Category: human-development

  • #1 ХӨГЖЛИЙН АНАТОМИ

    Саяхан зам дээр хүүгээ тэвэрсэн залуу гарцгүй газраар гарах гэж байгаад зам тавьж өгөөгүй машиныг уурлаад өшиглөчихөж. Гэтэл нөгөө жолооч нь нэг лут хөдөлгөөний эх оронч гарч ирээд залууг эхнэр хүүхдийнх нь дэргэд орилуулж байгаад зодчиж. За эндээс манай монгол улс яг ямар замаар яваад байгаа нь тов тодорхой харагдана. Ер нь замыг нь хараад тэр улсын удирдагчид хэн бэ, замаар зорчих зорчигчдыг нь хараад ямар ард түмэн бэ гэдгийг тодорхойлж болно ч гэж ярьдаг.

    Миний урлан Баянмонгол хороололд байршаад 5 жил бараг болоход нэг муу замыг жил болгон 5 удаа заслаа. Яагаад нэг удаа засаж болохгүй вэ гэж? Яагаад гэвэл тэр зам хойтон эвдэрвэл замын нэг түшмэлд ашигтай. Тэгээд зам засварт төсвийн мөнгө байнга байдаг учраас чанаргүй хийх ёстой. Ноднин тэр замыг бас л бөөн юм болж техник хэрэгсэл авчирч замыг хааж иргэдийг бухимдуулж зассан. За даа нэлээн олон сая төгрөг хуссан даа. Гэтэл хэдхэн хоногийн дараа хүчтэй аадар орсон юмдаг. Нөгөө зассан зам мулт. Нөгөө түшмэл харин Бээжинд зугаалсан байх бас машинаа сайжруулсан нь тодорхой. Гэх мэт манай улсын удирдлагын менежментийг нэг их хол явахгүй зүгээр л зам дээрээс нь иж бүрэн харж тольдчихож болно. Хот ч бай улс ч бай хөгжлийн нэг төлөвлөгөө гаргаад тэрийгээ бүгдээрээ батлаад за бүр чадахгүй бол гадны хүнээс ичилгүй асуугаад явж болно доо. Хот ерөнхий төлөвлөгөөгүй хөгжиж байгаа болохоор зам нь ачааллаа дийлэхгүй, гал команд, түргэн тусламж нь иргэддээ хүрэхгүй гацчихдагтай адил улс нь хөгжлийн ерөнхий бодлого чиглэлгүй болохоор иргэд нь эзэнгүй сүрэг шиг л амьдарч байна даа. Уул уурхайн орон болох гэж богинохон сэтгээд уналаа. Одоо улстөрчдийн орон ч болох гээд байгаа юмуу даа ерөөсөө ойлгомжгүй явсаар 25 жил боллоо. Уран бүтээлийн мөр хөөсөн адгийн би хүртэл хөгжлийн ерөнхий чиг баримжааг нь харчихаад байхад л улс төрч нэртэй ухаантай царайтай нөхдүүд уралдаан зарласан юм шиг л утсан чинээ улаан амиа хоохойлох, улсын нэг муу жоохон төсөв рүү дайрцгаачих юм.
    За тэр хүн муулах яахав би ямар ямар гээч хөгжлийн төлөвлөгөө харчихаад цэцэрхээд байгаагаа нийтэлчихье гэж бодлоо.
    Нэгдүгээрт: Уул уурхай ашиглах нь бол зөвөө! Гэхдээ стратегийн орд гэх өхөөрдөм нэр өгч хувийн амьдралынхаа “стратегид” ашиглахгүй ээ найзуудаа. Үндсэн хуулиа хараач ээ. Бүх ард түмний өмч! гээд хар дээр цагаанаар өөрсдөө биччихсэн байна шүү дээ. Бусад Скандинавын болоод Канад мэт орнууд төрийн өмчдөө том ордуудаа 100% аваад олборлолтыг нь хувийн хэвшлийнхэнээрээ гэрээлж хийгээд ашгий нь өгөөд бусдыг нь хуу хамаад САН байгуулчихсан байна. Тэр баялагийн сангийнхаа мөнгөөр сургууль, боловсрол үнэгүй эмнэлэгийн салбар нь төлбөргүй иргэддээ үйлчилж байна. Сангийнхаа бас тодорхой хэсгээр гадны улсуудад хүүтэй зээл өгч бүр хүүгээр нь дахиад сангаа өсгөж томруулаад байхын. Энэ чинь бас санаанаасаа зохиогоод байгаа юм биш бэлэн жишээ улсууд нь байж байна шүү дээ очоод үзэлдээ.
    Хоёрдугаарт: Хөгжлийн урт хугацааны (ядаж 2030 он) бодлогоо тодорхойлох яам ч юмуу байгууллага үүсгээчээ. БОДЛОГОГҮЙ улс яваад байна шүү дээ. Юунд хүрэх гээд байгаа юм яаж хүрэх гээд байгаа юм бүү мэд. Нүүдэл хийх гээд байгаа юмуу, суудал хийх гээд байгаа юмуу. Уул уурхайн яамтай нүүрсчдийн бүлэглэл гэх цөөхөн хэдэн баянтай байх юм уу? Нийтээрээ үйлчилгээний л бизнестэй орон байх гээд байгаа юмуу тодорхой биш байна. Минийхээр бол ХАА-н салбараа түшиглэсэн хүнд хөнгөн үйлдвэрүүдээ урт хугацаандаа тодорхойлоод эрдэс баялагийн салбартайгаа уялдуулж явах нь зөв юм шиг хардаг хүмүүсийн нэг.
    ХАА бол манай эртнээс уламжлалтай бидний бараг соёл болсон мах цусанд минь шингэсэн аж ахуй шүү дээ. Дэлхийн хүн амын хэт хурдацтай өсөж байгаа арифметик прогрессыг хүнсээр хангах нь өдрөөс өдөрт хэтрүүлж яривал минут секундээр хэцүү болж байна. Гэтэл одоо манай улсын мал 50 сая гараад явж байна. Хүн амын тоо гуравхан сая өлгийтэй хүүхдээ оруулаад 70 кг мах мангас шиг идэхэд бидэнд 10 сая мал л хангалттай. Тэгээд илүү гарсаныг нь яах уу? Сум болгонд жижиг оврын махны үйлдвэр байхад оросууд хятадууд бараг хилийн худалдаагаар нь борлуулалт өсгөөд өгнө. Малчин болгон долларын саятан болох махны жижиг үйлдвэрийн эзэд тэрбумтан болох боломж байгаад л байна. За арьс шир гараад ирнээ. Богоо бодод шилжүүлж тооцоод 20 сая үхрийн шир гарчээ. Нэг ширнээс 20 ширхэг өмдний тэлээ гарна. Лондонд нэг Луй Виттоны суран тэлээ 100$ гээд бодоё. Нэг үхрийн шир 2000$! Махнаасаа үнэтэй арьс байж л байна. Энэ бүхнийг би яагаад яриад байна гэхээр үйлдвэрлэл яриад байнаа даа. Мал аж ахуйн бүтээгдэхүүний жижиг дунд үйлдвэрлэл шүү дээ. Энд би эвэр туурай яс үсийг оруулвал бүүр их тоо гарна.
    Гуравдугаар: Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд бид хүссэн ч хүсээгүй ч нэгэнт дэлхийн яриад эхэлсэн Ногоон Хөгжлийн бодлоготой хөл нийлүүлэхээс өөр арга байхгүй. Үүнд: Сэргээгдэх эрчим хүч, Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэх мэт. Энэ тал дээр бас л мэдсэн юм шиг 5 жилийн өмнөөс л Говийн Ногоон морь төсөл бариад л гүйсэн. Хэн ч тоодоггүй ээ. Эрдэмтэд тоогоод байдаг, ойлгоод байдаг мөнгөтэй улс төрчид зугтаад байдаг, гарааны мөнгө байдаггүй ээ. Мөнгөтэй баячууд маань болохоор Ногоон морь биш хурдан морийг бол сая саяар санхүүжүүлээд байдаг. Дэлхий даяараа ногоон болоод уур амьсгалын өөрчлөлтийг 2 градусаас илүүгүй барьж тогтоохгүй бол хойч үе маань усанд үйж үхэх нь тодорхой болоод байгааг Парисын саяны гэрээгээр тунхаглалаа. Урд хөрш маань “ИХ НОГООН ХЭРЭМ” гээд бараг Хятад улсынхаа талыг Монголын хилд тулгаж байгаад ногооноор будчихлаа. Нүүрсний ордуудаа хаагаад хаячихлаа. Гэтэл энд манайх нүүрсээ тойроод л алалцаад байдаг. Инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй байна. Монголын дарганцаруудаа бодлоготой байж чаддаггүй юмаа гэхэд эр хүн шиг ЕРӨНХИЙ хар л даа гэж л энэ нийтлэлийг бичиж байна.
    Намайг Москвад Үйлдвэр Урлалын Дээд Сургуульд сурч байхад хар зургийн академик школоос өөрөөр Ерөнхий харж зурахыг зааж билээ. 5 жил хар зураг ерөнхийлж зурахыг нүдүүлсэний эцэст ойлгосон юмдаг.
    Багш нар маань натурыг гоёчилж, деталчилж зурахаасаа илүү ерөнхийлж дотоод бүтцээр нь судлаж байгуулж зурахыг заасан юм. Үйлдвэрлэлийн дизайнер болох гээд байгаа хүнд тэр зуруулж байгаа хүний сормуус эхний ээлжинд хэрэгтэй биш. Тэр хүний анатомийн бүтэц тэр хүн яагаад хөдөлдөг, яаж явдаг, яс нь яаж байршиж, яаж хоорондоо харьцаж, ямар ямар булчингууд ажиллаж аль шөрмөс нь хаагуураа холбогдож байгаа нь чухал бололтой.
    Үүнтэй адил улсын хөгжлийн ерөнхий анатоми нь эхлээд чухал болохоос уул уурхай бол бүхэл хүний 10 хурууны нэг ядам хуруу. Архи тамхи зардаг баар ресторан бол нэг муу онигор нүднийх нь сормуусны нэг үс л гэсэн үг шүү дээ. Агуу удирдагчидаа битгий детал хөөгөөд сормуус харж ээмэг бөгж шүтээд байгаачээ. Анатомын араг ясныхаа ерөнхий бүтцийг гаргаачээ. Алаг эрээнээр будах бол болоогүй ээ. Зөв бүтэцтэй алдаагүй араг хийц чинь инженерчлэгдэж байж араас нь будаж чимэглэх чинь явдаг хуультай юмаа. Будаж өнгө тавихад ч учиртай. Өөрийн гэсэн хоорондоо хоршиж чаддаг өнгүүд гэж бас байнаа. Үүнийг эдийн засгийн хэлээр бол кластаржих Эрдэмбилэгийн сурсанаар бол колоритный өнгөөр илэрхийлэх гэдэг юм байнаа.
    Надаар ирж эдийн засгийн хичээл заалгахдаа тулаагүй баймаарсан. Ичээд байвал хүүхдүүдээ надад шавь оруулаарай. Дизайны урлагт хар зургаар яаж ерөнхийлдөгийг тэр нь ядаж амьдралд нь яаж хэрэг болдогыг нь заагаад өгөмз. Эцэст нь хэлэхэд үйлдвэрлэл бол хөгжлийн гарц шүү. Үйлдвэрлэлийн дизайн бол үүний салшгүй хэсэг. Хотын ерөнхий төлөвлөгөө нь өөрөө дизайн сайтай байсан бол замын голд бөглөрч бухимдаж тэр хоёр залуу сэтгэл санаа эд хөрөнгөөрөө хохирч цус нөжөө гартал зодолдохгүй л байсан байх даа.

    МУГЗ Д.Эрдэмбилэг www.facebook.com/ErdembilegArt
    2016 он, Улаанбаатар хот

  • Үндэсний имиж

    Энэ үг сүүлийн үед их моод болж. Имиждээ анхаардаг хөөрхөн охидын сонинд өгсөн ярилцлагаас авахуулаад сонгуульд орж байгаа улс төрийн луг зүтгэлтнүүд хүртэл үргэлжлэнэ. Үг нь шинэ болохоос ухагдахуун нь эртний эд. Бусдад ямар сэтгэгдэл төрүүлж буйг л хэлж буй хэрэг. Гадаад өнгөнөөсөө гэхээс дотоод чанарыг нь хүмүүс юу гэж үнэлж байгааг, өрөөр хэлбэл бусдад ойлогдож байгаа үнэлэмж юм.

    Хэн нэгний тухай бид өөрийн төсөөлөлтэй байдаг. Харамч, худалч, хулгай хийж магадгүй, хэлсэндээ хүрдэг, ухаалаг, шал мангуу гээд л. Тухайн хүний талаар олон хүн ингэж бодож байвал тэр нь имиж болно. Имиж үнэн ч байж болно, худлаа ч байж болно. Гадаад төрхнөөс болж хүний зан чанарын тухай буруу имиж үүсэх нь их. Мөн урьдын хийсэн үйлдэл, хов жив, цуурхал, зарим санаандгүй алхам хүмүүсийн дунд буруу төсөөлөл ойлголт буй болгодог. Үүнээс гадна тухайн хүнд буй болсон имижийг бусдад нь нааж ойлгох явдал маш түгээмэл. Увсынхан тийм, эмэгтэйчүүд ийм, Гонгорынхон тийм, цагдаа нар ийм гэх мэт. Үнэндээ цагдаа нар ч, эмэгтэйчүүд ч хоорондоо нийтлэг гэхээсээ ялгарах юмаараа их. Нөгөө талаас нэгэнт буй болсон имиж барагтай бол арилдаггүй. Нэг л хулгай хийгээд баригдсан бол хүн болгон тэр имижээр нь харна. Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч эс олно гэдэг имижийн тухай яриа.

    Үндэстэнд өөрийн имиж байдаг. Оросууд эх оронч, америкчууд прагматик, германчууд нягт нямбай, хятадууд наймаачин, жүүд нар ухаантай, шотландууд харамч гэх мэтээр олон хүн шууд ойлгодог. Үнэндээ ийм ч байж магадгүй, үгүй ч магад, юутай ч бүх шотланд хүн харамч биш, бүх жүүд ухаантай биш нь ойлгомжтой. Гэхдээ л бид ингэж ойлгодог, яагаад гэвэл тэр үндэстний нийтэд түгсэн төсөөлөл имиж. Имиж өөрчлөгддөг. Зуун жилийн өмнө япончуудыг залхуу назгай гэж үздэг байж. 50 жилийн өмнө тэдний бүтээгдэхүүнийг хямд, чанаргүй гэж үнэлдэг байж. Одоо ямар билээ? Гэхдээ ингэж өөрчлөгдөхөд хэцүү, цаг хугацаа, нөр хөдөлмөр орно.

    Монголчууд ямар үнэлгээ имижтэй вэ? Үнэндээ ямар ч имижгүй өдий хүрсэн юм. Мэддэггүй л байхгүй юу даа. Монголын тухай 1990 онд “Мартагсан орон” нэртэй ном Англид гарч байлаа. DHL гээд дэлхийг нөмөрсөн нэгэн шуудангийн компани байх. Тэд 1987 онд дэлхийг бүрэн хучсан, Антрактидад ч хүрч чаддаг болсон хэмээн томоохон хүлээн авалт Лондонд зохиожээ. Харин дайллагад байсан нэгэн бээр DHL-ийн очоогүй газар байгааг дуулгав. Куба, Хойд Солонгос хоёрт улс төрийн шалтгаанаар очиж чадахгүй байгаадаа хүлцэл өчнө. Үүнээс өөр нэлээд том газар нутагтай бас нэг орон онгорхой үлдсэн гэж ярихад эзэн ихэд эгдүүцэж үнэхээр тийм бол 10 мянган паундаар шууд мөрийцье гэжээ. Монголд тэдний компани очоогүй байгааг мэдсэн эзэн мөрийд мөнгөө алдсандаа биш, ийм том газар нутгийг онгорхой орхисондоо ихэд ичсэн гэдэг. Дэлхийд газар нутгаараа 17-д орох том орон үнэхээр мартагдсан газар байсан юм.

    Соёл боловсролтой хэн ч Чингис хааныг мэднэ л дээ. Дэлхийн бүх сургуульд түүхийн хичээлээр заадаг. Ихэнх газарт тэрээр зэрлэг балмад, галдан шатаагч, эзлэн түрэмгийлэгч гэдэг имижтэй. Боссон юмыг нураагаад байдаг хүнийг солонгосчууд Чингис гэдэг бол, хүүхдээ айлгах гэхээрээ араб персүүд “Чингис ирнэ шүү” гэнэ. Мангас, эрлэг гэсэн санаа. Оросуудын хувьд Чингис бол ер бусын балмад эзлэн түрэмгийлэгч. Ямарсайндаа Бухарин Сталиныг “Телефонтой Чингис” гэж хочилж байхав! Чингисийн байлдан дагууллын тухай хамгийн ихээр түүхчлэн бичсэн хүмүүс нь араб персүүд, ялагдсан тэд л их хааны тухай ийм имиж анхлан тараажээ. Харин сүүлийн үед энэхүү байлдан дагуулал нь дэлхийн түүхийг өөрчилсөн тухай, үүний хүчээр өрнө дорнын соёл солилцоонд орсон тухай, Чингис хааны менежмэнт аугаа байсан тухай яригдах боллоо. Гэхдээ л сайнаасаа муу имиж нь хэвээр хадгалагдсаар байгаа.

    Монголчуудыг маш сайн мэдэх үндэстэн бол оросууд, хятадууд. Хятадууд монгол болон бусад нүүдэлчдийг бүдүүлэг, зэрлэг, дайчин, хүчирхэг, догшин гэж нэрлэдэг төдийгүй ойлгодог. Энэ имиж тэдний дунд нэн эрт бүрэлдсэн ба одоо ч амь бөхтэй хэвээр. Одоо ч тэд монголчуудаас бишүүрхдэг, “хүндэлдэг”, бүдүүлэг соёлгүй гэж басамжилдаг. Оросууд, ялангуяа тэдний язгууртнууд монголчуудтай ихээхэн цус холилдсон. Хожим Карамзин “монгол-татаарын дарлал” гэсэн нэр гаргаж имиж бүрдүүлжээ. Харин коммунизмын үед Монголд нийтдээ нэг сая орчим оросууд ирж байсан учир монголчуудыг өөрсдийн ихээхэн басамжилж үздэг чукча үндэстний зэрэгт үзэх болжээ. Оросын шогчид дорд үзэх юмныхаа жагсаалтанд юун түрүүн монголыг оруулна. Үгүйдээ л Олимпын наадмын үеэр тайлбарлагч Монголын тамирчид гараад ирүүт л доромжилж басамжилж гарна даа. Яагаа ч үгүй шүү дээ, бусад орны нэгэн адил манайхан зүгээр л жагсаад явж байхад.

    Сүүлийн хориод жилд монголчуудыг энд тэндгүй мэдэх болжээ. Монгол гэж мэдэхгүй япон, солонгос хүн лав үлдээгүй байх. Бөхчүүд, хар цагаанаар ажиллагсад юутай ч өөрсдийгөө таниулсан. Өнгөрсөн жил бидний хориод хүн Америкт очиход гаалийнхан онцгой анхааран шалгаж байна билээ. Мах болон эм тариа их оруулдаг учир андахаа больсон гэнэ. Франц, Швейцарьт манайхан их хулгай хийдэг учир тийм имижтэй болж байх шиг, юутай ч цагдаа, дэлгүүрийнхэн сайн мэддэг болжээ. Солонгост гайгүй нэртэй, ажилд сайн, ер нь элгэн садан гэдэг утгаар. Япончууд хятадаар дамжуулан биднийг бие томтой хүчирхэг, догшин ширүүн гэж ойлгодог байсан нь сумочдоор дамжин баталгаажиж байх шиг. Монгол нээлттэй болохын хэрээр гадныхан их ирэх боллоо. Бидний цамаан, ам ажлын зөрүүтэй, баярхуу, цаг баримталдаггүй, мэддэхгүй юмгүй мөртөө хийж чадах юмгүй, хулхи, хийж байгаа юмаа хэзээ ч дуусгадаггүй чигт нь хаячихдаг зэрэг муу талууд танигдаж л байгаа байх. Гэхдээ нээлттэй, комплексгүй, ямар ч шинэ нөхцөлд амархан зохицдог, тусархуу зэрэг олон сайн талуудыг ч тэд ажиглаж байгаа. Нэг хэсэг манайд ирсэн сэтгүүлчид траншейнд амьдардаг хүүхдүүдийн зургийг авч гаргасаар байгаад биднийг цөмөөрөө газар дор амьдардаг юм шигээр төсөөлөх болж билээ. Одоо ч тэгэж ойлгодог улс цөөнгүй л байх.

    Дэлхий улам даяаршиж, биенээсээ хамаарах хамаарал өсөж байна. Бид хүн төрөлхтний нэг хэсэг. Бид тэднээс, тэд биднээс хамааралтай цугтаа амьдрах болно. Дэлхийд танигдаж эхэлж буй бидэнд эхнээсээ сайн имиж хэрэгтэй. Фрэнсис Фүкүяама “Итгэл” гэсэн ном бичсэндээ дэлхийн үндэстнүүдийн имижийг судалжээ. Өнөөгийн дэлхий япон, герман хүнд хамгийн их итгэдэг юм байна. Хүнийх нь чадварт ч, бараа бүтээгдэхүүнийх нь найдварт ч. Латин, африк зэрэг үндэстнүүдийн итгэлийн итгэлцүүр тун бага. Энэ нь тухайн үндэстний ямар имиж бүрдүүлж чадсанаас болж буй хэрэг. Бид ч ялгаагүй Боливт хийсэн тариур, Жибуттид үйлдвэрлэсэн эм, Папуа Гвинэйн чихэр хэрэглэхээс татгалзах вий. Тээр жил манай Засгийн газрын зөвлөхөөр Сүхдэв алав гэсэн сонин нэртэй балба хүн ирсэн нь сонин хэвлэлийн доог тохуу болж байсан. Магадгүй Сүхдэв гуай сайн мэргэжилтэн байж болох, гэхдээ л улсынх нь имиж онцгүй байсан хэрэг. Ойрмогхон Солонгосын нэгэн компаний урилгаар францчууд мэргэжилтэн илгээжээ. Ирсэн мэргэжилтэн монгол хүн байсанд тэд гайхсан төдийгүй дургүйлхсэн гэдэг. Мундаг хүн болоод л явуулсан байж таараа, гэхдээ ийм нарийн мэргэшил имиж хоёр нь таарахгүй байгаа хэрэг.

    Бид бусадтай адил, тэднээс дутахгүй байж энэ имижийг бүрдүүлэх нь гол юм. Харин ойрын нэлээд олон жил монгол хэмээх онцгой бүтэц бүхий Субъектийн тухай бид л өөрснөө их ярих боллоо. Хүн сонсвол ичиж үхмээр. Нэлээд дажгүй боловсролтой болов уу гэхээр олон хүн надаас монголын онцгой генийн талаар асууж байсан. Солиотой улсуудын ийм яриа сонссоор байгаад сүүлдээ өөрснөө үнэмшдэг болчиж. Хэрэв бид бусад үндэстнээс өөр онцгой гентэй юм бол хомо сапенс буюу ухаант хүн хэмээх биологийн зүйлд үл хамаарах ямар нэг өөр амьтан болж хувирах нь байна. Хүнд 30 мянга орчим ген бий, түүн дотор эскимос, камбожи, монгол хүний ген гэж юм байхгүй. Хүмүүс хоорондоо соёлын л ялгаатай. Хүн сармагчин хоёрын гений бүтцийн 90 гаруй хувь нь яг адил байдаг. Гэтэл бид хомо сапенсаас өөр тэрхүү монгол ген гэгчээ ариун цэврээр нь хадгалах тухай их ярихыг нь яана! Монгол хүн тэнгэр заяатай л гэнэ. Бусад үндэстэн тэгээд ямар заяатай хэрэг вэ? Генетикчдийн үзэж байгаагаар 20 мянга гаруй жилийн өмнө хүний тодорхой популяцид хүүхдийн бөгсөн дээр цэнхэр толбо гарсан байна. Тэр үед монгол үндэстэн байтугай ерөөс хэл ч үүсээгүй байсан. Хүн анх Монголд биш Африкт үүсээд дэлхийгээр нэг тархсан гэдгийг шинжлэх ухаан хэдийнээ баталсан. Оюуны илтгэцүүр хүний амьдрах бүтээх, амжилт гаргах гол үзүүлэлт биш, гэхдээ үүнийг сонирхлын журмаар тогтоодог, зарим үндэстний дундажийг гаргасан судалгаа бий, харин судалгаанд монголчуудыг хамруулсан баримт алга. Бид бүх юмаараа бусдаас хоцрохгүй, гэхдээ онцгойрохгүй л байвал барав. Хүний зүйлээс өөр болж амьтнаараа дуудуулах л эвгүй шүү дээ.

    2008 оны 10 сар

    Нийтлэлч Б.Батбаяр

  • Имиж ба Имижмейкер


    Имиж гэж юу вэ
    Xүмүүс энэ үгийг ямар нэгэн орчуулгагүйгээр тодорхой хэмжээнд ойлгодог болжээ. Түүгээр ч барахгүй олны өмнө ил байдаг урлаг, спорт, улстөрчдийн тухай болон имижийнх нь талаар ам уралдан яриах дуртай. Чухамдаа имиж гэж юу болох, дэлхий нийтэд имиж нь хүний амьдралд хэр нөлөөлөл үзүүлдэг талаар уншигч та бүхэндээ хүргэе. “Имиж” гэдэг нь шинж төрх, нэр хүнд гэсэн утгатай англи үг. Тиймдээ ч хүний гадаад дүр төрх болон дотоод сэтгэл зүйн өвөрмөц шинж, онцлог байдлын илэрхийлэл болдог байна. Зөвхөн үс засалт, хувцаслалтаар тогтохгүй өөрийгөө илэрхийлэх чадвар болон бусдад төрүүлсэн сэтгэгдлийн нийлбэр нь имиж болдог. Нөгөө талаас имиж нь тухайн хүнд өгч байгаа бусдын үнэлэлт юм. Хэн нэгэнтэй уулзахад ердөө л эхний дөрвөн секундэд имижийн эхний сэтгэгдэл төрнө. Гэтэл энэ хугацаа хоёр хүн зөвхөн гар барих, амар мэндээ мэдэх төдийд л өнгөрнө. Тэгэхээр хүний нэр, яриа, хувцаслалт зэрэг нь эзнээ юунаас ч өмнө илэрхийлчихдэг гэсэн үг. Ер нь хүмүүсийн имижийг бүрдүүлж буй зүйлд гэр орон, ажлын байр, нийгэмтэйгээ харилцаж буй өөрийн хүрээлэл хүртэл ордог байна. Хүн бүр өөрийн имижтэй байдаг. Зөвхөн нэртэй цуутай хүмүүсийн хүрээнд ойлгож болохгүй. Нийгэмд байр суурь эзлэх, сайхан амьдрахыг хүсдэг жирийн нэгнээс улс төр, урлаг, эдийн засаг, бизнесийн салбарын хүмүүст хамаарах өргөн ойлголт.
    Cэтгэл судлаач Жерард Неренберг хэлэхдээ, “Юу ярьж байгаа нь чухал биш, яаж ярьж байгаа нь чухал. Хүмүүсээс гарах хөдөлгөөн, алхаа гишгээ, сууж буй байрлал нь ч тухайн хүний имиж болж байдаг” гэжээ.

    Эрэгтэйчүүдийн үс самналтаар дотоод сэтгэлийн имижийг тодорхойлох нь
    1. Бизнес маягийн самналт
    Энэхүү төрлийн самналт нь мэргэн цэцэн байдлыг илтгэдэг бөгөөд гельдэж гөлийлгөж, ихэд хичээнгүйлэн самнасан сайхан үнэртэй байдаг гэнэ.

    2. Хагас халзан хэлбэрийн самналт.
    Дутагдлаа нуухыг хүсдэггүй, илэн далангүй байдлыг илэрхийлдэг.

    3. Шингэхэн буржгар үс.
    Ийм төрлийн үстэй эрчүүд сайхан сэтгэлтэй ч их хийрхүү, онгироо, унтамхай байдаг. Гэвч хэрүүл шуугианд дургүй, ярилцагчаа сайн сонсч, ойлгож чаддаг аж.

    Улс төрийн имиж
    Нэгэнт имижийн тухай дурдаж байгаа болохоор улс төрийн имижийг бүрдүүлэгч буюу имижмейкерийн талаар дурдъя.
    Энэ субъектэд өөрийн имижээс гадна улс төрийн имижийг бүрдүүлэх асуудал туйлын чухал юм.
    Имижмейкер нь улс төрийн, нийгмийн зүтгэлтнүүдэд нэр хүнд олж авах, олны сэтгэлийг татахад дөхөм үзүүлэх тодорхой төрхийг бий болгох тусгай мэргэжилтэн юм. Имижмейкер гэдэг нь нэр хүнд бүтээгч гэсэн утгатай үг.
    Орчин үед улс төрийн менежмент явуулах, имиж бүтээх нь өөрийн дэг жаяг, технологи ба улс төр, зах зээлийн өвөрмөц үйл явц юм. Улс төрийн кампанит ажлыг зохион байгуулах тусгай агентлагийг 1950-иад оноос эхэлснээр дэлхий нийтэд мэдээллийн коммуникацын хэрэгсэл эрчимтэй хөгжсөн бөгөөд түүнийг дагаад дээрх байгууллагууд сонгуулийн стратеги ба тактикийг хүчтэй явуулан, сонгуульд нэр дэвшигчийг өрсөлдөх чадвартай дүр төрх, имижийг олон нийтийн санаанд нийцүүлэхийн төлөө ажиллаж эхэлжээ. Улс төрийн лидер жирийн хүнийг бодвол илүү эрх мэдэлтэй, хүчирхэг, түрэмгий байх ёстой гэдэг. Харин тэвдүү, хийрхүү үйлдэл гаргаж болохгүй. Ялангуяа хямралын нөхцөл өрнөсөн улс орны лидер хүн ард түмэн, сонгогчдод тайван, итгэлтэй шинжийг төрүүлэх хэрэгтэй. Энэ утгаар нь авч үзвэл улс төрийн лидер өнөөгийн цаг үеийнх биш, харин ирээдүйн бэлгэ тэмдэг болох ёстой юм.
    Эмэгтэй улстөрчид бусад эмэгтэйд байхгүй чанаруудыг эзэмшсэн байх нь олонтаа. Эрчүүдийн дунд ажиллахдаа тэдний эв зүйг олох, эсрэг хүйстний зөөлөн уян хатан эвлэрлийг бэлгэдсэн зан араншинг үргэлж гаргах болдог.
    Эмэгтэй улстөрчид нь эрэгтэй хүний мэргэжлийг сонгосон гэдэг утгаар гадаад үзэмжээ өөрчилж, хувцас сонгох, үс засалт зэргээ эрэгтэй хүний сонголттой адил өөрчлөх хэрэгтэй гэж имижмейкерүүд зөвлөдөг. Улстөрч эмэгтэй хатан хааны алхаатай, дарь эхийн инээмсэглэлтэй, нялх хүүхдийн харцтай, өөртөө итгэлтэй байвал өөрт нь зохицдог бөгөөд ийм эмэгтэйн дэргэд байгаа эр хүн өөрийн үнэ цэнийг мэдэрдэг байна.

    Эмэгтэйчүүдийн үс самналтаар имижийг тодорхойлох нь
    1. Урт, шулуун үсээ задгай тавьсан эмэгтэй маш сексуальный бөгөөд тэд аз турших дуртай байдаг.

    2. Yсээ сүлждэг эмэгтэй өөртөө итгэлтэй, даруухан нэгэн.

    3. Сэвсийсэн үстэй эмэгтэй.
    өөрийнхөө гадаад төрхөнд их анхаардаг, өдөр бүр дахин давтагдашгүйгээр харагдахыг хүсдэг.

    4. Богино хэлбэрийн үстэй эмэгтэй.
    Ажил хэрэгч, бүх зүйл байр байрандаа хэвийн байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг лидер бүсгүйчүүд байдаг.

  • БҮТЭЭЛЧ МОНГОЛ ЦУВРАЛ ЛЕКЦ | ОЮУНЫ УУРХАЙГАА ОЛБОРЛОЁ!

    Залуус хойч ирээдүйгээ БҮТЭЭЛЧ ҮЙЛСД чиглүүлэн, урам зориг итгэл үнэмшил өгөх, бүтээлч хүмүүс өөрийн санаачилга, хийж хэрэгжүүлж буй ажил үйлсээ танилцуулж дэмжлэг бүрдүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой соён гэгээрлийн БҮТЭЭЛЧ МОНГОЛ цуврал нээлттэй лекцийг бямба гараг бүрийн 11 цагаас МУИС-ийн 2-р байрны 308 тоотод тогтмол зохион байгуулж байна.

    Үндэсний оюун сэтгэлгээний сэргэн мандалын энэхүү эринд салбараа хөгжүүлэх таатай нөхцөл, дэмжлэг, тусламж хүлээж шалтаг тоочин суулгүйгээр салбарынхан дор бүрнээ нэгдэж бодит ажил үйлсийг эхлүүлж, оюун санааны хувьсгал хийх цаг иржээ.

    Санаачлагч: Бүтээлч Монгол нэгдэл
    Хамтран зохион байгуулагч: Mile клуб, МУИС, Монгол утга соёлын Өлзий нэгдэл
    Зохицуулагчид:
    М.Чанцалдулам (МУИС, 4-р курсын оюутан http://creativemongolia.com/chantsaldulam/),
    Т.Нямгэрэл (ШУТИС, 3-р курсын оюутан http://creativemongolia.com/nyamgerel/)

    ОЮУНЫ УУРХАЙГАА ОЛБОРЛОЁ!

  • ЦАРГАС СУДЛААЧ Ш.БАТСҮХ: ЦАРГАС НЬ УУРГИЙН ХААН ГЭГДЭЖ МАЛЫН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ БОЛДОГ ТӨДИЙГҮЙ ХӨРСНИЙ НӨХӨН СЭРГЭЭГЧ ЮМ

    Өмнийн говь чигт аяны дөрөө нийлсэн Монгол улсын зөвлөх агрономич, царгас судлаач, доктор Шаравын Батсүхтэй зам зууртаа хийсэн ярилцлага.


    -Та аль сүргуульд бэлтгэгдсэн мэргэжилтэн бэ?
    -Би 1973 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Бэлчээр тэжээлийн мэргэжилтэй. Сургууль төгссөн цагаасаа эхлэн эрдэм судлалын ажил хийсэн. Үүнээс 30 гаруй жилийг нь царгас судлалын ажилд зориуллаа. Ийнхүү өнөөг хүртэл царгасанд зүрх сэтгэлээ өгч зүтгэсний хүчинд түүнийхээ буянаар сайхан амьдарч явнаа.
    -Царгас гэх ургамалд тийнхүү “дурлахын” учир, тэр “дурлалын” түүх чинь гэвэл?
    -34 жилийн тэртээ юм. 1981 оноос эхлэн тэр үедээ үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлын нэг болооод байсан царгасны үр үйлдвэрлэх иж бүрэн технологи боловсруулах ажлыг сонгон авч ажилласан юм. Үүний үр дүнд 1993 онд “Монгол улсын Их нууруудын хотгорын усалгаатай нөхцөлд царгасыг үрэнд тариалах агротехник“ сэдвээр докторын /Ph/ зэрэг хамгаалсан даа. Өмнөх нийгэмд эрдмийн зэрэг хамгаална гэдэг томоохон сорилт шалгалтыг давж байж хүрдэг амаргүй даваа байсан шүү. 2-3 таван жилийн тайланг хэлэлцүүлж байж түүнийгээ нэгтгэн боловсруулж докторын зэрэг горилсон бүтээлээ бичдэг байлаа. Одоогийнхтой зүйрлэвэл бараг таван жилийнх нь тайлан нэг /Ph.D / докторын ажил юмуу даа. Царгасанд “дурлалаа” гэдэг маань танин мэдэхүйд л дурласан хэрэг.
    -Доктор болтлоо “дурласан“ байна, Та. Дорвитойхон “дурлажээ” дээ?
    -За тийм дорвитой юм байлгүй дээ. /Инээв/. Тэр үед чинь компьютер гэдэг юм байхгүй, орос бичгийн машинтай, том ватум цаасан дээр хүн гуйж үзүүлэнгүүдээ бэлтгүүлдэг. Тэгээд төрөл бүрийн салбарын шилдэг 20 гаруй эрдэмтнээс бүрдсэн эрдмийн зөвлөлөөр орж шүүлгэдэг байлаа.
    -Шүүлтийг үзүүлэлт сайтай давсан байх. Ер нь ажлынхаа өгөөжийн тухайд яривал?
    -Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Хархираагийн ТАА-д агротехникийн олон хувилбартай туршлага тавихын хамт урьдчилан гарсан үр дүнгээ шууд үйлдвэрлэлд нэврүүлсэн. 1985 онд царгасны дээд ангийн үр үйлдвэрлэх зорилго бүхий 85 га эргэлтийн талбайтай “Царгасны үрийн бригадыг” Хархираадаа Мал аж ахиуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяанд байгуулж өөрөө үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулсан юм. Тус царгасны үрийн бригад 1988 онд царгасны “Бургалтай” сортын 1 га-ийн үрийн ургацыг 1.8-2.0 ц/га-д хүргэж 15 тн элит, сортын үр хураасан. Тэр амжилтаараа улсын ургацын аварга бригадаар шалгарч байлаа. Тухайн үедээ манай бригадын үйлдвэрлэсэн царгасны үр улсын хэрэгцээг бүрэн хангаж царгас тариалах ажил ч идэвхитэй өрнөсөн дөө. Хожим улс орон зах зээлийн харилцаанд шилжиж, царгасны тариалалт ч түүнтэй хамт нуран унасан юм даа.
    -Харин өдгөө буюу сүүлийн жилүүдэд царгасны талаар хүмүүс их сонирхдог болсон юм биш үү.Та царгасыг олон жил судалж, тариалж байгаа хүний хувьд тэр чинь яг ямар ургамал вэ, ямар ашиг тустай вэ гэдгийг малчид, уншигчдад тайлбарлаж өгнө үү?
    -Харин тиймээ. Сүүлийн жилүү­дэд манай малчид, тариаланчид царгас тариалж малдаа сайн чанарын тэжээл бэлтгэхийн хамт хөрснийхөө үржил шимийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах болсонд энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн хүний хувьд баярлаж явдаг шүү. Манай малчид тариаланчдын царгас тариалах сонирхлыг нэмэгдүүлэхэд гадаад дотоодын олон төсөл хөтөлбөр ихээхэн хувь нэмэр оруулсан юмаа. Үүнд Таsis, ADRA, “Тогтвортой амьжиргаа”, Швецарийн “Ногоон алт” хөтөлбөр зүй ёсоор орноо. Царгас бол 3000 жилийн тэртээгээс тарималжсан юм. Дэлхийн таван тивийн 90 гаруй улс орны олон зуун сая га-д тариалагдаж байгаа олон наст буурцагт, өвслөг ургамал юм. Царгас нь ургацаар арвин , протеин ба үл төлөөлөгдөх амин хүчил, нүүрс ус, эрдэс давс бусад бодисын зохистой харьцаа бүрдсэн малын тэжээлийн гойд сайн ач холбогдолтой ургамал.
    -Таны хайртай царгасыг бусад тарималтай харьцуулбал…?
    -Царгасыг бусад тарималтай харьцуулахад хоёр гайхамшигтай шинж чанар бий.Нэгдүгээрт: Царгас нь малын тэжээлийн гойд сайн ургамалд тооцогддог. Царгасыг дэлхийн улс орнууд уургийн “хаан” гэж нэрлэдэг. Өндөр хөгжилтэй улс орнууд нэн ялангуяа АНУ, Канад, Герман, Франц, Хятад зэрэг нь царгасыг олон мянган га талбайд тариалж малын тэжээлийнхээ хэрэгцээг бараг бүрэн хангадаг. Түүний хамт олон нэр төрлийн уурагт тэжээл үйлдвэрлэн гадаадад гаргаж байна. Яагаад ийм ихээр тариалах болов гэвэл цэцэглэлтийн үе шатанд хадаж бэлтгэсэн царгасны 1 кг өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг. Түүнчлэн нэгж талбайгаас хураан авах ургац шимт чанараараа байгалийн хадлангийнхаас 2-3 дахин, ногоон тэжээлээс 1-2 дахин илүү байдагт л учир нь байгаа юм.
    -Хоёр дахь ховор чанар нь юу вэ?
    -За хө, хоёрдугаарт гэвэл хөрсний үржил шимийг нөхөн сэргээж байдаг онцлогтой. Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь хөрсний үржил шимийг байнга нөхөн сэргээж байдаг онцлогтой таримал. Тухайлбал царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, заримдаа 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагддаг байна. Энэ нь 1 га талбайг 4-5 ц азотын бордоо буюу 30-50 т бууцаар бордсонтой тэнцэх хэмжээ юм. Царгас тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим 45-50 хувиар, ерөнхий азот 5-7 дахин нэмэгдэж хөрсний бүтэц бүрэлдэхүүн эрс сайжирна. Академич Прянишников “Царгас тариалсан сая га талбай бүр нь томоохон хүчин чадалтай азотын бордооны хэд хэдэн үйлдвэрийн үйлдвэрлэх хэмжээний ургамалд ашиглагдах азотоор хөрсийг баяжуулдаг” гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн царгасыг нэг удаа тариад 10-15 жил хадаж ашигладаг юм ш дээ. Нэг га талбайгаас 8-10 тонн өвс хураан авдаг.Энэ нь байгалийн хадлангийн 24-30 тонн өвстэй тэнцдэг зэргээс нь хүмүүс царгасны гайхамшгийг биширдэг, бас тариалахыг сонирхдог болжээ.
    -Царгас тариалах нь байгаль орчинд, ялангуяа малын бэлчээрт сөрөг нөлөөгүй гэж үү?
    -Энэ чинь хө маш чухал асуулт байна. Би дээр ярьсан царгас нь хөрсний үржил шимийг байнга дээшлүүлж байдаг талаар. Энэ нь байгаль орчинд үзүүлж байгаа нэг чухал сайн нөлөө мөн. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн атаршуулж орхисон олон зуун мянган га талбай, мөн уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн талбайг царгас тариалах замаар нөхөн сэргээдэг юм аа. Байгалийн бэлчээр хадланд ямар нөлөө үзүүл­дэг талаар асуулаа. Үүний хариу болгож би нэг жижигхэн тооцоо хэлье. Царгасыг 5 га талбайд тариалаад хоёр дахь жилээс нь эхлэн жил бүр дунджаар 40 тонн өвс хурааж авна. Царгасны энэхүү өвс нь байгалийн хадлангийн 120 тонн өвстэй тэнцэнэ. Ийм хэмжээний байгалийн хадланг бэлтгэхийн тулд 4-5 ц/га ургацтай 200-250 га талбайг хадаж байж авна. Тэгээд бод доо 5 га талбайд царгас тариалаад бэлтгэж байгаа өвс нь 200-250 га талбайг жил бүр машин техник, хүний нөлөөл­лөөс хамгаалж байна. Энэ нь байгалийн бэлчээр, хадлангийн талбайг хамгаалж байгаа нэг хэлбэр мөн байгаа биз дээ. Үүнээс ургуулан бодоход манай улс газар тариаландаа царгас бүхий ээлжлэн тариалах системийг нэвтрүүлэх ашигтай. Ийм замаар байгалийн хадлан хадахгүйгээр сэлгээнд тариалсан царгаснаасаа жил бүр хад­даг тэжээлийнхээ хэрэгцээг хан­гахын хамт хөрснийхээ үржил шимийг нөхөн сэргээх бүрэн боломж байна. Үүнийг төр засгийн бодлогын хэм­жээнд хийчихэж болох энгийн шахуу амар хялбар асуудал байгаа юм даа.
    -Та түрүүнд “Бургалтай” сорт гэж дурьдаж байсан тэрнийхээ талаар танилцуулна уу?
    -Царгасны “Бургалтай” сорт нь манай эх орны тэжээлийн олон наст ургамлын хамгийн анхны ууган сорт байгаа юм. 1978 онд нутагшиж, 1986 онд сортоор батлагдсан. Автор И.Хайсан гэж Зүүнхараагийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллаж байсан нэг чантуу хөгшин байлаа. Тэр хүн Монгол орны ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд Сэлэнгэ аймгийн Бургалтайн туршлага станцад ЗХУ-ын /хуучин/ хөх ба хөх эрлийзийн сорт хэлбэрт хамаарах “ Гримм-Зайкевич” сортыг нутгийн шар царгастай өөр хооронд нь чөлөөт тоос хүртээлт явуулсан. Цаашид Зүүнхараагийн нөхцөлд нийтийн сонголтоор сайжруулан тогтвортой байдалд оруулан үрийг үржүүлэх замаар “Бургалтай” сортыг бий болсон юм. Би тэр хүнээс уг сортын цэвэр үр 19 кг-ийг анх хүлээн аваад Увс аймгийн Хархираад усалгаатай талбайд тарьж ургуулаад арвижуулсан түүхтэй. Хархираа дахь миний хариуцсан үрийн бригад жил бүр 10-15 тонн “Бургалтай” сортын үр бэлтгэж байсан тухай дээр хэлсэн. Тэрхүү үйлдвэрлэсэн үрээ жил бүр улсын үрийн нөөцөд өгөхийн хамт 1000 гаруй га талбайд царгасны “Бургалтай” сортын үрийг тариалж байв. Миний бие өнөөг хүртэл тэр сортын эх чанарыг алдагдуулахгүйгээр тарьж туршин, хадгалж хамгаалсаар явна. Энэ сортын онцлог гэвэл эх орныхоо газар шороо, байгаль цаг уурт дасан зохицсон. Хамгийн гол нь монгол орны өвлийн 30-40 хэмийн хүйтнийг тэсвэрлэн бараг 100 хувь өвөлжиж чаддагт л нууц нь байгаа юм.
    -Гадаадаас “залагдаж” ирдэг бусад зочин сортын талаарх таны үгийг сонсъё?
    -Дэлхийн улс орнууд царгасны олон арван сортууд гарган тариалж байна Зөвхөн манай урд хөршид гэхэд л царгасны 80 гаруй сорт байна. Гэтэл зөөлөн дулаан уур амьсгалтай улс оронд гарган авсан сорт нь монгол орны дээрх хүйтнийг тэсвэрлэж чадахгүйгээр үхэж байгаад хамаг учир нь байгаа юм. Өөрөөр хэлбэл зөөлөн дулаан орны гаралтай сортыг тариаллаа гэж бодоход тарьсан жилдээ сайхан урганаа. Харин дараа хавар нь нөгөөх сайхан ургаж байсан ургамлын ихэнх нь заримдаа 100 хувь сэргэн ургахгүй үхсэн байдаг. Үүний учир шалтгааныг ойлгохгүйгээр аль тааралдсан үнэ хямд, царгасны сорт тариалах замаар манай малчид тариаланчид “шатсан” тохиолдол их бий. Одоо л ухаарч эхэлж байна даа. Би энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. 2000 оноос хойш манай Хөдөө Аж Ахуйн яам / яам маань олон янз бүрийн нэртэй явж ирлээ дээ / зарим жил царгас тариалах ажлыг дэмжиж царгасны 5 тонн үр оруулж ирэх нээлттэй тендер зарладаг байсан юм. Тэр тендерт дуртай нь оролцоно шүү дээ. Түүнд миний бие оролцоод бараагүй хасагдаж байлаа. Тендерт ялах хүн нь бараг өмнө нь бэлтгэгдсэн байдаг юм билээ. Нөгөө бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах журмын дагуу хамгийн хямд үнийг санал болгосон нь ялдаг юм билээ. Нөгөө оруулж ирсэн царгасны гарал үүсэл, өвөлжих эс өвөлжих нь огт хамаа байхгүй. Хятад том гүрэн тэднийд 1 кг нь 20-120 юаны үнэтэй, царгасны олон арван сорт байдаг. Түүний хамгийн хямдыг нь оруулж ирээд малчид тариаланчдад тараасан даа. Тэр нь миний дээр хэлсэн шиг тарьсан жилдээ ургаад өвөлжиж чадалгүй үхсэн тохиолдол олон бий. Царгас тариалахыг дэмждэг гадаадын төсөл хөтөлбөрүүдэд ч энэхүү бэрхшээл ихээхэн тохиолдсон гэдгийг би мэдэх юм. Хэрвээ Хятадаас биш ОХУ-аас царгасны үр оруулж ирсэн бол ийм бэрхшээл тохиолдохгүй байсан даа. Энэ бол хэн бүхэнд том сургамж болсон биз гэж бодож байна. Одоо харин өөр болсон шүү. Энэ талаар бид ч малчдад сайн хэлж ойлгуулж чадсан гэж боддог доо. Гэхдээ би энд ганцхан “Бургалтай” сортыг тарь бусад нь үхнээ гэж хэлж байгаа юм биш ээ.
    -Бусдыг нь тариалахад юуг анхаарах вэ?
    -Уул нь эрдэм шинжилгээний байгууллагын сорилт туршилтад хамрагдаж нутагшсан сортын үрийг тариалж байх учиртай. Өнөө үед тэр зарчим алга. Бас байсан ч тоохгүйгээр аз туршин тааралдсан үрийг тариалах явдал их байна. Манай орны байгаль цаг ууртай төстэй ОХУ-ын Чита, Тува, Улан-Үдэ, Новосибирск зэрэг хил залгаа мужуудын гаралтай сортууд болон Хятад улсын “Нутаг”, “Бэлчээр-2”, “Шар цэцэгт” зэрэг сортууд мөн Канад, Франц зэрэг орны зарим нэг сорт сайн өвөлжиж их ургац өгөх боломжтой нь судалгаагаар тогтоодсон юм. Эдгээрийг тариалж болно гэж зөвлөх байна.
    -Тариалахад тийм байж. Тэгвэл царгасаар мал тэжээхдээ юуг анхаарвал зохилтой вэ?
    -Энэ талаар МААЭШХ-ийн эрдэмтдийн хийсэн нарийн туршилт, судалгаа шинжилгээний ажлууд байгаа. Мөн царгасны өвсийг ашиглан төрөл бүрийн мал, сүүний болон махны чиглэлийн үхэр гахай, шувуунд зориулан янз янзын жороор тэжээл үйлдвэрлэж, тэжээх норм тун хэмжээг тогтоож өгсөн байдаг. Мал тэжээх, тэжээллэгийн тухайд манай мал зүйчид л нарийн мэдэх байх. Би өөрийн хэмжээнд хийсэн судалгааны ажлын үр дүн болон анхаарууштай зарим нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Дээр би хэлсэн дээ. Хархираагийн ТАА / хуучин/ -д 83 га талбай бүхий царгасны үрийн бригадтай байсан гэж. Энэ талбайн үр хураасны дараа хэнзлэн ургасан өвсийг ашиглах зорилгоор үйлдвэрлэлийн туршилт хийсэн юм. Увс аймагт намар урт болдог учир наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр хадсан царгасны талбайн ургамал 9-р сарын сүүлч хүртэл 10-15 см өндөр хэнзлэн ургана. Үүнийг бид ашиглах зорилгоор 1988, 1989 онуудад Увс аймгийн Наранбулаг сумтай гэрээ байгуулсан. Түүндээ 16 кг хүртэл жинтэй 3-р зэрэглэлийн 1000 хургыг 9-р сарын 15-аас 12-р сарын 1 хүртэл хоёр сар гаруй хугацаанд царгасны үр хураасан талбайд оруулан бэлчээрлүүлсэн юм. Үүний үр дүнд зүй бусын хорогдол бараг гараагүй юм даа. Нэг хурганы амьдын жин ангилан ялгаснаас хойших гурван сарын хугацаанд 10 кг-аар нэмэгдэж 26 кг-д хүрч хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байлаа. Царгасны талбайд байсан хургатай жишихэд хорогдлыг байгалийн бэлчээрт байсан ижилхэн 3-р зэрэглэлийн хурганы зүй бусын хорогдол 15-20 хувь байв. Мөн царгас идэж байсан нь амьдын жингийн нэмэгдэл 5-6 кг-аар илүү байв. Наранбулаг сумтай байгуулсан гэрээний дагуу хурганы зүй бусын хорогдол болон амьдын жингийн нэмэгдлээс хүрээлэнд хоёр жил дараалан хоёр тонн гаруй мах нийлүүлж ажиллагсдын цайны газрын махны хэрэгцээг бүрэн хангаж байлаа. Дэлхийн Банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас “Нийгмийн суурь үйлчилгээг ядуу, эмзэг бүлгийнхэнд илүү чанартай хүргэе” сэдвийн хүрээнд “Монголын хөгжлийн зах-2007” уралдаант төсөл сонгон шалгаруулалтад оролцож миний боловсруулсан “Идэш тэжээл-ихэр төл” төсөл шалгарсан юм. Уг төслийн шугамаар Төв аймгийн Батсүмбэр суманд адилхан сүүний гарцтай хоёр үнээний нэгийг нь царгасны өвсөөр, нөгөөг нь хадлангийн өвсөөр сар тэжээхэд царгасаар тэжээсэн үнээний хоногийн дундаж саам 0,8 л-ээр илүү байв. Харин энд анхааруулж хэлэхэд хавар царгас тавдугаар сарын эхээр сэргэн ургадаг. Тэр үедээ хамгийн их уурагтай байх учир ямар ч мал царгасны талбайд орсон нөхцөлд хордлогод орох нь их байдаг юм билээ. Энэ нь царгас хортойдоо биш юм шүү.Харин турж онд орсон мал хэр хэмжээгээ мэдэхгүй царгасны өвсийг ихээр идээд хоолны хордлогод орж байна гэсэн үг. Тийм үедээ гэдэс нь хөөж чацга алдаж багтарч унадаг юм билээ. Туршлагатай малчид жижиг нүхтэй турба юм уу хутгаар гүзээг нь хагалж хийг нь гаргаад өвсийг нь авч хаях замаар амийг нь аварч байсныг тохиолдол олныг харсан шүү. Иймд царгасны өвсөөр мал тэжээх хэмжээ, тунд онцгой анхаарах хэрэгтэй.
    -Тунг нь тохируулж өгөхийн ач тусыг жаахан тодруулж өгнө үү?
    -Бас нэг сонин жишээг энд хэлмээр санагдлаа. Манай үрийн бригадын тракторчин Хишигт гэдэг айл байлаа. Гэр бүлийнх нь хүн сахиул хийдэг байсан юм. Тэднийх хэдэн ямаатай тэд нь царгасны үр хураагаад манайхан цэвэрлэгээгээрээ гаргасан сүрэл, лайгаар бараг байнга хооллодог. Тэдний ямаан дотор “Буурал амт” гэдэг нэг ямаа байлаа. Тэр ямаа их дошгин, сэргэлэн цовоо, жилд хоёр удаа төллөдөг. Бас дандаа ихэр ишиглэдэг байв. Миний мэдэхээр 1985-1990 оны хооронд нийт 16 ишиг гаргасан юм. Ийнхүү тэр ямаа жилд хоёр удаа төллөж 4 ишиг гаргахдаа огт ядарч муудаагүй, улам л өнгө зүс ороод, сэргэлэн цовоо байдгийг бид гайхдаг байж билээ. Энэ бол царгасаар хооллосных нь ач тус гэж боддог юм би. Царгасны тэжээллэг чанар малын төлөрхөг чанарт ч нөлөөлдөг юм билээ.
    -Цаг хором амсхийлгэлгүй царгасыг ярих энд та тариалах, хадгалах, хураах талаар хэдэн үг, өгүүлбэр хэлэх үү?
    -Тэгэлгүй яах вэ. Энэ бол технологийн нарийн асуудлаа. Царгас тариалахад зайлшгүй анхаарвал зохих зарим нэг зүйлийг энд хэлье гэж бодож байна. Царгас маш жижигхэн үртэй. Жишээлбэл 1000 ш үр нь 1,2-2,0 г шүү дээ. 1 га-д үрлэх норм нь тэжээлд зориулан энгийн мөрөнд 10-12 кг, үрэнд зориулан өргөн мөрөнд 3-6 кг үрийг 1,0 -2,0 см-ийн гүнд л жигд суулгана. Энгийн мөр гэдэг нь хоорондоо 15 см байхыг хэлдэг. Иймд их хэмжээний талбайд тарихын тулд царгас тариалах зориулалтын үрлэгчийг хэрэглэнэ. Үр тарианы үрлэгчээр үрлэх боломжгүй. Учир нь царгасных тэдний үрнээс олон дахин бага учир шууд л асгачихна. Иймд тариалах талбай нь маш тэгшхэн, сайн боловсруулагдсан, зориулалтын үрлэгчтэй байх шаардлагатай. Дээхэнэ үед сорт сорилт, эрдэм шинжилгээний зориулалтаар Хөгжингүй социализм байгуулж байсан Герман улсаас оруулж ирсэн “САГСОНИЯ-А200” гэдэг үрлэгчийг бид хэрэглэдэг байлаа. Энэ үрлэгч үнэн найдвартай. Царгасны үрийг зохих гүнд нь зохих норм, мөрөөр үрлэдэг байлаа. Одоо ч энэ үрлэгчийг би хэрэглэсээр л байна. Надтай адилхан хөгширч байна аа. Гэвч найдвар алдаагүй байгаа шүү. Сүүлийн жилүүдэд царгас үрлэх зориулалтын бүтээмж сайтай үрлэгч Герман, Канад улсуудаас орж ирэх болжээ. Герман улсад үйлдвэрлэсэн 12 м-ийн авцын өргөнтэй Lemken-Solitair, Канад улсад үйлдвэрлэсэн 12-16 м-ийн авцын өргөнтэй BOURGAULT-6350 маркийн маш нарийн тохиргоотой үрлэгчээр царгасыг хүссэн норм, гүнд тариалж байна. Мөн өмнөд хөршид үйлдвэрлэсэн жижиг оврын үрлэгчүүд ч байна. Иймд царгасыг үрлэх асуудал үндсэндээ шийдвэрлэгдсэн гэж бодож байна. Би энд царгас тариалахад их ач холбогдол өгч яриад байгаа учир нь манай малчид, тариаланчид энэ тал дээр алдаа гаргаад байгаа юм. Бидний тарьсан царгас үр суулгасан мөрний дагуу жигд соёолон ургасан байх учиртай. Хэрвээ ингэж ургаж чадаагүй бол царгасгүй тэр хэсэгт нь хог ургамал урганаа. Царгасыг зөв тариалж жигд сайхан ургуулж чадвал хог ургамлын талаар ярих шаардлага байхгүй. Царгасны үндэсний систем хоёр дахь жилээс 4 м хүртэл гүн ордог учир ойр орчиндоо хог ургамал ургах боломж олгохгүй. Би энд бас нэг жишээ татъяа гэж бодлоо. Аливаа таримал ургамлын үр тухайн ургамлын дүрс хувирсан хэлбэр байдаг. Өөрөөр хэлбэл тэр үрэнд тухайн ургамлын үндэс, иш, навч, цэцэг бүгд агуулагддаг. Уг таримлын биологийн онцлогоос хамаараад үр нь том жижиг өөр өөр байдаг. Тухайлбал царгасны 1000 ш үр 1,2-2,0 г байхад бидний сайн мэдэх улаанбуудай 26-30 г байдаг. Гэтэл энэ хоёр таримлын суулгах гүн нь дээрх хэмжээнээс хамаараад өөр өөр байх жишээтэй. Царгасыг 1-2 см-ийн гүнд, улаанбуудайг 7-8 см гүнд суулгах ёстой. Энэ нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон хамгийн зохистой хэмжээ. Энэ хэмжээг алдаж царгасыг 3-4 см-ийн гүнд суулгавал тухайн ургамалд агуулагдаж байгаа нөөц шим тэжээлийн бодис нь хүрэлцэж амьдрал залгуулах хоёр ногоон навчаа хөрсөн дээр гаргаж чадахгүй замдаа үхнэ гэсэн үг. Иймд үр суулгах гүн хамгийн чухал гэдгийг ойлгуулах гэж энэ бүхнийг яриад байгаа юм. Энд бас нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Царгасыг 2-10 га-д тариаалах хүн бүр заавал хөрс боловсруулдаг /хагалдаг, тэгшилдэг/, үрэлдэг техниктэй байх шаардлагагүй. Харин үүнд нь төлбөртэй үйлчилдэг зориулалтын техниктэй аж ахуйн нэгж ч юм уу хувь хүн баймаар санагдсан шүү. Төв, Сэлэнгийн нутагт манжин, лууван тарихад үйлчилдэг ийм хувь хүмүүс байдаг юм билээ. Энэ хүмүүс царгасны үрлэгчтэй болчихвол царгас тариалах асуудал бүрэн амархан шийдэгдэх боломжтой. Харин энэ нь зөвхөн Төв, Сэлэнгэд биш аймаг болгонд байх шаардлагатай. Тарих хугацааны хувьд 5-р сарын 10-аас 6-р сарын 20 хүртэл байж болно. Энэ хугацаанаас хойш тарих юм бол өвөлжиж чадахгүй. Өөрөөр хэлбэл олон наст ургамал тарьсан жилдээ өвөлжихийн тулд зохих хөгжлийн үе шатыг туулж, үндсэндээ өвөлжиж чадахуйц хэмжээний нөөц шим тэжээлийн бодисыг хуримтлуулсан байх шаардлагатай. Хэрвээ ингэж чадаагүй бол өвлийн хүйтнийг тэсвэрлэж онд орж чадахгүй шүү дээ. Ийм учир тариалах хугацаа маш чухал. Царгас тариалсан талбайг заавал хашиж, хамгаалах хэрэгтэй. Царгас эхний жилдээ 15-20 см, усалгаатай бол нилээд өндөр ургана. Эхний жилд аль нэг хэлбэрээр ашиглахыг хориглодог. Гэхдээ усалгаатай нөхцөлд тариалсан үед, намар 50-60 см өндөр ургах явдал бий. Энэ үед намар ургамлын өсөлт хөгжилт зогсон үед хадах юм уу. Тугал бяруу, ядарч доройтсон мал оруулан ашиглаж болно. Гэхдээ нөгөө миний дээр хэлсэн хордлогод оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. За мөн дээр хэлсэн тарих гэж байгаа сортынхоо гарал үүсэл, өвөлжих чадвар, цэвэршилт, соёололтыг заавал мэдсэн байх нь гол юм. Олон жил болсон ч юм уу хогт хольц ихтэй муу үрээр таривал ургахгүй. Иймд тарих үрэндээ онцгой анхаарч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, мэргэжлийн лабораторит шинжилгээ хийлгэсэн үрийг тариалах шаардлагатай. Царгасыг эхний жил ямар ч гологдолгүй зөв тариалж ургуулж чадвал дараа жилээсээ эхлэн усална, хадна өөр бараг хийх ажил байхгүй дээ. Царгас хүчирхэг голлосон үндэсний системтэй /4 м хүртэл гүн орно/ учир хэр баргийн хог ургамлыг хажуудаа ургуулахгүй. Сайн усалж тордож чадвал царгаснаас жилд 2-3 удаа ургац авах боломж бий. Бас нэг анхаарах чухал юм бол царгас нь маш их навчтай, өндөр өтгөн ургах учир хадчихаад дараа нь сайн эргүүлж сэврээхгүй бол маш хурдан харлаж муудаж чанараа алдана.За нэг иймэрхүү зүйлийг хэлье дээ.
    -Та сая тариалах хүмүүст хандав. Цааш малчдад хандаж хэлэх зүйл тань?
    -Малчдад хэлэх юм байна аа. Би царгастай нөхөрлөсөн ажил амьдралынхаа бараг 30 гаруй жилд царгас тариалахын ач тусыг тэдэндээ хэлж зааж сургаж явна. Олон ч төсөл хөтөлбөрийн шугамаар Монгол орны бараг ихэнх аймаг сумдын малчдад очиж сургалт хийж хичээл заасан шүү. Үүний ач буянаар олон хүнтэй танилцаж сүүлийн жилүүдэд олон арван хүн надтай зөвлөж, эргэх холбоотой байх боллоо. Сүүлдээ бүр Шаравын биш “Царгасны” Батсүх гэдэг болсон байна лээ. Малчид та нар минь боломжийнхоо хэрээр хувиараа юм уу, хэсэг бүлгээрээ нийлэн зохих хэмжээний 2-3 га талбайд царгас тариалж чадвал гадаа чинь метр зузаан цас орсон ч малаа үхүүлэхгүй хамгаалах бүрэн боломж бий шүү. Би малчдад зориулан хийсэн өөрийнхээ нэг жижигхэн тооцоог л хэлж өгье. Энэ нь 1 ба 5 га талбайд царгас тариалахад ямар хэмжээний зардал гарах. Тэндээс хураасан өвсөөр хэдий хэмжээний малыг, ямар хугацаанд тэжээж болох тухай юмаа.
    Хүснэгтээр харуулахад болно.
    5 га-д царгас тариалахад гарах зардал

    Үрийн норм,кг

    Зардал, мян,төг

    1 га

    5.0 га

    1 га

    5.0 га

    Тарих үр,

    10

    50

    300,0

    1500,0

    Тариалалт

    300,0

    1500,0

    Хашаа

    300,0

    1500,0

    Худаг

    Дундажаар 50 м-ээс ус гарна гэж үзвэл 1 м өрөмдөхөд100,0 мянгантөгрөг, 50 х100 = 5 сая төгрөг

    Дүн

    5,9-9,5 сая төгрөгболжбайна

    Царгасыг нэг удаа тариад дахин тарихгүйгээр олон жил ашиглах учир хүн бүр тарих техниктэй байх шаардлагагүй. Сүүлийн жилүүдэд үйлчилдэг зориулалтын техниктэй компанууд бий болсон. Түүнийг гэрээгээр хөлслөн ашиглах хэрэгтэй.
    Царгасны 5 га талбайгаас хураасан өвсөөр мал тэжээх тооцоо

    Òýæýýõ ìàëûí òºðºë

    Ìàëûí òîî, òîëãîé

    Òýæýýõ õóãàöàà

    Òýæýýõ ºâñíèé õýìæýý

    ñàðààð

    õîíîã

    õîíîãò,êã

    á¿ãä, òîíí

    Áîã ìàë

    450

    XII.I-Y.1

    150

    0,4

    27,0

    Áîä ìàë

    50

    XII.I-Y.1

    150

    1,7

    13,0

    Ä¿í

    750 хо\толгой

    5 ñàð

    150

    1,9

    40,0

    5 га царгасны талбайгаас хоёр дахь жилээс эхлэн жил бүр 40 тонн өвс хурааж авах бүрэн боломжтой. Энэ хэмжээний өвсөөр 450 бог, 50 /50х6 =300/ бодбуюу 750 хонь толгой малыг 12-р сарын 1-ээс эхлэн дараа хаврын ногоо ургах хүртэл бүтэн 5 сарын турш бараг бэлчээрт гаргахгүйгээр хотонд нь тэжээх боломж харагдаж байна. Энд нэг зүйлийг тодруулахад зуны улиралд нэг хонь толгой мал бэлчээрээс ,1,5 кг ногоон өвс иддэг байна. Царгасны 1 кг өвс чанараара байгалийн хад­лангийн 3 кг өвстэй тэнцдэг талаар би дээр хэлсэн дээ. Тэгвэл бог малд өдөр бүр өгч байгаа 0,4 кг өвс нь бэлчээрийн 1,2, кг өвстэй тэнцэж байгаа биз дээ. Тэгээд ч тэр малчин айлд дан бүдүүн хонь биш хурга ишиг дээ. Тэд бага өвс иднэ. Өөрөөр хэлбэл хурга ишгэндээ бага /200-300 г/ нас бие гүйцсэн малдаа / 50-500 г/ арай ахиу өгнө гэсэн үг. Ийм өвс бэлтгэсэн нөхцөлд танай гадаа хэдэн метр зузаан цас орсонч айх аюулгүй байх бүрэн боломж харагдаж байгаа биз дээ. Гэтэл бид ийм сайхан боломжийг ашиглаж чадаж байгаа билүү. Манайд 180 гаруй мянган малчин өрх байдаг гэсэн. Үүний бараг тал хувь нь 200 гаруй хүртэл толгой малтай гэж дуулсан. Гэтэл дээрх 50 бод 450 бог малтай айл нэлээд боломжийн малтай айлд хамрагдаж байгаа биз дээ. Иймэрхүү малтай айл амьдрал залгуулж байгаа малынхаа төлөө 5 га-д царгас тариалахад юухан байхав дээ. Нөгөө зуданд алддаг малаа зарж болуулахад л дээрх хэмжээний га-д царгас тарих зардал гарна шүү дээ. Иймд малчид, минь өөрсдийнхээ хүч бололцоонд тулгуурлан бага ч гэсэн талбайд царгас тариалж чанар сайтай өвс бэлтгэж малаа тэжээж сурахыг хүсье. Бид танд туслахад бэлэн байна.
    -За та болон таны ижил бодолтон малчдад туслахад хэзээд бэлхэн гэдгээ хэллээ. Энэ бол урамтай үгс уруул давж байна. Харин “Царгас” Батсүх та урмын талаар ер нь юу хэлэх вэ?
    -Манай ТАА Улаангомоос холгүй оршдог, бас ажил нь сайн байсан болохоор Хархираагийн услалтын системтэй танилцахаар Увс аймагт ирсэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчид байнга л очдог байсан юм. Үүний нэг тод жишээ бол МАХН-ын Төв Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга , АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Батмөнх тэргүүтэй төлөөлөгчид 1987 оны есдүгээр сард Хархираагийн ТАА-д очихдоо манай үрийн бригадын ажилтай танилцсан юм. Тэр жил нь манай бригадын царгасны үрийн тариалан сайн, ургац их байсан тул зочид төлөөлөгчдэд ажлаа танилцуулахад урамтай байлаа. Үүний үр дүнд МАХН-ын төв хэвлэл “ Үнэн” сонины 1987 оны №214-ийн эхний нүүрэнд сурвалжлагч Л.Дашнямын бичсэн “Газар тариалангийн соёлыг дээшлүүлж, га тутмын өгөөжийг арви­жуулъя” гарчигтай “Нөхөр Ж.Батмөнх Увс аймагт байгаа нь” гэсэн хөмсөгтэй өгүүлэлд “..Нөхөр Ж.Батмөнх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батсүхтэй Хархираагийн тэжээлийн аж ахуйн тариалангийн талбайд уулзаж ярилцав”. “Ш.Батсүх царгасны үр үржүүлэх чиглэлээр олон жил туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа ажлынхаа үр дүнгийн талаар тодорхой дүгнэлттэй танилцуулж, холбогдох таримлын дээжийг үзүүлэв” гэсэн бол Батмөнх дарга Увс аймгийн нам,аж ахуйн идэвхтэнтэй уулзсан уулзалт дээр хэлсэн үгэндээ “Мал аж ахуйд ч, газар тариаланд ч шинжлэх ухааны роль их өсөж байна. Баруунтуруун, Хархираа, Улаангомд үр тариа, малын уурагт тэжээл, үр жимс үржүүлэх сонирхолтой сорилт туршилт явуулж байгаа эрдэм шинжилгээний ахмад болон залуу ажилтан нартай бид талбай дээр нь уулзаж, хийж байгаа ажлыг нь үзэж танилцсан юм. Үр дүн гарах нь ойртсон ажил олон байна. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа ажил ч байна” гэж онцлон тэмдэглэсэн юм. Тэр үед Нам, засгийн хэвлэлийн тэргүүн нүүрэнд сайшаагдан бичигдэх, Нам засгийн удирдагчийн хэлсэн үгэнд онцлон тэмдэглэгдэнэ гэдэг бол ховор хувь завшаан байв. Мөн ямарч одон медаль авахаас ч дутуугүй шагнал урамшуулал бай­сан үе билээ. Нам засгийн тэргүүнтэй уулзаж гар барин, ажлаа танилцуулж, урамын сайхан үг сонссондоо тухайн үедээ хязгааргүй их баяр­­лаж явдаг байж билээ. Энэ нь бидний цааш­дын ажлын үр дүнд ч сайнаар нөлөөлсөн юм.

    Хууудас:

    https://www.facebook.com/%D0%9C%D0%9E%D0%9D%D0%93%…

    Б.Цогзаяабаатар
    Эх сурвалж: Үндэсний мэдээ http://www.gnn.mn/i/804

  • Ш.Мандалмаа: ҮНДЭСНИЙ ИМИЖ БУЮУ ГАДААДАД БИДНИЙГ ХЭРХЭН ТӨСӨӨЛДӨГ ВЭ

  • Ж.Хорлоо: ЗӨРҮҮД ХҮҮХДИЙГ ЗӨВӨӨР УДИРДАХ УХААН

  • Т.КАРМА: Хэл яриа, харилцааны чадварыг хөгжүүлэх тухайд

  • Соёолж төвөөс зөвлөж байна: 4 сартай хүүхдийг зөв хооллох тухайд

  • Ж.ХОРЛОО: ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХДИЙГ ЗӨВ ТӨЛӨВШҮҮЛЭХ ТУРШЛАГА