Category: human-development

  • I’m smart. And angry!

    Уур… Өвөл гадаа гарахаар бидний амнаас уур гардаг, аа тийн бас нэг айхтар уур байдаг. Тэр нь ухаан самууруулж, уушиг зүрхийг савсалзуулж, байж суух газаргүй болгоод зогсохгүй Нисванис хамтлагийн дуун дээр гардаг шиг Сэтгэлээн сэрээдээд гаргамаар байдалд хүргэдэг сэтгэл зүйн нэг үзэгдэл УУР.

    Хүн бүрт уур байдаг. Харин түүнийгээ гадагш гаргаж байгаагаараа л ялгаатай л байдаг. Хүмүүсийг 3 төрөлд хувааж болно гэнэ.

    1. Чулуун дээр сийлсэн бичиг шиг хүмүүс. Ийм хүмүүс уурлах нь олон, тэр уурласан уур нь удаан үргэлжилж, чулуун дээр сийлсэн бичиг шиг арилдаггүй гэнэ.

    2. Элсэн дээр зурсан бичээс шиг хүмүүс. Ийм хүмүүс уурлаж уцаарлах нь олон боловч уур хилэн нь элсэн дээр бичсэн бичээс шиг түргэн арилдаг гэнэ.

    3. Усан дээр бичсэн бичиг шиг хүмүүс. Усан дээр бичмэгч урсан арилах бичээс шиг, ийм хүмүүс бусдыг муу хэлдэггүй, муу муухай юмны тухай сонсоод тоодоггүй, сэтгэл нь үргэлж номхон, амар амгалан байдаг гэнэ.

    За тэгэхээр усан дээр бичсэн бичиг шиг л байх хэрэгтэй юм байж. Ер нь амьдрал өөрөө баялаг болохоор бидний амьдралд сайн муу, янз янзын л зүйл тохиолдоно. Тэр бүрд өвдөг сөгдөөд уурлаж бухимдаад байвал бид хүн биш араатан шиг болох байх шүү.

    Та уур хүрсэн үедээ яадаг вэ??? Хүмүүс янз янзын л зан гаргадаг байх. Дуугаа хураах, гартаа тааралдсанаа авч шидэх, эсвэл хэн нэгэн лүү уураа гаргах /яаа энэ ёстой муухай зан шүү/ гээд л.

    Миний хувьд гэвэл уурлахаараа уураа яаж хурдан гаргах вэ? ер нь би яагаад уурлачихваа гэж их боддог болоод байгаан. Ууртай үедээ юу ч хийдэггүй, мөн шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг. Уур гэдэг бол ерөнхийдөө сэтгэлийн ЦУНАМИ юмуудаа. Тэгээд ийм гамшигт үзэгдэлтэй байхад бид яаж эрүүл ухаанаар сэтгэж чадах вэ дээ.

    Тэгээд тайвшрах арга хэмжээг авч эхэлдэг дээ. Жишээ нь: Дуртай дуугаа сонсох, альбомоо үзэх, нүдээ аниад юу ч бодохгүйг хичээж зүгээр л хэвтэх, нар луу хараад нүдээ аниад зогсох гээд л. Өөрийгөө тайвшруулах нэлээд хэдэн аргатай байх нь зүгээр юм шиг байгаан.

    Урсгалгүй гол байдаггүй.

    Уургүй хүн гэж байдаггүй учраас уураараа гайхуулахаа больцгооё оо гэж.

     

  • Эмэгтэйчүүд гайхалтай

    Эмэгтэй хүнтэй холбоотой олон сайхан дууг мэдэх ч хааяа нэг сонсох дуртай VIVA дуугаа сонсмоор санагдаж нүдээ аниад сонслоо. Надад дахилт нь их таалагддаг юм, VIVA:

    Охид үргэлж инээж байг

    Бүсгүйчүүд баярлаж байг

    Ээжүүд жаргаж байг

    Зөөлнөөс зөөлөн сэтгэл

    Зөвхөн бидэнд байдаг гэж дуулж байгаам

    Миний бодлоор эмэгтэй хүн бүр л сайн сайхан, гайхалтай мэдрэмжтэй.  Байгалиасаа л эмэгтэй хүн болж төрнө гэдэг их аз завшаан юм шигээ. Бүх эмэгтэйчүүд жаахан охин байсан, тэд бүгдээрээ л хамгийн түрүүнд ээжээсээ бүхнийг суралцдаг, тиймээс ч монголчууд эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж зүйрлэж ярьдаг байх. Ээж хүнийг:

    Эелдэг дөлгөөн, эерүү зөөлөн

    Энгүй ажилч, эгэлгүй цэвэрч

    Журамтай үнэнч, жудагтай өглөгч

    Ханьдаа түшигтэй, хадамдаа ээлтэй

    Үрдээ хайртай, үгэндээ хямгатай

    Настанд ерөөлтэй, насны ивээлтэй хэмээн шүлэглэж болох нь.

    Мөн эмэгтэйчүүд маань:

    •  бусдаас болзол шаардалгүй хайрладаг /хариу нэхдэггүй/
    •  итгэсэн зүйлийнхээ төлөө тэмцдэг
    •  илүү төгс шийдэл байгаа гэж үргэлж боддог
    •  хашгирахыг хүссэн үедээ инээмсэглэдэг
    •  бас бухимдсан үедээ инээдэг
    •  аз жаргалтай байхдаа уйлдаг
    •  уйлахыг хүссэн үедээ дуулдаг
    •  үнэнч, шударга ёсны төлөө босдог
    •  хүүхдийнхээ төлөө шинэ гуталгүй явдаг
    •  айж сандарсан найзыгаа дагуулан эмчид очдог
    •  үр хүүхэд нь амжилт гаргахад нулимс унагадаг
    •  найзыгаа шагнуулахад хөөрч догдолдог
    •  дотны хүнээсээ хагацахад маш ихээр шаналдаг
    •  шинэ хүн мэндлэх, хурим болохыг сонсоод баярладаг
    •  бусдын шархалсан зүрх сэтгэлийг үргэлж дэвтээдэг
    •  гэр бүлийнхэн болон найзууддаа сэтгэлийн дэм өгдөг
    •  хайртай хүмүүсээ байнга халамжлахыг хүснэ
    •  санаа нь зовбол өмнөөс нь алхана, гүйнэ.
    •  хэлж чадахгүй зүйлсээ захиагаар, бүр и-мейл бичнэ.
    •  бүх зүйлийг тэврэлт үнсэлт 2 анагааж чадна гэдгийг мэддэг
    •  чадал нь барагдлаа гэж бодох үедээ харин ч хүчирхэг болдог
    •  ярих зүйл их бий, өгөх зүйл ч бас маш ихтэй
    •  Миний мэдэхийн юутай ч зүйрлэшгүй ганц зүйл бол ЭЭЖ…  
  • Чихрийн шижинтэй хүний “тамтай” хооллолт

    Чихрийн шижинтэй хүний “тамтай” хооллолт

    Чихрийн шижин өвчний тухайд:

    Дэлхий нийтийн хэмжээнд хамгийн түгээмэл болоод байгаа өвчний нэг бол яах аргагүй чихрийн шижин өвчин юм. Хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсээс ихээхэн шалтгаалдаг энэ өвчний тухайд хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдалын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, турах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гардаг архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм. Энэ өвчинөөс болж бөөр, хөл үе мөч, нүд, зүрх мэдрэлийн эрхтэнүүд болон цусны даралт ихсэх зэрэг өвчнүүдийг араасаа дагуулдаг байна.
    Тулах хөлгүй, харах хараагүй болох, бөөрний дутагдлаар үхэхээс айж, мөнгө хайрлахгүй эмчлүүлэх атлаа өвчний нь үндсэн шалтгааны нэг болсон буруу хооллолтоосоо салж чадахгүй хүн олон байх юм даа.

    Бодит жишээ:

    Нэгэн бизнесмен залуугийн амьдрал нэг л өглөө орвонгоороо эргэжээ. Түүний ам нь цангаж, шээс нь ойр ойрхон хүрээд, бас ядраад байжээ. Энэ байдлыг нэлээд удаан ажигласны эцэст эмчид хандсан байна. Гэтэл чихрийн шижин гэж оношлон, эдгэхгүй өвчин тул амьд явъя гэвэл хатуу дэглэм сахих хэрэгтэй гэж сонсоод, ихэд цочирдон сэтгэлээр унажээ. Тэднийх Зайсанд амьдардаг тул эхнэр нь хааяа “Соёолж” ресторанаар ордог байж. Манай сувиллын хоолны цэсийг үзээд бидэнд хандаж, нөхрөө тусгай хөтөлбөрөөр хооллуулах хүсэлт тавьсан юм. Гуравдугаар бүлгийн цустай тэр залууд хоолны хөтөлбөр хийж өгсөн бөгөөд манай “Соёолж”-д наад зах нь нэг сар тууштай хооллохоор боллоо.

    Дурлаж иддэгээс нь нилээн өөр хоол, унд байх учир нөхөрт нь тодорхой бэрхшээлүүд тулгарах бөгөөд тэдгээрийн үндэс нь сэтгэлд оршдог гэдгийг хэлж өгөөд, өвчнөөсөө бүрмөсөн салах боломжийг цаг алдалгүй ашиглахын тулд бага сага юм зайлшгүй олж мэдэх шаардлагатай гэдгийг анхаарууллаа. Тийм бэлтгэл хангаагүй бол хөтөлбөрийн дагуу тууштай хооллож чадахгүй гэхэд ихэд гайхаж байсан боловч үүний учрыг ойлгохын тулд гэр бүлээрээ манай сургалтад 5 өдөр суухаар болвоо.

    Нөгөө залуу хичээлд суугаагүйгээр барахгүй гурван өдөр арай гэж хооллоод л хөтөлбөрөөсөө татгалзсан юм. Харин эхнэр, ээж, дүү нар нь үндсэндээ түүний төлөө л сургалтад бүрэн суусан бөгөөд “сохорсон биш завшив”гэгчийн үлгэр шиг бидний хувьд маш хэрэгтэй ажил боллоо гэж байсан. Нөхөр нь хэрхэн дургүйгээр өөрийгөө албадан дэглэмээ барих гэж хичээж, түүндээ сэтгэл нь давхар зовж байгааг эхнэр нь хичээлд ирэхдээ ярина. Ээж нь ч хүүдээ их санаа зовно. Ухаантай хүн юм чинь аажимдаа сурна даа гэнэ.

    Нөгөө залуу маань саахар буулгадаг эмээ уугаад, дуртай зоогийн газартаа хүссэн хоолоо идээд явж байгаа гэсэн.

    Энэ түгээмэл үзэгдэл уншигч Танд танил биш гэж үү?

    Ажлаа хийгээд, хүссэнээрээ буруу хооллоод баясан амьдарч байсан чинь эрүүл мэнд муудаж эхэлдэг. Байдал нилээн эвгүй болсны дараа л эмчид ханддаг. Таагүй онош сонсдог. Бөөн түгшүүр, айдас. Ажлаа хойш нь тавиад л эмчилгээ хөөцөлдөж эхэлдэг. Хичнээн хичээвч өвчин амар заяа үзүүлэхээ болих үе эхэлдэг. Үхэх дургүй. Эмчилгээтэй хавсраад хоол ундны зөвлөгөө гарч ирдэг. Биелүүлэх гэж хичээдэг. Эм тариа, бусад эмчилгээг тэсэж болдог ч хоолны дэглэмд тэвчээр үнэхээр дутдаг. “Сайхан” хоол руу татах таашаалын эрхшээлээс мултрахыг хүсээд ч дийлэхгүй тул зөв үйл байнга хийгдэхгүй. Үйл нь бүтээгүй учир үр нь хаанаас боловсрохов? Төгсгөл нь ойлгомжтой.

    Үүнтэй маргах хүн гарах уу?

    Энэ тийм давагдашгүй хүчин зүйл үү? Биед зохимжтой учир эмч зөвлөдөг хоол унд нь үнэхээр л хүн идэхийн аргагүй юу?

    Хоёр өөр хариулт байх бөгөөд хоёулаа зөв.

    Сэтгэлээ боловсруулж амжаагүй хүн бол “тийм” гэж хэлнэ. Ид гээд байгаа юм нь  үнэхээр л амтгүй, муухай учраас идэх аргагүй гэж хэлнэ. Зөв хооллож чадахгүй байгаагийн шалтгаан нь  хоол гэнэ. Ухаанаараа  дүйж, зориг тэвчээр гаргаж байж л хийх ажил гэж бодно. Биеэр үзсэн учраас мэдэж байна гэж хэлнэ.

    Зэрлэг амьтан мэт эмнэг догшин сэтгэлээ эвтэйхэн номхруулан сургаж, эрхэндээ оруулсан хүн бол “тийм биш” гэж хариулна. Хүнс бүхэн давтагдашгүй өвөрмөц, өөр өөрийн амт, үнэр, өнгөтэй, сайхан муухай гэж ялган заримд нь дурлаж, заримаас нь дургүйцэх учир байхгүй гэнэ. Амт, өнгө, үнэр, хүртэгдэх байдал нь дотоод мөн чанарын гаднах илрэл гэдгийг тийм хүн мэднэ. Мөн чанар нь төгс гэдгийг мэдэж байгаа бол шинж чанарыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө. Төгс чанарыг нь эвдэхгүйг эрхэмлэнэ. Идэх юмыг бол аз жаргалтайгаар хүртэж чадна. Үр дүнг нь үзээд сэтгэл хангалуун байна.

    Бүтэц дотор нь юу байгаа, юу байхгүйг амт нь илэрхийлж байхад уг хүнс нь ашигтай хэрэгтэй зүйл ихтэйн гэрч болсон амтыг муу гээд сайхан амттай болгохын тулд хэрэгтэй бүхнийг нь гаргаж хаях хэр зэрэг зохистой ажил байхав? Зүйрлэвэл алт ихтэй шорооны өнгийг голж, алтгүй болгосныг нь сонгоод их баяртайгаар угаахтай төстэй. Уг нь алттай болох гэж л хийдэг ажил!

    Эрүүл хооллохыг сэтгэл нь зөвшөөрдөггүй учир тийшээ хандахгүй байх шалтгууд мундахгүй. Жишээ нь, тийм сайхан юм нь байхгүй учраас л болохгүй байна гэнэ. Чихрийн шижинтэй хүнд зориулсан хоол хүнс бий болонгуут үнэтэй байна, амтгүй байна гэх нь энүүхэнд. Тэгсэн мөртлөө инсулин тарьдаг 1 ширхэг зүүг 300 төгрөгөөр авахдаа элдэв юм бодохгүй.

    Эзнээ эрхшээлдээ байлгаж чаддаг эмнэг сэтгэлээ сургаж боловсруулах ажилд анхаарал хандуулсан хүн мөн ч их юм олж авна даа. Дадлагагүй бол энэ ажил яав ч бүтэхгүй. Боловсруулах  дадлагаа гэрээс гадуур хийж боломжийг Монголд бол “Соёолж” зохимжит хоолны газар, “Соёолж” бейкерийн бүтээгдэхүүнүүд олгодог.

    Ингэж хэлэхэд бизнесийн реклам гэж санагдаад, дургүй хүрч байвал нөгөө сэтгэл илэрч байна гэсэн үг. Дургүй нь хүрсэн юм чинь өвчтэй ч гэсэн бусдад ашиглагдахгүй дээ гэсэн бодол орж ирнэ. Гэтэл жинхэнэ утгаар  нь авч үзвэл хоол хийдэг хүндээ биш харин идсэн хүнд л мөнгөөр хэмжиж боломгүй ашиг авчрах мэдээлэл юм. “Соёолж” гэдэг боломжийг байлгаж байна гэдэг сэтгэлээ таних нь бүү хэл ажиглаж ч мэдэхгүй, өвчнөө худалдаж авдаг ч үхлээс айдаг хүмүүсийн зах зээлд тийм ч амар ажил биш. Ийм боломжийг ашиглах эсэх нь хувь хүний сонголтын асуудал.

    Чихрийн шижинтэй хүний нэг өдрийн хоолны цэс:

    Чихрийн шижинтэй, гуравдугаар бүлгийн цустай хүнд зөвлөгөө болгож, дээр дурдсан залууд гаргаж өгсөн хөтөлбөрөөс нэг өдрийн хоолны цэсийг сонирхуулъя.

    Өглөө:    1. “Соёолж” хоормог  2. Геркулес алим, ногоотой   3.Буудайн соёолж

    Өдөр: 1.  Гурван шимтийн шөл өндөгтэй 2. Адууны эрээн булчин, амтат чинжүү  3.Цагаан гаа нимбэгтэй өргөст хэмх 4. бүхэл үрийн гурилан мантуу

    Орой:  Өндөгтэй ногоо

    Эдгээрээс махтай хоолны орц, хийх аргыг  танилцуулбал: Адууны чанасан эрээн булчин  (150г), амтат чинжүү(100г) нарийн хэрчээд, бага зэрэг устай саванд зөөлөн галаар жигнэнэ.  Цайны халбага оливын тос, чимх давс, нимгэн зорсон цагаан гаагаар амтална. Бага зэрэг тараг нэмж болно. Аягалахдаа салат навч, ногоон сонгино зэрэг ногоон ургамлаар чимэглэнэ.

    Дээрх цэсэнд орсон хоолыг муухай гэж үнэлэх сэтгэлтэй бол амтгүй. Өтгөн шөл, шарсан тарган мах, тосонд амталж чанасан төмс, цагаан будаа, хурц амттай зууш, цагаан талхтай харьцуулбал тэгж үнэлэгдэнэ.

    Олон жил хэлмэгдсэн нойр булчирхай болон бусад эрхтнүүд нь хэрхэн баярлаж байгааг мэдэрч чаддаг сэтгэлд бол хачин сайхан амттай. Жинхэнэ амтыг төдийгүй зөв сайн үйлийн үр дүнг мэдэрдэг болсон хүний сэтгэл л дээ. Мэдрээгүй юмаа хүн мэдэхгүй шүү дээ.

    Өвчин гэдэг муу үр дүнг мэдэрч байгаа хүн жинхэнэ эрүүл байдлыг амсаж мэдрээгүй бол эрүүл аж төрөх тухай мэдлэгээ байнга хэрэгжүүлэх сонголт хийж чадахгүй. Харин мэдрэгдтэл нь туршиж үзэхгүй бол юугаа сонгох билээ дээ?

    Үхлийн айдас, амьдрах хүслээс нь илүү хүчтэй таашаалын үндэс сэтгэлд нь байгааг таньж мэдэхгүй бол өөрөөсөө бусдыг буруутгаж, сандарч бүлтгэнэсээр хамаг мөнгөө бараад, эдгэсэн ч юмгүй өнгөрөх магадлал дэндүү өндөр гэдгийг амьдрал байнга нотлон харуулсаар байх юм даа.

    Анзаарах сөхөөтэй амьдардаг бол. . . 

  • Super size me!

    Америкийн бүх юм нь том. Машин, байшин барилга, жоом (За бүр арай л дэндүү том. Тэгээд хаа сайгүй гудамжаар алхаж явна даа. )- оос эхлүүлээд л. Хүмүүс нь хүртэл том. Амьдралдаа харж байгаагүй том том хүмүүс зөндөө. Одоо энэ улс хүн амын таргалалтаараа дэлхийд бас л тэргүүлж байгаа.

    Саяхан Netflix (Энэ сайтад бүртгүүлээд хүссэн кино, тв шоу, тв цуврал кинонуудыг үзэж болно. Хэл сайжруулах нэг арга болохоор эндээс кино үздэг юм. Hulu.com гэж бас сайт байдаг. Гэхдээ энэ сайтууд зөвхөн АНУ- даа л ашиглагддаг юм билээ. ) сайтаас “Super size me” (Morgan Spurlock гэх залуу 30 days- 30 өдөр нэртэй баримтат нэвтрүүлгээрээ их алдартай. Super size me нэвтрүүлэг 30 өдөр шоуны нэг анги нь юм. Ерөнхийдөө энэ улсад тулгамдаж буй эмзэг асуудлуудыг хөндөн гаргаж нэвтрүүлгээ хийдэг. Жишээ нь: Эхнэртэйгээ хамтдаа ямар ч бичиг баримтгүй, жижиг хотод очоод хууль бусаар амьдарч буй хүмүүсийн амьдралаар 30 хоног амьдарч үзнэ. 30 хоног зөвхөн МакДоналдсаар хооллоно, тэгээд өөрийн бие дээрээ энэ хоолны үр дүнг туршиж үзэх гэх мэтчилэн их олон сайн нэвтрүүлгүүдийг хийсэн юм билээ. Хэдий тийм боловч бас л төр засгийн бодлогоор нэвтрүүлгүүдийг нь бүрэн эхээр нь нэт дээр байрлуулахыг болиулсан байсан.Ззөвхөн эхний 3, 4 минут нь байх жишээтэй. ) гээд баримтад кино үзлээ.

    Эндэхийн хүмүүсийн таргалалтын гол шалтгаан болсон “Fast food- McDonalds”- н тухай. 30 хоногийн турш өдөрт 3 удаа энэ хоолоор хооллож байгаан. Туршилт эхлэхээс өмнө бүрэн шинжилгээнд орж ямар ч өвчингүй, бүх бие нь хэвийн сайхан байгаа юм. За тэгээд 30 өдрийн дараа 8 кг таргална, ядарч сульддаг болно, биз нь энэ хоолонд дасал болж эхэлнэ, өглөө сэрэхдээ амарсан мэдрэмж авахгүй, цусан дахь сахарын хэмжээ ихэснэ гээд л хамаг юм нь болохгүй тал руугаа хандаж эхэлсэн дээ. Яаж ч бодсон үнэхээр муу гэдгийг дахин мэдэрсэн.

    Монголд л битгий салбараа нээгээсэй билээ л гэж бодогдсон доо. Яахав бид нар чинь БРЕНД л бол бүгд л хошуураад дайрдаг хүмүүс. МакДоналдс салбараа нээвэл бүгд очиж оочирлож зогсоод, том том одууд нь рекламдаад сүр болох нь тодорхой.

    Гол нь энэ орны ард түмэн тэгээд эхнээсээ энэ хоолны үр шимийг аль хэдийн хүртээд эхэлчихсэн байна даа. Гэхдээ нэг гайхаж байгаа зүйл байна. Энд хүмүүс бүгд мэднэ. Түргэн хоол, кола биенд муу гэдгийг тэгсэн хэрнээ л идээд байдаг. Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм цаг хугацаанд баригдаж байгаа нь үнэн, цаг хугацааг хэмнэсэн түргэн хоол цаг хэмнэх гэдэг давуу талыг бидэнд олгосон ч, буцаагаад биднээс эрүүл мэнд, амь нас гэсэн хамгийн үнэт эрдэнийг маань буцаагаад авч байна. Энэ дэлхийг хэрсэн том компанийг жилд олон арван хүн шүүхэд өгдөг. Хэдий тийм боловч ялж чаддаг нь тун ховор. Уг нь бол өөрөө сонгоод л ходоод руугаа хийж байгаа даа тиймээ.

    Хэдий энэ компани нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлдэг ч гэлээ, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг ч гэлээ, хор нөлөө бас байнаа. Өдөрт дэлхий даяар 64 сая хүнд үйлчилгээ үзүүлдэг, 1955 онд байгуулагдсан, 119 оронд 31000 салбартай, 1.5 сая ажилтантай, үүсгэн байгуулагч нь Рэйе Крок (Ray Kroc).

    Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс:

     http://en.wikipedia.org/wiki/MacDonalds

      Бидний өмнө ч бас таргалалтын асуудал тулгараад байгаа. Хөдөлгөөний дутагдал, хоолны буруу дуршил гэх мэтчилэн. Хэрвээ өөрийгөө super sized болгож, эрүүл мэндээ үүрд алдахыг хүсч байгаа бол түргэн хоолыг шүтэж амьдраарай гэж уриалж байна. Бид мэддэг хэрнээ л хийсээр байдаг сонин амьтад шүү. 

  • Энэ их гай гамшигийг хэн хаанаас гаргаад ирэв ээ?!

    Яагаад надад гай гамшиг тохиолддог вэ?
     Бидний ихэнхи нь ямар нэгэн юм залшгүй тулгарч, хүзүү боомилсон тохиолдолд л ямар нэгэн зүйлийг сурч ойлгодог. Яагаад тэр вэ? Учир нь өөрчлөгдөхгүй буюу хэвэндээ байх нь хялбар байдаг тул бид чулуун хана мөргөтлөө бахь байдгаа хийсээр л байдаг.
    Эрүүл мэндээ аваад үзье л дээ. Бид хэзээ хоолны дэглэм сахиж, дасгал сургууль хийдэг билээ? Бидний бие махбод өвчинд баригдан тартагтаа тулж, эмч танд “Та амьдралынхаа хэв маягийг өөрчлөхгүй бол та ч өөрийгөө баллах нь дээ” гэж хэлмэгц бид гэнэт л хийж, хичээж эхэлдэг шүү дээ.
    Харилцааны хувьд-бид хэзээ хэн хэндээ хэрхэн их анхаарал халамж тавьж, хайрлаж байснаа хэлдэг билээ? Гэрлэлт цуцлахад буюу гэр бүл салж сарнихад!
    Сургуульд –хэзээ бид өдөр шөнөгүй сууж, хичээл номоо давтдаг билээ? Бид хичээл шалгалтандаа унах болохоор л ингэдэг.
    Бизнест-хэзээ бид цоо шинэ санаа дэвшүүлж, ”сүрхий” шийдвэр гаргадаг билээ? Өр ширэнд баригдахаараа. Хэрэглэгчдээ хэрхэн үйлчлэхийг бид ганц ч үйлчлүүлэгчгүй болсон цагтаа л ойлгодог!
    Бид хэзээ залбирдаг билээ? Амьдралд нухлуулахаараа ”Бурхан тэнгэр минь, та намайг авран өршөөгөөч” гэдэг.
    Бид хүнд бэрх зүйлс тулгарахад их юм ухаарч, агуу зүйлийг ойлгодог. Та хэзээ амьдралдаа хамгийн чухал шийдвэрээ гаргадаг билээ?
    Та амьдралд алдаж, сөхөрч унасан үедээ, ”дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” болох үед. Зөвхөн тэр үед л та өөртөө “Ядуурч дампуурч, нурж унахаас залхлаа. Алтан дундаж явахаас залхлаа. Энэ байдлаас гаръя, ямар нэгэн зүйл хийе” гэж хэлдэг . Амжилтаа бид тэмдэглэдэг, гэхдээ түүнээс маш их юм сурдаг. Бид эргэн санахад гай гамшиг л бидний олон зүйлийг өөрчилсөн байдаг.
    Овсгоотой нэгэн нь асуудалд орооцолдож явдаггүй, бэрх цөлх юмтай учрахад тэд өөрсдөөсөө “Бодож санаж байгаагаа, хийж байгаа юмаа хэрхэн өөрчлөх хэрэгтэй юм бол? Яавал одоо байгаагаасаа илүү дээр байж чадах вэ?” гэж боддог байхад олхиогүй нэг нь муу бүхний эхлэл дохиог анзааралгүй өнгөрөхөд харин хожим нь байшингийнх нь дээвэр нурахад “Яагаад энэ бүхэн надад тохиолддог байнаа?” гэж амаа барьдаг.
    Бид дадал зуршлын бүтээгдэхүүн. Бид өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орох хүртлээ хийж дадсан юмаа хийсээр байдаг.
    Нараа А гэдэг найз залуутайгаа муудалцжээ. Гутран, долоо хоног өрөөнөөсөө толгойгоо цухуйлгасангүй. Харин аажмаар хуучин найз нөхөдтэйгээ уулзаж, шинэ найз нөхөдтэй болжээ. Удалгүй гэр байшингаа, мөн ажлаа солив. Зургаан сарын дараа тэр өмнө өмнөхөөсөө илүү их аз жаргалтай, өөртөө илүү их итгэлтэй болжээ. Бодоход, А найз залуугаа алдаж ГАМШИГТ нэрвэгдсэнээрээ түүнээс хавьгүй их аз жаргалтай учирчээ.
    Батын амьдрал нь тийм ч таатай байсангүй. Ажил олдохгүй болохоор нь тэр өөрөө багахан ажил эхүүлжээ. Амьдралдаа анх удаа өөрөө өөрийнхөө эзэн, өөрийнхөө хүссэн юмыг хийх болов. Жижиг сажиг асуудал байсан ч түүний амьдрал цоо шинэ, утга агуулагатай, шинэ содон зүйлээр дүүрэн, харин ч гай гамшигаас ангид болсон байна.

    АМЬДРАЛ ХҮНД ХЭЦҮҮ ГАЙ ГАМШГИЙН ЦУВАА ЮМ УУ?

    Тийм байх албагүй. Хорвоо ертөнц биднийг сайн сайхан дохиогоор ёворч байдаг, харин үүнийг нь үл анзаарвал лантуугаар нүдэж эхэлнэ дээ.
    Дааж тэсвэрлэхэд тун хэцүү зүйл бол өсөлт хөгжил билээ.

    ХИЧЭЭЛ СУРГАМЖ
    Амьдралд бидний оюун ухаанаас давсан, үл ойлгогдох зарим зүйлс байдаг. Хүүхэд ДОХ-тэй төрөх ч юмуу, бүхэл тосгоныг үер урсгах ч юмуу, энэ үед бид “Яагаад” гэж асуухаас өөр аргагүй. Эдгээр зүйлд хариулт олдохгүй мэт санагдаж болох юм. Харин арай өөр өнцгөөс харвал “өдөр тутмын амьдралаас” зарим нэг зах сэжүүрийг олж болмоор.
    Та яагаад тодорхой нэг юм, тодорхой нэг хүнд тохиогоод байдгийг ажигласан уу? Аагий зургаан сар болоод ажлаасаа халагддаг, Баагий жил болгон шүүхээр орж байдаг, Бээгий дандаа хор ууж байдаг гэх мэт.
    Тодорхой юмс тодорхой хүмүүст ер тохиодоггүй мэт санагддаг. Баагий ажлаасаа халагддаггүй, Бээгий шүүхэд ер дуудагддаггүй, Аагий эмнэлэгээс хэл дуулдаггүй.
    Хэсэг бүлэг хүмүүст хэсэг тодорхой сургамж байдаг. Бид энэ бүхэнд дараах гурван аргын аль нэгийг ашиглаж хариу үйлдэл хийнэ. Бид эсвэл:
     -“МИНИЙ АМЬДРАЛ ТОДОРХОЙ НАРИЙН ДАРААЛАЛТАЙ, СУРАХ ОЙЛГОХ ЁСТОЙ ЦУВРАЛ СУРГАМЖ ЮМ”./ хамгийн эрүүл ашигтай арга оюун санааны амгалан байдлын баталгааг хангана./
     -“АМЬДРАЛ БОЛ ТОГЛООМ ЮМ, БИ ЗАМД ТААРСАН ЗҮЙЛИЙН ИХЭНХИЙГ ХҮРТДЭГ”/ дараагийн сайн сонголт-амьдралын дундаж түвшин/

    -ЯАГААД МУУ БҮХЭН НАДАД ТОХИОЛДООД БАЙНА ВЭ?”/ гай зовлон бухимдал цухлыг авчирна/
    Бидний амьдралд байнгын хичээл сургамж бэлтгэгдсэн байдаг. Хэрвээ бид хичээлийг ойлгохгүй сурахгүй, сургамж авахгүй байвал дахиад, бас дахиад дахин хичээл орох болно.

    Үүнийг тэнгэрийн заалт, байгалийн тохиол, заяа төөрөг гэж хэлж нэрлэсэн ч энэ бүхэн тохиолдсоор. Хариуцлага үүрээд гарсан ч, золиос боллоо гэж зарласан ч, тэмцсэн ч, үл тоомсорлосон ч тохиосоор болсоор л байна. Бүхий л амьдралын чинь турш үргэлжилнэ. Таны хөрш таныг чичилж загнасан ч, хүнд” хулхидуулсан ч”, хайртай хүнээ алдсан ч энэ бүхэн хичээл сургамж болж таныг харсаар тантай нүүр тулсаар л байх болно.
    Хэрвээ танд долоо хоногийн турш золгүй явдал учирсан бол та юм сурсангүй ахисангүй. Хэрэв та ажлаа, хайртыгаа, мөнгөө алдаж байгаа бол та мөн л анхаарал тавихгүй байгаагийн шинж. Нэгэн бүсгүйн хэлсэнчлэн “өнөөх л хуучин асуудлууд минь сүүдэр шиг дагасаар байх юм” гэсэнтэй л ижил юм.
    Бид муугаар бодлоо л гэхэд “ Шударга биш байна” гэх.
    ЭЦСИЙН ЭЦЭСТ бид бүхэн энд залхаан цээрлүүлэгдэхийн тулд биш, харин ухамсарлан суралцан боловсрохын тулд ирсэн билээ. Тохиол болгон биднийг сургаж, биднийг хөгжүүлж байдаг, гай гамшиг бид бүхний бодол санааг өөрчлөн агуутгах онцгой чадамжтай байдаг. ТОХИОЛ БОЛГОНД ЗОРИЛГОТОЙГООР ХАНД, ТЭГВЭЛ ЧИНИЙ АМЬДРАЛ УТГА УЧИРТАЙ БОЛНО. Туршлага яагаад хэрэгтэй байдгийг ойлгож, түүнийг маш хурдан олж эзэмш, нэгэнт олж авсан зүйл хаягдахгүй.

  • Ажил хэрэгч хүний амжилтанд хүрэх 3 арга барил

    Бизнес гэдэг агуу том тулалдааны талбарт хэн ухаантай, чадалтай, хэн бусдаас хурдтай байна тэр л ялагч болдог.
    Хэрэв та өөрийгөө ажил хэрэгч хүн болсон гэж бодож байгаа бол дараах 3 аргыг хэрэгжүүлснээр таны өмнө амжилт, алдар нэр мэхийн ёслох болно. Эдгээр нь “Өөрийгөө хөгжүүл- Өнөөдрөөрөө амьдар- Өөрөөр сэтгэ” хэмээх 3 арга юм.

    1. Өөрийгөө хөгжүүл

    Зарим хүмүүс зөвхөн их сургууль их сургууль төгсөөд л сурч боллоо гэж боддог байх. Гэтэл таны ажиллаж буй байгууллага бол нэгэн том механизм бөгөөд та бол түүнийг ажиллуулагч араануудын нэг юм. Араа эргэж л байх ёстой. Хэрэв тэр тосгүй бол эргэхээ больж зэвэрч гацна. Тэгээд л түүнийг авч хаяад өөр араагаар солино. Харин тэр тос нь хөгжил юм. Өөрийгөө хөгжүүлснээр та бусадтайгаа эн зэрэгцэн алхаж чадна. Бүр илүү гарч түрүүлж ч чадна. Энд би танд өөрийгөө хөгжүүлэх 30 хоногийн төлөвлөгөөг санал болгоё. Хөгжихийн тулд зөвхөн ширээний ард суугаад ном унших биш буруу зуршлуудаа хаяхаас эхлээд амьдарлынхаа бүхий л хэсэгт анхаарлаа хандуулж төлөвлөгөөтэй байж сурах нь өдөр өдрөөр хэмжигдэх хөгжил юм. Та A; B; C; D; E гэсэн 5-н төлөвлөгөөнөөс 30 хоногийн дотор тус бүрээс дор хаяад 2-ийг биелүүлж чадвад таны ажил амьдралд эерэг чиглэлд өөрчлөлт гарна гэдэгт итгээрэй.

    30 хоногийн хөгжлийн 5 төлөвлөгөө
    (Яг өнөөдрөөс эхлээд ……….ий өдрийг хүртэл)

    “А” төлөвлөгөө: Энэ зуршлуудаа орхино
    1. Ажлаа хойш тавьдгаа
    2. Өөдрөг биш хүмүүстэй уулздагаа
    3. Өдөрт нэг цагаас илүү зурагт үздэгээ
    4. Худал үнэн хов жив хөөцөлдөхөө

    “B” төлөвлөгөө: Энэ зуршлуудыг хэвшүүлнэ
    1. Өглөө бүр гадаад үзэмжээ анхаарах цаг өөртөө заавал гаргана
    2. Дараагийн өдөр хийх ажлаа оройдоо төлөвлөж хэвшинэ
    3. Боломж гарах бүрд хүмүүсийг сайшаана

    “C” төлөвлөгөө: Ажил дээрээ хэрэгтэй зүйлийг хийнэ
    1. Хамт ажиллагсдаа илүү хөгжүүлэх өөрийн шинэ санааг даргадаа хэлнэ
    2. Байгууллагынхаа тухай илүү ихийг мэддэг болно
    3. Ажлаа илүү сонирхолтойгоор хийж болох 3-н шинэ санаа олно

    “D” төлөвлөгөө: Гэр бүлдээ зориулж эдгээрийг хийнэ
    1. Жижиг зүйл дээр ч ханийхаа хийснийг магтана
    2. 7 хоногт нэг удаа гэрийхэнтэйгээ ямар нэг онцгой зүйл хийнэ
    3. Өдөрт нэг цагийг бүтнээр нь гэр бүлдээ зарцуулна

    “E” төлөвлөгөө: Оюунаа дараахь зүйлээр хөгжүүлэхийг хичээнэ
    1. 7 хоногт хоёр цаг мэргэжлийн сэтгүүл уншина
    2. Өөрийгөө хөгжүүлэх номуудыг уншина
    3. 3-н шинэ найзтай болно
    4. Өдөрт хагас цагийг чимээгүй, юу ч саад болохгүй орчинд хийсэн ажлаа эргэцүүлдэг болно.
    Гол нь та яг одоо л эхлэх нь чухал шүү. Учир нь цаг хугацаа таныг хүлээхгүй. Харин дараагийн 30 хоногт та өөртөө илүү итгэлтэй, сэтгэх хүрээгээ тэлсэн , илүү хүчтэй болсон байна. Хөгжил дэвшилд итгэж зөвхөн урагш тэмүүл, тэгж чадвал та хошуучилна. Амьдрал гэдэг өчүүхэн байхын аргагүй богинохон.
    Урагшаа ажил хэрэгч залуу минь! Урагшаа ажил хэрэгч бүсгүй минь!

    2. Өнөөдрөөрөө амьдар

    Ихэнх хүмүүс өнгөрсөн үеийнхээ алдаа дутагдал харамсан, эсвэл ирээдүйд яачих бол хэмээн санаа зовж амьдардаг. Тэгсээр байгаад амьдралд ганцхан олдох тэр өдрөө дэмий шахуу үр бүтээлгүй өнгөрөөдөг. Та урьд нь алдсан байж болно, тэгээд юу гэж ? дахиад давтахгүй л байвал боллоо шүү дээ, ямар ч ид шид байгаад өнгөрснийг буцааж чадахгүй. Харин та одоо цагтаа амьдарснаар ямар ч шидтэнээс илүүтэйгээр өөрийн ирээдүйг өөрчилж чадна. Яг одоо та ямар ажил хийж байна, албаны захиа бичиж байна уу? Хамтрагчтайгаа хоолонд орж байна уу? чухал баримт уншиж байна уу? Тэгвэл түүндээ л хамаг анхаарлаа хандуулж сур. Захиагаа хичээнгүйлэн бич, хоолоо амтархан ид, энэ эссэг уншиж байхдаа ч анхааралтай унш. Өөрөөр хэлбэл бодлоо ийш тийш “тэнэхээс ” сэргийл.
    Захиагаа бичиж байхдаа өглөө эхнэртэйгээ хэрэлдээд дийлдсэнээ бодоод уурлаж бичвэл бичсэн захиа чинь захиа биш болно гэдгийг санаарай.
    Мөн тухайн цагт хийчихэж болох зүйлийг “залхуурал ” хэмээгч зүйлээс болж маргааш гэж хойшлуулах тохиолдол олон байдаг. Энэ л ажил хэрэгч хүний гол хурд сааруулагч бөгөөд 1 удаа “маргааш” гэснээс болж “маргааш” хийх байсан ажил чинь хойшлогдож дахиад л “маргааш” гэж хойшлуулах хэрэгтэй болно. Тэгсээр байгаад нэг л мэдэхэд уул овоо шиг их ажилд дарагдана шүүдээ. Нэг өнөөдөр хоёр маргааштай тэнцэнэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
    Нэг өдөр суга үсрээд л амжилтанд хүрсэн хэн ч байдаггүй, харин алдсан ч шантралгүй өдөр бүр хичээж тууштай байгаад амжилтанд хүрсэн олон хүнийг бид мэднэ.
    Тиймээс та өдөр бүрийн ажлаа чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулж хийвэл амжилтанд хүрэх бас нэг гарц гэдгийг битгий мартаарай.

    3. Өөрөөр сэтгэ

    Сэтгэхүй гэдэг гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй үгээр хэлэхийн аргагүй агуу зүйл юм. Амжилтанд хүрсэн олон хүмүүс бусдаас сэтгэхүйгээрээ л ялгаатай байдаг. Тэд илүү өргөн цар хүрээтэй бөгөөд хурдтай сэтгэдэг. Тэд бусдаас өөрөөр сэтгэдэг.
    Бусдаас өөрөөр сэтгэх нэгэн жишээг та бүхэнд сонирхуулья.
    Америкийн нэгэн сойзны компаний захирлын ширээн дээр “Надад сайхан үг хэл, эсвэл юу ч бүү хэл ” гэсэн мэргэн үгийг жаазанд хийж зочны суудалруу харуулан тавьсан байдаг байна. Харин жаазны нөгөө талд буюу өөрийх нь талаас харвал “Тэдэнд сайхан үг хэл, эсвэл юу ч бүү хэл ” гэсэн байдаг аж. Үүний ачаар би бусад дарга нарыг бодвол хамаагүй бага уурладаг хэмээн тэр инээмсэглэн ярьж байжээ. Энэ бол өөрийн болон бусдын өөдрөг сэтгэлгээг дэмжих ухаалаг арга юм. Та ч гэсэн энэ аргыг туршаад үзээрэй.
    Бодол санааныхаа цар хүрээг тэлэхийн тулд тод томруун эерэг сэтгэгдэл төрүүлэх үг хэллэг хэрэглэх хэрэгтэй.
    Одоо зөвхөн байгааг биш өөр илүү юу байхыг олж харж чадаж байгаа эсэх тань л бусдаас давуу болохыг харуулж чадна, бусдын амыг нь ангайтал өөрийхөө хэлэх гэснийг зоригтой хэлж сурах хэрэгтэй (гэхдээ эерэг сэтгэгдэл төрүүлэхээр шүү ). Борви нь чичирсэн хүний үйл ажил босгсоны хөндлөнгөөс цааш хэтэрдэггүй гэсэн мэргэн үг байдаг, тиймээс яг одоо л хөдөл. Бусдаас илүү сэтгэж амьдалд илүү идэвхитэй байж бусдаас илүү амжилтанд хүрэх тэр цагт тэд танаас “Чи яагаад биднээс ийм онцгой юм бэ? ” гэж асуух болно. Хариулт нь: Өөрөөр сэтгэ.

    Ирээдүй гэдэг асуулт
    Алхам бүр нь хариулт
    Алдаж онох нь дүн
    Амьдрал өөрөө шалгалт гэж үг байдаг.
    Тэгэхээр асуултандаа хэрхэн хариулж, ямар дүн авч,шалгалтаа хэр сайн өгөх нь 100% танаас өөрөөс тань шалтгаална гэсэн үг . Сайн сайхан амьдарлыг хүсдэг хүмүүс олон. Гэвч зөвхөн хүсч мөрөөдөхөөс хэтэрдэгүй хүмүүс нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж чармайдаг хүмүүсээс илүү олон байдаг нь нууц биш.
    Өөрийгөө хөгжүүл- Өнөөдрөөрөө амьдар – Өөрөөр сэтгэ ” хэмээх 3-н аргыг үнэхээр цогцоор нь хэрэгжүүлж чадвал та амжилтанд хүрнэ гэдэгт итгэ. Гол нь бүх зүйл таны өөрийн хичээл зүтгэл, тэвчээрээс шалтгаална.
    Амжилт таны гарт, аз жаргалтай ирээдүй таны өмнө байна, ажил хэрэгч залуу минь, ажил хэрэгч бүсгүй минь та бүхнийг чадна.

  • Баярлалаа

    Өдөр бүрийн давтагдашгүй, сонирхолтой амьдралд маань энэ үгийг хэлэх  боломж олгодог энгийн хэрнээ элгэмсэг хүмүүсийн сайхан харилцаа болон үйлдлүүдэд маш их БАЯРЛАЛАА.

    Өглөө босоод л ямар сайхан өглөө вэ хэмээн бодож, гал тогоондоо орон цайгаа чанахаар тавих  юмуу ус буцалгах хооронд зарим нэг зүйлийг эргэцүүлнэ. Өнөөдөр юу хийхээр төлөвлөлөө би гэдэг хүн гээд л… бид ер нь байнгын бодол тээж явдаг юм байна, гол нь тэр бодлууд сайхан уу? саар уу?  гэдэгт л чухал байгаа юм шиг. Өөрийнхөө болон бусдын төлөө ямар нэг эерэг зүйлийг бодож төсөөлөхөд цаанаа л урамтай, улам л байгаа бүхнээсээ хуваалцаж хүн бүрийг та бол хамгийн мундаг нь та байгаа болохоор л хэмээн сайн танихгүй ч гэсэн хэн нэгнийг баярлуулмаар, ихийг хийж бүтээмээр санагдана. Хүний сэтгэлээс гарсан зүйл хүний сэтгэлд хүрдэг шиг хэн нэгэнд баярлаж явдагаа чин сэтгэлээсээ хэлж байсан нь дээр юм билээ. Бид ямар робот биш, зүрх сэтгэлтэй шүү дээ. Урмын сайхан үгсийг хэлж байхад буруу нь юу байхав, харин ч сэтгэл санаа дээрдээд гоё байдаг юм хэ хэ. Өдөр бүр дахин хэзээ ч давтагдахгүй гээд бодохоор амьдарч буй хором, мөч бүхнээ хайрламаар, бас талархмаар… гэхдээ учир утгагүй зүйл гэж байдаггүй юм хойно энэ амьдралаас суралцахаа сураад, мэдэхгүйгээ мэдээд, мэдрээгүй сайхан мэдрэмжийг цаг нь болохоор мэдрэхийг хүснэм. Зүгээр л зөрж өнгөрсөн хүмүүс руу даруухан мишээгээд, харин дотны гэсэн хүмүүсдээ баярлаж явдгаа үйлдлээрээ болон хүндлэлээрээ мэдрүүлж, урмаар дутаж яваа найздаа өөрийнхөө хэмжээнд урам өгөөд, эс чадвал ядаж л дэргэд нь байж сэтгэлийг онгойтол түүний яриаг сонсонгоо тэр хүний үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэг сайхан. Хүмүүс бид хүсвэл бүхнийг чадагч агуу мөртлөө, зарим нэг зүйл дээр маш эмзэг сэтгэлийн амьтад ч юм шиг. Тиймээс сайхан үгсийг бие биедээ харамгүйгээр хэлж байя, ер нь өнөөдөр хэлэх боломжтой зүйлийг дараа гэж хойшлуулахаа больё. Өнөөдөр амжиж өөрийн эрхэм хүмүүстээ баярлаж явдгаа цаг алдалгүй хэлцгээе, заавал ямар нэг баяр ёслол, талархалын өдрийг хүлээгээд яахав. Өдөр бүрийг л баяртайгаар угтан авч, хайртай хүмүүстээ  талархаж амьдрая. Эелдэг зан илүүднэ гэж байдаггүй…

     

  • Хаалга

    Жирийн л нэг өрөөнд жирийн л нэг бүсгүй шанаагаа тулан бодлогоширон сууна. Түүний суусан сандал нь тийм тухтай юм уу, эсвэл тэр өөрөө тэгтлээ их бодолд автаад байгаа хэрэг  үү, бүү мэд. Өрөөний байдлыг ажиглавал бас ч жирийн гэж хэлж болохооргүй юм аа. Бас тэр өрөөг нь өрөө гэж нэрлэхэд ч арай л зохицомгүй. Бүсгүйн суусан өрөөг хүлээлгийн танхимархуу юм уу гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл тэнд хэтэрхий олон хаалга байх аж. Ихэнх нь томоос томоор нээгдсэн байх бөгөөд зарим нь хүн орж болохуйц хагас нээлттэй харагдана. Бүсгүй ийш тийш эргэлдэх хөөрхөн нүдээрээ тэдгээрийн алин руу нь орохоо шийдэж ядах мэт бодолд автана. Ингэтлээ эргэлзээд байгаагийнх нь учрыг олоогүй тул түүнийг үргэжлүүлэн ажиглахаар шийдэв. Хэдэн өмчийн дараа бүсгүйн анхаарлыг гоёмсог хурц гэрэл цацруулсан нэгэн ганган хаалга татав. Тэр суудлаасаа аажимхан өндийгөөд тэр хаалга руу хэд алхтал харин зэрэгцээ хажуугийнх нь том шар хаалга салхинд савах мэт гэнэт цэлийтэл нээгдчихэв.

    Бүсгүй цочих мэт зогтуссанаа өнөөх хаалга руу дөхөн очиж шагайж хараад дотор нь байгаа зүйлс тэр чигээрээ нүдэнд нь харагдахад хэсэг зогсож байснаа сонирхол нь буурсан мэт төдөлгүй эргэв. Харин өнөөх хурц гэрэлтэй хаалга томоос том нээгдсэн мөртлөө хурц гэрэлнийх нь цаана юу байгааг оноож харж боломгүй байсан бололтой тэр гараараа нүүрээ халхлаад хаалга руу дөхлөө. Түүнийг тэрхүү хурц гэрэл рүү уусан орохын алдад гэнэт эргэн тойрны бүх хаалга хяхтнан улам томоор нээгдэж эхэлсэн юм. Бүсгүй танхил цагаан хуруунуудаараа амаа таглан инээд алдаад эдгээрийн чухам алин руу нь орохоо мэдэхгүй инээмсэглэн алмайрна. Зарим хаалганы цаанаас сэтгэл уужрам сайхан хөгжим хангинаж байхад заримынх нь цаанаас тэвдүүхэн хэмнэлтэй түргэн хөгжим хангинана. Бүгд л анхаарлыг нь татах авч шууд яваад орчихмоор санагдахгүй байгаад бүсгүй гайхсан мэт суудал руугаа буцан ухрав. Тэгээд эргэн тойрныхоо хаалгануудыг сайтар хянах мэт эргэцүүлэн харж байхдаа харц нь гэнэт анхааралтайгаар нэгэн хаалга руу төвлөрөв.  

    Бараг анзаарагдамгүй буланд байрласан тэр хаалга энгийнээс энгийн тул тэгтлээ юунд анхаарлыг нь татсаныг би ч сайн ойлгосонгүй. Харин намайг ийнхүү гайхаширч байхад бүсгүй өнөөх хаалга руу дөхөн очоод болгоомжтойгоор самбарыг нь зөөлхөн түлхсэнээ бариул дээрээс нь атган түлхэж үзэв. Тэгэхэд л би тэрхүү хаалга ганцхаархнаа хаалттай байгааг анзаарлаа.

    Хаалттай учраас л тэр хаалга бүсгүйн анхаарлыг татсан бололтой. Хаалттай хэрнээ бас түгжээтэй байгаа бололтой бүсгүйн хичээнгүй оролдлогын хариуд хаалга сохор дүлий мэт дүнсийнэ. Дүнсгэр бас хаалттай хаалгыг бүсгүй хэдэнтаа түлхэж, гаднаас нь тогшиж чимээ өгснөө суудалдаа эргэн очоод тас ширтээд суучихав. Гэрэл цацруулсан хаалга урихнаар дуудах шанаанаас нь төөнөх авч бүсгүй анхаарлаа түүнийг бүрмөсөн халсан мэт зөвхөн цоожтой хаалгыг л ширтэн сууна. Сайхан хөгжимтэй хаалганы цаана жинхэнэ халуун амьдрал буцлах мэт инээд хөөр цалгилах боловч бүсгүй мөн л анзаарсангүй. Хаалга бүхэн түүнийг өөр өөрийнхөө ид шидээр даллан дуудах боловч бүсгүй зөвхөн хаалттай хаалга руу л уйгагүй ширтсээр суув.

    Харин хаалга бүсгүйн тэгтлээ ширтээд байгаад ундууцсан улам л баргар царайлан дүнсийнэ. Бүсгүй хүний сониуч зан хэзээ ч онгойхгүй байж мэдэх тэр дүлий хаалганы цаана чухам юу байгааг мэдэхсэн гэсэн шуналдаа бүрэн автсан бололтой шанаагаа тулан бодолд орж, төдөлгүй үзэг цаас аван өнөөх хаалгыг уйгагүй зурж эхлэв. Үзэгний үзүүрээс урган гарах зураас бүрийг тэр сэтгэлийнхээ гүнээс мэрийн татна. Энэ суулт хэзээ ч дуусахгүй мэт удаан үргэлжилэв. Байсхийгээд л би бүсгүйг юу болж байна хэмээн очиж харахад тэр өнөөх л байрандаа өнөөх хаалттай хаалгыг ширтэн, зургийг нь шалаар нэг хөглөртөл зурсаар суух ажээ.

    Хэдэн жилийн дараа би тэрхүү зургийг нь цуглуулж эмхэлж янзалчихаад хөшөө мэт нэг байрандаа чулуужиж орхисон тэр бүсгүйн нүүр лүү тонгойн зогсоод сайтар ажигласан юм. Бүсгүйн цэл залуухнаараа чулуужиж орхисон нүд өнөөх хаалга руу ширтсэн хэвээр байсан боловч хацар дээр саяхан урссан мэт халуун нулимс зурайж байхыг олж харав. Би бүсгүйг өрөвдөж, хүйтэн мөлгөр зухыг нь алгаараа зөөлхөн илэх мөчид өнөөх дүнсгэр түгжээтэй хаалганы зүгээс торхийх чимээ гарснаа аажуухан хяхтнан онгойх дуулдав. Эргэн харвал дүлий хаалга ихэмсгээр чихран аажуухан онгойж байлаа. Харин энэ мөчийг удаан хүлээсэн бүсгүйн чулуужсан биенээс уртаар санаа алдах мэт чимээ дуулдав. Гэхдээ тэр байрнаасаа огт хөдлөөгүй.

    Харин бүсгүйн тэгтлээ удаан хүлээсэн тэрхүү хаалганы цаана чухам юу байгааг шагайн харахдаа би өөрийн эрхгүй “хн” хэмээн дуугарчихав. Одоо хэр нь дэлгээтэй байгаа эргэн тойрны бусад хаалгануудтай харьцуулбал сайхан нээгдсэн тэр хаалганы цаана хүн гайхаад байх зүйл огт байсангүй. Жирийн л нэг тоосгон хана, жирийн л нэг төмөр ор, жирийн л нэг модон сандал. Азаар бүсгүйн чулуужсан нүд энэ бүхнийг хэзээ ч олж харахгүй биз. Магадгүй тэр тэгтлээ удаан хүлээсэн тэвчээрээ иймхэн дэмий зүйлд зарцуулснаа мэдсэн бол галзуурах байсан биз.

    Ай, даа…Хайр сэтгэл ээ гэж…

  • Нууц

    Хайрцгаа тоолбол овоо хэд болжээ. Миний тоолоод байгаа эдгээр хайрцгуудыг би төрсөн цагаасаа л цуглуулж байгаа юм. Эхлээд ээжийн надад бэлэглэсэн хуучны жижигхэн бор хайрцагт би өөрийн хамаг нандин нууц гэсэн бүхнээ хадгалдаг байлаа. Ертөнцийг дөнгөж таниж эхэлж байгаа жаахан охины нууц ч бас тийм жижигхэн байсан бололтой. Гэтэл он жил улирах тусам миний нууцууд алганд багтахгvй олон болсон тул хайрцагныхаа тоог нэмэх хэрэгтэй болов.

    Тэгээд л чамин гоё зурагтай том модон хайрцгийг өөрийн болгож авсан. Хэдэн жил өнгөрөөд байтал нөгөөх том хайрцаг дотроос хэрэгтэй зүйлээ олж чадахгvй болсныг анзаарав. Хэчнээн ч нээж, хэчнээн ч ухаж төнхөөд хайсан зүйлээ олж авахад бэрх болсон нь надад өөрийн зүйлсээ эмх замбараатайгаар ангилан хадгалахыг сануулж билээ. Ингээд олон өөр хэлбэр хэмжээний гоё чамин хайрцгуудтай боллоо. Нэг өдөр хэрэг болгон хичээлээ таслаад том хайрцгаа нээж хамаг нандин юмсаа эмхлэн өнөөх шинэ хайрцгуудад хийх нүсэр ажлыг эхлэв. Сонирхолтой байлаа. Ор тас мартчихсан эд зүйлс ч гарч ирнэ. Тэдгээрийг тусад нь ангилаад нэг хуучивтар хайрцагт хадгаллаа. Хэдийгээр мартчихсан ч гэсэн энэ бүхэн хожим хэрэг болно гэж санасан юм л даа. /Эмэгтэй хүн хэзээ ч, юу ч хаяддаггvй/ Харин одоогоор надад үнэ цэнэтэй санагдаж байгаа зүйлсээ хамгийн гоё чамин хайрцгуудад маш эмх цэгцтэйгээр ангилж хийв. Ангиллыг сайн бодож тооцоолох хэрэгтэй байсан тул заримдаа эд зүйлсээ удтал гөлрөн бодолд орж байгаагаа ч анзаараагvй. Орой гэхэд хамаг ажил цэгцэрлээ. Ярайтал хураасан тэр олон хайрцаг миний өрөөний гол чимэг байлаа. Бүгдэд нь нэг ижил алтадмал цоож зvvсэн нь бүр ч хөөрхөн болж гээч. Ингээд орон дээрээ суугаад хайрцгуудаа удаан гэгч харж суулаа. Их л ядарчээ. Сурсан зангаараа унтахаар арагш саван хэвттэл нуруунаас нэг хатуу юм дуу алдтал хатгав. Гараа арагш явуулан ухсаар өнөөхийг гаргаж харвал миний хамгийн анхны нууцын хайрцаг байлаа. Элдэв чамин зураг хөрөггvй, энгийн л нэг модон хайрцаг. Түүнд одоо миний хамгийн жижигхэн нууц ч багтахгvй. Гэхдээ жижигхэн болохоор яасан ч эгдүүтэй юм бэ дээ. Алган дээр байгаа харьцааг нь харахад л инээд хүрмээр. Түүнийг зүгээр нэг далд хийчихэж боломгvй. Ямар нэгэн зүйл хадгалъя гэвч мэдээж юу ч багтахгvй. Ингээд бодлоо. Ерөөсөө л мартахгvй гэсэн үгсээ дотор нь шивнэчихэж байя…Ийм мэргэн санаа олсондоо баярлаж, бvр орон дээрээ дэвхцэв. Яг тэр дороо хайрцгийг нээгээд чухам юу гэж шивнэхээ мэдэхгүй байлаа.
    -Би ээждээ хайртай…
    /Мэдээж үүнийг хэн ч мартах аргагvй/
    -Намайг сайн хүн болгож өгөөч…/За даа, энэ хайрцаг ч юугаа мэдэх вэ дээ/
    -Би аз жаргалтай амьдармаар байна…/Хайрцганд шивнээд л аз жаргалтай болчихдог бол мөн ч сайхнаа. Энэ ч дэмий юмаа/
    -Хэрвээ би хүү, охин хоёртой болбол Төгөлдөр, Сарнай гэж л нэрлэнээ…/Yгvй ээ, би чинь эмэгтэй хүн болохоор аав нь л нэр өгөх байлгүй дээ/
    Хайрцагт хадгалах хамгийн нандин үгсээ удтал хайгаад олж чадсангvй. Бодоод байсан чинь надад хүнээс нуугаад байх нууц үг огт байхгvй юм байна гэсэн дүгнэлт гарч ирлээ. Нууц үг, нууц үг…Хэзээ ч нээж үздэггvй нэг жижигхэн хайрцаг цуглуулганд минь билэг тэмдгийн чанартай хадгалагдах болов. Yеийн охидын хэрэгт дуртайг яана аа. Гэрт маань айлчилсан охид миний хайрцагнууд дахь хамаг нууц, нандин бүхнийг худлаа дуу алдан байж нүд гvйлгэн үзээд өнгөрөх хэрнээ өнөөх жижигхэн хайрцагт юу байгааг мэдэх гэж илүүтэй шунах нь инээдтэй. Би ч тэгэх тусам үнэхээр л нэг их нууцтай хүн мэт чухал царайлан эрсхэнээр толгой сэгсрэн хайрцгийг нээхээс татгалзана.
    …Энэ бол багын явдал л даа. Цаг хугацаа намайг эхлээд алт, дараа нь мөнгөн оосроор хөтлөн цааш авч одсон. Харин одоо бол би нэг муу модон таяганд л найдан амьдарч байна. Юу гэх гээд байгааг минь ойлгож байна уу? Би гэдэг хүн өтөлж, бууралтаад урьдын сайхан цагаа хаа нэгхэн дурсан суухаас хэтрэхээ байсан гэсэн үг. Өнөөх хайрцгууд хаачсаныг бүү мэд. Бодвол багачуул л нааш цааш нь болгосон байх. Их хуучирсан болоод ч тэр үү өнөөх жижигхэн бор хайрцаг л надад үлдсэн байлаа. Энэ хайрцганд шивнэх үгээ одоогоос гучаад жилийн тэртээ би бодож олж билээ. Бодож олох ч гэж дээ. Хувь заяаны тоглоомонд орооцолдож, түүнээсээ шаналж догдлоод, тэгээд хэнд ч хэлж болохгvй санагдсан тэр явдлыг өнөөх хайрцагт ярьчихсан юм. Тэрнээс хойш чөтгөр ч бүү мэдэг гээд өөрийн байнга унтдаг дэрэн дотроо хийгээд оёчихсон. Миний тэр нууцыг одоо бол хайрцаг, бид хоёроос өөр хэн ч мэдэхгvй. Харин түүнийгээ хэн нэгэнд өвлүүлж үлдээх үү, аваад явах уу? Ийм бодол сvvлийн хэд хоног намайг их зовоож байлаа. Муу модон таяг маань удахгvй гал түлэх мод болохоо мэдсэн мэт өдөр шөнөгүй орны дэргэд тушаатай. Энэ муугаа ч өрөвдөх шиг. Хэдэн хүүхэд яахав дээ. Зарим нь одоохондоо алтан оосортой, зарим нь мөнгөн оосор луугаа орчихсон жирийлгэж яваа болохоор юун миний яйжгий модон таяганд санаа тавих манатай яваа. Гадуур миний ар дахь ажил төрлийг базаагаад эхэлсэн сураг ч дуулдана. Намайг бушуухан цаашаа хараасай гэж хүсч байгаа хүн ч бий. За яахав, тэртэй тэргүй би үхээд өгнө. Харин энэ жижигхэн хайрцгаа яадаг юм билээ? Одоо зохиогчийн зүгээс энэ дурдатгалыг үргэлжлүүлье. Энэ өгүүллэгийн төгсгөлийг амар сайханд нь жаргаахыг хүсвэл та “А” хэсгийг унш. Харин үл тайлагдах нууц хэвээр нь үлдээхийг хvсвэл “Б” хэсгийг, бүр гунигтайгаар төгсгөхийг хvсвэл “В” хэсгийг уншаарай. Бусдад нь хошуу дүрэх хэрэггүй. Сонголт бол сонголт шүү дээ.
    “А”. Эмгэн тэр шөнөө таалал төгссөн юм. Өглөө ээжийнхээ өрөөнд хамгийн түрүүнд орж ирсэн охин нь урж хайчлаад газраар нэг хөглөрүүлж орхисон дэрний тасархайнуудыг харж билээ. Тэгээд элгэн дээрээ гараа тавин тайван нойрсох ээжийнхээ гарт байгаа жижигхэн хайрцгийг олж бүсгүй хүний сониуч зангаар тэр дор нь онгойлгов. Бүсгүй гайхсандаа нүдээ бүлтийлгэв. Хэдийгээр ээжийнх нь нэг насны амьдрал дууссан нь эмгэнэлтэй боловч ийм зүйлийг удтал нууж чадсан ээжийнхээ тэвчээр, ухааныг бахдаж барахгүй байлаа. Учир нь ойлгогдохгүй орооцолдоон амьдралд нэг л тохиолддог бөгөөд түүнийг тайлж чадсан гэр бүлийн тэгнэх ачаа бага байхад, тайлж чадаагүй нь хэдэн үеэрээ түүнийг үүрэн зовж тарчилдаг шүү дээ. Ийм л нэг эргэлтэнд энэ гэр бvл орчихоод гарч чадахгүй байсны нууцыг эмгэн тэр бяцхан хайрцагт хадгалсаар ирснийг одоо охин нь харж зогсоно. Амьдралын нууцыг тайлах энэ түлхүүрийг арай эртхэн олсон бол бvх зүйл эсрэгээрээ эргэх байсныг бүсгүй ойлгож байлаа. Харин яг одоо гэдэг бол яг цаг нь мөн.
    “Б”. Эмгэн тэр шөнөө таалал төгссөн гэж дуулсан. Өнөөх хайрцгаа ч хэрхэхээ шийдэж амжаагүй. Өөрт нь хэд хоногийн нас бий гэж санасан байх л даа, хөөрхий. Харин хүүхдүүд нь эмгэний эд зүйлсийг бусдад тараахыг хүсээгүй тул галд өргөсөн гэж дуулсан. Тэдгээрийн дотор өнөөх хэзээ ч өөрөөсөө салгадаггvй дэр нь хамт явсан ч байж магадгvй. Харин дэрэн дотор нуусан бяцхан хайрцагт талийгаач тэр нэгэн гунигт өдөр чухам юу шивнэсэн нь одоо хүртэл тодорхойгvй. Бүр хожим тэр гэрийн хэн ч анзаардаггүй харанхуй буланд эмгэний хайртай таяг хэвтэж байхыг өрөөг нь засварлаж байсан барилгачид олж аваад “Намайг хэзээ ч битгий устга” гэж дээр нь сийлсэн байхыг уншиж хөгжилдөн инээлдэж байлаа. Дараа нь түүнд өнхрүүш хийн хана будсан гэдэг. Хэрвээ сайн анзаарсан бол өөр бичээс байсан ч байж мэдэх юм.
    “В”. Эмгэн тэр шөнөө нэгэн гэрээслэл бичив. Тэгээд гэрээслэлээ өнөөх дэрэн дотор байгаа жижигхэн хайрцагт хийгээд хэнд ч анзаарагдахгvйгээр дахин битүүлэн оёлоо. Хэд хоногийн дараа эмгэнийг нутаглуулах ёслол болж хамаг эд зүйлийг нь хэдэн хүүхэд нь хэрэлдэн, хэлэлцсээр хуваасан боловч дэрийг хэн ч авахыг хvссэнгүй. Хэдэн жилийн дараа би тэднийхээр дайран өнгөрөхдөө үүдний хонгилд хэвтэх сагсгар шар нохой хуучин цагийн хээ хуар бүхий өнгө гандуу нэгэн дэрийг хэвтэр болгон налайж буйг хараад “Энэ юун дэр вэ” гэж хаалга онгойлгож өгсөн хүүгээс асуухад тэр мөрөө хавчин юу ч мэдэхгvй байгаагаа ойлгуулав. Харин энэ үеэр сагсгар жаалхүү бид хоёр руу дэрээ зуун ирсэн боловч халтар хоншоортоо хүүгийн ширэн гуталны ширүүхэн жавтийг хүртээд гийнаж гасалсаар алга болсон доо. Энэ үеэр хаалган дээр зогссон гэрийн эзэгтэй “Наад жингэр чинь энэ хэвтрээрээ дандаа хүний хувцас халтартуулж явдаг юм. Та зүгээр үү?” гэсээр угтав. Хаагдаж буй хаалганы завсраар айлын нохойны гуниг нүүсэн хос нүд ямар нэг нууцыг тайлж өгөөч гэх шиг над руу ширтэж байлаа. Би андуурсан ч байж мэдэх юм.

     

  • Надад мөрөөдөл бий

     

    Танд ч бас байгаа гэдэгт итгэлтэй байна, харин минийх бол амартайван өөрийнхөөрөө хийх зүйлээ чин сэтгэлээсээ хийж, хайрлах хүмүүсээ хайрлаад л… Зүгээр л амьдармаар байна. Гэтэл бас зүгээр л баймааргүй санагдах юм, учир нь гэрээсээ гараад нийгэмтэй харилцаанд орохоор өөрийн эрхгүй, зарим нэг зүйлийг хараад эмзэглэх сэтгэл төрөх юм. Наад зах нь автобусанд кондуктор нь хүнтэй харилцахдаа тун тааруухан, мөнгөө нэхэж чадна харин харилцаагүйдэл байсаар, гадуур явахаар миний дүү нар шиг хөөрхөн хүүхдүүд ямар нэг зүйлийг хүмүүсийг гуйж ядан зарж, мөн найз нөхөдтэйгөө чөлөөт цагаараа уулзаж, хоол идэх зуурт бохь авах уу? гэж асуухыг яана, авахгүй гэж эвтэйхэн хэлэхээр еэ эгчээ авчих тэгэх үү гээл хажууд зогсоол байна. Дотор юм бодогдуулмаар, гэхдээ тэр бохио үнээр нь зарахгүй юмаа бас. Заримдаа бол ид хөдөлмөрлөж бүтээх насандаа яваа ах нар гудманд зүгээр юу ч болоогүй аятай /согтуу/ хэвтэж харагдана. Яахав тоохгүй хараад л өнгөрж байгаа юм. Гэхдээ дотроо бодсоор л. Энэ чинь монголын бүр цаашлаад дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүн шүү дээ гэж. Жаахан байхад минь миний замд халамцуу ах таарсан юм, тээд миний дүү цаг хэд болж байна гэж асуухаар нь хариулчаад ахаа та эртхэн гэртээ харисан нь дээр байхаа, таныг хүлээж байгаадаа гэтэл тиймээ миний дүү ахыгаа босоход туслаач гэсэн юм. Тэгээд яг гараас нь дэмжин тусалж байтал манай ангийн хүүхдүүд намайг харчаад шоолж билээ. Танай хамаатан юмуу гээл, үгүй гэтэл тэгвэл юун сүрхий тус болоод байгаан гээд л. Тэр үеийн зүйлийг  бодоод үзэхэд одоо ч гэсэн ийм байдал хэвээрээ л байх шиг. Яахав Монгол улс маань бага багаар хөгжиж байгаа нь үнэн, харин зарим нь дэндүү аминчхан байгааг бид бүгд мэдэрч байгаа, хүний үнэ цэнийг үнэлэх асуудал дээр хойрго байгаа нь нүдэнд ил харагдсаар байна. Хүний хөгжлөөс улсын хөгжил гэдэг. Хөгжил гэж ярьсан хүмүүс олширч байгаа ч наад захын зүйл дээр тэр хөгжил гээд байгаа зүйлээ хэрэгжүүлж байгаа нь хуруу дарам цөөхөн. Гэхдээ шүүмжлэлийн нүдний шилнээс татгалзсан нь дээр байх. Би уг нь айхтар шуналгүй харин одоо бол шуналтай болж байгаа, бүр асах их. Би бүх талаараа баялагтай баймаар байна. Бүгд үл хүндэтгэн маргах тийм хүчирхэг болохыг мөрөөдөж байна, тиймээс одоогоор бол өөрийн бодлоороо урдах ажлаа чанартай хийгээд, өөрийгөө аль болох сайхан зүйлээр цэнэглэхийг хичээж байна. Гэрээ засаад, төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг сайтар янзалж цэгцэлсэн нь дээр гэдэгтэй агаар нэгэн буй. Аав ээж маань намайг сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг байлаа. Тэр үгийг нь бодоод үзэхээр бусадтай зохицоол амьдар гэсэн санаа юм шиг байгаа юм. Мэдээж зохицож амьдрах нь тодорхой харин би заавал тэдгээр хүмүүстэй адил баймааргүй байдаг юм. Бүр өөр, өөр өөрдөө шал өөр баймаар, энэ нь гаж биш миний хувьд зөв. Миний ертөнцөд бүх зүйл сайн сайхан байдаг болохоор эхлээд монгол улсдаа хэрэгтэй иргэн нь байж, миний гэр бүл, ах дүүс, найз нөхөд гээд бүхний дотны хүмүүс, миний үед амьдарч байгаа бүх монголчууд маань, тэдний үр хүүхдүүдь мөн  тэдний үеийнхэн гээл дараа дараагийн ирээдүйн эзэд нь олон үеэрээ  баялаг хангалуун, эрүүл, бие биенээ гэсэн сэтгэлээр дүүрэн амьдраасай гэж мөрөөднө. Энэ нь одоогоор бол монголын хувьд төдий зүйл, цаашлаад нэг дэлхийд амьдарч буйгаа ухамсарлаад энх тайван амьдралыг дэлхийн ухаалаг иргэд хамтдаа бүтээж цогцлооно гэдэгт итгэлтэй байдаг. Тэр дайн гэж зүйлээр ер нь яах гэж байгаа юм, юуны төлөө вэ? Бүгд л амартайван сайхан байдлыг хүсдэггүй юм гэж үү? Өөрөөсөө болон эргэн тойрны дотно гэсэн хүмүүсээс асуухад ихэнх нь санал нийлдэг. Гэхдээ л… гээд зарим нэг нь өөдөөс тайлбарлаж гарна. Хүн бүр өөрийн ертөнцтэй юм хойно өөрсдийнхөөрөө л ойлгодог байх, харин миний хувьд мөрөөдлийнхөө төлөө бага багаар хөдөлмөрлөж байгаа. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш, гэвч мөнгө төлдөг болсон ч мөрөөдсөөр л байх болно. Багын л өөрийн бодолдоо тууштай байдаг байсан зан минь яг хэвээрээ, нас нэмэхийн тоогоор үзэл бодол минь өөрчлөгдөж болно, харин уг чанар минь бол ариунаараа л байх болно.