Category: human-development

  • Эхнэр та гадаад үзэмж болон дотоод гоо зүйдээ хэр анхаардаг вэ?

    Хүний эхнэр, хань байх гэдэг хорвоогийн хамгийн хүнд мэргэжил хийгээд хамгийн хүнд дүрд насан туршдаа тоглох явдал байдаг гэдэгтээ манай уншигч авхай санал нийлэх буй заа. Учир нь эрчүүд өнгөнд хууртана, харин бусгүйчүүд мөнгөнд хууртаж байгаа нийгмийн нөхцөлд энэхүү гарын авлагаас жаахан ч болтугай ухаажиж, хорвоог арай өргөн хүрээлэлд харж, сэтгэлийн цонхоо нээж ухаажиж байгаа байхаа.

    Энэхүү хэсэгт эмэгтэй хүний гадаад дотоод гоо зүйг хэрхэн хангаж болох энгийн аргаас дурдлаа.

    Хүний гадаад үзэмж сэтгэд санааны өөдрөг байдалд маш их нөлөөлж аз жаргалтай алхахад хамгийн их түлхэц өгнө. Тиймээс гоо сайхныг эрүүл мэндээс эхлэх хэрэгтэй. Дотоод эд эрхтэн эрүүл биш, арьс чийгээр дутаж байгаа үе хичнээн тос нүүрэндээ турхээд нэмэргүй, өөх тостой хоол бага идэж, өдөрт доод тал нь 4 удаа хооллож, удаан өлсгөлөн явахгүй, хэтрүүлж идэхгүй, 6 аяга ус заавал уугаад, 30 минут дасгал хийгээд, доод тал нь 8 цаг унтаад байхад эрүүл байх бүрэн боломжтой.

    Эрүүл байх ерөнхий жор ердөө л энэ. Хэвийн жинтэй бол эрүүл биетэй, эрүүл хүн өнгөлөг царай зүстэй байна. Хичнээн үнэтэй сайхан хувцас өмсөөд тарган биетэй, хөх царайтай байвал яавч сайхан харагдахгүй. Зөв хооллоод өдөр бүр дасгал хийгээд байвал юу ч өмссөн сайхан харагдаж эрүүл энх хэмээх агуу жаргалан ирнэ. Гадаад үзэмжгүй байдал биднийг үргэлж сэтгэл санааны гутралтай байлгадаг. Байнгын ийм стресс ууртай хүн эрүүл сэтгэх боломжгүй. Яагаад гэвэл тарган хүний цус ихэвчлэн ходоод хавиараа их ажилтай байдаг. Ингээд тархинд цус дутагддаг. Тарган хүн их ууртай байдаг гэх яриа бол шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлолт юм.

    Уур уцаартай, нойрмогдуу залхуу байдал, сэтгэл муутай тархи, гоо зүйгүй бие хаа, өвчин энэ бүхэн хүний аз жаргалыг авч оддог. Эдгээр зовлонгууд ихэнхдээ идэх хүслээ дарж чадаагүйгээс үүсч байгаа юм. Тиймээс таныг огт юм битгий ид, амттанд ам бүү хүр! гэж байгаа юм биш. Хэтрүүлж битгий ид л гэж байгаа юм.

    Бага зэрэг идэхэд хүний организмд тэжээл болж очдог. Хэтрүүлж идсэн хоол биед тарга болж үлддэг. Ингээд тарган бие цусаа өтгөрүүлснээс маш удаан гүйдэг. Ингээд судасны ханаар өнгөр тогтож, таргалах тусам зузаарсаар байдаг. Үүнээс болж бие хөшиж хөдлөхөөс дургүй хүрдэг. Ер нь их идэх бол өөрийгөө хорлож байгаа хэрэг юм.

    Бага идэх шилдэг арга бол хурдан ширээнээс босч, өөрийн сонирхолтой зүйлд анхаарлаа хандуулж дахин идэх хүслээ сарниах явдал юм. Юу ч хийхгүй суугаад байвал идэх юм л бодогдоод өөрийгөө их зовоодог. Хэрэв туръя гэж боддог бол өөрийгөө үргэлж хоол унд санах завгүй байлгах хэрэгтэй. Зорилго тавиад улайрсан үедээ хүн ажлаа орхиод цайгаа уух гэж яардаггүй. Ингэснээр гоо сайхан амьдралын нилээд том хэсгийг эзлэх таашаал билээ.

    Дотоод гоо зүйгүй хүн их бухимдаж тэр хэрээрээ бусдын дургүйг их хүргэдэг. Зарим хүн танд дургүйгээ ил хэлдэг ч ихэнхи нь бүдүүлэг, мангар гэж боддог. Дотоод гоо зүйгээ хөгжүүлсний хэрээр гадаад орчноосоо, хүмүүсээс таашаал авч явдаг.

    Хүн дотоод гоо зүйтэй байхынхаа хэрээр бусдад таалагдаж байдаг. Мэдээж таалагдаж байгаа хүнтэйгээ хүмүүс ажиллаж, амьдарна. Хичнээн олон хүн өөрийг нь элгэмсгээр тойрон хүрээлнэ тэр хэрээр аз жаргалыг хүн амсаж явдаг.

    Хүн дотоод гоо зүйгээ сонгодог урлаг үзэж хөгжим сонсох, яруу найраг унших, уран зураг үзэх, үргэлж гоё сайхныг бодох зэргээр хөгжүүлдэг. Хэр хөгжүүлнэ тэр хэмжээгээр өндөр гоо зүйтэй болно гэсэн үг. Аль болох муу муухай зүйлээс зугтааж өөдрөг биш юм ярьдаг хүмүүстэй нөхөрлөхгүй байх, муу муухай зүйл сонсох, харах уншихаас хол явах хэрэгтэй.

    Ажлаа хүртэл хийхдээ хүн дотоод гоо зүйгээрээ хийдэг. Дотоод гоо зүйгээ хэр хөгжүүлнэ тэр хэрээр сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, хийнэ, бүтээж чадна. Гадаад байдлаа ч, үйл хөдлөлөө ч дотоод гоо сайхнаар удирддаг.

    Дотоод гоо зүйгүй хүнийг хүмүүс утгагүй хувцасладаг, урлаггүй алхдаг, эвсэлгүй бүжиглэдэг, галбир муутай биетэй, түг таг яриатай, болхи гэх мэтчилэн ярьцгаадаг. Тэгэхээр гоо сайхангүй байдал найз нөхдийг зугтаалгадаг байх нь.

    Мөн хүний дотоод гоо зүйг хамгийн сайн хөгжүүлдэг зүйл бол уран зохиолын ном юм. Урлагтай амьдрах ухааныг ном зохиолоос л авах боломжтой. Хэр гоо зүйтэй болно тэр хэрээр хараал хэлдэггүй, аль болох бусдын сайн сайхан талыг олж харах чадвартай болдог. Заавал бид хүний муу муухай талыг олж харж нервтэж байх хэрэггүй. Та өөрөө ч гэсэн өндөг шиг өөгүй дутагдалгүй, ямар ч муу зуршилгүй хүн биш шүү дээ. Хүн гоо зүйтэй болсны ачаар өөрийн дутагдалтай талыг хүртэл бусдад харуулахгүй, мэдрүүлэхгүй сайн нууж чаддаг байна. Гоё сайхан бүхнийг мэдэрч амьдрах бол бас нэгэн төрлийн жаргал билээ. Эхнэр хүний бодол, сэтгэл гоо сайхнаар дүүрвэл нөхөр бусдыг харахгүй, зөрчилгүй болдог. Гэр бүл бүр тайван амгалан бол нийгэм аз жаргалаар дүүрэн хөгжинө.

    Мөнгөгүй хөгжинө. Иймээс хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй бүхнийг дээдлэн үнэлж сурвал бүхнийг сурч эхэлж байгаагаас өөрцгүй болох нь тэр.

    Сэтгэлийн талаарх мэдээлэл өгье гээд бодчихлоо. Тэгвэл арай ойлгоход дөхөм болно. Сэтгэл тайван хүн л сэтгэж чаддаг гэдэг шүү дээ. Биеийг алдаг ч сэтгэлийг алж болдоггүй. Бие ядарч эрүүл явдаг бол сэтгэл ядарч өвчинд автдаг.

    Биеийн шарх хурдан эдгэрдэг, сэтгэлийн шарх удаан эдгэрнэ. Биеийг эмээр эмчилчихнэ, харин сэтгэлийг хайраар эмчилнэ. Учир нь хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан. Сэтгэлийг хайраар амьдруулж, хөдөлгөнө.

    Эд хөрөнгөөр хязгааргүй баян болж хэзээ ч чадахгүй бол сэтгэлээр хязгааргүй баян болж чадна. Сэтгэлийг бие дагадаг болох нь мэдээж шүү дээ. Хүн төрөлхтөн бид гадаад өнгө үзэмжээ анхаарахын өмнө дотоод зүрх сэтгэлийн өнгөө анхаарч засахыг урьтал болгох хэрэгтэйг амьдралаас насан туршдаа суралцах хэрэгтэй байгаа биз.

    Л.Нарантуяа “Гэр бүлийн амьдралын нууц” номоос

  • Монголын төр сүүлийн 400-аад жилд яагаад суларсан бэ?

       Монголын төрийн хүч 13-р зуунд хүчирхэг байсны нууцтай эсрэг хандлагатай хэдэн шалтгаантай холбоотой байх. Үүнд:

    1. Тэнгэрийн цагийн ивээл алсарсан. Өөрөөр хэлбэл, байгаль-түүхийн эерэг орчин, нөхцөлийн эрчим, үйлчлэл дайжсан.
    2. Төрийн толгойд үнэнхүү тэнгэр язгуурт билиг эрдэм төгс, ариун цагаан буянт хүмүүс залрах бус арга заль, ааль башраар хуурмаглагчид бурангуй эзэд, ноёд, “түрүүний бөөс” мэт авирлах болсноор төрийн сүлд хийморьт гутаг сууж, доройтсон бөгөөд ном эрдэм, чадал дадал муутай мулгуусын эрх мэдэлд очсон төр улс гэрийг өөд татах, ард харцсыг ивээх, ахуй соёлоо хөгжүүлж сүр хүчээ зузаатгахын оронд амин хувиа хичээгсэдийн ашиг сонирхол, алиг шалиг жаргал цэнгэлд улайрсаар үндсэн үүргээ огоорсон.
    3. Монголчууд өөрсдийн хэрэгцээт эд таваарыг өөрсдөө үйлдвэрлэж сурах эрдэм боловсрол, арга ухаанд давших, мэргэжихээсээ түрүүнд бусдын хийснээр хэрэгцээгээ хангачихаад өөрсдөө гар сул, толгой хоосон амьдрах болсон. Өөрөөр хэлбэл, хийхийг сурахын оронд хэрэглэхийг сурсан олон зуун он жилүүд монгол улсыг дэлхийн түүхийн тавцнаас шилгээх, монголчуудыг хүн төрөлхтөний “данс”-наас хасахад хүргэсэн.
    4. Улсын хөгжилд ч хүний амьдралд ч анхдагч хэрэгтэй юмсыг өөрийнхөө гараар, дотоод хүч оюунаараа бүтээхээс хойш суун залхуурч, хүний бүтээснийг хямд, хялбараар завшин амьдрахыг гол зорилгоо болгон ухасхийсэн үндэстний эрдэм ухаан, хүн чанар, хүчин чадал ямагт бусдын “хошного”-нд явах нийгмийн хөгжлийн нэг жам зүй юм. Ийм хэдэн гол шалтгаанууд бий гэж хэлж болно байх гэж бодож байна.     

     

    Инженер Д.Бадарчийн Урианхай гуайтай хийсэн улс төр-шинжлэх ухааны ярилцлагаас

     

  • Чингисийн үеийн монгол хүчирхэг байсны нууц нь юу вэ?

    Би түүхч судлаач хүн биш учраас товтой баримт нотолгоо гаргаж чадахгүй. Харин наад цаадын учрыг өөрийнхөөрөө эргэцүүлээд өөрийнхөө үзэл бодлын “хонхор”-т тогтоохдоо толгой минь хүнээс нэг их хол дутуугүйдээ /даруу бишийг минь уучлаарай!/ дулдуйдаад бодоход, энд цөөн хэдэн хүчин зүйл бий байх гэж санана.

    Үүнд:

    1. Тэнгэрийн цаг тохиосны хүч,
    2. Бага ялалт, их ялалтад урамшуулдаг бодот түлхэцтэй холбоотойгоор эрчимждэг хүний сэтгэлзүйн нууцлаг хүч,
    3. Чингис хааны суу билэг, ард түмнээ удирдах, зохион байгуулах, хүмүүсээр “амьд хүч” хийх аугаа чадвар,  
    4.   Эзлэгдсэн улс орнуудын нэгдмэл бус тархай бутархай ахуй харилцаа,

     

    Энэ асуудлын учрыг ухахдаа би, алив улс үндэстний үйл ажиллагаа нэгдмэл чанар, нэгэн чиг зорилго, санаа бодолд хатуу зангидмал байхын хүч, үр дүнг онцгой товойлгон үзэж байна. Юу гэвэл 13-р зууны Монголчуудаас хүн амынхаа тоогоор, эдийн засгийнхаа хөгжлөөр, иргэншлийнхээ түвшнээр хавьгүй илүү Хятдын үндэстнүүд, Дундад Ази, Орос , Европын улс орнууд хээр талын нүүдэлчин, анчин монголчуудад ялагдаад байсны гол шалтгаан, шалтгаануудын “үндсэн шалтгаан” нь тэд хоорондоо нэгдэлгүй, төвлөрсөн удирдлагагүй, харьцангуй өндөр хөгжилтэй эдийн засгийнхаа чадавхи, нөөцийг монголчуудын эсрэг тэмцэлд ухамсартайгаар зохион байгуулж чадаагүй явдал байх! Гэсэн бодол надаас үргэлж зууралддаг. Чингисийн үеийн монголчуудын ялалтаас болон өнөө үеийн дэлхийн түүхэнд “бөөсөн чинээ” ч хамаагүй “цагаан цаас” монголынхоо буурай доройгоос өөртөө би “түүхийн философи” чанарын нэг дүгнэлт хийдэг. Үүнд:

    1. Хүн төрөлхтөний түүхийн бүтцийн гол “яс мод” болсон гайхамшигт ялалтууд нь, чухамдаа, ялагчийн хүчирхэгийн үр дүн байснаасаа илүүтэй ялагдагчийн хүчээ дайчлан нэгтгэх, ахуй оршихуйнхаа, ил далд эрчмийн өгөөжийг бүрэн, зөв зохион байгуулж, нэгэн цул болж нэгдэх чадвар сул дорой байсны үр дүн,
    2. Алив үндэстний жинхэнэ хүчирхэг чанар нь бусдыг байлдан дагуулж буй хүч чадлаасаа харагдах бус, бусдын түрэмгийлэл, эзэрхийлэл,байлдан дагууллыг няцаах, өөрийгөө бүрэн хамгаалах, бусдаас хараат бусаар орших чадвар хүчнээс л харагдана гэх дүгнэлт!

    Эцэст нь хэлэхэд, Чингисийн үеийн монголчуудын харьцангуй хүчирхэг давшилт, ялалт нь номын мэргэдийн хэлсэн нэг үгний үнэнийг, тодруулбал, “муу ард түмэн гэж байдаггүй, муу удирдагч л гэж байдаг!” гэсэн үгний үнэнийг бат нотлох, өөрөөр хэлбэл, хэрэв Эзэн Богд Чингис шиг удирдагч төрөх юм бол Монголын ард бусад ямар ч ард түмнээс дутахгүй хүчирхэг, оюунлаг, чадварлаг их үндэстэн гэдгийг нотлох түүхэн үйл явдал юм.

    Инженер Д.Бадарчийн Урианхай гуайтай хийсэн улс төр-шинжлэх ухааны ярилцлагаас

     

  • Социализмын сайн муу тал нь юу вэ? Бид энэ нийгмээс хожсон ба хохирсон нь юу вэ?

    Социализм, коммунизм бол хүн төрөлхтөний цөөхөн аугаа мэргэдийн оюун ухаан хүрч томъёолсон жинхэнэ хүнлэг ариун нийгмийн харилцааны зарчим. Хэрвээ хүмүүс нийгмийн харилцаанд ухамсартайгаар зохион байгуулагдаж, ямар нэг ухамсартай, зөв, үр дүнтэй оршихуйн материаллаг болоод оюунлаг тогтолцоог бүрдүүлье гэвэл социализмаас илүү төгс, зөв сайхан, мөн чанартай нийгмийн харилцааг яагаад ч олохгүй. Социализм бол хүн төрөлхтөний сонгодог сэтгэгчид, сонгодог ухаантнуудын бясалгаж, шинжилж, сэтгэлийнхээ увидас зөнгөөр мэдэрч номлосон нийгмийн харилцааны сонгодог хэлбэр юм. Харамсалтай нь, хүн төрөлхтөн өнөөдөр үүнийг ойлгох оюуны болоод сэтгэлийн хөгжилд хүрээгүй, зөвхөн “хэрэглээний” буюу ашиг хонжооны сэтгэхүйн хүчирхэг “өргөст тор”-нд аг баглаатай байна. Өнөөгийн хүн төрөлхтөний сэтгэлгээ бол маш дорд шатны сэтгэлгээ. Хүн төрөлхтөний сэтгэл зүй ч маш болхи материаллаг бие махбодийнхоо хэрэгцээнд захирагдсан амьтанлаг сэтгэлзүйн ноёрхолд дарангуйлагдаж байна. Энэ хоёр сэтгэлгээнээс болоод хүн гэдэг байгалийн амьтан бүрэн хэмжээгээр “нийгмийн амьтан” болж нийгэмжиж, хүнжиж чадахгүй, жинхэнэ бүтээгч, оюунлаг хүчин болж чадахгүй, бие биеэ энэрэх, бие биедээ бурханлагаар тус болох нигүүлсэнгүй сэтгэлийг ч олж чадахгүй, зөвхөн амиа л бодсон, эд мөнгө, эрх сүрээр бусдын дээр гарахыг л зорьсон, бие биеэ хайрлах бус шулах, мөлжихийг л хичээсэн ашиг хонжооны сонирхол бүхий үйл ажиллагааны “хүчин” болжээ.

           Хүн төрөлхтөн хүнд заяагдсан бүх л тэнгэрлэг чанаруудаа гээж, зөвхөн өмч хөрөнгө, олз орлогын адгууслаг явцуу сонирхол, зорилгын “боол” болчихсон! Өнөөдөр хүн төрөлхтөн хамгийн ариун, хамгийн тэнгэрлэг юмс хамгийн инээдтэй хамгийн буруу гажуу юм болон хувирчээ. 21-р зуунхан хүнийг жинхэн хүн болгох аугаа дээд, бурханлаг, хүний хүслийн охь болох жинхэн гоо сайхан, зорилго зарчмыг хамгийн “хэрэггүй”, “утопи” юм гэж ойлгон нулимж, тийм дорд, эдийн эшт үзэл бодолд эрхшээгдэх “хараал” идсэн байна. Хүн төрөлхтөнийг энэ “хараал” сэтгэлгээний төөрөгдлөөс зөвхөн социализм л аварч чадах байлаа. Гашуун харамсалтай нь социалист бүтээн байгуулалтыг орчин үеийн “глобалчлагдсан”, “интернежсэн” үсгүй сармагчингуудын хувийн өмчийн сэтгэхүй тасалдуулчихлаа. Социализмын харилцаанд байсан сайн тал нь жинхэнэ хүнлэг нийт олныг алаггүй багтаасан нигүүлсэнгүй шинж чанартаа багтаасан нигүүлсэнгүй шинж чанартай байсан. Хүн бүгдийг адил тэгш хүндэлдэг нийгмийн орлого, баялагийг жигд, тэгш хувиарладаг хамгийн зөв харилцаандаа байсан. Газар хийгээд газрын баялаг, мал сүрэг нийгмийн үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгө, орлого, хуримтлал, товчдоо нийгмийн гишүүдийн хөдөлмөрийн үр дүн нь зөвхөн улс нийгмийн өмч буюу нийт ард түмний дундын “халдашгүй” өмч байсан. Энэхүү улс нийгмийн гэх шинж чанартай ч, үндсэндээ, ард түмний халдашгүй өмч нь нийт ард зоны аж амьдрал, оюун санааны хөгжилд бүхлээрээ зориулагддаг, адил тэгш хуваарилагддаг, иргэдийн хооронд уулын ангал цав мэт гүн баян хоосны ялгарал байдаггүй нь социализмын хамгийн гол давуу тал мөн. Хэдийгээр хүн амын амьдралын түвшин дээгүүр биш, харьцангуй доогуур байсан ч хоорондоо адил тэгш, хараа барааны өмчийн хорон шорон өрсөлдөөнгүй, санаа сэтгэлийн орчин нь амгалан тайван бөгөөд бүтээлч чиг хандлагатай байсан давуу талыг ч заавал дурьдах хэрэгтэй. Ер нь нийгэмд үүсч буй ялгарал тухайн үе шатны хөгжлийн доголдол гэж би үзнэ. Харин ард иргэдийн өмч хөрөнгөнд ялгарал бараг байхгүй байлгахын дээр өмчийн бус өглөгий сэтгэхүйтэй оюунлаг, тэнгэрлэг хүмүүсийн ахуй нөхцөл бүрдүүлэх л нийгмийн зөв хөгжил юм. Нийгмийн хамгаалалт ямагт төрийн үйл ажиллагааны оршиж, боловсрол эрүүлийг хамгаалах тогтолцоо аль ч шатандаа үнэ төлбөргүй байдгийг социализмын хоёрдахь давуу тал гэж хэлж болно.

            Нийгмийн эдийн засгийн болоод улс төрийн бүх үйл ажиллагаа нэгдсэн зорилго, нэгдмэл төлөвлөгөө балансад зангилагдаж нийгмийн ирээдүйн хөгжил хувь хүмүүсийн амьдралын хэт нь урьдаас тов тодорхой харагддаг, нийгмийн болоод хувь хүний ирээдүйн баталгаа төрийн үйл ажиллагаагаар найдвартай хамгаалагддаг нь гуравдахь том давуу тал.

           Социализмын хамгийн аугаа ололт нь хүмүүсийн ёс суртахуун, сэтгэлзүйн хүнлэг, бодь чанар! Зөвхөн социолист нийгмийн харилцаанд л хүнд хүний жинхэнэ мөн чанар хөгжих бодот боломжтой! Яагаад гэвэл социалист нийгмийн харилцааны үндсэн агуулга, хэв шинж нь “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэдэг аугаа, үнэмлэхүй шударга зарчмаар тодорхойлогддог. Би олон газар уйгагүй хэлдэг л дээ. Түүнийгээ давтъя: Хүн төрөлтөний оюун ухаан хөгжөөд хөгжөөд “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны энх амгалангийн төлөө” гэдэг залбирал, “нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэдэг уриа хоёроос илүү зөвийг олох ухаанд хүрээгүй юм!    

     

  • Өнөөдөр манай улс ямар “изм”-д явж байна

    Өнөөдөр монголын нийгмийн хөгжлийн чиг баримжаанд үндсэндээ, ямар ч “изм” байхгүй. “Зоос” изм, “доллар” изм л ноёрхож байгаагаас бус онол сэтгэлгээний ямар ч “изм” төлөвшиж, нийгмийн амьдралын “хөтлөх шугам” болж чадаагүй байна.  Би 1997 онд “Сайн байна уу” сонинд өөрийнхөө үзэл бодлыг дэлгэрэнгүй томъёолсон улс төр- философийн нэг томоохон ярилцлага хэвлүүлсэн. Тэр ярилцлагыг уг сонины редакц “Миний онол хүн төрөлхтөнийг аварна” нэртэйгээр нийтэлсэн юм. Ярилцлага нийтлэгдээд сар ч өнгөрөөгүй байтал “Засгийн газрын мэдээ” /хуучин нэрээр/ сонин өнөө ярилцлагыг нилээд цэгцлэн, дотор нь анги хэсгүүдэд бүлэглэн, “Зэндмэнийн онол 21-р зууны философи” гэсэн малгай гарчигтайгаар дахин нийтэлсэн. Энэ баримтыг би юунд дурьдаж байна вэ? гэвэл, таны асуултанд хариу болж чадахуйц зэгсэн “мөртгөмтгий” сэтгэмжүүдийг тэнд бурсан байгаа! Тэнд би юу цуурсан бэ? Гэхээр, монголчуудын нийгмийн сэтгэлгээнд үндэсний биеэ даасан “изм”, ертөнцийг үзэх гүн ухааны үзлийн үндэсний тогтолцоо байгаагүй гэсэн дүгнэлттэй явдгаа ярьсан юм. Нийтэд хүлээн зөвшөөрөгдөх ч бай, эс зөвшөөрөгдөх ч бай, энэ үг зарим эрдэмтэд, уншигчдад жаахан жаахан юм бодогдуулах шиг болсон. Яасан гэвэл зарим хүмүүс эсэргүүцсэн, зарим сэхээтнүүд миний бодлыг ортой бодол гэж үзээд санаа нийлж сонин хэвлэлээр нэлээд дуугарсан.

    Инженер Д.Бадарчийн Урианхай гуайтай хийсэн ярилцлагаас

  • Хүн болж төрсөн, Ардчилсан нийгэмд амьдарч байгаа бол Эрхэм та Унших, Мэдээлэл олж авах эрхтэй

    Энэхүү нийтлэлийг бичиж байгаа миний бие 1998 оны 9 сарын 1 өдөр Хотын нийтийн төв номын санд компьютерийн инженерээр ажилд орж, улмаар 1993-1994 онд Сүхбаатар аймгийн Баруун урт хотын 2-р арван жилийн орос хэлний багш Энхтагтаагийн удирдаж явуулсан англи хэлний сургалт, 1994-1998 МУИС-д үзсэн англи хэл, 1999 онд ESPI англи хэлний сургуульд ахисан түвшний 3 сарын сургалтанд идэвхитэй чармайн сурсан Англи хэлний өчүүхэн мэдлэгээрээ бусад ажиллагсадаасаа ялгарч,

    2000 оноос 2010 оны хооронд Унгар, Латви, Хорват, ОХУ, Энэтхэг, АНУ, Словен улсуудад ажлын шугамаар очиж, эдгээр улсуудын хөгжил дэвшлийг гайхахын зэрэгцээ, тухайн улсын Нийтийн номын санд уншигчаар төлбөргүй бүртгүүлж, мөн интернэтийг нь төлбөргүй хэрэглэж, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад тулгуурласан номын сангийн бусад шинэлэг үйлчилгээг бий болгосныг гайхан, нарийн учрыг ололгүй Хотын нийтийн төв номын сан дээрээ Төлбөргүй интернэт үйлчилгээ, Интернэтийн мэдлэг олгох сургалт зэргийг нэвтрүүлж ирсэн.

    Өнгөрсөн 2010 оны 5 сард Словен улсад болсон PLIP /Public Library Innovation Program/-ийн уулзалтын үеэр Монгол улстай ойролцоо цаг үед Ардчилалын замыг сонгосон Төв болон Зүүн Европ дахь улсуудын номын сангуудын төлөөлөл болсон Словен улсын нийтийн номын сангууд ямар их өөрчлөлт шинэчлэлтийг хийснийг харж, улмаар 10 сард нь АНУ-ын Балтимор хотын Нийтийн төв номын сан болон Maryland мужын Хараагүй болон Physically handicapped хүмүүст зориулсан номын сангуудад 14 хоногийн дадлага хийж, 11 сард Манай номын санд зочилсон БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Үндэсний номын сангийн төлөөлөгч нартай уулзсанаасаа хойш,

    Яагаад нийтийн номын сангууд Уншигч бүртгэл дээрээ төлбөр хураамжгүй байдаг, Яагаад гэрээр төлбөр хураамжгүйгээр ном өгч үйлчилдэг, Яагаад нийтийн номын сангууд нь community center гэсэн утгаар өргөн үйлчилгээ үзүүлдэгийг 2005 онд анх АНУ-д зочилж номын сангуудтай нь танилцсан 3 номын санчийн нэг нь би мөн учраас ахин дахин эрж хайж, уншиж, асууж, лавласаар,

    Дэлхий нийтээр даган мөрдвөл зохих 1946-12-10 өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал /http://www.mn-nhrc.org/hunii-erhiin-tugeemel-tunhaglal/ -ын 19-р заалт

    The principles of freedom of access to information, ideas and works of imagination and freedom of expression embodied in Article 19 of the Universal Declaration of Human Rights;

    дээр тулгуурлан Олон улсын номын сангийн холбооноос доор дурдагдсан зорилтуудыг тавин ажиллаж байна:

    – ensuring freedom to access information as a basic human right /хүний үндсэн эрх болох мэдээлэлд хандах эрх чөлөөг эдлүүлэх/;

    – creating opportunities for all members of the community to participate fully in the information and knowledge society /мэдээлэл, мэдлэгийн нийгэмд хүн бүрийн тэгш оролцох, хүртэх боломжийг бий болгох/;

    – enabling libraries to increase awareness among decision makers of the key role libraries play in advancing the information and
    knowledge society /Уучлаарай, Надаас өөр хүн орчуулсан нь дээр байх даа :-), орчуулгаа бидэнтэй хуваалцахыг хүсье. /;

    – encourage the library and information sector to work with partners and users to maximise the potential of digital technology to
    deliver services that enable seamless and open access by users to cultural and information resources.

    /Дэлгэрэнгүй http://www.ifla.org/files/hq/annual-reports/2010.pdf IFLA Annual report 2010 -ийн 12-р талд/

    Мөн ЮНЕСКО-оос 1996 онд шинэчлэн тунхагласан UNESCO Public Library Manifesto http://archive.ifla.org/IV/ifla62/62-abia2.htm

    – Right from the start, the new version stresses the principle that the library is open to everyone.

    – Its services ‘shall in principle be free of charge’.

    – library is one of the keys which open the doors of the information highways.

    – The manifesto remains faithful to UNESCO’s humanist principles and the ideas on which the Organization is based. Finally, there is continuity in the desire to see the library recognized as a public institution essential to justice, freedom and social cohesion.

    гэж заасан зэрэг нь

    Монголын иргэд бид Нийтийн номын сандаа Жил тутмын Уншигч бүртгэлийн хураамж, гэрээр ном авч уншихдаа хоног тутмын хураамж төлдөг нь нэг л буруу байгаа юм даа гэсэн сэтгэлийг улам зөвтгөж, энэ сэдвээр энэхүү нийтлэлийг бичих боломжийг олголоо.

    Хүн бүр Мэдээлэл олж авах буюу Унших эрхээ эдэлцгээе!

    Энэ эрхээ эдлэхийн тулд одоо байгаа хуучны арга барил, үйлчилгээний системүүдийг хамтдаа өөрчилцгөөе!

  • Амьдрахын тулд мөнгө хэрэгтэй

    Хүнд амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Түүгээр бид өөрсдийн хэрэгцээтэй болон хүсч байгаа зүйлээ авдаг. Гэвч манай гэр бүлүүдэд мөнгө хүрэлцэхгүй байгааг байнга мэдэрч болно. Зарим гэр бүл арай ядан амьдарч байгаа. Үүнээс болж сэтгэлээр унаж архинд орох, эсвэл биеэ үнэлж хүн чанараа гээж эхэлдэг. Эсвэл их мөнгөтэй хүмүүст атаархаж, мөнгөтэй хүн л аз жаргалтай байдаг гэж итгэдэг. Бидэнд аз жаргалтай амьдрахад ямар хэмжээний мөнгө хүрэлцэх вэ? Жагсаалт гаргаж үзвэл маш урт болно байх. Жагсаасан эд юмсыг бүгдийг авчихлаа гэж бодъё. Удалгүй бидэнд дахиад л ямар нэг  юм дутагдаж байгаа юм шиг сэтгэл ханамжгүй болно. Тэгээд дахиад хэрэгцээтэй зүйлийн маш урт жагсаалт гаргах болно. Бидний хүсэл хязгааргүй бөгөөд биелэгдээгүй бүхэн маш их гутралыг авч ирнэ. Иймд бид өөрсдийн материаллаг хүслийн тухай, мөнгөний үнэ цэнэ болон мөнгөөр юуг худалдаж авч болох, юуг болохгүй талаар бодож үзэхэд илүүдэхгүй. Хүн өөртөө байхгүй юмтай хүнд байнга атаархаж байдаг. Хэрэв тэр юм хэнд ч байхгүй байсан бол бид бүгд аз жаргалтай байж болно. Иймд мөнгийг чухалчилж, мөнгөнд ноёлуулж хэрхэвч болохгүй. Сүүлийн үед мөнгөтэй, муу санаатай хүн их найзтай байх нь их болсон. Харин ухаантай хэрнээ мөнгөгүй хүн цөөхөн найзтай байх нь бий. Хүн мөнгөнөөс болж үнэ цэнээ алдаж болохгүй. Хүмүүс олон шалтгаанаар ажил хийж мөнгө олдог байна.

    –       Өөртөө зориулах мөнгөтэй байх гэж

    –       Гэр бүлээ тэжээх гэж

    –       Өөрийн авьяас билгийг бусдын төлөө зориулах гэж

    –       Цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх гэж

    –       Ажил хийх нь таалагддаг учир

    –       Эрх мэдэл, эд хөрөнгөтэй болох гэж… гэх мэт олон шалтгаан дурдаж болно.

                Хүн зөвхөн мэдлэг, боловсрол, мөнгө, эрх мэдэл олохын төлөө бус үүрдийн хайрт ханьтайгаа учрахын төлөө төрсөн гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Ханийхаа, үр хүүхдийхээ аз жаргалтай амьдралын төлөө л мөнгө олдог. Мөнгийг чухалчилсаар үхвэл бид мөнгөө аваад үхэж чадахгүй. Харин хайрт ханиа дээдэлсэн бол хорвоод танийг дуурсах хүн үлдэнэ. Нас өндөр болсон хөгшчүүл хийсэн нүглээ наминчлах нь их болж, өөрийн алдааг үр хүүхдүүд минь бүү давтаасай гэж мөргөж байдаг.

                Түүхийн явцад олон зуун нэрт эрдэмтэд орчлон ертөнцийг ойлгох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн амьдралын материаллаг талыг халж байсан. Тэд амьдралд мөнгө болон дур татах зүйлээс чухал зүйл байдаг гэдгийг ойлгосон байсан. Бүх зүйлийг мөнгөөр худалдан авч болдоггүй. Хүний зүрх сэтгэлийг хэзээ ч худалдаж авч байсан түүх байхгүй. Үнэн, гоо сайхан, хайр дурлалыг материаллаг үнэт зүйлээс чухал гэж тооцдог хүн одоо ч байсаар байдаг.  

  • Би чамд хайртай /захидал/

    Би чамд хайртай. Өдөр хоног, он жилүүдийг би чамтай хамт өнгөрөөхийг маш их хүсч байна. Дурлал бидний зүрх сэтгэл болон амьдралыг нэгтнэж холбох ёстой. Би чамайгаа хамгаалж, энхрийлэх болно. Би чиний гадаад өнгөнд чинь төдийгүй дотоод сэтгэл, бие хүний нөөц баялаг, гоо сайхны чинь хүндэтгэн хайрлана.

    Би чамд хайртай. Би яамд ямар ч нөхцөл тавилгүй чамайгаа хайрлах бөгөөд чи миний хайр сэтгэлд хариулна гэдэгт найдаж байна. Миний хайр хариу шаардахгүй, гомдол дайсагналыг мэдрэхгүй байх болно. Би үргэлж чамайг ойлгож байгаа байдлаар чинь бахархаж, чиний бүх сайн талыг чөлөөтэй хөгжүүлэхэд туслахыг хичээнэ. Би чамд болон хайр сэтгэл маань улам төгөлдөржих ирээдүйдээ итгэлтэй байна.

    Би чамд хайртай. Би чамайг улам хүчтэй хайрлаж чадна гэхээс өөр зүйл мэдэхгүй байна. Би өөрсдийн хайрын харилцааг уйдаахгүй байж ойлгомжгүй байдлаас үүрд чөлөөлж илүү тэнгэрлиг хайр дурлалд суралцахыг амлаж байна. Би чамтай өөрийн найдвар, хүсэл эрмэлзлэлээ хуваалцаж, чамд болон хүсэлт хүлээлтийг мэдэрч байхыг хичээх болно. Энэ бүхэн нэгэн хэвийн сүртэй үүрэг биш байж, бид хамтдаа хөгжилтэй инээлдэх болно.

    Би чамд хайртай. Би үүнийг ямар ч шахалтгүй өөрийнхөө сэтгэл зүрхээр хэлж байна. Бидний үерхэлд хүн бүрийн хүч нэмэр болж нэг нь нөгөөгийнхөө сул талыг нөхөж байх болно. Миний хайр бол шинэ сэргэг бүтээлч үйл ажиллагааны эхлэл байх болно. Бид үл үзэгдэх утсаар холбогдох гэр бүлээ байгуулж, бидний дурлал хөгжиж, илүү гүн, бат итгэлтэй, харамгүй болно. Би чамдаа үнэнч байхын баяр баяслыг мэдрүүлэх болно.

    Би чамд хайртай. Би чиний төрөл садны хүн болж чи ч миний төрлийн хүн болох болно. Хэрвээ бид хүүхэдтэй болвол тэр биднийг улам бүр ойртуулна. Бид гадны хүмүүс дундаас бидний дурлалыг нураахыг хүсэгчидийг биш харин дэмждэг хүмүүсийн эрж хайх болно. Цаг хугацаа өөрийн хайр найргүй өөрчлөлтийн зүй тогтнолоор урсаж л байг. Бид сүүлчийн он жилүүдээ өнгөрсөн үеийнхээ дурсгалт дурсамжаар баяжуулах болно. Бид бие сэтгэл, оюун санааны хувьд гайхамшигт холбоогоор гагнагдаж, хойч үедээ бахархал болж амьдрах болно.    

     

    Л.Нарантуяа “Гэр бүлийн амьдрал” номоос…

     

  • …ДАЯАРШИЛ…ДАНГААРШИЛ…МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВИЙН ТҮҮХЭН ҮҮРЭГ… /МИНИЙ ХУВЬД ДЭЛХИЙ БӨӨРӨНХИЙ ХЭВЭЭР ЭРГЭЛДСЭЭР!…/

    Амьдрал санаандгүй тохиолдлуудаар хахсан баялаг үйл явц болохоор амьдралын үнэн үгс дотор ч заримдаа зарим нэг чалчаа, дэмий үгс ч шургачихсан, орон зай булаалдаад явж байх нь олонтоо тааралддаг.

    Нийгмийн үзэгдэл судалдаг, одоо, ирээдүйг нь хэр чинээгээрээ “оношилдог”, тэгээд, санаа бодлоо сонин хэвлэлээр цацаж, бага сага юм бичдэг, бичсэн хэдийгээ бөөнтгөж хавтаслаад ном, товхимол болгон зардаг манай ихэнхи нийгмийн судлаачид, зах зээлийн харилцааны үзэл сурталчид “Өнөөдөр дэлхий бөөрөнхий биш, хавтгай дэлхий болсон” гэж байнга бичдэг нь хэвлэлийн хуудас бүрд үзэгдэнэ. Ийм “онош” тэдний амнаас байнга унадаг нь ч чих дөжрүүлсээр удлаа. Харин өнөө “онош” тэдний өөрсдийн нь судалгаа, шинжилгээний үр дүнд гарч ирсэн онош юмуу, эсвэл, “интернет” агуулахаасаа ухаж олсон, гаднаас “импорт”-оор зээлдэн идэж буй бэлэн “будаа” нь юмуу, бүү мэд! Ямартай ч энэ онол, онош орчин үеийн дэлхийн даяаршил, мэдээллийн сүлжээ, бараа таваарын үйлдвэрлэл, борлуулалтын шахалт шаардлагаас сэдэгдсэн нь магад бөгөөд техник технологи үлэмж хөгжсөн орнуудын үйлдвэр- худалдааны эзэд өөрийн орны ард иргэдийн амьдралын хэрэгцээ, хэрэглээнээс хэтрүүлэн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ гадагш, хилийн чинад дахь бусад орны хэрэглэгчдэд зарж зардлаа нөхөх, ашиг олох зорилгыг нь хэрэгжүүлэгч “хэрэглээний философи” юм.

    Дэлхийн мэдээллийн хурд, цахилгаан- долгион харилцааны нягтрал, техник- технологийн хувьсгал чөтгөр ч атаархахуйц хөгжилд хүрсэн 21-р зуунд дөрвөн түмэн км голчтой бөөрөнхий дэлхий өнөөгийн соёлт хүмүүсийн болоод “Homo Tekhnicus”-уудын хувьд “хавтгай” болсон гэдэг үгс хэдийгээр үнэн үг боловч аанай л бас нэг чалчаа үгс юм.

    Дэлхий Даяаршлын эрхшээлд хүчтэй автаж буй нь бодот үйл явц ч, даяаршлын хавтгайрал, үндсэндээ, хүчирхэг капиталист орнуудын үйлдвэр- худалдаа, банк- санхүү, хөрөнгө оруулалт, ашиг орлогын хуримтлалд хамаарах өмч эзэмшлийн зорилготой хамтын ажиллагааны ил, далд зохицуулалт юм. Энд хоёр болоод олон талын эрх, сонирхол гэрээ, хэлэлцээрээр баталгаажин зохицуулагддаг мэт ч үйл явцын нь хаа нэгтээ олон нууц механизмууд агуулагддаг.

    Даяаршил нь гаднаа эдийн засаг, мэдээлэл- харилцаа сүлжээ, техник технологи, улс төрийн бүтэц, тогтолцооны загварт хамаарч буй нийгмийн эерэг үзэгдэл мэт харагдавч далдуураа үүнд орж татагдаж буй бага, буурай хөгжилтэй улс үндэстний хил хязгаарын тусгаар тогтнолд болоод аж төрөх аргын түүхэн уламжлалд ноцтой хохирол хэтдээ учруулах хүчин зүйлийн эрх эдлэн эрчимжиж буйг заавал тооцох ёстой.

    Даяаршиж буй дэлхийн эдийн засгийн харилцаа, чухамдаа, зах зээлийн “хүчирхийлэл”-д захирагдсан “эелдэг мөлжлөг”-ийн “үл баригдах хулгай”-н харлцаа бөгөөд бараа таваарынхаа борлуулалтаар далдалсан үйл ажиллагааны цогц учир Монгол мэтийн “хэрэглэгч” орны эдийн засаг улс төрийн тусгаар тогтнолын үндсийг үл үзэгдэх боймоор боймлог амьсгааг нь хураалгах ирээдүй маргааш биш гэхэд нөгөөдөр тохиох нь илэрхий үнэн гэж хэлж болно.

    Монгол улс дахь монголчуудын … монгол тоотон, монгол туургатны хувь төөргийн зураг эдийн засаг талаасаа миний нүдэнд их л баргар харагдаж сэтгэлийг минь зовоож байдаг. Зөв харж байна уу, буруу харж байна уу, би сайн мэдэхгүй, зөв гэж баттай хэлж чадахгүй.

    Бид 40 сая мал тоолуулсан удаатай ч, эд яах вэ, тэнгэр газрын эрхшээлд байдаг амьтад, үржих жилээ үржинэ, үхэж барагдах жилээ үхээд дуусна. Үндсэндээ, нийгмийн тогтвортой, тулгуур баялаг биш! Ардын маань хуучин үгэнд үлдсэнээр, “Баян чинь шуурганд, баатар чинь ганц суманд“ гэгчээр, өнгөрсөн үхэр бар,жилийн зуднаар 8 сая нь хиарчихлаа. Энэ янзаар ирэх жилүүдэд тэнгэр муухай аашилж хэдэн өвөл дараалаад зуд турхан хялалзвал Монгол модоо барих юм байна. Мал байлаа ч гээд ашиг шимийг нь боловсруулах үйлдвэр Монголд байхгүй, ганц нэг сортоотой эдийн засагч “Үйлдвэр барья” гэж үг дуугараад ч чих нь бөглөөтэй төр засаг нь үл сонсоно. Газрын маань хөрсөнд болоод гүнд эрдэс баялгийн аврага их нөөцтэй олон орд, уурхайнууд дарагдаастай бий нь бий. Гэвч орчлонд дуусдаггүй дундардаггүй хэмжээтэй юмсыг Бурхан бүтээгээгүй болохоор өнөөдөрдөө Монгол руу гадаадын хөрөнгө оруулагчидын шүлсийг гоожуулан шүдийг нь хавиралдуулан уралдуулж буй энэ “түүхий эд” бараг намайг үхэхээс өмнө ёроолоо харуулна.

    Монгол өнөөдөр Монголыг тэжээчих үйлдвэр ч алга, зохих түвшний мэдлэг боловсролтой инженер- техникийн мэргэжилтэн, ажилчид ч алга, дэлхийтэй өрсөлдөх бүтээлч чадвар, туршлага, дотоод идэвхи эрчим ч бидэнд алга! Монголын эдийн засаг зуун жилийн дараа ч хилийн чинадаас хараат салгалах хамааралын таталцалд цөөрөмд эргэлдэх намрын навч шиг эргэлдэнэ. Дэлхийн болоод хоёр хөршийнхөө “татах хүч”-инд “салаавч тавих”, харц дальдралгүй халз ширтэлцэх хэтийн төлөв ч одон орны дуранбайгаар шагайгаад ч харагдахгүй байна. Гэхдээ энэ баргар үнэнийг үг үгүүлэн үгүүлэхэд, бидэн шиг бага загварын эдийн засагтай ихэнх улс үндэстнүүдийн оюун санааны амьдралд ч, нийгмийн сэтгэлгээ, сэтгэхүйд ч нэгэн хүчирхэг үйл явц өрнөж эхэлжээ. Энэ бол эдийн засгийн хөгжил, даяаршилийн нөгөө талд, бараг эсрэг гольдролоор “үерхэж” буй, зарим эрдэмтэд, судлаачид “Дангааршил” гэж нэрлэн томъёолж буй үйл явц!

    Өнөөдөр Даяаршил ч, Дангааршил ч дэлхийн нийгмийн амьдралын бодот үзэгдэл, бодот баримт болов. Өөрийн үндэсний оюун санаагаар бүтээсэн өндөр соёлтой, цаашаа, ертөнцийн мөн чанарт нэвтэрсэн, хүний амьдралын үндсэн зүй тогтолыг гүн гүнзгий танин мэдсэн эш онолтой, хамгийн хүнлэгээр амьдрах арга ухааны түүхэн туршлагатай Монгол шиг аугаа үндэстний хувьд бол дэлхий хавтгай биш бөөрөнхий хэвээрээ хэвээрээ эргэлдэн үргэлжилнэ.

    Миний хувьд, Дэлхий Бурханы бүтээсэн хэлбэр дүрс, нууцлаг хуулиараа л эргэлдсээр байгаа! Ойворгон ч юм шиг, тэнэг ч юм шиг энэ үгээ шоолуулахгүйн тулд тайлбарлахаас аргагүй нь: Монгол нутаг хэдийвээр их хэмжээний гадаргуугаар хуурайшиж, цөлжиж байгаа ч дэлхийн цөөхөн онгон зэлүүд, сонин дагшин газар усны нэг хэвээр үлдэж байгаа шиг, Монголчуудын бүтээсэн оюуны соёлын өв бөгөөс эрдэмтэд, судлаачдын тогтоосноор хүн төрөлхтний анхдагч, өвөг, өлгий соёлын нэг том ай, соёлт иргэншлийн нэн эртний хэд хэдэн эх сурвалжуудын нэг үүтгэлд яалт ч үгүй хамаарагдах түүхийн баримт, хэрэглэгдэхүүн мөн юм.

    Дэлхийн бөмбөрцөг дээр дэлхийг тэгшхэн, хавтгай гадаргуутай гараг эрхэс бус олонлог утгатай хэмжээст бөмбөрцөг болгож буй Алтай, Химлай, Тэнгэр уулс, Кавказ, Альп, Анд, Кордиллер мэт өндөр оргил, уул нурууд, уудам их тал хөндий, гол мөрд, ой хөвч, говь цөл, зах замгүй их далай тэнгис, шувууны жиргээ дарахтай үгүйтэй хоржигнон шулганах горхи, булаг үүсэн байрлаж байгаа шиг дэлхий гарагыг маань түүний гадаргад шаван амьдрагч үндэстэн үндэстний соёлын улаач,-бөөрөнхий орон өлгий болгож буй соёлын өндөр өндөр сарьдгууд /Яг л өнөө Алтай, Химлай, Тэнгэр уулс, Кавказ, Альп, Анд, Кордиллер шиг! / дэлхийд сүндэрлэн оршсоор байна. Тэр сүрлэг, ноёлог өндөр соёл, иргэншлийн сонгодогуудын нэг нь монголчуудын бүтээн тээж, 21-р зуунд хүргэж ирсэн нүүдлийн соёл иргэншлийн өв гарцаагүй мөн!

    Тэнгэр, Газрын завсархи орчилдонги зайд тохиолдлоор болоод тохиолдол бусаар шүтэлцэх эерэг, сөрөг харилцаанд зохицон амьдарч чадах зөв, ариун, гоо сайхан амьдралын тогтолцоог нээн олж амьдарсан үгүйшгэгдэшгүй туршлагатай, аман болоод бичгийн сонгодог утга зохиолын ховор, гайхамшигт дурсгалуудтай, хүн төрөлхтний өвөг хэл, өвөг шашин шүтлэг, аж төрөх бурханлаг хэв загварын үндсүүдийг далддаа, гүндээ шив шинэхнээр нь хадгалж үлдсэн, тэгээд уламжлан хөгжүүлж яваа үндэстний хувьд монголчуудын соёлын үнэт өв дэлхийн соёл иргэншил, шинжлэх ухаанд нээгдсэн геометрийн бүх дүрс хэлбэрээр ч, нээгдээгүй, мэдэгдээгүй дүрс хэлбэрээр ч дэлхийн бусад соёл иргэншилтэй ойр нь ойр зайд, хол нь хол зайд харилцан шүтэлцсээр байх болно.

    Миний бодол сэтгэмжийг хоосон цэцэрхэл, хуурай софист чалчилт гэж дотроо доог тохуу хийх сэхээтнүүд, мэдээж, зөндөө олон байхыг би гадарлаж л байна. Гэвч нэг ноцтой асуулт ургаж байна. Өнөөгийн монголчууд бидэнд хүн төрөлхтөний ирээдүйн түүхэнд гүйцэтгэх ямар нэг түүхэн үүрэг байна уу, эсвэл, үгүй юу? Дээрээс… Тэнгэр Бурханаас, Байгалиас бидэнд оноон хариуцуулсан нууцлаг ч юмуу, ил шууд утга агуулгатай ажил үйлс бий юу, үгүй юу? Бий бол юу вэ? Эсвэл монгол тоотон, монгол туургатан өнөөгийн хүн төрөлхтөнд, тэдний хөгжилд дэлхийн түүхийн хэтийн үйл явцуудад ямар ч үүрэггүй, хэрэггүй, өчүүхэн ч ач холбогдолгүй “илүүдэл” байхаасаа байхгүй нь “ашигтай” үндэстэн үү? Үүнийг бид хааяа ч бол боддог уу? Өөрөөсөө, бусдаасаа асуудаг уу?

    Бодоод байтал, асуултууд цааш цаашаагаа задран, маш олноор үүсэх нь ээ: Даяаршлын  нөхцөл дэх дэлхийн анхаарлыг өөртөө татах, төвлөрүүлэх, дэлхийн үйл явцад ямар нэг үйлдэл, үйлчлэлээр, үг хэлээр нөлөөлж чадах ямар нэг онцгой бусад үндэстэнд байхгүй өвөрмөц үнэ цэнтэй, “өөрийн” гэж өмчлөхүйц орь чанартай юм. Монголчуудад юу байна вэ? “Байх”, “Байлгах” оюун санааны болоод биет үйл ажиллагааны заяамал өгөгдөхүүн боломж Монголчуудын генд, бие махбодийн нь бүтэц, физиологи ажиллагаанд бүрэн үү, Дутуу юу? Монголчууд ямар нэг үйл бүтээлийг дэлхийн өмнө дангаараа, бие даан хариуцаж хүн төрөлхтөнд өөрийн эрхгүй үгүйлэгдэхүйц том тус нэмэр болох, дэлхийгээс тийм найдвар хүлээн амьдрах чадвартай ард түмэн үү, үгүй юу? Бидэнд тийм “бүтээгдэхүүн” бий юу, огт байхгүй юу?! 21-р зууны монгол үндэстэн энэ асуултанд “тийм!”, “үгүй!” гэдгээ хариулах ёстой! “Тийм!”, “Бий!” гэж бардам баттай хариулах үндэс, үндэслэл Монголчуудын эцэг, эх дээдсийн бүтээж үр хойчдоо болоод хүн төрөлхтөнд бэлэглэж үлдээсэн соёлын их өв, сангууд бий гэж би бодож байна. Энэ өв бол дэлхийн нэгдмэл, харилцан шүтэлцээт оюун санааны интеграл онол эшийг багтаасан, хүн төрөлхтөний дотоод ертөнцийн гэгээрэл, бүх төрлийн эрчим мэдээллийн хамгийн нарийн нийлмэл, чинадлаг, хамгийн язгуур гарваллаг, хамгийн синергетик, хамгийн бурханлаг бодь Үүсгэл-Төгсгөлийн системлэгдсэн том сан хөмрөг, агуу том “агуулах” юм.

    Энэ “агуулах”-ын цоож, цуургыг эдвэж хэмхлэлгүй өөрийн нь түлхүүрээр зөв онгойлгож доторхи эрдэнэсийг нь уудлах, юу юу хадгалаастай, дарагдаастай, дэлхий мэдэх нь байтугай бид өөрсдөө ч мэдэхгүй алмайж суугаа ямар нууц эрдэм ухааны арга жор байгааг ширхэгчлэн нэгжих, судлан нээх, хүн төрөлхтөний оюун санааны зөв хөгжлийн хэрэгцээ, хэрэглээнд нийлүүлэх, тэдний сэтгэлийн болоод сэтгэлгээний орон зайг прагматик явцуурлаас аврах, орчин үеийн хүмүүсийн амьдралд шинэ зорилго, тэмүүлэл, шинэ утга агуулгын ойлголт бий болгох, магадгүй, хүн төрөлхтөний ахуу, ухамсрыг өөр зам руу… хүнийг бурханжуулах дээд хөгжлийн зам руу хөтлөх хүчирхэг оньс “аварга могойн зулай дахь чандмана” мэт гэрэлтэж байж магадгүйг ч магадлах нь одоогийн бидний амин үүрэг боллоо гэж бодогдном.

    Монголчуудын соёлын өвийг “агуулах” дотроос надад нэг “чандмана” байнга тэмтрэгдэж, түүнийг надад тэнгэрээс хааяа хааяа ирүүлдэг үүрийн зүүдэнд минь харуулан сануулах тул би зүүдээ марталгүй манаж хонох бөгөөд тиймээс өнөөх зүүдний “чандмана”-ийг би өөртөө “Бодь сэтгэлийн соёл” гэж нэрлэдэг. “Бодь сэтгэлийн соёл” бол угтаа, товчдоо гэгээрэл юм. Соёл зөвхөн мэдээлэл, мэдлэг, мэргэжил, боловсрол, прагматик сэтгэлгээний болоод үйл ажиллагааны чадварын хөгжил биш, хүний дотоод ертөнцийн гэгээрэл юм. Гэгээрэл зөвхөн амьдыг хийгээд юмсыг энэрэн нигүүлсэх нинж сэтгэлийн үрээр дамжин боловсорч хүний үйл ажиллагааг Бурханы мөрөөр хөтөлнө.

    Гэгээрэлд зөвхөн сэтгэлийн ариуслаар л хүрнэ. Өөр боломж байхгүй. Зөвхөн ариуссан, нинж нигүүлсэлгүй үйлийн мөрд барилдсан сэтгэл л хүний оюун санааг ч, ажил үйлсийн нь агуулга зорилгыг ч ариусган бусдад гагцхүү тус буян үйлдэх, бусдын тус буянг шүтэн амьдрах ухаарлын өндөрлөгт хүргэнэ. Тийм өндөрлөгт эс хүрсэн хүний амьдралыг Амьдрал гэж нэрлэхэд туйлын хэцүү, хагас хугас, тахир татуу, бусармаг гэхээ байя гэхэд хайран цаг хугацааны яйран үрлэг болсон харамсалтай ядмаг явцуу, худал хуурмагийн үлгэр амьдрал байж байгаад дуусдаг. Тэгээд огт байгаагүйтэй адил, ор тасмартагддаг! Хүний амьдралын үндсэн утга агуулга нь эд материалын баялагт бус, өмч хөрөнгийн хуримтлал, олз ашиг, эрх засаг, газардмал нийгмийн /зах зээлийн/ харилцаанд үйлчлэх эрх чөлөөнд бус /эсрэгээр, харин ч ухамсартай хязгаарлалтанд/, хүний гэгээрэлд, далд ухамсар оюуныхаа нууц нөөц хүчийг уудлан эзэмшихэд, тэр хүчийг бодь мөрийн үйлд ашиглаж ахуулаг ертөнцийн хүлээснээс ангижрах эрх чөлөөг олоход л орших юм. Хүний амьдралын богино хугацаа нь зөвхөн энэ үйл явцад л зарцуулагдах хоног өдрийн тасралтгүй үргэлжлэл! Уг үргэлжлэлийн тасрах нөхцөл шалтгааныг үхэл гэж нэрлэж байгаа!

    Хүний амьдралын тогтолцоог ингэж ухаарч, гэгээрч ирсэн монголчууд үйл ажиллагааны уламжлалыг хадгалсан соёлын өв бол хүн төрөлхтөний оюун санааны хамгийн гол өвд тооцогдох бүрэн үндэстэй! Үндэстний соёлын үр хүний тархинд соёолохоосоо түрүүнд хүний элэг сэтгэлд соёолдог. Хүний бие организмын мах цусан бүтэц бүрэлдэхүүнтэй зэрэгцэн орших хий биед нь яг махан биеийн нь физиолог үүрэг гүйцэтгэдэг элэг шиг “элэг”, тэгэхдээ, сүнслэг, сансрын эрчимлэг, хийсдүү “физиолог” үүрэг зориулалт бүхий, амьд системд хийн болоод эрчмийн солилцоо явуулан амьдруулдаг “хий эрхтэн”- “элэг” бас байдаг. Биеийн эрхтэн,- элэг нь цус шүүж цэвэрлэдэг шиг хий биеийн эрхтэн буюу бодисын солилцооны бус эрчим оюуны мэдээлэл, бодот бус шит тэжээл солилцооны эрхтэн,- “элэг” нь хүний дотоод ертөнцийг ариусган шүүж, дотуур нь нэвтрэгч бүгдийг нь нигүүлсэл, хайр болгон хувиргадаг. Хайр бол тогтонги махан бие, урсгал хий бие хоёрын дээд нэгдлийн хүч, хүний амьдрал, оршихуйн “тулах цэг” юм.

    Монголчуудын соёлын өвийн төв хэсэг, – хүний амьдралын утга агуулгыг ойлгох энэ философи ойлголтыг орчин үеийн даяаршлын нөхцөлд хүн төрөлхтөнд ойлгуулж, дэлхий нийтийн аж төрөх аргад нь хэвшүүлж өгөх нь монголчуудын соёлын өвийн түүхэн үүрэг! Монголчуудын соёл бол хүмүүний гэгээрлийн соёл, “бодь сэтгэлийн соёл” гэж би үздэг. Хүний нийлмэл цогц бүтцийг “цөм” – бодь сэтгэлийн эрчим урсгалаар тэжээгдэн тэнд үндэслэн соёолоод хүнийг бурханжуулдаг үр жимс нь энэ соёл юм. Энэ бол маш байгальлаг, дээр нь сансар огторгуйн мэдээлэл, онгод тэнгэрүүдийн хэл дохио, зөн совин, чинад ахуйн сүлжээгээр холбогдсон нууцлаг, бүтээлч, энэрэнгүй, хүнийг үнэмлэхүй төгс оюун билигээр гэгээрүүлэгч хүчирхэг соёл! Энэ соёлын философи агуулга, мөн чанарт нэвтрэх асуудлыг дэвшүүлэн ярих нь орчин цагийн байгал, нийгмийн үйл явцад тогтмол давтагдах шинж чанартай эрчимжиж буй сөрөг үзэгдлүүд аюул, мөхлийн сэрэмжлэгүүдээр дүүрэн, хүний хүч чадлаас хэтийдсэн гай гамшигууд жилээс жилд олширсоор буй нөхцөлд хүн төрөлхтөнд бодтой аврал болох юм.

    Эцэст би, Монголын соёлын өвийн нэн чухал философи утга санаа,- “бусад нь бусадтайгаа” шүтэн барилдаж амьдрах ба орших, юу юуны түрүүнд, эх байгалтайгаа, орчин тойронтойгоо, мэдэх хийгээд “мэдэхгүй” –тэйгээ хамт “амьд байх” чинагуух нөхцөл,- “шүтэн барилдлага”-ын тухайд товч үгүүлэх шаардлагатай болов. Зөв, амгалан, гоо сайхан амьдралын үндэс нь, -амьд нь амьдыгаа, хэрэв амьгүй, сүнсгүй юмыг Бурхан орчлонд бүтээсэн бол тэр бүгдийг хайрлан тэр бүгдтэй нэгдэн орших, бие биеэсээ хамааралтайгаар адил тэгш хөгжиж, эсвэл, мөхөх тийм харилцаан дунд эерэг, сөрөг чанартай үр дүн гаргах шалтгаан нь болдог, бас, бүх юм бүх юмаа нөхцөлдүүлэн бүтээх өгөгдөхүүн болдог “үр-чанар” юм. “Үр чанар”-ын чинагуух илрэл нь “шүтэн барилдлага” болно. Идэвхитэй, хөгжингүй, үнэмлэхүй чанарт ахуу, амьдралын нөхцөл,- “Шүтэн барилдлага” нь юмс, үзэгдэл өчүүхэн бичил ч бай, агуу их ч бай, аль алиныхаа ахуу оршилыг хамтдаа хамгаалсан, аль алиндаа ханьсан тусалсан, хамтын төгс дээд “дотоод хөгжил” рүү хамтын хүч, хурдаа эрчимтэй дайчлан зорьсон нигүүлсэнгүй үйл юм.

