Category: бизнес-зөвлөгөө

  • Ш.Алтанбадралт: Орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн компаниудыг Монгол руу татахын тулд Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжтой

    Өнөөдөр орчин үеийн Дэлхийн шинжлэх ухааны ололт амжилттай мөр зэрэгцэн судалгаа, шинжилгээ хийдэг, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чадвар, потенциал бүхий монгол залуучууд цөөнгүй болж. Тэдний нэг болох Саудын Арабт Абдулл хааны сургуульд ажиллаж байгаад ирсэн, генийн инженерчлэлээр мэргэшсэн Ш.Алтанбадралттай ярилцсанаа хүргэе.

    Таны хувьд Монголд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх ямар боломжуудыг харж байна вэ?

    Монголчууд хангалуун амьдрахын тулд эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг гарцыг дээр, дооргүй хайж байна. Харин орчин үеийн ертөнцөд зарим улс үсрэнгүй хөгжөөд байгаагийн гол учир нь эдийн засгийг шинжлэх ухаантай холбож өгсөн явдал. Монгол улсын хувьд хүний мэдлэг шингэсэн технологийг эдийн засагт хэрхэн нэвтрүүлэх вэ гэдгээ зөв тодорхойлчих юм бол энэ гарц амархан олдоно.

    Бид өөрсдөө бүхнийг эхнээс нь судлаад шинэ технологиуд бий болгоно гэвэл маш их цаг орно. Харин өдий болтол хүн төрөлхтний хуримтлуулсан технологиудыг манайх аваад ашиглавал Монголд маш том орон зай байна. Хөгжингүй орнуудад бий болсон санаанууд нь бүгд үйлдвэрлэлд нэвтэрсэн байдаг учраас шинэ технологи гаргахын тулд нээлт хийх хэрэгтэй болдог. Харин Монголд ямар ч нээлт хийх хэрэггүй, өөрсдийнхөө хэрэгцээнд таарсан технологиудыг эзэмшээд эдийн засгаа хөгжүүлэх боломжтой. Хятадын үсрэнгүй хөгжсөний учир нь ердөө энэ. Гэхдээ хятадууд барууны технологийг бодитоор нь хулгайлж авчраагүй, 1970-аад оноос оюутнуудаа өндөр хөгжилтэй орнуудад улсын зардлаар сургаж эхэлсэн. Ингэхдээ судалгааны бүх чиглэлийг хамруулсан. Эдгээр оюутнууд 1990-иэд оноос эх орондоо сурсан, мэдсэнийхээ үр шимийг гаргаж эхэлсэн. Барууны технологиудыг эзэмшсэн хятад залуучууд ирээд ижил төстэй компаниуд байгуулж эхэлсэн. Ингээд бодохоор 1970-аад оны бодлогын үр дүн 20 дугаар зууны сүүлээр гарч Хятад улсын эдийн засаг дэлхийд хоёрт орсон.

    Монгол улс 2000-аад оноос оюутнуудаа гадаадад олноор сургаж эхэлсэн. Тэр үед гадаад явсан залуучуудын нэг нь би. Хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн хүмүүс эх орондоо ирэх хандлагатай байдаг. Миний хувьд Монголдоо мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд бага ч болов хувь нэмэр оруулъя гэсэн бодол өвөрлөж ирсэн.

    Монголд ирээд сар гаруйхан болж байгаа учраас эрх зүйн орчноо дөнгөж судлаад эхэлж байна. Шинжлэх ухаан, эдийн засаг хоёрыг холбох анхны алхмууд хийгдэж байгаа юм байна. Шинжлэх ухааны байгууллагын дэргэд гарааны компани байгуулах гэдэг санаа их зүгээр санагдсан. Мэдлэг шингэсэн үйлдвэрлэл хөгжих эрх зүйн орчин бүрдсэн байна. Гэхдээ хэтэрхий цөөхөн гарааны компани байна. Тэднийг бүх талаар нь дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

    Түүнээс гадна гарааны компаний талаар өргөн далайцтай сурталчилгаа дутагдаад байх шиг. Магадгүй энэ талаар мэдээгүй ч үйлдвэрлэлд нэвтрэх санаа боловсруулчихсан судлаачид байгаа ч юм билүү.

    Манай эрдэмтэд төсөлдөө санхүүжилт олох боломжоор маш хомс байдаг. Дэлхийн жишигт шинжлэх ухааны төслийг санхүүжүүлэх тогтолцоо ямар байдаг юм бол?

    Амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа, үйлдвэрлэлээ тэлэх сонирхолтой, мөнгөтэй компаниудыг шинжлэх ухааны байгууллагуудтай холбож өгдөг нэг хэсэг байдаг. Тэр холбоосын үүргийг гүйцэтгэдэг бүтэц, механизмыг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухааны ололтыг соргогоор ашиглаж чадсан компаниуд л тэргүүлэгч байж чаддаг. Эрдэмтдийн төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой бизнесменүүд Монголд байгаа гэж би бодож байна. Миний мэдэхээр “Гацуурт” компани газар тариалангийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлчихсэн байх жишээтэй. Бизнесменүүд маш сайн сэтгэдэг. Монголд ийм гарц байна, даанч хэрэгтэй судалгааг нь хийх хүн олдохгүй байна гээд явж байгаа бизнесменүүд байхыг үгүйсгэхгүй. Баргийн судалгааг хийчих чадвартай залуу эрдэмтэд ч цөөнгүй байгаа. Судлаач ч бас өөрөө танай ийм асуудлыг шийдээд өгөх төсөл надад байна гээд санал тавибал хүлээж авах хүмүүс байгаа. Жишээ нь Монголын пивоны том компаниуд гол түүхий эд болдог нэгэн төрлийн арвайг гаднаас авдаг. Тэгвэл Монголд тийм арвайг үржүүлэх санаа гарвал дэмжих хүмүүс байгаа. Зөвхөн эрдэмтэн, бизнесмен хоёрыг холбох холбоос л дутагдаад байна.

    Дараагийн нэг арга нь гадаадаас хөрөнгө оруулж судалгаа хийлгэх. Үүний тулд гадаадын компаниудыг татах өвөрмөц нөхцлийг бий болгох ёстой. Энэ нөхцлийг голдуу “чөлөөт бүс”-ийн зарчмаар шийддэг. Монголд Халх голын чөлөөт бүс, Алтанбулагийн чөлөөт бүс гэж байгаа боловч харамсалтай нь амжилт олохгүй байна.

    Орчин үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн гадаадын компаниудыг Монгол руу татахын тулд Шинжлэх ухааны чөлөөт бүс гэдгийг байгуулах боломжтой. Үүний тулд төрөл бүрийн татварын хөнгөлөлт байх хэрэгтэй болно.

    Тэгвэл таны ажиллаж байсан Саудын Арабын элсэн цөлд шинжлэх ухааны мэдлэгийг эдийн засагт яаж нэвтрүүлж байна вэ?

    Би Саудын Арабт Абдул хааны Их сургуульд ажиллаж байсан. Уг сургууль бие даасан шинжлэх ухааны хот байдлаар хөгждөг. Ойрын зорилго нь гадаадын өндөр технологиудыг оруулж ирэх. Хэтийн зорилго нь Дэлхийн технологиудын төв болох. Зарим жил 365 хоног бороо ордоггүй элсийн цөлийн улс ингэж сэтгэж байна. Абдул хааны их сургууль нь дээр миний хэлсэнчлэн Шинжлэх ухааны чөлөөт бүсийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл тэнд Саудын Арабын хууль дүрэм үйлчлэхгү, зөвхөн олон улсын дүрмийг дагана. Гадаадаас ирсэн судлаачид тав тухтай амьдрах орчныг нь бүрдүүлээд өгчихсөн. Өндөр хөгжилтэй оронд өгдөг цалингаас 2 дахин илүү цалин өгдөг. Түүнээс гадна тухайн судлаачийн боловсруулж буй төслийг нь санхүүжүүлдэг. Ийм аятайхан нөхцөл зарлачихаар гадаадын судлаачид баг болоод бэлэн төсөлтэйгээ, бэлэн технологитой хүрээд ирдэг. Гэхдээ тэр технологийн лицензийг Саудын Араб эзэмшинэ. Ингэснээр хамгийн сүүлийн үеийн технологиуд Саудын Арабын үйлдвэрлэлд нэвтэрдэг. Нэг том төсөл хийсэн судлаачид дараагийн судалгаагаа хийхэд мөнгөөр хангалттай.

    Энэ сургууль байгуулагдаад зургаахан жил болж байгаа. Дээр нь бид Саудын Араб бол мусульман шашинтай, хорио цээрийн маш хатуу системтэй орон гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс уг сургууль нь гадуураа 3 давхар торон хашаатай, харуул хамгаалалттай. Ямар ч татваргүй учраас гадаадын компаниуд энэ сургуульд дуртай хөрөнгө оруулдаг.

    Ер нь Саудын Араб, Катар, Кувейт, АНЭУ зэрэг Арабын орнууд энэ жишгээр явж байгаа. Эдгээр улс тус бүрдээ эдийн засаг, шинжлэх ухааны чөлөөт бүстэй. Шинжлэх ухааны олон арван жилийн бааз суурьгүй манайх шиг орнуудын хувьд Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах нь хамгийн зөв арга. Бэлэн болсон мэдлэгийг ашиглах нөхцлийг л бүрдүүлчих хэрэгтэй.

    Монголд ирээд юу хийж байна вэ?

    Их сургуулиудын хотхон байгуулах төсөл дээр ажиллаж байна. Бидний эцсийн зорилго бол Шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах. Их сургуулиудын хотхон байгуулчих юм бол дэргэд нь ийм бүс байгуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Хотхоныг Багануур дүүрэгт байгуулахаар болсон. Монголд шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулчихвал оюутнууд дадлага хийх бааз суурь бий болж, гадна, дотны компаниудаас хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

    Та Саудын Арабт ямар чиглэлээр ажиллаж байсан бэ?

    Миний үндсэн чиглэл бол ургамал судлал. ХААИС-ыг агрономич мэргэжлээр төгссөн. АНУ-д мастер, докторын зэрэг хамгаалсан. Генийн инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн. Миний судалгаануудын гол зорилго бол хөдөө аж ахуйн салбарт ургамлын гарц, ургалтыг хэрхэн сайжруулж, бүтээгдэхүүний чанар, хэмжээг дээшлүүлэх.

    АНУ-д нэг жил ажилласны дараа манай төслийн баг Саудын Арабт очсон. Манай баг давсанд тэсвэртэй ургамал бий болгох төсөл дээр ажилласан. Газар тариалан өндөр хөгжсөн орнуудад хөрс нь давжсан байдаг. Давсжсан хөрсөнд ургамлын гарц буурдаг. Саудын Арабын хөрс нь угаасаа давсархаг учир манай төслийг сонирхсон юм.

    Үүнээс гадна чихрийн шижин өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар судалгаан дээр ажилласан.

    Эх сурвалж: http://vip76.mn/content/34875

  • Чинагийн Галсан: Нийт 41 ном бичжээ. Монгол хэлээр 6, Герман хэлээр 35 ном хэвлүүлсэн. Зарим ном минь Германд 20,000% борлогдож байсан

    ХБНГУ-ын Бундестагын дэд ерөнхийлөгч доктор Антье Фолльмер Ч.Галсанд Холбооны гавъяаны загалмайн одонг гардуулахдаа;“Герман улс Монголын энэ сод зохиолчийг төрийнхөө дээд одонгоор шагнаж байгаа нь цаад утгаараа тэрээр өөрийгөө Чинагийн Галсангаар шагнаж байгаа хэрэг юм. Яагаад гэвэл үүгээрээ байгалиас заяасан авъяасыг хүндэтгэж, бүтээлээрээ дархалсан гавъяаг үнэлж чаддагаа дэлхий дахинд харуулжээ…” гэж хэлжээ.

    Лайпциг, 2002.12.20

    -Таныг Германд л байдаг гэж бодож явлаа, ирээд удаж байна уу?
    -Би ирэн очин байдаг хүн шүү дээ. Тэнд 3 сар л байдаг, виз тэгж таардаг.

    -Та Герман хэлээр хичнээн номтой юм бэ?
    -Би нийт 41 ном бичжээ. Монгол хэлээр 6, Герман хэлээр 35 ном хэвлүүлсэн байх юм. Анх нэг ч ном бичээгүй байхдаа би 5 ном л гаргана гэж хэлэхэд манай зохиолчид жоохон дооглонгуй: “За бичээд байж дээ…” гээд мушийж байж билээ. Тэгэхэд залуу ч, омголон ч байж. Гэтэл өнөөдөр 50 ном гаргах дээрээ тулчихаад байж байна даа. Одоо би ядарч байна, хөгширлөө гээд зогсож болно л доо. Өмнөхөөсөө давах зохиол л бичих зорилготой болохоос, тоо хөөцөлдөх бодол алга. Эрнест Хеменгуэй сүүл рүүгээ өмнө бичсэнээ давахаа болисон. “Өвгөн далай хоёр”-оосоо хойш өөрийгөө ч дэлхийн зохиолчдыг ч “цохино” гэсэн хүн гутрахдаа амиа хорлосон юм шүү дээ. Архинд их орчихсон эмзэг хүн байсан болоод тэр.

    -Та Хеменгуэйг их уншдаг уу?

    -Уншдаг байсан, сүүл рүүгээ больсон. Яагаад гэвэл “Африкийн ногоон толгод” номондоо арьсны үзэлтэйгээ илчилж, харуудыг их доош хийсэн юм бичсэн байдаг. Бас амьтан алж хядаж байгаагaa их л баяссан өнгөтэй бичснийг хараад уншихаа больсон. Хиеэн гэж нэг нохой байдаг шүү дээ. Харaхад их муухай л дaa, тэрийг буудаж тамлаж алснаа жаргал болгож, яаж гаслаж гангинасан, цусаа хэрхэн урсгасан гэх мэтийг бичсэнийг уншаад би уншихаа больсон.

    -Одоо ямар ном уншиж байна?
    -Далай ламын номуудыг англиар харж сууна. Миний бодсонтой бүр яг таарсан юм их байх юм. Бид хоёрын амьдрал их адилхан санагддаг. Би энэ хүнийг их өрөвддөг, уулзаж ч байсан. Нобелийн шагналтай том хүн ч гэсэн эх орон байхгүй, xятадуудад зүхүүлээд, зовж яваа хүн шүү дээ. Нэг удаа хамтраад юм ярих бодолтой байдаг. Сэтгүүлч хүнийг сонин битгий уншиж бай гэх ч хаашаа юм. Би сонин уншдаггүй болоод удаж байна. Нетээр хааяа нэгийг түүж сорчилж хардаг. Манайх шиг сонингууд хүний сэтгэлийг их хиртүүлдэг юм. Ер нь залуус та нар сонголт сайн хийж унших хэрэгтэй. Их гунигтай, зовлонтой, хар юм унших дотроо харлуулж байгаа хэрэг шүү дээ. Бал нь дотор сэтгэлд тогтдог юм. Чингиз Айтматовыг уншдаг. Би таньдаг байлаа. Тэр Киргизээрээ, би Тувагаараа яриад хэлмэрчгүй ойлголцдог байсан. Хаaяа нэг мэдэхгүй үг гарч ирвэл би казаxаар асууна, тэр ч казак хэл сайн мэднэ. Мэдээж болохгүй бол оросоор ярина. Миний бодож явдагтай яг адил юм бичдэг байсан нь санаа нийлэх гол шалтгаан. Айтматов намайг их зоригжуулсан хүн. Миний өмнөөс, Төрмөнхийн өмнөөс, ер нь дорно дахины хүний өмнөөс хэлж бичсэн анхны том хүн байсан. Бид их дотно, багш шавь болцгоосон. Сүүлчийн удаа уулзаад лифтэн дотор гар бариад салхад хажуудах хүндээ:

    “Энэ залуу их зовж байна. Яг исэлт нь боловсорч байна. Энэ хүн хүрэх газраа хүрнэ. Би харахгүй байх, та нар харна aа ” гэж хэлсэн гэж байгаа. Жилийн дараа хорвоогоос явсан л даа. Кавабатаг их уншсан. Лакснэс гэж Исландын нэг зохиолч бий, бас их уншсан.

    -Таныг гаднаас их олон шагнал авсан гэж сонсож байсан манайхан төдийлөн сайн мэдэхгүй байх шиг?
    -Герман хэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаны төлөөх шагнал (Heimito-von-Doderer- Award ) гучин мянган евро дагалддаг том шагнал л даа.

    Adelbert-von-Chamisso-Award: Би 10 дахь хүн нь юм билээ. Тэгээд би өмнөх 9 хүнээ судалж харлаа. Гэтэл тэнд амьдардаг гадныхан, өөрөөр хэлбэл тэдний иргэд авсан байх юм билээ. Энэ утгаараа бол би анхны жинхэнэ гадны хүн, бүр азийн анхны зохиолч болж таарч байх юм. Тэрбум гаруй хүнтэй Хятад ч аваагүй, тив алгасагч пуужинтай Орос ч аваагүй, Азийн Америк гэдэг Япон ч аваагүй юм билээ.

    -Дэлхийд нэрээ гаргасан Монгол хүнийг манайхан нэг л тоож харахгүй юм даа. Нобелийн шагналыг төр нь тодорхойлдог билүү? Мураками гэж япон зохиолч бараг жил бүр л нэр дэвших юм?

    -Тэгэлгүй яахав. Нобелийн академид миний нэр зүгээр уншигчдын хүсэлтээр хэд хэд очсон гэдэг. Уг нь тэр зохиолчын улсын төр, засаг л тодорхойлдог журамтай. Би Тува гэдгээсээ болоод л хавчигдаад, хариуцах хүнгүй болчихоод байна уу гэж боддог болсон. Энэ миний нэг бахархал, бас зовлон. Бүр Цэдэнбал даргын үед би Германд айлчлах илтгэл, энэ тэрийг нь бичиж, орчуулж бэлдэж өгч байлаа. Тэгэхэд Герман бичгийн машин байхгүй, би өөрийнхөө машиныг бөөн зөвшөөрөл авч байж ордонд авч орж хийж өгч байлаа. Цэдэнбал дарга; Чи над шиг их няхуур ажилсаг, нэг юмандаа улайрдаг хүн юм байна. Би сэмхэн ажиглаад л байлаа гэж магтаад жоохон юм ярьж билээ. Тэгээд эцэст нь чи хаанахын хүн бэ ? Нутаг хаана билээ ? гэж асуусан. Би Тува хүн гэж хариулсан чинь их дургүйцэж Монголд нэг ч Тува хүн байхгүй шүү. Чи бол Урианхай хүн! гэж билээ. Урианхай хүн монголоор ярьдаг, бид Тувагаар ярина гэсэн чинь тун их дургүй байсан.

    -Яагаад тэгдэг юм бэ? Одоо ч бас тэгж хандаад байна гэх гээд байна уу?
    -Хар хайрцагны бодлого. Бал дарга их юм уншиж мэдсэн хүн байсан юм шүү дээ. Би сүүлд учрыг нь мэдсэн. Чингис хаан Туваг эзлээд хаа байгаа Бурхан халдуны дэргэд байдаг Урианхай нараар нэрлэсэн байдаг юм билээ. Нэгдсэн их гүрэн байгуулах гэж байгаа улс чинь тэгдэг юм байна л даа. Египитийг Миссир, Энэтхэгийг Жагар гэх мэтээр бүгдийг Монгол нэрээр нэрлэдэг байсан шүү дээ. Нэгдсэн улс байгуулж байсан улсын бодлого. Харин надад дургүй байдаг нь бас атаархалтай холбоотой байx. Атаархал гэгч мөнгөний шуналаас ч хүчтэй. Мөнгөтэй хүнд гэхээсээ чадалтай хүнд илүү атаархдаг. Чамайг ч гэсэн сайн юм бичээд, нэрд гараад ирэхээр ямар ч гэм хийгээгүй байхад чинь бүр ойр дотны хүнээсээ эхлээд нэг л дургүй болоод өө эрээд эхлэхийг чи харах болноo. Бүр хамгийн ойрын хүн чинь ч нэг л биш болчихно шүү дээ. Тэд өөрсдөө ч яагаад чамд дургүй болсноо мэдэхгүй байж ч мэднэ. Гэхдээ л нэг үл үзэгдэгч хана босоод ирнэ дээ. Өнөөх л Монгол зан!

    -Таны номнууд Германд хэдэн хувь борлогддог юм бэ? Манайд бол ном маш муу гүйлгээтэй байдаг юм билээ.
    -Дэлхий даяар ном тийм ч их гүйлгээтэй биш болсон. За яахав өнөөх их рекламтай ном бол өөр байдаг байх. Би эхлээд хэвлэлийн газартаа гар бичмэлээ үзүүлнэ.Тэд уншаад гэрээ хийгээд гарын үсэг зурсан өдрөө багахаан урьдчилгаа өгнө. Гэхдээ 5000 орчим евро ч юм уу, манайхаар бол 15 сая төгрөг үү? За тэгээд зарагдаад эхлэхээр тонтем гэж нэрлэдэг 10 хувь орчмыг авна. Энэ сүүлийн ном л гэхэд 22 еврогийн үнэтэй байна уу? Тэгэхээр нэг номноос 2 евро гэсэн үг. Хэвлэлийн газар маань уулзалт их зохион байгуулна. Нэг уулзалт дээр аягүй бол 100 ном ч зарагдаж мэднэ. Би худалдаж авсан номонд нь гарын үсэг зурдаг. Тийм уулзалтыг тэд нар зохион байгуулна. Зардлыг, буудлыг тэд даана. Тэгээд л өнөөх тахиа өндөглөж байгаа юм шиг жоохон жоохноор энд тэндээс түүгээд байдаг. Янз бүр дээ, ном болгон адилгүй. Сардаа ч юм уу улиралдаа орлогоо шилжүүлнэ. Надад менежер байгаа. Тэр бүхнийг зохицуулна. Зарим ном 20 мянган хувь зарагддаг. Гэхдээ бас энэ тийм ч үнэн тоо биш. Хэвлэлийнхэн дардаг байх. Би өөрөө мөнгө гаргаад ийм сайхан ном хэвлэнэ гэвэл бүтэхгүй шүү дээ. Цэвэр оюун ухаанаа зарж идэж байгаа болохоор сайхан шүү дээ. Бac зардлыг хэвлэлийн газар хариуцдаг болохоор.

    -Тэгээд та байн байн яваад байдаг хэрэг үү? Номоо ингэхэд хаана бичдэг юм бэ?
    -Хэвлэлийн төлөөлөгчид том том хот болгонд байдаг л даа. Тэд намайг тийм уулзалтанд уридаг юм. Тэр уулзалтууд дараагийн борлуулалтанд их нөлөөтэй. За Галсан ах сайн ярина шүү! гэнэ шүү дээ. Би баахан бурж өгнөө, тэгээд борлуулалт нэмэгддэг юм. Бичихийн тухайд бол хаана ч бичнэ. Шүлгүүдээ би ихэнхдээ галт тэргэнд, зочид буудалд бичсэн байдаг. Жинхэнэ нүүдэлчин шүү дээ би гэдэг хүн. Тэгээд ерөөсөө л нүүдэлчдийн тухай бичдэг хүн . Би 10 роман бичсэн. Энэ сүүлчийн “Алт ба элс” романыг дэлхийн хэмжээний роман гэж шүүмжлэгч нар үнэлсэн. Би өөрийгөө нэг алтны уурхайтай хасаг хүүхэнтэй хайр дурлалын холбоотой болсон тухай роман юм л даа. Би болохоор уулаа ухуулмааргүй байдаг, гэтэл өнөөх хүүхэн жигтэйхэн баян, тэгээд бид хоёр хайртай, ийм нэг зөрчилтэй роман. Сүүлдээ өнөөх хүүхэн үхэж би Баян-Өлгийд байгуулсан оршуулгын газартаа оршуулж байгаа гардаг. Тийм оршуулгын газар би байгуулсан юм. Битүү модтой сайхан газар. Үзэл бодол нь эсрэг гэхдээ зүрх сэтгэл нь хоорондоо татагдаад байгаа тухай зохиол.

    -Мод гэснээс, нээрээ таныг нэг сая мод тарих зорилготой гэж бичээд байх боллоо.

    -Тийм, чиний энэ харж байгаа моднуудыг бүгдийг би тарьсан, гэхдээ ойгоос хулгайлж авчраагүй. Бүр үрээр таpьж байгаа.Тээр харагдаж байгаа шилэн хүлэмжинд үр суулгаад ургуулдаг юм.Тэр том торхонд 2 тонн ус байгаа. Доорoo худагтай. Газрын наймаа мафи байна гэдэг үнэн шүү дээ. Энэ газрыг 10 саяар, тэр хүлэмж байгаа газрыг 20 саяар авлаа шүү дээ. Надад мод тарих газар ч олдоoгүй. Батлан хамгаалах яаманд маш олон мод тарьж өгсөн. Тэнд хээрийн сургууль гээд байлдаж тоглоод байдаг даа. Цэргийн ангийг хархад ганц ч модгүй зэвхий саарал байхаар нь л тарьдаг юм шүү дээ. Намайг ганц дэмждэг байгууллага шүү дээ. Баян-Өлгийд, энд гээд тарисан мод бий. Нэг сая мод гэдэг их тоо л доо, гэхдээ би тарина л гэж боддог. Энэ хавийн айлуудад мод өгдөг. Зарим нь ч сайхан арчлаад ургуулах юм, зарим нь ч үхүүлчих юм даа. Хүмүүс дэмжих нь байтугай тоохгүй шүү дээ. Сая Л.Түдэв багш нэг нийтлэлдээ Ч.Галсан өөрийнхөө мөнгөөр сая мод тарих гэж байхад энэ төр огт ойшоохгүй байна гэж бичсэн харагдсан.

    -Бас нэг ойлгомжгүй юм дуулсан. Бороо оруулдаг төхөөрөмж ч гэлүү? Зарим хүн Ч.Галсан солиорчихож гэж байсан.
    -Тийм ээ. Би тийм төхөөрөмж бас өөрийнхөө мөнгө төгрөгөөр хийлгэсэн юм. Манай энэ тэнгэр мандалд цөмийн хогooc болж блокад бий болчихдог юм байна. Тэрийг нь сорж ч гэхүү онгойлгож байгаа төхөөрөмж л дөө. Зад гэдэг шүү дээ. Исгэрэхээр тэнгэр задраана гэж манайхан ярьдаг даа. Тиймэрхүү л нэг юм. Олон төмөр хоолойгоор татахаар тэр үл үзэгдэх хогон хана нурж байгаа хэрэг. Нэг нураад эхлэхлээр яг л элс нурж байгаа юм шиг цааш яваад эхэлдэг юм шиг билээ. Исгэрээд салхи гаргаж өдөөдөг шүү дээ, түүн шиг л юм гэж ойлгож болно.

    -Ийм хачин юмыг тэгээд та бодож олоод, тийм машин хийгээд, тэгээд бороо ороод байгаа болж байна уу? Итгэхэд их л хэцүү юм.

    -Тэрийг би бодож олоогүй. Австрийн нэг еврэй Вилхэлм Райх гэж нэг хүн бодож олсон юм. Тэнгэрт бид тусалж болно, тэнгэр өөрөө баярладаг, гомддог, амьтай гэж үздэг хүн байж. Манайхан тэнгэрт сүү өргөөд байдаг шиг юм л даа. Тэнгэр амьтай, сүнстэй гэж үзээд түүнээсээ болж европын эрдэмтдэд гоочлогдоод Хэрээстийн шашныг, ертөнцийн эзнийг доромжилж байна гэж Европоос хөөгдөөд Америкт дээр байх гээд очсон чинь бүр чонын амнаас гараад барын аманд оров гэгч болоод шоронд ороод 1951 онд нас барсан хүн. Бүр үхсэнийх нь дараа Америкын нэг шүүх Вилхэлм Райхын үзэл шашны эсрэг буруу суртал гэсэн тогтоол гаргаад бүх номыг нь шатаасан гэж байгаа. Caяхан шүү дээ. Өнөөх буруу халимагт 1933 онд л ном шатаасан гэдэг. Тэгэхэд бас бүр саяхан ч ийм юм болж л байж. Энэ тухай хэн ч дуугардаггүй шүү дээ. Дашрамд хэлэхэд, манайд ч гэсэн Ц.Дамдинсүрэн гуайн Орос- Монгол толийн хавсралтыг хэвлэх үйлдвэрт бас шатааж байсан гэж байгаа. Би тэр Вилхэлм Райхыг номыг олж уншаад тийм төхөөрөмж аль дээр хийгээд бүр ашиглаж байсныг номноос нь олж мэдсэн . Америкийн Невадад анхны атомын бөмбөг дэлбэлсний дараа ган гачиг нүүрлэсэн үед машин хийж бороо оруулаад бүр ган гачигийг зогсоосныг бичжээ. Тэр хүн бас түүнээсээ болж буруудсан байх юм. Яагаад гэвэл ган гачиг болж байвал өнөөх худаг ус гаргадаг бизнест сайн байна шүү дээ. Ингээд тэр хүнийг үгүй хийсэн . Дараа нь мартагдаж байгаад Арабын оронд тэр машиныг хийж Сахарын цөлийг ногооруулаад бараг 15 жил болж байгаа тухай олж мэдлээ. Дараа нь тийм машин хийдэг Алжир хүнтэй танилцлаа. Mажид Абдул Азиз гэж тэр хүнийг авчираад 14 хоног цагийн 100 еврогоор хөлслөөд 2012 онд хийлгэсэн эд л дээ. Цэврийн цэвэр ган төмөр ордог тэрийг нь Германаас авчруулсaн.

    -Ямар өртөг гарав?
    -Германы пүүс надад тэр ган турба энэ тэрийг бэлэглээд байхад л 50 сая төгрөгөөр энэ машин боссон. Тэгээд 2012 оны 4 сарын 9-ны өдөр ашиглалтанд оруулсан. Гэхдээ бөөгийн ёсоор гал өрдөж залбирч яг л овоо тахиж байгаа юм шиг ёслол хийж тэнгэрийг аргадсан хэрэг. Олон хүн намайг хараад энэ хүн солиорч гэж бодсон доо. Зарим нь Галсан бөө болчихож гэж байхад, зарим нь энэ овоо сайхан амьдралтай хүн шороон дээр хөрвөөгөөд солиорч гэж бодoo биз. Эхлээд маш их салхи тависан. Дараа нь тэсэхийн аргагүй хүйтэн болоод тэгээд үүл ээрүүлэнд ээрсэн ноос шиг хуйлраад сүүлдээ бороо, цас холилдоод орж эхэлсэн. Машины зураг харъя гэвэл www.galsan.info сайтад байж байгаа. Тэнгэрийг сэрээж, задрааж байгаа юм шүү дээ. Манай Тувачууд 9-ийн тоог их эрхэмлэнэ. 29 ч юм уу 19 ч юм уу 9-тэй өдөр Тува айл огт юм гаргадаггүй. Тэгээд 9-нд амжуулах гэж их яарсан даа.

    -Хачин юмаа?
    -Чи нетээс хараарай. Сүүлд чамд үзүүлнээ. Одоо ажиллаагүй байгаа.

    -Одоо эргээд зохиол руугаа оръё. Бас таны тухай. Та ер нь жоохон гомдож явдаг хүн шиг харагддаг?
    -Гомдох ч гэж дээ. Манай энэ төр засаг миний чадварыг, намайг нэг ч удаа ашиглаж чадсангүй. Дандаа бусдад ашиглуулж байна. Киргиз улс Чингиз Айтматовыг 16 жил Бенелуксын 3 оронд элчингээр суулгалаа шүү дээ. Тэр хугацаанд Киргизэд тэр хүн мөн ч их юм олж өгсөн дөө. Хэрвээ энэ төр засаг чи Германаас ийм нэг юм бүтээгээд, мөнгө босгоод ир гэвэл би яаж ийж байгаад нэг юм болгож орхино дoo. Тэнд би гайгүй нэртэй. Надтай уулзаж байгаа улс нэг л биширсэн өнгөөр бүр гарт минь ч болтугай хүрэх гэж бараг л Далай ламтай уулзаж байгаа юм шиг ханддаг юм шүү дээ. Дэлхийн суутнуудын уулзалтад олон удаа сууж байлаа. Дэлхийн ухаантнуудын зөвлөлийн гишүүн гэж байгаа.

    -Таны хөөж биш, хүлээж гүйцнэ гэдэг үгийг би их иш татдаг юм. Энэ таны үгүү ийм үг байдаг юм уу?
    -Энэ миний л үг л дээ. Монгол ухаан гэдэг тайван тэвчээртэй байж, хөөж биш хүлээж гүйцэх ухаан шүү дээ. Европыг би сайн мэднэ. Тавь гаруй жил ирэн очин байна. Тэд нар мөнгө, цагтай уралдаж байна гээд л бажигдаад гүйлдсэн яаруу сандруу улс байдаг . Аливаа юм эргээд л ирдэг дугуй цагириг замтай байдаг. Бид тосож, угтаж бодох хэрэгтэй. Харин сүүлийн үед манайхан яг л тэдэнтэй адилхан хөөж гүйх болж дээ. Бид энэ янзаараа бол Хятадад бууж өгч мэднэ гэж бодох боллоо. Өндөр гэгээн Занабазар Чингисийн тугийг өөрөө өмнөд хөршид мөлхөж очоод бөхийлгөсөн түүхтэй шүү дээ. Дэлхийн нэгдүгээр дайн 1914 онд гарч байлаа. Одоо яг 100 жил болж байна. Юм эргэх гээд байдаг гэж би дээр хэллээ. Оросод энэ Украйнаас ч болоод юм уу, эсвэл Өмнөд Солонгос дайн эхлүүлж тэгээд өнөөх Америк орж ирээд бөөн юм болж мэдмээр санагдаад байх боллоо… Би улс төр нэг их сонирхдоггүй. Гэхдээ 24 жилийн өмнө П.Очирбат ерөнхийлөгч нефттэй боллоо гээд л цагаан дээлээ хар тосоор мялааж байлаа. Би их баярлаж билэгшээж байлаа. Кувэйт шиг орон болох нь гэж. Гэтэл одоо өнөө нефьт хаана байна? Хятад л авдаг юм уу даа. Энэ нэг төмөр зам гээд, нарийн бүдүүн гэж 4 жил хэрэлдлээ, бас л таг. Одоо ч өрнөөс их юмгүй л боллоо гэх болж дээ. Ингэж хэрэлдэж байх хооронд элдэв юм бүү болчихоосой гэж л ханцуйн дотроо залбирч суух юм даа.

    -Та маргааш хаашаа явах гэж байна?

    -Швейцарьт хэвлэгдсэн, бас Туркэд орчуулагдаж гарч байгаа номын ажлаар явна, олон уулзалтaд оролцоно. Вeна, Цюрих, Франкфурт, Хамбург гээд олон хотоор явна даа. Өндөр зэрэглэлийн зочид буудал, унаа бэлэн, олон хүнтэй уулзана гэхээр сайхан байдаг, гэхдээ бас ядаргаатай. Европ тивд ази хүнийг заримдаа тийм ч их тоохгүй юм шиг харагддаг. Намайг харин ийм сайхан хүлээж авч байхад би ханьцуйн дотроо залбираад л, номоо бичээд л явахаас өөр яах ч билээ дээ. Монголoop бас хэдэн ном гаргая гэж бодох л юм. Зав даан ч гарахгүй юм даа. Гадаадад ингэж тоож байгаа дээр нь л тэдэнтэй зууралдаад байна даа. Гэхдээ л Монгол хүний тухай бичнэ шүү дээ.

    -Та өглөө бүр 4 цагт босдог гэсэн одоо ч хэвээрээ юу?
    -Анх Германд очоод шалгалтанд тэнцэхгүй бол буцна гэж айгаад 4-т босож хичээлээ давтдаг болсоноос хойш бүүр дадал болчихсон юм даа. Бас 4 цаг л унтдаг. Эмч нар намайг одоо ахиу унтаж бай, настай болж байна, үхнэ шүү гэдэг юм. Би “Харин нээрээ би бас үхэх байх шүү” гэж тоглоом шоглоом хийгээд л өнгөрдөг. Нэгэнт 40 гаруй номтой болсон хүн 60 ном биччих юмсан гэж боддог. Бас Монгол хэлээрээ хэдэн ном бичих юмсан даа.

    Энд тэнд тавьсан илтгэл, уулзалт цуглаан дээр хэлсэн үгээ эмхтгэж ном гаргах гээд мөн ч их ажил байна даа.

    -Явах гээд давчуу байхад чинь шалаад ядраачих шиг боллоо. Танд баяраллаа сайн яваад ирээрэй.

    2014- 4-1
    Ярилцлагыг Д.Төрмөнх
    Эх сурвалж: niitlelch.mn



  • Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

    Хэзээ ч зэврэхгүй, өнгөө алдахгүй ган материал хүрэл цутгуурыг бодоход зүлгэхэд хатуу байдаг. Тэгэхээр та ган барималтай танилцах болвол уран бүтээлчийн маш их хөдөлмөр шингэсэн бүтээлийн өмнө зогсож буйгаа санахад илүүдэхгүй.

    Чингис хаан нисэх онгоцны буудлаас Улаанбаатарыг зорьж яваа бүх хүн морин тойруулгын гадаа сүндэрлэх аварга том азарганы “Улаан хуй” хөшөөг харахгүй өнгөрнө гэж үгүй. Омголон, эрч хүчтэй, хэзээ ч яндашгүй бадрангуй хүсэл эрмэлзэл тэр хөшөөнд шингэсэн нь хэн хүний нүднээ ил. Харин энэхүү хөшөөг бүтээсэн барималч МУЭ хорооны шагналт А.Очирболдын өөр нэг чухал чадвар бол Чингис хаан, Чингүнжав, Мандухай цэцэн хатан бүтээлүүдээс нь гадна 304 маркийн чанартай гангаар хийсэн бүтэн үзэсгэлэнгийн ган баримлын ажлууд юм. Тэдний нэг нь Сентрал таур барилгын хүлээлгэн танхимд байрлах “Би” бүтээл бөгөөд өмнө нь олон хүн очиж “өөрийгөө” хардаг. Энэ зун түүний “Өнгөгүй өнгө” үзэсгэлэнгийн “Би” бүтээл дахин үзэсгэлэнгийн танхимд заларчээ. Хэрэв түүний бусад ган баримлуудтай нь та танилцах юм бол А.Очирболдын баримлууд тантай бүр илүү гүнзгий мэдрэмжийн хэллэгээр ярилцах болно. Тэр нандин мөчийг тань ойлгомжтой, мэдээлэлтэй болгох үүднээс бид өөрөөс нь бүтээлүүдийх нь дотоод агуулга, утга санааг сайтар асууснаа дэлгэж байна.

    Эхлээд гангийн тухай

    Хэзээ ч зэврэхгүй, өнгөө алдахгүй ган материал хүрэл цутгуурыг бодоход зүлгэхэд хатуу байдаг. Тэгэхээр та ган барималтай танилцах болвол уран бүтээлчийн маш их хөдөлмөр шингэсэн бүтээлийн өмнө зогсож буйгаа санахад илүүдэхгүй. Ган материалын гол чадвар нь дүрсийг тусгах тольт шинж чанартай. Магадгүй зарим хэсэгт нь зөвхөн тэнгэр харагдах өнцөг байлаа гэхэд түүнийг харах хүнд тэнгэрийн дээр зогсож буй мэт сэтгэгдэл төрж болно.

    Үзэсгэлэнгийн дэглэлт

    Монголд анх удаа ган баримлын үзэсгэлэн дэлгэсэн А.Очирболд МУЭ хорооны үзэсгэлэнгийн танхимын ханыг бүхэлд нь хар өнгийн даавуугаар хулдаж, танхимын цагаан өнгөтэй хослуулсан ба тод улаан өнгийн тууш хуваалтуудтай хийжээ. “Өнгөгүй өнгө” үзэсгэлэнд гангаар бүтээсэн арван бүтээл дэлгэгдсэн. Бие даасан үзэсгэлэндээ зориулж хийсэн дэглэлтүүдээс түүнийх шиг хүчтэй, нэг цөм уур амьсгалыг төрүүлж чадсан үзэсгэлэн ховор билээ.

    Үндэсний бахархал

    Эртний сүг зургийг хөдөлгөөнд оруулж, дөрвөн моринд тэрэг хөллөсөн байхыг дүрсэлсэн бүтээл нь үндэс угсаагаараа бахархах сэтгэгдэл төрүүлнэ. Пирамид хэлбэртэй болгон зохиомжилсон нь их дээш, тэнгэр уруу тэмүүлсэн, алсыг харсан харцтай болжээ. Уран бүтээлчийн хувьд “Бид яагаад ийм дээр байж болдоггүй юм бэ” гэсэн санаагаар тус бүтээлийг туурвижээ.

    Зэрэглээ

    Гурван зээрд морь дүрсэлсэн энэхүү баримлыг “Зэрэглээ” гэнэ. А.Очирболдын хувьд төрсөн тал нутгийнхаа зэрэглээг яг ийм л байдаг гэж үзэх агаад ер нь ган материал өөрөө зэрэглээг дүрслэхэд тохиромжтой аж. Морьдыг шилэн дээр байрлуулсан бас нэг шинэлэг зүйл болжээ. Өнгөгүй өнгө гэдэг үг өөрөө байхгүй байгаа зүйлийг илэрхийлж хөтөлнө. Би лав харахад байгаа хэр нь барихад биегүй тэр өнгөгүй зэрэглээ уруу нэвтэрч үзэхээс татгалзахгүй байхсан.

    Үүлэн чөлөө

    Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

    Үүл үргэлж нэг тийшээ л нүүдэг нь бүх зүйлс нэгэн гольдиролд байдаг гэдгийг илтгэнэ. Харин үүнийг илэрхийлэхдээ бүгд нэг тийш хандсан таван мориор дүрсэлжээ. Гэхдээ тэднийг морь гэж харахаас илүүтэй үүлэн чөлөө гэдэг нэр нь илүү чухал гэдгийг барималч онцолж байна.

    Хүннү хутга

    Аливаа улс үндэстэн өөрийгөө магтах, тоох зүйлтэй байдаг. Энэхүү хүннү хутгыг тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ойд зориулж бүтээжээ. Үзэсгэлэнгийн дэглэлтээр энэ бүтээлийн ард тууш улаан зурвас байрлуулсан нь маш их эрх мэдлийг илтгэх шиг санагдуулна. Энэ бүтээлийн талаар “Хүннү гүрэн хүчирхэг байсан нь үнэн л юм. Түүнээс үүгээр том газар нутаг эзэлсэн гэж балмад байдлаар харуулах гээгүй. Дэлхий дээр ийм хүмүүс амьдарч, үрс бидэндээ гавьяа байгуулсан юм гэдгийг харуулахыг хүссэн. “Хаяа өөрийн эрхгүй Монгол хүн гэдгээ хүчтэй сэрж, мэдрэх юм байна шүү дээ” хэмээн А.Очирболд өгүүлсэн билээ.

    “ХАЯА ӨӨРИЙН ЭРХГҮЙ МОНГОЛ ХҮН ГЭДГЭЭ ХҮЧТЭЙ СЭРЖ, МЭДРЭХ ЮМ”

    Би

    Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

    “Би” хөрөгний зарчим агуулж буй хоёр нүүрний баримлыг харсан хүн “би”-д өөрөө яаж тусах вэ гэдгээс шалтгаалж хүн бүрт өөр мэдрэмж төрүүлнэ.

    Цавчим тохой

    Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

    Ган материалын чанарыг ойлгоод ирэхээрээ түүний характерийг гаргах гэж үзүүлсэн бүтээл. Ган хэрхэн тогтдог вэ, бас тогтох хүртлээ ямар ааш араншин гаргадаг вэ гэдгийн цаана амьдралд тэмцэл байдаг гэсэн санаа агуулагдана. Түүнийг ус цалгиад цацардаг шиг байдлаар харуулахыг хүсчээ. Гэвч тэр бол уяхан зөөлөн ус биш хамгаас хатуу ган билээ.

    Туйлын туяа

    Барималч А.Очирболд: Хүн өөрийнхөө дүрсийг туйлын туяанд тусч байгааг хараасай

    Гангаар бүтээгдсэн арван баримлаас хамгийн сүрлэг нь болох бугатай баримлын нэр нь туйлын туяа. “Хойд туйлын туяаны хөшиг шиг намирсан гэрэлт салхины урсгал найган дайвалзаад дэндүү гоё байдаг даа. Халуун, хүйтэн агаар холилдоод ч байгаа юм уу? Яаж тийм гайхамшигтай зүйл бий болдгийг нь мэдэхгүй ч үнэхээр туйлын туяа сэтгэлээс гардаггүй. Тэгээд туйлын туяаг би ингэж дүрслэх юм байна гэж бодож хийсэн”.

    “ТУЙЛААС ГАРЧ БАЙГАА ТУЯАГ ХҮН БОЛГОН ХАРАХЫГ ХИЧЭЭДЭГ. МИНИЙ БҮТЭЭЛ ДЭЭР ТЭГВЭЛ ХҮН ӨӨРИЙГӨӨ ХАРАГ. ХҮН ӨӨРИЙНХӨӨ ДҮРСИЙГ ТУЙЛЫН ТУЯАНД ТУСЧ БАЙГААГ ХАРААСАЙ. “

    Усан дээрх утаа

    Харахад энэ зүйл нэг уул ч болоод, ус ч болоод, бас л нэг тийм баригдахгүй манан хөвөлзөөд ч байх шиг, хөөрөөд л, гоё бүжиглэж байгаа морь ч болох шиг. Манан өөрөө салхинд сарниж хийсдэг шүү дээ. Салхиар бага багаар сарниад байдаг. Нүдэнд харагдаад байгаа хэр нь барьж болдоггүй өнгөний чанар түүнд байх аж.

    Та анх ган хайлуулаад цутгаж байхдаа юу бодож байсан бэ?

    Анх ган хайлуулаад цутгаж байхад би гараасай л гэж бодож байсан. Гараад ирээсэй, гоё болоосой гэж бодсон. Миний анхны бүтээл эд нарын хажууд арай өөр ч гэсэн надад маш их баяр баясал авчирсан. Магадгүй би яг энэ үзэсгэлэнгийн бүтээлүүдийг тэр ганг цутгаж гаргасны дара хийе гэж бодсон байх.

    Ган баримал хэр үнэтэй вэ?

    Ган металлын хувьд хүрлээс хямдхан ч хүрлийн хажууд хөдөлмөр нь их учраас түүгээрээ үнэтэй болдог. Би энэ гурван зээрдийг хүрлээр хийвэл нэг сарын дотор хийнэ. Гангаар бол гурван сарын хугацаанд өдөр шөнөгүй хийж байж гаргана. Тийм л ялгаатай.

    Та зэрэг ажилладаг уу, нэг бүтээлийг дуусгачихаад дараагийнх руу ордог уу?

    Ер нь бол шавран дээрээ эхнийхийг хийж дуусаад, дараагийнх руу орно. Цутгаад гараад ирсэн зүйлийг тал талд гагнаад л зүлгээд хүмүүстэй ажиллана. Ганцаараа барахгүй, арав, хорин хүн ажиллана. Тэгж байж л гарна.

    Та бүтээлүүдээсээ аль нэгийг нь хотод хаа нэгтэйд ил байгаасай гэж бодож төлөвлөж байгаа юу?

    Тэгж бодолгүй яах вэ, уран бүтээлч хүн бүрийн мөрөөдөл. Чи уран бүтээлч бол ерөөсөө л тэрийг хий. Айхтар тэгж ашиг олох зорилгоор босгохыг бодохгүй байна. Босгочих юм бол би харин баярлана. Ухаандаа зардлыг нь даагаад босгоод өгвөл баярлана. Би ашиг олоод тэрүүгээр баяжина гэж бодож явсангүй.

    Гадаа орчинд байвал хэр том хэмжээтэйгээр өөрийнхөө бүтээлийг төсөөлдөг вэ?

    Би энэ сэлмийг хорин метр өндөр босгочихвол гоё л харагдана гэж бодож байна.

    Жишээлбэл ямар байршилд?

    Гоё шилэн байшингийн үүдэнд байгаад, доогуур нь хүн алхаад л явж байвал гоё л байх. Тэр дээр нэг хүн байж байдаг. Тэр сэлэм, таван морь эд нар бол томорч болно. Зарим нь зориулалтаасаа шалтгаалаад жижиг байх.

    Та модерн уран бүтээлч мөн үү?

    Би өөрийгөө модерн л гэж бодож байдаг. Модерн руу л явж байна.

    Ер нь ямар хүн барималч болдог юм бэ?

    Хүн л, жинхэнэ хүн л барималч болно доо. Хүн чанар нь ч сайн, юмыг ойлгодог хүн л барималч болно.

    Хүмүүс ямар учраас юм бол гээд гайхаж байж болох юм?

    Жинхэнэ ухаантай хүн л барималч болно. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Би барималчин гэдэгтээ тууштай байж тэсвэр хатуужилтай байхын дээр хүн байх хэрэгтэй. Ер нь уран бүтээлч бол “хүн” байж л уран бүтээл хийдэг юм.

    Барималч, уран дархан хоёр ялгаатай юу?

    Уран дархан бол эмээлийн баавар, данхны хээ, мөнгөн аяганы хээг гоё хийх ёстой байдаг бол бид нар ертөнцөд зориулж бүтээл хийдэг. Тэгэхээр ухаантай байхаас өөр аргагүй. Хэрэв чи хийж чадахгүй бол хамгийн тэнэг нь болоод л хийж чадахгүй байна гэсэн хатуу үнэн бий.

    Та цаашдаа материалаа солих уу?

    Би дараа нь материалаа солино, дандаа гангаар хийхгүй. Өөрийгөө ч солино. Өөрийнхөө бодлыг ч солино. Тэгэхдээ л би барималчаараа үлдэнэ.



    Эх сурвалж:http://buro247.mn/culture/art-theatre/barimalch-ayuurzany-ochirbold-kh-n-riynkh-d-rsiyg-tuylyn-tuyaand-tusch-baygaag-kharaasay.html

  • Х.АЛТАНЦАЦРАЛТ: Хятадаас бөөндсөн модоо 500₮-р шахаад ургадаггүй, бидний гурван жил ургуулсан модыг 1000₮-р ч авдаггүй

    “Мөнх ногоон амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Алтанцацралттай ярилцлаа. “Ухдаг бус ургадаг уурхайгаа хөгжүүлье” гэсэн уриатайгаар ажилладаг түүнтэй монгол хүн бүрийн бардамнах дуртай өргөн уудам газар шороо, нутаг усныхаа талаар хөөрөлдсөн юм.


    -Сүүлийн жилүүдэд ногоон хөгжлийн тогтвортой бодлого гэж их ярьдаг болж. Манай оронд хамгийн их ярих ёстой зүйл юм шиг…?
    -Бид нэг гараг дээр амьдарч байна. Хүн гэдэг амьтан үүссэн цагаасаа л байгаль руугаа дайрч эхэлсэн. Хүй нэгдлийн үеэс хооллож, ундлахдаа чулуу мод хэрэглэнэ. Ургамал навчийг тасдаад л идчихнэ. 21 дүгээр зуунд тэр инстиктээрээ газрын гүн дэх алтыг авч байна. Байгальтайгаа зүй бусаар харьцсанаас газар хөдлөлт, цунами, түймэр гээд байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан гэнэтийн аюул болж байна. Байгаль өөрөө хуультай. Тэрийг нь хэн, хэзээ ч өөрчилж чадахгүй.
    Цаашид энэ гараг дээр хэр удаан жилийн амьдрал үлдсэнийг хэн ч таамаглах аргагүй. Цэвэр усны нөөцгүй болж байна. Азоны давхарга цоорч буйг дэлхий нийтээрээ яриад Ногоон хөгжлийн тогтвортой бодлого боловсруулан мөрдөж байна. Гэтэл бидний өвөг дээдсийн байгалиа хамгаалах үзэл саяхныг хүртэл мөрдөгдсөөр ирсэн. Байгальтай зохицон амьдрах чинь л ногоон хөгжлийн тогтвортой бодлого шүү дээ.

    -Гэхдээ л шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, ногоон хөгжлийг хариуцсан яамтай бол­лоо. Энэ дэвшил биш гэж үү?
    -Байгаль орчин ногоон хөгжлийн яам байгуулна гэж яриад л шууд Ойн газар, Усны газрыг татан буулгасан. Усгүй, ойгүй ямар ногоон хөгжил байх билээ. Одоо ойг яамны ганцхан мэргэжилтэн хариуцдаг. Тэр хүн ганцаараа бүхэл бүтэн ойн асуудлыг хариуцаж дийлэхгүй л байхгүй юу. Байгаль орчноо аврах, нөхөн сэргээх гэдэг нь нэг яам гарч ирээд хийчихдэг ажил биш. Байгалиа хамгаалах, ногоон хөгжлийн бодлого мэтийн зүйл яриад, батлаад ч нэмэргүй. Байгалийг хэн хамгаалдаг вэ гэхээр иргэд. Амьдарч байгаа газрыг нь иргэнд эзэмшүүлэх ёстой. Өмнөговийн Гашуун сухайтын боомтын эргэн тойронд өдөрт хэдэн машин явдгийг нутгийн иргэд мэднэ. Тийм учраас тэр хүмүүс нутагтаа байгаа ургамалан бүрхэвч, онгон дагшин байгалийг хамгаалах боломжтой. Газар дээр нь очиж үзэхэд нэг км хэрийн өргөнтэй газар сүйтгэгдсэн байна лээ. Зээр, гөрөөс байтугай айлууд нь ч дайжчихаар тэр хэсэг газар эзэнгүйдэн, хараа хяналтгүй болчиж байгаа юм.

    -Угаасаа хаа сайгүй л талхлагдсан газар. Иргэд нь дуугараад ч нэмэргүй болсон газар зөндөө л байгаа. Одоо яах ёстой юм бэ?
    -Бидний үе өнгөрлөө гэхэд үр хүүхдүүд маань үлдэнэ. Заавал тэр нефтийг өөрсдөө боловсруулж чадахгүй байж “Дачин тамсаг” компаниар хоногийн 24 цагийн турш зөөлгөх хэрэгтэй ч юм уу.

    -Зөөх хэрэггүй гэж байгаа ч бас нөгөө талаар тэрийгээ зарж, мөнгө олох ёстой гэсэн бодолтой хүмүүс байна?
    -Иргэддээ эх орны хишиг гэж 70 мянган төгрөг тарааж байхын оронд нефть боловсруулах үйлдвэр барих боломж байсан уу гэвэл тийм. Баялаг сэргээгддэг, сэргээгддэггүй гэж хоёр янз шүү дээ. Тэр нүхэнд байгаа нефтийг соруулаад авчих юм бол дахиж хэзээ ч сэргээгдэхгүй. Сэргээгддэг баялаг гэдэг бол өсч, үрждэг амьд организм. Магадгүй тэр “Оюу толгой”-н тэр их алт, зэсний нөөц энэ гарагийн араг яс байж магадгүй шүү дээ. Хэрэв хүний гарны доторхи ясыг сугалаад авчихвал юу үлдэх билээ. Газрын гүнээс маш их хэмжээний юмыг нь авлаа. Тэр хоосон орон зай нөхөгдөхгүй. Хэзээ нурах вэ гэдэг нь л асуудал.

    -Нэгэнт шийдсэн бол тэр алт, зэсээ аваг л дээ. Тийм их нөөц байгааг олж мэдсэн хүмүүс ажлаа зогсооно гэж байхгүй. Тэгэхээр та бидний хамгийн гол бодох ёстой зүйл бол нөхөн сэргээлт юм биш үү?
    -Манайхан сүйдэлсэн газар дээрээ биологийн нөхөн сэргээлт хийнэ гэж яриад байна. Тэр бол агуу юм. Нэг хэсэг газрыг эвдчихлээ. Тэр хөрсөнд хэдэн төрлийн шавьж байсан, тэр нь хэзээ эргэж төлжих вэ гэхээр нэг см ялзмагтай хөрс энэ гариг дээр бий болохдоо 700 жилийн хугацаанд бүрэлддэг. 20 см-ийг хөндчихвөл тэр 1400 жилд нөхөгдөнө гэсэн үг. Бид 21 дүгээр зуунд байна. Гэтэл зуунаар биш мянганаар хэмжигдэж байна шүү дээ. Тэгэхээр энэ утгагүй ойлголт байгаа биз. Зүгээр байсан юмыг эвдчихээд тийм урт хугацаанд эргээд хэвэнд нь оруулна гэхээр. Гэтэл дээгүүр нисч байсан шувуу нисэх ёстой. Гол байсан бол тэрийг нь урсгах ёстой гэдгээ биологийн нөхөн сэргээлт ойлгочихсон хүн их байна. Харин техникийн нөхөн сэргээлт байж болно.

    -Толгойтой бүхэн албан тушаал хөөцөлдөх энэ цагт юунаас, яаж ашиг олох вэ гэж хүн бүр боддог болсон. Байгалийн нөхөн сэргээлт ч гэсэн мөнгө завших боломж шүү дээ. Байгаль өөрөө хүний хийсэн юмыг муу байна гээд хэлж чадахгүй болохоор харин ч мөнгө шамшигдуулах цэвэрхэн арга…?
    -Байгаль өөрөө хуультай гэж хэлсэн шүү дээ. Янз бүрээр өсч, үрждэг. Жишээ нь, алимны мод гэхэд салхиар үрээ цацдаг. Үр нь олон янз. Зарим нь далавчтай ч байдаг. Өргөстэй үрнүүд малын үсэнд наалдаж яваад уулын цаана унах жишээтэй. Ингэж нүүж явдаг. Ургамалд ч гэсэн дэлхийг эзлэх хүсэл байдаг. Хүмүүс газраа булаацалдан төмөр тороор хилээ тогтоосон бол одоо баялгийн төлөө дайн эхэлсэн. Хоёр том гүрний хооронд байгаа Монгол шиг жижиг орон ийм баян гээд хамаг нөөцөө задлах хэрэг байна уу, үгүй юү. Монгол гэдэг чинь нэг айл л гэсэн үг. Гэтэл аав нь тунгаан бодохгүй “За яахав, Доржийнх хоёр үхэр авна гэсэн. Өгчихөөрэй” гээд дараа өвөл яахаа бодохгүй байж болохгүй. Өмнө нь “Манай голын Дэнзэнгийн шар толгой бол үнэхээр ухаантай, сийрэг шүү дээ” гээд ярьдаг байсан. Гэтэл өдгөө нам, лам хоёр л их ярьдаг болж. Хүмүүс хорооны тодорхойлолт авах гээд очихоор аль намд санал өгсөн гэдгийг нь хараад баахан юм хөөцөлдөөд ир гээд явуулчихдаг. Нөгөөх нь жаахан гүйж байгаад бүтэхээ болихоор лам руу очдог. Лам нь “гадаадаар” баахан юм уншиж байснаа “Таны суудал өнцөгтсөн байна. Тийм ном уншуул, хэдэн төгрөг” гэнэ. Тэгэхээр нь тэрийг нь хийлгээд сайжрахгүй буцаад ирэхээр “Өө, мөрөө гаргаагүй байна. Тэрбишийн зурхайгаар гаргасан бол тэр чинь худлаа” гээд дахиад л баахан засал хийнэ. Дахиад ажил нь бүтэхгүй бол “Мэнгэ нь голлочихож” гэнэ. Ингээд бүр бүтэхгүй бол нөгөө хүн бөөгөөр явна. Баахан мөнгө төгрөгөө гарздаад нэмэргүй. Тэгэхээр нөгөө бөө нь “Өө, чи тэнгэрийн даллагатай хүн байна” гэнэ. Тэгээд байраа барьцаанд тавиад бөө болно гээд явчихдаг. Ингээд толгойгүй юм шиг нам, лам хоёроор амьдралаа шийдүүлэхээр болохгүй байгаа юм.

    -Хот тохижуулах ажлаас нэлээдгүй мөнгө төгрөг цааш нь хийж болдог талаар сонсч байсан. Танд энэ талаар мэдсэн зүйл байна уу?
    -Нийтийн эзэмшлийн талбай гээд нэгнийхээ хийсэн юмыг нэг нь талхалж хаяад байна гээд ногоон байгууламжийн компаниудад хуваан хариуцуулахаар болсон. Гэтэл надаасаа мэдлэг муутай нөхөр даргаар суучихаад биднийгээ чангалаад байх юм. Уг нь Энэбишийн гудамжны тохижилтын ажлыг манайх хариуцдаг юм. Саяхан тохижилт хариуцдаг хүмүүс хурал хийгээд дарга нь тавдугаар сарын 10-наас арваннэгдүгээр сарын 10 хүртэл хариуцсан газраа тохижуулах ёстой. Гэтэл энэ хугацааны услах зардал 63 мянган төгрөг гэв. Тэгснээ ирсэн хүмүүсийг төсвөө гурав хуваагаад 21 мянгаар нь усалгаа хийсэн гэж тайлан бичиж өг, энэ нь баланс барина гээд олон юм ярьж байна. Тэгэхээр нь та нар биднээр ийм юм хийлгэж байгаа нь шүүхэд өгмөөр хэрэг байна гэж хэллээ. Нийслэлийн хот тохижилтын газар нь болохоор төв гудамжуудаа авчихсан, ажилчдынх нь цалин 800 мянга. Гэтэл хувийн хэвшлийнхнээ дэмжихгүй л байгаа байхгүй юү. “Хэрэв ядаж хайс хийхгүй бол энэ жилийн ногооруулах гэж төсөвлөсөн мөнгө чинь намар гэхэд юу ч үгүй болно шүү дээ” гэхэд “Тарь л гэсэн бол тарь. Улаан даавуу тат за юу” гэсэн. Ингэж л татварын мөнгөөр наадаж байгаа юм.

    -Хэрэв энэ жил хайс бариад дараа жил зүлэгжүүлчих юм бол нөгөө жил бүрийн төсөвлөх ёстой зардлууд танагдаад ирнэ шүү дээ. Үүнийгээ дагаад нөгөө даргын халаас руу урсах мөнгө ч багасна. Нэг ажлаа жил бүр хийх нь ашиг өгдөг байна л даа?
    -Хар шороог гэхэд метр.кубыг нь 4500 төгрөг гэж төсөвтөө баталчихсан байгаа юм. Гадуур нэг ачааны машин нь 70 мянган төгрөг, төсөв хүрэхгүй нь ээ гэхээр “Бичиг хийлгээд ав” гээд сайхан үг хэлнэ. Тэр бичгээр нь Эмээлтийн цаана байдаг Нийслэлийн хот тохижилтийн карьераас шороо авна. Тэндээс наашаа шороогоо 60 гаруй км зөөхөд хэдэн төгрөг төлөх билээ. Бас газар дээр нь нэг метр.куб шороог 13500 төгрөгөөр ачуулна. Тэгээд “Та нар яахаараа ийм үнэтэй ачдаг юм. Төсөвт 4500 гэж байна” гэхээр урдаас эксковатор ажиллуулж байна гэдэг. Тэгээд нөгөө хот тохижилтын компанид нь “Тэр зүлгийг та нар арчлах ёстой. Тийм байж ядаж шороог нь дөхүүлээд өг. Надад өгөх төсвөөсөө 4500 төгрөгөө хасаад шороог нь ойртуулаад өгчих” гэхээр нөгөө хэд нь “Бид яахаараа чиний ажлыг хийдэг юм” гээд маргаан үүснэ. Иймэрхүү байдлаар ажил явахаар төрийн байгууллага нь нийслэлийг ногоон болгоё гэсэн сэтгэл алга л гэж дүгнэх гээд байна.

    -Бас Хятадаас хямд мод оруулж ирж байна. Мод анх ургасан хөрсөндөө л ургадаг. Агаар, хөрс нь солигдвол ургадаггүй гэсэн. Энэ ч гэсэн нэг мөнгө олох бизнес болсон гэсэн?
    -Хятадаас мод бөөнөөр нь оруулж ирээд зооринд хийхгүй, граж юм уу нэг газар жаахан суулгаж байгаад нэгийг нь 500 төгрөгөөр зардаг. Би гурван жил ургуулсан модоо 1000 төгрөгөөр өгөх гэхээр авдаггүй. Хятадаас нааш ирэх гэж халуун салхинд хатчихсан модыг хот тохижуулахынхан аваад тарьсан болоод мөнгөө авчихдаг. Гадагшаа алт, зэс, нефть, ноолуур гаргаад мөнгө олдог. Гэтэл 20 сая малын бэлчээртэй нутагт 40 сая мал бэлчиж байж махаа экспортлоод мөнгө олж болно биз дээ. Гэтэл тэгэх ямар ч боломжгүй. Нөгөө малнууд нь бүгд “спорт” болчихсон. Өглөө гарч яваад кросс хийн байж нэг жаахан өвс олж идээд буцаад кросс хийдэг. Тэгээд л нөгөө малаа тэжээнэ гээд өвөл өвсөнд хуримтлуулсан хэдийгээ зарцуулна. Үүнийг шийдье гэсэн нэг ч хүн байхгүй. Өнөөдөр нийслэлд шөнө ажилладаг нэг ч үйлдвэр байхгүй. Нүүрс түлж цахилгаан гаргачихаад яагаад шөнө нь ашиглахгүй урсгаад байгаа юм. Хэдэн том шөнийн үйлдвэр байгуулчихаад, гэр хорооллын айлуудыг цахилгаанаас чөлөөл л дөө. Шалыг нь цахилгаанаар халаачих. Тэгэхээр л нөгөө утаа чинь багасаад ирнэ.

    -Улаанбаатар маань хэзээ бүрэн ногоорох вэ?

    -Би олон орноор явсан. Гэхдээ шарилжиндаа, хогийн ургамалдаа дарагдчихсан манайх шиг хот харж байгаагүй. Ийм байж юун нэг хүнд ногдох ногоон байгууламжаа 20 метр.кв болгох. Уг нь, зорилт нь зөв. Гэхдээ хийх аргагүй. Яагаад гэвэл, менежмент нь буруу.

    -Танай салбарт боловсон хүчин их дутмаг байдаг. Ногоон байгууламжийн мэргэжил эрэлттэй 20 мэргэжилд багтсан байна билээ?
    -Шал угаах ч гэсэн технологитой. Мод ургамал тарих талаар мэргэжилтэй боловсон хүчин алга. Бид мэргэшүүлье гээд хоёр давхар байшин барьж, ширээ сандлаа бэлдсэн. Багш нар, дадлагажих газар гээд бүх зүйл нь бэлэн. Гэтэл гурван жил хөөцөлдөөд элсэгчгүй. Охидууд нь бүгд хуульч, санхүүч болчихлоо. Эрүүл эрчүүд нь Солонгос явчихлаа. Бүгд хууль яриад л суугаад байх юм уу. Хэн гудамжийг чинь ногооруулах юм. Би бол ойжуулагч гэдэг мэргэжилтэн бэлтгэмээр байна. Алийн болгон гудамжиндаа улиас, хайлаас тарих юм бэ. Туул голд ургадаг монос гээд цагаан цэцэгтэй модоо гудамжиндаа тарчихъя. Үрэл гээд монгол алимаа таръя. Гүйлс гээд Монгол сакура байна.

    -Хүн энэ амьдралдаа гурван зүйлийг заавал хийх ёстой гэдэг. Ном бичих, хүүхэд гаргах, мод тарих. Хамгийн цаг хугацаа бага шаардах нь мод тарих юм болов уу?
    -Ерөнхийлөгч хүн бүр нэг, байгууллага таван мод тарь гэж уриалга гаргасан. Гэтэл хүмүүс тарихгүй л байна. 20-100 хүнтэй байгууллага үүднийхээ жаахан газарт таван мод тарьж чадахгүй л байна. Хэрэв үнэхээр завгүй бол намайг цалинжуулаад загнаад суух хэрэгтэй шүү дээ. Би очоод таръя. Тэр мод тариад олсон мөнгөөрөө би дахиад хэдэн зуун мод таримаар байна. Ийм сэтгэлтэй хүмүүст ядаж хандах хэрэгтэй. Манай говийн заг л гэхэд 300 настай. Энэ насандаа 300 настай нэг сая ширхэг мод тарих хүсэл надад байна. Ус хүртэл амьтай гээд батлагдчихаад байхад тэр гуйвуулан хэдэн янзаар бичих түүхийг чинь магадгүй ганцхан мод л үнэнийг нь хэлнэ гэдэгт би итгэдэг.

    -Хоёулаа байгаа зүйлийн талаар ярилаа. Өнөөдөр нийгэм хар бараан байгаа ч ирээдүй гэрэлтэй байна гэж итгэх нь л амьдралыг утга учиртай болгодог юм шиг ?
    -Ах нь багш хүн л дээ. “Найрамдал” зусланд багшилдаг байсан. Тэгэхэд 21 аймгийн бүх сумдаас хүүхдүүд шалгаруулан авчраад гадаад хүүхдүүдтэй 21 хоног хамт байлгадаг байлаа. Увсын Давст сумаар ирсэн, аймгийнхаа төв рүү ч очиж үзээгүй улаан хацартай жаал шууд хотод ирэхээрээ юм болгоноос цочоод, боловсон ариун цэврийн өрөөнд ч орж үзээгүй л байдаг. Өдөр болгон усанд оруулаад ирэхээр нөгөө хээр салхинд явж байсан хүүхэд цав цагаан танигдахгүй болоод ирнэ.
    Тэгээд гадаад хүүхдүүдийн дунд тэмцээн зохиохоор бүгдэд нь түрүүлээд, гадаад дууг долоон хоногийн дотор сурчихсан гитартай дуулаад л явж байдаг байсан. Нөгөө гадаадаас ирсэн охидууд 21 хоноод явах болохоороо манай улаан хацартад дурлачихсан “Би буцахгүй” гээд л уйлда\г. Ингээд харахаар манайхан төрөлхийн авьяас чадвартай. Ах нь ногоон ирээдүйн талаар жаахан шүүмжлэлтэй байдаг ч ирээдүй болсон хойч үедээ итгэдэг.

    Эх сурвалж: www.assa.mn

  • Дагваны ГАНПҮРЭВ: МОНГОЛ УЛС ХҮНИЙХЭЭ ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨЕ, ӨВ СОЁЛООРОО БАХАРХАЯ ГЭВЭЛ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ДЭЛХИЙД ХАМГААЛЖ ЧАДДАГ БОЛОХ ЁСТОЙ

    Дагваны ГАНПҮРЭВ
    Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн. Хөгжимчин, хөгжмийн зохиолч, продюсер, язгуур урлаг судлаач.


    – Сайн байна уу. Сайхан зуншиж байна уу. Таны уран бүтээл арвин уу. Та Европт 15 жил ажиллаж амьдарч байгаад хэдхэн жилийн өмнө Монголдоо эргэж ирсэн байдаг. Монголруугаа эргэж ирэх шийдвэрийг хэзээ гаргасан бэ? Буцаж ирэхдээ ямар бодол тээж ирсэн бэ?

    – Үндэсний үнэт зүйлсээ их үгүйлдэг. Өөрсдийнхөө хөгжмийн үүх түүхийг сайн мэдэхгүй гэдгээ тэнд ойлгосон. Европт хэт удаад 10-с дээш жил болохоор өөрийнхөө нандин зүйлүүдийг гээж европжих соёлд орж эхлэдэг. Манай 2 хүүхэд Германд төрлөө. Герман орчинд, герман хэлтэй, герман соёлоор монгол хүн хүмүүжихээр дараа нь хэн болох уу гэдэг нь надад харагдаж эхлэсэн. Хоёр хүүхдээ монгол орчинд нь өсгөе. Бас гэргий Мөнх-Эрдэнэ маань олон улсын хэмжээнд олон жил ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан гэж боддог. Ятганд өөрийн гэсэн тоглох арга барилыг бий болгож ятгадах урлагт шинэчлэл хийлээ. Түүний хийсэн шинэчлэлийг мэргэжил нэг нөхдүүд нь болон монголын хөгжмийн зохиолчид бүгд хүлээн зөвшөөрдөг. Түүний бодит шинэчлэл нь1998 онд зохиосон Дурсамж бүтээл, түүгээр дамжуулж ятгын хөгтэй хөггүй чавхдасны бүхий боломжит дуу эгшиг, урд өмнө тоглож байгаа өөрийн өмөрмөц арга барил, өнгө дуугаралт юм. Ятгын энэ хөгжил нь гадаадад биш Монголд үргэлжилээсэй, Монголдоо өөр шигээ олон ятгачинг төрүүлээсэй гэсэн нэг бодол цаашдаа хэт их харьжихаас зайлсхийх, монголдоо очъё гэсэн эх ороноо санасан шийдвэр байсан.

    Бид Герман улсад байхдаа байнгийн ажиллах эрхтэй бас тэндээс 2 хүүхдийн мөнгө авна. Орон байр, ажиллах нөхцлөөр хөлөө олчихсон, амьдралаа босгосон байсан. Ирээдүйн монгол хүнийг бэлтгэх, хүмүүжүүлэх, Монголын соёл урлагт өөрийн хийх ёстой зүйлээ хийчих юмсан гэсэн бодолтой тэр бүхнээ орхиод л эх оронруугаа тэмүүлсэн. Дандаа хөгжим тоглоод яваад байх биш, Эх орныхоо хөрсөн дээр бууж, өөрийн орон зайг бий болгох, Монголынхоо нийгэмд өөрсдийн боломжит хийж чадах зүйлийг бүтээхийн тулд эгэл бор амьдрал дунд нь ороод тэмцээд явж байна даа. Аз жаргалтай л байна.


    ЭГШИГЛЭН МОРИН ХУУРЫН ДӨРВӨЛ ( Мюнхен хот, 1994 оны 7 сар)
    1993 оны 2 сар 19-д "Монгол Гайхамшиг" наадамд Моцарт болон алдарт БИТЛЗ- н бүтээлүүдийг 
    морин хуураар тоглолоо гэж өвгөн хуурч Г.Жамъян багшаараа зэмлүүлж, 23 насандаа дэлхийн 
    алдартай SATTVA WORLD MUSIC Inc.-тэй хамтран ажиллах гэрээг байгуулж бие даасан анхны цомогоо 
    Германд гаргаж явлаа. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй омголон залуу насаа энэ 
    хамтлагтаа өгсөндөө бахархдаг.

    – Хөгжимчин хүний амьдралын баяр баясгалан юунд оршдог вэ?

    – Энэ мэргэжлийг сонгосон бол жинхэнэ мэргэжлийн хөгжимчин байх хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд дээд зэргийн нарийн зохион байгуулалттай байх ёстой. Давталт, бэлтгэл сургуулилтанд асар их цаг хугацаа зарцуулж, өөрийгөө байнга бэлэн байдалд байлгах ёстой. Нэг тоглолтын цаад талд нөр их хөдөлмөр урсаж байдаг. Тэр тоглолт бол хөгжимчин хүний өөрийгөө илэрхийлэх цорын ганц боломж юм. Тиймээс хөгжимчин хүний амьдрал нөр их хөдөлмөрөөр бүтсэн, олон бэрхшээл дундаас үүсэж бий болсон байдаг. Сөрөг тал нь тэдний амьдрал ихэнхдээ хаягддаг. Ганц бүтээгдэхүүн брэнд л явсаар байгаад дуусдаг. Бусад хүмүүсийн амьдралын нийтлэг баяр баясгаланг хүртэж чаддаггүй. Хүмүүс бидний тоглолтыг үзээд аз жаргалаар дүүрэн гэртээ хариад сайхан амардаг бол бид тайзаа чөлөөлөх, хувцасаа солих, хөгжим техникээ хураах, машин тэргэнд ачаалж дуусаад шөнийн 01 цагийн үеийн оройн хоолондоо орох энүүхэнд. Энэ нь бидний энгийн амьдрал гэж ойлгож болно. Хүмүүсийн энгийн амьралын хэмнэлийн эсрэг бидний амьдралын хэмнэл үргэлжилж байдаг. Европт 15 жил болоход зөвхөн хөгжмөө мэргэжлийн тоглохоос гадна мэргэжлийн хэмжээний жолооч, хөтөч байх шаардлагатай. Өдөр бүр өөр хот, Европын улсуудад тоглох хуваарь ирнэ. Өнөөдөр энд, маргааш тэнд очсон байх шаардлагатай. Олон зуун, бүүр олон мянган км замыг машин, галт тэрэг, онгоцоор аялах шаардлага гардаг. Герман улсын Нюрнбергээс Ром явах боллоо гэхэд бүх уран бүтээлчид хөгжим техникээ цаг алдалгүй шаламгай ачаад, замын хүнс, шаардлагатай зүйлсээ бэлдээд цагийн дотор ч хөдлөх хэрэг гардаг. 1 өдрийн дотор 1000 гаруй км-ийг зогсолтгүйгээр туулж байж тоглолтын цагаасаа өмнө очих, үүний тулд замд тохиолдох бэрхшээлийг бид тооцож замын сонголтоо хийдэг. Ромын хаана ч очиж болно. Бидэнд очих газрын хаяг л байхад болно. Испани, Франц, Итали, Славак Голланд, Дани улсын мухарт байгаа тэр жижиг газрыг олж очих тийм эрдэмд бид суралцсан байдаг. Олон улсад бид байнгын бэлэн байдалд хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар ажилладаг байсан. Одоо ч тэгж ажиллаж байгаа хамтлагууд бий.

    Европ дахь амьдрал ч бас тийм амар хялбар биш. Нүүдлийн байдалтай, амьдралын ихэнхи хугацаа замд өнгөрнө, өндөр эрсдэл дунд л амьдарна. Аваар ослын асуудал их гарна. Манай Эгшиглэн хамтлаг гэхэд л францад тоглолт хийгээд гараад ирэхэд машин нь шатчихсан байх жишээтэй. Машинд байсан бүх бичиг баримт тэр чигтээ шатсан. Хэрвээ тэр машинд хүүхдээ орхиод орсон бол ямар эрсдэл дунд бид ажиллаж энэ ардын урлагийг олон улсад танилцуулж байсныг та бүхэн ойлгох байх. Хөх Монгол хамтлаг гэхэд л хурдны зам дээр түр үүргэлснээс хүнд осол гаргаж бүгдээрээ нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэж байсан. Урлагийн амьдрал дотор ингэж л зүтгэж хүндрэл бэрхшээлүүдийг давж туулж ардын урлагаа сурталчилж явдаг даа.


    – Та Хөх Монгол, Эгшиглэн гээд хэд хэдэн хамтлагтай Европийг олон удаа тойрсон байдаг даа. Энэ талаар?

    – Европруу чиглэсэн анхны аялан тоглолтоо Эгшиглэн хамтлагтайгаа хийсэн. Бид ХБПС-ийн нэг үеийнхэн, 1991 оны төгсөгчид. Сургуулиа төгсөөд ангиараа Төв аймгийн Монгол адуу нийгэмлэгийн дэргэдэх “Морин эрдэнэ” чуулгыг байгуулсан. Үнэхээр сайн чуулга байсан. Хөөмийч Хосбаяр, Эгшиглэн, Хөх монгол хамтлаг бүгдээрээ л энэ чуулгаас үүсэлтэй.

    Хөх Монгол хамтлаг
    

    Монгол улс зах зээлийн нийгэмрүү шилжиж байсан тэр цаг үед Монголын гадаад бодлого маш хумигдмал байсныг бидний үйл ажиллагаа нотолдог. 1993 онд Европын улсуудаар тоглож байхад тоглолтын дараа тавигдаж буй ихэнх асуултууд нь Хятад уу, Монгол Хятад улсад хамаардаг гэсэн, Оросын Монголоос ирсэн үү, Монгол гэж бие даасан улс юм уу, газрын зурган дээрээс олохгүй байна, олоод өгөөч гэсэн асуултууд байдаг байлаа. Бид ч эх орноо тухайн үеийн газрын зураг дээрээс нь хайгаад олохгүй, хоёр хуваагдасан Монгол орон маань Хятад болон Оросд хамаардаг болохыг харж л байсан. Ийм үед л бид ардын урлагаа сурталчилж ардчилсан Монгол улсыг өрнөдийн өргөн зах зээл дээр өөрийн хүсэл тэмцэлийн дунд таниулж явлаа. Анх “Эгшиглэн- морин хуурын дөрвөл” хамтлагаар Европд тоглосон. Морин хуурын дөрвөлийг гаргахад хүчин нөлөө үзүүлсэн зүйл нь Санта Лучи компанийн захирал Дамдин ах. Тэрээр ардын язгуур урлагийн наадмуудаар бидний бүх зардалыг хариуцаж 12 улсаар авч явсан.

    1994 оноос өөрсдөө бие даан Европд тоглолт хийж эхлэсэн. 1996 онд зохиогчийн эрхийн асуудал болон хамтлаг өөрийн гэсэн стил, жанр, уран бүтээлтэй өнгө төрхтэй байх ёстой гэж ярилцаад Уянга хамтлагийг байгуулж зууны манлай уртын дууч Норовбанзад гуайтай хамтран ажиллаж эхэлсэн. Хөөмийч Хосоо, Морин хуурч Болдбаатар (одоо Хөгжим бүжигт багш) бид 4 байгуулсан. 2000 оноос Бөртэ нэрээр уран бүтээлээ туурвиж эхлэсэн. Мөн Морин эрдэнээс Хөх Монгол хамтлаг салбарласан. Дараа нь Хосоо маань хувийн уран бүтээлээ туурвиж эхлэсэн. Ингээд 4 хамтлаг Европт, тэр дундаа Германд үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Ийнхүү чөлөөт уран бүтээлчид, олон улсын зах зээл дээр Ардын урлагийг танилцуулахад хамгийн хүнд хэцүү үед анхны түүчээ нь болж явсан даа.

    1998 онд манай Бөртэ хамтлаг өөрсдөө уран бүтээлээ зохиодог этно жазз урсгалаар тоглодог цорын ганц хамтлаг байлаа. Манай хамтлагийн уран бүтээлийг сонсож хүмүүжсэн, олон сайхан уран бүтээлч залуучуудтай уулзаж хамтлагийнхаа туурвиж бүтээсэн он жилүүдийг эргэж сонсоход сайхан байдаг. 2005 оноос Бөртэ, Хөх монгол хамтлагаас гарсан уран бүтээлчид Домог, Хөсөгтөн зэрэг хамтлагуудыг үүсгэж өнөөдрийн этник хамтлагуудын түүхийг үргэлжлүүлж байна.

    – Этно жааз урсгал гэж олон улсад байдаг хүлээн зөвшөөрөгдсөн урсгал мөн үү? Яг ямар урсгал вэ?

    – Этно жааз бол бидний зохиосон урсгал биш дэлхий даяар хөгжсөн урсгал. Угсаатны хөгжим “Authentik musik” дээр суурилж орчин үеийн ритм хэмнэл, дуурьслаар хөгжиж байгаа үндэсний хөгжмийн хамтлагийн төрөл гэж хэлж болхоор. Бид энэ урсгалруу орсноо ч мэдэхгүй өөрсдөө хөгжүүлсэн байдаг. Жишээлбэл хамгийн цоглог аялгуу гэвэл Монголчууд “Жалам хар” гэж ойлгодог. Аргагүй, түүнд морины хурд, түүгээр дамжсан омогшил байдаг тул бүх Монголчууд дуртай. Яагаад гэвэл монголчууд морь унадаг. Мориороо сайхан шогшино, хатирна, цогино, жороолно, давхина, довтолгоно. Энэ аялгуу зүрх сэтгэлд тэр л мэдрэмжээр гүн шингэсэн байдаг. Бидний энэ мэдрэмж европын сэтгэлгээнд хайрцаглагдсан наймт, арван зургаатын хэмнэл, хөгжил, өрнөл багатай ойлгогддог ч тохиолдол бий.

    Хөгжмийн аялгуун дотор бидний мэдрэмж морьтой нэг хэмнэлээр давхиж байдаг бол өрнөдийн сэтгэлгээнд өөрөөр төсөөлөгддөг. Хүн гэдгээрээ ижил хэдий ч сэтгэлгээний хувьд соёлын зөрүү байнаа гэж ойлгож болно. Бид европын үзэгчдийн сэтгэлгээнд зориулж бүтээл туурвих шаардлагатай болсон. Өрнөдийн үзэгчдэд зориулсан анхны бүтээлүүд маань 1998 онд зохиосон “Чингис хааны агт”, “Ганган борлог”, “Цогт тайж”. Бүтээлийг баяжуулж гаргаж байгаа гол зүйл нь ятгын ритм хэмнэл, өвөрмөц тоглолт, хөөмий, хархираа хоолойны хүчтэй түрлэг, суурь өнгөөр дэмжсэн эрч хүчтэй бүтээл болсон. Үндэсний хөгжмөөр тоглож, язгуур урлагийн бусад элементүүдийг оруулж ирж байгаа болхоор этно жааз ангилалд миний бүтээлүүд хамаардаг. Энэ урсгалыг анхлан Бөртэ хамтлаг хөгжүүлж эх орондоо дэлгэрүүлсэн тул 2010 онд шинэ урсгал төрлийг хөгжүүлсэн ангилалд Бүх Урлагийн Тэргүүн Дээд “Гоо марал” шагнал авсан.


    – Европт уран бүтээлээ туурвиад, цомгоо хэвлээд, аялан тоглолтоо хийх, Монголдоо ирээд уран бүтээлээ туурвихад ямар ялгаа байна вэ? Монголд ирэхдээ бас нэг хүлээлттэй ирсэн байх. Эргээд бодоход Монголдоо ирээд зорьсон үйлсээ бүтээв үү?

    – Монголд нийгмийнхээ хөгжлөөс хамаараад соёл урлаг нь түрүүлж биш, үзэгчдийн сэтгэлгээнд нь тааруулж хөгжиж байгаа. Нийтээрээ нийтийн дуунд маш их дуртай. Дэлгэрсэн шатгаан нь найр наадам, цэнгээн, хуримлах зан үйл, хөгжин наадахтай холбоотой тул Монголчууд энэ урлагтаа их дуртай. Нийгмийн шилжилтийн үед энэ урлаг хамгийн сайхан байсан учраас нийтийн дуучид түрж гарч ирсэн байх. Хоёрдугаарт нүүдэлчид шооч талдаа хүмүүс байдаг. Хошин шогийг маш сайн ойлгоно. Энэ 2 урлаг маш хүчтэй хөгжсөн нь нийгмийн үйл явцтай холбоотой байж магадгүй.

    Бөртэ хамтлаг Монголдоо ирээд 2000 онд “Мөрөөдлийн салхи” тоглолтоо тавихад хүмүүс төдийлэн сайн ойлгож хүлээж аваагүй ч гэсэн тухайн үедээ тэнд шинэчлэлийн эхэн үеийн үйл явцыг бид эх орондоо эхлүүлсэн. Хөгжим судлаач Доктор Б.Батжаргал “Бөртэ хамтлаг ардын хөгжимд бөмбөг хаячихлаа” гэж дуу алдаж байсан тэр үеэс 10 жилийн дараа Домог, Хөсөгтөн хамтлагийг монголчууд ойлгодог болсон нь бидний уран бүтээл нийгмийн хөгжлөөс түрүүлсэн байж магадгүй.

    Boerte Live Concert 2010.11.27
    

    Монголд зорьж ирсэн зорилго маш үнэ цэнтэй, өөрийн хийх ёстой зүйлийг хийе гэж ирсэн. Ирмэгцээ шууд хийгээгүй. Бөртэ хамтлагийг улам өргөжүүлсэн. Бөртэ хамтлагийн уран бүтээлчид Монголын шилдэг тоглоочид байсанд би маш их бахархдаг. Эвэр бүрээч О.Чинбат, бөмбөрчин Ганхөлөг, морин хуурч Шинэцог, ятгач Мөнх-Эрдэнэ. Манай хэд бол улсын уралдааны тэргүүн байрын шагналыг авсан номер 1 тоглоочид. Бид ажлын түүх туршлага, тоглолтын ур чадвараар Монголдоо хийх ёстой зүйлээ хийсэн. Харин цаашаа бид хөгжиж чадаагүй зогссон нь монгол сэтгэлгээтэй холбоотой. Яг монгол сэтгэлгээ гэж нэрлэж болохгүй. Өнөөгийн Монголд байгаа сэтгэлгээ гэвэл зохих байх. Энэ сэтгэлгээ бол жинхэнэ язгуур монгол сэтгэлгээ биш л дээ. Язгуур монгол сэтгэлгээг өнөөгийн ядруу түвшинд авчрахын тулд 300 жил тал талаас нь хэмэлж нухалж байж ийм болгосон. Хэрвээ ийм сэтгэлгээтэй байсан бол дэлхийг эзлэнэ гэж байхгүй л дээ. Тэгэхээр жинхэнэ монгол сэтгэлгээг 13-р зуунаас олох хэрэгтэй.


    – Ямар сэтгэлгээгээгээр дэлхийг эзлэх үү?

    – Зохион байгуулалт, холч хараа, түүнийг долоо хэмжиж алдаагүй зөв төлөвлөх.

    Би ХБК-ын дэргэдэх “GMUB” олон улсын жазз хөгжмийн төслийн зохицуулагчаар одоо ажиллаж байна. Энэ төсөл дээр гэхэд л манай төслийн удирдагч Герман сэтгэлгээгээр цаг цагаар, алхам алхамаар улам урагшлаад тэр хэмжээгээр суралцаж байгаа монгол залуусыг улам л хөгжүүлж байгаа. Энд харагдаж байгаа бидний гол бэрхшээл нь цаг барьдаггүй, хэнэггүй, тухайн зүйлийн үнэ цэнийг харахгүйгээр хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавих зэрэг асуудлууд. Бүхэл бүтэн улсын байгууллагуудын нэгдсэн зохион байгуулалт, хэнэггүй, мэдлэггүй үйл ажиллагаанууд өдөр бүр бидний ажилд саад болдог нь нууц биш. Гадны мэргэжилтэнүүдэд үнэлэгдэх монгол хүний нэр хүнд, сэтгэлгээний сөрөг үр дагаварыг улсын хэмжээнд энгийн зүйл мэт орхиж чадаж байгаад харамсдаг. Хэд хоногийн өмнө Үндэсний телевизид том бичлэгэнд орох гэж байхад дууны инженер маань “би ажилтай болчихлоо” гээд шууд хаяад явчихсан байсан. Тэрнээс болоод олон нийтэд зориулсан бичлэгийн шаардлага хангахгүй болсноор уран бүтээлчийн нэр хүндэд халдах, төслийн нэр хүндийг унагах жишээтэй. Монголд хэт их газар авчихсан энэ сул талаа бид монгол сэтгэлгээ мэтээр нэрлээд байдаг.

    – Одоо таны төвлөрч байгаа нэг ажил бол Алтай ятга шүү дээ. Энэ талаар?

    – Монгол улсад тоглогдож байгаа бүхий л ятгууд уламжилж ирсэн Монгол ятга биш. Монгол ятгачдыг хятад, солонгос ятгаар тоглуулахгүйн тулд эртний нүүдэлчдийн ятгыг судлах, хийх хүсэл 2000 оны эхээр бий болсон. Монголчууд 10 гаруй ятгатай байсныг Жамцийн Бадраа агсан “Монгол хөгжмийн түүх” номондоо тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэр ятгууд өнөөдөр хүртэл уламжлагдаж ирээгүй учраас бид Монгол ятгын судалгааг 2010 онд хийж эхэлсэн. Судалгаа маань сүүлдээ Алтай ятгын судалгаа руу орсон.

    Эртний нүүдэлчдийн түүхийн хуудаснаа баларсан хөгжмийн зэмсэгийг эх олдвортой, судлаачтай, дахин нутагшсан 6- 8-р зууны биет бус соёлыг нь давхар сэргээж гаргаж ирэх нь Монголын түүхэнд нэн ховор тохиолдол. Магадгүй анхных байж болно. Жамцын Бадраа агсан 2000 жилийн өмнөх Хүннүгийн ясан хуурын олдворыг хараад “өвөг дээдсийн маань нэг ч гэсэн хөгжмийн зэмсэг олдлоо” хэмээн баярлан уйлж байсан гэдэг. Алтай ятга бол чавхдаст хөгжмийн зэмсэг учир тухайн ясан хуурнаас хамаагүй илүү хөгжилтэй, нутагшуулах, дуугаргах өргөн боломжтой хөгжмийн зэмсэгийн олдвор. Энэ цаг үед Алтай ятга олдсон нь их хувь тавилан юм даа.

    Алтай ятгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэтгэлтэйгээр гардуулав.
    

    Алтай ятга тоглолт Турк Улсад. Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы хамт. 2015/06/07
    

    Энэ хөгжмийг монголчууд сэргээж нутагшуулаагүй байхад гадны улсууд маш их анхаарал хандуулж Япон, Америкаас судлах хүсэлтээ Археологийн хүрээлэнд ирүүлсэн гэсэн. 2008 онд олдсон уг зэмсэгийг Германы эрдэмтэн Сузана Шульц өнцөгт ятгын ангилалд хамруулан бүтээсэн. Уул шугамандаа тэд биш бид өөрсдөө энэ хөгжмийг дахин сэргээх нь чухал. Бид өөрсдийн өв соёлоо таних байгалийн мэдрэмж өнөөдрийг хүртэл бий гэдэгт би итгэдэг. Тийм учраас уг олдворыг нүүдэлчдийн ахуйн соёл талаас нь судлаж нээх шаардлагатай байсан. Түмэн олны нүдэнд дулаахан, тээгээд явахад соёлынх нь нэг зохицол болж чадах хэмжээнд энэ олдворыг дахин сэргээх эрмэлзэл надад төрсөн. Өөрийн хүссэндээ би сэргээн нутагшуулж чадсан гэж боддог. Уг олдворыг дахин нутагшуулахад эхнэр маань асар том өмөг түшиг болсон. Ятгачин эхнэртэй байгаагүй бол ятгаруу тэгж гүн орж, сэргээх гэж зориглох байсан уу? Хэрвээ европруу яваагүй байсан бол бусад судлаачдийн адил Алтай ятгыг музейн үзвэрийн хэмжээнд л харах байсан болов уу. Алтай ятгыг сэргээж гаргана гэдэг бол миний өнгөрсөн амьралын түүх, ажлын туршлага, хань ижлийн оролцоо, түүнийг олж харах мэлмий байж дээ.


    – Урлагаа хөгжүүлээд олон улсад таниулж явсан үе байсан бол эргээд соёлоо унаган төрхөөр нь авч үлдэхээр ажиллаж байна. Яагаад?

    – Эсрэг тэсрэг атлаа нэг чиглэлд явж байгаа зүйл. Язгуур урлагийг хөгжүүлэхийн тулд этно жаазаар хүртэл тоглож язгуурынхаа хэв шинжийг өрнөдийн сэтгэлгээнд зориулж гаргаад тэр нь өнөөдөр монголд моод болох шахаад явчихлаа.

    Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд. 
    Сургуулийн морин хуурын дөрвөл. Төмөрбаатар, Хуягсайхан, Ганпүрэв, Ганболд багш.
    

    Контрбас, их хуурчид 1987 он
    

    1956 онд Мөрдөрж гуай үндэсний их найрал хөгжмийг байгуулахдаа найрал хөгжмийн суурь өнгийг тоглох зорилгоор Их хуурыг зохиож гаргаж ирсэн байдаг. Одоо мэргэжлийн хөгжим болсон. Намайг анхны мэргэжлийн их хуурч гэж хэлж болно. Баасанхүү багш болон ангийн анд Боожоотойгоо нийлж хөгжмийн задаргаа хийж урын сангаар баяжуулж өнөөдрийн мэргэжлийн их хуурчид бэлтгэгдэх үндэс суурь болсон.

    1998 онд “Их хуур” хөгжмийг 4 утастай болгож загварыг нь өөрөө зурж “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрт захиалж хийлгэсэн. Түүнийг тэгж хөгжүүлэх шаардлага надад байсан. 2005 онд Германы “Пирамид” үйлвэртэй хамтраад их хуурын утсан дээр судалгаа хийж бие даасан их хуурын утас хийлгэсэн. Тэр утас маань бүх өнгөн дээр маш сайхан дуугардаг ч гэсэн хүмүүс ойлгох өнцөг өөр байсан учир судалгааны хэмжээнд л үлдсэн дээ.

    Одоо бол язгуур урлагруу эргэлт буцалтгүй бүрэн орсон. Монголын үндэсний хөгжмийн хөгжил зөв явж байна уу, үгүй юу гэдгийг хамгийн сайнаар хэлж өгч чадах хөгжлийн эхэн шат бол Язгуур урлаг. Энэ бол бидний асар том өв. Соёлын биет бус өвд ч гэсэн нүүдэлчдийн зан чанар, сэтгэлгээ, нарийн нандин бүхэн хадгалагдана. Мэргэжлийн хүмүүс язгуурыг сураад, шимтээд судлаад тоглож болно л доо. Гэхдээ ген дамжиж, ахуй соёлоороо, олон үеэрээ өвлөөд дамжаад ирчихсэн язгуурын мастерууд, өв тээгчдийг тэд нартай харьцуулах боломжгүй. Хуур татаж байгаа нумын аргачлалыг хараад нотоор тэмдэглэж бичих боломжгүй, тэр бол цусанд дахь генийн мэдээлэлтэй холбоотой онцгой мэдрэмж. Тиймээс язгуур урлагийн 4- 12 үеийн соёлын биет бус өв тээгч “Алтай” хамтлагийг байгуулсан.

    Алтай хамтлаг, ЮНЕСКО-гийн тайзнаа. 2015/3/26
    

    Сүүлийн үед язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолт гэж хийж байгаа нь үнэн хэрэгтээ үндэсний мэргэжлийн хөгжмийн төрөл урсгалуудаар тоглодог хамтлагуудын нэгдсэн тоглолтыг хийгээд байгаа юм. Түүнийг язгуур урлаг гэж нийтэд танилцуулаад байвал яваандаа төөрөгдөлд орж болно. Тиймээс хөгжмийн нэр томъёо, ангилал, ойлголтуудаа цэгцлэх хэрэгтэй. Үүнд мэргэжлийн судлаачдын нийгэм дэх шүүмж өгүүллүүд маш чухал.


    – Бусад улсуудын язгуур урлаг ямар хөгжилтэй байдаг вэ?

    – Бүх улс үндэстэн өөрийн гэсэн түүх соёлтой, язгуур урлагтай. Зөвхөн Монголчууд л ганцхан агуу мундаг язгуур урлагтай мэтээр ойлгоод байж болохгүй. Эртний түүх соёл урлаг ярихын тулд түүхэн олдвор баримт дээр түшиглэх ёстой. Гэтэл бид үндэснийхээ хөгжмийн түүхийг барьцтайгаар батлаж чадаагүй л байна. 2000 жилийн өмнөх морин хуурыг музейгээс очоод үзчих боломж байхгүй байгаа. Бид эртний өв соёлтой Улс гэдгээ таниулахын тулд өөрийн гэсэн Соёлын яамтай байх зайлшгүй хэрэгтэй. Монголын газар нутагт нарийн судалгаа хийх ёстой. Археологийн хүрээлэнгийн Хүннүгийн үеийн олдвороос эхлээд дэлхийд нэн ховор олдворуудаар Монголын Археологийн Музейг байгуулж жуулчидад үзүүлвэл, эртний бүдүүлэг нүүдэлчид гэсэн төсөөлөл орвонгоороо эргэх болно.


    – Язгуур урлагаа судалж, хойч үеийнхэндээ таниулсаар ямар үр дүн гарах вэ?

    – Язгуур гэдэг бол юугаар ч хэмжишгүй үнэ цэнтэй. Язгуур урлаг дотор бидний сэтгэлгээ явж байгаа. Нүүдэлчдийн сонсох өнгө хөг өөр. Гэтэл бидэнд хятадын соёл хэт их нөлөөлсөн байх магадлалтай. Үндэсний урлаг нэрийн доор дорнын хөгжмүүдийг сонсож өсөж байна. Гэтэл нүүдэлчдийн урлаг ямар урлаг байсан бэ гэдгийг судалж гаргаж ирээд тэрийгээ хөгжүүлвэл монгол сэтгэлгээ бий болоход нөлөөлж болох юм.

    Чин гүрний үеийн Монголын үндэсний хөгжмийн "Shibang" хамтлаг. /хөгжмийн яам/ 
    Нийт 11 хөгжимчинтэй. Хар бараан, хар хөх голдуу хувцас, улаан залаатай малгай өмсдөг.
    Хааны ордоны зүүн хэсэгт сууж хөгжимддөг байжээ.
    УРД ЭГНЭЭ / зүүн гар талаас: hujia (Tataren Oboe) – бишгүүр, Zheng (Zither) – ятга, 
    pipa (Laute) – пипа, huobusi (qobus from Turkestan) – хобис, paiban (Holzklapper) – модон хоржигнуур хонхолдой,
    ХОЙД ЭГНЭЭ: yueqin (Mondlaute) – Саран товшуур, tiqin (two-stringed fiddle) – үлгэрийн хуур, 
    huqin (string instrument) – нумт хөгжим, yunluo, shuangqing (octagonal long-necked lute) – найман талд урт хүзүүтэй товшуур
    Хятад зураачийн бүтээл. / Судалгааны материалаас
    

    Өнөөдрийн Монгол үндэсний найрал хөгжмийн ай савуудыг сайн судлаад үзвэл 50 хувь нь өмнө зүгийн хөгжим байж ч магадгүй. Зарим үед боддог юм. Бид тоглож буй хөгжмийнхөө түүхийг гүйцэд судлаагүйгээс олон улсад манай үндэсний хөгжмөө гээд хэнэг ч үгүй тоглоод явж байх вий. Тийм хөгжмийн зэмсгүүд манай үндэсний хөгжмийн зэмсгүүдэд бий. Мэдээлэл нээлттэй болсон энэ цаг үед Хятадын эртний хөгжмийн түүхийг дэлхий мэддэг болсон. Тэр ч байтугай бид язгуур урлагаа таниулж амжаагүй явахад Хятад улс Өвөр Монголоор дамжуулан Монголын язгуур урлагийг дэлхийд таниулцуулаад овоо хэдэн жил болж байна. Бид энэ талаар маш нухацтай бодох цаг ирсэн. Өнөөдөр Монгол улс үндэсний баяр наадам дээрээ Монгол урлагаа толилуулж чадаж байна уу. Бид хойч ирээдүйгээ ямар хөгжмөөр хүмүүжүүлж байгаа вэ! Бидний дунд байгаа монгол бус зан чанарууд хаанаас үүдэлтэй вэ? Энэ бүхнийг сайн бодоод үзэх юм бол бид өвөг дээдсээсээ өгөгдсөн өгөгдлөөс огт өөр замаар будаа тээгээд байна уу даа гэсэн харуусал хааяа төрдөг шүү. Хөгжил замаасаа хазайсан байж болно.

    Манж Чин гүрний үеийн Монгол хөгжмийн Ши-банг чуулга (Shibang Ensemble) / (Qing Dinasty)
    “Хил дээрх их дайллагад зориулсан 4 төрлийн наадам” уран зүргийн хэсгээс.
    Зургийн хэмжээ: 300,2 х 400 см.
    Тайлбар: Манжийн хаан Жанлонг (Kaiser Qianlong 1736 – 1795 ) Жехолын (Jehol) зуны ордондоо 
    зохион байгуулсан их дайллагын үеэр 4 төрлийн наадам зохион байгуулжээ. 
    Үүнд: zhama буюу соёолон морины уралдаан, xiangpu буюу бөхийн барилдаан, jiaotao буюу морь сургах, 
    shibang буюу монголын дуу хуурыг олонд сонирхуулан баярладаг байжээ. /Судалгааны материалаас
    

    – Харин монгол хүн чинь дүрэмгүй тоглодог, хайрцаггүй сэтгэдэг. Тулалдахдаа хүртэл цайзны заавал урдаас биш ардаас нь дайрах жишээтэй. Бараг бидний давуу тал энэ бүтээлч сэтгэлгээндээ оршиж байгаа юм бишүү. Монгол хүний давуу тал, бусад үндэстэнээс ялгарах онцлог юу вэ?

    – Тухайн цаг үед ч гэсэн дайнд мордох гээд цэргүүдээ цуглуулах гэсэн чинь айл хэсээд, айраг эргүүлээд алга болчихоод цагтаа цуглахгүй, бэлтгэлээ хийхгүй дайнд орсон тохиолдолд бэлтгэлгүй нөхдүүд мэдээж хядуулна шүү дээ. Энэ их найр цэнгээн, наадам бол сүүлийн 400 жил л үүссэн зүйл. Бидний далд сэтгэлгээнд шингэтэл нөлөөлсөн өрсөлдөгчийн сөрөг бодлого ч юм уу даа. Уг нь Монголчууд жинхэнэ хүний дээд болсон хүн байх ёстой. Олон шилдэг сэхээтэн, лидерүүддээ бид устгуулаад үлдсэн салаа мөчир нь дахин үндэслэж өнөөдөр дөнгөж 3 саяуулаа болж өндийж байгаа бид их хувь тавилантай үндэстэн шүү.

    Бидэнд давуу тал бий. Хэт хөгжсөн орны хүмүүс сэтгэлгээ нь хэтэрхий хайрцаглагдсан байгаа. Бид 3 сая мөртлөө олимпын аваргатай, эрдэмтэд нь Нобелийн шагнал авчихсан (Гэхдээ өөр улсын иргэншлээр), Оскарт нэр дэвшчихсэн, Дуурь балетат толгой цохих хэмжээнд явж байна. Тэгэхээр тэр эрх чөлөөтэй сэтгэлгээ, байгаль дэлхийтэй ойр амьдарсан эрч хүч, энергийг технологийн хөгжилтэй хослуулаад ирэхээр харин ч бид цахиур хагалж болох юм.

    Улс үндэстэн оршин тогтнох хүчин зүйл нь хүн төрлөхтөний өмнө бүтээсэн түүх, соёл. Өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу түүх соёлын үнэ цэнийг бидний үеийнхэн олж хараагүй байж ч болно. Зохион байгуулалтынхаа хувьд бүхэлдээ буруу яваад байгаа энэ системийг зөв болгох хэрэгтэй. Энэ систем нь өнчин ишиг ч дутаахгүйгээр тэгш үйлчилдэг хүмүүнлэг нийтийн эрх ашгийг хамгаалсан зөв систем байх ёстой. Жирийн нэг уран бүтээлч миний юу хийж байгааг Улс мэддэг байх ёстой. Улсад үнэхээр хэрэгтэй юм хийж байгаа бол олж хараад хамтардаг байх ёстой.

    – Зөв хөгжсөн Монгол Улс ямар байх ёстой вэ?

    – Хүнтэй зүйрлэх юм бол манай улс саажилттай, дахир дутуу хүн шиг л үйл ажиллагаатай, бие эрхтэнээ удирдаж чадахгүй, ярьсан ч ойлголцож чадахгүй хэмжээнд байна.

    Нүүдэлчид маш зөв сэтгэлтэй, саахалт айлын санаа зөрдөггүй эвтэй сайхан хүмүүс. Миний багад ээж минь нүүдэл, жинг урдаас нь тосож идээ цайгаараа цайлдаг байсан. Бүх л боломжоороо сэтгэлийн тусыг хүргэж, хамгийн амттай идээгээ үрдээ биш зочиндоо барьдаг сайхан ёс заншилтай. Өнөөгийн төр яг энэ ард түмэн шигээ сэтгэх ёстой.

    Олон Улсын хэмжээний үйл ажиллагаанд оролцоод явж байхдаа Монголоосоо ичих үе гарна. Мэргэжлийн судлаачдыг очих ёстой хуралд нь очуулаад тэндээс гарсан үр дүнг эндээ хэрэгжүүлж дэлхийтэй ижил түвшинд сэтгэж хөгжих ёстой атал, дарга нар нь очоод гоё сайхан зочид буудал, архи дарсны ард цээжээ дэлдчихээд ирдэг учраас бид дэлхийтэй зэрэгцэж чадахгүй л яваад байна. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн юм хийх гэж хөглөж байгааг хараад ичдэг.

    Соёлын бодлогоор Монгол уран бүтээлчдийг хөгжүүлэх бодлого, тунхаг гаргасан атлаа амьдрал дээр уран бүтээлчдээ огт үнэлэхгүй, төрийн үйл ажиллагаанд үнэгүй тоглуулна. Улс нь уран бүтээлчдээ олж хардаггүй болхоор өөрсдийгөө тодорхойлж магтсан уйваагүй алдартангууд өнөө цагт нэлээн хэд төрсөн байх.

    Мөн Зохиогчийн эрхийн тал дээр олон улсын хэмжээнд бид маш өрөвдөлтэй байдалд явж байна. Олон улсын зах зээл дээр Монголын маш олон хөгжим эгшиглэж байгаа. Зохиогчийн эрхийн байгууллага нь олон улсын хэмжээнд хянаж чаддаггүй. Тэр байтугай Монгол Улсынхаа хэмжээнд ч хамгаалж чаддаггүй. Улсын баяр наадмаар гэхэд л хичнээн тэрбумыг зарцуулдаг атлаа тэнд байгаа уран бүтээлчид бүгд үнэгүй хөдөлмөрлөх жишээтэй. Тэнд ашиглагдсан бүх хөгжмийн бүтээлийг ямар ч хамгаалалтгүйгээр баяр наадамд ашиглаж Ерөнхийлөгчөөсөө эхлээд хотол олноороо баярлацгаана. Соёл урлаг сайн системгүйгээс болоод ойлгомжгүй, маш их зөрчлүүд үүссэн байгааг эргэж харах шаардлагатай.


    – Уран бүтээлчид зохиогчийн эрхээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

    – Манайд Зохиогчийн эрхийг хамгаалах байгууллага, Патентын холбоо зэрэг байгууллага байгаа хэдий ч үйл ажиллагааны горим нь төдийлөн зөв биш. Хууль нь ч гэсэн хэтэрхий энгийн. Олон улсын хэмжээнд бол маш тодорхой дэлгэрэнгүй хуультай, мөн төрөлжсөн өмгөөлөгчтэй, тагнах турших онцгой эрхтэй үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын хэмжээнд болон Улсынхаа хэмжээнд зохиогчийн эрхийг хамгаална гэдэг бол бүхэл бүтэн том агентлагийн хийх ажил л даа. Гэтэл хэдэн жижиг холбоод гарч ирээд хоорондоо учраа олохгүй гишүүд нь бүх холбооныхоо гишүүд байх жишээтэй. Дээр нь хөгжмийн лиценз эрхтэй холбоотой асуудал Монголд огт яригддаггүй. Лиценз эрхээ хамгаалуулж байна гээд ганцхан эрх яриад байдаг. Гэтэл лиценз эрх дотор нэлээдгүй олон жижиг эрх дагалдаж байдаг. 1 бүтээлийг хайчлах, засах, кинонд ашиглах, 3-дагч этгээдэд дамжуулах, олгох, зарах, холих гэх мэт энэ олон эрхүүдээ ойлгож байгаа хүмүүс ч бага бололтой. Хөгжмийн бүтээлээр ярихад хөгжмийг зохиосон зохиолчийн эрхээс гадна, тэр хөгжмийг тоглож амилуулсан хөгжимчдийн эрх хүртэл хамт явах ёстой. Бүтээл ашигласныхаа төлөө төлбөр төлж байх ёстой тв, радиодоо өөрсдөө мөнгө төлж гуйж гаргуулж байх жишээтэй. Энэ хачин системыг халах цаг нь аль хэдийн болжээ.

    Миний хувьд 2000 оноос Герман улсын зохиогчийн эрхийг хамгаалах GEMA байгууллагын гишүүн. Өнөөдөр гэхэд л 5-р сарын бүх мэдээлэл е-майлээр ирсэн байна. Улирлын бүх тайлан тооцоо, 2015, 2016 оны бүх төлөвлөгөөгөө ирүүлсэн байна. Канад Улсын жижигхэн тосгонд эгшиглэсэн 3 секунтын хөгжмийн талаар надад мэдэгдэж бүтээл ашигласны төлбөрийг надруу шилжүүлж байх жишээтэй. Хяналт ямар өндөр байгааг харж байгаа биз дээ. Энэ бол асар том зохион байгуулалт. Монгол Улс бас ингэж ажиллах ёстой. Олон улсын хэмжээнд болж байгаа патент, зохиогчийн эрхийн хурал семинарт оролцоод ирлээ гээд хүмүүс явж байдаг. Гэхдээ оролцож ирээд хийсэн юм алга. Сайхан амарч зугаалж байгаад ирэх жишээтэй. Тэгэхээр бид зөв хүмүүсийг явуулж мэргэжилтэнгүүдийг бодлогоор бэлдэж, хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Энэ асуудал ч бас Улсын хөгжилтэй холбоотой асуудал.

    – Монгол бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай маш их ярьж байгаа. Зохиогчийн эрхийн асуудлаа шийдээгүй тохиолдолд энэ салбарыг хөгжилд том чөдөр болох уу?

    – Зохиогчийн эрхээ шийдээгүй тохиололд бүтээлч үйлдвэрлэл бол яриа төдий л болно. Шийдсэн тохиолдолд 1 уран бүтээлээсээ бүх талаар үр шимийг хүртэж чадна. Хууль бус хулгайн худалдаа үгүй болно. Товчхондоо бол Оюуны өмчтэйгээ сайн ноцолдож чадвал уул уурхай шиг л их ашиг өгнө гэсэн үг. Монголын маш олон уран бүтээл, ардын дуу хүртэл автоматаар хамгаалагдана. Олон орнуудын зохиогчийн эрхийн байгууллагын дансанд Монголын оюуны бүтээлүүдийн мөнгө хуримтлагдана. Гадагшаа гарч тоглож байгаа бүх хамтлагууд Монголынхоо дуу хөгжмийг тоглох бүрд Монгол Улсдаа зохиогчийн эрхийн төлбөрөө төлнө. Вэб сайт, мобайл компаниуд хяналтгүйгээр маш олон уран бүтээлүүдийг ашиглаж байна. Зүй нь бол зохиогчийн эрхийг хамгаалах байгууллагаас лицензийн эрхээ аваад хяналтын доор хийх ёстой атал, тэр байхгүй учраас дуртай нь л ашиглаж байна даа. Оюуны өмчийн сайн байгууллагатай болсноор Монгол Улсад илүү ашигтай. Монгол Улс Монгол хүнийхээ үнэ цэнийг өсгөе, Монгол гэж бахархая гэвэл энэ бүх ажлыг 100 хувь хийх хэрэгтэй. Нэг ёсондоо Монгол хүнээ хамгаалж байна гэсэн үг. Нэг хүн, нэг бүтээл гэдэг бол бас л нэг уурхай юм. Тэр бүтээлийг дэлхийн хаа нэгтээ ашиглахдаа заавал төлбөрөө төлдөг л байх ёстой.

    Маш чухал сэдвээр нээлттэй яриа өрнүүлсэн танд баярлалаа.

    Ярилцсан: Жамсранжавын Лувсандорж (CreativeMongolia.com)

    2015 оны 5-р сарын 13

  • Т.Эрдэнэчулуун: Машины загвар зохиох нь яг л уран баримал бүтээхтэй адил

    Т.Эрдэнэчулуун: Машины загвар зохиох нь яг л уран баримал бүтээхтэй адил

    Цаана чинь монгол залуу францын тансаг хөлгүүдийг бүтээж, автомашины акул компанийг амьдруулж явна. Т.Эрдэнэчулуун автомашин үйлдвэрлэгч Францын алдарт “Ренаулт” компанид дизайнераар ажиллаж, бүтээсэн шинэ загварууд нь дэлхийн авто машины зах зээлд тун ч нэр хүндтэй явна. Тэрээр олон улсад Эрдэ гэдэг нэрээрээ алдаршсан байна.

    Эрдэ арав гаруй жилийн турш Ренаулт компаний франц, бразиль, солонгос, испани, румин дэх салбарт ажиллан брэндийн машинуудын загварыг гаргаж байжээ. Түүний хамгийн сүүлд бүтээсэн загвар нь Renault Duster SUV хэмээх тансаг хөлөг аж.

    41 настай Т.Эрдэнэчулуун 1971 оны наймдугаар сарын 23-нд Улаанбаатарт төрсөн бөгөөд дунд сургуулиа төгссөний дараа Политехникийн их сургуульд суралцаж 1989 онд төгсчээ. Эрдэ энэ ондоо Чарлезын их сургуульд философийн чиглэлээр сурахаар Прагт очсон байна. Тэрээр 1999-2000 онд англид очиж “Ковентри” дизайны сургуульд сурчээ. Эрдэ Францын алдарт Ренаулт компанид 2001 оноос ажиллах болсноор мэргэжлийн карьераа эхлүүлсэн юм. Тэрээр компанид ажиллах эрхээ машины загварын тэмцээнд түрүүлэн олж авсан юм байна.

    Эрдэ Тунгаагийн хамгийн сүүлд зохиосон машин Renault Duster SUV хийгээд мэргэжил, машины загварын хандлагын тухай гадны хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

    0150

    -Зах зээлд маш амжилттай борлогдож буй Renault Duster-ын загварыг та бүтээсэн. Загварын санаагаа яаж бодож олсон бэ?
    – Дастерын дизайныг гаргах үйл явц төлөвлөсний дагуу явагдсан. Дизайны мэргэжлийн студынхэн загварын хувьд найман сонголт санал болгосон. Тэднээс дөрвийг нь л сонгож, үлдсэн дөрвийг детальчилсан байдлаар маш нарийн судалсаны эцэст шилдэг хоёр төслийг нь шалгаруулсан. Тэгээд л миний төсөл ялсан.
    Манай багийнхан нэг талаас хүн бүр хэрэглэж ямар ч хэрэгцээнд хэрэглэж болохуйц машин бүтээхийг зорьсон юм. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд олон тооны бүрэлдэхүүн хэсгүүдийг холбох хэрэг гарсан. Техникийн хүчин зүйлийн хувьд бид Дастерын дугуйн суурийг урт бүтээхийг хүссэн. Гэтэл үр дүн нь машины урт 4.31 м, өргөн 1.82 м болсон.

    0150

    – Renault Duster SUV-ын онцлог нь юу вэ?
    -Машины урд хэсэгт хром сараалжин хаалт, моторын хавхаг байрладаг. Duster SUV-г гаднаас нь таних гол онцлог нь энэ. Дастерын бас нэг онцлог нь ямар ч хэрэглээнд тохиромжтой. Мөн бид хамгаалалтын хэсэгт жолоочийг ямар ч төрлийн замд айж сандрахгүй явахад туслах олон хүчин зүйлүүдийг нэмсэн. Хэдийгээр эзнийг нь айдас мэдрэхгүй байхаар загварыг нь зохиосон ч зогсоолд орхиход машин маш үнэтэй харагддаг учраас юу ч болж магадгүй гэдэгт л санаа зовсон. /инээв/.

    -Та машины загвар бүтээхдээ ямар зарчим баримталдаг вэ?
    -Машин бол яг л уран баримал шиг. Машины дизайныг гаргахад яг л уран баримал хийж байгаа мэт үе давхарга тус бүрээр нь ажилладаг. Тиймээс шинэ машины загварыг маш уян хатан бодлогоор гаргах ёстой. Нэг л шийдсэн бол зөвхөн тэр зүгрүү гэж зүтгэх ёсгүй. Эхлээд машины дизайны гол зорилгыг биелүүлээд, дараа нь детальчилсан хэсгүүдэд анхаарах хэрэгтэй.

    0150

    -Машины дизайныг бүтээхдээ дизайнерууд бие биеэсээ суралцдаг байх. Таны хувьд өөрийгөө хэнтэй жиших вэ?
    -Одоо ажиллаж буй компанид маань олон чадварлаг дизайнер зөвхөн машины загвар төдийгүй онгоцны загвар бүтээж байна. Миний бодлоор би Италийн машины загвар зохион бүтээгчидтэй ижил түвшнийх. Би 1970-аад оны италийн төмөр хөлгүүдийг хараад өөрийн эрхгүй татагддаг. Тэднээс сурах зүйл их бий.

    -Таны бодлоор авто машины загварын ханлагыг ямар компани тогтоож байна?
    -1970-80 оны машинууд загварын хандлагыг амархан тодорхойлж чадна. Гэвч хоолны амтаас эхлээд олон зүйлүүд өөрчлөгдөж буй өнөө үед машины дизайн маш хурдан өөрчлөгдөж байна. Өнөө үед машины загварын нэг хүчтэй хандлага байх боломжгүй, харин ч эсрэгээрээ маш олон хандлага байх ёстой. Ирээдүйд бидний ажил загварын хандлагын шилдэг нь байгаасай гэж хүсдэг.

    -Та ойрын ирээдүйд юу хийхээр төлөвлөж байна?
    -Миний бүх төлөвлөгөө ажиллаж байгаа газартай маань холбоотой. Маш олон машины загварын төслүүд байгаа. Тиймээс өөр төлөвлөгөө бодох зав алга даа.

    Түүний Ренаулт Дастер машинаа танилцуулж буй бичлэгийн энд дарж үзнэ үү.

    0150
    0150

    0150
    0150

    0150
    0150

    0150
    0150

    0150
    0150

    Мэдээллийн эх сурвалж: http://www.24tsag.mn/

  • Г.ЗАГДАА: УЛААНБААТАР ТЭНЭМЭЛГҮЙ АНХНЫ УХААЛАГ ХОТ БОЛОХ БОЛОМЖТОЙ

    2010 онд “Эх орны залуус хаана явна вэ” нэвтрүүлгээр уулзаж байсан Загдаа гуайн Зөв амьдрах ухаан ТББ дээр 4 жилийн дараа очлоо.

    2010 ОНД

  • Монгол эрдэмтэд Эрчим хүчийг ухаалаг хуваарилах төхөөрөмж” бүтээлээрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгч алтан медаль хүртлээ


    Монголын Үйлдвэрлэлийн технологийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяртай ярилцлаа. Тэрээр “Эрчим хүчийг ухаалаг хуваарилах төхөөрөмж” бүтээлээрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын шилдэг зохион бүтээгч алтан медаль хүртсэн юм.

    -Таныг Японы “Hitachi” үйлдвэрт эмнэлгийн электрон төхөөрөмж зохион бүтээгч инженерээр 10 гаруй жил ажилласан, хугарсан яс гагнах, зүү хэрэглэхгүй тариа хийх нээлт хийж байсан гэж сонссон. Сая бас л Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас том шагнал хүртсэн гэж сонсоод ярилцлагад ярьж байна. Та уншигчдад өөрийгөө болон багаа танилцуулна уу?

    -Би эрдэм шинжилгээний чиглэлээр тасралтгүй 20 жил судалгаа хийж байна. Японы Токиогийн их сургуулийг төгсч, тэндэхийн судалгааны багуудтай хамтарч ажиллаж байлаа. Тухайн үед ганц электроны бүтцийг судалъя гэхээр манайд лабораторууд байдаггүй учраас судалгаагаа гадаадад амар санагдсан. Манай академид надтай хамт сурч, судалгаа хийж байсан гадаадын эрдэмтэд байдаг. Шагнал авсан бүтээлийн зохиогч нь Д.Баяр, У.Жаргалмаа гэдэг хоёр монгол хүн байна.

    -Дэлхийн оюуны өмчийн байгууллага ямар шалгуураар энэ шагналаа өгдөг вэ?

    -Бидний авсан шагналыг Билл Гейтс авч байсан. 1979 оноос өгсөн шагнал. Дэлхий дээр 2150 хүнд энэ шагналыг өгсөн байдаг. Дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан шинэ бүтээлийн эзэнд өгдөг гэж болно. Өмнө нь Монголоос “Монхимо” үйлдвэрийн захирал авч байсан.

    -“Эрчим хүчийг ухаалаг хуваарилах төхөөрөмж” бүтээх санаагаа яаж олсон бэ?

    -Дэлхийн 1.2 тэрбум хүн эрчим хүчээр дутаж байгаа шүү дээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “РИО-20”-ын уулзалтад оролцохдоо, “Дэлхий даяараа эрчим хүчээ хэмнэе. Тэгж чадвал шинэ үүсвэртэй болсноос илүү үр дүн гарна” гэж хэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бол 2035 хүртэлх эрчим хүч хэмнэх мастер төлөвлөгөөгөө батлаад явж байна. Манай улс гэхэд 170-180 мегаватт эрчим хүчийг Оросоос авдаг. Ийм учраас бид эрчим хүчний шинэ станц, эх үүсвэрийг бий болгохоосоо өмнө эрчим хүчээ хэмнэвэл хамаагүй давуу талтай. Гэтэл бидэнд хэмнэлт гэдэг зүйл байдаггүй юм байна. Яаж хэмнэх вэ гэдгийг сүүлийн 5-6 жил манай баг судаллаа. Япон, Монгол, Солонгост судалгаа хийж, бүтээгдэхүүнээ туршсаар энэ хавар хамгийн сайн үр дүн нь гарлаа. Ингээд бэлэн болгоод Дэлхийн оюуны өмчийн байгууллагад танилцуулсан. Тэд сайн бүтээл болсон байна гэж үзсэн.

    -Бүтээлээ танилцуулбал?

    -Гадаадын эрдэмтэд, “Танайх яндангуудаа аваад хаячих юм бол утаагүй болчихно” гэдэг. Яндангүй болно гэдэг бол гал түлэхгүй гэсэн үг. Гал түлэхгүй бол цахилгаан л хэрэглэнэ. Тэгтэл манайд цахилгааны төлбөр үнэтэй байна. Тийм учраас эрчим хүчийг хэмнэх нь хамгийн зөв арга гэж бодож энэ ажлаа эхэлсэн. Германууд бол 100 градус халаасан байхад ямар ч хүйтэнд 72 цаг дулаанаа алддаггүй нано шингэн бүтээсэн байна. Үүнийг сансрын технологи, цэрэг дайны зориулалтаар ашиглахаас биш ахуйд хэрэглэх болоогүй гэж үзэсгэлэнд танилцуулж байна лээ. Бидний бүтээл нано технологид суурилсан. Улаанбаатарын гал түлдэг 180 мянган өрхийн 60 мянга нь гэрт амьдардаг. Гэртэй айлуудын 20-30 хувь нь нүүрсээ авч хүчрэхгүй хэмжээний орлоготой. Тэгэхээр тэдний зарим нь автомашины 500 төгрөгөөр худалддаг хуучин дугуй түлж 8-10 цаг дулаацаж байна. Хэрвээ бидний бүтээсэн төхөөрөмжийг таван ханатай гэрийн халаалтын хэрэгсэлд тавьбал хуучин дугуй шатаахаас гурав дахин хямд зардал гарна. Ийм учраас бидний төхөөрөмжийг тавьсан айл нүүрс, мод, хуучин дугуй түлэх шаардлагагүй болж байна. Хоёр дахь давуу тал гэвэл, дулааны цахилгаан станцуудад өндөр ачаалал ирэхгүй. Нэг талаасаа утаатай тэмцэх арга зам шиг харагдаж байгаа боловч, нөгөө талаасаа иргэдийн халааснаас гарч буй мөнгийг хэмнэх, тав тухтай амьдрах давуу талыг бүрдүүлсэн бүтээл юм. Үүнийг амьдралд хэрэгжүүлэх бүрэн бололцоотой.

    -Төхөөрөмжийн ажиллах зарчим ямар байх вэ?

    -Эрчим хүчийг л маш өндөр давтамжтай болгодог технологи. Солонгосууд 60 герцийн, монголчууд 50 герцийн давтамж хэрэглэдэг. Солонгост 1 кВт-аар ажилладаг индүү Монголд 1.5 кВт-аар ажиллаж, 10-хан герцийн ийм их ялгаа гардаг. Бид 50 герцийг 400-900 герц болгож давтамжийг нь ихэсгэхэд, асар их эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Дээр нь давтамжийг зөрүүг нь компаситораар нөхөж, эрчим хүчийг хэмнэж байгаа юм. Эрчим хүчийг ухаалагаар хуваарилах төхөөрөмжийн ажиллах зарчим нь энэ. Арслантай гүүрний доор шинээр байгуулсан Номын худалдаа төв 400 ам метр квадрат талбайтай. Дулаан татах ямар ч боломжгүй. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас биднийг шийдэж өгөхийг хүссэн. Бид 16 кВт чадалтай төхөөрөмж суурилуулсан. Ердөө 14 инчийн дэлгэц шиг хэмжээтэй төхөөрөмж тавьснаар цахилгааны зардлыг нь тав дахин бууруулж чадсан.

    -Энэ төхөөрөмжийг оффис, орон гэртээ тавьж болох юм байна. Дулааны цахилгаан станцад суурилуулж болох уу?

    -Аль нь ч болно. Судалж байхад японууд цахилгаан станц барихдаа иймэрхүү төхөөрөмжийг тавьчихдаг. Америкууд бол айлууддаа тавьдаг. Дэлхийд хамгийн сайн хэмнэж байгаа нь 10-25 хувь. Манай технологи бол 2.2-5 дахин хэмнэж чадна. Б.Обамагийн яриад байгаа Эрчим хүчний хэмнэлтийн мастер төлөвлөгөөгөөр баталсан “Green box” нэртэй өрх бүрт тавих төхөөрөмжөөс манай төхөөрөмж хоёр дахин илүү хэмнэх чадалтай. Миний бодлоор, Монголд станцууддаа юм уу, трансформатортоо тавихад тохиромжтой. Гэтэл тийм боломж хараахан алга. Яагаад гэвэл, үүнийг тавихын тулд 45 хоног станцыг хаах ажил гарна. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал учраас тэр.

    -Бүтээгдэхүүнээ хаана туршив?

    -Судалгааны шатанд туршилтуудаа хийсэн. Бид энэ бүтээлийг хувь хүн, иргэнд зориулж бүтээсэн. Гэртэй, байшинтай айлууд маань хэрэглээсэй гэж хүссэн учраас түлхүү тавьж үзсэн. Үр дүн нь маш сайн гарсан. Нэг сард 200 мянган төгрөгөөр тенн асаадаг айлд тавихад цахилгааны төлбөр нь 15-20 мянган төгрөг гарч байсан.

    -Төхөөрөмж байшиндаа суурилуулъя гэвэл зардал нь өндөр үү?

    -Одоохондоо бидний хийж чадаж байгаа дөрвөн төрлийн төхөөрөмж байгаа. Нэг, гурав, зургаа, 16 кВтынх. Нэг кВт-ын төхөөрөмжийг 24-30 ам метр талбайтай монгол гэрт тавихад хангалттай. Үнэ нь 100 мянган төгрөг. 16 кВт-ын төхөөрөмжийг түрүүн хэлсэн Номын худалдааны төвийн 400 ам метр талбайг халаахаар хийсэн. 750 мянгаас 1.2 сая төгрөг болж байна лээ. Одоо бидний үйлдвэрлэх чадал цөөн учраас иймэрхүү үнэтэй байгаа. Хэрвээ өдөрт 100-г үйлдвэрлэх чадалтай болчихвол онолоороо үнэ нь буурчихна.

    -Эрчим хүч ухаалаг хуваарилах төхөөрөмжийг дэмжие, үйлдвэр байгуулъя гэж үндэсний компаниуд хандаж байна уу?

    -Үндэсний компаниуд ирэхгүй байна л даа. Тайванууд, малайзууд, энэтхэгүүд, европууд санал тавьж байна. Яагаад гэвэл, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын веб сайтаас маш олон улсууд мэдээлэл авдаг. Бас мэдээлэл нь томоохон улсуудад сэтгүүл хэлбэрээр орчуулгатай хэвлэгддэг.

    -Манайхан яагаад сонирхохгүй байна вэ. Мэдээлэл дутаад, эсвэл эрсдэлээс айгаад байна уу?

    -Мэдээлэл хаана дутдаг вэ, эрсдэл хаана гардаг вэ гэсэн асуудлууд байна. Эрсдэл бол судалгааны шатанд гардаг. Бид судалгааны шатанд эрсдэл, амжилтаа үүрээд даваад гарчихлаа. Одоо энэ бол эцсийн бүтээгдэхүүн болоод Дэлхийн оюуны өмчийн байгууллага баталгаажуулчихлаа. Энэ ямар ч эрсдэл байхгүй. Мэдээлэл дутаад байж магадгүй юм. Америк, Японд амар л даа. Тэнд Оюуны өмчийн бирж гэж байдаг. Баталгаажсан шинэ бүтээл тэнд хөрөнгө оруулалт босгодог. Бидэнд гаднын маш олон компани IPO босгоё гэсэн санал тавьж байна. Менежментийг нь малайзуудаар, маркетингийг нь Энэтхэг, Хятадаар хийлгэе гэсэн саналтай байна. Хятад, Энэтхэг хоёр маркетинг хийвэл олон тэрбумын зах зээл тэнд байна. Маркетингаа хийлгэж байгаа улсаар менежментийг нь хийлгэдэггүй гэдэг бичигдээгүй хууль бас байдаг юм байна.

    -Та нарын хувьд ашигтай бизнес үү?

    -Маш ашигтай бизнес. Би энэ бүтээлээ АНУ руу аваад явахад 14 хоногийн дотор зургаан сая доллар босгож чадна. Яагаад гэвэл, тэндэхийн бизнесмэнүүд мэдээлэл сайтай. Cолонгост шалны халдаг хулдаас хийдэг 18 үйлдвэр бий. Нэгийнх нь захирал надтай ирж уулзана гэсэн. Тэр, “Манай хулдаасны нэг ам метр нь 200 ваттын тог хэрэглэдэг. Айлууд эрчим хүч ашигласны төлбөрөө өндөр төлж байгаа. Ийм учраас манай хулдаасыг авбал танай төхөөрөмжийг дагуулж өгч байя. Хоёулаа гэрээ хийе” гэсэн. Хашир бусад 17 үйлдвэрээсээ түрүүлэхийн тулд зах зээлээ харж байхгүй юу.

    -Үйлдвэр барьж байгуулах талаар бодож үзэв үү?

    -Японд пуужингийн толгойг ганц хүнтэй компани л хийдэг. Үйлдвэр нь том биш ээ. Бас “Олимпус” гээд хүний ходоод дуранддаг дэлхийн номер нэг дуран бий. Тэрний тэргэнцэрийг нэг өвгөн, эхнэр, хоёр хүүтэйгээ орон сууцны подвальд үйлдвэрлэдэг юм билээ. 35 жил тэр тэргэнцэрийг хийсэн гэсэн. Бид төхөөрөмжөө үйлдвэрлэхэд 30 ам метр талбай байхад болно. Дэлхийд “hardware management” гэх ойлголт гараад байгаа. Хэрэгтэй бүх материалаа хамгийн сайн, хямд хийдэг газраас нь худалдаж аваад өөрсдийн технологиороо угсарна. Тэрнээс биш микросхем, мэдрэгчтэй дэлгэц зэргийг Монголд үйлдвэрлэнэ гэвэл маш их зардал, цаг хугацаа шаардана.

    -Нано технологийн талаар их ярих боллоо. Манайх ч гэсэн ноолуурыг өндөр төвшинд боловсруулах, эм зүйн салбарт бас ч гэж амжилт гаргаад яваа. Ер нь үйлдвэрлэл, шинжлэх ухааны чиглэлээр бидний хөгжих гарц юу байдаг бол?

    -Дэлхий юм хийгээд байхад бид л үлдээд байх шиг санагдаад байна. Дэлхийд нано, био, лазерын технологи хөгжөөд байна. Манай залуучууд шинэ технологитой нэг гараанаас гарах хэрэгтэй. Тэгж байж л бид хөгжих боломжтой. Яагаад гэвэл, микросхем үйлдвэрлээд Японтой, програм хангамж үйлдвэрлээд “Майкрософт”-той, машин үйлдвэрлээд Герман, Японтой өрсөлдөж чадахгүй. Зах зээлд брэнд болж танигдсан, байр сууриа олчихсон үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж цаг хугацаа, эдийн засгаа үрээд хэрэггүй юм шиг байгаа юм. Оронд нь нано технологи руу анхаарвал дэлхийтэй өрсөлдөж, барианд орох боломжтой гэж хувиасаа боддог.

    -Ингэж ярих, мөрөөдөх амархан л даа. Гол нь бидэнд боломж байна уу?

    -Монгол залууст чадамж, сэтгэл зүтгэл, зав зай байна. 20-30 насны залуусаа манай төр тоохгүй байгаа юм уу даа. Тэдэндээ найдвар, итгэл хоёрыг зэрэг хаях хэрэгтэй. Тэгвэл, Оюутолгой, Тавантолгой хоёроос илүү хөгжүүлэх улс нь манай залуучууд. Дэмжээд өгдөг төр л байвал болчих гээд байна. Төр энэ залуучуудаа гадаад руу өндөр технологи эзэмшүүлэхээр явуулж, бэлтгэх хэрэгтэй. Монгол залуучууд бусад улсын хэлээр их цэвэрхэн ярьдаг болсон байна. Бусад улс залуусаа эх орондоо бэлдэж байгаад, аливаа бэрхшээл тохиолдоход шийдэх арга замыг нь ол гээд гадаад руу явуулдаг. Эх орондоо 4-5 жил судалж, докторын мэдлэг хуримтуулсан залуучууд гаднаас тэр чиглэлээр юм олж ирэхдээ сурамгай байдаг. Тэгж л улсууд хөгжиж байна. Улсын өмнө тулгамдаж болзошгүй асуудлаар, маш хэрэгтэй, шинэ гарч байгаа мэргэжлээр залуучуудаа сургаж байна. Дээхнэ үед технологийн тагнуулаар явуулна гэж ярьдаг байсан даа. Үүн шиг мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд инноваци хөгжүүлэхийн тулд, “силикон толгойтнууд”-аа гадаадад бэлтгэж, буцааж татах хэрэгтэй байна.

    Өнөөдөр эдийн засгийн хөгжлийг кодчилъё гэж яриад байгаа. Код нь хаанаа гацаад байгааг олох хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулахгүй байж өдий зэрэгтэй яваа нь харин ч их юм. Бид зүү, машины дугуйгаа өөрсдөө хийдэггүй. Жишээ нь, 1984 онд Монголд “ШБОС-84” нэртэй үзэсгэлэн одоогийн “Сарны титэм” худалдааны төвд болж байсан. Тэгэхэд манайхан өөрсдөө машины дугуй, бууз чимхдэг машин гээд гоё юмнууд өчнөөн хийсэн байсан. Гэтэл сая би “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг үзлээ. Тэгээд би гутарсан. Намайг Төвдөд явж байхад эсгий халаас, уут, хадаг яндар, дарцаг зараад хэдэн дээлтэй хүн сууж байсан. Тэр сэтгэгдэл надад төрсөн шүү. Үйлдвэрлэл биш гар урлал руу манайхан хөгжиж байна. Тэрний дараахан би Шанхайд болсон үзэсгэлэнд очсон. Тэнд дэлхийн хамгийн шилдэг технологиудыг дэлгэж байна. Ингээд Төвд, “ШБОС-84”, Шанхайн үзэсгэлэн гурвыг харьцуулахад надад маш сонин юм бодогддог юм билээ.

    -Юу бодогдсон гэж?

    -Бид хаашаа явж байна аа гэж. Тэр улсууд сансрын техник, холбооны техник, лазерийн технологи хийж, бидний төсөөлж байгаагүйгээс дээшээ очсон байна. Гэтэл бид модон тоглоом, эсгий углааш хийж байгаа нь арай л харамсалтай санагдсан. Дэлхийд цахиур хагалж байгаа компаниудад монгол залуучууд ажиллаж байна. Монгол Улс өөрөө дэмжиж чадахгүй байгаа учраас тэднийгээ алдаад байна. Наашаа ирье гэхээр, хүлээж аваад ажиллуулах лаборатори, цалин хангамж энд алга.

    -Нээрээ ч юм хийх шинэ санаагаа бариад олон залуу гадаадыг зорьсон гэдэг дээ?

    -Тийм тохиолдол олон байгаа. Дэлхийн шилдэг агентлагууд шинэ санаа хайгаад байж байдаг. Шинэ санаа олчихвол гялс IPO босгоод үйлдвэрийг нь босгочихдог. Тэд “Санаа байна уу, ажил болгоё” гэдэг. Тэрнээс биш “Мөнгө өгье. Санаа гаргаад ир” гэдэггүй. Машины чулакны нэгийг төмрөөр, нөгөөг нь резинээр хийсэн байдаг. Машины гармошки резин 135 удаа агшиж, нийлээд урагддаг. Монгол залуу Японд очоод машины таван булны резинэн чулакыг үхрийн ширээр хийчихсэн. Одоо Япон, Герман, Европын машинуудад тэрийг хэрэглэх гэж байна шүү дээ. Тэр залуу анх Монголд байхдаа ийм зүйл хийе гэтэл хэн ч тоогоогүй гэсэн. Уг нь тэр залууд оюуны өмчийн патент нь байсан юм байна л даа. Ингээд Японд зуучлалаар хар ажил хийхээр очоод, компанийнхаа захиралд “Надад ийм санаа байна. Патент нь байгаа” гэтэл захирал нь дэмжиж компани байгуулсан юм билээ. Хэрвээ монголчууд тэр залуугийн санааг ажил болгосон бол Улаанбаатараас дэлхийн томоохон үйлдвэрүүдэд чулак нийлүүлээд байж байхгүй юу. Энэ мэтчилэн олон санаа гаргасан залуучуудаа бид гадаадад алдсан. Өөр нэг тохиолдол ярья. Бидний компьютерийн гарын товчлуур нэг талдаа латин, нөгөө талдаа крилл үсэгтэй. Нэг монгол залуу, товчлуурын цаанаас крилл, латин үсэг нь ээлжилж гэрэлтдэг санаа гаргасан. Бид тэрийг нь ажил болгоё гэж ярьж байтал 2-3 сарын дараа өөр улс хийгээд гаргачихаж байна.

    -Шинжлэх ухааны академийн талаар юу хэлэх вэ?

    -Шинжлэх ухааны академи Ширэндэв, Содном, Чадраа гуайн үед мундаг байсан юм аа. Би цөмийн физикийн Содном гуайтай нэг багт орж ажиллаж байсан. Одоогийн Шинжлэх ухааны академийг мэдэхгүй юм. Тэнд цус сэлбэлт хэрэгтэй болсныг бол мэдэж байна. Ахмад эрдэмтэд нь өөрсдийгөө хамгийн дээр тавьчихаад бусдыгаа жийгээд байвал явахгүй. Тэнд гадаад, дотоодод өндөр мэдлэг эзэмшсэн залуучууд явж байх хэрэгтэй. Хоёрдугаарт, академид маш их хөрөнгө хаяж, гадаадад байдаг өндөр хүчин чадалтай лабораториудыг бий болгох хэрэгтэй. Ядаж хамгийн наад захын лабораторийг оруулж ирж, академик шинж чанараа агуулах хэрэгтэй. Шинжлэх ухааны хамгийн том байгууллага байж зарим зүйлд дүгнэлт өгч чаддаггүй шүү дээ.

    -Аливаа шийдвэр улстөрийн хүрээнд ярьж, шийдэгддэг. Таныг энд тэнд явж байхад эрдэмтэд юу хүсдэгээ ярих уу?

    -Гадаад дотоодод явж байхад манай эрдэмтэд, “Монголд хуванцарын үйлдвэр байгуулаад өгчихсөн Ерөнхий сайдад алтаар хөшөө босгож өгөхсөн” гэж ярьдаг. Гадуудууд бол монголчуудыг тахиа эдийн засагтай гэж ярьдаг. Бид уул уурхайг эдийн засаг, хөрөнгө оруулалт гэж хардаг гэнэ л дээ. Бид түүхэндээ нэг тэрбум 500 сая ам.доллар барьж үзсэн ард түмэн. Гэтэл тэр мөнгийг Жеймс Камерон хоёр кино хийгээд л олчихсон. Ийм учраас өнөөдөр Монголд торгон үе ирсэн гэж бодож байна. Яагаад гэвэл, Засгийн газрын тэргүүнээ сонгоогүй байна бид. Эдийн засаг хаашаа эргэн нь тодорхойгүй байгаа. Чингис бондынхоо өрийг удахгүй төлнө. Энэ үед зөв чиглүүлэх хүнээ сонгоосой гэж бодох юм.

    -“IT expo” гэж арга хэмжээ манайд болдог. Та сонирхов уу?

    -Монголд мундаг программ зохиолгодог байгууллага байгаа гэж хэлж чадахгүй. Дангаараа ажилладаг тасарчихсан залуучууд бол байна. Гэтэл программ хийнэ гэдэг нь ганц, нэгээрээ хийдэг ажил биш юм байна л даа. Гэтэл манайханд багаараа ажиллах чадвар дутаад байна. Ганцаараа нэг юм хийгээд гавъяа шагналаа авна гэсэн бодол энд саад болдог. Энэтхэгүүд яагаад программ хангамжаараа тасарчихав аа. Тэд 20-30 хүний багаар ажилладаг. Тэдэнд Хонгконг, Сингапураас захиалга өгч ажил хийлгэдэг. “Майкрософт”-д гэхэд 200 мянгаад программист байдаг. Тэд нэг программыг жижиг жижгээр нь хувааж авч хийснийг нь “Майкрософт” зангидаж бүтээгдэхүүн болгодог. 2020 он гэхэд энэтхэгүүд дэлхийн зах зээлд 300 тэрбум ам.долларын программ хангамж борлуулна гэдгээ мэдэгдсэн. Харин бид хэдийг борлуулах вэ. Бид одооноос анхаараад ядаж 3-5 тэрбумын программ хийнэ гээд үзэх хэрэгтэй. Ажиглаад байхад, улс орны эдийн засгийг алдаг хэдхэн хүчин зүйл байна. Японы нэрт эдийн засагч Хироши, “Танай эдийн засгийг сүйрүүлж байгаа хамгийн том шалтгаан түрээс” гэсэн. Том байшингийн түрээслэгч эдийн засагт юу ч бүтээдэггүй мөртлөө бүтээдэг хүмүүсийн мөнгийг нь аваад байдаг. Бүтээдэг хүмүүс мөнгөө цуглуулж чадахгүй, хэрвээ цуглуулаад эхэлбэл түрээслэгч үнээ нэмдэг. Монголд түрээсийн үйлчилгээ их хөгжсөн байна гэсэн. Нөгөө талд нь, Монголд хөрөнгө оруулагч алга. Нэг юм хийе гэхээр 2-3 хүн л хөрөнгө оруулдаг. Японууд мөнгө босговол цөөн хүнээс хөрөнгө оруулалт авдаггүй. Нэг нь, эсвэл хоёр нь хөрөнгөө татахад тухайн төсөл унадаг. Эдийн засагч Хироши, “Монголд үйлдвэрлэл хөгжөөгүй байна” гэсэн. Хадаас хийсэн ч дэлхийн стандартад нийцүүлж буюу гурван сая хүнд биш долоон тэрбум хүнд зарна гэж бодож хий гэсэн. Яах вэ, япон хүн Монголын хөрсөнд буухгүй зүйл ярьсан байж болно. Бид авахыг нь авах л ёстой.

    -Манайх шинэ бүтээл, өндөр технологийг дэмжсэн Инновацийн тухай хуультай улс. Энэ хуулийн талаар та ямар ойлголттой байгаа вэ?

    -Уг нь мундаг хуультай. Гэвч үүнийг хэрэгжүүлж чаддаггүй. Инновацийн бүтээгдэхүүн татваргүй оруулж ирнэ. Инновацийн үзэсгэлэн зохион байгуулбал төр хариуцна. Инновацийн бүтээл гаргасан хүний гадаадад сургалтад явах зардлыг төр хариуцна гэх мэт зохицуулалт орсон байдаг. Гэтэл инновацийн бүтээл гэж юу гэдэг нь тодорхойгүй. Эдийн засгийн хөгжлийн яамны Инновацийн газар тодорхойлж, гэрчилгээ гаргаж өгч чаддаггүй болохоор хэн ч түүнийг инноваци гэж хэлэхгүй.

    Ганбаатарын Улсболд
    Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/428

  • Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ: МОНГОЛЧУУД БИД АНИМЕЙШН КИНОГООР ДЭЛХИЙД ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

    Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь болох Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд таниулан алдаршуулж Монгол хүн бүрийн хүсэн хүлээсэн анимейшн киног бүтээх зорилготой “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн санаачлагч, зураач Рэнцэнгийн БАТЦЭНГЭЛ– тэй монгол бахархал, түүх соёлын тухай яриа өрнүүллээ.

    Амар байна уу? Та сайхан хаваржиж байна уу. Уран бүтээл арвин сайхан уу? Та “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийг яагаад эхлүүлсэн талаар яриагаа эхлүүлье.

    Анх 3-р ангид байхдаа Монголын нууц товчоо номыг уншиж байсан. Тухайн үед Чингис хааны тухай ил ярьдаггүй байлаа. Их харгис хэрцгий алуурчин байсан тул ярьж болохгүй. Яривал шоронд хийчихдэг гэж шивнэлддэг байлаа шүү дээ. Хүүхдүүд Чингис хааны зураг гээд олон дахин татаж угаасаар байгаад дүрс нь мэдэгдэхгүй сүнс сүүдэр шиг болчихсон зургийг нууцаар дамжуулж үздэг байсан юмдаг.

    Анх Нууц товчоог уншаад төрсөн сэтгэгдэл үнэхээр гайхамшигтай. Өнөөдрийн анх уншиж байгаа хүүхдүүд ч мөн адил тийм гайхамшигтай ертөнцөд нэвтрэн ордог байх гэж найддаг. Анхны сэтгэгдлээрээ Бөртө чоно, Гоо маралыг зурсан маань одоо надад бий. Тэр зураг дээр дүрсэлсэн цацарч байгаа гэрэл МНТ надад хэрхэн нөлөөлж, ямар их догдлуулж байсныг сануулдаг юм.

    1995 онд сургуулиа төгсөөд МНТ, Алтан ургийн түүх, домогоос сэдэвлэсэн ажлаа үргэлжлүүлсэн. Хамт төгссөн Батхишиг, Бямбацогт хоёртойгоо хамтраад 7 жил мөн ч олон газар урлан түрээслэн хэсэж явсан даа. Оюутны байранд ч сууж байлаа.

    1999 онд түүх, угсаатны чиглэлээр судалгаа хийж байхдаа нэрт түүхч Чулууны Далай гуайтай танилцаж багш шавь болж тогтмол зөвлөгөө авч эхлэсэн.

    2002 онд Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойг тэмдэглэх болж, орон даяар ажлууд өрнөсөн. Ойн арга хэмжээний хүрээнд бид гурвын долоон жилийн турш бүтээсэн дөчөөд зургаар “Алтан ургийн домгийн чуулган” нэртэй үзэсгэлэн гарсан юм. Сүүлд сонсоход тухайн үед Түүхийн хүрээлэнгийн захирал байсан Чулууны Далай багш маань их хөөцөлдөж байж бүтээсэн юм билээ.

    Монголын нууц товчоо, Их хааны түүхийг өгүүлсэн томоохон үзэсгэлэн гаргаж байгаадаа их баяртай байлаа. Бага залуу насны дэврүүн мөрөөдлөөр олон жил тууштай зүтгэсэн болохоор их л том хүлээлттэй байсан шиг байгаа юм. Олон хүн ирж үзнэ, бүтээлүүдээ бүгдийг нь борлуулчихвал… гээд л сайхан л юм бодож байж. Гэтэл бүх мөрөөдөл унтарч, урам зориг хугарсан даа. Гавьтай олон хүн ч үзсэнгүй, цөөн хэдэн зураг л зарсан. Гэр бүлтэй болж, анхны хүүхэд гарчихсан амаргүй үе бас таарсан юм л даа. Олон жил зураг зураад өрөөний мухарт суучихсан болохоор байр сууцтай болох нь битгий хэл хоолны мөнгөгүй шахуу л байсан.

    Тэгээд амь зуулгаа залгуулахын тулд график дизайны ажил хийж эхэллээ. Нилээн зүтгэж байгаад нэг компьютер, зургийн камертай болж төгсөлтийн монтаж хүртэл хийж явлаа шүү дээ. (Инээв)

    Тэгж байтал 2005 онд Их Монгол 800 ажлын хэсэг байгуулагдаж, ажлын санал авч байгааг сонсоод эргээд МНТ хэмээх өвчин маань сэдэрлээ. “МНТ”-г фото зургаар бүтээх төсөл бэлтгэж танилцуулсан маань дэмжигдэж гэрээ хүртэл байгуулчихаад байж байтал тухайн үеийн засгийн газар солигдож бүх зүйл түүнтэй хамт замхран алга болсон доо.

    Харин азаар Х.Баттулга гишүүнтэй танилцаж төслийнхөө санааг танилцуулсан чинь зөв санаа байна гээд одоо энэ төслийг эхлүүлэх боломжийг нээж өгсөн юм. Харамсалтай нь гишүүний өгсөн мөнгөний ихэнхийг зураг авалтанд зарчихсан юм. Фотогоор олигтой юм болохгүй юм билээ. Ядахдаа зураг авахад хавар таарсаныг ч хэлэх үү морь малын тарга тэвээргээс авахуулаад, хувцас, хэрэглэл, үс сахал авах юм байгаагүй. Уран сайхан, дүрслэлийн хувьд бол бүр ярих ч юм биш. Тухайн үед ингэж долоон жилийн турш нэг номын зурагтай зууралдана гэж төсөөлж ч чадахгүй, сэтгэлийн тэнхээ ч хүрэхээргүй байж л дээ. Амар хялбараар нь фото зургаар аргалчихмаар санагдаад байсан хэрэг.

    Энэ бүхний сургамж нь дижитал арт буюу нью медиа арт руу орох үндэс болсон. Ингээд “Wacom” зургийн дэлгэц худалдаж аваад л үзэж тарсан. Анхны үр дүн болох “Монголы Нууц Товчоо түгээмэл эх”-ийн “Тэргүүн дэвтэр”-ийг 2014 оны наадмаар “Чингис хааны талбайд” олон нийтэд танилцуулсан.

    Номоо яагаад түгээмэл эх гэж нэрлэх болов? Бусад цувралууд хэзээ хэвлэгдэх вэ?

    Монгол үндэстэний сод бүтээл Монголын нууц товчоо дэлхий дахинд түгэж дэлгэрээсэй, дэлхийн хүмүүсийн хүртээл болж биднийг үнэн зөвөөр танин мэдээсэй гэдэг үүднээс “Түгээмэл эх” гэсэн нэр өгч, түгэн дэлгэрэхэд нь хувь нэмэр оруулахын тулд ажиллаж байна. Монголын Нууц Товчоо бол үйл явдлыг голчлон тэмдэглэж үлдээсэн зохиол. Тиймээс хүмүүсийн дүр төрх, ахуй орчин, хувцас хэрэглэлийн талаар дүрсэлсэн зүйл бага. Тийм ч учраас тухайн үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг, угсаатан ястны дүр төрхийг тодорхой зурж дүрсжүүлэх зайлшгүй шаардлага байсан. Ингэхдээ чимэг төдий биш зохиолын агуулгыг баяжуулсан бодит дүрслэлтэй зургууд хэрэгтэй. Үүний тулд судлаачдаас байнга зөвлөгөө авч, түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгасан, XIII зууны монгол ертөнцийг бүх талаас нь харуулсан бүтээл хийхийг хичээн ажиллаж байна.

    Уул нь “Дэд дэвтэр” хэвлэхэд бэлэн болчихсон байгаа. “Тэргүүн дэвтэр”-ийг нь зээлээр хэвлэчихсэн болохоор уг номоо худалдаж борлуулсан орлогоороо бусад дэвтэрээ хэвлэх боломж бий болох юм. Энэ 5-р сарын 27-нд “Дэд дэвтэр”-ийн нээлтийг хийхээр төлөвлөж байна. “Гутгаар дэвтэр” нь оны сүүлд гарчихна.

    Англи, хятад хэлээр ази, европийн улсуудад гаргахаар гэрээ хийгдсэн. Ирэх оноос нэлээд олон улсын худалдаанд гарна.

    Түгээмэл эх” бүтээл гадаад зах зээлд гарах болсон нь үнэхээр бахархалтай байна. Монгол улсаа олон улсад сурталчилах нэг чухал хөшүүрэг болж чадах болов уу?


    Тэгэлгүй яахав. Бүх л үндэстний адил монголчууд маань түүх соёлоороо бахархдаг. Тэр бахархалаа дэлхий нийтэд харуулахсан, мэдүүлэхсэн гэсэн хүсэл, хүлээлт байдгийг бид өдөр тутам мэдэрдэг. Анх энэ хүлээлтийг бага ч болов нөхөх санаагаар энэ ажлыг эхлүүлсэн юм. Бид Монголоо сурталчилъя гэвэл МНТ-гоо л сурталчилах хэрэгтэй байна. МНТ бол манай түүх соёлын нэвтэрхий толь учраас монгол орныг таниулах хамгийн тодорхой сайхан зам. Энэ бүтээлээс цаашлаад МНТ-ноос сэдэвлсэн уран сайхны кино хиймээр байна. Ном бол бас л хязгаарлагдмал түвшиний хэрэглээ. Кино бол бүх нийтийг хамарсан үзмэр учраас илүү их ач холбогдолтой.

    Төслийн үндсэн зорилго болох “Чингис хаан” анимейшн хийх шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

    Ил хэлж байгаагүй болохоос аль эртнээс санаж явсан юм. 2010 оноос эхэлж анимейшн хийе гэж адилхан хүсэл зорилготой залуучуудыг олж уулзаж санаа бодлоо хуваалцах болсон. Эхнээс яривал манай ах Р.Батсайхан “Бөртэ чонын удам” хүүхэлдэйн кинон дээр ажиллаж байсан үеэс эхэлнэ. Тэгэхэд би 7-р ангид байсан.

    Дараа нь “Азар, Базар, Тазар гурав” киног ах маань бүтэн жилийн турш зүтгэж байж хийсэн. Энэ бүхэнд нь би чадлаараа туслаад үргэлж хамт байдаг байсан. Ер нь манайх киноны гэр бүл шүү дээ. Уулзаад юм ярьвал кино руу орчихсон байдаг. Өнөөгийн монголчууд бидний хувьд дэлхийн зах зээлд гарах боломж анимейшн уран сайхны кино, баримтат кино гэсэн хоёр төрөлд л байна гэж хардаг.

    Яагаад анимейшн гэж?

    Анимейшн буюу хүүхэлдэйн киноны гол давуу тал, ид шид гэж хэлж болохоор шинж бол шашин, соёлын хил хязгаар, арьс өнгөний ялгаа зэрэг саадыг нэвтэлж чаддагт байгаа юм. Бас бидэнд байгаа боломжинд тохирно. Боломжийн төсөвтэй, ажиллах хүний нөөц байна. Ихэнхи ажлыг нь компьютерийн ард зурж ноцолдож байгаад өөрсдийн санаанд хүртлээ гүйцэтгэх боломжтой. Чингис хааны дүрийн хувьд л гэхэд хэн нэгэн жүжигчинээр төсөөлөх ямар ч боломж алга.

    Монгол залуус анимейшн кино хийхгүй байгаа шалтгаан нь юу вэ?

    Дор дороо жижиг сажиг оролдож үзээд, мөрөөдөөд явж байгаа залуус олон байна. Бүгдийнх нь зүрх сэтгэлийг татаж нэг зорилгод зангидаад, зохиол, уран сайхны шийдлээ тодорхойлоод дээр нь төсөв мөнгөө босгочихвол монгол залуус хамтдаа чадна. Гадаад дотоодын төслүүдэд оролцоод, туршлага хуримтлуулаад, ур чадвартай болсон залуус байна. Крейтив ур чадвар, сэтгэлгээ бол бид хэнээс ч дутахгүй. Гадаадаас цөөн хэдэн мэргэжилтэн урьж авчирч болно. Техник, технологи тал дээр бол шийдэх олон аргууд бий болчихсон.

    Пиксар зэрэг дэлхийн хэмжээний студиудтай бид хамтран ажиллах боломжтой юу?

    Биднийг тоох болов уу даа. Том компаниуд дээр өдөрт хэдэн мянган санал очиж байгаа шүү дээ. Харин манай засаг төсөв мөнгийг гаргаад хамтаръя гэвэл мэдээж өөр л дөө.

    Бидний хувьд бол инди маягаар, багийнхаа крейтив чадварт тулгуурлан бага зардлаар бүтээх замыг сонгож явна даа. Инди фильм, Инди рок гэж хүчтэй жанр бий болоод удаж байна.

    “Чингис хаан” анимейшн кино бүтээгдээд олон нийтэд хүрсэний дараа нийгэмд ямар өөрчлөлтүүд гарах бол? Таны төсөөлөл?

    Миний туйлын хүсэл бол монгол улс үйлдвэрлэгч орон болоход өөрийн хувь нэмрийг оруулах. Энэ кино бол үүний нэг хэсэг. Энэ кино төсөл амжилттай хэрэгжвэл бүтээлч үйлдвэрлэлийн үндэс суурь тавигдана. Монгол хүний чадал чадварт итгэх итгэл үлэмж дээшлэнэ. Өндөр технологи эзэмшиж, дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээнд бүтээж чадахыг нотолно. Монголчууд багаар ажиллаж чаддаггүй, том төслүүдийг амжуулж чадахгүй гэх мэт хөгжилд саад болж буй ойлголтуудыг няцааж таягдан хаяхад том нөлөө үзүүлнэ гэж боддог. Ингэж чадвал хүнд үйлдвэр, технологийн салбарт ч үзэл санаа, итгэл үнэмшлийн дэм өгнө биз дээ?

    Мэдээж монголчууд маань хүсэж хүлээсэн бүтээл нь хилийн чанадад гарахыг үзээд маш их бахархана байх. Өвөг дээдсээрээ, түүх соёлоороо жинхэнэ утгаараа бахархана. Энэ бол ашиг орлого болон бусад зүйлсээс илүү эрхэм, юутай ч зүйрлэмгүй үнэ цэнэ.

    Ерөөс кино хийж байгаа шалтгаан нь ном уншаад, миний зурсан зургаас олж авч чадахгүй байгаа зүйлсийг давж бүүр гүн рүү нь орж үзүүлэх зорилго байгаа. Нууц товчооны цаад нууц нь юу байна. Тэр үеийн нийгэм, соёл ахуй нь ямар байсныг бид хангалттай төсөөлж харж чадахгүй байгаа. Насаараа судласан судлаачдийн хувьд бол толгой дотор нь төсөөлөл бий болсон байдаг. Миний хувьд багагүй судалсны үр дүнд тодорхой дүрслэлүүд бий болчихоод байгаа. Үүнийгээ үзэгчидтэй хуваалцах хүсэл их байна. Ч.Далай багш маань эртний монгол соёл бол нээгдээгүй цоо шинэ ертөнц шүү гэдэг байсан. Тэр сонин сайхан ертөнцийг хүн төрөлхтөнд нээж харуулахыг хүсч байна.

    Бид Монгол хүнээ хайрлахгүй, нэгнийхээ хийсэн бүтээснийг үгүйсгэх өвчтэй, үнэт зүйлгүй, итгэл үнэмшилгүй цаг үед амьдарч байгаа юмуу даа. Энэ байдал хэрхэн өөрчлөгдөх бол?

    Ямар ч байсан алдарсан итгэл нь сэргэхэд бидний ажил асар их нөлөөтэй гэж харж байна. Жишээ нь Сумогоор төсөөлье л дөө. Аса аварга аварга болчих гээд хүч үзэж байх үед сумог монгол хүн бүр үздэг, хоорондоо аварга болж чадах болов уу, үгүй болов уу гээд л ярьдаг байсан. Тэр үеэс урагшаа эргэн санавал Кёкүшюзан дээд зиндаанд гарч ирэхээс өмнө сумо гэдэг чинь бүүр хүршгүй даваа гэж боддог байсан. Аймар том биетэй, аймаар хүчтэй хүмүүс байдаг юм байна. Монголоос хэдэн хүүхэд явсан юм гэнэ лээ, яах юм бол доо, хөөрхийс гэж ярьдаг байлаа шүү дээ. Өнөөдөр бол олон монгол залуус сумод ид хаваа гайхуулж байгааг харж байна. Яг энэ шиг өөрчлөлт гарах байх гэж боддог юм. Монголчууд далайцтай, чанартай зүйл хийж чадах юм байна, эхний ээлжинд дэлхийн хэмжээнд биш гэхэд хилийн дээс алхаж чадахуйц бүтээл хийж чадах юм байна гэсэн итгэл найдвар хамгийн түрүүнд бий болно гэдэгт итгэдэг.

    Кино урлагаас гадна улс орныхоо нийгэм соёлын хөгжилд бодитой нөлөөлж, цаашлаад бүтээлч үйлдвэрлэл болж хөгжих боломжтой урлагийн ямар салбар байна вэ?

    Тооцож үзсэн юм байхгүй болохоос уул нь зураачид, хөөмийчид, ардын урлагийнхан багагүй хэмжээны валют оруулж ирдэг. Үүнийг хөгжүүлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд соёл урлагийнхаа жаахан төсвийг зохистой зарцуулдаг зоригтой өөрчилт хиймээр санагддаг. Жишээ нь аймаг бүрт Хөгжимт драмын театр хэрэгтэй юу? Халамжийн нийгэм болчихож гээд халаглаад байгаа нь эхчүүд, хүүхдүүдийг хэлээд байгаа юм биш. Салбар бүрт үр бүтээлгүй халамжийн цалин аваад байгаа хүмүүсийг хэлж байна гэж ойлгодог.

    Урлаг хатуу хоол байх ёстой. Хээрийн хөх чоно шиг чадлаараа амьдрах нь амьдраад чадахгүй нь уурхай, барилга руу яваг.

    Жил болгон урлагийн сургуульд дэндүү олон хүүхэд элсэн ордог. Энэ хүүхдүүд өмнөх үеэсээ сургамж аваад өөр мэргэжил сонгодог болмоор байна. Ингээд байгаа жаахан төсвөө цөөн хэдэн сайн төсөл шалгаруулаад өгчихвөл сая манайд бүтээлч үйлдвэрлэл хөгжинө.

    Тэгээд дээр нь урлагийн төрлүүдээс “олимпын төрлүүд”-дээ илүү анхаармаар санагдаад байдаг юм. Олимпын төрөл гэхээр дэлхийд өрсөлдөж үнэлэгдэж чадах төрлүүдийг хэлж байна. Яруу найраг л гэхэд хилийн дээс алхдаггүй төрөл. Манайхан их ярьдаг даа “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би” гэхийг орчуулах арга алга гээд л.

    Хүч чадалтай сайн бөхчүүд кураш мурашаар хичээллэсэнээс жүдогоор явж олимпийн аварга болсон нь дээр биз дээ? Улс үндэстэнийхээ сэтгэлгээний царааг харуулж дэлхийд гарч чадах урлагийн төрлүүдээ илүү анхаарал тавьмаар санагддаг. Уран сайхны кино, уран барилга, уран баримал бол “олимпын төрлүүд”. Уран зураг гэхэд одоо олимпоос хасагдаж байх шиг байна.

    Уран баримал, уран барилгын хувьд ланд марк болж чаддагаараа онцлогтой. Нэг онцгой байшин байлаа гэхэд л тухайн газрынхаа нүүр царай болчих жишээтэй. Энэ онцлогоороо урлагийн дээд зиндааг хадгалж чадаад байх шиг байгаа юм. Манай Цонжин болдогийг гэхэд л олон оронд мэддэг болчихлоо шүү дээ.

    Хятадыг луу, улаан өнгө, торго, үйлдвэрлэгч гээд төсөөлдөг, Герман, Япон гэхээр өндөр технологи, робот гэх мэтээр дэлхий нийтэд төсөөлөгддөг үндэсний имиж байдаг. Монгол гэхээр танд юу төсөөлөгддөг вэ?

    Хөгжихийг хүсч буй улс үндэстэн өөрийн Nation branding гэдэг зүйлийг хийх ёстой юм гэдэг. Үүнийг бид одоо хийе гэвэл мэдээж түүх, соёл уламжлалдаа тулгуурлаж таарна. Бас бид дэлхийд юу борлуулахыг хүсч байна тэрийгээ тойруулж хийх ёстой байлгүй. Тэгээд бодохоор гол бүтээгдэхүүн маань уул уурхай, аялал жуулчлал хоёр болж таарч байгаа. УБ хот жилд 5 сая жуулчин авдаг болох сайхан зорилт дэвшүүлсэн байна лээ. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд жуулчдаа татах ажил хийж таарна. Тэр нь юу байх вэ? Юу хамгийн үр дүнтэй сурталчилгаа болох вэ гэхээр Шинэ Зеаланд, Хятадын жишээгээр дэлхийд гарах кино бүтээх шаардлагатай л гэж харагдаж байна. Кино бүтээл улс орнуудын аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлсэн жишээ олон байдаг. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол “Бөгжний эзэн”. Энэ киноны 3 цуврал дэлгэцэнд гарсанаас хойш Шинэ Зеаландын аялал жуулчлалын жилийн орлого 27 сая ам.долларт хүрсэн. Манайд ойрхон жишээ гэвэл Өмнөговь дах Хэрмэн цавын үргэлжлэл Өвөр Монголын нутагт Жан Эмаогийн “Hero” киноны зураг авалт хийгдсэн. Одоо тэнд аялал жуулчлал хөгжөөд хүн дүүрэн очдог болчихоод байхад яг залгаа манай Хэрмэн цав хүнгүй хоосон байж байх жишээтэй. Аватар киноны байгалийн дүрслэлийг Хятад өмнөд хэсгийн байгалаас санаа авж хийсэн гэж бүтээгчид нь хэлсэн байдаг. Одоо тэр газар нь мөн л аялал жуулчлал хөгжсөн.

    Түүхээ таниулснаар өнөөгийн Монгол улсад ямар ашигтай вэ? Бид нүүдэлчин гэдэг имиж хийснээрээ бидэнд ашигтай юу?

    Энэ асуултын хариуг өөрсдийнхөө дотроос хаймаар. Надад ямар, ямар улс сайхан санагддаг вэ? Яагаад тэр улс сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм бол гэж бодоод үзвэл түүх, соёл нь чухал нөлөө үзүүлсэнийг анзаарна. Сонин жишээ хэлэхэд хятад сургуульд орсон хүү “Ээжээ та битгий “хужаа” гэж ярьж бай л даа” гэж гуйсан байдаг юм. Хүн таньж мэдсэн зүйлээ хайрлаж хүндлэдэгийн тод жишээ энэ биш гэж үү?

    Улиг болсон түүх юунд хэрэгтэй юм, арагшаа биш урагшаа харж хөгжье гэж ярьдаг хүмүүс байдаг л даа. Аз болоход ингэж ярьдаг хүмүүс цөөхөн. Тэдний үг нийгэмд нөлөөлдөггүй. Дэлхий даяараа шимтэн үздэг NBA-г аваад үзье. Байнга л түүхээ ярина, үзүүлнэ. Тэгж байж сонирхолтой, сэтгэл татам болж байна. Манай гурван хүү энэ жилээс NBA үзэж байгаа гэхэд Карим Абдул Жабар, Ларри Бөрд тэгсэн ингэсэн гээд яриад байх нь үнэхээр гайхмаар.

    Түүх, соёлоо сурталчилах буюу тэр nation branding гэдгийг нь хийж чадвал ашиг тусыг монгол хүн бүр амьдрал дээр хүртэнэ. Үнэндээ бол монгол гэж сонсоогүй дэлхийн иргэд дэндүү олон байна. Манай тамирчдыг имэгрэшн дээр саатуулж, хориод, оронд нь дасгалжуулагчид нь дэвжээн дээр гарсан тохиолдол гарсан нь ч үүнтэй холбоотой байх.

    Харин аархал, омогшил гэдэг мунхаглалаасаа салж учир шалтгаан, үр дагаварыг нь эргэцүүлдэг ухаалаг түвшин лүү ахимаар байна даа.

    Ярилцлагыг бэлтгэсэн
    Жамсранжавын Лувсандорж (CreativeMongolia.com)
    2015 оны 5- р сарын 11

  • Археологич Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадын булш Монголд л бий

    Жак Уэтерфордын нэрэмжит 2011 оны тусгай шагнал” 1. “Гол мод -2” археологийн судалгаа

    Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатараар ахлуулсан эрдэмтэн, судлаач, багш оюутнууд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал хэмээх газар орших Гол мод нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр илрүүлэн олж, Хүннүгийн хааны булш олсноо зарласан. Архангай аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд Гол модны Хүннүгийн хаадын булштай газартай ижил нэртэй, дурсгалын хувьд ч ижил байгааг анзаарч түүхэн дурсгалтай ижил газраас ялгахын тулд “Гол мод-2” хэмээн нэрлэжээ. Археологийн судалгааны үр дүн Монгол орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн он цагийг, өмнөх судалгааны үр дүнгээс 1000-1500 жилээр урагшлуулан “Чемурчекийн соёл”, Мөнххайрханы соёл”, “Тэвшийн соёл” зэрэг монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгуудын үлдээсэн дурсгалуудыг шинээр илрүүлэн олжээ. Хүннүгийн их хааны булшны малтлага судалгааны үр дүн бол түүхэндээ анх удаа монголчууд гадны тусламжгүйгээр бие даан бүрэн цогцолбороор дагуул булш болон тахилын байгууламжийн хамт малтан шинжилсэн. Хүннүгийн их хааны булш хэмжээний хувьд ч тэр, малтлага судалгааны ажлын үргэлжилсэн цаг хугацаа, оруулсан хөрөнгө оруулалт, ажилласан хүний тоо, илрэн олдсон археологийн эд өлгийн дурсгал зэргээрээ олон дээд амжилтыг тогтоожээ

    Түүнтэй хийсэн ярилцлагаас хүргэе.
    Д.Эрдэнэбаатар: Хүннүгийн хаадын булш Монголд л бий

    “Би чамд маш сонин зүйл үзүүлье” гэж хэлэхдээ түүний нүд илт сэргэв. Шүүгээнээсээ нандигнан боосон эд гаргаж ирээд “Энэ юу вэ. Таа даа” гэлээ. “Мэдэхгүй” гэтэл алчуурыг яарангуй задалж, дотроос нь шилэн аяга гаргаж ирэв. Бидний хэрэглэдэг аяганаас ялгах аргагүй юм. Гэвч энэ нь археологич Д.Эрдэнэбаатарын хувьд хамгийн үнэтэй олдворуудынх нь нэг аж. Торгоны их зам Монгол орныг их хөлийн газар болгосон өнө эрт цагт араб, персүүдийн урласан шилэн аягыг тэрбээр олжээ. Үүнийгээ “Дэлхийд шуугиулах ховор олдвор” хэмээсэн археологич, профессор Д.Эрдэнэбаатар бидэнд сонирхолтой зүйл олныг дэлгэсэн юм.

    -Зорилго нэгт нөхөд тань таныг “Хүрэл зэвсэг, Хүннү судлаач” хэмээдэг юм билээ. Хүннүчүүд ер нь хаанаас ирсэн хүмүүс вэ?

    -Шинжлэх ухаанд хоёр янзын таамаглал байдаг. Эхнийх нь хүннүчүүдийг Ордосоос нүүдэллэн ирсэн. Харин дараагийнх нь “Хүннүчүүд угаас Монгол нутагт аж төрж байсан уугуул ард түмэн” гэсэн санал юм. Судлаачийн хувьд би хүннүчүүдийг Ордосоос хойш чиглэн нүүдэллэж, Монголд ирсэн гэдгийг байж болох хувилбар юм болов уу гэж боддог. Хэдийгээр Ордос Хятадын нутагт оршдог боловч тухайн цагтаа нэг л бүс нутаг байсан. Тэгээд ч улс төр, эдийн засгийн гол төв нь Монгол байсан гэдэгтэй маргах аргагүй. Үүнийг нотлох зүйл олон бий. Хүннүгийн үеийн язгууртнуудын булшны дийлэнх нь манай улсын нутаг дэвсгэрт байдаг. Цөөн хэсэг нь ОХУ-ын Буриадын нутагт байгаа. Гэхдээ энэ бол “Монголын хилээс гадна” гэсэн үг биш. Тухайн үед Хүннүгийн газар нутаг Байгаль нуурын хойд хэсэг хүртэл үргэлжилж байсан. Тиймээс хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс яах аргагүй мөн.

    -Судалгааны явцад зарим зүйл нь илт зөрчилдөж, сэтгэлийг тань гонсойлгосон зүйл байдаг уу. Аж байдлын хувьд биднээс огт өөр соёл, заншилтай байсан бол яана?
    -Тийм зүйл байхгүй. Хүннүчүүд бидний өвөг байсныг нотлох маш олон зүйл бий. Тэд мал аж ахуйг голлон эрхэлдэг байсан. Үүнээс улбаалж, тэдний ахуй амьдралаа хөтөлж байгаа нь өдгөөгийн монголчуудынхтай үндсэндээ ижил юм. Би олон баримтаар нотолж чадна шүү. Хүннүгийн түүхийг бид эртний Хятадын түүхэн сурвалжийн мэдээ, Монгол нутагт малтан шинжилж буй археологийн дурсгалууд дээр тулгуурлан судалдаг. Энгийн жишээ хэлье л дээ. Хятадын түүхэн сурвалжуудад “Умардын нүүдэлчид мал шигээ бүдүүлэг. Тэд өвсний соргог, усны тунгалгийг даган нүүдэллэнэ. Чингэхдээ малынхаа арьсыг гадагш нь харуулж өмсөөд явдаг” гэж өгүүлсэн байдаг.

    -Үнэхээр тийм байсан юм уу?

    -Нэг соёлыг нөгөө өнцгөөс харж байгаа нь тэр л дээ. Үстэй дээлтэй хүнийг малынхаа арьсыг нөмөрчихсөн явж байна гэсэн л санаа юм. Өнөөгийн монголчууд хонь, ямааныхаа арьсыг хэрхэн элдэж, дах, дэгтийгээ хийж өмсдөг билээ дээ. Энэ соёлыг ойлгохгүй хүн бол “Малынхаа арьсыг нөмөрчихөж” л гэж хэлнэ. Бид ч ялгаагүй. Хятадын газар тариалан эрхлэх соёлыг ойлгохгүй байж “Хятадууд газар ухахаас өөрийг мэдэхгүй” гэж муулбал ард түмнийг нь доромжилсон хэрэг болно. Үүнтэй адил эртний Хятадын сурвалж бичигт муучилж, ойлгохгүй зүйлээ гайхаж бичжээ.

    -Яагаад гайхсан гэж?

    -“Хүннүчүүдийн дуулах нь чоно улих мэт” гэсэн байгаа юм. Үнэхээр ч нүүдэлчдийн соёлыг ойлгохгүй хүнд чоно ульсан мэт сонсогдож магадгүй. Гэтэл бидний ахуй амьдралд хамгийн түгээмэл байдаг уртын дууны өнгө аяс тэр үед байсан л байна. Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт малтсан булшнаас Хүннүгийн үед ясаар хийсэн хэл хуур олдсон. Хөгжмийн зэмсэг, нүүдлийн мал аж ахуйн тухай өөр олон баримтыг хэлж болно. Хамгийн сүүлд олдсон баримтынхаа тухай ярья л даа. Чингис хаан Хятадын их сэтгэгч Чан Чунь бумбатай уулзсан дурсамжийн тухай шавь нарынх нь бичсэн номыг Хятадад хэвлүүлсэн байдаг. Хоёр эрхмийн ярианд дурьдагдсан нэгэн мэдээ бий. Чингис хаан “Бид их Хүннүгийн шанью нарынхаа угсаа соёлыг залгамжилсан улс шүү” гэж Чан Чунь бумбад хэлжээ. Түүх соёлын улбаа заавал байдгийн тодорхой жишээ энэ. Чингис тэгж хэлж байна гэдэг бол хүннүчүүд монголчуудтай угсаа гарлын хувьд салшгүй холбоотой гэдгийг илтгэх баримт юм.

    -Модун шанью, Чингис хоёрын төр улсаа захирах арга барил ижил байв уу. Ер нь Модун шаньютай холбоотой эд өлгийн зүйлс олддог уу?
    -Археологийн судалгааны баримтаар “Модун шаньюгийн эд зүйл, баримт” гээд үзүүлчих юм үнэндээ алга. Түүхийн эх сурвалжийн мэдээг уншихад Модун шанью, Чингис хаан хоёрт ижил төстэй шинж олон байсан. Тухайлбал, Модун шаньюг “Эцгийгээ хөнөөж, хаан ширээнд суусан” гэж Хятадын сурвалж бичигт бичсэн байдаг. Модун шанью нэг талаар харгис хэрцгий мэт харагдаж байгаа ч сул дорой эцгээ төр барих чадваргүйг мэдсэн учраас ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн байх. Чингис хаан ч гэсэн гол өрсөлдөгч болох Бэгтэрийг харваж хөнөөдөг. Уг нь тэр хоёр нэг эцэг, хоёр эхтэй ах, дүү хоёр шүү дээ. Уламжлалаараа бол ахмад хөвгүүн нь хаан ширээнд суудаг учраас Бэгтэр Чингисийн өрсөлдөгч байсан. “Монголын нууц товчоо”-нд дүрсэлснээр хоёр хүүхдийн хоорондох асуудал шиг харагдавч ирээдүйд хэн нь хаан ширээнд суух вэ гэдэг л тэмцэл юм. Үүнийг хүмүүс харгис хэрцгий юм шиг ойлгодог. Хэн хамгийн хүчтэй удирдагч байх вэ гэдгээ мэдэрч байна гэдэг нь агуу хүмүүсийн чанар.

    -Хүннүчүүд аль овог, аймгийнхантай найрамдаж, алинтай нь дайсагналцдаг байсан бол?
    -Хятадын сурвалж бичигт Дунху, Хун зэрэг олон овог, аймгийн тухай бичсэн байдаг. Хэдийгээр өөр, өөрөөр бичсэн боловч эдгээр нь Монгол нутагт байсан овог, аймгууд юм. Тэр үед 24 аймгийн холбоо байсан бөгөөд нэгнийгээ шанью болгон өргөмжилдөг байсан. Овог, аймгийн ноёдын зөвлөлгөөнөөс нэгнээ ийн сонгодог хэрэг л дээ. Харин Модун шанью эцгийгээ харваж хөнөөгөөд хаан ширээнд сууснаас хойш угсаа залгамжилдаг болсон. Шанью нарын угсаа залгамжилдаг овгийн тотем нь чоно. Чингис хааны угсаа залгамжилсан овог нь ч Бөртэ чоно. Тэгэхээр хоорондоо холбоотой байгаа биз. Хэдийгээр 1000 гаруй жилийн зайтай оршин тогтноцгоосон ч угсаа залгамжилсан овог, аймгууд байжээ гэдэг нь харагддаг. Гэхдээ бусад нутагт Хүннүгийн язгууртнуудын булш байна уу, үгүй юү. Байвал хаана байна вэ. Казахстан, Тува, Киргизэд “Хүннүчүүд бидний өвөг дээдэс” гэж бичдэг. Тийм л юм бол тэр үеийн хаадын булш хаана байгаа юм бэ.

    -Хүннүчүүд хэдүүлээ байв. Тэд бидэнтэй орчин цагийн монгол хэлээр “ойлголцох” болов уу?
    -Унгар, Хятадын судлаачид “Хүннүгийн хэл бол өвөг монгол хэл байсан” хэмээн түүхэн баримтад түшиглэн хэлсэн. Өвөрмонголын профессор Учралт Хятадын түүхэн сурвалжид дурьдсан хятад галигаар бичсэн монгол үгсийг сэргээгээд “17 үг байна” гэж Монголд саяхан болсон хурлын үеэр илтгэлдээ дурьдлаа.

    -Ямар, ямар үгс байх юм?

    -Хөх тэнгэр, чоно, малгай, дээл гэх мэт олон үг байсан. Тухайн үед хятадууд хүннүчүүдийг тэгж хэлэхийг сонсоод хятад хэлнээ галиглахдаа буруу биччихсэн байгаа юм. Түүнийг л залруулж, монгол үг болохыг нь тогтоосон. Харамсалтай нь Хүннү улсын хүн ам хэчнээн байсан бэ гэдгийг тогтооход хэцүү. Бид Эгийн голд 100 гаруй булш малтсан юм. Тэдгээрийг хэдэн жил болсныг тогтооход “100 гаруй жил” гэсэн дүгнэлт гарсан. Зөвхөн нэг голын савд шүү дээ. Өөр газруудад ч тийм булш бий. Гэхдээ тэр үед хэчнээн хүн амтай байсныг тодорхойлох бололцоо их муу. Хэрэв хүннүчүүд хэдүүлээ байсныг тогтооё гэвэл Монголд байгаа бүх булшийг тоолох хэрэгтэй. Тэгж байж багцааг нь гаргана.

    -Олон улсын эрдэмтэд ДНК-ийн шинжилгээ хийж, хүннүчүүдийг “Монголчуудын өвөг” гэдгийг баталсан гэдэг. Та энэ тухай сонссон уу?
    -Тийм ээ, үнэн. Монголын төв хэсгээс олдсон олдворуудад хийсэн ДНК-ийн судалгаа, өдгөөгийн амьдарч буй хүмүүсийн ДНК ижилхэн байна гэдгийг 1990-ээд оны эхээр доктор Батсуурь нотолсон. Түүнээс хойш ч гэсэн харьцуулсан судалгаа хийж, улам баталгаажуулж байна. Хүннүчүүдийн оршуулах ёс заншил гэдэг нь монголчуудтай холбох нэг сэжим юм. Өнөөгийн монголчууд талийгаачийг оршуулахдаа уулын энгэрт хойд зүгт хандуулан тавьдаг. Эд өлгийн зүйлсийг нь дагалдуулан хийдэг шүү дээ. Энэхүү зан үйл эртний Хүннүгээс эхтэй.

    -Эрт цагт хөшөө дурсгалдаа зос түрхдэг байсан нь ямар учиртай юм бол?
    -Улаан зос хэмээх байгалийн шороон будгийг оршуулгийн зан үйлд ашигладаг байсан. Үүгээр нь өвөг монголчууд гэдгийг нотолдог. Дээл, хувцас, гутал байна. Энэ бүхэн 2000 жилийн тэртээгээс өдгөөг хүртэл хувьсч өөрчлөгдөлгүй уламжилж ирсэн. Ялангуяа XIII зууны үед өмсч байсан монгол дээл Хүннүгийн үеийнхтэй хийц загвар нь яг адилхан. Тиймээс “Хүннү бидний өвөг дээдэс” гэж бодох, бас эргэлзэх хэрэггүй юм. Монгол нутгаас олдсон Гол мод I, II хэмээх алдартай газрууд бий. Манай улсад Хүннүгийн үеийн хаадын булш байгааг гэрчлэх тодорхой баримт бол энэ. Танд үзүүлж буй зураг бол тэр үеийн язгууртны булш. Нийт 200 гаруй булш байгаагийн хамгийн том нь л доо. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших уг булш уртаашаа 80, өргөөшөө 42 метр. Нийт 30 иргэний булшийг дагалдуулж тавьсан онцлогтой. Хаад, язгууртныг дагалдуулж, хүн, адуугаар тайлга тахилга хийдэг ёс Чингис хааны үе хүртэл үргэлжилсэн. Монголчууд “Дэр авч үхнэ” гэж ярьдаг. Хүнээр дэр тавьж үхнэ гэх тайлга тахилга л уламжилж байгаа нь тэр юм.

    -Булшинд тухайн хүмүүсийн зэрэг зиндаа, байр суурийг илтгэх ул мөр байдаг уу?
    -Эрт цагийн оршуулгын бүхий л зан үйлээр тухайн хүний зэрэг зиндааг байнга илтгэдэг байсан. Одоо ч мөн адил. Эртний язгууртнуудын булш хэмжээ, хэлбэр том, жирийн хүмүүсийнх бага байдаг. Дагалдуулсан эд өлгийн зүйлс нь ч ялгаатай. Зэрэг зиндаа хамаарахгүйгээр аль ч булшинд байдаг олдвор бол ханан хээ юм. Чулуун авс байлаа гэхэд дээр нь энэхүү дүрсийг сийлнэ. Модон авсны гадуур төмөр, алт, зэс, хусны үйсээр ханан хээг дүрсэлдэг байсан. Манайхны “Ханан гэрт төрж, хадан гэрт очно” гэдгийн нотолгоо юм. Үгээгүй ядуусыг хадны ангалд оршуулдаг байж. Энэ нь дээрх хэлц үгний утга санааг илэрхийлж байгаа хэрэг. Буган чулуун хөшөө бол хүн. Нүүр, дээл, зэр зэвсэг зэрэг бүх юм байна. Түүнийг ямагт зүүн тийш хандуулж тавьдаг. Наран мандах зүг гэдэг нь хүрэл зэвсгийн үеэс авахуулаад өдгөөгийн монголчууд хүртэл тасралтгүй үргэлжилж буй уламжлал юм. Нар, сарны бэлгэдэл дээр гал нэмэгддэг. Ертөнцийн энэхүү гурван бэлгэдэл нь өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн үг.

    -Д.Эрдэнэбаатар гэдэг зохиогчтой түүхийн номнууд бишгүй бий. Бидний ярилцлагыг уншиж буй хүмүүс “Энэ ер нь хэн гээч вэ” хэмээн сонирхож магадгүй. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
    -Археологийн шинжлэх ухааныг шимтэн судлаад 25 жил болж байна. Профессор Д.Наваан, Н.Сэр-Оджав, академич Д.Дорж багшийн шавь. Тэднийхээ зааж сургасан эрдэм, түүх, соёлоо дээдлэх уламжлалыг үргэлжлүүлж явна. Би таван ном бүтээсэн. “Монгол нутаг дахь дөрвөлжин булш, хиргисүүрийн соёл”, “Монгол Алтайн хүн чулуун хөшөө”, “Эртний металлург боловсруулалтын түүх” зэргийг бие даан бичлээ. Бусдыг нь хүмүүстэй хамтран бүтээсэн. Монголын түүхийн I ботийг бүтээхэд хүрлийн үеийн тухай бичилцсэн ийм л нэгэн археологич.

    -Багш нар тань мөн л хүрэл зэвсэг, Хүннүгийн үеийг судалж байв уу?
    -Миний багш Д.Наваан гэж алдартай профессор байсан. Тэрбээр хүрэл зэвсгийн үеийг судалдаг байлаа. Өнгөрсөн намар бурхан болсон доо. Багш маань намайг оюутан байхад дагалдангаар ажиллуулж байв. Дараа нь би хүрээлэнгийн ажилтан болж, хүрэл дуулга олчихоод багшдаа “Дөрвөлжин булшнаас хүрэл дуулга оллоо” гэхэд “Битгий худал ярь. Би 44 жил би малтаад олоогүй” хэмээн гайхаж байсан. Гэхдээ өөрийн гар дээр тавьж үзээд итгэсэн. Тэрхүү хүрэл дуулгыг би нэг бус, хоёр ч удаа олж билээ. Эхнийхийг нь олчихоод дараа жил нь олоход өвгөн багш минь “Миний хүү гараад л хүрэл дуулга олоод ирдэг болж дээ” гэж урамшуулж байсан. Ер нь би яагаад хүрэл зэвсэг, Хүннүг хамтад нь судалж байна вэ гэвэл Монголын түүх тасарч болохгүй. Хүрэл зэвсгийн үеийг залгамжилж гарч ирсэн овог, аймаг нь яах аргагүй Хүннү. Тийм учраас үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна. Ерээд оноос хойш Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын нутагт Хүннүгийн булшийг малтах ажлаа эхэлсэн. Хүрлийн үеэ ч энэ далимд судлан шинжилсээр байгаа.

    -Археологичид ер сонин хүмүүс шүү. “Дөрвөлжин булш, буган хөшөө тэнд байна” гэж яаж олж очдог хэрэг вэ?
    -Тэр бол нэг их далд байдаггүй, харин ч нүдэнд ил байдаг юм. Монгол орны нэг гайхамшиг нь хүрлийн үе болон Хүннүгийн булш газрын хөрсөн дээр ил харагддаг. Тэдгээрийг хайх нь нэг их түвэгтэй биш. Дотроос нь “Бидний өвөг дээдсийн соёл мөн байна” гэдгийг нотлох эд өлгийн дурсгал олох л чухал. Гэвч ихэнх нь тухайн цагтаа тоногдчихсон байх аюултай боловч баталгаа болгох зүйл зөндөө олддог. Би ганцхан жишээ үзүүлье. Энэ бол Хүннүгийн үеийн булшнаас гарсан тамгатай шагай. Голынх нь наран тамга, бусад нь дэгрэй, сэрээ тамга. Наран тамга бол Чингис хааны тамга. Дэгрэй тамга нь Өгөөдэй хааных, сэрээ нь Мөнхийн удмын тамга юм. Эдгээр нь тэдний үед гаргасан зоос, мөнгөн тэмдэгтүүд дээр байдаг. Дээр дурьдсанчлан Чингис хааны хэлсэн үг батлагдаж буй нэг баримт бол энэ. Бид бичсэн түүх байхгүй ч газрын хөрсөн дээр, бас доор үлдээчихсэн агуу их түүхтэй.

    -Олон жилийн туршид цөхрөлтгүй хайсан олдвор танд бий юү. Түүнийгээ олов уу?
    -Би бусад хүнийг бодвол мөрөөдөлдөө хүрсэн. Хүүхэд ахуйгаасаа л археологич болохыг мөрөөддөг байлаа. Дунд сургуульд байхад түүхийн хичээлийн сурах бичигт “Ноён уулыг малтаж буй нь” хэмээх тайлбартай зураг нийтлэгддэг байсан. Тэрхүү зурагт хэдэн хүн тойроод суучихсан байхыг хараад “Ийм л болох сон” гэж бодсоор археологич болсон л доо. Монгол түүх, соёлоо хэн ч маргахын аргагүйгээр “Бидний өв соёл энэ шүү” гэдгийг дэлхий нийтэд ойлгуулчих юмсан гэсэн хүсэл минь ханахгүй л явна.

    -Гол багаж тань юу вэ?
    -Багс, хутга. Зарим хүн булшийг хүрз, жоотуугаар ухчихдаг юм шиг ярьдаг. Тийм биш. Жижиг багажаар өвстэй хөрс, шороог цэвэрлэж, зөөх гэх мэтээр чимхлүүр нарийн ажил хийдэг учраас цаг их шаардана. Үнэндээ залхуу хүн хийхээр ажил биш л дээ.

    -“Ямар хачирхалтай олдвор вэ” гэж гайхаж явсан үеэ дурсаач?
    -Их сургуулиа төгсч, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ажиллан анхны экспедицэд гарч, олсон олдвор маань хүрэл морь. Олзтой, хийморьтой яваа минь хүрэл морьтой холбоотой гэж бэлгэшээж явдаг. Хүннүгийн үеийн булшнаас бэхийн чулуун янтай олсон. Өөрийн олсон гайхамшигт олдворуудаа дурьдвал нэлээд их юм болно. Олдворууд маань дэлхий дахинд Монгол Улсын түүхийг өгүүлэн үнэт үзмэр болон танигдаж байна. Мэдээж, тэнд “Д.Эрдэнэбаатар үүнийг олсон юм” гэсэн үг байхгүй л дээ. “Монголын тэр аймгийн тийм нутгаас олдсон” хэмээн танилцуулж байгаад нь би бахархдаг.

    -Та одоогоос 4000-2500 жилийн өмнөх түүхийн үнэнийг эрэлхийлж яваа. Гэвч тэр цагаас хойш өчнөөн олон удаа үймээн самуун, цөвүүн цаг тохиож байсан. Эд өлгийн зүйлсийг хэр гэмтээж, хөндсөн байна вэ?
    -Амьдралынхаа туршид 200 гаруй булш шинжилж үзэхэд 4-5-хан л бүтэн булш таарсан. Ихэнх нь тоногдсон байлаа. Тухайн цагтаа тоногдсон хэрэг шүү дээ. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Монгол гэх мэтээр дараалан байгуулагдсан улсуудын нэг нь нөгөөгийнхөө дурсгалыг устгадаг байсан гашуун түүх бий. Үүнийг хэнээс ч нуух аргагүй. Гэвч тэдгээрээс үлдсэн нь бидэнд өнгөрсөн үеийнхнийхээ тухай мэдэхэд хангалттай баримт болдог. Хүннүгийн хаадын булшийг Сяньби буюу Хятадын сурвалжид бичсэнээр Дунху нар толгой дараалан тоносон байдаг. Монголд нэгэн эвгүй үг бий. “Ясыг нь өндөлзүүлнэ” гэж. Амьдад нь хүчирхийлж дийлэхгүй учраас үхсэнийх нь дараа булшин дээр нь очиж хонзонгоо авдаг муухай заншил байсан хэрэг. Нэг ёсондоо гутаан доромжилж байгаа юм.

    -Хадны сүг зураг дээрх элдэв дүрс нь тухайн овог, аймгийн нэрийн хуудас” гэлээ. Хүннү, Сяньби, Жужаны “нэрийн хуудас” ямар утга санааг илэрхийлдэг вэ?
    -Хадны сүг зургуудийг чулуун, хүрэл, эртний улсуудын ба Монголын үеийнх гэж ангилдаг. Тэдгээр нь тухайн цагт амьдарч байсан хүмүүсийн гарын үсэг юм. Тэдгээрийг аль үед хийсэн бэ гэдгийг хараад ялгах боломжтой. Харамсалтай нь Хүннү, Сяньби, Жужаны үеийнх гэж ялгачихаар сүг зураг хангалттай олдоогүй. Хүннүгийн үеийн хадны сүг зургууд бол байна. Зургийн хөдөлгөөн, дүрсээрээ бусдаасаа ялгаатай. Тэдгээрт хүний амьдралын бүх үйл явдлыг дүрсэлсэн. Дайн, тулалдаан, бүжиг, наадам, оршуулгын зан үйл, ан гөрөө гэх мэт нь бидний түүхэн эх сурвалж.

    -Энэхүү эротик дурсгалыг хаанаас олсон билээ?
    -Өвөрмонголын Улаанхад хошууны нутгаас олдсон юм. Дэлхий даяар шуугиан тарьж байна л даа.

    -Аль үед хамаарах вэ?

    -8000-5000 жилийн өмнөх үеийнх. Шинэ чулуун зэвсгийн үеийн соёлын илэрхийлэл болсон энэхүү олдвороороо Хятадын археологичид дэлхийг шуугиулж байна. Гэхдээ Өвөрмонголын нутаг сүүлд л Хятадад хамаарсан болохоос хэрэг дээрээ Монголын нутаг байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын урд талын хошуу шүү дээ. Хувь заяаны эрхээр манай улсын хилийн цаана үлдсэн ийм л дурсгал. Агуу дурсгал үлдээж байгаа улс бүдүүлэг байна гэдгийг би тэвчдэггүй. Олон хүн хэлдэг. “Умардын нүүдэлчид бүдүүлэг. Тэд соёлгүй” гэж. Гэтэл Монгол нутагт бүтээн босгосон буган хөшөө, хадны сүг зурагнууд зэрэг урлагийн гайхамшигт дурсгалыг үзсэн хүмүүс хэзээ ч “Бүдүүлэг” гэж хэлдэггүй.

    -Хүн чулуу, буган хөшөө, хиргисүүр зэрэг нь түүхчид, археологичдын оноосон нэр үү?
    -Уламжилж ирсэн нэр ч бий. Бидний өгсөн нь ч байгаа. Хүн чулуу, хиргисүүр гэдэг нь уламжлалт нэр. Манай ахмад судлаачид хиргисүүрийг “Киргизийн хүү” хэмээх үг сунжраад хиргисүүр болсон юм гэнэ лээ” гэдэг. Хэдий тийм боловч цаг хугацааны хувьд энэ нэр томъёо таарахгүй. Монголчуудын хиргисүүр гэж нэрлэсэн дурсгал нь 4000-5000 жилийн өмнөх олдвор юм. Тэгэхээр Киргизийн хаант улстай ямар ч холбоогүй гэсэн үг.

    -Та түүхийн өөр цаг үеийг судлах сан гэж боддог уу?
    -Монголын археологичид бид цөөхүүлээ. Саяхныг болтол гарын арван хуруунд багтдаг байсан бол одоо 20-30 болсон. Гадаадын зарим судлаач намайг “Чи хүрэл судлаач юм уу. Хүннү, бас Монгол судлаач уу” гэж гайхдаг. Яагаад гэвэл, бид эх нутгаараа явахдаа замд таарсан дурсгал болгоныг шинжилж байна. “Энэ нь миний сэдвээс өөр. Үзэхгүй” гэж хэзээ ч хэлдэггүй. Таарсан олдворуудаа шинжлэх ухааны үүднээс судалж, тэр тухайгаа хэвлэн нийтлүүлдэг учраас гадаадынхан намайг тоглоом шоглоомоор цаашлуулдаг. Харин гадаадад нэг хүн нэг сэдвээ барьж, нарийвчлан судалдаг юм билээ. Манайд ийм бололцоо алга.

    -Таны ярианаас “Монгол археологичид дэлхийд эх орныхоо түүхийг өгүүлдэг” гэж ойлгож болох юм?
    -Үнэн. Археологичдын судалгааны үр дүнг 1990 он хүртэл зөвхөн Орос, Монголын хүрээнд ашигладаг байсан. Гэвч нээлттэй нийгмийн тогтолцоонд шилжмэгц дэлхийн бүх судлаач манай улсад анхаарал хандууллаа. Социализмын үед Монгол тэдний хувьд хаалттай бүс байсан. Манай улсад жил бүр археологийн 20 гаруй хамтарсан экспедиц ажиллаж байна гээд бод доо. Эндээс өргөн хэмжээний судалгаа хийдэг гэдгийг ойлгох байх.

    -Эвгүй асуулт ч байж мэднэ. Сэтгэлийнхээ мухарт “Олчих юмсан” гэж бодож явсан зүйлээ хэзээ нэгэн цагт олбол эрлээ зогсооно” гэсэн бодол танд төрдөг үү?
    -Ер нь хайгаад олчих юмсан гэх зүйл маш олон байна.

    -Тухайлбал?

    -Хүннүгийн бичиг үсэг, ном судрыг олох сон гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Түүнээс биш судалгаагаа зогсоох тухай огт боддоггүй. Хүн амьсгалж, амьдарч л байгаа бол ажиллах хэрэгтэй. Насны хязгаараар улс намайг тэтгэвэрт гаргах л байх. Гэхдээ миний багш нар өтөл нас хүртлээ ажлаа хийж байсан учраас би амьсгал хураатлаа судалгаагаа хийнэ.

    -Та бүхнийг “Түүхч, геологичдоос тэс өөр ажилтай хүмүүс” гэж бодлоо. Санал нийлж байна уу?
    -Тийм ээ. Амьдралын минь ихэнх хугацаа хөдөө хээр өнгөрдөг. Өвөл, намрын улирлыг номын санд өнгөрүүлнэ. Эхнэр маань надад “Чи жилийн хэд хоногт гэртээ байдгаа мэдэж байна уу” хэмээн гомдоллосон удаатай. Бодоод үзсэн чинь жилийн 365 хоногийн 225-д нь би хээрийн судалгаа хийж, гадаад руу хурал, семинарт явж байсан байна. Гэхдээ судалгааг гэр, хөдөө хээр, анги танхимдаа ч хийнэ шүү дээ. Төрийн албан хаагчид оройн 18 цагт ажлаасаа тардаг бол бид тэгдэггүй. Оройн 22 цаг хүртэл ажил дээрээ сууна. Гэртээ очсон ч тэр. “Түүний баримтыг олчих сон. Хэн судалсан бол” гээд л юу ч гээгээгүй мөртлөө хайдаг хүмүүс гэж биднийг шоглодог юм. Археологичид гэж ийм л зовлонтой улс даа.


    С.ТУЛГА

    Эх сурвалж http://www.info.mn
    http://monarcheo.blogspot.com/2010/07/blog-post.html



    Д.Эрдэнэбаатар: Голомт дээр нь суучихаад Хүннү гүрнийхээ ойг тэмдэглэхгүй байж болох уу


    -Хүннү судлаачид манайд хэр олон байдаг юм бэ. Та бүхэн Хүннү гүрний ойг тэмдэглэх ёстойг хэдийнээс ярьж эхэлсэн бэ. Ирэх жил тэмдэглэх учиртай юм бол үнэндээ оройтож байна даа?

    -Ер нь Хүннү гүрэн байгуулагдсан түүхэн ойг тэмдэглэх тухай, бүр 1970-1980 оноос суд­лаачид ярьдаг байсан. Тухайн үед хэт их үзэл сурталжсан үе байсан учраас хүлээж аваагүй байх. Харин 1991 онд манай алдарт түүхч Г.Сүхбаатарын санаачилгаар 2200 жилийн ойг тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж байсан юм. Уг нь тэр уламжлалаа барьсан бол төр бусдаар хэлүүлэлтгүйгээр ирэх онд 2220 жилийнх нь ойг тэмдэглэж байх учиртай. Монголд өнөөдөр хүннү судлалаар ажиллаж байгаа маш олон эрдэмтэн байна. Дэлхий дахинд ч ялгаагүй. Орос, АНУ, Солонгос, Хятад, Унгар гээд хүннү судлалаар дагнасан олон эрдэмтэд, янз бүрийн төвшинд судалж байна. Аль ч орон өөрийнхөө төр, улсын түүхийг цаашлуулах сонирхолтой байдаг. Гэтэл манайд эсрэгээр. Төр улсынхаа түүхийг наашлуулах гээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байна. Түүнээс өмнө Монголын төр улс байсан шүү дээ. Дэлхий дахинд Хүннүг монголчуудын өвөг дээдэс биш гэсэн шинжлэх ухааны үзэл бий. Бид албан ёсныхоо бүхий л эх сурвалж дээр Хүннү бидний өвөг дээдэс мөн гэж бичсэн байгаа. Нэг ёсондоо бид тогоон дотроо л ингэж ярьж, бичиж байна шүү дээ. Одоо бид Хүн­нү бол монголчуудын өвөг дээ­дэс яах аргагүй мөн гэсэн нотолгоог дэлхий дахинд гаргаж өгөх ёстой байгаа юм. Грек, Ром, Хятадын соёл иргэншил гэж ярьдагтай нэгэн адил нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл 4000-5000 жилийн өмнө монгол нутагт байсан шүү гэдгийг дэлхий дахинд ойлгуулах зайлшгүй шаардлагатай. Тэр утгаар нь Хүннүгиин ойд анхаарал тавихгүй бол болохгүй гэж яриад байгаа юм.


    -Хүннүчүүд бол яах аргагүй бидний өвөг дээдэс мөн гэж байна. Гэхдээ үүнийг батлах биет болоод бичгийн эх сурвалж хэр олон байдаг юм бэ?

    -Монгол орноос олдсон Хүннүгиин археологийн дурсгалуудаас харахад тэр агуу их соёлыг бүтээсэн ард түмний ул мөр маш тодорхой байгаа юм. Наад зах нь, хүрэл-төмрийн хүдрийг өөрийнхөө санасан хэмжээгээрээ боловсруулан хэрэглэж, аж ахуйн эд хэрэглэл, зэр зэвсэг, гоёл чимэглэл хийж байсан. Хоёрдугаарт, аж ахуйн гол үндэс суурь нь мал аж ахуй байсан. Дэлхий нийтээр байгапь, экологийн сүйрэл болж байгаа өнөө цагт нүүдлийн соёл иргэншил нь байгальд хамгийн хор хенөөл багатай аж ахуйн хэлбэр байж гэдгийг ойлгоҗ эхлээд байна. Түүнийг бүтээгч нь хэн бэ гээд эргэж харахад нөгөө Монгол нутаг дахь Төв Азийн эртний нүүдэлчин ард түмэн болж таарч байгаа байхгүй юу. Одоо үнэндээ нүүдэлчний соёл иргэншлээ хадгалж байгаа орон, манайхаас өер алга. Энэ бол Хүннү, Сяньбигийн үе, түүнээс ч өмнө эхэлсэн нүүдэлчний соёл. Өнөөдер дэлхий даяараа хүннүчүүд агуу их соёл бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гагцхүү түүний залгамж халаа хэн бэ гэдэгт л маргалдаад байгаа юм. Хүннү бол бидний өвөг дээдэс мөн гэдгийг батлах нэг жишээг дурдъя. Одоогийн Монгол нутаг дахь хүннүтэй холбоотой археологийн дурсгалуудыг бүртгээдүзэхэд, Монгол нутагт маш их нягтаршилтай байрлаж байгаа. Бидний өвөг дээдэс гэж өөрсдийнхөө түүхэнд хамааруулах гэж үзээд байгаа тэр хүмүүст бид асуулга тавьж болно. “Хүннү нар танай өвөг дээдэс мөн юм бол үлдээсэн түүх-археологийн дурсгал нь хаана байна” гэж.

    Ганц нэг хүннү цэргийн булш гаднын нутаг дэвсгэрт байж болно. Харин Монголд байгаа Хүннүгийн язгууртнуудын болоод жирийн иргэдийн булш, хот суурингийн үлдэц энд Хүннүгийн төр улс төвлөрч байсныг илтгэх маш тодорхой баримт юм. ОХУ-ын нутагт хоёр, гурван газар язгууртны болон жирийн иргэдийн булш бий. Одоогийн ОХУ-ын Буриад улсын нутаг тухайн үеийн Хүннүгийн нутаг дэвсгэр байсныг олон түүх гэрчилнә. Хамгийн гол нь Хүннүгийн түүх дурс-галын нягтаршил нь одоогийн Монголын гол төв гэдгийг батлаад байхад бид зүгээр сууж болохгүй. Хүннү бидний өвег дээдэс гэдгийг батлах олон баримт энд хэлж болно. Бас нэг жишээ дурдахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Тол мод-2 гэдэг газар Хүннүгийн язгууртны булшийг илрүүлж олсон юм. Энэ бол Евроазид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бүхий газар. Энд 200 гаруй язгууртны болон жирийн иргэдийн дагалдах булш бий. Үүнээс 30 дагуул булш бүхий нэгдүгээр булшийг малтан шинжлэх явцад гуравдугаар дагуул булшнаас хүүхдийн оршуулга олсон юм. Энэ оршуулгын зан үйлд дагал-дуулжтавьсан 200 гаруй шагай олдсон. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байсан. Тэр шагайн дээрх наран тамга нь хожмын Чингис хааны тамга, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамга, дэгрээ тамга нь Өгөөдэйн удам угсааны тамга. Тамга гэдэг зүйл санаандгүй зүйл биш. Түүх үргэлжилдгийн баталгаа. “Чингис хаан Чанчун бумба гэж Хятадын гүн ухаантантай уулзсан тэмдэглэл” хэмээх Хятадын түүхэн сур­валж байдаг. Тэр сурвалжид Чингис хаан “Бид агуу их Шаньюй хааны түүх, уламжлалыг авч яваа” гэдгээ нотолсон байдаг. Дуу, хуур, бөхийн барилдаан гээд бидний соёлын эхлэл Хүннү гүрэнд байсан. Түүний нэг баталгаа ньхүрлээр хийсэн бөх барилдаж буй хоёр хүний дүрстэй, бүсний арал, Хятадын түүхийн эх сурвалжид “Хүннү нарын дуулах нь чоно улих мэт” гэж доорд үзән бичсэн нь бий. Бодоход тэр нь уртын дуу байх л даа.

    -Хүннү гэж асар их соёлтой ард түмэн байжээ. Түүнийг өнөөдрийг хүртэл судалсан судалгаа ямар төвшинд байгаа юм бол?

    -Монгол нутагт байгаа Хүннүгиин олдвороос 100 хувь судалсан судалгаа байхгүй. Хүннүгиин талаархи түүх, соёлын дурсгалуудыг ерөнхийд нь тоон хувь болгоод үзвэл, 10 хувьд нь ч хүрээгүй. Бид Хүннүгийнхээ түүхийг бүрэн гаргасан гэж ам бардам хэлэх цаг болоогүй. Манай алдарт судлаач Ц.Доржсүрэн 1960-аад онд “Умард Хүннү” гэж том зо-хиол бичсэн. 1980 онд Г.Сүхбаатар багшийн “Монголчуудын эртний өвөг” бүтээл, 30-аад жилийн дараа З.Батсайханы “Хүннү”гэдэгном бичсэн. Орост С.Руденко, Н.Гумилев, П.Б.Коновалов, Н.Крадин, С.Миняев, С.Данилов, Японд Умехара, Унгарт Борболла гээд маш олон судлаач Хүннүгиин тухай судалсан, одоо ч судалсаар байна. Эдгээр хүний ном дэлхий нийтийн судлаачдын уншиж байгаа гол бүтээл нь болж байна. Харин Хүннүгийн хожмын залгамжлагч нар хэн бэ гэдэг дээр маргаан хийж байгаа судлаачид Монголын энэ их дурсгалыг өөрсдөө үзээгүй байгаа. Бид ч үүнийг дэлхийн нийтэд түгээхэд бага анхаарч байгаа тал бий. Үүнийг нуугаад яахав. Сүүлийн 3-4 жил гадаадын шинжлэх ухааны сэтгүүл дээр судалгааны өгүүлэл хэд хэдийг бичсэн. Түүнээс хойш зарим судлаач улам илүү анхаарч байна. Хятад, Унгарын зарим судлаач эртний Хүннүүгийг Хятадын түүхийн сурвалжаас шүүж, харьцуулан судалж үзээд одоогийн монгол хэлтэй төстэй байгааг хэлж байгаа.

    Жишээ нь, Өвөрмонголын суд­лаач Учралт гэж хүн Хятадын түүхийн сурвалжаас одоогоор 24 уг олоод, туүнийгээ монгол үг байна гэдгийг нотолсон. Мөн Унгарын Бела Кун гэж эмэгтэйн бидэнд ирүүлсэн захидлаар “манай Унгарт 200 гаруй үг байна. Энэ бол славяни хэлний үгбиш. Унгарын мажархэлний үг бас биш. Латин үг ч биш байна. Явсаар монгол хэлтэй адил байна. Унгарын Транс-лавяни мужийн ард түмэн хэлэхдээ, “Хүннүгийн үг гэж хэлдэг” гэсэн. Энэ мэт зарим орны судлаач Хүннүгийн хож­мын үеийг монголчууд гэдгийг бага багаар зөвшөөрч эхэлж байгаа юм. Гэхдээ дэлхийн нийт хүлээн зөвшөөрөхөд маш их баримт хэрэгтэй. Түүх, архео­логийн, угсаатны, хәл шинжлэлийн олон баримт байх хэрэг­тэй. Сүүлийн үед байгалийн шинжлэх ухааны судалгаагаар буюу ДНК-гийн шинжилгээгээр нотолгоо гаргах боломжтой болж байна. Хүннүгийн эртний булшнаас олдсон яс, зөөлөн эдээс авсан шинжилгээг мон­голчуудын ДНК-тай харьцуулж хэдэн хувьтай давхцаж байгааг үзәж болно. Энэ мэт олон шинжлэх ухааны уулзвар дээр нотолсон баримт гаргаж тавьж байж дэлхий нийтийг үнэмшүүлэх ёстой. Миний хувьд Хүннү бол маргахын аргагүй бидний өвөг дээдэс мөн. Түүх, археологи, оюуны соёлын олон баримт одоогийн монголчуудын ёс заншилтай ижил байгаа учраас баттай хэлж чадна.

    -Хүннүгийн судалгааг бага хийж байгааг таны ярианаас ойлголоо. Одоо ойг нь тэмдэглэнэ гэж байна. Дэл­хий нийтэд энэ түүхийг мэдрүүлэхийн тулд ямар шат дараалалтай ажиллах ёстой гэж судлаач хүний хувьд бодож байна вэ?

    -Дэлхий нийтэд таниулахаас өмнө бид монголчууддаа мэдрүүлж, ухааруулах ёстой. Энэ бидний өвөг дээдэс шүү, энэ бидний түүх шүү гэд­гийг л ойлгуулах ёстой. Суд­лаач нарын хүсдэг хамгийн гол асуудал энэ. Хүүхдийг цэцэрлэгээс нь эхлээд дунд, их, дээд сургуулиудад Монгол Улсын түүх гэдэг хичээлээр яс маханд нь шингэтэл суулгах ёстой. Одоо манайд хэчнээн телевиз ажиллаж байна. Тэднээс үндэсний түүх соёлынхоо талаар нэвтрүүлэг хийж байгаа хэдэн телевиз байна. Дан солонгос кино эсвэл христос шашны юм үзүүлж байна шүу дээ. Тэр дунд ядаж нэг цагт нь Монголынхоо түүх соёлын талаар ярьж байх ёстой байхгүй юү. Эх түүхээ өөрсдөө мэддэг болчихоод дараа нь бид ийм түүхтэй ард түмэн гэж дэлхий дахинд ярих ёстой. Энэ бол хоёр дахь шатны ажил. Дунд сургуульд түүхийн хичээлийн цагийг хассныг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Одоо их, дээд сургуульд элсч байгаа хүүхдүүдэд бид Монголын түүхийг анхан шатнаас нь зааж байна. Өдгөө манай улсад нэг сумын ой, нэг байгууллагын, эгээтэй л нэг айлын ойгтэмдэглэхгүй байна шүү дээ. Гэтэл төр, улсынхаа түүхэн ойг мэдэхгүй сууж байна. Чингис хаан Их Монгол Улс байгуулсны ойг хийсэн шигээ Хүннүгийн төр улсын туүхэн ойг улс даяар өргән хийх ёстой. Тэгвэл манай улсын түүх урагшилна. Хүмүүс мэдэрнэ. Их Монгол Улсын, “Монголын нууц товчоо”-г бүтээсний түүхэн ойг хийхэд монголчууд нэг хэсэг түүхээ мэдэж, омогшлоо шүү дээ.

    -Чингис хаан гэж ямар хүн байсныг мэдэхгүй ч түүний хөрөг, хөшөө олон байдаг. Түүн шиг Модун Шаньюйг дүрсэлсэн эх сурвалж байдаг юм уу?

    – Модун Шаньюйгийн дүр төрхийг гаргаж ирэхэд хэцүү л дээ. Ганц маргашгүй үнэн юм хийж болно. Хэн ч харсан сайхан монгол эр байна гэхээр хүн сонгоод, тэр хүний дүрээр хөшөө хийж яагаад болохгүй гэж. Хүннү гүрнийг хамгийн хүчирхэг болгосон нь Модун хаан. Евроази гэдэг их хээр талын хоёр хязгаарт байгаа өрнө, дорнын хоёр соёлыг Торганы зам гэдэг худалдааны замаар холбосон хүн бол яах аргагүй Модун Шаньюй. Яагаад энэ түүхийг ярьж байна вэ гэхээр тэрээр багадаа Юэчжи улсад барьцаалагдсан. Тэр улс Евроазийн төв зам дээр байсан. Яавал хүчирхэг болж, хөг жиж цэцэглэж болохыг Модун тэр үед харсан. Нутагтаа эргэж ирээд, өөрийн эцэг Түмэн Шаньюйг харван алж, хаан ширээнд суусан гэсэн мэдээ бий. Тэгж бодохоор их харгис хүн шиг санагдаж болно. Гэхдээ Түмэн Шаньюйгийн хулчгар, сулдорой байдал нь төр улсад халтай байсан учраас хүү нь эцгээ егүүтгэж, улсаа аварсан гэж би боддог. Ингэснээр Хүннү гэдэг хүчирхэг гүрнийг бий болгосон. Ер нь аль ч улс, түүхэнд үлдсэн сайн, муу төрийн зүтгэлтнээ хараадаггүй. Манайх л өнгөрсөн түү­хээ хараадаг. Герман улс Гитлерээ хүн төрөлхтөнд гай тарьсан гэж ярьдаг боловч, харааж байгааг нь лав сонсоогүй.

    -Манайхан, ялангуяа залуус Чингисийн үеэс манай түүх эхэлж байгаа мэт ойлгодог. Тэгвэл Чингисээс, Модунаас урагш Монголын түүхийг хэр судалсан байдаг юм бэ?

    -Хүннү гэдэг төр улс, гэнэт цэцэг шиг дэлгэрээд гарч ирээгүй. Олон том овог аймгийн үндэс суурь дээр Хүннү гэдэг ард түмэн бий болсон. Тэгэхээр бид түүхийг тасралтгүй хүргэдэг сувагтай болохгүй бол таны хэлдэг шиг Чингис хааны байгуулсан төрөөс манай түүх эхэлдэг юм шиг ойлгох юм бол түүхийн том алдаа болно. Ийм алдаа их гараад байна. Энэ алдаа санаатай юм уу, санамсаргүй юу гэдгийг хэлэхэд хэцүү. Дээр хэлсэнчлэн аль ч орон угсаа гарлынхаа түүхийг цаашлуулахын төлөө тэмцдэг. Одоо хятадуудыг хар. Хятад гүрэн 5000 жилийн түүхтэй ард түмэн нь үнэн.

    Гэтэл чулуун зэвсгийн үеэс олдсон эртний хүний ясыг синантроп буюу хятад хүн гэсэн нэр өгч дэлхий даяар шуугиулж байна. Үүгээрээ Хятадын түүх ийм урт шүү гэсэн санааг хэлж байна. Түүн шиг манай оронд чулуун зэвсгийн үеийн олдвор байна уу, байна. 1940-2000 онд үүнийг манай судлаачид маш сайн судалж байсан. Академич Д.Дорж багш бурхан болсноос хойш энэ судалгааг авч яваа нэр нөлөө бүхий том судлаач алга. Монгол нутгаас эртний хүн олдоно. Олтлоо хайгуул хийж чадахгүй байна. Харин хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн соёлын тархалтын судапгаа бидэнд бий. Энэ олон овог аймгийн суурин дээр Хүннү улс төр улсаа байгуулсан. Түүний дараа Сяньби, Жужан, Түрэг, Их Монгол Улс ирж байгаа юм. Сяньбигийн түүхийг өнөө хүртэл Г.Сүхбаатар багшаас өөр хүн судлаагүй байна. Түрэгийн түү­хийг ч Н.Сэр-Оджав, Д.Баяр, Ц.Баттулга нараас өөр судалсан хүн байхгүй. Археологийн дурсгал нь манай улсад хангалттай байхад шүү дээ. Энэ олон түүхэн үйл явцуудаа нэгтгээд, тасралтгүй нийтэд хүргэхдээ муу анхаарч байгаа нь бидний аюул болоод байна. Их Монгол Улс байгуулагдаад, дараа нь Эзэнт гүрэн болсон. Эзэнт гүрэн задраад хэд хэдэн жижиг улс болсон. Жишээ нь, Цагаадайн улс одоогййн Туркмен, Узбекийн улсууд байна. Алтан ордны улсууд одоогййн ОХУ-ын нутагт байна. Хүлүгэгийн улс Ирак Перс гээд байна. Тэр улсууд өөрсдийнхөө түүхийг Монголтой салшгүй холбоотойгоор бичиж байна. Ийм агуу түүх үлдээчихээд бид чимээгүй суугаад байж болохгүй шүү дээ. Монголчууд 800 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Гэхдээ Монгол дотроо л шуугиад байсан болохоос биш нөгөө агуу их Алтан ордны, Хүлүгэ­гийн, Цагаадайн, Юань улсын тухай хэн ч дэлгэрүүлж яриагүй шүү дээ. Юунаас нь айсан юм бүү мэд. Монголын байлдан дагууллыг харгис хэрцгий дайн байсан гэж нэг хэсэг бичсэн. Харин Монголын эзэнт гүрний харъяанд орж байсан улсууд одоо “Бид Монголын хүчинд нэгдсэн” гэж үзэж байна. Жишээ нь, Оросын түүхчид, “Тархай бутархай байсан олон жижиг вант улсыг Алтан ордны улсын хүчинд нэгтгэж, Орос улс хүчирхэг болсон” гэж. Иран, Персийн тэр хөгжил цэцэглэлтийг Монголын эзэнт гүрэн улам дэлгэрүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Энэ бол бидний бахархал болохоос биш бусдын түүх, соёлыг булаах гэсэн зүйл огт биш.


    -Судалгаа олигтой хийгдэхгүй, хийсэн нь олонд хүрэхгүй байгаа нь нөгөө л төрийн бодлого байхгүйтэй холбоотой байх даа?

    -Хүннүгийн түүхийг судлах, сурталчлах гэдэг зүйл бас л мөнгө санхүүтэй холбоотой болоод байна. Өнөөдөр манай улс шинжлэх ухааны салбарт хэдэн төгрөг зарцуулдгийг би үнэндээ мэдэхгүй. Түүхийн шинжлэх ухаанд лав бага мөнгө зарцуулж байгаа гэж би боддог юм. Би Хүннүгийн түүхийг судлах гээд сүүлийн таван жил төсөл бичиж өгсөн. Батлагдаагүй. Аль шатандаа очиж хасагддаг юм, мэдэхгүй. Миний ажиллаж байгаа “Гол мод-2″-ын судалгааны зардлыг сүүлийн 10-аад жил Улаанбаатар Их сургуулиас гаргаж байгаа. Үүний хүчинд судалгааны ажил явж байна. “Гол мод-2″ дахь Хүннүгийн хаадын булшийг би найман жил цэвэрлэж байна. Дагуул 30 булшны сүүлийнхийг энэ жил малтаж дууссан. Үүнийг түгээн дэлгэрүүлж, монгол түмний хүртээл болгох зайлшгүй шаардлага бий. Төрийн нэгдсэн бодлого үүнд хэрэгтэй байна. Судлаачдад түүхээ судал, судалгааны үр дүнгээ дэлгэрүүл гэж мөнгө өгдөг, эргээд хариуцлага тооцдог болчих хэрэгтэй байна. Түүнээс биш зүгээр сонирхсон хэдэн хүн түүх бичээд олныг хамарч чадахгүй.

    -Хүннүгийн түүхийг судалдаг гадаад, дотоодын олон судлаач байдаг юм байна. Хоорондын уялдаа холбоо хэр байдаг юм бэ. Мөнгө санхуүгээс гадна харилцан туршлага судалгаанд багагүй нөлөөтэй байх?

    -Манайд өдгөө түүх, археологийн судалгаа хийдэг 20 гаруй гадаадын хамтарсан экспедици ажиллаж байна. Энэ олон судалгааны ангиуд яг үнэн­дээ судалгааны ажлын үр дүнгээ нэгт­гэж чадахгүй байгаа. Энэ бол бидний буруу. Нэгзорилго чиглэлд хийж бай­гаа судалгааны ажлыг ашиглахгүй байгаа нь том алдаа. Нөгөө нэг алдаа нь хамтарч ажиллаж байгаа гаднын судлаачид судалгааны зардлаа олж ирдэг. Тиймээс “мөнгөө төлсөн хүн хөгжим захиална” гэдэг шиг өөр өөрс-дийнхөө байр сууриас судалгааны үр дүнгтайлбарладаг. Энэ бол хамгийн аюултай. Жишээ нь, хоёр жилийн өмнө Монгол нутагт Оросын судлаа­чид монголчуудтай хамтран Хүннү­гийн булш бүхий Ноён уулд хорьду-гаар булшийг малтсан. Тэндээс гарсан эмэгтэй хүний яс, эд өлгийн зүйлсийг харьцуулан судалж үзээд “Хүннү нар Туркистан гаралтай нь нотлогдлоо” гэсэн өгүүүлэл нийтэлсэн байгаа юм. Үүгээрээ монголчуудын угсаа гарлыг шинжләх ухааны аргаар үгүй хийж байгаа хэлбэр. Судалгаанд мон­гол судлаач оролцсон. Төр улсаа төлөөлсөн тэр хүн юу хийсэн юм бэ. Тэр булшнаас гарсан эмэгтэй Туркис­тан хүн байж болно. Хүннүгийн хаад дэлхийн аль ч өнцгөөс эхнэр авсан байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн тэр эмэгтэйгээр Хүннүгийн угсаа гарлыг тодорхойлно гэдэг бол шинжләх ухааны аргазүйн хувьд буруу. Ингэж ямар нэг аргаар Хүннүг монгол биш гэж нотлохыг хичээх судлаач нар олон бий. Үүнийг монгол судлаач нар өөрсдөө залруулах ёстой.

    -Сонирхож асуухад, хаанахын судлаачид байв даа, Монголоос нэг булш олсноо сүр дуулиантай зарлаж байгаа баримтат киног сая-хан үзсэн. Жишээ нь тэр таны ярьсанчлан манай түүхийг өөрсдийнх болгон тайлбарласан нэг жишээ юү?

    -Тэр чинь Герман, Орос, Мон­голын хамтарсан археологийн судал­гаа байсан юм. Бас л өөрсдийнхөөрөө тайлбарласан. Тэнд бас л монгол суд­лаач орсон. Би өмнө нь нэг удаа Францын экспедицийнхэнтэй ажилласан. Баримтат кино хийж байхдаа надаар Хүннүгийн түүхийг яриулж, судал­гааны ажлаа хамтран хийж, хоёр жилийн турш авсан киногоо монтажлаад, францын эрдэмтэд хийсэн болгоод гаргаж байгаа байхгүй юү. Тэгэхийг нь мэдсэн бол би гэрээ хийх ёстой байж л дээ. Тэгжчадаагүй миний хохь болсон. Ийм зүйл олон давтуулахгүйн тулд судалгааны ажлыг төрөөс санхүүжүүлэх ёстой. Дээр хэлсэн 20 гаруй хамтарсан экспедцийн судалгааны мөнгө бүгд цаанаасаа санхүүжилттэй байгаа. Ийм ядарсан улс байж болохгүй шүү дээ. Хамтарч ажиллаж болно. Ядаж 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байх ёстой.

    -Хүннүг таниулах ажлыг дотроосоо эхэлж хийх ёстой гэж та хэлсэн. Үүний тулд зөвхөн дунд сургуулийн хичээлийн цагийг нэмэхээс илүү баримтат кино шиг хэвлэл мэдээллээр дамжуулж нөлөөлөх ёстой юм шиг?

    -Есүсийн талаар хүүхэлдэйн киног хар. Хүүхдүүд салахгүй үзэж байна шүү дээ. Багаасаа ийм зүйл үзсэн хүүхэд Есүст итгэхгүй яах юм. Түүн шиг өнөөдөр Хүннү, Сяньбигийн тухай баримтат, хүүхэлдэйн гээд залууст хүрэх ямар хэлбэр байна, тэр болгоноор хийх ёстой байхгүй юү. Гадаадынхны хийсэн түүхэн, уран сайхны киног түүх гуйвуулсан гэж маргаж байна. Тиим маргаан гарч л байг. Гагцхүү энэ чинь Монголын түүх шүү гэдгийг харуулж байх ёстой. гадна өдөржин шөнөжин яриад бардаггүй монголчуудын тэр их агуу үлгэр домгийг одоо яагаад ярихаа больчихоо вэ. Одоо гаднаас дайсан орж ирээд, Монгол Улсыг эзэлнэ гэж хэзээ ч байхгүй. Харин оюуны соёлын хүчээр өөрийнх нь соёлыг устгаад “түрэмгийлэх” боломж бол бий.

    -”Монголын нууц товчоо” шиг Модун хааны үеийг утга зохиолын хэлбэрээр ном болгон гаргах бо­ломж байдаг уу. Залуу үеийнхэнд Чингис хаанаар бахархах гол эх сурвалж тэр л болж байна шүү дээ?

    -Бидний үед Хүннүгийн тухай баримт: ном зохиол хадаглагдаж үлдсэнгүй л дээ. Хүннүгийн түүхийн талаар Хятадын эх сурвалжид бичсэн байгаа юм. “Хүннү нарын бичиг нь шувууны хөл шиг. Чулуу, модон дээр сараачиж бичдэг байсан гэж бичсэн байгаа юм. Би Булганы Эгийн голын ойролцоогоос бичгийн чулуун янтай хоёрыг олсон. Энэ мэт түүхэн баримт байна. Мэдээж төр улс юм чинь бичиг соёлтой, ном судартай байсан байж таарна. Харамсалтай нь бидний гарт алга. Гэхдээ алга байна гэдэг огт байхгүй гэсэн үг биш. Монголын нутагт байгаа энэ олон булшнаас ком зохиол, бичиг соёлын түүхэн сурвалж гарахыг үгүйсгәхгүй.

    -Баримтат кино гэснээс Модун Шаньюйгийн талаар кино хийх гэж байгаа гэсэн. Киноны багийнхан судлаач нартай зөвлөлдөж байгаа нь суурь судалгаа сайтай кино болж байгаа юм болов уу гэж санагдаж байна?

    -Киноны багийнхантай уулзсан. Тэр залуусын санаа, зорилгод би их баярлаж байгаа. Уран сайхны киногоор дамжуулж, Хүннү болон Модун хааныг гаргаж ирж байгаа нь маш зөв. Энэ кино гарчихвал монголчуудын сэтгэлд бид ийм агуу түүхтэй ард түмэн байна гэж ойлгоход дөхөм болно. Тэд надаас тухайн үеийн эд өлгийн зүйл, ахуй ямар байсан талаар асуусан. Би өөрийн мэдэж байгаа зүйлээ харамгүй хэлж өгье. Үүний өмнө “Үхэж үл болно” гэж Чингис хааны тухай нэг кино гарсан шүү дээ. Тэр кино яагаад олны сэтгэлд хүрээгүй вэ гэхээр тэнд монгол ахуй, ёс заншил бага харагдаж байгаа байхгүй юү. “Цогт тайж” гэж кино байна. Тэр кинонд түүх гуйвуулсан зүйл их бий. Гэхдээ монгол ахуй нь байгаа учраас монголчуудын өнөөг хүртэл үзэх дуртай кино хэвээр байгаа юм. Тиймээс Модун Шаньюйгийн тухай энэ кинонд тухайн үеийн ахуйг оруулахдаа монгол угсаатныхаа ёс заншилд тулгуурлахад буруутгах юм огт байхгүй. Үүнд анхаарч судлаач нараас зөвлөгөө авч байгаад баярлаж байна. Тэр уран бүтээл маш хурдан гараасай л гэж бодож байна.


    Үндэсний шуудан 2010.06.21 N146 /860/