Category: human-development

  • Жаахан дэлхий

     

    Өчигдөр орой дүү хөдөө гэрээс ирлээ. Охиноо төрүүлээд аав ээж дээр очсон дүү маань 7 сар болоод ирж байгаа нь энэ. Улсын томоохон эмнэлэгт сувилагч хийдэг болохоор ажилдаа орох хугацаа нь ч болж байгаа л даа. Охиноо аав ээж дээр үлдээсэн байлаа. Энд харах хүнгүй болохоор, бас хөдөөний цэвэр агаар нь дээр болохоор, бас аав ээж хамаагүй дээр өсгөнө… гээд л охиноо үлдээх шалтгаанд нь муу зүйл нэгээхэн ч байхгүй ээ.  

                Гэхдээ, би уйлчихлаа. Дүү нараа харсаар байтал нулимсаа бөмбөртөл гаргаад л. Яагаад уйлснаа би сайн мэдэж байгаа болохоор бүр ч их уйлаад байсан. Одоо хүртэл үүнийг бичиж байхдаа нүдээр дүүрэн нулимс.

                2004 оны нэгдүгээр сард би ээж болсон. Харин найман сард нь хотод ирсэн. Хүүгээ аав ээж дээр үлдээгээд ирж байсан юм. Хөхний сүү татраагүй л оюутан болохоор ирж байлаа. Шаналах шалтгаан надад байгаагүй ээ. Хүү минь маш сайн өсч, ухаантай хөөрхөн хүү болсон. Одоо хоёрдугаар ангид орох гэж байна.

                Өөрөө ийм зүйл сайн мэдэх хэрнээ яагаад уйлаад байгаа юм бэ, гэж өөрөөсөө асуулаа? Хүүгийнхээ оронд, дүүгийнхээ охины оронд өөрийгөө тавиад бодчихсон юм аа. Зүрх их зүйл мэдэрдэг болчихсон юм шиг ээ. Ийш тийшээ харж ээжийгээ хайж байгаа даа, уйлахдаа хүртэл мөөмөө санаж байгаа даа, үе үехэн эхэр татаж байгаа даа, тэр жаахан зүрх хэрэндээ л их зүйл мэдэрч байгаа даа…гэж бодохоор. Бас хүйгээрээ холбоотой байдаг эх үрийн нандин сэтгэлийг мэдэх болохоор л ингэж их уйлаад байгаа юм.

                Хэцүү гэдэгтээ биш, хайр байгаадаа л зүрх уйлж байна. Хатуудаа биш, зөөллөх гээд л нулимс гарч байна. Хайхрахгүйдээ биш, ойлгож байгаадаа л бодоод байна. Хол гэдэгтээ биш, залбирч байгаадаа л тэнхээтэй байна.

                Жаахан гэхгүй энэ бяцхан дэлхий зүрх уйлуулдаг болохоор хайр хэзээ ч холдохгүй ээ. Удахгүй миний хүү шиг, дүүгийн минь охин ээж дээрээ хүрээд ирнэ. Хүний хүүгийн хүрэн бөөр гаргаад эмээ өвөөгөө санагалзалтай үлдээгээд ирнэ ээ. Энэ амьдралд мэндэлж байгаа хүүхэд бүхэн ээжийнхээ энгэрт дандаа тэврүүлж байгаасай.  

  • Зөвхөн Бурханд таалагдсан амьдралтай хүн л өөртөө итгэлтэй байж болно /ярилцлага/

    Найрамдал” эмнэлгийн ерөнхий эмч АУ-ны доктор,профессор Бямбын Намтайтай хийсэн ярилцлага

    1.    Ертөнцийн үүслийн талаар Танаас асууж ярилцлагаа эхэлье гэж бодож байна. Энэ талаар Та сонирхдог тань мэдээж. Яагаад гэвэл, Таны ертөнцийг үзэх философи сэтгэлгээний зохиол бүтээлүүдэд ертөнцийн мөн чанарын талаар нилээд тусгагдсан байдгийг би мэдэх юм.

    Миний хувьд эрдэмтдийн ном зохиолоос уншиж сонирхож байснаа л мэдээлэхээс биш өөрөө судалсан, мэдсэн юм юу байх вэ? Байхгүй! Харин бусдын бичсэн ном, хэвлэлээс ойлгож авсанаа тоймлон хэлэхэд, өнөөгийн хүн төрөлхтөнд манай орчлон ертөнцийн үүсэл, хөгжлийн талаар гурван өөр, хоорондоо харилцан адилгүй утга агуулгатай ойлголт, гурван янзын онол, тайлбар хэрэглэгдэж байх шиг байна.

    Нэгдүгээрт: Шинжлэх ухааны, тухайлбал, астро-физик, квант механикийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал байна.

    Орчин үеийн онолын физикт “Хоёрдугаар Эйнштейн” гэж хүндлэгддэг Английн нэрт эрдэмтэн, сэтгэгч-физикч Стефен В. Хокингийн “Цаг хугацааны товч түүх” (Их тэсрэлтээс  “Хар нүх” хүртэл),  “Хар нүх ба шинэ ертөнц” гэдэг хоёр дэвтэр номыг 2004 онд “Монсудар” хэвлэлийн газар монгол хэлээр хэвлэн гаргасан. Энэ ном гайхалтай сайн ном! Тэр хэцүү номыг би, яахав, ойлгох газар нь ойлгон, эс ойлгогдох газар нь эс ойлгон уншсаар арайчүү хэлтэлсэн ухаантай юм.    

    Тэндээс барагцаалж үлдсэн ойлголтоо л Танд дамжуулж ам хаахаас өөр арга мэх надад үнэхээр алга байна. Стефен В.Хокинг номондоо дурдахдаа, орчин үеийн шинжлэх ухааны хуулиуд ертөнцийн үүсэл хөгжлийн гол үйл явцыг хангалттай хэмжээнд харьцангуйгаар ажиглаж чадна гэж нотлоод, шинжлэх ухааны тодорхойлж хэмжиж чадах, ажиглалт, судалгаа, туршлаганд нь давтагдаж буй зүй тогтолоор нь тооцоолж болохуйц хэмжээний орчлон ертөнцийг яаж үүсэж хөгжсөнийг тайлбарлахдаа сонгодог физикийн бүх хуулиуд зөрчигдөх “Онцгой цэг”-ээс “Их тэсрэлт”-ээр үүсэж эхэлсэн гэж үзэж байна.

    АНУ-ын Массачусетийн Технологийн институтын эрдэмтэн Алан Гут “Орчлон ертөнц маш халуун, гэхдээ, огт эмх замбараагүй төлөв бүхий их тэсрэлтээр үүссэн!” гэсэн таамаглал дэвшүүлснээр энэ таамаглал нь одоо “Орчлон ертөнц төгсгөлгүй нягттай ямар нэг “Онцгой цэг”-ээс их тэсрэлтээр үүсч тэлж эхэлсэн!” гэсэн эштэй “Их тэсрэлтийн онол”, “Тэлж буй орчлонгийн загвар” гэдэг шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн нэгдмэл онол болж боловсортлоо хөгжжээ.

    “Тэлж буй орчлон” гэдэг томъёололын тухайд бол 1929 онд АНУ-ын одон орон судлаач эрдэмтэн Эдвин Пауэлл Хаббл одод галактикууд бие биеэсээ холдон тэлж буйг нээсэн шинжлэх ухааны чухал тулгуур нээлт хийсэн нь од гарагууд олон олон сая, тэрбум жилийн өмнө бүгд нэг цэгт, эсвэл, нэг таяг тойрогт бөөгнөн таталцаж, орчлон ертөнцийн эзлэхүүн төгсгөлгүй бага, харин нягт нь төгсгөлгүй их, төгсгөлгүй өндөр хэмийн халуунтай байсан гэдэг таамаглалд эрдэмтдийг хөтөлжээ.

    Эрдэмтэд одоо “их тэсрэлт”-ийн агшинд орчлонгийн хэмжээ “Тэг” /0/-тэй тэнцүү, “Цаг хугацаа” гэх хэмжигдэхүүн ч үүсээгүй байгаад “Онцгой цэг”-ийн “Их тэсрэлт” болсноос эхлэн цаг хугацаа тоологдож, орчлон тэлж эхэлсэн гэж дүгнэж байна. Энд “Онцгой цэг” гэдэг нь ямар нэг физик биет гэрлийн хурдтай (300,000 км/сек) ойролцоо хурдтай хөдөлж хоорондоо үйлчлэлцсэнээр биеийн масс энергид шилжиж (Е=м*с2) тэр мужид физикийн орон зай, цаг хугацаа гэх хэмжигдэхүүний утга агуулга алдагдаж, “Орон-цаг” гэдэг нийлмэл, төгсгөлгүй мурийлттай (Их масстай биеийн татах хүчний нөлөөгөөр цаг хугацаа мурийдаг), цэг бүрд нь үйл явдал харгалздаг дөрвөн хэмжээст квант таталцалын үзэгдлийг үүсгэдэг юм байна. Ер нь онолын физикчидийн тайлбарлаж байгаагаар ертөнц язгуураараа хоёрхон юмнаас бүрдэж тогтдог аж. Тэр хоёр юм нь,-Бөөм, долгион хоёр! Алив матери үүсэхдээ энергээс бөөмс- эсрэг (анти) бөөмс гэсэн хос хэлбэрээр үүсдэг, бөөмс нь ертөнцийн таталцалын энергээс гардаг, ертөнц материйн эерэг энергитэй яг тэнцүү таталцалын сөрөг энергийг агуулдаг юм байна.

    Онолын физик, астрофизикийн эдгээр онол тайлбаруудаас би өөртөө өөрийн хар ухаанаар хагас дутуу, буруу зөв ойлгож авсан ч гэх юмуу, дотроо төсөөлж тоймлож үлдсэн бодлоо эмхлүүлээд хэлэхэд, манай орчлон ертөнц лав л хов хоосноос үүсээгүй юм байна. Юу ч юм ямар нэг материаллаг ч юмуу, материаллаг бус ч юмуу “өгөгдөхүүн” зүйл урьд нь оршиж байж, тэр зүйл нь өнөөгийн хүн төрөлхтний аль ч хэлний үгийн санд илэрхийлэх үггүй, тэр байтугай, математик загвар, тэгшитгэлээр ч илэрхийлэгдэхээргүй тийм төгсгөлгүй нягттай агшиж хумигдсан “юм”- “юм бус” оршигч байж, тэр “Оршигч” нь бас төгсгөлгүй, тооцоологдохгүй үлэмж температуртай, одоогоор квант физикийн онолчидын оноож буй нэр томъёогоор, “Онцгой цэг”-т тохиож байж, тэгээд өөрийн дотоод бүтэц дэхь “юм”-“юм бус”-ын үйлчлэлийн явцаар маш хүчтэй “цөмийн урвал”-д орж “Их тэсрэлт” болсны улмаас манай орчлон галактикийг бүтээх “бөөм” – “долгион”- ы эгэл хэсгүүд гадагш цацагдан тархаж, түүний хамт “цаг хугацаа” ч түлхэгдэж тохиолдлоор тохиосон хэм хэмнэлээрээ явж эхэлжээ! гэсэн л ойлголттой үлдсэн.

    “Их тэсрэлт”, “Тэлж буй орчлон”-гийн онол нь ажиглалт, тооцоолол, математик загварын төлөвийн туршилт, гэрлийн шилжилт, долгионы давтамжуудаар бодитой батлагдах зөв, үнэн онол мөн ч байж болно, биш байгаад шинжлэх ухааны өөр баримт нотолгоонуудаар няцаагдан хэрэглээнээс гарч ч болно, яагаад гэвэл, шинжлэх ухааны алив онол нээлт сэтгэлгээний гоо сайхан руу хийгээд үнэмлэхүй үнэн рүү хязгааргүй тэмүүлэх чанар агуулдгаараа бахархалтай ч хожим байгал ертөнц, ахуй амьдралын хувьсангуй явц, шинэ туршилт, шинжлэх ухааны төгс төгөлдөр нарийвчлалтай баталгааны үр дүнгээр няцаагдаж болох таамаглал, зөн мэдрэмжийн элементүүдийг агуулж байдаг онцлогтой юм. Эцэст нэг санаа нэмэн хэлэхэд, “Орчлон ертөнц гэж юу вэ, юунаас яаж үүссэн бэ?” гэдэг асуултын хариунаас илүүтэй “Орчлон ертөнц яагаад, юуны тул оршин байна вэ?” гэдэг асуултын хариу шинжлэх ухаанд чухал байгааг Стефен В.Хокинг маш ноцтой сануулсан байна лээ….

    2.    Сонин байна, баярлалаа! Одоо хоёр дахь, гурав дахь онол? Ямар онол тайлбарууд байна?

    Тийм, Хоёр дахь, гурав дахь онол! Миний бодоход, хоёр дахь онол хүний аж төрөл, ахуй амьдрал, ёс суртахуунд маш чухал, маш ойр онол! Юу гэвэл, орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн шалтгааны тухай Буддын гүн ухааны эш тайлбар юм.

    Буддын гүн ухааны онол эшээр бол ертөнц нүдэнд үл үзэгдэх хэмжээний өчүүхэн бичил, цаашаа үл задрах, бодит бүтэцгүй хумхийн тоосонцоруудын бөөгнөрөл, нягтралаас үүссэн гэж үздэг. “Хумхийн тоос” бол матери! Буддын шашны гүн ухаан ертөнцийг материас үүсэлтэйгээр, материаллаг чанартайгаар тайлбарлахдаа үүслийн үйл явцыг “Бүтэх-Эвдрэх”, “Үүсэх-Устах”, “Байх-Эс байх” –ын орчилд маш гүн диалектик сэтгэлгээ, самади бясалгалаар оносон. Үүнд, юмс бие биетэйгээ шүтэн барилдаж, бие биеэсээ хамаарч, шалтгаан нөхцөлийн үрээр хувьсан өөрчлөгдөж оршдог бөгөөд угтаа хоосон чанартай гэж үзсэн. Дорнын гүн ухааны сэтгэлгээний аугаа ололт бол диалектик хандлага нь, бас, юмс үзэгдэл байнга хувьсан өөрчлөгдөж “урьдахь” нь “хойтох”-ынхоо, “хойтох” нь “урьдах”-ынхаа шалтгаан болж байдгийг илт оносон бясалгал нь юм.

    Юмс үзэгдэл байнга хувьсан өөрчлөгдөж байгаа учир тэд тогтонги мөн чанаргүй, өөрөөр хэлбэл, өөрийн мөн чанаргүй, өөрийн мөн чанаргүй болохоор өөрийн мөн чанараас бүтээгүй, өөрийн мөн чанараас бүтээгүй болохоор тэдний “Байгаа” нь “Байгаа бус”, “Байгаа бус” болохоор тэд үнэхээр бүтсэн бус, үнэхээр бүтсэн бус учир үнэн чанартаа юмс, үзэгдэл хоосон чанартай буюу “Буй нь буй бус”, “Буй бус нь бас буй бус”, “Мөнх бус, тасархай бус”, “Бүтэх үгүй, эвдрэх үгүй”, “Хурах үгүй, түгэх үгүй”, “Төрөх үгүй,түрдэх үгүй”, “Ирэх үгүй, одох үгүй”, “Дүүрэх үгүй, хорох үгүй”, зөвхөн бие биеэсээ харилцан хамааралд бие биетэйгээ шүтэн барилдаж оршино гэж үздэг.

    Энэ орчилын үндэс нь шалтгаан хийгээд нөхцөлд орших юм. Шалтгаан хийгээд нөхцөл бүрдэхийг үйлийн үр гэнэ. Зөвхөн, шалтгаан нөхцөл бүрдэж үйлийн үр боловсорсноор юмс, үзэгдэл үүсэн буй болж, эсрэгээр, шалтгаан, нөхцөл үгүй болмогц юм, үзэгдэл устаж арилна. Бүх юмс өөрчлөгдөн хувирч, байснаараа эс байх нь ертөнцийн цорын ганц хувиршгүй, хөдөлшгүй үнэн юм. Ганц энэ үнэн л хэзээ ч үл өөрчлөгдөнө. Буддын шашны гүн ухааны энэ диалектик сэтгэлгээгээр хөөхөөр, ертөнцийн үүсэл бол шалтгаан нөхцөл, үйлийн үр хоёрын шүтэн барилдлагын “бүтээгдэхүүн” гэж хэлмээр байгаа юм.

    За эцэст нь, гуравдугаар том онол, тайлбар бол Христос шашны “Библи” хөлгөнд буй нэг онол, тайлбар! Энэ онолыг “Бүтээлийн онол” буюу “Креоционизм” гэж нэрлэж байгаа.

    “Бүтээлийн онол”-ын үндэс нь орчлон ертөнцийг “God” (Бог) буюу Бүтээгч тэнгэр, бидний нэрлэдэгээр  “Бурхан” бүтээсэн гэж үздэг. Үүнд “God” хэмээх “Бүтээгч” орчлон ертөнцийг 6 хоногийн турш ээлж дараалан бүтээгээд 7 дахь өдрөө буюу манай дэлхийн ихэнх улс орны иргэд ажил албанаасаа амардаг “ням” гарагт амарсан гэж номлодог. Бүтээгч Эзэн бээр бүгдийн түрүүнд Тэнгэр, Газрыг бүтээжээ. Газар ямар ч хэлбэр дүрс үгүй, хоосон, гүн нүхэн харанхуй байдалтай харагдахаар нь Бүтээгчийн гэгээн сүнс их усан замлингийн дээгүүр элин халин явж таараад “Гэрэл гэгээ буй бол!” гэж айлдсанд гэрэл түгж, гэрэл түгснээр, гэрэл харанхуйгаас ялгарч, тэгээд Бүтээгч маань гэрлийг “өдөр”, харанхуйг “шөнө” гэж нэрлэснээр Өглөө, Үдэш үүссэн нь “God”-ын бүтээлийн эхний өдөр болов.

    Цаашаа 5 өдрийн турш Дэлхийд оршин амьдрагч бүх амьтад, түүн дотроо, Хүн, тэгээд хүний амьдралд хэрэгтэй загас, шувуу, ургамал ногоо, үндэс үр бүгдийг гүйцээж бүтээгээд сэтгэл ханан баярлаж бүтээлээ завсарлав гэж өгүүлдэг. Сонирхолтой нь, нэг хачирхалтай мэдээ бий. Тэр нь “Библи” сударт тэмдэглэснээр, хүн төрөлхтний дээд өвөг Адамыг яаж бүтээсэн? гэхээр, газрын нанги шавраар зуурч бүтээгээд өөрийн мөнхийн амь амьсгааг бие рүү нь үлээн оруулж амилуулжээ. Адам ганцаардаж Тэнгэрийн Эдэм цэцэрлэгт уйтгарлаж гуниглаад байхаар нь Адамын нэг хавиргаар Ева гэгч тэнгэр охиныг бүтээж амраг хос болгон ханьсуулсан гэдэг юм. Энэ өгүүлсэн зүйл, товчдоо, “Бүтээлийн онол”-ын гол мэдээлэл! Өнөөгийн байдлаар энэ “креоционизм” нэг талаас, нөгөө талаас Чарльз Дарвины “Эволюцийн онол” хоёр шинжлэх ухаанд хүчтэй өрсөлдөж байр суурь булаацалдаж байгаа юм. Шинжлэх ухаанд бие биеэ үгүйсгэж байгаа хоёр онол байваас, логикийн хувьд, нэг нь зөв, нөгөө нь буруу байх ёстой, эсвэл  хоёулаа ч буруу байх боломжтой, харин хоёулаа бүхлээрээ зөв байх магадлал бараг тэг (0)-тэй тэнцүү байх!

    Дарвины “Эволюцийн онол” гэдэг бол амьд ертөнц, амьтны аймгийг Бурхан бүтээгээгүй, харин “байгалийн шалгарал”, хувьслын жамаар амьдрал энгийн хэлбэр, төлөвөөсөө илүү дээд, илүү зөрчилт, нарийн нийлмэл хэлбэр төлөвтөө шилжин дэвших замаар амьд байгалийн хөгжил өрнөж, органик биш бодисуудын хувьсал хөгжлийн үр хөврөлөөр, органик бодисууд дээд хөгжилтэй биологийн төрөл, зүйлүүд бий болж өнөөгийн бүтэц үйл ажиллагааны горимд хүрсэн гэж үздэг, жишээ нь: эхлээд нэг эст болхи функцэт биетүүдээс олон эст биологи биет болон хөгжиж дараа дараагийн үе шатуудад эсийн хуваагдал, бэлгийн үржлийн зарчмаар “мөлхөгчид”, “хөхтөн”, “сээр нуруутан”, “жигүүртэн”, “сүүн тэжээлтэн” гэх мэтийн төрөл, зүйлийн түмэн амьтад үүсэн хөгжиж, хөгжлийн эцсийн шатанд, үг яриагаар мэдээлэл солилцдог, үйл ажиллагаагаа хянан зохицуулдаг логик ухамсарт хүн төрөлхтнийг буй болгосон гэж нотолдог шинжлэх ухааны онол юм. Эдгээр онолуудын талаар би мэргэжлийн судлаач биш болохоор буруу ташаа мэдээлэл, ойлголт өгчихсөн байх магадгүй шүү, тиймд, жинхэнэ судалдаг нарийн мэргэжлийн хүмүүсээс сайн асууж лавлаж тодруулаарай!

    3.    Хүний сүнс, сүнслэг амьдрал, хүний хойт төрлийн талаар Та ямар бодолтой явдаг бол? Хуваалцахгүй юу?

    Хүнд сүнс байдаг нь лавтайг өмнөх зуунуудад Дорно, Өрнийн шашинууд баталсаар ирсэн, харин тэр баталгааг нь шинжлэх ухаан үгүйсгэдэг, хүлээн зөвшөөрдөггүй, шашны үзэл бол мухар сүсэг, сүм хийдүүдийн эрх баригчдын мунхруулга гэж няцаадаг байсан бол ХХ зууны сүүл хагас ХХI зууны эхэн дэх шинжлэх ухаан хүний биед амьдад нь сүнс оршдогийг хүлээн зөвшөөрч, хүнийг үхэх агшинд сүнс биеэ орхин гарч сансар, дияаны орон руу оддогийг өөрөө баталж шинжлэх ухааны олон баримт туршлагын үр дүнг мэдээлдэг болов. Тэр бүү хэл, Орос, АНУ мэт оронд үхэж буй хүний сүнсийг өөр хүнд шилжүүлэн суулгах туршилт хийж үр дүнгээ нууцалж байгааг хэдэн жилийн өмнө Оросын нэг хэвлэлд бичсэнийг уншиж байлаа. Ингэхлээр, эмнэлгийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн шатанд хүний эд эрхтнийг хүнээс хүнд шилжүүлэн “нутагшуулах” мэс ажилбар хийх бүү хэл, үхсэн хүний хүүрэнд сүнс шилжүүлэн суулгаж амьдруулах мэс заслын арга ухааныг олж байгаа юм шиг байна.

    Одоо сүнс судлаач зарим эрдэмтэд “сүнсний хөгжил”-ийн тухай ч ярих болж, сүнсний хөгжил нь хүний амьд ахуйд явагдах ёстой амьдралын нэг үйл явц гэж үзэж, сүнсийг сайн, муугаар ялгах, хэрэв хөгжилгүй муу сүнс байвал Дээд Тэнгэрийн Дияан орны эрхшээгчдэд гологдон, тийм “гологдол сүнс”-ийг шууд устгадаг тухай анх удаагаа мэдэгдэж эхлэв.

    Сонирхуулж хэлэхэд, “Монголын Психотроникийн хүрээлэн” (Чинадбилигийн хүрээлэн)-гээс  “Таны оюунлаг сэтгэлгээнд” цувралаар хэвлэн гаргаж буй номууд дотор Секлитова Л.А, Стрельникова Л.Л зохиогчидтой “Сүнсний тухай Бурхадтай хийсэн ярилцлага” (Сансарын дээд оюун ухаантай тогтоосон холбоо) гэдэг ном хэвлэгдсэн байгаа. Уг номонд Бурханы удирддаг Дээд ертөнцүүдийн зохион байгуулалт, эдгээр ертөнцийг бүтээсэн болоод оршин тогтнуулж буй хуулиуд, хүний сүнсийг үүтгэгч орны бүтэц, үйл ажиллагааны тухай гайхалтай сонин баримт мэдээллүүдийг оруулсан байна лээ, уншаарай!

    Хүнд физик биеэс нь гадна зэрэгцээ бие, Сүнс гэдэг эрчимлэг, үнэмлэхүй оюунлаг, ихэнхи эгэл хүний нүдэнд үл үзэгдэх нарийн “Орон” бие буюу “цэнэгт ахуй” байгааг шинжлэх ухааны туршилт, судалгаагаар илрүүлж бодитой байгааг нь нотолсон нь хүний амьдралын агуулга, зорилго, амьдын үйл ажиллагааны мөн чанарыг өнөөгийн прагматик үзэл, баримтлалаар ойлгодог хандлагыг эрс өөрчлөх шаардлагатай болгож байна.

    Хүний амьдралын хугацаа үхлээр дуусдаггүй, цаашаа харьцангуй мөнх үргэлжилдэгийг хүн төрөлхтөн мэдэж авах нь хүний амьдралын бүтэц, хугацаа, чинад агуулгыг шинээр ойлгох “Нүд нээж” буй маш чухал, маш том нээлт! Харамсалтай нь, энэ бүгдийг өнөөгийн хүн төрөлхтөн огт анхаарахгүй, ач холбогдол оноохгүй, аанай л урьд өмнөх он жилүүдэд амьдарч ирсэн шигээ эд хөрөнгийн шунал, махбодын хүсэл тачаал, оюуны мунхагт автан буруу амьдарсан хэвээр бөгөөд газар дэлхий дээр амьдарч байгаа амьдралынхаа үр дүн, үйл ажиллагааныхаа шинж чанарыг үхлийн дараах сүнслэг амьдралынхаа зам мөр, “хувь заяа”-тай холбон тооцох, газрын амьдралынхаа үүрэг, зорилгыг өмнөхөөсөө өөрөөр харах, өөрөөр ухааран шинэчлэх, “Хоёр дахь бие”-ээ тооцсон үйл ажиллагааны зарчимд хэвших шаардлага илт тулгарсаар буйг огт мэдрэхгүй хайран амьдрал, эрдэнийн үнэт хувь заяагаа гомдоон гутаасаар байна!

    Хүний амьдрал газар дээр өнгөрүүлж буй хоног жилүүдээр дуусдаггүй, үхлийн үйл явцаар дамжин цаашаа өөр төлөв, өөр хэмжээст цаг хугацаа, орон зайд шилжиж өөр тооцоо, өөр хууль зүйт “шинэ засаглал”-ын нөхцөлд үргэлжилж амьдардаг. Тэр амьдрал нь газар дээрхи энэ амьдралын эерэг сөрөг үр дүнтэй шууд харгалзан бидний үйлдсэн нүгэл хилэнц болоод тус буян, ачлал хорлол, гэм унал болоод гэгээрэл ариусалын “үйлийн үр” ямраар боловсорно яг түүгээр нөхцөлдөн сүнсний амьдралдаа жаргал, зовлонгийн алийг эдлэхээ тодорхойлуулна. Хүн энэ насны амьдралдаа хүмүүст, бусад амьд амьтдад тус буян үйлдсээр эцэслэсэн бол жаргал эдлэх эрх чөлөөг олно, нүгэл хилэнц үйлдсээр хоногоо гүйцээсэн бол тамын зовлон эдлэх “хариуцлага”-ын ялд унана. Энэ бол сансарын хүрдний “үл эвдрэх” хууль юм. Энэ хууль хэзээ ч өөрчлөгдөхгүй мөнх хууль! Үүгээрээ манай Монгол улсын “УИХ”-аас баталж гаргадаг, хөрөнгө, мөнгөтэй, эрх дархтай хүмүүс нь үл тоодог, ядуу хоосон ард иргэдээ болохоор дагаж мөрдөхийг хатуу шаарддаг “Тоглоомын хууль”-уудаас асар ялгаатай!

    Сүнс хүний биеийн хамгийн аугаа хэсэг! Хүний амьдралын хамгийн сонин, хамгийн идэвхитэй үргэлжлэл! Тэр хэдийгээр гарт баригдах физик хэмжээст ордоггүй ч  тухайн хүнийхээ амьдрал, үйл хэргийн бүх мэдээллийг нэг нэггүй кодлон тээж, хүнийг үхмэгц биеэсээ асар хурдтайгаар, магадгүй, гэрлийн хурдаас илүү хурдтайгаар гарч амьдралын өөр төлөвт хувирч ордог “энерги-ахуй” юм байна гэж би ойлгоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний үхлийн дараах амьдралд тохиох үйл явцыг тодорхойлох “өгөгдөхүүн” удирдамж, хөтөлбөр болдог үзэгдэл гэмээр ч юм уу, хүний махбод хэмээх матери жирийн оюун ухаанд төсөөлөгдөшгүй, төгсгөлгүй их хурдын үйлчлэлээр энерги болж хувирч буй үзэгдлийн илрэл юм шиг байгаа юм. Тэгээд хүний бодит амьдралын хоёр дахь шатны үргэлжлэл болж урьд насны бүх мэдээлэлээ өөртөө агуулж, өөртэйгээ зөөж, физик биеийнхээ амьдралд туулж өнгөрсөн сайн муу, зөв буруу, ариун болоод ариун бус, хортой болоод тустай үйлийн үр дагаврыг эдэлж, яг л амьд хүн шиг, эсвэл жаргаж, эсвэл зовж, физик биеийнхээ үйлдсэн үйлийн үрийн шинж чанараар нөхцөлдсөн амьдралаар амьдардаг гэж итгээд сууж байна даа, ах нь! Хүмүүс ч бас ингэж ойлгож, ингэж итгэж, энэ насныхаа амьдралд нүгэл хилэнцээ аль болохоор тэвчиж, буяныг аль болохоор төгс үйлдээсэй гэж л хүсч байна.

    4.    Супер нэгдлийн онол гэж их яригдах юм. Монголын математикч, нийтлэлч Ч.Эрдэнэ гуай энэ чиглэлээр нээлт хийж, “супер нэгдэл”-ийг баталсан гэж би дуулсан. Энэ мэдээлэл хэр бодитой вэ? Та энэ сэдвийг сонирхдог уу?

    Үнэнээ хэлэхэд, надад энэ талаархи мэдлэг тун хомсдоо. Мэргэжлийн хүн биш болохоор товтой, тодорхой хариулт өгч хараахан чадахгүй. Яахав, хаа нэгтээгээс уншиж сонирхож байсан ганц нэг шинжлэх ухааны өгүүлэл, мэдээлэл, физикийн эрдэмтэн нөхдийнхөө бичсэн номын хуудаснаас хальт мөлт ойлгосноо л дамжуулая: Одоо дэлхийн физикч эрдэмтэд бодит орчлонг бүхэлд нь нэгтгэн тайлбарлах нэгдмэл нэг универсал онол боловсруулах нь байгалийн шинжлэх ухааны эцсийн зорилго гэж үзэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр сонгодог механикийн хуулиуд, тухайлбал, И.Ньютоны “Таталцалын онол”, бас орчин үеийн квант механикийн хуулиуд, тухайлбал, А.Эйнштейний “Харьцангуйн тусгай, ерөнхий онол”-ыг хооронд нь зөрчилгүйгээр нэгтгэн интегралчилах  “Таталцалын квант механикийн онол”-ыг боловсруулна гэсэн үг юм билээ. Орчлон ертөнц хүний мэдлэг, оюун харьцаж чадах хэмжээндээ физикийн дөрвөн их хүчний үйлчлэлийн нөлөөгөөр оршин тогтнож байгаа юм байна. Энэ дөрвөн хүч байхгүй болвол, эсвэл ямар нэг нөхцөл шалтгаанаар арилж уствал орчлон устаж сүйрнэ. Энэ дөрвөн хүч бол “бодисын таталцалын хүч” (гравитац хүч), “цахилгаан соронзон хүч”, “сул харилцан үйлчлэлийн хүч”, “хүчтэй харилцан үйлчлэлийн орны хүч” гэсэн дөрвөн төрлийн хүч байгааг нягтлан тогтоосон.

    Энэ дөрвөн хүчний үйлчлэх зүй тогтлыг физикийн шинжлэх ухаан амжилттай судалж нээгээд хүч тус бүрд харгалзах физик онолыг үндсэнд нь боловсруулж дуусчээ. Одоо эдгээрийг хооронд нь нэгтгэсэн орны нэгдсэн онолыг буй болгох чиглэлээр онолын физикийн гол судалгаа, туршилтууд хийгдээд эхэлжээ. Жишээ нь “Цахилгаан соронзон” орны онолыг “Сул хүчний” үйлчлэлийн онолтой нэгтгэсэн “Цахилгаан-сул хүч” –ний онол буй болгочихжээ.

    Одоо “цахилгаан-сул орон”-ы онолыг “Хүчтэй харилцан үйлчлэлийн орон”-ы онолтой нэгтгэх “Их нэгдлийн онол” (UHO), тэгээд бүх дөрвөн хүчний орны үйлчлэлийг нэгтгэсэн “Супер нэгдлийн онол”-ыг боловсруулах аргазүйн эрэл, судалгаа, туршилтын ажлууд хийгдэж байгаа юм. Энэ “супер нэгдлийн онол”-оо “таталцалын квант орны онол” ч гэж нэрлэж байгаа юм билээ.

    Манай Монголын математикч эрдэмтэн Ч.Эрдэнэ “Супер нэгдлийн онол”-ыг геометрт байгуулсан гэж мэдэгддэг. Тэрбээр 13 жилийн турш ноцолдож байж дуусгасан ‘’Principia mathematicia” гэдэг төө шахуу зузаан номондоо ертөнцийн хүчнүүдийн нэгдлийг математикаар баталсан гэж зарлаад байгаа. Энэ ном дан интеграл, дифферианциал тоонуудын хувиргалт, бодолт, тэднийг квадрат, куб зэрэгтэй язгуураас гаргасан, эсвэл квадрат куб зэрэгт дэвшүүлсэн тэгшитгэлүүдээр дүүрэн ном харагдана лээ. Урлаг, уран бүтээлийн биднүүст бол ёстой өнөө, “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг шиг л ном! Гаус, Эрдэнээ хоёроос өөр эрдэмтэн ойлгох юм уу, үгүй юм уу бүү мэд! Өнөөдөр хүн төрөлхтний оюун ухаан судалж буй орчлон ертөнц хэрэв эхлэлгүй бус , бас хоосноос бүтсэн бус, ямар нэгэн бодитой нэгж, анхдагч эх сурвалжаас бүтсэн, тэр нь материйн бүтэцтэй бол “супер нэгдэлийн онол” манай орчлон ертөнцийн үүсэл, бүтэц, хөдөлгөөн, хөгжлийн бүх үйл явцын зарчмыг нэгтгэсэн физикийн суурь онол, материйн үйлчлэлийн гол механизмыг тайлбарласан “цөм онол” байх нь лавтай. Энэ сэдвээр Та өөрөө сонирхон уншаад маш дэлгэрэнгүй, цэгцтэй мэдлэг олоод авчихаар зарим нэг номын нэрсийг одоо би Танд хэлээд өгөе! Энэ номууд миний гэрийн номын санд байгаа. Аваад уншиж болно.

    1. Стефен В.Хокинг                                                                                                   “Хар нүх ба шинэ ертөнц”,                                                                                                                             “Цаг хугацааны товч түүх”                                                                                                                             (Их тэсрэлтээс хар нүх хүртэл)
    2. С.Хүрэлсүх.                                                                                                             “Шашны физик-I”                                                                                                                 “Шашны физик-II”
    3. Х.Намсрай (академич)                            “Хорвоо ертөнцийн хөгжил,  амьдралын зүй зохицолдолгооны зарим асуудал”
    4. Ч.Эрдэнэ.                                                                                                              “Бид ялав: Монголын үндэсний сэргэн мандал”                                                                                                       “Их гурвалжин”
    5. Б.Г. Кузнецов.                                                                                             “А.Эйнштейн”
    6. Е.В. Дубровский                                                                                              “Разум побеждает”
    7. Нас-Уртын Түгжсүрэн,                                                                          8.Ч.Лхагважав                                                                                                         “Оддын ай, орчлон судлал”
    8. 5.    Би Монголчуудын эрүүл аж төрөх соёл, уламжлалын талаар олон жил судалгаа хийж ном зохиол хэвлүүлж байгаа болохоор энэ сэдвээр заавал асууж ярилцмаар байна. Танд ч бас боддог өөрийн бодол, философи бий байх гэж бодож байна?…

    Эрүүл байхын утга учир бүгдэд тодорхой. Хэн ч өвдөх, үхэхийг хүсэхгүй! Эрүүл бие л саруул ухаан “үйлдвэрлэнэ”, нийгэмд баялаг бүтээх тустай ажил хөдөлмөр эрхэлж чадна, нийгэмдээ зориулсан эерэг эрчимт үйл ажиллагааныхаа үр шимээр жаргалтай амьдарч чадна. Ингэхлээр эрүүл бие бол хүний жаргалын анхдагч бөгөөд гол эх сурвалж гарцаагүй мөн! Нөгөө талаас Бурхан багшийн айлдсанаар хүн биднүүсийн амьдын хорвоо бол зовлонгийн “умай” юм. Яагаад гэвэл, Хүн “Төрөхийн зовлон”, “Өвдөхийн зовлон”, “Өтлөхийн зовлон”, “Үхэхийн зовлон” гэж дөрвөн их зовлонгийн далайг гаталдаг.

    Эрүүл байх нь “Өвдөхийн зовлон”-гоос амирлуулна. Хүнийг эрүүл, сайхан чийрэг биетэй, өөрөөр хэлбэл, өвчингүй эд эрхтэнтэй, хийморлог амьдрах ухааныг арга билигийн нэгдэлд хураасан зөв амьдрахуйн уламжлалт мэдлэг, соёл, гэрийн сургаал, дэг ёсыг Монголчууд өнө эртнээс боловсруулсан нь бүхэл бүтэн “Үндэсний номын сан” болохуйц өвийг буй болгосон байгаа! Тэр бүрийг үл өгүүлээд, харин эрүүл амьдрахын учир тухайд жаахан өөр өнцгөөс хардаг санаагаа хэлье гэж бодож байна. Германы алдарт жүжгийн зохиолч Бертольд Брехтийн хэлсэн нэг айхтар үг байдаг. Тэр үгийг би бүүр залуу байхдаа “өврийн дэвтэр”-тээ бичиж аваад хадгалсан юм. Ямар үг вэ? гэхээр, “Үхлээс бус зорилгогүй амьдралаас ай!” гэсэн үг! Үхэл бол амьдралын хамгийн идэвхитэй, хамгийн хүчирхэг эрчимлэг, хамгийн оргил эгшнүүдийн нэг! Хар муугаар бодож огт болохгүй! Үхэл бол ариун, гүн мөн чанартай үйл! Иймд хүн сэтгэл дотроо үхэлтэй эвлэрч, баяртайгаар хүлээж авах гэгээрэлд амьддаа хүрэх хэрэгтэй! Үхэл ирэхэд айх, цочирдох ч хэрэггүй, амьдралд хоргодох, харамсах ч хэрэггүй! Харин гагцхүү том ариун зорилго тэмцэлгүй, хоосон дэмий өнгөрүүлсэн амьдралынхаа үр дүнгүй, бусдад хэрэг тусгүй хоног хугацаанаас л хүн айх, ичих хэрэгтэй юм. Тэгэхээр хүн эрүүл байхын гол учир, үндсэн зорилго насаа уртасгах, хэзээ нэг өдөр магад ирэх үхлийг цаашлуулахдаа бус, эрүүл байж их хөдөлмөрлөх, нийгэм олондоо ашид тустай, амин чухал хэрэгтэй түүхэн гавъяа, буяны үр өгөөж болж үлдэх ариун сайхан, үнэ цэнэтэй бүтээлийг үлдээхийн учир л юм. Үхэл хагацлыг даллах хэрэггүй ч үзэн ядах, гутаж гуних үнэхээр хэрэггүй! Үүгээр би юу хэлэхийг хүсч байна? гэвэл эрүүл биетэй байх явдал хүний амьдралын эхний хэрэгцээ, зорилго мөн нь яах аргагүй мөн, гэхдээ ард иргэд бид юуны тулд эрүүл биетэй байх ёстой юм бэ? гэдэг асуудал бол удаах, бас нэг зэрэгцээ гол хэрэгцээ гэдгийг л хэлэх гээд байна. “Удаах гол хэрэгцээ” гэдэг маань нийгэмдээ сайн сайхан баялаг бүтээх, гэхдээ, зөвхөн үхмэл эд хөрөнгийн хуримтлал бус, хүний жинхэнэ дотоод хөгжлийг хангах оюунлаг баялаг бүтээх хэрэгцээ юм. Энэ л чухамдаа хүний амьдралын гол хэрэгцээ, гол зорилго! Түүнээс биш зөвхөн өмч хөрөнгийн аривжуулга, ашиг хонжооны зорилгоор үйлдвэрлэл худалдаагаар бүтээгдэж буй “баялаг”, техник технологийн дэвшил, хөгжил, энэ зорилгод зарцуулагдаж буй амьдрал эцсийн дүндээ үхмэл үйл явц, үхмэл амьдрал! Үүнийг эс ойлгох нь, эс сэхээрч амьдрах нь хүнийг хөнөөх аюулд авчирна. Хүн, нарийндаа, өвчин үхлээс айх бус “үхмэл амьдрал”-аас л айх хэрэгтэй!

    Монголчуудын хувь заяа уг нь тэнгэрлэг, гэгээн юм шүү! Даан ч энэ муухай луйвар, мөлжлөг, авлига, заль мэхээр амилсан зах зээлийн харилцаа, хувийн өмчийн шунал, улангасал дэндүү харлуулж хорлож орхилоо. Энэ гажиг замын бурууг ойлгож хөгжлийн зөв, хүнлэг энэрэнгүй зам руу ортол одоо олон жил, бас, оюун сэтгэхүйн хийгээд сэтгэлийн ариусал, гэгээрлийн олон хувьсгал хийх цаг хугацаа шаардлагатай болчихлоо. Яагаад гэвэл, зах зээлийн харилцааны гамшиг, гайгаар хүмүүсийн сэтгэл санаа асар муудан доройтож, адгуусан рефлекс, сэрэл тачаал, сэтгэхүйн ялзралд илт идэгдчихлээ. Монголчуудын хувьд гэхэд л, ихэнхи нь ядуурч, сайн сайхан амьдралд итгэх итгэлээ алдаж эхэлж байна. Шалтгаан нь нууцгүй, ив ил, юу гэвэл, хүн амын дийлэнхийг “Хүний эрх”, “Эрх чөлөө”, “Чөлөөт ардчилсан нийгэм”, “Чөлөөт сонгууль”, “Тэгш эрх” гэх мэт баахан олон, тэгсэн хэрнээ шал хийсвэр, тэнгэрийн солонго шиг хуурмаг, зүсэм талхны ч үнэ цэнэгүй улс төрийн “мэс засал”-ын “ардчилалаар” толгойг нь эргүүлэн молигодоод бодит хар амьдрал дээр болохоор луйвар, хулгай, мөлжлөгөөр хөлжсөн хөрөнгөт цөөнхийн эдийн засгийн дарлал, “ажилгүй”, “мөнгөгүй”-н гуйланчлал, боолчлолоор гинжилсэн хэрэг. Өнөөдөр Монголд зөвхөн хүн амын хоёр, гуравхан хувийг эзэлж буй төр-бизнесийн олигархи бүлэглэл л амьдралын сайханд болоод өөртөө маш итгэлтэй амьдарч байна. Гэвч зайлшгүй үнэнийг хэлэхэд, хүн зөвхөн Бурханд таалагдах ажил үйлстэй байвал л сая өөртөө итгэлтэй байж болно. Энэ бол нүгэлгүй амьдралын баталгаа! Хаанд таалагдсан хүн Бурханд таалагддаггүй гэж судар номын үг бий юм.

    Стефен Хокинг “Орлон ертөнц гэж юу вэ, юунаас яаж үүссэн бэ? гэдэг асуултын хариултаас илүү “Ертөнц яагаад оршин буй вэ?” гэдэг асуултын хариуг олох нь чухал! гэж сануулсан шиг өнөөгийн нийгмийн сэтгэлгээ, түүн дотроо, эрүүл амьдрах арга ухааны сэтгэлгээг оруулаад, хүн эрүүл саруул амьдрах ёстойг ухааруулахаасаа илүүтэй хүн юуны тулд, яах гэж эрүүл амьдрах ёстойг таниулах нь их чухал байна. Энэ зорилго, чиглэл өнөөгийн хүн төрөлхтний амьдарч буй нийгмийн харилцаа, тэр харилцааны ёс зүй, хүмүүсийн үйл ажиллагааны мөн чанар туйлын сөрөг үр дагавартай байгаа нөхцөл байдлаас урган гарч байна.

    Хүн, юуны тулд, чухам яах гэж эрүүл байх, энх амар амьдрах ёстойг ухамсарлуулах нь нийгмийн философийн гол асуудал гэдэг боловч энэ асуултын зөв хариултанд хүч хавсралгүй хөгжих нь бусад салбар шинжлэх ухаануудын хөгжлийг ч утгагүй болгоход хүргэнэ.

  • Зүрхэнд үйлдвэрлэв

    Бурхантай, бугтай, тэнгэртэй, газартай хэрэлдлээ.
    Эхлэл нь хаана байсныг, төгсгөл нь хэзээ ирэхийг
    эрж хайгаад олсонгүй. Хэрүүлийн эзнийг сая л оллоо.
    Олох олохдоо түүний тохуурхал, даажигналын чимэг сонслоо.
    Сонсогдож байгааг бодоход тэр амьтай юм.

    Нар. Нозоором халуун. Нүд анилдан зүүрмэглэхэд тэнгэр нэг цэнхэртэн, нэг харлан харагдах нь зузаан хөх шилтэй төстэй ч юм шиг…

    …Бөмбөгөр шилэн доторх ижижгхэн хотыг хэн нэгний нүд анхааралтай ширтэнэ. Тэр шилийг сэгсрэхэд бороо, цас, шороотой төстэй зүйл дотор нь бужигнана. Жижигхэн, бүр маш жижигхэн хүмүүс тийм бужигнаан дотор орох байх газраа олж ядан бөндөгнөхөд тэр өхөөрдөн инээд алдаж, бүр чангаар сэгсэрнэ. Тэгснээ нүдэнд үл үзэгдэх дуслыг томруулагч дуран доор тавиад юуг ч юм түүнд шахахдаа тэр чаг чаг чагхийн нүдээ цавчлан дахин дахин дурандаж, тонголзох нь хөгшин эрдэмтнийг санагдуулна. Залуу нас. Садан төрөл. Хайр. Ухаан. Хувь заяа. Ийм бичигтэй хруу шилнээс дусал дуслыг авч өнөөх шингэн дээр дусаана. Тэгээд шилэн хотод бужигнан гүйлдэх хүмүүсээс нэгийг нь барьж аваад дуран доорх шингэнээ бие рүү нь шахчихаадбуцаагаад тавьчихав. Хүн өвдсөндөө час часхийн дуугарна. Харсаар байтал нүднийх нь өмнө хүний хэвлий маш түргэн томорч түүнээс бүүр жижигхэн хүн доройхон дуугаар мөн л часхийн дуугараад газарт уначихав.

    Саяхан бий болсон тэр амьтан яах ийхийн зуургүй өсөж томрохыг дээрх нүд анхааралтай ширтэнэ. Эхэндээ төрсөн, төрүүлсэн хоёр салахгүй хөтлөлцөн байснаа төдөлгүй жижигхэн нь хаа нэг тийш яваад өгөв. Түүний үйлдэл бүхнийг өнөөх нүд алдалгүй харахын зэрэгцээ биенээс нь юуг ч юм буцаагаад соруулж авна. Соруулах бүрт нь хүн аажимхан жижгэрч, хууртсан хүүхэд шиг өмөлзөхөд тэр бүр байж ядан эгдүүцэж шилийг улам хүчтэй сэгсэрнэ. Хүнээс соруулж авсан бүхнээ тэр Залуу нас, Садан төрөл, Хайр, Ухаан гэсэн түрүүчийнхээ хуруу шилэнд буцаагаад хийчихэв. Тэгээд хэсэг харж суусныхаа дараа энэ утгагүй агшнаас залхаж, хатаж бөгтийсөн хүний бие рүү “Дурсамж”-ийг шахлаа. Шахаж байхдаа тэр чаг чаг чаг хэмээн нүдээ түргэн түргэн цавчилна. Нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй энэ бэлгийг нь хүн хэчнээн хүндэтгэн хүлээн авч, хэсэгхэн зуур сэргэхийг тэр анхааралтай ажина. Төдөлгүй түүнийгээ буцаагаад соруулаад авчихав. Харгис, хатуу энэ тоглоомноосоо бүр мөсөн залхсан тэрээ гэнэтхэн хүнийг эрхий хуруугаараа ганцхан дарж няцалчихаад над руу огцом эргэн харлаа. Түүний нүх шиг тоом хар нүд, хүйтэн харцтай нь тулгармагцаа би цочин ухасхийв…


    …Сэрэхэд гэрт нам гүм. Хажуугаас халаагуур төөнөнө. Нуруу даган нойт оргиход сая зүүдэлснээ ойлгов. Уртаар санаа алдаад хөрвөөх агшинд өнөөх нүдний чаг чаг чагхийн цавчлах нь хажуухнаас сонсогдлоо. Гайхан өндийхдөө яг түрүүчийн зүүдэнд харсан хэмжээлшгүй том, хүйтэн хар нүдтэй харц тулгарав. Цаг хугацаа харанхуйн гүнээс яг над руу ширтэж байлаа.

     

  • Уучлал бол том ялалт

    Бусдыг бодвол би өөрийгөө илүү эмзэг мэдрэмтгий нэгэн гэж боддог юм. Хэтэрхий мэдрэмтгий байх, хэтэрхий эмзэг сэтгэлтэй байхын зовлонг чи мэдэх үү? Өөнтөгч гэх үү, эсвэл аливаа харилцааны цаад талыг илэрхийлэгчээс нь түрүүлээд харчихдагтаа тэрүү дарамт шаналгаа, далдалж нуусан хуурамч араншинг илүүтэй мэдэрч, тэр хэрээрээ өөрийгөө яллаж, өөртөө гэм хурааж явдаг нэгэн гэхэд болно. Эхлээд энэ бүхнийг даван гарахад амаргүй байдаг байлаа. Хэн нэгэнд үргэлж гомдож, дотроо түүнийг тээж явах нь хэтэрхий хүнд ачаа гэдгийг биеэрээ мэдэрч явсан юм. Намайг гомдоосон хүмүүстэй тааралдах, тэдний өмнө гунигт нүднийхээ харцыг буулгаж явахад яагаад тийм амаргүй байсныг мэдэхгүй ч агшин хором бүхэн нь даван туулахад бэрхтэй байлаа.

    Тиймээс гомдоогчдоос дөлөн зугтаж, зам дээр нь таарчихгүйг хичээн алхам тутамаа цэгнэж явах хэрэгтэй болж эхэлсэн юм. Ийм хүнд сүүлдээ гишгэх газар ч олдохоо болино. Амьсгалах агаар дутагдаж, хүмүүсийн дунд будилуухан алхаж явах агшин бүртээ сэтгэл хөндүүрлэн өвдөж, зүрх чимчигнэн шанална. Хэнд ч гэм хийгээгүй хэрнээ бусдын өмнө амьдарч байгаадаа буруутан мэт болон ийн ганцаардах нь бахардаж унамаар хүнд хэцүү санагдах болов. Хүмүүс ямар харгис болохыг, бусдын сэтгэл доторхыг ямар бүдүүлгээр сэндийлж чаддагийг ойлгох тусмаа амьдрах аргаа олоход бэрхтэй болж эхэлсэн юм. Өөнтөгч нүдэнд сүүлдээ өглөөний наран хүртэл дооглон мандах мэт санагдана. Гэхдээ энэ бүхний бурууг би өөрөөсөө биш бусдаас хайсаар байлаа. Тэд л намайг гэмгүйхэн явж байхад гомдоож, тэд л надтай хүний ёсноос гадуур харьцсанаас болж байдал иймд хүрсэн гэж итгэж байсан хэрэг. Ядуу байсныхаа төлөө, дутуу өссөнийхөө төлөө би бусдад адлагдаж байна гэж бодно.

    Бодол хуримтлагдан өссөөр сүүлдээ амьдралд өшрөн гутмаар ч юм шиг болж ирсэн юм. Яг тийм үед нэгэн ухаант хүнтэй уулзаж билээ. Түүнтэй нөхөрлөсөн хором бүхэнд би тайтгарч, түүний бусдыг уучилж чадаж байгаад дасан зөөлөрч, цөвтсөн сэтгэлээ цайлгаж эхлэв. Яаж уужуухан байж болдгийн жишээг тэр харуулж өгсөн юм. Сэтгэл гэдэг ямархуу уужимхан орон зайг эзэгнэж байдгийн утга учрыг түүний үлгэрээр олж мэдсэнийхээ дараа анх удаа сэтгэлдээ уучлах гээч асар том эрх чөлөөг зайчлан оруулж билээ. Эхнийхээ оролдлогыг хэзээ ч уучилж боломгүй хүн дээр хийсэн юм. Тэр этгээд миний цусыг байнга үздэг нэгэн байлаа. Түүнээс л болж би тийм өөнтөгч нэгэн болсон гэдгээ мэднэ. Гэсэн ч уучлахаар шийдэв. Эхлээд бүх зүйл тийм ч амар хялбар болсонгүй. Түүний үйлдлүүд нүдэнд минь байнга харагдаж, гартаа барьсан хүйтэн зэвсгүүд нь сэтгэлийн мухраас арилж өгөхгүй л байсан юм. Гарыг минь хугалж, тархийг минь хагалж, хүлж, дүүжилж, алхам тутамд минь хянаж мөрдөж, дүн өвлөөр гудамжинд хөөн гаргаж, үүр цайтал тамлан хэрцгийлж, хайртай бүхнийг минь эвдлэн гишгэлж байсан нь нүдэнд харагдсаар л байлаа.

    Уучилж болно гэж үү? Тэр ийм хүндлэлийг хүлээх эрхтэй гэж үү гэсэн асуулт сэтгэл дотор хадгалагдсаар л байлаа. Гэсэн ч ухаант найз минь надаас уучлахыг шаардсаар байсан юм. “Гомдолоо тайл, гомдолоо тайл. Эс тэгвээс чи өөрөө ч зовох болно. Өширхөх амархан ч түүнийг хадгалж явах амаргүй” гэж тэр дандаа хэлдэг байлаа. Би дахиад л оролдож эхэллээ. Гомдоогчийн надад учруулсан муу бүхнийг эерэг сайн хэлбэрт оруулахыг хичээж эхлэв. Тэрний ачаар л би зоригтой шийдэмгий, бас тэвчээртэй тэмцэгч нэгэн болсон юм байна гэдгээ ойлгов. Өрсөлдөгч байхгүй бол хөгжил ирэхгүй гэдгийг тэгж нэг юм ойлгов. Тэрний ачаар л би зорьсондоо хүрэх хатуу сэтгэлтэн болж чадсан төдийгүй тэр л сэдэлтээр зовлонг сөрөн зогсож, илүү амьдрахыг, илүү өндөрт нисэхийг мөрөөдөж чадсан байсан юм. Ингээд бодон бодсоор би нэг л өглөө сэтгэлээ уучлалаар сүлсээр нойрноосоо сэрэв.

    Чаджээ, би уучилчихсан байлаа. Одоо тэрүүнтэй таарахдаа духаа өгөн үнэрлүүлж чадахаар уужим сэтгэлийг дотроо зайчлан гаргасан гэдгээ ойлгож байсан юм. Тэр уучлагдлаа. Тийм уучлал гомдоогчийг миний өмнө сөхрүүлсөн төдийгүй үхэн үхтэлээ надаас уучлалыг эрэн амьдрахыг тэр илүүд үзэх болов. Түүний хийж байгаа үйлдэл бүхэн надаас тал олох, надад таалагдах, намайг өмгөөлж хамгаалахын төлөө болж хувирсан юм. Нэгэн цагт би түүний гарын дор байсан бол одоо тэр миний атганд дуртайяа бөгтийн суух биз. Гэсэн ч би тэрхүү хүлцэнгүй ноомой байдлыг нь бах тав болгон ашиглахыг хүсээгүй. Тэгвэл уучлал маань өш хонзон болж хувирах биз. Түүнийг зөнд нь орхисон билээ.

    Нэгэн цаг үеийг эзэгнэсэн хамгийн том гомдоогчоо уучилж чадсан надад түүнээс бусдыг нь уучилна гэдэг хэцүү биш болж эхлэсэн нь мэдээж. Сайн нөхрийнхөө ачаар би ийнхүү бусдыг уучлах гээч гайхамшигтай /би энэ нялуун үгэнд тийм ч дуртай биш боловч энэ удаад ашиглахаар шийдэв/ эрх чөлөөг олж авсан юм.

    Уучлал бол хамгийн бол ялалт юм гэдгийг би алхам тутамдаа мэдэрдэг. Хэрвээ энэ л амьдрах насандаа ямар нэгийг ойлгож, ухаарах эрх үүрэгтэйгээр хүн амьдралд ирдэг бол би чухам уучлахын гайхамшгийг мэдэрч ойлгох гэж ирсэн биз өөрийгөө боддог юм. Гэвч сэтгэл гээч эмзэг эрхтэн юм л бол гомдлын шавлбааг руу хальтирчих гээд байх юм даа. Тэр бүхний дараа уучлалыг эрж олох амаргүй аянд морддог гэж хэлж болно. Яг одоо ч бас уучлуулах зүйл хийгээгүй ч сэтгэлд минь жавар хургуулан үлдсэн ганц нэг хүнийг уучлахаар бодлоо чөлөөлөн сууж л байна. Чадна гэдгээ ч мэдэж байна. Уншигч та ч бас тэр хязгааргүй эрх чөлөөг эрж олоход болохгүй нь юу байх билээ?

    Сэтгэлд тээр болсон ачаануудаасаа салж л байсан нь дээр.

  • Алтан хайрцаг /өгүүллэг/

    Эмээгийн маань эгэл ертөнцтэй холбогдож байдаг сүүлчийн утас тасарч байхад толгой нь миний өвөр дээр байсан юм. “Тэд ирлээ. Тэр хоёр намайг авах гээд” байна гэсэн үгсийг сонсоод би эмээгээ хэний гараас хэрхэн аварч үлдэхээ мэдэхгүй хий л бүлтгэнэж, анх удаа хувь тавилангийн өмнө юу ч хийж чадахгүй арчаагүй дорой нэгэн болохоо ойлгосон юм. Цээжнээс нь хүрхрэх мэт чимээ гарснаа эмээ маань “Эмээгээ..битгий тавиарай” гэж үглэж байв. Би ч чадах л хэрээрээ гарыг нь алгандаа байдаг чадлаараа атгаж байх үед хуруунууд нь аажмаар хөрч, миний эрхий хурууг зүүн гартаа атгасан чигээрээ хөшиж байлаа. Түүнийг хэн нэг нь миний гараас булаан авч байхад би юу ч хийж чадаагүй. Түргэний эмч ирээд цээж рүү нь хүчтэй дэлсэж, байн байн чагнаж үзэж байхад “Одоо ч оройтсон доо” гэж бодож зогсов. Үнэхээр тэгэхэд л эмээгийн маань хувьд бүх юм дууссан. Эмээ нар үлгэр шиг үргэлж нууцлаг, сонирхолтой хэрнээ мөрөөдөл шиг үргэлж дэргэд байдгийг бид дэндүү хожуу ухаардаг нь харамсалтай. Би эмээгийнхээ хамгийн анхны зээ охин нь. “Балет” гэдэг нэртэй, бүжиглэж байгаа гоё хүүхний зурагтай дугуй хайрцагнаас сайхан үнэртэй цагаан энгэсэг хөвөнд шингээн нүүрэндээ түрхээд эмээ маань өглөө бүр ажилдаа явдаг байсан үеийг санаж байна. Энэ бол бүүр багын явдал. Одоо бодоход эмээ маань тун ч залуухан байж дээ. Харин ээж маань бол 19 настайдаа охин төрүүлсэн, 20 гарч яваа охин байсан. Тэр үед эмээ ямар нэгэн олон нийтийн байгууллагад хариуцлагатай ажилтан байсан юм билээ. Сүүлд сонсоход тэр ажил нь Хотын үйлдвэрчний эвлэлийн эмэгтэйчүүдийн холбооны нарийн бичгийн дарга байсан гэсэн. Манайхаар яг эмээд маань байдаг шиг дугуй цагаан малгай, өргөн хүрээтэй шляп духдуулсан улаан уруултай дэгжин хатагтай нар их ирдэг байв. Тэд дунд өрөөнд /Одоо манай ээжийн үргэлж сууж байдаг/ орж суугаад нарийхан янжуур асаан маягтайхан зуугаад, жавхаатай инээд цангинуулан эмэгтэйчүүд болон олон нийтийн ажлынхаа тухай ярилцаж байснаа оройхон хэрд,
    “Туулын урсгал шөнөдөө сайхансан
    Торгон долгио хаялан мяралздагсан
    Хоёр ангир дандаа л хөвдөгсөн
    Холын анир авангаа дуугардагсан” хэмээн намуухан дуулцгааж эхэлдэг байлаа. Би гэдэг хүн хаалттай өрөөнийх нь доогуур шагайн харах гэж тонголзон суух зуураа өтгөн шингэнтэйгээ холилдож, тэрнээсээ өөрөө ч сэжиглэн хүний анхаарал татах гэж дуу хадаан чарласан “баастай бурхан” байсан санагдаж байна. Тэр үед манайх хотын төвийн “40 мянгат” гэгддэг цагаан байрнуудын хоёр өрөөнд амьдардаг байлаа. Эмээ маань найман хүүхэд төрүүлсэн юм. Тэд намайг жаахан ухаан орох үед бүгд л том болж, бие даах бэлтгэлээ хийж байв. Ах нар маань найз нараа дагуулан ирж, өдөртөө гитар тоглон дуулалдаж, мөнгөө нийлүүлж авсан консеровоо үргэлж гэртээ ганцаар цоожлуулдаг надтай хувааж идчихээд л гарч одно. Харин манай ээж тэргүүтэй эгч нар маань тэр хавьдаа л сайхан бүсгүйчүүдэд тоогддог насан дээрээ очицгоосон тул гоёж гоодон, цэцэгтэй эрээн даавуугаар дэрвэгэр хормойтой даашинз эсгэнгээ орой бүр орцонд эргэлддэг эрчүүдийн тухай, энд тэндхийн диско бүжгийн тухай элдвийн сонирхолтой зүйл ярьцгаана. Энэ бүхэн миний хувьд мөрөөдөл байлаа. Тэд нар шиг сайхан даашинз өмсөөд, үсээ буржийлган, сормуусаа дэрвийлгээд л хаа нэг тийшээ нисээд явчихмаар байсан ч би хэтэрхий жижигхэн байсан. Олон хүүхэдтэй, тэд нар нь олон найзтай тул эмээ, өвөө хоёрын маань гэрт хөл гишгэх газар ховор байж билээ. Тэгсэн хэрнээ тэд хэнийг ч аашилж, ад үзэж, аяга хоолоо нуун далдалж байсангүй. Тогоо дүүрэн хоол хийхэд л нүд ирмэх зуур үгүй болно. Одоо санахад Жаалаа ахын /бага нагац ах/ том Гамбаа, Энхбаяр ах, Пүүвээ эгчийн /нагац эгч/ найз Ундармаа, Ногооноо, Иван, ээжийн маань найз Нараа, Түмээ эгч өөр хэн хэн ч билээ манайхаар олон хүн байнга л орж гарч, заримдаа хонож өнжөөд явна. Харин эмээгийн маань найз нар ихэнхдээ урлаг соёлын алдартнууд, олон нийтийн ажилтнууд байсан юм. Дуучин Түмэндэмбэрэл гуай хүртэл манайд ирээд дуулж байгаад л гардаг байсан санагдаж байна. Харин өвөө маань дуугүйхэн эрүүнийхээ сахалыг чимхүүрээр зулгааж, цонхоор ширтэнгээ хаа нэг бүрхэг өдрийн нарны туяа шиг мэлсхийтэл инээмсэглэнэ. Бодвол эргэн тойрныхныхоо элдэв балай яриа, хөгжилтэй дуу шуугианы аль нэгд инээдээ барьж чаддаггүй байснаас тэр биз. Манайд орж гарагсад өвөөг маань хэтэрхий дуу цөөнтэй болохоор ч тэр үү битүүхэндээ сүрддэг байв. Магадгүй цагтаа сайдтай зэрэгцэхүйц том ажил хийж явсныг нь хүндэлдэг байсан ч байж мэднэ. Тэр дуугүй, зөрүүд хөгшнийг ганц дуугаргадаг хүн нь эмээ байлаа. Өвөө өдөржин гэртээ эргэлдэх үедээ эмээг хүүхэд шиг дагаж, хаашаа л орно дүнсэн тамхины хайрцаг, үнсний сав хоёрыг нь бариад араас нь шогшино. Үргэлж үг сөрж, байнга шахам л бие биенээ гэмгүй хорон үгээр егөх хэрнээ тэр хоёрын ярих юм дуусдаггүй байсан. Би бол эмээ өвөө хоёр болон тэдний хүүхдүүдийнх нь залуу цагийн гэрч болохоор зүгээр л хүрээд ирсэн тусгай эрхтэй нэгэн мэт бүгдийнх нь ертөнцөд шууд л яваад орчихно. Том өрөөнд эгч нар эрчүүдийн тухай шивнэлдэж, дунд өрөөнд өвөө эмээ хоёр хэн нэгний тухай сайхан дурсамж, ниймгийн байдлын тухай хөөрөлдөж, гал тогооны өрөөнд манай ээж болон түүний үе тэнгийн бүсгүйчүүд эр нөхөр, хадмуудын тухай яриа өрнүүлж, харин ариун цэврийн өрөөнд өөр хэн нэгэн эгч, ах нууцаар тамхи татаж суухад би явж л байна. Тэд нар намайг тэр үед хэтэрхий жаахан байсан болохоор энэ бүхнийг одоо мартсан гэж бодож байгаа. Сонирхолтой нь би багын явдлуудаа хэтэрхий сайн санадаг хүн аж. Гэхдээ хэзээ ч нэгнийх нь яриаг нөгөөд нь дамжуулж байгаагүй. “Хүүхэд томчуудын ярианд оролцдоггүй юм” гэсэн лүндэнг хана, тааз хүртэл буулгадаг байсан юм чинь, арга ч үгүй биз.
    Ерөөсөө би гэдэг хүн үргэлж гол хүн байх хэрнээ бас томчуудын хувьд эд юмс шиг л тэр гэрт байх ёстой зүйлсийн нэг байсан гэхэд болно. Эмээ маань орой болгон дотоожийг маань тайлж, гэдэс гуяыг минь угаан тосолж өгөөд “Эвий, миний муу охин. Муусайн хогнууд цэвэрлээд өгөхгүй байна уу?” гээд духан дээр үнэрлэнэ. Би одоо ч хайртай хүмүүсээ үнэрлэж үнсэх дуртай. Эмээгээс уламжилж авсан энэ үнсэлт маань надад тайтгарал өгдөг гэхэд болно. Өөрийн юм, өрцнөөс унасан үр гэдэг уруулаараа сорон, шүлсээрээ норгож зүрхлэмгүй дэндүү энхрий амьтан болохыг тэр үнсэлт надад мэдрүүлдэг юм. Эмээд ч бас тэгж санагддаг байсан байх. Би эмээгээ эгэл жирийн өдрүүдэд уйлж байхыг хараагүй. Үргэлж инээж, хүүхдүүдээ цаашлуулж, өвөөг ёжлон уурыг нь барж, түүндээ өөрөө ч тачигнатал инээж сууна. Зүү ороон цэцэг навч хатгасан ногоон давуун даашинзных нь энгэр татагдан сунаж, оёосоороо ханзарсан байдагсан. Тэр бол би мэтийн хэдэн эрх зээгийнх нь хийсэн ажил. Улаан мэнгэтэй том цагаан мөөмийг нь бид булаацалдан барьж, дулаахан зөөлхөн энгэрт нь ээлжлэн шигддэг байв. Эмээ маань яг л бид нар шиг амттанд дуртай нэгэн байлаа. Орой ажлаасаа ирэх бүртээ намайг энхрийлэн үнэрлээд том хүрэн цүнхээ уудлан алим, мандарин, 30-ын чихэр гаргаж өгнө. Өдөржин гэрт түгжээтэй суусны гавьяа ингэж гарна.
    Хөвгүүд охид эхнээсээ сэтгэл нийлсэн хосоо авчирч, хүргэн бэрүүдийн найз, ах дүү гээд манайх бүр ч их ам бүлтэй болов. Зарим нь бүр гал тогооны өрөө, хонгилд хүртэл гудас дэвсээд унтаад өгнө. Одоо манай гэрт тийм их хүн ирвэл би л лав галзуурах байх. Гэтэл эмээ, өвөө хоёр маань нөгөө л дунд нь бужигнаж, дуу шуугиантайгаар өдөр хоногуудыг эв найрамдалтайгаар үдэж, угтсан хэвээр. Тэдний ганц хийсэн зоригтой алхам бол өдөртөө өөрсдийнхөө өрөөг түгжихдэг болж билээ. Учир нь дүрсгүй хэдэн ах нар маань бор авдартаа хадгалсан тавгийн чихэр, дүнсэн тамхийг нь хоосолчихдог байснаас тэр. Гэсэн ч бага залуу, омог зориг нь багтаж ядсан хөвгүүд яаж ийгээд өрөөнд нь орчихоод л байдагсан. Заримдаа бүр тагтаар дамжин өвөөгийн өрөөний салхивчаар орчихно. “Гурван давхарын тагтан дээрээс хүүхэд унах нь” гэсэн дуулианаар манай тагтны доор хүмүүс бужигналдаж, саваагүй сахилгагүй Болдоо /их нагац/ ахыг маань зүрх шимшрэн харж зогсох нь надад ч сонирхолтой байсан. Би эгээ л өөрөө тэр тагтаар дүүлж яваа мэт хүмүүст гайхуулан инээж зогсдогсон. Харин түүнийг дуулсан бол өвөө орой харьж ирээд суран тэлээгээ тайлж болдоггүй ахыг маань гурав сайн ороолгоно. Тэр үед эмээ “боль, битгий” гэж хориглож сүйд болдоггүй байлаа. Бодвол хүүхдийг эцгээс нь өмөөрвөл дийлдэхгүй болно гэдгийг эрх биш олон нийтийн ажил хийдэг хүний хувьд сайн мэддэг байсан биз.
    Нэг удаа эмээ маань намайг гадуур дагуулан явав. Бид хамтдаа дэлгүүр хэсэж, бараг арваад метр эрээн даавуу авч билээ. Би “Та ийм их даавуугаар яах гэж байгаа юм?” гэж асуухад эмээ,
    -Хэдэн хүүхэндээ даашинз хийж өгье. Чамд ч бас гоё даашинз хийж өгнө өө гээд нэг их баяртайгаар нүд нь гэрэлтэж байв. Үнэхээр ч тэр хэдэн өдрүүдэд манайд ёстой л хувцасны үйлдвэрлэл явагдав. Таван охин, нэг зээдээ адилхан эрээн даашинз хийж өгөөд ээлжлэн өмсөж, толины өмнө эргэлдэх тоолонд нөгөөх их баяр гэрэлтсэн нүд нь хөгжилтэйгээр гялалзаж харагдсан. Ер нь эмээ, өвөө хоёр маань гарын дүйтэй, зөв сайхан дуулчихдаг хүмүүс байсан. Түүнийг хүүхдүүд нь дуурайж боломж л олдвол хуучин хувцсаа тайрч, эсгэн, моод маягийг нь эвдлэн өөрийн болгоод авах сонирхолтой байж билээ. Хүн бүр л зураг сайхан зурчихдаг, гитар хөгжим тоглодог, бас аятайхан дуулж, дуртай хувцсаа оёод өмсчихдөг байв. Тэр бүхэн эмээ, өвөө хоёрын маань л ач. Манайхан ном их уншдаг байлаа. Орой унтахаар орондоо орцгоохдоо дор дороо ном дэлгэн хэвтэцгээх бөгөөд хааяахан номын хуудас сарчигнатал эргүүлэхээс өөр чимээ аниргүй болно. Тийм олон хүн нэг гэрт амьдардаг гэх тэмдэг огт үгүй. Харин би эмээгийнхээ шүлэнгэтэн уншдаг айхавтар зузаан “Зүрхний хилэн” романыг шохоорхон ширтсээр нойрсдог байлаа. Тиймээс тэдний тэр амтархан уншаад байдаг зүйлийг өөрөө олж мэдэхийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй нэгэн болов. Хүн бүрээс нэг нэг үсэг асуусаар би нууцаар уншаад сурчихсан юм. Гэхдээ сургуульд ороод “Цагаан толгой” бүрэн заалгах хүртлээ энэ нууцаа хэнд ч хэлээгүй. Бодвол ичдэг байсан биз. Анх сургуульд ороход эмээ минь л хөтөлж аваачсан. Бас бид хоёр хамтдаа сургуулийн хашаанд тарьсан модыг маань байнга усалж, нууцхан торддог байлаа. Одоо бол тэр мод маш том болсон. Тэр модыг харах бүрт эмээ минь санагддаг. Тэгээд яг тэр модны дэргэд шороотой хутгалдан сууж байхад минь тагтан дээрээ гарч ирээд “Хоолоо ид ээ” хэмээн дуудаг байсан нь нүдэн харагдах шиг болдог.
    Нийгмийн байгуулал задрахаас өмнө эмээгийн маань амьдрал нэг иймэрхүү байлаа. 1993 онд эмээ маань эрс хөгширчихсөн юм. Нэг өдөр харахад л үс нь цал буурал болсон байх бөгөөд нөгөө их цовоо цолгиун байдал нь үгүй болж, тамхи баагиулан хаалга чагнаж суудаг болчихсон байж билээ. Тэр үед урьдын гэр дүүрэн бужигнасан хүмүүс ч нүдний гэм болж өвөө, бид хоёроос өөр хүний бараа долоо хоногтоо ховор үзэгдэнэ. Ерөнхийдөө тэр олон хүний жигүүрээ дэлгэн ниссэн үүрэнд бид гурав л бүх дурсамжийг нь сахин үлдсэн байсан юм. Хэн нэг нь ирлээ гэхэд баахан идэж ууж аваад, хүнс барааны үнэ өсөж, амьдрах аргагүй болсон тухай л гомдоллоно. Хаа нэг өвөө, эмээ хоёрын удирдлаганд өмнө нь ажиллаж байсан хүн утсаар ярьж, мэнд мэдэн, бие тэнхээг нь асуух төдий. Өвөө сурсан зангаараа өглөө зургаан цагт босож, цай чанаад, намайг дуудан сэрээнэ. Харин эмээ чимээгүйхэн орон дээрээ өндийгөөд дэр, гудсан доогуураа гараа оруулан ямар нэгэн юм хайн тэмтэчсээр үлдэнэ. Өвөөгийн чанасан цай, халаасан хоолыг хам хум идэж аваад би хаалгаа тас саван сургууль руугаа яаран гарахад эмээ “Миний охин, хэдэн цагт ирэх үү?” гэж царайчлангуй асуусаар үлддэгсэн. Заримдаа хичээлээсээ ирэхэд эмээ, өвөө хоёр маань хөзөр тоглон инээд хөөр болсоор угтана. Тэр зуураа эмээ маань бульхайцсан хэрэгт орж, тэр буруугаа хүлээлгүй өвөөг гүжирдэн уурыг нь хүргээд авна. Төдөлгүй хоёр тийшээ харан суугаад “зөнөг, тэнэг, муу чавганц, халзан өвгөн” гэж хоёр биедээ нэлээд ширүүн үг шидлэн тэрүүхэндээ тунирхацгаана. Гэхдээ энэ зөрөлдөөн удаан үргэлжлэхгүй. Хэдэн хоромын дараа эмээгийн тэвчээргүй инээд түсхийтэл гадагшилж, өвөө маань ч муухан мушийх янзтай болж ирээд тэгсгээд эвлэрнэ. Цагтаа ажил хэрэг нь өөдрөг, албан тушаал өндөр, нэр төртэй явсан тэр хүмүүс ийнхүү цэцэрлэгийн хүүхэд шиг тоглохоос өөр хийх ажилгүй байгаатайгаа ихэнхдээ эвлэрдэггүй байлаа.
    Нүдэндээ том том шил хийж аваад шинээр гарсан сонин бүрийг гарчиглан, шүүн хэлэлцэж, улс, зах зээл, ардчилалын тухай ам булаалдан ярьцгаах хэрнээ ихэнхдээ санал зөрөлдөнө. Эмээ маань ардчилалыг дэмжигч байхад өвөө маань улаан коммунист байлаа. Тэр битгий хэл шашин, шашингүйн үзлийн тухай ч бодол санаа нь нийлж байсангүй. Эмээ залуу цагаа бодвол шашинд илүүтэй итгэж, харин өвөө тэр бүхнийг үгүйсгэсэн хэвээр. Сталины хөшөөг Төв номын сангийн өмнөөс буулгахад өвөө маш их сэтгэлээр унаж билээ. Харин эмээ огт тоогоогүй. “Тэгэх л ёстой болоод хүүхдүүд авч хаяж байгаа биз. Төр барьж байгаа хүн гэдэг чи бид хоёр шиг л зөнөчихсөн тэнэг амьтан байв гэж үү. Тэр амээрик, ёпон шиг нь болъё гэвэл энэ мэтээсээ салах л хэрэгтэй болох байх” гэж хэгжүүрхээд өвөөг бүр ихээр уурлуулж орхино. Уурлахаараа голцуухан гадагш гараад явчихдаг өвөө маань ч тэсэлгүй хаалга саваг гарч одно. Харин эмээ өвөөг дийлчихсэн гэдэгтээ итгээд хи хи хи хэмээн ханцуйдаа сэмхэн инээсээр үлдэх хэрнээ орж ирэхийг нь хүлээн цонхоор өнгөлзөн, хаалганы зүг чимээ тавина.
    Өвөө, эмээ хоёрын тэтгэвэрийн мөнгө бид гуравт дажгүй хүрэлцдэг байсан ч тэр үедээ сүүтэй цай ууна гэдэг амаргүй хэрэг байв. Хааяахан гал тогоондоо гар хүрдэг эмээ маань дэлгүүр явах их дуртай байсан. Явах болгондоо сүү авчирч “Өнөөдөр гурвуулаа нэг сайхан банштай цай хийж ууна аа” хэмээн инээд алдан орж ирдэгсэн. Одоо бодоход тэр үедээ ч эмээ маань өсгийтэй гутал дээр сурамгай алхдаг байв. Намайг гоёж гоодоход яг л жаахан охин шиг дагуулан харж, ингэ тэг гэж санаа нэмэнгээ хэдэн охиноосоо нууж хадгалсан чамин, ганган юмсаа харамгүй өгнө. Мэдээж эмээд гоё санагдсан бүхэн надад таалагдахгүй л дээ. Өгсөн юмыг нь авахгүй бол хүүхэд шиг гомдох тул би нэг их баярласан царай гарган аваад, хувцасныхаа шүүгээнд мартаж орхидог байлаа. Бид гуравын хамтдаа өнгөрүүлсэн эгэл жирийн өдрүүдийн сүүлчийнх нь иймэрхүү л байв. Нэг л нартай сайхан хаврын өдөр эмээ минь урьдынх шигээ өвөөтэй хөзөр тоглож байгаад гэв гэнэт өөр ертөнц рүү явчихсан юм. Тэр үед өвөө тэр хоёр алтан хайрцаг нээн тоглож байлаа. Эмээ дэлгүүр орж мах ногоо авч ирээд цовоо инээдээ цацруулсаар “Өнөөдөр гурвуулаа нэг сайхан ногоотой шөл хийж идье. Миний охин сайхан шөл хийчих” гээд тоглоомондоо улайран орсон. Гэхдээ эмээ минь тэр өдөр тэгтлээ хүссэн ногоотой шөлөө амталж ч амжихгүй гэдгээ таагаагүй биз.
    Болж өнгөрсөн аймшигт өдрийн маргааш манайхан лам дээр очиж, эмээгийн ажил явдлыг гүйцээхийн тулд “алтан хайрцаг”-ийг нь нээлгэв. Тэр үед л бид эмээгийнхээ жинхэнэ насыг мэдэж тун их гайхацгаасан. Эмээ маань өвөөгөөс таван насаар эгч байснаа хүүхдүүдээсээ бүх насаараа нуусан байв. Үргэлж сайхан байхыг, үргэлж сэтгэл булаам байхыг эмээ тун их хүсдэг байжээ. Жинхэнэ эмэгтэй хүний энэ авираа насныхаа эцсийг хүртэл хэнд ч хэлээгүйг нь бодоход өхөөрдөн инээд хүрмээр ч юм шиг. Ламтан “Хойт зүгээс ирсэн хоёр хүнээс улаан юм авсан байна. Уг нь нас нь гүйцээгүй л байж дээ. Гурван жилийн дараа өөрийн охин хүүхдэд буцаж ирнэ” гэсэн тухай томчуул ярилцахыг би хальт сонсоод авав. Яагаад ч юм тэр бүхэн тун сонин санагдаж байлаа. Эмээ тэр өдөр дэлгүүр орохдоо хоёр залуугаас үхрийн мах тун хямдхан авсан тухайгаа хөөр болон ярьж байсан нь ламын хэлсэнтэй таарч байсан бөгөөд сүүлчийн амьсгалаа татах мөчдөө “Тэр хоёр намайг авах гээд байна” гэж үглэж байсан зэрэг нь хачирхалтай санагдсан юм.
    Амьдрал гэдэг алтан хайрцаг мэт тансаг чамин хэрнээ тодорхой хэмжээс, багтаамжтай байдаг нь энэ үү гэж тэгэхэд бодогдож билээ. Харин ламтан алтан хайрцагийг нь нээчихээд буцааж хаасан тухай би л лав дуулаагүй. Тэгж болдог эсэхийг ч мэдэхгүй. Аливаа зүйлийг нээсэн л бол буцааж хаах ёстой гэж бодогдох тул ламын нээгээд орхисон алтан хайрцагийг нь хаахыг хичээж суугаа маань энэ. Эмээгийн маань алтан хайрцаг хаа нэгтээ дэлгээстэй байгаа гэсэн бодол тэр өдрүүдээс хойш сэтгэлээс огт гараагүй. Тэгээд ч тэр үү зүүдэнд минь эмээ өнөөх л хатгамалтай ногоон даашинзтайгаа байнга хүрч ирсээр байдаг юм. Надаас ямар нэг зүйлийг гуйгаад ч байгаа юм шиг. Сүүлчийн амьсгал татах мөчдөө ямархан нэг зүйл захиад үлдээснийг нь магадгүй би сонсож чадаагүй ч байж болох. Тиймээс тоглож байгаад дутуу орхисон хөзрийн алтан хайрцаг, идэх гэж хүсээд идэж амжаагүй ногоотой шөл, ар хойчийг нь тодруулах гэж нээчихээд хааж амжаагүй алтан хайрцагийнх нь тагийг одоо хаая даа. Алт шиг амьдралынх нь алтан хайрцаг руу хэн дуртай нь өнгөлзөөд байхыг миний эмээ хэзээ ч хүсэхгүй нууцлаг, дэгжин, бас хараа булаам эмэгтэй хэвээрээ үлдэг.

    2007 он. 1-2 дугаар сар.

  • Homeless

     Homeless буюу орон гэргүй хүмүүсийн тухай бичихээр шийдлээ. Орон гэргүй болохоор өөрийн гэсэн бүхнээ тэргэнд хийж түрээд, гудамжинд, траншейнд хоног төөрүүлж явдаг хүмүүс. Би энэ хүмүүсийг буруутгах гэсэнгүй, зөвтгөх гэсэнгүй. Харин яагаад энэ хүмүүс ийм байдалтай явдаг юм бол гэж бага ч гэсэн бодож үзсэн юм. Иймэрхүү нийгмийн эмзэг давхаргын хүмүүс аль ч улс оронд л бий.

    Зарим нь өөрсдийн арчаагүй байдлаасаа болоод, зарим нь өөрөө дурандаа ийм амьдралыг сонгоод, зарим нь амьдралын эрхээр (амьдрал баян болохоор олон л янзын асуудал тохиолдож хүмүүний амьдрал уруудаж, өгсөж байдаг. Энийг бид амьдралын эрхээр гэж тодотгож ярьдаг юм болов уу?) ийм замналаар замнаж явах.

    Энд ирээд удаагүй байхдаа ажил (Өртөг өндөртэй оронд амьдарч байгаа болохоор амаа ангайгаад зүгээр суугаад аав, ээжээсээ мөнгө аваад байхыг хүсээгүй учраас хичээлийн хажуугаар давхар цагийн ажил хийдэг юм. ) хайхаар Little Tokyo нэртэй газар луу явсан юм.  Тэгсэн буух ёстой буудлаа андуураад амьдралдаа хэзээ ч явж үзэж байгаагүй үнэхээр аймшгийн газарт буусан даа. Одоо бодоход даанч автобусанд байсан хүмүүс бүгд буугаад цөөрөөд байсан юм байна. Миний очсон тэр хэсэг нь Homeless Shelter буюу орон гэргүй хүмүүсийг нэг өдөр үнэгүй хооллоод хонуулдаг асрамжийн газрын хэсэг байсан юм байна лээ.

    Автобуснаас буугаад л би өөрийгөө бөөн хар өнгөн доторх ганц цагаан толбо шиг мэдэрсэн дээ. Гудамж талбай, байшин барилга… тэнд холхилдох хүмүүс. Кинон дээр л тийм дүр зураг харж байсан байх. Хэсэг хэсэг газар бөөн тэнэмэл хүмүүс тойроод зогсчихсон. Айсандаа бүрэн ч харж амжаагүй. Хүн тэгээд айхаараа өөрийн эрхгүй маань л амандаа уншдаг юм байна лээ. Тэгээд л гүйх шахуу алхаад тэр газраас холдохыг л хүсч байсан даа. Хэрвээ тэр үед аль нэг  homeless нь надад хүрээд, намайг дуудсан бол би шууд л ухаан алдах байх.

    Гэхдээ аз болж тэгээгүй ээ. Хэрвээ тийм юм болвол өөрсдөө хэрэгт орно гэдгээ бас мэддэг юм гэсэн. Гэмгүй мөрөөрөө байдаг хүмүүс юм гэсээн. За миний энэ адал явдал яахав.

    Энэ орны тухайд орон гэргүй хүмүүс бол бас л нэг шүднийх нь өвчин. Тэглээ гээд энэ асуудлаа шийдэж чадахгүй л байсаар. Харин ч орон гэргүйчүүд нэмэгдээд л. Дээр нь Working poor буюу ажил хийдэг ядуучууд нэртэй хэсэг бүлэг хүмүүс бас байна.

    Эдгээр хүмүүс янз бүрийн л шалтгаанаар ийм амьдралаар амьдардаг. Жишээ нь: Энэ оронд ажилгүй 3 юмуу 4 сар суухад л шууд homeless – н эгнээнд шилжинэ гэж нэг багш маань хэлсэн. Нээрээ ч үнэхээр үнэн.

    Багахаан тооцоо хийе л дээ. Калифорниа мужийн хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь $8.25. 7 хоногт 4

    0 цаг ажиллаад $330 (хамгийн багаар нь л бодлоо) олно. Сард $1320 олж байгаа юм. Харин байрны сарын түрээсийн мөнгө доод тал нь $700 studio буюу манайхаар бол нэг өрөө байр юмуу даа. Тэгээд дээр нь нэмэгдээд утас, тог цахилгаан, элдэв янзын даатгалын хураамж, орлогын албан татвар 30% гээд л сар бүр төлөх ёстой мөнгө гэж зөндөө. Мэдлэг боловсрол муутай, өндөр цалинтай ажил хийх чадваргүй хүмүүс нь ингээд л homeless эгнээнд шилжих үнэхээр ойрхон байгаа юм. Үнэхээр энэ шалтгаанаар олон хүмүүс бас орон гэргүй болсон байдаг юм байна лээ. Уг нь бол засгийн газрын бодлогоороо хүн олсон орлогынхо

    о 30%- иас илүүг орон байрны зардалдаа өгөх ёсгүй гэсэн юм байдаг болтой. Гэтэл энэ нь бас л бүрэн хэрэгжихгүй байгаа юм байх. Хуулиараа 6- 7 сар ажилгүй байх юм бол ажилгүйдлийн тэтгэмж гэх юмуудаа EBT (Electronic benefit transfer) гэж юм олгодог юм билээ. Сар бүр 400 орчим доллар. Гэхдээ энийг зөвхөн хоол хүнсний зүйлд л зарцуулж болно. Food stamp буюу хоолны талон нэртэй байсан харин одоо шинэчлэл явагдаад электрон карт хэлбэрээр олгогддог юм билээ.

    Working poor- н тухайд ажил хийдэг ч гэсэн амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, ёстой л хоосон хонохгүй хоёр идэхгүй хоног өдрийг өнгөрүүлж явдаг хүмүүс. Ийм айлууд Motel- д бас амьдардаг гэсэн.

    Харин манай орны тухайд энэ тоон үзүүлэлтүүд ямар гарч ирэх бол. Монголд хүмүүс homeless болж байгаагийн шалтгаан?

    Working poor бол зөндөө бий дээ.

     

    Асуудалгүй амьдрал, асуудалгүй улс орон гэж хаана ч үгүй юм даа.

    Дэлхий эргэсээр…

     

     

  • Хайр сэтгэл-гэр бүлд

    Хайраар ямар ч хүнийг хүмүүжүүлж болно. Ихэвчлэн хүмүүс бодохдоо даварна гэж бодож байдаг ч зөвхөн хайр дутсанаас сөрөг муу үйлдэл гарах эх үүсвэр болсон байдаг. Хайртай холбоотой амьдралаас урган гарсан мэдлэгээс хуваалцая.

                Хүнийг хайрлана гэдэг тэжээн тэтгэхээс гадна сэтгэлд нь байгаа зовлонг хуваалцахын нэр. Хосууд хайрлаж дурласнаараа зарим нь жаргаж, зарим нь зовж, шаналж, зарим нь сэтгэлээ барихаас өөр аргагүй болдог. Бие биедээ жинхэнэ дурлаж хайрласан хосууд л хэзээ ч бие биенээ үзэн ядаж чаддаггүй. Хайр дурлалыг бие биедээ дурласан хоёрын нэг нь л шархлуулдаг. Өөр хэн ч шархлуулж чадахгүй. Бусдыг уураар бус хайраар захирах нь амар хялбар байдаг. Хайртай гэж хэлэхийн оронд халамжилж явах нь илүү дээр.

                Хүмүүс хайр дутсанаас, хайрыг мэдэрч үзээгүйгээс гэмт хэрэгтэн болсон байдаг. Тиймээс гэмт хэрэгтнүүдийг ч хайрлахын чухлыг мэдрүүлж, харуулж, чадвал хүмүүжүүлж болдог.

    Хайр бол хүний амьдралын агуу таашаал юм. Сэтгэлийн их аз жаргалыг бид хайраас амсдаг. Хайр дурлал хүний сэтгэлийг хэмжээлшгүй их эрч хүчээр цэнэглэж өгдгөөрөө гайхамшигтай. Амьдралын энэ сайхан таашаалыг өөртөө байлгаж чадах эсэх нь хочр биенээс биш ганцхан өөрөөс л шалтгаалдаг. Яагаад гэвэл хайр нь сэтгэлийн нэг хэлбэр юм. Тиймээс сэтгэл дотроо түүнийг сайхан хэвээр хадгалж, байлгахын төлөө тэмц.

                Түүнийг агуу, сайхан, хүчтэй хэвээр нь яаж байлгах вэ? Цэцгийг услахгүй, арчлахгүй бол хатаж үхдэгтэй адил хайранд өдөр тутмын арчилгаа хэрэгтэй. Хайрыг тордсон хүн сэтгэл санааны хувьд их аз жаргалтай амьдарч хайрыг хайраар л хариулж авдаг. Юуны өмнө хайрынхаа тухай өчүүхэн ч муухай зүйл бодохгүй, сэтгэлийн хир суулгахгүй байхыг чухалчил.

                Ийм хирийг хүн авчирч таньд наадаггүй, та өөрөө л муухай бодлоор хайраа хиртүүлчихдэг. Амьдралд юу ч болсон хайраа хамгаалж, цэвэр ариунаар нь, анх авсан таашаалаараа байлгаарай. Мөн хайртай хүнээ хүндэлж, гомдоохгүй байж чадаж байгаа тэр л хүн үргэлж сэтгэлийн жаргалтай явна.

                Хайраа гомдоосон хүн маш их цухалддаг. Бусад хүнтэй үг сөргөлдөөд амархан мартаж чаддаг бол хайртай хүндээ гомдоох үг хэлбэл өөрөө дараа нь удтал шаналж сэтгэлээ зовоодог. Гэтэл багахан тэвчээр гаргахад л ийм зовлонгоос бид ангижирна.

                Хайртай хүндээ сэтгэлийн үгээ харамгүй ярь, түүнийгээ сэтгэл тавин хайрлаж халамжил, түүний зөвхөн сайн сайхан бүхнийг бод. Дутагдал бүрийг нь уучилж чадвал бидний хайр ариухнаараа мөнхөд оршино. Хэрвээ хайртай хүнтэйгээ хамт байгаа бол бие сэтгэлээ харамгүй зориул. Хүнд сэтгэлээ зориулж чадаж байгаа та сэтгэлээр баян амьдарна. Хэн нэгэнд хайртай болно гэдэг нь тэр хүн танд дээд зэрэг таалагдсан гэсэн үг. Хожим ямар ч юм тохиолдлоо гэсэн анхны таашаалаараа сэтгэлдээ үлдээн төсөөл. Хамтдаа байсан ч, салсан ч, холдсон ч, анхны тэр л ухаангүй дурлал хэвээрээ таны сэтгэлд оршиг.

                Түүндээ хир бүү хүргэ. Хиртээх зүйл бүү бод. Үүний ачаар энэ ертөнцөд  та тэнгэрлиг орших болно. Энэ бол бас сэтгэлд махбодийн аз жаргал болдог юм.

      Л. Нарантуяа “Гэр бүлийн амьдралын нууц” номоос…          

     

  • Аз жаргалтай гэр бүлийг бий болгох арга зам

    1. Гэр бүлийн аз жаргалтай амьдралын хамгийн энгийн түлхүүр бол хосууд үглэж яншихаас зайлсхийх хэрэгтэй.

    Францийн эзэн хаан гуравдугаар Напалеон хорвоогийн хамгийн сайхан бүсгүй Тебий гүнж Мери Эженид хайртай болсон. Хааны зөвлөхүүд хориглосон боловч тэрээр “Би хайртай хүүхнээ хэнээс ч илүүд үзнэ” гээд гэрлэсэн байдаг. Гэвч удалгүй хайр нь хөрч, дурлалын гал нь бөхсөн байдаг. Учир нь Эжен хатан хаан болсон хэдий ч олиггүй хэрүүлч яншаа зантай байжээ. Тэрээр хааныг цаг үргэлж хардаж, хэрүүл өдөөн, бүр төрийн хэргээ явуулж байхад нь хүртэл тасалгаанд нь орж хэрүүл хийж, хардаж тараадаг байжээ. Эцэсийн эцэст хаан ордондоо тайван амар, цор ганцаар байх нам гүм булан олдохоо больж, шөнө ордноос нууцаар оргон зайлж өөр гоо бүсгүйтэй болздог байжээ. Хайр сэтгэлийг бөхөөж чадах хамгийн хорон муу арга бол хэрүүл маргаан, бөгөөд тэр нь хорт могойн хор лугаа адил гэр бүлийг сөнөөж чадна.

    1. Аз жаргалтай амьдрах нэг арга зам бол “хань ижлээ дахин хүмүүжүүлэх гэж бүү оролдоорой” гэсэн дүрэм байдаг. Аз жаргалтай гэр бүл болохын тулд өөртөө тохирох ханиа олохоос илүү, өөрөө түүнд тохирох хань болж чадах нь маш чухал байдаг. Иймээс та бүхэн гэр бүлээ аз жаргалаар дүүрэн байлгахыг хүсвэл ханиа өөрийнхөө санаанд тохируулан засч, залруулах гэж бүү оролдоорой. Мөн ханиа хүүхэд хүмүүжүүлдэг шиг зааж сургахаас зайлсхийх хэрэгтэй.
    2. Аз жаргалтай амьдрахын тулд хосууд бие биенээ бүү шүүмжил гэсэн дүрэм бий. Таны үйлдэл бүрийг буцаад шүүмжлэхэд бэлэн байгаа гэдгийг мартаж болохгүй. Ханиа шүүмжлэхийг бүү урьтал болгож бай. Гэр бүлийн харилцаанд олон сайхан хүсэл мөрөөдөл биелэхгүй байгаагийн нэг шалтгаан бол шүүмжлэгч хэн боловч өөрийн зүрх сэтгэлийг эргээд шархлуулж байдагт оршдог.
    3. Аз жаргалтай амьдралыг хүссэн хэн боловч ханиа үнэлж, урам зориг өгч, магтаж бай. Эрчүүдийн хувьд хүүхнүүдийн аятайхан харагдах гэсэн хичээл зүтгэлийг үнэлж, магтаж байх ёстой.

    Жишээ нь: Нэг эмэгтэй нөхрөө ажлаас тараад, ядраад ирэхэд үргэлж сайхан амттай хоол бэлтгэдэг байжээ. Нөхөр нь эхнэрээ ямар их сэтгэл гаргасныг тоодоггүй байсан тул эхнэр нь нэг өдөр ажлаасаа ирэхэд тавганд нь өвс овоолоод өгсөн гэнэ. Гэтэл нөхөр нь уурлаад арай солиорчхоогүй гэнэ. Эхнэр нь чамайг анзаарах юм гэж яаж мэдэх вэ? Хорин жил та нарт хоол бэлтгэж хийхдээ “Хөөрхийлөх” үг нэгийг ч сонссонгүй шүү гэж хэлсэн байдаг. Эхнэрээ бишрэн хүндэтгэж, дотно сэтгэлээр хандваас эр хүн өөрөө ч аз жаргалтай болдог. Иймд аз жаргалтай гэр бүр болъё гэвэл “Хань ижлээ чин сэтгэлээсээ бишрэн хүндэтгэж, магтан сайшааж байх хэрэгтэй”.

    1. Аз жаргалтай амьдрахыг хүссэн хосууд ханиа халамжилж бай. Хайр сэтгэл нисэж одохгүй ч ялимгүй зүйлд сэтгэл хөрөн хөрсөөр, хамаг амьдрал “гунигт” живж мэднэ. Бидний энэ амьдрал дахин хэзээ ч давтагдахгүй тул өөрийгөө “яаж халамжлуулъя” гэж бодсоноороо ханиа халамжилж байх хэрэгтэй. Өглөө бүр ханиа хэрхэн халамжлах талаар шинэ санаа сэдэж бай. Тэгвэл аз жаргалтай амьдрал өөрөө ирэх болно.
    2. Аз жаргалтай амьдрахыг хүссэн хосууд эелдэг зөөлөн харьцаж бай. Эхнэр, нөхөр та бүхэн хөндлөнгийн хүнд ханддаг шигээ ханьдаа эелдэг зөөлөн харьцаж байгаарай. Хэрүүлч, ширүүн эхнэрээс ямар ч эр зугтана. Нөхрөө гэр амьтай байлгахыг хүссэн эмэгтэй байнга нөхөртөө эелдэг зөөлөн хандаж байх нь зүйтэй. Бүдүүлэг зан авир, хамгийн эвгүй муухай доромжлолыг бид хайрт ханиасаа сонсдог нь үнэхээр хачирхалтай биш гэж үү. Эелдэг зан бол эвдэрхий хашааг бус, хашаан доторх цэцгийг олж хардаг сэтгэл юм гэж Генри Мей Ризнер хэлжээ.

    Оросын суут зохиолч И.С. Тургенев “Хоолоо хөрчихөөс нь өмнө идчихээсэй гэж үнэхээр өөрт нь санаа тавьдаг эмэгтэйтээ хаа нэгтээ тааралдсан бол авьяас билэг, бүх номоо оронд нь өгөх байсан” гэж хэлсэн байдаг. Эр хүн ажил үйлсдээ амжилт олохын тулд юугаа ч хайрлахгүй зүтгэдэг шигээ гэр бүлийн амьдралд анхаарч чаддаггүй. Ингэж эр хүн амьдралдаа хамгийн чухал зүйлээ зоргонд нь орхиж, урсгалаар явдаг нь маш буруу. Тэрээр байдал яаж эргэхээс хамааран гэр бүлдээ алдаж, онож явдаг байна. Нөхөр хүн эхнэрээ энхрийлэн таалвал, эхнэр нь түүний хүссэн бүхнийг гүйцэлдүүлнэ гэдгийг мэднэ. Ямар сайн эзэгтэй болох талаар аятайхан хэдхэн үг хэлж орхивол сүүлийн бутархай мөнгийг ч хэмнэх болно гэдгийг мэднэ. Өнгөрсөн жил авсан даашинзаа өмсөхөд ямар сайхан харагдана вэ гээд эхнэртээ хэлчихвэл энхэр тань сүүлийн үеийн үнэтэй загварын шинэ даашинзаар солихгүй гэдгийг бас мэднэ. Ганцхан удаагийн үнсэлтээрээ олон олон “нүглээ” хааж, загас шиг дуугүй байлгах хүчийг ч нөхрүүд мэднэ.

             Иймд аз жаргалтай гэр бүлийн бас нэг түлхүүр бол ханьдаа эелдэг дотно байх хэрэгтэй гэсэн зарчим зайлшгүй юм шүү. Эдгээр аргуудаас амьдралдаа хэрэг болгоод туршаад үзээрэй. Таньд хэрэг болно гэж найдъя.  

               Л. Нарантуяа “Гэр бүлийн амьдрал” номоос…

           

  • Гэр бүл гэж ямар газар вэ?

          Гэр бүлийн мэдлэг дээшилж гэмээнэ нийгэм эрүүлжиж, улс орон хөгжинө. Яагаад вэ? гэвэл гэр бүл нь хүнийг хүн болгодог онцгой гайхалтай үйлдвэр юм. Чадварлаг эмч, инженер мэргэжилтэн болохын төлөө хичээллэх нь сайн эхнэр, нөхөр болохын төлөө хичээллэхээс амархан байдаг. Гэр бүлийн амьдралыг хэрхэн сайн байлгах аргыг анги танхим юмуу үйлдвэр ажлын газраас сурдаггүй, харин өөрийн болон өрөөлийн гэр бүлээс, амьдрал дундаас харж, мэдэрч, хамгийн сайнаар үлгэрлэн дууриаж, суралцаж байдаг.

         Бага байхдаа бидний гэр бүлээс сурсан зуршил нь, хожим нь хань ижилтэйгээ харилцах харилцаанд тэр чигээрээ илэрч буудаг. Сайн зуршил нь ихэвчлэн ханиа жаргаадаг бол муу, сөрөг зуршил нь ханиа болон үр хүүхдээ зовоож байдаг. Тийм учраас ээж аав хоёр нь эвтэй найрсаг гэр бүлд төрж өссөн хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, хүн чанар сайтай, хүмүүстэй чөлөөтэй харилцаж, амжилттай хөдөлмөрлөж чаддаг. Гэвч дийлэнх гэр бүлүүд өнөөгийн нөхцөлд бүрэн ойлголцох чадваргүй, зөрчилдөн, санал байнга зөрдөг зовлонт асуудлаар амьдрал нь дүүрсэн байдаг шүү дээ.

        Ийм гэр бүлээс хүмүүжиж гарсан хүүхдүүд сургуульд сурсан ч, нийгмийн амьдралд орсон ч гэр бүлээсээ авсан сөрөг нөлөөллөө хамт олон найз нөхөддөө түгээж тэдний дургүйцлийг хүргэдэг. Өөрөөр хэлбэл асуудалтай гэр бүлийн харилцаанаас дахин асуудалтай гэр бүл нийгэмд бий болж байдаг. Гэр бүлийн орчин хичнээн сарниун, тогтвор муутай байна энэ нь хүнд, хүн болох хөгжилд олон талаар урт хугацаанд муугаар нөлөөлнө.

      Жишээлбэл: Хүчирхийлэлд өртөж байсан хүүхэд насанд хүрэхээрээ яах вэ? Архи уудаг хүн үр хүүхэддээ муу нөлөө хир байх вэ? Эцэг эхийнхээ хэн нэгэнтэй, “бүрэн бус” гэр бүлд өсч байгаа хүүхдүүд дараа нь яаж сайн эцэг эх болох вэ? Эцэг эхээсээ хөндий эмээ өвөө дээрээ өссөн хүүхэд эцэг эхээ хэрхэн  хайрлах вэ? Энэ мэт гэр бүлийн асуудал үр удамд нь асуудлыг үлдээж даамжруулсаар байдаг. Нөгөө талаар бага цалинтай мөртлөө хажуу хөршдөө туслаж амьдардаг хүн байдаг. Тэр ч бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө өөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг хүн ч байдаг.

       Гэр бүл гэдэг бол бие биеэ ойлгож, итгэсэн сэтгэлийн үндсэн дээр хайрын хүссэнээрээ амсдаг газар юм. Хүн бүр амар тайван, эрх чөлөөгөө мэдэрч болох цорын ганц хайрын өргөө бол орон гэр нь юм. Хүнээр хүн хийх дадлагын бааз, зан суртахууны төлөвшлийн сургууль, хариуцлагаа ухамсарлах, хүмүүжлийн яам гэж ч болно. Гэр бүлд улс тэр чигээрээ багтана. Тиймээс зөвхөн гэр бүл төлөвшиж, хөгжиж байж улс орон хөгжих болж байнаа даа. Гэр бүлийн гол багана нь эхнэр, нөхөр хоёр ба тэд хайраар бялхаж, амар тайван аз жаргалтай байвал үр хүүхэд аз жаргалтай хүн болж хүмүүжнэ. Эхнэр нөхөр хоёр нэг цул болж нэгдэхэд гэр бүлийн бүх гишүүд нэгдэж чаддаг.

       Жонадон ба Симс гэх жирийн америк залуус ойролцоо хугацаанд гэрлэцгээжээ. Жонадоны гэр бүл жирийн нэгэн гэр бүл байсан хэрнээ эхнэр нөхөр хоёр эвтэй найртай, өвөг дээдсээ хүндэтгэн хайрладаг, хүнд тусархуу байж л дээ. Харин Симсийн гэр бүлээс архи, мөрийтэй тоглоом салдаггүй байж гэнэ. Эхнэр нөхөр хоёрын харилцаа хүйтэн хөндий, бие биедээ итгэлгүй байсан байна. Ярьсан болгон нь маргаан болж тайван амьдарч чадаагүй гэнэ. Ийм байдалтай байсан учраас хүүхдүүдээ сайн өсгөж чадаагүй нь мэдээж хэрэг.

       200 жил өнгөрсөн хойно энэ хоёр гэр бүлийг Америкчууд судалжээ. Судалгааны үр дүн үнэхээр гайхалтай байлаа. Симсийн гэр бүлээс өнөөг хүртэл 109 хүн цаазаар авах ялаар шийтгүүлсэн, үр удмын гуравны нэг нь сэтгэцийн өвчтэй, мөн ихэнх нь хар тамхи, архинд донтогч ба гэмт хэрэгтний замаар явсан байна. Харин Жонадоны гэр бүлээс ерөнхийлөгч 1, дээд сургуулийн захирал 3, өмгөөлөгч 149, шүүгч 48, сүмийн пастор 116, сайд 82, бизнесмен 75, зохион бүтээгч 25, эмч 68, багш 66 төрөн гарсан байна.

    Тэгвэл яагаал нэг удам нь ийм муухай амьдарч, нөгөө нь тун сайн болсон бэ? Жонадоны үр удам нь жирийн хүмүүсээс  илүү толгой сайтай төрсөн учраас уу? Мэргэжилтнүүд энэ асуултанд үгүй гэж хариулж байна. Судалгаанаас харвал эсрэгээрээ Симсийн гэр бүлийнхэн бүх талаараа чадвар өндөртэй байсан гэнэ. Тэгвэл энэ хоёр гэр бүлийг ялгаатай болгож байгаа зүйл нь юу вэ? тэр нь тэд нарын өвлөн авсан хөрөнгөд байсан. Гэр бүл дамжсан сэтгэл зүйн болон сүнслэг дотоод ухамсрын эд хөрөнгө тэднийг ялгаж өгсөн. Жонадоны үр удам нь өвөг дээдсээсээ том “таваг” хөрөнгө болгон авсан. Тэр таваг нь өөрөө бий болдог зүйл бишээ. Эцэг эхээс л өвлөн авах боломжтой энэ “таваг” онцгойлон эцэг эхийн эвтэй найртай байдлыг дагаад том жижиг нь тогтоогддог гэнэ. Эхнэр нөхөр хоёрын хайр их байх тусам үр хүүхдийн сэтгэлийн доторх “таваг” томорч их хэмжээний хөрөнгө хийж болно гэсэн үг. Том тавагтай хүн нь хүмүүстэй харилцах харилцаанд дээрээс олон зүйлийг сурч авч дотоод сэтгэл нь хүч чадвар ба мэргэн ухаан, эрүүл мэнд зэргийг гаргадаг. Эсрэгээр нь эхнэр нөхөр хоёр хэрэлдэж муудалцдаг гэр бүл нь үр хүүхэддээ эсрэгээр жижигхэн таваг юмуу хагарч эмтэрсэн тавгийг эд хөрөнгө болгон өвлүүлдэг. 

      Энэ хоёр гэр бүлийг судалсан судалгааны үр дүнд олж нээсэн зүйл нь эхнэр нөхөр хоёр “Итгэл, найдвар, хайр” гэсэн хүрээн дотор бие биеэ хир зэрэг хүндэлж амьдарч байгаагаас хүүхдүүдийн ирээдүйн амьдрал шалтгаалдаг гэдэг нь тогтоогджээ. Мэргэжилтнүүд энэ хоёр гэр бүлийг судлах судалгаагаа дуусгаад ийнхүү хэлсэн байдаг. “Эцэг эхчүүд ээ, үр хүүхдүүдээ сайн сайхан болоосой гэж хүсэж байна уу? Тэгвэл эхнэр нөхөр болсон та хоёр эв нэгдэлтэй байгаарай. Эхнэр нөхөр хоёр бие биеэ хайрлан хүндэтгэвэл, үр хүүхэд чинь сайн хүн болон өсөх болно” шүү.

       “Хүний хань”  гэдэг таны өөрийн сонгосон насан туршийн сонголт байдаг тул сонголтоо буцаана гэдэг нь тэвчээргүй, амьдралд шантарч, няцагч, ялан дийлэгдэгч хүн байна гэсэн үг.   

     

        

  • Хайр

     

    Явж чадахгүй бүсгүй хүн, явж чадахгүй ч биш юм аа, тодорхойлж хэлэх гэхээр болохгүй байна. Хүүхдээ хөтөлсөн тэр бүсгүй нүдэнд содон туссан юм. Маш гоё хувцастай хэрнээ явахдаа л их хэцүү байдалтай харагдана.

                Томьёолж хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ зогсож байгааг нь харахад надад бол зүгээр л бүсгүй /Би ч хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлох дургүй. Хараагүй, сонсголгүй, хэлгүй, суугаа гээд тоймгүй олон бэрхшээлтэй хүн байна л даа. Гэхдээ эднийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэхээр хэл эвлэдэггүй юм /.

                Явдал нь нүдэнд тусав уу, яагаад ингэтлээ анхаараад байгаа юм бол гэж өөрөөсөө асуулаа. Гунигтай бодол лав төрөөгүй юм даг. Үнэндээ ээж хүү хоёрын яриа тээр холоос яаж сонсогдох вэ дээ, гэхдээ хөтлөлцөөд алхаж яваа нь хайр татам харагдсан юм. Зургаа юм уу, долоон настай болов уу гэмээр тэр хүүгийн алхаа яагаад ч юм хайр дүүрэн амьдралыг зөгнөж харагдаад байсан.

                Ээж нь жаахан алхаж байгаад л амрах юм, харин хүү нь барьсан тортойгоо савчаад зүггүйтэж зогсоно. Болоогүй ээ, ээж рүүгээ хараад л инээгээд хөөрөлхөнө. Сэтгэл нэг л хөнгөн санагдсан шүү. Явдал дундаа түүртэж яваа хэрнээ, амьдралын гоо сайхныг өөрөөсөө цацруулж байгаагаа тэр бүсгүй мэдээгүй байх л даа. Би танихгүй хэрнээ ээж хүү хоёроос хайр мэдэрч чадсан шүү дээ.

                Хүмүүсийг гаднаас нь хараад хайр, талархал мэдэрч болдог юм байна.