Category: human-development

  • Бүтэлгүйтлээс айх айдас

    Бүтэлгүйтлээс айх айдсыг давхын тулд та бүтэлгүйтэл гэж юу болох хийгээд түүний үнэн учрыг мэдэх хэрэгтэй. Бүтэлгүйтэл гэдэг гутамшигт, хортой, зовлон зүдгүүр таригч биш, харин жам ёсны зүйл болхыг ухаарвал айдас арилна. Балчир хүүхэд хөлд орж, алхахдаа байнга бүдэрч унадаг. Тэгж бүдрэхийг тэр юман чинээ тоодоггүй. Хүүхэд нэг босож зогсоод, дараа нь ойчихыг жам ёсны хэмээнэ.

    Бүтэлгүйтэл бол бодит үнэний эсрэг зүйл биш харин бодит байдлыг хэлбэршүүлж, бодит байдал болон хувирдгыг мэдэх аваас айдас арилна. Бүтэлгүйтлийг бид горьдлого найдварыг маань нураагч мэт санадаг. Гэвч бүтэлгүйтэл нь үнэндээ биднийг урагш хөдөлгөгч хүч юм. Бурханы Мэлмийгээр тольдоход бүтэлгүйтэл хэмээн бидний нэрлэсэн зүйл бол гагцхүү туршлага сургамж байдаг. Бүтэлгүйтлийг бид эцсийн үр дүн, туршлагын туйл хэмээн үзэж болохгүй, харин туршлага сууж хэрсүүжих нэг алхам хэмээн ямагт санах учиртай.

    Тодорхой үр дүнд хүрхийн тулд та чадлаараа зүтгэсэн ч, тэрхүү чармайлт талаар өнгөрсөн байг л дээ. Урам хугарч, цөхрөлд автахын оронд ажил үйлсийн дотроос бурханлаг зорилгоо олж харахыг хичээгтүн. Магадгүй тэр нь тэсвэр хатуужил, цэцэн билэг, бусад бурханлаг чанарыг тань нэмэгдүүлэхэд тусалсан байж болно. Хэрэв та ийм хандлагатай байвал бүтэлгүйтлийн хөнөөлт шуургыг хэтийдэн давж чадна.

     

    Бясалгал айдсыг арилгана

    Айдсаас ангижрах хамгийн сайн арга бол бясалгал юм. Бясалгал үйлдэхдээ бид өөрсдийгөө Хязгааргүй Уудамтай, Оройн Дээдтэй адилтгадаг. Бид ямар нэг юмнаас, хэн нэгнээс айдгийн учир гэвэл тэр хүнийг эсвэл тухайн юмыг өөрийн нэгэн хэсэг мэт үздэггүйгээс болно. Харин Оройн Дээдтэй ухамсарт нэгдлээ тогтоох үед бид юм бүхнийг өөрийн мэт үзнэ. Өөрөөсөө хүн юунд айх билээ?

    Хэрэв бид хэн нэгнээс айж байгаа бол сэтгэлдээ түүнийг дотно санахаар ухамсар маань тэлэгдээгүй, тухайн хүн бидний хувьд харь элгийн мэт санагдсаны илрэл юм. Биеийнхээ аль нэг хэсгээс хүн айж цэрвэдэггүй шүү дээ. Тэр нь биеийн маань тасархай хэсэг болхыг мэднэ. Сэтгэл зүрхний замаар замнах цагт ухамсар маань дөрвөн зүг найман зовхист тэлнэ. Ухамсарт ухаарлаараа бид хорвоо ертөнцтэй хагацашгүй нэгддэг. Орчлон ертөнцийн ухамсартай нэгдэх цагт айдас хэмээгч эс оршино.

    Бясалгалын туйлын зорилго бол ухамсрыг маань тэлэн өргөжүүлж, гэгээрүүлэн мөнхжүүлэхэд оршино. Бид найз нөхөдтэйгөө ярилцах юм уу ажил хөдөлмөр хийж байхдаа, дотоод Бурханлагынхаа тухай бараг боддоггүй. Харин бясалгаж байхдаа бид, Бурханлагаа ухааран танихыг хичээдэг. Бурхан бээр өөрөө хязгааргүй хүчтэй учир хүн төрөлхтөнөөс айж эмээдэггүй. Бурханлагт саадгүй хүрэх замыг олж, бие сэтгэл маань Бурханы дундрашгүй хүчээр халгин бялхах цагт, хүмүүн төрөлхтөн бид юуны учир айх билээ? Тэгэх учиргүй!

    Айдсыг хэрхэн ялах вэ?

    Гэгээрүүлэгч ухамсрын гэрэлт

    Өлмийд оршигтун!

    Таныг хамгаалж, төгөлдөржүүлэн чөлөөлөх

    Хатан зориг энэхүү гэрэлд шингэсэн

     

    “Яруу сэтгэгч” сониноос

    Шри Чинмойн төв

  • Саад бэрхшээл

    Улс хөгжихөд тулгарч байгаа нэг бэрхшээл бол манай төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ажилтнуудынх нь төрх. Өмнөх социалист нийгмийнхээ олон зүйлээс бид татгалзсан хэр нь нууц дарангуйллаас татгалзаж чадаагүй. Энэхүү нууц дарангуйллын илэрч байгаа хэлбэр нь засаг захиргааны байгууллагын хүнд суртлын систем. Бид хүнд суртлыг бүтээж ирсэн, одоо ч бүтээсээр л байна. Манайд хэн нэгэн хүн ямар нэгэн бизнес эрхлэх гээд зохих бичиг баримтыг бүрдүүлэх гэхэд 12 шат дамжлага дамжиж, 28 хоног хөөцөлдсөний эцэст зөвхөн зөвшөөрлөө олж авч байна. Ганц зөвшөөрлийн төлөө олон шат дамжлага дамжиж байгаа явдал бол бид ганц хоёрхон хүний хийчих ажлыг 12-лаа хувааж аваад хийж байна гэсэн үг. Нууц дарангуйлал бол эрх мэдлээ ашиглан бусдын хүслийн боогдуудах, чирэгдүүлэх, хясах байдлаар илэрдэг бөгөөд энэ нь зайлшгүй авлига өгөх нөхцлийг бүрдүүлдэг. Тийм учраас хүнд суртал бол авлигын шимтэй хөрс мөн. Нууц дарангуйлал нь эрх мэдэлтэн болох, эрх мэдэл рүү тэмүүлэх хүслийг төрүүлдэг. Төр засгийн эрхтэн дархтан болохын хүсэл нь улстөржсөн сэтгэлгээгээр илэрч байна. Манай Монголчууд сүүлийн 10 гаруй жил онцгой их улстөржсөн. Үүнийгээ бид эх оронч үзэл, улс үндсээ гэх сэтгэл хэмээн цагаатгадаг. Бүх нийтээр улстөржих нь түүхэн тодорхой нөхцөлд нийгмийн байгуулал, улс төрийн тогтолцоог өөрчлөхөд үр өгөөжөө өгдөг ч улс орон тогтвортой хөгжлийн замд орсон үед хөгжлийн садаа болдог байна. Нийгэм нэлэнхүйдээ улстөржих нь сэтгэлгээний туйлшралд хүргэдэг бөгөөд туйлшрал бол чөлөөт сэтгэлгээний дөнгө юм. Гэтэл тогтвортой хөгжил бол шинжлэх ухаанжсан чөлөөт сэтгэлгээгүйгээр төсөөлөгдөхгүй. Хөгжил дэвшилд хүрсэн орнуудын их, дээд суруулиудад элсэгчдын 74-89%-нь байгалийн шинжлэх ухаан, технологийн мэргэжил сонгож байхад манайд 74%- нь нийгэм, улс төр, хуулийн мэргэжил сонгож байна. Бидний улстөржсөн байдал бага насны хүүхдийн нялх балчир ой ухаанд тусчихсан байгаа нь хүртэл харагддаг.

    Бид өнөөдөр ардчиллын буянаар долоо хоногтоо 2 бүтэн өдөр амардаг. Зөвхөн үүнээ нэмэхэд жилийн 104 хоног нь ажил хийдэггүй хоног болно. Дээр нь наадам, шинэ жил зэрэг баяр ёслолын өдрүүдэд амардаг 10 шахам хонодог, дээр нь ээлжийн амралтын 26 хоногийг мөнөөх 104 дээрээ нэмэхээр яах аргагүй 140 хоног амардаг нь гараад ирнэ. Жилийн 140 хоногийг нь бид амардаг болж таарна. Жил гэдэг яаж ч болохгүй 365 хоногтой юм чинь бид бүхэл бүтэн  жилийн 1/3- ээс илүү хоногийг амардаг. Ийм ард түмэн хичнээн сүрхий авхаалжтай байлаа нэг их юм бүтээж чадахгүй нь тодорхой.

    Дарма Батбая

  • Залуугаараа урт наслах 5 онол

    Чи ч байнга л гялалзаж байх юм. Зуу наслах хүн дээ. Гэвч хүмүүс өтлөж, өвгөрөн эрүү өвдөг нь нийлдэг гэдгээ бид мэднэ. Учир юунд байна. Та ч гэсэн нууцыг нь тайлаарай.

    Эрчимт хүчний онол

    Хөгшрөнө гэдэг бол организмын элэгдэл юм. Хүн төрөхдөө тодорхой эрчим хүчийг биедээ агуулж байдаг. Нас ахих тутам бодисын солилцооны дүнд, эд эс элэгдэж хоцрогдсоноос  эрчим хүчээ алдаж, нөөц нь хомсдон организм хөгширдөг.

    Яавал зохих вэ?

    Хэрэв эрчим хүчээ хадгалъя гэвэл аль болох бага хөдлөх болж байна уу? Энэ асуултад хариулахаар Францийн беологичид олон жилээр зүтгэж, зөвхөн чийгийн улаан хорхойдын насыг уртасгажээ. Хүний амьдрал өөр орчинд үргэлжилдэг учир энэ онолын баталгаа биш болов уу?

    Харин- Хүний хувьд бол эсрэгээр, хэн хэдийчинээ хөдөлж байгаатай амьдралын хугацаа пропорциональ байдаг. Хөдөлгөөн амьдрал ч гэсэн үг юм уу?

    Удамшлийн онол

    Хүний амьдралын үүсэл хөгжил, улмаар мөхөл нь түүний генийн санд агууллагддаг. Хүний бие 25-35 мянган генээс бүрдсэн гэвэл, үнэхээр хүний наслалтын гол оньс нь болж байдаг. Тоон илэрхийлэлт нас чацуу ч, нэг нь хөгшин нөгөө нь залуу байх ялгаа биеэ авч явахаасаа тодорхой хамаардагч, эцсийн хариуг удамшсан генүүд шийддэг.

    Яавал зохих вэ?

    Үнэхээр тийм юм бол хөгшрүүлээд байгаа генийг зайлуулчихвал үр дүн нь өөр болж таарна. Энэ онолыг батлахаар генийг өөд уруугүй судалсаар байна. Амжилт ч гарсаар..

    Харин – Хүний генийн санг өөрчлөөд бүр мөнх настай болгочихвол хүн биш өөр нэг юм болж таарна. Байгальтай тэмцэх сайны ёр биш болов уу? Харин байгаль өгснийг бүрэн ашиглахад амьдралын хэв маягаа өөрчлөх зам байж болох юм.

    Молекулын онол

    Ертөнц дээрх эс бүхэн өөрөө нэгэн хугацааны хэмжүүр юм. Хүний хромсомын хуваагдах бүр эсийн хэмжээ жижгэрсээр цааш хуваагдах боломжоо барснаар, мөхөлдөө хүрнэ. Өдөр бүр тэрбумаараа эс үхэж 100 хоногт организм бүхэлдээ шинэчлэгддэг байна.

    Яавал зохих вэ?

    Онолоор бол эсийн нас хэр уртаас хамаарч хүн амьдрах боломжтой.

    Харин – Эрдэмтдийн хулгана дээр хийсэн туршилтууд энэ онолыг бас л нотлож чадсангүй. Урт настай эс өмөнд урьтаж өртсөн тохиолдол ажиглагджээ.

    Өөрийн буруугаас өтлөх онол

    Хөгшрөлтийн үндсэн шалтгаан бол наслахын хэрээр ДНК-гаа гэмтээснээс болдог.

    /Организм мэдээллийн төв/ Эсийн гэмтэл юм уу хувьсал нь тохиолдолын дараах шалтгаануудаас хамаардаг.

    Үүнд: Цацраг идэвхт нөлөө, ядрал, вирус хордлого, хэт ягаан туяаны хуримтлал гэх мэт. Дээрх “алдаа”-нуудын улмаас уураг нийтлэгжин эсүүд үүргээ гүйцэтгэх болж, хувьсалын нийлбэр хязгаарын түвшинд очиход хөгшрөлт зайлшгүй болдог. ДНК бол авран хамгаалах үүрэгтэй хэдий ч насны ахилтаралдаатай ажиллаж, хүч чадал нь улам суларсаар байдаг.

    Яавал зохих вэ?

    Хувьсгалаас үүдсэн хөгшрөлтийг генийн инженерчлэлийн тусламжаар ДНК-д загвар хийж удаашруулах, зогсоох боломжийг эрж хайх явдал юм.

    Харин – Байгалийн хувьсалын дүнд хүн өөрчлөгдөж буй нөхцөлд дасан зохицох чадвараа сайжруулдаг. Хэрэв түүнийг нь зогсоовол юу болох талаар бодох ч юм биш.

    Чөлөөт радикалын онол

    Чөлөөт радикалууд нь хөгшрөлтөд гол нөлөө үзүүлдэг. Организмд чөлөөт радикалын гинжин урвал эхэлснээр нэг электроноо алдсан молекул өөрөө чөлөөт радикал болж идэвхтэйгээр өөр нэгнээсээ электроныг нь дээрэмдэж цааш үргэлжилсээр байдаг. Ийнхүү чөлөөт радикалууд дархлааг сулруулж, ядралыг өдөөдөг байна. Организмд исэлдэл явагдах бүрийд ийм урвал явагдсаар байх учир зогсоох аргагүй юм. Бас чөлөөт радикал нь эрүүл мэндэд хортой нөлөөнөөс аврахаас бий болоод эргэж түүнийхээ ачаар хөгширч байдаг.

    Яавал зохих вэ?

    Организмдаа тус дэм үзүүлэх хоол хүнс хэрэглэж исэлдэлтийг багасгах ёстой. Үүний хамгийн чухал нь идэвхтэй хөдөлгөөн юм. Дараагийн нэг арга нь А,С,Е амин дэмийн хангамж юм. Мөн цай, вино ч адил чанартай. Эдгээрийг агуулсан их аврага бол хар чавга шүү дээ. Мөн тэргүүн долоод нь үзэм, бөлжиргөнө, байцаа, хар нэрс, гүзээлзгэнэ, бууцай орно.

    Харин – Хэрэв хамгийн хүчтэй эсэлдэлтийг сөрөгч Е аминдэм тогтмол хэрэглээд байх юм бол хөгшрөлтийг удаашруулж болно. Гэвч шинжлэх ухаан үүнийг бас л бүрэн нотлож чадаагүй. Гол нь амин дэмүүдийг байгалийн бусаар хэрэглэснээр тууштай үр дүн гардаггүй. Тэгвэл хоол хүнсэндээ аль болох байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байвал хөгшрөлтийг удаашруулж өгдөг. Гол нь ургамалын төрлүүд- жимс ногоо дагнан хэрэглэсэн кавказ мэтийн бүс нутагт хүмүүсийн наслалт маш өндөр байдаг.

    Таны эрүүл мэнд таны гарт.

  • Эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс

    Орчны эрүүл мэнд
    ДЭМБ-ын тодорхойлсноор “Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй оюун санаа, нийгэм, сэтгэл зүйн хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэсэн байдаг. Ийм учраас бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах ДЭМБ-ын зорилгод хүрэхийн тулд өвчлөлийг бууруулахаас гадна нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг бууруулах хэрэгтэй.

    Эрүүл мэндэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд эдгээр нь сайн муу хоёр талтай байдаг.

    Орчны эрүүл ахуйн асуудалд дараах зүйлс хамрагдана

    – нар

    – ус

    – агаар

    – хөрс

    – ажлын байр

    – гэр орон

    Хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс дотор орчны хүчин зүйлс

    15-20% эзэлдэг.

    Хүний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг бол эрүүл энх урт удаан наслах мөрөөдөл байсаар ирсэн байх ч болно. Бидний эрүүл мэндэд нөлөөлдөг олон хүчин зүйлсийн нэг бол бидний амьдран байгаа орчин түүний нөлөөлөл юм. Хүрээлэн байгаа орчны тухай ярихдаа хүмүүс бид өөрснөө орчиндоо нөлөөлж энэ нөлөөллийнхөө хариуг хүртэж байдгаа заримдаа ч гэсэн санахад илүүдэхгүй.

    Цэвэр орчин өвчин тархахаас сэргийлэхээс гадна бидний сэтгэл санааг өөдрөг сайхан, урам зоригтой байхад нөлөөлдөг. Цэвэр цэмцгэр

    орчинд амьдрахад бичил биетнээр үүсгэгддэг халдварт өвчний өвчлөл

    буурдаг.

    Агаар:

    Бидний амьдрал амьсгалахаас эхэлж, амьсгалахаа болиход төгсдөг. Агаар нь бие мах бодийг хүчилтөрөгчөөр хангах, бодисын солилцо, дулааны зохицуулалт болон бие махбодийн бусад үйл ажиллагаанд оролцдог. Агаарын найрлаганд азот, гели, аргон, неон, радон, устөрөгч, азотын исэл озон зэрэг химийн янз бүрийн элементүүд байдаг.

    Хүн хоол хүнсгүйгээр хэд хэд хоног амдарч, усгүйгээр хэд хэдэн цаг

    амьдарч чаддаг бол агааргүйгээр хэдхэн минут л амьдардаг. Ингээд

    бодохлоор бидний эрүүл мэнд , амьд байх нөхцөлд агаар ямархан

    хэрэгтэй болох нь ойлгогдоно.

    Бид цэвэр агаараар амьсгалах тусам эрүүл саруул амьдрах болно. Ингэхийн тулд та өрөө тасалгаандаа гал гаргах, лаа асаах хэрэгтэй.

    Орон байр өрөөний салхивчаа цаг улирлын байдалд тохируулан тогтмол

    онгойлгож агаар оруулах хэрэгтэй. Хүйтний улиралд өрөөний салхивчийг

    цаг тутамд 5 минут онгойлгох хэрэгтэй. Ингэж агааржуулахдаа бага

    насны хүүхдүүдийг шалан дээр суулгахгүй, газраар явуулахгүй байхыг

    хичээгээрэй.

    Нар:

    Нарны цацраг хүний бие, эрүүл мэндэд маш их нөлөөлдөг. Эрдэмтэд

    хэрэв нар сөнөвөл манай дэлхий найман минутын дараа мөстөнө гэж

    тооцоолсон байдаг. Нарны гэрэл дутагдсанаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөн, цус багадах, биеийн эсэргүүцэл сулрах, бие хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нарны гэрэл байнга дутагдсанаас яс хэврэгших, хугарсан яс удаан бороолж эдгэх, үе мөчний холбоос сулрах, шүдний паалан хэврэгших зэрэг шинж гардаг. Нарны гэрлийн дутагдлаас сэргийлэхийн тулд цонхны шилийг тогтмол угааж байх хэрэгтэй. Өдрийн цагт цонхны хөшгийг онгорхой байлгаж, өрөө тасалгаанд гэрэл оруулах хэрэгтэй. Цонхны тоо олон, талбай том байх нь олон гэрэлтүүлэгтэй байхаас илүү сайн нөлөөг эрүүл мэндэд үзүүлнэ.

    Наранд аажмаар биеэ дасган шарвал арьсны өнгөн хөрс нягтарч, зузааран биеийн эсэргүүцэл сайжирдаг. Арьсны элдэв тууралт, идээт үрэвсэлт өвчин арилдаг.

    Нарны гэрлийн нөлөөгөөр олон эмгэг төрөгчид устдаг.

    Гэхдээ нарны идэвхжил нэмэгдэх нь ясны чөмөг, цусны найрлага, төв мэдрэлийн систем, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг. Нарны цацрагийн хүчтэй тогтмол шарах нөлөөгөөр арьсны хорт хавдар үүсэх аюултай.

    Нарны туяанаас хамгаалахын тулд цайвар өнгийн хувцас, малгай хэрэглэж

    байх хэрэгтэй.

     

    Ус нь хүний амьдралд агаарын нэгэн адил ашигтай, хэрэгтэй. Бидний амьдралын анхдагч орчин бол ус. Газар дэлхий дээр цэвэр усны нөөц маш хязгаарлагдмал төдийгүй олон хүчин зүйлээс хамаарч багасч байгаа.

    Хүн амын хэрэглээнд усны чанар их чухал. Хүрэлцээ муутай, бохирдсон, тохиромж муутай, хадгалалтын хувьд чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хүний эрүүл мэндэд аюултай.

    Бид усны эх булгаа цэвэр байлгахын тулд ядаж хогоо ч гэсэн хаяхгүй байвал дээрсэн.

    Хүний биеийн жингийн ихэнх хэсэг нь ус байдаг. Хэрэв бид усаар дутагдвал хоол унд шингэхгүй, цус өтгөрөн судсаар гүйх процесс өөрчлөгдөн, эд эс хүчилтөрөгч, тэжээлээр дутагдана. Иймээс өдөрт дунджаар 1,5-2 л орчим шингэн ууж байх хэрэгтэй. Шингэн ууснаар биед орсон хорт бодисыг гадагшлуулна, бөөр давсагны замын чулуу үүсэхээс сэргийлнэ, арьс хуурайшиж үрчийхгүй, өтгөн хатахгүй, турж эцэх нь бага байх болно.

    ”Гэр бүл эрүүл амьдрал” холбоо

  • Хүний гадаад төрхөөр хэрхэн шинжих вэ

    Ам

    Амны том жижгээс мөн хүний авхаалж самбаа, зориг тэвчээр шалтгаалдаг. Арчаагүй, дорой, үлбэгэр хүмүүс жижигхэн амтай байдаг. Өөрийн мөн чанараа нууж явдаг “дугтуйтай хүнийг” жимийсэн амаар нь таньж болно. Зөв хэлбэртэй, дунд зэргийн хэмжээний уруултай хүнтэй нөхөрлөвөл та түүний зүгээс шудрага бус үйлдэлтэй учрахгүй. Бүтэлгүй дурлалууд эмэгтэй хүний дээд уруул дээр үрчлээс үүсгэдэг. Түүнчлэн нөхөртөө хууртаж явсан эмэгтэйн уруул дээр ийм зураас гардаг. Хөгжилтэй хөнгөн хүний уруулын өнцөг өргөгдсөн байдаг. Гэхдээ тэд муу эцэг эх, тааруухан эхнэр нөхөр юм. Харин доош унжсан мэт уруултай хүн хэдийгээр бусдыг өрөвдөх, бусдад өрөвдүүлэх дуртай ч гэсэн гэр бүлийн тогтвортой гишүүн болдог. Зузаан, хэлбэр дүрсгүй уруултай хүмүүс голдуу ховдог, шунахай, залхуу, юу ч хийх чадваргүй байдаг. Өрөвдөх сэтгэлгүй хүнийг даравгар дээд уруулаар нь мэдэж болдог. Гэмт хэрэгтнүүд дунд ийм уруултан олон. Бэлгийн сулрал, хөрөлттэй хүнийг жимийсэн доод уруул нь илчилж өгнө. Дээд уруул нь доод уруулаасаа илүү гарсан бол шийдэмгий бус хүний шинж. Эсрэгээрээ байвал таны өмнө жинхэнэ хувиа хичээгч зогсож байна гэдгийг мэдтүгэй!

    Одоо хүн яаж инээж байгааг ажиглая. Амаа таглаж инээдэг хүн ичимтгий, биеэ хэт хянаж өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг. Ичимтгий, хөнгөн хүн толгойгоо гэдийлгэж инээнэ. Мөрөөдөмтгий хүмүүс инээхдээ толгойгоо гараараа түшдэг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн чанга чанга инээдэг. Хэрэв инээхэд хамар нь үрчийдэг бол хаврын тэнгэр шиг хувирамтгай хүн гэж ойлгохолд ташаарахгүй.

     

    Чих

    Чихний дээд ирмэг хөмсөгнөөсөө илүү гарч байвал маш байн сэтгэхүйтэй гэсэн үг. Хэрэв хөмсөгтэйгөө нэг түвшинд байвал сэтгэхүй дунд зэрэг байгааг илтгэнэ. Харин доор байвал тэнэг хүний “гэрчилгээ” юм. Том босоо эсвэл дэлдэн чих хөгжмийн авъяастайг илэрхийлдэг. Бас шар үстэй бол ирээдүйн “Моцарт” байж магадгүй. Жижигхэн, зузаан чихтэй хүнд хөгжмийн авъяас байдаггүй. Мөн ийм чихтэй хүн худалч хуурмаг, өшөө хонзон өвөрлөдөг. Ер нь зузаан чихтэй хүн бүдүүлэг, хязгаарлагдмал оюунтай байдгийг анхаарахтун. Чонон чихтэй /дээд талаараа шовх/ хүн голдуу харгис хэрцгий авир гаргадаг. Чихний гэдэс их учиртай. Гэдэс багатай чихтнүүд бусдаасаа эелдэг, боловсон зан харьцаагаараа ялгардаг. Гэхдээ шаардлагатай үед тэд ган шиг хатуу, төмөр шиг бөх байдаг. Чихний гэдэс уртсах тусам хүн удаан амьдардаг. Тийм хүмүүсийг дорно дахины оронд эрдэмтэн мэргэд гэж хүндэлдэг. Чихний хэвийн өнгө бол ягаан . Чих шар юмуу хөх туяатай бол өвчин эмгэгийн шинж тэмдэг. Чих хичнээн хатуу байна эрүүл мэнд төчнөөн сайн байна.

     

    Эрүү

    Хатуужил тэвчээртэй хүмүүс том эрүүтэй байдаг. Тиймээс ч тэд бусадтай зовлон зүдгүүрээ хуваалцах дургүй. Хэрэв том эрүү Карлсоны хамартай хослож байвал зөрүүд, гөжүүд, дураараа зангийн тод илрэл. Үнэг шиг нарийн эрүүтэй хүн юуны өмнө өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг. Ямагт аюул заналтай тулгардаг хүмүүсийн эрүү урагшаа түрсэн байдаг. Давхар эрүүтэй хүмүүст орчин тойрныхны анхаарал халамж дутагддаг. Шовхдуу эрүү, жимийсэн уруул, шонхор хамар хослож байвал хүн бүхнийг сургах гэж оролддог хэнхэг хүний таних тэмдэг. Харин эрүүн дээрээ хонхорхойтой хүн салхи шиг тогтворгүй, түүний ямар үйлдэл хийхийг та хэзээ ч урьдчилан тааж чадахгүй.

    Өргөн магнай саруул ухаан, зохион байгуулах ховор авъяасыг гэрчилдэг. Жижиг духтай хүн бурхан шашинд сүсэглэдэггүй, ариун нандин шүтээнгүй, ёс суртахууныг умартсан байх нь элбэг. Хавтгай дух сэтгэлийн тэнхээгүй хүний шинж болно. Харин горим сахисан дуулгавартай хүний дух дээд хэсгээрээ товгор байх нь олон.

    Энэ бүхний эцэст “Бурхан тэнгэр биеийг бүтээдгээс сэтгэлийг бүтээдэггүй. Хүн бол сав. Зөвхөн түүнийг юугаар дүүргэх вэ гэдэг нь чухал юм” гэсэн нэгэн эрдэмтний үгийг зориуд хэлье. Чонон чихтэй атлаа сайхан сэтгэлтэй, шантгар хамартай боловч найдаж болмоор, жижигхэн хар нүдтэй мөртлөө хоёр үг холбож чаддаггүй хүн алийг тэр гэхэв. Тиймээс хүнтэй танилцахдаа нүднээсээ гадна сэтгэлдээ итгээрэй.

    Ч.Чойсамба

  • Өөрийгөө хүмүүжүүлэх 12 зөвлөгөө

    1.   Алдаагаа даван туулж сур

    Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дагавараар нь тунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж чи багагүй туршлага суусан болохоор дараагийн байдал шал өөр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.

    2.   Бүгд муу байвал сайны тухай л бод

    Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.

    3.   Данс хөтөлж бай.

    Зүгээрч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Цэс гэдэг нь зөвхөн данс байх зорилготой биш учир хэд хэдэн цэстэй байх нь өөрийнхөө өмнө буруутай болохоос таныг аварна гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наачих нь тун ашигтай.

    4.   Юун дээр чи цаг алддагаа шинж.

    Цагийг алдах ёсгүй. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, харин дасгалын заал юмуу бассейнд түүнийгээ аваачвал эрүүл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа бүх гэрийнхнийхээ сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.

    5.   Шийдсэнээ хэрэгжүүл.

    Чи амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр гэж өөртөө хэл. Тэгээд хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмгүүд чиний ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг тодруулан бодох хэрэгтэй. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та хүсч байна уу?” гэсэн худалдагчийн үгэнд “Зүгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хүйтнээр хариулаад гарч яв. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад та илэрхий амрах шиг болж бялуунууд хорхойн чинь хүргэхээ болино. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.

    6.   Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул.

    Амьдрал эгэл хэсгээс бүрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хйгээд л бай. тэгвэл чи амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.

    7.   Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай.

    Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. Хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн төрөхөд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.

    8.   Зорилгоо багцалж тодорхойл.

    Чамд шаардагдах зүйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан чи хийсэн шүү дээ. Юу ч хийгээгүй залхуу новштой адилхан байгаагүй учир. Амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.

    9.   Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо.

    Илүү сайн гэгдсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга ярьж бай. жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чинь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур. Чиний нэг сайн нөхөр чинь “чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн чинйи ажлын тухай утгагүй зүйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь чамайг доромжилж байгаа бол “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь чиний хууль ёсны эрх бөгөөд жинхэнэ амжилт нь өндөр зэрэглэлийн хүнд л олдоно гэдгийг санаж яв.

    10. Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа.

    Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авхаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаарна. Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавь.

    –     Хэрэв би үүнийг ганц өдөр ялгаад тавьчихвал маргааш ялгах хүсэл дахин төрөх үү?

    –     Үүнийг би хийсэн нөхцөлд дор хаяад юу авах вэ? Сайндаа юу авах вэ?

    –     Юу ч хийхгүй бол яах бол?

    –     чухам эцэстээ  би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дүгнэлт хийж бай.

    11. Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур.

    Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ. Шинэ хархүүтэй өмнө нь учраа ололцоогүй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгүй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илүүдэл жиндээ санаа зовж аэробикаар хичээллэж эхэл.

    12. Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай.

    Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.

  • Сэтгэлгээг хөгжүүлж болох уу?

    БХА: Бүх Хүчин Зүйлийг Авч Үзэх

    БХА бол тухайн нөхцөл байдал дах бүх л хүчин зүйлсийг авч үзэхийг хичээн чармайх үйл явцын хэлбэржилт юм.

    Сэтгэлгээний энэ үйл ажиллагаа нь үйлдэл, шийдвэр, төлөвлөгөө ба дүгнэлт гаргахтай салшгүй холбоотой.

    Хүмүүс аливаа санааг эцэслэн шийдвэрлэхдээ бүх л хүчин зүйлсийг тооцоолсон гэж үздэг боловч ихэнхдээ тэдний ажиллагаа нь илэрхий нэг хоёрхон зүйлээр л хязгаарлагдсан байдаг. БХА-г зориудын ажиллагаа болгох нь хүний анхаарлыг чухал хүчин зүйлийг хайдаг байдлаас бүх хүчин зүйлийг хайх ажиллагаа руу шилжүүлнэ. Бүх хүчин зүйлсийг авч үзэхдээ доорх томъёоллыг ашиглаж болно.

    · өөрт нөлөөлөх хүчин зүйлс

    · бусдад нөлөөлөх хүчин зүйлс

    · нийгэмд нөлөөлөх хүчин зүйлс

    Шийдвэр гаргах, төлөвлөлт хийх зэрэгт орхигдсон хүчин зүйлсийг онцлон тэмдэглэхэд хичээл чиглэгдэнэ. БХА гүйцэтгэх явцад оюутнууд аль болох чухал хүчин зүйлсийг жагсаахыг оролдох ба энэ хүчин зүйлийнхээ чухал гэдгийг олж харах, ямар хүчин зүйл нь хаягдсан гэдгийг тогтоохыг хичээх хэрэгтэй. Бусад хүмүүст буюу тухайн хүн өөртөө ”Ямар хүчин зүйлийг би анзааралгүй орхисон байж болох вэ?” гэсэн асуултаар хандаж БХА-г хэрэглэж болох юм.

    БХА нь ЭССо-ээс ялгаатай бөгөөд ЭССо бол санаанд өгөх хариу үйлдэл байдаг бол БХА нь санаа гарч ирэхээс өмнөх нөхцөл байдлын судалгаа шинжилгээ нь болдог. Эдгээр хоёр хэрэгсэл нь зарим талаар давхцах тохиолдол байдаг, учир нь ихэнх хүчин зүйлс илэрхий эерэг болон сөрөг талуудтай байдаг. БХА-ийн зорилго нь боломжийн хэрээр бүрэн цогц байх, мөн хүчин зүйлсийг таатай, таагүй гэж харахын оронд тэдгээрийг бүгдийг нь авч үзэхийг хичээдэгт оршдог.

     

    БХА= Бүх хүчин зүйлсийг авч үзэх:

    Аливаа шийдвэр гаргах, сонголт хийх эсвэл ямар нэгэн зүйлийн талаар бодох хэрэгцээ гарах бүрд тооцон авч үзэх хэрэгтэй хүчин зүйлс үргэлж байдаг. Хэрвээ та олон зүйлсийн заримыг нь орхивол таны сонголт тухайн үедээ зөв юм шиг санагдсан ч хожим нь буруутаж болно. Та бусад хүмүүсийн сэтгэлгээг харж байхдаа тэд ямар хүчин зүйлийг авч үзэлгүй орхигдуулж байгааг харахыг хичээгээрэй.

    Жишээ: Хэдэн жилийн өмнө нэгэн том хотод “шинэ байшин бүр тухайн байшинд ажиллаж байгаа хүмүүсийн машиныг тавих боломжоор хангагдсан томоохон гаражтай байх ёстой” гэсэн хууль үйлчилдэг байв. Хожим нь энэ хуулийг алдаатай гэж үзэн өөрчилсөн байна. Яагаад ингэсэн бэ?

    Хууль тогтоогчид машин тавих газрыг хангаснаар хүн бүр ажилруугаа өөрийн машинаар ирж очиход хүргэнэ, цаашилбал энэ нь замын ачааллыг ихэсгэнэ гэдгийг тооцож үзээгүй мартсан байна.

    Дасгал 1. Эхнэр нөхөр хоёр хуучин автомашин худалдан авах гэж байна. Тэд дараах хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй гэж үзэв. Үүнд:

    – Худалдаж байгаа хүн нь автомашины эзэмшигч нь үнэхээр мөн эсэх

    – Машины үнэ

    – Машины загвар ба өнгө

    – Хөдөлгүүрийн хүчин чадал болоод машины хурд

    – Механик хэсгүүд бүрэн ажиллаж байгаа эсэх

    – Гэр бүлийн бүх хүмүүсийг багтаах хангалттай том зайтай эсэх

    Өөр орхигдуулсан хүчин зүйлс байгаа эсэхийг бодож үзээрэй.

    Зөвлөмж:

    · Тэдний хүүхдүүдэд машин таалагдахгүй байж болно.

    · Түүнчлэн тэд автомашиныг худалдан авах чадалтай байлаа ч гэсэн хэрвээ шатахуун их иддэг бол түүнийг хангах боломж тааруу байж болно.

    · Гаражид багтахгүй байж болно (гараж байгаа нөхцөлд)

    Дасгал 2. Шинийг санаачлагч бүхий л хэрэгцээт тэжээл болоод амин дэмийг агуулсан үрэл хийсэн гэж саная. Үрлийг идсэний дараа 5 цагийн туршид огт өлсөхгүй. Энэ үрлэн хоолыг хэрэгцээнд гаргахыг зөвшөөрөх хэрэгтэй юу? Ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

    Зөвлөмж:

    · зарим хүмүүс энэ үрлэн хоол хүнс тэжээлийн бүхий л хэрэгцээт зүйлсийг өөртөө багтаадаг гэдэгт итгэж байхад зарим нь юун тухай яриад байгааг ойлгохгүй байж ч магад.

    · Фермер, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон дэлгүүрүүд яах вэ?

    · Аяга таваг хэрэглэхгүй, угаахгүй болно.

    · Та ажил руугаа явж байхдаа л өглөөний хоолоо идчихнэ.

    · Хүмүүст идэж байгаа хоолноосоо таашаал авах хэрэгтэй байтал үрлэн хоол таашаал төрүүлэхгүй.

    · Хүмүүсийн ходоод агших болов уу?

    · Хэрвээ үрэл өглөөний хоолонд хэрэгтэй байсан ч гэсэн энэ нь өдөрт идэх хоол болгонд хэрэгтэй байх уу? Энэ нь ямар нэгэн гэм хор дагуулахгүй биз?

    Зарчмууд:

    А. Сонголт хийх, шийдвэр гаргах, төлөвлөхийн өмнө БХА-г гүйцэтгэх нь ашиг тустай байдаг.

    Б. Эхлээд бүх хүчин зүйлсийг авч үзээд дараа нь илүү чухлыг нь ялгах нь дээр.

    В. Чухал хүчин зүйлийг авч үзэлгүй орхигдуулсан эсэхийг өөр хэн нэгнээс асуух хэрэгтэй.

    Г. Хэрвээ та чухал хүчин зүйлийг авч үзэхээ орхигдуулсан бол тухайн үедээ зөв мэт байсан ч хожим нь буруу болон эргэж болно.

    Д. Хэрвээ та БХА-г хэн нэгний сэтгэлгээнд хийж үзвэл та тэр хүнд юуг орхигдуулсаныг хэлж чадна.

    Та дараах санаанууд дээр БХА хийж сэтгэлгээгээ дасгалжуулаарай.

    · Ирээдүйн мэргэжилээ сонгоход

    · Сандал хийхэд ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

    · Залуу хосууд одоо шууд гэрлэх үү эсвэл хүлээзнэх үү гэдгээ шийдэж ядан байна. Тэд ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

    · Амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ шийдэхдээ та ямар хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй вэ?

    Оюуны чадварын IQ төв

  • Ой тогтоолт сайжруулах аргачлал

    21 зуун бол мэдээллийн тэсрэлтийн зуун билээ. Тийм ч учраас хүмүүсийн мэдэх ёстой мэдээллийн хэмжээ эрс нэмэгдэж байна. Ийм нөхцөлд цаг үеийн шаардлагад нийцэж, ажил амьдралдаа амжилт гаргахын тулд хүмүүст тавигдах тодорхой хэмжээний шаардлагууд байдаг. Эдгээрийн нэн түрүүнд бүх төрлийн, их хэмжээний мэдээллийг хурдан хүлээн авч, тогтоон боловсруулж сурах шаардлага юм. Үүнийг ой тогтоолт сайн байж хангана. Гэтэл мэдээлэл тогтоох уламжлалт арга нэмэгдэж байгаа шаардлагыг зарим талаар хангаж чадахгүй байна. Харин олон мянган жилийн түүхтэй ой тогтоолт сайжруулах арга болох мнемотехникийг орчин үеийн анагаах ухаан, сэтгэл судлалын ололтуудтай хослуулан шинэчилсэн орчин үеийн мнемотехник энэ шаардлагад нийцэх юм.

     

    2. Тайлбар

    Ой тогтоолт болон бүх төрлийн мэдээллийг боловсруулах чадварт тавигдах өнөөгийн шаардлагын багахан хэсгийг ч гэсэн биелүүлэхийн тулд, насанд хүрэгсдийн бүх төрлийн мэдээлэл хүлээн авч боловсруулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ой тогтоолт сайжруулах болон Монгол хүний онцлог, монгол хүний хөгжлийн цогц сургалтыг зохион байгуулж байна. Мөн үндсэн сургалттай холбоотой судалгааны ажлууд хийгдэнэ.

     

    3. Лекцийн үндсэн санаа

    Манай сургалт ой тогтоолт сайжруулах арга болох мнемотехникийг орчин үеийн анагаах ухаан, сэтгэл судлалын ололтуудтай хослуулсны үндсэн дээр боловсруулагдсан хөтөлбөртэй. Үүнд:

    1) Ой тогтоолтын доорхи үндсэн зарчмуудыг тооцсон.

    1. Сэтгэл санаа тайван байх ёстой бөгөөд ямар нэгэн зовиуртай өвчингүй байна. Эдгээр шалтгаан байвал арилгасны дараа хичээллэх нь дээр.

    2. Мэдрэхүйн эрхтнүүдийн жигд оролцоог хангах /синестези/ хэрэгтэй.

    3. Дүрс энгийн бөгөөд аль болох тодорхой байх ёстой.

    4. Мэддэг зүйлтэйгээ нийлэмж үүсгэж сурах шаардлагатай.

    5. Секстэй холбоотой зүйл сайн тогтоогддог.

    6. Хошин, өвөрмөц мэдээлэл амархан санагдана.

    7. Сайн төсөөлөх нь ой сайн байхын нэг үндэс.

    8. Дугаарлах нь дэс дараалал болон эмх цэгцтэй байдлын үр ашгийг нэмэгдүүлдэг.

    9. Билэгдэл ашиглаж тогтоосон мэдээлэл сайн тогтоогддог.

    10. Тод, олон өнгийг ашигласнаар ямар ч сонирхолгүй зүйлийг сонирхолтой болгон тогтоож болно.

    11. Дэс дараа болон эмх цэгцтэй байх нь ямар ч мэдээллийг хайж олоход чухал үүрэгтэй.

    12. Эерэг утгатай, тааламжтай дүрс тогтоож санах нь сөрөг утгатай дүрс тогтоож санахаас хавьгүй дээр байдаг.

    13. Хэтрүүлэг хэрэглэн хэт томруулж эсвэл хэт жижигрүүлж, хэлбэр, өнгө, дуу авиаг нь өөрчилснөөр дүрсийг тогтооход хялбар болгодог.

    2\ Дийлэнх хүний ой тогтоолтонд тархины зүүн хагас бөмбөлөгийн үүрэг давамгайлж мэдээллийг логик сэтгэлгээндээ тулгуурлаж тогтоодог. Манай сургалт тархины баруун буюу зүүн хагас бөмбөлөгүүдийн ой тогтоолтонд оролцох жигд оролцоог хангахад чиглэгдсэн.

    Тархины зүүн хагас бөмбөлөгийн үүрэг:

    Ш Логик сэтгэлгээ;

    Ш Яриа;

    Ш Ангилал;

    Ш Тоотой хийх үйлдлүүд;

    Ш Шалтгаан үр дагаварын холбоог тодорхойлох;

    Ш Төлөвлөлт;

    Ш Шинжилгээ.

    Тархины баруун хагас бөмбөлөгийн үүрэг:

    Ш Хэмнэлийн мэдрэмж;

    Ш Төсөөлөл;

    Ш Зөгнөх чадвар;

    Ш Өнгөний мэдрэмж;

    Ш Эд зүйлсийн хэмжээг тодорхойлох чадвар;

    Ш Орон зайн баримжаа;

    Ш Иж бүрэн зураглал хийх.

    3) Ойн тогтоолтын дараах хэлбэрүүд байдаг:

    Ш Дүрслэх;

    Ш Үгсийн ба утгын;

    Ш Хөдөлгөөний

    Эдгээрээс дүрслэх ой дийлэнх насанд хүрэгсдэд давамгайлдаг үгсийн ба утгын ойноос хурд, багтаамж, найдвартай байдлын хувьд хавьгүй илүү юм.

    4) Орос, Германы эрдэмтдийн (Выготский, Йельс) судалгаагаар мэдээллийг хүлээн авч боловсруулах хамгийн үр ашигтай аргууд бол дүрслэх ой буюу дүрслэх сэтгэлгээ гэдэг нь тогтоогдсон. Тэгээд ч ихэнх суутнууд ийм хэлбэрийн ой бөгөөд сэтгэлгээтэй байжээ. Дүрслэх ой ба сэтгэлгээ бол ирээдүйн хүний ой ба сэтгэлгээ гэж үздэг.

     

    4. Давуу тал ба ашиг

    Мнемотехник хэнд хэрэгтэй вэ?

    1.Бүх хүмүүст

    Ямар ч хүн дэлгүүрээс авах зүйлсийн жагсаалт, утасны дугаарууд гэх мэтийн тодорхой хэмжээний мэдээлэл тогтоох шаардлага амьдралд байнга гардаг. Ингэхдээ ихэнх хүмүүс тэмдэглэлийн дэвтэр эсвэл цаасан дээр бичдэг. Дараа нь нөгөө тэмдэглэлээ гаргаж харах, заримдаа олохгүй мунгинаж өөртөө бухимдах тохиолдлууд элбэг байдаг. Харин мнемотехникийг эзэмшвэл энэ явдал бүрмөсөн арилна. Цаасан дээр бичсэнээс толгойндоо бичсэн нь хамаагүй хурдан. Тогтоох хэрэгтэй бүх мэдээллээ толгойндоо хадгалаад хоромхон зуур санаж ашиглах нь цаг хэмнэж, өөртөө сэтгэл хангалуун байх байдлыг бэлэглэдэг.

    Ой тогтоолтоо байнга ашиглаж хурцлах нь оюун санаа эрүүл байхын үндэс болдог. Оюун санаа эрүүл байвал бие эрүүл байх магадлал өндөр юм.

    2.Оюутан сурагчдад

    Оюутан сурагчид мнемотехникийн тусламжтай хичээлийнхээ бүх материалыг цээжилж болно. Хичээлийн жилийн турш хичээлээ бага багаар мнемотехникийн аргаар тогтоовол шалгалтанд бэлдэлгүй шууд орох боломжийг нээдэг. Энэ нь онц сурах нөхцлийг хангах бөгөөд ирээдүйд өндөр зэрэглэлийн мэргэжилтэн болох боломж олгоно.

    3.Эрдэмтэн багш нарт

    Мнемотехник нь илтгэх урлагийн хэсэг болж үүссэн юм. Тийм ч учраас лекц илтгэлийнхээ материалынхаа дэс дарааллыг тогтоон цаас харалгүй ярих боломж олгоно. Цаас харалгүй ярьдаг багш нар оюутан сурагчдынхаа хүндэтгэлийг хүлээдэг.

    Лекц илтгэлээ нэг удаа тогтоочихсон байхад дахин харах, цээжлэх шаардлагагүй. Энэ нь цаг хэмнэж мэдлэгийнхээ хүрээг цааш өргөжүүлэх боломж нээж өгнө.

    4.Бизнесмэнүүд болон улс төрчдөд

    Сайн бизнесмэн болон улс төрч маш олон хүнтэй харьцагийн хувьд тэдний тухай их хэмжээний мэдээлэл тогтоох шаардлагатай байдаг. Энэ амжилтын нэг гол хүчин зүйл болно. Хүнд хамгийн эрхэм зүйл нэр нь байдаг учраас хүмүүсийн нэрийг мэддэг байх хэрэгтэй. Мөн тэдний гэр бүл сонирхдог зүйлийнх нь тухай мэдэж ярьж чаддаг байвал тэр хүнийг өөртөө татаж чадлаа гэсэн үг.

  • Хошуучлалын дөрвөн зарчмыг амьдралдаа хэрэгжүүл

    1. Хүмүүст нөлөөлхийг хүсч байгаа бол тэдний ойлгох хэлээр ярь. Хэрэв та тэдний нүдээр харж чадвал, хүмүүс таны хүссэн зүйлийг илүү хялбар гүйцэтгэх болно. Эхлээд өөрөөсөө “Энэ хүнтэй би байраа сольсон бол юу гэж бодох байсан бол?” гэж асуу.

    2. Бусадтай харьцахдаа “хүн байх” гэсэн зарчмыг хэрэгжүүл. “Үүнийг авч үзэх хүнлэг хэлбэр нь ямар байж болох вэ?” гэж өөрөөсөө асуу. Үйл хөдлөлөөрөө эхлээд хүмүүсийг боддогоо харуул. Бусад хүмүүст эелдэг байдлаар ханд. Та үр дүнд хүрэх болно.
    3. Урагш ахих тухай бод, хөгжил дэвшилд итгэ, урагш тэмүүл. Хийдэг бүх зүйлээ улам боловсронгуй болго. Хийдэг бүх зүйлдээ өндөр шаардлага тавь. Хэсэг хугацааны дараа ажиллагсад даргынхаа хуулбар нь болдог. Эх хувь нь хувилахад тохиромжтой эсэхэд итгэлтэй бай. Үүнийг хэрэгжүүл: “Гэртээ, ажил дээрээ, нийгмийн орчинд хөгжил дэвшлийг агуулсан бүх үйл ажиллагааг би дэмжинэ.”
    4. Өөртэйгээ зөвлөх, дотроо байгаа бодлын агуу их хүч чадлаа ашиглах цаг завыг өөртөө гарга. Зохион байгууллалттай тогтмол ганцаардал үр ашгаа өгөх болно. Үүнийг бүтээлч хүчээ сэргээхэд ашигла. Хувийн, ажилтай хоолбоотой асуултууддаа хариу олоход үүнийг хэрэглэ. Өдөр бүр тодорхой хэмжээний хугацааг бодож сэтгэхийн тулд ганцаар өнгөрөө. Бүх агуу их удирдагчдын хэрэглэдэг бодож сэтгэх аргуудыг ашигла, Өөртэйгээ зөвлө.

     

    Явцуу хүмүүс таныг явцуу сэтгэхийг албадах Үед өргөн цар хүрээтэй сэтгэ.

    Таныг ялагдаасай , азгүй тохиолдолтой учраасай, загнуулаасай гэх хүмүүс гарна гэдэгт итгэлтэй бай. Зөвхөн дараах дөрвөн зүйлийг л мартахгүй бол энэ хүмүүс танд хор хүргэж чадахгүй.
    1. Явцуу хүмүүстэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожих болно. Өчүүхэн хүмүүстэй хийх хэрүүл таныг ч гэсэн өчүүхэн болгож явцууруулдаг. Том хэвээрээ байгаарай.
    2. Дайралтанд өртөнө гэдгээ мэддэг бай. Энэ бол та урагш ахиж байгаагийн нэг илрэл юм.
    3. Тан руу довтлогсод сэтгэл зүйн хувьд өвчтэй гэдгийг нь бүү март. Өргөн цар хүрээтэй сэтгэ. Тэднийг өрөвд. Ялихгүй, өчүүхэн хүмүүсийн довтолгооны эсрэг дархлалтай болох хүртлээ өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ!
    4. “Хэрэгтэй зүйлүүд надад байхгүй” гэж санагдсан тэр үед өргөн цар хүрээтэй сэтгэхээ бүү март. Хэрэв та өөрийгөө хүч чадалгүй гэж бодвол хүч чадалгүй л гэсэн үг. Чадваргүй гэж бодвол та чадваргүй л гэсэн үг. Та өөрийгөө хүнд хэрэггүй гэж бодвол та тийм л гэсэн үг.

     

    Энэ хэрэгслүүдийг ашиглан

    өөрийгөө үнэлж сур:
    1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь тийм байдлаар бодож сэтгэхэд тань тус болно. Гадаад төрх байдал тань таны дотроо юу боддогоос тань шууд хамаардаг.
    2. Эсрэг талууддаа анхаарлаа хандуул. Өөрийгөө өөртөө танилцуул сайн талуудаа мэддэг бай.
    3. Бусад хүмүүсийг зөв өнцгөөс хар. Бусад хүмүүс ч гэсэн ялгаагүй л хүн шүү дээ. Яагаад та тэднээс айх ёстой юм бэ? Хэр зэрэг сайн болохоо боддог байхуйц өргөн цар хүрээтэйгээр бодож сэтгэ.
    Biirbeh.com

  • Тавхан үг- амжилтанд хүрэх түлхүүр

    ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГ ЭРЖ ОЛООД ХАНГАГТУН

    Гэсэн энэ тавхан үгэнд санхүүгийн амжилтанд хүрэх түлхүүр, өөртөө бат итгэх, өөрийгөө тоож ойшоохын түлхүүр оршино.

    Хэн хүний эрэлт хэрэгцээг л ангадаггүй бол нэг ч үйл хэрэг, нэг ч ажил гэж байхгүйсэн. Эрэлт хэрэгцээ нь өчүүхэн бол шан нь өчүүхэн байхаас гадна, энэххүү зорилгыг хэрэгжүүлчихлээ гэхэд та сэтгэл ханахгүй хоцорч ч мэднэ. Эрэлт хэрэгцээ нь угаасаа нүсэр их байх юм бол шан харамж нь мөн л их байх агаад сэтгэл ханах мэдрэмж, улам улам ихийг сэдэн бүтээх хүсэл тань чухамхүү цаглашгүй болно шүү.

    Ажил хөдөлмөр эрхэлдэг хэн боловч нийгэмд буй ямарваа нэг эрэлт хэрэгцээг л хангаж байдаг нь тодорхой. Бичиг дансны ажилтан, биеийн хүчин үнэлэгчид, хоол зөөгчдийн аль аль нь хүнд хэрэгтэй л ажил хийж байна. Гэвч тэдэнд ноогдож буй шаардлага харьцангуй их бус болохлоор тэд ч их бус шан харамж авдаг.

                 Автотэрэгний асаагуур сэдэн бүтээсэн Чарльз Кеттеринг гараараа мануйлдаж асаах төвөгтэй ажлаас хүнийг чөлөөлж, ингэсний үр дүнд чухамдаа бүх хүнд (ялангуяа эмэгтэйчүүдэд) машин жолоодох боломжийг өгсөн билээ. Кеттеринг сая сая хүнийг автотэрэг ашиглах боломжоор хангасан байна. Тэрээр нийгэмд буй болсон эрэлт хэрэгцээг л олоод хангасан байна. Чухамхүү үүнийхээ хариуд цаглашгүй их шан харамж хүртсэн юм.

    Бүх Америк даяар эрэгтэй эмэгтэй өдий төдий хүн арай чарай амь зуудгийн учир юун гэвээс, тэдний өөрсдийнх нь хангаж буй, орчин тойронд нь байгаа эрэлт хэрэгцээ тэдний чадвар боломжтой харьцуулах юм бол тун ч шалихгүй. Гэтэл тэд чадвар боломжоо өөртөө болон орчныхондоо тун ч ашигтайгаар зарцуулж болохсон билээ.

    Энэ санааг тодруулах жишээ татъя.

    Дунд зэргийн чадвар боломжтой залуу банкны доогуур зиндааны түшмэдийн алба хаахдаа, энэ ажилаа цэвэр цэмцгэр ажил, түүнээс гадна “Би Үндэсний тэргүүн банкинд алба хашдаг” гэж ам бардам хэлж болох тул өөрийнх нь “би”-гийн зиндааг дээшлүүлж байна гэж үздэг. Гэвч цалин пүнлүүгээ түргэн ахина гэж найдах найдваргүй гэдгийг төдөлгүй ухаарна. Ийм банкны залуу албан хаагчид арай өндөр зиндааныхнаас нэг нь тэтгэвэрт гарч суудал сулрахад л тушаал ахих болно. Суудал суларлаа ч гэсэн доогуур зиндааны өдий төдий залуу түшмэдээс цорын ганц нь л тушаал ахина. Ийм тохиолдолд аливаа хүн нэг талаас, атаархаж, хэн нэгийгээ егүүтгэхийг эрмэлзэнэ, нөгөөтэйгүүр, сэтгэлээр унаж гутарна. Банкны эздийн хувьд бол мань залуугийн хийдэг ажлыг дунд зэргийн чадвартай ямар ч залуу хүн гүйцэтгэж чадах болохоор мань хүнийг халж сольчихоос гудайхгүй. Тэгээд ч нэмэрлэж байгаа шалихгүй ашиг тус, цалин хлс хоёр нь ч шууд хамааралтай байгаа хэрэг.

    Тийм болохоор, мань залуу банканд нэн чухал тийм ажлыг хийх боломжийг олж байж л цалингаа нэмэгдүүлэх, гүйцэтгэсэн ажилдаа сэтгэл хангалуун байх цорын ганц замтай юм. Өөрөөр хэлбэл, одоогынх нь үйл ажиллагаа хангаж байгаагаас илт илүү эрэлт хэрэгцээг л олоод хангах хэрэгтэй гэсэн үг. Энэхүү зорилгод хүрэх олон арга зам бийгээс заримыг дурдъя:

    1.   мэдлэгээ дээшлүүлж нэмэгдүүлхийн тулд банкны үйл ажиллагааг улам няхуур судалж болно.

    2.   Арай илүү өгөөжтэй өөр ажилд орж болно.

    3.   Ганцаараа, эсвэл өөртэй нь ижил чадвар боломжтой хүмүүстэй нэгдэж өөрийн гэсэн ажил үйлс өрнүүлж болно.

    4.   Ганцаараа, эсвэл бусад хүмүүстэй нэгдэж шинэ санаа сэдэж боловсруулаад, ийм санаа саналын эрэлт хэрэгцээтэй байгаа хүмүүст худалдаж болно.

    Энэ бүх арга замын хүрэх гол зорилго бол өөрийнхөө чадварыг зарцуулж ашиглах хүрээг л тэлэхэд оршино. Гэвч арга тус бүрийг тус тусад нь авч үзье. Учир шалтгаангүйгээр ажлаа өөрчлөх юм уу, өөрийг гэсэн үйл ажиллагааг үндэслэл муутай эхлэх гэдэг тэнэг хэрэг. Нийгэмд буй эрэлт хэрэгцээг л хэрхэн хангах, одоогийнхоосоо илүү их ашиг тусыг нийгэмд хэрхэн өгөхөө тухайн хүн ухамсартайгаар эрж хайх ёстой.

    Үүнийг ухаарч ойлгохгүй байгаа хүн бол цөхрөнгөө бараад гингэнэж гонгинож байдаг муурын зулзага л гэсэн үг.

    Тийм хүмүүс ихэвчлэн, “Хөршийн хийж байгааг би нэг хийгээд үзье” гэдэг. Тийм хүмүүс өөр хүний нэгэнт сэдэж хийсэнг давтдаг боловч арай боловсронгуй болгодог. Тэдний найддаг цорын ганц зүйл бол аль болохоор хурдалж гүйцээд “үйл ажиллагааны өөрийн хэсгийг” шүүрч авах чадвар нь л болдог. Гэвч ийм хүмүүс бусдын хийснээс онцгой ялгарах, сор болохоор юм сэдэн бүтээж ерөөсөө чаддаггүй.

    Тийм хүмүүс өөрийнхөөсөө өөр хэний ч эрэлт хэрэгцээг хангадаггүй. Тийм хүмүүс “үйл тамаа эдлэж байна” гэж гоншигнож байдаг. Тийм хүмүүсийн гэргий нар ч нөхрөө ямагт ажилд дараастай, эцэс төгсгөлгүй өрсөлдөөнд орооцолдсон, гагцхүү ажлаа л гэдэг, амарч цэнгэж чаддаггүй, нойрны эм тан хайж эмчид байнга үзүүлэх юм гэж сэтгэл гонсгор байдаг.

    Иймэрхүү байдалд орчихгүйн тулд эрэлт хэрэгцээг эрж хайхтун!

    Хажууд тань, эргэн тойронд нь тань, хаа сайгүй байгаа эрэлт хэрэгцээг шүү.

     

    Эрэлт хэрэгцээг

    эрж олох нь 

                Нүдэнд үл үзэгдэх эрэлт хэрэгцээг эрж олох хамгийн ашигтай аргыг хүн өөрөө л олох ёстой.

    Бүрэн итгэлтэй хэлж болох нэг зүйл гэвэл эрэлт хэрэгцээ таныг эрж хайх бус, харин та эрэлт хэрэгцээг хайж олох ёстой юм шүү. Та ийм зорилго тавивал хүчин чармайлтанд тань совин ч туслах болно. Харин онгод бол совин татсаны л үр дүн билээ. Зохих шийдийг уйгагүй эрж хайхад аз тохиох явдал бишгүй л байдаг.

    Төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан Алекс Левитийн тухай хуучилъя. Энэ хүн орон тооны ажилтантай, бас зарим нэг тоног төхөөрөмжтэй байсан байна. Тэгээд гэр ахуйн багаж төхөөрөмж үйлдвэрлэхээр санаа шулуудсан юм санж. Зах зээлийн судалгаанаас нэг удаа уншиж байгаад олонх эмэгтэйчүүд тоос сорогч ерөөсөө ч хэрэглэж үзээгүй тухай мэджээ. Чухам энэ зүйл л үйл ажиллагааныхаа хойшдын чиглэлийг төлөвлөхөд нь түлхэц болсон ажээ. Энэ асуудлыг судалж эхлэнгүүтээ л, үйлдвэрлэгчид тоос сорогч үйлдвэрлэх болсноороо хойш захзээлийг тоос сорогчоор хангахад л анхаарч жижиг сажиг зүйлээр л сайжруулах төдийгөөр зөнд нь орхисонг мань хүн ухаарчээ.

    /үргэлжилнэ/