Category: human-development

  • УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ ДАХЬ ОЛОН “АЛГА” /”БАЙХГҮЙ”/ БУЮУ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ИНСТИТУЦҮҮД ХЭМЭЭХ 3АРАГ ЯС”-УУДЫГ ШҮҮМЖЛЭХ НЬ: а.”Алга”-аас үүдэлтэй эмгэнэлт байдал

    Нийгмийн амьдралд үнэн үнээ алдлаа. үнэн үг улиг болох байтугай “үхдэл” боллоо. Шудрага ёс, үнэн, үүрэг хариуцлагын зарчим амьдралын бүх давхрагад устав. Сэтгэлгээний вектор зөвхөн бизнест чиглэж, өмч хөрөнгийн хуримтлал, ашиг хонжоонд “соронздуулж” өөр зүг хөдлөх хөдөлгөөн зогсоод тэндээ эвдэрсэн луужингийн зүү мэт хадагджээ. Шудрага үнэний “шүүх”-ээс хахууль-“өөш”-өөр чөлөөлөгдөж, шинжлэх ухаанч шүүмжлэлээс “вакуум орчин”-оор хамгаалагдаж буйгаас Төр-бизнесийн “нууц амраглал”-ын бохир үйл ажиллагаа нийгмийн тогтолцоог асар зэрэмдэглэж, “хөгжлийн хомсдол”-д орууллаа. Төр-бизнесийн олигархийн эрээ цээргүй үйлдлүүд, үндсэндээ хууль бус ажиллагаа байдаг ч түүнийг эдийн засгийн эрх сонирхолын “булагнаа”-наар боловсруулж баталсан “хуулиуд” нь зөвтгөн даамжруулсаар эцэстээ эдийн засгийн нэх нь байтугай эрүүгийн шинжтэй үйл ажиллагаа нь ч “цагаандаа гарлаа”. Уг нь ард түмний амьдралыг ядуурлын ангал руу хөмрөх эдийн засгийн үйл явцыг зөвшөөрсөн, төр-бизнесийн олигархийн харилцааг үүсгэсэн, хүн амын 80 хувийн хүэ шиг амьдрах аргыг нь мөнгөөр боймолсон, үр дагавартай эрх зүйн орчиныг бүрдүүлсэн алив “хууль”-уудыг шинж чанараар нь буруу хуулиуд байсан гэж үзэх ёстой! Буруу хууль бол логикоор хууль бус хууль! Эдгээр “хууль бус хууль”-уудыг санаачилсан, бас баталсан төр-бизнесийн субъектууд өнөөдөр Монголын нийгэмд нүүрлээд буй системийн хямрал, эдийн засгийн “мөхөлт”, улс төрийн дампууралын төлөө  “хууль бус хууль” –уудын хариуцлагыг ард түмний “шүүх”-эд хүлээх ёстой!

                Энэ “шүүх”-ийн яллагч нь, -амьдрах нөхцөлөө ард түмэнгүй “ардчилал”-тай зах зээлийн харилцаанд булаагдсан үгээгүй 80 хувь! Ард түмний 80 хувийг өмч хөрөнгийн илт ялгаралд хүргэж тэднийг эдийн засгийн хувьд амьд явах, эрүүл байх, боловсрол гэгээрэл эзэмших материаллаг бололцоог хаасан “хууль”-уудын сөрөг үр дагавар зөвхөн хэн нэгний үгээр ч нотлогдох бус  монголчуудын бодот амьдралын эмгэнэлээр бэлхэнээ нотлогдсоор байх тул ийм гажуудалт нийгмийн харилцааны уршигийг нийгмийн сэтгэлгээний мэргэжилтэй хэн ч дуугай ажиглаад суух эрхгүй болжээ. Энэ эмгэнэлт үнэний шалтгаан нь дорхи “алга”-д байгаа юм.

    • Монголд үндэсний биеэ даасан, тусгаар тогтносон эдийн засаг алга. Үйлдвэрлэл нь ч, үйлчилгээ нь ч, нийгмийн баялгийн хуваарилалт, банк-санхүүгийн үйл ажиллагаа нь ч бусдын хараат, “сүүдрийн эдийн засаг”-ийн сүүдэр шинж чанартай. Монголын эдийн засгийг, товчоор, Хятадын Эрээн хотоос зөөгддөг линсүү барааны хилийн чинад дахь “борлуулалтын цэг” гэж нэрлэж болно. Сонгол орны үнэн төрхийг хуурамч багийг нь хуулаад харвал, энд тэндэхийн хоцрогдолын элэгдэлт бараа бүтээгдэхүүний үнэ хаялцааны хаос зах зээл, а, хүн ам нь тэрхүү “чөлөөт”, “ардчилсан” зах зээл дээрх “адил тэгш эрх”-тэй гуйлгачин боолууд харагдана. Зүйрлэвэл, монголын эдийн засгийн бодот үнэн нь “далд эдийн засаг” хэмээх “муур”-ын хумсан дахь “хулгана” юм. Энэ хөөрхий “хулгана”-ын “аваарлаг”, эрсдэлт шинж чанар дээр нэмэгдэх нэг парадокс чанартай юм юу вэ? гэвэл жил бүр зохион байгуулагддаг “Үзэсгэлэн-худалдаа”, “дуудлага-худалдаа” нэртэй “шоу” үзүүлбэрүүд буюу инээдэмтэй “өнгөлөн далдлалт” юм. үйлдвэрлэл үйлчилгээний эдгээр “шоу”-наас халаас хоосон ард түмний олонхид наалдах, нялзах, баясгах юм юу ч байхгүй, хий л санаа алдах, өөртөө гутрах, хувь заяагаа хараах сэтгэл төрүүлэх, уур бухимдалыг нь буцалгах  “сайхан амьдрал”-ын даажингаас өөр юу ч эс үлдэнэ. Энэ бол монголын нийгмийн амьдралын нэгдүгээр эмгэнэлт төрх буюу эдийн засгийн маань “шоу” төрх; а, хоёрдугаар эмгэнэлт төрх, хоёрдугаар “шоу” төрх нь, -улс төрийн амьдрал!
    • Өнөөдрийн монголын нийгэм-улс төрийн үйл явцаас дүгнэхэд, төрийн бодлого, менежментэд жинхэнэ ард түмэнч сэтгэлгээ, элэг сэтгэл алга! “Зах зээлийн хууль” өөрөө нийгмийг зохицуулна гэх “субботникийн бодлого”-оор нийгмийг хавтгайд нь захиргаадах тоталитарчлал, эсвэл эсрэгээр, бодлогынхоо гадна ард түмнээ орхиж, “гудамжинд гаргах” бодлогогүйдэл, хариуцлагагүйдэл монголын төрийг “өвчлүүллээ”. Мөн, төр өвчилснөөр ч зогсохгүй, түүнийг бүр хэвтэрт оруулахад хүргэж буй нэг оёг эмгэг болох сэтгэлгээний ядуурал, залхуурал нь мөнөөх өвчлөлийг улам хүндрүүлж, эмчлэх ч эмчгүй өвчин болгож орхив. Одоогийн энэ “өвчин”-д ямар нэг эмчилгээ ч өнөөдөр алга, “эмч” ч алга. Уг нь “эмч” буй бөгөөд хэн бэ?, юу вэ? гэвэл шинжлэх ухаанч, филочофич, эрэлч, залхуугүй бүтээлч, ард түмэнч эрүүл сэтгэлгээ юм. Гэтэл тийм интеграл, ард түмнээ бүхэлд нь бодох нийтэч сэтгэлгээ “амин хувьч” үзэл, сэтгэлгээнд боолчлогдсоноор Монголын түүхэн ахуй, монголчуудын гарваль оюун сэтгэхүйд харш гадаад ахуй нөхцөлөөс хуулмал, орчуулмал “интернет мэдээлэл”-ийн сэтгэлгээний үерт живлээ.Төрийн зах зээлийн бодлогод сэтгэлгээний дифференцац огт алга үогэлжилсээр ирэв. Хөгжлийн биеэ даасан үндэс, боломжтой эдийн засгийн салбар, хүн амын давхрага, нийтлэг бус, өвөрмөц, тухайлсан онцлог бүхий нутаг бүсүүдээр тооцсон, хэсэгчилсэн ялгавартай, тэхдээ, хүнийг ядгаварласан бус, эдийн засгийн материаллаг орчин нөхцөл, үйлдвэрлэх хүчний чадамжтай харьцангуйгаар зах зээлийн харилцааг хэвшүүлэх, турших, амьдрал дээр сөрөг үзүүлэлттэй үр дүнд хүргэж буй үйл явцыг хязгаарлах, залруулах, өөрчлөх уян хатан зарчимт либеральчлалын боломжийг төрийн нүд олж харсангүй.

    Өнөөдөр төр удирдлага, менежментийн бодлогодоо ганцхан гарц олдог. Ганцхан түүнийгээ ашигладаг. Тэр нь бараг юм бүгдийг, түүн дотроо, ард түмэнд хэрэгцээт үйлчилгээ бүгдийг төлбөртэй болгодог гайтай гарц! Энэ ард түмний ядуу зүдүү олонхийн амьдралыг ойлгосон, бодот нөхцөлийг нь тусгасан, тэднийг хайрласан сэтгэлгээ, элэг сэтгэл алга! Хүн амын жилийн дундач орлого 30-40 сянган ам.долларт хүрдэг “бар”, “арслан” эдийн засагтай орнуудад энэ гарцыг зөвшөөрч болох байх. Монгол шиг, жилдээ 400-700 ам.долларын орлоготой 600-700 мянган өрхтэй оронд ийм менежмент бол фашист менежмент. Монголын ард түмний бодот амьдралын нөхцөлд Төрийн эдийн засгийн бодлогын төвд ард иргэдийн эрүүл мэнд, бүх шатны боловсрол үнэ төлбөргүй байх, тэгээд эрүүл чийрэг бие бялдартай, өндөр мэдлэг боловсролтой, дээд ёс суртахуунтай, өв тэгш хөгжсөн иргэдтэй нийгмийг цогцлоох л зорилго тавигдсан байх ёстой!

    Энэ зорилгыг хангах зардалыг төр хариуцаж чадах эдийн засгийн чадавхийг бүрдүүлж ажиллах нь төрийн үндсэн үүрэг бөгөөд үйл ажиллагааны нь үнэмлэхүй шалгуур үзүүлэлт байх ёстой! Энэ бол төрийн үйл ажиллагаа эхлэх гарааны цэг! Гарааг тогтвортой, хурд эрчимтэй байлгаж, цаг хугацааны урт богино ямар ч интервалд найдвартай баталгаажуулж чадсаны үндсэн дээр л төрийн менежментийн бодлого дараагийнхаа шатанд шилжих ёстой! Өвч тэгш хөгжилтэй, бүтээгч ухамсар, ёс зүйтэй ард иргэд л нийгмийн хамгийн үнэт капитал тул энэ капиталыг буй болгох, туйлаар хөгжүүлэх шаардлага л нийгмийн хөгжлийн “үндсэн хууль” юм. Энэ хуулийг амьдралд хэрэгжүүлж чадаж буй төрийг л ард түмэн шүтэж болно, тийм төрд хүчирхийлүүлж ч болно! Тийм төр хэн нэгнийг цаазлах ч эрх эдэлж болно. Тийм төрийн ардчилалыг бүү хэл “дарангуйлал”-ыг ч хамгаалан тэмцэнэ.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • . “Шинэ үндсэн хууль” дахь “Үндсэн буруу”-г шүүмжлэх нь:

    Монголын нийгмийн интеграл харилцааг төрөөс өөрийн шийдвэрээр зах зээл рүү албадан шахаж оруулах /хүчээр тулган шаардаж оруулах!/ эрх зүйн орчин болж өгсөн “Шинэ үндсэн хууль” нь нийт ард түмнийхээ амьдралын тухайн үе дэх амин хэрэгцээ, хүсэл зорилгыг нэгэтгэн тусгаж чадаагүй юм.

    “Шинэ үндсэн хууль”-ийн үзэл санаа нийгмийн амьдралд болоод сэтгэлгээнд либераль өөрчлөлт оруулсан шийдмэг эхлэл болсон нь үнэн ч Төрөөс гаргаж буй шинэ, “зоригтой” шийдвэрт заавал байвал зохих шинж чанар, үндсэн шаардлагыг хангаж чадаагүй.

                Төр, засгаас гаргаж буй “зоригтой” шийдвэр, “шийдмэг” алхам тухайн түүхэн нөхцөл дэх бодот байдал, ард түмний амьдралын хэрэгцээ, шаардлагатай нийцэж эерэг үр дүнд баттай хүрэхүйц  зөв байх гуравхан нөхцөл бий;

    1.Цагаа олсон байх; /Нийгмийн бодот бүтэц, материаллаг баазын үйлдвэрлэх, бүтээх чадамжтай нягт уялдан тооцоологдсон байхыг хэлж байна./

    2.Ард түмний амьдралын уламжлалт тогтолцоо, аж төрөх арга, ухааны онцлогтой нийцсэн байх; /Энэ нь, шийдвэрлэж буй алив асуудал нийгмийн олонхийн амьдралын хэрэгцээнээс зайлшгүй үүссэн байхын дээр нийгмийн хөгжлийн бодот хүчин зүйлсээс эсэргүүцэл үл үзүүлэх, тэдний эрх ашигт үл харшлах үр дүнг хангасан байхыг хэлж байна!/

    3.Үр дүн нь цаг хугацааны аль ч мөчлөгт /интервалд/ үргэлж эерэг, ард түмний амьдралын түвшинг хөгжлийн бүх үзүүлэлтээр дээшлүүлж байх;

                Энэ гурван нөхцөл нь нийгмийн олонхийн /цөөнхийн бус!/ тухайн үе дэх үнэмлэхүй хүсэл, амьдралын бодот хэрэгцээ, ойр, хэтийн зорилгын нийтлэг үнэнийг нэгэтгэн илэрхийлж чадсан үйл ажиллагаагаар хангагдана.  Эл нөхцөл хангагдаж чадсан эсэхийн шалгуур нь амьдрал өөрөө, нарийвчилбал, нийт ард түмний бодот амьдралын үнэн эерэг үнэн байвал төрийн бодлого шийдвэр зөв байсныг гэрчилнэ, эсрэгээр сөрөг үнэн байвал /нийгмийн ёс суртахуун хийгээд хүн чанарын эрс доройтол, сэтгэлгээнтй алхайрал, сэтгэлзүйн зэрлэгшил, хүн амын олонхийн ядуурал, ажилгүйдэл, авлига, гэмт хэргийн гаарал, архидалт, янхандалт, үл эдгэрэх өвчин хийгээд үхэлийн хориггүй эрхшээл, өмч хөрөнгийн мөлжлөг, хүчирхийлэлээр нийгмийн үйлдвэрлэх хүчийг хувьдаа завших гажуудал зэрэг/ эрс бурууг нь батална.

    “Шинэ үндсэн хууль”-ийн үзэл санаа, эрхзүйн орчины хэрэгжилтийг бодот амьдрал дээр харуулж буй сүүлийн 15-16 жилийн нийгмийн үйл явцыг бодот үр дүнгийн шалгуураар тодорхойлбол, нийгэм бүхий л хүрээндээ өмч хөрөнгөнд шунах, хүний биемахбодын биологи хэрэгцээний хангалтанд улайрах, ёс суртахуунлаг идэвхийг үгүйсгэх, хүний физиологи инстинктэнд захирагдан задгайрах, хүнээ алдах зэргээр дорогш унаж, нийгэм хүний амьдралын дотоод хэрэгцээнээс гадаад хэрэгцээ рүү тэмүүлэх “төвөөс зугатаах” үйл явцад эргэлт буцалтгүй хамагдлаа.

                Нийгэмд “үүрэггүй эрх”, ард олонхигүй “ардчилал” ноёрхсоноор гагц өнгө мөнгөний дарангуйлал тогтож, зөвхөн өмчжих, хөрөнгөжихийг амьдралын утга болгосон “хэрэглээний сэтгэлзүй” хүмүүсийн үйл ажиллагааг удирдаж, оюун сэтгэлгээний нь хөгжлийн далайц, дотоод хүчдэл, эрчимжилтийн шим хөрсийг цөлжүүлэв. Энэ бол нийгмийн хөгжилд том уналт! Хүний дотоод хөгжлийн гол хүчин зүйлсийн эрчимжилт, идэвхижилтийн уналт, “цөлжилт” бол үндсэндээ нийгмийн хөгжлийн эмгэнэлт ухралт мөн!

                Өнөөдөр хүмүүн Оршихуйн амин үндэс-оюун, гэгээрлийн “дотоод гэгээ”, “дотоод цөм”-ийн хүчирхэг тэсрэлт нийгэмд явагдахгүй, иргэд бодгалуудын сэтгэл санаа, оюун сэтгэлгээний “өндөр хүчдэл”-ийн шугам огт цэнэглэгдэхгүй байна. Ийм үлбэгэр, “дотоод хүчдэл”-гүй, амин зуулгын явган сэтгэлгээний прагматик үйл ажиллагааны үл тасрах “гинжин хэлхээ” нь нийгмийн хөгжлийн хурд, хүмүүнлэг бүтээн байгуулалтын далайцыг эрс сааруулж буйгаас шинжлэх ухаанч, бүтээлч, оюун сэтгэлгээний орон зайг ч амьдралын гүнээс шахав. Ингэснээр, нийгмийн хүчирхэг хөгжил араасаа дагуулах онол баримтлал, эцсийн эерэг үр дүнгээрээ зөвтгөгдөх сэтгэлгээний зөнч эрэл амьдралд туршигдахгүй удсанаар манай нийгэм-улс төрийн сэтгэлгээ ч харамсалтайгаар өгөршиж эхэлжээ…

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

                                                                                              

  • . “. “Шинэ үндсэн хууль”дахь “Байхгүй”-г шүүмжлэх нь:Шинэ үндсэн хууль”дахь “Байхгүй”-г шүүмжлэх нь:

    Ном сударт ятгах нь, “Хүнд гурван өлгий байдаг. Эхийн хэвлийгээс сугарахад нэхий өлгий тосдог. Нэхий өлгийнөөс сугарахад журамын  /ёс зарчимын/ өлгий тосдог. Хүн журамын өлгийд бойжоод, бие гээгдэхийн цагт нь газрын хэвлий өлгийдөж авдаг. Хүмүүнд нэхий өлгий багадавч хүн хэнбээр ч газрын өлгийдөө томдох нь үгүй, гагц, журамын  өлгийдөө эс багтвал            дэлхий өлгий ч эс багтаана!хэмээн өгүүлдэг.“Журамын өлгий” гэдэг бол хүний амьдралыг зөв, гэгээн болгох ёс суртлын хамжаарга юм.

                Хүн төрлөгтөнд хамгийн нийтлэг үнэт зүйл бол ёс суртахуун гэдгийг дэлхийн хүмүүнлэгийн шинжлэх ухаан, түүн дотроо, нийгмийн философи, тэр байтугай, эдийн засгийн ухааны прагматист сэтгэлгээ ч хүлээн зөвшөөрөх боллоо. Нийгэм зөв зохион байгуулагдаж урт удаан хугацаанд оршин тогтнох зөв хөгжлийн бааз суурийг бэхжүүлэхийн үндэс нь, ингэхлээр, нийгмийн хямрал, регресс, магадгүй мөхлөөс баттай хамгаалагдахын үндэс нь эцсийн бөлөгт хүний ёс суртахуун байгааг нийгмийн сэтгэлгээний хийсвэрлэлт түвшинд ч төдийгүй дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурьтай, хөгжлийн өндөр түвшинд аж үйлдвэржсэн хүчирхэг орнуудын зах зээл, ашиг-бизнесийн сэтгэлгээний хүрээнд ч сайтар ойлгож үйл ажиллагаандаа харгалзах болж эхэлсэн нь XXI зууны нийгмийн сэтгэлгээний нэг том ололттой чиглэл гэж үзэхэд хүргэж байна.

                Хүний гол хөдөлгөгч хүч, бараг инстинкт чанарын нууцлаг “удирдлага” нь хүний хүн чанар, ёс суртахуун байдаг аж. Энэ хоёр эдийн засгийн бодот зүйл болох эд агуурс, хөрөнгө мөнгө шиг хүний ахуй оршилын яг тийм материаллаг, бодот зүйлд тооцогддог аж. Гэгээрсэн ёс суртахуунтай, дотоод ертөнцийн өндөр хөгжилтэй хүн ард л жинхэнэ хүмүүнлэг, шудрага, энэрэнгүй, ариун дээд нийгмийг байгуулна гэдэг нь үнэмлэхүй үнэн тул нийгмийн хөгжлийн хувьд ч бас ялгаагүй, жинхэнэ хүмүүнлэг, иргэнлэг, энэрэнгүй шатандаа хүрэх хамгийн найдвартай, баттай суурь нөхцөл нь ардчилалаас илүүтэй хувь хүмүүсийн ёс суртахуун, сэтгэл оюуны гэгээрэл байдаг байна.

                Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам, “Ёс суртахуунлаг, энэрэнгүй, эелдэг, ухаалаг байх нь бүхий л соёл иргэншлийн суурь болж ирсэн. Ийм хүмүүжлийг нийгмийн таатай орчинд ёс зүйн системтэй боловсролтой олгох замаар төлөвшүүлбэл зохих бөгөөд, чингэснээр, илүү хүнлэг ертөнц үүсэн бүрэлдэж чадах юм!” гэж сануулжээ. /Дээрхийн гэгээнтэний айлдварын охь дээжис”. 2004 он. Ж.Гөлгөөгийн орчуулга. УБ/

                Ёс суртахуунгүй бодгалийн сэтгэхүй нийгэмд хамрагдахаараа зөвхөн өөрийнхөө эрхийг, өөрийнхөө хэрэгцээг л ухамсарлахаас “бусдын эрх”, “бусдын хэрэгцээ”-г ойшоохгүй, бусадтай эвийг орох, бусдын өмнө журамыг сахих үүргээ ухамсарлахгүй, “Би” төвт эго сэигэхүйн “боол”- “махан робот”-ын л үйл ажиллагааныхаа зарчимтай хамрагдана. Ингэхлээр,янз янзын эрх ашгийн сонирхолтой, хувь хувийнхаа “Эго” төв рүү хүчтэй тэмүүлсэн бодгалууд нэгдмэл нэг зорилтот үйл ажиллагаанд захирагдан зохион байгуулагдахад хамгийн анхдагч шаардлага, “анхдагч хэрэгцээ” нь бүгддээ нийтлэг байж чадах эрх ашигт захирагдах явдал юм. Энэ бол хувь араншин төрхөт “Би”-гээ дор бүрдээ товойлгодог зарчимтай бодгалууд юуны өмнө хамтач, нэгдмэл, үндэсний глобаль зорилго, хэрэгцээнд ухамсартайгаар захирагдан нийгэм болж зохион байгуулагдана гэсэн үг бөгөөд ингэж нийгэмших үйл явц зөв, оновчтой хэрэгжихэд анхдагч нөхцөл, суурь боломжийг бүрдүүлдэг юм нь бодгалуудын ёс суртахуун буюу хувь хүмүүс хоорондын харилцааны хамгийн зохист хэм хэмжээний “дарангуйлал” байдаг.

                Ёс суртахуун нь хамгийн хүчирхэг зохион байгуулагч хэрнээ ямар ч хэлмэгдүүлэлгүй, хамгийн ардчилсан, хамгийн хүмүүнлэг, хүмүүс хоорондын тэгш эрхийг шудрага хангагч “дарангуйлал” юм. Энэ шинж чанараараа ёс суртахууны “дарангуйлал” нь хүчирхийлэл огт биш, харин, нийгмийг аминцар бэртэгчин ашиг сонирхолын тэмцэл, анархи задгайрал, зэрлэгшил, хүн чанарын үхширлээс аврагч, нийгмийг эрүүлжүүлэгч хамгийн цэвэр, бодот хүч болно. Ингэхлээр, ёс суртахуун нь “хүлцэл”-ийн агуулгатай бөгөөд нийгмийн харилцаанд эс хүсирхийлэгч чанартай хамгийн “сайн засаглал”, хамгийн зөв захиргааны ёс юм. Эндээс силологик дүгнэлт хийвэл, ёс суртахуун л нийгмийн оршихуйн суурь хууль, нийгмийн харилцааны үндсэн зохицуулагч хямрал, зөрчилөө арилгаж чадах аж. Харамсалтай нь, манай нийгмийн харилцааны хөтөч болж буй “Шинэ үндсэн хууль”-д голлон тусгах ёстой байсан үнэмлэхүй ач холбогдолтой үзэл санаа-ёс зүй, ёс суртахууны үнэ цэн, үүргийг ойлгох сэтгэлгээ “Үндсэн хууль”-д хаягджээ.

                Ёс суртахуун нь хэдийгээр шугаман бус үзэгдэл, Ахуу, Чанар хоёрын синергетик хам үйлчлэлийн илрэц үзэгдэл боловч гайхалтай консерватив, стандарт шинж чанар ч хадгалагддагаараа нийгмийг ч, хувь хүмүүсийг ч хооронд нь нягт шүтэн барилдуулагч гол хүч болдог.

                Ер нь нийгмийг үндсэнд нь хүмүүнлэг ёс суртахууны оршин тогтнох арга, хэлбэр ч гэж үзэж болох юм. Нөгөөтэйгүүр, ёс суртахууны “дарангуйлал”-ын хийгээд “хүлцэл”-ийн оршин тогтнохуй гэж үзэж болно. Дарангуйлал бүхэн хүчирхийлэлийн шинжтэй байх ч юм уу, эсвэл, дарангуйлал бүглийн агуулга, хэлбэр ч тохиол бүхэнд харгис чанартай байх нь үгүй. Хүний хүсэх үнэт зүйлсийн дотор эерэг чанартай “дарангуйлал” багтаж ч болно. Дарангуйлалд сөрөг дарангуйлал байх логикийг амьдрал өөрөө зөвшөөрдөг. Яагаад гэвэл, Амьдрал хэмээх аугаа сайханы хөгжих, мөнх оршихын хэрэгцээ өөрөө мөн чанартаа эерэг утгатай аугаа “дарангуйлал” юм…

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • Шинэ үндсэн хууль”дахь Үүрэг, Эрхийн харьцааны гажуудалыг шүүмжлэх нь:

    “Шинэ үндсэн хууль”-д хуульчлагдсанаар Монгол Улсын иргэний биелүүлэх үүрэг тав/5/, баталгаатай эдлэх эрх арван найм/18/. Үүрэг, Эрхийн харьцаа 5:18 буюу үүрэг нь Эрхээсээ бараг дөрөв /4/ дахин бага!

                Монголын нийгмийг тогтолцооны хямралд оруулж, магадгүй, трагедийн чанарын зөрчилтэй нийгмийн ахуй болгож буй гол субъектив, объектив хүчин зүйл бол “Шинэ үндсэн хууль”-иар нөхцөлдөж буй иргэний Үүрэг, Эрхийн энэхүү буруу харьцаа буюу гажуудал юм.

                Үүргээсээ хол давсан хэт задгай, анархи эрхтэй, тэр эрх нь өндөр соёлтой, оюунлаг, жинхэнэ ардчилсан нийгэмд амьдрагч хүмүүсийн гол шинжийг тодорхойлогч ухамсар, хариуцлагын зохис түвшиний “өөрийн шүүмжлэл”, “өөрийн хяналт”-ын хатуу зарчимгүйн харгайгаар манай нийгмийн амьдрал үүрэггүй эрхийн “зах зээл” болж хувирав. Нийгэмд сөрөг үр дагавартай үйлдэл, үйл ажиллагааны хориг цээрийн цоожийг мөнгөөр онгойлгож болдогоос “хориглох хүч”-ээ алддаг хууль, эрхээсээ хэд дахин бага байхаар хуульчлагдсан үүрэг, хувь хувийн дур зорго, шунал хүсэл  “дотоод захиргаадалт”, “дотоод зохион байгуулалт”-ыг ч устгав.

                Өөр тогтолцооны харилцаанд төлөвшсөн бодгалууд өмнөхийнхөө эсрэг, урвуу зүй тогтолт, хувийн өмчит, бизнес–арилжааны бохир харилцаанд хүчээр тулгагдсанаар түрүүчийнхээсээ хахь өөр харилцаанд нийгэмжиж эс чадсаны дээр өөрт нь харь шинэ харилцааны нөхцөлд хүний эрх, эрх чөлөө, “бурханлаг цензургүй” дур зоргын психозыг үүргээс нь чөлөөлсөн инстинктлэг “Ардчилал” хавтгайрсан нь нийгэмд байсан нэгдмэл зорилго, иргэншсэн бүтцийг задаллаа. Энэ үйл явцын үр дагавараар Монголын нийгмийн “Ардчилал” жинхэнэ ардчилал бус, харин, хүн толгойтой, хөрөнгө мөнгөтнй бүгдийн анархи үйлдэл, инстинкт таашаалын зөвшөөрөл, бүүр хуулиар баталгаажсан амьдрах арга, орчин нөхцөлийг бүрдүүллээ. Зүй нь, иргэний ардчилсан, эрх тэгш харилцаат нийгэмд хүний эрх нь үүргэндээ суурилж, үүргээсээ хамааралтайгаар үүсэх буюу үүрэг хүлээсэн эрх нь удирдуулагч агаад үүргийнхээ “захиргаа”-г дагаж биелүүлэгч байх харьцаа нийгмийн ухамсарыг тодорхойлж байх нөхцөлд л нийгэм сая иргэний эрүүл, шудрага, жинхэнэ хүмүүнлэг орчин ахуй болж хөгжинө. Эсрэг тохиолд үүргээ мартаад эрх нэхэгч л иргэдийн “нээлттэй” харилцаа тогтоно.Ийм “нээлттэй” харилцаанд идэгдсэн нийгэм, яг манайх шиг, айдас хүйдэсийн эрхшээлийн нийгэм болж задгайрна.Төр, эрх зүй, хууль цааз нь ч нийгмийг тохинуулагч, зохицуулагч хүч бус, амьдралын мухардлаас айх айдас, эргэлзэл гутрал, ирээдүйдээ итгэл алдах эмгэнэл л нийгмийг захирч, “зохицуулна”.

                Эрхэндээ түрэгдсэн үүрэгтэй “нээлттэй” харилцаа ч дорхноо аймшигт өрсөлдөөн, зөрчил, антигонист тэмцэл, эцэстээ, ард түмний олонхийн хувьд амьдрах аргаа, ингэхлээр, “амьд явах эрх”-ээ ч алдах айдасаар л зохицуулагдах “хаалттай” тогтолцоонд шилжиж, нийгмийн оршихуйн бүх сүлжээг эрхэндээ хумина.

                Нийгмийг эрхшээгч айдасын бүтцийг шинж хэлбэрээр нь доорхи ангилалаар задалж томъёолж болох юм:

                -Түүхэн шинж чанартай “нийгмийн зэрлэгшил”-ийн айдас; Энэ нь хүмүүс нийгмийн хуулинд, өөрөөр хэлбэл, хүчний хуулинд захирагдахын айдас;

                -Хөдөлмөрийн бус орлогоор хуримтлагдсан хөрөнгө, мөнгөний хүчирхийлэл, дарамтын дор амьдрах орчингүй болох, нийгмийн нэн эмзэг бүлэгт хэзээ хэзээгүй шилжих гарцгүй нөхцөлийн айдас; Энэ нь хүн амын олонхид ноцтойгоор заналхийлж буй нийгмийн асар хурдацтай ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн бодот уналтаас үүсч буй гэмт хэргүүдийн тархалтын айдас юм.

                -Нийгмийн хөгжлийн болоод түүхийн дэвшилтэт эерэг үйл явцын утга агуулга үгүйсгэгдэх, хүний оюунлаг, бүтээлч амьдралын зорилго, идэвхи цуцлагдах сэтгэхүйн хийгээд сэтгэлзүйн хоосролын айдас; Энэ нь амьдрал утгагүйдэхийн эмгэнэл, депресс, хүний хүн чанарын “үхэл” мөхлийн айдас юм.

                -Хүний оршихуй, бүтээх хүчний хөгжил мухардалд хүрэх, тэнгэрийн гэсгээл, гадаад Макро ертөнцийн хүчний сөрөг эрчим нөлөөг өөр дээрээ дуудахын айдас;

                Бид нийгмийн болоод хувь хүмүүсийн амьдралыг олон жилээр сүүдэрлэж мэдэх энэ айдас хүйдсийн торноос хүний эрхийг үүргээс нь шууд хамааралт харьцаанд ойлгох нийгмийн ухамсарын хүчээр л ангижирч чадна. Хүний амьдрал бол, чухамдаа, хүн хүнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх л хугацаа юм. Хүн амьдралынхаа үүргийг биелүүлэхийн тулд түүний зайлшгүй нөхцөл болсон эрхтэй байх хэрэгтэй ч эрхийг үүргээсээ үүсч хүний амьдралд шаардагдаж буй нөхцөл гэж ойлговоос зохино. Энэ нөхцөлийг төр хуулиар хамгаалахаар сая Эрх гэдэг бодот үнэт зүйл болдог ч хүний амьдралын харилцаанд Үүрэг нь анхдагч, Эрх нь хоёрдогч чанартай, Үүргээсээ функционал хамааралт хэмжигдэхүүн байх тохиолд л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдарч, ингэснээр сая нийгэмд жинхэнэ ардчилал хөгжинө.

                Ардчилал бол бусдын эрхийг ёсчлон ойлгох ухамсарын үүрэг, бусдын эрхийг өөрийнхөө эрхтэй адилаар хүндэтгэх хүмүүжлийн үүрэг, хүний далд ухамсарт болоод ёс суртахуунд гүн гүнзгий ахуйжсан “дотоод цензур”-ын үүрэг зэрэг дээд, гэгээн ухамсарт олон үүргийн төлөвшилт юм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • .”ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ” ДАХЬ БУРУУ

    Монголын нийгмийг системийн дотоод хямралд оруулсан нөхцөл, шалтгаан угтаа 1992 оны “Шинэ үндсэн хууль”-иар тавигджээ. “Шинэ үндсэн хууль”-ийн нөхцөл нийгмийг бүрдүүлэгч хувь иргэд, давхрагуудыг өмчийн гүнзгий ялгарал, задрал, хуваагдлын зөрчилд хүргэж, нийгмийг дотроос нь ганхууллаа.

                “Шинэ үндсэн хууль” нь хүний /Homo sapiens/  амьдралын имманент шинж чанар, дотоод утга зорилгыг нийгмийн философи сэтгэлгээний түвшинээс танин мэдээгүй, ойлгон боловсруулж чадаагүй, монгол үндэстний оршихуйн арга билэг, монголчуудын уламжлалт ёс зүй, сэтгэл санааны ертөнцийн экзистенциал үндсүүдээс ургаагүй, гадаад орчноос хуулмал, өчнөөн төчнөөн засвар хийх шаардлагатай “түүхий” хууль юм. Гэтэл энэ “Хууль”-иас айдаг, нэг нэгнээ худлаа айлгадаг хуурамч психоз Монголын улс төрд угшлаа.Ард түмний наян /80%/ хувийг амьжиргааны эх үүсвэргүй, өөртөө хүний хөгжлийн анхдагч орчин нөхцөлийг хангахуйц бодот өмч хөрөнгөгүй, ухамсарт хөдөлмөрийнхөө цэвэр үр ашгаар нийгмийн “цөөнх”-тэй адил тэгш амьдрах, гэгээрэх, хамгийн гол нь –сэтгэл бурханлаг хөгжилд хүрэх ямар ч бололцоогүй болгож буй “хар толбо”-той “зах зээл”-ийг /Үнэн чанартаа, зарим эрдэмтдийн нэрлэснээр, “зэрлэг капитализм”-ыг / нийгмийн харилцаанд зөвшөөрөн хуульчилсан “үндсэн хууль” дахь бурууг, сэтгэлгээний алдааг засах зайлшгүй шаардлага нийгмийн философи сэтгэлгээнд тулгарч байна. Харамсалтай нь, “Үндсэн хууль”-иа Бурханы зарлиг хадгалсан эрдэнийн бумба мэтээр, эсвэл, хавьтаж үл болох “Радны мангаа” мэтээр үзэж төрийн плюрал сэтгэлгээнээс айх, “ард олонч сэтгэлгээ”-ний логикоос зугтах хандлагаар манай улстөрчид өвчилжээ.

                Ертөнцөд Бурханаас өөр төгс юм үгүй гэдэг. Тэгэхлээр юмс, үзэгдэл цөм non-finito чанартай гэсэн үг. Гэтэл төгс “бүтээл” мэт цалигчлаад, өөрчлөхөөсөө айдаг “Үндсэн хууль” гэдэг үг, өөд нар үздэггүй “Ард түмэн” гэдэг үг хоёр манай хоёр амтай, дөрвөн уушигтай юм шиг уухилдаг улстөрчдийн амнаас өдөр бүр шүлстэй нь үсчисээр байгаад энэ хоёр үгийн фетишизм Монголын улс төрчид хэмээх ихэнхидээ эрүүгийн болоод эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг “бамбай” үг болж хувирав. “Ард түмэн” гэж амаараа дүрэмддэг ч амьдрал дээрээ тэд ард түмнээ талхидаг, нимгэн халаасны нь хэдээр зузаан халаасаа язалдаг, Төр-бизнесийн олигархи бүлэглэлийг улстөрөөс цэвэрлэх, эрхзүйн механизм  “үндсэн хууль” –д байхгүй байгаа бурууг засах, манай нийгмийн харилцаан дахь гажуудалын гол буруутан –энэ “цоорхой”-г цойлдох /нөхөх/, хүний хөгжлийн философид нийцүүлэн “Үндсэн хууль”-д том өөрчлөлт, засвар оруулах нь өнөөгийн нийгмийн сэтгэлгээний тулгамдсан асуудал болов.

                Ард түмний дийлэнхийг /80%/ үгээгүйрүүлж, бүтээлч хөдөлмөрөөрөө өөрийгөө өв тэгш хөгжилтэй иргэд болох материаллаг нөхцөлийг устгасан нийгмийн харилцааг эрүүлжүүлэх, нийт ард түмний амьдралыг жигд бийлэгжүүлж чадах эдийн засгийн биеэ даасан хөгжлийг хангахын тулд “Үндсэн хууль”-д сэтгэлгээний 3 том  “урсгал” оруулах шаардлагатай.

                Нэгдүгээрт, нийгмийн үйлдвэрлэлд зөвхөн хувийн өмчийн хэлбэрийг онцлох бус, нийгмийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэх ач холбогдолыг гагц хувийн өмчинд өгч үүрүүлэх бус, өмчийн олон хэлбэрийн хөгжлийн тэнцвэрийг хадгалах; өөрөөр хэлбэл, улсын өмчит, улсын төсөв-санхүүгийн эх үүсвэрээр баталгааждаг төвлөрсөн төлөвлөгөөт, бүтээгдэхүүний өртөг зардлыг шинжлэх ухаанчаар тооцсон зохист хатуу үнэ тогтоолттой, орчин үеийн тэргүүний техник-технологид суурилсан үйлдвэрлэлийн процесстой, мэргэжлийн өндөр ур чадвар, дэлхийн стандарт түвшинд өрсөлдөх туршлага дадлага эзэмшсэн бөгөөд эх оронч ухамсар сэтгэл хүчтэй хөгжсөн ажилчид, мэргэжилтнүүдтэй, үйлдвэрлэлийн дээд үр ашигтай улсын үйлдвэрийн газруудыг олноор ажиллуулах, төрөөс дэмжих “шинэ харилцаа”-нд эрхзүйн орчиныг чиглүүлэх;

                Хоёрдугаарт, “Шинэ үндсэн хууль” дахь хүний эрх, үүргийн харьцааны гажуудалыг засах;

                Гуравдугаарт, “Шинэ үндсэн хууль” дахь “Байхгүй”-г  бий болгох; Өөрөөр хэлбэл, хүний амьдралын дотоод “удирдлага”-ёс суртахуун л нийгмийн хөгжлийн гол эх сурвалж байдагийг ойлгох ухамсарыг нийгмийн сэтгэлгээнд хэвшүүлэх; Яагаад гэвэл, энэ ойлголт манай “Шинэ үндсэн хууль”-ийн сэтгэлгээнд дутагдсан “цоорхой” буюу хоцрогдол юм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • . “Үндсэн хууль” дахь өмчийн үзэл ойлголтыг шүүмжлэх нь:

    “Шинэ үндсэн хууль”-д өмчийг, ялангуяа, хувийн өмчийг нийгмийн хөгжлийн үндэс мэтээр үзэх үзэл санаа ноёлжээ. Тиймээс ч Төр нийгмийн үйлдвэрлэлийн бааз суурийг нилэнхүйд нь хувьчилж, хувийн өмчинд шилжүүллээ. Өнөөдөр “хувийн өмч” манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 80 орчим хувийг үйлдвэрлэж байгаа хирнээ улсын төсвийн бүрдүүлэлтэнд дөнгөж 20 хүрэхтэй үгүйтэй хувиар оролцож байна. Эндээс юу харагдаж байна? гэвэл, хувийн өмчит аж ахуйн газруудын үйлдвэрлэл үйлчилгээ “хувийн хуримтлал” үүсгэх л хөрөнгө оруулалтын эргэлтэнд зарцуулагдахаас бус, нийгмийн хөгжлийн санхүүжилтэнд хамрагдахгүй, тийм зориулалттай хөрөнгө оруулалт, материал баялгийн хуваарилалтанд оролцохгүй үлдэж байна гэсэн үг.

                Хувийн өмчийн мөн чанарыг бүрэн ойлгох, шинжлэх ухаанч ойлголт “Шинэ үндсэн хууль”-ийн сэтгэлгээнд дутсан нь 15-20 жилийн дараа Монголын ард түмний 80 хувийг нь амьдралын ядууралд хүргэсэн үр дагавартай нийгмийн үйл явцыг урьдчилан харах чадвар ч уг  “хууль”-ийг боловсруулагчидын болоод батлагчидын сэтгэлгээнд аанай дутсаныг давхар нотолно.

                “Шинэ үндсэн хууль”-д нийгэм хүний оршихуйн материаллаг үндсийг зөвхөн өмч гэж ойлгож, нийгмийн хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн үүрэг, ач холбогдолыг буруу дэс дараалалаар үнэлж, тэр буруу үзэл ойлголттой үйл ажиллагаандаа нийгмийн бүхий л хүрээний үйл явцбг хүчээр зохицуулсанаар, бас, наанаа ардчилсан сонголтын хэлбэртэй ч цаанаа “шинэ хэлмэгдүүлэлт”-ийн шинж чанартай, “нийгмийн либераль өөрчлөлт” хэмээх “өмчийн захиргаадалт”-ыг төрөөс нийгэмд тулган хүлээлгэснээр үндэсний үйлдвэрлэл зогсох, ухрах, гадаадын хөрөнгө-санхүүгийн эрхшээлд бүрэн орох, ард түмний олонхийн амьдрал доройтох нийгмийн эмгэнэл эхэлснийг ухаарахад одоо төвөгтэй биш. “Шинэ үндсэн хууль” –ийн сэтгэлгээнд нийгэм-хүний хөгжлийн утга агуулга, үнэмлэхүй зорилго, экзистенциал мөн чанарыг ойлгох, шинжлэх ухааны өндөр түвшиний мэдлэг, философи ойлголт эхнээсээ шаардагдаж байсан, одоо ч шаардагдсан хэвээрээ үргэлжилж байна. Яагаад гэвэл, Монголын нийгмийн өнөөгийн задрал, хувийн өмчийн үзлээр өдөөгдөж буй эрх ашгийн антигонист зөрчил, хүний дотоод хөгжлийн гипербол гажуудал, хүн чанарын “сүйрэл”-ийн эх сурвалж нь “Шинэ үндсэн хууль” дахь өмчийн мөн чанарын буруу ойлголтоос үүдэлтэй юм.

                Өмчийн психоз сэтгэлгээ нь материаллаг баялагт харьцах харилцааг зөвхөн л хувийн өмчтэй болох, бодот капитал, хөрөнгө-санхүүгийн хуримтлал үүсгэх үйл ажиллагааны харилцаа мэтээр ойлгох өрөөсгөл ойлголтонд хүргэж, тэрхүү прагматик, энгийн механик ойлголт нь өмчийн эдийн засгийн функцийг буруу бүтэцжүүлсэн юм. Сөрөг үйлчлэл, урвуу үр дүнд хүрэх функци, бүтэцтэй эдийн засгийн харилцааны механизм өнгөрсөн түүхэн мөчлөгт хэнд ашигтай ажилласан бэ? гэвэл, хөдөлмөрч бүтээлч олонхид бус, зөвхөн төр-бизнесийн олигархи цөөнхөд, хуулийн “цоорхой” олж ашиглагч “хөрөнгөлөг ахуйтан”-ы ашиг сонирхолд л нийцэн ажиллаж, зөвхөн тэднийг их бага хувьчлалаар хөрөнгөжүүлж, нийгмийн ихэнхи бодот баялгийн болоод арилжааны үнэт цаас, хувьцааны эзэд болгосон нь тэдний “ижил гараа”-ны гэж нэрлэдэг нууц нөхцөлийн “ижилгүй” үр дүнгээр ард түмнийг дамшиглалаа.

