Category: human-development

  • МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БИД ХЭРХЭН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

    Мэдээж хүүхэд нас бол хүн бүхний хамгийн дурсамжтай, баяр хөөр, уйтгар гуниг хосолсон аз жаргалтай үе байдаг. Энэ л насандаа бид хөгжиж төлөвшиж, ирээдүйн зан авир, мөн чанар, оюун ухаанаа олж авдаг. Тиймээс бидний ирээдүйд хэн байх, хэн болохыг тодорхойлж өгдөг хүүхэд нас, тэр тусмаа бага балчир нас гэдэг хүний амьдралын маш чухал бөгөөд хариуцлагатай үе байдаг. Харамсалтай нь манай эцэг эхчүүдийн дийлэнх олонх нь энэ хариуцлагатай чухал үеийг хариуцлагагүйгээр өнгөрүүлж, … дараа, …. том болохоороо, …. сургуульд орохоороо өөрлчлөгдөх биз, …болох биз гэсэн  буруу хандлагаар хүүхдээ өсгөчихөөд, өнгөрсөн хойно нь хашгирав гэгчээр амаа барих тохиолдол олонтоо гаргаж байна.

    Тэгвэл бид ирээдүй үе болсон хүүхэд багачуудаа хэрхэн хүмүүжүүлэх вэ? Бидний хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил маань зөв болов уу? буруу болов уу? Хүүхэд хүмүүжүүлэх хамгийн сайн арга юу байдаг бол?

    Дэлхийд олон эст амьтан үүсэж, яваандаа тархитай болон хөгжсөн цагаас эхлэн өөрийн амьдралын туршлагаа хойч үедээ өвлүүлдэг болсон. Энэ байдлаар явсаар ухаант хүн үүсэн бий болоход амьдралаас олж авсан мэдлэг туршлагаа залуу үедээ даган дуурайх байдлаар өвлүүлдэг байсан, энэ яваандаа хэл хөгжих эх үндэс болсон ба улам нийгэмшиж, хот суурин төвлөрсөн зохион байгуулалттай болоход хүүхдийг хүмүүжүүлэх, мэдлэг туршлага зааж өвлүүлэх олон арга хэрэгсэл бий болсон. Үүний дүнд сургууль цэцэрлэг, сургалт хөгжлийн төв байгуулагдаж хүний хөгжлийг хангах болсон. Энэ бидний мэдэх БАГШ төвтэй сургалт буюу багш зааж, хүүхэд сонсох ёстой гэсэн хандлага юм.

    17 зууны сүүл үеэс шавь төвтэй сургалтын тогтолцоо бий болж, энэ явсаар өнөөгийн өндөр түвшинд хүрсэн. Шавь төвтэй сургалтын давуу тал нь багш хүүхдийн чадвар нөөц бололцоог илрүүлэх зорилготой сургалтыг явуулж, шавь өөрөө бие даан сонирхол сэдлийнхээ дагуу суралцана. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө хүссэн сонголтоор сурч хөгжин багшийн мэдлэг чадварыг давах хангалттай боломж бүрддэг явдал юм.

    Сүүлийн үед шавь төвтэй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс “шавь төвтэй сургагч багш” сургалтын тогтолцоо руу аяндаа шилжиж байна. Энэ сургалтын онцлог нь хүүхэд сурч мэдсэн зүйлээ үе тэнгийнхэндээ зааж өгөх замаар өөрөө улам чадваржих, үүнийг сурсан хүүхэд дараагийн үедээ зааж өгөх замаар тасралттай хөгжиж төлөвших үйл явц юм. Яагаад энэ сургалт тийм үр дүнтэй гэж?

    Аливаа хүнд мэдээллийг хамгийн сайн дамжуулагч нь үе тэнгийнхэн нь байдаг. Энэ нь тухайн хүний наснаас дээш 5 нас, доош 5 насны хооронд буюу нас ойролцоо хүмүүс бие биенээ хөгжүүлэх нь их байдаг. Харин насаар нэлээн ахимаг хүмүүс, эцэг эх зэрэг нь тухайн хүнээс 20 орчим жилийн насны зөрүүтэй байдаг учир хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжийг ойлгодоггүй, мэддэггүй учир хүүхэддээ, тэр тусмаа балчир насны хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй.

    Тэр тусмаа сүүлийн жилүүдэд төрөөд байгаа шинэ үеийн хүүхдүүд аливаа юмыг сурахдаа хурдан, анхаарал сул, сэтгэн бодох чадвар өндөр, өөрийнхөөрөө гэх мэт зан авир илэрч байна. Харин энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэх аргаа эцэг эхчүүд олохгүй зөрүүд, муухай ааштай, өөрийнхөөрөө гэх мэт шинж чанарыг нь анзаарч хараад байна. Тэд хүүхдүүдийнхээ хүссэн бүх зүйлийг нь биелүүлээд, муухай ааш гаргахад нь аргадаад нэг үгээр урд нь бөхөлздөг. Энэ нь өөрийнхөөрөө байх гэсэн хандлагатай хүүхдүүдэд тааламжтай байдаг бөгөөд улам зөрүүдлэх, бусдыг даван гарах, бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хандлага бий болдог. Энэ өнөөгийн хэцүү хүүхэд гэгдэх хүүхдийн мөн чанар юм.

    Хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх хамгийн сайн арга нь үе тэнгийнхэн дунд нь хөгжүүлэх явдал юм. Өөрийнхөө мэдлэг чадварын хувьд ойролцоо хүмүүстэй хамт хөгжих нь тэдний дунд өрсөлдөөн бий болж, үүнээсээ өөр хоорондоо улам чадваржих, хамтаараа хөгжих, багаар ажиллах чадварт суралцах зэрэг олон давуу талыг эзэмшдэг.

    Орчин үеийн хүүхдийн оюуны чадвар, нөөц боломжийг тодорхойлох боломжгүй, тэднээс ямар ч авъяас чадвар гарч болох бөгөөд тэрхүү авъяас чадварыг нээж илрүүлэхийн тулд үе тэнгийнхэн дунд бүлэг, хамт олноор хөгжүүлж, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нь хөндлөнгөөс ажиглан сургалт хөгжлийг нь чиглүүлэх явдал юм.

    Манай эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хандлагыг ажиглахад, бага наснаас нь оюуны чадварыг хөгжүүлэх гэсэн, хичээлээ хийж байгаа хүүхдийг сайн хүүхэд гэж ойлгох тал байдаг. Энэ нь тухайн хүүхдийг үнэхээр чадварлаг, сайн хүүхэд болгон хүмүүжүүлж чадаж байна уу гэсэн асуултыг эцэг, эх асран хамгаалагчид болон багш сурган хүмүүжүүлэгч нар өөрсддөө тавьж үзэх хэрэгтэй байна.

    Хүүхэд хүмүүжүүлнэ, өсгөж төлөвшүүлнэ гэдэг хэн бүхэн тийм амар хийчих ажил биш гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Мэдээж хэрэг хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн арга гэж байхгүй, харин хүүхэд бүрийн онцлогт нь тохирсон хүмүүжүүлэх арга гэж байдаг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг их өндөр байшин барьж байна гэсэн үг. Суурийг нь сайн тавьбал дээш нь хэдэн ч давхар барьж болно. Үүнтэй адил бага насанд нь ямар хүмүүжлээр ямар төлөвшил чадварыг суулгана, тухайн хүүхдийн ирээдүй тийм л байна. Хүүхэд сайн ном уншдаг, мэдлэгтэй байна гэдэг нь сайхан амьдрахын нэр биш, харин сайхан амьдрах арга ухаанаа ойлгосон, өөрийнхөө төлөө хичээж, тэмүүлж чаддаг байх нь сайхан амьдралын эх үндэс билээ.

    Нэгэн сургааль үг байдаг билээ:

    Авьяас дангаараа юу ч биш, авьяастай бүтэлгүйчүүд алийг тэр гэхэв

    Боловсрол дангаараа юу ч биш, боловсролтой тэнэгүүд хорвоогоор дүүрэн

    Суу ухаан дангаараа юу ч биш, хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байсан

    Гагцхүү шургуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй.

    Хэрэв та хүүхдээ өөрөө сэдэлжиж хичээлээ хийдэг, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, чадварлаг хүн болгон төлөвшүүлье гэвэл юун түрүүнд хүүхдийнхээ насны онцлог, түүнтэй холбоотой хэрхэн яаж хөгжүүлэх тухай анхан шатны мэдлэгийг эзэмшиж аваарай. Үүнд:

     

    Нас

    Онцлог

    Хөгжүүлэх арга, зарчим

     

    0-1

    Нярай нас

    Мэдрэхүйн эрхтний хөгжил сул, амьдралыг хүлээн авах суурь хандлага төлөвшдөг, хүрээлэн буй орчинтойгоо танилцаж яваа нас

    Хайраар хүмүүжүүлье: Халуун дулаан тэврэлтийг мэдрүүлж, хайр ийм байдаг, бас хал ийм байдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Ээж аавын эелдэг харц хүүхдийн энэ насанд чухал.

     

    1-3

    балчир нас

    Мэдрэхүйн эрхтний хөгжил эрчимтэй сайжирч, хэл яриа хөгжинө. Булчингийн ажиллагаа сайжирч, харилцаа, хүний хандлагыг мэдэрдэг болно.

    Харилцаагаар хүмүүжүүлье: Энэ насанд орчны эд зүйлтэй сайн харьцуулж, хүрээлэн буй орчинтой танилцуулах. Өөрөөр нь юмыг хийлгэж байх нь чухал.

     

    3-6 сургуулийн өмнөх нас

    Хэл яриа эрчимтэй хөгжиж, аливааг хийсвэрлэн сэтгэж сурна. Энэ насанд хүүхдийн тархи сайн хөгжиж байгаагийн нэг илрэл нь худлаа ярих байдаг. Их хөдөлгөөнтэй, өөрөө оролдох дуртай, би ХААН гэсэн төвтэй байдаг.

    Зоригоор хүмүүжүүлье:Энэ наснаас эхлэн үлгэр домог, ертөнцийн сонин хачин ярьж өгөх, хүнтэй харилцах арга барил зэргийг зааж өгнө. Болохгүй болно гэдгийг ойлгуулж миний хүү МУНДАГ гэсэн ойлголтыг төрүүлэх хэрэгтэй.

     

    Дээр дурьдсан 0-6 насны хүүхдэд чиглэсэн хүмүүжүүлэх арга барилд эрдэм мэдлэг, сууж сурах зэрэг арга барил байхгүй байгааг анзаарч байна уу. Хүүхдийг өсвөр нас хүртэл нь эрдэм мэдлэгээр бөмбөгдөх бус, харин амьдралыг ойлгуулах, амьдрах ухаан суулгах, харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах нь хүүхэд өөрөө сэдэлжин хөгжил төлөвшлөө олж авах чадвартай болгодог.

    Харин өсвөр наснаас эхлэн сууж сургах, хичээл зүтгэлийн талаар ойлголт өгөх нь хүүхдийг мэдлэг чадвартай болгон хөгжүүлэх сайн талтайгаас гадна сэтгэлийн тэнхээтэй болгон төлөвшүүлдэг. Хүүхдийг ямар ч үед зөв шийдвэр гаргаж сургахын тулд багаас нь хичээл, эрдэм мэдлэг, оюун ухааны сургалтаар шахах бус харилцааны арга хэлбэрээр төлөвшүүлэх, байгаль дэлхийн онцлог, хүний амьдралыг ойлгуулах нь багаас эрдэм мэдлэгт дуртай, зөв шийдвэр гаргадаг сэтгэлийн хаттай хүн болгодог.

    Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ дээр дурдсан насны онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй боловч түүнээс илүүтэйгээр чухалчлан үзэх зүйл бол хүүхдийнхээ дахин давтагдашгүй төрөлх онцогийг олж мэдэх явдал юм шүү. Тэгж байж бид хүүхдийнхээ онцлогт тохирсон, ирээдүйд нь тустай хүмүүжлийн арга хэрэгслийг сонгон ашиглаж чадна. Тиймд та доорх хэдэн асуултын хариултыг олохыг эрмэлзээрэй! Үүнд:

    Таны хүүхэд ямар онцлогтой вэ?

    Таны хүүхэд хэдэн настай вэ?

    Таны хүүхэд ямар зан авиртай вэ?

    Таны хүүхэд юунд дуртай вэ?

    Таны хүүхэд ямар авьяастай вэ?

    Харин та эдгээр асуултанд бүрэн хариулт олж авч чадахгүй байгаа бол, хариултыг нь мэдэж байгаа боловч хэрхэн яаж харьцах аргаа олохгүй байгаа бол манай төвд хандаарай. Бид таны хүүхдийн онцлогийг зан авир, оюун ухаан, сэтгэлгээний онцлог гэх мэт олон талаас нь цогц байдлаар оношилж, хүүхдийн төрөлх онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцах, ямар арга барилаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч байна.

  • ХҮҮХДҮҮДЭЭ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХҮН БОЛГОЖ ӨСГӨЦГӨӨЕ

    Өөртөө итгэх итгэл, өөртөө итгэж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чадах тэмүүлэл,  өөрийгөө үнэлэх үнэлэмж…

    Энэ бүгд хэр зэрэг үнэтэй вэ? Хүмүүний энэ амьдралд хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй чадварууд. Эдгээр чадвар дутсанаас их дээд сургууль, академи, хэд хэдэн хэлний курсыг давхар давхар төгсчихөөд ажилгүйчүүд ийн эгнээнд явж байгаа хүмүүс маш олон….

    Өөртөө итгэх итгэлийг судалсан судалгаагаар 3-5-н настнуудын 95% нь өөртөө итгэдэг байхад харин  25-28-н настнуудын 25% нь л өөртөө итгэдэг болох нь тогтоогджээ. Үүнийг хэр зэрэг бодитой судалгаа болохыг ганц хялбархан асуултаар бататгаж болно. Тухайлбал: Их дээд сургуулийн нэг ангийн оюутнууд, эсвэл нэгэн албан газрын ажилтнуудаас “Ерөнхийлөгч болохыг хүсч байгаа хүн байна уу?” гэж асуувал ганц, хоёр нь л гараа өргөж магадгүй. Харин цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүдээс тэр асуултыг асуух юм бол бараг бүгд нэгэн дуугаар “багш аа би, багш аа би, би ерөнхийлөгч болно” гэж чангаар хашгирцгаах болно.  

    Тэгвэл бид бага насны хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн насан туршийнх нь эерэг дадал зуршил, хандлага болгон төлөвшүүлэх вэ?  

    Аливаа хүн ямар нэгэн зүйлийг хийж үзээгүй үедээ өөртөө ихэнхдээ итгэдэггүй, харин хийх тутмаа улам бүр туршлагажин, өөртөө итгэлтэй болдог. Нэг зүйлийг хийж чадсан хүн, нөгөө зүйлийг хийж чадах байх гэсэн итгэлтэй болдог. Түүнтэй адил юм хийж үзсэн хүүхэд л өөртөө итгэдэг, харин юу ч хийж үзээгүй, хийдэггүй хүүхдүүд өөртөө хэзээ ч итгэдэггүй бөгөөд “би чадахгүй”, “би мэдэхгүй” гэсэн айдас нуугдаж байдаг. Жишээлбэл: таван настай “Г” гэдэг хүү анхандаа “би чадахгүй” гээд аливаа нэг зүйлийг хийхээс байнга зугтдаг байснаа, ганц хоёр бүтээл хийхэд оролцоод л түүнд дуртай болж, бүр “багш аа бүтээлээ хийхгүй юм уу?”, өнөөдөр юу хийх вэ? “өө, би чадна ш дээ” гэсэн хандлагатай болчихсон байсан билээ. Үүнээс харахад хүүхэд бүхэнд ямар нэгэн шинэ соргог зүйлд өөрийн эрхгүй татагдах, хийж үзэхийг хүссэн далд хүсэл байдаг.

    Тэгвэл “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төв нь “Би чадна” хөтөлбөрөөрөө тэрхүү хүсэл эрмэлзэл дээр нь тулгуурлан өөртөө итгэх итгэлийг гүн бат суулгаж төлөвшүүлэх ажлыг зохион байгуулаад байна. Тус хөтөлбөрөөр цаасан урлал, утсан урлал, наамал, баримлын шавар зэрэг хүүхдийн сонирхол татахуйц олон төрлийн  “Бүтээл” хийлгэх замаар “би хийсэн, би чадна” гэсэн “өөртөө итгэх итгэл” ийг нь хөгжүүлэхээс гадна, “өөрөөрөө бахархах, өөрийгөө үнэлэх” үнэлэмжийг нь нэмэгдүүлж байна.

    Та хүүхдээ хавтас дүүрэн бүтээлтэй, хэний ч өмнө чөлөөтэй ярьж чаддаг, хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг болгохыг хүсч буй бол “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төвд хандаарай.

    “БИ ЧАДНА” хөтөлбөрийн цаг:

    Даваагаас Баасан гараг бүрийн 13:00 – 14:00

  • Болзоо

    Гэнэт цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яаръя. Хоцорч магадгүй. Хувцаслъя. Гэтэл хувцас олдохгүй. Яарах л хэрэгтэй. Яаръя. Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг түгших хэрнээ яарах. Гэрт нэг л бүрэнхий. Гэвч яарах л хэрэгтэй. Би болзсон. Өдөр бүр хүчтэй санагдах болсон тэр зэвүүн төрхтэй залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгүй.
    Хаанаас ч юм бүү мэд нэг онцгүй даашинз олж өмсөөд болзоондоо явав. Уйтгартай урт саарал гудамж. Хүмүүс, байшин. “Ямар дуусдаггүй урт гудамж вэ?” Яарна. Бүдэрнэ. Дахиад л гудамжны эхэнд ирлээ. Дахиад л гүйлээ. Болзсон цаг бараг өнгөрчихөж. Тэр хүлээх дургүй. “Далавчтай ч болоосой.” Цааш гүйв. Тэгсээр барааны газарт өнөөх модон сандал. Тэврэлдсэн хосын чулуун хөшөө. Бүрэлзэнэ. Бүр ойртоно. Яг тэнд, яг тийм залуутай болзохсон гэсэн багын мөрөөдөл урд, хойно минь орон жирэлзэнэ. Дурласан залуу ирчихэж. Зөвхөн л дурласан. Тамхи татан ууртайгаар нааш цааш холхино. Холгүйхэн гудамжны эхэнд түүн рүү би очиж явна. Тэр хүлээх дургүй. “Түр хүлээгээч! Ганцхан минут. Би очиж явна.” Гэнэт тэр тамхиа шидээд огцом эргэн цааш алхав. Дурласан залуу. Хуучирсан жинс. Хорссон харц. Би хашгирлаа. Гүйлээ. “Хүлээгээч дээ. Тэр ээ!”
    Тэр цаашилна. Хэзээ ч эргэж хардаггүй хүн. Тэгсээр ямар нэг булан тойрон алга болов. Өмнөхөн талд өнөөх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хөшөө. Энд хоёр эрэгтэй хүнийг дүрсэлжээ. “Шал тэнэг юм. Өмнө нь яагаад анзаараагүй юм бол?”
    Унтарч амжаагүй тамхины иш. Утаанд нь гараа ээхийг тэсгэлгүй хүсэв. Хажууд өнөөх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хөшөө. “Тэр дахин ирэхгүй.” Хорссон харц, хуучирсан жинс. Улам зэвүү, улам дотно. Шарлхуу нулимс урсах эсэхээ шийдэж чадсангүй. Сая л хөл нүцгэнээ анзаарав. Тийм ч ичмээр биш байлаа. Хаа нэгтэйгээс эмэгтэй хүн нэрээр минь дуудна. Ээжийн цангинасан хоолой. “Чи босохгүй юм уу?” Босоод цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Тэр хүлээх дургүй. “Ээж ээ, миний гутал хаана байна?” ээж чимээгүй. Харанхуй тасалгаа. Ганц төмөр ор. Тэнд би ганцаараа. “Ээж саяхан л байсан юмсан. Юу болоод байна аа?” Зовиуртай ганцаардал.
    Хаа нэгтэйгээс намайг дахин дуудаж, гараас минь хүчтэй дугтарлаа. “Ээж ээ, босохгүй юм уу?” босоод цагаа харав. Өгөршиж, үрчийсэн гарт цаг алга. Цаг зүүх ч эрхгүй болтлоо өтөлсөн хатингар эмгэн болзоондоо яарна. “Ээж нь босмооргүй байна.”

  • Нэвтрэх бүс

    Хүмүүст таалагдах хэрэгтэй юу? Тэгэх албатай гэж үү?. Ийм бодолтой явдаг тул надад найз нөхөд гээд байх юм үгүй. Эхэндээ хэнээс ч хамаарахгүй, хэнтэй ч орооцолдохгүй амар л байлаа. Яваад л байлаа. Амьдраад л байлаа.
    Нэг мэдсэн чинь биш ээ. Бүх зүйл нэг л биш. “Хэнэггүй, их зантай, хүйтэн, тэнэг, хөлдүү” юу юу гэнэ вэ? Ёстой бурж өгдөг сурагтай, тэд. Ингээд бодлоо. “Хүмүүст таалагдахыг хичээж эхлэх хэрэгтэй юм байна даа” гэж. Таалагдах тухай хичээлт мэрийлт. Угаасаа сураагүй юм гэдэг бусдыг залхааж орхидог юм билээ. Уг нь чамгүй зүтгэсэн шүү. Нэг сонссон чинь “Балай, утгагүй, залхмаар, хэлбэрдэгч, эв дүйгүй, итгэл үнэшилгүй” гэсэн тодорхойлолтыг зүүчихэж. Зарим нэг нь уйдахаараа миний утгагүй яриаг сонсож, инээд доог хийх гэж урьж залдаг байсан гэнэ.
    “Үгүй ер, гайгүй байлгүй. Ер нь тэд надад ямар хамаатай юм бэ. Би өөрийнхөөрөө болоод л байсан”. Ингэж бодоод дахиад л өөрийнхөө бусдаас хамаардаггүй амьдралдаа буцаж ирлээ. Өглөө эртийн сэрүүнд толгой нүцгэн зугаалж, шар ороолт, шар малгай, шар оймсыг хар шубан дээр өмсөөд хэний ч ойлгодоггүй гаж араншингаараа өөрийгөө хэсэг зугаацуулав. Нэг дуулсан чинь “Ёстой балай хүүхэн, тэр одоо юу вэ? Шар оймс байхдаа яахав дээ” гэлцэн доог тохуу хийж, бүр ам дамжуулан муулцгааж, үдийн зоогон дээр муугүй десерт болон хачирлагддаг сурагтай.
    Дахиад л зогслоо. Тэгсгээд яваад байж болох ч энэ бүхэн ажил амьдрал, хувийн харьцаа, амжилт дэвшил гээд олон зүйлд саад тотгор болох шинжтэй. Шар ороолт, малгай, гутал, оймсоо гал руу хийчихэв. Тэгээд хүмүүсийн ойлгомжгүй ертөнцөд дахиад л явж орчихлоо. Тэнэглэхээс эмээж эхлээд нэлээд сонслоо. Юу ч ярьсан сонсоод л байлаа. Уйлсан ч сонсоод, инээсэн ч сонсоод, муулсан ч, магтсан ч сонсоод л байлаа. Сүүлдээ зарим нь хэлж байна шүү. “Ухаантай, тэвчээртэй, ярилцахад сонирхолтой, цаанаа л нэг ер бусын тайван, түшигтэй, гэм нь хэтэрхий даруу”. Үгүй ээ, болоо ш дээ. Би өмнөхөөсөө шат ахисан л байна. Ийм бодлоор нэлээд явав. Болоод л байлаа. Хүмүүс ч овоо ойртов. Өөрийн гэсэн дэмий донгосогчидтой ч боллоо.
    Гэтэл би дахиад л тэдний дунд ганцаардаж эхэлдэг юм байна. Хүмүүс яриад л би сонсоод л… ”Хаашаа юм бэ, би одоо дуу хураагч, амныхаа хийг гаргадаг, агаар юм уу?”.
    -Би ч бас яримаар байна шүү дээ. Хүмүүст өөрийгөө хэн болохыг хэлмээр байна.
    Тэгээд би бага багаар ярианд оролцох болов. Тэд тийм ч таатай хүлээж авсангүй. “Энэ чинь одоо юу гээд байна аа” гэсэн гайхсан харцнууд миний амыг дагуулан мэлэрнэ. Миний хэлээд, яриад байгааг ойлгож байгаа шинж ч алга. Бараг л надаас “Чамд бас зовлон жаргал байдаг юм уу” гэж асуух нь халаг.
    Бодоод байсан чинь надад нэг хүсэл байж шүү. Гэхдээ өөрөө ч тэрнийгээ олж харахааргүй маш нууц газар байж. Арай гэж тэрнийгээ олсон боловч “Хэрхэн, яаж?” гэсэн асуулт гараад ирлээ. Асуултыг асуултаар хариулав. “Чи үнэнээ ярьдаг бил үү?”. Энэ асуултыг өөрөөсөө асуучихаад бодсон чинь “Тийм” гэсэн хариулт дуулдаж байна, хаа нэгтэйгээс. “Тэгвэл хүмүүс үнэнд дуртай бил үү?”. Үүний хариултыг харин “тойрон хүрээлэгчдээсээ” олох гэж нэлээд цагийг барлаа. Эхлээд чин үнэн түүхийг ярив. Сонирхол нь нэлээд буурч байна аа, тэдний. Дараахан нь жаахан хүч оруулсан худлаа баахан түүх ярилаа. Анзаарч байна шүү. “Тийм үү” гэж ирээд л нүд нь том болцгоон амаа ангайлдана. /хэ хэ хэ/ Хөөрхийс, гэж.
    За, ингээд залж эхэллээ дээ. Ёстой санаандаа орсныг жинхэнэ юм шиг л залж гарлаа. Би гэдэг амьтан хойморт залагдаж, эгэл жирийн гэхэд дэндүү эгэл биш амьдарсныхаа төлөө /худлаа ярьж чадсаныхаа төлөө гэх үү дээ/ жинхэнэ сонирхол татсан хүн болж хувирлаа. Гар барих гэж, мэндлэх гэж, надтай найз байх гэж өрсөлдөн дайтах болов, нөгөөдүүл чинь. Зарим нэг нь гар даллан гүйж ирээд, хүзүүдэн авч шовхийтэл үнсэх нь энүүхэнд.
    “Хөөрхийд туслахсан, нэг сайхан ярилцахсан, хамт байхад салмааргүй гээч…”
    Зорьсондоо хүрчээ. Болж. “Олонтойгоо явах чинь дажгүй ч юм уу?”. Амьдралаас их зүйл сурчээ. Сайхан худлаа ярих ч сайхан шүү. Гэтэл…гэтэл…гэтэл… Яасан гээч? Өөрийнхөө жинхэнэ амьдралыг мартчихаж. Бүр таг мартаж орхижээ. Санах гэж хичнээн ч хичээвч зарим нэгийг нь мундаг хүн болох гэж уйлж байгаад ярьдаг байсан зохиомол амьдралтайгаа хольж хутгаад болдоггүй ээ. Хэтэрхий худлаа ярьснаасаа болоод хүмүүсийн чин сэтгэлд чамгүй том байр эзэлсэн ч харин өөрөө өөрийнхөө дотор байсангүй. Бүүр сүүлд бодсон чинь өөрөөсөө өөрийгөө хайх чинь л хамгийн нэвтэршгүй бүс байсан юм билээ.

  • …Үргэлжлэхгүй (өгүүллэг)

    Айдас. Түгшүүр. Цагаа олоогүй зочин хэвлийд нь сэржээ. Ижий итгэхийг хүссэнгүй. Бие нозоорч дотор муухайрна. Тэр бодно. Бодол өдөржин хөвөрч биеэ чагнана.
    Хаа нэгтэй түгшүүр нуугдана. Түгшүүр ижийг хэзээ хэзээгүй базаж авах гээд байх шиг. Шиг дуусаагүй байтал дотроос хэн нэг нь гэнэт тийрэв. Зэрэгцээд танил эмчийн дүр. Үр хөврөл устгадаг бүсгүй.

    Утас. Хаяг. Эрэл. Түгшүүр. Аврал болсон хаяг. Оллоо. Тэмдэглэлийн дэвтрийн тасархай хуудас. Салгалсан гар. Утас залгав. Харилцуурын цаанаас ялдам хоолой.
    “Байна уу?…Өө тэгсэн үү?” Тэр бохь зажилж байна. “Хүрээд ир. Үзье.” Ижий уртаар амьсгаа авахыг оролдоно. “Жаахан хүүхэд хөөрхөн л дөө. Гэхдээ одоо л биш шүү.”

    Эмнэлэг. Эм тарианы эхүүн үнэр. Хиртэй гар хүрэмгүй цагаан халаадтай танил эмч. Дандаа л ийм байдаг. Цовоо цолгин яриа. Дуу шуу, ажил төрөл. “За яадгийм, яадгийм. Энэ орон дээр гар даа.” Төмөр толь. Шохойдсон цагаан адар. “Өнөөдөр ачаалал ихтэй байлаа. Тэгсэн чинь чи…Санаа зоволтгүй дээ.”

    Цонх. Цэнхэр хөшиг. Цэнхэр тэнгэр. Тэнгэрийн доор хүүхдийн цовоо дуун. Нэг нь ээжийгээ дуудан уйлагнана. Улаанаар будаж үзүүрлэсэн урт чамин хумснууд хэвлийг цоортол дарна. Хэвлийд нь нэгэн амь атиралдав.
    Хүсээгүй мэдээ. “Найзаа дэндүү томорчихож. Чи эртхэн ирэхгүй дээ.” Тэртэй тэргүй болж бүтэхгүй байгаа өдөр хоногуудын саарал зургууд… ”Яаж ийж байгаад тус бол л доо. Үнэ хөлсийг нь гомдоохгүй.” Өрөөн дэх утас хангинав. Үзүүрлэсэн урт улаан хумстай гуалиг цагаан хуруунууд. Гялтгасанан хар харилцуур. Ер бусын зохицол. Танил бүсгүйн баяртай яриа. Хэн нэгэнтэй уулзахаар болзоно. Бүсгүй утсаа тавиад дахин хэвлий орчимд дарж, тогшино. Түүний нүдэнд ямар ч гуниг алга. “Уг нь болохгүй л дээ. Гэхдээ яахав. Чамд л гэж…Орой ажил тарахаар хүрээд ир.” Ёох… Тэр уужирлаа. Бяцхан зочин урьдынхаасаа ч хүчтэй тийчигнэв. Ижий анзаарахгүйг хичээнэ.

    Автобусны буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн орохоор зүтгэнэ. “Тавуулаа нэг хаалгаар зэрэг ордоггүй.” Сандал. Түүн дээр суусан хүүхэд ижийд суудал тавьж өглөө. Дараагийн буудал. Хүмүүс. Нэг хаалгаар таван хүн буухaар зүтгэнэ. Кондуктор. “Жирэмсэн эхэд суудал тавьж өгөөрэй”. 

