Category: бизнес-зөвлөгөө

  • Л.Одгэрэл: Би олимпт шүүх болзлоо хангасан, харин тэд сонгоно

    Монгол Улсын хүндийг өргөлтийн холбооны анхны эмэгтэй шүүгч, дасгалжуулагч, ОУХМ Л.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын сургууль төгсөөд Улаанбаатар хотод ирж, жүдо бөхийн спортоор жил гаруй хичээллээд л залуучуудын улсын аварга болсон гэдэг.

    Гэвч жүдо бөхөөсөө урван хүндийг өргөлтийн спортод “дурлачихжээ”. Энэ спортоор хоёр жил хичээллээд БНХАУын Циньхуандаод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн АШТд огцом өргөлтөөр хүрэл, түлхэлттэйгээр мөнгө, нийлбэр өргөлтөөр хүрэл медаль хүртсэнээр Монголын хүндийг өргөлтийн холбооны эмэгтэй тамирчдаас анхны медаль авсан түүхэн амжилтын эзэн болсон юм.

    -Та жүдо бөхөөр хичээллээд удаагүй байхдаа улсын аварга болсон. Тууштай явсан бол илүү амжилт гаргах боломжтой байж.

    Хүндийг өргөлт рүү яагаад урвачихав?

    -Хүндийг өргөлт хэцүү мэт боловч гоо зүйтэй спорт. Түүнийг нь олж харсан хүн энэ спортод дурладаг. Бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгодог. Хүнийг өдөр бүр зоригжуулж, тэмүүлэлтэй байлгаж чаддагаараа хүндийг өргөлт их таалагдсан.

    Өнөөдөр 20 кг өргөж буй хүн маргааш 21-ийг өргөж, амжилтаа ахиулах эрмэлзэлтэй болдог юм. 19 настайдаа хүчний бэлтгэл хийхээр хүндийг өргөлтийн танхимд орж ирээд л энэ спортод татагдсан даа.

    Анх штангийн гол өргөхөд их л хүнд санагдаж билээ. Тухайн үед эмэгтэй тамирчдын өргөдөг гол гэж байгаагүй. С.Хөхөө багш минь надад өдөр бүр урам өгсөөр насанд хүрэгчдийн Азийн АШТ-д орох хэмжээний тамирчин болгосон.

    -Хүндийг өргөлтөөр хичээллэхэд биеийн хүчээс гадна техник, арга зүй их чухал байх?

    -Техник, биеийн хүч, сэтгэл зүй их чухал. Ухаантай, тооцоотой өөрийгөө удирдаж чадах бэлтгэлтэй байх ёстой. Чадна гэж итгэвэл л өргөнө. Ганцхан хувь эргэлзвэл өргөж чаддаггүй. Сэтгэл зүйгээс ингэж л хамаардаг спорт.

    -Тамирчнаас дасгалжуулагч, шүүгч болсон түүх тань сонирхол татаж байна. Олон улсын I зэргийн шүүгч болох нь таны зорилго байв уу?

    -Анх тамирчин болохдоо шүүгч болно гэж огт бодож байгаагүй ээ. Хүндийг өргөлтийн спорт надад таалагдсан учраас л хичээллэсэн. Тухайн үед манай клубт дасгалжуулагч хэрэгтэй байлаа.

    Ингээд 2004 онд БНХАУ-ын Бээжингийн Биеийн тамирын их сургуульд хүндийг өргөлтийн дасгалжуулагчийн мэргэжлээр сурч, төгссөн. Ирээд Биеийн тамир, спортын дунд сургуульд багшаар ажиллаж байхад 2012 онд Хүндийг өргөлтийн холбооныхон маань Улаанбаатарт болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан юм.

    Тэр үед шалгалт өгч олон улсын хэмжээний II зэргийн шүүгчийн эрх авсан. Залуу тамирчдаа тэмцээнд оролцуулахаас гадна өөрсдөөр нь шүүлгэдэг байсан нь надад дадлага, туршлага болсон гэж боддог. 2012-2015 он хүртэл Ази тивийн долоон тэмцээнд шүүгчээр ажиллажээ.

    2005 онд АНУ-ын Хьюстон хотод болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалт өгөөд, I зэргийн эрх авч, ДАШТ шүүх эрхтэй болсон.

    -Та төрсөн нутагтаа хүндийг өргөлтийн клуб нээсэн гэл үү?

    -2015 онд Сүхбаатар аймагт хүндийг өргөлтийн спортыг хөгжүүлье гэсэн зорилго тавьж, орон нутгийн удирдлага, Биеийн тамир спортын газрынхантай уулзаж клуб нээлээ. Тэр жилдээ Бүх ард түмний спартакиадыг аймагтаа зохион байгуулсан.

    Орон нутгийн удирдлагын дэмжлэггүйгээр энэ спорт хөгжихгүй. Байр талбай, тоног төхөөрөмж гээд чамгүй хөрөнгө мөнгө шаарддаг спорт. Олон хүний дэмжлэгээр клуб нээсний үр дүнд өсвөрийн хэдэн сайн тамирчин төрлөө.

    Тэдний зарим нь Улаанбаатар хотын Биеийн тамир, спортын дунд сургуульд сурч, шигшээ багийн зааланд бэлтгэл хийж байна. Олон улсын тэмцээн шүүхэд минь тусалж дэмждэг Сүхбаатар аймгийн БТСГ-ын дарга Б.Өлзийтогтох болон хамт олон, тус аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, одоогийн удирдлага З.Энхтөр нарт талархлаа илэрхийлье.

    Олон улсын тэмцээн шүүхэд хувиасаа зардал гаргадаг учраас орон нутгийн болон Хүндийг өргөлтийн холбоо, Олимпын хороо, Монголын мастер холбооныхны тусламж дэмжлэг их байдаг. Олон улсын тэмцээн шүүнэ гэдэг тухайн улсын нэр хүндийн баталгаа болдог юм шүү дээ.

    -Олон улсын шүүгч болоход ямар болзол хангадаг юм бол?

    -Манай холбоонд олон улсын 20 гаруй шүүгч бий. Олимпын мөчлөг тохирсон үед шинэ дүрэм гардаг. Тэр дүрмүүдийг мэддэг, улсынхаа АШТ-ийг шүүсэн байх ёстой.

    Олон улсын II зэргийн шүүгч болохын тулд тестээр шалгалт өгч, Олон улсын хүндийг өргөлтийн холбоонд хүсэлт гарган, шалгалтдаа тэнцвэл эрхээ авдаг.

    Азийн АШТ-ийг 2-3 жил шүүсэн шүүгч олон улсын I зэргийн шалгалт өгч болно. Ийм шүүгч л ДАШТ болон олимпын наадам шүүх эрхтэй.

    -Тэгэхээр та олимпын наадам шүүх эрх авсан гэсэн үг үү?

    -Эрх аваагүй ч шүүгчдийн багт ажиллах боломжтой. Олимп болох жилд шүүх эрх олгодог. Олон улсын нэг тэмцээнд 35 шүүгч ажиллуулдаг юм. Азийн хүндийг өргөлтийн холбоонд бүртгэлтэй 400 гаруй шүүгчээс зөвхөн 35-ыг л сонгон ажиллуулна гэсэн үг.

    -Хаанаас, ямар шалгуураар шүүгчдийг сонгодог юм бэ?

    -Азийн АШТ-д ямар улсын хэн гэдэг шүүгч ажиллуулахаа Азийн хүндийг өргөлтийн техникийн хорооноос сонгон шалгаруулдаг. Харин ДАШТ-ийг Олон улсын хүндийг өргөлтийн холбооны техникийн хорооныхон шалгаруулна.

    Дэлхийн 200 гаруй улсын шүүгчээс зөвхөн 35-ыг сонгон ажиллуулах дүрэмтэй. Олимп ч ялгаагүй. Олимп болох жилээ 35 шүүгч л ажиллана. Олон улсын I зэргийн шүүгч олимпоос өмнө 2-3 удаа ДАШТ шүүсэн байх дүрэмтэй.

    -Олимпын наадам шүүх зорилго танд бий байх. Энэ болзлоо хангаж байна уу?

    -Миний төдийгүй манай холбооны зорилго олимпын шүүгчтэй болох. 2018 оны Аргентины Буэнос-Айрест залуучуудын олимп, 2020 оны Токиод зуны олимпын наадам шүүх зорилго тавин идэвхтэй ажиллаж байна.

    2015 оноос хойш ДАШТ-ийг дөрвөн удаа шүүсэн учраас олимп шүүх болзлоо хангасан гэсэн үг. Харин хэнээр шүүлгэхээ Олон улсын хүндийг өргөлтийн холбоо шийднэ.

    Мөн Ази болон Олон улсын хүндийг өргөлтийн холбоонд ямар нэгэн гишүүнчлэлтэй, техникийн хороонд суудалтай, олимпын медальтантай болохын төлөө Хүндийг өргөлтийн холбооноос бодлого хэрэгжүүлж байгаа.

    -Олон улсын тэмцээн шүүхэд тохиолдсон хөгжилтэй болон бэрхшээлтэй явдлаасаа сонирхуулахгүй юу?

    -2013 оны Зүүн Азийн наадмыг анх шүүсэн юм. Тэр тэмцээнд Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Баярмаа маань оролцож, мөнгөн медаль хүртсэн. Гавьяатын жинд миний шүүлт таарч, дэвжээнд гараад ирэхэд нь алга хөлөрсөн. Тэр медаль Монгол Улсад маш үнэтэй байлаа.

    Өргөчихөөсэй гэж дотроо залбирч, сэтгэл догдолж байв. Мөн М.Анхцэцэгийг ДАШТ-д ороход би өөдөөс нь хараад шүүж суусан. М.Анхцэцэг маань дэлхийн хэмжээний тамирчин болсон учраас илүү их амжилт хүсэж, шүүхдээ хүртэл сэтгэл тайвширсан даа. Ямар ч алдаа гаргахгүй өргөдөг тамирчин шүү дээ.

    Хөгжилтэй түүх гэвэл 2016 онд Ираны Тегеранд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр уригдсан юм. Исламын шашинтай улс учраас онгоцноос буугаад толгойдоо алчуур зүүж, тэмцээнд очтол ганцаараа эмэгтэй байв. Өөр улсаас ганц ч эмэгтэй шүүгч ирээгүй.

    Тэмцээн болсон газарт нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө байгаагүй гээд бод доо. Тэнд эмэгтэй хүн ордоггүй байж. Дүрмийн дагуу эмэгтэй шүүгч байх ёстой гэж үзээд намайг урьсан юм билээ. Ингээд зохион байгуулах хорооныхон надад зориулж тусгайлан ариун цэврийн өргөө гаргаж өгсөн. Тэр тэмцээнийг шүүснээрээ олон улсад шүүгч хүн ямар байх ёстойг харуулж, өөрийгөө таниулах боломж гарсан.

    Тэр тэмцээнд юм бодолгүй очсоноор монгол хүн шашин шүтлэгээс үл хамаарч, хаана ч ажиллах боломжтойг харуулахаас гадна, дараа, дараагийн тэмцээнийг шүүхэд амжилттай сонгогдож чадсан.

    Мөн Малайзад болсон өсвөрийн ДАШТ-ий 85 кг-ын жинд дэвжээний голын шүүгчээр ажилласан юм. Оманы тамирчин туйвангаа өргөтөл трико нь урагдаж, дотуур хувцас нь гараад ирэв. Ганцаараа эмэгтэй, ядаж байхад яг өөдөөс хараад сууж байлаа. Суудлаасаа босоод явах юм уу, нүүрний янз бүрийн хувирал гаргаж болохгүй.

    Шүүгч хүнд тухайн байдалд нь санаа зовсон, өөрийг нь шоолсон царай гаргах эрх байхгүй. Тиймээс төв царай гаргаад, тамирчинд сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүйг хичээсэн. Тэр тамирчин зургаан оролт хийж, хүрэл медаль хүртсэн. Дараа нь над руу хараад инээгээд гараа даллаж билээ.

    Энэ жил болсон залуучуудын Азийн АШТ-ий үеэр нөгөө тамирчин “Миний трико асуудалгүй байгаа шүү” гээд инээмсэглэж байсан. Тэр тэмцээнийг шүүсний дараа шүүгч нарын хурлаар өнөөх асуудлыг авч хэлэлцсэн.

    Эрэгтэй тамирчдын тэмцээний үеэр эмэгтэй хүнийг дэвжээний голын шүүгчээр ажиллуулах нь зөв үү, өөрчлөх үү гэсэн санал гаргасан юм. Гэхдээ “Бид олон улсын хэмжээний шүүгч. Сэтгэлийн тэнцвэрийг хадгалснаар шилдгээ харуулах ёстой. Үүнд жендерийн ялгаа гаргаж болохгүй” гэж үзээд хэвээр үлдээсэн.

    -Бокс бол шүүгчээс шууд хамааралтай спорт. Харин хүндийг өргөлтөд шүүгчийн нөлөө хэр байдаг вэ?

    -Шүүлтийн хувьд харьцангуй цэвэр, ил тод, шударга спорт. Өөрийн талын шүүгч ажиллахаар тамирчин нь сайн байна гэж ярих өрөөсгөл.

    Дэлхийн хамгийн шилдэг генүүд өрсөлддөг. Нүдэн дээр туйвангаа алдчихсан хүнийг тооцсон гэж үзэж болохгүй шүү дээ.

    -Шилдгүүдийн өрсөлдөөний арга техникийг хараад шавь нартаа заагаад өгчих юм сан гэж бодно биз?

    -Тэгэлгүй яах вэ. Гадаадын тэмцээн уралдааныг шүүж байж тамирчдын сэтгэл зүй болон өөрсдийгөө дэлхийн хаана явааг тунгаан бодож, туршлагаждаг учраас ирээд тамирчдадаа зааж өгдөг.

    -Таны гэр бүлийнхэн бүгд спорттой холбогдсон юм билээ. Тэднийгээ танилцуулахгүй юу?

    -Миний аав Г.Лхагвасүрэн шагайн харваагаар хичээллэдэг, Монгол Улсын харьшгүй мэргэн цолтой. Аав, ээж минь хоёулаа волейбол тоглодог байсан нь бид спортод татагдахад нөлөөлсөн.

    Ээж минь одоо хүртэл волейбол тоглоод явж байна. Ах минь аймгийн начин Ганбаатар гэж сайхан хүн бий. Хоёр дүү минь Сүхбаатар аймгийнхаа сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Эмэгтэй дүү Одсайхан үндэсний сур харваагаар хичээллэдэг, аймгийн мэргэн, спортын мастер цолтой.

    Отгон дүү Ганхуяг минь сагсан бөмбөгөөр хичээллэдэг. Нөхөр минь бас спортын хүн. Олон улсын таэквондогийн хар бүстэй, тавдугаар дантай.

    -Ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ ар гэртээ сайн ээж, эхнэр байна гэдэг амаргүй. Та гэр бүлдээ хэр цаг гаргадаг вэ?

    -Ирэх сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 5-нд АНУ-ын Анахейм хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д шүүгчээр ажиллахаар болоод байна. Энэ мэт тэмцээнтэй үед ар талыг миний аав, ээж, нөхөр, ханийн минь ээж бүрэн хариуцдаг.

    Олон улсын тэмцээнд явахдаа долоо хоногийн хоол хүнсээ бэлтгэн, махаа хэрчиж үлдээгээд явдаг юм. Миний ажлыг гэр бүлийнхэн минь ойлгож, дэмждэг учраас ар гэртээ санаа зовдоггүй.

    12 настай охин минь ээжийгээ байхгүйд ажлын ихэнхийг нугална шүү дээ. Монгол дахь тэмцээн амралтын өдөр болдог учраас ихэнхдээ гэртээ байж чаддаггүй. Гэхдээ гэр бүлээрээ салхинд гарч, үзвэр үзэхийг хойш тавихгүй шүү.

    Эх сурвалж: Өнөөдөр

  • Т.БАТТУЛГА- Арьсан авдар урлал

    Арьсан урлал бол Монголчуудын уламжлалт урлагийн нэг төрөл юм. Ингээд арьсан урлалын талаар Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан Т.Баттулгатай ярилцлаа.

    -Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

    -1967 онд Налайх дүүрэгт төрсөн. Налайхын ерөнхий боловсролын нэгдүгээр арван жилийн сургууль төгсч Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орсон. Ингээд Доржсүрэн багшийн удирдлага дор Арьсан урлагийн чимэглэгч, зураач мэргэжлээр төгссөн. 20 гаруй жил арьсан урлалаар уран бүтээлээ туурвиж явна даа.

    -Арьсан урлалын гол түүхий эд нь мальн арьс, шир. Арьсаа өөрсдөө бэлддэг үү эсвэл боловсруулсан бэлэн арьс хэрэглэдэг үү?

    -Манай улс мал аж ахуйн орон учраас арьсан урлал хөгжих бүрэн боломжтой. Арьс, ширний маш өргөн сонголттой. Хуучин нийгмийн үед Арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж байсан. Тухайн үед боловсруулсан арьс худалдан авах боломж хомс. 1990 оноос чөлөөт зах зээлд шилжсэнээр Арьс ширний үйлдвэр хувьчлагдан хувийн жижиг үйлдвэрүүд бий болсон. Одоогийн байдлаар 20 гаруй арьс ширний хувийн үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрт захиалга өгч боловсруулсан арьс худалдан авдаг.

    -Манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулалтын чанарыг гадаад улсынхтай харьцуулбал хэр байдаг вэ?

    -Боловсруулалтын хувьд муу биш, болхи түвшинд байгаа. Болхи тусмаа л чанартай байдаг. Гадаадад арьсыг сайн боловсруулснаар нимгэрч чанар мууддаг. Арьсыг зүйж залган томоохон бүтээл хийхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай. Ер нь, арьсан урлагт том хэмжээтэй бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Манай холбооны уран бүтээлчид цэвэр Монгол малын арьсыг уран бүтээлдээ ашигладаг. БНСУ, Хятадад боловсруулсан арьс хэчнээн гоё байсан ч Монгол арьсны чанарыг гүйцэхгүй. Хамгийн гол нь уран бүтээлийг боловсруулсан арьсаар хийх нь чухал. Түүхий арьсаар уран бүтээл хийж, чийглэг оронд үзэсгэлэнгээ гаргахад үнэр танар ороод юун хүн үзэх манатай болдог юм. Сүүлийн үед түүхий арьсаар хүүхэлдэй хийж байна. Түүхий арьсаар хийсэн эд дурсгалын зүйлс чийглэг оронд очвол үнэр ордог учраас уран бүтээл хийх нь сайн зүйл биш.
    Би 2007 онд БНСУ-ын Чэжү аралд зургаан сарын турш уран бүтээлийн үзэсгэлэнгээ далайн эрэг дээр гаргасан. Боловсруулсан арьсаар хийсэн учраас ямар нэгэн асуудал гараагүй.

    -Та уран бүтээлдээ голдуу ямар малын арьс, шир ашигладаг вэ. Харж байхад ихэвчлэн үхрийн зооны арьсан дээр Чингис хаан болон хөлөг баатруудыг дүрсэлсэн байх нь элбэг тааралддаг?

    -Таван хошуу мал болон зээрийн арьсыг ч ашиглаж болно. Ямар нэгэн бүтээл хийхийн тулд эхлээд зохиомж буюу санаагаа буулган зургаа зурдаг. Зургийн дагуу хонь болон ямааны арьс хэрэглэх үү, эсвэл үхрийн ширэн дээр зурах уу гэдэг сонголтоо хийнэ. Тухайн бүтээлийн онцлогоос шалтгаалж, нимгэн болон зузаан арьс үйлдвэрээс захиалан авдаг. Үхрийн ширэн дээр Чингис хааны хөрөг болон баатрууд зурдаг. Миний хувьд энэ чиг хандлагаас татгалздаг. Арьсыг өөрөөр нь л урлаг болгох ёстой байхгүй юу. Тэгж гэмээнэ л жинхэнэ арьсан урлаг болно.
    Би “Та нар чулуун дээр зураг зурчихаад чулуун урлаг гэвэл хүн хүлээж авах уу” гэж хүмүүсээс асуудаг юм. Миний хувьд олон жилийн турш хөдөлмөрлөж байж арьсан урлагийн шинэ төрлийг бий болгосон.

    -Тодруулбал?

    -Манай судаачид судлаад яг ямар төрөл болох талаар нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Зарим нь арьсан баримлын арга гэхэд нөгөө хэсэг нь ямар арга гэдгээ чи өөрөө л тодорхойл гэдэг. Би арьсыг өөрөөр нь нугалж 3D шиг харагддаг аргыг санаачилсан юм. Энэ шинэ бүтээлийн аргаа Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулсан.

    -Хэдэн төрлийн аргаар арьсан дээр бүтээл урладаг юм бэ?

    -Хөөмлийн болон релефийн арга гэж бий. Релефийн арга гэдэг нь арьсан дээр дүрс гарган зураад хурц багажаар ухаж сийлэхийг хэлнэ. Арьсыг релефдээд дараа нь хөмийлдөж нааш нь төвийлгөдөг.

    -Манай уран бүтээлчид арьсан урлалаар бэлэг дурсгалын болон гоёл чимэглэлийн зүйлс хийхдээ хуучны монгол технологоор хийдэг үү. Эсвэл шинэ техник технологи нэвтрүүлж байна уу?

    -Ер нь арьсан урлаг бол бүх урлагийн анхдагч гэж би хувьдаа боддог юм. Хүй нэгдлийн үеийн хүмүүс ан амьтан агнаж арьс ширээр хувцас хийж өмссөн үеэс л арьсан урлаг хөгжсөн. Өвгөд дээдсээс уламжлан ирсэн ардын технологи гэж бий. Арьсаа яаж хатаах, сураа хэрхэн элдэх гээд л. Манай урлан уламжлалаа хадгалсан технологи дээр суурилж орчин үеийн бүтээлээ туурвидаг. Чөлөөт уран бүтээлчийн хувьд сюрреализм (бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй хийсвэр дүрслэлийн арга) чиглэлээр арьсан бүтээл урладаг. Нөгөөтэйгүүр, өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн авдарыг уламжлалт технологийн дагуу хээ хуар гаргасан малын арьсаар бүрдэг юм. Жишээлбэл, Монгол гутал оёдог аргыг малын арьсаар авдар бүрэхэд хэрэглэж байна. Мөн арьсан хөөмлийн аргыг ч давхар ашигладаг.

    -Та бас арьсан авдар хийдэг. Захиалагчид ямар хээ угалзыг голлож байна вэ. Хуучин цагт авдар бүрийн нүүрэнд арслан зурсан байдаг. Арслантай авдар гэдэг дуу ч бий?

    -Захиалсан хүний захиалгын дагуу авдарыг арьсаар бүрж өгдөг. Тогтсон хэв маягаар заавал арслан зурна гэхгүй. Арьс бол их гоё материал юм. Арьсаар авдрыг бүрж хээ хаур гаргахаар маш өвөрмөц, чамин эд болдог. Би нийтдээ 1000 гаруй авдар захиалгаар хийсэн. Захиалагч нар өөрсдийнхөө төрсөн жилийг авдартаа зуруулахыг хүсдэг. Хос авдар бүрүүлэхэд нэгэнд нь өөрийнхөө төрсөн жилийг, нөгөөд нь гэр бүлийн хүнийхээ төрсөн жилийг зуруулах жишээтэй. Зарим хүн хүүхдүүдийнхээ жилийг захиалж байхад нөгөө хэсэг нь үндэсний хээгээр зуруулъя гэдэг. Мөн эртний Хүннүгийн үеийн дүрсээр хийлгэе ч гэдэг. Захиалагчийн сонголт маш өргөн болсон. Говийн догшин хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг тахилч Түдэв гуай 1930-аад онд модон авдарт хийж гадна талыг арьсаар ширлэж газарт нууж булсан байдаг. Үүнээс үүдээд авдарыг арьсаар бүрж ширлэх санааг олсон юм. Олон жилийн дараа авдарыг гаргаж ирэхэд дотор нь байсан эд зүйлс огтхон ч муудаагүй байсан. Учир нь, арьс чийг авангуутаа модонд дамжуулдаг. Хуурай үед мод чийгээ гадагшлуулахад арьс чийгийг нь өөртөө шингээдэг байна. Ингэж мод, арьс хоёр харилцан “Амьсгалдаг” юм. Тийм учраас дотор нь байсан зүйлс мууддаггүй. Авдар гэдэг нь “Аваад дар” гэсэн утгатай. Дээдсийн маань хойморт заларч байсан орчин үеийнхээр бол сейф гэсэн үг. Айлд авдар хосоороо байх учиртай гэж найстайчуул хэлдэг байсан.

    -Та Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн хүн. Ер нь ямар зорилгоор холбоо байгуулах болсон болон ирээдүйд холбооны зүгээс юу хийх гэж буй талаар ярьж өгөхгүй юү?

    -Арьсан урлагийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс нийлж 2007 онд Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбоог байгуулсан юм. Манай холбоо эгнээндээ 20 гаруй гишүүнтэй. Бүгд мэргэжлийн хүмүүс, сонирхогч байхгүй. Манай холбооны гишүүдийн нэг онцлог нь үйлдвэрлэлийн аргыг чухалчилдаггүй. Нэг цүнх хийсэн ч урлагийн бүтээл талаас нь ханддаг. Мөн ганц хувь л хийнэ. Хэзээ ч нэг загвараар олон цүнх хийхгүй. Ийм л зорилготойгоор манай холбооны гишүүд ажилладаг. Холбооны дэргэд “Уламжлал” нэртэй арьсан урлагийн сургалтын төв хичээллэдэг байсан. Багш нарын хоорондын үл ойлголцлоос болж жил хэртэй ажиллаад хаалгаа барьсан. Арьсан урлагт суралцахад хүний нас хамаагүй. Ялангуяа сурах гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүнд. Багш нар маань сургалтын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Арьсан урлалыг хүмүүс маш их сонирхдог болсон учраас сургалтын төвөө удахгүй нээнэ. Байгууллага, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд үнэхээр авьяас чадвартай хүүхдийг үнэ төлбөргүй сургах бодолтой байна.

    -Арьсан урлалаар хийсэн бэлэг дурсгалын зүйлсийн гол худалдан авагч гадаадын жуулчид гэсэн ойлголт бий. Та түрүүн хэлсэн. Дотоодын иргэд маань арьсан урлалыг сонирхдог болсон гэж. Ер нь манай иргэд арьсан урлагийн бүтээл хэр зэрэг сонирхож байна вэ?

    -Нэг үеэ бодвол, Монголчууд маань урлагийн үнэ цэнийг ойлгож мэдэрдэг болсон байна. Арьсан урлалаар хийсэн бүтээлийн 70 гаруй хувийг Монголчууд худалдан авч байна.

    -АСЕМ-ын уулзалтын үеэр олон жуулчин ирнэ. Тэд голдуу л арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдан авах байх. Жуулчдын сонирхлыг татах ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

    -АСЕМ-ын жуулчдад зориулан худалдах эд зүйлсийн шалгаруулалт болно гэсэн. Хамтран ажиллагч маань жуулчдад бэлгэнд өгөх зорилгоор ногоолин гэдэг чулуугаар “Гэрэгэ” хийсэн юм. Энэ гэрэгний ширэн гэрийг биднээр хийлгэсэн. Шалгаруулалтад тэнцвэл олноор хийнэ.

    -Танай холбоо гадаад харилцаандаа хэр анхаарал хандуулж ажилладаг вэ. Жишээлбэл, гадаадын жуулчдын компанийн сайтад хаягаа байршуулсан уу?

    -Миний хийсэн бүтээлийн танилцуулга Азийн Арьсан урлагийн холбоо, Европын Арьсан урлагийн холбооны сайтад бий. Удахгүй Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоог Азийн арьсан урлагийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлнэ. Манай уран бүтээлчдийн ур чадвар бол Ази, Европын уран бүтээлчдээс огтхон ч дутахгүй. АНУ-ын арьсан урлагийн хоёр мастер хүнтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тэднийг Монголд хамтарсан үзэсгэлэн гаргахаар урьсан, удахгүй ирнэ.

    -Ер нь, арьсан урлаг бусад оронд хэр хөгжсөн байдаг юм бол. Азийн, Европын гээд хийц дизайн нь өөр байх уу. Энэ талаар хэлбэл уншигчдад сонин байх?

    -Юугаар баян, түүгээр дайлна гэдэг үг байдаг. Монголчууд малын арьс, ширээр “Тоглодог” улс. Гадаадын уран бүтээлчид бүс, цагны оосор хийсэн ч “Art” буюу урлаг гэж үздэг. Монголчууд бол бүс, цагны оосорт хэрэглээ талаас ханддаг. Болгар улс нэг хэсэг арьсан урлалаар Европт тэргүүлж явсан үе бий. Болгарын уран бүтээлчид бол арьсыг чимэглэх талаас урладаг. Жишээ нь, түрийвчин дээрх дүрсийг релефийн аргаар хийдэгээрээ онцлог. Европ болон Азийн улс орнуудад гар аргаар хийсэн гэдгээрээ арьсан эдлэлийн үнэ өндөр. Голдуу үхрийн ширэн дээр релефийн аргаар хийдэг юм байна лээ. Намайг оюутан байхад энэ аргыг ханын чимэглэл хийхэд ашигладаг байсан юм. Гадаадын уран бүтээлчдийн дийлэнх нь байгаль, ан амьтны зургийг уран бүтээлдээ ашигладаг.
    Австралийн арьсан урлагийн уран бүтээлч эмэгтэйтэй интернэтээр харилцаж ганц нэг бүтээлээ солилцдог байсан. Тэр уран бүтээлч урт нь нэг метр 50 см, өргөн нь нэг метртэй үхрийн ширэн дээр бугын зураг зурсан бүтээлээ 30 мянган еврогоор үнэлсэн байсан. Миний хийсэн урт нь хоёр метр, өргөн нь нэг метр 50 см үхрийн ширэн бүтээл 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Ам.доллараар бол 5-6 мянга болно. Ийм үнээр гадаадын ганц нэг иргэн худалдан авчихдаг юм. Мөн манайхан ч гэсэн худалдан авдаг. Миний хийсэн арьсан динозавр Байгалийн түүхийн музейд бий. Энэ динозавр 2007 оны Азийн арьсан урлагийн хамгийн том бүтээлээр шалгарсан. 20 гаруй хонь, ямааны арьс болон есөн адууны шир орсон юм. Уг арьсан динозавр өндрөөрөө хоёр метр, уртаашаа гурван метр гаруй хэмжээтэй.

    -Сүүлийн үед маш олон сургууль арьсан урлалын чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна. Шинэ үеийн төгсөгчдийн ур чадвар хэр байна вэ?

    -Монголд арьсан урлал хөгжихөд шаардлагатай бүх зүйл бий. Гагцхүү хийх л хэрэгтэй . Миний үед цөөхөн хүн арьсан урлалын чиглэлээр төгсдөг байсан. Шинэ залуу уран бүтээлчдийг ажиглахад шинэ санаа олчихоод уран бүтээл болгож чаддаггүй. Учир нь “Зарагдахгүй бол яана” гэж эмээдэг. Уран бүтээл хийх гэж авсан арьсаараа түлхүүрийн оосор хийвэл хурдан зарагдана гэсэн зах зээлийн сэтгэхүйтэй байна. Би шавь нартаа “Толгойд буусан санаагаа цаасан дээр хуулж, чөлөөтэй хий” гэж захидаг. Бусад улсаас Монголын маань нэг ялгарах онцлог нь арьсан урлаг байгаасай гэж би боддог юм. Энэ чиглэлд хувь нэмрээ оруулж явна.

  • Энэбишийн БАЯРМАА: Сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулах боломж олгосон нь бараг бурхны бэлэг гэлтэй

    Энэбишийн Баярмаа уран зохиолын чиглэлээр “Хэрсүү хайрын цэцэг”, “Чамдаан би хайртай” зэрэг номуудыг туурвиж, хувь хүний хөгжил, сэтгэл судлалаар “Анзаарч чадвал амьдрал сайхан”, “Амжилтын төлөвлөгөө”, “Ухаалаг сонголт” номуудыг Англи, Солонгос хэлнээс орчуулжээ. 25 насандаа 7 номыг өлгийдөн авч, уншигчдын танил болоод байсан тэрээр сүүлийн 5 жилд хэлж ирдэггүй өвчин, сэтгэлзүйн хүнд үеүүдтэйгээ тэмцэлдэж, өөрийгөө ялан дийлсэн юм. “Одоо цагт амьдрах урлаг”, “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” хэмээх хос бүтээлээр уран бүтээлийн замдаа эргэн ороод байгаа зохиолч, сэтгэл судлаач Э.Баярмаатай цөөн хором ярилцлаа.

    Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Ямар мэргэжилтэй вэ? Ямар чиглэлээр уран бүтээл туурвиж байна?

    -Миний анхлан  сонгож эзэмшсэн мэргэжил бол сэтгүүлч. Дараа нь Англи, Солонгос хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. Боловсрол судлалын магистр зэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь би өөрийнхөө жинхэнэ хүсэл мөрөөдлийг хамгийн сүүлд нь олсон. Сэтгэл судлалын салбар миний зүрх сэтгэлийг бүрэн татдаг. Энэ салбарт би дурласан гэж хэлж болно. Сэтгэл судлалын чиглэлээр суралцаад 7 жилийн нүүр үзжээ. Уран бүтээлийн хувьд хүний хөгжил, сэтгэл зүйн чиглэлээр Англи, Солонгос хэлнээс ном орчуулдаг. Саяхан найм болон ес дэх хос номоо өлгийдөн авлаа.

    Олон өөр мэргэжил эзэмшсэн мөртлөө яагаад сэтгэл судлалд тэгтлээ татагдах болов? Энэ салбарт хөл тавихад юу нөлөөлсөн бэ?

    -Хувь хүний хөгжлийн чиглэлээр ном орчуулж эхэлснээс хойш сэтгэл судлалын салбарт бага багаар татагдах болсон. Энэ чиглэлээр бичсэн дэлхийн том зохиолчдын номуудыг уншиж, орчуулах үедээ тэндээс сэтгэлийн дэм, урам зориг авч, амьдрал, үзэл бодлоо өөрчлөн шинэчилдэг байсан. Хэн нэгний хэлсэн үг, бүтээсэн ном миний амьдралд өөрчлөлтийг бий болгож чадаж байгаа шиг би ч бас бусдын сэтгэлд гэрэл гэгээ авчирч чадах хүн болохсон гэх хүсэл төрсөн л дөө. Сэтгэлийн энэ дуудлага маань намайг сэтгэл судлалын салбар луу хөтөлсөн байх.

    Та сэтгэл судлалын чиглэлээр суралцаад 7 жил болжээ. Таныг мэргэжлийн сэтгэл судлаач болсон гэж ойлгож байна.

    -Уг нь баклаврын зэргээс эхэлж суралцаад эцэст нь докторын зэрэг хамгаалдаг байтал би эсэргээр нь замнаж байна. Солонгос улсад сэтгэл судлалын доктортант байсан. Гэвч суралцаж байх хугацаандаа шууд докторт суралцах нь буруу гэдгийг мэдэрч Солонгостоо магистрын зэрэг рүү улиран суралцсан. Магистраар улиран  суралцах шаардлагагүй, шууд доктороо хамгаалж болно гэж сургууль маань зөвлөж байсан ч надад мэдлэггүй, хоосон диплом биш, амьдрал дээр бусдын сэтгэлийг анагааж чадах мэдлэг чадвар хэрэгтэй байсан учраас Солонгос улсад магистраар эхнээс нь суралцсан. Тэр үед ах маань нас барж, миний биеийн байдал ч таагүй байсан тул сургуулиа төгсөхөөсөө өмнө эх орондоо ирсэн.

    Ирээд МУИС-д сэтгэл судлалын магистарт дахин элсэн суралцсан. Гэтэл дахиад төгсөж чадаагүй байтал “өнчин тархины хавдар” гэх өвчинтэй нүүр тулж сургуулиасаа гарсан. Хүсэл тэмүүлэл минь оргилж байхад бие минь хөдлөх ч тамиргүй байхын шаналал, олон жилийн хугацаанд өвчинд нухлагдаж нийгэмд хүний тооноос хасагдах мэт зовлонг мэдрэх надад үнэхээр хүнд байсан. Түүнээсээ шалтгаалж удаан хугацаанд сэтгэл гутралд өртөж үзсэн. Хүмүүс сэтгэл гутралд орлоо гэж тоглоом маягаар ярих нь их дуулдах юм билээ. Сэтгэл гутрал гэдэг амны зугаа биш. Одоо би сэтгэл судлалын баклаврт суралцаж, төгсөх дөхөж байна. Доктороос авахуулаад баклавр хүртэл ухран суралцаж байгаа сонирхолтой түүхтэй. /Инээв/

    Их бэрхшээлтэй тулгарч яваа юм байна даа?

    -Олон бэрхшээлийг давж, зүтгэж байж олж авсан амжилт илүү үнэ цэнэтэй байдаг. Бие, сэтгэлийн шаналалыг өөрийн биеэр давж үзнэ гэдэг сэтгэл судлаач болох гэж буй хүнд хамгийн үнэтэй туршлага шүү дээ.  Ядаж л сэтгэл гутралын үед ямар ч зөвлөгөө нэмэргүй, наад тал нь сэтгэл засал хийх шаардлагатай гэдгийг өөрийн биеэр мэдэрч үзнэ гэдэг том давуу тал. Сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулах боломж олгосон нь бараг бурхны бэлэг гэлтэй.

    Таны харж байгаагаар сэтгэл судлалын салбарын хөгжил манайд ямар түвшинд байгаа вэ?

    -Мэдээж өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах юм бол сэтгэл судлалын салбар Монголд “түүхийгээрээ” байгаа. Сэтгэл судлалын талаар олон нийтийн ойлголт ч бүрэн төлөвшөөгүй байна. Гэхдээ үе үеийн сэтгэл судлаач, эрдэмтэн багш нар минь үржил шимтэй сайхан хөрс суурийг бэлтгэж өгчээ. Энэхүү хөрсөн дээр үр тарих үүрэг өнөөгийн сэтгэл судлаач залуусд оногдож байна. Харин өнөөгийн бидний тарьсан үрийг хойч үеийн сэтгэл судлаачид минь услан ургуулах болно. Аливаа хөгжилд цаг хугацаа, хүч хөдөлмөр заавал хэрэгтэй.  

    Одоо таны шинэ уран бүтээлийн талаар ярилцъя. Хэвлүүлээд удаагүй байгаа хос номынхоо талаар танилцуулна уу? Энэ номыг хэн уншвал зохимжтой вэ?

    -“Одоо цагт амьдрах урлаг”, “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” нэртэй ихэр номоо өлгийдөн авлаа. Мэдээж хос ном учраас хоёуланг нь уншвал сэтгэл зүйд илүү өндөр үр дүн өгнө. Зүрх сэтгэлээ өнгөрснөөс чөлөөлж, ирээдүйн төлөө хий дэмий санаа зовохоос ангижирч, одоо цагтаа сэтгэл амар, үр бүтээлтэй амьдрахыг хүссэн хүн бүхэн “Одоо цагт амьдрах урлаг” номыг уншиж болно. Энэ ном бол хувь хүний хөгжлийн чиглэлд хамаарна. Харин “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” ном бол сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэстэй ойлголтыг энгийн, ойлгомжтой хэлбэрээр бичсэн, сэтгэл зүйн зөвлөгөөнөөс бүрдсэн ном гэж хэлж болно.

    Сэтгэл зүйн зарим нэг асуудлаа өөрөө шийдвэрлэж, зан харилцаагаа зохицуулж, хүссэн үедээ сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижирч сурахыг хүссэн хүмүүст “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” номыг санал болгож байна. Сэтгэл судлаач, доктор Г. Сарантуяа болон сэтгүүлч, яруу найрагч, доктор Л.Мөнхтөр багш нар маань номын редактороор ажилласан. Ном бол хэсэг хугацаанд хэрэглээд элэгдэж дуусах эд хогшил биш, хүний сэтгэлийн орон зайд үүрд үлдэх оюуны үнэт өв болохоор агуулга, орчуулга, найруулга зүйн шаардлагыг өндөр түвшинд хангаж ажиллахыг зорьдог. Тиймээс тухайн салбарын эрдэмтэн доктор болон багш нараар шүүн тунгаалгасан юм. 

    Олон төрлийн сэдэв байдаг. Тэр дундаас яагаад дээрх хоёр сэдвийг сонгох болов? Тухайлбал, номынхоо нэрийг Одоо цагт амьдрах “урлаг” гэж тодотгосоны учир?

    -Бусадтай харилцаж буй орчноосоо эхлээд нийгмээ хүртэл мэдэрч байж, хүмүүсийн сэтгэл зүйн хэрэгцээ тодорхой болдог. Хамгийн нийтлэг зүйлийг хэлэхэд, Өнгөрсөн таагүй явдлаа дурсан шаналж, эсвэл ирээдүйнхээ төлөө санаа зовдоггүй хүн гэж бараг үгүй. Бид бүгд л өнгөрсөн болон ирээдүйн төлөө сэтгэл зовж, өнөөдрөө мартсан байдаг. Одоо цагаа умартсан байдаг. Тиймээс одоо цагтаа сэтгэл тайван ажиллаж, амьдарч буй хүнийг эрж олоход ховор болж. Нийгмээрээ л хаашаа ч юм яарсан, бухимдсан, түгшсэн чиг хандлагатай болжээ.

    Энэ чиг хандлагын эсрэг тайван ажиллаж, хөдөлмөрлөж, илүү үр бүтээлтэй амьдрах боломжийг таниулах хүсэл минь “Одоо цагт амьдрах урлаг” номыг бичих гараа болсон доо. “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” ном ч бас нийгмийн амьдрал дундаас төрсөн. Сэтгэл хөдлөлөө зөв зохицуулж чадахгүй байгаагаас шалтгаалан зовж буй хүмүүс энэ нийгмээр дүүрэн байна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижирч, сэтгэл зүйн хувьд тайван, амгалан, аз жаргалтай амьдрах хэрэгцээ хүн бүрт бий шүү дээ. Энэ л эрэлт хэрэгцээн дээр  үндэслэж, бүтсэн ном юм даа.

    Номын хавтсанд “Эмхэтгэн орчуулсан Э.Баярмаа” гэж бичжээ. Угтаа та номын зохиолч нь шүү дээ?

    -Нэг зохиолчийн ном сонгож аваад бүтнээр нь орчуулахад тухайн зохиолчоос зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Энэ нь чирэгдэл ихтэйгээс гадна зарим талаар уншигчдад өгөөж муутай байх нь бий. Тиймээс ижил чиг үүрэгтэй олон номоос эмхэтгэн гол санааг нь авч орчуулах нь илүү баялаг агуулгатай ном бүтээх боломж олгодог. Өөрийн санаанаас зохиосон зүйл байхгүй, Англи, Солонгос  эрдэмтдийн номоос эш татан орчуулж байгаа учраас өөрийгөө зохиолч гэх нь зохимжгүй шиг санагдсан. Гэхдээ олон номыг эмхэтгэн найруулж, шинэ ном бүтээнэ гэдэг нэг номыг бүтнээр нь орчуулснаас илүү их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Жишээлбэл “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” номыг бичихэд Англи, Солонгос хэл дээр бичигдсэн 20 орчим номыг ашигласан. Хувь хүний хөгжил, сэтгэл судлалын номууд хэр их судалгаатай бичсэнээс хамаарч уншигчдад үр өгөөжтэй байдаг.

    Та цаашид сэтгэл судлалын салбарт ямар ажил амжуулахаар төлөвлөж байгаа вэ?

    -Одоогоор би хувь хүний хөгжил, сэтгэл зүйн www.uram.mn сайтыг эрхлэн гаргаж, хувь хүний хөгжлийн сургагч багшаар ажиллаж байна. Цаашид сэтгэл судлаачийн өдөр тутмын ажил хийнэ гэж төлөвлөөгүй. Лекц, сургалт, номоороо дамжуулан олон нийттэй харилцах бодолтой байгаа. Миний суурь мэргэжил сэтгүүлч учраас сэтгүүлч болон сэтгэл судлаач гэсэн хоёр мэргэжлийн зааг дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, олон нийт болон сэтгэл судлаачдын дунд гүүр байх болно.

    Сэтгэл судлалын ойлголт хэтэрхий мэргэжлийн нэр томъёогоор дүүрсэн байдаг учраас олон нийтэд ойлгомжгүй байх нь түгээмэл. Гэтэл тэр ойлгомжгүй нэр томъёоны цаана хүний амьдралыг цоо шинээр эхлүүлж чадах гайхамшиг нуугдаж байдаг.  Тэр ойлгомжгүй байдлыг зөөлрүүлж, сэтгэл судлалын ойлголтыг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэхэд анхаарч ажиллах болно.

    Таны цаашдын уран бүтээлд улам их амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

    Сэтгүүлч: Б.Батхолбоо


  • Сэтгэл зүйч Э.Баярмаа: Сэтгэл гутрал нь тусламж шаарддаг бодит өвчин

    СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ГЭХЭЭР ГАЛЗУУ ГЭЖ ОЙЛГОДОГ ХОЦРОГДСОН ҮЗЛЭЭС ТАТГАЛЗАХ ЦАГ БОЛСОН

    Судалгаанаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэ үзүүлэлт манайх шиг хүн ам цөөн улсад маш өндөр тоо юм. Амиа хорлолтыг сэтгэл зүйтэй холбон тайлбарладаг бөгөөд зарим судлаач нэг төрлийн “өвчин” ч гэж үздэг. Тиймээс энэ төрлийн “өвчин”- өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хангах талаар сэтгэл зүйч Э.Баярмаатай ярилцлаа. “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг”, “Одоо цагт амьдрах урлаг”, “Ухаалаг сонголт” зэрэг сэтгэл зүйн тухай олон ном бүтээл туурвисан тэрбээр сэтгэл гутралыг гүнзгийрүүлэн судалж буй юм. 

    -Монгол Улсад амиа хорлолтын түвшин өндөр байна гэж ДЭМБ-ын хийсэн судалгаагаар тогтоосон байна. Амиа хорлолтын шалтгаан нь юу вэ?
    -Манай улсад жилд дунджаар 500 орчим хүн сэтгэл гутралаас болж амиа хорлодог. Тэсвэр тэвчээргүй, сэтгэлийн хатгүйгээс амиа хорлолоо гэж олонх хүн буруутгадаг. Гэвч сэтгэл гутрал аажимдаа архагшиж хүндэрснээр ямар ч тэвчээртэй хүнийг ийм үйлдэл хийхэд хүргэдэг бөгөөд нэг төрлийн аюултай эмгэг. Тиймээс энэ эмгэгийг эрт илрүүлж эмлэх нь чухал. Ард иргэдийн дунд сэтгэл гутралын хам шинж түгээмэл ажиглагдаж байна. Манайхаас үйлчилгээ авч байгаа 10 хүн тутмын дөрөв нь сэтгэл гутралд өртсөн байдаг. Мөн сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Хувь хүнд тохиох олон саад бэрхшээл, уй гунигаас гадна нийгмийн байдал ч нөлөөлж байгаа юм. 

    Харин хүйсийн хувьд  монголд жилд дунджаар 400 гаруй эрэгтэй, 100 орчим эмэгтэй сэтгэл гутралаас болж амиа хорлож байна.

    -Прокурорын газраас хийсэн “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа”-нд  амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна гэсэн. Яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлож байна?
    -Яагаад эрчүүд илүү их амиа хорлодог болохыг судалсан судалгаа одоогоор алга байна. Гэхдээ эрчүүд сэтгэл гутралыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, гадны тусламж авахдаа тааруу, сэтгэцийн  эмчилгээнд тууштай анхааралтай хандах нь бага зэрэг шалтгаанаар сэтгэл гутрал нь хүндэрдэг гэсэн таамаглал байдаг. Амиа хорлолтоос сэргийлэхийн тулд сэтгэл гутралын талаар мэдээлэл сайн хүргэх хэрэгтэй.

    Удаан хугацаанд аз жаргалгүй байвал серотонин дутагдаж сэтгэл гутралд өртдөг

    Учир нь өөрийгөө сэтгэл гутралд орсон гэдгийг мэдэхгүй, яагаад байгаагаа ойлгохгүйгээр, энэ байдлаас гарах арга зам байгаа гэдгийг ч мэдэхгүйгээр амиа хорлох тохиолдол олон байгаа.Тиймээс  сэтгүүлчид болон сэтгэл судлаачдын хамтдаа хийж чадах зүйл бол сэтгэл гутралын шалтгаан, үр дагавар, шинж тэмдэг, эдгэрэх арга замын талаар мэдээлэл хүргэх юм.

    Маш хөнгөн зэргийн сэтгэл гутралын үед урам зориг сэргээх аргуудаар өөрөө өөртөө үйлчилж болно. Гэвч сэтгэл гутрал ихэвчлэн амархан хүндэрдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн хүний туслалцаа заавал хэрэг болдог. Сэтгэл гутрал нь гүн ангалын ёроолд унасан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гүн ангалын ёроолд унасан хүн гадны тусламжгүйгээр ангалаас гарахад хэцүү. Хэрэв ангал гүн биш бол өөрөө хичээгээд гарч болно. Сэтгэл гутрал гэдэг ангалтай л ижил.

    -Бид ханиад хүрч бие тавгүйрхэхэд эдгээхийн тулд бодитой эмчилгээ хийдэг. Харин сэтгэлээр унах, сэтгэл гутрах үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
    -Сэтгэл гутрал бол эмгэг. Тиймээс сэтгэл гутралыг жирийн нэгэн сэтгэлээр унах үйл явцтай андуурч болохгүй. Таныг сэтгэлээр унагаасан үйл явдал өнгөрөхөд уй гуниг аажимдаа мартагдаж үгүй болдог. Харин сэтгэл гутрал бол гутраасан хүчин зүйл нь өнгөрч мартагдсан ч мэдрэмж хадгалагдаж хэвээр үлддэг. Мөн сэтгэл гутралд физиологийн хүчин зүйл нөлөөлдөг ч гэж үздэг. 

    Сэтгэл гутралаас салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй боловч дан ганц сэтгэлийн тэнхээгээр ялж болдог өвчин биш.

    Серотонин буюу  аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. Удаан хугацаанд аз жаргалгүй байх нь серотонины дутагдалд ороход нөлөөлж улмаар сэтгэл гутрал болдог тохиолдол олон.

    Тиймээс сэтгэл гутралыг тархин дахь химийн бодисын өөрчлөлт гэж ойлгож болно. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралд физиологийн шалтгаан байдаг учир үүнийг эмчлэх ёстой эмгэг гэж ойлгох хэрэгтэй. Ханиад хүрсэн хүнд “Сэтгэлийн тэнхээгээрээ эдгэр” гэж зөвлөдөггүй шүү дээ.

    Сэтгэл гутрал ч үүнтэй адил. Сэтгэлийн тэнхээгүй хүн сэтгэл гутралд өртдөг гэсэн буруу ойлголт нийгэмд их байна. Сэтгэл гутрал нь ханиадтай адил гадны тусламж шаарддаг бие махбодын бодитой өвчин юм. Сэтгэл гутралаас салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй боловч дан ганц сэтгэлийн тэнхээгээр ялж болдог өвчин биш.

    -Сэтгэлд гутралд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
    -Сэтгэл гутраад байна уу, сэтгэлээр унаад байна уу гэдгээ ялгахгүй олон хүн байдаг. Тиймээс сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг товч дурдъя. Сэтгэл гутралын үед сэтгэл санаа, бие махбод, үйл хөдлөл гэсэн гурван түвшинд өөрчлөлт гардаг. Нэн түрүүнд сэтгэл санааны хувьд юунд ч идэвх сонирхолгүй болдог. Бүх зүйлийг сөрөг талаас нь харах хандлага ажиглагдана. Итгэл найдваргүй болно. Сэтгэл түгшиж санаа зовно. Аливаад өөрийгөө буруутгана, гэмшинэ. Сэтгэл хоосорч, утгагүй санагдана. Дараа нь бид махбод эрч хүчгүй, энергигүй болно.

    Серотонин буюу  аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. 

    Анхаарал төвлөрөх чадвар суларч ой тогтоолт муудаж мартамхай болно. Нойрны хэмнэл алдагдаж их юм уу бага унтана. Хоолны дуршил нэг бол ихсэж нэг бол багасна. Хэвийн хэмжээнээс илүү ядрана. Гэтэл ийм нөхцөлд хүмүүс сэтгэл гутрал гэдгийг мэдэлгүй ходоодны эмч, дотрын эмч, мэдрэлийн эмчид хандаж шинжилгээ өгдөг. Ингээд сэтгэл гутралаа оношилж чадалгүй улам хүндрүүлж сүүлийн шатанд хүрдэг.

    Энэ шатанд хувь хүний үйл хөдлөлд дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд, Нийгмийн харилцаанаас хөндийрч цагийг ганцаараа өнгөрөөх нь ихсэнэ. Орондоо удаан хэвтдэг болно. Амархан уйлдаг болно. Зарим тохиолдолд амиа хорлох бодол төрнө. Эдгээр гурван бүлэг шинж тэмдгийн дийлэнх нь танд илэрч байгаа бол та цусны шинжилгээ өгөх биш сэтгэцийн эмчид хандах ёстой.

    -Хүн биеэ гэмтээсэн бол ичилгүй эмнэлэгт очдог. Харин сэтгэцийн эмчид очно гэхээр олонх хүнд галзуугийн эмнэлэг санаанд нь буудаг байх…?
    -Сэтгэцийн эмгэг гэхээр л галзуу хүн гэж ойлгодог хоцрогдсон үзлээс бид татгалзах цаг нэгэнт болсон. Та шалтгаангүйгээр байнга ямар нэгэн юманд санаа зовоод байвал энэ бол сэтгэцийн эмгэг. Ямар сайхан амьдралтай, ямар өндөр боловсролтой байхаас үл хамааран аливаад идэвхгүй, сонирхолгүй болсон бол энэ ч бас сэтгэцийн эмгэг. Бидний хэвийн гэж ойлгодог зарим сэтгэл зүйн сөрөг үзэгдлүүд сэтгэцийн эмгэг байдаг. Сэтгэцийн эмгэгтэй гэхээр л хүндрүүлж ойлгож болохгүй. Сэтгэцийн асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь илрүүлж эмчлэх хэрэгтэй. 

    -Сэтгэл гутрал яагаад үүсдэг вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
    -Сэтгэл гутрал хоёр шалтгааны улмаас үүсдэг. Нэгт, Сэтгэл зүйн шалтгаан. Энэ нь гэнэтийн цочрол юм уу удаан хугацааны шаналалаас болдог. Дотны хүнээ алдах, гэмт хэргийн золиос болох, салж сарних гэх мэт янз бүрийн цочролын дараа сэтгэл гутралд өртөж болдог. Эсвэл удаан хугацаанд гунигтай шаналгаатай нөхцөлд байснаар сэтгэл гутрал үүснэ. Нөгөө талаар бүх итгэл найдвар унтарч арга тасрах үед ч сэтгэл гутрал үүсдэг. Хоёрт, Биемахбодын шалтгаан. Тухайлбал янз бүрийн шалтгаанаар тархин дахь химийн урвал өөрчлөгдсөнөөс сэтгэл гутрал бий болдог.

    Сэтгэл гутралаас сэргийлэхийн тулд нэгэн хэвийн гунигтай нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй. Хүнд хэцүү асуудал тохиолдсон бол гутрахаас сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж сурах нь зүйтэй. Аль болох таатай нөхцөл байдал үүсгэж, таатай хүнтэй уулзаж байгаарай. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, уучилж мартаж, өнөөдөртөө амьдарч сурах нь чухал.

    -Та өөрөө сэтгэл гутралын бүх үе шатыг туулж, эмчилгээ хийлгэсэн гэж байсан. Эдгэрсэн түүхээсээ хуваалцаж болох уу?
    -Тийм ээ. Төрсөн ах маань нас барж, би өөрөө хүнд өвчний улмаас хоёр жил хэвтэрт байсан. Урт удаан шаналал намайг сэтгэл гутрал рүү хөтөлсөн. Удаан хугацааны серотонин дутагдал нь тархинд зуршил болж үлдсэн гэсэн үг.

    Халуурч байгаа хүнд эм уулгадаг шиг хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралтай нөхцөлд эмийн эмчилгээ хийдэг гэдгийг дахин сануулъя.

    Ахыг нас барсныг хүлээн зөвшөөрч, хүнд өвчин маань эдгэрсэн боловч сэтгэл гутрал хэвээр үлдсэн. Би бүх төрлийн бясалгалд хамрагдаж, сургалтанд сууж, сэтгэл засалчид хандаж үзсэн. Энерги засал хийлгэж, төрөл бүрийн шашны арга хэмжээ ч авч үзсэн. Гэвч сайжралыг олоогүй бөгөөд гутрал улам даамжирч байсан юм билээ. Эхэндээ сэтгэл гутралд өртсөн гэдгээ мэдээгүй. Төрөл бүрийн ядаргааны эсрэг эмчилгээ хийлгэж байсан ч үр дүн өгөөгүй.  

    Харин эмийн эмчилгээ хийлгээд нэг их удалгүй хэвийн амьдралдаа орсон. Тухайн үед сэтгэл гутралын талаар монгол хэл дээр дорвитой мэдээлэл байхгүй байсан учраас англи, солонгос хэлээр уншиж судалж учрыг нь олж байлаа. Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд дурлах болсон шалтгаан. Бие, сэтгэлийн шаналалыг өөрийн биеэр давж үзнэ гэдэг сэтгэл судлаач хүнд хамгийн үнэтэй туршлага шүү дээ.

    Ядаж л сэтгэл гутралын үед ямар ч зөвлөгөө нэмэргүй, наад тал нь сэтгэл засал хийх шаардлагатай гэдгийг өөрийн биеэр мэдэрч үзнэ гэдэг том давуу тал. Сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулах боломж олгосон нь бараг бурхны бэлэг гэж боддог.

    -Сэтгэл гутралыг хүндрүүлэлгүй эрт танин мэдсэн нөхцөлд өөрөө эмчлэх боломжтой юу?
    -Сэтгэл гутралыг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилж үзэж болно. Хөнгөн сэтгэл гутралыг хүн өөрийн сэтгэлийн тэнхээгээр ялж болох юм. Хүндэвтэр сэтгэл гутралыг сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчийн тусламжтайгаар ялан дийлж болно. Харин хүнд сэтгэл гутралыг сэтгэцийн эмчийн тусламжтайгаар эдгээнэ. Мэдээж сэтгэцийн эмч нар эмийн эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээнээс айгаад байх хэрэг үгүй. Тархинд дутаад байгаа серотонин буюу аз жаргалын гормоныг тэнцвэржүүлж л өгдөг юм. Эмийн хамааралтай болно гэж айгаад байна гэж хэлдэг хүмүүс бий. Тиймээс сэтгэл зүйн эмчилгээнд эм хэрэглэхээс айх хэрэггүй. Эмийн эмчилгээний зорилго нь тархины эсийн серотонин ялгаруулах төрөлхийн чадварыг л сэргээхэд оршдог.

    -Сэтгэцийн эмчид хандах ёстой гэж байгаа ч хүмүүс хаана хандахаа тэр бүр мэддэггүй. Ямар шат дараалалтайгаар хэнд хандаж болох вэ?
    -Хэрэв та сэтгэл гутралаа хөнгөн буюу хүндэвтэр зэрэгтэй гэж үзэж байгаа бол сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчид хандаж болно. Харин хүнд сэтгэл гутралтай бол сэтгэцийн эмчид хандана. Нэн түрүүнд дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандах ёстой. Дүүргийн сэтгэцийн эмч хаана суудгийг мэдэхгүй бол өрхийн  эмчээсээ асууж болно. Сэтгэл гутралын зэргээс хамаараад дүүргийн сэтгэцийн эмч өөрөө эмчилнэ эсвэл СЭМҮТ буюу сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлнэ.

    Халуурч байгаа хүнд эм уулгадаг шиг хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралтай нөхцөлд эмийн эмчилгээ хийдэг гэдгийг дахин сануулъя. Сэтгэл гутрал бол бодитой өвчин. Таньд сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байгаа бол харъяа дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандаарай. Хүмүүс сэтгэцийн эмчээс зугтааж явсаар цаг алддаг. Өөрсдөө стгэл гутралтай маш олон янзаар тэмцдэг. Бясалгал хийж,  сургалтанд явж, сэтгэл зүйчтэй уулзаж байгаа харагддаг. Та аль болох эмийн бус аргаар тэмцээд үр дүнд хүрээгүй бол сэтгэцийн эмчид хандах цаг болжээ гэсэн үг.

    -Ярилцсанд баярлалаа. 

    Сэтгүүлч Б.Бадамцэцэг

    Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

  • Чинбатын ЭНХТҮВШИН- Арьсан хүүхэлдэй урлалын мастер, Монгол баатрын дүр хөгжүүлэгч

    Харахад амьд мэт, барихад аргал үнэртсэн өвөрмөц дүр төрхтэй, монгол ахуй соёлыг агуулсан “N’COOSH” брэндийг “Өөр мэдээ” онцлон танилцуулж байна. Оюуны өмчийн хуулиар баталгаажуулсан зохиогчийн эрхийн гэрчилгээтэй анхны монгол хүүхэлдэйнүүд гадаад улс орнуудын үзэсгэлэнг чимэх болжээ. Өвөг дээдсийн өв их уламжлалыг ахуйн соёлоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдээх,дэлхийд монгол хүүхэлдэйн брэндийг тамгалж үлдээх хүсэл өвөрлөж яваа хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшинтэй ярилцлаа.

    -Таны тухай анх сонсоод эмэгтэй хүн гэж бодсон. Яагаад хүүхэлдэй урлах болов?

    -Би СУИС-ийн ДУС-ийг чимэглэх урлагийн ангийг Я.Эрдэнэчимэг багшийн удирдлагад сурч төгссөн. Бидэнд монгол гар урлал, эсгий урлал, нэхмэл, хатгамал, арьсан урлал гээд бүгдийг заасан. Уран бүтээлч хүний хувьд Монголын нүүдэлчин иргэншлийн ахуй, өв соёл устаж байгаад эмзэглэдэг. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг яаж авч үлдэх вэ, хойч ирээдүйдээ ямар байдлаар дамжуулах вэ гэж боддог байлаа. Тэгээд хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болох юм гэж зориглон 2005 оноос хийж эхэлсэн.

    Одоо дэлхий дээр гар урлал хамгийн үнэ цэнэтэй урлаг болсон. Манайхаас бусад оронд маш өндөр үнэлэгддэг юм билээ. Монголчууд бусдын хийсэн брэнд гэх зүйлсэд хошуурч байдгаас өөрсдийн үнэ цэнэтэй зүйлсийг мэддэггүй.

    -Та гадаадад хэдэн хотод үзэсгэлэнгээ гаргав?

    -2006 онд National Geographic -ийн урилгаар Монголоо төлөөлж АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш Атланта, Техас, Сан Франциско, Сингапур хотуудад гаргаж байлаа. Эх орондоо 2006 онд “Монгол костьюмс” компани дээр 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэсэн. Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө Японд томоохон үзэсгэлэнд оролцоод ирлээ. Манайд хүүхэлдэйн урлагаар үзэсгэлэн гаргасан хүн байдаггүй. Миний хүүхэлдэйнүүд Монголын нүүдэлчин ахуйг харуулдаг. Энэ нь энгийн үндэсний хувцастай хүүхэлдэйнээс өөр юм.

    Өвөг дээдэс маань хүүхэлдэйн урлагаа маш баялаг уламжилж үлдээжээ. Нүүдэлчин иргэншлийн онцлог нь өв соёлоо бичиж үлдээдэггүй. Үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, оюун санаасаа оюун санаад дамжуулж ирсэн. Бидний цус генд энэ бүхэн унтаа байдалтай байна. Минийх 2005 онд сэрсэн юм байлгүй, гэнэт л хийж эхэлсэн. /инээв/

    -Нүүдэлчин ахуйг хүүхэлдэйгээр дамжуулж гаргахын тулд судалгаа их хийсэн үү?

    -Би Монгол Японы хамтарсан “Чингис хаан”, “Үхэж үл болно”, Якутын “Тайна Чингис” зэрэг түүхэн киноны хувцас хэрэглэл, гэр барааг хийсэн. “Хар хорин” захын н.Лхагвасүрэн гэдэг хүний захиалгаар 100 баатрын хувцсыг зэр зэвсэг, эмээл, морины хуяг, их хэнгэрэг зэрэг иж бүрдлээр нь хийж өгсөн. Энэ бүгдийг хийхийн тулд маш их судалсан. Археологийн олдворуудаар гарын авлага болгож XIII зуунд монголчууд юу өмсч, хэрэглэж байсан бол гэсэн бодолдоо тулгуурлаж нөгөө л эд эсэн дэх мэдээлэлдээ хөтлөгдөж, бодоод сэтгээд, нэг хэсэгтээ зүүд нойрондоо энэ зуунд амьдарч байсан.

    Нүүдэлчин ахуй, соёл иргэншил судалсан, энэ тухайярьдаг хүмүүс голдуу настай түүхч, судлаач,эрдэмтэд байдаг. Харин та залуу хүн хэр нь энэ талынмэдлэг сайтай байгаа нь сайшаалтай санагдаж байна?

    -Хэн ч байсан монгол ахуй, соёлоо мэдэх тусам бусдын соёлд автахгүй болно. Ирээдүйд зөв алхам хийж, зөв амьдарья гэвэл үүх түүх рүүгээ заавал эргэж харах ёстой. Учир нь өнгөрсөн цагт монголчууд хүчирхэг байсан. Ирээдүйд дахин хүчирхэгжих үндэс өнгөрсөн цагт байна. Одоо бол монголчууд бусдын оюун ухаанаар бүтээгдсэн технологийн хөгжлийг ашиглаж байна. Автомашин нисдэг болох нь цаг хугацааны асуудал болчихоод байхад магадгүй ирээдүйд эмч хүний оронд робот, техник хүнийг эмчилж, хагалгаа хийдэг болох биз.

    Монголын нүүдэлчин иргэншил дотор асар их баялаг бий. Гэхдээ дэлгүүрээр дүүрэн шүдэнз, асаагуур байхад галаа манаж чулуугаар асаая, зөвхөн дээлээ өмсье гээд байвал хэн ч хүлээж авахгүй, харин ч ад болно. Би бүгдийг хүлээн зөвшөөрдөг ч хэт туйлшрахгүй өнгөрснөөс юу авч ирээдүйд ашиглах боломж байгааг судлах ёстой гэж боддог. Тухайлбал, цавууг монголчууд ясаар, арьсаар, эврээр хийдэг байж. Энэ уламжилж ирсэн технологийг сэргээж орчин үеийн техникийг ашиглаад дэлхийд гайхуулах монгол брэндийн цавуу хийх боломжтой.

    -Бид өнгөрсөн үеэ хойч үетэйгээ холбох дамжуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Үүнд таны уран бүтээлямар онцлогийг шингээж байна?

    -Би хүүхэлдэйгээ арьс, үс, яс, хумс гээд малын ашиг шимээр хийдэг. Гаднаас нэг ч түүхий эд, материал авдаггүй учраас Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалт болно. Нэг ёсондоо хоосон орон зайнаас бүтээсэн баялаг юм. Нүүдэлчин өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн ахуйн соёлд тулгуурлан зөвхөн монголд байгаа бүтээгдэхүүнээ ашиглаж хүүхэлдэй хийж байна. Энд эдийн гэхээс илүү өв соёл, ёс заншил гэсэн эдийн бус ашиг сонирхол их бий.

    Улс орон болгон өөрсдийн гэсэн хүүхэлдэйн брэндтэй. Оросыг матрёшка, Японыг Шоко, АНУ-ыг барби төлөөлөх жишээтэй. Дэлхий даяар хүүхэлдэйг Барби төлөөлж байна.

    Миний хийсэн хүүхэлдэйг хүлээн зөвшөөрч чадвал Монголын брэнд болох байх. Хамгийн гол нь хэн ч хийсэн бай Монголыг төлөөлөх хүүхэлдэй өнгөн талаас илүүтэй цаад гүн ухаан утга учир өв соёл уламжлалыг харуулдаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс “N’COOSH” нэртэй хүүхэлдэйн брэндийг гаргаж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    -N’COOSH брэнд хэдэн төрөлтэй вэ?

    -Айл гэрт хэдэн гишүүн байдаг билээ тэр бүгдийг урласан. Гэхдээ бүгд өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй. Яг л хүн шиг. Би баян биш ч хүүхэлдэйгээ худалдаалах зорилгоор хийдэггүй. Хамгийн гол нь Монголыг дэлхийд төлөөлөх брэнд болж үлдээсэй гэж хүсдэг.

    Сонирхолтой нь хүүхэлдэйг бид хүн төрөлхтөний сүүлийн үеийн бүтээл гэж боддог. Гэтэл Хүннүгийн үеийн булшнаас 108 ширхэг жижигхэн хүүхэлдэй гарч ирсэн байдаг. Торгон даавуун хувцастай, нүүрийг нь цагаанаар будаж, нүд хөмсгийг нь зурчихсан, үсийг нь дээш нь овоолж хөндлөн чагт хийсэн маш нарийн хийцтэй хүүхэлдэй байсан. Модоор урласан мориных нь хөл хөдөлдөг байх жишээтэй. Энэ олдворуудыг огт дэлгэж үзүүлэхгүй байгаа юм. Гадагшаа гаргачихсан юм болов уу. Тэгэхээр хүүхэлдэй гэдэг зүйл хүн үүссэн цагаас байсан юм бишүү гэж бодож байна.

    -Өнөөдрийг хүртэл хэчнээн хүүхэлдэй урлаад байна. Таны хүүхэлдэйнүүдээс аргалын утаа үнэртэх юмбилээ?

    -Ойролцоогоор 2000 гаруй хүүхэлдэй үйлдвэрлэсэн байх. Нарийн тоо байхгүй. Брэнд болгохын тулд загвар хийц төдийгүй эд материалын хувьд хөгжиж байх ёстой. Миний хүүхэлдэйг тэврээд тоглохоос илүүтэй тавьчихаад харж харьцаж байх оюун санааны тоглоом болно. Би сая Японы үзэсгэлэнд оролцохдоо бүх хүүхэлдэйгээ аргалаар утаж авч явсан. Энэ нь нэг төрлийн нянгийн ариутгал юм. Япончууд манай аргалыг судлаад агаарт дэгдэж буй 380 төрлийн бактерийг устгадаг болохыг нь тогтоосон байна. Монголоос нэг кг аргал 35 ам.доллараар авахаар ярилцсан ч Хятадын хилээр гаргахгүй гэсэн юм билээ.

    Нөгөө талаас арьсыг амьтай гэж үздэг учраас чийгтэй газар очоод хэвээ алдах аюултай. Монголчууд дашмагаа хийхдээ шөрмөсөөр оёчихоод, элс чихэж хатаан хус модны нойтон шилмүүс болон аргалаар утдаг байж. Тэгэхээр аргал ямар хэрэгтэй, үнэ цэнэтэйг мэдээд өвөг дээдэс маань хэрэглэж иржээ. Уламжлал гэдэг ямар их зүйл хадгалж байдгийг зөвхөн энэ жишээнээс харж болно.

    -Хүүхэлдэйгээ хаагуур борлуулдаг вэ. Гадагшаа чиглэсэн менежмент хийж байна уу?

    -Би залуу хүн гэхэд орчин үеийн хэрэглээнд муу. Утас, интернэт нэг их ашиглаад байдаггүй. Хамгийн гол нь хийсэн уран бүтээлээ хүмүүст зөв хүргэх л чухал байна. Тухайлбал, хөхүүр барьсан хүүхэлдэй хийчихээд түүнийгээ тайлбарлахдаа хөхүүр яаж хийдэг, бүлүүр модны онцлог, айрагны тухай гээд бүгдийг судалж, зөв тайлбарлах ёстой.

    Шагай гэх малын энэ жижигхэн яс ямар их утга учир ёс заншил агуулдаг юм бэ гэж боддог. Монголчууд адууны хомоолоор гурван төрлийн цаас хийж, хар өнгийн будаг гарган авч сураа буддаг байсан гээд олон сайхан уламжлал байна. Би өвөө, эмээ нартай их найзална. Тэд монгол ахуй соёлыг тэр чигтээ агуулж байдаг. Тэднийг байгаа дээр уулзаж, гэр хотонд нь очиж хонох юмсан гэж боддог. Монголоо гурав бүтэн тойрчих хүсэл бий. Мэдээж мөнгө их орох байх. Би хотын хүн хэр нь яагаад ийм зүйл сонирхож хүсээд байдгаа миний өвөг дээдсээс ирсэн эд эстэй холбоотой болов уу гэж боддог юм.

    Энэ маягаар хойч үедээ монгол ахуй соёлоо үлдээж чадвал миний уран бүтээл хийж буйн хэрэг бүтнэ. Одоогоор уран бүтээлдээ анхаарч байгаагаас бизнес болгож амжихгүй явна. Уг нь бизнес болгоод олноор нь хийгээд, хайрцаг савтай болгоод, бараа тэмдэгтийн дугаарлалт авдаг болчихвол гадаад зах зээлд гаргаж болох.

    -Уран бүтээл бүр өөрийн төрөх цаг хугацаатай байдаг гэдэг байх аа?

    -Тиймээ, хүүхэлдэй бүрийг урлахад янз бүрийн хугацаа шаарддаг. Нэг хүүхэлдэйг сар хийж байхад, заримдаа гурав хоногт амьдруулах нь ч бий. Хамгийн анхны хүүхэлдэй маань бөө байсан. Би хүүхэлдэйнхээ хэвийг гаргаж бэлдчихээд “өнөөдөр хоёулаа төрхөө олноо, чи яамаар байна” гээд хүүхэлдэйтэйгээ ярьж суудаг юм. Энэ нь нэг ёсондоо сэтгэлээсээ сэтгэл тасалж өгч буй хэрэг юм. Хүүхэлдэй өөрийнхөө донжийг өөрөө л олдог.

    Уран бүтээл эхлэхдээ өөрийгөө хоосолж бэлдэж байгаад санаануудаар дүүрээд ирэхээр нь хийдэг. Нэг төрсөн санаа дахин давтагддаггүй. Сэтгэлээсээ сэтгэл тасалж хийдэг учраас хүүхэлдэйгээ зарж чаддаггүй. Нэг удаа үзэсгэлэнгээ гаргачихаад хүүхэлдэйнүүдээ заруулахаар шавь нартаа өгсөн юм. Гэтэл “Сувинер хауст” тавьчихсан байсныг хараад их хэцүү болсон. Мөнгөтэй бол буцаагаад авчих юмсан гэж бодогдсон шүү. Өөрийн бүх сэтгэлээ шингээж хийдэг учраас миний хүүхэлдэйнүүд өөр өөрийн онцлог араншинтай, амьд болдог.

    -Гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?

    -Тэдний үзээгүй юмыг үзүүлж байгаа юм чинь ангайна шүү дээ. Японд болсон үзэсгэлэнд Осом Бошо гэдэг япон брэнд хүүхэлдэй хийдэг 80 настай хөгшин бий. Би тэр хүнтэй танилцаад хүүхэлдэйгээ үзүүлсэн чинь “Хүүхэлдэй чинь амьтай юм байна” гэж намайг үнэлсэн. Би тэр хүнийг багшаа гэдэг юм. Тэгээд төлөвлөж байгаад сая хамтарч үзэсгэлэнгээ гаргалаа. Япончууд миний хүүхэлдэйг маш их сонирхсон. Японы сонинд миний тухай гарсан. /инээв.сур/

    Тэнд хүүхэлдэй маш үнэтэй. Жирийн худалдаан европ хүүхэлдэй 7-8 сая төгрөгөөр зарагдаж байна. Осом Бошо багшид хоёр тэрбум төгрөгөөр үнэлсэн хүүхэлдэй ч байна лээ. Японы гүнж нарын кимоног хийдэг гараар нэхсэн даавуугаар 30 жилийн өмнө хийсэн юм билээ. Түүнийгээ зарахгүй, хэр баргийн үзэсгэлэнд гаргадаггүй. Сая хамтарсан үзэсгэлэнд гаргасан.

    -Цаашид ямар мөрөөдөл төлөвлөгөөтэй байна.Монгол брэнд болгохын тулд юу хийх вэ?

    -108 цамын хүүхэлдэй хийх бодол байна. Хатгамал, нэхмэл, сийлбэр, баримал, шуумал, дархан гээд олон төрөл нийлж байж бүтнэ. Шарын шашин хөгжих үед 108 цамыг хийхдээ уг үндэс нь бөөгийн филисофи байсан юм билээ. Дамдиндорлигийг замбуулинд буулгахын тулд 108 цам зохиогдсон. Дамдиндорлиг бол эрлэг номун хаан. Нарны бурхан бол хатан нь гэж үздэг. Энэ талаар нэлээд судалсан. 70 см орчим өндөртэй 108 цамын хүүхэлдэй хийхэд надаас маш их ур чадвар, хөдөлмөр шаардана. Алт, мөнгө, шүр, сувд гээд хэрэгтэй бүх зүйлийг ашиглана.

    Хэрэв 108 цамаа хийж чадвал дэлхийн улс орнуудын төв талбай дээр дэг ёсных нь дагуу цамлуулах хүсэл байна. Энэ нь дэлхийн бүх хүн амьтан эрүүл энх, сайн сайхан байгаасай гэсэн зорилготой. Улс орнуудаар явж ирсэн 108 цам маань эх орныхоо төв талбайд дэлхийн сайн сайхан энерги бүгдийг авчирна. Тэгээд жижигхэн музей байгуулж үлдээе гэсэн том хүсэлтэй байна. Биелүүлэхийг хичээх болно.

    https://www.facebook.com/enkht…

    Эх сурвалж: Зууны мэдээ

    Монгол гар урлалын нэгдсэн цомог үзэх

  • Б.Баярсайхан: Орчин үеийн морин хуурын урлалыг дэлхийн нумт хөгжмийн түвшинд хүргэхээр зорьсон

    Морин хуур урлаач мастерууд Монголд тоотой хэд бий. Эдгээр эрхмүүдийн төлөөлөл болсон урлаач бол яах аргагүй Монголын Морин Хуур Урлаачдын Холбооны тэргүүн, морин хуур урлаач Б.Баярсайхан билээ.

    http://morinkhuur.mn

    Бид энэ удаа түүнийг VIP Ярилцлага булангийнхаа зочноор урьж морин хуур урлалын талаар хэсэг хөөрөлдсөн юм. Ингээд морин хуур урлаач Б.Баярсайхантай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

    -Морин хуурийг анх хэзээнээс урлаж эхэлсэн бэ? Яагаад энэ замыг сонгов?

    -1992 оноос хойш 26 дахь жилдээ хөгжим урлалын чиглэлээр ажиллаж байна. Анх 1992 онд “Авьяас цогцолбор” нэртэй Нийслэлийн 93-р сургуульд суралцаж байхдаа Монголын нэрт хөгжмийн мастер  н.Жүгдэр багшийн шавь болсон юм.

    Тухайн үед олон сайн хуурчид багшийн хийсэн хуураар тоглож, би  хуурын аялгууг ойроос сонсож эхлээд хууранд дуртай болж хуур урлалыг сонирхож эхэлсэндээ.

    Дараа жилээс нь Улсын Үндэсний Хөгжмийн үйлдвэрт Б.Энхболд мастерийн дагалдангаар орж ажилласан. Үүнээс хойш  өнөөдрийг хүртэл мэргэжлийн морин хуурыг  урлаж байна. Хуур урлаж байх хугацаандаа 2001-2004 онд Англи улсын “Дурхам” хотод хийлийн мастер Tarquin Bolton –ны удирдлаган дор хийл урлал, альто хийл урлалын чиглэлээр сертификат хамгаалсан.

      Энэ нь Орчин үеийн морин хуур хөгжмийн урлалыг Дэлхийн нумт хөгжмийн түвшинд хүргэн хөгжүүлэх зорилгод минь

    түлхэц өгсөн юм.    

    -Өөрийн урлангийнхаа талаар уншигчдад танилцуулна уу?

    -1999 онд морин хуурын мастер, ах Б.Шинэбаяр, дүү Б.Баярсүрэн нартайгаа хамтран Bayaraa & Brothers буюу “Баяраа болон түүний ахан дүүс” компаниа байгуулсан.

    Тэр үеэс өөрсдийн гэсэн морин хуурын урлантай болъё гээд хорооллын байрны подволд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.

    2008 онд урлангаа “Pegasus” буюу  “Нисдэг морь” хэмээн нэрлэсэн.  Манай урлан Морин хуураа голчилж урладгаас гадна одоогийн байдлаар товшуур, арьсан хуур экэл, их хуур гэх мэт утсан хөгжмийн зэмсгүүдийг урлаж байна..

    -Урлангийн тань нэр их сонин санагдлаа. Ямар учраас “Pegasus” гэж нэрийдэх болов? Олон нийтийн зүгээс үндэсний хөгжмийн урлан гадаад нэртэй байна гэх шүүмжлэл байсан?

    -Урлангийнхаа нэрийг Хөхөө намжилын домгоос сэдэвлэн нисдэг морь гэж өгсөн. Мэдээж Монгол нэр өгч болох байсан. Гэхдээ морин хуур дэлхийн хөгжим боллоо.  Тухайлбал хоёр жилд нэг удаа манайд дэлхийн морин хуурын фестиваль зохион байгуулагдаж байгаа. Энэ фестивальд 10-15 орны хөгжим сонирхогчид оролцож байна.

    Мөн цахим ертөнц хөгжиж байгаа учир олон улсад цахим хуудсаараа дамжуулж захиалгаар урлах ажил нэлээд хийгдэж байгаа. Тиймээс гадаад хүнд ойлгомжтой нэр байвал зүгээр юм болов уу гэж бодсон. Нэг ёсондоо Монголыг гадаадад таниулах зорилгоор энэ нэрийг өгсөн юм.

    -Гадаадаас ирж буй захиалга хэр байна?

    -Ер нь гадаадаас хийгдэж буй захиалга олон бий. Нийт захиалагчийн 20-30 хувийг нь эзэлж байна. Сард 10 хөгжмийн захиалга орж ирнэ гэвэл 2-3 нь гадаад захиалагчид байдаг. 

     

    Сайн хуур урлахад 7-10 өдөр шаардагддаг

    -Морин хуурыг хэдий хугацаанд урладаг вэ?

    -Хөгжмөөсөө шалтгаалаад янз бүр байдаг. Хөгжмийн зэрэглэл буюу сургалтын эсвэл мэргэжлийн үү гэдгээс хамаарч материал, дизайн, хийц ямар байх, хэдий хугацаанд хийх нь шалтгаалдаг. Хамгийн хямдхан буюу сургалтын хуур гэж бодоход 7-10 хоног шаардагдах жишээтэй. Нарийн мэргэжлийн хуур нь хэдэн сарын хугацаанд бэлэн болдог.

    -Мэдээж шинэ бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй даваа. Пегасус урлан өнөөдрийн энэ хэмжээнд хүрэхийн тулд ямар саад, бартааг давав?

    -Анх урлангаа эхэлж байхад дээр дурдсан шиг өөрсдийн гэсэн байргүй, подволд ажлаа явуулдаг байлаа. Подволны бохирын хоолой задрах үе ч хэд хэдэн удаа байсан. Тэр үед ах дүү гурвуулаа хонон өнжиж, урлангаа үргэлжлүүлэн ажиллуулахын тулд бүхнээ зориулдаг байлаа. Тэр үед л хамгийн хүнд, хэцүү санагдаж байсан юм.

    Хуучны подволд том цонх байгаагүй учир өдөр шөнө болохыг ч мэдэхгүй, сарын хугацаанд урландаа амьдарч байсан үе бий. Мэдээж шантрах үе байсан л байх, гэхдээ өөрсдөө хийж буй ажилдаа дуртай байсан учир хэчнээн ядарч, шантарч байсан ч ажлынхаа ард гарах гэж зүтгэсэн.

    Тухайн үетэй харьцуулахад одоо техник технологи, цахилгаан хөрөө, харуул гэх мэт багаж хэрэгслүүд сайжирч байгаа учир хуучныг бодвол арай хурдан хугацаанд хийж болохоор болсон.

    Одоо бодоход бүх зүйлийг өөрийн гараар хийдэг байсан нь хамгийн хүндрэлтэй нь байжээ.

    -Өдрийн хэдэн цагийг ажилдаа зарцуулдаг вэ?

    -Өдөрт ажилдаа 8-10 цаг зарцуулдаг. Зарим үед уран бүтээлч хүний онгод орно гэдэг шиг ажилдаа улайраад суувал шөнө болтол ажиллана. Сэтгэл санаа өөдрөг, өнөөдөр л мод сонсох/хөг тавихад тохиромжтой буюу хөг хөгөлгөөгөө сайн сонсох/ юм байна даа гэвэл шөнө болтол суудаг.

    -Таны хувьд хамгийн сайн болсон бүтээлээ нэрлээч гэвэл?

    -Уран бүтээлч хүн гаргаж байгаа бүтээл бүхнээ сэтгэлээ шингээн хийдэг. Бүтээл болгоныгоо л сайн болгоё гэж бодсон. Хөгжмийн зэмсгийг бид амьд гэж үздэг. Тухайн үеийн жижиг алдаанаас болж хүссэн дуугаралт гарахгүй тохиолдол олон байдаг. Ер нь хөгжим урлаач хүний хамгийн сайн бүтээл нь дуугаралт сайтай хөгжим гэж хэлж болно.

    Гоё дуугарч байж тайзан дээр тоглоочийнхоо ур чадварыг сонсогчдод илүү өндөр хэмжээнд хүргэж чадна. Алдартай морин хуурч, хөгжмийн зохиолч Х.Алтантуг багшийн маань хуучин Ардын Дуу Бүжгийн Чуулгын тайзан дээр тоглож байсан хуур их гоё санагддаг.

    Дэлхийн түвшинтэй харьцуулбал Монгол хөгжим урлаачдын үнэлгээ өндөр биш. Мэргэжилдээ дуртай хүн л энэ салбарт үлдэж чадна. Цэвэр мөнгө, бизнес талаас нь бодсон бол амар биш.

    АНУ-ын Феникс мужид оршдог Дэлхийн хөгжмийн зэмсгийн музей /MIM Musical Instruments musiem /-д Монголын өв соёлыг төлөөлөн, урласан  Морин хуур хөгжим маань тавигдсан байдаг. Алдартай музейд манай бүтээлээс сонгон тавьсанд нь баярлаж явдаг. Энэ нь нэг ёсондоо Монголын үндэсний хөгжмийг дэлхийд таниулах нэг хэлбэр юм.

    -Сүүлийн үед хүн бүр гэртээ морин хуур залж, үр хүүхдүүдээ үндэсний хөгжмийн дугуйланд хамруулах болж. Үүнд юу нөлөөлсөн гэж та хувьдаа бодож байна?

    -Морин хуур өөрөө тэр чигтээ гайхамшиг. Монгол хүн бүр морин хуур гэдэг үгийг сонсохоороо л омогшиж байдаг. 2002 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди албан байгууллага, хувь хүн бүхэн морин хуураа дээдлэх зарлиг гаргасан. Энэ зарлиг нь морин хуур түгэн дэлгэрэхэд нэг талаар нөлөөлсөн гэж хэлж болно.

    Нөгөөтээгүүр сүүлийн үед манайхан гэр бүл, үр хүүхэдтэйгээ гадаад уруу аялах, эсвэл амьдрахаар их явах болсон. Түүнчлэн гадаадад буй монголчууд эх орноо сурталчлах, танин мэдүүлэх хүсэлтэй учир хүүхдүүддээ үндэсний хөгжим сургах нь ихэссэн гэж боддог.

    Нийгэм өөрөө чөлөөтэй болж, хүн юу дуртайгаа сурах боломжтой учир аяндаа гарч ирж байна гэж ойлгож байгаа. 

     

    Монголоос олон улсын сайн тоглоочид гараасай гэж хүсдэг

    -Морин хуурын ая сонсохоор сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй огшоод байдаг. Энэ нь монгол хүн учир сэтгэлд ингэж их тод тусаад байна уу. Эсвэл эл хөгжим өөрөө тийм гайхамшигтай юм уу?

    -Ерөнхийдөө монгол хүн гэхээсээ илүүтэй хөгжимдөө байдаг. Манайхан “Этүгэн” гэж хамтлаг байгуулаад 2000-2010 оны хооронд дэлхийн арваад орноор тоглолт хийгээд явсан л даа. Морин хуур, Монголынхоо соёлыг сурталчлаад явж байхад хүмүүсийн хүлээж авах нь харилцан адилгүй нь ажиглагдсан. Гэхдээ ганц монгол хүн гэлтгүй хөгжмийн мэдрэмжтэй ямар ч хүн анх сонссон их өндөр түвшинд хүлээж авдаг.

    Нэг талаар монгол хүн д л байх мэдрэмж бий. Тухайлбал гадаад хүн хуурыг 10 жил хичээнгүй сураад тоглох, монгол хүн хоёр жилийн дотор сураад тоглоход монголчуудаас гарч буй аялгуу арай л өөр. Энэ нь мэдрэмж нь цаашлаад монгол хүний цусанд байдаг гэж хэлж болно.

    бүх хөгжимтэй тохирдог, язгуур, сонгодог төрлийн аяыг алийг нь ч тоглож болох

    -Ойрын хэдэн жил гадаад хүмүүс морин хуурыг сурах нь ихэссэн. Нэг талаар үндэснийхээ хөгжмийг дэлхийд таниулж байна гэдэг. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүс үүнийг эсэргүүцэж байгаа. Энэ талаарх таны бодол?

    -Монголчуудад иймэрхүү сэтгэлгээ байсан нь дээр гэж би боддог. Гэхдээ хэт юмыг өмчлөх бол тийм сайн зүйл би. Ялангуяа манай хөгжим дэлхийн түвшинд тараад, болж өгвөл дэлхийн хуурчид хоорондоо өрсөлддөг, олон улсын сайн тоглоочид бий болоосой гэж хүсдэг.

    Үндэсний хөгжмийг маань гадаадууд сонирхож байгаад нь би нэг талдаа баяртай байдаг.

    -Мөн сүүлийн үед үндэсний хөгжмийг поп урсгалтай нийлүүлж уран бүтээл туурвиж байгаа. Гэвч энэ нь хэт ихэсвэл үндэсний гэх зүйлээ алдахад хүргэх нь гэсэн айдас байна?

    -Мэдээж хүүхэд залуусын сэтгэлгээ, сонголтыг хязгаарлах аргагүй. Сонсогч, хүлээн авагчид байгаа учраас тэр бүтээл, чиглэлийг үгүйсгэх боломжгүй. Хуучны нандин зүйлсээ алдах гээд байгаа гэдэг нь үнэн. Уламжилж ирсэн маниар, техник, уртын дууны нугалаа гэх мэт эдгээрийг мэддэг чадвартай мастер хүмүүс нь цөөрөөд байна.

    Залуучууд нь тэр бүхнийг өвөлж авах хүсэлтэй юу гэхээр үгүй. Сүүлийн үед буцаад уртын дуу тоглох ур чадварыг бүрэн эзэмшсэн багш, тоглоочид багассан гэдгийг ойлгож, авч үлдэхийг хүсэх болж.

    -Ажиглаад байхад морин хуур сонгодог, язгуур гээд бүх төрлийн хөгжимтэй зохицож сонсогддог. Энэ нь хуур хөгжмийн бас нэг гайхамшиг байх?

    -Хялгасыг хялгасаар хөрөөдөж аялгуу гаргадаг цорын ганц хөгжим морин хуур юм. Харахад хоёр чавхдастай мэт харагдаж байгаа ч, нэг чавхдас нь 100 гаруй хялгас байдаг. Энэ нь нэг онцлог юм.

    Түүнчлэн тоглохдоо хялгасан дээр хуруугаараа дарж биш, хумсны толиогоороо хажуугаас нь дарж тоглодог учир гарч буй дуу, авиа нь өөр байдаг. Англид хийл урлалаар явж байхдаа энэ өнгөний ялгааг мэдэрсэн юм.

    Дэлхий дээр бүх хөгжимтэй тохирдог, язгуур, сонгодог төрлийн аяыг алийг нь ч тоглож болох хувирамтгай чанартай хөгжим ховор. Эдгээр хөгжмийн нэг нь морин хуур юм.

    -Хэрэв сайн морин хуур авахыг хүсвэл ямар хуур сонгох ёстой вэ?

    -Хуур авахыг хүсвэл урлаачтайгаа нүүр тулан уулзаад, тухайн урлаачийн өөрийн гараар хийсэн бүтээлийг сонгох хэрэгтэй.

    Хамгийн гол нь дамжлагаар биш нэг урлаач эхнээс нь дуустал нь бүх юмыг өөрийн гараар хийсэн хуурыг авахыг зөвлөж байна. Учир нь тэр хуурт тухайн урлаачийн сэтгэл зүрх гээд бүгд шингэсэн байдаг.

    Болж өгвөл захиалгаар хийлгэх хэрэгтэй. Эсвэл тухайн урлаачийн хийсэн хуурыг худалдаж авах нь зөв.

    -Танай урлангаар орж ирэхэд морин толгойтой хийлний зураг анхаарал их татсан. Энэ хийлээ хэдэн онд урласан бэ? Яагаад заавал морин толгойтой хийл гэж?

    -Энэ хийлийг 2001-2004 онд Англид суралцаж байхдаа мастерын урланд хийж байсан. Хамгийн анхны хийлээ хийгээд эхэлчихсэн байлаа. Тэгсэн надад анхны хийлээ морин толгойтой хийвэл яадаг юм гэсэн санааг удирдагч мастер маань зөвлөсөн юм.

    Хийлийн толгойг хийх гэж таван толгой сольсон. Эхлээд морин хуурынхаа л дизайнаар бодоод хийсэн толгой маань тохирохгүй байсан. Олон толгой сольсны эцэст энэ морин толгойг урласан юм.

     

    Морин хуур тоглоочийнхоо зүрх сэтгэлд орж, дөлгөөн болгодог

    -Хөгжим хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Энэ талаар?

    -Хөгжим тоглож сурахын тулд нэгдүгээрт сууж сурах шаардлага гардаг. Энэ нь нэг ёсондоо тэвчээр их шаарддаг гэсэн үг. Эхлээд сууж сурч байж гайгүй өнгө гаргана гэхээс биш хэт их хөдөлгөөнтэй хүн сурна гэдэг хэцүү. Үүнээс эхлээд л байдаг байх гэж би боддог. Морин хуур хөгжим өөрөө тоглож байгаа хүнийхээ зүрх сэтгэлд орж, тайвшруулж, дөлгөөн даруу болгодог.

    Энэ нь хүний сэтгэлийг нэг ёсондоо зөөллөж, ааш занд нь нөлөөлж байгаа хэрэг юм.

    Ярилцсан: Ж. Хулан

    Эх сурвалж: ZALUU.COM – Үндэсний тэргүүлэгч сайт

    Мод хөглөөч

    Mongolian Economy

    Хорвоо дэлхийг бүүвэйлэх морин хуурын хоёрхон чавхдаснаас уянгалах зөөлөн аялгуугаар монгол орныг төсөөлөх гаднынхан цөөнгүй. Монголчууд бид ч мөн адил морин хуураа дээдлэн, өөрийгөө болоод өвөг дээдсийн ариун түүхийг энэ хөгжимтэй салшгүй холбоотой хэмээн үзэж хоймортоо залдаг. Тиймээс манай сэтгүүл энэ удаагийн “Made in Mongolia” буландаа морин хуур урлаачтай уулзлаа.

    Хуур хийхэд хамгийн тохиромжтой мод нь хус, хуш, нарс 

    Босго давах төдийд мод, цавууны үнэр хамар цоргиж тог тог гэх чимээ сонстох аж. Хамаг оюун санаагаа хийж буй зүйлдээ төвлөрүүлсэн 30 гаруй настай энэ эр орчин тойрноос тасарчихсан гэлтэй харагдана. Хүн орж ирсэн гэдгийг ч мэдэх сөхөөгүй нимгэн хавтгай модтой “ноцолдох” түүнийг “Bayar and Brothers” ХХК-ийн захирал, урлаач Б.Баярсайхан гэдэг. Энэ сонирхолтой үйлдэл нь сайн морин хуур урлах хамгийн чухал ажиллагаа ажээ. Түүний тогших хавтгай мод нь хуурын цар буюу ишний дор байрлах дөрвөлжин хайрцаг бүхий зүйлийн нэг тал нь аж. Ийнхүү тог тог тогших нь модыг хөглөж байгаа хэрэг. Б.Баярсайханы хэлснээр Мод бүхэн өөрийн хөг “хэл”-тэй байдаг гэнэ. Морин хуур урлаж буй хүн модны юу гэж хэлэхийг сонсож чаддаг мөн өөрийгөө ойлгуулдаг байх нь хамгийн чухал ажээ. Тиймээс мод тогшиж хөгийг нь тааруулж чадаж гэмээнэ морин хуур өөрийн гэсэн хөг аяыг гаргаж чаддаг байна. Морин хуурын ишний дор байрлах дундаа нүхтэй дөрвөлжин хэсгийг цар гэдэг байна. Энэ хэсгийг бүрдүүлж байгаа модыг сайн хөглөхгүй бол хуур сайхан дуугарч чадахгүй. Б. Баярсайхан урлаачийн хэлсэнчлэн “Хүн бүрт цар хөглөх өөр өөрийн гэсэн арга бий. Зарим нь модыг хөгжмийн эгшгээр хөглөж байхад нөгөө хэсэг нь нимгэн зузааныг нь шалгадаг. Харин би бол тогшиж хөглөдөг. Мод хөглөх нь нэлээд ур дүй, дадлага туршлага шаардсан ажил. Хэрвээ царны хөг буруу байх юм бол хэчнээн сайхан чавхдас байлаа гээд хуур олигтой дуугарахгүй” гэсэн юм.

    Тухайлбал, өсгөгчгүй чанга яригч дуугардаггүй шиг царгүй морин хуур хөг ая гаргаж чадахгүй. Мод ямар хөгтэй байх нь маш олон зүйлээс шалтгаалдаг юм байна. Тиймээс морин хуур хийх модыг хэд хэдэн шалгуураар сонгоно. Чухам ямар мод сонгохоос л морин хуур урлах ажил эхэлдэг гэсэн үг. Уулын хаанаас, хэдэн настай, хэрхэн хатаагдсан мод сонгох вэ гэдгийг нарийн шийдсний дараа модыг хэмжээний дагуу авдаг байна. Хуур хийхэд хамгийн тохиромжтой модонд нь хуш, хус, нарс орно. Ингээд сонгосон модоо наранд зөв хатаах ёстой. Яаж хатаах нь тухайн урлаачийн өөрийн гэсэн нууц гэнэ билээ. Хэр удаан зөв хатаана чанарждаг байна. Б.Баярсайхан “Би 20 -иод жил хуур урлаж байна. Би анх хуур хийхийн тулд хатааж авсан модоо одоо ч гэсэн хадгалдаг. Хамгийн нандин гэсэн захиалгатаа тэр модноосоо ашигладаг” гэсэн юм. Ийнхүү хатаасан модоор хамгийн түрүүнд захиалагчийн өгсөн загварын дагуу морин хуурын толгойн хэсгийг хийнэ. Үүний дараа ишийг нь хийх бөгөөд хуур захиалсан үйлчлүүлэгчийн онцлогт тохируулан өргөн, нарийн, урт, богино хийдэг байна. Энэ хооронд, мар, чих, нум гээд бусад зүйлийг бэлэн болгоно. Хамгийн сүүлд царыг хийх бөгөөд дээр дурьдсанчлан хөглөж мөн эрхий хуруун чинээ жижиг харуул, алх, хөрөө зэрэг сонихон багаж хэрэгслээр харуулдах, зүлгэх, зүсэх гээд нэмэлт ажлыг хийж гүйцэтгэнэ. Дөрвөн хавтан бэлтгэх ба нүүрэн хэсгийн хавтанд нүх гаргана. Энэ нүх мөн дуугаралтад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг учраас их учиртай. Үүний дараа бэлэн болсон хавтангуудыг хооронд нь нааж цар өөрийн гэсэн хэлбэр дүрсээ олно.

    Хуурын чавхдасын нэг нь л гэхэд 100-120 ширхэг сүүлнээс бүрддэг

    Урлаач сайн хуур хийж чадах эсэх нь түүний багаж хэрэгслээс ихээхэн хамааралтай. Одоо хорвоо дэлхийг гайхшруулсан хоёр чавхдасыг бэлтгэх ажил хүлээж буй. Морин хуурын чавхдасыг адууны сүүлээр хийх бөгөөд хууранд бэхлэх явцад тасрахааргүй бөх батыг сонгоно. Хэдийгээр харахад хоёрхон чавхдас байгаа мэт ч үнэндээ нэг чавхдас 100-120 ширхэг адууны нарийн сүүлнээс бүрддэг ажээ. Тиймээс ширхэг бүрийг сайтар шалгах хэрэгтэй. Дараагийн шатанд ийнхүү сонгосон сүүлээ боловсруулна. Хүн бүр өөр өөрийн аргаар боловсруулах ба хамгийн анхаарах зүйл нь сүүлийг гэмтээлгүйгээр цэвэрлэх явдал юм. Б.Баярсайхан сүүлийг цэвэрлэхдээ ихэвчлэн эдийн савангаар угаадаг гэнэ. Хэрвээ өөр төрлийн бодис угаалгын нунтгаар угаавал сүүлний тослог, бөх бат чанар алдагддаг байна. Ийнхүү чавхдасыг бэлэн болгосны дараа эд ангиудыг өөр хооронд нь холбоно.

    Морин хуурын нэг онцлог нь хадаасаар тогтоосон эд анги нэг ч байхгүй бөгөөд ямар нэгэн металл, төмөрлөгийн зүйл ордоггүй цөөхөн хөгжмийн зэмсгийн нэг юм. Ийнхүү хэлбэр дүрсээ олсон бэлдэцээ будаж, янзална. Морин хуурын эх бие бэлэн болох үед өмнө нь бэлтгэсэн чавхдасыг бөхөлнө. Царны дотор талд мөн хөглөгч байрлуулах агаад энэ нь чавхдаснаас ирэх аяыг боловсруулаад гадагш гаргадаг гэнэ. Энэ бүгдийн дараа хуурын хоёр чавхдасыг тоглох ая, тоглож буй хүнээсээ шалтгаалан өөр өөрөөр хөглөдөг ажээ. Ийнхүү бэлэн болсон морин хуур “Рegasus” дэлгүүрт эзнээ хүлээн эгнэнэ. Уг дэлгүүрт морин хуур дунджаар 350 мянган төгрөгөөр худалдаалагддаг аж. Б.Баярсайханы хийсэн морин хуур өдгөө чанартай, цэвэр дуугаралттай, өнгө үзэмж сайн гэх үнэлгээг үйлчлүүлэгчдийн зүгээс авчирчээ. Түүний хэлснээр “Өнөөдөр манайд олон хүн морин хуур хийж байна. Гэхдээ гарын таван хуруунд багтах цөөн тооны урлаачид л чанарын өндөр түвшинд хийдэг. Гадуур зарагдаж байгаа хуурыг аль нь сайн, аль нь муу гэдгийг жирийн хүний нүдээр ялгах боломжгүй. Тиймээс хүн бүр л өөрийн хийсэн морин хуурыг сайн гэх байх. Ийм учраас ихэнх мэргэжлийн морин хуурчид өөрийн гэсэн хуур урлаачтай байдаг” гэсэн юм. Тэрбээр хуур урлаад зогсохгүй “Этүгэн” нэртэй морин хуурын хамтлагт хүчин зүтгэдэг.

    Мөн “Pegasus” төвд бүх л төрлийн хөгжмийн сургалт, худалдаа эрхэлдэг ажээ. Өнөөдөр түүний урласан хөгжмийн зэмсэг нь Монголын морин хуурыг төлөөлж АНУ-ын Нью -Йорк дахь “Shubert club” хөгжмийн тvvхийн музей, Аризона мужийн Феникс дахь дэлхийн хөгжмийн музей /MIM/ -д тавигдсан байна. Түүнчлэн УАДБЧ, Морин хуурын чуулга, СУИС, ХБК, Соёлын дээд сургууль зэрэг урлагийн байгууллага төдийгүй Япон, Буриад, ӨМӨЗО-ны морин хуурчид Б.Баярсайханы бүтээлээр хөгжимддөг. Тэрбээр 2009 онд “Морин хуурын стандарт хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулж, баталгаажуулсан зэрэг нь түүний 20 -иод жилийн туршид хичээнгүйлэн зүтгэсний үр дүн юм. Б.Баярсайхан морин хуурыг өр зүрхнээсээ хайрладаг нэгэн билээ. Өөрийн ур, ухаанаар хийсэн хуураар хүний сэтгэлийг хөдөлгөн хөгжимдөх нь амгалан хийгээд сэтгэл хөдөлгөм ажээ. Хуур, хүн хоёр зохицон уусахын хором энэ ажгуу.

    Эх сурвалж: mongolianeconomy.mn

  • Чүлтэмийн АМАРБААТАР- Барс групп, ХАА үйлдвэрлэл

    Барс группын ерөнхийлөгч, МҮХАҮТэнхимийн тэргүүлэгч гишүүн, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүүн.


    Ч.Амарбаатар: Монголын бизнесийн орчинд тэлэлт хэрэгтэй
    “Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Хүнсний ногооны салбарт монополь үүсгээд байна гэж “Барс” худалдааны төвийн тогтолцоог өөрчлөх шийдлийг олж, олон эх үүсвэртэй болгох үүргийг Ерөнхийлөгч Засгийн газарт өглөө. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

    -“Мах, хүнсний ногооны хангамжийн  баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч өрөөсгөл мэдэгдэл хийсэн. Асуудлыг цогцоор нь харж чадсангүй. Худалдаачдын үүрэг, түгээлтийн системийг илт үгүйсгэсэн. Хуучин социалист худалдааг санагалзсан байдалтай дутуу харсан дүгнэлт хийлээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн нэг том давуу тал нь бүх нийтэд тэгш эрхтэй бизнес хийх боломжийг олгосон. Гадаад худалдааг либералчлах асуудлыг анх 1996 онд М.Энхсайханы Засгийн газар гаргаж ирсэн. Энэ бол маш том боломж байсан. Тиймээс би энэ Засгийн газрыг хамгийн шилдэг Засгийн газар гэж нэрлэдэг.

    Энэ шийдвэрийг гаргаснаар хоосон байсан лангуу дүүрч худалдааны эргэлт сайжирсан. Өөрөөр хэлбэл, манай улс чөлөөт зах зээлд шилжиж дэлхийн чөлөөт худалдааны байгууллагад элссэн. Үүнийг ямар ч тохиолдолд үгүйсгэж болохгүй. Ерөнхийлөгчийн худалдаа түгээлтийн  тогтолцооны шийдлийг өөрчлөх  санаачилга дэвшүүлснийг үгүйсгэхгүй. Харин үүнийг төр хийх ёстой. Гэхдээ төр үйлдвэрлэгчдийг хэт анхаараад худалдааны бараа хүргэлтийн системээ анхаарахгүй орхиод байна.

    “Барс” худалдааны төв 1996 онд байгуулагдаж бүх нийтээр худалдаа хийсэн үеэс энэ платформыг бий болгосон. Уг нь “Барс импекс” худалдаа хийдэггүй компани. Харин 20-25 жилийн турш энэ худалдааны эргэлтийг тасралтгүй тогтвортой явуулж, цаг үеийн бэрхшээлийг даваад гарсан супер менежерүүдийг  бий болгосон. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хүнсний ногоо, жимс  түргэн муудах барааны ангилалд багтдаг бүтээгдэхүүн. Нарийн технологийн дагуу тээвэрлэж, хадгалж борлуулдаг горимтой. Үүнийг давж гарч хийж буй худалдаачид үнэхээр ТОП менежерүүд. Тэд мөн үйлдвэрлэгчид болсон. Ялгаагүй төмс хүнсний ногоог Монголдоо тарьж ургуулж байгаа хүмүүс. Давхар түншүүдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулдаг. Зөвхөн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортолсноор дотоодын үйлдвэрлэгчдийн ногооны үнийг унагаж байна гэвэл эндүүрэл. Харин ч хүнсний ногоо, жимс жимсгэнийн гаалийн татвар 15-20 хувь байдаг. Гэтэл бусад хүнсний барааных таван хувь байдаг. Үүнийг  төр, хүнсний ногоог үнэтэй байлгах гэсэн бодлого гэж ойлгодог. Түргэн муудах барааны ачаа эргэлтийн менежерийг хөлсний менежер хийдэггүй онцлогтой. Учир нь хугацаа алдахын аргагүй эмзэг бүтээгдэхүүн. Сэтгэл, зүтгэл, тооцоо, цаг хугацаатай өрсөх менежменттэй холбоотой ажил. Өөрөөр хэлбэл, цаг алдахгүй хийж буй бизнес. Тусгай тээврээр оруулж ирдэг. Тиймээс тогтолцоог халах тухай ярих биш энэ менежерүүдийн туршлага чадварыг Монголын төр үнэлэх ёстой. Бодит байдал ийм.

    -Хүнсний аюулгүй байдал ханган нийлүүлэлтэд төрийн тэргүүн анхаарлаа хандуулж байгаа нь манайхан урд хөршийн хүнсний бараанд сэтгэл дундуур байдагтай холбоотой байх. Та энэ тухайд юу гэж хэлэх вэ?

    -Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй бүх санааг хүлээн зөвшөөрч байна. Хүнсний аюулгүй байдлын цогц ойлголт гурван тулгуур дээр тогтоно гэж өөрөө хэллээ. Хятад, Монголын хилийн хяналтын лабораториор  дамжиж  ирсэн бүтээгдэхүүн “Барс”-ын  лабораторид давхар шинжилгээнд орж  худалдан авагчдын гар дээр очдог. “Барс” өндөр үнийг тогтоодоггүй. Харин ч “Барс” гаалийн татвар бусад дундын зуучлагч нарын зардлыг шингээсэн өндөр зардалтай бүтээгдэхүүн оруулж ирдэг ч хамгийн хямд үнийг тогтоодог. Энэ нь дотоодын зарим нэг татвар төлдөггүй үйлдвэрлэгчдийн дургүйг хүргэдэг байх. Харин энэ бүх ажлыг амжуулж буй шилдэг менежерүүдээ хавчиж боохоос илүүтэй  төр хамтарч ажиллаж орон зайг нь улам тэлж өгөх ёстой.

    -Ер нь манай тээвэр зуучлалын компаниуд гадаад худалдааны тээврийн  үнийн задаргаагаа хэр сайн мэддэг бол?

    -Тэд хаана илүү үнэ, өртөг үүсээд байгаа асуудал дээр илүү ажиллах шаардлагатай. Далайн тээвэр харьцангуй хямд, газрын тээвэр өртөг өндөр байна. Өөрөөр хэлбэл,  Тяньжин Эрээн, Эрээн Замын-Үүд, Замын-Үүд  Улаанбаатар хүртэлх тээврийн зардлыг задалж  үзэх юм бол харьцангуй өндөр байна. Үүнээс болж  монголчууд алддаг. Эрээн Замын-Үүдийн долоон км газарт маш их өндөр зардал гардаг. Учир нь татвараас илүүтэй  гаалийн бүрдүүлэлт асуудалтай.  Тухайлбал, Эрээний бүрдүүлэлтийн компаниуд манай худалдаа эрхлэгчдээс их мөнгө авдаг. Зуучлагч компаниудын энэ зардлаас шалтгаалж  тээвэр ложистикийн өртгийг  өсгөдөг. Түүнчлэн цаг хугацааны асуудлаас ч болж үнийн өртөг нэмэгдэхэд нөлөөлдөг.Энэ бүх зардал барааны өртөгт шингэдэг учраас нэгж үнэ үнэтэй тогтдог.

    -Манайхаас экспортлох барааны эргэлт муу учраас нэг талдаа тээврийн урсгалын тэнцвэр алдагдаж үүнээс үүдэлтэй  тээвэр ложистикийн үнэ тариф нэмэгддэг гэдэг? 

    -Тээвэр ложистикийг сөрөг тээвэртэй нь явуулснаар эргэлт тэнцвэртэй болж хэн хэндээ ашигтай байна. Бидэнд Хятад руу гаргах бараа хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар нүүрс, төмрийн хүдрээс өөр гаргах бараа бүтээгдэхүүн манайд алга. Манайд  Эрээнээс  Замын-Үүдээр дамжиж маш олон бараа импортоор орж ирдэг ч  харамсалтай нь манайхаас гарах бараагүй учраас зарим машин, хоосон буцдаг. Тэгэхээр энэ урсгалыг бид дотоодоос илүүтэй  Оросоос бий болгох ёстой. Ер нь тээвэр ложистикийн асуудлыг А төлөвлөгөөнд оруулдаггүй юм аа гэхэд Б төлөвлөгөөнд байх л ёстой. Үүнд л илүү түлхэц өгч холбогдох оролцогч талууд  ажлаа зохион байгуулж ажиллах шаардлага үүссэн. Одоо хөдөө орон нутаг дахь замаа эхэлж барих уу гол замаа барих уу гэдэг асуудалтай тулгарч буй. Цайны гол замаа баръя гэхээр Дархан, Улаанбаатарын зам асуудалтай. Ядаж зүүн талын гарц болох Улаанбаатараас Налайхын замаа сайжруулмаар байна. Үнэндээ Налайх хүрч чадахгүй байна шүү дээ. Том бүтээн байгуулалт ярьдаг хэр нь яг хажууд байгаа асуудлаа шийдвэрлэхгүй явсаар байгаад асуудал эцэстээ ийм л байдалд хүрчээ. Аргагүйн эрхэнд бүх зүйл сүйрдгийн даваан дээр хөдөлж байна. Гэхдээ тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл нь юу юм бэ гэдгээ зөв харж эрэмбэлэх хэрэгтэй.

    -Нэг үүсвэртэй монополь худалдааны сүлжээ үүссэн гээд байгаа шүү дээ? 

    -Монополь байдал гэдэг нь үгсэн хуйвалдаж зах зээлд хямд үнэ тогтоохыг хэлдэг. Жижигхэн зах зээлтэй манай улсад монополь байдал үүснэ гэж хэзээ ч үгүй. Нийт эргэлт хэдэн сая төгрөг билээ. Бид жуниор бизнес хийж буй улс. Жижиг бизнест багтана. Монополь бизнесийн тухай ямар ч сэдэв хөндөгдөхгүй. Тариаланчдын бизнесийг өрхийн бизнес гэнэ. Жижигдээ ч бараг орохгүй. Бид жижиг дунд бизнес гэдгийг өөрөөр ойлгодог. Монголд бизнесийн түвшинд хүрсэн “МАК”, “MCS” гэсэн хэдхэн компани бий. Ихэнх нь дундаас доош компани. Манай зах зээл дэндүү бага. Иймээс дотоодын зах зээл миний сонирхдог бизнес биш. Миний сонирхол урд, хойд хөрш рүү бизнесээ тэлэхийг зорьж байна. Монголын бизнесменүүдийн чадвар өндөр учир бидэнд харин зах зээлээ тэлэх шаардлага байна. Тиймээс ч жижиглэн худалдааны супермаркетууд өчнөөн олноороо бий болоод байна. “Номин”, “Сансар”, “Миний дэлгүүр”, “Максын сүлжээ”, “Оргил”  гээд. Эд бүгд субботник хийж байна. Тиймээс хурдхан шиг Замын-Үүдийн чөлөөт бүсээ нээгээд Хятад улс руу монголчууддаа бизнес хийх боломжийг тэлж өгөх ёстой. Хятад дайсан орон биш түнш орон. Байнгын хөрш, манай зах зээлийн тэлэлтэд чухал орон гэж харах хэрэгтэй. Хятадтай бизнес хийх асуудлыг өргөн хэмжээнд хараач. Тухайлбал, өнгөрсөн онд Шанхайд анхдугаар импортын экспо болсон. Энэ нь бусадтай адил дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн бодлого. Эцсийн бүлэгт худалдан авагч тал бодлогыг зохицуулдаг. Үйлдвэрлэгч талаас илүүтэй худалдан авагч хэрэглэгчийн гэдэг үе рүү шилжсэн байна.  Дэлхийн түвшнээс илүү орлоготой иргэдийн  тоо Европ, Америкаас илүү гарсан гэсэн үг. Эдгээр оронтой тэдний хэрэгцээн дээр нь  хамтарч ажиллах  боломжийг ашиглах хэрэгтэй.

    -Өнөөдөр Монголын бизнесийн орчин ямар байдалтай байна гэж та хардаг вэ?

    -Худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг би олон жил ярьж байна. Монголчуудын зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь Орос, Хятад хоёр хөршөө хооронд  нь холбох асуудлыг мартаж болохгүй.Тухайлбал, төмөр зам барих асуудлыг Богд хаант Засгийн газрын үед ярьж байсан гэдэг. Зайлшгүй шаардлага байсан болоод ийм эртнээс яригдаж байсан түүхтэй. Ханги Мандал, Бугат Шандаар дамжуулж Их хүрээгээр дайруулж Хиагтад очиж байсан тэр замыг Цайны зам гэдэг байсан. Торгоны замын дараагаар Манж Чин гүрний үед бий болсон зам. Хүн төрөлхтний тэр дундаа европчуудын цайны соёл  монголчуудаар дамжин оросуудад бий болсон. Учир нь тэр үед Европоос Орос руу шууд очих цай үнэтэй байсан учраас Хятадаар далайн тээврээр тээвэрлэж Монголоор дамжуулах нь хямд байсан. Тиймээс монголчуудад Цайны зам  чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор Алтанбулагийн чөлөөт бүс, Цайны замыг сэргээх асуудалд ерөнхийлөгч илүү анхаарлаа хандуулаасай. БНХАУ-ын  “Нэг бүс, нэг зам”-ын үндэсний  бодлогыг дэмжиж  Чөлөөт худалдааг хөгжүүлэхэд манайх дэмжиж оролцох ёстой. Худалдааны чөлөөт бүс гэдэг утгаар нь харж чадвал Монголын эдийн засаг, худалдаа наймааны зах зээлийн тэлэлт эндээс бий болно. Хэдийгээр Алтанбулагийн чөлөөт бүс нээгдэж хэдэн жилийн нүүрийг үзсэн ч Замын-Үүдийн чөлөөт бүс нээгдээгүй. Гэтэл Алтанбулагийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүсгүйгээр оршин тогтохгүй. Энэ хоёр гарцыг зэрэг нээснээр харилцан бизнес явагдана. Үүнийг цааш нь өргөн харах юм бол бидэнд далайн гарц хэрэгтэй. Хэйби мужийн Цэнхуандао далайн боомтоор дамжиж гуравдагч орон руу далайн гарцаа бий болгох хэрэгтэй. Далайн портын гарцаар дамжиж Шар тэнгисийн далайд гарч чадвал монголчуудад хамгийн чухал. Саяын Ерөнхийлөгчийн болон Зам тээврийн сайдын тус улсад хийсэн айлчлалаар  Далайн портоос Замын-Үүд хүрч байгаа транзит ачааны тээврийн зардлыг 50 хувиар багасгахыг ярьж тохиролцож чадсан бол их ач холбогдолтой заалт байлаа.

    Манайх шиг далайд гарцгүй орны хувьд далайд гарах гарцаа тодорхойлох том боломж байсан. Энэ асуудлыг Си Жиньпин дарга манай улсад 2014 онд айлчлахдаа тавьж байсан. Манайд  төр засаг  нь тогтворгүй сайд нар нь байнга солигдож залгамж чанараа алдсаны горыг таван жил амсаж байна. Шийдлийг нь хэлээд өгсөн, харамсалтай нь түүнийг хэрэгжүүлдэг залгамж чанар үгүй байна.

    Ц.Мянганбаяр Зууны мэдээ 2019.5.9

    Амарбаатарын аав Ашхүүгийн Чүлтэм нь 1965 онд Польш улстай хамтран Дархан хотын Сликатын үйлдвэрийг байгуулж удирдан ажиллаж байжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.control.mn/i/11221#…

  • Н.ОРЧЛОН: АНГЛИ ХЭЛ СУРААГҮЙ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч ОУ-ЫН ШҮҮХЭД ӨМГӨӨЛӨГЧ ХИЙХ АНХНЫ МОНГОЛ ХҮН БОЛОХГҮЙ БАЙХ БАЙСАН БОЛОВ УУ

    Н.Орчлон: Англи хэл сураагүй байсан бол хэзээ ч ОУ-ын шүүхэд өмгөөлөгч хийх анхны Монгол хүн болохгүй байх байсан болов уу

    Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонтой ярилцлаа. Тэрбээр тус улсад 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд олон улсын шүүхэд ажиллаж байгаа Монголын анхны хүн юм. 

    Түүний хувьд их ажил амжуулахаар эх орондоо ирээд байгаа бөгөөд тун завгүй явна. Тэртээ 1990-ээд оны үед хамт англи хэл заалгаж байсан ангийнхнаа болон үеийнхнээ олж уулзах,мөн  энэ сарын 27нд “Зорилготой амьдарцгаая” сэдэвт чөлөөт ярилцлагыг залуусын дунд өрнүүлэхээр болжээ.
    Та эх орондоо ямар ажилтай ирэв. Ажлаа амжуулж байна уу?  

    -Намайг Наранцэцэгийн Орчлон гэдэг. Би Нидерланд улсын Гааг хотын олон улсын эрүүгийн шүүхийн өмгөөлөгчөөр 13 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь Монголдоо хууль сахиулах байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Бас Америкт өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан. Тухайн үед мэргэжлийн ажлаа хийхэд англи хэл зайлшгүй чухал хэл байлаа. Олон улсын түвшинд ажиллах гол хэрэглүүр байсан учир сурах шаардлагатай байсан. Эх орондоо хоёр ажил амжуулах зорилготой ирсэн. Нэг нь ЛГБТ төвийн урилгаар залууст “Зорилготой амьдарцгаая” лекц уншина. Нөгөө нь 1990-2000 оны үед хамт англи хэлний хичээл заалгаж байсан оюутнуудаа олж уулзаж том ажил төлөвлөхөөр ирлээ. Бид хамтдаа хүнд цаг үед англи хэл сурч байлаа шүү дээ.

    Анх англи хэлийг яаж сурсан бэ. 1990-ээд оны үед англи хэлний дамжаа гэж бараг байдаггүй. Гадаад хүмүүс ч манайд ховор харагддаг байсан үе? 

    -Намайг сургуулийн сурагч байх үед англи хэл заадаггүй байлаа.  Орос хэл заадаг үе надаар дууссан. Тухайн үед Монголд анхны англи хэлний хувийн дамжаанууд дөнгөж байгуулагдаж байлаа. 1990-ээд оны үед сурах бичиг ч байхгүй хомс байсан үе. Энэ үед англи хэл сурах туйлын хэцүү байсан. Харин яаж хэл сурсан бэ гэхээр Англи хэлний институт гээд олон улсын төвтэй сайн дурын багш нар дэлхий даяар англи хэлийг үнэ төлбөргүй заадаг болов.

    Энэ байгууллага манайд 1994 онд анх орж ирсэн. Байгууллагын үйл ажиллагаа нь хот хөдөөгүй явагдаж байсан бөгөөд Канад, Америк багш нарыг олноор явуулж хүүхдүүдэд англи хэл заалгаж байсан. Зун нь англи хэлний олимпиад зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь би тасралтгүй оролцдог байв. Өөр мэргэжлээр сурч байсан оюутнуудыг мөн их, дээд сургуульд суралцаж байсан шилдэг оюутнуудыг оролцуулан англи хэл зааж, өргөн хүрээг хамардаг байсан. Гурван жил тасралтгүй зун нь англи хэлний хичээлд сууж байсан ба хэл сурах нь миний гол зорилго байлаа. Хэрвээ энэ институтын багш нар англи хэл заагаагүй бол надад хэл сурах ямар ч боломж байхгүй байв. Надтай адилхан хэдэн зуун Монгол оюутнуудад англи хэл заасан гавьяатай Америк, Канад олон багш нар байгаа. Энэ байгууллага манайд 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд одоогоор түр завсарласан. Миний мэдэхээр энэ олимпиадад дунджаар 3000-4000 оюутан оролцсон. Тэдний ихэнх нь гадаадад мэргэжлээрээ ажиллаж амьдарч явна. Шилдэг явж байгаа бүхэн нь дээрх институтын багш нараар англи хэл заалгасан хүмүүс байгаа юм. Монголын бүхэл бүтэн сэхээтний үеийг төрүүлж өгсөн байгууллага болохоор их баярладаг.

    Энэ байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулсны 25 жилийн ой ирэх жил тохионо. Сайн дураараар бидэнд англи хэлний хичээл заасан Америк, Канад багш нарынхаа ач буянаар амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүн би. Тиймээс энэ багш нараар хичээл заалгаж байсан Монголд байгаа тухайн үед оюутнууд байсан хүмүүс ярилцаж байгаад 25 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж өгье гэсэн бодолтой байна. Ийм төлөвлөгөөг эртнээс ярьж хэлж, бэлтгэж, хэрэгжүүлэхээр Монголдоо түр хугацаагаар ирсэн байгаа минь энэ. Жилийн өмнөөс бэлтгэж байгаа юм. Дараа жилийн өдийд энд багшилж байсан гадаад багш нараа Монголдоо урьж авчрах гэсэн юм.  

    Яагаад одоо үүнийг ярьж байгаа юм бэ гэхээр Америк, Канад хүмүүс жилийн өмнөөс аяллын төлөвлөгөөгөө гаргадаг хүмүүс. Тэгэхээр одооноос хүмүүстээ зар түгээх шаардлагатай байгаа. Зарим багш нартайгаа холбоо тогтоож чадсан. Олон багш нар ирэх сонирхолтой байгаагаа уламжилсан. 20 жилийн дараа Монгол Улс хэрхэн хөгжиж цэцэглэж, дээшилж дэвжсэнийг харах гэж хүсч байгаа байх тэд.

    Тухайн үед олон настай багш нар ирж байлаа. Тэднээс маань нас барсан багш нар ч цөөнгүй байна. Тэгэхээр яг одоо цуглуулахгүй бол дахиад 10 жилийн дараа гэхээр амьд хүн бараг байхгүй болчих вий. Тухайлбал, 1990-2000-аад оны оюутануудад үнэ төлбөргүй англи хэл заасан сайн дурын Америк, Канад багш нарын уулзалт ирэх зун Монголд болох тухай мэдээ түгээх зорилготой ирсэн дээ.  

    Тухайн үед нийт хэдэн багш ирж англи хэлний хичээл зааж байсан юм бэ?

    -Нэг зун гэхэд ойролцоогоор 30-40 багш ирж байлаа. Ганц нийслэлд биш орон нутгаар ч явж хэл заадаг байсан. 10 гаруй жил үргэлжилсэн сургалт бөгөөд нэг зуны олимпиадад 300 гаруй оюутан ордог байв. Одоо бол яг миний насны хийж бүтээх насан дээрээ яваа хүмүүс юм. Тэднийгээ цуглуулахын тулд Зуны англи хэлний олимп гэсэн фэйсбүүк групп нээсэн. Одоогоор 160 гаруй гишүүнтэй болж. Тэд бүгд англи хэл заалгаж байсан оюутнууд юм. Миний бодож байгаагаар хамгийн багадаа 2000 гаруй хүн байх ёстой гэсэн тооцоолол бий. Тэр хүмүүс ямар нэгэн аргаар яаж ийж байгаад холбоо бариарай. Хуучныхаа найзуудтайгаа, багш нартайгаа холбогдоорой.  Анх англи хэл заалгаж байсан Америк Канад багш нараа баярлуулж, 25 жилийнх нь ойг сайхан тэмдэглэж, нэгэн гоё дурсамжийг бүтээе гэж бодож байгаа юм шүү.

    Тиймээс эртнээс ойн төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай байгаа юмаа. Хамгийн гол нь хүмүүсээ цуглуулъя. Дээр хэлсэндээ 2000 гаруй оюутан байсан гэж. Ядаж тэдний 10 хувь нь цуглаж багш нараа хүлээж авах, арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлыг амжилттай хийж, тухайн үед суралцаж байсан дурсамжтай үеэ эргэн дурсъя. Англи хэл заалгаад гадагшаа гарч яваад тэндээ ажиллаж амьдарч байгаа оюутнууд ч ирнэ. Тэдний дундаас олон гэр бүл, найзууд төрөн гарсан гэж бодохоор их сайхан санагддаг юм.

    Сайн дурын үнэ төлбөргүй англи хэл заадаг байсан байгууллага байсан гэсэн үү?

    -Тийм ээ. Сайн дурынх бөгөөд тэр багш нар өөрсдөө зардал мөнгөө гаргаж Монголд ирээд хүүхдүүдэд англи хэл заадаг байсан. Хөгжингүй орнуудад англи хэл заалгах зорилготой явуулдаг байсан юм билээ. 1990-ээд оны үед нийгмийн хүнд үе байлаа. Энэ үед хэл устай болно гэдэг маш том боломж. Сургалтын чанар сайн, маш сайн заадаг байсан. Тэр үед англи хэл сурсан хүүхдүүдийн ирээдүйн карьер ажил амьдралд нь нөлөөлсөн гэдэгт би итгэдэг.

    Хэрвээ би тэр үед англи хэл сураагүй бол хэзээ ч олон улсын шүүхэд өмгөөлөгч хийсэн анхны Монгол хүн болохгүй байх байсан болов уу. Тиймээс багш нартаа дахин баярлалаа талархлаа, олон хүний амь амьдралд том өөрчлөлт оруулсан шүү гэдгийг хэлж талархах зорилготой. Энэ улс орны хөгжилд цэцэглэлт өөрчлөлт оруулж чадсан шүү гэдгийг л хэлж яримаар санагддаг юм. Миний хамгийн гоё залуу насны дурсамж бол энэ багш нартай яах аргагүй холбоотой доо.

    Холбоо барьсан хүүхдүүдийн хувьд таны энэ санаачлагыг хэр дэмжиж байна?

    -1998 онд хамтдаа сурч, төгсч байсан ангийнхантайгаа холбоо барьж хэлсэн. Намайг дэмжиж байна билээ. Харин бусад төгсөлтийн ангийнхантайгаа холбоо барих гээд л групп нээсэн нь тэр юм. Америкт байгаа төвтэйгээ холбоо барьсан их сайхан найрсагаар дэмжиж хүлээж авсан. Гадаадаас бол багш нартайгаа нийлээд олон хүн ирэх төлөвлөгөөтэй байна. Дараа жилийн зун наадмаа тааруулж байгаад ирье гэж бодож байна. Би ганцаараа биш бид хамтдаа хийвэл гоё байх болов уу. Дахин хэлэхэд, Зуны англи хэлний олимп гэсэн фэйсбүүк групп рүү хандаж зочлохыг хүсье.

    Монголд ажлын гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу. Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэсэн үү?

    -Цагдаагийн академийг 1999 онд эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1999-2001 онуудад цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2001-2002 онд АНУ-ын Миннесотагийн их сургуулийн хуульзүйн магистрын зэрэг хүртсэн. 2002 онд АНУ-д өмгөөлөгчийн туслахаар ажилласан. 2003-2013 он хүртэл Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Шинэ Зеланд зэрэг улсуудад олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн хуулийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. 2006 оноос хойш өдгөөг хүртэл Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байна даа.

    Олон улсын шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг хүний ажлын онцлогийг сонирхоё. Монголынхоо хуулийн байгууллагуудтай харьцуулж ярьвал ямар байна вэ? 

    -Маш олон талаар ялгаатай. Ялангуяа олон улсын шүүхэд мэтгэлцэх зарчмыг хатуу хэрэгжүүлдэг. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, тооцогдох хүртэл хэнийг ч гэм буруутан гэж үзэхгүй гэсэн том зарчимтай. Хуулийн хэллэгээр бол гэм буруутайг нь нотлох хүртлээ хэнийг ч гэм буруутан гэж тооцохгүй. Миний хувьд дайны болон хүн төрөлхтөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч нарыг шүүхийн өмнө төлөөлөн ажилладаг.

    Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч гэхээр онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг өмгөөлнө гэсэн үг үү?
     -Манай эрүүгийн шүүх, шүүх дотроо байдаг бөгөөд хэргийн хохирогчийг өмгөөлнө. Ялангуяа иргэний дайнтай улсууд болон хүн төрөлхтөний эсрэг гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс олон ирдэг. Яг одоо миний ажиллаж байгаа хэрэг дээр 1500 хохирогч байна. Гэм буруутай этгээдийг олж ял шийтгэл оногдуулах, үнэн мөнийг олтол, хохирогчдод учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажилд өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ дээ.

     Олон улсын шүүх хэр шударга ажиллаж чаддаг вэ?

    -Ямар ч улсын шүүх шударга биш шүү дээ. Харин тэр шүүхийг шударга болгодог хүмүүс нь хуульчид өөрсдөө байх ёстой. Хуулийн байгууллага гэрээ хэлэлцээрийн байгууллага болчихоор шударга байна гэж хэзээ ч байхгүй дээ. Хамгийн гол нь ажиллуулж байгаа хүмүүс нь шударга зарчимч байх. Чингис хаан Хятадын цагаан хэрэмийг “Ямар ч хана хэрэм манаж байгаа хүнтэйгээ адилхан хүчтэй” гэж хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр нь манаж байгаа хүн нь аймхай сул дорой байвал ямар ч хана хэрэм хэрэггүй дээ. Шүүхэд ажиллаж байгаа өмгөөлөгч, прокурорын ёсзүй, мэдлэг чадвараас бүх зүйл шалтгаална. Олон улсын шүүхэд маш олон асуудал гарна. Яагаад гэвэл хүн байгаа газар асуудал гарч л таараа. Гэхдээ хуулийнхаа дагуу асуудлыг шийдээд, шийдвэрлээд явна.

    Олон улсад хэрэг шалгалтын явц, хэргийн шийдвэрлэлтэд хэр цаг хугацаа ордог вэ?

    -Маш удна, цаг хугацаа орно шүү. Би нэг хэрэг дээр гурван жил оролцож байна. Хоёр жил хагас нь прокурор нотлох баримтаа танилцуулсан. Ганцхан яллах тал шүү дээ. Тэгээд цаашдаа хэргийг үргэлжлүүлэх боломжгүй гээд яллагч талын танилцуулсан нотлох баримт хангалтгүй байна гэж үзээд шүүх хурал хэргийг хаасан байгаа юм. Зөвхөн нэг талын нотлох баримт танилцуулахаар 3 жил авна гэдэг их хугацаа биз. Энд нөгөө л мэтгэлзэх зарчим харагдана. Харин Монголд бол энэ бодит байдлаараа хэрэгждэггүй. Олон улсад мэтгэлзэх зарчим өндөр хөгжсөн орнуудад яг яллах тал буюу прокурор ямар нотлох баримт цуглуулж мэтгэлзэж байна, өмгөөлөх талд нь яг ийм боломжийг яг адилхан олгодог.

    Уганда хотод болсон зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хэргийн шүүх хурал. Прокуророос 80 гаруй гэрч дуудсан. Одоо өмгөөлөгч талаас бас өдий тооны гэрч дуудах хүсэлтээ гаргасан байгаа. Шүүх бол яг л хоёр талын дуудахыг хүссэн гэрчүүдийг дуудна. Тэнд шүүгч хөндлөнгөөс оролцохгүй. Нэг хүний гэм буруутай эсэхийг нотлохын тулд дахиад олон гэрч дуудаж байна. Тэднийг дуудаж шүүх дээр байцаагаад нотлох баримтыг нь гаргах боломжийг нь шүүх бүрдүүлдэг юм. Хэчнээн их цаг хугацаа орж, зардал мөнгө гарсан ч бай хамгийн гол нь хэргийн үнэн мөнийг олох, гэм буруутай этгээдийг шийтгэх, гэм буруугүй хэнийг ч хилсдүүлэхгүй байх зарчмыг алдагдуулахгүй ажилладаг онцлогтой. Энэ бол цаг хугацаа мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнэ юм.

    Монголд бол гэм буруугүй этгээдийг хилсээр барьж хорих, хүчээр яллах, ял тулгах зэрэг шударга бус зүйл их гарч байгаа. Шүүх, прокурор нь шударга ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл ч газар авсан. Өөрөөр хэлбэл, шударга шүүхийн үнэн гэж алга гэх. Үүнд та ямар бодолтой байна вэ?

    -Шударга шүүхтэй болтол Монгол хол байна. Үүнд их зүйлийг ярьж болно. Хуульчдын ёсзүй маш доогуур байна. Хуулийн өндөр албан тушаалд томилогдож байгаа алба хаагчдын ур  чадвар, мэдлэг туршлага нь муу. Тавьж байгаа шалгуур гэж алга. Ямар ч өндөр албан тушаалтны сэнтийд мөнгөтэй эрх мэдэлтэй бол хэн ч очиж болдог юм байна гэдгийг харуулж байна. Улс төрийн шалгуураар албан тушаалд томилогдож байна. Энэ бол байж боломгүй зүйл. Ийм байгаа цагт шүүх нь хэзээ ч хараат бусаар ажиллаж чадахгүй. Шүүхийн байгууллага нь өндөр ур чадвар, мэдлэгтэй байхгүй. Яагаад гэвэл улс төрийн хүрээнд танил талаараа томилогдож байна. Хуульчдад тавих шаардлага нь ч муу. Шүүгч гэхэд 25 нас хүрсэн хуульч мэргэжилтэй хүнийг хуульч гэнэ гээд заачихсан. Нас бол шалгуур биш. Үүнийг л хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Өндөр настай хүн мэдлэг чадваргүй байж болно, нас бага хүүхэд мэдлэгтэй боловсролтой байж болно. Хуулийн сургууль төгссөн гэдэг чинь сургууль төгссөн л гэсэн үг юм. Гэтэл олон улсад энэ сургууль төгссөн үзүүлэлт бол анхан шатны нэг л шалгуур болдог юм. Насны шалгуур байхгүй яагаад гэвэл бодит шалгуур болдоггүй гэж үздэг. Хамгийн чухал нь мэдлэгийн шалгуур, чадварын, хэлний шалгуур тавьдаг. Дээр нь ажилласан байдлын шалгуур шаарддаг.

    Хэл хэрэглээ болсон. Хэлгүй бол хөлгүй ээ ч гэж ярьдаг болжээ. Гадаад хэлийг амархан сурах арга барил гэж байдаг уу?

    -Амархан сурах арга барил гэж байдаггүй юм. Хүмүүс ингэж хууртагддаг байхгүй юу. Хэлний курсүүд ч ингэж өөрсдийгөө рекламддаг болжээ. Хэлийг хүн ярьж, сонсч, бичиж ойлгож сурдаг. Амархан сурдаг эд биш, гэхдээ сурсан хойноо их үр дүнтэй шүү. Хэдхэн сар сураад төгс эзэмшихгүй. Би бол насаараа сурч байна. Хүн эх хэлээ ч насан туршдаа сурдаг биз дээ. Яг түүнтэй адилхан. Мөн нөгөөтэйгүүр англи хэлийг гадаад хэл биш гэж ойлгох хэрэгтэй залуус. Гадаад хэлийг хүн хоббигоо болгож сурдаг. Өнөөдөр англи хэл бол орчин үеийн хүний хоёр дахь хэл юм. Орчин үеийн хүн та бол англи хэлгүй байж болохгүй ээ.

    Таны гол зорилго бол монгол залуусыг олон улсын түвшинд гаргах. Ер нь манай залуус олон улсад хэр амжилт арвин бүтээл ихтэй явдаг вэ?

    -Манай залууст авьяас бий. Гэхдээ жаахан залхуу туушгүй байна. Хэрэглээ болох  хэлийг гэхэд сурч байгаад хаячихдаг. Уг нь гадаад хэлийг тултал нь сурах хэрэгтэй. Суръя гэсэн л бол сурдаг л байх хэрэгтэй. Орчин үед хэл сурах олон арга хангалттай нээлттэй байна. Бүх юм нь бэлэн болохоор бэлэн юмны дунд байгаа болохоор биеэ дайчлахгүй байх шиг. Бид нарын үед гадаад багш байдаггүй, барууны жуулчид цөөхөн ирж байсан үе. Бид нарын үед интернет, гар утас нь байдаггүй байсныг мэднэ биз дээ. Гэтэл одоо үед бүх юм нь бэлэн сайхан болчихжээ. Залуу хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж зорилго бүтээлтэй амьдрах нь чухал шүү.
     Таны хобби үнэртэн цуглуулах юм байна. Энэ талаараа сонирхуулаач?

    -Би үнэртэн цуглуулах дуртай. Монголд анх удаа Үнэртэй усанд дурлагчдын клубыг байгуулсан хүн. Клубээ дөрвөн жил хагас авч яваад өнгөрсөн жил орхиж явсан. Сая ирээд буцаад энэ группдээ орсон байна. Үнэртэний соёл түгээдэг хүн гэж ойлгож болно. Найзуудынхаа дунд эхэлсэн энэ групп маань одоо бол 126 мянган гишүүнтэй болжээ. Чөлөөт цагаа зарцуулдаг хүн. Үнэртэний соёлын тухай их бичсэн дээ. Үнэртэний мэргэжилтэй хүн биш зүгээр хоббитой хүн. Орчин үед байх ёстой урлаг, соёл гэж ойлгож болно.

    Эх сурвалж:

    О.Сайхан
    Оллоо.mn olloo.mn

    2018-07-25 

  • А.Алтанбилэг: Зохион бүтээсэн компьютероо ‘Тоёота’-гаас гадна Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхэлсэн

    Үйлдвэр автоматжуулах зориулалттай хоёр дахь компьютероо зохион бүтээж өдгөө Тоёото компанид нийлүүлэхээр болсон монгол залуу А.Алтанбилэгийг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Тэрээр Тоёото компаниас гадна зохион бүтээсэн комьютероо Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхлээд байгаа ажээ. Учир нь түүний зохион бүтээсэн EtherCAT системийн  компьютер шиг үйлдэлтэй ийм компьютер дэлхийн зах зээлд цөөхөн байгаа гэнэ. Түүнчлэн А.Алтанбилэг 2013 онд  байгууллагын дулааны системийг удирдах зориулалтаар компьютер зохион бүтээж, өдгөө түүнийгээ Японы хэд хэдэн компанид нийлүүлж буй юм. Ингээд Японы технологийн  KSJ компанид инженерээр ажиллаж буй монгол залуу А.Алтанбилэгтэй ярилцсанаа хүргэж байна.  


    Сайн байна уу. Ярилцлагын маань саналыг хүлээж авсан танд баярлалаа. Монгол хүн компьютер зохион бүтээж, түүнийгээ олон улсын зах зээлд борлуулж, Японы “Toyota Industries” компани худалдан авахаар болсон гэсэн.  Монгол залуусын оюуны чадамж дэлхийн зах зээлд үнэлэгдэж байгаад баярлаж, мөн бахархаж байна. Хоёулаа таны зохион бүтээсэн үйлдвэрлэл автоматжуулах компьютерийн талаар яриагаа эхлүүлье?

    -Сайн байна уу. Дэлхийн Монгол хүн буландаа зочноор урьж оролцуулж байгаад юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Миний хувьд 2013 онд дулааны системийг удирдах зориулалттай Lic-Z компьютер зохион бүтээж байсан. 2016 онд үйлдвэр, тоног төхөөрөмж, роботыг автоматжуулж удирдах зориулалттай EtherCAT системд суурилуулсан LZ200 компьютероо бүтээсэн байгаа. 2017 онд Lic-Z компьютерийн дараагийн хувилбар болох Lic-Z2 компьютер болон “LZ200”-ийн дараагийн хувилбар болох LZ201 компьютерийг тус тус зохион бүтээсэн байгаа.  Lic-Z2 компьютер нь Японы “Tonetsu” компанид дулааны системийг удирдах чиглэлээр ашиглагдаж байгаагаас гадна Токио хотын Shinjuku” дүүргийн газар доогуурх хурдны замын агаар цэвэрлэх системийг удирдах компьютер хэлбэрээр мөн хэрэглэгдэж байгаа.

     LZ200 нь EtherCAT системийг удирдах зориулаллтай, овор багатай, хямд, өндөр хурдтай компьютер бөгөөд Германы KPA компани, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран дэлхийн зах зээл дээр зарж эхлээд байна. Xilinx компани Zynq FPGA-г үндсэн тооцоолох процессор болгон ашиглаж байгаагаараа онцлогтой.  

    LZ201 компьютер нь  LZ200 компьютерийг EU-ийн CE стандартад зохицохоор сайжруулсан хувилбар бөгөөд Европын стандартыг хэрэглэдэг улсууд руу экспорлох боломжтой болсон байгаа.  

    LZ200 компьютерт хэрэглэгддэг компьютерийн дизайныг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр шийдсэн байгаа.   

    Интернет, EtherCAT-д зориулсан ийм системтэй компьютер дэлхийн зах зээл дээр цөөхөн

    -Зохион бүтээсэн компьютерийг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр болсон гэж байна. Үйлдвэрлэл, технологийн өндөр хөгжсөн газар асар өрсөлдөөнтэй зах зээлд өрсөлдөж, дэлхийд алдартай Toyota компани таны компьютерийг нийлүүлэхээр болсонд юу нөлөөлсөн бэ. Яг ямар зориулалтаар ашиглах вэ?

    -Манай компьютер дэлхийн зах зээлд дээр байгаа ижил төстэй системүүдтэй харьцуулахад хамгийн хурдтай ангилалд орохын дээр үнийн хувьд хямд гэдэг шалтгаанаар манай компьютерийн дизайныг хэрэглэхээр болсон байгаа. Тодорхой хэлбэл, EtherCAT  системийг 8 микросекунд хурдтайгаар тогтвортой ажиллуулах боломжтой компьютер систем нь дэлхийн зах зээл дээр өөр байхгүй. Миний ажилдаг KSJ компани нь дэлхийд анх удаа 2017 оны арваннэгдүгээр сард Токиод болсон “System Control Fair 2017” дээр FPGA дээр ажилдаг hardware хэлбэрийн EtherCAT системээ танилцуулсан. Энэ үеэр Toyota Industries компанид манай компьютерийг нийлүүлэхээр тохиролцсон. Бидний сайн мэдэх Toyota Motor компани нь Toyota Industries компаниас үүссэн компани байгаа. Toyota Industries компани нь анх байгуулагдсанаасаа хойш дэлхийн зах зээл дээр нэхмэлийн машины технологиор тэргүүлж ирсэн компани байгаа. Хамгийн орчин үеийн Air JET810 нь дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний дараагийн хувилбарын үндсэн компьютерийг манай компанийн технологи дээр үндэслэж хийхээр болсон байгаа. Ижил төстэй компьютерууд дэлхийн зах зээл дээр цөөхөн байгаа бөгөөд өндөр хурд, хямд үнээрээ энэ чиглэлд манай компани тэргүүлж байгаа.

    -Toyota Industries компаниас гадна олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

     -Германы KPA, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран Европ, Ази, Америкийн зах зээл дээр компьютерээ зарж эхлээд байна. Одоогоор Америк, Энэтхэг, Хятад Солонгосын зах зээл дээр хэдэн компани манай компьютерийг ашиглаж өөрсдийн системээ туршиж ажиллуулж эхэлсэн.

    Японы зэх зээл дээр бол “Maeda” корпораци, “Fukuda” компаниудын бүтээгдэхүүнийг удирдах компьютер хэлбэрээр зах зээл дээр гаргаад байгаа бол, “Yamaha FineTechnologies”, “Liferobotics” компаниудын бүтээгдэхүүнд хэрэглэхээр хөгжүүлэлтийн шатанд явж байна. “Sinfonia Technology”, “Keyence”, “Liferobotics”, “Tsuji Denshi” гээд компаниуд дээр туршилтын журмаар хэрэглэж байна.

    -Газар хөдлөлтийн давтамжийг нэмэгдүүлэх төхөөрөмж хийсэн гэсэн. Японы хэр олон компанид нийлүүлсэн бэ. Төхөөрөмжийнхээ ач холбогдол давуу талыг танилцуулахгүй юу?  2017 онд хиисэн ажлууд?

    -2017 онд маш үр бүтээлтэй жил байлаа. Энэ жилийн хамгийн эхний ажил бол өмнө жилээс хөгжүүлж ирсэн газар хөдлөлтийн давтамжийг ашиглаж байшингийн аюулгүй байдлыг хянах “Maeda” корпорацийн бүтээгдэхүүнийг LZ200 компьютерийг ашиглаж хийсэн. “Maeda” корпораци нь Японы томоохон барилгын компаниудын нэг. Урьд нь газар хөдлөлт ихтэй Японд гар аргаар байшингийн бүтцэд орсон ямар нэг өөрчлөлт, эвдрэлийг шалгадаг байсан бол энэ системийг ашигласнаар байнга автоматаар хянах боломжтой болж байгаа юм. Японы нэлээн олон газар бүтээгдэхүүнээ байрлуулаад эхэлсэн.

    “Aircon star” компани айркондэшн системийн удирдах программийг мөн энэ хавар хийсэн байгаа.  “Aircon star” компани нь маш олон жил манай компанийн температур, агаарын урсгалын хурдыг хэмжих сенсорыг хэрэглэж байгаа компани юм.  

    Мөн FUKUDA компанийн шинэ бүтээгдэхүүн болох эмийн package-ийг шалгах бүтээгдэхүүнийн компьютер системийг мөн LZ200 дээр үндэслэж хийсэн байгаа. 2018 оноос бүтээгдэхүүн болж зах зээл дээр гарах байх.

    Японы Liferobotics роботын компанийн роботыг мөн LZ200 компьютер ашиглан амжилттай удирдаж System Control Fair 2017 үзэсгэлэн дээр танилцуулсан байгаа. Дараа жилээс Liferobotics компанийн дараагийн бүтээгдэхүүн дээр хамтран ажиллахаар ярьж байна.

    Tsuji Denshi компанитиай хамтран дэлхийн томоохондоо орох рентген цацрагийн хурдасгуур байгууламж болох Spring8-д мотор удирдах бүтээгдэхүүнийг хамтран хийж нийлүүлсэн байгаа. 2018 ond японы Riken судалгааны төвийн хүнд ионы хурдасгуурт LZ201-ийг хэрэглэхээр захиалга авсан байгаа.

    Робот үйлдвэрийн автоматжуулалтаас гадна туршилтын шинжлэх ухаанд бүтээгдэхүүн маань хэрэглэгдэж хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарыг тэлэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

    -Томоохон компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд юу хамгийн чухал вэ, хөрөнгө оруулагчид юун дээр голчлон анхаарал хандуулдаг вэ. Энэ талаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

    -Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг бол маш хүнд ажил юм байна гэдгийг сүүлийн 5 жил бүтээгдэхүүн дээр ажиллааад биеэрээ мэдэрч байна. 4 жил хагасын өмнөөс EtherCAT гэдэг технологийн талаар анх удаа сонсоод суралцаж эхлээд, бүтээгдэхүүний консепт гаргахаас эхлээд, зохион бүтээх үйлдвэрлэх, маркетингийн үйл ажиллагаанд оролцож тогтвортой бизнес болтол нь хийж ирлээ. Хамгийн анх маш олон зүйлд ашиглаж болох боломжтой боловч үнэтэй бүтээгдэхүүн хийгээд зарж чадахгүй үе байсан. Олон ч компани олон ч хүнтэй ярилцаж үзлээ. Эцэст нь хямдхан мөртлөө зөвхөн EtherCAT системд зориулсан LZ200 гэдэг компьютерийг хийсэн байгаа.

    Том, жижиг ямар ч компани байсан бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд мэдээж тухайн компанийн бүтээгдэхүүнийг хийхэд хэрэгтэй зүйлийг компьютер маань хийж чаддаг байх нь эхний шаардлага байгаа. Мөн тогтвортойгоор бүтээгдэхүүнээ нийлүүлж чадах, ямар нэгэн асуудал гарахад шийдэж чадах чадвартай байх хэрэгтэй. Энэ тал дээр бол дэлхийн том компаниуд олонд танигдсан брэнд болсон компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болохоор үнэхээр шууд нүүр тулан өрсөлдөх бол маш хүнд асуудал. Тийм болохоор манай компани бүтээгдэхүүний үнийн тал дээр тэр том компаниудаас хямдханаар бүтээгдэхүүнээ санал болгодог. Хямдхан бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэнэ гэдэг нь олон жилийн мэдлэг чадвар, технологи шаардсан ажил гэдгийг мэдэрсэн. Бүтээгдэхүүн хийгээд тогтвортой бизнес болгохын тулд нэлээн их хөрөнгө оруулалт шаардлагатайг ойлгож авсан. Шинээр бизнес эхлээд тухайн бизнес тогтвортой орлого ашигтайгаар ажиллах хүртэл 3-5 жил шаардлагатай болдог юм байна. Энэ хугацаанд бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай зардал, хүмүүсийн цалин, маркетингийн зардлууд их гарна. Бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулалт, урсгал зардлаа нөхөхөөр хангалттай үнээр зарж чадахгүй бол хөрөнгө оруулсан мөнгө алдагдалтай болж хувирна.

    Том компаниуд ихэвчлэн жижиг компаниудаар бүтээгдэхүүнээ хийгээд нэг удаа мөнгө төлөөд дуусгахыг боддог. Манай компанийн хувьд нэг удаа мөнгө аваад салахаар бизнес хийдэггүй. Тухайн компанийн бүтээгдэхүүнийг хийхэд манай компаниас бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх шаардлагатайгаар хамтран ажилладаг. Ингэснээр компанийн тогтвортой үйл ажиллагаа хангагдаж байдаг гэж хэлж болно.

    -Энэ хүртэл бүтээгдэхүүнийх нь талаар нэлээд ярилцлаа. Таны хувьд  Токиогийн их сургуулийг төгссөн юм билээ. Мэргэжлийн академик мэдлэгээс гадна хувь хүн талаасаа сурч мэдсэн зүйл олон байдаг байх?

    -Токиогийн их сургуульд сураад мэргэжлээс гадна хувь хүний хувьд олон зүйл сурсан гэж боддог. Хамгийн гол нь япон болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуустай хамтран сурсан явдал гэж боддог. Шинийг сурахын төлөө тууштай зүтгэдэг, аливааг сурсан шиг сурдаг, хийсэн шиг хийдэг хүмүүс эргэн тойронд байхаар амьдралд ингэж хандаж байгаа нь энгийн зүйл гэж боддог болсон. Одоо ч гэсэн тэр хэвшил алдагдахгүйгээр үргэлж шинийг сурч мэдэж, шинийг хийхийн төлөө тууштай зүтгэж байгаа. Өмнө нь бол жаахан шинэ юм сурахаараа бусдаас илүү зүйл хийчихлээ, чадчихлаа гэж боддог байсан.

    Мөн Токиогийн их сургуулиас маш олон чиглэлийн өргөн мэдлэгийг олж авсандаа баяртай байдаг. Би Токиогийн их сургуулийг электроникийн чиглэлээр төгссөн ч математик, физикээс гадна, хими , биологи, түүх нийгмийн ухаан гээд маш өргөн мэдлэгийг сургуулиас болон хамт суралцсан хүмүүсээс олж авч чадсан нь амьдралд  маань одоо ч өдөр тутамд хэрэг болдог гэж боддог.

    Японы нийгэмд олон жил амьдарч, олон мундаг хүмүүстэй хамтарч ажиллаж үзлээ. Ерөнхийдөө япон хүмүүс нэлээн өвөрмөц хүмүүс. Нэлээн дотогшоогоо, хүнтэй зай барьж харьцдаг, эрсдэлтэй зүйл хийх дургүй, дүрэм журам цагийг нарийн баримталдаг хүмүүс. Дүрэм журам цагийг нарийн барьдагаас гадна шинжлэх ухаан ч логик сэтгэлгээ энгийн хүмүүст нэлээн сайн суусан байдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд суурилсан ерөнхий боловсролыг өндөр хөгжилтэй бусад орны хүмүүстэй адилаар маш сайн эзэмшиж чадсан харагддаг.  

    Шинжлэх ухаанд суурилсан ерөнхий боловсролыг олон нийтэд эзэмшүүлэх нь хөгжилд хүрэх хамгийн дөт зам юм болов уу гэж би хувьдаа боддог.  

    Шинжлэх ухааныг сурна ойлгоно гэдэг нь зүгээр нэг ном уншаад цээжлэх бус, ургуулан бодох туршилт хийх, мэдрэх, өөртэйгээ зөрчилдөх, тэвчээртэй суух, тууштай суралцах гээд маш олон чадварыг эзэмшихэд тусалдаг гэж боддог.   

    -Залуу хүнд үлгэр дууриалал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?  

    -Яг энэ хүн гээд хэлчих үлгэр дууриал болсон хүн байдаггүй. Гэхдээ салбар бүрийн маш олон хүнийг хүндэлдэг. Алберт Эйнштэйнээс эхлээд шинжлэх ухаанд тууштай амьдралаа зориулсан эрдэмтэн хүмүүсийг хүндэлдэг. Бизнес тал дээр бол Амазонын Jeff Bezos, Elon Musk гэх зэрэг хүмүүс шиг ажиллаж чаддаг болох юмсан гэж боддог.

    -21-р зуунд залуу хүний өрсөлдөх чадвар юу байна. Та ямар чиглэлд өөрийгөө хөгжүүлж байна?

    -21-р зууны залуу хүний үндсэн өрсөлдөх чадвар бол хүн төрөлхтний өдий хүртэл олж авсан эрдэм мэдлэгийг эзэмших, шинжлэх ухаанаачаар сэтгэн бодох, түүн дээр үндэслэсэн холыг харах чадвар гэж боддог. Ялангуяа өөрийн толгойгоороо амьдралын зорилго, зүг чигээ бодож тунгаах чадвар хамгийн түрүүнд хэрэгтэй гэж боддог. Амьдралын зорилго, зүг чигээ нэг олчихсон байхад тухайн зорилгод хүрэхэд тэр зүг рүү удаан байсан ч заавал хүрч чадна гэж боддог. Харин бусадтай адилхан урсгалаар амьдарвал нэг урагшаа, нэг хойшоо явсаар амьдралаа дуусгах болов уу гэж боддог. Миний хувьд электроник, робот, компьютерийн технологийн чиглэлд голчлон өөрийгөө хөгжүүлж байна. Түүний хажуугаар түүх болон, физик биологийн шинжлэх ухааны чиглэлээр ном уншиж шинэ мэдээлэл авч байдаг.

    Дэлхийн монгол хүн А.Алтанбилэг

    -Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?

    -Би ямар нэгэн онцлох арга барил бариад ажиллаад байдаггүй. Ер нь бол аль болох дүрэм журам цаг хугацаанд баригдахгүйгээр ажиллахыг хүсдэг. Аливаа зүйлийг эцсийг нь үзэж, учрыг нь олохыг хүсдэг, ажлаа хойш тавихыг хүсдэггүй гэх мэтийн сургуульд байхаас олж авсан хэмнэлээс гадна, худлаа хэлэхгүй байх, амласандаа хүрэх, ажлыг дуустал нь чанартай хийх гээд япон хүмүүсийн ажиллах барилаас ч нэлээд суралцсан гэж боддог.  

    -Таны алсын хараа, ойрын таван жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

    -Ойрын хэдэн жил роботын технологиор ажиллана гэж бодож байгаа. Роботыг удирдах компьютер дээрээ нэмж роботын нүд болох камер, дүрс боловсруулалт дээр компанийнхантай хамтарч ажиллаад эхэлсэн байгаа. Роботын мотор удирдах, сенсоруудаас мэдээлэл авах хэлхээ, программ дээр ойрын хугацаанд ажиллана байх.

     Орчин үеийн роботын систем нь маш олон технологийн нэгдсэн бүтээгдэхүүн болохоор сурах, хийх зүйл маш их байгаа гэж бодож байна. Зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гартал 3-5 жил зүтгэх хэрэгтэй. Мэдээж одоогийнхоо EtherCAT-ийн бизнесээ ч  цаашдаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дараа жилээс Малайз, Зүүн өмнөд Азийн зах зээлд EtherCAT технологийн чиглэлээр бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй  байна.

    2018 оноос албан ёсоор компанийнхаа хувьцаа эзэмшигч болж, удирдлагад ороод явах болохоор энгийн ажилтан биш болно. Одоогийн ажил дээр нэмэгдээд компани удирдах, компанийн ирээдүйг тодорхойлох хариуцлагатай ажлууд хийх шаардлагатай болох тул илүү хурдтай, илүү хариуцлагатай, илүү холыг харж ажиллах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Алсдаа компаниа дэлхийн зах зээл дээр тогтвортой өрсөлдөж чадахуйц компани болгохын төлөө ажиллана гэж бодож байна.

    -Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?

    -Хэдэн жилийн өмнө бол Монголд ийм, тийм зүйл хийвэл гээд янз бүрээр боддог байсан. Одоо бол өөрөө яг гар бие оролцоод хийж чадахгүйгээс хойш гаднаас хий дэмий ингэсэн нь, тэгсэн нь дээр гэж ярих нь хариуцлагагүй санагддаг болсон болохоор ихэвчлэн өөрийнхөө амьдралд анхаарч, өөрийгөө эхлээд хөгжүүлэх тал дээр анхаардаг болсон. Өөрчилж чадахгүй зүйлдээ санаа зовж суухын оронд өөрчилж чадах зүйлээ хийх нь илүү зөв санагдсан.  

    Эх сурвалж: С.Цэрэндэжид 

    http://itoim.mn/ 2018 оны 1 сарын 8

  • У.Төмөрхуяг: Бяслагаар Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан

    -Бизнесийн санаагаа анх хэрхэн олж, хэзээнээс эхлүүлэв? -Монголд анх тахь нутагшуулахтай холбоо­той бий болсон гэж болно. Тахийг анх бий болгосон хүн нь антарктид судлаач Ж.Цэрэндэлэг. Бид эртний танилууд. Тэр үед би сумын нарийн бичгийн дарга байсан юм. Алтанбулагийн нутаг, Хустайн ойр орчим нутаглаж байсан малчид газраа чөлөөлөхөд ямар дэм, тусламж үзүүлж болох вэ гэж тухайн үед ярилцаж байв. Малчдын сүүг боловсруулдаг үйлдвэр байхад зүгээр юм байна гээд орхичихсон. 1994 онд шинэ засаг гарч би 14 жил ажилласан ажлаасаа гарч бизнес рүү ороод байтал бяслагны үйлдвэр яригдлаа. Алтанбулагаас зургаан хүн үйлдвэрийг хариуцъя гэж санал өгсөний нэг нь би. Тэр нь НҮБ-ын Голландын хөрөнгө оруулалттай төсөл байсан. Мон-94/303 гэсэн төслийн шалгаруулалт явагдахад шалгарч энэ төслийг хийсэн. 1994 оны намар Голландаас нэг мэргэжилтэн ирж бяслаг хэрхэн хийхийг надад заалаа. 70 гаруй насны өвгөнтэй хоёулаа 10 литр сүүгээр гэртээ туршиж үзчихээд нөгөө хүн маань долоо хоноод яваад өгсөн. 1995 оны хавар нөгөө мэргэ­жил­тэн маань 42 хоногийн хугацаатай ирсэн. Тэр хооронд би үйлдвэрээ бэлэн болгох ёстой байсан учраас хуучин худалдааны ангийн барьж байгаад орхисон барилгыг худалдаж аваад үйлдвэрээ барьж, Алтанбулагийн малчдын сүүг худалдаж авдаг болсон. 

    -Тэгвэл Голланд стандартаар бяслаг хийдэг болжээ. Хэдэн төрлийн бяслаг хийдэг юм бэ? -1998 он хүртэл Голланд технологийг мөрдөж байсан. Будаг, өнгө шаргал байх, удаан хадгалах, Е гэж нэрлэдэг нэмэлтийг хийдэг байснаа яагаад Монгол үнээний сүү өөрөөрөө байж болдоггүй юм гээд туршсан. Алдаа, оноо байж магадгүй, далимд нь Монголынхоо газар нутгийг үзүүлье гэсэн сэтгэлээр ирж, очих унааныхаа зардлыг та даачих, Монголд байх зардлыг чинь би даая хүрээд ирээч гээд эхнэртэй нь урьсан. Тэгээд 21 хонохдоо Өвөрхангайн Улаан­цутгалан, Хар­хориноор аялуулахдаа шинэ бүтээгдэхүүнийхээ талаар ярилаа. Тэгсэн энэ болж байна, сайхан бяслаг болсон байна. Харин чамд хэдэн тоо өгье. Чи өөрөө цааш нь хийгээрэй гээд нисэх гэж байхдаа надад шинэ бяслагны технологи өгсөн. Голландаас энэ бяслагт орох гоньд явуулна гэлээ. 1999 оноос хоёр төрлийн бяслаг хийдэг байсан бол өнөөдөр зургаан төрлийн бяслаг хийж байна. Тухайлбал, “Хустай гоуда” гэсэн анхны бяслаг байгаа. Энэ нь тослог өндөртэй, пицца, зууш болон хайлдаг төрлийн бүх хоолонд хэрэглэдэг. Дараагийнх нь гоньдны төрлийн ургамалтай. Энэ нь халуун ногоо иддэг хүмүүст тааламжтай, эрүүл мэндийн бяслаг. Үүнийг дэлхийд нэг их хийгээд байдаггүй юм. Голландаас энэ ургамлыг авчруулдаг. Мөн едам тослогыг нь багас­гасан бяслаг бий. Өнгөрсөн жилээс рестора­нуу­дад зориулсан соусны бяслаг хийж үзлээ. Тусгай орчинд, удаан хугацаанд хатаадаг нунтаг бяслаг юм. Мөн хиаманд хийдэг бяслаг хийж байгаа.  

    -Танайхыг бяслагны хоёр үйлдвэртэй гэж сонссон? -Сумын төвд нэг үйлдвэр маань байдаг. Малчид зун сүүгээ өгөх гээд үнээгээ туугаад ирнэ. Сумын төв мэдээж бэлчээрийн даац муу. Сүүний мөнгөө авах тэр айлд сайхан ч дараа жил үнээ нь сувайрдаг болсон. Тиймээс Алтанбулаг сумаас 25 км-т зусдаг малчдад зориулж булаг шанд, хужир мараатай, малчид зусдаг газар банкны зээл авч шинэ үйлдвэрээ байгуулсан. Үйлдвэр байгуулсан ойрхон толгойн нэрээр “Лигийн ухаа” гэж нэрлэсэн. 2001 оноос ажлаа эхэлсэн. Харин сумын төв дээрх үйлдвэр 2010 оноос хойш ажилласангүй. Туул голын бохир уснаас ундаалсан үхрийн сүүнээс гарч байгаа бяслагны амт өөрчлөгдсөн болохоор зогсоочихсон. Анхны үйлдвэр маань долоон жил зогсчихоод байна. Уг нь хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдчихвэл энэ үйлдвэрийг Туул голоос жаахан холдуулаад байгуулчих юмсан гэж бодох юм. Жижиг, дунд үйлдвэр хэцүү шүү дээ. Сүү ихтэй жил гайгүй ашиг олно. Тэр нь үйлдвэр байгуулах хэмжээнд хүрэхгүй. Нэг үйлдвэр байгуулахад ойролцоогоор 270 сая төгрөг. Үүнээс дээш ч байж болно. 

    -Таныг энэ бяслагаараа Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан гэдэг. Энэ талаар? -Цагаан сүүний буян их. Үүгээр би Монгол Улсын шилдгээр тав, “Гранпри” шагналыг нэг удаа авсан. Төв аймгийн, төвийн бүсийн, Монгол Улсын брэндийг 2011 онд УИХ-ын дарга М.Энхболд даргыг Шадар сайд байхад нь авч байлаа. Ямар нэг ажлыг миний амьдралын эх үүсвэр, үүний төлөө өөрийгөө зориулах ёстой гэвэл нэр хүнд олдог юм байна. Бяслагаараа Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан. Би аль нэг улсын хэл мэдэхгүй. Үүнийг хэн гаргачихав гээд харахад жуулчид гаргасан байна. Жуулчдыг ирэхэд нь монгол ёс заншлаараа тавгын идээ барих учраас бяслагаа зүсч тавган дээр тавиад амтлуулдаг. Эргээд нөгөө хүмүүс чинь идэх гэж худалдаж аваад очоод судалдаг. Дараа жил нь эрдэмтэн болон янз бүрийн хүмүүс ирээд “Таны бяслаг яагаад ийм амттай болж байна” гэж асууна. Энэ хүмүүс ирэхдээ гар хоосон ирэхгүй. Өөрийнхөө орны бяслагыг заавал авчирч өгдөг. Тэгээд яриад сууна. Тэдний бяслаг байдаг л бяслаг. Дэлхийд 400 гаруй төрлийн бяслаг байна. 

    Бяслагны ялгаа юундаа байна. Гадаадаас захиалга их ирдэг гэсэн? -Гадаадынхан бяслагтаа нөгөө л Е-гээ хийсэн, хадгалалтын, нөгөө будгаа, мөнхийн зөөлөн, нялцгай байлгадаг бодисоо хийсэн байдаг. Харин манайх ийм юм хийдэггүй. Бэлчээрийн мал аж ахуйн сүү. Гадаадынх шиг биш. Тэр малын хэлэн дээр юу тавина түүгээр сүү нь гарч байдаг. Тиймээс нөгөө хүмүүс чинь Монголоос бяслаг авъя гэхээр манай үйлдвэр жаахан. Сард 20 тоннын захиалга орж ирнэ. Гадаадынхан бүтэн жил ажилладаг бол манайх зуны гурван сар ажиллаад буучихдаг. Тэгэхээр өмнө жил нь бяслаг авсан жуулчин хавар нь ирдэг. Тухайлбал, Германы жуулчин жуулчны визээр ирчихээд 50 тонн бяслаг аваад буцах гэсэн тохиолдол гарсан. Харин Япон хүн их сонин. Уучлаарай би таныг ойлгосонгүй, дэмий ирчихлээ гэж байсан. Манай хажууд Японы жуулчны бааз бий. Тэнд ирсэн япончууд байнга ирдэг. Тэр жуулчны баазаас визээ аваад манай бяслагыг авч явдаг хүн олон болсон. Зун хөөрхөн ам.доллар хийнэ. 2013 онд Япон руу онгоцоор авах хүнийхээ нэр дээр 50 кг бяслаг ачуулж байлаа. Тэгсэн 14 хоногийн дараа Японы гаалиас надад албан бичиг ирсэн. Танай бүтээгдэхүүн манай стандартад нийцэж байгаа тул бүтээгдэхүүнээ чөлөөтэй оруулж болно гэсэн. Энэ жилээс гарч эхэлнэ. Манай бяслагыг авахаар виз аваад орж ирсэн хүмүүс ч байдаг. Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед захиалгаа дийлэхгүй байна. Үйлдвэр маань жижигхэн учраас.                                               

     -Энэ жил ажлаа хэзээ эхлэх гэж байна. Бэлтгэл хэр байна. Хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ? -Манай үйлдвэр ирэх сарын 20-нд эхлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Цаг агаар сайхан байвал эхэлнэ. Манайх чинь цаг агаартай холбоотой. Мал төллөлт, ногооны гаралт, сүүгээ худалдаж авахын тулд малчид хэзээ ирж буухыг харна. Одоогийн байдлаар ажилчид гэвэл улирлын чанартай 4-6 хүнийг ажлын байраар хангаж байна. Манайд олон жил ажилласан, мэргэжлийн, туршлагатай хүн ч бий. Мөн сургалтынхаа төлбөрийг олох гэсэн оюутан ч байна. Өдрийн хоол, байр нь үнэгүй, 400-500 мянган төгрөгийн цалин бэлнээр өгдөг. Харин ажилчин бол нийгмийн даатгалаа сайн дураараа төлөөрэй гэдэг. Гурван сар төлж болно л доо. Тэгэхээр бусад сар нь тасарчих гээд байдаг. Миний төлж байгаа нийгмийн даатгалын мөнгө нөгөө хүний жилээр төлсөн мөнгөтэй тэнцдэг. Тиймээс тэр хүн гурван сараар нийгмийн даатгалаа бөглүүлэх үү жилээр нь бөглүүлэх үү гэдэгт л байгаа юм. 

    -Үйлдвэр ажиллаад ирэхээр өдөрт хэчнээн хэмжээний бяслаг хийх боломжтой вэ? -Мэдээж хавар сүү шингэн, тослог багатай байдаг. Харин намар ургамлын бүтэц, малын тарга хүч нэмэгдээд ирэхээр сүүний уураглаг чанар ихэсдэг. Олон жилийн дунджаас харахад зургаа, долдугаар сарын сүүнээс 14-16 литр сүүнээс нэг кг, долдугаар сарын сүүлчээр наймдугаар сар гараад ирэхээр 12 литр сүүнээс нэг кг, наймдугаар сарын сүүлчээс 10 литр сүүнээс нэг кг бяслаг авна. Сүүлийн үед үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор 2014 оноос хойш АНУ-ын иргэнтэй хамтарсан. Энэ хүн миний менежмент, борлуулалтын асуудал хариуцсан. Монголд үйлдвэрлэл явуулж байгаа бяслагны үйлдвэрүүдийг нэгтгэж “МАКУ” компани байгуулсан. Монголд үйлдвэрлэл явуулдаг нэлээд хэдэн компанийг нэгтгэсэн. Монголд ойролцоогоор манайх шиг 25 үйлдвэр байх хэрэгтэй. Тэгвэл Яагаад Монголд тэр ам.долларыг оруулж ирж болохгүй гэж би ингэж л бодсон. Одоо Монголд 7-8 үйлдвэр бий болж байна. “МАКУ” компанийг байгуулсны дараа Улаанбаатарт ресторан, хоолны газруудад 24, 48 цагийн хугацаатай хэрэглэдэг зөөлөн бяслаг хэрэгтэй. Манайхаар ээдэм шиг бяслагыг бид Зайсанд хийж байна. Зайсанд “Цагаануул” гэж өвгөн компани байгуулаад бид тал талаасаа технологио гаргаад хийж байгаа. Манайд хийе гэхээр Улаанбаатараас 70-аад км. Би энд үйлдвэрлэчихээд Улаанбаатар руу зөөгөөд эзэндээ очих гэсээр байтал 24 цаг нь болчих гээд байсан болохоор хийгээгүй. Өнөөдөр Улаанбаатарын олон рестораныг хангаж байна. Өнгөрсөн жилээс эхлээд өөрөө борлуулалтаа хийхээ больсон. Шууд “МАКУ”-д нийлүүлж цааш нь тараадаг. 

    Шинээр үйлдвэр барих гэж байгаа гэв үү? -Энэ жил олон улсын стандартад нийц­сэн том үйлдвэр бари­хаар төлөвлөгөө, төслөө хийчихлээ. Хэрэв ашиглал­тад оруулчихвал жилийн дөрвөн улирал ажиллана. Тиймээс гадны хүнтэй нийлээд зээл, тусламж хөөцөлдөж байна. 20 тонн бяслагыг ойролцоогоор 15 ам.доллараар гаргачихаар яваад өгнө. Тэгэхээр улсад төлдөг татвар ч өснө. Үүнийг дагаад ажилчин ч нэмэгдэнэ. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг банкны зээл зовоож байна. Манай зээлийн хүү маш өндөр. Жилийн дундаж нь 27 хувьтай байна. Нэг кг бяслагнаас 2000-3000 төгрөг харна. Гэтэл зээлийн хүү түүнээс даваад явчихаар өөрөө сүйрээд байгаа юм. Өнөөдөр зээл авлаа, маргааш өрөнд орно, нөгөөдөр шүүхэд шилжинэ. Би үүнийг 20 жилийн хугацаанд олон үзлээ. Зээлийн хүү бага байх тусмаа жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Ингэхийн тулд төрөөс бодлого хэрэгтэй. Бодлого байгаад, хийгээд байна. Гэтэл эцэстээ хөрөнгөн дээр очоод ойчоод байна. Тухайлбал, би үйлдвэрээ томсгоё тэрбум эсвэл 10 тэрбум төгрөг хэрэгтэй байна гэхэд надад хэн өгөх юм бэ. Энэ чинь жижиг, дунд үйлдвэрлэлийн зовлон болчихоод байна. Миний өгсөн татвараар цагдаа, сургууль, төр ажиллаж байна гэсэн бахархал үйлдвэрлэгч болгонд байдаг. Зээлгүй үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Би сүү авдаг малчиддаа “Та нар боодлын өвс, хивгээр малаа тэжээж бай, өөр тэжээл битгий хэрэглээрэй” гэж гуйдаг. Тэгж байж чанартай сүү гардаг. Эрлийз байх нь хамаагүй. Нэг үйлдвэр байгуулаад гурван жилийн дараа тэр өрөөнд гадуур хувцастайгаа орсон ч хамаагүй. Бидний хувцсанд наалдаад орсон бактерийг бяслагны өрөөнд байгаа бяслагны бактери устгачихдаг. Харин гурван жил дотроо хэцүү. 60 хоног дотроо бяслаг яг өлгийтэй хүүхэд шиг маллагдана. Тиймээс бяслагыг магтахаас өөр аргагүй. Хүний эрүүл мэндийн бүтээгдэхүүн. 

    -Импортоор бяслаг оруулж ирж байгааг та юу гэж бодож байна? -Импортоор орж ирж байгаа бяслаг чанаргүй. Малын сүүгээр хийгээгүй, ургамлын сүүгээр хийсэн бяслаг ч орж ирдэг. Үүнийг хэрэглээд хүн өөртөө хэрэгтэй аминдэмээ авч чадахгүй. 2011 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн зөвлөгөөн дээр би “Монгол хүний ходоод хогийн сав биш. Гааль, мэргэжлийн хяналт юу хийгээд байна. Та нар импортынхоо бяслагт анхаарал тавиач” гэж хэлж байсан. Манайд орж ирж байгаа бяслаг чинь гахайн тэжээл. Үнийн хямдыг бодоод ийм бяслаг оруулж ирээд байна. Үнэтэй нь Монголд орж ирэх боломжгүй. 70-80 мянган төгрөгийн бяслагыг Монгол хүн авахгүй. Импортын бяслаг яагаад 20 мянгад байгаад байна. Нөгөө л нэг ам.долларын гахайн тэжээлийн, таван ам.долларын ядуучууддаа бэлдсэн бяслаг. Хүн мөнгө олж болно. Гэхдээ бурхан гэж байдаг бол битгий нүгэл хийгээч гэж хэлмээр санагддаг. 20-30 жилийн дараа тэр их химийн хольцтой бүтээгдэхүүн хэрэглэчихээд хорт хавдар болно. Өнөөдөр Монгол яагаад хорт хавдраараа нэгдүгээрт орчихов. 1990-ээд оноос хойш хоол, хүнсэндээ тавьдаг анхаарал суларснаас өнөөдөр монголчууд эрүүл мэндээрээ хохирч хорт хавдартай болох гээд байна. Тиймээс бидний үр хүүхэд, хойч ирээдүй маань эрүүл байгаасай, хорт хавдаргүй, эрүүл хүнсээ хэрэглээд сурчихаасай гэсэндээ үүнийг хэлээд байгаа юм. Одоо монголчууд бяслагыг их хэрэглэдэг болж. Гэхдээ чанартайг нь хэрэглээсэй. Бяслагыг ойролцоогоор гурван жил хадгална. Орон оронд өөр. Манай бяслагыг гурван жил хадгалахад ямар ч өөрчлөлт орохгүй. 

    Р. ОюунЭх сурвалж “Зууны мэдээ” сонин