Category: human-development

  • Сүнсний “амьдрал”…чинад шүтэлцээ буюу “үйлийн үр”…ариусал…гэгээрэл

    Орчин үеийн шинжлэх ухаан спиритилогийн судалгааны нийтлэг үр дүнгээс эхний дүгнэлт хийхдээ, хүн-материйн /хүний бие махбод бол материйн чанарт ахуу!/ бүтцэд “Сөрөг матери”-ийн ахууд шилжихдээ зөвхөн сүнс-бүтцээрээ шилжинэ, сүнс бол материаллаг биет ахуу материйн бус хууль зүйт, материйн хөдөлгөөний эсрэг хөдөлгөөнт, эсрэг мөн чанарт үйл явцаар нөхцөлдөн орших өөр, шинэ, “сөрөг ахуу”-д нэвтрэн нэгдэх “гүүр” нь гэж үзэж байна.Хүний амьдрал, оршихуйг хангагч синкрет хүчнүүдийн дотор хамгийн дээд ялгуугч нөлөөтэй нь хийсвэр “хий хүч” гэх бөгөөд /ер нь, орчлон ертөнцийн 1/5 хувь нь материас буюу бодит биеэс, үлдэх 4/5 хувь хийбод зүйлсээс бүтдэг гэдэг!/ тэрхүү “хий хүч”-ний бүтэц дотор сүнс зонхилох хувь хэмжээтэй, бусдаас давамгай үүрэг бүхий үйл ажиллагаатай нийлж явдаг аж.Иймд сүнсийг, үндсэнд нь, хүнд буй цацраг идэвхит эрчим, юу руу ч юунд сааталгүй нэвтэрч чадах нэвчимтгий, юунаас ч юунд ч хаагдалгүй хаашаа ч зайлан одож чадах квант ахуу, цаг хугацаанд үл арчигдах мэдээлэлт оюун ухаант орон гэж ойлгож болох юм.

    Хэдийгээр би сүнсийг лабораторийн аргаар тодорхойлж чадахгүй ч гэсэн сүнсний “амьдрал”-ын тухайд бол хүний “энэ”, “хойт” насны амьдралын харилцаа, шүтэн барилдлагын тухайд софи сэтгэлгээний түвшинд зарим экстраполяц аргын дүгнэлт хийж болох мэт санагдана. Жишээлбэл:

                1.Хүн “тэнтээ”, “нөгөө” ертөнцөд сүнсээрээ очиж амьдарна. Өөрөөр хэлбэл, хүний махбодын амьдрал /бодисын солилцооны үр дүнд явагдах амьдрал/ “тэнд” сүнсний амьдралд /”сөрөг эрчим”-ийн харилцан үйлчлэлийн үр дүнд явагдах амьдралд/ шилжин үргэлжлэнэ. Дэлгэрүүлвэл, хүн энэ газар дэлхий дээр амьсгалаа хурааж, гишгэж явдаг ихэнхидээ зуу хүрэхгүй жилийн хугацаатай ажил үйлсээ дуусгамагц хүний сүнс мах ясан биеэсээ гарч, гэрлийн хурдаас ч илүү хурдтайгаар орхин одож, өөрийнхөө онцгой, шинэ амьдралд шилжиж ороод эзэн- “Би”-гийнхээ халуун, цочир, хурц мэдрэмжит оршихуйн үйл ажиллагааг залган үргэлжлүүлнэ.

                2.Сүнсний амьдрал нь, үндсэндээ, “Би”-гийн газрын амьдрал, ажил үйлс, бодит хугацааны үр дагавар болж үргэлжилнэ. “Би”-гийн бодит амьдралын жинхэнэ мөн чанар, ил далд үнэн, зөв буруу явдалын эцсийн үр дүн яг чухамдаа хүний газрын амьдралын хугацаа завсарлаж буй тасарц хэсэг дээр гарах бус, харин сүнсний амьдралын хугацаа, хувь заяа, зам мөрийн муж дээр жинхэнэ үнэнээрээ шалгагдан гарна.

                3. Сүнсний амьдралын жаргал зовлон, тавилан төөрөг, “Би”-гийнхээ газар дээрхи амьдралын шинж чанар, тус хор, хар буруу хийгээд зөв цагаан санааны үр дүнтэй шууд хамааралтайгаар шүтэлцэж, “энэдэх” ажил үйлсийн нь “үр жимс”-ээр тодорхойлогдоно. “Би”-гийн”үйлийн үр” нь “энэдэх”, “энтээ” амьдралын нь жаргал зовлон, өөдлөлт уруудалт, сайн хийгээд муу, ариун хийгээд бузарт бодтой нөлөөлөхөөсөө илүү сүнснийхээ амьдралын жаргал зовлон, дээрдэлт доордолт, амгалан хийгээд түгшүүр, диваажин хийгээд тамын аль нөхцөлд харгалзахад нь нөлөөлөх гол учир шалтгаан болж өгнө.

                4.Сүнс бодит орчлонгийн юуг ч  бай хоосон чанарт хувиргаж чадах абсолют хүчний / ”үр-чанар”-аар оршигч хүч/ үүтгэл, эх сурвалж атлаа өөрөө эзэн бие-“Би”-гийнхээ “энтээ” амьдралдаа үйлдсэн нүгэл, хилэнцийн үрээр “тэнтээ” амьдралдаа энэ ертөнцийн зовлонтой ханьцашгүй хатуу, бэрх зовлон эдэлж, энэ ертөнцийн бус хугацаа, хэмжээгээр тарчлан гаслах зовлонд унадаг хамгийн хөөрхийлөлтэй, эмгэнэлт шинж чанартай үзэгдэл. Сүнсний амьдрал нь “Би”-гийн /хэн нэг хүний/ амьд ахуйд боловсрон “үйлийн үр”-ийн шууд тусгал, үүүлэлт, гадны өчүүхэн ч нөлөөгүй  “толь” болж үргэлжлэх тул “энтээ” ертөнцийн ыодит “Би” нь амьдралынхаа цаг хугацаанд буян их үйлдсэн бол “тэнтээ” ертөнцөд сүнсний амьдралт “Би” жаргал их эдэлнэ, харин, нүгэл их үйлдсэн бол энэ ертөнцийн хэмжээсэнд үл багтах хэмжээний зовлон эдэлнэ.

                5.Хүн-материйн субстанц “сөрөг матери”-ийн субстанц руу шилжин орох, цаад субстанцынхаа үйл явц, хууль зүйтэй нэгдэх “шилжилт”-ийг бэлдэх, түүний сүнсний амьдралын жаргалыг хангах эерэг шинж чанартай болгох гол нөхцөл нь “Би”-гийн бодит амьдралын ариун чанар юм. Бодит “Би”-гийн ариусал, гэгээрэл, бодь сэтгэлийн гэгээн мөр л хүний амьдралыг “тэнтээ” ертөнцөд эерэгээр залгуулах, амар түвшин үргэлжлүүлэхийг зөвшөөрөх орь ганц боломжийг бүрдүүлнэ.

                6.Хэрэв “үүрэг” гэдэг ойлголтолтыг хүний үйл ажиллагааны зорилго, чиглэлтэй холбон оноож ойлгодог бидний ойлголтоор сүнсний болоод сүнсний амьдралын “үүрэг”-ийг тодорхойлох юм бол, тэр нь,-хүнийг Бурхантай нэгэтгэх дотоод холбоо, “дотоод зам” Бурхан руу хөтлөх “далд гар”, дотоод “захиргаа” болж өгөхөд оршино. Энэ үүргийг сүнсний субстанц зөвхөн ариун гээгээн, огторгуйн дээд мандал мэт тув тунгалаг байх нөхцөлд л гүйцэтгэж чадна. Иймд сүнснийхээ ариун санарыг хангах, хадгалахыг хүн өдөр тутмынхаа амьдралын зорилго, удирдлага, тогтсон дэг горимоо болгон хэвшүүлэх ёстой. Тэгснээр л сая Бурханыг бодит үнэн болгоно. Газар дэлхийн прагматик амьдралын хэрэгцээ, шаардлаганд хүлээстэй оршоо нүгэл хилэнцэт өчүүхэн ХҮН биднүүсийг Бурханаас зааглаж, Бурхан хийгээд бидний хооронд цэлийн тунарч буй орон зхйг гатлуулах боломжийг агуулж байгаа орь ганц “олом”, мөн, биднийг газар дэлхийн үнэнээс тасран дээд туйлын үнэн рүү дэвшин очих, Бурхантай нэгдэх боломжийг ч агуулж байгаа орь ганц “гарц” нь сүнсний амьдралд “хуваарилагдах“ ариун буяны хувь юм. Хүний амьдрал үхлээр дуусдаггүй нь дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөр шөнийн дараа өдөр эхлэн үргэлжилдэгээс өөрцгүй бодит үнэн тул хүн үхлийн дараах “амьдрал”-даа Бурханд гагцхүү энэ насныхаа буянаар л, ариуссан сэтгэлийн өглөг тус, шудрага гэгээн үйлийнхээ ачаар л очно. Өөр ямар ч зам байхгүй. Бурхантай учрах, нэгдэн уусах, Бурханы мөн чанарын хутуг олох, хувь заяанд гагцхүү нүгэл, хорыг огоот тэвчсэн бодь сэтгэл, дээд гэгээрлээр л хүрнэ гэдэг нь  өнөөдөр “харьцангуйн онол”-оос илүү үнэ цэнтэй үнэн болжээ.

                7. Матери болоод “сөрөг матери”-ийн эрчим нь өөрийн трансцендент эх үүсгэл Бурханы бодгалиас үүснэ. Бурханы төгс оршихуйн эрчим, үйлчлэл нь материйн ертөнцийн ч, “сөрөг матери”-ийн ертөнцийн ч, сүнсний амьдралын ч нэгдмэл дээд хүч болж илэрнэ. Ийн илэрч, мэдрэгдэж, үйлчилж буй хүчний үйл ажиллагаагаар л супер нэгдэл дэх орчлон ертөнцийн оршин тогтнол, хууль зүй, үнэмлэхүй болоод харьцангуй үнэн тодорхойлогдож байна. Хүн бодит амьдралынхаа хугацаанд ч, сүнсний амьдралынхаа хугацаанд ч, сансарын аймшигт егүүтгэл, Тэнгэр Бурханы гэсгээлээс аврагдах зам нь,-оюун санааны мунхрал, хүсэл тачаалын хорлол, эдийн шунал, шудрага бус хуримтлалын цөв тэргүүт нисваансын эрхшээлээс ангижрахад итгэл, үнэмшилээ төвлөрүүлэх зам юм. Хүн ариун амьдарч, бусдбн амгалан жаргалд амьдралаараа туслах гэгээрэлд хүрч, өөрийн буянд насан туршаа шүтэн барилдуулж чадваас сая өөрөө ч Бурхан болж, бусдыг ч Бурхан руу хөтөлж чадна.

                Өнөөдөр хүний амьдралаар тогтохгүй, орчлон ертөнцийг орших, орчих үйл явцад “тохиолдлын бус” шинж чанартайгаар үйлчлэн нөлөөлж буй Бурханы оролцооны талаархи сэтгэлгээ рүү орчин үеийн шинжлэх ухаан нилээд хүчтэй татагдаж, анхаарлаа хандуулж эхэлсэн нь бодитой мэдэгдэх боллоо. Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам Буддын уламжлалт олон салбар ухаан, ялангуяа, Буддын гүн ухааны ойлголтуудыг шинжлэх ухаантай харьцуулах, орчин үеийн байгалийн тодорхой шинжлэх ухааны нээлт, туршилтын үр дүнгээр баяжуулах, хооронд нь харилцан уялдуулахын ач тусын тухай санаа бодлоо илэрхийлж эхэлж байна.

                Шашин бол ердийн мухар сохор сүсэг бишрэл биш юм. Шашин нь хүний сэтгэлийн шинжлэх ухаан! Бусцаранги хүйтэн хүйтэн ухааны, прагматик, хэрэглээний сэтгэлгээний хөгжлөөс татгалзах, мөн физик юмс, үзэгдлийн шинжлэх ухаан бодит баримтанд тулгуурладаг зарчимыг ч баяжуулж, тэрхүү тулгуурладаг иш баримтанд нь хүний сэтгэлийн ертөнцийг оруулж өгөх нь цаашдаа онож ч мэдэх юм.Яагаад гэвэл, хүний сэтгэл бол хамгийн аугаа, ноцтой баримт мөн.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • “Сүүлчийн өдрүүд” үнэн үү? Хэзээ вэ?!

    “Бүх найдвараа орхи!” Эртний Ромчуудын булшин дээрхи дайлуурын үг гэгддэг энэ үг яг өнөөгийн хүн төрлөгтөнд зориулж үлдээсэн сануулга шиг санагдахуйц цаг тулж ирсэн үед бид амьдарч байна.

    Ирээдүй нь сүйрэл мөхөл рүү авчирч буй мэт төсөөлөгдөн өөрийн эрхгүй айлгах цаг үе рүү хүн төрлөгтөн өөрийн мэдэлгүй ирчихлээ. Ирээдүй нь өмнө маань бус ойртохтой адил утгатай “хөгжил” болж хувирах үйл явц руу орчин үеийн үйлдвэрлэл-технологийн дэвшил, хэрэглээний прагматизм, өмч хөрөнгийн төлөөх өрсөлдөөн, зах зээлийн харилцааны “мөлжлөг” авчирав. Ингэснээр Өнгөрсөн нь Ирээдүй болох цаг хугацааны парадоксыг л хүн төрлөгтөн бүтээлээ.

    Ирээдүйг харанхуй гүн анаг /ангал/ болгочихсон үйлдвэрлэл-технологийн хөгжлийн “цацраг идэвхит туяа”-нд хүмүүсийн нүд ч, оюун санаа ч, сэтгэлзүй ч “гэрэлд цохиулж”, хойдох урдахаа оношлох чадвараа харамсалтайгаар алдсаар “хүүхэлдэй –робот” болчихсон өнөө цагт хэвийн, эрүүл сэтгэлгээтэй, шинжлэх ухааны зохих мэдлэг боловсролтой хүн өнөөгийн нийгмийн хөгжлийн зөвд, хүн төрлөгтний ирээдүйн өнө мөнхөд итгэж чадахгүйд хүрлээ. Шалтгаан нь тун ойлгомжтой бөгөөд 3 том үндсэн сүйрэл:

    -Байгаль дэлхийн сүйрэл                                         

    -Хүний сүйрэл

    -Шинжлэх ухаан-техникийн хөгжил буюу бүрэлгэгч хүчний хөгжил./Хөгжил бүрэлгэгч хүч болж, хөгжил биш агуулга, хэлбэртээ шилжиж буй нь сүйрлийн мөн чанартай болон хувирч буй нь сүйрлийн мөн чанартай болон хувирч буй үйл явц мөн!/

    Энд би, “хүний сүйрэл” гэж хүний ухамсар, хүн чанар, хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахуун эрс уналтыг голлон хамааруулж байна.

    Хүмүүс өнөөдөр ямар аймшигтайгаар хүн чанараа алдаж байна вэ, Бурхан минь? Хүмүүсийн сэтгэлийн гүн рүү адгуус араатад, там, бирдийн хүмүүн бус амьтадын хүсэл шунал шунган нөхцөж, хүнийг хүн биш, ад чөтгөд болгожээ. Байгал-дэлхийн сүйрэл нь,-дэлхийн бүтэц, тогтоц, орчил хөдөлгөөний зүй тогтолд орж буй эрс өөрчлөлт гажуудал эвдрэл юм. Энэ хоос сүйрэлд дэлхийн өөрийн нь архитектоникт орж буй дотоод хувьсал, зүй тогтолын эсрэг үйл явц, дээр нь байгалийн хүчний нөлөөлөлөөс гадна өнөөгийн хүн төрлөгтний амьдрал эрүүл бус, эмгэг согогт хэрэглээний шаардлагаар үүсч буй үйлдвэрлэл-технологийн галзуу хурдацтай хөгжлийн сөрөг үр дүн хүчтэй нөлөөлж байна. “Сүүлчийн өдрүүд” хэзээ вэ? гэдэг асуулт хүн төрлөгтөнд өнөөдөр бодитой нүүрлэж, нийгэмд бизнес мөлжлөг, мафижсан гэмт хэрэг, дээрэм тонуул, цуст хядлага хэвийн үзэгдлийн дүр төрхийг олж, хүмүүс хоорондын харилцаа далд утгаараа антигонист тэмцлийн шинж чанар агуулж, нийгмийн амьдралд өрнөж буй үйл явдлууд улам бүр хөгжлийн энтропийг хурдасгах болов.

                Хүн төрлөгтөн өнөөдөр өнгөрсөн хөгжлийнхөө түүхийг буруутгах, гажуудалыг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн маш хачирхалтай, харамсалтай, гашуун үнэнтэй тулгараад буй нь:

                -Нийгмийн хөгжлийн явцад хүний амьдралын зовлон /ялангуяа, эгэл ард олон!/ багасахгүй, харин эсрэгээр, өдрөөс өдөр хүндэрч, гуниг, сэтгэлийн дарамт, амь зуулгын бэрхшээл үнэмшимгүй хурдтай нэмэгдэж буй:

                -Үйлдвэрлэлийн хүрээ, хүчин чадал нэмэгдэж, өндөр түвшинд технологи эрчимжиж, өмч хөрөнгө, эд баялагийн хуримтлал ихсэх тусам амьдралын өртөг өсөж, хэрэглээний парадокс нь амьдралыг абсурд үзэгдэл болгон хувиргаж буй:

                -Хүний махбодын байгаллаг, амьтанлаг шинж чанар хүнд улам бүр хүчтэй илрэн гарч хүний оюун санаа, тэнгэрлэг тэмүүлэл зорилго, зөв сэтгэлийн ундаргыг бохирлож, Бурханд таалагдах ариун бүхний нь үндэс язгууруудыг мөхөөж буй:

                Миний энэ ядаргаат тайлбар уг нь хэрэггүй, илүүц нь мэдээж байлаа, гэвч би хүн төрлөгтний хэм хэмжээгээ алдсан илүүдэл эрэлтийг дагаж буй эдийн засаг-үйлдвэрлэлийн утгагүй хөгжлийн сүйтгэл, дарамт, оноос онд ядууран хоосорч буй эгэл олны бухимдал, нийт хүн төрлөгтний оюун санааны мансуурал, мунхарлыг дуугай тэвчих нүглээс айж байна. Одоо би материаллаг ахуу, оршихуйг дээдлэгч, хөгжлийг нь тэтгэн гааруулагч шинжлэх ухааны хөгжлийг ч хязгаарлахыг хүсч байна. Хүн төрлөгтөний “Сүүлчийн өдрүүд”, “Дэлхийн төгсгөл” улам хурдан, улам өргөн далайцтай ойртоход орчин үеийн материаллаг юмс, үзэгдлийг судалж амьдралд ашиглах зорилготой шинжлэх ухааны хөгжил, дэвшил хамгийн гол гайг тарьсан. Иймд цаашид хүн төрлөгтөнд хамгийн эргэлзвэл зохих, хойноос нь дагахгүй байвал зохих юм бол техник-технологийн хөгжил, дэвшил мөн! гэж хэлээд шоолуулах юм уу ад үзэгдэхэд хохирох юм байхгүй!

                Бурханы хайр, энэрлээс бусад бүх юманд хэмжээ, хязгаар бий! Байгал дэлхийг бүрэлгэгч, хүний хүн чанарыг авслагч алив арга ухаан, техник –технологи нь хүний хөгжүүлэх, Бурханд ойртуулах, хүнд жинхэнэ үнэн жаргал, сэтгэлийн жинхэнэ амар амгаланг эдлүүлэх оюун ухаан огт биш тул хөгжлийг нь цааш хурдасгах, даамжруулах хэрэгцээ шаардлага байхгүй, харин ч зохис хэм хэмжээнд хязгаарлах нь хэтдээ хүн төрлөгтөнд аврал болж мэднэ. Атом, цөмийн эрчимийн хэрэглээ, сансарын техник, пуужин, дуунаас хурдан элдэв тийрэлтэт хөлөг онгоцны зохион байгуулалт, үйлдвэрлэлт, электрон, нано-биотехнологи, газар дэлхийн хэвлийн далд бүтцийг эвдэн онгичих, ашиглах зэрэг зорилго бүхий шинжлэх ухаанд зарж буй хөрөнгө зардал хожмоо зөвхөн хүний эсрэг чиглэсэн үйл ажиллагааны дэмжлэг болж хувирна. Бурханаас хориглосон хориотой мэдлэг эзэмшихээр хөөрцөглөх нь Бурханыг буруу харуулж хөнгөдөхөөс цаашгүй нь магад.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол:Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

     

  • Сонгуулийн саналын “үнэ ханш”-ийн уналт…”хариуцлагагүй” сонгогч…”булхаатай” сонгогдогч…нэг үгээр,-тогтолцооны гажиг

    “Үүрэггүй” төр бол хариуцлагагүй иргэд-сонгогчидын сонголтын алдааны үр дүн юм.Буруу сонголт нь сонгогчидын улс төрийн боловсрол, ухамсар, нийгмийн харилцаанд оролцох идэвхи доор түвшинд байгаатай л холбоотой. Нийгэмд “Үүрэггүй” төр буй болдогийн бурууд сонгогчидын буруу сонголтоос өөр анхдагч буруутан байхгүй!

    Монгогчидын улс төрийн хараа, мэдлэг тааруу, тухайн цаг үеийнхээ улс төрийн үйл явдалуудын дутмаг, сонголт хийхдээ “хүний ам”-аар, улс төрийн хүчнүүдийн тооцоо муутай, үндэслэлгүй “хоосон амлалт”-аар, эсвэл гар дээр тавьсан эд материалын “ховс”-оор хийдэгээс өөрийн саналын “ханш” унаж, үнэ цэнээ алдаж, сонгогчид сонгуулийн сурталчилгааны хэдэн өдөрт, санал хураалтын хэдхэн түүхэн агшинд улс төрд “хаан байх” эрхээ алдаж байна!

    Ард түмэн уг нь хүчтэй, тэд үнэнхээрийн түүхийн хөдөлгөгч хүч мөн. Гэвч ард түмэн дутагдалтай, дорой, сул талтай нь ч үнэн. Тэр нь юунд оршдог вэ? гэхүл  тэд өөрийн хүчийг ойлгох нэгдмэл ухамсаргүй дээ оршдог. Ард түмэн ухаантай, хүчтэй ч нэгдмэл ухамсар, төвлөрсөн зохион байгуулалтгүйгээр өөрсдийн эрх ашигт харшлан буй сөрөг үйл явцыг харж чаддаггүй нь ард түмний хүчин мөхөсийг байнга харуулж ирсэн түүхтэй. Тэд энэ хүчин мөхөсийнхөө үндэсээс ангижраагүй цагт /нөхцөлд/ ямагт ямар нэг “үл ойлгогдох”, “үл танин мэдэгдэх” хүчний эрхшээл дор орших бөгөөд өөрийнхөө аварга хүчин чадлаа, ухаан санаа, бодот нөөц бололцоогоо хаа нэгтээ гээчихсэн сохор хүчтэн шиг л байх болно. Оюун сэтгэлгээ, үйл ажиллагааны мухардал, “харанхуйлал”-д ч ямагт төөрөлдсөөр байх болно. Жишээг Монголын нийгмийн амьдралаас хангалттай харж болно.

    Өнөөдөр Монголд мөнгөтэй “цөөнх”-ийн хуйвалдаан хүссэн бүгдээ хийж чадаж байна. Манай асар гажуудалт “Ардчилал”-ын мөрөөр анархизм, аморализм газар сайгүй сад тавив.үр дүнд нь нийгмийн харилцаа хүнлэг чанараа бүрэн алдав. Нийгмийн сэтгэлгээ чөлөөт нөхцөлтэй боллоо гээд ч “чөдөр”-т үеийнхээ түвшнээс ганц хуруу ч дээшилсэнгүй. Нийгмийн хөгжил эцсийн дүндээ хүний оюун сэтгэхүйд хийгээд сэтгэлийн ертөнцөд гарсан эерэг өөрчлөлт,бодот гоосайханыг бүтээх бүтээлч чадварын хөгжлөөр л тодорхойлогдоно. Өөр үнэн, зөв үзүүлэлт байхгүй. Энэ шалгуураар үнэлбэл, өнгөрсөн хугацаанд нийгмийн харилцааны хүмүүнлэг чанарт өчүүхэн ч эерэг ахиц, үр дүн эс гарсанаар барахгүй, харин ч нийгмийн ёс суртахууныг доройтуулах, эдийн засаг- улс төрийн тогтолцоог бусармагжуулах үйл явц хүчтэй идэвхижив. Үүнд нөлөөлж буй бодот хүчин зүйлсийн нэг нь,- “үүрэггүй”, хариуцлагагүй төр, засгийн тогтолцоог бүрдүүлэх механизмболсон хариуцлагагүй сонгууль яах аргагүй мөний тул бидний анхаарлыг манай сонгуулийн тогтолцооны тухай яриа руу өөрийн эрхгүй түлхэж байна.

    Бтд улс төрийнхөө амьдралыг жинхэнэ ёсоор ардчилахын тулд зарчимын олон өөрчлөлт хийх ёстой ч, ядаж наад зах нь, “ардчилсан сонгуулийн тогтолцоо” нэртэй улс төрийн хуурамч, “мөнгөний” үзэгдэлдээ хамгийн инээдтэй ч бай хамаагүй /инээх зарим нь инээлдэг хамаагүй, харин нэг “шизо” маань өөрийгөө инээдэм, элэг доогийн “бай” болох ч юм уу “сайн дур”-ын золиосонд гаргах сэтгэлгээний эрэл хийх, үндэстний сэтгэлгээний залхууралыг “үргээх” сэтгэл санааны ямар нэг өчүүхэн ч болсон зориг гаргах, тийн, ямар нэг шинэлэг санаа бодлын шальгүй ч бай “хөрөнгө оруулалт” хийх нь өнөөдөр бидэнд “Говь”-ийн хувьчлалаас ч юмуу “ТЭЦ”-үүдийн хувьчлалаас төсөвт оруулах мөнгөнөөс илүү хэрэгтэй, хэтийн үр ашигтай байж/ өөрчлөлт хийх сэтгэлгээний энгийн эрэл хийхээс аргагүй ээ.

    “Бодь сэтгэл, Эв хамт ёс”-Ганцаарчилсан Хөдөлгөөн Монголын сонгуулийн тогтолцоо, үйл ажиллагаанд шинээр оруулахыг санал болгож буй өөрчлөлтүүд нь доорхи зарчимуудад үндэслэнэ:

    1-р зарчим:  Сонгогчидын санал үл худалдагдах чанартай үнэдэсний үнэмлэхүй үнэ цэнт баялаг байх:

    2-р зарчим:  Монгуульд оролцох хөтөлбөрийг нэр дэвшигч, эсвэл, нэр дэвшүүлэгч улс төрийн хүчин урьдчилан гаргадаг /өнөөгийнх шиг/ байх бус, харин сонгогчид өөрсдөө, эсвэл “Сонгогчидын орон нутгийн сонгуулийн зөвлөл” өөр өөрийн орон нутаг, аймаг, эдийн засгийн бүстйн хөгжлийн бодот хэрэгцээ, амьдралы шаардлагыг үндэслэн өөрсдөө амьдралаасаа тодорхойлдог, тэгээд тэрхүү зайлшгүй хөгжлийн “нэхэмжлэл”-ийг хэрэгжүүлэх эдийн засгийн “даалгавар”-ыг боловсруулж, тухайн орон нутаг,аймаг, бүсийн нийгэм-эдийн засгийн хөгжлийг хангах “Сонгуульд оролцох тендер”-ийн нөхцөл хэлбэрээр нэр дэвшигчдэд өгнө. Нэр дэвшигч тэрхүү “нийгэм-эдийн засгийн хөгжлийн захиалга, даалгавар”-ыг яаж хамгийн оновчтой, үр ашигтай, хөрөнгө-хугацааны хэмнэлтэй цогц аргаар гүйцэлдүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөж, санхүүгийн эх сурвалжуудыг тооцож, үр дүнг нягталсаны үндсэн дээр өөр өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг боловсруулж, “Сонгуулийн тендер”-т өрсөлдөнө. Ингэснээр, сонгуулийн компани, сурталчилгаа нь “Сонгуулийн тендер”-т ялах хамгийн шилдэг сайн хөтөлбөр уралдуулах эдийн засаг-улс төрийн бодлого боловсруулах тооцоо, судалгааны мэдлэг, мэргэжил, дадлага туршлага, бодот чадварын болоод оюун сэтгэхүйн үйл ажиллагааны өрсөлдөөний хэлбэрт шилжинэ. Хамгийн гол нь, -Сонгуулийн тогтолцооны агуулга, хэлбэрт “дээрээс бус доороос!” гэсэн чиглэл бүхий зарчимын шинэчлэлт орно.

     3-р зарчим: Олон тойргуудыг устгах буюу Тойргийг үнэмлэхүй томсгож, Монгол бүхэлдээ нэг тойрог байх. /УИХ-ын сонгуульд ялгаагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялгаагүй!/

                Өнөөдөр дэлхийн улс төрийн практикт хэрэглэж буй сонгуулийн тогтолцоонд 4 үндсэн хэлбэр зонхилж байгаа:

                -Можаритор /Олонхийн төлөөллийн/

                -Плюрал /Харьцангуй олонхийн/                               

                -Пропорционал /Хувь тэнцүүлсэн/

                -Холимог /Можаритор ба пропорционал/

                Эдгээр тогтолцоонуудын аль аль нь өөр өөрийн дутагдал, сул талтай гэж улс төр судлаачид үздэг. Жишээ нь, сонгогчид сонгогчидтойгоо хариуцлага тооцох механизм, “эгэх холбоо” тасранги, ихэнхидээ улс төр дэх популистууд, нутаг довын бизнесчид сонгогдох боломжтой, нэр дэвших гөхцөлийн “босго” нь хөрөнгө-санхүүгийн чадварын үзүүлэлт байдаг зэрэг “гоохой” олонтаа дурьдагддаг. Эдгээрийн оронд өөр тогтолцоог эрэх, эрлийнхээ үр дүнд олж хэрэгжүүлэх сэтгэлгээний шамдал гаргах, өнөөгийн улс төрийн сэтгэлгээний “залхуурал” мухардалаас гарц хайх шаардлага зөвхөн монголчуудад ч бус, дэлхийн улс төрд тулгарчээ.

                Монголын хувьд дутагдал, гажуудалтай, гадаад тогтолцоонуудын оронд монголын нөхцөлд илүү тохиромжтой “Бүхэллэг,тоталитари тогтолцоо” хэмээн нэрлэж буй шинэ тогттолцоо /Сонгууль явуулах, санал авах, дүн тоог нарийвчлан нэгэтгэх, УИХ-ын үйл ажиллагааг бүрдүүлэх цогц үйл явц/-г нэвтрүүлэх үндэстэй гэж бид үзэж байгаа юм. Энэ тогтолцоо манайд үйлчилж буй УИХ-ын сонгуулийн арга ажиллагаа, үр дүн, шинж чанарыг эрс өөрчилнө.Үүнд:

    Нэгдүгээрт,УИХ-ын агуулга, ач холбогдолыг Ерөнхийлөгчийн сонгуультай адилтгаж, сонгогчидын саналын хүрээг нутаг дэвсгэрээр хязгаарлан тойрог тойрогт хэсэглэн хуваадагийг больж, Монголыг бүхэлд нт нэг том тойрог болгон үнэмлэхүй хэмжээнд тосмгоно.

    Хоёрдугаарт, УИХ-д сонгогдох гишүүдийн тоо “76” гэсэн тогтмол, тэхдээ, товт нэг хугацаанаас нөгөө хугацаанд хэд ч болж өөрчлөгдж болох нөхцөлтэй, амьдралаас ургасан бодот үндэслэлтэй, математик гаргалгатай, “хувьсах хэмжигдэхүүн” болж хувирна.

    Гуравдугаарт, УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиг хандлагад бодлогын түвшний том өөрчлөлт гарна.

    “Бүхэллэг, тоталитари тогтолцоо”-гоор Сонгуульд хичнээн ч нам, улс төрийн хүчнээс хичнээн ч хүний нэр дэвшүүлэн өрсөлдүүлж болно.  Мөн хичнээн ч хүн бие даан нэр дэвшиж болно. Нэр дэвшигчидийн тоонд ямар ч хязгаарлалт байхгүй, чөлөөт “орон тоо” хүлээж байх болно. Гэвч энд хамгийн хүчтэй, бодтой, маш “материаллаг” хязгаарлалт үйлчилнэ. Юу гэвэл, сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчин, суыъектүүдийн боловсон хүчний оюуны потенциал буюу нэрийг нь дэвшүүлж болох хүмүүсийн нөөц, тэдний мэдлэг мэргэжлийн чадвар, ёс суртахуун, алдар нэр, хамгийн гол нь,- “Монгол” хэмээх нэг том тойргийн сая илүү сонгогчидоос харьцангуйгаар хамгийн их санал авч чадах итгэл найдвар тэр “хязгаарлалт” байх болно. Энэ бол тухайн нэр дэвшигчийн оюуны чадавхи, орон даяар танигдсан, үнэлэгдсэн ажил үйлсийн цар, үнэлэмжийн түвшин, нийт ард түмний хайр, хүндэтгэл, итгэлийг өөртөө татаж чадах дотоод чанар, гэгээрэл зэрэг эрдэм ухааны болон практик ажил мэргэжлийн дадлага туршлагыг таниулах “оюунлаг үзүүлэлт” юм.

    Сонгуульд өрсөлдөх суыъектүүд нь ийм хэмжээний сэтгэхүйн өндөрлөгт хүрсэн хүмүүсийнхээ нөөц, дээрхи хатуу зорилго, дэнсийг баттай давж чадах “интелектуал”-уудыг хэд хичнээнийг дайчилж чадах боломжтой /” оюуны хөрөнгө”-тэй/ нь тэднээс нэр дэвших нөхдийн тоог тогтоох “хязгаарлалт” болж өгнө. Дээр нь, бас, тухайн улс төрийн нам хүчин өөрийнхөө нэр дэвшигчидийн сурталчилгаанд зарцуулж чадах хөрөнгө-санхүүгийн чадамж /далимд зориуд тэмдэглэхэд, сонгуульд нэр дэвшигчээс өөрөөс нь 10 сая төгрөг төлүүлдэг өнөөгийн буруу, ичгэвтэр практикийг халваас зохино!/ нэг том хязгаарлалт үүснэ. Юу гэвэл, улс төрийн субъектүүдээс нэр дэвшигчидийн замын зардал, хоол, байрны үнийг “албан ажлын томилолт”-ын хэлбэрээр, тогтсон тарифын дагуу төсвөөс бага хүүтэй зээлийн журмаар урьдчилан санхүүжүүлж өгөх хэрэгтэй. Тэгээд сонгууль явагдсаны дараа тухайн субъект УИХ-д сонгогдсон гишүүдийн зардлыг төр дааж, “унасан” нэр дэвшигчдэд зарцуулсан хөрөнгийг төсөвт буцаан төлүүлэх зарчим үйлчилбэл зохино.

    “Монгол” хэмээх нэг том тойрогт өрсөлдөгчид сонгуулийн сурталчилгааны хугацаанд /одоогийнхтой харьцуулахад нилээд уртасгасан хугацаа!/ цөмөөрөө орон даяар явж эх орныхоо нийт сонгогчидтой /ард түмэнтэй/ уулзаж, орон нутаг, аймаг, эдийн засгийн бүсүүдээс “сонгуулийн тендер”-ээр “нэхэмжилсэн” хөгжлийн зорилгуудыг хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг эх орныхоо макро, микро хүрээ, түвшиний асуудлуудын интеграл сүлжээнд ямраар харж, яаж шийдэхээр тооцоолж, ямар үндэслэл, тооцоотой хөтөлбөр боловсруулснаа нэр дэвшигчид танилцуулж, хүн бүр өөр өөрийнхөө санаа бодол, арга зүйг тайлбарлаж судалгаа хийнэ. Энд, сонгогчидын санал өгөх журамд дэлхийд хаа ч байхгүй нэг шинэ хэлбэрийг оруулж буй. Үүнд, сонгогч одоогийн хэрэгжиж буй тогтолцооных шиг зөвхөн нэг нэр дэвшигчид саналаа өгөх бус, харин, мэргэжмл, мэдлэг, улс төрийн үйл ажиллагааныхаа туршлагаар Монголын нийгмийн харилцааг төгөлдөржүүлж чадах хэдэн хүнд ч саналаа өгч болно.Өөрөөр хэлбэл, сонгогч заавал нэг хүнд саналаа өгдөг хязгаарлалтаас чөлөөлөгдөх цоо шинэ боломжийг олгоно. Тэгээд, эцэст нь, монголын нийт сонгогчидоос авсан саналынхаа нийлбэр дүнгээр нийт сонгогчидын 50-иас /математикийн тогтмол дундаж!/ илүү />50/ хувийн санал авч чадсан нэр дэвшигчид /хичнээн ч хүн бай/ УИХ-ын эрхэм гишүүн болж, тэдний тоо тухайн УИХ-ын гишүүдийн тоог тогтоож, УИХ-ыг бүрдүүлнэ.

    Чухамхүү дээрхи тогтолцоотой сонгуулийн үр дүнд л УИХ-ын гишүүн нийт ард түмнээсээ сонгогдсон, тэднийг төрд бүрэн төлөөлсөн элч-төлөөлөгч болох, тэгж өөрийгөө нэрлэж чадах үнэмлэхүй эрх эдлэх боломжийг олох бөгөөд тийм УИХ-ын гишүүн ч улс үндэстнийхээ хэмжээнд “улс төрч”-өөр тодорно. Тийм хэмжээ, түвшиний оюунлаг “элит” хүн сонгуулийн үр дүнгээр 76 ч тодор, 30-40 ч тодор /хэн ч урьдчилан тогтоох боломжгүй/ , тийм “хувьсах хамэжигдэхүүн” чанарын тоотой, нийт ард түмнээсээ шалгагдсан,тэднээр шигшүүлсэн, үнэхээр шилдэг хүмүүс л Монголын төрийн эрхийг барина.Тэдэнд хийгээд тэдний боловсруулан баталсан хууль тогтоомжинд ч Монголын ард түмэн захирагдах, амьдрал ахуйдаа ёсчлон мжрджх үүрэгтэй үлдэнэ. Энэ үүргийг ард түмэн иргэнийхээ дээд үүрэг гэдгийг ч гүнээ ухамсарлах ёстой болно.Ерөнхийлөгчийн сонгууль ч ижил зарчимаар явагдах бөгөөд, тэхдээ, ерөнхийлөгчид зөвхөн УИХ-д суудал авсан нам, улс төрийн хүчний төлөөлөл буюу ард түмний дийлэнхийн саналаар УИХ-ын гишүүн болсон эрхэм гишүүдээс л нэр дэвшинэ. өөр нэр дэвшигчийг зөвшөөрөх, өрсөлдүүлэх ч утгагүй. Яагаад гэвэл, УИХ-ын сонгуульд нийт сонгогчидоос 50-иас илүү хувийн /олонхийн/ санал авч чадаагүй хүн ив ижил үйл явцтай, зарчим, тогтолцоотой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь хий дэмий л зардал мөнгөний үрлэг, хайран цаг,- хүч хөдөлмөрийн л гарз болоод өнгөрөхөөс цаашгүй нь мэдээж.

    Дээр өгүүлснээс, “Бүхэллэг, тоталитари тогтолцоо”-ны шинэ, давуу тал илт харагдана. Үүнд:

    -УИХ-ын гишүүдийн тоо нь “нийт ард түмний /сонгогчидын/ саналын 50-иас илүү хувь” гэсэн математик үндэслэлт, бодот тоогоор тогтоогдох болж байна.

    -Нам хүчнүүдээс УИХ-д өрсөлдүүлэх нэр дэвшигчдэд хатуу лимиттэй, тогтоогддог тооны /76/ хязгаарлалт устаж, илүү чөлөөт боломжтой, жинхэнэ ардчилсан шинж чанартай аргачлал хэрэглэгдэх дэвшил гарч байна.

    -УИХ-д хичнээн хүнээ дэвшүүлэх нь тухайн субъектүүдийн мэдэл дэх оюуны өндөр чадвартай хүмүүсийн нөөц, санхүүгийн чадавхинаас л хамаарах шууд хамааралт харьцаанд шудрагаар шилжиж байна.

    -Срнгргч хичнээн ч шилдэг, авъяас чадварт хүмүүсийг шилэн сонгож, тэдэндээ саналаа өгч болох жинхэнэ чөлөөт, мардчилсан эрх эдлэх нөхцөл бүрдэж /нээгдэж/ байна.

    Эдгээр шудрага, хатуу зарчимч, ардчилсан, оюунлаг “хязгаарлалт”-ууд буюу “босго” нь сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаа, арга зүйг маш цэгцтэй, хэмнэлттэй журманд шахаж, элдэв үр ашиггүй шоу, нүд илбэдсэн үзүүлбэрүүдээс татгалзуулж, оронд нь шинжлэх ухаан-танин мэдэхүйн чанартай, мэдлэг боловсролын өндөр түвшиний уулзалт, ярилцлага, санал солилцлогын хэлбэрт сонгуулийн нийт үйл явцыг шилжүүлнэ. Нэр дэвшигч өөрөө зөвхөн нэг орон нутаг, аймаг, бүсийн эдийн засгийн тулгамдсан асуудалтай хутгалдаад зогсохгүй нийт улс орныхоо хөгжлийн суурь томоохон асуудлуудад ороогдож, хэтийн шаардлагатай нь танилцаж, тэдгээрийг биеэр мэдрэх, өөрийнхөө ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх, ард түмнийхээ бодот ахуй, бодол, хүсэл, сэтгэл зүй, амьдралын үнэнд нэвтрэх, энэ “их сургууль”-иар өөрийгөө даацтай цэнэглэх үнэт боломжийг олох ач тустай! Нөгөө талаас, ард түмэн ч эх орныхоо урдаа барьдаг эрдэмтэд, улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй улаан нүүр тулж учрах, санаа бодлоо чөлөөтэй хуваалцах, мэдлэгээ баяжуулах, тэднээс орчин үеийн нийгэм-улс төр, шинжлэх ухаан техник, соёл-иргэншлийн хөгжлийн нэн шинэ мэдээлэл авах, амьдралын идэвхитэй хэв загварын үлгэр жишээг харах ач холбогдолтой юм.

    Сонгогч, сонгогдогчидын хооронд тогтох энэ харилцан ашигтай коммуникац бол нийгэм жинхэнэ хүсүүштэй хамтын ажиллагаа,оюун сэтгэхүйн “хамтын амьдрал” мөн бөгөөд хүмүүсийн дотоод ертөнцийн “нэвтрэлцэл”, итгэлцэлийг хамгийн ариунаар бүрдүүлэх шижим болно.

    Эцэст өгүүлэхэд, бид /“Бодь сэтгэл, Эв хамт ёс”-Ганцаарчилсан Хөдөлгөөн/ яагаад энэ тогтолцоог  “Бүхэллэг, тоталитари тогтолцоо” гэж нэрлэж буйгаа тайлбарлах нь зүйтэй байх. Үүнд, яагаад, “Бүхэллэг” гэж байна вэ? гэвэл улс-гэр сонгуулийн тойргуудад хуваагдан хэрчигдэхгүй, бүхэл цэл, нэг том тойрог болж, улс төр –эдийн засгийн нэгдмэл эрх ашиг, зорилго, чиг хандлагын цогцыг бүрдүүлж чадаж байгаа ыөгөөд сонгуульд саналаа өгч буй сонгогчид ч  нийт ард түмний төлөөлөл –хуулийн субъектийн шинж чанартайгаар нэг тойрогт харъяалагдан оролцож, сонгогдсон элч-төлөөлөгчидөө нэгэн санаа зоригоор цөмөөрөө нэгдэн сонгож буй бүхэллэг учраас; хоёрт, яагаад “тоталитар” гэж, өнөөгийн улс төлчдийн хэлэх хамгийн дургүй үгээр тодорхойлолт оноож байна? гэвэл, нийт ард түмний эрх ашигийн шаардлагын биелэлтэнд хийгээд тэдний амьдралын хөгжлийн зорилгод үйлчлэх, түүнийг хэрэгжүүлэх үүрэг бол сонгогчидын хувьд заавал биелүүлэх ёстой захирамжийн чанартай, үнэмлэхүй эрхийн “захиргаадалт” /Сонгогчидын санал бол дээд үнэ цэнт итгэл найдвар, дээд хууль, иргэний эрхийн дээд илрэл мөн!/ учраас юм.

    Зөвхөн ийм тогтолцоот сонгуулиар, мөн, ийм сонгуулийг шудрага технологиор, мөнгөний бохир оролцоогүй цэвэр ёс суртахуун, ухамсар, иргэний өндөр хариуцлагатайгаар явуулах арга ажиллагааг хуульчлан хэрэгжүүлснээр л Монголын төр жинхэнэ удирдагчидыг гаргаж ирнэ. Төрийг зөв, сайн,шудрага, билгүүн төгөлдөр, улс төрчидөөр бүрдүүлж байж л төр –засгийн үйл ажиллагааг сая тогтвортой, оюунлаг, бүтээлч, нийгмээ хагжүүлэгч хүчин зүйл болгож чадна.

    Монголд нүүрлэж буй нийгмийн гол эмгэнэл бол байх ёстой маш олон юм байхгүй байгаа явдал юм.Байхгүй байгаа олон юмсаас нэг нь гэвэл, -үндэсний түүхэн удирдагч, шалгарсан гарамгай жолоодогчийн хийгээд улс төрийн манлай хүчний хомсдол! Библи хөлгөний “Proverbs” бөлөгийн 29 дүгээр зүйлд “Жинхэнэ шудрага удирдагчийг надтай уулзуулаад орхи, тэгвэл би та нарыг жинхэнэ аз жаргалтай ард түмэнтэй уулзуулаад өгье!…Ариун шударгууг эрхэм болгодог  Эзэн дээдэстэй болвоос улс үндэстэн сая хүчин төгсдөг бөгөөд алт мөнгийг эрхэм болгодог Эзэд дээдэс гарваас улс үндэстнээ бүрэлгэдэг!” гэж айлддаг. Зах зээл, таваар мөнгөний мөлжлөгийн харилцаа монгол ялснаас хойших хугацаанд манай төр засгийн удирдлагад ихэнхидээ эдийн засгийн ашиг хонжоо хайгч “засаглагчид”, “албан тушаалтнууд” л дэвшсэнээс бус ард түмний жинхэнэ удирдагчид, жолоодогчид байсангүй. Төрийн эрх мэдлийг засаглан суусан тэдгээр хүмүүс, үндсэндээ, монголын нийгмийг задлан бутаргасан буруу бодлого, сөрөг үйл явцыг даамжруулсан заримдаг улс төрчид л байв. Тэднүүс, чухамдаа, тухайн түүхэн үеийн нийгэм-улс төрийн сэтгэлгээний “хагас боловсруулсан бүтээгдэхүүн”, эсвэл монголд импортлогдсон “түүхий эд” л байлаа.

                Цаашдаа “Бүхэллэг, тоталитари тогтолцоо”-т сонгуулиар л төрийнхөө түшээдийг сонгож байж сая нийт ард түмний жинхэнэ жолоодогчидын засаглалд хүрч чадна. Монгол хэлэнд Удирдагч, жолоодогч гэсэн хоёр үг адилавтар утгатай ойлгогддог ч монгол хүний сэтгэл санаанд хоногшсон дүр төрх, төсөөлөл ухаарлаар нь бодоход “Жолоодогч” нь сэтгэлд илүү ойр дотно, элгэн дулаан утгатай үлдсэнээр нь энд “Жолоодогчийн засаглал” гэсэн нэр томъёо хэрэглэлээ.

     

    2005 оны нэгдүгээр сар

    Алтан тэвшийн хөндий.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол:Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

     

  • “БАЙХГҮЙ” МЭТИЙН “БАЙГАА” ҮНДЭС /Амьдралын философи эрэгцүүлэл/ I. Бодлын буруугаас амьдралын буруу…

                Амьдралын утга, зорилгыг ойлгох чадвар орчин үеийн хүмүүс бидэнд эхлэхдээ л эхнээсээ дандаа буруу мэт бодлоос эхэлж, тэгээд, хүн амьдралыг дандаа буруугаар ойлгож эхэлдэг нь хүний эмгэнэлт үнэн юм.

                Хүмүүс хоёр том алдаатай бодолд хорлогддог. Нэгдүгээрх нь, -хүн өөрийгөө газар дээр нэг л амьдрахаас хоёр амьдрахгүй, газар дор нэг л орохоос хоёр орохгүй /өөрөөр хэлбэл, нэг л үхэхээс хоёр үхэхгүй!/ гэж боддог эндүү бодол! Энэ бодлын алдааг чухамдаа алдаа гэхэд ч зөөлдөнө. Шулуухан, хүний амьдралыг эмгэнэлд хүргэж буй гамшигийн эх сурвалж гэж нэрлэвэл зохино. Учир нь, үнэний урвуу бодол, хүнд андуу ташаа ойлголттой  итгэл үнэмшил төрүүлж, буруу үйлд хатгаж, хүн төрөлхтнийг өнөөгийн газар дэлхийн донсолгоон, нийгмийн хөгжлийн энтропи, ахуу амьдралын зовлон, бэрхшээл рүү авчирчээ. “Хүн нэг л амьдардаг, нэг л үхдэг!” гэдэг алдаатай бодол, ойлголт хөөрхий хүн төрөлхтнийг амьдралынхаа бодит цаг хугацааг ихэнхидээ буруу үйл ажиллагаанд буюу материаллаг эд баялагийн хэрэглээг бие махбодынхоо хэвийн, зөв хэрэгцээнээс хэт давуу хэмжээгээр хангах үйлдвэрлэл, техник-технологийн улангасангуй өрсөлдөөн, өмч хөрөнгийн хуримтлалын утгагүй тэмцэлд зарцуулсаар барахад хүргэж, эцэст нь, өнөөгийн дэлхий даяарын байгал-экологийн сүйрэл, нийгмийн харилцааны суурь болсон эдийн засаг-улс төрийн хурцадмал хямрал, улс үндэстэн хоорондын антигонист зөрчил, ард олны аж амьдралын ядуурал, доройтолын нөхцөл рүү гарах гарцгүй шахам хэмжээнд гулдарчээ.

                “Зууны мэдээ” сонинд товч мэдээлснээр, “НҮБ”-ийн “экологийн судалгаа”-нд оролцсон дэлхийн 1400 эрдэмтэд дэлхийн нөөц баялагийг сүүлийн 20 жилд ашигласан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эрч, хурдад сэтгэл түгшин, “Энэ үйл явц хүн төрөлхтнийг мөхлийн ирмэг рүү түлхлээ!” гэж дүгнэжээ. Тэгээд хүн төрөлхтний мөхлийн эсрэг эрс шийдвэртэй тэмцэх алхам хийхийг дэлхийн улс орнууд, засгийн газруудад уриалжээ.Сүүлийн 20 жилд дэлхийн хүн ам 34 хувиар өссөн бол жил бүр 73 мян.м.кв ой мод устаж, дэлхийн 10 голын нэг нь ширгэн хатаж, газар уснаа нутаглагч хос нутагтаны 30 хувь, сүүн тэжээлтний 23 хувь, шувуудын 12 хувь нь сөнөх аюулд гарцаагүй нэрвэгджээ. Өнөөдөр  дэлхийд жил бүр 14 сая хүүхэд өлсгөлөнгөөр үхэж, 3 сая хүн эмчлэгдэхгүй өвчний гайгаар амьдралаас хагацаж байна. Дорно дахины зөнч вивангарьдчидын айлдаж үлдээсэн “Цөвийн цаг”, “Галав юүлэлт”, “Шамбалын дайн” зэрэг эш бошигийн үнэнээс, эсвэл, Христос Тэнгэрийн “Ариун Библи” сударт дурьдагддаг “Сүүлчийн өдрүүд” буюу “Дэлхийн төгсгөл”-өөс дэлхийн эрдэмтэд, шинжээчид, шашин-гүн ухааны сэтгэгчид, оюун сэтгэлийн гэгээрэлд хүрсэн өндөр соёлт хүмүүс айж, нийгэм олноо сэрэмжлүүлж эхэлсэн нь орчин үеийн дэлхийн соёл-иргэншлийн шинэ шинж төрх болов.

                Энэ айдас болгоомжлолыг төрүүлж буй бодит шалтгаануудыг хураангулбал:

                -Амьдралын утга, зорилгын тухай хүн төрөлхтний буруу ойлголт, буруу үйл ажиллагааны уршгаар эргэлт буцалтгүй идэвхижиж буй байгал-экологийн сүйрэл./Жилээс жилд олширч эрч хүчээ улам бүр нэмж буй газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, далайн хар шуурга, цунами, гал түймэр, зуд, үер усны догшрол/;

                -“Даяаршил” нэртэй эдийн засгийн “хүйтэн дайн”;

                -“Амьдрах орон зай”, байгалийн нөөц баялагийн /үйлдвэрлэлийн түүхий эд/ төлөөх геополитик, улс төр, үзэл баримтлалын “халуун цөм”-ийн болон вакуум зэвсгийн дайн;

                -Нийгмийн харилцааны буруу хөгжлийн үр дагавар /бодит үзүүлэлт/-жилээс жилд гамшигийн шинж чанартайгаар хавтгайрч буй ядуурал, гуйланчлал, үл оношлогдох болон үл эмчлэгдэх өвчин эмгэг/хорт хавдар, тахал, ДОХ/;

                -Хүний мөс чанарын “сүйрэл”, ёс суртахууны уналт, хүний зэрлэгшил, хүчирхийлэл;

                Хураангулсан баримт, үнэнээс эрүүл саруул ухаантай хүн бүр айх, барайх нь аргагүй. Гэвч өнөөдөр хүн төрөлхтөнд гол хэрэгтэй юм, цөхрөл бус амьдрал ахуйнхаа хэвшил, загварын бурууг засах ухаарал, гэгээрэл юм. Өнөөдөр хүн төрөлхтөн амьдралын жинхэнэ хугацаа, мөн чанар, далд үнэнийг нарийн нээгээгүй, нийгмийн үнэмлэхүй зөв хөгжлийн үндэс суурийг олж таньж чадаагүй төөрөлдсөөр явна. Хүмүүсийн харилцаа улам бүр шудрага бус, хүнлэг бус, хүйтэн цэвдэг болж, улам бүр мөлжлөг, заль мэх, хээл хахууль, авлига, хүчирхийлэл, антигоний дайсагнал, аллага хядлагаар тодорхойлогдох шинж чанар агуулж, нийгмийн хөгжил далд дам явцаараа улам бүр энропийн утга руугаа чиглэн тэмүүлэх хандлагатай боллоо.

                Хүн төрөлхтөн асар буруу амьдарч байна!

                “Үхэл магад, амьдрал магад бус!” гэсэн айхтар үг бий нь үнэн. Энэ үгс эртний их богдосын ном сударт бичиглээтэй үлдсэн үгс! Гэвч энэ алдарт үгс хүний амьдралын багахан хугацааг, хүн “сансарын хүрд”-энд төрөл тасралгүй орчин эргэлддэг нөр хугацаанаас зөвхөн газар дэлхий дээр хүн төрхөөр саатан амьдрах хэсэгхэн, маш охорхон хугацааг тасдан авч хэлсэн үгс мэт бодогдоно. Үгийн илд дарагдсан утгын далдыг хуулах, наана илийн цаанаа нүүснийг онгилох арвил, гэгээрлийн “түлхүүр”-ээс хүний нүд ч, гар ч харамсалтайяа зөрсөөр олон мянганыг үдсэн юм шиг байна. Одоо хэдэн мянганыг үдэхийг Бурхан тэвчих эсэхийг үл мэднэ…

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

     

  • “Байгаа”-гийн “Байхгүй” мэт рүү тэмтчихүй…

    Өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан эгэл бөөмс, долгион хоёроос бүрдэж буй одот ертөнцийн бүхэллэг нэгдлийн бүтэц, интеграл зүй тогтлын талаар нэгдмэл ойлголтонд хүрчээ. Орчлон ертөнцийг инагуухи бүтэцдээ матери, эрчим /энерги/ мэдээлэл гэсэн гурван “юм” хийгээд “юм биш”-ээс бүрдэн, нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх төлөвөөр хувьсал, хөдөлгөөнд оршин тогтнож буйг олж тогтоосны дээр бодит ертөнцийн эсрэгцээ хийбод ертөнц буюу “эсрэг матери”-аас үүсэх “эсрэг ертөнц” оршдогийг ч хүлээн зөвшөөрчээ.

                Матери, Эрчим, Мэдээлэл хэмээх гурвал бүтэц нь орчлон ертөнцийн дан бүтэц буюу зөвхөн “энтээ”, “наад” тал нь, өөрөөр хэлбэл, бүхэллэг, супер нэгдлийн нь зөвхөн тал хагас нь юм. В.Рентген өөрийнхөө эрдэм шинжилгээний туршилтын үг дүнд лабораторийн нь хананд зурс зурсхан сүүтэгнэн эхэлсэн цацраг идэвхит туяанд итгэж байсан дэлхийн Квант физикийн эрдэмтэд ч хүртэл итгэж ядмаар хачирхалтай нэг үзэгдлийг АНУ-ын эрдэмтэд,–Итали гаралтай Эмелио Сегре, Сан-Франциско хотын харъяат Оуэн Чемберлен хоёр нээж 1959 онд Нобелийн физикийн салбарын шагналыг хүртжээ. Нээлт нь бодисын атомын цөмд оршигч бичилинцэр /частица/ -иротоны эсрэгцээ “сөрөг протон” байдагийг нотолжээ.Шинэ онолоор материйн эсрэгцээ “сөрөг матери”-аас бүрдэх “өөр ертөнц” буюу “сөрөг ертөнц” оршин байх ёстой боллоо.

                Орчлон ертөнцийг бүхэллэг, супер нэгдэлийн нь хэмжээнд “Ертөнц” ба эсрэгцээ нь зэрэгцэн орших “Сөрөг ертөнц” гэсэн нийлмэл бүтэцтэйгээр буюу матери, эрчим, мэдээлэлийн гурвал бүтэц /дан, инаагуух бүтэц/-тэй  “энтээ” бодот ертөнц, халз нөгөө талд нь зэрэгцэх “Сөрөг матери”, “Сөрөг эрчим”, “Сөрөг мэдээлэл”-ийн “Сөрөг гурвал” бүтэц /давхар чинагуух бүтэц/-тэй  “тэнтээ” хийбод ертөнц гэсэн “хосмол гурвал” синкрет нэгдэлд бүхэлчлэн олйгож хандах шаардлагатай болов. Ингэхгүйгээр бид одоо орчлон ертөнцийн гадаад дотоод ахуу, үзэгдлийн тухайд төдийгүй хүн төрлөхтөний ахуу амьдралын тухайд ч хагас дутуу ойлголттой, андуу буруу үзэл баримтлалтай цаашаа явах нь! Энэ бол хүн төрлөхтөн бид өөрсдийнхөө амьдрал, ирээдүйн үнэнийг хагас дутуу ойлгож, “тал” үнэнтэй амьдарна гэсэн үг. Бүтэн үнэнтэй бус, тал үнэнтэй амьдрах нь хүн төрлөхтөний амьдралыг худал хуурмагаар, алдаа мадаг, гажуудал, зөрчилөөр зэрэмдэглэх нь гарцаагүй юм. Бид орчлон ертөнцийн бүхэллэг, супернэгдэлийн  нарийн нийлмэл зүй тогтол, ил далд үйл явцын орчилтой амьд амьтадын, түүн дотроо ухаант хүний амьдрал хэрхэн уялдан зохицох үндэс, нөхцөлийг ул суурьтай ойлгох, үйл ажиллагаагаа  хатуу чанд, зөв, эерэгээр шүтэн барилдуулах нь хүн төрлөхтөний түүхийн гол шаардлаг, магадгүй, хүн төрлөхтөн ирээдүйд оршин амьдрах цаг хугацааны хамгийн чухал асуудал болж хувирах байх.Түүхээр тулгагдаж буй энэ шинэ асуудлыг оновчтой шийдэх, тулгарч буй шаардлаганд нийцүүлэн амьдралынхаа үйл явцыг өөрчлөх нь өнөөгийн хүн төрлөхтөний ухамсарлавал зохих, бас, зайлшгүй хэрэгжүүлбэл зохих эрхэм зорилго болов. Үүнд маань нэн түрүүнээ туслах юм гэвэл, хүн төрлөхтөний эртний уламжлалт болон орчин үеийн шинжлэх ухааны нээн илрүүлсэн зарим “нууцлаг үзэгдэл”-үүдийн үнэнийг амьдралынхаа бодот үнэний хэмжээнд хүлээн зөвшөөрч хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон хүнс хоол, хувцас хунар, орон байртайгаа адилтган ойлгох, тэгээд, тэр нууцлаг үзэгдэл, юмсаас бидэнтэй харилцах харилцааны нөхцөл, шаардлагыг бүрэн хангахад үйл ажиллагааныхаа зонхилох хувийг зарцуулах явдал юм. Ингэж чадах эсэхээс хүн төрлөхтөний ирээдүй хамаарч хувь заяа маань хэтдээ хаашаа эргэх нь шийдвэрлэгдэнэ.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • Матери, “сөрөг матери”, тэдний харилцан шүтэлцээ

    “Вед”-ийн багш Свами Прабхупад “Харь гараг дээр хөнгөн аялахуй” номондоо ертөнц хийгээд “сараг ертөнц”-ийн мөн чанар, харилцан хамааралын талаар нилээд мэдээлэл, ойлголт өгчээ.Үүнд:

                -Материаллаг ертөнцийг бүхдүүлэгч материйн хөдөлгөөн, эрчим нь өөрийн дээд хэлбэртээ “Сөрөг матери”-ийн ертөнцийг буй  болгоно.  “Сөрөг матери”-ийн бүтцэд үүсэх эрчим, хөдөлгөөн материйнхаас асар өндөр хүчин чадалтай бөгөөд мөхөж санашгүй мөнх чанартай, яагаад гэвэл, бүтээгдээгүй! Тэд материйг хөдөлгөөнд оруулж, матүид өөрийнхөө үйлчлэлийг тархаагч “амин хүч”, “амин орон” орон болж өгдөг. “Сөрөг матери”-ийн үйлчлэлээр материйн ертөнцөд амьдрал үүсдэг.

                -Мөнхийн хирнээ үргэлж шинэ сэргэг, материаллаг биетийн мөн чанарын эсрэг урвуу шинж чанартай учраас материйн хөдөлгөөн, хувьсалын зүй тогтолд ухвуу трансцендент хууль зүйд захирагддаг. Байнгын идэвхижилт үнэмлэхүй дээд, төгс боловсронгуй бөөмс, эсүүдээс тогтох тул материйн ертөнцийг далдуур удирдан жолоодож, эвдэж, бүтээж, харилцан шүтэлцээгээрээ зохицуулж байдаг.

                -Материйн болон “Сөрөг матери”-ийн ертөнц сөргөлдөн зөрчилдөхөд бие биеэ харилцан устгалцах трансцендент нөхцөл үүсч, материйн ертөнц сөнөхөд хүрдэг.

               

  • БИ РАДИКАЛ ЗҮҮНИЙ ҮЗЭЛТЭЙ ХҮН УЧРААС БАРУУНЫ ҮЗЭЛ, ОНОЛД НОЦТОЙ ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДДАГ /”Тэргүүн” сонины сурвалжлагч М.Мөнхчимэгтэй хийсэн ярилцлага/

    Та улс төрийн өнөөгийн бүхий л үйл явцад их бичгийн хүнийхээ хувьд ямар дүгнэлт өгч сууна даа?

    -Эхнээсээ  шулуухан хэлэхэд, негатив үнэлгээтэй суугаа!.. Нийгмийн үйл явцад хөгжил, дэвшил гарсан эсэх нь эцсийн дүндээ хоёрхон үзүүлэлтээр л тодорхойлогдоно. Нэгдүгээрт гэвэл, шудрага хөдөлмөрийн үр ашигаар буй болсон бүтээн байгуулалт, нийгмийн баялагийн өсөлт; хоёрдугаарт, хүний жинхэнэ хөгжил! Яагаад энд “шудрага хөдөлмөрийн үр” гэж онцолж цохож хэлж байна? гэвэл 1990 оноос эхлээд Монголд явагдсан “Хувьчлал” нэртэй луйвар, хуйвалдаан, тонуулаар буй болсон “хувийн өмч” гэгдэх баар, ресторан, зочид буудал, элдэв өнгийн дэлгүүр, гражууд, “Sega”тоглоом, караоке наргианы газрууд, гадаадын хулхи барааны захууд, монгол үндэстнийг сөнөөгч архины үйлдвэрүүд зэрэг мянга түмээр тоологдох “нүгэлт” байшин барилгууд, цаашилбал, цэвэр мөлжлөгийн үр дүнгээр хөрөнгөжигч, эх орныхоо байгаль, хөрс шороог цөлмөгч уурхай, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагааны эсрэг утгаар хэлж байна. Яагаад гэвэл, эднээс өнөөдөндөө гарч буй “тустай” үр дүн ирээдүйдээ ард түмэнд маань хор болж эргэнэ.

    Хоёрдугаар асуудал! “Хүний жинхэнэ хөгжил” гэж би юуг ойлгож байгаа вэ? гэвэл , юуны түрүүнд, хүний мэдлэг боловсрол, оюун сэтгэхүйн өндөр хөгжил, гэгээрэл гэж ойлгож байна.Үүн дээр, хүний хүн чанарын гүнзгийрэл, сэтгэл санааны ариусалыг заавал нэмж ойлгох хэрэгтэй.Үүнийг, жинхэнэ хүнлэг ёс суртахуун ч гэж нэрлэж болно.Энэ бүгд нийлээд хүн бурханших /Бурхан болж хөгжих/ үйл явц Монголын нийгмийн үйл явцад дээрхи 2 ойлголтоор буюу жинхэнэ шинжлэх ухаанч хандлагаар дүгнэлт хийхээр негатив чиглэлтэй үр дүн л харагдаж байна.Энэ негатив чиглэлийн шалтгаанд улс төр-эдийн засгийн шинжлэлийн үүднээс ухвал, олон дүгнэлт тоочиж болно.Би, зүгээр, ганц хоёрхон л юм хэлье.

    Нэгдүгээрт, Монголын улс төрийн сэтгэлгээнд үндэсний философи, бие даасан бүтээлч онол, аргачлал алга! Зөвхөн гадаадын л онол, туршлагын ажиглалтыг “импортолсон” сэтгэлгээгээр амь зууж, “хиймэл амьсгал”-аар цээж нь хөдөлж байна. Эдийн засаг, үндэсний үйлдвэрлэл, үндсэндээ тусгаар тогтнолоо бүрэн алдсан. Монголчуудын материаллаг ахуйн гол үндэс, судаснууд бүхэлдээ гадаад орчиноос хараат, импортын буюу тэхдээ, маш их үнийн хөөрөгдөлттэй наймаа, шулааны бараа товараар “амь тариа” хийж дөнгөн данган оршин тогтнож байна.

     

    Улс төр бол “байлдаантай кино” гэдэгтэй та санал нийлдэг үү? Нийлдэг бол яагаад?

    -Улс төр гэдэг сонгодог утгаараа “эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл!” Энэ бол В.И.Лениний тодорхойлолт! үнэнхээр л, улс төр бол эдийн засгийн харилцааны далд мөн чанар, утга агуулгыг амьдралд хүчирхийлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ сөрөг хандлага, харилцаанаас хүчирхийлэн хамгаалагч “хүчирхийллийн машин” буюу хууль эрхзүйн тогтолцоо юм. өнөөгийн Монголын эдийн засгийн тогтолцоог “хувийн өмч”-ийн харилцаа бүрдүүлж байна. Ингэхлээр, Монголын улс төр бол хувийн өмч, хөлсний хөдөлмөрийн “чөлөөт” мөлжлөгийн харилцаа, хүн амын цөөнхөд нийгмийн баялгийн шудрага бус хуримтлал үүсэх, нөгөө талаас, олонхи нь ядууран хоосрох үйл явцыг гүнзгийрүүлэгч зах зээлийн ноёрхолыг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тогтолцоо юм. Үүнийг би зөвшөөрдөггүй үзэл бодолтой учраас эсэргүүцэж, “Иргэний үл эвлэрэл” ганцаараа зарласан.Зах зээлийн харилцааг хэрэгжүүлэгч монголын улс төрийн бодлогыг бодот үр дүн болж нийгэмд нүүрлээд буй эмгэнэл,-ард түмний олонхийн үгүйрэл, ядуурал, нийгмийн оюуны хоосрол, зэрлэгшил, анархизм, аймшигт гэмт хэрэгүүд, эх орноосоо дүрвэх сэтгэлзүй зэрэг сэтгэл эмзэглүүлсэн үзэгдлүүд бол Монголын улс төрийн шинж чанар, ил далд нүүр царайг хуулан илэрхийлж буй бодот үр дүн гарцаагүй мөн. Энэ үйл явцын гүнд өнөөгөөр урьдчилан харах боломжгүй нийгмийн гүн хямрал, хурц зөрчил, магадгүй, ухамсартай ухамсаргүй “дайн”-ы нөхцөл агуулагдаж байгааг хэлэхгүй байж болохгүй. Дайн байлдаан бол хүн төрлөгтний түүхийн хамгийн гамшигтай, эмгэнэлт үйл явдал! Буруу эдийн засгийн бодлогод үйлчлэгч улс төр нь улс орныг асар гамшигтай хямрал, хоосролд хүргэдэг үр дүнтэйгээрээ “байлдаантай кино”-той адилтгаж болохуйц шинж чанартай үйл ажиллагаагаар дүүрэн байдаг.

     

    “Их зөвшилцлийн“ талаар ард түмнийг дөжиртөл л ярьцгаалаа.Энэ нь жинхэнэ утгаараа манай улсад хэрэгжиж чадаж байна уу?

                -“Зөвшилцөл”-ийн үр дүн хараахан харагдахгүй байна. Харин ч 2000-2004 онд бүрэлдсэн улс төрийн тогтвортой байдлаас нам, улс төрийн бүлэглэлүүдийн хямрал, тасралтгүй хэрүүлд шилжүүлж, төр засгийн зохион байгуулалтын зөвд хийгээд удирдах чадварт ард түмнийг эргэлзүүлэх, төрдөө найдах найдварыг нь ихэд хөсөрдүүлж эхэллээ. Төрийн институцүүд илт санал зөрөлдөөнтэй, үзэл бодлын зөрчилтэй, хувь хувийн явцуу эрх ашиг, далд хүсэл сонирхолын тэмцэлтэй нь илэрч “нүцгэрч” байна.

     

    Мөн хамгийн ихээр яригдаж байгаа нөшөө нэг асуудал бол “авлига”! Энэ үнэнхээр газар аваад болохоо байх шатандаа ирчихсэн юм болов уу? Та юу гэж бодож байна?

                -Авилгыг ард түмэн бус, Төр л авч байгаа шүү дээ! Хэн өгч байгаа вэ? гэвэл,харин ард түмэн! Юунд, чухам, өгөөд байна? гэвэл, Төрийн үйлчилгээнд! Төр гэдэг хийсвэр юм биш, хүмүүс! Өөрөөр хэлбэл, төрийн “тэрэг” –нд хөллөгдөж буй албан хаагчид! Тоо нь ердөө 120 мянга! Тэднийг ихэнхи нь буюу 100 орчим мянга нь;-эмч, багш нар! Эмч, багш нар ямар нэг “хоргүй“ хэлбэрээр мөнгө авдаг нь үнэн! Энэ тун муухай! Гэхдээ тэдний энэ нүгэл буяныхаа тал хувьтай тэнцэнэ.Цаана нь үлдэж буй 20 мянган хүний нилээд нь хамаг гоохойн эзэд! Ялангуяа, “улс төрийн алба” гэдэг хуулийн категорит байдаг 3мянга орчим тооны “ноёд”, “төрийн жинхэнэ албан хаагчид” гэдэг категорит ордог “түшмэд”-үүд л төрөөр үйлчлүүлэгчидээ буюу элдэв гачигдал зовлонд хөөгдөж боогддог ард түмнээ авилгаар дарамталж, монголын дамын наймаачидтай хамсан хоосолж байна!гэж би бодож байна. Өнөөдөр авилгын талаар манай “шар” “хар” хэвлэл мэдээлэлээр урсаж буй хуулийн нотолгоогүй тоо баримт, шуугиан цуугианы “дажин”-ыг эргэцүүлж суухдаа, “хулгайчийг бариарай!гэж хулгайч нь өөрөө хамгийн түрүүнд хашгирдаг!” үг бийг ч дотроо санаж л суух юм.

     

    Монгол орон “Ардчилал”-д шилжээд даруй 15 жилийг үджээ. Та анх энэ хувьсгал гарч байхад хэрхэн хандаж байсан бэ?

                -Нэлээд хэдэн өгүүлбэр хэлэх хэрэгтэй болох нь дээ…

     

     

     

    За яах вэ, нэгэнт асуусных сонсъё!

