Category: human-development

  • Нийгмийн “зэрлэгшил”…нийгмийн харилцаан дахь Үүрэг, Эрхийн харьцааны гажуудал

    ОХУ-ын эрдэмтэн Э.Мулдашев “Гимлайд явуулсан судалгааны гайхам үр дүн: Хүн мичнээс үүсээгүй” гэдэг сонирхолтой номондоо/Орчуулагч М.Пүрэвжав/ “Байгал дэлхий дээр түүхийн хувьсгалаас гадна доройтох хувьсгал бас оршдог бөгөөд энэ нь хүн зэрлэгших үзэгдлээр илэрдэг” гэжээ. Э.Мулдашев авгай энд хэдийгээр Индонез, Шинэ Гвиней, Австрали, Вьетнам, Чили, Бразили, Африкийн ширэнгэ шугуйдаар тааралдагч зэрлэг болон хагас зэрлэг отог оигуудыг оноосон хэлж байгаа ч иргэншсэн, техникжсэн хүн төрлөгтөнд ч нүүрлэж болох нийгмийн эмгэнэл, гамшигийг төсөөлсөнтэй ялгаагүй. Тэрбээр хүн зэрлэгших үзэгдлийг нийгмийн харилцааны шинж чанартай дам холбож, үндэс  шалтгааныг нь тухайн зохиолдоо гүнзгий задлан шинжлээгүй орхисон ч уг үзэгдлийг хүний тархины хөгжлийн хомсдолтой холбон зөв зүйтэй тайлбар хийжээ.

    Хүний тархины хөгжлийг доод шат руу нь уруудуулдаг нийгмийн харилцааны нөлөөлбөр /энд би, хувь хүмүүс бол нийгмийн “бүтээгдэхүүн”-ий хувьд нийгмийн харилцааны шинж чанараар тодорхойлогддог гэж үздэг марксист үзэл баримталж байгаадаа зовохгүй байна. Зовохгүй байгаа маань зөрүүд гөжүүдээ бус, нийгмийн үнэнд байгалийн үнэнтэй адил бодот зүй тогтол агуулагддаг, тэр зүй тогтол үл хувьсах мөн чанартайгаас юм/ хувь хүний “зэрлэгших” үйл явцын эхлэл, даамжралд амьдран буй нийгмийн нь нөхцөл, харьцаа хэрхэн нөлөөлж чухам юу үндэс шалтгаан нь болдогийг, тэгээд, тодорхой нийгмийн  хүрээлэлд оршигч хувь хүний харьцаа, оюун сэтгэхүй, сэтгэл зүй, амьдрах аргад ямар гажиг өөрчлөлт орж, юунд хөтөлдөгийг монгол дахь жишээнд тулгуурлан авч үзэж зарим лүгнэлт хийх нь манай нийгмийн сэтгэлгээний нэг тулгамдсан зорилго болжээ.1990 оноос хойш Монголд хэвшин буй “ардчилсан” хэмээх , тэгэхдээ, жинхэнэ ардчилалыг дутуу, саармаг олгосон буруу тодотголтой нийгмийн тогтолцоо нь хувийн өмчийн сэтгэхүйт аливаа нийгмийн байгуулалыг ямагт сүүдэр мэт дагаж ирсэн нийгмийн “тогтмол” үзэгдэл,-нийгмийн задрал, өрсөлдөөн, үл итгэлцэл, далд хууран мэхлэл, ил урвалт, эвдрэлцэл, дайсагнал зэрэг дотоод хямралт үйл явцын нөхцөлийг бүрдүүлснээр XX зууны эцэс XXI зууны эхэн үеийн Монголын түүхэнд “нийгмийн зэрлэгшил” гэж нэрлэхээс өөрөөр нэрлэх аргагүй ноцтой үзэгдлийг нийгмийн амьдралд шинээр үүсгэв. “Нийгмийн зэрлэгшил” дараах үйл явцаар тодорхойлогдож байна:

    -Нийгмийн амьдралд хээл хахууль, авлига, олигархи хуйвалдаан, далд мафиас эхлээд хулгай дээрэм, аллага таллага, нууц зохион байгуулалттай бүлэглэлийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа хүртлэх хүнд гэмт хэргүүд үйлдэгдэж, жилээс жилд газар аван гаарч, эцэст нь эдийн засгийн мөлжлөгөөр нөхцөлдөж буй ард түмний амьдралыг ядуурал, ажилгүйдэл, өмч эзэмшлийн асар зөрүүтэй ялгаа нийгмийн харилцааг хямралд оруулав.

    -Нийгмийн ухамсарын механизмууд анархизмд идэгдэн,жинхэнэ ардчилал, эрх чөлөөнд хүргэх бүтээлч, оюунлаг, шудрага хөдөлмөрийн ойлголт нийгмийн гишүүдийн сэтгэхүй, сэтгэлзүйд устав.Оронд нь юуны үнээр ч бай хамаагүй, ямар аргаар ч бай хамаагүй, зөвхөн “өөрөө л орших” сэтгэхүйт олонхи нийгмийн харилцаанд зонхилох болов. Хүний хүн чанар хийгээд ариун, гэгээн, баатарлаг үйлсийн идэвхи, тэмүүлэл бараг ариллаа.

    -“Үүрэг”-ээ гишгэсэн “Эрх” эдлүүлэгч хөрөнгө, мөнгөний засаглалын хэмжээ хязгааргүй диктатур, нөгөө талаас, нийгмийн хууль ёсоор дураараа тоглогч, “хуульгүй эрх чөлөө” нь нийгмийн ёс суртахууныг өнө мөддөө сэхэхээргүй доройтууллаа. Нийгэм бүхэлдээ оюун санааны хоосролд орж, эх орон маань улс үндэстнийхээ түүхийн өмнө ямар нэг хариуцлага хүлээх ямар ч үүрэггүй, дэл сул, “үл зөвшөөрөгдөх эрх чөлөөт”, “илүүдэл” хүмүүсийн амьдбнхаа цаг хугацааг нөгчөөх баларлаг боломжит газар нутаг, орон зай болж хувирав.

    XXI зууны эхэн үеийн Монголын болхи, прагматист нийгмийн харилцаа “нийгмийн зэрлэгшил”-ийг тээх, торниулах бохир хэвлий болоод зогсохгүй, өөрийн далд мөн чанараараа, хүний сэтгэхүй, сэтгэлзүйг хүмүүнлэг оршихуйд харш, эрүүл бус, урвуу чиглэлээр “хөгжүүлэн” тасралтгүй үүсгэгч болсоор байна.Амьдралыг ойлгох хүмүүсийн ойлголт, бодот үйл ажиллагаа нь эцсийн үр дүндээ нийгмийн оюунлаг хөгжлийг зогсоож, хүний дотоод ахуйн хөгжил, төгөлдөржилтийн хэрэгуээг нэн түрүүн хангах шаардлагыг эдийн засгийн бодлогоос шахан гаргав. Оюун санааны хөгжлийн эрэлт хэрэгцээгүй, дотоод соёл, иргэншил, гэгээрлийн ямар ч шаардлага шахаасгүй “газардмал”, “махбодлог” ахуй нийгмийн нөхцөлд нийгмийн гишүүд өөрсдийнхөө хийж бүтээгүйг хэрэглэх, махбодынхоо дорд, материаллаг, физиолог хэрэгцээг өрөөл бусдын /бүтээгч иргэдтэй улс орны/ үйлдвэрийн бүтээгдэхүүнээр ханган, тэдний адил тансаг, эрхэмсэг аж төрөх “хэрэглээний донтолт” үүсдэг нь нийгмийн зэрлэгшилийг буй болгогч гол шалтгаан мөн. Өөр нэг субъектив хүчин зүйл нь, -нийгмийн харилцааны зохист тэнцвэрийн гажуудал юм.

                “Нийгмийн зэрлэгшил” нь зах зээл, таваар-мөнгөний харилцаанд нухчигдаж сөхөрсөн нийгмийн зонхилогч доод хэсгийг хөрөнгө чинээлэг давхрагынханд хорсох, эгдүүцэх, үзэн ядах хандлагаар харилцдаг болгохын дээр эд баялагаар ядмаг зүдмэг амьдралтай ч алдар нэртэй, авъяас билигтэй “цөөнх–өд атаархах, хялайн харах сэтгэл төрүүлэх ба эсрэгээр, өөрсдөө амьдралд гутрах, өшрөх, амьдралынхаа сайн сайхны төлөө тэмуэх эрч идэвхиэ алдах, унанги цөхрөнгө үзэл бодлбн дарамтанд оруулна. Энэхүү уур амьсгалын явцад нийгмийн гишүүдийн ойлголцол илт гажиж, эрс хүйтэрч, тэдний харилцаа, хамтын ажиллагааны үр дүн нийгмийни хөгжилд сөргөөр нөлөөлж эхлэнэ. Яагаад гэвэл, нийгмээс хүнд хандах хандлагын гол тодорхойлогч нь гагцхүү хөрөнгө мөнгө болсоноор хөрөнгө мөнгөгүй л бол хүнийг хүн гэж үл тоох, тэднийг ад шоо үзэх харилцаа нь нийгмийн олонхийг хүний мөсгүй адгууслагүйдэл руу эргэлт буцалтгүй түлхэнэ. Нийгмийн ийм олонхитой улс орон XXI зууны иргэншил дэх “хүнбусчууд”-ын “амьд үзүүлэн”-гийн зах зээлт улс орон болж үлдэнэ.

                Хүмүүсийн харилцааны харьсал, цэвдэгшил /угтаа “нийгмийн зэрлэгшил”/ нь ертөнцийн их бүтцийн орчил дахь дээд оюун санааны орнуудаас удирдлагын хэлбэрээр хүн төрлөгтний оюуны санамж, үйлдэлд ирдэг нууцлаг хэл, мэдээ, мэдээлэл, сансрын дохио, зөн совин, бэлгэ зүүд зэрэг “өөр ертөнц”-ийн үйлчлэл, нөлөөлөлтэй харилцах, холбогдох чадварыг хүний махбодод хийгээд аурод бүрэн үхүүлдэг. Хүний нарийн бие, амин цэнэгт орны үйлчлэлээр дамжин идэвхиждэг дээд оюунлаг, сүнслэг эрчим хүч хүний практик үйл ажиллагаанд хийгээд бодот амьдралд материаллагаар оролцогч хүчин зүйл болж байх холбоо харилцаа тасарснаар хүмүүсийн оюун санааны орон зайд асар хүчтэй явцуурал, “хуурайшил”, “үхжилт” идэвхиждэг. Зөвхөн ходоодны хэрэгцээ, секс, махбодын “либидо” л хүний хамаг сэтгэхүй, мэдрэхүйг ажиллуулж, “амьд” байлгаж, хүний танин мэдэхүйн бусад сувгуудыг хаадагаас хүн зөвхөн “биологи биет”-ээр орших, уурагт махбодын хувьд бодисын солилцоо явуулах, бусаддаа “харагдах” гадаад чанарын оршихуйнхаа хэрэгцээг хангах үйл ажиллагааны даавар боловсруулдаг булчирхайнуудыг л ажиллуулаад, бусад сэрэхүй, мэдрэхүйн эс эдүүдийн үйл ажиллагааг зогсооно. Үгүй дээ л “рудимент” зарчимд оруулна.

    Дурьдсан бүх нийгмийн болоод биологийн чанарт үйл явцуудаар тодорхойлогдож буй нийгмийн гамшиг, түүхийн “тасрац” гэж нэрлэж ч болохуйц үзэгдэл, – “нийгмийн зэрлэгшил” нь хүмүүсийн харилцаанд хэт газарлаг, материаллаг, амьтанлаг ухамсарын удирдлага, амьдралын зарчим, хэв загварыг тогтоож, нийгмийн харилцаан дахь бүхий д үйл ажиллагааны нь “хөтөлбөр” болж байна.

    Бид өнөөдөр манай нийгмийн амьдралд бодтойгоор заналхийлж буй “нийгмийн зэрлэгшил”-ийн үеийг аль болох хор багатайгаар даван туулах сэтгэлгээний болоод практик үйл ажиллагааны эрэл хийх нь Монголын нийгмийн сэтгэлгээнд амин чухал асуудал болжээ. Энд, бидний бодлоор, нэг гол асуудал бол нийгмийн гишүүдийн Үүрэг, Эрхийн зохистой харьцааны гажуудал юм. Шулуухан хэлэхэд, бид өнөө хүний эрх гэж хашгирахаасаа илүү “эрхгүй” байх тохиолдлуудын тухай л их ярих хэрэгтэй болсон мэт. Ойлгоогүй, бүрэн ухамсарлаагүй “ардчилал”-аар олгогдсон эрхийн мөн чанар, хор холбогдолыг нийгмийн амьдралаас тод иомруунаар харсаар хэрнээ улстөрчид, судлаачид, чөлөөт гэгдэх хэвлэл мэдээллийнхэн чиг чимээгүй өнгөрч байна.

    Хүн юу хийх, юу ярих, ямар байх эрхгүй вэ? гэдэг асуулт хүний бодол санаа, сэтгэл, үйл ажиллагааны дотоод хяналт, дотоод “цэвэршилт”-тэй холбоотой асуулт! Энэ асуултанд хүн бүр дор дороо хариулж, хамгийн зөв “луужин” чанарын хариултыг нийт хамтаараа олж, түүндээ дор дорынхоо үзэл бодол, үйл ажиллагааг зангидаж, захируулж, үаншихыг үүрэг, хүмүүжлээ болгууштай байна. Хүн бие биеийнхээ эсрэг зогсох, нэг нь нөгөөдөө харшлах, хор хөнөөл тарих эрхгүй нь хууль! Эрхгүй юмаа хийхгүй байх ухамсар, хүмүүжлийг л хүний нийгмийн ёс суртахуун гэж ойлгож болох юм.Ер нь хүний эрхийн тухай үргэлж яриад, чихэнд нь хоногшуулж хатгаад байх нь хүндээ тийм ч тустай сайн “эликстр” биш!Манайд үнэний зориг дутаад, дээр нь хүн өөрийнхөө эрх ашиг, дур таалалын эсрэг хандах хүсэлгүйдээ хэлж чадахгүй байгаа болохоос, үнэндээ бол, /хэрэв хүний зөв төлөвшилд илүү тустайг нь бодвол/ хүний эрхийг хөхиүлээд байх нь ч утгагүй юм. Байгал хүнийг бүтээхдээ, хүний эрхийг нь бус үүргийг нь түрүүлж бодсон, үүргийг нь эрхийн ньурд, “дээр” нь байхаар оноож хуваарилсан мэт санагддаг байтал хүний эрхийг бус үүргийг нь нэгдүгээрт, эрхийн түрүүнд тавьсаныг ойлгоогүй удсан нь хүн төрлөгтний амьдрал, ахуй заншилыг асар харамсалтай алдаанд хүргэснийг хүн төрлөгтний нийгмийн сэтгэлгээ өнөөг хүртэл ойлгоогүй явна.

