Category: human-development

  • БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ НЬ (Зөвлөмж)

    “Бизнесийн өрсөлдөөн улам бүр хурдтай болж буй энэ цаг үед тогтмол сурч хөгжих тогтолцоог бий болгож чадсан байгууллага л амьд үлдэнэ”

     

     ==================================================

    АГУУЛГА

    1. Хөтөлбөрийг боловсруулах
    1.а. Зорилго, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох
    1.b. Нөөцөө тодорхойлох
    1.с. Сургалтын байгууллагууд болон сургагч багш нарыг судлах

     2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх
    2.а. Сургалтын хэлбэр, аргачлалууд

     3. Хөтөлбөрийг үргэлж шинэчлэх

     

     ============================================================

     1. ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ

    Компанид ажилтанг сурган дадлагажуулж авах үед болон сонгон шалгаруулалтаар авсан цагаас ажилтанг тогтмол хөгжүүлж, чадваржуулж байх Ажилтаны сургалт хөгжлийн хөтөлбөр гэсэн чухал хөтөлбөрт хамрагдаж явах ёстой. Уг хөтөлбөрийг менежментийн баг болон хүний нөөцийн менежер (баг) хамтран боловсруулвал зохистой. Хөтөлбөрийг 1 улиралаас 1 жил хүртлэх хугацаатай, цогц шинж чанартай, системтэйгээр хэрэгжихүйцээр төлөвлөх хэрэгтэй.

    Сургалт хөгжлийн хөтөлбөрийг боловсуулахдаа, ажилтаны

    1. Хувь хүний хөгжил (Эхлээд ажилтанг ажилтан гэж харахаасаа өмнө хувь хүн шүү гэдэг өнцөгөөс нь харж хөгжүүлвэл оновчтой. Хувийн зохион байгуулалт, дадал зуршил, амьдралын хэв маяг г.м. Монгол хүний нэг онцлог нь хүн шиг хандвал хүн шиг л хандана гэсэн дотоод бодол байдаг)
    2. Мэргэжлийн ур чадвар (Мэргэжлийн ажлаа хийж гүйцэтгэхэд дутагдаад байгаа ур чадварууд)
    3. Багаар хамтран ажиллах ур чадвар (Бусадтайгаа уялдаж, ойлголцож ажиллах чадварын түвшин)

    гэсэн ерөнхий 3 чиглэлийг бодолцож төлөвлөнө.

    Хөтөлбөрт

    1. Лекц, сургалт
    2. Ажилтан хамт олны уулзалт
    3. Өглөөний уулзалт буюу 7 хоногт 1 удаа ажилын цагаас өмнө цуглаж мэдлэгээ солилцох, сонирхолтой хүн урьж яриа хийх.
    4. Ажилчидын клуб буюу мэдлэг туршлагаа солилцдог өдөрлөг. Дотоод хөгжлийн клубын системийг бий болгосноор хамт олон туршлагаа тогтмол хуваалцан нэгнээсээ суралцаж тогтмол хөгжих тогтолцоо бүрдэнэ.
    5. Гэр бүлийн өдөрлөг буюу нийт хамт олныг гэр бүлтэй нь урьж нээлттэй өдөрдөг зохион байгуулах. Гэр бүлд нь ажлынх нь онцлогийг мэдүүлэх зорилготой. (Цагаан сарын үеэр байж болно.)
    6. Үнэт зүйлийн өдөр буюу байгууллагынхаа үнэт зүйл, зорилго зорилт, алдаа онооны тухай нийтээр ярилцдаг өдөр.
    7. Чин сэтгэлийн зурвас буюу нэг өдөр байгууллагаар шууданч ажиллуулж нэгэндээ зориулсан зурвас, захидалуудыг зөөж үйлчилнэ. Гомдож, тунисан сэтгэлийг тайлж уур амьсгалд эерэгээр нөлөөлдөг.
    8. Мэдээллийн цаг буюу байгууллагын ажилтануудад хамгийн их хэрэгтэй байгаа сэдвээр мэдээлэл хийлгэж болдог. Жишээ нь: байрны зээл, даатгал, хэрхэн турах вэ г.м.
    9. Урлаг спортын арга хэмжээ, тэмцээн уралдаан
    10. Хамт олноороо үзвэр үйлчилгээнд хамрагдах
    11. Ажлын чиг үүргээ нэг өдөр солилцож хийж, нэгнийхээ ажлын байрны онцлогыг мэдэж авах.
    12. Салбарын байгууллагуудтай өрсөлдөх уралдаан, тэмцээн гэсэн хэлбэрүүдээс оруулах боломжтой.

    1.a. Зорилго, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох
    Хөтөлбөрийн зорилго нь байгууллагын баг хамт олны мэдлэг, ур чадварын нөөцийг илрүүлж ашиглах, шавхагдашгүй баялаг болох хүний бүтээлч сэтгэлгээ, туршлагыг бизнесийг хөгжүүлэхэд, баялаг бүтээхэд оролцуулахад чиглэдэг.  Мөн ажилтануудын сул талыг багасгах, давуу талыг дэмжиж илүү хөгжүүлэхэд чиглэж болно.

    Сургалтын хэрэгцээ шаардлагыг Гүйцэтгэлийн үнэлгээнээсээ тодорхойлж гаргаж ирнэ. Гүйцэтгэлийн үнэлгээнээс үр дүн муутай ажиллаж байгаа ажилтаны МУУ АЖИЛЛААД БАЙГАА ШАЛТГААНЫГ тодорхойлно. Мэргэжлийн ур чадвар уу, эсвэл хувийн харилцаа, хандлагаас болов уу, эсвэл удирлагын ур чадвар, баг хамт олны үл ойлголцол, хийх ажлын тодорхой биш байдлаас болов уу гэх мэтээр тодорхойлно. Тодорхойлсоны дагуу төлөвлөлт гаргана.

    1. БАЙГУУЛЛАГЫН ДОТООД СУРГАЛТ
      1. Байгууллагын зорилго, үзэл санаа, үнэт зүйл
      2. Дэг, журам, заавар
        1. Дэг: Ажлын дэс дараалал
        2. Журам: Болох, болохгүйн хил заагийг заасан
        3. Заавар: Ажил хийх аргазүй, үйл явцийн заавар
        4. Гэрээ: Эрхийг заана. Хөдөлөмөрийн харилцааг зохицуулна
        5. АБТ: Үүргийг заана
    2. МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР САЙЖРУУЛАХ
    3. ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ
    4. Байгууллагын соёлын үйл ажиллагаа г.м-р төлөвлөнө.

    СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГЫГ Ажилтануудын санал асуулгаар тодорхойлж огт болдоггүй. Хэрвээ санал асуулгаар асуувал “Англи хэл сурах, Илтгэх урлаг”  гэх мэт ямар ч уялдаа холбоогүй Мөрөөдлийн жагсаалт болдог тул, ингэж тодорхойлоос татгалз.

    1.b. Нөөцөө тодорхойлох
    Сургалтын дотоод нөөц буюу компанийн ажилтанууд ямар сэдвээр ямар хугацаанд лекц сургалт орох чадвартайг тодорхойлох хэрэгтэй. “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг шиг ажлынхаа тухай А-Я хүртэл мэддэг ажилтан бол хамгийн сайн сургагч болж чаддаг.  Хамгийн үр дүнтэй сайн сургагчид бол дотоод сургагчид байдаг. Тиймээс өөрсдийн дотоод сургагчидыг бодлогоор дэмжиж, чанартай сайн сургалт, зөвлөгөө зохион байгуулах ажиллагааг цалин, урамшууллын системтэй нь холбож өгөх нь зөв. Дотоод сургалт нь мэргэжлийн бус, туршлагаа солилцох хэлбэрээр эхлэдэг боловч яваандаа илүү чанаржин сайжирч хэлбэржин мэргэжлийн сургалттай өрсөлдөхүйц болж хөгждөг.

    1.c. Сургалтын байгууллагууд болон сургагч нарыг судлах
    Танай байгууллагад хэрэгтэй гэж үзсэн сургалтын байгууллагууд болон сургагч багш нарын жагсаалтыг гаргаж, тухайн байгууллагуудруу хандаж сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл болон сургалтын арга барил зэрэг мэдээлэлийг урьдчилан хүлээн авч тэдгээрийн салбартаа мэргэшсэн байдал, туршлага, сургалтын хэлбэр арга барил зэргийг судалж үзнэ. Мөн өөрсдөнд тулгамдаж буй асуудлаа сургагч багш нартаа хэлж, гарах гарцийг нь тогтмол ярилцаж байх хэрэгтэй.

    2. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
    Хөтөлбөр нь амжилттай хэрэгжихийн тулд ажилтануудын өдөр тутмын ажил, үүргийн хуваарьтай нягт уялдсан, ажилаа хийхэд нь төвөр учирахааргүй, энгийн шийдсэн байх ёстой. Сургалт хөгжлийн хөтөлбөр явагдаад байна гэж илт мэдэгдэхгүйгээр урсах мэт, өдөр тутмын үйл ажиллагаатай уялдаад урсах мэт хийж чадсан хөтөлбөр хамгийн сайн болсон гэсэн үг. 
    Байгууллагын соёлтой нягт уялдсан хөтөлбөр л цааш амьдарч чаддаг. Хэт албадлагын шинжтэй болгоод ажилтануудын дургуйцлийг хүргэвэл хөтөлбөр амжилтгүй болно. Тиймээс анхнаас нь хөтөлбөрийнхөө ач холбогдолыг  ажилтанууддаа сайн ойлгуулж хандлагыг нь бий болгох хэрэгтэй.

    2.a. Сургалтын хэлбэр, аргачлалууд
    Агуулгын хувьд: 1. Хувь хүний хөгжилд чиглэсэн; 2. Мэргэжлийн ур чадварыг сайжруулах; 3. Ажиллах орчин нөхцөл, текник технологийн шинэчлэлт, ашиглалттай холбоотой сургалт гэсэн 3 чиглэл байдаг.

    Сургалтын орчны хувьд: 1. Ажлын байрны сургалт (ажлын байран дээр богино хугацааны); 2. Танхимын сургалт (сургалтын зориулалтын танхимд); 3. Заалны сургалт (Спорт заал ашиглан, хөдөлгөөнт тэмцээнд суурилсан сургалт); 4. Хээрийн сургалт (Хөдөө, байгалийн сайханд, гадаа талбайг ашиглан өрсөлдөөнт тоглоом, уралдаан хийх замаар баг хамт олны уур амьсгалыг зангидддаг сургалт)

    Сургалтын аргууд: Лекц, семинараас гадна оролцоонд тулгуурласан аргачлалууд түлхүү хөгжиж байна. Жишээ нь: тоглоомын, дүрд тоглох, багийн ажиллагааны даалгавар биелүүлэх, кейс ажиллах гэх мэт. Сургалтын идэвхитэй олон талт аргачлалуудыг ашигласнаар хөтөлбөр сонирхолтой, үр дүнтэй болдог.

    Сургалтын хэлбэр: Биечилсэн сургалтаас гадна доорх хэлбэрүүдийг ашиглавал илүү баялаг хүртээмжтэй болно. Ажилтануудын мэдлэг хүлээн авах онцлогт тохирсон олон талт сургалтын хэлбэрүүд байвал маш сайн.
    1. Аудио: Захирал удирдлагуудын лекц яриа болон чадварлаг туршлагатай мэргэжилтнүүдийн хэлсэн үг зэргийг хураагуураар бичиж аудио архив бүрдүүл. Уг бичлэгүүдийг зохистой дараалалд оруулж заавал сонсох хичээлүүд болгон бэлтгэх боломжтой.
    2. Видео: Онцгой, чухал ач холбогдолтой, дахин давтагдашгүй лекцүүдийг видео болгож архивла. Мөн техник технологийн ашиглалтын заавруудыг видео хичээл болгож бэлтгэ. Видео хичээлүүдийг цуврал болгож шинэ ажилтануудын заавал үзэх хичээлийн жагсаалт гаргаж үзүүл.
    3. Цахим сургалт: Академик мэдлэг дээшлүүлэх, судалгааны чиглэлийн сургалтуудыг цахимаар зохион байгуулах боломжтой.

    3. ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖ ШИНЭЧЛЭХ
    Хөтөлбөрийн явцийг тогтмол дүгнэж сайжруулж байх хэрэгтэй. Байгууллагад тулгарч байгаа асуудал болон ажиглалт, судалгаанд үндэслэн эрэлттэй байгаа сургалтын сэдэвийг тодорхойлж хөтөлбөрт нэмэлтээр оруулж байх нь зөв. Сургалтын агуулга, хэлбэр, сургагч багш нарын чадварыг тогтмол үнэлж, сул талуудыг нь илрүүлж байх хэрэгтэй. Хөтөлбөрийн сургалт -> судалгаа -> үр дүнг дүгнэх -> дахин төлөвлөх гэх мэтээр хөтөлбөрийг тогтмол сайжруулах тогтолцоогоо бүрдүүлэх хэрэгтэй.

    Жамсранжавын Лувсандорж
    Үндэстэн Баг ХХК

  • Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн

    Энэ өгүүллийг хуульчид бүү уншаарай!!!- Хууль гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Ф.Баетма “Би зөвхөн хуулинд захирагдана”, “Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна”, “Зөвхөн хуулийг дээдэлнэ” гэсэн хэллэгүүд манай нийгэмд их дэлгэрсэн юм биз дээ! Яасан ч гоё, бас тэгээд сүртэй ч үгнүүд вэ? Гэхдээ эдгээр хэллэг тийм олигтой утга агуулдаггүй гэдгийг хуульч эрхмүүд мэддэг болов уу!?

    ХYН: ЁС СУРТАХУУНЫ АМЬТАН УУ ЭСВЭЛ ХУУЛИЙН АМЬТАН УУ?
    “Хүн бол хуулийн ч амьтан, мөн ёс суртахууны ч амьтан” гэж нэлээд нь хариулах биз. Гэхдээ энэ бол танин мэдэхүйн асуултад танин мэдэхүйн бус утгаар хариулт өгч байгаа хэрэг.

    Иймэрхүү нэгэн утгат хариулт шаардсан асуултад “аль, аль нь мөн” гэсэн салаа утгатай хариулт өгч болдоггүй гэдгийг сэтгэлгээний соёлтой бүх хүн мэддэг. Yнэндээ хүн амьдрал дээр энэ хоёрын аль нэгэнд нь илүүтэй захирагдаж байдаг шүү дээ. Түүнээс биш хоёуланд нь яг адилхан (50,50 хувь) захирагдана гэж байдаггүй. Мөн өгүүллийнхээ санааг задлахын тулд хуулийн талаархи Бастиагийн “хачирхалтай” байр суурийг үндэслэх арга бий юү гэдгийг авч үзье. Бодит логик нь үнэн болохоор үндэслэж болно гэж бодож байна. Өгүүллийн маань үндсэн зорилго ч энэ билээ. 
    “Зөвхөн хуулийг дээдэлнэ”, “Би хуулиас өөр юунд ч захирагдахгүй” гэх мэт үгс үнэндээ хоосон үг болох нь тэдгээр үгийг хэлж байгаа хүмүүсийн үйл байдлыг анхааралтай ажигласан хүнд мэдрэгддэг. Тэр хүмүүс ч өөрсдөө хэрэгцээ тохиолдвол уг хуулиа уландаа гишгэнэ гэдгээ мэдэж л байдаг. Тэдний ихэнх нь “арьсаа хамгаалахын” тулд өөртөө хэрэгтэй цаг үе, нөхцөл байдалд эдгээр сүржин илэрхийллүүдийг маш чадамгай ашигладаг билээ. 

    ЛИБЕРТАРИ YЗЭЛ БА ХУУЛЬ

    Төр, хууль хоёр нь төрсөн аав, хүү хоёр л гэсэн үг.
    Энэ бол маш том, тэгээд ч нэлээд ээдрээт сэдэв. Либертари үзлийн үүднээс хуулийн тухай ойлголтыг маш товч илэрхийлэхийг хичээе. Хууль бол төрийн хүслийг гүйцэлдүүлэгч, төрийн багаж хэрэгсэл мөн. Төр хуулиар дамжуулан хувь хүний эрх чөлөөнд халдаж, эдийн засгийн хөгжлийг боомилж байдаг. Төр хуу­лийн нэрээр хэрхэн хулгай, дээрэм хийдгийг монгол хэлнээ хөрвүүлэгдсэн Бастиа, Хайк, Мизес, Ранд, Фридман, Боаз, Бэргланд нарын либертари номнуудаас хараарай. Хууль бол ухаантай, ухамсартай, ёс суртахуунтай хүний хувьд зүгээр л нэг “чөдөр”, баглаас төдий зүйл. Эдийн засгийн аяндаа бий болсон журам дэглэмд (spontaneous order-д) хөндлөнгөөс оролцож, журамлаж “дэглэхийг” оролдож, хошуугаа дүрж байдаг. Ер нь л “laissez-faire”-ийн эсрэг зүйл дээ. 

    “ХУУЛЬ БОЛ ГУУЛЬ”

    Хууль, ёс суртахуун хоёрт нэгэн төстэй чанар байх. Тэр нь юу вэ гэвэл, хоёул хүний зан төлвийг (behaүior-r) зохицуулж байдаг. Өөрөөр хэлбэл, хувь хүнээс бусад хүн, байгууллага, нийгэмтэйгээ харилцах харилцааг зохицуулдаг. Гэтэл энэ хоёрт маш том ялгаа бий. Нэг нь (хууль) тухайн хүнийг хүссэн хүсээгүй захирагдахыг шаарддаг бол нөгөө нь (ёс суртахуун) чиний итгэл үнэмшил юуг шаардаж байна түүнийхээ дагуу үйлд хэмээнэ. Энэ бол маш том ялгаа мөн! Бидний хууль гэж яриад байгаа зүйлийн хамгийн муу тал нь хүмүүс түүнийг зохиодогт оршино. Жинхэнэ хуулийг хэн ч зохиодоггүй бөгөөд (харин Байгаль юмуу Бурхан зохиодог гэж яривал өөр хэрэг) түүнийг дагахгүй бол бүгд сүйрнэ, үүнд л хүчтэй тал нь оршдог. Ийм зүйлийг үнэхээр хууль гэхээс өөр юу гэхэв. Түүнээс биш одоогийн УИХ-ын гишүүдийн толгойд “гэнэт” орж ирсэн хүсэл зориг, эсвэл найз нөхдийнхөө захиалгаар гараа өргөж байгаа саналыг хууль гэмээргүй байна. Ийм хуулийг хүссэн цагтаа биелүүлж, хү­сээгүй цагтаа үл тоомсорлож болдог учраас энэ нь “хууль биш гууль” болдог аж. 

    Хуулийг хувийнхаа эрх ашгийг хамгаалах зэвсэг болгон өөртөө ашигтайгаар тайлбарлаж болдог дарга нарын нийгэм шиг эвгүй нийгэм байдаг гэж үү! Бид нэгэнт л тиймэрхүү этгээдүүдэд өөрийнхөө амьдралыг захирах эрх өгснөөс хойш бүх юм дуусч, тэд биднээр ёстой тоглох шиг болно. Уг нь иргэд тэдний өмссөн цагаан цамц, зангианд хууртагдах ёсгүй. Тэдний энэ хуурамч дүр төрхийн цаана хамгийн аймшигт гэмт хэргүүд нуугдаж байдаг. Шамшигдуулж буй өмч хөрөнгө, авилга, албан тушаалын гэмт хэргийг нь сонсох юм бол хармааны хулгайч, дээрэмчин, архичид хэчнээн өчүүхэн, гэнэн цайлган, гэмгүй амьтад болох нь мэдэгдэнэ. Эрхтэн ямбатнуудад хууль үйлчилдэггүй ийм ний­гэм нэртэйгээр нь үндсэн хуулиндаа “дарга болон хөрөнгөтэй хүмүүст хууль үл хамаарна” (“Энэ хууль И.Б.Титогоос бусдад нь хамаарна” гэдэг шиг) гэсэн заалт оруулчихвал амар. 

    Хуулийг хууль болгох арга замын тухай Кант “Тухайн хүн бусад маань ч гэсэн над шиг хийгээсэй гэсэн байдлаар үйлдэх” нь сайн хуультай байх үндэс гэж үзсэн. Гэтэл бид муу хуульчдын боловсруулсан муу хуулийг биелүүлэх ёстой болж байна. Ийм хууль-ёс хүн-ёсыг байнга зөрчиж, хүмүүсийн амьдралыг там болгодог билээ. Муу хууль үйлдвэрлэдэг улс оронд хуулийг яс баримталдаг хүн байна гэж бодоход аймшигтай! 

    ГУРАВ ХОНОГИЙН НАСТАЙ МОНГОЛ “ХУУЛЬ”

    Бидний хууль гээд байгаа тэр зүйл бол цаасан дээр буулгасан хоосон үг, хэн нэгний захиалга, түүнийг хүссэн үедээ хэрэгжүүлээд, хүсээгүй үедээ уландаа гишгэчихэж болдог “гурав хоногийн настай зүйл” гэдгийг бүгд мэддэг. Тийм ч учраас жирийн иргэдээс эхлээд төрийн хамгийн дээд өндөрлөгтөө хүртэл хуулиа зөрчиж байдаг. Зөрчинө гэдгээ бүгд мэдсээр байгаа мөртлөө “хуулиа дээдэлнэ” гэж ярьдагт бидний увайгүй (худалч) шинж оршиж байгаа юм. Монголын хууль хэл найруулга, утга санааны хувьд даанч муу! Ямар ч гэмт хэрэгтэн өөртөө ашигтайгаар тайлбарлаж, гуйвуулж болдог. Би латин хэл мэдэхгүй, гэхдээ ганц хоёр хуулийн томъёоллыг (англитай төстэй үг, логик тэр хэлэнд бай­даг учраас бага сага ойлгодог) харсан. Хэч­нээн логиктой, гүн гүнзгий агуулгатай импе­ратив байдаг гээч! Монголын хууль тийм биш байгаа нь үг-хэлэндээ байна уу, хуульчдадаа байна уу, сайн мэдэгддэггүй. Бараг хуульчдадаа байдаг болов уу гэсэн сэжиг төрдөг. Иймэрхүү хууль гаргадаг учраас Монголын хууль гурав хоногийн настай байдаг байх. 

    ХУУЛЬ, ЁС СУРТАХУУН ХОЁРЫН АЛИНД НЬ ЗАХИРАГДАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

    Хууль, ёс суртахуун хоёр зөрчилдөх үед иргэн ёс суртахуунаа дагах уу, хуулийг дагах уу гэсэн хүнд асуудалтай тулгардаг. Бастиа
    Хүн-ёс бол хамгийн дээд хууль гэсэн ойлголтгүй тэр хүмүүс л хууль-ёс ярьдаг. Хүн-ёсыг баримталдаг бүх хүн хэн нэгний зовж байж бүтээсэн зүйлийг хулгайлаад авчихаж болохгүй, дээрэм гэдэг бол өөрийн бүтээж чадахгүй баялгийг адгийн хар хүч ашиглан өөртөө авч буй хэрэг гэдгийг мэддэг. Ийм ойлголт, ёс журамтай хүн хэзээ ч хууль бус зүйл хийдэггүй. Гэтэл хуулиар бүх амьдралаа зохицуулна хэмээн бодож байгаа тэр хүмүүс бол хамгийн аймшигтай субъектууд. Тэд бүх зүйлийг хуулийн призмээр хардаг. Магадгүй, аав ээж нь аваарт ороод амь нас нь агшин хором бүрээр тоологдож байхад хүртэл хэл хөдөлгөөнгүй зам дээр машинаа улаан гэрэл дээр зогсоох байх шүү, энэ “хуулийг баримтлагчид”! Хууль-ёсыг л зөрчихгүй бол хүн-ёс ч яамай. Тэд эхнэр, хүүхэдтэйгээ хүртэл хууль ёсны дагуу харьцана. Хууль ёсонд захирагдсан ийм гэр бүлд “хүн-ёс” гэж зүйл огт байдаггүй, тэд зөвхөн хуулиар олгогдсон эрхдээ л гол анхаарлаа төвлөрүүлдэг. Айл гэрийн хамгийн нандин зүйл болох хүн чанар, итгэлцэл, ёс суртахуун, нэгнийгээ ойлгож төрөлх инстинктээр нь байлгах энэ бүхэн тэдний хувьд хамгийн “хачирхалтай” зүйл. Хуулиар амьдардаг ийм гэр бүл огтоос гэр бүл биш мэт санагддаг. 

    Хуулийг дээдэлдэг хүн хуулиас өөр юунд ч итгэхгүй. Ажил хэрэг явуулахын тулд тэр хүнд “би нэр төрөөрөө тангараглая” гэж хэлэх юм бол ёстой хөх инээдийг нь хүргэнэ. Нэр төр, итгэлцэл гэдэг бол угаасаа ёс суртахууны ойлголт, нэр төр, итгэлцэл байдаггүй учраас хууль гарч ирдэг юм чинь. Тэгэхээр тэд хууль, тогтоол, шүүхийн шийдвэр гээд албан ёсны баримт л шаардана. Түүнийг нь дагаад нөгөө хүнд суртал, авилга гээд хүн-ёстой харшилсан зүйлс гарч ирдэг. Хуульчдын “эвгүй” шинж ердөө л энэ. Хэчнээн сайн хуульч байна, төдий чинээ аймшигтай. өмнө маань нэг л машин байгаа юм шиг. Уг нь ч ойлгомжтой л доо, хуульч хүн нүдээ боолгосон Фемида шиг байх ёстой, гэхдээ л… Миний бодлоор хууль мэднэ гэдэг бол түүнийг үг, үсэгчлэн цээжлэх явдал биш, түүний утга санаа, цаад логикийг мэддэг байх явдал юм шиг байгаа юм. Ийм хүн хуулийг сохроор дагахгүй, харин шүүмжлэлтэй хандаж чаддаг. 

    ХУУЛИЙН ЁС ХИЙГЭЭД ХYНИЙ ЁС

    Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун. Гельвеций
    Одоо нэгэнт бид ёс зүй гэж яриад заншчихаж дээ. Уг нь ёс суртахуун гэж яривал зөв юм шиг санагддаг. Харин ёс суртахууныг судалдаг ухааныг ёс зүй хэмээдэг (гоо сайхныг судалдаг ухааныг гоо зүй, сэтгэлгээний учир шалтгааныг судал­даг ухааныг учир зүй логик гэдэг шиг). За энэ ч яахав, мөн чанарын асуудал биш. Гол нь энд ёс суртахуун гэдэг бол хүн-ёс юм гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. Ёс суртахуунгүйчүүд нэгэнт ёс суртахуунгүй учраас энэ асуудал тэдний хувьд ойлгоход үнэхээр хэцүү зүйлийн нэг мөн (Та бүхэн “совесть” гэдэг орос үгийг монгол хэл рүү орчуулж болдоггүй, учир нь монгол хүнд угаасаа совесть байдаггүй, тэгэхээр байхгүй зүйлийг тэмдэглэсэн үг байдаггүй гэсэн Галсан докторын яриаг сонссон байх). 

    “Ёс суртахуун гэж юу юм бэ?” гэсэн асуулттай олонтаа тааралдаж байлаа. Yүнийг хамгийн хялбар байдлаар тайлбарлах гэж оролдъё. Наад зах нь хуулиас биш өөрөөсөө айдаг хүн бол ёс суртахуунтай хүн. “Өөрөөсөө айна гэж юу гэсэн үг юм, би өөрийгөө яах ч үгүй шүү дээ, би өөрийн хийсэн гэмийг хэнд ч хэлэхгүй” гэсэн бодолтой байвал болохоо болиод явчихаж байгаа юм. Өөрийн хийсэн үйлдэлд өөрөө дүгнэлт хийх чадвараас тэр хүний ёс суртахуун их харагддаг. Чоно нялх янзага барьж идчихээд гэмшинэ гэж байхгүй. Учир нь тэр бол чоно. Адгийн алуурчид хэдхэн төгрөгний төлөө ядарсан нэгнийг алчихаад гэмшинэ гэж үгүй, учир нь тэр бас л чоно. Туслах бололцоотой байсан хэрнээ багын найздаа туслахгүй, тэгсэн хэрнээ гэмшдэггүй хүн байх, тэрээр бас л чонорхуу болж байгаа нь тэр. Гэтэл хэвийн ёс суртахуунтай хүн яадаг вэ гэхээр гудамжинд ядарсан нэг хүнд туслах бололцоотой байсан хэрнээ туслахгүй өнгөрчихөөд (жишээ нь, хүүхэдтэй, гуйлгачин эмэгтэйд 500 төгрөг өгчихлөө гэхэд надаас юу ч хорохгүй байсан гэсэн бодолдоо) ядахад нэг цаг ч гэсэн шаналж байвал “хүн” болж байгаа нь тэр. Гэтэл ямар ч увайгүй үйлдэл хийсэн огтхон ч шаналдаггүй хүмүүс байх, “хууль л зөрчихгүй бол боллоо” гэсэн мөнөөх олхиогүй бодолтой тэр хүмүүс хамгийн аймшигтай. 

    Тэгэхээр Гельвецийн хэлснээр “Хүнийг хүн болгож бай­даг зүйл ёс суртахуун” юм бол “Хүнийг хүн биш болгож байдаг зүйл бол хууль”. Би дээрх жишээг гуйлгачин сэтгэлгээ, залхуу хойрго байдлыг дэмждэг учраас хэлж бай­гаа юм биш. Гэхдээ өөрөө хэдий буруугүй байсан ч “амьдралын арга эв” олдохгүй үе гэж байдаг шиг санагддаг. Уг нь ёс суртахуун гэдэг бол ойлгоход тийм ч хэцүү зүйл биш. Сайн, муу, нүгэл, буян гэдэг бол ямар ч үед амьдарч байсан хүний хувьд бараг априори ойлголт шүү дээ. Нөгөөх коммунистууд маань бүх юмыг гуйвуулж өөрчилдгөөрөө өөрчилж, сайныг муу, мууг сайн, нүглийг буян, буяныг нүгэл болгож орхисон болохоос. Тэднийхээр алдаж оносон эцэг, эхээ хууль, цагдаад очиж хэлсэн “морозовчууд” бол өөрөө өөрийгөө ялсан сайн үйлстнүүд. Гэтэл энэ нь ёс суртахуунлаг хүний хувьд гэмшсэнээсээ болж бараг амиа хорлом үйлдэл шүү дээ. Ер нь ёс суртахууны хувьд өөрийгөө ялна гэж байдаггүй юм. Хэрэв өөрийн гэмших сэтгэлийг ялах юм бол ямар ч юм хийхээс гудийхгүй, хийсэн хойноо юу ч болоогүй юм шиг зогсч байдаг, эгээ л нөгөө хүн-чоно болж байна гэсэн үг биш үү. 

    Түүхэн уламжлал, зан заншлаараа ёс суртахуунаа бий болгож чадсан ард түмэн хүмүүнлэг байж чаддаг. Гэтэл бидний ёс суртахууны чин эрмэлзэл, норм (энэ нь хэм хэмжээ, “табу” гэсэн үг юм шүү дээ) үргэлж буруу байдаг. Ганцхан жишээ татахад, “Тунгалаг Тамир”-ын Эрдэнийг бид үргэлж хамгийн сайн хүнээр төсөөлдөг. Гэтэл тэр маань өөрийн хэргийг гүйцэлдүүлэхийн тулд өөртөө хайртай хүний (Гэрэл) хайр сэтгэлийг далимдуулан үхэл рүү түлхэхээс сийхгүй нэгэн байсан шүү дээ. Мөн эхнэр Долгор ба Буян чавганцад гаргасан зан ааш нь ч ёс суртахууны үүднээс авч үзэх юм бол тийм аятайхан зүйл биш санагд­даг. Мөн бидний бахархдаг өөр нэг хачин жишээ татахад, газраас олсон нэг тоглоом, барьсан нэг загаснаас болж ахан дүүсийн хооронд үргэлж шахуу гарч байдаг мар­гаанаас болж нэгнийгээ харваад алчихаж байгаа хүн (Чингис) тийм сайн хүн мөн гэж үү! 

    ХУУЛИЙГ ДЭЭДЛЭГЧ ХYН

    Ийм хүн өөрөөсөө айна гэж байхгүй ганц айдаг зүйл нь хууль. Гэтэл тэр х хамгийн аймшигтай оюун санааны гэмт хэрэгтэн байж ч болдог. Өөрөөр хэлбэл өч төчнөөн гэмт хэргийг хэдийнэ оюун санаандаа үйлдчихсэн байдаг. “Тэр муу намайг их шүүмжлээд байгаа юм, чадчих юмсан”, “Энэ яасан их баяждаг золиг вэ, мөнгийг нь хулгайлаад хоосруулж орхих юмсан” гэх мэт өдий төдий гэмт хэргийг оюун санаандаа үйлдэнэ. Гэхдээ тэрээр “хуулийг дээдэлдэг хүн” учраас энэхүү гэмт бодлоо гадагш гаргаж, амьдрал хэрэгжүүлж болохгүй гэдгээ сайн мэддэг, үнэндээ тэд ирээдүйн гэмт хэрэгтэн буюу “бололцоо” нь таарвал хүн алахаас ч сийхгүй этгээдүүд мөн. Гэтэл хууль-ёс ноёлсон нийгэмд тийм хүмүүст хариуцлага тооцох арга байдаггүй (хамгийн аймшигт бодол санаа агуулж байдаг ч гэсэн амьдрал түүнийгээ хэрэгжүүлээгүй учраас). 

    ЁС СУРТАХУУНЛАГ ХYН

    Харин ёс суртахуун нь гэмт хэрэг хийгээгүй ч оюун санаандаа тийм нүгэлт зүйл бодсоных нь төлөө тухайн хүнийг яллаж байдаг (Энд шашны тухай яриа гарч ирнэ. Yнэндээ Бурхнаас айх, өөрөөсөө айх хоёр нь эрс өөр зүйл. Энэ нь маш сонирхолтой ч гэсэн манай сэдвээс арай гажсан сэдэв учраас энд дэлгэрэнгүй өгүүлэхээ азнахаар шийдэв). Ёс суртахуун, хууль хоёр ялгаа эндээс тод харагдана. Хууль хүний гадагш гарсан үйлдэл дээр үйлчилдэг бол ёс суртахуун нь хүний гадагш гарсан үйлдэл дээр төдий дотоод оюун санаанд нь үйлчилж байдаг. Өөрөөр хэлбэл, ёс суртахуун нь хүмүүсийн дотор оюун санаандаа ч тийм нүгэлт бодол агуулахыг ч зөвшөөрдөггүй гэсэн үг. Ёс суртахууны ийм бат итгэл үнэмшилтэй хүнийг хууль, эрх мэдэл, мөнгөний аль нь ч дийлэхгүй, ганцхан ёс суртахуун нь (дотоод итгэл үнэмшил нь) дийлнэ. Ёс суртахууны хүчтэй тал гэдэг бол ердөө л энэ. 

    Ер нь юу зөв, буруу болохыг эрүүл, логиктой сэтгэдэг хүн хуультай хуульгүй ойлгож байдаг юм билээ. Тийм ч учраас АНУ-д “тангарагтны шүүх” гэж хуулийн боловсрол-мэдлэггүй атлаа шүүх дээр хам­гийн гол шийдвэр гаргадаг хүмүүсээс бүрдсэн нэгэн институт ажилладаг. Тэд хуулийн мэдлэг боловсролгүй ч, ажил амьдралын их туршлагатай, хэвийн сэтгэдэг, шударга зан чанартай хүмүүс байдаг. Тэд тухайн яллагдагчийн “буруутай” (эсвэл буруугүй) болохыг шийдэх бөгөөд шүүгч зөвхөн тэр шийдвэрийг хуу­лийн өмнөөс хэлбэржүүлнэ. Тэгэхээр “тангарагтны шүүх” гэдэг бол бидний ярьж буй зүйлтэй логикийн хувьд утга авцалдах сайн процедур мөнөөсөө мөн. 

    ЁС СУРТАХУУН БОЛ ЖИНХЭНЭ ХУУЛЬ МӨН

    Нухацтайхан эргэцүүлээд үзэх юм бол нийгэмд “rule of law” биш, “rule of justice” ноёрхож байх ёстой юм шиг санагддаг (Энэ хоёр ойлголт хоорондоо хэр зэрэг авцалддаг тухай асуудал мөн л судалгааны тусгай сэдэв болох тул хойш тавихаас өөр арга олдсонгүй). Өөрөөр хэлбэл, нийгэмд хууль ёс биш, зүй ёс ноёрхох ёстой. Гэтэл амьдралын утга учир, хуулийн амин сүнсийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй хүнийг цагдаа гудамжинд зогсоочихоод, биеэ хэрхэн авч явах талаар зааж сургаж, зандарч айлгаж байдаг хачирхалтай нийгэмд бид амьдарч байна шүү дээ. Ухаандаа хууль, ёс журам мэддэг хүн “ёс журамгүй хүндээ” хэрхэн амьдрахыг зааж өгч байгаа нь тэр. Даанч гутамшигтай байгаа биз! Эвгүй нийгэм гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа юм. 

    Манай нийгэмд хууль биш ёс суртахуун дутагдсанаас болж аймшигт гэмт хэрэгтнүүд өсч бойжсоор байна. Тэгэхээр хуулийг ёс суртахуунгүй хүнд хэрэглэх юм бол тэр нь “хууль ёсны хууль” болно. Хууль хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ хуулийг хууль болгодог хууль хэрэгтэй. Хуульчдын хувьд хууль нь үндсэн хуулинд таарч байвал хууль болдог бол бидний хувьд тэр нь ёс суртахуунд зөрчилдөхгүй байж сая хууль болно. Эцэст нь давтан хэлэхэд, хуулиас дээгүүрх хууль гэдэг бол ёс суртахуун (жинхэнэ хууль бол ёс суртахуун) гэдгийг хүн бүр ухамсарлавал энэ нийгэмд эрүүгийн гэмт хэрэг төдийгүй бусад ёс бус байдал ихээхэн багасах байх даа гэсэн найдвар сэтгэлийн минь мухарт байдаг. 

    Ардын эрх сонин 179 /457

  • Хүүхдийн хөгжил ба уламжлал шинэчлэл

    УДИРТГАЛ
    Монгол улс маань зах зээлийн эзийн засагт шилжиснээс хойш чамгүй хугацааг үдсэн ч одоог хүртэл хүүхдийн эрх, хөгжил хамгааллын талаар нэгдсэн бодлого боловсруулаагүй урсгалаараа явж байгаа гэх хэлж болно. Нүүдлийн соёл иргэншлээс, суурин соёлруу шилжих энэ явцад хүүхдийн эрх ихээр зөрчигдөж, өөрийн хууль ёсны үндсэн эрхээ ч эдлэж чадахгүйл хүрээд байна. Нарны хаан хүүхэд, Нэгдүгээрт хүүхэд гэхчилэн чихэр шиг сайхан үгийг томчууд бид хэлдэг ч тэр бүр хүүхэддээ анхаарал хандуулж тэдний эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Манай орон НҮБ-д 1969 онд элсэн орж, улмаар хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн ч одоо хирнээ хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байгаа нь нэгийг хэлж хоёрыг сануулах бизээ. Нийгмийн байдал өөрчлөгдөн сайжрахыг хүлээвэл одоо гудамжинд байгаа багачууд эрийн цээнд хүрч эх орны маань ирээдүй Африкийн дорой орнуудтай адил хэмжээнд очихоор барахгүй тэднээс дордож ч магадгүй юм.
    Өнөөлөр монгол улсын хэмжээгээр албан ёсны бүртгэлтэй 68 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн талаас илүү хувь нь буюу 35 орчим мянган хүүхэд хүнд хүчир ажилд нухлагдаж байна гэсэн тоог энэ оны эхний улирлын статистк тоо мэдээнд дурьдсан байна. Тэгвэл албан ёсны бүртгэлгүй энд тэнд цагаар ажиллах, биеэ үнэлэх зэргээр шар нар бор хоногийг өнгөрөөж буй асар олон өсвөр насны охид, хөвгүүд байгаа нь ойлгомжтой. Жоншны уурхай, өлөн гэдэс боловсруулах цех, ундааны үйлдвэр, оёдлын үйлдвэрүүд, хувиараа алт олзворлох салбарт хүүхдүүдийг ажиллуулж хөдөлмөрийн хөлснөөс доогуур цалин өгөх нь гадаад дотоодын хөрөнгө оруулалттай жижиг компанид хэрэгтэй байж болох юм. Гэвч өнөөдөр манай улс ажилгүйчүүдээр баяжиж, ид ажил хөдөлмөр эрхлэх насны залуус гадаадруу олноороо гаран ажиллаж байгаа нь хэнд ч ил асуудал.
    Монгол орны хөгжил дэвшлийн түлхүүр газар доорхи алт, эрднэсээ ухаж зарах,энд тэндхийн хөрөнгө оруулалтыг, зээл тусламжийг горилох зэргийн аль нь ч биш. Харин хүний хөгжил хамгийн чухал нөлөөтэй. Бид хүүхдүүддээ чанартай мэдлэг боловсрол, шударга үнэнийг ойлгох ухаан, амьдрах чадвар дадлыг суулгаж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг гүйцэж харах оюуны хөгжлийг өгөх хэрэгтэй. Ингэж гэмээнэ монгол орон хөгжин дэвшнэ гэж би боддог.
    Бид асар баян түүхтэй өв соёлтой хэдий ч хүүхдийн хүмүүжил, амьдрах нөхцөл бололцоог түүхийн аль ч цаг үед хангаж чадаж байсан орон гэж үзэж болох болов уу? гэсэн хэдий ч мэдээлэл технологийн гэсэн тодотголтой энэ зуунд хүүхдийн эрх бүдүүлгээр зөрчигдөж байна. Хэн ч харсан энгийн ёс заншил мэт санагдах хурдан морины уралдаан хүртэл хүүхдүүдийн ирээдүйг бүрхэг болгож байна гээд хэлчихвэл нэг их хатуудахгүй болов уу? Сүүлийн 3-4 жилийн хугацаанд хүүхдүүд өөрсдөө эвлэлдэн нэгдэж шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэхээр мини парламент хуралдуулж, чуулга уулзалт, дугуй ширээний ярилцлага зэргийг нилээдгүй тоогоор зохион байгуулж төр засгийн түшээдтэй уулзаж зөвшилцсөний үр дүнд эмзэг бүлгийн хүүхдүүд тэдний дундаас хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдэд бага ч болов анхаарал хандуулж эхлээд байна. Мөн уламжлал гэж үзээд хэн ч тоодоггүй байсан хулдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийн асуудал сөхөгдөн бүгдээрээ биш хэдий ч ганц нэгээрээ үүнийг хүлээн зөвшөөрч үүнд бага боловч анхаарал хандуулж байгаад баяртай байна.
    Зөвхөн анхаарал хандуулаад зогсохгүй шийдвэртэй алхам хийж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага амьдралаас гарч ирж байна. Нийгтийн хөгжлийн хурдын гүйцэхийн тулд, гүйцээд зогсохгүй түрүүлэхийн тулд хүний хөгжил чухал. Нэгдүгээрт хүүхэд гэсэн аян яг одоо буюу 4-р сарын 29-өөс 5-р сарын 9-ны хооронд улс дачар зохион байгуулагдаж байна. Энэ аянаас хүүхдүүд илүү ихийг хожих ёстой. Харин хүүхдийн нэр барьж шоудагчид, өөрийн нэр хүндээ өсгөх, эрх мэдлээ ахиулах тоглолт битгий болоосой. Хүүхдийн гэсэн тодотголоор шийдвэр гаргах түвшинд очитлоо ахисан эрх мэдэлтэн олон бий. Гэсэн ч тэд ямар замаар, хаанаас яаж өндөрлөгт хүрснээ шууд мартдаг гэж хэлж болно. Хүүхдийн байгууллагууд борооны дараах мөөг шиг олширч байна. Тэд харин ажлаа л сайн хийж үнэхээр хүүхдийн төлөө ажиллаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
    ХҮҮХДИЙН ЭДЛЭХ ЁСТОЙ НААД ЗАХЫН
    ЭРХ ХАНГАГДАЖ ЧАДАЖ БАЙНА УУ?
    Зах зээлийн эдийн засгийн тогтолцооруу орсноос шалтгаалан урьд өмнө байгаагүй олон нэр томъёо та бидэнд сонсогдож дуулдах болсон. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүнд нөхцөл дэхь хүүхдүүд, траншейны болон гэдамжны тэнэмэл хүүхдүүд гэсэн үгнүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа хэдий ч яаг юунд анхаарал хандуулах ёстой, юуг өөрчлөх, ямар чиг шугамыг баримтлах вэ гэдэг дээр нэгдмэл байр суурь байхгүй өдий хүрч өнөөдөр хүүхэд наад захын эрхээ эдлэж чадахгүй томчууд биднээс нүдэндээ нулимстай алгаа тосон аврал эрж байна.
    Хүүхдийн амьдрах салшгүй эрх гэдэг нь эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас түүнд угаас заяасан салшгүй үндсэн эрх юм. Амьдрах эрх нь наад захын өлсгөлөнгөөс ангид байж, эрүүл саруул орчинд амьдрах эрхээр хангагдах ёстойг хэлх нь зөв болов уу? Гэвч өнөөдөр та бидний дунд хичнээн хүүхэд орох оронгүй тэнүүчилж, хог түүж, гуйлга гуйж, тэр ч бүү хэл хулгай дээрэм хүн амины гэмт хэрэгт холбогдож байгааг та бид телевиз радиогоор чихээ дөжиртөл сонсож байгаа билээ. Шийдвэр гаргах хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс нь Монгол улсын хөгжлийн гарцыг уул уурхай ашигт малтмал хэмээн хэрэлдэж суухад жинхэнэ хөгжлийн гарц, ирээдүй болсон үр хүүхэд маань боловсрол, мэдлэг, нийгмээс тусгаарлагдан цагаан давааны хогийн цэг, траншей, орц хонгилд нийгмээс гээгдэн үлдэж байна. Энэ байдал хэдийгээр хөдөө орон нутагт төвлөрсөн хот сууринг бодвол гайгүй байнаа гэж хэлж болохоор байгаа хэдий ч хөдөөнөөс хотруу чиглэсэн их нүүдлийн улмаас хотод орж ирсэн, харъяалал нь тодорхойгүй, шилжүүлэг байхгүй гэсэн аар саархан шалтгаанаас болж сургуульд суралцаж чадахгүй байгаа нь харамсалтай.
    Монгол улс үндсэн хуулиндаа хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, мэдлэг боловсрол олж авах эрхтэй гэж заасан хирнээ амьдралын мөр хөөж хот хүрээ бараадсан нэгэндээ ийн хандаж байгаа нь хүний эрх, цаашлаад хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрээд байгааг та бид бэлхнээ ухамсарлаж ойлгох цаг ирсэн. Налайхын уурхай, энд тэндхийн алтны нинжа гэгдээл байгаа хүмүүсийн тал илүү хувийг нь хүүхэд эзэлж, гэр орныхоо амьдралд хувь нэмэр оруулахаар бяцхан нуруун дээрээ томоос том ачааг үүрээд нийгмийн хөгжлийн араас аврал эрэн алхаж байна.
    Өнөөдөр гэр орноо тэжээхээр олон зуун хүүхэд сургуулий хаяж томчууд, эцэг эхийнхээ хоногийн хоолыг залгуулж байгаа нь хөдлөшгүй үнэн. Тэр үнэнтэй бид аль хэдийнээ эвлэрч өнөөдөр тэднийг ярих хэлэх хүнгүй болоод байна уу даа гэсэн эмзэглэл төрдгөө нуух юун. Хүүхэд гэр бүлийн бүх гишүүдийн адил тэгш эрхтэй гэж гэр бүлийн тухай хуульд заасан хэдий ч хуучин ёс заншил, болон бусад хүмззсийн хандлагаас шалтгаалан өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, орчин нөхцөлгүй байна. Хотоос алслагдсан дүүрэг гэгддэг Багануур одоогоор 20 гаруй мянган хүн амтай. Тэдгээрийн 13000 орчим нь 0-18 хүртэлх насны хүүхэд. Тал орчим хувийг хүүхэд эзэлж байгаа хэдий ч тэднийг чиглэсэн дорвитой зүйл нэг ч хийгдэхгүй байгаа гэж хэлж болно.ажилгүйдэл ядуурал газар авлаа гэж ярих нь ихэссэн ч түүний цаана байгаа хүүхдийн асуудал хойш тавигдсаар байна уу даа гэсэн эмзэглэл төрдөг.
    Сэтгэл зовоосон олон асуудлууд үүгээр зогсохгүй. Насанд хүрээгүйчүүдийг хил давуулан зарах, хүний хууль бус наймаа млнголд цэцэглээд байна. Саяхны нэгэн жишээ дурдъя. Хятад эрчүүдтэй ханилан тэдний нутгийг зорьсон хэсэг бүсгүйчүүл эрээн хотын консул дээр аврал эрэн ирээд эх орондоо эргэн ирснийг санаж байгаа байх. Тэдний дунд өөрийн үр хүүхдээ хужаа хүнтэй хүчээр суулгасан, нөхөр нт хүүхдийг нь зарчихсан гэсэн зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байсан. Амьдралын эрхээр гээд өмгөөлж болох хэлий ч эцэг эхийн болчимгүй алдаанаас болж хүүхдүүд бэлгийн мөлжлөг, боолчлол дунд амьдрах ёсгүй.
    Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийлэлээс хамгаалах гэх мэтчилэн хүүхдийн гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус олон байгуллага бий болж байгаа нь сайшаалтай хэдий ч хүүхдийн нэрээр бизнес хийх, хандив тусламж цуглуулах байдал нилээдгүй байгаа гэж би өөрийн хувьд дүгнэдэг. Энэ бүгдийг нийгмийн хөгжлийн байдаг л нэг үзэгдэл мэтээр тайлбарлагсад олон. Манай орон дагуулж биш дагаж хөгжиж байгаа орон. Бусдын алдааг давтах биш, харин суралцах хэрэгтэй. Гэсэн ч энэ бүгдийг түр орхиод та бүхний анхаарлыг өөр тийш шилжүүлье. C
    УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ
    Манайхан сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүдийн эрх, түүнийаюулгүй байдлын талаар санаа зовниж эхлээд байгаа. Энгийн, эцэг өвгөдийн уламжлал мэт боловч угтаа хамгийн ихээр энд л хүүхдийн эрх зөрчигдөөд байна уу даа гэж боддог. Уламжлалаа дээдлэх нь бидний эрхэм үүрэг. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Уламжлалаа сайжруулан шинэчлэх бус харин хүүхдийн эрхийг ихээр зөрчиж байгаа зүйл бол яах аргагүй хурдан морины уралдаан юм. Эрт дээр цагаас үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, хурдан морь, бөх, сэр харваагаар наадаж ирсэн уламжлалыг үгүйсгэж болохгүй хэдий ч одоо цагт уламжилж ирсэн соёлыг гажуудуулах нь ихсээд байна уу даа гэсэн эмзэглэлийн хүмүүст ихээр төрүүлэх болоод байгаатай та ч бас санал нэгдэх болов уу? Гэхдээ өвөг дээдэс маань наадмыг зуны дэлгэр цагаар хийж баярладаг байсан бол одоо жилийн дөрвөн улирал алгасалгүй шахам наадам хийж байгаа бөгөөд энэ явдал нь хүүхдийн эрхийг хөндөхөөс өөр өргөгүйд хүргэж байна. Юуны түрүүнд өвлийн тэсгим хүйтэнд хүүхдийг хурдан морь унуулж байгаад анхаарал тавих хэрэгтэй болсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэсэн ч дэлхийн хөгжил биднийг хүлээхгүй хорм хормоор урагшилж, тэр хирээр хүний эрх, эрх чөлөөний асуудал яригддаг болсон компътержсэн, мэдээллийн эрин зуунд бид амьдарч байгаагаа мартах учиргүй.
    Сайхан дээл өмсөж, ганган эмээл тохсон мөнгөтэй хүмүүсийн зугаа нь морин уралдаан болсон гээд хэлчихэд нэг их хэтрүүлэг болохгүй байх. Унаач хүүхдүүдийн эрх ашгийн талаар яриад ирэхээр цалин хөлс өгдөг, эцэг өвгөдийн уламжлал гээд олон зүйлийн тайлбар тавьдаг. Гэвч зун өвлийн зургаан сардаа халуунд халж, хүйтэнд хөрж ажилгүй арчаагүй эцэг эхээ тэжээдэг хуруун чинээ хүүхдүүд олон байгааг нуух хэрэггүй. Хурдан морь унаач хүүхдийн сарын цалин 40-50 мянган төгрөг байдаг. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хавьгүй бага байгаа бөгөөд тэднийэрүүл мэнд, аюулгүй байдал дэээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад амь нас нь үнэгүйдэж байгаагийн томоос том илрэл болж байна.
    Дундажхан хэмжээний нэг наадамд зөвхөн их насны 400-500 орчим морь уралддаг гэж үзвэл түүний цаана төдий тооны хүүхдийн хувь заяа яригдах учиртай. Миний мэдэхийн л Багануур дүүргийн сүүлийн хоёр жилийн наадмаар 3 хүүхэд амь насаа алдсан. Борооноор уралдаж явсан хүүхэд аянганд ниргүүлж унаж явсан морьтойгоо газар дээрээ амь үрэгдсэн. Мориноосоо унаж бэртэж гэмтсэн хүүхдийн тоо тоймоо алдсан. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар 2005 онд “Үндэсний баяр наадмын” тухай хууль батлагдсан ч энэ хуулинд тэдэн морь нь түрүүлбэл уяачид тийм цол өгнө, тэд давбал бөхөд тийм бай өгнө гэхчилэн зааснаас бус хатуухан хэлбэл амиа золиосолж байгаа хүүхдийн тухай тийм ч тод томруун заагаагүй юм шиг. Өвлийн уралдаанаар хүүхдүүд хацар, гар, хөлөө хөлдөөх нь бүр хэвийн үзэгдэл.
    Ингэхэд улс орны маань хөгжил хаашаа яваад байнаа. Хүүхэдгүй ирээдүй гэж лав үгүй. Баярлаж цэнгэхийн тулд бяцхан иргэдийнхээ ирээдүйгээр дэнчин тавихаа зогсоовол яасан юм бэ? Уламжлалаа дагаад зунд нь ядаж морио уралдуулъя. Өвлийн уралдааныг хориглож, зуны морин уралдаанд оролцож байгаа хүүхдүүдийг хамгаалалтын малгай, иж бүрэн хувцастай болговол яасан юм бэ? Жилийн жилд уралдах моридын тоо нэмэгдэж улсын их баяр наадмаар нэг насанд 500-600 морь уралдаж байгаа бөгөөд моридыг холын аймгуудаас тээвэрлэн авчирч уралдуулдаг болсноор тоо улам их өсөж байна. Олон морь уралдах тусам хүүхдэд учрах эрсдэл ихсэж байна гэж ойлгож болох юм. Аймаг, сумын наадамд цөөхөн тооны морь уралддаг болохоор хүнээс хамаарах эрсдэл багасаж, байгаль цаг уур сайхан байвал наадам сайхан болдог. Харин улсын гэдэг утгаараа цол, чимэг өгч хөдөлмөрөө үнэлүүлдэг учраас олон арван уяач хотыг зорьж наадах болсныг үгүйсгэж болохгүй хэдий ч морь дагасан олон машин, олон хүний хөл үймээн гээд хүний хүчин зүйлээс шууд хамаарах эрсдэл ихсэж байна гэж ойлгож байна. Бид хүүхдийн амь насаар дэнчин тавьж наадах эрхгүй. Бооцоотой бооцоогүй олон уралдаан хаа сайгүй жалга дов болгонд дөртөн цагийн эргэлтэнд болж тэр хирээр унаач хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх болоод байна.
    Гэмтэл бэртлээс гадна өтөл хөврын уралдаанд оролцохын тулд хүүхдүүд хичээлээсээ түр болон бүр мөсөн завсардаж байгаа билээ. Эцэг өвгөд маань өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэлцдэг. Хурдан морио унуулах гэж үр хүүхдээ сургуулиас завсардуулж, эсвэл таван төгрөгний цалин горилж хүүхдээ морь унуулж байгаа хүмүүс энэ үгийг санахад илүүдэхгүй. Сүүлийн хоёр жил хүүхдийн эрхийг хамгаалах сайн дурын олон байгууллагууд хамтран тэмцсэнээр унаач хүүхдүүдийн эрх ашиг бага ч болов яригдаж байгаа нь талархууштай. Хамгаалалтын малгай өмсгөж уралдана гэсэн дүрэм байдаг хэдий ч одоо болтол монголын хууль гурав хоног гэдгийн үлгэрийг үзүүлж байна. Зовлон тоочихоос түр орхиод шийдвэрлэх арга зам байгаа эсэхийг яръя.
    ҮҮНИЙГ ЯАЖ ШИЙДЭХ ВЭ?
    ХЭНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ ВЭ?
    Шийдэгдэхгүй асуудал гэж ер байхгүй. Ямар арга замаар яаж шийдэх вэ гэдэг л хамгийн чухал Өөрийнхөө сайн сайхны төлөө, өөрийн эрхээ хамгаалахынтулд юуны өмнө унаач хүүхдүүдийн оролцоо хамгийн чухал болов уу? Өөрсдийгөө эрсдэлгүй байлгахын тулд морины эзэнтэй аюулгүй байдлын гэрээ байгуулах, хувцас хэрэглэлийг ном журмын дагуу өмсөж уралдахыг санал болгох, даатгуулах, хичээлд явах цагийг тусгайлан гаргаж өгөх, цаашилбал суралцах таатай нөхцлийг бүрдүүлж өгөхийг хүсэх хэрэгтэй.
    Томчууд ч бас өөрийн гэсэн ухамсартай хандаж унаач хүүхдүүдийн нийгмийн байдал, тэдлэг боловсролд нь анхаарал тавьж үүнийгээ нэр төрийн хэрэг хэмээн бодууштай. Яагаад гэвэл манлай уяач, гарамгай уяач гэсэн сайхан нэрнээс гадна морио унаж байгаа хүүхндийн аюулгүй байдлыг хангаж шинэ залуу уяачиддаа үлгэр дууриал үзүүлбэл яасан юм бэ? Гоё дээл ганган эмээлээрээ бус хэн эрүүл саруул ухаанаар хүүхдээ, хүлгээ хайрлаж байгаагаар нь наадмын өнгийг тодорхойлохсон.
    Төр засаг маань баяр наадмын тухай хуулиа илүү ойлгомжтой нарийн болгож унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар нарийн дүрэм журам гаргах нь зүйд нийцнэ. Зөвхөн үүгээр зогсохгүй өвлийн болон хаврын уралдааныг хэрхэн яаж зохион байгуулах, ямар тохиолдолд хориглох зэрэг стандартыг тогтоож түүндээ хяналт тавьдаг байх хэрэгтэй. Ер нь уралдаан, наадмын зэрэглэлийг тогтоож тухай бүрт нь тохирсон нарийн стандарт тогтоож өгөх шаардлага амьдралаас урган гарч байгаа юм.
    Уралдаан зохион байгуулж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хүүхдийн хамгаалалтын хувцас, даатгал зэргийг уяачаас шаардаж тухай бүрт нь аюулгүй байдлыг хангуулж байх нь зүйтэй мэт. Тэгвэл энэ асуудал эерэгээр шийдэгдэж наадам маань сайхан болох болв уу? Үүний тулд бүгдээрээ эрвийж дэрвийхээрээ зүтгэх хэрэгтэй юм шиг. Ер нь энэ асуудал нь уяач болон наадам зохион байгуулж буй хүмүүсийн ёс зүйгээс шууд хамаарах бөгөөд хичээлээс хоцогдуулахгүй байх үүргийг уяач нарт өөрт нь шууд ноогдуулбал зохино. Шийдэх асуудал тодорхой арга зам нь бас тийм ч их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардхааргүй байхад яагаад өдийг хүртэл бид хүүхдийн амиар наадсаар байгаа юм бэ? Сайхан наадахын тулд тал бүрийн үүрэг оролцоо нэн чухал юм.
    ДҮГНЭЛТ
    Монгол орон маань хэдийгээр мал аж ахуйн орон боловч эрс тэс уур амьсгалтай, зун нь бүгчим халуун, өвөл нь тэсгим хүйтэн байдаг билээ. Байгаль цаг уурын онцлог, өнөөгийн хөгжил дэвшлийн хурдыг гүйцэж түрүүлэхийн тулд өв уламжлалаа хадгалахын дээр түүнийгээ хөгжүүлэн баяжуулах шаардлаг нэн тэргүүнд тавигдаж байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэж байгаа энэ зуунд бид ч бас энэ асуудлыг эн тэргүүнд тавьж хүүхдийн эрхийн хэрэгжилтэнд анхаарал хандуулах шаардлага тулгарч байгаа билээ.
    Нэг үгээр хэлбэл өнөөдөр хот хөдөөгийн ялгаа асар их болж хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх байдал ч янз бүр байна. Хот суурин газрыэ хүүхдүүд интернет, техник технологийн хөгжлийг мэдрэн өөрийгөө хөгжүүлж чадаж байгаа бол хөдөөгийн хүүхдүүд их лсайндаа телевизээр хорвоог харж байна. Мэдээлэл олж авч байгаа хэмжээнийхээ хирээр өөрийн эрх үүргийг ухамсарлаж байна. Өнгөрөгч 2006 оны 3-р сард нийслэлийн 2-р дунд сургуулийн хэсэг хараагүй сурагчид өөрсдийн эрхийн иөлөө суулт хийсэн нь монголд анх удаа хүүхдүүд өөрсдийнхөө төлөө тэмцсэн тохиолдол юм.
    Хүүхдүүд томчуудын үгийг хууль мэт биелүүлэх ёстой гэсэн хатуу байр суурь өнөө хирнээ нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа бөгөөд гэр бүлд эзлэх хүүхдийн байр суурь асар хангалтгүй байна. Үүнээс гадна сургууль, цэцэрлгийн багш сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн ёс зүйн шалгуур дорой байгаагаас амьдралын боломж тааруу, эсвэл ямар нэгэн буруу зуршилтай хүүхдүүд сургуулиа хаяж байгаа нь тэдний хувийн нууцтай байх, сурч боловсрох эрх зөрчигдөж байгаагийн тод илрэл гэж үзэхэд хүргэж байна.
    Төрөөс хэдийгээр мөнгөн тэтгэлэг өгөх замаар зарим нэг асуудлыг шийдэх гэж оролдож байгаа хэдий ч энэ нь тийм ч оновчтой арга биш юм. Өнөөдөртөө болж байгаа ч маргааш гологдоход хргэх болов уу? Вакцинжуулалтанд хамрагдсан байх, сургууль завсардуулаагүй байх гэх мэтчилэн шаардлагуудыг тухайн мөнгийг өгөхөд тавьж байгаа хэдий ч энэ шалгууруудаас болж нөгөө л эмзэг бүлгийн халтар жаалууд нийгмийн халамжаас тусгаарлагдан хоосон хонож байна.
    Манай орон 2005 онд явуулсан хүн амын тооллогоороо 2,4 сая хүн амтай байсан. Хүчирхэг гүрэн байхын тулд эрүүл саруул ирээдүйтэй байх хэрэгтэй. Ингээд эцэст нь өөрийн хөндсөн хурдан морь унаач хүүхдийн эрхийн талаар товчхон дахин сануулъя. Жилийн дөрвөн улиралд наадаж түүний улмаас хичнээн хүүхэд тахир дутуу болж, тэр бүү хэл амиа алдаж байгааг үзүүлэх тодорхой статистк тоо баримт байхгүй байна. Энэ нь өнөөдөр хүүхдийн амь яаж үнэгүйдэж байгааг бэлхнээ хэлээд өгнө. Бид 1 тэрбумуулаа биш, 10 саяулаа ч биш. Дөнгөж л 3-н саяын босгыг алхаж ядан байна. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулна гэсэн ч энэ нь хоосон үг болж байна.
    Бид морины нуруун дээр дарцаглан өссөн, монгол хүнийг мориноос салгаж ойлгож болохгүй, юун хүүхдийн хамгаалалтын малгай, хэдэн жаран дамнаад ингээд болж байсан юм гэхчилэн эсэргүүцэх хүмүүс захаас аваад гарч ирнэ. Гэсэн хэдий ч өнөөдөр цаг үе, хөгжил дэвшил бидэнд өөр шаардлаг тавьж байна. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан 2006 оны тайланд дурдсанаар хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдтэй адилтган авч үзэх хэрэгтэй гэсний дээр тэдний эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Бид хүүхдийн эрхийг хүндэтгэн сайхан наадаж сайхан амьдарч болно гэж би боддог. Анхаарал тавьсанд баярлалаа.
  • “Булчинлаг оюун” хөтөлбөр

    “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь “Булчинлаг оюун” хөтөлбөр юм.
    Бодибилдингээр тууштай хичээллэсэн, хэн бүхний булчин хөгждөгтэй нэгэн адил хүүхдийн оюуныг сонирхолтой олон хэлбэрээр байнга дасгалжуулснаар
    1.Үгэн сэтгэлгээ буюу ярих ухаан
    2.Дүрслэлт сэтгэлгээ буюу дүрслэлийн ухаан
    3.Логик сэтгэлгээ буюу логик ухаан
    4.Бүтээлч сэтгэлгээ буюу бүтээлч ухаан
    5.Биеийн ухаан
    6.Сэтгэл хөдлөлийн ухаан гэсэн тулгуур зургаан ухааныг нь улам бүр хөгжүүлж, СЭТГЭХ ЧАДВАР сайтай хүн болгож чадна.

    Бидний хүүхдүүд дээрх зургаан ухаанаа хөгжүүлснээр амьдралын орших үндэс болсон харилцаа, ойлголт, учир шалтгаан, оюун дүгнэлт, сэтгэл хөдлөл, биеийн байдал, харилцаа холбоо, мэдрэмжээ хэзээд, хаана ч зөв удирдан жолоодож, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай хүн болж төлөвшинө.

    Жич: “Булчинлаг оюун” хөтөлбөр нь дээрх зургаан ухаан тус бүр /дарааллаараа/харгалзан Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба гарагуудад байнга явагдана.

    Таныг хүүхэдтэйгээ хүрэлцэн ирэхийг уръж байна. Бидэнтэй холбогдох утас: 9915-8825

  • Ард Аюуш гэж хэн бэ?

    Эгэл хүн Алдаржавын Аюушийн мэндэлсэний 152 жилийн ойд зориулав

    “Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март 
    Хэзээ нэгэн цагт чамайг хойч үе чинь өвөг дээдэс минь гэнэ”.

    Буурал түүхийн тоос юу эсийг, хэн эсийг нөмрөн булшилдаг билээ. Энэ жамыг хүлцэхийн ялдам, буянт үйлсийнх нь насыг өртөөлөн уртасгах үүднээс хэрэг зориг юуг нь үндэсний ухамсарт зориуд шингээн үеийн үед дээдэлж байх учиртай ухаант мэргэд, баатарлаг зоригтнууд олон. Тэдний нэг бол алс баруун хязгаар Ховдоос төрөн гарсан домогт А.Аюуш юм.

    Гэвч Монголын түүхнээ өөрийн гэсэн ул мөрийг үлдээж, “Цэцэг нуурын дугуйлан” хэмээх бүлгэмийг байгуулан, тухайн үеийн нийгмийн шударга бус явдлын эсрэг зарга тэмцэл хийн тэмцэж явсан Ард хэмээх тодотголтой Аюушийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй билээ.

    Энэ түүхэн хүний талаар урлагаар дамжуулан авсан ойлголт буюу өөрөөр хэлбэл дэлгэцийн бүтээлээр эчнээ танилцан, ямар хүн байсан тухай анхан шатны мэдээлэлтэй байдаг хүн олон гэхэд хилсдэхгүй бизээ. Тиймээс Ард Аюуш гэх эл хүний тухай зарим нэгэн баримтыг сонирхуулж байна.

    Ард Аюуш гэх энэ түүхэн хүний жинхэнэ овог нь Алдаржав бөгөөд ард олны тусын тулд зүтгэж явсаны учир олноо Ард Аюуш хэмээн нэрийдэгдсэн болно. Энэхүү Алдаржавын Аюуш нь 1859 онд Засагт хан аймгийн Маньбазарын хошуу, одоогийн Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Мухар ирэгт гэх газар Алдаржавын 2 дугаар хөвүүн болон мэндэлсэн ажээ. Алдаржавын Аюуш нутгийн олныг удирдан хошууныхаа ноёдыг эсэргүүцэн 1903 онд хөдөлгөөн гаргасан байдаг. Эл эсэргүүцэл нь төдийлөн амжилт ололгүй дарагджээ.

    Аюушийн зохион байгуулсан хөдөлгөөний 2 дугаар үе нь найман жилийн дараа буюу 1911 онд эхлээд бараг 1918 он хүртэл үргэлжилжээ. Хятад дахь И-Хэ-Туаны бослогын нөлөөгөөр 1900 онд дэгдсэн Улиастайн цэргийн бослогоос хойш гурван жил болоод Аюушийн хөдөлгөөний нэгдүгээр үе эхэлсэн бол хоёрдугаар үе нь 1911 онд гарсан Манжийг эсэргүүцсэн нийт Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалтай холбоотой бөгөөд Аюушийн тэр хөдөлгөөн нь өөрөө 1911 оны нийт явдлын нэг шижим нь болж байв.

    Энэхүү хөдөлгөөний гол цөм нь Цэцэг нуурын дугуйлан хэмээх бүлгэм байсан ба Гижээ хэмээх хүнээр алдарт зүйл бүхий заргын бичгийг үйлдүүлэн, энэ заргын бичиг нь шийдэгдэлгүй явсаар бүр Нийслэл Хүрээ хүрч давж заалдсан байдаг. Гэвч хэргийн баримт дутуу гэдгээр шалтаглан хойшлуулсаар байтал заргын гол эзэн хошуу ноён Маньбазар өвчний улмаас өөд болсноор энэ хэрэг замхарсан түүхтэй.

    Тэгвэл Аюушийн хувийн амьдралын талаар цөөн зүйл өгүүлье. Тэрээр 1930 онд намын 8 дугаар Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, үг хэлж байсан нь орос хэлээр бичигдэн хадгалагджээ. Учир нь тэр үед тус хурлын тэмдэглэлийг хөтлөж байсан хүн нь орос хэлэнд сайн буриад хүн байсан тул үгийг нь оросоор бичсэн гэдэг. Аюуш хоёр хүүтэй бөгөөд томыг нь Далхаа, багыг нь Цэвэг гэдэг. Харин охинтой талаар тодорхой баримт гарч байгаагүй ч зарим баримтанд энэ талаар дурдагдсан байна. Үүнийг нотлох үүднээс 1933 онд улсын хэмжээгээр явагдсан хүн амын тооллогын баримтанд энэ түүхэн хүн, түүний гэр бүл хэрхэн бүртгэгдсэн талаар баримт сөхье.

    Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 1933 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын баримтанд:Ховд аймгийн Цэцэг сум, 10 дугаар баг. өрхийн тэргүүлэгч Алдаржавын Аюуш нас 74, бутач зээ Ванчигжав нас 14, бутач зээ Сосоржав нас 18, бутач зээ Сэржээ нас 11, охин  Жагдал, нас 44 гэж бүртгэгджээ. Мөн тус бүртгэлийн дараагийн хуудсанд: өрхийн тэргүүлэгч Аюушийн Цэвэг /Аюушийн бага хүү/  нас 32, хүү Цэвгийн Дорж нас 3, эхнэр Даваагийн Сэржээ нас 26 хэмээн бүртгэгджээ.

    Өдгөө Аюушийн үр сад түүний төрсөн нутаг болох Ховд аймгийн Цэцэг сумандаа амьдран суусаар байгаа бизээ.

    Алдаржавын Аюуш буюу түүхнээ Ард хэмээн алдаршсан Аюуш 1939 онд 80 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ажээ. Түүний үйл хэрэг Монголын ард түмэнд шударга ёсны төлөө тэмцэх ирмүүн сэтгэгдлийг төрүүлсэн нь дамжиггүй.  Түүний хөшөө Ховд аймгийн төв Ховд хотноо хойч үеийнхэнд түүхийн үнэнийг мөнхөд сануулж байхаар   сүндэрлэн байна.

    Нийтлэсэн: Л.Хантөгс

  • Үр хүүхдээ хүмүүжүүлэх монгол ухаан

    Гэр бүлд дулаан уур амьсгал чухал

    Өрх гэр бүл нь аливаа нийгмийн нэгж, хүмүүсийн хоорондын харилцааны гол цөм юм. Гэр бүл бологсод хайр сэтгэлээрээ ханилан сууж гал голомтоо бадрааж нэг нэгнийгээ хүндэтгэн амьдрахын зэрэгцээ удам угсаагаа үлдээх нь хүмүүний жам ёс билээ. Айл гэр бологсод нь үр хүүхэд хүсэн хүлээдэг агаад эхнэр хөл хүнд болмогц баяр баясгалан болохын зэрэгцээ үүрэг хариуцлага улам нэмэгддэг.

    Өөрөөр хэлбэл хөл хүнд эхнэр хүмүүний эрүүл мэндийг сахин хамгаалах нь өрх гэрийн эзний хүндтэй үүрэг болдог. Эхнэрийн эрүүл мэндийг сахин хамгаалахад хамгийн гол зүйл бол түүний сэтгэл санааг түвшин амгалан байлгах явдал юм.

    Жирэмсэн эхнэрийнхээ сэтгэл санааг амгалан тайван байлгах нь өөрийнхөө удам угсаа болох ээжийнхээ алтан хэвлийд өсөн бойжиж байгаа таны үр сайн хүн болж эх орон ард түмэндээ тус хүргэхүү эсвэл тааруухан нэгэн болохуу гэдгийг шийдэж байгаа хэрэг юм.

    Өөрөөр хэлбэл хүүхдийн хүмүүжил эхийн хэвлийд байх үеэс эхлэдэг ажээ. Ингэхлээр жирэмсэн эхнэрээ уурлуулж уцаарлуулахгүй элдэв архи тамхи хэрэглэхгүй, садар самуун явдлаас ангид байж, эцэг хүний ноён нуруу, цөөн үг ухаалаг зан гаргаж байх нь хамгаас чухал юм.

    Энэ ч утгаараа монголчууд хүний насыг эхийн хэвлийд олдсон үеэс эхлэж тооцдог уламжлалтай билээ. Мөн ээж болох гэж байгаа эрхэм та ч архи тамхинаас хол байж эхнэр хүмүүний ёс журмыг баримтлан эр нөхрөө хүндэтгэн байх аваас танай гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх нь дамжиггүй. Хүүхдийн хүмүүжил алтан хэвлийдээ тээж буй эхийн сэтгэл санаа үйл хөдлөлөөс хамаарах нь байтугай эхлэж олдсон нутаг уснаас ихээхэн хамаарч байгааг хүн төрөлхтөн ажиглан тогтоож улмаар био экологи хэмээх шинэ шинжлэх ухаан үүсэн хөгжиж түүнийг судлан шинжилж байна. Манай монгол эрдэмтэд энэ шинжлэх ухаанд хүч хөдөлмөр эрдэм мэдлэгээ зориулж улмаар монгол орны био энергийн төв нь Орхоны хөндийн ай сав болохыг тогтоосон байдаг. Ингэхлээр гэр бүл бологсод та бүхнээс зэрэгцэж баярлан, зөрж уурлаж амьдрахыг хүсэж байна.

     

    Бага балчир насны суртал хүмүүжил

    Айл гэрийн баяр баясгалан, гэрэл гэгээ, амьдралын утга учир болсон үр хүүхдээ хүн шиг хүн болгох цогц арга ухааныг боловсруулж ном судартаа мөнхлөн үлдээсэн ард түмэн билээ бид. Тухайлбал Гүнгийн зуугийн гэгээний алтан сургаалд:

    Аав ээж бологчид бээр үр хүүхэд хүсэж

    Арай чарай нэгэн хоёрыг үзэхүл баясан

    Аминаас үлэмжид санах ч зөвийн туйл.

    Асрахын ёсон бүрийг мэдэх хэрэгтэй хэмээн айл гэр болсон хосууд үр хүүхэд чин сэтгэлээсээ хүсэж ганц хоёр хүүхэд мэндлэхэд туйлаас баярлан хөөрч амь насаасаа ч илүү үлэмж хайрлах нь туйлын зөвөөс гадна бас нялхасыг асрах ёсыг мэдэх зайлшгүй хэрэгтэйг сургасан байна. Нялхасыг асрах ёс нь:

    Анхан цаг дор айлмайдаж эвдрэх нэгэн зүйл

    Алжаасаар мах яс сул болох хоёр зүйл

    Асар хурц идээгээр балай болгох гурван зүйл

    Амаржихын онолтоор бэртэгдэх дөрвөн зүйл

    Авам даруй засах ба угаах таван зүйл

    Алсаар боох ба цэвэрлэх зургаан зүйл

    Алин дээр алдагдвал нэгэн гэм дор хүртмүй

    Ач үр хүсэгчид энэ бүрэн чухал хэмээн нялхасын асаргаа сувилгааг ёс журмын дагуу хийж идээ ундааг тохируулан хор шаргүй монгол хоол унд өгч эрүүл саруул өсгөн бойжуулахыг эцэг эхчүүдэд анхааруулан сургасан байна.

    Нялх балчир насан дээр асран тэтгэхийн зэрэгцээ сурган хүмүүжүүлэхэд анхаарал тавих хэрэгтэйг:

    Унтахыг хэмнэвээс сэргэг хөнгөн болох ба

    Ундааныг хэмнэвээс судал чанган болох ба

    Уйлахыг арилгаваас сэтгэл агуу болох ба

    Усгал нялхын суртал хэмээн олон мэргэд номложээ. Унтаж хэвтэхдээ уургын морь, урагшаа гишгэхдээ ургаа хад мэт болголгүй цаг нартай унтаж босоход балчир багаас нь сургахыг зөвлөсөн байна. Ер нь “Нойрыг сэрж бардаг”, “Орой унтвал нэгийг сонсдог, эрт босвол нэгийг үздэг” гэх зэргээр манай ард түмэн унтахыг төдийлөн чухалчилж үздэггүй билээ. Энэ нь унтахгүй бай гэсэн үг биш бөгөөд орой унтаж эрт босож эрдэм ном ажил амьдралдаа шамдаж ихийг бүтээхийг сануулсан хэрэг юм.

    Дашрамд сонирхуулахад бид нэг хоногт дунджаар долоон цаг унтдаг гэвэл нэг жилд 2520 цаг буюу 105 өдрийг нойрсож өнгөрөөдөг ажээ. Тэгэхлээр монгол хүний дундаж наслалт 65 гэж үзвэл 65*105=6825 өдөр, үүнийг сард шилжүүлбэл 6825/30=227.5сар, жилд шилжүүлбэл 227.5/12=18.9 жил болно. Өөрөөр хэлбэл жаран тав наслахдаа хүн бараг 19 жилийг нойрон дундаа өнгөрөөдөг байна. Эндээс үзэхэд хамгийн багадаа насныхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг гэсэн дүгнэлт гарч байна.

    Ийм учраас олдохдоо өдрийн од мэт ховор, эвдрэхдээ усны хөөс адил эрдэнэт хүмүүн төрлийг үр бүтээлтэй өнгөрөөхийн тухайтад үр хүүхдээ нойронд сэргэг номонд мэргэн болгож өсгөхийг эцэг эх бологчдод анхааруулж байгаа юмаа.

