Category: монгол-бахархал

  • Монголын дугуйн спортын анхны дэлхийн аварга Б.Тэгшбаяр: Тамирчин хүн биеийн хүч, тархи хоёроо зэрэг ажиллуулах ёстой

    Монголын дугуйн холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш нэг жарны түүх бичигджээ. Мөн тус холбоо Олон улсын дугуйн холбооны гишүүнээр элссэний 60 жилийн ой ирэх онд тохионо. Эдгээр түүхэн ойг угтаж Монгол Улсын Дугуйн спортын анхны дэлхийн аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяртай ярилцлаа. Тэрээр 2016 онд 18 насандаа дэлхийн аварга болж байсан юм. Сүхбаатар аймгийн Шилийн богд уулын энгэрт тоглож өссөн бор хүү хэрхэн дэлхий аварга болсон түүхийг ярилцлагаас уншина уу.

    -Дугуйн спортоор яагаад хичээллэх болсон юм бэ. Энэ спортын давуу тал юу вэ?

    -Багаасаа дугуй унах хоббитой байсан. Ээж аав маань намайг гурван настай байхад дугуй авч өгөөд, тэрнээс хойш дугуйнаас салдаггүй хүүхэд байсан гэж ярьдаг. 2013 онд сумын сургуулиас аймгийн төвд шилжиж ирсэн. Аймаг руу шилжиж ирснийхээ дараагаас дугуйн спортоор хичээллэх зорилго тавьсан. Аравдугаар ангид орж байсан үе л дээ. 2014 онд анх удаа өвлийн бэлтгэлд гарч, улсын чанартай тэмцээнд орсон. 2014 онд улсын аваргаас гурван алт, нэг мөнгөн медаль авч байсан. Энэхүү амжилтдаа урамшиж, дугуйн спортоор хичээллэвэл үр дүн гаргах боломж байна гээд тууштай хичээллэх болсон. 2014 онд Сүхбаатар аймгаас Ханхын боомт орж, Ханхаас Улаан-Үд хот хүртэл дугуйтай аялсан. Хоёр сарын хугацаанд 4200 км газар дугуйгаар аялж байсан.  Дараа нь 2015 онд Монголын дугуйн холбоо болон Дэлхийн дугуйн холбооноос авьяаслаг залуу тамирчдыг дэмжих, илүү сайн хөгжүүлэх сургалт зохион байгуулсан. Уг сургалтад хоёр сарын хугацаанд сурч, тэнд хүчний дугуйн спортын төрлөөр тест өгөхөд бусад орны тамирчдаас нэлээд өндөр оноо авсан. Техник, ур чадварын хувьд бага зэргийн дутмаг байсан л даа.

    Ингээд 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байхдаа осолд ороод тэмцээндээ явж чадаагүй. Тухайн оны дөрөвдүгээр сард надад Дэлхийн дугуйн холбооноос урилга ирсэн юм. Энэ нь 2015 онд сургалтад сууж байхдаа хүчний дугуйн спортод өндөр оноо авсан учраас энэ авьяасыг нь хөгжүүлж, илүү сайн бэлдэж үзье гэсэн агуулгатай захиа байсан. Мөн Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү, нарийн бичгийн дарга Наран нар Японд болсон Азийн аваргын үеэр Дэлхийн дугуйн холбооны удирдлагуудтай уулзаж, энэ талаар ярьсан юм байна лээ. Ингээд нэг сарын хугацаанд Швейцарт байрлах Дэлхийн дугуйн төвийн байранд бэлтгэл сургуулилт хийлгэж, ажиглахаар болсон. Нэг сарын хугацаанд надтай хамт Азийн маш олон тамирчин очсон. Ингээд бүгдийг нь сургалтад хамруулсны дараа дахин тест өгөхөд бусад улсаас хамгийн өндөр оноог миний бие авч чадсан. Бага оноотой улсын тамирчид эх орон руугаа буцаж, би тэнд үлдэж, үргэлжлүүлэн гурван сарын хугацаатай бэлтгэл хийсэн. Тус оны долдугаар сард Швейцарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор бэлтгэлдээ орсон. Би зорьсондоо хүрч, 2016 онд болон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Залуучуудын дэлхийн аварга болсон. Монгол Улсын дугуйн спортын анхны дэлхийн аварга  тамирчин болсноо маш их бэлгэшээдэг.

    -Маш богино хугацаанд шаргуу бэлтгэл хийж,  амжилт үзүүлсэн байна шүү дээ?

    -Тийм ээ. Өмнө нь шулуун замд уралддаг байж байгаад Швейцарт налуу зам дээр гурван сарын хугацаанд маш эрчимтэй бэлтгэл хийж, дэлхийн аваргад орсон. Ингэхдээ налуу замын 200 метрийн таван тойрог уралдаж түрүүлсэн. Залуу тамирчны хувьд авьяас, авахаалж, хурд, хүчний илүүгээрээ давамгайлах тал бий. Мөн мэргэжлийн төвшинд ороод ирэхээр дугуйтай харьцах ур чадвар, бэлтгэл сургуулилт, идэж ууж байгаа хоол унд маш нарийн болж ирдэг.

    -Монголын хувьд дугуйн спортоор хичээллэх сонирхогчид жилээс жилд нэмэгдэж байна. Гэхдээ нөгөө талд үүнийг дагаж мэргэжлийн тамирчид хэр сайн бэлтгэгдэж байна вэ?

    -Монголын хувьд мэргэжлийн дугуйн спортын 20 орчим тамирчин бий. Монголын мэргэжлийн тамирчид 2016 оноос хойш гадаадын багуудад лигеонер тамирчнаар уралдаж байгаа. Гадаад спонсортой багт лигеонер болоод тус газраас цалинжиж ажиллаж байгаа гэсэн үг. Харин Ази тивийн аварга, Дэлхийн аваргын томоохон тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, улсаа төлөөлж оролцдог. Лигеонер тамирчин байхад ч мөн ялгаагүй, Тэгшбаяр гэдэг хувь хүн гэхээс илүү Монгол Улсын тамирчин гэж улс орны нэр хүнд гардаг.

    -Сонирхогчид дугуйн холбоондоо харьяалагдаж явдаг уу?

    -Тийм ээ. Сонирхогчид болон мэргэжлийн тамирчид бүгд Дугуйн холбоондоо харьяалагдаж явдаг. Сүүлийн үед маш олон хүн дугуйн спортоор хичээллэж, биеийн эрүүл мэнд талаас нь харж дугуй спортыг сонирхох болсон. Европууд яагаад нийтээрээ дугуй унаж, өдөр тутмын хэрэглээ нь болсон юм бэ гэдгийг монголчууд ч ойлгож эхэлсэн. Энэ нь дугуйн спортоор хичээллэх сонирхогчдын тоо өсөхөд нөлөөлж байгаа. Дугуйн спортыг хөгжүүлэх зорилгоор Монголын Дугуйн холбооноос дулааны улиралд урт хугацааны дугуйтай аялал, мөн олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг болсон. Энэ нь өөрөө дугуйн спорт хөгжих, тамирчид туршлагажихад эерэг нөлөөтэй. Өмнө нь дугуйчид л дугуй унадаг гэсэн сэтгэхгүй байсан. Гэхдээ өнөөдөр эрс өөрчлөгдөж, дугуй уана нь хобби, дуртай зүйл  болж хувирсан.

    -Монгол Улсад Дугуйн холбоо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа. Залуу тамирчны хувьд  цаашдаа дугуйн спортыг илүү хөгжүүлэхийн тулд юунд илүү анхаарч ажиллах ёстой вэ. Мөн өнөөгийн ололт амжилт юу байсан бэ?

    -Тамирчин хүний нүдээр харахад, Монгол Улсад дугуйн спорт амжилттай хөгжиж байна гэж боддог. Монголын дугуйн спортын мэргэжлийн 10 гаруй тамирчин гадаадын улсуудад лигеонер болж уралдаж байгаа нь үнэхээр том амжилт шүү дээ. Тамирчнаа илүү сайжруулж, хөгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг чухал байдаг. Миний хувьд холбооны удирдлагынхаа дэмжлэгтэйгээр спонсортой болж чадсан. Тодруулбал, энэ жил Багануур ХК-ийн тамирчин болсон. Ингэснээр олон улсын том тэмцээнд оролцохдоо санхүүжилтийн хувьд санаа зовох зүйлгүй болж байгаадаа маш их баяртай байгаа. Ер нь дугуйн спортын мэргэжлийн тамирчид амжилтын хувьд топ спортуудаас дутахааргүй яваа гэж боддог.

    -Цаашдаа мэргэжлийн тамирчдыг олноор бэлтгэхийн тулд юун дээрээ илүү анхаарах шаардлагатай гэж боддог вэ?

    -Шинэ мэргэжлийн тамирчдыг бэлтгэхийн тулд хөдөө орон нутгийн хүүхдүүдийн дунд бага байхаас нь тэмцээн уралдаан зохион байгуулж, сонирхлыг нь илүү хөгжүүлж түүнд нь хөтлөгдөн мэргэжлийн төвшинд бэлтгэвэл нь амжилт үзүүлэх магадлалыг нэмэгдүүлдэг  юм шиг санагддаг.  Миний хувьд амжилт гаргасан замнал маань яг ийм л дээ.

    -Монголын Дугуйн холбоо баг тамирчдаа хэр сайн дэмждэг вэ?

    -Манай холбооны удирдлагууд гурван жилийн өмнө шинэчлэгдэж, Ерөнхийлөгчөөр нь “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү, Ерөнхий нарийн бичгээр Наран ах болсон. Сүүлийн хоёр жил манай дугуйн спортын үйл ажиллагаа нэлээд идэвхижиж, улсын чанартай болон гадаадын олон тэмцээнд тамирчдаа явуулж байна. Дотооддоо ч дугуй спортын тэмцээн уралдаан идэвхжиж байна. Өнгөрсөн намар дугуйн спортын улсын аварга шалгаруулах тэмцээн маш өргөн хүрээнд, амжилттай болж өнгөрсөн. Мөн манай ахмад дугуйчид гадаадын тэмцээн уралдаанд маш амжилттай уралдаж, эх орныхоо нэрийг гаргаж байгаагаар нь үнэхээр бахархдаг.

    -Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа вэ?

    -Өнгөрсөн сард Хятад болсон томоохон тэмцээнд уралдаанд ирсэн. Одоо 2-3 долоо хоног амарна. 2020 оны гуравдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээндээ эрчимтэй бэлдэнэ. Энэ нь манай дугуйн холбооны мэргэжлийн тамирчдын хүлээдэг маш чухал тэмцээн л дээ. Улсынхаа ранкийг өсгөх, улсынхаа нэрийг өндөрт гаргахын тулд амжилттай оролцоход бүх хүч чадлаа  зарцуулдаг.  Холбооны зүгээс ч энэ тэмцээнд тамирчдынхаа бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

    -Манай дугуйн спортын тамирчдаас ирэх 2020 оны опимпод оролцох уу?

    -Олимпын оноо цуглуулах тэмцээнүүд дуусч байгаа. Манай улс ранкаараа эхний 55-д бичигдэж байгаа. Эхний 50-д бичигдвэл нэг эрх олгодог. Тэгэхээр 2020 оны олимпод орох магадлал багасч байна.  Гэхдээ 2024 оны олимпод оролцох боломж бидэнд бий. Тиймээс том зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрөөс хичээж, бэлтгэл сургуулилтаа хийж байна.

    -Мэргэжлийн тамирчин байх, сонирхогч тамирчин байх хоёрын ялгаа юу вэ. Мэдээж мэргэжлийн тамирчин бол байнгын бэлтгэл сургуулилт хийнэ, хариуцлага өндөртэй болох байх.

    -Мэргэжлийн тамирчин болж байгаа бол хувь хүнээс маш өндөр сахилга бат, зохион байгуулалттай байхыг шаардана. Бие махбодоос эхлээд бүх зүйлээ хяналтад байлгах ёстой. Бэлтгэл сургуулилт, биеийн жин, идэж ууж байгаа бүх зүйлээ нарийн тооцоолох хэрэгтэй. Спортод амжилтад гаргахад тамирчин ганцхан биеийн хүчиндээ найдахаас илүүтэйгээр аливаад анализ хийх, зөв тооцоолж чадсанаа ур чадвартайгаа хослуулдаг болсон. Тиймээс мэргэжлийн тамирчин хүн тархиа маш сайн ажиллуулах хэрэгтэй.

    Ер нь сонирхогчид ч бай, мэргэжлийн ч бай дугуйн спортоор хичээллэх нь өөрөө эрүүл мэндийн том эмчилгээ гэж хэлж болно. Өвчтэй байсан дугуйн унасаар байгаад эдгэсэн тохиолдолд байдаг. Дугуй унахад бодисын солилцоо маш сайн явагддаг учраас зүрх, уушгинд эерэг нөлөөтэй. Европчууд урт насалдаг шалтгаан нь байнгын дугуйн унадаг, зүрх судасны өвчнөөр өвчилдөггүйтэй нь холбоотой.

    -Дугуйн спорт нь дотроо олон төрөл байдаг байх. Б.Тэгшбаяр ямар чиглэлээр илүү мэргэшиж байгаа вэ?

    -Миний хувьд налуу тойрог замын дугуйн уралдаанаар мэргэшиж байгаа. Налуу замын уралдаанд дандаа улсынхаа нэр дээр тэмцээнд оролцдог. Мөн саяхан шулуун замын төрлөөр Украины багтай гэрээ хийж, лигеонероор тоглож байгаа.

    -Тэгшээ чөлөөт цагаараа юу хийж, өөрийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?

    -Улирлын амралттай байгаа үед огт зүгээр суудаггүй. Ууланд алхах, усанд сэлж зэргээр өрийгөө амраадаг. Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ байх дуртай. Мөн гадаад хэлний чадвараа сайжруулдаг. Тамирчин хүний хувьд гадаад хэлтэй байгаа нь өөрөө давуу тал болдог. Хаана ч очсон бусадтай нээлттэй харьцаж, үзэл бодлоо солилцсоны үр дүнд гаднын багуудад лигеонероор тоглож байгаа нь гадаад хэлтэй байгаагийн давуу тал шүү дээ.

    Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

    Монголын Дугуй холбооны ерөнхийлөгч П.Ганхүүгийн хамт

    Эх сурвалж.Itoim.mn

  • Х.Балжинням: Монголчууд бид 5000га-д 3 сая алимны мод тарихад алимныхаа хэрэгцээг хангах боломжтой

    Ховд аймгийн Булган сум манай орны хамгийн зах хязгаар нутгийн нэг. Минжит Булганы жимсний аж ахуй гэж дээр үеэс яригддаг байсан бөгөөд зах зээлд шилжих үед энэ салбараа авч үлдсэн цөөхөн газрын нэг юм.  Булганд жимсний аж ахуй, тэр дундаа торниун /манайхны том алим хэмээн нэрлэдэг/ алимыг  нутагшуулж тарьж ургуулж байгаа хэсэг хүн бий.  Энэ хүмүүс элсний нүүдэл, хайрга бүхий хөрсийг сайжруулан тордож эдүгээ мод жимсний  цэцэрлэгт хүрээлэн бүхий диваажин болгожээ.Түүнчлэн орон нутгийнхаа олон иргэнийг ажлын байраар хангаж байгаа, хүмүүсийн жимс тарих сонирхлыг нь өдөөж өгснөөрөө хот руу чиглэсэн их нүүдлийг хязгаарлаж байгаа хэмээн нутгийн удирдлагууд тодотгосон. Сайныг дагавал сарны гэрэл гэгчээр одоо тус сумын олон иргэн  жимсчдийнхээ жишгээр энэ салбар руу уруу татагдаж, жимс ногоо тариалж, адаглаад л айл бүхэн хашаандаа жимсний мод тарьж дадлага туршлагатай болж байна.

    Мэргэжлийн байгууллагын гаргасан тооцоогоор  Монгол Улс зөвхан алимны импортод жилдээ 80 гаруй тэрбум төгрөг зарцуулж 20 мянган тонн алим  худалдан авдаг аж.  Тэгвэл Булганы жимсний аж ахуй эрхлэгчид эх орныхоо үржил шимтэй хөрсөнд ургасан жимсээр орон нутгаа цаашилбал эх орныхоо хэрэгцээг хангах, Монгол улсын алимны хэрэгцээг  бүрэн хангах том зорилго өвөрлөж яваа хүмүүс. Энэ хүрээнд төсөл санаачилж, уриалга гаргаад байна. Эдүгээ Булганд алим жимс тариалахын зэрэгцээ Монгол оронд нутагшсан алимны суулгац үржүүлж байгаа 4 хүн бий. Энэ суулгац эрэлт ихтэй, манай орны өнцөг булан бүрээс захиалга их ирдэг аж. Ийм суулгацыг бэлдэхийн тулд  наанадаж 5 жил зарцуулдаг гэдгээ тодотгосон. Бид “Алим” хөтөлбөрийг санаачлагч, “Булган голын алим” ХХК-ийн захирал, сумын Жимсчдийн холбооны тэргүүн Х.Балжиннямтай ярилцлаа.

    -Ярилцлагын эхэнд Та өөрийгөө танилцуулна уу.

    -Би 1960 онд төрсөн. Эцгийн нэр Хумжаа. Өөрийн нэр Балжинням. Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжилтэй. 2011 оноос алим жимс тариалах ажилд эргэлт буцалтгүй орсон. 8 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. 2016 онд “Булган голын алим” ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна. Манай компани нь алимны төрлийн мод үржүүлэг, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн дэмжлэг олж чадаагүй бор зүрхээрээ явж байгаа учир үржүүлсэн модныхоо нэг хэсгийг худалдаалж, нэг хэсгийг тариалж, үйлдвэрлэлээ өргөтгөх бодлого барьж ажиллаж байна.

    Би өөрөө Ховд аймгийн Булган суманд “Жимсчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд Монгол орон даяар алим жимс тариалах, дэлгэрүүлэх, цаашдаа Монгол орныг алим жимсээр хангах холын зорилготой ажиллаж байна.

