Category: бизнес-зөвлөгөө

  • Зураач УНДРАА: ХҮН ХҮҮХЭД МЭТ ГЭГЭЭН ЗӨН МӨРӨӨДЛӨӨ ГЭЭСЭН БАЙДАГ

    Зураач Вандангийн УНДРАА:

    – Юуны өмнө үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Өөрийн чинь үзэсгэлэнд бүтээлийг харахад их гэгээлэг өнгө төрхтэй, нэг тийм тайван амгалан мэдрэмж төрж байсан. Гэр бүлийн сэдэвтэй зургууд их харагдаж байна. Яагаад энэ сэдвийг сонгож зурах болсон юм бэ?

    – Баярлалаа. Би гэрлээд гурван сайхан хүүхэдтэй болсон. Айлын гэргий болоод үр хүүхэд, хань ижлээсээ амар амгалан, гоё сайхныг мэдэрч, гоё сайхан энергитэй зүйлд илүү их дурлаж, татагдаж, зурдаг болсон байх. Тиймээс байгаа орчин маань л их нөлөөлсөн болов уу.

    – Таны зурагнуудад их тод өнгийг их голчилсон байна. Ер нь бүх зурагнууд чинь ийм байсан уу? Сүүлийн үеийн зурагнууд нь зөвхөн ийм байна уу?

    – 2012 оноос хойшхи зурагнууд ер нь иймэрхүү тод өнгө голчилсон байгаа. 2005 онд төгсөөд, 2006 оноос эхлээд уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Энэ явцдаа бол эрэл хайгуул хийгээд зохиомжлог давтамжтай зураг зурдаг байлаа. Гэр бүлийнхээ хүнтэй учраад, гэр бүлийн, тод өнгөтэй, хайр дурлалын сэдэвтэй зурагнууд л их зурж байгаа. Гарч ирж байгаа энэ гоё өнгөнүүд бол миний дотоод хоёрдахь ертөнц юм даа. Би тийм ертөнцөд л амьдраад байна гэсэн үг байх.

    – Өөрийн чинь зурагнууд их зохиомжтой юм. Ялангуяа эвтэй дөрвөн амьтан гэхэд л шинэлэг байдлаар зурсан байна?

    – Эвтэй дөрвөн амьтдыг дээр дээрээ гараад алим авах гэж байгаа байдлыг яагаад өөрчилж болохгүй гэж бодсон. Би ер нь зурагнуудаа аль болох инээдмийн талруугаа зурах гэж хичээдэг. Одоогоор эвтэй дөрвөн амьтны 20-иод цуврал гарчихсан байна. Жижиг том хэмжээтэй, янз бүрийн л байгаа. Би хийе гэсэн юмаа л хийдэг. Сэтгэлгээний хувьд баригдах дургүй. Цаашид маш их олон санаанууд байгаа. Тиймээс тэдгээр санаануудаа хэрэгжүүлээд явна даа.

    – Уран зургийн янз бүрийн урсгал чиглэлүүд олон байдаг. Өөрөө ямар чиглэлийн зураач вэ?

    – Өөрийгөө модерн, шинэ үеийн урлагт орох байх гэж боддог байсан. Гэтэл судлаад үзэхээр Францаас уламжлалтай гэнэн сэтгэлгээний урлагтай илүү их хамааралтай юм шиг байгаа юм. Гэнэн сэтгэлгээний урлаг гэдэг нь хүүхдэрхүү зурдаг чиглэл юм л даа.

    – Миний хувьд гэнэн сэтгэлгээний урлагийн талаар анх удаа л сонсож байна. Энэ урлагийн талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

    – Иймэрхүү төрлөөр зурдаг зураач нар олон байдаг. Пикассо ч бас хүүхэд шиг зурахыг мөрөөдөж байсан гэдэг юм байна лээ. Элдэв янзийн бодол, хүлээс, изм-д баригдаагүй, хэт дураараа, хүүхдийн гэнэн сэтгэлгээгээр зурна гэдэг сонирхолтой шүү дээ. Хүн хүүхэд үеийнхээ гэгээн зөн мөрөөдлийг гээхгүй явах ёстой. Зарим хүмүүс миний зургийг хараад “Хөөх энэ чинь хүүхдийн зураг юмуу” гэдэг. Энийг нь би шүүмжлэл талаас нь хүлээж авдаггүй. Харин баярлаад илүү хүүхэд шиг зурсан байна ш дээ гэсэн үүднээс хүлээж авдаг. Би энэ сэдвээр зурахдаа анх өөрийнхөө гэр бүлийнхний зургийг зурж үзэсгэлэндээ тавьсан юм. Гэтэл тэр зураг маань хүмүүст таалагдаад, манай гэр бүлийг зураад өгөөч гэсэн хүсэлт их ирдэг болсон. Зарим гэр бүлүүд хүүхэд гаргаагүй ч гэсэн би тэдэн хүүхэдтэй болмоор байна гэх мэтчилэн бэлгэдэл, зөн мөрөөдлийн зураг их зуруулдаг. Ер нь л өөрийн хүсэж буй зүйлээ бэлгэдлийн чанартайгаар зуруулдаг хүмүүс олон байдаг.

    – Хүнд хамгийн анхны юм бүхэн маш их дурсамжтай байдаг. Нууц биш бол хамгийн анхны зарсан зураг чинь ямар үнэ хүрсэн бэ?

    /Инээв/ Хамгийн анхны үзэсгэлэн дээрээ анхныхаа зургийг зараад бөөн баяр болж байлаа. Нэг гадаадын хүн 350$-оор зургийг маань худалдаж авч байсан.

    – Та аль сургуулийг төгссөн бэ?

    – 1998 онд Гандигийн нэрэмжит дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Тэндээс би одоо энэ зураад байгаа чиглэлийнхээ ерөнхий зураглалыг олж авсан. Дараа нь 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг Энхбат багшийн удирдлаган доор дүүргэсэн. Тэнд зурах арга барил, техникийг илүү эзэмшиж, мэргэшсэн.

    Цаашид энэ чиглэлээрээ зураад байх уу?

    – Дотроос гарах юм зөндөө байгаа болохоор зураад л байна байх.

    – Комикс, номын чимэглэл зураг зурж байсан гэсэн. Энэ тухайгаа дэлгэрүүлж ярихгүй юу?

    – Тиймээ. Би хүүхдийн төлөөх ажлуудыг дэмжиж ажилладаг. Хүүхдийн төлөө байгууллагууд миний зургийг ашигладаг. Ариунтунгалаг охинд зориулж, Сэтгэлийн зураг нэртэй анхны хандивын үзэсгэлэнг зохион байгуулж байлаа. Сүүлд хүүхэд судлаач Хорлоо багштай хамтарч Монгол хүүхдүүддээ зөв дадал хэвшил олгох “Сайн мууг ялгая” цуврал гарын авлага дээр ажиллаа. Гурав дахь цуврал нь БИ МОНГОЛ ХҮҮХЭД нэрээр Монгол ахуйд амьдрах ухаанд сургах 60 дадал нэрээр гарсан. Хүүхдүүд хувийн ариун цэвэртээ хэрхэн анхаарах, гараа хэрхэн угаах, хоолоо идчихээд аяга тавгаа хэрхэн хураах гэх мэтчилэн хамгийн наад захын ахуйн соёлд суралцаж, төлөвшүүлэх тал дээр энгийн хөөрхөн зөвлөмжүүдийг гарын авлага болгож зурсан.

    – Нийтдээ хэдэн үзэсгэлэн гаргасан вэ? Манай зураачид маш мундаг болсон. Гадаадын үзэсгэлэнд зурагнуудаа явуулж, шагналт байруудад их ордог болжээ. Таны хувьд энэ тал дээр хэр зэрэг ажиллаж байна?

    – 2006 оноос хойш жилдээ нэгээс хоёр үзэсгэлэнд оролцдог байсан. Гадаад дотоодын үзэсгэлэнд нилээд оролцсон. Вьетнамд болсон үзэсгэлэнд манай орноос арван эмэгтэй зураач оролцсоны нэгэнд би явсан юм. Уг үзэсгэлэнд оролцоход Насаа эгч маань надад санал тавьсан болохоор Насаа эгчдээ их баярладаг. Тэнд очоод долоо хоногийн хугацаанд бусад орны олон зураачтай туршлага солилцсон. Дэлхийн 110-аад орны төлөөлөгчид ирсэн байсан. Үзэсгэлэн нээгдэхэд Насаа эгч бид хоёрын зураг хамгийн эхэнд гарсан нь надад их сайхан сэтгэгдэл үлдээсэн. Тэр үеэр болсон Шаазан чимэглэх уралдаанд миний бүтээл тусгай байр эзэлж байсан.

    – Зураач хүний хувьд Монголын уран зургийн өнөөгийн түвшинг хэрхэн харж байна?

    – Манай зураачид бусад улсын зураачидтай хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байгаа. Ялангуяа 9/76 галерейн Гантуяа эгчийг энд нэрлэмээр байна. 2015 онд зураачдыг Итали руу биналд явуулсан. Одоо 2016 оных нь бүртгэл явагдаж байна. Манай зураачид ер нь хаана ч нүүр улайхааргүй болж байгаа. Тэр энэ гэж нэрлэхээсээ илүү бүх л галерейнуудын янз бүрийн урсгалууд, бие биенийхээ орон зайг нөхөөд байдаг юм болов уу гэж боддог. Бүх зураач нар нэг л төрлийн юм зураад хошуураад байвал манай урлаг хөгжихгүй. Ер нь манай урчууд болон дизайнаруудын бүтээл дэлхийн хэмжээнд аль хэдийн үнэлэгдээд тэмцээн уралдаанд аварга болоод байгаа шүү дээ.

    – Зарим уран зураг маш их үнэд хүрдэг. Уран зурагт ер нь юуг нь хамгийн их үнэлдэг юм бэ? Техник ажиллагаа, гүйцэтгэлийг нь хардаг юм уу, эль эсхүл тухайн зураачийн сэтгэлгээ зохиомжийг нь харж үнэлдэг юм уу?

    – Уран зураг гэдэг хүний дотоод сэтгэлээс гарч ирж байгаа зүйл болохоор үнэд хүрдэг юм болов уу. Би оюутан байхдаа анх Пикассогийн зурагнуудыг хараад “Бид нарыг бодитой зүйл зур” гээд л байдаг. Гэтэл энэ зураач ямар их чөлөөтэй, хийсвэр сэтгэлгээ нь хөгжсөн хүн юм бэ? гээд л боддог байсан.

    – Анх зураг зурах гараагаа хэзээнээс эхэлж байв? Ямар хүн нөлөөлөв?

    – Би багаасаа л урлангийн нөхцөлд амьдарсан хүн. Аав маань маш их сийлбэр хийдэг, бас бусад олон нарийн юмыг урлаж чаддаг, их авъяаслаг хүн байсан. Цаасны технологичоор Румынд сургууль төгссөн юм. Монголдоо анх удаа лаа, ариун цэврийн цаасны үйлдвэрийг оруулж ирж байсан хүн. Аавынхаа үлгэр дуурайл, өөрийн хүсэл тэмүүлэлээр зураач болсон гэж боддог доо. Аавынхаа хийж байгаа юманд дурлаж, хийх гээд байгаа оролдлогыг минь хараад аав маань их урам авсан байх. Энэ л миний хүсэл мөрөөдлийг биелүүлэх охин гээд л… Дөнгөж таван настай байхдаа анх сийлбэрийн хутга барьж байсан. Хамгийн анх баргил гээд зөөлөн чулуун дээр Доналд Дакыг сийлж байгаад харамсалтай нь би гараа нилээн ангайтал зүсчихсэнээс болоод түүнээс хойш аав маань намайг хутга бариулахаа больчихсон. Тэгээд бас гар нь эвдэрчихнэ гээд гурил ч зууруулдаггүй байсан. Их л хайрладаг байсан даа. Одоо бол аав маань бурханы оронд очоод долоон жил болж байна. Мөн аав маань бурхан бүтээдэг байсан. Хайлчилбар, тосон будаг, харандаа гээд бүх л зүйлээр юм хийдэг. Олон талын авъяастай хүн байсан. Аавд маань очиж үзээгүй газар, аялаагүй орон ч гэж бараг байхгүй. Японд л очоогүй, дээгүүр нь онгоцоор нисэж явахдаа харж байсан гэдэг. Хэлний хувьд ч их авьяастай, мундаг хүн байсан. Би анх Дүрслэх урлагийн дээд сургуульд орохдоо 19 настай байсан мөртлөө аавыгаа дагуулаад очиж байж билээ. Ер нь л аав маань хамаг ажлыг минь нугалж өгдөг байсан. Одоо харин миний хань бүх л зүйл дээр намайг ойлгож, дэмжиж, ажилд маань тусладаг.

    – Хэтийн зорилго болон мөрөөдлийнхөө талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

    Би юманд нэг их айхтар шунаад байдаггүй. Харин амьтанд их хайртай. Миний мөрөөдөл гэх юм бол сайхан агаартай, байгалийн үзэсгэлэн төгс газарт амьтны хүрээлэн нээгээд, урлангаа байгуулаад, үзэсгэлэнгээ гаргах юмсан гэж л мөрөөддөг. Ер нь бол маш тайван амгалан нөхцөлд, юунд ч баригдалгүй, зургаа л зурах хүсэлтэй.

    – Монголынхоо хүндэлж явдаг зураачдаас дурдвал…

    – Авьяаслаг, ажлын төлөө уйгагүй явж байгаа тийм л зураачдыг их хүндэлдэг. Тухайлбал Нурмаа эгч, Хонгороо эгч, Насанцэнгэл эгч гэх мэтчилэн олон сайхан зураачид байна. Залуу уран бүтээлчдээс Энхномин, Номин байна. Мөн Золбоотөгөлдөр зураач бас өөрийн гэсэн хүүхдэрхүү, гэнэн сэтгэлгээтэй. Бид хоёр 2014 онд хамтын үзэсгэлэн гаргаж байсан. Надад түүний зурагнууд маш их таалагдсан. Нэр дурдаагүй ч олон мундаг зураачид байдаг. Би ер нь хөдөлмөрч уйгагүй хүмүүсийг бүгдийг нь л хүндэлдэг.

    – Чиний хувьд захиалгын зураг их зурж байна уу?

    – Тиймээ. Гэр бүлийн зураг, захиалгын зураг их зурдаг. Захиалгын зураг зурахад нөгөө хүмүүсийнхээ талаар судалж, хүсэл мөрөөдлийг нь багтааж, ойлгож, судалж зурах шаардлага их гардаг. Гэхдээ зарим нэг хүмүүс зургаа зуруулж дуусчихаад, энд тэнд нь тийм ч юм нэмэх хэрэгтэй байна гэдэг нь хүндрэлтэй байдаг. Тиймээс анхнаасаа л бүх зүйлээ их сайн тохирч, ярьж байж зурах хэрэгтэй.

    Австракт зураг зурдаг уу? Бас хэрхэн ойлгодог вэ?

    – Би австракт зураг зурах гэж оролдож үзсэн. Чадахгүй байна лээ /инээв/. Тэгэхээр зурж байгаа тэр хүмүүс агуу байна. Тэр өнгө будгийг яаж нялаад байна гэдэг тухайн хүний авьяас чадвар юм. Ер нь зураач нараас гарч байгаа бүх чадварыг би үнэлдэг. Бүгд л өөрийн гэсэн онцлог шинжтэй, дахин давтагдахгүй болохоор бие биенийхээ дутуу орон зайг нөхдөг байх. Тэр нь сайн, тэр нь муу гэж ярихын аргагүй л дээ. Зарим нэг их хүнд сэдэвтэй зурагнууд байдаг. Гэхдээ тэр хүмүүс ч гэсэн нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг зурж байгаа болохоор үгүйсгэж болохгүй, байх л ёстой сэдэв.

    Сэтгүүлч Б.Нанзаддорж

    “Ухаантай морь” сэтгүүл

  • Г.Оюунбат

    Ганбатын ОЮУНБАТ

    1981 оны 9-р сарын 25- нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 

    Сэтгүүлч, улс төр судлаач мэргэжилтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

    БОЛОВСРОЛ

    2015- 2016 он МУИС-ийн Улс төр судлалын магистр;

    2014- 2015 он Удирдлагын Академийн Төрийн удирдлага;

    2009- 2010 он АНУ-ын Leadership хүрээлэнгийн Манлайллын хөтөлбөр;

    2004- 2005 он Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курс;

    1999- 2001 он Радио Телевизийн Дээд Сургуулийн Сэтгүүлч;

    1989- 1998 он Сэлэнгэ аймгийн Мандал сум 10 жилийн 1-р дунд сургууль;

    АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ЗАМНАЛ

    2015 оноос Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх;

    2013- 2015 он Монгол Шуудан ТӨХК дэд захирал;

    2012- 2013 он Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн албаны дарга;

    2009- 2011 он EBI хүрээлэнгийн ОНХ албаны дарга;

    2009- 2011 он Боловсрол телевизийн сэтгүүлч редактор;

    2007- 2009 он Еagle TV,  Eagle Prime нэвтрүүлгийн ерөнхий редактор;

    2003- 2007 он UBS TV, нэвтрүүлэгч, сэтгүүлч;

    1998- 2001 он МҮОНРТ- ийн сэтгүүлч, нэвтрүүлэгч;

    СОНГУУЛЬТ АЖИЛ

    2012 оноос Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга;

    2012 оноос МЗХ-ын хүмүүнлэгийн хорооны гишүүн;

    2010 оноос Эмнэсти интернэйшнл ОУ- ын байгууллагын сэтгүүлчдийн бүлгийн гишүүн;

    2008 оноос Сэлэнгэ аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн;

    2008 оноос JCI Монгол байгууллагын гишүүн;

    2006 оноос Нээлттэй Мэтгэлцээний Холбооны УЗ-ын гишүүн;

    УРАН БҮТЭЭЛ

    2016 он Монгол Улсын Үндсэн хууль /сонсдог ном/

    2015 он Оюун түлхүүр, Цаасан шувууны үлгэр /сонсдог ном/

    2015 он “Бага хаадын үе” олон ангит уран сайхны киноны Бодь Алаг хааны дүр

    2012 он “Ялагдашгүй” олон ангит уран сайхны киноны гол дүр

    2011 он Монголын Нууц Товчоо /сонсдог ном/

    2010 он Сэрж буй Монгол /сэтгэлзүйн трэйнинг цомог/

    2010 он Жангар тууж /сонсдог ном/

    www.facebook.com/OyunbatTeam

    www.twitter.com/OyunbatG

    ЗАЛУУСЫН ДУУ ХООЛОЙ ОЮУНБАТ

    Залуусынхаа ОЮУН бодлыг төрд хүргэж, нутаг орныхоо ДУУ ХООЛОЙ болж, СЭЛЭНГИЙН БРЭНДийг экспортод гаргах зорилгоор төрөлх МАНДАЛ сумаасаа нэр дэвшиж байна. Унаган нутгийн хүүгээ дэмжиж саналаа өгөөрэй! 

    Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж реклам сурталчилгаа, МАРКЕТИНГийн талаар багагүй туршлага хуримтлуулсан. Дараа нь Монгол шуудан ХК, Нийслэлийн цахим засаглалыг нэвтрүүлэх МЕНЕЖМЕНТийн шинэчлэлд баг болон ажиллаж байсан туршлагатай УДИРДАГЧ. Өөрийн туршлага, мэдлэгээ төрөлх нутгийнхаа хөгжилд зориулж дэлхий нийтэд эрэлт болоод буй ОРГАНИК ХҮНС, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНийг БРЭНД болгон хөгжүүлж гадаад зах зээлд гаргахаар зориг шулуудан ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн ИТХ- ын 2016 оны сонгуульд оролцох Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 2.3- р Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд, одоо өрхийн үйлдвэрлэл, бичил бизнесийн хэмжээнд буй орон нутгийн бүтээгдэхүүнийг дизайн, сав, баглаа боодол, тээвэрлэлт, гадаад харилцаа, борлуулалтын ажлыг нэг хүн өөрөө бүхнийг хийгээд үр дүнд хүрдэггүй байдлыг өөрчилж үнэ цэнийн гинжин хэлхээст оруулж, салбартаа мэргэшсэн хүмүүс хоршиж ажилласнаар бүтээгдэхүүн чанаржин хөгжиж гадаад зах зээлд гарах боломж бий болох юм.

    МАНДАЛЫН УНАГАН ХҮҮ ОЮУНБАТ 

    Аян замын тэмдэглэл

    Зуны дунд сарын шинийн нэгний шижир тунгалаг нэгэн өдөр эртний ерөөлт эрхэм сайн дүүтэй учрал тохиож хэлэлцсэнээр өглөө нар битүүгээр зүрх сэтгэлдээ хэзээ алтан цагт очно доо гэж мөрөөдөн санадаг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа буюу Мандал сумыг зорин жигүүрт төмөр хүлэгийн жолоог залав. Жигдхэн хурдлах тэрэгний цонхоор жирэлзэн өнгөрөх уул, ус, газар нутгийг халиан явахуйяа Далай ламын “Жилдээ нэг удаа очиж үзээгүй газраа заавал очиж бай!” гэсэн үнэн хийгээд гайхамшигт сургаалийг биелүүлж буйдаа сэтгэл нэг л халуун дотно байвай!

    Залуу насны эрч хүчээр нэвт гэрэлтсэн шинэ танил маань инээмсэглэн “Замдаа ажил үйлс амьдрал ахуйгаа ярилцаж явна аа хө” гэж бидэнд хандан хэлэв. Түүний дотоод долгиосолт уянгалаг хоолойн өнгө надад ухаан бодлоо цэгцэлж урнаар өгүүлэхүйн гайхамшгийг мэдрүүлж хэлсэн үг бүхнээс туулж өнгөрөөсөн амьдрал нь, туяаран буй зүрх сэтгэл нь гэрэлтэж байгааг мэдэрч явлаа.

    Зүүнхараа миний төрсөн нутаг. Төрж өссөн нутгаа зорих бүр л залуу насны халуун эрмэлзэл дүүрэн амьдралаа аймаг сумынхаа хөгжлийн төлөө зориулж ард олныхоо ачийг хариулахсан гэж бодох юм даа. Бага насаа санахаар хааяа би өрөвддөг юм гээд жолооч маань чимээгүй болж хурдаа нэмэв.

    … Үүргэвч дүүрэн ундаа хоёр гартаа аравын битонтай тараг сүү барьсан жаахан хүү шөнийн харанхуйд бүдэчсээр төмөр замын Мандал өртөөн дээр ирж, гал тэргэнд суулаа. 

    • Ундаа аваарай! Ундаа аваарай!

    Гүн нойрондоо автсан зорчигчид хүүгийн цолгиун дуунаар цочин сэрээд ундаа худалдаж авахаасаа илүү ундууцан уурлаж хөөж туух нь энүүхэнд. Гэвч хүү хот орохоос өмнө л ундаагаа зорих ёстой. Хот орчихвол тараг сүүгээ зарна!

    Тараг аваарай! Сүү аваарай! гэж цангинах хүүгийн дуунаар их хотын нэгэн хороолол сэрнэ… 

    … Яриа уянгалаг намуун өрнөсөөр… Тэрэг жигдхэн хурдалсаар. Бодолд маань харин өөрөөсөө хэтийдсэн ачаа үүрч, амьдралын төлөө доголон нулимстай гүйсэн жаахан хүү торолзоно. Их хотын шинэ өглөөг цагаан сүүгээр залж авчирдаг байсан хүүгийн ирээдүйн гэрэлт амьдрал ч сүүгээр цалгилсаар ажээ. 

    Амьдралд итгэл дутах үе бишгүй л байдаг юм

    Алс холын мөрөөдлөө санаж урагш тэмүүл

    Зорьж буй заг чинь зөв бол 

    Зогсолтгүй алхаад бай найз минь

    Гэсэн цог золбоо төгс “Ирмүүн залуу нас” дууны үгийг Ганбатын ОЮУНБАТ зохиох болсон нь энэ л бага настай нь холбоотой биз ээ гэсэн торгон шижим санагдана. Нэгэнтээ нэрт соён гэгээрүүлэгч Д.Урианхай “Хүрэн толгойн сүүдэрээ чагнахуй” хэмээх эссэндээ “… Юу юугүй цээжин аглагт зөндөө зөндөө энхрий үгс нэг нэгэнтэйгээ ханьсан тэврэлдэж, чанга чангаар хашгичин хөөцөлдөнө…” гэж бичсэн байдаг шиг Оюунбат хэмээх оргилуун бодол, оюунлаг сэхээрэлтэй залуугийн тухай уншигч танаа хэлье гэсэн үгс минь “цээжин аглагт нэг нэгнийхээ урдуур дайран сахилгагүйтэн” байлаа. 

    Төрийн ёслол хүндэтгэлийн дуу хоолой

    Оюунбат бол ТВ-ийн дуу хоолой. Ялангуяа ажил амьдралын хэмнэлтэй нь айзам жигдэрсэн UBS ТВ- н нүүр царай. Оюунбатгүйгээр телевизийг төсөөлөхөө байтал нэвтрүүлэг хөтөлнө гэдэг түүний ур чадварынх. Ийм дуу хоолой чинагшид үргэлжилсээр “Монгол төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Оюунбат тэргүүн эгнээнд… Төрийн алтан жолоог атгалцах үйлсийн манлайд Оюунбат урам зориг дүүрэн алхаж явна. 

    Эх орныхоо хоймрыг эмжээрлэж харагдах

    Эх нутгийнхаа үнэт зүйлсийг элгэн тусаа нандигнах 

    Хойч үеийнхээ хувь заяаг хүйн орчлонтой нь хамт зангидсан 

    Миний нутгийн залуус

    Миний амьдралын найзууд юм аа

    Урагшлах зам чинь зөв л байвал алхаад бай! 

    Тэрбээр ийнхүү гэгээлгээр тунхаглан, гэрэлт амьдралын зүг урагшилсаар.

    Өгүүлэхүйн урлагийг хөгжүүлэгч

    ТВ-ээс замнасан түүний ажил амьдралын гараа эх сайхан нутгийнхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр гэрэлтэх чин хүсэл мөрөөдлийг нь асааж өгчээ. “Тиймийн тул удам ургаа санах, эх түүхээ дээдлэх, газар түүний ажил амьдралын гараа эх сайхан нутгийнхаа төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр гэрэлтэх чин хүсэл мөрөөдлийг нь асааж өгчээ. Тиймийн тул удам ургаа санах, эх түүхээ дээдлэх, газар шороогоо нандигнахын үүднээс Монголын уран зохиолын ноён оргил “Монголын нууц товчоо”, Жангар, төрт ёсны судар Үндсэн хуулийг өгүүлэн уншиж сонсдог ном болгон хэвлүүлжээ. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил” гэдэг дээ.

    Залуусын өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэгч

    Оюунбат Нээлттэй мэтгэлцээний холбооны анхдагчдын нэг. Харанхуйд гэрэлтэх дэнлүү шиг гэгээн болоод тодорхой залуу насны оюун ухаанаар улс Монголынхоо тухай, унаган төрөлх нутгийнхаа тухай олон ургальч бодлыг уралдуулан мэтгэлцэх нь түүний хойшдын чин халуун итгэлт замыг нээж өгсөн буй за. “Хүн юу тарина, түүнийгээ хурааж авна” гэдэг үйл болоод нөхцөл шалтгааны холбоотой мэргэн ухаанаас ундарсан үг буй. Тэр “гэгээ” гэсэн үгэнд дуртай. Ажлын гараагаа үргэлжлүүлэсэн ТВ-ийн студийн нэр нь “Гэгээ”, дунд хүүгийнх нь нэр нь Гэрэлт-Эрдэм, охиных нь нэр Гэрэлтзул. Ай, чухам эндээс л түүний дотоод сэтгэлийг мэдэрч болно. “Зам хаашаа хөтөлнө, бид тийшээ очно”. Түүний зам эрч хүчээр цалгилсан залуу нас, энэхүү “залуу нас” хэмээх гайхамшигт замаар “Гэрэл гэгээ” хэмээх аз жаргалт амьдралд хүрэхээр тэмүүлж яваа юм. Тэр тэнгэрлиг ярууд дурлаж түүнийг бүтээн цогцлоохоор гэрэлтэж яваа юм тэр.

    Зүүнхараагийн унаган хүү

    Аливаа хүн төрж өссөн нутагтайгаа хүйн холбоотой гэдэг. Уншигч та бодоод үз дээ. “Хүйн холбоо …” Оюунбатын хувьд энэхүү хүйн холбоо бүр ч нандин. 

    Сайхан ижийгээсээ тасарсан хүй нь Ширхэнцэг, Ноён хайрханы тунгалаг чулуу, сэлүүхэн тунгалаг Сэлэнгэ, Хараа Ерөөгийн гэрэлт чулуунд цөглөсөн юм.

    “Ус Мөрөн олон чиг 

    Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ ? 

    Улс амьтан олон чиг 

    Ээжийг минь яаж гүйцэх вэ ? “ 

    Гэх ч юмуу эсвэл 

    “Хараа бараандаа мяралзсан 

    Хараа, Ерөө хоёр минь 

    Хангинан дурсаад суудаг

    Аав л ижий хоёр минь

    Хоёр буянтнаа санаад би 

    Хоолой зангируулж дуулна аа , би 

    Холын шаргал харгуйг 

    Эвхэн эвхсээр очно доо”

    Гэж зүрхэндээ уянгалуулан, хорвоо дээр ахиад олдохгүй хосгүй гайхамшигт тоонот Төрсөн нутгийнхаа төлөө ихийг бүтээж шинийг цогцлоох ирмүүн эрмэлзлэлээр дүүрэн яваа юм тэр. Тийм учраас ч “Эхлээд нандин үйлсдээ зориул” гэсэн энгийн зарчмыг баримталдаг. Энэ зарчим түүнийг хүй цөглөсөн нутагтаа ихийг бүтээж, шинийг цогцлоох эрхэм үйлсэд хөтөлсөөр байгаа юм.

    Нэгэн зүйл: 

    Г.Оюунбат Монголынхоо түүх, соёл, ёс уламжлал, угсаатны зүй, хэл сэтгэхүй эрхэм нандин бүхнийг дээдэлдэг. Энд би нэгэн сонин баримт ишлэхийг хүсч байна. Том хүүг нь Есүнхэй гэдэг. Есүнхэй гэхээр танд мөнөөхөн 335 алд газар харвасан хавтай мэргэн харваачийн тухай санагдаж байгаа биз ээ. Мөн тэрбээр нэгэн ярилцлагадаа “Том хүү минь анх төрөөд шөнө унтахгүй их уйлдаг хүүхэд байсан. Айлын том эрэгтэй хүүхэд адуугаа манах гээд шөнө унтддаггүй юм. Дом болгож нум сум, уурга хийж дэрэн доор нь хийвэл тайван унтаж амарна гэж өвөө нь хэлээд ээжийнх нь үсний даруулгыг авч нум сум хийж өгсөн . Хүү маань түүнээс хойш тайван унтдаг боллоо. Энэ бэлгэдлийг бодоод МНТ-ноос нэгэн баатрын нэрийг өгвөл зүгээр юм байна гэж бодоод хавт Хасарын хөвгүүн Есүнхэй баатрын нэрийг өгсөн юм” гэжээ. Даяаршиж буй нийгэмд дангааршиж байж “Монгол” хэмээх нэрээ авч үлдэн тусгаар тогтноод “Даяаршил”-тай хөл нийлэн алхах ёстой гэдгийг тэр мэдэрч тэрхүү нандин мэдрэмжээ үргэлж хуваалцахыг хүсдэг. 

    Нэгэн зүйл:

    “Амьдрал баян, асар олон өнгөтэй” гэдгийг тэрбээр санаж, агуулгаар дүүрэн аж төрөхүй сайхныг зүрх сэтгэлээрээ мэдрэн, гэрэл гэгээлэг өнгө илүү давамгайлж байхыг тэрбээр чин сэтгэлээсээ хүсч залбирдаг юм. Он цагийн сүйх тэрэг довтлон өнгөрөх ирээдүй цагийн хаалга дунд ч түүний энэ бодол огтхон ч бүүдийхгүй гэдэгт би итгэнэ.

    “Итгэл бол сэтгэлийн үндэс, сэтгэл бол зүтгэлийн үндэс” гэсэн зарчимыг амьдралынхаа мөрдлөгө болгохыг хар багаасаа мэдэрсэн түүнд эх нутаг, элгэн садан түмнийхээ тусын тулд гэрэлтэн цохилох халуун зүрх буй. 

    Тэрбээр одоо эр бие жагсарч, идэр халуун сэтгэл жигдэрч, итгэл дааж зүтгэх нэмэх Улс төрийн шинэ залуу халаа, ухаалаг оюунлаг эрч хүчтэй төлөөлөгч болжээ. 

    Түүнд та итгэлээ өг

    Хариуд нь тэр сэтгэл, зүтгэлээ өргөнө.

    ИТГЭЛ БОЛ СЭТГЭЛИЙН ҮНДЭС 

    СЭТГЭЛ БОЛ ЗҮТГЭЛИЙН ҮНДЭС

    СЭЛЭНГЭДЭЭ САЙХАН АМЬДАРЦГААЯ

    ОЮУНБАТ МОНОЛОГ

    Галт тэрэгний дохио хангинан Зүүнхараа буюу Мандал өртөөн дээр ирэн зогслоо. Ингээд би элэг зүрхэндээ санан бэтгэрч, их олон шөнийн зүүдэндээ харж, эргэн очихын халуун тэмүүлэлтэй сэрдэг байсан төрөлх нутагтаа ирлээ.

    Ай даа. Төрсөн нутаг минь ! Ээжийн минь цагаан сүүний үнэр анир нь цээжний аглаг, цэлмэг нандин ухаарлын чанад уруу урсаад л юутай энхрий дотно, юутай нулимс асгам уяралтай вэ ? 

    Борооны дусал цэцэгсийг нь хөгжимдөхөд 

    Бодлын хөвчид хөхөө нь хөвшдөг 

    Дуулан гэгэлзсээр зориод л очиход уйлан мэлмэрсээр угтан авдаг

    Зүрхэнд дотнохон Зүүнхараа минь 

    Зүүдэнд илхэн гэгээн нутаг минь… 

    Гэсэн энгийн хэрнээ үнэн, эгэл мөртлөө эрхэмсэг бадгууд надаас ундрах нь ид шид гэлтэй. Таныгаа санасан халуун сэтгэл минь намайг яруу найраг, дуу хөгжмийн тансаг хүрээлэнгээр аялуулж, хайрын шидэт бийрийг бэлэглэв. Ай, юутай дотно. Галт тэрэгний дохио хангинан зогсох бүр энд би ирнэ. Галт тэрэгний дохио хангинан хөдлөх бүр эндээс би явна. Заримдаа би амьдралыг “аялал” гэж санадаг юм. Тийм ээ, амьдрал хэмээх энэ аялалын галт тэрэгний нэгэн өртөөн дээр өвгөд эмгэд нь буухад нялх нярайс нь суугаад, ийм л зогсолтгүй сэлгэх хүн нүүдлийн аялал юм амьдрал. Зүрхэнд зүмбэрлэн зүүрмэглэх арслангийн дүртэй Ширхэнцэг хайрхан, Их бага Мандал, Ноён Хатан уултай Зүүнхараа нутагтаа очих бүрийдээ амьдрал бол ирж буцах аялал гэж гүнээ итгэн санах юм. Хязгааргүй уудам орчлонгоос дэлхийгээ онож нүдэн цэнхэр дэлхийгээсээ Монголоо олж, эх сайхан Монголоосоо энгүй дотнохон сэлэнгийн буурал тоонотыг олж мэндэлсэн би үнэхээр хувь ерөөлтэй. Тийм ч учраас тэргүүн өндөр алхдаг юм аа, би.

    Хүний газар холын холд явахдаа төрсөн нэтгийнхээ чулуунаас авч явдаг нэн учиртай. Алсыг зорихын өмнө Ширхэнцэг их хайрхандаа очиход оюун ухаанд минь сүр хүчийг илтгэн зогдор дэвсэх арслан нандигнан хадгалж явах чулууг минь өргөн тавгандаа гэрэлтүүлэн байх шиг ямар гайхамшигтай санагддаг гэж санана. Ийм л төгөлдөр нутагтай хүү болохоор би гэрэл гэгээ, зөвхөн гэрэл гэгээ тийм л тэмүүлэх учиртай. Тэгээд ч гэрэл гэгээ тийш л бүх юм хийсдэг шүү дээ. Ирж буцах цагийн торгон зааг дээрээс ирмүүн залуу насныхаа эрч хүчээр идэр залуу шонхор мэт халин дүүлэх их үйлсийн гэгээн тэнгэр алсран цэлийж буй болохоор эх нутгийнхаа сахиусанд тэртээ дор мэхийж эгнэгт хайрлаж явах учиртай юм, би Төрсөн нутагтайгаа хүн хүйн холбоотой байдаг нь

    Асуулт: Нутагтаа байнга ирдэг үү?

    Сүүлийн үед нилээд ирж байгаа. Хүн бол ямар ч тохиолдолд өсөж төрсөн нутаг ус хангай дэлхийгээ очиж чадахгүй байсан ч бодож байх ёстой гэж боддог. Би өөрөө ямар нэгэн арга хэмжээнд орохдоо тухайн нутаг орны уул, ус, шүтээн, хайрханыг дурьдаж өгөхөд тухайн сонсож байсан хүмүүсийн анхаарал төвлөрдөг. Жишээ нь: Сэлэнгэ аймаг таван Хаан, Ширхэнцэг уулын орой мянган уулсын орой харагдах ноён уулын тэртээ гэх мэтчилэн ярихад Зүүнхараагийн хүн бол шууд л анхаарч эхэлнэ. Яг үүн шиг Монгол орны дөрвөн зүг найман зовхис олон сайхан хангай дэлхий уул ус байгаа. Түүнийг бол дурьдах ёстой гэж боддог. 

    Асуулт: Нутагтаа ирэхэд ямар дурсамжууд сэдэрдэг вэ?

    Сэдэрнэ ээ. Хүүхэд байхад болж байсан зүйлс гээд л төмөр замын битон дээр жижигхэн дугуйн дээр ачаа ачаад л ядраад явж байсан гээд ер нь бол дандаа зовж байсан үеүүд санаанд ордог юм байна. Тийм ч учраас хүн илүү хүчирхэг болдог байх. Би бол 90ээд онд Зүүнхараа буюу мандал сумд нилээд чанга үеийг туулсан гэж боддог. Тэр хүнд үед бол юу ч хийхэд бэлэн байсан өсвөр насанд минь цагтаа өгдөг төмөр замын цалин л аварсан гэж боддог. Яагаад гэвэл манай эцэг эх маань тэнд  ажилладаг байсан, тэд нарын цалин л гэрт маань орлого болдог байсан. Ээж маань тэтгэвэрт гарцан байсан. Тухайн үеийн тэтгэвэр бол нилээд муу байсан. Манайх бол ам бүл 6уулаа дандаа эрчүүд бүгд сургуульд сураад нэг нь ч орлогогүй маш хүнд байсан. Сайхан дурсамжууд ч зөндөө байдаг. Тэр үеийн дурсамжууд хааяа нутагтаа ирэхэд бодогддог мартагдадгүй дурсамжууд минь юм аа. 

    Асуулт: Нутагтаа ирэхэд мэдрэгдэж байгаа өөрчлөлтүүд юу байна вэ?

    Би бодохдоо намайг бага байхад Спортын ордон, Хүүхдийн ордон байхгүй яавдаа гэж боддог. 10жилд байхдаа би үндэсний хөгжмийн дугуйланд явдаг байсан. Сонирхлоороо лимбэ тоголдог байсан. Мөн сургуульдаа болж байгаа тэмдэглэлт өдөр баяруудыг хөтөлдөг нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Магадгүй Зүүнхараад баригдаж байгаа хүүхэд хөгжлийн төвүүд намайг хүүхэд байхад байсан бол мөн адил оролцоод ашиглах л байсан байх даа. Номын сан явье гэхээр нилээн зайтай байсан. Тэндээс “Үүлэн бор” гэдэг номыг их уншдаг байсан. Одоо бол өдрөөс өдөрт гоё болж байна. Монгол улсаас Шилдэг  сум болгосон ч  учиртай.  Сүүлийн үед бол шинэ засмал зам тавигдаж суманд есөн давхар орон сууц гээд төрийн орон сууцны корпорацны барилга баригдлаа. Сэлэнгийн Зүүнхараа бол хөгжлийнхөө хувьд бүсчилж хуваабал Сэлэнгэ аймгийн 3дахь хот эрэмбэлвэл 2дохь хот хөдөө аж ахуй илүү суурилсан хонхор газар хөрс сайтай нарийн ногоо ургадаг түүнийгээ дагасан хөдөө аж ахуй өрхүүдийн хувийн аж ахуй хөгждөг. Спирт бал бурам, Төмөр зам, Мод боловсруулах үйлдвэртэй. Одоо Том хүлэмж баригдлаа. Урд дэревэйний айлууд бол ногоо таридаг, хойшоо айлууд бол мал аж ахуй эрхлэдэг, голоороо төмөр зам дагасан худалдаа наймаа эрхэлдэг, Сэргэлэн бол сэлэнгийнх гэдэг үг бол оргүй үг биш тэд бол асар өндөр амьдрах чадвартай хүмүүс байдаг. Юманд  болчлоо гээд ханах биш хүн амьдралд шунаж дурлаж мөрөөдлөө өөрийн амьдрал болгож амьдрах хэрэгтэй. Мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж түүнийхээ төлөө зөв зүйтэй явах ёстой. Би боддог юм. Нулимс дусгадаггүй эр хүн хэтэрхий хатуу гэж боддог. Хүн л болсон хойно амьдралын хэцүү үеүдэд сэтгэлээ нээж байх хэрэгтэй. Юун дээр хатуужих вэ гэдгийг ялгаж салгаж байх хэрэгтэй. 

    Асуулт: Нутагтаа хиймээр санагддаг, өөрчилмөөр бодогддог зүйл юу вэ?

    Би түрүү хэлж байсан. Багаасаа идэвхтэй хүүхэд байсан. Нийгэмд идэвхтэй амьдраад ирэхээр хүссэн хүсээгүй нутаг орныхоо төлөө эсвэл гэр бүл ойр дотныхнихоо төлөө өөрийн харьяалж буй байгууллагынхаа хувьд бол илүү идэвхтэй юм хийж бүтээе гэсэн санаачлага гарч ирдэг. Энэ бол “Инерц”. Ирэх болгондоо боддог. Сэлэнгэ аймаг Мандал сум Монгол улсын шилдэг гэж хэлэгдэж байгаа аймаг нутагт аймагаас буюу улсаас төсөвлөгдөж олгогдож байгаа боломжуудыг нь зөв зүйтэй зарцуулах юмсан. Энд ажил төрөлөөрөө холбогдоод өөр шинэ боломжийг хайх биш нутаг орондоо илүү боломж бий болгож амьдарч байгаа тэр хүмүүст илүү сайхан амьдрах нөхцөл боломжийг бий болгох боломж нь байгаа. Тэрийг нь хараад хийчье гэсэн бодол санаа байдаг.  Ерөөлт хөдөө аж ахуйн бүс гэдэг утгаараа Сэлэнгийн брэндийг Зүүнхараа хотын төмс хүнсний ногоо өвөл зуны хүлэмж мөн төмөр зам гээд асар том транзетийг ашиглах боломж байна. Мөн авто замаар холбогддог. Тэр нутгийн удирдлага ард иргэдийг төлөөлж сууж байгаа хүн шийдвэрийг зоригтойгоор гаргах хэрэгтэй. Сэлэнгийн зүүнхараагийн гаргаж байгаа бүтээгдэхүүн брэндийг Улаанбаатар цаашилбал Япон улстай олон улсын татваргүй байх гэрээ байгуулсан. Үүний хүрээнд хийгдэж болох хүнсний бүтээгдэхүүний маш олон төрөл бүтээгдэхүүн байж болно. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар буюу ардчилсан нийгмийг бий болгосон хүмүүсийн санаачлагаар сум орон нутгийн хөгжлийн төлөө сум орны төсөв томилгоог шийдэхэд тэнд хөгжил буюу боломж бий  болно. Энэ бол маш том юмны түгжээг мулталсан. Сум хөгжүүлэх сангийн тоог харахад бол боломшийн сахүүтэй харагддаг. Тэрийг яагаад зөв зүйтэй зохицуулж болохгүй байдаг юм. Бухэл газар ийм асуудал болдог. Манайд ч бас байна. Гэхдээ тэр асуудлыг бол шийдээд л явах ёстой. Нөгөө талаар бол Төмөр зам хэмээх том байгууллагын менежмэнтэд энэ орон нутагт яаж өөрчлөгдөж орчин цагийн төмөр замын менежмэнттэй хэрхэн уялдаж байгаа тэр нь цаанаа хүний амьдралтай цаг хугацаа явж байгаа. Нас явах тусам хүний ажил амьдрал өнгөрч байгаа. Өнөөдөр хүүхдүүд нь том болоход баярлаад яваад байх бол амархан. Гэтэл хүн бол ойр дотны хүмүүсээс сөрөг муу дархлааг хамгаалсан байх ёстой. 

    Асуулт: Хүүхэд насныхаа мөрөөдлөөс хуваалцна уу?

    Би нэг зүйлийг гайхдаг юм. Намайг арван жилд байхад “Мини парламент” гэж болж байсан. Манай ангийн багш түүх нийгмийн багш байсан. Нийгмийн шинжлэх ухаанлуу дагнаж явах юм байна даа гээд  тэр чиглэл рүү сонирхоод тэрэнд их ач холбогдол өгөөд тэрэндээ их дуртай байсан. “Мини парламент” суманд шалгараад түүнээс цааш аймагтаа шалгараад сүүлд нь улсад очдог. Улсад очоод Монголын үндэсний радиогийн танхимд ороод үндэсний телевизээр шууд дамжуулаад тэр үед бол 90ээд оны үе UBS гээд цөөн хэдэн телевиз гардаг байсан. Хүмүүс бол маш анхааралтай үздэг. Би тэнд цөөнхийн бүлгийн гишүүн буюу хүүхдийн эрхийн тухай одоо манай ах эгч нар хэлэхэд бол Оюунбат бол юм асуухаар зөрүүлээд хүүхдийн эрх ярьдаг байсан шүү гээд ярьдаг би бол нээх санадгүйн гэхдээ хариу тайлбар л хэлээд байдаг юм шиг байгаан. Нэгт тэр үед нэвтрүүлэгт орчоод сургууль дээр хүрээд ирсэн чинь сургуулийн зааланд ортол 

    Энэ ахыгаа таньж байна уу ? гээд асуутал тэнд доод ангийн хүүхдүүд зогсож байсан “Хүүхдүүд Зурагтаар гардаг ах байна”. Тэгэхээр нь би намайг таньж байна даа гээд л өнгөрсөн. Араваа төгсөөд арван найм жил өнгөрөөд өөрийгөө бодоход бол одоо би  нээрэн л зурагтаар гардаг хүн болсон юм байна. Хоёрт бол миний аавын ах Монголын радиогийн гавьяат нэвтрүүлэгч Гончирын Чулуунбат гэж хүн байдаг. Чулуунбат ах өөрөө радиогийн “Москвагаас ярьж байна” гээд Оросын дуу хоолой радиогийн нэвтрүүлгийг уншдаг. Манай гэрт шугамын радио байдаггүй. Урд таван давхарын буюу байрны айлуудад байдаг. Ангийнхаа хүүхдийнд ороод шугамын радио сонсдог байсан. Сонсоход бол гоё сонсогддог бахархал төрдөг байсан. Энэ нь миний амьдралд бол тодорхой хэмжээний сэдэл өгсөн. Хүн алтангадас хараад тэрийг зорих ёстой гэдэг шиг тэрний нэг том сэжүүр нь тэр ах юм болуудаа гэж боддог.  Манай ах бол би Оюунбатад бол их чухал хүн байсан гээд бододгүй байх гэхдээ миний хувьд  тийм байсан. Би хожим Монголын үндэсний радионд ороод ТВ-д ажиллаад явахад бол арван жилийн ангийнхан бол их гайхдаг байсан. “Чи аягүй сонин. ТВ-рүү ороод ТВ-гийн салбарт ажиллаад” гээд зарим нэг нь боддог байсан байх. Хэзээ ч телевизийн салбарлуу  ажиллахгүй байсан байх гэж. Би өөрөө жинлүүрийн орд. Жинлүүрийн орд учраас шүүгч болно гэж боддог байсан. Шүүгч биш юм гэхэд өмгөөлөгч их тохирно. Амьдралын алтан балансийг сайн олдог аливаа хэрэлдсэн муудалцсан хүмүүсийг зохицуулдаг тийм хувь хүний хүмүүжил өндөртэй байсан. Тэрэндээ бага байхад надад таарах мэргэжил мөн гэж боддог байсан. 

    Асуулт: Хэр их итгэл үнэмшилтэй вэ ? 

    Би бол өөрийгөө залуу хүн гэхэд их шүтлэгтэй хүн гэж боддог. Бид нарыг бол дээрээс харж байдаг байх. Яагаад гэхээр миний уншдаг номны дуртай хэсэг юу вэ гэхээр улс орны болон Монголын түүхийн талаар уншиж судлахыг хичээдэг. Нөгөө талдаа хүмүүсийн амьдралыг судлахыг хичээдэг. Тэд нарын дурсамж дотор байдаг.  Муу муухай зүйл үйлдээд байвал хожим өөрт нь биш юм гэхэд үр хүүхдэд нь хүссэн хүсээгүй ирдэг юм. Энэ бол нотлох шаардлагагүй үнэн буюу “Хоризм” шиг ийм үнэн зүйл байдаг. Амьдралдаа бол хүн мөр цагаантай зөв сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Их олон хүмүүсээс би тэрийг олж харж байсан. Би бол арвах хуруу тэгш хүн биш ганц нэг сахилгүйтэх үе  мэдээж амьдралд бол орж ирнэ. Тэгсэн ч хүн өөрөө зөв байх ёстой.  Импати төвийн номноос л харж байсан. Нэгэн лам бясгал хийгээд сууж байтал хажуугаар нь гөрөөс өнгөрч гэнэ. Гэтэл араас нь нэг буугаа барисан анчин амьсгаадцан хүрч ирж гэнэ. 

    Анчин:  “гөрөөс хаана байна” гэж асуутал 

    Лам бодож байна. Гөрөөсийг заагаад өгвөл гөрөөс буудуулна. Гөрөөс өөр тийш явсан гэж хэлвэл худлаа ярьсан болно. Лам бодож бодож: уучларай би бясгал хийж байгаад орчныг  анзаарсангүй ээ гэж гэнэ. Хүний амьдралд ч бас байж болох л зүйл.

    Асуулт: Хэвлэл мэдээллийн салбараас хамгийн их суралцсан зүйл юу вэ?

    Хэвлэл мэдээллийн энэ салбар бол миний амьдралын нэг тал гэж боддог. Би энэ тойргоос бол хэзээ ч гарахгүй. Тэр тусмаа хөгжье гэж бодож байгаа залуу хүнд бол хамгийн чухал тойрог юм байна даа гэж мэргэжилдээ дурлаж ирсэн цагаасаа л мэдэрч эхэлсэн. Мэдээллийг хүн өөртөө мэдлэг болгож боловсруулж авна гэдэг том ухаан. Нөгөө нэг талдаа хүн бол асар их зүйлийг мэддэг мөртлөө бусдад түгээж чаддаггүй хүмүүс байдаг. Тэр бол нийгмийн ерөнхий жишигээр бол магадгүй ертөнцөөс хүмүүсийг багцаар нь сайн, муу, хэрэгтэй, хэрэггүй гэж дүгнэвэл хэдий боловсрол өндөртэй байсан ч тэр боловсролоо бусдад түгээж чаддаггүй хүн бол  нөгөө арай бага зүйл мэддэг ч түүнийгээ түгээж чаддаг нийгэмдээ үр нөлөөтэй сайн гэж үздэг. Тэр утгаар бол хэвлэл мэдээллийн салбар бол өөрийгөө хөгжүүлэх болон өөрийгөө олох амьдралаас зөв бурууг ялгах нийгмийн үнэт зүйлсийг ойлгох асар олон зүйлийг энэ салбар надад олгосон. Ер нь идэвхтэй амьдрахын цаад талд юу байгаа вэ гэхээр шинжлэх ухааны талаас аваад үзвэл улс төр лүү орчдог юм байна. Орохгүй явж болно. Миний хувьд бол улс төрлүү орсон. Улс төрийн шинжлэх ухааныг онолын түвшинд нь Монгол улсын их сургуулийн улс төр судлалын магистраар төгссөн.

    Асуулт:  Өгүүлэхүйн урлагийн чиглэлээр ямар уран бүтээлүүд туурвисан бэ? 

    1998онд нээлтийн нийгэмд мэтгэлцээний сангаас Дебит хөтөлбөр буюу мэтгэлцээний хөтөлбөрийг зарлаж байсан. Мэтгэлцээний хөтөлбөрт би анхнаасаа удирдах зөвлөлд биш гэхдээ идэвхтэй гишүүнээр ордог. Тэнд мэтгэлцэж байгаа ах нарыг хараад боддог байсан. Ямар мундаг юм бэ. Тэр өөрийгөө илэрхийлж байгаа логиктой, дэс дараалалтай, өөрийгөө авч явч байгаа нь надад их сайхан санагдсан. Би зөв гэж бодсон зүйлээсээ их үлгэр авахыг хүсдэг. Дуурайна, тэрийг сурахыг хичээнэ. Мэтгэлцээний холбоонд ороод мэтгэлцээн чиглэлээр сургалтанд суугаад илтгэх урлагийн чиглэлээр ороод би өөрөө нэвтрүүлэгч ТВ радиогийн хүн учраас ярих чадвартай. Тэр нь системтэй болж ирсэн. Миний сонсдог ном болгосон “Монголын нууц товчоо”  бол Монголын түүх үндсэн хууль энэ бол шинжлэх ухааны ном бидний тарни гэж цээжлэх ёстой энэ тоглоомын дүрэм. Хэдий би урлаг уран сайхны хүнд сэтгэлийн болон гоо сайхны мэдрэмж аялгуу дуу хоолой мэдрүүлж байгаа нь тэрний цаана юм бодуулж байгаа тэр юм бодсоны цаана нийгэмд тодорхой хэмжээгээх хувь хүний хувьд ч сэтгэлгээний хувьд бол өөрчлөлт орох ёстой гэж итгэж найддаг. Тэр утгаараа л би хийж эхэлсэн. Сүүлд би сонсоход ӨвөрМонголын 10аад сургуулиуд миний уншсан монголын нууц товчоо төв Халх Монголын дуудлага гэдэг хичээлийг манайхаар бол ерөнхий боловсролын сургуулиудаар орж байдаг. Би үүгээр бол өөрөөрөө бахархсан. Хүн хааяа ч гэсэн өөртөө урам зориг өгч байх ёстой. Монгол бичгээр Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллаж байсан нэг хүнээр дамжуулж уулзаж байсан. Би Монголын нууц товчоог чинь сонсдог хэлбэрээр авч явье. Тэр хүнтэй анх Интер номоос залгаад “Сайн байна уу Оюунбат мөн үү Таны номноос 100 ширхэгийг авье. Тантай шууд уулзмаар байна. Хэрвээ боломж байвал маргааш үндэсний түүхийн музейд болох нууц товчоо гэдэг үзэсгэлэн дээр хүрч ирнэ үү” гэсэн юм. Миний CD-нээс 100 ширхэгийг  авна гэхээр хүн чинь баярладаг юм байгааздээ. Өөрийн гаргасан тэр уран бүтээл түүнээсээ л урам авдаг. Гол нь төдий хэмжээний хүн миний уран бүтээлийг хүргэх нь сонин. Тэр үед Соёлын тэргүүний ажилтан авж байсан. Намайг авч байх үед нийгэмд соёлын тэргүүнийг хэн дуртайн авдаг болж гэсэн давалгаа бол үүссэн. Би өөртөө яагаад ч юм тэдний нэг ч болчихвуу гэж санаа зовж байсан. Гэтэл би тийм биш нэгдүгээрт боловсролын сайдаас нь түүнийг авч байсан. Хоёрдугаарт би номоо нээгээд өөрийн уран бүтээлээ  дуучдаар бол  тайлан тоглолтод авч байсан. Гуравдугаарт миний тэр бүтээл өөрөө Монголын уран зохиолын ноён оргилуудын нэг өөрөө надаас бол үл хамаарах үнэлэмж нь надаар үнэлэшгүй дөрөвдүгээрт бол хил залгаа цааш олон улс буюу ӨвөрМонголд сонсож байсан. Сүүлд Бээжингээс юм аваад л эрээн лүү машин  тэрэгтэй юм хийгээд зөөж байхад нэг ӨвөрМонгол жолооч ах машин дотроо миний хийсэн сонсдог нууц товчоог сонсцон сууж байна. Би бүр гайхаад  энэ Монголын нууц товчоо юу гээд асуусан чинь 

    Тийм Монголын нууц товчоо Монголчууд Монголын нууц товчоогоо мэднэ биз гээд хэлэхээр нь 

    Чингис хаан нас бараад Сүгмидийн Билгүдэй баатар магтан шүлэглэсэн тэр хэсгийг би өөрт чинь уншиж өгөх үү гэсэн чинь За гээд тэгж байна. Тэгэхээр нь чи бол одоо ӨвөрМонгол ч гэсэн Бүгд найрамдах Хятад ард улсын өөрөөр хэлбэл 21-р зууныг өөрсдийн хятадын зуун гээд зарлаж байгаа том гүрний нэг эд эс энэ том гүрний удирдагчид нэг өдөр байхгүй болоход чамд ямар мэдрэмж төрөх үү ? тэрэн шиг адил 800гаруй жилийн тэртээ 13-р зууныг байлдаг дагуулж байсан эзэн чингис хаан өөрөө нас барсан үед Сүгмидийн Билгүдэй баатар юу гэж магтан шүлэглэсэн байдгийг тэр үед Монгол хүний юманд итгэх найдах тэр дотоод мэдрэмж ямар байсныг чи бодож байна гээд гол нь хүн ямар ч үед хүнд хамгийн сүүлд үлддэг итгэл найдвар нэр төрөө алдана гэдэг бол том гарз гэвч итгэл найдвараа алдана гэдэг хамгийн том гарз байдаг. Итгэл байгаа цагт зүтгэл бий болж сэтгэл гардаг гэж би хэлэх дуртай. Аливаад бие даасан бодолтой байгаасай юмыг зөвөөр харахыг хичээ, дүгнэ бүр болохгүй бол хэл асуудал хурцадвал шүүмжил тэгээд орхи. 

    Асуулт: Залуучуудын байгууллага, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаанд хэзээнээс идэвхитэй оролцож эхлэсэн бэ?

    Энэ бол их сонин. Би 2007онд улс төрийн сонгуулийн сурталчилгааны ажилд туслахаар ажилласан юм. Тэнд Монгол улсыг ерөнхийлөгчийн сонгуульд яваад Ц.Элбэгдорж 2008онд  Ерөнхийлөгч болж байсан. Ерөнхийлөгч болоод өөрийнх нь төрийн бус байгууллага Монгол улсад бол судалгааны Тинк Танк клубууд байх ёстой. Энэ Тинк Танк клубуудын эхлэл өдгөөгөөс 20иод жилийн өмнө бид нар Залуу лидер клуб гэж эхэлж байсан шиг судалгаа хийдэг хүрээлэн бий болгоё. Би тэрэнд олон нийтийн судалгааны хэвлэл мэдээллийн газрыг хариуцаад авч явах уу гэсэн. Тэрийг бол зөвшөөрөөд надад бол хүндэтгэлтэй сайхан санагдсан. Тэрийг чадах ядахаараа хийж явах үед сэлэнгэ аймгаас аймгийн залуучуудын холбооных нь аймгийн хэмжээний залуучуудын байгууллагын тэргүүнийг сонгох өөрчлөх  чуулган зарласан. Тэрэнд оролцох хүчээ үзэх сонирхол байна уу гэж сэлэнгэ аймгийн одоогийн улс төрийн байгууллагын хүмүүс санал тависан. Би эхлээд сэлэнгэ аймгийн мандал сум буюу зүүнхараагийн залуучуудын холбооны даргын сонгууль болох юм байна. Би тэгвэр орье гэхэд надад чи буруу ярьж байна. Сэлэнгийн зүүнхараа, Алтанбулаг, Сүхбаатар хөтөл гээд аймгийн хэмжээний залуучуудын даргын тухай ярьж байна. Өөр хүмүүстэй өрсөлдөнө гэдгийг хэлж өгсөн.

  • Б.ШАРАВ: МОНГОЛ ҮНДЭСТЭН ДЭЛХИЙН ХӨГЖМИЙН САН ХӨМРӨГТ ЮУ БҮТЭЭСНИЙГ Л ИЛЭРХИЙЛЭХ ГЭЖ ТЭМҮҮЛСЭН ДЭЭ

    Төрийн шагналт, Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав. “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолчТүүний бүтээл нь Дэлхийн хөлбөгийн аварга, Нобелийн ёслолыг нээж тоглогдож байсан бөгөөд ЮНЕСКО-ийн соёлын өвд орсон Монголын дуу, хөгжмийн 3 бүтээлийн 1 юм.

    Д.Т -Бид хоёр олон жил ойр явжээ. Л.Мөрдорж гуайтай ч хамт Х.Билэгжаргалтайгаа ч хамт балгаж ч наргиж ч явлаа. Гэхдээ би гэгч мунхаг хүн өөрийн чинь бичсэн “Замбуутивийн наран” магтууг анх Бельгүүдтэй хамтарч хийсэн “Талын хот ” кинонд 1992 онд ашиглах санаатай анх сонсоод л өнөөх таньдаг Шараваасаа бүтээлчыг олж хараад шүтэж эхэлсэн гэж хэлж болно?

    Б.Ш – “Замбуутивийн наран”г хөгжмийн дээд сургуульд байх үедээ бичсэн юм. Тэр үед гэнэт л юм бичиж болохоо больчихоод байсан үе байлаа. Уран бүтээлч хүн чи андахгүй дээ нэг л болж өгөхгүй зогсчихоод байдаг даа?

    Д.Т -Тийм үе байдаг яагаад ч юм гарахаа байчихдаг.

    Б.Ш -Том том багш нарын ном сонсоод, тэгээд бас хагас хугас ухаан суугаад ирсэн үе л дээ. Энэ европын сонгодогуудын хойноос бид хөөгөөд гүйцэхгүй юм байна… гэдгийг ойлгоод эхлэхгүй юу. Айлаас эрэхээр авдраа ухах тухай бодож эхэлж …Нутгаа ч их санаж байлаа. Энэ европчууд яахав хот барьж байгуулж, өөрийн гэсэн соёлоо дархлаа л биз, бид ч гэсэн бас том явсан үе бий шүү дээ эдгийг бүгдийг удирдаж байлаа гээд омог сэтгэл төрнөө дөө …Чингис хааны үе түүнээс ч өмнөх үеийн тухай, бүр тодруулбал уртын дуу хэрхэн үүсэн тухай гэх мэт юм их бодож байлаа. Тэгээд цаг нь болсон хэрэг.

    Д.Т -Уралын консерваторт байхаа?

    Б.Ш-Тийм тэгээд 4 р курс төгсөх хавар нэг өглөө босож ирээд эхний хэсгийг бичсэн юм л даа. Өнөөх нутгаа санасан сэтгэлээр авдраа ухсан хэрэг шүү дээ. Уртын дуу бол уриа дуудлагаас үүссэн гэж би боддог, таадаг хүн л дээ. Гэтэл тэр үед модерн хөгжмийн урсгалууд ид хүчээ авч байсан үе болоод тэдэнтэй хольж хутгасан гэх үү дээ. А.Шнитке, Р.Шедрин… гэх хөгжмийн зохиолчдийн арга барилыг ажиглаад шинэ юм гаргаж ирэх санаа төрсөн хэрэг. Өнөөх монгол аялгуугаар шүү дээ. Тэнд маш олон санаа орсон хожим нь бүр хөгжүүлсэн юм. Тэгээд ч энэ бүтээлдээ би их хайртай байдаг юм. Энэ бүтээлээс улбаалж дараа дараагийн симфони маань төрсөн хэрэг.

    Д.Т -Курсын ажил юм бол сургуульдаа шалгалтад сонсгоно биз дээ?

    Б.Ш -Тэгэлгүй яахав бүр үггүй дан хоёр төгөлдөр хуураар л тоглуулсан юм. Тэгсэн багш маань наадах чинь л чиний их үнэтэй санаа байна. Энэ л чиний арга барил байж мэднэ гэж хэлсэн юм. Их тоосон хэрэг л дээ. Тэгээд цаашлаад сургууль төгсөхдөө нэгдүгээр симфонио бичээд түүгээрээ диплом хамгаалж дараа нь хоёрдугаар симфони 1987 оны 10 сард тоглогдсоны маргаашнаас л Монголын хөгжмийн ерөнхий хандлага бүхлээрээ өөрчлөгдсөн гэж болно. Өөрөөр хэлбэл 1987 оноос өнөөг хүртэл монголын хөгжмийг бүхэлд нь нэг барил нэг том барил “изм” гэж үзвэл тэр “изм” нь миний нэрээр овоглож өнөөг хүрсэн гэж би боддог. Яагаад гэвэл чиг хандлагын үндсэн суурь надаас эхтэй юм. Цаашдаа ч ингэж л явна гэж бардам хэлнэ.

    Д.Т -Явж явж бүтээлч хүн ерөөсөө өөрийнхөө л тухай , өөрийн хэлэхээс өөр аргагүй болсон болоод л хэлдэг юм биш үү? Зурдаг нь зургаар, бичдэг нь уран зохиолоор хөгжмийн зохиолч бол хөг аяар бичдэг. Бүхий л алдартангуудын бүтээл өөрийнхөө л тухай ярьсан яриа ч юм шиг?

    Б.Ш -Чи яг зөв хэллээ. Би бол бүр улаан хөдөөний хүн шүү дээ. Багадаа хурдны морь унаж өссөн, бүүр жалгын мухарт төрсөн, өнөөх төгөлдөр хуур гэгч хөгжмийг 16 нас хүрч байж л анх харсан хүн . Хэрвээ би хотод төрөөд, хөгжим бүжгийн сургууль төгсөөд, консерваторид очсон бол надаас шал өөр л юм дуугарч таарна. Гэтэл миний амьдрал гэнэтийн өөрчлөлтөөр хөдөөгөөс хотод нэг буудалласан болоод шууд гадагшаа гарч нүд тайлсан хүн учир “Замбуутивийн наран”гаар миний уран бүтээлийн шинэ хаалгаа нээгдсэн байх гэж боддог. Харин чи их дээр олж сонсоод кинондоо ашигласан нь сайхан санагдлаа.

    Д.Т –Хөжмийг үгээр тайлбарлах гэдэг угаасаа утга муутай. Жишээ нь өөрийн чинь “Сэтгэлийн эгшиг”- ийг бараг л гашуудлын хөгжим мэтээр хүмүүс хүлээж авдаг. Бүр некрологт тавиад ч сурчхаж. Нээрээ ч тэрийг хүн тайван, тэгш амгалан сонсож чаддаггүй … Иймэрхүү хөг ая ер нь ямар үед гардаг юм бэ?

    Б.Ш -Дээрх бид хоёрын яриа бол энэ хэсэгт хамаагүй шахам юм. За яахав “Сэрсэн тал” “ Гэгээн алсад одох юмсан” “Манан”… зэрэгт хүмүүс их дуртай байдаг. Жишээ нь “Сэтгэлийн эгшиг”-ийг нэг л сэтгэл хачин болоод, гунигтай ганцаардсан ч юм шиг үймээд,эхнэрээ санаад байхдаа л биччихсэн эд. Хархад зүгээр л хэдхэн нот. Гэхдээ хялбархан хэдэн нот шүү. Хийлч Дээгий нэг удаа надад хэлсэн юм шүү. Энэний нот гэж одоо юу байнаа…гэж ? Тоглоод ядаад байх юмгүй амархан харагдаж л дээ. Тийм л дээ нээрээ. Гэхдээ л хүн түүнийг сонсоод шууд миний сэтгэлд болж байсан тэр гуниг тэр шаналал… одоо юу гэж нэрлэнэ сүнс, энерги, далд ухамсарт байгаа сэтгэлийн хөдлөл ч гэнэ үү …тэрийг сонссон хүн яг адилхан мэдрээд байгаад л учир байгаа юм. Хөгжим өөрөө сэтгэлийн маш хүчтэй хэл юм шүү дээ. Үгээр илэрхийлж болдоггүй юмыг л эгшигээр илэрхийлдэг. Энэ бол цэвэр мэдрэмжийн л асуудал…

    Д.Т -Гадаад ертөнц өөрийг чинь хир хүлээж авдаг юм бэ?

    Б.Ш-Гадагшаагаа тоглогдсон тал дээр бол би хөгжмийн ертөнцдөө хамгийн амжилттай яваа нь ч байж мэднэ. Миний бүтээлүүдээс гадаадад маш их тоглогдсон. “Үлэмжийн ертөнц” симфони уран сэтгэмж, “Зуурдын орон” бүжгийн жүжгийн чуулбар, Морин хуурийн концерт, “Хэрлэнгийн домог” гэх мэт олон бүтээлүүд маань АНУ ын Корнеги холл, Британын Альберт холл, Японы Сантори холл гэх мэт дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн тайзуудад бараг бүгдэд тоглогдсон юм шүү дээ. “Хэрлэнгийн домог” гэхэд л Нобелийн шагнал гардуулах ёслол дээр хүртэл тоглогдсон .

    -Гадагшаа тоглогдохоор мөнгө цаас бас орж ирэх үү?

    -Өө тэгэлгүй яахав. Амазон энэ тэрд ч зарагдаж байгаа. Одоо миний унаад яваа машин гэхэд гадны л мөнгөөр авсан юм шүү дээ. Интернетэд зах хязгаар гэж байхгүй шүү дээ. Зах зээл л юм бол манай бүтээлчид гадагшаа л хүнд хүргэх юм хийхийн төлөө, бусад нь ч энэ зүгт хандуулах, зарж борлуулах зүйлсийг хийх цаг болсон. Зөвхөн Монголдоо тэгээд урлагаар амьдрах арга бол байхгүй. Хөгжим л юм бол хаанаа ч орчуулгагүй хүрдэг болохоор нутагтаа хийгээд чадвал гадагшаа л харж явах хэрэгтэй цаг шүү дээ. Харин чиний киноны хувьд нилээд хэцүү байх. Заавал мөнгө шаардана. Нот бол олон улсын хэл тэхээр бидний хувьд бас боломжтой юм. Төгөлдөр хуур, нотны цаас, үзэг байхад юм хийгээд байж болно.

    Д.Т -Ер нь л манайх шиг 3 сая хүнтэй оронд мэдиагаар мөнгө хийнэ гэж байх уу ?

    Б.Ш –Хэцүү дээ. Маш сайн кино хийгээд хийгээд нэг сая хүн үзнэ биз дээ. Бүүр маш сайн кино бол шүү дээ. Тэгвэл энэ урд, хойд хөршид бол нэг хотод л ийм тооны хүн үзнэ шүү дээ. Тэхээр л бүх урлагийн салбар дэлхийн зах зээлд л оюуны бүтээлээ яаж гаргах вэ гэдэгт санаа зовох ёстой болов уу даа. Саяхан л нэтэд юу ч олддоггүй байлаа. Одоо ч бас ч гэж ютубэд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй юм хум байж байх болж.

    10549954_789491171134412_6867336734338376939_oД.ТЮ туб гэснээс өөрийн чинь бүтээлүүдийг маш их хүн сонсож маш олон зурвас үлдээсэн байх юм билээ. Нэг хүн “Ийм сайхан аялгууг хүн төрлөхтөнд өгсөн Шарав гуай танаар бахархая. Энэ аялгууг мэдэрч сэтгэлийн таашаал авсан хүн бүрийн өмнөөс талархая. Мянган мянган жил үл тасалдах хөг аялгуу мөнхөд хүн төрөлхтөнг сэхээрүүлэг” гэх мэтээр бичсэн байдаг хардаг уу?

    Б.Ш -Хаяа хардаг, урам ч төрдөг. Сэтгэлийн эгшиг, Гэгээн алсад одох юмсан, Манан, Бөртө хатан гэх мэт жижиг аязуудыг их сонсдог болтой юм билээ. “Сэрсэн тал”-ыг бол их хурдан бичсэн санагддаг юм. 1984 онд улс тунхагласны 60 жилээр сэрж байгаа улс орон гэсэн агуулгатай найрал хөгжмийн бүтээлийн захиалгаар хийсэн юм. Одоогоор 31 жил тоглогдоод байна. Үндэсний их найрал хөгжим хамгийн олон удаа тоглосон бүтээл юм. Эндээ олон тоглогдохоос гадна гадашаа ч олон тоглогдсон бүтээл . Москвагийн их тайзан дээр 2 удаа Юнескод ч хэд хэд тоглогдсон. Парист ч бас тоглогдсон байх жишээтэй. Ер нь манай морин хуурын чуулга очсон газар болгондоо л тоглодог. Японы дунд сургуулийн хүүхдүүд тоглосон бичлэг ч ю тубед байна билээ.

    Д.Т -Төрийн шагнал ямар бүлээрээ авсан юм бэ? Хүмүүс “Сэрсэн тал” эсвэл “Гэгээн алсад одох юмсан” бас “Сэтгэлийн эгшиг” гуравыг л төрөөс үнэлсэн байх гэж боддог?

    Б.Ш – Би “Хоёрдугаар симфони”, эхлээд чиний асуусан “Замбуутивийн наран” гэдэг хоёр бүтээлээрээ Төрийн шагнал хүртсэн юм шүү дээ.“Сэрсэн тал” “Сэтгэлийн эгшиг” “Гэгээн алсад одох юмсан” гурвын аль нь ч биш. Хүмүүс тэгж андуураад байдаг.

    Д.Т -Ингэхэд Б.Шарав гэх миний таньдаг хувь хүн ер нь яаж шуу амьдарч байдаг хэрэг вэ? Цалин цавуу гэж огт байхгүй байх. Төрийн шагналын цалин гэж байх уу?

    Б.Ш -Үгүй яахав дээ. Тэтгэвэр тогтоолгох гээд үзсэн чинь ердөө л 6 жил хэдэн сар л цалин авч цаг бүртгүүлсэн хүн юм билээ би. Тэгээд тэтгэвэр тогтоож болдоггүй. Харин тэгсэн энэ УИХ гишүүн С.Эрдэнэ нэг хууль батлуулсан юм билээ л дээ түүнд нь харин хамрагдаад тэгээд 208 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Дээр нь гавьяатын нэмэгдэл гэж 150 мянга тэгээд л болоо.

    Д.Т -Төрийн шагналд цалин байдаггүй хэрэг үү?

    Б.Ш -Байхгүй шүү дээ өгөхдөө хэдэн цаас дагалддаг. Гэхдээ социализмын үед арай дээр байсан шиг байгаан С.Гончигсумлаа багш төрийн шагнал дээрээ 2 мянга нэмээд гэдэг байхаа… унаад явдаг байсан улаан “Шкода” машинаа авсан байдаг юм билээ. Их дэлгүүрээс цоо шинээр нь авсан гэж байгаа шүү. Тэр үед бараг машины мөнгө өгдөг байж. Одоо хэд дагалддаг болсон юм болдоо. Миний үед 50 мянган төгрөг дагаж байсан одоо жоол нэмэгдээ биз…Билгээг авхад 350 мянга болсон байсан санагдана. Гэхдээ яахав ээ би чинь си дигээ зарна. Киноны хөгжим бичнэ. Номнууд байна. Тэгээд бас жижиг сажиг захиалга мундахгүй. Эрхбиш юм хийсэн болохоор хишгийг нь хүртэж л суух юм даа.

    Д.Т -Бусад оронд яадаг юм бэ? Холоос хайгаад яахав Оросод яг өөрийн чинь зиндааны төрийн шагналтай хүн яаж шуухан амьдардаг юм бэ дээ?
    Б.Ш – Өө шал өөр.Кобекин,Владимир Александр гэж хүн байгаа.Намайг Уралын консерваторид сурч байхад багшилж байсан төрийн шагналтай хүн. Одоо амьд байгаагаас магадгүй хамгийн нэртэй хөгжмийн зохиолч байж мэднэ.Тэр хүнтэй би олон жил хамт ажиллаж бас ойр явлаа.Якутын “Чингис хаан” киноны хөгжмийг тэр хүн бичиж би бас зөвлөх хөгжмийн зохиолч хийж байлаа. Тэр хүнээр л жишээ авахад Москвад, Санкт Петербургд байртай.Уран бүтээл хийх үедээ тэндээ очно.Уралдаа бас байр савтай, хамаг хөрөнгө нь тэнд байна. Мөнгө төгрөг энэ тэрээр огт гачигдах зүйлгүй зөвхөн л уран бүтээлээ бодно.Би Сайн мэдэх хүнээ л ярихад шүү дээ.Тийм л юм билээ.Энэ Өвөр Монголд миний шавь Цагаан гэж хүн байна.Хөх хотын хүн гэхдээ Бээжинд хувийн студитэй тэрэндээ уран бүтээлээ хийгээд сууж байх гэж мэт боломжтой улс олон байх юмаа.

    Д.Т –Одоо ч интенэстээр худалдаа хийдэг болж дээ. HI-FI on line store гэж гарч ирж. Энд мэдээж бүтээлүүд чинь зарагдаад эхэлсэн байх л даа?

    Б.Ш- Тэгэлгүй яахав. Би сая гэрээгээ шинэчилсэн. Харин интернэтэд хил хязгаар гэж байх биш. Тэхээр манай хувийн хэвшилийнхэн ийм юм эхлээд явж байгаад талархаж сууна. Эрх чөлөө байна. Дэлхий хавтгай болж, юу л бол юу олж сонсож мэдэж болно. Бид харин өөрсдөө жоохон арчаагүй байгаа ч юм шиг.

    Д.Т -Х.Билэгжаргал? Ц.Чинзориг хоёртой их дотно байсныг мэднэ. Бид хамт олон ч удаа уулзаж байлаа. Одоо үгүйлэх юм уу?

    Б.Ш -Өө хэлээд яахав. Билгээ бид хоёр нэг ангийн хоёр шүү дээ. Хар багаасаа хамт явсан. Ганцаардах үе байх ч уран бүтээлийн ганцаардал гэж их хэцүү юм байдаг юм байна. Хийсэн юмаа сонсгох хүнгүй хэцүүдэх юм. Тэр хоёртойгоо байхад их ч дэмтэй байж дээ. Билгээ маань ид бүтээдэг үедээ явчихлаа. “Ламбугайн нулимс” бол мундаг дуурь шүү дээ. Нас эцэслэх үедээ “Таж Махал” гээд дуурь хийж байгаад гүйцээсэнгүй дээ хөөрхий. Ц.Чинзоригийг дурсахын тулд “Үүлэн цэнхэр хангай”, “Зүүдний говь” гэдэг хоёр дууг нь хэлэхэд л хангалттай. Бас нэг сайн найз минь Ц.Нацагдорж байлаа. Ц.Нацагдорж бол Монголын хөгжмийн урлаг дахь хүнд төрлийн томоохон бүтээлүүдийг бүгдийг нь бичсэн.

    Саяхан Гончигоо багшийн 100 жил боллоо. Тэгсэн Зоригоо хүү нь хэлж байна л дээ. Таксинд суугаад явж байтал “Дэнжийн ногоо” радиогоор явжээ. Тэгсэн Зоригоо хөөрөөд энэ дууг хэн зохиосныг мэдэх үү гэж жолоочоос асуужээ. Өнөөх нь энэ ардын дуу биз дээ гэж хариулж. За яахав аавын минь дууг ардын дуу гэж хүмүүс ойлгодог юм байна..гээд яахав агуу хүмүүс л ардын дуу зохиодог биз гэж бодлоо … гэж байна билээ. Манай Чинжгээ ч олон ардын дуу зохиосон доо. Хангалын маань “Аяны шувууд” ч бараг л ардын дуу болж дээ.

    10865708_789490914467771_1916925509177570823_oД.Т- “Нэг монгол нөгөө монголоороо гоёдог болсон цагт л тамын тогооны үлгэр амар сайхандаа жаргана” гэж би боддог боллоо. Бид бие биенээ үнэлэхээ байчихсан л юм шиг?

    Б.Ш-Тийм тал байнаа. Цөөхөн Монголчууд бие биенээ их муулах юм даа. Хүний нас ахархан… Гэхдээ авъяас , хүний сэтгэл хөгширдөггүй юм байна. Италийн хөгжмийн зохиолч Ж.Верди ная гарсан хойноо “Отелло” дуурийг бичсэн байдаг. Яг л залуу хүнийх шиг галтай, дөлтэй, зөрчилтэй зохиол.

    Ер нь уран бүтээлчдыг цаг үе нь нэг их тоохгүй байсан тал дээр бол ерөөсөө л ийм байсан юм биш үү гэж боддог…Л.Бетховен байна. Мөн л ядруу амьдарч байгаад ганцаараа үхсэн. Тэр нас барах орой нь дуурийн театрын хоёр хүүхэн л очсон байдаг. П.Чайковскийг ч мөн адил Фон Мек гээд төмөр замын нэг эзэн авгай л насаараа уулзаагүй хирнээ байр сав цалин мөнгөөр тэтгэж байсан юм билээ. Нэг үгээр тэр авгай далдаас тэжээж байсан хэрэг. Оросууд тухай үедээ бас л ад үзээд л байсан байдаг шиг юм билээ. Өнөөдөр хөгжмийн ертөнцөд ялангуяа баруунд П. Чайковский хамгийн их тоглогдож байна.

    Ингээд бодохоор ямарч суутан цаг үедээ үнэлэгддэггүй ч байж мэднэ…

    -Танай үеийнхэн бараг бүгд ардын жижигчин болцгоожээ. Өөрийг чинь хамгийн олон бүтээлтэйг би мэднэ. Ардын жүжигчин яагаад болдоггүй юм бэ?

    Б.Ш-2006 онд би Чингис хаан одонгоор шагнагдсан. Хожим мэдэхнээ энэ шагнал төрийн хамгийн дээд шагнал юм байна билээ. Тэхээр чинь одоо Ардын жүжигчин гэдгийг надад өгөх үү дээ…

    Д.Т -За нилээд хөөрчихлөө. Хуучин андтайгаа яриа дэлгэх сайхан байлаа. Уран бүтээлч хүнд бүтээлд нь л амжилт хүсэх ёстой байх.

    Б.Ш –Баяраллаа. Хоёулаа ч хамтраад юм хийх биз. Верди шиг насалдаггүй юмаа гэхэд нэг ч өдөр зүгээр сууж чадахгүй өнөөг хүрч, чи ч бас нэг тиймэрхүү хүн шүү дээ. Тамын амьтад тамдаа жаргалтай гэдэг байхаа…жаргалтай л явна.

    НИЙТЛЭЛЧ Д.ТӨРМӨНХ
    Эх сурвалж: http://hi-fi.mn/

  • ЦАРГАС СУДЛААЧ Ш.БАТСҮХ: ЦАРГАС НЬ УУРГИЙН ХААН ГЭГДЭЖ МАЛЫН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ БОЛДОГ ТӨДИЙГҮЙ ХӨРСНИЙ НӨХӨН СЭРГЭЭГЧ ЮМ

    Өмнийн говь чигт аяны дөрөө нийлсэн Монгол улсын зөвлөх агрономич, царгас судлаач, доктор Шаравын Батсүхтэй зам зууртаа хийсэн ярилцлага.


    -Та аль сүргуульд бэлтгэгдсэн мэргэжилтэн бэ?
    -Би 1973 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Бэлчээр тэжээлийн мэргэжилтэй. Сургууль төгссөн цагаасаа эхлэн эрдэм судлалын ажил хийсэн. Үүнээс 30 гаруй жилийг нь царгас судлалын ажилд зориуллаа. Ийнхүү өнөөг хүртэл царгасанд зүрх сэтгэлээ өгч зүтгэсний хүчинд түүнийхээ буянаар сайхан амьдарч явнаа.
    -Царгас гэх ургамалд тийнхүү “дурлахын” учир, тэр “дурлалын” түүх чинь гэвэл?
    -34 жилийн тэртээ юм. 1981 оноос эхлэн тэр үедээ үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлын нэг болооод байсан царгасны үр үйлдвэрлэх иж бүрэн технологи боловсруулах ажлыг сонгон авч ажилласан юм. Үүний үр дүнд 1993 онд “Монгол улсын Их нууруудын хотгорын усалгаатай нөхцөлд царгасыг үрэнд тариалах агротехник“ сэдвээр докторын /Ph/ зэрэг хамгаалсан даа. Өмнөх нийгэмд эрдмийн зэрэг хамгаална гэдэг томоохон сорилт шалгалтыг давж байж хүрдэг амаргүй даваа байсан шүү. 2-3 таван жилийн тайланг хэлэлцүүлж байж түүнийгээ нэгтгэн боловсруулж докторын зэрэг горилсон бүтээлээ бичдэг байлаа. Одоогийнхтой зүйрлэвэл бараг таван жилийнх нь тайлан нэг /Ph.D / докторын ажил юмуу даа. Царгасанд “дурлалаа” гэдэг маань танин мэдэхүйд л дурласан хэрэг.
    -Доктор болтлоо “дурласан“ байна, Та. Дорвитойхон “дурлажээ” дээ?
    -За тийм дорвитой юм байлгүй дээ. /Инээв/. Тэр үед чинь компьютер гэдэг юм байхгүй, орос бичгийн машинтай, том ватум цаасан дээр хүн гуйж үзүүлэнгүүдээ бэлтгүүлдэг. Тэгээд төрөл бүрийн салбарын шилдэг 20 гаруй эрдэмтнээс бүрдсэн эрдмийн зөвлөлөөр орж шүүлгэдэг байлаа.
    -Шүүлтийг үзүүлэлт сайтай давсан байх. Ер нь ажлынхаа өгөөжийн тухайд яривал?
    -Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Хархираагийн ТАА-д агротехникийн олон хувилбартай туршлага тавихын хамт урьдчилан гарсан үр дүнгээ шууд үйлдвэрлэлд нэврүүлсэн. 1985 онд царгасны дээд ангийн үр үйлдвэрлэх зорилго бүхий 85 га эргэлтийн талбайтай “Царгасны үрийн бригадыг” Хархираадаа Мал аж ахиуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяанд байгуулж өөрөө үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулсан юм. Тус царгасны үрийн бригад 1988 онд царгасны “Бургалтай” сортын 1 га-ийн үрийн ургацыг 1.8-2.0 ц/га-д хүргэж 15 тн элит, сортын үр хураасан. Тэр амжилтаараа улсын ургацын аварга бригадаар шалгарч байлаа. Тухайн үедээ манай бригадын үйлдвэрлэсэн царгасны үр улсын хэрэгцээг бүрэн хангаж царгас тариалах ажил ч идэвхитэй өрнөсөн дөө. Хожим улс орон зах зээлийн харилцаанд шилжиж, царгасны тариалалт ч түүнтэй хамт нуран унасан юм даа.
    -Харин өдгөө буюу сүүлийн жилүүдэд царгасны талаар хүмүүс их сонирхдог болсон юм биш үү.Та царгасыг олон жил судалж, тариалж байгаа хүний хувьд тэр чинь яг ямар ургамал вэ, ямар ашиг тустай вэ гэдгийг малчид, уншигчдад тайлбарлаж өгнө үү?
    -Харин тиймээ. Сүүлийн жилүү­дэд манай малчид, тариаланчид царгас тариалж малдаа сайн чанарын тэжээл бэлтгэхийн хамт хөрснийхөө үржил шимийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах болсонд энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн хүний хувьд баярлаж явдаг шүү. Манай малчид тариаланчдын царгас тариалах сонирхлыг нэмэгдүүлэхэд гадаад дотоодын олон төсөл хөтөлбөр ихээхэн хувь нэмэр оруулсан юмаа. Үүнд Таsis, ADRA, “Тогтвортой амьжиргаа”, Швецарийн “Ногоон алт” хөтөлбөр зүй ёсоор орноо. Царгас бол 3000 жилийн тэртээгээс тарималжсан юм. Дэлхийн таван тивийн 90 гаруй улс орны олон зуун сая га-д тариалагдаж байгаа олон наст буурцагт, өвслөг ургамал юм. Царгас нь ургацаар арвин , протеин ба үл төлөөлөгдөх амин хүчил, нүүрс ус, эрдэс давс бусад бодисын зохистой харьцаа бүрдсэн малын тэжээлийн гойд сайн ач холбогдолтой ургамал.
    -Таны хайртай царгасыг бусад тарималтай харьцуулбал…?
    -Царгасыг бусад тарималтай харьцуулахад хоёр гайхамшигтай шинж чанар бий.Нэгдүгээрт: Царгас нь малын тэжээлийн гойд сайн ургамалд тооцогддог. Царгасыг дэлхийн улс орнууд уургийн “хаан” гэж нэрлэдэг. Өндөр хөгжилтэй улс орнууд нэн ялангуяа АНУ, Канад, Герман, Франц, Хятад зэрэг нь царгасыг олон мянган га талбайд тариалж малын тэжээлийнхээ хэрэгцээг бараг бүрэн хангадаг. Түүний хамт олон нэр төрлийн уурагт тэжээл үйлдвэрлэн гадаадад гаргаж байна. Яагаад ийм ихээр тариалах болов гэвэл цэцэглэлтийн үе шатанд хадаж бэлтгэсэн царгасны 1 кг өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг. Түүнчлэн нэгж талбайгаас хураан авах ургац шимт чанараараа байгалийн хадлангийнхаас 2-3 дахин, ногоон тэжээлээс 1-2 дахин илүү байдагт л учир нь байгаа юм.
    -Хоёр дахь ховор чанар нь юу вэ?
    -За хө, хоёрдугаарт гэвэл хөрсний үржил шимийг нөхөн сэргээж байдаг онцлогтой. Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь хөрсний үржил шимийг байнга нөхөн сэргээж байдаг онцлогтой таримал. Тухайлбал царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, заримдаа 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагддаг байна. Энэ нь 1 га талбайг 4-5 ц азотын бордоо буюу 30-50 т бууцаар бордсонтой тэнцэх хэмжээ юм. Царгас тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим 45-50 хувиар, ерөнхий азот 5-7 дахин нэмэгдэж хөрсний бүтэц бүрэлдэхүүн эрс сайжирна. Академич Прянишников “Царгас тариалсан сая га талбай бүр нь томоохон хүчин чадалтай азотын бордооны хэд хэдэн үйлдвэрийн үйлдвэрлэх хэмжээний ургамалд ашиглагдах азотоор хөрсийг баяжуулдаг” гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн царгасыг нэг удаа тариад 10-15 жил хадаж ашигладаг юм ш дээ. Нэг га талбайгаас 8-10 тонн өвс хураан авдаг.Энэ нь байгалийн хадлангийн 24-30 тонн өвстэй тэнцдэг зэргээс нь хүмүүс царгасны гайхамшгийг биширдэг, бас тариалахыг сонирхдог болжээ.
    -Царгас тариалах нь байгаль орчинд, ялангуяа малын бэлчээрт сөрөг нөлөөгүй гэж үү?
    -Энэ чинь хө маш чухал асуулт байна. Би дээр ярьсан царгас нь хөрсний үржил шимийг байнга дээшлүүлж байдаг талаар. Энэ нь байгаль орчинд үзүүлж байгаа нэг чухал сайн нөлөө мөн. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн атаршуулж орхисон олон зуун мянган га талбай, мөн уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн талбайг царгас тариалах замаар нөхөн сэргээдэг юм аа. Байгалийн бэлчээр хадланд ямар нөлөө үзүүл­дэг талаар асуулаа. Үүний хариу болгож би нэг жижигхэн тооцоо хэлье. Царгасыг 5 га талбайд тариалаад хоёр дахь жилээс нь эхлэн жил бүр дунджаар 40 тонн өвс хурааж авна. Царгасны энэхүү өвс нь байгалийн хадлангийн 120 тонн өвстэй тэнцэнэ. Ийм хэмжээний байгалийн хадланг бэлтгэхийн тулд 4-5 ц/га ургацтай 200-250 га талбайг хадаж байж авна. Тэгээд бод доо 5 га талбайд царгас тариалаад бэлтгэж байгаа өвс нь 200-250 га талбайг жил бүр машин техник, хүний нөлөөл­лөөс хамгаалж байна. Энэ нь байгалийн бэлчээр, хадлангийн талбайг хамгаалж байгаа нэг хэлбэр мөн байгаа биз дээ. Үүнээс ургуулан бодоход манай улс газар тариаландаа царгас бүхий ээлжлэн тариалах системийг нэвтрүүлэх ашигтай. Ийм замаар байгалийн хадлан хадахгүйгээр сэлгээнд тариалсан царгаснаасаа жил бүр хад­даг тэжээлийнхээ хэрэгцээг хан­гахын хамт хөрснийхээ үржил шимийг нөхөн сэргээх бүрэн боломж байна. Үүнийг төр засгийн бодлогын хэм­жээнд хийчихэж болох энгийн шахуу амар хялбар асуудал байгаа юм даа.
    -Та түрүүнд “Бургалтай” сорт гэж дурьдаж байсан тэрнийхээ талаар танилцуулна уу?
    -Царгасны “Бургалтай” сорт нь манай эх орны тэжээлийн олон наст ургамлын хамгийн анхны ууган сорт байгаа юм. 1978 онд нутагшиж, 1986 онд сортоор батлагдсан. Автор И.Хайсан гэж Зүүнхараагийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллаж байсан нэг чантуу хөгшин байлаа. Тэр хүн Монгол орны ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд Сэлэнгэ аймгийн Бургалтайн туршлага станцад ЗХУ-ын /хуучин/ хөх ба хөх эрлийзийн сорт хэлбэрт хамаарах “ Гримм-Зайкевич” сортыг нутгийн шар царгастай өөр хооронд нь чөлөөт тоос хүртээлт явуулсан. Цаашид Зүүнхараагийн нөхцөлд нийтийн сонголтоор сайжруулан тогтвортой байдалд оруулан үрийг үржүүлэх замаар “Бургалтай” сортыг бий болсон юм. Би тэр хүнээс уг сортын цэвэр үр 19 кг-ийг анх хүлээн аваад Увс аймгийн Хархираад усалгаатай талбайд тарьж ургуулаад арвижуулсан түүхтэй. Хархираа дахь миний хариуцсан үрийн бригад жил бүр 10-15 тонн “Бургалтай” сортын үр бэлтгэж байсан тухай дээр хэлсэн. Тэрхүү үйлдвэрлэсэн үрээ жил бүр улсын үрийн нөөцөд өгөхийн хамт 1000 гаруй га талбайд царгасны “Бургалтай” сортын үрийг тариалж байв. Миний бие өнөөг хүртэл тэр сортын эх чанарыг алдагдуулахгүйгээр тарьж туршин, хадгалж хамгаалсаар явна. Энэ сортын онцлог гэвэл эх орныхоо газар шороо, байгаль цаг уурт дасан зохицсон. Хамгийн гол нь монгол орны өвлийн 30-40 хэмийн хүйтнийг тэсвэрлэн бараг 100 хувь өвөлжиж чаддагт л нууц нь байгаа юм.
    -Гадаадаас “залагдаж” ирдэг бусад зочин сортын талаарх таны үгийг сонсъё?
    -Дэлхийн улс орнууд царгасны олон арван сортууд гарган тариалж байна Зөвхөн манай урд хөршид гэхэд л царгасны 80 гаруй сорт байна. Гэтэл зөөлөн дулаан уур амьсгалтай улс оронд гарган авсан сорт нь монгол орны дээрх хүйтнийг тэсвэрлэж чадахгүйгээр үхэж байгаад хамаг учир нь байгаа юм. Өөрөөр хэлбэл зөөлөн дулаан орны гаралтай сортыг тариаллаа гэж бодоход тарьсан жилдээ сайхан урганаа. Харин дараа хавар нь нөгөөх сайхан ургаж байсан ургамлын ихэнх нь заримдаа 100 хувь сэргэн ургахгүй үхсэн байдаг. Үүний учир шалтгааныг ойлгохгүйгээр аль тааралдсан үнэ хямд, царгасны сорт тариалах замаар манай малчид тариаланчид “шатсан” тохиолдол их бий. Одоо л ухаарч эхэлж байна даа. Би энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. 2000 оноос хойш манай Хөдөө Аж Ахуйн яам / яам маань олон янз бүрийн нэртэй явж ирлээ дээ / зарим жил царгас тариалах ажлыг дэмжиж царгасны 5 тонн үр оруулж ирэх нээлттэй тендер зарладаг байсан юм. Тэр тендерт дуртай нь оролцоно шүү дээ. Түүнд миний бие оролцоод бараагүй хасагдаж байлаа. Тендерт ялах хүн нь бараг өмнө нь бэлтгэгдсэн байдаг юм билээ. Нөгөө бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах журмын дагуу хамгийн хямд үнийг санал болгосон нь ялдаг юм билээ. Нөгөө оруулж ирсэн царгасны гарал үүсэл, өвөлжих эс өвөлжих нь огт хамаа байхгүй. Хятад том гүрэн тэднийд 1 кг нь 20-120 юаны үнэтэй, царгасны олон арван сорт байдаг. Түүний хамгийн хямдыг нь оруулж ирээд малчид тариаланчдад тараасан даа. Тэр нь миний дээр хэлсэн шиг тарьсан жилдээ ургаад өвөлжиж чадалгүй үхсэн тохиолдол олон бий. Царгас тариалахыг дэмждэг гадаадын төсөл хөтөлбөрүүдэд ч энэхүү бэрхшээл ихээхэн тохиолдсон гэдгийг би мэдэх юм. Хэрвээ Хятадаас биш ОХУ-аас царгасны үр оруулж ирсэн бол ийм бэрхшээл тохиолдохгүй байсан даа. Энэ бол хэн бүхэнд том сургамж болсон биз гэж бодож байна. Одоо харин өөр болсон шүү. Энэ талаар бид ч малчдад сайн хэлж ойлгуулж чадсан гэж боддог доо. Гэхдээ би энд ганцхан “Бургалтай” сортыг тарь бусад нь үхнээ гэж хэлж байгаа юм биш ээ.
    -Бусдыг нь тариалахад юуг анхаарах вэ?
    -Уул нь эрдэм шинжилгээний байгууллагын сорилт туршилтад хамрагдаж нутагшсан сортын үрийг тариалж байх учиртай. Өнөө үед тэр зарчим алга. Бас байсан ч тоохгүйгээр аз туршин тааралдсан үрийг тариалах явдал их байна. Манай орны байгаль цаг ууртай төстэй ОХУ-ын Чита, Тува, Улан-Үдэ, Новосибирск зэрэг хил залгаа мужуудын гаралтай сортууд болон Хятад улсын “Нутаг”, “Бэлчээр-2”, “Шар цэцэгт” зэрэг сортууд мөн Канад, Франц зэрэг орны зарим нэг сорт сайн өвөлжиж их ургац өгөх боломжтой нь судалгаагаар тогтоодсон юм. Эдгээрийг тариалж болно гэж зөвлөх байна.
    -Тариалахад тийм байж. Тэгвэл царгасаар мал тэжээхдээ юуг анхаарвал зохилтой вэ?
    -Энэ талаар МААЭШХ-ийн эрдэмтдийн хийсэн нарийн туршилт, судалгаа шинжилгээний ажлууд байгаа. Мөн царгасны өвсийг ашиглан төрөл бүрийн мал, сүүний болон махны чиглэлийн үхэр гахай, шувуунд зориулан янз янзын жороор тэжээл үйлдвэрлэж, тэжээх норм тун хэмжээг тогтоож өгсөн байдаг. Мал тэжээх, тэжээллэгийн тухайд манай мал зүйчид л нарийн мэдэх байх. Би өөрийн хэмжээнд хийсэн судалгааны ажлын үр дүн болон анхаарууштай зарим нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Дээр би хэлсэн дээ. Хархираагийн ТАА / хуучин/ -д 83 га талбай бүхий царгасны үрийн бригадтай байсан гэж. Энэ талбайн үр хураасны дараа хэнзлэн ургасан өвсийг ашиглах зорилгоор үйлдвэрлэлийн туршилт хийсэн юм. Увс аймагт намар урт болдог учир наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр хадсан царгасны талбайн ургамал 9-р сарын сүүлч хүртэл 10-15 см өндөр хэнзлэн ургана. Үүнийг бид ашиглах зорилгоор 1988, 1989 онуудад Увс аймгийн Наранбулаг сумтай гэрээ байгуулсан. Түүндээ 16 кг хүртэл жинтэй 3-р зэрэглэлийн 1000 хургыг 9-р сарын 15-аас 12-р сарын 1 хүртэл хоёр сар гаруй хугацаанд царгасны үр хураасан талбайд оруулан бэлчээрлүүлсэн юм. Үүний үр дүнд зүй бусын хорогдол бараг гараагүй юм даа. Нэг хурганы амьдын жин ангилан ялгаснаас хойших гурван сарын хугацаанд 10 кг-аар нэмэгдэж 26 кг-д хүрч хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байлаа. Царгасны талбайд байсан хургатай жишихэд хорогдлыг байгалийн бэлчээрт байсан ижилхэн 3-р зэрэглэлийн хурганы зүй бусын хорогдол 15-20 хувь байв. Мөн царгас идэж байсан нь амьдын жингийн нэмэгдэл 5-6 кг-аар илүү байв. Наранбулаг сумтай байгуулсан гэрээний дагуу хурганы зүй бусын хорогдол болон амьдын жингийн нэмэгдлээс хүрээлэнд хоёр жил дараалан хоёр тонн гаруй мах нийлүүлж ажиллагсдын цайны газрын махны хэрэгцээг бүрэн хангаж байлаа. Дэлхийн Банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас “Нийгмийн суурь үйлчилгээг ядуу, эмзэг бүлгийнхэнд илүү чанартай хүргэе” сэдвийн хүрээнд “Монголын хөгжлийн зах-2007” уралдаант төсөл сонгон шалгаруулалтад оролцож миний боловсруулсан “Идэш тэжээл-ихэр төл” төсөл шалгарсан юм. Уг төслийн шугамаар Төв аймгийн Батсүмбэр суманд адилхан сүүний гарцтай хоёр үнээний нэгийг нь царгасны өвсөөр, нөгөөг нь хадлангийн өвсөөр сар тэжээхэд царгасаар тэжээсэн үнээний хоногийн дундаж саам 0,8 л-ээр илүү байв. Харин энд анхааруулж хэлэхэд хавар царгас тавдугаар сарын эхээр сэргэн ургадаг. Тэр үедээ хамгийн их уурагтай байх учир ямар ч мал царгасны талбайд орсон нөхцөлд хордлогод орох нь их байдаг юм билээ. Энэ нь царгас хортойдоо биш юм шүү.Харин турж онд орсон мал хэр хэмжээгээ мэдэхгүй царгасны өвсийг ихээр идээд хоолны хордлогод орж байна гэсэн үг. Тийм үедээ гэдэс нь хөөж чацга алдаж багтарч унадаг юм билээ. Туршлагатай малчид жижиг нүхтэй турба юм уу хутгаар гүзээг нь хагалж хийг нь гаргаад өвсийг нь авч хаях замаар амийг нь аварч байсныг тохиолдол олныг харсан шүү. Иймд царгасны өвсөөр мал тэжээх хэмжээ, тунд онцгой анхаарах хэрэгтэй.
    -Тунг нь тохируулж өгөхийн ач тусыг жаахан тодруулж өгнө үү?
    -Бас нэг сонин жишээг энд хэлмээр санагдлаа. Манай үрийн бригадын тракторчин Хишигт гэдэг айл байлаа. Гэр бүлийнх нь хүн сахиул хийдэг байсан юм. Тэднийх хэдэн ямаатай тэд нь царгасны үр хураагаад манайхан цэвэрлэгээгээрээ гаргасан сүрэл, лайгаар бараг байнга хооллодог. Тэдний ямаан дотор “Буурал амт” гэдэг нэг ямаа байлаа. Тэр ямаа их дошгин, сэргэлэн цовоо, жилд хоёр удаа төллөдөг. Бас дандаа ихэр ишиглэдэг байв. Миний мэдэхээр 1985-1990 оны хооронд нийт 16 ишиг гаргасан юм. Ийнхүү тэр ямаа жилд хоёр удаа төллөж 4 ишиг гаргахдаа огт ядарч муудаагүй, улам л өнгө зүс ороод, сэргэлэн цовоо байдгийг бид гайхдаг байж билээ. Энэ бол царгасаар хооллосных нь ач тус гэж боддог юм би. Царгасны тэжээллэг чанар малын төлөрхөг чанарт ч нөлөөлдөг юм билээ.
    -Цаг хором амсхийлгэлгүй царгасыг ярих энд та тариалах, хадгалах, хураах талаар хэдэн үг, өгүүлбэр хэлэх үү?
    -Тэгэлгүй яах вэ. Энэ бол технологийн нарийн асуудлаа. Царгас тариалахад зайлшгүй анхаарвал зохих зарим нэг зүйлийг энд хэлье гэж бодож байна. Царгас маш жижигхэн үртэй. Жишээлбэл 1000 ш үр нь 1,2-2,0 г шүү дээ. 1 га-д үрлэх норм нь тэжээлд зориулан энгийн мөрөнд 10-12 кг, үрэнд зориулан өргөн мөрөнд 3-6 кг үрийг 1,0 -2,0 см-ийн гүнд л жигд суулгана. Энгийн мөр гэдэг нь хоорондоо 15 см байхыг хэлдэг. Иймд их хэмжээний талбайд тарихын тулд царгас тариалах зориулалтын үрлэгчийг хэрэглэнэ. Үр тарианы үрлэгчээр үрлэх боломжгүй. Учир нь царгасных тэдний үрнээс олон дахин бага учир шууд л асгачихна. Иймд тариалах талбай нь маш тэгшхэн, сайн боловсруулагдсан, зориулалтын үрлэгчтэй байх шаардлагатай. Дээхэнэ үед сорт сорилт, эрдэм шинжилгээний зориулалтаар Хөгжингүй социализм байгуулж байсан Герман улсаас оруулж ирсэн “САГСОНИЯ-А200” гэдэг үрлэгчийг бид хэрэглэдэг байлаа. Энэ үрлэгч үнэн найдвартай. Царгасны үрийг зохих гүнд нь зохих норм, мөрөөр үрлэдэг байлаа. Одоо ч энэ үрлэгчийг би хэрэглэсээр л байна. Надтай адилхан хөгширч байна аа. Гэвч найдвар алдаагүй байгаа шүү. Сүүлийн жилүүдэд царгас үрлэх зориулалтын бүтээмж сайтай үрлэгч Герман, Канад улсуудаас орж ирэх болжээ. Герман улсад үйлдвэрлэсэн 12 м-ийн авцын өргөнтэй Lemken-Solitair, Канад улсад үйлдвэрлэсэн 12-16 м-ийн авцын өргөнтэй BOURGAULT-6350 маркийн маш нарийн тохиргоотой үрлэгчээр царгасыг хүссэн норм, гүнд тариалж байна. Мөн өмнөд хөршид үйлдвэрлэсэн жижиг оврын үрлэгчүүд ч байна. Иймд царгасыг үрлэх асуудал үндсэндээ шийдвэрлэгдсэн гэж бодож байна. Би энд царгас тариалахад их ач холбогдол өгч яриад байгаа учир нь манай малчид, тариаланчид энэ тал дээр алдаа гаргаад байгаа юм. Бидний тарьсан царгас үр суулгасан мөрний дагуу жигд соёолон ургасан байх учиртай. Хэрвээ ингэж ургаж чадаагүй бол царгасгүй тэр хэсэгт нь хог ургамал урганаа. Царгасыг зөв тариалж жигд сайхан ургуулж чадвал хог ургамлын талаар ярих шаардлага байхгүй. Царгасны үндэсний систем хоёр дахь жилээс 4 м хүртэл гүн ордог учир ойр орчиндоо хог ургамал ургах боломж олгохгүй. Би энд бас нэг жишээ татъяа гэж бодлоо. Аливаа таримал ургамлын үр тухайн ургамлын дүрс хувирсан хэлбэр байдаг. Өөрөөр хэлбэл тэр үрэнд тухайн ургамлын үндэс, иш, навч, цэцэг бүгд агуулагддаг. Уг таримлын биологийн онцлогоос хамаараад үр нь том жижиг өөр өөр байдаг. Тухайлбал царгасны 1000 ш үр 1,2-2,0 г байхад бидний сайн мэдэх улаанбуудай 26-30 г байдаг. Гэтэл энэ хоёр таримлын суулгах гүн нь дээрх хэмжээнээс хамаараад өөр өөр байх жишээтэй. Царгасыг 1-2 см-ийн гүнд, улаанбуудайг 7-8 см гүнд суулгах ёстой. Энэ нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон хамгийн зохистой хэмжээ. Энэ хэмжээг алдаж царгасыг 3-4 см-ийн гүнд суулгавал тухайн ургамалд агуулагдаж байгаа нөөц шим тэжээлийн бодис нь хүрэлцэж амьдрал залгуулах хоёр ногоон навчаа хөрсөн дээр гаргаж чадахгүй замдаа үхнэ гэсэн үг. Иймд үр суулгах гүн хамгийн чухал гэдгийг ойлгуулах гэж энэ бүхнийг яриад байгаа юм. Энд бас нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Царгасыг 2-10 га-д тариаалах хүн бүр заавал хөрс боловсруулдаг /хагалдаг, тэгшилдэг/, үрэлдэг техниктэй байх шаардлагагүй. Харин үүнд нь төлбөртэй үйлчилдэг зориулалтын техниктэй аж ахуйн нэгж ч юм уу хувь хүн баймаар санагдсан шүү. Төв, Сэлэнгийн нутагт манжин, лууван тарихад үйлчилдэг ийм хувь хүмүүс байдаг юм билээ. Энэ хүмүүс царгасны үрлэгчтэй болчихвол царгас тариалах асуудал бүрэн амархан шийдэгдэх боломжтой. Харин энэ нь зөвхөн Төв, Сэлэнгэд биш аймаг болгонд байх шаардлагатай. Тарих хугацааны хувьд 5-р сарын 10-аас 6-р сарын 20 хүртэл байж болно. Энэ хугацаанаас хойш тарих юм бол өвөлжиж чадахгүй. Өөрөөр хэлбэл олон наст ургамал тарьсан жилдээ өвөлжихийн тулд зохих хөгжлийн үе шатыг туулж, үндсэндээ өвөлжиж чадахуйц хэмжээний нөөц шим тэжээлийн бодисыг хуримтлуулсан байх шаардлагатай. Хэрвээ ингэж чадаагүй бол өвлийн хүйтнийг тэсвэрлэж онд орж чадахгүй шүү дээ. Ийм учир тариалах хугацаа маш чухал. Царгас тариалсан талбайг заавал хашиж, хамгаалах хэрэгтэй. Царгас эхний жилдээ 15-20 см, усалгаатай бол нилээд өндөр ургана. Эхний жилд аль нэг хэлбэрээр ашиглахыг хориглодог. Гэхдээ усалгаатай нөхцөлд тариалсан үед, намар 50-60 см өндөр ургах явдал бий. Энэ үед намар ургамлын өсөлт хөгжилт зогсон үед хадах юм уу. Тугал бяруу, ядарч доройтсон мал оруулан ашиглаж болно. Гэхдээ нөгөө миний дээр хэлсэн хордлогод оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. За мөн дээр хэлсэн тарих гэж байгаа сортынхоо гарал үүсэл, өвөлжих чадвар, цэвэршилт, соёололтыг заавал мэдсэн байх нь гол юм. Олон жил болсон ч юм уу хогт хольц ихтэй муу үрээр таривал ургахгүй. Иймд тарих үрэндээ онцгой анхаарч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, мэргэжлийн лабораторит шинжилгээ хийлгэсэн үрийг тариалах шаардлагатай. Царгасыг эхний жил ямар ч гологдолгүй зөв тариалж ургуулж чадвал дараа жилээсээ эхлэн усална, хадна өөр бараг хийх ажил байхгүй дээ. Царгас хүчирхэг голлосон үндэсний системтэй /4 м хүртэл гүн орно/ учир хэр баргийн хог ургамлыг хажуудаа ургуулахгүй. Сайн усалж тордож чадвал царгаснаас жилд 2-3 удаа ургац авах боломж бий. Бас нэг анхаарах чухал юм бол царгас нь маш их навчтай, өндөр өтгөн ургах учир хадчихаад дараа нь сайн эргүүлж сэврээхгүй бол маш хурдан харлаж муудаж чанараа алдана.За нэг иймэрхүү зүйлийг хэлье дээ.
    -Та сая тариалах хүмүүст хандав. Цааш малчдад хандаж хэлэх зүйл тань?
    -Малчдад хэлэх юм байна аа. Би царгастай нөхөрлөсөн ажил амьдралынхаа бараг 30 гаруй жилд царгас тариалахын ач тусыг тэдэндээ хэлж зааж сургаж явна. Олон ч төсөл хөтөлбөрийн шугамаар Монгол орны бараг ихэнх аймаг сумдын малчдад очиж сургалт хийж хичээл заасан шүү. Үүний ач буянаар олон хүнтэй танилцаж сүүлийн жилүүдэд олон арван хүн надтай зөвлөж, эргэх холбоотой байх боллоо. Сүүлдээ бүр Шаравын биш “Царгасны” Батсүх гэдэг болсон байна лээ. Малчид та нар минь боломжийнхоо хэрээр хувиараа юм уу, хэсэг бүлгээрээ нийлэн зохих хэмжээний 2-3 га талбайд царгас тариалж чадвал гадаа чинь метр зузаан цас орсон ч малаа үхүүлэхгүй хамгаалах бүрэн боломж бий шүү. Би малчдад зориулан хийсэн өөрийнхээ нэг жижигхэн тооцоог л хэлж өгье. Энэ нь 1 ба 5 га талбайд царгас тариалахад ямар хэмжээний зардал гарах. Тэндээс хураасан өвсөөр хэдий хэмжээний малыг, ямар хугацаанд тэжээж болох тухай юмаа.
    Хүснэгтээр харуулахад болно.
    5 га-д царгас тариалахад гарах зардал

    Үрийн норм,кг

    Зардал, мян,төг

    1 га

    5.0 га

    1 га

    5.0 га

    Тарих үр,

    10

    50

    300,0

    1500,0

    Тариалалт

    300,0

    1500,0

    Хашаа

    300,0

    1500,0

    Худаг

    Дундажаар 50 м-ээс ус гарна гэж үзвэл 1 м өрөмдөхөд100,0 мянгантөгрөг, 50 х100 = 5 сая төгрөг

    Дүн

    5,9-9,5 сая төгрөгболжбайна

    Царгасыг нэг удаа тариад дахин тарихгүйгээр олон жил ашиглах учир хүн бүр тарих техниктэй байх шаардлагагүй. Сүүлийн жилүүдэд үйлчилдэг зориулалтын техниктэй компанууд бий болсон. Түүнийг гэрээгээр хөлслөн ашиглах хэрэгтэй.
    Царгасны 5 га талбайгаас хураасан өвсөөр мал тэжээх тооцоо

    Òýæýýõ ìàëûí òºðºë

    Ìàëûí òîî, òîëãîé

    Òýæýýõ õóãàöàà

    Òýæýýõ ºâñíèé õýìæýý

    ñàðààð

    õîíîã

    õîíîãò,êã

    á¿ãä, òîíí

    Áîã ìàë

    450

    XII.I-Y.1

    150

    0,4

    27,0

    Áîä ìàë

    50

    XII.I-Y.1

    150

    1,7

    13,0

    Ä¿í

    750 хо\толгой

    5 ñàð

    150

    1,9

    40,0

    5 га царгасны талбайгаас хоёр дахь жилээс эхлэн жил бүр 40 тонн өвс хурааж авах бүрэн боломжтой. Энэ хэмжээний өвсөөр 450 бог, 50 /50х6 =300/ бодбуюу 750 хонь толгой малыг 12-р сарын 1-ээс эхлэн дараа хаврын ногоо ургах хүртэл бүтэн 5 сарын турш бараг бэлчээрт гаргахгүйгээр хотонд нь тэжээх боломж харагдаж байна. Энд нэг зүйлийг тодруулахад зуны улиралд нэг хонь толгой мал бэлчээрээс ,1,5 кг ногоон өвс иддэг байна. Царгасны 1 кг өвс чанараара байгалийн хад­лангийн 3 кг өвстэй тэнцдэг талаар би дээр хэлсэн дээ. Тэгвэл бог малд өдөр бүр өгч байгаа 0,4 кг өвс нь бэлчээрийн 1,2, кг өвстэй тэнцэж байгаа биз дээ. Тэгээд ч тэр малчин айлд дан бүдүүн хонь биш хурга ишиг дээ. Тэд бага өвс иднэ. Өөрөөр хэлбэл хурга ишгэндээ бага /200-300 г/ нас бие гүйцсэн малдаа / 50-500 г/ арай ахиу өгнө гэсэн үг. Ийм өвс бэлтгэсэн нөхцөлд танай гадаа хэдэн метр зузаан цас орсонч айх аюулгүй байх бүрэн боломж харагдаж байгаа биз дээ. Гэтэл бид ийм сайхан боломжийг ашиглаж чадаж байгаа билүү. Манайд 180 гаруй мянган малчин өрх байдаг гэсэн. Үүний бараг тал хувь нь 200 гаруй хүртэл толгой малтай гэж дуулсан. Гэтэл дээрх 50 бод 450 бог малтай айл нэлээд боломжийн малтай айлд хамрагдаж байгаа биз дээ. Иймэрхүү малтай айл амьдрал залгуулж байгаа малынхаа төлөө 5 га-д царгас тариалахад юухан байхав дээ. Нөгөө зуданд алддаг малаа зарж болуулахад л дээрх хэмжээний га-д царгас тарих зардал гарна шүү дээ. Иймд малчид, минь өөрсдийнхээ хүч бололцоонд тулгуурлан бага ч гэсэн талбайд царгас тариалж чанар сайтай өвс бэлтгэж малаа тэжээж сурахыг хүсье. Бид танд туслахад бэлэн байна.
    -За та болон таны ижил бодолтон малчдад туслахад хэзээд бэлхэн гэдгээ хэллээ. Энэ бол урамтай үгс уруул давж байна. Харин “Царгас” Батсүх та урмын талаар ер нь юу хэлэх вэ?
    -Манай ТАА Улаангомоос холгүй оршдог, бас ажил нь сайн байсан болохоор Хархираагийн услалтын системтэй танилцахаар Увс аймагт ирсэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчид байнга л очдог байсан юм. Үүний нэг тод жишээ бол МАХН-ын Төв Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга , АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Батмөнх тэргүүтэй төлөөлөгчид 1987 оны есдүгээр сард Хархираагийн ТАА-д очихдоо манай үрийн бригадын ажилтай танилцсан юм. Тэр жил нь манай бригадын царгасны үрийн тариалан сайн, ургац их байсан тул зочид төлөөлөгчдэд ажлаа танилцуулахад урамтай байлаа. Үүний үр дүнд МАХН-ын төв хэвлэл “ Үнэн” сонины 1987 оны №214-ийн эхний нүүрэнд сурвалжлагч Л.Дашнямын бичсэн “Газар тариалангийн соёлыг дээшлүүлж, га тутмын өгөөжийг арви­жуулъя” гарчигтай “Нөхөр Ж.Батмөнх Увс аймагт байгаа нь” гэсэн хөмсөгтэй өгүүлэлд “..Нөхөр Ж.Батмөнх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батсүхтэй Хархираагийн тэжээлийн аж ахуйн тариалангийн талбайд уулзаж ярилцав”. “Ш.Батсүх царгасны үр үржүүлэх чиглэлээр олон жил туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа ажлынхаа үр дүнгийн талаар тодорхой дүгнэлттэй танилцуулж, холбогдох таримлын дээжийг үзүүлэв” гэсэн бол Батмөнх дарга Увс аймгийн нам,аж ахуйн идэвхтэнтэй уулзсан уулзалт дээр хэлсэн үгэндээ “Мал аж ахуйд ч, газар тариаланд ч шинжлэх ухааны роль их өсөж байна. Баруунтуруун, Хархираа, Улаангомд үр тариа, малын уурагт тэжээл, үр жимс үржүүлэх сонирхолтой сорилт туршилт явуулж байгаа эрдэм шинжилгээний ахмад болон залуу ажилтан нартай бид талбай дээр нь уулзаж, хийж байгаа ажлыг нь үзэж танилцсан юм. Үр дүн гарах нь ойртсон ажил олон байна. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа ажил ч байна” гэж онцлон тэмдэглэсэн юм. Тэр үед Нам, засгийн хэвлэлийн тэргүүн нүүрэнд сайшаагдан бичигдэх, Нам засгийн удирдагчийн хэлсэн үгэнд онцлон тэмдэглэгдэнэ гэдэг бол ховор хувь завшаан байв. Мөн ямарч одон медаль авахаас ч дутуугүй шагнал урамшуулал бай­сан үе билээ. Нам засгийн тэргүүнтэй уулзаж гар барин, ажлаа танилцуулж, урамын сайхан үг сонссондоо тухайн үедээ хязгааргүй их баяр­­лаж явдаг байж билээ. Энэ нь бидний цааш­дын ажлын үр дүнд ч сайнаар нөлөөлсөн юм.

    Хууудас:

    https://www.facebook.com/%D0%9C%D0%9E%D0%9D%D0%93%…

    Б.Цогзаяабаатар
    Эх сурвалж: Үндэсний мэдээ http://www.gnn.mn/i/804

  • Чингис хаан тансаг зэрэглэлийн брэндийг дэлхийн брэндүүдтэй хамтарч бүтээнэ

    “ЧИНГИС ХААН” ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БРЭНД БҮТЭЭХ ТӨСӨЛ

    Дэлхийн “luxury” ангиллын хэрэглээ буюу маш өндөр зэрэглэлийн худалдан авагчдын хэрэгцээнд дэлхийн томоохон дизайнерууд өрсөлдөн ажилладаг салбар юм. “Luxury” хэрэглээнд зориулж бүтээдэг бүтээгдэхүүнүүдийн талаар манайхны ойлголт жаахан буруу байдаг. Тэрбумтанууд, саятнууд гэсэн ангилал байгаагийн тэрбумтануудын ангилалд одоогоор 3240 тэрбумтан бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ салбарын хэрэглээ өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байна. Тэрбумтануудын хэрэглээ хязгаарлагдахгүй, эдийн засгийн хямралд өртөхгүй салбар. Бид үйлдвэрлэл дизайны салбарт, дэлхийн топ брендүүдтэй Дэлхийд танигдсан Их хааныхаа нэртэй хамтатган үнэт эдлэлийн зах зээл дээр гарах л зорилготой энэхүү төслийг санаачлан ажиллаж байна. “Чингис хаан” гэдэг машиныг дээд зэрэглэлийн ангиллын, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд болгох талаар MERCEDES BENZ-д санал тавихад нэр төрийн хэрэг гэж хүлээн авсан. Мөн CARTIER, HUGO BOSS брэндүүдтэй уулзаж санал солилцоход маш их сонирхон дэмжиж хүлээж авсан.

    CHINGGIS KHAAN LUXURY BRAND PROJECT

    World “Luxury” brand category or use a high-end customers need, industry works to compete with the major designers of the world. Ours understanding of the products which for “Luxury” use a little wrong. There is two categories: billionaires and millionaires that class of billionaires are recorded 3240 people in the world. However, this class consumption is growing every day. Billionaires consumption is limitless and not affects by the economic crisis.

    We have initiated this project aims to export the world’s top brands jewelry market in conjunction with outstanding the world famous Great Khan named industrial design.

    They honorary allowed to receive our request when we submitted to the Mercedes-Benz to produce limited edition premium class car named by Chingis khaan design. And very interested in receiving support for the exchange offer with Cartier, Hugo Boss brands

    ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Д.Эрдэмбилэгийн загварыг нь гаргасан “Чингис хаан” нэртэй автомашиныг “Мерседэс бенз” тэргүүтэй гадны машин үйлдвэрлэгч компаниуд ихэд сонирхож, үйлдвэрлэхээр болсон тухай мэдээ нийтлэгдэх болсон. “Их майдар” цогцолбор болон “Морин хуур” цамхагийн дизайн дээр ажиллаж буй түүний загварыг үнэхээр гадны нэр хүнд бүхий компаниуд үйлдвэрлэх болсон эсэх талаар түүнтэй ярилцлаа.

    – Таны загварыг нь гаргасан автомашиныг гадны томоохон компаниуд сонирхож, үйлдвэрлэхээр болсон тухай мэдээлэл үнэн үү?

    -Өнгөрсөн долоо хоногт “Мерседес бенз” компани Чингис хаан нэртэй машин үйлдвэрлэхээр боллоо гэдэг мэдээ гарсан юм билээ. Тэр мэдээний дагуу маш олон хүн хандсан. Би өөрөө цахим ертөнцийг төдийлөн сайн ашигладаггүй, сураагүй, тоймтой хэдэн мэдээ сэлт л үздэг хүн. Гэтэл манай ажлынхан, миний ойр дотны хүмүүс надад энэ мэдээллийг дуулгасан. Тэгэхээр нь хайж байж олж уншсан. Гэтэл нийгмийн идэвхитэй хэсэг залуус миний 10 гаруй жилийн өмнө зурж байсан загварыг тавьчихсан байна лээ. Үүнээс болоод би эдгээр залуусыг олж уулзсан. Би тэдэнд бага зэрэг буруу мэдээлэлтэй байгааг нь хэлж өгөөд, “Чингис хаан” нэртэй машины талаар зөв ойлголт өгсөн. Одоо тэр залуустай хамтарч ажиллахаар болж байна.

    – Тэгвэл зөв ойлголт нь юу юм бэ?

    -Ийм идэвхитэй залуус их олон байдаг боловч мэдээлэл жаахан дутуу. Тиймээс хүмүүсийн дунд болоогүй байхад баярлах, сэтгэл хөөрөх асуудлууд гарч байна. Зарим нь болоогүй байхад л муулах, эсэргүүцэх, хувь хүнийхээ араншинг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан харуулах зэрэг хандлагууд ажиглагдаж байсан. Гэхдээ энэ мэдээлэл олон нийтэд цацагдсанаар хаа очиж хүмүүсийн бодол санаа ямар байгааг мэдрүүлсэн их зөв юм болжээ гэж би бодож байгаа. Чингис хаан гэдэг машин яг хийх гээд байгаа биш юм. Харин “Мерседес бенз” компанид хандсан минь үнэн. Би өөрийн биеэрээ Германы “Stuttgart” хот дахь компанийн төв дээр очиж уулзсан юм. Уулзаад “Чингис хаан” гэдэг машиныг дээд зэрэглэлийн ангиллын, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд болговол ямар вэ? гэсэн санал тавьсан. Тэд зөвшөөрсөн. Түүнээс “Мерседес бенз” гэдэг компани Чингис хаан гэдэг машин үйлдвэрлэх гэж байгаа юм биш. Ойлголцлын зөрүү нь энд байгаа юм. Монгол талаас би санал тавихад тэд зөвшөөрсөн. Зөвшөөрлөө гэдэг нь захиалга өгөх юм бол гүйцэтгээд өгөхөд бэлэн л гэсэн үг юм.


    – Яагаад заавал дээд зэрэглэлийн, цөөхнөөр үйлдвэрлэгддэг бренд гэж?

    -Дэлхий дээр “luxury” ангиллын хэрэглээ гэж байдаг. Энэ нь маш өндөр зэрэглэлийн худалдан авагчдын хэрэгцээнд дэлхийн томоохон дизайнерууд өрсөлдөн ажилладаг салбар юм. “Luxury” хэрэглээнд зориулж бүтээдэг бүтээгдэхүүнүүдийн талаар манайхны ойлголт жаахан буруу байх шиг байгаа юм. Тухайлбал, бизнес ангиллын бүтээгдэхүүнүүд энд ордоггүй. Тэрбумтанууд, саятнууд гэсэн ангилал байгаагийн тэрбумтануудын ангилалд цөөн хэдэн хүн багтдаг. Гэхдээ энэ салбар өсч байгаа. Одоогоор 3240 тэрбумтан бүртгэгдсэн байдаг. Бидний зах зээлийн хувьд энэ салбарынхан маш хурдан өсөн нэмэгдэж байдаг гэж үздэг. Дэлхий дээр саятнууд сая саяараа байгаа. Энийг юуны өмнө ойлгох хэрэгтэй. Тэгээгүй байж “Luxury” ангиллын бүтээгдэхүүнүүдийг “Ямар үнэтэй юм”, “Хэн наадахыг чинь худалдаж авдаг юм” гэх мэт ойлголтууд байдаг. Ялангуяа монголчууд. Тэрбумтануудын хэрэглээ хязгаарлагдахгүй, эдийн засгийн хямралд өртөхгүй салбар. Ингэснээр бид үйлдвэрлэл дизайны салбарт, дэлхийн топ брендүүдтэй өөрийнхөө топ өндөр зэрэгт гарсан хааныхаа нэрийг ашиглан, дэлхийн үнэт эдлэлийн зах зээл дээр гарах л зорилготой. Би өөрөө Москва хотын Үйлдвэр урлалын дээд сургуулийг төгссөн учраас үйлдвэрлэлийн дизайны салбарынхаа ажлыг л хийж, концепц хөгжүүлээд сууж байгаа хүн.

    ТЭД “ЧИНГИС ХААН” НЭРЭЭР БИДЭНД ХАНДАЖ БАЙГААГ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ ГЭСЭН

    -“Чингис хаан” нэрийг ашиглах болсон тухайгаа ярихгүй юу?

    -Чингис хаан гэдэг нэрийг яагаад ашиглах болсон гэдэг их чухал. Чингис хааныг зэрлэг балмад, эзлэн түрэмгийлэгч гэж ойлгодог нэг хэсэг байна. Яг нарийн судалгааны, эрдэмтдийн багийн ойлгоц их өөр. Дэлхийн хөгжилд энэ хүний оруулсан хувь нэмэр, дэлхийн даяаршил, эдийн засагт нөлөөлсөн нөлөө, торгоны зам буюу олон улсын хоорондын санхүүгийн харилцаа гээд маш их үр нөлөө үзүүлсэн. Энэ талаасаа үнэхээр дэлхийн хүн. Тэгэхээр энэ дэлхийн том хааны үр хойч болсондоо бид бахархах ёстой. Сүүлийн үед жаахан эвгүй яриа гараад байгаа нь “Чингис хаан гэж цээжээ хий хоосон дэлдэхээ больё” гэсэн утгатай. Энэ бол нэг талаасаа үнэн, нөгөө талаасаа бид Чинис хааны нэрийг зөв ашиглах ёстой. Чингис хаан өөрөө тансаг дээд зэрэглэлийн хэрэглээтэй байсан хүн. Дэлхийн цөөн хаадын оргилд байдаг. Бид ийм хааныхаа нэрийг дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдтэй хамтарч, цаашид хөгжүүлье гэсэн маркетинг барьж ажиллаж байгаа юм. Хоёрдугаарт бид Чингис хаан гэдэг машин л ганцхан хийх гээд байгаа юм биш. Өмнө ярьсанчлан “Luxury” ангиллын бүтээгдэхүүнүүдийн эгнээнд “Чингис хаан” гэдэг бүтээгдэхүүнүүд нэмж гаргах. Тухайлбал, би бугуйн цагны томоохон брендүүдтэй уулзаж, ярилцлага хийсэн байгаа. Тэд ч мөн захиалга авахад бэлэн гэдгээ хэлж зөвшөөрсөн. Мэдээж хэрэг Адольф Гитлер гэдэг ч юм уу, зарим хүмүүсийн нэр бүхий бүтээгдэхүүн гаргахыг зөвшөөрөхгүй байх. Гэтэл дэлхийн энэ том брендүүд зөвшөөрч байна гэдэг энэ хүний нэр хүнд дэлхийд ямар вэ гэдэг нь батлагдчихаж байгаа юм. Мөн эрэгтэй хүний үнэтэй хослолууд байна. Тухайлбал, зангиа, пиджак гэх мэт. Энэ компаниудын бүгдийнх нь хэлж байсан нэг нийтлэг үг байгаа. Энэ бол “Чингис хаан гэдэг нэрээр бидэнд хандаж байгааг бид нэр төрийн хэрэг гэж бодож байна” гэж бүгд хэлж байсан. Тэгэхээр энэ Чингис хаан гэдэг хүнийг гадаад ертөнцөд, юм ойлгодог салбартаа бол маш өндрөөр хүлээж авдаг. Энд Монголдоо харин зарим хүмүүс эсэргүүцээд муулаад байдгийг би гайхаад байдаг юм.

    -Одоогоор захиалга орж ирсэн үү?

    -Яг “Чингис хаан” гэдэг машиныг бүтээгээд ирэх юм бол шууд худалдаж авна гэсэн хоёр хүн бий. Намайг Европоор уулзалтууд хийгээд явж байхад үйлдвэрийнх нь өөрийнх нь эзэд, тэрбумтанууд “Би нэг номерынх нь захиалагч болно шүү” гэж байсан. Жишээ нь, Швейцарийн нэг тэрбумтан нэг номерын захиалагч болно гэдгээ хэлсэн. Ромд явж байхад нэг баян бас нэгийг худалдаж авахаа хэлсэн. Ингэхээр Чингис хааныг муулаад байдаг хүмүүс чинь эцэст нь бид л өөрсдөө. Гадаад ертөнцөд бол шүтдэг, хүндэлдэг байх жишээтэй. Тэгэхээр энэ бренд өөрөө бэлэн захиалагчтай гэж ойлгож болно.

    -Таны загварынхаа талаар жаахан дэлгэрүүлж ярхгүй юу? Та загвартаа Чингис хаан гэсэн ойлголтыг хэрхэн шингээсэн бэ?

    -Чингис хаан лого дизайныг гаргаад, Монгол улсын оюуны өмчийн гэрчилгээгээ авсан. Энэ логог “Сони”, “Адидас” гэдэг шиг эхний ээлжинд хоногшуулах шаардлагатай болсон. Энийг дэлхийн хүмүүст хоногшуулахын тулд эхний таван жил ажиллана. Тэрнээс бид юу юугүй машины загварыг өөрчлөөд байх юм бол нэгдүгээрт, захиалгын үнэ өртөг маш өндөр тусна. Тиймд эхлээд зөвхөн логогоо “Мерседес бенз” юм уу, “Картер” цагтай, “Хюго босс”-той хослож байршуулах тохироонууд хийчихсэн явж байна. Энэ зөвшөөрлийг авна гэдэг маш том алхам. Ийнхүү дараагийн таван жилээс эхлэн дотор салоны бага зэрэг өөрчлөлтүүд орж ирнэ. Дөрөвдүгээр шатанд гадна талын хэлбэр форм дээр өөрчлөлтүүд орж ирэх боломжтой. Гэхдээ энэ мэдээж захиалагчаасаа шалтгаална. Ингэж маркетинг, бүтээгдэхүүн, бизнесийн хөгжүүлэлт явагдана.

    -Цахим ертөнцөд явж байгаа зургаас өөрчлөгдөнө гэсэн үг үү?

    -Тэр бол арваад жилийн өмнө хийж байсан анхны судалгааны концепц. Өөрөөр хэлбэл, судалгаа, эрэл хайгуулын үед зурж байсан зураг. Тухайн үеийнхээ цаг үе, чиг хандлагуудаас болоод машины дизайн өөрчлөгдөх жамтай. Магадгүй 10 жилийн дараа цахилгаан машин дэлхий дээр зонхилох болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр хэлбэр, форм нь өөрчлөгдөх л болж таарлаа. Бид одоогоор 2017, 2018 оны загвар дээрээ ярилцаад сууж байгаа.

    -Мэдээллийг залруулж өгсөн танд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл бий юу?

    -Миний эцсийн зорилго бол Монгол улс хөдөө аж ахуйн орон болно гэсэн зорилттой. Харин үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд дизайны урлаг нь зэрэг хөгжөөд явах ёстой. Дизайны урлаг хоцроод, аж үйлдвэрийн бодлого нь түрүүлж “давхиад” байвал болохгүй. Аж үйлвэрийн бүтээгдэхүүн гарч л байвал дизайнаар хэлбэр хийцийг нь тодорхойлдог. Үгүй бол бид ахиад л гадны дизайнеруудыг өндөр үнэ төлж авчирна. Үүний тод жишээ нь манай зарим ноолуурын үйлдвэрүүд гадаад дизайнеруудтай сууж байдаг. Бид ноолуур болон сүлжмэлийн дизайнеруудыг маш сайн бэлдсэн бол өдийд гадаад дизайнер өндөр цалин өгч ажиллуулахгүй л байсан. Яг л үүнтэй адил үйлдвэрлэл өөрөө хөгжил гэж байгаа бол үйлдвэрлэлийн салбар дизайны урлагтайгаа зэрэгцээд явах ёстой. Одооноос л бид бодлогоор дизайнеруудаа бэлдэх ёстой. Тун удахгүй ган хайлуулах үйлдвэрүүд, нефтийн үйлдвэрүүд ашиглалтад ороод ирэхээр нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүнүүд гарч эхэлнэ. Тэр үед монгол дизайнерууд маань бэлтгэгдчихсэн ажиллаж байх ёстой юм. Миний цаад санаа бол энэ суурийг бэлтгэж, дэлхийн топ брендүүд, том дизайнеруудтай одооноос нэг логогоороо ч болтугай хамтраад явж байх юм бол энэ салбарт нэмэр болох юм болов уу гэж бодоод байгаа юм. Магадгүй 50 жилийн дараа гэхэд бид эх орондоо машин үйлдвэрлэдэг, машин угсардаг үйлдвэрлэл бий болгох бодлого л явж буй юм.

    Эх сурвалж: medee.mn

  • Монгол залуусын бүтээсэн “Ухаалаг гэрэл” японруу экспортлогдож байна

    Монголчуудын өдөр тутмын хэрэглээний нэг нь яалт ч үгүй гар утас болжээ. Интернэт, гар утастай байхад хаанаас ч хүссэн мэдээллээ авах боломжтой. Тэгвэл гар утсаа удирдлага болгох боломжтой бүтээлийг монгол залуус хийжээ. Тэд бүтээлээ “Ухаалаг гэрэл” гэж нэрлэсэн байна. Тэдний хийсэн бүтээлээр интернэт, “Wi-Fi”, bluetooth ашиглаж гар утаснаасаа гэрлээ асааж, унтраах боломжтой юм. Тодруулбал, гэрээсээ гарахдаа гэрлээ унтраахаа мартсан бол интернэт, “Wi-Fi”-аа ашиглаж гар утаснаасаа гэрлээ унтрааж удирдах боломжтой программыг монгол залуус зохион бүтээжээ. Ингээд “Ухаалаг гэрэл”-ийг зохион бүтээсэн “General smart” компанийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн магистрант Д.Амартүвшинтэй ярилцлаа.

    -Ухаалаг гэрэл бүтээх санаагаа хэрхэн гаргаж байсан бэ. Бүтээгдэхүүнээ хийхэд хэр их хугацаа зарцуулсан?

    -Манай багийнхан бүгд технологийн чиглэлээр сурсан, сурч байгаа залуус байдаг. Бид орчин үеийн технологийн шинэ шийдлийг ашиглаж гар утас, таблетнаасаа гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг удирдаж болох юм байна гэдэг санааг 2013 онд гаргаж, судалж ирсэн. “Ухаалаг гэрэл” бүтээгдэхүүнийг хийхээс өмнө “Ухаалаг гэр” бүтээлийг гаргасан. Өнгөрсөн онд би Бээжинд технологийн чиглэлээр сургалтад суух хугацаандаа тус улсын технологийн үйлдвэрүүдтэй танилцсаны дараа “Ухаалаг гэрэл” бүтээгдэхүүнээ хийх боломжтой гэдэг санаагаа илүү баталгаажуулсан. Бээжинд суралцах хугацаанд Ухаалаг гэрэл бүтээгдэхүүнийхээ “hardware” болон “software” программыг хөгжүүлж эхэлсэн. Энэ оны эхээр Монголдоо ирээд нэг сарын хугацаанд программаа улам сайжруулсан. Манай багийнхан БНСУ-ын Ногоон хөгжлийн сангийн санхүүжилттэй, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Стартал Монголиа ТББ, Интерньюс ОУ-ын ТББ-аас хамтран хэрэгжүүлж буй санаачлагын хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудлуудыг илрүүлэх, залуучуудын шинэ санал, санаачлагыг дэмжих, тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх, уламжлалт бус технологийн шийдлүүдийг боловсруулах, цаашид урт хугацаанд үргэлжлэх, бизнес болгон хувиргахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах зорилготой “Хуучин асуудлыг шинэ шийдлээр” уриатай Code for Green UB тэмцээнд амжилттай оролцож эхнийшилдэг 3-н байранд шалгарсан. Мөн энэхүү тэмцээнийхээ хажуугаар хөгжүүлсэн бүтээгдхүүнээрээ Япон улсаас зохион байгуулагддаг технологи программ хангамж хөгжүүлдэг олон улсын тэмцээнд оролцож тэргүүн байрын шагнал авсан. Японы талаас биднийг технологио цааш хөгжүүлж ажиллах санал тавьсан. Бидний бүтээсэн ухаалаг гэрэлнээс эхний ээлжинд 1000 ширхэгийг авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Бидний хувьд дөнгөж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, бизнес маань эхэлж байгаа учраас сарын хугацаанд 1000-ыг нийлүүлэх боломжгүй байсан. Одоо бага багаар нийлүүлж байна. Өнгөрсөн тавдугаар сард эхний 200 ширхэг гэрлээ Япон руу экспортонд гаргасан.

    -Японууд та хэдийн бүтээлийг хэрхэн хүлээж авсан бэ. Чанарын хувьд ямар үнэлгээ тавьсан бэ?

    -Бидний бүтээлийг нааштайгаар хүлээн авсан. Ер нь маш их сонирхож байгаагаа илэрхийлсэн. Учир нь Японд бидний гаргасан шиг гар утаснаасаа гэр, байгууллагынхаа гэрлийг удирдах шинэ бүтээгдэхүүн гараагүй байгаа юм. Тиймээс их сонирхож байгаагаа хэлсэн. Саяхан Codefor green UB төслийн хүрээнд Солонгос улс руу бизнес аялалаар явахдаа бүтээгдэхүүнээ танилцуулаад ирсэн. Солонгост мөн энэ чиглэлийн санааг хараахан гаргаагүй байгаа.

    -Албан байгууллага, айл өрхүүдэд удирдлагатай гэрэл гэж байдаг ш дээ. Удирдлагаараа гэрлээ унтрааж, асаадаг. Энэ шийдлээс юугаараа онцлог вэ?

    -Удирдлагатай гэрлийг тодорхой хэмжээний радио давтамжийн хүрээнд асааж унтраана. Телевизорын удирдлагатай адил зүйл л дээ. Сүүлийн үед гар утасны олон аппликейшн шинээр бий болж байна. Хүний зайлшгүй нэг хэрэглээ нь гар утас учраас бусад хэрэглээгээ гар утаснаас удирдах боломжтой гэдгийг энэ бүтээгдэхүүнээрээ гаргаж ирж байна. Нөгөө талаар хүний үйл ажиллагааг улам л хөнгөвчилж байгаа нэг хэлбэр л дээ. Тухайн хүн заавал босч гэрлээ унтраахгүйгээр утаснаасаа асааж, унтраах боломжтой. Хүний үйл ажиллагаа илүү хөнгөвчилсөн бүтээгдэхүүнийг сүүлийн үед ухаалаг хэрэглээ гэж нэрлэдэг болсон. Тиймээс л “Ухаалаг гэрэл” гэж нэрлэсэн. Эхний ээлжинд гар утаснаасаа удирдах программыг хийсэн бол одоо бид гар утасныхаа “Bluetooth”-ээр холбогдож гэрлээ асааж, унтраадаг эрчим хүчний хэмнэлттэй технологийг ашиглах төхөөрөмжийг суурилуулж байна. Одоо “Wi-Fi” ашиглаж гэрлээ унтрааж, асаадаг болгох ажилдаа орсон.

    -Иргэд гадуур явж байгаад гэнэт гэрлээ унтраагаагүй явснаа санавал “Wi-Fi”-тай газар ороод л утаснаасаа унтрааж болно гэсэн үг үү?

    -Тэгнэ. Интернэттэй нөхцөлд гэрлээ хаанаас ч унтрааж, асааж болно.

    -Интернэт цахим ертөнц хөгжсөн үед маш шинэлэг санагдаж байна. Гэхдээ та нарын бүтээсэн гэрлийг Монголд яг одоо ашиглаж байна уу?

    -Дотоодод хараахан борлуулж эхлээгүй байгаа. Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө судалгаа хийсэн. Одоогийн байдлаар бидний бүтээгдэхүүнийг авахаар Монголын хоёр “кофе шоп” захиалгаа өгөөд байгаа. Ер нь кофе шоп, ресторан, паб зэрэг газар олон гэрлийг нэг удирдлагын төхөөрөмж эсвэл таблетаас зэрэг удирдах боломжтой тийм технологиор шийдэж байгаа. Тиймээс үйлчилгээний байгууллагууд илүү сонирхож байна. Өрх айл гэхээс илүү залуус их сонирхож байх гэж бодож байна. Улаанбаатар хотын иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид иргэдээ орон сууцжуулах ажил эрчимтэй явагдана. Бидний зүгээс бүтээн байгуулалтын энэ их ажилд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилт тавьсан байгаа.

    -Японд эхний ээлжинд 200 гэрэл гаргасан гэлээ. Нууц биш бол ойролцоогоор хэдэн төгрөгөөр нийлүүлсэн бэ?

    -Бидний бүтээсэн гэрлийг дотоодын зах зээл дээр гэхээс илүү гаднын зах зээлд борлуулбал илүү орон зай байгаа санагдсан. Ер нь монгол залуус өөрсдийн бүтээсэн аппликейшнаа дотооддоо ашиглах нь бага байдаг. Энэ нь манайдутасгүй интернет болон түүнтэй холбоотой технологийн салбарууд сул хөгжсөнтэй холбоотой. Гаднын улсууд бидний бүтээсэн гэрлийг дунджаар 99 ам.доллараар зардаг. Бидний хувьд гэрлээ хийгээд борлуулж байгаа зардлаа нөхөөд 25 ам.доллараар зарахад хангалттай гэж үзэж байгаа. Дотооддоо хүчин чадлаас хамаарч 20-25 мянган төгрөгөөр зарна гэж тооцсон.

    -Хүчин чадлын хувьд айл өрхүүдийн одоо хэрэглэж байгаа гэрлээс хэр ялгаатай вэ?

    -Бид 8-12 ваттын хүчин чадалтай гэрэл үйлдвэрлэж байна. Энэ төрлийн хүчин чадалтай чийдэн нь энгийн улайсах чийдэнтэй харьцуулахад 100 ватт орчимд очдог. 12 ваттын хүчин чадалтай гэрэл хийхэд 100 ваттын чийдэнтэй ижил хэмжээний гэрэлтүүлэлттэй асна гэсэн үг. Гэхдээ манай гэрэл LED технологи ашигласан учраас эрчим хүчийг 85 хувь хүртэл хэмнэх боломжтой.

    -Сүүлийн үеийн гэрлүүд хагас жил болоод л шатчихдаг болсон. Танайх хэдэн жилийн баталгаатай вэ?

    -Япон руу гаргасан эхний гэрлүүдэд таван жилийн баталгаа олгосон байгаа. Гэрэл хийхэд ашигласан бүтээгдэхүүний технологийн нас 50 мянган цаг асах боломжтой. Тэгэхээр дунжаар 6 орчим жилийн хугацаанд шатах магадлал маш бага гэж үнэлж байгаа.

    -Гэрлээ дотооддоо угсардаг юм уу. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх материалаа хаанаас авч байна вэ?

    -Гэрэлийн эх бие болох хөнгөн цагаан бүрхүүлийг Хятадад захиалгаар хийлгэсэн. Бидний хийсэн гол төхөөрөмж бол гэрэл доторх удирдлагын төхөөрөмжийг зохион бүтээсэн. Интэрнэт ашиглаад удирдаж болж байгаа тохиолдолд үүнтэй ижилхэн төхөөрөмжийг нийлүүлвэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж гарч байгаа юм. Ер нь Монголд технологи хөгжүүлэх чадвартай олон зауус байгаа. Харин технологи угсрах тоног төхөөрмж манайд байдаггүй. Өөрөөр хэлбэл, гар утас зохион бүтээх шинэ санаа сэдэл, программыг бичих чадвартай ч үйлдвэрлэл огт хөгжөөгүй байгаа нь бидний сул тал болж байна. Уг нь технологийн санаа, программчлал нь байдаг. Харин ямар арга замаар яаж технологио бүтээж, яаж зах зээлд нэвтрүүлэх нь тодорхой болбол дэлхийн зах зээлд бид өрсөлдөх бүрэн боломжтой. Ингэснээр Монголын олон брэнд бүтээгдэхүүн төрөн гарна.

    -Сүүн гэрэл цахилгаан бага зарцуулдаг гэж ярьдаг. Танай ухаалаг гэрэл цахилгаан хэр хэмнэх вэ?

    -Энгийн улайсдаг чийдэнтэй харьцуулахад 85 хувиар бага зарцуулна. Харин өдрийн буюу сүүн гэрэлтэй харьцуулахад 30 хувиар бага цахилгаан зарцуулна. Энгийн “LED” гэрэлтэй харьцуулахад 10-15 хувийн эрчим хүч хэмнэнэ гэж тооцсон. Дээр нь долоо хоногийн аль өдрүүдэд асаахаа тусгай график хөтөлж удирдах боломжтой. Сарын хугацаанд хэдий хэмжээний цахилгаан зарцуулсан гэдэг нь шууд харагдана гэсэн үг.

    -Та хэд зах зээлийн судалгаа хийсэн гэж ярилаа. Худалдаанд гаргавал ашигтай байж чадах нь уу?

    -Интернэтээр 1000 гаруй хүнээс судалгаа авсан. Судалгаагаар иргэд өрөөнийхөө гэрлийг хагас жилд хоёр удаа сольдог гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд 300 мянган өрх байгаа гэж тооцвол хагас жилд 600 мянган гэрэл сольдог гэж тооцсон. Тиймээс бидэнд боломж байна гэж харсан хэрэг. Өөрөөр хэлбэл хагас жилд 600 мянга, жилд нэг сая 200 мянган гэрлийг зах зээлд гаргах орон зай байна гэсэн үг.

    -Цаашид ямар бүтээгдэхүүн хийх зорилготой байгаа вэ?

    -Бидний хувьд “Ухаалаг гэр” бүтээлээ өргөжүүлэн хөгжүүлж Монголын орчин нөхцөлд тохирсон хямд үнэтэй байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологиудыг шингээсэн ухаалаг ажиллагаатай, интернет ашиглан веб болон ухаалаг утаснаасаа хүссэн газраасаа гэртэйгээ холбогдож хаалга, цонх, залгууруудаас авхуулаад гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах болон цахилгаан, хэрэглээний усныхаа мэдээллийг хянах боломжтой нэгэн цогц бүтээлийг бүтээхээр ажиллаж байна. Мөн энэхүү бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор олон төрлийн судалгаа шинжилгээний ажлуудыг эхлүүлээд явж байна.

    Энхтайван МӨНХЦЭЦЭГ
    Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/984

  • Д.БАЯР: Цахилгааныг 8 дахин хэмнэх патентыг маань Солонгосчууд хурдны галт тэрэгний хөдөлгүүрт тавих гэрээ байгууллаа

    Уншигчдын хүсэлтээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2014 оны шилдэг зохион бүтээгч, техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяртай дахин ярилцлаа. Тэрээр Японы “Hitachi” группийн эмнэлгийн электрон тоног төхөөрөмж зохион бүтээгч инженерээр 10 гаруй жил ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд Японуудтай хамтарч захиалгат судалгааны ажил хийж байгаа юм.

    -Таны бүтээсэн “Эрчим хүчийг хуваарилах төхөөрөмж”-ийг нэг сард 200 мянган төгрөг цахилгаандаа төлдөг айлд тавихад 15-20 мянган төгрөг л төлдөг болсон гэсэн. 400 м.кв талбайтай номын худалдааны төвд суурилуулахад өртөг нь 750 мянган төгрөг болсон. Ингэснээр цахилгааны зардлаа тав дахин хэмнэдэг болсон гэж та хэлж байсан. Энэ төхөөрөмжийг зах зээлд гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацаа хэзээ вэ?

    -Танайд ярилцлага өгнө гээд өчигдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын веб сайт руу өчигдөр орж харлаа. Миний бүтээлийн талаар 5864 хүн өөрийнхөө эрдэм шинжилгээний бүтээлд иш татаж тавьсан байна. Ер нь дэлхий эрчим хүчээр цангаж байгаа гэж би хардаг. Рио-20-ын уулзалтын индэр дээрээс Бан Ги Мун “Бид эрчим хүчний шинэ эх үүсвэр нээхээсээ илүү эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Японуудын бас нэг лоозон бий. “Та хэдийг олох нь хамаагүй. Хэмнэчих юм бол та баяжина” гэж. Тэгэхээр зэрэг дэлхий даяар хэмнэе л гээд байгаа. Сая Сөүлд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Гранд симпозиум болсон юм. Тэрэн дээр 2014 оныхоо ажлыг дүгнэхэд миний бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэх, дэмжих хэрэгтэй юм байна гэж ярьж байна лээ.

    Энэ хурлын дараа Солонгосын хоёр компанитай 10 жилийн хугацаатай гэрээ байгууллаа. Эзэмшигчийн патент Д.Баяр гэдэг хүний нэр дээр байгаа ч тухайн хоёр компанийн бүтээгдэхүүн болоод гарна.

    Бүтээгдэхүүнээ гэрээнд зааснаар Монголоор нэрлэнэ. Харин Монголчууд миний төхөөрөмжийг дэлхийн зах зээлд гарсны дараа худалдаж авах л болчихлоо.

    -Баларсан юм болжээ. Монголчууд монгол эрдэмтнийхээ бүтээлийг гадаадад алдчихлаа гэж ойлголоо. Одоо тэгээд Солонгос компанийн хэлсэн үнээр авах уу?

    -Тэгнэ. Хүн чинь үндсэрхэг үзэлтэй байдаг юм болохоор Монголоосоо хөрөнгө татаж, энд юм аа үйлдвэрлэе гэж бодсон. Гэтэл хаалт тавьсаар байгаад бүтээх боломж олгосонгүй. Ямар ч эрдэмтэн, зохион бүтээгч инженерт өөрийнх нь бүтээл амьдарч байвал ашигтай. Технологи нь удаан явдаг улсуудын тоонд Монгол Улс албан ёсоор ордог. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хурал дээр “Танай Засгийн газар “lazy” /залхуу/ байна” гэж Филиппиний Оюуны өмчийн газрын дарга хэлж байна лээ. Тэр хүн “Хэрвээ ийм технологи байсан бол манай Засгийн газар дэмжээд явчихна. Харин танайх удаан байна” гэсэн. Солонгосууд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад нөлөөтэй. Тэнд гарсан шинэ технологиудаас шаардлагатай гэснийг нь солонгосууд Засгийн газраараа дэмжүүлдэг. Засгийн газраас нь дэмждэг GPA гэдэг байгууллага байдаг. Гэхдээ тэднийг ч оролцож амжаагүй байтал Солонгосын хоёр компани ирээд нэг нь хурдны галт тэрэгний хөдөлгүүрт тавих, нөгөө нь халаалтын системүүдэд тавих гэрээ хийчихлээ. Гэрээний үүргийн дагуу бүтээлээ өөр газарт хэрэглэх боломжгүй. Би өнгөрсөн тавдугаар сарын 29-30-нд тэдгээр компанитай гэрээгээ байгуулаад ирлээ. Гэрээний хугацаанд бүтээлээ улам сайжруулах үүрэг хүлээлээ. Нэг эсвэл хоёр жил дангаар ноёрхдог технологи гэж өнөөдөр байхгүй болсон.

    -Хурдны галт тэрэгний хөдөлгүүр, халаалтын системд төхөөрөмжийг чинь ашиглах юм байна. Монголд халаалтын шийдлээ туршиж үзсэн үү?

    -Халаалтыг дагаж хэрэглээний халуун ус цуг явах ёстой юм байна гэж тэд үзсэн. Ингээд хэрэглээний халуун усанд нэвтрүүлэхээр туршлаа. Монгол төгрөгөөр бол дундаж хэрэглээтэй айл нэг сард 5000, их хэрэглээтэй айл 7000 төгрөг хэрэглээний халуун усандаа төлөх судалгаа гарлаа. Төвийн шугамд холбогдоогүй байгууллага, аж ахуйн нэгж, айлууд, зуслангийн байшинд хэрэглэхэд гайгүй технологи болчихлоо гэж бодож байна.Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн жилийн төсөв хоёр тэрбум төгрөг юм билээ. Би захиралтай нь уулзсан. Тэд жилдээ 760 сая төгрөг халаалтандаа төлдөг. 22 сая төгрөг усандаа, цахилгаандаа 25 сая төгрөг зарлагаддаг. Хоёр тэрбум төгрөгийнх нь тал нь иймэрхүү зардалд явчихдаг. Энэ сургуульд манай төхөөрөмжийг тавих юм бол жилдээ 180 сая төгрөг л халаалтандаа төлнө. Аймгийн төвийн нэг сургуулийн халаалтын зардлаас 540 сая төгрөг хэмнэж байна шүү дээ. Гэтэл ийм хэмжээнд зардал гаргадаг сургууль, цэцэрлэг олон бий.

    Аймгийн төвийнхөөс 500, сумынхаас 100 саяыг хэмнэнэ гэж тооцвол улсын төсвөөс жилд 180-200 тэрбум төгрөг хэмнэх боломж харагдаад байгаа юм.

    Ийм тооцоог бид гаргачихаад цааш үргэлжлүүлээд судалъя гэж бодоод байгаа.

    -Хоёр компанитай 10 жилээр гэрээ байгууллаа. Гэтэл таны эрчим хүчний давтамжийг ихэсгэдэг бүтээлийг энерги хадгалагдах хуулийг зөрчсөн байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?

    -Энерги хадгалагдах хууль гэж мундаг хууль бий, үүнийг би хүндэтгэдэг. Цөмийн технологи бол тэр аяараа энерги хадгалагдах хуулийг зөрчсөн. Атомын, цөмийн станцууд бага түлшнээс их энерги гаргаж авснаараа энерги хадгалагдах хуулийг зөрчсөн биз дээ. Энэ хууль 1999 оноос эхлээд зөрчигдөөд яваад байгаа. Гэтэл энерги хадгалагдах хууль өнөөдөр байх ёстой юм уу, үгүй юу гэдгийг эрдэмтэд ярьж байна. Миний бүтээл дээр бол энэ хууль зөрчигдөөгүй. Дэлхий дээр эрчим хүчийг хадгалдаг хоёрхон төхөөрөмж бий. Нэг нь аккумлятор, нөгөө нь конденсатор. Би аккумлятор биш конденсаторыг зарчим дээр суурилж бүтээлээ хийсэн.

    -Шинэ төсөл, судалгааны ажил дээр сууж байгаа юу?

    -Би электроник хүн болохоор эрчим хүчний чиглэлийн хоёр бүтээл дээр update хийж байна. Энийгээ яримааргүй байна аа. /инээв/. Гэрээний дагуу ярьж болохгүй л дээ. Сонирхуулж хэлэхэд, бид ус цэвэрлүүлэх төхөөрөмж хийж байгаа. Энэ төхөөрөмжийн үнэ цэн шүүлтүүрэндээ байдаг. Дэлхийд байхгүй ховор элс бол Элсэн тасархайгийнх. Элсэн цаганд ашигладаг маш нарийн ширхэгтэй элс. Тэр элсийг боловсруулаад өндөр даралтаар шахахаар дээд зэргийн шүүлтүүр гарч ирнэ. Энэ шүүлтүүрээр хэрэглээний усыг шүүж болно. Саарал усыг дахин ашиглахад шүүж болж байна. Нанотехнологийн мембран шүүлтүүр гэж юм бий.Маш хатуу металлыг 0.3 микрон нүхтэй цоолдог. Энэ технологи үнэтэй учраас Элсэн тасархайн элсийг ашиглах юм. Түүхий эд нь Монголд байгаа учраас төр хамгаалалтад аваад үйлдвэрээ байгуулж, ус цэвэршүүлэх төхөөрөмж, шүүлтүүрээ дэлхийд экспортлох хэрэгтэй.

    -Таниас ахуйн хэдэн зөвлөгөө авъя. Байшинтай айлууд паарандаа тосол хийдэг. Ингэвэл сайн халдаг, хөлддөггүй гэх юм. Энэ үнэн юм уу?

    -Тосол гэдэг чинь халаалтыг эсэргүүцэх хөргөлтийн шингэн. Халаалтын эсрэг шингэнийг халаалтын төхөөрөмж дотор хийхээр олигтой халахгүй. Машиныг халахаас сэргийлж тосолыг хийнэ. Харин радиотар дотор глицерин л хийнэ. Тосол бол халахаараа тэлдэг, тэгээд бууддаг, ууршдаг гэсэн сул талуудтай. Харин глицерин бол ток тасарвал гурван цаг халуунаа барина, тэлэхгүй, ууршихгүй. Глицеринийг манайхан мэдэхгүй болохоор паарандаа хийдэггүй шиг байгаа юм. Тэгээд “тогоо буудлаа. Яах вэ” гэж нэгнээсээ асуудаг. Асуудал тосолондоо л байгаа юм. Машин бол тосол тэлэхэд уурыг нь гаргах калапантай байдаг. Манайхан болохоор хөлддөггүй гээд битүү радиатартаа тосол хийгээд байгаа юм.

    -Байшингийн халаалтад аль нь оновчтой шийдэл вэ?

    -Дулааны төвийн шугамд холбогдоогүй бол ерөөсөө цахилгаан халаагуур хэрэглэ. Паар сонгох уу, шалны халаалт уу гэдэг тухайн хүний л сонголт.

    -Шалны халаалт хуурайшилт үүсгэдэг, шатдаг гэж хүмүүс хэлэх юм?

    -100 градусаас дээш халсан тохиолдолд агаар шатдаг. Агаар шатахад л хуурайшилт үүсдэг. Ил утастай плитка гэхэд 300-400 градус халахдаа тэр хэсгийнхээ агаар шатдаг. Гэтэл шалны халаалт бол тийм хэмжээнд халж агаар шатаахгүй. Радиатор бол 60 градус, шалны халаалт бол 40 градус байдаг. Энэ дээр хамгийн тулгардаг асуудал нь эрчим хүчний зарцуулалт. Шалны халаалтан дээр Солонгосын пелонк тавьдаг. Солонгос пелонк шатдаг нь учиртай. Монгол 50 герц, Солонгос 60 герцийн давтамж хэрэглэдэг. Гэтэл нэг метр квадрат нь 200 ваттай гээд Солонгосууд үйлдвэрээсээ гаргасан байдаг. 200 ваттай эд чинь Монголд ирээд залгахаар 350 ватт болчихдог. Өөрийнх нь зааж өгснөөс 150 ваттаар илүү болж залгагддаг учраас шатаад байгаа юм. Тиймээс манайхан Солонгос руу захиалахдаа 50 герцид зориулж тохируулж өгөөч гэх хэрэгтэй. Тэгэхгүй бол давтамжийн зөрүүнээс шалтгаалж 700 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлнө гэж тооцсон хүн энд авчраад ашиглахад нэг сая төгрөг төлөөд байгаа юм.

    -Зуслангийн байшинд паркетны дор шалны халаалт тавьдаг нь зөв үү. Ийм айл өчнөөн байдаг юм билээ?

    -Болохгүй ээ. Хулдаасны дор тавьдаг. 80 градусаас доош системийг нам халаалтын систем гэдэг. Нам температурын халаалтын систем паркет зэрэг эсэргүүцэлтэй тулгарахаараа халаах чадвараа алддаг. Хоёрдугаарт, энэ бол инфра туяагаар халдаг. Ийм учраас дээшээ халж чадахгүй бол доошоогоо халдаг. Тийм учраас энерги их зараад байгаа боловч олигтой халдаггүй. Гэтэл бид халахгүй байна гээд температурын заалтыг нэмдэг. Үүнээс болж хоёр зүйлийн голд маш их хэмжээний халалт үүсч шал шатдаг.

    -Тэгвэл яах ёстой вэ?

    -Байшингаа халааж чадахгүй мөртлөө шалны халаалтынхаа дээр зузаан паркет тавиад эрчим хүчээ улам их хэрэглэж байна. Үүнээс болж цахилгааны зардал өндөр гарсан мөртлөө байшин халахгүй, гэрт гал гарах гээд байгаа юм. Тийм учраас шалны халаалтын дээр өөрт нь зориулагдсан нимгэн хулдаас захиалаад авчрах хэрэгтэй. Паркет хулдаас хоёрын завсар байхад болно. Шалны халаалтын дутагдалтай тал гэвэл дээр нь юм тавьж, зузаан зүйл дэвсч болдоггүй. Миний бодлоор хамгийн оновчтой шийдэл бол шалны халаалт. Гэхдээ Монгол хүмүүст доороосоо халах, гэртээ хивс дэвсэхгүй байх ямар санагдаж юм. Хоёрдугаар шатанд радиаторууд ордог.

    -Манайд ямар технологи илүү хөгжих боломжтой гэж хардаг вэ?

    -Манайх өндөр технологиор дэлхийг гүйцэхгүй. Сансар, лазер, цэрэг дайны технологийг үйлдвэрлэхэд их мөнгө, их хугацаа, их чадвар шаардана. Ийм учраас өндөр технологийг үнэнээ хэлээд хаях хэрэгтэй. Нам технологи бидэнд хэрэггүй. Үйлдвэрлээд бид хөгжихгүй. Тийм учраас амьдралд хамгийн хэрэгтэй дунд төвшний дэвшилтэт технологи үйлдвэрлэх хэрэгтэй.

    -Хэрэглээний тал руугаа юу?

    -Зах зээлд хурдан борлогдох, бага зардлаар бүтдэг хэрэглээний тал руу хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, усны хомсдолтой Африкт шүүлтүүртэй гуурс бүтээгээд баяжсан хүн байна. Гуурсны үйлдвэр нь хямд, бүтээгдэхүүн нь хямд учраас хүмүүсийн эрэлтээр босчихсон. Ямар ч уснаас тэр гуурсаараа сороход цэвэр ус ам руу нь орж байгаа юм. Монголын эдийн засаг хүчтэй биш учраас иймэрхүү хэрэглээний үйлдвэрийг олноор байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засагчдын үзэн яддаг хоёр алуур Монголд байна. Нэг нь түрээс, нөгөө нь дам наймаа. Эдийн засагт ач холбогдолгүй, капитал бүтээдэггүй энэ хоёр зүйлийг устгах хэрэгтэй. Нэг байшин босгосныг баялаг бүтээлээ гэж ойлгох хэрэггүй. Байшингаа баялаг бүтээгчдийг оруулж, орлогынх нь 50 хувийг түрээсэндээ авч байна шүү дээ.

    -Та ихэвчлэн Японы эрдэмтэдтэй тэндээ захиалгат судалгаа хийж байгаа. Монголд бүтээл гаргахад, бүтээлээ бүтээгдэхүүн болгоход юу саад болдог гэж мэргэжил нэгтнүүд чинь ярьдаг бол?

    -Монголд нэг зүйл хийе гэхээр маш олон тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Тусгай зөвшөөрлийг нь авъя гэхээр стандартаар батлуул гэнэ. Дэлхийн стандартаар баталсан зүйлийг Монголын стандартаар баталдаггүй л байх хэрэгтэй. Монголын стандартаар орохын тулд зургаан сар хүлээлгэнэ. Хугацааг нь болгоод очихоор үйлдвэрлэлийн стандартаар батлуул гэнэ. Үйлдвэрлэлийн стандартаа хүлээж зургаан сар болоход нэг жилийн дараа нөгөө технологи маань хоцрогдчихдог.

    Ийм учраас дэлхийн стандартын итгэмжлэл авсан бүтээлд Монголынх 24 цагийн дотор баталгаагаа гаргаад өгчихдөг болох хэрэгтэй. Яагаад гэвэл, Монголын лаборатори шинжилж чаддаггүй л байхгүй юу. Жишээ нь, ходоодны дурангийн линзийн хугарах, ойлгох чадвар ямар вэ гэдгийг Монголын лаборатори шинжилж чадахгүй. Тэгсэн мөртлөө стандарт гарга гээд байдаг байхгүй юу. Би сая нэг юман дээр стандарт хөөцөлдөөд хаясан. Миний нас хүрэхгүй юм билээ.

    Монголчууд яагаад гепатиттай юм. Чанадаг шприцээр бүгдийг нь тариад нэг үеийг тэр чигээр нь гепатиттэй болгосон. Одоо яг ийм зүйл давтагдаж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын лип гэдэг хутга байдаг. Тэрийг нэг хүнд хэрэглээд спиртэнд дүрж байгаад дараагийн хүндээ хэрэглэдэг. Заавраараа бол нэг удаад хэрэглэх ёстой ч Монголын бүх эмнэлэг дамжуулж хэрэглээд байна. Халдварын эрсдэлийг мартсан. Яагаад гэвэл, хутганы үнэ нь өндөр. Харвардын эрдэмтэд спирт бол хавдрын халдварын эрсдэлийг бууруулж чадахгүй гэсэн дүгнэлт гарсан. Иймээс би нэг цагт 120 мянган ширхэг хутга үйлдвэрлэдэг Японы төхөөрөмжийг оруулж ирье гэж байсан юм. Гэтэл “Нэг цагт 120 мянгыг үйлдвэрлэх юм бол бусдыг нь яах юм” гэсэн асуудал тавьсан. Миний бодол бол Монголд зах зээл бага учраас энд үйлдвэрлэж эмнэлгүүдээ хангаад үлдсэнийг нь бусад улсад экспортолъё гэсэн. Гэтэл дэмжээгүй. Иймэрхүү эсэргүүцэл, хүнд суртлыг үгүй болгох хэрэгтэй байна.

    -Шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгө нь бас бага юм биш үү?

    -Судалгаа хийхэд маш их зардал гардаг. Судалгаа амжилттай болвол гаргасан зардлаа бүтээгдэхүүний орлогоосоо хэд дахин нөхнө. Манайханд ийм дутагдал байдаг. Хэрвээ би ШУТИС дээр очоод “Ийм судалгаа хийе, 500 сая төгрөг хэрэгтэй байна” гэвэл “Танай судалгаа чинь бүтэхгүй бол яах юм” гэнэ. Болохгүй байна гэдэг чинь судалгааны үр дүн шүү дээ. Би Японы 400 мянган ам.доллараар тоглоод л хаяж байсан. Нэг төслийн судалгааг хоёр жил хийгээд үр дүн гараагүй учраас болохгүй юм байна гээд хаасан. Тэгээд гутраад сууж байтал миний багш профессор Ошинара Хинада гаднаас баяр баясал болсон орж ирээд, “За төсөл дууссанд баяр хүргэе” гэхгүй юу. Монгол хүнд бол “Энэ одоо тавлаад байгаа юм уу, шоглоод байгаа юм уу” гэж бодогдоно биз дээ. Тэгтэл багш, “Баяр аа, чи болохгүй гэдгийг нь баталсан байна. Хэрвээ чи батлаагүй байсан бол маш олон японууд мөнгө зарж, энэ судалгааг хийх байлаа. Одоо нэг ч япон энд мөнгө зарахгүй. Энэ л чиний ажлын үр дүн. Үр дүн болгон “болно” гэж гарах албагүй. Чи “болохгүй” гэдгийг нь баталсан учраас олон компанийн мөнгийг аварсан” гэсэн. Гэтэл Монголд судалгаанд зарцуулах мөнгө байхгүй, дээр нь судалгаанаас эерэг дүн л хүлээдэг. “Энэ судалгаа заавал болохг ёстой. Болохгүй бол хариуцлагыг нь чи хүлээнэ шүү. Ажлаас чинь хална шүү” гэдэг. Адгийн наад зах нь улсынхаа ДНБ-ийн нэг хүрэхгүй хувийг л ШУА-даа хуваарилж байна шүү дээ. Нэмж хэлэхэд, металл саван дотор ус орж тэлэхээрээ дефармац хэр байдаг вэ гэдгийг судлах лаборатори манайд байдаггүй. Судлахын тулд хамгийн ойрхон Сөүл, Бээжинд очиж судалгаа хийнэ. Тэгээд тэнд судалгаа хийж байхад солонгосууд, хятадууд нүдээ аниад сууж байна гэж байхгүй. Намайг судалгаагаа хийж дуусаад Монголд ирээд танилцуулж байхад Солонгост аль хэдийнэ миний санаагаар бүтээгдэхүүн хийчихсэн байдаг. Ийм учраас гадаадын лабораторид ажиллаж байна гэдэг чинь гадаадуудад юмаа алдаж байна л гэсэн үг. Ийм учраас эрдэмтдийнхээ хариуцлагыг нь нэмээд тэднийгээ юм бүтээх нөхцөл бололцоогоор хангаж дэмжих хэрэгтэй.

    -Монголын шинжлэх ухааны хамгийн том байгууллага нь ШУА. Энэ байгууллагыг гаднаас, дотроос нь та яаж үнэлдэг вэ?

    -Академид цус сэлбэлт хэрэгтэй. Бөхчүүд залуучуудаа дийлэхгүй юм байна, бяр дууслаа гээд зодог тайлдаг. Машин ч гэсэн шинэ загварынх гарч ирэхээр эзэндээ гологдож хаягддаг. Яг үүн шиг би юу судалж чадаж байна, чадахгүй байна гэдэг хязгаараа мэдэх хэрэгтэй.

    Тэрийг хаана мэддэг вэ гэхээр мэдээлэл сайтай газарт. Германы нэг эрдэмтэн нано ус хийлээ. Тэр усыг 100 градуст халааж -40 градусын орчинд байлгахад 72 цагийн дараа л температур нь буурч эхэлдэг. Энэ бол дэлхийд шуугиулсан бүтээл. Бүтээсэн эрдэмтнийг нь илтгэлээ тавиад тайзнаас буухад хөрөнгө оруулагчид араас нь хуйлраад ирж байгаа юм. Тэр хүн “Надад мөнгө өгөөч” гэж гуйгаагүй. Харин мөнгө өгөх гэж байгаа хүнээ сонгож байна шүү дээ. Гэтэл манай ШУА-ийнхан “Бид ийм судалгаа хийх гэсэн чинь мөнгө олдохгүй байна” гэж яриад байгаа. Би бол “Дэлхийг гижигдэх бүтээл хийж чадаагүй байна” л гэж хэлнэ. Өөрөөс нь 10-20 дахин илүү чадалтай, мэдлэгтэй болсон залуучуудыг хуруу шил гаргаад л дараад байдаг. Толгой дотроо том санаа тээсэн залуучуудаа удирдах хүсэлтэй байгаа бол ядаж эрдэм шинжилгээний ажилд нь оролцолгүй, дэмжээд өгөх хэрэгтэй.

    -Янз бүрийн шалтгаанаас болоод мундаг залуучуудаа гадаадад алдаад байх юм. “Зөгийн үүр” гэдэг том төсөл явсан. Үр дүн нь яаж гарсныг мэдэхгүй юм. Гэхдээ залуучууд Монгол руу биш гадаадын том компаниудад ажиллая гэдэг болчихжээ?

    -Монголдоо харимаар байдаг юм. Гэвч тэднийг ажиллуулах ажлын байр Монголд олдохгүй байна гэж ихэнх нь ярьдаг. Биднийг 20 гаруй жилийн өмнө Японоос оюутан байхад дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг монгол залуучууд цөөхөн л байсан.

    Одоо харж байхад монголчууд дэлхийн бүх том газарт ажиллаж байна. Харвардад, Оксфордод, Пенсилваны их сургууль, Токио, Нагояад байна. Тэд бүгд том том судалгаа хийгээд сууж байна. Жишээ нь, Германд төгссөн Мядагмаа гэдэг эмэгтэй нанотехнологийн давуу хийлээ. Солонгост төгссөн Амаржаргал гэдэг эмэгтэй эмнэлэгт зориулсан өнгө нь хувирдаггүй нанотехнологийн бүтээгдэхүүн хийж байна. Америкийн Цахиурын хөндийд программ, техник хангамжийн чиглэлээр ажиллаж байгаа монгол залуус өчнөөн байдаг. Программ хангамжийн чиглэлээр манайхан сүрхий болсон.

    Японы “Ulitra sound unit” гээд эмнэлгийн эхогийн компани байдаг. Тэд дэлхийн бүх эхо аппаратаас нэгийг худалдаж авсан. Тэгээд эртдэмтдийн багуудад худалдаж авсан аппаратуудаа хуваарилж өгөөд судлуулдаг. Хамгийн сул тал, сайн талыг нь судла гээд. Зургаан сарын дараа эрдэмтдийн багаа хуралдуулж судалсан аппаратнуудынхаа сайн талуудыг нь бичээд, “Энэ сайн талуудыг багтаасан эхо аппаратыг манайх үйлдвэрлэнэ. Харин энэ санаануудыг нэмчихээрэй” гэж байгаа юм. Япон эхо ингэж л гарч ирдэг. Тийм учраас Японы оношилгооны төхөөрөмжүүд дэлхийд нэг номер шүү дээ.

    -Инженерүүд бэлтгэж байгаа байдал ямар байна вэ, Монголд?

    -Дээхнэ телевиз үзэж байхад “Монголын бүх урлагийн одууд миний шавь” гэж нэг Пионерын ордонын багш бахархаж байна лээ. Тэрэн шиг Монголын гайгүй инженерүүд Залуу техникчдийн ордоны дугуйланд явж байсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, Монелийн инженерүүд, Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн Лодойравсал нараас асуугаарай. Австрид цөмийн физикийн судалгаа хийж Олон улсын атомын багт ажилладаг Жамъяан Залуу техникчдийн ордонд явж байсан. Гэтэл Монголд одоо энэ ордон алга. Сайн инженер дөрөвдүгээр ангиасаа л бараг бий болдог. Тэр наснаасаа сонирхож яваад их сургуульд орвол сайн инженер болж төгсдөг. Дунд сургуульдаа мэргэжлээ сонгоогүй явж байгаад төгсөөд орчуулагч болох уу, эмч болох уу гэж эргэлзэж байгаад инженер болсон бол хэзээ ч сайн инженер болохгүй. Тийм учраас их сургуульд ороод инженер болно гэвэл жинхэнээсээ sorry. Ийм учраас сайн инженерүүдийг одооноос дунд сургуульд нь бэлдэх ёстой. Хар бор ажил хийж дадлагажсан сайн инженерийн нуруун дээр улс орон явдаг болохоос эрдэмтдийн нуруун дээр явахгүй л дээ.Манай төрд ямар нэгэн бодлого байгаа л байх. Италийн нэг парламентийн гишүүнтэй би уулзаж л байсан. Тэгсэн чинь бараг л “Явдаг ТҮЦ” гэдэг шиг л юм явж байна. “Манай тойргийнхон ийм үзэг хийдэг, ийм чарга хийдэг. Хямдхан, чанартай. Манай тойргийнхон намайг олон улсын хуралд явахад эдгээрийг экспортлох даалгавар өгсөн. Энийг авчих” гэсэншүү юм яриад явж байна.

    Бас Японд нэг хурал болоход Мьянмарын нэг улстөрч, “Манай улсын эрдэмтдэд санаа нь байна. Мөнгө хэрэгтэй байна. Бид шинэ технологи гаргамаар байна. Дэлхийн зах зээлд гарахад туслаач” гээд гуйж байна. Филиппиний бас нэг улстөрч, “Манайх ялан-ялан ургамлаас залуужуулдаг бодис гаргасан. Түүгээрээ залуужуулдаг тос хийнэ гээд үйлдвэрээ байгуулсан. Энэ тосыг дэлхийн зах зээлд гаргахад туслаач” гэж гуйж байна. Дэлхийн долоон тэрбум хүний тал нь залуужих, үрчлээгүй байх хүсэлтэй байгаа. Хэрвээ тэр тосыг дэлхий авдаг болвол Филиппиний эдийн засаг яаж хөгжих билээ. Манай улстөрчид ч гэсэн гадаадад хувийн, хувьсгалын ажлаар явахдаа ийм л юм гуйх хэрэгтэй. Бид 1984 онд Выставкын урд ШБОС гэдэг үзэсгэлэн үзэж байсан. Тэгэхэд Монголд машины дугуй, компьютер үйлдвэрлэж байсан, бууз чимхдэг машин хийсэн байсан. Би ноднин Улаанбаатарт, “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн үзээд гутарсан. Ердөө л гар урлал. Намайг Энэтхэгт дээр үед явж байхад Төвдүүд зам дээр суучихсан эсгий таавчиг, түлхүүрний оосор хийгээд зарж байсан. Яг тэрэн шиг санагдсан. 1984-2014 оны хооронд Монголын хөгжил ухарсан юм биш үү.Дараагаар нь би Шанхай, Токиогийн үзэсгэлэн үзсэн. Тэд бол тасарсан байна. “Мишээл экспо” дээр хараарай Монголд үйлдвэрлэв гэсэн үзэсгэлэн дээр үслэг эдлэл, савхин дээл, эсгий углааш, модон хүүхэлдэй, эсвэл Хятадаас авчирсан барилгын материал байгаа. Бусад улсын үйлдвэрлэлийн үзэсгэлэнг үзвэл манайхан өөрсдөдөө гутарна шүү. Би эх орноо үйлдвэрлэгч улс болно гэж итгэдэг.

    -Манайх эрчим хүчний шинэ эх үүсвэрээ барина гээд газар, ТЭЗҮ-гээ яриад удлаа. Эх үүсвэр барихаас хэмнэх нь цөөн хүн амд илүү байж болох уу?

    -Эрчим хүчээр цангадаг улсуудын тоонд Монгол ордог. 170-180 мегаваттын эрчим хүчийг оргил ачааллынхаа үед гадаадаас бид авдаг. Тэгсэн мөртлөө эрчим хүч их хэмжээгээр хэрэглэдэг улсуудын тоонд бас Монгол ордог. Бид дэндүү тансаг хэрэглээтэй юм байна аа. Захын нэг хүнээс “та өдөрт хэдэн килобатт хэрэглэдэг вэ” гэж асуухад манайхан хариулж чаддаггүй. Эрчим хүчний сарын хэрэглээгээ ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө сарын цалингаа бүгд мэддэг. Учир нь, эрчим хүч Монгол хүний амьдралын хэрэглээг зохицуулах хэмжээнд очоогүй байна. Хэрвээ хүн эрчим хүчээс хамааралтай хэмжээнд амьдарч эхэлбэл хэдэн киловаттыг хэрэглэдгээ мэддэг болно. Монголчуудын эрчим хүчний хэрэглээг гар утасны төлбөртэй зүйрлэвэл нэг сард хэд гарах нь хамаагүй гээд шаардлагатай, шаардлагагүй ямар ч үед утсаараа байнга ярьж байгаатай адил. Утасны мөнгө хэд гарах хамаагүй гэж байгаа бол утасны төлбөрөө хянахгүй гэсэн үг. Гадаадууд бол нэг сард эрчим хүчиндээ тэдийг зарна, газандаа тэдийг төлнө, би тэдэн төгрөг цуглуулна гэдэг төлөвлөгөөгөө жилээр нь гаргадаг. Тийм учраас манайхан эрчим хүчээ шаардлагагүй үед хэрэглэдгээ болих хэрэгтэй. Гэртээ хэмнэлттэй төхөөрөмжүүд тавьж, их даарахгүй, их халахгүй суухад л болно. Ингэж чадвал Монгол Улс хүмүүсийн жийп хурааж, алба хаагчдаа цомхотгох шаардлагагүй.

    -Улаанбаатарт агаарын бохирдолтой тэмцэхийн тулд гэр хорооллоо барилгажуулах хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр шийдэл. Гэхдээ цаг хугацаа хөрөнгө мөнгө их орох учраас боловсруулсан түлш, зуух тарааж аргацааж байна. Энэ байдлыг та юу гэж хардаг вэ?

    -Хятад таван жилийн өмнө утаагүй зуух төслийг хэрэгжүүлж 65 тэрбум ам.доллар зарцуулсан. Ингээд төслөө хаасан. Утаагүй зуух, утаагүй түлшээ нэвтрүүлсэн ч Бээжин утаатай болсон. Иймээс төслөө хаагаад үлдсэн зуухаа манайх руу шахсан. Уг нь Бээжин хотын захирагч руу хотын дарга Э.Бат-Үүл бичиг өгчих байсан юм. Танайх энэ аргыг хэрэглээд үр дүнд хүрсэн үү гэж асуух байсан. “Хүрээгүй” гэж бичиг ирэхэд энэ төслийг зогсоох хэрэгтэй байсан юм. Зуух, түлш нь хямд байж болох ч юм шатаагаад утаагүй болно гэж хэзээ ч байхгүй. Улаанбаатар байх ёстой хэмжээнээсээ 300 дахин утаатай байна. Утаагүй зуух, түлш нэвтрүүлээд 40 хувиар багасгана гэдэг хүссэн үр дүн биш. Ямар ч байсан эрчим хүчийг 5-8 дахин хэмнэдэг бүтээл гаргалаа. Нэг байгууллага сард 5000-7000 төгрөг хэрэглээний усандаа төлдөг байх боломж олголоо. Жижигхэн ч гэсэн эдийн засагт хэрэгтэй бүтээл. Ийм бүтээлийг олноор нь дэмжээсэй. Монголчуудыг гурван саяын биш долоон тэрбумын зах зээл хүлээж байна.

    Ганбаатар УЛСБОЛД
    Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/922

  • АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУРТАЛЧИЛГАА, ДИЗАЙНЫ ӨНГӨ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛОГЧ МОНГОЛ ЗАЛУУ

    Дэлхийн шилдэг дизайнер монгол залуус

    Ганболд, Дариа хоёр одоогоор АНУ-ийн Ерөнхийлөгчийн сурталчилгаа, олон нийттэй харилцах албанд ажиллаж байна.

    …Тэднийд хааяа очиход надад их сайхан санагддаг. Өрөөний голд залсан томоос том Монголын төрийн далбаа, хананууд дээр өлгөсөн уран зургууд, иж бүрэн тоноглосон уран бүтээлийн өрөө, тавиур дээр байрлуулсан монголын гар урлалын болон бэлэг дурсгалын бүтээлүүд, тэднийхийг бүтээлч залуус болохыг илтгэдэг. Сонгодог барилаар, ихэвчлэн түүхэн сэдвээр зурсан Ч.Ганболдын зургууд, Монголын уламжлалт барилаар, тэг жаягаар зурсан Г.Дарийн зургууд яг л арга билгийн зохицолдоо мэт.

    Ажлын гэхээсээ “уран бүтээлийн” гэж нэрлэгдэх өрөөнд нь цахим ертөнцийн хамгийн сүүлийн үеийн компьютерүүдээр тоноглосон байлаа. Түүнийг үзсэн миний нэгэн танил өөрийн эрхгүй “пөөх” гэж гайхан дуу алдсан сан. Түүн дундаас цахим радио болон уран зураг зурах электрон самбар (wacom cintiq) намайг бишрүүлсэн. Энэ өрөөнд л Ч.Ганболд бид хоёрын яриа өрнөсөн юм.

    Нэг: Сахилгагүй хүүхэд, Монголын боловсролын салбарын загварчлагдсан тогтолцооны эсэргүүцэл байлаа

    Г.Г-Хүүхэд болгон багадаа зураг зурах дуртай байдаг ч яг зураачийн мэргэжлийг маш цөөхөн хүүхэд сонгодог.

    Ч.Г- Багаасаа л зурах сонирхолтой хүүхэд байсан, Аав маань шугам зүраг болон план зүраг гэх мэт техникийн тѳрѳлд зохион бүтээх сонирхолтой хүн байснаар надад их нѳлѳѳлсѳн байх.

    (Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 4н настайд нь хийж огсон мотортой машин )

    ganbold 01

    (Зураг дээр: Ганболдын аав Чулуунбат хүүгээ 7н настайд нь хийж огсон мотоцикл)

    ganbold 021

    Г.Г-Дүрслэх Урлагийн Дунд Сургууль /ДУДС/-д элссэн түүх чинь?

    Ч.Г-Би дунд сургуульд сурч байхдаа их ч хөдөлгөөнтэй, нилээд сахилгагүй хүүхэд байлаа. Юм л бол ямар нэгэн асуудалд орооцолдоно. Сургууль багш нар маань аргаа барсан байх л даа. 8-р ангиасаа сургуулиасаа хасагдлаа.Сургуулиасаа хасагдсанаа ээждээ мэдэгдэхгүй гэж, өөрөө гүйж байгаад ДУДуС-д шалгалт өгөөд тэнцсэн. Өглөө босоод дунд сургуульдаа явж байгаа мэт гэрээсээ гараад ДУДуС-д хичээллэнэ. 2 жилийн дараа л ээж минь мэдсэн гээд бод доо. Гайхаж, дуу алдсан ээж минь эхлээд уурлах аядсанаа эцэстээ эвлэрч “за за миний хүү өөрөө л болно гэж бодож байгаа бол яахав” гэж хэлсэн. Энэ л миний зүгээс амьдралдаа бие дааж гаргасан анхны шийдвэр байсан.

    Г.Г-Ер нь олон жилийн дараа эргээд харж байхад, дунд сургуульд сахилгагүйтэж, хэл ам таталж, “зовоож” байсан хүүхдүүд энэ амьдралд хөлөө олж , гайгүй сайн яваа нь зөндөө байгаа. Багш нарын үгнээс гардаггүй, дуулгавартай, идэвхтэй “онц сурлагатан” хүүхдүүдээс энэ амьдралд арга эвээ олж чадахгүй яваа нь ч бас цөөнгүй байдаг.

    Ч.Г-Сахилгагүйтэнэ гэдэг олон янз л даа. Гэхдээ нэг хэсэг нь боловсролын загварчлагдсан тогтолцоог эсэргүүцэж байсны илэрхийлэл байх. Ѳѳр, өөрийн сонирхолтой хүүхдүүд, заавал сургууль багшийн хатуу чанд заавар дүрмээр явахыг хүсдэггүй байсан байх. Тэд өөрийнхөөрөө байхыг хүсээд, энэ хүслээ янз бүрээр л илэрхийлнэ. Эндээс ойлголцохгүй, төвөгтэй байдал их үүсдэг. Гэхдээ эргээд бодоход Монголын боловсролын тогтолцоо бидэнд хэрэгтэй ч, бас хэрэг болохгүй ч олон зүйлийг бидэнд өгчээ.

    Г.Г-Одоо л Монголын боловсролын тогтолцоонд, хүүхдийн оюун ухааныг шинжлэх ухаанжсан мэдлэгээр хэт дүүргээд, хэрэглээ болгож сургахгүй байна гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрчилж эхэлж байгаа. Гол нь мэдлэгээ амьдралд хэрэглэж чаддаг байх, яг л өөрийн хэрэгцээ болгох нь илүү чухал байгаа хэрэг.
    Ч,Г-Хэдийгээр хэрэглэж чадахгүй ч оюун санааг олон тѳрлийн мэдлэгээр дүүргэсэн нь надад лав багагүй хэрэг болж байгаа байх гэж боддог. Миний мэргэжил болох компьютер график дизайны ажилд санаа их чухал. Олон салбруудын захиалгат ажил дээр ажиллаж байхдаа өөртөө хэрэгтэй санааг олоход дэмжлэг болдог болов уу. Нэг ёсондоо бид төгс мэдэх зүйл бага хэрнээ бас мэдэхгүй зүйл ч үгүй. Яг ийм байдлаас л өөрт хэрэгтэй санаагаа олох, түүнийгээ баяжуулан хөгжүүлэх боломж олддогт надад хэрэг болж байгаа байх. Тэгэхээр би л лав тэгтлээ харамсдаггүй. Урлагийн сургуульд бол өөр л дөө. Тэнд өөрийн мэдлэг чадвараа шууд л цаасан дээр буулгах, эсвэл тодорхой материал дээр буулгаж түүнийгээ байнга харж, өөрчлөн сайжруулж болох олон боломжуудыг эрж хайснаар, илүү хөгжих боломжтой мэт.

    Хоёр: Зураач ба компьютер


    Г.Г-Чухам тийм учраас л зураач, уран бүтээлч хүн илүү оюунлаг, бусдаас илүү сэтгэлгээтэй байх хэрэгтэй болдог. Сэтгэлдээ эргэлдэж байгаа олон гайхамшигт санаануудыг бодитоор буулгахад их л авьяас, хөдөлмөр, шаналал шаардагддаг байх.
    Ч.Г-Бүтээл хийхийн тулд их бодож судлах хэрэгтэй байдаг. Хоромхон мөчид гялсxийгээд орж ирсэн санаа сэтгэл хүрсэн бүтээл болох нь бий. Заримдаа хийж буй бүтээлээ явуулж чадахаа болиод түр орхих нь, нилээд хугацааны дараах бодлоос эргээд ѳѳр байх жишээтэй. Ер нь уран бүтээл хүний сэтгэл зүрх, оюун санаанаас гардаг болохоор яг таг хугацаа, дэг журам, жор гэж байдаггүй байх гэж боддог.

    Г.Г-Чиний зурсан зургуудыг харж байхад сонгодог хэрнээ, монгол зургийн барилтай хосолмол юм шиг. Харин Дариагийн зургуудыг харахад монгол зураг, зураасан зургийн хосолмол юм шиг.
    Ч.Г-Монголд Европ болон Ази дорнийн арга барилаар зааж сургадаг. Гэхдээ хувь хүн өөрийнхөө барилыг өөрөө л сонгодог. Минийх таны ажигласан шиг байж магадгүй. Би түүхийн сэдвээр ихэвчлэн зурах дуртай. Өгүүлэмж нь тийм болохоор өнгө будаг нь сонгодог тал руугаа байж болно. Яг Европ барил ч биш, монгол зургийн барилууд ч бий.

    Г.Д-Би Бээжингийн Уран Зургийн Академид суралцсан болохоор Ази барил илүүтэй байх. Хятадын уран зургийн онцлог нь зураасан зургаар, өнгө будгийн зохицолдоогоо их зөөлөн хэлбрээр илэрхийлдэг. Манай Монгол зургийн барилтай төстэй шүү.

    Г.Г- Та 2 Монголдоо зураач дизайнераар суралцаж төгссөн. Харин АНУ-д зургийн чиглэлийн зах зээлийг судалж, сонирхож үзсэн үү? Миний мэдэхийн АНУ-д хэд хэдэн мэргэжлийн монгол зураачид ажиллаж амьдарч байгаа.
    Ч.Г-АНУ-д зургийн хөгжил, зах зээл нь том л доо. Миний бодоход уран зургийг үнэлж, худалдан авах талаараа Европыг арай гүйцэхгүй байх. АНУ-ын том хотуудад их сонирхох хандлага нь илүү байхад жижиг хотууддаа арай л бага байх жишээтэй. Тэд зураачдын эх бүтээлийг нь үнэ хүргэн худалдан авахаасаа, дэлгүүрээс хуулбрыг нь худалдан авч гэртээ тавих сонирхол нь илүүтэй мэт санагдсан. Харин Америкийн мэргэжлийн зураачид нь бол их мундаг шүү дээ.
    Би АНУ-д 2 удаа зургийн үзэсгэлэн гаргаж үзсэн. Энд миний мэдэхээр зураач Д.Цолмон болон М. Цогтсайхан ах нар мэргэжлээрээ амжилттай сайн ажиллаж байгаа.


    Г.Г-Та хоёр өнөөгийн хөгжлийн хурдацад хүрэх гэж зураач мэргэжлээ компьютертэй холбохоор шийдсэн байх.

    Ч.Г-Өнөөгийн компьютер болон мэдээллийн IT технологийн хурдацтай хөгжилд дизайнер хүний хэрэгцээ зайлшгүй хэрэг болж байгаа. Тэр утгаараа хүмүүст хүргэх реклам сурталчилгаа их үүрэг гүйцэтгэж, ямар их хурдацтай ѳрсѳлдѳѳнтэй хөгжиж байгааг хэлэх хэрэгтэй байх. Тэгэхээр мэдээллийн технологи өнөө цагт хамгийн ихээр даяарчлагдаж, ямар ч хил хязгаар үгүй болжээ. Тийм болохоор бид энэ чиглэлээр өөрсдийгөө хөгжүүлэхээр АНУ-н Охойяа мужын Кэнт стейтийн их сургуульд (Kent State University) “Kомпьютер график болон 3D анимейшн инженер” мэргэжлээр суралцаж төгссөн. Охойяад сурч ажиллаж, амьдарсан жилүүд бид 2-ын хувьд өөрсдийгөө хөгжүүлэх, олны дунд болон бусад мэргэжил нэгтнүүдээсээ дадлага туршлага сурч, суралцахад ихээр нѳлѳѳлсѳн юм.

    Гурав: Амжилт бол их шаналлын үр дүн

    Г.Г-Саяхан Монголын сонин хэвлэлээр “Дэлхийд гайхуулж яваа Монгол залуус” гэдэг нэртэй бичлэг дээр та 2-ын нэр бичигдсэн байсан.
    Ч.Г-Бид 2 бусдын л адил жирийн монгол залуучууд. Мэргэжилдээ дуртай, хийж бүтээх хүсэлтэй, бас өөдрөг мөрөөдөлтэй. Бид Монголдоо дараа нь АНУ-д суралцаж төгсөөд их ч зүйл сурч, их ч зүйл ойлгосон. Шаналж, хөдөлмөрлөж байж хийсэн бүхэн маань бидэнд амжилт авчрахад бид баярлаж, илүү урамтай болдог. Энэ урам дахиад бүр илүүг хийх хүсэл тэмүүллийг өгдөг. Тэгээд хөдөлмөрлөнө, хичээнэ. Ямартай ч өмнөхөөсөө муу зүйл хийж болохгүй гэдэг бодол биднийг урагш хөтөлж явдаг.

    Г.Г-2009 онд авсан шагналынхаа тухай яриач. Мѳн оюутан байхдаа сургуулийнхаа нэрэмжит тэмцээнд хоёр ч удаа тvрvvлсэн гэж дуулсан…?

    Ч.Г-Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе (Adobe) хэмээх компанийн нэр логотой байдаг. Тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photоshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютер график дизайны бүх төрлөөр уран бүтээлийн олон улсын уралдаан зарладаг юм байна лээ. Ѳнгѳрсѳн жил 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын “Мандалай Бэй Ресорт” -д болж ѳнгѳрсѳн. Би урьд нь Охойяад сургуульд байхдаа оюутнууд болон сургуулиудын дунд зохиогддог хэд хэдэн тэмцээнд орж түрүүлж байснаар, миний нэр энд тэнд дизайнеруудын жагсаалтад орсон юм шиг байгаа юм. Тэрний дагуу тэмцээнд оролцох урилга ирсэнээр энэхүү тэмцээнд байгаль орчин, дэлхийн цөлжилттэй холбоотой бүтээлээрээ оролцон тэргүүн байрын шагналыг авсан.

    Adobe World Guru Awards” уралдаанд түрүүлсэн Ганболдын бүтээл

    montage

    (Зураг дээр: “Adobe World Guru Awards” уралдаанд шалгарсан Дариагийн бүтээл )

    medee43

    darias adobe

    Г.Г-Мѳн тэр уед үргэлжлэн явгадсан iStokcphoto компанийн нэрэмжит “iStock Munny Doll” тэмцээнд авъяаслаг дизайнер бүсгүй Гомбожавын Дариа бас тун амжилттай оролцож 200 гаруй мэргэжилтнүүдээс шалгаран тэргүүн байр эзэлж, дэлхийн дизайны урлагийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргасан байна.

    Г.Д-Энэ тэмцээнд миний бүтээл 1-р байр эзэлж, Ганболдын бүтээл 2-р байр эзэлсэн юм шүү дээ.

    Зураг дээр: (“iStock Munny Doll” уралдаанд түрүүлсэн Дариагийн бүтээл)

    daria doll

    Г.Г-Та хоёр маань үнэхээр мундаг байнаа. Энэ бүхэн эхлэл байгаасай гэж хүсч байна. Тэгээд ч та нар их залуу байна.

    Ч.Г-Тийм ээ бид залуу байна. Хамгийн гол нь бид өөрсдийн дуртай мэргэжлээрээ дуртай ажлаа хийж байна. Амжилт,алдаа болгон урам өгдөг хэдий ч бид цаашдаа өөрсдийн хийж чадах бүхнээ л хийх болноо. “Хүн ѳѳрийн дуртай мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллавал, насан туршдаа хэзээ ч ажил хийдэггүй” гэж Күнз-ийн хэлсэн үг байдаг. Ер нь Монголчууд маань чадвартай шvv. Аль ч салбарт, хэнээс ч дутахгvй ѳрсѳлдѳж, амьдарч байна. Нэг vеэ бодвол Америкт байгаа манайхны ахуй амьдрал ч их ѳѳр болсон. Тэнд бизнес хийдэг монголчуудаас хамтарч ажиллах, реклам сурталчилгаа, вэб дизайн, график хийлгэх ажлын санал их ирдэг. Ер нь бид хаана ч явсан юманд хурдан дасан зохицож чаддаг юм шиг байгаа юм. Амжилт гаргаад эх орныхоо нэрийг хvний зэрэгтэй авч яваа залуучууддаа их баярлаж, тэднээрээ бахархдаг.

    Г.Г-Та 2 Охойяагаас Вашингтон ДС-д нүүж ирээд удаагүй байгаа. Ганболд сая АНУ-д болж өнгөрсөн конгрессийн сонгуулийн сурталчилгаан дээр ажиллаа. АНУ-ын сонгуулийн талаар юу бодож байв?

    Ч.Г-Сонгууль бол улс төрийн тавцан дээрх өрсөлдөөн. Мэдээж сурталчилгааны явцад янз бүрийн л асуудал гардаг. Бие биенээ буруутгах гутаах маргалдах зүйл байдаг. Гэхдээ энэ нь хэмжээнээсээ халиад олон нийтийг хамраад, нийгэмд бухимдал үүсгэх байдалд хүргэдэггүй. Харин сонгуулийн дараа бүгдээрээ олон нийтийн сонголтыг хүндэтгэн зөвшөөрнө. Өрсөлдөөн нь шударга, үр дүнд нь хаа хаанаа хүндэтгэлтэй хандаж чаддаг нь эдний онцлог юм болов уу гэж бодож байна.

    Г.Г-Чамайг бас АНУ-ын ерөнхийлэгч Б.Обамагийн вэб хуудас дээр ажиллаж байгаа гэж сонссон?

    Ч.Г- Тиймээ, Би энэхүү ажилд ороод удаагуй байгаа. Анх манай ажлаас энэхүү том үүрэг ѳгѳхѳд нь их сандарч байсан, Нилээн хэдэн хоног бусад улс орны тэргүүнүүдийн вэб болон суртачилгаа, дизайн арга барилийг судалснаар конгрессийн сонгуульд зориулсан хувилбарын дизайн дээр ажилласан.

    Г.Г-Ийм мэргэжилтэй хүн болгонд том улстөрчид, том компани, байгууллагууд санал тавина гэж үгүй. Тэд мэдээж ур чадвар болон ажил хэрэгч чадварыг илүүтэй харгалзан сонгодог байх. Товчхондоо хаана ажиллаж байсан одоо ажиллаж байгаа газрын талаар.

    Ч.Г-Зураач болгон компьютер дээр ажилладаггүй, компьютер дээр ажилладаг хүн болгон зураач байдаггүй байх л даа. Магадгүй бид хоёрын зургийн сургуульд сурч мэдсэн зүйл маань,ѳнгѳ будаг , арга барил зохиомжлоход нѳлѳѳлдѳг байх. Бас аливаа ажлыг чин сэтгэлээсээ хандаж хугацаанд нь хийдэг, заримдаа санаанд оромгүй хувилбар сонгодог нь бас хэрэг болдог байх л даа. Бид энэ хугацаанд Америкийн болон Монголын зохиолчдын номын чимэглэл, график болон вэб дизайн гэх мэт хувь хүн албан байгууллагын зар сурталчилгаа, суртачилгааны албанд ажиллаж байсан. Үүнд нэр хүндтэй гэж хэлж болох Forest City, Northrop Grumman, Yahoo!, American Greetings, Smucker’s, JIF, Pillsbury гэх мэт. Таны хэлсэнчлэн бид Вашингтон ДС хотод нүүж ирээд, ажилдаа ороод удаагүй байгаа, Би одоo эндэхийн (Presidential campaign – Obama for America) ерѳнхийлѳгч болон засгийн газрын мэдээллийг олон нийтэд хүргэх суртачилгааны албанд ажиллаж байгаа.

    Дөрөв: “Эх орон байхад диваажин надад хэрэггүй”

    Г.Г-Чиний www.ganbold.com вэб хуудас руу ороход эхлээд хөх тэнгэр, тэр тэнгэрт элин халин дүүлэх шонхор шувуу, тэгснээ уртын дуу эгшиглэж аажим аажмаар газраас тэнгэрт хүрч, тасран одох мэт сэтгэгдэл төрсөн. Үнэхээр гайхамшигтай байлаа . Олон олон цахим хуудаснаас огт өөр мэдрэмж төрж байсан шүү.

    Ч.Г-Олон олон вэб хуудасны дизайн чимэглэлийг хийхэд өвөрмөц дүрслэлүүд дээр монгол аялгуу, уртын дуу их л наалдацтай холбогддог. Ер нь монгол аялгуу, монгол ахуй их өвөрмөц. Тэрхүү дүрслэлээр тэнгэр-шонхор шувуу-уртын дуу гэсэн холбоосоор би эх орноо төсөөлдөг.

    Г.Г-Надад бас тийм бодол төрдөг. Гэхдээ өнөө цагт бид өнгө мөнгөнд хэт улайраад эргэж олдохгүй, давтагдахгүй гайхамшигтай зүйлүүдээсээ холдож салаад байна уу даа гэж харамсах сэтгэл төрдөг.

    Ч.Г-Монголын түүх, нүүдэлчин ахуй, үндэсний урлаг соёл, ёс заншил, уртын дуу үнэхээр гайхамшигтай төдийгүй хэзээ ч давтагдахгүй. Өнөөдөр дэлхийн хөгжлийн хурдацад хүмүүс төөрч, эргээд монголчууд бидний орхиод байгаа зүйл рүү тэмүүлж байна. Хүмүүс “робот” шиг амьдралаас залхаж, амар амгалан амьдрал, онгон байгальдаа зохицож амьдрах, хүн хүндээ чин сэтгэлээсээ хайрлан хандах сэтгэлгээ рүү тэмүүлж байгаа. Харин монголчууд бид үүний эсрэг л яваад байх шиг.

    Г.Г-Бид өнөөдөр Монголын хөгжлийн тухай их шүүмжилж, бас их л бухимдацгааж байна.

    Ч.Г-Монголд минь өнөөдөр сайн муу олон зүйл байгаа хэдий ч бид урагшаа л хөгжил рүү явж байна. Ялангуяа залуус их өндөр боловсрол мэдлэгтэй, их хүсэл тэмүүлэлтэй, их хөгжил дэвшилтэй болж байна. Энэ нь интернет IT орон зайд илүү мэдрэгдэж байгаа. Тэд эх орныхоо хөгжилд санаа зовж, өөрсдийн чадах бүхнээ хийж эхэлж байна. Энэ бол бага зүйл биш. Би л хувьдаа Монгол орны хөгжил дэвшил, өөдрөг сайхан ирээдүйд итгэдэг.

    Г.Г-Ч.Ганболд нилээн хэдэн жилийн ѳмнѳѳс интэрнэт Цахим Радиог нээж ажиллуулсан. Тэр радио “ЭХ ОРОН БАЙХАД ДИВААЖИН НАДАД ХЭРЭГГҮЙ” гэх уянгалаг хэрнээ сүрлэг үгсээр эхэлдэг. Түүнийг сонсохоор өөрийн эрхгүй омогших сэтгэл төрмөөр.

    Ч.Г-Цахим радиог анх найзтайгаа 2004онд нээж байхдаа энэ үгээр шторк хийж АНУ болон Герман улсаас 4н суваг явүүлж эхэлж байсан, Ер нь хүн эх оронтой байна гэдэг ямар аугаа их хувь заяа гэдгийг харьд байхдаа монголчууд бид илүү ойлгож мэдэрдэг. Бид энэ радиог ашгийн бус байдлаар, эх ороноосоо хол байгаа Монголчууддаа зориулж явуулсаар ирсэн. Эх орон гэдэг хүний өлгий бас бахархал, омогшил. Өөрийн гэсэн хил хязгаартай, өөрийн гэсэн тусгаар тогтнолтой, өөрийн гэсэн хөгжил, эрх чөлөөтэй Монгол оронд төрснөөрөө монголчууд бид омог бардам явдаг. Бид энэ дэлхийн хаана ч явсан, сайн муу бүх л үйлдлийн өмнө “МОНГОЛ” гэдэг нэр дуурсагдаж явдаг. Тэгэхээр эх орон биднээс л эхэлдэг гэж би боддог.

    Г.Г-Чин сэтгэлээсээ ярилцсан та хоёртоо баярлалаа. Хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл тань та хоёрыг улам өндөрт өргөж, тэр хэрээрээ “МОНГОЛ” хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгаж яваарай.

    Ч.Г-Танд ч бас их баярлалаа. Өдгөө залхуурал дэлхийг хөгжүүлж байгаа ч , монголчууд бид залхууралгүй хичээж зүтгэж байж Монгол орноо хөгжүүлж чадна. Залуус бидэнд их боломж их ирээдүи бий. Монголчууд бид бүгдээрээ хичээхэд бүгдээрээ л аугаа болж чадна.

    Тэднийхээс гарч явахад сэтгэл нэг л сайхан. Тэдний “Лайка” хэмээх хөөрхөн эгдүүтэй нохой нь үсэрч цовхчин, гэрийн гадаа байх арын шилэн дээрээ томоос том “МОНГОЛ” гэсэн бичигтэй “Хаммер” машин дэргэд тэд намайг үдсэн. Хаа ч явсан содноос содон энэ л машинд дэлхийд үнэлэгдэж байгаа монгол залуус сэтгэл зүрхэндээ эх орноо тээж, эх орноороо овоглож явдаг юм. Тэд өнөөдөр дэлхийн дэвжээнд авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ тодрон гарч буй өнөөгийн монгол залуусын хэсэг нь. Амьдралын зам нь үргэлж дардан байх болтугай.

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    http://galbadrakh.com/

  • М.БОЛОРЦЭЦЭГ: МОНГОЛЧУУД БИД ДЭЛХИЙД ХОВОРХОН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ, ПАРКИЙГ ГОВЬДОО БАЙГУУЛЖ ЖУУЛЧДЫГ ТАТАХ БОЛОМЖТОЙ

    Монголын Динозавр судлалын Хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Минжингийн Болорцэцэг

    – Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

    МБ: Сайн, сайн байна уу? Юуны өмнө emegteichuud.mn сайтын хамт олонд болон, нийт сайтын уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Минжингийн Болорцэцэг гэдэг. ШУТИС-ын геологийн инженерийн ангийг дүүргэсэн. Харин магистрын зэрэг сээр нуруугүйтэний амьтаны чиглэлээр хамгаалсан. Докторын зэрэгээ “80 сая жилийн өмнө Монголд амьдарч байсан хөхтөн амьтан” гэсэн сэдвээр хамгаалсан. Одоо Америкт багшлахынхаа хажуугаар “Монголын динозавр судлалын хүрээлэн”-гийн захирлаар ажиллаж байна.

    – Хүрээлэнгээ ямар зорилгоор байгуулав?

    МБ: Монголын динозавр судлалын хүрээлэн маань …. онд байгуулагдсан, төрийн бус байгууллага. Байгуулах болсон гол шалтгаан нь Монголын палентлогийн шинжлэх ухаан, олдвор үнэхээр хэцүү байдалд байгаа. Олдворын хувьд ярихад, олдворыг хууль бусаар гадаад руу гаргаж зарах, ашиг хонжоо олох асуудал гарч байгаа. Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал, хоёрдугаарт шинжлэх ухааны хувьд боловсон хүчний асуудал, энэ нь би докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтдийн хувьд ярьж байгаа хэрэг юм. Ийм хүмүүс Монголд асар дутагдалтай байна. Шинжлэх ухаан маань удаан хөгжиж байна. Манай орны материал дээр гадныхан их давамгайлж ажиллаж байна. Энэ бүх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэж зорилготойгоор энэ ТББ байгууллагаа байгуулан ажиллаж байнаа. Манай хүрээлэнгийн уриа “Монголын палентлогийн ирээдүй”. Монголынхоо материал дээр Монголчууд өөрсдөө ажилламаар байна. Бас Монголын палентлогийн ирээдүйд залуу боловсон хүчнүүдийг дэмжиж, дэлхийн хэмжээнд гаргаж, энэ чиглэлээр хөгжил нь харьцангуй дээгүүр байгаа орнуудад эрдмийн зэрэг хамгаалуулах зорилготой.

    – Палентлогичдийн хувьд ажлын байр хир олдоцтой байдаг юм бол?

    Энэ үнэхээр чухал асуулт байна. Ажлын байрны хувьд учир дутагдалтай. Улсын чанартай газруудад ажилд орох нь хэцүү, орчихлоо гэхэд цалин, хангамж, ажиллах орчин муутай. Манай ТББ-ын бас нэгэн том зорилго бол палентлогичидоо ажлын байртай болгох. Энэ нь эцэстээ музей байгуулах явдал юм. Музей байгуулчихвал сургалт, судалгаагаа аль алиныг нь хослуулаад хийж болно гэсэн. Музей байгуулах бас нэгэн том шалтгаан бол одворуудыг хадгалах, байрлуулах хэрэгтэй байна. Гадагшаа гарсан гээд байгаа олдворуудаа буцааж авчирах, авч ирлээ гэхэд агуулах газар алга. Ингэхээр бүх зүйл музейтэй холбоотой болж байгаа юм.

    – Олдворууд гадагшаа гарсан гээд байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Энэ тал дээр хууль эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байна уу?

    Мэдээж зохицуулалт байгаа л байх. Гэрээ хэлэлцээр хийсний дагуу, сургалт судалгааны зорилготойгоор олдворыг гадагшаа гаргаад, тодорхой хугацааны дараа буцааж авч ирэх ёстой. Гэтэл зарагдах асуудал гардаг. Энэ бол яахын аргагүй хууль бус зүйл. Гадагшаа гаргасан олдворуудыг хэн хэзээ ямар зорилготойгоор хэдэн ширхэгийг гаргасан, цаашлаад ямар байгууллага хариуцаж гаргасан нь тодорхой байх ёстой. Харин хувийн ашиг сонирхлоор, мөнгө олох зорилготойгоор гадагшаа гарч байгаа тохиолдол цөөнгүй байна. Энэ бол үнэхээр “аймшигтай” асуудал. Үүнийг төр засаг анхаарах цаг нь нэгэнт болсон гэж бодож байна. Манай ТББ ч бас үүний эсрэг тэмцэж ажиллах зорилготой.

    – Динозавр судлахын ач холбогдол ер нь юу юм бэ?

    Энэ бол маш том шинжлэх ухаан. Тэр дундаа Монголын хувьд маш чухал. Учир нь гэвэл манай оронд олдворууд нь ихээр олддог, бараг шинэ шинжлэх ухааны салбар гэж хэлж болно. Музейгээ байгуулаад олдворуудаа хадгалж хамгаалаад эхэлчих юм бол маш том боломжууд нээгдэх гээд байна. Музей бол гэр бүлийн, танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий орчин юм. Динозавраар дамжуулаад олон зүйлийг танин мэдэх боломжтой. Ялангуяа хүүхдүүдийн хувьд динозавр гэхээр бүх зүйл нь сонирхолтой санагддаг. Түүнийг улам илүү мэдэх юмсан, харах юмсан гэсэн тэмүүлэлтэй болж байдаг. Танин мэдэхүйн хувьд ийм ач холбогдолтой. Харийн эдийн засгийн хувьд бас л томоохон ач холбогдолтой. Сургалт судалгаагаа эх орондоо хийчихнэ.Олдворуудыг үзэх гэж жуулчид ирэх боломжтой. Жуулчидыг дагаад, орчуулагч жолооч гээд ажлын байр бий болно. Ер нь музей байгуулах нь их олон ач холбогдолтой болж байна. Ийм учраас л олдворт газруудаа хамгаалах хэрэгтэй. Орон нутагт нь музейг нь байгуулж болж байна. Монголын хилээр Эрээн рүү гарахад, замын хажуу талаар хиймэл динозавры парк байгуулсан байдаг. Үүнийг бас бодох хэрэгтэй. Гэтэл манай орон чинь хэдэн сая жилийн өмнөх амьтадын өлгий нутаг гэгддэг. Хийх ажил, бодох зүйл их байна. Эртний амьтадын ул мөр, олдвор манай орны нэлээд олон аймгаас олддог. Өмнөговь, Дорноговь, Баянхонгор гэх мэт. Эдгээр аймгуудад нь яагаад музей байгуулчихаж болохгүй гэж. Үүнийг засгийн газар цогцоор нь авч үзээд, ямар нэгэн бодлого хэрэгжүүлээсэй л гэж хүсч байна. Бид ч үүнд дуу хоолойгоо хүргэх гэж чадан ядаж ажиллаж байна.

    – Танай байгууллага байгуулагдсанаасаа хойш ямар ямар ажил хийж амжуулав?

    Нилээд хэдэн ажил хийсэн. 2007 онд Өмнөговь аймагт, Динозаврын танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт хүмүүст маш их таалагдсан. Олдворуудтай нэг нутагт зэрэгцэн амьдарч байгаа, орон нутгийн иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг нь хүргэж чадсан. Ингэснээр тэд өөрсдийн нутаг орноор бахархах гээд олон талын ач холбогдолтой. Сургалтын гол зорилго нь динозаврыг танин мэдэхээсээ илүүтэйгээр хамгаалах талыг нь илүүд зааж сургах явдал байсан юм. Дараа нь музейн ажилтануудад хотод сургалт зохион байгуулсан. Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “музейн хайрцаг” хоёр ширхэгийг хийж нэгийг нь Өмнөговь аймгийн музейд, нөгөөг нь Байгалийн түүхийн музейд байрлуулан ажлуулж байгаа. Энэ нь хүүхдүүдэд танин мэдэхүйн үнэхээр их ач холбогдолтой.

    – Таны юунд санаа зовдог, бас зорилгын талаар ерөнхийдөө ойлголоо. Хоёулаа яриагаа арай өөр тийш нь хандуулаад эмэгтэй хүн палентлогич байхын сайхан бас хэцүү талуудын тухай яривал?

    Энэ мэргэжил өөрөө хэцүү хүнд мэргэжлүүдийн нэг л дээ. Ер нь олон улсын практикт энэ мэргэжил нь эрэгтэйлэг буюу эрчүүд ихээр эзэмшдэг тийм мэргэжил. Миний хувьд энэ мэргэжил рүү аав маань хөтөлсөн. Би энэ мэргэжилдээ үнэхээр дуртай. Тиймдээ ч амжилттай ажиллаж, докторын зэргээ хамгаалаад байна. Эмэгтэй хүнийхээ хувьд олон өдөр сараар гэрээсээ хол явна гэдэг асар их тэсвэр тэвчээр шаардана. Тэр бүхнийг давж туулах л болдог. Гэхдээ би эрчүүдээс дутахааргүй ажилладаг. Эмэгтэй хүн энэ мэргэжилээр ажиллахын давуу тал гэвэл олдвортой харьцахдаа маш нямбай ханддаг. Эвдэж гэмтээхгүйн тулд эмэгтэй хүнийхээ нягт нямбай зангаа гаргадаг юм болов уу?

    – Энэ мэргэжлийг сонгох гэж байгаа охидуудад хандаж зөвлөөчээ гэвэл та юу зөвлөх вэ?

    Хамгийн гол нь энэ мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Бас энэ мэргэжлийнхээ сайн сайхан, хэцүү бэрх талуудыг нь танин мэдсэн байх хэрэгтэй. Дөнгөж дунд сургуулиа төгсөж байгаа охидод, энэ мэргэжлийн талаар манай байгууллага зөвлөгөө өгдөг. Эмэгтэйчүүд бид чинь хичээвэл юуг ч хийж бүтээж, даван туулж чаддаг хүмүүс. Тэгэхээр мэргэжилдээ дур сонирхолтой байх нь чухал даа.

    – Палентлогич эмэгтэй хүний бахархалтай зүйл юу вэ?

    Миний хувьд хамгийн гоё нь шинэ олдвор олох. Бас хээр хөдөө ажиллахад маш сонирхолтой байдаг. Эрчүүдээс дутахааргүй тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, шинэ олдвор олж илрүүлэх тэр үед өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрдөг дөө.

    -Палентлогийн шинжлэх ухааныг монголд хөгжүүлэх арга замууд юу байна вэ?

    Би түрүүнд хэлсэн. Монгол орон бол эртний амьтадын өлгий нутаг. Олдвороор маш баялаг. Төрийн бодлогондоо оруулаад, засгийн газраас жаахан сэтгэл гаргаад дэмжээд өгвөл хөгжил аяндаа ирнэ. Хийе бүтээе гэсэн чин хүсэл бидэнд байна.

    – Ярилцсанд баярлалаа.

    Эх сурвалж: http://www.emegteichuud.mn/

  • Б.Намираа: Сонсголгүй хүүхдэд багаас нь сайн боловсрол олговол тэд жирийн сонсголтой хүүхдийн түвшинд боловсрол эзэмших боломжтой

    Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэр дундаа 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын хөтөлбөр төдийлөн нарийн, тодорхой байдаггүй.

    АНУ-ын Галлаудетын их сургуулийг сонсголгүй хүүхдийн боловсрол, тэр дундаа 0-3 насны сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсрол гэсэн нарийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Б.Намираатай ярилцлаа.

    -Та одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?
    -МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын хичээл заадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын талаар хичээл ордог гэсэн үг. Би эхээс төрөхдөө эрүүл, сонсголтой төрсөн ч 12 настайдаа хүнд өвчин тусч сонсголгүй болсон. Тэгээд 14 настайдаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуульд элссэн юм. Энэ үеэс л дохионы хэлийг сурч сонсголгүй хүний амьдралын зовлон жаргалыг мэдэрч эхэлсэн. Сонсголгүй хүүхдийн хөгжлийн онцлог, саад бэрхшээлийг сайн мэддэг болохоор тэдэнд туслахын тулд энэ мэргэжлийг сонгосон.

    -Та АНУ-ын Галаудетын их сургуульд Монголд байдаггүй нарийн мэргэжлийг эзэмшсэн байна. Олон улсын туршлагаас харахад сонсголгүй хүүхдийн боловсролд хэдэн наснаас нь эхэлж анхаардаг юм бэ?
    -АНУ-ын Галлаудетын их сургууль нь дэлхийн сонсголгүй хүмүүсийн дээд боловсрол эзэмшдэг ганц сургууль. Энэ сургуульд 70 гаруй орны сонсголгүй хүмүүс ирж боловсрол, мэргэжил эзэмшдэг гэж хэлж болно. Галлаудетын их сургуульд Канад, Кени зэрэг улсын парламент, Засгийн газрын гишүүн сурч төгссөн. Ер нь гадаадын улс орнуудын парлемантад сонсголгүй хүмүүсийн төлөөлөл оруулдаг жишиг гараад байгаа. Ингэснээр тэд сонсголгүй хүмүүсийг төлөөлөн, тэдний эрхийн хүрээнд оновчтой хууль батлуулж чаддаг.

    Тухайлбал, Кени улсын парламентийн гишүүн төрөлхийн сонсголгүй Никсон Какири Галлаудетийн их сургуулийг сурч төгссөн. 150 жилийн түүхтэй энэ сургууль нь нийт 2000 гаран оюутантай. Тэгэхдээ тэдгээрийн 40 хувь нь жирийн сонсголтой хүмүүс байдаг. Галлаудет их сургуульд улс төр судлал, бизнес, урлаг зэрэг олон төрлийн мэргэжил олгодог. Би боловсрол судлалын тэнхимд сонсголгүй хүүхдийн боловсролын чиглэлээр суралцсан. Тэнд ер нь сонсголгүй хүүхдийг хүрч болох тэр боломжит түвшин хүртэл хэрхэн хөгжүүлэх вэ, тэднийг жирийн сонсголтой хүүхдийн хэмжээнд хүртэл хэрхэн сургах талаар нарийн мэргэжлийн арга зүй, техник заадаг.

    Би тэнд дохионы хэлний хэл шинжлэл, тусгай хэрэгцээт боловсролын арга зүй, мэргэжлийн чиг баримжааг онол практик хослуулан сурсан.

    Олон улсын сонсголгүй хүүхдийн боловсрол судлалд сонсголгүй хүүхдийг төрсөн цагаас нь буюу 0 настайгаас нь л анхаарч, тэднийг 0-3 насанд нь хэл сэтгэхүйг нь хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Ер нь 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээл тус бүрээр нь буюу хөдөлгөөний, харааны, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийнх гэх мэтээр тус тусдаа байдаг. Харин манай боловсролын салбарт энэ 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын байгууллага огт байхгүй. Зарим хүмүүс энэ байгууллагыг яслитай андуураад байдаг. Ясли нь асрах газар болохоос сургалтын байгууллага биш юм.

    -Манайд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

    -Би хувьдаа сонсголгүй хүүхдийн боловсролд анхаарсан бодлого хэрэгжүүлэхдээ олон улсын туршлагыг нэвтрүүлах хэрэгтэй юмуу гэж боддог. Олон улсад сонсголгүй хүүхдийн боловсролд орчин болох залгамж холбоог чухалчлан үздэг. Тухайлбал: 0-3, 3-6 насныханд зориулсан цэцэрлэг болон 1- 12 ангийн ЕБС-ийг бүгдийг нь нэг хотхонд төвлөрүүлэн байгуулахыг зөвлөдөг. Гэтэл манайд 29-р сургууль гээд нэг газар, 186-р цэцэрлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт сонсголгүй хүүхдээ хамруулаад нөгөө газар байгуулчихсан, дээр нь 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын байгууллага ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл, бид боловсролын буруу системтэй, дээр нь боловсролын залгамж холбоо алга байна. Сонсголгүй хүүхэд 186-р цэцэрлэгт дохионы хэлээ сайн сурдаг боловч 29-р сургуульд элсэхэд багш нар нь дохионы хэлээр ярихыг хориглож зөвхөн бичих, амны хайрцагнаас унших хэрэгтэй гэж үздэгээс хүүхэд цэцэрлэгт сурсан хэлээ мартаж эхэлдэг. Үнэндээ манай улсад 0-3 насны сонсголгүй хүүхдийн боловсролын байгууллага байхгүйгээс сонсголгүй хүүхдүүд хэлээ сурах сайхан цагаа алчдихдаг. 29-р сургуулийн 1-р ангид орж байгаа хүүхдүүд харахад л долоон настай боловч хэл сэтгэхүйн хөгжил нь нэг настай хүүхдийнхтэй адилхан байдаг. Тэд өөрсдийн төрөлх хэл буюу дохионы хэлээ огт сураагүй учраас огт хэл байхгүй, наад захын харилцааны мэдлэг чадваргүй байдаг. Үүнээс болж уг хүүхэд хохирч өөрт тохирсон боловсрол эзэмшиж чадахгүй болдог.

    -Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл яриа, бичгийн чадвар муу байх нь бий. Үүнийг сайжруулахын тулд боловсролын салбар хэрхэн анхаарах ёстой бол?
    -Ер нь бол сонсдог үгүйг үл харгалзан бүх хүүхэд байгалиас заяасан хэл сурах төрөлхийн чадвартай байдаг. Энэ чухал үе нь хүүхдийн төрсөн цагаас 4-6 нас хүртэл үргэлжилдэг. Яг энэ үед нь сонсголгүй хүүхдэд дохионы хэлийг нь маш сайн эзэмшүүлэх буюу эх хэл нь болгон сургах ёстой юм. Хэрэв энэ чухал үед нь хүүхдэд хэлийг нь сургахгүй алдвал тэр хүүхэд хэзээ ч хэлээ төгс сурдаггүй болохийг олон жилийн судалгаа баталсан байдаг. Тиймээс манайд сонсголгүй хүүхдийг 0-3 насанд нь сургах газар хэрэгтэй байна. Хэрэв энэ л насанд нь дохионы хэл сургаж чадвал тэд цаашид жирийн хүүхэдтэй ижил түвшинд сурч боловсрох боломжтой болох юм. Харамсалтай нь манай боловсролын системийн гажуудлаас болж сонсголгүй хүүхдүүд аль хэзээний хэлээ сурахаасаа өнгөрсөн буюу 7-8 насандаа сургуульд орж байна.

    -Манайд хэдэн насанд нь дохионы хэлийг заадаг юм бэ?
    -186-р цэцэрлэгийн хүүхдүүд тэнд орсон цагаасаа дохионы хэлээ сурдаг. Гэтэл 29-р сургуульд дохионы хэлийг хэл гэдэг утгаар нь албан ёсоор 6-р ангиас нь эхэлж заадаг. Өөрөөр хэлбэл, 29-р сургууль нь хүүхдийг 1-р ангид ороход нь хэлийг нь заахгүй харин бичиж уншиж, амны хайрцагнаас харж ойлгодог болгоход анхааран ажилладаг. Огтын хэл байхгүй хүүхдэд бичиг үсэг заана гэдэг үнэндээ хэцүү, маш хүнд ажил. Сонсголгүй хүүхдийн гол харилцааны хэрэглэгдэхүүн нь дохионы хэл. Дохионы хэл хэрэглэхгүйгээр зөвхөн амны хайрцагнаас уншаад тэр хүүхэд боловсрол эзэмшинэ гэж байхгүй. Манай улсад ядаж л цэцэрлэг, сургууль аль алинд нь дохионы хэлийг хэрэглэж хүүхдийн боловсролын залгамж холбоог бий болгомоор байна.

    -Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хувьд дохионы хэл нь боловсрол эзэмших чухал хэрэгсэл нь мөн үү?
    -АНУ-д сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарч, хүүхдийн тусгай хэрэгцээ, боловсролын чанарыг хуулиндаа нарийн зааж өгсөн байдаг. Тиймээс сонсголгүй хүүхдүүд өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд жирийн сонсголтой хүнээс огт ялгаагүй үүрэгтэй оролцож чаддаг. Тэнд эрт оношлогооны систем буюу хүүхдийг төрсний маргааш нь сонсголын бэрхшээлтэй эсэхийг оношилдог хууль байна. Хүүхдийг сонсголгүй болохыг мэдсэн дариуд дохионы хэл сургах үйл ажиллагааг эхлүүлнэ. Сонсголгүй хүүхдийн бүх шатны боловсролын байгууллага буюу цэцэрлэг, сургуульд хичээдийг 100% дохионы хэлээр заадаг.

    Манай улсад дохионы хэлийг хэл биш зангаа гэж ойлгоод байдаг. Монгол Улсын хэмжээний сонсголгүй хүүхдийн ганц сургууль нь амны хайрцагнаас уншуулах арга зүйг хэрэглэдэг тул Монгол дохионы хэл нь өндөр түвшинд хөгжиж чадаагүй л дээ. Гэхдээ манайд дохионы хэлийг цэцэрлэг, сургууль аль алинд хэрэглэж, хоорондын уялдаа холбоог нарийн сайн болгож чадвал сонсголгүй хүүхдийг ч, Монгол дохионы хэлийг ч хөгжүүлэх боломж нь бий. Дохионы хэл нь яагаад чухал байдаг вэ гэхээр энэ нь хүүхдийн эх хэл, суурь хэл нь болж өгдөг. Хүүхэд эх хэлээ хэдийн чинээ сайн эзэмшинэ төдий чинээ 2, 3 дахь хэлээ сурах, мэдээлэл олж авах, сэтгэхүйгээ хөгжүүлэх боломжтой болно. Тухайлбал, АНУ- д сонсголын бэрхшээлтэй хүүхдэдтэй төрсөн цагаас нь л дохиогоор харилцаж хэлийг нь сургаснаар тэр хүүхэд ердөө долоо, найман сартайдаа дохиогоор ярьж эхэлдэг. Бүр өгүүлбэрээр ярьдаг. Жишээ нь, “тэр мод байна”, “энэ бол арслан” гэх мэт. Жирийн сонсголтой хүүхэд аман ярианы хэл дээрээ тулгуурлан бичгийн хэл, гадаад хэл сурдаг бол сонсголгүй хүүхэд суурь дохионы хэл дээрээ тулгуурлан тухайн улсынхаа бичгийн хэлийг хоёрдогч хэлээ болгон сурдаг. Тиймээс дохионы хэл нь сонсголгүй хүүхдийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй байдаг байна.

    Эх сурвалж: Зууны Мэдээ сонин