Category: human-development

  • Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

    Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж байгаа гэр бүлүүдийг нэгтгэх ямар шинж тэмдэг байна вэ? гэдгийг нилээд судалсны эцэст сэтгэл зүйч эрдэмтэд 5 шинж тэмдгийг илрүүлжээ.

    1. 1.      Оройн зоог

    Оройн хоолны цаг бол гэр бүлийн бүх л гишүүдийн хувьд бие биетэйгээ чөлөөтэй харилцан, санал бодол, бэрхшээлээ хуваалцах чухал цаг юм. Гадны элдэв нөлөөгүй, телевиз, хөгжим, интернетийн мэдээллийн урсгалгүйгээр энгийн оройн хоолоо хамтдаа идэх нь хүн бүрийн сэтгэлд халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг төрүүлэх бөгөөд асуудал бэрхшээл тулгарсан хэн нэгэндээ хамтран шийдвэрлэх, сэтгэл зүйн дэмжлэг болох сайхан үр дүнтэй гэнэ.

    1. 2.      Ажил эрхлэлт

    Өглөө ажилдаа яарч, орой гэрлүүгээ яардаг хүнийг яагаад хамгийн аз жаргалтай хүн гэлцдэг вэ? Хүн бүрт өөрийн сонирхсон ажил, хобби байдаг бөгөөд энэ нь танд баяр баясгалан, сэтгэл ханамж авчирдаг байх нь таны гэр бүлийн харилцааг аз жаргалтай байлгах бас нэгэн хөшүүрэг болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Албан тушаалын ангилал, орлогын хэмжээгээсээ үл хамааран амраг хосуудын бие биеийнхээ хүсэл, сонирхлыг хүндэтгэдэг байдал нь гэр бүлийг бат бөх байлгадаг нь батлагджээ.

    1. 3.      Ганцаардах боломж

    Ганцаараа байх нь заримдаа бодол санаагаа цэгцлэх, тайвшрах, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг. Гэр бүлийн гишүүн бүрт их багаас үл хамааран хэн нэгэн халддаггүй өөрийн гэсэн хувийн орон зай, ганцаараа байх газар хэрэгтэй байдаг гэнэ. Ялангуяа хань нөхрүүд маань эрэгтэй хүний инстикцээрээ эхнэрийн ярианаас зугтах хүсэл төрдөг бөгөөд ямар нэгэн зүйлийг ширтэн суух гэр бүлийн асуудлуудаас бага ч атугай өөрийгөө чөлөөлөх хүсэлтэй байдаг. Энэ нөхцөлийг ойлгон, “Юу бодоод байгаа юм бэ?” гэсэн асуултгүйгээр тайван байхыг түүндээ зөвшөөр. Тэд гуниглаагүй. Гэхдээ нэг их удахгүй гараад ирнээ.  Сэтгэл санаа нь илүү сайхан болсон байх вий.

    1. 4.      Хатуу дүрэмгүй байх

    Та хайртаасаа өөрийг чинь байгаагаар нь л хайрлахыг хүсдэггүй гэж үү. Аливаа дүрэм журам тогтоож, хэт ач холбогдол өгөхгүй байх нь та бүхний бие биенээ байгаагаар нь л хайрлахын үндэс болдог ажээ. Хань болон үр хүүхэддээ, гэр бүлийн гишүүддээ шударга эрх чөлөөтэй байдлыг олгох нь энэ айлын аз жаргалтай байх, итгэл сэтгэл дээр тулгуурласан найдвартай аюулгүй орчин байхын нэг чухал хүчин зүйл болно.

    1. 5.      Хуримын бөгжөө зүүх

    Хэдэн мянган гэр бүлийг судлахад, эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг эх байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм эцэг эхийн хүүхэд хөгжил сайтай, тэдэнтэй эвгүй зүйл тохиолдох нь хавьгүй бага байдаг аж. Учир нь хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг, тэгэхээр автоматаар, хүүхдүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхэддээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй байна. 

  • Хайр

    Хоёр хөгшин олон жил хамт амьдрахдаа нэг ч удаа хэрэлдэж үзээгүй юмсанжээ. Нэг өдөр, нэг нь нөгөөдөө “Хүмүүс яагаад хэрэлддэг юм бол?” Ганц удаа ч гэсэн хэрэлдэж үзэхсэн гэжээ. 

    -Юунаас эхэлж хэрэлдэхээ мэдэхгүй байна шүү дээ, гэж нэг нь нөгөөдөө хэллээ. Эхний хөгшин бодож байснаа:

    -Ширээн дээр нэг аяга тавья. Тэгээд би “минийх” гэж хэлье.

    Чи бас минийх гэж хэл. Тэгээд л хэрэлдчихье

    Хөгшчүүл ширээн дээр аяга тавилаа

    -Энэ миний аяга гэж нэг нь хэлэв

    -Үгүй энэ миний аяга гэж нөгөө нь хэлэв

    -Чинийх бишээ, миний аяга гэж хэлж байна шүү дээ! 

    -За яахав чинийх юм бол чи ав. гэж нэг нь хэлжээ

           Ингээд л тэд хэрэлдэж чадсангүй. 

                                                                                                                                                        “Залуучуудын Үнэн” сонин 2011 он

     

  • Маргааш

     Хүн гэгч үргэлж биш хааяахан өөрийнхөө  өмнө нь ямар хүн байсныг, юу бүтээсэн, юуг алдсанаа бодож тунгааж өөрийгөө сайн, муу зүгийн алинаар яваад байна вэ? гэдгээ ухамсарлах хэрэгтэй ажээ. Өөрийгөө сайн хүн болоод байна уу? муу хүн болж өөрчлөгдөөд байна уу? гэдгээ анзаарснаар л ухаарал ирдэг. Энэ мэтээр ӨЧИГДӨРӨӨ үгүйсгэлгүй суралцаж чадваас МАРГААШ-ийг итгэл төгс угтана.  

                  МАРГААШ хэмээх энэ өдөр ирэх үгүйг, энэ өдөр юу тохиолдох үгүйг бидний хэн нь ч мэддэггүй ч гэлээ ирнэ гэдэгт, маргааш болно гэдэгт бат итгэж чин сэтгэлээр мөрөөдөн маргаашдаа бэлтгэн төлөвлөдөг. Хүмүүн гэгч итгэл үнэмшилээрээ, сэтгэлээрээ амьдардагийн хамгийн том жишээ бол энэ юм. Маргааш, миний хувьд МАРГААШ их чухал бас хүндтэй өдөр. Хүмүүс ярьдаг даа. Тавийн талыг насалчихлаа гээд л. 25 насанд их ач холбогдол өгнө. Харин би тэгээгүй. Би өчигдөрхөн мэт тод санаж байна. 25 нас хүрсэн өнгөрсөн жилийн тэр өдрийг. Амьдралд минь их олон өөрчлөлт ухаарлыг авчирсан 25 нас минь. Би тэр өдөр маш олон зүйлийг мөрөөдөн маш олон зүйлийг төлөвлөн байсан ч зүгээр л даруухнаар үдсэн юм. Гэвч 2012 оны 5 сарын 21ны тэр өдрөөс хэдхэн сарын дараа миний амьдралд ахин өөрчлөлт гарсан юм. Хэдийгээр төрсөн өдрөөрөө мөрөөдөн байсан мөрөөдлүүд хийсэн одохыг, хүслүүд минь замхрахыг харах хэцүү, асар хэцүү байсан ч гэлээ би бүх зүйл төлөвлөгдсөн гэдэгт л итгэсэн дээ. Алдалгүйгээр урагшилдаггүй энэ хорвоод алдаан дээрээ суралцан би босож өөрийн шийдвэртээ үнэнчээр хандан урагшилж байна. Хүний амьдрал хүссэнээр болдоггүй гэдгийг ухааруулсан, болохгүй зүйлийг болгох гэж хий дэмий хичээх хэрэггүйг ухааруулсан 25 насаа би МАРГААШ үднэ. Нэг мэдхэд нисэн ирсэн 26 насаа угтан авна. Сэтгэлд минь баяр гуниг жинхэнээсээ хослон байна. Цаг хугацаа яасан хурдан өнгөрдөгийг энэ л өдөр би чин зүрхнээсээ мэдэрч байна. Цаг хугацааг зогсоох ямархан ч арга байхгүй тул маргааш гэж хойш нь тавилгүй эрдэнэт биеийг төрүүлсэн ээжий, аавыгаа баярлууллаа. Баярлууллаа гэж дээ, намайг л сайн явахыг харахдаа баярладаг болохоор ажлаа л сайн хийлээ. Тийм ээ, ээжий аавынхаа төлөө ажлаа сайн хийе. Өө нээрээ ээжий аав, эгч дүүгээс минь дутахааргүй баяр гунигийг минь хуваалцаж үргэлж дэргэд байдаг найзуудтайгаа МАРГААШ чин сэтгэлээ дэлгэн нэгэн оройг хамт үднэ. Яасан сайхан вэ? Би анх удаа л ийнхүү мэндэлсэн өдрийн баяраараа найзуудаа урин тэднийгээ цуглуулах гэж байна. Ямар ч архи дарсгүй, сайхан Монгол хоолоо зооглон бид чин сэтгэлээсээ уулзана. Өөр юу ч үгүй эрүүл сайхан уулзалт. Гагцхүү сэтгэлээрээ учирна…

  • Монгол эрчүүд эхнэрээ дээдэлдэг хэвээрээ

    2013 он 5 сарын 15 9 цаг 10 минут

    Утас дуугарлаа, ийм эрт залгаж байгаа учир чухал ажил байна хэмээн утсаа шүүрэн авав. Эрэгтэй хүн намдуухан дуугаар

    Байна уу,

    Байна

    Сайн байна уу, миний дүү

    Сайн, сайн байна уу, та хэн бэ?

    Намайг Энхбаяр гэдэг юм аа

    Аан за

    Ах нь нэг юм лавлах гээд

    За, та асуу, асуу

    Миний дүү нэг гэр бүлийн нэвтрүүлэг хийдэг юмаа даа,

    Тийм ээ, “Хувь тавилан” гээд гэр бүлийн нэвтрүүлэг хийдэг.

    Аан, ах нь өчигдөр чиний нэвтрүүлгүүдийг интернетээс үзлээ. Тэгээд л холбогдож байна.

    Аан за

    Их сайхан нэвтрүүлэг юм аа, ахмадуудаа хүндэлсэн, залуу хосуудад сургамжтай, үзүүштэй нэвтрүүлэг байна. Тэгээд ах нь энэ нэвтрүүлэгт орж болох болов уу? гээд. Ах нь эхнэртэйгээ 30 жил хамт амьдарч байгаа. Тэгээд бид бас их сонин хувь тавилангаар учирсан юм л даа. / их л шургуу ийнхүү ярьлаа/

    Аан за, урам өгсөнд баярлалаа, та хоёр хэдэн хүүхэдтэй вэ? /нэвтрүүлгийн шалгуур 3-аас дээш хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн байх байдаг /

    4, Дөрвөн хүүхэд дөрвүүлээ тусдаа гарчихсан. Ач зээ 10 гарч байна /инээв/

    Аан, болно болно, бололгүй яахуу, Холбогдсонд баярлалаа, нэвтрүүлгийн талаар нэмж тайлбарлахад нэвтрүүлэг 30 минут, зураг авалт цаг гаран болдог. Танай гэрт очиж бичлэг хийдэг юм. Зураг авалт 3 дахад. 3 дахад очвол болох уу?

    Аан, болно, хэдэн цагаас гэдгээ ахдаа хэлээрэй, гэхдээ гэрт нь гэхээр гэрийн бүх өрөөнүүдээр яваад гаргана гэсэн үг үү?

    Үгүй ээ, та хоёрын хүссэн газар гурвуулаа сууж байгаад л ярилцана /инээв/

    Өө, ах нь нэг юм хэлхэд, манай эхнэр хөдөө явчихсан байгаа. Өнөө орой ирнэ. Тэгээд ах нь ойлгуулаад хэлчихнэ. Залуу хосуудад амьдралын тухай багахан юм л хэлье гэхэд ойлгоно манай хүн.

    Баярлалаа, та их сайхан сэтгэлтэй юм, олон хүмүүс ингэж холбогддог, холбогдоод нэвтрүүлэгт орсондоо ч их баяртай үлддэг шүү. Хамгийн гол нь та бүхэнд дурсамж болон үлдэнэ. Мөн хосууд танилцсан цагаасаа хойш амьдралаа байгуулсан түүхээ тэр бүр хэн нэгэнд ярьж байгаагүй юм байна, сайхан байна гэдэг.

    Тийм шүү, харин төлбөр мөнгө нь хэд вэ?

    Төлбөргүй ээ, бид олон жил ханилсан хосууддаа бага ч болтугай урам өгөхийг хүсдэг учир төлбөргүй байдаг юм. Дэмжин ажилладаг байгууллагууд байгаа.

    Аан за, ямар сайхан юм бэ? баярлалаа.

    Танд баярлалаа, би зураг авалтын өмнөх өдөр сануулж ярина, нээрээ нэг зүйл сануулж хэлхэд үндэсний хувцасаа өмсөх боломж байвал дээлээ өмсөөрөй. Нэвтрүүлгийн гол зорилго Монгол өв уламжлалаа хадгалж үлдэх юм л даа.

    Аан за, ойлголоо, Болно, бид хоёр ч бас өмсөх дуртай шүү

    За баярлалаа, баяртай.

    2013 оны 5 дугаар сар 15 20 цаг

    Утас дуугарлаа, утсаа автал Энхбаяр ах бараг л шивнэх нь төдий

    Уучлаарай миний дүү

    Юу болов?

    Ах нь нэвтрүүлэгт чинь энэ удаа орж чадахгүй нь ээ, гэхдээ заавал нэг өдөр орно

    Аан за, тэгээрэй

    Манай хүн би зурагтаар ярьж чадахгүй, жоохон байж байгаад гарна гэнээ

    Ойлгож байна, таны эхнэр нэг өдөр зөвшөөрөх биз дээ

    Ах нь ингэж хүлээж авна гэж бодсонгүй ээ, миний дүү ойлгож байгаа биз дээ, эхнэр маань чадахгүй гээд байхаар би яах билээ, хүчлэлтэй биш

    Зүгээрдээ танийг ойлгож байна. Монгол эрчүүд эхнэрээ дагадаг шүү дээ

    Тийм ээ, баярлалаа миний дүү, ахыгаа ойлгосонд, бид чинь эд нарыгаа дагахгүй хайчих билээ дээ

    Дараа зөвшөөрхөөр нь холбогдоорой ахаа, баяртай

    Тэгнэ ээ, ах нь найзууддаа бас хэлнэ ээ, за

    За тэгээрэй. Баяртай

    /Хэдийгээр нэвтрүүлэгт орохоос ийнхүү татгалзсан ч тэд удахгүй нэвтрүүлэгт орно, амьдралын туршлагаасаа залуучууддаа хуваалцана. Хамгийн гол нь ах надад урам хайрласан, Монгол эр хүн эхнэрээ дээдэлдэг ёс хэвээрээ гэдгийг батлан харуулж ухааруулсан ачтай хүн юм./

  • Дээд эрүүл мэнд:9 Галан эргэлт

    Бүх шинжлэх ухаан хир их юм судалдаг вэ? Би өөрийн мэргэжлийн шинжлэх ухааныхаа хэдэн хувийг мэддэг вэ?  Та ингэж эргэцүүлэн бодож тооцож үзсэн үү ? Ийм асуулт тавихын учир нь орчлонт ертөнцийн бүтэц тогтоцын 03 хувь нь хатуу шингэн хий төлөвт оршдог. Материаллаг шинжлэх ухаан орчлонгийн 03 хувийг судалдаг байх нь ээ.

    Үлдсэн 99,7 хувь нь плазм гал төлвөөр оршдог байна. Тэхээр анагаах ухаан хүний бүтэц тогтоцын 03 хувийг л одоохондоо судлаж байгаа юм. Сүүлийн үед сүнслэг физик судлал гэх мэт шинэ салбар үүсч эхлэж байна.

    Гал эргэлтийн тогтолцооньгэрэл, цэнэг, цахилгаан биосоронзон, урсгал, элчис,эрчис,хийн эргэлт зэрэг наад зах нь арван бүтэцтэй юм. Хүний бие дэх гал эргэлтийн тогтолцоо нь шинжлэх ухаанд судлагдаагүй онгон дархан, гүн ухаан, тарни бясалгалын ёсон, тэжээхүй ухаан, бясалгаж танин барихуй, туулан танин мэдэхүй аргууд хэрэглэн асар их өв уламжлал үлдээжээ.

    Аргын гурван модны хооронд төөрсөн хойч үеийн бид түүнийг нь хүртэн ойлгохгүй болтлоо мунхагшжээ. Энэний бурууг эрж, түүнээс болсон энэнээс болсон гэхчлэн бусад руу чихэх хэрэггүй зөвхөн надаас өөрөөс л болжээ. Тэхээр би л засч залах нөхөж гүйцээх эзэн мөн гэж үзвэл та зөвдөнө. Тэгээд эрэл хайгуулд гарна. Суусан цэцнээс тэнэсэн тэнэг дээр гэдэг сургаал бий. Та олно. Гайхам үр дүн дээд эрүүл мэнд, төгс анагаах ухаан таниар дутаж байна. Дүрс судлалын гурван модноос гарч оюун ухаан сэтгэхүйгээ чөлөөлж тавь.

    Галан эргэлтийн язгууруудын айг хөндөн ярилцаж, хүн бүр, эмч бүр өөрийн нил оршихуйн гайхамшигаа танин мэдэж, төгс эрүүлжих, өвчингүй аж төрөх дээд эрүүл мэнд, дээд гэгээрэлд хүрэхэд нь хамтдаа туслая.

    Элчис энерги

    Элчисийн тухай их ярьж бичиж дээр дооргүй шуугиж шаагдагч чухамдаа “элчис” гэж юу гэдэг талаар оновчтой тодорхойлсон нь үгүй.

    Биднийхээр: Орчлон ертөнцийн дүрс хийгээд дүрсгүй бүхнийг үүсгэж, уусган өөртөө шингээгч үл хорох, үл арвижигч огторгуйг бин битүү дүүргэсэн элчис, долигос, эрчис гурав юм гэж тодорхойлж бүхнээр шүүлгэхээр өргөн барьж байна.

    Хүний биед элчис ус үйлдвэрлэгч эрхтэн заяасангүй. Зөвхөн гадаад орчноос авч байхаар тохоогджээ. Элчисийн эх үүсгүүрээр нь бурханлаг, тэнгэр огторгуйн байгаль дэлхийн, өөрийн гэж дөрөв ангилан төсөөлж болно.Элчисийг төрөл хэлбэрээр нь цахилгаан эрчим хүч, соронзон био соронзон, эрчим хүч, хувьсамхай эрчим хүч гэж үздэг. Хүмүүний биед ийм гурван төрөл бүгд бий.

    Өнөөдөр сайн муу элчис (энерги) гэж ярьж бичдэг. Энэ нь хэр зөв юм бэ? Бодож тунгаая. Цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэдэг. Түүнийгээ хот сууринд түгээн тараадаг. Тэр эрчим хүч нь хүлээн авагчаасаа болоод өөр өөр үр дүн гаргадаг. Хөргөгчид хүйтэн индүүнд халуун, зурагтад өнгө гэрэл дуу дүрс гаргадаг.

    Үүнтэй адил хүн элчисийг ашиглаж янз бүрийн үр дүнд хүрдэг. Тамирчид бяр тэнхээ хурд хүч болгодог. Уран бүтээлчид дуу уянга зураг шүлэг яруу найраг болгодог. Эрдэмтэд оюун ухаан болгон учир шалтгаан хууль ёсыг танин мэддэг. Олонхи  нь ахуй амьдралын аар саархан саад бэрхшээлийг туулж, сайндаа, өнөө маршаашийн амь амьдрал зуулганд зориулдаг. Бас их олон хүн хэрүүл хараал хулгай дээрэм, алаан хядаан, муу бүхэнд зориулагддаг халуун хүйтэн, дүрс дуун элчис гэж байдаггүйтэй адил, сайн муу элчисч гэж бас байхгүй. Харин орон зай огторгуйг бин битүү дүүргэгч элчис нь хүлээн авагчаасаа болоод өөр өөр үйл, үр дүн, үзэгдэл юмс болдог байх нь гэсэн дүгнэлтэнд та ч тулж ирнэ.

    Хэрэв ийм бол хүн өнөөх гурван эхт элчисийн заримыг нь эрүүл саруул аж төрөхөд, нөгөөхийг өвчин зовлон үүсгэхэд зарцуулдаг байна. Өвчтэй хүмүүс ч мөн ялгаагүй нэг хэсэг нь эдгэрч илааршихад хоёрдах хэсэг нь өвчинг даамжирч янз бүрээр хүндрэхэд ашигладаг. Дээд эрүүл мэнд үүнийг хүмүүст ойлгуулж, төгс анагаах ухаан судлах хэрэгтэй гэж бид үздэг.

    Уншигч та энэ үзэл онолтой санал нийлэх эс нийлэхээс болж үнэн өөрчлөгдөхгүй. Богд Зонхава “Хүн бол улаан гал доторх зул юм” гэжээ. Зонхавын хүн агуулсан улаан гал нь Исаак Ньютоныхоор “амьд биеийг хүрээлэн байдаг хүчний долгион юм”.Оросын эрдэмтэн Гуревич “Ямарч биед энергийн буюу мэдээллийн араг яс байдаг” гэж нотолжээ. Зонхавын бясалгалаар туулан таньж мэдсэн үнэнийг хоёр эрдэмтэн шинжлэх ухааны аргаар багач бол баталжээ. Өнөөдрийн шинжлэх ухаанч, анагаах ухаанч, амин орон биеийн гадууур байдгийг үзээд хараад багаж төхөөрөмжөөр туршаад тогтоочихжээ. Тэхээр хүний бие дэх гал тогтолцоо гэж байдаг байдаггүй гэх яриа хөөрөө маргаан мэтгэлцээн үнэн мөнөөр таслагджээ. Харин гал эргэлийн бүтэц язгуурын арав гаруй төрөл хэлбэрийг эрүүл аж төрөхөд өвчнөө илааршуулахад ухамсартай хэрхэн ашиглах вэ?  гэсэн асуудал үлджээ.

    Өрнийн эрдэмтэд амин орныг судлаад хүний бие нь найман язгуур бүтэцтэй байна гэж тогтоожээ.

    1. Махан бие өнөөдрийн анагаах ухааны судлаж байгаа. Эмч эрдэмтэдгүй энэнээс цааш юучгүй хоосон гэж үздэг тэр бие. Махан бие нь элчисээс бүтэж бодижсон, түүнийг агуулах сав. Элчисийг механик үйлчлэлд хувьсгадаг. Энэ бие нь анагаах ухааны судалгааны хил хязгаар болж байна. Харин хүнийг бие бүтцийн хамгийн бараг бүдүүн болхи хэлбэр юм. Махан биеэс дээших долоон орон  бүтэц, гадаад дотоод харилцааны хувьд их нарийн түгээмэл төдийгүй маш хувьсамхай чанартай юм.

    Махан биеийн хийгээд элчисийн орнууд бие биедээ нөлөөлж ивээлцэж тэггэлцэж оршдог. Бас дээшлэх тусмаа нарийсч байгаль дэлхий, сансар огтогуй, бурханлаг дээд үүсгүүр хүчинд нэгдэн нийлж байдаг. Нэл оршихуйн тал нь юм. Тэгвэл дүрс бүхэн махан бие нь тус оршихуй байх нь ээ.

  • Монголын үр тариа эрхлэгчийн Газар тариалан холбооны брэндинг хөгжүүлэлт, медиа удирдлага

    Монголын үр тариа эрхлэгчдийн
    ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБООны брэндинг хөгжүүлэлт болон олон нийттэй харилцах медиа удирдлагын бодлого төлөвлөгөө, агуулга зохиол хөгжүүлэлтийн ажлуудаар хамтран ажиллаа.

    ТАРИАЛАНЧ МИНИЙ АМЬДРАЛ (монолог анимайшн зохиол)

    2010 оны 11 сар

    Тоног төхөөрөмжөө захиалах үе

    За шинэ он ч дөхлөө. Ирэх жилийн хадлан тариалангийнхаа бэлтгэлийг эхэлье дээ. Хэдэн банкны хаалга татъя, тоног төхөөрөмжөө ч захиалъя. Банкны бичиг цаас, барьцаа хөрөнгө, гадагшаа дотогшоо захиалга гэсээр сунжирдаг хорвоо, одоо л эхлэхгүй бол амжихгүй.

    Ирэх жилийн будааны үнэ ч мэдэхгүй, цаг агаарын байдал ч мэдэхгүй байдаг, бензин шатахууны үнэ ч тодорхойгүй мөн ч бүрхэг байна даа. Энэ өвөл ажилчидынхаа шинэ жилийг нэг тэмдэглээд цагаан сан өнгөөрдөхвөл ч хаварын ажил ч эхэлнэ дээ. Уринш хийчихсэн юм чинь тариа тарьдаг л байх даа.


    2011 оны 3- 4 сар

    Уриншийн техникийн засварын үе

    Хэдэн сэлбэг ч яахав энд тэндээс цуглуулаад боллоо. Одоо сайн засаж сэлбэж авъя. Харин шатахуунаа, хор, бордоогоо яана даа. Энэ жил бас л үнэд орчихож. Хөөрхий дөө, энэ хэдтэйгээ мөн ч олон жил ханиллаа даа. Гадаа хандаж, хөдөө хөхөрч олон ч жил газар шороотой ноцолдлоо. Энэ хэдийн маан ч хүүхдүүд нь том болчихлоо. Энэ жил шижигнэтэл сайн ажлаад гэр бүл, үр хүүхдийг нь баярлуулчихсан юмсан.


    2011 оны 5 сар

    Уриншийн ажил

    Ямартай ч уриншаа хийгээд авлаа. Түрүү жил уринш хийж чадаагүй болохоор энэ жил үрэлгээ хийж чадсангүй. Уриншийнхаа талбайд мал оруулахгүй байх юмсан. Эзэнгүй мал ч хэцүү дээ. Хэдэн харуул авахаас даа. Нутаг усныхан ойлгоод малаа цааш нь бэлчээгээд, тариа сайн ургавал нутаг усны л нэр гарч амьдрал ахуйд нь хэрэгтэй л байх даа.


    2011 оны 6- 8 сар

    Уриншийн хор цацах үе

    Хог ургамалгүй бол тариа сайн ургана. Нэг бүрчлэн нямбай сайн цацаж га талбай бүрээсээ сайн ургац авахын төлөө зүтгэнэ дээ. Энэ жил хор үнэд орчихсон байна шүү. Ямар ч байсан уриншаа дууслаа. Ирэх жил тариа тарьж, уриншаа хийнэ. Өвөл хавар цас их орж газрыг сайхан чийглээд өгөөсэй.


    2012 оны 3 сар

    Үрлэгээний техникийн засварын үе

    Үрлэгч, хавагч, хор цацагч, комбайн тоног төхөөрөмжөө сайн засаж сэлбээд авъя. Зарим нэг байхгүй, эвдэрсэн төхөөрөмжөө хэнээс гуйдаг юм билээ. Энэ жилийн хавар ч хүйтэн болж байна даа. Уул нь энэ жил ч чийгтэй сайхан сайхан байна. Уг нь эрт дулаарах юм гэсэн.


    2012 оны 5 сар

    Хаврын тариалалтын ажил

    Ноднингийн уринш маань сайхан болжээ. Талбай халтартаад л нүнжигтэй харагдаж байна даа. Хаврын 1 өдрийн намрын 10 өдөртэй тэнцдэг гэдэг. Манайхан цаг хугацаатай уралдаж өдөр шөнөгүй л ажиллаж байна даа. Эхнэр, хүүхдүүдээ орхиод ажилд нь гарахаас өмнө цалингийн зээл ч гэсэн авч өгч хэдэн цаастай үлдээхгүй бол болохгүй. Банк ч юм хялайлгах шинж алга. Ломбарднаас л нэг хэдэн төгрөг олъё доо. Хурдран шиг үрээ цэвэрлээд үрэлгээндээ гаръя. Тариа соёолох үед мал идчихвэл хэзээ ч ургахгүй бүтэн жилийн хөдөлмөр талаар болно шүү дээ. Өнгөрсөн жил 10 гаруй хувиа малд идүүлсэн. Жил ирэх бүр л малын тоо толгой нэмэгдээд, талбайд мал орох нь ихсээд байх юм. Энэнд арга хэмжээ авч болдоггүй юм байх даа. Энэ жил яаж идүүлэхгүй байх вэ гэж бодохоор шөнө ч нойр хүрэхээ байлаа. Яана даа.


    2012 оны 6 сар

    Таримлын болон уриншийн хор цацах үе

    Ойрын өдрүүдэд салхи ихтэй, хэт халуун байгаа болохоор хор цацаж болдоггүй ээ. Уул нь цаг уурын мэдээгээр салхигүй л гэсэн юмсан. Манайхан ч уг нь онож бууддаг болчихсон юмсан. Заримдаа бороо шаагиад болохгүйн. 14 хоногт дуусгачихъя гэж бодож байсан ч сар гаруй болчихлоо. Хоол унд ч багасчихлаа. Энэ хэд маань ч зутарчихлаа шүү. Тэнгэр хангай минь биднийхээ хөдөлмөр зүтгэлийг ивээх болтугай.


    2012 оны 6- 7 сар

    Тариа соёлох үе

    7 сард гол хатгаж, сайхан түрүүлж байна. Одоо л нэг бороо орвол мөн ч хэрэгтэй байна даа.


    2012 оны 8- 9 сар

    Тариа боловсрох үе

    Тариа шаргалтаад жигд сайхан болжээ. Гэхдээ бүрэн хэмжээд ургацаа хураах эсэхийг тэнгэр л мэднэ дээ. Аашаа үзүүлвэл, ширүүн бороо, мөндөр, хүйтэн шамрага нэг дайрахад л гүйцээ шүү дээ. Зарим малчид нээрээ үнэхээр увайгүй юмаа. Тариан талбайгаас идүүлэх гэж албаар малаа хөөж оруулж ирж байх юм. Өөрсдийнх нь малыг нядлаад идчихвэл яаж уурлах болоо, гэтэл адилхан нэгнийхээ хөдөлмөрийг устгана гэдэг бол ялгаагүй л гэмт хэрэг шүү дээ. Зарим орнууд газар тариалангаа дэмжих зорилгоор уринш хийснээс хойш мал байтугай, шувуу ч оруулахгүй, талбайд орж ирсэн амтаныг буудах эрх бүхий хуультай байдаг гэсэн. Хуулиа эргэж харах хэрэгтэй байна. Малыг хашиж болно гэдэг. 3 хоног хашигдсан малыг хараад л өрөвдөөд л гаргахаас өөр аргагүй болдог.


    2012 оны 9- 10 сар

    Ургац хураалтын үе

    Тариа тарган шар шиг сайхан болцтой сайхан цутгалттай болжээ. Ид хураалтын цаг даа. Хэдэн комбаничид, жолооч нар нойр хоолгүй л явна даа, хөөрхий. Мөндөр шиг шаагисан тариа хураалаа даа. 45 хоногт багтаж хураахын тулд хоногийн 18 цагаар ажиллана. Анхны цаснаас амжиж хураахгүй бол 2 жилийн хөдөлмөр цасанд дарагдчихна шүү дээ. Сүрэл нь талбай дээрээ үлдээд хөрсөндөө бордоо болвол зүгээр байдаг. Гэтэл мал амьтан орж ирж идээд хөрс дагтаршуулчих юм даа. Тариаланч хүний зовлоон гэж, жилийн дөрвөн улиралд, 24 цагийн турш л үргэлжлэх юм даа.


    2012 оны 10, 11 сар

    Үтрэм дээр

    За одоо хураасан тариагаа муутгаж, малд идүүлчихгүй шиг хурдан тушааж мөнгөтэй золгохгүй бол банкныхан барьж идлээ. Сав суулга муутай болохоор үтрэм дээр л буулгая даа. Уг нь тариаланчиддаа нэгдэж нийлээд том агуулахтай болчихвол хүний царай харахгүй амар юм даа. Будаагаа 25-р нэг гүйлгэчихье дээ, тэгэхгүй бол гурилын үйлдвэрт гологдох байх. Тариалан Эрхлэгчдийг Дэмжих сангийн гадаа олон машинууд хонож байгаа харагдана лээ, зарим нь буцаж байна гэнэ.


    2012 оны 11 сар

    Борлуулалт: Гурилын үйлдвэр дээр

    За одоо ингээд жинхэнэ зовлон эхлэнэ дээ. Хаанаасаа хаалга ч хүртэл дарга болдог үе ирлээ. Биднийг энд үйлээ үзэж байхад будааны үнийг унагачихаж, одоо яана аа. Гурилын үйлдвэрийнхний хийж байгаа ажил байх даа. 24 сар зовж ургуулсан будаа маань савтай усны үнэ ч хүрэхгүй юм даа. Ашиг олох ч өнгөрлөө. Блансаа л бариулах арга чарга байна уу. Одоо хурдлахгүй бол урамшууллаа авч амжихгүй болох нь. За ямар ч байсан будаагаа ачаад Т.Э.Д сан, гурилын үйлдвэррүү гаргы даа. Дээж аваад тарианы хольц гээд хамаг будааны талыг нь хасчихлаа. Чийгтэй будааны хатаалгын хөлс гээл тонн тутамд 20000₮ нэхэж байна.

    Тээврийн хөлс гээд тонн тутамд 25000₮ авчихлаа. Үлдсэн будааг нь Т.Э.Д сан өрөндөө авчихлаа. Тушаагаад мөнгө авах нь уу гэтэл өрөндөө суутгаад дуусчихлаа. Ар гэр ажилчиддаа юугаа авч очно доо би.

    Будаагаа ургуулах гэж 1 тонн тутамд 300000 гаруй төгрөг зарцуулчихаад, буцаагаад зарсан чинь 200000 төгрөгөөр борлууллаа. Энэ ч мөн сайхан наймаа еэ. Улаанбуудайны үнийг тогтоохдоо тариаланч бидний саналыг аваад өртөгөөс нь үндэслэж тогтоож болдоггүй юм байх даа. Ер нь яахаараа, будааны стандартыг гурилын үйлдвэрийн лаборант тогтоодог юм бэ! Таваарын Будааны стандартыг тогтоохдоо гурилын үйлдвэр л тогтоодог гажиг тогтолцоог яана даа. Ядахдаа батлалцахад нь тариаланчид биднийг оролцуулмаар юм даа.

    Бидний худалдаж авдаг шатахуун тос масло, хор бордоо жил болгон л өсөөд байх юм. Гэтэл улаан буудайн үнийг улам л буулгах юм. Бид нар чинь шатахуун сэлбэг худалдаж авч, бүх юмаа зээлээр авна. Байдаг юмаа банкинд тавьна. Хаврын цочир хүйтрэл, хуурай халалт, 6 сарын бороогүй үе, 7 сарын хэт халалт, 8 сарын намрын бороо, мөндөр, 9 сарын мал, 10 сарын цас энэ их эрсдлийг даваад, жаахан будаандаа савлаад авсаны дараа,

    Хэн дуртай нь үнэ тогтоож наанадаж бидний амьдралаар тоглож, цаашлаад газар тариалангийн салбар, улс эх орны хүнсний хангамжтай холбоотой асуудал үүсгэчихээд хэнэггүй явж байх юм даа.

    Бидний будааны үнэ тодорхойгүй, төлөвлөгөө байхгүй. Бүтэн 2 жил шар махтайгаа хатаж хөдөлмөрлөөд ямар ч орлого олдоггүй. Гурилын үйлдвэрийн тээрмээр нь ороод л мөнгө, дээр нь ашгаа нэмээд, гурилны үнэ нь тогтвортой, төлөвлөгөөтэй, улсаас мөнгөн дэмжлэгтэй. Бидний дэргэд ч дээ, дэндүү жаргалтай юмаа.

    Арай ингэж сууж болохгүй ээ.

    Нэгдэж нийлэх цаг иржээ, асуудлыг хамтраад шийдэцгээе!

    Монголын үр тариа эрхлэгчдийн ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБООны захиалгаар бүтээв.
    Зохиолыг бичсэн Ж.Лувсандорж 
    Найруулагч Очбаяр

    http://urtaria.mn

  • ЦАХИМ ЗААГ / Digital Divide

    1. ИНТЕРНЭТ

    Хүн төрөлхтний гайхамшигт ололт болох интернэт нь хүний амьдралын чанарыг дээшлүүлж, гайхалтай үр дүнгээ өгсөөр байна. Дэлхийн хөгжлийг интернэт үүсэхээс өмнө болон дараах үе гэж ангилж ч болхоор тийм чухал хүчин зүйл боллоо.Мэдээлэл, мэдлэгт суурилан баялаг бүтээж буй энэ эрин үед интернэт нь баялагийн нэгэн эх сурвалж болсон төдийгүй хүний амьдралын үндсэн хэрэгцээ болох мэдээллийг хүртэх, түгээх хамгийн энгийн хэрэгсэл болж хөгжив. Шинэ зууны амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх болж хүмүүс интернэт ашиглан хэрэгтэй мэдээллээ олж авах (google, yahoo, msn), хоорондоо холбогдох (Viber, Skype, g-mail), үзэл бодлоо илэрхийлэх (twitter, facebook, blogs), худалдаа, төлбөр тооцоо хийх (e-bay, PayPal), сурч боловсрох (e-learning, e-education), мэдээлэл хадгалах (Dropbox, Rapid Share), байршил тодорхойлох (GPS), интернэтээр ажил хийх, хамтран ажиллах бүх хэлбэрээр ашиглаж байна.

    Интернэт ашиглаж чаддаггүй бол бичиг үсэггүй хүнтэй адилд тооцогдох хэмжээнд хүрлээ. Интернэт ашиглаж, мэдээлэлтэй байгаагынх нь амьдрал хөгжиж дэвжиж, амьдралын чанар нь сайжирж, харин интернэтгүй нь боломжийг ашиглаж чадахгүй байна. Интернэт нь хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, нийгмийн харилцааг цоо шинэ хэлбэрт шилжүүлж хувьсган өөрчиллөө.

    Интернэтгүй байх нь нэг асуудал боловч интернэтгүйг дагаж үүсэх олон асуудлыг анзааралгүй өнгөрч болохгүй юм. Интернэтгүйгээс үүдэж боловсрол, нийгмийн харилцаа, өөрийгөө илэрхийлэх, ажлын байр олох зэрэг үндсэн хэрэгцээнүүд хязгаарлагдмал хүрээнд орж, цахим үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээс үүдэж нийгмийн түгжрэл бухимдал, зардал чирэгдлийг илүү нэмэгдүүлж байна. Ийнхүү интернэт нь бүх асуудалд нөлөөлж байгааг тул улс орнууд интернэтжүүлэх асуудалд анхаарал хандуулсаар байна.

    Харин Монгол улсын хувьд 2.8 сая хүнээс 2.4 сая хүн нь no connectionбайгаа бөгөөд мэдээллийн хүртээмжийн хомсдол их байна. Интернэтгүйн гол хохирогч нь орлого багатай хотын захын гэр хороолол, алслагдсан дүүрэг, аймаг сум, орон нутгийн иргэд болоод байна. Мэдээллийн тэгш бус хүрэлцээ нь нийгэмд харилцан адилгүй давхрагуудыг бий болгож заагалдаг бөгөөд үүнийг олон улсад “Digital divide” буюу “Цахим зааг” гэж нэрлэдэг.


    1. ЦАХИМ ЗААГ

    Улс орны хөгжлийн нэг хүчин зүйл нь иргэдийн мэдээллийн тэгш хүртээмж, тэгш оролцоо юм. Ардчилсан нийгэмд хүн мэдээлэлд үндэслээд сонголт хийдэг. Тиймээс мэдээллийн сувгийн тэгш хүртээмжийг бий болгох хэрэгтэй. No connection байгаа иргэд хөгжлөөс улам бүр хоцорч амьдралын чанар улам бүр муудаж байна. Гэр хороололы иргэд орлого багатай, дэд бүтэцгүй, ус дулаан байхгүй, харилцаа холбоо байхгүй. Технологитой учир тусам илүү өндөр зардалтай амьдарч байна.

    Мэдээлэлгүй хүн боломжуудаа алддаг. Интернэт, ядуурал хоёр шууд хамааралтай. Интернет хэрэглэж чаддаг ба чаддаггүй 2 оюутан Их сургуулиа яг адилхан А үнэлгээтэй төгсөхөд, интернэт хэрэглэж чаддаг нь ажилд ороод амьдрал баталгаажаад явчихна. Хэрэглэж чаддаггүй нь ажилд орж чадахгүйгээсээ ажилгүй, орлогогүй хэвээрээ үлдэнэ. Энэ оюутны хувьд хэрэглэж чаддагүйдээ буруу биш, хэрэглье гэсэн ч байхгүйдээ л буруу нь байгаа юм.Интернэтээр авч болох наад захын үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээсээ болж банк, үүрэн телефон, лавлагааны очер, замын түгжрэлд өдөрт 4- 5 цагийг зарцуулж нийгмийн бухимдалыг улам бүр нэмэгдүүлдэг.

    Цахим заагт хамгийн их өртдөг хэсэг бол хүүхдүүд, залуу үеийнхэн юм. Интернэт ашиглаж интертаймент болоод хичээл номоо давтаад, найзалж нөхөрлөөд, хөгжөөд явж байх ёстой атал үзэх юмгүй, ярих утасгүй, интернэтгүйн улмаас цагаа үр дүнгүй өнгөрөөж, сахилгагүйтэж гадуур тэнэж эхлэнэ. Хийх юмгүй уйдсан хүүхдүүд энд тэнд бүлгээрээ цуглаж ПиСи тоглоом тоглоно. Гэрээсээ хол, хараа хяналтгүй учир хонон өнжин тоглож, тамхи татаж, архи дарс ууна, зүй зохисгүй хүмүүст уруу татагдана.

    Хүүхдийн гэмт хэргийн тоо жил ирэх бүр нэмэгдэж 2013 оны 3 сарын байдлаар 2012 оны мөн үеийнхээс даруй 290- ээр илүү байна. Хэрвээ Гэртээ connection-той бол гэрээсээ найз нөхөдтэйгээ холбогдож даалгавараа хийнэ, боловсорч хөгжинө. Гэхдээ тэдэнд энэ боломж нь байхгүйн улмаас цахим заагын золиос болсоор л.

    Интернэтгүй иргэд нийгмийн харилцаанд оролцож чадахгүйн улмаас өөрийг нь төрд хэн төлөөлж, өөрийнх нь амьдралд хэрэгтэй ямар тушаал шийдвэр гарч байгааг ч мэдэж чадахгүй. Уламжлалт хэвлэл мэдээллээс мэдээ төдий сонсох боловч зөвхөн сонсогч л байж, дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо хэлэх боломж нь хязгаарлагдана. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрийнх нь өмнөөс ямар шийдвэрүүд гаргаж байгааг нь мэдэж чадахгүйн улмаас хөгжлийн гол түлхүүр болсон иргэдийн оролцоо улам бүр буурна. Бодит мэдээлэлгүй, цөөн эх сурвалжтай болсон хүн хардаж сэрдэх ихсэнэ, цуурхалд итгэнэ, пропагандад автана. Мэдээлэлгүй байх нь ардчилалын хамгийн том заналхийлэл болдог.

    Энэ бол бидний нүдэн дээр байгаа маш том зааг!!! Гуравхан км-ийн наана, цаана цахим зааг ийм өндөр байна. Гэр хороололд амьдардаг гээд интернэтгүй, ажилд орж чадахгүй ядуу хэвээрээ үлдэх үү?! Технологийн эрин зуунд хамгийн наад захын мэдээллийн хэрэгцээгээ хангаж чадахгүй байсаар байх уу?! Эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй 21-р зууны Монгол улс эсгий гэртээ, дэлхий даяны мэдээллийн технологигүй ингээд суусаар байх уу?! Эсвэл мэдээллийн тэгш эрхийг бий болгох арга замыг хамтдаа эрэлхийлэх үү???


    1. БЭРХШЭЭЛ

    2.4 сая хүн одоог хүртэл яагаад интернэтгүй байна вэ? Монголд интернетийн үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани байгаагаас 90 хувь нь орон сууцны айлуудыг интернэтээр хангах чиглэлд ажиллаж байна. 10 хувь нь гэр хороололрүү чиглэж ажиллахыг зорьдог боловч гэр хорооллын онцлогоос шалтгаалж хангалттай үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Гэр хороололруу дэд бүтэц хөгжөөгүй,  иргэд нь орлого багатай. Айл бүхэн рүү кабель татах бараг боломжгүй, татлаа гэхэд компаниудад ашиггүй учир хийдэггүй.

    3G, утасгүй интернет зэрэг connection алдаг оног байдаг ч өндөр үнэтэй чанаргүйн дээр бүрэн хамарч чаддаггүй. Гуравласан үйлчилгээ, IPTV, HD зэрэг үйлчилгээг хүсээд ч авч чадахгүй бөгөөд, ядаж суурин утас ч байхгүй байна. Энэхүү өндөр өртөгтэй шийдлүүд нь гэр хорооллын иргэдийн хувьд шилний цаанаас мөсөн чихэр долоолгохтой л адил байсан юм. Тиймээс бид өөр шийдлийн эрэлд гарцгаав.


    1. ШИЙДЭЛ

    Ямар шийдэл байж болох вэ гэдгийг эрж хайж, судалсны эцэст хамгийн тохиромжтой шийдэл нь WiFi байв. Учир нь WiFi нь компьютер, лабтоп, таблет, iPad, ноте, смарт утас гэх мэт бүх төрлийн төхөөрөмжүүдэд холбогдож чаддагаараа давуу байсан юм. WiFi татах зорилгоор нийслэлээс газар хүссэн боловч дэмжих хүн байсангүй. Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээнд хандаж гэрлийн шонгуудаар шилэн кабель татуулах юм уу эсвэл шинээр шон босгуулах гэсэн боловч бас л дэмжигдсэнгүй. Гэсэн ч шантралгүйгээр олон талын гарц хайсны эцэст бага зардлаар иргэдийг интернэттэй болгохын тулд иргэдийн оролцоонд тулгуурлан хийх мэргэн санаа олов. Энэ санаагаа NOMAD WiFi гэж нэрлэв.

    Ингээд иргэдтэй уулзаж хэлцэл хийж эхэллээ.

    “Таны хашаанд бид 1 шон босгоод, WiFi антенаа суурилуулна. Цахилгаанаа танайхаас татах бөгөөд 2 гар утас цэнэглэх хэмжээний цахилгаан зарцуулна. Та антен босгуулж, цахилгаанаар хангаж, антенаа харж хандсаныхаа үр дүнд насан туршдаа үнэ төлбөргүй интернэт ашигла. Харин босгосон антенаас таны хөрш 240 гаруй айл интернэттэй болох юм” гэсэн саналыг тавьсан. Хамгийн гайхалтай иргэд ус агаартай болж байгаа юм шиг л дэмжиж хүлээн авсан бөгөөд иргэдтэй хамтарч хийснээр интернэт нь хямд, чанартай, оршин тогтнох чадвартай болсон.

    WiFi- тай антенууд гэрийн хажууд ирснээр өндөр хурд, хамрах хүрээг тэлж чадав. Нэг антен нь 150м-ийн радиуст интернэт цацах чадалтай учир 150м-ийн радиуст байрлах бүх айлууд интернэттэй болов. Дараагийн антеныг 150м-ийн зайтай босгох замаар 1000 антен босгож Улаанбаатар хотыг бүрэн connection-той болгох нь бидний зорилт байв. Энэ байдлаараа бид 2012 оны 5 сар гэхэд 260 антеныг Баян хошуу, Нисэх, Яармаг, Шархад, Дарь- Эх орчимд босгож 250,000 орчим хүн буюу 62,500 өрхийг WiFi тай болгож чадсан. Одоогоор Чингэлтэй, Дэнжийн мянга, Хайлааст орчимд 200 шонг босгож антен суурилуулахад бэлэн болгоод байна. 2013 оны 3 сарын байдлаар бид нийт 460 антен суурилуулж, зорилтоо 50 хувь биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Одоо босгосон шонгууддаа антенаа суурилуулчихвал Улаанбаатар хотын гэр хорооллын 50 хувийг интернэттэй болгож чадна. Цаашилвал Улаанбаатар хотыг 100 хувь интернэттэй болгох боломж ч ойрхон байна.


    1. ҮР ДҮН

    Интернэттэй болсноор хүүхэд залуус чөлөөт цагаа үр бүтээмжтэй өнгөрүүлдэг болж өөрийгөө хөгжүүлэх боломж нь нэмэгдэж байна. Очер, түгжрэлд үрэгддэг байсан цаг хэмнэгдэж иргэдийн бүтээмж нэмэгдэж, амьдралын чанар сайжирлаа. Иргэдийн оролцоо, сэтгэл ханамж нь нэмэгдэж байна. Хөгжлийн үндэс болох мэдээллийн тэгш хүртээмж бий болж байна.

    NOMAD WiFi хэрэглэгчдийн сэтгэгдэл:

    Иргэн 1 (50 орчим насны эмэгтэй): Манайх гэртээ интернэттэй болсноор хүүхдүүд маань дэмий тэнэхээ больж, оюутан охин маань хичээлдээ эрс сайжирсан.

    Иргэн 2 (16 настай хүү): Facebookээр олон гоё найзтай болж, өөрийнхөө мөрөөдөж байсан дугуйланг олж одоо хичээллэж байгаа. Дэлхийн олон гоё вэбүүдээр орж байнга мэдээлэл авдаг болсон. ПиСи тоглохоо ч больсон.

    Иргэн 3 (30 гаруй насны залуу): Өмнө нь Солонгосд байгаа ахтайгаа холбогдох гэж интернэт хайгаад л хотын төврүү явдаг байсан бол одоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хүртэл гэрээсээ л харилцдаг болсон шүү дээ.


    Одоогоор NOMAD WiFi санаачлага нь ТED арга хэмжээ болон Дэлхийн Эдийн Засгийн Чуулган зэрэг олон улсын байгууллагуудын талархалыг хүлээгээд байна.


    1. ХАМТЫН ШИЙДЭЛ

    Цахим заагийн асуудал бол том асуудал. Гэхдээ иргэдийн оролцоо, төрийн дэмжлэг, нийгмийн хариуцлагтай үндэсний хөрөнгө оруулагч компани тэдгээрийн зөв хамтын ажиллагаагаар цахим заагийг шийдээд зогсохгүй улс, нийгмийн хөгжилд бодитой түлхэц болох боломжтой. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгож, хувийн хэвшлийнхний хийж бүтээж байгааг дэмжиснээр Засгийн газрын зардлыг эрс хэмнэж NOMAD WiFi дэд бүтэц дээр үндэслэн цахим засаглалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Нийслэлийн иргэдийн амьдралын чанар нь хатуу дэд бүтцээс гадна мэдээлэл, холбоо харилцааны дэд бүтцээс ихээхэн хамаардаг. Тиймээс хотын үйлчилгээний бүх мэдээллийг цахим болгож Smart city-г бүтээснээр иргэд холбоо харилцааны бүх хэрэгслээр (гар утас, компьютер) ихэнх үйлчилгээг авч, төлбөр тооцоогоо хийж чаддаг болох юм.


    1. ХАМТЫН ҮР ДҮН

    Бид хамтдаа интернэт бүтээн байгуулалтыг хийж чадсанаар дэлхийн анхны WiFi НИЙСЛЭЛ болж дэлхий нийтэд шинэ туршлага болох юм. Бидний туршлагаас бусад ижил төстэй орнууд суралцан хэрэгжүүлэх боломжтой. Үүнд Пакистан, Энэтхэг гэх мэт алслагдмал сууршилтай орнууд орно.

    Бид хамтдаа зөвхөн цахим заагийг шийдээд зогсохгүй интернэт нь улс орны эдийн засгийн өсөлтийг хангагч, нийгмийн хөгжлийг хурдасгагч хүчин зүйл болж байгаа энэ үед цахим засаглалыг эрчимжүүлж төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй, ил тод, нээлттэй болгож аливаа асуудлыг хурдан шуурхай олж илрүүлж, шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үнэн бодит мэдээллийг хүнд сурталгүй түргэн шуурхай хүргэх замаар нийгэмд бий болсон авилга, хээл хахуулийн талаарх буруу төлөвшлийг арилгах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэн иргэдийн оролцоотой нэр мэдлэгт суурилсан засаглалыг хөгжүүлэх суурь дэд бүтцийг тавьж чадах юм. Улмаар E- gov, E- edu, E- police, E- hospital зэрэгт нэвтрүүлж, цаашлаад 3 хот, 21 аймаг, 334 суманд нэвтрүүлэх боломжтой.

    2,7 сая хүн хоорондоо холбогдож чадсанаар бие биенээ сонсож, нэг нэгнийхээ нүүрийг хараад ярьж байгаагаас ялгаагүй болно. Тун удахгүй бид малчны хотоос гар утсаараа дамжуулан өндөр хурдаар интернэтэд холбогдож Монгол улсын үсрэнгүй хөгжил өөд хамтдаа тэмүүлэх болно.

     

    Ж.Лувсандорж
    CEO, Нью Медиа Маркетинг ХХК 

  • Жудаг төгөлдөр сайхан эр хүн

    Жудаг төгөлдөр сайхан эр хүн нь зүс царай өнгөлөг, бие бялдар сайхан, ухаалаг эрдэмтэй, билиг авъяастай, төлөв даруу, дээдэст бялдуучилдаггүй, доодост дээрэлхдэггүй, бусдад тусархуу байдаг. “Жудаг” гэсэн таван үсэгтэй энэ үг хүний ноён нуруу, мөс чанар, зан төлөвшил, цэвэр ариун ёс суртахуун зэрэг эр хүнд байвал зохих чанарыг багтаасан ойлголт юм. “тэдний хүү жудагтай шүү” гэх зэргээр ярьдаг.

    Ард түмэн жудаг төгөлдөр сайхан эр хүнийг үлгэр, домог, дуу шүлэг, туульс, аман болон уран зохиолд магтан дүрсэлсэн нь элбэг билээ.

    Жудаг төгөлдөр сайхан эр хүн нь:

    –          Хорхой шавьжнаас эхлээд аливаа амьтны амь хөнөөхийг хатуу цээрлэн, авран өршөөх арга замыг барин дагадаг.

    –          Юм өгөөгүй харамласан хүнд гомддоггүй, харин өөрөө өгч авахыг боддоггүй байдаг.

    –          Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэдэг

    –          Хов жив зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван амирлангуйг эрхэмлэдэг

    –          Худлаа хэлдэггүй, болсон явдлыг үнэн шударгаар өгүүлдэг

    –          Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэн нийлэмжтэй зөөлнөөр харьцдаг.

    –          Ашиг хонжоо, хичээсэн далд залхай үг, бусадтай арцалдах элдэв хорт сэтгэл агуулахыг тэвчиж, чин сэтгэлийн үгийг ил тод хэлдэг.

    –          Хомхой, шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг баримталдаг

    –          Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд эвсэг зөөлөн хүнлэг сэтгэлийг баримталдаг.

    Монгол эр хүний эрхэм дээдийн шижээ болсон эрчүүд нь гэр орон, үр хүүхдээ авч яваа цаашилбал улс орноо төвхнүүлж яваа олон эрчүүдээс төгс төгөлдөр, шилдгийг шилдэг үлгэр дууриал, бахархал бологч сорууд, манлай нь жудаг төгөлдөр сайхан эр хүмүүс билээ.

    Эр хүний гүндүүгүй сайхан чанарыг шингээсэн бидний өвөг дээдсүүд, ухаант хүмүүсээсээ үлгэр дууриал авч тэрхүү эр хүнд байх ёстой эрхэм нандин шинжүүдийг одоогийн Монгол залуус маань өвлөн шингээвэл юуны буруу байх вэ дээ.

    Доктор, проффессор Т.Намжил

                                                                                                                                                                                                   2011 он

  • Хуурын эгшиг

    Үе дамжсан морин хуур урлаач Өвөрхангай аймгийн Хужирт сумын  иргэн Э.Дагвасүрэнтэй ярилцлаа. Тэрээр сүүлийн 20 гаруй жил морин хуур урлаж буй ажээ.

    Юуны өмнө танай сайтаар дамжуулан иргэдтэйгээ уулзаж байгаадаа маш баяртай байна.   Монгол улсын иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Сайн үйлсийг үнэ төлбөргүйгээр сурталчилж буй та бүхэн зорисон зорилгодоо хүрэх болтугай хэмээн тэрээр биднийг  угтсан юм.

    Таны үйлс бүтэмжтэй  байна уу? Морин хуурын эрэлт хэрэгцээ хэр байна вэ?

    Бүтэмжтэй байгаа, Эхний үед гүйлгээ муу  байсан ч сүүлийн жилүүдэд сайжирсан. 2010 онд билүү дээ Ерөнхийлөгчийн зарлиг гарсанаас хойш Монголчууд илүү их морин хуураа дээдэлж, үнэ цэнийг нь мэддэг  болсон санагддаг.  Тэр дундаа гадаадын жуулчид илүү их авч байна. Хийж гүйцэхгүй байгаа, дэлгүүрүүдэд аваачаад өгөөд дороо дуусчихдаг.

    Таны хувьд морин хуур урлахад хэцүү зүйл тулгардаг  уу?

    Гайгүй шүү, гэхдээ сайн чанарын мод ховордож байна. Монголдоо байгаа модоор голдуу хийдэг. Зандан мод олдохгүй байгаа.

    Таны аав морин хуур урлаач байсан гэсэн.  Танд юуг их захидаг байв?

    Манай аав их уран хүн байсан. Аав маань аливаа зөв үйлс бүр өгөөжөө өгдөг. Ямар ч зүйлийг зөв гэж бодвол бүү орхи гэж захидаг байлаа. Тиймээс ч би аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваадаа баяртай байдаг. 4 эрэгтэй дүү нар маань ч бүгдээрээ морин хуур хийдэг.  Хөдөө 2 нь байгаа.

    Морин хуур хэдэн төрөл байдаг вэ?  

    Жижиг, дунд, том, мастер, тоглолтын, сургалтын, сувинер гээд төрлүүд байгаа.

    Алийг нь хийхэд хэцүү байдаг вэ? Ер нь морин хуур урлаачид холбоотой байдаг уу?

    Мастер морин хуур хийхэд хэцүү байдаг болохоор хийдэг хүн ч цөөн байдаг. Архангайд Дэмчигжав гэж хүн дуулддаг. Морин хуур хийдэг хүмүүстэйгээ холбоотой байдаг.  Байгальжав, Уламбаяр, Баяраа гээд танина.  4 жилд нэг удаа хуурын тэмцээн болдог. Тэмцээнд аймаг бүрээс урлаачид ирж уулздаг шүү.  

    Морин хуур хийцээрээ  танигддаг гэж сонссон юм байна.  

    Тийм ээ, илт ялгардаг. Түүний хийсэн хуур байна гээд л таниулаад л өгнө шүү дээ.

    Хүмүүсийн хүссэнээр, захиалснаар л морин хуураа хийдэг гэж байсан. Элдэв чимэг, нэмэлт зүйлүүд их хийлгэж байх шиг ажиглагддаг.  

    Сүүлийн үед хүмүүс хуурны дөрвөн талд нь 4 хүчтэнг суулгахыг захиалдаг болсон. Энэ загвар их цэвэрхэн аятайхан болдог. Зарим хүмүүс морины толгойны оронд арслангийн толгой, лууны толгой хүртэл хийлгэхийг хүсдэг.

    Морин хуур гэдэг утга нь алдагдахгүй юу? Та хийж өгч байсан уу?

    Өгч байсан. Гэхдээ ер нь бол морин хуур, үндэсний өв соёлыг илтгэх байдал нь алдагдаж буй байдал юм. Тиймээс ч миний хувьд дэмждэггүй, дургүй байдаг.  Рок попынхон голдуу захиалдаг юм байна лээ.

    Ямар хэлбэрээр хийвэл сайхан санагддаг вэ?

    Сүүлийн үед хятадаас орж ирж байгаа морин хууруудыг харахад цутгамал 8 шарга ч юм уу, морь нүүрээр нь наачихдаг. Илүү дутуу зүйл хийх хэрэггүй санагддаг. Цулгайгаар нь хөглөөд хийж болно. Мөн уламжлалаа дагаж хийвэл ширэн цартай хийвэл зүгээр.

    Хүү, охин нь хаана сурдаг вэ? Гэр бүлийнхэн нь таны үйлсийг хэр их дэмждэг вэ?

    Манай гурав чинь хамгийн их дэмжинэ. Эд нарынхаа дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байгаа. Үндэсний өв соёлоо таниулж, сурталчилна гэдэг амаргүй, их нарийн ажил л даа. Эхнэр бол зүлгүүрдэх гэсэн том ажлыг нугалж өгдөг. Хүү охин хоёр хичээл номынхоо завсраар тусалдаг. Охин анагаах, хүү Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2-р курсд суралцаж байгаа.

    Залуучууд морин хуурыг хэр их сонирхдог вэ? Хийж суръя гээд ирдэг үү?

    Залуучууд хааяа ирдэг. Гэхдээ сар ч болоогүй яваад л өгчихдөг.   

    Яагаад?

    Мэдэхгүй, зарим нь жоохон дөртэй болоод л явчихдаг. Гүйцэд сурлаа гэж боддог юм болов уу? яваад л өгдөг.

    Хэдий хугацаанд сурах боломжтой вэ?

    Үнэхээр сонирхсон, шамдсан хүн дор хаяж 2 сар сурна.

    Та одоо дахин заах уу?

    Зааж болно, гэхдээ олон шавьтай болж чадахгүй, цөөхөн хүмүүсд эхний ээлжинд заана. Цаашлаад хамтран ажиллах багтай болмоор байна.

    Танд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ямар санал, санаачлага байна вэ?

    Нэгд гадаадад борлуулмаар байна.  Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаад руу гаргаж борлуулахыг хүсдэг.  Хоёрт Кридет Монгол банк бус санхүүгийн байгууллагаас 3.6 хувьтай 2 жилийн хугацаатай 3 жилийн зээл авсан байгаа. Энэ намар төлж дуусаад дахиад зээл хөөцөлдөнө дөө. Гэхдээ хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах гэтэл барьцаа хөрөнгө шаардсан. Барьцаа хөрөнгө байхгүй.  Газраар барьцаалж зээлдэггүй юм байна. Тэгэхээр хугацаа урт, бага хүүтэй зээл олдвол өөрсдийгөө болгоод эргээд төлчихөж болно л доо.

    За баярлалаа.  Таны ажилд тань амжилт, гэр бүлд тань амар амгаланг нийт уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.  

     

     

     

  • Хоол зүйч, зохимжит хооллолтын зөвлөх Б.Гэрэлмаа: Зөвхөн өөртөө тохирсон хоолны цэстэй болох тухай

    Жилээс жилд цахим орчины хэрэглээ өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед  хүн бүр цахим орчинтой илүү нягт холбоотой болж байна. Үзэл бодол, саналаа хэнд ч хэлж болно, Танилын хүрээгээ тэлнэ, Ажил үйлсээ олонд таниулна, Үнэлгээ /like/ авна, зар сурталчилгаа хийж болно гээд цахим орчиныг зөв ашиглаж чадваас давуу тал ч их. Гэвч нөгөө талаас  өөрийн мэдээллээ сайтар хамгаалж нууцлалтай болохгүй бол мөн л осолтой. Энэ мэтчилэн цахим орчинд мэдэх, анхаарах ёстой олон зүйл бий. Иймээс ч цахим орчин дах залуус зөвхөн дэлгэцийн араас  бичээд л суулгүй авсан мэдлэгээ бусдадаа хуваалцдаг, хоорондоо танилцаж хамтран ажилладаг болжээ. Цахим орчин дах залуусын уулзалтыг анх “New media marketing” компаний хамт олон санаачлан 2010 оноос зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2013 оны 3 сараас эхлэн “Яруу сэтгэлгээний эрин” байгууллагын хамт олон зохион байгуулж байна. 5 сарын уулзалтанд оролцогч залуус  Зөвхөн өөртөө тохирсон хоолны цэстэй болох талаар мэдлэгтэй болсон юм. Түүнчлэн хүнсний талаар анхаарууштай мэдүүштэй хичнээн олон зүйл байдаг юм бэ? дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байлаа. Түүнчлэн “Соёолж” зохимжит хоолыг санаачлагч, хоолзүйч Гэрэлмаа багш  бидний бие нь машин, энэ машинаа сэтгэлээрээ аятайхан авч явах хэрэгтэй. Цэмцийсэн машин, эвдэрч элэгдсэн машины  ялгааг эртнээс мэдэж биеэ тордох хэрэгтэй хэмээсэн нь оролцогчдын сэтгэлд хүрч чадсан юм. Гялалцсан машинтай байхыг бүгд хүсдэг ч харин хэн сэтгэлээ захирч чана тэр хүн сая цэмцийсэн машиндаа суун давхих ажээ. Одооноос л хичээж машинаа бага, багаар тордож эхлэе…