    -Минжит Булганы жимс гэж бүр өмнөх нийгмийн үед л яригддаг байсан санагдана. Ер нь ямар онцлогтой газар нутаг вэ?

    -Ховд аймгийн Булган сум Алтайн өвөр говьд оршдог. Булган голын хөндий нь алим, жимс жимсгэнэ тариалах хөрсний физик, химийн шинж чанар тохирсон, усны хангамж сайтай,  жилд үргэлжлэх нартай өдрийн тоо харьцангуй олон, далайн түвшнээс дээш 1160 орчим метрт оршдог. Социализмын үед Монгол орон даяар алим тарьж нутагшуулах чиглэлээр ажилласан олон арван газраас бараг ганцаараа үлдсэн бүс нутаг юм. Тухайн үед Жимс ой турших станц нэртэйгээр 1959 онд байгуулагдаж, Шаамарын жимс ногооны аж ахуйгаас алим жимсний олон төрлийн суулгац авч ирж, эрдэм шинжилгээний ажил хийн тариалсан нь эдүгээ 60 жил нутагшин ургаж байна. Үүнд тухайн үеийн ЗСБНХУ-аас авч ирж нутагшуулсан торниун алимны 8 сорт, бэсрэг алимны 5 сорт, давжаа алимны 18 сорт бий. Булган суманд алим, жимс жимсгэний чиглэлээр үйл ажиллагаагаа дагнасан 10-аад ААН, иргэн бий.

    Ховд Минжит Булган

     -Төрийн байгууллагад удирдах ажил хийж байсан инженер эдийн засагч мэргэжилтэй хүн яаж яваад газар тариалан, тэр дундаа алим тарихаар сэтгэл шуудардаг билээ?

    -Миний аав Булган сумын анхны ногоочдын нэг. Хүүхэд нас маань аавын ногооны талбай дээр өнгөрсөн болохоор бүр багаасаа л газартай харьцаж ирсэн нь энэ салбар руу ороход түлхэц болсон. Нөгөө талаар Увс аймгийн “Чацаргана хөтөлбөр”-тэй 2010 онд очиж танилцсан нь орон нутгийн онцлог, давуу талыг ашиглан хөгжиж болохыг харж мэдэрч авсан. Ингээд өөрийн сумын давуу байдлыг ашиглан алим тариалж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хот чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож болох юм байна гэсэн үүднээс “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан УИХ, Засгийн газар, аймаг орон нутгаар  хөөцөлдөн ажиллаж байна. Өөрөө ч алим жимсний эдийн засгийн үр өгөөжийг тооцож үзсэнээр  төрийн ажлаа орхин, алим тариалах, үржүүлэх, шинээр сорт гаргах, БНХАУ-ын шилдэг сортын алим нутагшуулах чиглэлээр дагнан ажиллаж байна.

    -Монгол улс алимны хэрэгцээгээ өөрсдөө хангах боломжтой юу? Боломжтой бол хэдий хэрийн газар, хүн хүч хэрэгтэй вэ?

    -Боломжтой, гэхдээ урт хугацааны ажил бөгөөд монголчууд бид өөрсдөө хийх л хэрэгтэй. Бид гадаадаас алимны суулгац авч ирж тариалаад, богино хугацааны дотор алимтай болох боломж байхгүй. Учир нь тэдгээр суулгац нутагших эсэх нь бүрхэг. Бид ч ОХУ, БНХАУ-аас олон мянган суулгац авч ирж тариалсан боловч үр дүн гараагүй. Иймээс эхний ээлжинд монгол оронд нутагшсан, эрдэм шиншилгээний ажил хийгдсэн  алимныхаа модыг үржүүлж тариалвал үр дүнтэй нь харагдсан. 

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар хүн өдөрт 96 гр, жилд 35 кг  алим жимс жимсгэнэ хэрэглэвэл зохимжтойг дурдсан байдаг. Тэгвэл дунджаар нэг алимны модноос 35 кг алим хураана гэж тооцвол 3 сая модыг 5000 га газарт тарих шаардлагатай болно. 1 га-д 3 хүн ажиллана гэвэл 15000 мэргэжилтэй ажилтан хэрэгтэй. 5000 га газар гэдэг нь 10 км урт, 5 км өргөн газар гэсэн үг бөгөөд Ховд аймгийн алим тариалах боломжтой 10 сумаас энэ газар олдоно. Ийм ажлыг төр засаг анхаарч дэмжлэг өгч чадвал ойрын 20 жилд хийчих ажил юм.

    -Монголд ургасан алим амт шимт тэжээллэг чанараараа хэр байна вэ?

    -Ховд аймгийн Булган сумын алим амт чанараараа хэзээнээс алдартай. Бид багадаа дөрөв тавхан ширхэгийг идчихээд хөөсөөр бөөлжиж байсан удаатай. Булган сумын 10 жилийн сургуулийн багш Хүрлээгийн Бадамсид сургуулийнхаа туршлагын талбайд хүүхдүүдийн хүчээр 18 га газарт алим, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо  тариалаад Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргасныг тухайн үеийн Хүүхдийн төлөө фондын дарга Цэдэнбал Филатова ирж сонирхон 1 кг улаан Мерьлба сортын алим худалдан авсан байдаг. Удалгүй туслах нь гүйн ирж, үлдэгдэл 36 кг алимыг бүгдийг нь худалдан авсан түүх бий. Иймээс бид “Филатовагийн таалсан улаан хацарт” хэмээн өхөөрдөн нэрлэдэг юм. Х.Бадамсид  багш маань хийсэн бүтээсэн ажлаараа “Гавьяат багш” , “Ардын багш” цол хэргэмийг хүртсэн билээ.  Харин Улаанбаатар хотын гудамжинд “Ховдын Булганы алим аваарай” гэж хашгирч байгаа нөхдөөс болгоомжлох хэрэгтэй бөгөөд манай сумын алим хотод орох хэмжээнд хүрээгүйг иргэддээ анхааруулья.

    -Та одоо хэдэн сортын торниун алим тариалж хэдий хэмжээний жимс авч байна вэ?

    -Манай сумын 10-аад жимсчид 20 гаруй га газарт алим жимс тариалж, 50 орчим тн жимс жимсгэнэ хурааж, сумынхаа хэрэгцээний  багахан хэсгийг хангаж байгаа нь цаашид Монгол оронд асар том зах зээл байгааг харуулж байна.  Торниун алим гэхэд зун, намар, өвлийн 8 сорт байгаа бөгөөд суманд ердөө 1 га орчим талбайд ургаж  байна.

    -Алимны мод Монголд хэр нутагшиж байгаа вэ. Ер нь алим тарих хүсэлтэй бүхэн тариалах боломжтой юу?

    -Бид эхний ээлжинд нутагшсан алимны модоо мөчрийн болон нахианы залгалт хийж үржүүлж байгаа бөгөөд БНХАУ-аас 5, ОХУ-аас 2 сорт нутагшуулах тал дээр ажиллаж байгаа ч  эцсийн үр дүн хараахан гараагүй байна. Харин шинэ сорт гаргана гэвэл дор хаяж 8 жил зарцуулдаг юм шүү дээ.

    Алим тариалья гэж зорьсон хүн бол урт хугацааны ажил болохоор эхлээд сэтгэл санаагаа бэлтгэх нь зүйтэй. Зүрх сэтгэлээ зөвхөн түүнд зориулах ёстой. Ном олж унш, анхны мэдэгдэхүүнтэй бол, уйгагүй хөдөлмөрлөж чадвал хэн ч гэсэн хийх л ажил.

    Манай нийлүүлж буй модыг сайн арчилж тордоод ургуулахад 2-3 жилийн дараа жимсээ /алим/ өгнө. Ингээд 8-10 нас хүрэхээрээ нас гүйцэж байгаа нь тэр бөгөөд ийм модноос жилд 50-60 кг алим хураан авах нь ч бий.

    Алим жимс нь бөнжийгөөд, ач зээ нараа дагуулаад талбай дотроо алхаж явах нь амьдын нэгэн жаргал юм шүү дээ. Хөлсөө дуслуулж, өөрийн гараар ургуулсан бүхэн амттай байдаг даа.

    -Алимны нэг модноос хэдэн жилийн турш хэчнээн хэмжээний ургац авах боломжтой вэ?

    -Эрдэмтдийн тогтоосноор дунджаар 70 жил ургаж, ургацаа өгнө гэж бичсэн байдаг. Энэ хугацаанд залуужуулах, танах тайралтуудыг заавал хийж явна. Нас гүйцсэн модноос дунджаар 35 кг алим хураах бөгөөд Монголд бүртгэгдсэн дээд амжилтууд олон бий. Жишээлбэл: Шаамарт 10 настай Папировка сортын торниун алимны модноос 65.8 кг, Халхын голд Славянка сортын 10 настай модноос 190 кг, Ховдын Булганд Грушовка Московская сортын торниун алимны модноос 56.9 кг хурааж байсан түүх бий.

    Булган голын алим

     -Алим ер нь хадгалалт хэр даадаг жимс вэ?

    -Алимныхаа онцлогоос шалтгаалан 7 хоногоос 3 сар  хүртэл хугацаанд хадгалах боломжтой. Тээвэрлэлт сайн даах сортууд ч бий. Давжаа алимыг  хураагаад компот, варень, нөөш хийх бүрэн боломжтой. Тухайлбал, Антановка, Славянка зэрэг өвлийн сортын алимыг хураахад ногооноороо байх ба цаасанд боож, үртсэнд 3 сар хадгалаад, шар өнгөтэй сайхан амттай болгоод хүнсэнд хэрэглэдэг.

    -Одоо Минжит Булган суманд иргэд аль хэр алим тариалж байна вэ?

    -Алим тариалах ажил урт хугацааны ажил бөгөөд дээр нь төр засаг анхаарахгүй байгаагаас энэ бизнес рүү орох иргэд цөөн байна. Иймээс эрэлт хэрэгцээ их байгаа ч өчүүхэн хэсгийг нь  хангаж байна. Манай суманд гэхэд С.Бааст, Б.Төмөрбаатар, С.Ариунбаатар, М.Ядамсүрэн, Б.Мөнхтулга зэрэг 10-аад айл өрх ААН  алим тариалж байна. Сум орны удирдлагуудад хэлж ойлгуулснаар 2017 оноос жил бүр 50 өрхөд таван алимны мод  хашаандаа тарих хөдөлгөөн өрнүүлж, орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгийг нь гарган ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа Булган сумын өрх бүхэн алимны модтой, тэндээсээ хэрэгцээт алимаа хураадаг болно оо.

    -Та саяхан уриалга гаргасан байсан энэ талаараа тодруулахгүй юу?  

    -Бид өөрийн эх орондоо эрх тааваараа хөдөлмөрлөж, ажиллаж амьдрах хувь заяатай хүмүүс. Төр засгаас баялгийн тэгш хуваарилалт хийж, ажлын байр нэмэгдүүлж, ажиллах амьдрах боломжийг нь хангаад өгвөл юун тэр Солонгос молонгос явж ажиллах, харин ч бид гаднаас ажиллах хүч авч ажиллах байх. Ер нь Монгол орноо хөгжүүлэх олон боломж нь бий гэж би боддог.

    Иймээс ч бүс нутгийн онцлогоор Монголоо хөгжүүлэх санал санаачлагыг гаргаж, “Алим” хөтөлбөр, төсөл боловсруулан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хандсан. Мөрийн хөтөлбөрт нь дэмжихээр  тусгагдсан боловч 2016 онд Ардчилсан нам ялагдчихсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хандсан боловч удалгүй уначихсан. Төр засгийн тогтворгүй байдал хүртэл бидэнд ингэж нөлөөлөх юм. УИХ-ын гишүүндээ хандсан нь нааштай хариу өгсөн. Цаг хугацаа бүхнийг харуулах биз ээ.

    Тодорхой хугацааны дараа 100 алимны модноос жилдээ наанадаж 3.5 тн алим буюу 28 сая төгрөг олох боломж бүрдэнэ. Ийм байдлаар энэ 100 модноосоо 70 жил ашиг хүртэнэ гээд бодоорой.

    Уг уриалгыг 2014 онд гаргаж, төвийн болон аймаг орон нутгийн хэвлэл мэдээллээр цацсан. Хамгийн гол нь иргэд нэг нэгийгээ дууриаж бизнес хийх биш цоо шинэ хэрэгцээтэй бизнес рүү хөл тавиасай гэсэн үүднээс энэхүү төсөл хөтөлбөрийг гаргасан юм. Олон хүн ч холбогдон санал солилцсон.

    -Энэ хөтөлбөрийн гол санаа юу билээ?

    -Гол санаа нь эх орны экологийн цэвэр алим жимсээр монголчуудынхаа хэрэглээг хангах тухай л юм. Өрхийн хэмжээнд гэвэл хамгийн багадаа 100 мод тарьцгаая, хөрөнгийг нь янз бүрийн аргаар босгоё гэсэн санаа л даа. Жишээлбэл,100 алимны модны үнэ  3 сая төгрөг. Цалингаасаа хуримтлал үүсгэж болно. Малтай бол 6 үхэр худалдахад олох мөнгө. Төрийн албан хаагч гавъяандаа гарахад тэтгэмжийнхээ нэгээхэн хэсгээс зарцуулах мөнгө. Сум хөгжүүлэх сан, ЖДҮ-ийн сангаас хөөцөлдөж хөнгөлттэй зээлээр  хөрөнгө олж амжуулж болох ажил юм.

    Тодорхой хугацааны дараа 100 алимны модноос жилдээ наанадаж 3.5 тн алим буюу 28 сая төгрөг олох боломж бүрдэнэ. Ийм байдлаар энэ 100 модноосоо 70 жил ашиг хүртэнэ гээд бодоорой. Үр шимийг нь хүртээд ирэхээрээ нэг өрх цаашид бизнесээ өргөжүүлж, олон мод  нэмж тарих боломж бүрдэнэ. Харин Аж ахуйн нэгжийн тухайд дор хаяж 50 га, 100 га-гаар тооцож ажлаа төлөвлөх хэрэгтэй гэж би зөвлөдөг юм.  100 га газарт алим тариалвал жилдээ 15-17.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах боломжтой.

    Эцэст нь  хэлэхэд бид гадаадын ямар хөрсөнд ургасан, ямар бордоогоор бордсон, яаж хадгалсан зэргийг мэдэхгүйгээр жилдээ 100 орчим тэрбум төгрөгийн алим жимс импортолж хэрэглэж байна. Ийм хэмжээний хөрөнгөөр гадаадын жимсний аж ахуйг дэмжсээр байна. Иймээс  бид өөрийн онгон зэлүүд хөрсөн дээр ургасан,  хонь ямааныхаа бууцаар бордсон, экологийн цэвэр бүтээгдэхүүнээ хэрэглэх нь хамгаас чухал болоод байна.

    -Та бүхэн Монголын цаг агаарт дасч зохицсон суулгац бэлддэг гэлээ. Танайхаас суулгац авлаа гэхэд хэдэн жил болоод жимсээ өгч эхлэх вэ?

    -Алимны модыг үрээр үржүүлдэггүй. Харин Өрөл гээд Монгол газарт ургадаг жимсний мод бий. Энэ өрөлний 3 настай модон дээр алимны  модны мөчир, нахиаг залгаж дахин 2 жил бойжуулсны дараа талбайд суулгадаг. Тэгэхээр нийтдээ 5 жил ургуулж бэлдсэн суулгацыг зах зээлд нийлүүлж байна гэсэн үг.  Манай нийлүүлж буй модыг сайн арчилж тордоод ургуулахад 2-3 жилийн дараа жимсээ /алим/ өгнө. Ингээд 8-10 нас хүрэхээрээ нас гүйцэж байгаа нь тэр бөгөөд  ийм модноос жилд 50-60 кг алим хураан авах нь ч бий. Тэгээд ойролцоогоор 70 жил үр жимсээ өгнө гээд тооцоод үзэх хэрэгтэй.  

    -Танай сумын жимсчид жилд алимны хэчнээн суулгац бэлтгэдэг вэ? Эрэлт хэр байх юм?

    -Манай суманд алимны суулгац бэлддэг 4 хүн л бий. Жилдээ 10 мянган мод нийлүүлдэг. Монгол орны хот хөдөөгөөс маш их захиалга хүсэлт ирдэг ч тэр бүрийг хангаж чадахгүй байна. Хэрэв бидэнд төр засгийн дэмжлэг, ядахнаа тэр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олддогсон бол ажлын байр нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж илүү олон суулгац нийлүүлэх боломжтой.

    -Ярилцсанд баярлалаа.

    П.Булган

  • Аюурзанын Очирболд- мастер барималч (ган, металь баримал)

    “НордАрт 2019” Гранпри шагналт, НҮБ-д “Ухамсар” баримал нь байрласан уран бүтээлч. МУСТА, Алтангадас одонт. Ган металь барималаар дагнан ажилладаг.

    Ярилцлага унших

  • Т.БАТТУЛГА- Арьсан авдар урлал

    Арьсан урлал бол Монголчуудын уламжлалт урлагийн нэг төрөл юм. Ингээд арьсан урлалын талаар Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан Т.Баттулгатай ярилцлаа.

    -Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

    -1967 онд Налайх дүүрэгт төрсөн. Налайхын ерөнхий боловсролын нэгдүгээр арван жилийн сургууль төгсч Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орсон. Ингээд Доржсүрэн багшийн удирдлага дор Арьсан урлагийн чимэглэгч, зураач мэргэжлээр төгссөн. 20 гаруй жил арьсан урлалаар уран бүтээлээ туурвиж явна даа.

    -Арьсан урлалын гол түүхий эд нь мальн арьс, шир. Арьсаа өөрсдөө бэлддэг үү эсвэл боловсруулсан бэлэн арьс хэрэглэдэг үү?

