Category: human-development

  • Зохиолчдын интернэт дэхь шинэ боломж

    Зохиолчид, эрдэмтэн багш нар, орчуулагчидын ихэнхи нь ямар нэг ном бичээд түүнийгээ хэвлүүлэх гэхээр мөнгөгүй. Тэгээд ивээн тэтгэгчийн эрэлд гарна. Хугацаа алдана. Хөл хүрэх газраа явж арай гэж ивээн тэтгэгч олж номоо цөөн хувиар хэвлүүлж худалдаанд гаргана. Ном хэвлэсэн зардал дээрээ өчүүхэн ашиг нэмдэг ч хэвлэх зардал их тул ном маань багагүй үнэтэйгээр худалдаанд гарна.

    Зарим нэг нь зарагдана. Үлдсэн хэд нь номын дэлгүүрийн тавиур бөглөн эзнээ хүлээнэ. Зарагдсан хэдийг нь хүмүүс дамжуулан уншиж, хэрэгцээ гарвал худалдан авах зардлаас хэд дахин бага үнээр хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулж хууль зөрчиж, зохиогчийн талхнаас хээв нэг хулгай хийж, оюуны бүтээлийг нь парзитлана. Оюуны бүтээл туурвигчдад оюуны бүтээлээ өмчлөх эрх хуулиар олгогдсоор байхад, эрхийг нь хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлсээр байхад улс орны хөгжлийн хөдөлгүүр болсон оюуны бүтээл туурвигчдын маань эрх зөрчигдсөөр байна. Тэд маань оюун санааны хувьд дэндүү баян хүмүүс. Харин хүний амьдралын салшгүй хэсэг болсон материаллаг баялагийн хэрэгцээгээ төдийлөн хангаж чадахгүй байна. Тэд маань сайхан амьдрах эрхтэй хүмүүс. Бас ард олныгоо гэгээрүүлж хөгжүүлэх үүрэгтэй хүмүүс. Өнөөдөр тэд маань эрхээ эдлэж чадахгүй бас үүргээ сайн биелүүлж чадахгүй байна.

    Энэ нь тэднээс биш, гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Талх хийж зардаг бизнесмен талх идэж буй хүн бүрийн тоогоор ашгаа олдог. Харин оюуны бүтээл туурвигчид маань бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ашгийг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл зохиогчийн бүтээлийг талхтай зүйрлэвэл тэдний талхыг хулгайлж идээд байна. Иймээс тэд өмчлөх эрхээ эдлэж чадахгүй байна. Өнөөдөр зохиогчдын бүтээж буй бүтээгдэхүүн болох номын хэрэглэгчийн 70% орчим болох өсвөр үеийнхэн, оюутан, залуучууд маань ном худалдан авах чадвар муутай. Тиймээс бүтээгдэхүүн болох ном маань яаж борлогдох вэ? Хэрэглэгчид хэрэгцээгээ ямар замаар хангах вэ гэсэн асуулт урган гарна.

    Төлбөрийн чадвар муутай хэрэглэгчид маань номыг худалдан авч чадахгүй учраас түүнийг бага зардлаар авах арга хайдаг. Олсон арга нь хууль бус зохиогчийн эрхийг зөрчсөн байдаг. Зохиогчийн бүтээлийг бага зардлаар хувилан олшруулж хэрэгцээгээ хангана. Зарим нэг зальт этгээд ийм эрэлт байгааг овжин ашиглаж, зохиогчийн зөвшөөрөлгүй ном зохиол хувилан олшруулах үйлчилгээ үзүүлж зохиогчийн талхнаас хулгайлна. Мөн бүтээлийг нь хууль бусаар бага зардлаар чанарын шаардлага хангахааргүй түвшинд хэвлэн эх хувилбараас арай бага үнээр борлуулж ашиг олно.

    Энэхүү дүр төрх нийгэмд газар авч өнөөдөр хүмүүс түүнийг энгийн байдаг л хууль ёсны үзэгдэл мэтээр ташаа ойлголттой явсаар л байна. Оюуны бүтээл хууль бусаар хэрэглэгчид маань буруу соёлд суралцаж, аливаа юм хэзээ нэг цагт хөгждөг хойно магадгүй хэдэн жилийн дараа оюуны бүтээл хууль бусаар ашиглаж, зохиогчид онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн хорих ял авахыг хэн ч хэлж мэдэхгүй. Зохиогчийн эрх зүй өндөр түвшинд хөгжсөн улс оронд ял авах байдаг л үзэгдэл тул манайд байхыг үгүйсгэх аргагүй.

    Зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан гэж ял хүртэл авахыг бодоход,  хүмүүсийн оюуны хэрэгцээ хязгааргүй бололтой.Энэхүү хэрэгцээг хэн нэгний хууль бус үйлдлээр хангуулахгүй байх арга байна.Хүн ардын оюуны хэрэгцээг оюуны бүтээл үйлдвэрлэгч өөрөө бага зардлаар олон хүнд хүргэх арга байна. Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих гол нөхцөл бол үйлдвэрлэгч хэрэглэгч хоёр харилцан ашигтай хож /хож гэдэг зарчмаар харилцахад оршино. Оюуны бүтээл үйлдвэрлэгч оюуны бүтээлээ олон хүнд хүргэж, хүн ардаа гэгээрүүлэх үүргээ 100% давуулан биелүүлэх, бас хэрэглэгч бүрийн тоогоор бүтээгдэхүүнээ үнэлүүлж их ашиг олох арга байна.

    Миний арга бол номоо цаасан дээр их зардлаар цөөхөн хувь хэвлэж, өчүүхэн ашиг нэмж, оюуны бүтээлээ цөөн хүнд хүргэж бага ашиг олох биш, харин номоо ямар ч зардалгүйгээр найдвартай хамгаалалттай цахим номын хэлбэрт оруулж, олон түмэнд бага зардлаар хүргэх арга юм. Хэвлэсэн номын тоогоор ашгаа олоод өнгөрөх биш хэрэглэгч уншигч бүрийн тоогоор оюуны өмчөө үнэлүүлэх арга юм. Цөөхөн хэдэн номын санд түүх болон хадгалагдах биш, дэлхий даяар хоног бүрийн 24 цагийн турш интернет хэрэглэдэг хүн бүртэй орон зай цаг хугацаанаас үл хамааран хамт байж, таны бүтээлийг ашигласан хэрэглэгч бүрээр үнэлүүлэх арга юм.

  • “Хүний хөгжил мөнгө үү? боловсрол уу?” сэдвээр ЭХ СУРВАЛЖ нэвтрүүлэгт оролцлоо

    МҮОНРТВ-ийн “ЭХ СУРВАЛЖ” нэвтрүүлэг “Хүний хөгжил мөнгө үү? боловсрол уу?” сэдвээр бэлтгэгдсэн бөгөөд Миний бие энэ нэвтрүүлэгт оролцож үзэл бодлоо хуваалцсанаа та бүхэнд хүргэж байна.

  • ХҮН ТӨВТЭЙ БИЗНЕС- Байгууллагын соёл

    Ажлын орчин

    NMMATeam нь хүн төвтэй бизнесийн соёлыг бүрдүүлэхийг зорьж байгаа бөгөөд бид ажилтандаа хамгийн сайнаараа бүтээмжтэй ажиллах, хөгжиж чадваржих бүх нөхцлийг бүрдүүлж насан турш сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдруулах бодлого барьдаг. Ажилтан сэтгэл хангалуун, аз жаргалтай байвал энэ бол компанийн амжилт.

    Хүн ажилдаа бүтээмжтэй сэтгэл хангалуун, аз жаргалтай л ажиллаж байвал, бусад олон төвөгтэй дүрэм журам, хориг саад хэрэггүй гэж боддог. Хүн 8 цаг буг болж, сандал бөглөж суух биш, 5 цаг нь үнэхээр бүтээмжтэй ажиллаж чадвал, хамаагүй 3 цаг нь амраг л дээ. Цагаа бүртгүүлж, цагаа нөхцөөж амьдралаа үрэх биш, хүссэн цагтаа дуртай зүйлээ хийж бүтээг л дээ. Үнэхээр шөнө ажиллах дуртай бол, заавал өдөр хориод яах юм бэ? Ажил бол шорон шиг залхаан цээрлүүлэх газар биш, өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж хийж бүтээх, сэдэлжүүлэх тийм л орчин байх ёстой гэж бид боддог. Тиймээс ажилтануудын сэтгэл хангалуун ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэхийг бид зорьж ажиллаж байна.

    Тухайн ажилтан зөвхөн мөнгөний төлөө биш харин өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмүүлэлтэй ажилладаг. Өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлийг олж мэдэрч түүнийхээ төлөө бусад залуустайгаа хүчээ нэгтгэж урагшлаасай гэж бид хүсдэг.

    Удирдлагын оновчтой хандлага

    Чи хийх зүйлээ л хийж бүтээж байвал, ажил дээрээ өөрийнхөөрөө байж болно. Тэгснээр илүү ихийг бүтээж чадна гэдэгт итгэдэг. Чи амжилттай бол бид ч бас амжилттай. Ажилтантай гүйцэтгэгч гэдэг үүднээс биш харин хамтран зүтгэгч гэдэг үүднээс харилцах. Бид хамтарч том тоглож чадсанаараа том зүйлүүдийг хийж чадаж байгаа гэдгийг үргэлж ойлгуулж харилцах. Хамгийн авъяаслаг чадварлаг мэргэжилтэнг эрж хайж хамтран ажиллах. Тэднийг тогтоон барих насан туршдаа хэн хэндээ ашигтай бодлогоор хамтран ажиллах нь зөв. Тэднийг хянаж цагдаж биш тэдэнд итгэж, хөгжүүлж урагшлах нь зөв.

    Цалин хангамж

    Ажилтан цалингаа үр дүнгээрээ тооцуулдаг байх. Мөн ажилтан бүр ажилласан хугацаа, бүтээмжээсээ хамаарч компаниасаа хувьцаа авдаг байх нь хамгийн оновчтой тогтолцоо. Ингэснээр хамт олноороо нэг чигт харж, энэ бол миний компани, миний хамт олон гэсэн үзэл санаатай болж чадна. Компани ашигтай байж чадсанаар гишүүн бүр ашигтай байж чадна. Компаний ашиг бол миний ашиг гэсэн үзэл санаан доор бүгд идэвхи санаачлагатай ажиллана.

    Ажилтны бизнесийг дэмжих

    Хүн сэтгэл хангалуун сайхан амьдрахад сайхан найз нөхөдтэй байхаас эхлээд гэр бүлийн амжилт нь нөлөөлдөг. Хамт олон чөлөөт цагаа нэгнийхээ гэр бүлийн бизнесийг дэмжихэд болон нэгнийхээ хөгжүүлж байхад зориулж байх нь зөв. Тэд нарын чинь ажил төрөл нь өөдрөг бүтэмжтэй байвал, чи ч бас илүү урам зоригтой бүтээмжтэй ажиллах болно.

    Манай компанийн философи ч бас тийм. Нэгнийхээ хүсэл мөрөөлийг дэмжинэ, нэгнийхээ бизнесийг дэмжинэ гэсэн зарчим байгаа. Гэхдээ хувийн бизнесээ хийнэ гээд том толгойлоод салаад алга болох биш. Том толгойлсон жижиг багууд бол хаана ч үнэ цэнэгүй. Хамтдаа NMMA гэсэн том брендээ бий болгож, том бялуу олж, том бялуугаа зохистойгоор хуваах. Бас энэ бий болсон том багаараа нэгнийхээ бодож санаж буй ажлуудыг дэмжиж явах нь чухал. Үнэхээр чамд супер санаа байгаа бол тэр санааг чинь хамт олон чинь дэмжинэ. Бидний зарчим бол хамгийн шилдэг багийг бүрдүүлж, дэлхийд өрсөлдөхүйц хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлж, ажилтандаа салбартаа тэргүүлэгч бренд хүн болохийг дэмжиж ажиллана.

    Харилцагчийг хүндэтгэх

    Харилцагчдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгож цөөхөн үнэ цэнэтэй байгууллагуудтай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг бий болгох нь мөн л бидний үнэт зүйлийн нэг хэсэг юм.

    Жамсранжавын ЛУВСАНДОРЖ

  • Амьдралд аз тохиолддог таарвал битгий алдаарай

    Ихэнхи хүмүүс тэр азтай залуу, тэр азгүй бүтэлгүй залуу гэж өөр хоорондоо ярилцаж суух нь элбэг тохиолддог. Тэгвэл тэр азтай, бүтэлгүй хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм болоо гэж бодож суухдаа энэхүү нийтлэлээ бичих санааг олсон юм.

    Амьдралдаа бүтэлгүйтэж үзээгүй хүн гэж байдаггүй. Ихэнхи хүмүүс ямар нэг салбар дээр тодорхой хэмжээний бүтэлгүйтэл азгүйтэлтэй тулгарч гомдсон, цөхөрсөн, шантарсан байдаг. Тэгвэл энэ бүгдийн учир шалтгаан нь болгоомжлол, болохгүй бүтэхгүй гэсэн сөрөг бодлоос үүсдэг байна. Нийтлэг ажилгагдсан зүйл бол хамаг хүчээ шавхаж хөдөлмөрлөдөг боловч дотроо за хийгээд үзье дээ гэсэн эргэлзсэн бодолтойгоор хийдэгт байгаа юм. Та хаа нэгтэйгээс дэлхийн эд баялагийн 99%-ийг дэлхийн нийт хүн амын 1% нь эзэмшдэг гэж сонсож байсан байх. Тэгвэл энэ тоо баримт үнэн бодит зүйл юм. Хүн бүр  азтай байхыг маш ихээр хүсэж мөрөөдөж, надад аз тохиолдоосой ч гэж бодож явдаг гэхэд ч хэлсдэхгүй байх. Тэгвэл тэр аз гэдэг зүйл бидэнд бүтэлгүйтэл, бэрхшээл, асуудлаар дамжиж ирдэг байна. Тэгэхээр бид өөрсдөө бидэнд аз тохиолдоход зугтаадаг гэсэн үг юм. Таны амьдралд тохиолдож буй асуудал бол танд илүү сайн сайхныг өгөхийн тулд  ирдэг зүйл гэдэгт итгэх хэрэгтэй. Нэгэн сонирхолтой жишээ байдаг. Эрх чөлөөний хөшөөг сэргээн засварлахад маш их хэмжээний хог хаягдал гарсан бөгөөд маш их учираас тэр хогийг хаях газар олдохгүй байв. Энэ асуудлыг шийдэхийн тулд тус хогийн тэндерт оруулахад Америкт амьдарч байсан нэгэн еврэй хүн 350$-оор худалдаж авсан бөгөөд хогийг төрөл төрлөөр нь / шохой, төмөр, мод гэх мэт / ялгаж ангилуулж ачуулав. Тэрээр төмрийг нь хайлуулж жижиг эрх чөлөөний хөшөө хийж, модыг нь зорж суурийг нь хийгээд жинхэнэ эрх чөлөөний хэлтэрхийгээр хийсэн эрх чөлөөний хөшөөгөө аваарай хэмээн зарж эхэлсэн. Ингэхэд тэрээр маш их хэмжээний буюу 10000 дахин их ашиг олсон байна. Энэ жишээнээс хүмүүсийн хог гэж харсан зүйлийг аз гэж олж харж чадсанд байгаа юм. Тэрээр хогон дотроос өөрийн азаа олж авсан. Бидний амьдралд гэсэн аз тохиолддог боловч бид анзааралгүй, мэдэлгүй өнгөрөөдөг байна.

    Бидний амьдралд бүтэлгүй явдал тохиолдсон ч тэр зүйлийг ос тас мартаж, харин ч би азтай хүн гэж тунхаглан хэлдэг байх хэрэгтэй. Үгийн сангаасаа азгүй бүтэлгүй гэдэг үгийг бүр мөсөн авч хая, тэгээд юу ч тохиолдсон инээ, инээж байгаа хүнд Аз ирдэг. Танд жаргалтай л байвал, таны сэтгэлд хүрч л байвал та хүссэнээ хий хүнээс битгий хамаар. Ямарч зүйлийг сайн сайхнаар хардаг эерэг сэтгэлгээтэй бай, өөрийгөө байгаа чигээр нь хүлээн зөвшөөрч өөрийгөө маш их үнэлдэг бай, зорилгоосоо ухардаггүй, стресст ордоггүй өөрийгөө удирдаж чаддаг бай, хайрлаж чаддаг хайрлуулж чаддаг уриалагхан найрсаг нээлттэй бай. Аз бүтэлгүйтэл 2 ээлжилж байдаг хорвоод та сөхөрч унасан ч шороогоо гөвөөд бос, хүнээр өрөвдүүлж биш бахархуулж амьдар.

    Танд амжилт хүсье.

    Т.Чимэддагва

  • Mухар сүсэг – Олон нийтийн сэтгэл зүй – Сэтгүүл зүй

    “Дөрөв дэх засаглал” хэмээн өөрсдийгөө өргөмжлөн нэрлэдэг Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд олон нийтийн оюун ухаанд хүргэж байгаа мэдээллүүдээрээ нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж чаддаг. 

    Социализмын үед цорын ганц “ҮНЭН” гэж нотолж, олон нийтийн сэтгэл зүйг “удирдан жолоодож” байсан үе нэгэнт өнгөрч, хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн “эрх чөлөө” мандан бадарсан энэ цаг үеүдэд олон ч зүйл өөрчлөгдөж буй. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед, мэдээллийн асар их бөөм дундаас мэдээллүүдийг өөр хооронд нь харьцуулан дүгнэх боломжтой болжээ.

    Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчууд бид Монгол оронд болж буй олон ч үйл явдлын мэдээллийг интернэтээр авдаг. Сайн сайхан зүйл олон байдаг хэдий ч санаа зовоосон зүйл мундахгүй. Сүүлийн үед шашны болон мухар сүсгийн хандлагатай мэдээллүүд нилээд гарч, энэ байдал нь Монголын олон нийтийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг анзаарлаа.

    Нэг. АРГО багшийн “ДААХИЙ” бурхан

    …Нэгэн том танхимд маш олон хүн хуран цуглаж, Арго багшийн цоо шинээр бүтээсэн “Даахий” бурханыг худалдан авахын тулд дугаарлан зогсчээ. Нэг бурханы үнэ нь 33.500 төгрөг гэнэ. “Ард түмний багш” гэж өөрийгөө нэрлэдэг, 25 хэл мэддэг төдийгүй энэ талаар маш олон ном сурах бичиг зохиож, амжилттай худалдан борлуулж “баяжиж”, энэ мөнгөөрөө Чингис хааны хар болон цагаан “Сүлд”-ийг “цэнгүүлэн тахиж” байгаа энэ эрхмийг даган баясаж, шүтэн бишрэгчид цөөнгүй. 

    Хэнийг юуг тахин шүтэх нь хувь хүний асуудал мөн л дөө. Энэ хүний тухай хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр их хэмжээтэй сурталчлах тусам, хүмүүсийн хандах хандлага нь нэмэгддэг бололтой. Энэ хүний хувьд олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж, энэ боломжоо бизнес болгон хувиргаж чадаж байгааг харахдаа “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үг санаанд ороод байдаг юм. 

    Гэхдээ л ямар нэгэн юм, хэмжээгээ алдахаар утга учраа алддаг. Зүйрлэвээс “хувин дүүрэн усан дээр ус нэмж хийгээд байх тусам ус нь гадагш халин асгарч бохир хаягдалтай хамтад урсах” мэт. Энэ бичлэгийг харж байхдаа “энэ л мухар сүсэгт автсан олон хүмүүс яг л энэ сэтгэхүйгээрээ сонгуульд санал өгнө шүү дээ” гэж бодоход гунигтай санагдаж байлаа. 

    Хэдийгээр дараа жил “мөнгөний сонгууль болохгүй” гэж өнөөгийн эрх баригчид амлаж байгаа ч, хийж бүтээх, өөрчлөн сайжруулж чадах нэгэнд бус, их мөнгө өгсөн нөгөөд нь сонгуулийн саналаа “худалдах” нийт массууд байж л байна. Олон нийт ийм мунхаг байх нь Монголчууд бидэнд бус, улстөрөөр луйвар хийж гаршсан эрхмүүдэд хэрэгтэй. Тийм болоод тэд энэ байдалд огтхон ч санаа зовж шаналахгүй байгаа бололтой.

    Хоёр. “АПУ-гийн Батсайхан нүгэлтэн үү?”

    …Ийм гарчигтай дүрс бичлэгүүд интернэтэд тавигджээ. 4 жил гаран бясалгал хийсэн Осгонбаяр гэдэг лам бясалгалаа дуусган “бодит ертөнцөд” морилон ирж буйг харуулсан мэдээ юм. Бясалгал гэдэг буддын шашны нэгэн том үйл төдийгүй, гэгээрэл болон “нинж” сэтгэлийн том сургууль гэдэг. 

    Мэдээж бясалгал хийсэн Осгонбаяр ламтны айлдах айлдвар болон үйл хөдлөл олон хүний сонирхлыг татсан байх. Харин мэдээг тайлбарлаж байгаа сэтгүүлч залуу маш их баяр бахдалтайгаар энэ хүний тухай “Өнгө мөнгөнөөс ангид, өнөөгийн нийгэмд цоо шинэ үзэгдэл авчирч болох тухай” өөрийн дүгнэлтээ хэлж байх юм. Бодвоос Монголын өнөөгийн нийгэмд шинэчлэлийг бясалгал хийсэн хүмүүс авчирч болох тухай санаа юм уу даа. 

    Нэг бодлын аргаа барсан сэтгэлийн “гаслалт” гэлтэй. Нөгөө талаас олон нийтэд ийм итгэл үнэмшил төрүүлэх гэсэн оролдлого бололтой. Дээр нь мэдээтэйгээ авцалдахгүй гарчиг нь хувь хүнийг олон нийтэд эвгүй байдлаар ойлгуулж болзошгүй мэт.

    Энэ бичлэгийг харж байхад өнөөгийн Монголын бизнесменүүд болон улстөрчид “өөр өөрийн арыг нь даадаг ламтай” байж, тэднийгээ ивээн тэтгэн “дэм дэмэндээ” явдаг тухай яриа санаанд орж байлаа. Шударга хөдөлмөр, чин зүтгэлээр бус хууль бус аргаар, заль мэх луйвраар “баяжиж” байгаа хүмүүс ямагт сэтгэлдээ “айдастай” явдаг. Хэзээ нэгэн цагт илчлэгдэн хуулийн хариуцлага хүлээхгүйн төлөө тэд ийм арга замыг л сонгодог. 

    Энэ байдлыг мэддэг олон нийт ч бас л өөр өөрийн “авран хамгаалагч”-тай байхыг хүснэ. Аргагүй шүү дээ. Хууль бус байдлаар баяжиж энэ үйлдэл нь ил хэрнээ илчлэгдэхгүй байгаа нь олон нийтэд  ийм бодлыг төрүүлэх аж.

    Гурав. “Далай ламын хойд дүрээр тодорсон Ү.Мөнхсүх хүүгийн сонирхолтой яриа”

    …Ийм гарчигтай мэдээлэл нилээд олон сайтууд дээр тавигджээ. Бурханы шашинтай орнуудын хувьд Дээрхийн Гэгээн Далай ламын “хойд дүр”-ийн асуудал нилээд төвөгтэй байдалд байгаа. Гэтэл Монголын хэвлэлүүдэд Далай ламын хойд дүр Монголоос тодорсон тухай мэдээллүүд цацагдаж эхэлжээ. 

    Хэдийгээр мэдээллийг үндсэн байгууллага нь албан ёсоор няцаасан ч, энэ талаарх шуугиан намжихгүй байгаа бололтой. Яг үнэндээ Өмнөговь аймгийн харьяат Ү.Мөнхсүх хүүг Бари Ёнзон Дамцагдорж гэдэг хүний хойд дүрээр Далай лам тодруулсан юм билээ. Гэтэл энэ мэдээллийг Далай ламын “хойд дүр” болгон дэврүүлэх нь хэнд хэрэгтэй юм бол? Үүний цаана “Далай ламын хойд дүр Монголд тодорсноор Монгол орон өөдлөн дэвжих болно” гэж олон нийтийн сэтгэл зүйд итгүүлэх оролдлого байж болох.

    Дөрөв. Өвдвөл бөө болно
    …Сүүлийн үед Монголд бөө мөргөл хүчээ авч, “айл болгон бөөтэй болох” хөдөлгөөн өрнөж байгаа юм гэнэ. Бараг сүлжээний бизнес болон хувирсан энэ хөдөлгөөн олон нийтийн сэтгэл зүйгээр тоглоод зогсохгүй “оюун сэтгэлгээний дарамт” болон хувирч байна. Хэн нэгэн ямар нэгэн өвчнөөр өвчилбөл “Онгод тэнгэр нь дуудаад байгаа юм байна. Хэрэв онгод сахиусаа авахгүй юм бол үхнэ” гэж “айлгаад” зогсохгүй, хэдийд хаанаас ямар ханштайгаар авч болохыг ч хэлж өгдөг гэнэ.  

    Аргаа барсан олон хүн энэ замаар орж, хамаг мөнгөө бөө болоход зориулснаар “онгодтой, онгодгүй” олон бөөний орон болон хувирч буй бололтой. Яг л тэр жилийн “Хадгаламж зээлийн хоршоо” шиг. Түүгээр ч үл барам зарим хүмүүс Монгол орны хөгжлийн “тэнгэрт тэтгэгдсэн цаг хугацааны” тухай ч номлох болж байна. 

    Хэрэв энэ бүхэнд үнэмших аваас “Айл болгон бөөтэй болж, тэнгэрийн ивээлийг авснаар, монголчууд бид юу ч хийхгүй хэрнээ үсрэнгүй хөгжих” нигууртай гэнэ. Гэхдээ бөөгийн уламжлалт арга билгийг бусдыг дарамтлан айлгах хэрэгслэл болгож байгаад хамаг учир нь байгаа бололтой. Хэн нэгэн бөөгийн хараал хүрч “муугаа үзэхгүйн тулд” амаа хамхицгааж, буруу муу бүхнийг “мэдсэн ч мэдээгүй, харсан ч хараагүй” өнгөрөөх болж дээ.

    МУХАР СҮСЭГ ба ШИНЖЛЭХ УХААН

    …Энэ бол 21-р зуун. Шинжлэх ухаан Техникийн, Мэдээллийн гайхамшигт нээлтүүд дээр тулгуурласан асар хурдацтай хөгжлийн эрин үед бид амьдарцгааж байна. Энэ нээлтүүдийн ачаар бид хамгийн сүүлийн үеийн хялбар хэрэглээ бүхий гар утас барьж, интернэтээр хүссэн мэдээллээ хязгааргүй орон зайн дундаас олж авч, сүүлийн үеийн загвар бүхий автомашин унаж, өвөрмөц дизайн бүхий тохилог орон сууцанд амьдрах боломжтой болж байгаа. Бидний өдөр тутмын амьдралд ШУ-ны ололтууд нэвтэрч байдаг.

    Шашин бол хүмүүсийн итгэл үнэмшил бас сүсэг бишрэл. Адил итгэл үнэмшил болон үзэл бодлоороо хүмүүс нэгддэг, бас бие биедээ чин сэтгэлээсээ хандаж тусалж дэмжиж, хамтдаа сайн үйлсүүдийг бүтээдэг болохоор шашин хүмүүст сайнаар нөлөөлөх нь бий. Харин эсрэг үзэл бодлоосоо болж зөрчилдөж, энэ байдал нь хүмүүст таагүй байдлыг авчрах тохиолдол ч бий. “Хүний бодол санаа болон хүсэл зоригийг олсоор хүлж болдоггүй”-тэй адил хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг албадаж болдоггүй. Мэдээж шашин болгон өөр өөрийн сургааль номлол болон ёс суртахуунтай.

    Харин өнөөгийн Монголчууд бид арай л хэт мухар сүсэгт автаад байх шиг. Хүмүүс ямар нэгэн зүйлд хүчин мөхөсдөж аргаа барахдаа мухар сүсэгт автдаг. Алив зүйлийг уншиж судлан танин мэдэхээс “залхуурахдаа” аль болох хялбар арга замыг хайна. Амьдралд өөрийгөө зовоолгүй, аль болох амар хялбар аргаар сайхан амьдрахыг хүсэх хүсэл нь мухар сүсэгт хөтлөх ч тохиолдол бий. 

    Бурханы сургаалийг уншиж судлан, учрыг нь олохын оронд хэн нэгэн лам дээр очоод мэдэх мэдэхгүй хэлээр ном уншуулахдаа “итгэж” тайвширна. Амьдралаа дээшлүүлэх гэж, ажлаа сайжруулах гэж, бизнес хийх гэж, биеэ эмчлүүлэх гэж, ханиа сонгох гэж, хангалттай дүн авах гэж лам дээр очих тусам өөртөө итгэх итгэлээсээ алслагдана. 

    Энэ л мухар сүсэг нь, ямар нэгэн үйлдлийн буруугаа өөрөөсөө биш бусдаас хайж, гомдож хорссон сэтгэлдээ бусдад муу үйл хийх арчаагүйдэл руу хөтөлдөг. Олон нийтийн арчаагаа барсан энэ сэтгэхүй дээр маш олон хүмүүс “тоглож”, бизнес хийн “баяжиж” байна. Харин хэн энэ асуудалд санаа зовж байгаа юм бол? Монголчууд бид ийм мунхаг, хийрхүү байх нь хэнд хэрэгтэй юм бол?
                                                              
    ТӨГСГӨЛ

    1. ТӨР бол олон нийтийг сэтгэлгээний бүдүүлэг “дарангуйлал” аас хамгаалах үүрэгтэй. Хууль бус үйл ажиллагаагаар олон нийтийн сэтгэл зүйд муугаар нөлөөлөх аваас буруутай этгээдийг илрүүлэн хариуцлага хүлээлгэх нь төрийн хийх ёстой ажил. Хэдийгээр сүсэг бишрэл хувь хүний асуудал хэдий ч, мухар сүсгийг дагалдан гарч байгаа хууль бус “бохир бизнес”, олон нийтийг хохироож байгаа үйлдлүүдийг өнөөгийн Монголын төр яагаад хайхрахгүй байгаа юм бол? “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй” гэдэг үг бий. “Төр өөрөө бохир байгаад энэ ажилд санаа тавихгүй байна” хэмээн би хардаж байна.

    2. Монголд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам гэж бий. Бас ШУ-ны Академи ч гэж бий. Эдгээр Яам болон Академи нь олон нийтийн боловсрол соёлын бодлогыг хариуцдаг. Байн байн “сарын болон нэрэмжит” маягийн ажил зохион байгуулдаг ийм байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулан олон нийтэд тайлбар өгч яагаад болдоггүй юм бол? Түүнчлэн өнөөгийн залуу үед болон монгол хүний хөгжилд хэрэгтэй бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Энэ байдал нь “Эцэггүй хүүхдийн цээж том, эхгүй хүүхдийн бөгс том” гэдэг хэллэгийг санагдуулах аж.

    3. Олон нийтийн сэтгэл зүйг зөв тийш нь хөтлөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслэл болон сэтгүүл зүй маш ихээр нөлөөлдөг. Мөнгө болон сенсаац хөөлгүйгээр ёс зүйгээ бодоод аль болох буруу муу зүйлийг сурталчлан олон нийтэд хүргэхгүй байвал сайн сан. Арго багштай болон мэрэгч төлөгч, бөө нартай хийж байгаа ярилцлага болон бичлэг нэвтрүүлэг бүхэн олон нийтийн сэтгэл зүйд сайн муугаар нөлөөлж л байгаа. Учрыг нь ялгаж сайн ойлгохгүй байгаа зарим хүмүүс та нарын мэдээллээс “тэнд нэг сайн хүн байгаа юм байна, тэр хүн дээр л очъё” гэдэг бодлыг авч байгаа. Монголчуудын сэтгэхүйд, хэн нэгнийг муулах тусам “энэ ч зүгээргүй байх” гэсэн сэтгэгдэл илүүтэй төрдгийг мартаж боломгүй.

    4. Нөгөө талаас нь харах юм бол монголчууд бид өөрсдөө буруутай. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ” гэдэгчлэн энэ бүх муу үйлдлийг бид өөрсдөө л бий болгон, дэмжиж хөгжүүлж байна. Хэрэв бид өөртөө итгэж, өөрсдийгөө хөгжүүлж, шударга бус муу үйлдлийг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж чаддаг байсан бол ийм байдал газар авахгүй л байсан болов уу? Дээр нь өнөөгийн Монголын нийгэмд бий болсон “Зоволгүй мөнгө олж, зогсолтгүй жаргах” хүсэл мөрөөдөл энэ бүхний үндэс нь болж байгаа. Бид лам дээр очиж хувь заяагаа даатган, бөө дээр очиж “тэнгэрт тэтгүүлж” байж ажил амьдралаа сайнаар авч явна гэж үгүй ээ. Бид өөрсдөө зүтгэж хөдөлмөрлөж, зовж шаналж байж л амжилтад хүрч сайхан амьдарна. Өөр сонголт үгүй.

    …Монголчууд бид ШУ техникийн болон мэдээллийн хүчирхэг зуунд амьдарч байна. Алийн болгон мухар сүсэг болон мунхаглалтайгаа зууралдах билээ. Монголчууд бидний хөгжил дэвшил өөр хэнээс ч биш зөвхөн биднээс өөрсдөөс л хамаарна. Хэрэв бид бүдүүлэг, мунхаг харанхуй байх аваас хэн ч биднийг өрөвдөхгүй харин шоолж инээх болно. Бид мунхаг харанхуй байх аваас өөрсдөө хохирч, бусад хүмүүс хожих болно. Энэ бол гашуун үнэн. Бид харанхуй мунхаг байдлаасаа болж өөрсдийгөө төдийгүй эх орон газар нутгаа ч алдаж болзошгүй.

    Энэ цаг дор бид, эргэн тойрноо харьцуулан харж, эргэцүүлэн ухаарах цаг болжээ. Хэн нэгний хэлж зааснаар бус өөртөө итгэж, өөрсдөө хичээн зүтгэж байж л амжилтад хүрч хөгжих болно. 

    “ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ” гэдэг дээ.

  • “Морьтой ч болоосой”

    …Ийм нэртэй Монголын уран сайхны инээдмийн кино байдгийг санаж байгаа байх. Адуучин залуу Дондог мориороо, эмнэлгийн жолооч Янжмаа машинаараа хоорондоо уралдаж эцэст нь морь нь бахардаж унадаг. 

    Жил жилийн наадмын хурдан морины уралдааныг харах бүрт энэ кино санаанд ороод байдаг юм. Эргэсэн морьдын бөөн тоосон дунд аль нь уралдаж яваа хурдан морь, аль нь дагалдаж яваа жийп машин болохыг ялгахад бэрх болдгийн дээр, морьд хоорондоо уралдаад байгаа эсвэл машинуудтай уралдаад байгааг ойлгохоо больж мунгинах тохиолдол ч зөндөө. 

    Яагаав нөгөө кинон дээр хүүхдүүд “морь нь түрүүлсэн, үгүй ээ машин нь түрүүлсэн” гэж маргалдаад байдаг шиг л юм болох янзтай. Энэ хошин кино сүүлийн үед арай гайгүй болоод байх шиг байгаа юм.

    За энэ ч яахав, гэснээс сүүлийн жилүүдэд монгол морь эрлийз адуу хоорондоо уралдаж байгаагаас нилээд будилаан маргаан гарч байгаа гэсэн. Монголын үндэсний баяр наадам ч бас “үндэсний бус” болох гээд байгаа юм даг уу даа, үүнээс болж. Уг нь маргалдаад, будилаад байхын оронд монгол морьд нь наадмаараа уралдаад, эрлийз адуунууд нь морин тойруулгадаа уралдаж байвал “хэн хэндээ амар, авсан өгсөндөө ч өлзийтэй” баймаар юм. 

    Тэгэхгүй болохоор морины уралдааныг бизнес болгон хувиргаж, энэ нь үндсэн ажил нь болсон шахуу хэдэн нөхдийн, зугаа цэнгэл болгон өвөл зунгүй уралдаж байгаа морин уралдааны хөлд хүүхэд хөгшидгүй чирэгдэн зутарч байгаа бололтой. Ядаж байхад яасан ч баян байдаг юм бэ дээ Яг л казино шиг санагдаад байдаг юм. Нэг уралдаанд түрүүлээд цоо шинэ жийп аваад байхаар арга ч үгүй юм уу даа.  

    Нэгэн цагт “морьдын тоос тэнгэрт хаддаг” байсан бол, өдгөө цагт “морины үнэ нь тэнгэрт хадаж” орхиж дээ. Банкны зээлээ төлөхгүй байсаар бүхэл бүтэн банк дампууруулсан нөхөд л хагас сая доллараар хурдан морь худалдан авч бэл бэнчингээ гайхуулж, бусдад баярхан аархаж явахыг харахад Монголын төрийн өрөвч энэрэнгүй, уужуу тайван, ууч нигүүлсэнгүй чанарыг илтгэх аж.

    Нээрээ морины үнэ тэнгэрт хадаж байгаа гэснээс манай бүх улстөрчид, бизнесменүүд, аймаг сумдын дарга нар бүгдээрээ хувийн хурдан морьдтой болцгоож, хэн нэгнээр уяулаад, алдар цолыг нь өөрсдөө авдаг болсон гэсэн. Би бодохдоо түрүүлсэн морьдыг “Төрийн түмэн эх” гэж цоллодогоос болсон байх гэж хардаад байгаа юм. Өөрөө олигтойхон “уралдаж”, өөрийгөө “үнэлүүлж” чадахгүй юм чинь ядаж л “Төрийн түмэн эхийн эзэн”, “алдартай”, “манлай” уяач гэж нэрлүүлэхээр бусдад “ТӨРИЙН” хүн болж харагдаад, хүндлэгдээд байж болно гэж боддог байх л даа хөөрхийс. 

    Бас бэл бэнчингийнх нь ил хэмжүүр байж ч болох юм. Харин тэр ил байгаа үнэ цэнэтэй хөрөнгөнүүдээс нь татвар авахаа манай төр мэдэхгүй л мунгинаад байх юм. Тэр “алдарт”, “манлай” уяачдын өмсдөг “жанжин” малгайны ард хийсэх томоос том улаан туузан дээр түрүүлсэн морьдын тоогоор нь шар зураас нэмж зурдаг бололтой юм. Харин үүнээс санаа авч хүний амь аварсан эмч нарын малгайн дээр нь аварсан хүнийх нь тоогоор улаан өнгөтэй нэмэх тэмдэг зурж болдоггүй юм болов уу? За даа тэд ч дарга биш, эмч болохоор болдоггүй л байх даа.

    Эмч нар гэснээс манай бүх аймаг сумдын засаг дарга нар үнэтэй жийп машин унаж, эмнэлгийн түргэн тусламжийн машин нь хуучнаараа байгаа гэсэн. Эвдрээд асдаггүй, энд тэнд явахаар суучихдаг хуучин түргэний тэргээр өвчтөнөө зөөж явахад нь, үнэтэй жийп машины зөөлөн суудалд тухалсан засаг дарга нарыг харахаар “зовох цагт нөхрийн чанар танигдана, өвдөж явахад дарга нарын чанар танигдана” гэдэг үг санаанд буугаад байдаг юм. 

    Ингэж зовж байхаар манай сумдын эмч нар, өвчтөнийхөө эмчилгээний төлбөрт хурдан морьд авч болдоггүй юм болов уу? Тэгж чадвал наадмаар хэдэн хурдан морьдоо уралдуулаад л түрүүлсэн байнд нь авсан жийп машинаараа өвчтөнөө зөөж болох юм даа. Эмнэлэгт зах зээлийн овсгоо, өвчтөнүүдэд нинжин сэтгэл дутагдаад байнаа. Эмнэлгийнхний түрүүлсэн морины эзэнд олгодог “алдарт”, “манлай” уяач цолыг нь эмнэлгийн даргад нь өгч болох юм байна. Яг үнэндээ бол эмнэлгийн дарга ч бас Төрийн хүн юм шүү дээ.

    Хүмүүс өнөө цагийн төрийн хямрал болон ядуурлыг сүлдний морьтой холбож ойлгоод байх боллоо. Хуучин сүлдэн дээр морь унасан хүн нь хаашаа ч юм бэ хар хурдаараа давхиж байсан бол одооны сүлдэн дээрх морины гэдсийг салгаад зурчихсан болохоор мухар сүсгээр бол “муу ёр” болж хямрал нүүрлээд салахгүй, хөгжиж чадахгүй дэвхцэж, толгой хэсэг нь хэт баяжиж, сүүл хэсэг нь огт баяжихгүй байгаа гэнэ. 

    Энэ талаар бодох хэрэгтэй болж байх шиг байна. Бас морины гэдсийг салгаснаар одоогийн эрх баригч 2 нам, толгой болон сүүл хэсэг болохын төлөө байнга сөргөлдөж байхын бэлэгдэл гэж үзэх ч хүн байна. Зарим хүмүүс одоо цаг морины үнэ өсч байгаа болохоор сүлдэн дээр морь байгаа нь бид бүгдээрээ баяжихын бэлэгдэл гэж тайлбарлаж байх юм. 

    Ямартай ч сүлдэн дээр морины дүрс байгаа нь ямар дүрслэлтэй байхаас үл хамааран, цаашид байдал аятай сайхан болохын бэлэгдэл болох бололтой. Манай улсын улстөрч баячууд нь үнэтэй эрлийз адуугаар баярхаж, түүгээрээ мөнгө, нэр алдар олж, бэл бэнчингээ хэмжүүлж байхад, амьдрах аргаа олж ядаж байгаа жирийн иргэд “Морьтой ч болоосой” хэмээн харуусан санааширч сууна.

    …Тэгээд нөгөө кино минь яаж төгсдөг билээ. Адуучин Дондог маань бухчин Дондог болж, өөрийн хүслээ “Морьтой ч болоосой” гэж шивнэж явсаар буцаад адуучин болж, эмнэлгийн түргэний тэргэний жолооч Янжмаатайгаа суух болоод төгсдөг. Хийморьтой залуу л даа. Энэ кино хэдийгээр хошин боловч нилээд холыг харсан юм шиг ээ. Бид одоо Дондогийн бух хариулж явсан үе шиг жаахан мунгинаад л байна. 

    Гэхдээ буцаад адуучин болж морин дэл дээр хийсэх буйз аа. Янжмаа ч бас ухаантай сайхан бүсгүй. Түүгээр бодвол Монголын эрүүл мэндийн салбар өөдлөн хөгжих байхаа. “Юм гэдэг учир жанцантай” гэдэг билээ.

  • Амьтад ба бид

    …Гадаадын олон оронд хүмүүс нь нохой тэжээж, өглөө болгон нойрмог хэрнээ нохойгоо салхилуулж явахдаа гартаа гялгар уут барьж, “хүндэрсэн” үед нь хүндэтгэлтэй гэгч нь тосон авч, тусгай саванд хийж байхыг харахдаа нэлээд “гайхна”. 

    Манай Монгол ноход угаадсаар хооллож, яс мэрж, уяандаа “хүмүүжиж” байхдаа ч үүргээ сайн биелүүлж байдагтай харьцуулахад гадаад нохойнууд даанч “ямбатай”. Эзэд нь тэднийг яг л хүүхэд мэт хайрлан энхрийлж, асран хүмүүжүүлж байхыг харахад бидний “Монгол сэтгэхүй”-д даанч “төвөгтэй” мэт санагдах.

    Гэрт нь захиалгат ажил гүйцэтгэж байсан нэгэн айлын муур нь “таалал төгссөн” тухай гэрийн эзэгтэй эмгэн туйлаас гашуудан хуучилж, бидэнд муурныхаа зургийг үзүүлэн эмгэнэж билээ. Тэр ч бүү хэл тэр эмгэн муурандаа шүлэг зохиож, жаазтай зургийнх нь өмнө хүндэтгэлтэй тавьсан байсан сан. Ижил дасал болсон муурнаасаа салсан эмгэн дахиад “талийгаач муур”-тайгаа яг адилхан муур олж авахаар “хөөцөлдөж” буй гэнэ.
      
    Гэртээ загас тэжээж байгаа хүмүүс загасандаа ихээхэн анхаарал тавьдаг аж. Усны дулааныг тохируулахаас эхлээд, усыг байнга цэвэрлэж байх, бас хооллох гээд зөндөө л ажил удна. Зүгээр л усанд ямар нэгэн загас авчраад мартаж болохгүй болохоор амьтан тэжээнэ гэдэг их том урлаг, бас хайрлаж энэрэхүйн, сэтгэл баясахуйн сайн сургууль мэт.

    Өндөр хөгжилтэй орнуудын хот болгон өөрсдийн амьтдын хүрээлэнтэй. Тэнд нь эцэг эхчүүд амралтын өдрүүдээрээ хүүхдүүдээ дагуулан очиж, өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлнэ. Зоопаркийн амьтдыг зүгээр л торон дотор бус, яг л байгалийн нөхцөлд нь тааруулан байлгадаг болохоор багагүй хөрөнгө мөнгө зарцуулдаг бололтой. Хамгийн гол нь хүмүүст болон хүүхдүүдэд амьтдыг “амьдаар нь” харж нүдлэх, тэдний тухай их мэдээлэл авах болон зан араншинг нь мэдрэх бас хайрлан хамгаалахад сургадаг аж.

    Бид нэг удаа амьтдын хүрээлэнд тарвага олж харахдаа их л сониучирхан танимхайрсан сэтгэлтэй зэрэгцээд, “боодог хийж идвэл мөн ч сайхан байгаа даа” гэсэн бодол төрдөг юм даа. Жаахан инээд хүрсэн хэдий ч, Монголчууд бид ямар нэгэн амьтдын тухай ярилцахдаа хэрхэн “алах” тухай л эхэлж боддогоо анзаарсан юм. Дараа нь энэ тухай найзуудтайгаа ярилцаж суухдаа зөндөө л инээлдэж билээ.

    Бага насны “АНЧИН” сэтгэлгээ
    …Биднийг бага байхад, хичээлийн жил дуусаж зуны амралт эхлэх үед “зуны даалгавар” гэж өгдөг байв даа. Намар хичээлдээ ирэхдээ заавал биелүүлсэн байх учиртай хатуу чанд заалтуудын дунд “эрвээхийн хатаамал хийх”, “цэцгийн цуглуулга хийх”, “зурамны болон тарваганы арьс авч ирэх” мэтийн харгис даалгаврууд байх. 

    Зуны даалгавраа биелүүлэхийн тулд цэцэгт талд үзэсгэлэнт сайхнаараа гайхуулан цэнгэж нисэж асан эрвээхийг барьж аваад номны завсраа хавчуулаад л хөөрхий түүний “амь насыг бүрэлгэж” орхино. Номын завсар амь насаа “хавчуулсан” хөөрхий эрвээхийг харан харан баясана гэдэг бас л сонин үзэгдэл. Яг үүн лугаа хичнээн сайхан үзэсгэлэнт цэцэг навчис энэ л гунигт тавиланг амсав даа. Жамаараа бус хүүхдийн гарт “халих” үзэсгэлэнт эрвээхий, цэцэг навчсын гунигт хувь заяа, хүүхэд бидэнд баяр хөөрийг өгч байсан гэвэл арай л худлаа байх.

    За тэгээд үйлтэй зурамнууд бол түүнээс ч хэцүүг амсана. Эрх чөлөөтэй гүйлдэж, тоглож асан тэднийг урхидаж, ус цутгаж байгаад л “тэнгэрт халиана”. Нүх рүү нь зогсоо зайгүй цутгасан усанд шалба норж, аргаа барахдаа “гараа өргөн бууж өгөх” мэт нүхнээсээ гарч ирэх хөөрхий тэднийг хичнээн баяр бахдалтайгаар “алж” арьсыг нь өвчиж авдаг байв даа. Харгис энэ даалгаврыг охид болон  хөвгүүд гэж ч ялгахгүй өгнө. Чаддаг нь өөрсдөө, чаддаггүй нь хэн нэгнийг гуйж байгаад даалгавраа заавал биелүүлнэ. 

    Хамгийн гайхалтай нь хүүхдүүдээр бэлтгүүлсэн энэ л үзмэрүүдийг хүүхдүүдэд байгаль орчин болон амьтан ургамлаа хайрлан хамгаалж сургахад ашигладаг байсан юм шүү дээ. Өөрсдийн гараар устгачихаад сэтгэл зүрхээрээ хайрлана гэдэг нэг л ойлгомжгүй. Одоо хэр би тэр их зурамны арьсаар яадаг байсныг мэддэггүй юм. Хожим сонсоход экспортод гаргадаг байсан бололтой.

    Түүнээс ч хэцүү юм бас бий. Хөдөөгийн дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдыг намар намарт Орос руу гаргах экспортын мах бэлтгэх нядалгаанд “дайчилдаг” байв. Экспортын нядалгаа нь малыг өрлөж бус шууд хоолойг нь хэрчиж бэлтгэдэг технологитой. Хөвгүүд нь нядалгаанд, охидууд нь “гэдэс арчих” ажилд тусгай нормтойгоор ажиллана. 

    Гэдэс арчих гэдэг нь хонины гэдсийг энхрийлэх маягтайгаар даавуугаар арчих юм биш шүү дээ. Хонины хэвлийд байсан бүх л эрхтнүүдийг тусгай дарааллаар нь цэвэрлэн, зарим олгойд нь цусыг нь цутгах зэрэг нарийн ажиллагаа. Мэдээж ийм ажилд сайн дураар биш албадан маягаар суралцаж байгаа хүүхдүүд мал амьтдыг хайрлахаас илүүтэй махны амтыг л сайн мэддэг болдог юм даа.

    Том насны “ШУНАХ” сэтгэлгээ
    …Балчир насандаа зуны даалгавраа биелүүлэх гэж үзэсгэлэнт сайхан эрвээхий, өчүүхэн хөөрхөн зурам хүртэл агнаж өссөн хөөрхий бид, том болохоороо нүдэнд харагдсан ан амьтан, ургамал, жимс цэцэгсийг хайр найргүй агнаж, ашиглаж, түүж өөрсдийгөө баяжуулах болон цэнгүүлэхийг л боддог болох аж.

    -ЧОНО. Монголчууд бид чоныг харахаараа л хөөдөг муу зуршилтай.

    “Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алуулдаг” гэх хэлцээс болж л хөөнө. Алж чаддаггүй юмаа гэхэд “ижил тэнгэртэй”-гээ нотлох гэж л шүү дээ. “Амь наана, там цаана” тэвдэж яваа хөөрхий чоно юу гэж л алах гэж хөөж байгаа хүндээ “адилхан л тэнгэртэй” гэж хэлж өгөх билээ. Тэнгэр шүтдэг Монголчууд, сүүлийн үед олон чоно алснаараа өөр хоорондоо өрсөлдөж хийморь лундаагаа нотолдог болсон гэх. 

    Өнөө цагийн өндөр үнэтэй хурц хараат дурантай, холч мэргэн тусгалтай, хурц үзүүрт сумнаас амьд гарна гэдэг өнөө цагийн чононуудаас их л ухаан, авхаалж самбаа шаардаж буй биз. Алагдсан чононоос хаях юм огт үгүй гэнэ. Адил хийморьтой болохоороо бүх л эрхтэн нь хүний эрхтнийг сайжруулдаг гэх. Ядаж л арьсаар нь өрөөгөө бас гэрээ гоёх хүсэлтэй баячууд цөөнгүй.

    -БУГА. Нэгэн цагт тэмээг “хулхидаж” эврийг нь авч одсон хэмээн үлгэр домогт өгүүлэгддэг буга гээч амьтан эврээсээ болж ихэд зовж буй. Цусан болон ясан эвэр бас чивнээсээ болж Монголын буга ихэд цөөрсөн гэнэ. Сүрлэг сайхан үзэмжээрээ, эрхэмсэг зөөлөн алхаагаараа, уянгат сайхан урамдах дуугаараа хангай нутгийн эзэн савдаг болсон тэр л амьтдыг харахдаа баясан хайрлахаасаа илүүтэй “эвэр, чив нь хэд хүрдэг бол?” хэмээн санаашрах болж дээ. Хангайн сайхан сүрлэг бугыг шуналаасаа болж “унагачихаад” зөвхөн эврийг нь тайрч, чивийг нь огтолж аваад одсон тохиолдол зөндөө гарсан гэсэн.

    Мартсанаас, Монголчууд бид өөрсдийгөө ЧОНО, БУГА хоёроос үүссэн гэж сайрхан нотлох мөртлөө, мөнгөнд шунасан сэтгэлээсээ болж “аав, ээж” хоёрыгоо “алж”, “арилжиж” байхдаа сэтгэл өвдөхгүй л юм даа.

    -ГӨРӨӨС. Хурдан хөлт гөрөөсийг хүн болгон өхөөрдөн хайрладаг.
    Хэн ч түүнийг нотолж, баталсан юм бүү мэд. “Хавар цагт гөрөөсний халуун цус уувал бие амархан тэнхэрдэг” гэсэн хуурай мэдэмхийрлээс болж, арай гэж онд орсон гөрөөснүүд хавар цагт “золиос” болно. Хурдан унаагаар хөөн бахардуулж, цэцэн бууны сумаар хөнөөн байж, хурц хутгаар гүрээг нь ханан, халуун цусыг нь түүхийгээр нь залгилах биднийг харсан хэн боловч “ВАМПИР” хэмээх “цус сорогчид” гэж андуурмаар… Бас аймаар… Тэгж уугаад хэдэн хүн тэнхэрч хүч орсоныг хэн ч нотлоогүй.

    -ТАРВАГА. Тарвага гэдэг амьтныг монголчууд “буянтай”-д тооцон хөшөө босгож байв даа.
    Нэгэн үед хойд хөрш Орос руу, дараа нь урд хөрш Хятад руу зөөсөн тарваганы арьсны наймаагаар олон ч хүн амжиргаагаа залгуулж, “хөл дээрээ боссон” гэдэг. Арьснаасаа болж ихэд цөөрсөн тарвагыг “боодог” хийж идэх хүслээрээ одоо ч агнаж л байгаа. За тэгээд тарваганаас үлдэх юм ч байхгүй болсон дог. Нөгөө чоно шиг л элгийг нь, бөөрийг нь, ходоодыг нь хүртэл огиж зогьсон байж түүхийгээр нь залгилцгаана. Энэ маягаар бол монголчуудад эмнэлэг тэгтлээ хэрэг болохгүй л болов уу?

    -ХЭРЭМ. Хөөрхий хэрэм арьснаасаа болж бас идэх хоол болох самартайгаа хамтад урд хөрш рүү хичнээн ихээр зөөгдөв. Хэн ч харсан өхөөрдөм хөөрхөн, жижигхэн амьтныг мөнгөнд шунасан шунал өршөөсөнгүй. “Ядахад яр” гэдэг шиг амтат самрыг нь хүртэл зөөчихөөр амьд үлдсэн хэрэмнүүдэд “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болж байгаа. Алгын чинээ арьс нь юу л болов гэж бодохоор, ахиу олноор нь хувцас хийнэ гэвэл дэндүү олныг сүйтгэх хэрэгтэй болох юм. Жижиг биений зовлон их ээ.

    -БААВГАЙ
     доньт болон өөхнөөсөө, ЗЭЭР махнаасаа, ХҮДЭР заарнаасаа, БУЛГА, МИНЖ сорлог арьснаасаа болж ихэд хэлмэгдэж байгаа. Ил далд ийм байдлаар алж устган, арилжиж наймаалцах шуналаас болж Монгол орны байгаль орчны тэнцвэр ихэд алдагдаж байгааг хэн ч тоож дурсахгүй юм даа. Бас хажуугаар нь эмийн зориулалтаар ашиглаж болох ховор үнэт ургамлуудад хэн ч анхаарахгүй, хянахгүй байгаа. “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг шиг уул уурхайн халууралд бид хичнээн үнэт баялгаа нөхөн сэргээх аргагүйгээр сүйдэлж л байна. Эргээд бид түүнийг хэзээ ч олж авч чадахгүй.

    Өнөө цагийн “ТЭНЭГ” сэтгэлгээ
    -Монгол улсад Байгаль Орчныг Хамгаалах Яам гэж бий. Тэдний юу хийж юу хамгаалж байгаа нь олон нийтэд тийм ч ойлгомжтой биш. Арабын улсуудад ШОНХОР шувуу наймаалдаг, ховордсон ИРВЭС, БӨХӨН, АРГАЛ, УГАЛЗ-ыг өндөр үнээр агнуулдаг, ТАХЬ-ийг торон хашаан дотор “нутагшуулж” байгаа зэргийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлснээр нь мэдэж байгаа. Харин үндсэн үүрэгт ажлуудаа хэр хийж Монгол орны байгаль орчны тэнцвэртэй байдалд хэрхэн санаа тавьж байгаа юм бол? Энэ дашрамд “цагаан шонхор шувуу” манай цагдаагийн байгууллагын бэлэг тэмдэг төдийгүй ийм нэртэй компаниуд байдгийг ч дурдья.

    Дам хүмүүс ярихдаа, “шонхор шувууны наймаа ихэд ашигтай” гэх юм билээ.

    -Монголчууд бид өөрсдөө Монголынхоо байгаль орчны тэнцвэрийг алдагдуулан, амьтан ургамлаа сүйтгэж байна. Би заримдаа харддаг юм. Урд хөрш маань манай байгаль орчны тэнцвэрийг зориуд их л холын бодлоготойгоор алдагдуулаад байна гэж!. Тэд бидний шунал болон мунхаглалыг маш сайн тооцож байна.

    Санаж байгаа бол:
    Ямааны ноолуурыг үнэд оруулах үед ямаагаа ихээр өсгөн бэлчээр нутгаа цөлжүүлсэнийг, хэрэмний арьс болон самар үнэд орох цагаар Хангай Хэнтийн нурууны их уулсад хонон өнжин байж сүйтгэснийг, бугын эвэр чив, хүдрийн заарь, баавгайн доньд үнэд орох цагаар хичнээн олноор нь хядаж, хөвчид сэглэж орхисныг, тарваганы арьс үнэд орох цагаар ямар ихээр алж зөөснийг, өнөө хэр алсан чоноо бүрэн бүтнээр нь гаргах гэж арга саам хайж байгааг, зээрийн сүргээ хичнээн ихээр хил давуулан алдаж байгааг мартаж боломгүй.

    Энэ бүхнийг хувь хүмүүс, пүүс компаниуд, Улсын байгууллагууд өөр хоорондоо л уралдан өрсөлдөн байж зөөцгөөсөн. Хил дээр баригдах нь баригдаж, баригдахгүй нь зугатаж, ааг амьсгаагүй өрсөлдөөнт сүйтгэл дунд авилгал, мэхлэл л хөгжсөн. Ингээд Монголчууд бид юу хожив оо.

    Ингэж гаргасан их баялгийнхаа оронд:
    Хятадын ноолууран бүтээгдэхүүнийг, урт богино хийцийн булган дээлүүдийг, тарваганы арьсан малгайнуудыг, ховор нэртэй өндөр ханштай эм, тоснуудыг хичнээн ихээр нь өндөр үнэтэйгээр авчран бие биедээ “шахaцгаав”. Өөрсдөдөө байгаа ховор эрдэнийн баялагуудаа түүхийгээр  хямд үнээр гадагшаа зөөж, хариуд нь “ховор чанарын” нэрээр, боловсрогдсон бүтээгдэхүүнийг өндөр үнээр буцаан худалдаж авдаг тэнэгүүд биднээс өөр олон бий болов уу?

    -Монголчууд бидний ан амьтад болон ургамал цэцэгст хандах хандлага нь:

    Мах болгож идэх
    Мөнгө болгон арилжих
    Гоёл болгон өмсөх сонирхол дээр тогтоод байгаа юм биш байгаа даа.

    Өөрчлөгдөх сэтгэлгээ
    …Бид одоо энэ байдлаа өөрчлөн сайжруулах цаг болж байнаа. Алийн болгон Монголчууд гэхээр учиргүй их мах иддэг, харсан амьтан болгоноо хөөж алж байж санаа нь амардаг, худалдан арилжиж байж амжиргаагаа залгуулдаг мэтээр бусдад ойлгуулж байх юм бэ? Ийм байдлаа “баатарлаг”, “эрэлхэг” мэтээр төсөөлбөл өнөө цагт арай л зохимжгүй. Уламжлал, заншил байлгүй л яахав? Гэхдээ хөгжил дэвшил гэдэг сайн зүйлээ авч үлдэж, муу зүйлээ засч сайжруулж байхын эхлэл.

    1. Монголд дэлхийн жишигт хүрсэн амьтны хүрээлэн байгуулах цаг болжээ. Амьтны хүрээлэн бага насны хүүхдүүдэд маш их мэдлэг болон ойлголтыг өгдөг. Бас тэднийг амьтдыг хайрлан энэрэх сэтгэлгээнд сургадаг. Амьтан судлал болон ургамал судлалын чиглэлийн хичээлд хоосон төсөөлж, хий цээжилж байж мэдлэг эзэмших хэрэгтэй гэж үү?

    2. Байгалын болон түүхийн музейг үнэгүй болгож, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газар болгох хэрэгтэй байна. Дэлхийн олон орноор зугаацаж тусламж гуйх дуртай дарга нар маань түүхийн болон байгаль шинжлэлийн чиглэлээр ШУ-ны хялбаршуулсан олон сайхан кинонуудыг гуйвал тэд дуртай бэлэглэнэ дээ. Ийм кинонууд Солонгосын олон ангид “савангийн дуурь”-иудаас хавьгүй сайнаар манай залуус хүүхдүүдэд нөлөөлөх болно.

    3. Аймаг аймгийн нутгийн зөвлөл байгуулж түрүүлсэн бөхөд байр машин бэлэглэдэг архаг зүтгэлтнүүд, аймаг аймгийнхаа  түүх болон байгаль орчин, амьтан ургамлын тухай баримтат кинонуудыг өөрсдөө санаачлан, ивээн тэтгэж хийлгэвэл найраагаар начин хийлгэсэн бөхчүүдээс тань илүү нутаг усныхандаа буян болно доо. Ядаж л тэр нутагт юу байж байгаад , хэзээ хэрхэн алга болсныг тогтоох боломж ч болох юм билүү?

    4. Өөр хоорондоо уралдан өрсөлдөн байж элдэв кино хийж мөнгө олж, “шатаж” байгаа уран бүтээлчид, хүүхэд залууст зориулан амьтдын тухай, хүүхэлдэйн баатартай кино хийвэл үүнээс ч илүү мөнгө олно доо. Үгүй дээ л монгол маягийн Микки Маус байж яагаад болохгүй гэж? Хэрэв тийм сайн кино хийж чадвал ядаж л тэдний зурагтай маш олон бүтээгдэхүүнээс орлого олж болно.

    5. Бид өөрсдөө хичээж алив амьтныг алж, махыг нь идэж, арьсыг нь өмсөхийг хүссэн сэтгэлгээнээсээ бага боловч ангижирмаар. Өөрсдийн үр хүүхдүүддээ хүртэл амьтан ургамлыг хайрлан хамгаалж сургахад, бидний өөрчлөгдсөн сэтгэлгээ болон сайн үлгэр жишээ их хэрэг болно. Амьтан болгон бидний дайсан биш шүү дээ. Бас булга минжин дээл өмссөн бүхэн сайхан хөөрхөн харагдахгүй шүү дээ.

    Энэ дэлхийд хүмүүн биднээс гадна өчнөөн олон ургамал, амьтад хамтдаа оршиж байгаа. Бид тэднийг хэр ихээр хайрлах аваас тэд ч биднийг адил нэгэн хайрлах болно.

  • Хөөрхий бидний “оюутан сурагчид”

    ХҮМҮҮЖИХИЙН ЗАМЫГ ДАГАЦГААЯ

    …Намар намрын яг өдий цагт сургуулиудын хичээл эхлэх цаг ойртож, бүх нийтээрээ л хөдөлгөөнд орцгооно. Хичээлийн хэрэглэлээ базаах, гоёлын хувцсаа зэхэх, сургалтын төлбөрөө олох гээд зөндөө олон асуудал дээр “уулзалгүй удсан ангийн найз нөхөд”-өө санаж хүлээсэн сэтгэлийн догдлол нэмэгдэх аж. Сурагч бас оюутан байх сайхан. Олуулаа нийлж дарвисан он жилүүд дунд энэ л насанд үл мартагдах гэгээн сайхан, хөгжилтэй дурсамжууд амилж, сэтгэлд шингэн үлддэг.
      
    Хичээл эхэлж, хөөрсөн сэтгэл намдаж, гагцхүү эрдмийн их оргил өөд тэмүүлэх мөчид өөрийн ирээдүйн сайхны төлөө зорилго тавьсан зүтгэл, зүгээр л “диплом” хэмээх хавтасны төлөөх хэнэггүй зугаацал, учраа сайн олохгүй хэрнээ хэн нэгнийг дагаж хөөрсөн хөөрцөглөл бүхэн ялгарч эхлэх аж. Өөртөө шингээсэн мэдлэг чадвар, бусдад үзүүлэн гайхуулах өнгөцxөн “диплом” хоёрын хооронд их ялгаа бий. Өдөр шөнийг үл алгасан урсах он цагийн урсгал энэ л залуу насны гоо үзэсгэлэн, сурч мэдэх  их боломжийг хамтад нь урсган оддог гэдгийг харин тэд тэгтлээ анзаарахгүй.

    БОЛОВСРОЛ

    Монголчууд бид БОЛОВСРОЛ гэдгийг “ДИПЛОМ” гэж ойлгосоор удаж буй. Хэдийгээр нийгэм өөрчлөгдсөн хэдий ч өнөө хэр нь энэ ойлголтоосоо салаагүй явна. Ямар сайндаа манай ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй маргалдахдаа “чамайг бодвол би Ленинградад сургууль төгссөн хүн шүү” гэж “илүүрхэж” байхав. Монголын боловсролын салбарын бодлого, хөгжлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх учиртай эрхмүүдийн “мэдлэг чадвар” нэг иймэрхүү…

    Яг л энэ “боловсрол бол диплом мөн” гэдэг ядмагхан ойлголтын нөлөөгөөр Монголчууд бид, Улсын болон Хувийн хэвшлийн их дээд сургуулийн тооны хүн амд харьцуулан үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж яваа. Харин чанарын хувьд ямар түвшинд байгааг баталж чадахгүй ч “боловсрол бол ашигтай бизнес” болон хувирч байгааг анзаарч байна. Бидний эргэн тойронд байгаа “дээд боловсролын дипломтой” худалдагч, үйлчлэгч, хамгаалалтын ажилтан, массажчин, бас биеэ үнэлэгчид, наймаачидыг харахдаа өнөөгийн “боловсролын үнэ цэнэ болон чанар”-ыг
    мэдрэх мэт.

    Харин өнөөгийн Монголын нийгэмд залуусыг ажилд авахдаа “гуравдагч оронд мастераас дээш боловсролтой” хэмээн цохон нэрлэх болсон нь АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад “мастер”-т суралцах их хөдөлгөөнийг өрнүүлж байгаа сайн талтай хэдий ч өөрийн орны боловсролын чанарыг хэрхэн үнэлж буйн нэгэн илэрхийлэл мэт. Харин эдгээр орнуудад сургууль төгсөгчид ажилд орохдоо “мэргэжлийн ур чадвараас гадна багаар ажиллах чадвар, хувь хүний хүмүүжил төлөвшлөө” илэрхийлэн нотолж байж тэнцдэг гэдгийг бид бас л мартаж боломгүй. Диплом гэдэг нь тэдний юу судалж, хэрхэн мэдэж байгааг тодорхойлсон баримт бичиг төдий болохоос ажилд орох шалгуур ч бас биш юм.

    СУРГУУЛИАС ГАДНА ЮУ СУРАХ ЁСТОЙ ВЭ?

    Саяхан фейсбүүк дээр ийм асуулт тавьсан байсан. Энэ бол шинэ үеийн залуусын эрэл хайлт, бас цаг үеийн шаардлагын мэдрэмж байж болох. ДИПЛОМ бол тухайн хүний энэ сургуульд суралцахдаа юу судалж, ямар чадвар эзэмшсэнийг нотлох баримт бичиг. Харин БОЛОВСРОЛ бол тухайн хүний энэ нийгэмд өөрийгөө зөв сайнаар авч явах чадвар, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэл юм. Биднийг бага ахуйд “ХҮН БҮХ НАСААРАА Л СУРАЛЦАХ УЧИРТАЙ” хэмээн сургадаг байж. Энэ бол сургууль төгсөөд л өөрийгөө “төгс төгөлдөр болчихлоо” хэмээн эндүүрдэгээс огт өөр зүйл юм. Хүн болж төрснийхөө хувьд энэ нийгэмд зөв сайнаар амьдрах чадварт суралцана гэдэг байнга тасралтгүй үйлдэл юм.

    ЮУ СУРАХ ЁСТОЙ ГЭЖ?

    1. Хэл харилцааны соёл:
    Ямар ч хүн зөв сайнаар ярьж өөрийн бодол санаагаа илэрхийлж байх учиртай. Ядаж хараалын бүдүүлэг үгс, Монголчууд бидний амны уншлага болсон “п..да”, “танд их баярлалаа” “тантай танилцсандаа таатай байна” гэх хэллэгийн ялгааг салгаж ойлгож байх хэрэгтэй мэт. Үг бол тухайн хүний ухаан санааны илэрхийлэл. Хэн нэгэнтэй ярилцахдаа үгээ олохгүй ээрч мууран гацаж байх нь сайн зүйл гэж үү?

    Tүүнээс гадна зөв сайн, утга төгс бичиж сурах нь хэрэгтэй. Дурласан бүсгүйдээ өгөх хайрын захиагаа бусдаар бичүүлж байсан нэгэн, хэзээ нэгэн цагт эхнэртээ чин сэтгэлийн хайрын үг хэлж чадах болов уу? Ядаж л хаа нэгтээ өгөх өргөдөл, баримт бичгийг хэн нэгнээр бичүүлэх нь сайн зүйл, бас тус гэж үү? Бид өөрсдөө ямагт уншиж байхгүйгээр энэ чадварыг эзэмшихэд амаргүй.

    2. Түүх-Хууль эрх зүйн боловсрол:
    Бид өөрсдийн бахархалгүйгээр бусдыг хайрлан хүндэтгэж чадахгүй. Бидний бахархал бол бидний түүх. Бид хэрхэн үүсэж, хэрхэн нэгдэж, хэрхэн өдий хүртэл оршин тогтнож ирсэнийг түүх л бидэнд өгүүлнэ. “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” хэмээн сургасан үг ч бас бий. Монгол хүн бүхэн ядаж л “Монголын нууц товчоо” хөлгөн судраа заавал мэдэж байх хэрэгтэй.

    “Бид тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг” хэмээн бидний өвөг дээдэс зарлигласан. Хууль бол хувь хүн, нийгмийн харилцааны зохицуулалт болон хэм хэмжээ. Бусдын юмыг зөвшөөрөлгүй авахгүй байхыг, дургүй хүрсэн нэгнийхээ намалдагийг нээгээд байж болохгүйг, олон нийтийн газар бусдаас илүү “атаман” зан гаргаж болохгүйг, өөрөө зөвшөөрөөгүй байхад нь бусдыг хүчирхийлэн дарамталж болохгүйг, согтчихоод хаа дуртай газраа бие засаад байж болохгүйг хууль бидэнд сануулдаг.

    Бас хууль биднийг хэрхэн хамгаалж байх ёстойг ч бид өөрсдөө мэдэж байх учиртай. Шударга бус үйлдлийн эсрэг үгээ хэлэх, хууль бус үйлдлийн эсрэг  тэмцэх, бүдүүлэг хэрцгий байдлын эсрэг гомдол гаргах эрхээ ч мэдэж, хэрэгжүүлж байх үүрэг бий.

    3. Байгаль экологийн боловсрол:
    Бид өөрсдийн эргэн тойронд байгаа байгаль орчин болон амьтан ургамлын зүй тогтлын талаар мэдэж байх учиртай. Ядаж л урсгал усны эхний модыг огтолбол ширгэдэг тухай, ургамал цэцэгсийг үндсээр нь тасалбал эргэж ургадаггүй тухай, амьтай бүхэн өөрийн үр төлөө хайрлан хамгаалдаг тухай, байгалийн гайхамшигт тэнцвэрийн тухай, хамгаалж арчлах нь бидний амьдрах орчинд сайнаар нөлөөлөх талаар мэдэж байвал зохилтой.

    Өндөрлөг газар босгосон овоон дээр архи ууж, давсгаа суллах бус чулуу өргөдөг заншлын талаар, энд тэндгүй ухсан нүхээ булж дарахгүй бол хүн амьтан унаж бэртэх аюулын талаар, цагийн аяс болон байгалийг шинжин байж малаа хариулан, нүүдэллэн амьдардаг монгол ухааны талаар ч мэдэж байвал сайн.

    4. Эдийн засгийн боловсрол:
    Ажиллаж олсон мөнгөө хэрхэн үр ашигтай зарцуулж, амьдрал ахуйдаа хүргэх, зөв тооцоолох талаар мэдэж байх учиртай. Орлогоос зарлагыг хасч байж ашгийг тооцоолдог болохоос олсон бүх мөнгөө ашиг гэж тооцон будилахгүй байхыг, хэрэгцээнээс давсан зарлага өрийн дарамт болон хувирдаг тухай, хэмжээнээс давсан өр зээл амьдралыг нурааж, хүмүүсийг ядуу болгодог талаар мэдэж байвал зохилтой.

    Орлого хэрэгцээ хоёрын зөв зохицолдоон гэр бүлийн алсын төлөвлөлт, зохицуулалтыг бий болгодог талаар, мөнгө бол хэрэгцээ болохоос амьдралын туйлын зорилго бус гэдгийг, хүн болгон заавал учиргүй их баян байх албагүйг,  хууль бус орлого хэзээ нэгэн цагт гэмд унагаах халтайг мэдэж байх нь хэрэгтэй.

    5. Эрүүл мэнд, бие бялдрын боловсрол:
    Энэхэн биеийг олж төрсөн өөрийнхөө бүтцийн тухай, эрүүл явах нь амьдралын баяр баясгалан болох тухай, бусдад гайхуулах гэж бус өөртөө тааруулан сайхан хувцаслах соёлын тухай мэдэж байх учиртай. Өвдөхгүй байхын тулд хэрхэх хэрэгтэйг, өвдсөн үедээ хэрхэн эмчлэх ёстойг, өөрийн бие махбодийн онцлогоо мэдэж байгууштай.

    Тэгвэл ядаж л энэхэн биеэ бусдад даатгаж, элдэв барьц өргөлөөр өвчнийг дарна гэж будилахгүй, “ийм ч тийм ч юманд сайн гэнэ” хэмээн юуг ч мэдэхгүй зүйлийг ууж идэхгүй, хувь заяа болон амьд явах хугацаагаа бусдаар мэргэлүүлэн сэтгэлээ хямруулахгүйгээр өөрөө өөртөө итгэж явахад хэрэг болох биз. Зохисон зохиогүй хамаагүй үнэтэй болгоныг өмсөж бас зүүж, хэн нэгний атаархал шуналыг хөдөлгөхдөө сэтгэлийн цэнгэлийг эдлэх тэнэглэлд автахгүй буйз.

    6. Гоо сайхны боловсрол:

    Энэ ертөнцөд бусад аугаа авьяастан ухаантнуудын бүтээсэн урлаг соёлын гайхамшигийг мэдэж байх  хэрэгтэй. Уран зураг, дуу хөгжим гэдэг ямагт хүмүүний сэтгэлийг баясуулан цэнгүүлнэ. Тэдгээрийг үзэж, сонсож байхдаа хүмүүс “энэ амьдрал ямар гайхамшигтай сайхан зүйлээр дүүрэн” байдгийг мэдэрч баярлан бахдаж байдаг. Ямар ч хүн гоо сайхны дэргэдүүр шагшин магтахгүйгээр өнгөрдөггүй.

    Гайхамшигт уран зургууд айл гэрийн ханыг чимж байхдаа тэр л орчинд сэтгэлийн халуун дулаан илч гэрлийг түгээж байдаг. Сайхан аялгуу хөгжим эгшиглэж байхад хүн ядарч алжааснаа умартаж, түүнд уусан тайтгарна. Айлд байгаа олон номуудтай номын сан ямар ч үнэтэй тавилгаас илүү гоё харагддаг. Энэ бүхэн тэр айлыг илүү гэгээлэг, аз жаргалтай бас ирээдүйдээ итгэлтэй байгааг илэрхийлнэ. Учир нь ийм сайхан зүйлийг ямагт өөртөө мэдрүүлж байдаг хүмүүс хэзээ ч муу үйлд автддаггүй аж.

    7. Техник технологийн боловсрол:

    Өдгөө ШУ -ны ололт айл гэрт бүрэн нэвтэрчээ. Цахилгаан хэрэгсэлүүдээс эхлээд угаалгын нунтаг хүртэл бүгд л өнөөгийн техник технологийн ололт. Тийм болохоор эдэлж хэрэглэж байгаа бүх л техник технологийн үндсийг мэдэх байх хэрэгтэй. Хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ, цахилгаан гал тогоо, телевизор, хөгжим тоглуулагч, компьютер зэрэг бүх л хэрэгсэлүүдийн бүтэц болон үндсэн зарчмуудыг мэдэж байх нь өнөөгийн шаардлага болжээ.

    Мөн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, угаалга цэвэрлэгээний олон химийн урвалж бодисуудын талаар ч мэдэж байх  шаардлагатай. Энэ нь эрүүл байх, гэмтэхгүй байх нэгэн боломж. Ядаж л хүнсний болон химийн гаралтай бүтээгдэхүүний код болон ашиглалтын хугацааг мэдэж байх нь эрүүл мэндэд хэрэг болно.

    8. Гэр бүл болон бэлгийн боловсрол:

    Хүмүүс энэ ертөнц дээр гэр бүл болцгоон хамтдаа амьдарч, өөрийн үр удмаа үлдээдэг. Зарим тохиолдолд адгуусны зөн давамгайлдаг хэдий ч энэ талаар маш их зүйлийг судалж мэдэж байх нь хэрэгтэй. Жинхэнэ хайр сэтгэл, сонирхол шохоорхлын ялгаа, сексийн боловсрол, гэр бүлийн эдийн засаг, хүүхэд төрүүлэх, арчилж өсгөх эрдэм, амьдралыг авч явах ухаан болон бие биенээ чин сэтгэлээсээ хайрлан, хүндэлж, итгэж байхын утга учрыг ойлгож мэдэж байгууштай.

    Яг үнэндээ монголчууд бид залуустаа энэ талаар хэлж ярьж сургаж байгаагүйгээс тэд амьдралд “бор зүрхээрээ” л орж үүнийхээ уршгаар учраа олохгүй салж холдох нь зөндөө байгаа. Тэдэнд чин сэтгэлээсээ хэлж сургахын оронд өөрийн хүүхдээ өмөөрч, бусдыг буруутгадаг муу зуршлаар олон ч залуусын урмыг хугалж, итгэлийг цөхрөөсөн. Өдгөө залуусын эхлээд мэдэж судалж байх зүйл нь энэ байх болно.

    9. Мэдээллийн технологийн боловсрол:
    Өдгөө мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байна. Энэ хурдацын ачаар даяарчлал улам хүчтэй явагдаж, орон зай хил хязгаарын ялгаа арилж буй. Тэгэхээр хүн болгон мэдээллийн энэ технологийн ололтыг ашиглаж сурах хэрэгтэй болж байна. Сургуульд суралцах, бас өөртөө хэрэгтэй зүйлд суралцахад, бизнес худалдаа хийх, адил төст сонирхолтой найз нөхөдтэй болох, тэдэнтэй санаа бодлоо хуваалцах, хүссэн мэдээллээ хайж олон ашиглах боломжийг мэдээллийн технологи олгож байна.

    Энэ бол хүмүүсийн бие дааж өөрийгөө хөгжүүлэх асар том боломж, өөрийн сонирхлоор болон сонголтоор хэний ч албадлагагүйгээр суралцах боломж. Яг энд өгүүлж байгаа бие хүний төлөвшил болон нийгэмд өөрийгөө зөв сайнаар авч явах болон илэрхийлэхэд хэрэг болох боловсролыг бие даан эзэмшихэд мэдээллийн технологийн хөгжил тус болно. Та үүнийг ашиглагтун.

    Бие хүний зөв төлөвшилд хэрэгтэй мэдлэг боловсролуудаас өөрийн бодлоо санал болгон бичлээ. Эдгээр мэдлэгийг “суурь” болгон Монголын ЕБС-иудад заавал судлуулж сургаж эхэлвээс Монголын нийгэмд зөв сайнаар амьдарч чадах бие хүмүүсийг бэлтгэж чадна. Энэ талаар миний бие олон жил санал болгож байгаа. Заавал ЕБС гэлтгүй өнөөгийн залуус бие даан суралцахад бүх л боломж нь нээлттэй байгаа. Ердөө л ” эзэн хичээвэл заяа хичээх” болно. Энэ бол БОЛОВСРОЛ юм.

    ТӨГСГӨЛИЙН ОРОНД

    …9 сарын 1 эрдмийн их баяр. “Эрдмийн алтан босгыг мөнгөн хонхны жингэнэсэн дуугаар алхаж оров” хэмээн сүр жавхлантайгаар зарладаг сан. Одоо ч хэвээрээ байгаа байх. Хүүхдүүдийн инээд хөөр цалгиласан дуу чимээ, хөгжил баясал. Эд бол Монголын ирээдүй. Хүүхдүүдээ сургуульд оруулсан л бол бүх л хувь заяаг нь даатгадаг асан тэр л цаг үеэс өнөө үе ихэд өөрчлөгдөж буй. Эцэг эхчүүд маань өнөө цагт “эд хөрөнгөтэй бус эрдэм мэдлэгтэй хүүхдүүд баялаг болно” гэдгийг мэддэг болжээ. Энэ ч цагийн аяс, амьдралын туршлага.

    Өнөөгийн Монголын хүүхэд залуус маань хөгжиж байна. Мэдээж сайн муу олон ч зүйл байгаа хэдий ч ирээдүйн төлөөх хөгжилд нь бүгд л санаа тавьж байгаа. Энэ бол нэгэн дэвшил.

    Би гадаадад суралцаж байгаа Монгол залуусыг харахдаа бахархдаг. Тэд сургалтын төлбөрөө өөрөө олох гэж, аав ээжийгээ зовоохгүй гэсэндээ зав чөлөөгөөр ажил хийж, үлдсэн цагтаа хичээн суралцаж байна. Тэд мөнгөний, цагийн үнэ цэнийг сайтар мэдэрч, эрдэм мэдлэгтэй байхын ач тусыг хэнээр ч хэлүүлэлгүй маш сайн ойлгож байна. Тэд амьдралдаа хэрэг болох бүх л зүйлд суралцаж байна. Тэд өнөөдөр ядарч, зовж байвч энэ бүхнийг давсны дараа тэд илүү хүчтэй болж санасандаа хүрч чадна гэдэгт итгэж байна.

    ХАРИН:
    -Монголын оюутнуудын сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс дааж, энэ оны 12 сараас эхлэн оюутнуудад сар бүр 50 000 төгрөгийн тэтгэлэг олгохоор болж байгаа гэнэ. “21000 төгрөг”-ийн хор уршгийн талаар халаглаж дуусаагүй байхад дахиад л халамж тэтгэлэг. Мэдээж энэ бүхнийг оюутнууд янз бүрээр ашиглах хэдий ч зөвхөн дипломны хойноос зүтгэж байгаа нэгэн хэсэгт нь муу нөлөө үзүүлэх л болно. 21.000+ 50.000 төгрөг Монголын оюутнуудыг хөгжүүлэх болов уу?

    -Монголын Их Дээд сургуулиудын төлбөр нь байгуулагдсан жил болон сургалтын бааз, туршлагаасаа үл хамааран адил хэмжээнд тогтоогдож байгаа бололтой. Нийтлэлч Цэнддоогийн бичсэнээр 70 жилийн түүхтэй МУИС, дөрвөн жилийн өмнө байгуулагдсан хувийн их дээд сургуулиуд яг адил төлбөртэй байгаа нь шударга явдал мөн үү? “Эх орны хишиг сан”-гаас оюутнуудын сургалтын төлбөрийн зарим хэсгийг шийдэх болсон, суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох болсон шийдвэрүүд нь, хувьдаа Их, Дээд Сургуулиудтай улстөрч эрхмүүдийн эрх ашгийн төлөө үйлчилж байгаа юм биш үү?

    Тийм болохоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн Их, Дээд Сургуулиудын эздийн нэрийг  зарлах цаг болжээ.

    -Оюутнуудад туслах, тэднийг дэмжих учиртай “Төрийн сангийн зээл”-ийн талаар өдгөө их л бүдэг бадаг мэдээлэл гарах болж. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэгдэж байснаар энэ сангийн зээлийн зарцуулалт маш замбараагүй болж, өмнө олгосон олон сая $-ын зээл эргэн төлөгдөхгүй байгаа тухай гарч байсан. Мөн л улстөрч эрхмүүд энэ сангийн зээлээр өөрийн болон ах дүү хамаатан садангуудынхаа хүүхдүүдийг гадаадад сургаж байгаа тухай яригдах болсон.
    “Төрийн сангийн зээл”-ээр суралцаж байгаа оюутнуудын талаарх мэдээллийг ил тод болгож, зээлийн эргэн төлөлтийг тайлагнах цаг болсон биш үү?

    Монголын боловсролын салбар Монголын ирээдүй үеийг сурган хүмүүжүүлэх үүргийнхээ хувьд шинэчлэх, хийх зүйл их байнаа.

  • ТВИТТЕРИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ

    Твиттер хэмээх олон нийттэй харилцах сошиал медиаг хэрхэн амжилттай ашиглах талаар зөвлөмж

  • Facebook цахим хуудсыг оновчтой ашиглах заавар

    600.000.000 гишүүнтэй facebook хэмээх цахим улс гүрний гишүүн болж өөрийгөө болон байгууллагынхаа мэдээ мэдээллийг хуваалцаж өөрсдийн оройн зайг бий болгохын тулд хийх эхний алхамын тухай үгүүлэв.
    Хэрэглэгчийн данс үүсгэх, хуудас нээх, хуудсыг хөгжүүлэх, фасевоок, твиттерийг холбох тухай.