                Ард түмний олонхийн амьдарлд сөрөг үйлчлэлтэй үргэлжилсээр байгаа нийгмийн харилцааны /зах зээлийн/ механизмыг өөрчлөх, эдийн засгийн либеральчлал хэмээгдсэн “шинэ сэтгэлгээ”-ний алдааг засах, нийгмийн хөгжлийн буруу туршилтын горыг арилгах шинэ гарц буюу хөгжлийн спиралын эргүүлсэн өндөрслийн дараагийн шат нь өмчид хандах сөрөг “шинэ сэтгэлгээ”-ний шат гэж “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн үзнэ.

                “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөний үзлээр бол нийгмийн хөгжлийн үндэс нь алив өмч өөрөө бус харин хүн юм. Тэгвэл, хүнийг хүн болгож буй гол юм юу вэ? Нэгдүгээрт, хүний дотоод эрчим хүч, хийбод хүчнүүд; хоёрдугаарт, хүний ауро орон хийгээд сансарын мэдээлэлийн урсгал хоёрын үйлчлэлцэл; гуравдугаарт, хүний биемахбодын үйл ажиллагааны идэвхижилт гурав юм. Хүн хөдөлмөрийн хүчээр амьдрах нь магад боловчтэр хүчийг өрнүүлэгч нь хүний дан махбод өөрөө бус, хүний ухамсарт үйл ажиллагааг үүдээгч ил, далд эрчим юм. Хүнд нууцлагдсан эрчимийн бүтцэд зонхилох орон зайтай сэтгэл, далд ухамсар, ондоо зүй тогтолт ертөнцийн мэдээлэлийн “удирдлага”, дээд гэгээрэлт зөн сэрэхүй буюу дотоод бясалгал зэрэг квант хүчнүүд эхлээд “хөдөлмөрлөж” махбодоо үйл ажиллагаанд оруулж байж махбодоос механик хүч гаргуулна. Энэ “үүдмэл”, хоёрдох хэлбэрийн, эсвэл, хоёрдох “төрөлт”-ийн хүч нүдэнд үзэгдэхүйц бодот хөдөлгөөн хийж, бодот үр ашигт ажил гүйцэтгэж, материаллаг өмчийг бүтээнэ. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийн үндэс нь чухамдаа өмч бөгөөд өмчийн механизм биш, хүн өөрөө юм. Өмч “бүтээгч хүчин зүйл” болохынхоо өмнө зөвхөн “үхмэл өгөгдөхүүн”, “байгалийн юм”, статик хэрэглэгдэхүүн л байдаг. Харин хүн өмчтэй харилцаад эхэлмэгц тэр статик, үхмэл “байгалийн юм” сая “бүтээгч хүчин зүйл” болон хувирч эхэлдэг.

                Хүн өмчинд ямар ухамсар, сэтгэлээр хандана, өмч тэр хандлага, харилцаатай шууд харьцангуйгаар “амилж” эрчимжиж, “ашиглагдах” шинж чанараа буюу үр ашиг өгөх боломжоо нээнэ. Ингэхлээр өмчийн “ид шид”, “хэрэглэгдэх чанар” нийгмийн үйлдвэрлэлийн хийгээд хөгжлийн хөдөлгүүр болох функциональ үйлчлэлийн язгуур нь өмчинд өөрт нь бус харин өмчийн эзэн өмчөө яаж ашиглах, юунд ашиглахыг хүсч буй зорилго, ухамсарын мөн чанарт л байх хэрэг. Иймд өмчинд хандах хүний хандлага, сэтгэлийн мөн чанарт “хувьсгал” хийх явдал л өмчийг “амьд биет”, “амьд хүч” болгох үндэс юм. Эндээс өмчийн ялгавар нь өмч эзэмшлийн ялгаанд бус, угтаа, хүний сэтгэл, ухамсарын хөгжлийн ялгаанд оршиж буйг харж болно. Өөрөөр хэлбэл,өмчийг “Энэ нь миний хувийн өмч, тэр нь биш!” гэх сэтгэл ухамсарыг арилгаж, оронд нь, “Энэ нь ч миний юм, тэр нь ч миний юм, ингэхлээр, энэ хоёр миний хувьд хоёулаа “хүний юм” бус, “миний юм” гэх сэтгэл, ухамсар үүсч энэ нь цаашдаа хүний дотоод хөгжлийн илүү хөгжингүй түвшинд, “Энэ бүгд бидний буюу улс нийтийн юм, бүгд нийтийн өмч бөгөөд “миний юм!” гэх итгэл үнэмшил бүрдээд өмчийн хэлбэрийн өнөөгийн бодот ялгаа “бодот юм” байхаа болино. Өнөөдөр “хувийн өмч”, “нийгмийн өмч” гэсэн өмчийн хэлбэрийн ялгаанаас үүдэж буй үйл ажиллагаанб хоёр өөр үр дүн, хоёр өөр үр ашиг өмчөөс өөрөөс нь бус өмчдөө хандаж буй хүний сэтгэлийн мөн чанараас үүсч буйг нийгэм ийн ойлговол өмчийн хэлбэрүүд нийгэмд ялгаатай функци гүйцэтгэж ялгаатай ач холбогдолтой байгаагийн үнэн учир шалтгааныг ч зөв ойлгож авна. Энэ учир шалтгаан өмчийн хэлбэрийн мөн чанарт, тэдгээрийн ялгаанд байгаа бус өмчийг эзэмшиж, ашиглаж буй хүний өөрийн нь дотоод хөгжлийн түвшиний ялгаанд оршиж буйн нууцыг ч тайлах болно. Энд би хүний “Дотоод хөгжил” гэдэгт хүний сэтгэлийн аугаа дээд гэгээрэл, хүний ген-ертөнцийн “өөрөө өөртөө оршигч”, “өөрөө өөрийгөө хөгжүүлэгч” дотоод биоэрчимийн гадагшаа үйлчлэгч хүчний хөгжлийг хэлж байна.Үүнийг хүний сэтгэл, оюуны хүч ч гэж нэрлэж болох юм. Яагаад гэвэл, сэтгэл, оюун хэмээгч хүний дотоод оршигч тэр үл сарнигч, үл мөхөгч хүч л хүнийг юуны түрүүнд удирдаж, үйл ажиллагааг нь өрнүүлдэг. Нөгөө талаар, өмч эзэмшлийн үр дүнгийн ялгаа өмчийн гүйцэтгэж буй үүрэгт ч бус, өмчөөр “мөнгө хийх”, ашиг олох, хуримтлал үүсгэх бодот боломж, таатай таагүй эрхзүйн орчинд ч байгаа бус гэдгийг нь ойлгох нь чухал. Энэ үүднээс “Шинэ үндсэн хууль” дахь өмчийн ойлголт, үзлийн шүүмжлэлийн хүрээнд ярих ёстой нэг чухал асуудал өмчийн “үүрэг”, “хариуцлага” гэдэг ойлголтыг /Өнөөдөр Монголчуудын нийгмийн баялаг нь “хувийн өмч”, “төрийн өмч” гэсэн ангилалд хувааж болохоор хэрэг үүрэгтэй байгаа? Үүнд, “нутагшигч өмч” нь Монголын эдийн засгийн хөгжилд үйлчлэгч, зориулагдагч өмч, “цагаачлагч өмч” нь гадагш урсагч, зөвхөн өмч эзэмшигчийн хувийн амьдралд үйлчлэгч, нийгэмд үл зориулагдагч өмч юм. Гадагш урсагч энэ өмчийн урсгалын чигийг дотогш эргүүлэх асуудлыг өмчийн “нийгмийн үүрэг, хариуцлагатай холбож тавих нь зүйтэй санагдана!/ өмч эзэмшигчийн сэтгэхүйд гүн шаардлага юм.

                Өмч тэнгэрийн хоосноос буй болдоггүй, таваар-мөнгөний харилцаагаар эд таваарыг арилжин авч байгаа худалдаа авагчидын төлбөрийн илүү хувиас буюу худалдагч субъектэд унаж байгаа ашгаас бүрддэг.Энэ нь нийгмийн хэмжээнд болохоороо тухайн үндэстний худалдан авагчидын халаасан дахь мөнгөнөөс л шууд ба шууд бусаар хураагдаж нийгмийн цөөнхөд хуримтлагдаж байгаа илүү ашиг орлогын нийлбэр юм. Иймд өмчийн “үүрэг”, “хариуцлага” буюу өмчинд хүлээлгэх нийгмийн “даалгавар” өмчийн аль ч хэлбэрт өгөгдөх ёстой. Энд өмчийн сэтгэлгээнд “хувьсгал”-ын шинж чанартай дараах шинэчлэлийг хийх хэрэгтэй.

                -Хувийн өмч гагцхүү хувьд бус нийгэмд зориулагдан зарцуулагддаг, нийгмийн баялгийн дахин хуваарилалтанд заавал оролцдог;

                -Үндэсний эрх ашиг, улс орны хөгжлийн зорилго, сонирхолд үйлчлэхээсээ түрүүнд амин хувьдаа, ам бүлдээ хөрөнгө хуримтлал, “үхмэл” капитал “үйлдвэрлэдэг” хувийн өмчинд нийгмээс ёс суртахууны хариуцлага хүлээлгэдэг ухамсарыг нийгмийн сэтгэлзүйд төлөвшүүлэх;

                -Өмч эзэмшигчийн “эзэмшилийн үүрэг”, ёс зүйн “даалгавар”-ын ойлголтыг нийгмийн сэтгэхүйд хэвшүүлэх, өмч эзэмшигч бодгалуудад олон нийтэч, нийгэмч ёс зүйг иргэнлигээр хуульчлах;

                Сэтгэлгээний эдгээр шинэчлэл нь өмчинд хандах хандлаганд шинэ чиг, утга агуулга буй болгох, орчин үеийн хүний “хэрэглээг шүтэгч” мөн чанарыг хувьсгах, өмчийн алив хэлбэр нийт нийгэм, үндэстний үндсэн эрх ашигт үйлчилдэг, ыодот хөгжилд зориулагддаг амьд, биет хүчин зүйлс болон хувирахад хүчтэй нөлөөлөх, бас өмчийн бодот хэлбэрүүдийн дээр хүний дотоод эрчимтэй холбоотой нэг генератор, нэг “үйлдвэрлэх хүч”-нээс гардаг үл үзэгдэх “бүтээгдэхүүн”-сэтгэл хэмээх “өмч”-ийн хэлбэр нэмэгдэх, хэтдээ, өмч өнөөгийн мөн чанар, утга агуулгаа бүрэн алдаж, “сэтгэл-өмч”-ийн хэлбэр агуулганд шилжих, шинэ мөн чанарын трансформац үүсэх ач холбогдолтой юм.

                Нийгмийн аль ч бүтцийн зөв ойлголт, зөв зохион байгуулалт хүний хөгжилд онцгой үүрэгтэй синтез хүчин зүйл тул хүний сэтгэлийн хөгжил, гэгээрлийн эрчимээр дамжиж нийгмийн үйл явцад оролцох “сэтгэл*өмч”-ийн зөв мета, софи ойлголт хийгээд үр өгөөжтэй зөв зохион байгуулалт ч мөн өөрийн онцгой үүрэгтэй байх нь лав!

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгминй хөгжлийн философи асуудлууд” номоос

               

  • ХҮЧТЭЙ УЛС ТӨРЧ Л ӨӨРТӨӨ ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД, ЦААШЛААД ХҮЧТЭЙ ХОРСОГЧИДЫГ ТӨРҮҮЛДЭГ

    Алив цаг үеийн алив улс орны шилдэг удирдагчидын /эсвэл ерөнхийлөгчидийн/ түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үнэ цэнийг тодорхойлох хамгийн гол үзүүлэлт нь,- хэлсэн үгний нь гайхамшиг бус, хийсэн ажлын нь гайхамшиг байдаг. Тэдний ажил үйлсийн амжилт хоёр үндсэн зорилго, бодлогод тулгуурлан хэрэгждэг зүй тогтолтой байсан нь нэгд, ард иргэдийнхээ эрх ашигт захирагдсан ардчилсан үзэл бодол; хоёрт, үндэстнийхээ түүхэн ой санамжинд үл мартагдан хадгалагдах нийгмийн шинэчлэл буюу улс орныхоо хөгжлийг эрс хурдасгасан тодорхой үр дүнтэй бодот үйл ажиллагаа байдаг нь түүхээр нотлогдсон амьдралын үнэн юм.

    Ерөнхийлөгч Н.Энхбаярын 2005-2009 онуудад хэрэгжүүлсэн үйл ажиллагаа ч ардчилалын үзэл баримтлалыг нийгмийн бүх харилцааны хэв загвар болгон төлөвшүүлэх, эдийн засгийн хөгжлийн макро түвшиний асуудлуудыг оновчтой зөв шийдвэрлэх үр ашигтай гарцуудыг алсын хараатай олж амьдралд нэвтрүүлсэн үр дүнгээр нь тодорхойлогдоно. Монголд өнөөдөр ардчилалыг эсэргүүцдэг ганц ч хүн байхгүй. Иргэний ухамсар суусан хүн бүр хөгшин залуугүй нийгмийн ардчилсан тогтолцоог хүсч ардчилалын төгс хөгжлийн төлөө тэмцэж амьдрах болсоны зэрэгцээ хүсч буй ардчилалыг нь жинхэнэ сонгодог мөн чанараар нь ойлгон, нийгмийн хөгжлийн үндэс хөрсөнд баттай суулган өгч буй лидер нь өнгөрсөн сонгуулийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллаж олон улсын хэмжээнд олон талаараа танигдсан, тэр хэмжээгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Н.Энхыаяр байсан гэдгийг ард түмний маань олонхи итгэл үнэмшилтэйгээр хэлж чадна. Би түүний хийсэн хэрэгжүүлсэн ажил бүгдийг баримттай өгүүлж эс чадах ч XX зууны сүүлч XXI зууны эхэн хагасын монголын нийгмийн түүхэнд бодтой үнэлэгдэж үлдэх, бас, иргэн хүний хувьд надад үл мартагдах хэдийг эс цохон дурдваас надад нүгэл болуужин! гэж айна. /Би нүглээс л их айдаг хүн!/

    1.Монгол хуучин үгс думд “Өртэй цадахаар өлөн бос! гэж айхтар үг тааралддаг юм. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан жилүүддээ БНМАУ-аас ЗХУ-д төлөх ёстой байсан нүсэр өрийг өөрийн улс төр – эдийн засгийн өндөр мэдлэг боловсрол, гадаад харилцааны соёл, дипломат үйл ажиллагааныхаа туршлагаар тэглэв. Ингэснээр Монгол улс эдийн засгийн хөгжлийн бие даасан бодлого, үйл ажиллагаа явуулж нийгмийн баялагаа эрчимтэй нэмэгдүүлэх замаа нээлттэй болгож чадав. 1990 оноос Монголын эдийн засагт хувьчлалын “дажин” эхэлж, бүтээн байгуулалтын явц олон жилээр үндсэндээ зогссон юм. Монгол дан ганц наймаа, гудамжны аахар шаахар, зохистой зохисгүй үйлчилгээний “хангамж”-аар амь зуугч улс болж, эдийн засаг “ДОХ”-оор хэвтэрт орсон тэр гажуудалт жилүүдэд Ерөнхий сайд Н.Энхбаяр улс орныхоо эдийн засгийг бүтээн байгуулалтанд шилжүүлэх, нийгмийн баялаг үйлдвэрлэгч “Бүтээгч” эдийн засаг болгон өндийлгөх бодлогод төвлөрүүлж, “Мянганы зам”-ын аврага том /Монголын хувьд!/ бүтээн байгуулалтыг санаачлан эхлүүлэв.

    Нийгмийн хөгжлийн “тулгын чулуу” нь эдийн засаг, мэргэжилийн боловсрол, гэгээрэл гурав байдаг ахул, эдийн засгийн хөгжлийн “тулгын чулуу”-ны нэг “дэд бүтэц” нь зам харилцаа эрчим хүчний нэгдсэн сүлжээнд тулгуурлаж байгаа. Түүн дотроо, орчин үеийн их, бага даацын авто тээврийг нэвтрүүлэх хүчин чадалтай хурдны замын сүлжээ нь эдийн засгийн хөгжлийн хурдац, эрчимжилтийн анхдагч хэрэгцээнд тооцогдож буйг эргэцүүлбэл, Н.Энхбаярын санаачлан хэрэгжүүлж эхэлсэн “Мянганы зам”-ын бүтээн байгуулалт нь Өгөөдэй хааны бүтээсэн дөрвөн гавъяат үйл / “Монголын нууц товчоо”-нд дурьдсанаар!/ -ийн нэгтэй зэргэцэн XXI зууны Монголын түүхэнд үлдэх их бүтээн байгуулалт юм.

    Н.Энхбаяр улс орноо “Их өр”-өөс салгаж өгсөний ач буянаар “Мянганы зам”-д зам нээгдсэн байх. “Мянганы зам” Монголд 1990 оноос хойш бүрэн тасраад байсан /ганц хэдэн “акул”-ын хувийн зочид буудал, бар, ресторан, жижиг сажиг “жараахай”-нуудын “ТҮЦ”, тэд бүгдийн “хумсалж” хувьчилж аваад будаж шунхадсан дэлгүүрүүд, Улаанбаатарын эргэн тойрны уулсын ам хөндийг бүхлээр нь өсчилж хашаа, тороор тусгаарлаж барьсан “овчарка” нохойтой давхар давхар “хаус”-уудыг эс тооцвол!/ бүтээн байгуулалтын идэвхийг сэргээж, ариун цагаан хөдөлмөр бүтээлийн цагаа олсон том үсрэлт болж нийгмийн ухамсар, сэтгэл зүйг эерэгээр өөрчлөв.

    2. Хүний амьдралыг урагш нь хүчирхэгээр түрдэг, өөд нь хүчирхэгээр татдаг чухал юм бол зорилго юм. Хүний зорилго хичнээн аугаа их байх тусам хүнд амьдрал нь төчнөөн сонирхолтой, гүн гүнзгий утга агуулгатай, эрчимт тэмцэлтэй болж, зорилгодоо хүрсэн сар, жил, үе шат бүхнээсээ омог бах, сэтгэлийн жаргал хүртдэг. Хувь хүнд ч тэр, улс үндэстэнд ч тэр энэхүү хэв хууль /бичигдээгүй хууль/, “бичигдсэн хууль”-аасаа илүү хүчтэй үйлчилдэг зүй тогтолтой нь илт ажиглагддаг.

    Ерөнхийлөгч Н.Энхбаяо олон жил цээжиндээ үгтээж явсан бодлоо хэрэгжүүлэхээр 2008 онд Монголынхоо “толгой цохьдог” эрдэмтэд мэргэдийг нэгэтгэн ажиллуулж “Монголын нийгмийн хөгжлийнцогц бодлого”-ыг боловсруулж хэлэлцүүлэв. “Гурвал 15-ын бодлого”-ыг хэрэгжүүлснээр Монгол Улс 2021 онд хүний амьдралын чанар, түвшин, үнэлэмжээрээ дэлхийн дундаж хөгжилтэй эдийн засагтай орнуудтай зэргэцэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн минь одоогийнхоосоо 10 дахин нэмэгдэх юм.

    “Цогц бодлого” монголчуудын амьдралыг тодорхой зорилго тэмүүлэлтэй, хөдөлмөр зүтгэлээ зориулах ирээдүйтэй, амьдрал ахуйнхаа хэтийн түвшинийг болон дүр төрхийг бодтой харах хөгжлийн “толь”-той болголоо. Улс орны ирээдүйн хөгжил одоо зөвхөн ард иргэдийн хувийн идэвхи, хөдөлмөрийн бүтээмж, ухамсар оюуны хувь хандивын хэмжээнээс шалтгаалах болсон нь хүн тус бүрийн хариуцлага болж үлдлээ.

    “Цогц бодлого”-оо ард түмэн ч “Монгол тэмүүлэл” гэж нэрлэн, “Бид амьдрахад урам зоригтой тэмцэх зорилготой боллоо!” гэж халуун дотноор хүлээн авлаа. Зорилго цаашаа гүнзгийрэн үргэлжлэнэ. Монгол хүн XXIзуунд дэлхийн тэргүүлэх хөгжилтэй АНУ, Хятад, Англи, Франц орны иргэдээс дор хаяж зуу дахин илүү аугаа бүтээлч, зорилго тэмүүлэлтэй амьдарч байж сая Монголоо дэлхийн бахархал орон болгон хөгжүүлж чадна. Монгол морины туурай хүрсэн нутаг усанд ч, хүрээгүй газар оронд ч XXI зууны монгол оюун ухааны оньс, үг, шинэ сонгодог бүтэц загварын техник-технологийн бүтээлүүд хүрэх “Тэнгэрийн цаг” давтагдана гэж мөрөөддөг. Мөрөөдөл минь энэ зуунд магад биелнэ гэж итгэдэг. “Үндэсний хөгжилийн цогц бодлого” –ын хэрэгжилт, түүний тасралтгүй үргэлжлэл, давтамж нь монгол хүн амьдралаас аз жаргал эрэх, амьдралынхаа утга агуулгыг тодорхойлох тулгуур үзэл санааны философи  баримт бичиг байх болно.

    3.Би бараг 50 шахам жил ном зохиолын ширээ сандалыг тохой, хонгоороо хонхойлж, хэд хичнээн үзэг харандааны үзүүр, балыг цагаан цаасанд мухайлгасан сэхээнтэний хувьд улс үндэстнийхээ оюун санааны соёл, гэгээрлийг өөрт ганц олдсон амь амьдралтайгаа чацуулан санаж тархиа “захиргааддаг” тул нийгмийн хөгжлийн “тулгын чулуу”-ны хамгийн боловсрол, оюуны гэгээрлийг хөгжлийг Н.Энхбаярын байгуулсан гавъяанд чөмгөө халууцтал баярлаж алгаа ташиж суудаг хүн! Тэрбээр өнөөгийн даяаршсан дэлхийн нийтлэг ахуйн болон суурин соёл-иргэншлийн “бүтээгдэхүүн” болсон манай хотожсон, техникжсэн, компьютержсэн, интернетжсэн, зариууд нь бүүр “роботжсон” залуу үеийнхэний ухамсар сэтгэлд аврага загийн үр шиг, эсвэл, бүүр гичийн үр шиг шигдэн яргаж, жаран, зуунаар урган чоёолох нэгэн далд хүчирхэг үрийг суулгаж эхэлсэн нь монголчуудын өв зан заншил, шашин суртал, элэнц дээдсээс улбаатай язгуур монгол соёлынхоо гайхамшигт уламжлалыг шинжлэх ухаанчаар ойлгох, лавлан судлах, орчин цагийн шинэ ахуу амьдралын хэв загвартай нийцүүлэн сэргээх, цаашид төгөлдөржүүлж өвлүүлэх, эх оронч “оюун сананы аян”-ыг залуурдав.

    Богд гэгээдийн тогтоосон ёс заншил, тахилга, уул овооны эзэд догшидын заллага, тавиг хүндлэл тэргүүт шүтлэгийн зан үйлээр дамжиж гэршсэн эзотерик үзэгдэл, тэнгэр эрхэс, газар дэлхийн уул ус, хүн амьтадын амьд шүтэлцээ, нууц барилдлагын далд учирыг одоогийн багачуул, залууст ухааруулах сэдэл, зоригдол бүхий ёс ёмыбн үйлийг биеэр үлгэрлэн, олон ухаалаг зөв айлдвар, зарлиг тунхагласныг лам харгүй ерөөлийн үгээр угтаж авдаг. Монгол хүн бүрийн амьдралын хэрэгцээ нь эх орноо хөгжүүлэх, бүгдээрээ аз жаргалтай, ариун сайхан амьдрахад л оршдог. Энэ хэрэгцээгээ монголчууд бид эрүүл энх урт насалж, өндөр мэдлэг боловсролтой, дэлхийд өрсөлдөж тэргүүлэх мэргэжлийн чадвар туршлагатай, бурханлаг ёс зүйтэй хөдөлмөрлөж байж л ханган. Ерөнхийлөгч Н.Энхбаярын ажил албаны цаг ч энэ хэрэгцээг хангах зорилгод дхйчлагддаг нь мэдэгддэг. Хэн нэг нь хүлээн зөвшөөрөх, эс хүлээн зөвшөөрөхөөс үл хамааран захын жишээ дурьдахад, тэрбээр Монголынхоо ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг дэлхийн шилдэг сургуулиудын жишигт тэнцүүлэх тогтолцоог нэвирүүлэх, хүүхдийн “үдийн цай”, “нэг хүүхэд-нэг компьютер”, төсөл хэрэгжүүлэх санаачилгаа жил жилд ажил болгосоор ирснээр өнөөдөр бага ангийн 270 мянган хүүхэд “үдийн цай”-тай хичээллэж, 25 мянган хүүхэд хөөрхөн гэгчийн компьютерийн ард суугаад товчин дээгүүр нь гараа гялалзуулж дэлгэцэнд нь анхааралаа хандуулж сууна.

    Монголоо хөгжүүлэх олон эх сурвалж бидэнд бурханы ивээлээр хувь заяаны хишиг болж бэлэн зэлэн байгаа ч тэдгээр хүчин зүйлс дотроос хамгийн гол нь дээд оюунлаг, бүтээлч, ариун сэтгэл юм. Хүнийг ариун сэтгэлтэй, эрүүл, хүчирхэг болгож үр бүтээлтэй, гоо сайхан амьдралд ижий аавын гар шиг хөтөлдөг гол буянтан нь хүний дотоод соёл гэгээрэл юм. Далд ухамсар, дотоод ертөнцийн соёл, гэгээрэлд нэвчээгүй монгол хүн зүгээр л хүн дүрст, хуурай газрын “матар”-нууд байх болно. Монголынхоо ижилгүй сайхан үрс хойчийг гэгээрүүлэх, амныхаа оронд ч амтай, нүднийхээ оронд ч амтай, хөл гарныхаа оронд ч амтай, ер хаанаас нь харсан ч ангас ангас хөдөлсөн амтай аймшигт “амьтад” болгохгүйн бат бөх үндэс нь хүний дотоод соёл, гэгээрэл гэдгийг Н.Энхбаяр андуугүй ухаарснаар олон сайхан буянт үйлс бүтээв. Түүний санаачлага, зүтгэлээр Шагшаам Чадагчийн сүсэгтэн монголчууд монгол нутаг орныхоо энх амгаланг одоо, хэтэд батад сахин даагч язгуурын хүчин төгс Бурхад, – Очирвань, Жанрайсиг, Майдар бурхадын хувилгаан дүрийг ариун тигээр бүтээн шүншиглэж, оройн дээд шүтээнээр залав.

    Богд Чингис тэргүүт дээд удам язгуураасаа эхлээд хамаг монголчууд мянга мянган жилээр тахил тавигаа өргөн тахиж өлзий ивээл, өглөг хишигээр нь амьдарч ирсэн уул усныхаа сахиусад,- лус савдаг, шавдаг нивгадагийг баярлуулах, ард хотлынхоо сүсэг сэтгэлийг шүтэж барилдуулах арга, билиг цогцолсон эртний соёлт зан үйлээ залгаж, уул-овоо, онгод тэнгэрээ урин залах өв соёлоо сэргээлээ. Ерөнхийлөгчийн тухай хуулиар олгогддог явцуухан эрх мэдлийнхээ дулдуйгаар “Монголын уран зохиолын дээж” -108 боть сүмбум, “Дэлхийн шилмэл уран зохиолын чуулган” -50 боть, “Монголын нууц товчоо” тэргүүт монгол үндэстний түүх, утга соёлын судалгааны хэрэглэгдэхүүн -30 боть,”Сонгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” -5 боть зэрэг олон ном шаштирыг өөрийн ивээл, санхүүжилтээр хэвлүүлэн хүртээсний дээр монголчуудтай нэн эртний бичиг соёлын харилцаат ази, арабын орнуудаар төрийн айлчлал хийсний нь томоохон үр дүн, – “Улсын Төв Номын Сан”-г шинээр сүндэрлүүлэх ихээхэн хэмжээний хөрөнгийг олж ирэв. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдон баригдах эл номын сан – ордон нь монголчуудын оюун санааны хөгжлийн түүхэн замналын мөнх хөшөө, он цагийн уртад үл элрэх “ой санамж” болж үлдэнэ.

    Монгол төрийн тэргүүн Н.Энхбаярын дэлхийн томоохон гүрнүүдээр айлчилсан төрийн айлчлал эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөсний үрээр урьд өмнө зөвхөн Чингис хааны маань нэрийг л дурсдаг төдий байсан дэлхий өнөөдөр ардчилсан Монгол Улсыг уралдан сонирхдог, газрын зургаас яаран эрдэг болсон нь бодот баримт болжээ.

    Би хэн нэгнийг бүргэдтэй цуг, алдарын тэнгэрт нисгэх, эсвэл, хэн нэгнийг сохор номинтой цуг газар дор оруулан адлах хоёр хязгаар хандлагаас сэтгэлээ ангид барьж амьдардаг. Хэн ч бай надад давын өмнө өрөвдөх сэтгэлийг л төрүүлдэг. Хэнийг ч бай би анд нөхөр шигээ, ах дүү, үр хүүхэд шигээ санан адилхан өрөвддөг. Өрөвдөхгүй байж болохоор, өмнөөс нь сэтгэл зовнихгүй, хөөрхийлөхгүй явж тэсэхээр тийм ширмэн “хуяг”-тай, бие, сэтгэл аль алий зовлонгүй амар жаргалтай “нирваан” хүн, тийм гэр бүл Монголд минь өнөөдөр ганц ч алга! Гаднаас нь харвал, хэдий өөр хувцас хунартай, аль нэгнээ захирсан эрх мэдэлтэй , аль нэгнээсээ илүү тансаг хэрэглээтэй, ахуй амьдралтай байлаа ч цаанаа бол цөм л адил, аанай л надтай ав адил өрөвдөлтэй, хорвоогийн болоод амьдралын хатуу бахим жамд нухлагдан арга ядаж яваа л бодогддог.

    Ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гээд ялгаагүй л биз дээ, хөөрхий минь! Сүүлийн арваад жил зарим хэвлэлээр хичнээн ч жил дайруулав даа, чааваас! Яаж тэсэж, яаж тэвчиж, улс орныхоо өмнө хүлээсэн аврага хариуцлагат албаа ийм их түүхэн гавъяат үйлстэй хашиж ирэв дээ? гэж аргагүй гайхашран бодмоор? Чингэхүй, өрөвдөхийн сацуу бахархах сэтгэл ч зэргэцэн төрөх л юм. Яагаад гэвэл, дээр товч хомсхон өгүүлсэн үнэнхүү гавъяат үйлс бүтээлийн ач тусыг хийгээд үнэ цэнийг Монгол үндэстний оршин амьдрах хугацаанд монгол хүний ой тойнд юу ч мартуулж чадахгүй, хүний ой тойнд юуг ч мартуулж чаддаг цаг хугацаа ч өөрөө мартуулж эс чадан байнга сануулсаар байх болно. Амьдралаас харахад, хэн нэг хүний ойтой юуг ч мартаж болдог юм шиг байна, харин ард түмний түүхийн ой санамж юуг ч, хэзээ ч мартдаггүй! Мартвал, “ойд төөрсөн гөрөөс” болдог.

    Ерөнхийлөгч Н.Энхбаярын алба, үйлсийн олон жилийн зам мөр дагасан ерөөл, хараалын шинж чанараас дүгнэхэд, улс төрийн хүрээнд жинхэнэ хүчтэй, идэвхитэй үйл ажиллагаатай улс төрч өөртөө үнэнч хамтран зүтгэгчидийг ч төрүүлдэг, өөрийг нь үзэн ядан эсэргүүцэгчидийг хийгээд хорсогчидыг ч төрүүлдэг, харин сул, өчүүхэн улс төрч бол зөвхөн өөрийгөө аялдан дагалдагчид, инээд үл хүргэх болхи “онигоо” зохиогчидыг л төрүүлдэг гэж болохоор аж.

    Үл өгүүлэн өгүүлэх нь:                                                                          

    Өнөөдөр Монголын ихэнхи улс төрчид ардчилалын тухай үндсэндээ буруу ойлголттой байна. Тэд ардчилалыг зөвхөн өмч хөрөнгөтэй, “мөнгөтэй хүн”-ий л эдлэх эрх, эрх чөлөө мэтээр ойлгон сурталчилдаг. Энэ бол Монгол дахь улс төр – нийгмийн сэтгэлгээний том алдаа! Энэ алдааг даруй засч, улс төрийн шинжлэх ухааныг /хэрэв тэр шинжлэх ухааны мөн чанартай бол!/  ардчилалын тухай зөв ойлголттой болох, гагц “мөнгөтэй хүн”-д хамаарах үзэгдэл бус, “мөнгөгүй хүн”-ий буюу Монголын ард иргэдийн олонхид заавал хамаарах нийгмийн үзэгдэл /Тэд заавал эдлэх ёстой эрх, эрх чөлөө/ гэж ойлгох ойлголт руу шилжүүлэх нь ардчилалыг жинхэнэ утгаар нь бүрэн бүтэн ойлгоход хүргэх чухал алхам болно.

    Ардчилалыг өрөөсгөлөөр, саармаг зэрэмдэгээр ойлгож буй өнөөгийн энэ “сэтгэлгээний хомсдол”-той ойлголтыг залруулах үүрэг Монголын улс төрийн сэтгэлгээнд хурцаар тавигдаж эхэллээ. Амнаас нь гардаг үг нь л –“Ардчилал” гэдэг нэг бэлэн сул үг байдаг, бас, өөрийгөө магтан тодотгодог улиг тодотгол нь ч “Ардчилагч” гэдэг хоосон “хошгируулалт” байдаг нилээд хүмүүс ардчилалыг амныхаа алчуур, нүүрнийхээ гивлүүр болгон ашигласаар байгаад ардчилалын жинхэнэ утга чанарыг гажуудуулж, бүүр гутааж, ард иргэдийг ардчилалаас бодлоо буруулахад хүргэж орхилоо.

    Тэдний ярьдаг, ойлгодог ардчилал нь жинхэнэ ардчилал огт биш, хэрэв жинхэнэ ардчилалтай улаан нүүрээрээ тулгарах юм бол цаадах нь ичиж үхмээр, үг яриа, бараа зүснээс нь нэг л огиудас нь хүрээд ум хумгүй зугатахаар олтггүй зэрэмдэг ардчилал юм. Манай аман “пулемёт” ардчилагчдын сайхан сурталчилдаг нийгмийн “ардчилсан” харилцаа бол эдийн засгийн мөн чанараараа ердөө л нийгмийн өмчийн хулгайгаар эхлээд одоо далд луйвар, мөлжлөг рүү даамжирч буй “эрүүгийн гэмт хэргийн” харилцаа юм. Энэ “ардчилсан” харилцаа арав гаруйхан жилийн дотор монголын нийгмийн амьдралын орчин ахуйг хүний ёс зүй, хүн чанарын ялзрал усталт, хувийн өмчит цөөнхийн нууц хуйвалдааны “өгөөжит” нөхцөл болгон хувиргав. Гадаад дотоодод эзэмшдэг тоонд багтах тойигүй “үл хөдлөх хөрөнгө”-тэй, хилийн чинадын “найдвартай” банкуудад байршуулсан тэрбум тэрбумын хадгаламжтай, төр засгийн эрх мэдэлтэй сүлбэлдэж, олигархижсан хуулиар хамгаалагдсан энэ “ардчилал” бол зөвхөн тэдний “хувийн” ардчилал буюу чухамдаа, монголчуудын зуугаад жилийн хөдөлмөрөө бүтээсэн нийгмийн баялгийг өөрсдийн эдийн засгийн сонирхолд зохицуулан гадаадаас хуулбарласан “үмпортын хууль”-аараа хүчирхийлэн өмчидсөн “ялгүй дээрэм”-ийн  “ардчилал” юм. Энэхүү “хөрөнгөтний” ардчилал бол монголын ядуу зүдүү олонхийн /манай хүн амын 80 хувь/ хувьд гагцхүү үхэх “эрх”, үхэх “эрх чөлөө”-ний “ардчилал” гэж хэлвээс зохино.

                Өнөөдөр монголын эдийн засагт ноёрхож буй хямрал, уналт, чөлөөт үнийн галзуурал, инфиляци, ажилгүйдэл, ядуурал, аж ахуйн газруудын үйл ажиллагааны дампуурал, ард иргэдийн үзэл бодлын хуваагдал зэрэг ноцтой уршигтай гажуудлыг үүдээгч харилцааг эрүүлжүүлэх ганц зам,- эдийн засгийн бодот ардчилалыг хэрэгжүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн зорилго болон тавигдах цаг үе ирлээ. үйлдвэр үйлчилгээний хэт нэмүү ашиг ологч “шулааны үнэ”-ийг /манай зах зээл дэх бараа товарын борлуулалт, үйлчилгээний үнэ хөлс яг чухамдаа шулааны чанартай байгаа!/ шинжлэх ухааны үндэслэлтэй бодот үнэнд тулгуурласан товар-мөнгөний харилцааны тогтолцоонд шилжүүлж нийгмийн баялгийн хуваарилалтын гажуудлыг зогсоох бодлого чиглэлээр нийгмийн харилцаанд эдийн засгийн шудрага ардчилалыг тогтоох нь нийгмийг бүхэлд нь хамраад байгаа хчмралаас гаргах зам мөн.

    Энэ шаардлагын үүднээс өнөөдөр жинхэнэ бодот ардчилалыг /улс төрийн аахар шаахар ардчилал бус, эдийн засгийн тэгш, шудрага хуваарилттай ардчилал/ хөгжүүлж нийгмийн амьдралын эерэг үр дүнгийн хөшүүрэг болгон ажиллах ард түмний удирдагч хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болсон улс төрийн харилцаа нийгэмд үүсээд байна. Нийгэмд үзэл бодлын хагарал, зөрчил хурцадлаа. Эдийн засаг-санхүү, улс төр-эрх мэдлийн хямралдаант байдал ард иргэдийн сэтгэл зүйд ч үл итгэлцэл, үл ойлголцлын үр тарьж, хоорондын нь харилцаанд хүйтрэл, дайсагналцлын уур амьсгал нэвтрүүлж, гэр бүлд хавтгайрах хандлага ажиглагдаж байна. Улс төрийн хүчнүүдийн сөргөлдөөнийг халуун эх оронч сэтгэл, ухамсараар эерүүлэн зохицуулах, үзэл бодлын голч, алсын хараатай нийтлэг зарчимыг олж нэгэтгэж чадах чадвартай, нийгмийг системээр нь хамран даамжрах магадлалтай байгаа зөрчилдөөнийг шуурхай шийдвэрлэх “IQ”-гийн хүчирхэг өгөгдөхүүнтэй, үндэсний оюун санааны өв уламжлал хийгээд дэлхийн сонгодог сэтгэлгээ, урлаг соёлын гүн мэдлэгтэй, хэл яриа, дотоод нинж, бэлгэ билгүүний өв тэгш хөгжилтэй, гадаад түншүүдээ харилцан ашигтай хамтын ажиллагаанд татан оролцуулах бизнес гэрээ-хэлэлцээрийн дипломат арга, мэдрэмжийн арвин туршлагатай улс төрч л өнөөгийн ийм хүндрэлтэй нөхцөлд улс орноо хямралаас хохирол багатай гаргаж, хямралыг боломжинд хувиргаж чадна.

    “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөний үзэж буйгаар хямралыг хөгжлийн боломж болгон хувиргах хамгийн зөв “гарц” нь эдийн засгийн ардчилал тогтоох явдал юм. Эдийн засгийн ардчилал гэдэг бол ард иргэдийн хоорондох хөрөнгө чинээний ялгааг буюу баян ядуугийн хооронд үүссэн ангалыг багасгах, бүр устгах, нийгмийн баялгийн хуваарилалтыг харьцангуй тэнцвэржүүлэх үйл ажиллагаа юм. Эдийн засгийн ардчилал л үгүйсгэл, туйлшралын зөрчилд идэгдсэн нийгмийн сэтгэлгээнд үнэмшил, итгэлцлийн “гүүр” тавьж, хагарсныг эвлүүлж, хагацсаныг учруулж,нийгмийг эв эеэргагнаж чадах бөгөөд ард иргэдийг нэгэн үзүүрт санаа зорилгоор ирээдүйн хөгжилд урагшлуулна.

    “Тулгуургүй огторгуйн цэцэг мэт

    Тусгаар орших нь байж болшгүй

    Угаас бие даасан оршихуй

    Учир шалтгааны хамааралд харшилна!” гэж үздэг Бурханы шашны сургаал номлолоор, нийгмийн харилцааны шүтэн барилдлагыг гагцхүү эдийн засгийн ардчилал л хангаж чадна.

    Эдийн засгийн ардчилалгүй дан ганц улс төрийн ардчилал бол хөл гөр нь саажиж, хэвтэрт орсон хэлэмгий доломгой өвчтөнтэй л адил! Нийгэмд эдийн засгийн ардчилал тогтоох үйл явцыг зөвхөн нийгэм-эдийн засгийн “Зүүн төв”-ийн онол, баримтлалтай улс төрийн хүчин, тийм онол үзлээр нийгмийг ардчилах жинхэнэ ардчилсан Ерөнхийлөгч л гүйцэлдүүлж чадна.

    Ардчилсан Ерөнхийлөгч гэдэг бол, юуны өмнө, ардаа ачилдаг, хамгаалдаг, ард иргэдийнхээ ахуу амьдралыг бүрэн мэддэг, амьдралыг нь бодтой дээшлүүлдэг, гадагшаа бус дотогшоо ширтдэг нүдтэй, хилээсээ цаашаа бус хилээсээ наашаа “урсдаг” бодол сэтгэлгээтэй, ардынхаа амьдралаар амьдралынхаа жаргалыг гүйцээж тэднийхээ амьдралыг өөрөө дэлхий шиг тойрон эргэлддэг Ерөнхийлөгч юм.

    2009 оны 05 дугаар сар

    Хүн чулууны хонхор

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • МОНГОЛЫН “АРДЧИЛАЛ” БА СЕПАРАТОР

    Монгол дахь “Ардчилал” нь нэгэн цагт Европоор хий үзэгдэл мэт тэнэж явсан коммунизмаас ер ялгаагүй “хий үзэгдэл”, “хий мөрөөдөл”-ийн чанартай үзэгдэл болж байгаа ч коммунизмээс ялгаатай нь маш хортой “хий үзэгдэл” болох нь тод харагдаж эхлэв.

                Монгол дахь “ардчилал”-ын үйл явц өөрийн үр дагавраараа “сүүний сепаратор”-ын шинж чанартай үйл ажиллагаа болж хувирлаа.

                Миний үеийнхэний багад, монгол хэлэнд, “Завод өгөх” гэдэг хэллэг байв. Энэ хэллэг нь, зуны саалийн цагт айлууд гол ус бараадан айлсаж, сааль сүүгээ албан ноогдлоор “сүүний завод”-ад тушаахыг илэрхийлсэн утгатай байсан. “Сүүн завод” дээр сүүний сепаратор гэдэг, босоо хүний өндөртэй, намуухан хүнгэнэсэн дуутай, угсармал, хөнгөн цагаан төхөөрөмж газарт суурилагдсан байдаг байлаа.

                “Сүүний сепаратор” сүүг гурав ангилан ялгана:

                1.Цөцгий                             

                2.Пахт

                3.Цэхэр сүү буюу шингэн сүү

                Сүүн завод дээр цэхэр сүүг “хаягдал” гээд тоож ашиглахгүй, зүгээр л, нүх шуудуу ухаад асгачихна.Түүнийг нь золбин нохой долоовол долооно, үгүй бол үгүй хэвтсээр ширгэх юм уу өмхийрнө. Завсрын бүтээгдэхүүн, -пахт гэж, уухад зөөлөн амттай, тослогдуу шаргал шингэнийг нь над мэимйн өлөв долов ходоодтой хүүхдүүд гуйгаад уучихдаг, сүү машинддаг ах нар ч нэг их харамлахгүй өгчихдөг байж! Хожмоо нам, засгийн шийдвэр гарч “цэхэр сүү”-г асгахыг хорьж, “шингэн сүүний ааруул” гэдэг юм засгийн даалгавараар хийж эхэлсэн ч тэр өнжсөн аргал шиг хөхөвтөр, яс шиг хатуу “ааруул”-ыг дааж идэх хүн байхгүй, даалгавар өгч хийлгэсэн дарга нар нь байтугай залуу гөлгөн нохой ч хазаад элтлэхээргүй “цахиур” байв.

                Өнөөдөр, миний үеийнхэний танил тэр ““сүүний сепаратор” Монголд устсан ч яг түүний үйл ажиллагааны зарчимаар ажиллагч нийгмийн механизм оронд нь бий болжээ. Өнөөгийн Монголын улс төр-эдийн засгийн “ардчилал” яг л өнөөх ““сүүний сепаратор” шиг, нийгмийг доорхи 3 давхаргад ялгаварлан хуваав:

                А. Хөрөнгөт давхрага буюу Төр – Бизнесийн олигархи бүлгийнхэн; /Үйлдвэр худалдаа, компанийн эзэд, том эрх мэдэлтнүүд/

                В. Завсарын давхрага буюу цалингаараа ч юмуу хөдөлмөрийн орлогоор амьдрагсад; /Ченжүүд, дамын наймаачид, гүйцэтгэх албаны ажилтанууд, халаасны хулгайчид, рок-поп-шоу урлагийнхан, янханууд/

                С. Ядуучууд буюу “эмзэг бүлгийнхэн”;

                Зарим хариуцлагатай сонин, хэвлэлүүдэд нийтлэгдэж буй статистикаар бол А,В,С давхрагынханы нийт хүн амд эзэлж буй тус тусын хувь: “А”-4%, “В”-16%, “С”-80% гэсэн харьцаатай байна.

                Энэ харьцааны цаашдын өөрчлөлт, шилжилтийн шугамыг өнөөгийн бодот хандлагын нь үндсэн дээр сэтгэлгээний эксраполяци аргаар тодорхойлбол, -“А” давхрагын хувь /4%/ нилээд хугацаанд үл өөрчлөгдөн хадгалагдаж, харин “В” давхрагын хувь /16%/ буурах, “С” давхрагын хувийг /80%/ нэмэгдүүлэх чиглэлээр муруй график зурна.

                “В” давхрагаас “А” давхрага руу шилжих шилжилтийн магадлал бараг тэг /0/-тэй тэнцүү байх бөгөөд ихэнхидээ “С” давхрага руу гулсах үйл явц зонхилох нь эдийн засагт аксиом чанарын үзэгдэл юм.Догикт болоод философид алив юис үзэгдлийн мөн чанарыг шинжлэхдээ, хангалттай хугацаанд үргэлжилсэн үйл явцын нь харьцангуй хийгээд үнэмлэхүй үр дүнгээр нь шинжлэн дүгнэхийг хууль болгодог.Монголын нийгмийн амьдралд өрнөсөн “ардчилал”-ын үйл явцын шинж чанарыг аль аль үр дүнгээр нь тодорхойлоход өнгөрч буй 10-15 жилийн хугацаа бол хангалттай түүхэн мөчлөг буюу “дэвсгэр өгөгдөхүүн” юм. Энэ хугацаанд нийгмийн ардчилал, эдийн засгийн либеральчлал, хүний эрх, иргэний эрх чөлөө зэрэг нийгмийн амьдралын жинхэнэ үнэт зүйлсээр өөрийгөө нэрлэсэн Монгол дахь “ардчилал” гэх “хий үзэгдэл”-ийн бодот тэнүүчлэл монголын улс төр, эдийн засгийн амьдралын бүхий л бүтцийг хамарч, монголын нийгмийг үндсэнд нь “Хөрөнгөлөг ахуйтан”, “Үгээгүй ахуйтан” гэсэн хоёр том бүлэгт хуваан задлав. Монголын “ардчилал”- Сепараторын ялгах, “ангилах” үйл ажиллагаа ч маш шуурхай, эрч хүчтэй явагдлаа. үр дүнд нь шинээр буй болсон “Үгээгүй ахуйтан” хоёр нь марксизмын “ангийн онол”-оор бол “мөлжигч анги” буюу хөрөнгө эзэмшигч, “мөлжүүлэгч” буюу хөдөлмөрөө завшуулагч “хөлсний ажилчин анги”-ийн шинж чанартай ч манай “Үгээгүй ахуйтан” нь монгол үндэстний онцгой, эндомик чанартай аж төрөгсөд юм. Учир нь “Үгээгүй ахуйтан”-д хөлсний хөдөлмөрчид, малчид, тариаланчид зэрэг жижиг өмчтөн, бага цалинтай төрийн албан хаагчид, үйлчилгээний ажилчид, тэр бүү хэл, эрдэмтэд, зохиолчид ч байх төдийгүй, үй олон ажилгүйчүүд, траншейныхан, хог түүгчид, ихэнхи оюутнууд, хөдөлгөөний хомсдолтой иргэд цөмөөрөө багтана. Эд нар болбаас Марксист онолын сонгодог утгаар нийгмийн тэргүүний ухамсартай “хөдөлгөгч хүч”- жинхэнэ “ажилчин анги” биш юм. Гэвч нэгэн гамшигтай, магадгүй, хэтдээ нийгмийн гүн гүнзгий хямрал, самуурал, утгагүй дажинд хүргэх уршигтай хар аюулыг дотроо агуулж буй нь “Хөрөнгөлөг ахуйтан”,“Үгээгүй ахуйтан” хоёрын хооронд “Ангийн тэмцэл”-ийн хэлбэртэй зөрчил, сөргөлдөөний үр хөврөлийг боловсруулж, тодорхой тодорхой эрх сонирхолын хөдөлгөөн, гудамжны цуглаан, эсэргүүцлийн жагсаал болон хувирч буй нэн шинэхэн үзэгдэл бөгөөд эдгээр үйл явцын гүнд антигонист шинж агуулгатай үйлдэл, үг яриа илт илэрч байгаа явдал юм.

                Антигонист сэрэхүй, сэтгэл хөдлөл, үзэл чиглэл нь цааших явцдаа “Ангийн тэмцэл”-ийн ухамсартай болоод ухамсаргүй хэлбэр, агуулгатай үйл ажиллагааны урьдчидсан практик болж хувирдаг. Чингээд нийгэмд асар хохирол, сүйрэлтэй катастроф чанарын үйл ажиллагаа руу гүнзгийрч, нийгмийг ул сууриар нь донсодгох алив хүсэшгүй хүчирхийлэлд хүргэдэг.

                Монголын нэн шинэ түүхийн 15-16 жилийн мөчлөг хугацаан дахь нийгмийн бодлого, практик үйл ажиллагааны үр дүнг толь мэт тусган харуулж буй улс төр – эдийн засгийн үйл явц эцсийн дүндээ ард түмний олонхийн /80%/ амьдралыг ядууруулж, ажилгүйдэл, архидалт, өлсгөлөн, өвчин зовлон, гэмт хэрэг, авлига, хээл хахууль, ил далд хүчирхийллийн золиос болгож сөхрүүлсэн сөрөг дагаварт үйл явц болж, цаашдаа ард түмний хувьд улам үгээгүйрэх, зэрлэгших, хүний амьдралын утгын гээгдэх хор хөнөөлтэй эрсдэлийн он жилүүдийг төгсгөлгүй үргэлжлүүлэх, “түүхийн хонгил”-ыг л ухаж байна. Ийм “хүлээн зөвшөөршгүй” үр дагавартай үйл явцыг зогсоох, өөрчлөх, жинхэнэ ардчилал, жинхэнэ хүмүүнлэг харилцаа болгон хөгжүүлэх, нийгмийг уруудуулж буй гажуудалын гамшигаас хэрхэн аврагдах асуудлыг нийгэмд хариуцлагатайгаар тавихгүй ужигруулах нь нийгмийн сэтгэлгээний “гэмт хэрэг” гэж “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн үзэж буй юм. Ард түмний олонхийн хувьд ямар ч ардчилалгүй  “Ардчилал”-аас хэрхэн аврагдах вэ? Яагаад? гэдэг асуултанд хариулахын тулд, юуны өмнө, нийгмийн маань амьдрал дахь олон Бурууг буюу бодот Үнэнийг үнэнээр нь харах, үнэнээр нь ойлгох шаардлагатай болов.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • Төрийн “эзэнгүйдэл” буюу “үүрэггүй” төр

    Ер ойлгоогүй, эсвэл, “түүхий” ойлголттой ардчилалын нөхцөлд үүсэх нийгмийн нэгэн согог үзэгдэл нь,-“үүрэггүй” гэж тодорхойлж болохуйц “хөнгөн ачаат” төр үүсэх явдал юм. Монголын улс төрийн тогтолцоог бужигнуулж буй “ардчилал”, “шинэчлэл” хэмээх шоколад түрхсэн нүүртэй үйл явцуудаар, мөн удаа дараагийн сонгуулиар /Ялангуяа, 2004 оны “мөнгөний “ сонгуулиар!/ ард түмнийг төлөөлөн засаглах эрх шагнагдсан “монголын төр” хэмээх улс төрийн институц нь монголын нийгмийн амьдралд “үүрэггүй” төр гэж нэрлэгдэхээр үлбэгэр сул, зах зээлийн урсгал үйл явцуудад жолоо мэдүүлсэн, “төрийн эзэнгүйдэлт” гэж томъёолохоос өөр аргагүй идэвхигүй, хариуцлагагүй, тэгэх мөртөө, дотоод хямралт, эдийн засгийн ашиг сонирхолын олон бүлэглэлийнхээ улмаас эв нэгдэлгүй, улс төрийн нэгдмэл онол ойлголтгүй эрээвэр хураавар хүмүүс, хүчний бөөгнөрөл болсон үзэгдлийг улс төрд үүсгэв.

    “Үүрэггүй” төр нь зах зээлийн өөрийн хууль гэгчид яс захирагдах, нийгмийн амьдралд, ялангуяа, эх орны эдийн засгийн амьдралд голдуу чөрөг үр дагавартайгаар лавширч буй /хүн амын тал хувийг /46%/ ядуурал, гуйланчлалд сөхрүүлсэн/ үйл явцын зохицуулалтанд аль болох бага оролцоотой үйл ажиллагаа явуулах ёстойгоо үргэлж сурталчилдаг ч, үнэнхээр ч манай эдийн засагт ард түмний олонхийн эсрэг шинж чанартайгаар өрнөж буй үйл явцуудад нүдээ боон нүүрээ ширлэн хандах мэт эс оролцдог ч энэ “эс оролцоо” нь уг чанартаа тэрхүү эдийн засгийн бусармаг үйл явцын идэвхижилтэнд хамгийн идэвхитэй оролцож буй хэлбэр юм.

    Монгол дахь капитализм, “нүүргүй” мөлжлөгийн харилцааг нөхцөлдүүлж буй зах зээлийн үйл явцыг эеэрүүлэх замыг эс хайн, зохистойгоор чиглүүлэх үйл ажиллагаа эс явуулан, ард олны эрх ашгийн хамгаалалтын үүднээс ямар нэг зөв зүйтэй зохицуулалтанд үл оролцон “элгээ эвхэн” сууж буй төр бол, нидэртээ нийгмийн сөрөг үйл явцад л харин тууштай, хүчтэй оролцож буй төр болно. Төрийн “эзэнгүйдэл” нь өнөөдөр нийгмийн ядуулаг олонхи, хөрөнгөлөг “цөөнх”-ийн хоорондох ялгаралыг гүнзгийрүүлэх, цаашдаа, нийгмийн харилцааны хямралыг хурцатгах нэг гол хүчин зүйл болон хувирч буй тул “Үүрэггүй” төр нь нийгмийн оршихуйн задрал, эмх замбараагүйдэл, хууль ёс-хэв журмын “чөлөөт” зөрчил, нийгмийн хар хүчнүүдийн дур зоргын эрхшээл ноёрхол зэрэг үзэгдэлд туйлын эерэг нөлөө, оролцоо, хамаарал бүхий субъект боллоо.

    Төрийн “үүрэггүйдэл”-ийг бий болгогчид, талархан турхирагчид өөрөө өөрсөддөө “ажлын ачааны хөнгөлөлт”-ийг санаачилж, тэр “хөнгөлөлт”-өө тайлбарлахдаа, “нийгмийн үйл явц өөрийн дотоод хуулиар, зүй тогтолынхоо дагуу өрнөх ёстой! Төр оролцох ёсгүй! Нийгмийн амьдрал бүхэлдээ зах зээлийн харилцаагаар зохицуулагдана! гэсэн үзэл суртал явуулж, төрийг нийгмийн үүрэг хариуцлагаас нь дайжуулах, ачааг нь нуруунаас нь иеханикаар авч хаях, ирээдүйн түүхийн “шүүх”-ийн өмнө XX зууны эцэс, XXI зууны эхэн үеийн Монголын нийгмийн гажуудалт  харилцаанд “Төр оролцоогүй!” гэсэн мэлзээтэй хоцроох зорилго агуулж байна. Ийм “оролцоогүй”, зөвхөн  “хажуунаас ажиглагч” үйл ажиллагаагаараа өнөөгийн Монголын төр нийгмийн харилцааг “системийн хямрал”-д хүргэх, өөрийн үйл ажиллагааны “хэрэгцээгүй”-г мөд нотлох үйл явцын идэвхитэй “оролцогч” болж буй парадоксыг ажиглахгүй байна. Юу гэвэл, үүрэггүй төрийн тогтолцоо, үйл ажиллагаа нь улс оронд эрчимжиж буй эдийн засаг – улс төрийн ил, далд гэмт хэрэгүүдийг “хөгжүүлэгч” хуулийн цоорхойг хамгаалагч “машин”, мөн зохион байгуулагчийн л үүрэг гүйцэтгэгч болон үлдэж байна.

    Ард олонхийн амьдралын ядуурал, ажилгүйдэл, сэтгэл санааны уналт, гутрал, амиа хорлолт, хүмүүсийн дотоод харьсал, үл ойлголцол, харгис хэрцгий харьцаа зэрэг нийгмийн харилцааны “гоц халдварт тахал”-ын тархацыг зогсоох, үндэс шалтгааныг нь ард түмний ахуй амьдралын дээшлэлтээр таслах үүрэгтэй “төрийн ачаа” өнөөдөр хоосорч, төр үндсэндээ хэргээ барах, нийгмийн доройтолын шуурганд “хүчгүйдэх”, ингэснээр, үйл ажиллагааны цагаатгал үгүйсгэгдэхэд хүрлээ.Өнөөгийн төрийн функцт юунд оршиж байна? гэвэл улс төр – эдийн засгийн олигархийн шинжтэй “хүчирхэг цөөнх”-ийн л бизнес- санхүүгийн эрх ашигт үйлчлэх, хөдөлмөрийн бус үйл ажиллагааны орлогоор бий болсон хуримтлалыг хөхиүлэх хийгээд хамгаалах хуулийн орчинг бүрдүүлэхэд оршиж байна.

    Төр үндсэн үүргийнхээ /нийт ард түмний амьдралын түвшинг нийтэд нь зааггүй дээшлүүлэх/ эсрэг гүйцэтгэж, төрийн институцийн алба, эцсийн дүндээ, зөвхөн татвар хураалт-хуваарилалт-бизнесийн “шугаман” үйл ажиллагаа л болж буй бодот үзэгдэл нь ард түмний бухимдал, дургүйцлийг хаа сайгүй төрүүлж, нийгмийн хурц зөрчил рүү түлхэж эхлэв. Уг нь бол, улс орны эдийн засгийн зонхилох үйл явцад төрийн оролцох оролцооны хэм хэмжээ зах зээлийн “дотоод зүй тогтол”-оор” тодорхойлогдох нь зөв, гэхдээ тэр “дотоод зүй тогтол”-оороо тлэрхийлэгдэж буй бодот ахуй нь  өөрийнхөө нийгмийн мөн чанараар “нэг л биш” хойшлоготой, “цаанаа л биш” үр дүнд хүргээд байгаа үр дагавартай байгаа нөхцөлд тэр үр дагаварыг өөрчлөхөд “гаднын“ буюу төрийн шийдвэртэй оролцоо, зохион байгуулалт зайлшгүй нь амьдралаас илт харагдаж байна. Энд “гаднын“  гэдэг нь, хилийн чинадаас гэсэн үг бус, харин “хажуугаас” буюу ард түмний санаа оноо, мэргэн ухааны “онцгой эрх”-тэй оролцоо, тэдэнд үнэнчээр зүтгэгч эрдэмтэд мэргэд, ардач сэтгэгч, сэхээтэнүүдийн бодрол, сэтгэмж, үзэл онооны туслалцаа, цаашлах юм бол, бүүр “дээрээс”, өөр, дээд оюуны оролцооны хүч нэн хэрэгтэй гэсэн үг. Харин, харамсалтай нь, өнөөгийн хүн төрлөгтөн, тэр дотроо, ялангуяа монголчууд бид, Тэнгэр Бурханаас даанч тасарч холдсон, Бурханы оршихуй, харилцаа оролцоог огт ойлгохгүйнхээ улмаас Бурханыг үл хэрэгсэгч, амьдралдаа үл уригч, сэтгэл бодлоо үл ханьсаагч оршигчид болсон тул Бурханы оронд эсрэгээр нь, ад зэтгэр, албин шимнус тэргүүт адгуусан төрхийн муу юмсын эрхшээл нөлөөлөлийн оролцоонд найр тавих магадгүйг үгүйсгэх аргагүй юм…

    “Үүрэггүй” төр үүрэггүй албан хаагчидаас бүрдэх нь ойлгомжтой.Өнөөдөр Монголын төрийн албаны боловсон хүчний бодлогод ганц л хүчирхэг “шалгуур” үйлчилдэг. Энэ нь, юуны өмнө, тухайн хүний хөрөнгө санхүүгийн чадавхи, бэл бэнчингийн нөөц! Ганц үгээр, -Мөнгө! Мэдлэг, мэргэжил, боловсрол, сэтгэлгээний бүтээмжийн чадвар зэрэг “IQ” үзүүлэлт, хүн мөс, эх оронч үзэл, ардач элэг, хүнлэг ичгүүр, айдас, шудрага ариун чанар зэрэг ёс суртахуунлаг үзүүлэлт, эцэст, бэлгэ билгүүний хөгжил, гэгээрэл, дээд чинад орнуудаас шившдэг хэл зар, мэдээлэл, зөн совин, далд ухамсарын урсгалыг хүлээн авах мэдрэмжийн түвшин зэрэг эрчимлэг чадварын үзүүлэлт, шалгуурын талаар төрийн боловсон хүчний бодлогод ямар ч ойлголт алга! Төр нь жинхэнэ утгаараа, хүний оюуны хийгээд сэтгэлийн диалектик, мөн, дээр нь, дотоод ертөнцийн нь эрчимлэг хөгжлийг хангах “зохион байгуулалт”-ын үйлчилгээ тул өнөөдрийн төрийн боловсон хүчний сонголтын практикт ноёлж буй гол шалгуур,-хөрөнгө мөнгөний хэмжээ, нас, зүс, ойр зуурын ярианы англи хэл /”баарны“ үйлчилгээ шиг!/ оочин цоочин хэрэглээний компьютерийн мэдлэг, дадлага мэт нь тун инээдтэй “шалгуур” юм.

    Өнөөдөр ард түмэн цээжин доторхи цухалдалаа гадагш гаргахгүй, ил дуугарахгүй л байгаа болохоос бус дотроо, ам амандаа бол “Төрийн түшээдийн шалгуур нь “хавтас” нь бус толгой нь , өмчилсөн хөрөнгө /компани/ нь бус эзэмшсэн эрдэм, авъяас, сэтгэлгээний нь шинэчлэгч, бүтээгч чадвар, ул суурьтай туршлага дадлага нь байх ёстой!” гэж өгүүлэлдэн буй чимээ Туулын хөндийг хашсан дөрвөн их уулаа ч шилгэлүүлэхээр хүчтэй сонсогдсоор л байна. Даанч хамгийн зөв юм  хамгийн хэцүү байдаг жамаар энэ сонголтын шалгуур Монголын “Үүрэггүй” төрийн “хөнгөн алба”-нд хүнддээд байгаагаас эс хэрэгждэг. Хэрэгждэггүй зөв хичнээн хэрэгтэй байлаа ч “хэрэггүй юм” болж хаягддаг зуршил манай амьдралын жирийн үзэгдэл юм.

    Төрд ямар улс цуглана, ямар шинж чанартай суыъект голлоно, тийм шинж, онцлогтой улс төр тухайн цаг үед давамгайлах нь хууль тул төрийг үүрэгтэй, “ачаа”-тай, хүчтэй төр болгох тогтолцоог улс төрд хэвшүүлэх шинэчлэлийг цаг алдалгүй хийхэд нийгмийн сэтгэлгээ чиглэгдэх ёстой.Хүчтэй төр гэдэг бол нийгмийн амьдралд хамгийн идэвхитэй оролцоотой төр юм.Тийм төр нь “албан байгууллага” болон зохион байгуулагдаж, дээрээс засаглаж буй төр бус, харин хөгжлийн диалектикаар өөрийгөө халах түвшиний хөгжилдөө хүрч буй буюу хүний /ард иргэдийн/ дотоод ертөнцийн “өөрийн хяналт”, өөрөө өөрийгөө захирах ёс суртахууны хориг цээрийн ухамсар, мэдрэмж л засаглалын дээд эрх болон хувирах үеийн төр болно.Цэвэр ёс суртахууны “захиргаадалт”-ын хэлбэр нь төрийн жөгжлийн дээд, “далд” хэлбэр гэж үзвэл зохино. Ёс суртахууны хориг цээрийн ухамсартай нэгдэж, хүний сэтгэл оюуны гэгээрэл, ухаарлын гүнд оршиж, хүнийг хүмүүн бус чанаруудынхаа эрхшээлд автахаас “хүчирхийлэн” хамгаалж, тийм “хүчирхийлэл” –д автсан иргэн ч өөрөө огт гомдохооргүй, эсэргүүцэхээргүй, харин өөртөө л гомдож, өөрийгөө зэмлэж, алдаандаа гэмшиж, биеэ засахаар аванхайлахуйц ач ивээлтэй “хүчирхийлэл” явуулах л төрийн жинхэнэ үүрэг гэнэ. Нөгөө талаас ард түмнийхээ чинээлэг амьдралын тулд “даагдашгүй ачаа”-г даах /хөнгөлөх бус/, “хөгжлийн зовлон”-г ард түмэнтэйгээ цэг үлвж туулах үүргийг төгс төгөлдөр гүйцэлдүүлсэн нөхцөлд л сая төрд ард түмнээс “төрийн эрх “ шагнагдана. Энэ эрх, -ард олныг жинхэнэ хүн болгох нийгмийн нөхцөлийг хангахын тулд л ард иргэдийг захирах, цагдах, гэм алдаандаа гэмших ухамсарын гэгээгээр хэсээн засаглах эрх! Зөвхөн ийм үйл ажиллагаатай төрд л нийгмийн харилцааг зөв зохистой зохион байгуулах хүч чадал оршино. Мөн,нийт ард түмний хүндэтгэл булаасан “хүчирхийллийн машин” байх эрх олгогдоно.

    Төр иргэний харилцааны хөгжил тэр хоёрын аль алины үүрэг, эрхийн диалектик нэгдлээр л хангагдана.Төрөөр зохицуулагдаж буй ард иргэдийн эрх чөлөө нь хүн өөрийнхөө үүргээс чөлөөлөгдөх бус, харин эсрэгээр, үүргэндээ “хүлэгдэх”-ийн утга бүхий ойлголт юм.Үнэмлэхүй утгаараа,-хүн ахуй ертөнцийн ихэнхи материаллаг хэрэгцээнээс бие махбодоо ч, сэтгэлээ ч ангижруулах “дотоод тусгаар тогтнол”-ыг олж буй үйл явц юм.

    Нийгэмд эзлэх иргэний эрхийг авч үзэхдээ, бусдын эрхээр өөрийнхөө эрхийг хязгаарлах ухамсар, өөрийнхөө эрхээс түрүүнд бусдын эрхийг хангах үүрэг гэж үзэх нь иргэний үүрэг, эрхийн диалектик нэгдлийг хангах үндэс болно. Энэ бол иргэншлийн “үндсэн хууль”!  Хүний эрх, эрх чөлөө бол нэг их бардархаж түрээ бариад зориулагдсан “үнэт зүйл” биш, харин нийгмийн бусад гишүүдтэй харилцах харилцаандаа хүнлэг ёс, хүндэтгэл, ойлголцол, сэтгэлийн урам, амьдралын бодот тус дэмийг дээдлэх ухамсарын өндөр шат буюу харилцааны хөгжингүй соёл гэж ойлгох ёстой үзэгдэл. “Хатуу хушга” гэж нэрлэгддэг зан араншинтай, “өөрийн бодол”-той этгээд, зөдгий хүнийг ч бусадтайгаа ав адилхан үнэ цэнтэй, нийгмээс ав адил үнэлэмжтэй, адил тэгш эрх чөлөөтэйг уг хүнд ухамсарлуулах л чмагт нийгмийн сэтгэлзүй, ёс суртахууны шаардлага болж ирсэн. Энэ үүрэг, шаардлагыг нийгмийн харилцааны хэв журам болгох үйл ажиллагаа л нийгмийн зохион байгуулалтын хамгийн зөв, бөх үндэс болж байдаг. Иймд цаашдаа “үүрэггүй” төрийг үүрэгжүүлэхтэй холбоотойгоор нийгэмд зохицуулагдах ёстой нэг гол асуудал бол нийгмийн харилцаан дахь төр, иргэний үүрэг, эрхийн харилцааны гажуудалыг арилгах, нийгмийн гишүүдийн үүргийг эрхийн нь дээр; ёс суртахууны хориг цээрийг эрх чөлөөний нь дээр тус тус тавих харилцааны соёл, зан заншилыг нот нөр хэвшүүлэх явдал юм.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • “ОЙЛГООГҮЙ” АРДЧИЛАЛААС ҮҮДСЭН “ОЙЛГОМЖТОЙ” ҮЗЭГДЛҮҮД

    Монголчууд бид хүн төрлөгтний ихэнхи хэсгийн нэгэн адил хүний нэгэн “гайхууштай” чанарын хамгийн сонгодог загвар болохуйц үндэстэн юм.Энэ “гайхууштай” чанар нь, -сэтгэлгээний хойрго чанар! Үүнийг, шулуухан хэлэхэд, сэтгэлийн залхуурал гэж нэрлэж ч болно.У.Черчилийн нэг үгийг манай улс төрчид олонтаа иш татдаг.Би үг бүрчлэн яг санахгүй байгаа ч санааг нь ойролцоогоор илэрхийлэхэд, “Ардчилал бол тийм ч өөдтэй зүйл, гэхдээ, түүнээс дээр, илүү сайн зүйлийг хүн төрлөгтөн олоогүй!” гэсэн утгатай үг байдаг.

                Улс төрийн үйл явцад консерватив хандах нь зөвдөх тохиол ч байдаг, бас буруудсан тохиол ч түүхэнд зөндөө бий.Эерэг, сөрөг хоёр тал хоёулаа боломжтой, хоёулаа эрсдэлтэй, тэгэх мөртөө аль нь ч амжилтанд хүргэх өөр өөрийн магадлалтай энэ үзэл, хандлага, аргазүйд жаахан шүүмжлэнгүй өнцгөөс хандаж, У.Черчилийн хэлсэн “Ардчилалаас илүү сайн зүйлийг хүн төрлөгтөн одоо хүртэл олоогүй!” гэсэн ойлголтыг бодож үзвэл, тэрхүү, “илүү сайныг олоогүй” гэдэг тайтгарал , цагаатгалын цаана, далд үндсэнд нь, хүн төрлөгтний сэтгэлгээний залхуурал оршиж байгааг ухаж болно. Сэтгэлгээний хойргошил, консерватив хандлагаас залхуурал руу, залхууралаас нийгмийн идэвхигүй ажиглалт руу, эсвэл, үргүй хоосон софист цэцэрхэл рүү, эсвэл бүүр, сэтгэлгээний хүлцэл, боолцлогдол руу шилжих нь үерийн ус жалга уруудах шиг чөлөөтэй, Б.Наполеоны сүүрсэн алдан хэлснээр, “аугаа ихээс инээдтэйд хүрэхэд ганц алхам” гэдэг шиг төвөггүй замтай.

                “Ардчилал” гэдэг муу талтай сайныг яагаад хүн төрлөгтөн шүтэж бүх нийтээрээ “хормойдон” хошуурч байна вэ?Яагаад гэвэл, муугүй сайныг, цэвэр сайныг, төгс сайныг эрэх, эрлийнхээ үр дүнд олох сэтгэлгээний тэмцлээс төвөгшөөгөөд, залхуурлын консерватизмд үзэл бодлоо хүлүүлчихээд байгаагаас юм.  “Ардчилал өөдтэй биш!” гэдгийн, дээр нь тэгээд, “ардчилал”, “хүний эрх”, “сэтгэлгээний эрх чөлөө”, ““ардчилсан төр”, “чөлөөт, ардчилсан сонгууль” гэх мэт сайхан хэрнээ хоосон, хийсвэр, ямар ч бодот хэмжүүргүй үгсийн цалигийг толгойдоо сийлчихээд аман дүйвээнээр хөхиж, нийгмийн амьдралын урсгалд хөл алдан хөвж явдагийн “сонгодог” жишээ нь өнөөгийн монголчуудын улс төрийн амьдралын дүр төрх юм. Энд хүн төрлөгтний дийлэнхи олонхийн сэтгэлгээний залхуурал монголчуудын сэтгэлгээний хэв шинж, үйл ажиллагаагаар дамжин гайхалтай тод илэрдэг.Ялангуяа, монголын улс төрийн амьдралын үйл явцад монголчуудын туйлшрангуй чанар ч, мөн, консерватив “дүлэгнэл”, амьдралын ядуурал, эдийн засгийн болоод улс төрийн тусгаар тогтнолын хуурамчийн бодот үнэн, нийгмийн сэтгэлгээ-онол үзлийн хоосрол, амьдралын ерөнхий хэв загварын дууриамал, хуулмал төлөвшил…цөм галт шилэнд тодрох лугаа адил илт, хурцаар тодордог.

                Бид нийгмийн сэтгэлгээнийхээ залхуурал, үзэл бодлынхоо гуйланчлалаас ангижрах, тэгээд, үндэсний биеэ даасан сэтгэлгээний цогц тогтолцоонд хүрэхийн тулд иддэг хоол хүнснийхээ нэг төрлөөс хавьгүй олон тооны шинэчлэл, өөрчлөлт сэтгэлгээндээ хийх шаардлагатайг амьдралынхаа бүхий л хүрээнээс харж болох ч наад захаас нь холтлоход л, дутуу дулимаг ойлголттой, эсвэл бүүр хахь буруу ойлголттой, магадгүй, огт ойлгоогүй “Ардчилал”-аас монголын нийгмийн амьдралд үүсч буй зарим тун ойлгомжтой, гажуудалт үзэгдлүүд өдөр тутам нүд чичилж байна.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос