Category: human-development

  • Амьдрал баян, хорвоо уудам шиг, уншаагүй зөндөө сайхан ном өмнө минь байгаа гэж бодохоор яармаар ч юм шиг…

    Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн

    Далай мэт гүн номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч далайд хөвөх мэт

    (АУЗ Цэндийн Дамдинсүрэн)

     

    Гэрт нам гүм орчин ноёлоно. Бодож суугаад болгоож уншихад хэн ч саад хийхгүй болохоор нам гүмд би дуртай. Гэрийнхэн хараахан ирээгүй байна, энэ цагийг ашиглаад өчигдөрхөн эхэлсэн номоо уншихаар ширээндээ суулаа.

    Ширээн дээр нэлээд хэдэн ном харагдана. Голдуу уншсан номоо өрсөн ч хараахан уншиж эхлээгүй ном ч хорхой хөдөлгөөд харагдаж байна. Номын амтанд орох мөн ч сайхан даа!    

    Энэ удаа би ном уншихаа түр азнаад номын тухай тэмдэглэл бичихээр шийдлээ.

    Би номонд их дурлаж өссөн. Сургуульд ороогүй байхдаа л үсэг сурсан. Аав минь надад их энгийн аргаар үсэг зааж өгсөн нь одоо хүртэл санаанаас гардаггүй. Тэр үеийн “Хөдөлмөр”, “Үнэн” сонины том том гарчигийг үелэн уншуулсаар байгаад үсэг нүдлүүлсэн гэдэг. Би ч тэдгээр гарчгийг унших их дуртай, хүн орж ирэхээр унших бүр ч дуртай байж билээ. Бодвол магтуулах гэж л сонингоо бариад гүйдэг байсан биз ээ. Харин гарчигнаас өөр юм ёстой уншдаггүй байсан. Аавыг унш гээд янз бүрээр гуйхад үгүй гээд л зөрдөг байсан гэнэ лээ. Ингэж л би юм уншиж сурсан. Бага насандаа үлгэрийн номын амтанд орох сайхан байсан шүү! Удалгүй ном унших минь хүрээгээ тэлсээр Уран зохиолын ном унших дуртай болсон…

    Яг одоо миний дэргэд Марк Фишер, Марк Аллен гэж хоёр хүний хамтран бичсэн “Саятнууд ингэж сэтгэдэг“ ном дэлгээтэй байна. Орчуулагч нь У.Нямсүрэн гэдэг хүн байна.Саятан гэхээр л мөнгө санхүү гэж  ойлгодог миний бодол энэ номыг уншаад өөрчлөгдсөн юм.

    Саятан байна гэдэг халаасанд мөнгө байхад биш, сэтгэлд зөв бүхэн байхыг л хэлдэг юм байна…

    Саяхан Ламжавын Гүндалайн “Хайрлахгүй байхын аргагүй” тэмдэглэл номыг уншиж дуусгасан.

    Аливаа хүн өөрийнхөө амьдралыг бичнэ гэдэг тэр хүний үнэн түүх байдаг болохоор энэ номыг уншиж байж л Гүндалай гэдэг хүний тухай төсөөлөл бууж ирсэн.

    “Амьдралын туршид хүмүүст хоёр зүйл маш чухал байдаг. Энэ нь хүнийг хайрлаж хайрлуулах, өөрийгөө өөртөө болон бусдад хэрэгтэй гэдгийг мэдрэх явдал” гэж энэ номонд бичжээ. Бодууштай л үг!…

    Мэдээж уншсан бүх номоо энд тэмдэглэнэ гэвэл их урт хугацаа.Урьд нь би олдсон бүх номыг уншдаг байлаа. Нэг л их ном уншсан хүн! Гэвч үлдэх юм үнэндээ байсангүй. Зөвхөн нэр л үлджээ. Яагаад гэвэл тогтож уншдаггүй болохоор л тэр. Харин одоо бол сонгож уншдаг. Анзаарч, эргэцүүлж, заримдаа бүр мэтгэлцэж уншдаг болохоор тэмдэглэл бичихгүйгээр ном уншихаа больсон. Тиймдээ ч номын хуудсыг хурдан эргүүлэх аргагүй болсон.