    Жирэмсэн бүсгүй түүний дэргэд суув. Хоёр ээж. Одоохондоо амьд амь дөрөв. Ажил тарахад нэг нь байхгүй болно. Үүрд. Зүүний үзүүр дээр тогтож үлдсэн тарианы ганц ширхэг үр.

    …Ажил тарах цаг. Ээж. Эмнэлэг. Эмч “За орон дээр гар даа”. Хажууд зэрэгцүүлэн өрсөн төмөр багаж. Цустай хувин. “Жаахан өвдөх байх” Өвдөлт ижийн зүрхийг базлахад хэвлий дэх бяцхан зочин алавхийн хөдлөв.
    -Хүн болчихсон байна.
    -Тэгээд яахав?
    -Мөчлөхөөс…
    Шургуулсан төмөр үл мэдэг хөдөлнө. Тэр амьсгалж байна. Бичил амь-бичил амьсгал. Амьдралд түүний илэрхийлсэн сүүлчийн хөдөлгөөн. Эмч хэвлийг төнхөж эхлэхэд үр өрцнөөс нь амь тэмцэн зууралдахыг ижий мэдэрлээ. Төдөлгүй ертөнцийн дуу чимээ эх, үр хоёроос нэгэн зэрэг дайжив… Сэрэхэд эмч саяхан ээж байсан бүсгүйн дээрээс инээмсэглэн тонгойгоод цустай бээлийгээ тайлахыг оролдоно.

    Цус. Инээмсэглэл. Цустай хувинд тэнгэрээс илгээгдэж хэвлийдээ устгагдсан үр. Дэргэд нь үрээ булшилсан хэвлий.

  • Сайхан гэр бүлийн зарчим

    Манай Индиго төвийн хамт олон монгол гэр бүлийн аз жаргалтай амьдрахуйд зориулсан өдөр бүрийн санамжийг боловсруулж гаргалаа. Өдөр бүр гэр бүлээрээ сонсвол өдөр бүр жаргалтай байх болно оо.

    Шууд сонсох

  • МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ буюу ИРЭЭДҮЙТЭЙ МЭРГЭЖЛҮҮД

    Star телевизийн мэдээнд зочноор оролцож, мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд болон мэргэжил сонголтод нөлөөлж буй эцэг эхчүүд, багш нарт зориулж “Ямар мэргэжлүүд ирээдүйтэй вэ, мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр шууд ярилцлага өглөө.

  • Тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л, амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”

    Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай… Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзлэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг нь шүүрдэн авч уншигчиддаа яг байгаа байдлаар нь буюу өнгө будагтай нь хамт хүргэхийг зорилоо. Тэрбээр “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөний үзлээр Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ. Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог. Сэтгүүлч миний энэ бүтээлийг Д. Урианхай гуай “Сэтгүүлзүйн хөрөг ярилцлагын эхлэл тавигдлаа” гэж магтсанд баярлаж байгаагаа нуух юун. Д.Урианхай гуайн дүгнэснээр ярилцлагаас түүний хөрөг бүрэн дүүрэн харагдана гэсэн. Ингээд уран бүтээлийнхээ үргэлжлэлээр бодь сэтгэлгээ зорчдог номын их хүн Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Урианхайтай хийсэн ярилцпагынхаа эхний хэсгийг толилуулъя.

    -Таны уран бүтээлийн олз омог их үү. Ямар уран бүтээл туурвиж сууна даа?

    -Релятив түүхэн сэтгэмжит дөрвөн дэвтэр, диалоги роман жонхууруулаад сууж байна. Би болхидуу болохоор бараг таван жил зууралдаж байна. 2012 онд дуусчих санаатай. “Монголын нийгмийн хөгжлийн философи сэдвүүд” гэдэг нийгэм философийн сэтгэмжит ном, “Огтолцохуй-ll буюу Монголоосоо Монгол уруугаа” яруу найргийн түүвэр бэлтгэж байна.

    -Та завгүй байх дуртай юу?

    -Чамайг асуухаар сая бодох нь ээ, дуртай дургүйгээ ер бодож ч байсангүй, өөрөөсөө асууж ч байсангүй өтөлчихсөн байна шүү. Дандаа завгүй өнжсөөр “завгүй амьдрал”-д дасчихжээ. Бүр заншил болчихдог юм байна.

    -Дандаа алхдаг. Тэр үед юу бодож явдаг вэ. Хажуугаараа өнгөрсөн хүнээ хардаг уу?

    -Бодох үе ч зөндөө, бодохгүй үе ч зөндөө л дөө. Ерөнхийдөө бол, гудамжаар явахдаа голдуу доошоо хараад, амандаа тарни уншиж явдаг. Эрдмийн шар Манзушир, эгшигт охин тэнгэр Янжинлхамын зүрхэн тарни. Бас мэнгэний Бурханыхаа тарнийг уншдаг. Миний мэнгэний Бурхан Оточ Манала. Хажуугаараа өнгөрсөн хүнийг харах ч тохиолдол бий, харахгүй ч тохиол бий. Хэрэв таньдаг хүнтэй тааралдвал заавал мэндэлдэг. Хэдийгээр ариун цэвэрт таарахгүй, буруу ч гэсэн дандаа гар барьдаг. Ярьж дуустал үгийг нь заавал сонсож зогсож байгаад салж явдаг.

    -Та найргийн онгодоо үргэлж халаасалж явдаг уу?

    -Үгүй. Халаас минь үргэлж хоосон явдаг. Найргийн онгод үргэмтгий, хулжимтгай юм шиг санагддаг. Надтай цуг байдаг, намайг тоож нөхөрлөдөг хугацаа нь маш охор, хэдэн хором, мөчөөр л хязгаарлагдана. Гэхдээ тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”. Хэдийгээр сэтгэл буруулаад хаяад явчихдаггүй ч би заримдаа гологддог байх аа.

    -Үс, сахлаа ургуулаад олон жил болж байна. Хэн нэгнийг дууриасан тал бий юу?

    -Аав, ээжээс төрүүлснээрээ л байгаа нь энэ юм. Гадаад төрхөөрөө дуурайгаад байж болдогсон бол дуураймаар улс ч зендөө байна л даа. К.Маркс, Л.Толстой, Будда, Есүс, Чингис хаан гээд үс, сахалтай улсууд олон.

    -Социализмын үед хэн нэгэнд тал засч бялдуучлан, гарыг нь хүндрүүлж байсан удаа бий юу?

    -Социалист төр бол жинхэнэ ард түмний төр шүү дээ. Захиргааддаг, хүнийг хүчтэй шахаж шаарддаг, хянаж шалгадаг хатуу зарчимтай ч /диктатуртай ч гэж ойлгож болно/ ард түмнээ өлсгөдөггүй, өвдөхөд халаасыг нь хоосолж дарамталдаггүй, авлига, хахууль авалгүйгээр үйлчилдэг, амыг нь “хазаарладаг” ч гудамжинд эзэнгүй хаяж “золбин нохойн эрх чөлөө”-гөөр хуурдаггүй, ард түмнийхээ жинхэнэ “Эцэг төр” байсан. Социалист төр бол өөрөө өөртөе хяналт шалгалттай, “Өөрийн шүүмжлэл”-тэй, ингэхээр чанд өндөр хариуцла-гатай, ард түмнээсээ айдаг төр. Өнөөгийн бохир, хувийн өмчит харилцааны төр, засаг шиг хувийн өмч, хуримтлалт цөөнхийг л зөвхөн хүн гэж үздэг биш, ард түмнээ алаг балаггүй “Хүн” гэж үздэг, хайрладаг, тийм ардчилсан төр шүү дээ. Социалист харилцаанд хэн нэгэн хэн нэгнийг бялдуучлах, гарыг нь хүндрүүлэх тухай сэтгэлгээ хүмүүст үүсэх нийгмийн болоод хувийн амьдралын орчин нөхцөл угаас байхгүй юм. Социализм бол жинхэнэ ариун, хүнлэг, эдийн засгийн агуулга, чиглэлээрээ хамгийн зөв, дээд ардчиллын нийгэм. Далимд залуустаа, хойч үеийнхэндээ баттай хэлэхэд, хүн төрөлхтний нийгэмшил, иргэншлийн ирээ-дүй хийгээд ирээдүйн загвар бол зөвхөн социализм шүү.

    -Тө өөрийнхөө хүчинд хэр итгэдэг вэ?

    -Зарим өдөр үнэхээр итгэдэг, зарим өдөр үнэхээр эргэлздэг. Тогтвор муухантай л байгаад байдаг юм.

    -Орчлонг өөрийнхөөрөө харж амжихын тулд далавчтай байсан бол гэж бодож үзсэн үү?

    -”Шувууд шиг далавчтай байсан бол ямар гоё байх бол?” гэж бүр жаахан байхдаа боддог байсан шүү. Хүүхдийн толгойд сонин, гэнэн, өхөөрдмөөр тэнэг бодол их төрдөг шүү дээ. “Энэ хадны цаана юу байгаа бол, харахсан. Тэр, тэртээх хөх уулын оройд авираад гарвал тэнгэрт байгаа юмс сайн харагдах болов уу, яадаг бол. Эс байг гэхэд, миний ойр тойронд дандаа харагддаг уйтгартай юмсаас өөр сонирхолтой, гоё гоё юм тэр оргилоос харагдах ч юм бил үү, тийм юм үзэх юмсан” гэж, гэрийнхээ хаяанд суугаад, эсвэл, хурга, ишигнийхээ пүнзийг налж зогсоод тэнгэрээр нисч яваа шувуу хараад бодлогоширч ажлаа хийхээ мартаж алмайраад, аав, ээждээ аашлуулдаг л байлаа. “Далавчтай болоосой” гэсэн бодол одоо ч хааяа төрөх л юм. Хүний амьдрал, ертөнцийн ахуй явдал, бидний аж төрөл дэх үнэн худлын давтамж, үхэх төрөхөөс эхлээд үүсэх устахын завсархи үйл явц их сонирхолгүй, заримдаа ямар ч утгагүй, үр дүнгүй, уйтгар төрж уйлмаар санагдах, бас үе үе тэгж харагдах өдөр өдий насанд олон л тохиолдох юм байна шүү дээ.

    Гэхдээ энд би нэг үнэнийг /миний хувьд л үнэн шүү дээ/ хэлэх ёстой болчихлоо. Юу гэвэл, хүний амьдрал хаана ч ерөнхийдөө адил. Монголд ч, Америкт ч, Швейцарт ч нар ижил, cap ижил, чулуу ижил, ус ижил, цас ижил, салхи, шуурга, шороо, тоос ижил. Хаа ч адилхан л өнөө манай дэлхий шүү дээ. Хаа ч адилхан өнөөх л “хоёр хөлтэй, хохимой толгой”-той хүн хэмээгч тэнэг бүрэлгэгчид л ямар нэг юм хийгээд л, хаа нэг тийш яараад л, хуралдаад л, хэрэлдээд л, Бурханы бүтээл газар дэлхийгээ өрөмдөөд л, хоослоод, ухсан сүйтгэснээ хаа нэг тийш зөөгөөд л, над шиг нэг тэнэг нь энэ бүгдийг хөхиүлж ном зохиол эрээчээд л, хаа нэгтээ нэг нь хэн нэгнээ алаад л, шоронд ороод л, хар тамхи татаад л, үнсэлцээд л, архидаад л, загас наадуулаад л, барилга байшин овоолоод л, хог новш хуримтлуулаад л, зам гүүр бариад л, онгоц, машин, гар утас, компьютер, талх, хувцас үйлдвэрлээд л, дайтаад л, төрөөд л, үхээд л… цөм адил. Нэг нь нөгөөгөөсөө илүү юм, сонин юм, илүү тийм гоо сайхан, аугаа юм ер байхгүй шүү дээ.

    Товчдоо, юу хэлэхийг хүсээд байна гэвэл далавчтай болоод нислээ гэхэд сая ярьснаас илүү сайхныг, илүү сониныг, илүү гүн гүнзгий, утга агуулгатай бодит ахуйг олж харахгүй гэж бодоод байна. Дэлхийн ахуй амьдрал, бодит  материаллаг хөгжил надад сонин биш болчихжээ. Харин ертөнцийн үл үзэгдэх тал, сүнслэг ахуй оршил, “далавчгүй нисэх”-д юу билгийн мэлмийгээр толилох, юу бодох, юу танин мэдэхийг хураавал, тэгээд нөр гүн бясалгаж чадваас ёстой ертөнцийг “өөрийнхөөрөө харах” байх гэж бодож суудаг. Даанч би тийм бясалгал хийдэггүй. Амьдралын ёроолд шавар дотор нь, гал, усны нь завсар “явгалж” явдаг. Тэнд надтай цуг аргаа барж, эсвэл аагаа багтаан ядаж, эсвэл намайг уурлуулж, эсвэл баярлуулж, бухимдуулж, тайвшруулж байдаг өнөө уйтай юмсаа л бясалгаж ном зохиол бичдэг.

    Уншигчид минь бүү зэвүүцээсэй билээ, энд нэг бодлоо нэмээд хэлэхэд, хүмүүсийн усан болоод махан нүдэнд сайхан харагдаад, жигтэйхэн хэрэгтэй санагдаад байгаа элдэв бусын бараа таваарыг үйлдвэрлээд байгаа үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” чинь үнэндээ, ачир дээрээ бол сүйтгэл л шүү дээ. Хүмүүс ер бүтээгээд байгаа юм байхгүй. Байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг л /бид “үйлдвэрийн түүхий эд” гэж нэрлэдэг эрдэс бодис бол байгаль бүтээсэн “бүтээгдэхүүн” шүү дээ/ хэлбэр дүрсийг нь өөрчлөн хувиргаад ахуй хэрэгцээндээ ашиглаж буй хэрэг. Хүн ч өөрөө байгалийн “бүтээгдэхүүн” болохоор нэг “бүтээгдэхүүн” нөгөө “бүтээгдэхүүн”-тэйгээ шүтэлцэн оршиж байгаа үйл ажиллагааны л тогтолцоо юм. Хүмүүс бидэнд гайхуулаад байх юм юу ч байхгүй. Бид ойлгохдоо, “Хүний ухаан, хүний ухаан” гээд сүйд болоод байдаг, гэтэл ухаан маань ч чухам-даа хүний юм биш, аанай л “байгалийн юм” байгаа юм шүү дээ. Тал нь биет байгалийн бүтээгдэхүүн, тал нь хийбодь байгалийн өгөгдөхүүн. Тэр хоёрын л үржвэр.

    -Ингэхэд яруу найрагч Урианхай хэр зоригтой хүн бэ?

    -Урианхай гэдэг хүн нь их хүлцэнгүй хүн. Аймхай гэж хэлсэн ч би зөвшөөрнө. Гэхдээ хулчгар хүн яавч биш. Харин тэр Урианхай гэгч яруу найрагч нь бол сүрхий зоригтой баатарлаг хүн байх шүү. Айлгая гэвэл зовно доо.

    -Уран бүтээлийнхээ онцлогийг өөрийнхөөрөө тайлбарлана уу?

    -Хэцүү байх даа. Би ч өөрөө чадахгүй. Цагийг хүлээх нь дээр байх.

    -Таны IQ хэд бол?

    -Мэдэхгүй ээ.

    -Нэр алдарт дуртай юу?

    -Дуртай байсан юм шиг байна лээ. Одоо бол тэр “дур”-аа бараг гээчихсэн юм шиг байна аа.

    -Нийгэмд олон төрлийн хайр байна. Эр, эмийн хайраас гадна нэр тер, мөнгө, албан тушаалын төлөөх гээд хайрууд их болжээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Хажуунаас нь харахын аргагүй хүйт даасан хуурамч энэ хайр яагаад бий болчихов оо. Үүнээс яавал салах вэ?

    -Хүн төрөлхтөнд хамгийн ойлгомжгүй, тэд түүхэн туршдаа огт зөвөөр ойлгож чадалгүй өнөөг хүрсэн хоёр юм бий. Нэг нь:-Хайр нөгөө нь:-Ариун чанар хоёр. Хүн терөлхтөн өнөөдөр сэтгэлгээ, гэгээрлийн асар дорд шатанд байгаагийн үндсэн шалтгаан энэ юм. Энэ шалтгаан бол өнөөгийн хүн төрөлхтний замнаж буй нийгэм эдийн хөгжлийн бүрэлгэгч чанарын гол буруутан нь, бас бидний хөгжилгүй “хоцрогдсон арга”-аар хөдөлж хувьсаж буйн ч буруутан нь. Хүн төрөлхтөн “хөгжил” гэдгээ буруу ойлгож, тэр буруу ойлголтоосоо болоод буруу замаар довтлоод байгаа-гийн шалтгааныг эндээс л хайх хэрэгтэй. Хайр бол хүний далдад байгаа Бурхан чанар байх. Хүмүүс энэ чанарыг олдоггүй, ойлгодоггүй, зохих ёсоор нь хөгжүүлж бодит амьдралдаа ашиглаж чаддаггүй, хүч нөлөөг нь үр дүнтэй хэрэглэж мэддэггүйгээс хайрын тусыг авч чаддаггүй өнгөрчихөөд байдаг шиг санагддаг. Хэмжих багаж хэрэгсэл байхгүй, рентген туяагаар илрүүлж болохгүй, “Энэ байна” гээд харуулж ч, үгээр тодорхойлох байтугай математик томъёогоор ч илэрхийлж ч чадахгүй тийм чанарын энергийн дээд төлөв бол хүний сэтгэлээс гардаг хайр байх.

    Хүн зөвхөн хүн ч биш, бүх юм болж чадах, манай дэлхийн бүх юмсын хүч, гоо сайхан, увидас, чадвар, өөртөө өөрөөсөө гаргаж бусдад үйлчилж, үзүүлж чадах хувилгаан чадлын эх үүсвэр гэж би бодоод явдаг юм. Хүнд бүхнийг орлож чадах юм нь гагцхүү хайр байхад хүн түүнийг мэдрэхгүй, ухаарахгүй, хаа хамаагүй гадуур нь тэнээд төөрчихжээ. Тэгээд өчүүхэн юмс уруу жишээ нь, cap жилийн төдий настай алдар нэр, албан тушаал, үхэхдээ хаяад хагацахаас биш аваад хэрэглээд явахгүй өмч агуурсад улайран шунаад өөрийгеө хүн биш адгуус, бирд, чөтгөр болгоод хувиргачихаж байна шүү дээ, хөөрхий.

    Дахиад хэлэхэд, хайр бол хүнд бурхнаас заяасан бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны үнэмлэхүй нөөц хүч бүгд нэг дор нийлж төвлөрөөд “хором”-оос “мөнх” хүртэлх хугацааг нэгтгэсэн аугаа нэгдмэл хугацааг багтаан оршиж хүнээр гэгээн сайн үйлийг бүтээлгэх орь дээд боломж юм. Харамсалтай нь, хүмүүс бид хайрын энэ шидийг гаргаж чадахгүй хайран юмаа яйран болгоод, тээр холуур л зөрөөд дуусах амьтад юм л даа. Яаж бид хамаг бодлоо, хүсэл мөрөөдлөө, үйл ажлаа, ижий, ааваас төрүүлсэн бие махбодио хайраар дүүргэх вэ, тэр гэгээн, аугаа их хүч уруу яаж нэвтэрч эзэмших вэ, яавал бид юу хийлээ ч тэр хийх юмны маань анхдагч сэдэл нь ч, тэгээд, эцсийн үр дүн нь ч зөвхөн бусдыг энэрч нигүүлссэн, тэдэнд амар амгаланг шагнасан, ач буян болсон ариун үйл байдаг байх вэ, яаж бүх хүн тийм болох вэ гэдэг асуулт л хүн терөлхтний өмнө тавигдах хамгийн гол асуулт байх болно.

    Энэ асуултын зөв хариултад л хүн төрөлхтний ирээдүйн зөв хөгжил, аз жаргалтай амьдралын үндэс орших болно. Би хэдэн жилийн өмнө хайрын тухай жижигхэн өгүүлэл бичиж сонинд нийтлүүлж байсан. Тэр өгүүлэлдээ хайрыг дотор нь гурав хуваасан. Нэгдүгээрт, амраг хайр, хоёрдугаарт, нинж хайр, гуравдугаарт, бодь хайр гэж. Эр, эм амьтад бие биеэ энхрийлэх, хүсэх, янаглалын хайр нь амраг хайр юм. Нинж хайр бол хүн хийгээд амьтад бие биеэ энэрэх, нигүүлсэх, тус буян хүргэх ачлалын ухамсарт хайр. Бодь хайр бол хамгийн нигүүлсэгч, хүн төрөлхтнийг гаслан, зовлонгоос ангижруулах гэгээн, хүчирхэг Бурханы хайр юм. Энэ бол газар, дэлхийн амьтад тэнцэшгүй аугаа дээд, үнэлэхүй төгс хайр. Гол онцлог мөн чанар нь юунд орших вэ гэвэл, эх болсон зур-гаан зүйл хамаг амьтныг бүгдийг нь энэрэн нигүүлсэнэ. Зовлонгийн хүлээснээс ангижруулж өгнв. Хүмүүс бид зөвхөн өерийгөө болоод өөрийнхөө ойр дотно хүмүүсийг, зөвхөн өөртөө сайн, өөрийг нь хайрласан хүмүүсийг л хайрладаг. Өөрсдийг маань үзэн яддаг хүмүүсийг болохоор хариу үзэн ядаж дайсагнадаг. Тэгвэл бодь хайранд хүрч ариусан гэгээрэх шатанд бүгдийг алаглахгүй тэгш хайрлах сэтгэлийг олно. Дайснаа ч хайрладаг сэтгэлээр өөрийгөө шүншиглэнэ.

    -Таны хувьд мөнгө чухал уу?

    -Мөнгөний хэрэг ч их л байх юм. Залууд минь ч их байлаа, одоо өтлөөд хамаг эд эрхтэн муудаад, доройтоод ирэхээр мөнгөний хэрэг улам нэмэгдчихлээ. Юунаас болов гэхээр Монголд эм, тарианы болоод эмчилгээний үнэ өртөг тэнгэрт хадчихсан, эм, тарианы наймаачид нь хүний өвчин зовлонгоор иь хяхаж хавчин хамаг мөнгийг нь хуурайлж баяждаг нүгэлтнүүд болчихсон нийгэмд амьдарч байна. Эм, тарианы бизнес ашиг орлогоороо хар тамхины наймааны дараа ордог гэсэн. Хүн мөнгөний хэрэгцээ, хэрэглээний “дарангуй-лал”-д дөрлөгдөөд байвал амархаан гэгч мөнгөний боол болчих юм шиг байгаа юм. Мөнгөний боол биш эзэн, ноён байхын тулд идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Тэмцлийн нэг сайн аргыг надад нэг бодисадва багш зааж өгсөн. Сурахад маш амархан арга. Ямар арга гэвэл, хүн өөрийгөө, “Хүсэлгүй бодисадва” болгон төсөөлөх арга. Би энэ аргыг хэрэглэж байгаа. Өөрийгөө “Хүсэлгүй бодисадва Урианхай” гэж өргөмжлөн бодоод, тэр бодлоороо амьдраад ирэхээр уран бүтээл мөнгөний дээр гарчихаж байгаа юм. Тэгээд би уран бүтээлээ мөнгөний түрүүнд тавьж чухалчилдаг.

    Яагаад гэвэл, уран бүтээл минь надад хэрэгтэйгээсээ илүү хүмүүст хэрэгтэй болоод байх шиг байна. Яаж мэдэв гэхээр, уулзсан хүмүүсийн ихэнх нь нэхээд, шаардаад суулгахгүй болчихжээ. Хүнийг хүнд ойлгуулахад уран бүтээл л бусад оюуны бүтээлээс илүү дөт юм шиг санагддаг юм. Уг нь хүн бол бурханд их ойрхон төрөлхтөн юм. Эхээс төрөхдөө, хүний муу санаанд эзлэгдэх хүртлээ Бурханы л чанар, төрхөөр амьдардаг. Сүүлдээ л энэ чанар төрхөө алдчихдаг. Үндсэн шалтгаан нь хувийн өмчит нийгмийн харил-цааны мөн чанарын хүчирхий-лэл юм. Нийгмийн орчин нөхцөл буюу хүмүүс хоорондын харилцааны нөлөө бол хувь хү-ний амьдралд ямагт хүчирхийлэл болж үйлчилдэг. Энэ “хүчирхийлэл” эерэг болоод сөрөг шинж чанарыг агуулна. Мөнгө, өмч хөрөнгөнд шунасан, түүнийг амьдралынхаа баталгаа, аз жаргал, хүн болж төрсөн хувь заяаныхаа утга, зорилгыг болгон ажилласан, хүмүүс бол өнөө хүчирхийллийн сөрөг хүчинд автаад Бурханы авралт мутраас алдуурчихсан хөөрхий иэгэн болчихож байгаа юм. Тэднийг үргэлж өрөвдөж, зөвлөж, гэгээрүүлж, аз жаргалын зөв, ариун замыг олоход нь чин сэтгэлээр тусалж байх хэрэгтэй юм шүү.

    -Дэлгүүрийн худалдагч Танаас мөнгөө дутуу авбал нөхөж өгөх үү?

    -Өгөхгүй бол нүгэл хураана шүү дээ. Миний хамгийн их айдаг юм: Нүгэл.

    -Хамгийн сүүлд дэлгүүрээс юу худалдаж авсан бэ?

    -”Ариусахуй, бясалгахуй” сонин, Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний “Дэлхийн шилдэг кинонууд” ном, УГЖ дуучин Т.Баясгалангийн дуулсан монгол ардын дууны цомог авсан. Би хаа нэг л номын дэлгүүрээр орж ном харахаас биш бусад дэлгүүрээр бараг ордоггүй дээ. Ойр зуурын хүнс, хувцас, аахар шаахар юмстаа муу хөгшин маань л явдаг.

    -Нэг шүлгийг нэг давхар байшин гэвэл одоогоор Та хэдэн давхар байшин босгоод байна. Олон давхар байшинтай тэнцэхээр шүлэг хэд байна вэ?

    -Нэг давхар байшин нэг шүлэгтэй яаж тэнцэх вэ дээ, хүүхээ. Нэг давхар байшин байтугай зуун давхар байшин ч нэг шүлгийн дэргэд намхан харагдана. Дэлхийн хамгийн өндөр байшин Малайзийн Куала-Лумпурт байдаг гэж сонссон. 210 давхар, хоёр зэрэгцээ өндөр, гоё харш байдаг гэсэн. Миний аль ч шүлэг тэр хоёр өндрөөс жаахан жаахан өндөр. Би яруу найргийн 12 ном босгосон.

    -Та гэрийнхээ крантны резинийг өөрөө сольж чадах уу?

    -Тэр цоргоны хаана нь юу байдаг талаар ямар ч төсөөлөлгүй өтөлчихлөө. Их муухай / ичмээр/ үнэн юм.

    -Таны яруу найрагт гүн ухаан шингэсэн байдаг. Гүн ухааныг шинжлэх ухаанаас үүдэлтэй гэж боддог уу. Эсвэл зөн совин юм уу?

    -Яруу найргийн сэтгэлгээ, шинжлэх ухааны сэтгэлгээ хоёрын ялгааг тодруулах гэсэн утгатай асуулт байна гэж ойлголоо. Зөв үү. Тэгэхээр, эхлээд, энэ хоёрын ялгааг шинжлэх ухаанаар юу гэж тогтоосныг түрүүлээд хэлье. Шинжлэх ухаан бол юмс, үзэгдлийн ажиглалт, туршилт, тооцоолол, дүгнэлт зэрэг судалгаа шинжилгээний аргаар үнэнийг таньж нотолдог логик сэтгэлгээ юм. Хүний тархины зүүн хагасын үйлчлэл, функц давамгайлсан ухамсарт үйл ажиллагаа. Энд мэдээлэл, мэдлэг, боловсрол ихээр оролцож зо-хион байгуулагдсан оюун сэтгэхүйн нэгдмэл тогтолцооны үр дүн илэрхийлэгддэг. Харин яруу найраг, урлаг гээд уран сайхны сэтгэлгээ бол сэрэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл, уран санаа, ургуулан бодохуй, зөн билэг, далд ухамсар, ёр билэг, бэлгэдэл, бясалгал, онгод, өөр ертөнцийн хэл мэдээлэл, совин, зүүд, гэгээрэл, рид, мэдрэхүй, цээжний ухаан гээд хүний дотоод гүн ертөнцийн гялбаа гилбэлгээн мэт үйл явцын тусгал юм. Энд хүний сэтгэл, оюуны ариусал, эсвэл, бүүр байгаллаг, амьтанлаг язгуур чанарын нь дэлбэрэлт, хүсэл ганирхлын халуурал, магадгүй, солиорол мэтийн нарийн нийлмэл сэтгэцийн үзэгдлүүд сүлэлдсэн уран дүрийн сэтгэлгээ гололдог. Зөвхөн уран, содон, шинэ санаа, дүр, дүрслэлээр л уран бүтээл цагийн цагт шинэ, сонин, үл хуучрах амьдралын орь үнэнийг хадгалж үлдээж чадах жинхэнэ “амьд” гүн ухаан болж чадна. Энэ утга, чанараа-раа яруу найраг, урлаг, уран бүтээл бол хамгийн гүн “гүн ухаан” юм. Орчин цагийн байд-лаар, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан сонгодог хэлбэр, аргазүй, судлал, үр дүнгээрээ мухардалд орж уран сайхны сэтгэлгээний “Гүн ухаан”-аар тэжээгдэх, “цус сэлбэх”, далд ухамсар, сэрэл сэрэхүйн тэмтрүүлээр тэмтэрч мэдэрсэн үзэгдлүүдийг ашиглах хандлага уруу орж байна. Шинжлэх ухаан бол тодорхой орчин нөхцөлд, орон зайд, тодорхой цаг хугацааны хязгаар дотор маш олон дахин давтагддаг тогтмол давтамжтай үзэгдлийг л үнэн гэж үзнэ. Яагаад гэвэл, энэ нь туршлагаар нотлогдоно. Учир шалтгаан, зүй тогтол нь нээгдчихсэн байгаа. Харин зөн совин, билэг билгүүн, боди сэтгэлийн урсгал, бясалгал, далд нууцгай хэл дохио мэт сэтгэц, сэтгэлийн чинад мужийн үйл ажиллагаа оролцдог уран дүрийн сэтгэлгээний тусгалын үнэн ихэнхдээ туршлагаар нотлогдохгүй, бодит амьдралд бодитойгоор ашиглах боломжгүй болохоор нийгэм даяараа “билгийн мэлмий” нээгдэх цагийг горьдон хүлээхээс өөр гарцгүй.

    Миний төгссөн сургууль, мэргэжлийн хувьд гэвэл, би 1959 онд Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургууль төгсөөд ЗХУ-ын Москва хотод Эдийн засгийн дээд сургуульд 1959-1964 онд суралцаж, эдийн засагч төлөвлөгчийн мэргэжил эзэмшсэн. Монголынхоо эдийн засгийг социализмын онолоор, төвлөрсөн төлөвлөгөөтэйгээр удирдах, хямрал зөрчилгүй, аль ч салбарт ажилгүйдэл, ядууралгүй, жигд тогтмол өсөлттэй, хяналт шалгалттай, авлига, хахууль, мафи, олигархи, дампуурал зэрэг өнөөгийн үл бүтэх олиггүй үр дагав-раас ангид хөгжүүлэх маш ха-риуцлагатай албанд арав гаруй жил нойр хоолоо хасан ажил-лаад, уран бүтээлийн мөр хөө-хөөр Москва хот дахь М.Горь-кийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд дамжаанд хоёр жил суралцаж төгссөн.

    -Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?

    -Бичих. Би тааруухан эцэг, тааруухан хань шүү.

    -Та хэр тусч бөгөөд өглөгч хүн бэ?

    -Их тусч, өглөгч хүн. Харамсалтай нь, тус хүргэж чадах юм минь зөвхөн ном, зохиол бичих л юм. Бас хүмүүст өгч чадах юм минь ч зөвхөн, ядарч зүдэрч бичсэн ном, зохиол минь л байх юм. Өөр юм юу ч байхгүй.

    -Таны үзэх дуртай спортын төрөл юу вэ?

    -Жороо морьдын уралдаан. Гэхдээ жороо морьдын уралдаан спортын төрөл мөн эсэхийг мэдэхгүй.

    Та өөхөнд дуртай юу?

    -Дуртай. Хоёр, нэг огтлоод үмхчихнэ. Илүү чадахгүй.

    -Улстөрчдийн хэлдэг үгний хэдэн хувь нь үнэн байдаг бол. Та энэ талаар бодож байсан уу?

    -Судлах хэрэгтэй. Би судлаагүй.

    -Та машин жолооддог уу?

    -Үгүй. Жолоодох нь байтугай хүний машинд сууж явахдаа ч их айж явдаг.

    -Зурхайн талаар Таны бодлыг сонсмоор байна. Өдөр бүр зурхайг дагах нь зөв үү?

    -Зурхай агуу шинжлэх ухаан. Астрофизик, механик, квант физик, геометр, тригонометр, дээд тоо, интеграл, дифферин-циал бодолтууд шаардах олон олон үл мэдэгчидтэй бодолтууд шаардах тэгшитгэлд хариу олох гээд асар өндөр математик сэтгэлгээний үр дүнг боловсруулж тооцоолдог байх. Би зүгээр хар ухаанаар л тэгж бодож байна. Зурхайн ухааны “цагаан толгой” ч надад алга. Миний хувьд, монгол зурхайн цаг тооны товхимолуудаас өөрийн төрсөн жилийн сүлд гариг, амин гариг, час /үхэх/ гаригуудыг мэдэж авсан. Миний сүлд гариг ням, амин гариг лхагва, час үхэх /гариг/ пүрэв. Бас саран өдөр бүр хэрдэг 28 оддоос өөрийнхөө сүлд од, тотгор од, үхэх одуудыг мэдэж авсан. Миний сүлд од зургаан эхтэй хүү, амин од тооно, тотгор од чөдөр, үхэх од бага морь од юм. Би үнэнээ хэлэхэд, их сүсэгтэй, бас жаахан жаахан мухар сүсэгтэй шүү. Тийм боло-хоор учрыг нь сайн мэдэхгүй ч зурхайн зурлагад бичигдсэн мөрдлөгүүдийг болж л гэмээнэ дагах нь зөв гэж хувьдаа боддог.

    Та шүлэг хэлж зүүдэлдэг үү?

    -Залуу байхад шүлэг зүүдэлж байсан ганц хоёр тохиол бий шүү. Одоо өтлөөд өөдтэй зүүд зүүдлэхээ больчихжээ. Шал балай балар зүүд, булш бунхан, ил жорлон, дайн байлдаан, дэлгүүр, үүд хаалга нь олдохгүй хашаа байшин ч зүүдэлж байх шиг. Ерөнхийдөө тийм л болсон байна лээ. Залуудаа өндөр өндөр уулс, том том нуур, далай дээгүүр нисдэг, заримдаа олон шувуудтай цуг зэрэгцээд нисдэг, аль нэг шувуу нь унахаар айж хашгираад сэрдэг байснаа мартдаггүй. Харин саяхан би нэг сонин зүүд зүүдэлнэ лээ. Миний одоо бичиж байгаа романд XIII зууны дэлхийн нийслэл Хархоруны номын сангийн тухай цухас үгүүлэгдэх юм. Тэр багахан үйл явдалтай хэсгийг яаж бичих вэ, ямар янзаар дүрслэн гаргах вэ гэж олон өдөр бодож шанал-сан юм. Тэгсэн чинь нэг шөнө зүүдэнд минь Хархоруны номын санд өрөөстэй байгаа зөндөө олон номын нэр харагдаад жигтэй тод зүүдлэгддэг юм. Хүн үнэмшихийн аргагүй. Хэдэн номын нэрийг би “манаад” үлдсэн. “Эр-хэсийн хөлгөн”, “Эс төгссөн чухаг”-ийн найман ороолт, “Нум, сумаар зорчигдох эш”, “Язгуур үгүйд барихуй”, “Могой, мэлхийн хээрлэхэд эс тэгэх…”, “Нууц түүхийн дармал” гээд олон ном зүүдэлсэн шүү.

    -Монгол бичгээ төрийн бичиг болгох тал дээр Таны байр суурь ямар байдаг вэ. Дэлхийн соёлын өвджин дарах үнэт соёлоо манайхан нэг л тоохгүй байх шиг. Аль нэг улс хөөмий шиг маань өөрийн нэр дээр бүртгүүлчих вий дээ?

    -Ах чинь Та нараасаа ичиж үхмээр хүн шүү дээ. Монгол бичгээр нэрээ ч бичиж чаддаггүй. Гаргацтай сайхан бийрийн бичиг, гаргацтай тод барласан хорголжин барын ном, судар муухан уншчихдаг л хүн. Ингэхлээр энэ асуултад товтой хариулт өгч чадах хүн биш юм. Харин яахав Монгол үндэстнийхээ соёл, өв сангаа амин голоосоо хайрладаг эх оронч үзэлтэй сэхээтний хувьд хуучин монгол бичгээ төрийн бичиг болговол тун ч их баярлана. Тийм зарлиг, шийдвэрийг биелүүлэхэд чин үнэнчээр зүтгэнэ. Монгол бичгээрээ сайн бичиж сурахын тулд өөрөө ч мэрийж чармайна. Өөрөө би сайн сурч эзэмшээгүй ч хуучин монгол бичгийнхээ зурлага, хэлбэр, дүрсийг ажаад, харц дотогшоо төвлөрөөд суухаар юм юм бодогддог. Монгол бичиг чинь тэнгэрээс газар уруу тун урт, олон ончроо хятруутай шатаар бууж ирсэн нэг “амьтан”-ы мөр юм шиг санагддаг юм. Тэнгэрт Бурханы асаасан гал-нарны эрчим, газарт асаасан гал хүний гэгээрэл хоёрын хооронд тасралтгүй, хором завсаргүй дамжин үйлчлэлцэж буй нүдэнд үл үзэгдэх нууцлаг хэл дохионы урсгалын дүрслэл байж болох юм гэж би дотроо боддог юм. Миний энэ бодлыг уншигчид маань шоолохгүй байх гэж най-даад ярьж байна шүү.

    -Та Монголын зохиолчдын эвлэлийн дарга болбол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

    -Асар баян номын сантай болгоно. Бүх зохиолчдын IQ-г тогтоолгох санал тавина.

    -Монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө нэн даруй хийх ажлын талаар Таны бодол юу вэ?

    -Зах зээлийн харилцаанаас социализм, коммунизмд шилжих “ариун хувьсгал” хийх, нийгмийн сэтгэлгээг хувийн өмчийн сэтгэлгээнээс ангижруулах “оюуны хувьсгал” хийх, хүмүүст хүний жинхэнэ хөгжлийг ойлгуулах “онолын хувьсгал” хийх, хүнийг бурханлаг болгох “үйл хэргийн хувьсгал” хийх.

    -Таны ээлтэй од тэнгэрийн аль хэсэгт байдаг вэ?

    -Монголчууд долоон бурхан одыг шүтдэг уламжлал, заншилтай. Үдэш орой долоон бурхан түгэхээр од одондоо тарнийг нь уншаад дээж өргөдөг. Миний од долоон бурханы “Тэнгэрийн бариа” гэдэг тавдугаар од. Тэнгэрийн бариа Будда Шигимуни бурхан эрхшээдэг. Тарни нь, Ум саманда Будда ном, Ум сарваа санъяа суухаа.

    Үргэлжлэл бий.

    Б.Даариймаа /Үнэн сонин/

  • Өвчингүй эрүүл чийрэг амьдралыг бий болгосон 7 арга

    ЭРҮҮЛ ЧИЙРЭГ АМЬДРАЛ. Ихэнхи ажил хэрэгч залуус маань суугаа талдаа ажил хийдэг. Бас согтууруулах ундаа хэрэглэнэ, ихэвчлэн таксидна, бэлэн гоймон иднэ, толгой нүцгэн явна. Хүн эхээс эрүүл чийрэг бие бялдартай төрдөг атлаа өөрийнхөө биеийг хорлон сүйтгэх ажиллагаагаа өөрөө хийж явдаг сонин амьтан шүү. Тэгээд бүүр үхэхээ тулахаас нааш хүний хэлсэн үгийг тоохгүй.

    Миний хувьд нээх айхтар өвдөж хавдаад, ханиад хатгалгаа хүрээд, эмнэлэгт хэвтэж байсан тохиодол бараг байхгүй. Тэр бүр би толгой өвдлөө, ханиад хүрлээ, би өнөөдөр өвдөөд очиж чадахгүй нь гэж хэлж байсан тохиодол ховор.

    Тэгээд өөрийн зарим нэг туршлагаас залуустайгаа хуваалцъя гэж бодлоо:

    1. ХӨДӨЛГӨӨН. Би ихэвчлэн алхана, гүйнэ. Гэрээсээ ажилруу гүйнэ. Ажлаасаа гэррүүгээ гүйнэ. Өглөө бүр 5-15 минут орчим дасгал хөдөлгөөн хийнэ. Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэдэг. Хөшиж хуримталсан шар усыг тарааж байхад дасгал хэрэгтэй.

    2. ИОГ. Бүтэн сайн бүрд гэртээ иогийн дасгал хийнэ. Иог бол дэндүү гайхалтай л даа. Хүн төрөлхтний 10000 жилийн ажиглалт, туршилтаар хөгжсөн төгс дасгал. Монголчуудын тэнгэрт мөргөх, залбирах, бие биелэгээ зэрэг нь иогийн дасгалын мөн чанарыг агуулсан байдаг юм байна гэж би боддог. Иог нь хуян шар усыг тараахаас гадна гараар хүрэх боломжгүй дотор эрхтэн, зарим онцгой булчирхайнуудад даралт, иллэг болдог гэж тодорхойлдог. Ямартай ядаргааг гайхалтай тайлдаг.

    3. ИЛЛЭГ БАРИА. Өглөө босоод өөрөө өөрийгөө энхрийлнэ дээ. Толгой, нүүрнээс эхлээд хөлийн ул хүртлээ бариа иллэг хийнэ. Унтаа, нойрмог бие, мэдрэмжийг ингэж сэрээнэ. Бас өөрийгөө хайрлаж байгаа нэг хэлбэр гэж хэлж болно. Хүн өөрийгөө хайрлахгүй бол шоовдорлогдсон эсүүд нь хавдар үүсгэдэг гэж үздэг. Урианхай гуай бас өглөө бүр өөртөө 30- 40 минут өөртөө иллэг хийдэг гэж хэлж байсан. Толгойгоо 100 удаа илэхэд 1 насаар уртасдаг гэж монголчууд хэлэлцдэг. Ямар ч байсан хайртай дотны хүмүүсийнхээ гаранд нь ч болтугай иллэг хийж өгвөл сая төгрөг өгсөнөөс ч их баярладаг юм билээ.

    4. ТАВАН ХОР. Хэт чихэрлэг, хэт давслаг, хэт тослог хүнс мөн архи тамхинаас хол байхыг хичээдэг. Тамхийг бол хийх ажилгүй хүний ажил гэж хэлдэг юм билээ. Сэтгэл зүйн үүднээсээ бол тамхи татаж байгаа хүн өөрийгөө юм хийж байна гэж боддог гэсэн. Хэ хэ.

    5. СЭТГЭЛ САНАА. Хүүхэд байхдаа, “Ямар ч байсан өвдөхгүй амьдарч байгаад үхнэ” гэж өөртөө амлаж байсансан. Ямартай үнэхээр сайн эм гэж итгээд чихэр идсэн хүмүүс эдгэсэн туршилт олон байдаг юм билээ. Тэгэхээр хүний сэтгэлд асар их энерги нуугдаад тэр нь хүнд асар их нөлөөлөөд байх шиг байна. Өвчиндөө хэт төвлөрөхөд илүү их өвдөөд байдаг атлаа, аз жаргал, эрүүл энхрүүгээ төвлөрөхөд эдгэрэл хурдасдаг. Хагалгаанд орж буй өвчтөнд бат итгэлийг өгөхөд мөн л эдгэрэл хурдасч байдаг. Миний хувьд бол ер нь өөртөө өвчин тусахгүй, би өвчин тусахаар өөрийгөө хорлоогүй гэж байнга бодож итгэж найдаж явдаг.

    6. ХООЛОЛТ. Ихийг биш чанартайг. Хоол бол ганган чаминдаа гол нь биш харин хүний алдсан амин дэмийг нөхөж хүчил, шүлт, өөх тосыг нь тэнцвэржүүлж байх үүрэгтэй. Эрүүл зөв хоололтыг багагүй судлаж өөртөө хэрэгжүүлэхийг хичээдэг. Үр дүнг нь мэдэрдэг. Хүн энэ талаар маш их мэдлэгтэй байх хэрэгтэй гэж боддог. Хүн төрөлхтөн хоололтоосоо болж үхэж байна. Дэлхий дээр өлсгөлөнгөөр үхэж байгаа хүнээсээ илүү ЦАТГАЛДАЖ /буруу хоололт/ үхэж байгаа хүн нь илүү байна гэсэн судалгаа бий. Энэ тал дээр хоололт судлаач Б.Гэрэлмаа багшийн сургалт маш их зүйлийг ойлгуулна. Б.Гэрэлмаа багш өөрөө зохистой хоололтоор 1 сарын насаа 10 жил болгож чадсан хүн. Хэн нь ч билээ “Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх болно” гэж хараасан гэдэг.

    7. БИОЛОГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хоол хүнсний чанарлаг, цэвэр байдал улам бүр асуудал үүсгэж байна. Улмаар хоол хүнс нь хүний авах ёстой амин дэм, эрдэс бодисыг нөхөх чадвар нь багассаар. Энэ тохиолдолд эрдэмтэд идэвхит чанар агууламж өндөртэй байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгож байна. Жишээ нь жижиг капсул нь 5 кг жимс идсэнтэй тэнцэхүйц агууламжтай бүтээгдэхүүн гэх мэт. Шинэ тутам бүтээгдэхүүн нь амьдралын салшгүй чухал хэсэг болж зарим оронд ажилтан авах анкетад “Ямар биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ” гэсэн асуулга заавал ордог болж байна. Харин би хэрэглэж байгаа.

     

    Эрүүл байвал Улсын наадмаар Алтан аяганаас ус ууна!

    Дараа биш яг одоо эрүүл мэнддээ анхаарцгаая!

    Эрүүл амьдралын хэв маягийг бий болгоцгооё!

  • Ээждээ бичсэн 1000 захидал – МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ “ХҮН” БОЛОХ БОЛТУГАЙ

    Ном бүтээх шалтгаан янз бүр бөлгөө. Цэцтэй мэргэдийн цээжинд огшсон үг сургаал зуун зууныг дамжин өртөөлж бидний үед ирэхдээ хүмүүний болон нийхэм ёсны аж байдал, гэм зэмийг дуудан илтгэж, хэрхэн засч номхруулахыг айлдсан байдаг. Энэ ном огт өөр өө!
    Бидний үед амьдардаг, бидний элэг нэгтэн даруухан яруу найрагч Цэндийн Чимэддоржид
    “Энэ дэлхийн дайн бүхэн чинь
    Ээжийнхээ үгэнд ороогүй
    Хүүхдүүдээс болсон юм шүү дээ…” гэсэн мөрүүд байдаг юм.

    Ээж … Чиний дэргэд бөртөлзөн, дээрээс тонгойж бүүвэйлсэн тэр ачтан бол Ээж… Эгэл, хаа ч байдаг, хэнд ч байдаг Ээж… Тэгсэн хэрнээ дэлхийн хувь заяаг ээж нар шийддэг юм. Үүнийг л яруу найрагч хэлжээ.
    “Ээждээ бичсэн 1000 захидал” ном бол манай дэг замбараагүй ч гэмээр болсон нийгэмд оюун сэтгэхүйн үрийг тарьж яваа “Яруу сэтгэгч“ сониныхны бүтээл юм. Сониноос хүүхэд, залуус төдийгүй энэ л үедээ хүн болж, хүмүүжиж чадаагүй том хүн болж чадаагүй хүн өөрийгөө тольдон харж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Ийм хэрэгтэй, цаг үеэ, ирээдүйгээ гэгээрүүлсэн сониныг бүтээгчид нэгэн зүйлийг гярхай олж харжээ. Энэ нь, хүн бүр Ээждээ чин сэтгэлийн үгээ хэлэх… Хэлж сурах, хэлэх боломжийг нь олгох. Хүүхэд бүр зөв хүн болох үүд хаалга бол ээждээ худал хэлсэндээ гэмшиж, ил тод үнэнээ ярьж, ээждээ хайртайгаа цагт нь хэлж амжих! Яг зүйтэй!
    Эх орны маань ЕБС-ийн олон анги танхимд энэ ном бүтсэн. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” хэмээх гайхамшигт уяралт аялгууг чагнан, үзгээ мэрж, нулимсаа тусааж, бодол болон тонгойж, ерөөс маш хичээн тунгаан буулгасан мянга мянган хүүхдийн зүрхний үг энэ ном юм. Мянган хүүхэд бичиж мянга мянган ээжийн магнай тэнийн унших тийм нэг ном гараас гарчээ. Энэ чинь бага юм гэж үү?
    Энэхүү ном, эх үр хоёрын ариун холбоогоор бүтсэн учир, уншигч та бүхнийгээ олон зүйлийг олж тунгааж, эх үр хоёрын мөнхийн хайрын ертөнцөөр аялж, амьдралын ухаарал, эх хүмүүний хайрын далайгаар аялахыг хүснэм.
    Мянган үрсийн зүрхний үг таны өмнө дурайтал гэрэлтэж байна. Ижийдээ барих тэдний хамгийн үнэтэй бэлэг бол зүрхний үг. Зүрхнээс зүрхэнд очих аз жаргалын шувуу ниссээр л… Үг амьтай, үг гэгээтэй, үг тарнийн гэрэлт увьдастай. Тийм учраас энэхүү чин сэтгэлийн үгс хайрын халуун амь оршсон, гэгээ гэрэл хургасан яруусалтай билээ. Ээж… Энэхүү ганцхан үг хэн хүний өмнө авралын бурхан, ачлалын сахиус болж тодрон тодрон мишээдэг юм. Энэ орчлонгийн хамгийн сайхан зам ижийдээ очих зам байдаг юм.
    Хүүхэд бүрийн зүрхэнд л ээжийнхээ ачийг хариулахын хүсэл ундарч буй.
    Энэ ямар агуу, гэгээн хүсэл вэ?
    Энэ ном ээжийн бүүвэйгээр сэтгэлийг тань гэгээрүүлсэн үнэн зүрхний халуун ном болсон гэдэгт би итгэлтэй байна.
    Ижийдээ үнсүүлэх юутай сайхан бэ?
    Энэ бол үнэхээр сайхан. Ижийдээ үнсүүлэхийн өмнө догдлох бүр сайхан юм аа.
    Эгэл даруухан ижийнхээ өлмийд ямар ч агуу хүн сөхөрдөг. Ижийдээ сүслэн мөргөе!

    ————————————————————————————————————————————————-

    999 + 1 = 1000 дахь захидалыг та өөрийн сэтгэлээс бүтээж
    Ижийнхээ сэтгэлийг 1000 үрсийн зүрхний шүүдрээр ундаалаарай.

    ————————————————————————————————————————————————-

    Номын санаачлагч “Яруу сэтгэгч” нийгэмлэгийн гишүүн О.Булганхангай, Амгай үг болон жаргаах үг бичсэн Яруу найрагч Ц.Хулан, А.Эрдэнэ-Очир, захидал бичсэн 1000 хүүхэд болон хамтран бүтээсэн “Монгол травел сервес” компанийн хамт олонд баярлалаа.