                -Тухайн үйл явцыг би эхлээд сонирхож байсан шүү! Тэгэхэд би Чингэлтэй ханы өвөрт, Салхитын аманд, мэргэжлийн зохиолчийн ажилтай, хөгшин эхтэйгээ сууж байлаа. “Учрахуй, Хагацахуй” романаа бичиж байсан цаг юм… эдийн засгийн либеральчлал, зах зээлийн чиг баримжаа, улс төрийн “ил тод байдал”-ын үзэл санааны дулаарал, олон ургалч сэтгэлгээний нернг уур амьсгалын салхи Уралын нуруу даваад Монгол руу сэвшиж эхлээд байлаа. МАХН-ын Төв хэвлэл ”Үнэн”сонин, Б.Баабарын товхимолууд, О.Дашбалбар, Н.Энхбаяр, Ц.Балдорж, Ж.Бямбаа, Р.Зардыхан зэрэг эрин үеийн нэрт сэхээтэнүүдийн нийтлэлүүд, Сонголын зураачид, хөгжмийн зохиолчид, зохиолчидын их хурлууд, ялангуяа “Залуу уран бүтээлчидийн улсын II зөвлөгөөн”-ий дуулиант нөлөө монголчуудын оюун сэтгэлгээнд урьд байгаагүй хүчтэй “дэлбэрэлт” гаргах сэтгэхүйн ч, сэтгэлзүйн ч бэлтгэлийг хангачихаад байлаа. Иймд би нийгмийг ардчилах, сэтгэлгээний эрх чөлөөг хангах үйл явцыг дэмжиж, хэсэг хугацаанд өөрөө ч идэвхитэй оролцож, дуу хоолойгоо нэгэтгэж байсан юм.Монголын нийгмийн сэтгэлгээнд олон эшт үзэл нэвтрэх нь, дан ганц Марксист- Ленинист үзэл онолын тулгалтаас ангижирах нь оюуны бүтээлчид нийгэм, амьдралыг өөр өөрийнхөөрөө ойлгож бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж болох замд шилжих нь мэдээжийн том дэвшил байлаа.Эдийн засаг ч хаалттай тогтолцоогоо халж, нээлттэй гадаад худалдаа, олон улсын хүрээний идэвхитэй хамтын ажиллагаанд интеграцлагдах нь ашигтай, түргэн хурдацтай хөгжлийн замыг нээх нь эргэлзээгүй байсан. Иймд би эдийн засгийн зохистой шинэчлэл, чөлөөт сэтгэлгээний төлөөх тэмцлийн эхэн үеийн үйл явцыг дэмжсэн үзэл бодолтой явсан юм.Харин Д.Сүхбаатарын талбайд зарласан “өлсгөлөн”, суулт, эмх замбараагүй жагсаал, үймээний нь үе шатнаас эхлээд дэмжих бодол эрс хувирсан.Би ард олны үг худлаа байдаггүй гэж итгэдэг. Тэр үед ард олны дунд тарсан ярианд одоо ч итгэдэг. Ард олны яриагаар бол, тэр өдрүүдийн “өлсгөлөн”, “суулт” гэдэг, ер, жинхэнэ улс төрийн тэмцлийн цэвэр өлсгөлөн, суулт  байгаагүй гэлцдэг. Зүгээр л, тухайн цагийн монголын “хипи” маягийн хэдэн өрөвгөр юмнууд, хэн хэн ч байсан бэ дээ, энэ чинь, С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, М.Энхсайхан, Р.Гончигдорж, за тэгээд, гадаад “ромбо”-той, дамын наймааны “жийнс”-тэй хэсэг холчиргон, цолгио залуус нийлээд, үстэй дээл, эсгий гутал өмсөөд, шөнө майханд хоноцгоосон. Тэр “шоу” нь нидэртээ, огт өлсгөлөн байгаагүй, шөнө нь амьтны хөл татрахаар тарган үхрийн хавирга халуун цайнд хөшиглөөд л, мөрийтэй хөзөр тоглоод л, “нууц амраг”-уудаа сэм авчирч өвөртлөөд л…, их жанжины маань хөшөөг тойрч “давсагаа суллаад” л, тэнд “нуурласан” “рашаан”-ыг хотын үнээ мал өдөр нь ирж шоржигнотол сороод л байсан нь гэрчүүдийн мэдэх түүх юм. Бас, тэр үеийн кино бичлэгт “хувьсгал” нэрээр үлдэж, сүржин сурталчлагддаг жагсаал, гудамжны үймээн, учир зорилгоо ч товтой ухаараагүй бөөн бөөн сониуч хүмүүсийн багшран байна. Тэд “улс төрийн товчоо огцор” гэдэг “өөхөн толгой”-той байгууллага нь ард түмнээсээ яахаа асуудаг ч үгүй, улс төрийн тийм онцгой нөхцөлд заавал явуулах ёстой хууль ёсны арга хэмжээ, -референдум ч зарладаггүй, шинэ нөхцөлд шал хуучнаараа, өнөө л дур мэддэгээрээ дур мэдээд огцорчихсон. Өөрөөр хэлбэл, монголын төр, засгийн эрхийг хэнд ч өгч байгаагаа ч мэдэхгүй, олон талаар огт тооцсон юмгүй, монголын төрд “хүний тэмээнд” хандаж байгаа юм шиг хүнийрхүү хандан “бурантаг”-ийг нь эвхээд тавьчихсан!…Тэгээд, “Шинэ үндсэн хууль” гэдэг дууриамал, хуулмал, монгол хэлээр тааруухан найруулсан орчуулгын “бүтээл”-ийн “хаанчлал”! 1992 оны  “Шинэ үндсэн хууль” гэдэг бол өнөөгийн хүн төрлөгтний материаллаг ахуйг ирээдүйгүй болгон мухардалд оруулж буй, хүний дотоод чанар, шүншигийн эсрэг чиглэсэн үйлдвэрлэл худалдаа, илүүц хэрэглээний өрсөлдөөнөөрөө хүнийг Бурханы замаас улам бүр хордуулж харин гэсгээл шийтгэлд нь улам бүр ойртуулж буй капиталист мөлжлөгийн үйл явцыг даамжруулж буй, бас, дэлхийн байгалийг бүрэлгэгч, сүйтгэгч шинж чанартай үйл ажиллагаагаараа хүн төрлөгтний Оршихуйг утгагүйдүүлж буй бусармаг, буруу харилцаанд ионголчуудыг хонь мэт хашиж өгсөн “төмөр шилбүүр”-ийн чанартай баримт бичиг юм.Энэ “орчуулга”-баримт бичгээр бамбай хийсэн эдийн засгийн буруу реформууд хийгээд эхэлмэгц нь би албан ёсны эсэргүүцлээ зарласан.Яагаад гэвэл, ард түмний аж амьдралыг эрс доройтуулсан тэнэг тэнэг арга хэмжээнүүд шил шилээ даран цуварсан. Жишээ нь, үндэсний валютын ханшийг санаатайгаар унагаж, ард түмний хараал идсэн 20 дугаар тогтоол, алт дилерийн алдагдал, цэвэр луйвар хуйвалдааны хувьчлал, үндэсний үйлдвэрүүдийн устгалт, банк санхүүгийн тогтолцооны дампуурал гэх мэтээр эх орны эдийн засаг, үндэсний оршин тогтнох үндэс суурийг ганхуулсан аймшигт алдаанууд хавтгайрсан. Үр дүн нь,-монголын өнөөгийн амьдрал! Эдийн засаг маань өөрийгөө тэтгэх чадвараа бүрэн алдсан! Улс төрийн тогтолцоо гүнзгий хямрал, тэмцэлд идэгдсэн! Хүн амын 70 гаруй хувь нь үгүйрэл, ядууралд сөхөрсөн!…Энэ бол манай нийгмийн оршихуйг эдийн засгийн талаас нь, өөрөөр хэлбэл, материаллаг бааз суурь талаас нь дүгнэхэд гарч буй дүгнэлт. Одоо нийгмийнхээ амьдралыг хүний дотоод ертөнц буюу оюун сэтгэлгээ, сэтгэлзүйн талаас нь хандаж дүгнээд хэдэн үг хэлье:

                Монголчуудад хэрэглээний сэтгэлгээ л хүчтэй хөгжлөө.“Хийх”бус,“хэрэглэх” сэтгэлгээ! “Хийх”-ийг нь чадахгүй, мэдэхгүй хэвтэж “хэрэглэх”-ийг нь чаддаг, мэддэг болсон энэ сэтгэлгээ бол маш хортой дадал заншилыг төлөвшүүлдэгээрээ маш “чөтгөрлөг” үзэгдэл! Энэ сэтгэлгээний хор, ховсонд монголчууд “машин унасан толгойгүй хүмүүс” л болж гүйцлээ. Дээр нь, “өөрөө нүцгэн байж өвдөг цоорхойг шоолов” гэдэг сэтгэлзүйд бүрэн ховсдуулав. Ажил, бүтээлд болохоор толгой хоосон, гар “мухар” хэрнээ тансаглах, гангалах, зугаацах “эрдэм”-д болохоор цоорхой баахан алманцарууд, будагтай үс, “мэс засал”-тай хамар, зовхитой, энгэсэг оотой нүүр, илбэ жилбийн хувцастай “сармагчингууд”-аар монгол дүүрлээ. Ийм “ноёд”, “хатагтай” нарыг европчуудын хэлэнд “сибарит” гэж хочилдог юм гэсэн!

    Ардчилагчидын хийсэн бүтээсэн бүхэнд Та ийм л дүн тавьж байгаа юм уу?

    Жинхэнэ ардчилалыг манай “ардчилагчид” огт ойлгоогүй шүү дээ! Тэд ардчилалыг яаж ойлгож байна? гэвэл, “баригдаагүй л бол хулгайч биш” гэдэг логикоор ойлгож байна. Өөрөөр хэлбэл, монголын “ардчилагчид” бол ардчилалын багтай “эрүүгийн этгээдүүд”! Эдний “бүтээсэн юм” гэвэл, хувьдаа л хөрөнгөжсөн! Монголын ард түмний олон арван жилийн бүтээн байгуулалтыг дур мэдэн сүйтгэж, нийгмийн баялгийг нь хуваан идэж ард түмнийг минь “элгээр нь мөлхүүлсэн”! Бидний монголчууд гадаа гудамжинд цуглаж хашгиралдах “эрх чөлөө”-нд л хий баясан хөөрцөглөсөн, гадаад чөлөөтэй нэвтэрч хүний хөлсний зарц болох хохь “эрх”-ээ л ардчилал гэж ойлгон алга ташсан хөөрхий боолууд байна шүү дээ!Энэ бол жинхэнэ чанартаа ардчилал ч биш, эрх чөлөө ч биш, хүний амьдралд голлох “үнэт зүйлч” ч биш юм. Ÿмар их хуурамч, өнгөц юманд ямар гүндүүгүй хууртаж байна даа, хөөрхий ард түмэн минь!..Хүний амьдрал, оршихуйн жинхэнэ үнэт зүйлс, гүн гүнзгий утга зорилгыг олон нийт ойлгохгүй, тэс буруу үйл ажиллагаанд амьдралынхаа үнэт хугацааг зарцуулж XXI зууны монголын түүхийн хамгийн том эмгэнэл, гуниг байх болно.Би барууны үзлийг эсэргүүцдэг.Монголын өнөөгийн “ардчилагчид” нэртэй жижиг хөрөнгөтнүүд цөм хэт барууны үзэлтнүүд! Тэд ардчилал гэдэг ханштай үгээр, хүний амьдралын энэ үнэт хэрэгцээгээр далд мөлжлөгийн тогтолцоогоо халхалдаг, ардчилал, хувь хүний эрх чөлөөний төлөө тэмцэж буй мэт үйл ажиллагааныхаа хэлбэрт “мөнгөний тоталитаризм”-аа нууцалдаг. Ний нуугүй хэлэхэд монголд тогтоод буй ардчилал бол зөвхөн “Мөнгөний ардчилал”! Мөнгөнд захирагдаж буй ахуй орчинд хэрэгжиж буй үйл явцыг ардчилал гэж нэрлэж буй хүмүүс бол хүний биетэй хэрнээ шувууны тархитай “гибридүүд” д юм! “Ардчилсан хувьсгал” гэсэн шороон будган “реклам”-тайгаар монголд өнгөрч буй сүүлийн 15 жилийн нийгмийн амьдралын уналт, ухралтаас гарах гарц ойрын 15-20 жилд байхгүй! Миний энэ дүгнэлт таавар биш, практик амьдралд батлагдах шинжлэх ухаанч үнэн!

     

    Зарим төрийн түшээд маань ч, “Монгол Улс өнөөдөр нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд амьдарч байна!” гэж мэдэгдэх боллоо. Та энэ бүх сонгуулиудын талаарх өөрийнхөө үзэл бодлоос хуваалцахгүй юу?

    -Ихэнхи нэр дэвшигчид буруу зөрүү үйлд гаршсан аминцар үзэл бодолтой, төр түших мэдлэг боловсролгүй хэрнээ л сонгогдчих юм.Ганц л аргаар буюу ердөө л мөнгөөр молигодоод сонгогдчих юм. “Эр хүн шартаж хаширдаггүй, эм хүн төрж хаширдаггүй!” гэгчээр ард түмэн минь ч хууртагдаж хашрахгүй улс юм, хөөрхий! Амьдрал нь ядуу, үргэлж мөнгөний гачигдал, эрхшээл, боолчлолд муугаа үзэж бор хоногоо өнгөрөөдөг болохоор “хулхи” амлалт, хуурамчхан бэлэг сэлт…товчдоо, мөнгөнд л хууртагдчих юм л даа! Тэгээд л, аахар шаахар наймаачин-бизнесмэнүүд, пүүс, компанийн эзэд, амьдралдаа таван ном ч гүйцэд уншаагүй оюуны хомсдолтонгууд төрийн толгойд гарч хууль “боловсруулаад” л, төрийн эрх дархаар хөрөнгө хэтэвчээ зузаалаад л, эсрэг туйлд нь болохоор ард олон улам ядуураад… улам хоосроод…өлсгөлөнгийн “комбинат” руу бөөн бөөнөөрөө туугдаад дуусч байна. Энэ байдал монголын эдийн засаг биеэ даасан, өөрөө өөрийгөө “бүтээгч” тогтвортой, дотоод чадавхитай тогтолцоо болж хөгжих хүртэл үргэлжилнэ.Юун нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хоорондох хугацаагаар бүү хэл, нэг үеийн амьдралаас нөгөө үеийн амьдралын хоорондох хугацаагаар ч үргэлжлэх магадлалтай харагдаж байна. Монголын төрийн алба хүмүүст эрх мэдэл өгч, өмч хөрөнгөө нэмэх боломж болж хувирсан учраас түүний төлөө улангасан өрсөлдөх, үг хэлээр уралцах, гүтгэлэг, цуурхал, хэлмэгдүүлэлтээс өгсүүлээд хараал, жатга гүйлгэх, амь насыг нь хөнөөх муу арга замын тэмцэл хийх нь ч цагаандаа гарчээ.Энэ муухай, буруу гажууд өрсөлдөөний сэтгэлгээ, сэтгэлзүйгээс болоод зарим улс төрийн нам хүчин, зарим нэртэй зүстэй хувь зүтгэлтнүүд нь ч сонгуулийн мөн чанар, утга учрыг тун буруугаар ойлгохдоо хүрсэн юм шиг байна.Тухайлбал, би Ардчилсан Намыг хэлж байгаа юм. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхсайханы урианд “Сонгуульд ард түмэн ялаасай!” гэсэн хачирхалтай, инээдтэй өгүүлбэр харагдаж байна.Сонгууль дайн биш шүү дээ! Ард түмэн хэнтэй ч, юутай ч дайтаагүй! Сонгууль гэдэг улс төрийн үйл явдалд ямар ч ялагч, ялагдагч байхгүй. Энд сонгуулийн утга агуулгын логикийг буруу ойлгосон, бас, монгол хэлний Ялагч, Ялагдагч гэдэг үгсийн гарваль утгыг хальт ухсан сэтгэлгээний логикийн алдаа, сэтгэлийн хөөрөл, яаралд дарамтлуулсан “стресс” ил! Сонгууль бол ямар нэгэн Ялагч, Ялагдагчийг үлдээж буй дайн дажин биш, тиймэрхүү сүйдтэй өрсөлдөөн, тэмцэл ч биш, харин сонгуульд оролцож байгаа хүмүүсээс хэнийг нь илүү хүн гэж шилснийгээ сонгогчид өөр өөрсдийн улс төрийн ойлгоц, ухамсарын хэмжээгээр илэрхийлж буй шилэлт, сонголтын л үйл явц! Энэ бол, зөвхөн шалгалт! Нэг талаас, нэр дэвшигч сонгогч олондоо өгч буй, нөгөө талаас, сонгогч нь сонгосон хүнийхээ үйл ажиллагааны үр дүнгээр сонгуулийн хугацааны эцэст өөртөө өгөх шалгалт юм!

     

    Эрт нэгэн цагт Монгол төрийн хар хайрцагны бодлого гэж айхтар шилэгдмэл арга байж! Одоо үед түүнийг хэрэглэвэл тохирох болов уу?

    -Техник технологийн хөгжлийн үрээр бие биеэсээ нуугдах мэхгүй болсон өнөө үед гараг дэлхий маань, XIY Далай багшийн хэлснээр, өчүүхэн жижиг орон зай болжээ. Энэ хомсхон орон зайд оршин тогтнох эрх, нөхцөл боломжийг олохын тулд алив үндэстний улс төр-эдийн засаг “нээлттэй” харилцаанд “дагаар орох”-оос биш, эсэргүүцэх болоцоогүй болжээ. Зүйрлэж хэлбэл, “цоожгүй хайрцаг”-тай л адил байхаас аргагүйд тулж! Харин энэ “цоожгүй хайрцаг” дотор, ёроолд нь ч юм уу, аль нэг өнцагт нь ч юм уу, хаанаасаа ч харагдахгүй, эзнээсээ бусад хүнд юугаар ч онгойхгүй жижигхэн, далд “очир алмаасан” хайрцаг заавал байх ёстой нь тэр үндэстний оршин тогтнох, цаашдаа хөгжих гол эх сурвалж байсаар үлдэнэ гэж боддог.Тэр “очир алмаасан” хайрцаг дотор юу юу нуугдаж хадгалагдах ёстой вэ? гэвэл, тухайн ард түмний байгальтайгаа зохис нэгдсэн сэтгэлгээний онцлог чанар, генийн нууц, сэтгэлзүй, хэл, соёл, ёс заншил, үл хуучрах уламжлал, -товчдоо, амьдрах арга ухааны бие даасан тогтолцооны тусгаар тогтнол, улс орны одоо, хэтийн эрх ашгийн “дархлаа”-ны бодлого хадгалагдах байх даа, хүүхээ!

    Монгол Данжуур дахь “Билгийн гол мод нэрт төрийн шашдир оршвой” гэдэг төр ёсны сударт, “өөрийн нууцыг өөрийн хайрт хөвүүн мэт сахиваас “газар оронд тэгш болоод хүмүүст эрхэм сайн” гэсэн байна лээ.

     

    Эцэст нь, Таны санааг хамгийн ихээр “хөндүүрлүүлж” байгаа ямар асуудал байна вэ?

                -Монгол маань ном уншдаггүй ард түмний эх орон болчихлоо.Энэ бол аймшиг! Иддэгээрээ хэнээс ч дутахгүй, хэнтэй ч зэрэгцэх “чадвар”-тай хэрнээ ном уншдаггүй “эрх чөлөө”-гөөрөө бусдын дээр байх, үүнээсээ болоод сэтгэх чадвараараа, ажил бүтээлд өрсөлдөх чадамжаараа хүний хошногонд байх нь юутай шившиг! Сэтгэл оюуны энэ “шог” байдал, аймшигт хоосрол юунаас үүдэж байна гэвэл, бид ном-эрдэнэдээ сүсэглэдэггүй, цаг заваа шавхан шамддаггүй, дотоод ертөнцөө гэгээрүүлдэггүй, зөвхөн биеэ гоёх, ходоодоо баярлуулах өмч хөрөнгийн дажинд амьдралаа сүйдэлж байгаатай холбоотой! Идэх, унтах, хүсэх нь хүнтэй адил, сэтгэх хийх нь хүнтэй адилгүй хүмүүсийг дэлхийн соёл –иргэншлийн ойлголтоор “амьд үхдэлүүд” гэж ойлгодог хандлагатай нь аймаар хандлага шүү дээ. Мэдлэг, мэдээлэл, оюуны амьдралын эрин гэгдэж байгаа энэ зуунд дэлхийн улс үндэстнүүд монголчууд бидэнд энэ ойлголтоороо хандах болно гэж бодохоос сэтгэл туйлаас хөндүүрлэж байна даа!

     

    “Тэргүүн” сонины 2005 оны 05 сарын ¹05/33-т хэвлэгджээ.

     

  • Улс төр дэх нийгмийн “шийдмэг алхам”-ын өвчинийг шүүмжлэх нь:

    Хүн төрлөгтний хөгжлийн нийтлэг чиг хандлаг гэдэг ерөнхий ойлголт, төсөөлөлтэй халхавч хийдэг манай улс төрийн хувийн өмч төвт сэтгэлгээ, хөрөнгө мөнгөний бооцоот бодлогын яаруу, хуудуу, “буухиа” шийдвэрүүд ард түмний олонхийн эрх ашиг, оюун санаанд нийцэхгүй байна. Өнөөдөр Монголын улс төрд ихэнхидээ зөвхөн хөрөнгөлөг “эзэд” ажиллаж, уламжлалаас илүү шинэчлэл рүү хошуурч, шинжлэх ухааны суурь судалгаа, нотолгоогүй яаруу, давчуу өөрчлөлтийн шийдвэрээр улс төрийн амьдралыг дарамталж буйгаас төрийн бодлого, практик үйл ажиллагаа хоёуланг үндэсний хөрснөөс салган “хийдүүлэх” туршлагагүйдүүлэх занганд унагаж байна. Төр урьд нь “Монголын ард түмэн” гэдэг эцсийн задгай /нээлттэй/ “зогсоол” руу төрийн үүргийн “ачаа”-г хүргэн Монголын уул, талын хад асган дундуур нүргэлэн туулдаг хүнд даацын “ачааны тэрэг” байсныг тэд өнөөдөр зөвхөн “өмчтөн”, “амьдрах чадвартан” гэдэг цөөхөн, бүлсэг “баг”-ийн хаалттай “зочид буудал” руу зөөдөг хөнгөхөн, хэврэгхэн, дизайнлаг, “пластмассан тэргэнцэр”,болгож хувиргав. “Эзэд”-ийн сэтгэц, сэтгэл бодлын онцлог болсон хөрөнгөжих, даяарчлагдах, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэртэй түншлэх, компьютер-мэдээлэлийн “импорт”-оор толгойгоо дүүргэх психоз Монголын нийгмийн сэтгэлгээний удирдлага болов.

    Үйл явцын үр дүн эерэг, сөрөг гарахыг урьдаас шинжлэх ухаанчаар тооцох, судлах, үндэсний оршихуйн бааз суурь болдог параметруудаар шинжлэж магадлах арга, бодлого төрийн шийдвэр, үйл ажиллагааны удирдлага болох ёстой атал зөвхөн өөрчлөхийн тулд өөрчлөх психозоор удирдуулдаг нь шинэчлэлийг бусниулалт, өөрчлөлтийг ухралт болгосон гашуун түүх болж үлдэхээр болголоо. Энэ бол улс төр дахь “шийдмэг алхам”-ын өвчиний уршиг!

    Төр засгийн шийдвэр, практик үйл ажиллагаа дээрхи уршигт “өвчин”-өөс ангид, эрүүл байхын үндэс нь цагаа олсон байхад буюу нийгмийн дийлэнхи олонхын тухайн үе дэх амьдралын үнэмлэхүй хэрэгцээ хийгээд эрх ашигийн нийтлэгийг илэрхийлж чадсан байх зарчимыг хангахад оршдог. Гэтэл нийгэм бодот суурь бүрдээгүй, нийгмийн ухамсар ч, сэтгэлзүй ч “хувьчлал”, “үнэ чөлөөлөлт”, “зах зээлийн механизм” зэрэг “импортын сэтгэлгээ”-ний огцом, цагаа олоогүй, өөрчлөлтийг шаардаагүй, тийм нийтлэг хэрэгцээ ч нийгэмд тулгараагүй байсан нөхцөлд зах зээлийн бусармаг харилцаа руу шуурсан “зоригтой” шийдвэрийн “зоригтой” алхам нь нийгмийн гажуудалын вирус тээсэн муйхарлалын “томуу” байсныг одоо ард түмний 80 хувийн ядуу хөсөр амьдрал нотлон харуулж байна.

    Зоригтой шийдвэр, шийдмэг алхам зөв боловч муйхарлал, хувийн эрх ашигийн “тоглолт” байж болохгүй! Эсрэг тохиолд яг л Монголын “ардчилал” шиг ард түмнийхээ олонхийн амьдралыг цөлмөсөн сөрөг үр дүнд хортой байх болно.

    Олонхигүй цөөнхийн амьдрал хэзээ ч нийгмийн бодот үнэний илэрхийлэл болж чадахгүй! Амьдралын шалгуур нь амьдрал өөрөө! Ард түмний олонхийн бодот амьдрал, ядуурал Монгол дахь зах зээлийн бодлогын зөвийг улам бүр үгүйсгэж байна. Амьдралын үнэний үгүйсгэл бол эцсийн үр дүнгийн үгүйсгэл, хамгийн аймшигтай үгүйсгэл! Өнөөдөр нийгмийн амьдрал өдрөөс өдөрт доройтоод, хөгжлийн гэх тайлбартай үйл явц хүний жинхэнэ хөгжлийн эсрэг үйлчлээд байгаа нь ноцтой үнэнийг, -цаг зуурын ихэнхи ялалт, амсхийлт, амжилтын “толгой эргэлт” амьдралд үргэлж ялагддаг үнэнийг үргэлж сануулж байна.

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуулууд” номоос

  • Намууд дахь “алга”…

    Нам гэдэг хийсвэр ухагдахуун бодот утгаараа бол, юуны өмнө, нийгмийг хэрхэн хөгжүүлэх арга замаа шинжлэх ухаанчаар тодорхойлж маш цэгцтэй боловсруулсан онол бөгөөд тухайн онол баримтлалаа амьдралд бодтой хэрэгжүүлэх эдийн засаг-улс төрийн нэгдмэл үйл ажиллагааны удирдлага юм. Намыг нам болгодог гол юм нь, -уг намын мөн чанар, оюун сэтгэлгээний нь чадамжийг тодорхойлогч өөрийн биеэ даасан нийгмийн хөгжлийн онол, үнэмлэхүй хүмүүнлэг зорилго бүхий үйл ажиллагаа хоёрын нь нэгдэл байдаг. Намын үйл ажиллагаа нь нийгмийн амьдралын түвшинг дээшлүүлэх материаллаг баазыг цогцлуулах, тогтворжуулах, улмаар хөгжлийн биеэ даасан динамик бүтцэд оруулахад чиглэгддэг “үндсэн хууль”-тайгаараа нийгэмд байр суурь эзэлдэг. Түүнээс биш нам нь зөвхөн засаглалын эрх мэдэл булаалдан тэмцэлддэг бизнес ашиг сонирхолын нэгдэл бус бөгөөд аль нэг даргаар, эсвэл олон даргаар, эсвэл бүүр “Удирдах зөвлөл”, “Үндэсний зөвлөлдөх хороо” нэртэй өмч хөрөнгө эзэмшлийн сонирхол бүхий бүлэг цүлэг хүмүүсийн үйл ажиллагааг хуулиар зөвшөөрүүлэх “байгууллага” биш юм. Нам нийгмийн хөгжлийг хурдасгах, эрчимжүүлэх улс төрийн хүчин зүйл, нийгмийн хөгжлийн онол-практикийн удирдлаганд идэвхитэй нөлөөлөл бүхий субъектийн хувьд нийгмийн онол-сэтгэлгээний хөгжилийг болоод ард түмний бодот амьдралын түвшинг далайцтай дээшлүүлэх арга ажиллагааны бүрэн чадамжит институц байх ёстой гэдэг шалгуураар шүүн хэмжвээс, Монголын улс төрийн намууд нь ердөө л Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж гэрчилгээ авсан “Нам” нэртэй, бизнес үйл ажиллагаа эрхлэгчидийн “цугларалтын клуб” -үүд юм. Эдгээр “клуб”-үүд бол мөн чанараараа Монголын төрд өндөр эрх мэдэл, албан тушаал горьлооч, “лидер”-үүдийнхээ ашиг сонирхолыг хэрэгжүүлэгч “лоббий”, “авлига”, ил далд “тохиролцоо”-ны эрчимтэй үйл ажиллагаа явагддаг “нууц үнсэлдээ”-ний газрууд!

                Намуудын “идеолог”-ууд маягтай үзэл сурталчид нь гэхээр, -өргөж хэлэхэд, “бага овор”-ын сэтгэгчид, нийтлэлчид буюу их л сайндаа компьютер, интернет сүлжээ ашигладаг, тэндээс өөрсөн шигээ “бага овор”-ын сэтгэгчид, нийтлэлчидийн бичвэрээс өөртөө ашигтай ааван сааван мэдээлэл ухаж “олзворлодог”, дээр нь гадаад томилолтынхоо туршлага, мэдлэгээр “цэнэглэгддэг”, техникшилт, даяаршилтын ид шидийг хавархдаг XXI зууны неондартальчууд байдаг. Тэд “алив үзэл суртлыг үл зөвшөөрнө”, “алив асуудлыг улстөржүүлэхийг эсэргүүцнэ” гэж байнга рекдамдах боловч үнэн хэрэг дээрээ хувийн өмч, хөрөнгө мөнгөний үзлээр нэвт шувт үзэл сурталжсан, улс төрөөр монголын өдөр тутмын сонин, үндэсний хэвлэл мэдээлэлийн зайг дүүргэнэ. Бас, хүүхдийн хошного загатнуулдаг хялгасан хорхой шиг хорон “хатгуур”-тай, хорошгүй амбийцаараа бие биеэ тасралтгүй мэрнэ. Энэ бодот үнэнээс дүгнэхэд, монголын улс төрийн амьдралд Нам хэмээх хүчин жинхэнэ сонгодог утгаараа алга!Ингэхлээр, олон намын тогтолцоо ч үндсэндээ алга!

                Нийгэмд өрнөж буй үйл явцын жинхэнэ удирдагч нь орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх салбаруудын ололт, нээлтийн мэдлэг, нийгэм-хүний хөгжлийн философи байж гэмээ нь л сая тэр үйл явц үнэнхээр хөгжлийн үйл явц болж чадна. Шинэ онол, шинэ философи л шинэ нийгмийг бүтээнэ, удирдана. Гэтэл Монголын нийгэмд сүүлийн 15-16 жилд өрнөсөн үйл явц нь түүнд уралдан оролцсон, өрсөлдөн удирдсан намуудад нь үндэсний биеэ даасан нэгдмэл онол, философи байгаагүйн улмаас үндсэндээ сөрөг үр дагавартай, урсгал чанартай, эмх цэгц, тогтворжилт муутай, нийгмийн хөгжлийн үйл явц гэж томъёологдохоосоо илүү шинж чанартай өрнөв. Монголын нийгмийн сэтгэлгээнд хөгжлийн нэгдмэл гүн ухаан үндэсний эндомик ахуй, уламжлалаас үүдсэн шинжлэх ухааны аргачлал, үндэслэл бүхий удирдлагын ухааны түвшинд боловсрогдоогүйгээс шалтгаалаад ианай нийгмийн амьдрал барууны энэ тэр орны туулсан замын замхарч буй тоосоор л чиг баримжаа хийн үймж байна. Ямар ч онол философигүй /Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Хүн хөгжлийн хэмжүүр! гэсэн үзэл баримтлалыг эс тооцвол/ Намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой улс төрийн амьдрал бүүр ч хөлөө алдав. Шалтгаан нь, -Намуудад “мөрийн хөтөлбөр” гэгч, сонгуульд ашигладаг, тэгэхдээ засгийн эрх мэдлийн төлөө намуудын хооронд явагддаг материаллаг ашиг сонирхолын тэмцлийн мөн чанарыг халхавчилдаг ялигүй баримт бичгээс өөр             удирдлага тэдэнд алга! Эдгээр “Мөрийн хөтөлбөр”-ийн тухайд хоёр үнэнийг баттай хэлж болно:

    Нэгд, “хөтөлбөрүүд” үндэсний ахуйн нөхцөлөөс үүлэж буй зарим орь хэрэгцээ, тухайн бодот доминантад үнэхээр тулгамдаж буй гоц асуудал, хүн амын олонхийн амьдралын өдөр тутмын гачигдал зовлонгоос хол хөндийн дээр шинжлэх ухаанч, онол-аргачлалын тооцоо, судалгаанд үндэслэсэн нарийвчлалгүй, зохиогч эзэд нь ч онол-практикийн синтез мэдлэг, чадваргүйгээс, бас, хүн амын тодорхой тодорхой бүтэц, латент /далд/ хүсэл сонирхолын гүнд нэвтэрч ажилласан арга туршлагагүйгээс ихэнхидээ их ерөнхий, бүдүүвч тоймлол маягтай, үл биелэгч цаг зуурын “бүтээл” байдаг;

                Хоёрт, нэг улс төрийн намын “хөтөлбөр” нөгөө нам, улс төрийн хүчиндээ үл тоогддог, бас түүнийг амаар л хэрэгжүүлэхээс биш ажил үйлсээрээ хэрэгжүүлж чадалгүй орхидогийн улмаас нийгмийн зүгээс ч, сөрөг нам, хүчнийхээ зүгээс ч сархинаг болтлоо, бүтэн үлдэх ганц ч үг өгүүлбэр, бүрэн зөвшөөрөгдөх ганц ч тоо баримт амьдрахгүй болтлоо шүүмжлэгддэг;

                Товч дүгнэхэд, Намуудад нийгмийн хөгжлийн дорвитой онол, үзэл хийгээд хүн амын олонхийн бодот амьдралыг зах зээлийн урсгал, шинжлэх ухааны жолоодлогогүй харилцааны нөхцөлд өөдтэй дээшлүүлж чадах үйл ажиллагааны чадвар ч алга, туршлага ч алга, тийм шаардлага, хэрэгцээг хангаж чадахуйцаар нийгмийг удирдчих байх гэх найдвар төрүүлэх оюуны потенциал ч алга!

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос

  • Парламент дахь “алга”…

    Ихэнх намуудын оюуны чадавхи, сэтгэлгээний түвшин дорой, үйл ажиллагааны нь зорилго, чиглэл, хувийн бизнес-эдийн засгийн ашиг сонирхолд идэгдсэний дээр улс төрийн арга ажиллагаа нь явган хэрүүл маргаан голлосон “гудамжны” шинж чанартайгаас шалтгаалаад Монголд парламент ёс ч сонгодог агуулгаараа аанай л алга!

                Монголын УИХ бол өнөөгийн бодот шинж чанараараа гадаадын хуулиудыг монгол хэлээр орчуулан монголоор муухан найруулсан “Орчуулгбн товчоо”, иэдгээр орчуудгын хуулиудыг хэлэлцэх аман “редакцийн газар”, тэгээд эцсийн шатандаа “Монгол улсын хууль” нэрээр батлах эрх эдлэгч “албан байгууллага” л юм. УИХ-ын “эрхэм гишүүд” нь мөнөө гадаадын “эх хууль”-уудыг үгчлэн орчуулах, нөгөөдүүлээрээ хэлэлцүүлэх, “орчуулга”-аа батлуулах, эцэст нь, монголд үйлчлэх хуулийн тоог нэмэх /тэр нь мөнгөгүй ард олонд л үйлчлэхээс бус мөнгөтэй хүнд үл үйлчилнэ!/ ажлыг л санаачилагчид /энэ тодорхойлолтын гадна цөөхөн гишүүн үлдэнэ!/ юм. Тэдний ихэнхи нь нийгмийн сэтгэлгээний болосролтой мэргэжлийн улстөрч ч биш, онол ч биш, судлаач ч биш, зүгээр л мөнгөөр сонгогчидынхоо саналыг худалдан авсан /Манай сонгуулийг бохир сонгууль, бохир улс төрийн босго гэдгийг бүх улстөрчид ярьдаг!/ улстөрийн дамчид, их л сайндаа популист чалчигчид байдаг. Тэд сонгуулийн сурталчилгааны хэд хоногт л “ард түмэн” гэдэг “хүмүүс”-ийг олж хардаг, нээрэн л амьдралд ийм амьтад байдаг гэдэгт үнэмшдэг, бусад цагт нь ор тас мартдаг. Харин парламентын танхимд өөр өөрсдийн хувийн эрх ашиг, “далд хэрэгцээ”-гээ хамгаалан улс төрийн явган хэрүүл хийх үед өөр өөрсдийн “нууцлагдмал” санааг хаацайлах аргумент болгон ашигладаг үг нь л “Ард түмэн” гэдэг үг болдог. Бусад цагтаа үргэлж боддог юм нь,- хувьдаа завших барилга объект, орд уурхай, төсөл, нууцлан ханцуйлах авлига, хөрөнгө мөнгө! Эдгээр учир шалтгаанаар УИХ хувийн эрх ашгийн зөрчлийн парламент, гудамжны хэрүүлийн парламент болов. Яагаад “гудамжны хэрүүлийн парламент” гэж цохож байна? гэвэл, энд нийгмийн шинжлэх ухаан, гүн ухаан, онол эшийн томъёолол, мэдээ, мэдээлэлд үндэслэгдсэн тооцоо судалгаа, нотолгоо дуулддаггүй, дан гудамжны хэрүүлийн үгс л дуулддаг. Зүй нь, хүний хөгжлийн диалектик, нийгэм-түүхийн философи утга агуулга, улстөр-эдийн засгийн шинжлэх ухааны ололт, дутагдалын асуудлаар “хэрэлддэг”, дэлхийн шинжлэх ухаан, утга соёлын онол эш, үзэл ойлголтыг улс орныхоо нийгмийн сэтгэлгээнд нэвтрүүлэх, амьдралд хэрэгжүүлэх оновчтой арга зам, үр ашигтай хувилбаруудын талаар мэдлэг, мэргэжлийн өндөр түвшинд санал солилцдог, ажил хэрэг болгодог, ард түмний ахуй амьжиргаанд практик ач тустай сэтгэлгээ уралдуулдаг байх ёстой бөгөөд тийм яриа мэтгэлцээнийг жинхэнэ маргаан буюу “үгийн үйл ажил” гэж нэрлэдэг.

                Үзэл, онолын зөрчлийн түвшиний санал зөрөлдөөн, өөр өөр философи томъёолол, жинхэнэ “үгийн ажил” бол ардчилсан нийгмийн улс төрийн сэтгэлгээнд байх нь зүй ёсны үзэгдэл, эерэг үр дүнд хүргэдэг талархууштай үзэгдэл!Нэг талаас, шинжлэх ухааны онол, баримтлал, нөгөө талаас, амьдралын гүнзгий мэдлэг, мэдээлэлд суурилсан сэтгэлгээний маргаанаас жинхэнэ зөв, цагаа олсон шийд, бодот үнэний плюрал дүгнэлт гарна. Гарсан шийдвэр ч нийгмийн эдийн засгийн өсөлтийг мэдэгдэхүйц хангаж, ард түмний, өрх гэрийн амьдралыг эрс дээшлүүлнэ. Харамсалтай нь, Монголын парламентад тийм өндөр үр дүнтэй маргаан явуулах, интенсив “үгийн ажил” гүйцэтгэх нэгдсэн үзэл, эш онол, эрх ашгийн цул нэгдэл алга! Парламент дотроо хурц зөрчилтэй, үнэнхээр эвлэршгүй эрх ашгийн хагаралтай нь юунаас харагдана? гэвэл, УИХ-ын эрхэмсэг гишүүд аман дээрээ “Ардчилал”, “Ард түмний амьдрал” гэж нэгэн амаар бие биеэсээ чанга хашгичив ч өмч хөрөнгө, ашиг завшааны боломж олгогч төр-бизнесийн олигархи дотор эрх мэдлийн нүдийг ухах нь холгүй хуруугаараа чичиж, эхнэрээ ч юм уу “нууц эм”-ээ ч юм уу харамлалцаж буйгаас ялгаагүй хэрэлдэж зодолдоцгоодогоос нь илт харагдана. Харин нэг нууц “нэгдэл”, үнэн “зөвшилцөл” далдуур оршиж буй нь илэрдэг. Юу гэвэл, парламентын танхимд хичнээн ширүүн тэмцэл өрнөлөө гэсэн “Авлига” гэдэг үгэнд хүрээд, цаашаа “Эзэн” гэдэг, бараг бүгдэд нь айдас, чичрүүдэс төрүүлэгч үгэнд очмогцоо, “Авлигын эзэн”-ий нэрийг цохох, нийтэд батлах эгзэгт хязгаар тулмагцаа бүгд дуугаа хурааж, хэлээ хазаж, бүгдийн нь ам ямар нэг үл үзэгдэх гараар үдэгдэж, бүгдээрээ ямар нэг үл харагдах “бэрээ”-гээр гөвшүүлэх мэт нүдээ бүлтэгнүүлж эхэлдэг. Энэ ончид л УИХ үнэнхээр “нэгдмэл” бодол, зөрчилгүй “зөвшилцөл”, эвдэршгүй цул үйл ажиллагаатай “ажилладаг”.

    “Авлигын эзэн”-ийг тодруулах, нийгэмд зарлах шаардлагын “чимээгүй цэг” дээр л УИХ нэг инстинкт, нийтлэг ойлголт нь ижил сэрэхүйд жолоодуулж, Парламентын ч, Засгийн газрын ч гишүүдийн “харилцан ойлголцол” илэрч, “Тэгж болохгүй шүү!” гэх “Болохгүй”-н хар мэдрэмж нь авиоматаар ажиллаж эхэлдэг нь ч ард түмэнд ил болов.

    Ард түмэн дараах дүгнэлтийг хийж байна:

    • Монголын Парламент болон Гүйцэтгэх засаглал дахь эрх мэдэл, албан тушаалын хүрээлэл нь Монголын хууль үл үйлчлэх том том бизнесийн хаалттай орчин: Төр Бизнес хоёрын үл илрэх “далд нэгдэл”-ийн нягт сүлжээ;
    • Монголын Төр, Бизнесийн сүлжээн доторхи том өмчийн эзэд, эрх мэдэлтнүүд л бие биедээ авлига өгөгчид бөгөөд авагчид;
    • Хоногийн хоолтой үгүйтэй амь зууж буй ард иргэд /ард түмэн/-эд авлига өгөх ч, авах ч хөрөнгө мөнгө, нөхцөл бололцоо өчүүхэн ч байхгүй;

    PS:

                Өгүүлсэн үзэл бодол, сэтгэмж, зарим дүгнэлтүүдтэй санаа зөрөх, маргах, үл зөвшөөрөх уншигчид, мэргэд олон байж болох ч эл бодол, эргэцүүлэл нь Монголын цорын ганц шинжлэх ухаанч онолтой, ариун гэгээн, ард түмэнч үйл ажиллагаатай хөдөлгөөн болох “Бодь сэтгэл, Эв хамт ёс”-Ганцаарчилсан Хөдөлгөөний үзэл бодлын товчлол гэдгийг сануулахыг хүснэм. “Амьдрал бол нүгэлтнүүдийн диваажин!” гэдэг үгийг дуулаагүй, дуулсан ч итгэдэггүй хүн дэлхийд бий бол АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш шиг, Монголд дөрөвхөн цаг саатаад Монголын нийгмийн амьдралыг зэрвэсхэн ажиглахад л Монгол дахь “Ардчилал”, “Хүний эрх”, “Чөлөөт зах зээл” гэгч зөвхөн нүгэлтнүүдийн л диваажин, харин жинхэнэ хөдөлмөрч, ариун шудрага, дээд оюунлаг, бүтээлч ард иргэдийн нь хувьд бол “үзүүртээ гэрэлгүй хүйтэн хонгил” байгааг төвөггүй мэдэх болно. Тэгээд нүдэндээ ил үнэнд үнэмшихгүйгээс аргагүйд тулаад, “Монголын ард түмээн! Монгол дахь “Мөнгөний ардчилал”-ын цаасан малгайн “Шоу гядбаа”-нд хууртаж өвлийн тэнгэр мэт бүү дуугай үүлшигтүн! Харин нийгмийнхээ баялгийг хүн бүрт адил жигд хуваарилан хүртээгч, хүний оюун сэтгэлийн хөгжлийг хүн бүрт адил тэгш хангагч жинхэнэ ардчилсан, хүмүүнлэг нийгмийн харилцааны ялалтын төлөө ухамсарт хүчин зүтгэлийнхээ аугаа, далд цэнэгийн аянга цахилгааныг зуны зузаан бараан үүлт тэнгэр мэт гилбүүлэн нижигнүүлэгтүн!” хэмээн захих нь лав буй за!

     

    2006 нэгдүгээр, хоёрдугаар сар

    Алтан тэвшийн хөндий

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос