Category: human-development

  • 4. ХУВИЙН НАМТРАА ХӨТЛӨХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ 1 АРГА БОЛОХ ТУХАЙД

    Хөгширсөн хойноо эсвэл алдартай хүмүүс л өөрийнхөө дурьдатгал намтыг бичдэг гэж боддог бол эндүүрэл. Өөрийгөө дүгнэж цэгнэдэг, өндөр бүтээмжтэй хүмүүс намтраа сар, жилээр нь үргэлж шинэчлэн бичдэг байна. Би энэ жилд өөртөө болон бусдад ямар өөрчлөлт шинэчлэлт авчирсэн, ямар алдаа, амжилт гаргасан, өөрийн мөрөөдлийн төлөө ямар алхамуудийг хийсэн, ямар зоригтой алхам хийсэн бэ гэдгээ дүгнэдэг. Хошигнож хэлвэл төсөл бичихээсээ өмнө “Би хэн бэ” гэдгээ бич. Ашиг орлого олох төсөл бичих гэхээсээ өмнө өөрийнхөө намтрыг бичиж сурах хэрэгтэй. Намтар гэдэг ойлголтыг зүгээр ажилд ороход бөглөдөг СиВи-ны хэмжээнд ойлгож болохгүй.

    Өөрийнхөө намтраа бичих гэхээр нэгэн хэвийн санагдаад, бичих зүйл олдохгүй байгаа бол та өөрийнхөө хийх зүйлээ олж чадаагүй байна гэсэн үг. Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ гэж асуухаар “Өө бусдын л адил даа” гэж хариулдаг бол бас л өөрийнхөө хийх ёстой зүйлээ олоогүй байна гэсэн үг. Бусдыг дагаж, бусадтай л адил байвал болоо, ингээд явж байтал болох л байлгүй дээ гэж бодоод яваад байвал та амьдралдаа өөрчлөлт хийж чадахгүй. Харин та өөрийгөө өнөөдрөөсөө арай илүү байх ёстой гэж бодож шинэ алхамыг хийхийн тулд өнгөрсөн амьдралаа эргэж нэг харах хэрэгтэй. Би юу мөрөөдөөд, мөрөөдлийнхөө төлөө юу хийсэн бэ, амьдралд минь ямар сорилтын цэг байсан бэ, ямар том алдаанууд байсан бэ, яг одоо ямар цэг дээр ирсэн байна вэ гэдгээ эргэж харахгүйгээр цаашаа явах боломжгүй. Тиймээс өөрийнхөө намтарыг “Би хэн бэ” гэдэг асуултанд хариулах хэлбэрээр бичиж эхлэх хэрэгтэй. “Би хэн бэ” асуултанд хариулж өөрийгөө талаарх төсөөллийг тодорхой болгосноор дараагийн алхамууд илүү тодорно. Би өнгөрсөн хугацаанд бусдын адил амьдраад өнгөрчээ. Гэтэл миний мөрөөдөл энэ байна, энэ мөрөөдлийнхөө төлөө ийм зүйлийг хийж болох юм байна гэсэн шийдлүүд тодроод ирдэг. Жил бүр өөрийн намтартаа ямар түүх нэмсэн, амьдралын номондоо ямар хуудас нэмсэн бэ гэдгээ үргэлж тодорхойлох ёстой.

    Жилийн эцэст гэж хойшлуулахгүйгээр яг одоо дэвтэрээ нээгээд “Миний амьдралын замнал” гэсэн гарчиг тавиад, Би … наслахдаа … мөрөөдөлтөй амьдарсан, энэ хүсэл мөрөөдлийнхөө төлөө ийм зүйл хийж бүтээсэн, би яг одоо энэ цэг дээр байна гэх мэтээр бичиж эхлэх хэрэгтэй.

    Намтар бичихэд туслах 10 асуултын дагуу хариулвал илүү тодорхой болох бөгөөд өөрийгөө хэзээ ч харж байгаагүй өөр өнцөгөөс харж чадна.

    1. Өөр хэнд ч байхгүй өөрийн чинь дахин давтагдашгүй шинж чанар юу вэ?
    2. Чи яг хэн байхыг хүсэхгүй байна вэ?
    3. 3 өдөр 3 шөнө юу ч идэж уулгүй, унталгүйгээр юуг тэгтлээ дурлаж хийж чадах вэ?
    4. Чамд хамгийн их гай болж байгаа зүйлс юу вэ?
    5. Хүссэн зүйлээ хийх бүх боломжийг тань бүрдүүлж өгнө гэсэн бол яг юу хийх вэ?
    6. Амьдралдаа хамгийн их аз жаргал мэдэрсэн мөчүүдээ бичнэ үү?
    7. Өөртөө байгаа бүх боломжоо жагсааж бичнэ үү?
    8. Амьдралдаа хийж байсан томоохон өөрчлөлтүүдээ хуваалцана уу?
    9. Үхэхээсээ өмнө заавал хийж амжуулах зүйлс?
    10. Насан эцэслэх цаг чинь иржээ гэж төсөөлье. Та амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид хэн байхыг хүсэж байна вэ? Юугаар бахархахыг хүсэж байна вэ?

    Эдгээр асуултын хариултыг шууд олоход хэцүү тул өнөөдрөөс эхлээд хариултаа хайгаарай. Ингэснээр та өөрийнхөө амьдралыг өөр өнцгөөс харж, таны намтарт шинэ хуудас нэмэгдэх болно. Хүн ямар нэгэн зүйл хийхдээ түүнийхээ үнэ цэнэ утга учрыг сайн ойлгохгүй бол чинь сэтгэлээсээ хийж чадахгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө намтарыг судлана гэдэг бол өөрийн түүхийг бүтээх, өөрийгөө танин мэдэх, өөртөө шинэчлэлүүдийг хийх хамгийн энгийн бөгөөд үнэ төлбөргүй арга юм. Ер нь хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлүүд үнэгүй байдаг. Нэг нэгнээ хүндэтгэх, хайрлах, инээмсгэлэх, гэр бүлээ халамжилах, өөрийгөө судлах, хүүхэдтэйгээ тоглох гэх мэт. Гэтэл бид үнэтэй зүйлүүдийн хойноос яваад л байдаг. Харин хамгийн их үнэ цэнэтэй зүйлүүдээ үнэгүйдүүлчихдэг. Тиймээс өнөөдрөөс эхлэн өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхийн тулд намтараа бичиж эхлээрэй. Өнгөрсөн амьдралдаа гарсан том өөрчлөлт, сорилтуудаас эхлэн бичиж болох юм. Дараа нь амьдралдаа хийж байсан зоригтой алхам, үсрэлтийнн цэгүүдээ тодорхой бичээрэй. Эндээс таны амьдралын гол сорилт өөрчлөлтийн үе тодорхой харагдах болно. Магадгүй та ирээдүйд алдартай бизнесмен, бүтээлч хүн болвол таны өнөөдрийн эхлүүлсэн намтар чинь хойч үе, үр хүүхдүүдэд маш том өв болж үлдэх болно.

    Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаа

  • 3. ӨӨРТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД

    Хүн энэ хорвоод ирэхдээ өөрийн гэсэн хийж бүтээх зүйлтэйгээ ирдэг гэдэг. Хэрвээ хүн тэр хийх зүйлээ олж чадвал бусад бүх асуудал шийдэгддэг.

    Харин бид өөррүүгээ хандахын оронд гадаад материаллаг зүйлд хэт анхаарлаа хандуулж, хурдхан машинтай болох юмсан, хурдхан их мөнгө олох юмсан гэсэн бодлоор толгойгоо дүүргээд байхаас биш миний дотор юу байгаа билээ, миний сэтгэл зүрх юу хүсээд байна, юунд тэмүүлж, юунд дурлаж чадах вэ, би юунд амиа өгч чадах вэ гэж өөрийнхөө ертөнцрүү өнгийж харахгүй байна. Ороо бусгаа энэ цаг үед амьдралын хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай зүйлээ анзаарах сөхөөгүйгээр хоосон нэр алдар, эд хөрөнгө хэмээх солонгын хойноос хөөцөлдсөөр. Үргэлж л яарсан, сандарсан, тавчидсан, шунахайрсан. Юуруу яараад байгаагаа анзаарах ч сөхөөгүй, амьдрах завгүй амьдрал. Нэг л мэдэхэд бид өөртөө ч гаргах завгүй, би завгүй, би завгүй хүн гээд л, нэг л их завгүй юм хийж бүтээж байна гээд л бодоод яваад байдаг. Гэтэл энэ амьдрал чинь хэнд зориулагдаад байгаа юм бэ, хөндлөнгийн хэн нэгэнд зориулагдсан уу. Ингээд амьдрал чөтгөрийн тойрог шиг нэг л хэвийн тойрогт ороод эхэлдэг, гараас юм гарахгүй, шинэ санаа ч төрөхгүй бүх юм нэгэн хэвийн давтагдана.

    Тэгвэл та чөтгөрийн тойргоос өөрийгөө чөлөөлж, бодол санаагаа цэгцлэхийг хүсвэл өөртэйгээ ярих арга танд тус болно. Өөртөө зориулсан багахан цаг хугацаа таны амьдралыг илүү бүтээмжтэй, илүү баялаг болгодог.

    Жишээ нь бидний өвөг дээдэс жилийн эхэнд шинийн 8-нд хийморио сэргээнэ хэмээн уулын орой дээр гарч хараа бэлчээн сууж бодлоо цэгцэлдэг байжээ. Хий хоосон туйлширч машин тэрэгтэйгээ бужигнаж давхихдаа гол нь биш бөгөөд хамгийн гол нь хүн уулын орой дээр ганцаараа гараад би энэ жил юу амжуулчихав, би юун дээр алдав, юун дээр онов хэмээн өөрөө өөртэйгээ ярилцдаг нэг арга нь байжээ.

    Мөн залбирал, бясалгал хийх, голын эргээр зугаалах зэрэг нь өөртэй ярилцах хэлбэрүүд юм.

    Өөртэйгээ ярилцах аргачлал

    1. Толинд харж өөртэйгээ ярилцах. Тольны өмнө зогсоод өөрөөсөө асуулт асууж, хүнтэй ярилцаж байгаа мэтээр ярилцана. Энэ аргыг хамгийн сайн ашигласан хүн бол Дэйл Карнеги юм. Тэрээр 35 хүртлээ олны өмнө гарах нь бүү хэл хүнтэй юм ярьж чаддаггүй аймхай хүн байжээ.
    2. Бие эрхтэнтэйгээ ярилцах. Хүн өөрийнхөө эд эстэй хүртэл ярилцаж болно гэж мэдээллийн шинжлэх ухаан үзэж байна. Хорт хавдар өвчнийг эзэндээ гомдсон эсүүдийн бөөгнөрөл гэж тодорхойлж байна. Төр засаг болохгүй бол иргэд бослого гаргадаг шиг эзэндээ хайрлагдахгүй байгаа гомдсон эсүүд эзнийхээ эсрэг бослого гаргаж хавдар болдог байх нь. Гар хөл нь бүлээцдэггүй хүн бол гар хөлөө үрж илж таалах, толгой нь өвддөг хүн толгойндоо иллэг бариа хийх хэрэгтэй. Хүн мэдээллээс бүтэж байдаг. Тэгэхээр өөрийнхөө бие эрхтэнд мэдээлэл өгч, өглөө бүр эд эрхтэнээ хайрлаж, иллэг бариа хийж, ярилцвал маш сонирхолтой үр дүнд хүрч чадна.
    3. Байгальд ойр амьдрах. Бидний язгуур, үндэс маань байгаль эх. Тиймээс байгаль эхтэйгээ ойр байж, ууланд гарах, ойд хэвтэх, модын чимээ, навчисын сэрчигнээн, усны хоржигноон зэрэг байгалийн чимээг анирдан чагнах хэрэгтэй. Байгаль дээр байгаа зүйлс бидэнд зориулагдаж байхад бид бүгдийг анзаарах сөхөөгүй сохорчээ. Цэцэг ургаад, нар мандаад, гоё үүлнүүд хөвөөд, цонхны цаадахи болжморын жиргээнийг сонсохын оронд зурагтаа асааж хов живээр амьсгалж эхлэдэг. Амьдралын хамгийн гоё сайхан, өөрийнхөө хөг аялгууг сонсохоо болиод хөггүй гитар шиг хяхатнажээ.

    Одоо та өөртэйгээ ярилцах цаг гаргахын тулд өдөр тутмын 24 цагийг юунд зориулж байгаагаа жагсаан бичиж нэг бүрчлэн дүгнэлт хийх хэрэгтэй. Өөртөө гаргаж болох ямар цагууд байна вэ? Өглөө эрт үү, өдрийн цаг уу, цайны цаг уу, оройн цаг уу, унтахын өмнө үү, эсвэл шөнө дөлөөр үү. Та өөртөө зориулах цагаа зурагт, гар утас, интернэт, архи, тамхи, дэмий чалчих зэрэг зуршилуудад үрээд байна уу!? Гэртээ орж ирээд зурагтаа асаагаад орхичихдог. Зурагт үзэхээр ямар нэг юм хийж байгаа мэт, зурагтаа унтраахаар юм хийхгүй байгаа мэт мэдрэмж төрж байгаа бол та зурагтанд амьдралаа үрж байгаан шинж гэсэн үг.

    Таны амьдралыг үрдэг эдгээр дайснуудыг илрүүлмэгц өөртөө зориулах цаг гарч ирнэ дээ. Одоо та тодорхой алхам “Тэгж байгаад л нэг…” гэдэг үг үгийн сангаасаа хасаж, өдөрт ядаж 5 минут гаргаад өөртэйгээ ярилцах хэрэгтэй. Ингээд дадал болсоор яваандаа өдөрт нэг цагийг, бүүр сүүлдээ бүхэл амьдралынхаа цагийг өөрөө өөртөө зориулдаг болно доо.

    Ингээд та өөртэйгээ, дотор хүнтэйгээ, зөн билэгтэйгээ ярилцдаг болсноор, амьдралын тань үнэт зүйлс тодорхой болж, асуудал бэрхшээл багасаж, хий дэмий зүйлд цагаа үрэхээ больж, амьдрал тань илүү баялаг, илүү утга учиртай болно.

    Дараагийн дугаарт: Өөрийн намтар, түүхийг бүтээх нь өөрийгөө танин мэдэх арга

    Онлайн сонсох: http://mixcloud.com/luvsandorj

    Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаа

  • Өдөр тутмыхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж

    ӨДӨР ТУТМЫНХАА АМЬДРАЛД ДУРТАЙ БОЛОХ 5 ЗӨВЛӨМЖ

    Хэрвээ та өдөр тутмынхаа амьдралд дургүй бол

    Хэрвээ та өдөр болгоныг сэтгэл хангалуун өнгөрөөж чаддаггүй бол өнөөдрийнхөө бичлэгийг танд зориулж байна.

    Өдөр тутмыхаа амьдралд дуртай болох 5 зөвлөмж

     1. Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүстэй холбогдож, найз нөхөд болох.

    Ингэж чадвал өдөр бүрийн амьдралдаа сэтгэл хангалуун болж, өөрийгөө болон амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй болно. Учир нь орчин тойронд хүрээлж байгаа, үерхэж нөхөрлөж, ойр шадар яваа бүхэн аж амьдралд их нөлөөлдөг.

    Санаж яв: Ижилхэн зовлонтой хүнтэй цагийг хамт өнгөрөөхөөс илүү ижил зорилготой хүнтэй хамт өнгөрөө. 

    Ижил бодол санаатай, ижил зорилготой хүмүүсийг хаанаас олох вэ гэвэл амархан. Фэйсбүүк ухаж байхад янз бүрийн байгууллага, хамт олон, хуудас, группүүд байдаг. Жишээлбэл:

    Ука Төмөрийн ХҮС ХИЙ ХҮР

    Амьдрах Ухаан Амжилтын Хөтөч

    БидЧадна. мн

    The New Media Group

    Төслийн Удирдах Хөгжлийн Хүрээлэн

    Ану Mаркетинг

    Гэр бүл судлаач Л.Нарантуяа

    Luvsandorj Jamsranjav

    Mongolian Women’s Development Foundation

    Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө

    Монголын залуучуудын холбоо

    Бэрхшээл ба боломж

    Амин хэлхээ груп

    Номонд дурлагсдын фэйсбүүк дахь холбоо

    Undraa Vandan  

    TEDxUlaanbaatarWomen… гээд л эдгээр байгууллага хамт олны явуулж буй арга хэмжээнүүдэд оролцож сэтгэлэг нэг хүмүүстэй танилцаж, дотносож, нэгдэх боломжтой. Хэрвээ та эдээрээс гадна өөр байгууллага хамт олон мэддэг бол доор бичиж үлдээгээрэй.

    2. Амьдралынхаа зорилгыг ажилтайгаа уялдуулан холбох

    Бид ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөдөг. Зарим хүмүүс ажилдаа дургуй сэтгэл хангалуун байж чаддаггүй учраас өдөр тутмынхаа амьдралд дургүй болдог. Тиймээс амьдралынхаа зорилгыг одоо хийж буй ажилтайгаа уялдуулан холбож, “Яагаад одоо энэ хийж буй ажлаа хийж байна вэ?, Энэ нь зорилгодоо хүрэхэд ямар хувь нэмэр оруулж байна вэ?” гэдгийг өөрөөсөө асууж, мэдсэн үед бидний хандлага өөрчлөгдөж, ажилдаа амьдралдаа дуртай болж эхэлнэ.

    3. Хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг мэдэх.

    Зарим тохиолдолд ямар нэгэн зүйл санаанд хүрэхгүй, хэн нэгэн сэтгэлд нийцэхгүй, өөртөө сэтгэл хангалуун бишээс үүдээд амьдралдаа дургүй болдог. Харин хэн ч, юу ч төгс төгөлдөр биш гэдгийг хүлээн зөвшөөрснөөр  бүхнийг байгаагаар нь хүлээн авч чадах ба эерэг зүйлүүд дээр илүү ахаарлаа төвлөрүүлэх болно.

    4. Сайн үйлс бүтээ

    – Хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүл

    – Хүмүүсийн сайн найз бай

    – Сайн урам хайрлагч бай…   Өөрийгөө дэргэд нь байгаад л баймаар тийм хүн болгож хөгжүүл

    5. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалц

    Хүн бүрт өөр өөрийн гэсэн мэддэг чаддаг зүйл бий. Түүнийгээ бусадтай хуваалц.

    Таны тэр мэддэг чаддаг зүйлийг мэддэг чаддаг болох юмсан гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэр хүмүүст зориулж мэддэг чаддаг зүйлээ өнөөдрөөс хуваалцаж эхэл.

    Товчхон хэлэхэд бусдын амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруул.

    Санаж яв: Таны хийсэн бүх сайн үйлс эргээд танд 2 дахин илүү сайн үйлсийг авчирна.

    Тэгэхээр эдгээр 5 зөвлөмж өдөр бүрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд тэнь тус нэмрээ үзүүлнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ танд энэ сэдвийн дагуу нэмж хэлэх зүйл байгаа бол доор сэтгэгдлээ үлдээж бусадтайгаа хуваалцаарай. Эсвэл MiniiAmidral@ukatumur.com руу “Миний Буцалж Буй Амьдрал” буланд захидал илгээгээрэй.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

     

     

  • 2. ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД

    Өдрийн тэмдэглэл гэхээр мэддэг ч юм шиг их танил сонсогдож байна уу? Мэддэг юм шиг хэрнээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй эдгээр зүйлс л бидний сул тал болж байдаг.

    Эртний мэргэд өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө танин мэдэх хамгийн энгийн үр дүнтэй арга болохыг сургасан байдаг. Дэлхийг өөрчилсөн бүтээлч хүмүүсийн 1 нийтлэг тал нь өдрийн тэмдэглэл хөтлөх дадал хэвшил байдаг. Жишээ нь, Линкольн толгойд орж ирсэн санаагаа малгайндаа хавчуулж авч явдаг жижиг цааснууд дээрээ тэмдэглэж хандгалдаг хүн байсан гэдэг.

    Өдрийн тэмдэглэлд 8 цагт бослоо, 9 цагт ажилдаа ирлээ, 01 цагт унтлаа гэх мэт цаг хугацааны дараалал бичих шаардлагагүй юм. Хамгийн гол нь амьдралдаа гаргасан шийдвэр, алдаа, оноо, өөрчлөлтүүдээ тэмдэглэж өөрийгөө алган дээр тавьсан мэт харж дүгнэх нь чухал юм.

    Өдрийн тэмдэглэлийн ач холбогдол нь,

    1. Өөрийгөө судлах. Өөрийгөө хэрхэн өөрчлөгдөн хөгжиж байгааг өдөр бүр дүгнэн харах боломж. Өнөөдөр чи юуг алдсан? Юуг оносон? Хэнтэй хэрхэн харилцсан? Асуудал юунаас үүсэв? гэх мэтээр өөрийгөө хөндлөнгөөс харж ухаалаг бодитой дүгнэлт хийж, асуудлын үндсийг олж харах боломж өгдөг.

    2. Өөрийн түүх. Өөрийн замнал, түүхээ баримттайгаар бүтээх энгийн арга. Магадгүй таны туршлага ирээдүйд дэлхийг өөрчлөх эх сурвалж болох юм.

    3. Өөрийгөө илэрхийлэх чадвар. Тэмдэглэлээ тогтмол бичдэг бол бичгийн чадвар маш хурдан сайжирна. Аудио хэлбэрээр ярьж хөтлөдөг бол сул үгээ хурдан засч ярианы чадвар сайжирдаг.

    4. Агуулга хөгжүүлэх чадвар. Толгойд эргэлдэх санаагаа цаасан дээр буулгаж чадахгүй тохиолдолд, өөртэйгээ ярилцсан яриагаа аудио бичлэг (smart phone- audio rec) хийж, сийрүүлэх аргаар ажиллавал үр дүнтэй байдаг. Чөлөөтэй сэтгэж ярих үед хүний баруун тархи идэвхижиж олон шинэ санаанууд гарч ирдэг.

    5. Нойр хулжилтын эмч. Толгой дүүрэн бодол эргэлдэж сэтгэл амрахгүй нойр хулжсан үед хөрвөөж өнгөрөөх биш харин ч тэр цагийг ашиглаад эргэлдээд байгаа олон санааг тэмдэглэснээр та олон гайхалтай санааны эзэн болохоос гадна нэгэнт хамаг бодлоо уудалсан тархи сайхан амардаг. Унтаа сэрүүний заагт хүний далд ухамсрын цонх нээгддэг учир суутнууд зүүд нойрондоо гайхалтай санаанууд олдог нь тохиолдол биш юм.

    Технологийн хөгжилтэй уялдаад өдрийн тэмдэглэл хөтлөх шинэ аргачлалууд бий болж байна.

    1. Тэмдэглэлийн програм /аpp/ Гар утсанд зориулсан тэмдэглэлийн олон төрлийн програм бүтээгдсэн. ColorNote, EverNote г.м.

    2. Аудио тэмдэглэл. Асуудлын гарцийг олох зорилгоор өөрөө өөртэйгээ ярилцсан утасны бичлэгээ (Audio Rec) дахин сонсох, эсвэл хүмүүстэй ярилцах үедээ болон ажил дээрх хурлуудаа бичиж аваад өөрийн яриандаа болон бусдын ярианд дүгнэлт хийдэг.

    3. Аудио, видео подкаст. Олон нийтэд нээлттэй хэлбэрээр өөрийн тушлага мэдлэг, хобби сонирхолын дагуу агуулга бүтээж түгээдэг. Жишээ нь, видео: http://youtube.com/ukatumur, аудио: http://mixcloud.com/luvsandorj

    4. Уламжлалт хэлбэр. Өдрийн тэмдэглэлд зориулсан дэвтэр нээж хөтлөх арга.


    Хүн олон зүйлийг мэдсэнээр өөрчлөгддөггүй, харин нэг зүйлийг ч гэсэн хэрэгжүүлж чадсанаар өөрчлөгддөг. Та бүтээлч дадлыг амьдралдаа хэвшүүлснээр одоо байгаагаасаа илүү ихийг бүтээж чадна. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь танд төвөгтэй санагдаж магадгүй. Гэхдээ та өөртөө төвөгтэй байдлаар биш хөгжилтэй аргаар хийж туршиж 1, 2 өгүүлбэр ч болтугай тэмдэглэж, заавал өдөр бүр биш бичмээр санагдсан үедээ бичиж эхлэхэд л таны амьдралд үр дүнгээ өгч байгааг мэдрэх болно.

    Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаас

    Онлайн сонсох: http://www.mixcloud.com/luvsandorj/

  • Ажлын байрны иога- хөдөлгөөний дутагдал, стресс арилгах, таргалалт, суудлын өвчнөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр

    АЖЛЫН БАЙРНЫ ИОГА

    Ажлын байрны иога яагаад хэрэгтэй вэ?

    Мэдээлэл технологи эрчимтэй хөгжихийн хэрээр ажилчдын ширээний ард өнгөрөөх хугацаа нэмэгдсээр байна. Ажил, компьютерийн ард, машинд, гэртээ ТВ-ийн урд байхдаа ч ялгаагүй суугаа байдал үргэлжилж биеийн тэнцвэр алдагдан бодисын солилцоо удаашрах, идэвх буурах, булчин хэт сулран жин нэмэгдэх, хөшилт, аарцаг нурууны гажилт үүсэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болдог.

    Байгууллагууд иогийн ач тусыг ойлгож ажилчдынхаа стрессийг багасгах, сэтгэлзүйг тогтворжуулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажлын байрны хамтын иогийг дэмжин хөгжүүлж байна. Дэлхийн нэр хүндтэй Аpple, Google, General Motors, Chase Manhattan Bank, HBO, Wall street-ийн фирмүүд зэрэг компаниуд ажилчидаа иогаар хичээллүүлж байна.

    Ажлын байрны иогийн ач холбогдол

    Ажлын байрны иога нь ажилчидын хөдөлгөөний дутагдал, ажлын байрны стресс арилгах, таргалалт, суудлын өвчнөөс урьдчилан сэргийлж, цусны эргэлт, бодисын солилцоо, хоол боловсруулалт сайжирч, оюун ухаан төвлөрч ойлгоц хурдсах, сэтгэл санаагаа тайван байлгаж сурах зэрэг олон эерэг нөлөөг үзүүлдэг. Мөн хамт олноороо зөв амьсгалж сурч, эрүүл эрч хүчтэй энерги авахаас гадна хамт олны уур амьсгалд эерэгээр нөлөөлж байдаг. Сургалтаар өдөр бүр ажлын байран дээрээ болон гэртээ, машиндаа, сууж байгаа газар бүртээ хийж болох үр дүнтэй хөнгөн дасгалуудыг эзэмшинэ.

    Ажлын байрны иогийн давуу тал

    Сандалтай иогийг нас, хүйс, бие бялдар харгалзахгүй хүн бүр хийх боломжтой. Ажлын байранд иога нь ажилчидын сургалтын танхим руу явах цагийг хэмнэн, ажилчид бүрэн хамрагдах боломжийг олгодог. Дасгал хийх үедээ зориулалтын хувцас өмсөх шаардлагагүй, өмд эсвэл шорттой байхад л болно. (Юбка, платье өмсөж болохгүй) Мөн зориулалтын гудас ашиглах шаардлагагүй бөгөөд тогтвор сайтай сандал байхад л хангалттай. Дасгалын үргэлжлэх хугацаа 15- 75 минут хүртлэх хугацаатай байх боломжтой.

    Байгууллагын ажлын онцлог, ачаалал зэргийг харгалзан үзээд 7 хоногт 2 удаа хичээллэх ба шаардлагатай гэж үзвэл нэмэлт хичээл орох боломжтой.

    СУРГАГЧ БАГШ ГАНЦЭЦЭГ

    Сургалтыг иогийн мэргэшсэн багш Ганцэцэг удирдан явуулдаг. Ганаа багш нь АНУ, Калифорни дахь Аманда иогын сургуулийг Иогийн мэргэшсэн багш мэргэжилээр төгссөн. Иогийн багшаар 8 жил ажиллаж байна. Мандала Иога төв, Эрхэт баясангуй төвд тус тус иогийн багшаар ажиллаж байсан. Аарцаг нурууны гажилт засах эрчмийн иога, ажлын байрны иога, аманда иога бүжгийн төрлөөр мэргэшин сургалт явуулдаг.

    GANAyoga иогийн сургалтын төвийн сургалтын хөтөлбөр by YARU

  • 1. УДМАА СУДЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД

    Mongol

    I. ӨӨРИЙГӨӨ СУДЛАХ ДАДЛЫН САР

    1.1. УДМАА СУДЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНИХ НЭГ АРГА БОЛОХ ТУХАЙД

    Залуус бид өөрийгөө хөгжүүлэхийн тулд хүний хөгжлийн ном уншиж, мэдлэг хуримтлуулдаг ч мэдлэгээ өөртөө тусгаж амьдралдаа хэвшил болгож чаддаггүй. Өөрийгөө хөгжүүлэхийг, илүү их амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүрт мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх аргачлалын тухай цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар зөвхөн уриалах төдий бус өөртэйгээ ажиллах, өөрийгөө хөгжүүлэх тодорхой аргачлалуудыг та бүхэнд хүргэх болно.

    Хүн өөрийгөө хөгжүүлэхийн тулд эхлээд өөрийгөө судлах хэрэгтэй. Өөрийгөө таних түлхүүрийг алсаас бус дэргэдээсээ олох хэрэгтэй. Бид яаж амжилтанд хүрэх вэ, яаж их мөнгө олох вэ, ямар салбарт амжилт олох вэ гэх мэтчилэн гадаад нөхцөл байдлыг маш их судалдаг хэдийч өөрийгөө судлах нь ховор. Бид 10 жилдээ ч, их сургуульдаа ч тэр өөрийгөө танин мэдэх тухай сонсооч үгүй бөгөөд хэзээ хойно өөрийгөө судлах хэрэгтэй гэдгийг ойлгодог. Гэхдээ шалтаг тоочоод байвал юу ч өөрчлөгдөхгүй учир яг одооноос эхлээд өөрийгөө судалж болно.

    Юуны түрүүнд хүн өөрийн ген, удамшил, удам судраа судалж мэдэх хэрэгтэй. Өвгөдийн нэр, намтрыг нь цээжлэхдээ гол биш юм. Ажилд орохдоо бичсэн болоод өнгөрсөн гурван үеийн намтар ч бас хангалтгүй.

    Удам судраа судлах нь өөрийгөө таних нэг түлхүүр гэдгийг ойлгож, хичээл зүтгэл цаг гаргаж судлах хэрэгтэй. Таны өвөг дээдэс ямар үйл хэрэг бүтээсэн, ямар зан чанартай хүмүүс байсан юм бэ, тухайн үедээ нийгэмдээ ямар өөрчлөлтийг хийсэн бэ гэх мэт чухал мэдээллийг олж авснаар та өөрийгөө шинээр нээж чадна.

    Ураг удмаа судалж угийн бичгээ хөтлөх шинэлэг аргачлалуудыг танд санал болгоё.

    1. Видео: Нутгийнхаа хамгийн өндөр настай хүмүүстэй уулзаж ураг удмынхаа талаар яриа өрнүүлж видео бичлэг архив бүрдүүлнэ.
    2. Аудио: Нагац, авгын талын жагсаалтаа гаргаж хамгийн ахмад хүмүүсээсээ эхлэн уулзаж, утсаараа аудио бичлэг хийнэ. Тухайн бичлэгээ сонсож эх болгож сийрүүлж цэгцэлнэ.
    3. Аялал: Өвөг дээдсийнхээ амьдарч байсан газар орноор аялангаа хүмүүстэй уулзаж мэдээлэл цуглуулна.
    4. Улсын болон орон нутгийн архивын газраас өвөг дээдсийнхээ мэдээллийг шүүж цуглуулах боломжтой.
    5. Олсон мэдээллүүдээ цаас болон ургийн бичгийн програмуудад оруулж хөтлөх хэрэгтэй.

    Ингээд өвөг дээдсийнхээ амьдралын замнал, үйл хэрэг, хүсэл мөрөөдлийн тухай ихийг мэдэх тусам та өөрөөрөө бахархах сэтгэл төрнө. Бидний өвөг дээдсийн ургийн бичиг нь 9 үеийн удам судраа эндүүгүй мэдүүлэх, үндэсний бахархалаа өвлүүлэх, өөрийгөө танин мэдэх язгуур үндэс болж байжээ. Харин Манжийн үед бидний бахархал, ургийн алтан хэлхээг төөрүүлэх үүднээс ургийн бичгүүдийг шатааж ургийн бичиг хөтлөх уламжлал тасарсан байна. Уламжлал тасарчихсан гээд залхуураад орхих эрх бидэнд байхгүй. Одоо бид сэргээхгүй орхивол бидний үр хүүхэд бүүр мартах аюултай. Одоо та 5 үеэ ч болтугай хөтлөөд орхивол таны ач, гучын үе 9 үеээ мэддэг болчихно шүү дээ. Энэ уламжлалаа залуучууд бид сэргээвэл өөрийгөө танихаас гадна үр хүүхэддээ үлдээх үнэтэй өв баялаг болно.

    Ж.Лувсандорж ӨНӨӨДРИЙН ТЭМҮҮЛЭЛ цувралаас
    Онлайн сонсох: http://mixcloud.com/luvsandorj

  • Aугаа том бод

    Харьцуулалт

    Аугаа ихийг мөрөөдөж, томоор сэтгэх нь амжилт гаргах хүслийг байнга өдөөж, сэргээж, бадрааж өгч байдаг.

    Аугаа ихийг бодох нь ололт амжилт гаргах сэдэл болж өгдөг.

    Өдөр бүр аугаа ихийг бодож чадсанаар түүнийг биелүүлэх олон сайхан бүтээлч санаа төрдөг.  –“Амжилтын тарни” ном 120, 121-р хуудас

    Өдөр болгон аугаа том бодно гэдэг тийм амар биш, гэхдээ өдөр болгон аугаа том бодохыг хичээж өөртөө сануулна гэдэг нь бидний хувьд маш чухал.

    Хэрвээ бид яг одоо өөртөө “за аугаа том бодьё” гэж хэлбэл шууд бодож чадна. Амархан. Харин өдөр болгон өөрийн өчүүхэн бодлуудыг давж гарч том бодно гэдэг нь хэцүү.

    Яагаад гэвэл бидний өчүүхэн бодлууд их хүчтэй байдаг. Тийм ч учраас бодсон том бодлынхоо дагуу шийдэмгий алхам хийхэд эдгээр бодлууд үргэлж саад болж, биднийг нэгэн хэвшлийн амьдралд үлдээдэг.

    Өчүүхэн бодолтой хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

    Аугаа том бодно гэдэг нь “би чадахгүй, би боловсролгүй, би мөнгөгүй, би завгүй” гэх мэтийн өчүүхэн бодлуудаа давж гарахыг хэлнэ.

    Аугаа том бодно гэдэг нь юу хүсч байгаагаа тодорхой болгохыг хэлнэ.

    Аугаа том бодно гэдэг нь бид юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхийг хэлнэ.

    Санаж яв: Нэг хүн аугаа ихийг бодож, мөрөөдөж, зорьсноор их олон хүнд аугаа ихийг бодож мөрөөдөх хүслийг төрүүлж өгдөг.

    Тиймээс өнөөдрөөс эхэлж том бод!

    Аугаа том бодсноор амжилтанд хүрнэ.

    Амжилтын тарни

    Би аугаа томыг бодож, аугаа томыг мөрөөдөж, аугаа томыг зорьж байна!


    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр

  • ДЭВШИЛТЭТ МАРКЕТИНГИЙН ЧИГ ХАНДЛАГА

    МАРКЕТИНГИЙН АГЕНТЛАГЫН ХӨГЖИЛ

    Бизнесийн байгууллагууд маань зарим нь маркетингийн албатай, ажилтантай, газрын хэмжээнд хүртэл маркетингдаа анхаарал хандуулж ажилладаг. Гэхдээ энэ байгууллагууд маань ингэж ажилласнаар бүгд бүх зүйлийг хийж чадна гэсэн үг биш юм. Мэдээж маркетинг төдийгүй дэлхий дээр бүх салбарт шинэчлэлтүүд өөрчлөлтүүд хийгдэж байна.  Энэ бүхэнтэй маркетингийн ажилтан болгон хөл нийлүүлж бүх зүйлийг хийж чадна гэдэг бол маш өрөөсгөл ойлголт. Магадгүй тэр хүний явуулж байгаа үйл ажиллагаа нь тухай нэг салбарын хэмжээнд судалдаг, үйл ажиллагаа явуулдаг байж болно. Гэхдээ дэлхий даяараа даяарчлагдсан өнөө үед маркетинг төдийгүй бүх салбарууд цахим орчинд маш хүчтэйгээр явагдаж байна. Энэ дундаас бол маркетингийн яг шинэ хандлага нь ерөөсөө  дэвшилтэт New media буюу дэвшилтэт медиад суурилж байна. Маркетингийн агентлагтай хамтарч ажилласнаар зардал хэмнэнэ, хугацаа хэмнэнэ, тэгснээр  үр дүн маш сайн байж чаддаг. Үнэхээр өөрийн хүссэн юмаа, бодсон зүйлээ амьдрал дээл буулгъя гэж бодож байгаа бол чаддаг байгууллага, чаддаг хүмүүсээр нь хийлгэх ёстой гэж бодож байна.


    КРЕЙТИВ ШИЙДЭЛ

    Крейтив баг видео аниамэйшн, хэвлэл дизайн, вэб цахим ертөнц гэх мэт хэлсүүдтэй, мөн мэргэжлийн зураачтай. Тоног төхөөрөмжүүд маань илүү сүүлийн үеийнх. Нэг хүнтэй, нэг дизайнартай гэхээс илүү цогцоор нь ийм олон баг хамт олныг бүрэлдүүлж чадсан  маркетингийн компанид өөрийнхөө маркетингийг хариуцлуулж өгнө гэдэг бол асар том боломж. Манай компанийн дизайн бол гадаадын болон өөр ямар нэг өрсөлдөгч байгууллагуудын дизайнтай өрсөлдхүйц чанартай, монголдоо ялгархаар хэмжээний  гэж боддог. Одоогийн нийгэмд хаа таарсан газраа дизайнтай тулгарч байна.  Тэр болгонд монголын дизайн асар олон фонт ашигласан, олон янзын өнгө ашигласан эрээн мираан тэр дундаас өөрөө тохтоох  нь хэцүү. Имиж бүрдүүлэлт гэхээрээ тухайн компаний логогоос нь  эхлээд л бүтээгдэхүүнийх нь хүртэл имижийг гаргаж өгдөг гэсэн үг.


    ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ

    Бид нар хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолыг хамгийн түрүүнд чухалчилж тэдний  яг юу хүсч бүтээгдэхүүн үйлчилгээндээ ямар зүйлс тусгахыг маш дэлгэрэнгүй ярилцлагаар тодорхойлж дараа нь бид багаараа хуралдаад төслийг бий болгож хэрэглэгчдэд санал болгодог. Дээрх төслийн дагуу манай дизайны баг 2- 3 төрлийн дизайны шийдэл санал болгоод батлуулсаны дараа програмчлалын баг ажилдаа орж тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид бий болгохыг төлөө ажилладаг. Бизнесийн амин сүнс нь хэрэглэгч гэдэг утгаараа бид нар бүтээгдэхүүний дараах үйлчилгээндээ мах их анхаарч ажилладаг. Бидэнтэй  хэдийд ч 24 цаг 7 хоног хандахад бид  хэрэглэгчиддээ хэзээд  ч үйлчлэхэд таатай байдаг. Нэг удаад бүтээгдэхүүн үйлчилгээ хийгээд орхихгүйгээр цаашид хэдэн сарын турш тодорхой амжилтанд хүрэх хүртлэх хугацаанд бид тухайн хэрэглэгчтэйгээ цуг байж ажилладаг. Онлайн орчин өөрөө бүхэл бүтэн нийгмийн бий болгоод байгаа. Энэхүү үүднээсээ манай компани үйлчлүүлэгчиддээ facebook, youtube, twitter гэх мэт онлайн орчинд хэрэглэгч үйлчлүүлэгчидтэйгээ байнгын харилцаа холбоотой байхад нь тусладаг.

    Мөн хэрэглэгч хамтран ажиллагч түншүүдтэйгээ илүү ойр дотно байж  тэдний санал хүсэлтийг хүлээн авч сонсох үүднээс дэргэдээ хэрэглэгчтэй харилцах хэлтсийг ажиллуулдаг байгаа.


    АГУУЛГЫН МАРКЕТИНГ

    Агуулгын маркетинг нь гэдэг нь хэрэглэгч үйлчлүүлэгчидээ өөртөө татахын тулд сайн чанартай мэдээлэл бэлтгэж хэрэглэгчдийн итгэлийг олж харилцаа тогтоодог маркетингийн арга юм. Жишээ нь цахим хуудсуудаар мэдээллээ гаргахдаа хэрэглэгчдээ залхаасан зар сурталчилгаа шиг байхаас илүү гол нь хэрэглэгчдийн сонирхолыг татахаар өмнө нь байгаагүй шинэ зүйлийг гаргах нь чухал юм.


    ДЭВШИЛТЭТ МАРКЕТИНГ

    Дэвшилтэт медиа маркетинг гэдэг нь хэрэглэгчдийг сонсох, тэдэнд байнга нэг талт мессеж буюу зурагтын зар сурталчилгаа, сонингийн зар, ямарваа нэгэн төрлийн  гадаад самбар зар гэх мэт өндөр өртгөөр бүтдэг маркетингийг зар сурталчилгаа явуулах гэж ойлгодог. Энэ ойлголтоос салах цаг болсон.

    Дэвшилтэт медиа маркетинг гэдэг бол тухайн компани, хэрэглэгч, бизнес эрхлэгч, корпораци хэрэглэгч нь хаана байна түүнд яаж хамгийн бага зардлаар хамгийн боломжит зөв оновчтой сувгуудаар хүрч болох тэр маркетинг юм.

    Хэрэглэгчидтэйгээ зөв цагт,  зөв үед харилцах тэдний итгэлийг олох улмаар тухайн хэрэглэгчиддээ заавал бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа биш өөрийн бизнесийн онцлог, давуу тал, бусдаас юугаар ялгарах тэр бүх онцлог хэв шинжүүдийг ойлгуулж өгснөөрөө дэвшилтэт маркетинг нь үнэхээр давуу талтай.

    Дэвшилтэт медиа маркетингийг ашигласнаар жирийн нэгэн хүн өөрийн хийж чадаж буй авъяасаараа дэлхийн зах зээл дээр маркетинг хийх боломж үүсч, магадгүй энгийн блогоос эхлэн twitter, facebook ашиглан хэрэглэгчдийн нэгдлийг бүрдүүлж цаашид  дэлхийн зах зээлд өөрсдийн жижиг брэнд үүсгэх боломж байна. Энэ бол дэвшилтэт маркетинг, энэ бол мэдээж интернетэд суурилан хамгийн бага зардлаар өөрийн оновчтой хагмийн зөв гэж үзсэн хэрэглэгч нарт хүрэх боломж байна.

    Жижиг дунд, хувь хүн бизнес эрхлэгч, компани корпораци гэлтгүй хувь хүн та хамгийн зорилтот хэрэглэгч нар чинь хаана байна тэрийгээ мэдэж улмаар цахим орчинд өөрсдийн хэрэглэгч нарын нэгдлийг бүрдүүлж цаашлаад дэлхийн зах зээлд гаргах дэвшилтэт маркетинг та бүхний цорын ганц сонголт байх болно.

    Нью Медиа Маркетинг Аженсийн хамт олон
    http://newmediamarketingagency.com/ 

  • БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ

    Байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллагын ажилчдын нийтлэг үнэт зүйлс болон туршлагын нэгдэл юм. Мөн хамт олныг нэгтэж нааж байгаа цавуутай зүйрлэж болох юм. Мөн БАЙГУУЛЛАГА- амьд организмын бүрэн бүтэн, утга учиртай ажиллуулж буй ДАРХЛАА юм.
    Зан сайтай айлд хүн бүр цуглана Замаг сайтай нууранд загас бүхэн цуглана гэдэг шиг Сайн соёл хамгийн шилдэгүүдийг урин дуудах хүч чадал юм. Зөв, хүчирхэг соёл ямар ч хүнийг төлөвшүүлэн, нэгтгэж чаддаг бол тархай бутархай, эмх замбараагүй байдал нь ямар ч чадвартай хүнийг уусган бэртэгчин нэгэн болгож чадна.

    Байгууллагын соёл бол маш чухал зүйл юм. Учир нь байгууллагын соёл нь тухайн байгууллагын амжилттай байх бүтэлгүйтэх аль нь болохыг шийддэг. Өөрсдийн бизнесийн зорилготойгоо нийцсэн байгууллагын соёлтой компани өрсөлдөгч байгууллагаасаа 200% ялгарч чаддаг. Ийм үр дүнд хүрэхийн тулд та бүгдийн соёл юу байж болох, үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар сайн тунгаах хэрэгтэй.

    Байгууллагын соёл шинэ хүн орох, гарах тохиолдолд байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Хэдийгээр тухайн байгууллага хатуу чанга соёлтой, байгуулагдаад удаагүй хөл дээрээ тогтсон аль ч байсан шинэ хүн бүр өөрийн гэсэн үнэт зүйл ажлын туршлагатай байдаг болохоор бага ч болов өөрчлөлт оруулах шаардлагатай болдог. Эдгээр өөрчлөлтүүд нь эерэг болон сөрөг, төлөвлөгдсөн төлөвлөгдөөгүй, жижиг том зэрэг байж болдог учраас энэ асуудалд няхуур хандах нь зүйтэй.

    Гайхалтай соёл нь гайхалтай хүмүүсийг бүтээдэг. Гайхамшигт хүмүүс нь үнэхээр сайн бүтээгдэхүүн бий болгож чаддаг юм. Хэрэглэгчид тэр маш сайн бүтээгдэхүүнд нь татагддаг. Харин ухаантай бүтээлч хүмүүс гайхамшигт соёл руу татагддаг. Тиймээс бид өөрсдийн хүссэн гайхамшигт соёлоо яагаад бүтээж болохгүй гэж? Өөрсдийн мөрөөдлийн компаниа өөрсдөө бүтээцгээе. Бид бол эзэд нь. Олонх байгууллагуудын хөгжил нь зогсонго байдалд байгаа нь тухайн байгууллага ашиг орлогоо арай л илүүд үзээд байна гэсэн үг юм. Хүнээ сайн хөгжүүлж, багийн гишүүний бүтээмж, чанар нь маш сайн болж чадвал ашиг орлого өөрөө аяндаа ирнэ.

    Байгууллагынхаа соёлыг тодорхойлох

    Үүнийг хийх нилээд олон арга бий. Бүүр үүнийг таны өмнөөс хийгээд өгөх мэргэжлийн хүмүүс ч хүртэл бий. Гэхдээ хамгийн амархан арга бол эргэн тойрноо ажиглах. Юу биднийг нэгтгэж байна вэ, Юу биднийг аз жаргалтай, ажлыг минь утга учиртай болгож байна вэ, ТЭД ЮУНЫ ТӨЛӨӨ АЖИЛДАА ИРЖ БАЙНА ВЭ. Хамт олны өдөр тутмын харилцаа, удирдага- ажилтаны харилцаа, асуудлыг шийдвэрлэж буй арга барил, байгууллагад зохион байгуулагдаж буй үйл явдал, сургалт, хөгжил бүхэн соёлыг бий болгож буй хүчин зүйлүүд юм. Ажилчдаа ямар чадвартай, хэрхэн ажилладаг арга барилтай мөн ерөнхий зан чанаруудыг нь ажигла. Ажилчид, харилцагчид, дэмжигчидээ сонс. Цаасан дээр болон онлайн байдлаар танай байгууллагын талаар юу бичигдэж байгаад анхаарлаа хандуул. Эдгээр нь танд танай байгуулагын соёл чухам юу болох талаар хариулт өгөх болно.

    Байгууллагын соёлоо баримтжуулахаасаа өмнө ирээдүйд танай компани ямар соёлтой байх талаар бод. Өөр өөр байгуулагууд өөр өөр соёлтой байдаг тул танайд чухам нь тохирох талаар судал. Зорилго, хүсэл мөрөөдөл, үнэт зүйлсээ эргэн хар.

    Байгууллагынхаа соёлоо стратеги зорилготой нийцүүл

    • Одоо байгаа соёлдоо сайн зүйлүүдийг дэмжих, нийцэхгүй байгаа зүйлүүдийг засах нэг бүрчилсэн хөгжүүлэлтийн төлөвлөгөө гарга

    • Байгууллагынхаа бодлого, өдөр тутмын үйл ажиллагаагаа яаж сайржуулах талаар жижиг уулзалтуудыг байнга зохион байгуул. Эдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөлдөх.

    Амжилттай хэрэгжсэн байгуулагын соёлын нэгжүүд

    • Зорилгын тодорхой байдал

    • Ажилчдын үүрэг хариуцлага

    • Бүрэн дэмжигдсэн ажилчид

    • Шудрага ажлын орчин

    • Хүчтэй итгэлцэлтэй харилцаа

    • Манлайлал

    • Гүйцэтгэл дээр үндэслэсэн шагнал урамшуулал

    • Харилцагчиддаа төвлөрсөн

    • Маш сайн харилцаа холбоо

    • Мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх

    • Шинэ ажилчдаа дэмжиж, шилдэг ажилчдаа хадгалж үзэх

    • Өндөр дасан зохицох чадвар

    • Нягт санхүүгийн тооцоо

    • Шинэ санаачлагыг дэмжих

    • Дотоод зохион байгуулалтаа өөрчлөхгүйгээр яаж шинэчлэл хийх билээ!
      Хэрэггүй дүрэм журамаа авч хая
      Хэрэгтэй хэрэггүй тайлан авахаа зогсоо
      Үр дүн муутай цаг авсан уулзалтуудаа боль
      Хөндлөнгийн илүү ажлуудыг цэгцэл

    Үндэстэн Баг ХХК

  • Яаж эхлүүлснээ дуусгах вэ?

    Ихэнх хүмүүсийн амьдралдаа гаргадаг 2 том алдаа: 1. Хүссэн, бодсон зүйлээ эхлүүлдэггүй 2. Эхлүүлсэн бол гүйцээдэггүй.

    Аливаа ажлыг эхлүүлэх, түүндээ тууштай байх, түүнийгээ дуусгах зэрэг нь бүгд дадал зуршил. Хэрвээ эхлүүлснээ дуусгадаг дадлыг эзэмшээгүй бол дундаас нь хаядаг муу зуршилтай байна гэсэн үг. Бас зарим хүмүүс “эхлүүлэх амархан харин дуусгах хэцүү” гэж хэлдэг. Эдгээр хүмүүсийн хувьд эхлүүлэх сайн дадал эзэмшсэн ч дуусгадаг дадлыг сураагүй байна гэсэн үг.

    Эхлүүлснээ дуусгахын тулд:

    1. Хийж чадах, амархан гэж үзэж байгаа нэг юман дээр анхаарлаа төвлөрүүлТа өөрийгөө нэг анзаараад үзээрэй, олон юман дээр анхаарлаа төвлөрүүлснээс болоод энд тэндгүй эхлүүлээд орхичихсон юмнууд байна уу?  Хэрвээ тийм бол эхлээд хийж чадах НЭГ юмаа эхлүүлж, хийж дуустлаа түүн дээрээ анхаарлаа бүрэн төвлөрүүл. Бусдыг нь орхи!

    Яагаад гэвэл: хэрвээ та энэ хийж чадах, амархан гэж үзэж байгаа нэг юмаа хийж дуусгаж чадахгүй юм бол хүнд хэцүү гэж үзэж байгаа зүйлээ хийж дуусгана гэдэг юу л бол. Харин хийж чаддагаа хийж дуусгаснаар таны өөртөө итгэх итгэл улам нэмэгдэж, дараа дараагийн хүнд хэцүү ажлыг хийж дуусгах болно.

    Санаж яв: Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг олж авах шилдэг арга бол аливаа ажлыг гүйцэтгэж дуусгах юм.

    2. Өөрийгөө хүчил Үнэнийг хэлэхэд эхлүүлснээ дуусгадаг дадлыг эзэмших тийм амар биш. Уучлаарай, хэцүү!

    Амжилттай болон амжилтгүй 2 хүний ялгаа гэвэл нэг нь барьснаа дуусгадаг, нөгөө нь дуусгадаггүйд л байгаа юм. Маш энгийн.  Амжилтанд хүрэхийн тулд хүссэн, хүсээгүй эхлүүлснээ дуусгах хэрэгтэй. Яаж?

    “Цаашаа үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодсон тэр л үед би өөрийгөө хүчилдэг. Миний амжилт азан дээр биш тэсвэр хатуужил дээр тулгуурласан. –Estee Lauder

    Тиймээс цаашаа үргэлжлүүлж чадахгүй нь гэж бодсон тэр л үедээ өөрийгөө сайн хүчлэх хэрэгтэй. Та нэг ажлыг хийж дуусгавал түүнтэй тэнцэх айдсыг давж байдаг учраас та тэр хэмжээгээрээ хүчтэй болдог.

    Та нэг удаа өөрийгөө давж чадвал дахиж өөрийгөө давж чадна.

    3. Өөртөө сонголт бүү өг

    Бид ямар том алдаа гаргадаг вэ гэвэл бид өөрсддөө “хийхгүй ч байж болно” гэдэг сонголтыг өгдөг. Өөрөөр хэлбэл бид өөрсддөө хийхгүй байх зөвшөөрлийг олгодог. Хэрвээ танд “хийхгүй ч байж болно” гэдэг бодол байгаа бол түүнийгээ орхи. Харин оронд нь хийж дуусгах ажилдаа ХУГАЦАА ТОГТОО.

    Тухайлбал, би долоо хоногийн дараа, 5 дахь өдрийн оройн 17:00 цаг гэхэд үүнийг хийж дуусгасан байх ёстой гэдэг АМЛАЛТ өг. Тэгээд өөртөө өгсөн амлалтыг биелүүл.

    Амжилттай хүн гэж өөрт өгсөн амлалтаа биелүүлдэг хүнийг хэлдэг.

    Бид эхлүүлснээ дуусгаснаар л тодорхой үр дүнд хүрэх нь ойлгомжтой. Хэрвээ энгийн чаддаг зүйлээ хийж дуусгаж чадахгүй бол аугаа зүйлийг хэзээ ч бүтээж чадахгүй. Тэгээд ч олон энгийн зүйлийг дуусгаснаар нэг аугаа зүйл бий болдог гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

     

    ХҮС. ХИЙ. ХҮР.

    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

    ©Ука Төмөр