Category: human-development

  • СЭТГЭЛГЭЭГЭЭ булчинлаг болгох нь

    “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар…

    ЭССо: Эерэг, Сөрөг, Сонирхолтой /санаанд хандах хандлага/

    ЭССо бол бодол санааг нээлттэй болгон ухамсартай жолоодох зорилгоор сэтгэлгээнд хэвшил болгох шаардлагатай арга хэрэгсэл юм. Энэхүү сэтгэлгээний хэрэгсэл нь тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхээс хамаарахгүйгээр уг санааны эерэг талыг /Э=Эерэг/, муу талыг /С=Сөрөг/, мөн сонирхолтой талыг /Со=Сонирхолтой/ олох чармайлт гаргахад тусална. Сонирхолтой тал гэдэг нь сайн ч биш муу ч биш гэхдээ авч үзүүштэй талууд юм.

    ЭССо бол дэвшигдсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам юм. Санааны хариу үйлдэл нь түүнийг таашаах, эс таашаах, дэмжин сайшаах эсвэл шүүмжлэн буруушаах байж болно. Хэн хүнд тухайн санаа таашаагдаж байвал түүний сөрөг талыг олж харахад түвэгтэй, харин санаа таалагдахгүй байвал түүний эерэг талыг олж харахад түвэгтэй байх нь олонтой. Мөн санааны ховорхон сонирхолтой талыг илрүүлэхэд түвэгтэй байдаг.

    ЭССо-г зориудын үйл ажиллагаа болгон хэрэглэх нь санаанд сэтгэл хөдлөлгүйгээр хариу үйлдэл үзүүлж, илэрхийлэх боломжийг олгодог. Үүний гол зорилго нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээс ухамсартайгаар зориудын үйлдэл хийх чадвар руу шилжүүлэх явдал юм.

    ЭССо нь хэзээ ч шийдвэр ба үүрэг даалгаврыг хөндөх гэсэн оролдлого хийдэггүй харин аливаа юмыг олон талаас нь авч үзсэний дараагаар хийх хэрэгтэй гэсэн үнэмшлийг бий болгодог.       

    Энгийн томъёоллоор бол ЭССо ажиллагаа нь нөхцөл байдлыг авч үзэх өргөн боломжийг олгоно. Үүнгүйгээр санаанд өгөх сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь түүнд хандах арга замыг улам явцууруулдаг.

    Э=Эерэг “Санааны талаарх сайн зүйлс” ямар учраас танд энэ таалагдаж байна вэ?

    С=Сөрөг “Санааны талаарх муу зүйлс” ямар учраас танд энэ таалагдахгүй байна вэ?

    Со=Сонирхолтой “Санаанд байгаа сонирхолтой талууд”, сайн муугийн алинд ч хамаарахгүй боловч байж болох санаанууд

    Энэ санаа надад таалагдаж байна эсвэл санаа таалагдахгүй байна гэж хэлэхийн оронд та ЭССо-г хэрэглэж болно. Та ЭССо-г хэн нэгний дэвшүүлсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам болгон хэрэглэж болно.

    Жишээ:

    Санаа: Автобусны бүх суудлыг аваад хаячих хэрэгтэй.

    Э: Автобусанд илүү олон хүн багтах болно.

    Сууж буухад амар болно.

    Автобусыг үйлдвэрлэх болон засварлахад хялбар болно.

    С: Автобус гэнэт тоормослоход зорчигчид давхралдан унах болно.

    Настай болоод тахир дутуу хүмүүс ийм автобусанд зорчиход хэцүү байх болно.

    Сав тортой зүйл болон хүүхдээ авч явахад хүндрэлтэй болно.

    Со: Суудалгүй мөн суудалтай гэсэн хоёр төрлийн автобус байж болохгүй юу?

    Ийм автобусаар илүү их ажил хийх юм биш үү?

    Автобусанд тохь тухтай байдал бол тийм ч чухал биш.

    Бусад жишээ: Цонхыг шилээр биш харин тунгалаг пластикаар хийх хэрэгтэй.