    Эрхийн сэтгэхүй үүргийн сэтгэхүйгээ түрсэнээр нийгэмд хүн хүндээ ханьсах, хүн хүнээсээ зааглагдах буюу ялгаварлагдах, эцэстээ, нийгмийн харилцааны интеграл бүтцийн түвшинд нийгмийн “мөстлөг” үүссэн юм.Нийгмийн “мөстлөг”-ийн түвшинд нийгмийн амьдрал дахь “таталцалын хүч” үйлчлэлээ тэглэнэ. Хүмүүсийн сэтгэл санааны харилцан үйлчлэлд “төв рүү тэмүүлэх хүч” –ний нягтрал,хүчдэл байхгүй бол нийгмийн харилцаа ч мөн задран саармагжиж, хүн бүрийн бодол санаа хувь хувьдаа “цоожлогдсон”, нөгөө талаас, хүн бүрийн дур зорго дор дороо “агсамнасан” тархай бутархай “эрхийн” ч юм уу “эрх чөлөө”-ний нөхцөл болж, тэгснээр нийгмийн сэтгэлгээнд “нийлбэр” чанарын тогтолцоо байхгүй, зөвхөн дур дурынхаа утга руу тэмүүлсэн нэмэх/+/, хасах/-/ нэмэгддэхүүнүүдийн л холилдоон байх болно.Нийгмийн харилцааны оршин тогтохуйг хангагч ерөнхий хүч бол Үүргийг Эрхээс нь чухалчлан үзэгч ухамсарт үндэслэсэн нийгмийн зохион байгуулалт л байх болно. Хүнийг бусад хүнтэй нь ав адил тэгш эрхтэйг, нийгмийн харилцаан дахь эрх, үүргийн харилцааны хувьд яг л математик тэгшитгэл шиг тэнцүү улс төр-эдийн засгийн эрх чөлөө эдлэгч “нийгмийн гишүүн” гэдгийг нийгэмд ухамсарлуулах зохион байгуулалт л нийгмийн харилцааг эеэршүүлж, жинхэнэ ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг бүрдүүлж чадна.Энэ парадигмыг ойлгож амжаагүйгээс манай нийгмийн сэтгэлгээ зөвхөн эрхийг дангаар нь хөхиүлсэн, ялангуяа, хувийн өмчийн “ид шид”-ийг номлосон моно сэтгэлгээ болон хувирч байна. Гэтэл XX зууны эцэс, XXI зууны эхэн үеийн нийгмийн харилцааны хамгийн том сөрөг үр дагавар, -““нийгмийн зэрлэгшил”-д “триптоны сүүлт од”-ны үүрэгтэйгээр нөлөөлж буй “нийгмийн солир” бол чухамдаа өмчийн сэтгэхүй, хувийн өмч хөрөнгийн өрсөлдөөн, тэмцэл л байгаа билээ. Хувийн өмчтөнүүд бол юуны өмнө өмчөө болоод өөрийгөө харамлагч, мөн, хамгаалагч харилцааг хөгжүүлэгч “хүчин зүйлс” байдаг тул цаг түүхэн дэхь хамгийн амь бөхтэй, хамгийн урт удаан хугацаанд эрхээ эдэлсэн  хамгийн их тэсвэртэй “нийгмийн оршигчид” мөн. Тэдний бүхий л үйл ажиллагаа нь өөрсдийнхөө биологийн хэрэгцээг хэд дахин өсгөн хангахад зориулагддаг шинж чанартай ч бусад “биологи биет”-үүдээс нэг гол зарчимаараа ялгарч ирсэн.Юу гэвэл, амьтад үржих, үр төлөө үлдээх инстиктэд захирагддаг бол нийгмийн харилцаан дахь өмчтөнүүд ихэвчлэн өөрийгөө хадгалах, аль болох удаан оршин үргэлжлэх, амьдралаа уртасгах инстикттэй байдаг.

    Эцэст, эрдэмтэн Э.Мулдашев авгайн номонд, гадаад далайн тусгаарлагдмал арлууд дээр “байгалийн захиргаан” дор амьдран оршиж буй зэрлэг отог омгийн хүмүүсийн тухай, “зөвхөн агуу их сэтгэлийн хүч ба бүтээлч байдал л хүмүүсийг түргэн зэрлэгшихээс аврах юм!” гэсэн зөв зүйтэй санаа өгүүлснийг нийгмийн харилцааны захиргаанд амьдарч буй “нийгмийн бүтээгдэхүүн”-монголчууд бидний ахуй, үнэнд хамааруулан хэлэхэд, биднийг “нийгмийн зэрлэгшил”-ээс аврах арга зам ч Э.Мулдашев гуайн өгүүлж буй “агуу их сэтгэлийн хүч ба бүтээлч байдал л” байх болно гэж нотлон хэлж болох юм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • ОЛОН ХҮНИЙ АМЬДРАЛД ДУТАГДАХ АМЬДРАЛ Л ХАМГИЙН ҮНЭТЭЙ, САЙХАН АМЬДРАЛ /”Яруу сэтгэгч” сонины редакцийн асуултанд өгсөн хариулт/

    Таны амьдралын хамгийн үнэт зүйл юу вэ?

    -Ер нь хүний амьдралын хамгийн үнэт зүйл гэвэл, хүмүүст тус бүтээх чадвар юм. Үүнд:

    -Өвдсөнийг эдгээх;

    -Ядарсныг тэтгэж баярлуулах;

    -Хүний сэтгэл дэх хорын үндсийг таслах; Өөрөөр хэлбэл, гэгээрүүлэх.Миний хувьд гэвэл, дээр дурьдсаныг ухаарсан ухаарал минь надад үнэтэй.Бас сачий төдийлөн хүрэхгүй ч тэдгээрээс санаа гажилгүй хичээн зүтгэдэг өдөр тутмын минь хөдөлмөр миний амьдралын гол үнэт зүйл гэж боддог.

     

    Таны нэг өдрийн амьдралын хэмнэл…24 цагийг хэрхэн хуваарилж ашиглавал хамгийн шилдэг ашиглалт болох вэ? /Залуучуудад хандаж/

                -Өдөр шөнийн цагийг хэрхэн хуваарилж ашиглавал хамгийн зохистой болох талаар залуучуудад хандаж бодоход сайн амарч, их ажиллах хэрэгтэй!” Их ажиллах” гэдэг зарцуулсан цагийн хэмжээ, уртыг хэлж байгаа юм биш, үр дүнгийн нь түвшин гэдгийг ойлгох бизээ. Тав тухтай, амгалан бөх унтаад, үлдэх цагийг бүтээлч хөдөлмөрт үр ашиг сайтай өнгөрөөхийг л цагийн хамгийн зөв ашиглалт гэж хэлж болох юм.  Миний хувьд бол, өглөө 7 цагийн орчимд орноосоо босдог. Бүтэн цаг шахам сэрэхүй, мэдрэхүйгээ сэргээх энгийн иллэг, биеийн хөдөлгөөний дасгал хийдэг. Цайгаа уучихаад Эрдэмийн шар Манзушири, Эгшигт охин тэнгэр Янжинлхамд залбирал өдүүлж, зүрхэн тарнийг нь уншдаг. Монгол зурхайн ухаанд тогтоосноор, надтай хамт төрсөн Бурхан Цэвэгмид, үйл бүтээгч Бурхан минь болох Жамбал бурхан, миний мэнгэний Бурхан Оиоч Маналад бие хаа ажил үйлсээ даатгаж залбирдаг.

                Тэгээд хоногийн нар сарны ихэнхи хугацааг голдуу элдэв юм бодох, бодогдсон санагдсаныг бичих, ном сонин уншихад зориулдаг. Би ямар ч ажил сураагүй, юу ч хийж чаддагүй болохоор гэр орныхоо ажилд туслана гэж хүний урманд байдаггүй ёстой өөдгүй гэрийн эзэн ш дээ. Орой гэх юм уу, шөнө гэх юмуу 23 цагийн хавьд хажуулдаг. Илүү цагаар суухыг хөгшин маань хорьдог юм.

     

    Хамгийн сайхан амьдрал гэж ямар амьдралыг хэлэх вэ?

                -Тогтмол цагт бага идэх; биед ээлтэй хувцас өмсөх; – их зөв амьдрал! Зөв амьдрал л сайхан амьдрал шүү дээ. Дээр нь нэг чухал юмыг заавал нэмэх нь зөв. Юу гэвэл, алжаал, чилүүрийн “амт”-ыг мэдэртлээ шахуу, шудрага хөдөлмөрлөж, аль болох олон хүний, чадаж гэмээнэ бүх хүн төрлөгтөнд амьддаа хэрэгтэй, үхсэн хойноо их үгүйлэгдэх бүн байх амьдрал л хамгийн сайхан амьдрал гэж ойлгож амьдрах хэрэгтэй! Товчдоо, хамгийн олон хүний амьдралд дутагдах амьдрал л хамгийн үнэтэй, сайхан амьдрал юм. өмсөж эдэлсэн нь үнэтэй, сайхан юм байх бус, өөрөө харин үнэтэй, бусдаар төгөлдөр ариун хүн байж чадсан хүний амьдрал л хамгийн гоосайхан амьдрал байх болно.

     

     

    Амьдралд хөл тавьж буй залуус бидэнд  “яаж амьдарвал дээр вэ?” гэдгийг хэлж өгөөч!

                -Юуны өмнө хоёр… ердөө хоёрхон юмыг л чадаж амьдарвал сайн. Нэгд, Ямар нэг ажлыг хар бор, шар цагаан гэлгүй хүнээс илүү хийж сурах;Хоёрт, эрдэм номыг бас хүнээс илүү сурах; Хүний амьдрал гэдэг, үндсэндээ, энэ хоёр л шүү дээ.Амраас эхлээд хэцүүд нь заавал хүр! Хэцүүг заавал тэвчиж дав! Цаана нь илүү сайхан ирээдүй харагдана; Сурахаас болон хийхээс үл уйдах, сайхан, бодол сэтгэлээр үл дутах хоёр л хүнийг Бурхан болгодог “нууц” юм.

     

    Хүн бүрт сайхан амьдрах боломж бий юу? Байхгүй бол яагаад? Байдаг бол ямар боломж?

                -Боломж бий! Түүн шиг элбэг, үнэ өртөггүй олдох юм байхгүй! Өөрт хэрэг болох хэмжээнээс илүү эд баялагт шунах сэтгэлээ дарах гэгээрэл! Гэгээрэл л хүн тайван сайхан амьдрах байтугай тайван сайхан үхэх боломж юм. Гэхдээ “элбэг юм”-ыг олоход амаргүй, тун хэцүү болжээ. Яагаад гэвэл, түүнийг өнөөдөр бараг “байхгүй”, “боломжгүй” юм мэт болгочихож! Юу тийм болгочихов? гэвэл, зах зээлийн бус нийгмийн харилцааны “хөдөлгөгч хүч”-өмч хөрөнгийн сэтгэхүй!

     

    Монгол хөгжилтэй орон мөн үү? Хөгжилтэй орон мөн бол юугаар нь хөгжилтэй гэж үзэх вэ? Хөгжилгүй бол яаж хөгжүүлж болох вэ?

                -Алив улс орны хөгжлийг бодтой тодорхойлох гуравхан зөв үзүүлэлт бий. Юу гэвэл, нийгмийн баялаг бүтээх эдийн засгийн дотоод хүчин чадал; тусгаар тогтнолоо биеэ даан хамгаалж чадах чадвар; ард түмний нь амьдралын гоо сайхан; Хүний амьдралын гоо сайханд би хүмүүсийн оюун санааны өндөр хөгжил, бүтээлч хөдөлмөрийн идэвхи, сэтгэлийн гэгээрэл буюу хүн бурханших үйл явцын эрчимжилтийг оруулан ойлгож байна. Энэ ойлголтоороо дүгнэхээр, эх орон минь хөгжилтэй орон биш, асар хөөрхийлөлтэй орон санагддаг. Энэ гунигт үнэнд хамгийн түрүүний том буруугийн ялыг өөртөө л тулгахаас өөр хэн рүү ч түлхэх вэ дээ. Яаж хөгжих вэ?

                -Эхний нилээд хэдэн жилдээ 7 хоногт хоёр амралтын өдөртэй жаргах бус сардаа хоёр өдөр л амардаг “зовлонтой” хөдөлмөрч ард түмэн байх;

                -Хүүхэд багачуудаа хоногт 20 цаг эрхлүүлэх бус 10 цаг хичээл давтуулдаг, ном уншуулдаг, таарсан таарсан ажлыг нь заавал хийлгүүлдэг эцэг эх, гэр бүл байх;

                -“Шар” сонин уншдаг, “Шоу” эргүүлдэг өнөөгийн сармагчин сэтгэлгээг Гегель, Толстой, Маркс, Буддаг уншдаг, Шекспир, Ибсен, Сартр, Урианхайн /инээв/ жүжгүүдэд үхэлддэг, Бетховен, Чайковскийн симфони, Верди, Пуччинийн дуурь сонгох гэж нойргүй хонодог боловсролын сэтгэлгээнд дэвшүүлэх;  Ер нь алив улс орны хөгжил гэдэг юуны өмнө хүний л хөгжил юм. Хүн дээдээр бурханших үйл явцын гүнзгийрэл л хүний хөгжлийг тодорхойлно.

     

    Та өөрийнхөө боловсруулсан үзэл онолын талаар?

                -Би 1980 оны сүүл хавиас нэг “өөртөө таарсан юм” боддог болсон юм. эгэхэд эх орон маань арай ч өнөөдрийнх шигээ ийм замбараагүй, эмгэнэлтэй, уруудангуй биш, гэхдээ эдийн засгийн хувьд аанай л бусад ах дүү социалист орнуудаас хоцрогдмол орон байлаа. Эдийн засгийн маань хөгжил, дэвшил ЗХУ болон СЭВ-ийн гишүүн орнуудаас хараат, бүх машин-механизм, тоног төхөөрөмжийг яг л өнөөдөрийнх шигээ гадаадаас импортолдог байсан. Гэхдээ бүх хэрэглээгээрээ импортын боол байгаагүй, гурил, мах, талх, боов, төмс байцаа, манжин сонгино зэрэг хүнсний ногоо, зарим гутал хувцасныхаа хэрэгцээг үндэснийхээ үйлдвэрүүдээр хангачихдаг, мал аж ахуйнхаа бүх түүхий эдийг дотооддоо боловсруулчихдаг, эмнэлэг, боловсролын үйлчилгээг төр засаг үнэ төлбөргүй даадаг, амьдрал ахуйг бүрэн хариуцдаг, тиймээс ч монголчууд өөрсдийгөө бусдын боол бус, хүнээс доргүй хүн гэж үзэж толгой гэдгэр, харц дээгүүр явдаг ард түмэн байлаа.  Тэгэвч толгойд минь нэг яршигтай бодол цөхрөлгүй орогнодог болчихсон байсан.Юу гэвэл, Монгол маань эдийн засгийн хувьд бүхий л түүхийнхээ урт замд дандаа гадаадаас хараат явж ирсэн нь, үйлдвэрлэл бие дааж хөгжиж чаддаггүй заавал бусдын зээл тусламж, хөрөнгө хүч горьдож нүүрээ улалзуулж явдаг нь нэг айхтар “далд” учиртай, тэр нь, – Монголчууд бид сэтгэлгээний хувьд “тусгаар тогтнож” чадаагүй, ертөнцийг болоод нийгэм хүний амьдралын утга зорилгыг өөрийнхөөрөө үзэх биеэ даасан үндэсний гүн ухааны суурь үзэл, онолгүй ард түмэн юм байна; ертөнц нийгмийн үйл явцад өөрийнхөөрөө хандах үндэсний өвөрмөц онолын тогтолцоогүй учраас эдийн засгийн болоод улс төрийн сэтгэлгээний хувьд “тусгаар тогтнож” чадахгүй, хөгжиж ч бас чадахгүй, түүхэн туршаа бусдаас хараат оршиж, бусдын амаар “будаа идээд” байна!гэсэн бодол иолгойд орж ирээд амраахгүй болсон. Тэгээд тийм үндэсний биеэ даасан сэтгэлгээний философи систем боловсруулъя! гэж зориглож шийдээд бичгийн ширээний буг болж эхэлсэн л дээ.Энэ зорилго, харамсалтай нь биелэгдэхгүй зорилго байх л даа. “Тэнэгийн санаа үдээс хойш!” гэгчээр хэтэрхий орой, бараг өтөлсөн хойноо ийм утопи санаа санаж л дээ би! Гэвч, яахав, зүгээр зүүдлээд хэвтсэнгүй, нийгмийн хөгжлийн болоод хүний амьдралын мөн чанарын талаар өрийнхөө бодол сэтгэмжийг эмхлэн нилээд өгүүлэл, бодрол, трактат бичсэн. Түүнийгээ “Зэндмэнэ онол” гэж системээр нь нэрлэсэн. Эхний дэвтэр нь 2000 онд хэвлэгдсэн. Хоёрдугаар дэвтэр нь энэ оны сүүлээр ч юм уу, ирэх оны эхээр хэвлэгдэж уншигчидын гарт очих байх. Хоёр дэвтрийг маань хоёуланг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Оюуны өмчийн газар” ивээн тэтгэж, нийтийн хүртээл болгож байгаа юм. Гуравдугаар дэвтэр нь одоо ширээний минь шургуулганд гар бичмэлээрээ хэвтэж байна. “Монголын нийгмийн хөгжлийн философи сэдвүүд” гэсэн нэртэй юм. Эдгээр нь миний дан нийгмийн хөгжлийн талаархи үзэл бодлууд маань юм. Харин цэвэр мэргэжлийн чиглэлтэй трансцендент сэтгэмжүүдээ “Үр-эх”, “Үр-чанар”-ын философи гэж нэрлэсэн. Эхний дэвтэр нь “Хүмүүн оршихуйн үндэсүүдийн метафизик эргэцүүлэл” нэртэйгээр “Адмон” хэвлэлийн газраас 2004 онд хэвлэгдсэн. Зарагдаад дууссан шиг байна лээ. Хоёрдугаар дэвтэр нь “Философийн суулгацууд” нэртэй. Бүрэн болох яагаа ч үгүй, сурагчийн дэвтэр шиг нимгэхэн хэдэн хуудас эрээсэн юм ширээний мухарт намайг ичээгээд л шалчийж хэвтээ харагддаг юм.

     

    Та хүмүүст хандаж ямар ном уншихыг зөвлөх вэ? Тодорхой ном нэрлэвэл?

                -Юуны өмнө, мэргэжил мэргэжилийнхээ сонгодог төлөөлөгчидийн бүх бүтээлийг нэвтэрхий судалж унших ёстой доо. Дээр нь, дэлхийн сонгодог философичид, гүн ухаантнууд,-Аристотель, Платон, Гегель, Кант, Шопенхуар, Ницше, Кунз, Будда, Зонхова гээд өдий төдий мэргэдийн ботиуд, Монголын психотроникийн хүрээлэнгээс эрхлэн гаргэж буй оккульт, эзотерик ухааны цувралууд, Улаанбаатар хот дахь “Их хөлгөний уламжлалыг хадгалах төв”-ийн цувралууд, “Агнистийн гэгээ” цувралын гарын авлагууд, Монголын шашны эрдэмт гавж, хуврагуудын орчуулсан “Найман мянгат их хөлгөн судар”, “Хутагт дээд Алтангэрэлт сударнугуудын хаан”, “Очироор огтлогч”/”Доржзодва”, “Их бодь мөрийн зэрэг”, “Бодь мөрийн зэрэг”, “Богдосын ном цагаан лянхуа” тэргүүт их судар шаштирууд, байгалийн болоод нийгмийн улс төр –эдийн засгийн шинжлэх ухааны онол-практикийн сонгодог сэтгэлгээний туурвилууд, за тэгээд, урлаг, уран зохиолын салбарын хувьд бол зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын гаргасан унших ёстой номын жагсаалтанд орсон номуудыг уншихад хангалттай байх. Г.Аюурзаны шүүсэн “Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил”, “2х2=6 буюу суут жаран сэтгэгчид”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” гэсэн номууд бий. Эдгээр номоор хөтөч хийхэд газардахгүй!

     

    Таны хэлэх дуртай болон байнга бодож явдаг үг тань юу вэ?

                -Дандаа хэлээд байдаг, хэвшсэн, заншсан үг цээжинд тогтоогүй юм шиг байна. Харин байнга биш гэхэд олонтоо бодогддог үг гэвэл бий. Залуу явахад минь, “Ганга нь мухар болохоос газар нь мухар биш!” гэдэг үг сав л хийвэл бодогддог, хүнд ч аягүй бол хэлчихдэг байлаа. Одоо больсон доо. Одоо “Уулын давааг давж болно, үйлийн давааг /үрийг/ давж болохгүй!” гэдэг үг л толгойд их эргэлддэг болжээ.

     

    Та өөрийн шүлэг, яруу найргаас нэгийг сонгон манай сонинд нийтлүүлнэ үү!

                -Энэ чинь үнэхээр магнай тэнийлгэсэн сайхан тус байна. Гялайлаа. Саяхан хэвлэгдсэн “Огтлолцохуй…” номын минь шүлэг юм.

     

    МОНГОЛЫН ЧУЛУУ

    Аргал шиг хөх чулуу…

    Энэ чулуу, -цагаас ах чулуу!

     

    Гэрэл шиг гэгээн чулуу…

    Энэ чулуу,-Бурханаас гэмгүй чулуу!

     

    Нулимс шиг дуугай чулуу…

    Энэ чулуу,-үгнээс минь үнэн чулуу!

     

    Хүүхдийн амьсгаа шиг энхэр чулуу…

    Энэ чулуу,-хүүгийн минь зулайнаас эмзэг чулуу!

     

    Хүний толгой шиг үнэтэй чулуу…

    Энэ чулуу,-Монголын чулуу!

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • “ЭРГЭЛЗЭЭГҮЙ” МЭТ ҮЙЛ ЯВЦЫН ЭРГЭЛЗЭЭ /Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний мэдэгдэл/

    Монголын ард түмэн түүхэнд тодорсон ухаант, арга билигт ард түмэн! Би ард түмнийхээ үйл ажиллагааны буруу, зөвийг дэнслэхүйц эрдэм оюуны хөгжилд хүрээгүй ч ард түмнээ хайрлах, өрөвдөх, өмөөрөх элэг сэтгэлийн хүчирхэг эрчим гаргах хөгжилд баттай хүрсэн хүн!

                Хайрын ойлгогдошгүй, захирагдашгүй, заримдаа ухамсарлагдашгүй чинад чанараас ургаад ард түмэн минь миний хайрыг ч ивлэгэдэг, хааяа уурыг минь ч багагүй “ивлэгэдэг” ээ. Сайхан, бахдам, алдар гавъяатай, чин баатарлаг үйлд урагшлан тэмцэхэд нь хайр хүрэхдээ баярын нулимс ивлэн энгэрийг минь нэвтэлдэг, саар муу, адгууслаг, өөдтэй үнэ цэнгүй үйл ажиллагаанд улайран муйхарлахад нь гомдлын “нулимс” буюу “давсагны минь шар” “ивлэн”, /уучлаарай!/ өмдийг минь норгодог. Миний энэ муухайдуу, хувийн “зовлон” буюу миний ухамсар, хүсэлд үл захирагдах физиолог үйл явц бол миний “дотоод шүүрлийн булчирхай”-нуудын үйл ажиллагааны “дарангуйлал” юм.

                Энэ аргагүй “зовлон”-гоо ард олондоо учирлан, “Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөн”-өөс “Мэдтүгэй!” хэмээн илгээх нь:

                2004 оны “УИХ-ын хурлын сонгууль” гэж ч нэрлэгдэж буй, “Шинэ сонголт” гэж чнэрлэгдэж буй улс төрийн үйл явдал хоногоос хоногт эерэгээсээ илүү сөрөг үр дагаварыг “хүүшлүүлж”, ард олныг улс төрийн “зүүдлээ ч үгүй” хортой хямралд түлхдэг нийгмийн үзэгдлийн мөн чанарыг агуулж эхэллээ.Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг хуулиар даалгагдсан үүргийнхээ дагуу хуулиар тогтоогдсон хугацааныхаа дотор хууль ёсоор нэхэгдэх тайлбартайгаар мэдээллээ.

                Сонгуулийн урьдчилсан дүн буюу сонгуульд оролцогч субъектүүдийн сонгогчдоосоо авсан саналын харьцаа – 36:36:1:3. Харьцаа сонирхолтой харьцаа! Эдгээр тооны харьцаанаас хийж болох хамгийн рационал дүгнэлт гэвэл, “Сонирхолтой харьцаа байна. Хэрэв энэ бүхэл тоонуудыг хооронд нь нэмбэл, нийлбэр нь 76 болно!” гэхээс өөр ямар нэг тодорхой, хатуу, яаруу, улс төрийн философи дүгнэлт урьдчилан хийх “өгөгдөхүүн” сонгогч бидэнд олдож буй болзолт хугацаанд алга байлаа. Гэтэл энэ болзолт хугацаа /Сонгуульд санал өгсөн өдрөөс сонгуулийн саналын эцсийн дүн зарлагдах хүртэлх хуулийн хугацаа/-нд Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний сонор сэрэмжинд хүчтэй нөлөөлж, хувь идэвхи, оролцоог шаардсан ноцтой үйл явц өрнөлөө. Үүнд:

    2004 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, өөрсдийгөө Монгол Улсын УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэж “цоллосон”, үнэхээр ч тэгж цоллох эрхийг монголын өнөөгийн улс төрийн “шүүрхий” сэтгэлгээний зарим “түүхий” хуулиар эдэлж буй балмад хүмүүс Улсын тусгай хамгаалалтын объект – “Монголын Үндэсний Телевиз Радио”-гийн албан өрөөнүүд рүү хүчээр дайран орж “нэвтрүүлэг” үйлдэв.

                “Нэвтрүүлэг”-ээр “Нийгэм судлал”-ын хичээлийнхээ “сурах бичиг”-ийг дөмөгхөн уншаад төгсчихсөн дунд сургуулийн хүүхэд ч “элэг нь хөших”-өөр эгэл сааз /үнэ цэнгүй/ мэдээлэл, гомдол аахилж уухилан “цацав”.Энэхүү танхай, этгээд үйлдлээс Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөн дараах индуктив дүгнэлтийг хийж байна.

                Монгол Улсын Төрийн тусгай хяналт, хамгаалалттай алба руу хэрцгийгээр давшлан орж ард олны өмч -үнэт хөрөнгийг өчүүхэн ч хайрлах сэтгэлгүйгээр хамх хэмх сүйтгэж буй эдгээр этгээдүүд бол манай ухаант, мэргэн шинжээч, ард түмэн минь төрөө түшүүлэхээр сонгосон элч төлөөлөгчид яав ч биш /ийм хүмүүст алба найдахыг Монголын эртний ном сударт зүйрлэхдээ, сармагчинд галт бамбар бариулаад сүмд оруулахтай адил гэсэн байдаг!/, хэрэв тэд ард түмэнд минь хүндлэгдэж, бишрэгдэж, тэднийг минь төрд төлөөлөх эрх авсан бол яавч шудрага, үнэн, ариун цагаан арга байгаагүй, алив ов мэх, авилгал хахууль, зальхай бульхайн башираар л ард олныг минь хөөрхий, ядуу зүдүүгийн “буруу” –аас өөр ямар ч буруугүй, ямар ч нүгэлгүй, цагаан цайлган, өрөвч зөөлөн, “нугасгүй” итгэмхий ард олныг минь сүнсгүй хуурчээ! гэдэг дүгнэлт хийж болно.

    Цаашлаад 2004 оны УИХ-ын сонгууль хэрхэн явагдсан үйл явцын халуун мөрөөр “Монголын үндэсний телевиз”-ээр хийж буй нэвтрүүлгээр бодтой, баримттай харуулж буй эд материал, их хэмжээний мөнгөн дэвсгэртүүд, нэртэй зүстэй гэрч иргэдийн эд мөрийн нотолгоотой мэдээлэлүүдээс ишлэн дүгнэхэд 2004 оны сонгууль туйлын бохир сонгууль болж өнгөрчээ.Бохир сонгуулиар бохир төр, бохир төрийн бурангуй байгууллагын тогтолцоо бүрдэнэ.

                Өндөр тэнгэрийн агаарсалхи, рашаан хур шиг ариухан сэтгэл бодолтой, бурханлаг хүсэл зорилготой Монголын ард түмнийг зөвхөн тэнгэрлэг, ариун төр л удирдан тэргүүлэх эрхтэй!  “Монголын төр” хэмээх цэвэр ариун, оюунлаг, нигүүлсэнгүй дээд чинарт “Тэргүүн”-д л Монголын эрэмгий, зоримог, хөдөлмөрч ард түмэн “номхон бие” нь болж ухамсар, тэвчээртэйгээр түших бөгөөд зөвхөн тийм” Тэргүүн”-ээр л зарцаа хийхийг, зарц нь ч байхыг зөвшөөрнө. Эсрэг тохиолд Монголын ард түмнийг Мөнх тэнгэрийн хүчин ивээл таалалдаа хурааж худал хуурмагтай, нүгэл хилэнцтэй, ёс бустай “эрэгчин эмэгчинээ үзэлцэхэд нь хийморь сүлдийг нь эрхшээн бадрааж, оюун билэг, зориг хүчин төгсгөдөг түүхтэйг дэлхий мэднэ.

                Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний эх оронч үзэл, философи онол, итгэл үнэмшлийн баримтлалыг гүнээ хөндөж, ноцтой болгоомжлол төрүүлэхүйцээр харшилж буй нэг “Сэтгэлийн хиртэлт” бол “Зууны мэдээ “сонины 2004 оны ¹153-д нийтлэгдсэн “Ардчилсан Намынхан сонгуулийг анхнаас нь будлиантуулах зорилготой байгаагүй гэж үү?” хэмээх албан мэдээлэл юм. Ардчилсан Намын энэ “Төлөвлөгөө” 2004 оны 4 дүгээр сарын эцсээр, өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгууль явуулах өдрөөс 2 сарын өмнө “Улсын аюулгүй байдлбн зөвлөл”-д улсын нууцад холбогдох материалын зэрэглэлээр танилцагдаж байсныг УИХ-ын дарга С.Төмөр-Очир “Монголын Үндэсний телевиз”-ээр мэдэгдлээ. Мэдэгдэлийг нотлох мэдээллийг Тагнуулын Төв Газрын хариуцлагатай ажилтан мөн телевизээр өглөө.

                УИХ-ын даргын мэдэгдлээс бодохул, тэр нэн сэжигтэй” Төлөвлөгөө”-тэй Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тодорхой танилцаж, албан ажлынхаа шугамаар зохих байгууллагаар шалгуулах үүрэг өгөхөөр тогтож, хяналтдаа авсан юм байна!

                “Ардчилсан Нам”-ын энэ нууц баримт бичгийг Ерөнхийлөгч Н.Багабанди Монголын төрийн тогтвортой үйл ажиллагааны дархлаа, эв нэгдлийн эрх ашгийн үүднээс ул үндэстэй анхаарч, туйлын хариуцлагатайгаар хяналтандаа байлгаж, ажиллах ёстой байжээ.Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Элсын аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд 2004 оны УИХ-ын сонгууль ямар ёс суртахуунтай сонгууль болох, Монголын Ардчилсан Нам, “Эх орон-Ардчилал” Эвсэл ямар зорилго, арга тактиктайгаар сонгуульд оролцож, ямар үр дүнд яаж хүргэх үйл ажиллагааны нь “дэлгэрэнгүй нууцлал” ямар ч микроскоп хэрэглэлгүйгээр уншигдахаар, ямар ч компьютер, “Эхо” ашиглалгүйгээр “оношлогдох”-оор илхэн бэлхэн мэдэгдэж байсан байна. 

    Товчдоо, 2004 оны УИХ-ын сонгуульд дээрхи “төлөвлөгөө”-т улс төрийн хүчнүүд хууль бус олон арга, мэх хэрэглэж оролцох нь, ингэхлээр, сонгууль аль боломжит тойрог хэсгүүд дээр хуульд харш, шудрага бус, хуншгүй өрсөлдөөнт, луйвар, мунхаглал шургалсан сонгууль болж мэдэх магадлалтайн дохио мэдээ Ерөнхийлөгчид тов иодорхой байсан гэсэн үг! Гэтэл ерөнхийлөгч Н.Багабанди Ардчилсан Намын эртнээс төлөвлөсөн үйлдлийг зогсоох арга хэмжээг урьдчилан зохион байгуулах, хяналт шалгалтыг хүчтэй болгох, сэрэмжит ажлыг огт хийлгүй орхиж, Улсын аюулгүй байдлын зөвлөлд танилцуулагдсан мэдээлэлийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ “урсгасан” байна! Яагаад вэ?

    Нэгэнт үр дүн, шинж чанар нь ямар байх нь урьдаас өөрт тодорхой /өөрөөр хэлбэл, хууль бусаар санал “суйлж”, нийгмийг будлиан, төөрөгдөлд оруулах нь!/ байсан сонгуулийн тухайд Ерөнхийлөгч яагаад “Ард түмэн нэгэнт сонголтоо хийлээ. Одоо сонгуулийн Ерөнхий хороо баталгаажуулах л үлдлээ!” гэж /Энэ үгийг Ардчилсан Намын дарга М.Энхсайхан телевизийн бүх сувгаар байн байн иш татан сануулж, үг дуугүй ёсчлон гүйцэтгэхийг улайрангуй шаардаж байна!/ даалган тулгасан өнгө аястай хэлж байна вэ? Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын сонгуулийн товлогдсон хугацааг аль эртийн мэдсээр байж, сонгуульд Монголын Ардчилсан Намын чихэх арга тактикийг мэдсээр байж, ингэхлээр, сонгуулийн үр дүн ямар болохыг, энэ дүнгээс болж сонгогчдын дотор ямар хурц маргаан, зөрчил үүсэхийг хүнээр хэлүүлэлтгүй мэдсээр байж яагаад Хятад улсад хийх айлчлалынхаа хоног өдрүүдийг заавал сонгуулийн үр дүн зарлагдах хугацаатай давхцуулж гадаадад оччихоод, хилийн чинадаас, “Ард түмээн, тайван байцгаа! Би бүх мэдээлэлийг авч байгаа!3 гэж “анальгиндаж” сууна вэ?

    Энд тавигдаж буй асуултуудад үндэслэн “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн дараах логик дүгнэлтийг бас хийж байна:

                2004 оны УМХ-ын сонгуулийг будлиантуулах, зөрчил үүсгэх, хуульд хориотой арга замаар засгийн эрх авах зорилго бүхий Монголын Ардчилсан Намын нууц ажиллагааг Ерөнхийлөгч Н.Багабанди товтой мэдэж байсан ч хэрэгжилтийг нь таслан зогсоох туштай арга хэмжээ авалгүй таг чиг орхиж, нам сэм ажиглаж суусан нь ажлын хариуцлагын ноцтой алдаа мөн!

                Монгол ардын үгэнд “Нэг үхрийн эвэр доргивоос мянган үхийн эвэр доргино” гэдэг. Нэг байтугай нилээд тойрог, хэсгүүд дээр, үхсэн хүнээр хүртэл санал “өгүүлсэн”, бас, хэн нэг буг чөтгөр мэт хэд хэдэн дүрээр хувилж санал өгсөн, хүн, хүүр хоёрыг ч адилхан “ардчилан” хүүрээр нь “улс төр хийлгүүлсэн” энэ “шидэт”, “гайхамшигт” сонгуулийн үр дүнг яаран баталгаажуулахыг хэн нэгэн шаардах бус, харин ч, нухацтай, шинжлэх ухаанчаар шинжилж, сонгуулийн үйл явцыг нарийн шалган нягтлах ажлыг эрчимжүүлэх нь зүйд илүүтэй нийцнэ.

                Сонгуулийн жинхэнэ үнэнийг ард түмэнд ойлгуулан таниулах, хойшид улс төрийн соёл, ёс суртахууны хэвшилд сургамж болгох зайлшгүй шаардлага саяын сонгуулийн явцаас нэгэнт тод харагдаж байгаа учраас 2004 оны сонгуулийг дахин явуулах, тэхдээ хүлцэнгүйдээ хүлцэнгүй, цөсөрхөгдөө цөсөрхөг монголчууд бидний санаа сэтгэл, сэтгэцийн хэвийн ажиллагаа зэгсэн хямрал, бухимдалд “савлачихаад” байгаа энэ өдрүүдийн “доргио” нилээд намдаж тайвширсны хойно, монголын төрийн болон төрийн бус байгууллагууд ихэнхидээ амардаг, монголчууд бид найр хурим, наадам цэнгэлийг эрхэмлэдэг дэлхий дэлэнтэй зун цаг, мөн, монгол түмний ахуй байгалийн хавчлагаар өвс хадлангаа зэхэх, тариа будаагаа хураах, өвөлжөө хашаа, аргал түлшээ базаах ид нөр ажил овоордог намрын шар нарны өдөр хоногуудыг өнгөрүүлсний эцэст алив сурталчилгаа, дуулиангүй, ажил хэрэгчээр явуулж “за”-даа “ёо”-гүй зарчимтай, итгэлтэй, үнэмшилтэй сонгуулиар төрөө даатган бариулах элчис, гэгээнтэнүүдийг ард түмнээр “томилуулах” шийдвэрт тал талаасаа хүрэх нь өнөөдөр улс төр бүрдээд буй нөхцөлд хамгийн өлзийтэй зам хэмээн үзэж байна.

     

    2004.07.03-2004.07.04

    Алтан тэвшийн хөндий

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

                                                                                                                                                 

     

  • .”Сайн засаглал”-ын загварт нэмэх бяцхан “засвар” ойлголт

    Өнөөгийн Монголын улс төрийн сэтгэлгээгээр сайн засаглалын нэг чухал үзүүлэлт нь материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хувийн секторын аж ахуйнуудад түлхүү хөрөнгө оруулалт хийх, татварын болон гаалийн бодлогоор дэмжих үйл ажиллагаа байдаг. Тэгвэл, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн харилцаанд энэ үзүүлэлтийн чиглэл, утга өөр вектортой болох бөгөөд ач холбогдолын үнэлэлт нь өмчийн хэлбэртэй хамааралтай бус, харин хүний дотоод ертөнцийн хөгжлийн хэрэгцээтэй холбоотой болж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, сайн засаглалын тухай ойлголт, эд таваарын үйлдвэрлэл – үйлчилгээ эрхэлж буй хувийн секторт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээтэй бус нийгмийн цэвэр оюунд зориулагдах хөрөнгө оруулалтын хувийн жингийн хэмжээ, өсөлтийн хурдацтай холбоотой болоод явчихна. Үүнтэй уялдаад, засаглалын “хомсдол” нь “Мэдлэгийн эдийн засаг”-ийн ач холбогдлыг хийгээд бодтой арга хэмжээгээр хүчтэй хөгжүүлэх мэдлэг, ухамсарын хомсдолоор илэрнэ. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн баталгаа чухам юу болохыг “тогтвортой” чинад сэтгэлгээ, тодорхой, онч хараагаар ухан бясалгах юм бол тэр баталгаа, нидэртээ, Оюуттолгой, Цагаан суврагын зэсийн орд ч бус, Заамар Бороогийн алт, Асгатын мөнгө, Тамсагийн нефть, Мардайн уран, Тавантолгойн коксиждог нүүрс, Хөвсгөлийн фосфоритын орд уурхайнууд ч бус, зөвхөн монголын “Монгол оо!” гэсэн чин элэг сэтгэлтэй эрдэмтэд, мэргэжилтнүүдийн “хөлстэй алга”, “бор зүрх” хэмээх “уурхайнууд”-ын л нөөц хүч чадал байх болно. Өөр ямар ч баталгаа, ямар ч аврал, горьдлого Монголд байхгүй! Өнгөрсөн түүхэнд маань байгаагүй шигээ Ирээдүйн түүхэнд маань ч байхгүй! Уудам газар нутагтай ч цөөхөн хүнтэй өчүүхэн Монголын аврал, горь найдлагыг олж болох ганц “нуугдмал”, дарагдмал “Марианийн хонхор” 1 нь, -дэлхийн хүн төрлөгтний аль саар муугийн “музей”-д тооцогдож буй монголчуудын тархи, гар хоёрын чадамж, бүтээмж байхаас бус өөр “эх үүсвэр”, өөр “зээл тусламж” хайгаад энэ Дэлхий хэмээх жижигхэн цэнхэр гараг эрхэсээс хаанаас нь ч олохгүй, магадгүй, “харь гараг”-аас, эсвэл, хором тутам халуун цөмийн дэлбэрэлт үргэлжилж байдаг наран дээрээс ч юм уу, бүүр эсвэл, “үл танигдах нисдэг биет” хааяа илгээдэг “Х” төрлөгтний “хөрөнгө оруулалт”-аас олж мэдэх юм, даан ч, тэгэх эсэхийг  би мэдэхгүй нь!

    Сайн засаглалын хэвлэл, мэдээлэлийн бодлогод ч бяцхан “захиргаадалт”, үл ялиг “хүйтрэл” салхилуулах нь өвгөд өтгөсийн “хайраа дотроо, халаа гаднаа!” гэдэг хүмүүжлийн зарчимтай дүйнэ. Хэвлэл, мэдээлэлийн эрх чөлөө – “бамбай”-н дор нийгмийн сэтгэлгээ, мэдлэг, боловсрол, гоо зүйн таашаалыг хөгжүүлэх бус, дорогшлуулах, хүний сэтгэл санаан дотор үргэлж “буцлагч” адгууслаг хүсэл тачаалыг өдөөгч, далд үндсүүдийг нь элдвээр сэрэлзүүлэгч, хүнийг мунхагийн “цооног” руу уруу татагч сэрэл сэрэхүйн ад бүдэсийн хүчийг дэвэргэн хөдөлгөгч элдэв “шар” хэвлэлүүд , “шар” нэвтрүүлгүүд, гадаад дотоодын “хогийн” шоунууд, “хөгийн” зар сурталчилгаануудыг нийгмийн оюуны талбараас шууд таягдах нь нийгмийн ёс суртахууныг цэвэршүүлэх тул үндэсний оюуны хөгжил, нийтлэг эрх ашигт нийцсэн хүмүүнлэг үйлдэл болно. Ёс зүйгүй /гагц порно хэвлэл ч биш/ үйл ажиллагаа хөөцөлдөж нийгмийн сэтгэлзүйг “хагтуулж” буй этгээдүүдийн мөнгө олох сааз зорилгот арга сааманд ёс суртахууны “захиргаадалт” нэвтрүүлэх нь хүнийг аугаа, төгс, гоо сайхан  хүн болгон төгөлдөржүүлэх аугаа дээд зорилгын Хайр , Халын нэгдэлт логикоор дүгнэвээс, хүний эрх, эрх чөлөөнд халдаж буй ёсгүй хэрэг огт бус, харин ч хүнийг Жинхэнэ хүн, Бурханы шүншигт “бүтээл” болгох Үүрэгийн ариун, хатуу шаардлагаас ургаж буй сахилга хариуцлагын дотоод хууль!

    Хүнийг хүн төрхөөс нь, “дотоод хөгжил” -өөс нь төөрүүлэх аливаа үйл ажиллагааг төрөөс ч, орон нутгийн засаг захиргаадаас ч үл зөвшөөрөн, сайн засаглалын бодлогоор хавчин “ивээх” нь цаанаа Хайр Нигүүлсэлийн л хориг юм. Энэ “хориг” бол төрсөн үрээ, мөн, бусад нэгний учир мэдэхгүй балчир хүүхдийг час улайссан төмөр самардахаар, эсвэл, иогой шүүрч авахаар гараа сарвайхад нь хажуунаас нь харж зогссон хэн хүнгүй уулга алдан ухасхийж, мөнөө,”хүний эрх”-ийнхээ дагуу “хүссэн зүйл”-ээ хийхийг нь хорин шүүрч авдагтай чанар нэг хориг бөгөөд хүний хэтийн сайн сайханы төлөө, хүнд зөвийг санахын үүднээс эрхэнд нь, эрх чөлөөнд нь халдан, хүнлэгээр хорих, хясахын “хамар дорхи” жишээ юм.

    2003.11.12 – 2003.12.05

    Хүн чулууны хонхор – Мэдээлэлийн Төв

     

    “Зууны мэдээ” сонинд 2004 оны

    ¹93(1603) –д нийтлэгджээ.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • ӨРНӨТЭЙ Ч, ДОРНОТОЙ Ч…

    Залуу насны ааг омог харьж, идрийн хүчээр ажиллах чадвар яалт ч үгүй буурсан өнөө насанд сэтгэлээс минь нэгэн баргар гунигийн сүүдэр зууралдаад эс салах нь өнөөгийн дэлхий дахинаас Монголчууд бидэнд ханддаг бодот хандлагаас үүдэлтэй юм. Энэ хандлага, үнэн чанартаа, Монголчуудыг үл тоомсорлох, илт “жижигрүүлэх” хандлага!

                Өнөөгийн дэлхий дахины аж үйлдвэржсэн, техник-технологи тасархай хөгжсөн орнууд Монголд ямар бодлоор ханддаг сэтгэхүйтэй вэ? гэвэл, ний нуугүй үнэнийг хэлэхэд, “Монгол улс өнөөгийн хүн төрлөгтний түүхэнд өчүүхэн ч нөлөөгүй, ямар ч бодот оролцоо байхгүй, монголчууд байхгүй байлаа гэхэд хүн төрлөгтний түүхэнд өчүүхэн ч нөлөөгүй, ямар ч бодот оролцоо байхгүй, монголчууд байхгүй байлаа гэхэд хүн төрлөгтний аль ч үйл явцад юугаар ч үл үгүйлэгдэх, үл дутагдах ард түмэн!” гэсэн үзэл бодол, сэтгэлзүйгээр ханддаг. Монгол орон дэлхийн анхаарлыг юугаараа жаахан татдаг нь ч ил. Юу гэвэл, Монгол зөвхөн газарзүйн “сонирхолтой” байршил, байгалийн “сул” баялагийн хөндөгдөөгүй нөөц, жижиг хэмжээтэй боловч үлэмж ашигтай, хямд зах зээл зэрэг зэрэг “үзүүлэлт”-үүдээрээ л татаж, том гүрнүүдийн “хар хайрцагийн бодлого”-оос хараахан гоожчихолгүй тордог.

                Би бээр цээжиндээ ийм нэг “жижигхэн” гунигийн хүүштэй баргардуу царайлж явсан тэр жил Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Энхбаяр Монголын зохиолчидтой уулзахдаа чамгүй цаг хугацаагаа зарцуулж, өөрийнхөө бодол санааг илэн далангүй хуваалцахдаа миний цээжийг дандаа хөндүүрлүүлж явсан мөнөө зовиурьтай “хил нийлэх” олон хөндүүр өмьдрөл хөндөж ярьсныг би мартдаггүй. Тэрхүү үл мартагдагч ярианаас бараг үг үгээрээ ой тойнд үлдсэн хэдэн үгийг дурьдваас, “Хүн харийн улс оронд суухад, эх орон, ард түмнээсээ алсад явахад хамгийн түрүүнд боддог юм, -Би хэн бэ? Ямар улс үндэстний хүн бэ? Миний ард түмэн хүн төрлөгтний түүхэнд үнэ цэнтэй юу бүтээсэн, ямар орон зайтай ард түмэн бэ? Би хүмүүст хэрэгтэй юу хийж юугаараа ард түмнийхээ нэр төлөөлж чадах билээ? гэсэн бодол л толгойд эргэлдэж, энэхүү, улаан нүүрийг улас улас хийлгэсэн асуултанд өөртөө ч, бусдад ч ул сууртиай хариулахыг шаардсан хүчтэй шаардлага байдаг юм билээ!” гэсэн үгс! Энэ үзэл баримтлал Н.Энхбаярт бүүр хар залуугаас нь төлөвшсөнийг сайн мэдэх хүмүүсийн нэг нь би юм.

                Би 1979 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын Дээд сургуулийн Дээд Курс дүүргээд Монголын Зохиолчдын Эвлэлийн Хороонд  /хуучин нэрээр/ Гадаад харилцааны Зөвлөлийн эрхлэгчийн ажил хийж байх үес дурьдсан сургуулийн орчуулагчийн ангийг Н.Энхбаяр, Х.Мэргэн, Б.Нарантуяа, Л.Нарангэрэл нар төгсөж ирснээр Зохиолчидын Хорооны Гадаад Харилцааны Зөвлөлд “Орчуулгын Товчоо”-г давхар буй болгож дээрхи, залуу, мэргэжлийн орчуулагчидыг надаар ахлуулан, Монголын Зохиолчидын шилдэг бүтээлээс оросоор орчуулах, дэлхийн сонгодог болон орчин үеийн нэрт төлөөлөгчидийн сор бүтээлээс эх хэлнээ хөрвүүлж ном, товхимол хэвлүүлэх, “Орчуулах эрдэм” хэмээх уран сайханы орчуулгын онол, шүүмж, хэлэлцүүлэгийн цоморлиг эрхлэх, тэр үеийн ЗХУ болон социалист тогтолцооны орнууд, мөн, Ази-Африкийн орнуудын уран зохиолоос монголчлон, Зохиолчдын Эвлэлийн Хорооны хэвлэл – “Цог” сэтгүүл, “Утга зохиол урлаг” сонинд тогтмол нийтлүүлж байх үүрэгтэй тулгар албыг даалган эхлүүлсэн юм. Н.Энхбаяр Орос-Зөвлөлтийн төдийгүй Өрнө, Дорнын уран зохиолын гүнзгий мэдлэгтэй, уран зохиолын орчуулгын онол, хэл найруулгын эрдэмийг чамлалтгүй эзэмшсэн мэргэжилтний хувьд мэргэжил чацуу залуу нөхөдтэйгээ сэтгэл, зорилго нэгтэйгээр маш шаргуу, идэвхитэй шаламгайлж эхэлсэн. Нэн удалгүй нүдэнд үзэгдэхүйц бодтой үр дүнд ч хүрсэн. 1983 онд намайг мэргэжлийн зохиолчоор шилжихэд Н.Энхбаяр Монголын Зохиолчидын Эвлэлийн Хорооны гадаад харилцаа, орчуулга, сурталчилгааны албыг ахлан үлдэж, Монголын утга зохиолыг ЗХУ-ын болон Өрнө Дорнын уран зохиолын хөгжлийн түвшинд ойртуулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоодынхоо зохиолчидын уран бүтээлийн харилцаа, нөхөрлөлийг нягтруулахад нилээд хугацаа, идэвхи зүтгэлээ зарцуулсан. Тэрбээр орос хэлний бичгийн ч, ярианы ч мэдлэг чадвар өндөртэй, олны ярьдагаар “унаган орос хэлтэй”-н сацуу гадаад хэл төвөггүй сурах төрөлхийн их авъяастай, тиймдээ ч олон хэлээр ном зохиол уншиж, оюуныхаа багтаамж, зайг тэлэх, сэтгэлгээнийхээ бяд, чөмгийг өтгөрүүлэх ханашгүй хүсэл, тэмүүлэлтэй нь илт байсныг харгалзан Монголын Зохиолчидын Эвлэлд ажиллаж байхад нь англи хэлний бүрэн хугацааны дамжаанд суралцуулж, улмаар Англи улсын Лидс хотод англи хэлний нь мэдлэг, боловсролыг гүнзгийрүүлэхээр одуулахад хамт ажиллаж байсан зохиолч бид ихэд баяртай үдэн хоцорч байж билээ.

                Цуг ажиллаж, маргалдаж, нөхөрлөж байх хугацаанд Н.Энхбаярын хэлж байсан сонин соргог санаа, тухайн цагийн нийгмийн сэтгэхүйн үзэл баримтлалыг зэгсэн шүүмжлэнгүй  “өнцөг””-өөс хавирсан жаахан “эсэргүүдүү” үг ярианаас ихэнхи нь сэтгэлд тод үлджээ.

                Нэг удааа Н.Энхбаяр гадаадад /Европын нэг улсад утга зохиолын уулзалтад оролцоод ирсэн юм. Аль улс явсаныг мартжээ!/ томилолтоор явж ирээд Зохиолчидын Эвлэлийн Хорооны ажилтнуудад яриа хийж, сэтгэгдлээ хуваалцахдаа, “Энэ хугацаанд би хүний хүсдэг юмыг маш сайн мэдэж авлаа. Юу гэж мэдэв? гэвэл, хүн өөрийгөө ямар нэг маш чухал, хамгийн хэрэгтэй гэж үзсэн юмандаа үрж дуусгасныхаа дараа л үхэхсэн гэж хүсдэг юм байна. Үүнийг би юу гэж ойлгож байна гэхээр, хүн өөрийгөө өрөөл бусдад маш хэрэгтэй байгаагаа маш хүчтэй мэдрэх явдал л хүний жаргал байдаг юм байна гэдэг утгаар ойлгож байна. Өөрийг чинь хүсдэг өөр хүмүүс байхгүй, өөрийн чинь эзгүйд онгойж хонхойгоод байдаг ажлын талбар, орон зай байхгүй, өөрийг чинь хажуудаа байгаасай гэж тэсгэлгүй хүсдэг, тэсч ядан хүлээдэг дотно нөхөд байхгүй тохиолд л хүн их ганцаарддаг юм байна. Би өөрийнхөө бие, оюун ухаанаа насан туршаа зориулах ард түмэнтэй, сонгосон тодорхой зорлготой болохоороо л сэтгэлдээ жаргалтай явдаг, тэгээд ч өдөржин ажилласан ч ядарснаа мэдэхгүй, улайраад сууж чаддаг, түүн дээрээ үргэлж урагш дууддаг хүсэл, мөрөөдөлтэй байдаг юм байна!” гэж ярьж байсан нь одоо ч миний цээжин дотор үг үгээрээ биш гэхэд үндсэн утга санаа нь онцын гажуудалгүй “халуу оргиулсаар” л байна. Тэр өглөөний ярианы дараа Н.Энхбаяр бид хоёр “Цог” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, жүжгийн зохиолч Д.Батбаярын өрөөнд орж чихэртэй байхуу оочингоо экзистенциализмын мөн чанарын үндсүүдээр жаахан мэтгэлзэж, сүрхий чанга чанга дуугарцгааж суув. Тэхэд Н.Энхбаяр ч маргаанд хошуучлангуй оролцож экзистенциалист  онолын талаар уг онолын эш баримтлан бичсэн Европын алдартай зохиол туурвилуудаас, тухайлбал, Ф.Кафка, А.Камю, Р.Музиль, П.Сартр, С.Бенет, Ж.Жойс нарын роман, тууж, жүжиг, өгүүллэгээс жишээ иш татан ярих зуураа хүний амьдралын утга чанарыг ойлгох, өөрийнхөө ойлголтыг ч багагүй хавчуулж байсныг санаж байна. Тэр үед мань хүн ажил алба эрхлээд базаатай удаагүй “зеленянкий новичок” шахуу байсан ч маргаан дундуур, “Бодоод байхад, зорилгогүй амьдрал л утгагүй юмаа. Тэхдээ зорилго гээд нэг их золиос шаардсан, цус урсгах тэмцэлд шахсан хувьсгалч үйл ажиллагаанд зорих биш л дээ, харин, өөрийгөө ч, бусдыг ч ямар нэг үр ашиггүй хохирол, эрсдэлд хүргэлгүйгээр хэвийн амьдралаар жаргаах үйл ажиллагааг сонгох хэрэгтэй!  Улс орноо дэлхийн түүхэнд үнэ хүндтэй улс болгох үйл хэрэг бол хамгийн дээд зорилго байна байх, гэхдээ, үнэ цэнтэй, баатарлаг үйл хэрэг ч цаад ул сууриндаа хамгийн энгийн, өдөр тутмын гэгддэг, ул дол болсон гэж муучлагддаг үнэ, сонирхолоо алдсан эгэл жирийн ажил хөдөлмөрийн үр дүнгээр бүинэ шүү дээ! гэсэн санааг тодорхой хамгаалж байсан нь одоо эргээд олон жилийн дараа, дурсамж дурьдатгалын “нурам” дороос дорхноо улалзаад сэргээд ирж байна.

                Би Н.Энхбаярыг улс төрийн хавс /талбар/ руу “хулжсан”-ыг анхандаа гайхдаг байлаа. Уг нь, миний бодлоор, Н.Энхбаяр шинжлэх ухааны чиглэлээр, тухайлбал, монгол судлал, Монгол-Төвд, Монгол-Энэтхэгийн соёл, утга зохиолын харилцааны бичгийн дурсгалуудаар нарийвчилсан судалгаа хийж “шинэ үг” хэлэх өндөрлөг рүү мацах ёстой хүн гэсэн ойлголттой байсан. Яагаад гэвэл, их эрдэмтэн, Ц.Дамдинсүрэн гуай Н.Энхбаярыг сүрхий тоож, Монгол -Төвд уран зохиолын сурвалжуудын судалгаанд мэргэжүүлэхээр Шинжлэх Ухааны Академийн Төвд хэл судлалын тасаг руу “урвуулах” санал тавьж өөрийгөө дагалдуулахыг хүсдэг, Н.Энхбаяр ч өөрөө Төвд хэл сонирхож, эхлэн суралцаж, манай нутгийн / Булган аймгийн/ их лам, Гандантэгчилэн хийдийн номч багш Пүрэвжамц гуайд шавилж, төвдөөр нэрийн ном уншдаг болоод хаа нэг хуучин судар шагайж суугаа харагддаг байсан юм. Уран зохиолын орчуулга, онол, эргэцүүлэл, товчдоо, уран бүтээл, шинжлэх ухааны замаас улс төр рүү гэнэт шилжсэн “үсрэлт” ганц намайг ч бус, уран бүтээлийн олон нөхдөө гайхашруулсан байх. Энэ эрс шилжилтийн шалтгааныг өнөө би ойлгохдоо /тэр үед сайн ойлгоогүй үлдсэн!/ , аль нэг хүн өөрийнхөө хувийн оюун сэтгэхүйг хөгжүүлэх ч юм уу амин хувиараа өөрийгөө төгс төгөлдөрийн өндөрлөг рүү “чирэх” нь ч тийм ч гол бус, харин нийт үндэстнээ, улс орноо бүхэлд нь хөгжүүлэх, нийт үндэстнийхээ оюуны үр шимийг дэлхий дахины хүртээл болгох, идэвхи хүчийг нь эрчимжүүлэх, нийгмээ гэгээрүүлэх, ард түмнээ Тэнгэр Бурханы ариун дагшин мөр рүү замнуулах үйл ажиллагааг тэргүүлэх нь хавьгүй хэцүү, хавьгүй чухал нөлөөтэй, ингэхлээр, хавьгүй илүү их өгөөжтэй, үнэмлэхүй дээд үр дүн үйл ажиллагаа байх болно гэж яв цав ойлгосон холч ухааны ойлголт, бүтээлч зорилго байжээ! гэж өнөө би ойлгож сууна.

                Н.Энхбаяр улс төр, намын удирдлагын үйл ажиллагаа руу шилжсэн үе нь 1990-ээд оны эхээр тохиосон. Монголын нийгмийн харилцаанд яаравчилсан шинэчлэлт хийгдэж эхэлсэн энэ үе залуу Н.Энхбаярын амьдралыг ойлгох ойлголтонд ч, улс төрийн үзэл бодолд нь ч, бодот үйл ажиллагааны нь идэвхижилийн чиглэл, зорилгод ч шинэ эргэлт, шинэ “тэсрэлт” гарсан үетэй давхацжээ. Аль нэг үндэстний хэн нэг хувь хүн, өөрөө тэнцүү байх нэг хэрэг /Монголын цөөнгүй эрдэмтэн, сэхээтэн энэ зиндаанд хүрсэн ч байгаа!/, улсаа, эх орноо бусадтай энэ чацуу байлгах үйл хэргийг бүтээх нь илүү эрхэм том зорилго, илүү баатарлаг гавъяа мөн гэж сэтгэх нь яалт ч үгүй зөв юм.Хүн өөрөө бусдын дотор бусдаас дутуугүй байхаасаа илүү улс үндэстнээ, ард түмнээ дэлхийтэй тэнцүүлэх, зэрэгцүүлэх зорилготой аврага цар хүрээт үйл зорилгод тэмцэх нь алив аавын хүү, ээжийн охины амьд явсаны гол хэрэг мөн. 1990-ээд онд залуу зоримог Н.Энхбаяр ийм “далд”, хэтийн зорилгод хөтлөгджээ гэж өнөө би дотроо ойлгоод, түүний зорилго сэтгэлчилэн бүтээсэй! гэж Будда, Христос, Магомед хийгээд арван зүгийн хамаг Бурхдад залбирахын хамт дээрхи гэгээн, аугаа зорилгыг гүйцэлдүүлэхэд нь аврал, тусаа хайрлахыг Монголынхоо иөнх хөх Тэнгэрийн хүчнээс гуйж сууна.

                Амьдрал бол хариуцлага юм. Хариуцлага хариуцлагаас хамгийн хүнд нь танихгүй хүмүүсийн өмнө, өөрөө ч танихгүй, өөрийг чинь ч, магадгүй, танихгүй түмэн олны хувь заяаны өснө хүлээх хариуцлага!. Урьд өмнө өөрт бараг хамаагүй мэт санагдаж байсан хүмүүст өөрөө өөрөө маш их хамаатай болж, тэдний иоээдүйн өөдлөх, уруудахын тавилан мөрийг даах хариуцлага хүлээх нь хүнээс нөр хугацааны тогтмол их хөдөлмөр, сэтгэхүйн ачаалал, хүчдэл шаардана. Энэ шаардлагын тэнслэгийг давах арга билиг, эрчим хүч өөрөөсөө олох, нас биеэ хайргүй дайчлах шийдвэрийг өөртөө гаргаж, түүнийгээ хэрэгжүүлж чадах түвшиний бодот үйл ажиллагааг гүйцэтгэхийг л амьдралын хариуцлага гэж нэрлэж болох юм.

                Н.Энхбаяр хүнд ганц олдох амьдралынхаа хариуцлагыг асар нүсэр зорилготой холбож /энэ нь тийм ч гэнэтийн шийдэл биш байсан байх, удаан боловсорсон бодол, хөдөлмөр, сэтгэхүйн үйл ажиллагааны үр дүн байсан байх!/ бүхэл бүтэн улс орны түүхийн өмнө ноцтой үүрэг, хариуцлаганд унаж буйгаа ухамсарласны нь “зовлон” надад олон зүйлээ  мэдэгддэг.

                Ерөнхий Сайд Н.Энхбаяр Монголынхоо хүүхэд багачуултай “Монгол Телевиз”-ээр уулзаж, Өрнө, Дорнын сэтгэлгээний үр шимийг хэл хэлээр хүртсэн дорвитой боловсролтой, монголчуудынхаа оюуны амьдралыг айхтар дүгнэлттэй ажигладаг удирдагч хүний үг хэлж байрыг нь сонссон. Тэдгээр үгс дунд миний өвгөн болтлоо бодож яваагүй “орой руу орсон” үг дуулдсаныг оройжингоо дотроо эргэлдүүлсээр хоносноос хойш гудамд тааралдах хүүхэд, багачуулаа харах бүрд тэр үгс үргэлж бодогдох болжээ.

    Ерөнхий сайд нилээд бодлогошронгуй, бас нилээд санаашрангуйгаар бодолхийлэн зогсозносноо, “Монголын маань хүүхдүүд бусдаас огт дутахааргүй авъяастай, цоглог, сэргэлэн, бахархахаар сайхан хүүхдүүд!  Гадаадынхан ч их магтдаг. Гэвч том хүн болоод амьдралын замд, жинхэнэ бүтээлч өрсөлдөөний сорилтонд ажил мэргэжлээрээ шалгагдах, дэлхий нийтийн жишигээр амьдрах, хөдөлмөрлөх чадварын шатандаа бусдаас голдуу хоцордог. Бид, яагаад ч юм, амьдралынхаа замын хаа нэгтээ нугачаанд хүүхэд насныхаа авхаалж самбаа, эрчим, тэмүүлэлийн хүчээ гээчихдэг нь их харамсалтай санагддаг” гэж жаахан гуниглангуй хэлж байсан. Энэ үнэнд өөрөө би гуниглаж явдаг болохоор Ерөнхий Сайдын үг миний сэтгэлд их ойр, халуун туссан байх! Өнөөгийн залуусын төрх, зан чанар, ахуй амьдралыг нь эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл их хэиртэлзэх эх оронч элэг сэтгэлийнхээ нүдээр ажиж явахад эх орныхоо ирээдүй хэтэд багагүй зовж л явах юм. Яагаад гэвэл, өдөр нь эцэтлээ дэмий тэнээд, эсвэл элийртлээ зурагт ширтэн гөлрөөд, шөнө нь илжиртлээ унтаад амьдралаа бардаг залуу үетэй /иргэдтэй/  улс оронд ердөө ганц л зам нээлттэй. Энэ бол мөхлийн л зам юм. Хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа гэдэг ч, Монголын минь сайхан үрс, багачуул амьдралын эрчим урсгалын альхан гольдрол, эргүүлгэнд хэзээ нь, яагаад монгол удамшилынхаа эрч хүч, идэвхи тэмүүлэл, оюун сэтгэхүйнхээ тэнгэрлэг эх сурвалжаас хагацаж, хоосрох, хагдрах зам руу гулдруулчихаад байгаа юм бол?

    Ерөнхий Сайдын асуусан энэ асуулт, үнэнхээр, монголчууд бидний Оршихуйн хамгийн амин “хадаас” асуулт!  Энэ асуултын хариунаас Монголын хөгжлийн олон зангилаа асуудал тайлагдана. Бас олон нууц үнэний буюу одоогоор бидний мэдрэхгүй, олж харахгүй яваа, зөвхөн аугаа хайр, гуниг, гэгээн ухаарлын түвшинд л гэрэлтдэг их гэгээрэлд хүрээгүйгээс олж чадахгүй байгаа жинхэнэ зөв зам ч тодорно. Энэ асуулт бодолд нь орж, сэтгэлийг нь зовоож, тэгээд энэ асуултыг  өөрөөсөө болоод бусдаас асууж буй хүний сэтгэл, оюуны гэгээнд л уг асуултын хариу олдох ёстой. Өөр бусдаас ийм зовлонтой, ийм амьсгаа давхцуулсан түүхэн хэцүү, хамаг эс эдийг цахилгаан гүйдэл мэт, цочроосон эд мөрийн асуултын хариуг олохыг горьдоод нэмэргүй. Үүнийг хүсэн хүлээх нь ч тэхийн эвэр тэнгэрт тулахыг хүсэн хүлээхтэй л ав адил!

    Хүн амьдралынхаа хариуцлагыг ухаарахтай холбоотойгоор үүсч, Н.Энхбаярыг “зайлахын аргагүй зовлон”-д унагаж буй нэг айхтар Яргуу асуудалд бол дэлхий даяар хоногоос хоногт хүч түрж буй Даяаршил байх гэж бодогдоно.

    Улс үндэстнийхээ ахуй оршихуйн биеэ даасан чанар, тусгаар тогтнолыг хадгалах, түүний үндэс язгуурыг зөв ухаарах, тэр ухаарал, дүгнэлтийнхээ үндсэн дээр эх орноо хөгжүүлэх, дэлхийн улс орнуудын хөгжлийн жишигтэй ойртуулах зорилгыг амьдрал, үйл ажиллагааныхаа гол чиг болгон баримталсан залуу удирдагч хүнд өнөөгийн дэлхий дахиныг бүхэлд нь агдлан хамарсан тэргүүлэх масштабын үйл явц – Даяаршил нилээд ээдрээтэй замын орц-гарц, яггүй ярвигтай сонголт тулгаж байгаа нь мэдээж.  Даяаршил нь XXI зууны эхэн үеийн нийгмийн сэтгэлгээн дэх ихээхэн маргаантай үзэгдлийн хувьд жижиг эдийн засагтай оронд хүчтэй тусах эерэг, сөрөг үр дагаварыг нь урьдчилан харах, шинжлэх ухаанчаар тооцох, ашигтай нөлөөлөлийг нь эдийн засгийнхаа хөгжилд зохистой түлхэц болгон эргэлтэнд оруулах сонирхол алив улсын төр нийгмийн зүтгэлтэнд байх нь гарцаагүй ч, нөгөө талаас, болгоомжлох, хаширлах, үндэснийхээ язгуур ахуй, эрх ашиг, соёл, ёс заншилд харшлах, оюун сэтгэхүйнхээ бие даасан хараат бус чанарыг алдах магадлал талаас нь нягтлан судлах шаардлага эх оронч сэтгэлгээтэй, үндэсний үзэлтэй том сэхээтнүүдэд ямагт тулгарах нь зайлшгүй.

    Энэ гачлан Н.Энхбаярыг ч ихэд бодлогошруулж, улс төр –эдийн засгийнхаа гадаад бодлогын стратеги, тактикийг боловсруулах хүрээний радиус дотор баярлахын зэрэгцээ шаналгаж, шинэ соргог сэтгэмж, овсгоолог практик үйлдлийн эрэл хийлгэхэд түлхдэг нь лав. Иймээс ч тэрбээр АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт уригдаж хэлсэн үгэндээ даяаршилын мөн чанарыг хэрхэн ойлгодогоо, “Даяаршил бол юуны өмнө, боломж хийгээд сорилт” гэж тодорхойлсон нь, миний бодоход, хамгийн оновчтой тодорхойлолт мэт санагддаг.

    Эцэст, энэхүү дурсамж – бодролоо өндөрлөж өгүүлэхэд, өнөөдөр ганц Монголчууд бидний амьдрал ч бус нийт хүн төрлөгтний амьдрал, өрсөлдөөн тэмцэлдээнт үйл ажиллагаа нэг л бүрэн төгөлдөр, гоо сайхан утга зорилготой бус, нэг л зөв бус, нэг л онц сонирхолтой бус, нэг л дээд, гэгээн тэнгэрлэг бус, яагаад ч юм, нэг л санаанд хүрэхгүй, нэг л өчүүхэн, газардмал, дорд амьтанлаг санагдаад, тиймээс ч, нэг тийм аугаа, гоё, “үл мэдэгдэх”, “үл гүйцэлдэх” шинэ сонин юмаар дутаад байгаа нь надад үе үе их халуун гуниг төрүүлдэг. Ийм далд гуниг Н.Энхбаярын эр залуу, уран бүтээлч, эрдэм билиг буцалсан цээжинд аанай үе үе төрж, ганц өөртөө ч бус, төрөлх ард түмэндээ ахуй амьдралыг нь аугаа, төгс, сонирхолтой сайхан утга зорилготой, оюунлаг, баатарлаг, баян чинээлэг, тэнгэрлэг ариун болгоход нь өөрийнхөө боловсрол, хүмүүжил, эрдэмийн ирийг дайчлах асар бэрхшээлтэй, халуун эсэргүүцэл тэмцэлтэй он жил, өдөр шөнүүдээр амьдрах хүч чадлыг өгч байгаа байхдаа! гэж бодоод өрөвдөнө.

    Энэ амьдралын хариуцлагыг ч тэр сайтар ухаарч хар залуугаасаа ухамсарлаж, хаанаас л бол хаанаас сонсдох дайралт, гүтгэлэг, хараал зүхэлд халирч шантралгүй цэх яваад нь дотроо гүнээ баярлана. Эргэн дурсахад саяхан мэт санагдах он цагийн тэртээ Ф.Достоевскийн романыг уншихдаа халуурч уншдаг байсан хүү өнөө Достоевскийн оронд Монголын нийгэм эдийн засгийн өсөлт, бууралтын үзүүлэлтийн тоо баримтыг “халууран” уншиж, өөрчлөлт хөгжилтийн нь динамикийг “халууран” шинжилж, “Яавал энэ динамикийг үргэлж өөдөө чиглэсэн вектортой график зурагдахаар байлгаж чадах вэ?” гэж бодолд дарагдан суудаг болсныг амнаас нь дуулахад харамсах бус хайрлах сэтгэл өвөрлөж үлдсэн!

    Ийм ноцтой, үсрэнгүй, “дотоод хувьсгал” хийх эрчим хүч хаанаас гарах вэ, гагцхүү улаан голоо тасрах өдрөө хүртэл эх орондоо зориулах эх оронч сэтгэлээс л гарна шүү дээ! Өөр баттай эх сурвалж хүнд байхгүй. Өөр эх сурвалжийг хүнд заяах чадал, бололцоо байгальд өөрт нь ч дутсан юм шиг билээ?

     

                                                                                                                     

    2004.06.11-2004.06.18

    Алтан Тэвшийн хөндий – Мэдээлэлийн Төв

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • Зарим монгол ойлголтонд оруулах зарим “засвар”-Шударга өрссөлдөөн

    Нийгмийн хөгжлийн суурийг “Мэдлэгийн эдийн засаг”-т шилжүүлэхтэй холбогдуулаад манай нийгмийн сэтгэлгээнд хэвшсэн хэд хэдэн “мухар сүсэг”-ийн шинжтэй ойлголтуудад засвар оруулах зайлшгүй шаардлагатай юм.

    а.”Шудрага” өрсөлдөөн

    Улс төр –нийгмийн алив үйл явцын “пүрш” нь мөнгө болж, бүх механизм, хөдөлгүүрүүд мөнгөөр зохицуулагдаж буй харилцаанд жинхэнэ шудрага өрсөлдөөн байх ямар ч үндэсгүй. Ялангуяа, Монгол шиг “хулхи” хувьчлалаар хөрөнгөжсөн, харилцааны ил, далд хамаг эрэг шураг нь бүх “эргэлт”-эндээ мөнгөөр хөдөлдөг зах зээлд ихэнхи манай улс төр судлаач -“хамеолон”- уудын “хийлддэг” “шудрага өрсөлдөөн” гэгч бол зөвхөн “Сөнгөний ардчилал”-ын үл илрэх нуугдмал мөн чанарыг хаацайлсан үзэл суртал юм. Харин жинхэнэ шудрага, ариун, цэвэр ёс суртахуунт өрсөлдөөн “Мэдлэгийн эдийн засаг”-т шилжсэн харилцаанд, дан оюуны бүтээлийн үнэт чанарын хэрэглээнд л нэвтэрнэ. Монголчуудын амнаас үргэлж унадаг “сувд” -үгс болох “олон улсын жишигт хүрэх”, “экспортод өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх” гэдэг үгс Монголын “бага овор”-ын эдийн засагт тохирохоосоо монгол оюуны бүтээгч чадвар, байгаллаг увидаст тохирох нь илүү магадлалтай.

    Монголын байгалийн ашигт малтмалын баялаг нөөцтэй орд газар олонтой ч, усны хэрэгцээг хангахад нэн хүндрэлтэй, дэд бүтэц хөгжүүлэхэд үр ашиг мууиай, зардал хөрөнгө нөхөгдөх боломж тун бага зэрэг шалтгаанаар орд уурхайнууд ашиглагдах нөхцөл “хаалттай” шахуу нь Бурханаас Монголын экологийн тогтолцоог бүтээхдээ “урьдчилан харсан”, нууцлагдмал “програм” ч байж магад. Иймд Монголын экологи орчиныг эдийн засгийн ач холбогдлоор бага, хэтдээ хичнээн ч мянган хүнийг “шоронд хийж шонд дүүжлээд” эс залруулагдах алдаа юм. Харин “Тархи” бол өөр чанарын орд! Монгол ген дахь энэхүү ”үүц”-ийг задалж нөөцийг нь гүйцэд “ухаж” ашиглах, оюун – “үйлдвэр”-ийг нийгмийн хөгжлийн тэргүүлэх үүрэг бүхий “олзворлох” хийгээд  “боловсруулах”  үйлдвэр болгох шинэ ойлголтоор ажиллах л хамгийн зөв “улаан шугам” байхаа магадгүй. Энэ үүднээс хэдэн санааг санал болгож “Монгол толгой”-ны билиг чадварыг үгүйсгэгч заримуудын инээдийг хүргэж болох юм. Үүнд:

    -Жинхэнэ авъяас билигтэй, итгэл найдвар даах мөс, нуруутай, шинжлэх ухаанд болон логик сэтгэлгээ, уран сайханы сэтгэмжийн “үйлдвэрлэл”-д гарамгай ажиллах чадвартай эрдэмтэд, сэтгэгчид, инженер, зохион бүтээгчид, зохиолчидыг “дэлхийн түвшин”-ий мэргэжлийн шалгуураар сонгон шалгаруулж /нас үл харгалзан!/ улсын тусгай хангамж, хамгаалалттай онцгой нөхцөлд шилжүүлэн ажиллуулах, судалгаа-шинжилгээ, туршилт, бүтээл туурвил дээрээ тогтвортой, оюуны өндөр эрчимтэй төвлөрөн ажиллаж үр дүнд хүрэхэд нь материаллаг бааз суурийг бүрдүүлэх, ахуй амьжиргааны нь хэрэгцээг онцгой зэрэглэлээр хангах /энд, элдэв одон медалиар шагнах, алдар цол хүртээх тухай ярьж байгаа үг огт биш шүү!/ ;

    -Үндэсний шинжлэх ухааны нээлт, ололт, туршилт – шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд цаг алдалгүй нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтыг дайчлах, эрдэм шинжилгээний лаборатори, техник-технологи, багаж төхөөрөмжийг бүрэн шинэчилж, суурь судалгааны ажлын хэтийн үр ашгийг тооцох тусгай аргачлалын тогтолцоонд шилжих;

    -Дэлхийн шинжлэх ухааны мэргэжил нэгт тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүлтэй туршлага солтлцох, онол дадлагын маргаанд биеэр идэвхитэй оролцох, өөрийнхөө онолын мэдлэг, чадвараа олон улсын стандартаар шалгах, гадаад томилолтын зардлыг улсын төсөвт тусгай хатуу зүйл ангилалаар тогтмол тусган зөвхөн зориулалтаар нь зарцуулдаг зарчим хэрэгжүүлэх;

    -Монгол оюуны шинэ соргог онол, санаа, бодот бүтээлийг “экспортын бүтээгдэхүүн”-тэй адилтган ойлгох, эх хэлээрээ буй бүтээл туурвилуудыг гадаад нийтлэг хэл рүү тогтмол орчуулан дэлхийн оюуны даяаршилтанд хандивлах, оюуны бүтээлийн зах зээлд өрсөлдүүлэхээр нийлүүлэх Орчуулгын тусгай сан, фондыг төсөвт суулгаж монгол оюуны мэдээлэлийн сангийн менежментийн төрийн албыг бий болгох;

    -Монгол хэлний тархацын талбай, орон зайг өргөтгөж, “Монгол судлал”-ыг дэлхийн шинжлэх ухааны “орбит”-од оруулах асуудлыг төрийн бодлогын ойрхи зорилгын хэмжээнд хэрэгжүүлэх, монгол хэлний сургалтыг гадаадад суугаа Монголын ЭСЯ-дын эрхлэх албаны үндсэн ажлын бүрэлдэхүүн болгох, монголчуудын эрдэм, соёлыг дэлхийн даяаршилд идэвхитэй оролцуулах зорилгоор Монголын соёл – шинжлэх ухааны ололт, дээжисийг таниулах онол-сурталчилгааны тогтмол үйл ажиллагаатай бага шиг ордон, клубуудыг дипломат харилцаатай бүх улс орнуудад нээж ажиллуулахын хамт уг ажлын үр дүнг тухайн ЭСЯ-ны ажил албаны үнэлэлтийн нэг гол үзүүлэлт болгон хэвшүүлэх;

    Эдгээр арга хэмжээг эрчимжүүлсэнээр Монголын шинжлэх ухаан, оюуны бүтээмжийн ололт, нээлт, үр дүнг дэлхийн “Мэдлэгийн эдийн засаг”-ийн зах зээлд нэвтрүүлэх, шаргуу өрсөлдөх орон зай эзлэх шатанд гарах боломж сая бидний “гэрт орох” юм.

    Оюуны бүтээлд зах зээлийн бус сэтгэлгээгээр үйлчлэх буюу оюуны бүтээлийн гүйцэтгэл, ашиглалт, хөрөнгө-санхүүгийн хичнээн их эрсдэлтэй байлаа ч төсөв зарах өодлого барих нь л жинхэнэ “хөгжлийн төсвийн философи” болж чадна. Яагаад гэвэл, оюуны “үйлдвэрлэл” дээр хөрөнгө, хуримтлал хожихоосоо наана он цаг/хугацаа/, хүч /сэтгэх хийгээд үйлдэх/, түүх /хүн төрлөгтний ой тойнд хадгалагдан үлдэх амьд үг, үл мартагдах, үл элрэх халуун элгэн дурьдатгал/ хожих бодлого үйлчтлбэл зохино. Энэ бол улс орны нийтлэг ач холбогдолтой, нийгмийн хөгжлийг хөтлөгч “араа” болохуйц шинжлэх ухаан-эрдэм шинжилгээний ажилд үндэсний оюуны потенциалыг зангидна гэсэн үг.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • Гарц, оюуны бүтээлийн эрхзүйн орчин, зорилт

    Даяарчлалын зах зээлд тогтвортой орон зай эзлэх, үндэстнийхээ генийн бүтээлийг дэлхийн соёл-иргэншилийн түүхэнд оруулах, үр өгөөжөөр нь өрсөлдөх, монгол оюуны “эндомик”, давтагдашгүй онцлогийг хүн төрлөгтний орших он жилүүдийн үргэлжлэлд хадгалан үлдээх нэг “суваг” буюу гарц бол, үнэнхээр, үндэсний оюун санааны потенциалыг бүрэн дайчлах, үнэлэх, үр дүнг нь хуулиар хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх явдал мөн.

    Монголд оюуны өмчийн багц хуулиуд хэрэгжиж эхэлснээс хойших өнгөрсөн хугацаанд оюуны бүтээлд хандах нийгмийн сэтгүүлзүй бодтой өөрчлөгдлөө.Өнгөрсөн хугацаа, үндсэндээ, оюуны бүтээлийг Бүтээгчийн өмчөөр хуульчлах, үнэ цэнийг нь хэрэглэгчдэд ойлгуулах, бусад хэлбэрийн өмчтэй адилтган үнэлэх сэтгэхүйг хэвшүүлэх, зохиогчийн эрхийн зөрчлийг үл үүсгэх бодлогыг эрчимтэй сурталчилахын зэрэгцээ амьдралд хэрэгжүүлэх, тодорхой тодорхой үйл ажиллагааны хугацаа байлаа.Оюуны өмч-бүтээлийн талаар нийгмийн сэтгэхүйд гарсан эрс өөрчлөлтийн үндэс нь дээрхи үйл ажиллагааны л үр дүн юм. Энд, зөвхөн, “Зохиогчийн эрхийн тухай хууль”-ийг цохлоод дурьдахад, 1993 онд батлагдсанаасаа хойш 1996,1999 онуудад хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, эх орны “оюуны үйлдвэрлэл”-ийн амьдралаас өдөр тутам урган гарч буй шинэ шинэ асуудлуудад хариу өгөх, харилцааг нь зохицуулах заалтуудаар баяжив.Одоо шинэ шатны үйл ажиллагаа руу шилжих бэлтгэл хийгдэж, Зохиогчийн эрхийн хуулийн хамрах хүрээг өргөтгөх, оюуны шинэ шинэ хэлбэрийн бүтээлийн бүртгэл, баталгаажуулалтыг нарийвчилсан заалтууд боловсрогдож байна. Тухайлбал, уран бүтээлчдийн хамтын удирдлагын үйл ажиллагаа, менежмент, уран бүтээлийн хамаарах эрх, интернет сүлжээ, компьютерийн программ хангамж, дуу-авиа-дүрс бичлэгийн нэн шинэхэн арга технологийн бүтээлийн бүх хэлбэр төрлийг багтаасан нарийвчлалуудаар уг хуулийг дэлгэрүүлэн баяжуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд тусгагдсан утга санаа, логик, үйл ажиллагааны заалтуудтай зохицсон нийтлэг механизмуудыг дотоодын нөхцөл, шаардлаганд нийцүүлэн боловсруулахын хамт олон улсын эрхзүйн практикийн ололтыг өргөнөөр нэвтрүүлэх чиглэлээр асуудалд хандаж байна.Энэ нь өдрөөс өдөрт улам эрчтэй даяарлагдаж буй хүн төрлөгтний оюуны амьдралаар тавигдаж буй шаардлагад зохицох зорилгыг хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагаа юм.

    Сүүлийн жилүүдэд оюуны “бүтээгдэхүүн”-ий зах зээл, хүрээ мэдэгдэхүйц өргөжиж, хэрэглэгчидээс төлөх төлбөрийн хэмжээ өсөх хандлага ажиглагдаж, оюуны бүтээл нийгмийн хөгжлийн идэвхитэй “хурдасгуур”-ын ойлголттойгоор эргэлтэнд орж байгаа нь эдийн засгийн шинэ харилцаанд шилжээд төдий л удаагүй байгаа орны хувьд “чамлахаар чанга атгах” ололт, дэвшил бөгөөд эндээс, Монгол улсад оюуны бүтээл, туурвилын бүртгэл, хамгаалалт, үнэлгээний орчин үеийн тогтолцоо,мөн оюуны бүтээлийг ашиглахтай холбогдон үүсэх харьцааг бүрэн зохицуулж чадах эрх зүйн орчин бүрдсэн!гэсэн дүгнэлтийг хийж болно. Гэвч нийгмийн хөгжлийн алив үйл явц амьдралд хичнээн гүн нэвтэрч, хичнээн урт радиустай тойргоор үйлчлэх тусмаа төчнөөн олон талт шинэ асуудал, зөрчил үүсгэж, төчнөөн их эсэргүүцэлтэй тулгарч өөрөө тэр тойрог, хүрээнийхээ “хүндийн төв” болох, бусад үйл явцыг өөр рүүгээ татах, өөртөө нэгэтгэх, өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжилд бусдаас илүү үүрэг, ачаатай зүтгэх хандлага руу тэмүүлдэг.Энэ нь эргээд нийгмийг хөгжлийн дээд шатны тулгамдсан асуудал, хурц зөрчилтэй орооцолдуулах, шинэлэг шийдлүүдийг нийгмээс нэхэх, заримдаа бүүр сэтгэлгээний мухардалд оруулах, зүйрлэж хэлбэл, “хүсээгүй жирэмслэлт” чанарын бэрхшээлүүдийг ч учруулдаг талтай. Харин хүсүүштэй, чухалчлууштай эерэг тал нь,- улс үндэстнийхээ цааш цаашдын хөгжлийн хэрэгцээг даахуйцаар үндэсний оюун санааг хөвчлөх, сэтгэлгээний шинэ эрэмбэ түвшиний эрэл хийлгэх, шинэ гарц нээлгэх өндөр үр ашиг өгөгч ач холбогдолтой байдаг. Нийгмийн сэтгэлзүйн зайлшгүй эсэргүүцлийг аль болох шахуу хугацаанд сөрөн давж, эцсийн үр дүнгийнхээ өгөөжөөр цагаатгагддаг диалектик зөрчилт үйл явцын нэг нь, маргаангүй, оюун сэтгэлгээний “үйлдвэрлэл”-ийн хөгжил тул оюун санааны хэтдээ өгөх “унац”-ыг урьдчилан тооцох, “тосон харах” стратегийг зөвхөн үг яриагаар төдий бус үйл ажиллагаагаар бодтой хэрэгжүүлэхийг үндэсний эрх ашиг хатуу шаардаж эхэллээ.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

               

  • ЗАРИМ ПАРАДОКС САНААНУУД, ХЭРЭГЖИХ БОЛОМЖ

    1.Бяцхан “шизо” асуулт

    Алив үндэстний оюуны туурвигчид үндэснийхээ Оршихуйн тулгууруудыг нэг бүрчлэн судалж, явц, өрнөлийг нь өргөн хүрээтэй судалж, үр дүнг нь шинжлэх ухааны үүднээс бодтой нягтлан дүгнэсэн байдаг.Түүхэн хөгжлийнхөө үе шат, онцлог, алдаа мадаг, амжилт ололтыг ийн танин мэдэх нь үндэстнийхээ ирээдүйн хөгжлийн “улаан шугам”, “хар хайрцаг”-ийн бодлогыг тодорхойлоход голч үүрэг гүйцэтгэдэг.

    Монголчууд бид Оршихуйнхаа үндсийг тодорхойлох, үнэн зөвөөр ухаарах оролдлого хийх бүрдээ нэг том алдаанд уургалуулдаг.Юу гэвэл, өөрсдийгөө зөвхөн үгүйсгэх, бусад том үндэстнүүдийн оюуны болон эд материалын үйлдвэрлэлийн жишээ, үлгэр загвараар өөрсдийгөө үргэлж “сүрдүүлэн”, өөрөө өөрийгөө “жижигрүүлэх” алдаа юм. Энэ алдааны урхагаар Монголчууд XIY-XXI зуун хүртэл олон зууны туршид сэтгэхүйн хувьд болон сэтгэлзүйн хувьд ер тусгаар тогтноогүй, зөвхөн бусдын сэтгэлгээний хийгээд эд таваарын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэглэгч, түүнээс ямагт хараат, “боолын сэтгэхүй”-тэй амьдрагч үндэстэн байсаар өнөөтэй золгоход хүрчээ.

    Өнгөрсөн түүхэн урт хугацаанд Монголчууд бид “Монгол үндэстэнд Тэнгэр Бурханаас даалгагдаж буй түүхэн үүрэг / миссия/ юу вэ? Түүнийг гүйцэтгэх өгөгдхүүн, бодот боломж бидэнд юу байна вэ? гэж хэзээ ч асууж байсангүй. Ийм “шизо” боловч жинхэнэ эрүүл, магадгүй, морь малаас маань, алт, зэсийн уурхайнаас маань хавьгүй илүү ач холбогдолтой асуулт бидний бодол, сэтгэлд хэзээ ч төрж байгаагүйгээс Монголчуудын хамгийн гашуун түүхэн эмгэнэл-өөртөө итгэл алдах, аугаа зорилгогүй амьдрах, өөрийнхөө оюунд болон хүчин чадалд итгэлгүй амьдралаасаа болоод бусдад бөхөлзөх, тэднийг шүтэж дээдлэх, дууриах сэтгэлзүй бидний мах цус, уураг тархинд “цианы хүчил” мэт шингэн хордуулжээ. Энэхүү “тархины хордлого” ходоодны хордлогонд зэгсэн тэсвэртэй монголчуудыг өөрсдийгөө цаг ямагт харийнханы оюун сэтгэлгээний “шавь” /сайнаар бодоход!/, муугаар бодоход, хуулбарлагч юм уу даган дууриагч гэж үздэг “сэтгэлзүйн хор”-ыг асар хүчтэй тунгаар “үйлдвэрлэжээ”.

    Орос ардын үгэнд “Нет пророка в своем отечестве” гэдэг хэлц байдаг.Оросуудын энэ шоглонгуй хэлц Монголчуудад бүүр ч тохирно.Монгол сэтгэхүй өөрийгөө ямагт бусдын дор тавьдаг, дорд үздэг, өөрийнхөө цусанд ууссан үргэлжид “сурагч” байх сэтгэлзүйгээсээ болоод үндэснийхээ оюуны бүтээл туурвилд ямагт гоочлонгуй, “тамын тогоо”-ны ёроолоос хялайнгуй хардаг хандлага, заншилтай болохоор хэн нэг маань юу ч хэлсэн ямагт үл тоомсорлонгуй, үл анзаарангуй ханддаг сэтгэлзүйн халх /барьер/ бидэнд ямагт үйлчилж, биднийг хааш нь ч үл хөдөлгөн, аль нэг амьтны садга, чихмэл мэт хашин гуулдаг гортой үйл явцуудын тасралтгүй, эцэс төгсгөлгүй үргэлжлэл бидний түүх болсоныг ултай, хариуцлагатайгаар тунгаах цаг иржээ. Иймд, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн хүрээнд ургаж буй саяын бяцхан “шизо” асуулт /Монголчуудын түүхэн үүрэг юу вэ?/ өнөө маш чухал асуулт! Үүнийг бид өөрсдийн бие даасан сэтгэхүйгээр шинжилж, түүхэн зам түүхэн бүтээлүүдийнхээ үнэ цэнээс олох, тэгээд бодтой, голчоор тодорхойлох хэрэгтэй. Эс бөгөөс, Монголчууд хүн төрлөгтний хөгжлийн хэтийн хугацаанд түүхэнд ямар ч үүрэггүй, хэрэггүй улс уу? Хэрэв тийм бол бидэнд энэ их “эзгүй” газар нутаг, баялаг нөөцтэй ашигт малтмалууд, тэр бүү хэл, Д.Сүхбаатарын талбайн хойморт бараагнах дөрвөн давхар ордон, түүн дотор хөлхөлдөн цалин тоншигч олон хүмүүсийн ч хэрэг юу? Иймд, бид “Монголчууд аа, монгол хүний оюун сэтгэлгээнд хүн төрлөгтний түүхээс, хөгжлийн хэрэгцээнээс өгөгдсөн, бас өгөгдөх онцгой үүрэг, хувь заяаны даалгавар юу вэ? Тийм зүй тогтол, эсвэл түүнтэй адилтган ойлгохоор юм монголчуудын хувьд угаасаа байна уу, ер нь, үгүй юу? “ гэж бие биеэсээ, таних ч бай, танихгүй ч бай хамаагүй хажуудах хүнээсээ асууя! Бас монгол хүн бүр өөр өөрөөсөө, өөрийнхөө “дотор хүн” –ээс асууя! Асуултандаа хариу эрэх, олох зорилгыг амьдралынхаа утга агуулга, орон зайн тэнхлэг болгохыг хувь хувийнхаа ажил үйлсийн “үндсэн хууль” болгон мөрдөе! Энэ Асуултыг монголчуудад гаднаас хэн ч тавихгүй, зөвхөн монголчууд л дотроосоо тавина! Иймд уг асуултыг бид бие биедээ тавихгүй амьдрах нь, хэлгүй, дүлий, нүдгүй, “морь унасан толгойгүй” хүмүүс л яваад, “хөрөнгөжөөд” л, даяаршаад л… төрөөд л…, үхээд л байх нь даанч утгагүй санагдаад, тийм утгагүй, сул, золбин амьдрал ямар ч үнэгүй бодогдоод, байж ядахдаа би энэ асуултыг амнаасаа аргагүй унагаж орхилоо.

    Аристотель” Ухаантай хариулт хүсвэл ухаантай асуулт асуу!” гэсэн афоризм хэлсэн байдаг. Миний асуулт Аристотелийн хүссэн шиг тийм ухаантай, мэргэн асуулт биш ч, бас ч гэж тийм тэнэг ч асуулт биш тул, тэнэг биш асуултанд тэнэг биш хариулт сонсоно, тэр хариултыг өнөө биш гэхэд маргааш монгол оюуны туурвигчидаас хэн нэг нь заавал өгнө гэж найдна. Үндэстнийхээ оюуны ирээдүйд найдах нь жинхэнэ бодтой, эрүүл саруул, найдлага гэж итгэнэм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • МОНГОЛ ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ ХИЙГЭЭД ГАРЦ

    1.Зөрүү

    Сүүлийн жилүүдэд Сонголчууд бид мөнгөтэй, “хувийн өмч”-тэй л болж юуханыг ч бол нийгмээс хувьчилж авя л чадвал амьдралын утга зорилго атганд нь багтчих мэт, саран дээр очиж хувийн “эдлэн”-тэй болсон ч санааных юм шиг ойлголттойгоор энэ зуун руу саравчилж, зөвхөн “юмжих”, “хөрөнгөжих” үйл ажиллагаанд хамаг хүч, цагаа “авсалсаар”, өөрсдөө харин “юм” болж хувирах, ингэснээр, хүн өөрөө “юмжих” үйл явц эрчимжив.

    Хүмүүс оюунлаг хэрэгцээ, ухаалаг эрхэмлэх сэтгэлгээнд суралцахаасаа илүү ашиг хонжоо, авилгал, хээл хахуулийн сэтгэлгээнд, мөн, хар захын наймаа хулгайн арга сүүхээнд суралцаж, бие биеэсээ давуу “мэргэшиж”, жинхэнэ Ардчилал, Эрх чөлөө, Үүрэг, Хариуцлагын ухамсарт дасахаасаа илүү эрээ цээрээ алдах, хүн чанараа гээх адгууслаг  “эрх чөлөө” анархизмд дасаж, ёс суртахууны үгүйсгэлд туйлшрав.

    XX зууны эхэнд “тэнэгдүүхэн” хүн төрлөгтөн маань тархиа “ширгээн” сэдэж байсан алдаатай, асар хуудуутай “шинэчлэл”-ийг өнөө бид давтан сэдэж, дууриан хошуурч, тэгснээрээ ч XXI зууны нийгмийн нэн сэтгэлгээ, үнэт зүйлсийн ойлголтын шинэ хандлагын өндөрлөгөөс харахад, бидний нийгмийн амьдрал ч, оюун санаа ч, хүний амьдралын утга зорилгыг ойлгох, хэт программист ойлголт ч дэлхийн хошин шогийн сүүлчийн сэдэв, сүүлчийн “зах”  болон үлдэхийг тэвчихэд хэцүү боллоо.

    Дээр өгүүлсэн гажуудал, сөрөг үр дагаварын үндсэн шалтгаан нь, мэдээжээр, 1990 оноос эхэлсэн нийгмийн уналт, ухралтын үйл явцаас угшилтай юм.1990 оноос хойших хугацаанд Монголын нийгмийг хамарсан үйл явцыг философи сэтгэлгээний түвшинд тодорхойлох юм бол, -нийгмийн байгуулалын задрац, хүмүүсийн харилцааны “харьсал” юм. Нийгмийг бүхэлд нь “буулгадсан” задрацын үйл явц нь, 1990 оноос өмнө Төр – Ард түмний мэдэлд нэгдмэл мөн чанартайгаар эзэмшигдэж байсан нийгмийн материал баялагийг хувьчилж, “өмчийг эзэнтэй болгох” нэрийдлээр ихэнхи хэсгийг нь цөөн бөөр хүмүүсийн гараар үрэн устгаж, баганхи хэсгийг нь хувьд өмчлүүлж тараасантай холбоотой юм.Өмчийн хувьчлал, задралаас үүдэлтэй, нийгмийн задралын үйл явц үндэсний сэтгэлгээ, сэтгэлзүйг ч хамарч, нийгмийн хөгжлийн мөн чанар, үндсэн агуулгын талаар нэгдмэл ойлголт, үзэл бодолгүй болгоход хүргэв.Харин 2000 оноос Нийгмийн Оршихуй нэгдлийн үйл явц руу шилжиж эхэллээ. Энэ эргэлтийн үйл явцыг философи сэтгэлгээний /философи сэтгэлгээ нь прагматик бус, априори аргачлалт сэтгэлгээ бөгөөд юмс үзэгдлийн нийтлэг, түгээмэл мөн чанарыг онох, нэгдмэл хууль зүйг нээх, нэгэтгэн дүгнэх шинжлэх ухааны нийлэг, хийсвэрлэлт сэтгэлгээ юм!/ түвшинд доорхи хоёр үзэгдлээр тодорхойлж болно.

    а.Нийгэмд бүтээн байгуулалтын уур амьсгал, бүтээлч сэтгэхүй төлөвшиж буй үзэгдэл;

    б.Нийгмийн хөгжилд оюун санааны тэргүүлэх, хөтлөх ач холбогдолтойг ойлгох, хандлага бодтой буй болж цэвэр оюун санааны далдлагдмал, хийсвар үр ашиг хийгээд сэтгэлгээний нягтрал, агууламж ихтэй бүтээл-өмчийн үнэ цэнийн мэдрэмж илт сэргэж буй үзэгдэл;

    Нийгмийн сэтгэлгээ, сэтгэлзүйд хэвшигнэж эхэлсэн дээрхи өөрчлөлт, шинэлэг баярлалтай үзэгдлүүдийн сэргэлт, тогтворжилтын хандлага цаашдаа нийгмийн хөгжлийн үйл явцад давамгайлах шинж төлөв ажиглагдаж буй нь том ололт юм.Энэ ололт үндэстнийг үзэл ойлголтын нэгдэлд хөтлөх гол хүчин зүйл болж өгөх бөгөөд улс үндэстний Аврал нь гагцхүү эв нэгдэлд нь орших учир энэ ололтын ач холбогдол үнэлж баршгүй их юм.Нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанчаар ойлгох, нэгдмэл, зөв ойлголт, үзэл баримтлал, үндэсний сэтгэлгээний цогц ухаанаар л нийгмийг цэгцэлж, хөгжлийн зохион байгуулалтанд оруулахаас биш материал баялгийг эзэмших хувийн өмчийн тэмцэлдээн, “хувьчлал”-ын болоод “өмчжүүлэлт”-ийн өрсөлдөөнөөр үндэсний бүтээлч хүчийг нэгэтгэхгүй нь л өнгөрсөн хугацааны түүхэн үйл явцаас ойлгомжтой харагдаж байна.Нөгөө талаас, нийгмийн задрал улс үндэстний том эмгэнэл болох нь ч манай улс төр –нийгмийн амьдралын бодот үнэнээр батлагдав.

     Одоо бид нийгмийн бодлого, үйл ажиллагаагаа дэлхийн глобаль хандлага, нийтлэг жишигтэй харьцангуйгаар явуулж, “Мэдлэгийн эдийн засаг”-ийн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлэх шилжилт рүү дорвитой алхам хийх, хэрэгжилтийн механизмуудыг нарийвчлах нэгдмэл үзэл боловсруулах хэрэгцээтэй тулгарлаа.Хүн төрлөгтний ирээдүйн түүхийн он жилүүд хүмүүсийн бие махбодын хэрэгцээ, хэрэглээний үйлдвэрлэл, эд агуурс хэлбэрийн өмч хөрөнгөний өрсөлдөөний хугацаа бус, мэдлэг өрсөлдөөний хугацаа байх нь нэгэнт тодорхой чиг шугам болов. Энэ чиглэлийг Монголын Засгийн Газар ч гярхай, хянамгай, анзааран ажиж, мэдлэг, оюуны өмч-бүтээлийн ач холбогдлыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэхийг чухалчилж буй нь Ерөнхий сайд Н.Энхбаярын, УИХ-ын 2003 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэнд тодорхой тусчээ.

    Үүнд,“…Улс орны хөгжил, дэвшлийг хурдасгахад оюуны өмчийн ач холбогдол улам нэмэгдэж байгааг гүн гүнзгий ойлгох цаг болжээ. Тийм учраас Засгийн газар, эрдэмтэд, зохиолчид, зураачид, сэтгүүлчид, дуучид зэрэг уран бүтээлчид, оюуны өмчийг бүтээгчдийн маань нээлт, оюуны бүтээлийг үнэлэх, зохиогчийн эрхийг нь хамгаалах, баталгаажуулах, дэмжих, эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болно. Оюуны өмчийг хүндэтгэж, үнэлж, баталгаажуулж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадсан улс орон л өрсөлдөх чадвараа дээшлүүлж хөгжих нь даяарчлалын эрин үед улам тодорхой болж байна…” гэжээ.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • ЕРТӨНЦ, АМЬДРАЛ НАДАД МАШ ОЙЛГОМЖГҮЙ

    / ”Монголын мэдээ” сонины сурвалжлагч Х.Дуламсүрэнтэй хийсэн ярилцлага/

    -Таны мөнхийн хүсэл юу вэ?

    -Ард түмэндээ үнэмлэхүй их тус болох, чадамж гэмээ нь Бурханаас ч илүү аугаа ач тус болох үйлийг бүтээх!  Энэ “мөнхийн” хүсэл хүн заяаны охорхон хугацааг мөнхийн хугацаа мэтэд бодох, магадгүй, үнэнхээр “мөнхийн юм” гэж үнэмших “хий” хүч, “хий” шивнээгээр миний биеийг гадна, дотор хоёр талаас нь үргэлж тэтгэж, дэмнэж байдаг.

    -Өөрийгөө хамгийн энгийнээр тайлбарлахад Урианхай гэдэг хүн хэн бэ?

    -Би, зүгээр л, сүсэгтэн хүн. Сүсэгтэн хүн гэж хэн бэ? гэвэл, үзэл бодол, үйл ажиллагаа нь дараах үндсэн шинж чанартай. Үүнд: Нэгд, хүний амьдрал, хувь заяанд хүчирхэгээр нөлөөлж оролцдог, далд хүч буюу Бурхан орчлонгийн хязгааргүйд бий гэж итгэдэг, хоёрт, хүний амьдрал үхлээр төгсгөл болохгүй, хойт нас, хойт төрөлдөө шилжиж үргэлжилджг гэж итгэдэг, гуравт, хүнд бие махбодоос гадна сүнс, намш гэж байдаг, хүнийг нас барсны дараа сүнс нь яг л амьд хүнтэй адил зовж, жаргаж явдаг, нүгэл үйлдсэн хүний сүнс тамд унаж тарчилах ба буян үйлдсэн хүнийх нь диваажинд дэвшиж, Бурхадын оронд жаргадаг гэж итгэдэг; дөрөвт, хойд насандаа сайн төрөл олох, сүнс тамын аюулаас аврахын тулд энэ насандаа үргэлж буяныг хичээж, амьтан олонд аль чадахаараа тусалж явахыг амьдралынхаа утга зорилгоо, хуулиа болгон мөрддөг;  Сүсэгтнүүд энэ үзэл баримтлалаа “ёс суртахуун” гэж нэрлэдэг юм. Би улс төрийн үзэл бодлын хувьд бол их хэмжээгээр консерватив, бага хэмжээгээр реформит үзэлтэй, уран бүтээлчийн хувьд бол уламжлал шинэчлэлийг адил хэмжээгээр шүтдэг, зохиол бүтээлдээ нэгэтгэдэг хүн.

    -Амьдралын гэрэл гэгээтэй зүйлийг нэрлэнэ үү.

                -Ядартлаа ажил хийж буй ариун шудрага хөдөлмөрчин хүмүүс;

                -Өглөө манддаг нар;

                -Хавар ургадаг ногоо, цэцэг;

                -Бодолд минь хаа нэг хором зуурхан хугацаагаар орж ирчихээд дорхноо алга болчихдог Бурхан.

    -Өнгө, мөнгөний үнэ цэнийн тухай?

                – Мэдэхгүй! Миний уншсан ном, зохиолд өнгө, мөнгийг огт үнэгүй, хэрэггүй зүйл л гэж ойлгуулж бичсэн байсан. Хэрэгтэйг нь, үнэ цэнтэйг нь ойлгуулж бичсэн ном судрыг нь би олж уншиж чадаагүй байх л даа.

    -Өнөөгийн нийгэмд эмзэглэж явдаг зүйл?

                -Өнөөгийн Монголчууд дотор минь ном уншдаг, ажилд улайрдаг залуус, хөгшид хуруу дарам цөөхөн, худлаа ярьдаг, хулгай хийдэг, наймаанд үхэлддэг нь гишгэх замгүй олонд уйлмаар муухай эмзэглэдэг. Би тэнэг болоод ч тэр юм уу, ер нь хар багаасаа л наймаанд их дургүй, нүд хорсдог хүмүүжилтэй хүн юм л даа.

    -Өглөө сэрээд хамгийн түрүүнд боддог зүйл?

                -Юу эхлэхээ, юу үргэлжлүүлэхээ, юу дуусгахаа!

    -Таны дотоод сэрлийн ертөнцөд байдаг ухаарлын тухай?

                -Нэгд, ертөнц, амьдрал надад маш ойлгомжгүй байгааг, хоёрт, миний ухаарсан юмны хэмжээ бараг тэг (0)-тэй тэнцэхээр байгаад маш их цухалдаж байгаагаа л сайн ухаарч байх шиг байдаг.Гэхдээ энэ үл үзэгдэх шахам “гэгээ”-г  ухаарал гэж нэрлэхэд хэцүү, хүмүүс намайг шоолох биз дээ, хүүхээ.

    -Гэгээн хайрын тухай юу хэлж чадах вэ?

                -Хүнд буй бүтээлч чанарыг илрүүлж, хөгжүүлж, гоо сайхан бүтээлд дайчилж чадах увьдас шид гэж бодож явсаар өтөллөө.Жинхэнэ хайр угаасаа гэгээн чанартай шүү дээ. Харин гэгээ нь хүний мөн чанарын бүүр гүнд, цөмд нь, бодисын үл хуваагдах эгэл бичил хэсгүүдийн цэнэгийн эрчим мэт далд дам шургаатай байдаг болохоор түүнийг “задлах” “халуун цөмийн урвал” хэрэгтэй болно л доо.Тийм “халуун цөмийн урвал” явуулах реактор нь юу байх вэ? гэхээр, эх орон, ард түмэндээ аугаа, түүхэн тус бүтээх хамтач зорилго, хамтын хөдөлмөр л байна гэж бодогддог.

    -Ганцаардал гэж чухам юу юм бэ?

                -Хүмүүст хэрэггүй байгаагаа хурцаар мэдрэх, хурцаар сэрэх үед төрдөг аймшиг. Энэ аймшгийг давах сэтгэл, оюуны эсэргүүцлээс жинхэнэ бүтээл төрөх тохиол бий.

    -Таныг хамгийн ихээр зовоож явдаг зүйл?

                -Хүссэнээ төгс төгөлдөр бүтээх чадвар мөхөсдөхийн гачлан.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос