Category: human-development

  • Харамсах зүйлгүйгээр амьдрахын тулд

    Амжилтын оргилд хүрсэн нэгэн хүнээс ийн асуужээ.

     

    – Та өөрийнхөө алдаж онож явсан үеэс аль алдаандаа хамгийн их харамсдаг вэ? гэхэд,

    Амжилтанд хүрсэн хүн: – “Би зориглож хийгээд, алдаж оносон бүх үйлсдээ хэзээ ч харамсдаггүй. Яагаад гэвэл, хийж чадах эсэхдээ өөрийгөө сориод үзсэн учраас, би энийг чадлаа, би энийг чадахгүй юм байна гэсэн хариултаа өөрөөсөө олж, дүгнэж чадсан учраас харамсаад байх зүйлгүй. Харин хийх гээд зориглож чадаагүй тэр зүйлүүддээ л маш их харамсдаг. Яагаад гэвэл, тэр зүйлийг үнэхээр өөрөө хийж чадах байсан уу? Хийж чадахааргүй байсан уу? гэдэгт өөрийгөө сорьж чадаагүй, хариултаа өөрөөсөө олж чадаагүйдээ, Би түүнийг хийж чадах байсан болов уу? гээд л өдий болтол өөрөөсөө асууж, хийсэн бол яах байсан бол гээд л байнга харамсдаг. Тиймээс хийе гэж бодож байгаа зүйлүүдээ заавал, хийж байгаарай гэж хэлмээр байна. Хийгээд туршаад үзчихвэл амар шүү дээ. Хийж чадвал, чиний амжилт нэгээр нэмэгдэнэ. Хийж чадаагүй бол чиний сурах зүйл нэгээр нэмэгдэнэ” гэжээ.

    Хэзээ нэгэн цагт харамсахгүйн тулд, шинэ ондоо өөрийн бодож санаж байгаа бүх ажлуудаа зориглож хийцгээе.
    ‎”Ажлыг хийж эхлэвэл бүтнэ, бүтэхгүй гэсэн 2 хувилбартай бол хийж эхлээгүй үед бүтэхгүй гэсэн ганц л хувилбар байдаг”

  • Хавар

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

    Монголын сайхан оронд жил жил дэлгэр

    Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

    Өвсний соёо ногоороход морь мал ханагар

    Холхи нар ойртож хасын цас хайлахад

    Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ

    Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

    Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.

    Хээрийн галуу айлчилан ирж гангар гунгар донгодоход

    Гэртээ суусан малчин түүнийг сонсон уярна

    Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

    Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

    Эелдэг урихан амьсгал ариухнаар үнэртээд

    Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

    Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

    Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана

    Д.Нацагдорж /”Дөрвөн цаг” шүлгийн хэсгээс/

     Их зохиолч Д.Нацагдоржийн энэ л шүлэг миний мэдэх хаврын тухай хамгийн сайхан шүлэг билээ. Ер нь олон хүний дуртай шүлэг болов уу? Сэтгэл сэргээм хаврын улиралын ариун сайхан бүхнийг энд нэгийг нь ч үл орхин илэрхийлсэн мэт. Айлчлан ирэх хаврын улиралтай бидний сэтгэлд амар тайван агаад урьд урьдынхаас илүү их баяр хөөр бялхана. Хэдийгээр 4 сар гарчихаад байхад энэ жилийн хавар тийм ч их дулаахан, таатай биш байгаа ч гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүсийн нуруу тэнэгэр бөгөөд цаанаа л тайванхан налайна. Тэдний сэтгэл мөд удахгүй цэцэг ногоо дэлгэрсэн зун цаг ирнэ гэдгийг мэдэж байгаа учир ийнхүү тайван агаад жаргалтай.  Тиймээ энэ сайхан энх улиралд бид  баяр жаргалаар дүүрэн байдаг. Тэнүүн сайхан хаврын улиралд бид бас л их ажилтай. Гэхдээ шоргоолж адил хөдөлмөрлөн хамтдаа олон ажлаа амжуулж өвлийн бэлтгэлээ базааж чадваас тэсгэм хүйтэнд ажрахгүй нь сайхан.  Цэцэг жимстэй зун цаг, урин хавар аяа ариа л ахиухан сартай болоосой гэж хааяахан бодогдоно. Хэрвээ ийм сайхан элэгсэг дулаахан өдрүүд олонсон бол эх орны минь эдийн засагт ч хэнмэлттэй, иргэдийн амьдралд ч тустай, өгөөжтэй байхсан. Гэвч бид яахан өөрчилж чадах, аливаа бүхэн учир утгатай байдаг энэхэн орчлонд цаг хугацаатай уралдаж аливаа бүхнээ амжуулхын төлөө л гүйх зам бидэнд бий. Тийм ээ гомдоллон саар бүхнийг бус, сайн сайхныг л харан ярилцах ард иргэдийн өлгий миний Монголын сайхан оронд урин ХАВАР жил жил дэлгэр…

  • Боломж яг дэргэд чинь байдаг…

           Балтимор хотод Отто Дайфенбах гэдэг оёдлын машины бяцхан дэлгүүрийн эзэн байжээ. Тэрээр нэг удаа янжуурын гялгар нийлэг уутыг ган утсанд ороож байснаа автал коктейль сорж уух гуурсархуу юм болчихсон ажээ. Энэ үед нийлэг гуурс хийж болох юм байна гэсэн санаа түүнд төрсөн гэнэ. Бага балчир хүүхдүүд сүүг гуурсаар сорж уух дуртай болохоор эхчүүдийн сэтгэлд энэ санаа нийцнэ. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө томчуудын хүлээн авалтанд оролцож байгаа мэтээр бодох тул сэтгэлд нь бас нийцнэ. Хийжүүлсэн ус зардаг тэргэнцэр ч цэвэр цэмцгэр харагдах болно хэмээн боджээ. Харин урьд өмнө өөр хүн ийм гуурс хийх гэж байсан эсэхийг л шалгах хэрэгтэй байлаа. “Нийлэг уут үйлдвэрлэгчидээс асуух нь зөв” хэмээн Дайфенбах сэтгэжээ. Тэгээд л унаа авч Уилмингтон дахь Дюпоны компани уруу очлоо. Үйлдвэрийнхэн “Ийм санаа төрсөн нь сайхан хэрэг” гэцгээхийн зэрэгцээ, нийлэг эдээр гуурс хийж чадсан хүн байхгүй л байгаа юм даа хэмээн анхааруулжээ. “Та ийм юм хийх эрмэлзэлтэй байгаа бол бид таньд дуртайяа тусална. Манай оронд тун олон янзын гуурс ашигладаг боловч нийлэг гуурс гэдэг чухал санаа ч байж мэднэ” гэцгээжээ. Отто Балтимортоо буцаж ирээд нийлэг гуурс хуйлах төхөөрөмж зохион бүтээх ажилд улайрч, хийж ч чаджээ. “Глассипс” гэдэг нэртэй болсон сая сая гуурс өдөр тутмын амьдралд тус болж, баяр цэнгэл нэмсээр зах зээлийг эзэлж, Дайфенбах нэн унацтай бизнесээ бий болгоод бэлжсэн ажээ.

               Мичиган мужийн Салино хотын хөрш хоёр эзэгтэй угаалгын нунтагны тухай байнга ярилцдаг байж гэнэ. Энэ ярианаасаа үндэслэн нэг эзэгтэй нь янз бүрийн нунтагийг хольж байгаад юу ч цэвэрлэж болох шинэ нунтаг гаргаж авчээ. Тэр эмэгтэй байшингийнхаа хонгилд ихээхэн нунтаг бэлтгээд хоёр гэрээрээ хувааж найз нөхөддөө тараасан байна. Төдөлгүй шинэ нунтаг хийлгэх гэсэн захиалга өдий төдийгөөрөө ирэх болжээ. Бусад эзэгтэй нар ч шинэ нунтагын тухай дуулж, тэр нунтаг нь ч тэдний сэтгэлд нийцсэн байна. Байшингийн хонгилд эхэлсэн үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөөр “Спик энд Спэн” гэдэг угаагч нунтагны үйлдвэр болжээ. Тэр нунтаг тун сайн борлож байсан болохоор “Проктер энд Гембл” гэдэг савангийн үндэсний томоохон компанийн анхаарлыг татлаа. Энэ компани 1945 онд тэр хоёр эзэгтэйгээс нунтагийг нь үйлдвэрлэх эрийг худалдан авч, энэ насандаа хүний гар харахааргүй болтол нь их мөнгө төлсөн байна. Хөрш хоёр эзэгтэй өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг бодож байхдаа бүх хүнд хэрэгэй тийм зүйлийг нээсэн ажээ. Тийм болохоор та ч гэсэн, гэр орондоо байж байхдаа ч сайжруулж боловсронгуй болгож болохоор зүйлийг эрж хайгаарай. Ажил дээрээ ч, сургуульдаа ч, пин амбаартаа ч, сүм хийдэд ч, өөрийн тань ашиг сонирхол бусдын хүсэл эрмэлзэлтэй уялдан нийлэх газар бүрд л эрж хайгаарай.

    Таныг гэрийн эзэгтэй юм гэж бодъё. Ор дэвсгэр засах, хоол хүнс хийх, сав суулга угаах бишгүй олон ажил бий. Энэ бүх ажлын аль нь ч гэсэн боловсронгуй болгох өдий төдий боломжийг агуулж байдаг. Жишээлбэл, эргэдэг дамарт ороосон цаасан алчуурын зарчмыг ор засах, хураахад ч ашиглаж болно. Орны хөл толгойн аль нэгэнд гараар эргүүлэх дамар хийчихвэл орны даавууг дэлгэхийн тулд хэд хэдэн удаа эргүүлэх жишээтэй юм. Тэр дамрыг яаж бэхлэх, даавуугаа яаж бэхлэх зэрэг өдий төдий асуудал гарах л даа. Гэвч хамгийн гол нь шинэ санаа төрсөн явдал юм шүү. Тэр ч атугай орны даавуу, дэр, ширдэг, орны хөл толгойны хэлбэр хийцийг ч боловсронгуй болгож болно. Эд бүгдийн хийц үзэмжийг сайжруулж  улам бүр тохилог болгож болохгүй гэж үү дээ.

    Та, эсвэл нөхөр тань тодорхой авъяас чадвартай бол угаалгын саван дээр бэхэлчихэж болохуйц, сав суулга угаах аюул осолгүй цахилгаан төхөөрөмж ч сэдэж болно. Хоол хүнс бэлтгэж хийх ажилд ч гэсэн боловсронгуй болгохоор өдий төдий боломж бий. Гэр орноороо явж өдөр тутмын ажил үйлсыг санаарай, өөрчилж сайжруулмаар юм байхдаа л байгаа.

    Нэрд гарсан хөгжмийн нэг зохиолчийн гэргий ашигласныхаа дараа шууд л жорлонгийн устай татчихаж болох цэвэрлэгээний өвөрмөц сойз саяхан сэдсэн байлаа. Тэр бүсгүй шинэ саналаа “Персонал продакст” компанид худалдсан агаад борлосон бүтээгдэхүүн бүрээс тодорхой хувийг хүртэх болжээ. Гайхалтай байгаа биз, Танд амжилт хүсье. Дэргэдээ байгаа боломжоо олж хараарай…

    Марвин Смоллоос орчуулсан Б.Очибол

     

  • Та хэр их сэтгэлийн тэнхээтэй хүн бэ?

    “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар  “ТЭМҮҮЛЭЛ” булан

      1.      Өөртөө тохиолдсон шийдэхэд төвөгтэй асуудал, бэрх хэцүү явдлын тухай бусдад ярьдаг уу?

    А. Үгүй – 3 оноо

    Б. Санаа сэтгэл нийлсэн хүндээ бол ярьж л орхидог – 1 оноо

    В. Үргэлж тэгдэггүй, хүмүүс өөрсдийгөө яая гэж байхад төвөг мэт санагддаг – 2 оноо

    2. Сэтгэл эвгүйцүүлсэн явдлын дараа гутардаг уу?

    А. Үргэлж, бүр сэтгэлээр унадаг гээч – 4 оноо

    Б. Байдлаасаа л болно – 0 оноо

    В. Бэрх хэцүү бүхэн нэгэн цагт дуусна гэдгийг ойлгодог – 2 оноо

      3. Та юунд ч юм бэ сэтгэл дундуурхан нууцхан гунигт автан байхдаа яаж сэтгэлээ засдаг вэ?

    А. Өөрийнхөө хамгийн дуртай, удтал мөрөөдөж байсан юмаа хийдэг – 0 оноо

    Б. Дотны нөхөд дээрээ очно – 2 оноо

    В. Өөрийгөө өрөвдөөд л гэртээ сууж, зурагт харах юм уу ном шагайдаг – 4 оноо

    4. Дотно хүн чинь таныг гомдоовол яах вэ?

    А. Өөртөө л гомдоно доо – 3 оноо

    Б. учирлаж тайлбарлахыг нь тэвчээртэй хүлээнэ – 0 оноо

    В. Хэн нэгэнд энэ тухай ярина – 1 оноо

    5. Хамгийн аз жаргалтай цаг мөчид та юун тухай боддог вэ?

    А. Муу муухай, сэтгэл тааламжгүй юмыг ор тас мартана – 1 оноо

    Б. Сайн сайхан, аз жаргалтай цаг үе маань нэг л мэдэхэд замхарч одно доо гэж түгшүүрлэдэг – 3 оноо

    В. Сэтгэл зовиурлах юм амьдралд бишгүй тохиолддог хойно хэмээн өөрийгөө тайвшруулна – 5 оноо

    6. Заяа төөрөг үздэг, мэрэгч төлөгч нарт та итгэдэг үү?

    А. Тийм улстай уулзах дургүй – 4 оноо

    Б. Ийм увидастай хүмүүс зовж гутарсан олон хүнд тус дэм болдог хэмээн итгэдэг – 2 оноо

    В. Хүн өөрөө өөртөө л туслах ёстой гэж боддог – 3 оноо

    7. Таны бодлоор хувь тавилан гэж юу вэ?

    А. Биднийг байнга туршиж, сорьж байдаг аугаа хүчтэн – 5 оноо

    Б. Намайг ивээж тэтгэдэггүй мэт санагддаг – 2 оноо

    В. Надаас нүүр буруулсан мэт санагддаг – 1 оноо

    8. Хайртай хүнтэйгээ маргалдаж, тар түр гэснийхээ дараа юун тухай боддог вэ?

    А. Сайн сайхан, хөгжөөн цэнгээнтэй, аз жаргалтай өнгөрсөн үеийнхээ тухай санагалздаг – 1 оноо

    Б. Яаж нэг хариугаа авъя даа гэж боддог – 2 оноо

    В. Би яасан ч их тэвчээртэй хүн бэ гэж боддог – 3 оноо

    7- 15 оноо. Та сэтгэл хүнд бэрх, зовлонт явдлын учир холбогдлыг сайтар тунгаан боддог болохоор энэ бүхэнтэй эвлэрч, бэрхшээлт байдлаас түргэн мултарч чаддаг. Хамгийн гол нь та тэгтлээ гуниж гутардаггүй, амьдралын ширүүн догшин эргүүлэгт автдаггүй хүн юм. Таны хатан тэвчээр, уужуу тайван байдлыг чинь хүмүүс үнэлж цэгнэдэг юм байна.

    16- 26 оноо. Ийм л хувь тавилантай юм байлгүй хэмээн та өөрийгөө хаацайлж бэрхшээлт асуудлаа олны өмнө гаргаж тавьдаг. Бас энэ бүхэнд бусдыг буруутгах дуртай. Дотны хүмүүсээрээ өрөвдүүлж, тэдний нөмөр, нөөлгөнд хоргодох нууцхан хүсэлтэй. Өөрийгөө захирч бэрхшээлийг давж сурах цаг болжээ.

    27- 36 оноо. Та бол бэрхшээл, хүнд бэрхийн өмнө өвдөг сөхөрдөг хүн юм. Тийм болохоор хүнд хэцүү бүхэн ганц надад л тохиолддог хэмээн гуниж гутардаг. Та ганцаардмал, өөрийгөө өрөвдөж суудаг. Сэтгэлээ хатуужуулж, аливаа хүнд бэрхийн өөдөөс зориг шийдвэр төгс эгцлэн харж сурах хэрэгтэй. Амьдрал дунд орж, сайн мууг үзэж туулах нь таныг бэрхшээлээс няцдаггүй болгоно.

    П.Увш “Харилцааны сэтгэл зүй”

  • Ж.Лувсандорж: Блог гэдэг тухайн хүн өөрийгөө дэлхий дахинд таниулах нэрийн хуудас юм (gogo.mn-д өгсөн ярилцлага)

    Онлайн харилцаа, холбоо өдөр ирэх тусам өргөжин тэлсээр байна. Зарим хүний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон цаг ирээд байгаа билээ. Зардлаа хэмнэх, илүү их мөнгө олж, мэдээлэл авч, ажил амьдралынхаа харилцаа, холбооны хүрээг өргөтгөж, бие хүн гэдгээ бусдад илүү таниулах, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон таатай боломжийг интернэт гэгч зүйл бидэнд өгсөөр байна. Энэ хурдацтай хөгжил, дэвшлээс Та ч бас хоцрохыг хүсэхгүй байх. “Social network” буюу олон нийтийн онлайн сүлжээ дэлхийн дахиныг хэрээд байна. Тухайлбал, 2004 онд нээгдсэн Facebook гэхэд өнөөдрийн байдлаар 500 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй болоод байгаа бол 2006 оноос эхэлсэн Twitter 190 сая гишүүн хэрэглэгчтэй болжээ. Энэ тоо цаашид ч өсөн нэмэгдсээр байх болно. Энэхүү олон нийтийн сүлжээнүүдээс ч манай залуус хоцролгүй хойш суулгүйгээр дор бүрнээ боломжийн хэрээр өөртөө хэрэгтэй мэдээллийн болоод бизнесийн холбоо, сүлжээг онлайнд ертөнцөд үүсгээд байна.
    Тухайлбал, Монголдоо хамгийн их хандалттай Үндэсний портал GoGo.mn -д бүртгэлтэй блог хэрэглэгч өнөөдрийн байдлаар 34 мянгад хүрээд байна. Энэ бол дотоодын зах зээлдээ хамгийн том тоо юм. Олон нийтийн сүлжээ болоод блогтой болсноор тухайн хүнд ямар ач холбогдолтой гэх асуулт танд гарч ирэх байх. Энэ талаар бид “Монгол блогчид 2010” арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Ж.Лувсандоржтой ярилцсан юм.

    -“Монгол блогчид 2010” арга хэмжээ болоход нэг хоног үлдлээ. Та бүхэн энэ үйл ажиллагаанаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
    -Манай орны ихэнх залуучууд интернэтийг мэйл шалгах, тоглоом тоглох төдий байдлаар ашиглаад байна. Гэтэл бидний үе тэнгийн гадаад нөхөд олон нийтийн сүлжээ, блогийг ашиглаад бизнес болгож чадаад байна.

    Хамгийн наад зах нь, нэг жаахан хүүхэд кино зохиолоо блог дээрээ бичээд холливудийн анхааралд өртөөд ажил болгоод явж байх жишээтэй. Тэгэхээр бидэнд маш их боломж байхад үүнийг анзаарахгүй, тоохгүй, тогоон дотроо л хараад байна.

    “Би ийм, тийм зүйл хиймээр байна. Даанч төсөв, санхүү байхгүй” гээд сууж байдаг. Гэтэл өнөөдөр Youtube –р тоглолтоо хийж байгаа хамтлаг хүртэл байна. Онлайн орчиндоо олон сая үзэгчтэй болчихсон байх жишээтэй.

    Монголд интернэтийн ертөнцөд сайн сайн зүйл хийж байгаа залуучууд ч бас бий. Саяхан гэхэд Мэдээлэл, технологийн үндэсний паркийн программист залуу тоглоом хийгээд түүнийг нь дэлхийн дахинаа 50 мянган хүн худалдаад авчихсан байна.

    Тэгэхээр бид интернэт гэгч энэ зүйлийг зүгээр нэг зугаа цэнгэл, тоглоом, хэн нэгнийг хараадаг, ёс бус аашилдаг зүйл гэж харахаа болих хэрэгтэй байна.

    Тиймээс онлайн зах зээлд идэвхтэй хэрэглэгчдийн мэдлэгээ хуваалцах, хамтдаа боломжийг эрэлхийлэх зорилтыг “Монгол блогчид 2010” арга хэмжээний хүрээнд тавиад байгаа.

    Ер нь блог гэдэг тухайн хүн өөрийгөө дэлхий дахинд таниулах нэрийн хуудас бөгөөд, өөрийнхөө юу хүсч мөрөөддөг, юу мэддэг чаддаг тэр бүгдээ л мэдүүлэх, харуулах, бусадтай хуваалцах хэрэгсэл.

    -Ер нь интернэтийн орчинд олон нийтийн харилцаа үүсгээд байгаа энэ зүйл бол царай, царайгүй харалгүй, виртуаль харилцаа гэж ойлгож болно. Энэ зүйлийг заавал ингэж махчлах шаардлага бий юу. Бодит үр дүн нь юу вэ. Та бүгдэд цаасан дээр буусан тодорхой зорилт байгаа юу?
    -Байгаа. Юуны өмнө би нэг жишээ татмаар байна. “Монгол блогчид 2010”-г зохион байгуулж байгаа “The new media marketing agency” –ийн гишүүд гэхэд хоёр жилийн өмнө гадна, дотны сургуульд сурч, ажилладаг байхдаа интернэтээр танилцаж, бие биенийхээ хүсэл, мөрөөдөл, зорилгыг мэдэлцээд өнөөдөр нэг баг болоод хамтран ажиллаж байна. Чи бид хоёр ч бас хоёр жилийн өмнөөс онлайнаар танил болоод өнөөдөр нүүр тулж байна. Гэхдээ бид хамтран ажиллаад явж байна.

    Мэдээж, виртуаль орчинд хувийн амьдралаа дэлгэх албагүй. Бид үүнийг мэдлэгээ бусадтай хуваалцах гол гүүр байгаасай гэж харж байна. Үүнээс үүдэн маш их хамтын ажиллагаа бий болно. Монгол залуус гэхээр заавал Солонгост очиж хар ажил хийхийг мөрөөддөг, зорьдоггүй байгаасай, асар их боломж байгааг л хүмүүст мэдүүлэх, таниулах, хоорондоо мэдлэг, мэдээллээ хуваалцахыг зорьж байгаа юм.

    Бид “Хуучин хүү” шиг сэтгэдэг цаг өнгөрсөн. Оюутнууд, залуучуудад шоудхаас өөр ажил, цагаа өнгөрөөх зүйл алга гэж яримааргүй байна. Бидэнд асар их боломж байгаа шүү дээ.

    Яагаад энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ гэж асууж байна. Монголд энэ олон нийтийн сүлжээ гэдэг зүйл дөнгөж хөгжиж эхэлж байна. Энэ үед л бид интернэт сүлжээнүүдийг ямар ач холбогдолтой вэ гэдгийг залуучууддаа ойлгуулах хэрэгтэй юм.

    Үүнийг шоу цэнгээн гэж харалгүйгээр тухайн арга хэмжээнд оролцоод танилын хүрээгээ өргөтгөөд цаашдаа хамтран ажиллах, мэдлэгээ хуваалцах зэрэг олон ач холбогдолтой.

    Бид энэхүү арга хэмжээндээ бас үлгэр жишээ блоггеруудыг цуглуулахаар ярьсан байгаа. Энэ хүмүүс тодорхой хэмжээнд бусадтайгаа мэдлэгээ хуваалцсанаар нийгэмд тус болж байна.

    Мөн бид маргаашийн арга хэмжээний таксны төлбөрийг цуглуулаад хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгөхөөр төлөвлөсөн. Маргааш буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр юм билээ. Ингэхдээ мэдээлэл, технологийн чиглэлийн мэдлэгтэй, энэ салбарын оролдлоготой хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шалгаруулаад шаардлагатай тоног, төхөөрөмж авч өгөх зорилготой.

    -Та бүхэн энэ арга хэмжээгээ явуулахын өмнө судалгаануудыг мэдээж явуулж байгаа байх. Олон нийтийн онлайн сүлжээг ашиглаж байгаа дотоодын хэрэглэгчдийн судалгаанаас танилцуулахгүй юу?
    -Монгол агуулгатай 74 мянга орчим блог байна гэсэн судалгаа байдаг. Олон нийтийн сүлжээний тухайд бид байршлаар нь хандалтын тоог нь гаргаж байгаа. Гэхдээ гадаадад байгаа Монгол Twitter, Facebook ашиглагчид олон. Ерөнхийдөө дотооддоо байгаа мэдээллийг гаргасан гэж ойлгож болно. Тухайлбал, Facebook-т Монголоос 58 мянган хүн бүртгүүлж, гишүүн нь болсон байна. Мөн Монголын Biznetwork сүлжээнд 54 мянган хүн нэгдсэн жишээ байна.

    Энэ олон мянган хүнийг бид нэгтгэж нийгэмд тустай ажил өрнүүлэх эрмэлзлэл байгаа. Бид нарын төсөөлж байгаагаар Jirgee.com сайтад бүх блогчид нэгдээд, түүн дээрээ баннераа тавиад олсон ашгаа хүмүүнлэгийн үйлст зориулдаг байвал зүгээр байна.

    -“Монгол блогчид 2010”-ын хүрээнд номинаци гаргаж ирээд блогчдоос шилдгийг шалгаруулах юм билээ. Шалгаруулалтын зарчмын талаар танилцуулахгүй юу?
    -Дуучид дуу дуулаад хүмүүст таашаал өгснөөрөө, хоорондоо шилдгүүдээ шалгаруулах янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл олон нийтэд мэдлэгээ хуваалцаад, боловсрол олгож, нийгэмд бодитой үр дүн өгч байгаа хүмүүсийг бид шалгаруулж, шагнах нь сайн зүйл юм байна гэж бодож байгаа. Үүний дараа блог бичигчид урамшиж улам нэмэгдэх байх гэж бид бодож байна.

    Шилдэг блогуудыг шалгаруулах журам маш нарийн явуулж байгаа. Уншигчид, зохион байгуулагчид, экспертууд гэсэн гурван талын оролцоотой шалгаруулалт арваннэгдүгээр сарын 14-нээс арванхоёрдугаар сарын 2-ныг дуустал гурван үе шаттай явагдаж байна.

    Эхний шат нь мэдээж, бидний нээсэн Монгол блоггер сайтад тухайн хүн өөрийн блогоо дөрвөн номинациас сонгон нэрээ дэвшүүлээд нийтийн санал асуулгад оролцуулсан байгаа. Үүнээс номинаци тус бүрд бид найм найман шилдгийг шалгаруулаад, “The new media marketing agency” индексээр дараагийн шатны шалгаруулалтыг явуулна. Үүнд нэгдүгээрт блогийн дизайны шийдэл, хоёрдугаарт маркетингдаа анхаарсан байдал буюу бусад олон нийтийн сүлжээнүүдтэй хэрхэн яаж холбосон байна вэ, RSS холбоос хийсэн байдал, контентийн баяжуулалт, тогтмол шинэчлэгддэг эсэх, зохиогчийн эрхийг хэрхэн дээдэлж ажилладаг зэрэг олон үзүүлэлт маркетинг хэсэгт харна. Гуравдугаарт, тухайн блогийн программ хөгжүүлэлтийг үзнэ. Үүнийг бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайтаар тухайн блог, сайт зэргийн программ хөгжүүлэлтийг ямар хэмжээнд байгааг гаргаад ирдэг. Эдгээр шалгаруулалтыг явуулсны дараа номинаци тус бүрээс дөрөв, дөрвөн блог шалгараад гараад ирнэ.

    Үүний дараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүд үлдсэн блогуудаас номинаци тус бүрт хамгийн шилдгийг шалгаруулна. Экспертүүдэд, нийтлэлч Баабар, МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь, бадарчин Амай зэрэг зохион байгуулалтад оролцохгүй хөндлөнгийн шүүгчид ажиллахаар байгаа.

    -Энэ арга хэмжээний үеэр шагнал гардуулахаас гадна өөр юу болох вэ?
    -Бид блоггерууд, жиргээчид зэрэг булангууд үүсгээд хөгжөөнт тоглоом тоглуулах, ирсэн зочдоо хооронд нь танилцуулах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байгаа.

    -Маргааш болох арга хэмжээнд чинь урьдчилсан байдлаар хэчнээн хүн оролцохоор харж байгаа вэ?
    -Урилгаар 100 гаруй хүн ирнэ. “I loft funcion” –ийн багтаамж нь 750 орчим хүн юм билээ. Тэгэхээр бид боломжийнхоо хэрээр хүмүүсээ оролцуулахыг бодно доо.

    -Таксны үнэ хэд билээ?
    -5000 төгрөг байгаа.

    -Үйл ажиллагаанд чинь амжилт хүсье.

    Ярилцсан Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn
    Эх сурвалж:
    http://news.gogo.mn/r/79971

  • Гайхамшигтай…

    Энэ хорвоогийн хамгийн үнэт баялаг бол хүн билээ. Хүн гэгч энэ хорвоод маш ихийг бүтээж маш ихийг бусниулсаар ирсэн нь үнэн юм. Гэвч энэ хорвоо дээр амьдарч буй бид хаанаас үүсэлтэй хэрхэн бүтсэн тухайгаа өөр өөрсдийнхөө бодон алхана. Зарим нь үл тооно. Нууцлаг энэ асуулт бидний дунд оршвбайв агаад аз жаргал, амар тайвныг эрэлхийлэн амьдарсаар. Би ч бас бусдын л адил аз жаргал, амар тайвныг эрэлхийлэн алхах бөгөөд бэрхшээл саад тохиолдох бүрт хөх тэнгэр, үзэсгэлэнт байгалийг бишрэн сэргэдэг билээ. Тиймээс ч сэтгэл сэргээм сайхан байгалийг хүн бүхэн биширч эрч хүчийг хүмүүн бид хайрлаж үргэлж аз жаргал, амар тайван амьдрах сан…

  • Миний “ханиад хүрдэггүйн” нууц

    Эртнээс Монголчууд намрын эхний цасаар биеэ арчиж чийрэгжүүлж ирсэн бөгөөд – 1 градусын хүйтэнээс эхлэн дасгасаар дүн өвлийн хүйтэнд ч цасаар биеэ арчиж чаддаг болдог байна. Цасаар биеэ арчих нь биеийг хасах ионоор цэнэглэж, идэвхигүй эд эсийг сэргээж өгөх гэх мэт олон сайн талтай бөгөөд нэгэнт чийрэгжсэн бие ханиад томуу тусдаггүй ажээ. Мөн идэр есийн хүйтэнд голын усанд орж биеэ чийрэгжүүлэн эмчилдэг байжээ.

    Монголчуудын эрүүл оршихуйн ухаанаар бол “Хүн өвчингүй эрүүл чийрэг амьдарч урт наслах бүх бололцоо хүний биетэй хамт төрдөг ажээ. Өөрийн биеийг гамгүй эдэлснээс болж өвчин, зовлон бий болмуй” гэжээ.

  • Үйлчилгээний соёл бол хананд өлгөсөн өргөмжлөл, шар бичигтэй цэнхэр тууз биш

    Бизнесийн соёл төлөвшөөгүй, ажилтанаа тогтмол хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлээгүй, үйлчилгээний философио ойлгоогүй үйлчилгээнүүд хаа сайгүй. Хэрэглэгчээ дарамталдаг, эсвэл айлгасан. Гомдол гаргавал манайхыг доромжиллоо гэж хэлдэг. Ажилтан нь ч тэр, дарга нар нь хэрэглэгчээсээ уучлалт гуйхын оронд хэрэглэгчээ хий хоосон хардаж, чи хаанахын захиалгаар гомдол гаргав ч гэх шиг дайрч давшилж харилцдаг байдал хаа сайгүй байсаар байна. Хамгийн инээдтэй нь хэрэглэгчээ хэн ч биш мэт харж, өөрсдөд нь гомдол ч гаргах ёсгүй, өөрсдийгөө бурхан мэт бодчихдог байгууллага ч байна. Байгууллага бол бурхан хэрэглэгч бол загнуулж, зүхүүлж, доромжлуулж байх ёстой хэн ч биш амьтан мэтээр хандаж байгаа байгууллага олон байгаа нь харамсалтай. Тухайн байгууллагын дарга нь ширээний ард суугаад л хэн ч үг хэлэх ёсгүй, хэнтэй ч юу ч ярих ёсгүй хад чулуу, хаан заан мэт нэг хүн, өөрийгөө ийм байх ёстой гэдэгтээ итгэчихсэн гар. Хэрэглэгчидтэйгээ уулзаад, уучлал гуйгаад аятайхан харилцчихаж чадахгүй, хөөрхийс…

    Хэрэглэгчидтэй харилцдаг болхи бүдүүлэг, хүй нэгдлийн үеийн арга барилаа одоо гээвэл таарна. Баахан мод устгаж, байшингийн хана заваартуулж цаас наагаад, хүний дургүй хүргэсэн баахан реклам цацаж дур, мөнгө хоёрыг үрнэ. Тэгээд үйлчлүүлэх гээд очихоор баахан хэлгүй хүүхэлдэйнүүд, олигтой нэг үг дуугарчихгүй, дуугарч ядаад, юм асуухаар загнаад, гомдол гаргавал бараг шууд доромжилно, хандлагаараа айлгаж, харцаараа зодно. Энд ямар нэгэн үйлчилгээний соёл, арга технологи гэж байна уу, хэ хэ. 

    Хэрэглэгчидтэй харилцах арга барил улам бүр нарийсаад шинэ технологиуд нэвтэрч, хэрэглэгч анх босго давж мэндэлснээс эхлээд санал, гомдол, санаа оноо, үүх түүх, хэлсэн үг, гаргасан араншин бүрийг нь бүртгэж хадгалсан мэдээлэлдээ үндэслэн тухайн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгах тактикаа боловсруулдаг болоод байхад, бид хэрэглэгчээ санамсаргүй зөрж өнгөрсөн зочин мэт харсаар. Тэр ч байтугай дэлгүүрт нэг хэрэглэгч санал гаргахад, яг тэр мөчид нь тухайн хүсэлтийн дагуу үйлдвэрлэж дэлгүүрээс гарахаас нь өмнө хүссэн бүтээгдэхүүнийг нь авчирч өгдөг тийм хурдтай ажиллаж байгаа үйлдвэр ч байна. 

    Харин бидний бодит байдал:

    Жишээ 1: Номхоон, зэрэгц
    Ажлын ойролцоо “Үндэсний бууз” гэдэг нэг газар байна. Ойролцоо болохоор гүйгээд орчихно. Өнөөдөр ороод, хоолоо бичүүлэх гээд зогсож байсан. Тэгсэн касс нь – Ёо, ёо , би 4 гаргүй ш дээ, байж байгаач дээ (Уг нь би хурдал гэж хэлээгүй). Тэгээд сайн санааны үүднээс, үйлчилгээгээ жаахан ч гэсэн сайжруулаг гэж бодоод, – Та үйлчлүүлэгчиддээ, гаргүй энэ тэр гэж ойлгомгүй юм хэлэхийн оронд, зүгээр л “Уучлаарай, түр хүлээгээрэй” гээд хэлчихэж байгаарай гэж хэллээ. Тэгсэн чинь бүүр загнаж байна. – Мөрөөрөө юмаа идэхгүй, юун олон үгтэйн, за… н .. э..   х..  б ..ю..  о үгтэйн бэ, харцаараа бараг л зодлоо доо…  Сайн санаад хэлсэн үгнээсээ болж загнуулж, хараалгуулсан хүн хоол идэх ямар ч хүсэлгүй болчлоо. Тэнд хүнд дарамтлуулж номхон зогсож байж хоол идэх шаардлага ч надад алга. Тэгээд гарч явахдаа, энд дахиж хэзээ ч орж ирэхгүй гэж өөртөө хэллээ. Би зүгээр л, тайван сайхан хоолоо, уур уцааргүй орчинд, хэн нэгэнд хялалзуулалгүйгээр идчихээд л гараад явмаар байна. 

    За энэ ч ингээд өнгөрдөг юм байж. Гэхдээ энэ буузны газрын цаана бас л Монгол хүний амьдрал байгаа. Тиймээс энэ олон “ууртай буузнууд”аа яаж гоё үйлчилгээтэй болгож тэр дэлхийн алдартай гамбирнуудтай өрсөлдүүлий дээ? 
    Яаж? яаж?
    Үйлчилгээний байгууллагын удирдлагууд ажилчиддаа анхаарал тавьж үйлчилгээний соёл энэ тэр зааж сургамаар юм аа. Тэгвэл нэг ч гэсэн үйлчлүүлэгчээ алдахгүй шүү дээ. Аль аль талдаа бодмоор юм их байна.

    Жишээ 2: Өөр үнэтэй талх
    Нэг дэлгүүр талхныхаа үнийг буруу бичихээд, 50 төгрөгөнд юун сүртэй юм бэ? гээд бухимдаад байсан. Тэд нар нэг талхны мөнгө 600 төгрөг алдаж байна л гэж бодож байгаа байх. Гэхдээ, тэр талхыг насан туршдаа худалдаж авах нэг худалдан авагчийг алдаж байгаагаа мэдэхгүй байгаа нь, бодохгүй байгаа нь даан ч харамсалтай. Тэр дэлгүүгээр дахин орж, хүмүүсд загнуулмааргүй байна. Хүмүүсийн хялалзаж, зэхэлзсэн гараас талх авмааргүй байна. 

    Зүгээр л хэнийг уурлуулахгүй, хэнд ч уурлахгүй, уурлах ямар нэгэн шалтгаан байхгүй, сайхан талхаа аваад л, тайван сайхан амьдармаар байна. Хуурамч, хөндий, хоосон бөхөлзөж нахилзахыг биш, зүгээр л намайг хүндэтгэж харилцаасай гэж хүсэж байна. Би зөвхөн ТАЛХ БИШ, талхтайгаа хамт СЭТГЭЛ ХАНАМЖ худалдаж авмаар байна. Сэтгэл ханамжийг өгч чадвал, талхных нь үнэнээс 3 дахин илүү үнэ төлөхөд ч бэлэн байна. 50 төгрөгнөөс болж нервтэж амьдралынхаа үнэ цэнэтэй хором мөчийг уурлаж бухимдаж өргөрөөмөөргүй байна.

    Жишээ 3: Тасалбарын цаг солиулах гээд загнуулав
    Өргөө кино театрт 19:10 цагийн үед. Тасалбар түгээгч нь надаас цаг асуугаагүй, 19.20 юм байна гэж бодоод биччихэж, Цагийг нь лавлан харсан чинь 19:20 гэсэн байлаа. 21.40-р солиулах гэсэн тасалбар түгээгч нь уурлаад, билет гарнаас шүүрээд л, би өрөнд орохоор болчлоо, цагийг чинь асууж бичүүлээ биз дээ гэх мэт тасалбараасаа хэтэрсэн олон үг хэлж загнаж дайрч байна. Үргэлжлэлийг

    Санал: Монголын нэг ч гэсэн үйлчилгээний байгууллага хэрэглэгчидтэй зөв сайхан харилцаж, үйлчилгээний чанараа сайжруулаасай, үйлчилгээний чанар гэдэг бол хананд өлгөсөн өргөмжлөл, шар бичигтэй цэнхэр тууз биш гэдгийг ойлгоосой, ажилтаныхаа хөгжилд анхаарал хандуулаасай, ажилтан бол байгууллагын гол баялаг гэдгийг ойлгоосой, хэрэглэгч бол дайраад өнгөрдөг зочин биш байгууллагын оршин тогтнох үндэс гэдгийг ухаараасай, хэрэглэгчтэй харилцдаг шинэ дэвшилтэт арга технологиудыг ашиглаасай гэдэг үүднээс энэ саналыг бичлээ. Бид жинхэнэ үйлчилгээг хүсэж байна… Үйлчлүүлэгчээ хайрлаж, хүндэтгэж, хүн гэж харилцдаг байгууллага МАШ ОЛОН БОЛТУГАЙ.

    Ж.Лувсандорж

  • ХАМГИЙН САЙНААРАА АЖИЛЛАХ УХААН

    Компанийн ҮНЭТ ЗҮЙЛИЙН ӨДӨР. Бид хэрхэн хамгийн сайнаараа ажиллах вэ гэдэг талаар өөрийн үгээ хэлэв.

  • Үргэлжлэл

    Цэцгэн дундуур хөөцөлдөх хосыг харахуйяа

    Цэнхэр үүлс согтуурхан тууцалдан одно

    Дэргэдэх цэцэгс ичингүйрэн өндөлзөхүйеэ

    Балт зөгий бухимдан тоосруулан үргэнэ

    Тоосны ширхэгт цэцгийн дэлбээ янаглахуйяа

    Тоост хорвоог гэрэлтүүлэх бяцхан үр соёолно

    Хосын жаргалтай инээд зүрхийг хөглөхүйеэ

    Харанхуй хорвоог гэгээрүүлэх нэгэн үр бүрэлдэнэ.

     

    Зургийн эх сурвалж:
    Зураач В.Ундраагийн “Үргэлжлэл” бүтээл