Category: human-development

  • Муу зуршлаасаа бүрмөсөн салах 6 алхам

     “Муу зуршилтай болоход амархан ч түүнтэйгээ амьдрах хэцүү. Сайн дадлыг эзэмших хэцүү ч түүнтэйгээ амьдрахад хялбар.” -Jim Rohn

    Бид бүгдэд тодорхой хэмжээгээр муу зуршил байдаг. Тамхи татах, архи уух, их идэж жин нэмэх, цагаа баримталж чадахгүй байх, эхлүүлснээ дуусгаж чадахгүй байх,  бууж өгөх гээд л …

    Муу зуршлаа бид сайн мэддэг ч түүнийгээ бүрмөсөн хаяж чаддаггүй. Хичнээн хичээсэн ч нэг л мэдэхэд  хуучин байдалдаа эргэн орсон байдаг. Тиймээс муу зуршлаасаа яаж бүрмөсөн салах вэ тухай өнөөдрийнхөө бичвэр дээр оруулж байна.

     

    Муу зуршлаасаа салах 6 алхам

    1. Шийдвэр гарга.

    Би өнөөдрөөс тамхи татахгүй! Архи уухгүй! Би өнөөдрөөс эхэлж эрүүл амьдралыг сонгож байна! Би өнөөдрөөс эхлээд өөртөө 2 цагийг зарцуулна! Би амжилтанд хүрнэ! гэдэг шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ шийдвэрийг зөвхөн ТА гаргаж чадна. Таны өмнөөс хэн ч энэ шийдвэрийг гаргаж чадахгүй. Тиймээс өөрийгөө өөрчилж амьдралаа өөрчлөх хүсэлтэй бол  өнөөдөр шийдвэрээ гарга.

    2. Туслалцаа дэмжлэг ав.

    Ихэнх хүмүүс муу зуршлаа анх хаанаас яаж олж авсан, хаана ямар хүмүүсийн дунд хэрэглэж, давтаж байна яг тэр орчинд, тэр  хүмүүсийнхээ дунд хаях гээд оролдоод байдаг. Харамсалтай нь энэ нь үйлчилдэггүй. Хичнээн хичээсэн ч муу зуршилдаа эргэн ордог.

    Хэрвээ та архи тамхинаас гарах хүсэлтэй бол архи тамхигүй орчинд, архи тамхи хэрэглэдэггүй хүмүүстэй цагийг их өнгөрөөх хэрэгтэй.

    Хэрвээ та өөрөөрөө гарч чадахгүй байгаа бол ийм хүмүүстэд тусалдаг байгууллага, нийгэмлэгт хандах хэрэгтэй.

    Залхуурдаг бол ажилсаг хүмүүсийн дунд байх хэрэгтэй.

    Тууштай байж чаддаггүй бол ижил зорилготой, таны хүсээд байгаа тэр амжилтыг аль хэдийн гаргачихсан хүмүүстэй нэгдэж, туслалцаа дэмжлэг авах нь зүйтэй.

     Санаж яв: Ижилхэн зовлонтой хүнтэй цагийг хамт өнгөрөөхөөс илүү ижил зорилготой хүнтэй хамт өнгөрөө. 

    3. Муу зуршлаа сайнаар орлуул.

    Муу зуршлыг шууд орхино гэж байдаггүй. Хүн нэг бол мууг сайнаар эсвэл сайныг муугаар орлуулж байдаг. Хэрвээ та орлуулахгүйгээр муу зуршлаа орхиж чадаж байвал маш сайн байна.

    Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хуучин муу зуршлаа орхихын тулд шинэ өөр үйлдэл хийж, түүнийгээ дадал хэвшлээ болгох хэрэгтэй гэдэг. Жнь тамхи татдаг бол түүнийхээ оронд тэмдэглэл хөтлөх, их иддэг бол түүнийхээ оронд дасгал хийх, архи уудаг бол ном унших г.м.

    Хийхэд хэцүү зүйлийг дадал хэвшлээ болгосон тохиолдолд хийхэд амархан болдог. Харин хийхэд амархан болсон цагт түүнээсээ салахад хэцүү.

    4. Амжилтын Тарни  урьж, төсөөлөх мэдрэх аргуудыг хэрэглэ.

    Өөрийгөө дасгал хийж байгаагаар, хүссэн жиндээ хүрч байгаагаар, хүссэн амьдралаараа амьдарч байгаагаар, хүссэн амжилтаа гаргаж байгаагаар, эерэг дадал эзэмшиж байгаагаар эсвэл аль хэдийн амжилтанд хүрчихсэн байгаагаар, эерэг дадал эзэмшчихсэн байгаагаар өөрийгөө төсөөлж өөрийгөө төсөөлж, түүнийгээ мэдэрч, мөн түүнийхээ дагуу амжилтын тарни урих нь маш чухал.

    Яагаад гэвэл бидний муу зуршлууд дадл ухамсарт аль хэдийн хоногшсон байдаг.  Далд ухамсартаа шинэ эерэг дадлыг суулгаагүй тохиолдолд бид муу зуршилдаа эргэн ордог. Тиймээс далд ухамсарт бичигдсэн муу зуршлаа дарж цоо шинэ эерэг дадал ХУРДАН суулгахын тулд зөвхөн биеэрээ үйлдэхээс гадна оюун ухаанаа бас дасгалжуулах хэрэгтэй.

    5. Тэвчээртэй бай.

    Нэгэнт сайн дадлыг эзэмшиж эхэлсэн бол нэг хэсэгтээ л өөртөө сануулж, өөрийгөө хүчлэх хэрэгтэй. Мэдээж энэ бүгдэд тэвчээр шаардагдана. Харин  энэ нь аяандаа өдөр ирэх тусам амархан болж эхэлнэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

    6. Өдөр болгон давтан хий.

    Эцэст нь сайн дадлаа бүрмөсөн өөрийн нэг хэсэг болгохын тулд дор хаяж 21-30 хоног тасралтгүй хийх хэрэгтэй. Хэрвээ дунд нь нэг өдөр алгасах л юм бол 21-30 хоногоо бүр эхнээс нь дахин эхлүүлэх шаардлагатай. Яагаад гэдгийг энд дарж уншина уу.

    Ингэж 21-30 хоногоо ганц ч алгасалгүй хийж чадвал та шинэ эерэг дадлыг өөрийн болгож, амьдралаа өөрчилж, жаргалтай, баяр баясгалантай, эрч хүчтэй , урам зоригтой, амжилттай хүн боллоо л гэсэн үг.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Яаж атаархлаа амжилтруу чиглүүлэх вэ?

    Атаархал – бид бүгдээрээ үүнийг сайн мэднэ. Атаархал хүн бүрт бий. Атаархах нь энгийн үзэгдэл. Үүнээс ичих хэрэггүй бас санаа зовсны хэрэггүй. Хамгийн гол нь та атаархлаа амжилтынхаа эсрэг болгож байна уу эсвэл амжилт руугаа чиглүүлж байна уу гэдэг маш чухал.

    Атаархлаа амжилтруу чиглүүлээгүй тохиодолд атаархал биднийг эзэмддэг. Өөрийгөө үргэлж тэр атаархаж буй хүнтэйгээ харьцуулж, хичнээн өөрийгөө дөвийлгөсөн ч түүнд ялагдаад байгаа юм шиг санагддаг. Яаж ч зогсоохыг хичээсэн ч санаанаас гарахгүй нэг л мэдэхэд атаархаж байгаа хүн маань бидний дайсан болж хувирсан байдаг.

    Хэрвээ та “надад атаархдаг зан байхгүй” гэж бодож байгаа бол үүнийг мэдэхэд илүүдэхгүй.

    •       Та анхаарлаа зөвхөн нэг юмуу хоёр хүн рүү төвлөрүүлж байгаа бол
    •       Тэр хүний тухай цуу ярьж, шүүмжилж байгаа бол
    •       Өөрийгөө түүнтэй харьцуулж байвал та тэр хүнд атаархаж байна гэсэн үг.

    Атаархлаа амжилт руу чиглүүлэх боломжтой.

    Яаж атаархлаа амжилтруу чиглүүлэх вэ?

    1. Атаархаж байгаа хүнээ цаасан дээр бич.
    2. Энэ хүнд ямар сайн зан чанарууд байна вэ? Танаас юугаараа давуу байна вэ? Амжилт гаргахын тулд энэ хүн юу юу хийж байна вэ? гэдгийг нэгд нэгэнгүй бич.
    3.  Амьдралаа, бизнесээ, карьераа энэ хэмжээнд аваачихын тулд та юу хийх хэрэгтэй вэ? Үүнтэй тэнцэх амжилт гаргахын тулд та өнөөдөрөөс ямар арга хэмжээ авч эхлэхээр байна вэ? гэдгийг тодорхой бич.

    Ингэж нэгд нэгэнгүй бичсэнээр аливаа асуудлыг тодорхой болгож, үйлдлийг зөв тийш нь чиглүүлж өгдөг.

    Атаархал танд юу зааж өгдөг вэ гэвэл: Өнөөдрийн таны энэ амьдрал, энэ дүр төрх бол хүссэн амьдрал, дүр төрх тэнь биш юм. Таны амьдрал,  дүр төрх тэнь үүнээс илүү байх ёстой гэдгийг мэдүүлж өгдөг. Тиймээс үүнийг ухааруулж өгч байгаад нь талархах хэрэгтэй.

    Ер нь атаархана гэдэг нь өөрийгөө үнэлж чадахгүй байгаа нэг АЙДАС юм. Бас атаархана гэдэг нь бусад хүмүүс өөрөөс тэнь илүү мундаг гэдгийг баталж байгаа хэрэг юм. Мөн атаархснаар алдаа болон азгүйтэл рүү анхаарлаа байнга төвлөрүүлнэ гэсэн үг. Бид үүнийг мэдээж хүсэхгүй. Тиймээс атаархлаа яаж зогсоох вэ гэвэл бусдаас хараагаа салгаж өөр дээрээ тусга. Атаархлынхаа үндсийг ол. Эрч хүчээ өөртөө болон эерэг зүйлд зарцуулж эхэл. Хамгийн гол нь өөрийгөө үнэлэх хэрэгтэй.

    Ингэж чадвал магадгүй хүмүүс танд атаархаж эхлэх байх.

    Анхаар! Хэрвээ  хүмүүс ТАНД атаархаж, таны тухай цуу ярьж, шүүмжилж байгаа бол доорх ишлэлийг зөвхөн танд зориулав.

    “Эхлээд тэд таныг үл тооно. Дараа нь таны тухай ярьж, шүүмжлэнэ. Тэгээд тантай өрсөлдөнө. Тэр үед та дийлнэ.”–Махатма Ганди

    Нэмж хэлэхэд хэн нэгний гаргасан амжилтанд атаархана гэдэг нь амжилтын тухай сөрөг бодолтой байна гэсэн үг. Амжилтын тухай сөрөг бодол амжилтанд хүрэхэд том хаалт болдог. Тиймээс амжилттай, мундаг яваа хүмүүсийн амжилтанд баяр хүргэж, урмын үгээ харамгүй бэлэглэж, тэднээс суралцаж, тэдэнд талархах нь зүйтэй. Ингэснээр та өөртөө улам их амжилтыг татах болно.

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Би өөрийгөө үнэлдэг, өөрийнхөө чадварт итгэдэг!

     

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Ногоо хямдардаг намрын улиралд лууван, хүрэн, шар манжинг хатааж хадгалаад хэрэглэх заавар

    Хүнсний монгол ногоо хямд байдаг намрын улиралд лууван, хүрэн, шар манжинг их хэмжээгээр авч хатааж нөөцөлснөөр өвөл, хаварт үнэтэй хятад ногоо авах шаардлагагүй болох юм.

    Хатаах ажлын дараалал:

    1. Угааж цэвэрлэнэ.

    2. Маш нимгэн жижиг хэрчинэ.

    3. Агаартай нөхцөлд ил задгай 14 хоног дэлгэж хатаана. Өдөр бүр эргүүлж тойруулж хөдөлгөж хатаана.

    4. Хорчийж хатсаны дараа даавуун уутанд хийж ил газар тавьна. Агааргүй битүү нөхцөлд хадгалж болохгүй.

    5. Хэдий ч удаан хадгалж хэргэлж болно.

    6. Хэрэглэхийн өмнө бага зэрэг дэвтээж ямар ч хоолонд ашиглаж болно.

  • АМЬДРАЛТАЙ НҮҮР ТУЛАХ ТУХАЙД

    Би 10 хүний дайтай ажиллаж байж, бүх хүчээ шавхаж байж эх орноо сайхан болгоно гэж боддог. Тэрнээс биш зүгээр ярьж, мөрөөдөөд юу ч өөрчдөгдөхгүй. Өдөрт 6 цагаас илүү унтах хэрэггүй. Сэрүүн үедээ өөрийнхөө бүх хүч чадлыг хийж бүтээхэд зориул. Ингэж тэмүүлж яваад л үхнэ. Ганц олдох амьдралд жижиг бэрхшээлийн өмнө сөхөрч, өөрийгөө эрхлүүлэх эрх надад байхгүй. Би худлаа хоосон мөрөөдөж өдөр хоногийг аргацаахгүй. Замд гараад хийх ёстой маш олон зүйл байгаа олж хараад л хийж эхлэдэг.

    За өөрийгөө хөгжүүлчихээд л хийж эхэлье, өөрийгөө боловсруулчихаад цөм авъя, за яг маргааш л өөр хүн болъё, ингэснийхээ дараа тэрийг хийнэ гэж явсаар өдөр хоногийг аргацаах хэрэггүй. Ингэж бодож явсаар нэг л мэдэхэд нас чинь барагдсан байх вий. Юм хийж бүтээж байж л өөрийгөө танин мэддэг юм. Өөрийгөө таних гэж сууснаар өөрийгөө таньдаггүй юм. Улам л уймарсаар байгаад таардаг. Зүгээр л чиний амьдралын зам мөр тэмцэл чинь чамайг өөрийгөө ойлгоход туслана. Амьдралтай нүүр тулж байж өөрийгөө ойлгоно.

    Бүхнээс зугтлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Буланд шигдсэн жаахан хүү хэвээрээ л үлдэнэ. Чи бусдын амьдралаар биш өөрийнхөө амьдралаар л амьдар. Өөрийн замналыг өөрийнхөөрөө гараар бүтээ. Зовсон ч жаргасан өөрийн бүтээсэн амьдрал л гайхалтай.


    Ж.Лувсандорж
    2013/09/27

  • Яаж зөн совингоо хөгжүүлэх вэ?

    Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө  шийдвэр тэнь “зөв үү, буруу юу?” гэдгийг бататгахын тулд та хэн нэгнээс асуудаг уу?

    Би бол заавал хэн нэгнээс  ”Би ингэдэг юм уу гэж бодоод, чи юу гэж бодож байна вэ?” гэж асуудаг байсан. Миний гаргах гэж байгаа шийдвэр хичнээн ЗӨВ гэдгийг мэдэж байгаа ч гэсэн хамаагүй, түүнийгээ 100% бататгахын тулд заавал асуудаг байсан. Хэрвээ асууж буй хүн миний шийдвэрийг “зөв” гэж хэлбэл би шууд шийдвэрээ гаргана. Хэрвээ “буруу” гэж хэлбэл би өөр нэг хүнээс  ”би ингэж бодоод, тэгсэн чинь тэр тэгж хэлээд, чи юу гэж бодож байна вэ? гэж асууна. Хэрвээ тэр хүн миний гаргах гэж байсан шийдвэрийг “буруу” гэх юм бол  ”зөв” гэж дэмжих болов уу гэж бодсон өөр нэг хүнийг үргэлжлүүлэн хайна.

    Яагаад гэвэл миний зөн совин зөв шийдвэр гэдгийг надад хэлчихсэн байдаг учраас л би түүнийгээ баталгаажуулах санаатай бусдаас асуудаг. Өөрөөр хэлбэл би зөн совиндоо 100% итгэхгүй байгаа учраас  бусдаас хүч авч итгэлээ баталгаажуулах санаатай асуудаг гэж болно.

    Тиймээс бусад надтай санал нэг биш бол заавал санал нэг байх хүнийг хайж олох гээд өөрийгөө зовооно. Баталгаа өгөх хүн олдоогүй тохиолдолд заримдаа эргэлзээ үүсч, зөн совингоо дагахгүй бусдын бодол санаагаар шийдвэрээ гаргачихдаг байсан. Харин сүүлд нь зөн совин маань зөв байсныг мэдээд “Би ямар тэнэг юм бэ? Өөрийнхөөрөө л байхгүй яав аа? гэж өөрийгөө зэмлэж, харамсана.

    Нөгөө нэг тохиолдолд яадаг вэ гэвэл зөндөө хүнээс асууж асуучихаад өөрийнхөөрөө зогсох үе их гардаг байсан. Харин энэ үед “Ингэж өөрийнхөөрөө шийдвэр гаргах байсан юм бол юу гэж асуусан юм бэ” гэж хүмүүс бодвол яана аа гэж санаагаа зовооно. Хүмүүсийг ч гэсэн эвгүй байдалд оруулдаг.

    Тиймээс энэ бүгдээс би юу сурсан бэ гэвэл; өөрт мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжиндээ итгэхгүй бусдаас баталгаа хайснаар би зөн совингоо муутгаж байдаг юм байна. Харин өөрийнхөө тэр мэдрэмжийг сонсож, түүндээ  итгэж, түүн дээрээ тулгуурлаж үйлдэл хийх болгонд зөн совингоо улам хүчтэй болгож, хөгжүүлж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан.

    Мөн бусдыг эвгүй байдалд оруулахгүй, өөртөө эргэлзээ үүсгэхгүй бас цаг хугацаа алдахгүй давуу талтай.

    Тиймээс би одоо шийдвэр гаргахдаа тэр болгон хүнээс асуухаа больсон. Би өөрөө юу зөв гэж бодож байна түүнийгээ л хийдэг болсон. Энэ нь ихэвчлэн зөв шийдвэр байдаг. Үнэхээр асуух шаардлагатай бол би дараах үйлдлийг хийдэг.

    1. Бодох цаг
    2. Бичих цаг
    3. Алхах цаг -ийг гаргадаг.

    Ингэснээр  бодол санаагаа цэгцэлж, гаргах гэж буй шийдвэр зөв эсвэл буруу гэдгийг өөрөө өөртөө  бататгаж чаддаг. Нэг ёсондоо өөрөө өөрийнхөө зөвлөгч болсон.

    Зөн совин үргэлж зөв замруу чиглүүлж өгдөг. 

    Тэгэхээр та ч гэсэн бусадтай зөвлөлдөхийн оронд өөрийнхөө  анх төрсөн зөн билгээр яваад үзээрэй. Өөрийгөө сайн сонсоод, таны мэдрэмж танд юу гэж хэлж байна вэ? Түүнийгээ дагааад, үйлдэл хийгээд үзээрэй. Тэгээд ямар байсан тухайгаа эргэж орж ирээд бидэнтэй хуваалцвал би их баярлах болно.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

     

    Жич: Зөн совингоо яаж сонсож сурах вэ? Зөн совингоо яаж таньж мэдэх вэ? тухай мэдэхийг хүсвэл “Амжилтын тарни” номноос олж уншаарай.

  • Оюуны хөрөнгө оруулалт

     Амжилттай яваа хүмүүсийн амжилтанд хүрсэн нэг гол арга бол тэд өөрсдийн гэсэн ментор, дасгалжуулагчтай байдаг. Ментор болон дасгалжуулагч тухайн хүний амьдрал, бизнесд гарч буй саад тотгоруудыг олж харахад нь тусалж, амжилтруу чиглүүлж өгдөг.

    Урьд нь би амжилтанд хүрч чадахгүй байгаа шалтгаанаа “Даан ч надад заагаад, сургаад өгөх хүн байхгүй” гэдэг шалтгаар халхалдаг байсан. Харин дараа нь амжилтанд хүрэхэд тусалдаг ментор, амьдралын дасгалжуулагч нар байдаг гэдгийг мэдээд, судалж үзэхэд тэдний цагийн хөлс өндөр байсан учраас “тэдэнд төлөх мөнгө надад байхгүй” гэдэг шалтаг тавьж эхэлсэн.

    Хэдий тийм ч “өөр хямдхан арга юу байна вэ?” гэдгийг хайж үзэхэд, амжилтанд яаж хүрэх вэ тухай амжилтын номнуудаас суралцах боломжтой юм байна гэдгийг олж мэдээд, баяр хөөртэйгээр өөрийгөө хөгжүүлэх аянгаа эхлүүлсэн.

    Мэдээж бие дааж номноос суралцах нь бодит дасгалжуулагч(багштай) тулж ажиллахаас илүү удаашралтай.  Гэхдээ хэдий удаашралтай ч гэсэн номноос мэдэх зүйлээ мэдэж, амьдралдаа бага багаар хэрэгжүүлэх нь огт юм хийгээгүйгээс хамаагүй дээр.

    Амжилтын тухай номыг худалдан авч уншихаасаа илүү эхлээд би аль болох үнэгүй олж авах арга замыг хайдаг байсан. Найз нөхдөөсөө зээлэх мөн номын сангаас зээлээр авч унших болсон. Гэхдээ хамгийн инээдтэй нь зээлж авсан номоо хугацаанд нь дуусгаж чаддаггүй,  дахин хугацаагаа сунгуульсан ч  сандруу уншиж дуусгасан учраас хэрэгтэй мэдээллээ бүрэн гүйцэд авч чаддаггүй байсан. Тэгээд номоо буцаахдаа “дараа нь дахин авч уншина аа” гэж өөртөө хэлдэг ч  ямар нэгэн шалтгаанаас болоод авч уншаагүй тохиолдол их гарч байсан гэж болно.

    Тэгээд нэг удаа Napoleon Hill -ийн “Think and Grow Rich” гэдэг номыг уншиж байх үед нэг юмыг маш сайн ойлгож авсан.

    Энэ юу вэ гэвэл:

    Тэгэхээр ихэнх хүний хувьд ҮНЭГҮЙ зүйл үнэгүй л байдаг. Үнэгүй олдсон юманд бид хайр гамгүй хандах, хаяж гээх, хугацаагий нь дуусгаж хүчингүй болгох… зэргээр ханддаг. “Үнэгүй юм чинь яахав, зүгээр” гэж бодоод өөрийгөө тайвшруулдаг. Харин үнэтэй авсан юмандаа хайр гамтай, аль болох зөв зохистой, бүрэн гүйцэд ашиглахыг хичээдэг.

    Үнэгүй зээлж авсан номыг буцаагаад өгчихдөг учраас амьдралдаа хэрэгжүүлэх нь ховор байдаг. Яагаад гэвэл нэг удаа уншсан номыг (уран зохиолын биш, өөрийгөө хөгжүүлэх номыг хэлж байгаа шүү) хүн тэр бүр тогтоож чаддаггүй. Тиймээс дуртай үедээ өөртөө дахин сануулах боломжгүй. Харин худалдан авсан үед дуртай үедээ эргүүлж тойруулж, өөртөө сануулж, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой байдаг.

    Үнэгүй сургалт семинараас хүн хоцрох, таслах тохиолдол их гардаг. Харин төлбөрөө төлсөн сургалт семинарыг хүн аль болох алгасалгүй суух хүсэлтэй байдаг. Нэгэнт төлбөрөө төлсөн учраас асуух юмаа сайн асууя, нэгэнт төлбөрөө төлсөн учраас сурах юмаа сайн суръя гэсэн хандлагаар ханддаг.

    Үүнийг мэдсэнээс хойш би өөрийнхөө амжилтанд ЗОРИГТОЙГООР хөрөнгө оруулж эхэлсэн. Энэ бүгдээс ирэх үр ашиг маш их.

    “Өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулсан нэг доллар эргээд өөрт гучин долларын ашгийг авчирдаг.” – Brian Tracy(Брайан Трэйси) 

    Тэгэхээр зарцуулсан төгрөг болгон эргүүлээд бидэнд ашиг авчрах тул өнөөдрөөс эхлээд өөрийгөө хөгжүүлэхэд хөрөнгө оруулж эхлэх нь зүйтэй.

    Санаж яв: Өөрийгөө хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт бол хамгийн том хөрөнгө оруулалт юм.

    Өөртөө хөрөнгө оруулснаар өөрийнхөө амьдралыг сайжруулахаас гадна бусдын амьдралыг сайжруулахад тусалж чадна.

    Амжилтын тарни

    Би өөрийгөө хөгжүүлэхэд мөнгөө харамгүй зарцуулж байна!

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

     

     

     



  • Дэлхийд ганцхан #ШАРГАЛЖУУТ рашаан сувилалын тухай

    Шаргалжуут нь дээрээс харахад хэвтэж байгаа хүний хэлбэртэй бөгөөд хүний 108 судалд нийцсэн 108 рашаантай ажээ. Бүх эрхтэнд тохирох рашаан байдаг. 

    Рашаан нь Дорлиг хайрханы зүүн энгэрээс оргилон ундардаг бөгөөд урд хэсгээсээ ширгэж багасаж эхэлж байгаа юм билээ. Ирээдүйд рашаанууд нь ширгэж дуусгаад урд талд байрлах Сойдон хайрханы баруун энгэрээс рашаан оргилно гэж мэргэд хэлэлцдэг юм билээ.

    Өглөө оройд тогтмол рашаанруугаа алхаж рашаанаа залж авчирч рашаанаа уух, хоолой зайлах, шавших, боох, рашаандаа орох гэх мэт тохирох үйлийг хийх бөгөөд рашааныхаа дэргэд хоолойгоо зайлж асгах, нус цэрээ хаях, толгой, биеэ шавших гэх мэт үйлийг хийхийг хатуу цээрлэдэг ажээ.

    ШАРГАЛЖУУТ дахь Ганууд эмнэлэгийн эмч Бүрнээгийн дурсамж яриа

  • Aйдсаа давах 5 арга зам

    ”Өдөр бүр хийхээсээ айдаг нэг зүйлийг хий.” –Eleanor Roosevelt


    Биднийг амжилтанд хүрэхэд саад болж, хойш татдаг зүйл бол айдас юм.  Хэрвээ энэ айдсаа давчих л юм бол хийж бүтээх зүйлээ бид хийж бүтээж чадна гэдгийг мэднэ.

    Энэ айдас гээд байгаа юмтай бид хаана учирдаг вэ гэвэл зөвхөн тархин дотроо учирдаг. Жишээлбэл: Ямар нэгэн юм хийе гэж бодоход бодит амьдрал дээр хийж эхлээ ч үгүй байж хийх явцад гарах саад бэрхшээлийг урьдчилан таамаглаж, түүнийгээ дахин дахин бодож, төсөөлж өөрийгөө айлгадаг гэсэн үг.

    Өөрөөр хэлбэл айдас бидний оюун ухаанд сөрөг бодлуудыг суулгаж байдаг.  ”Замд чинь ийм ийм бэрхшээлүүд байгаа учраас чи амжилтанд хүрч чадахгүй” гэдэг худал бодлыг бидэнд байнга хэлж, ятгаж байдаг. Улмаар энэ бодлын дагуу бидэнд итгэл үнэмшил суудаг гэсэн үг.

    Айдас бол бодит биш. Айдас бол худал мэдүүлэг. Айдас бол үл үзэгдэгч дайсан. Энэ дайсан танруу довтлох үед доорх 5 арга замыг хэрэглээрэй.

    Aйдсаа давах 5 арга зам

    1. Амжилтын тарни урь.

    Амжилтын тарнийг урьснаар зорьж буй зорилго тэнь чухал болохыг өөртөө сануулж чаддаг. Тиймээс юу хүсч байна, юу хийхийг хүсч байна түүнийгээ чангаар давтан хэл.

    Жишээ нь: Ном бичих хүсэлтэй бол “Би ном бичиж чадна!” гэж өөртөө давтан хэл. Хэрвээ гүйх хүсэлтэй бол “Би гүйж чадна!” гэж хэл.

    Эсвэл өөртөө хүч өгөх амжилтын тарни урьж болно.

    Жишээ нь: “Би айдсаа биш зүрх сэтгэлээ сонсож байна! Мөрөөдлөө биелүүлэхэд надад юу ч саад болохгүй! Миний зорилго айдсаас илүү хүчтэй! Айдас бол дайсан! Би дайснаа дарж байна!” г.м.

    2. Хандлагаа өөрчил.

    “Хэрэв би тэгвэл” гэдэг айдастай бодлоо “хэрэв би тэгвэл” гэдэг өөдрөг итгэлтэй бодлоор өөрчил.

    Жишээлбэл:

    “Хэрэв би ажлаасаа гарвал ажил олдохгүй байвал яана аа” гэхийн оронд “хэрэв би ажлаасаа гараад өөрийнхөө дуртай ажилд орвол яах вэ?”

    “Хэрэв би үүнийг хйивэл хүмүүс юу гэж бодох бол” гэхийн оронд “хэрэв би үүнийг хийгээд амжилтанд хүрвэл ямар байх вэ?”

    “Хэрэв би түүн рүү утасдвал утсаа авахгүй байвал яана аа”,  эсвэл “эргүүлж надруу залгахгүй байвал яана аа” гэж айхын оронд “хэрэв би түүн рүү залгаад сайхан дотно яриа өрнүүлбэл ямар байх вэ?” гэх мэтээр сониуч зангаа хөгжүүлж, түүнийгээ урьтал болгох хэрэгтэй. Ингэснээр айдастай таамаглалаа итгэл найдвараар дүүрэн бодлоор өөрчилнө.

    3. Өөртөө итгэ.

    Өөртөө итгэх итгэл нэг бол таныг сул дорой,  нэг бол хүчтэй хүн болгоно. Хэрвээ та энэ дэлхий дээр хаана ч байхгүй тийм бэлгийг өөртөө өгөхийг хүсвэл өөртөө итгэх итгэлийг бэлэглээрэй гэж хэлмээр байна. Учир нь таны ухаан, мөнгө, амьдарч байгаа газар г.м. зүйл тэр болгон танд амжилтыг авчрахгүй. Харин та юу бодож, юунд итгэж байгаагаас л таны амжилт шалтгаална. Та юу их бодно түүндээ итгэнэ. Та юунд их итгэнэ түүнийхээ дагуу үйлдэл хийнэ. Хийсэн үйлдлээс үр дүн тэнь тодорхойлогдоно.

    4.  Үйл хий.

    Амьдрал бол тэр чигээрээ хөдөлгөөн. Хэрвээ бид хөдлөхгүй бол хөгжихгүй. Хөдөлж л байвал бид хөгжинө. Харин айдаст автснаар бид нэг газраа зогсонги байна. Тиймээс өнөөдөр , яг одоо бид юу хийж байгаагаас бидний ирээдүй шалтгаална. Тиймээс үйлдлийг ар араас нь хийх хэрэгтэй.

    Амжилт зөвхөн итгэлээс бус харин итгэл дээр тулгуурласан үйлдлээс хамаардаг.

    Өнөөдөр эхлүүлээгүй ажлыг маргааш дуусгана гэж байхгүй учраас өнөөдөр яг одоо айдсаа дарах үйлдэл хийж эхлэх нь зүйтэй.

    5. Алдаа гаргана гэдгээ мэд.

    “Амжилт гэж ялагдлаас ялагдлын хооронд урам зориг, хүсэл тэмүүллээ алдалгүй бүдчин явахыг хэлнэ.”–Winston Churchill

    Амжилтанд хүрэхийн тулд бид алдана, унана бас ялагдана. Ганц удаа биш олон удаа алдана, унана, ялагдана. Огт алдахгүйгээр, огт унаж бэртэхгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй.

    Алдснаар бид ялагдагч биш харин ч тэр хэмжээгээрээ хүчтэй ялагч болдог. Тиймээс бүү ай! Өнөөдрөөс эхэлж алдаа гарга, уна, ялагд!

    Санаж яв: Амжилтыг амжилтаас биш алдаанаас эхлүүлнэ.

    Эцэст нь хэлэхэд айдас биднийг зогсоохын тулд биш биднийг илүү хүчтэй болгохын тулд бас бидний хүсэл мөрөөдөл юунаас ч илүү чухал гэдгийг мэдүүлэхийн тулд үүсдэг.

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Би амжилтанд хүрэхийн тулд төрсөн учраас юунаас ч айхгүй!

    Танаас асуух миний асуулт: Өнөөдөр айдас таныг ямар амжилт гаргахаас хойш татаж байна вэ? Амжилтаас хойш татаж байгаа тэр айдас тэнь юу вэ? Энэ тухай доор ярилцья сэтгэгдлээ үлдээгээрэй.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр



  • Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?

    Бид ихэвчлэн ашиггүй үр дүнгээ өгөхгүй зүйлүүдэд цагаа зарцуулдаг.

    Та өглөө орноосоо босоо ч үгүй байж удирдлага авч  ТВ асааж байна уу? Утсаа шалгаж байна уу?  Босонгуутаа компьютер асааж, интернэт дээр сууж байна уу? Тийм бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж чадахгүй байгаагийн нэг шалтгаан байж болно.

    Хүн өдөрт дунджаар 5 цагийг ТВ үзэж өнгөөрөөдөг гэж судалгаагаар гарсан. За бүүр больё, нэг цагийг нь хасаад өдөрт 4 цаг үзлээ гэж бодоход бид амьдралынхаа 13 жилийг зөвхөн ТВ үзэхэд зарцуулж байна гэсэн үг.

    Зарим хүмүүс “би ТВ огт үздэггүй” гэж боддог боловч  ажлаа төлөвлөөгүй, цагаа төлөвлөөгүй, хийх ажлаа цагийн хуваарьтаа оруулаагүй тохиолдолд ямар нэгэн байдлаар, өдөрт багаар бодоход 4 цагийг өөр ашиггүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь:  интернет, мэйл, утас, тоглоом гэх мэт. Тиймээс үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд өдрөө төлөвлөж, хийх ажлуудаа цагийн хуваарьтаа оруулах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа төлөвлөсөн ёсоороо хийх эсэх нь өдрөө хэрхэн эхлүүлж байгаагаас их шалтгаалдаг. Тиймээс өнөөдөр өдрөө үр бүтээлтэй эхлүүлэх зөвлөмжийг оруулж байна.

    Өдрөө хэрхэн үр бүтээлтэй эхлүүлэх вэ?

    Өглөө босонгуутаа хэд сайхан суниах, гадаа гарч 10 минут алхах, усанд орох, өдрөө сайхан өнгөрөөх, сэтгэл санаагаа сэргээх амжилтын тарни урих, цоо шинэ өдрийг цоо шинэ бодолтойгоор эхлүүлж байгаадаа талархах, өдрөө үр бүтээлтэй өнгөөрөөж байгаагаар төсөөлж, түүнийгээ мэдрэх, зорилгоо тодорхойлж бичих зэрэг өөрийгөө бүрэн сэргээх үйл хийхээс эхлүүлэх хэрэгтэй.

    Мөн өөрөөсөө доорх асуултыг асууж болно.

    – Өнөөдөр миний сэтгэл юунд хөдөлж байна вэ?

    – Би өнөөдөр сэтгэлээ хөдөлгөхөөр юу хийх вэ?

    – Өнөөдөр би юу юу хийж дуусгах вэ?

    – Саад бэрхшээл тулгарсан ч хамаагүй өнөөдөр би юу юу хийж дуусгасан байх ёстой вэ?

    Магадгүй энэ бүгд танд утгагүй,  мэдээжийн сонсогдож байж мэднэ. Гэхдээ би таныг өдрөө эрч хүчтэй эхлүүлээсэй, өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлээсэй гэдэг үүднээс үүнийг бичиж байна. Заримдаа иймэрхүү мэдээжийн зүйлүүдийг хэрэгжүүлж байж, биеэрээ амсаж байж амтанд нь ордог. Өөдрөг сэтгэл, эерэг бодол биднийг аз жаргалтай болгодог. Тиймээс өөрсдийгөө урагш алхуулахын тулд эрч хүч өгөөд байгаа тэр зүйлүүд юу вэ гэдгийг олж мэдэж, түүнийгээ хийх нь чухал.

    Тэгээд “өглөөнийхөө хоолыг өөртөө” гэдэг шиг өглөө сайн хооллож, ус сайн уух хэрэгтэй. Энэ бол өдрөө үр бүтээлтэй өнгөрөөх ЭХЛЭЛ мөн. Ингэж чадвал таны өдөр үр бүтээлээр дүүрэн байх болно.

    Эхлээд өөрийн бие, оюун ухаанд өгөх ёстой хоол, тэжээлийг нь өгч, дараа нь бусад зүйлээ эхлүүлэх нь зүйтэй.


     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Амжилтанд хүрэх маш энгийн

    “Бид л түвэгтэй болгоод байдгаас биш аж амьдрал бол өөрөө маш энгийн.”- Күнз

    Бодоод байхад бид аливаа зүйлийг маш хэцүү болгодог.

    Амжилтанд хүрэхэд хэцүү, үүнийг хийхэд, түүнийг хийхэд хэцүү гээд л…

    Үнэндээ бол бид өөрөө хийх хэрэгтэй гэж үзэж байгаа, хийхэд амархан, их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулах шаардлагагүй зүйлүүдийг хийдэггүй. Тийм ч учраас амьдралыг  хэцүү төвөгтэй болгодог.

    Жишээ нь, Эрүүл холлох, ногоо сайн идэх, ус их уух хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ л мэднэ.  Ногоо идэж, уус уух нь амархан уу? Амархан. Гэтэл бид мэдсээр байж тэр болгон ногоо идэж, ус уудаггүй.

    Дасгал хийх ёстой гэдгийг хүн бүр л мэддэг. Гэвч хийдэг үү? Үгүй! Ихэнх хүмүүс хийдэггүй.

    Яг үүний адил цагтаа ирэх, хэлсэн амандаа хүрэх, өглөө эрт  гучхан хувийн(минут) өмнө босох зэрэг нь хэцүү юу? Үгүй! Амархан! Гэвч бид ихэвчлэн хийдэггүй.

    Тиймээс бид амархан юмнуудыг хийдэггүй учраас амьдралаа хэцүү болгодог.

    Энэ амархан гээд байгаа зүйлүүдийг хийхэд амархан, бас хийхгүй байх ч амархан. Хэн хожих вэ? гэвэл “хийсэн хүн л хожино.”

    Санаж яв: Хийхэд амархан юмыг хийгээгүйгээс болж хэцүү болдог.

    Амжилтанд хүрэх маш амархан. Ердөө л мэддэг чаддаг юмаа хийхээс эхэлнэ. Мэддэг чаддаг юмаа хийж  эхлэх л юм бол та одоо байгаагаасаа илүү амжилттай болно.

    Амьдрал ч гэсэн амархан, хөнгөхөн болно.

    Маш энгийн!

    Хийхэд амархан зүйлийг өдөр бүр, удаан хугацааны турш хийж чадсан тохиолдолд үр дүнд хүрнэ.

    Жишээ нь: Амжилтанд хүрсэн хүмүүс “амжилтын тарнийг” өдөр бүр удаан хугацааны турш амьдралдаа хэрэгжүүлж чадсан учраас амжилтанд хүрсэн байдаг.

    Бид амжилтын тарнийг урих цагийг өдөр бүр өглөө 3 хувь(минут), орой 3 хувь гаргаж чадах уу? Чадна. Амархан уу? Амархан.

    Тэгээд түүнийгээ долоо хоног, 2 долоо хоногийн турш гаргалаа гэж бодоход бид өөрчлөгдөж эхэлнэ, сэтгэл санаа хүртэл өөдрөг, эерэг болж эхэлнэ. Гэвч 2 долоо хоног, 3 долоо хоног хангалттай хугацаа биш, харин бид 2, 3, 5, 10 жил хэрэглэж чадвал үр дүнгээ үзнэ гэсэн үг.

    Зөв хооллолт ч гэсэн мөн адилхан. Хэрвээ бид нэг талхыг нэг луувангаар орлууллаа гэж бодоход нэг сар, 2 сарын дотор үр дүнгээ үзэхгүй. Харин 2, 3, 4.. жил үргэлжлүүлэн орлуулсаар байх юм бол үр дүнгээ үзнэ.

    Хэлсэн амандаа  1, 2 сар хүрээд л больчих юм бол утгагүй. Харин 5, 10 жил хэлсэн амандаа хүрэх юм бол таны хэн бэ? гэдгийг хүмүүс ч мэдэх болно, та ч гэсэн өөрийнхөө хэн бэ? гэдгийг өөрчилж чадна.

    Өдөрт аравхан хувь(минут) дасгал хийх цагийг хүн бүр гаргаж чадна. Амархан уу? Амархан! Харин өдөр бүр 3-4 жилийн турш тууштай гаргаж чадвал бие бялдар, оюун ухаанаа өөрчилж чадна.

    Товчхон хэлэхэд амархан гэх зүйлүүдээ дор нь хийгээд, түүнийгээ өдөр бүр, удаан хугацааны турш, тууштай хийж чадвал амжилтанд хүрнэ.

    Дахин хэлье:

    “Хийхэд амархан гэж үзэж байгаа зүйлүүдээ өдөр бүр, тууштай хийж чадвал амжилтанд хүрнэ.”

    “АМЖИЛТ” бол маш энгийн: Ердөө л мэддэг чаддаг юмаа хийхээс эхэлнэ.

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр