Category: human-development

  • Амьдралын томъёо

    Өөрийгөө үнэхээр аугаа төрсөн гэж нот бод! Гагцхүү хэнд ч бүү үг дурс!

    Үнэмлэхүй аугаа үйлд зорь! Хонь мэт номхон хүлцэнгүйгээр, сэтгэл завсаргүй хичээн үйлд! 

    Үйлийнхээ үнэ цэнд үнэхээр итгэ! Гагцхүү хэнд ч бүү ам бард!

    Итгэлээ үгүйсгэгдэшгүй үнэнд барь! Ертөнцийн чанад дотор өөр үнэн үгүйд цээжээ ягштал үнэмш !

    Үхэн үхтлээ үйлийнхээ үргэлжлэлд бүү эргэлз! Үхэр мэт….. яг л үхэр мэт бүү эргэлз!

    Энэ бөгөөс жаргалтай амьдралын “нууц томъёо” !

  • Амьдрал үргэлж сайхнаараа

    Энэ хорвоод хүмүүний заяаг олно гэдэг үнэтэй бөгөөд ховорхон заяа гэдгийг хааяахан умартдаг л болохоос бидний ихэнх нь мэддэг.  Тиймээс ч хүмүүн бүр энэ ховорхон заяаныхаа эзэн байж аз жаргалтай амьдрахыг хүсэн аз жаргалаа бүтээхээр алхсаар, аз жаргалыг эрэн хайн гүйсээр. Харин аз жаргал гэж юу вэ?  Амьдралын утга учир юу вэ?… Би энэ хоёр асуултуудад их хайртай байдаг юм. Яагаад гэвэл дахин давтагдашгүй цор ганц хүн бүрээс энэ асуултыг асуухад тэд бодлогшрон аниргүйд зочилдог бөгөөд энэ нь туулсан амьдралаа эргэн харж амьдралын утга учир, аз жаргалын тухай чин үнэнээр хариулахаар хичээж буйн илрэл нь юм. Тийм ээ, аниргүйгээс тэд эргэж ирээд: өөрийн мэдэлгүй их бодолд автчихлаа, ер нь хүний амьдралын утга учир чинь………….л юм байна хэмээн итгэл төгс хариулдаг… Би  амьдралын утга учир бол хэмээх чин сэтгэлийн үгсийг сонсох бүртээ урам зориг, ухаарлыг авдаг. Энэ л асуултын хариултыг сонсох бүртээ би амьдралаа илүү ихээр хайрлаж харамладаг юм. Үүнийг уншин суугаа эрхэм та ч бас өөрийнхөөрөө аз жаргалын тухай хариулаад үзээрэй. Таны хариулт эд баялаг уу? Алдар нэр үү, Амжилт уу? Гэр бүл үү? гэдгийг би мэдэхгүй ч эдгээр асуултанд хариулсныхаа дараа та өмнө байгаагаасаа илүү их баяр баясгалан, амьдрах  итгэл найдвараар дүүрнэ гэдэгт итгэж байна. Учир нь миний дээр дурдсанчлан энэ хорвоод ховорхон заяа төөргөөр ирсэнээ бидний хэн нь ч гэлээ хааяахан тохиолдох бартаа саадтай тулгармагцаа умартан хүн байхын хувь заяагаа үгүйсгэж муухай бодлуудаар өөрийгөө хүлдэг билээ. Энэ л үедээ бартаа саад бүрийг даван туулах хүчийг эдгээр асуултанд хариулаад олж авч болно. Ховорхон заяаг атган энэ хорвоод ирчихээд хумсын чинээний асуудлаас болж сэтгэлээр унан өөрийгөө үгүйсгэх хэрэггүй ажээ. Тэгэхээр миний асуултын эздийн ИХЭНХ нь юу гэж хариулсан гээч. Хүн гэгч нас нэмэх тусам амьдралыг хайрлаж амьдралд дурладгын нэгэн адилаар би ч бас сүүлийн жилүүдэд амьдралдаа илүү ихээр дурлан хайлсаар энэ асуултын хариултыг хайн эрэх болсон юм. Миний асуултын эздийн ихэнх нь гэр бүлтэй байна гэдэг, гэр бүлээ бүтээж чадна гэдэг АМЬДРАЛЫН УТГА УЧИР хэмээн хэлсэн юм. Гайхалтай байгаа биз, Гэр бүлээ бүтээж чадах нь, гэр бүлийн аз жаргалаа хадгалах нь аз жаргал. Үүнийг би хүлээн зөвшөөрсөн, үнэн гэж боддог.  Миний хувьд ч энэ л үнэнийг ухаарснаасаа хойш гэр бүлдээ урьдынхаасаа илүүтэй цаг заваа зориулж, халамжлан хайрлах болсон. Хамгийн гайхалтай нь миний эргэн тойрон дах хүмүүс ч өдрөөс өдөрт гэр бүлдээ илүүтэй анхаарч халамжилж хайрладаг болсоор байна. Эрхэм та ч бас дэргэдээ байгаа хүмүүсээ хайрлаж сайн сайхныг олж харан ярилцаж, тэдэндээ чин сэтгэлээсээ хандаж чадвал аз жаргалыг өдөр бүр мэдэрч баярын нулимс унагах болно. Түүнчлэн дахин сануулхад Миний амьдралын утга учир юу вэ? гэдгийг өөрөөсөө байнга асууж байгаарай. Юунд ч үл санаа зовних амар амгалан, аз жаргалтай хүмүүс олон болох болтугай. Тиймээ амьдрал үргэлж сайхнаараа. 

     

     

     

  • Ялагдашгүй …

    Хаана ч, хэзээ ч зорилготой, зоригтой
    Ядарсан ч зүдэрсэн ч жавхаатай, хийморьтой
    Өвдсөн ч зовсон ч  шантрахгүй, сөхрөхгүй
    Өлссөн ч цангасан ч буцахгүй, няцахгүй
    Шүлсээрээ ундалж, шүднийхээ махаар хооллож
    Өглөө бүр тэмүүлэлтэй, мэдрэмжтэй
    Үдэш бүр ялалттай, ухааралтай
    Амар хялбарыг харж биш
    Хэцүү бэрхтэй барилцаж, балбалцаж
    Хөнгөн хийсвэрийг сонгож биш
    Хүнд хэцүүтэй арсалдаж, алалцаж
    Ажлаас айж биш
    Ажлыг айлгаж, умруулж
    Өөрийнхөө авъяасыг нээж, хөгжүүлж 
    Өөрөөлийн чадварыг өнгөлж, хурцалж
    Өөрийн амьдралаа өөрийнхөө гараар бүтээн босгож, 
    Алдаж онож, баярлаж догдлож амьдарна шүү, анд найз нараа.
    Алтан үеүд ард чинь биш 
    Урд чинь байгаа шүү.

  • Улс орны хөгжилд айл бүрийн амьдрал нөлөөлдөг тул гэрийн доторх мэдлэг, боловсролоо дээшлүүлье.

    Өнөөгийн Монголын нийгэмд “Гэр бүл төвтэй нийгмийн хөгжил” – ийн сэтгэл зүй цоо шинээр бүрдэж байна.

    Монгол Улсын төрөөс олон хүүхэдтэй эх, залуу гэр бүл, шинээр мэндэлсэн хүүхдэд мөнгөн тусламж, жирэмсэн эхэд тэтгэмж олгож, хамгийн залуу иргэдийнхээ эрүүл мэндийн даатгал, үнэ төлбөргүй ерөнхий боловсрол зэргийг улс хариуцаж ирлээ.

              Хүний хөгжлийг гэр бүлээс ангид шийдвэрлэх боломжгүйг монгол хүн бүр сайтар ойлгож, хүүхэд, гэр бүл, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд,  нийгмийн эмзэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялангуяа хоол, орон байр, ажлын байр, амьдралын эх үүсвэртэй байх  зэрэг  нийгмийн бүхий л асуудлыг хамардаг гэр бүлийн хүрээн дэх харилцааг  судалдаг хүний хувьд энэхүү үйл хэрэгт оюуны хөрөнгө оруулалт хийж, олны хүртээл болгох  завшаан олдсонд гүнээ талархаж байна.

           Гэр бүл, эрэгтэй хүн, эмэгтэй хүн, хүүхэд судлаачаар олон жилээ / 1988 оноос хойш 25 жил /  ардаа орхисон эрдэмтэн, багш хүний  хувьд гэр бүлийн 3 цуврал, хүүхдийн хөгжлийн 2 цуврал, сэтгэл зүйн зөвлөгөө гэр бүлд өгөх гарын авлага гэсэн нийт 6 номоо та нартаа танилцуулан барья.  

              Орон нутгийн  болон нийслэлийн хэмжээнд 750.000 орчим монгол гэр бүл оршин тогтнож байна. Судалгаандаа 19 аймгийн 550.000 орчим хүнийг хамруулсан. Үүнээс 40 орчим хувийг хүүхэд эзэлнэ. Жилд Монгол улсад маань 29.000 хос гэрлэлтээ бүртгүүлж байгаа ч жилдээ 15.600 хос салж байгаа нь гамшиг нүүрлэсэн байна гэлтэй. 86.000 эмэгтэй ганцаараа өрх толгойлж байна. 2 хүүхэд тутмын нэг сургууль,  гэрийн аль нэгэнд хүчирхийлэлд өртдөг. Эзэнгүй үндэстэн болсон нь харамсмаар … Яг л аавгүй, ээжгүй айл шиг үндэстэн болжээ.

               “Гэр бүл төвтэй нийгмийн хөгжил”- ийн бодлого эрчээ авч, түүнийг даган “Нийгмийн харилцааны баялаг” бүтээх сэтгэлгээ бүх улс оронд хүчтэй дэлгэрч ид моодонд орж байна.

              “Гэр бүлийн тухай” (1999 он), “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” (2004 он) Нийгмийн халамжийн багц хууль зэрэг олон хууль бидний амьдралд үйлчилж байгаа. Цаашид гэр бүлийн хөгжлийг дэмжих, түүний зохистой орчныг бүрдүүлэх талаар үндэсний хэмжээний судалгаа, үр дүнтэй халамжийн бус мэдлэг олгох чаадвартай бие даан оршин тогтнох хөрс суурь бүрдүүлэх  ажиллагааг иргэд маань  төрөөс хүлээсээр  байгаа. Тэд юу хийхээ дотроосоо бус хариас эрсээр, орчуулсаар, туршсаар, бүтэлгүйтсээр  байгаа.

    Гэр бүлийн хөгжлийг эдийн засгийн аргаар дэмжих үзэл баримтлал, эрчтэй үйл ажиллагаа мөн юм шиг боловч хүнийхээ сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх гэдэг түүнээс илүү чухал ажил байдгийг санахад илүүдэхгүй баймаар. Бид оюуны хөрөнгө оруулалтыг толгойтой болгон өөрсдөө хөхиүлэн дэмжихгүй бол төр засагт найдах найдвар нь цаг хугацаа алдах уршигтай бөгөөд удаашралтай/ хэдэн зуун жил/  юм. Аливаа үндэстэнг устгах дэлхийн хөрснөөс арчих гол зэвсэг бол иргэдийг нь халамжлан мөнгө өгч өөгшүүлэх, оюунлаг, сэтгэдэг, бүтээлч сэхээтэнээ төрийн бодлогын гадна байлгаж туйлдуулах явдал гэж боддог.

              Монгол Улсын хөгжлийн нэрийн хуудас, өнгө төрх нь залуу үеийн хүн болох төлөвшил, бие бялдрын хөгжил, амьдрах ухааны чадвар, эрүүл аж төрөх хэмнэл, чадалтай нь чадалгүй сул доройчуудаа өргөж, тэтгэх нийгмийн халамжийн энэрэнгүй  бодлого мөн. Сургуульд орохоос нь өмнө эцэг эх болсон хүн бүр хүүхдээ ирээдүйн эхнэр, нөхөрт бэлтгэх,  гэр бүлийн суурь боловсролыг мөнгө, тусгай багш мэргэжилтэн, цаг хугацаа зарцуулахгүй зориулдаг гэрийн амьдралын сургалтаа тасралтгүй явуулж, бат бэх үндэс суурь тавих шаардлага улам бүр гарч ирсээр байгаа.  Бага насны хүүхдийн сэтгэл зүйн болон нийгмийн харилцааны хөгжлийг гэр бүлд нь эцэг эхээр нь гардуулж хийлгэх сургалт, ёс суртахууны мэдээлэл, бие бялдрын болон бэлгийн зөв мэдээлэл зэрэг цогц үйл ажиллагааг олон өрхийн өөрсдийн хүчинд тулгуурлан хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн цэцэрлэг, сургуульд бүхнийг даатгаж орхидог, эцэг эх нь хүүхдээ хөгжүүлэх үүрэг хариуцлагаас зайлсхийдэг уршигтай дутагдлыг арилгавал зохилтой юм. Гэр бүлийн хамгийн үнэт зүйлийн нэг нь хүмүүс хоорондын харилцаа, зан төлөв, ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалаас эхтэй шинэчлэл, орчин үедээ нийцтэй монгол үндэстэнд тохирох зөв арга барилд дасгах гэр бүлийн  мэдлэг, боловсрол билээ.

             Нөгөө талаар өрх гэрийн амьдралд төдийгүй нийгмийн бүх салбарт эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо илт дутагдаж, олон нийтийн дунд идэвхитэй орох нарийн чимхлүүр ажил орхигдсоор байгаа. Эрчүүдийг басамжилсан, голсон, салалт ихэссэн байгааг анхааралдаа авах цаг нь болсон. Энэ асуудлаар би сүүлийн 3 жил телевизээр 120 цаг  их л зөөлрүүлж яриад,  ач тус бага л байх шиг боллоо.

               Монгол гэр бүл 2220 жилийн хөгжлийн түүхтэй. Эртнээс өвгөдийн бүтээсэн оюуны их өв соёлдоо гэр бүлийн хөгжлийн талаар өөрийн гэсэн үзэл номлол, өсвөр үеэ сурган хүмүүжүүлдэг арга барил, өвгөд хөгшидөө асарч хүндэлдэг ёс заншил, хүмүүс хоорондын харилцааны ёс жудаг, журам зэргийг бий болгосон дэлхийн буурал үндэстэн билээ. Айл өрх бүр “Эвсэг бичил нийгэм-вант улс” байхын тулд гишүүн бүрт  гэр бүлийн боловсрол, авъяас чадвар, хувь хүний онцгой давуу талд түшиглэсэн хүсэл тэмүүлэлтэй, дэлхийн дэвжээгээр сэтгэж, нутаг орныхоо онцлогт тохируулан амьдрал ахуйгаа авч явдаг арчаатай, өөрийн гэсэн бахархах сайн үйлтэй, ирээдүйдээ итгэлтэй байх нь иргэн бүрийн хүчин чармайлттай холбоотой төдийгүй, үр хүүхэд, хойч үедээ өгөөжтэй, үлгэр дууриалалтай, үнэ цэнэтэй байх болно. Хөдөө нутгийн айл өрхүүд мал сүргээ өсгөхийг хичээдэг бол хот суурин газрын, айлууд газрын өгөөж үр шимийг хүртэх эрхэм зорилго дэвшүүлж ажиллавал амжилтад хүрэх нь мэдээж билээ.

              Монгол үндэстэн шинэ зуунд гэр бүлийн өв тэгш хөгжилтэй, залуучууд, эрүүл чийрэг бие бялдартай иргэд, ёс суртахуунтай, хувь хүний чадавхийг өндөрт хүртэл хөгжүүлсэн, боловсролтой хүмүүсээрээ бахархаж, гайхуулж, омогшиж оршино гэж би итгэж явдаг. Одоо зөвхөн шүүгдээгүй мэдээллээр тархиа самууруулсан, хэдэн халтар диплом, хэвлэсэн цаасан мөнгийг оройдоо залж шүтсэн, сэтгэх бодох сонирхолгүй, оюуны  чадалгүй, мэдрэмжгүй, өгөөмөр, хүнлэг, цагаан өнгөтэй сэтгэлгүй болсон хүн сүрэг багширч гадны харийнхны бах тав болж байна. Тэнэгийг дарлахад амар, ухаантайг удирдахад амар гэдэг яалаа? Мартсан уу? Чингисын нэрийг баялаг олохоор худалдах биш бүтээсэн, сэтгэсэн, мөнхөрсөн үйлс хөдөлгөөнийг судлах, үр дүнтэйхэн шиг үлгэрлэн бүтээлчээр турших үлдлээ.

               Тэд монгол гэр бүлд мэндэлж, монгол орчинд өсөн торниж, монгол хэлээр сурч хүмүүжиж, монгол ахуйд ирээдүйгээ бүтээж байсан. Дэлхийг дангаар ноёлж байсан сэтгэлгээ, оюун ухаан эрчим цэнэг хаана сүүмийж байна? Монгол үндэстний нэрийн хуудас болсон “Дэлхийн мэргэжилтэн” монгол иргэнийг тосон авч, хөгжүүлж байгаа монгол гэр бүлийн гавъяат үйлсийг улам бүр өөрсдөө хөгжүүлье.

        Та бүхэн миний гэр бүлийн цуврал номыг гэрийнхээ босгоор давуулна гэдэгт итгэж  байна. Бид энэ эрин зуунд өөрөө сэтгэх чадвар болон бусдаас хуулбарлахгүй бүтээх чадавхиар дэлхийд өрсөлдөнө.   Хамгийн эхний мэргэжил болсон гэрийн сургуулийн ээж, аав багш нарыг үндсэн үүрэгт ажлыг нь урам зоригтойгоор дэмжиж эхлүүлье.

              Сүүлийн 300 гаруй жил монголд нүүрлэсэн бэлэнчлэх сэтгэлгээний хандлага “Тахал”  өвчнөөс өөрийгөө аврахад амьсгал бүрээ хайр найргүй, харамгүй сэтгэлээр зориулья. Өөрийгөө өөрчилж, өөрийн удам угсаагаа цэвэрлэж, сая сая жилийн амар амгалангийн сумийг өөрийн гэрт сүндэрлүүлье.

    Эхнэр нөхөртөө, нөхөр эхнэртээ, хүүхэд эцэг эхдээ, эцэг эх хүүхэддээ, эсвэл бүр ах дүүдээ, бүр найздаа, даргадаа, намдаа найддагаа больж хараат бус бие дааж амьдрах “жинхэнэ хүн”  болох, хүслээ хязгаарлаж, бодлоо удирдаж сурахад амьдралаа зориулья. Амьдралын утга учраа зөв тодорхойльё.

       Эгэл хүн гайхамшигт бахархал, энгийн үйлс агуу  …

    Ганц ганцхан дусал гадаад их далайг үүсгэж

    Нэг нэгхэн ширхэг нилэнхүй их говийг бүрдүүлсэн.

        Гэр бүлийн хөгжлийн цогц боловсрол олгох “ Үндэстний баялаг- Гэр бүл, Гэр бүлийн баялаг – Хүүхэд”  хөтөлбөр 2007-2017 он хүртэл хэрэгжүүлж байна.

       Бүх номын дэлгүүрээр 6 цуврал номоо хүртээж байна.

       1013 оны сүүлээр “ Гэр бүлийн нэвтэрхий толь” Судар бүтээлээ олон түмэндээ барина.

       ААнэгж байгууллага, сургууль, хамт олонд гэр бүлийн төгс ялгуун харилцаа лекцээ захиалгаар зохион байгуулна. 40 удаагийн ДВД /дүрстэй / хичээл гаргасан.

       Телевизын 40 цагийн цуврал “ Эргэцүүлэл” нэвтрүүлгээр гэр бүлийн мэдлэг боловсрол олгож байна.

       Соронз, Өдрийн сонин сэтгүүлд гэр бүлийн болон эрэгтэйчүүдийн хөгжилд сэтгэл зүйн зөвлөгөөний булан ажлуулна.

  • Монгол хүнийг хөгжүүлэх үзэл

    “Яруу сэтгэгч” сонины нийтлэлүүд цувралаар…

    Монгол хүнийг хөгжүүлнэ гэдэг маань монгол хүн бүрээс авахуулаад, төрийн түвшинд эрхэмлэн баримтлах үзэлтэй байна гэсэн үг. Үзэл гэдгийг мэдлэгийн сан гэж ойлгоно.

    1. Бид ядуу байж болно. Тусгаар тогтнол гэдэг бол бидний агуу их бахархал, юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй баялаг мөн гэдгийг хүн бүр мэдрэх явдал. Энэ нь Монгол хүний хийж байгаа ажил, хөдөлгөөн болгон хэлж ярих үг бүр нь тусгаар тогтнолын төлөө байх учиртай гэсэн философид оршино. Монголчууд тусгаар тогтнолоо алдаагүй цагт сайн сайхныг цогцлон бүрдүүлж чадна.

    2. Монгол улс сайхан хүүхний царайн дээр биш, сайн хөлгийн нуруун дээр биш газар шороон дээр тогтдог гэсэн философио сэргээх явдал юм. Монгол хүн бүр өөрийн төрж өсөж, ясаа тавих өлгий нутгийн төлөө хариуцлага хүлээх учиртай юм.

    3. “Хүн намайг сургах учиртай гэдэг ойлголтыг би өөрөө өөрийгөө сургах, өөрөө суралцах учиртай” гэсэн философиор солих явдал болно. Энэ бол “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн Монголын уламжлалт философи юм.

    4. Улс орноо өөд нь татъя гэвэл уриа дуудлага үгээр хөөцөлдөх биш, ирээдүйгээ харж, материаллаг болон эрдэм оюуны баялаг бүтээж, амьд ажил хийвэл урагшлан дэгжиж чадна.

    5. Монгол хүн бүр бусдын муугийн тухай бодохын урьд өөрийнхөө мууг эхэлж тунгааж сурах явдалд оршино. Энэ нь бусдыг ялж, яллах дадал заншлаа орхиж, өөрийгөө ялж, яллаж сурах сэтгэлгээгээр солино гэсэн үг юм.

    6. Бусадтай атаархаж, өшөө хорсол авах сэтгэлгээнээс ангижирч, амь насанд халгаагүй бол бүхнийг уучилж сурах философи мөн. Энэ нь идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургаж болдог тухай монгол философи билээ.

    7. Эрүүл биед саруул ухаан оршдог философийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх явдал юм. Монгол хүний амин чанарыг сайжруулж монгол үндэстнийг эрүүлжүүлэх явдал.

    8. Монгол хүний гайхамшигт чанарууд, тухайлбал нэн их хөгжсөн тэнцвэрээ хадгалах чадварыг улам лавшруулан хөгжүүлэх явдал юм.

    9. Монголын төлөө тэмцэж явсан алдартнуудаа мартахгүй байх учиртай. Атилла, Авдай сайн хаад, Есүхэй баатар, Чингис хаан, Батмөнх даян хаан, Түмэн засагт хаан, Лигдэн хаан, Цогт тайж, Хотхойдын Чингүнжав, эдийн засагч Тогтохтөр ван, Богд Жавзандамба, Сайн ноён хаан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимид, Хайсан гүн Дэмчигдонров, Д.Сүхбаатар, А.Амар, П.Гэндэн, Т.Дэмид, Ж.Цэвээн, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, С.Аварзэд, Д.Төмөрочироос авахуулаад эх орончдын сурах бичиг гаргах явдлыг гадна талд “худалдагдсан” Шанзав Бадамдорж зэргийн уршигт хүмүүсийн үйл ажиллагаатай харшуулан, дэлхийн өнгө аяс дээр авч үзүүштэй санагдана.

    10. Түүхийг судалдагтай адил алдаагаа судалж, алдаан дээрээ суралцах явдал юм. Хувь заяа ирээдүй биднээс өөрсдөөс маань шалтгаална гэсэн баталгаа шаардахгүй үнэнийг Монголын хүн бүхэн хүлээн зөвшөөрөхөөс өөр арга зам байхгүй.

    Дархчуул овогт Даваагийн Лхаашид

    ‘Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг”

    Гэрэл зургийн эх сурвалж:http://mongolianislam.mn/mgl/wp-content/uploads/2011/12/Mongol-Egshiglen-hamtlag-Bid-mongol-huuhduud-toglolt-2011.05.25.jpg

  • Эрдэнэ

    Шударга үнэнг л хэлж амьдарна

    Шувуу шиг тэнгэр өөд тэмүүлж амьдарна

    Цаасанд би дарагдахгүй амьдарна

    Цаг хугацааг хайрлаж амьдарна…

     

    Энэ амьдралаас нэг л зүйлийг асууна

    Энэ амьдралаас нэг л зүйлийг эрнэ

    Энэ амьдралаас нэг л зүйлийг хүснэ

    Эргэх хорвоод ирсний учраа л олно…

    Тэр цагт юмс зогсоно….

    Сульдан сөгдөн унахад

    Сохор мэт санагдана

    Орчлон хорвоог гэрэлгүй хэмээх

    Олиггүй бодолд автахуйяа

    Онцгой нэгнийг хайн бүдчинэ

    Утас дуугарлаа….

    Анхны яргуй цухуйх мэт

    Анхны бороо орох шиг

    Анхны цасан хаялах шиг

    Аялгуулаг шинээр цэцэглэсээр байхуй

    Аав ээжийн төгс хайр…

    Хаана явна ирэх болжийнуу гэх

    Хайрын 4 үг харанхуйг нугачина

    Хорвоог бэлэглэсэн ээжийн минь хоолой

    Хосгүй эрхэмийн тэр л өнгө

    Эрээд эрээд байсан эрдэнэ ээжий минь

    Сураад сураглаад байсан сайхан бүхэн минь

    Эрдэнээ би олчихсон болохоор

    Энэхэн орчлонд дахиад сөгдөхгүй

    Сөрж бүгдийг давахын хүч нь

    Сүүн сэтгэлт бурхан минь билээ… 

                                                                                                                                                                                    2012 он

  • Хамтдаа

    Хамтдаа. Хамтдаа гэх энэ үг надад их эрч хүч, урам зоригийг өгдөг юм. Хорвоо дээр заримдаа шантрах, нулимс асгарах үе байдаг ч миний дэргэд зүгээр л хажууд минь зогсох, хажуугаар зөрөн алхах тэр л хүмүүсийн харцаар би амьдарч ирсэн. Тиймээ уулзах ёстой хүмүүс л уулзаж, учирах хувьтай хүмүүс л учирдаг болохоор миний ойролцоо байсан танилцаагүй ч танил Монгол хүн танд баярлалаа гэж хэлье. Бидний хэн нь ч энэхэн хорвоогийн альхан газар мэндэлж, аж төрөхөө  сонгож ирээгүй ч ийм сайхан эх орондоо учрах хувьтай хүмүүс билээ. Би энэ л эх орондоо, энэ л хувь тавиландаа хайртай. Үргэлж санаснаар бодсоноор байдаггүй ч энэ амьдралд алдаа бүрээсээ ухаарлыг авч өвөг дээдсээсээ суралцан гэдэг гайхамшигтай билээ. Би ухаарал, баяр жаргал, зовлонг минь хамтдаа хуваалцдаг Монгол ахан дүүсээ хайрладаг учир танихгүй ч гэлээ хэн нэгэнд урмын үг хэлж, баяр баясгаланг өгөх юм сан гэж хичээсээр ирсэн. Зөвхөн өөрийн амиа л бодож амьдрана гэдэг надад хэзээ ч төсөөлөгдөхгүй зүйлсийн нэг юм. Хамтдаа л байвал бид жаргалтай. Тиймээ тархан суурьшсан Монголчууд эх нутагтаа ирнэ гэдэгт би итгэдэг. Тэнд энд суралцах нэрээр эх орноо орхин одоод ирэхгүй байгаа залуусаа ч ирнэ гэдэгт итгэдэг. Та ч бас итгээрэй. Бүх зүйл цаг хугацаатай энэ орчлонд Монгол хүмүүс бид итгэл, найдвараа алдалгүй байсан цагт халуун бүлээнээрээ хамтдаа байх тэр өдөр ирэх нь гарцаагүй…

     

  • Өөрийгөө танин мэдэх эхний дасгал: “Би хэн бэ?” асуулт [Who am I]

    Хүн өөрийнхөө авъяас чадварыг танин мэдэж, өөрийгөө мэдэрч ойлгож утга учиртай, зөв амьдрахын тулд өөртэйгээ байнга ярилцаж, өөрийгөө дүгнэж цэгнэж байх нь зөв гэж боддог. Хүн өөрөө өөрийгөө харж чаддаггүйгээс л олон сул талыг өөртөө бий болгож амьдралынхаа үнэ цэнэтэй хором мөчийг урсгаад байх шиг ээ.
    Тиймээс, та өөрөө өөрийгөө дүгнэж, амьдралаа тунгаан бодоход хэрэг болохуйц нэгэн видеог бүтээснээ та бүхэнд хүргэж байна.
    БИ ХЭН БЭ? 

  • Хийх гээд зориглож чадаагүй тэр зүйлүүддээ л маш их харамсдаг. Яагаад гэвэл …

    Амжилтын оргилд хүрсэн нэгэн хүнээс ийн асуужээ.

    – Та өөрийнхөө алдаж онож явсан үеэс аль алдаандаа хамгийн их харамсдаг вэ? гэхэд,

    Амжилтанд хүрсэн хүн: – “Би зориглож хийгээд, алдаж оносон бүх үйлсдээ хэзээ ч харамсдаггүй. Яагаад гэвэл, хийж чадах эсэхдээ өөрийгөө сориод үзсэн учраас, би энийг чадлаа, би энийг чадахгүй юм байна гэсэн хариултаа өөрөөсөө олж, дүгнэж чадсан учраас харамсаад байх зүйлгүй. Харин хийх гээд зориглож чадаагүй тэр зүйлүүддээ л маш их харамсдаг, Яагаад гэвэл, тэр зүйлийг үнэхээр өөрөө хийж чадах байсан уу? Хийж чадахааргүй байсан уу? гэдэгт өөрийгөө сорьж чадаагүй, хариултаа өөрөөсөө олж чадаагүйдээ, Би түүнийг хийж чадах байсан болов уу? гээд л өдий болтол өөрөөсөө асууж, хийсэн бол яах байсан бол гээд л байнга харамсдаг. Тиймээс хийе гэж бодож байгаа зүйлүүдээ заавал, хийж байгаарай гэж хэлмээр байна. Хийгээд туршаад үзчихвэл амар шүү дээ. Хийж чадвал, чиний амжилт нэгээр нэмэгдэнэ. Хийж чадаагүй бол чиний сурах зүйл нэгээр нэмэгдэнэ” гэжээ. 

    Хэзээ нэгэн цагт харамсахгүйн тулд, шинэ ондоо өөрийн бодож санаж байгаа бүх ажлуудаа зориглож хийцгээе.

  • Монгол Улсын брэнд имижийн тухайд

    Саяхан үүд хаалгаа нээсэн 21-р зууныг “технологийн зуун”,” биологийн зуун”, “соёлын зуун”[Солонгосын Өнгө Судлалын Холбоо, Одоо бол Өнгө, 2002] гэхчилэн олон янзаар онцлон тодотгож байгаагаас соёлын тухай асуудал нь үнэхээр сүүлийн үед хөгжингүй улс орнуудын анхаарлын төвд байх болсон ба өөрийн улс үндэстний түүх соёлын давтагдашгүй онцлогийг олж тогтоохынтулд шинжлэх ухаан, урлаг, соёлын өргөн хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаатай өчүүхэн миний бие өмнөд Солонгос улсад эрдмийн мөр хөөж, номд шимтэн суухдаа олонтаа таарсан билээ. Аливаа улс үндэстэн бүр улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан, техник технологи гээд өөрийн онцлог давуу талыг тодотгон стратеги боловсруулдаг ч сүүлийн үед соёлын давтагдашгүй чанарт анхаарлаа хандуулах болсныг тэмдэглэх нь зүйтэй[И Хун Иг,Соёлын тусламжтайгаар Улсын имижийг сайжруулах нь, 2004]. Энд үндэсний соёлын өвөрмөц онцлогийг зөв тодорхойлж, үндэсний брэнд, хот төлөвлөлт зэрэгт зөв тусгаж чадвал бид өөрийн үндэстний дархлааг тогтоож түүх, өв соёлоо нандигнан дээдэлсэн Их Хөх Монгол улсаа хөгжүүлэхэд нэн чухал дэм болох болов уу. Үүний тулд эхний ээлжинд олон нийт өргөн хүрээнд санал асуулга явуулах мөн хэвлэл мэдээллийн хуудаснаа манай орны талаархи ямар мэдээллүүд давамгайлж байгаа зэрэгт харьцуулсан судалгаа хийж Монгол улсынхаа дэлхийн ард түмний хувьд ямар имиж ойлголттой байгааг тодорхойлох хэрэгтэй бөгөөд үүн дээрээ үндэслэн цаашдын ажлуудаа төлөвлөх нь зүйтэй юм.

    Дээрхээс үндэслэн одоогоос хэдэн жилийн өмнө имижийн нэгэн судалгааны ажлаа эхлүүлснээс дурдвал “Улсын өнгөний имижид соёлын нөлөө” гэсэн сэдэвтэй бөгөөд эхний шатанд Монгол улсаа харилцан хөрш залгаа орших Хятад, Солонгос, Япон улсуудтай харьцуулан авч үзэхдээ, Буддын шашны соёл тодруулбал өнгөний имижийн хувьд ямар онцлог ялгаатай болох тал дээр хийсэн судалгаа байсан юм. Судалгаанаас харахад Япон, Солонгос улс хоорондоо төстэй ойрхон байхад Монгол, Хятад хоёр улсын Буддын шашны өнгөний имижийн орон зай нь Хосолмол өнгөний имиж скейл (Combination Color Image Scale) дээр өргөн талбайгаар давхцан гарсан байдаг[Ш.Мандалмаа, Чеи Ин Гю, Солонгос, Монгол, Хятад, Япон улсуудын Буддын шашины Өнгөний имижийн харьцуулсан судалгаа,2007 ].
    Скейлээс харахад Монгол Буддын шашны өнгө нь бусад гурван улсынхтай хамгийн их давхцал үүсгэсэн байсан нь манай улс эртнээс дээрхи улсуудтай дайн байлдаан болоод соёлын өргөн харилцаатай байсныг нотлох мэт. Энд дурьдахгүй өнгөрч болохгүй нэгэн зүйл ажиллагдсан нь манай Монгол лам нарын хөх өнгөний хэрэглээ буюу хөх цэнхэр өнгийн нудрагатай лам дээл хувцас байсан юм.
    Ер нь бид өөрсдийгөө хөх монгол гэх дуртай, үнэндээ ч эзэн Чингис хааны сургаалд “Хөдлөхийн дээд Хөх Монгол”[С.Бадрал,Монголчуудын эртний уран зураг дахь хөх цэнхэр дээл хувцасны учир,2010] гэсэн байдаг. Үнэхээр бид Хөх Монгол юм бол бидний “хөх” өнгө яг ямар “хөх” өнгө юм болоо. Гүн хөх, цайвар хөх, хүйтэн хөх, хүнд хөх, бүдэг хөх гэх мэтээр нэрлэж ялгаж болох ч дэлхийн дүрслэх урлаг, өнгөний нэрлэгээнд Туркийн хөх, Азурын хөх, Ренесансын хөх, Францын хөх, Миланы хөх, Вашингтон хөх[Ким Жүн Буг, Фейшн трэнд өнгө, 2003] зэрэг олон янзын хөх өнгөнүүд дунд Монгол тодотголтой хөх өнгө бий билүү. Үүнийг мөн л судалгаа, цуцашгүй эрэл хайгуулын тусламжтайгаар нээн олж болох буйзаа. Хэзээ нэгэн өдөр удахгүй бид Монгол үндэстний өнгөний палетте хөтөч(Guide)-тэй, Монголоор нэрлэгдсэн хөх өнгөтэй, улсын имиж стратегитэй болно гэдэг нь эргэлзээгүй бизээ. Энд ахин хэлэхэд өнөөдөр манай улсын хувьд өөрсдийнхөө бусдаас ялгарах өвөрмөц онцлог шинж чанарыг олж, улсын имиж болгон дархлах асуудал нь эрдэмтэн судлаач, уран бүтээлчдийн хойшлуулалгүй хиймээр ажлуудын нэг болооод байна. 

    Эртний түүхт Их Хөх Монгол Улс маань мандан бадрах болтугай.

     

    Ш.МАНДАЛМАА

    Дизайн-Өнгө Судлалын Холбооны тэргүүн
    Өнгө судлаач, имижмакер

    Байгууллага, хувь хүний имиж бүрдүүлэлтээр мэргэшсэн зөвлөх.

    http://facebook.com/mandalma
    http://facebook.com/MongolColor
    https://twitter.com/MongolColor

    Зургийн эх сурвалж:http://www.facebook.com/NMCSteam