Category: human-development

  • Бид оюун ухааны EQ, CQ, DQ үзүүлэлтүүдийг илүүд үздэг

    Хүмүүс бидний ихэнх маань оюун ухааныг IQ гэдэг нэг хэмжүүрээр хэмжиж ирсэн. Түүнчлэн хүүхэддээ багаас нь гадаад хэлийг эзэмшүүлэхийг оролдоцгоодог… Эх хэлээ төгс эзэмшиж, эх хэлээрээ сэтгэж сураагүй байхад нь харийн хэл зааж, хялбархан сурч байна хэмээн үзэгдэлд хууртаж, мөн чанарыг орхигдуулсаар ирсэн. Үүнийг би сонголтгүй сонголт гэж ойлгодог.

    Тэгвэл өнөө цагт Multiple Intelligence буюу Олон талт оюун ухааны онолын асуудал ихээр яригдаж байна. Учир нь хүний оюун ухаан гэдэг бие биеэсээ харилцан хамааралтай олон оюунаас бүрддэг бөгөөд тэдгээр оюуны чадвар тус бүрдээ хүмүүс бидний сайн сайхан амьдралд өөр өөрийн онцлогтойгоор үйлчилж, нөлөөлж байдаг.

    Бид бүгд амьдрал дээр ухаантай мөртлөө дорой буурай амьдардаг, мэргэжилдээ чадварлаг боловч гэр бүлдээ асуудалтай, олон талаар гүн сэтгэдэг боловч ганцаардсан аз жаргалгүй гэх мэт янз бүрийн нөхцөл байдалд буй олон хүмүүсийг мэддэг. Тэдний алдаа юу вэ?

    Хүн бүхэн төгс байх шаардлагагүй… Хүн бүхний үнэт зүйл, үзэл бодол, сэтгэл ханамж өөр өөр байдаг. Гэвч хүн бүхэн сонголтгүй сонголтоор бус, олон талын мэдлэг, олон талын ойлголтыг авч, олон сонголтоос хүссэнээ сонгож амьдрах учиртай. Хүүхэд бүхэн амьдралын зорилготой төрдөг гэж би итгэдэг. Тиймээс хүүхэд бүхнийг амьдралын зорилгодоо хүрч, үнэ цэнэтэй сайн сайхан аз жаргалтай амьдралыг бүтээлгэхийн тулд оюун ухааны дараах чадваруудыг онцлон хөгжүүлэхийг зорьж байна. Үүнд:

    Emotional Quotient– Сэтгэл хөдлөлийн ухаан

     

    – EQ – өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар
    – EQ бол орчныхоо хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл

    EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.

    1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар
    2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар
    3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар
    4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар
    5. Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ

    CQ – Creative Quotient – Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч ухаан

    – Аливаа мэдлэгийг биет болон оюуны баялаг болгох чадвар
    – Ер бусын байдлаар сэтгэж өвөрмөц байх чадвар

    CQ – ийн үндсэн чадварууд

    – Давтагдашгүй шинэ санааг олох
    – Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
    – Бүх мэдрэмжээ ашиглах
    – Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
    – Шинэ санааг хөгжүүлэх
    – Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
    – Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх

    AQ – Adversity Quotient

    Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон

    AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.

    AQ-ийн үндсэн чадварууд

    – Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар
    – Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар
    – Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар
    – Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.

    BQ – Bonding Quotient

    Bonding – Хэлхээ холбоо, хамаарал

    BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт.
    Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.

    BQ-г яаж дээшлүүлэх вэ?

    – Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
    – Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
    – Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
    – Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
    – Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал

    DQ – Development Quotient

    Development – Хөгжил дэвшил

    Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар

    DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.

    DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?

    – Хамгийн түрүүнд айдсаа даван туул
    – Тогтмол хичээллэ
    – Булчингаа хөгжүүл
    – Уян хатан чанараа хөгжүүл
    – Тэнцвэрээ хөгжүүл
    – Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
    – Самбаа болон баримжаагаа хөгжүүл
    – Аэробикээр хичээллэ
    – Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
    – Эрүүл хүнс хэрэглэж бай
    – Тэвчээртэй бол
    – Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.

    SQ – Spiritual Quotient

    Spiritual – оюун санаа, дотоод ертөнц

    – Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
    – Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
    – Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
    – Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
    – Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
    – Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
    – Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар

    Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.

    SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?

    – Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
    – Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
    – Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
    – Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
    – Илүү ачаанаасаа сал
    – Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.

    MQ – Moral Quotient

    Moral – Ёс суртахуун

    Ёс суртахуун – хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар

    MQ сайтай хүн сайн мууг ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. IQ, EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол тэр хүн нийгэмд хор хөнөөл учруулна.

    Ёс суртахууны чадварууд

    – Хүний нэр хүндийг хүндэтгэх
    – Бусдын сайн сайхны талаар санаа тавих
    – Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
    – Зарчимч байдлыг эрхэмлэх
    – Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
    – Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх

    ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь хүүхэд багачуудынхаа оюун ухаан, сэтгэлгээг олон талаар хөгжүүлснээр хүн бүхэн өөр өөрсдийн онцлогийг мэдэж, хүн бүхэн өөр өөр авьяас чадвартай, өөр өөр хүсэл зорилготой, өөр өөр ертөнцүүд байдгийг ойлгон, өөрийгөө зөв үнэлэн, өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой байж, эх орныхоо жинхэнэ эзэн нь болж өсгөх бодлоготой хичээнгүйлэн ажиллаж байна.

    Эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг, үнэт зөвлөгөө, зөвлөмжөө өгөхийг хүссэн, хамтарч ажиллах саналтай байгууллага, хувь хүн хэн бүхэнтэй хамтарч ажиллахад хэзээд бэлхэн.

     

    Жамсранжавын ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 

    http://creativemongolia.com/horloo

  • Хүүхдээ сэтгэлийн хаттай болгож өсгөөрэй

    Хүүхэд нэг нас хүртлээ эцэг, эхийнхээ зөөлөн харц, халуун дулаан тэврэлт, дотно инээмсэглэл, сайхан үгс, бүүвэйн дуунаас хайрыг мэдэрч, хорвоо ертөнцөд итгэх итгэлээ олж авдаг бол, хоёр наснаасаа бусдыг ойлгож, эцэг, эх, болон найз нарынхаа сэтгэл хөдлөлийг хуваалцан, ХҮН болж төлөвших суурь тавигддаг ба зургаа хүртэл насанд сэтгэлийн хаттай болох, эс болох хандлага төлөвшдөг.

    Тэд хоёр наснаасаа л баярлаж хөөрөх, гомдох, уйлах, аргадах, үнсэх, тэврэх гэх мэт сэтгэлийн үзэгдлүүдийг илүүтэй мэдэрч, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай болж эхэлдэг. Тиймээс энэ үед нь бид хүний сэтгэлийн нандин, эмзэг мэдрэмжийг үр хүүхэддээ зөв мэдрүүлж суулгаж өгвөөс хүүхдүүд маань ирээдүйд өөрийн сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг, бусдыг ойлгодог, мэдрэмж сайтай хүн болж чадна. Эцэг, эхчүүд бид хүүхдүүдээ жоохон байна, юу ч ойлгохгүй гэж мунхаглан өөрсдийн сэтгэлийн үзэгдлүүдийг тайлбарлан таниулаагүйгээс болоод хүүхдүүд маань “Баярлалаа”, “Уучлаарай”, “За”, “Ойлголоо” гэх мэт үгсийг сэтгэлээсээ бус зүгээр хэлээд сурчихвал, дараа бусдыг албаар гомдоочихоод зүгээр л уучлаарай гээд хэлчихэд болчихдог юм шиг санах болно. Тэдэнд хүнийг хайрлах, өрөвдөх, хүнээр бахархах, хүнийг хайрлах сэтгэлийн хөдөлгөөнөө, нүүрний хувирал, үгийн өнгө аяс, харцтайгаа хамт мэдрүүлж өсгөх нь чухал. Ийм учир, бид өөрсдийн амьдралд тохиолдож буй зүйлсдээ чин сэтгэлээсээ хандаж, уйлах, уурлах, гомдох, уучлах, баярлах сэтгэлийн хөдлөлөө хүүхэдтэйгээ хуваалцан,ээжид нь яг одоо тийм зүйл тохиолдоод байгаа учир … ээж нь ингэчихлээ, ээжийнх нь сэтгэл … байна, хүний амьдралд сайн, муу олон зүйл тохиолддог гэх мэтчилэн ярилцдаг байвал хүүхэд тань таны сэтгэл хөдлөлийг мэдэрч улмаар бусдын жаргал, зовлон, сайн муу зүйлийн талаар ойлголттой болж, бусдад сэтгэл тавиж чаддаг, бусдыг ойлгодог, сэтгэл хөдлөлдөө бүтээлч хандаж чаддаг хүн болон төлөвшиж чадна.

    Түүнчлэн хүүхэддээ, амьдралын дүр төрхийг бодитоор мэдрүүлж, хүний амьдрал байнга аз жаргалаар бялхдаггүй, тодорхой хэмжээний бэрхшээл, зовлон гуниг тохиолддог. Түүнийг хэрхэн давж чадсанаас хүний амьдрал шалтгаалдаг болохыг хүүхдэдээ багаас нь ойлгуулахын тулд өөрийн уйтгар, гунигийг ч мэдрүүлж өсгөх нь чухал. Улмаар цэцэгс цаг нь болохоор саадгүй ургадаг, бүх зүйл түр зуурынх байдаг, үүл гарч нарыг халхалсан ч мөнхөд халхалж чадахгүй гэх мэтээр тайлбарлан, аливаа сайн сайханд хүрэхэд бэрхшээл заавал тохиолддог, гэхдээ бэрхшээл гэдэг давж болох зүйл гэдгийг хүүхдүүддээ тайлбарлан таниулж өсгөвөл хүүхдүүд маань аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, сэтгэлийн хаттай болж өснө.

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 

  • Хүүхдийн дөрвөн асуудал дөрвөн боломж боллоо

    ИНДИГО шинэ зууны хүүхдийн хөгжлийн төв нь хүүхдүүдийн ДӨРВӨН АСУУДАЛ-ыг ДӨРВӨН БОЛОМЖ болгоно.

    “Индиго” шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийн төв нь хүний төлөвшлийн 90% нь явагддаг, хүний амьдралын хамгийн чухал үе болох бага насны хүүхдүүдийн өсөлт хөгжилтөнд нь саад болон бул хар чулуу мэт дээрээс нь даран өөртөө итгэх итгэлийг мохоон, амьдралын хүсэл тэмүүлэлгүй болгодог дөрвөн асуудлыг арилган, тэдэнд цоо шинэ дөрвөн боломжийг олгохоор байгуулагдан өдөр өнжүүлэх болон клубын систем гэсэн хоёр үндсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах гэж байна.

    Бидний хүүхдүүдэд элбэг тохиолддог ДӨРВӨН АСУУДАЛ юу вэ?

    1. Эцэг, эхчүүд бидний ихэнх нь хүүхдээ судалдаггүй, төрөлх зан араншин, хүүхдийн хүсэл сонирхлыг хүндэтгэдэггүй, шинэ зууны хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, хөгжүүлэх арга барил байдаггүй. Бараг л хүүхэдтэйгээ адилхан аашилж, хүүхдээ уурлахаар нь өөрөө уурлаж, зөрүүдлэхээр нь өөрөө зөрүүдэлж, ажил ихтэйгээрээ шалтаглаж бага ярилцаж, юм хийх гэхэд нь “болохгүй”, “чадахгүй” хэмээн хориглож, буруу зөв, сайн муугийн ойлголтыг өгөөгүй, тэр тухай ярилцдаггүй мөртлөө зэмлэж, тэнэг мулгуугаар нь дууддаг… Энэ бүхэн хүүхдийн хувьд хамгийн том асуудал бөгөөд хүүхэд аз жаргалгүй, сэтгэхгүй, ажлаас хойш суусан, хүсэл тэмүүлэлгүй амьтан болж хувирдаг.
    2. Өнөөгийн хотжилт, хуурайшилт, тоосжилт, агаарын бохирдол, хүнс тэжээл, амьдралын хэв маяг, хүүхдүүдийн эрүүл мэндийн дадал хэвшил муу зэрэг олон учир шалтгаанаас улбаалан хүүхдийн эрүүл мэндэд олон асуудлууд үүсч байна. Тухайлбал хүүхдийн биед маш олон янзын шимэгчид үүрлэн амьдарч байдаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн анхаарал тогтворгүй болж, хэт их хөдөлгөөнтэй болон годгонож, уур уцаартай болох, хэт турах гэх мэт олон асуудлууд үүсдэг.
    3. Хүүхдийн зан чанар, хандлагад нөлөөлдөг зүйл бол орчин нөхцөл, түүнийг тойрон амьдарч буй аав ээж, ах эгч, эмээ өвөө, асран хамгаалагч нар байдаг. Хэдийгээр хүүхэд боловсролын байгууллагаас маш олон хэрэгтэй, зөв зүйлийг сонсож, өсөж хөгжиж байгаа ч гэсэн тэдний хувьд хамгийн их хугацааг өнгөрүүлдэг орчин бол гэр бүл нь байдаг. Тиймээс шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харьцах аргаа мэддэггүй, өөрсдийхөө тухайн үеийн сэтгэлзүйн байдлаас шалтгаалан харьцдаг ах эгч, эцэг эх, эмээ өвөө нарын буруу, туйлширсан харилцаа хожим маш том асуудлыг үүсгэдэг.
    4. Манай эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн бага нас, өсвөр нас, залуу нас, жирэмсэн үе, залуу гэр бүл зэрэг хүний амьдралын тодорхой нэг мөчлөг тус бүрт харилцан ялгаатайгаар тохиолддог сэтгэлзүйн хямрал болон асуудал бэрхшээлд хүүхдээ бэлтгэдэггүй, тэр талын мэдлэг хомс байдагтай холбоотой олон асуудлууд үүсдэг.

    Тэгвэл дээрх дөрвөн асуудлыг шийдвэрлэж, та болон таны хүүхэд, гэр бүлийн тань байнгын зөвлөх, үнэнч, дотны анд тань байж асуудлыг тань шийдвэрлэж, амжилтыг тань хамт тэмдэглэхээр ИНДИГО хүүхдийн цогц хөгжлийн төв үүдээ нээн уръж байна.

    ИНДИГО шинэ зууны хүүхдийн цогц хөгжлийн төв та бүхэнд дараах ДӨРВӨН БОЛОМЖ-ийг олгож байна.

    1. Хүүхдийг багшийн удирдлаган дор, баг болгон, олон янзын оюуны тоглоомоор, баяр жаргалтайгаар тоглох явцдаа хөгжих цоо шинэ цогц хөгжлийн хөтөлбөрүүдтэй өдөр өнжүүлэх. /3-5нас, 6-9нас/
    2. Хүүхэд бүрийг ОХУ-н хамгийн сүүлийн үеийн аурагаар, эсийн түвшинд оношилдог аппаратаар үзлэг оношилгоонд хамруулан, зөвлөгөө өгч, эрүүл аж төрөх дадал хэвшилд сургах.
    3. Хүүхдийн зан чанар, харилцаа, хандлага, төлөвшилд хамгийн ихээр нөлөөлж байдаг эцэг эх, өсвөр насны болон оюутан ах эгч, асран хүмүүжүүлэгч нарыг нь сар бүр хүний хөгжлийн болон шинэ зууны хүүхдүүдтэй хэрхэн харилцах, тэднийг хэрхэн хүмүүжүүлэх арга барилыг санал болгосон лекц сургалтанд хамруулах.
    4. Хүүхдийн тань бага насанд төдийгүй өсвөр нас, залуу насны чухал, хэрэгцээтэй үеүдэд нь хамт байж, сэтгэлзүйн өөрчлөлт, өсөлт хөгжилд нь тохирсон сургалт хөтөлбөртөө хамруулж байх клубын системийг тус тус санал болгож байна.

    Та бүхнийг 2010.09.25 нд болох ИНДИГО хүүхдийн хөгжлийн төвийн нээлтэнд оролцон, тус төвийн Хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөртэй өдөр өнжүүлэх болон Ирээдүйн эзэд клубын гишүүн болохыг уръж байна.

    ИНДИГО-той хамт эх орныхоо ИРЭЭДҮЙН ЭЗЭД-ийг БЭЛТГЭЦГЭЭЕ!

  • “ИНДИГО” нэрний учир

    “Индиго” гэдэг бол шинэ эриний хүүхдүүдийн онцлогтой холбоотой нэр. Учир нь 1980-аад оноос хойш төрж буй зарим хүүхдүүд, 2000 оноос хойш төрж буй ихэнх хүүхдүүдийн гэрлэн бие /аура/ нь нил хөх туяатай бөгөөд тэд бусад хүүхдүүдээс илүү ухаантай, хэрсүү, төрөлхийн мөн чанар нь үнэнч шударга, муу зүйлийг тэвчдэггүй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, амьдралын зорилготой хүмүүс төрж байгааг нэлээд олон орны эрдэмтэд олж тогтоогоод байгаа билээ. Манай төв нь Монголын хүүхэд бүхэн ХҮН шиг ХҮН болон төлөвшиж, өөрийн гэсэн үнэт зүйлтэй байж, төрөлхөөс заяасан хэрсүү, онцлог чанараа улам бүр хөгжүүлэн цэцэглүүлж, амьдралын зорилгодоо хүрээсэй, Эх орноо хөгжүүлээсэй, Эх дэлхийгээ авраасай гэсэн үүднээс энэхүү нэрээр нэрлэх болсон билээ.

    Бид индиго хүүхдүүдийн онцлог болоод тэдэнтэй хэрхэн харилцах тухай мэдүүштэй зүйлсийг энэхүү блогтоо нийтэлж байх болно.

    Жич: Эрхэм та Индиго хүүхдийн тухай илүү сонирхохыг хүсвэл “Индиго буюу Гасан хүүхэд” цуврал номноос тодруулж уншиж болно.

  • Итгэх, үл итгэхийн суурь тавигдах үе (0- 1 нас)

    Нярай хүүхдийн амьдралд хүний ойр дотно харилцаа ус агаар мэт хэрэгтэй учраас тэднийг өдөрт хэд хэдэн удаа тэвэрч, инээмсэглэн харж, энхрийлэн хөхүүлж, бүүвэйлэн ярилцаж байх нь чухал.
    Судлаач Э.Эриксоны үзэж байгаагаар 0-1 насны үед хүүхдэд хүрээлж буй ертөнцөд итгэх эсвэл үл итгэх хандлагын суурь тавигдаж эхэлдэг байна. Энэ нь юуны түрүүнд түүний ээжийн сэтгэл санаа, хүрээлэн буй орчин нь хэр зэрэг амгалан тайван, аятай байгаагаас шалтгаалдаг ажээ. Хэрвээ энэ үед ээжийн сэтгэл санаа тайван байвал хүүхдэд ертөнцөд итгэх хандлагын суурь бий болдог байна. Харин энэ үед ээжийн сэтгэл санаа тайван бус байвал хүүхдэд ертөнцөд үл итгэх хандлагын суурь бий болох сөрөг талтай. Энэ нь түүний цаашдын хөгжилд тодорхой хэмжээний сөрөг үр дагаврыг бий болгох тул анхаарууштай.
    Сэтгэцийн хөгжлийн хувьд 0-1 насанд хүүхдийн хүртэхүй хөгжих таатай үе бөгөөд “70 чавганцын ажил” хийж юмсын шинж чанарыг таних процесс идэвхитэй явагддаг. Тиймээс харсан бүхнээ барьж үзэх, амандаа үмхэх зэрэг үйлдлийг хийдэг. Гэвч эцэг эхчүүд – наадах чинь муухай, үмхэж болохгүй, – битгий… хагалчихна, – хүүе болохгүй гэх мэт “болохгүй”, “болохгүй” гэж баахан л болохгүйг ярьж, өсөж хөгжиж буй ой ухаанд нь болохгүйн үрийг суулгадаг. Энэ нь хүүхдэд багаас нь болохгүй, бүтэхгүй, би чадахгүй гэсэн өөртөө үл итгэх үзлийг төлөвшүүлэх үндэс болж өгдөг. Тэгвэл энэ насан дээр нь хүүхэд барьж болохооргүй, хагарах зүйл байвал түүний гар хүрэхгүй газар тавих /бүр дээр/, муухай үмхэж болохооргүй тоглоомыг нь угааж цэвэрлэх, хүүхдийн өрөөг байнга цэвэрхэн байлгах, гарыг тогтмол угаан, барьсан зүйлээ чөлөөтэй үзэн, үмхэх, харах боломж олгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гэрээ хүнд таалагдах гэж биш хүүхдэдээ тохиромжтойгоор эд зүйлсээ байрлуулах, хүрч болохгүй зүйлийг хураах зэрэг арга хэмжээ авсан нь дээр. Таны хүүхэд хүссэнээ авч үзэж, харж, үмхэх нь хүүхдийн тань хөгжилд сайнаар нөлөөлнө. Тийм учир хүүхдийн шууд хүртэн мэдрэх үйлийг нь зөв зохион байгуулан таван мэдрэхүйн /харах, сонсох, үнэрлэх, амтлах, шүргэх/ хөгжилд онцгой анхаарах нь зүйтэй.

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 

  • “Ирээдүйн эзэд” хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр

    Хүний оюун ухааны 50 хувь нь, зан төлөвшлийн 90 хувь нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог. Түүнчлэн хүүхэд гагцхүү үе тэнгийнхнийхээ дунд л илүү ихийг сурч мэдэн, тэднээсээ үлгэр дууриал аван илүү их төлөвшдөг билээ.

    ИНДИГО-Хүүхдийн хөгжлийн төвийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагааны нэг нь 3- 5 настай хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой “Ирээдүйн эзэд” хөтөлбөр байх болно. Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдийг баг болгон, оюуны модон тоглоомуудаар тоглуулах журмаар,

     

    • Өөрийгөө илэрхийлэх чадвар
    • Хэл ярианы чадвар
    • Логик, математикийн чадвар
    • Хараа, орон зайн чадвар
    • Харилцааны чадвар
    • Багаар ажиллах чадвар
    • Бүтээлч сэтгэлгээ зэргийг хөгжүүлнэ.
    “Ирээдүйн эзэд” хөтөлбөр нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад тогтмол явагдаж байх тул, таныг тэдгээр өдрийн аль нэгэнд нь хүүхэдтэйгээ хамт манай төвөөр зочлохыг урьж байна.

     

    Хүүхэддээ санаа тавьсан хором бүр тань
    Ирээдүйд, жаргалтай он жилүүд болон хувирах болно.
  • 1- 2 насны хүүхдийн онцлог, харьцах арга

    Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдээ юу хийж чадах эсэхийг нь мэдэхгүй мөртлөө хүүхдээ юм хийх гэхэд нь үгүйсгээд, бага байна, том болохоороо хий, одоохондоо чадахгүй гэх мэт хориглодог. Жишээлбэл: 1 настай хүүхэд өөрөө халбагаа бариад хоолоо идэх гээд зүтгэхэд ээж нь хоолоо асгаж цутгахаас нь халширч хориглодог, хоолоо идээд аягаа аваачаад тавих гэхэд нь хагалчихна гэж хориглодог, оймсоо өмсөх гэхэд нь удна, цэцэрлэгээсээ хожигдчихно гээд ээж нь өөрөө шүүрч аваад өмсүүлдэг, шүүр бариад шал цэвэрлэх гэхэд нь чадахгүй гэх мэт хориглосоор юм хийх гэж тэмүүлж байгаа сэдэл тэмүүллийг нь унтраачихдаг. Ийнхүү бага насандаа ажил хийх дадал, хэвшил суух ёстой байсан үед нь хориглосоор тэрхүү дадал хэвшлийг суулгаагүй учир 5, 6 насандаа юмнаас хойш сууж, хий гэсэн зүйлийг хийдэггүй, залхуурах хандлагатай болж төлөвшдөг. Ийнхүү эцэг эх нь –манай хүүхэд гэж залхуу юм гэж хүүхэдрүүгээ бурууг тохдог боловч түүнийг залхууруу түлхсэн нь өөрсдөө гэдгийгээ ухамсарладаггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжил төлөвшилд хариуцлагатай хандан, хүүхдийн нас насан дээрх онцлогийн талаар мэдлэгтэй болж, юм мэдэж хүүхэдтэйгээ харьцдаг байгаасай гэж хүсч байна. Ингээд 1-2 насны хүүхдийн онцлог:
    1 нас 3 сар
    Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно. Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ. 3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
    Урьд нь сурсан зүйлүүдийг давтах чадвартай болно. Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна. Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
    1 нас 6 сар
    Хоорондоо төстэй чанараар нь эд юмсыг хооронд нь хамааруулж чадна. Хүсвэл хялбарчилсан болон зөв үгийг хэрэглэнэ. Ялгаатай 3-4 хэлбэр дүрсийг ялгаж чадна. Том хүний хийдэг байнга ажиглаж нүдэлсэн хөдөлгөөнүүдээс тоглохдоо хэрэглэнэ. Хөлөө зөөн саадыг давна. Шингэн хоолыг өөрөө халбагадаж иднэ.
    1 нас 9 сар
    Энгийн хялбар асуултанд хариулна. Зураг дээр харуулан ярьж өгсөн хялбар түүхийг ойлгоно. Хоорондоо 3 см-ын зөрүүтэй хэмжээтэй зүйлүүдийг ялгана. Эвлүүлдэг дүрсээр байшин, сандал г.м хялбар бүтцийг хийнэ. 15-20 см-ын өргөн болон урттай зүйл дээгүүр явж чадна.
    2 нас
    Том хүний ярьж буй өнгөрсөн цагт болсон хялбар түүхийг ойлгоно. 3 үгнээс бүтсэн тэмдэг нэр, байршил заасан өгүүлбэрийг хэрэглэнэ. Өөр өөр өнгөтэй 3 – 4 зүйлийг хооронд нь ялгана. Тоглоомондоо хоорондоо холбоотой хялбар үйлдлүүдийг оруулна. 15 – 20 см өндөртэй саадыг хөлөө зөөн алхаж давна. Малгай, трико, үдээсгүй гутал зэргийг өөрөө өмсөнө.
    Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд бид хамгийн түрүүнд тухайн насны хүүхдийн онцлог шинжүүдийг маш сайн мэдэж, улмаар хүүхдэдээ тохирсон ажил буюу үйлдлийг хийх боломж, нөхцлөөр хангаж өгөх нь чухал. Жишээлбэл: хүүхдэдээ оймсоо өмсөх цаг гаргаж, өглөө эрт босцгоох, шалны алчуур бариад шээсээ арчих гэхэд нь муухай, баа баа гэх биш, арчуулчихаад дараа нь гарыг нь өөрөө угаачих хэрэгтэй ингэж чадвал бид хүүхдээ багаас нь хөдөлмөрт дуртай хүн болгож төлөвшүүлж чадна.

  • МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА

    Хэрэглэгчийг залхаасан зар сурталчилгаанд тулгуурласан маркетинг хуучирж, бүтээлч сэтгэлгээнд суурилсан маркетингийн үе эхэлж байна. Маркетингийн мөн чанарт “хүмүүнлэг, ухаалаг, татах, ногоон” гэсэн хандлагын өөрчлөлтүүд харагдаж байна. Дэвшилтэт маркетинг нь хүний үндсэн хэрэгцээ болох харилцах, хүндэтгүүлэх, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг маш сайн хангадаг. Интернэт маркетингийг Монголд хэн амжилттай ашигласан бэ гэж надаас асуудаг. Та үргэлж 2-т байхыг хүсдэг үү гэж би асуудаг. Та үргэлж 2-т байж, амжилтыг дууриах биш хандлагыг ухаарч амжиж амжилтаа бүтээ


    Компаниуд сошиаль медиагаас зугтах нь нүүрээ дараад хүмүүс байхгүй байна гэж боддог гэнэн хүүхэдтэй адил! Компани сошиальд байсан байгаагүй сошиальд таны тухай ярьсаар байх болно. Сошиал медиаг сурталчилгааны хэрэгсэл гэхээсээ харилцааны хэрэгсэл болгож ашиглавал стратегийн ач холбогдолтой. Хэрэглэгчтэй харилцах системийг 5000$-р хөгжүүлдэг байсан цаг саяхан. Одоо сошиал медиа нь хэрэглэгчтэй харилцах системийг орлох чадвартай болж байна.

  • БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА

    Бүтээлч хандлагын 5 үндсэн элемент

    1. Юмсыг мэдрэх мэдрэмж

    2. Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох

    3. Өөрчлөн сайжруулах

    4. Шинээр сэтгэн бодох

    5. Аливаа асуудлыг олон талаас нь судалж шийдэх.


    Аргууд

    1. Төсөөллийг эвдэх

    2. Хөндлөн сэтгэх

    3. Оюун зураглал

    4. Тархины шуурга

    5. Далд ухамсараа ашиглах


    1.Төсөөллийг эвдэх арга/ Дэлхий дээр анх удаа буусан харь гаригын хүн

    Бид ямарваа нэг асуудалтай тулгарахаараа түүнийг өмнө нь туулж байсан ижил төстэй асуудалтайгаа яг ижилхэнээр хүлээн авдаг. Тэгэхэд болсон арга энэ удаад ч бас болно гэж эндүүрдэг. Гэхдээ нэг салбарт хэдий чинээ их туршлага хуримтлуулна, төдий чинээ бүтээлч шийдэл эрэх нь багасдаг муу талтай. Өөрийнхөө харах өнцгийг, ойлголтыг эвдэхийн тулд аливаа асуудлыг юу гэж бодож байгаагаа цаасан дээр жагсааж бичээд, ар талд нь тэднийгээ нэг нэгээр нь сөргүүлж бичээд уншаад үзээрэй. Энэ үед илүү дээр шийдлийг олох нь ч бий. “Бичих цаг боллоо” номын зохиогч, Америкийн уран илтгэгч Jurgen Wolff энэ аргыг “Чи өөрийгөө дэлхий дээр анх удаа газардаж байгаа харь гаригийн хүн хэмээн төсөөлөхтэй адил” гэж тодорхойлсон байдаг. Өмнөө байгаа даалгаврыг, ажлыг, асуудлыг өөртөө огт танил биш хэмээн бодож, түүнтэй анх удаа нүүр тулж байгаа хүний нүдээр хараад үзээрэй. “Шинэ нүд”-ээр бүхнийг харснаар чи урьд нь анзаардаггүй байсан зүйлстээ ч анхаарлаа хандуулж, сонирхож эхэлнэ.

    -Чиний үнэн гэж итгэсээр ирсэн зүйл үнэн биш ч байж болно.

    -Чиний хийх ёстой гэж боддог зүйлийг яг үнэндээ хийх ёсгүй ч байж магадгүй.

    -Чиний өөрчилж чадахгүй гэж боддог зүйлд чи нөлөөлж чадах ч юм билүү?

    -Чиний ингэж хийх ёстой гэж боддог зүйлийг, өөрөөр хийх ёстой ч байж болно.


    2.Хөндлөн сэтгэх

    “Нэг зүйлийг арай өөр өнцгөөс нь харахыг бүтээлч сэтгэлгээ гэнэ.” – Эдвард Де Боно

    Ингээд бодохоор муу зүйлээс ч сайныг олж хардаг хүмүүс бүтээлч сэтгэлгээтэй байх магадлал өндөр байгаа биз? Хэзээ ч өмнө нь харж байгаагүй өнцгөөс асуудалд хандах нь бүтээлч сэтгэлгээний үндэс юм. Босоогоор сэтгэж байгаад, гэнэт чиглэлээ өөрчилж хөндлөнгөөр сэтгэхтэй адил. Бидний тархинд аливаа зүйлийг хүлээж авах тодорхой “зам” аль хэдийн үүсчихсэн байдаг ба түүнийгээ л дагаж, замаа эвддэггүйгээс бүтээлчээр сэтгэж чаддаггүй. Зөвхөн ажилд ч биш, амьдралдаа таарсан бүх зүйлийг өөр өөрөөр харах гэж хичээснээр энэ чадвараа хөгжүүлж болно. Цонхны цан дээр үүсэн дүрсийг хэд хэдэн өөрөөр нэрлэх гээд үз. Өглөө болгон л хийдэг зүйлээ маргаашнаас арай өөрөөр хийгээд үз.


    3.Оюун санааны газрын зураг

    Энэ бол Леонардо Да Винчигийн тэмдэглэл хөтөлдөг байсан аргаас үүдэлтэй арга юм. Ерөнхийдөө хүний тархины үйл ажиллагааг дуурайж хийсэн загвар юм. Энэ аргыг:

    – Хувийн зорилгоо тодорхойлоход

    – Асуудлыг шийдэхэд

    – Бизнес төлөвлөгөө гаргахад

    – Шинэ санаанууд дэвшүүлэхэд

    – Шалгалтанд бэлдэхэд

    – Шинээр хэл сурахад ашиглаж болно.

    Эхлээд том цаасны дунд өөрийнхөө гол асуудлыг бич. Тэр асуудалтайгаа холбоотой түлхүүр үгсийг өөр газар жагсаа. Шинээр урган гарч буй шийдэл бүрийг цаасны голд бичсэнээсээ мөчирлүүлэн зурж бичнэ. Дараа нь тэгж зурсан мөчирнүүдээ дахин салбарлуулах замаар санаа болгоныг дэлгэрэнгүй задална. Үүнийг зурж байхдаа өнгө будаг ашиглах нь чухал. Энэ нь ой санамж болон төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх сайн талтай.


    4.Тархины шуурга /Brainstorming/

    Хувь хувьдаа биш, олноороо нийлж нэг асуудал дээр өөрт төрсөн бүх санаагаа хуваалцаж, самбар юм уу цаасан дээр жагсаах аргыг Брейнсторминг гэдэг. Энэ аргыг ашиглахын тулд дараах хэдэн зүйлсийг санах хэрэгтэй.

    • Шүүх, шүүмжлэхээ хойш тавь. Брейнстормингийн эхний шатанд аль ч санааг үнэлж дүгнэх ёсгүй.

    • Галзуу, солиотой санааг ч дэвшүүлж болно. Ер нь л толгойдоо орж байгаа бүхнийг хэлж тэмдэглэж, санаагаа уралдуул.

    • Чанарын биш, тооны хойноос хөөцөлд.

    • Бусдын дэвшүүлсэн санааг бүгдийг нь тэмдэглэж ав. Аль ч санааг шүүмжлэх хэрэггүй.

    • Дараа нь бүх гарсан санааг нэгтгэх замаар шинэ шийдлүүд олох. Нэг санаа дангаараа үр дүнгүй байсан ч “1+1=3”-ыг санавал хоёр жижиг санааг нэгтгэж, илүү чухал үр дүнд хүрч болох юм.


    5.Далд ухамсраараа асуудлыг шийдэх

    Богино хугацааны болон урт хугацааны ой санамжинд хадгалагдсан санаануудыг боловсруулахыг далд ухамсартаа даатгаж орхихыг ингэж нэрлэнэ. Бидний толгойд өдөр бүр 60 мянган бодол эргэлддэг гэдэг дээ. Тэр дунд хичнээн олон шинэ санааг бид анхаарч үзэлгүй урсгачихдаг бол? Далд ухамсраа ашиглаж асуудлыг шийдэхийн тулд, оюун ухаанд чинь орж гарч байгаа зүйлсийг сайн тогтоож авч, сонсох ёстой юм. Суут сэтгэгчид ихэвчлэн суут “амрагчид” байдаг. Аливаа асуудал дээр сайн төвлөрч, оюун ухаанаа шахах нь нэг талаар зөв боловч, хааяа үүний яг эсрэг арга болох тайван амарч, тэр асуудалд огт анхаарлаа хандуулахгүй байх нь үнэ цэнэтэй санаа олох хэрэгсэл болж болдог. Тэр асуудлын тухай хэсэгхэн хугацаанд сайтар бодож байгаад, пауз авч толгойгоо цэвэрлээд зүгээр л унтчих. Нөгөөхөө дэвтэр дээр бичээд орныхоо хажууд тавихаа мартуузай. Маргааш өглөө нь босонгуутаа төрсөн санаануудаа доор нь бичиж тэмдэглэ. Болж өгвөл их юм бичихийг бодоорой. Зүүдээ ч сана. Эсвэл унтахдаа чангаар “Би өнөө шөнө … /шийдэхийг хүсч байгаа зүйлээ орлуул/ талаар зүүдлэх болно” гэж өөртөө хэлээд үзээрэй. Хамгийн гол нь хүчлэх хэрэггүй.

  • БАЙГАЛЬ ЭХИЙГЭЭ ХАЙРЛАХ ЭНГИЙН АРГУУД

    Яг одоо хэрэгжүүлж эхэлцгээе. Маш энгийн


    Мод тарьцгаая

    Орчноо тохижуулан мод тарих  ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод,бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.


    Шүдээ угаахдаа усаа хэмнэе

    Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд  боддоо.   Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна. Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно. Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих. Ингээд л  асуудал шийдэгдчихнэ.


    Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах  тор, уутыг хэрэглэцгээе.

    Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг  бас шинэ үеийн хүний  амьдралын хэв маяг.


    Голд машин болон хивс  угаахгүй байх

    Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна. Хөндлөнгийн хүн  харахад ч   эвгүй байдаг шүү дээ.


    Буудалласан газраа цэвэрлэх

    Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ. Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал. Хогоо сайхан цэвэрлээд яваарай.


    Ойд гал гаргахгүй  байх

    Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.


    Сонгуульд нэр дэвшигчийн байгаль орчины төлөө  хийж байгаа ажлыг харгалзан үзэх

    Та өөрийн төлөөлөл болгон төр түшилцэх иргэнийг сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь байгаль хамгаалах болон түүнтэй холбоотой хийх ажлыг нягтлан үзээрэй. Учир нь бидэнд сагсны шийд, гараж барихаас илүүтэй амьдрах орчин маань эрүүл энх байх нь чухал гэдэгтээ та санаа нийлэх биз ээ.


    Олон нийтийн газар болон ойд тамхи татахгүй байх

    Энэ нь маш их аюултай. Тамхины утаа орчныг бохирдуулан цаашилбал, гал алдсан тохиолдолд байгаль орчин, олон нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, таныг эрүүгийн хариуцлагад татах болно. Хэрвээ, та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрсөн газарт татах хэрэгтэй.


    Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх

    Маш зугаатай ажил. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө ойр байгаль орчноо сайхан байлгахыг хүсдэг. Тэгэхээр, та мэдээллийн аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь: Байгаль хамгааллын талаарх ном, гарын авлага худалдан авах.


    Хүүхдэд багаас нь байгалиа хамгаалах талаар зааж сургах

    Хүүхдийг багаас байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх нь их чухал ажээ. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж үлддэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг юм байна. Энэ мөчөөс  эхлээд хүүхэдтэйгээ тавхан минут байгаль хамгаалал, зөв хэрэглээ, хүлэмжийн хий, хог, хаягдал хоол, эрчим хүчний зарцуулалт, амьдрах орчноо хэрхэн хамгаалах талаар ярилцаарай. Ингэснээр тэдэнд маргааш тулгарч болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгож байгаа хэрэг. Таны бэлтгэсэн боловсролтой иргэн хүрээлэн буй орчноо илүү ихээр хайрлан хамгаалах нь эргэлзээгүй.


     

    Хамт олон хөршөөрөө нэгдэж орчноо сайхан болгоцгооё

    Амьдарч байгаа орчноо нэг харья. Хөрштэйгээ, хамт олонтойгоо хэн нэгэнтэй хамтраад амьдардаг орчноо сайхан болгох боломж бидэнд маш олон байна. Хамтраад мод тарья, хамтраад цэвэрлэгээ хийе, хамтраад замаа засья, хамтраад байгаль орчноо сайхан болгохын төлөө тэмцье.


    Жорлонгийн  ус гоожоод байвал хурдан  засья

    Дуслыг хураавал далай гэж монголчууд ярьдаг. Усыг дэмий гоожуулах нь эдийн засгийн асар их алдагдал үүсгэдэг. Тэгэхээр, та жорлонгийнхоо эвдэрсэн хэсгийг засуулснаар мөнгөө хэмнэхээс гадна доод айл руугаа ус алдахаас сэргийлэх болно.


    Хотын захиргаанд саналаа хэлээрэй

    Та өглөө гэрээсээ гараад өөрийн явж буй замаа ажиглаад нэг хараарай. Замын хашлагаас алхам хүрэхгүй зайнаас явган хүний  шороонд дарагдсан нарийхан зурвас эхэлж байгаа. Энэ бол та бидэнд зориулсан ЗАМ. Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд, хүүхэд залуучууд дугуйтай явбал зөрж бараг л багтахгүй. Дээр нь тоос шороо, хог  новшиндоо дарагдчихсан. Ийм замыг туулж буй гутал  хөөрхий. Тоос бужигнасан агаараар амьсгалж байгаа уушги бүр л хэцүү байдалд байгаа байх. Танд энэ бүхэн огтхон ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингэхээр, та өөрийн болон бусдынхаа эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар дархлагдсан эрх буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэн хотын захирагчийн албанд асуудал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхийг бодогтун. Энэ нь таны тав тухтай аюулгүй байдал, эрүүл амьдрах, байгаль орчноо хамгаалах их үйлсийн тань нэг болно гэдэгт итгээрэй.


    Зажилсан бохио хаа дуртай газраа хаяхгүй байх

    Ил задгай хаясан бохь хувцсанд наалдаж муухай болгодог. Мөн бохь гялгар ууттай адил байгальд шингэтлээ маш их уддаг  ажээ. Тэгэхээр та жижиг гэлтгүй бохио ч бас хогийн саванд хийж дадаарай.


    Сайжруулсан зуух хэмнэлттэй түлш хэрэглэе

    Та дулаан хадгалдаг сайжруулсан зуух хэрэглээд үзээрэй. Үнэхээр өөр. Бас тэр зуухандаа хэмнэлттэй түлш хэрэглээрэй. Энэ нь хорт утааг багасгана, өрхийн  эдийн засагт хэмнэлттэй.


    Хаалга цонхоо дулаалаарай

    Мөнгө зарцуулж олж авсан дулааныхаа  20-30 хувийг та зөвхөн хаалга цонхоороо гаргаад явуулчихдаг байна. Хэрэв хаалга цонхоо сайн дулаалах юмуу чанартайгаар соливол та дулааны хэмнэлттэй амьдарч байгальд ээлтэй байгаа хэрэг болно.


    Хүүхдээ гудамжинд чихрийн цаасаа хаяхгүй болгон хүмүүжүүлээрэй

    Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлбэл хүүхэд өсч том болон нийгэмшихэд чухал нөлөөтэй. Идсэн чихрийн цаасаа ил задгай хаях нь соёлгүй хэрэг гэдгийг ойлгуулж, түүний амьдралд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах зэрэг сэтгэхүйг суулгаж өгч байгаа хэрэг юм.


    Гудамжинд бие засахгүй байх

    Энэ нь хамгийн бүдүүлэг хэрэг юм. Хэрвээ та гудамжинд бие засч байгаа бол өөрийгөө хамгийн эхээр гутаан   доромжилж байгааг ойлгоорой. Мөн та агаар бохирдуулан, хотын соёлыг гутааж байна. Хамгийн анхаарууштай нь та бохир буюу шээстэй агаараараа амьсгалж байна шүү дээ.


    Гудамжинд шүлсээ хаяхгүй байх

    Таны хажууд явж байгаа хэн нэгэн шүлсээ хаячихлаа гээд та төсөөл дөө. Маш  муухай харагдаж байгаа биз. Хэрвээ, та бас ингэдэг бол даруйхан уг зуршлаасаа салах хэрэгтэй. Шүлс болон түүгээр бохирдсон агаараар 300 гаруй халдварт өвчин тархдаг гэсэн олон улсын судалгаа байдаг юм байна. Та өөрөө болон дотны хүмүүсээ болзошгүй аюулаас хамгаалахын тулд шүлсээ гудамж талбайд хаяхаа больж, ийм үйлдэл хийж байгаа хүнд шаардлага тавих хэрэгтэй.


    Түр хугацаанд зогсохдоо машиныхаа хөдөлгүүрийг унтраах

    Таныг зорьсон газартаа хүрэхээр явахад нэлээдгүй олон удаа замын бөглөрөө таарч байгаа биз. Ингэж ойр ойрхон зогсох нь машины эд ангид  муу төдийгүй шатахуун их зарцуулан агаарыг ихээр бохирдуулдаг байна. Хэдийгээр, танд түгжрээг арилгах арга тэр болгон олдохгүй боловч машин болон агаарыг хамгаалах арга байна. Та машины хөдөлгүүрээ  унтраачих!


    Угаалгын бодисуудыг аль болох бага хэрэглэхийг хичээх

    Хэдийгээр угаалгын бодисоор угаасан зүйлс өнгөлөг, гоё үнэртэй байдаг хэдий ч химийн бодис учир хүний биед хортой. Мөн тийм ч хямдхан  байдаггүй. Та тохируулан хэрэглээрэй.


    Усны цорго чинь цоорсон бол шинээр тавих

    Цоорсон цоргыг хурдан солих хэрэгтэй. Энэ нь усыг ихээр гоожуулдаг төдийгүй гоожсон ус нь тосгуурыг тань зэвтэй усаар шарлуулдаг байна.  Та цоргоо засварлах боломжгүй бол зориулалтын жийргэвчээр ороон түр аргалж болох л юм.


    Цахилгаан бага зарцуулдаг сүүн шил хэрэглэх

    Энэ нь үнэхээр ухаалаг хэрэглээ. Сүүн шил нь цахилгаан бага зарцуулдаг төдийгүй хямдхан, удаан хэрэглэгддэг.


    Хогоо ил задгай хаяхгүй байх

    Та өөрийн хэрэглэсэн зүйлээс гарсан хог хаягдлыг зориулалтын саванд нь хийж заншаарай. Энэ нь ариун цэврийн хувьд маш чухал төдийгүй, байгаль орчныг цэвэр цэмцгэр байлгахад оруулж буй таны томоохон хувь нэмэр юм.


    Нөхөдтэйгөө хамт явах    

    Тантай зам нийлэх хүн байвал түүнтэй хамт явж болох юм. Тус тусдаа машин хэрэглэснээс нэг машинд явах нь шатахуун түлш хэмнэж, утааг багасгах төдийгүй эдийн засгийн хэмнэлт ч гарах болно.


    Угаадсаа гудамжинд битгий асгаарай

    Өвөлд хальтаргаа гулгаа үүсгэн хөл гарыг тань хугалах шахдаг зүйл бол яах аргагүй УГААДАС. Түүний хөрсөнд шингэсэн бохир агаараар амьсгалан өөрийгөө хордуулж байна. Тэгэхээр, та хатуу шингэн хийн төлөвт оршдог ус буюу УГААДСЫГ ил задгай газарт битгий цацаарай.


    Ургаж буй мод бутаа хайрлан хамгаалья

    Хэн нэгэн мунхаг хүн таны ойр орчинд мод гэмтээн  эвдлэн сүйтгэж байвал та заавал зогсоогоорой. Энэ нь таны байгаль орчноо хайрлан хамгаалж буйн илрэл бөгөөд та булаг шанд ширгэхээс сэргийлэн агаарыг бохирдлоос хамгаалж, байгалийг унаган төрхөөр нь хадгалахад маш том хувь нэмэр оруулж буй хэрэг юм.


    Түлш  хэмнэж эдийн засгийн зардлыг багасган байгаль орчныг хорт утаагаар бохирдуулахаас сэргийлэн жижиг оврын шатахуун бага хэрэглэдэг машин хэрэглэцгээе.


    Хадаг

    Машинаараа суун хөдөө гарахаар хөдлөнгүүт  замын дагуух шонд уясан, овоон дээр хийсгэсэн хадгийг хараад та юу боддог вэ? Надад бол тааламжтай санагддаггүй. Учир юу гэвэл ёс төртэй, бидний  хүндэтгэн биширч байдаг зүйл шүү дээ. ХАДАГ. Түүнийг тоосонд даруулан салхинд хийсгэх нь яавч зохимжгүи. Бурхан шашнаа хүндэтгэж, буян хүслээ шингээн, амь юугаа даатган, байгаль эхээ хайрлаж буйгаа илэрхийлж байдаг боловч хадаг хэмээх эдийн буяныг гомдоож байгаа мэт.


    Овоог хогийн цэг болгохоо больё

    Овоон дээр хог хаях нь байгаль эхээ бузарлаж байгаа хэрэг яах аргагүй мөн. Энэ нь бараг л энгийн байдал болсон мэт. Та сүсэг бишрэлээ  шингээн залбирдаг газраа хог хаягдал бүү хаяарай. Та залбирч мөргөснөөсөө ч илүү их  буян үйлдэх болно.


    Гялгар уут, хаймар түлэхийг зогсооё

    Энэ нь агаарыг асар ихээр бохирдуулан уушгийг хордуулдаг ажээ. Тэгэхээр, та ийм үйлдэл хийхээс зайлшгүй байсан ч татгалзах нь зүйтэй.  


    Алхаж  явах аминд тустай

    Алхах нь эрүүл мэндэд тустай төдийгүй байгаль орчинтойгоо танилцах маш их боломжийг  нээдэг. Ингэхээр та завтай үедээ алхаж байгаарай.


    Машины тосыг хөрсөнд бүү шингээ

    Ингэснээр та хөрсийг бохирдуулахын зэрэгцээ түүнд ууршсан хийгээр     амьсгалан хордох аюултай.   


    Салхин сэнс, нарны толь ашиглая

    Зөвхөн хөдөө орон нутгийн иргэд үүнийг хэрэглэдэг гэж хүмүүс ойлгодог боловч энэ нь овор хэмжээний хувьд авсаархан бөгөөд мөнгөний их хэмнэлттэй ажээ.


    Ховор амьтны арьсаар хийсэн хувцас өмсөхөө зогсооё

    Амьтны арьсаар хийсэн хүрэм өмсөөд явах нь орчин үед үеэ өнгөрөөж байна. Энэ нь таны мэдлэг хэр нэмгэн, хэр дорой байгаагийн л илэрхийлэл болж хоцрох нь.


    Зөвшөөрөлгүй ан агнаж мод огтлохыг тэвчье

    Энэ бол яах аргагүй хууль зөрчсөн, ахархан бодолтой хүний увайгүй үйлдэл.  Иймд ямар нэгэн зүйлийг мэдвэл зохих газарт нь мэдэгдэж, нийтээрээ тэмцье.


    Шүршүүрт түргэн орох

    Хэрвээ та  шүршүүрт удаан ордог бол хэдхэн минут зарцуулах хэрэгтэй. Тэгснээр, та ус хэмнэхээс гадна мөн усыг халааж байгаа эрчим хүчийг хэмнэн төлбөр тооцоо ч багасах болно. Түүнчлэн та эрч хүчээ хэмнэх боломжтой.


    Гарын алчуурыг сальфетик болон цаасны оронд хэрэглэх

    Нэг удаагийн хэрэглээний зүйлийг ашигласнаас дахин хэрэглэгдэх зүйлийг хэрэглэх нь байгаль орчинд илүү зохимжтой байдаг. Энэ нь цаас хийхэд хэрэглэгдэх модыг хэмнэн түүнийг хийх хүч хөдөлмөрийг хөнгөвчилнө. Ингэж, их хүч хөдөлмөр гаргаж хийгээд  хог болох нь харамсалтай.

     

    Өнөөдөр хэвлэхгүй байвал

    “Хувилах” товчлуурыг дарахаасаа өмнө энэ материал зайлшгүй шаардлагатай юу гэдгийг өөрөөсөө лавлан асуу. Үүний оронд электрон шуудангаар илгээж болно шүү дээ. Түүнийг  өөрийн компьютерт хадгал. Цаасан дээр бичсэнээс компьютераасаа  уншвал ямар байна?  Зарим үед цаасаа хэмнэж байвал зүгээр. Хэрэв нэг талдаа хэвлэлттэй хэрэггүй хэвлэгдсэн цаас байгаа бол нөгөө хэсгийг нь албан бус зүйл хэвлэхдээ ашиглаж байгаарай. Ингэснээр жилд нэг тонн гаруй цаасыг хэмнэх болно.


    Гэрэл болон зурагтаа хэрэглээгүй үедээ  унтраая

    Хэсэг зуур ч гэсэн өрөөнөөсөө гарахдаа гэрлээ заавал унтраагаарай. Энэ нь хэрэггүй юм шиг боловч эрчим хүчийг ихээр хэмнэж байгаа юм. Цахилгаан үүсгүүртэй зүйлсийг хэрэглээгүй тохиолдолд унтрааж байх нь ашигтай.  


    Ахин цэнэглэдэг зай хэрэглээрэй

    Нэг удаагийн зай аваад дандаа хаяж байхаар цэнэглэдэг зай авбал танд ашигтай. Жаахан үнэтэй ч гэсэн удаан хэрэглэнэ шүү дээ.


    Дугуйгаа хийлэх

    Хүмүүс машиныхаа дугуйн хийг гарсныг мэддэггүй. Тэгэхээр та дугуйгаа байнга шалгаж байгаарай.  Үүнд хэдхэн л минут зарцуулагдана. Ингэснээр та шатахууны хэрэглээгээ багасган дугуйгаа удаан хэрэглэх   боломжтой. Мөн дугуйг элэгдэхээс хамгаална.


    Байгаль орчны талаарх үйл ажиллагаанд нэгдэх

    Та байгаль орчны талаар ажил хийдэг санаа сэддэг  холбоодтой  нэгдээд үзээрэй. Энэ нь танд байгаль орчноо хамгаалах талаар бодол санааг бий болгоно. Одооноос эхлээд хэн хаана ямар сайхан зүйл хийгээд байна сонирхоцгооё.


    Цахилгаан бараа худалдан авахдаа эрчим хүчинд хэмнэлттэйг сонгох

    Хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй бараа нь жирийн цахилгаан бараанаас бага зэрэг үнэтэй боловч эрчим хүчний ихээхэн хэмнэлттэй байдаг ажээ. Таны цахилгааны мөнгө багасна  гэдэгт итгэж болно.


    Угаалгын машиныг аль болох цөөн ашиглах

    Угаалгын машинаар хувцсаа угааснаар таны ажил хөнгөрөх боловч эрчим хүч их зарцуулагдан, эцсийн үр дүнд тооцоо тань чамгүй гарах болно. Мөн хувцасны эдэлгээ ч богиносдог. Цаг завтай үедээ гараараа угаалга хийж хөлсөө гаргах нь таныг жин нэмэхээс сэргийлэх зэрэг олон талын ашигтай.


    Хог дахин боловсруулах төв нээх

    Энэ нь маш зөв арга гэж дүгнэж болно. Учир нь уг төвийг нээснээр олон хүн ажилтай болох төдийгүй орчныг бохирдлоос аврах болно.


    Салаа замаа багасгацгаая

    Хөдөө орон нутгийн зам хэдэн салааг хэлэхэд хэцүү. Үүнийг хараад таны толгой эргэж гүйцдэг гэдэгт итгэж байна. Үүний хамгийн сөрөг нөлөө нь хөрсийг сүйтгэж байгаа хэрэг. Тийм учраас та байгаа замаараа яван дахин зам бүү гаргаарай.  


    Гол ус булаг шандаа бохирдуулахгүй байх

    Монголчууд эртнээс ус бохирдуулахыг цээрлэж ирсэн. Энэ нь хамгийн чухал хэрэгцээ болох усаа хамгаалах нэгэн төрлийн арга байжээ. Ус бохирдсоноос амьд амьтан, байгаль орчин  бохирдох сөрөг нөлөөтэй. Та усыг аль болох цэвэр байлгахыг хичээгээрэй.


    Модон жорлонгоо сайжруулья

    Хаана ч бай хүний орчин ариун цэврийн өндөр түвшинд байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр тухайн улс орны хөгжлийг тодорхойлох үзүүүлэлт болдог ажээ. Бид хэрэглэж ирсэн модон жорлонгоо ч бас  Эко жорлон болгож болно.


    Таны санал?