Category: human-development
-
Мөнгийг тоолж тооцоолж хэрэглэж суръя
Ж.Бэгзсүрэнгийн 6 ам бүлтэй гэр бүлийн мөнгөн орлого, зарлага 2010 онд ямар байв
Улаанбаатар хотын БЗД-ийн 21-р хороонд, гэрт 4-12 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт ам бүл 6-уулаа амьдардаг, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан буюу төсөвт байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ж.Бэгзсүрэнгийн гэр бүлийн 2010 оны туршид мөнгөн орлого, зарлага ямар байсныг энэ нийтлэлээр та бүхэнд жишээ татан толилуулж байна. Ингэснээр иргэн бүр мөнгө гэдэг эдийн засгийн чухал ойлголтыг удирдан залж сурахын тулд бүртгэл тооцоог хийж хэвших учиртайг энэхүү өрхийн жишээгээр харуулахыг хичээлээ.
Өрхийн орлого зарлагаа компьютерийн “Өсөх өрх” програмд өдөр бүр бүртгэснээр, сар, улирал, жилээр тооцоо хийлгэж, нийлбэр дүнг бодуулах, харьцуулан жишихэд цаг хугацаа шаарддаггүй давуу талыг олгодог.
Энэ өрхийн 2010 оны
– нийт мөнгөн орлого 13 сая 687296 төгрөг,
– нийт зарлага 11 сая 587886 төгрөг болж байгааг, мөн доорхи орлого, зарлагуудыг төрлөөр нь багцлан нийлбэр дүнг тооцуулахад Өсөх өрх програм 16 секундэнд гүйцэтгэж байв.Нийт орлогыг задлан харвал, Хотын нийтийн төв номын сангаас
– цалин шагналд 8 сая 449718 төгрөг,
– Монгол улсын Хүний хөгжлийн сангаас 720000 төгрөг,
– хамт ажиллагсад, найз нөхдөөс 182200 төгрөгийг надад,
– 69580 төгрөгийг хүүхдүүдэд тусламж, бэлэг болгон өгсөн байна,
– Сүү зарж 239700 төгрөг,
– Моби-ийн нэгж зарж 16000 төгрөг,
– Хас банк дахь цалингийн картны үлдэгдэл мөнгөнд бодогдсон банкны хүү 6927 төгрөг тус тус орлого болон бүртгэгджээ.Нийт зарлагыг задлан харвал,
– 5 сая 600000 төгрөгөөр портер машин худалдан авч Хадам аавдаа өгч хэрэглүүлж байгаа,
– аж ахуйн бараа худалдаж авахад 1 сая 526580 төгрөг,
– хүнсний бараа худалдаж авахад 1 сая 518500 төгрөг,
– амьтан, ургамал тэжээх зардалд 719590 төгрөг,
– Монголын Хүүхдийн ордоны болон бусад сургалтуудын төлбөрт 600000 төгрөг,
– эрүүл мэндийн зардалд 253330 төгрөг тус тус зарцуулжээ.Зарим нэг сонирхол татахуйц зарлагуудыг нэгжлэн харвал,
– 11302л ус хэрэглэж,
– гурил гурилан бүтээгдэхүүнд 319610 төгрөг,
– мах махан бүтээгдэхүүнд 263730 төгрөг,
– хувцас худалдан авахад 319100 төгрөг,
– 68 кг хонины махыг 199460 төгрөгөөр,
– 650 кг 2-р гурил 194450 төгрөг,
– 736 квт цахилгаанд 79600 төгрөг,
– 39 кг гурилан боовонд 72040 төгрөг,
– 49 кг элсэн чихэрт 70870 төгрөг,
– 83 кг жимс жимсгэнэд 227850 төгрөг,
– 460 удаагийн автобус унаанд 145300 төгрөг,
– 328ш гоо сайхан ариун цэврийн бараанд 118350 төгрөг,
– 17л ургамлын тосонд 35260 төгрөг, мөнхүмүүст нийт 23 удаад 249230 төгрөгийн тусламж,
– 25 тоглоом, хөгжмийн зэмсэгт 235530 төгрөг,
– 36 ш ном, сурах бичигт 71350 төгрөг,
– 13 удаагийн нийт 57841 төгрөг юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дутжээ гэх мэт тооцоог харж байна.Өрх гэрийн мөнгө санхүүгээ бүртгэж, тооцох, хэрэглээгээ мэдэх, улмаар амьдралын эрүүл, зөв хэв шинжийг таньж мэдэхийг хүсэж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд, заавал тэмдэглэлийн дэвтэр гэж өдөр хоног алдалгүйгээр автобусны билет дээрээ орлого зарлагаа бичиж эхлээрэй, мөн хамаатан садан, нөхдийн мөнгөгүйгээр өгч байгаа элдэв бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж ханшаар бодож орлого талдаа мөнгөн тусламж авсан юм шиг, зарлага талдаа уг бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байдлаар бичихээ мартуузай. Ингэснээр хэрэглээний зардал үнэн зөв тооцоологдоно.
Лавлаж асуух, Өрхийн төсвийн талаар ярилцах сар бүрийн уулзалт-ярилцлагад оролцохыг хүсвэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйл ажиллагааны хуваарьтай www.pl.ub.gov.mn вэбээр танилцах, мэдээллийн технологийн менежер Ж.Бэгзсүрэнтэй 99861326 утас, mcl_begee[et]yahoo.com имэйлээр холбоо барихыг хүсье.
Баярлалаа
Яру нэгдлийн гишүүн Ж.Бэгзсүрэн
-
Сэтгэлгээний тухайд
Сэтгэлгээ
Хүмүүсийг сэтгэлгээгээр нь 4-н хэсэг болгон авч үздэг.
1. Мэддэг, мэддэгийгээ мэддэг хүн. Түүнийг цэцэн хүн гэх бөгөөд түүнээс суралцах хэрэгтэй.
2. Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй хүн. Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд түүнийг сэргээх хэрэгтэй.
3. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд түүнд юм зааж өгөх хэрэгтэй.
4. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг “илжиг” гэх бөгөөд хөөн явуулбаас зохино. (Арабын цэцэн үг)Сэтгэлгээгээ ухамсарлахуй
Хүн амьтнаас юугаараа ялгагддаг вэ? гэж асуувал бүгд л “сэтгэдгээрээ” хэмээн хариулах биз. Үгүй дээ, сэтгэдгээрээ биш, “сэтгэж байгаагаа ухамсарладгаараа” гэж хэлбэл хамгийн зөв хариулт болох юм. Сэтгэдгийн хувьд шизофренитэй хүн ч хурц сэтгэдэг. Харамсалтай нь хурц сэтгэж байна гэдгээ ухамсарладаггүй. Компьютер маш нарийн “оюуны” үйлдэл хийнэ, мөн түүнийгээ ухамсарлахгүй. Амьтан ч гэсэн багахан хэмжээнд сэтгэнэ, мөн л муухан сэтгэж байгаагаа ухамсарлахгүй. Аль аль нь хүн биш учраас тэр. Тэгвэл эрүүл хүн муу сэтгэсэн ч муу сэтгэж байна гэдгээ ухамсарладаг.Мэдлэг сэтгэх чадварт нөлөөлөх үү?
Шинжлэх ухаан, тоглоомын уг чанар нь хүний сэтгэлгээг бүтээлч (creatiүe), шүүмжлэлтэй (сritical), өөрийгөө хянадаг (reflectife) болгодог. Гэтэл үнэний шалгуур нь тодорхойгүй, худал зүйлийг тодорхой хугацаанд өөртөө агуулах боломж олгодог ухаанууд ч байдаг. Нийгэм, хүмүүнлэгийн ухаануудад ийм “хийдэл” нэлээд их байх бөгөөд энэ замаар явсан хүмүүс (мэдээж бүгд биш л дээ) оюун ухаандаа гэхээс илүү хүсэл зоригтоо хөтлөгддөг дадал зуршилтай болох нь олонтаа. Ажиглаад байхад, өөрийгөө юм мэдэж байна хэмээн боддог хүн ихэвчлэн юмыг цээжилж, тогтоон, мартаагүй байвал л өөрийгөө мэдэж байна гэж боддог. Энд каузаль (үүнийг шалтгаант холбоогоор нь сэтгэх гэж орчуулж болно) сэтгэлгээтэй охин, тогтоох ой дээрээ тулгуурладаг ээж хоёрын яриаг та бүхэнд сонирхуулъя л даа. Охин асууж байна: “Нийгмийг гэж бичихэд яагаад г,м хоёрын дундах э үсэг алга болчихдог юм бэ?”. Ээж нь гээгдэх эгшигийн хоёрдугаар дүрэм гэгчээ хэлж байна . Охин ойлгосонгүй дахиад асуулаа. Ээж уцаарлаж байнаа: Хэлээд байхад чинь яасан ойлгодоггүй юм бэ гэж. Үнэндээ тэнд ойлгоод байх юм алга: Тогтоогоод, цээжлэх асуудал байна. Гэтэл охин шалтгаант холбоогоор сэтгэж сурч эхэлж байгаа учир “яагаад тиим дүрэм гарсан юм бол, “э”-г нь гээхгүй бичихэд болохгүй юм юу байна, бид ойлгодгоороо л ойлгоно шүү дээ, “э” байхад ямар утга илэрхийлж байна, “э” нь гээгдсэн үед ямар утга илэрхийлж байна” гэхчилэн олон асуулт шаардаж байгаа учраас асуусан хэрэг. Охины хувьд хэл болон түүний дүрэм бол конвенциаль (хүмүүс зохиогоод тохирчихсон) тэмдэг, түүнд каузаль зүйл байдаггүй гэдэг нь ойлгомжгүй зүйл. Тиим ч учраас тэр асуултыг тавих нь яах аргагүй зөв байсан. Харин ээж цээжилсэн зүйлээ хэлснээр шалтгааныг нь хэлчихлээ гэж андуураад байна. Шалтгаант холбоогоор сэтгэдэг хүн, цээжилдэг хүн хоёр бие биенээ ойлгоход хэцүү л дээ.Эргэлзэж гайхах үзэгдэл мэдлэгээс гардаг юм уу аль эсвэл үл мэдэхээс гардаг юм уу?
Шалтгаант холбоогоор сэтгэж сурах нь үнэхээр сайн дадал мөн. Ийм хүн юмыг хоосон цээжилнэ гэж байхгүй бөгөөд “яагаад” гэсэн асуултаа байнга тавьж түүндээ тохирох хариулт авч байж л уг зүйлд итгэнэ. Тэр хүн “танай авдранд нэг шар өнгөтэй эд байгаа учраас хүүхэд чинь өвдөөд байна” гэсэн айлдалд хэзээ ч шууд итгэхгүй. Итгэх, мэдэх гэдэг нь оюуны эрс өөр үзэгдлүүд. Шашин “чи эхлээд Бурханд итгэ, итгэсэн цагт түүнийг мэдэх болно” гэдэг бол шинжлэх ухаан “чи эхлээд мэд, мэдсэн юмандаа итгэ” хэмээн оюуны эрс өөр хүмүүжил олгох хандлагатай байдаг. Эргэлзэж гайхах гэсэн энэ үзэгдэл үл мэдэхээс гардаг гэж хүмүүс боддог. Гэтэл энэ үзэгдэл мэдлэгээс гардаг аж. Хүн өөрийн мэдлэгт тохирохгүй, мэдлэгээс нь хальсан юмс үзэгдэлд эргэлзэж гайхдаг бөгөөд энэ эргэлзээгээ тайлснаар шинэ мэдлэгтэй болдог. Абеляр энэ утгаар нь “эргэлзээ бол танин мэдэхүйн үндэс” гэсэн. Юу ч мэдэхгүй хүн юунд ч эргэлзэж гайхдаггүй. Тийм хүн бороо, цас яагаад ордог, тэнгэр яагаад улайдаг, яагаад урт богино өдөр байдаг гээд өдөр тутам өөрт нь тохиолддог зүйлийн учрыг үл мэдэх атлаа гайхна эргэлзэнэ гэж байхгүй. Угаасаа тийм байх ёстой юм шиг бодно. Тийм учраас тэр хүнээс юмны учир шалтгааныг олох гэсэн асуулт хэзээ ч гардаггүй. Зөв сэтгэж сураагүй ийм хүн юмсын мөн чанартай харьцаж сураагүй байдаг тул өнгөний зүйлд их анхаарал тавьдаг. Хамгийн сайхан хувцас, хамгийн үнэтэй машин, хамгийн тансаг хоол унд гээд л. Аристотелийн хэлснээр, тэд амьдрахын тулд иддэггүй, идэхийн тулд амьдарч байдаг. Тэдний толгойд хувцас бол хувцас шүү дээ, хүн ямар ч гоё хувцас өмслөө гээд байгаагаасаа илүү сэтгэнэ, байгаагаасаа илүү сайн хүн болчихно гэж байхгүй гэсэн бодол хэзээ ч орж ирдэггүй. Сонин бөгөөд инээдтэй хүн бидний дунд их байдаг. Юмны учрыг олохгүй явж явчихаад түүнийх нь учрыг тайлбарлаад өгчихөөр хэзээний мэдэж байсан юм шиг “тэгээд яагаав, үүнийг тайлбарлаад байхдаа яах вэ дээ” гэсэн байдал гаргана. Иймэрхүү хүнд оюун ухааны хөдөлмөрийг хүндэтгэнэ, ухаантай зүйлд баярлана гэсэн ойлголт байхгүй. Мэдэхгүйгээ мэдэхгүй байгаа учраас тэр л дээ. Ер бусын ажигч, гярхай, нямбай оюун ухаан хамгийн энгийн зүйлд ч хүний олж хараагүй өч төчнөөн нарийн утга байгааг олж хардаг. Ийм хүн хэзээ ч “тийм ш дээ, тэгээд яагаав” гэж хэлдэггүй. Оюун ухааны зөв хүмүүжилтэй тиймэрхүү хүнд “миний энэ бодол зөв үү, эндээс ийм дүгнэлт гарах нь баараггүй байгаа даа” гэсэн бодол байнга байдаг.Сайхан ярьдаг хүн бүр сайн сэтгэдэг гэж үү?
Гоё, уран сайхан ярьж байгаа хүнийг сонсоод “ямар ухаантай хүн бэ?” хэмээн шүүрс алдагчдыг мөн ч олон харлаа. Хүнийг ярьж байгаа шигээ сэтгэдэг хэмээн ойлгож огт болохгүй. Үг, сэтгэлгээ хоёр адил зүйлс биш. Тийм учраас хүмүүсийг үгний түвшинд хийгээд ойлголтын түвшинд харилцдаг хэмээн хоёр хувааж болно. Ухаалаг хүмүүс ихэвчлэн ойлголтын түвшинд харилцах бөгөөд тэдэнд бодол санаагаа тэр бүр үгээр илэрхийлэх шаардлага гардаггүй байна. XIX зууны Германы сэтгэгч Дюринг үгээр илэрч буй сэтгэлгээг хамгийн бүдүүлэг сэтгэлгээ гэсэн. Энэ нь хүн сэтгэлгээнийхээ бүдүүлэгдүү хэсгийг үгээр илэрхийлээд хамгийн нарийн хэсгийг илэрхийлж чадахгүй үлдээдэг гэсэн үг л дээ. Үнэхээр гүнзгий сэтгэсэн зүйлийг үгээр илэрхийлэхэд хэцүү байдаг. Ямар сайндаа л Хадамэр философийг “үгний эрэлд хатаж шаналсан оюун ухаан” гэж байх вэ дээ. Гэтэл амьдрал дээр ямагт үгээр жонглёрдож байдаг хүмүүс ч байх юм. Бодож сэтгэснээ байтугай ойлгоогүй зүйлээ хүртэл уран сайхан хэлчих жишээтэй. Ийм нэг үг байдаг “үг сэтгэлгээг алж байдаг”. Ухаантай хуний урт удаан хугацааны турш бодож, ширгээж байж хэлсэн үгийг нөгөө уран илтгэгч маань өдөр тутмын яриандаа зуунтаа хэрэглэж, тэр үгийн үнэ энэ, ханшийг аль хэдийнээ бууруулсан байх ч үе бий.Яру нэгдийн гишүүн
Бизнесийн сэтгэлзүйч Б.Бат-Өлзий -
БЭРТЭГЧИН
Урд байрны цонх. Нэг ах тагт дээрээ орчиноо ажиглан тамхи татна. Тамхиа татаад дуусах шиг боллоо. Ийш тийшээ хүн харсанаа ишээ шидэж байна. Тэр ишээ гадаа хаяж байна гэж бодож байх шиг байна. Гэхдээ энэ ч бас өөрийнх нь амьдарч байгаа орчин, оршин байгаа гэр орон нь гэдгийг ухаарахгүй байгаа бололтой. Тэр дөнгөж сая амьдарч буй орчиноо хог болгож байна.
Хөөрхий хүмүүс оромжоо цэвэрлэж, хогоо хаялана. Таны гэрийн гадаа ч гэсэн таны гэр байдаг гэдгийг ухамсарлахгүй, босгоноосоо цааш сэтгэхгүй, ахархан хараатай байх гэж дээ.
Хэрвээ хэн ч хог хаяхгүй бол хог гэж байхгүй байх байсан. Хог бүр эзэнтэй байдаг. Айл бүр үүднийхээ хогийг цэвэрлэчихвэл ГУДАМЖ ТЭР ЧИГЭЭРЭЭ ЦЭВЭРХЭН БОЛНО.
Хүн бүр өөрийнхөө амьдралыг аваад явчих АРЧААТАЙ БОЛЧИХВОЛ УЛС ОРОН АМАР АМГАЛАН, ядуурал зовлонгүй болно. Хүн бүрийн амьдрал нийлээд улс орны амьдрал болно.
НОГООН ДЭЛХИЙ ТАНЫ ГЭР ОРОН
-
ХАНДЛАГА /Trend/
Хэрэглээгүй авъяас зэвэрдэг Тогтоол ус үмхийрдэг. Хонхорт тогтсон ус үмхийрдэг. Үмхийрүүлэхгүй байхын тулд усанд гольдрол гаргах хэрэгтэй. Гольдролыг дагаж урсгал үүснэ. Тухайн бий болж байгаа урсгалыг ХАНДЛАГАтай зүйрлэж болох юм. Бүх салбарт хандлага бий. Улс төр, нийгэм, бизнес, амьдралын хэв маяг гэх мэт. Нийгмийн өөрчилөлт, технологийн хөгжил ч мөн л хандлагатай уялдаж бий болно. Эхлээд хандлага бий болно. Хандлага үлгэлжилсээр томоохон өөрчилөлт болно. Хандлагыг урьдчилан судлаж болно. Бас мэдэрч болно. Ухаалаг бизнесмэнүүд хандлагыг үргэлж судлаж, мэдэрч бизнесээ хийдэг. Ухаалагууд хандлагыг угтаж бизнес хийдэг бол сэргэлэнчүүд дагаж бизнес хийдэг. Үлдсэн хэсэг нь дууриаж бизнес хийдэг. Мэдээж хэн хандлагыг судалж, мэдэрч чадна тэр амжилтанд хүрэх нь гарцаагүй.
Ингээд өөрийн мэдэрч байгаа хэдэн хандлагыг та бүхэнтэй хуваалцаж байна.
- Шунал хүсэлт шавхагдашгүй хэрэгцээгээ хангахын тулд амьдралаа золих биш энгийн өөрт тааламжтай амьдралыг бүтээх нь хэрэглээний ХАНДЛАГА;
- Хэт гоёчилж тансагласан, харагдах гэж хооллодог биш биед тустай энгийн органик хүнс хэрэглэх нь хоололтын ХАНДЛАГА;
- Олон зүйлийг судласан ч хүн өөрийгөө судлаагүйгээ мэдэж, молекул, дуран авиад харагдахгүй түвшинээс цааш, хүнийг дотогш судлах нь хүн судлалын ХАНДЛАГА;
- Аз жаргалыг хаа нэгтээгээс хайх биш өөрт байгаа мэдрэмжүүдээ хөгжүүлэх нь сэтгэл хөгжлийн ХАНДЛАГА;
- Мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийхээс, чаддаг, хүсдэг зүйлээрээ баялаг бүтээх нь ажил хөдөлмөрийн ХАНДЛАГА;
- Мэдлэг олгохоос чадвар олгох нь боловсролын ХАНДЛАГА;
- Олон зүйлийг хагас дутуу чаддаг мэргэжилтнээс нэг чиглэлээр өндөр мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн нь хүний нөөцийн ХАНДЛАГА;
- Өвчилсөн хойно нь эмчлэх гэж хөрөнгө, хүчээ бардаг биш. Өвчлөхгүй байх бүх нөхцөл боломжийг бүрдүүлэх нь анагаахын шинжлэх ухааны ХАНДЛАГА;
- Ач холбогдолгүй реклам, зар сурталчилгаанаас, хүний амьралд хэрэгтэй ажил зохион байгуулах, хүнд хэрэгтэй агуулга бүтээж хүмүүсийг татах нь маркетингийн ХАНДЛАГА;
- Хамгийн шилдэг нь болох гэж сурталчилгаагаар залхаах биш хүний амьдралд хэрэгтэйг нь өгөөд хэрэгтэйгээ авах нь сурталчилгааны ХАНДЛАГА;
- Хэт олон хэрэглэгчийг олох гэж хэт их мөнгө үрж, олсноо тогтоож чадахгүй алдах биш цөөхөн үнэнч хэрэглэгчээбөөцийлөх нь бизнесийн ХАНДЛАГА;
- Өнгөрсөнийг судлахын хамт ирээдүйг судлах нь судалгааны ХАНДЛАГА;
- Босоо тогтолцоотой, олон шат дамжлагатай харилцаанаас хэвтээ тогтолцоотой, шууд харилцаатай цахим нийгэм бол нийгмийн харилцааны ХАНДЛАГА;
Миний сонссоноор бол тэргүүлэгч компаниуд болон Улсууд дэргэдээ Ирээдүй судлалын томоохон хүрээлэнгүүдийг ажиллуулж, дэлхийд бий болж буй хандлагыг судлуулж, түүнд үндэслэн хөгжлийн стратегиа боловсруулж байна. Харин Монголд ирээдүй судлалын төв байдаг болов уу?
-
Сouchsurfing буюу дэлхийн нөхөрлөлийн аялал
Hospitality буюу Зочломтгой байдал нь аливаа ард түмний соёлд гүн шингэсэн байдаг гэж боддог, тэр дундаа нүүдэлчин Монголчууд энэ зан чанараа өнөөг хүртэл хадгалж, өвлүүлж, марталгүй, өдөр тутмын амьдралын нь салшгүй хэсэг байдаг гэж би боддог.
www.couchsurfing.org вэбээр дамжуулан Аялагчид очих орон нутгийнхаа иргэдтэй холбоо тогтоож, харилцаж, нөхөрлөж, бие биедээ туслаж байна.
Миний бие 2008 оны 7 сард энэ вэбд бүртгүүлж, улмаар 2011 оны байдлаар 300 гаруй гадаад иргэдийг гэртээ зочлох, бидний ахуй амьдралтай танилцах, өдөр тутмын зарим ажилд маань туслаж оролцох боломжийг олгоод байна.
http://www.couchsurfing.org/jbegzsuren/Миний гэр бүлийн тухай баримтат кино хийгдэж, энэхүү вэбд тавигдаж байсанhttp://www.couchsurfing.org/news/article/135
it’s recorded in 2009 by my UK friendsТиймээ, Монголчууд биднийг Зочломтгой ард түмэн гэдэг.
Би ч гэсэн тийм ард түмний нэг хэсэг байхыг хүсэж, тэмүүлж, амьдралаараа харуулахыг хичээдэг.couchsurfer болсноор яг ч гадныханд үйлчилнэ гэж ойлгож болохгүй ээ, чи өөрөө гадаадын нэг оронд очсон гэж бод, тэр очих хотынхоо нэг CS гишүүнтэй холбоо барьсан гэж бод, тэр хүнээс чи ямар тусламж дэмжлэг хүсэж болох вэ, мөн тэр хүнийхээ ажил төрөл, гэр оронд чи нэг их саад болохгүйг хичээж таараа, гэхдээ л тэр хүн чамд төрөл бүрийн зөвлөгөө мэдээлэл өгч улмаар чи тэр хүнтэй найз болсондоо баяртай байх болно, Яг л ийм л зарчим
Баярлалаа,
Ж.Бэгзсүрэн -
МЭРГЭЖЛЭЭ ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ буюу ИРЭЭДҮЙТЭЙ МЭРГЭЖЛҮҮД /Шууд ярилцлага/
Star телевизийн мэдээнд зочиноор оролцож, мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүд болон мэргэжил сонголтод нөлөөлж буй эцэг эхчүүд, багш нарт зориулж “Ямар мэргэжлүүд ирээдүйтэй вэ, мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвээр шууд ярилцлага өглөө.
-
60 жил мод ургаагүй хөсөрсөн газар төгөл байгуулсан нь буюу ээждээ зориулсан бидний зүрх сэтгэл
Өнгөрсөн хавар “Ээждээ зориулсан бидний төгөл” буюу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд /ЭНЭШТ/ эх үрсийн ногоон төгөл байгуулах хөтөлбөрийг хамтрагч, ивээн тэтгэгч байгууллагууд болон ээждээ мод тарихад зав гаргачих тэнхээтэй залуусын хүчээр амжилттай хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөрийн үр дүнд энд мод ургахгүй гээд бүүр эвлэрчихсэн байсан Эх нялхасын ажилтнуудын нүдийг орой дээр гаргаж жилийн жилд шороогоор шуурч байдаг зэвэрсэн газар амь оржногоон төгөл цэцэглэж, эх үрсийн амарч тухлах орчин бүрдсэн. Бидний хамтран тарьж ургуулсан 2000 гаруй мод бутны 50% нь цэцэглэн ургасан бөгөөд 50% нь цэцэглэж ургаагүй биш харин хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж машинд дайрагдсан, гишгэгдэн хугарч гэмтсэн байдалтай байна.
ЭНЭШТөв хайс барьна гэсэн амлалтаа биелүүлээгүйгээс бидний ээждээ зориулсан төгөл хугарсан байна. Ер нь ЭНЭШТ-ийн ажилтан удирдлагууд үнэхээр арчаагүй байдал гаргадаг. Хүний тариад өгсөн модыг услаад явчих сэтгэлгүй. Өнгөрсөн хавар тарьсан мод зүлгээ хүлээлгэн өгч, услах шланкийг хүртэл гардуулж өгөөд, олон мянган ажилчидаараа ээлжлээд услуулаад байна гэж дарга нь амласан. Бид итгэчихсэн хүмүүс 4 хоногийн дараа ирсэн чинь нэг ч услаагүй, өглөө, орой услах ёстой шинэ тарьсан зүлэг харлаад үхчихсэн байсан. Тарьсан мод зүлэг үхэж байхад, цонхоороо хараад тамхи татаад зогсоод байна. Нээрээ үнэн арчаагүй. Тэгээд арчилж тордохгүй байж, манай энэ газар барилгын хогтой болохоор мод тариад ч ургадаггүй гэж худлаа солиорно. Өөрсдийх нь өмнөх жилүүдэд тарьж байсан модных нь нүхийг харахад 20 см өнгөц зөөлөн хөрс ухаад л модоо булсан болоод орхисон байсан. Ингэж тарьсан мод ургах уу?! Бид өнгөрсөн хавар тарихдаа зөвхөн модны нүх ухахад л 7 хоног зарцуулж байсан, дагтаршсан улаан хөрш, цемент ухаж байгаа юм шиг л байсан. Бүр л өдөржин ухахад 2 модны нүхтэй салж байсан өдөр ч бий. 50см радиустай, 60см гүн ухаж байж, 40т хар шороогоор шинэ хөрс бий болгож байж, 100 гаруй хүний сэтгэл, 10 сая гаруй төгрөг зарцуулж байж энэ төгөлийг босгосон юм. Залуус бидний хүсэл мөрөөдлийг дэмжсэн “Монголын алт” корпорацид Эх нялхасд амаржих бүх ээжүүдийн өмнөө талархал илэрхийлье.
Энэ жилийн нөхөн сэргээлтийн ажилд мөн л МАК, “Ногоон хонх” ТББ ивээн тэтгэж, “Дэльта” энтертаймент, “Ногоон хонх” ТББ /greenbell@groups.facebook.com/, “Сортоо” клубын залуус гардан гүйцэтгэх ажилд идэвхитэй оролцлоо. Миний бие хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч байсан гэдэг утгаараа сая амралтын өдөр очиж үйл ажиллагаанд нь туслаж нөхөн сэргээх ажилд оролцлоо.
Экологич, эдийн засагч, модчин, түлээчин, банкчин, барилгачин бай хамаагүй АМЬСГАЛДАГ ХҮН БҮР ЖИЛД НЭГ МОД тарьж, ургуулдаг байгаасай!
2010 оны 6-р сар
-
Гэр бүлийн боловсролын тухайд
Хүний амьдралд, хүний сэтгэлд, хүний ухаанд нөлөөлсөн хором мөчүүд байдаг гэж сонсож байсан. Бодоод байхад бие хүн бүрэлдэн бий болж төлөвшихөд маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тэр тусмаа хүчтэй нөлөө үзүүлсэн, нуруугаар тог, цахилгаан гүйх шиг болдог тийм нэг мөчүүд байдаг юм байна.
“ГЭР БҮЛИЙН ТУХАЙ” хэмээх Нэгэн зүйл
Гэр бүлийн амьдралын талаар өнгөцхөн төсөөлөлтэй, азгүй юм шиг амьдарч байх үедээ, энэ хүний үгийг сонсож толгой дотор минь гэр бүлийн талаарх хувьсгал явагдаж билээ. Миний амьдрал сайхнаар өөрчилөгдөхөд нөлөөлсөн нэг хүн бол яах аргагүй Л.Нарантуяа багш гэж би боддог. Залуус бид гэр бүл, хайрын талаар мухар сохор төсөөлөлтэй яваад л байвал, амьдрал минь азгүй, аз жаргалгүй, хэрүүл, маргаанаар дүүрэн байсаар л байх болно.
Яг үнэндээ бол залуус бидэнд гэр бүлийн талаар хэлж ойлгуулдаг байгууллага, хүн байдаггүй шүү дээ. Тэгээд та бүхнийг энэ лекцийг сонсоорой гэж зөвлөх байна. Гэр бүлийн талаар маш цэгцтэй, бодитой, амьдралтай зүйл хэлж өгдөгт би их баярладаг. Монголд минь аз жаргалтай, амар амгалан гэр бүлүүдийг маш олноор нь бэлдэх зорилготой агуу хүн дээ.
Амьдралын минь өөрчилсөн нэг лекц нь энэ:
-
Оюутнуудаа, чадварлаг мэргэжилтэн болмоор байна уу?
Оюутан байхад сургуулиа төгсчихвөл бүх юм болчих юм шиг л боддог байж билээ. Улаан дипломаа гардаж аваад л, ромбоо зүүчихвэл чадалтай мэргэжилтэн болчихдог юм шиг төсөөлдөг байж.
Амьдрал дээр гараад бүх зүйл эсрэгээрээ эргэсэн дээ. Сургуулийн диплом ч хэрэг болсонгүй, одоо хаана хийснээ ч мартсан байна. Айхтар үзүүлээд шалгуулаад байх ч шаардлага гарсангүй. Тэртээ тэргүй төгссөн төгсөөгүй ч худалдаад авчихаж болж байна, дүнг бол яаж ч янзалсан болдог болж. Гэх мэтээр үнэ цэний нь унагасаар диплом нь тухайн хүнийг бүрэн илэрхийлж чадахгүй болоод байна л даа.
Байгууллагууд чадварлаг мэргэжилтнийг шалгаруулахдаа эхлээд Си Ви бөглүүдээд, бичгийн соёл, ерөнхий суурь чадваруудыг хараад, эссэ бичүүлээд хувь хүний зорилго, тэмүүлэл, бичиж найруулах чадварыг хараад, ярилцлагад урьж өөрийгөө илэрхийлэх байдал, сэтгэлгээний чадвар зэргийг дүгнэсний үндсэн дээр боломж олгодог. Шалгуурт дипломын дүн, төгссөн сургууль зэрэг нь маш бага хувь эзлэнэ.
Оюутнууд юуны өмнө үзэж байгаа хичээлүүд чинь чамайг чадварлаг мэргэжилтэн болгох жорын ердөө 10% нь гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа их дээд сургуулиудын хичээлийн агуулга маш их хоцрогдолд орсон байна. Жишээ нь, интернэт бизнесийн анги гэсэн атлаа 4 төгстлөө интернэт ашигласан хичээл орж үзээгүй байх жишээтэй. Ха ха. Харин багш нарын хэлж байсан үг бол амьдралд их хэрэг болдог шүү.
Мэргэжлийн чадварыг бол яг бизнесийн байгууллагуудын халуун тогоон дотор орж байж, хийж дадлагажиж байж, илүү их ном уншиж, интернэт ашиглаж байж л олж авахаар байгаа юм. Оюутнууд бол багшийн заасныг өөрт нь хариулаад онц аваад байхад сайн мэргэжилтэн болно гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ бол андуурал шүү. Бас зарим оюутнууд сургуулиа төгсөж байгаад л учраа олно доо гэж боддог. Энэ бодол бол бүүр ч буруу. Та оюутан болмогцоо л хийх ажилдаа санаа зовж эхлэх юм бол жинхэнэ мэргэжилтэн болно.
Тиймээс чадварлаг мэргэжилтэн болохын тулд:
- Сургуулиас зааж байгаа хичээлүүд – 10%
- Багшийн сургааль, ахмад хүмүүсийн үг – 10%
- Салбарын мэргэжилтэнүүдийн лекц, сургалт – 10%
- Оролцоо буюу сайн дурын ажилд оролцох нийгмийн идэвхитэй байдал. Төгсөөд л өндөр цалинтай ажил хийнэ гэж мөрөөдөхийн оронд оюутан байхдаа цалингүй ажил хийж байсан хүн төгссөн хойноо үнэлэгддэг, маш өндөр цалинтай тэнцэхүйц чадварыг үнэ төлбөргүйгээр олж авдаг гэдгийг ухаарах.- 10%
- Сорих буюу мэргэжилтэй холбоотой уралдаан тэмцээн, арга хэмжээнд тогтмол оролцох – 10%
- Салбарын хамгийн сайн номнууд – 10%
- Мэдлэгээ гүнзгийрүүлж судлах, интернэт ухах – 10%
- Туршлагажих буюу 1-р курсээсээ эхлээд өөрийнхөө мэргэжилтэй холбоотой бодит ажил төрөл хийж өөртөө туршлага хуримтлуулах хэрэгтэй. Жишээ нь маркетингийн ангийн оюутан бол бараа бүтээгдэхүүнд маркетинг хийж үзэх хэрэгтэй. Ядаж өөртөө маркетинг хийж үзэх хэрэгтэй. Сэтгүүлч бол нийтлэл бичиж, нэвтрүүлэг хийж, ямар нэг асуудлыг эрэн сурвалжилж үзэх хэрэгтэй. Бизнесийн удирдлага бол ядаж нэг бизнес хийгээд үзчих хэрэгтэй. Туршлага бол маш чухал. Уншаад л байдаг, онолдоод л байдаг. Яг амьдрал дээр гарахаараа чадвар байдаггүй ээ. Зарим оюутнууд тухайн мэргэжлийн хүн юу хийдэгийг ч мэдэхгүй төгсөж байх жишээтэй. Тиймээс л өөрийгөө чадваржуулах талын хийж турших зүйлүүдийг эртхэнээс эхлэх нь зөв юм. – 20%
- Салбараасаа нэг чиглэлээр маш сайн мэргэших нь хамгийн чухал болоод байна аа. Одоо төгсөж байгаа оюутнууд юм бүхнийг чадна, бас юм бүхнийг чадахгүй байна. Чаддаг юм уу гэхээр яг мэргэшсэн, төгс эзэмшсэн зүйл байхгүй байна. – 10%
За энэ 9 зүйл нийлж байж чадварлаг мэргэжилтэн болох нөхцөл шалтгаан бүрдэнэ дээ.
Томъёолвол:
Хичээл /10%/ +Сургааль/10%/ +Сургалт/10%/ +Оролцоо/10%/ +Сорилт/10%/ +Ном/10%/ +Судалгаа/10%/ +Туршлага/20%/ +Мэргэшил/10%/ = ЧАДВАРЛАГ МЭРГЭЖИЛТЭН/100%/