    Үүний зэрэгцээ идээ ундааг зах хязгаартай идүүлж уулгаж багаас нь сургавал хүүхдийн бие эрүүл судал чанга өсөн бойждог болохыг сургасан нь өнөө үеийн бид ихээхэн анхаарууштай юм. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг шиг элдэв сайхан өнгө, амтаар далдлагдсан хорт идээ ундаанд дадуулж хэвшил болговоос ухааных нь ир мохохын зэрэгцээ, зүсэн бүрийн өвчин эмгэг тусах үрийг тарьж ургуулсан хэрэг юм.

    Харин урмаар тэтгэж сэдсэн санаа бодол үйл хөдлөлийг дэмжиж ганц хоёр жинтэй үгээр шагнаж байх нь нэн чухал ажээ. Дашрамд сонирхуулахад бидний балчир үрсдээ сав л хийвэл өгч эрхлүүлэх дуртай чихрийн найрлаганы 70% нь архины түүхий эдээр бүтдэг тул багадаа чихэр их идсэн хүүхэд том болоод архинд орох магадлал ихтэй байдгийг эрдэмтэд тогтоосон байгааг санахад илүүдэхгүй бизээ. 

    Мөн усгал нялхасын уйлахыг арилгавал сэтгэл нь саруул болох гэснээр багаас нь асаргаа сувилгаа, хайр халамжийнхаа жорыг тааруулж аль болохоор уйлуулж уур уцаарыг нь дэгжээн хөгжөөхгүй ая зөнгөөр нь тайван байлгавал хүүхдийн сэтгэл санаа уужим тайван өсөн өндийж улмаар нийгэм хамт олны дотор орохдоо аливаад хүлээцтэй хандах эх суурийг тавьдаг байна. Иймд бага балчир үрсдээ унтахыг хэмнэх, идээ ундааг хэмнэх, уйлахыг арилгах суртлыг багаас нь заан сургаж дадал хэвшил болгохыг уриалж байна. 

    Мөн цааш нь Гүнгийн зуугийн гэгээн бээр “Журам ёсыг хэрэглэвэл чулуу ч эрдэнэ” гэсэн нь аливаа юмс үзэгдэл тогтсон нэг ягшмал мөн чанараараа оршин байдаггүй хувьсан өөрчлөгдөж нэгээс нөгөөд шилжин оршдог юм. Нууцлагдмал дүрэм, журам ёсыг зөв хэрэглэвэл чулууг ч үнэт алтан эрдэнэ болгож болдог. Өөрөөр хэлбэл ёс журамтай өсгөж хүмүүжүүлбэл төрөлх чанар нь уур уцаартай, харгис догшин байсан ч түүнийг хүн шиг хүн болох эсэх нь ээж аав бидний үр хүүхдээ хүмүүний ёс журманд хэрхэн сургаснаас л бүрэн хамаарахыг сургасан ажээ.

    Харин “Журам дүрэм алдагвал үр дайсан болоод, Зарчим үгүй мухар үхэр өвчүүнийг мөргөмүй” хэмээн үр хүүхдээ дүрэм журам, ёс суртахуунгүй өсгөж хүмүүжүүлбэл эргээд дайсан болж өөрөө мөргүүлж өвдөг доор нь энэлэн зовдог энэ хорвоогийн үнэн хатуу жамыг бидэнд сануулсан юм. 

    Ингэхлээр ах захаа хүндлэх, өндөр настанг өргөх, үеийн нөхөддөө туслах, айж ичихийг бага наснаас нь оюун ухаанд хэвшүүлэхгүй бол дарахад бэрх дайсан болгочихоод өөрсдөө айн бэргэж суух үедээ, үрдээ гомдохоос гадна өөрийнхөө бурууг бас хүлээх хэрэгтэй аж.

    Ийм учраас

    “Цус шингэн судал хөнгөн таван насны үед,

    Чанарыг зөвшөөн усгал уран сургалтай

    Чадал тамир бадрах арван наснаас дээш

    Чанга зориг эхэлж сургаал үл авмуй…” хэмээснээр цус шингэн, судал хөнгөн, оюун ухаан нь аливаа муу зуршилд автагдаагүй гэгээн саруул, аав ээжийнхээ үг, үйл хөдлөлийг дууриамтгай, уян зөөлөн насан дээр нь хүмүүний төрөлх мөн чанар болох аливаа амьтыг хайрлах, бусдад туслах, эрдэм номонд шамдах, бусдын тусыг санах, ажил хөдөлмөрт шамдах зэрэг сайн сайхан үйлсийг илэрхийлсэн тоглоом наадам, үг яриа, үйл хөдлөлөөр сурган хүмүүжүүлэх хэрэгтэй гэдгийг сургасан болой.

    Ер ганц манай ард түмэн ганцаараа бага насанд нь сургахыг чухалчилдаг юм биш Зөвлөлтийн үеийн Укрианы нэрт сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко: “Хүүхэд тав хүртэлх насандаа бүх хүмүүжлийнхээ 90%-г олж авдаг” хэмээн тэмдэглэсэн байдаг. Эндээс харахад эхээс мэндлэн ээж аавын хайранд умбасан эхний таван жилд та хэрхэн хүмүүжүүлэхээс ирээдүй хойшид ямаршуухан хүн болж эх орон ард түмэндээ үнэлэгдэх нь бүрэн хамаарах болж байдаг байна. Эхийн хэвлийд олдсноос зургаан нас хүртэлх хугацаанд усгал зөөлөн хүмүүжүүлээгүй бол чадал тамир бадрах, зүрх зориг чангарах арван наснаасаа үг сонсохоо больж гадны нөлөөлөл ихсэн найз нөхдийн үг үйл хөдлөлийг; аав ээжийн үг, үйл хөдлөлөөс үнэ цэнэтэйд хүлээн авч эхэлнэ. Тэгэхлээр сайн муу юмс үзэгдлийг хамгийн хурц хүлээн авч сурдаг бага балчир насанд нь бусдыг энэрэх, хайрлах, бусдад туслахаас гадна хатуу үг, хатуужил бэрхшээлд сургахыг мэргэд ном судартаа олонтой зарлигласан байдаг. Арван насан дотор ийм суртал ухааны тариаланг оюун ухаанд үрслүүлж өгөхгүй бол ”Буруу эрхлэсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг болох амой.

     

    Энэрэл хайр, зэмлэл шийтгэл

    Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа гэсэн зарчмаар үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг уламжлалтай. Энэ нь хушуу дэвсэн эрхлүүлэх бус цөөн үг, харц хоёроороо хүүхдийн үйл хөдлөл зөв буруу байгааг өөрт нь ойлгуулж гаднаа ширүүн дориун байгаа мэт харагдавч дотроо хайрлан ертөнцийн жам ёсонд сургадаг байна. Хэтэрхий их эрхлүүлэн өөр бусдаас өмөөрч ямар ч сургаалгүй өсгөвөл

    Хөвгүүнээ сургаал үгүй, элмэг эр болговол

    Хүнд үндсийг бузарлаж, төр ёсыг харшмой.

    Хүүхнээ суртал үгүй золбин эм болговол

    Хүмүүн бүрийг бузарлаж аймаг улс гутмой хэмээн мэргэд зарлигладаг. Хөвгүүнээ хэтрүүлэн эрхлүүлж сайхан өнгө, тансаг амт, үзэсгэлэнт дүрс, эгшиг яруу дуу, зөөлөн хүрэлцэхүй тавд шунахаас өөр сурталгүй өсгөвөл удам угсаа бузарлаж улмаар төрт ёсонд харшлах бол охин үрээ дураар нь тавьж “толгой” дээрээ гаргавал улс аймгийг гутаах бүр аюултай ажээ. Мөн Солонгос ардын “Хүүхэддээ хайртай бол саваагаа бүү хайрла” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь та хүүхэддээ үнэн сэтгэлээсээ хайртай бол бас зэмлэхээ бүү март гэсэн үг юм.

    Мэдээжийн хэрэг хүүхдээ өдөр бүр харгис хэрцгийгээр балбан зодож, орчлонгийн муу үгээр дайрч доромжилж бай гэсэн утга огт биш бөгөөд хайрлаж энэрэхийн зэрэгцээ зэмлэн буруушааж бас зохих шийтгэлийг нь бие болон сэтгэл санаанд нь хохирол учруулахгүйгээр өгч “Дөргүй бух” болохоос сэргийлж буй хэрэг юм.

    Ерөнхийдөө хайр энэрэл, хатуу зэмлэл хоёрын алтан дунджаар хүмүүжүүлэх хэрэгтэй ажгуу. Хэрвээ алтан дунджаас хоёр тийшээ хэлбийгээд байвал өөрийгөө болон өрөөлийг зовоох хүмүүн болно гэсэн үг л дээ. Тэгэхлээр ямар сурталаар хүмүүжүүлэх талаар мэргэд ийн хэмээн сургажээ.

    Эе эвийн суртал үгүй хэрцгийгээр өсгөвөл

    Эевэргүй, нөхөр үгүй нэгэн нас гутмой хэмээн эвсэг найрсаг бусдад тусладаг санаа бодлоо ойлгуулж чаддаг болгон хүмүүжүүлэхгүй бол бусдын сайн муу үгийг даадаггүй, элсэг дотно найз нөхөдгүй ганцаараа энэ насыг уйтгар гунигийн дунд өнгөрөөхийг сургасан байна.

    Хэтэрхий харамч, хар амиа боддог, хов живэнд дуртай, шарыг харж шарваж, улааныг харж урвадаг, дээдэст зусар, өнчин ядуу доордост дээрэнгүй, өөрийгөө төвийлгөж, бусдыг доорд үздэг, өөрийнхөө хүч чадал, эрдэм мэдлэгийг буруу үнэлдэг, хар муу санаатай, гутранги, итгэлгүй, бусдыг магтах сайшаах дургүй хүмүүс ганцаардмал байдаг тул эдгээр муу зүйлүүдийг үр хүүхдүүдийнхээ оюун ухаанд хэвшүүлэхгүй байхыг анхаарч байх нь зүйн хэрэг.

    Ингэхлээр хүн төрөлхтний амьдрал нэг нэгэндээ түшиглэн оршдог хатуу жам ёстойг сургах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дэм дэмэндээ дээс эрчиндээ, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зүйр үгсийн утга санаагаар хүмүүжүүлэх нь чухал юм. 

    Эргэлзэх тал өнгийн журам үгүй сургавал

    Эгнэгт орцгүй, гарзаар хомстмуй гэдгээр аливаа юмс үзэгдэл, үйл хөдлөлийг ямар нэгэн эргэлзээгүй шууд өөрийн муйхар оюундаа бодсон бодлоороо хийж гүйцэтгэх, бодох, үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэх зэргээр хандахгүй байхыг сургажээ. Өөрөөр хэлбэл үндэс суурьтай аливаа юмсыг олон талаас нь бодон тунгааж шинжилдэг байх нь чухал юм.

    Ер нь гүн ухааныг заримдаа эргэлзээ хэмээн тодорхойлдог явдал байдаг. Эргэлзэх нь ухаантай хүний шинж аж. Эргэлзэхгүй, онолын иш үндэслэлгүй юманд хандаж сургавал орох орцгүй хадан хясаа руу дайран улмаар олсон олзгүй гарз болж өөрийгөө хохироодог байна. Ингэхлээр долоо хэмжиж нэг огтолж сургах шаардлагатай.

    Аж ахуй арвитгах суртал үгүй өсгөвөл

    Аавын хишиг барагдаж дутал зовол үзмүй.

    Бага балчираас аж ахуйг арвилан хэмнэх, өсгөн үржүүлэх арга ухаанд сургахгүй бол аав ээжийн өвлүүлсэн эд хөрөнгийг барж дуусаад ядуугийн зовлонг амсан амьдрал туулна хэмээн сургажээ. Тэгэхлээр та дуслыг хураавал далай дуулсаныг хураавал эрдэм гэсэн зүйр үгийн утга санаагаар үр хүүхдээ хүмүүжүүлээрэй.

    Үсэг эрдэм сургалгүй эгэл балай болговол

    Үзэлгүй сохор мэт гагц хүчин зармуй

    Үргэлжид эрдэм ном дор боловсрох болбол

    Өвөр бусад алин дор ч тус буян түгмүй.

    Бага балчир наснаас нь эрдэм номонд сургахгүй бол нүдэн сохор чихэн дүлий болж биеийн хүчин зарахаас өөр аргагүй ядарч зүдэрч амьдрах бол эрдэм номонд сургавал өөртөө болоод бусдад тустай буян хийж тэнүүн сайхан амьдардаг жамтайг ойлгуулаарай. Мөн Ноён хутагт Данзанравжаагийн Нарны гэрэл хурц ч үүлгүй бол нэн сайн. Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанч сайхан гэсэн алтан сургаалыг үр хүүхэддээ цээжлүүлэн эрхэм баян эрдэм гэсэн үгийн утгыг оюун ухаанд хэвшүүлж дадал болговол сайн байна.

    Ер нь хүмүүний амьдралын бүх зүйл өөрийн гэсэн хэмжээ, цаг хугацаатай байдаг агаад сурч боловсрох цагт нь сургахгүй бол хожим хойно хичнээн шамдаад ч сурдаггүй нь бодит амьдралаас тодорхой харагддаг тул бага балчир насанд нь эрдэм ухаанд суралцах дөр оруулж сургах нь маш чухал юм.

    Мөн эртний мэргэдийн сургаалаар гурван нас хүртэл нь хаан мэт тахь. Гурваас арван насанд нь усгал зөөлөн сургаалд шамдуулан зарц боол мэт зар. Арван гурван наснаас дээш найз нөхөд мэт нөхөрлөж аль болохоор үр хүүхэддээ ойр дотно харьцаж сурган хүмүүжүүлдэг байжээ. Ингэхлээр үр хүүхдээ цэцэрлэг сургуулийн багш нарт даалгачихаад өөрөө жаахан ч гэсэн анхаарал тавихгүй мөнгө төгрөг өмч хөрөнгийн төлөө гүйх нь тийм ч сайн үр дүн авчирдаггүй бололтой. Хөгжил дэвшлийн дээд шатанд хүрсэн улс гүрнүүдийн эхчүүд хүүхдээ сурган хүмүүжүүлэх ажилд бүх насаа зориулж байгааг та харж байгаа биздээ.

     

    Ингээд та бүхэнд манай ард түмний ажил амьдралдаа баримтлаж байдаг мэргэдийн номлосон зарчмуудыг толилуулж байна.

    Бага наснаасаа эцэг эхээ баярлуулж элбэрэлийг баримтлах

    Бардам омгоо тэвчиж зөв шударга явахыг баримтлах

    Баатар больё гэвэл хэтэрхийг эс хүсэн, номхоныг баримтлах

    Бат төрийн албанд зүтгэж цааз хуулийг баримтлах

    Багш ба алсын сургаалд шүтэн эрдэмтэй болохыг баримтлах

    Баахан ашиг завшихыг бодож гэнэдүүзэй, сэрэмжийг баримтлах

    Басамжлах, дарлах, балмад аашийг үл дууриан болгоомжийг баримтал

    Байн байн хэлсэн үг үнэн сургаал гэж санаж баримтлах гэсэн үндсэн зарчмыг баримтлаж үр хүүхдээ хүмүүжүүлээрэй. 

    Монголчуудын харьцаа соёлдоо эрхэмлэж байсан зарчмууд

    Өнөө цаг үед тавигдаж байгаа хамгийн чухал шаардлага бол харилцааны соёл юм. Та бүхэн өдөр бүр харж уншиж байгаа ажилд авах зар мэдээнд тухайн хүнд тавигдах шаардлагын хамгийн эхэнд харилцааны соёлтой гэж шаардаж байна. Тэгэхлээр та хэдий өндөр боловсролтой ч харьцааны соёлгүй аваас ажил хөдөлмөр эрхлэх аргагүй болжээ. Иймээс монголчууд хүнийг хэрхэн таних, хэнтэй хэрхэн нөхөрлөх мөн хүний өөрийнх нь язгуур мөн чанарын тухай гүнзгий арга ухааныг яруу сайхнаар дүрслэн харуулсан байдаг.

    Тухайлбал Говийн ноён хутагт Данзанравжаа Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээх сургаалдаа: Хүмүүний бие, хэл, сэтгэлийн хандлагыг тодорхойлохдоо:

    Биеийн гадаад байдал гэвэл

    Ёстныг хүндэл

    Настныг баярлуул

    Ачтанаа өргө

    Бачтанаас зайл.

    Сайнаас бүү сал…хэмээсэн нь Ёстныг хүндлэн дээдэлж, өндөр нас сүүдэр зооглосон ахмад буурлуудыг цаг ямагт өргөл хүндлэлээр баясгаж, ач тус хүргэсэн хэнийг ч байлаа үг хэлээр сайшаан магтаж, биеэр хүндлэл үзүүлж, сэтгэлдээ ерөөн дээдэлж байхыг, харин башир хуурмаг хүнийг танингуутаа түүнийг мөнхийн дайсанд тооцолгүй харин зай барин уулзах учрахдаа мэндийн зөрөөтэй явахыг сургасан бол, эрдэм номоор тэтгэгч багш, энэрэл хайр, эд хөрөнгөөр тэтгэсэн аав ээж тэргүүтэй буянтангууд болон эрдэм номноос бүү салаарай гэж сургасан байна.

    Хэлний өгүүлэх хэмээвээс:

    Эвлэж муу санаатантай бүү зөвш

    Эвдэрч олон зан бүү гарга

    Хордож бусдын гэмийг бүү малт

    Ховсорч хэрэггүй үг бүү зөө.

    Хуурч элдэв башир бүү өгүүл хэмээн сургасан нь муу санаатай хүнтэй нийлж хамтарч зөвшсөн хэл яриа нь адаг сүүлдээ өөрт болоод өрөөл бусдад гай түйтгэр болдог тул түүнээс сэргийлэхийг, олон ааш бүү гарга гэдгээр өөрийн амьдралд гарсан түр зуурын элдэв сайн сайхан зүйлд ташааран бардамнаж онгироо дээрэнгүй, ихэмсэг зан бүү гаргаарай эцэстээ бидний буух цэг нэг л байдаг шүү гэдгийг сануулаад, харин бусдын өнгөтэй өөдтэйд хорсож гэм бурууг бүү малтаж бай! харин ч өөрийнхөө гэм бурууг цаг ямагт санаж бусдын дэвшил хөгжлийг харан бахдаж байвал тэр өндөрлөгт төдөхгүй хүрэх болно гэж сургасан агаад мөн хэн нэгэнтэй хушуу амаа холбож хэрэггүй чалчаа үг бүү өгүүл. Чалчаа үг нь бусдын ном буян хийх ажил төрлөө амжуулахад саад төвөг болохоос өөр тус нэмэргүй юм. Харин бусдад туслах, ном буянд шамдах зэрэг сайн үйлийн үг өгүүллийг чалчаа үг гэдэггүй юмаа.

    Сэтгэлийн чиг хэмээвээс:

    Шинжлэлгүй бүү сэтгэ

    Сэрэмжгүй бүү зальхайр

    Гэнэт нөхрийг бүү шүт

    Гэнэдэж хүнээс бүү урьт

    Буруу юмыг бүү өмөөр

    Бусдын юманд бүү шуна

    Бузгай дээрэнгүй бүү загна

    Бузар хилэнцийг бүү үйлд хэмээн аливаа юм үзэгдлийг мөн чанарыг иш үндэслэлтэй шинжлэн сэтгэх хэрэгтэй бөгөөд өөрийн дураараа үнэлэлт дүгнэлт гаргахгүй байхыг сургахын зэрэгцээ бие хэл сэтгэлийн үйлээ үргэлжид хянамгайл. Тэдгээрийг буруу муу үйлийн зүгт хандуулваас буян хишиг доройтож буян ном, ажил үйлсийн зам хотойхыг сануулсан байна. Мөн илт буруу зүйлийг өмөөрч өөрийн эрх мэдлийг ашиглан бусад хувь хүн болон нийгэмд гай зовлон авчирч өөрийнхөө замд гай зовлонгийн тариаланг бүү тарь гэж айлдсан байна.

    Бусдын юманд битгий шунаж бай гэдгээр өөрийн арга ухаан хүч хөдөлмөрөөрөө олсон өөр бусдын эд хөрөнгө, эрдэм мэдлэгт шунаж атаа хорсол төрж аргаар болон хүчээр салгахыг бүү бодож бай өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр унана гэдэг болно шүү дээ гэж сургажээ.

    Ямар ч тохиолдолд бусдыг бүү дээрэлхэж бай гэдгээр хамгийн сайн ялалт бол хамгийн сайн буулт хийх гэдгийг ухаан санаандаа дадуулж байхыг сануулсан хэрэг юм.

    Бузар хилэнцийг бүү үйлд гэдгээр бие хэл сэтгэл гурвын үйлээс хамгийн гол нь сэтгэлийн үйл юм. Яагаад гэвэл Бурхан шашны сургаалд

    Сэтгэл ноёлог бөгөөд шаламгай гэж сургасан байдаг.

    Мөн манай ард түмэн сайн санааны үзүүрт тос хэмээн хэлэлцдэг. Үнэхээр сэтгэл бүх үйлийн урд хөдөлдөг. Өөрөөр хэлбэл сэтгэлдээ эхлэж бодсоны үндсэн дээр бие болон хэлний үйл үйлдэгддэг.

    Ингэхлээр үйлийг тариа ногоотой зүйрлэвэл түүний үр үндэс нь сэтгэл юм. Хавар сайн чанарын үр тарьж намар арвин ургац авахыг тариаланчид эрхэмлэдгийн адил сэтгэлдээ сайн үр таривал та элбэг хангалуун аз жаргалын арвин ургац хураах болно.

    Иймээс сэтгэлээ хянамгайлан үйлдэхийг сургасан байна. Үнэхээр амь насанд аюултай хорт ургамал тарьчихаад амтат алим авна гэж бодож болохгүйн адилаар та өөрөө амгалан жаргалтай, өвчин зовлонгүй амьдарья гэж бодож байвал Бурхан номонд сүжигтэй, аав ээждээ тустай, аливаа ажил төрөлдөө чин сэтгэлээсээ хандаж байх хэрэгтэй аж. 

     

    Ханьсан нийлвээс зохистой нөхрийн шинж

    Манай ард түмний сурган хүмүүжүүлэх ухаан өөрийн уламжлалт Бурханы шашны үзэл, тогтсон тааллуудтай аалзны тор адил нарийн сүлбэлдэн оршин байдаг. Энэ ч утгаараа алдарт гүн ухаантан Их бандида Нагаржунай бээр “Хаанд илгээсэн захидал” хэмээх бүтээлдээ Ханьсан нөхөрлөвөөс зохистой нөхрийн шинжийг 

    Дотроо болсон гаднаа түүхий

    Дотроо түүхий гаднаа болсон

    Дотор гадна хоёулаа түүхий

    Дотор гадна хоёулаа болсон анар жимс шиг

    Дөрвөн зүйлийн хүн буйг онож зохиогтүн гэж айлджээ. Энэ айлдварын утга нь санаа сайн ч харьцаа муу; санаа муу ч харьцаа сайн; санаа, харьцаа хоёулаа муу; санаа харьцаа хоёулаа сайн гэж хүмүүнийг ерөнхий дөрвөн зүйл ангид хуваагаад санаа харьцаа хоёулаа сайн хүнтэй шамдаж нөхөрлө гэж сургажээ.

    Ер нь хүмүүний уугуул болон таримал зан чанарыг хэн нэгэн хөндлөнгөөс шууд засан залруулах бололцоогүй тул түүнд нь тохируулж харьцахыг Говийн ноён хутагт Данзанравжаа Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээх сургаалдаа:

    Хүсэлтэй хүнийг чанга хоригловоос үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна.

    Ууртай хүнийг ширүүн хэлбээс, аюул болох тул улмаар ухуул

    Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга.

    Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс, хэрэг гарах тул битгий хэрэгс

    Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна.

    Харамч хүн ширхэг утсыг ч болов харамлах тул арилжаа бүү хий хэмээсэн нь уур омогтой, атаач, харамч, дээрэнгүй төрөлх зан авиртай хүмүүстэй зай барьж харьцах буюу өөрийнх нь дуртай зүйлээр баясгаж аль болохоор эе эвийг хичээхийг сургажээ.

    Ер нь ямар ч хүмүүстэй нэгэн үе анд бололцон тэвэрэлдэж, агшин зуурт атаат дайсан болон тэмцэлдэхгүй уулзвал эелдэг сайхан байдлаар хүндлэл үзүүлээд, далд зуур хүмүүст сайн муу ярихгүй байх нь хамгийн сайн харилцааны хэлбэр юм. 

     

    Өөрийгөө зөв үнэлэх

    Өөрийнхөө хэр чинээг зөв үнэлэх нь өөрт болоод бусдад тустайг Оюунтүлхүүр хэмээх сургаалд

    “Арслангийн омог арсландаа зохино

    Үнэгний уран мэх үнэгтээ зохино

    Арслангийн баатар омог үнэгэнд тус үгүй

    Үнэгний уран арга арсланд тусгүй

    Үнэг арслан мэт явбал түргэн үхэх хэмээн хэр чинээгээ мэдэж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж явахыг сургасан нь оногдсон хувь тавилан, сурсан эрдэм мэдлэгийнхээ хир хэмжээгээрээ амьдарч явахгүй бол үнэг байж арслан мэт зан ааш гаргаж амьдарвал амь нас болоод ахуй амьдралд тун хортой болохыг мэргэд цаг, цаас хайрлахгүй олонтой тэмдэглэдэг юмдаа.

     

    Эрдэм ном сурах арга барил

    Эрхэм баян эрдэм ном гэж манай ард түмэн үр хүүхдээ нялх балчираас нь эрдэм номтой хүнд шавь оруулан сургаж ирсэн баялаг түүхтэй билээ. Судар бичгийн хүрээлэнгийн анхны захирал Сүхбаатар жанжны гэрийн багш Онходын С.Жамъян гуай

    Эрдэм сурахыг хүсвэл…

    Өөрөөсөө дээш эрдэмтэн ахас ихэс хүмүүсээс эмээн шантраад мэдэхгүй зүйлээ асууж лавлаж чадахгүй хоцрохын халхавч

    Үеийн нөхдөөс мэдэхгүй зүйлээ асуухаас ичиж өөрөө мэддэг дүр гарган мэдэхгүй хоцрох нэрэлхэхийн халхавч

    Мэдлэг багатай буюу өөрөөс дорогш хүмүүсийг юу ч мэдэхгүй гэж басамжлан үл тоож асууж мэдэхгүй хоцрох дээрэнгүйн халхавч

    Эдгээр шантрах, нэрэлхэх, дээрэлхэх ухамсаргүйн гурван халхавчийг… хаяж

    Ахмадаас халшралгүй асууж лавлан мэд!

    Өөрийгөө мэдэхгүй гэж хэлэхээс ичилгүй үеийн хүмүүсээс асууж лавлан мэд!

    Бага хүмүүсийг гололгүй асууж лавлан мэд! хэмээсэн нь эрдэм ном суралцахдаа хоцрогдлын давуу талыг ашиглах хэрэгтэй гэсэн санаа юм. Хоцрогдлын давуу тал гэдэг нь өмнө тэр хүмүүсийн суралцахдаа зарсан цаг хугацаа, хүч хөдөлмөрийг та хэмнэж шууд сурч мэдэж аваад цааш хөдөлнө гэсэн үгээ.

    Мөн Бурханы шашинд эрдэм ухааныг сонсох, санах, бясалгах гэсэн гурван аргаар сурдаг гэж номлодог. Энэ нь Бурхан шашны эрхэм зарлигуудад суралцах арга бөгөөд утгыг нь явцууруулан авч үзвэл эхлээд багшаас сонсож номынхоо амт шимтэнд орох дур хүсэл бий болдог.

    Дараа нь өөрөө утгыг нь оюун санаандаа байнга санаж дэлгэрүүлэн суралцаж улмаар жинхэнэ шинжлэн бясалгаж үнэлэлт дүгнэлт өгөх ажилдаа шуурхайлан ордог жамтай ажээ.

    Мөн Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтно гэж хэлсэн үг нь ном эрдэм сурах нь үнэхээр хүнд бэрх зам мөн бөгөөд хэн түүнийг эрхэм болгож хөлс хүчээ гаргана тэр цагт замын алжаал бэрхшээл багасаж хар аяндаа гэрэлт ирээдүй өөд хөтлөн баяр баясгалан авчирч элдэв зүйлийн учиг тайлагдаж эхэлнэ гэсэн гүн гүнзгий утгатай сургаал юм. Түүнээс биш багшийн заасан ганц хоёр цагийн хичээлийг дутуу хагас цээжилчихээд би ойлгож, байна онц сурч байна гэж өөрөө өөрийгөө хуурах хэрэггүй юм даа.

    Манай зарим нэгэн оюутан сурагчид онц авахыг гол болгож онц сурахыг ойшоохгүй байдаг тал бий.. Онц сурах, онц авах хоёрын хооронд уул тал хоёр шиг их ялгаатай гэдгийг санахад илүүдэхгүй ээ. Мөн эрдэм ном сурахдаа багшийгаа хүндлэх түүний эрдэм номонд бишрэх хэрэгтэй. Ямар үед онц сурч байна гэж бодох вэ? гэвэл тухайн хичээлийг зааж байгаа багшаасаа хол давуу болж байвал сая та онц сурч байна гэж өөрийгөө ойлгоорой. Тэгээд онц сургасан багшийгаа чин сэтгэлээсээ хүндлэн талархаад дараагийн шатны эрдэм мэдлэгтэй багшаар гүнзгийрүүлэн заалгаарай. Ийм л маягаар эрдэм номын их далайд аялж сурвал та дэлхийд гайхагдсан сайн эрдэмтэн болж чадна.

    Өөрөөр хэлбэл олимпийн аварга боксын тамирчин дасгалжуулагч багшийгаа ренгенд ялж чадахгүй бол дэлхийн дэвжээн дээр алдар цолоо дуудуулж чадахгүй биздээ. Нөгөө талаасаа шавиасаа хамгийн хурдан хоцорч байгаа багшийг л хамгийн сайн багшид тооцдог юмдаа.

     

    Ном сурахад баримтлах зүйлүүд

    1.Багшийгаа өргөн хүндлэх

    2.Уг судалж байгаа зүйлдээ дур сонирхолтой байх.

    3.Судалж байгаа зүйлийнхээ гол цөм хэсгийг ягштал цээжлэх.

    4.Цээжилсэн, сурсан, мэдсэн зүйлээ дахин давтаж өөрийн болгож бусад ном судрыг түүн рүүгээ хуйлруулан ойлгох.

    5.Би чадаж байна. Би сурчихлаа гэж цээжээ бүү дэлд. Эрдэм ном хязгааргүй

    6.Ахуй, материаллаг зүйлийг эрхэм бүү болго

    7.Хөлс хүч гаргахгүйгээр адгийн худалдаа наймаачин ч ашиг хонжоо олдоггүйг байнга сана гэсэн эдгээр долоон зарчмыг баримтлан ажиллавал амжилтанд хүрнэ гэж бодож байна.

    8.Эртний мэргэдийн түүхээс харахад сэрүүн гэр орон, чанартай бага хоол зооглож байсан харагддаг.

    С.Даваабаяр

    2012.02.02

  • Сүү

    Өчигдөр орой сүү хөөрүүлж ууж байхдаа гэнэт сүүний талаар бодов. Тэгээд энэ талаар 1 блог бичихээр шийдлээ. Хорвоод анх мэндлээд ээжийнхээ ангир уургаар амласан. Хоёр гурван нас хүртлээ ээжийнхээ мөөмийг хөхсөөр л…Сүүгээр нь хооллож, тэжээгдсээр л… 

    Харин дараа нь дүү төрөөд ээжийнхээ мөөмийг хөхөх боломжгүй болж хонь, ямаа, үхрийн сүү  уудаг байсан. Адууны сүүгээр хийдэг гол бүтээгдэхүүн болох айраг их ууна. Жилийн дөрвөн улиралд ээзгий, ааруул, өрөм, тараг, бяслаг, айраг, аарц гээд л амьтны сүүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд их хэрэглэнэ.

    Ингэхэд сүү ямар найрлагатай хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг юм болоо? За адгуус амьтад ч яахав өвс ногоо иддэг болохоор тэдний сүүг өвс ургамал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд л таван хошуу малын иддэг усны тунгалаг, өвсний соргогтой зүйрлэн бодно.

    Судлаачдын хэлж байгаагаар амьтны сүү нялх хүүхдийн жинг нэмж биед нь хэрэгцээтэй шим тэжээл өгдөг гэсэн байна. Харин ээжийнх нь сүү хүүхдийн уураг тархи, сэтгэхүйн хөгжилд нь түлхүү нөлөөтэй болохоор ээжийнхээ мөөмөөр хооллож байгаа хүүхэд сэтгэхүйн хөгжил сайтай, сэргэлэн цовоо байдаг гэнэ.  

    Мөн сонирхуулахад алдартай бөхчүүд арван хэд хүртлээ хөхөө хөхдөг байсан юм билээ. Бас алдартай хурдан хүлгүүд даага, шүдлэндээ эхийгээ хөхдөг байсан байна. Тэгэхээр эхийн сүү гэдэг агуу ид шидтэй баялаг бөгөөд бурханаас үрдээ заяасан төрөлхийнганц хоол нь ажээ.

    Орчин үеийн ээж нарын хөхний сүүний найрлага ямар байдаг болоо гэсэн бодол орж ирэв …

    Дээр үед монголчууд цагаан идээ, мах, гурил хэрэглэдэг байсан. Орчин үед ээж нар зах зээлийн нийгэм, амьдрах орчин нөхцөл, амьдралын хэв маяг, цаг үеийн хандлагаа дагаад тоолж барамгүй олон төрлийн, хөгшин хүмүүсийн хэлдгээр есөн зүйлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ бүхэн эхийн сүүний найрлагад  хэрхэн нөлөөлдөг болоо?

    Ямартаа ч эмч нар хөхүүл эхийг хүчтэй антибиотик болон бусад зарим төрлийн эм хэрэглэж байгаа үедээ хүүхдээ өөрийнхөө сүүгээр хооллохгүй байхыг зөвлөдөг байна. Үүнээс өөр хөхүүл эхийн хооллолт хөхний сүүний найрлагад хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл олсонгүй. Хүүхдээ хөхөөр хооллох нь зөв, хүүхдээ хэрхэн хөхүүлэх талаар л мэдээлэл их байна.

    Харин хамгийн гол зүйл болох хүүхдийг тэжээж байгаа ээжийн хөхний сүүг чанартай, хүүхдэд хоргүй, зөв найрлагатай байлгахад нь ээжүүд анхаарах хэрэгтэй гэж бодож байна.  


    Google- ээс олсон мэдээлэл

    Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд сайн

    Ер нь хөхөөрөө хооллоогүй хүүхэд амьсгалын замаар өвчлөх нь хөхөөрөө хооллодог хүүхдээс тав дахин, суулгалт өвчөөр өвчлөх нь арав дахин их байдаг. 

    Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй.

    Хөхөнд сүү оруулахад 

    Монголчууд дээр үеэс хэрэглэж ирсэн сайн арга бол будаатай цайюм. Ер нь сүү оруулахын тулд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Жирийн хүн өдөрт 1,5 литр шингэн уудаг бол хөхүүл эх гурван литрийг уух хэрэгтэй. 

    Янз бүрийн өвсний ханд, цайнууд сайн байдаг. мөн хушигны сүү, ногоон цай сайн үр нөлөөтэй байдаг. Мөн самрын сүү, ногоон цай ашигтай. Хушигны сүү бэлдэх тун энгийн бөгөөд нунтаглаж жижиглэсэн хушиган дээр сүү хийж хэсэг хугацаанд хандлаад хүүхдээ хөхүүлэхээсээ 20 минутын өмнө ууна.

    Хөхүүл эхийн 1 өдрийн хооллолт

    Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг, 800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолт бүрэн дүүрэн гэж үздэг.

    Эх хүн хүүхдээ хөхүүлж байхдаа өөрийнхөө шим тэжээлийг алдаж байдаг тул кальцаар баялаг бяслаг /монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай.

    За нэг иймэрхүү бичвэр боллоо. Эцэст нь ээждээ хандаж хэлэхэд намайг хамгийн сайхан сүүгээр хооллож эрүүл энх өсгөсөнд нь баярлалаа. Бас мөөмөөр хооллохоо больсон ч сүү цагаан идээгээр хооллож, оюутан болсон ч үнээний сайхан сүү дандаа өгч явуулдагт нь их баярлаж явдаг шүү. Таныгаа сүүтэй зүйрлэж боддог. Таньдаа хайртай шүү ээжээ. Охин нь сүүнд дуртай. 

  • Хөдөөг хөгжүүлэх хэрэггүй юм байна

    Жоохон хувиа бодсон, арчаагүй сонсогдож байж болох энэ гарчгийг өгөх үү байх уу гэж удаан бодсоны эцэст бичих гэж байгаа сэдэвт минь үүнээс өөр тохирох толгой олдсонгүй. Тиймээс энэ санаагаа батлахыг оролдох болно.

    Хотын өвөө, хөдөөгийн өвөө хоёроос адилхан нэг асуулт асууя. “Амьдрал ямар байна даа, өвөө?”

    Хотын өвөө:

    -Амьдрах нь байтугай амьсгалах ч арга алга. Дээрээ суудлаа олохгүй барилцаж аваад л. Дээр нь энэ хотын түгжрэл, утаа май, өдөр өнжилгүй өсөж байгаа юмны үнэ гээд. Хүүхдүүд маань ажил олох гэж, амьдрах гэж аргаа барж байна. Хөгшин бид ч яахав тэтгэвэрийнхээ хэдийг горьдож яваад л насыг барна. Үлдэж байгаа үр хүүхдэд минь л их хэцүү орчин үлдэж байна даа гээд бодохоор амар тайван үхэх арга алга.

    Хөдөөний өвөө:

    -Хэдэн малынхаа буянд болоод л байна даа, хүүхээд. Энэ жил хур бороо элбэгтэй, нар хур тэгширсэн чухам сайхан зун боллоо. Өвлийг л өнөтэй завчихвал болно доо, хүү минь. Хангай дэлхий маань харж үзэх байлгүй дээ. Уул, усандаа зальбираад суухад аандаа сайхан болно оо хөө.

    Мэдээж ийм л хариулт ирнэ. Хөдөөгийн өвөөд хотын өвөө шиг такси, микронд хөл дүүжилж, хананаасаа усаа аваад, хажуугийн дэлгүүрээс хүнсээ цуглуулж, өдөр бүр өнгөт зурагт, үй олон суваг үзэн цаг төрийн үйл явдалтай цаг тухайд нь танилцаж, гадаадад байгаа хүүхдүүдтэйгээ интернэтээр харилцаад байх боломж байхгүй. Хөдөөгийн өвөө хотын өвөө шиг сардаа нэг өрхийн эмнэлэг, хорооны байраар очиж өвчин хуучаа тайлагнаж, гомдол мэдүүлээд байх боломж, шаардлага ч байхгүй.

    Энэ хоёр өвөөгийн дунд газар нутгийн болоод хөгжлийн асар том зай оршиж байдаг. Гэсэн ч тэд уулзахаараа тамхиа нэрэн хууч дэлгэж, урьд эртний сайхан цагаа дурсаж, өнөөх л хаяад орхиод явсан хөдөөгийн тансаг агаар, уул ус, аль эрт байхгүй болчихсон хууччуулынхаа тухай дуусаж дундрашгүй хөөрөлдөж чадна. Хотын өвөө хөдөөгөө санагалзаж, морь малдаа тэмүүлж, дөрвөн уулын дунд хашигдсан гашуун тавиландаа гомдоллож суухад хөдөөгийн өвөө хотын нүсэр хөдөлгөөн, ааг амьсгаагүй давхилдах яаруу дааруу хүмүүсийн дунд нэг удаа орчихоод хэрхэн нутаг руугаа буцаж амь тэмцэн ирсэнээ санагалзан хотын өвөөг тэрүүхэндээ өрөвдөөд л суух вий.

    Хөдөөгийнхөн уул усандаа ойр, үй олон хэрэгтэй хэрэггүй мэдээллээр тархи толгойгоо гашилгаж, хүний санаанд оромгүй хүнлэг бус хүчирхийлэл, уур амьсгалаас хол байгаа болохоор сэтгэл амарлингуй, итгэл дүүрэн аж төрж яваа. Харин хотын өвөөд амьдрал, ирээдүй тэр чигээрээ бараан саарал бодол нэрүүлсээр уушги, зүрхэнд нь хурцаар нөлөөлсөн байгаа. Тиймээс хотын өвөө хөдөөгийн өвөөгөөс түрүүлж нөгөө ертөнцөд очих нь дамжиггүй. Тэр нөгөө ертөнц рүү очихоосоо өмнө төрсөн нутгаа ганц удаа ч болов харахсан гэсэн цор ганцхан хүслийг өвөртөлж яваа.

    Хөдөөгийнхөн өндөрлөг газарт амьдардаг нэгнийхийгээ зорин очиж, баганых нь дэргэд тавьсан сандал дээр гарч зогсоод, тоононоос дүүжилсэн утсанд зүүгдэн байж чухал гэсэн хүнтэйгээ тав гуравхан үг сольчихоод л санаагаа амраана. Бусад цагт байнга утас нь дуугарч, шал хэрэггүй шахам хов жив хөллөсөн элдэв муу мэдээллийг хүлээн авахгүй чих, тархи амар мал хуй, сүү сааль, бэлчээр усаа зохицуулан амар тайван аж төрнө.

    Тэдэнд биднийх шиг тавхан суудалтай унаандаа чихэлдэн бухимдаж, хоёрхон буудал газар явах гэж нервээ барах шаардлага байхгүй. Тэд бидэн шиг орой бүр аллага хүчирхийлэлтэй кино, бүх ТВ-үүдээр гардаг адилхан шахам захиалгат мэдээгээр зодуулж, өөрт нь хүртээлгүй улстөрчдийн хэрүүлээр балбуулах хэрэгцээ байхгүй. Хөдөөгийнхөн талхны үнэ нэмэгдчихлээ гэж гомдоллож, маргааш өглөө босоод гарахад халаасанд байх таван мянган төгрөгийг яаж олох тухай бодлоор толгойгоо өвтгөх шаардлага гарахгүй. Тэд бүхнийг өөрсдөө хийж, түүгээрээ амьдралаа залгуулж, аяга цайныхаа сүүг ч бусдаас горьдолтгүй базаагаад авчихаж чадна. Тэд маань тийм их хэрэглээг бусдаас нэхдэггүй учраас уул ухах, банк дээрэмдэх, гоёлын даашинзны төлөө биеэ үнэлэх, ТВ од болохын тулд захирлуудын хөлд орооцолдож гүйх тухай бодох ч үгүй.

    Тиймээс л би гэж хүн хөдөөг хөгжүүлэх хэрэггүй юм байна гээд бодчихоод яваа юм. Хөдөөг хотын дайтай хөгжүүлбэл ямар болох тухай төсөөлье. Мэдээж зам харилцаа сайжирна. Тэрнийг дагаад хөгжил хөдөө тийш зүглэнэ. Тэрхүү хөгжлийг дагасан маш олон сайн муу зам хөдөө тийш зурайж байна. Ногоон дэвсэг мэт тал минь олны хөлөөр шороо бужигнасан хөндий болно. Ховор нандин ургамалууд ашиг хонжоо хайгчдын халаасанд ороод устаж үгүй болно.

    Үзэсгэлэнтэй сайхан гэгдэх, түүх дурсгалын бүхий л газрууд хэн нэгний эзэмшил болно. Үнэндээ хөл гишгэх газар олдоно гэдэг эргэлзээтэй. Хөдөөгийн малчид хөгжил даган хүрч ирсэн нарийн нандин хэрэглээг нэг л хэрэглээд сурчихвал бидний л адил мах, талхны үнэ хөлсний төлөө зодолдож, хятадуудад бэлчээр усаа зарж идэхээс өөр замгүй болж таарна. Хөдөөд маань үй олон дэлгүүр ломбард нээгдэж, малчид байдгаа барьцаанд тавьж, оройн хоолны төлөөсөнд явсан мал сүрэг маань арьс үсний наймаачдын шүлсийг савируулах нь мэдээж. Тиймээс олз ашгийн төлөөх ченжүүдийн цуваа ч одоогийнхоос хавьгүй урт цуваа болон айл бүрийн хаалгыг өдөр бүр тогших болов уу. Хөгжил даган ирсэн шинэ сонин хэрэглээ бүхний төлөө малчид нэг нэгээрээ суурин амьдрал руу зугуухан шилжсээр цөөрч дуусах магадлал өндөр.

    Бидний алсаас санагалзан суудаг уулс ус, бууц нутаг маань бүгд хашаа тороор хаалт хаалга барин хиллэж, дундуур нь сүлжин сунайх үй олон замууд онгон байгалийг сүйрүүлж баллах нь мэдээж. Бас бид бүхний хайрлан хүндэтгэдэг хөдөө зан, хөдөө араншин аль хэдийнэ түүх домог болж, монгол хүний уужуу ухаан, байгальтайгаа дасан зохицсон уламжлал зан заншил музейн шилэн хоргоны цаана дурсгал болон үлдэх биз. Монгол хүн бүрийн бахархал болсон онгон зэрлэг байгаль, нүд булаам үзэсгэлэнт уул ус, монгол ахуйгаас өөр хаа ч амтагддаггүй өрөм сүүний тансаг амт, ааруул хурууд, аав ээжийгээ санах бүрт үнэртдэг аргал хомоолны үнэр дотно үнэр… Энэ бүхэн минь энгийн эгэл малчны хотоос л биднийг даллан дууддагийг мартаж боломгүй. Малчид маань харин тал шигээ уужуу ухаан, хөдөө шигээ цэвэр ариун хөдөлмөр хүчээрээ энэ бүхнийг жинхэнэ халуун гараараа бүтээн бий болгосоор ирснийг бид мэднэ. Сүүндээ гурил хутгаж, аарууландаа саахар базаж, шинэ шөлөндөө хоол амтлагч хийхийг хөдөөгийнхөн маань сураагүй хэвээрээ л байсан нь надад илүү дотно эерэг санагдана. Энэ бүх амтыг би эгэл жирийн малчин өвөөгийнхөө бор эсгий гэрээс амталж үзмээр байна.

    Аливаа бүхнийг хараар будах нь мэдээж утга учиргүй. Бас аливаа бүх өөрчлөлт үргэлж сайн муу аль алиныг дагуулж ирсэн нь маргаангүй. Тиймээс хүнээ харж үзэх учиртай энэ цаг үе маань хүний эрүүл мэнд, цаг завыг хэмнэхийн төлөө хөгжлийн томоохон өөрчлөлт, гарцуудыг олж биежүүлж байгаа нь сайшаалтай хэдий ч бид хөдөөгөө сууринжуулах, хөгжил нэртэй элдэв мэдээллийн хогийн савыг хөдөөгийн сайхан монголчуудынхаа тархи толгойд углах нь дэндүү хайран хэрэг юм уу гэсэн бодлоор энэхүү бяцхан нийтлэлээ бичиглэв.  Хотын өвөө ч үүнтэй санал нэг байх болов уу.

    Олон түмэн авах гээхийн ухаанаар хандах биз ээ.

    Х.Болор-Эрдэнэ

  • Сэтгэгч Сант: Орчлонгийн үндсэн хуулийг би нээсэн

    Хүн төрөлхтний дээд соёл иргэншил, дээд технологийг сэтгэж Орчлонгийн үндсэн хуулийг нээсэн сэтгэгч Санттай хийсэн ярилцлага

    Бусад цуврал ярилцлагыг үзэх

  • “Social media community & Personal branding” seminar

    Компанийн “Ажилтны хөгжлийн цаг” бол мэдлэг, чадвараа хуваалцах хамгийн үнэ цэнэтэй цаг байдаг. Энэ удаа, “Хувь хүний брэндийг бий болгоход сошиаль медиаг амжилттай ашиглах нь” сэдэвт семинарыг миний бие зохион байгууллаа.
    “Бид өөрсдийн мэдлэг чадварыг тогтмол хуваалцаж хамтдаа хөгжиж чаддаг”