    -Манай улс мал аж ахуйн орон учраас арьсан урлал хөгжих бүрэн боломжтой. Арьс, ширний маш өргөн сонголттой. Хуучин нийгмийн үед Арьс ширний үйлдвэрийн нэгдэл гэж байсан. Тухайн үед боловсруулсан арьс худалдан авах боломж хомс. 1990 оноос чөлөөт зах зээлд шилжсэнээр Арьс ширний үйлдвэр хувьчлагдан хувийн жижиг үйлдвэрүүд бий болсон. Одоогийн байдлаар 20 гаруй арьс ширний хувийн үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрт захиалга өгч боловсруулсан арьс худалдан авдаг.

    -Манай арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулалтын чанарыг гадаад улсынхтай харьцуулбал хэр байдаг вэ?

    -Боловсруулалтын хувьд муу биш, болхи түвшинд байгаа. Болхи тусмаа л чанартай байдаг. Гадаадад арьсыг сайн боловсруулснаар нимгэрч чанар мууддаг. Арьсыг зүйж залган томоохон бүтээл хийхийн тулд маш их хөдөлмөрлөх шаардлагатай. Ер нь, арьсан урлагт том хэмжээтэй бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Манай холбооны уран бүтээлчид цэвэр Монгол малын арьсыг уран бүтээлдээ ашигладаг. БНСУ, Хятадад боловсруулсан арьс хэчнээн гоё байсан ч Монгол арьсны чанарыг гүйцэхгүй. Хамгийн гол нь уран бүтээлийг боловсруулсан арьсаар хийх нь чухал. Түүхий арьсаар уран бүтээл хийж, чийглэг оронд үзэсгэлэнгээ гаргахад үнэр танар ороод юун хүн үзэх манатай болдог юм. Сүүлийн үед түүхий арьсаар хүүхэлдэй хийж байна. Түүхий арьсаар хийсэн эд дурсгалын зүйлс чийглэг оронд очвол үнэр ордог учраас уран бүтээл хийх нь сайн зүйл биш.
    Би 2007 онд БНСУ-ын Чэжү аралд зургаан сарын турш уран бүтээлийн үзэсгэлэнгээ далайн эрэг дээр гаргасан. Боловсруулсан арьсаар хийсэн учраас ямар нэгэн асуудал гараагүй.

    -Та уран бүтээлдээ голдуу ямар малын арьс, шир ашигладаг вэ. Харж байхад ихэвчлэн үхрийн зооны арьсан дээр Чингис хаан болон хөлөг баатруудыг дүрсэлсэн байх нь элбэг тааралддаг?

    -Таван хошуу мал болон зээрийн арьсыг ч ашиглаж болно. Ямар нэгэн бүтээл хийхийн тулд эхлээд зохиомж буюу санаагаа буулган зургаа зурдаг. Зургийн дагуу хонь болон ямааны арьс хэрэглэх үү, эсвэл үхрийн ширэн дээр зурах уу гэдэг сонголтоо хийнэ. Тухайн бүтээлийн онцлогоос шалтгаалж, нимгэн болон зузаан арьс үйлдвэрээс захиалан авдаг. Үхрийн ширэн дээр Чингис хааны хөрөг болон баатрууд зурдаг. Миний хувьд энэ чиг хандлагаас татгалздаг. Арьсыг өөрөөр нь л урлаг болгох ёстой байхгүй юу. Тэгж гэмээнэ л жинхэнэ арьсан урлаг болно.
    Би “Та нар чулуун дээр зураг зурчихаад чулуун урлаг гэвэл хүн хүлээж авах уу” гэж хүмүүсээс асуудаг юм. Миний хувьд олон жилийн турш хөдөлмөрлөж байж арьсан урлагийн шинэ төрлийг бий болгосон.

    -Тодруулбал?

    -Манай судаачид судлаад яг ямар төрөл болох талаар нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Зарим нь арьсан баримлын арга гэхэд нөгөө хэсэг нь ямар арга гэдгээ чи өөрөө л тодорхойл гэдэг. Би арьсыг өөрөөр нь нугалж 3D шиг харагддаг аргыг санаачилсан юм. Энэ шинэ бүтээлийн аргаа Монголын Оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулсан.

    -Хэдэн төрлийн аргаар арьсан дээр бүтээл урладаг юм бэ?

    -Хөөмлийн болон релефийн арга гэж бий. Релефийн арга гэдэг нь арьсан дээр дүрс гарган зураад хурц багажаар ухаж сийлэхийг хэлнэ. Арьсыг релефдээд дараа нь хөмийлдөж нааш нь төвийлгөдөг.

    -Манай уран бүтээлчид арьсан урлалаар бэлэг дурсгалын болон гоёл чимэглэлийн зүйлс хийхдээ хуучны монгол технологоор хийдэг үү. Эсвэл шинэ техник технологи нэвтрүүлж байна уу?

    -Ер нь арьсан урлаг бол бүх урлагийн анхдагч гэж би хувьдаа боддог юм. Хүй нэгдлийн үеийн хүмүүс ан амьтан агнаж арьс ширээр хувцас хийж өмссөн үеэс л арьсан урлаг хөгжсөн. Өвгөд дээдсээс уламжлан ирсэн ардын технологи гэж бий. Арьсаа яаж хатаах, сураа хэрхэн элдэх гээд л. Манай урлан уламжлалаа хадгалсан технологи дээр суурилж орчин үеийн бүтээлээ туурвидаг. Чөлөөт уран бүтээлчийн хувьд сюрреализм (бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй хийсвэр дүрслэлийн арга) чиглэлээр арьсан бүтээл урладаг. Нөгөөтэйгүүр, өвгөд дээдсээс уламжлагдан ирсэн авдарыг уламжлалт технологийн дагуу хээ хуар гаргасан малын арьсаар бүрдэг юм. Жишээлбэл, Монгол гутал оёдог аргыг малын арьсаар авдар бүрэхэд хэрэглэж байна. Мөн арьсан хөөмлийн аргыг ч давхар ашигладаг.

    -Та бас арьсан авдар хийдэг. Захиалагчид ямар хээ угалзыг голлож байна вэ. Хуучин цагт авдар бүрийн нүүрэнд арслан зурсан байдаг. Арслантай авдар гэдэг дуу ч бий?

    -Захиалсан хүний захиалгын дагуу авдарыг арьсаар бүрж өгдөг. Тогтсон хэв маягаар заавал арслан зурна гэхгүй. Арьс бол их гоё материал юм. Арьсаар авдрыг бүрж хээ хаур гаргахаар маш өвөрмөц, чамин эд болдог. Би нийтдээ 1000 гаруй авдар захиалгаар хийсэн. Захиалагч нар өөрсдийнхөө төрсөн жилийг авдартаа зуруулахыг хүсдэг. Хос авдар бүрүүлэхэд нэгэнд нь өөрийнхөө төрсөн жилийг, нөгөөд нь гэр бүлийн хүнийхээ төрсөн жилийг зуруулах жишээтэй. Зарим хүн хүүхдүүдийнхээ жилийг захиалж байхад нөгөө хэсэг нь үндэсний хээгээр зуруулъя гэдэг. Мөн эртний Хүннүгийн үеийн дүрсээр хийлгэе ч гэдэг. Захиалагчийн сонголт маш өргөн болсон. Говийн догшин хутагт Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг тахилч Түдэв гуай 1930-аад онд модон авдарт хийж гадна талыг арьсаар ширлэж газарт нууж булсан байдаг. Үүнээс үүдээд авдарыг арьсаар бүрж ширлэх санааг олсон юм. Олон жилийн дараа авдарыг гаргаж ирэхэд дотор нь байсан эд зүйлс огтхон ч муудаагүй байсан. Учир нь, арьс чийг авангуутаа модонд дамжуулдаг. Хуурай үед мод чийгээ гадагшлуулахад арьс чийгийг нь өөртөө шингээдэг байна. Ингэж мод, арьс хоёр харилцан “Амьсгалдаг” юм. Тийм учраас дотор нь байсан зүйлс мууддаггүй. Авдар гэдэг нь “Аваад дар” гэсэн утгатай. Дээдсийн маань хойморт заларч байсан орчин үеийнхээр бол сейф гэсэн үг. Айлд авдар хосоороо байх учиртай гэж найстайчуул хэлдэг байсан.

    -Та Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбооны тэргүүн хүн. Ер нь ямар зорилгоор холбоо байгуулах болсон болон ирээдүйд холбооны зүгээс юу хийх гэж буй талаар ярьж өгөхгүй юү?

    -Арьсан урлагийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс нийлж 2007 онд Монголын Арьсан урлагийг хөгжүүлэх холбоог байгуулсан юм. Манай холбоо эгнээндээ 20 гаруй гишүүнтэй. Бүгд мэргэжлийн хүмүүс, сонирхогч байхгүй. Манай холбооны гишүүдийн нэг онцлог нь үйлдвэрлэлийн аргыг чухалчилдаггүй. Нэг цүнх хийсэн ч урлагийн бүтээл талаас нь ханддаг. Мөн ганц хувь л хийнэ. Хэзээ ч нэг загвараар олон цүнх хийхгүй. Ийм л зорилготойгоор манай холбооны гишүүд ажилладаг. Холбооны дэргэд “Уламжлал” нэртэй арьсан урлагийн сургалтын төв хичээллэдэг байсан. Багш нарын хоорондын үл ойлголцлоос болж жил хэртэй ажиллаад хаалгаа барьсан. Арьсан урлагт суралцахад хүний нас хамаагүй. Ялангуяа сурах гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүнд. Багш нар маань сургалтын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Арьсан урлалыг хүмүүс маш их сонирхдог болсон учраас сургалтын төвөө удахгүй нээнэ. Байгууллага, аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд үнэхээр авьяас чадвартай хүүхдийг үнэ төлбөргүй сургах бодолтой байна.

    -Арьсан урлалаар хийсэн бэлэг дурсгалын зүйлсийн гол худалдан авагч гадаадын жуулчид гэсэн ойлголт бий. Та түрүүн хэлсэн. Дотоодын иргэд маань арьсан урлалыг сонирхдог болсон гэж. Ер нь манай иргэд арьсан урлагийн бүтээл хэр зэрэг сонирхож байна вэ?

    -Нэг үеэ бодвол, Монголчууд маань урлагийн үнэ цэнийг ойлгож мэдэрдэг болсон байна. Арьсан урлалаар хийсэн бүтээлийн 70 гаруй хувийг Монголчууд худалдан авч байна.

    -АСЕМ-ын уулзалтын үеэр олон жуулчин ирнэ. Тэд голдуу л арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс худалдан авах байх. Жуулчдын сонирхлыг татах ямар бүтээгдэхүүн хийж байна вэ?

    -АСЕМ-ын жуулчдад зориулан худалдах эд зүйлсийн шалгаруулалт болно гэсэн. Хамтран ажиллагч маань жуулчдад бэлгэнд өгөх зорилгоор ногоолин гэдэг чулуугаар “Гэрэгэ” хийсэн юм. Энэ гэрэгний ширэн гэрийг биднээр хийлгэсэн. Шалгаруулалтад тэнцвэл олноор хийнэ.

    -Танай холбоо гадаад харилцаандаа хэр анхаарал хандуулж ажилладаг вэ. Жишээлбэл, гадаадын жуулчдын компанийн сайтад хаягаа байршуулсан уу?

    -Миний хийсэн бүтээлийн танилцуулга Азийн Арьсан урлагийн холбоо, Европын Арьсан урлагийн холбооны сайтад бий. Удахгүй Монголын арьсан урлагийг хөгжүүлэх холбоог Азийн арьсан урлагийн холбооны гишүүн байгууллагаар элсүүлнэ. Манай уран бүтээлчдийн ур чадвар бол Ази, Европын уран бүтээлчдээс огтхон ч дутахгүй. АНУ-ын арьсан урлагийн хоёр мастер хүнтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тэднийг Монголд хамтарсан үзэсгэлэн гаргахаар урьсан, удахгүй ирнэ.

    -Ер нь, арьсан урлаг бусад оронд хэр хөгжсөн байдаг юм бол. Азийн, Европын гээд хийц дизайн нь өөр байх уу. Энэ талаар хэлбэл уншигчдад сонин байх?

    -Юугаар баян, түүгээр дайлна гэдэг үг байдаг. Монголчууд малын арьс, ширээр “Тоглодог” улс. Гадаадын уран бүтээлчид бүс, цагны оосор хийсэн ч “Art” буюу урлаг гэж үздэг. Монголчууд бол бүс, цагны оосорт хэрэглээ талаас ханддаг. Болгар улс нэг хэсэг арьсан урлалаар Европт тэргүүлж явсан үе бий. Болгарын уран бүтээлчид бол арьсыг чимэглэх талаас урладаг. Жишээ нь, түрийвчин дээрх дүрсийг релефийн аргаар хийдэгээрээ онцлог. Европ болон Азийн улс орнуудад гар аргаар хийсэн гэдгээрээ арьсан эдлэлийн үнэ өндөр. Голдуу үхрийн ширэн дээр релефийн аргаар хийдэг юм байна лээ. Намайг оюутан байхад энэ аргыг ханын чимэглэл хийхэд ашигладаг байсан юм. Гадаадын уран бүтээлчдийн дийлэнх нь байгаль, ан амьтны зургийг уран бүтээлдээ ашигладаг.
    Австралийн арьсан урлагийн уран бүтээлч эмэгтэйтэй интернэтээр харилцаж ганц нэг бүтээлээ солилцдог байсан. Тэр уран бүтээлч урт нь нэг метр 50 см, өргөн нь нэг метртэй үхрийн ширэн дээр бугын зураг зурсан бүтээлээ 30 мянган еврогоор үнэлсэн байсан. Миний хийсэн урт нь хоёр метр, өргөн нь нэг метр 50 см үхрийн ширэн бүтээл 10 гаруй сая төгрөгийн үнэтэй. Ам.доллараар бол 5-6 мянга болно. Ийм үнээр гадаадын ганц нэг иргэн худалдан авчихдаг юм. Мөн манайхан ч гэсэн худалдан авдаг. Миний хийсэн арьсан динозавр Байгалийн түүхийн музейд бий. Энэ динозавр 2007 оны Азийн арьсан урлагийн хамгийн том бүтээлээр шалгарсан. 20 гаруй хонь, ямааны арьс болон есөн адууны шир орсон юм. Уг арьсан динозавр өндрөөрөө хоёр метр, уртаашаа гурван метр гаруй хэмжээтэй.

    -Сүүлийн үед маш олон сургууль арьсан урлалын чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна. Шинэ үеийн төгсөгчдийн ур чадвар хэр байна вэ?

    -Монголд арьсан урлал хөгжихөд шаардлагатай бүх зүйл бий. Гагцхүү хийх л хэрэгтэй . Миний үед цөөхөн хүн арьсан урлалын чиглэлээр төгсдөг байсан. Шинэ залуу уран бүтээлчдийг ажиглахад шинэ санаа олчихоод уран бүтээл болгож чаддаггүй. Учир нь “Зарагдахгүй бол яана” гэж эмээдэг. Уран бүтээл хийх гэж авсан арьсаараа түлхүүрийн оосор хийвэл хурдан зарагдана гэсэн зах зээлийн сэтгэхүйтэй байна. Би шавь нартаа “Толгойд буусан санаагаа цаасан дээр хуулж, чөлөөтэй хий” гэж захидаг. Бусад улсаас Монголын маань нэг ялгарах онцлог нь арьсан урлаг байгаасай гэж би боддог юм. Энэ чиглэлд хувь нэмрээ оруулж явна.

  • Чинбатын ЭНХТҮВШИН- Арьсан хүүхэлдэй урлалын мастер, Монгол баатрын дүр хөгжүүлэгч

    Харахад амьд мэт, барихад аргал үнэртсэн өвөрмөц дүр төрхтэй, монгол ахуй соёлыг агуулсан “N’COOSH” брэндийг “Өөр мэдээ” онцлон танилцуулж байна. Оюуны өмчийн хуулиар баталгаажуулсан зохиогчийн эрхийн гэрчилгээтэй анхны монгол хүүхэлдэйнүүд гадаад улс орнуудын үзэсгэлэнг чимэх болжээ. Өвөг дээдсийн өв их уламжлалыг ахуйн соёлоор дамжуулан ирээдүй хойч үедээ үлдээх,дэлхийд монгол хүүхэлдэйн брэндийг тамгалж үлдээх хүсэл өвөрлөж яваа хүүхэлдэй урлаач Ч.Энхтүвшинтэй ярилцлаа.

    -Таны тухай анх сонсоод эмэгтэй хүн гэж бодсон. Яагаад хүүхэлдэй урлах болов?

    -Би СУИС-ийн ДУС-ийг чимэглэх урлагийн ангийг Я.Эрдэнэчимэг багшийн удирдлагад сурч төгссөн. Бидэнд монгол гар урлал, эсгий урлал, нэхмэл, хатгамал, арьсан урлал гээд бүгдийг заасан. Уран бүтээлч хүний хувьд Монголын нүүдэлчин иргэншлийн ахуй, өв соёл устаж байгаад эмзэглэдэг. Тиймээс уран бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг яаж авч үлдэх вэ, хойч ирээдүйдээ ямар байдлаар дамжуулах вэ гэж боддог байлаа. Тэгээд хүүхэлдэйн урлагаар монгол ахуйн соёлыг харуулж болох юм гэж зориглон 2005 оноос хийж эхэлсэн.

    Одоо дэлхий дээр гар урлал хамгийн үнэ цэнэтэй урлаг болсон. Манайхаас бусад оронд маш өндөр үнэлэгддэг юм билээ. Монголчууд бусдын хийсэн брэнд гэх зүйлсэд хошуурч байдгаас өөрсдийн үнэ цэнэтэй зүйлсийг мэддэггүй.

    -Та гадаадад хэдэн хотод үзэсгэлэнгээ гаргав?

    -2006 онд National Geographic -ийн урилгаар Монголоо төлөөлж АНУ-д анхны үзэсгэлэнгээ гаргасан. Түүнээс хойш Атланта, Техас, Сан Франциско, Сингапур хотуудад гаргаж байлаа. Эх орондоо 2006 онд “Монгол костьюмс” компани дээр 208 ширхэг хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэсэн. Хамгийн сүүлд хэд хоногийн өмнө Японд томоохон үзэсгэлэнд оролцоод ирлээ. Манайд хүүхэлдэйн урлагаар үзэсгэлэн гаргасан хүн байдаггүй. Миний хүүхэлдэйнүүд Монголын нүүдэлчин ахуйг харуулдаг. Энэ нь энгийн үндэсний хувцастай хүүхэлдэйнээс өөр юм.

    Өвөг дээдэс маань хүүхэлдэйн урлагаа маш баялаг уламжилж үлдээжээ. Нүүдэлчин иргэншлийн онцлог нь өв соёлоо бичиж үлдээдэггүй. Үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, оюун санаасаа оюун санаад дамжуулж ирсэн. Бидний цус генд энэ бүхэн унтаа байдалтай байна. Минийх 2005 онд сэрсэн юм байлгүй, гэнэт л хийж эхэлсэн. /инээв/

    -Нүүдэлчин ахуйг хүүхэлдэйгээр дамжуулж гаргахын тулд судалгаа их хийсэн үү?

    -Би Монгол Японы хамтарсан “Чингис хаан”, “Үхэж үл болно”, Якутын “Тайна Чингис” зэрэг түүхэн киноны хувцас хэрэглэл, гэр барааг хийсэн. “Хар хорин” захын н.Лхагвасүрэн гэдэг хүний захиалгаар 100 баатрын хувцсыг зэр зэвсэг, эмээл, морины хуяг, их хэнгэрэг зэрэг иж бүрдлээр нь хийж өгсөн. Энэ бүгдийг хийхийн тулд маш их судалсан. Археологийн олдворуудаар гарын авлага болгож XIII зуунд монголчууд юу өмсч, хэрэглэж байсан бол гэсэн бодолдоо тулгуурлаж нөгөө л эд эсэн дэх мэдээлэлдээ хөтлөгдөж, бодоод сэтгээд, нэг хэсэгтээ зүүд нойрондоо энэ зуунд амьдарч байсан.

    Нүүдэлчин ахуй, соёл иргэншил судалсан, энэ тухайярьдаг хүмүүс голдуу настай түүхч, судлаач,эрдэмтэд байдаг. Харин та залуу хүн хэр нь энэ талынмэдлэг сайтай байгаа нь сайшаалтай санагдаж байна?

    -Хэн ч байсан монгол ахуй, соёлоо мэдэх тусам бусдын соёлд автахгүй болно. Ирээдүйд зөв алхам хийж, зөв амьдарья гэвэл үүх түүх рүүгээ заавал эргэж харах ёстой. Учир нь өнгөрсөн цагт монголчууд хүчирхэг байсан. Ирээдүйд дахин хүчирхэгжих үндэс өнгөрсөн цагт байна. Одоо бол монголчууд бусдын оюун ухаанаар бүтээгдсэн технологийн хөгжлийг ашиглаж байна. Автомашин нисдэг болох нь цаг хугацааны асуудал болчихоод байхад магадгүй ирээдүйд эмч хүний оронд робот, техник хүнийг эмчилж, хагалгаа хийдэг болох биз.

    Монголын нүүдэлчин иргэншил дотор асар их баялаг бий. Гэхдээ дэлгүүрээр дүүрэн шүдэнз, асаагуур байхад галаа манаж чулуугаар асаая, зөвхөн дээлээ өмсье гээд байвал хэн ч хүлээж авахгүй, харин ч ад болно. Би бүгдийг хүлээн зөвшөөрдөг ч хэт туйлшрахгүй өнгөрснөөс юу авч ирээдүйд ашиглах боломж байгааг судлах ёстой гэж боддог. Тухайлбал, цавууг монголчууд ясаар, арьсаар, эврээр хийдэг байж. Энэ уламжилж ирсэн технологийг сэргээж орчин үеийн техникийг ашиглаад дэлхийд гайхуулах монгол брэндийн цавуу хийх боломжтой.

    -Бид өнгөрсөн үеэ хойч үетэйгээ холбох дамжуулагчийн үүргийг гүйцэтгэх ёстой. Үүнд таны уран бүтээлямар онцлогийг шингээж байна?

    -Би хүүхэлдэйгээ арьс, үс, яс, хумс гээд малын ашиг шимээр хийдэг. Гаднаас нэг ч түүхий эд, материал авдаггүй учраас Монголын эдийн засагт шууд хөрөнгө оруулалт болно. Нэг ёсондоо хоосон орон зайнаас бүтээсэн баялаг юм. Нүүдэлчин өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн ахуйн соёлд тулгуурлан зөвхөн монголд байгаа бүтээгдэхүүнээ ашиглаж хүүхэлдэй хийж байна. Энд эдийн гэхээс илүү өв соёл, ёс заншил гэсэн эдийн бус ашиг сонирхол их бий.

    Улс орон болгон өөрсдийн гэсэн хүүхэлдэйн брэндтэй. Оросыг матрёшка, Японыг Шоко, АНУ-ыг барби төлөөлөх жишээтэй. Дэлхий даяар хүүхэлдэйг Барби төлөөлж байна.

    Миний хийсэн хүүхэлдэйг хүлээн зөвшөөрч чадвал Монголын брэнд болох байх. Хамгийн гол нь хэн ч хийсэн бай Монголыг төлөөлөх хүүхэлдэй өнгөн талаас илүүтэй цаад гүн ухаан утга учир өв соёл уламжлалыг харуулдаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс “N’COOSH” нэртэй хүүхэлдэйн брэндийг гаргаж оюуны өмчөөр баталгаажуулсан.

    -N’COOSH брэнд хэдэн төрөлтэй вэ?

    -Айл гэрт хэдэн гишүүн байдаг билээ тэр бүгдийг урласан. Гэхдээ бүгд өөр өөрийн онцлогтой, дахин давтагдашгүй. Яг л хүн шиг. Би баян биш ч хүүхэлдэйгээ худалдаалах зорилгоор хийдэггүй. Хамгийн гол нь Монголыг дэлхийд төлөөлөх брэнд болж үлдээсэй гэж хүсдэг.

    Сонирхолтой нь хүүхэлдэйг бид хүн төрөлхтөний сүүлийн үеийн бүтээл гэж боддог. Гэтэл Хүннүгийн үеийн булшнаас 108 ширхэг жижигхэн хүүхэлдэй гарч ирсэн байдаг. Торгон даавуун хувцастай, нүүрийг нь цагаанаар будаж, нүд хөмсгийг нь зурчихсан, үсийг нь дээш нь овоолж хөндлөн чагт хийсэн маш нарийн хийцтэй хүүхэлдэй байсан. Модоор урласан мориных нь хөл хөдөлдөг байх жишээтэй. Энэ олдворуудыг огт дэлгэж үзүүлэхгүй байгаа юм. Гадагшаа гаргачихсан юм болов уу. Тэгэхээр хүүхэлдэй гэдэг зүйл хүн үүссэн цагаас байсан юм бишүү гэж бодож байна.

    -Өнөөдрийг хүртэл хэчнээн хүүхэлдэй урлаад байна. Таны хүүхэлдэйнүүдээс аргалын утаа үнэртэх юмбилээ?

    -Ойролцоогоор 2000 гаруй хүүхэлдэй үйлдвэрлэсэн байх. Нарийн тоо байхгүй. Брэнд болгохын тулд загвар хийц төдийгүй эд материалын хувьд хөгжиж байх ёстой. Миний хүүхэлдэйг тэврээд тоглохоос илүүтэй тавьчихаад харж харьцаж байх оюун санааны тоглоом болно. Би сая Японы үзэсгэлэнд оролцохдоо бүх хүүхэлдэйгээ аргалаар утаж авч явсан. Энэ нь нэг төрлийн нянгийн ариутгал юм. Япончууд манай аргалыг судлаад агаарт дэгдэж буй 380 төрлийн бактерийг устгадаг болохыг нь тогтоосон байна. Монголоос нэг кг аргал 35 ам.доллараар авахаар ярилцсан ч Хятадын хилээр гаргахгүй гэсэн юм билээ.

    Нөгөө талаас арьсыг амьтай гэж үздэг учраас чийгтэй газар очоод хэвээ алдах аюултай. Монголчууд дашмагаа хийхдээ шөрмөсөөр оёчихоод, элс чихэж хатаан хус модны нойтон шилмүүс болон аргалаар утдаг байж. Тэгэхээр аргал ямар хэрэгтэй, үнэ цэнэтэйг мэдээд өвөг дээдэс маань хэрэглэж иржээ. Уламжлал гэдэг ямар их зүйл хадгалж байдгийг зөвхөн энэ жишээнээс харж болно.

    -Хүүхэлдэйгээ хаагуур борлуулдаг вэ. Гадагшаа чиглэсэн менежмент хийж байна уу?

    -Би залуу хүн гэхэд орчин үеийн хэрэглээнд муу. Утас, интернэт нэг их ашиглаад байдаггүй. Хамгийн гол нь хийсэн уран бүтээлээ хүмүүст зөв хүргэх л чухал байна. Тухайлбал, хөхүүр барьсан хүүхэлдэй хийчихээд түүнийгээ тайлбарлахдаа хөхүүр яаж хийдэг, бүлүүр модны онцлог, айрагны тухай гээд бүгдийг судалж, зөв тайлбарлах ёстой.

    Шагай гэх малын энэ жижигхэн яс ямар их утга учир ёс заншил агуулдаг юм бэ гэж боддог. Монголчууд адууны хомоолоор гурван төрлийн цаас хийж, хар өнгийн будаг гарган авч сураа буддаг байсан гээд олон сайхан уламжлал байна. Би өвөө, эмээ нартай их найзална. Тэд монгол ахуй соёлыг тэр чигтээ агуулж байдаг. Тэднийг байгаа дээр уулзаж, гэр хотонд нь очиж хонох юмсан гэж боддог. Монголоо гурав бүтэн тойрчих хүсэл бий. Мэдээж мөнгө их орох байх. Би хотын хүн хэр нь яагаад ийм зүйл сонирхож хүсээд байдгаа миний өвөг дээдсээс ирсэн эд эстэй холбоотой болов уу гэж боддог юм.

    Энэ маягаар хойч үедээ монгол ахуй соёлоо үлдээж чадвал миний уран бүтээл хийж буйн хэрэг бүтнэ. Одоогоор уран бүтээлдээ анхаарч байгаагаас бизнес болгож амжихгүй явна. Уг нь бизнес болгоод олноор нь хийгээд, хайрцаг савтай болгоод, бараа тэмдэгтийн дугаарлалт авдаг болчихвол гадаад зах зээлд гаргаж болох.

    -Уран бүтээл бүр өөрийн төрөх цаг хугацаатай байдаг гэдэг байх аа?

    -Тиймээ, хүүхэлдэй бүрийг урлахад янз бүрийн хугацаа шаарддаг. Нэг хүүхэлдэйг сар хийж байхад, заримдаа гурав хоногт амьдруулах нь ч бий. Хамгийн анхны хүүхэлдэй маань бөө байсан. Би хүүхэлдэйнхээ хэвийг гаргаж бэлдчихээд “өнөөдөр хоёулаа төрхөө олноо, чи яамаар байна” гээд хүүхэлдэйтэйгээ ярьж суудаг юм. Энэ нь нэг ёсондоо сэтгэлээсээ сэтгэл тасалж өгч буй хэрэг юм. Хүүхэлдэй өөрийнхөө донжийг өөрөө л олдог.

    Уран бүтээл эхлэхдээ өөрийгөө хоосолж бэлдэж байгаад санаануудаар дүүрээд ирэхээр нь хийдэг. Нэг төрсөн санаа дахин давтагддаггүй. Сэтгэлээсээ сэтгэл тасалж хийдэг учраас хүүхэлдэйгээ зарж чаддаггүй. Нэг удаа үзэсгэлэнгээ гаргачихаад хүүхэлдэйнүүдээ заруулахаар шавь нартаа өгсөн юм. Гэтэл “Сувинер хауст” тавьчихсан байсныг хараад их хэцүү болсон. Мөнгөтэй бол буцаагаад авчих юмсан гэж бодогдсон шүү. Өөрийн бүх сэтгэлээ шингээж хийдэг учраас миний хүүхэлдэйнүүд өөр өөрийн онцлог араншинтай, амьд болдог.

    -Гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?

    -Тэдний үзээгүй юмыг үзүүлж байгаа юм чинь ангайна шүү дээ. Японд болсон үзэсгэлэнд Осом Бошо гэдэг япон брэнд хүүхэлдэй хийдэг 80 настай хөгшин бий. Би тэр хүнтэй танилцаад хүүхэлдэйгээ үзүүлсэн чинь “Хүүхэлдэй чинь амьтай юм байна” гэж намайг үнэлсэн. Би тэр хүнийг багшаа гэдэг юм. Тэгээд төлөвлөж байгаад сая хамтарч үзэсгэлэнгээ гаргалаа. Япончууд миний хүүхэлдэйг маш их сонирхсон. Японы сонинд миний тухай гарсан. /инээв.сур/

    Тэнд хүүхэлдэй маш үнэтэй. Жирийн худалдаан европ хүүхэлдэй 7-8 сая төгрөгөөр зарагдаж байна. Осом Бошо багшид хоёр тэрбум төгрөгөөр үнэлсэн хүүхэлдэй ч байна лээ. Японы гүнж нарын кимоног хийдэг гараар нэхсэн даавуугаар 30 жилийн өмнө хийсэн юм билээ. Түүнийгээ зарахгүй, хэр баргийн үзэсгэлэнд гаргадаггүй. Сая хамтарсан үзэсгэлэнд гаргасан.

    -Цаашид ямар мөрөөдөл төлөвлөгөөтэй байна.Монгол брэнд болгохын тулд юу хийх вэ?

    -108 цамын хүүхэлдэй хийх бодол байна. Хатгамал, нэхмэл, сийлбэр, баримал, шуумал, дархан гээд олон төрөл нийлж байж бүтнэ. Шарын шашин хөгжих үед 108 цамыг хийхдээ уг үндэс нь бөөгийн филисофи байсан юм билээ. Дамдиндорлигийг замбуулинд буулгахын тулд 108 цам зохиогдсон. Дамдиндорлиг бол эрлэг номун хаан. Нарны бурхан бол хатан нь гэж үздэг. Энэ талаар нэлээд судалсан. 70 см орчим өндөртэй 108 цамын хүүхэлдэй хийхэд надаас маш их ур чадвар, хөдөлмөр шаардана. Алт, мөнгө, шүр, сувд гээд хэрэгтэй бүх зүйлийг ашиглана.

    Хэрэв 108 цамаа хийж чадвал дэлхийн улс орнуудын төв талбай дээр дэг ёсных нь дагуу цамлуулах хүсэл байна. Энэ нь дэлхийн бүх хүн амьтан эрүүл энх, сайн сайхан байгаасай гэсэн зорилготой. Улс орнуудаар явж ирсэн 108 цам маань эх орныхоо төв талбайд дэлхийн сайн сайхан энерги бүгдийг авчирна. Тэгээд жижигхэн музей байгуулж үлдээе гэсэн том хүсэлтэй байна. Биелүүлэхийг хичээх болно.

    https://www.facebook.com/enkht…

    Эх сурвалж: Зууны мэдээ

    Монгол гар урлалын нэгдсэн цомог үзэх

  • Тэмээний өв соёл

    Малын соёл (Тэмээ)

    Монголчууд найрсаг, зочломтгой, зан харилцаа сайтай, ухаан сэргэлэн, хэл яриа хурц, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвартай, туйлын тэвчээр, хүлээцтэй, малын соёлоо ихэд дээдэлдэг ариун нандин ёс заншилтай ард түмэн билээ. Залуучууд улс орны хөгжил дэвшилд нийцэх замаар төв суурин бараадаж ажил, сургууль, соёлын мөр хөөх болсоныг буруутгах аргагүй ч нүүдлийн соёл иргэншил, үндэсний үнэт зүйлс болсон малын соёлоо мартаж үл болмуй.

    МОНГОЛ ХҮНИЙ БУЯН АМЬД ТАВАН ЭРДЭНЭ

    ТҮҮНИЙ СОЁЛ, ЁС ЗАНШИЛ

    Монгол Улсын эдийн засгийн үндэс суурь нь болсон билчээрийн мал аж ахуй бол олон мянган жилийн туршид байгаль, цаг агаарын хатуу ширүүн шалгарлаар жилийн дөрвөн улиралтай энэ нутагт идээшиж, дасан зохицсон монгол хүний нүүдлийн  соёл иргэншилд тохирсон, тал бүрийн өндөр ашиг шимтэй манай улсын үндэсний үнэт баялаг юм.

    Багш, эцэг эхчүүд ээ, хүүхдүүдтэйгээ хамт уншаарай.

    ЭЛСЭН ГОВИЙН ХӨЛӨГ БУЮУ ХОЁР БӨХТ МОНГОЛ ТЭМЭЭ

    Тэмээний удам угшил:

    Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн (Өмнөговь аймаг), Ламын гэгээний жаахан шар/улаан (Баянхонгор аймаг)Дөхөм тунгалагийн хос зогдорт (Говь-Алтай аймаг) зэрэг тэмээний угшлууд бий.

    Тэмээ таван хошуу малын минь нэг

    Тэмээ таван амьд эрдэнийн минь нэг

    Тэмээ таван тивийн улсаас манайд олон бий

    Тэмээ тал, хангай, говь гурвал нутагт минь бий

    Тэмээг дотор нь ботго, тором, шилбэ /гурван наст/, /дөрвөн наст/, эм нь гунж гэх ба эр нь тайлаг  ат, ингэ, буур, гэж ангилдаг. Мөн тэмээг шүдээр нь ангилахдаа 2 ба 4 шүдтэй бага залуу ат, 6 шүдтэй нас гүйцсэн ат, ингэ, буур хэмээн нэрлэдэг.

    Тэмээ төллөх: Тэмээ жил өнжиж ботголдог тул бусад малаас өсөлт удаан байдаг бөгөөд маллагаа дутагдвал төл бүр мал болох магадлал багатай учир хариулага, арчилгааг ихээхэн шаарддаг.

    Ингэ шилрэх: Боос ингэ ботголох болохоороо нэг л тогтворгүй болж, хөл нь хөнгөрөн, алсыг харж, ийш тийш алхлан ижлээсээ сэм салж, хол явахыг шилрэх гэнэ. Шилэрсэн ингэ ботгоо осгоож төл алдах магадлал өндөр тул өдөрт хариулж, шөнөд уяж хөллөх зэргээр сайн хамгаалах хэрэгтэй.

    Нялх ботго урт хүзүүтэй ч эхээс төрсний дараа нэг сар болохоос нааш хошуу нь газарт хүрдэггүйгээрээ онцлог бөгөөд хошуу нь газарт хүрмэгц өвсөнд ордог. Ингэ ихэр ботго гаргах нь их ховор байдаг тул ингэ ихэрлэсэн тохиолдолд ихэд бэлэгшээж, олон нийтэд зарлан өргөмжилж түүхэнд бичиж үлдээдэг.

    Ботгоны магтаал

    Тугал хоёр нүдтэй

    Туг ширээ бөхтэй

        Өндөр сайхан хүзүүтэй

            Уянгат сайхан дуутай

    Борогч ингэнээс гарсан

    Борхон хөөрхөн ботго

    Ардын аман зохиол

    Тэмээний магтаал

    Дөрвөн хөлтэй

    Дөрвөлжин биетэй

    Гонзгой толгойтой

    Гурвалжин хондлойтой

    Өргөн хүзүүтэй

    Өндөр биетэй

    Хялгасан зогдортой

    Хялганан сахалтай

    Туулай хамартай

    Тугал нүдтэй

    Ширээ бөхтэй

    Шижим ногттой

    Галбад оршдог

    Ганган улаан тэмээ

    Ингэ хөөслөх: Тэмээ том биетэй, хүдэр чийрэг ч их уярамтгай билээ. Ботгоо голсон ингэний ботгыг авхуулахад хөөс хөөс гэж уянгалуулан аялахыг ингэ хөөслөх гэдэг. Мөн морин хуур, лимбэ хөгжмөөр ая тоглож эхийг уяраан ботгыг авхуулахад ботгоо үнэрлэн гунганаж, хоёр нүднээсээ бөөн, бөөн нулимс унагаж байдаг уян зөөлөн мал билээ.

    Ботго, ингийг уях: Ботгыг нялх багад нь уяхдаа зөв, урд хөлний өвдөгөөр уях ба томрохоор нь ногтлон уяна. Эмнэг ботгыг шууд ногтлож уяхад хүзүүгээ хугалах эрсдэлтэй тул багад нь сайн номхруулах шаардлагатай. Номхорч цагаашраагүй ингийг саахдаа зөв хойт хөлийг зузаан гуяар нь дээсээр оосорлон ар тийш татах буюу гадаснаас уяна. Үүнийг тэлүүрдэх /татуурдах/ гэнэ.

    Тэмээний дуу авиа: Тэмээ буйлах, гунганах, орилж сэвслэх, хамраа шуухируулах, орсон буур эрүүгээ дагших, хүрхрэх, шүдээ хавирах зэрэг дуу авиа гаргахаас гадна усыг чимээ гарган сорж уудаг.

    Тэмээний дуудлага: Тэмээг хэвтүүлэхдээ “сөөг сөг” хэмээн сөглөх ба босгохдоо “хөөг, хөж, чүү” гэнэ. Тэмээнд ачаа ачаад ар, араас уяхыг шөрхлөх гэнэ. Ачаатай тэмээг анх хөдөлгөхдөө “хөөг” хэмээн өндөр дуугаар уянгалуулан чимээ өгөхөд тэмээнүүд бүгд нэгэн зэрэг хөдөлдөг. Холын замд удаан хугацаагаар явсны дараа түр зогсохдоо “шээр, шээр” хэмээхэд ачаатай тэмээнүүд нэгэн зэрэг шахам шээдэг тун ч дуулгавартай, ухаантай мал билээ. Ус, хужир өгөхөд ойрмогхон байгаа тэмээг “тоор, тоор” хэмээн тоорлоход цувран ирдэг.

    Тэмээний түүх домог, хууч яриа: Тэмээг ус ууж байхад нь буга ирээд найранд очиход шалдан толгойтой муухай байна би эврээр чинь гоёчихоод аваад ирье гэж хэлээд тэмээний эврийг гуйж аваад явсан гэнэ. Түүнээс хойш тэмээ ус уух болгондоо байн, байн алсыг харж зогсдог нь найранд явсан буга эврийг минь авчирч  магадгүй хэмээн горьдон харж буй нь тэр гэнэ. Хулгана, тэмээ хоёр 12 жилд орохоор маргалдсаны эцэст хэн өглөөний нарыг түрүүлж харсан нь жилд багтахаар тохирч гэнэ. Тэмээ өндрөөрөө би эхэлж нар үзнэ гээд урагш нар гарах зүгт хараад зогсоход хулгана хойт бөхөн дээр нь уулын оройд нар тусахыг хүлээгээд сууж гэнэ. Уулын оройд нар тусахыг харсан хулгана би эхэлж нарыг харлаа хэмээн үсрэн бууж, хаясан үнсэн доогуур оржээ. Үүнээс хойш тэмээ хаясан үнс хараад хулганад өшиж хөрвөөдөг болсон гэнэ.

    Ховд аймгийн нэгэн жинчний мэлтгэр хүрэн гэдэг тэмээ ямар ч уулын өндрөөс сүр цохидоггүй тэмээ байсан гэнэ. Оросын нутагт байх алдарт Чуйн замын өндөр даваагаар давахад уулын өндрөөс сүр цохиж ачаатай тэмээ их осолддог тул бүх тэмээний нүдийг боож уул давуулахад ганц мэлтгэр хүрэнгийн нүдийг боодоггүй байсан хэмээн эзэн нь дурсан бичсэн байдаг.

    Орсон буур: Өвлийн ид хүйтнээр буур орохдоо цагаан хөөс цахруулан шүдээ хавирч, шилээ шөргөөж, хүрхэрч шавиад муухай загнан ижил сүрэгтээ хүн мал ойртуулахгүй дов, сондуулд хөрвөөх, ойртсон хүн малыг хөөх зэргээр сүр хүчийг үзүүлдэг. Орсон бууртай тэмээнд чоно ч айгаад ойртдогүй билээ. Үүнээс үүдэн чоно Орсон буурны дуу сонссоноос, Оготор шарын дуу сонссон нь дээр гэсэн домог яриа байдаг. Орсон бууранд морьтой хүн хөөгдөж бууранд бариулсан, суудлын машиныг шөргөөж өмнүүр хэрж хөндөлдөөд явуулахгүй байсан гээд баримттай болсон явдал, хууч яриа олон байдаг. Говийн нэгэн аймагт жанжин хүрэн хэмээх буур ид орооныхоо үед өөр нэгэн бууртай тэмцэлдэн хүч тэнцээд бие, биеэ отож хөдлөхгүй хэвтсээр хоёул тэндээ үхсэн гэсэн домог яриа ч тэмдэглэгдэн үлджээ.

    Буур унасан хүн босоо буудаггүй. Дээхнэ үед нэгэн хүн орсон бууранд хөөгдөж худагт оржээ. Гэтэл нөгөө буур нь худгийн амыг таглан дээр нь хэвтэхэд нөгөө хүн буурыг босгох санаатай дороос нь хутгаар гэдсийг зүсэхэд буур босолгүй байсаар хоёул тэндээ үхсэн эмгэнэлт явдал байдаг. 

    Зан төрх: Тэмээ бол их сониуч зантай амьтан бөгөөд аливаа зүйлийг харж сонирхох, үнэрлэх түүнээсээ үргэж тоглох, эзэн хүндээ эрхлэх, хол газар тасралтгүй ширүүн явахад орилж хад, харгана, буттай газар хоргодон хэвтэх, үнсэн дээр хөрвөөж, дэвслэх, өглөө үүрээр бусад малаас түрүүлэн бэлчих, шилээ шөргөөж буур болон бие, биетэйгээ тохуурхан ноцолдох, хоорондоо хэрэлдэх, бурантаг хазах /Энэ нь уясан уяанаас алдуурахын тулд зарим тэмээ бурантагыг шүдээрээ хазаж тасладаг/ уяа тайлах /уясан уяаг мөн шүдээрээ тайлах/ зэрэг зан авир гаргадаг.

    Бурантаг хаздаг тэмээний ойролцоо уясан бурантаг хаздаггүй тэмээ нь нэгнийгээ дууриаж бурантагаа зуух буюу хазаж сурах зэргээр дуураймтгай зан гаргадаг.  Тэмээ их хужирсаг тул бударгана шарилжаар голдуу хооллоно. Зуны халуунд олон хоног усгүй явж чаддаг нь хоёр бөхөндөө усаа хуримтлуулж, түүнээсэээ цангаагаа тайлдагтай холбоотой. Зуны халуунд салхи сөрж алхахдаа ижил сүргээсээ тасарч өөр сүрэгт нийлэх, ганцаараа явах зэрэг хэнэггүй зан гаргадаг, холын билчээртэй, урт хөлийн мал билээ.

    Тэмээ зуны дунд сард даарахыг яана, өвлийн дунд сард цангахыг яана гэдэг гэнэ. Тийм ч учир өвлийн тэмээ зуны тэмээнээс илүү их цангаж ойр, ойрхон ус уудаг ажээ.

    Тэмээгээр цаг агаарыг шинжихүй: Тэмээ бөөнөөрөө ойр байгаа нөмөртэй газар болон бууц бараадан хөлөөрөө газар малтаж хэвтэх, хонины хот, хороо булаалдах,  өглөө бэлчихгүй хотондоо хоргодох, хамраа тургилан шуухирах, хүзүүгээ сунган газар тавьж идээшлэхгүй өдөржин хэвтэхэд цаг агаар эрс муудаж тэнгэр ихээр хүйтэрдэг. Орой хураасан тэмээ тарж хэвтэх буюу шөнө болон өглөө эртлэн бэлчихэд тэнгэр дулаардаг.

    Ашиг шим: Тэмээг унах, ачих холын аян жин тээх зэргээр эдэлгээнд оруулж хол, ойрын ажлаа амжуулахын зэрэгцээ тэмээний ноосоор дээс томох, утас ээрэх зэрэг гэр ахуйн эдэлгээ даах сайн чанарын эдлэл хийж, ахуйн хэрэглээндээ өргөн ашигладаг. Малчид ганган гоёмсог тэмээгээ тохошны ат хэмээн гоёлд унадаг.

    Ингэний сүүгээр ундаа, хоормог, өрөм, ааруул хийж, цай сүлж,  шимийн архи нэрнэ. Тэмээний мах өөхийг хүнсэнд өргөн хэрэглэдэг.

    Тэмээг хол, ойрын бүхий л ачаа бараа тээвэрлэхдээ тэргэнд хөллөх, хомнож нуруу ачих, ганзагалах, тохох гээд ачааны төрөл хэмжээ, хүнд хөнгөнөөс хамаарч янз бүрээр ашигладаг.

    Тэмээний тоног хэрэгсэл: Тэмээ нь хүйтний улирал өвөл, хаврын цагт уналга, ачлаганд хэрэглэхэд тохиромжтойн дээр эдэлгээнд оруулахдаа тусгай тоног хэрэгсэл ашигладаг. Унаж эдлэхэд буйл, бурантаг, ногт, жолоо, таваглаа /тавагч, тавхайч гэж нэрлэх нь бий. Энэ нь эмнэг догшин тэмээг унахад урд хоёр хөлний тавхайгаар уяж хэвтүүлэхэд тусгайлан хэрэглэнэ./ тохош, ташуур, тушаа, бугуйл, зэргийг хэрэглэнэ. Тэмээний тохош нь ширмэл цагаан эсгий, хивсэн тохошнуудыг тохдог. Ачиж нүүхэд хом, шат болон хомны сур, тэнжээний сур, татлаганы сур, дээс зэргийг хэрэглэдэг. Машин техник гараагүй байхад тэмээгээр гэрээ нүүлгэх, хүүхдээ хунз, араганд хийж ачих, гадаад дотоодын аян жинд явах зэргээр ашигладаг байсан.

    Тэмээний хэрэглэлийн хэмжээс: Буйл нь ац баатар хоёрын хооронд барим, бурантаг алд дэлэм буюу 2 м гаруй, хомны суранд 7 алд, татлаганы суранд 13 алд, тэнжээний суранд 8 алд сур тус, тус ордог. Тэмээг олноор уяж сойход урт зэл татаж, зэлэндээ эргүүлэг бүхий уяанаас уядаг.

    Тэмээнээс болгоомжлох нь: Эмнэг догшин гэлтгүй тэмээ нь барьж оосорлох, унаж, ачихад үргэж туйлах, мордох үед босон харайх, тушихаар хөлд нь суухад урд хөлөөрөө таврах, араар нь ойрхон гарахад хойт хөлөөрөө тийрэх, орсон буур хүнийг барих, чээжээрээ түрж унаган дороо хийж өвдөглөн дээрээс нь хөрвөөх, унаа малаас нь авч хаях зэрэг эрсдэлтэй тул болгоомжлох хэрэгтэй.

    Тэмээ хомнох: Тэмээнд ачаа ачихын өмнө хомнож бэлтгэхдээ тэмээг хом шатаар хомнох бол шатны хоорондх олмон /уяан/  дээр тэмээгээ хэвтүүлж шатны олмыг тэмээний том багад тохируулж уяад ороолтны эсгийгээр тэмээнийг биеийг хойт урд талд нь хошуулдан нугалж ороогоод бамбайг хоёр талд нь барьж, эхлээд шатны хойт битүү тушааг бэхэлж, урд тушаагаар чанга сулыг тохируулан чангалж уядаг.

    Ороолт бамбай нь тэмээний биеийг холгохгүй хамгаалах, шат нь хом бамбайг тогтоон барих, шатны эмээл нь бамбайг хоёр тийш унахаас хамгаалдаг. Хомносон хомон дээрээ өөг тавьдаг. Энэ нь хомны бамбайг унагахгүй байх бас нэг тохом болж өгдөг. /зарим газар өөш ч гэж нэрлэдэг/ Гэрээ нүүлгэхэд тэр бүр хомоор хомнох боломжгүй тул хана, униар тэмээгээ хомнож ачдаг. Хом нь тэмээний ачаа даах чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс:

    Тэмээ хомоо даана

     Хом ачаагаа даана хэмээх бөгөөд үүнийг нуруу ачих гэдэг. Ачиж сурсан тэмээ хомны хооронд буюу газарт сунгаж тавьсан хом татлаган дээгүүр гарангуутаа өөрөө хэвтдэг тун ч мэдрэмтгий бөгөөд ухаалаг мал юм. Атан тэмээнд 150-250 кг хүртэлх ачаа ачдаг байна. Хомонд Ороолт эсгий-1, бамбай-2 ба 4 байх бөгөөд эдгээрийг цагаан эсгийгээр оёж хийдэг.

    Тэмээнд тэрэг хөллөхөд урд бөхөнд бөхөвч бүхий хөмөлдрөгө хийж тэрэгний арлыг тогтоодог.

    Жин тээх: Машин техник гараагүй байсан тэр цагт атан тэмээг дотоодын аян нь хөдөө орон нутгаас Хатгал, Ханх, Улаанбаатар зэрэг болон говиос хангайд хужир давс зөөх, хангайгаас говьд мод татах зэрэгт авто машины оронд тээвэрт өргөн ашиглаж байв.

    Говь-Алтайгаас Улаанбаатар хот ороход нэг талдаа 18-20 хоног зарцуулж байсан байна. /энэ нь 800 гаруй км/ Холын аян буюу Бээжин, Хөх хот, Альшаа, Гүмбэнгийн аянд намар яваад хавар ирдэг байжээ. Холын аянд тэмээний алхааг тохируулах гэдэг нэг чухал зүйл байдаг. Энэ нь том алхаатай тэмээг хамгийн сүүлд нь шөрхлөдөг тэр тэмээнд пүлэнг /хонх/  зүүдэг нь ачаа сууж /ачаатай тэмээ нэг ба олноор сугарч хоцрохыг хэлнэ/ хоцрохоос сэргийлж буй явдал болно. 

    Тэмээний уралдаан: Орчин үед тэмээг уралдуулах, тэмээн поло тоглуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна. Баяр ёслолын /их говийн тэмээний баяруудаар/ үеэр гоёлын нөмрөг, бэлэгдлийн эвэр, нар, хулгана зэрэг тэмээний түүх домогтой холбоотой зүйлийг хийж тэмээг гоёж хэрэглэх нь ажиглагдаж байна.

    Монгол тэмээ Геннесийн номонд: Монголчүүд хоёр бөхт тэмээгээ дэлхийн геннесийн дээд амжилт тогтоолгохоор Өмнөговь аймагт 2016.03.06-07-ны өдрүүдэд тэмээг сургах, буйллах, уналга, эдэлгээнд хэрэлэдэг соёлоо харуулсан олон талт арга хэмжээ явуулж үзүүлсэн. Мөн Монголын 11 аймгийн 1132 тэмээг гарааны зурхайгаас нэгэн зэрэг амжилттай гарган 15 км зам туулан уралдуулж, 1108 тэмээ барианд оруулснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, ЮНЕСКО-д бүртгүүллээ. Урьд нь ӨМӨЗ орон 550 тэмээгээр дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.

    Тэмээний уралдааныг бага нас буюу торомны, дунд нас буюу тайлагны, дээд нас буюу атны хэмээн гурав ангилан уралдуулдаг бөгөөд уралдах тэмээний уяа сойлгыг хурдан морины нэгэн адил уяаг нь тааруулдаг. Тэмээний уралдаанд заавал хүүхэд гэхгүй насанд хүрэгчид унадагаараа морины уралдаанаас өвөрмөц байдаг. Уралдаанд түрүүлж айрагдсан тэмээний цолыг морины цолны нэгэн адил дууддаг ёстой.

    Өмнөговь аймгийн хөдөлмөрийн баатар тэмээчин Хүрээт гуай 1970-аад оны үед тэмээний цолыг дууддаг байжээ. Мандал-Овоо сумын тэмээчин ардын авьяастан Г.Оргой гуай 1980-аад оны үед тэмээний цолыг зохиож хэлсэн байдаг. Мөн “Малчин телевиз”-ийн сэтгүүлч Шагдарсүрэнгийн зохиосон тэмээний цол бий. ӨМӨЗО-ы Альшаа хошуунаас гаралтай тэмээний цол байдаг гэнэ.

                                    Х.Ивансан, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум

    Түрүүлсэн тэмээний цол

    ………………аймгийн…………сумын………багийн ард……..ийн тэмээн сүргийн дотроос…………баяр наадамд түрүүлэн ирсэн энэ хурдан тэмээнүдийн алдар цолыг өргөн дуудья.

                Наадмын асрын өмнө

                Нарийн сайхан

                Бурантаг юугаа өргүүлж

                Алдар цолоо дуудуулсан

                            Энэ тэмээний эрхэм шинж нь гэвэл

    Арванхоёр жилийн шинжийг

    Алдалгүй өөртөө хадгалсан

    Атан сайхан тэмээгээ       

                Уралдааны замд нь гаргаад

                Гарааны зурхайгаас эргүүлэхэд

                Хулгана чихийг хулмалзуулан

                Хөнгөн сайхан тэшин гарав

    Хонин ноосыг сагсалзуулан

    Хоолой хөндийг туулан гарав

    Могой нүдийг тормолзуулан

    Морин зогдорыг сугсалзуулан

    Заг тооройд сааталгүй тэшдэг

    Зандан хүрэн сүргийн манлай

    Гахай сүүлийг эвхэн буулган

    Газрын холоос тэшин гүйдэг

    Нохой нимгэн гуятай

    Номхон төлөв зантай

    Үхэр бүдүүн гэдэстэй

    Үржил шим арвинтай

    Бичин хоёр бөхөндөө

    Сүрлэг шинжийг хадгалсан

    Туулай жаахан хамартаа

    Хөөрхөн шинжийг агуулсан

    Турлаг сайхан биеэндээ

    Тэнхээ чадлыг илтгэсэн

    Уран сайхан хүзүү нь

    Хурмастын лууны шинжтэй

    Уянга сайхан дуу нь

    Хуур лимбийн эгшигтэй

    Бартаат замд сааталгүй

                Барын тавгийг гялалзуулан

    Барианы газар түрүүлэн ирэхдээ

    Тахиа өрөвлөгтэй тэргүүнээ

    Тоногтой ногтоор ногтлуулсан

    Тохош ташуур тушааны

    Донж маяг нь тохирсон

    Хурсан олноо цэнгүүлсэн

    Уясан эзнээ баярлуулсан

    Манант говийн чимэг

    Хурдан хавтгайн удам

    Монгол хүний буян

    Буурал халзан тзмээний             

    Буян хишиг нь дэлгэртүгэй

    Хурай, хурай, хурай.

    Тэмээний уралдаанд түрүүлж, айрагдсан тэмээг ийнхүү цолийг дуудаж занших нь тэмээний соёлын чухал нэг үзүүлэлт  болно. Нүүдэлчдийн тэмээний соёлыг хадгалан үлдэх, дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг хайрлан хамгаалах, тэмээ уяач малчдад урам өгч, тэмээн сүргээ өсгөхөд өөр, өөрсдийн хувь нэмрээ оруулья.

    Үргэлжлэл бий.

    Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын цэцэрлэгийн арга зүйч Х.Ивансан

    Цааш судалвал Тэмээг Хөх Мөнх ТНГР-ийн Атаа таван тэнгэрийн буултын нэг болдог бөгөөд тэмээг гаршуулсанаас эхлээд олон зуун өв соёл бий.

  • Б.Баярсайхан: Орчин үеийн морин хуурын урлалыг дэлхийн нумт хөгжмийн түвшинд хүргэхээр зорьсон

    Морин хуур урлаач мастерууд Монголд тоотой хэд бий. Эдгээр эрхмүүдийн төлөөлөл болсон урлаач бол яах аргагүй Монголын Морин Хуур Урлаачдын Холбооны тэргүүн, морин хуур урлаач Б.Баярсайхан билээ.

    http://morinkhuur.mn

    Бид энэ удаа түүнийг VIP Ярилцлага булангийнхаа зочноор урьж морин хуур урлалын талаар хэсэг хөөрөлдсөн юм. Ингээд морин хуур урлаач Б.Баярсайхантай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

    -Морин хуурийг анх хэзээнээс урлаж эхэлсэн бэ? Яагаад энэ замыг сонгов?

    -1992 оноос хойш 26 дахь жилдээ хөгжим урлалын чиглэлээр ажиллаж байна. Анх 1992 онд “Авьяас цогцолбор” нэртэй Нийслэлийн 93-р сургуульд суралцаж байхдаа Монголын нэрт хөгжмийн мастер  н.Жүгдэр багшийн шавь болсон юм.

    Тухайн үед олон сайн хуурчид багшийн хийсэн хуураар тоглож, би  хуурын аялгууг ойроос сонсож эхлээд хууранд дуртай болж хуур урлалыг сонирхож эхэлсэндээ.

    Дараа жилээс нь Улсын Үндэсний Хөгжмийн үйлдвэрт Б.Энхболд мастерийн дагалдангаар орж ажилласан. Үүнээс хойш  өнөөдрийг хүртэл мэргэжлийн морин хуурыг  урлаж байна. Хуур урлаж байх хугацаандаа 2001-2004 онд Англи улсын “Дурхам” хотод хийлийн мастер Tarquin Bolton –ны удирдлаган дор хийл урлал, альто хийл урлалын чиглэлээр сертификат хамгаалсан.

      Энэ нь Орчин үеийн морин хуур хөгжмийн урлалыг Дэлхийн нумт хөгжмийн түвшинд хүргэн хөгжүүлэх зорилгод минь

    түлхэц өгсөн юм.    

    -Өөрийн урлангийнхаа талаар уншигчдад танилцуулна уу?

    -1999 онд морин хуурын мастер, ах Б.Шинэбаяр, дүү Б.Баярсүрэн нартайгаа хамтран Bayaraa & Brothers буюу “Баяраа болон түүний ахан дүүс” компаниа байгуулсан.

    Тэр үеэс өөрсдийн гэсэн морин хуурын урлантай болъё гээд хорооллын байрны подволд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.

    2008 онд урлангаа “Pegasus” буюу  “Нисдэг морь” хэмээн нэрлэсэн.  Манай урлан Морин хуураа голчилж урладгаас гадна одоогийн байдлаар товшуур, арьсан хуур экэл, их хуур гэх мэт утсан хөгжмийн зэмсгүүдийг урлаж байна..

    -Урлангийн тань нэр их сонин санагдлаа. Ямар учраас “Pegasus” гэж нэрийдэх болов? Олон нийтийн зүгээс үндэсний хөгжмийн урлан гадаад нэртэй байна гэх шүүмжлэл байсан?

    -Урлангийнхаа нэрийг Хөхөө намжилын домгоос сэдэвлэн нисдэг морь гэж өгсөн. Мэдээж Монгол нэр өгч болох байсан. Гэхдээ морин хуур дэлхийн хөгжим боллоо.  Тухайлбал хоёр жилд нэг удаа манайд дэлхийн морин хуурын фестиваль зохион байгуулагдаж байгаа. Энэ фестивальд 10-15 орны хөгжим сонирхогчид оролцож байна.

    Мөн цахим ертөнц хөгжиж байгаа учир олон улсад цахим хуудсаараа дамжуулж захиалгаар урлах ажил нэлээд хийгдэж байгаа. Тиймээс гадаад хүнд ойлгомжтой нэр байвал зүгээр юм болов уу гэж бодсон. Нэг ёсондоо Монголыг гадаадад таниулах зорилгоор энэ нэрийг өгсөн юм.

    -Гадаадаас ирж буй захиалга хэр байна?

    -Ер нь гадаадаас хийгдэж буй захиалга олон бий. Нийт захиалагчийн 20-30 хувийг нь эзэлж байна. Сард 10 хөгжмийн захиалга орж ирнэ гэвэл 2-3 нь гадаад захиалагчид байдаг. 

     

    Сайн хуур урлахад 7-10 өдөр шаардагддаг

    -Морин хуурыг хэдий хугацаанд урладаг вэ?

    -Хөгжмөөсөө шалтгаалаад янз бүр байдаг. Хөгжмийн зэрэглэл буюу сургалтын эсвэл мэргэжлийн үү гэдгээс хамаарч материал, дизайн, хийц ямар байх, хэдий хугацаанд хийх нь шалтгаалдаг. Хамгийн хямдхан буюу сургалтын хуур гэж бодоход 7-10 хоног шаардагдах жишээтэй. Нарийн мэргэжлийн хуур нь хэдэн сарын хугацаанд бэлэн болдог.

    -Мэдээж шинэ бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй даваа. Пегасус урлан өнөөдрийн энэ хэмжээнд хүрэхийн тулд ямар саад, бартааг давав?

    -Анх урлангаа эхэлж байхад дээр дурдсан шиг өөрсдийн гэсэн байргүй, подволд ажлаа явуулдаг байлаа. Подволны бохирын хоолой задрах үе ч хэд хэдэн удаа байсан. Тэр үед ах дүү гурвуулаа хонон өнжиж, урлангаа үргэлжлүүлэн ажиллуулахын тулд бүхнээ зориулдаг байлаа. Тэр үед л хамгийн хүнд, хэцүү санагдаж байсан юм.

    Хуучны подволд том цонх байгаагүй учир өдөр шөнө болохыг ч мэдэхгүй, сарын хугацаанд урландаа амьдарч байсан үе бий. Мэдээж шантрах үе байсан л байх, гэхдээ өөрсдөө хийж буй ажилдаа дуртай байсан учир хэчнээн ядарч, шантарч байсан ч ажлынхаа ард гарах гэж зүтгэсэн.

    Тухайн үетэй харьцуулахад одоо техник технологи, цахилгаан хөрөө, харуул гэх мэт багаж хэрэгслүүд сайжирч байгаа учир хуучныг бодвол арай хурдан хугацаанд хийж болохоор болсон.

    Одоо бодоход бүх зүйлийг өөрийн гараар хийдэг байсан нь хамгийн хүндрэлтэй нь байжээ.

    -Өдрийн хэдэн цагийг ажилдаа зарцуулдаг вэ?

    -Өдөрт ажилдаа 8-10 цаг зарцуулдаг. Зарим үед уран бүтээлч хүний онгод орно гэдэг шиг ажилдаа улайраад суувал шөнө болтол ажиллана. Сэтгэл санаа өөдрөг, өнөөдөр л мод сонсох/хөг тавихад тохиромжтой буюу хөг хөгөлгөөгөө сайн сонсох/ юм байна даа гэвэл шөнө болтол суудаг.

    -Таны хувьд хамгийн сайн болсон бүтээлээ нэрлээч гэвэл?

    -Уран бүтээлч хүн гаргаж байгаа бүтээл бүхнээ сэтгэлээ шингээн хийдэг. Бүтээл болгоныгоо л сайн болгоё гэж бодсон. Хөгжмийн зэмсгийг бид амьд гэж үздэг. Тухайн үеийн жижиг алдаанаас болж хүссэн дуугаралт гарахгүй тохиолдол олон байдаг. Ер нь хөгжим урлаач хүний хамгийн сайн бүтээл нь дуугаралт сайтай хөгжим гэж хэлж болно.

    Гоё дуугарч байж тайзан дээр тоглоочийнхоо ур чадварыг сонсогчдод илүү өндөр хэмжээнд хүргэж чадна. Алдартай морин хуурч, хөгжмийн зохиолч Х.Алтантуг багшийн маань хуучин Ардын Дуу Бүжгийн Чуулгын тайзан дээр тоглож байсан хуур их гоё санагддаг.

    Дэлхийн түвшинтэй харьцуулбал Монгол хөгжим урлаачдын үнэлгээ өндөр биш. Мэргэжилдээ дуртай хүн л энэ салбарт үлдэж чадна. Цэвэр мөнгө, бизнес талаас нь бодсон бол амар биш.

    АНУ-ын Феникс мужид оршдог Дэлхийн хөгжмийн зэмсгийн музей /MIM Musical Instruments musiem /-д Монголын өв соёлыг төлөөлөн, урласан  Морин хуур хөгжим маань тавигдсан байдаг. Алдартай музейд манай бүтээлээс сонгон тавьсанд нь баярлаж явдаг. Энэ нь нэг ёсондоо Монголын үндэсний хөгжмийг дэлхийд таниулах нэг хэлбэр юм.

    -Сүүлийн үед хүн бүр гэртээ морин хуур залж, үр хүүхдүүдээ үндэсний хөгжмийн дугуйланд хамруулах болж. Үүнд юу нөлөөлсөн гэж та хувьдаа бодож байна?

    -Морин хуур өөрөө тэр чигтээ гайхамшиг. Монгол хүн бүр морин хуур гэдэг үгийг сонсохоороо л омогшиж байдаг. 2002 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди албан байгууллага, хувь хүн бүхэн морин хуураа дээдлэх зарлиг гаргасан. Энэ зарлиг нь морин хуур түгэн дэлгэрэхэд нэг талаар нөлөөлсөн гэж хэлж болно.

    Нөгөөтээгүүр сүүлийн үед манайхан гэр бүл, үр хүүхэдтэйгээ гадаад уруу аялах, эсвэл амьдрахаар их явах болсон. Түүнчлэн гадаадад буй монголчууд эх орноо сурталчлах, танин мэдүүлэх хүсэлтэй учир хүүхдүүддээ үндэсний хөгжим сургах нь ихэссэн гэж боддог.

    Нийгэм өөрөө чөлөөтэй болж, хүн юу дуртайгаа сурах боломжтой учир аяндаа гарч ирж байна гэж ойлгож байгаа. 

     

    Монголоос олон улсын сайн тоглоочид гараасай гэж хүсдэг

    -Морин хуурын ая сонсохоор сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй огшоод байдаг. Энэ нь монгол хүн учир сэтгэлд ингэж их тод тусаад байна уу. Эсвэл эл хөгжим өөрөө тийм гайхамшигтай юм уу?

    -Ерөнхийдөө монгол хүн гэхээсээ илүүтэй хөгжимдөө байдаг. Манайхан “Этүгэн” гэж хамтлаг байгуулаад 2000-2010 оны хооронд дэлхийн арваад орноор тоглолт хийгээд явсан л даа. Морин хуур, Монголынхоо соёлыг сурталчлаад явж байхад хүмүүсийн хүлээж авах нь харилцан адилгүй нь ажиглагдсан. Гэхдээ ганц монгол хүн гэлтгүй хөгжмийн мэдрэмжтэй ямар ч хүн анх сонссон их өндөр түвшинд хүлээж авдаг.

    Нэг талаар монгол хүн д л байх мэдрэмж бий. Тухайлбал гадаад хүн хуурыг 10 жил хичээнгүй сураад тоглох, монгол хүн хоёр жилийн дотор сураад тоглоход монголчуудаас гарч буй аялгуу арай л өөр. Энэ нь мэдрэмж нь цаашлаад монгол хүний цусанд байдаг гэж хэлж болно.

    бүх хөгжимтэй тохирдог, язгуур, сонгодог төрлийн аяыг алийг нь ч тоглож болох

    -Ойрын хэдэн жил гадаад хүмүүс морин хуурыг сурах нь ихэссэн. Нэг талаар үндэснийхээ хөгжмийг дэлхийд таниулж байна гэдэг. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүс үүнийг эсэргүүцэж байгаа. Энэ талаарх таны бодол?

    -Монголчуудад иймэрхүү сэтгэлгээ байсан нь дээр гэж би боддог. Гэхдээ хэт юмыг өмчлөх бол тийм сайн зүйл би. Ялангуяа манай хөгжим дэлхийн түвшинд тараад, болж өгвөл дэлхийн хуурчид хоорондоо өрсөлддөг, олон улсын сайн тоглоочид бий болоосой гэж хүсдэг.

    Үндэсний хөгжмийг маань гадаадууд сонирхож байгаад нь би нэг талдаа баяртай байдаг.

    -Мөн сүүлийн үед үндэсний хөгжмийг поп урсгалтай нийлүүлж уран бүтээл туурвиж байгаа. Гэвч энэ нь хэт ихэсвэл үндэсний гэх зүйлээ алдахад хүргэх нь гэсэн айдас байна?

    -Мэдээж хүүхэд залуусын сэтгэлгээ, сонголтыг хязгаарлах аргагүй. Сонсогч, хүлээн авагчид байгаа учраас тэр бүтээл, чиглэлийг үгүйсгэх боломжгүй. Хуучны нандин зүйлсээ алдах гээд байгаа гэдэг нь үнэн. Уламжилж ирсэн маниар, техник, уртын дууны нугалаа гэх мэт эдгээрийг мэддэг чадвартай мастер хүмүүс нь цөөрөөд байна.

    Залуучууд нь тэр бүхнийг өвөлж авах хүсэлтэй юу гэхээр үгүй. Сүүлийн үед буцаад уртын дуу тоглох ур чадварыг бүрэн эзэмшсэн багш, тоглоочид багассан гэдгийг ойлгож, авч үлдэхийг хүсэх болж.

    -Ажиглаад байхад морин хуур сонгодог, язгуур гээд бүх төрлийн хөгжимтэй зохицож сонсогддог. Энэ нь хуур хөгжмийн бас нэг гайхамшиг байх?

    -Хялгасыг хялгасаар хөрөөдөж аялгуу гаргадаг цорын ганц хөгжим морин хуур юм. Харахад хоёр чавхдастай мэт харагдаж байгаа ч, нэг чавхдас нь 100 гаруй хялгас байдаг. Энэ нь нэг онцлог юм.

    Түүнчлэн тоглохдоо хялгасан дээр хуруугаараа дарж биш, хумсны толиогоороо хажуугаас нь дарж тоглодог учир гарч буй дуу, авиа нь өөр байдаг. Англид хийл урлалаар явж байхдаа энэ өнгөний ялгааг мэдэрсэн юм.

    Дэлхий дээр бүх хөгжимтэй тохирдог, язгуур, сонгодог төрлийн аяыг алийг нь ч тоглож болох хувирамтгай чанартай хөгжим ховор. Эдгээр хөгжмийн нэг нь морин хуур юм.

    -Хэрэв сайн морин хуур авахыг хүсвэл ямар хуур сонгох ёстой вэ?

    -Хуур авахыг хүсвэл урлаачтайгаа нүүр тулан уулзаад, тухайн урлаачийн өөрийн гараар хийсэн бүтээлийг сонгох хэрэгтэй.

    Хамгийн гол нь дамжлагаар биш нэг урлаач эхнээс нь дуустал нь бүх юмыг өөрийн гараар хийсэн хуурыг авахыг зөвлөж байна. Учир нь тэр хуурт тухайн урлаачийн сэтгэл зүрх гээд бүгд шингэсэн байдаг.

    Болж өгвөл захиалгаар хийлгэх хэрэгтэй. Эсвэл тухайн урлаачийн хийсэн хуурыг худалдаж авах нь зөв.

    -Танай урлангаар орж ирэхэд морин толгойтой хийлний зураг анхаарал их татсан. Энэ хийлээ хэдэн онд урласан бэ? Яагаад заавал морин толгойтой хийл гэж?

    -Энэ хийлийг 2001-2004 онд Англид суралцаж байхдаа мастерын урланд хийж байсан. Хамгийн анхны хийлээ хийгээд эхэлчихсэн байлаа. Тэгсэн надад анхны хийлээ морин толгойтой хийвэл яадаг юм гэсэн санааг удирдагч мастер маань зөвлөсөн юм.

    Хийлийн толгойг хийх гэж таван толгой сольсон. Эхлээд морин хуурынхаа л дизайнаар бодоод хийсэн толгой маань тохирохгүй байсан. Олон толгой сольсны эцэст энэ морин толгойг урласан юм.

     

    Морин хуур тоглоочийнхоо зүрх сэтгэлд орж, дөлгөөн болгодог

    -Хөгжим хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Энэ талаар?

    -Хөгжим тоглож сурахын тулд нэгдүгээрт сууж сурах шаардлага гардаг. Энэ нь нэг ёсондоо тэвчээр их шаарддаг гэсэн үг. Эхлээд сууж сурч байж гайгүй өнгө гаргана гэхээс биш хэт их хөдөлгөөнтэй хүн сурна гэдэг хэцүү. Үүнээс эхлээд л байдаг байх гэж би боддог. Морин хуур хөгжим өөрөө тоглож байгаа хүнийхээ зүрх сэтгэлд орж, тайвшруулж, дөлгөөн даруу болгодог.

    Энэ нь хүний сэтгэлийг нэг ёсондоо зөөллөж, ааш занд нь нөлөөлж байгаа хэрэг юм.

    Ярилцсан: Ж. Хулан

    Эх сурвалж: ZALUU.COM – Үндэсний тэргүүлэгч сайт

    Мод хөглөөч

    Mongolian Economy

    Хорвоо дэлхийг бүүвэйлэх морин хуурын хоёрхон чавхдаснаас уянгалах зөөлөн аялгуугаар монгол орныг төсөөлөх гаднынхан цөөнгүй. Монголчууд бид ч мөн адил морин хуураа дээдлэн, өөрийгөө болоод өвөг дээдсийн ариун түүхийг энэ хөгжимтэй салшгүй холбоотой хэмээн үзэж хоймортоо залдаг. Тиймээс манай сэтгүүл энэ удаагийн “Made in Mongolia” буландаа морин хуур урлаачтай уулзлаа.

    Хуур хийхэд хамгийн тохиромжтой мод нь хус, хуш, нарс 

    Босго давах төдийд мод, цавууны үнэр хамар цоргиж тог тог гэх чимээ сонстох аж. Хамаг оюун санаагаа хийж буй зүйлдээ төвлөрүүлсэн 30 гаруй настай энэ эр орчин тойрноос тасарчихсан гэлтэй харагдана. Хүн орж ирсэн гэдгийг ч мэдэх сөхөөгүй нимгэн хавтгай модтой “ноцолдох” түүнийг “Bayar and Brothers” ХХК-ийн захирал, урлаач Б.Баярсайхан гэдэг. Энэ сонирхолтой үйлдэл нь сайн морин хуур урлах хамгийн чухал ажиллагаа ажээ. Түүний тогших хавтгай мод нь хуурын цар буюу ишний дор байрлах дөрвөлжин хайрцаг бүхий зүйлийн нэг тал нь аж. Ийнхүү тог тог тогших нь модыг хөглөж байгаа хэрэг. Б.Баярсайханы хэлснээр Мод бүхэн өөрийн хөг “хэл”-тэй байдаг гэнэ. Морин хуур урлаж буй хүн модны юу гэж хэлэхийг сонсож чаддаг мөн өөрийгөө ойлгуулдаг байх нь хамгийн чухал ажээ. Тиймээс мод тогшиж хөгийг нь тааруулж чадаж гэмээнэ морин хуур өөрийн гэсэн хөг аяыг гаргаж чаддаг байна. Морин хуурын ишний дор байрлах дундаа нүхтэй дөрвөлжин хэсгийг цар гэдэг байна. Энэ хэсгийг бүрдүүлж байгаа модыг сайн хөглөхгүй бол хуур сайхан дуугарч чадахгүй. Б. Баярсайхан урлаачийн хэлсэнчлэн “Хүн бүрт цар хөглөх өөр өөрийн гэсэн арга бий. Зарим нь модыг хөгжмийн эгшгээр хөглөж байхад нөгөө хэсэг нь нимгэн зузааныг нь шалгадаг. Харин би бол тогшиж хөглөдөг. Мод хөглөх нь нэлээд ур дүй, дадлага туршлага шаардсан ажил. Хэрвээ царны хөг буруу байх юм бол хэчнээн сайхан чавхдас байлаа гээд хуур олигтой дуугарахгүй” гэсэн юм.

    Тухайлбал, өсгөгчгүй чанга яригч дуугардаггүй шиг царгүй морин хуур хөг ая гаргаж чадахгүй. Мод ямар хөгтэй байх нь маш олон зүйлээс шалтгаалдаг юм байна. Тиймээс морин хуур хийх модыг хэд хэдэн шалгуураар сонгоно. Чухам ямар мод сонгохоос л морин хуур урлах ажил эхэлдэг гэсэн үг. Уулын хаанаас, хэдэн настай, хэрхэн хатаагдсан мод сонгох вэ гэдгийг нарийн шийдсний дараа модыг хэмжээний дагуу авдаг байна. Хуур хийхэд хамгийн тохиромжтой модонд нь хуш, хус, нарс орно. Ингээд сонгосон модоо наранд зөв хатаах ёстой. Яаж хатаах нь тухайн урлаачийн өөрийн гэсэн нууц гэнэ билээ. Хэр удаан зөв хатаана чанарждаг байна. Б.Баярсайхан “Би 20 -иод жил хуур урлаж байна. Би анх хуур хийхийн тулд хатааж авсан модоо одоо ч гэсэн хадгалдаг. Хамгийн нандин гэсэн захиалгатаа тэр модноосоо ашигладаг” гэсэн юм. Ийнхүү хатаасан модоор хамгийн түрүүнд захиалагчийн өгсөн загварын дагуу морин хуурын толгойн хэсгийг хийнэ. Үүний дараа ишийг нь хийх бөгөөд хуур захиалсан үйлчлүүлэгчийн онцлогт тохируулан өргөн, нарийн, урт, богино хийдэг байна. Энэ хооронд, мар, чих, нум гээд бусад зүйлийг бэлэн болгоно. Хамгийн сүүлд царыг хийх бөгөөд дээр дурьдсанчлан хөглөж мөн эрхий хуруун чинээ жижиг харуул, алх, хөрөө зэрэг сонихон багаж хэрэгслээр харуулдах, зүлгэх, зүсэх гээд нэмэлт ажлыг хийж гүйцэтгэнэ. Дөрвөн хавтан бэлтгэх ба нүүрэн хэсгийн хавтанд нүх гаргана. Энэ нүх мөн дуугаралтад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг учраас их учиртай. Үүний дараа бэлэн болсон хавтангуудыг хооронд нь нааж цар өөрийн гэсэн хэлбэр дүрсээ олно.

    Хуурын чавхдасын нэг нь л гэхэд 100-120 ширхэг сүүлнээс бүрддэг

    Урлаач сайн хуур хийж чадах эсэх нь түүний багаж хэрэгслээс ихээхэн хамааралтай. Одоо хорвоо дэлхийг гайхшруулсан хоёр чавхдасыг бэлтгэх ажил хүлээж буй. Морин хуурын чавхдасыг адууны сүүлээр хийх бөгөөд хууранд бэхлэх явцад тасрахааргүй бөх батыг сонгоно. Хэдийгээр харахад хоёрхон чавхдас байгаа мэт ч үнэндээ нэг чавхдас 100-120 ширхэг адууны нарийн сүүлнээс бүрддэг ажээ. Тиймээс ширхэг бүрийг сайтар шалгах хэрэгтэй. Дараагийн шатанд ийнхүү сонгосон сүүлээ боловсруулна. Хүн бүр өөр өөрийн аргаар боловсруулах ба хамгийн анхаарах зүйл нь сүүлийг гэмтээлгүйгээр цэвэрлэх явдал юм. Б.Баярсайхан сүүлийг цэвэрлэхдээ ихэвчлэн эдийн савангаар угаадаг гэнэ. Хэрвээ өөр төрлийн бодис угаалгын нунтгаар угаавал сүүлний тослог, бөх бат чанар алдагддаг байна. Ийнхүү чавхдасыг бэлэн болгосны дараа эд ангиудыг өөр хооронд нь холбоно.

    Морин хуурын нэг онцлог нь хадаасаар тогтоосон эд анги нэг ч байхгүй бөгөөд ямар нэгэн металл, төмөрлөгийн зүйл ордоггүй цөөхөн хөгжмийн зэмсгийн нэг юм. Ийнхүү хэлбэр дүрсээ олсон бэлдэцээ будаж, янзална. Морин хуурын эх бие бэлэн болох үед өмнө нь бэлтгэсэн чавхдасыг бөхөлнө. Царны дотор талд мөн хөглөгч байрлуулах агаад энэ нь чавхдаснаас ирэх аяыг боловсруулаад гадагш гаргадаг гэнэ. Энэ бүгдийн дараа хуурын хоёр чавхдасыг тоглох ая, тоглож буй хүнээсээ шалтгаалан өөр өөрөөр хөглөдөг ажээ. Ийнхүү бэлэн болсон морин хуур “Рegasus” дэлгүүрт эзнээ хүлээн эгнэнэ. Уг дэлгүүрт морин хуур дунджаар 350 мянган төгрөгөөр худалдаалагддаг аж. Б.Баярсайханы хийсэн морин хуур өдгөө чанартай, цэвэр дуугаралттай, өнгө үзэмж сайн гэх үнэлгээг үйлчлүүлэгчдийн зүгээс авчирчээ. Түүний хэлснээр “Өнөөдөр манайд олон хүн морин хуур хийж байна. Гэхдээ гарын таван хуруунд багтах цөөн тооны урлаачид л чанарын өндөр түвшинд хийдэг. Гадуур зарагдаж байгаа хуурыг аль нь сайн, аль нь муу гэдгийг жирийн хүний нүдээр ялгах боломжгүй. Тиймээс хүн бүр л өөрийн хийсэн морин хуурыг сайн гэх байх. Ийм учраас ихэнх мэргэжлийн морин хуурчид өөрийн гэсэн хуур урлаачтай байдаг” гэсэн юм. Тэрбээр хуур урлаад зогсохгүй “Этүгэн” нэртэй морин хуурын хамтлагт хүчин зүтгэдэг.

    Мөн “Pegasus” төвд бүх л төрлийн хөгжмийн сургалт, худалдаа эрхэлдэг ажээ. Өнөөдөр түүний урласан хөгжмийн зэмсэг нь Монголын морин хуурыг төлөөлж АНУ-ын Нью -Йорк дахь “Shubert club” хөгжмийн тvvхийн музей, Аризона мужийн Феникс дахь дэлхийн хөгжмийн музей /MIM/ -д тавигдсан байна. Түүнчлэн УАДБЧ, Морин хуурын чуулга, СУИС, ХБК, Соёлын дээд сургууль зэрэг урлагийн байгууллага төдийгүй Япон, Буриад, ӨМӨЗО-ны морин хуурчид Б.Баярсайханы бүтээлээр хөгжимддөг. Тэрбээр 2009 онд “Морин хуурын стандарт хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулж, баталгаажуулсан зэрэг нь түүний 20 -иод жилийн туршид хичээнгүйлэн зүтгэсний үр дүн юм. Б.Баярсайхан морин хуурыг өр зүрхнээсээ хайрладаг нэгэн билээ. Өөрийн ур, ухаанаар хийсэн хуураар хүний сэтгэлийг хөдөлгөн хөгжимдөх нь амгалан хийгээд сэтгэл хөдөлгөм ажээ. Хуур, хүн хоёр зохицон уусахын хором энэ ажгуу.

    Эх сурвалж: mongolianeconomy.mn

  • Боржин Суварга- Боржин чулууны мастер урлал

    “Боржин Суварга” ХХК нь 2012 онд Ж.Түвшинжаргал /СТА сийлбэрч, барималч/ үүсгэн байгуулсан. Манай урлан нь эх орныхоо хөгжил дэвшил, байгуулалтанд боржин болон чулуугаар Монгол хэв маяг, үндэстний онцлогыг орчин үеийн өнгө төрх сэтгэлгээтэй уяалдуулан түүх соёлын үнэт өвийг урлан бүтээж, Монгол дархлааг урлагын бүтээлүүддээ тусгаж, хойч үедээ өвлүүлэн үлдээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

    Манай компани нь Олон Улсын чулуун бүтээгдэхүүний стандартын дагуу баримтлан ажиллаж, түүхий эдийг хаягдалгүй ашиглан мөн зам талбайн тохижилтын хавтан барилгын дотор гадна чимэглэл бүхий дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангах зорилготойгоор ажиллаж байна.

    2013 оноос эхлэн Олон Улсын чулууны үзэсгэлэн яармагт тогтмол оролцож туршлага солилцон дэлхийн чулуун урлалын өнөөгийн болон хэтийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байна.

    https://borjinsuvarga.com/

  • Гутлын мастер Г.Ерөөлт: Гутал урлал, үйлдвэрлэлээр Монголчууд бид дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой

    Дэлхийн аваргын “WORLD CHAMPIONSHIPS IN SHOEMAKING 2018 ”тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Сонгодог төрөлд түрүүлсэн Г.Ерөөлттэй ярилцлаа. Монгол залуучууд спорт, урлагийн төрлөөс гадна дэлхийн шилдэг гутлын мастеруудтай эн тэнцүү өрсөлдөж чадна гэдгийг батлан харуулсан түүнтэй ярилцаж суухад эх оронч, хөдөлмөрч занг нь төвөггүй харж болохоор байлаа.


    -Сайн байна уу? Лондонд гар урлалын гутлын дэлхийн аврагын тэмцээнд амжилт гаргаж, улсынхаа нэрийг гаргаад ирсэнд тань баяр хүргэе. Тэмцээний талаар яриагаа эхлэе. Хэчнээн улсын шилдгүүдтэй өрсөлдөв?

    -Сайн, сайн байна уу? Баярлалаа. Лондонд болдог дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн анх удаа оролцож, сонгодог төрөлд нь амжилттай оролцлоо. Тус тэмцээнд Азийн орнуудаас Япон улсын дөрвөн мастер болон Монгол улсаас би оролцсон. Харин Европын орнуудаас Англи, Итали, Франц, Швед, Герман гэх мэт олон орны дэлхийн топ шилдгүүд өрсөлдсөн. Нэгдүгээр байранд шалгарсан Герман мастерийн урласан гутал үнэхээр шилдэг нь байж чадсан. Тэрээр алдарт Викториан загвараар урласан байсан. Викториан стийл загварыг мэдэхгүй хүн бараг үгүй байх. XIX зууны, Виктория хатан хааны үеийн хатагтай, ноёдын хувцас, гутал загварын нэгэн үеийг тодорхойлдог бөгөөд дэлхийд, загварын ертөнцөд тамгалагдсан үе юм. Гэхдээ тэрбээр загвараа хүн өмсөхөөр урлаагүй байсан. Харин миний хувьд хүн өмсөж болохоор гутал хийсэн. Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсоноор дараа дараагийн тэмцээнүүдэд монголчууд оролцох, амжилт гаргах жимийг гаргаж чадлаа.

    -Бүгд нэг ижил гутал хийж өрсөлдсөн үү?

    -Тийм ээ. Бүгд зүүн хөлийн, хар өнгийн,оксфорд загварын гутал хийж өрсөлдсөн. Миний хувьд гутлаа тэмцээний журмын дагуу хийж урлахдаа техниктээ түлхүү анхаарч ажилласан. Харин зарим орны гуталчид чөлөөтэй, задгай сэтгэн шаардлагаас зөрсөн тохиолдлууд ажиглагдсан. Тухайлбал, гутлынхаа улыг будах ёсгүй байтал улыг будаж, халим дүрсэлж, морины тах хийсэн гэх мэт дүрмийн бус хэлбэр загварууд олон байлаа. Би анхандаа мөн адил нарийн хадаасаар шивж зураг зурах гэж байсан ч тодорхой дүрэмтэй байсан болохоор дүрмийн дагуу хийсэн. Магадгүй нэг тийм ази сэтгэлгээний сайн, муу гэмээр тэгэх л ёстой гэсэн бол тэгж хийдэг зан чанар нөлөөлсөн болов уу. Мөн анхны удаагаа оролцож буй болохоор туршлага бага зэрэг дутагдсан гэж бодож байна.

    -Тэмцээний чансааг сонирхмоор байна. Гуталчдын хувьд мэдээж олон жил гутал хийсэн, олон улсад танигдсан, удам дамжсан хүмүүс олон байсан байх.

    -Гуталчдын нэг онцлог нь удам дамжсан, зуун дамжсан байдаг. Тэмцээний чанар үнэхээр өндөр зэрэгтэй юм билээ. Тэмцээнд 1800-аад оноос үйлдвэрлэл явуулж, аль хэдийнэ үйлдвэрлэл, бүх зүйл нь тогтсон гутлын үйлдвэрүүдийн төлөөллүүд олон байсан. Бидний хувьд мөн адил “euGo since 1934” гэдэг ч их учиртай. Миний өвөөгийн 1934 онд хэрэглэж байсан дээр үеийн Зингэр оёдлын машин, багаж, төхөөрөмж одоог хүртэл надад байдаг. Зарим багажууд бол маш эртнийх, би одоог хүртэл хэрэглэсээр байгаа. Тэмцээнийхээ гутлыг ч тэдгээр багажаар хийсэн. Өвөө маань Маршал Чойбалсан, Оросын сургагч нарын гутлыг хийдэг гуталчин хүн байсан. Цэдэнбал даргын гутлыг ч бас хийж байсан түүхтэй. Тэгэхээр энэ бол үүх түүх. Өвөөгийн маань хийж байсан арга барил, нарийн технологи, өвөрмөц зүйлс надад өв дамжин уламжлагдан ирсэн. Иймд бид ч мөн удам дагасан урлаачид гэдгээ харуулахаар танилцуулга видео бэлдэж зохион байгуулагчид руу явуулсан. Танилцуулгадаа монголчууд эртнээс өөрсдөө гутлаа урлаж ирсэн уламжлалтай, түүх соёлтой ард түмэн гэдгээ харуулахыг хичээсэн. Мөн тэмцээнд надаас өөр танилцуулгаа видеогоор илгээсэн хүн байгаагүй. Танилцуулгаа видеогоор өгсөн нь нэг талаараа их онцгой байж чадсан. Дэлхийн дайдыг эзэлж явсан монголчууд өнөөдөр ч аль ч талаараа өв уламжлалаа авч яваа, дэлхий хэмжээнд хийж чадна гэдгийг давхар харуулахыг хичээсэн дээ.

    -Таны танилцуулга видео маш өвөрмөц юм. Монгол ёс заншлаа шингээж өгсөн санагдлаа.

    -Видео танилцуулгаа хийхийн тулд тусгайлан зориулж студи байгуулсан. Ерөнхийдөө Монгол ахуйгаа харуулсан гэр, бүтээлийг хийж буй тайз, хийж буй бүтээлийн онцлог,орчин цаг үетэй уялдаа холбоотой, байхыг илэрхийлэх гэж хичээсэн байгаа. Гар аргаар гутал урлах техникийн үйл явцыг нэг бүрчлэн нарийн харуулахыг зорьсон. Энэ нь бас учиртай. Монголчууд эрт дээр Хүннүгийн үеэс яг тухайн хүндээ зориулж гутал урладаг уламжлал байсан юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн юм.

    -Барууны гутлын соёл хаашаа чиглэж байна вэ. Загвар эргэх холбоогоор эргэж байдаг гэдэг.

    -Загвар удаандаа 20-25 жилээр эргэж байдаг. Гэхдээ үндсэн, гол дүрслэл нь хадгалагддаг. Түүн дээр тухайн цаг үеийн чимэг орж өгдөг. Түрүүн хэлсэнчлэн эхний байранд орсон Герман гуталчин Викториан үеийн загвараар урласан. Викториан үеийн загвар тэр чигтээ урлаг, гоо сайхан, уран зураг, архитектур гээд бүх л зүйлийг багтааж чадсан. Мөн Гётикийн үеийн загвар байна. Чех, Испанийн шөвгөр, урт оройтой барилгууд тэр загварын илрэл. Виктория хатан хааны үеийн загвар хамгийн сонгодог нь. Тэр үеийн загварын дүр төрх эргээд орж ирж байгаа.

    -Таны хувьд мэдээж бүтээлийг нь биширдэг олон гутлын загвар зохион бүтээгчид дизайнерууд байдаг байх.

    -Тийм, гэхдээ биширэх гэдэг өөр Германы дизайнер Карл Лагерфельд гээд 84 настай гайхалтай дезайнер байна. Энэ хүн аль эртний Шанель, Фенди, Клоуи -н гэх мэт олон загварын ордонд ажиллаж байсан хүн. Гэтэл өнөөдөр яг л тэр үеийн өөрийн загвартаа үнэнч, дүр төрхөө гаргаад явж байна. Мөн Жимми Чүү гэж Малайз гаралтай зохион бүтээгч өнөөдөр ч гутлын загварын ертөнцийн шилдэг хүн.Түүнчлэн өнөөдөр эмэгтэй гутлын загварын салбарт хамгийн шилдэг байгаа нь одоо 72 настай Манола Бланик гэж Испани гаралтай хүн байна. Түүнчлэн Францын гутлын дизайнер Кристиан Любутон байна. Яагаад заавал насыг нь тодотгож хэлээд байгаа вэ гэхээр бид хэтэрхий эрт өөрсдийнхөө хүч чадлын үнэ цэнийг үнэлэхгүй, нас явчихлаа хэмээн бодож өөрсдийгөө голцгоож байна. Гэтэл бидний хийж чадах, бүтээх зүйлс маань дундрашгүй их, тэр тусмаа оюуны баялаг бүтээгчдийн уул уурхай яндашгүй гэдгийг л ойлгох нь чухал юм.

    -Алдартай зохион бүтээгчид ямар нэг зүйлээрээ бусдаас ялгарснаар олонд танигдсан байдаг. Түүнтэй адил таны гутал юугаараа онцлог болох вэ?

    -Миний хувьд сонгодог чиглэлдээ илүү дуртай. Классик буюу сонгодог төрөл гэдэг өөрөө ухаад баршгүй уурхай нэг төрөл мэт. Би гутлыг ихэвчлэн Good Year гэх Англи технологиор хийдэг. Энэ технологийг арай дөхүүлж тайлбарлавал рант уллагаатай гэсэн үг л дээ. Одоогоор жинхэнэ утгаар нь ийм технологиор ажиллаж буй үйлдвэр байхгүй. Удахгүй яг энэ технологиор хийдэг үйлдвэрийг Монголдоо нээхээр бэлдэж байна.

    -Тэмцээндээ эргээд очиход, шүүгч нар хэр үнэн зөв шүүсэн гэж бодож байгаа вэ?

    -Зөв сайхан шүүсэн гэж бодож байнаа. Техникийг харж шүүхээс гадна загварыг нилээд харах шиг боллоо. Нийт найман шүүгч байсан. Зарим шүүгчид нь миний таних хүмүүс ч байсан. Намайг Лондонд байхад ажиллаж байсан залуус шүүгчээр орсон байсан. Английн үе үеийн гүнж, хан хүү нарын гутлыг хийдэг “Жонн Лобб” хэмээх үндэсний, удам дамжиж ирсэн мастерууд ажилладаг урлан байдаг юм. Миний дараа ажиллаж байсан залуу гэхүүдээ. Бас Японы Фукуда хэмээх мастер шүүгчээр ажиллаж байсан. Тус бүрдээ гар урлалын гутлын талаар нарийн мэдлэгтэй чадварлаг хүмүүс шүүлт хийцгээсээн.

    -Та энэ алдартай үйлдвэрт ажиллаж байсан юм уу?

    -Тийм ээ. 2000-аад оны эхэн үе л дээ. Лондонд ажиллаж байгаад Монгол руугаа буцахын өмнө зургаан сар ажиллах завшаан тохиосон юм. Тус гутлын үйлдвэрийн удирдлагууд надад үндсэн ажилтнаар ажиллах хүсэлт тавьсан. Гэхдээ би сурсан мэдсэн бүх зүйлсээ эх орондоо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан байсан юм. Миний хувьд тухайн байгууллагад туршлага судлахаар л ажилласан даа.

    -Энэ гутал хийдэг ширээ тань их содон сонин юм. Хаана хийлгэсэн бэ. Угаасаа ийм загвартай байх ёстой байдаг уу?

    -Энэ тэмцээнд зориулж хэвлүүрийн зохион бүтээгчийн ширээг өөрөө загварыг нь гаргаж хийсэн. Анх би, ЗХУ-д хэвлүүрийн зохион бүтээгч зураач дизайнер мэргэжлээр төгссөн, Д.Ариунхүүд 1989 онд хадаг барьж шавь орж байлаа. Түүнд хэвлүүрийн зохион бүтээгч Ганбаатар, Намсрай нараас дамжиж ирсэн ширээ байсан бөгөөд маш энгийн мөртлөө эргономик сайтай ширээ байсан юм.Тухайн үедээ ийм ширээ хийнэ дээ гэж бодоод дараа нь Англиас англичуудын санааг нэмж зохиогоод 28 жилийн дараа долоо хоногт л хийсэндээ. Мөн мундаг дархчууд маань түмэн насан хээ сийлсэн ойл хутга урлаж өгсөн. Ер нь мастер хэвлүүрийн зохион бүтээгчид ийм л ширээн дээр хийдэг. Гэхдээ миний ширээ өөрийн онцлог зүйлтэй. Монголын ахмад инженерүүдийнхээ санааг оруулж өгснөөрөө ялгаатай.

    -Видеогоо хийхэд буюу гутлаа урлахад хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?

    – Танилцуулга видеогоо долоо хоногт хийсэн. Эхэндээ Америкт хийх гэж байсан ч Монголдоо ирээд хийсэн нь дээр гэж шийдсэн юм. Энэ видеог хийхийн тулд тусгайлан Монгол арт студи хүртэл байгуулсан. Бичлэгтээ гутал хийхэд оролцох таван мэргэжлийг нэг дор багтаасан байгаа. Тухайлбал, хэвлүүрийн зохион бүтээгч, загвар зохион бүтээгч, оёдолчин, гутал татаж уллагч гэх мэт олон мэргэжлийг монгол мастер нэг дор хийж буйгаараа онцлог давуу талтай юм. Эхнээс нь эхлээд дуустал бүх зүйлээ хийдэг мастерууд байдаг. Гэхдээ тун цөөхөн. Ийм видео хийснээр мэргэжлийн сургуульд мэргэшихээр суралцаж буй залууст сургалтын бүтэн материал болж буйгаараа онцлог. Түүнчлэн үүнээс бас үлгэр дууриалал авч, санаа аван дэлхийд өөрсдийгөө сорих уран бүтээлч залууст маань урам зориг өгөх болов уу. Эцэст нь энэхүү нэр хүндтэй тэмцээнд улс орноо төлөөлөн оролцоход маань дэмжиж туслалцаа үзүүлсэн гэр бүл, найз нөхөд болон УИХ-ын эрхэм гишүүн С. Жавхланд гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

    -Ярилцсанд баярлалаа. Удахгүй шинэ технологи бүхий шинэ үйлдвэрийн нээлтэд тань эргэн уулзахын ерөөл тавья.

    Л.Булганчимэг http://www.times.mn/


  • Монголынхоо цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСАА АЛИМаар бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой

    Монгол Улсын Ховд аймгийн Булган суманд цөлжиж буй 5000 га газарт 3 сая алимны мод тарихад МОНГОЛ УЛСынхаа АЛИМны хэрэгцээг бүрэн хангаж 80ТЭРБУМ борлуулалт хийх боломжтой.
    Хүнд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай. 
     Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105,120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй. 
     Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг.

    Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням монголчуудыгаа “Алим” төсөлд нэгдэж, Монголынхоо хөрсөнд алим тарьж ургуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Ингээд түүний уриалгыг хүргэж байна. 

     “Алим” төсөлд нэгдэцгээе

    1. Төсөл хэрэгжүүлэхийн ач холбогдол
    • Монгол улс алимыг бараг 100 хувь гадаадаас авч байна. Жилдээ 80.0 тэрбум төгрөгөөр 20.0 мянган тонн алим оруулж ирдэг гэсэн тооцоо гарсан байгаа. Ийм их мөнгөөр бид гадаадын алимны аж ахуйг дэмжсээр байна гэдгээ анхаарах цаг болсон. 
    • Тэгвэл бид нутагшсан олон төрлийн алимаа өөрсдөө тарьж, өөрсдөө ажлын байртай болж, өөрсдийнхөө амьжиргааг дээшлүүлж, өөрсдөө экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх бүрэн боломж нь бидэнд байна. Ялангуяа Ховд аймгийн Булган сум нь алим жимс ургах бүх талын нөхцөл бүрэн бүрэлдсэн ховорхон газрын нэг юм. Цаашлаад Ховд аймгийн 10 суманд алим тариалах боломжтой.
    • Алим үрээр ургадаггүй, заавал ЗАЛГАЖ ургуулдаг тул залгаж суулгац үржүүлэхэд 4-5 жил, талбайд суулгаж ургац хураахад 3-4 жил зарцуулах тул бидэнд урт хугацааны дэмжлэг зайлшгүй хэрэг болоод байна. Иймээс МОНГОЛОО гэсэн сэтгэлтэй хүн бүрийг “Алим” төсөлд хамрагдаасай гэж хүсэж байна. 

    • Алимны мод мал шиг зуданд өртөхгүй, нөгөө талаар ажлын байр нэмэгдэх сайн талтай. Булган суманд алимны мод үржүүлж байгаа цөөн хэдэн хүмүүс байгаа бөгөөд суулгацны ихэнхийг бусад аймаг сумаас захиалга өгөн авч байгаа нь манай сумын тухайд алимны аж ахуй хөгжихгүй байгаа гол дутагдал болоод байна. 
    Булган суманд нутагшсан торниун алимны 6 сорт, бэсрэг алимны 5 сорт, давжаа алимны 14 сорт бий. Эдгээр алимнууд нь 1959 оноос Жимс ой турших станц, 1- р 10 жилийн хичээл туршлагын талбайд таригдсанаас хойш эдүгээ 60 жил үр өгөөжөө өгч ургаж байна. 
    2. “АЛИМ” төсөл хэрэгжүүлэх тооцоолол 
     Хүн эрүүл амьдрахын тулд өдөрт 96 гр жимс, жимсгэнэ идэхэд хангалттай. 
     Тэгвэл жилд Монголын 3 сая иргэнд 105120 тн жимс жимсгэнэ хэрэгтэй. 
     Алимны 1 модноос 35 кг алим хураана гэж тооцвол 5000 га газарт 3 сая мод тарьж, тэр хэрэгцээг хангана. Гэтэл Булган суманд 5000 га газар цөлжиж байна. \ердөө л 10км урт * 5 км өргөн газар гэсэн үг\ 
    Үүнийг хэрэгжүүлэхэд олон жилийн ажил, олон хүний хүч хөдөлмөр, дээр нь Төр Засгийн бүсчилсэн хөгжлийн “Оновчтой бодлого” хэрэгтэй тул одооноос бид эхлүүлж байна. Энэ бүхэнд Булган сумын өрх бүхэн, иргэн бүхэн, нутгаа гэсэн сэтгэлтэй нутгийн уугуул иргэд бүхэн, цаашлаад “Монголоо” гэсэн сэтгэлтэй хүн бүхэн нэгдэж, ХӨРӨНГӨ БОСГОЖ байж энэ төсөл 20 жилийн дотор хэрэгжих юм. Хамгийн багаар тооцоход 1 өрх 100 алимны мод, 1 аж ахуйн нэгж 20.0 мянган мод тарьж байж энэ амжилтанд хүрнэ. 

     Алимны нэг мод 70-80 жил ургац өгнө 
     Хааш хаашаа 1 км газар буюу100 га-д 50.0 мянган алимны мод суулгаж болно. 
     1га-д 3 хүн, 100 га-д 300 хүн ажиллана.
     1 модноос 20- 50 кг алим, дунджаар 35 кг алим хураана. 
     50.0 мянган модноос 1750 тн алим хурааж, 7.0 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана. Алим жимс боловсруулах томоохон үйлдвэртэй ч болно. 
     Тэгвэл 1 хүнд жилдээ 23.0 сая төгрөгийн орлого ноогдоно. 
    Ирээдүйд Булганчууд бид юунд хүрэх вэ?
     5000 га газарт зөвхөн алим тариалж, 15.0 – 20.0 мянган хүний ажлын байр бий болгоно. Тэгвэл 1 өрхийг 5 хүнээр тооцвол БУЛГАН сум 100.0 мянгаас дээш хүн амтай, зөвхөн алим жимсээр дагнасан ТОМ ХОТ болох юм. Хамгийн наад захын үр дүн гэхэд 10-15 сургууль, цэцэрлэг шинээр нээгдэнэ гээд тооцоод байвал эдийн засаг, нийгмийн үр дүн асар их байх юм. 
     Бид ойрын 20 жил “АЛТ” гэж их давхилаа. Эцсийн үр дүн юу болов? Хэдэн сайхан залуучуудаа алтны шороонд даруулж Бурхны оронд үдлээ. Бид ингэж амьдрах хувь тавилантай гэж үү? Үгүй шүү. Хоорондоо ярилцая. Саналаа нэгтгэе. Шилжиж явсан иргэдээ эргүүлэн татья. Утаанбаатар хотод амьдарч эрүүл мэндээрээ хохирч байснаас эрүүл агаартай Булган нутагтаа тайван амьдарцгаая. БҮГДЭЭРЭЭ “АЛИМ” ТӨСӨЛД НЭГДЭЦГЭЭЕ. 
    Уриалга гаргасан: 
    Булган голын алим ХХК-ны захирал Х.Балжинням

    https://www.facebook.com/%D0%9…