаг хүн. Нар байж гэмээнэ бидний амьдрал мөнх байна. Тиймээс нар их гэрэлтсэн өдөр хичээлээ бүр их урамтай заадаг даа.

    -Ганаа багшийн туйлын зорилго юу вэ?

    Юуны өмнө хичээлээ зааж цаг наргүй гүйж байгаа намайг чин сэтгэлээсээ дэмжиж урам хайрладаг гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Тэд маань миний ирээдүйн зорилгыг бас тодорхойлолцдог. Тиймээс би эргэн тойронд байгаа хүмүүсээ аз жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж мөрөөддөг. Би тэдний төлөө юу хийж чадах вэ гэж бас байнга боддог. Намайг мэддэг, таньдаг, сургалтыг маань зорьж ирдэг бүх хүн эрүүл, аз жаргалтай амьдарч байвал миний туйлын зорилго тэр. Бүүр бага байхдаа би хүнийг өөртөө татсан мундаг сайн багш болно оо гэж аавдаа хэлдэг байсан гэдэг. Энэ мөрөөдлийнхөө эхлэлийг тавьсандаа бүр их өөдрөг явдаг даа.

    -Их олон мэргэжил эзэмшсэн гэж сонссон.

    Тийм шүү. Би оройгоор ШУТИС-ийг хүнсний технологич мэргэжлээр төгссөн. Мөн МУИС-ийг санхүүч мэргэжлээр дүүргэсэн. Манай гэрийнхэн санхүүч мэргэжлээр намайг явуулна гэж их зүтгэсэн. Харамсалтай нь би энэ мэргэжлээрээ нэг ч жил ажиллаагүй. Гэхдээ одоо эдгээр бүх мэргэжил надад өгөөжөө өгсөөр байгаа.

    -За баярлалаа, сонирхолтой сайхан яриа өгсөнд. Цаашдын чинь ажилд улам их амжилт хүсье.

    Ярилцсан Б.Даариймаа

    ХОЛБОО БАРИХ

    http://facebook.com/GanaaYoga

    http://youtube.com/GanaaYoga

    http://twitter.com/GanaaYoga

  • Х.АЛТАНЦАЦРАЛТ: Монголчууд бид ногоо жимсээ тарьж эрүүл хүнсээр өөрсдийгөө хангах бүрэн боломжтой

    -ӨВӨЛ ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТАРЬЖ, ЗӨГИЙ ҮРЖҮҮЛЖ БАЙНА-


    Шувуун фабрикт өвлийн улиралд гүзээлзгэнэ тарьж, зөгий үржүүлж буй талаар “Олны үг ортой эсэхийг шалгалаа” буландаа онцолж байна.

    Жижиг гэрийн хажуугийн хүлэмжтэй залгаа байшинд орвол гэрийн эзэн бололтой нэгэн хүн сууж байлаа. Өвөл гүзээлзгэнэ тарьж буй хүн хайж яваагаа хэлтэл “Тэр айл чинь манайх байна” гэх нь тэр. Ингээд сураг төдийхөн мэдээлэлтэй Шувуун фабрикийг зорьсон бид тэрхүү айлыг мэддэг юм шиг явсаар хашааг нь олоод оччихов.

    Бид гэрийн эзэн Х.Алтанцацралтыг даган гүзээлзгэнэ тариалсан хүлэмж рүү нь ороход урдаас бүгчим халуун агаар угтах нь тэр. Тэр үед үнэртсэн үнэр үгээр хэлэхийн аргагүй сайхан байсныг энд хэлэх хэрэгтэй. Гэрийн эзэгтэй дуу аяланхан гүзээлзгэнийхээ суулгацуудыг усалж харагдана. Гүзээлзгэнэ ч маш сайхан ургажээ. Хараахан боловсорч, жимс нь улаагаагүй байгаа ч амтлаад үзэхэд арааны шүлс асгаруулсан тийм сайхан амттай гүзээлзгэнүүд байв. Тэдний хэлж байгаагаар энд сүүлийн гурван өдөр гайгүй дулаан байсны ачаар +30 градус орчим дулаантай байна гэсэн юм.

    Өвлийн улиралд жимс, ногоо тарьж, түүнийгээ хурааж авна гэдэг эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд бараг байж боломгүй хэрэг гэж боддог байлаа. Гэтэл үүнийг хийж чадсан, өвлийн улиралд гүзээлзгэнэ ургуулж чадсан биологич мэргэжилтэй, жимс жимсгэний чиглэлээр ХААИС-ийн доктурант хамгаалахаар суралцаж байгаа, цаашид Монгол орондоо жимсний тариалалт хөгжүүлэх бодолтой “Мөнх ногоон амьдрал” ТББ-ын тэргүүн, “Асрал” компанийн захирал Х.Алтанцацралтай ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.

    -НАРЛАГ ХҮЛЭМЖ МОНГОЛДОО АНХДАГЧ-

    -Өвлийн улиралд гүзээлзгэнэ тарих санаа хэрхэн төрөв өө?

    -Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнх ногоон амьдрал” ТББ сүүлийн жилүүдэд өвлийн улиралд жимс жимсгэнэ тарьж ургуулах талаар нэлээд санаачлагатай ажиллаж байгаа. Манай улсын жимс жимсгэнэ, нарийн ногооны ихэнх хувийг гадаадаас оруулж ирж байгаа нь ард иргэдийн хүнсний аюулгүй байдалд муугаар нөлөөлөх зүйл. Түүнээс гадна маш их хөрөнгө мөнгө гадагшаа урсаж байгаад санаа зовж явдаг. Тиймдээ ч энэ бүхнийг дотооддоо үйлдвэрлэж болно гэдгийг өөрийн хөдөлмөрөөр харуулахыг хичээж явна.

    Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан хүлэмжинд тарьдаг нарийн ногоонуудыг хавар таван сараас арван сар хүртэл улиралын байдлаар тарьж байна. Харин үүнийг халж, нарийн ногоо, жимс жимсгэнээ жилийн дөрвөн улиралдаа тарьдаг болвол тэр их мөнгө хөрөнгө зарж, гадагшаа валютаа алдаж байгааг бууруулах, цаашлаад бүрмөсөн зогсоох боломж байна.

    -Өвөл гүзээлзгэнэ ургуулж туршихад тань энэ хүлэмж их тус болсон бололтой. Тийм үү?

    -Тийм ээ. “Өвлийн нарлаг хүлэмж” гэх загварын хүлэмжийг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1 гэхэд барьж ашиглалтад оруулсан. Хүлэмжийг барихад сар орчим хугацаа зарцуулсан. Ингээд хүлэмжиндээ гүзээлзгэнэ тарьж, өвлийн улиралд, Монголын эрс тэс уур амьсгалд жимс ургуулж болох нь уу гэдгийг туршиж үзсэн. Одоо хаврын эхэн сартайгаа золгоод байна. Туршилт амжилттай. Одоо жимс боловсорч, тун удахгүй хураах гэж байгаа. Ногоон өнгөтэй гүзээлзгэнүүдээ улаан болуут хураадаг юм. Хэрвээ улаан болсны дараа хураахгүй удаавал муудчихдаг. Одоо туршилтын журмаар 20 га газар л тарьсан учраас таваарын шинжтэй, ашиг олох зорилгоор тариагүй гэсэн үг. Гол зорилго нь үрсэлгээ хийх.

    -Хүлэмжин дотор яг л зун шиг халуун байна?

    -Манай оронд жилийн 365 хоногоос 300-д нь нартай байдаг. Гүзээлзгэнээ тариад, 100 хоноход үндсэндээ нэг өдөр, нэг тал өдөр бүрхэг байлаа. Бусад өдөр нь нартай байсан. Энэ хүлэмжийн онцлог нь өглөө нар гарахад бүтээлгээ сөхөөд, нарны илчийг шингээн авч, дулаанаа барьдаг. Орой нар жаргахаар хөнжлөө буулгачихдаг. Энэ өвлийн хугацаанд хүлэмж доторх дундаж температур 25-аас дээш градус байсан. Энэ бол агуу их нарны гэрлийн хүч. Сүүлийн гурван өдөр үндсэндээ 30 гаруй градус хүрч байна. Орой нар шингүүт хөнжлөө буулгасны дараа дулаанаа жаахан барихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аргалаар галлаж, халуун агаараар үлээлгэдэг зуух ашигладаг. Энэ зуух 180-200 градусын халуун агаарыг хүлэмж рүү үлээнэ гэсэн үг.

    -Манай тариаланчид өвлийн хүлэмж ашиглан ямар ч жимс, ногоо тарьж болох нь ээ?

    -Ганц би биш манай иргэд бүтэн жилийн турш, жилийн дөрвөн улирал харгалзахгүй тарьдаг хүлэмжийн аж ахуй хөгжүүлчих юм бол дор хаяж Эрээн рүү хийдэг хөрөнгө оруулалтыг багасгаж болно. Сүүлийн үеийн судалгаанаас харахад Эрээнээс нэг сарын хугацаанд өргөст хэмх, помидор оруулж ирэхэд 500-гаас доошгүй сая төгрөгөөр худалдан авч ирж байна. Тэгэхээр жилд 5-6 тэрбум төгрөг гарч байна гэсэн үг. Гүзээлзгэнэ бол халуун орны жимс. Гэтэл бид Монголдоо тарьж, туршиж үзээд болж байгааг нь харлаа. Тэгэхээр бусад жимс, жимсгэнэ, нарийн ногоонуудыг бүгдийг тарьж болно гэсэн үг юм.

    -Танайхыг Монголдоо анхдагч гэж хэлж болох уу?

    -Өвлийн хүлэмж манайд мэр сэр бий. 2013 оноос Чингис бондын зээлийн санхүүжилтээр засгийн газраас өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлье гээд 17.4 сая доллар хуваарилсан байдаг. Энэ дагуу аж ахуй нэгж, иргэд зээлд хамрагдаад явж байгаа. Харин “Нарлаг хүлэмж” бол Монголд анхдагч.

    -Гүзээлзгэний суулгацуудын дунд хайрцагтай зөгийн үүр байх шиг байна. Ямар зорилгоор энд тавьсан юм бэ?

    -Гүзээлзгэнэ цэцэглүүт цэцэг жимсэнд нь тоос хүртээх шаардлагатай. Байгалийн нөхцөлд салхиар, нэг цэцгээс нөгөө цэцэг тоос хүртдэг. Эсвэл шавьжаар тоос хүртдэг. Харин өвлийн улиралд дулаан алдахгүй гээд битүүлчихсэн энэ хүлэмжинд салхи байхгүй учраас тоос хүртээх боломжгүй болж асуудал гардаг. Үүнийг шийдэхийн тулд зөгийн нэг бүлийг авчирч, гүзээлзгэний суулгацууд дундаа тавьсан. Зөгий өвлийн улиралд идэвхигүй амьдралд шилжиж, ичдэг амьтан. Өвөлдөө унтаж байх ёстой зөгийг бид зуныхтай адилхан температуртай энэ хүлэмжинд авчирсан. Дээрээс нь бэлчээрлэх цэцэг байгаа учраас энэ бүл зөгийнүүд энэ өвөлжингөө тоос хүртээх ажил хийсэн. Саяхан мэргэжлийн хүмүүс ирж доторхийг нь үзэхэд гурван рам балыг манай гүзээлзгэний цэцгээс цуглуулсан байна. Тэгээд маш олон тооны өндөг гаргасан байна гэсэн. Зөгий маш ашигтай амьтан. Ийм хүлэмжинд балт ургамал, цэцэг жимс тариад, зөгийгөөр тоос хүртээвэл зөгийн бал ч хурааж авах боломжтой гэдгийг хэлэх байна.

    -Гүзээлзгэнэ хүйтэнд хэр тэсвэртэй жимс вэ?

    -Гүзээлзгэнэ хүйтэнд тэсвэртэйд багтдаг. +5 градусаас доош болохгүй л бол хөлдөж, ургах чадвараа алдах нь гайгүй. Тэр үүднээсээ гүзээлзгэнэ сонгож тарьсан. Улаанбаатарын орчимд байдаг хамгийн хүйтэн цэгүүд нь Сонгино, шувууны район, Туул голын хөндий шүү дээ. Гэтэл ийм хүйтэнд ч дундаж температураа нэгэнт барьж чадаж байгаа болохоор бусад жимс ургахад ямар ч асуудалгүй гэсэн үг. Жилдээ хоёр удаа жимс авна. Манайд орж ирсэн хүлэмжүүд ихэнх нь зуны улиралд ажилладаг, нийлэг хальсан хүлэмж. Тийм хүлэмжид жимс ногоо тариад ургуулъя гэхээр газрын хөрс маань тавдугаар сарын 20-д гэж гэснэ. Тэр үед ногоо таривал бүр есдүгээр сар гаргаж ногоогоо хураана гэсэн үг. Ингээд бүх тариаланч нэг зэрэг ногоогоо хурааж, зах зээлд борлуулах гэхээр үнэ нь навс унаад, ченжүүдэд хямд үнээр бөөндөх нь элбэг. Харин наймаачид, түүнийг цааш зарсан хүмүүс нь ашиг олж, тариаланчид улам л туйлдаж, хөгжихгүй байсаар байна. Энэ бүхнийг шийдэж, эрт үрсэлгээ хийхэд энэ өвлийн хүлэмжийн ач тус их л дээ.

    -Танайх энэ хүлэмжээ хаанаас авсан бэ?

    -Нэлээд хэдэн загварын хүлэмж байна. Голланд улс хүлэмжийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг. Голланд загварын шилэн, бүрэн автомат хүлэмж бий. Манайхан судалж, Монголд оруулж ирэх гэхээр их үнэтэй. Нэг га нь гурван сая орчим евро. Тийм үнэтэй хүлэмж бариулаад, өр зээлээ төлж амьдарна гэхэд хүндрэлтэй. Харин манай ашиглаж байгаа нарлаг хүлэмж бол Хятад загварынх, хямдхан. Нэг метр кв-ыг нь 161 мянган төгрөгөөр худалдаж авна. Энэ бол үйлдвэрлэлийн байр, барилга, үндсэн хөрөнгө. Орон сууц л гэсэн үг. Адилхан барилгын материал орж байна. Гэтэл өнөөдөр орон сууцны нэг метр квадрат нь 2000 доллар гараад явчихсан. Тэгэхээр энэ харьцангуй хямд үнэ байгаа биз. Энэ хүлэмж их энгийн. Зай талбайг маш сайн ашиглах боломжтой. Ихэнх талбайдаа ургацаа тарина.

    -Таньтай адил өвлийн хүлэмжинд жимс, ногоо тарихыг хүссэн хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

    -Манай хөгшид, залуучууд бүгдээрээ хотын төвд шаваад, уулын орой дээр хашаа барьж гэрт амьдраад байхын оронд газар нутаг дутсан биш дээ, хөдөө, зайдуу газар, дэд бүтцээ дагаад жаахан газар аваад, төр засгаас зам харгуй, цахилгааны асуудлыг нь шийдээд өгчихвөл хажуудаа хүлэмжийн аж ахуй эрхлээд хангалуун сайхан амьдрах боломж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндэд ач тустай. Хоёрдугаарт, хотын дуу чимээ, стресс, утаанаас хол, үр хүүхдээ өсгөж бойжуулсан ч гэсэн тайван амгалан. Ерөөсөө л хүүхэд чинь хүчилтөрөгч дунд өсч бойжино гэсэн үг. Тиймээс Бээжингийн том компанитай хамтран нарлаг хүлэмжийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ хийсэн. Ирэх хавраас сонирхсон, өвлийн хүлэмжтэй болохыг хүссэн иргэдэд түлхүүрийг нь хүлээлгэж өгөх зарчмаар энэ хүлэмжийг барьж өгч ажиллахаар төлөвлөж байна. Бүх зүйлд нь заавар зөвлөгөө өгнө. Дээврийн энэ карказ төмрүүд хүн харахад үзэмжтэй, зэвэрдэггүй ган, ямар ч гагнаас ороогүй. Ерөөсөө л боолтоор холбогдсон. Барихад ч асуудал багатай. Нарны гэрлийг энэ талбай дээр яаж удаан хугацаагаар бүх нэгж талбайд хүргэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй маш нарийн тооцоолсон стандартын хүлэмж байгаа юм.

    -Өвлийн улиралд жимс, ногоо тарихдаа юуг анхаарах ёстой вэ?

    -Ургамал ургахад үндсэн хэдэн нөхцөл шаардлагатай. Манай нөхцөлд хамгийн хүндрэлтэй асуудал нь өвлийн улиралд дулааныг яаж барих вэ гэдэг асуудал. Хоёрт, гэрэл. Гуравт, усалгаа, чийг. Дөрөвд, шим тэжээл. Эдгээрийг бүрдүүлвэл дэлхийн хаана ч ямар ч ургамал, ногоо ургуулж болно. Манай хүлэмжид бүх суулгацыг зэрэг услах дуслын усалгааны систем суурилуулсан. Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн. Дуслын усалгаа усыг маш их хэмнэнэ. Дээрээс нь нийлэг хальсаар бүтээчихээр ууршилт явагдахгүй, зэрлэг ургамал ургахгүй, дулааныг барина гэх мэт ач холбогдолтой арга технологиудыг нэвтрүүлснээр эдийн засгийн маш их хэмнэлттэй. Нэг товч дараад л энд суулгасан 2400 гаруй гүзээлзгэний бутыг зэрэг услана гэсэн үг. Нар шингэхээр бүтээдэг хөнжил ч гэсэн автоматаар хумигдаж, дэлгэгдэнэ. Дулааныг нь хадгалах гэж аргал, хөрзөн түлж, дулаан агаар шахаж байна. Малын өтөг бууц гэж дээд зэрэглэлийн бордоог ашиглаж байна. Ердөөсөө л экологийн цэвэр бүтээгдэхүүн эндээс боловсорно.

    Б.БУРМАА Эх сурвалж: http://www.medee.mn/

  • Монголын төлөө цохилох зүрх бүхэнд

    2013 оны 4 сарын 27 11 цаг

    Чойжин ламын сүм музейг сэргээн засах нэрийдлээр нурааж байгааг иргэд илчлэн зүй бус энэ үйлдлийг эсэргүүцэн нэгдэж хэвлэл мэдээллээр дамжуулан үнэт өв соёлоо хамгаалахаар дуу хоолойгоо хүргэж байна. Бид түүхч Б.Даваасүрэнгээс энэ талаар тодруулсан юм.

    Сурвалжлагч: Чойжин ламын сүм музейг засах нэрийдлээр нурааж байна хэмээн та бүхэн хэллээ. Үүний баримт нь байгаа юу?

    Б.Даваасүрэн: Байгаа, өнгөрөгч 10 сард засварын ажил хийгдэж эхэлсэн юм байна лээ. Гэвч тэр үед сүмийн ханыг засан сэргээх биш нураасныг гэрэл зургаар баталгаажуулж авсан байгаа. Одоо дахин нураахаас сэргийлж бид эсэргүүцэн нэгдэж байна.

    Сурвалжлагч: Надад гэрэл зургийг өгч болох уу?

    Б.Даваасүрэн: Болно, аль болох олон Монгол хүн мэдээсэй гэж бодож байна. Бид үр хойчдоо үзүүлж харуулах, Монгол гэж бардамнах өв соёлгүй болоход хүрээд байна. Үнэхээр сэтгэл өвдөж байна.

    Сурвалжлагч: Хосгүй үнэт өвийг сэргээн засах ажил буруу хийгдэж байна гэж та бүхэн үзэж байна уу?

    Б.Даваасүрэн: Тийм ээ, үүнийг хариуцан хийж буй улсууд яагаад түүх соёлын хосгүй үнэт өв гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй юм бэ, хэрхэн яаж арчилан хамгаалах, сэргээн засварлах вэ гэдгийг мэддэггүй юм бэ гэдгийг үнэхээр гайхаж байна. Энгийн бид нар хараад л харамсаж, халаглаж байхад яагаад ийм тоомжиргүй ханддаг юм бол гэдгийг үнэхээр гайхаж байна.

    Сурвалжлагч: Ганц хадаас, ганц модон шон ч түүхийн гэрч байдаг. Гэтэл эвдэрч элэгдэлгүй 100 жил болсон тоосгыг нураагаад одоогийн тоосгоор дахин барьж байна гэж та бүхэн хэллээ. Энэ талаараа тодруулж ярина уу?

    Б.Даваасүрэн: Сүмийн хөх тоосго хагарч эвдрээгүй зүв зүгээр байсныг та бүхэнд харуулсан. Ийм байхад нуруугаад шинэ тоосгоор барих гээд бэлдсэн байна. Хоёр тоосгыг харьцуулаад барихад хөх тоосго илүү нягтаршилтай, чанартай илүү хүнд байна гэтэл одоогийн улаан тоосго хөөсөнцөр хавтан шиг хөнгөн байсан. Сүмийн хаалгыг хүртэл сэргээн засварлаагүй, авч тавиад шинээр хийсэн байна.

    Сурвалжлагч:Сүмийн гадна талын хээ хуар, зургуудыг сэргээлгүй дээрээс нь шууд будаж байна гэсэн?

    Б.Даваасүрэн: 100 жилийн түүхтэй музейн зургуудыг амар хялбараар будаж, өнгөлөн далдалж бүдгэрүүлэн устгаж байгааг л бид харж байна. Хуучин байсантай харьцуулан хархад хэлэх үг олдоогүй.

    Сурвалжлагч: Өв соёлоо алдаж буй өөр жишээ хэлбэл?

    Б.Даваасүрэн: Ганц үүгээр зогсохгүй шинэ байшин барих нэрээр маш олон түүхийн дурсгалт байшингуудыг нурааж байна. Жишээ нь: МУИС-ийн ард байдаг Манзушир хутагтын амьдарч байсан байшин, Богд хааны ордон музей гэх мэт.

    Сурвалжлагч: Үнэт өв соёлоо хамгаалж хадгалан үлдэхэд иргэдийн оролцоо хэр чухал юу?

    Б.Даваасүрэн: Хэрвээ ард иргэд бид энэ бүхний эсрэг тэмцэхгүй, ярисаар суувал өв соёлууд устан үгүйрсээр дуусна. Тиймээс л Монгол хүн бүр энэ үнэт өвөө авч үлдэхийн төлөө тэмцэж иргэн хүнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй юм.

    Сурвалжлагч: Цаашид ямар ажлуудыг хийх вэ?

    Б.Даваасүрэн: Үүнд Монгол хүн бүр санаа зовох ёстой. Яагаад гэвэл энэ сүм бол 20-р зууны эхэн үеэс тухайн үеийн нийслэл хүрээнээс өнөөдрийг хүрсэн цөөхөн хэдэн барилга байгууламжийн нэг юм. Энэ цогцолборуудаа зөв хайрлаж хамгаалах хэрэгтэй. Эс бөгөөс нураагаад шинээр барина гэдэг нь өвөөгийнхөө өгсөн хөөргийг зараад эргээд хятадаар хийлгээд миний өвөөгийн надад хадгалуулсан хөөрөг гэж хэлэхтэй адилхан юм. Бид хосгүй үнэт өв дурсгалуудаа хамгаалхын төлөө эцсээ хүртэл явах болно.

    Сурвалжлагч: За баярлалаа, үйлс тань бүтэмжтэй байг.

    Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн ч түүхийн үнэт өв соёлоо яагаад нурааж байгааг асуухад сүмийн захиралын орлогч эмэгтэй Н.Ангирмаа: дээрээс батлагдсан зураг төслийн дагуу засварын ажил хийгдэж байгаа. Мэргэжлийн хүмүүс л хийж байгаа гэсэн өөр нэмэлт тайлбар өгөхгүй хэмээн хэлсэн юм. Үнэхээр ханыг сэргээх биш нураахаар бэлдсэнийг нь өнцөг бүрт тавьсан улаан тоосго илтгэж байсан юм. Энэ талаар цааш үргэлжлүүлэн сурвалжлах болно.

    Танд дуулгахад Чойжин ламын музейг VIII Богд Жавзандамба хутагт өөрийн дүү Чойжин лам Лувсанхайдавт зориулж 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад оржээ. 1938 онд музей болгон зохион байгуулсан байна.

    Харин Чойжин гэж шарын бөө бошиг үзүүлдэг лам хүнийг хэлдэг байж. манж-чингийн үеийн сүм, одоогийн музейнүүд урд тал даа хаалттай байдаг бөгөөд урд зүгээс ирэх муу юмыг хаах гэж. Амар баясгалант хийд мөн тийм ажээ. Барилгыг мөсөн дээр болон элсэн дээр барьж болдоггүй. Харин энэ барилга бүхэл дээ цэвдэг дээр баригдсан бөгөөд зуны аагим халуунд ч цаасан шуумал бурхантай энэ сүм дуганууд сэрүү татаж байдаг. мөс үзмэрийг сүм мөсийг хамгаалж байдаг энэ зүй тогтол шашин шүтлэгийн тухай яригдахад зайлбаргүй хөндөгддөг ид шидийн тухай л ярихад хүргэх бий. Энэ сүмийн алтан ганжир хожим баригдах Засгийн газрын ордныг голлож байхыг мэдэж барьсан гэлцдэг юм. мэдээж урд зүгээс ирэх муу бүхнийг хааж байгаа…. Өглөө нар мандаж байхад энэ чулуун зам дээгүүр хөл нүцгэн явахад хоолойн өвчин эдгэрдэг гэж хуучны хүмүүс ярилцдаг байжээ…