Category: human-development

  • Эртний монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга

    1. Өвөг дээдсийн сургаал /үлгэр, домог/ үгсээр хүмүүжүүлдэг.
    2. Бодит жишээгээр хүмүүжүүлж сургадаг.
    3. Ёс суртахууны хүмүүжлийг чухалчилдаг.
    4. Хүмүүжүүлэх үйл ажиллагаа хүүхдийн нас, биений онцлогийг харгалздаг.
    5. Алхам алхмаар дэс дараатай сургах гэх мэтийн онцлогуудтай юм.

    Монголчууд амьдрах ухааныг заахдаа хүүхэддээ мэдүүлсэн зүйлээ амьдрал дээр хүүхдээрээ хийлгэдэг учраас олж авсан мэдлэг нь бодитой болдог.

                Орчин үеийн сургуулиудын сургалтаас Монгол өрх гэрийн сургалтын нэг ялгагдах онцлог бол хүүхдэдээ заасан юм нь амьдрал дээр биет зүйл болж ашгаа өгч мэдлэг нь чадвар болдог явдал юм. 

  • Хүүхдийг бодит амьдралаар хүмүүжүүлэх нь

    Монголчууд ямар нэгэн үзэл санаагаа хүүхэд багачуудад хийсвэрээр заан сургахыг эрхэмлэдэггүй, үзэгдэж баригдам бодитой зүйлсээр дамжуулан таниулж ойлгуулдаг. Гэр бүлийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний нэг үндсэн зарчим нь бодит амьдралаар хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү зарчмыг өрх гэрийн сурган хүмүүжүүлэх зүйн нэг үнэт чухал заалт гэж үзэж болно. Бодит амьдралаар хүмүүжүүлэхийг өнгөрсөн үеийн их сэтгэгч нар “жам ёсны” байгальтай нийцсэн” хүмүүжил гэх үзүүлэхийг эх нь ажилд явахдаа үр хүүхдээ хамт авч явдаг /эцэг нь хөвгүүдээ, эх нь охидоо дагуулж явдаг/ ийм нэг жам ёсны байдал олон зуу, мянган жилээр төлөвшин тогтсон байна.

                Бодит амьдралаараа хүмүүжүүлэхийг эцэг эх, хүүхдийн хамтран оролцох учиртай зайлшгүй бодит хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж болно. Энэ бол ардын сурган хүмүүжүүлэх мэргэн ухааны алтан сан мөн. Бодит амьдралаар хүмүүжүүлэх гэдгээс  бид аль нэг ард түмэн ухаалаг, зоригтой сайхан сэтгэлтэй, ажилч хичээнгүй халаагаа хүмүүжүүлэх зорилтыг хэрхэн шийдвэрлэдэг, хүн төрөлхтний хуримтлуулсан мэдлэг чадвараас зайлшгүй хэрэгтэй цөөн хийгээд тухайн ард түмний давтагдашгүй  дүр төрхийг тодорхойлж буй тусгай зүйлсийг хойч үеийнхэндээ ямар янзаар ухааруулж, хадгалан үлдээж, дамжуулдгийг олж үзнэ. Өөрөөр хэлбэл бодит амьдралаар хүмүүжүүлэх гэдэг нь хүүхэд ба насанд хүрэгсэд нэг дор хамт аж төрөн сууж, дор дороо өөр өөрийн үүргийг биелүүлж, бие биесээ хүндэтгэж, ойшоон ханддаг байхын нэр юм. Энэхүү хамтын үйл ажиллагаан дундаа хөдөлмөрлөхийн сацуу суралцаж, суралцахын сацуу хөдөлмөрлөдөг байна. Үзүүлж харуулах, ярихын сацуу ажил хөдөлмөр, хамтын үйл ажиллагааг ямагт дагалдуулдаг байна. “Үүнийг ингэж хийдэг юм. Алив чи нэг оролдоодох. Болох нь уу” гэх зэргээр эцэг, эх нь өөртөө туслуулах маягаар сургадаг. Ер нь “Хүүхэдтэйгээ цуг үйл хий” гэдэг зарчмаар явдаг.

                Хүүхдийг хүмүүжүүлэхэд хамгийн гол нь аливаа зүйлийг өөрөөр нь ухааруулах, биеийг нь даалгаж алив зүйлийг шийдүүлж, хийлгэж сургах явдал байв. Энэ нь маш жижиг зүйлээс ч эхэлнэ.

                Жишээ нь: Миний хүү айргаа бүл” гэхэд хүүхэд дуртай нь аргагүй “За” гээд босно. Яагаад ингэв ээ.

                1-рт хөдөлмөр хийж сурна.

                2-рт тоо тоолж сурна.

                3-рт айргаа исгэж ууя -гэсэн хүүхдийн бодолтой холбоотой. Энэ нь хөдөлмөрийн үр шимээ үзэж буй хэрэг юм.

    Ийнхүү харилцах явцад ахмад үеийнхэн нь өсвөрийн үеийнхний сурган хүмүүжүүлдэг байжээ. Хамтран ажиллаж, харилцсны үр дүнд ард түмний хүмүүжлийн уламжлал бий болгож, улам нарийсан боловсорч иржээ.

                Хүүхдийнхээ томынх нь хүмүүжилд онцлон анхаарч чадвал том нь дүү нараа хүмүүжүүлхэд эцэг эхдээ туслагч болдгийн зэрэгцээ ах, эгч нарынх нь үйл ажиллагаа үлгэр дууриалал болдог байна.

     Хүүхдийн хүмүүжилд нийтээр анхаардаг: Дэггүйтсэн хүүхдийг таних танихгүй хүн бүхэн зэмлэж, хүүхэд багачууд ч ах зах хэнийг ч болов хүндэтгэн үгийг нь авна.

                Дээр үеэс айлууд хүүхэд, нохойгоо өмөөрдөг айлтай хаяа хатган буух тун дургүй.

                Буруу зүйлд хүүхдийг хүний, өөрийн гэлгүй бүгд зэмлэж анхааруулдаг, хүүхэд ч ахмадын үгийг дуулгавартай хүлээж авдаг байжээ.

                Манай өвөг дээдэс ажил хөдөлмөрт залхуурсан, ахмадыг хүндлээгүй, томчуудын үг ярианд оролцсон, адуу малдаа догшин ширүүн харьцсан, хараалын үг хэлсэн, архи сархад хэрэглэсэн хэний ч бай хүүхдийг ялгаагүй шилбүүрийн амт үзүүлж, үнэнч шударга үгээр хүмүүжүүлж байжээ.

                Тэглээ гээд эцэг эх нь өмөөрөх нь бүү хэл өөрсдийн “шийтгэл”-ээ нэмдэг.

     Хайр нь дотроо, хал нь гаднаа: Би долоон нас хүрээгүй л байсан байх, Хурдан морь унаж уралдаж байгаад ойчоод уйлж суутал аав ирээд өрөвдөх болов уу, гэтэл харин хөмсөг зангидаж, эр хүн байж мориноос унаад уйлж суухдаа яадаг юм бэ гэж хэлэв.

                Гэртээ ирээд ээждээ энэ тухайгаа хэлтэл ээж маань надад “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэж үг байдаг юм миний хүү хэмээн хэлж билээ.

                Бүх юмыг бүр нялхаас нь “болно” “болохгүй” гэдгийг сайн мэдүүлэн хэвшүүлдэг ба айлын хүүхдүүдтэй тоглож байгаад хоорондоо муудах, том хүнд аашлуулж, зандруулаад уйлхад огт өмөөрөхгүй, хүүхэддээ бурууг өгч загнаад өнгөрдөг.

                Ингэхэд дараа нь хүүхэд ялихгүй юманд эмзэглэн хов зөөдөггүй, хүний өөрийн ялгаагүй том хүний хэлсэн үгэнд орж, залхуурахгүй, өөртөө тохирсон ажлыг хийдэг болж тусад орно.

                Монголчууд “Эрхийг сурахаар бэрхийг сур” “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэлцдэг.

                Хүүхдээ хайрлахгүй хүн гэж хаа байх билээ.

    Хар багаасаа бэрхийг үзэж сурсан хүүхэд цээж тэнүүн, зориг хатуу, харц хол, ажилд тэсвэртэй, гүжир чадалтай болж түмний хайрыг хүлээдэг.

                Ил хайраар өссөн хүүхэд цээж цухал бачимдуу, харц зорилт богино, хэзээд уур уцаар, гомдол, горьдлого нь барагдашгүй болдог байна.

     

  • Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга хэлбэр

    Үг гэдэг их хүчтэй. Хүүхдийг шаргуу дайчин болгодог үгийн хүмүүжлийн үнэ цэнийг өндөрт тавьсаар иржээ. Сайхан үг хүнийг ажил амьдралын замаа зөв сонгож, өсөн дэвжихэд тус дэм болдог бол, бодлогогүй хэлсэн болчимгүй үг нөхрийн санаа сэтгэлд хар толбо үлдээдэг болохыг харгалзан монголчууд сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зүйрлэдэг. Тухайлбал:

    “Үг хатуу боловч амьдралд тустай:

    Эм гашуун боловч аминд тустай”

    “Инээсэн бүхэн нөхөр биш

    Уурласан бүхэн дайсан биш”

    “Эргүү магтуулах дуртай

    Илжиг ачуулах дуртай”  гэх мэт. Иймээс “Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь” гэж хүүхэддээ сурган тэдний дэргэд өөрсдийг нь магтдаггүй, хатуу гараар биш, хатуу үгээр сургадаг.

    Үгийг ухааран ойлгож чадах хүнд тодорхой эзэнтэй, улигдахгүй зөв хэлж сургахыг аргачлан заадаг байна.

    Жишээ нь: “хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь”, “Үг давтвал билэг, Ном давтвал билэг”, “Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг, Үнсэнд хаясан сувд хоёр яг адил” гэж сургадаг.

                Энэ нь ямар нөхцөлд, ямар хүнд юу гэж хэлэх вэ? гэхчилэн оюун ухаанаараа бодон тунгааж, үгээ дүгнэн цэгнэж, ямар ч хүнтэй зөв үгээр харьцаж сурахад чиглүүлэн хүмүүжүүлдэг байжээ.

                Үсэг бичиг бий болоогүй байсан эрт дээр үеэс эдүгээ үед хүрч иртэл Монголчууд үндэстнийхээ эрхэм нандин заншил суртлыг уламжилж баримтлахын төлөө үе улиран хүүхэд багачуудын нас, сэтгэц, ой тогтоолтын онцлог, чадварт тохирсон, авсаархан ил тайлбарт сургаал үгс ба далд утгат сургаал үгсийг санаачлан зохиож хүүхдийг хэлд, хөлд орж, ярих, гүйхээс ахуй ертөнцтэй танилцаж, амьдралын замд орох хүртэл хүн болгон хүмүүжүүлэхэд хэрэгсэл болгож ирсэн түүхтэй.

                Сургаал үгс нь гүн гүнзгий, өргөн дэлгэр агуулгатай, хүүхдийг аргадахаас эхлээд анхааруулах, айлгах утга санааг багтаана. Хүүхдийн мэдээ орохыг дагалдан сургах үг, өгүүлбэр нь агуулгын хувьд аяндаа гүнзгийрч байдаг. Хүүхдийн эцэг, эхдээ хамгаас хайртай байдаг онцлогийг үндэслэж айлгах, Жишээлбэл: Хуруугаа бүү үмх ээж чинь үхнэ” “Нусаа бүү ид, мартамхай болно” Хүний өөдөөс бүү нулим, амны хишгээ хүнд өгнө” гэх зэргээр ариун цэвэрч, ёсонд сургах зүг хөтөлж байснаа аажмаар далд утгат дан үгсийн сургаал олширч, хүүхдийн сэтгэхүйг дээшлүүлэх сэтгэн бодох чадварыг нь сайжруулж байдаг. Жишээлбэл: “Идэхээ бүү чамла”, “Өвсийг бүү зангид” “Ачийг бүү март” “Өглөө бүү оройт” гэх ба “Өглөөний сайхныг сайханд бүү бод” “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэхчилэн амьдралын замд жолоодон хөтөлж оруулсан байдаг.

                Хүүхэд багачуудын тухай сургаал үгс нь аль нэгэн талаар Монгол үндэстний оршин тогтнолтой салшгүй амьд харьцаа холбоотой.

                Ариун нандин сургаалыг хүлээн авч шингээсэн хүүхэд багачууд бага наснаасаа томоотой өсөн бойжиж, эцэг эх, нутаг усныханыхаа хүрээллийг олдог. Одоо ч гэсэн монголчуудын гэрийн сургаал үгс нь сургуулийн өмнөх насны хүүхдэд сургаал болж, сургуульд суусны хойно ч тэр, насны зэрэгт хүрч, ажил амьдралын замд орсны дараа ч тэр, “Зуу хүрэвч журам ёсыг дагана” гэдэгчилэн хүн болж төрөөд өтөлтөл нь сургаал болсоор байдаг билээ.

                Давуулал, зүйрлэл, тонгоруулал зэрэг сургаал үгсийг тун эвлэг хэрэглэдэг учраас монгол үндэстний багачууд хүүхдийг багаас нь цэцэн сэргэлэн, дууч, шүлэгч авъяастай болгон хүмүүжүүлдэг байна.

                Монголчуудын хүүхэд багачуудад хэлэх сургаал үгс нь урт удаан түүхэн суурьтай болохоор нийгмийн анги давхарга, тухайн цаг үед улиран хувирч байсан нийгэм, төрд үйлчилж байдаг боловч хүмүүнлэг үзлийн сургаал нь голлох байраа ерөөс алдаагүй өнөөг хүрч иржээ.

                Монголчуудын гэрийн сургаал үгс нь урт удаан хугацааны түүхэн цаг үеийг туулж, бусад ямарваа зүйлээр орлуулж болшгүй эрхэм үүргээ биелүүлж байснаар барахгүй нийгмийн дэвшлийг дагаж урагш хөгжсөөр ирсэн байна.

                Өвгөдийн үгээс иш татаж, үлгэр, домгоор дүрслэн сургах явдал нь эртний Монголчуудын сурган хүмүүжүүлэх үндсэн арга хэлбэр болж байв. Үлгэр, домогт сурган хүмүүжүүлэх утга шингэж, үнэн дүрээр дамжуулан санаагаа илтгэх нь хүүхдийг хүмүүжүүлэх, сургах нөлөө их.

                Монголчуудын хүүхэд багачуудын гэрийн сургаал үгэнд үндэстний зан заншил, түүний онцлог агуулагдаж, гэр бүлийн хүмүүжлийн талаарх түүхэн судалгаанд үнэ цэнэ бүхий эх сурвалж болоод зогсохгүй залуу эцэг эхчүүдээс үр хүүхдээ хүмүүжүүлэх сайн гарын авлага болдог. 

  • Black Friday (Хар Баасан гариг)

    Black Friday (Хар Баасан гариг)

    Саяхан буюу 11- р сарын 24- нд Thanksgiving Day- Талархалын баяр боллоо. Энэ баяр нь Канад болон АНУ- д албан ёсоор тэмдэглэдэг баяр бөгөөд Канадад жил бүрийн 10 сарын 2 дахь Даваа гариг, АНУ- д 11 сарын 4 дэх Пүрэв гариг бүр тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. Энэ баярыг анх 1621 онд  Plymouth буюу одоогийн Massachusetts  мужид тэмдэглэж эхэлсэн байна. 1621 онд  Plymouth- д тэмдэглэсэн анхны Талархалын баяр нь сайн ургац хураасанд зориулан тэмдэглэж байжээ.

    Энэ баяраар гэр бүлийн гишүүд хамтдаа цугларч Turkey- Цацагт хяруулаар баярын зоог барьдаг уламжлалтай аж. Мөн энэ баярын сүүлийн үед моданд орж байгаа зүйл бол энэ баярын маргааш нь болдог Black Friday- Хар Баасан гариг юм. Энэ өдөр shopping- дэлгүүр хэсч good deals- сайн тохиролцоо хийхтэй салшгүй холбоотой. Энэ Баасан гаригт Wall Mart, Best Buy, Target, Costco зэрэг том сүлжээ дэлгүүрүүд шөнийн 12, 1, 4 цагуудаас үүдээ нээж 10- 50, 60, 70 хувь болж навс хямдарсан бараанд хүмүүс дугаарлана. Ихэнх хүмүүс Christmas Shopping- г энэ өдөр хийдэг юм билээ. Christmas – Зул сарын баяраар Монголын Цагаан сар шиг хүн бүрт бэлэг бэлэглэдэг уламжлалтай. Үүнд зориулж хүн бүрд тохирсон барааг хямд үнээр сонгон авахаар хүмүүс яардаг ажээ.

    Харин сүүлийн жилүүдэд Талархалын баярын учир холбогдол бас л буруу тийшээ гажиж хүмүүс Хар Баасан гаригийг хүлээж, энэ өдрийн хямдралаас болж гарах гэмт хэргийн тоо ч өсч байгаа саар мэдээ ч сонсогдох болж. Энэ жилийн баяраар гэхэд л 20 хүн амиа алдсан байх юм. Би ч энэ жил туршлагагүй байсан болохоор, бас хямдрал гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь ойлгож сураагүй хүн нэлээн орой л дэлгүүр хоршоо орсон. Дэлгүүрүүдийн байдал ороо бусгай, хөл хөдөлгөөн ихтэй, хамаг хямдарсан бараанууд нь ховх сорогдсон байдалтай, дэлгүүрийн эздийн данс зузаарсан нь илт харагдахаар байдалтай байдаг юм билээ.

    Энэ хар өдрийн үүсэл нь анх 1966 онд АНУ- н Пенсилвань мужаас гаралтай. Тэр үед Army- Navy Football Game (Энэ тэмцээн нь АНУ- н коллежуудын хөлбөмбөгийн багуудын хоорондох тэмцээн бөгөөд United States Military Academy (USMA)– н “Army , the United States Naval Academy (USNA)– н “Navy багуудын хооронд болдог.) болж байсан бөгөөд хөл хөдөлгөөн, үймээн самуун ихтэй учраас энэ тэмцээнээс болж цагдаа нарын ачаалал ихэсдэг байж. Тэгээд цагдаа нар Black Friday гэж нэрлэж эхэлжээ.

    Мөн энэ өдөр дэлгүүрүүдийн борлуулалт ихэсч, ашиг орлого эрс нэмэгддэг учраас ингэж нэрлэсэн юм байна. Black ink- in the black гэдэг өвөрмөц хэллэгтэй холбоотой. Ашиг орлого ихтэй байхыг Black ink- in the black, харин эсрэгээрээ байх юм бол Red ink- in the red гэж ярьдаг. Талархалын баярын маргааш нь болох Баасан гаригт бүх дэлгүүрүүд go black болдог учраас Black Friday гэж нэрлэж эхэлсэн байна.

    Энэ мэтчилэн энэ орны ард түмний амьдрал, соёл ахуйгаас бичих юм зөндөө. Хүн алхам тутамдаа суралцаж, нүд нээж явах юм даа. 

  • Ээж та

    Арван сар тээж, ангир шар уургаа шимүүлэн өсгөсөн ээж нар шиг ачтан хорвоод үгүй. Ээж, эх, эхнэр, хань, гэргий хэмээх богинохон мөртөө гүн утга асар их хүндэтгэл, энэрэл хайр, бахархал шингэсэн энэ үгс хэний ч чихэнд сонсголтой. Энэ сайхан нэр алдрыг эмэгтэй хүн болгон эдлэх хувьтай бөгөөд эх хүн эмэгтэй хүнийг эрхэмд үзэж, сайн сайхны бахархал болгосоор ирсэн түүхтэй. Монголын ард түмэн эрт үеэс эхнэр хүний ямар байх ёстойг заан сургаж зөвлөж ирсэн уламжлалтай.

    Монгол эмэгтэйчүүд эхчүүд гэрийн ёсоо ихэд эрхэмлэн сүсэглэн дагаж ирсэн уламжлалтай. Тэгээд ч эхнэр хүний баримтлах ёс зарчмыг томъёолж ямар эхнэрийг сайн гэх вэ? гэдгийг тодорхойлжээ.

    -буруу явдлаар үл явагч

    -санаа сэтгэл нь цэцэн дөлгөөн

    -эсгэх, оёход уран

    -самбаа санаачлага ихтэй

    -ачит эцэг эхээ машид хайрлан хүндэлдэг

    -аль зан сайхантай, эелдэг

    -гэр орноо цэвэрлэж, гийчин зочин ирвээс найрсгаар зочлогч

    -гэнэдэж буруу үл чалчигч

    -хов жив үл хөөцөлдөгч

    -ахас, ихэсийн үгийг сонсогч

    -үүр цайхын өмнө эртлэн босдог

    -үйлийг хичээн үдэш орой унтагч эхнэр сайн гэжээ.

    Энэ бол өрх гэрийн эзэгтэй нарын эрхэмлэн дагах сайхан ёс журам юм. Энэ нь одоо ч утга агуулгаа огт алдаагүй нь мэдээж. Ухааран ойлгож даган соёрхох нь эх таны нэгэн эрдэм юм шүү.

    Бас эмэгтэй хүн, эх хүн гэдэг гэрийн сайн сайхны бэлэгдэл, айл гэрийн түвшин амьдралын уг сурвалж, үр хүүхдийг жинхэнэ хүн болгохын үлгэр хэмээн үздэг. Бүсгүй та ээжтэй хүн, та өөрөө ээж, та үр хүүхэдтэй хүн. Тэр ч байтугай ээж болох охин үртэй хүн.

    Тэгэхээр та өвлөх, залгамжлах, уламжлуулах гурван цагийн хэлхээнд амьдарч байгаа эх. Та гавъяатай хүн. Та их хариуцлага, хүндэтгэл, үүрэг хүлээсэн хүн. Ийм болохоор та бодох, санах, сэрэх, санаачлах, ухааран бодох, үйлдэн хийх асар их олон үйл таны өмнө бий. 

  • Эр хүний нэг бахархал

    Аав, эцэг, гэрийн эзэн, нөхөр, хань өрхийн тэргүүн хэмээх алдар нэр эр хүнд ноогддог. Сонсоход сонсголонтой нэр хүндтэй энэ нэрийн эзэн байна гэдэг эр хүний нэг бахархал гэж үздэг. Бас том хариуцлага юм. Биеэ засад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн гүн утгатай үгийг та бид бүгд мэднэ. Энэ нь эр хүн эхлээд биеэ засах буюу амьдарч чадах чадвартай зөв сэтгэлтэй болсон байна гэсэн үг болов уу? Энд юу багтах бол гэж бодохоор эрүүл чийрэг бие бялдар, мэргэжил, ажил хөдөлмөр хийх чадвар, амьдрах арга ухаан, аав, ээж, ах дүүгээ ачлах тэр тусмаа эмэгтэй хүн, эх хүн, хүүхдийг хайрлах, асрамжлах зөөлөн сэтгэл зөв бодол ухаан, олон түмэнтэйгээ эв эетэй явах, өөдрөг ухаан гээд олон зүйл багтах байх. Манай ард түмэн аль эртнээс эр хүнийг эрхэмлэн үзэж, түүнд байгаа олон сайхан шинжийг олж харан магтан дуулж, хойч үед сургамжлан зааж иржээ. Монгол залуучууд ч эр хүний, эцэг хүний, өрхийн тэргүүний олон сайхан чанарыг эзэмшиж, эр хүн, үр хүүхдийн эцэг, өрх гэрийн эзэн, улс гүрний цэрэг эрс байсаар ирсэн.

    Тэгээд ч ард түмэн эцэг хүний таван эрдмийг:

    -уужим ухаан

    -хатан зориг

    -бат журам

    -өрх гэрийн түшиг

    -үр хүүхдийн сүр сүлд хэмээн өгүүлжээ.

    Ер нь эцэг хүн, өрх гэрээ авч явдгийн хувьд өөрөө зөв сайн, ухаалаг үйл бүхний үлгэр байдаг. Хэдийгээр өөрт нь ямар нэгэн дутагдал байлаа ч түүнээ үр хүүхдийнхээ чихэнд сонсгож, нүдэнд харагдуулахгүйг хичээдэг.

    Өөрөө аль нэг дутагдал гаргачихвал аав шигээ ийм алдаа гаргаж болохгүй шүү гэж хүүхэддээ хэлж чаддаг эцэг байх ёстой. Эр хүний нэгэн эрхэм үүрэг нь ухаантай үйл хэрэг, ханиа хүндэтгэж, асрамжлан ханийн жаргал эдлүүлэх явдал юм.

    Хань гэдэг гэрийн нэгэн багана, үрийн чинь эх, өр нимгэн бүсгүй хүн, хүний үр, насны чинь хань. Энэ хүнээс эрхэм хүн танд байхгүй нь мэдээж.

    Жаргалтай, ая тухтай амгалан тайван, сэтгэл дүүрэн, өөдтэйхэн амьдрая гэвэл ханиа л хайрлаж, түүндээ сэтгэлийн жаргал эдлүүлж явах ёстой. Ханийн заяа, үрийн заяаг гомдоож болдоггүй. Ханийн заяа өөрийн заяаг ч хаядаг гэдэг оргүй үг биш ээ.

     

  • Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал

    Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе юм. Сэвлэгэн даахьтай үрээ үнэрлэн суугаа аав, ээж хоёр, өдөр өдрөөр өсөн төлжиж, өнгө зүс орон яваа нялх балчир үр хүүхдээрээ бахархан баярлаж, өнөр айлын жаргал эдэлж байгаа тэр хоёр юутай сайхан. Хүүхэд хэмээх ариухан сайхан ертөнц. Хиргүй тунгалаг сэтгэл, гуниггүй тормогор нүд, болцойсон божгор бор гар…, үргэлж асуун лавлан шулганах шингэн дуу хоолой, ер нь ариун сайхан болгон хүүхдэд цогцолсон байдаг шүү дээ.

    Хүүхдээ хараад ээж, аав уярна. Сэтгэл санаан хургасан муу муухай бүхэн алга болно. Алжаал ядаргаа ч арилах шиг болно. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод навчилна гэдэг үнэн үг бий. Монгол улсын маань хуулинд бол манай орны 18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэнэ гэж заасан бий.

    Хүүхдийг эрхэмлэн дээдлэх нь олон үеийн төрийн бодлого үүрэг байжээ. Юуны учир гэвэл:

    -Хүүхэд тухайн ард түмний үр, удам угсааг залгамжилна.

    -Ахмад үе маань эх орон, төр улсаа хойч үедээ л уламжлан үлдээнэ.

    -Эх орон нь мөнхөд бат бэх оршин тогтнож, төр улс нь цэцэглэн хөгжиж байх эсэх нь ээж ааваас эхлээд эх орон, төр түмэн нь сурган хүмүүжүүлснээс л шалтгаална.

    -Айлын хэдэн хүүхэд эрүүл саруул боловсролтой ямар нэг ажил мэргэжилтэй, зөв сайн хүмүүжилтэй бол тэр өрхийн амьдрал хэвийн л байдаг шүү дээ.

    Үр хүүхдүүд сурлага хүмүүжлээр доголдоод, аливаа буруу, муу үйл явдалд өртөөд ирвэл эх эцгийн сэтгэл дэнслээд, айл гэрийн хэвийн амьдрал алдагдаад, сэтгэл санаа зовиурт автаад эхлэхээс аваад л олон зовлон бэрхшээлтэй учрахад хүрдэг. Монгол улс эх орныхоо ирээдүй, ард түмнийхээ, үр хүүхдийн төлөө ямагт анхаарал халамж тавьсаар ирсэн билээ.

    Хүүхэдтэйгээ зөв харьцаж чадаж байна уу?

    Ийм асуултыг эцэг, эх бүр ямагт өөрсдөдөө тавьж, алдаа оноогоор шинжиж байвал сайн. Яагаад гэвэл эх, эцэг хоёр, эцэг хүүхэд, эх хүүхэд ер нь хүний бусадтай харилцах харилцаанаас хамаг юм шийдэгддэг. Хэн боловч хүнтэй эв аятай харьцаж, үг хэлээ ололцож чаддаг бол алба, амины аливаа ажил бүтэх нь хялбар байна.

    Эцэг эхчүүд хүүхдээ миний үр, гал голомт, үр удмыг нь залгамжлагч, манай гэр бүлийн гишүүн хэмээн үзэж, эрхэмлэн хүндэтгэж харилцах учиртай. Ер нь өөрийгөө хүндэтгүүлье, хайрлуулъя гэвэл хүнийг хүндэтгэж, хайрлаж чаддаг байх ёстой. Хүнийг хүндэтгэдэггүй, хайрладаггүй  хүнийг бас л хүндэтгэж хайрладаггүй шүү дээ.

    Би л эцэг эх эднийг өсгөж тэжээлээ гэхчлэн санаж, ямагт дээрэлхэх аястай, эсвэл хүүхэд юу мэдэх вэ гэсэн хайхрамжгүй хандлага хүүхдэд сайн нөлөө үзүүлдэггүй юм шүү. Хүүхэдтэйгээ ямагт аятай зөөлөн, зөв харьцаж байх нь хүүхдээ чих зөөлөнтэй, зөв хүмүүжүүлэх гол хэрэглүүр болно.

    Гэр бүлийн гишүүдийн харьцаа, уян зөөлөн, нөхөрсөг, бие биенээ хүндэтгэсэн, дөлгөөн намуун, ухаалаг байвал хүүхэд ч мөн дөлгөөн төв төвшин хүн болж төлөвшинө.

    Гэр бүлийн гишүүдийн харьцаа хэг ёг гэсэн бие биедээ дээрэнгүй байдалтай хандсан, уурлаж уцаарлацгаасан, хэрүүл маргаан тасардаггүй  бол хүүхэд багаасаа сэтгэлийн хямрал, айдас, гомдол зэвүүцэлтэй байнга тулгарч сэтгэлийн нь тэнцвэр алдагдан мөн л догшин ширүүн харьцаатай хэрүүл маргаанд дуртай хүнийг хүндэтгэх чадваргүй хүн болоход хүргэнэ. Ингэснээр эцэг эх ч, хүүхэд ч хохирно, хэн нь ч хожихгүй.

    Эцэг эхийн амьдралд ямар ч зовлон бэрхшээл тохиолдож болно. Тэр бүрийг хэрүүл маргаан, зодоон нүдээнээр шийдвэрлэж чадахгүй. Харин ухаалаг яриа хөөрөө, зориг тэвчээр, хүнлэг сайхан сэтгэл, алсыг харах чадвараар л зовлон бэрхшээлээ нимгэлэн давна.

    Та үр хүүхдийнхээ яриаг сонсож, бодлыг нь уншиж, хамгаас дотно хүн нь байгаарай.

  • Аав хүү хоёрын эрх үүрэг

                                                                                                                                                                        
    Хүүхэд өөрийн амьдаръя гэж хүссэн ертөнцдөө амьдрах нөхцөл бололцоог томчуудаас хүсч, нийгэм хүүхдийн хувьд ээлтэй болох, тэдний хүсэл эрмэлзэл, мөрөөдөл дээр тулгуурласан байдал руу тэмүүлдэг. Энэ бол насанд хүрэгчид хүүхэдтэй ардчилсан үзэл баримтлалын хүрээнд хамтран аж төрөхийг хэлж байгаа юм.

            Түншлэлийн харилцаанд орсон насанд хүрэгчид болон хүүхдийн эдлэх эрх, хүлээх хариуцлагын талаар авч хэлэлцэх асуудлууд нэлээд гардаг. Энэ асуудлаар төдийлөн судалгаа шинжилгээ хийгдээгүй бөгөөд ерөнхийд нь хүүхдийн эрх үүргийг харилцан тэгшитгэх оролдлого байсаар байна. Хүүхдийн оролцоонд насанд хүрэгчдийн хүлээх үүрэг, хариуцлагыг үгүйсгэж болохгүй юм. Хүүхдийн оролцоо бага буюу байхгүй тохиолдолд насан хүрэгчдийн үүрэг, хариуцлага бага буюу байхгүй байна гэж үздэг. Энэ тохиолдолд насанд хүрэгч, хүүхдийн хооронд хариуцлагын тогтолцоо байхгүй байна гэж үздэг байна. Харин хүүхдийн оролцоо нэмэгдэж байгаа тохиолдолд насанд хүрэгчдийн хүлээх үүрэг, хариуцлага хоёр дахин нэмэгддэг. Түншлэлийн гол зарчим бол насанд хүрэгчид хүүхдийн хамт эрх мэдлээ харилцан хуваалцаж, хүүхэдтэй хамт нэгдсэн үзэл бодол, хамтын ажиллагааны загвартай болж үйл ажиллагаагаа хамтран хэрэгжүүлдэг байх явдал юм.

                Үүний хажуугаар насанд хүрэгчид бас өөрийн оролцооны орон зайгаа хадгалж хамгаалах хэрэгтэй бөгөөд хүүхдийн оролцоог өөрийн ашиг сонирхолын үүднээс ашиглахыг эрс хориглодог.

                Хүүхэд насанд хүрэгчдийн эрх, хариуцлагын харилцаа заавал адил тэгш байх шаардлагагүй. Бага насны хүүхэд бүхий л эрхээ эдэлж байгаа боловч ямар ч хариуцлага үүрэх практик байдаггүй. Үүний адил хөгшчүүлийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хариуцлагын практик үйл ажиллагаа манайд байдаггүй байна. Эрх, хариуцлагын тогтолцоог тухайн хүний нас, хөгжлийн төвшинд тохируулан тодорхойлох нь чухал юм.

     

     

  • Оролцоотой хүүхэд сайхан амьдардаг

                Хүүхдийн оролцоо: Оролцоо бол байгалиас хүнд заяасан салшгүй нэг зүйл юм. Хүн хорвоод мэндэлснээс хойш шууд оролцож эхэлдэг. Нялх хүүхэд анх төрөөд уйлж эх, эцэг асран хамгаалагчаас үйлчилгээ авч эхэлдэг. Хүүхэд инээж баясч эцэг, эх ойр орчноосоо хайр халамж хүртэж эхэлдэг. Хүрээлэн байгаа орчинтойгоо холбогдох буюу харилцах үүднээс тэд оролцоонд ордог. Хүүхэд өсөхийн хэрээр хувь хүний болон нийгмийн идэвхитэй гишүүн болохын тулд нийгмийн аливаа  харилцаанд оролцдог юм. Хүүхэд оролцоогоор дамжуулан өөрсдийн амьдралын утга учраа тодорхойлдог. Хүүхэд өөрийн оролцоогоор дамжуулан бага багаар хүрээлэн байгаа орчиндоо нөлөөлж эхэлдэг.

                Хүүхдийн “баатар” болох гэсэн үзэл санаа, бүтэц нь хүүхдийн нийгэмд эзлэх байр суурийг харуулдаг ба үүнийг хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн дэлхийн хөдөлгөөний үүсэл хөгжлийн түүхийн замналаас харж болох юм.

                Хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа, нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд анхан шатны буюу хамгийн наад захын хэрэгцээ болон хоол хүнс, хувцас, орон байр зэрэг хэрэгцээг өөртөө бүрдүүлэх, түүнийг амьдралаас авахын тулд тэмцдэг. 

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос

  • Өөрийгөө хувь хүн гэдгийг ойлгож мэдэрсэн хүүхэд амжилтанд хүрдэг

                Хүүхэд өөрийгөө хувь хүн хэмээн ойлгосноор тэд хүрээлэн байгаа орчиндоо өөрсдийнхөө давуу болон сул талыг олж харах, боломж ба бэрхшээлүүдээ тодорхойлж эхэлдэг. Ихэнх тохиолдолд эдгээр сул тал буюу бэрхшээлүүдийг хүрээлэн буй орчноос гаралтай гэж үзээд эдгээр бэрхшээлүүдийг даван туулахад хүүхдэд маш их дэмжлэг туслалцаа шаарддаг.

                Энэ үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн онцлог шинж чанарууд нь хүүхдийн хүйс, тэдгээрийг хүрээлж байгаа орчин, орон нутаг, яс үндэс, шашин шүтлэг зэрэг шалгуур үзүүлэлтүүдээс хамаардаг. Хүүхдийн нийгэмших асуудлын хүрээнд тэднийг алагчлан үзэх хандлагыг шийдвэрлэж байгаа ба нийгэмших асуудлын эерэг талууд нь сайжирч байгаа талаар бид баттай мэдэж байх нь зүйтэй юм. Хэрэв эдгээр асуудлыг насанд хүрэгчид бид цаг тухайд нь шийдвэрлэж зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байхгүй юм бол хүүхэд өөрийгөө нийгмийн салшгүй нэг бүрэлдэхүүн гэсэн ойлголтоо алдахад хүргэх нь аюултай юм. Хэрэв ийм асуудал тохиолдвол хүхэд нийгэмших үйл явдлын сөрөг талыг төдийлэн тооцоолж чадахгүйд хүрч нийгэм өөрөө тэдгээр хүүхдийн хувьд хориг, шийтгэл болж хувирдаг. Энэ нь “хуучныг эвдэх” чиг хандлага биш бөгөөд харин хувь хүнийг тодорхойлсон нэгдмэл шинж чанартай эерэг хандлага байх нь зүйтэй юм. Хүүхдийн давуу тал ба боломжийг дахин эрчимжүүлэх үйл ажиллагаа нь хүүхдэд бие даасан хүний шинж чанарыг улам бүр суулгаж өгдөг.

    Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос