Category: human-development

  • Таны сонсох дуртай үгс

    “Дэлхий дээр өдөр бүр 3 тэрбум хүн өлсгөлөн орондоо ордог байхад, 4 тэрбум хүн урмын үгээр дутмаг ордог.”- Cavett Robert

    Хэрвээ та урмын сайхан үгсийг хаанаас ч хайгаад олохгүй байвал өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулав.

    Эдгээр үгс таны дотор гүнээс гарч буй дуу хоолой гэж бодох нь зүйтэй. Харин би энд зөвхөн сануулах зорилготой байгаа юм.

    Эдгээр үгсийг уншаад, сонсоод, мэдэр.

    Ганцаардаж байгаа шаналж байгаа, айдастай байгаа, эргэлзээтэй байгаа тэр л үедээ дахин дахин уншиж, сонсож, өөртөө давтан хэлэхийг санал болгож байна.

    Эдгээр үгс таны гүнээс гарч буй үнэн үгс, таныг тайвшруулж, танд урам өгч, зориг оруулж, хайрыг өгнө гэдэгт итгэлтэй байна.

    Амжилтын тарни урих үедээ тухлан суугаад, нүдээ ань. Гүн амьсгаа ав.  Биеэ сул тавь. Бүх бодлоо орхи. Анхаарал сарних үедээ амьсгаан дэрээ анхаарлаа төвлөрүүлээрэй.

    Таны сонсох дуртай үгс

    Та ухаантай!

    Та чадварлаг!

    Та зоригтой!

    Та эрч хүчтэй!

    Та онцгой!

    Та аугаа!

    Та гайхамшигтай!

    Та үнэ цэнтэй!

    Та мундаг!

    Та амжилттай!

    Та чадна!

    Та бүхнийг чадна!

    Тийм ээ, та бүхнийг чадна!

     

    ХҮС. ХЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Төвдийн залуужуулах 5 дасгал

    Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг ба эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг. Энэ дасгалыг хийхийн ач холбогдол нь өдөр тутмынхаа хөдөлгөөнгүй амьдралд хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах юм. Дасгалыг хийхэд сэтгэл санаа хөнгөхөн сайхан болж, маш сайхан амарч ундтаг бөгөөд өдөржин эрч хүчтэй байж чаддаг. Дасгал хийхийн өмнө хоосон ходоодтой, нүүр гараа (өглөөд шүдээ) угааж цэвэрлэсэн байвал зохистой. Дасгалыг анх эхлэхдээ сондгой тоогоор эхэлж /7, 9 гм/ долоо хоног бүр 2-оор ахиулж хийгээд 21 хүргэж хийх ёстой. Өглөөд өлөн байхдаа хийвэл бүр сайн. Таны биед олон эерэг өөрчлөлт гарна /өтгөн хатахгүй, арьс сайхан болно, жин нэмэхгүй гм/. Дасгалаа хийгээд ус сайн уугаарай. Усаа сайхан энергиэр, сайхан бодол сэтгэлээр цэнэглэж уухыг бодоорой.

    Төвдийн залуужуулах 5-н дасгал 

     Таван дасгал тус бүрийг 21 удаа хийдэг. Шинээр эхлэгсэд хийхэд хэцүү байдаг тул сэтгэлээр уналгүй хичээгээд хийгээд байгаарай, бараг нэг сарын турш хийж байж амархан хийдэг болно. Тогтмол хийгээд сурчихвал өдөрт та нийт 15 минутыг л уг дасгалд зарцуулна. 

     1-р дасгал

    Цэх зогсоод зурган дээрх шиг гараа алдал. Алга доош харсан, дэлгээстэй,  хуруунууд хамтдаа. Гарынхаа байрлалыг өөрчлөлгүйгээр цагийн зүүний дагуу биеэрээ бүтэн эргэлт хий (ө. х. баруун тийш). Завсарлалтгүй 21 удаа эргээрэй. Эхэлж хийж байгаа хүн 7-с эхэлж болно.

    Дуусгаад хөлөө нийлүүлэн цэх зогсоод, гараа ташаан дээрээ тавьна. Амьсгалаа хамраараа гүнзгий аваарай. Уруулаа”О” үсэг болгоод амаараа амьсгалаа гаргаарай. Дараагийн дасгалд шилжтэл 2 удаа ийм байдлаар амьсгал авч гаргаарай.(энэ нь дасгал болгоны дунд хийгдэх ёстой)

    Та энэхүү дасгалыг анх удаа хийж байгаа бол толгой эргэж магадгүй. Тиймээс унахаас болгоомжлоорой. Энэ дасгал нь тэнцвэрийн тогтолцоог сайжруулдаг. Дасгалаа тогтмол хийснээр толгой эргэхээ болих ба маш хурдан хийсэн ч төвөггүй хийдэг болно. 

                     

    2-р дасгал

    Хивс юм уу гудсан дээр дээш харан хэвт. Хөлөө жийн шагайгаар нь нийлүүлнэ. Гарын алгануудаа газар луу харуулаад биеийнхээ дагуу байрлуулна.Хамраараа амьсгал авангаа хөлнүүдээ 90-с ялимгүй их өнцгөөр дээш өргөнө. Үүнтэй зэрэг эрүүгээ цээжиндээ хүртэл нь толгойгоо өргөнө.Аядуухан зөөлөн хөдлөөрэй. Хэвтэж байхад хөлийн хурууд ээтийсэн, бүсэлхий газраас хөндийрөхгүй байх хэрэгтэй.  

    Толгой хөлөө газар буцаахдаа амьсгалаа ам юм уу хамраараа гаргаарай. Биеэ бүрэн сулла. Хөл толгойгоо өргөхдөө амьсгалаа аваад буулгахдаа гаргаад тасралтгүй нийт 21 удаа хийнэ.

    Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай. 

     

     3-р дасгал

    Хөлийн хуруунуудын өндгүүдээрээ газар тулан өвдөг дээрээ зогс. Өвдөг хоорондын зай 10-11 см. 2 гар өгзөгний дор. Нуруу цэх, эрүү цээжинд.

    Хамраараа амьсгалаа аваад бүсэлхийгээрээ нумран гэдий. Толгойгоо аль болох хойш гэдийгээрэй. Хойш гэдийхэд өгзөг гарт чинь тулгуур болно. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаж эхний байрлалдаа очно. Нэгэн хэмээр 21 удаа тасралтгүй хийгээрэй.

    Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.

     

    4-р дасгал

    Хөлөө жийн суугаад алгаараа өгзөгний харалдаа газар тул. Гарын байрлал маш чухал ба алгаа биеийн дагуу чиглүүлсэн байх хэрэгтэй. Эрүү цээжинд.

    Хамраараа амьсгал авангаа өгзгөө дээш өргөн өвдгөөрөө нугарна. Толгойгоо хойш нь бүрэн гэдийлгэ. Гар хөл газарт перпендикуляр, их бие газарт параллел байна. Эхний байрлалд буцаж орохдоо ам юм уу хамраараа амьсгалаа гаргаарай. Уг дасгалыг 21 удаа нэг хэмээр тасралтгүй хийнэ. Хөл гулгахгүй байвал зүгээр. Хөлийн ул дасгал дуустал нэг байрлалдаа байна. Гар нугарахгүй ба зөвхөн мөрөөрөө хөдөлнө.

    Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.

     

    5-р дасгал

    Эхний байрлал – тулах цэг гарын алга, хөлийн хуруудын өндөгнүүд. Хөл гарын хоорон дахь зай 60-70см. Толгой дээш гэдийсэн байдалтай. Гар хөлөө нугалалгүйгээр амьсгал авангаа өгзгөө дээш өргөн эрүүгээ цээжиндээ хүргэ. Таны бие адил талт гурвалжин үүсгэнэ. Ам юм уу хамраараа амьсгалаа гаргаад эхний байрлалдаа орно. Газартай зөвхөн алга болон хөлийн хурууны өндгөөрөө хүрэлцэнэ. Дасгалыг 21 удаа тогтмол хэмнэлээр хийгээрэй.

    Дуусгаад босч, хөлөө нийлүүлэн зогсоод, гараа ташаан дээрээ авна.  2 удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Амьсгал авахдаа хамраараа, гаргахдаа уруулаа “О” үсэг үүсгэн амаараа гаргаарай.

  • Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?

    Танд шинэ оны мэнд хүргэе! 

    Яагаад шинэ жилийн зорилт ихэвчлэн талаар болдог вэ?

    Би өнөөдөр шинэ жилийн зорилт яагаад талаар болдог тухай бичих хүсэлтэй байна.

    Ричард Уайзмэний судалгаагаар шинэ жилийн зорилт гаргасан нийт хүмүүсийн 88% нь зорилтоо биелүүлж чаддаггүй гэжээ. Яагаад?

    Яагаад вэ гэдгийг би энд маш энгийнээр тайлбарлахыг хичээв.

    Гаргасан зорилтоо биелүүлэхийн тулд эхлээд зорьсондоо хүрдэг тодорхой дадалтай болох хэрэгтэй. Амжилт олохын тулд түүнд хүрэх дадал эзэмшсэн байх ёстой.

    За энэ юу гэсэн үг вэ гэвэл: Булчингаа хөгжүүлэхийн тулд туухай өргөж эхлэх зорилт тавьжээ гэж бодьё. Хүнд туухайг шууд өргөвөл даахгүй алдана. Яг үүнчлэн өөрийгөө их ажлаар гэнэт дарвал давж гарахад хэцүү.  Хүнд туухайг өргөж сурахын тулд хөнгөнөөс нь эхлэх ёстой. Тэгээд аажим аажмаар хүндрүүлбэл булчин хөгжиж, хамгийн хүнд туухайг ч өргөж чаддаг болно. Зорьсондоо хүрэхэд ч ийнхүү бага багаар ахин ахисаар эцэст хүссэн “туухайгаа өргөж даадаг” болно гэсэн үг. 

    Жин хасах зорилт тавилаа гэж бодьё. Ихэнх хүмүүс гэв гэнэт учиргүй хоолоо хасаад л, учиргуй янз бүрийн дасгал хийж эхлээд л, янз бүрийн хүч оруулах амин дэм худалдан авч хэрэглэн, тун эрчимтэй эхэлдэг боловч нэг л мэдэхэд аль хэдийнээ буугаад өгчихсөн, яг урьд өмнөх байдалдаа эргэн орчихсон байдаг. Хэрвээ тухайн хүн анхнаасаа л биеийн тамираар хичээллэх дадалгүй бол 7 хоногийн 7 өдөр эсвэл 7 хоногийн 5 өдөр хичээллэж, жин хасна гэж бодож байлаа ч гэсэн ихэвчлэн замын дундаас буцдаг. Яагаад гэвэл тухайн хүний бие тэр шинэ үйлдлийг хүлээн авч, дасан зохицтолоо нэлээд ажил болдог ба гэнэтийн их ачаа дарамтанд түүртэж, шантарч, явцын дунд, хийхэд амархан юм уу, өмнө нь эзэмшчихсэн, аль хэдийнээ дадал болчихсон юмандаа татагдан дийлдэж, дадал болж амжаагүй байгаа шинэ үйлдэл болох биеийн тамир, спортоо орхидог байна.

    Тиймээс юуны түрүүнд зорилгоо биелүүлэх дадлыг үүсгэх хэрэгтэй. Үүний тулд гэнэт том өөрчлөлт хийх хэргэггүй.  Forbes.com дээр гарсан нийтлэлийн дагуу “Сүүлийн 10 жилд мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар шинэ дадал үүсгэхийн тулд хуучин зуршлаа шууд орхиж болохгүй. Харин түүний оронд муу зуршлаа сайн дадлаар бага багаар орлуулах хэрэгтэй” гэжээ.

    Жишээ нь: Тамхинаас гарах зорилт тавиад шууд тамхи татахаа зогсоосон тохиолдолд эргээд тамхи татах магадлал их байдаг. Хэрвээ та тамхинаас гарахыг урьд нь оролдож байсан бол энэ талаар сайн мэдэж байгаа байх. Тэгэхээр өдөрт 5 тамхи татдаг байсан бол 4 тамхи болгох. Яаж вэ гэвэл өглөө босонгуутаа татдаг нэг  тамхийг зогсоож оронд нь зөгийн балтай усаар орлуулах жишээтэй. Тэгээд энэ нь дадал болсон тохиолдолд дараагийн нэг тамхийг хасаж оронд нь бохь зажлах ч юм уу өөр юмаар орлуулах зэргээр цааш үргэлжлүүлсээр, эцэст зорьсондоо хүрч чадна.

    Хоолны дэглэм барих зорилт гаргасан бол шууд идэх хоолоо огцом өөрчлөхийн оронд өглөө иддэг байсан 3 зүсэм талхныхаа 1-2 зүсмийг нэг алимаар орлуулах. Цагаан будааг бор будаагаар орлуулах зэрэг жижиг өөрчлөлт оруулах.

    Сэтгэл санаагаа сайхан байлгах зорилт тавьсан бол өглөө болгон сэрээд, орноосоо босохоосоо өмнө 2-3 минут талархалаа илэрхийлэх. Эсвэл өдрөө сайхан болж өнгөрч байгааг 2-3хан мин төсөөлж, мэдрэх зэрэг жижиг өөрчлөлт оруулах жишээтэй.

    Хэрэв бид хэд хэдэн удаа зорилт гаргаад түүнийгээ биелүүлж чадаагүй тохиолдолд бид өөртөө итгэлгүй болж, дахиад зорилт тавихаасаа эргэлзэж, би чадах болов уу?  Дахиад талаар болбол яанаа? ямар хүмүүс зорилтоо биелүүлдэг юм бол оо? би ер нь зорилтоо биелүүлэхдээ их муу юм байна гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Ийм дүгнэлтэнд хүрснээр сэтгэл санаагаар унадаг. Сэтгэл санаагаар унасан тохиолдолд онцгүй мэдрэмж төрдөг.  Онцгүй мэдрэмжнээс мэдээж онцгүй бодол үүснэ, онцгүй бодлоос онцгүй үйлдэл гарна. Тийм ч учраас бидний амьдрал санасан хэмжээнд хүрч чаддаггүй байх жишээтэй.  Тиймээс энэ бүгдээс өөрийгөө сэргийлэхийн тулд

    Нэгдүгээрт: Өөрийнхөө нийт гаргасан зорилтуудаас зөвхөн хэрэгтэй гэж үзэх 1-2 зорилтыг сонгож аваад бусдыг нь орхи. Бүгдээрэнгий нь биелүүлж чадахгүй байснаас ганц хоёрыг нь хийсэн нь дээр биз дээ, тийм ээ?

    Үүний тулд өөрөөсөө дараах асуултуудыг асуухыг санал болгож байна.

    –      Эдгээр зорилтуудаас аль нь миний сэтгэл санаанд тустай вэ? Альныг нь хийвэл миний сэтгэл хөдөлж, би илүү их баяр баясгалантай байх вэ? Түүнийгээ сонго.

    –      Эдгээр зорилтуудаас аль нь миний санхүүд тустай вэ? Алийг нь биелүүлбэл миний санхүүгийн байдал сайжрахаар байна? Эсвэл сайжрахад нөлөөлөхөөр байна? Түүнийгээ сонго.

    Хоёрдугаарт: Сонгосон 2 зорилтуудын дагуу хийж эхлэх ажлуудаа ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТДАНД оруул. Тэгэхгүй бол бөөн хоосон амлалтууд, юунаас эхлэхээ мэдэхгүй байсаар байтал нэг л мэдэхэд шинэ жилийн зорилтууд маань талаар болж өнгөрдөг.

    АМЖИЛТЫН ТАРНИ

    Миний хувьд энэ жил амьдралаа илүү сайхан болгох боломж дахин гарч ирж байна!

     


     

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ХҮС. ХИЙ. ХҮР.

     


     

  • ЧИН СЭТГЭЛТЭНИЙ ТУХАЙД

    Хийж буй зүйлээ хүний, өөрийн, хувийнх, хувьсгалынх гэж ялгаж гадуурхаж, халтуурдсанаар хэн хохирох вэ? Ажил дээр ч бай, хаана ч өнгөрөөж байгаа цаг мөч бүр таны амьдралын хугацаа. Ажил дээр өнгөрч байгаа цаг гээд таны амьдралаас өөр цаг гэсэн үг биш.

    Та өнөөдөр ажлаасаа нэг шинэ зүйл сураад өөрийнхөө ур чадварыг нэгээр нэмчих юмсан гэсэн ЧИН СЭТГЭЛТЭН үү? Эсвэл ажлын цаг хурдан дуусаасай гээд нууцаар тоглоод сууж байгаа ХУУРАМЧ СЭТГЭЛТЭН үү?! Чин сэтгэлээ зориулсан цаг мөч танд ур чадвар, мэдлэг болж ирдэг. Тэр ур чадвар, мэдлэг бол чиний үүрдийн өмч, амжилт ялалтын унаа болно, ЧИН СЭТГЭЛТЭЭН. Чин сэтгэлээсээ хандахгүй байгаа цаг хугацаа бүр өөрийнхөө амьдралаас эмтлэн үрэн таран хийсэн чөтгөрийн урхи болно, ХУУРАМЧ СЭТГЭЛГЭЭН!

    ЛУКА
    Хувь хүний хөгжлийн зөвлөх
  • Яаж хүн муулдгаа зогсоох вэ?

    Хэн нэгнийг муулснаар бид юу сурах вэ? Бидэнд ямар ашигтай вэ? гээд бодоод үзэхэд бидэнд ямар ч ашиггүй.

    Муу хэлүүлж байгаа хүндээ ч гэсэн ашиггүй. Тиймээс  хүн муу хэлдгээ зогсоох нь зүйтэй.

    Бид бусдын амьдралыг сайн мэдэхгүй. Бусад хүн юу бодоод, юу зориод, ямар бэрхшээл дундуур явж байгааг ч бид мэдэхгүй. Бид юу сайн мэдэх вэ гэвэл бид өөрсдөө чадах бүхнээ чадлаараа хийгээд явж байгаа гэдгээ сайн мэднэ. Тэгвэл тэр муу хэлээд байгаа хүн ч гэсэн мөн ялгаагүй чадах бүхнээ чадлаараа хийгээд явж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй.

    Тиймээс яаж хүн муулдгаа зогсоох вэ гэвэл өнөөдөр өөрөөсөө доорх 2 асуултыг асуу:

    1.  Хэрвээ тэр муу хэлж байгаа хүн таны дэргэд байсан бол та тэр хүний нүүрлүү харж байгаад муу хэлж чадах уу? Үгүй бол түүнийгээ зогсоо.
    2.  Хэрвээ хэн нэгэн таныг тэгж муу хэлбэл танд ямар санагдах бэ? Муухай санагдах бол түүнийгээ зогсоо.
    Хүн хэзээ цуу яриаг үзэн яддаг вэ гэвэл хэн нэгэн хүн өөрийнх нь тухай цуу яриа дэлгэсэн тэр л үед үзэн яддаг.

    Бусдыг муу хэлнэ гэдэг нь хий хоосон ашиггүй ярианд хамаг сайхан энерги хүчээ зарцуулж, цагаа гарздаж байна гэсэн үг.

    Зарим хүмүүс бусдыг муу хэлж байж өөртөө сэтгэл хангалуун болдог. Өөрөөр хэлбэл өөртөө сэтгэл хангалуун болох хамгийн хямд арга бол бусдыг муулах юм.

    Санаж яв: Бусдыг муулснаар бусдыг биш өөрийгөө муухай харагдуулдаг.

    Үг хүчтэй! Сэтгэл догдлон хэлсэн үг бүр их хүчтэй.

    Бусдын тухай хэлсэн сөрөг үг хэллэг сөрөг зүйлийг идэвхжүүлж, хүрээлэн буй орчинд байгаа бүх хүнд сөргөөр нөлөөлдөг.

    Өөрийн амнаас гарсан үг эргээд өөрийн чихэнд сонсогддог гэдэг үг ч бас байдаг. Тиймээс амнаасаа ямар үг гаргахаа хянах хэрэгтэй.

    Сайхан үг сонсохыг хүсвэл зөвхөн сайхан үг хэл.

    Хэрвээ та хэн нэгний тухай ярихаар төлөвлөж байгаа бол өөрөөсөө доорх 3 асуултыг асуу:

    1. Миний ярих гэж байгаа зүйл үнэн үү?
    2.  Үүнийг ярих шаардлагатай юу? Энэ нь чухал уу?
    3.  Энэ нь миний чин сэтгэлээс гарч байгаа үг мөн үү?

    Хэрвээ дээрх 3 асуултанд “үгүй” гэж хариулсан бол түүнийгээ зогсоо.

    Эцэст нь хэлэхэд бид бүгд амжилт өөдөө явж байгаа. Амжилт өөдөө явж байх үед хүн бүр л алдаа гаргадаг. Энэ гаргасан алдаагий нь шүүрч аваад л цааш нь далдуур муу хэлэх маш амархан. ҮҮНИЙГ ХҮН БҮР ЧАДНА!

    Харин туслалцаа, дэмжлэг үзүүлж, урмын үгээ харамгүй хайрлаж, цаашид бууж өгөлгүй тууштай явахад нь хүч өгөх хүн маш ховор байдаг. Үүнийг зөвхөн ЗОРИГТОЙ ХҮН л хийж чаддаг.

    Танд энэ зориг байна уу?

     

    АМЖИЛТЫН ТАРНИ

    БИ ХҮНИЙ ЗӨВХӨН САЙНЫГ ЯРЬДАГ!


     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • Бодууштай

    “Монголоо гоё болохоор нь очиноо” гэлцэх хүмүүс цөөнгүй. Монгол хэзээ гоё болох юм. Монголыг хэн гоё болгох юм бүү мэд… Нутагтаа үлдсэн хэд нь тэднийг ирүүлэхийн тулд Монголоо гоё болтол нь тэмцэх ёстой юм уу? Уг нь Эх орон тань, таны төлөө юу хийхийг асуух бус, харин та өөрөө эх орныхоо төлөө юу хийж чадахаа асуумаар юм даа.

                                                                                                                                                                                          Бодонгууд Зоригт

    Яагаад заавал хүн бүхний хүсэл зорилго “Америк мөрөөдөл” буюу амжилт Америк болсон гэж, би лав Америкд ирэхдээ тийм зорилготой ирээгүй. Монголын эрүүл биш нийгмээс, эсвэл хүйтнээс, эсвэл бохир заваан орчноос хол байх гэж л гарсан, ирээд мөнгө төгрөгтэй болсон ч заавал “dream house” тай болох хүсэл төрсөнгүй, гагцхүү энд байгаа тулдаа л Монголд буй аав, ээж, ах дүү нартаа илүү тус нэмэртэй байж чадаж байна. Тэд намайг наанаа байж бай гэж байна, тэдэнд миний тус дэм хүрч, өвчинөөсөө салж, өдрийнхөө хоолтой байгааг мэдэж байхаад би өөрөө аз жаргалтай байгаагаа мэдэрдэг. Гэвч Америкд удах тусам энэ нийгмийн бүх л сөрөг талыг олж харж байна. Тэгээд харин Монголын хүйтэн, тэр бохир орчин хажууд нь юу ч биш санагдахад миний дотор “Монгол мөрөөдөл” бодогдоно. Монгол мөрөөдөл…

                                                                                                                      Америкт амьдарч буй нэгэн Монгол бүсгүй

     

     

     

    “Яруу сэтгэгч” сонины 2008 оны дугаараас 

  • Хүүхдүүдээ “өөртөө итгэлтэй хүн” болгож өсгөцгөөе

    Өөртөө итгэх итгэл, өөртөө итгэж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж чадах тэмүүлэл,  өөрийгөө үнэлэх үнэлэмж…

    Энэ бүгд хэр зэрэг үнэтэй вэ? Хүмүүний энэ амьдралд хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй чадварууд. Эдгээр чадвар дутсанаас их дээд сургууль, академи, хэд хэдэн хэлний курсыг давхар давхар төгсчихөөд ажилгүйчүүд ийн эгнээнд явж байгаа хүмүүс маш олон….

    Өөртөө итгэх итгэлийг судалсан судалгаагаар 3-5-н настнуудын 95% нь өөртөө итгэдэг байхад харин  25-28-н настнуудын 25% нь л өөртөө итгэдэг болох нь тогтоогджээ. Үүнийг хэр зэрэг бодитой судалгаа болохыг ганц хялбархан асуултаар бататгаж болно. Тухайлбал: Их дээд сургуулийн нэг ангийн оюутнууд, эсвэл нэгэн албан газрын ажилтнуудаас “Ерөнхийлөгч болохыг хүсч байгаа хүн байна уу?” гэж асуувал ганц, хоёр нь л гараа өргөж магадгүй. Харин цэцэрлэгийн нэг ангийн хүүхдүүдээс тэр асуултыг асуух юм бол бараг бүгд нэгэн дуугаар “багш аа би, багш аа би, би ерөнхийлөгч болно” гэж чангаар хашгирцгаах болно. 

    Тэгвэл бид бага насны хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг хэрхэн насан туршийнх нь эерэг дадал зуршил, хандлага болгон төлөвшүүлэх вэ? 

    Аливаа хүн ямар нэгэн зүйлийг хийж үзээгүй үедээ өөртөө ихэнхдээ итгэдэггүй, харин хийх тутмаа улам бүр туршлагажин, өөртөө итгэлтэй болдог. Нэг зүйлийг хийж чадсан хүн, нөгөө зүйлийг хийж чадах байх гэсэн итгэлтэй болдог. Түүнтэй адил юм хийж үзсэн хүүхэд л өөртөө итгэдэг, харин юу ч хийж үзээгүй, хийдэггүй хүүхдүүд өөртөө хэзээ ч итгэдэггүй бөгөөд “би чадахгүй”, “би мэдэхгүй” гэсэн айдас нуугдаж байдаг.

    Жишээлбэл: таван настай “Г” гэдэг хүү анхандаа “би чадахгүй” гээд аливаа нэг зүйлийг хийхээс байнга зугтдаг байснаа, ганц хоёр бүтээл хийхэд оролцоод л түүнд дуртай болж, бүр “багш аа бүтээлээ хийхгүй юм уу?”, өнөөдөр юу хийх вэ? “өө, би чадна ш дээ” гэсэн хандлагатай болчихсон байсан билээ. Үүнээс харахад хүүхэд бүхэнд ямар нэгэн шинэ соргог зүйлд өөрийн эрхгүй татагдах, хийж үзэхийг хүссэн далд хүсэл байдаг.

    Тэгвэл “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төв нь “Би чадна” хөтөлбөрөөрөө тэрхүү хүсэл эрмэлзэл дээр нь тулгуурлан өөртөө итгэх итгэлийг гүн бат суулгаж төлөвшүүлэх ажлыг зохион байгуулаад байна. Тус хөтөлбөрөөр цаасан урлал, утсан урлал, наамал, баримлын шавар зэрэг хүүхдийн сонирхол татахуйц олон төрлийн  “Бүтээл” хийлгэх замаар “би хийсэн, би чадна” гэсэн “өөртөө итгэх итгэл” ийг нь хөгжүүлэхээс гадна, “өөрөөрөө бахархах, өөрийгөө үнэлэх” үнэлэмжийг нь нэмэгдүүлж байна.

    Та хүүхдээ хавтас дүүрэн бүтээлтэй, хэний ч өмнө чөлөөтэй ярьж чаддаг, хүсэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг болгохыг хүсч буй бол “ИНДИГО” хүүхдийн хөгжлийн төвд хандаарай. 

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач 
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/ 


  • Монголын ирээдүйг бид хэрхэн хүмүүжүүлэх вэ?

    Мэдээж хүүхэд нас бол хүн бүхний хамгийн дурсамжтай, баяр хөөр, уйтгар гуниг хосолсон аз жаргалтай үе байдаг. Энэ л насандаа бид хөгжиж төлөвшиж, ирээдүйн зан авир, мөн чанар, оюун ухаанаа олж авдаг. Тиймээс бидний ирээдүйд хэн байх, хэн болохыг тодорхойлж өгдөг хүүхэд нас, тэр тусмаа бага балчир нас гэдэг хүний амьдралын маш чухал бөгөөд хариуцлагатай үе байдаг. Харамсалтай нь манай эцэг эхчүүдийн дийлэнх олонх нь энэ хариуцлагатай чухал үеийг хариуцлагагүйгээр өнгөрүүлж, … дараа, …. том болохоороо, …. сургуульд орохоороо өөрлчлөгдөх биз, …болох биз гэсэн буруу хандлагаар хүүхдээ өсгөчихөөд, өнгөрсөн хойно нь хашгирав гэгчээр амаа барих тохиолдол олонтоо гаргаж байна.

    Тэгвэл бид ирээдүй үе болсон хүүхэд багачуудаа хэрхэн хүмүүжүүлэх вэ? Бидний хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил маань зөв болов уу? буруу болов уу? Хүүхэд хүмүүжүүлэх хамгийн сайн арга юу байдаг бол?

    Дэлхийд олон эст амьтан үүсэж, яваандаа тархитай болон хөгжсөн цагаас эхлэн өөрийн амьдралын туршлагаа хойч үедээ өвлүүлдэг болсон. Энэ байдлаар явсаар ухаант хүн үүсэн бий болоход амьдралаас олж авсан мэдлэг туршлагаа залуу үедээ даган дуурайх байдлаар өвлүүлдэг байсан, энэ яваандаа хэл хөгжих эх үндэс болсон ба улам нийгэмшиж, хот суурин төвлөрсөн зохион байгуулалттай болоход хүүхдийг хүмүүжүүлэх, мэдлэг туршлага зааж өвлүүлэх олон арга хэрэгсэл бий болсон. Үүний дүнд сургууль цэцэрлэг, сургалт хөгжлийн төв байгуулагдаж хүний хөгжлийг хангах болсон. Энэ бидний мэдэх БАГШ төвтэй сургалт буюу багш зааж, хүүхэд сонсох ёстой гэсэн хандлага юм.

    17 зууны сүүл үеэс шавь төвтэй сургалтын тогтолцоо бий болж, энэ явсаар өнөөгийн өндөр түвшинд хүрсэн. Шавь төвтэй сургалтын давуу тал нь багш хүүхдийн чадвар нөөц бололцоог илрүүлэх зорилготой сургалтыг явуулж, шавь өөрөө бие даан сонирхол сэдлийнхээ дагуу суралцана. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрөө хүссэн сонголтоор сурч хөгжин багшийн мэдлэг чадварыг давах хангалттай боломж бүрддэг явдал юм.

    Сүүлийн үед шавь төвтэй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс “шавь төвтэй сургагч багш” сургалтын тогтолцоо руу аяндаа шилжиж байна. Энэ сургалтын онцлог нь хүүхэд сурч мэдсэн зүйлээ үе тэнгийнхэндээ зааж өгөх замаар өөрөө улам чадваржих, үүнийг сурсан хүүхэд дараагийн үедээ зааж өгөх замаар тасралттай хөгжиж төлөвших үйл явц юм. Яагаад энэ сургалт тийм үр дүнтэй гэж?

    Аливаа хүнд мэдээллийг хамгийн сайн дамжуулагч нь үе тэнгийнхэн нь байдаг. Энэ нь тухайн хүний наснаас дээш 5 нас, доош 5 насны хооронд буюу нас ойролцоо хүмүүс бие биенээ хөгжүүлэх нь их байдаг. Харин насаар нэлээн ахимаг хүмүүс, эцэг эх зэрэг нь тухайн хүнээс 20 орчим жилийн насны зөрүүтэй байдаг учир хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжийг ойлгодоггүй, мэддэггүй учир хүүхэддээ, тэр тусмаа балчир насны хүүхэдтэйгээ зөв харилцаж чаддаггүй.

    Тэр тусмаа сүүлийн жилүүдэд төрөөд байгаа шинэ үеийн хүүхдүүд аливаа юмыг сурахдаа хурдан, анхаарал сул, сэтгэн бодох чадвар өндөр, өөрийнхөөрөө гэх мэт зан авир илэрч байна. Харин энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэх аргаа эцэг эхчүүд олохгүй зөрүүд, муухай ааштай, өөрийнхөөрөө гэх мэт шинж чанарыг нь анзаарч хараад байна. Тэд хүүхдүүдийнхээ хүссэн бүх зүйлийг нь биелүүлээд, муухай ааш гаргахад нь аргадаад нэг үгээр урд нь бөхөлздөг. Энэ нь өөрийнхөөрөө байх гэсэн хандлагатай хүүхдүүдэд тааламжтай байдаг бөгөөд улам зөрүүдлэх, бусдыг даван гарах, бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэсэн хандлага бий болдог. Энэ өнөөгийн хэцүү хүүхэд гэгдэх хүүхдийн мөн чанар юм.

    Хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх хамгийн сайн арга нь үе тэнгийнхэн дунд нь хөгжүүлэх явдал юм. Өөрийнхөө мэдлэг чадварын хувьд ойролцоо хүмүүстэй хамт хөгжих нь тэдний дунд өрсөлдөөн бий болж, үүнээсээ өөр хоорондоо улам чадваржих, хамтаараа хөгжих, багаар ажиллах чадварт суралцах зэрэг олон давуу талыг эзэмшдэг.

    Орчин үеийн хүүхдийн оюуны чадвар, нөөц боломжийг тодорхойлох боломжгүй, тэднээс ямар ч авъяас чадвар гарч болох бөгөөд тэрхүү авъяас чадварыг нээж илрүүлэхийн тулд үе тэнгийнхэн дунд бүлэг, хамт олноор хөгжүүлж, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нь хөндлөнгөөс ажиглан сургалт хөгжлийг нь чиглүүлэх явдал юм.

    Манай эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хандлагыг ажиглахад, бага наснаас нь оюуны чадварыг хөгжүүлэх гэсэн, хичээлээ хийж байгаа хүүхдийг сайн хүүхэд гэж ойлгох тал байдаг. Энэ нь тухайн хүүхдийг үнэхээр чадварлаг, сайн хүүхэд болгон хүмүүжүүлж чадаж байна уу гэсэн асуултыг эцэг, эх асран хамгаалагчид болон багш сурган хүмүүжүүлэгч нар өөрсддөө тавьж үзэх хэрэгтэй байна.

    Хүүхэд хүмүүжүүлнэ, өсгөж төлөвшүүлнэ гэдэг хэн бүхэн тийм амар хийчих ажил биш гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Мэдээж хэрэг хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн арга гэж байхгүй, харин хүүхэд бүрийн онцлогт нь тохирсон хүмүүжүүлэх арга гэж байдаг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг их өндөр байшин барьж байна гэсэн үг. Суурийг нь сайн тавьбал дээш нь хэдэн ч давхар барьж болно. Үүнтэй адил бага насанд нь ямар хүмүүжлээр ямар төлөвшил чадварыг суулгана, тухайн хүүхдийн ирээдүй тийм л байна. Хүүхэд сайн ном уншдаг, мэдлэгтэй байна гэдэг нь сайхан амьдрахын нэр биш, харин сайхан амьдрах арга ухаанаа ойлгосон, өөрийнхөө төлөө хичээж, тэмүүлж чаддаг байх нь сайхан амьдралын эх үндэс билээ.

    Нэгэн сургааль үг байдаг билээ:

    Авьяас дангаараа юу ч биш, авьяастай бүтэлгүйчүүд алийг тэр гэхэв

    Боловсрол дангаараа юу ч биш, боловсролтой тэнэгүүд хорвоогоор дүүрэн

    Суу ухаан дангаараа юу ч биш, хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байсан

    Гагцхүү шургуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй.

    Хэрэв та хүүхдээ өөрөө сэдэлжиж хичээлээ хийдэг, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, чадварлаг хүн болгон төлөвшүүлье гэвэл юун түрүүнд хүүхдийнхээ насны онцлог, түүнтэй холбоотой хэрхэн яаж хөгжүүлэх тухай анхан шатны мэдлэгийг эзэмшиж аваарай. Үүнд:

    Нас

    Онцлог

    Хөгжүүлэх арга, зарчим

    0-1

    Нярай нас

    Мэдрэхүйн эрхтний хөгжил сул, амьдралыг хүлээн авах суурь хандлага төлөвшдөг, хүрээлэн буй орчинтойгоо танилцаж яваа нас

    Хайраар хүмүүжүүлье: Халуун дулаан тэврэлтийг мэдрүүлж, хайр ийм байдаг, бас хал ийм байдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Ээж аавын эелдэг харц хүүхдийн энэ насанд чухал.

    1-3

    балчир нас

    Мэдрэхүйн эрхтний хөгжил эрчимтэй сайжирч, хэл яриа хөгжинө. Булчингийн ажиллагаа сайжирч, харилцаа, хүний хандлагыг мэдэрдэг болно.

    Харилцаагаар хүмүүжүүлье: Энэ насанд орчны эд зүйлтэй сайн харьцуулж, хүрээлэн буй орчинтой танилцуулах. Өөрөөр нь юмыг хийлгэж байх нь чухал.

    3-6 сургуулийн өмнөх нас

    Хэл яриа эрчимтэй хөгжиж, аливааг хийсвэрлэн сэтгэж сурна. Энэ насанд хүүхдийн тархи сайн хөгжиж байгаагийн нэг илрэл нь худлаа ярих байдаг. Их хөдөлгөөнтэй, өөрөө оролдох дуртай, би ХААН гэсэн төвтэй байдаг.

    Зоригоор хүмүүжүүлье:Энэ наснаас эхлэн үлгэр домог, ертөнцийн сонин хачин ярьж өгөх, хүнтэй харилцах арга барил зэргийг зааж өгнө. Болохгүй болно гэдгийг ойлгуулж миний хүү МУНДАГ гэсэн ойлголтыг төрүүлэх хэрэгтэй.

    Дээр дурьдсан 0-6 насны хүүхдэд чиглэсэн хүмүүжүүлэх арга барилд эрдэм мэдлэг, сууж сурах зэрэг арга барил байхгүй байгааг анзаарч байна уу. Хүүхдийг өсвөр нас хүртэл нь эрдэм мэдлэгээр бөмбөгдөх бус, харин амьдралыг ойлгуулах, амьдрах ухаан суулгах, харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцуулах нь хүүхэд өөрөө сэдэлжин хөгжил төлөвшлөө олж авах чадвартай болгодог.

    Харин өсвөр наснаас эхлэн сууж сургах, хичээл зүтгэлийн талаар ойлголт өгөх нь хүүхдийг мэдлэг чадвартай болгон хөгжүүлэх сайн талтайгаас гадна сэтгэлийн тэнхээтэй болгон төлөвшүүлдэг. Хүүхдийг ямар ч үед зөв шийдвэр гаргаж сургахын тулд багаас нь хичээл, эрдэм мэдлэг, оюун ухааны сургалтаар шахах бус харилцааны арга хэлбэрээр төлөвшүүлэх, байгаль дэлхийн онцлог, хүний амьдралыг ойлгуулах нь багаас эрдэм мэдлэгт дуртай, зөв шийдвэр гаргадаг сэтгэлийн хаттай хүн болгодог.

    Та хүүхдээ хүмүүжүүлэхдээ дээр дурдсан насны онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй боловч түүнээс илүүтэйгээр чухалчлан үзэх зүйл бол хүүхдийнхээ дахин давтагдашгүй төрөлх онцогийг олж мэдэх явдал юм шүү. Тэгж байж бид хүүхдийнхээ онцлогт тохирсон, ирээдүйд нь тустай хүмүүжлийн арга хэрэгслийг сонгон ашиглаж чадна. Тиймд та доорх хэдэн асуултын хариултыг олохыг эрмэлзээрэй! Үүнд:

    Таны хүүхэд ямар онцлогтой вэ?

    Таны хүүхэд хэдэн настай вэ?

    Таны хүүхэд ямар зан авиртай вэ?

    Таны хүүхэд юунд дуртай вэ?

    Таны хүүхэд ямар авьяастай вэ?

    Харин та эдгээр асуултанд бүрэн хариулт олж авч чадахгүй байгаа бол, хариултыг нь мэдэж байгаа боловч хэрхэн яаж харьцах аргаа олохгүй байгаа бол манай төвд хандаарай. Бид таны хүүхдийн онцлогийг зан авир, оюун ухаан, сэтгэлгээний онцлог гэх мэт олон талаас нь цогц байдлаар оношилж, хүүхдийн төрөлх онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцах, ямар арга барилаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч байна.

    Ж.ХОРЛОО
    Хүүхдийн хөгжил судлаач
    horloo_j@yahoo.com, Утас: 88177575
    http://yaruusetgegch.com/author/horloo/

  • Хүүхэд бүрийн дахин давтагдашгүй онцлогийг танин мэдэх- ХҮҮХДИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ЦОГЦ ОНОШИЛГОО

    Хүүхэд бүрийн төрөлх онцлог, өсөж буй орчин харилцан адилгүй өөр өөр байдаг. Энэ нь хүний хэл яриа, сэтгэхүйн дахин давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой болж төлөвшдгийн эх үндэс болдог. Өөрөөр хэлбэл бид шоргоолжийг харахад бүгд нэгэн адил байдаг, харин Батаа Тулгаагаас өөр, Цэцэгээ Дулмаагаас өөр гэдгийг хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг. Тэгвэл өөр өөрийн онцлог шинжтэй хүүхдүүдийг бид нэгэн хэвэнд цутгахтай адил хүмүүжлийн нэг арга барилаар харьцах нь буруу болж байгааг доорх жишээнээс харж болно.

     

    Тухайлбал тус төвийн гишүүд болох Э, А хоёр нь ижил темпераменттай боловч, төрж өссөн орчин нөхцлөөс шалтгаалан хүмүүжлийн өөр арга барилаар харьцах шаардлагатай нь доорхи ажиглалтаас харагдаж байна.

     

    Э – 4 нас 7 сартай. Эрэгтэй

    А – 4 нас 4 сартай. Эрэгтэй

    Онцлог

    Төрөлх хэв шинж: холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: аав нь хол ажилтай, ээж нь мөн ажилтай завгүй, гэртээ асрагчтайгаа байдаг.

    Зан авир: өөрийнхөөрөө, дураараа, шартай, хурц цочмог ааштай, хүний үг авдаггүй.

    Төрөлх хэв шинж: холерик суурьтай флегматик

    Гэр бүлийн байдал: ээж, аав, нагац эгчийн хамт амьдардаг.

    Зан авир: өөрийнхөөрөө, дураараа, шартай, тайван, нээлттэй, хүний үг авдаг.

    Энэ хоёр хүүхдийн төрөлх хэв шинж нь ижил, уурласан үед хоёулаа цочмог зан авир гаргаж, орчны эд юмсыг эвдэн сүйтгэж эхэлдэг.

    Орчны нөлөө

          Энэ хүүхэд нь орчны эд юмсыг минийх гэж ханддаг, хүний үг авдаггүй, өөрийнх нь уурыг хүргэвэл гарт баригдсан зүйлээ бусад руу авч шиддэг, хүнийг ялгаварлаж харьцдаг, цочмог ааш үе үе гаргадаг. Мөн албаар бусдын юмыг булааж, сүйтгэдэг.

          Гэвч өөрийн юмандаа их нямбай, хурдан гүйлгээ ухаантай, ой тогтоолт сайн. 

            Энэ хүүхэд нь эргэн тойрны хүмүүсээ өөрийн тавьсан шаардлагыг биелүүлээсэй гэсэн хүсэл хандлагатай. Намайг хүндэл, надтай зөв харьц гэсэн харилцааны хэв маяг илэрдэг ба энэ зөрчигдвөл уцаарлаж, цочмог ааш гарган бусдыг цохиж авдаг.

           Сайн муу, зөв бурууг сайн ойгодог, хэл яриа сайн хөгжсөн, тайван, нээлттэй зан авиртай, юмыг аажим сурдаг. Энэ хүүхэд бусадтай найрсаг харьцдаг, уурыг нь хүргэвэл цочмог уурладаг. 

    Харилцах арга барил

          Энэ хүүхэд бусадтай ширүүн харьцдаг тул хүмүүжүүлэх арга барилдаа мөн ширүүн байх зарчмыг хавсаргавал зүгээр. Ширүүн байх зарчим нь зодохын нэр биш, нэг хийсэн алдаагаа албаар дахин хийдэг тул шийтгэх арга барил сайн буюу өөрөө өөрөөр нь шийтгэлийг мэдрүүлбэл ухаажина.

     

    Энэ хүүхдийг уурласан үед шийтгэх байдлаар харьцвал уураа зөв удирдаж сурна. 

           Тиймээс энэ хүүхэдтэй загналгүй учирлан хэлэх байдлаар харилцаж, өөрөөр нь асуудлыг шийдүүлж байх нь сайн. Магтаал энэ хүүхдэд урам болно. Аажимдаа энэ уурласнаас гардаг цочмог хандлага нь намжих ба зоригийн шинж чанар сууж байгаа энэ насанд хүүхдийг хориглолгүй, зэмлэлгүй байх нь сайн.

     

    Энэ хүүхдийг уурласан үед давуу талд түшиглэн магтаалын үгээр харьцвал уураа барьж сурна. 

     

     Бид хүүхдийн өөрийнх нь өвөрмөц онцлогийг таньж мэдээгүйн улмаас буруу харьцаж, буруу хандлагаар хүмүүжүүлснээс тэднийг “буруу ишилсэн сүх” мэт хүний үг ойлгодоггүй, зөв бурууг ялгах чадваргүй, сэтгэлийн хатгүй, өөрийгөө голсон, амьдралын сайн сайхныг мэдрэх чадваргүй амьтан болгочихдог. Хүн өөрөө нийгмийн амьтан бөгөөд, бидний хүүхдийг хүн болгож хүмүүжүүлдэг зүйл бол гагцхүү бидний харилцаа хандлага байдаг. Тэгвэл ИНДИГО хүүхдийн хөгжлийн төв нь Монголд анх удаа хүүхдийн төрөлх онцлог, давтагдашгүй өвөрмөц зан чанарыг хүүхэд шуугисан бодит орчиндоо ажиглан судалж, тэдний онцлогийг илрүүлэн, эцэг эхэд нь хүүхдийнхээ онцлогтой холбоотойгоор хэрхэн яаж харьцаж,  ямар хандлагаар хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгоод байна.

    Бидний хүүхэд гагцхүү найз нөхдийнхөө дунд, тоглож байх явцдаа л хамгийн чөлөөтэй байж, дотоод сэтгэл мэдрэмжээ тухай бүрд ил гаргаж байдаг ба хаалттай бус нээлттэй байгаа тэр мөчүүдэд л бид хүүхдийнхээ дотоод ертөнцрүү нэвтрэх боломжтой билээ. Тиймээс та бүхнийг хүүхдийнхээ онцлогийг багаас нь судлан таньж, эерэг сайн сайхан талыг нь дэмжин тэтгэж, сөрөг муу зан чанар, муу хандлагыг эрт илрүүлэн засч залруулж, хүүхдийнхээ ирээдүйд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдрахын үндэс болсон “ХҮҮХДИЙН СЭТГЭЦИЙН ЦОГЦ ОНОШИЛГОО” нд үр хүүхдээ хамруулахыг уриалж байна.

  • Хүүхэд маань үгэнд ордоггүй, яах вэ?

    A: Манай хүү 5 настай, битгий хашгираарай, дүү нь унтаг гэж хэлээд эргэх хооронд л хашгираад, дүүгээ сэрээчих юм. Яах вэ?

    Х: Таныг битгий хашгираарай гэж хэлэхэд хүүд тань “хашгирах” гэдэг сэрэл ирнэ, тиймээс л хашгирч байгаа юм, тиймээс тэр өдөөлтийг үүсгэхгүйн тулд та, -миний хүү намуухан тоглоорой, дүү нь унтаг гээд хэлэхэд л хангалттай. Харин одоо хүүд чинь “намуухан тоглох” гэдэг ойлголт л биелэлээ олно.