Category: human-development

  • Амжилтанд хүрэхээс айдаг 4 шалтгаан

    Та амжилтанд хүрэхээс айдаг уу?

    Хэрвээ энэ асуултыг хэн нэгнээс асуувал  “үгүй” гэж хариулах байх. Магадгүй “Амжилтаас айдаг хүн байдаг юм уу?” гэж  гайхаж ч мэднэ.

    Гэвч харамсалтай нь их олон хүн амжилтанд хүрэхээс айдаг.

    Яагаад гэвэл амжилтанд хүрэхээс айдаг 4 шалтгаан бий.

    1. Амжилтанд хүрснээр үүрэг хариуцлага их хэмжээгээр нэмэгдвэл яана аа? -гэдэг айдас. Тодруулбал: Одоо ийм их ажил төрөлтэй байгаа юм чинь амжилтанд хүрчихвэл бүүр их ажилтай болж, үүрэг хариуцлага нэмэгдэнэ гэж боддог.

    Мэдээж амжилтанд хүрэхэд үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Тиймээс амжилтанд хүрснээр нэмэгдэх үүрэг хариуцлагуудыг тодорхой жагсааж бич. Хэрэв бичих зүйл огт олдохгүй байвал та дэмий хоосон зүйлд санаагаа зовоож байна гэсэн үг. Энэ бодлоо орхи. Харин хариуцлагууд ар араасаа бичигдэж байвал танд юу гэж хэлмээр байна вэ гэвэл: Aмжилтанд хүрч, үүрэг хариуцлагууд нэмэгдэх үед та аль хэдийн тэр хэмжээгээрээ өсөж, хөгжсөн байх учраас ирэх үүрэг хариуцлагууд одоо айж байгаатай адил хэмжээнд байхгүй байх болно. Та өдрөөс өдөрт өсөн хөгжиж, сайжирч байгаа. Тийм ч учраас амжилтанд хүрч байгаа билээ.

    Тиймээс амжилтанд хүрснээр гарах эерэг өөрчлөлтүүд дээр анхаарлааа төвлөрүүлэх нь зүйтэй.

    2. Амжилтанд хүрснээр бусад хүний хандлага өөрчлөгдвөл яана аа? Найз нөхөд, дотны хүмүүс холдчихвол яана аа? -гэдэг айдас.

    Хэрвээ та үргэлж өөрөөрөө байж, өнгө, дүрсээ өөрчлөөгүй тохиолдолд ийм байдалд орохгүй гэж бодож байна. Найзуудтайгаа сард 2 удаа уулздаг байсан бол уулздагаараа л уулз. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хагас сайн болгонд хамтдаа кино үздэг байсан бол үздэгээрээ үз. Бусдад тусалдаг байсан бол тусалдгаараа тусал.  Ингэж чадвал энэ айдастай нүүр учрахгүй болов уу гэж бодож байна.

    3. Амжилт хүнийг эвддэг –гэдэг айдас.

    Амжилтанд хүрсэн хүний ааш зан нь эвдэрдэг, их зантай, сэхүүн, дээрэлхүү, харамч, амиа хичээсэн зантай болохоос гадна гэр бүл, хайртай хүмүүстээ тавих анхаарал нь багасдаг гэж боддог.

    Их олон хүмүүс амжилтыг шууд мөнгөтэй холбож боддог. Амжилтруу тэмүүлж байгаа хүнийг мөнгөний араас явж байгаа хүн гэдэг нүдээр ч бас харах нь их. Өөрөөр хэлбэл амжилтын тухай дутуу ойлголттой байдаг.

    Амжилт гэдэг нь зөвхөн баяжих гэсэн үг биш. Тэгэхээр өнөөдөр цаг гаргаж байгаад “таны хувьд амжилт гэж яг юуг хэлээд байна вэ?” гэдгийг өөрийнхөөрөө гаргаад үзээрэй.

    Амжилт гэдэг нь миний хувьд амьдралынхаа бүх л талбарыг сайжруулж хөгжүүлэхийг хэлдэг. Хэрвээ ааш занд нөлөөлдөг, ааш занг  эвддэг гэдэг бодолтой байгаа бол санхүүгийн зорилго гаргахын хажуугаар сэтгэлийн боловсролоо дээшлүүлэх зорилго гаргах хэрэгтэй. Хэрвээ гэр бүл хайртай хүмүүсээсээ хөндийрөх вий гэж айж байгаа бол хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгээ өнгөрөөх цагаа хэрхэн яаж хуваарилах тал дээр бас давхар төлөвлөгөө гаргаж түүн дээрээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ харамч бас өгөөмөр биш болчихвол гэж айж байгаа бол бусдад яаж туслах тухай зорилго тавьж болно шүү дээ.

    4. Амжилтанд хүрсний дараа хүмүүс наймайг тийм гоц авьястай биш, тийм мундаг ухаантай биш,  амжилтанд хүрэх хэмжээний хүн биш  гэвэл яана аа? гэж айж байгаа бол -энэ бол зөвхөн таны  бодол, таны өөртөө хэлдэг үгс. Хэрвээ та иймэрхүү үгийг өөртөө хэлж, түүнийгээ сонсоод, дагаад байх юм бол амжилтанд хүрч чадахгүй.

    Амжилтын тухай сөрөг бодлууд амжилтанд хүрэхэд хамгийн том хаалт болдог.

    Дахин сануулж хэлэхэд бидний бодол бодит амьдралыг маань бүтээдэг. Тиймээс энэ сөрөг бодлоо өөрчлөх хэрэгтэй.

     

     

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Би амжилттай учраас араасаа амжилтыг дагуулж байна!

    Би өдрөөс өдөрт __________илүү их амжилт гаргаж байна!

    (ажил, сургууль, бизнес юунд амжилт гаргаж байна түүнийгээ хэл)

    Би амжилттай учраас амжилттай яваа хүмүүсээр хүрээлүүлж байна!

     

    Танаас асуух миний асуулт:

    Танд өнөөдөр амжилтын тухай ямар сөрөг бодлууд байна вэ? Хэрвээ та амжилтын тухай сөрөг бодлоо устгаж чадсан бол “Яаж устгасан бэ?” тухайгаа надтай доор хуваалцана уу.

     

    ХҮС.  ХИЙ.  ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука төмөр

  • Яагаад аз жаргалтай, амжилттай хүмүүс аз жаргалтай, амжилттай байна вэ?

    Яагаад аз жаргалтай амжилттай хүмүүс аз жаргалтай амжилттай байна вэ?  Яагаад гэвэл тэд дуртай юмаа хийж чадаж байгаа учраас аз жаргалтай, амжилттай байдаг билээ.

    Сэтгэлээ сонсож, хүсэл сонирхлоо дагасан хүн цөм баяр хөөрөөр дүүрэн байж, явж, ярьж, хийж байгаа үйл бүхэн нь өөдрөг, хийморилог, өөртөө итгэлтэй, галт цогтой байдаг бөгөөд ийм хүний дэргэд очиход л өөрийн эрхгүй сэргэмээр эрч хүчтэй эерэг энергитэй болдог.  Харин дуртай юмаа хийж чадахгүй байгаа хүмүүс цаанаа л гунигтай байдаг.

    Амжилтанд хүрэхийн тулд  аж амьдралаа 100 хувь хариуцаж, гартаа бүрэн авахаар зориглон шийдэж, өөрийгөө танин мэдэж, хүссэн дурласан юмаа олж авах маш чухал бөгөөд нэгэнт олоод авчихсан тохиолдолд цаг алдалгүй ямар нэгэн аргаар шууд хэрэгжүүлж эхлэх  бүр ч чухал юм. Юунд дуртайгаа мэдэж байгаа бол яг одооноос цаг заваа зориулж хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.

    Дуртай юмаа хийж байгаа тохиолдолд ядарч туйлдахыг ч, гутарч гуниглахыг ч хүртэл анзаарахгүй.

    Дуртай ажлаа хийж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?

    1. Хэрвээ бүтэн сайн өдрийн орой танд 5 дахь өдрийн орой шиг ижил мэдрэмж төрөхгүй байгаа бол та дуртай ажлаа хийгээгүй байна гэж бодох хэрэгтэй.
    2. Хэрвээ та ажлаа хийж байхдаа үдийн завсарлага, ажил тарах цаг, мөн 5 дахь өдрийг тэсэн ядан хүлээдэг бол мөн ялгаагүй дуртай ажлаа хийгээгүй байна гэсэн үг. Ажилдаа дургүй хүмүүс ажлаасаа хоцрох, ажлаасаа эрт тарах, худлаа чөлөө авах зэрэг үзэгдлүүдийг их хэмжээгээр гаргадаг.
    3. Хэрвээ та гэв гэнэт их хэмжээний мөнгөтэй боллоо гэж бодоход яг одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлэн хийх үү? Үгүй бол та буруу ажил дээрээ байна гэж бодох хэрэгтэй.

    Ажилдаа дуртай хүн үдийн завсарлагаанаас өмнө, ажил тарахаас өмнө, амралтын өдөр болохоос өмнө аль болох их зүйлийг амжуулахыг хүсдэг. Мөн шинэ ажлын өдөр болох Даваа гарагийг сэтгэл догдлон угтан авдаг. Их хэмжээний мөнгөтэй болсон ч гэсэн хийж байгаагаа улам ихээр хөгжүүлж, түүндээ хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг.

    Таны амьдрал их үнэ цэнтэй учраас цаг хувь бүрт аль болохоор өөрийн сонирхдог, өөрийгөө баяр баясгалантай болгох зүйлүүдийг хийх хэрэгтэй.

    Сонирхсон талбар дээрээ дуртай юмаа хийснээр амьдрал алба шиг санагдахаан больж, харин ч ажил хамгийн дуртай мөнгөний хобби болдог. Яагаад гэвэл дуртай юмаа хийгээд тууштай явсан хүний араас мөнгө дагадаг.

    Хүсэл сонирхлынхоо дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүхий л  сэтгэл санаа, авьяас чадвараа зориулж, ингэж зүтгэснийхээ эцэст их амжилтанд хүрэх бол хүн болж төрсний нэгэн баяр баясгалан юм.

     

    Харин яг одоо би танаас, энэхүү асуултыг асуумаар байна? Та өнөөдөр дуртай ажлаа хийж байна уу? Энэ тухай доор ярилцья. Сэтгэгдлээ үлдээгээрэй!

     

    ХҮС ХИЙ ХҮР

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Амжилтанд хүргэх дадал

    “Эрүүл мэнд бол агуу баялаг юм.”-Virgil

    Бидэнд байгаа цорын ганц зүйл бол бидний бие махбодь. Тиймээс  энэ биеэ маш сайн тордон, авч явах хэрэгтэй.

    Оюун ухаан маань хаана хүрэхийг хүснэ бие махбодь маань тэнд аваачиж чадах тэр хэмжээний эрч хүчтэй, эрүүл чийрэг, бат бөх байх ёстой. Үгүй бол оюун ухаан хүсээд л байдаг бие дийлэхгүй бол маш харамсалтай билээ.

    Тиймээс одооноос эхлэж биеийн тамираар хичээллэх нь зүйтэй. Бидний амьдралд зайлшгүй байх дадлуудын нэг бол биеийн тамир.

    Өөртөө үнэхээр хайртай хүн л биеийн тамираар хичээллэдэг.

    Биеийн тамирын аль ч дасгалуудыг хийж болно. Өөрийнхөө хийж чадах дасгалаа л хий. Хэрвээ гүйхэд үе мөч өвддөг бол сэлэх, сэлж чадахгүй бол дугуй унах, эсвэл аэробикийн дасгалууд  хий. Дасгал хийх хүсэлгүй байгаа бол тоглоом тогло. Жишээ нь: Сагс, хөл бөмбөг, волейбол, теннис тогло. Мөн бүжиглэж ч болно шүү дээ. Тоглох дургүй бол дэлгүүр орохдоо алхах, цахилгаан шатны оронд зүгээр шатаар өгсөх г.м.

    Яагаад гэвэл энэ биеээ эрч хүчтэй, сэргэг байлгаж, зорилгодоо хүрэхийн тулд ямар нэгэн хэмжээгээр заавал хөдөлж байх хэрэгтэй.

    Нийт дасгалуудыг ерөнхийд нь 3 ангилж болох юм.

    1. Хүч тамир нэмэх дасгал – штанг, туухай өргөх, бөх барилдах гэх мэт хүчний дасгалууд

    2. Уян налархай болгох дасгал- сунгалт, амьсгалын болон йогийн дасгалууд гэх мэт

    3. Тэсвэр тэвчээр, хурд шалгах дасгал – гүйх, дугуй унах, усанд сэлэх, алхах гэх мэт  аэробик дасгалууд

    Үр дүнгээ хурдан үзэхийн тулд долоо хоногт 3 удаа 20-30 хувь тасралтгүй хийх хэрэгтэй. Учир нь: 20-оос дээш хичээллэсэн хувь  тутамд

    1. Биедээ хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шатаадаг

    2. Хүний тархинаас эндорфин буюу аз жаргал, баяр баясгалангийн даавар гардаг. Энэ нь байгалиас заяасан шидэт даавар бөгөөд биеийн тамираар хичээллэж, дасгал хөдөлгөөн хийхийн сайхныг нэг удаа мэдэрсэн хүн дахин биеийн тамир, дасгал хөдөлгөөн хиймээр болдгийг тайлбарлаж байгаа юм.

    Хэрвээ та өнөөдөр амжилтаа яг юунаас, хаанаас  эхлүүлэхээ мэдэхгүй байвал биеийн тамир спортоор хичээллэхийг санал болгож байна.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    УКА ТӨМӨР

  • Хангалуун амьдралын эх үүсвэр

    Хангалуун амьдралаар амьдаръя гэвэл

    Өвчин зовлонгоос ангижиръя гэвэл

    Оюун ухаанаа тэлье гэвэл

    Аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн болоё гэвэл

    Сөрөг бодлоосоо салая гэвэл

    Сэтгэл санаагаа ариусгая гэвэл ганцхан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

    Энэ ганц зүйл вэ?

    Энэ бол ТАЛАРХАЛ!

    Талархалаа өдөр бүр илэрхийлж эхэлснээр амьдралаа өөрчилж эхлэнэ.

    Танд өнөөдөр юу юу байна түүн дээрээ л анхаарлаа төвллөрүүлж, түүндээ талархах нь зүйтэй. Яагаад гэвэл:

    Байгаа бүхэндээ талархснаар ХАНГАЛУУН амьдралыг үүсгэнэ.

    Байхгүй юманд анхаарлаа төвлөрүүлснээр ДУТУУ ДУЛЬМАГ амьдралыг үүсгэнэ.

    Хэрвээ та байхгүй юманд анхаарлаа төвлөрүүлснээс болоод өнөөдөр таны  сэтгэл зовж, уур хүрч, санаагаар унаж байгаа бол яг энэ л үедээ талархалаа илэрхийлээд үзээрэй. Талархал илэрхийлсэн энэ л  мөчид сэтгэл санаа өөрчлөгдөхийг та мэдрэх болно.

    Бид эерэг зүйл дээр тийм амархан анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй мөртлөө сөрөг бодол дээр анхаарлаа маш хурдан төвлөрүүлж чаддаг.  Үүнийг өөрчлөхийн тулд бид өдөр болгон шүдээ угааж, үсээ самнадгийн адил өдөр бүр талархалаа илэрхийлж, амьдралынхаа нэгэн хэвшил болгох хэрэгтэй.

    Ингэж чадвал амьдралынхаа бүх хэсэгийг (хайр дурлал, найз нөхөрлөл, эрүүл мэнд, мөнгө санхүүгийн байдлыг) эерэгээр өөрчилж чадна.

    Таны эргэн тойронд байгаа зүйлүүдийн тусгал бол та өөрөө.

    Таны бодож байгаа бодол, хандаж байгаа хандлага ирээдүйг тэнь бүтээнэ. Талархалаар дүүрэн ирээдүйг бүтээе гэвэл аль хэдийн байгаа тэдгээр зүйлүүддээ талархаж эхлэх хэрэгтэй.

    Өнгөрсөндөө таларх, одоодоо таларх тэгээд ирээдүйд талархах зүйлүүд ар араасаа гарч ирэхийг хар!


     

    Үүний тулд доорх асуултууд тус болж мэднэ.

    Миний амьдралд тааралдсан 3 сайхан хүн хэн бэ?

    1.

    2.

    3.

    Миний амьдралд тохиолдсон 3 азтай учрал юу вэ?

    1.

    2.

    3.

    Миний амьдралдаа сурч мэдсэн 3 сайн зүйл юу вэ?

    1.

    2.

    3.

    Миний хийж бүтээсэн бахархууштай 3 зүйл юу вэ?

    1.

    2.

    3.

    Миний хийж байгаа ажлаас таалагддаг 3 зүйл юу вэ?

    1.

    2.

    3.

    Миний амьдарч байгаа орчноос таалагддаг 3 зүйл юу вэ?

    1.

    2.

    3.

    Надад заяасан 3 сайхан зан чанар юу вэ?

    1.

    2.

    3.

    энэ бүгдийг бичээд талархалаа өнөөдөр илэрхийлээрэй.

    Хангалуун амьдралын эх үүсвэр бол ТАЛАРХАЛ.

      АМЖИЛТЫН ТАРНИ

    Би өнгөрсөн амьдралдаа талархаж байна!

    Би өнөөдрийн амьдралдаа талархаж байна!

    Би талархалаа илэрхийлж хангалуун амьдралын үүд халгыг нээж байна!

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

  • Эрч хүчтэй байх 6 арга

    1. Бодох цагийг өдөр бүр гаргах 

    Өглөө болгон “өдрөө бүтээх” бодох цагийг гаргах хэрэгтэй. Тухайн өдрөө ямар болж өнгөрөөсэй гэж бодож байна вэ?, бүх ажил үйлс тэнь бүтвэл танд ямар мэдрэмж төрөх вэ? гэх зэргийг бодож, төсөөлж, мэдрэх цагийг гаргах. Хэрвээ ингэж бодож, төсөөлөх үед эргэлзээтэй сөрөг мэдрэмж орж ирвэл сөрөг мэдрэмэжүүдтэйгээ тэрсэлдэхийн оронд өөрөөр хэлбэл “Яагаад ийм бодол бодов?”, “Яаж энэ бодлыг устгах вэ?” гэх зэргийг бодохын оронд “Би энэ сөрөг мэдрэмжээ, сөрөг бодлоо орхиж чадах уу? Яг одоо орхиж чадах уу?” гэж бодоход сөрөг мэдрэмж гайхалтай нь аргагүй алга болдог. Тэгээд ааш нь ажил үйлс амжилттай бүтэж байгаагаа үргэлжлүүлэн бодож, төсөөлж, мэдрэх.

    2. Өөртөө байнга сануулах 

    Эргэн тойрон, хавь орчиндоо хаашаа л харна зорилгын дагуу, төлөвлөгөөнй дагуу хийх ёстой зүйлүүдийг хийхэд чиглэсэн, өөрийгөө өдөөх, урамшуулах, эрч хүч өгөх Амжилтын Тарни, зураг, урмын үгс, хийх ажлын жагсаалт, битгий хий жагсаалтыг өөрт харагдахаар байрлуулж, өөртөө сануулах орчинг үүсгэхээс гадна өдөр болгон амжилтанд хүргэх ном, нийтлэл унших, аудио ном, сургалт семинар зэргийг сонсож өөртөө байнга сануулах. Ингэж чадвал өөрийгөө эрч хүч, урам зоригтой байлгахаас гадна хийх ёстой юмаа хийх сахилга батыг өөрт үүсгэж чадна.

    3. Өөрөөсөө зөв оновчтой асуулт асуух

    Урам хугарч, эрч хүчээ алдаж байгаагаа анзаарсан үед доорх 3 асуултыг өөрөөсөө асуух.

    –   Би урам хугарах, эрч хүчээ алдах ямар бодол бодов?

    –   Би урам хугарах, эрч хүчээ алдах  ямар юман дээр анхаарлаа төвлөрүүлэв?

    –   Эрч хүчээ эргүүлэн олж авахын тулд би юу бодох вэ, юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ?

    4. Өдөр болгон талархлаа илэрхийлэх

    Юунд баярлаж байна түүнийгээ илэрхийл. Талархалын дэвтэртэй бол түүн дээрээ бич. Цаг агаар сайхан байгаад, эрүүл энх байгаад, үр хүүхэдтэй, хань ижилтэй байгаад, ажилтай амжилттай байгаадаа бүгдэд нь талархах.

    5.  Үйл хийх

    Өдөр болгон зорилгын дагуу ямар нэгэн үйл хийх. Үйлдэл хийснээр эрч хүчээр цэнэглэгддэг.

    6. Дээрх 5 аргыг хэрэглэснээр үнэхээр их эрч хүч орж, хийх юмаа хийж байна, ажил үйлс бүтэж байна гэдгийг анзаарч мэдэх нь маш чухал юм.

    Хэрэв “өдөр бүр энэ бүгдийг дагаад байхад олигтой үйлчлэхгүй байна, сайн нөлөөлөхгүй байна” гэдгийг өөртөө байнга давтан хэлэх юм бол энэ бүгд огт үйлчлэхгүй. Харин жаахан ч гэсэн эрч хүчтэй байх хугацаа нэмэгдэж байна, бага ч гэсэн үйлчилж байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлснээр үйлчилж эхэлдэг.

    Жишээ нь:  уулзах ёстой хүнтэйгээ уулзаж чадсан бол “энэ бүх аргыг хэрэглэсэн учраас уулзах хүнтэйгээ уулзаж чадлаа” гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Машины зогсоол зовлонгүй олдвол “машин зогсоол нээрээ зовлонгүй олдлоо шүү” гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Автобус удаан хүлээгээгүй бол “автобус хүртэл хурдан ирлээ” гэдгийг өөртөө давтан хэлэх хэрэгтэй. Өдрийн төгсгөлд энэ бүгдийгээ амжилтынхаа дэвтэр дээр ч гэсэн бичиж болно.

    Бид эрүүл шүдтэй байхын тулд өдөр бүр шүдээ угаах хэрэгтэй,  биеэ сульдаахгүйн тулд бид өдөр бүр сайн хооллож байх хэрэгтэйн адил эрч хүчээ хадгалахын тулд мөн ялгаагүй  ӨДӨР БҮР дээрх 6 аргыг ДАВТАН ХИЙСНЭЭР  өөрийгөө өдөөж, урамшуулж, хийх ёстой юмаа хийж, хүссэн зүйлээ бодит болгож чадна.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

  • Өөрийгөө өөрчлөх 7 дохио

    Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн өөрийгөө өөрчилж эхэлдэг.

    Өдөр болгон бидэнд өөрийгөө сайжруулах, амьдралаа цэцэгжүүлэх сайхан боломж байдаг. Өөрийгөө өөрчилж, өөрийгөө танин мэдэхэд оройтно гэж хэзээ ч байдаггүй мөн эртэднэ ч гэж бас байдаггүй. Та хэзээ хүснэ тэр л үед өөрийгөө өөрчлөх, өөрийгөө танин мэдэх боломжтой.

    Хүсвэл та өөрчлөгдөхгүй ч байж болно. Энэ бол таны сонголт.

    Хамгийн гол нь өөрийнхөө дуртай зүйлийг хийж, сэтгэл сэргээсэн, эрч хүчтэй, хайр халамжаар дүүрэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, хүссэн амьдралаараа амьдарч, түүгээрээ бахархаж чадаж байна уу? “Тийм” бол маш сайн байна. Харин “үгүй” бол өөрийгөө өөрчлөх цаг болжээ гэж бодох хэрэгтэй.

    Тиймээс би өнөөдөр өөрийгөө өөрчлөх 7 дохиог танилцуулж байна.

    Дохио 1: Хэрэв таны амьдрал айдсаар дүүрэн байгаа учраас та юу ч хийж чадахгүй зогсонги байдалд орсон бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 2: Хэрэв таны санаанд таарч тохирох зүйл тун цөөхөн болсон бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 3: Хэрэв таны оюун ухаан, бодол санаа одоо цаг дээр төвлөрч чадахгүй нэг бол өнгөрсөнд шаналж, нэг бол ирээдүйд санаа зовдог бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 4: Хэрэв та бусдын амьдарлыг судалж, бусад хүн дээр анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө тэдэнтэй харьцуулж түүндээ санааширч байгаа бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 5: Хэрэв та хийж байгаа ажлаасаа, эргэн тойронд байгаа зүйлээс, хүрээлүүлж байгаа хүнээс  уйдаж залхсан бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 6: Хэрэв та гэр бүл найз нөхөдтэйгээ таарч тохирохоо больсон бол “өөрийгөө өөрчил.”

    Дохио 7: Хэрэв бусад хүмүүс юу хийхийг тэнь зааж, та түүнд хэдий дургүй байсан ч гэсэн “за” гэхээс өөр аргагүй болсон мэт санагдаж байвал “өөрийгөө өөрчил.”

    Дээрх 7 дохиог уншаад өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж үзвэл:

    1. Өөрийгөө өөрчлөх шийдвэр шийдвэр гаргахаасаа өмнө

    Нүдээ аниад дараах асуултуудыг өөрөөсөө асуу:

    “Хэрэв би өөрийгөө өөрчлөхгүйгээр энэ хэвээрээ үлдвэл 2 жилийн дараа миний амьдрал ямар болсон байх вэ?” Түүнийгээ төсөөл, мэдэр.

    “Хэрэв би өнөөдрөөс өөрийгөө өөрчилж эхэлбэл 2 жилийн дараа миний амьдрал ямар болсон байх вэ?” Түүнийгээ төсөөл, мэдэр.

    2. Өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргасны дараа

    Өөрийгөө өөрчлөхийн тулд хийж эхлэх эхний алхам юу вэ? Түүнийгээ хий! Бүү ай!

    Өөрөөсөө дараах асуултыг асуу:

    “Хамгийн муугаар бодоход надад юу тохиох вэ?”

     

     

    Санаж яв: Өөртөө хайртай хүн л амьдралдаа эерэг өөрчлөлт хийж чаддаг. Харин өөрийгөө буруутгаж, өөрийгөө голж, өөртөө хайр өгч чаддаггүй хүнээс зөвхөн сөрөг өөрчлөлт л гарна.

     Өнөөдрийн АМЖИЛТЫН ТАРНИ

    •  Өдөр бүр өөрийгөө өөрчлөх боломж байдагт би талархаж байна!
    •  Өдөр бүр өөрийгөө сайжруулж, амьдралаа цэцэгжүүлэх боломж байдагт би талархаж байна!
    •  Би хаана ч явсан, юу ч хийсэн дээшлэн дэвжиж байна!

     

    ХҮС. ХИЙ. ХҮР. 

  • Байгууллагын сургалт хөгжлийн хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага

    Хүн төрөлхтний амьдрал, оюун санааны хөгжил цоо шинэ шатанд дэвшиж хүн бүр илүү оюунлаг, амар амгалан амьдралыг хүсэн мөрөөдөж, хүн өөрийн амьдралын утга учир, авъяас чадварыг танин мэдэх их эрэлд гараад байна. Хүний хөгжил, өөрийгөө танин мэдэх номнууд дэлхийн хамгийн их борлуулалттай номнууд болж байгаа нь үүнтэй холбоотой. Хүн бүрт тэгш мэдээлэлжих боломж бүрдсэнээр хүн илүү их хүсэл тэмүүлэлтэй болж, өнөө маргаашаа бодож амьдрах уйтгарт хэв маягаас улам бүр татгалзах хандлага бий болоод байна. Тэгвэл сэтгэлгээний хувьд хөгжиж буй, хөгжөөгүй ч гэсэн мэдээлэлжсэн ажилтануудыг тогтоон барьж удирдах асуудал нь бизнесийн байгууллагуудыг цоо шинэ философийг эрэлхийлэхэд хүргэлээ. Энэ цаг үед хүнийг “Ташуур Гамбир”-ын аргаар хамгийн сайн ажиллуулж, зөвхөн цалин урамшууллаар тогтоон бариж чадахгүй болоод байна. Ихэнхи бизнесийн байгууллагууд ашиг орлогоо нэгдүгээрт тавьж хүнийг больж, сольж болдог хэрэгсэл мэтээр хандаж байна.

    Тэгвэл өнөөдөр “ХҮН ӨӨРӨӨ БАЯЛАГ” гэдгийг шинэ зууны бизнесийн байгууллагууд ухаарах цаг болжээ. Хүнээ жинхэнэ утгаар нь баялаг болгож чадсан компаниуд амжилтын оргилд хүрч байна.
    Хүнээ төв болгоно гэдэг нь ажилтан бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж, ажилтан хөгжих таатай орчинг бүрдүүлж, ажилтанаа тогтмол сурган хөгжүүлж, хүсэл тэмүүллээр нь удирдахаас бүх зүйл эхлэж байна.
    Та өнөөдөр мөнгө олохын төлөө амьдралаа зориулдаг мөнгөний боол амьтан болох биш, мөнгө бол өөрийнхөө хүсэл мөрөөдөлд, хамгийн сайн хийж чаддаг зүйлээ сэтгэл хангалуунаар хийх явцад таны хүсэл тэмүүллийн шагнал болж ирдэг зүйл гэдгийг ойлгуулахаас эхлэж байна.
    Ажилтан бүрээ судалж, тэдгээрийн хүсэл сонирхол, сэтгэл зүй, хувь хүний дахин давтагдашгүй онцлогт тохирсон хөгжүүлэх, сэдэлжүүлэх урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх нь шинэ зууны бизнесийн амжилт юм. Хүнийг судалж, тодорхойлж, идэвхижүүж сэдэлжүүлдэг арга технологиуд хүртэл нарийсч бие хүний сэтгэц, үзэл санаа, бие физилогийн нарийвчилсан судалгаанд суурилсан ул суурьтай сэдэлжүүлэх технологиуд нь үр дүнгээ өгсөөр байна.

    Танай байгууллагын хөрөнгө, өндөр байшин, гоё компьютерээс илүү ажилтан тань илүү үнэ цэнэтэй баялаг гэдгийг ойлгож, баялагаа хөөж явуулж, үзэн ядаж, хавчиж шахах биш, харин ч судалж, сургаж хөгжүүлж, арчилж дордож, дотор нь байгаа авъяас чадварыг нь нээж, боломж олгож чадвал бүхнийг сайхан болгож чадах шидтэн хажууд чинь сууж байна даа.
    Өчигдөр та ажилтнаа нухчин дарж, ажилтнаасаа мэдлэг, чадвараа харамлаж, ажилтнаа өөртэй чинь өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болохоос үхтлээ айдаг байсан бол харин өнөөдөр ажилтнаа илүү их хөгжүүлж, ажилтандаа боломж олгож, өөрөөсөө илүү чадвартай болохыг дэмжиж хамтдаа мөрөөдөлдөө хүрэх нь ухаалаг бизнес болоод байна.

    Харин бид ажилтан нэг бүрийн сэтгэл зүйн болон бие хүний судалгаа, байгууллагын судалгаанд үндэслэсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэх урт хугацааны байгууллагын сургалт, цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг байгууллагуудын хүсэлтийн дагуу хүний хөгжил, бизнесийн сэтгэлзүйн чиглэлд ажилладаг мэргэжилтнүүд болон мэргэшсэн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна.

    Жамсранжавын Лувсандорж
    Үндэстэн Баг ХХК

  • Эрүүл мэндээрээ гоёцгооё 2

    “Хоол ба сэтгэл” номоос цувралаар хүргэж байна.  

    Оршил буюу энэ номыг бичих болсон тухай

    Учрыг нь олж, хужрыг нь тунгаах гэсэн үг гүн утгатай. Зав гаргаж эргэцүүлэн бодмоор юм амьдралд олон байх юм.

    Хамтдаа эргэцүүлэн бодъё.         

    Хамгийн чухал нь ийнхүү бодохдоо өөрийгөө элдвээр гоёлгүйгээр хөндлөнгөөс харж байгаагаар төсөөлж, энэ номоор хэлж байгаа гол санаануудыг зөвхөн өөрийнхөө байдалтай харьцуулан эргэцүүлэхийг хичээгээрэй. Энэ ном өөрийгөө үнэн байгаагаар нь дотортой, гадартай нь, нарийнтай бүдүүнтэй нь танихыг хичээж байгаа хүнд зориулагдсан гэдгийг онцлон хэлье. /Дотор, нарийн гэдэг нь сэтгэл, гадар, бүдүүн нь бие/

     Харин өөрийгөө танихыг орхигдуулж, бусдыг өөрийн санаанд тааруулан, засаж хүмүүжүүлэх эрх болон үүргийг өөртөө ногдуулсан хүнд бол ойлгомжгүй санагдана. Цаг нь ирэхэд ойлгогдох тул уншихаа больж, цагаа үрэлгүй хойш нь тавих нь дээр. 

    Алдартай сэтгэл судлаач Норман Пил “Та бол өөрийнхөө тухай таны бодож байгаа тэр хүн биш, харин бодож байгаа хүн юм” гэж хэлсэн байна. Хүсдэг юм, байгаа юм хоёр өөр байж болно гэсэн утга. 

    Хэн ч хэзээ ч өөрийгөө муу гэж боддоггүй. Бодож болохгүй. Би муу амьтан гэж хэлж байхдаа ч дотроо тэр бодолтойгоо эвлэрдэггүй, өөрийгөө эсэргүүцэж л байдаг. Тийм биш гэж хэлээсэй гэсэн хүлээлттэй, тунирхсан л үг шүү дээ! Муу байхгүйг хичээдэг учраас тэр. Гэтэл үнэнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадвал хичнээн өрөвдөлтэй, сул дорой амьтан байдаг гээч?! /Төгс гэгээрч амжаагүй байгаа бол шүү/ Өөр хүнд хэлээд хэрэггүй.

    Би л лав тийм биш, энэ номыг бичсэн хүн л тийм юм байна гэсэн бодол таныг эргэцүүлэн бодохоос өмнө гялс орж ирж байна уу? Тэгдэг л юм даа. Орж ирж л байг! Танд ажил байна гэдгийг нотолж байгаа хэрэг. 

    Юуны тухай ном бэ?

    Энэ номноос шүүж авснаа ашиглаж, дадлага хийх явцдаа үе үе өөрийгөө тийнхүү ажигласаар байгаарай. Ажиглалтын объект буюу жинхэнэ Та ямар хурдан сайжирч байгааг түвэггүй харах болно. Сайжирна гэдэг нь Та тэнцвэрээ хадгалж чаддаг болж, ухаанаар хичээхгүйгээр сэтгэлээр тэгш оршихуйд байх дадал тогтохыг хэлнэ.

    Амьдралын дадал гэж юув, тэр нь тогтоно гэж юуг хэлэхэв, тогтохоор юу болдог вэ, яагаад тогтож өгдөггүй вэ гэх мэт асуултад гаднаас нь биш дотроос нь хариулахыг хичээлээ. Дотор нь орж үзсэн нь сайн хэрэг.

    Дадал гэдгийг зүйрлэж хэлбэл, дугуй унаж сурч байхдаа хүн онхолдохгүйг л хичээдэг учир замын бартаа яамай бөгөөд харсаар яваад, зайлж чадалгүй шон мөргөх нь энүүхэнд. Харин сайн сурсан хойноо бол тусгайлан хичээж бодохгүйгээр давхидаг. Энэ нь олон удаа дадлага хийж, унаж боссоны хүчинд л яавал унахгүй байдаг вэ гэдгийг мэдсэн учраас тэр л байдалд байнга байхад дадсаны ач. Энэ дадлынхаа хүчинд бараг л автоматаар дугуйгаа жолоодож байна гэсэн үг. Дугуй унаад явж байхдаа одоо тэр булчингаа чангалж, энийг татаад, тэрийг түлхээд гэлгүй, өөр зүйлд зориод явдаг болно.

     Бүх юм хоёр талтай. Тэр хоёрын тэнцвэрийг барьж, хадгалахыг алтан дундаж гэж хэлдэг нь маш их учиртай юм байна. Та бодол доторх хүнээ хоёр туйлын нэгэн дээр л байлгаж, амьдрал дээр түүн шигээ байхыг хичээснээс ямар их зүдэрч байснаа харна.  Бодож байгаа хүн зөв байраа олоход бодол доторх тэр хүний маань ч байр зөв болно.

    Ийм төлөвийг олоход аз жаргалыг байнга мэдрэх болно.

    Миний лекцэнд суусан, телевиз, радиогийн шууд нэвтрүүлэгт оролцож байхад минь утсаар холбогдсон зарим хүн

    -Та тийм өвчинд ийм юм иддэг, жингээ барихын тулд тийм юм бүү ид гээд тэр эрүүл хоолоо тодорхой яриач. Хаяж ч болохгүй, авч ч болохгүй, толгой эргүүлсэн бөөрөнхий юм тойруулаад л байх юм. Асуудал руугаа орооч гэж бачимддаг. Нэг үзэгчид

    -Анхаарах ёстой хамгийн чухал зүйлийн тухай та сонсож байна. Үүнийг гүйцээгээд ойлговол зөвлөгөө хэрэггүй болдог. Яг одоо ойлгомжгүй байгаа бол цаг нь ирэхээр ойлгогдоно. Заавал үзэх албагүй шүү дээ, сувгаа сольчихгүй юу дээ гээд хариулчихсан чинь бас нэг ууртай үзэгч холбогдоод,

    -Яасан их хүн басамжилж, доош нь хийдэг хүн бэ, хэн ч ойлгохгүй юм ярихаа боль, яах гэж ийм юмнуудыг нэвтрүүлэгтээ оруулдаг байнаа, сайн эмч, эрдэмтэн мундсан биш гэх мэт юм хэлж билээ. Тэднийг буруутгах аргагүй. Би ойлгож, хайрладаг юм.

    Эрүүл мэнд зохимжтой хооллолтын асуудал чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ тухай бусдад хэрэгтэй юм ихийг хийх гэж оролддог учир надтай хамтарч ажилладаг сонин, сэтгүүл, радио, телевизийнхэн, эмч, багш, улс төрчид, нийгмийн ажилтнууд “Сэрэлт” киноны Бумаа биеэ өвдөнгүүт орос эмчдээ биш ах ламдаа үзүүлэх гээд хадаг өвөртлөөд явж байдаг шиг л яг хооллохдоо тулахаар нөгөө буруу хоолоо л иддэг юм билээ. Тэр олон хамтрагч дотор ам, ажил нь зөрдөггүй гуравхан/!/ хүн байгааг би мэднэ.

    Бусад нь нэвтрүүлэг, уулзалт, лекцийн дараа хооллох цаг болсон байвал

    -За, салаттай хуушуурт хэн гүйхэв гэх буюу сайхан хоолтой ресторан юу билээ, багшаа бидэнтэй хамт хоолонд орооч, нэг удаа дажгүй дээ, яриа амьдрал хоёр өөр шүү дээ гээд инээлдээд л алга болдог.

    Мэдээгүйн улмаас дургүй хүн ойлгомжтой. Харин зөв сайных нь тухай олж мэдээд бусдад бас дамжуулдаг атлаа өөрөө/!/ түүндээ дурлахгүй ийм байдлын шалтгааны талаар ярихад ойлгохгүй байдаг нь бас шалтгаантай. Энэ тухай номыг Та барьж байна.

    Алгебр гэдэг хичээл үздэг ахлах ангийн сурагчид амархан байдаг бодлого нэгдүгээр ангийн шинэ сурагчид дийлдэшгүй, нэгдүгээр ангийн бодлогыг тоолж сураагүй балчир бодож чадахгүй.

    Ахынхаа алгебрийн номыг нэгдүгээр ангийн дүү нь үзээд сууж байхад нь “миний дүү цаг нь болохоор боддог болно” гэж хэлэхэд дүүгээ басамжилсан болохгүй биз дээ? Алгебрийн бодлого боддог болохын тулд мэдвэл зохих олон арга, томъёо, дасгал тэр хоёр сурагчийн мэдлэгийн хоорондох зайнд байгаа нь үнэн юм чинь.

    Ах нь тайлбарлавал дүү нь “шуудхан хэлээч, юу гээд ойлгогдохгүй юм яриад бөөрөнхийлөөд байгаа юм бэ” гэхгүйгээр сайн сурч, анги дэвшсээр том болоод ахынхаа чадаж байгаа бодлогыг адилхан боддог болно гэдэг биш үү?

    Эсвэл нэг жилд хоёр гурван ангийн хөтөлбөр хурдавчлан үзээд насаар дүү ч мэдлэгээр адил болж болдгийг бид мэднэ.

    Амьдралын явдал ч үүнтэй төстэй.

    Одоо хоёулаа эхнээсээ сайтар ойлголцчихъё.

    Та хоолны жор, орц, тодорхой мэргэн зөвлөгөөг энэ номоос уншихгүй шүү!

    “Бага ангийн хүүхдэд” бол учир нь олдохгүй “бөөрөнхий” санагдах нь гарцаагүй ч, “дунд ангийн сурагчид” маш сонирхолтой, “загатнасан газар маажсан шиг” гэж зүйрлэн хэлмээр, онгойж өгөхгүй байгаа цоожны түлхүүрийг олсонтой адил санагдах ном учраас уншсан хүн наанадаж л өөрийгөө ямар ангийн сурагч гэдгээ мэдэж авах сайн талтай гэдгийг урьдчилан хэлье. Сэтгэл санаагаа бэлдээрэй.


  • Хүүхэд

    Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана

    Хэлж чадмагч эрхлэх дууг үл гаргана 

    Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна

    Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих эцэг, эхээ хүндэтгэхийг сургана. 

                                                                             1735 онд гарсан “Го гүнгийн 3 үсэгт” номоос

    Монголчууд залуу үеэ амьдралын ухаанд сургах явцдаа

                Эрхийг сурахаар бэрхийг сур

                Хайр нь дотроо, хал нь гаднаа

                Магтах үгийн далд нь

                Зэмлэх үгийн ил нь сайхан 

                Зуу сонссоноос нэг үз гэсэн зарчмуудыг мөрдлөг болгож баримталдаг байжээ. Мөн Монголчууд хүүхдийг багаас нь эхлэн “Эвий минь, хөөрхий минь” хэмээн элдвээр өхөөрдөн үнсэж эрхлүүлж баалахыг ихэд хориглодог. Харин бага насны хүүхдэд магтаал урамшууллын үгсийг цөөн тохиолдолд шаардлагатай үед л хэрэглэдэг байжээ. Хүүхэд сайн үйл бүтээж, хийж байгаа ажилдаа улайран чармайх байдал гаргаж байвал “Миний хүү дориун эр болжээ. Нутаг орондоо нэр хүндтэй ахмад сайн хүний нэр зааж …….” шигээ хүн болох нь гэдэг байв.

    Гэхдээ хүүхдийн чадан ядан хийж байгаа зүйлийг өөчилж голдоггүй, хэрвээ гаж буруу үйлдэл алдаа гаргавал үглэж загнаж хараадаггүй, харин буруу үйлдлийг мэдэж байвч үг хэлэхгүйгээр том дуугаар хоолой засах, ханиаж чимээ өгөх, эсвэл хөндлөнгийн жишээ дурдан ихэд харамссан байдал гаргах, гайхсан дүр үзүүлэх зэрэг зэмлэхийн оновчтой арга барилыг хэрэглэх юм уу сургамжлан хэлдэг байжээ. Энэ мэт өвөг дээдсийн үр хүүхдээ амьдралд сургах арга ухаан ч өвөрмөц байсан юм.