    Э: Хагарах нь гайгүй.

    Хагарсан үед учруулах аюул нь гайгүй.

    С: Пластик нь шилнээс илүү үнэтэй.

    Пластик нь маш амархан зурагддаг.

    Со: Хэрвээ цонхыг пластикаар хийвэл түүнийг янз бүрийн өнгөөр будаж болно.

    Бид шилийг хэрэглээд дасчихсан болохоор шил илүү сайн нь гэж үзэж магадгүй юм.

    Дасгал 1: Бүх автомашин шар өнгөтэй байх ёстой гэсэн хууль гаргая.

    Энд бүх бүлгүүд ЭССо-г 3-5 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Нэг бүлэг өөрсдийн Эерэг талыг нэрлэх ба бусад бүлгүүд үүн дээр нэмэлт хийж болно. Өөр бүлэг Сөрөг талыг нэрлэх ба цааш нь дараагийн бүлэг Сонирхолтой талуудыг нэрлэнэ.

    Зөвлөмж:

    Э: Шар өнгийн машин шөнө болоод манантай үед сайн харагдах тул замын осол багасна.

    Та хүссэн өнгөө гаргах гэж хүлээхгүй болж таны машиныг шууд л будаад өгчихнө.

    Автомашин нь зэрэг дэв, зиндаа байдал зэргийг илэрхийлэх тэмдэг болохоосоо илүүгээр тээврийн хэрэгсэл болно.

    С: Амьдрал уйтгартай болно.

    Будгийн үйлдвэрлэгчид болон сурталчлагчид хүндрэлтэй тулгарна.

    Цагдаагийнханд хулгайлагдсан машиныг мөрдөж мөшгихөд хүндрэлтэй болно.

    Со: Эзэмшигч болоод бусдад машины өнгө шар байх нь ямар ашигтай бол?

    Машиныхаа өнгөнөөс хамаараад хүмүүсийн жолоодлого ялгаатай байдаг болов уу?

    Дасгал 2: Хүмүүс тухайн өдрийн санаа сэтгэл ямар байгааг илтгэсэн тэмдэг зүүх ёстой.

    Энд бүлэг бүр ЭССо-г бүтнээр хийж гүйцэтгэх бөгөөд гэхдээ тэдний гол зорилго нь багшийн нууцалсан 2 Эерэг тал, 2 Сөрөг тал ба 2 Сонирхолтой талыг бодож олоход оршино. 3-5 минут бэлтгэсний дараа бүлэг бүр нэг нэг Э, С, Со талуудыг санал болгоно. Дараа нь аль ч тал дээр санал нэмэгдэхгүй болсон үед багш өөрт байгаа нууцалсан зүйлсээ задлана.

    Нууцлах талууд:

    Э: Та ааш зан муутай байгаа хүнээс холуурхан байж чадна.

    Хүмүүс ааш зангаа сайн байлгахыг илүү их хичээх болно.

    С: Хүмүүс үнэнчээр тэмдгээ зүүхгүй.

    Сэтгэлээ сэргээх шаардлагатай, бусад хүмүүсээс сэтгэлийн дэмжлэг авах шаардлагатай хүмүүст сөргөөр нөлөөлнө.

    Со: Тэдний нүүрнээс хараад та зарим хүмүүстэй санаа сэтгэлийн талаар нь ярилцаж болно.

    Хүмүүс өөрсдийн сэтгэл санааны байдлыг бусдад мэдрүүлэхийг илүүд үздэг болов уу эсвэл нуухыг оролддог болов уу?

     

     

    Зарчмууд

    А. ЭССо бол маш чухал. Яагаад гэвэл түүнгүйгээр та эхлээд харахад муу мэт санагдсан боловч ихээхэн үнэ цэнэтэй санаанаас татгалзаж болзошгүй.

    Б. ЭССо-гүйгээр та өөртөө маш их таалагдсан санааны сул талыг олж харахгүй байж магад.

    В. ЭССо-г хийх нь тухайн санаа нь сайн муу талуудаараа чухал биш боловч өөр санаанд хөтөлж хүргэж байгаагаараа сонирхолтой гэдгийг харуулж чадна.

    Г. ЭССо-гүйгээр асуудлыг шинжлэн үзэх нь санааны үнэ цэнэ дээр биш таны тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл дээр суурилдаг.

    Д. Нэгэнт ЭССо хийсэн учраас тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхийгээ шийдэх болно.

     

    Та дараах санаанууд дээр ЭССо хийж сэтгэлгээгээ булчинжуулаарай. Бас ямар нэгэн хүн дээр ЭССо хийж туршаарай.

    ·   Насанд хүрсэн хүн бүр жилд нэг долоо хоногийг цагдаагийн байгууллагад зүтгэх хэрэгтэй.

    ·   Зөвхөн хүүхдэд зориулсан телевизийн тусгай суваг байх хэрэгтэй.

    ·   Хотын төвд бүх төрлийн автомашины хөдөлгөөнийг хориглох хэрэгтэй.

    ·   Залуу хүн бүр нэг хөгшин хүнийг асрах үүрэг хүлээх хэрэгтэй.

    ·   Хүмүүс өдөрт 8 цагаар 5 өдөр ажиллахын оронд өдөрт 10 цагаар 4 өдрөөр ажиллаад долоо хоногийн үлдсэн өдрийг амрах хэрэгтэй.

    Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”

  • Аялгуу- Би

    Би аялгууны эх булаг. Намайг инээмсэглэхэд уянгалаг намуухан аялгуу ундарна. Намайг хэн нэгнийг хайрлах үед би өөрөө симфони болон хувирдаг. Хэн нэгэнд баярлаж талархах үед Сарны сонат уянгалдаг. Уужуу сэтгэл гаргах үед уртын дуу эгшиглэдэг. Уурлаж бухимдах үед чийртэй аялгуу болон хувирна. 

    Зураг: Зураач В.Ундраа “Дотоод байгаль” 

  • ТЭСРЭХ БӨМБӨГ

    Байгууллагын мэдээллийн алдагдал болон ойлголтын зөрүү нь ТЭСРЭХ БӨМБӨГтэй төстэй юм. Байгууллага дотор урсах мэдээллийн урсгалыг хүн бүрт тэнцвэртэйгээр хүргэлгүй хэн нэгэнд алдагдалтай хүрснээс мэдээллийн алдагдал үүснэ. Мэдээлэл олон хүнийг дамжих тусам дамжилт бүр дээр 20%-иар алдагддаг. Энэ нь хэн ч анзаарахгүй жижиг боловч байгууллагыг дэлбэлж болох ТЭСРЭХ БӨМБӨГ болтлоо цэнэгжиж болно. 

    Ойлголтын зөрүү гэдэг нь, нэг нь доошоо буулгах юм байна гэж бодоод доошоо түлхээд, нөгөөх нь дээшээ гарах юм байна гээд дээшээ зүтгээд шатны голд таг гацчихаад байгаа 2 ачигчтай адилхан нөхцөл байдал үүсэхийг хэлнэ. Энэ нь мөн л жижиг асуудал юм шиг боловч байгууллагыг маш том алдагдалд оруулж болох ТЭСРЭХ БӨМБӨГ юм. Тиймээс БӨМБӨГүүдийг тэсрэхээс нь өмнө илрүүлж улаан утасыг нь салгавал байгууллагаа аварч чадна.

  • Хөөрөгний соёл

    Хөөрөг гэснээс сая ажил дээр хөөрөгний тухай яриа өрнөснөөс үүдээд хөөрөгний тухай сонсож байсан сонин мэдээллийг хүргье гэж бодлоо.

    Зарим эх сурвалжууд хөөрөг бол Манжаас бодлогоор нэвтэрүүлсэн соёл гэж бичдэг. Эрчүүдийн ташуурыг нь газарт тавиулж хөөрөг бариулна. Эхнэрүүдийнх нь сүрийг Эхнэр үсээр дарна гэсэн бодлого хэрэгжиж байсан гэдэг. Эхнэр үс нь цавуудсан 4 кг орчим хүнд жинтэй өмсгөл. Олон жилийн турш хүнд нүсэр хэрэгсэлд дарагдсан эхнэрүүд дуугүй ноомой болно. Харин эрчүүд нь таашуураа түр ч болов мартаж арай өөр зүйлийг үргэлж барьж явах соёл бий болно гэж төлөвлөсөн гэдэг. Ингээд хөөрөгөнд баахан маркетинг хийж зарж борлуулсан юм биз дээ. Тухайн үедээ хөөрөг нь Манжуудын тагнах хэрэгсэлийн нэг байсан бөгөөд хүн амын бүртгэл, судалгааг гаргах, зан чанарыг тодорхойлох зэрэгт ашиглаж байв. Ямар хийцтэй хэдэн хөөрөг хойшоо гарч байгаагаар нь молголчуудыг тоолж бүртгэдэг байсан байж болох юм. Мөн хөөрөг нь хүний зэрэг дэв, угсаа гарал, нутаг ус, зан чанарыг тодорхойлох нэг хэрэгсэл болж байв. Нэг ёсондоо тухайн үедээ хөөрөгөөр зиндаархах туйлшрал хүртэл бий болтол маркетинг, ПиАр хийсэн байгаа юм.

    Энэ соёлыг явцдаа монголчууд их өөриймшүүлж эрүүл мэндэд ашигтай байх, урлахуй ухааны соёл болгож хөгжүүлсэн байх. Жишээ нь эрүүл мэндэд ашиг тустай олон янзийн чулуугаар, нутаг нутгийн ур ухааныг шингээж урладаг болов. Цаашид тамхилах ёс хэмээн үүсэж хөөрөг зөрүүлэнгээ мэнд усаа мэдэж, нутаг усны сонин сайхныг хуучилдаг болов.

    Харин зарим эх сурвалжууд Монголчууд Хүннүгийн үед хүн чулуу шиг чулууг биедээ авч явдаг бөгөөд, тухайн чулуун дотроо шөрөмсөн чулуу гэх мэт анагаах эрдэмтэй чулууг хадгалж авч явдаг байсан гэлцдэг. Мөн эрт үеэс чулууны эрдэмийг таньж ус илрүүлэх, амны цангаа тайлах, эрчим энерги сэлбэх зэрэгт ашигладаг байсан гэж үздэг. Монголчуудын чулууг дээдлэх энэ соёл дээр үндэслэн хөөргийг хөгжүүлсэн гэж үзэх нь ч бий.

    Харин сүүлийн үед Монголчуудын чулууны соёлыг бодлогоор мартуулж, чулуу таньдаг хүмүүсийг цөөрүүлж үнэт чулууг нь хил давуулан зөөж байгаа тухайд ЧУЛУУНЫ ДАРХАН хүмүүс сэтгэл эмзэглэн ярьдаг юм билээ. Цаашид орон даяар чулуу таньдаг, чулуу урлаач хүмүүсийг бодлогоор бэлтгэж өсдөг хүйтэн хөрөнгө гэгддэг эх орныхоо үнэт эрдэнэ чулууг эх орондоо уран бүтээл болгож үлдээх нь зөв.

  • Олон нийтийн сүлжээ цахим хуудсуудын маркетинг

    Вэб 2.0 технологи бий болсоноор хэрэглэгчид цахим хуудасны агуулгыг өөрсдөө бүтээх боломжтой болж олон нийтийн сүлжээ цахим хуудсуудын хөгжлийн эрин үе эхлэв. Ингээд олон нийтийн сүлжээ цахим хуудсуудад амьдрал буцалж сая сая хэрэглэгчидтэй боллоо. Энэ амьдрал дунд бизнесийн байгууллагууд хэрхэн оролцох нь мөн л шийдвэрлэх асуудлуудын нэг болов. Эхний үед компаниуд “Наана чинь орчихоор хүмүүс харааж, нулимаад байна” гээд олон нийтийн цахим хуудаснаас айж дөлөх хандлагатай байв. Гэтэл тэд байсан байгаагүй хүмүүс ярих юмаа хэнээр ч заалгахгүй ярьсаар л байв. Компаниуд олон нийтийн цахим хуудаснуудаас цугтаад юу ч олж хожихгүйгээ ухаарч эхлэв. Харин байснаараа хүмүүстэй харилцах, үнэн зөв мэдээллийг хүргэх, буруу зүйлдээ уучлал гуйх, зөв зүйлдээ талархал хүртэх боломж байгааг ухаарч эхлэв. Хэрвээ эх сурвалж үнэн мэдээллийг гаргаж тавихгүй бол буруу ташаа, цуурхал үргэлжилж газар авсаар л байгааг тэд харж байв. 

    ХҮН БАЙГАА ГАЗАР ХАРИЛЦАА БАЙНА, ХАРИЛЦАА БАЙГАА ГАЗАРТ МАРКЕТИНГ БАЙНА гэсэн алтан дүрмийн дагуу компаниуд өөр өөрийн тактигийг боловсруулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон нийтийг сүлжээг идэвхитэй ашиглаж эхлэв. Олон нийтийн сүлжээ цахим хуудсуудыг ашиглан хэрэглэгчдийн нэгдлийг бүрдүүлж, тэдний санал хүсэлтийг сонсож чадсанаар бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх давуу талыг бий болгов. Байгууллага үйл ажиллагаа, мэдээ, мэдээллээ ил тод, нээлттэй байлгаж чадсанаар хэрэглэгчийг татаж, хэрэглэгчийн итгэлийг олж авч жинхэнэ утгаар нь хэрэглэгчийг сонсож, хэрэглэгчтэй харилцаж эхэллээ. 

    Хэрвээ та энэ хэрэгцээ шаардлагыг ойлгосон бол одоо ажил хэрэг болгох л үлдлээ. Бидний хөгжүүлж буй болон хөгжүүлсэн олон нийтийн сүлжээ цахим хуудсуудаар зочилж санал бодлоо хуваалцаарай.

    “Алтай кашмир” ХХК

    http://facebook.com/AltaiCashmere
    http://twitter.com/AltaiCashmere
    http://youtube.com/AltaiCashmereLLC

    “Everyday International” ХХК
    http://facebook.com/EverydayCenter
    http://twitter.com/EveryDayLLC
    http://youtube.com/EveryDayLLC гэх мэт.

  • БҮҮВЭЙ

    Бүсгүйчүүд хүүхдээ бүйвээлж унтуулах нь улам багасаж байгаа гэх юм. Бүүвэй гэдэг нь “Бүү+ ай” гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Бүүвэйн дүү сонсож өссөн хүүхэд дөлгөөн, мэдрэмжтэй болохоос гадна хүн төрөлхтөнг хайрлан энэрэх сэтгэлтэй зөв хүн болж төлөвшдөг гэсэн. Хүүхэд хорвоо ертөнцөөс хамгийн түрүүн мэдэрч сонссон аялгуу нь бүүвэйн дуу байдаг учраас тэр аялгуу нь үргэлж сэтгэлд нь үлдэж хорвоо ертөнцийн аялгууг түүн шиг мэдэрч тусгадаг. Бүүвэйн дуу сонсож өсөөгүй хүүхэд хахир хатуу зан араншинтай болдог гэсэн. 

    Ерөнхийдөө бол бүүвэйн дуу нь зөв хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой гэдгийг судлаачид нотлоод байгаа. Эхнэр бид 2 хүүгээ гэдсэнд байхаас нь л хамтдаа бүүвэйлдэг байсан. Би хааяа ээж, хүү хоёрыг хамтад нь бүүвэйлээд унтуулчихдаг юм.

    Хүмүүсээ, хүүхдээ бүүвэйлж байгаарай. Танд бүүвэйн дуунуудыг хүргэж байна.

  • Эх оронд чинь чиний “үнэ цэн” бий

    Эх орноо орхин жин, өндрийн шалгуур давж төв цэнгэлдэхийн гадаа 10, 20 мянгаараа жээх завгүй оочерлон байж харийг зорьсон монгол залуус хаана явна вэ?

    Түүх өгүүлэх нь: Чингис Хаан Солонгосын зах дээр явж байгаад боол худалдаалж байгаатай таарчээ. Тэнд нэг монгол боол байсныг хаан худалдан аваад, түүнд хэлжээ. Чи Монгол хүн атлаа ингэж явах ч гэж дээ. Чи одоо өөрийнхөө хамгийн их хүсэж явдаг зүйлээ хий гэж хэлжээ. Тэр хүмүүн нь худалдаа арилжаа хийх машид сонирхолтой хүн байсан тул өөрийн хүслээр худалдаа хийж эхлэв. Энэ хүн нь торгоны замыг үндэслэгч, анхны худалдаачин Тодой байв.

    Суралцах нь: Харь нутагт чи үргэлж 2-рт бичигдэнэ. Эх оронд чинь чиний үнэ цэн бий. Гэхдээ тэр үнэ цэнийг чи өөрөө бий болгоно.

    Зурагийн эх сурвалж: https://facebook.com/NMCSteam

  • ХҮЧТЭЙ…

    Үг гэдэг үерийн уснаас ч хүчтэй… Энэ үгийг ээж минь хааяахан хэлсээр захисаар ирсэн юм. Миний хувьд ээжийнхээ хэлсэн энэ үгийн үнэ цэнэ, утга учрыг өдрөөс өдөрт л ухаарах юм. Сонин юм шүү! яагаад ч юм үргэлж л энэ үг батлагдаад байдаг… Аргагүй биз дээ, Хүн гэгч амьтад хөлөөрөө биш хэлээрээ ойлголцож амьдардаг болохоор амнаас гарах авиа бүр хүчтэй байлгүй яахав. Тэр дундаа үг бүрийн сайн муугаас үл шалтгаалж үгийн хүч хэвээрээ л байдаг. Энэ нь бид нэг үг сонсоод л баяраар гэрэлтэж, нэг үг сонсоод л нэг хэсэгтээ уйтгарын далайд хөвдөг эмзэгхэн сэтгэлтэй гэдгээр илт харагдана. Бидний өвөг дээдэс ч үүнийг эртнээс мэдэж, мэдэрсэн болохоороо үгээр хүнийг амилуулж ч болно, үгээр хүнийг алж ч болно хэмээн хэлж үр хүүхэддээ анхааруулж сургасаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд өвөг дээдсийн сургаалаа умартах хүмүүс их болсоор байгаа нь харамсалтай бөгөөд гашуун үнэн юм. Бид бодлогогүй үг хэлдэг  бусад улсын иргэдээс тэс өөр уужим сэтгэлт хүмүүс шүү дээ гээд заримдаа бүх Монгол хүмүүсийн чихэнд шивнэмээр, мартсан нэгэнд нь сануулан хэлмээр санагддаг. Хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд ч бие биедээ бодлогогүй үг хэлж байгаа харагдана.  Амжилт өөд тэмүүлж нэгэн зүгийг зорих залуус ч бие биедээ бодлогогүйгээр үгсийг урсгана. Ингээд бодохоор эрүүл хүнээс бодлогогүй үгс гарч бие биенийхээ сэтгэлийг шархлуулж байхад архинд толгойгоо мэдүүлсэн гудамжинд орилох тэр хүнээс бодлоготой үг  гарна гэдэг нөгөө усан дээр гал асаахтай адил бүтэшгүй юм. Амьдралд ирсэн хүн бүр төгс биш болохоор алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ бид алдсан нэгэндээ учир начрыг нь гарган тайлбарлан, хэлж ойлгуулж тусалхад л хүн гэдгийн утга учир оршино. Нэгхэн үгийг хэлхээс төвөгшөөсөөр байвал улам л харьцаа холдож дуугүй хүмүүс олшрох мэт. Хүн гэгч ховорхон заяаны эзэн бид сэтгэлээр унасан нэгнээ бостол, чадахгүй байгаа нэгэндээ хүчийг өгтөл УРМЫН үгсийг хэлж байвал АМЬДРАЛ ҮРГЭЛЖ АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙНА ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ. Та ч бас итгэдэг гэдэгт найдаж байна. Яг одоо үүнийг уншин суугаа та өөртөө дүгнэлт хийгээрэй. Та олны танил хүн байсан ч, та хэний ч танихгүй нэгэн  байсан ч та сайн сайхан үгийг хэлдэг бол, бусдыг босгон урамшуулдаг бол МОНГОЛ ХҮН билээ. МОНГОЛ ХҮМҮҮН БИД АЗ ЖАРГАЛ, АМАР ТАЙВНААР ДҮҮРЭН АМЬДРАЛЫГ БҮТЭЭЖ ЧАДНА. САЙН САЙХАН ҮГИЙГ Л ХЭЛЖ ХҮЧТЭЙ АМЬДАРЦГААЪЯ…

  • Дулаан сэтгэл

    Хэзээний анд найзууд уулзах болгондоо нэг нэгэндээ амьдарлаа ярьцгааж, баяр жаргалд нь баясаж, зовлонд нь хамт харуусдаг. Бусдын жаргалд баясах хийгээд түүнтэй холбоотой зүрх сэтгэлээрээ дулаан дотно байх нь хайрын гол утга билээ. Энд өгүүлж байгаа халуун зүрх сэтгэлийн хайр энэрэнгүй сэтгэлийн суурь болдог, яагаад гэвэл, хайрладаг хүмүүсийн сэтгэл зовлонтой байгааг мэдвэл тэднийг зовлонгүй болгох гэсэн энэрэнгүй хүсэл төрдөг. Асрал хайр буюу хайр ба энэрэнгүй сэтгэлийн хослолыг хамгийн дээд, сэтгэлийн гүйцэд боловсрол гэж үздэг. Асрал хайр нь хамаг жаргалын эх булаг бөгөөд энэ ертөнцийн хамгийн үнэт зүйл юм.

    Асрал хайр нь амьдралыг тэтгэгч рашаан билээ. Эх хүн хөхөөрөө үрийнхээ биеийг өсгөдөг шиг зүрхнийхээ асрал хайрын илчээр ухааныг нь тэжээн торниулдаг. Хайр энхрийлэл үзээгүй хүүхэд сэтгэл санааны хямралтай, тэр байтугай сэтгэц мэдрэлийн тогтолцоо нь доголдолтой болдогийг анагаах ухаан зөвшөөрч байна. Зөвхөн нялх хүүхдүүд биш. Бид бүгдээрээ амьдралынхаа турш аз жаргалтай, бие сэтгэлийн амгаланд оршихын тулд бусдын асрал хайрд шүтэж байдаг. Яагаад ийнхүү шүтэлцээтэй байна вэ гэвэл, хэдийгээр эхийн хөхнөөс гарсан боловч элэг зүрхнээс нь холдоогүй байдагтай холбоотой. Тиймээс ч эхийн хайр эхнэр нөхөр, найз нөхдийн асрал хайрын хэлбэрээр хэрэгтэй болж, бүр заримдаа эрж шаарддаг. Тийм байх албагүй юм. Жинхэнэ том болсон хүн бол амьдарлын дээд аз жаргал нь бусдад хүртээх хайраас үүдэлтэйг ойлгон, түүнийг ч биелүүлж байгаа, эхийн хайр дутагдахаас чөлөөлөгдсөн хүнийг хэлнэ. Бусдыг төгс хайрлах хэмжүүр нь эхнэр нөхөр, найз нөхдийгөө хайр шаардах хорт зуршлаас нь тэвчээртэйгээр хөтлөн гаргах юм. Тэд ч мөн адил хариу нэхэлгүйгээр бусдыг аз жаргалтай болгох эрх чөлөөт сэтгэлийн цэнгэлийг нээж болно шүү дээ.

    Гүн талаас нь үзвэл, асрал хайр нь энэ дэлхийн хамаг жаргалын эх сурвалж юм, учир нь, жаргалтай болоход шаардлагатай дотоод нөхцлүүдийг бий болгодог. Жаргал эдлэхийн тулд тухайн сайхан зүйл байхаас гадна зөв сэтгэлийн болон буянт үйлийн чадамж хоёрын дотоод нөхцлүүд хэрэгтэй. Энэ чадамж бол урьд үйлдсэн хорлолгүй үйлийн үр дагавар бөгөөд хорлолгүй зан төлөвтэй болохын тулд сайхан сэтгэлтэй хөтлөгчийн үлгэр дуурайл хэрэгтэй болдог, үүнд Христ хийгээд Бурхан багш нар юм. Эдгээр хөтлөгч нар өөрсдийн асрал хайраар бусдыг сайн сайхан зан төлөвт удирдан чиглүүлдэг. Тэдэнд өөр бусад зорилго үгүй.

    Далаад оны дундуур Бурханы шашинтан болохоос өмнө Төвдийн анагаах ухаан сонирхдог сонирхолдоо хөтлөгдөн би Энэтхэгийн хойд нутагт очиход Дарамсалад суудаг Дулмаа гэдэг уламжлалт анагаах ухааны төвд эмчтэй танилцсан юм. Гималай уулын бэлд Дээрхийн гэгээн Далай лам багштан болон Төвд цагаачид суудаг тэр газар Төвдийн Анагаах ухааны төв нь сургалт, эмчилгээний үйл ажиллагааг нэгэн зэрэг сайн явуулж байсан юм. Дулмаа эмч намайг дагуулж, ажлаа ажиглуулахыг зөвшөөрсөн ба өвчтөнүүдээ үзэж байхад Дулмаа эмчийн ажлын өрөөг өөрийн саяхан ажиллаж байгаад ирсэн Австралийн хүнгүй шахам тасгуудтай харьцуулахгүй байж чадахгүй байлаа. Харьцуулах ямар ч боломжгүй байсан юм. Судас барих болон шээсний хөөсөөр оношлох аргууд нь нэг хэрэг, өвчтөнтэйгээ харьцах байдлаарааүлэмж их ялгаатай байлаа. Тэр өвчтөнүүдээ энэрч, өвчтөнүүд түүнийг хайрлаж байсан юм. Эмнэлэг тэр аяараа асрал хайрын илчээр дүүрэн байсан нь өвчтөнүүдийг хүн гэхээс илүү “өвчин” гэж үздэг миний ажиллаад ирсэн хүний төлөө мэдрэмжгүй эмнэлгийн уур амьсгалаас тэс өөр байлаа. Тэрээр оношилгоо, эмийн ургамлаар гайхамшигтай эмчлэх арга барилтайн дээр сайн эмч гэж нэртэй болсон нь Дулмаа эмчийн асрал хайрын хүчтэй холбоотой гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байлаа.

    Барууны анагаах ухааны эмч гэж би биеэ тоосон бардам зантай байсан ч гэсэн Дулмаа эмч надад Төвдийн анагаах ухаанаас зааж өгөхийг зөвшөөрлөө. Надад судас барих, шээсний шинжилгээг тайлбарлаж заасан боловч асрал хайрын тухай ганц үг цухуйлгаагүй билээ. Ердөө л өөрөө харуулсан юм. Хожим нь би Төвдийн анагаах ухааныг гүнзгийрүүлэн судалж байхдаа сурах бичгийн ёс суртахууны тухай бүлэг нь зөвхөн асрал хайрлалын тухай өгүүлсэнийг мэдэж авч билээ. Манай Анагаах ухааны сургуулийн ёс суртахууны лекцүүд нь эмчилгээний асуудлаар шүүхэд дуудагдахаас хэрхэн зайлсхийх тухай байсан даа. Асрал хайрлалын тухай юу ч байгаагүй.

                                                                                                                                                           Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв