Category: human-development

  • Ийнийтэн Сант- Монгол үндэстэний гоц сэтгэгч @IiniitenSant

    Монголын гоц сэтгэгч. Орчлонгийн үндсэн хууль буюу Супер нэгдлийн онлын нээлт хийсэн. Ийнийтэн, Зураач, хот төлөвлөгч.

    Би түүнтэй нэг л өдөр уулзана гэдгээ мэдэж байлаа. Тэр өдөр нь энэ байж. Түүний өвөрмөц сонин урлангаар зочилж, дуулж сонсож байгаагүй шинэ мэдлэгээс шанагныхаа хэмжээгээр хутгахыг хичээлээ. Тэрээр “Орчлон ертөнцийн үндсэн хууль”-ийг нээхийн төлөөнөө амьдралынхаа 20 жилийг бүрэн зориулж, гэр бүл, хувийн амьдрал, эрүүл мэндээ хүртэл золин байж хөдөлмөрлөсөн хүн ажээ. Хүн төрөлхтний дээд соёл иргэншил, дээд технологийг сэтгэж Орчлонгийн үндсэн хуулийг нээсэн сэтгэгч Сантыг Монголын Леонарда Да Винчи гэж нэрлэмээр санагдлаа. Түүний сэтгэсэн ажлууд нь уран зураг, уран барилга, хот төлөвлөлт, соёл иргэншил зэрэг маш өргөн цар хүрээтэй байсан нь бишрээд баршгүй байв. Түүний нээсэн мэдлэг нь хүн төрөлхтний хуучин мэдлэг дээр суурьлаагүй бөгөөд цоо шинэ мэдлэгийг нээж, хүн төрөлхтний цаашдийн амьдралын дээд оршихуй, дээд соёл иргэншлийг тодорхойлж байгаагаараа шимтэн судлахгүй байхын аргагүй сэдэв гэж мөхөс би бодов. Бид өнөөдөр Сантын сэтгэсэн ажлыг патентжуулж дэлхий дахинаа таниулахгүй бол нэг л өдөр гадаадын хэн нэгэн эрдэмтэн Сантын бүтээлийг хуулаад Орчлон ертөнцийн үндсэн хуулийг би нээлээ гээд дэлхийд зарлах вий дээ. 

    Сэтгэгч Санттай 11цаг 19 минутын турш ярилцсаар л байна. Түүний яриа цаг хугацааг зогсоодог. Анх удаа 1 хүнтэй ийм удаан ярилцаж үзлээ.

    Ярилцлагын холбоос

    Сант бид 2 төстэй байна уу. (Хэ хэ)
    Сантын бүтээсэн “Наран гэрэлтэлт Монгол гэр”. Урц хөгжсөөр Монгол гэр болсон. Цаашид Монгол гэр хэрхэн хөгжих вэ?
    Түүний 20 жилийн турш бичсэн гар бичмэлүүд нь хайрцаг дүүрэн байна. Үнэхээр сонирхолтой ороомогууд байна.
    Сэтгэгч Сантын сэтгэсэн нараар гэрэлтэгч ухаалаг байшин. 
    Түүний зурсан уран зураг.

    Санттай хийсэн ярилцлага. Бусад ярилцлагыгhttp://youtube.com/IiniitenSant сувгаас үзнэ үү. Одоогоор 5 цуврал ярилцлага бий.

    Та бүхэн Санттай заавал уулзаарай. Санал сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.

    https://facebook.com/iiniitenSant
    https://twitter.com/IiniitenSant
    http://youtube.com/IiniitenSant 

  • Сошиал медиа бол хандлага

    Интернэт хэрэглэгчид үнэхээр байгаа юм уу? гээд эргэлзээд байх юм. Тухайн үедээ машин, пуужин, суурин утас, гар утас бүгд л галзуу солиотой хүний санаа байсан. Бүгд л эргэлзэж, тээнгэлзэж байсан. Гэхдээ тэдгээр зүйлс хүн төрөлхтний хэрэглээ болж чадсан. Шинэ хандлагыг түрүүлж туршиж, түрүүлж хөдөлж, алдаж онож явсан нь хождог. Хойш сууж, хойноос нь хөөж, үргэлж 2-р нь явсан нь алддаг. Хүссэн ч эс хүссэн ч, хүн бүр гэрээсээ ажлаа хийгээд, гэрээсээ газрын бичгээ аваад, гэрээсээ ерөнхийлөгчийг загнаад суух тэр цаг тун ойрхон байна. Хэн хандлагыг түрүүлж мэдэрч ойлгож сууриа зөв тавьж чадна. Тэр хожино. Сошиаль медиа бол хандлага. Хандлагыг зөв замаар нь хөгжүүлж шан татах нь чухал. Хүүхдүүд чинь интернэт, сошиал медиаг үр ашиггүй буруу ашиглаж байгаа бол зөв ашиглах үлгэр жишээ нь өөрсдөө байцгаая.

  • Цахим хуудас, сошиал медиаг мэргэжлийн багаар удирдуулахын ач холбогдол

    Харилцагч байгуулагад зориулсан зөвлөмж

    1. Цахим хуудас, сошиал медиаг удирдахад шаардлагатай ажлын байр

    Цахим хуудас болон сошиал медиаг удирдахын тулд програмчлал, сошиал маркетинг, сэтгүүлзүйн мэдлэгтэй баг нягт уялдан хамтран ажиллах шаардлагатай байдаг.
    Цахим хуудас, сошиал медиаг мэргэжлийн хэмжээнд ашиглахын тулд тухайн байгууллагад дор хаяж 3 хүний ажлын орон тоо гаргах хэрэг болно.

    Ажлын байр

    Тавигдах шаардлага

    Ажлын байрны зардал

    Вэб админ

    1. Програм болон сэтгүүлзүйн суурь мэргэжилтэй
    2. Цахим хуудасны агуулга удирдах системийг бүрэн ашиглаж чадвартай
    3. Мэдээлэл боловсруулах, найруулах чадвартай
    4. Адоб-ын програмууд дээр ажиллах чадвартай
    1. Цалингийн зардал нь 500’000+
    2. Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
    3. Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
    4. Ажилтан авах, сургах зардал +
    5. Алдагдсан боломжийн өртөг +

    Вэб мастер

    1. Програмын суурь мэдлэгтэй
    2. Вэб програмчлалын мэдлэгтэй
    3. Вэбийн аюулгүй ажиллагааг хариуцах чадвартай
    4. Сошиал орчинд аппликэйшн хөгжүүлэх чадвартай.
    1. Цалингийн зардал нь 500’00+
    2. Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
    3. Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
    4. Ажилтан авах, сургах зардал +
    5. Алдагдсан боломжийн өртөг +

    Сошиал медиа маркетер

    1. Маркетинг болон сэтгүүлзүйн суурь мэргэжилтэй
    2. Сошиал медиаг маш сайн ашиглаж чаддаг байх
    3. Мэдээлэл боловсруулах, найруулах чадвартай
    4. Зөвхөн ажлын 8 цагт биш  хамгийн багадаа 00 цаг хүртэл ажиллах боломжтой байх.
    1. Цалингийн зардал нь 500’000+
    2. Тоног төхөөрөмжийн зардал (Ширээ, компьютер) 600’000
    3. Тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдол +
    4. Ажилтан авах, сургах зардал +
    5. Алдагдсан боломжийн өртөг +

    Дүгнэлт: 
    Дээрх чадваруудыг эзэмшсэн төгс 1 мэргэжилтэн гэж байхгүй. Байлаа ч бүх ажлыг гүйцэтгэх боломжгүй. Тиймээс тухайн чиглэлээрээ мэргэшсэн ажилтан хэрэгтэй болно. Вэб админы хувьд програмист суурьтай хүмүүсээр ихэвчлэн хийлгэдэг боловч мэдээлэл боловсруулалт тал дээрээ гологддог. Сүүлийн үед хэрэглэгчтэй харилцах хэрэгсэл болж хөгжиж байгаа учир вэбийг менежер, маркетерууд удирддаг хэлбэр хөгжиж байна. Вэб мастерын ажлын орон тоог вэб хөгжүүлдэг хүн гэдэг өнцөгөөс харж ажиллуулдаг. Гэтэл вэб хөгжүүлэлт дизайн төлөвлөлт, програмчлал гэх мэт багаар хийх ажил ихтэй байдаг. Тэр үед ганцхан вэб мастерт бол вэб хөгжүүлэлт нь ахадсан ажил болоод байдаг. Вэб мастерийн хувьд болгоно гээд хийгээд л байдаг, хөгжүүлээд л байдаг. Сүүлдээ юу ч хийхгүй байгаа юм шиг харагдана. Эсвэл технологийн чадамж, өнгө төрх, зохион байгуулалт муутай вэб хөгжүүлнэ. Ганцаар учраас аргагүй шүү дээ. Мөн вэбд томоохон засвар шинэчлэлт хийх болоход ганц хүнд дэндүү ахадсан ажил болдог учир цаг хугацаа их зарцуулдаг. Энэ тохиолдолд мэргэжлийн багт хандаж аутсорсинг хэлбэрээр ажлаа гүйцэтгүүлдэг.

    Дүгнэлт: 
    Нийт зардал хамгийн багадаа сар бүр 2’000’000₮- өөс дээш зардал гаргана.
    Тухайн зардлаа гаргалаа гэсэн үр дүнд хүрч чадах эсэх нь баталгаагүй. Яагаад гэвэл мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн олоход бэрхшээлтэй.
    Тэгвэл мэргэжлийн багаар дээрхээс бага зардлаар илүү үр дүнтэйгээр удирдуулах боломжтой юм.

     

    2. Цахим хуудас, сошиал медиа чадамж

    Чадамж 

    Онцлог 

    Үр дүн, удирдах зарчим 

    Хэрэглэгчдийн нэгдэл 

    Хамгийн чухал хэрэглэгчдийн нэгдлийг цахим орчинд бүрдүүлж тэдний хооронд холбоос үүсгэнэ. 

    Цахим хуудасны ханалтыг сар тутам 1000-с дээш болгох боломжтой.
    Facebook хуудасны LIKE-ийн тоог сар тутам 200-р нэмэгдүүлэх боломжтой.
    Интернэт орчинд сар тутам 100-с дээш санал, гомдол, сэтгэгдэлийг хүлээн авах боломжтой. 
    Одоо та бүхэн хэрэглэгчийн санал хүсэлтийг сард хэдэн удаа хүлээн авдаг вэ? 

    Хэвлэл мэдээлэл

    Компанийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл болно. Хэвлэл мэдээлэлийн зардалыг бууруулна. Мэдэгдэл, мэдээ, үйл явдал зэргийг мэдээлнэ.

    Цахим хуудаст тогтмол мэдээ, мэдээлэл нийтлэх.
    7 хоногт 2-с дээш.

    Хэрэглэгчтэй харилцах

    Хамгийн чухал нь хэрэглэгчтэй харилцах дэд бүтэц бий болно. Уламжлалт хэвлэл мэдээлэл нь хэрэглэгчид 1 урсгалт мэдээллийг өгч зөвхөн утас, санал хүсэлтийн хайрцаг төдийхнөөр хэрэглэгчээ сонсдог байсан бол цахим хуудас сошиал медиаг ашиглан хэрэглэгчийг сонсож харилцахад хялбар болно.

    Хэрэглэгчийн асуулт, санал сэтгэгдэлийг өдөөсөн мэдээ нийтлэлийг сошиал орчинд өдөр бүр хүргэж тэднийг сонсож, тэднийг сэдэлжүүлж ажиллах.
    Нийт 600000 гаруй интернэт хэрэглэгчдээс өөрийн байгууллагад хэрэгтэй, байнгийн 5000-с дээш хэрэглэгчтэй тогтмол харилцах зорилтыг тавих.

    Зар сурталчилгаа

    Мэдээллийн 20% орчимыг зар сурталчилгааны зорилгоор ашиглах боломжтой.

    Зар сурталчилгааны хүрэх далайц нь ямар реклам бүтээхээс шууд хамаарна.

    Хэрэглэгчдийн мэдээлэлийн бааз

    Ямар хэрэглэгчид хандаж байна гэдгийг хэрэглэгчийн сошиал акаунтыг судлах замаар тодорхойлж болно.

    Өмнө нь хэрэглэгчийн мэдээллийн баазийн бүрүүлэхийн 10000$ төлж хэрэглэгчтэй харилцах систем хөгжлүүлдэг байсан болсошиаль медиа нь хэрэглэгчтэй харилцах системийг орлох хэмжээнд хүрч байна.

    Судалгааны өгөгдөл баазтай болно

    Хэрэглэгчийн үлдээж буй сэтгэгдэл, санал гомдолыг бүртгэн судалгааны өгөгдөл бүрдүүлж, тэдгээрийг өөрсдийн маркетинг төлөвлөгөөнд тусгах ажиллах боломжтой.

    Судалгааны зардалыг хэмнэх боломжтой. 200 хүнээс анкетан судалгаа авах зардлаар 2000 хүнээс онлайн судалгаа авах боломжтой.

    Боловсруулсан:
    Ж.Лувсандорж
    Гүйцэтгэх захирал
    “Нью Медиа Маркетинг” ХХК
    2012.12.13

  • Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”

     

     “Яруу сэтгэгч” сонины анхны дугаарын нийтлэл…

    Бүтээлч чадвар гэдэг бол “бурхнаас заяасан бэлэг” бөгөөд цөөхөн хүнд л олддог зүйл хэмээн нэгэн үе тооцож байв. Гэтэл авъяас бэлгийг эрүүл саруул бүх хүнд байгалиас заяасан байдаг ажээ. Харин хүн бүрт нуугдаж байгаа Бүтээлч интелектийн ер бусын боломжуудыг нээх нь ердөө өргө техникийн л асуудал юм.  

    Тодорхойлолт:

    Бүтээлч интеллект гэдэг нь ер бусын байдлаар сэтгэж, өвөрмөц байх чадвар бөгөөд “зөвхөн бусдыг даган сэтгэдэггүй байх чадвар юм. Бүтээлч интеллект нь:

    Хурд. Танаас шинэ бүтээлч санаа төрөх хурд.

    Хөдөлгөөнт шинж. Энэ нь аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, сөрөг санал бодлуудыг харгалзаж, хуучирсан үзэл бодол, төсөөллийг өөрчлөх таны чадвар юм. Түүнчлэн бид ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж байх үедээ бүх мэдрэмжээ ашиглах чадварыг бас агуулдаг.

    Өвөрмөц, давтагдашгүй шинж. Энэ нь бүтээлч сэтгэлгээний зүрх бөгөөд ер бусын хосгүй, шинэ санааг олох таны чадварыг харуулж байдаг. Ийм шинж чанаруудыг агуулсан хүнийг хармагцаа бусад хүмүүс “өөрийгөө хянадаггүй” гэж үздэг боловч үнэн хэрэг дээрээ харин ч үүний эсрэг байдаг. Өөрийн өвөрмөц шинж гэдэг бол оюун ухаанаагаа ухамсартайгаар хөвчлөн ажилласны үр дүн голдуу байдаг ба тухайн хүн ухаанаа төвлөрүүлэх өндөр чадвартай байдгийг харуулдаг.

    Шинэ санааг хөгжүүлэх чадвар. Бүтээлч бие хүн бол жирийн санааг өлгөн авч өргөжүүлж, чимэглэн, хөгжүүлж, олон санаа бодлоор баяжуулж чаддаг.

    Бүтээлч хүмүүс голдуу шийдмэг бөгөөд шаргуу байдаг. Тэд бүтээлч зорилтуудаа хэрэгжүүлхээр эрчтэй барьж авдаг учраас бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.

    Та үүнийг мэдэх үү?

    Таны уурга тархины гаргаж чадах шинэ санаа бодлуудын тоо нь ертөнц дээрх бүх атомуудын тооноос ч илүү байдаг байна. Үүний зэрэгцээ уламжлалт математикийн болон хэл ярианы интеллектүүд нь аналитик, логик сэтгэлгээний үйл явцтай илүү түлхүү холбогддог. Таны бүтээлч интеллект нь таныг шинэ санаа бодлуудын ертөнцөөр шинэ оршихуйд хүргэдэг эрчимтэй хийсвэрлэн сэтгэх явдлаар илэрнэ. Интеллектийн бусад төрлүүдийн адилаар бүтээлч интеллектийг ч хөгжүүлж болдог. Зарим хүмүүс л үгүй гэж зүтгэдэг юм. 

    Бүтээлч интеллектийн од болсон хүн

    Бидний жишээ татах гэж байгаа интеллектийн од болсон хүн маань ядаж сургууль ч төгсөөгүй юм шүү дээ. Тэрбээр дислекси өвчинд нэрвэгдэж, үгийг зөв бичих дүрмийг огт тогтоож чадахгүй байсан болохоор ном унших, суралцахад тун бэрх байжээ. Тэр энэ байдлаасаа ихэд ичиж, бусдын өмнө анги танхимд ямар нэгэн сэдвийг унших хэрэгтэй болоход олон цагаар чармайн байж цээжилдэг байв. Түүний IQ интеллектийн түвшин доогуур байсан учраас багш нар нь сайн сурагч гэж үздэггүй байв. Энэ хүнийг Ричард Брэнсон гэдэг байлаа. Гэвч тэрээр ямар ч саад бэрхшээлийг үл хайхран өөрийнхөө бүтээлч интеллектийг хөгжүүлж байхдаа  гялалзсан ирээдүйг өөртөө бий болгож чадсан юм. Ямар ч ирээдүйгүй байсан тэр залуу Virgin гэсэн эмблемд нэгддэг 150 үйлдэрийн удирдагч болж, 3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болж чаджээ. Яаж, юуны ачаар тэр юм бол!

    Оюуны хөгжлийн коэффицент түвшнийг тогтоох тестүүд нь тэр хүний зорьсондоо хүрэх хорсолтой гэмээр айхтар шаргуу чанаруудыг илрүүлж чадаагүй юм. Энэ л чанар нь Брэнсонд том, жижиг ямар ч асуудал тулгархад заавал гарц олж, бусад хүмүүс тэмцэхээ больчихоод байхад ч эцсийг нь хүртэл үзэлцэн үр дүнд хүрэхэд нөлөөлж байжээ. Мөн түүний бүтээлч шинэ санаа бодлоо бусадтай хуваалцах чадвар, бусдын хүсэл мөрөөдөл, санаа бодлыг өөрийнхтэйгээ хослуулан үр дүнд хүрэх чадварыг нь тестээр илрүүлж чадаагүй аж. Өсвөр насандаа Брэнсон бүтээлч бусад олон хүмүүсийн адилаар сурч байсан сургуулийнхаа хатуу хязгаар, дүрмүүдэд гонсойж явдаг байв. Түүний бүтээлч сэтгэлгээ эсэргүүцлээ илэрхийлсэн анхны үйл ажиллагаа нь сургууль дээрээ өөрөө анх сонин гаргасан явдал юм.  

    Тийм хачин хүүхэд сонин гаргалаа гэж үү? Тиймээ

    Тэрбээр зөвхөн сургуулийнхаа төлөө бичдэг байсан явдлыг халж, үүний эсрэгээр сурагчдынхаа тухай бичихээр шийджээ. Тэрээр сонингоо хэн ч уншихгүй уйтгарт цаас биш, харин ч бүх хүнд, ялангуяа реклам тавиулан мөнгөө төлж чадах томоохон компаниудад зориулсан сонирхолтой, хурц байлгахыг хүсэж байв. Энэ удаа тэрээр бас л өөрийн гэсэн өвөрмөц замаар явахаар шийдэж, сурагчдыг төдийгүй кино, рок хөгжмийн одод, бүтээлч хүмүүс, олонд алдаршсан тамирчдыг сэтгүүлчээр урьж ажиллуулсан юм. Ричард болон түүний найз Жонни Жеймс багахан хөрөнгөтэйгээр ажлаа эхэлжээ. Шуудангийн зардал болон утасны төлбөр төлөхөд ээжийнх өгсөн ердөө л 4-хөн фунт л байлаа. Тэд Брэнсоны байшингийн подвалд ажиллаж, бүхий л зүйлсд өөрсдийгөө хязгаарлан, чадахын хэрээр хэмнэж байсан ч тэднийг хөдөлгөгч хүч болох өөрсдийн бүтээлч санаа бодолдоо хэзээ ч, ямар ч хязгаар тавьдаггүй байв. Брэнсоны сурч байсан сургуулийн захирал нь нэгэн удаа түүнд ёжтойгоор “баяр хүргэе Брэнсон. Миний бодлоор бол, та нэг бол шоронд орж, нэг бол тэрбумтан болох байх” хэмээн хэлж байжээ. Тэр үеэс Брэнсон өөрийнхөө гол зарчмыг хөгжүүлэн, бүхэл бүтэн компаниудын ажил хэргийг засан өөрчилж,  бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлэж, аль болох олон шинэ санаа бодлууд олохыг чармайн, энэ үедээ бусад хүмүүсийн бодол мөрөөдлийг сонирхон судлах болжээ. Түүний тэргүүлэх компани “Виржин Эйрлайнз” нь бүтээлч санаа бодлыг хэргэжүүлсний маш сайхан жишээ юм. Үнэ тарифаа буруулахдаа үйлчилгээний чанарыг бууруулдаг “доошилж буй спираль” хэмээх ердийн зарчмыг ашиглахын оронд тэрээр уламжлалт хандлагыг эргэн хянаж үзжээ. Тэгээд үнэ өртгөө хэвээр байлгаж, ирсэн хүмүүст үнэгүй иллэг хийх, мөхөөлдөс өгөх, кино үзүүлэх, шүршүүрт орох, биеийн тамирын дасгал хийх зэрэг этгээд өвөрмөц үйлчилгээг нэмж оруулжээ. Тэр гайхамшигтай сайхан санаануудыг олж хэрэгжүүлдэг, бусад хүмүүсийн санааг ашиглаж, тэдэнтэй хамт нэгдмэл болж мөрөөдлөө биелүүлдэг чадвараараа  амжилтыг хүчээр өөртөө дуудан авчирсан хүн юм.

    Та үүнийг мэдэх үү?

    Бүхий л цаг үеийн агуу суутнуудын нэг  1000 гаруй шинэ бүтээл хийсэн Томас Эдисон 12 насандаа сургуулиас хасагдаж байжээ.

    Бүтээлч хандлага гэдэг нь сайхан зураг зурах, хөгжмийн зэмсгээр тоглохыг хэлнэ гэж ойлгож болохгүй. Оройн хоол бэлтгэх, ажил дээрээ тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, амралтаа төлөвлөх, хашаа, цэцэрлэгээ янзлах, байшин өрөөгөө засах, зурагтаар гарч байгаа хөл бөмбөгийн баг яавал өрсөлдөгчөө хожиж болох арга замуудыг тоочих зэрэг нь ч бас л бүтээлч хандлага юм.

    Жишээ: Эцэг эхчүүд.. эд бол үнэхээр бүтээлч хүмүүс. Тэд хүүхэд төрүүлэх төдийгүй, ажлаа хийж, мөнгө олж, орон гэрийнхээ дизайныг шийдэж, хоолоо бэлтгэж, ээлжийн амралтаа төлөвлөж, зочдыг хүлээн авч, хүүхдийнхээ бүхий л асуултад хариулт өгдөг. Тэд үнэхээр ирээдүйг бий болгож байгаа хүмүүс.

    Леонардо да Винчийн санал болгодог Бүтээлч интеллектийн зарчмууд

    Хүн оюун ухаанаа жинхэнэ ёсоор бүтээлч болгохын тулд: мэдрэмжээ хөгжүүлэх, шинжлэх ухааны урлагийг судлах, урлагийн шинжлэх ухааныг судлах, ертөнцийн бүх юмс ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй гэж бүтээлч чанараа гайхамшигтай хөгжүүлсэн Леонардо да Винчи хэлсэн юм.

    1. Мэдрэмжээ хөгжүүлэх

    Бүтээлч оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь мэдрэмжийн интеллект юм гэдгийг Леонардо хүлээн зөвшөөрч байснаараа тухайн цаг үеэсээ 500 жилээр түрүүлж чаджээ.

    2. Шинжлэх ухааны урлагийг судлах

    Леонардо зүгээр л “шинжлэх ухааныг судлах” гэж хэлэлгүй, “Шинжлэх ухааны урлагийг судлах” гэж онцлон хэлж байсан нь сонирхолтой юм. Ингэснээрээ тэр шинжлэх ухаан бол зэвхий саарал, уйтгартай зүйл биш гэдгийг онцолж байжээ. Гэтэл мэдээлэл хөгжсөн өнөө үед шинжлэх ухааныг ингэж сөргөөр ойлгодог хүмүүс байсаар байгаа. Хүний тархины баруун тал бөмбөлгийн хариуцдаг, тодруулбал, орон зайн мэдрэмж, хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ, өнгө, хэлбэр, хэмнэлийн мэдрэмжийг хариуцдаг чадварууд нь шинжлэх ухааны судлагдхуун юм гэдгийг олон жилийн өмнө зөвөөр ойлгож байлаа.

    3. Урлагийн шинжлэх ухааныг судлах

    Эхэндээ энэ нь зөрчилтэй мэт санагдана. “Урлагийн шинжлэх ухаан” гэдгийг бодоод үз дээ?! Гэвч дахиад л Леонардогийн зөв байлаа. Урлаг гэдэг бол олон хүн урлаг гэж ойлгодог тэр зүйл биш юм. Энэ бол хувь хүний өөрийгөө илэрхийлэх болон сэтгэлзүйн психоанализ хийх, нэг тийм “зөөлөн” сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр юм. Та оюун ухаанаа  дасгалжуулсны дараа урлаг гэдэг нь маш нарийвчлалтай, хатуу шаардлагатай шинжлэх ухаан гэдгийг ойлгох болно.

    4. Ертөнцийн бүх л зүйл дам холбоотой байдаг гэдгийг ухаарах 

    Америкийн нэрт сэтгэл судлаач Вильям Жеймс хүний сэтгэлгээ бүрэлдэн бий болох, хөгжих тогтолцоо бүтцийн асар их ач холбогдлыг ойлгож танихаас бүүр 400 жилийн өмнө Леонардо “хүний тархи нь аливаа холбоосыг барьж авдаг механизм тогтолцоо төдийгүй, шавхагдаж дуусашгүй боломжууд бүхий механизм юм” гэдгийг нээж чаджээ.

    Та одоо цааш уншихаа түр зогсоод зөвхөн энэ тухай бодоод үз дээ. Тэгснээр та өөрийнхөө сэтгэлгээ хязгааргүй гэдгийг мэдэж, өөрийн тухай болон бусад хүмүүс, байгаль, хүний оюуны чадавхийн тухай хуучин төсөөллөө бүр мөсөн өөрчлөх ёстой юм.

    Бүтээлч интеллектийн 4 зарчмын зэрэгцээ таны мэдэж байх ёстой бас нэг зарчим бий. Бүтээлч хандлага бол хэвшмэл, стандарт байдлаас заавал татгалздагт мөн чанар нь байдаг. Аливаа норм хэм хэмжээ гэдэг бол статистикийн дундаж зүйл бөгөөд хэвийн зүйлсийн тухай бидний төсөөллийг бүрдүүлдэг. Бидний хувьд хэвийн зүйл гэдэг нь уураг тархи маань дассан тэр зүйлс бөгөөд ямар нэгэн гэнэтийн сонин зүйл гарч ирэхгүй, өөрчлөгдөхгүй хэвээр үлдэж, дахин таны гайхлыг төрүүлхээ больсон, таныг айлгаж, шок цочролд оруулж, эсвэл бухимдуулдаггүй тийм зүйлс юм. “Бүтээх” гэдэг нь урьд өмнө нь  хэн ч хийж байгаагүй ямар нэгэн шинэ зүйлийг бий болгож, ямар нэгэн зүйлийн эхлэлийг тавих чадвар юм.

    Жишээ: “Битлз” хамтлаг бол хамтарсан интелект нь дээд түвшинд ажиллаж чадсан бүлэг хүмүүсийн тод жишээ билээ. Тэд өөрсдөөс нь өмнө хэн ч хийж байгаагүй зүйлсийг байнга хийж, нэг нь нөгөөтэйгээ огт адилгүй хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байв. Тэд бусад шиг л “томоотой” биш, бусдаас огт өөр байдлаар задгай, чөлөөтэй, хөгжилтэй, эрчтэй авирлаж, биеэ авч явдаг байв. Энэ шинж нь ч бас бүтээлч ухааны нэг онцлог юм. Гэвч Агуу “Битлз” хамтлаг ч шууд дардан замаар амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэд гайхамшигтай шаргуу ажиллаж, дуу бичлэг хийдэг 30 компани тэдэнд татгалзсан хариу өгсөөр байхад ч бууж өгөөгүй юм…

    Аливаа зүйлсийг гүнзгий танин мэдэж, тооцоолон, цоо шинэ өөр арга замыг олох нь бүтээлч хандлага юм.        

    Тони Бьюзен Суут сэтгэлгээний 10 алхам”

    Орчуулагч Х.Энхбат

     

    Зургийн эх сурвалж: Уран бүтээлч Б.Батзаяа https://facebook.com/BatzayaPhotography


  • Өвсний гэгээ….

       Ялан дийлэхийнхээ цагт би  би гэж цээжээ дэлдэх, ялагдан            дордохынхоо цагт бусдаас болсон мэт өширхөн гоморхох              хүмүүн гэдэг амьтанаас л шал өөр. Ертөнцийн бүх өнгө, ер бусын  гоо сайхныг өөртөө агуулах энэ өвснүүд надад зөндөө олон      зүйлийг хэлдэг ч ахиад л хүмүүний мөн чанараараа дөнгөж тал  хагасыг нь тэмдэглэж амждаг. Шүүдрийн дусал зуусан, сарны      гэрэлд салхинаа намуухан бөхөлзөх ганц хазаар өвс цэвэр    тунгалаг гоо үзэсгэлэнт бүсгүйтэй төстэй.

    Намрын салхинд гунигтайяа бөхөлзөх энэ ганц хазаар өвс тулаанд амь     үрэгдсэн хүүгийнхээ толгойг түшин суугаа эх шиг харагдах нь ч бий.

            Сарны гэрэлд сүлэгдэн цайран буурал мөнгөн өвснүүд өөр гаригийн хүмүүс шиг харагдах нь жигтэй. Өвснөөс өндөргүй, өвснөөс намхангүй, өвснөөс илүү юмгүй, өвснөөс дутуу юмгүй амьдарч чадаж яваагаараа бахархан суунам.

    Чимээгүйхэн ургаж, чимээгүйхэн гандаж чамаас юу ч үл нэхэн ирж буцах энэ өвснүүд үнэхээр атаархам.

                                                                                                             Цагаан өвс

                                                                  Өнө эртийн, ноднин жилийн цагаан өвс өө?

                                                                  Өнгө алаглан гэрэлтэж байсныг чинь би л  мэднэ ээ

                                                                  Өөгүй тунгалаг нарны дор, цагаан бороонд

                                                                  Өвс өвснөөс илүү гэрэлтэж байсныг чинь би л мэднэ ээ

                                                                  Өдгөө нөмөрт чинь хоргодсон хаврын яргуй

                                                                  Өнө эртийн юм шиг, ай уяхан замбуу тив ээ ?…

                                                                                                       2 .  Шүүдрийн дусал

                                                                   Намрын хонгор салхи сэвэлзэнэ

                                                                   Намуухан цэцэг навчис найгана

                                                                   Нааш цааш бөөр нь бүлтэлзэж

                                                                   Навчин дээр ганц дусал бөнжигнөнө

                                                                   Найган бөнжигнөх шүүдрийн дусалд

                                                                   Нартай, үүлтэйгээ тэнгэр багтчихаад

                                                                   Намрын салхинд тогтож ядан

                                                                   Наашаа ч үгүй цаашаа ч үгүй сандчина аа

     

                                                                                                    3 .   Ижийгээ дуудахыг

                                                                               Зүсэр цагаан борооноор дээлээ нэвт норгон

       Зуслан дэнжийн нутгаараа морьтой ганцаар хэсэв

     Зүггүйхэн багын зусландаа ирээгүй их л удаж

     Зүс гандсан ганц шон л эгээгүй үлджээ

                  Чулуу сүлжиж урсах хэлгий бяцхан горхины

                      Чухам хаана тэгтлээ умбаж шумбаад байсийм

                       Чулуу таалцаж чамтай үдийн наран голлуулж

                        Чухам яагаад ижийнхээ дуудахыг нь сонсоогүйм бол

  • Бид зорилгоо зураглан харж чадсанаараа амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчрах болно

    Хүн болгон өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй бөгөөд тэрхүү хүсэл мөрөөдлөөс нь амьдралын зорилго нь ундарч урган гардаг. Хугацаа тавьсан хүсэл мөрөөдөл бол зорилго юм. Энэхүү зорилгоо бид зураглан харж чадсанаараа өөрийн амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг авчирдаг билээ.

    Хурдтайгаар өргөжин тэлж байгаа пүүс компаниудын гол нууц нь алсын хараагаа гол зорилгоо болгосонд байгаа юм. Энэ бүгдээс үзэхэд зорилго тавьсан хүнрүү амжилт татагддаг ажээ. Судалгаанаас аваад үзэхэд судалгаанд оролцсон хүмүүсийн 3 хувь нь л өөрийн зорилгыг цаасан дээр бичиж тэмдэглэсэн,10 хувь нь тодорхой зорилго төлөвлөгөөтэй боловч бичиж үлдээгээгүй, 60 хувь нь зорилгоо жаахан бодож үзсэн, үлдсэн 27 хувь нь ойрын ирээдүйн, зорилго төлөвлөгөөний талаар онцгой авч үзсэн удаагүй байсан.

    Эдгээрээс 3 хувь нь өөрийн зорилгоо бичсэн хүмүүс байсан бөгөөд тэд маш их эд хөрөнгө нэр хүнд, эрх мэдэлтэй байв. Харин 10 хувь нь харьцангуй сайн амьдралтай, 60 хувь нь жирийн амьдралтай ба үлдсэн хувь нь бусдын тусламжийг аван арай ядан амиа зогоожамьдарч байгаа хүмүүс байлаа.

    Хамгийн гол үнэн гэвэл 2 дахь хүмүүс болох 10 хувь нь дээрх 3 хувь хүмүүсээс мэдлэг, авъяас чадварын талаар ямар ч ялгаагүй байсан юм. Тэд нар ч гэсэн өөрийн гэсэн алсын хараатай одоогийн байдал ба хүрэх газраа мэддэг хүмүүс юм. Гагцхүү энэ 2 хэсэг хүмүүсийн ганцхан ялгаа нь 3 хувь нь өөрсдийн зорилгоо бичиж тэмдэглэсэн, 10 хувь нь бичиж тэмдэглээгүй гэдэгт л байгаа юм.

    Тиймээс бид өөрсдийн зорилгоо тодорхойлох зайлшгүй шаардлагатай бөгөөд аливаа зүйл энгийнээс эхэлдэг.
    АНУ-ын нэгэн баян залуугийн тухай түүх:
    Тэр энгийн адуучны хүүхэд байсан ба дунд сургуульд байхад багш нь мөрөөдөл болон ирээдүйн зорилгоо тодорхойлсон зохион бичлэг хийх даалгавар өгчээ. Тэрээр бүх л шөнийн турш зохион бичлэгээ бичээд маргааш нь багшдаа долоон хуудас зохион бичлэг аваачиж өгсөн байна. Тэрээр зохион бичлэгтээ, “Би 200 га газартай, 1000 м2 эдлэнтэй адууны жүчээ барина гэж бичээд жүчээнийхээ зургийг хүртэл зурсан” байжээ. Харамсалтай нь тэр хичээл дээрээ 0 авсан. Тэгээд их гайхаж багшаасаа асуухад, “Энэ мөрөөдөл чамд дэндүү томдох юм байна” гэж хэлсэн. Багш нь зүгээр л адуучны хүүхэд байж яаж 200 га газар, 1000 м2 эдлэнтэй болох юм бэ гэж бодсон байна. Хүү гэртээ ирээд аавдаа хэлэхэд, “Энэ бол чиний хувьд хамгийн том сонголт, миний хүү өөрөө сонго” гэж хэлжээ. Маргааш нь нөгөө хүү зохион бичлэгээ багш дээрээ дахин авч очоод, “Багшаа та дүнгээ битгий өөрчлөөрэй. Би ч гэсэн зорилгоо өөрчлөхгүй” гэж хэлсэн гэдэг. Одоо тэрээр АНУ-д 1000 м2 эдлэнтэй, 200 га адууны жүчээтэй нэлээн баян нэгэн болсон.

    Тэгэхээр зорилго, тэмүүлэл гэдэг бол чухал зүйл бөгөөд ирээдүй рүү тэмүүлэн харсан зорилгоо тодорхойлж, өөрийнхөө чаддаг бүхэнд зориулалтаа нэмэгдүүлж, бүхнийг чаддаг болохын тулд өөрийгөө 99% ашиглах хэрэгтэй юм. Та юу хүсч байна түүнийгээ зорин тодорхой алхам хий. Ингэхийн тулд төлөвлөсөн зорилгоо бичиж тэмдэглээд өдөр бүр нүдэнд харагдах газар тавих хэрэгтэй бөгөөд хүн бодлоо бичгээр илэрхийлэх үед бодол бодитоор тодорхой ухаалаг болдог. Бүх зорилгодоо хамгийн эцсийн хүсэл цаг хугацааг төлөвлөхөөс гадна таамаглагдаж буй саад тотгор түүнийг шийдэх арга замыг хүртэлтооцоолон тэр даруй шийдэж болохоор хийх нь чухал.

    Төлөвлөсөн хугацааны дараа нэг бүрчлэн шалгаж, шалгасны үр дүнд улам илүү батжуулж байгаарай. Зорилгынхоо тухай зургийг толгой дотроо байнга зурж бодож байх хэрэгтэй бөгөөд та зорилго тавьсан цагаасаа дахин төрж зорилготойгоо нас чацуу байдаг. Хэрвээ хүн зорилгогүй бол амьдрал нь хоосон яриа, хов үг, хумхай шунал болж хувирдаг.
    Зорилгогүй хүн гэдэг бол үндэсгүй модтой адил.
    Хатуухан хэлэхэд зорилготой хүний хоолны шавхруугаар зорилгогүй хүн хооллож амьдардаг. Зорилготой хүн таваг дүүрэн боломжийг олж хардаг бол зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээлийг олж хардаг. Залуус бид улс эх орныхоо хөгжлийн түлхүүрүүд мөнөөс мөн. Тиймээс өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж хойшлуулалгүй өнөөдөртөө амьдарчгаая. Маргааш хураахыг хүсэж буй зүйлээ өнөөдөр тарья. Өнөөдөр бол тарих цаг хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болхоор хурааж авна.

    Танд амжилт хүсье!

  • Хүүхдүүдийн хайрын хэлний тухай

    Бидний амьдралыг энхрий бяцхан үрсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хайртай хосууд бие биетэйгээ учирч өөрсдийн хайран дундаасаа хамгийн нандин бэлэг болох үр хүүхдээ баяр хөөртэйгөөр угтаж авдаг билээ. Тэгвэл тэрхүү бяцхан үрсийнхээ төрөлхийн хайрын хэлийг нь мэдээгүйгээс болоод багахан асуудлуудтай учирдаг. Миний бие ирээдүйн эцэг эхчүүддээ жаахан ч гэсэн нэмэр болоосой гэсэн үүднээс өөрийн сурч мэдсэн зүйлээсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

    Хайрын 5 хэл байдаг бөгөөд энэхүү 5 төрлийн хэлтэй хүүхдүүдийн тухайд:

    1. Магтаалын хайрын хэлтэй хүүхдийг багаас нь загнаад, дараад, шүүмжлээд байвал хайрын сав нь хоосорч өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлдэггүй нэгэн болж өсдөг. Харин үүний оронд өглөө бүхэн хүүхдүүдээ чин сэтгэлээсээ магтаж, хайрлах хэрэгтэй. 
    2. Бэлэг өгөх, авах хайрын хэлтэй хүүхдүүд багадаа бэлэг бага авдаг байсан бол дутуу авсан хайраа нөхөх гэж бусдад бэлэг өгөх дуртай нэгэн болдог. Багадаа бэлэг огт авч байгаагүй хүүхэд том болоод хэн нэгэнд бэлэг сонгоход маш хэцүү байдаг. Хүн өөрийнхөө хөрөнгө зиндаанд тааруулж бэлэг өгдөг хэдий ч, бэлэг сонгохдоо сэтгэлээ шингээж байх нь чухал. Бэлэг гэдэг бол хайрын үзэгдэхүйц тэмдэг юм. Зөв сонгоогүй бэлэг хүний сэтгэлд шарх үлдээдэг учираас үр хүүхэддээ бэлэг өгөх гэж байгаа бол өмнө нь ямар бэлэг аваад баярлаж байсаныг нь сана, найз нөхөдөөс нь асууж тодруулсан ч болно. Зарим ажил ихтэй эцэг эхчүүд хайрлах цаг зав гаргаж чадахгүй байгаадаа гэмшиж хүүхэддээ бэлэг авч өгдөг бол нөгөө хэсэг эцэг эхчүүд өөрсдөө багадаа бэлэг авч байгаагүй учираас үр хүүхэддээ бэлэг авч өгөхийг маш ихээр хичээдэг байна.

    Бэлэглэх хайрын хэлтэй хүмүүст бэлэг өгөхөд маш ихээр баярладаг бөгөөд бэлэг өгч хайртай гэдгээ илэрхийлдэг. Буруу зүйл хийхээрээ бэлэг авч өгч уучлал гуйдаг. Ам хэлээрээ уучлал гуйж чаддаггүй байна.

    Та өөр хэн нэгэнд бэлэг өгөх гэж байгаа бол тэр хүнийхээ тухай сайтар бодож, ямар зүйл сонирхдог юунд дуртай эсэхийг нь сайтар судалж байж бэлэг авч өгөх хэрэгтэй. Бэлэг бэлэглэхийг хүсч байвал заавал онцгой тэмдэглэлт өдрийг хүлээх ч хэрэггүй.

    Өгвөл бүү үглэ Үглэвэл бүү өгөөрэй дөө? ккк

    1. Тусламж авах (халамжлан туслах) хайрын хэлтэй хүүхдэд сонирхоод байгаа хэрэгтэй зүйлийг нь авч өгөхөд бэлэг гэж бодолгүй халамжлан туслаж байна гэж боддог. Ийм хэлтэй хүмүүс хийж байгаа зүйлээс нь хамтран хийхгүй бол уурлаж бухимддаг ч хамтран хийх хүслээ гуйх биш шахаж шаардах аялгаар хэлдэг нь хамгийн том алдаа болдог.
    2. Бусдаар энхрийлүүлэх (энхрийлэх) хайрын хэлтэй хүүхдүүд барилдаж тоглох гэх мэт бие биедээ хүрэлцэж тоглох дуртай байдаг. Энхрийлэнэ гэдэг нь бие махбодиороо хүрэлцэхийг хэлнэ. Бид хүүхдээ том болохын хирээр энхрийлэх нь (үнсэх, илэх, өхөөрдөх нь) багасдаг. Эмэгтэй хүүхэд багадаа ээж аавдаа энхрийлүүлж байгаагүй бол том болоод багахаан энхрийлэлийг агуу их хайр хэмээн хүлээн авч хууртаад амьдралдаа алдах тохиолдол цөөнгүй гардаг.
    3. Хамт байх хайрын хэлтэй хүүхэд томрох тусам өөрийгөө хайрлуулахын тулд эцэг эхийнхээ анхаарлыг татах гэж янз бүрийн үйлдэл хийж эхэлдэг. Иймд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хийж байгаа зүйлийг нь анхаарч, хүүхэд тань марк цуглуулдаг бол нэг марк авчраад өгөх хэрэгтэй. Хамт байх хайрын хэл гэж яг бие биендээ цаг гаргах, анхаарах, сэтгэл зүрхээрээ хамт байж, өөрийгөө  бүтэн зориулахыг хэлнэ. Гэвч бид хүүхдээ том болох тусам нь хүүхдээсээ холдож байдаг нь харамсалтай. Хамт байх хайрын хэлтэй хүүхдүүд амьны яриа өрнүүлэх их дуртай байдаг учираас амьны яриа өрнүүлэхийг тулд найзууд болох хэрэгтэй. Мөн амьны яриаг нь шимтэн сонсдог байхын тулд сонсож сурах хэрэгтэй.

    Таван төрлийн сонсолт байдаг:

    1. Үл тоож сонсох (хүүхэд нь хамгийн ихээр баярласан зүйлээ хэлэхэд нь  ТВ үзэнгээ аанхан аанхан гэдэг) 
    2. Дүр эсгэж сонсох (ном уншингаа үгийг нь сонсож байгаа дүр эсгэдэг) 
    3. Сонгож сонсох (хэрэгтэй зүйлийг нь сонсоод хэрэггүй зүйлийг нь ийм юм яриад байхдаа яахав дээ гэж боддог)
    4. Анхаарч сонсох (ярьж байгаа зүйлийг нь өөртэйгөө холбож сонсох)
    5. Ойлгож сонсох (та ойлгохгүй нь хамаагүй, түүнийг ойлгож өгөх хэрэгтэй). Хамт байх хайрын хэлтэй хүүхдүүд ярьж байгаа яриаг нь сонсохгүй бол маш их гомддог учираас хүүхдээ аль ойлгож сонсохыг хичээх хэрэгтэй.

    Ойлгож сонсох арга зам:

    • Нүдрүү нь харж сонс. Нүд бол сэтгэлийн толь. Нүдрүү харж сонсоход би чамайг чин сэтгэлээсээ сонсож байгаа шүү гэсэн мессэж өгдөг.
    • Сонсож байх үедээ хажуугаар нь хэзээ ч өөр зүйл битгий хий. (таныг яг бууз гаргаж байх үед ярих гээд байвал уучлаарай эхлээд ажилаа дуусгаадахъя тэгээд тухтай ярилцъя, сонсьё гэж хэлээрэй)
    • Сонсож байх үедээ сэтгэлийн хөдөлгөөнийг нь анзаараарай.
    •  Биеийн хэлэмжийн нь харж сонсоорой.
    • Сонсож байх үедээ яриаг нь битгий таслаарай.

    Таны хүүхэд цэцэрлэг эсвэл сургууль дээрээ тохиолдсон зүйлээ гэртээ ирээд ярихад нь сайн сонсогч байж сайн ярилцаж байгаарай. Хамт байх гэдэг бол орон зайн хувьд хамт байх биш сэтгэл санаагаараа хамт байхыг хэлдэг юм шүү.

    Та бүхэнд амжилт хүсье!

  • Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг

    Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүдтэй байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн сайн мэдэж байгаа байх.
    Тэгвэл тэр аз жаргал гэгч зүйлийг бид өөрсдөө хэрхэн бүтээх, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарна. Энэ бүхний хариулт нь маш энгийн. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг бөгөөд тэр таны амьдралд маш олон өөрчлөлтийг авчирдаг. Мөн таны эрүүл мэнд болон гоо сайханд ч ашиг тустай.

    Тэгвэл инээд гэж юу вэ?

    Хоёр хүйснийхэн цугласан үед эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 1.5 дахин их инээдэг ажээ. Тэгэхдээ эрчүүд нь голдуу инээх шалтгаан болдог байна. Бага насанд, цэцэглэг, сургуульд эсвэл гэрт алиалагч юм уу инээлгэх хүчин зүйлд хөвгүүд голдуу оролцсоор ирсэн тийм ч учраас эрчүүдийг бодвол эмэгтэйчүүд арай илүү урт насалдаг байна. 

    Инээдэнд давуу тал олон бий:

    Юуны өмнө хумүүсийг нэгтгэн  сэтгэл санаагаа ойлголцоход нь туслана. Хөгжилтэй, хошин шогийг мэдэрдэг хүмүүс өөдрөг, сэтгэл хангалуун явдаг.

    Хүний тархинд инээд хариуцдаг, түүнд үйлчилдэг эд эс байх бөгөөд дөнгөж хүртэхэд л шууд ажиллаж эхэлдэг байна. Тиймээс инээх үед хүний тархинаас биологийн антибиотик ялгарч энэ нь ямар ч хурц өвдөлтыг багасгадаг аж. Мөн витаминтай адил бодис дотоод эрхтэнд ялгарснаар дотоод эрхтэнүүдийн витамины хэрэгцээний зарим хэсгийг хангаж дархлааг, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, цусны эргэлтийг сайжируулж даралт хэвийн болж сэтгэн бодох  чадварыг дээшлүүлдэг аж.

    Калифорнийн нэг эмнэлэгт ийм нэгэн туршилт хийжээ. Өглөө бүр сувилагч өвчтөнүүддээ хэдэн хошин шог ярьж өгөөд дараа нь хошин шогийн нэвтрүүлэг үзүүлдэг байв. Бусад тасгийнхныг бодвол энэ тасгийн өвчтөнүүдийн бие хурдан тэнхэрч байжээ.

    Харин хүний сэтгэл хөдлөлтэй холбоотой янз бүрийн шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэл, багтраа өвчнүүдийг инээдмийн эмчилгээгээр эмнэхэд үр дүнтэй. Тэр ч байтугай хавдрын өвчнүүд тогтмол инээлгэхэд эдгэрдэг байна. Хоргүй хавдрыг инээдээр эмчилсэн хэд хэдэн тохиолдол Австралид гарсан бөгөөд Немцийн нэг судлаачийнхаар инээхэд хүний 80 гаруй булчин ажилладаг байна. Цээжний булчингууд ажиллан, нүдний булчин агшиж зүрхний цохилт түргэсэн, даралт нэмэгдэн, амьсгаа түргэсэхэд цусанд орох хүчилтөрөгч нэмэгддэг аж.

    Бидний амьдралд асуудал, үзэн ядалт, бухимдах үе олонтаа гарч байдаг. Тэгвэл нулимсаа гартал инээхэд сэтгэлийн ямар ч бараан үүл арилдаг бөгөөд энэ бүгд инээх үед мартагддаг учир стресс алга болж, стресс тайлагдаж зүрхний гажиг болон зүрхний өвчнөөс хамгаалдаг байна. Инээд  нь амьсгалын дасгал ч болдог. Инээх үед гүн амьсгаа авдаг учираас хүний уушгинд сайнаар нөлөөлдөг байна.

    Таны хоромхон  зуурын инээд таны эрүүл мэндэд тустайгаас гадна хэн нэгэнд насан туршийн мөр үлдээдэг. Таны инээд ядарсан хүнд амралт болдог, гуньсан хүнд гэрэл гэгээг бэлэглэдэг, ажил хэрэгт тус дөхөм өгч амжилтыг авчирдаг билээ. Таны инээд бол үнэ төлбөргүй, хулгайлагдахгүй, худалдагдахгүй, үерхэл нөхөрлөлийг  бэхжүүлж орон гэрт аз жаргалыг авчирдаг билээ.

    Инээдэг хүнд аз ирдэг бөгөөд амжилтанд хүрэх хамгийн дөт зам юм. Инээмсэглэл бол амжилттай хүний имиж, тэрээр бидэнд ялалтын үрийг суулгаж өгч байдаг.

    ТИЙМЭЭС ТА ИНЭЭМСЭГЛЭ…

    Инээд  таны өгөөмөр сэтгэлээс, бусдыг хайрлах хайраас амьдралд талархах сэтгэлээс  тань ундарч урган гардаг. Та хаана ч явсан инээдээр өөрийгөө чимэж яваарай. Яагаад гэвэл инээдийг дагаж сайхан зүйлүүд татагдаж ирдэг.

    Та хошин шогийн тоглолт тогтмол үзэж чадахгүй бол өөрийн амьдралд тохиолдсон инээдтэй зүйлээ ойр ойрхон эргэн санаж байхад гэмгүй. Инээдтэй санагддаг эд юмсаа хуучирсан ч гэсэн хаялгүй цуглуул. Тэгээд сэтгэл чинь тавгүй, түгшүүртэй үедээ тэр зүйлээ үзэхэд таны сэтгэл хөнгөрөөд л явчихна.

    Эцэст нь энгийн хэдэн зөвлөгөө өгье.

    Та өглөө эрт сэржээ. Гэрийнхэн чинь унтаж байна. Нөхөр чинь юм уу эхнэр чинь хажууд хурхирна. Та нүдээ нээхээс өмнө дотроо чимээгүй инээ. Элдэв инээдтэй тохиолдол, шог яриаг эргэн санаж инээ. Өглөө босохдоо инээж бос. Өглөөнийй цайгаа ууж байхдаа аав ээж үр хүүхэд хань ижил хандаж 3 удаа инээ, оройн хоолоо идэж байхдаа бас инээ / онигоо ярих ч юм уу /, ажил дээрээ ирээд 10 удаа инээ, орой ажилаа тараад явахдаа үлдсэн нэг хүнтэйгээ сайхан инээлдэж аваад гар, орондоо орохдоо ч инээ.

    Магадгүй таныг инээж эхлэхэд хэн нэгэн хэрэг тарьж дээ ч гэж бодох байх. Таныг тэнэг гэж бүх л өдөржин буруутгасан ч битгий ухраарай. Та энэхүү нийтлэлийг уншиж байгаа бол дотны хэдэн найздаа уншуул тэгээд тэр найз нартайгаа , эсвэл хамт олноороо зорилт тавиад өдөрт 20 удаа инээ, бүр болохгүй бол ядаж инээмсэглэ. Дараа нь  ямар ямар сайхан эсвэл хөгжилтэй зүйл тохиолдсоноо бие биетэйгээ хуваалцаарай. Удахгүй таны ажил төрөл бүтэмжтэй болж та баяр баясгалантай явах болно. Иймд та инээмсэглэж амьдраарай.

    БИ АЗ ЖАРГАЛТАЙ УЧРААС ИНЭЭЖ БАЙГАА БИШ 
    ИНЭЭЖ БАЙГАА БОЛХООР Л АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ

  • “ГУУЛЬ” ХУУЛЬТАЙ СОНГУУЛИАР БҮРДСЭН “ПАРЛАМЕНТЦАР” ХУУЛЬ БУС ИНСТИТУЦИ БӨГӨӨД ТӨР БАРИХ ЭРХГҮЙ /Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөний мэдэгдэл/

    Ард иргэд ээ: Эх оронд маань улс төрийн ер бусын байдал үүсэв. Сэтгэл машид зовном! Өнөөгийн “ёс бус” нөхцөлийн үндсэн шалтгаан нь 2004 оны зохион байгуулалт муутай, хараа хяналт султай, хариуцлагагүй сонгуул юм. Энэхүү сонгуул олон тойрогт хууль зөрчсөн үйлдлээр дүүрэн, “Эх орон-Ардчилал” эвслээс хэрэглэсэн гадаадын турхиралттай, их хэмжээний валютын /3 сая ам.доллар/ амь тариатай, бохир технологит сонгуул байсан нь огт нууц биш, зүйрлэвэл “Эрэл” компанийн явуулсан “алтны дайн”-д цөлмөгдөн сүйрсэн газар нутгийн маань “аймшиг” шиг нүдэнд ил!

                Ардчилал, шудрага ёсонд илэрхий харж “технологи”-ооролон тойрогт санал хулгайлсан будлиантай сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгч Н.Багабандийн “хүчиндэлт”-ээр яаран баталгаажуулж, сүүлийн үес улам бүр монголын төрийн “хутгуур” болж хувирч буй энэ хүний “хачирхалтай” зарлигаар “ухасхийн” хуралдсан “хурланцар”-аар байгуулагдсан 2004 оны УИХ нь дэлхийн парламентуудын түүхэнд инээдтэй “шинэ хуудас” хавчуулах ер бусын “парламентцар” болов. Учир нь энэ “парламентцар”-т 34 суудал /урьдчилсан дүнгээр/  “хумсалсан” “Эх орон –Ардчилал” хэмээх “шармал” нэртэй шаараг “Эвсэл”-ээс нэр дэвшигчидийн ихэнхи нь, нарийндаа, нийгэм улс төрийн мэдлэг, чадварын хэлтэрхий ч үгүй, чадах ганц ажил “мэргэжил” нь гэвэл, – өнөөгийн Монгол Улсын “сийрсэн” хуулиудын “ас”-аар хулгай, луйвар, хар захын наймааны л “багш” нар байхаар ажил мэргэжилтэй хүмүүс бөгөөд Хятадын Эрээн, Хөххотын хогийн барааны “гахай” зөөвөрлөж хөлжсөн, дамчид л юм. Хэрэв Монголын хууль, ард олны ярьдагаар “гууль” бус “очир алмас” хууль байсансан бол “Эвсэл”-ээс сонгуулд нэр дэвшиж УИХ-ын “эрхэм гишүүн”-ий тангараг өргөгчид нь бараг бүгдээрээ шахам “эрүүгийн элемент”-үүд, мөн бидний гэр гэртээ ярьдагаар “өрний бөөснүүд”, нам намаас “экспортлогч” улс төрийн эр, эм “янхан”-ууд, “хувьчлал” нэртэй хулгайнхаа”унац”-аар гулгигчид л байх тул өдийд “жип” унаж, “наранд” тарвалзаж явах бус, зээтүү жоотуу хөлөргөн “нарсанд” хөдөлмөрлөж суух ёстой улс юм!

                Тэдний дунд бүрэн дунд сургуулийн боловсрол ч эзэмшиж чадаагүй “недоросль” сугавчилагдаж суухын дээр анкетын асуулт бөглөх хоромд л ийм тийм дээд сургууль төгссөн гэж нүүр тахлан бичих албан “хавтас”-тайгаас биш, ачир нидэр дээрээ бол амьдралдаа ганц ном ч бүтнээр нь уншсанд нь үнэмшихэд бэрхтэй “оюуны одой”-чууд олноороо цугларчээ.Ийм “оготгорууд”-аас бүрдсэн УИХ Монголын төрийн эрх барих хийгээд хойшдоо өөрсдийн батлан гаргах “суррогат” хуулиудаа амьдралд хэрэгжүүлэх, нийцүүлэхийг ард түмнээс шаардах эрхгүй гэж “Бодь сэтгэл, эв хамт ёс-Ганцаарчилсан хөдөлгөөн” үзэж байна. Яагаад гэвэл, тал хувь нь Монгол улсын олон хууль зөрчин, гэмт хэргийн бүрдэлтэй үйлдлүүдээр сонгогчдын санал суйлсан бохир ёс суртахуунт, дорд ухамсарт “гишүүд” –ийн сэтгэхүйгээс цэвэр, зөв, хууль боловсроно гэдгийг улс төрийн, шинжлэх ухааны логик ч, практик ч хамтдаа үгүйсгэх бөгөөд үл хүлээн зөвшөөрнө!

                “Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн бол унах унаагүй “явган” хөдөлгөөн, өөрөөр хэлбэл хоёр хөлөөрөө газар хороож, заримдаа нийтийн тээврээр “цаг“ хожиж, “газар дээр”, “ард түмэн дундаа” эв хамтын ёсоор амьдарч, ажиглалт хийж, онол-сэтгэлгээний түвшинд амьдралын үнэний зарц болж ажилладаг Хөдөлгөөн юм.

                Ард түмэн хийгээд сонгогчид гудамжинд явгаар холхихдоо, эсвэл, унаа хүлээж буудалд зогсох зуураа, эсвэл автобус, “микро”-нд хөл дүүжлэн гэр орноо бараадах зуураа өөр хоорондоо юу хүүрнэлдэн жиг-жуг шивнэлдэнэ вэ? гэвэл, “Гадаадаас нууцаар, ямар сувгаар орж ирснийг нь илрүүлэх аргагүй “сүв”-ээр “Эх орон-Ардчилал” эвсэл 3 сая ам.доллар /доллар, төгрөгийн одоогийн ханшаар 3 тэрбум төгрөг/  2004 оны сонгуулийг өнөө “шалгарсан” технологиороо молигодоход нь зориулагдан орж иржээ. ”Эвсэл”-ийн нэр дэвшигч бүр өөрийнхөө тойрогт тус бүр 40 сая төгрөг банкаар шилжүүлж аваад гарчээ! Үгүй ер, муухай залины хөрөнгөнүүд ээ, хөөе! Монгол орон ч энэ 4 жилд худалдагдаж дуусах нь ээ! Бид ч, үр хүүхэд маань ч амьдралынхаа эцэст хаанах улсын ямар хийцтэй авсанд таглагддаг юм бол доо, бүү мэд!… гэж ярилцах нь олонтой дуулдана. Монгол түмний ам ч, зүүд ч, аймаар зөнтэй байдаг шүү! Сэрэмжлэгтүн!

                Бодь сэтгэл, эв хамт ёс – Ганцаарчилсан хөдөлгөөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд МАХН-ын ухамсартайгаар дэмжиж, 6 сарын 27-нд ухамсартайгаар сонголтоо хийж, МАХН-д саналаа өгсөн. МАХН-ын макро эдийн засгийн бодлого, зөв холч хараатай үйл ажиллагааны нь цар хүрээг дүгнээд, яруу найрагчийнхаа сэрэхүйгээр МАХН-ыг монголын улс төрийн тавцан дахь эртний удамт сайхан хүлэг морин – цагаан ажнайгаар төсөөлөн бодож байсан бөгөөд харин “Эх орон – Ардчилал” Эвсэлийн үйл ажиллагааг Монголын “Дөрөв дэх засаглал”-ын мэдээлэлүүдээс авсан ойлголтоороо дүгнээд, шавар шавхайд тийчлэн буй халтар гахайн дүрээр төслөн бодохоос өөр зүйлгүй байв. Гэтэл МАХН сонгуулийн эцэст “Эх орон – Ардчилал” эвсэлтэй “зөвшилцөл” зарлаж эхэллээ. Яаж байгаа нь энэ вэ, Та минь? Юу гэгч болж байна гэж ойлгох вэ?! Илт шудрага бус, бохир, башир үйлдлийн ичгүүргүй эзэдтэй “зөвшил”, “хэлцэл” тохиролцоно гэдэг чинь, логикоор, өнөө, урьд өмнө нь жигтэйхэн муулаад, өглөө үдэшгүй эсэргүүцэн тэмцээд байсан булайтайгаа, буруу зөрүүтэйгээ одоо эвлэрнэ./ Хэдийгээр, “ард түмний сонголтыг хүндлэх ёстой гэж тал талаасаа “саймширч” байгааг хүлцүүштэй ч, ард түмнээ “хүндлэнэ гэдэгийн утга агуулга нь ард түмний үг,үйлдлийн зөв, бурууг нягтлалгүй хар сохроор дагах учиртай догма бус, харин ард түмний үг, үйлдлийг шинжлэх ухаанчаар шинжилж, мөн чанар, үр дагаварыг нь ул үндэстэйгээр тайлбарлан таниулах, танин мэдүүлэх, алдаа мадагийг нь ойлгуулан засах үйл ажиллагаанд оршино. Ард түмэн ухаантай, мэргэн ч алдаа гаргадаг тохиол байнга давтагддагийн жишээ хүн төрлөгтний түүхэнд түм бумаараа бий!/, хүлээн зөвшөөрөхөд хүрч хүлцэнэ гэсэн үг шүү дээ! Цаашлаад, тийм бохир, буруу үйлдлийн намаг балчигтай нийгмийн сэтгэлзүйг эвлэрүүлнэ, түүнд дасгана, тэгээд хойшдоо нийгмийг тийм үл бүтэх гашуудлын ангал руу чирж оруулах хорын үрийг тарина гэсэн үг! Ингэж болох уу?! Эхнээсээ баримталж байсан үзэл, чиг хандлагынхаа эсрэг ийм хөлбөргөн үйл ажиллагаа явуулна гэдэг, бас, хэдхэн хоногийн өмнө “байдаг дуу хоолойгоороо” бульхай зальхайг нь илчилж эргэлзээ төрөхөөргүй тоо мэдээ, эд мөрийн баримтаар нь булайг нь дэлгэж байсан “зөрчилийн үүр” улс төрийн сөрөг этгээдтэйгээ өнөөдөр нам сэм “зөвшилцөн” албан тушаалын ашиг хонжоо хуваалцах үе шатандаа тулахаар “нүд ирмэлцэн” тэврэлдэнэ гэдэг өөрийнхөө сонгогчидоос, анхныхаа үгнээс, үйл ажиллагааныхаа луужин болгосон үнэнээс, хатуугаар хэлэхэд, урвалаа, зөөлнөөр хэлэхэд, нүүр бурууллаа гэсэн үг! Энэ бол, энүүхэн “өнгөлөн далдлалт”-ын цаад руу өнгийгөөд харчих сэхээтэн, малчин, тариаланчин, оюунтан, эгэл ард энэ Монгол оронд, “Ард” тодотголыг нь хэдэн жилийн өмнө монгол хэлний үгийн давхар, дам утга агуулгыг үл сэнхрэгч, харанхуйчуул, албан мугуйдлалаар “баллуурдсан” энэ Монгол улсад цөөнгүй амьд явааг сохроор огоорсон, балраар тохуу хийсэн хэрэг! Ингэснээрээ МАХН монголын улс төрийн удамт сайн “цагаан ажнай” бус, “Эвсэл” хэмээх / “Эх орон – Ардчилал” Эвсэл хэдийгээр 34 санал /урьдчилсан дүнгээр/  “авсан”, түүнийгээ хуулиар “баталгаажуулж”, амжсан ч эдгээр санал бол, чухамдаа, тэдний сонгогчид өөрсдийн чин хүсэл, ухамсараар өгсөн санал огт бус, амьдрал ахуй нь үнэнхүү ядуугийн уршигаар, “эвсэл”-ээс наашаа харж малийж, цаашаа харж ярвайн  байж  амалж буй 10 мянган төгрөгөнд “худалдсан” санал юм./ “халтар гахайн”-н ууж, туучиж буй шавхай шалбааганд хамтдаа орогнон тэлчлэгч “салтар гахай” болж хувирлаа.

                2004 оны ил, далд маапаантай сонгуулиар байгуулагдаж буй Монгол Улсын УИХ бол мөнөө “Халтар”,”Салтар” хоёр гахайс эрх мэдэл, эд мөнгөний ашиг хонжооны “хурьцал”-ынхаа “дур тавилт”-аар “үр тогтоосон”, арай ядан 4 жил амьдрах чадвартай /чадваргүй ч байх өндөр магадлалтай, шулуухан үнэнийг хэлэхэд, ард түмэнд минь ач буян болох чадварын илэрхий “хомсдол”-той нэг муу зэгэл торой юм. “Торой”-ноос өөр амьтан байж ч яаж чадах вэ, яагаад гэвэл, хоёр гахайнд шинжлэх ухааны ямар ч дэвшилтэт аргаар “зохиомол хээлтүүлэг” хийгээд, яаж ч нийлэгжүүлээд торой л төрөхөөс хэзээ ч унага төрөхгүй нь байгалийн хууль, цэвэр жам юм.

                Ард иргэд ээ, Яавал зөв бэ?

    1. XXI зууны дэлхийн түүхэнд Монголоос өөр аль ч оронд явагдахгүй байж мэдэх энэ “түүхэн бохир” сонгуулийг хүчингүй болгох эсэх талаар нийт ард түмний санал асуулга – реферондиум яаралтай зарлан явуулах
    2. Төрд үүссэн улс төрийн хурцадмал, ер бус, хямралт нөхцөл, төрийн “эзэнгүйдэл”-ийн хугацаанд төр засгийн эрхийг “Улсын Аюулгүй байдлын зөвлөл”-д түр шилжүүлэх
    3. Референдумаар өнгөрсөн сонгуулийг хүчингүй болгосон тохиолд улс төр, иргэнийг өндөр ухамсар хариуцлагатай жинхэнэ “шинэ сонголт” хийх “дахин сонгуул”-ийг шудрага зарчимаар, хуулийн чанд хатуу дэнстэйгээр, гадаадын ганц ч валютын оролцоо “шургалаагүй”, дотоодын ганц ч зоосны зардал, сурталчилаагүй, амралтын өдөр бус, ажлын өдөр маш шуурхай, ажил хэрэгчээр явуулах

    Энэхүү саналыг ард түмэндээ яаравчлан өргөн мэдүүлж, Та юүндээн амгалан жаргалтай амьдрал ерөөж, эх орондоо эдийн засгийн түргэн өмөлт, хурдацтай хөгжлийг хичээн хүсэж мэдэгдэл минь олон даяар сааргүй түгээсэй билээ! хэмээх сэтгэл барин илгээв.

    2004.07.29 – 2004.07.30

    Д.Урианхай “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” номоос