    Хүний ажил бүтээл тийм дээд нигүүлсэнгүй чанарт зөвхөн оюун санааны гэгээрэл, “Бодь сэтгэлийн соёл”-оор л хүрнэ. “Бодь сэтгэлийн соёл” гэдэг нэр томъёо ч, ойлголт ч нийгмийн философид төдий л хэвшээгүй, зохих байр зайгаа олоогүй байгаа ч монголчууд дэлхийн амьдралыг тэргүүлэх, хүн төрөлхтөнд зөв, амар амгалан, гоо сайхан амьдрах орь арга ухааныг нь заах, өнгөрсөн бүх зуунуудын түүхийн алдааг эцэслэн засах, хойшид үл давтагдах магадлалын нууцыг тайлах, тэдэнд Бурхан Багшийн дайтай Багшийн “алба хаан” Тэнгэр Бурханы хэрлэшгүй хайр, нигүүлсэхүйд манлайлах ганц боломж юм. Энэ боломжийг өөрсдөө бид бүрэн ашиглах, бусдад таниулах ухааруулах үүрэг өнөөгийн монголын соёлд тухайлан тохоогдсон түүхэн үүрэг! Энэ түүхэн үүрэг Монголчуудын соёл сэтгэлгээний мөн чанарын увьдас, гайхамшигт чадвартай холбоотойгоор өгөгдсөн. Томъёолж хэлбэл, Монголчуудын аж төрөх ёсыг тодорхойлж ирсэн арга, билигийн “шураган хүч” юм. Монголчууд энэ “шураг хүч”-ээр байгалийн догшин хүчний сорилт, туршилтанд тэсэн үлдэж эерэг сөрөг хувьсал өөрчлөлттэй нь нийцэн зохицож, эсрэг хүчийг хүлээн авах, түүнтэй шүтэн барилдах, тэр хүчтэй адил хүчээр зэрэгцэн хүчирхэгжих арга,билигийн “Томоос”-оор хөгжиж ирсэн. Энэ “шураг хүч”-ээр хүн төрөлхтөний түүхээс гээгдэлгүй, арчигдалгүй, цаг үе бүртэй цуг аж төрж, цуг зэрэгцэхдээ ч зэрэгцэн оргшиж, тэргүүлэхдээ ч тэргүүлэн удирдсан!

    Байгальтайгаа, бусадтайгаа, бас, өөр “анги” ертөнцтэй ч шүтэн барилдаж, ахуу соёлоо “үгүйсгэл-үгүйсгэлийн үгүйсгэл”-ийн нэгдлийн /оюуны болоод сэтгэлийн хам гэгээрлийн/ “шураган хүч”-ээр цаг хугацааны эсэргүүцлийг давж оршиж чадсан!                   

               

    Монголчуудын энэ гайхам туршлага хүн төрөлхтөний ирээдүйн амьдрал, аж төрөх ёс суртахуунлаг аргын дээд дууриамал байх болно. Гэхдээ Монгол үндэстний амьдралын энэхүү ил нь ил, нууцлаг шургуу /далд/ нь шургуу туршлага, үлгэр загвар зөвхөн хүний дотоод ертөнцийн нинж чанараар буюу гэгээрлээр нэвчиж байж л сая биднийх шиг бодот үйл хэрэг болно. Өөрөөр хэлбэл, бурханлаг гэгээн амьдралд хүрч тийм утга чанарын, тийм өндөр дээд түвшний хөгжилтэй нийгмийн баялгийг бүтээнэ. Дэлхийг цаашдаа гагцхүү энэ үзэл баримтлалаар хөгжих зам л аврана. Хүн төрөлхтөний ахуу амьдралыг энэ философиор удирдах явдал 21-р зууны монголчуудын түүхэн үүрэг, үл мартагдах гавъяа болж үлдэнэ.

    Би хэдхэн хуудасны өмнө 21-р зуунд Даяаршил, Дангааршил нийгмийн бодот үзэгдэл, нийгмийн сэтгэлгээнд заавал тооцох ёстой зэрэгцээ баримт болсон гэж хэлсэн. Дангааршил нь хэдийгээр хүн төрөлхтөний соёлын “шүтэн барилдлага”-ын доторхи нэг эс ойлголт боловч монгол соёлын өвийн Дангааршил нь тусгайлан авч үзэх ч гэх юмуу, ер нь эзотерик, парапсихологи шинжлэх ухаан онцгой анхаарлаа төвлөрүүлэн судлах баримтат хэрэглэгдэхүүн мөн! Монголчуудын соёл иргэншлийн уг язгуур нь бодот ахуу хийгээд бодот бус, далд ертөнцийн мэдээлэлд суурилсан ер бусын гоц мэдрэхүй, хүртэхүй, бясалгал, дээд логик дүгнэлт, гэгээрлийн үйл ажиллагааны үр дүнг үгээр оноон томъёолох бэлгэ билгүүнээс үүссэн гүн гүнзгий, асар нийлмэл, чинад гарвалын сэтгэлгээ, сэтгэлзүйн үзэгдэл юм. Энэ бол, эгэл нүдэнд үзэгдэх юмс хийгээд үл үзэгдэх, зөвхөн эгэл бус нүдэнд үзэгдэх, хувилгаан чанарт оюун ухаанд баригдахуйц зөн совинлог хий ухаарь… юмс,-тэнгэр, бурхад, Сүнс, Сүлд, онгод, лус, савдаг, модор, буг, чөтгөр, дэрээ, мөн, дээд “гэрлэн ахуй”- н эрчим долгио мэтийн амьд ертөнцийн хийсвэр хүчинд нэгэн зэрэг нэвтэрч нэгэн базагдсан интеграль ойлголт, хөтөч үзэл онолыг боловсруулж чадсан “шураган хүч”-ний сэтгэлгээний үр дүн!

    Монголчууд энэ үр дүнд хоёр аугаа хүчин увьдсаар хүрсэн! Нэг нь, сэтгэлийн гэгээрлээр, нөгөө нь,- бэлгэ билгүүний мэдээллээр! /Бэлгэ билгүүний мэдээллийг хувилгаан чанарын ид шид гэж нэрлэж ч болно/ Эгэл төрөлхтөн хүршгүй энэ өндөр “үр дүн”-гийн задаргаа, тайлалд хүн төрөлхтний дээд төгөлдөржилтийн хамгийн хүчирхэг “хүчит зүйл” нууцлагдаж байгаа байж ч мэднэ. Монголчуудын соёлын түүхэн өв цаашдаа дэлхийн соёл иргэншлийн нэн эртний эх сурвалжуудын нэгээр “ЮНЕСКО”-д бүртгэгдэж, хүн төрөлхтөний оюун санааны амьдралын төгс хэв загварын хувьд анхдагч жишиг, өвөг эмэг онол эшийн эрхийг эзэмшиж ч магад! Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед ч монгол соёлын өв хүн төрөлхтөний оюун санааны хөгжилд өвөрмөц нөлөөтэй, идэвхитэй далдуур үйлчилгээтэй, аль ч тивийн оршин суугч боловсролтой иргэдийн сэтгэлгээний хэрэгцээтэй харилцан хамааралд “таталцан оршиж” байна. Түүгээр ч зогсохгүй бусад соёл, иргэншлийг өөр лүүгээ татдаг, үйл явцыг нь төв рүүгээ сорон “шургуулж” төвөө тэлдэг, тодорхойлох аргачлал, тогтолцоогүй зарчимын хаос, квантлаг үйл явцаар хөгжин баяждаг, гүнзгийрүүлдэг, тэгээд, тусгаар оршин тогтнох чадвараа баталж, бусадтай ижил түвшинд, зарим ай савд илүү дээд түвшинд тэргүүлж ч явна.

    Монголчууд утга соёлоороо дэлхийтэй харилцаж буй харилцааны өндөрлөгөөс дүгнэхэд, өнөөгийн хүн төрөлхтний нийгмийн харилцаа, ялангуяа соёлын өв уламжлалын харилцаа шүтэлцээнд оршихоороо дэлхий маань хавтгай бус, нэг нь нөгөө рүүгээ шулуун урссан шугаман урсгалтай бус, эсрэгээр, бөөрөнхий “шугаман бус” хэмжигдэхүүнтэй олон хэмжээст тодорхойлолтуудтай харилцаанд оршиж байна гэж /энэ санааг би зориуд давтан гуршиж байна/ үзэхээс өөр аргагүй болсон нь илт болов.

    Дэлхийн улс түмний соёл иргэншлийн өв уламжлалын харилцаа планимер геометрийн хавтгайд бус огторгуйлаг орон зайд өрнөж, бие биеэ харилцан баяжуулж, баталж, шинэчилж, бие биеэ үгүйсгэх бус шүтэлцэж, бие биеэ даацжуулан хөгждөг гэсэн ойлголт гүнзгийрэх нь цаашдаа соёлын философийг шинжлэх ухаан болгох үндэс болж өгөх болно. Энэ өнцгөөс хандахыг Монголын соёлын өв өөрийгөө судлаачдаас шаардах эрхтэй, яагаад гэвэл, энэ өв дэлхийн маш том оюуны багтаамжтай, эрчим долгио лугшсан мэдрэхүйтэй үндэстний аман болоод бичгийн соёлын өв бөгөөд түүний нэг бахархалтай, бас, бусад сөнөсөн, мартагдсан өвөг соёлуудаас ялгаатай нь өнөөг хүртэл давшингуй хөгжсөөр, гүнзгийрсээр, судлагдахууныхаа цар хүрээ, агуулгынхаа хэмжээ тигийг жилээс жилд тэлж цаг үеийнхээ түүхийн бүхий л үйл явцыг бүтээлцэж буй баян, хүчирхэг мөн чанартай байгаа юм.

    Хүний амьдралын материаллаг, дав даруйн хэрэгцээ хүн төрөлхтний түүхийн туршид тун ч өөрчлөлт багатайгаар зөөгдөж уламжлагддаг. Хүний амьдрал гэдэг уг хэрэгцээг л хангах үйл явц, үйл ажиллагаа юм. Эрт урьд ч тийм л байж, одоо ч тийм л байна. Хойшид ч тийм л байсаар үлдэнэ. Хүн төрөлхтний ихэнхийн хувьд, хэрэв тэд мөнх орших цаг хугацаатай бол энэ үнэн мөнхийн хууль мэт үйлчилнэ. Хэрэгцээний утга агуулга тогтмол чанартай, гагц ажиглагддаг өөрчлөлт хувьсал нь уг хэрэгцээг хангаж хэрэглээнд орж буй юмсын тоо, чанар, нэр төрөл, хийц хэлбэрт л гардаг. Өөрчлөлт, хувьсал нь хүний хэрэглээг  бүрдүүлэгч юмсын чанарын дэвшил, тоо хэмжээний олшрол, хийц хэлбэрийн үзшилийн хурдтай “гоо сайханжилт”-аар хэрэгжин урагшилдаг. Хүний амьдралын бодот хэрэгцээ, хэрэглээтэй ав адил зүй тогтолтой, тухайлбал, хэвийвээр, өөрчлөлт хувьсалын дээр доорын ялгавартай үе шаттай ч Планкийн тогтмол шиг үл өөрчлөгдөвч /өөрчлөгдвөл, системд өөр хууль зүйн үйлчлэл үүснэ/ тогтмол мөн чанарын болоод утгын гүн бат суурьтай бүтцээр үеэс үед орон зай, цаг хугацааны хүчирхийллээс ангид зөөгддөг, хүний бие махбодын эрчим оюуны амьдра бүтээгдэх орчин нөхцөлд нөлөөлж уламжлагддаг, ухааны өвийн дамжлага, тэр дамжлагыг хариуцагч ген юм.

    Энэ дамжлага, удамшил үгүйгээр хэн ч хэн биш, зүгээр л хүн, зүгээр л “хэрэглэгч”, зүгээр л “амьд организм”, зүгээр л амьтны аймгийн “онцгой загвар”, ямар нэг ажил эрхэлдэг, үгээр ярьдаг, хуралддаг, техник-технологи бүтээж тэрнийгээ ашиглаж амьдардаг “осолтой төрөл” зүйлийн нь төлөөлөгч! Хүн төрөлхтөн энэ гашуун тодорхойлолт, “нулимстай үнэн” –ний таяг тойргоос гарах нөхцөл бол, -монгол үндэстэн бидний хувьд гэвэл, өвгөд урьдасын соёлын өв бүтээлүүд өнөөгийн бидний “Хүн” гэж нэрлэгдэх эрхийн “гэрэгэ”-монгол утга соёлын “тайлагдашгүй”гэж хэлж болох нууц “код” юм. Тайлагдашгүй мэт “код” цоожлогдсон нь мэдрэгддэгч тэр цоож, цуурганы гацаа зөвхөн орчин үеийн хүн төрөлхтний сэтгэхүйн хөгжлийн түвшинтэй, шинжлэх ухааны нь арга чадварын нь сул хөгжилтэй, өөрөөр хэлбэл, далдыг танин мэдэх туршлагын нь хангалтгүйтэй холбоотой. Энэ гацааны хохирлыг хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжил, мэдээж, даван туулна. Харин энэ үйл явцыг хурдасгах, эгэл хэвийн амьдралын хэрэгцээ, хэрэглээ болгох хөтчийн оноо төөргийг бүүр “дээрээс” ирүүлж буй үндэстэн нь Монголчууд өөрсдөө гэж хэлэхэд үнэмших нь үнэмшиг, эс үнэмших нь эс үнэмшиг, эс үнэмших нь бүү хэл, инээлдэж хөхрөлдөх нь хөхрөлдөг!

    Бусдыг үгүйсгэж хэрхэвч болохгүй, өөрсдийгөө яаж хүндэтгэдэг вэ, тэр лүгээ ялгавартай тэднийг хүндэтгэж, өөртөө яаж итгэдэг вэ, тэр лүгээ үлгэрээр тэдэнд итгэж, бусадтайгаа шүтэн барилдах хэрэгтэй. Гэхдээ, юу нэгийг юу ч гэж мугуйд зөрүүд ойлголтоор нэрлэж болохгүй, харин, юу гэж нэрлэвэл үнэнийг нь, мөн чанарыг нь онох вэ, тэр ёсоор, яг үнэнээр нь л нэрлэх хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтөний сэтгэхүйн хамгийн дээд ялалт байх болно. Үгийн шижлэх ухааны үндсэн зарчим ч энэ юм!       

     “Трой”хотын дайнд Герег үндэстний ижий, аавын үрс, -аварга биет, аварга хүчит баатрууд оролцохын хажуугаар тэнгэр, бурхад зэрэгцэн оролцож дайныг дуусган ялалт байгуулсан шиг Монгол ижий аавын оюунт цэцэн мэргэн үрсийн оролцооны зэрэгцээ дээд 99 тэнгэрийн элч сахиулсад, Авид, Дүшит, Сугавадийн арилсан орны ариуссан Бурхад Монгол соёлын өвийн “кодлогдсон” нууцад биеэр үл үзэгдэн оролцсон нь магадтай. Иймд, Монголчуудын соёл, иргэншлийн язгуур уг, гарваль эхийн мөн чанар, үнэн мөнийг хүн төрөлхтөн хаа сайгүй шинжлэх ухаанчаар судалж, танин мэдэж, нууцлагдсан оньсого, оньсыг зөв тайлж, хүмүүн амьдралын загвар болгож хэрэгжүүлэх цаг хойч түүхэнд хүлээгдэж байгаа юм. Энэ “хүлээлт” –ийг хэрэгжүүлж, жинхэнэ зөв, төгс, гоо сайхан амьдралын шинэ үе шатанд дэвших нь хүн төрөлхтөний оюун санаа, сэтгэлгээ, сэтгэлзүй,  логик ухамсар, шинжлэх ухааны үнэмлэхүй ялалт, бараг, эцсийн үр дүн байх болно. 

    2010 оны 9 дүгээр сар.

            Хүн чулууны хонхор.                                                                                            

  • 1. Монголчууд хүн төрөлхтөнд ашиг тустай юу хийсэн, ашиггүй юу хийсэн бэ? /ярилцлага/

    Ганц монголчууд ч бус ер хүн төрөлхтөн түүхэндээ огт хийж чадаагүй ганц юм бол- овог аймгууд улс үндэстнүүд бие биеэ өөрийн адил хайрлах бурханлиг сэтгэлийг олох дээд үйл юм. Бие биеэ хайрлах бурханлиг сэтгэлийг олж эс чадсаны харгайгаар тэд хоорондоо эв нэгдэлтэй амьдрах, нэгдмэл хүсэл, зорилгын түүх бүтээх үйл явцад хэзээ ч бүхлээрээ зангилагдаж чадсангүй. Миний бодлоор хүн төрөлхтөний түүхийн үнэний энэхүү философи утга агуулгын радиусаас монголчууд ч халиагүй.

          Монголчууд бидний өвөг дээдэс бусад ард түмэнд хор хөнөөл учруулж, үхэл гамшиг тарьсан цуст дайнаар уулгалсан нь хэдийгээр түүхэн логик шалтгаантай ч монголчууд бид бусдыг өөр шигээ адил санан хайрлах, энэрэх, эв найрт сэтгэлээр туслах бурханы ухамсар дутсаны уршиг, эзэд хаадын уур, цөс, ухваргүй зарим бодлогын нь үр дүн гэж би хувьдаа үздэг. Эцэст нь монголчууд бид өөрсдөө бусдын эзэрхийлэл, турэмгийлэл, дарлал, мөлжлөг, боолчлолын буулган дор гурван жарныг дамнан зүдэрсэн. 

         Бусдыг өөр шигээ санан хайрлах, туслах, тэгээд бурханлиг дээд хөгжилд нэгдмэлээр зорих явдлыг би хүн төрөлхтөний түүхийн гол үйл явц гэж үзэж буй тул энэ хувь үзлийнхээ өнцгөөс, хүн төрөлхтөний түүхийн философийг ойлгох ойлголтын үүднээс өөрийнхөө үндэстний түүхэнд болон тэдний бүтээсэн, бүрэлгэсэн үйл ажиллагааны өнгөрсөн явцад хандаад ингэж хэлж байна. Түүнээс биш монголчуудын түүхийг эд өлгийн үйлдвэрлэл, хүний материаллаг хэрэглээний эд агуурсын өгөө, аваа, арилжаа солилцоо, амжиргааны арга загварын талаас нь аваад үзвэл, хүн төрөлхтөний түүхийг нөхсөн болоод холтолсон зүйл бишгүй байлгүй дээ. Жишээ нь би энд хүмүүн оршихуйн нэг агуу “constant”-ын /”тогтмол”/ тухай сэтгэмжээ хэлмээр байна. Юу гэвэл монголчуудын экологи сэтгэхүй! Монголчуудын экологи сэтгэлгээ нь тэдний ертөнцийг үзэх үзлийн унаган “хөрс” бөө мөргөлийн философиос үүдэлтэй юм. Монголчуудын экологи сэтгэхүй дэхь “constant” гэж би юу хэлж байна гэвэл, төрсөн нутаг усандаа, бууц хондондоо, бас насан туршдаа хариулж, хайрлаж үржүүлсэн мал сүрэгтээ үргэлж сэтгэл “хадаатай” амьдарсаар үхэж чаддаг хорвоогийн хүрд мэт эвдэршгүй чанарыг хэлж байгаа юм. Монгол угсаатан өөрийнхөө генийн үйлдлээр байгалиас “зохиогдсон” язгуур шинж чанарынхаа “түлхэц”-ээр буй болгож түүхэн түүхэн амьдралынхаа явцаар хэвшүүлж тогтмолжуулсан энэ бодот үнэн бол монголчуудаас хүн төрөлхтөнд бүтээж өгсөн хамгийн их ашиг тустай “өв хөрөнгө” юм. Хүн төрөлхтөний цаашдын хөгжлийн орчилд энэ “constant” өнөөдрийн ямар ч их үнэ цэнэтэй эдийн засгийн өндөр үр ашигтай техник технологиос илүү ач тустай. Яагаад гэвэл, өнөөдөр хүн төрөлхтөн эх байгалиасаа өдрөөс өдөрт холдож, газар дэлхийгээ ч, амьтан юмсыг ч хайрлах чадвараа алдаж, хүний халуун сэтгэлээсээ ч хагацаж, “амьд хөргөгч” болж хувирах үйл явцад нэрвэгдсээр байна. Иймд эх дэлхийгээ гэх ухаан санаагаа байтугай төрсөн нутаг, газар шороогоо ч гэх элэг сэтгэлээ гээж буй хүн төрөлхтөнд монголчуудын энэ “өв хөрөнгө” л аврал болно.

       Далимд жич хэлэхэд манай түүхчид түүхэн үйл явдал баримтыг судлах судалгааны хэрэглэгдэхүүн талаас нь бөөгнүүлж, иж цогцоор нь бүрдүүлэх ажлыг амжилттай хийж байна. Судалгааны аргачлал, арга зүй ч сайн, өндөр түвшинд байх шиг байна. Гагцхүү монголчуудын түүхийн философи шинжилгээг буй болгох, туулсан он жилүүдэд болж өнгөрсөн түүхэн явцын дотоод утга агуулгыг философи сэтгэлгээ, сэтгэмжийн шатанд дүгнэх, чиг хандлагыг нь тодорхойлох ажил одоо болтол хийгдээгүй, нийгмийн сэтгэлгээний гадна хаягдсаар байгаа харагдана.

    “Эрх чөлөө ганцхан утгатай: Энэ нь- үүрэг ” /инженер Д.Бадарчтай хийсэн улс төр, шинжлэх ухааны ярилцлага/-аас 

    Үргэлжлэл бий…