Category: human-development

  • УВИДАСЫН ХУРААНГУЙ-ТАРНИ – АНАГААХ УХААН

    Өнгөрсөн жаран (бидний эрэн) өөрийн мэдэхгүй, мэдрэхгүйгээ шашны урсгал үзэлтэй холилдсон их ч юм уу эсвэл өөр нэг шалтгаан олоод гоочилж муучилж таслан зогсоодог аюултай зуршилтай байв. Тарнийг ч мөн л ингэж буруутгаж хорьж хохирч ирлээ. Тарнийг амьд байгаллаг чанараар нь хүн төрөлхтөн хөгжүүлэх дээд ухаантан болтол боловсруулжээ.

    Энэ шатны гүн ухаан нь: Билэг оршихуй, хоосон чанар

    –       долгиожихуй

    –       дүрсжихүй

    –       аминжихуй

    –       амьтанжихуй

    –       хүнжихүй

    –       хүмүүнжихүй

    –       бурханжихуйн өөдлөх зам мөрийн хөгжил хувьслын учир шалтгааныг судалдаг. Товчдоо сүнсний дээшлэлт мөнх оршихуй тухай сургааль юм.

    Дорно дахины “хоосон чанар” гэдэг ухагдахуунд дээрх долоон чанар долоон үе агуулагдаж байгааг орчлонт ертөнцийн өнгөрсөн буурал түүх бидэнд туршлагаараа батлаад өгчээ. Энэ бол цаг хугацааны хувьд ч нөхцөл шалтгааны бүрдлээр ч, тоо хэмжээгээрээ ч няцаагдашгүй үнэн мөн. Ер нь лаборатори хуруу шилэнд батлагдвал «үнэн» тийм биш бол гэдэг үзлээс ангижрч эхэллээ. Транцендет мэдлэгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүйг хүн төрөлхтөн ухаарч байна. Транцендент мэдлэгийг чанад ертөнцөөс хүний дотоод, гүн далдын бурханлаг чанарт илгээдэг гэдэг. Тарнийн ухаан бол ийм мэдлэг мөн Самгарьд “Мантара” гэдэг үг нь ухамсарыг чөлөөлөх хоослох утгатай гэж номд тэмдэглэжээ.

    Тарнидахын тулд тарнич өөрийн ердийн ухамсар сэтгэмжийн орноо хоослох хэрэгтэй. Энэ алхамыг хийсний дараа тарнийн утга хэмнэл аялгадар ухаан, сэтгэл, дотоод хийн гүйдлийг цэнэгжүүлэн нийтээс гадаад газар, тэнгэр, бурхадын ариусгагч долигост когрентлуулан нөлөөлнө.

    Матарат өөрийгөө туулах гэж буулгажээ. Энийг тунгаавал: Хүн үзэгдэлд хууртсан хуудам ухамсараа даван туулж тарнийн 3 их хүчний урсгал эвсэлдэн нийтгэгдэх тийм гэгээн   орон зайг буй болгодог. Ийм болохоор хөрвүүлэг энэ талаасаа бас л зөв юм. Зарим мэргэд тарнийг тасралтгүй урсгал оюуны гинжин оршихуй гэсэн бий. Тайлбар маягтай хөрвүүлгийн цаад учрыг тодруулбал: Тарнийн ухаан нь багшаас шавьд, мэргэдээс номд шилжин уламжлагдахаас гадна орон зайд бичил цэнэг урсгал хэлбэрээр борлогдон үлддэг. Тарни ч энэ гуравын алинтай нь ч барилдан үргэлжлүүлэх тэр ч байтугай гурвууланд нь цутган нийлэх бүрэн боломжтой. Ийм болохоор тарни тасралтгүй мөнх урсгал ч мөн. Оюуны гинжин хэлхээ ч мөн. Зарим мэргэд тарнийг Трансценденталь гэцгээжээ. Тарнийг хичнээн олон талаас нь авч үзэж тайлж, тайлбарлах тусмаа тарнийн бодилог чанарт ойртжээ. Чухамдаа энэ бяцхан өгүүлэмж тарнийн энэ бодилог талыг тодруулах гэж оролдлоо.

    Тарнийн ухааныг Энэтхэгээс, Төвдөөс, эндээс, тэндээс эхлэлтэй гэх мэт бичицгээдэг. Гэтэл ахуйн тарни ард түмэн бүхэнд байдаг. Монгол ахуйд ч тарнийн ууган элемент зөндөө бий. Хотонд ижийдээ хонь, ямаа зөөж, саалгаж байсан хүүхэд хөлөө чулуунд цохиж уйлдаг. Ижий нь сүүнд норсон гараараа шалбарсан хурууг нь илж үлээж өгөөд одоо зүгээрээ гэнэ. Нүдэндээ нулимастай бяцхан жаал босч гуяа алгадан өнөөх ороо ямаагаа барихаар гүйж оддог. Ижий удганы тарни өвчнийг нь арчин арилгах нь тэр ээ. Тарни зохиомол юм биш. Ус, агаар, үр шиг бодитой оршдог төдийгүй амьдлаг юм. Амьд бүхэн төрж өсч бойжих жамтай.

    Тарнийн ид шидийг мэдэрсэн лам хувраг, удган, бөө, бясалгагч, тарни ч мэргэд нар өөр өөрийн урсгал чиглэлийг түүхэн урт удаан хугацааны турш боловсруулан дэлгэрүүлж тэр нь мандан сэргэж мартагдан бүдгэрсээр бидний үе хүрчээ. Тарничийн анагаах ид шид ч бөөгийн дуудлага дарлага ч, ламын уншлага засал ч бүгд адил практик хүрээ хязгаараас гарч чадаагүй ч өвчин зовлонг арилгах үр дүн нь ижил байдаг, Үр дүнгийн цаад учир шалтгаан, мөн чанар нь нууц далд байна. Энэ учир шалтгааны эрэлд гарсан зориг зүрхтэй хүн ч олон байсангүй. Тэртээ тэргүй хүршгүй алс руу аялах, олдошгүй нууцын эрэлд гарах нь үр дүнгүйг мэддэг болоод тэр биз. Санамсаргүй олз хаа сайгүй байдаг. Оюуны эрэлд ч ялгаагүй.

    Шинжлэх ухааны олон салаа салбаруудын нээлт тарнийн хүчний нууц учир шалтгааныг танихад санамсаргүй олз мэт дусал дуслаар нэмэр хандив болж байгааг эмхэлж тэр ялдамд мөхөс ухааны мөчиг таамаг дүгнэлтээ таньд барьж байна.

    Тарнийг ахуйн элемент, ертөнцийн анхдагч оюуны урсгал гэх мэтээр сөрвүүлж судлаачид өөр өөрийнхөөрөө тайлбарлажээ. Өнгөрсөн үеийн олон мэргэдийн санал дүгнэлт нэг л зүйл дээр нэгдэн нийлсэн нь бодилог юм. Бидний таван мэдрэхүйд өртөж тусгагдаж байгаа бодит юмсын цаад мөн чанар нь ч болдог. Хувьсан хувьссаар танигдахаа больж арилан хоосон чанарт шилжих шалтгааны нь ч өгүүлж байдаг аливаа юмсын үр, нүдэнд үзэгдэхээр ч бай, бичил харуурт өртөх эс өртөхгүй ч бай ялгаагүй бодьгалийнхаа бухий шинж чанарыг бүрэн цогцоор нь агуулж байдаг.

    Наранцэцэгийн үр үндэслэж соёолох, цэцэглэж үр идээгээ бий болгох нар дагаж эргэдэг чанарыг нь ч хадгалж байдаг. Наранцэцэг ургамал болохоор ургамлын бусад түгээмэл чанаруудыг ч агуулна. Үгийг дулаан гэрэл хөрсөөр тэтгэвэл ургах, хуурай хүйтэнд эс үндэслэх гэх мэт. Амьтны үр ч үүн лүүгээ ижил болой. Бид арай өөр асуулт тавиад түүндээ хариу хайя.

    Орчлон ертөнцийн үр юу вэ?

    Аливаа үзэгдэл сэтгэл оюуны үйл үрлэж үлддэг үү? Энэ тэр, тийм, үгүй гэх мэт шууд хариулах боломжгүй учир шинжлэх ухааны ололт нээлтүүдээс хариу эрье. Физикчид атомыг задалж электрон, протон нейтрон кварц гэх мэтээр хэдэн зэргэмжээр эгэлжүүлсний үр дүнд өнөөх эгэл биетүүд гэнэт долгио, мяралзаа, зэрэглээ болоод алдагдаж байна. Тэр нь хоёр янз чанартай. Арай бодьлогийг нь бөөмөн долгио нөгөөг нь долгио бөөмс гэж нэрлэв.

    Физикчдийн нээлтийг сөргөөж хөөвөл хоёр долгио бие биедээ шилжих бөөмөн долгио эргэж эгэлжих, лентенжих, кваржих тэр ч байтугай атомжих боломжтой. Яагаад гэвэл эдгээр нь атомын задралын үр дүн түүний бүрэлдэхүүн хэсгүүд юм. Эндээс физикчид дүрсийн бүхий шинж чанарыг агуулсан орчлонт ертөнцийн үрийг барин алдаж байна гэсэн дүгнэлт аяндаа урган гарч байна. Долгио бөөмс цаашдаа хичнээн ч зэргэмжээр билэгжиж болно л доо. Тэгээд ертөнцийн жинхэнэ эх үрд эс хүрч магадгүй. Гэхдээ одоогийн мэдэгдээд байгаа долгиос урсгал чанарт эгэлжих, бодижих үрлэг шинж байгааг физикчид бидэнд хэлж өглөө. Бид физикчидийн хүрсэн хил хязгаараас цааш ярих боломжгүй.

    Танин мэдэхүйн өргөтгөсөн хил хязгаар ийм явцуу юм. Хүн хязгаарын хязгаарыг алхаж хэмжээ дамжаагүй орчлонт ертөнцийн мөн чанарыг таних нөөц бий. Итгэхийн тулд ойлгох хэрэгтэй гэж биднийг номлодог байлаа. Энэ нь зөвхөн материаллаг ертөнцийг танин мэдэхэд таардаг сургааль. Ухаанаар дамжиж сэтгэлд хүрэх зам энэ байжээ. Өнөөдөр ойлгохын тулд итгэх юм хэрэгтэй байдгийг мэдэх боллоо. Энэ нь сэтгэлээр дамжиж ухааныг төгөлдөржүүлэх зам юм. Тарнийн ухаанд суралцах, тарниар эмчлэх засах аргыг эзэмших нь хоёр дахьд хамаарна. Өнөөдөр олон шинжлэх ухааны хүрсэн хамгийн сүүлчийн өндөрлөгүүд тарнидах ухааны судлах зүйлийн сэжүүрийн барааг харах төдий шүргэх төдийхөн доод түвшинд байна. Товчоор тодорхойлбол тарнийн ухааны судлах зүйл судалгааны орон зай нь ‘”Манас” юм. Энэ үгийн утга учрыг мэдэхийн тулд эхлээд мэдрэхүй, мэдрэмж хоёрын төстэй ялгаатай талуудыг тодруулъя. Мэдрэхүйн таван эрхтэнд тулгуурласан мэдлэгээр материаллаг ухамсар бүрэлдэнэ. Үзэгдэж, сонсогдож, хүрэлцэж, үнэртэж байгаа бүхэн ялгаагүй бидний мэдрэхүйн хүрээнд багтаж байна.

    Мэдрэхүй эрхтэний хүртэн авах чадвар нь цаад хүртэгдэгч бодит юмстай нь харьцуулбал аргалахын аргагүй сул дорой явцуу юм. Хүний үнэрлэхийн мэдэрхүй нохойноос хэдэн арав дахин дорой. Хараа нь ч гэсэн ялгаагүй хэт хязгаарлагдмал шүү дээ. Хүн ухаантай адтайдаа хэдэн зуун мянга дахин томруулагч бичил харуур хийгээд харааны мэдрэхүйгээ овоо тэлжээ. Тэглээ гээд мэдэрхүйн хүрээ хоргоноосоо гарчихлаа гэсэн үг биш. Энэнээс өөр танин мэдэхүйн арга хэлбэр байна уу? Байна гэвэл идеиалист болчихно. Байхгүй гэж итгүүлсээр зүтгүүлсээр материалист өнгөцхөн бүдүүн бараг танин мэдэхүйн хүрээнд сэтгэлгээний мөхөлд өргөн байсан хүн төрөлхтөн дорнын гүн ухаан түүн дотроос тарни бясалгалын ёсонд шимтэн суралцаж судлах боллоо. Мэдрэхүй үйл ажиллагааны талаар эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийжээ.Тэгээд хүлээн авах, мэдрэх, дамжуулах зам төв гэсэн гурван хэсгээс бүрддэг гэж тооцов.

    Мэдрэхүй таван эрхтэний хүртэх чанар, түүний дамжих зам; төв нь хаана байрлаж яаж явагддагийг ч олжээ. Харин мэдрэмж гэж юу болох, тэр нь мэдэрхүй шигээ бүтэц бүрдэлтэй талаар хэн ч юу ч дуугарсангүй. Мэдрэхүй мэдрэмж хоёрыг хольж хутгасан л үг өгүүлбэр тааралдана. Мэдрэхүй нь тархи бие мах бодийн үйлийн үр дүн бодилог юм. Тэгвэл мэдрэмж гэдэг үүнээс нарийн гүн далд өнөөдрийн шинжлэх ухаануудын туршил зүйн аргаар үзүүлэх, батлах боломжгүй. Үзэх харах, мэдрэх аргагүй хийсвэрлэг сүнс зүрхний танин мэдрэхүй юм.

    Зохиолчид бие биенээ нарийн торгон мэдрэмжтэй гэх мэтээр бичицгээдэг. Мэдрэхүйн танин мэдэхүйд орон цаг, хүртэгдэгч, хүлээн авах хэсэг дамжуулах зам мөр анализ задлага хийх төв зэрэг бүрдэл заавал оролцдог. Мэдрэмжийн танихуй орон цагт баригддаггүй. Мэдрэхүйн бүрдэл нөхцөлүүд шаардагдахгүй. Мэдрэмжийн танин мэдэхүй ч монгол хар ухаан, ярианы хэлэнд зөн совин хар ёр гэх зэргээр нэрлэдэг.

    Мэдрэмж танин мэдрэхүй яруу найрагч уран бүтээлчдийн онгод орсон үеийн бүтээлд илэрдэг. Пушкин, Моцарт Сальер хоёроос хойно төрсөн. Нэг найраглалдаа: “Хоёр хосгүй авъяастан нэгэн ертөнцөд байж болохгүй гэж хорон муу санаатай Сальер хөгшин Моцартыг хөнөөв” гэх зэргээр бичсэнээс болоод нарийн судалгаа шинжилгээ хийж үзээд алдарт хөгжмийн зохиолч Моцартыг Сальер хороосон нь тогтоогджээ. Ноён хутагтын уран бүтээл амьдралд ийм мэдрэмжийг танин мэдсэн үйл явдал элбэг байдаг. Мэдрэмжийн хүртэхүй , танин мэдэхүй хүн бүрт байдаг. Энэ нь хүүхэд насанд гурав орчим насанд тод илэрдэг. Дулаахан өдөр хүүхэд малгай өмсөх, бүчлэх, дээл өмсөх хөлчих зэрэг ааш зан гаргавал тэнгэр хүйтэрдэг. Гэнэт золгох бэлэг тарааж тогловол зочин ирдэг. Заавал биш ч гэсэн олонхидоо ингэдэг

    Уран бүтээлч, хүүхэд хоёрын танин мэдэж байгаа арга нь мэдэрхүй эрхтэний тусламжаар бишээ. Эд ” МАНАС” орон зай дахь гүн далдын бичилийн бичил хувьсал өөрчлөлтийг мэдэрч байгаа юм. Мэдрэхүй мэдрэмж хоёрын ялгаа ийм буй.

    Манасын тухай зарим мэргэдийн тайлбарыг үзье. «Манас нь өөрийн гэх биегүй ерөнхий ухамсартай нэгдмэл байдаг шигээ хувийн ухамсартай ч нэгдмэл юм». Хувийн ба ерөнхий ухамсартай хоёуланд нь нэгдмэл болохын хувьд энэ хоёр ухамсарыг холбогч зааг завсар болж байна. Бас номд тодорхойлсон нь: Ухамсрын долоо дахь төрөл бол мэдрэхүйн ертөнц биш. Үүсэх тогтохын мөнх урсгал, үхэл төрөхүйн хэлбэрээр ч хязгаарлагддаггүй гүний ухамсар юм. Төвдөөр «Манас гэнэ» гэжээ. Манас бол долоо дахь ухамсар гэчихэж. Ер нь ухамсрын хэдэн зэрэг зэргэмж байдаг вэ? Харааны, сонсголын, амтлахын хүрэлцэхүйн, үнэртэхүй ухамсар гэх нь хир зөв бэ?. Мэдрэхүйн таван эрхтэнд тулгуурласан материаллаг үзэгдлийн бүдүүн бараг нэг л ухамсар бүрэлдэн тогтсон юм биш үү? Ухамсрын хөгжлийн үе шатыг нарийвчлан авч үзэх нь тарни бясалгалын ёсонд нэн чухал юм.

    Нууц тарнийн онолоор бол хүний биед зулайнаас ахар сүүл буюу доод амсар хүртэл нугасны дагууд хийн долоон хүрд байдаг. Хүрд бүр өөр өөрийн өнгө гэрэл, бүтэц, хэлбэр, үйлтэйнхээ хамт бусад хүрдүүдтэй барилдан нөхцөлдсөн нэгдмэл юм. Бас хүрд болгон ухамсрын өвөрмөц зорилго, үндсэн агууламжтай гэж үздэг. Төвдөөр эхний хүрдийг муладхара гэнэ. Ахар сүүлэнд байрладаг. Төрөлхийн хүрд гэж монгол ном сударт бичжээ. Ураг бүрэлдэхэд энэ хүрдэн буй болж төрөлхийн дуусахад хүний амьдрал зогсдог. Гүн нойрон дунд бясалгалд орох үед газрын элч хий сансрын урсгалаас сэлбэгддэг. Өөрөөр нөхөн төлжиж нэмэгдэхгүй. Зөвхөн зарцуулагдсаар дуусдаг. Төрөлх хийн хэмжээ нь хүний амьдралын 300 жилд хангалттай хүрэлцэх хэмжээтэй. Хүн ингэж насладаггүй нь хоол, уур хилэн, шунал тачаалаар хийн хүрдэнг бохирлосных ажээ. Төрлөх хүрдний ухамсарыг доод буюу суурь ухамсарч гэж болно. Ухамсарын гол цөм эрмэлзлэл нь амьд орших болой. Айх ухамсар юм. Үүнийг дагалдсан өдий төдий бүтэц язгуур үүсдэг. Жишээ нь: өөрийгөө мэдрэх, таагүй орон зайнаас зайлах, өлсөх, хоол эрэх, амьтаны үр зулзага хөхөө олох мэт. Төрөлх хийн хүрдэн хямарвал хүний сэтгэл санаа тогтворгүй болж ямарч шалтгаангүйгээр айх, ормоор, гармаар болох. Амьдралын аахар шаахар, гачигдал дутагдал, тохиолдол гатлаж гэтлэтгүй зөвхөн зүдүүр мэт санагддаг. Хийн төвүүд гадаад орчныг тусгадаг. Тэр тусгал бидэнд зөн совин, далд дамын янзаар мэдэгддэг түүнийг ердийн шүүлж ухамсарладаг. Хүмүүсийн амьдралд ийм тохиол учрал зөндөө байдаг. Нөхөр нь ямар нэг ажлаар алс хол явах болоход эхнэрт нь нэг л таагүй, явуулмааргүй хоригломоор байх. Явсаны дараа осол эндэл болсон гэх зэрэг төрөлхийн хүрдний хямарлыг засах аргууд байдаг. Төрөлх хүрдний мэдрэмж сэрэмж хүнээс амьтанд илүү байдаг нь илүү хөгжсөнийх ч биш. Хүмүүс дотоод хүрдний мэдрэмжээ бүдүүн бараг таван мэдрэхүйн хүртэхүйд алдсаных юм.

    Хулгана хөеөгөө өндөр цомбогор хурааж түүндээ үрлэг шорвог ургамал их авсан байвал өвөлдөө цас их унадаг. Газар хөдлөхөөс олон хоногийн өмнө аргаль, сарлаг уулнаас буучихдаг гэх мэт.

    Хийн хоёрдахь төвийг асуух нурууны хүрдэн гэнэ. Улбар шаргал гэрэл цацраадаг. Ухамсрын цөм нь ахин дэвшихийн эрмэлзэл болой. Тийм учраас илүү тааламжит орон зай, байр, хоол хүнс нөхцөлд тэмүүлдэг. Ханамж тааламжаар ямагт өлсгөлөн байдаг. Үүнээсээ болоод гаж зам мөрд оруулдаг. Дасгах чанарын тамхи, архи, хар тамхи, кофе шоколаданд хэт дурлана. Бэлгийн харилцаанд гаж байдлаар шунан орох. Хуурамч мэдрэхүйн тааламж үүсгэдэг наркотик бодист амьтад янз бүрээр даддаг. Ямаа зээрэгний наркотикт орж согтож галзуурч. татаж унадаг. Хоёр гурав хоногийн дараа гэхэд өнөөх зээрэгнээ л идэж хорддог. Муур бамбайн хаданд дасч салахаа больдог. Хүн архи, хар тамхины наркотикт дасамхай. Энэ бүгд асуух нурууны хүрдний далд ухамсрын эрхшээл юм. Хийн гурав дахь буюу хүйн хүрдэн нь өөрийгөө ухамсарлах, хүчирхийллийн шинж чанарыг агуулдаг. Ухамсрын энэ үе шат нь доод хоёроос илүү хөгжингүй хувийн ба дүрсийн үзлийг эрхэмлэсэн шинж чанар нь бусдын нөлөөллөөс өөрийгөө ба үр зулзага, дүрсээ хамгаалах тэднийхээ төлөө бусдыг хүчирхийлдэг. Гурав дахь хүрдний ухамсрын гол чанар нь дифференцацаар илэрдэг. Өөртөө тавих хяналт өөрийн дүрст тавих анхаарал.

    Амьдрал нь хүчирхийллийн хуулийн хавсарга хараат байдлаар дүрсийн өвөрмөц дээд зохион байгуулалтанд орсон байдаг зэрэг нь гурав дахь хүрдний ухамсарын онцлог юм. Өвсөн тэжээлтэн бэлчээрлэх, ичээний амьтадын урт унталт араатан, шавьж хорхой тэжээлтэн гэх мэт. Ялгарал хэв маягийг дурьдахад хангалттай. Ерөөс үүнийг амьдралын төлөөх тэмцлийн ухамсарч гэж болно. 1.2.3 дахь хүрдний доод гурван хүрдэн гэнэ.Эндээс эх сурвалжтай ухамсрыг байгалийн ухамсрын доод гурван шат ч гэж болно. Хүн байгалийн амьтан болохоор ухамсрын доод гурван шатны шинж илрэл, элемент бүгд байдаг. Бас ухамсрын дээд гурван шат гэж бий. Энэ бол байгалийн ухамсрын бүрэн төгөлдөржлийн гурван үе. Бурханлиг ухамсар ч гэж болно. Тэгвэл дээд доод ухамсарын завсар зааг “Манас” үе шат гэж байхнээ. Энэ тухай одоо өгүүлье.

    Хийн дөрөв дэх зүрхэн (наран хүрдэн) бол дээд доод ухамсрын  Манас зааг юм. Байрлалын хувьд ч байгалийн ба бурханлиг ухамсрын элементүүдийг бүрэн агуулж байдгийн хувьд ч зөвхөн эндээс дээд буюу бурханлаг ухамсар руу шилжих нөхцөл бүрдсэн байдгаараа гарцаагүй байгалийн бурханлаг ухамсрын Манас болно. Дөрөв дэх ухамсрын цөм эрмэлзэл нь Хайрлахуй юм. Цөм эрмэлзлэлийг дагалдан үй түмэн араншин төлөв ундран гардаг. Хайр, хайрлахуйн элемент амьтан ба бүх л төрөл дүрсэд байдаг. Тэдний хүрээ хязгаар нь өөр өөр юм.          

    Хүний хайр ч гэсэн эсвэл өргөжин тэлж энэхүү нигүүслийн заагаад эсвэл хумигдан явцуурсаар зөвхөн амиа бөөцийлөх үзэл болж хувирдаг. Амьтны зөн совин байгалийн чанараар амиа хамгаалах ухамсраас ялгарах юмгүй болдог. Ухамсрын үе шат болгон өөрийн давуу талтай шигээ дутуу дулим чанаруудтай. Байгалийн ухамсар хүний оюун ухамсрын түвшинд хүртлээ дээшлэн хөгжихдөө урьдах түвшний шинжээ бүрэн гээлгүй хадгалсаар байгаа нь дотоод хийн хүрднүүдийн үйл, үр хөврөлийн үеэс хүмүүн ухамсар бүрэлдэн төлөвшиж энэрхүй, нигүүслэл, дээд гэгээрэл өөд тэмүүлэн амьдралын бүхий л явцад илэрсээр байдаг. Хүүхэд эхээс гарангуутаа эхийгээ таньдаг. Өөрийн эхээс өөр эхийг бараг л хөхдөггүй. Энэ бол түүний амьтанлаг зөн совин амин соронзон орны мэдрэмжийн танихуй мөн. Бага насны хүүхэд бүгд аймхай байдаг. Орчин тойрон тоглоомноосоо, хоол хүнснээсээ уйдамхай өөр шинэ тоглоом орон байр сонирхдог гэх мэт олон зүйлийг дурьдаж болно. Товчоор хэлбэл доод гурван хүрдний ухамсрын илрэл хүүхдэд их байдаг. Наран хүрдний цөм эрмэлзлэл бүх амьтанд байдаг. Тэр нь хурц илэрдэг. Амьтан бүхэн үр зулзагандаа, эсрэг хүйстэндээ, эцэг эхдээ хайртай. Түүнийхээ төлөө амьтанлаг зөн совин, ухамсарт ухаанаар тэмцдэг. Тэр ч байтугай хайрын хүрээг нь хөндвөл өш хонзон авах байдлаар хариу авдаг. Чонын зулзагыг авлавал анчдыг эх эцэг нь мөрдөж анхны буусан хот айлаас өш хонзонгоо авдагийг монгол хүн бүр мэднэ. Өвлийн эцэж ядарсан хэдэн мянган зээрэн дунд хоёр гурван чоно ганцыг нь барьж дуустал нь идчихээд хэвтэж байдаг. Гэтэл ганц өлссөн чоно айлын хонинд ороод нэгийг ч барьж идэхийг боддоггүй. Аль болох олныг сэглэж, урж тасдахыг хичээдэг. Өөрийн дайсан хүнээс өшөөгөө авч байгаа нь энэ. Чонын өшөөгөө авч байгаа энэ төрх өнөөгийн хүмүүсийн цусан ясан өшөө авах хоёр яг л адил ухамсар ажээ.

    Юуны учир үүнийг дурьдаж байгааг уншигч та ойлгосон байх. Байгалийн ухамсрын хөгжлийн элемент хүний хийн хүрднүүдэд далд дам агуулагдаж байдаг. Идэвхгүй зүгээр рудемент маягаар хадгалагдах бус хэрэв ухамсарын тухайн хүрдийг нээвэл ид шидлэг чанараар илэрнэ. Энэ тухай Шри Чин багийн номнуудыг уншвал таны хувьд ховор аз завшаан болж гэгээн гэрэлт тэмүүлэл тань улам эрчимжих болно. Наран хүрд өөрөөс дооших гурван хүрдний элементийг агуулахын хамт дээд гурван хүрдний цөм эрмэлзлэл нь бэхжин дэлгэрэх цорын ганц таатай суурь болдог. Хайр нь хэдийгээр явцуу ч гэсэн энэрхүйгээс ангид тусгаар байдаггүй.

    Хүн үр хүүхэд, ах дүү, садан, үндэстэн, ястан, хүмүүн төрөлхтөнг хайрлахын хамт амьтан ургамлыг хайрладаг. Төрлөөсөө халин гарсан ийм өргөн дэлгэр хайрыг бурханлаг хайр буюу энэрхүй гэдэг. Чухамдаа хүн бол ийм бурханлаг хайрын эзэн ман. Харин амьтан бол төрөл зуурханы хайрын элементтэй юм. Амьтсын хайранд энэрхүйн чанар бараг үгүй буюу илрэл төдий байдаг. Домог яриа учрал, тохиол мөрөөдөл төдий бий. Наран хүрдний ухамсрын цөм тэмүүлэл нь хайр энэрхүй болохоор дээд гурван ухамсрын хөгжил дэвшлийн суурь юм. Доод гурван хүрдний ухамсарт байгалийг амьтанлаг шинж чанар давамгайлдаг. Зүрхэн хүрдэнд хүнлэг хүмүүн ёсны чанар голлодог. Үүнийхээ ачаар бурхан буюу зөн совин далд мэдрэмжээрээ хүртдэг. Бурханд хүрч болохыг гэгээн оюуны хүчээрээ таньж мэддэг. Эндээс энэрхүй, нигүүслэхүй, гэгээрхүйн дээд гурван ухамсарт хүрч боловсрон төгөлдөржиж өөрийн бурхан чанараа нээж үхэшгүй мөнхийн үнэнд хүрдэг. Бясалгал тарнийн номд хичээн суралцаж төгс гэгээрэгсэд цөөн биш. Тэд тарни бясалгалд хэрхэн суралцах тухай олон ном судар туурвин үлдээжээ. Ийм байвал бараг бүх хүн энэ ариун гэгээн зам мөрд эргэлт буцалтгүй гарч дээд гэгээрлийг зорьдоггүй нь өнөөх амьтанлаг доод гурван ухамсарын хүлээсэнд ороолдосных юм.

    Ухамсрын дээд гурван хүрдний тухай энд хөндөлгүй орхиё. Учир юу хэмээвэл нэгд: дотор нь хутгалдаж яваа ухамсрынхаа учрыг олоогүй над мэт нь дээд гэгээрэлт оюуны ухамсрын тухай юу хэлхэв, хоёрт: энэ талаар гэгээнтнүүдийн ном судар монгол, түвд, орос хэл дээр арвин бий. Тэндээс унших нь зүй. Хүний биед орших босоо үндсэн долоон хүрд цул сав эрхтэний, үе мөчдийн нийт 81 их хүрдэн байдаг. «Манас» түвджсэн монгол үг. Манас нь монгол ахуй хэл хэллэгийн маш олон салаа салбарт хэрэглэгддэг унаган шинж чанартай юм. Ямар нэг хоёр юмны зааг завсар давхцалыг ингэж нэрлэдэг. Ханын шийр газар хоёрын заагийг хучиж дулаалсан шороог Манаас гэнэ. Газар тэнгэрийн хаяа бие биедээ уусан алдрах тэр зааг завсрыг манарах алс гэнэ. «Гал манах» галтай галгүйн завсарт тэр хоёрын бие биедээ шилжих заагт гал хадгалах ёс. Энэ мэт өргөн дэлгэр бодилог хийсвэр ойлголт хэллэгт адил тэгш хэрэглэгддэг.

    Тарнийн хүч үйлчлэл, бодижингуй чанар «арга- билэгс», «дүрс – дүрсгүй» оршихуйн, зааг давхцал тэр орон зайд болж байна. Тийм ч учраас тарни бясалгалын эрүүлжүүлэх хүч нь хязгааргүйтэйгээ адил хэмжээгүй өргөн дэлгэр юм. Тарнийг оюуны тасралтгүй урсгал гэж томъёолсон байдаг. Ийм оновчтой бодилог хийсвэрлэг хоёр талыг цогцлуулсан өөр тодорхойлолт гарсангүй.

    Тарнид багшийн, багш нарын сэтгэл оюуны их эрчим хуран, тэнгэр газрын долгист нэгдэн хадгалагддаг. Тарни ч амин соронзон орон, сэтгэлийн өнгө гэрлийн урсгалаараа цутган орвоос орчлонгийн оюуны их урсгалыг залган үргэлжлүүлэх нь тэр. Мөнхийн шидийг агуулсан хүч гэдэг энэ. Өнөөгийн физикчдийн олж нээсэн бөөмөн долгио, долгио-бөөмс Манас буюу арга-билгийн давхцалын орон дахь орчлонт ертөнцийн дүрсжихүйн үр ч мөн, тарни ч мөн юм.

    Нейрофизиологчид хүний уураг тархины нууцыг судлаад эрчимт хөнгөн эгэл бөөмс ялгаруулдагийг тогтоолоо. Хий бясалгалын багш нараас ийм эрчимт эгэл бөөмс илүү ялгардагийг тогтоов. Физикчид нейрофизиологчид ” Тарни” гэдэг нэгэн өндөрлөгийн хоёр талаас авирч явна. Тэд эгэл бөөмсийн оргилоос дуу дуугаа авалцлаа. Физик, физиологи, нейрофизиологи, сэтгэл судлал, квант, вакуум, цахилгаан ба соронзон орон, гэрэл, дуу авиа судлалуудын бие биедээ шилжин хувьсахуй, эргэн төлөвшихүйн тэр орон зай зааг завсрын давхцалыг  Манас гэчихүй. Чухамдаа тарнийн ухаан тарнийн бодижингуй оршихуй, билэг хүчний нөлөөлөл эндээс эхлэмой. Хүн судлал одоо үед хараахан бүрэн төгс хэлбэржээгүй, энд тэндээс нь хэсэг бусгаар, тасчин гадаамчиж ангид тусгаар үзэж байна. Бие зүйн судлал, сэтгэл судлал, үйл зүй гэх мэт. Төрж, өсч, үхдэг бодилог талаас судлаж байна. Хүний бүрэлдэхүүн хэсгийн хамгийн чухал ухаан, оюун ухаан, сэтгэл, сүнслэг билэг талын судалгаа хомс, бараг үгүй шахам учир хүн судлал өрөөсгөл явжээ. Хүний биеийн цэнэгт, амин соронзон, цахилгаан соронзон, гэрлийн, дотоод хийн тогтол тэдгээрийн харилцан шүтэлцээ барилдлагын илрэл амин орны сүнсийг орхигдуулснаар , эмнэл зүй, амь сүнсгүй, мужааны гар ажилбар, эм тариан засал төдий болжээ.

    Зүрх судас, хоол боловсруулах, бөөр шээс ялгаруулах зам, мэдрэл, чих, нүд судлал гэх мэт бутран салсаар жинхэнэ анагаах ухаан саринаж, эрхтэн судлал үлдлээ. Ийм үед тарни бясалгалын ухаан сэргэн хөгжих нь аварлын од мэт тэнгэрлэг бөлгөө. Хүний биеийн нөөц бололцоог судалсан олж нээсэн нь бага бусаа. Тэр нээлтийг анагаах ухаан, хувь хүн ашиглаж байгаа нь чамлалтай. Хүний тархины бор гадар 1 миллъярд эстэй гэж тооцоолсон. Мэдрэлийн нэг эс нь боломжит байдалтай. Бусад эсүүдтэйгээ харилцан барилдвал 8000 боломжит төлөвийг бий болгодог. Энэ бол 17 миллъярд 10-8000 гэсэн үг. Энэ тоог бичихэд 9.5 сая км урт цаас орно. Бага боломж уу? Тархи бодож сэтгэж, шүүж тунгааж мэдээллийг хадгалж хэрэгтэй үед нь салгаж гаргадаг. Оюун ухаан бол яалтгүй тархины бүтээл. Тэгэхээр дээрх тооцоо нь тархины боломжийн барагцаа юм. Гэтэл хүний оюунлаг талын боломжийг энэхэнээр хязгаарлаж болохгүй. Хүний сэтгэл хөдлөлийн аясаар биеэс гэрэл цацарч орон зайд тархдаг.

    Тэр нь ертөнцийн гүнд нэвтэрч эргэх холбоо мэдээлэл өгдөг. Танин мэдэхүйн хоёр дахь гайхамшигт чанар энэ юм. Хорьдугаар зууны физик, анагаах ухааны ололтын нэг нь хүний биеийн гадна талд 8-14 мм нил улаан туяа 8-30 см хэлбэлзэлтэй цацраг 10 герьцийн давтамжтай хувьсах орон үүсч буйг олж мэдээлсэн. Сэтгэл хөдлөлийн аясаар хүний гэрлийн тогтолцоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч тэр нь орчны хүмүүст мэдрэгддэг. Баярлахад цагаан, цайвар ногоон, үзэн ядахад саарал, уур хилэнд улаан хар өнгө давамгайлна. Удаан хугацаагаар сэтгэл санаагаар унаж дарамтлагдсан хүний гэрлийн тогтолцоо хямарч нимгэрч шингэрч сиймийдгээс сүр сүлдгүй харагдцаг. Сэтгэлийн хөдөлгөөн дотоод эрхтэнд сонгомол байдлаар нөлөөлж эмгэгшүүлдэг гэж ном сударт тэмдэглэжээ. Гуниглах уушгинд, баярлах зүрхэнд, уурлах элгэнд, айх бөөрөнд, цочих дэлүүнд нөлөөлдөг гэх мэт. Уламжлалт тэжээхүй ухааны номоор бол таван цул эрхтэн өөр өөрийн өнгө гэрэл цацруулдаг. Дотоод хийн босоо гурван судлыг ороож үүссэн хийн долоон хүрдүүд үндсэн ба туслах өнгөтэй юм. Анагаах ухаан хүний биеийг яс булчин, мэдрэл, хоол боловсруулах, амьсгал, зүрх судасны тогтолцоо гэх мэтээр нарийвчлан судалдаг. Үүнлүгээ адил тарнийн ухаанд хүний цэнэгт тогтолцоо, дотоод хийн эргэлтийн тогтолцоо, гэрлийн тогтолцоо, цахилгаан ба амин соронзон орны тогтолцоо хамаарагддаг. Хүний өнгө гэрлийн тогтолцоонд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч сэтгэл хаанаас гардаг вэ? Сэтгэлийн үйл нь хайрлах, өрөвдөх, туслах, хорлох зэрэг нилээд байгальлаг төрөлх амьтанлаг шинж чанартай юм.

    Доод гурван хүрдэн зүрхэн хүрдний үйлээр илэрч байна. Тарни бясалгалын номд дурьдсанаар Анахада хүрдээ нээвэл буултгүй энэрхүйн сэтгэл үүснэ. Ажна хүрдэнг нээвэл бурханы нигүүслэнт сэтгэлд нэгдэн нийлж бурханлиг танин мэдэхүй ухамсарыг эзэмшинэ. Схасрара хүрдэнгээ нээвэл дээд гэгээрэлд хүрч сүнсээ эзэмдэн хязгааргүйд нэгдэн үхэлгүй мөнхийн үнэнд хүрнэ гэжээ. Хийн хүрднүүдийг зохицуулах эзэн нь сүнс гэдэг. Сэтгэлийн өнгө үйл хүрдэн бүхэн өөр өөр өвөрмөц илрэлтэй. Энэ талаар урьд нилээд тодорхой өгүүлсэн бий.

    Дорно соронзон үүсгүүр дамжуулагч алст цацруулагч хүлээн авагч юм гэдэг тодорхой болчихжээ. Энэ чанараа ухамсартайгаар эзэмдэгчдээ бурхад хувилгаад гэж нэрлэдэг. Хүний бие махбодийн физиологи үйл ажиллагааг зохицуулан удирдах нэн чухал, тархины бор гадараас ч дутуугүй хэсэг бол цэнэг үүсгүүрүүдийн төв синусын зангилаа түүнийг зохицуулагч либический хэсэг юм. Дотоод гүн далд ухамсрын удирдлага нь тархины суурь, зүрхний синусын зангилаа сүнс гурав байж болно. Ураг эхийн хэвлийд бүрэлдэн хөгжиж эхлэхээс дотоод ухамсар ажиллаж эхлэнэ.

    Хүн тайван нойрсч байхад ч үхлүүт ухаангүй хэвтэж байхад ч амьдралыг зүй зохисоор тасралтгүй үргэлжлүүлэгч нь тархины бор гадар бус дотоод ухамсар л байдаг. Хүн тайван нойрсч байхад төрөлх хийн орон ахар сүүлний хэсгээр сансар огторгуй, газрын элч энергийг цэнэгт долигос хэлбэрээр нэвчүүлэн авч байдаг. Ийм чанар нялх хүүхдэд илүүтэй илэрнэ. Хүний тархины суурь хэсгээс хэт хөнгөн бөөмс ялгардаг. Бид аливаа юмны цаад учир начрыг тунгаах; ойлгох, болгоохыг хичээдэг. Бидэнд ил тод болсон гэрэл цахилгаан, соронзон урсгал, дууны долгио, долгио бөөмс болон долгионы түгээмэл чанар нь когрент. Тэгвэл хүн тэнгэр газрын долгиолог хэсэгт нэгдэн нийлэх түүнийг өөрийн зорилгод татан оролцуулах боломж байна гэсэн дүгнэлт гарч байна.

    Хүний цэнэгт тогтолцоо нь бие дэх цэнэгийн үүсгүүр синусын зангилаа, эс бүрийн цэнэгийн бүтэц, эрхтэний цэнэгт орон, амин орон дахь цэнэгт давхарга зэргээс бүрэлдэнэ. Цул сав эрхтэний цэнэгт орон нь бусад эрхтэнийхээ үйл ажиллагааг дэмжих саатаах харилцан үйлчлэлд зохистой эрүүл байж чадна. Ерөөсөө цэнэгт байдал бол биетийн амин сүнс мөн. Цэнэггүй биет материаллаг ертөнцөд байхгүй. Туйлгүй бөмбөлөг хэлбэрийн соронзон, цэнэггүй эгэл биет байгааг олж тогтоосон. Гэвч тэр нь туйлын цэнэггүй биш харин дотооддоо нуун далдалсан юм. Цэнэгийн тэр нуугдмал байдлын нууцыг нээх нь атомыг задалсаны дайтай үр дүн авч ирнэ. Магадгүй арга дүрст оршихуйгаас билэг (дүрсжээгүй) оршихуйн хил заагч байж болно. Долгио бөөмс, бөөмөн долгио мэт билэг оршихуйн дотор дүрст орчлонт ертөнцийн үр бий. Цэнэгт байдал ямар орчин, нөхцөл, шалтгаан бүрдэхэд дүрсжиж, ямар сонгомол орчин нөхцөлд аминждаг нь одоохондоо нууцаа алдаагүй л байна.

    Хүний биеийн цэнэгт тогтолцооны нэн гайхамшигт чанар нь амин соронзон орон юм. Эгэл бөөмсөөс эхлээд атом молекул эс эрхтэн бүр соронзон үүсгэж л оршдог. Эрхтэний цэнэгийн тогтолцоо соронзон орны чанар гажигнаас доройтсоноос хавдар үүсдэг. Хорт хавдартай эрхтэний харалдаа гаднах амин орны хэсэг цоорч сорогч хүйтэн хонгил үүссэн нь зайнаас мэдрэгддэг. Амин орныг нөхөх, зузаалах, шилжүүлэх зайн эмчилгээ хийхэд өвчтөний зовиур арилж сайжирдаг. Чухамдаа энэ бол материаллаг арга цочируулд хариу урвал өгдөггүй. Харин билэг сэдээгчид хариу өгдөг нь онцгой анхаарал татаж байна. Тархины суурь лимбический хэсэг, сэтгэл, сүнс, хүний гэрэлт тогтолцоо, тарни бясалгалын хооронд ямар дараалал уялдаа холбоо байна вэ? Энэ асуулт судлаачаа хүлээсэн онгон дархан хэвээр байна.

    Хүний сэтгэлийн өнгө гэрэл нөлөө нь уурлах, баярлах, гуних, хүсэл гуйх аясаар өөрчлөгдөж орчиндоо тархдаг. Төрөлх зөн совин мэдрэмжээрээ хүмүүс үүнийг мэддэг. Муудалцаж хэрэлдэж байгаа хоёр хүн бие бие рүүгээ хуруугаараа чичилж загнадаг. Энэ бол өөрийн биеэс ялгарах уур хилэнгийн хорт хий гэрлийг галт шилээр хумхи адил хурууныхаа үзүүрээр когрент болгон нөгөө рүүгээ цохилт өгч байгаа юм. Хэрүүлийн дараа нэг хэсэгтээ бие эвгүйрхэх, өвдөх, тэр ч бүү хэл үхсэн тохиолдол ч байдаг нь хөнөөгч хорт гэрлийн үйлдэл бизээ.

    19-р зуунд Италийн физикч Л.Гальзани хүний мэдрэлийн эсээр мэдээлэл дамждагийг олсон. Хүний биеийн цэнэгт тогтолцооны эх суурь шинжлэх ухаанд анх ингэж тавигдсан боловч өнгөрсөн зуунд мэдэгдэхүйц үр дүнд хүрсэнгүй. Цахилгаан соронзон үүсгүүр нь зүрх, зүрхэнд байдаг 3×10 мм-5х20 мм хэмжээтэй хэсэгхэн өвөрмөц газрыг Кисафлакийн зангилаа юм. Энэ хэсгийг үүсгэсэн өвөрмөц цайвар эсүүд нь хэдхэн мг-аар хэмжигдэх цахилгаан соронзон цэнэг үүсгэдэгч өөрөөсөө хэдэн зуу дахин аварга том зүрхийг сэрээж хүчтэй ажиллуулж нэг удаад 70 мл орчим нэг минутанд 4.5-5л цусыг шахаж бүх биеэр тараах асар их ажил гүйцэтгүүлдэг. Зөвхөн зүрх ч бус артерийн бүх судас энэ зүрхний цахилгаан соронзон өөрчлөлтөөс цочирч цусыг авч дамжуулах байдалд бэлтгэгдэж гүйцэтгэнэ. Эсийн потенциалын маш өчүүхэн өөрчлөлт бүхэл бүтэн зүрх судасны тогтолцоог хэвийн ажиллуулж, эрүүл саруул байх нөхцлийг бүрдүүлж байна. Амин цахилгаан соронзон гүйдлийг зүрхэнд хэрхэн дамжих талаар нилээд судлагджээ. Биеэр хэрхэн тархдаг тухай ер нь бусад эд эрхтэний эсийн цэнэгт оршихуйн талаар судлагдсангүй. Ялангуяа артерийн судасны агших тэлэх үйл нь зүрхний потенциалын өөрчлөлтөд шууд хамааралтай.

    Хүний амин орны соронзон цахилгаан цэнэгт тогтолцоо нь ухаан сэтгэлийн хувирлаар яаж өөрчлөгдөж эрүүл мэндэд ямар эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг тухай судалгаа алга. Цэнэгт ба долгионлог оршихуйн онцлог харилцан үйлчлэл эвсэлдэн эрчимжих, эерэгцэн саарах тасралтгүй явц юм. Хүний амин орны соронзон, цахилгаан цэнэгт тогтолцоо байгалийн цэнэгт биетэй хэрхэн харилцдаг вэ? Газрын гүнээс ялгаран гарах электроны урсгал, тэнгэр эрхэсийн гэрлийн ба гравитац долигос биеийн цэнэгт орон хэрхэн харилцан үйлчилдэг вэ? Энэ бүхэн одоохондоо мэдэгдээгүй далд дам байна. Гэхдээ хүн бол цахилгаан.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • СУДАЛААР ТӨЛӨГЧЛӨХҮЙ

    Юман түрүү манхаг руугаа ухас дөхөс хийх нь сайн эмчийн шинж биш. Бүх өвчний дөрөөний нэг нь өөрөө эдгэж, дөрөвний нэг нь заслаар илааршиж, дөрөвний нэг нь эм тангаар эдгэрнэ. Үлдсэн дөрөвний нэг нь хүндэрсэн өвчин байх бөгөөд эдний нэг хэсэг нь эм, засал авахаас өнгөрсөн байдаг гэжээ.

    Дөрвөн өвчтөний нэгэнд зөвхөн зөвлөгөө өгч, хоёр дахьд нь засал дом хийж, гурав дахийг эм тангаар эдгэрүүлж дөрөвдэхийг онцгойд үзэж түүнд бүх л арга ухаанаа уудлан, сэтгэл зүрхээ өвчтөний төлөө бүрнээ зориулах учиртай. Энэ эмгэг өвчинд ямар засал эмчилгээ хийх вэ? гэдгийг нарийвчлан тогтоох нь нэг ёсны эмчийн төлөгчлөл юм. Өвчтөнд идээ, ундаа, явдал мөр, зан заншлын зөвлөгөө өгөөд өвчин илаарших нь үү? Эсвэл хөнгөн заслаар өвчин эдгэрэх нь үү? Хэрэв тийм бол ямар заслыг хэдий хугацаанд хэрхэн яаж хийхийг урьдчилан тунгаан төлөвлөөд хийх ёстой. Эм тан өгөх болбоос улам нарийн төвөгтэй болох нь мэдээж. Наад зах нь халуун хаана байрласан эсвэл оронгүй халуун уу? Тийм бол яаж орогнуулах, ямар эмээр зам мөрийг нь оруулж тэрний дараа яаж арилгах зэрэг логик дараалалтай бодож төлөвлөх, төлөгчлөх болно. Тэгэхийн тулд судалаар төлөгчлөх уламжлалт арга, ухааныг мэдэх хэрэгтэй. Төлөгчлөх нь таван мах бодийн хуулинд түшиглэдэг. Энэ аргыг сайн эзэмшиж чадвал цаашдаа “Гайхамшигт долоон судал” буюу билэгдлийн судалаар оношлох, төлөгчлөх аргыг эзэмдэхийн анхны дөтлөл болно. Ном сударт тэмдэглэсэн Жанцан багшийн ярьсныг харьцуулан үзэж сийрүүлбэл:

    Аль нэг эрхтэний судалд эмгэг мэдрэгдэж байвч эх мах бодийн эрхтэний судал бүрэн дүүрэн эзлэн дэлгэрч, хүү мах бодитой эрхтэний судал хэвийн байсаар завсрын 18 хоногийн дараа залган дэлгэрч нөхөр мах бодитой эрхтэний судал тогтвортой хэвийн, дайсан махбодитой эрхтэний судал дайрч үл дэлгэрвээс эмгэг өвчин өөрөө илааршина. Ийм хүнд идээ, ундаа, явдал мөр, сэтгэл санааны засал хийх хэрэгтэй. Аль нэг улиралд тухайн эрхтэний судал дэлгэрч байсан ч дайсан мах бодитой эрхтэний судал зэрэгцэн эрчимжиж байвал тэр улирлаас хүнд өвчнөөр өвчлөх буюу архаг өвчин нь сэдэрч үгдэрхийн дохио мөн. Ийм үед билэг талын судал нэг буюу хэд хэдэн оронд арга талаасаа суларсан байвал өвчлөх нь бүрч мадаггүй. Тухайн улиралд тэр эрхтэний судлын дэлгэрэлт хүү мах бодитой эрхтэний судал зэрэгцэн эрчимжвэл бие мах бодийн эрчим хүч сайн буйн шинж болой. Судалаар өвчний явц, хүндрэл, төгсгөлийг төлөгчлөхөөс гадна билэгдлийн-судал түших гэж бий.

    Эцэг, эхийн судалын байдлаар хүүхдийх нь өвчнийг оношлох, хүүхдийнх нь судлыг түшин эцэг эхийн өвчнийг оношилдог. Эмч залахаар ирсэн улаачийн судалаар цаад хүний өвчнийг оношлодог байжээ. Биеийн амрыг бодож ийм юм байж болохгүй гээд харанхуй суух уу. Ийм боломж юунаас болдог вэ? гэж эрэл хайгуул хийж эргэцүүлж махаа идэж, ясаа нимгэлэх нь зөв үү?. Хүн гэдэг яс, мах цус, дүрс төдий юм биш. Орчлонт ертөнцийг тусгах арга нь ердөө танин мэдрэхүйч биш. Танин мэдэхүй нь зөвхөн мэдэрхүй оюун дүгнэлт ухамсараас өөр байж болохгүй гэж үү. Гадаад дотоод ертөнцийн бидний хүлээж авдаг цочруулаас доогуур түүнээс хавьгүй нарийн сэрээгүүр хуримталсаар цочроох босого хүртэл арвиждаг. Зохиолчид түүнээ онгодын танин мэдэхүй эсвэл мэдрэмж гэдэг. Босогоос доор түүнд хүртлээ хэдэн жил арвижиж мэдэх тийм нарийн мэдээллийг хүн хүлээн авах бүрэн боломжтой. Ингэхийн тулд дасгал сургууль хэрэгтэй. Өөрийн амин соронзон, амин цахилгаан, гэрлийн цацралын, хэт авиан, хэт гравитацын тэмтрүүлээ хөгжүүлж түүнийхээ эргэх мэдээллийг хүлээн авч, тэр гүн далдын билгийн түвшнээс нааш татан аргажуулж бидний ухамсарын түвшинд буулгаж сурах зэрэг урт удаан хугацааны нягт нямбай, тасралтгүй үргэлжилсэн итгэл бишрэлтэй хичээл зүтгэл хөдөлмөр хэрэгтэй.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

     

                                                                                                             

  • ТАВАН МАХ БОДИЙН ХУУЛИЙН ДАГУУ СУДАЛЫГ ХАРЬЦУУЛАН ШИНЖИХ НЬ

    Жилийн дөрвөн улирлын аясаар таван цул, зургаан сав эрхтэний судалыг таван мах бодийн хуулийн дагуу бусад эрхтэний судалтай харьцуулан шинжиж үзвэл , нэг улиралд эрүүл харилцаат  27, эмгэг өвчин илааршихуй хялбар зөнт 27, эмгэг өвчин илааршихуй бэрх ёрт 27, бүгд 81 судалыг эндүүрч андууралгүй мэдэрч сурахыг хичээлтэй. Ингэж чадваас дөрвөн улирлын буюу жилийн 324 судлын харьцаа хувирлыг таних боломжийг өөртөө буй болгоно. Зарим нэг эмчийн амнаас халуун, хүйтэн хоёрын судалыг л ялгавал боллоо гэх мэт хэт хялбарчлах үг цухалзаж байгаа нь ердөө л Монголын олон үеийн уламжлалт анагаах ухаандааа салахын тамхиа барьж буй хэрэг. Өвчин эмгэг илааршихуй хялбар зөнт судал:

    1. Тухайн эрхтэний өөрийн судалд эмгэг мэдрэгдэх боловч
    2. Хүү мах бодитой эрхтэний судал тогтвортой хэвийн байх, Дэлүүн судал завсрын 18 хоногтой залган билэг чанараараа дэлгэрч хугацаагаа бүрэн эзлэн байх
    3. Нөхөр   мах   бодитой   эрхтэний   судал   үл   сулрах,   эрчимжих,   хугацаанд   билэг чанараараа дэлгэрэх
    4. Дайсан мах бодитой эрхтэний судал зөвхөн цагтаа билэг чанараар дэлгэрч, завсрын 18 хоногийн эхэнд дэлүүн судал дэлгэрмэгц харих
    5. Эх мах бодитой эрхтэний судал үл харих эрчимжих,  цагаа тосч дэлгэрэх зэрэг шинжүүд нь өвчин эмгэг илааршин эдгэрэх нь хялбар болохын дохио мөн.

     

    Эмгэг өвчин илааршихуй бэрх ёрт

    1. Эрхтэний судалд эмгэг илрэх
    2. Хүү мах  бодитой эрхтэн  нь дагаж эмгэгших,  сулрах, оройтож дэлгэрэх,  эрт харих, үл дэлгэрэх
    3. Нөхөр мах бодитой эрхтэний судал тосч харих эмгэгших
    4. Дайсан мах бодитой эрхтэний судал эрчимжих, цаг бусаар дэлгэрэх, үл харих
    5. Эх мах бодитой эрхтэний судал угтаж харих, хоцорч дэлгэрэх, үл дэлгэрэх зэрэг олон хувилбар харилцаа аль нэг талаараа барилдаж хоршсон байвал өвчин илаарших нь бэрх хэмээнэ.

    Энд  дурьдсан  загварчилсан  харилцаа  бол  хөдөлгөөнгүй  дагаж  мөрдөх  хууль гарцаагүй гарах шинж бус гэдгийг сануулах нь зүйд нийцнэ. Эдгээр харьцаа нь маш хувирамхай         хөлбөрөмхий дагнасан,  хослосон, ээлжилсэн, шаталсан, хөгжөөсөн, хязгаарласан, бүхэлдээ барилдсан зэрэг маш олон янз байж болохыг л ойлгуулах сануулах төдий юм. Эмчийн сэтгэлгээ ч ийм уян хатан, хөдөлгөөнтэй гол ба гол бусыг ялгаж салгасан ил ба далдыг барилдуулан бясалгадаг байлтай хэмээсэн нь болой.

    Зарим ном хэвлэлд бичсэнийг үзвэл улирлын эхний далан хоёр хоногт тодорхой нэг цул сав эрхтэний судал дэлгэрч сүүлийн 18 хоногт дэлүү, ходоодны судал дэлгэрнэ гэсэн бий. Бас зарим ном сударт завсрын 18 хоногт дэлүү, ходоодны судал дэлгэрдэг гэсэн ч байна. Үүнийг тунгааж үзвэл завсрын 18 хоног гэдэг улирлын сүүлийн 18 хоног биш. Өнгөрч байгаа улирлын сүүл 9 хоног эхэлж байгаа улирлын түрүү 9 нийлсэн 18 хоног юм. Өвлийн сүүл үхэр, хаврын сүүл луу, зуны сүүл хонь, намрын сүүл нохой дөрвөн шороон мах бодитой дөрвөн сүүлчийн 9 хоногт шороон махбодитой дэлүү, ходоодны судал дэлгэрч эхлээд хаврын тэргүүн бар, зуны тэргүүн могой, намрын тэргүүн бич, өвлийн тэргүүн гахай сар гармагц тухайн улирлаа эзлэх эрхтэний судал авч дэлгэрч эхлэхийн хэмээр агуур /  9 хоног / буурч хэвийн байдалд ордог байна.

    Улирал бүрт, завсар богонд орших зөнт судалын харилцааг барьж тогтоож сурах хэрэгтэй. Үүнийг таван мах бодийн хуулийн харилцаагаар шинждэг. Хоёр талын судалын лугшилтыг зэрэг барьж харьцуулан шинжихэд арга талын судал нэлдээ буюу илүү олон цэгүүдэд эрчимжингүй давамгайлах шинж илэрвэл өвчин илаарших бэрх болно. Энд дурьдсан харилцаат судалаас хоёроос доошгүй судалын шинж мэдрэгдэж тэр нь баруун талын судалын давамгайлалтай хавсарч байвал өвчтөнд үндсэн эмчилгээг даруй эхлэ.  Гурваас дээш харьцаа илэрч тэр нь баруун талын судалын давамгай эрчимжилттэй хавсарч байвал өвчний явц их хүнд, өвчний төгсгөл муу гэж үзэх үндэслэл болно. Ялангуяа тухайн эрхтэний судалд хэд хэдэн эмгэг шинж мэдрэгдэж тэр нь түүнтэй зэрэгцэн дайсан мах бодитой эрхтэний судал сөрөн дэлгэрч, нөхөр мах бодитой эрхтэний судал доройтох зэрэг шинж судлын баруун талын давамгайлалтай хословол өвчин машид хүндэрхийн дохио болно.

    Судлаар оношилж, өвчний явцын хүнд, хөнгөнийг тогтоож, эмчилгээний арга хэлбэрийг төлөвлөх, өвчний төгсгөлийн талаар нилээд магадтай төлөгчлөх боломжтой. Үүний тулд дөрвөн улирал завсрын хугацаанд таван цул, зургаан сав эрхтэний судалын олон хувилбарт шинж чанарыг эндүүрэлгүй барьж, таньж сур. Нэг улиралд, нэг завсарт таван цул, зургаан сав эрхтэний 224 хувилбарт харилцааг мэдэж мэдэрч сурах хэрэгтэй. Тэгвэл дөрвөн улирал, дөрвөн завсарт наад зах нь судалын 896 харилцаат хувирлыг мэдэх, мэдэрч сурах болно. Улирлын эрүүл мэндийн байдлыг аль ч үед үзэж болно. Гэхдээ хамгийн тохиромжтой, алдаа мадаг бага гарах хугацаа нь завсрын 18 хоног байдаг. Нэгэн эрхтэний дэлгэрлийн эрчим харьж нөгөө эрхтэний дэлгэрэл эхлэх үе. Энэ хоёртой харгалдсан хоёр нөхөр, хоёр дайсан мах бодитой эрхтэний харилцаа илүү хөдлөнгүй үетэй тохирдог юм. Дэлүү бол таван мах бодийн хуулийг сахиулагч түгээмэл мэдээлэгч мөн. Хүний эрүүл мэнд хаврын цагт эмгэг өвчин илаарших хялбар бэрх алин болохыг, таван мах бодийн хуулийн харьцааг үндэслэн судлаар хэрхэн тогтоох талаар дэлгэрүүлж үзье.

     

    Хавар эрүүл мэнд сайн шинжийн судал

    –       Үхэр сарын сүүлийн 9 хоногоос дэлүү, ходоод нь судал зугуухан дэлгэрч эхлэх, цагтаа харих

    –       Бар сарын эхний 9 хоногоос элэг, цөсний судал алгуур билэг чанараар дэлгэрч эхлэх, гүйцэд тогтвортой дэлгэрэх

    –       Зүрх, нарийн гэдэсний судал тотвортой хэвийн байх, дагаж эрчимжих дэлгэрэнгүй болох

    –       Уушиг, олгойн судал үл эрчимжих, үл доройтох

    –       Дэлүү, ходоодны судал тогтвортой эрчимжингүй үлдэх, үл харих сайн

    –       Бөөр, самсын судал завсрын судалд дэлгэрэнгүй байсаар залгуулж үлдэх

    –       Хоёр талын судалыг харьцуулан шинжихэд хоёр талын бүх цэгт тэнцүү буюу зарим цэгүүдэд эсвэл  нилдээ билэг талдаа давуу эрчимжингүй байвал хаврын улиралд эмгэг өвчингүй амгалан тайван амар жимэр оршихын эргэлзээгүй дохио мөн.

    –        

     Хавар элэг цөсний өвчин илааршихуй хялбар зөнт судал

    –        Элэг цөсний судалд тус эрхтэний өөрийн эмгэг шинж нэг буюу хэд хэдэн хэлбэр янзаар мэдрэгдэх

    –       Завсрын судал эрт буюу хугацаандаа дэлгэрч залгах

    –       Зүрх, нарийн гэдэсний судал тогтвортой хэвийн байх

    –       Дэлүү, ходоодны судал үл харих, тогтвортой хэвийн үлдэх

    –       Уушиг, олгойн судал үл эрчимжих, дайрч үл дэлгэрэх, үл доройдох

    –       Бөөр, самсын судал завсрын 18 хоногт дутаж харьсны цаашдаа доройтолгүй үлдэх

    Хоёр талын судалыг харьцуулан шинжихэд арга талын цөөн цэгүүд билэг талаасаа давуу эрчимжингүй байх зэрэг шинжүүд нь эмгэг өвчин илаарших нь хялбар болохыг заана. Харин явдал мөрөөр засах уу?, Идээ ундаагаар илааршуулах уу? Цөөн хөнгөн эм тан өгөх үү? гэдгийг эмч дээрх өөрчлөлт, харьцааг барилдуулан тунгааж шийднэ.

     

    Хавар элэг цөсний эмгэг илааршихуй бэрх ёрт харьцааг судал

    –       Элэг цөсний судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсрын /18 хоногт / дэлүүн судал дутуу харих

    –       Зүрх , нарийн гэдэсний судал дагаж сулрах, эмгэгжих

    –       Дэлүү, ходоодны судал сулрах,

    –       Уушиг, олгойн судал эрчимжих, сөрж дэлгэрэх, зэрэгцэж дэлгэрэх, дарж дэлгэрэх

    –       Бөөр, самсын судал завсарт хүрэлгүй сөхөрч харих, сулрах

    Хоёр талын судлыг харьцуулан шинжихэд арга талдаа олон цэгт буюу нэлдээ эрчимжингүй байх нь өвчин хүндэрч эмчилгээ засал авах нь нэн бэрх болсны шинж болой. Ийм болсон хүнийг нэн даруй ойр байлгаж эмчилгээг яаралтай эхлэнэ

     

    Хавар зүрхний, нарийн гэдэсний эмгэг илааршихуй хялбар зөнт судал

    –       Зүрх, нарийн гэдэсний судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсрын 18 хоногт дэлүүн судал бүрэн дүүрэн, билэг чанараар дэлгэрч могой сарын эхэн хоногт хүрч дэлгэрэх

    –       Ходоод, дэлүүн судал завсраас хэвийн байдалдаа тогтвортой хэвээр үлдэх

    –       Уушиг, олгой судал тогтвортой хэвийн байх

    –       Бөөрөн судал цагтаа дэлгэрч харих харилтын хэлбэр зөв байх, үл эрчимжих

    –       Элгэн судал цагтаа дэлгэрч завсартаа дэлгэрэнгүй хүрч харих

    Хоёр талыг харьцуулан шинжвэл арга-билэг тал тэнцүү  буюу дийлэнх цэгтээ билэг тал илүү цоглог байвал зүрхний өвчин хөнгөн байгаагийн шинж юм.

     

    Хавар зүрх, нарийн гэдэсний эмгэг илааршихуй бэрх ёрт судал

    – Зүрх, нарийн гэдэсний судалд эмгэг илрэх

    – Завсрын дэлүүн судал ардаа эрт дэлгэрэх, эрт харих

    – Дэлүү, ходоодны судал доройтох

    – Уушиг, олгойн судал дагаж эмгэгших, доройтох

    – Бөөр, самсын судал хаврын эхэн завсарт үлдэж дэлгэрэх,     

      эрчимжих, хоцрох, үргэлжлэн дайрч дэлгэрэх

    – Элэгний судал хариу дэлгэрэх оройтож дэлгэрэх, завсарт хүрэлгүй харих зэрэг

    Хоёр талыг харьцуулан шинжвэл арга талдаа олонхи цэгт эсвэл нэлдээ ялангуяа баруун самсын зүүнээс эрчимжингүй бол зүрхэнд хүнд эмгэг туссаны эргэшгүй шинж болно.

     

    Хавар дэлүү, ходоодны эмгэг илааршихуй хялбар зөнт судал

    –       Дэлүү, ходоодны судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсарт дэлүүн судал үл дэлгэрэх нь энэ тогтолцооны эмгэгийн эрт үеийн шинж юм.

    –       Уушиг, олгойн судал тогтвортой хэвийн байх, үл сулрах

    –       Бөөр, самсын судал цаг орноо эзэлж дэлгэрэх, эрчимжингүй хэвдээ үлдэх

    –       Элэг цөсний судал цагтаа дэлгэрч , цаг хугацаандаа зөв харих

    –       Зүрхэн судал тогтвортой хэвийн байх зэрэг

    Хоёр талыг харьцуулан шинжихэд арга -билэг тал тэнцүү буюу эсвэл цөөн хэдхэн цэгт арга тал давамгайлж байх

     

    Хавар дэлүү, ходоодны эмгэг илааршихуй бэрх ёрт судал

    –           Дэлүү, ходоодны судалд эмгэг мэдрэгдэх

    –           Завсарт дэлүүний судал үл дэлгэрэх, дутаж харих, хариу  дэлгэрэх зэрэг шинж гардаг

    –       Уушиг, олгойн судал дагаж эмгэгших, сулрах

    –       Бөөрөн судал завсарт хүрэлгүй харих, зогсож харих

    –       Элгэн судал эрчимжиж үлдэх, эхэн ба эцсийн завсрын хугацаанд зэрэгцэж дэлгэрэх

    –       Зүрхэн судал угтаж сулрах

    Хоёр талын судлыг харьцуулан шинжвэл арга тал нэлдээ буюу илүү давамгай олон цэгт эрчимтэй байх зэрэг харьцаагаар илэрнэ

    Уушиг, олгойн эмгэг илааршихуй хялбар зөнт судал

    –       Уушиг, олгойн судалд эмгэг мэдрэгдэх

    –        Завсарт дэлүүн судал хоцорч харих

    –       Бөөр, самсын судал тогтвортой хэвийн байх

    –       Элэг, цөсний судал орон цагтаа дэлгэрч завсар хүргэж зөв харих

    –       Зүрхэн судал үл эрчимжих

    –       Дэлүү, ходоодны судал завсраас эргэж тогтвортой хэвийн байх

    Хоёр талыг харьцуулан шинжвэл билэг тал нэлдээ буюу ихэнх цэгт давуу байх харьцаа нь уушиг, олгойн эмгэг хүнд бишийн илрэл юм.

     

    Уушиг олгойн эмгэг илааршихуй бэрх ёрт судал

    –       Уушиг, олгойн судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсрын судал оройтож харих, зогсож харих

    –       Бөөр ,самсын судал дагаж харих, эмгэгших

    –       Элгэн судал дутаж харих, зогсож харих, суларч үлдэх

    –       Зүрхэн судал эрчимжих, сөрж дэлгэрэх

    –       Дэлүү, ходоодны судал тосч сулрах

    Хоёр талыг харьцуулан шинжвэл арга тал нэлдээ буюу давуу олон цэгт эрчимжих уушиг, олгойн өвчин хүндэрсний шинж мөн болно.

     

    Бөөр, самсын эмгэг илааршихуй хялбар зөнт судал

    –        Бөөр, самсын судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсарт дэлүүн судал зөв угтаж сүүлийн завсарт зөв үдэх

    –       Элгэн судал орон цагаа бүрэн эзлэн дэлгэрэх

    –       Зүрхэн судал тогтвортой хэвийн буюу эрчимжингүй цоглог

    –       Дэлүү, ходоодны судал завсараас цагтаа харих, үл эрчимжих, үл сулрах

    –       Уушиг, олгойн судал хэвийн буюу эрчимтэй цоглог байх

    Хоёр талыг харьцуулан шинжвэл билэг талдаа олонх цэгт буюу нэлдээ цоглог давамгай байх

     

    Бөөр, самсын эмгэг илааршихуй бэрх ёрт судал

    –       Бөөрний судалд эмгэг мэдрэгдэх

    –       Завсрын дэлүүн судал хэт эрчимтэй дэлгэрэх

    –       Элэг цөсний судал хоцорч дэлгэрэх, хариу дэлгэрэх, дутуу харих

    –       Зүрх, нарийн гэдэсний судал угтаж сулрах, эмгэгших

    –       Дэлүү, ходоодны судал завсраас харилгүй дэлгэрч үлдэх, харивч эрчимжих

    –        Уушиг, олгойн судал суларах

    Хоёр талыг харьцуулан үзвэл арга тал нэлдээ ба олонхи цэгтээ давамгайлан эрчимжвэл бөөр, самс хүндээр эмгэгшсэний шинж мөн зун, намар, өвөл, хавар дөрвөн завсрын хугацаанд таван цул, зургаан сав эрхтэний эрүүл, эмгэг илааршихуй хялбар, зөнт, бэрх, ёрт судалуудыг уншигч та дээрхийн адил хөөн гаргаж үз. Ингэвэл та дөрвөн улирал дөрвөн завсрын 896 судсан шинжийг мэдэрч мэдэх болно. Судалыг таван мах бодийн хуулийн дагуу шинжихдээ цул эрхтэнийг цулд нь, сав эрхтэнийг савд нь эх, хүү, нөхөр, дайсны ёсоор харьцуулан үзнэ.

    Нэг улиралд цул, сав эрхтэний эрүүл байх харилцааг 70 янз судал, эмгэг өвчин илааршихуй хялбар зөнт харьцааг 70 судал, эмгэг илааршихуй бэрх ёрт 70 судал, завсрын 14 судал нийтдээ нэг улиралд судын 224 хувилбарт харилцааг мэдэж мэдэрч сурах аваас эзэмшиж болно. Судал түших эрдмийг эрхбиш завсрын 18 хоногийн судалыг таван мах бодийн дагуу долоон янз харьцаагаар тогтоон үзэж тодруулахад их туршлага, мэдрэмж, мэдлэг хэрэгтэй. Энэнд бидний хэмжээ ихэд дутсаныг нуулгүй өчье.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • СУДАЛААР ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТӨЛӨГЧЛӨХ ЁС

    Хавар, зун, намар, өвөл дөрвөн улиралд тухайн улирлаа эзлэн дэлгэрэх эртний судал, өөрийн билэг, чанараар хугацаандаа дэлгэрсэн байх. Эх мах бодитой эрхтэний судал өөрийн хугацааг бүрэн эзэлж завсрын 18 хонот хүрэх. Дэлүүний шилжүүлэх дэлгэрэл тодорхой ирж харих. Хүү мах бодитой эрхтэний судал тогтвортой байх буюу хугацаандаа тосч дэлгэрэх. Нөхөр мах бодитой эрхтэний судал сулралгүй. Дайсан мах бодитой эрхтэний судал хэмээс хэтрээгүй байвал тэр улиралд эрүүл саруул байхын шинж болой. Энэ зургаан харилцааг дөрвөн улиралд нь алдалгүй таньж мэддэг, мэдэрч чаддаг болох нь судлаар оношлох аргын гарцаагүй дайрах зам мөр мөн. Дөрвөн улирлын хорин дөрвөн өвөрмөц харилцааг ялган салгаж таниулах багш нь таван мах бодийн хууль юм. Судлаар оношлох, төлөгчлөх нь маш хичээнгүй, тасралтгүй үйл ажиллагаа шамдсаны үр дүн. Дэлүүний судалын дэлгэрэл аль нэг завсартаа / 18 хоногтоо/ эрт эхлэх, оройтож харих, хэт дэлгэрэх нь бөөр эмгэгшихийн эрт үеийн дохио мөн. Ийм шинж ялангуяа зун, намар өвлийн заагт мэдэгдвэл бүр магадтай. Бөөрний судал эрт дэлгэрэх, оройтож харих, хэт дэлгэрвэл зүрх эмгэгшихийн урьдчилсан мэдээлэл болно. Энэ мэт эрт дэлгэрэх, хоцорч харих, хэт дэлгэрэх, дайрч дэлгэрэх шинж зүрхэнд илэрвэл уушиг, уушгинд илэрвэл элэг, элгэнд илэрвэл ходоод дэлүү эмгэгшихийн дохио гэж үздэг. Ийм эмгэг шинжүүд мэдэгдвэл таван мах бодийн хуулийн харилцаагаар судалыг харьцуулан шинжиж эмгэг өвчин өөрөө илаарших уу?, Эм, дом, бариа засал хийх үү? Эмгэг илааршихуй хялбар уу? Бэрх үү? гэдгийг тогтооно. Жанцан багшийн ярьсан нь:

    ” Ирэх улирлын эрүүл мэндийг тогтоохын тулд нөхөр, хүүн судалыг шинж. Энэ улирлын байдлыг дайсан судалаар үнэл гэж эцэг хэлж байсан. Ер нь дайсагнах судалын дайн ч дэлгэрэх нь гэнэтийн өвчнийг зөгнөдөг. Хэт дэлгэрэх, хоцорч харих нь архаг өвчний сэдрэхийн дохио болох шиг санагддаг” гэжээ. Үүнийг дурьдахын учир миний номд бичигдсэн зүйлүүд хөдөлгөөнгүй батлагдаж нотлогдсон бус бодол, эргэцүүлэл гэдгийг ухаараасай гэснийх юм. Таны оюун ухаан, сэрэл мэдрэмжийг хөдөлгөн, хөгжөөх сэр сэр салхи төдий юм шүү хэмээн хүлцэл өчье. Аль нэг эрхтэний судалд эмгэг мэдрэгсэд мунхаг руу сарвайх хэрэггүй. Бусад эрхтэний судалыг харьцуулан үз. Тэр эрхтэний чинь эх мах бодитой судал цагтаа эхэлж цагаа бүрэн эзлэн дэлгэрч, хүү судал нь хэвийн байсаар товч дэлгэрэх, нөхөр судал хэвийн буюу дэлгэрэнгүй цоглог, дайсан судал эрчимжихгүй байваас тэр эмгэг аяндаа эдгэрч болно. Хоол хүнсний гам хийж явдал суудал, зам мөрийн засал хйивээс урхаггүй илааршина. Аль нэг улиралд дайсан махбодитой эрхтэний судал дэлгэрч байвал тухайн улирлаа эзлэн билэг чанараар дэлгэрэх эрхтэнд хүнд өвчин тусч буйн шинж. Хүү мах бодитой эрхтэний судал тосч дэлгэрвэл бие махбодийн эрчим гоц сайн байгаагийн шинж. Улиралдаа нөхөр мах бодитой эрхтэний судал зэрэгцэн дэлгэрвэл амар амгалан айх аюулгүй, энх мэнд оршихийн билэгт судал гэнэ.

    Эх махбодитой эрхтэний судал дагалдан дэлгэрвэл эрүүл мэнд гоц сайн байхын баталгаа мөн. Өвчин эмгэгтэй хүнд ийм судал баригдвал бүрэн илааршиж бие гоц сайжирсных юм. Зүүн гарын судал бүх цэгтээ баруунаас илүү дэлгэрэнгүй байвал ямар нэг архаг далд өвчингүй, байвч тэр нь урхаггүй эдгэрч буйн тэмдэг. Харин баруун талын бүх цэг зүүнээс илүү дэлгэрэнгүй байвал архаг хууч сэдэрч байгаагийн шинж болно.

    Биеийн арга тал давамгайлах нь чалх сулран, архаг өвчин даамжирч байгааг заана. Эмнэ, зас, эхэл гэсэн хангалттай дохио гэж үздэг. Эмчилгээ заслын зүүн баруун судалыг тэнцүүл, зүүн талыг давамгайлтал хийнэ. Хэрэв зүүн талдаа нэг буюу хоёр цэгт давамгайлж, олонхид нь баруун давамгайлж байвал ерөнхий засал эмчилгээнээс тухайн тодорхой эрхтэнд чиглэсэн эмчилгээ хийнэ. Бидний ажигласан цөөн тохиолдолд зөрөх явдал байсан. Тархины цус харвалтын үед гэмтэлтэй талын судасны лугшилт эрчимжиж эсрэг талдаа хэвдээ байлаа.

    Сэтгэл мэдрэлийн өвчний үед ийм зөрөө ажиглагдсаныг дурьд суу. Судасны лугшилтыг их дадсан үедээ ч наад зах нь хоёр минут барьж тунгаахгүй бол босоо туулайн үлгэр болж байгаа юм. Хэрэв бид цэг бүрийг хоёр минут ажиж тунгаана гэвэл 12 цэгтээ 24 минут болно. Таван мах бодийн хуулиар харьцуулан шинжвэл хэдий хугацаа орох нь танд ил буй.

    3арим ном хэвлэлд дурьдсанг энд сийрүүлье. Хүний судасны лугшилт нь зуун удаад хучдэл дүүрэлт, түлхэлт ирэлт, харилт, хэм завсарлага, хүйтэн, халуун, лугшилт бүхэнд ижил тэнцүү өөрчлөлт гажилтгүй болвоос цоо эрүүлийн магадтай шинж мөн гэжээ. 50-40 лугшилтанд ямар нэг эмгэг өөрчлөлт мэдрэгдвэл нэг цул юм уу, эсвэл нэг сав эрхтэн эмгэгшсэний шинж. 40-30 лугшилтанд нэг эмгэг шинж мэдрэгдвэл цул, сав хоёр эрхтэн эмгэгшсэн, тэр нь хүндэрч байгаагийн шинж. 30-20 лугшилтанд нэг эмгэг шинж мэдрэгдвэл 3 эрхтэн өвчилсний дохио шинж мөн.

    Энэ нь амь насанд аюул занал хийсний ёр. Судасны лугшилт хэм алдах, дайрах, лугшилт ирэх, лугшилт өнжих өндөр, нам баганатай байвал голдуу зүрхний өөрийнх нь өвчин байдаг. Лугшилт сарних, шургах, харих, хөрөх, хэт эрчимжих нь бусад цул сав эрхтэний эмгэгшлээс болох нь олонтой. Лугшилтын нум хатуу, дарахад зүтгүү, эрчлэнгүй зэрэг нь судасны эмгэгтэй хүнд илүү баригддаг.

    Лугшилтын багана нам, алхалт урт, эрчтэй зэрэг шинж гарвал бөөрөнд эмгэг байдаг. Энэ мэт судлын байдал дотоод эрхтэний өөрчлөлтийг бидэнд бүрэн дамжуулдаг ч бид бүрэн уншиж чаддаггүйгээс алддаг.Тухайн өвчтөний хэвийн хоёр агшилтын дараа замхралт, сариналт, шургалт, харилт эмгэг шинжүүдийн аль нэг мэдрэгдвэл өвчтөний амь насанд 3-4 хоногт аюул учрахын дохио. 3-4 хэвийн лугшилтанд дээрх шинжийн аль нэг мэдрэгдвэл 6-7 хоногтоо их хүндрэх шинж мөн гэжээ.

    Өрнийн судлаачид үүнийг хэм алдагдал, цаг бус сэрэл үүсэлттэй гэж үзээд орчин үед энэ ач холбогдолгүй гэсэн байдаг. Уламжлалт анагаах ухааны  нэршлээр 30г түрэх лугшилтыг /аритм экстросистол/ хэлээгүй юм. Одоогийнхоор бол судсан төвийн зохицуулгын гүн хямрал, бөөрний галын хэт доройтол, судасны ханын хэт суларлаас болдог судал саринах, харих, замхрах, шургах зэрэг хүнд эмгэг шинжүүдийг хэлсэн юм. Тэгэхээр энэ нь ач холбогдлоо алдаагүй. Цаашид гүнзгийрүүлэн судалж хариу өгөх залуу мэргэдээ хүлээсэн асуудал хэвээр байна. Судас өөрийн орондоо тэмтрэгдэх ёстой. Долоовор, дундын нэгж судалын лугшилт зайлсан ч өвчин эдгэрэх боломжтой байдаг. Харин бөөрөн судал орон солих нь өвчний төгсгөл нэн хүндийн шинж болдог.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

                                                                                       

  • СУДАЛААР ОНОШЛОХОД ТАВАН МАХБОДИЙН ХУУЛИНД ҮНДЭСЛЭХ НЬ

    Нэг улирлаас нөгөө улирал руу шилжихэд хүний биеийн дотоод харьцаа өөрчлөгдөн хувьсаж тэр нь мөн судлаараа илэрдэг. Үлгэрлэвээс хавраас малын үс ноос хөндийрч, хөвсийж гуужсаар зунаас дахин ахар хатгаж ургаж, сэргэж өтгөрсөөр өвлийн эхлэхүй үеэс үс ноос нь гүйцэхийн ижил болой. Энэ өөрчлөлт нь нар, дэлхий, од гаргийн харилцан нөлөөллийн үр дүн. Арга-билгийн харилцан шилжих нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн тэтгэсний илрэл юм. Жилийн турш биеийн дотоод харилцаа нь бие биенээ тэтгэх, саатуулах үйлчлэлтэй байдаг. Тэр нь таван мах бодийн хуулинд захирагддаг. Тэгэхээр судас түшиж оношлох, өвчний явц, тавиланг тогтоох, хүний эрүүл мэнд, хийморь цог тухайн улиралд ямар саад тотгор тохиож болохыг урьдчилан мэдэхийн тулд таван мах бодийн хуулинд тулгуурлахаас сайн арга үгүй. Эмчийн хурууны өндөг нь газрын гүний эрдэнэ хайгч шиг хурц соргог мэдрэмжтэй байхын дээр уян хатан хөдөлгөөнтэй сэтгэх мэдрэмж, бясалгалаар алсын саланга, бутархай мэдээлэл, дохиоллыг сайтар тунгаан нэгтгэж нэг цогц үзэл дүгнэлт болгож суралтай. Улирал бүрт эрүүл харилцаат судал, эмгэг илааршихуй хялбар зөнт судал, эмгэг өвчин илааршин эдгэрэхүй бэрх ёрт гурван янз судалын аль нэг баригдана. Үүнийг ялгаж андалгүй таньдаг болохоос эхэлнэ. Судалын улирал бүрийн харилцааны өөрчлөлтийг ялгаж сурахын тулд

    1. Судалын дэлгэрэл гэж юу болох
    2. Цул, сав эрхтэний эх, хүү, нөхөр, дайсны харилцааг таван мах бодийн хуулийн дагуу мэдэх зэрэг суурь мэдлэг дадлага олж ав. Ингэж гэмээ нь дараачийн алхам хийх нөхцөл бололцоог олох нь тэрээ                                                                                            Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос
  • ДӨРВӨН УЛИРАЛД ЭРҮҮЛ СУДАЛЫН ЗОХИЦОЛ

    Өвчин эмгэг гэнэт бий болохоосоо алгуур, урьдал эмгэгшил биед эрт үүсч тэр нь анзаарагдахгүй урт, богино янз бүрийн хугацаанд даамжирч явсаар илрэх нь олонтой.

    Судал шинжиж ийм “Эмгэгт эрүүл” байдлыг эрт илрүүлж өвчин болж үгдэрхээс нь өмнө анагаах боломжтой. Энэ нь судлаар өвчнийг оношлохоос хэд дахин хүнд хэцүү ч гэсэн эмч бүр зайлшгүй хүрч, хүртэж эзэмших ёстой. Ном хэвлэлд дурьдсаныг үзвэл:

    “Хавар-намрын, зун-өвлийн, намар-зуны, өвөл-хаврын, завсрын 18 хоногт хаврын судал баригдвал хүнд өвчнөөр өвдөхийн эртний дохиолол” гэжээ. Үүнийг таньж мэдэхийн тулд: Дөрвөн улирал, дөрвөн завсрын үеийн эрүүл судлын харилцааг мэддэг, мэдэрдэг болох хэрэгтэй. Хавар элгэн судал, зун зүрхэн судал, намар уушгин судал, өвөл бөөрөн судал улирал бүрийн завсрын 18 хоног дэлүүн судал дэлгэрнэ гэдэг.

    Судал дэлгэрэх гэж юу вэ? Эрхтэн бүрийн судал цаг улирал, халуун хүйтэн, хуурай чийглэг, нарны элч гэрлийн тусгал, сэр од гарагийн татал түлхлээс хамааран дотоод мөн чанар, мах бодилог шинжээ илэрхийлэн лугшихыг дэлгэрэх буюу билэг чанараар илрэх гэдэг.

    Хавар нарны гэрлийн тусах өнцгөөс шалтгаалан аргын хүчин тэгширч модон мах бод дэлгэрхийн хамтаар газар шорооны мөс цас, цан бөглөөтэй нүх сүв нээгдэн, ургамлын үндэс хөөн тэнийж гадаад орчин руу онгойхын хирээр хүний биеийн гурван шингэн болоод хийн гүйдэлч нэвтэрч эхлэнэ. Биеийн дотоодод татагдсан хурмал элч гадагш тархах үес элгэн судал дэлгэрч богширгын дуу мэт нарийн эрчимтэй цоглог болно. Үүнийг дагаж бөөрөн судал өвлийнх шигээ өөрийн билэг чанараар нарийн зөөлөн алгуур, зүрхэн судал хэвийн хавраас зунд шилжих завсрын 18 хоногийн араас шууд дэлгэрч, дэлүүн судал энэ завсартаа тодорхой бүрэн дэлгэрч уушгин судал эс дэлгэрвээс бие эрүүл саруулын шинж ээ.

    Зуны улирал руу ойртохын хэмээр аргын хүчин давамгайлан нарны элч газрын гүн рүү нэвтрэн газар уснаа өдрөөс өдөрт арга арвидан нэмэгдэж дотор билэг түрэгдэн хомсдохын аясаар хүчний биеийн хий гүйдэл бүрэн нээгдэнэ. Энэ үед зүрхний судал дэлгэрэн хөхөөн дуу мэт бүдүүн алгуур болно. Элгэн судал хаврын 72 хоногтоо хүрэн дэлгэрч цаашдаа доройтолгүй үлдэх. Дэлүүн судал завсрын хугацааг бүрэн эзлэн дэлгэрэх. Уушгин судал үл харих эрчимтэй цоглог ахар ширүүн байх, бөөрөн судал эс өрсөн дэлгэрэх аваас зундаа эрүүл явахын шинж болно. Намрын цаг руу ахиж дөхөхийн тоолонгоор Монгол нутаг, газар шороо, ургамал амьтан бүхий биетээс аргын хүчин аажим зугуухан түрэгдэн билгийн хүчин хором хоромоор нэмэгдээд нарны элч гэрэл харьж сүүдэр зузаарч, сэрүүхэн усан болоод цасан шүүдэр хяруу бууж, ургамал амьтан элч дулаанаа хямгадан, хавс, ус ноосоо зузаалж, газар шорооны нүх сүв дараалан хаагдахын учир хүний биеийн гурван шингэн, дотоод хийн гүйдэлч дотогшлон элч дулаанаа татан хаах, ус төмөр мах бодтой уушигны судал бөднө шувууны дуу адил ахар ширүүн лугшина. Өвлийн цаг улирал ирэхийн хирээр билгийн хүчин улам улмаар арвидсаар нарны элч гэрлийн тусгалын хэм тэртээд хазайж газар дэлхий цас мөсөөр хучигдан дотоод өнгөн нарийн сув суваг цан хүрээ мөсөн голоор бөглөгдөн ургамал, амьтан, хүний элчийн гадагшлах сүв живч мөн хаагдана. Ингэж биеийн элч, хий дотроо татагдан эргэлдэхүй бөөрний судал дэлгэрэн алгуур зөөлөн уртлаг цүүчлийн дуу мэт удаан болно. Энэ үед уушигны судал ахар ширүүн байсаар завсарт хүргэсэн, элгэн судал цовоо цолигон байж, зүрхэн судал бүдүүн уртлаг байж. Дэлүүн судал зөвхөн завсрын 18 хоногоор дэлгэрвээс өвлийн цагт эрүүл саруул байхын шинж болой. Таван цул эрхтэн улирал бүрт эх, хүү, нөхрийн харьцаагаар тойрон тэтгэхийн барилдлагатай. Нэг цул эрхтэн нь ганцаардангуй үлддэг. Тэр эрхтэнээ тухай тухайн улиралд нь анхаарч байх, хавар уушгиа, зун бөөрөө, намар зүрхээ, өвөл дэлүүгээ, ажил амралтын дэглэм, хувцас хунар, хоол хүнс, явдал мөрөөр тордон хамгаалж байгууштай. Уур уцаар, баяр гуниг, залхуу хойрго, ухааны гэрэл, сэтгэлийн тэвчээрээр жолоодож сур.

    Эрхтэнүүдийн судалын билэг чанараар лугшихыг шувууны дуутай зүйрлэсэн байдаг. Сайтар бодож үзвэл гайхалтай оносон, андуурч эндүүрэхийн эрхгүй адилтгал мөний хамт эмч тэр дууг дүрс хөдөлгөөнд шилжүүлэн хувиргаж дүрс хөдөлгөөнөө, хуруугаараа мэдрэх нарийн төвөгтэй үйл явцыг ч шаардаж байна. Хөхөө, цуучил, бөг шувуу нь байгалийн мөнхийн дуу авиа болохоор эмч хэзээ ч хэдэн ч удаа чимээгүй асуун бодол сэтгэлээрээ дахин дахин лавлан ярилцах шавхагдашгүй боломж байдгийг ч харгалзсан бололтой. Нэгэн улиралд таван цул 6 сав эрхтэний судалын эрүүл 35 харьцаат хувилбарыг сайн мэдэж сураад алдалгүй таньж барих болвоос боломжийг бүрдүүлэх нь тэрээ. Улирлаа эзлэн дэлгэрэгч цул сав эрхтэний судлыг таван мах бодийн хуулийн ёсоор /эх, хүү, нөхөр, дайсан/ харьцуулан үз. Ингэхэд наад зах нь эрүүл судалын долоон харилцаа, эмгэг, өвчтэй ч илааршихуй хялбар зөнт долоон харилцаат судал, эмгэг өвчин илааршихуй бэрх, ерт долоон судал нийт 21 судалын харилцааг мэдэж, мэдэрч, зөв үнэлж, дүгнэн цэгнэж суралтай. Ингэхийн тулд:

    1.         Тухайн улирлаа эзлэн дэлгэрэх эрхтэний судал урьдахь завсрын 18 хоногийн дараа тасалдалгүй  алгуурлалгүй   залган  дэлгэрч  буй  эсэхийг  мэд. Дараах  завсрын  18 хоногоо хүртэл хугацаагаа бүрэн эзлэн дэлгэрч байх. Эдгээрийг ажиж, мэдэрч сур.

    2.         Эх мах бодитой эрхтэний судал. Төгс цовоолог дэлгэрсээр дараах завсрын 18 хоногтоо залгуулах

    3.         Хүү мах бодитой эрхтэний судал. Үл харих, дагаж дэлгэрэх өөрийн чанараар тогтовортой төсөөл

    4.         Нөхөр мах бодитой эрхтэний судал. Үл доройтох

    5.         Дайсан мах бодитой эрхтэний судал. Үл эрчимжих, үл дайрах

    6.         Урьдах завсрын 18 хоногт дэлүүн судал мэдэгдэхүйц дэлгэрч харих, үл эрчимжих, тогтворжих, аль нэг эрхтэний судал өрсөлдөн дэлгэрэхгүй байх

    7.         Ар дахь 18 хоногтоо дэлүүн судал өөрийн билэг чанараар дэлгэрэх. Дэлүүн судлын дэлгэрэх харилтыг мэдэж сурах нь судал түших аргын нилээн хүнд хэцүү гэдэг. Бас дэлүүн судалын дэлгэрэл оройтох, доройтох, үл эрчимжих нь ямар нэг цул эрхтэний дайрч, дэлгэрч буйн шинж мөнийн учир цааш лавшруулан, судалуудыг харьцуулан шинжих шаардлага гарна.

     

  • СУДАЛЫН ЦЭГИЙН ОНООТЫН ТУХАЙ

    Цул сав хоёр эрхтэний судалын цэг нэгэн хурууны өндгөөр дарж мэдэрдэг цаад учир шалтгааны талаар эрдэмт мэргэдийн бичиж нийтэлсэн зүйл ховорхон, товч төдий дурьдсан байдаг. …Цул сав эрхтэний -эмгэг мэдээлэгдэх цэгүүдийг оноосон байдлыг тунгаавал;

    1. Эрхтэнүүдийн үйлийн нэгдмэл төстэй талыг харгалзсан байна. Элэг-цөс, бөөр, давсаг цөс, шээс ялгаруулж хадгалж дараагийн шат руу шилжүүлдэг. Энэ дөрвөн эрхтэн үйл зүйн хувьд нэгдмэл, байрлалын хувьд дараалсан юм. Уушиг, олгой хоёр нь биеийн дээд доод хоёр хөндийн гадагшлах хоёр амсар болдог. Бас хоёул дотоод бохир хийг хоёр тийш гаргах үйл зүйн хувьд ч нэгдмэл юм. Бүдүүн гэдэс биеийн доторхи илч хийг боловсруулан түгээдэг. Уушиг гаднаас авсан хийг түгээхийн хамтдаа дотоод нарийн хийн үйлдлийг тэгшитгэдэг. Үүнд нь илч хий ч хамаарна. Энэ хоёр эрхтэн нь дараалсан хоёр эрхтэнээс ч илүү далд дамын нарийн үйл ажиллагааны уялдаатай.

    Зүрх нарийн гэдэс хоёр нь огт төсгүй мэт санагддаг. Сайтар тунгаавал их нарийн учир жанцантай ажээ. Хоёулаа биеийн төвд. Гэхдээ бясалгалын гэрэлт төвийг түшиглэн зэрэгцсэнээрээ бусад эрхтэнүүдээсээ ч илүү ойр дот болой. Үйл зүйн хувьд зүрх цусыг өөртөө татан авч бүх биед түгээдэг.

    Нарийн гэдэс хоол ундыг боловсруулж цус тунгалаг руу түгээдэг.  Байршил, үйл зүйн хувьд ийм. Дэлүү цусыг боловсруулна. Байршлын хувьд зэрэгцэн оршино. Эрхтэнүүдийн байршил үйл, зүй, мах бодь зэрэг олон тест талыг харгалзаж судсаар онош таних орон цэгийг тогтоожээ. Энэ талаар доктор Дагданбазар эрхтэнийг цусаар хангах тараагуур судасны дараалалтай холбон тайлбарласан бий. Бас үр хөврөлийн гарвал орон ч холбогдолтой гэдэг их сонирхолтой санал дэвшүүлсэн. Үр хөврөлийн үүсэл гарвал, үйл ажиллагааны нэгдмэл тал. Байр, орны ойр дөт ба төстэй чанар ижил мах бодь тэжээгч судасны дарааллын тохирол зэрэг олон чанараар судлаар эрүүл эмгэгийг тогтоох орны нь олжээ. Хамгийн гол зүйлүүд нь энэ биш ч байж болно. Хосломол цул сав эрхтэнүүдийн дотоод нарийн хийн илч хийн гүйдлийн сүв сувгуудын нэгдмэл нь гол тулах цэг тулгуур бодилог чанар нь ч байж болно.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • СУДАЛ ЛУГШИЛТЫН ЯЗГУУРУУД ОНОШ ЗҮЙД ХОЛБОГДОХ НЬ

    Судлын лугшилт нэг зүйл биш бие биенээ нөхцөлдүүлсэн солигдошгүй дэс дараалалтай тус тусдаа олон шинж илэрхийлэлтэй цогц нэгдмэл бүрдэл байдаг. Лугшилтын язгууруудыг судлын хоосон тайван байдал сэрж эхлэхээс эхэлж хоосон тайван байдалд шилжих үйлээр дуусгана. Судал лугшилт нь ирэлт, түрэлт, түлхэлт, буцалт, харилт, завсарлага, алхам, багана, гэх мэт наад захын найман язгуурыг ялгаж салгаж ойлгож ухаарч мэдэрч ялгаж суралтай.

    Ирэлт нь судасны ханын хоосон, тайван, завсарлага, өөрчлөгдөж лугшилтын анхны дохиоллыг хэлнэ. Энэхэн хормыг хурууны өндгөөр мадаггүй анзаарч мэдэж сурвал судлаа барьж дараагийн язгууруудаа ялгах боломж жолоог барих нь тэрээ. Энэ язгуурыг ялган салгаж мэдэж мэдрэхгүйгээр судал сарних, шургах, замхрах, буцах зэрэг олон эмгэг шинжүүдийг ялгаж чадахгүй.

    Түрэлт гэдэг:  Судасны ханыг тэлэн хурууны өндгөнд анхны мэдээлэл ирж алгуур өсч дээд цэгтээ хүрэх агшныг хэлжээ. Түрэлт нь огцом, алгуур, зоримог, хүчирхэг хатуу, зөөлөн, дүүрэн, дундуур олон янз байдаг. Бидний ажиглалтаар гол судасны хавхлагын дутуу хаагдлын үед хэт огцом түрэлттэй байхад бөөрний аяганцарын үрэвсэлийн үеийн даралт ихсэх хам шинжийн судлын түрэлт алгуур дунд гэж болохоор байхад түүдгэнцэрийн үрэвслийн даралт ихдэх хам шинжийн үеийн судлын илрэлт дүүрэн алгуур байсан. Гол судасны цоргын нарийслалын үед алгуур урт нарийн ирэлт ажиглагддаг. Энэ бүхэн нь зөвхөн бидний хурууны мэдрэмжийн төдий юм гэдгийг мэргэн уншигч танд өчье.

    Түлхэлт нь судлын түрэлтийн эцсийн хором буцах агшны өмнөхөн үед тохирно. Судлын түлхэлт нь нүдэнд харагддаг. Түлхэлт халуун, хүйтэн, тоншсон, нөмөрч углагдсан, тогтож түрсэн, огцом, хүчтэй, сул гэх мэт их олон янз байх юм. Гол судасны хавхлаасны дутуу хаагдлын үед огцом хүчтэй байхад даралт ихтэй хүний судлын лугшил алгуур хүчтэй ажиглагддаг.

    Буцах үе гэдэг судалын түлхэлтэнд дээд цэгийн дараахан мэдрэгдэнэ. Харих үеийн толгой юм шүү гэж Жанцан багш нэг удаа анхааруулж билээ. “Харих үеийн толгой” айхтар оносон нэр гэж боддог. Харилт гэнэт, богино, хоргодсон гэж гурван янз юм. Харилт нь түрэлтийнхээ хугацаатай тэнцүү байдаг. Тухайн өвчтөний судлын лугшилтыг зураглан үзүүлбэл:

     

    1.  Ирэлт                                5. Харилт

    2.  Түрэлт                               6. Завсарлага

    3.  Түлхэлт                             7. Багана

    4.  Буцалт                              8. Алхам

    Судалын лугшилтийн ирэлтийн цэгээс харилт дуусах хүртлэх зайг лугшилтын алхам гэнэ. Бөөрний архагдуу    үрэвслийн өвчнүүдийн даралт ихсэх  гэх мэт шинжүүдийн үед судалын алхам уртасч багана намсах нь ажиглагдсан. Судалын лугшилтын нэг язгуур хэдэн өөрчлөлтөөр илэрч   болно. Тэр өөрчлөлт нь судлын бусад язгуурыг өөрчлөх нь ч мэдээж юм. Энэ бүхэн олон янз эмгэгшлийн  илрэх  шинж байдаг.  Лугшилтын  нум дүүрэн,  цалгисан, олгойдсон, эрчилсэн, түлхсэн, цохисон, өтгөрч булингартсан зэрэг олон янз байдаг. Энэ бүх шинжүүдийг их удаан хугацаанд олон дахин, сайтар болгоон, мэдэрхүй, мэдрэмж ойдоо тогтоон барьж байнгын бодол эргэцүүллээс эхлээд бясалгалаар хөөн тунгааснаар мадаггүй таньж сурна. Та ч ялгаагүй сайн сурна.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

  • СУДАЛ БАРИХ ЦАГ, ОРОН, АРГА ЗҮЙ

    Судал барих цагийг ном хэвлэлд ялгаа зөрөөтэй бичсэн зүйл мэр сэр дайралддаг. Бидэр омбод судал барих цагийн тухай дурьдсан нь: “Огторгуйд наран ургаж гэрэл тусахаас өмнө өглөөгүүр гарын хээ үзэгдэхээс уулс шар малгайлах тэрхэн завсарт үз” гэжээ. Нар гармагц том судал эрчимжин гүйж шар халууны судалд эндүүрнэ. Том судлын эрчим хариагүй байх тул хүйтэн сэрүүний өвчинд эндүүрнэ. Халуун хүйтний эрчим тэнцсэн Ум судалд хүч төвлөрөн тэнцсэн тэрхэн үед судас бариваас аливт самуурах үгүй болой.

    Судас барих цагийг ингэж нарийн заасан боловч эмч тэр цагийг болзон барих боломж тэр бүрт олддоггүй. Үзүүлэхээр ирсэн өвчтөнийг дулаацуулж тайвшруулж хэвтүүлж судсыг нь барьж үз. Хэвтэж эмчлүүлэгчдийн судсыг  оноосон цагт барьж хурууны өндөг тархиндаа тунгаан хоёр бусад цагуудад барьж харьцуулан зөрөөг нь олж тогтоох аргаар өөрөө суралц. Судсыг хэвтээ, суугаа, зогсоо байдалд барьж ялгааг нь олж тогтоо.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос

     

  • СУДАЛЫН АНГИЛАЛ, БҮЛЭГЛЭЛ

    Судалаар оношлох их эртний үүсэл гарвалтай учир олон зууныг ардаа орхиж тэр бүхнээс авахаа авч, эдүгээ бидний эринд мэдлэгийн их сан, туршлагын арвин далай хуримтлуулан авч иржээ. Судалын ангилал бүлэглэлийн талаар ч их зүйлийг өгуулсэн байна. Судалыг ангилж бүлэглэхдээ арга-билэгийнн онолд тулгуурлан түгээмэл ерөнхийгөөс ангид тусгаар руу нарийвчлан хийжээ.

    Энэ нарийвчлалд ялгал салгал хийхдээ: – Судалын халуун – хүйтэн, дүүрэн – дунд, хатуу -зөөлөн, хариу – түрэнг, олон-цөөн, хэмтэй-хэмгүй, чанга -сул, өндөр-нам, урт – богино гэх мэтээр арга-билэг чанаруудын хослол эсрэгцэлийг агуулсан байх юм. Их бодилог, маш өргөн хүрээтэй харьцуулваас явцуу хийсвэрлэг чиглэл рүү хандсаар одоо бидний төсөөлөхийн аргагүй судлаар төлөгчлөх ид шидийн гэмээр танин мэдэхүйн цоо шинэ мэдрэмж, хэлхээ, орон зайг нээсэн байдаг. Эр судал нь ирэх дохио тод, харин эрс, лугшилтын нумын алхам урт, багана өндөр, завсарлага уужим байдаг.

    Эм судал ирэх дохио намуун, түрэлт уян наалинхай, түрхэлтийн хүч зөөлөн, багана намхавтар завсарлага охорхон байдаг. Саармаг судал энэ хоёрын завсрын шинжтэй байдаг.

    Эрүүл гурван судлын аль нь ч эр эм хүнд байж болно. Бүсгүй хүн эр судалтай бол хөвүүн төрүүлэмтгий. Хөвгүүд нь цог заль ихтэй, эрэмгий зоригтой байх билэгдэл гэнэ. Эр хүн эм суудалтай бол эрүүл биетэй төрөлхийн нөөцөө аригтай зарж урт наслахын шинж болдог. Судалын лугшилтын тоог даруй маарамба Лувсан-Чойдог томъёолсон нь: Эрүүл эмчийн амьсгал авах оршоох гаргахад 2:1:2 буюу бүгд 5 байвал тооны хувьд зохицолтой гэжээ. Эрүүл эмч минутанд 12-15 удаа амьсгална. Судалын лугшилт нэг минутанд 60-75 байна. Эрүүл судалын хуч, хэлбэр, хэмжээ тоо зэрэг бусад олон шинж нь даралтын өнгөц, дунд гүн алиндаа ч өөрчлөгдөхгүй. Судал нь биеийн галбир нас хүйс, тарган туранхай, сэтгэлийн байдал зэргээс болоод хувирамхай байдаг.

    Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос