Category: бизнес-зөвлөгөө

  • Их өгөгдөлд суурилсан бизнесийн зөвлөх үйлчилгээ

    Байгууллагыг шинэ мянганы бизнесийн орон зайд дахин инженерчлэх, стратеги, бодлого төлөвлөлтийг шинэчлэх, хүний нөөцийн бодлогыг оновчлох, бүтээгдэхүүн үйлчилгээг нарийвчлах, өрсөлдөх чадварыг сайжруулж менежментийг дахин зохион байгуулалтад оруулснаар төлөвлөлт, үйл ажиллагаа, маркетинг, сургалт гэх мэт хоорондоо уялдаа холбоогүй, тохиолдлын шийдэлтэй, гал унтраах шинжтэй үйл ажиллагаануудыг нэгдсэн уялдаа холбоонд төлөвлөн, удирдлагын чадамжийг сайжруулж, багийг мэдлэгээр хангаснаар компанийг системтэй өөрчлөх үйл ажиллагааг явуулах боломж бүрддэг.

    ЯАГААД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ? 

    Та бүхэнд дараах асуудал, асуултууд тулгарч байна уу?!

    1. Бид өөрсдийн бизнес үйл ажиллагааг бүрэн тодорхойлж, нэгдсэн ойлголтонд хүрч чадсан уу?
    2. Бид юуны тул оршиж байгаа вэ?
    3. Тогтвортой, чадварлаг багийг бүрдүүлж чадсан билүү?
    4. Бид бизнесийн онцлог, зорилгоо зөв тодорхойлж байгаа юу?
    5. Үнэ цэнтэй харилцагчдаа үнэлж цэгнэх хэрэглэгчидтэй харилцах бодлого бий юу?
    6. Бидэнд илүү боломж бий юу? Бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн хөгжүүлэх вэ?
    7. Үйл ажиллагаагаа оновчлоогүйгээс боломжуудаа алдаж, цаг, хүчээ үрээд байгаа юм биш биз?
    8. Компани дээрээ хийж хэрэгжүүлж байгаа ажлууд маань нэгдсэн уялдаа холбоотой байгаа юу?
    9. Компаниа, бизнесээ дараагийн түвшинд хэрхэн гаргахаа томъёолсон уу?
    10. Бидний бизнес хаашаа чиглэнэ? Бидний бизнес 50 жилийн дараа хаана байх вэ?
    БИД МЕНЕЖМЕНТИЙГ УЛ СУУРЬТАЙГААР ӨӨРЧИЛЖ,
    КОМПАНИД ШИНЭ ҮСРЭЛТИЙГ АВЧИРНА

    ҮЙЛЧИЛГЭЭ | ШИЙДЭЛ

    БИЗНЕСИЙН ЗӨВЛӨГӨӨ | BUSINESS CONSULTING | Зах зээлээ бүрэн гүйцэт шинжилж ойлго

    • Менежментийн онцлогт нь тааруулж удирдах
    • Өрсөлдөөний загварыг тодорхойлох
    • Хөрөнгө оруулалтыг оновчлох
    • Дахин зохион байгуулалтад оруулах

    АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ | PROBLEM SOLVING | Тухайлсан асуудлын учрыг олж шийдэхэд чиглэдэг.

    • Үр ашиггүй ҮА, арга барилыг үндсээр нь өөрчлөх
    • Өсөлтийг томъёолох
    • Технологийн шийдэл гаргах
    • Зөв шийдвэрийг олж тодорхойлох
    • Бэлтгэн нийлүүлэлтийн хэлцэл өөрчлөх

    БИЗНЕСИЙН ШИНЖИЛГЭЭ | BUSINESS ANALYSIS | Бизнесээ илүү нарийн ойлгох боломжийг олгодог.

    • Яг юу болоод байгааг ул суурьтай нарийн ойлгох
    • Бизнес, менежментийн онцлогоо ойлгох
    • Шийдвэр гаргалтын алдаагаа олж харах
    • Шийдвэртээ илүү зоримог, хурдтай байх боломжийг бүрдүүлэх

    БИЗНЕСИЙН ТАЙЛАНГИЙН СИСТЕМ | BI Орчин үеийн өрсөлдөөний нарийн арга хэрэгсэл

    • Бизнесээ алхам тутамд юу болж байгааг харах
    • Ашиг нэмэгдүүлэгч хүчин зүйлсийг тодорхойлох
    • Зардал нэмэгдүүлдэг ҮА-г олох
    • Шийдвэр гаргах шаардлагаа ойлгох

    МЕНЕЖМЕНТИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭЛТ | Үзэл бодол үзэмжээр бизнесээ удирддаг аргаас үсрэлт хийх

    • Менежментийн чадавхи бэхжих
    • Уялдаа нэмэгдэж, гүйцэтгэл оновчлогдох
    • Өрсөлдөөнд идэвхитэй оролцох

    БИЗНЕСИЙН СТРАТЕГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГ

  • Г.Тэгшбүрэн: Шинэ үеийнхнийг даргархаж удирдахаас илүүтэй зөвлөж түншлэн удирдвал үр дүнтэй | HRDAY2018 ярилцлага


    Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Г.Тэгшбүрэнтэй ярилцлаа.

    Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тун удахгүй хүний нөөцийн өдөр тохиох гэж байна. Энэ өдөр Хүний нөөцийн ажилтнууд Төрийн ордондоо чуулдаг уламжлалтай. Энэ талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо.

    2010 онд манай Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс санаачилж Хүний нөөцийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Анхдугаар зөвлөгөөнөөс эхлээд жил бүрийн аравдугаар сарын 15-нд Хүний нөөцийн чуулганыг хийдэг уламжлалтай болсон.

    Багш нарын өдөр, санхүүчдийн өдөр, сувилагч нарын өдөр гээд мэргэжил бүхэн тэмдэглэлт өдөртэй байдаг учраас Хүний нөөцийн өдөртэй болох санал чуулганаас гарч байсан. Энэхүү саналыг Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгээс дэмжиж, миний бие гардан хөөцөлдөөд 2016 онд Засгийн газарт оруулж батлуулсан түүхтэй.

    Энэ жилийн хувьд бид “Шинэ үе ба хүний нөөц” гэсэн сэдвийн хүрээнд9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

    Энэ жилийн хувьд чуулган ямар онцлогтой болж байгаа вэ. Чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

    Жил бүрийн хүний нөөцийн чуулган тодорхой сэдэв, уриан дор явагдаж, нэг асуудлыг тойрон хэлэлцдэг. Тэндээсээ хүний нөөцийн ажилтнуудад, байгууллагуудад хандан зөвлөмж гаргадаг. Хамгийн анхны форум гэхэд Хүний нөөцийн мэргэжилтэн бол байгууллагад хамгийн чухал гэдэг санаачилгыг илэрхийлж байсан бол дараа дараагийнхаас “Менежер болгон HR”, “Хүний нөөцийн манлайлал”, “Шилдэг арга барилын эрэлд”, “Global HR forum” гэх мэтчилэн сэвдийн дор чуулж байсан л даа.

    Энэ жилийн хувьд “Шинэ үеийнхэн хөгжлийн хөтөч” гэсэн сэдэв. Baby boomer гээд 1960-аад оныхон, Silver tsunami гээд 1970-аад оныхон, шинэ үеийнхэн буюу Generation У гэж нэрлээд буй үеийнхэн бол 1980-2000 оныхон байгаа. Эдгээр үеийнхэн тус бүрийн онцлог, зан характер, хандлагатай.

    Бизнесийн байгууллага, ААН-үүдэд хийсэн судалгаагаар ажилчдын 90 хувь нь шинэ үеийнхэн болсон байна. Нэгэнтээ байгууллагын ажилчдын 90 хувь нь шинэ үеийнхэн юм чинь энэ үеийн онцлог, хандлага, зан характерийг судалж, тэдэнд тохирсон хүний нөөцийн бодлого, удирдах арга барилыг бий болгож, шинэ үеийнхэнд тохирсон байгууллагын соёл, орчинг бүрдүүлж байж тухайн байгууллага амжилтад хүрнэ гэдгийг бид хэлэлцэж, мэддэг нь мэддэггүйдээ зааж, харилцан туршлага солилцож чуулах юм.

    Хуралд хэчнээн төлөөлөгч оролцох вэ. Бас салбар хуралдаанууд болон модераторуудын тухайд?

    Анхны форумлд 120 төлөөлөгч орж байсан бол сүүлийн гурван жилд Төрийн ордоны их танхимын багтаамжаар буюу 650 төлөөлөгч оролцдог болсон. Энэ жилийн хувьд мөн адил Төрийн ордоны их танхим дүүрэн төлөөлөгч оролцох байх.

    Чуулганд, “Шинэ үе ба Хүний нөөцийн бодлогын хувьсал, шилжилт” сэдэвт илтгэл болон үндэсний топ компаниудын шилдэг туршлага, кейс илтгэл тавигдана. “Шинэ үеийнхэнд тохирох байгууллагын соёл, Шинэ үеийнхэнд тохирох хүний нөөцийн оновчтой бодлого” сэдэвт салбар хуралдаан болон хүлээн авалт Новотел зочид буудалд болно.

    Модератор болон панелистуудын хувьд Mogul consulting service компани, Дейл Карнеги сургалтын төв, МАК ХХК, Эрдэнэт үйлдвэр, М Си Эс, Оюутолгой зэрэг олон компанийн төлөөлөл оролцоно.
    HRDAY

    Бизнесийн байгууллагуудаас гадна төр энэхүү чуулганд хэр ач холбогдол өгдөг вэ?

    Өмнөх жилүүдэд бизнесийн байгууллагын хүний нөөцийн асуудал дандаа ярьдаг байсан бол энэ жилийн чуулганы хамгийн онцлог тал нь төрийн захиргаа хүний нөөцийнажилтнууд хамтарч оролцох гэж байгаа.

    Төрөөс хүнтэй холбоотой асуудлыг маш их дэмжиж, бүр бодлогын хэмжээнд авч үзэн энэ жил төрийн албаны шинэ хууль баталж, 2019 оноос хэрэгжүүлж эхлэх юм билээ. Үүнтэй холбогдуулан Төрийн удирдах ажилтны том зөвлөгөөн хийсэн. Үүний дараа Хүний нөөцийн зөвлөгөөнийг бидэнтэй хамтарч ажиллах гэж байгаа нь Засгийн газар хүний нөөцийн асуудалд анхаарлаа хандуулж байгаагийн илрэл гэж харж байгаа.

    Монголын хүний нөөцийн салбарын хөгжлийн түвшин хэр түвшинд байна гэж харж байгаа вэ?

    Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн тэмдэглэлт өдөртэй болоод төр засаг бизнесийн байгууллагууд хамтраад, хөл нийлүүлэн алхах зорилго тодорхойлчихсон байгаа нь хөгжлийн шинэ түвшин гэж харж байгаа. Бид дэлхий дахины хүний нөөцийн хөгжил, концепцоос хоцроогүй яваа.

    Шинэ тренд, чиг хандлагуудыг ойлгож мэдэрч, мэдлэгэ мэдээллээ зузаатгаж яваа. Жишээлбэл, бид судалгааны байгууллага учраас Форбсын тренд, Америкийн тренд гээд шинэ тенд болгоныг мэргэжлийн хэмжээнд судалж, хамтрагч байгууллага, хүний нөөцийн ажилтнууддаа хэлж, сургалт явуулж байдаг.

    Нэмж хэлэхэд 2 жилийн өмнө хийсэн их сонирхолтой судалгаа байдаг. Монголд ажиллаж буй хүний нөөцийн ажилтнуудын 5.6 хувь нь л мэргэжлийн хүн байдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж төгссөн гэсэн үг. Үлдсэн 95 орчим хувь нь өөр мэргэжилтэй хэрнээ хөрвөөгөөд хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа хүмүүс байдаг. Энэ дунд эрхзүйч, эдийн засаг, бизнесийн удирдлагаар төгссөн хүмүүс хүний нөөцийн чиглэлээр түлхүү ажиллаж байгаа гэсэн судалгаа бий.

    Бид зах зээлийн нийгэмд ороод, хувийн бизнес хийж эхэлснээс хойш л хүний нөөцийн мэргэжилтэн гэх ойлголт гарч эхэлсэн шүү дээ. Салбар маань бол эрийн цээнд одоо хүрч байна гэж дүгнэж болно.

    Монгол хүний онцогт таарсан хүний нөөцийн бодлого мэдээж бусад улс орон эсхүл томоохон груп компаниудын бодлогоос өөр байдаг байх. Ялгаа, онцлогийн талаар цухас танилцуулбал?

    Тэгэлгүй яахав. Дэлхийн хүний нөөцийн менежментийн загварыг монгол хөрсөнд буулгаж, монгол маягийн загварыг бий болгох нь бидний гол зорилго байдаг. Бидний эрхэм зорилго, алсын хараанд энэ талаар байдаг.

    Сүүлийн 10 жилийн хугацаанд монгол хүний онцлогийг маш их судаллаа. Монгол хүнд зориулсан удирдах арга барил, бизнесийн байгууллагын хүний нөөцийн бодлого загвар ямар байх вэ, яаж хувьсан өөрчлөгдөж байна вэ гэдгийг л бид судалсаар байна. Нэлээд ахиц дэвшил гарсан.

    Монгол хүний онцлог, тэр дундаа шинэ үеийнхэн дээр хийгдсэн судалгааны үр дүнгээс товч дурдъя.

    Хамгийн түрүүнд зөв төлөвшил хүмүүжлийг хайх хэрэгтэй болдог. Авьяас билэг, ур чадвар гэхээсээ илүү нэгдүгээрт зөв хүмүүжил, төлөвшлийг сонгон шалгаруулалт дээрээ тавих хэрэгтэй болдог. Хандлага, харилцаа, зан чанар төлөвшчихсөн хүн дуртай ажил мэргэжлээрээ ажиллаж байгаа тохиолдолд амжилт гаргадаг. Байгууллагын шилдэгүүдийг аваад үзэхээр дандаа л зөв төлөвшил, хүмүүжилтэй хүмүүс байдаг.

    Хоёрдугаарт, ажилдаа дуртай байдал, гуравдугаарт эв дүй буюу ур чадвар авьяас хардаг.

    Y-Generation буюу шинэ үеийнхэнд ер нь ямар

    Шинэ үеийнхэнд бол гурван зүйлийг анхнаасаа захих хэрэгтэй болдог. Харилцаа гэдэг утгаар үг даадаг байх ёстой, ажил гэдэг утгаар ачаалал даадаг, үнэнч шударга байдал буюу итгэлийг даадаг байх ёстой.

    Шинэ үеийнхнээс өмнөх үеийнхэн хүний үгийг буюу даргынхаа үгийг үгчлэн биелүүлдэг байсан бол шинэ үеийнхний онцлог нь хүний хэлсэн үгийг өөр өөрсдийнхөөрөө хүлээн авдаг. Эхлээд чиглэл өгөнгүүт өөрийнхөө санаа бодлыг хэлдэг. Удирдах албан тушаалтан ажилтныхаа саналыг сонсоод ярилцах хэрэгтэй болдог. Буруу ойлгосон бол залруулах, зөв ойлгосон болхамтраад цааш ажлаа үргэлжлүүлэх.

    Шинэ үеийнхэнтэй хуучин арга барилаар, дарга гэсэн байр сууринаас хандаж огт болохгүй. Хамтрагч байдлаар, багийн гишүүд гэж хандаж ажиллаж байж ажлын үр дүн гарна гэх мэт олон зүйл бий. Бид судалгааныхаа үр дүнг одоо форум дээр танилцуулна.

    Хүний нөөцийн трендүүд гээд ярилаа. 2018, 2019 онд тренд болж буй хүний нөөцийн бодлогоос нэрлэвэл?

    2018 оны тренд гэвэл “Нэгдүгээрт туршлага” гэдэг тренд байна. Жишээлбэл, манай монголчууд ажлын туршлага гэхээр баахан онууд бичдэг. Ажил олгогчид ч 4 жилийн туршлагатай, 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай гээд бичээд ажилтан хайгаад байдаг.

    Харин 2018 онд тренд болсон нэгдүгээрт туршлага гэдэг трендэд энэ онууд бол зүгээр л хоосон тоо, ажилласан хугацаа. Энэ хугацаанд ямар шинэ юм бүтээсэн, ямар амжилт гаргасан, ямар үр дүн гаргасан гээд бодитой зүйлийг туршлага гээд байгаа юм.

    Өөр тренд гэвэл freelancer буюу чөлөөт ажилтны тренд байна. Бид мэргэжлийн хүн авна гээд өндөр шаардлага тавиад байдаг. Нэг ажлын ард гарахын тулд нэг хүнээс төгс юм нэхээд байдаг. Жишээ нь, нэг ажил хийхэд 3 том ур чадвар буюу гурван том шаардлага байлаа гэхэд хамгийн чухал шаардлагыг хангасан хүнийг ажилд аваад үлдсэн 2 шаардлагыг хангахуйц хоёр freelancer буюу чөлөөт ажилтныг хөлс өгөөд ажиллуулчихдаг. Ингээд нэг хүн нухаад удаж байснаас 3 хүн нийлээд хийхээрээ илүү бүтээмжтэй хурдан хийгээд дууусгачихдаг байх жишээтэй.

    Ярилцсанд баярлалаа. Чуулган дээр тавигдах илтгэл, кэйсүүд дээр илүү дэлгэрэнгүй танилцуулагдах байх. Аравдугаар сарын 15-нд болох Хүний нөөцийн чуулганд амжилт хүсье.


    https://www.facebook.com/inhrMN/

    Эх сурвалж: NTV.mn
    #HRDAY2018 #YGeneration #ШинэҮеийнхэнХөгжлийнХөтөч

  • Дангаагийн ГАНЗОРИГ- “Хархорин” сэдэвт зураач

    Зураач Дангаагийн Ганзориг. Түүний уран зургийн ертөнц олон салаа мөчиртэй. Нэг мөчрөөс нь уламжлал. Нөгөөхөөс нь монгол ахуй. Бас нөгөө мөчрөөс нь түүх нэвт шингэнэ. Харин мөчир бүр дэх навч нь энгийн, тайван байх нь яах аргагүй монгол зураачийг илэрхийлнэ. Монголын түүх, ахуйг уран бүтээлдээ хослуулан түүнийгээ хойч үедээ хадгалж яваа энгийн нэгэн зураачийн ертөнц дэх үзэл, бодол руу хамтдаа өнгийе.

    -Таны урлангийн хойморт заларсан монгол зургийн бүтээлүүд тань өөрийн эрхгүй сэтгэл татаж байна. Тэр дундаа Монгол Улсын нийслэл Хархорины зураг нүд унагаж байна?

    -“Эзэнт гүрний голомт” нэртэй зургийг маань хараад ингэж байна уу.

    -Тийм ээ. 

    -Энэ зургийг хийсвэрээс реалист аргаар зурсан юм. Эрдэнэзуу хийд монголчуудын үндсэн гол цэг. Орхоны хөндий монголчуудын өлгий газар гэдгээрээ голомт байхаас өөр гарцгүй. Өгөөдэй хааны ордон одоогийн Эрдэнэзуугийн Гурванзуугийн урд байсан гэдэг. Тийм учир голомт газрын дээр тэнгэрт хааны ордон байгаа мэтээр төсөөлөн зурсан юм. Ер нь Хархорин Монголын болон дэлхийд алдартай том хот. Үүнийг зурахгүй байхын аргагүй. Өнөөдөр глобалчлал, даяарчлал гэж ярьж байгаа ч монголчууд XIII зуунд тэр бүхнийг хийсэн. Бүх шашны урсгалыг нэг дор цуглуулсан ийм хот дэлхийд өнөөдөр ч байхгүй. Өөрөөр хэлбэл, Хархорин хотод Түмэн-Амгалант хааны ордон байснаас гадна христ, үнэн алдартны нэг сүм. Мөн лалын шашны гурван сүм, буддын 20 орчим дуган хийд байдаг. Энэ дотроо хамгийн том нь Мандал бадралын сүм гэж байсан. Харин монголчууд өөрсдөө бөөгийн шашинтай байж яагаад Мандал бадралын сүмыг барьсан юм бэ гэхээр тухай цаг үед, өнөөдөр ч гэсэн Азийн зүрхэнд байгаа учир тэр сүм, хийдгийг байгуулсан нь бий. Энэ зурагтаа хааны ордныг тодорхойлон авч үзсэн. Дараагийн цуврал зурагтаа Хархорин хотыг хаанаас нь харвал хамгийн багтаамжтай байх вэ гэдгийг туурвина.

    -Зураачид “Бүтээл гараас гарна гэдэг нь хүүхэд мэндлэхтэй адил” гэж үздэг. Энэ бүтээл таны хүч, хөдөлмөрийг нэлээд шавхжээ, тийм үү?