    Утгын далайд хөвөхдөө уужирч, бас уярч заримдаа уйлж ном уншихад нэг л гэгээн болчихдог. Амьдралыг өөр нүдээр хараад ч байгаа юм шиг…Асаж дүрэлзэж байгаа сэтгэлдээ тос нэммээр ч болох шиг… Нээрээ  нэг л өөр болчихдог.

    Амьдрал баян, хорвоо уудам шиг, уншаагүй зөндөө сайхан ном өмнө минь байгаа гэж бодохоор яармаар ч юм шиг…

    Хаалганы хонх дуугарч байна. Манай гэрийнхэний хэн нэг нь ирж байгаа нь энэ.  Аягүй бол босч хоолоо хийх цаг болсон доо. Амжиж номын тухай тэмдэглэлээ бичиж дуусгалаа.

    Эрхэм таны ухааны ертөнцөд номын далай давалгаалж байг ээ!

  • Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог

    Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог

    Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог

    (Их зохиолч Дашдоржийн Нацагдорж)

     

    Гэнэт хүүхдийн уйлах дуу!!! Цочирдон хартал миний өмнө  аавтайгаа хөтөлсөн жаахан охин уйлж явлаа. Хүүхэд гомдолтой уйлахаараа өрөвдмөөр байдаг даа. Охин яг ингэж уйлж байлаа.

    Сайн анзаарвал аав охин хоёрын өмнө ээж нь бололтой нэг бүсгүй алхаж явна. Аав нь охиноо аргадан, бас өмнөө яваа бүсгүйг дуудна. Харин бүсгүй чигээрээ алхсаар…

    Нөхөртөө уурласан уураа охиндоо гаргаж байгаа ч юм уу, охиндоо уурласан уураа хоёуланд нь гаргаж байгаа ч юм уу аль нь ч ялгагдсангүй. Дэргэдүүр нь зөрж байгаа хүмүүс гайхсан янзтай аав охин хоёрыг хараад л…тэгснээ бүсгүй рүү дургүйлхсэн харц чулуудаад өнгөрч байна.

    Би өөрөө эх хүн болохоор ч тэр үү, охиноо гудамжинд уйлуулж яваа тэр бүсгүйд дургүй хүрсэн ч араас нь алхсаар. Нэг буудлын хэртэй лав эргэж  хараагүй тэр бүсгүйн ууртайг нь гайхсаар би түүний өмнө гарлаа.

    Нэгэнт ард үлдсэн болохоор тэр нэгэн гэр бүлийг яасан бол? гэж хэрэгт дурлаж эргэж харсангүй. Харин “Уур“ гэдэг онцгүй зангийн тухай хөндүүр бодолтойгоор цааш явсан юм.

    Удалгүй би Урт цагаан дээр ирлээ. Цаг болзож уулзана гэсэн хүн ирээгүй байв. 10 минут өнгөрлөө…20…бүр 30 минут боллоо. Би цухалдаж эхэллээ. Юу ч хийлгүй хүн хүлээх хичнээн хэцүү гээч!

    Гэхдээ би тэвчлээ. “Уур” гэдэг онцгүй зангийн тухай хэдхэн хормын өмнө бодсон болохоор, уурлахаараа хүн хэнийг ч ялгалгүй гомдоодог болохыг харсан болохоор тэгтлээ их бухимдахыг хүссэнгүй.

    Уулзах хүнтэйгээ утсаар ярьсан бол бухимдах л байсан байх. Азаар залгах нэгж байсангүй. Ингээд тайвширхаар дэргэдэх зарлалын самбарт анхаарлаа хандууллаа. Яруу найрагч Н. Баянмөнхийн “Аавын тухай ярихад…” нэртэй уран бүтээлийн тоглолтын зарлал байна.

    Яасан сайхан нэртэй тоглолт вэ? гэж бодохын зуурт аавын минь төрх үзэгдэх шиг… Хэн нэгэнд аавынхаа тухай яривал би ч жолоогүй морь шиг тэмүүлэх байх даа гэж бодохуйд инээд хүрлээ.

    Яана аа! Уучилаарай, би зөндөө хоцорчихлоо гэсээр найз бүсгүй маань инээсээр хүрч ирлээ. Нөгөө төрөөд байсан бухимдал надаас ор мөргүй хулжсан бололтой.

    Уурлах онцгүй гэж бодсондоо ч юм уу, аавынхаа тухай санасандаа ч тэр үү, эсвэл инээж уулзсан найзыгаа хараад ч юм уу 40 минут хүлээснээ тоолгүй  бухимдалгүй уулзаж чадсан юм.

  • Дэргэдээ байгаа хүнээ битгий гомдоогоорой, нэг л өдөр хэлэлгүй явчихна шүү

    Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ

    Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла

    Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул

    Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү битгий түлх!

     /Төрийн шагналт зохиолч Очирбатын Дашбалбар/

    Дэргэдээ байгаа хүнээ битгий гомдоогоорой, нэг л өдөр хэлэлгүй явчихна шүү. Дэндүү хайрладаг ээжийгээ анзаарч нэг ажаарай, нэг л өдөр ирнэ гээд хүлээж суугаа шүү.

    Гомдмоор байсан ч тэгтлээ бүү хатуурхаарай, хүний зүрх дулаан байдаг юм. Голоос хайртай аавынхаа үгийг нэг сонсоорой, сургаал нь үнэтэй байдаг юм.

    Тэрсүү явсны нь төлөө нэгийгээ бүү чичлээрэй, таны аав ээж шиг хүмүүс түүний төлөө шанална.

    Зовж яваа хүний зовлонд бүү дөрөөлөөрэй, сэтгэлд чинь хүнд ачаа болно. Лааз цуглуулсан хүмүүсийг гадуурхаж битгий хараарай, бодолд чинь сүүдэр унах болно шүү.

    Алгаа тосох хүүхдийг гуйлгачин гэж битгий дуудаарай, ирээдүйд таны хүүхдийн найз нь байж мэднэ. Амьдралдаа таарах бэрхшээлийг буруутгаж битгий гомдоллоорой, хангалттай жаргах хаалганы түлхүүр нь байж мэднэ.

    Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ!

  • Хэдэн хэл мэднэ, тэр тоолондоо төчнөөн хүн болдог

    Хэдэн хэл мэднэ, тэр тоолондоо төчнөөн хүн болдог
    /Бямбын Ренчин/

     

    Мэдлэг нь хүч, мэдээлэл нь хурд болсон эрин зуунд амьдарч байгаа болохоор юм бүхнээс хоцормооргүй санагдана. Өмнө минь дэлгээтэй цааснууд мэдэхгүй хэлээр дурайна.

    Уншиж сурахсан гэх чанадын хүсэл оргилход хэдэн сарын өмнөөс цээжилсэн чамгүй хэдэн үг минь үнэхээр багадаад байна. Тэгээд хэл сурахын сайхныг шимтэн шимтэн бодлоо…

    Эх нутгийн минь хэл, хилээс гадна энэ дэлхийн хэл, хил гэж бий. Тэнд хүрэхэд тийм амар биш ээ! Сурах гэдэг үг энэ үед л хүний оюунд үйлчилдэг юм даа.

     “Би монгол хүн!” гэж өөр улсын хэлээр ярих бахархал шүү. Энэ тухай сонсч байлаа. Сонсчихоод өөрөө хэлэхсэн гэж яарч байлаа. Өөр улсын хэлээр торохгүй яриад инээж байгаа бусдын чадварыг үнэлдэг. Энэ чадварын цаана хичээл зүтгэл байдгийг мэдэрдэг.

    Англи, Франц, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон…гээд мэдэхгүй орны хэлийг эзэмшиж яваа олон олон монгол хүмүүс байгаа.

    Хэл сурна гэдэг чихэр амталж идээд цаасыг нь хөсөр хаядагтай адил зүйл биш ээ. Гадаад хэл сурахад хялбар мэт санахдаа хөөрцөглөж, зуур холын бэрхшээлд тэгсхийгээд гээчихдэг хугархай хэлтэн байснаас түүхийг нь сайн мэддэг сонсогч байсан нь дээр. 

    Тийм болохоор энэ дэлхийн хэлийг суръя гэвэл хүсэл эхлээд байх хэрэгтэй. Хүслээ дэврээж өгөх урам мэдрэх хэрэгтэй. Урмаа итгэл болгон бүтээх зориг байх хэрэгтэй. Зориг байхад мэдлэг түлхүүр болж мэдэхгүй байгаа тэр ертөнцийн хэл, хил хоёрын оньсыг тайлж өгдөг.

    Харин миний хувьд англи хэлээр ойлгож сурахсан гэх хүсэл төрөөд удаж байна. Өдөртөө 10-н үг, цаашлаад 20-н үг цээжлээд урамшдаг.

    Гэхдээ урмаа итгэл болгоод зориглож хараахан эхлээгүй л байна. Яагаад гэвэл, өөртөө шалтаг өгөөд сэтгэлээ өөр зүйлд зарцуулах цаг минь дэндүү олдоод байна. Ийм байхад хэл сурах гэсэн итгэл минь зоригоор дутдагийг анзаардаг. Тэглээ гээд ухрахыг хүсэхгүй байна. Бас хэзээ нэгэн өдөр сурах биз дээ! гээд бодлынхоо урсгалд зомгол болмооргүй байна. Тиймээс хэл сурах багагүй цагийг өдөр болгон өөртөө өгөх болно. Магадгүй залхах л байх. Гэвч энэ залхалтыг даваад гарвал миний өмнө тэр улсын хэл хил хоёр угтна гэдэгт итгэдэг.

    Өвөөгийнхөө өмнө “Нi” гэж мэндэлчихээд хэл мэднээ гэж онгирох хэрэггүйг,

    Өрөөл бусдад “No, Yes” гэж хэлчихээд хэл сурлаа гэж бардах хэрэггүйг,

    Өөдрөг сэтгэлээ өвөртөлж өөр улсад зорчлоо ч өв соёлоо мартах хэрэггүйг би мэднээ.

    Утгын мэргэн оюундаа ухааны онч үгтэй Ренчин авхайн хэлснээр хэл сурна гэдэг хүн болохын гэгээрэл юм боловч хэл сурахын тоолонгоор хазгай хэлтэн болно гэсэн үг биш.

    “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг ардын мэргэн үгийг санаж аливаа хэлийг суръя гэвэл хүндэтгэлтэй хандаж түүх соёлоос нь ч бас  суралцацгаая залуус аа!

    Өмнө минь дэлгээтэй цааснууд мэдэхгүй хэлээр дурайна. Ухаж ойлгох гээд нэг цаасыг онцлон авч харлаа. 1 биш, 2 биш…10 биш нэлээд хэдэн үгийг би мэдэж байна.

    Уншиж сурахсан гэсэн хүсэл минь оргилж толь бичиг яаран авлаа. Тийм ээ, би гадаад хэл сурах болно. Та ч бас сурахад оройтоогүй ээ!

    Амжилт хүсье.

  • 2070 оноос ирсэн захидал

    Хүн төрөлхтөнд ирүүлж буй анхааруулга.

  • Захидлын мөртүүдийг уншиж суух ямар сайхан гээч!

    Захидлын мөртүүдийг уншиж суух ямар сайхан гээч!
    Дэлгэж унших тоолонд хуучрах гээд байхаар нь хааяахан уншдаг нэг л нандин!
    /Залуу зохиолч Ядамсүрэнгийн Одгэрэл/

     

    Миний өмнө өчигдөрхөн бичсэн захиа эзэндээ очиж амжаагүй шив шинэхэнээрээ байна. Хаа холыг зорин очих энэ захидал намайг төлөөлдөг болохоор захиа бичих тоолондоо би догдолдог.

    Хүнээс захиа авах дуртай, бичих бүүр ч дуртай. Сэтгэлийн нандин үгс зүрхний угаас ундардаг болохоор захидлын эзэд ч бас миний хувьд эрхэм байдаг. Олон жилийн өмнө нэг захиа надад ирснийг мартдаггүй юм.

    “Сайн байна уу? Уулзах гээд чадалгүй унаа таарахаар нь явлаа. Хэзээ нэгэн өдөр уулзах биз дээ. Сайн сууж байгаарай! Баяртай”

    Ийм л товчхон захиаг анх удаа эрэгтэй хүнээс аваад зөндөө уйлж билээ. Сүүлдээ хачин гоё дармалдаж бичсэн тэр захиаг цээжилчихсэн юм даг. Түүнээс хойш зөндөө олон захиа бичиж, бас авч байлаа. Гэхдээ анхны захидлын эзнээс нэг ч удаа дахин захиа аваагүй. Одоо бодоход анхны тэр захиа л илүү амттай санагддаг юм…

    “Хүмүүс амьдралаараа захиа бичдэг“ гэж уншиж байлаа. Тэгээд амьдралаас хүмүүсийн захиаг унших гэж битүүхэндээ хайдаг болсон. Тэр захидлууд буцах хаяггүй болохоор тайван тухтай уншдаг. Заримдаа бүр айж ичиж, зовж шаналан байж уншдаг. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй л дээ.

    Тэнүүн жаргалтай эр хүн дулаахан инээмсэглэж явна. Миний хайр гээд дэргэдэх бүсгүйгээ үнсэх юм. Хажууд нь зогсоо жаахан охин хурууныхаа завсраар нүдээ шагайлган инээнэ.

    Ямар яруухан захидал вэ?!

    …Толгойгоо гудайлгасан эр хүн өөртөө архи хундагалаж сууна. Эргэж харалгүй явсан бүсгүйг шалтагаа болгоод нүдээ сүүмийтэл согтоно. Дэргэд нь хэн ч алга. Уйлъя гээд ч нулимс гарахгүй нүд нь будан татаж, хашгаръя гээд ч дуу гарахгүй хоолой нь сааралтаж толгой нь улам гудайна.

    Яасан хэцүүхэн захидал вэ?!

    Ирж буцдаг хорвоод аавыгаа холын аянд үдсэн хүү хэнээс ч тус нэхэлгүй хат суун өсөхдөө дэргэдээ жижгэрсэн ижийгээ нулимсгүй явуулахсан гэж эзгүй хоймроо дүүргэж аавын голомтоо сахина.

    Ай даа, ямар ухаалаг захидал вэ?!

    Инээмсэглэж яваа залуу юунд ч юм яарчээ. Тэр алхах биш гүйлээ. Төрөх тасгийн цонхоор цав цагаахан хүн бөртийнө. “Хүүтэй болжээ“ гэдэг үг зүрхэнд нь, тархинд нь зэрэг харвахад залуухан аавын нүдэнд нулимс гялтагнана.

    Ээд ээ, яасан гэгээлэг захидал вэ?!

     

    Амьдралаас олж уншиж байгаа захидлуудын нэгээхэн хэсэг нь энэ. Таахын эцэсгүй энэ амьдрал барагдашгүй урт болохоор уншиж дуусгах гэж яарах хэрэггүй ээ. Яагаад гэвэл үргэлжлэх захидлын эзэд нь зөвхөн хүмүүс бид шүү дээ.

    Би өмнөө байгаа захидлаа дугтуйнд хийж хаяглалаа. Буцах хаягтай энэ захидлын хариуг хүлээгээд би ч хөвсөлзөж өгнө дөө. Удалгүй хариу нь ирдэг тэр захидалд сэтгэл шингэсэн байдаг.

    Тийм болоод л би захидал унших дуртай, бичих бүүр ч дуртай.

  • Би хэн бэ гэж хэзээ нэгэн цагт өөрөөсөө асууж байсан билүү?

    Би гэж хэн бэ?

    Би бол би. Би бол цорын ганц давтагдашгүй гайхалтай нэгэн. Би өөрөө би гэдэг утгаа алдах юм бол хэн ч биш, юу ч биш, үнэ цэнэгүй нэгэн болж хувирна. Учир нь би гэдэг хүн өөрөө өөрийгөө мэдэрч, мэдэж бас хайрлаж байж энэ орчлонд хүн болсны утга учрыг харуулмаар.

    Одоогоос 3 жилийн өмнө би өөрөө өөрийгөө хэн болсныг гайхан анзаарсан юм. Тэр үед би хорвоогийн бор өдөр, шар нарыг өнгөрөөсөн нэгэн болж хувирсан нэг ёсны адгуус амьтны төрөл болон хувирсан байв. Өглөө босохдоо өнөөдөр өдрийг хэрхэн өнгөрөөх вэ гэдгийг бодохоос маргааш, түүний маргааш, 5жил, 10 жилийн дараа яаж амьдрах, хэн болохоо мэдэхгүй нэгэн болсон байлаа. Энэ үед би чухам юуны төлөө хүн болж төрөв? Яах гэж амьд яваа юм? Цаашдаа яаж амьдрах уу? Энэ хэвээрээ адгуус амьтны амьдралаар амьдрах уу? Аль эсвэл хүн би хүн шиг амьдрах уу? Ийм л сонголт миний өмнө байсан.

    Харин би хүн шиг амьдрах замыг сонгосон. Хүн байхын утга учрыг харуулж хүн шиг амьдрахыг л хүссэн. Гэтэл хүн болохын тулд яах вэ? Хүн шиг амьдрахын тулд юу хийх вэ? Энэ асуулт, асуудал урд минь гарч ирсэн. Энэ асуултанд хариу олохын тулд, энэ асуудлыг шийдэхийн тулд гайхамшигтай хүмүүсээс суралцах судлах хэрэгтэй л гэж ойлгосон. Өнөөдөр би өөрөө өөрийнхөө нэгээхэн жаахан хэсгийг ч гэсэн олохыг, олж нээхийг хүсэн өөрөө өөрийнхөө эрэлд гарсан явна. Хүн гэдэг агуу гайхамшигтай бурхны бүтээл гэж би ойлгодог. Би ч гэсэн гайхамшигтай нэгэн бурхны бүтээл. Тийм болохоор би энэ бүтээлээ таньж мэдэхийн хязгааргүй эрэлд мордон өөрөө өөрийгөө хайж явна. Хэзээ нэгэн цагт магадгүй тав арван жилийн дараа гэхэд би өөрөө өөрийгөө тодорхой хэмжээгээр олж чадсан, хүн гэдэг агуу чанараа гайхуулсан хүнд хэрэгтэй өгөх юмаа өгч чаддаг, хийж чаддаг ХҮН болсон байнаа гэдэгтээ итгэлтэй байна.

    Би ийм л хүн. Би гэж энэ л байна.

     

    “Яруу сэтгэгч” нийгэмлэгийн дэмжигч гишүүн

    Т.Насанжаргал

  • Цахилгааны зардлаа хэмнэх энгийн аргууд

    1. Цахилгаан чийдэн – Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн шил ашигласнаар та ашиглалтын хугацаа 10 дахин уртсаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна. Гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэрэгслийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

    2. Цонх – Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэнэ.

    3. Хоолны сав – Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой.

    4. Тоос сорогч – Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчоо урт хугацаанд ашиглахаас гадна эрчим хүчинд хэмнэх боломжтой. Тоос сорогч их чадалтай байх нь чухал биш гэдгийг санаарай.

    5. Хөргөгч – Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.

    6. Индүү – Та индүүдэх бүх зүйлээ нэг дор, хувцасны төрөлдөө тохируулж индүүдэх нь эрчим хүч, цаг хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдэх, дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй. Тэгээд индүүгээ салгаад дулаанд тэсвэргүй зүйлийг индүүдээрэй.

    7. Мэдээлэл холбооны хэрэгслүүд – зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.

    8. Тоолуур – Та цагийн ялгаварт тарифт тоолуур суурилуулснаар цахилгаан хэрэглээний дийлэнхи хувийг эзэлдэг индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар цахилгааны төлбөрөө 50 хувь хүртэл бууруулах боломжтой.

    Цахилгаан эрчим хүчийг зөв зохистой, ухаалаг хэрэглэж илүүдэл халаалт,
    цахилгаан хэрэгслийг сул ажиллуулахыг хязгаарлацгаая!

    Дээрх энгийн аргуудыг та өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр цахилгааны зардлаа дор хаяж 30 хувь хэмнэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.

  • Ус хэмнэх, усны зардлаа багасгах энгийн аргууд

    Хэрэв та өдөрт 2 удаа тус бүр 3 минут шүдээ угаадаг гэж бодъё. Энэ үедээ усны цоргыг нээлттэй орхивол минут тутамд 5л ус зарцуулж улмаар жилд 10950л ус үргүй зарцуулна. Иймээс шүдээ угаах , сахлаа хусахдаа крантаа  хааж бай.

    •    Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно.

    •    Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой

    •    Ус хэрэглэснийхээ  дараа  крантаа сайн  хааж бай

    •    Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж бай.

    •     Аяга тавгаа угаахдаа мөн адил усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой

    •    Мөн жимс ногоог угаахдаа гал тогооны тосгуурыг хагаслаж дүүргээд угаах нь таны ус болон мөнгийг хэмнэх болно.

    •    Хүнс ногоо угаасан усаа битгий  асга, түүгээр  гэрийнхээ  цэцэг ногоог усла

    •    Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа  сайтар  үрж  зүлгэхдээ  усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайл.

    •    Өндөг чанасан усаараа цэцэгээ усалж  бай. Өндөгний  хальсаны минералууд цэцэгнд сайн нөлөөтэй.

    •    Ус дуслаж байгаа крантуудыг хаах

    •    Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг.

    •    Бочкиний тоноглолоор ус алддаг бол яаралтай харъяа орон сууцны байгууллагын мэргэжлийн засварчнаар засуулах хэрэгтэй

    •    Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ

    •    Ус алдаж байгаа болон дусалж байгаа  цоргуудаа  мэргэжлийн байгууллагад хандаж сайтар засуул.

    •    Гэртээ усны тоолуур тавиулж өрх гэрийнхээ зардлыг хэмнэцгээе.

    •    Сантехникийн тоног төхөөрөмжөө зөв ашиглаж сурах

    •    Усны крантыг /хаалт/ хаахдаа хэт чангалвал амархан эвдэрнэ. Халуун хүйтэн усны крантыг зөөлөн эргүүлж хааж, нээж байгаарай.

    •    Хэрэв танайх угаалгын машины холболтыг халуун, хүйтэн усны  шугамд зэрэг холбосон бол машин ажиллаагүй үед крантыг /хаалтыг/  заавал хааж байгаарай. Хаагаагүй тохиолдолд халуун, хүйтэн ус холилдон хүйтэн усны шугамаар халуун ус ирэх, сантехникийн эд анги эвдэрнэ гэдгийг анхаарна уу.

    •    Шугам сүлжээг аль болох ил байлгахыг зөвлөж байна. Усны шугам хагарах, гэмтэх, засварлах, солих үед хүндрэл учирдгыг анхаарна уу.

    •    Суултуур болон угаалтуурт том хэмжээний хог хаягдал хийхгүй байх. Урсах боломжгүй том хог хаягдлыг бохирын шугамд хийснээр шугам бөглөрч бусад айл өрхийн угаалтуур, суултуураар бохир хальдагийг анхаарах.

  • Хүүхэд бүрийн дахин давтагдашгүй онцлогийг танин хөгжүүлэх нь чухал юм

    Хүүхэд бүрийн төрөлх онцлог, өсөж буй орчин харилцан адилгүй өөр өөр байдаг. Энэ нь хүний хэл яриа, сэтгэхүйн дахин давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой болж төлөвшдгийн эх үндэс болдог. Өөрөөр хэлбэл бид шоргоолжийг харахад бүгд нэгэн адил байдаг, харин Батаа Тулгаагаас өөр, Цэцэгээ Дулмаагаас өөр гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг. Тэгвэл өөр өөрийн онцлог шинжтэй хүүхдүүдийг бид нэгэн хэвэнд цутгахтай адил хүмүүжлийн нэг арга барилаар харьцах нь буруу болж байгааг доорх жишээнээс харж болно.

    Тухайлбал тус төвийн гишүүд болох Э, А хоёр нь ижил темпераменттай боловч, төрж өссөн орчин нөхцлөөс шалтгаалан хүмүүжлийн өөр арга барилаар харьцах шаардлагатай нь доорхи ажиглалтаас харагдаж байна.

     

    Э – 4 нас 7 сартай. Эрэгтэй

    А – 4 нас 4 сартай. Эрэгтэй

    Онцлог

    Төрөлх хэв шинж:холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: аав нь хол ажилтай, ээж нь мөн ажилтай завгүй, гэртээ асрагчтайгаа байдаг.

    Зан авир:өөрийнхөөрөө, дураараа, шартай, хурц цочмог ааштай, хүний үг авдаггүй.

    Төрөлх хэв шинж:холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: ээж, аав, нагац эгчийн хамт амьдардаг.

    Зан авир: өөрийнхөөрөө, дураараа, шартай, тайван, нээлттэй, хүний үг авдаг.

    Энэ хоёр хүүхдийн төрөлх хэв шинж нь ижил, уурласан үед хоёулаа цочмог зан авир гаргаж, орчны эд юмсыг эвдэн сүйтгэж эхэлдэг.

    Орчны нөлөө

          Энэ хүүхэд нь орчны эд юмсыг минийх гэж ханддаг, хүний үг авдаггүй, өөрийнх нь уурыг хүргэвэл гарт баригдсан зүйлээ бусад руу авч шиддэг, хүнийг ялгаварлаж харьцдаг, цочмог ааш үе үе гаргадаг. Мөн албаар бусдын юмыг булааж, сүйтгэдэг.

          Гэвч өөрийн юмандаа их нямбай, хурдан гүйлгээ ухаантай, ой тогтоолт сайн. 

            Энэ хүүхэд нь эргэн тойрны хүмүүсээ өөрийн тавьсан шаардлагыг биелүүлээсэй гэсэн хүсэл хандлагатай. Намайг хүндэл, надтай зөв харьц гэсэн харилцааны хэв маяг илэрдэг ба энэ зөрчигдвөл уцаарлаж, цочмог ааш гарган бусдыг цохиж авдаг.

           Сайн муу, зөв бурууг сайн ойгодог, хэл яриа сайн хөгжсөн, тайван, нээлттэй зан авиртай, юмыг аажим сурдаг. Энэ хүүхэд бусадтай найрсаг харьцдаг, уурыг нь хүргэвэл цочмог уурладаг. 

    Харилцах арга барил

          Энэ хүүхэд бусадтай ширүүн харьцдаг тул хүмүүжүүлэх арга барилдаа мөн ширүүн байх зарчмыг хавсаргавал зүгээр. Ширүүн байх зарчим нь зодохын нэр биш, нэг хийсэн алдаагаа албаар дахин хийдэг тул шийтгэх арга барил сайн буюу өөрөө өөрөөр нь шийтгэлийг мэдрүүлбэл ухаажина.

     

    Энэ хүүхдийг уурласан үед шийтгэх байдлаар харьцвал уураа зөв удирдаж сурна. 

           Тиймээс энэ хүүхэдтэй загналгүй учирлан хэлэх байдлаар харилцаж, өөрөөр нь асуудлыг шийдүүлж байх нь сайн. Магтаал энэ хүүхдэд урам болно. Аажимдаа энэ уурласнаас гардаг цочмог хандлага нь намжих ба зоригийн шинж чанар сууж байгаа энэ насанд хүүхдийг хориглолгүй, зэмлэлгүй байх нь сайн.

     

    Энэ хүүхдийг уурласан үед давуу талд түшиглэн магтаалын үгээр харьцвал уураа барьж сурна. 

     Бид хүүхдийн өөрийнх нь өвөрмөц онцлогийг таньж мэдээгүйн улмаас буруу харьцаж, буруу хандлагаар хүмүүжүүлснээс тэднийг “буруу ишилсэн сүх” мэт хүний үг ойлгодоггүй, зөв бурууг ялгах чадваргүй, сэтгэлийн хатгүй, өөрийгөө голсон, амьдралын сайн сайхныг мэдрэх чадваргүй амьтан болгочихдог. Хүн өөрөө нийгмийн амьтан бөгөөд, бидний хүүхдийг хүн болгож хүмүүжүүлдэг зүйл бол гагцхүү бидний харилцаа хандлага байдаг. Тэгвэл ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь Монголд анх удаа хүүхдийн төрөлх онцлог, давтагдашгүй өвөрмөц зан чанарыг хүүхэд шуугисан бодит орчиндоо ажиглан судалж, тэдний онцлогийг илрүүлэн, эцэг эхэд нь хүүхдийнхээ онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцаж,  ямар хандлагаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгоод байна.

    Бидний хүүхэд гагцхүү найз нөхдийнхөө дунд, тоглож байх явцдаа л хамгийн чөлөөтэй байж, дотоод сэтгэл мэдрэмжээ тухай бүрд ил гаргаж байдаг ба хаалттай бус нээлттэй байгаа тэр мөчүүдэд л бид хүүхдийнхээ дотоод ертөнцрүү нэвтрэх боломжтой билээ. Тиймээс та бүхнийг хүүхдийнхээ онцлогийг багаас нь судлан таньж, эерэг сайн сайхан талыг нь дэмжин тэтгэж, сөрөг муу зан чанар, муу хандлагыг эрт илрүүлэн засч залруулж, хүүхдийнхээ ирээдүйд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдрахын үндэс болсон “ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЦОГЦ ОНОШИЛГОО” нд үр хүүхдээ хамруулах нь чухал юм.