    -Зураач хүнд мөнхийн сэдэв гэж байдаг. Миний толгойд бодогдож явдаг сэдэв бол хааны ордон, Монгол Улсын нийслэл Хархорин хот ямар байсан бол. XIII зууны үед Аварга хот ямар байв гэдэг зүйл байнга л бодогддог. Ер нь энэ бүхэн мөнхөд толгойд байдаг. Би “Эзэнт гүрний голомт” бүтээлээ зурах гэж таван жил болсон. Харин бийр, будаг нийлүүлээд суухад сар хүрэхгүй хугацаа шаардсан. Тэгэхээр бодно гэдэг өөрөө асуудалтай. Уран зурагт зохиомж, өнгө, бүтээлийн өгүүлэмж юуг гаргаж байна вэ гэдэг байдаг. Тэгэхээр энэ гурав нэгдэж байж уран зураг бүтнэ. Гэхдээ зурах арга барил өөр, өөр байж болно. Энэ зургийг ажиглавал гол хэсэгт нь хас эргэлдэж, үүний дунд нь Мөнгөн мод бий. Мөнгөн модны хувьд барагдах байдал нь бүдэгхэн бий. Ер нь би насаараа Хархориныг зурах байх. Яагаад гэвэл, миний мөнхийн сэдэв.

    -Таныг түүхэн сэдэв дотроо монгол ахуйгаа эрхэмлэдэг гэж хэлбэл онох уу?

    -Монгол ахуйгаа эрхэмлэнэ ээ. Хажуугаар нь байгалийг бишрэн шүтэж зурна. Байгалийн сайхныг харж хүч, энерги авдаг. Тийм учраас байгалийг зурахгүй байхын аргагүй. Гэхдээ би Улаанбаатарыг зурна гэж бодож байгаа. Нийслэлийн түүх, дурсгалыг харуулсан олон гоё барилгыг нурааж, сүйтгэж байна. Нураагаад өөр барилга барих нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ер нь түүхийн үнэтэй, цэнэтэй зүйлийг авч үлдэх нь чухал. Драм, дуурийн театр, Хөрөнгийн биржийн барилгыг нурааж болохгүй юм.

    -Монгол ахуйгаа эрхэмлэдэг гэхийн учир нь урлан тань хөдөө байгаа мэт. Тэгээд ч модон эдлэл, ургамлаар “Баян” юм. Хуучны бурхны ширээ болон авдар гээд нүдэнд дулаахан харагдаж байна?

    -Би 45 хүрч байна. Залуухан байхдаа юм болгоныг мэддэггүй байжээ. 1988 онд сургуулиа төгсөөд Архангайд нэг жил ажилласан юм. Хэрвээ одоогийнх шиг сэтгэдэг байсан бол 1988 онд хуучны зүйлүүд олон байсан даа. Тэр үед нь арай л сэтгэж чадаагүй юм. Гэхдээ одоо хожигдоогүй. Залуучууд маань над шиг яваа байх. Өнгө, мөнгөнд хууртагдаж, авах гэсэн зүйлээ үлдээж чадахгүй байна. Өвөрмонгол, хятадууд манай юмыг өөрийн болгоод байгаа. Хөөмэй, морин хуур, овооны соёл манайх гэдэг. Удахгүй модон хийц манайх гэж хэлчихэд үгүй гэхгүй. Тиймээс бүгдийг нь баримтжуулан зураад хадгалвал зүгээр юм уу даа гэсэн бодол байна. Монголчууд багаас нь хүүхдийг оньсон тоглоомоор тоглуулдаг. Дараа нь модон хийцтэй ноцолддог. Гэхдээ би хойшоогоо ухраад байгаа юм биш. Мартагдсан зүйлийг гаргах гэж байгаа юм. Нэг аймшигтай зүйл гэвэл бид 300-500 үгний хооронд ярьж байна. Нэг үгээр хэлбэл монгол сайхан хэл байхгүй болж байна. Цөөхөн, харь ярианы хэлээр ярьдаг. Тэгээд Солонгосыг харж дуйраагаад, Бээжинд очид гайхшраад байдаг. Энэ бол гадныхныг бишрэн дуйрааж, Монгол сөнөх болж байгаа юм. Энэ хурдац эрчимтэй явахын бол 30 жилийн дараа монгол хүн гэхэд их хэцүү болчих юм байна л даа. Хоол ундаараа уусгаад байхаар тэгж их байлдах шаардлагагүйгээр Хятадын болчихвий дээ гэж айдаг байхгүй юу. Гэхдээ монгол хүн тэгэхгүй байх.

    -Гэхдээ манай зураачид монгол ахуйг уран зурагт орхигдуулж байгаа зүйл бий. Та яагаад монгол ахуйд ингэж их дурлах болов?

    -Хийвсэр зургийг сэтгэлийн хөдлөлөөр зурдаг. Юу бодож байна түүнийгээ л хурдан зурж болдог. Өнгөөр, дүрсээр зурдаг учир үүнд монгол юм үлдэх нь юу л бол. Би судалгааны бүтээлийг хойч үедээ үлдээе гэсэн чиглэлээр зурдаг. Даан ч миний бүтээл удаан гардаг. Манай зураачид өнөө цагийн аясыг гаргадаг. Хожмын үед үлдэц багатай юм уу гэж боддог. Тэгэхээр тэр нь жаахан харамсалтай. Бид хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэмд амьдарч байгаа. Өөрөөр хэлбэл, усны ганга байхгүй болоод Хятадын цэнхэр саваар солигдлоо. Хөдөө очиход монгол гэр жил ирэх тусам өөрчлөгдсөөр байна. Тэгэхээр хуучны зүйлийг 20 жилийн дараа музейгээс үздэг болно. Би ингэж боддог, миний нас хүрэх нь үү. Өнөөдөр Монголдоо зурж байна. Дараа нь Өвөрмонгол, Халимаг, Буриад, Якутат очоод монгол юм юу байна, энэ болгоныг зурна. Зураад үлдээнэ гэдэг хожим нь хараад хийчиж болно. Гол нь үүндээ байгаа. Харин монгол ахуйд ингэж их дурлах болсон нь ховордож, алга болж байгаа эд зүйлийг зурж, хойч үедээ үлдээх юмсан гэж боддог. Авдар цуглуулдаг хүн байхад худалдаж аваад дараа нь үнэ хүргэж зардаг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, бизнесийн зорилготой байдаг. Би бол зураад хадгалаад байна. Хадгалж чадахын бол хойч үедээ үлдээх том өв болов уу гэж боддог.

    -Хятадууд богино хугацаанд кино урлаг, бусад соёл руугаа хөрөнгө хаяж сэргээж байна. Манай улс харин эсрэгээрээ байх юм. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

    -Манайхан уул уурхай, нүүр, алт, зэс рүүгээ анхаарлаа хандуулж байна. Нэг ёсондоо соёлоо алдчихсан. Монгол гэх юм болгон гадагшаа яваад байгаа. Тиймээс энэ торгон үед амьдарч байгаа нь аймшигтай. 2030 онд Монгол Улс сайхан болж, эдийн засаг нь чадавхтай болоод соёл руу анхаарах гэтэл бүгд Хятад, Оросынх гэх нэртэй болчихвол бид ухаад хаясан газартай үлдэнэ. Би монгол ахуйгаа зураад худалдахдаа гол нь биш. Хадгалж үлдэх байгаа юм. Тэгэхгүй орчин цагтай хөл нийлж хамаагүй юм хийвэл өв соёлоо алдана. Тиймээс ийм юманд харамсаад өнөөдөр нүдээ ширгээн ширгээн зурж байна.

    -Хоёулаа уран зургийн талаар олон зүйлийг ярьж болох байлаа. Сэдвээ жаахан өөрчилж таны урлагийн ертөнц руу өнгиймөөр санагдлаа. Та энгийн зүйлийг гол шугмаа болгодог юм шиг. Энэ зөв үү?

    -Гоёчлох гэдэг гадаад төрхөөрөө хууртагдаж байгаа зүйл. Энгийн байх нь сайхан шүү дээ. Тэгэхээр монгол хүн өнөөдөр тайван бус байна. Энэ нь ядуугийн шинж. Ядуу хүн ууртай, хоосон болохоор бухимдалтай байдаг. Монгол Улс баян. Зөв явж чадвал бүгдээрээ ирээдүйтэй, боломжтой. Гар утастай, заавал 9911-тэй дугаар барьж, ланд-200 авч унаад байх нь гялгар зүйлд хууртагдаж мөнгөө шал дэмий юманд үрж байгаа. Тэгэхээр тайван байхад энэ бүхэн шаардлагагүй юм.

    -Та бүтээлээрээ онгирдог уу?

    -Би ер нь баян. Миний толгой дотор Монгол Улс тэр чигээрээ бодогдох дайны байна. Тэгэхээр онгирч байгаа байхгүй юу. Тиймээс үүгээр баян явна. Нэг хээ, элемент олсон ч түүндээ хөөрч, баярлаж явдаг. Юм болгонд уурлаад, бухимдаад явбал хэцүү. Тэртэй тэргүй урлангаасаа гарч яваад замын түгжрэлд ороод бухимдаад, уурлаад байвал уурлах зүйл олон байгаа. Тэр болгонд уурлахгүй байхыг хичээдэг. Урлаг өөрөө харгис. Урлагийн төлөө явахын бол олон зүйлийг золиослох болдог. Золислохгүй амьдралын төлөө явна гэвэл зураач бас биш болно. Уран бүтээлээ хөөхөөр амьдрал хаягдах гээд байдаг. Гэхдээ амьдралаа хаяж байж уран бүтээл гарна. Би гурван шавтай. Янз бүрийн хүмүүс зураач больё гэж орж ирдэг. Ээж, ааваас нь “Хүүхдээ яагаад зураач болгох гэж байгаа вэ” гэхээр “Зураач нар зургаа зараад их мөнгөтэй болж байна. Зураг зуруулаад мөнгөтэй болно” гэж ярьдаг. Тэгэхээр мөнгө хөөвөл хэзээ ч зураач болохгүй. Би 45 нас хүрсэн. Олон жил зураг зурж, хөдөлмөрлөсний эцэст одоо л нэг үр дүнгээс нь жаахан амсч байна. Бусад бизнесийн байгууллагын үр дүн хурдан гардаг бол биднийх олон жил хөдөлмөрлөж байж зах зухаас нь амсана.

    -“Би 45 хүрч байна” гэж хөгширч байгаа мэт яриад байна. Би таныг залуу байна гэж хэлнэ. Тэгэхээр бүтээл тань таныг гэгээрүүлдэг юм болов уу?

    -Харагдах байдлаараа үс бууралтаж байна. Би 45 хүрчихээд юунд харамсаж байгаа гэвэл нүдэндээ. Нүдний хараа муудахаар өөрийн эрхгүй бухимдах юм байна. Нарийн ширийн зүйл хийх гэхээр нүдний харахгүй болох юм байна. Мөн удаан суухаар нуруу өвдөх шижээтэй. Харин сэтгэхгүйгээрээ хөгшрөх яагаа ч үгүй байна. Зөндөө хийх юм байна. Гэхдээ цаг уур нөлөөлж духандаа үрчлээ суугаад л байна.

    -Бүтээл тань таныг залуужуулаад байгаа юм биш үү?

    -Би юмаа хийгээд суухад бүх зүйлийг мартдаг. Мартаж байж зурна. Ишин шидийн зүйл бодохоор зурж чадахгүй. Би чинь тамхи их татдаг. Тамхиа татаад, кофигоо уухаараа өөрийн эрхгүй зурагтаа орчихдог. Заримдаа урландаа хоёр, гурав хоночихно. Цаг, хугацааг анзаарахгүй зураад байдаг. Гэхдээ хоног, хугацаа хурдан яваад байна. Хурдан яваад байна гэдэг хийх зүйл их байгаагийн шинж. Нэг жил яасан ч хурдан юм. Юм хийдэггүй хүнд цаг, хугацаа өнгөрдөггүй байх. Надаад хийх зүйл их байна.

    -Таны утасны дуудлаганы зураг хас тэмдэг. Мөн хуучны сандалны нүүрэн дээр хас тэмдэг наасан байна. Яагаад хас тэмдгийг сонгох болов?

    -Би нацист, Германы Гитлерийг шүтсэнгүй. “Даяар Монгол”, “Хөх Монгол”-ын хүн бус. Хас гэдэг муу юмыг биед үл нэвтрүүлдэггүй хамгаалдаг. Нөгөөтэйгүүр хүчийг бэлгэдэг. Ямар нэгэн зүйлийг шүтэж, биширч байвал чулуу ч гэсэн бурхан болдог. Үнэхээр хасаа зүгээд явахад муу юм үл автагдаад, ажил үйлс бүтээд байдаг юм шиг санагддаг. Хасыг дээдлэн хэрэглэсэн нь монголчууд. Хас эргэлт гэж байдаг. Нар буруу эргэж байгаа хас газар эх. Нар зөв эргэж байгаа нь тэнгэр эцэг. Тиймээс газар, тэнгэрийн дотор хүмүүн төрөлхтөн оршино гэж үздэг. Манай өвөг дээдэс, хутагт хувилгаад огторгуй дээрх хас эргэлтийг харсан гэж үздэг. Энэ харах цэг нь Монголд байсан гэж үздэг шүү дээ.

    -Нэг талаар шүтээн тань гэсэн үг үү?

    -Итгэж, омогшиж байгаа юм. Мөн бахархана. Зарим хүн хасыг хараад их дургүйцнэ. Энэ нь юмаа мэдэхгүй байгаа нь шинж. Бид 70 жил оросуудад тархиа юу ч мэдэхгүй болтлоо угаалгачихсан. Арай гэж эргээд сэргэж байхад нь үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэргэч төлөгч, бэлэн цэцэн хүмүүс гарах болсон. Тэгэхээр өөрийнхөө итгэл үнэмшлээр хандах нь чухал юм.

    -Таныг нэг талаар зураач гэхээс илүүтэй модон эдлэлийн Д.Ганзориг гэмээр. Яагаад гэвэл таны өрөө заг, харгана, арц гээд модлог ургамлаар “баян” юм.

    -Би энд, тэнд явж байхдаа чулуу авдаггүй юм. Тэгээд заг, харгана авчирна. Балжийн голоос модны үндэс авсан. Ер нь мод хүчтэй харагддаг. Мод дулаахан амьтан, элчтэй. Тэр үүднээс нь авдаг. Би өөрөө говийн хүүхэд. Заг байгаль дээр үхсэн мэт харагддаг ч бороо орохоор амь ороод ургаж байдаг. Урлан маань байгаль мэт харагдаад бүтээлээ хийгээд суухад сайхан. Мод зурах хэцүү. Хоёр зүйл хэцүү байдаг. Би тал зурахыг хүсдэг. Гэхдээ хэцүү. Юу ч үгүй талыг зурах нэг талаар их сонин. Би говийнх болохоороо тэр үү нутагтаа очихоор талыг харахаар уужирдаг. Уужим байна гэдэг тайван байгаагийн жинтэй. Би уужуу, тайван байхыг эрхэмлэдэг юм.

    С.МӨНХБАЯСГАЛАН 2014.03.01

    https://www.facebook.com/ganzo…

    Эх сурвалж http://www.info.mn

  • З.Цэнгэлсайхан: – Үйл урлах болон уран хатгамлын урлал нь Монгол хатан ухааны үндэс юм. Тэвчээртэй, аливаа юмны гарц, шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах

    Монгол улсын соёлын биет бус өв өвлөгч  “ Уран хатгамалчин З.Цэнгэлсайханыг уншигч танд танилцуулж байна.  Тэрбээр Уран хатгамал буюу “Зүү ороох” оёдолыг ЮНЕСКО – д бүртгүүлэх ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Мөн  эмэгтэйчүүдийн уран хатгамал урлалыг дэмжих  “Эгнэшгүй санаа төв” ТББ  – ын тэргүүнээр ажилладаг.  20 гаруй жил уран хамтгамалыг судалж, бусдад өвлүүлэн зааж яваа үйлчин эмэгтэйн ярианд анхаарлаа хандуулна уу.

    Таны уран хатгамалын ажил анх яаж эхэлсэн бэ ?

    Би 1990 онд Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм. Тэр үед үйлдвэрүүд хаалгаа бариад олон хүмүүс ажилгүй болсон. Тэгээд би Мөнхөө даргатай Индонез улсруу туршлага судлахаар явж байгаад хүүхнүүд нь салфетка нэхээд Японд гаргадаг гэдгийг сонсчихоод өөрийнхөө уран хатгамал хийдэг дээрээ тулгуурлаад орчин үеийн өргөн хэрэглээний зүйлсүүдийг зүү ороосон хатгамалаар хийж эхэлсэн. Олон эмэгтэйчүүдийг ажилтай болгох зорилготойгоор эхлүүлж байсан юм. Шинэ , шинэ загварууд гаргаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд хэсэг явсан. Бас янз бүрийн бэлгэ дурсгалын зүйл хийгээд , үзэсгэлэн худалдаануудад оролцоод гайгүй сайхан дэмжлэг авдаг хэрнээ яг бөөнөөр нь захиалга ерөөсөө орж ирэхгүй байлаа.  Ганц хоёроор нь зарж борлуулаад цөөхөн ч гэсэн хүнд зааж сургасан маань ашиг орлогоо нэмэгдүүлээд явж ирсэн.

     “Зүү ороох” хатгамалыг монгол улсын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байсан. Чухам юуны учир өв болов ?

    Би 20 гаруй жил хатгамал хатгаж, судалж явсан. Ном судраас хатгамалын түүх, уламжлалыг нь судлаад үзэхээр уран бэрийн торгон ухаан, эмэгтэй хүний мяндасан ухаан л гэдэг тэр бүх юм чинь ерөөсөө үйл урлалаас л төрж байсан юм байна. Ямар ч сургууль соёлд яваагүй хүмүүс яагаад тийм их ухаантай байсан юм гэхээр зэрэг бүх юмаа өөрийн гараар хийдэг. Тэрнээсээ бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг. Мөн хатгамал хийх явцдаа хүн асар их төлөв түвшин болдог. Тэвчээртэй, аливаа юмны гарц , шийдлийг зөв олох хандлагатай, ерөөсөө хүний оюун ухааныг хөгжүүлэх хамгийн чухал зүйлийн нэг бол үйл урлах асуудал байсан байна гэж ойлгосон. Тэр тусмаа хатгамалын урлал нь бусад гар урлалаасаа илүү их олон талын мэдлэг шаардсан ажил болдог  учраас хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, хөгжүүлэхдээ илүү үр нөлөөтэй байсан байна. Үүнийг  шинжлэх ухаан ч гэсэн нотлоод одоо уран хатгамалаар эмчилдэг эмчилгээний арга нээж байна. Яагаад гэхээр хамтгамалдаа бүх анхаарлаа төвлөрүүлээд бүх зүйлээс тасраад суудаг  учраас нэгэн төрлийн бясалгал юм. Тийм болохоор зэрэг би хүмүүст зааж сургах ажилдаа илүү их анхаарлаа хандуулж байгаа. Охид бүсгүйчүүдээ уран гартай, ухаантай , тэсвэр тэвчээртэй болгоход хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

    З. Цэнгэлсайхан: Хөөрөгний даалинг энергийн уут гэдэг

    “Зүү ороох” хатгамалыг ЮНЕСКО – д бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Энэ тухай сонин сайхнаасаа ярьж өгөхгүй юу ?

    Зүү ороох хамтгамалын үүсэл гарал нь тэдий үед байна гэсэн баримт хаана ч байдаггүй л дээ. Яахав бидний нэг таамаг байгаа. Анх гал хэрэглэж эхэлсэн үеэс эхэлсэн юм байна гэж. Яагаад гэхээр гараа үрэхээр зэрэг  халаад байх, гал асаахын тулд модоо үрж байж анх гогцоо гарч ирсэн. Тэр үед анхны санаа нь гарч 19 дүгээр зуунд сонгодог урлаг болтолоо хөгжсөн гэсэн ойлголт байгаа. Хамгийн гол нь үнэхээр цэвэр монгол хүний оюун ухаанаар бүтсэн хатгамал. Хэрэглэгдэж байсан түүх нь бурхан шашны эд зүйл, эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөрөгний даалин, аяганы уут урлаж өгдөг байсан. Даалин бол хамгийн том хүндлэл, хүний хамаг сүр сүлдийг нь авч явдаг учраас энергийн уут гэж ярьдаг. Зан заншилын хувьд асар том байр суурь эзэлдэг. Бас нэг чухал юм нь энэ бол жинхэнэ гар урлал. Бусад бүх төрлийн хатгамалыг одоо машинаар оёж болдог болчихсон.  Яагаад гэхээр зүү хатгаж гаргаж ирчихээд дахиж давхар даруулж оёод шаглаад байдаг. Манай гар оёдолын хамгийн бөх оёо бол шаглаа оёо байдаг. Энэ шаглаа оёоо их чамин болгоод дээрээс нь зүү ороосон гогцоо гаргаж шагладаг учраас яагаад ч машинд орох боломжгүй. Тийм учраас их том өв юм байна гэж бодоод ЮНЕСКО – д бүртгүүлье гэсэн  санаа  гаргаад “Соёлын өвийн төв”-ийнхөнтэй холбогдсон юм. Гэтэл намайг дэмжээд 2010 онд материалаа бүрдүүлж  явуулсан. Жилд нэг л материалыг бүртгэдэг учраас одоо хараахан бүртгэгдээгүй хүлээгдээд байгаа.

    Та одоо хичнээн шавьтай болж байна ?

    Би 20 хэдэн жилийн дотор Дарханд гэхэд 200 гаруй хүнд зааж сургасан байгаа. Харин өнгөрсөн оны 8 дугаар сараас хотод ирээд бас Эрдэнэт, Дорноговь руу явсан. Одоо Хэнтий аймаг руу явах урилгатай байгаа. Өнгөрсөн жил хүрэхгүйн хугацаанд 350 гаруй хүнд зааж сургасан байна.  Эмэгтэйчүүдийг энэ сургалтанд суухаар нөхөрүүд нь их дуртай байдаг. Аавууд нь  хүртэл охиноо хөтлөөд хүрээд ирдэг. Гадуур хөөрөгний даалин, ялангуяа уламжлалт талынх нь юмнууд их үнэтэй байдаг. Үүнээсээ ч болдог юм уу хийж сурах хүсэлтэй хүмүүс маш их байдаг. Тэгээд л хүмүүсийнхээ сэтгэлд нь хүртэл харамгүй сайхан зааж өгөхийг хичээгээд явж байна.

    Та  хатгамалын тухай ном бичсэн байна. Энэ номыг бичихын тулд хатгамалын түүхийг бүр эртнээс нь судласан уу ?

    Би  төрийн албан хаагч байсан. “ Зүү ороох хатгамал” – аараа олон хүнийг ажилтай болгоё гэж бодож яваадДархан – Уул аймгийн ЗДТГ – т ажиллаж байхдаа номныхоо эхний хэвлэлийг 2005 онд гаргасан.  Энэ номыг гаргасан шалтгаан нь хатгамалыг хөгжүүлэхийн тулд  хатгамалчдыг цуглуулж , үзье гэж бодоод хатгамалчдын улсын уралдааныг анх удаа санаачлан Дарханд зохион байгуулсан юм. Тэгээд нэгэнт уралдаан зохион байгуулж байгаа юм чинь хүмүүс гартаа барих юмтай байг дээ гээд бүх музейнүүдээр яваад музейн ховор хатгамал, зээгт наамалтай эдлэлүүдийн бүх зураг хөрөгийг нь аваад бас уралдаанд оролцох гэж байгаа хүмүүсийн бүтээлүүдийг

    тэмцээнээс өмнө файлаар авч байгаад энэ номыг гаргасан юм. Энэ ном бол монголд анх удаа уран хатгамалаар дагнасан альбом ном болж  гарсан. Хатгалтын технолгиуд, болон түүгээр юу хийж болох вэ гэдгийг номондоо оруулж өгсөн. Хоёр дахь улсын уралдаанаа 2010 онд зохион байгуулсан. Тэгээд номынхоо анхны хэвлэлийг сайжруулаад уралдаанд оролцсон хүмүүсийнхээ бүтээлүүдээр баяжуулаад дахин хэвлэсэн маань борлогдож дуусаад одоо гурав дахь хэвлэлрүүгээ  орох гээд явж байна.

    Ном тань дотроо ямар ямар бүлэгтэй вэ ?

    Зээгт наамал, Зүү ороох, Задгай хатгамал, Хонин холбоо, Хэрээсэн хатгамал, Шүр сувд даруулж оёох, Утас хагалж даруулах, Битүү төвгөр хатгамал, Хаваасан хатгамал буюу туулай харайлгах хатгамал, Эсгий ширмэл, Бусад төрлийн хатгамалууд гэсэн бүлгүүд байгаа. Хойно нь Уран хатгамалыг дэмжих эмэгтэйчүүдийн “Эгнэшгүй санаа” төвийнхөө үйл ажиллагааны талаар мэдээлэл оруулж өгсөн байгаа.  Энэ дотроос Утас хагалж даруулах хатгамал нь бараг мартагдсан зүйл байсан. Би номынхоо хоёр дахь хэвлэлд шинээр оруулж ирсэн байгаа.

    З.Цэнгэлсайхан: “Нацагдорж” хээ  гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг

    “Утас хагалж даруулах оёдол” мартагдсан зүйл байсан гэж байна. Тэгэхээр та яаж сэргээсэн юм бэ ?

    Би энэ оёдолыг огт үзээгүй, мэддэггүй байсан юм. 2 жилийн өмөн телевизээр “Өрөг” гээд оюуны бүтээлтэй хүмүүсийг оролцуулдаг нэвтрүүлэг явсан. Тэр нэвтрүүлэгт оролцож байгаад нэг эхнэр,нөхөр хоёр энэ оёдолоор гутал оёсон байхыг хараад мэдэж авсан юм. Бас дараа нь Хөвсгөл аймгийн нэг хүний оёсон хавтагыг олж номонд оруулсан юм. Гэхдээ өмнө нь ингэж сэтгэж оёдогггүй байснаас биш энэ оёдолыг сурахад амархан л даа. 

    Таны голлон оёдог хөөрөгний даалинд  ямар , ямар хээ угалз чимэглэлүүд ордог юм ?

    Анх оёж байхдаа бол нүдэндээ харагдсаныг л оёдог байлаа. Эхлээд дандаа угалзтай даалин хийдэг байсан. Сүүлд би өөрөө эскиз, загвараа хийж сурсаныхаа дараа ямар орон зайд багтааж, ямар хээ угалз оёхоо шийддэг болсон. Хээний сонголтын хувьд уламжлал талаа голчлон баридаг. 12 жил, 4 хүчтэн оёдог. Сүүлийн үед хүмүүс морь их оёулдаг болсон. Жишээлбэл энэ даалинд би эр хүнд сайн гэгддэг хамаг л нарийн нандин хээ угалзыг оруулахыг хичээсэн байгаа.  Энэ даалин хоёр талдаа 12 жилтэй, уул устай, одтой галтай,  Хүнд ээлтэй байдаг бүх зүйлийг багтаах гэсэн юм. Энэ “Нацагдорж” хээ  гэхэд хүнийг хэл ам, хамаг муу юмнаас хамгаалж байдаг юм  гэнэ лээ. Энд байгаа хээг зоосон хээ гэдэг гэхдээ арвайнаас үүссэн гэдэг. Арвайнаас үүссэн учраас өсөж , үржихийн бэлгэдэлтэй. Энэ арвай хээ Богд хаант монгол улсын сангийн тамга байсан. Бас хосын бэлгэдэл болгож хаан бугуйвч, хатан сүйх хээг оёсон байгаа.

    З.Цэнгэлсайхан: Гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүс их болсон

    Жишээлбэл хамгийн жижиг бүтээл оёлоо гэж бодоход  хэдий хэр хугацаа шаардах вэ ?

    Хөөрөгний даалинг хийхэд зоосон ширээний сүлжмэл гэж орно. Эртний хөөрөгний даалингууд дандаа ийм зоосон ширээний сүлжмэлтэй байгаа. Тэгээд би хоёр жилийн өмнөөс энэ сүлжмэлийг шинээр нэмж сурсан байгаа. Сүлжмэл тууз учраас юуг ч чимэглэж , эмжиж болдог. Жишээлбэл энэ зүү ороосон хатгамалтай, загасан нуруу орсон зоосон ширээний сүлжмэлтэй бэлэг дурсгалын зүйлийг би Оюунгэрэл сайдыг Франц явахад оёж өгч явуулсан. Энийг хийхэд л бүтэн хоёр өдөр орно.  Хөөрөгний даалин оёход 5 – 6 сар болно. Тэгэхдээ хоногт сууж байгаа цаг маань 10 – аас дээш цаг шүү дээ. Бүр том хэмжээний жишээлбэл энэ монгол улсын төрийн дуулалыг нэг жил хагас оёсон.

    Ингэж их цаг, хөдөлмөр зориулсан зүйл мэдээж үнэ цэнэтэй байна. Өнгөрсөн хугацаанд таны оёсон хамгийн гоё бас үнэ цэнэтэй бүтээл юу вэ ?

    Хамгийн үнэтэй гэвэл хөөрөгний даалин байна.  Даалингийн үнэ 500 мянгаас 25 сая төгрөг хүртэл байна.  Жишээлбэл одоо 4 УИХ – ын гишүүнд миний оёсон даалин байна. Ер нь оёсон юмаа борлуулахын тулд хэрэглээ рүү түлхүү оруулах хэрэгтэй болдог. Урлагийн бүтээлүүдийг тэр болгон аваад байхгүй. Тийм учраас хэрэглээний зүйл түлхүү урлаж орлогоо нэмэгдүүлж байгаа гэр бүлээрээ ажиллаж байгаа хүмүүс их болсон. Ер нь ихэнхдээ гэр бүлээрээ болчихдог.

    Яагаад ?

    Гэр бүлийнх нь нэг хүн тэгэж их хөдөлмөрлөж байгааг хараад зүгээр сууж чаддаггүй байх. Тэгэж бодохгүй байгаад байвал албаар туслуулдаг. Жишээлбэл манай нөхөр бол төмөр замд ажилладаг  их завгүй хүн. Тэтгэвэртээ гарчихангуут нь би нөхөртөө энэ ажлаа зааж, туслуулж эхэлсэн. Тэгээд манайх туг, далбаа хийдэг болсон. Одоо нөхөр маань ямар ч туг далбааг стандартын дагуу хийдэг болсон. Сүүлийн 5 удаагийн сонгуулийн  туг, далбаануудыг хийсэн байна. Бас сүүлд нь зоосон ширээний сүлжмэл хийхийг заагаад өгчихсөн, хүүдээ ч бас зааж өгсөн  хамт хийгээд явж байна. Сурахад их амархан л даа. Хоёр, гуравхан өдөр зааж өгөөд өрөө дадлагажсаар байгаад сурчихдаг. Манай сургалтад сууж байгаа хүмүүс ч гэсэн их хурдан сурах боломжтой.

    З.Цэнгэлсайхан: Хамтгамалын гэр үзэсгэлэн гаргана

    Таны цаашдын зорилго юу вэ ?

    Цаашдаа зүү ороох оёдолоо ЮНЕСКО – д бүртгүүлчихвэл хөтөлбөржүүлээд албан ёсны сургалтын программтай болоод охидуудыг хүн болгохын тулд энэ урлалаа хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг төрийн түвшинд ойлгуулах юмсан гэж бодож байгаа. Тэгэхийн тулд олон түмэндээ ойлгуулах хэрэгтэй байна. Үүний тулд би ойрын үед гэр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Тэрнээсээ цааш нь улбаалаад байнгын гэр музейтэй болох юмсан гэж гэсэн зорилготой.  Яваандаа “Оюун ухааны музей”  гэдэг шиг өргөжүүлээд сургалт нь ч байж байдаг, хатгамал нь  ч байж байдаг , үйлдвэрлэл  нь ч байж байдаг ганцхан хатгамал ч биш гар урлалын нэгдсэн төвтэй болж байж хөгжих юм байна гэсэн бодолтой байгаа. Тэгэхгүй бол одоо гар урлал хийж байгаа хүмүүс бүгд шалнаас доош орчихсон. Өөрөөр хэлбэл бүгд л подвальд ажиллаж байна. Гэр үзэсгэлэн маань удахгүй наадмаас өмнө гарна. Циркийн гүйцэтгэх захирал Пүрэвбадам гуай их дэмжээд гэрийг маань гаргаж өгөхөөр болсон байгаа. Гэр доторх бараг бүх зүйл ариун цэврийн булан, аяганы уут, эмийн уут, орны дээгүүрх хөмсөг, тоононы цамхараандаа хүртэл хатгамалтай зүйл хийж байсан.  Тийм болохоор гэр доторх юуг хийж болохоор байна тэр болгоныг үзэсгэлэнгээрээ харуулахыг зорьж байгаа.


  • Д.Жаргалсайхан: Бид автобус, троллейбус, дуобус, монбус гээд олон машин хийсэн. Тэдгээрийн дүү болох цахилгаан машинаа хийгээд удаагүй байна

    “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Гадаадаас хэдэн арван сая төгрөгөөр Монголын эрс тэс цаг агаарт тохирохгүй автомашин, автобус худалдаж авахын оронд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд дотоодын зах зээлээ хөгжүүлэх боломж бидэнд байна. Үндэсний аж үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханаар ахлуулсан мэргэжилтнүүд цахилгаан автомашин бүтээжээ. Тэрбээр одоо автомашинаа туршин унаж хотын гудамжаар салхи татуулан явна.

    -Та цахилгаан автомашинаа хэзээ бүтээсэн бэ?

    -Би цахилгаан машины мэргэжилтэй хүн л дээ. Автобус, троллейбус, дуобус, монбус гээд олон машин хийсэн. Тэдгээрийн дүү болох цахилгаан машинаа хийгээд удаагүй байна. Дэлхий нийтэд цахилгаан машины хөгжлийн үе эхлэх хандлага оржээ. Үүнтэй монголчууд хөл нийлүүлэн алхаж байна. Энэ нь эдийн засгийн үр ашиг талаасаа боломжийн дүр зургийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хямд өртгөөр цахилгаан машин хийх боломж харагдаж байна. Тухайлбал, ашиглалтын зардал энгийн унаанаас 5-8 дахин бага гэдэг утгаараа Улаанбаатар хотод ашигтай тээврийн хэрэгсэл гэж бодож байна. Дээр нь агаар бохирдуулахгүй, импортын шатахуун хэрэглэдэггүй, дотоодын эрчим хүчний салбараа дэмжиж худалдан авалт хийх зэрэг ашигтай тал олон. Моод Монголоор дуусдаггүй, Монголоос эхэлдэг технологийн шинэ цаг үеийг авчрахын тулд инженерүүд маань үлгэр дуурайлал болоод шинэ загваруудаа гаргаад явна.

    -Автомашиныхаа загварыг гаргаад удаж байна уу?

    -Дэлхий дээр машинууд үндсэн нэг загвартай байдгаас гадна 2-3 үндсэн зарчим баримталдаг. Аюулгүй ажиллагаагаа хэр хангадаг, салхины эсэргүүцлийн хүч, хүндийн төвийн шийдлүүд зэрэг техникийн тооцоололд үндэслэн автамашины загварыг гаргадаг. Цахилгаан машин дэлхий нийтэд өндөр хэрэглээнд орчихсон. Хэрэглээнээс харж байгаад хамгийн хямд, найдвартай, ашиглаж байгаа хөдөлгүүрийн хүчин чадал өндөр байх гэсэн үзүүлэлтээс үндэслэн ерөнхий дизайн зураглалаа гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, автомашин нь явдаг байшин юм. Хүн байшин барихад яаж эхэлдэг, түүнтэй адилхан 5-6 компани хамтран машин бүтээдэг. Одоо бид цахилгаан машины анхны загвараа өвлийн улиралд туршихаар хүлээж байна. “Монголын цаг агаар, замын нөхцөлд тэсч гарсныг автомашин гэнэ” гэсэн онигоо дэлхий дээр байдаг. Хамгийн эрс тэс уур амьсгалтай, хамгийн хүйтэн хот бол Улаанбаатар. Тиймээс 400 вт-ын цахилгаан халаалтын системийг тавьчихсан байна. Одоо бидний тооцоолол амьдрал дээр биеллээ хэрхэн олохыг харах гэж байна. Үүний дараа зах зээлд нэвтрүүлж олон нийтийн хэрэглээнд гаргахаар төлөвлөсөн.

    -Нэг цахилгаан машин хэдэн төгрөгт бүтэж байна вэ?

    -Анхны юм болгон үнэтэй байдаг. Цахилгаан машиныг бид нэг газраас авчирч худалдаагүй. Үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа судалгаа шинжилгээний ажлууд хийдэг. Цахилгаан машиныг олноор нь үйлдвэрлэвэл нэг бүрийн үнэ буурна шүү дээ. Энэ бол зах зээлийн хууль. Төр, засгийн үйлчилгээний автомашиныг цахилгаан машинаар сольчихвол төсвийн зардал багасна. Жишээ нь, Улаанбаатар хотод 163 автомашин дарга нарын хэрэгцээнд үйлчилж байна. Үүнд 560 сая төгрөгийн бензин зарцуулдаг. Үүний оронд 160 цахилгаан машин оруулчихвал ашиглалтын зардал нь 10 дахин багасна.

    -Цахилгаан машины анхны загвар хоёр хүний суудалтай юм байна. Зорчигчийн суудлын тоог цаашид нэмэх боломжтой юу?

    -Цахилгаан такси хийе гэж бодож байна. Ер нь янз бүрийн зориулалтаар хэдэн ч хүний суудалтай хийх бүрэн боломжтой. Хамгийн гол нь захиалагч юунд хэрэглэх гэж байгаагаас шалтгаална. Тиймээс бид цахилгаан машин авсан эхний 100 хүнд хоёр жилийн баталгаат засвар хийх хугацаа болон таван жилийн хугацаанд засварыг нь хариуцахаар төлөвлөөд байна. Эхний цахилгаан 100 автомашин инженерийн хайр халамжид байна гэсэн үг юм. Хамгийн гол нь цахилгаан автомашиныг одоогоор зөвхөн хот дотор ашиглах боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. “Тоёота”-гийн хөгжлийн загвар шиг цахилгаан машиныг дагаж олон үйлдвэр хөгжинө, тэр хэрээр олон хүн ажил, орлоготой байна гэсэн үг. Бид япон, солонгосууд шиг хөгжихийг хүсч байгаа бол тэдний аж үйлдвэржилтийн хууль эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Ийм боломжийг бүрдүүлээгүй учраас өнөөдөр бид халбага сэрээгээ ч өөрсдөө хийж чадахгүй байна. Үүний тулд тухайлбал, цахилгаан машин бүтээхэд орж байгаа техник хэрэгслийн татварыг тодорхой хугацаагаар тэглээд ижил төстэй бараа бүтээгдэхүүнийх нь гааль, НӨАТ-ыг багахан өндөр тавиад дотоодын үйлдвэрлэлээ хамгаалаад өгвөл энэ технологийг олон монгол залуу эзэмшинэ. “Хьюндай” компанид 100-гаад мянган хүн ажиллаж байна. Ер нь улсад томоохон технологийн хэдэн үйлдвэрлэл байх ёстой. Энэ асуудлыг гаргаж тавихын тулд сүүлийн 10 гаруй жил алдагдалд ороод хүндхэн зам туулаад явна. Тодорхой үр дүн гарах болов уу гэж найдаж байна.

    -Цахилгаан машиныг цэнэглэх цэгийг хэрхэн байгуулах талаар төлөвлөгөө гаргасан уу?

    -Яаж цэнэглэх вэ гээд сандрах зүйл байхгүй. Гар утас цэнэглэдэг шиг ажиллагаатай гэж ойлгох хэрэгтэй. 220 вольтод энгийн нэг залгуураар л цэнэглэнэ шүү дээ. Нэг аккумляторыг гурван жилийн хугацаанд цэнэглээд ашиглах боломжтой. Ерөөсөө л ашиглалтын зардал шатахуун хамгийн бага иддэг автомашинаас 5-8 дахин бага гээд л ойлгочиход болно. Үүнийг батлахын тулд би цахилгаан машинаа өнгөрсөн зунжингаа уналаа. Энэ хугацаанд 2500 км явсан байна.

    -Одоо танаас өөр хүн цахилгаан машиныг унаж байгаа юу?

    -Хүмүүс хэрэгцээндээ тохируулж загвараа гаргаад манай компанид хандаж эхэлж байна. Хамгийн гол нь эхлээд цахилгаан машины зургийг гаргах ёстой. Сайн бодож зураг гаргахад чадварлаг инженерүүд хэрэгтэй байдаг. Гэтэл Монголд ийм инженер цөөхөн байна. Ийм ажил хийдэг хүн дэлхийн хаана ч очсон 2500 ам.долларын цалин авна. Одоогоор бидэнд ажилчдадаа тийм хэмжээний цалин өгөх боломжгүй байна. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна.

    -Ховор гээд байгаа энэ ажлын байрын хэрэгцээг хангах боловсон хүчнийг манай их, дээд сургуулиуд бэлтгэдэг үү?

    -Их, дээд сургуулиудад техник, зохион бүтээлтийн программын хичээл заагаад эхэлчихсэн. Бид Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны шугамаар энэ чиглэлийн олимпиадыг гурван жил дараалан зохион байгуулахаас гадна сайн мэргэжилтэн бэлтгэх олон ажил зохион байгуулж байгаа. Монголчуудын давуу тал нь ямар ажлыг маш амархан сурдаг. Бид энэ чадвараа хэрэгтэй зах зээлд ашиглах хэрэгтэй.

    -Монголын шилдэг инженеүүд гадаадад амжилттай ажиллаж байгаа сураг дуулддаг. Та тэдний нэгийг Монголд авчраад хамтран ажиллаж байгаа юм биш биз?

    -Гуравдугаар курсээс нь эхлээд сургасан шавь нартайгаа ажиллаж байна. Гадаадад ажиллаж байгаа хүнийг урьж болно. Гэтэл тэд бидний жил авах цалинг сард авна гэж ярьдаг.

    -Одоогийн хүчин чадлаар цахилгаан машиныг ямар хугацаанд үйлдвэрлэх боломжтой вэ?

    -Захиалгаасаа хамаарна. Одоо байгаа ажиллах хүчний төвшинд нэг цахилгаан машиныг 14 хоногийн хугацаанд гаргана. Мэдээж 1000 машин захиалбал бид яаж ажиллахаа бодож эхэлнэ шүү дээ.

    -Цахилгааныг машиныг бүтээхэд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

    -Манай компани 88 ажилтантай байсан. Захиалга байхгүй учраас хүмүүсээ цомхотгосон. Яг өнөөдрийн байдлаар 10 гаруйхан хүнтэй л ажиллаж байна. Худалдан авагчгүй бизнесийн орчин бүрдээгүй, хууль эрхзүйн орчин байхгүй байна. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Хятадаас хямд үнэтэй адилхан бараа оруулж ирээд биднийг бут цохидог. Тиймээс л дотоодын үйлдвэрүүдээ бие даагаад явах хүртэл нь дэмжээд өгөөч гэж хүсээд байгаа юм. 10 мянган хүний ажлын байр бий болгох боломжтой салбар бол энэ. Энгийн хийцтэй тоног төхөөрөмжөөс эхлээд машин механизмыг бид өөрсдөө хийх бүрэн боломжтой. Бас бид заавал бэлэн бүтээгдэхүүн экспортлох шаардлагагүй. Өөр олон боломж бий.

    -Энэ тал дээр хамтарч ажиллахаар ирсэн хүн бий юү?

    -Төр, засгийн төвшинд бидний хийж байгаа ажлыг ойлгож эхэлсэн болохоор нааштай хандаж байгаа хүн бий. 20 экоавтобусаа өгчихлөө, өчнөөн олон монбус, троллейбусаа борлуулчихлаа. Энэ бидний ажилд дэмжлэг болсон. Дээр нь төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг Улсын Их Хурлаас өнгөрсөн дөрвөн жилд гаргасан. Аж үйлдвэрийн яам ч байгуулсан. Энэ бол асар том давуу тал болж байгаа юм. Удаан л болохоос бидний ажил урагшилж байгаа шүү. Энэ ажлыг цааш нь Монгол Ардын Нам авч яваад хөгжүүлнэ гэж итгэж байна. Ардын намын мөрийн хөтөлбөрт 400 автобусыг дотоодын үйлдвэрээс авна гэж бичсэнийг би аваад хадгалчихсан байгаа. Энэ нь бидэнд итгэл найдвар төрүүлсэн. Дээр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг сая баталлаа. Мөрийн хөтөлбөрийн үндсэн үйлдвэрлэл гэдэг дотор металлурги, металл хийц, тоног төхөөрөмж, угсралтын үйлдвэрийг дэмжинэ гээд оруулаад ирлээ. Энэ бүх сайхан мэдээ бидэнд итгэл найдвар өгч байна.

    Бид яриагаа өндөрлүүлж “Экобус” компанийн зогсоол дээр очиход тэдний үйлдвэрлэсэн дунд оврын автобусуудыг байрлуулсан байв. Цэвэрхэн, тохилог, үзэмжтэй харагдах тэдгээр автобусыг аялал, жуулчлалын салбарт ашиглавал тохиромжтой бас хэмнэлттэй юм шиг санагдаж байсныг нуух юун. Д.Жаргалсайхан инженер хотын нийтийн тээврийн хөгжлийн талаар яриагүй ч хийхээр зорьж байгаа зүйл нь нүдний өмнө ил байлаа. Тэрбээр Улаанбаатарыг трамвайтай болгохоор зураг төслөө гаргажээ. Энэ мэт монгол инженерүүдийнхээ эхлүүлсэн ажлыг дэмжээд өгвөл Улаанбаатар утаагүй, эко хот болоход ойрхон байна.

    Эх сурвалж: Unen.mn

  • Ц.Лувсандорж: Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана

    Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

    “Багшийн цалин нэмүүлэх түр хороо” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхтуяа “Монголын багш нар 2017 оны наймдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн цалингаа нэмүүлэхээр өнөөдрийг хүртэл төр засагт дуу хоолойгоо хүргэж, тэмцэж ирлээ. Бид ололт, амжилт, алдаа, оноотой нэг жилийг ардаа үдэж байна.

    Бид энэ хугацаанд “Монголын багш нарын нэгдэл ТББ”, Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулж, Багшийн цалин нэмүүлэх түр хороогоо албан ёсны ТББ болгон үйл ажиллагаагаа явуулж байна. 

    Анх “Урвахгүй, шарвахгүй. Ухрахгүй, шантрахгүй” уриатай эхэлж байсан. Бид өнөөдөр л тэр хэвээрээ байгаа гэдгийг онцлон хэлмээр байна” гэв.

    “МҮЭХ ХӨДӨЛМӨРЧИН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ТУУШТАЙ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА”

     Гэрэл зургийг mpa.mn

    Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Багш нарын цалин нэмүүлэх хөдөлгөөн үүссэний нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. 

    Боловсролын салбарыг улс орны тэргүүлэх салбар гэж үздэг. Тийм учраас энэ салбарт ажиллаж буй багш, ажилчдын цалин нь олон улсын хэмжээнд хүрсэн, амьдралд хүрэлцэхүйц хэмжээтэй байх ёстой гэсэн байр суурьтайгаар бид тэмцлээ өрнүүлж ирсэн.

    Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо одоогоор албан ёсны 1,500 гаруй гишүүнтэй, нэгдэхээ илэрхийлж буй 10,000 гаруй хүн байна. Манай байгууллага нь цалин нэмүүлэх хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж ажилладаг. 

    МҮЭХ сүүлийн 28 жилийн турш хөдөлмөрчин иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж чадахгүй байгаа юм. Тиймээс бид багш нарын ҮЭХ-г шинээр тусад нь байгуулсан. Энэ байгууллага нь Монголд бий болсон гурав дахь чөлөөт Үйлдвэрчний эвлэл юм” гэлээ.

    “МОНГОЛД ХҮН АЖИЛЛАЖ ЯДУУРЧ, ЯДУУРЧ АЖИЛЛААД БАЙНА”

     Гэрэл зургийг mpa.mn

    Монголын багш нарын нэгдэл ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Лувсандорж “Яг нэг жилийн өмнө Монголын багш нар аймаг, хотынхоо том талбайг дүүргэсэн. Ингэж дүүргэсэн гол шалтгаан нь багшийн нэг цагийн ажлын хөлс бага байгаатай холбоотой. 

    Монголд хүн ажиллаж ядуурч, ядуурч ажиллаад байна. Үүний нэг тод жишээ нь багш нар. Одоо багш нар дахин талбайг дүүргэе гэсэн санал гаргаад байгаа. Оролцоо сайн бол бүх зүйл амжилтад хүрч чадна гэдгийг багш нар харуулсан. 

    Монголын төр бол ард түмний хамгийн том, чухал өмч юм. Энэ өмчийг өнөөдөр Монголчууд хэрэглэж сурч байна. Тухайлбал, багш нар оролцооныхоо хүчээр Монголын төрд шаардлага тавьж хэрэгжүүлдэг замд суралцан нэг жил боллоо. 

    Цаашид бид дахин оролцооны хүчээр дараах зүйлсийг хийнэ. 

    1. Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана. Үүний тулд багшийг их хуралд суухыг хориглосон заалтуудыг халахын төлөө бид ажиллана.
    2. Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө оролцоогоороо ажиллана. 
    “БИД ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ХУВЬСГАЛЫГ ХИЙХ ЁСТОЙ”

     Гэрэл зургийг mpa.mn

    Улсаа аврах үндэсний хөдөлгөөний зохицуулагч Б.Жагар “Өнөөдөр Монгол Улс МАНАН-гийн бүлэглэлийн хувийн компани болсон гэдэг нь тодорхой харагдаж байна. 

    Ер нь Монгол улсын багш нар төдийгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дийлэнх нь боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Учир нь дундаж цалин дөнгөж 350-450 мянган төгрөгийн хооронд байна. Энэ бол ердөө долоо хоногийн хоол хүнсний мөнгө. 

    Өнөөдөр энэ төр засагт байгаа 76 гишүүний зарим нь сайн хүн байж болох ч, дийлэнх нь улстөрийн гэмт хэрэгтнүүд. Тэд улс үндэстнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, Оюутолгойгоос болоод 9 жилийн хугацаанд 50 их наяд төгрөгийн өрөнд орчихоод байна. 

    Түүнчлэн, МҮЭХ гэсэн 100 жилийн түүхтэй байгууллага бол ялзарсан, авлигажсан. Үе үеийн засгийн газраас мөнгө авч Монголын хөдөлмөрчдийн цалинг нэмэгдүүлэх ажлыг хааж, боомилдог. Тиймээс энэхүү МҮЭХ татан буугдах хэрэгтэй. 

    Багшийн цалинг нэмүүлэх энэхүү тэмцэл бол Монгол Улсын бүхий л салбарын цалинг нэмэгдүүлэх томоохон хөдөлгөөн болж байгаа юм. Өнөөдөр бид цалингаа нэмүүлэх хувьсгалыг хийх ёстой. Монголчуудыг хувьсгал, тэмцэлд нэгдэхийг уриалж байна” гэв.

    Эх сурвалж:   https://ikon.mn/

  • ХУУР УРЛААЧ Л.ДЭМЧИГГАРАВ: МИНИЙ ХИЙСЭН ХӨГЖМИЙН ЗЭМСЭГҮҮД ХИЙСВЭР УРАН САНАА БИШ, ӨВ СОЁЛОО СЭРГЭЭН АМЬДРУУЛАХ ГЭСЭН МӨРӨӨДӨЛ МИНЬ

    Төрсөн нутаг Архангай аймагтаа амьдран, хуураа урлан хөг эгшгийг нь тааруулан бас монгол эртний хөгжмийн зэмсэгүүдийн талаар судлан, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэн байгаа хуур урлаач Л.Дэмчиггаравтай ярилцлага өрнүүллээ.

    Та хэзээнээс хуур урлах болсон бэ. Бага наснаасаа гарын дүйтэй байв уу ?

    1976 онд улс орон даяар зарлагдсан залуу уран бүтээлчдийн улсын уралдаанд анх удаа сийлбэртэй морин  хуур хөгжмөөр оролцож тусгай байр эзлэж байсан. Энэ үеэс л хуур урлах замд орсон доо. Түүнээс хойш 40 гаруй жил болж байна.

    Та өвөрмөц төрөл бүрийн хуур урладаг юм байна. Хүмүүс морин толгойтой хуурыг  л мэддэг. Гэтэл таны хуурууд өөр юм. Жишээ нь луун толгойтой хуур ч гэх шиг. Энэ нь таны уран санаа юу, эсвэл эрт дээр үед ийм хөгжмийн зэмсэг байв уу?

    Эрт дээр үеэс Монголчууд тухайлбал 13 дугаар зууны үеэс  / Хубилай хааны үе / төрийн ордон, өргөөндөө 412 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжим эгшиглүүлж байсан  баялаг өв соёлтой ард түмэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш түүхэнд  тэмдэглэгдэн үлдсэн  өв соёлоо судлан сурвалжилж сэргээн амьдруулах гэсэн хүсэл мөрөөдөл минь юм.

    Эдгээр хөгжмийн зэмсгийг хир зэрэг судалгаа хийж бүтээдэг вэ?

    Намайг энэ сайхан хөгжмийн ертөнцөд хөтлөн оруулж балыг нь амтлуулсан хүн бол миний аав, Ж.Бадраа багш хоёр минь юм аа. Судалгаа хийлгүй яахав. 30 гаруй жилийн хөдөлмөрөө судалгааны ажилд зориулсан даа. Багшийнхаа хийсэн  судалгааны материал дээр тулгуурлан нутаг нутгийн онцлог, зан заншлыг нь шингээж дуу дуурьсал, хэв шинж, загвар хийцийг нь гарган урладаг.

    Хөгжмийн зэмсэг хийдэг материалуудаа хаанаас  бэлтгэдэг вэ?

    Хөгжмийн үйлдвэрүүд болон, ахуй амьдрал, байгалаасаа материалаа сонгон авдаг.

    Таны хийсэн хөгжмийн зэмсэгээр ямар ямар хөгжимчин, хамтлагууд тоглодог вэ?

    Анх морин хуур урлаж эхлэж байхад тэр бүр хүн ойлгохгүй хэцүү байсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш хүн болгон морин хуураа дээдлэж ирсэн. Миний хийсэн хөгжмийн зэмсэгээр Архангай аймгийн ХДТ, “Алтай” хамтлаг, МУГЖ, ятгачин Ж.Мөнх-эрдэнэ нарын олон уран бүтээлчид тоглож байна.  Язгуур хуурын төрлүүдийг хийхээс гадна  нилээд хэдэн ятга хөгжим хийсэн. Эдгээр хөгжмийн зэмсэгүүд минь  Архангайхны бахархал, Монголын нэрийг дэлхийд таниулж яваад нь баярлаж явдаг. Нийт 6 удаа өөрийн хийсэн хөгжмийн  зэмсгийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж тоглолт хийсэн.

    Ардын хөгжмийн хамтлагууд янз бүрийн хөгжмийн зэмсэгээр тоглодог болсон. Үүнийг өөрсдөө  шинээр зохиож таньд захиалга өгч хийлгээд байна уу?

    Монгол туургатан хөгжмийн зэмсэгийн баялаг сан хөмрөгтэй. Түүнээс л сэргээгдэж  урлан бүтээж байгаа хөгжмийн зэмсэгүүдээр л хамтлагууд тоглож байгаа юм. Хөгжмийн зэмсэгүүдийг хийдэг мэргэжлийн олон газар  бий.

    Хөгжмийн зэмсэг урладаг хүн өөрөө авъяастай байдаг байх. Та хөгжимөө тоглодог уу. Урласан хөгжмийн зэмсгийнхээ хөг аялгууг хэрхэн тааруулдаг вэ?

    Би хөгжим тоглохгүй. Гэхдээ хийсэн хөгжмийн зэмсэгийнхээ өнгө тонныг мэргэжлийн хэмжээнд сонсож чадна.

    Таныг жүжигчин Д.Сосорбарамд нэг өвөрмөц ховор хуур хийж бэлгэлсэн гэж сонссон. Тэр талаараа яриач?

    Би  урлагийн   Янжинлхам бурханы  мутарт байдаг Биба гэдэг хөгжмийн зэмсгийг 1990 оны үед анх хийж аймгийнхаа “Монгол эгшиглэн” чуулгад анх тоглуулж, хөгжмийн хамтлаг маань ардын язгуур урлагийн алтан өргөмжлөл, тэргүүн шагнал авч байсан. Дараа нь дахиад нэгийг шинээр хийж, яаж дуугаргах, ямар аялгуу тогловол сайхан байх талаар хөгжмийн зохиолч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Баттөмөр багштай ярилцаж байгаад / тухайн үед багш маань манай аймагт урилгаар ажиллаж байсан /  ерөөсөө  Сосорбарамд өгье “Дорны цагаан  саран” дуугаа дуулж, тогложяваг гэж бодоод найздаа дурсгасан даа.

    Та зөвхөн хөгжмийн зэмсэг л урладаг уу. Өөр зүйл хийдэг үү?

    Би зөвхөн хөгжмийн зэмсэгээ л урладаг. Манай аймаг шанаган хуурын өлгий нутаг. Эртний хутаг хувилгаадын ордон, өргөөнд залагдан тоглогдож, өв дамжин хадгалагдаж байгаа соёлын үнэт өв, өвлөн тээгч нартаа л хадгалагдаж байдаг. Тэдэнтэй холбоотой байж язгуур хөгжмийн зэмсэгээс нь загвар авч, орчин үеийн тайзны бүтээлд тохируулан урлан бүтээж байгаа.

    Та шавьтай юу. Ар гэрийхэн тань аль хир дэмждэг вэ?

    Би цөөхөн гарын шавьтай. Хөгжмийн зэмсгийг тэр бүр хийх хүн олдохгүй их чимхлүүр ажил шүү. Хүмүүс сурах гэж ирдэг л юм. Жоохон суугаад л залхаад авдар саваа хийсэн нь дээр юм байна гээд яваад өгдөг дөө. Манай гэрийхэн маш их дэмжиж тусалдаг. Би чинь 3 хүүтэй. Хүүхдүүд маань цөм л хийнэ. Гэхдээ бага хүү маань бүхнийг хийж сурч байгаа хүн дээ.

    Нэг бүтээл гаргахад хир хугацаа ордог вэ?

    Нилээд хугацаа орно шүү. Бодно, судлана, зураг, схез гаргана. Урлана, хөг тавина, чимэглэнэ, дуугаргана гээд л хугацаа шаардана шүү.  Сайхан дуугаргахын тулд хэд дахин хийх ч явдал бий.

    Таны урласан хөгжмийн зэмсэгүүд хир эдэлгээ даадаг вэ. Засварыг өөрөө хийдэг үү?

    Дээрээс нь дараад уначихгүй л бол гарын ая даана. Хөгжимчин хүний халамж хэрэгтэй дээ. Хөгжмийн зэмсэгүүдээ өөрөө засварладаг.

    Ярилцлага өгсөн танд баярлалаа.    

    Эх сурвалж: Монгол, кирил хос бичгийн ОЮУНТҮЛХҮҮР ЭРДЭМ сэтгүүл (2019 оны 11 сар0

    Л.Дэмчиггарав: Хуур урлах нь хүн бүтээхтэй адил

    Хуур урлаач Л.Дэмчиггаравыг урлагийн хүрээнийнхэн андахгүй. Урласан хуурыг нь эгшиглүүлж, хөгжмийн яруу сайхныг олон түмэнд мэдрүүлж буй уран бүтээлч ч цөөнгүй.

    Тэрээр Архангай аймагт уран бүтээлээ хийж байна. Хөгжмийн зэмсэг урлах хүсэлтэй залуусаар хүрээлүүлэн Л.Дэмчиггарав гуай гайхамшгийг бүтээхээр чармайн сууна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

    -Та олон төрлийн хуур урлажээ. Урлахуйн онцлог тань юу вэ. Хуур урлаач бүхэн өөрийн гэсэн хэв маягтай байдаг гэдэг?
    -Би Архангайн Соёлын ордонд 20 гаруй жил бүжигчин хийлээ. Тэтгэвэрт гарахынхаа өмнө сийлбэрийн урлал сурсан. Архангай аймгийн Хотонт сумын уран Л.Санжаа гэж алдартай хүн байсан. Тэр л хүний гарын шавь. Мөн Л.Чуваамэд багш минь бий. Одоо бодоход багш нараасаа олон зүйл сурч авч үлджээ. Тэр бүхэн минь намайг энэ цаг үед хийж бүтээх зүйлтэй сайхан амьдруулж байна. Мөн аавынхаа тухай дурсахгүй өнгөрч боломгүй. Аав маань Аймгийн клубт 1952 онд хөгжимчнөөр орж, дараа нь даргаар нь хүртэл ажиллаж явсан. Урлагийн салбарт 40 шахам жил ажилласан хүн дээ. Энэ бүх хүний хичээл зүтгэлээр л би хуур урлаач болсон. Үйл хэргийг нь ч өндөрт өргөж авч явах үүрэг хариуцлага надад оногдож байна.

    Би зах дээрээс сүүл худалдаж авахаасаа илүү малчны сүргээс авах дуртай. Амьд адууны хийморь шингэсэн мэт нэг л сайхан сонсогддог.

    -Гоёл чимэглэлийн гэхээсээ илүү мэргэжлийн хуур урлах юм. Энэ нь уран бүтээлчийг үнэлэх үнэлэмжийг харуулах байх?
    -Тийм шүү. Харагдах байдал, гоё ганган гэхээсээ илүү дуугаралт, ая, дан чухал. Хөгжим гэдэг амьд зүйлийг төрүүлэх гээд суугаад байгаа юм. Мөн би түүхэн хөгжмийг сонирхон урлах дуртай. Чингис, Хубилай, Мөнххааны үед ордонд эгшиглэж байсан зэмсгүүдийг судлан урлаж байна. Ер нь манай үндэсний хөгжмийг модон, төмөр, чавхдаст аялгууны гээд дотор нь найман төрөлд хуваан авч үздэг. Тэр бүхнээс сорчлон хуурын төрлийг голлон урлаж байна.

    -Ер нь хөгжмийн гол дуугаралт нь хаанаа байдаг вэ. Та олон жил урлаж байгаа болохоор одоо “ааш авир”-ыг нь андахгүй биз?
    -Би одоо ч сурагч хэвээрээ байна. Хуурыг ер нь хийж сурна гэж байдаггүй юм билээ. Өнөөдөр гоё дуугарч байна, одоо болчихлоо гэж бодоход маргааш нь муухан болчихдог. Ер нь тэгээд ааш авирыг нь олно гэдэг хэцүү шүү. Нэг амь төрүүлж байгаатай л адил. Хар, цагаан адууны хялгасаар хийх өөр. Амьд адууны сүүлээр хийхэд ч өөр дуугарна.

    -Тийм үү. Та хуурандаа ихэвчлэн ямар адууны хялгас ашиглаж байна?
    -Би зах дээрээс сүүл худалдаж авахаасаа илүү малчны сүргээс авах дуртай. Амьд адууны хийморь шингэсэн мэт нэг л сайхан сонсогддог. Хуурын дуугаралт гэж дээр асуусан даа. Хүмүүс царандаа байдаг гэж ярьдаг ч зөвхөн цар биш, ишиндээ ч байх тохиолдол бий. Тэгэхээр энэ ажил маш нарийн байгаа юм.

    -Морин хуурыг модоор урлахаас гадна сүүлийн үед ясаар хийх боллоо. Хуурыг яс, модоор урлахын ялгаа нь юу вэ?
    -Их ялгаатай. Гэхдээ урлаач хүн өөрөө хуураа юугаар ч хийх чадвартай байх хэрэгтэй. Сэтгэлгээ сайн, өргөн хүрээнд хийх чадвар урлаач хүний хамгийн чухал дадал. Зарим хүн морин хуурыг амархан хийдэг гэж боддог нь эндүүрэл. Маш их ажиллагаатай.

    -Өнгөрсөн жил Худалдаа аж үйлдвэрийн танхимд бие даасан үзэсгэлэнгээ гаргасныг санаж байна. Молор хуурь тань хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байх шиг байсан?
    -Алдарт зураач Х.Тэнгисболдын “Их хөлгөн туульс” гэж алдартай зураг бий. Түүн дээр молор хуур байдаг. Тэгээд Х.Тэнгисболд надад энэ хуурыг урлаад дуугаргах санал тавьж байлаа. Тэр үед бүтэхгүй санаа мэт санагдаж шууд л татгалзсан. Гэхдээ л дотор бодогдоод байсан учраас хийхээр зориглоод суусан даа. Хоёр жилийн турш оролдож байж дуугарсан. Одоо эх хувилбар нь Театрын музейд бий. Мөн Луун хуур минь тэнд байгаа.

    -Та луун, морин, шоор хуур гээд бүгдийг нь урлаж байна. Аль нэгийг нь урлал, түүх талаас нь онцолж ярихгүй юу?
    -Давсган, тэмээн, төв Халхын гээд үргэлжилнэ шүү дээ. Алдарт хуурч н.Балчин гуайн хуураас ч санаа авч хийж байна. Хийхэд амархан хуур гэж байсангүй. Бүгдийг нь л биедээ байх бүх л хүч чадлаа гарган урласан. Гэхдээ одоо анзаарч байхад би шанаган хуураараа илүү ажилласан байна. Хүмүүс ч миний бүтээлүүдийг үнэлдэг. Манайхан “Урлагийн тэнгэр Янжинлхам бурхны тоглодог биба хөгжим” гээд л ярьдаг. Энэ бол жинхэнэ монгол хөгжим. Гэтэл энэ хөгжмийг тоглож байгаа хүн Монголд алга. Биба хөгжмийг тоглолтод эгшиглүүлэхсэн гэж боддог. Би дээр үед биба хөгжим урлаж, “Дорнын цагаан саран” дуугаа энэ хөгжмөөр тоглож дуулаарай гээд Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам найздаа бэлэглэсэн. Тэр үед хөгийг нь сайн тааруулж чадаагүй. Энэ удаа дахин урлахдаа хөгийг нь гайгүй сайн тавьсан гэж бодож байгаа.

    -Хөгжлийн явцад морин хуурын зарим зүйл алдагдаж байна гэдэг. Та морин хуурын түүхийг сонирхон хардаг хүн. Анзаарагдаж байх юм уу?
    -Хэв шинжээ хадгалж байх нь хамгийн чухал. Хөгийн баяжилт, тоглох техник талаас ишний байрлал зэрэг тогтсон байрлалдаа байвал зүйтэй юм. Энэ талын зарим зүйл алдагдаж байгаа нь үнэн. Тэр ч  утгаараа залууст сургалт явуулвал сайн байна. Манай хөдөөд морин хуур сонирхон судлах хүн олон бий. Гэхдээ хөгжмийн мэдрэмж дутагдалтай байдаг.

    -Их урлагаа дагаад хотод очоод уран бүтээлээ хийж болдоггүй юм уу. Ер нь хөгжмийн захиалга олон газраас ирдэг үү ?
    -Танил талгүй над шиг хүн хотод юм хийх хэцүү дээ. Өөртөө итгэлгүй байна. Нэг хөгжим хийчихээд түүнийгээ бариад зах дээр гаралтай биш. Тендер энэ тэрд танил талтай хүн л ялдаг юм шиг байна билээ. Хөдөөгийн уран бүтээлчдэд нэг зовлон байдаг юм. Сонин, телевизээр гарч, хүмүүст танигдаагүй болохоор хийж бүтээснийг маань харахаасаа урьтаж хөдөөгийнх гэдгийг маань хараад байдаг юм. Хөдөөгийн хүн хийсэн болохоор бүтээл нь сайн биш гэсэн байдлаар ханддаг.

    Монголчуудад морин хуурын төрөл, хөг аялгуу олон янз байдгаараа гайхалтай, дахин давтагдахын аргагүй. Үүндээ хуур урладаг хүний хувьд сэтгэл хангалуун байдаг юм. Тиймээс монгол ухаанаар хийсэн морин хуурыг гадныхан манайх гэж хэлж арай ч чадахгүй. Тэдэнд тийм зүрх зориг үгүй

    -Тиймээс л та хот орох хэрэгтэй юм биш үү?
    -Үгүй дээ. Өнгөрсөн жил хотод үзэсгэлэнгээ гаргасан. Хүмүүс сайхан хүлээж авсан. Гэхдээ урлагийн төлөө сэтгэл минь хот хөдөөд ялгаагүй шүү дээ. Тэгээд ч миний насан дээр дуу шуугианаас ангид эндээ байх сайхан байна.

    -Та олон хуур хийсэн байх. Энд тэнд хадгалаастай байгаа байх. “Тэр хуур минь хаана байдаг бол доо” хэмээн санаж өгүүлэх хуур бий юу?
    -1976 онд Залуу уран бүтээлчдийн улсын уралдаан болсон. Тэр уралдаанд анх сийлбэртэй морин хуур хийж оролцон, тусгай шагнал авч байлаа. Энэ хуурыг маань Герман улсад болсон олон улсын үзэсгэлэнд оролцуулж, дараа нь Урчуудын эвлэлийн дүрслэх урлагийн салбар урын сандаа авсан юм. Тэгээд сураг тасарч, би ч бараг мартаад байтал хэдэн жилийн өмнө телевизээр гарсан юм. Мэдээ үзээд сууж байтал гайхалтай ур хийцтэй, давтагдашгүй бүтээл, эзэн нь энэ бүтээлийг хийгээд бурхан болсон” гээд нэг хуурыг жигтэйхэн магтаж байна. Сонирхоод хартал миний 1976 онд бүтээсэн хуурыг Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгт залж байдаг байгаа. Тэгэхээр нь телевиз рүү утасдаж, “Наад хуурыг чинь би хийсэн юм. Худлаа гэвэл өрөөсөн чихийг нь хар. Сүүлд сольсон байгаа” гэж хэлсэн. “Тийм байна” гэж байна билээ. Зах зээлийн бужигнаанаар Урчуудын эвлэлийн сан хөмрөгт байсан бүтээлийг бужигнуулахад нэг овсгоотой нь авч хадгалсан шиг байгаа юм.

    -Хятадууд морин хуурыг өөр нэрээр соёлын өвдөө бүртгүүлнэ гэсэн асуудал гарч байсан. Та үүнд ямар бодолтой байв?
    -Монгол хүн монгол морин хуураа мэддэг. Хятад хуур, монгол хуур хоёрын дуугаралт хийц донж ялгаатай байдаг. Монгол хүн өөрийнхөөрөө сэтгэж хуураа урладаг байхад хятадууд бидний сэтгэлгээнд хэзээ ч хүрэхгүй. Монголчуудад морин хуурын төрөл, хөг аялгуу олон янз байдгаараа гайхалтай, дахин давтагдахын аргагүй. Үүндээ хуур урладаг хүний хувьд сэтгэл хангалуун байдаг юм. Тиймээс монгол ухаанаар хийсэн морин хуурыг гадныхан манайх гэж хэлж арай ч чадахгүй. Тэдэнд тийм зүрх зориг үгүй.

    Т.Батсайхан (2014 оны 5 сар)

    ШАВХАГДАШГҮЙ ЭРДЭНЭСИЙН САНД ОРЧИХООД Л ҮЗЭЖ СУДАЛЖ ДУУСАХГҮЙ ӨВ СОЁЛЫН ГАЙХАМ ЕРТӨНЦӨД АМЬДАРЧ ЯВАА

    Монгол улсын шилдэг зохион бүтээгч, хуур урлаач Л.Дэмчиггарав гуайг өв соёл буландаа урьж бүтээж буй хөгжмүүдийнх нь тухай яриа дэлгэлээ. Тэрээр урлахуйн гайхамшгийг бүтээхээр буйдхан гэрээ урлан болгожээ. Монголчуудын эртний хөгжмийн зэмсгийг урлах амаргүй хийгээд хариуцлагатай ажилд сэтгэл оюунаа чилээн суугаа энэ эрхмийн урласан хөгжмийг нь эгшиглүүлж, хөгжмийн яруу сайхныг олон түмэнд мэдрүүлж буй уран бүтээлчид цөөнгүй ч аймгийнхан маань дэмждэггүй хэмээн нулимстай ярих түүнтэй ийн ярилцлаа.

    -Би таныг хөгжмийн талын л мэргэжилтэй гэж бодож байсан юм. Гэтэл таныг бүжигчин байсан гэх юм?

    -Ах нь урлагт 47 жил ажиллаж байна. 22 жилийг нь ардын бүжгийн урлагаар бүжигчнээс бүжгийн багш хүртэл нь аймгийн театрт ажилласан. Соёлын Дунд сургуулийг төгссөн. 1992 оны 9-р сард тэтгэвэрт гарсан. Тэрнээс хойш бие даагаад үндэснийхээ хөгжмийг урлаж байна.

    Намайг хөгжим урлах энэ сайхан үйлсэд хөтөлж оруулсан хүн бол миний аав. Миний аав дөчин тав зургаан жил урлагаар явсан хүн байсан. 1952 оны аймгийн клуб гэж байхад миний аав урлагт орж байсан хүн. Ширээтийн гэгээний алдарт хөгий ногоон гэж хуур манайд хадгалагдаж ирсэн. Тэр хуураар манай аав ардын урлагийн их наадамд орж байсан сайхан түүх ч бий. Аав мааань 40 шахам жил урлагт зүтгэсэн хүн байсан даа.

    -Таны анхны урласан хөгжим хуур байсан уу?

    -Бригадаар явж байгаад лут гэмтээд бүр группт хүртэл орж байлаа.  Хагас хэвтрийн байдалтай байсан. Тэгж гэмтсэн нь нэг талаар азтай. Гэртээ байхдаа ойр зуурын юм хийгээд суугааг минь Хотонтын уран Санжаа гэж хүн дуулаад ирсэн. Би хоёр морь сийлээд сууж байсан. Одоо бодоход миний сийлэх ч гэж юу байхав дээ.

    Миний багш уран Санжаа гэж хүн бол алдарт сийлбэрч Чувамэд, УГЗ Дорж гэж хоёр хүний багш юм. 14 зандан мод нийлүүлээд аяга сийлэхэд хүн заадлыг нь олдоггүй тийм л агуу уран хүн байсан. Дандаа сийлбэртэй морин хуур хийдэг байсан. Багшийн хийсэн хуур тэр үедээ Чүлтэм гуайд ихээр үнэлэгдэж нэг нь хоёр мотоциклийн үнэ буюу 6000 төгрөг хүртэл хүрч явсан удаатай. Харин тэр хуурыг тэр үеийн дарга нар мундагдаж аваад Цэдэнбал, Самбуу дарга нарт бэлэглэсэн байдаг. Миний багшийн уран бүтээл гэвч үнэлэгдээгүй дээ. Багш шиг маань сийлбэр хийж байсан хүнийг би л лав үзээгүй.

    1976 онд анх удаа хуур хийх ажилд орлоо. Анх удаа хийж байгаа ч битүү сийлбэртэй хуур хийхээр болов. Эхлээд багшаасаа их айдаг байлаа. Хоёр сар шахуу сууж хуураа дуусгалаа. Тухайн үед их сайхан сайхан арга хэмжээнүүд зохиогддог байсан. Хуураа Улаанбаатарт болсон залуу уран бүтээлчдийн улсын уралдаанд авч явлаа. Тэр уралдаанд багшийн хийсэн хуур түрүүлж, миний хийсэн хуур тусгай шагнал авсан. Бөөн урам. Бас болоогүй ээ Германы нэг хотод болсон үзэсгэлэнд бас тавигдсан. Шагналын мөнгө 1200 төгрөг.

    Тэрнээс хойш бие сайжирч ажилдаа орсноос хойш 1983 онд хүртэл ахиж хөгжим, сийлбэр ч хийгээгүй. Тэр үед чинь бригадаар явах гэдэг нь лут ажил байлаа. Ханийгаа дөрөв тав төрөхөд нь нэг дээр нь л хамт байсан байх. Бусдад нь дандаа л бригадаар яваад эзгүй.

    Тэгж явсаар 1983 онд орон нутгийг судлах музейд нэг шанаган хуур хийж өгсөн.

    Манай гэрт хадгалагдаж байсан Хөгий ногоон гэж алдартай хуурыг дуурайлгаж сар шахуу ноцолдож, бараг л уйлах шахаж байж хийж билээ. Их үзсээн. Тэр хуураараа Ардын язгуур урлагийн их наадамд оролцож хүрэл медаль авсан. Хамгийн анхны энгэр цоолсон медаль минь тэр байлаа.

    Тэрнээс хойш 1985 оны ардын урлагийн их наадамд ардын хөгжмийн хамтлагтай оролцох санаа төрж биба, үелэгч, шанаган хуур, хуучир, ятга гэсэн таван хөгжим урлан оролцож, алт, хүрэл медаль авсан.

    1989 оны Монголд анх удаа мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаан болдог юм байна. Тэрэнд ёстой жинхэнэ хуур хийж оролцоно доо гэж зориод ямар хуур хийхээ бодоод л байлаа. Том хийх үү, жижиг хийх үү гэх мэтээр их л бодлоо. Гурван утастай хийхээр тоглогч нь болохгүй гэх мэтээр маш удаан толгой гашилсан. Хуур хийхэд хямдхан ч судалж бодож олох нь их хэцүү. Гэтэл Өвөр Монголын алдарт хуурч Чибулаг гуай Монголд анх удаа ирж тоглолт хийсэн нь телевизээр гарч байна. Тэрийг үзэж суугаад хуурынх нь хэмжээг нүдэн баримжаагаар авч, ганц нэг элементийг нь өөрчлөөд яг монгол дэг жаягаар морин хуур хийгээд уралдаанд хоёрдугаар байр эзэлж байлаа. Тэр уралдаанд 76 мастерийн хуур орж байлаа. Билгийн Дамдинсүрэн, Ардын жүжигчин Батчулуун гуай нар шүүгч нь байсан.

    Чибулаг гуайн хуураас хэдхэн хэмжээсээр л зөрсөн байна билээ. Гэтэл Чибулаг гуай “Миний хуурны хэмжээг хаанаас авсан бэ” гээд намайг “телевизерээс авсан” гэхэд “халхад алдартай хулгайч” гэж тоглоом шоглоом болгож их сайхан танилцаж байж билээ.  

    -Та таван хөгжим хийж уралдаанд орж байсан гэлээ. Чуулгын хөгжим цогцоор нь хийж байсан уу?

    -Мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаанд байр эзэлсэнд би маш их урамшсан. Түүний дараахан нийслэлд уригдаж ажлаар яваад хөгжмийн зохиолч  Хаянхирваа гэж хүн намайг дуудаад Монголын язгуур хөгжмийн оркестр байгуулъя гэж ярилцаад тэдгээр хөгжмийг хийхээр болоод явж байтал нөгөө хүн маань нас барсан. Жамцын Бадраа гэж агуу хүний гарын шавь даа би. Багш маань ч миний хөгжим хийхийг их дэмжиж байсан. Тэгээд аймгийн театрын бүхий л хөгжмийг солих ажилд шамдан орсон. Аймгийн театр 18 хөгжимчинтэй байхад ах нь 36 хөгжим хийсэн. Залуу ч байж, тэнэг ч байж, махран зүтгэж зургаан сар тэр хөгжмүүдийг хийсэн. Сүүлдээ ядраад хүний дуу нэг сонсогдоод л нэг тасалдаад л байхад нь түргэн дуудаж даралт ихэссэн оношоор шууд эмнэлэгт хэвтэж байлаа шүү дээ. 7 хоног эмчлүүлж гараад Ардын урлагийн их наадамд оролцохоор Улаанбаатарыг зорилоо.

    Бидний “Монгол эгшиглэн” хамтлаг тэр үедээ толгой цохиж явсан хоёр том аймаг Увс, Ховдыг хол орхин Ардын урлагийн их наадмын Алтан өргөмжлөл гэдгийг анх удаа аймагтаа авчирч байлаа.

    Ингээд их наадамд түрүүлчихсэн том амьтан нутагтаа иртэл харин эсрэг байдал намайг угтсан. Хүрч ирээд аймгийн театрт нөгөө хөгжмүүдээ өгөх гэсэн чинь нөгөө хотруу явсан хэдэн хөгжимчид чинь хөгжмөө өгдөггүй өөрсдөө авна гээд, театр авах гэдэг бөөн зөрчил маргаан үүссэн. Би театртаа өгнө гэсэн. Зах зээлд шилжээд хаа сайгүй бужигнаж байсан үе л дээ. Энэ дунд би болох болохгүй юм сэдсэн нэр зүүж, шүүхийн хаалга татаж, бүгд найрамдах уншуулаад шүүхийн шийдвэрээр ажлаасаа халагдсан … Бүх хөгжмийг маань эвдээд дууссан даа. Хөгжмийг маань эвдээд ширээний ивүүр хийсэн байхыг хүртэл ах нь харж л явлаа …

    Ингээд л амьдрах гээд ах нь их үзсэн дээ. Гунигтай даа гунигтай. Юм хийснийхээ төлөө гутаж явах шиг гунигтай юм гэж байхгүй юм билээ. Миний аавын шавь, манайхаар орж гарч явсан гэмгүй сайхан байсан хүн ч дандаа дарга нарт очиж матаад л, сувинерийн хөгжим хийдэг гэж ярьж явсан нэр бүхий хүмүүс ч байгаа.

    -Түүнээс хойш хөгжим урлах ажлаа орхиогүй биз дээ?

    -Оргилсон их хүсэл мөрөөдөл маань унтарсан ч хөгжмөө урласаар л байсан. Дараа нь мэргэжлийн морин хуур урлаачдын улсын уралдаанд дэд байр эзэлсэн. Ийм хошой шагнал авсан хүн монголд байхгүй. Урласан хөгжмөө оюуны өмчийн газарт бүртгүүлж 17 патент авсан. Бие даасан үзэсгэлэнгээ зургаан удаа гаргасан. Миний гурван хөгжим театрын музейд хадгалагдаж байгаа. Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын хөгжимчид тоглож байгаа. Алтай хамтлагийнхан, алдарт ятгачин, Монгол Улсын гавьяат жүжигчин Мөнх-Эрдэнэ миний хийсэн хөгжмөөр тоглодог. АНУ-ын хөгжмийн музейн эрдэм шинжилгээний байгууллагад хоёр хөгжим маань байгаа.

    Оюуны өмчийн газраас миний хөгжмүүдээр хоёр ч удаа үзэсгэлэн гаргаж, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч батламж олгосон. Аймгийнхан дэмжихгүй ч миний ажлыг ойлгож дэмждэг хүмүүсээс урам авдаг.

    -Таны урлахуйн онцлог юу вэ? Эртний хөгжмийн зэмсгүүдийг сэргээн урлах ажлыг хийж байгаа гэж дуулсан?

    -Хөгжмийн сонирхол маань цаагуураа л намайг судалгааны ажилд татан оруулсан. Урлагийн буянд улсынхаа 280 орчим сумаар явж үзсэн. Тэгж явахдаа л хөгжим сонирхож, үзэж харж явлаа. Ж.Бадраа багшийгаа ардын язгуур урлаг судалж хөдөө гадаа явахад нь хамт явж байсан удаа ч бий. Асар их судалгааны үндсэн дээр хөгжмийг урладаг. Миний цуглуулсан судалгааны материалаас докторын ажил хийж байгаа хоёр ч хүн их сайхан судалгаа олж авлаа гээд явж байсан. Түүнээс гадна гурван ч магистрын ажлын судалгаанд хэрэг болж, зарим нэгийнх нь аминд ч орж явлаа даа.

    Одоо монголчуудын тоглож байсан хуур, ятгын төрлүүдийг сэргээн урлаж байна. Төрийн ятга, ахуйн ятга, нумт ятга, хүннү ятга, биба хун хуур, луун хуур, молор хуур, шанаган хуур, икэл хуур, дөрвөн чихтэй аралт хуур, шоор хуур, матар хуур зэрэг хөгжмийг сэргээн хийсэн.

    Шанаган хуур бол манай төв Халх түмний өөрийнх нь брэнд болсон хөгжим. Гэхдээ дандаа хаад, хутагт, хувилгаадын өргөө гэрт залагддаг байсан. Заяын гэгээн өргөөндөө залж байсан арслан хуурыг судалж сэргээгээд яг тайзны хэмжээнд зориулж хийсэн.

    Монголд ес байдаг шанаган хуурын уламжлалын долоо нь манай аймагт байдаг. Гурван зуу гаруй жилийн настай матар хуурыг бас сэргээж хийсэн. Уламжлагдаж ирсэн эдгээр хуурууд нь бидэнд хосгүй үнэт зүйл юм шүү дээ.

    Илдэн Бэйлийн хошууны хун хуур гэж бас бий. Бэйлийн хошууныхан хэрэглэж байсан, Шанхын хийдэд залагдаж байсан түүхтэй. Бас өөрсдийгөө хун гарвалтай гэж  үздэг буриадууд хун хуурыг их залдаг. Алтай хамтлагийнхан тоглож байсан миний хийсэн хун хуур байна. /үзүүлэв/.

    Луу гүний үед хөгжмийн бас их том соёл дэлгэрч байсан түүхтэй.

    Баруун Монголчуудын хувьд морин толгойгүй, ширэн цартай хуурыг эгшиглүүлж байсан сурвалж бий. Баруун талынхаа хөгөөр хөглөдөг икэл, чандмань гэх мэт баруун зүгийн хууруудыг ч би сэргээж хийсэн. Шанаган, икэл хуур нь 100 гаруй жилийн өмнө тоглогдож байсан түүхтэй. Энэ хуурыг л гэхэд их олон жил бодож байж хийсэн дээ. Баруун Монголчууд хөгжмийн өндөр соёлтой, язгуур урлагийн асар их өвтэй түмэн.

    Биба хөгжмийг монгол үндэстний хөгжмийн хаан гэж үздэг. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхны тоглодог хөгжим. Энэ бол жинхэнэ монгол хөгжим. Гэтэл энэ хөгжмийг тоглож байгаа хүн монголд алга. Харин энэ хөгжмийг тоглодоггүй мөртлөө хятадын пипаг сургалтад оруулж байгаад харамсдаг. Зөв ч юмуу буруу ч юмуу. Тэр пипа нь монгол акустик байхгүй нэг их дээшээ лут дуугарсан л хөгжим байдаг.

    Монгол хуур, Өвөр монгол хуур хоёрыг харьцуулаад тоглоход шал өөр шүү дээ. Монгол хуур бол сайхан цаанаа л нэг хүнгэнэсэн дуутай.

    Би зургаан төрлийн ятга хийсэн. Алдарт ятгачин Монгол Улсын гавьяат жүжигчин Мөнх-Эрдэнэд хамгийн сүүлд Хүннү ятгыг хийж өгсөн. Хүннү ятга маань марк болж худалдаанд гарсан.

    Хөгжим урлахад дээд зэргийн сайн хатаасан хус, гацуур гээд л чанар сайн материал орно.

    Хөгжим урладаг хүн маш их байдаг ч нэг хөгжмөө л дагнаж хийдэг болохоос надаас өөр эртний хөгжмийг сэргээж хийж байгаа, язгуур хөгжмийг цогцоор хийж байгаа хүн Монголд байхгүй.

    Анх 1989 оны мэргэжлийн морин хуур хийх улсын уралдаанд 76 хүн орж байсан бол хамгийн сүүлийн орсон тэмцээнд мэргэжлийн талаасаа шахагдаж цөөрөөд 26 хүн л орж байгаа юм. 1989 оноос хойш маш их хөгжсөн ч монгол дуугаралтаа алдаж хөгжиж байгаа. Намайг бол хөгжим судлаачид тэмбр зөвтэй гэж үнэлдэг.

    Ийм нарийн нандин том өвийг нэг насандаа хийж дуусдаггүй юм байна. Ах нь бол ардын өв уламжлалын нэг их том эрдэнэсийн сан дотор л яваад орчихсон юм шиг л байгаа юм. Бариад авахаар нэг их гялалзсан талсттай, үзээд, хараад, судлаад дуусашгүй. Ардын өв гэж их агуу юм байгаа юм даа. Би шавхагдашгүй эрдэнэсийн санд орчихоод л үзэж, судалж дуусахгүй өв соёлын гайхам сайхан ертөнцөд амьдарч яваа.

    -Ярилцсанд баярлалаа. Таны хөгжим урлах их үйлсэд бүтээлийн дээдийг хүсье.

    Ц.ӨНӨРЦЭЦЭГ (2018 оны 10 сар)


  • Д.ЭРДЭМБИЛЭГ: ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН БҮР ДИЗАЙНТАЙ БАЙХ ЁСТОЙ. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДИЗАЙНЫГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛЖ ХӨГЖҮҮЛДЭГ

    Барилга хөгжил сэтгүүлийн “Амжилтын түүх”-ийн хойморт уригдах зүй ёсны эрхмүүдийн нэг бол яах аргагүй Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг юм . Эх орон, ард түмэн, дэлхийд хийж бүтээсэн гавьяа олонтой, хийж бүтээхийн асар их тэмүүллээр урагшилж яваа уран бүтээлч. Бусад уран бүтээлчдийн адил эх оронч сэтгэлгээ нэвт “шингээсэн” мундаг уран бүтээлчтэй ярилцахад үндэстний гэх тодотгол, бахархлынхаа талаар олныг эргэцүүлэх сэдэл төрсөн юм. Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө, сүмогийн аваргад олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом, Их Майдар төсөл, Морин хуурын дүрс бүхий цамхаг гээд алдартай бүтээлүүд нь түүнийг илэрхийлдэг. Францад очсон хүн бүрийг Эйфелийн цамхгийн дэргэд авхуулсан зургаар нь таньдаг шиг Монголын Морин хуур цамхгийг зорих ирээдүй үеийг төсөөлж, бахархаж явсан сэтгэлийн гал минь ярилцлагын явцад бөхөх шиг болсон талаар дор өгүүлэх болно.

    Таны үндсэн мэргэжлээс яриагаа эхлэх үү?

    -Уран зургийн мэргэжилтэй. ДУДС буюу Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байлаа. Дүрслэх урлагийн чиглэлээр залуусыг бэлтгэдэг байсан. Дүрслэх урлаг нь дотроо зураасан зураг, уран баримал, чимэглэх урлаг, уран зураг, монгол зураг, керамик шавар эдлэл, арьсан эдлэл, хивсэн урлал гэх мэтээр төрөлжсөн сургалттай. Төр засаг ч бодлогоор дэмжин ажилладаг байж. Тэр үед би уран зургийг сонгон С.Дондог гэж гавьяат багшийнхаа удирдлаган дор дөрвөн жил суралцан төгссөн. Тухайн үеийн жишгээр үргэлжлүүлэн дээд сургуульд суралцахын тулд багаар бодоход таван жил ажиллах ёстой байдаг. Тиймээс Үзэсгэлэн чимэглэлийн газар буюу одоогийнхоор “Выставка”-д таван жил ажилласан. “Выставка”-д манай улстай хамтын ажиллагаа, харилцаатай дэлхийн бусад орнууд, тухайн үеийн хэллэгээр социалист хүрээллийн орнуудын үзссгэлэнгүүд гардаг байсан. Бид ч эндээс өөрсдийн үндэсний уламжлалт хэв маяг бүхий арьс шир, ноосон эдлэлийн гэх мэтийн үзэсгэлэн бэлдэж гадагш гарган сонирхуулдаг байлаа. Ингээд энэ салбарт таван жил ажилласныхаа дараа хуучнаар ЗХУ-ын Москва хотод үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр таван жил суралцаж, боловсролоо дээшлүүлсэн. Төгсч ирэхэд маань 1991 он болсон байсан. Энэ үед манай улсад ардчилсан хөдөлгөөн өрнөж нийгмийн бүтэц өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Үзэсгэлэн чимэглэлийн газар хувьчлагдаж эхэлсэн бөгөөд бодлогын чиг баримжаа алдагдсанаас үүдэлтэй бэлтгэгдсэн боловсон хүчний хувьд мэргэжлээрээ шууд ажиллах боломжгүй болж, би ерөнхийдөө ажилгүй болсон. Гэхдээ манай улсад бүтээн байгуулалтын ажил сэргэн эрчимтэй өрнөх болсноор барилгын салбарт орж ажиллах нөхцөл бүрдсэн. Ингээд өөрийн мэргэжлийн дагуу интерьер дизайны чиглэлээр компани байгуулан ажилласан. Хаус дизайн гэдэг компаниа 2000 онд байгуулаад өнөөдрийг хүртэл 15 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо барилгын зургийн компани болж өргөжсөн.

    -Танай компани 2000 онд байгуулагдсан гэхээр тухайн үед энэ чиглэлийн бараг анхны компани байсан уу?

    -Иймэрхүү чиглэлийн ажлууд дөнгөж л эхэлж байсан. Өмнө нь би “Боролдой” студид таван жил ажилласан. Зар сурталчилгааны чиглэлээр видео бүтээгдэхүүн гаргадаг тус компанид найруулагчаар ажилласан. Хүүхэд байхдаа киноны найруулагч, зохиолч болох мөрөөдөлтэй байсныгаа энд бага зэрэг хэрэгжүүлсэн гэж болно. Тухайн үед шилжилтийн байдалтай байсан тул киноны салбар эрч хүчтэй гарч ирэх чадамж муу байсан, харин зар сурталчилгааны салбар эрчимтэй эхэлж байсан болохоор энэ чиглэлээр найруулагчаар ажиллаж байсан. Үүнээс хойш барилгын салбар сэргэж эхэлсэн учраас үндсэн мэргэжлээрээ ажиллах болсон. Интерьер дизайн бол дүрслэх урлагийн нэг чиглэл.

    -Таны суралцаж төгссөн үйлдвэрлэлийн дизайн нь дотроо бас чиглэлтэй байх уу. Эсвэл бүх төрлийн үйлдвэрлэл энд хамаарах уу?

    Миний дээд боловсрол эзэмшсэн мэргэжил нь яг үйлдвэрлэлийн дизайн. Сургууль маань ч ийм нэртэй. Дэлхийн аль ч оронд нэн тэргүүнд үйлдвэрлэл хөгжих ёстой гэсэн бодлого явдаг. Харин манай улс шиг үйлдвэрүүдээ устгачихсан улс ховор. Ер нь үйлдвэрлэл явагдаж байгаа нөхцөлд үйлдвэрээс гарч буй ямар ч бүтээгдэхүүн дизайнтай байх ёстой. Үйлдвэрлэл, дизайн хоёр бол салшгүй ойлголт. Хуучин ЗХУ-ын үед ч одоогийн ОХУ-ын үед ч үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр боловсон хүчнүүдийг маш ихээр тогтмол бэлтгэдэг. Одоогийн байдлаар манай улсад л энэ бодлого алдагдчихаад байгаа болохоос дэлхий даяараа үйлдвэрлэлийн дизайныг үйлдвэрлэлийн бодлоготойгоо уяж явдаг. Үйлдвэрлэлийн дизайны тухайд гэвэл өөрийн чинь зүүж байгаа нүдний шил, гутал, цаг, зүүлт бүхэн тус бүртээ дизайнеруудын гаргасан бүтээгдэхүүн. Ерөөсөө л бидний эргэн тойрон тэр чигээрээ дизайн. Бидний энэ сууж байгаа байшин өөрөө дизайн. Үүнийгээ дагаад барилгын материал үйлдвэрлэн хөгжинө. Барилгын архитектор гэж мэргэжил байгаа шүү дээ. Тэгвэл архитекторын өмнө архитектор-дизайн гэж байх ёстой. Манайд энэ бас бага зэрэг дутагдалтай юм шиг. Архитекторууд шууд л архитектурынхаа зургийг гаргаад явчихдаг. Тэгвэл эхлээд архитектор-дизайнераар зургаа гаргуулбал илүү зүгээр юм шиг надад санагддаг. Нэг үгээр хэлбэл Архитектор хүний суурь авъяас нь зураач байх ёстой. Сүүлийн 15 жилийн хугацаанд миний хийж хуримтлуулсан, бүтээсэн ажлууд архитектур-дизайны чиглэл рүү орчихсон байна. Гэхдээ архитектор гэдэг чинь мэргэжлийн тусгай сургууль учраас хоёр өөр гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин үйлдвэрлэлийн дизайн нь дотроо барилга архтектур, хувцас, сав баглаа боодол гэм мэтээр маш олон төрөл болоод явчихна. Миний хувьд архитекторын чиглэлээр төгсөөгүй хийсэн бүтээл маань л архитектур-дизайны чиглэлээр бүтээгдэж байгаа юм.

    -Бид бүхний бахархал болсон морьтой хөшөө гэгддэг Цонжин болдог дахь их эзэн Чингис хааны маань хөшөөний зохиогч нь Та. Гаднынхан ирэхээр дагуулж очдог ганц газартай болсон шүү дээ бид. Үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгаас гадна үндэсний соёлыг илтгэсэн бүтээн байгуулалт гэдэг талаас нь онцолж байна л даа. Энэ талаараа дурсвал?

    -“Хаус дизайн”компаниа байгуулаад интерьер дизайны чиглэлээр ажиллаж байх үеийн хамгийн анхны том ажил бол Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө цогцолборын ажил байсан. Энэ төслийг би оюутан байхаасаа л мөрөөдөж байсан. Оюун санаандаа олон хэлбэрээр зурж, төсөөлж байсан энэ ажил маань Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэх үйл ажиллагааны үеэр хэрэгжих нөхцөл нь бүрдээд загвар эскизээ гарган ажилдаа орсон.Эх загвараа бариад Баянгол зочид буудлын хажууд явж байгаад Х.Баттулга гишүүнтэй таарч үзүүлсэн. Мань хүн шуудтдэмжсэн. Уг төсөл маань монументал уран баримал, инженерийн бүтээцийн шийдэлтэй хосолсон цогцолбор ажил юм. Дангаараа уран баримлын ажил гэж болохгүй. Ингэж хоёр бүтээлийг цогцлоон хослуулснаараа миний хувьд нэлээн хүнд даалгавар болсны сацуу сонирхолтой ажил байсан. Гэхдээ ийм шийдлүүд дэлхий дээр олон бий. Тухайлбал, эрх чөлөөний хөшөө. Эдгээрийн нэг нь гэж ойлгож болно.

    -Ажлын явцад ямар бэрхшээл тулгарч байв.

    -Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. Бэрхшээлийг даван туулах нь нэг талаасаа тухайн ажлын амт шимт, үнэ цэнэ нь байх. Тэгэхээр бэрхшээл байна гэдэг нь ажил явагдаж байна гэсэн үг гэж ойлгож болно. Бэрхшээлгүй ажил гэдэг нь цаанаа ямар нэг хор уршигтай ч юмуу богино настай байх магадлалтай. Бэрхшээлүүдээс гэвэл Монголд төдийгүй дэлхийд анхдагч болсон хамгийн том морьтой хөшөөний цогцолбор ажил гэдэг утгаараа жижигхэн Монголын жижиг уран бүтээлчдийн хувьд том сорилт, бэрхшээл байсан. Дэлхийн морьтой хөшөөнүүдийн түүхэнд одоогоор ийм том хөшөө байхгүй учраас харьцаа алдах, баримжаа зөрөх зэрэг алдаанууд гарч байсан. Гэхдээ эдгээр нь миний хувьд том туршлага болсон.

    -Цогцолборын ерөнхий төлөвлөгөөг бас Та гаргасан уу?

    Ерөнхий төлөвлөгөөг ч бас давхар бодолцсон. Орчны судалгаа хийж, тэр хавийн хэмжээнд нийтэд нь том талбайг хамруулах хийх ёстой байсан. Тэр хэмжээнд өөрийн төсөөллөөрөө хийсэн боловч харамсалтай нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын юмуу эсвэл соёлын бүтээн байгуулалтуудыг хамгаалах бодлогууд алдагдалтай байдгаас болж Цонжин болдогийн орчин дахь бүх газар хувийнханд очсон байна лээ. Ингэхээр тухайн орчин уран бүтээлчдийн ерөнхий төлөвлөгөөгөөр хийгдэх ямар ч бололцоогүй болсон гэж болно. Тиймээс цаашид иймэрхүү хөшөө дурсгал бүхий цогцолбор, соёл амралтын томоохон байгууламж барихдаа орчин тойрных нь газрын асуудлыг анхнаас нь бодлогоор шийдэж байхгүй бол замбараагүй зүйл үүсэх бас нэгэн том туршлага эндээс харагдаж байгаа. Энэ бол манай орон нутгийн засаг захиргааны зүгээс газрын харилцааны тал дээр хийж буй алдаа.

    -Морьтой хөшөө маань хэдэн жилийн баталгаат “нас”-тай вэ?

    Хөшөөнд бол зуун жилийн гарантия /баталгаат хугацаа/ өгдөг. Гэхдээ байгалийн болзошгүй давагдашгүй хүчин зүйлүүдийг эс тооцвол 100-аас мянган жил болох тохиолдол бий. Ер нь хөшөөг тав таван жилийн зайтай засвар үйлчилгээ хийн сэргээж байх ёстой. Үүнийг хариуцаж байгаа байгууллага засвар үйлчилгээ хийж байгаа эсэхийг би мэдэхгүй, ямартай ч өөрийн зүгээс сануулсан.

    -Их Майдар төслийн талаар сонирхуулаач. Ажлын явц ямархуу байна?

    -Чингис хааны морьт хөшөөг байгуулсныхаа дараа би хэсэг хугацаанд завсарлага авч хувийн уран бүтээлээ туурвисан. Мөн бусад барилгын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2010 оноос Их Майдар төслийг бүтээн байгуулах ажилд орсон. Уг төсөл нь дотроо хоёр үндсэн хэсэгтэй. Эхнийх нь хөшөө, цогцолборын хэсэг, дараагийнх нь “Майдар сити” эко хотын төсөл явагдаж байгаа. Миний хариуцсан ажил бол хөшөө дурсгал, суварганы хэсэг юм. Чингис хааны хөшөө бол монголчуудын бахархлыг сэргээх, бахархах түүхэн сэдэлтэй бүтээл байсан бол Их Майдар нь монголчуудын ёс зүй, ёс суртахуун, оюун санаа, соёлын дархлааны төсөл болох зорилготой хийгдэж байна. Тиймдээ ч уг төслийн үйл ажиллагаа ард түмний хандиваар явж байгаа ажил. Харин Цонжин болдогийнх бол бизнес, аялал жуулчлалын төсөл гэдгээрээ ялгаатай юм. Тэгэхээр Их Майдар төсөл нь цэвэр оюун санаа, ард түмний итгэл үнэмшлийн төсөл учраас хандиваар, тайван чанартай гүйцэтгэхийг зорин ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл одоогоор30 хувьтай явж байна.

    Майдар төслийн гол онцлог юу бэ?

    Майдар төслийг бүтээх санаа, үндэслэл нь надад их таалагдсан. Учир нь би буддийн соёлыг их сонирхдог. Хүн болгон ямар нэг байдлаар ёс суртахууны баримжаатай байх ёстой. Харамсалтай нь яг одоо Монголд ёс суртхуун маш доод түвшинд уналаа. Бараг байхгүй болсон гэж хэлж болно. Чингис хааны үед булаг шандны эхэнд бие засвал цаазлана гэх мэт ёс суртхуун байлаашдээ. Европчууд ихэвчлэн буддийн ёс суртахууныг ажил амьдралдаа ашиглаж явдаг гэж би хувьдаа дүгнэдэг. Тиймээс би энэ уламжлалаараа уг төсөлд сэтгэл хангалуун орж ажиллаж байгаа. Манай хүмүүс мөнгөтэй, мэдлэгтэй, боловсролтой байна. Гэвч ёс суртахуунгүйгээсээ болж шунахай сэдэлтэй гэмт хэрэгт орж түрэмгий дээрэнгүйгээсээ болж нэр төрөө алдаж дуусч байна даа. Тэр утгаараа буддийн соёл, ёс суртахууныг улам гүнзгий дээдлэх болсон.

    -Морин хуур цогцолбор гэж аугаа төслийн талаар бид гайхан биширч сонссоноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн томоохон хотуудын нэрийн хуудас болсон гайхамшигт бүтээлтэй эн зэрэгцэхүйц, сор бүтээлтэй болох нь гэсэн омогшил хүн бүрийн сэтгэлд бадамлан ассан болов уу. Гэтэл ойрд энэ тухай “шум” нам жимхэн байх шиг?

    -Морин хуур төслийг таван жилийн өмнө эхэлсэн. Энэхүү төслөө санаачлаад газрын асуудлаа шийдвэрлэх гэж Г.Мөнхбаяр даргын үеэс хөөцөлдсөн. Г.Мөнхбаяр дарга газрын асуудлыг нэг удаа шийдвэрлэж өгсөн ч тодорхой шалтгааны улмаас цуцалчихсан байсан. Шалтгаан нь ундны усны хуулийн дагуу татгалзах гэсэн байсан. Гэтэл одоо яг тэр газар дээр нь нэг компани барилгын зураг төслөө хийгээд батлуулчихсан явж байна. Тэгэхээр ам,ажил зөрдөг асуудлаас болоод зарим нэг үндэсний бүтээн байгуулалт улс төрийн “нүдний хор” орсноос болж, нурах явдал байдаг юм байна гэж уран бүтээлч хүнийхээ хувьд харамсаж явна. Одоо Монгол Улс маань 3-5 сая жуулчин авна гэсэн зорилт тавьчихаад явж байгаа мөртлөө үндэстнийхээ хэв шинжит бэлгэ тэмдэг болох бүтээн байгуулалтууд руугаа огт анхаарал хандуулахгүй байгаа нь гайхмаар санагддаг. Бие даасан тусгаар улс мөртлөө үндэснийхээ бахархал болохуйц 30-хан давхар барилгыг барьчихаж чадахгүй байгааг гайхаад барахгүй байна. Бүтээн байгуулалтын ажил маань шийдэгдчих болов уу гэж таван жил хүлээлээ. Өөрийнхөө зүгээс бараг бүх барилгын компанийн захирлуудад санал тавьж уулзсан. Хотын даргын албанд томилогдсон үе үеийн дарга нарт санал тавилаа. Зарим нь ч өөрсдийн зүгээс саналаа тавиад ирдэг гэвч дахиа л нөгөө газрын асуудал дотоод зөрчил …. Одоо бол бараг л найдвар тасраад байна. Гэтэл Хятадаас надад хамтарч ажиллах саналууд ирж байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд төслөө хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО-нд барих талаар эхний саналууд ирсэн байгаа.

    -Үнэхээр харамсалтай юм аа. Манай улсын үндэстний бахархал болохуйц ийм сайхан төслийг санаачилчихаад байхад бүтээн байгуулах үйлсийг ямар ч монгол хүн эргэлзэх зүйлгүй уухайлан дэмжмээр юм. Ард түмэн хэчнээн хүлээлттэй байгаа билээ дээ?

    -Энэ мөчид танай сэтгүүлийг уншиж буй манай улсын барилгын салбарыг хариуцаж буй эрх мэдэлтнүүд, барилгын корпораци, компанийн захирлууд энэ тал дээр жаахан анхаармаар байгаа юм. Америкийн бахархал, нэрийн хуудас нь Эрх чөлөөний хөшөө, Францынх Эйфелийн цамхаг, Оросынх Улаан талбай болдог бол Монголынх Морин хуурын цамхаг болох байх л гэж боддог. Эрдэмбилэг гэдэг хүн төслийг нь санаачлаад загварыг нь гаргачихаад байхад энэ хүнээр хөөцөлдүүлээд явах ёсгүй л болов уу. Манай хотын захиргаа болон хот төлөвлөлт, соёлын бүхий л эрх мэдэлтэн холбогдох хүмүүс, үндэстнийхээ бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бусад барилгын корпораци, компанийнхан хамтраад нэгдсэн хүчээр миний өмнөөс санаачлаад явах ёстой байтал намайг их гуйлгалаа, гүйлгэлээ. Намайг залуу байхад манай улсын бүх салбар маш нарийн бодлоготой, эмх журамтай байсан. Бүх зүйлээ тав таван жилээр төлөвлөж явдаг байв. Гэтэл одоо ямар ч бодлогогүйгээр аялал жуулчлалын хий хоосон уриа дэвшүүлээд явж байна. Хэт улс төржсөн эдийн засаг яваад байгаа болохоор уран бүтээлч бидний хувьд нэн хохиролтой, түүгээр зогсохгүй ард түмэн ч байнга хууртан мэхлэгдэх байдалтай оршин суусаар байгаа нь харамсмаар санагддаг даа. Иргэдийн хүлээлт маш их байгааг анхаарч санаачдагатай ажиллах ёстой. Эрдэмбилэг гэдэг хүн ганцаараа зүтгээд хүч хүрэхгүй нь тодорхой асуудал.

    -Ард түмэн энэ нарийн асуудлыг мэдэхгүй худлаа “сенсаци”-лаад өнгөрлөө л гэсэн ойлголттой үлдэх байх даа?

    -Манай хувийн хэвшлийн бие даасан барилгын томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар энэ төслийг ажил болгоод хэрэгжүүлж болмоор юм шиг. Мэдээж бизнесийн зах зээлд өрсөлдөж буй компаниуд болохоор ашгийн төлөө богино хугацаанд барьж, зарах орон сууцны барилгуудад бүхий л анхаарлаа хандуулж байгаа байх л даа. Нөгөө талаас энэ төсөлд зориулах хөрөнгө бололцоо нь хүрэхгүй байж магадгүй. Тиймээс миний дээр хэлсэнчлэн, Монголын томоохон барилгын компаниуд сэтгэл, санаачилга гарган корпорацийн хэмжээнд , төр засгийнхаа дэмжлэгийг аван газраа шийдүүлээд хэрэгжүүлчихэж болох зүйл дээр санаачилга гаргахгүй байгаад л гутраад байгаа юм.

    -Энэ төслийг санхүүжүүлэн манай улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгэх сохирхолтой гаднын компаниуд байгаа болов уу?

    -Зөндөө байгаа. Гэвч манайхан ингэж гүйцэтгүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж чадахгүй байна. Тухайлбал, сангийн яам мөнгөгүй гэж хэлээд л гаргана. Баталгаа гаргаж өгч чадахгүй. Уг нь манай улсад наад зах нь нүүрсний асар их нөөц байна. Иймэрхүү нөөц, баялгынхаа өчүүхэн хэсгээр барьцаа тавиад гадныхнаар санхүүжүүлэн бариулчих менежмент алга. Дахин хэлэхэд санаачилга, сэтгэл дутаад байна. Зөвхөн өнөөдрийн ашгийг л харцгаах юм. Хойч ирээдүйд үлдэх соёлын өв уламжлал, өнөөгийн Монголын хөгжлийг илтгэх бүтээн байгуулалтаа анхаарахгүй байна. Өчнөөн олон жуулчинг өөртөө татна гэцгээж байгаа мөртлөө үндэстний гэсэн тодотголтой үзүүлж, сонирхуулах зүйлээ бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Түүгээр зогсохгүй дэд бүтэц, үйлчилгээний соёл, олон жуулчин хүлээж авах боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлуудаа анхаардаггүй. Үндэсний соёлын наандаад Нийслэл хотынхоо бэлгэ тэмдэг болохуйц 30-хан давхар барилга барьчихаж чадахгүй улсын нийслэл байна гэхээр үнэхээр харамсалтай санагддаг.

    -Та Монголын өнөөгийн бүтээн байгуулалт, барилгын салбарын ажлыг энэ чиглэлийн мэргэжилтний хувиар хэрхэн дүгнэж, ирээдүйг нь ямраар төсөөлдөг талаараа сонирхуулаач?

    -За энэ асуултад бас л нэг сонин хариулт өгье л дөө. Саяхан нэг Хятад хүн надтай ирж уулзсан юм. Анх удаагаа Монголд ирж байгаа хүн байна лээ. Тэгээд, “Би хэдийгээр хятад хүн боловч эзэн Чингис хааныг биширч, хүндэтгэж явдаг. Тэр ч утгаараа танай улсыг зорьж, онгоцноос буух хүртлээ сэтгэл их хөдөлж, догдолж байлаа. Нийслэл хот нь лав үнэхээр гайхамшигтай, алт, мөнгөн купол /бөмбөгөр/ орой бүхий байшингуудтай, олон тооны ордон, музей, үзмэрүүдтэй, хаант улсын үеийн үндэстний хэв шинж, имижийг агуулсан уран барилгуудтай сүрлэг хот байх даа гэж төсөөлж байлаа. Гэтэл Оросын нэг захын мужийн жижигхэн хотод ирчих шиг санагдсан. Их гайхсан. Эндээс монголжуу зүйл олж харах боломжгүй байсан. Хаанахын хот вэ гэж сэтгэлээр унасан” гэж ярьсан юм. Үүнийг би шүүмжлэл гэж ойлгосон. Гэхдээ тэр хүний харамсал бас мэдрэгдэж байсан. Манай улсын өнгө төрх харийнханд ингэж л харагдаж байна. Энд би мөн л нэгдсэн бодлогын талаар хөндөх гээд байна л даа. Хотын ерөнхий төлөвлөлтөд түүхчид, уран бүтээлчид, гаднын зөвлөхүүд ялангуяа архитектор дизайнеруудыг оролцуулахгүй байна. Зөвхөн мөнгөтэй захиалагч бүхнийг шийдвэрлэснээрээ хот өөрийн гэсэн имиж, тодрхойлолтгүй хот болж хувирна. Хатуухан хэлэхэд манай улсын нийслэл хоёрдмол утгаараа бохирдсон.

    -Таны бодлоор нийслэл хотоо яаж өөрийн гэсэн өвөрмөц имижтэй болгон өөрчлөх вэ?

    -Миний бодлоор шинэ дагавар хотуудыг байгуулан хөгжүүлэх нь зүйтэй. Түүнийг дагасан эдийн засгийн бүсүүд бий болон хөгжих ёстой. Түүнээс Улаанбаатар хотын хувьд бол өөрчлөгдөн хөгжих боломж нэгэнт байхгүй. Анхнаасаа 400 мянган хүнд зориулсан дэд бүтэцтэйгээр төлөвлөгдсөн хот учраас сэргээн засварлана гэхээс шинээр барьсан нь илүү бодитой юм. Хөрөнгө зардлын хувьд ч тэр. Дагавар хотууд нь эдийн засгийнхаа чиглэл чиглэлээр хөгжөөд явдаг жишиг бий.

    -Гаднын алдартай архитекторуудаас хэнийг онцлон бишрэн хүндэтгэж, бүтээл байгууламжийг нь дурсах дуртай вэ?

    -Гаднын орнуудад үнэхээрийн гайхамшигтай архитектурын байгууламжууд олон байгаа. Тэдгээрийг бишрэн бахдахын сацуу өөрийнхөө улсын архитектурын хөгжлийг, бодлогын алдаа зэрэгт харамсч явдаг. Саяхан би Итали яваад ирсэн. Итали улс дээр миний хэлсэнчлэн архитектурыг урлагийн бүтээл, түүх болгон үлдээдэг гайхамшигтай орон. Саяхан болж өнгөрсөн нэгэн жишээг сонирхуулмаар санагдлаа. Казакстан Улс Ромд элчин сайдын газраа барихаар хотын захиргаанаас газар хүссэн байна л даа. Ингээд хотын захиргаанаас гаргаж өгсөн газарт барилгын ажил эхлүүлэхээр суурийн малтлага хийж эхэлтэл янз бүрийн урлагийн бүтээл, уран барилгын туурь гарч ирсэн байгаа юм. Казакстанууд энэ талаар хотын захиргаанд мэдээлэхэд тэд яаралтай арга хэмжээ авч, казакстануудаас уучлалт хүсэн тухайн газраа буцаан авч оронд нь өөр газрыг үнэгүй өгч байгаа юм. Тэгэхээр урлаг, түүх соёлынхоо төлөө амиа тавьж хөрөнгө зардал үл хайрлан босгож сэргээдэг авч үлддэг тийм сайхан түүх соёлоо дээдлэн шүтдэг сэтгэлгээ манайханд дутагдаад байна. Мөнгийг шүтэхээсээ илүү урлаг соёл, түүхээ дээдлэн биширдэг ард түмэн юм байна гэдгийг италичуудаас сая мэдэрч бахархах сэтгэл төрж байв. Тэд хэдэн мянган жилийн өмнөх архитектурын бүх барилга байгууламжаа сэргээн засварлаж, авч үлдэж чадсан байна. Ийм байх соёлыг суулгахын тулд ёс суртахуунтай байж, зөвхөн өнөөдрийн ашиг харсан эд баялгийн төлөөх учир утгагүй өрсөлдөөнийг зогсоож чадвал бид шинэ хотын талаар ярьж болно. Нэмж хэлэхэд, дэлхийн томоохон улсын жишгээр хотуудаа чиглэлээр нь байгуулан хөгжүүлэх нь хамгийн зөв ирээдүй гэж харж байна. Нэг хот нь төр захиргааны удирдлагын хэсгийн, нөгөөх нь зөвхөн урлаг соёлын, үйлдвэрийн, хөдөө аж ахуй түүхий эдийн ложистикийн гэх мэтээр эдийн засгийн хөгжилтэйгөө уялдаж явах ёстой.

    -Таныг бас нэлээд олон байгууллага, томоохон компаниудын логог зурсан тэр дундаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн эмблемийг бүтээсэн гэдгийг мэднэ. Гэтэл машины лого зурсан талаар бас сонссон юм л даа. Энэ нь хаанахын ямар машины лого юм бол?

    -Манай “Хаус Дизайн” гэдэг компани чинь шууд утгаараа дизайны байшин гэсэн үг. Тэгэхээр бүх төрлийн дизайныг хийдэг болно гэж анхнаасаа бодож ийм нэр өгч байлаа. Зөвхөн барилгын дизайн биш өөрийнхөө үндсэн мэргэжил болох үйлдвэрлэлийнхээ дизайны ажлыг орхигдуулахгүй байхыг хичээдэг. Монгол Улс эрт орой хэзээ нэгэн цагт үйлдвэржих л байх л даа. Сая Итали явахдаа 20 жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулаад монгол залуусаа хот, хөдөө гэлтгүйгээр авьяас чадварыг нь нээж Италийн дизайны сургуулиудад суралцуулах зарчмын тохироонууд хийж ирлээ. Бид өөрсдийгөө бодохоос илүү хойч үедээ чиглэсэн бодлогуудыг түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм л даа. Энэ ч утгаараа сурч боловсрох замыг нь зааж, тусалж дэмжих ажлыг давхар эрхэлж байгаа. Энэ далимаараа Европын Luxury брэндийн автомашины үйлдвэрүүдтэй уулзаж ярилцсан. Энэ төрлийн автомашинууд дээр Чингис хаан гэдэг лого байж болох талаар тохироонууд хийж ирсэн. Үйлдвэрлэл дизайны хослолыг дэлхийн топ брэндүүдтэй холбож явах нь зөв юм байна гэсэн концепция-г гаргаад явж байгаа.

    -Та бид хоёрын яриа нэлээд албаны байдлаар өрнөсөөр өндөрлөх нь. Уран бүтээлч хүн гэдэг нэг л тааварлашгүй, ер бусын эгэл бус ертөнц юм шиг санагддаг. Таны дотоод сэтгэл рүү бага зэрэг өнгийж болох уу. Өөрийгөө бага зэрэг илэрхийлээч?

    -Дотоод сэтгэлийнхээ талаар өөрөө илэрхийлэх нь хэцүү. Заримдаа би ч өөрийгөө танихаа больчихдог. Хүмүүс намайг хэрхэн илэрхийлдгээр дүгнэгдэх бас нэгэн талтай. Харин өөрөө өөрийгөө илэрхийлбэл сайн, муу Эрдэмбилэг гэдэг хоёр хүний тэмцэл миний дотор өрнөдөг гэж боддог. Мэдээж сайн тал нь илүү дийлээсэй гэж хүсч, эрмэлзэж явдаг. Түүнээс өөгүй өндөг шиг төгс хүн бол би биш. Ямар нэг зүйлийг бүтээх гэж хичээж яваа нэгэн. Энэхүү хичээл зүтгэлийнхээ явцад зарим нэг хүн, ойр дотныхныхоо сэтгэлийг гонсойлгох, бахдаж баярлуулах зүйл ч гардаг байх. Найз нөхөд, гэр бүлийн хувьд ч тэр. Энэ нь ажилдаа хэт улайрах, донтох үед ялангуяа уран бүтээлч нарт түгээмэл тохиолддог нийтлэг зовлон юм шиг байна лээ. Гэхдээ гэр бүлийн хүн маань бас уран бүтээлч болохоор намайг харьцангуй сайн ойлгодог.

    -Өнөөгийн нийгэм, залуусын талаарх таны дүгнэлт?

    -Одоогийн залуус гэдэг бид нар л гэсэн үг. Бид ч ялгаагүй залуу байхдаа алдаж, онож л явсан. Одооны залуус болохгүй, би гэж ярих дургүй. Аль ч нийгмийн бүх л залуус тухайн үеийн нийгмээ дагаж оршин тогтноно. Залуус маань аливаа зүйлд тэвчээртэй, хүлээцтэй, том зорилгуудтай байх хэрэгтэй. Дутагдалтай зүйлс мэдээж бий. Гэхдээ түүнийг нь тэдний буруу гэхээсээ илүү нийгмийн байдалтай холбож ярих хэрэгтэй болов уу.

    -Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ гэдэг уламжлалт асуултыг асуумаар санагдлаа. Жаахан улиг болсон асуулт хэдий ч хүн бүрийн хариулт сонирхолтой л байдаг?

    -Чөлөөт цаг гарвал уран зургаа зурдаг. Гэхдээ яг одоогийн байдлаар уулзалтууд, хурал, гадуур хөөцөлдөх ажил маш их байгаа болохоор өөртөө чөлөөт цаг гаргаж чадахгүй л байна. Гадуур ажил хөөцөлдөхөд цагийг маш ихээр үрэх шаардлагатай болдог нь харамсалтай.

    -Таны зурах чадвар багынх уу. Удам дамжсан авьяас бий юу?

    -Аав маань эмч мэргэжилтэй мөртлөө ажлынхаа хажуугаар шүлэг, дууны үг бичдэг, дүрслэх урлаг сонирхдог урлагийн мэдрэмж өндөртөй хүн байсан. Ээжийн талаас зураач удамтай. Миний хувьд багаасаа л зураг их зурдаг үзсэн киногоо төсөөлөн дүрд нь хувирч тоглох дуртай хүүхэд байсан. Багын л урлагт дуртай, мэдрэмжтэй хүүхэд байсан болохоор эцэг, эх маань багаас нь энэ чиглэлийн дугуйланд дараа нь дүрслэх урлагийн сургуульд оруулсан болов уу.

    -Таны амьдралдаа баримталдаг зарчим, хэлэх дуртай үг юу бол?

    -За юу ч гэмээр юм бэ дээ. Бүгд л тэгж асуудаг. Иймэрхүү асуултад хариулах заримдаа төвөгтэй ч юм шиг санагддаг. Гэхдээ сүүлийн үед Бүх зүйл ард үлдэнэ гэдэг үгийг л хэлэх дуртай болоод байна даа.

    Эх сурвалж: https://www.facebook.com/barilga.hugjil/

  • Э.Баатаржав: Туульд Монголын эртний түүх бий

    “Хөгжим хэмнэл” булангийнхаа энэ удаагийн зочноор урлаг судлаач, туульч Э.Баатаржавыг урилаа. Түүнтэй тууль хайлах монгол уламжлалын тухай ярилцсан юм.

    -Таныг өв тээгч гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?

    -Миний өвөг эцэг, өвөө, аав маань тууль хайлдаг хүмүүс байлаа. Тэгэхээр би удам дамжсан өв тээгч юм. Аав минь өвөөгөөс, би ааваасаа тууль хайлахыг уламжилж авсан.

    -Таны өөв, аав өөр ямар хөгжим тоглодог байв?

    -Бидний өвөг дээдэс тууль, цуур, хөөмий гурвыг нэг амьтай гэж бидэнд хэлж, өвлүүлсэн юм. Дэлхийн хаана ч байхгүй энэ гурван хөгжмийн урсгалд Монголын эртний уламжлалт ёс хадгалаастай бий. Одоогоос 100 гаруй жилийн өмнө монголчууд уул усаа энэ гурван хөгжим, аялгуугаар тахиж, хөглөдөг байсан түүхтэй. Мөн Хүннүгийн үеэс эдгээр урлаг улбаатай гэсэн судалгаа бий.

    -Та хэдэн наснаасаа эхэлж тууль хайлж сурсан бэ?

    -Таван наснаасаа тууль хайлах арга ухаанд суралцсан. Амьдралын эрхээр өөр мэргэжил эзэмшсэн ч өвөг дээдсээс уламжилж ирсэн энэ түүх соёлоо түгээж, залуу үедээ өвлүүлэн үлдээх ёстой юм гэж бодоод Монголынхоо бүх аймгаар явж, сурталчилж, бүх өв тээгч нартайгаа уулзсан. Мөн Шинжань хавиар байгаа элэг нэгтнүүдтэйгээ уулзлаа.

    -Таны аавын тууль хайлах ухааныг эрдэмтэд судалж байсан гэж сонссон?

    -Анх 1968 оноос аавын минь тухай судалж эхэлсэн юм билээ. Гомбодорж гээд монголч эрдэмтэн 1978 онд манайд ирж байсныг би санадаг юм. Тухайн үед өнгөт аппарат гэж мэддэггүй байлаа. Аав маань дурсахдаа “Дөрвөлжин цагаан юм өөдөөс харуулаад байсан чинь миний зураг унаад ирлээ” гээд инээж байсансан. Түүнээс хойш Америк, Япон гээд олон ч эрдэмтэд ирсэн дээ.

    -Та нутагтаа очиж байна уу. Танай нутагт тууль хайлдаг хүн олон бий юу?

    -Төрсөн нутагтаа жилд хоёр удаа очдог юм. Одоо бол Ховдод яг хуучны монгол уламжлал ёсоор нь тууль хайлдаг хүн ховор болсон. Хэдий тэдний үр хүүхдүүд байгаа ч цаг үе, орчин байдал өөрчлөгдсөн болохоор түүнийгээ дагаад урлаг, уламжлал хүртэл өөрчлөгдөх юм. Зарим хүмүүс намайг очоод тууль хайлахаар гайхдаг юм.

    Амьдралын бүхий л сайн сайхан, түүх, домог тууль дотор багтана шүү дээ.

    -Та залуу үедээ хэр өвлүүлж байна. Шавьтай болсон уу?

    -Намайг яамны зүгээс хүүхэд залууст тууль хайлах, хөөмийлөх, цуур хөгжмөөр тоглохыг зааж өгөөч гэж санал тавьсан юм. Би цаг заваа гарган 40 гаруй хүүхдэд зааж өгсөн. Одоо ч хөөмийлөөд, тууль хайлаад явж байгаад нь бахархдаг юм.

    -Тууль хайлахад ямар мэдрэмж төрдөг бол. Хүмүүс хэр сонирхдог вэ?

    -Эхлээд сонирхдог юм. Сүүлдээ 20 минут, үсрээд цаг л тэсдэг. Нэг иймэрхүү хөг аялгуу, хэмнэлээр хайлдаг юм байна гээд яваад өгдөг. Харин маргааш нь ирэхэд нөгөө хүн нь үргэлжлүүлээд хайлж байхыг хараад бүр гайхдаг. Одооны хүүхдүүд болж өгвөл амархан юманд дуртай болж. Цахим ертөнцийн бичлэг шиг бараг гүйлгээд үзчих юмсан гэнэ шүү дээ. Би өөрийнхөө тууль хайлж буй бичлэгийг улсын архивт өгсөн. Түүнээс олон хүүхэд, залуус сураасай гэсэндээ өгч байлаа.

    -Нэг тууль хайлахад хэр хугацаа шаарддаг вэ?

    -Манай Алтайн баатарлаг туулийг хайлахад гурван өдөр болдог юм. Бүр том туулийг таван хоног хайлдаг уламжлалтай. Хот айлууд малаа хотлуулаад ихэнхдээ орой цугларч тууль хайлахыг сонсдог байлаа. Тухайн үед зурагт гэж байсангүй. Амьдралын бүхий л сайн сайхан, түүх, домог тууль дотор багтана шүү дээ.

    -Зарим хүмүүс туулийг бараг сар гаруй хайлдаг гэх юм билээ. Тийм боломж байдаг юм уу?

    -Боломжгүй. Тэгж удаан хайлах юм бол хэн сонирхож, сурахыг хүсэх юм бэ. Энэ бол төөрөгдөл гэж хэлмээр байна. Монголын эртний ёсонд ч тэгж удаан хайлдаг түүх байхгүй шүү дээ.

    -Туульд ихэвчлэн юуны тухай өгүүлдэг юм бэ?

    -Уран зураг, хаадын түүх, баатруудын бодит амьдрал, газар усны онцлог гээд нэг үгээр хэлвэл Монголын түүх тэр чигээрээ бий. Би түүх судлаачдыг боддог юм. XIII зууны дээл гээд л хайгаад байдаг. Туулиа сонсвол түүнд бий шүү дээ. Ямар байсныг нь тодорхой дурьддаг юм.

    -Манайд хэдэн төрлийн тууль байдаг вэ. Тэд юугаараа ялгардаг бол?

    -Монгол үндэстнүүдийн дунд тууль сурах дөрвөн том дэг жаяг бий. Тэд өөр, өөрийн онцлогтой. Парчингийн тууль, Чойсүрэнгийнх гэх мэт. Хэл яриа, үг нь харилцан адилгүй ч үйл явдлын хувьд адилхан байдаг юм.

    -Одооны залуус Гэсэр, Жангараа л гадарлахаас бусдыг нь мэдэхгүй байх шүү. Өөр ямар том тууль байдаг вэ?

    -“Аргил цагаан өвгөн”, “Баян цагаан өвгөн”, “Талын хар бодон” гээд том туулиуд бий. Судлаад үзэхэд Гэсэр, Жангараас эрт үүссэн юм билээ. Жангар бол 500 жилийн тэртээх түүх юм билээ. Харин манай удмын хайлдаг туулиуд 1500 жилийн тэртээхийг өгүүлдэг. Жангар туульд зарим ойлгомжгүй зүйл гарч ирдэг юм.

    -Юу юм бол?

    -Жангарын тухай хүүрнэж байгаад зааны ясан гэр, цоохор гэрийн тухай гардаг. Энэ бол Түвдийн ёс уламжлал манай түүхэнд шургалж байна гэсэн үг. Магадгүй Түвдийн ёс заншил манайд нэвчээд бичиг үсэгтэй болж, соёлжсон байж болно. Гэвч байгалиараа байсан зүйлийг тэр хэвээр нь л үлдээх ёстой. Тэгэхээр Жангар монгол уламжлал, түүхэнд наалддаггүй тал бий.

    -Та түрүүнд дурьдсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тууль хайлах ёс өөрчлөгдөж байна гэж. Чухам эртний ёсоороо байсны ач холбогдол нь юу юм бол?

    Түүхийг зохиож болохгүй шүү дээ. Эртний хэвээр нь авч үлдвэл бидний хойч ирээдүй хүүхдүүд туулиас үнэнийг мэднэ гэсэн үг юм. Эртний сайхан уламж­лалаа хадгалж дээдэс өвгөдөөсөө уламжилж ирсэн түүхээ тэр хэвээр нь үлдээх нь бидний үүрэг юм болов уу.

    Эх сурвалж: http://www.ikon.mn/

  • Н.Эрдэнэбаяр: Бид Монгол улсыг сурталчлах, өв соёлоо залууст түгээх зорилготой байгууллага

    Хайр гэгч хүн төрөлхтний хэл, соёл, орон зайн ялгаанаас үл хамаарах ямар агуу зүйл болохыг Бумбардай зурган ном дахин ойлгууллаа” Сатонака Мачико

    Энэ үгийг Японы Манга авардсын тэмцээний шүүгч нарын зөвлөлийн дарга Сатонака Мачико Бумбардай цувралд Гранп-ри шагнал гардуулахдаа хэлсэн юм.

    Мэдээж Бумбардай өв уламжлал,  гээгдэж үгүй болох гэж буй нүүдлийн соёл иргэншлийг харуулсанаараа онцлог, содон. Гэхдээ хамгийн чухал нь Япон хүмүүсийн хөгжлийнхөө замд гээсэн “зүйл”-ийг хүчтэй мэдрүүлснээрээ онцгой байсныг Сатонака Мачико  “Хүн төрөлхтний үнэт зүйлийг Монголчуудын ахуй амьдрал соёлоос тодхон саналаа” гэсэн ганцхан өгүүлбэрээр илэрхийлснийг Бумбардайгийн үнэнч уншигчид санаж байгаа биз.

     

    Бид ч  бас хөгжлийн төлөө гэр бүлээ, үнэт зүйлсээ, өв уламжлалаа замын голд салан баавгай шиг үлдээсээр байгаа юм биш биз гэх бодлыг Бумбардайн хамт олон эрхгүй төрүүлж байлаа.

    Бумбардай бол хайр.  Санаж байна уу? Хамгийн эхний цуврал дээр өвчтэй ээжийнхээ гарыг дулаацуулах гээд бяцхаан гараараа бариад үлээж байсныг нь. Үүнийг харсан хэний ч сэтгэл хайраар дүүрэх нь гарцаагүй.

    Бумбардайн түүхийг бидний өв уламжлалтай хослуулан бяцхан уншигчдад, тэдний гэр бүлд нандин дурсамжийг бий болгож байгаа нь “хайр”-аас өөр юу билээ. Тэдний сэтгэлд хамгийн хөөрхөн бас өхөөрдөм дурсамжийг үлдээж хүн хүнээ  хайрлаж, эцэг, эхээ  хайрлах сэтгэлийг бий болгож байгаа учраас л таван жил тасралтгүй эрэлттэй байсан биз.

    Монголын үндэсний баатар гэсэн тодотголтой Бумбардай энэ сарын 16-ны өдөр зургаа дахь цувралын  нээлтээ хийх нь. Хүүхэд багачууд ч гэлтгүй эцэг, эхчүүдийн дунд хүлээлтийг үүсгэсэн Бумбардай цувралын шинэ номын нээлтийн талаар “Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ийн захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаяртай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

     

    – Сайн байна уу. Удаан хугацааны дараа Бумбардайн шинэ цуврал нээлтээ хийх гэж байна.  Яагаад ингэж удах болов? 
    – Мэдээж гурван жил урт хугацаа. Магадгүй бид есөн цуврал гаргаж чадахаар хугацаа ч байж болох юм. Гэхдээ бид чанаргүй зүйлийг хүүхдэд өгөхийг хүсээгүй. Энэ хугацаанд Бумбардай ном л хэвлэгдээгүй болохоос Бумбардай хүүхэлдэйн киноны бичлэг гэх мэт олон гайхалтай ажил урагшилсаар ирлээ. Энэ удаагийн Бумбардайгийн VI цуврал өмнөх цувралуудаас өндөр түвшиний ном болсон гэж найдаж байна.  

    Өнгөрсөн хугацаанд 21 номыг есөн удаа давтан зурсан байна. Зөвхөн Бумбардай-IV  цувралыг л гэхэд тав дахь удаагаа зурж байна. Хэрэв Бумбардай сонирхолгүй байсан бол мартвал мартахаар хугацаа өнгөрсөн ч эрэлт маш их байна. Бид эцэг, эхчүүдийн уулзалтанд очоод маш их загнуулсан.  Номоо гаргаач ээ гэж загнах уншигчидтай байна гэдэг сайхан шүү дээ.

    Төслийн хүрээнд нийт Монгол өв соёлыг харуулсан 108 цуврал хийх болно. Хурдан гаргасан чанаргүй 10 Бумбардай үлдсэн зуун цувралын хувь заяаг шийднэ. Тиймээс 108 номоо хийхийн тулд өнгөрсөн хугацааг зарцууллаа.  Одооноос манай цуврал улиралдаа нэг удаа гарахаар төлөвлөж байна. Номныхоо бодлого төлөвлөлт дээр илүү ажиллалаа.

    – Бумбардай – VI  “Сүүн цацал” цувралын онцлогийн талаар тодруулахгүй юу?
    – Энэ дугаарт бид нүүдэлчид зөвхөн нүүгээд л байдаггүй, тэд бүтээлч хүмүүс гэдгийг харуулахыг хичээлээ. Номонд Өндөр гэгээн Занабазарын тухай, нүүдэлчдийн эртнээс уламжилж ирсэн уран дархантай холбоотой зүйлүүд ч гарна. Ногоон Дарь-эхээс эхлээд  дэлхийд хосгүй олон бүтээлийг багтаасан байгаа.

    Өөрөөр хэлбэл Монголын өв соёлоор дамжуулж Монгол хүн Монгол соёл ямар онцлогтой вэ. Хүүхэд яагаад бүтээлч байх ёстой вэ гэдгийг мэдэж чадна. “Сүүн цацал” номд Сарьдагийн хийдийн тухай өгүүлнэ. Байгальд хайртай, бүтээлч Бумбардай “ирлээ”. 

     

     

     

     

    – Энэ удаагийн цувралд хэчнээн хүн ажилласан бэ? 

    – Нэг Бумбардай цувралын ард маш олон хүний хөлс хүч, сэтгэл шингэсэн байдаг. Бумбардай “Сүүн цацал” VI  цуврал дээр 15 хүн ажиллаж байна. Үүнээс гадна хамтран ажилласан олон байгууллага бий.  Номыг нэг зохиолч л суугаад бүтээчихдэггүй. 
                                                                     
    – Шувуу хамгаалах төв, Үндэсний түүхийн музей гээд олон байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм байна. Үүнийг илүү тодруулахгүй юу?  
    – Тийм ээ, харилцагч байгууллагууд олон. Жишээлбэл Үндэсний түүхийн музей, Занабазарын музейн сан хөмрөгийг дахин таниулахыг зорьсон. 
    Үүнээс гадна Монгол улсад гадаадаас маш олон жуулчин ирдэг. Жуулчид тухайн улсын онцлогийг илэрхийлэх дурсгалын зүйл авахыг хүсдэг. Тиймээс ч бид Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран нийслэлийн аяллын автобусыг Бумбардайн зургаар чимэглэлээ. 

     Номадик Комиксийн Ерөнхий продюсер Э.Тамир

    Мөн номын нээлтийн үеэр “Лантуун дохио” ТББ -ийн “Ид шидийн орон”- ы хүүхдүүдийг Бумбардайн автобусаар Улаанбаатар хоттой танилцуулж, Үндэсний түүхийг музейг үзүүлэхээр бид бэлдэж байна.  

    – Номын нээлт энэ сарын 16-нд болно. Уншигчиддаа онцгой бэлэг барих уу? 
    – Нээлт Монголын Үндэсний түүхийн музейд болно. Бумбардайн сонирхогчид уншигчидтайгаа уран бүтээлийн багийг уулзуулах амьд харилцаатай, халуун дулаан уулзалт болох байх. 

    Яг л Харри Поттерийн номын нээлт хэрхэн болдог билээ дээ түүн шиг уран бүтээлч уншигчид уулзаж ярилцах, гарын үсэгтэй худалдан авалт хийх гэх мэт Бумбардайг уншдаг, сонирхдог, бидний ажлыг дэмждэг хүмүүстэй нэг өдрийг амьд харилцаатай өнгөрөөх болно.

    Мөн олон нийтэд дэлгэж байгаагүй зургаар  “Комик хэрхэн бүтдэг вэ?” үзэсгэлэн дэлгэнэ. 

    – Яагаад музейд нээлтээ хийхээр болсон юм бэ? 
    – Музейд соёлын үнэт өв хадгалагдаж, харин Бумбардай соёлын өвийг дэлгэрүүлэхийг зорьдог.  Бид соёлын өв, ёс уламжлалыг Бумбардай хүүгийн түүхтэй хослуулан зурагт ном хэлбэрээр хүргэдэг. Номыг уншсан хүүхэд түүхийн музейд зочилоход Бумбардайтай хамт өнгөрүүлсэн дурсамжууд бодогдох болов уу. Дурсамжаар дамжуулан хүүхэд эх орондоо хайртай, өв уламжлалаа танин мэдэх давуу талтай.  

    – Улиралдаа нэг цуврал гаргана гэсэн дараагийн номоо хийж эхэлсэн үү?  
    – Мэдээж, эхний нүүр нь зурагдаад явж байна. Хувиараа яг одоо задлая. Бумбардайгийн дараагийн дугаарууд нь хэзээ гарах эсэх нь тодорхойгүй байдаг байсан нь бидний хөгжүүлэлтийн ажлаас болж байсан. Тэгвэл энэ удаад бид нарийн хуваарийн дагуу ажиллана. 

    Тодруулбал, Зургаадугаар сарын 16-нд Бумбардай нэг, хоёр, гурав, зургаадугаар цуврал албан ёсоор худалдаалагдана. Мөн Бумбардай эхний боть нээлтээ хийнэ. Харин намар хичээлийн жилийн өмнө дөрөв, тав, долоодугаар цувралын нээлт болно. Энэ үеэр Бумбардай хоёрдугаар ботийг мөн уншигчдад хүргэхээр төлөвлөж байна.  Долоодугаар цуврал  айрагны тухай, дараагийн цуврал  цагаан сарын тухай өгүүлэх болно.  Бумбардайн хамт олон 2018, 2019 онд нийт 12 цуврал дөрвөн ботийг гаргана.  

    – Бумбардай төсөл таван жил болсон байна. Өнгөрсөн хугацаанд Японы манга зах зээлд хөл тавьсан. Борлуулалт ямар байна вэ?
    – Бумбардай төсөл эхэлснээс хойш хол замыг туулж байна. Олон улсын манга авардсаас гранп-ри авч Японы Wedge Holdings компанитай хамтарсан гэрээ байгуулсан. Энэ компанитай хамтраад Азийн 11 улсад Бумбардай зурагт номыг гаргахаар ажиллаж байна. Төд удалгүй олон орны хүүхдүүдэд хүрэх болно. 

     

     

    Уг компанийн сайтад “Бумбардай” цувралыг дижитал хэлбэрээр байршуулсан. Үүнтэй адил Монголын “М+” цахим номын санд цувралаа дижитал хэлбэрээр байршуулах болно. Гадаадад сурч, амьдарч буй Монголчууд унших боломжтой болно гэсэн үг. 

    – Ирээдүйн Бумбардайд дурлагч залуусын хэв шинжийг юу гэж харж байна вэ?
    – Бидний бусад үндэстнээс ялгарах онцлог бол нүүдлийн соёл иргэншил. Энэ нь бидний давуу тал болж орчин үед хэрэглэгдэх хэрэгтэй. Би хэн бэ, бид хэн бэ гэсэн олон асуултын  хариуг нүүдлийн соёлоос олох болно.  

    Өдөр тутам хэрэглэхгүй байгаа, зарим талаараа орчин үеийн залууст сонирхолгүй санагдах нүүдлийн соёл, өв уламжлал соёл, сэтгэлгээг хүүхэд залуусын сонирхдог комикс, анимэйшн хэлбэрээр хүргэхээр Бумбардай төслийг эхлүүлсэн.

    Одоо таван настай Бумбардай уншиж байгаа хүүхэд 15 жилийн дараа ээж, аав болоход бэлэн болно. Тэр хүүхэд Бумбардайг хүүхэддээ авч өгөх хүртэл бид урагшлана. Тэр хүн өв, соёл уламжлалаа мэддэг, хэдэн мянган жилийн онцлог, ахуй соёл дээрээ тулгуурласан давуу тал, сул талыг ойлгоно гэж итгэж байна.Тэгэхээр бид ирээдүйн 10,15 жилийн дараах тэр уншигчдад зориулж энэ төслийг хийж байна.

    – Ирээдүйн хүүхдэд яагаад Бумбардай хэрэгтэй гэж та бодож байна вэ? 
    – Бумбардай цуврал хүүхдэд нүүдлийн соёл, өв уламжлалын тухай сонирхолтой мэдээлэл өгөхөөс гадна байгаль орчинтой зөв харьцах, хүн хоорондоо зөв харьцах, хайрлах, тогтвортой хөгжлийн тухай ойлголтыг өгнө.
      
    Эцэг, эхчүүдийн хувьд ямар ч зовлонгүйгээр үнэтэй архи аваад ууж чаддаг мөртлөө, нэг орой найзуудтайгаа уулзахад маш их мөнгө зарцуулдаг мөртлөө хүүхэддээ 20,000 төгрөгөөр улиралдаа нэг ном авч өгөхдөө маш их боддог. Тэр бүү хэл 5,000 төгрөгийн ном авч өгөхдөө маш их эргэлздэг. Бид мөнгөгүйдээ биш хүүхдэд, номонд хандаж байгаа хандлага , ирээдүйд хандаж буй хандлага ямар байгааг харж болно.

    Хүүхэддээ 20,000 төгрөгөөр ном авч өгөхдөө боддог мөртлөө 200,000 төгрөгөөр нэг орой зугаацахдаа ердөө санаа зовдоггүй хүмүүс олон байгаа нь харамсалтай. 

    – Бумбардайг нэг үгээр та юу гэж илэрхийлэх вэ? 
    – Зарим хүн биднийг “Ном л хийдэг газар гэж боддог. Харин бид өөрсдийгөө Монгол улсыг сурталчлах, өв соёлоо залууст түгээх зорилготой байгууллага” гэж ойлгодог.
    Бид нэг дүрээр дамжуулаад маш их санааг залууст, нийгэмд хүргэж чадна. Мөн улс орноо дэлхий нийтэд таниулах боломжтой гэж харж байна. Хүчтэй дүр дээр суурилсан суваг учраас бид энэхүү төслийг хийж байгаадаа баяртай байдаг.

    – “Бумбардай” хүүхэлдэй кино  хэзээ гарах вэ? 
    – Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Япон, Солонгос, Тайландын багтай хамтран Бумбардай хүүхэлдэйн киноны төсөл хэрэгжсэн. Намраас чимээ сонсогдож Бумбардайн фэнүүддээ бэлэг барина.

    – Шинээр Бумбардай нэг, хоёр, гуравдугаар цувралыг  нэгтгээд боть крилл болон монгол бичгээр гарсан байна. Цаашид монгол бичгээр гарах уу? 
    – Бумбардайн нэгдүгээр боть гурван долоо хоногийн дотор 1,000 ширхэг зарагдсан. Эрэлт ийм их байна. Энэ удаагийн цувралаас эхлэн бүх цуврал монгол бичигтэй хамт гарна. Энэ нь Монгол бичиг сурахыг хүсч байгаа хүмүүст сурах бичиг болохоос гадна Өвөр-Монгол зэрэг Монгол үндэстэнд хүрэхэд давуу тал болно. Өвөрмонголын зах зээл дээр гаргах ажлуудыг бид давхар хийж байна.

    Мөн бид цаашдаа Англи, Япон, Хятад, Франц, Солонгос, Герман, Итали, Швед зэрэг оронд номоо орчуулан гаргахаар төлөвлөсөн. 

    Эх сурвалж: 

    Б.НАМУУНЦЭЦЭГ, IKON.MN (2018 ОНЫ 6 САРЫН 14)